Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Судлаач, профессор Д.Баярхүү: Манай талаас шалтгаалсан асуудлаа зөв шийдчихвэл Хятадын хил, зах зээл нээлттэй л байгаа шүү дээ

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчянтай аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Уулзалтын ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж байгааг манай Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн нь энэ уулзалтын ач холбогдлыг хэлээд өгчихсөн юм биш үү. Гол нь ажил хэрэгч, прагматик, үр дүнд суурилсан, харилцан ашигтай байх гадаад бодлогын стратегиа нотолсон уулзалт боллоо. Манай хоёр улсын хооронд улс төрийн харилцааны маргаан зөрүү байхгүй. Иж бүрэн стратегийн түншлэлдээ хоёул үнэнч яваа. Дээд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж ковидоос болж удааширснаас бус тасраагүй. Гадаад хэргийн сайд нар сүүлийн нэг жилд харилцан айлчилсан. Одоо Монгол Улсын Ерөнхий сайд Хятадад айлчлах урилгатай. Гэлээ гээд манай улсад ковидын дэгдэлт өндөр байгаа, халдвар хамгааллын дэглэм гээд айлчлах боломж бүрдэхгүй, тиймээс айлчлалыг товчлоод хөнгөвчлөөд гол нь ярилцах, шийдэх асуудлаа цахимаар ярилцаад болчих шиг боллоо. Технологийн дэвшлийг ашиглан хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж болдог нь харагдлаа. Нэгэнтээ хоёр талаасаа хоёр биенээ дэлгэцээр хараад шууд ярьчихаж байна. Сайд нараа суулгаад цахимаар хэлэлцээ хийж болж байна. Цаг товчилсон, зардал чирэгдэлгүй, мөн хоёр талдаа ашигтай цахим хэлэлцээ хэмээн үзэж байна. Миний хувьд олж харснаар хамтын ажиллагааны практик шинжтэй чухал асуудал хөндөх шиг боллоо. Жишээ нь, олон жил хүлээгдээд байсан Гашуунсухайтын төмөр замын огтлолцлын цэгийг эцэслэн тохирлоо. Тяньжинд гацаад байсан 4500 гаруй чингэлгийг шуурхай татахаар боллоо. Нүүрсийг чингэлгээр тээвэрлэх терминаль ашиглах ногоон гарцуудыг хамтран ажиллуулахаар боллоо гэхчлэн асуудлыг хэлэлцлээ.

-Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж Монгол, БНХАУ-ын худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө санал нэгдсэн. Үнэхээр энэ зорилт биелэх боломжтой юу?

-Хоёр улсын худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагуудыг идэвхтэй ажиллуулах талаар Ерөнхий сайд нар санал нэгдлээ гэсэн. Энэ нь улс төрийн зориг хоёр талдаа байна, Засгийн газрын дэмжлэг байна гэсэн баталгаа гэдэг утгаар онц ач холбогдолтой мэдэгдэл юм. Харин тэр арван тэрбумд хүргэх талаар манай тал онцгой идэвх чармайлт гаргах шаардлагатай. Хятадын гадаад худалдаанд Монгол бол маш бага хувь эзэлдэг, Хятад гэдэг чинь дэлхийн том худалдаачин тул тэднээс айхавтар чармайлт шаардлага нэхээд байх хэрэггүй. Бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн байна лээ. Нүүрсээ шанагаар хутган машинд ачаад хар хурдаар нь давхиулж Хятадын хил рүү хүргэдэг болхи практикаа өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. “Чингэлэг”, “терминаль”, “ногоон гарц” гээд байгаа чинь бага зэрэг дэвшил нэвтрүүлье л гэсэн үг шүү дээ. Цаашаа нэг ухасхийхэд түүхий биш, боловсруулсан нүүрс, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ экспортлох шаардлагатай.

-Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хил тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоочихлоо. Одоо яах вэ?

-Энэ бол олон хоногийн хүндрүүлсэн зориудын бодлого биш байх аа. Хоёр улсын харилцаа руу татан авчраад ГХЯ ба ЭСЯ, ДТГ-ыг яллаад байх хэрэггүй. Хятадыг хараагаад бүр ч утгагүй. Монголчууд өөрсдөө л хичээх асуудал шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад өөрсдийгөө эрүүл саруул байна гэж нотлоод хил нэвтрээд байхад асуудал үүсэхгүй шүү дээ. Зөвхөн манай талаас, монголчуудаас шалтгаалсан тэр асуудлаа л бид зөв шийдчихвэл Хятадын хил, зах зээл нээлттэй л байгаа шүү дээ.

-Эрээн, Замын-Үүдийн боомтыг хаасны улмаас хилийн цаана их хэмжээний ачаа гацах, саатах нь тодорхой боллоо шүү дээ. Тэгэхээр энэ нь Монголын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Ийнхүү гацсанаас Хятад хохирно гэж байхгүй, хохирол Монголд л хүнд тусна. Тэр дундаа нүүрсний зөөврөөр аж төрдөг, амь амьдралаа залгуулдаг монголчуудад гол буруу нь байгаа болоод гацаад байгаа юм. Хятадын зориудын бодлого биш. Замын-Үүд болон Гашуунсухайт дээр гацаад байгаа гол шалтгаан нь монголчуудын сахилга батгүй, карантины дэглэм мөрдөж чаддаггүй, дур зоргоороо байдал нь хамгийн их саад болж байна. Жишээ нь Гашуунсухайтын карантинд байгаа жолооч нар хорио цээрийн дэглэмээ тоодоггүй, шоуддаг, архидан согтуурхдаг. жишээ нь, өдөрт 300 шил архи зарагддаг, түүнийхээ бурууг PCR шинжилгээ буруу гарч байна гэж хэл ам хийдэг бололтой дуулддаг. Архидан согтуурхдаг, дампуурдаг тухай мэдээллийг цагдаагийн байгууллага хэлээд өгнө дөө. Ингэж дураараа авирлачихаад гол буруугаа айлын талд тохчихдог. Айлыг буулт хийлгэж аль хэмээн төр засаг, ГХЯ руу агсардаг нь байнга л харагддаг шүү дээ. Сав л хийвэл төв талбайдаа баахан лоозон плакат бариад жагсчихдаг. Замаа булаалгалаа гээд саяхан жагсаж харагдана лээ. Замаа булаалгах далим шалтгийг монголчууд өөрсдөө л гаргаад өгчихдөг. Бүгд биш ч, хэн нэгэн нь архидсан, дампуурсан, ажил тасалсан, эсвэл хулхидсан, залхаасан болоод л нийтэд нь хариуцлага тооцоод хамт олонд нь хариуг нь өгчихдөг. Тэгэхлээр нь хоёр улсын харилцаа руу татаад аваад ирдэг, хятадын эсрэг хийрхэл дэвэргэдэг. Ийм циклээр хоёр улсын хамтын ажиллагаа явахгүй дээ. Бид орчин үеийн олон улсын харилцааны соёлтой арга барилд бага ч атугай суралцмаарсан.

-Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх талаар ч мөн ярилцсан. Энэ талаар ярихгүй юу?

-Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод энд яригдах байх. Цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо цэвэршүүлэх зорилгоор Хятадад хэрэгжүүлсэн олон зөв туршлага байдаг. Жил бүр хүн болгон төдөн мод тарих гэх мэт. Ийм бодлого Хятадын реформтой зэрэг эхлээд 40 гаруй жилийг үдээд байна. Тийм учраас тэдний хур туршлагаас суралцах хэрэгтэй. Тэгээд ч хоёр Ерөнхий сайд санал нэгдлээ гэсэн маань төр-засгийн зүгээс дэмжигдлээ, энэ талаар хоёр улс хамтран ажиллахад бэлэн байна аа гэдэг баталгаа болно. Тэр тохиролцоог практик дээр хэрэгжүүлэх нь хоёр улсын доод шатны байгууллагууд, орон нутгийн захиргааны эрхлэх ажил болов уу. Манайхан мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа нь сайн. Харин тарьсан модоо арчилж тордох, улам олшруулах тал дээр хэнэггүй монгол араншингаа татасхийгээд ажиллахад ч болохгүй гэх газаргүй дээ.

-БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Цаашдаа ажлын хэсэг яаж ажиллах шаардлагатай харагдаж байна вэ?

-Ажлын хэсгийн хариуцах, хэрэгжүүлэх ажлыг Ерөнхий сайд нар заагаад өгчихлөө л гэж би ойлгосон. Үүнд авто зам, төмөр замаар харилцан холбогдох, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолцлын цэгийг эцэслэн тохирох, холбогдох боомтуудад ногоон гарц нээх, Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллах, Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, авто замын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарах, хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гээд хийх ажлыг нь ярайтал заачихсан байна.

-Коронавируст цар тахал гарснаас хойш БНХАУ болон манай улсын хоорон дахь хамтын ажиллагаа, харилцааны талаар та гэж юу гэж харж байна вэ?

-Хоёр улс коронавируст тахлын амаргүй нөхцөл байдалд тэмцэж, бас хоёр улсын нэгэнт тогтож төлөвшсөн харилцаа хамтын ажиллагааны эрчийг алдчихгүйн төлөө ажиллаж байна. Монгол, Хятадын харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтыг зохион байгуулж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг богино хугацаанд сэргээх ёстой болов уу. “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монголын хөгжлийн стратегитай уялдуулах ажлыг хурдасгах, тэгснээрээ эдийн засгийн сэргэлтэд түлхэц үзүүлэх, цар тахлын сөрөг нөлөөллийг давах, учирсан цаг хугацааны хохирлоо нөхөх хэрэгтэй. Манай улсаас чухалчилдаг нүүрсний экспорт, түүний хилээр нэвтрэх хэмжээг нэмэгдүүлэхэд хоёр тал ач холбогдол өгч, олон хэлбэрийн арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Хятад нь Монголын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашдаа тасралтгүй өсөөсэй л гэж хүсэх байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“No Double Standart” хөдөлгөөний гишүүн, өмгөөлөгч А.Пүрэвдулам: Д.Монголхүүг өмгөөлөгчтэй нь биечлэн уулзуулахгүйгээр хорих анги руу ачаад явсан

“No Double Standart” буюу хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстойг хэлж шаардаж буй хөдөлгөөний залуусыг аравдугаар сарын 5-ны өдөр баривчилсан. Тодруулбал, хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү, хөдөлгөөнийг дэмжигч хар машины булхайг илчилсэн Г.ГанОчир, “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр, Чинбат нарыг саатуулаад байгаа юм. Тэгвэл энэ талаарх тодорхой мэдээллийг Д.Монголхүүгийн өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодрууллаа.


Аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагт иргэн Д.Монголхүүг баривчилсан гэх мэдээлэл байна. Ямар шалтгаанаар саатуулаад байна вэ?

-Монголхүүг аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагийн үед хойшлуулшгүй ажиллагаа нэрийдлээр баривчилж авч явсан. хойшлуулшгүй ажиллагаа гэдгээ иргэн “Д.Монголхүү нь оргон зайлж болзошгүй, мөн цагдаагийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд саад учруулж болзошгүй” гэж тайлбарласан. Яг ямар хуулийн үндэслэлээр баривчилж байгаа нь тодорхой бус байна. Д.Монголхүү оргон зайлах оролдлого хийгээгүй, цагдаагийн алба хаагчдад ямар нэгэн саад учруулаагүй.

Та бүхэн мэдэж байгаа өмнө нь “No Double Stan­dart” хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхийн төлөө дуугарч талбай руу хүүхдийн хэдэн гутал оруулах гэтэл оруулаагүй. Тухайн үед цагдаагийн тав, зургаан алба хаагч бидний өмчийг хурааж Д.Монголхүүгийн биед нь халдаж хуучин гэмтлийг нь сэдрээж баривчилж явсан. Гэтэл одоо эсрэгээрээ цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр зүйл анги уншаад явж байгаа юм билээ.

Одоо Д.Монголхүү хаана саатуулагдаж байгаа вэ. Та холбоо тогтоосон уу?

-Хорих 461 дүгээр ангид хоригдсон. Ер нь “No Double Standart” хөдөлгөөн хууль шүүх байгууллагын өмнө эрх тэгш байдлыг л шаардаад үг хэл, үзэл бодлоо илэрхийлээд л явж байгаа. Би энэ хөдөлгөөний гишүүддээ хууль, өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс гадна идэвхтэй дэмжигч байдлаар ажиллаж байгаа. Нэг үгээр хуульч хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлээд явж байна. Өнөөдөр Монгол Улсад хүний жам ёсны эрх хангагдахаа больчихсон байна, бид ардчилсан нийгэмд өөрсдийн зөнгөөрөө эдэлдэг энэ эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Хөдөлгөөний гол зорилго бол ерөөс хүний эрх, эрх чөлөөний төлөө шүү дээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өмгөөлөгч хүн үйлчүүлэгчтэйгээ саадгүй уулзах ёстой, мөн өмгөөллийн үйлчилгээг авах эрхтэй. Гэтэл тухайн баривчлагдсан өдөр өмгөөлөгчийг биечлэн уулзуулах боломжгүйгээр хорих анги руу ачаад явсан. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил. Өмгөөлүүлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг маш ноцтойгоор зөрчлөө.

Иргэн Д.Монголхүүгээс гадна хөдөлгөөнийг дэмжиж байсан цөөнгүй хүмүүсийг авч явсан. Тэдний талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Д.Монголхүүгээс гадна энэ хөдөлгөөнийг дэмжиж оролцож байсан залуусыг мөн саатуулсан. Эхэндээ Э.Одбаяр, н.Чинбат, Г.Ган-Очир гэсэн залуучуудад цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй буюу эрүүгийн хуулийн 23.1 гэсэн зүйл заалтыг сануулаад гэрчээр байцаалт авч байсан. Гэтэл сүүлдээ хорих анги руу аваад явж байгаа юм байна лээ. Энэ үйл явдал бол Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үгүй болчихсон байна гэдгийг тод томруунаар харуулж байна. Харин ингэх тусам нь залуучууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой. Түүнээс гадна мэргэжил нэгтэй, хүний эрх, эрх чөлөөний төлөө тангараг өргөсөн хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар минь та бүхнээс хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна. ХЗДХЯ-ны гадаа хэсэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхэд ямар муухай харгис хэрцгийгээр саатуулаад аваад явж байна. Энэ байдал зөвхөн дуу хоолойгоо өргөж байгаа хүмүүсийн асуудал биш, энэ бол монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөний тухай асуудал хөндөгдөж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө сэрж мэдрэх цаг нь болсон байна.

Хорих анги болон цагдаагийн газар саатуулагдаж байгаа гишүүд, дэмжигчид хууль, өмгөөллийн туслалцаа бүрэн авч чадаж байгаа юу?

-Манай мэргэжил нэгт нөхөд болох н.Өнөржаргал, н.Эрхэмбаяр гээд өмгөөлөгч нар энэ хэрэг дээр ажиллахаа илэрхийлээд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байх гэдэгт найдаж байгаа.

Та яг одоо энэ хэрэгт холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх гээд явж байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Гэхдээ өмгөөлөгч хүнээс өөрийнх нь үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авах нь хуулиар хориотой байдаг. Гэвч би өөрийнхөө үйлчлүүлэгчтэй холбоотойгоор мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгөх гээд явж байна. Энэ бол өмгөөлөгч нарын хувьд мөн л ноцтой асуудал. Өмгөөлөгч нар үүнд анхаарах, дуугарах ёстой.

ШҮҮХЭЭС Д.МОНГОЛХҮҮГ СУЛЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан Д.Монголхүүг цагдан хорих, эсэх шүүх хурал аравдугаар сарын 6-ны 16:00 цагт эхэлсэн. Тэгвэл прокуророос түүнийг 30 хоног хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлээд байсан юм. Шүүх хэлэлцээд прокурорын саналаас татгалзах шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Монголхүү суллагдахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл зүйч Б.Жавзан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “Narcissistic personality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэг ажиглагддаг


Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа.


-Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулга уулзалтад оролцоод ирсэн талаараа ярилцлага өгөхдөө 2018 онд нас барсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Анантай уулзлаа гэж нийгэмд шуугиан тарилаа. Үүнийг та сэтгэл зүйч хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Тухайн үед ерөнхийлөгч У.Хүрэлсүх балмагдсан учраас тархинд нь тухайн мэдээлэл орж ирээгүй байж болно. Гэхдээ хувь хүн бол өөр хэрэг. Хувь хүн сандарч мэгдээд буруу мэдээлэл дамжуулсан байж болно. Харин төрийн тэргүүн буюу ерөнхийлөгч хүн залууст, нийгэмдээ тодорхой хэмжээгээр үлгэр дуурайлал үзүүлж өөрийнхөө үйлдлийг дандаа цэгнэж, хянаж эмх цэгцтэй ярьж санаагаа тодорхой илэрхийлэх учиртай. НҮБ-ын хуралд өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлчихээд ирсэн хүн ийм том алдаа хийнэ гэдэг зөвхөн Монголд шуугиад өнгөрөх асуудал биш, гадны улс орнууд ч уучилж болохгүй үйл явдал шүү дээ. Жишээлбэл Японд бол улс төрийн шийдвэр гаргах албан тушаалтнууд олон улсын хэмжээнд хүртэлх алдаа гаргасан бол огцордог. Энэ нь албан тушаалаа өгч байгаа хэрэг биш, харин ард иргэдээсээ ичиж байгаагаа илэрхийлсэн огт өөр асуудал болно шүү дээ.

-Улс орнууд төрийн тэргүүн болон шийдвэр гаргах түвшний улстөрчдийнхөө сэтгэл зүйг хэрхэн шинжилж, томилдог юм бэ?

-Орчин үед шинжилж, тестлэх гэхээсээ илүү тухайн хүний нийгэмд оруулж байгаа хувь нэмэр, нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа үйл ажиллагаа, эх орноо гэх сэтгэл хэр хэмжээнд байгааг хардаг болсон.

Үүнийг “Heart intelligence” буюу зүрх сэтгэлийн оюун ухаан гэж нэрлэдэг. Тодруулбал, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл дээр нь тулгуурлаад тухайн бүлэг хүмүүс буюу нам, эвслүүд ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлдэг. Ер нь бол зүрх сэтгэлийн оюун ухаан сайтай маш олон удирдагчид байдаг шүү дээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Шинэ Зеландын залуу ерөнхий сайд Жасинда Ардерн зэрэг бүсгүйчүүдээс эхлээд нийгэмд зүрх сэтгэлээ өгч чаддаг хүмүүсийг ард иргэд сонгодог болсон. Зөвхөн улс төр ч гэлтгүй зүрх сэтгэлийн оюун ухаан сайтай хүнийг байгууллагын томоохон удирдлага, Ерөнхийлөгчөөр сонгож байгаа нь их ажиглагдаж байна. Тэгэхээр оюун ухаан, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж томилдог.

-Иргэд цахим хуудсаар одоогийн ерөнхийлөгчийг их сүржин хүн гэж нэлээд шүүмжилжээ?

-Иргэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчийг анх ерөнхий сайд байхаас нь эхлээд л их сүржигнүүр гэж ярьдаг байсан шүү дээ. Ажлыг үнэхээр хийнэ гэж сүржигнэчихээд яг таг хийчихдэг бол өөрийгөө үнэлүүлэх байсан байх л даа. Хэрэв сүржигнэсэн сүржигнэлийнхээ цаанаас хэлсэн үйлдлүүдээ алхам болгож хэрэгжүүлж чадаагүй бол олон нийтийн дунд өөрийн нэр хүндээ алдах шалтгаан болно. Одоо бол тийм сүржигнэсэн, бусдын анхаарлыг хэтэрхий захиргаадсан байдлаар өөртөө татдаг хүмүүсийг байгууллагууд өөрсдийн нүүр царай болгож сонгохгүй байгааг хүмүүс анзаарч байгаа байх.

Хуучны лидер гэдэг ойлголт одоо өөрчлөгдсөн. Хуучин бол их харизмтай, хүн загнаж, захиргаадсан удирдлагууд байсан бол одоо харьцангуй бусдыг ойлгодог зөөлхөн хүмүүс хаа газруудад удирдлага хийдэг болсон. Үүний тод жишээ бол нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй ажилладаг фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг байна шүү дээ. Ер нь ерөнхийлөгчийн байр байдлаас тухайн ард түмэн, соёл харагдаж байдаг. Манай улсын зарим төрийн албан тушаалтнуудын сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал нь их ширүүн дориун, загнасан захиргаадсан харагддаг. Энэ нь өөрсдийгөө аятайхан биш муухай харагдуулдаг үндсэн шалтгаан юм л даа.

-Ер нь улс гүрний төрийн тэргүүний сэтгэл зүй ямар байх ёстой юм бэ?

-Ямар ч зан төлөвийн онцлогтой хүн улстөрч байж болно. Хамгийн гол нь өөрийнхөө сэтгэл зүйн зан төлөвийг зөв олоод харчихсан, буруу зан төлөвийн эмгэгтэй болчихвий гэж эмээдэг, бусдыг ойлгож, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг байх нь зүйтэй. Орчин үед дэлхий нийтээрээ л удирдагч нараас “Emotional intelligence” буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй байхыг шаарддаг болчихсон. Хэт их харизмтай, загнадаг захиргааддаг хүн хэрэггүй болчихсон үе. Түүнчлэн удирдагч, ерөнхийлөгч нар буяны ажил маш их хийдэг. Хэлсэн ярьсан зүйлээ яг таг хийж гүйцэтгэдэг шинж чанартай байх ёстой болсон үе шүү дээ. Түүнээс биш ямар ч хувийн онцлогтой хүн ерөнхийлөгч болж болно, тийм ийм гэж хайрцаглах боломжгүй. Хүн болгон дахин давтагдашгүй өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Хамгийн гол нь ерөнхийлөгчийн гаргаж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээр нь улс орныг дүгнэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн ч алдаа гаргадаг. Гэхдээ хэвлэл мэдээллийн өмнө ярихдаа тодорхой хэмжээгээр өөрийгөө цэгнэдэг, хэрэв өөрөө ярьж чадахгүй бол хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулаад мэдээллээ хүргэж болно. Дипломат харилцаанд орж байгаа хүн буруу үг яриа сонгож хэрэглэж болохгүй шүү дээ. Дипломатчийн болоод, ерөнхийлөгчийн ёс зүй гэсэн дүрмүүдээ тодорхой хэмжээнд мэддэг байх ёстой.

-Дэлхийн томоохон улсуудын ерөнхийлөгчид сэтгэл зүйдээ хэрхэн анхаардаг бол?

-Олон улсын ерөнхийлөгчдийн цаад албанд ерөнхийлөгчид зөвлөгөө тусламж үзүүлдэг сэтгэл зүйч нар ажиллаж байгаа. Маш их бичиг баримт судлах, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй энэ их ачааллын дунд стресс, депресст орох үе гарна. Үүний цаана дандаа тусалж дэмждэг баг хамт олон бий.

-Та сэтгэл зүйч хүний зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтгэл зүй ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Нэгдүгээрт стресс, бухимдалтай байна. Иргэдээс ирж байгаа шүүмжлэлээс болоод тодорхой хэмжээний хямралтай байгаа. Хүний нэрийг андуурч хэлж байгаа нь магадгүй тэр хүн стресст ороод тархинаасаа хэрэгтэй мэдээллээ татаж гаргаж чадахгүй байгаа байх. Стресстсэн тохиолдолд мартах санах, балмагдах зүйлүүд их болдог. Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “Narсissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэгүүд илэрч байна.

-Ямар шалтгааны улмаас “Nar­cissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэг илэрдэг юм бэ?

-Өөрийгөө дөвийлгөх бие хүний зөн төлөв үүсээд байгаагийн гол учир шалтгаан нь тойрон хүрээлэгчид нь өөрийг нь хэтэрхий их хүндэтгэх, хаан шиг шүтдэг, нэг үгээр “нүдийг нь боогоод” байгаа юм л даа. Бодит байдлыг өөрт харуулдаггүй ийм тохиолдолд Narcissistic зан төлөвийн эмгэг улам хүндэрч өөрийгөө бүх зүйлийн нэгдүгээрт байна, бүгд өөрийнх нь зөв гэж бодох, бусад хүмүүсийн ярьж байгааг үгүйсгэдэг, буруутгадаг зан төлөвийн шинж рүү шилжиж орно. Гэхдээ энэ нь ганцхан энэ хүний буруу биш, харин тойрон хүрээлэгчид нь ажил албан тушаал авахын тулд дольгонох гэх мэт үйлдлүүдтэй уялдаа холбоотой. Тодорхой хэмжээнд алдаа хийж байна гэдэг нь сэтгэцийн үйл ажиллагаа алдагдаж байна л гэсэн үг. Тийм учраас улс төрд гарсан болон томоохон байгууллага удирдаж байгаа хүмүүс өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вирус судлаач Г.Цогзолмаа: Коронавирусийн халдвар нутагшин үлдэж, байнгын эргэлтэд байх магадлалтай

-КОРОНАВИРУС, ТОМУУГИЙН ШИНЭ МУТАЦИТ ВИРУСИЙН ХУВИЛБАР ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн вирус судлаач Г.Цогзолмаатай ярилцлаа.


-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад аль төрлийн вирус зонхилон тархаж байна вэ. Наймдугаар сараас хойш өвдсөн хүмүүсийн ихэнх нь дельта хувилбараар өвдсөн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, манай улсад коронавирусийн дельта хувилбар наймдугаар сараас эхлэн тархаж эхэлсэн. Уг хувилбарын тандалтыг хөдөө орон нутаг, нийслэлд тогтмол хийж байгаа. Дельта хувилбарын тархалтын байдал наймдугаар сарын сүүлээр манай улсын хэмжээнд 30-50 хувийн тархалттай байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 70-90 хувь болоод байна. Дельта хувилбар нь халдварлах чадвар маш өндөр учраас нийт тархалтын эзлэх хувь ч мөн адил хурдацтай нэмэгдэж байна. Дэлхийн ихэнх улсад дельта хувилбарын тархалт 95 хувиас дээш болоод байна.

-НЭМҮТ-ийн Анагаах ухааны доктор Б.Сувд “Томуу, томуу төст өвчний улирал ирж байгаа, өнгөрсөн жил хөл хориотой байсан тул эргэлтэд ороогүй вирус одоо эргэлтэд орох магадлалтай гэсэн тооцоог хийсэн” гэж ярьсан. Эргэлтэд ороогүй вирусийн тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

Коронавирусийн халдварын шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдэг илэрсэн ч, шинжилгээгээр коронавирусийн халдвар батлагдахгүй тохиолдлууд сүүлийн үед ихэсч байна. Эдгээр нь томуу, томуу төст өвчний үүсгэгч вирусийн халдвар байх боломжтой. Сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар, томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын нэгжээс ирсэн томуу, томуу төст өвчний тандалтын сорьцны 30-50 хувьд риновирус илэрч байна. Ингэхээр коронавирусийн халдварын хажуугаар томуу, томуу төст өвчний халдвар зэрэг эргэлдэж эхлээд байна.-Томуу, томуу төст өвчин коронавирусийн халдвартай хавсарвал ямар аюултай вэ?

-Томуу, томуу төст өвчний үүсгэгч вирус болон коронавирусийн халдвараар хамт өвдвөл ямар аюултай байж болох талаар эрдэмтдийн олон таамаглал байна. Хамгийн аюултай байж болох хувилбар нь шинэ мутацит вирусийн хувилбар үүсч болзошгүй гэсэн таамаглал байна. Зарим судалгаагаар риновирусийн халдвар авсны дараа коронавирусийн эсийн доторх олшролыг хориглож байна гэсэн үр дүн гарсан байна. Яг одоогоор хавсарсан халдварын дараах аюулыг хэлэх боломжгүй байна.

-ДЭМБ-аас коронавирусийг нутагшмал байдлаар үлдэх эрсдэл өндөр байгааг хэлж байсан. Нутагшиж үлдэх үү?

-Тийм ээ, коронавирусийн халдвар нь нутагшин үлдэх эрсдэл маш өндөр байна. Бидний мэдэж байгаагаар, уг халдварын эсрэг одоо хэрэглэж буй вакцинжуулалт нь өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж, нас баралтыг бууруулж байна. Гэсэн ч вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс халдвар тээх, хөнгөн хэлбэрээр өвдөх нь түгээмэл байна. Мөн хоёр дахь, гурав дахь халдварын тохиолдлууд ч бүртгэгдэж байна. Иймээс коронавирусийн халдвар бусад томуу, томуу төст өвчний үүсгэгч вирусийн адил нутагшин үлдэж, байнгын эргэлтэд байх магадлалтай байна.

-Вакцины гуравдугаар тунгаа хийлгэсэн маш олон иргэд халдвар авч байна. Гурав дахь тунгийн ач тус нь юу юм бэ?

-Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалт дэлхий нийтээр хийгдэж, мөн дархлаа сэргээх гурав дахь тунгийн вакцинжуулалт ч олон оронд эхлээд байна. Одоо дэлхий нийтээр хэрэглэж буй коронавирусийн халдварын эсрэг вакцин нь удаан хугацаанд хамгаалах идэвхтэй байж, халдвараас хамгаалж чадахгүй байна. Гурав дахь буюу дархлаа сэргээх тун бол халдварын эсрэг хамгаалах идэвхийг нэмэгдүүлж, илүү удаан хугацаанд дархлаа тогтцыг бий болгох ач тустай. Вакцинжуулалт нь халдвар авах эрсдэлээс бүрэн хамгаалахгүй хэдий ч халдварын улмаас өвчний хүндрэх эрсдэлийг бууруулж байна.

-Коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүст ойролцоогоор ямар хугацаанд дархлаа тогтох вэ?

-Коронавирусийн халдвар авсны дараах дархлаа тогтцыг анх халдвар эхэлсэн цагаас эрдэмтэд судалсаар байна. Халдварын дараах өвчний хүнд хөнгөний зэргээс хамаарч дархлаа тогтоц харилцан адилгүй байгаа. Хүмүүсийн дунд дархлаа тогтчихвол халдвар дахин авахгүй гэсэн хуурамч тайвшрал их үүсээд байна. Халдвар авсны дараа болон вакцинжуулалтын дараа дархлаа тогтох хэдий ч дахин халдвар авах боломжтой.

-Коронавирусийн халдвараар хоёр, гурав дахь удаагаа өвдөж байгаа хүмүүс хүнд өвдөж байна гэсэн яриа байна. Энэ үнэн үү, ер нь хүмүүс дахин өвдөхгүйн тулд юун дээр анхаарах ёстой бол?

-Дээр дурдсанчлан коронавирусийн халдвараар давтан өвдөх тохиолдол нэмэгдэж байна. Одоогийн мэдэгдэж байгаа датанаас харахад зарим тохиолдлын хувьд хоёрдогч халдварын хүндрэлийн зэрэг эхний халдвараас хөнгөн байсан бол зарим тохиолдолд хүндэвтэр илрэх тохиолдлууд ч байна. Энэ нь вирусийн хувилбартай холбоотой байх боломжтой.

-Манай улсын халдвар, нас баралтын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад ямар байна вэ?

-Дэлхий нийтээр дельта хувилбарын давлагаатай холбоотойгоор халдварын тохиолдол өндөр түвшинд хэвээр байна. Манай улсын хувьд, нийт хүн амын дундах тархалтын хэмжээгээрээ дэлхийд халдварын тархалт өндөртэй орны тоонд орж байна.

-Түүнчлэн БНХАУ

хилээ хаачихлаа, вакцин хийгээд байгаа мөртлөө ямар учраас хилээ хааж байгаа юм бол. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна?

-БНХАУ-ын коронавирусийн халдварын тархалтын тохиолдол бага, одоо бүртгэгдэж байгаа тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд байгаа. Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад БНХАУ нь коронавирусийн халдварын тохиолдолгүй “Ногоон бүс” юм. Тэгэхээр дотооддоо халдвар алдахгүй байх бүх л арга хэмжээг авч байгаа болов уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан өрхийн эмч Д: Коронавирусээр өвдсөн иргэдийн ёс зүйгүй байдал эмч, ажилчдыг туйлдуулж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсээр байна. Нэг хороонд коронавирусийн 300-гаас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж байгаа юм. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна. Түүнчлэн эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна” гэж мэдээлсэн. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа аж. Бид энэ асуудлын хүрээнд зарим дүүрэг, хорооны эмнэлгийн дарга, ажлаасаа гарсан эмч, сувилагч нартай холбогдож ярилцлаа.


Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Урнаа: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс одоогоор нэг ч эмч, сувилагч ажлаасаа гараагүй

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргатай холбогдоход “Одоогоор нэгдсэн эмнэлэг дээр ажлаасаа гарсан эмч, сувилагч алга. Өрхийн эмнэлгүүд л хэцүү байна, залуу эмч нар ч их шантарч гараад байгаа ажиглагдсан. Түүнчлэн жирэмсний амралттай байсан хүмүүс хүүхдээ ой гарантай болгоод эргээд ажилдаа орчихдог байсан бол одоо ийм их ачаалалтай үед орохгүй гэж хэлж байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлгийн дарга Ё.Сугарсүрэн: Наймдугаар сараас хойш манай өрхийн эмнэлгээс гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлгийн даргатай холбогдож ярилцлаа.


-Улаан бүсэд ажиллаж байгаа 500 гаруй эмч, сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хүн ам ихтэй шүү дээ. Хорооны эмнэлгийн ачаалал ямар байна вэ?

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 40 гаруй мянган хүн амтай. Хүн ам ихтэй бөгөөд коронавирусийн тархалт, өвчлөл хамгийн өндөр байна. Өдөрт 92-250 тохиолдол илэрч, эмч сувилагч нар их ачаалалтай ажиллаж байна. Манай өрхийн эмнэлэг долдугаар сараас эхлээд хүний нөөцийн дутагдалд ороод эхэлчихсэн.

-Танай хорооны эмнэлэг нийт хэчнээн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй вэ. Одоогоор хэдэн хүн ажлаасаа гарсан бэ?

-Манайх хуучин 26 эмч, эмнэлгийн ажилтантай байсан. Наймдугаар сарын сүүлээр нэг эмч, нэг сувилагч ажлаа хаяад явсан. Сая есдүгээр сард хоёр эмч ажлаасаа гарсан. Мөн өнөөдрийн байдлаар хоёр эмч, хоёр сувилагч коронавирусийн халдвараар өвдчихсөн, одоо бол хүний нөөцийн хомсдолд орчихлоо. Ажилд авна гэсэн зар тавьсан боловч ирэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд олдохгүй байна.

-Тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хэчнээн хувь нь бүртгэлгүй хүмүүс байна вэ?

-Энэ хороонд бүртгэлтэй иргэдээсээ илүү бүртгэлгүй явуулын, хөдөө орон нутгаас ирсэн, байр түрээсэлдэг 20 мянга гаруй хүн бий. Хүмүүс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шилжилт хөдөлгөөн хийж ирдэггүй шалтгаан нь хангалттай сургууль, цэцэрлэг байхгүйтэй холбоотой. Ганц сургуультай, тэр нь хүрэлцээ муу. Хүмүүс хүүхдээ сургууль, цэцэрлэгтэй байлгахын тулд хуучин хаягаасаа шилжиж ирдэггүй. Нөгөө талаараа настай, группт байдаг хүмүүс бас ирэхгүй. Шалтгаан нь Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүрэг учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төвөгтэй, ачаалал ихтэй газар. Коронавирусийн халдвар аваад манай хорооноос тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 62 орчим хувь нь түр оршин суудаг, явуулын хүмүүс байна.

-Наймдугаар сараас хойш гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан гэж байна. Эмч, сувилагч нар юунаас болоод ажлаасаа гарч байна вэ?

-Тийм. Наймдугаар сарын сүүлээр эмч, сувилагч хоёр ажлаа хаяад, утсаа унтраагаад ор сураггүй алга болсон. Тодорхой хугацааны дараа холбогдоод ажлаас гарсан шалтгааныг нь тодруулахад тариа хийлгүүлж байсан хүн нь “Та нар хэтэрхий удаан байна” гэж загнаад сувилагчийг барьсан тортой юмаараа цохисон гэж байгаа юм. Ер нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс эмч, эмнэлгийн ажилтан л ам руу нь коронавирус шахчихсан юм шиг уур, уцаараа гаргадаг. Харин ажлаасаа гарсан эмчийн өрөөнд коронавирусээр өвдсөн өвчтөн орж ирж загнаад, сандлаар цохино гэж далайсан байгаа юм. Түүнээс болоод эмч айгаад дахиж ажилдаа ирэхээ больчихсон. Ер нь ажлаас гарч байгаа эмч, сувилагч нарын гол шалтгаан бол иргэдийн ёс зүйгүй харилцаа хандлага юм.

-Коронавирусийн халдвар тархсанаас хойш эмнэлгийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Ажилласныхаа хэрээр цалингаа авч чадаж байгаа юу?

-Одоо хийж гүйцэтгэж байгаа ажилдаа таарсан цалин авч чадахгүй байгаа шүү дээ. Өглөө найман цаг гэж ажилдаа ирээд орой таван цаг 30 минутад тарах ёстой. Гэтэл өдөр цайны цагаараа ч цайгаа ууж чадахгүй, орой найман цаг гээд л ажлаасаа буудаг. Гэр бүлийнхэн нь татгалзаад ажлаас нь гаргаж байна.

-26 дугаар хорооны эмнэлэг хүний нөөцийн хомсдолд аль наймдугаар сараас орсон юм байна. Цаашдаа яах вэ, яаж хүний нөөц бүрдүүлэх вэ?

-Ажлын зар тавиад ч хүн ирэхгүй байна л даа. Бид ажилд авна гэсэн зар тавихдаа зөвхөн хөдөлмөрийн насны хүн гэж бичихгүй байгаа. Тийм байхад ч ажиллах хүн ирэхгүй байна. Өмнө нь бол сайн дураараа ажиллах гээд ирдэг байсан, одоо огт ирэхээ больсон. Тэгэхээр ойрын өдрүүдэд Анагаахын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад төгсөх курсийн оюутнуудыг тодорхой хугацаанд ажиллуулж байна. Яваандаа хүний нөөцөө бүрдүүлэхэд хэцүү болоод л байна. Цаашдаа юу болохыг үнэндээ би хэлж мэдэхгүй.

Үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан эмч Д-тэй холбогдож ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Сайн байна уу. Та эмнэлэгтээ хэдэн жил ажилласан бэ, яагаад ажлаасаа гарахаар болов?

-Би өрхийн эмнэлэгтээ их эмчээр хоёр жил гаруй ажилласан. Манай 26 дугаар хорооны хувьд нэлээн хүн ам ихтэй. 40 гаруй мянган оршин суугчтай, гэвч хороондоо ганц л өрхийн эмнэлэгтэй. Манай хорооны 20 гаруй мянган хүн л үндсэн оршин суугчийн бүртгэлтэй. Гэтэл түр оршин суугчдад эм, эмнэлгийн тусламж үзүүлэх санхүүжилт нь орж ирдэггүй. Түүнээс гадна хэл ам ихтэй. “Та нар миний татварын мөнгөөр цалинждаг хэрнээ яагаад олигтой ажилладаггүй юм” гээд эмч нараа барьж авч зодно. Ковидын энэ үед бүр ч их эрсдэлтэй болчихсон. Залуу эмч нар шантрахаас өөр аргагүй болсон шүү дээ. Шөнө орой амраахгүй, утсаар зөвлөгөө өгөхөөр дарамтална. Энэ мэт шалтгаануудаас болоод ажлаасаа гарсан даа.

-Зарим иргэд цахим хуудсаар “Эмч хүн тангараг өргөсөн бол буцах ёсгүй” гэхчлэн их л шүүмжлэлтэй хандах юм?

-Хүмүүс эмчийн ёс зүй л гэж их ярьдаг. Гэтэл урьдаар хувь хүний ёс зүйг ярих ёстой, энэ талаар огт ярьдаггүй. Юм л бол “Чамайг хэлдэг газар нь хэлнэ, ажилгүй болгоно” гэдэг. Коронавирус гараагүй байхад ачаалал харьцангуй гайгүй байсан бол одоо маш их ачаалалтай. Түүний хажуугаар сэтгэл санааны

дарамттай, над руу цөөнгүй удаа юм авч шидэж байсан, миний мэдэх хоёр, гурван ч сувилагчийн биед халдсан. 11 цагаас нааш тарахгүй, уг нь бид ч гэсэн ардаа амьдралтай, үр хүүхэдтэй хүн шүү дээ.

-Ачаалал маш их байгаа, ажилласан цагаараа цалингаа авч чадсан уу?

-Цалингийн хувьд харьцангуй гайгүй. Цалингаас гадна төрөөс ирж байгаа санхүүжилт муу. Жишээлбэл, гадуур коронавирусийн халдвар авсан иргэдэд өрхөөс нь 160 мянган төгрөгийн эм бэлдмэл өгч байгаа. Гэтэл манай хороонд амьдарч байгаа 40 мянган хүний 20 мянган нь түр оршин суух хаягтай учир энэ хүмүүст 160 мянган төгрөгийн санхүүжилт ирдэггүй. Ингээд эерэг гарсан хүн болгонд эм бэлдмэлээ хүргэхийн тулд санхүүжилтээ танаад байдаг. Энэ мэт асуудлаас болоод иргэд их бухимдаж уурладаг.

-Тантай хамт ажиллаж байсан эмч, сувилагч нараас гарсан хүн бий юү?

-Надтай хамт ажиллаж байсан хоёр гурван ч эмч ажлаасаа гарсан.

-Та одоо юу хийж байгаа вэ. Өөр ажилд орох бодол бий юү?

-Одоо суръя л гэсэн бодолтой байна. Гэхдээ нэг ачаалал багатай газар анкет бөглөчихсөн байгаа. Одоогоор бол гэртээ хүүхдээ хараад л сууж байна.

-Зөвхөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гэлтгүй хаа сайгүй л эмч, эмнэлгийн ажилчид ажлаасаа гарсаар л байна. Цаашид эмч, эмнэлгийн ажилчдыг ажлаас нь гаргахгүйн тулд юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин байх ёстой. Мөн тухайн эмчийн ажлын ачааллыг зохицуулж өгөхгүй бол цаашид улам хүний нөөцийн хомсдол үүснэ. Нэг иргэн миний өрөөнд орж ирээд намайг харааж, дарамтлах үед ядаж намайг хамгаалдаг хуультай байх хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Д.Монголхүү: “Ковидын тухай” хууль иргэд болоод эрх мэдэлтнүүдэд тэгш бус үйлчилдэг байж болохгүй

Өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор ААН, иргэд хэд хэдэн удаа жагсаал цуглаан хийж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Гэвч иргэдийг үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг “Ковидын хууль”-иар хааж торгох арга хэмжээ авсаар байгаа юм. Зургаа, долдугаар сард талбай дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаад цагдаа нарт баригдаж явсан иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд иргэдийн дуу хоолой болж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, өнөөдөр ч гэсэн төв талбай дээр сууж байгаа юм байна. Өмнө нь таныг талбай дээрээс баривчилж авч яваад ямар хариуцлага ногдуулсан бэ?

-Тухайн үед цагдаа надад хууль бус шаардлага тавьсан. Үүндээ бантсаны дараа гүйцэтгэх ажиллагаа явуулж хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль зөрчөөгүй иргэнийг хүчээр гэмт хэрэгтэн болгочихсон. Энэ маш ноцтой асуудал шүү дээ. Хэргийг шалгуулах гээд мөрдөн байцаах албанд гомдол гаргасан ч нөхдүүд хэрэг үүсгэхээс татгалзлаа гээд цагдаа нараа хамгаалж байна лээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан ч мөн л хэрэг үүсгэхээс татгалзаад цагдаа нарын зөв байсан гэсэн шийдвэр гаргачихсан.

Хамгийн гол нь хууль, хуулийн заалтууд нэг л утга санаатай байгаа. Тэр хуулийн заалтуудыг хоёр үзүүртэй жад шиг хоёр талаар нь хэрэглэдгээ болих хэрэгтэй. “Ковидын тухай” хууль нь иргэдэд нэг өөр, эрх мэдэлтнүүдэд өөр үйлчилдэг байж болохгүй. Тийм ч учраас би “Цахим үндэстэн” арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байна.

-Талбай дээр сууснаас хойш танд Цагдаагийн газраас ямар нэгэн шаардлага ирсэн үү?

-Ер нь хууль, хүчнийхэн байхгүй хуулиар хүнийг гэмт хэрэгтэн болгодог байдалд хүрчихсэн байна. Урьд нь бол эзэн нь олдвол хэрэг нь олдоно гэдэг шиг хууль гаргаж ирээд л хэрэгтэн болгочихдог байлаа. Гэтэл одоо бүр хорвоо дэлхийд огт байхгүй хуулиар хүнийг хэрэгтэн болгох гэж оролдож байна. Талбай дээр сууснаас хойш надад цагдаагийн газраас албан ёсны шаардлага ирсэн. Бүртгэлгүй жагсаал цуглаан хийж байна, бүртгэлгүй учраас хууль ёсны бус юм, тийм учраас одоо боль, тар гэсэн бичгэн шаардлага ирсэн.

Би хариуд нь “Шаардлагыг чинь би хүлээж авахгүй, урьд өдөр нь та нар Үндэсний соёл амралтын хүрээлэнд ковидын үеэр хэдэн мянгаар нь хүн цуглуулсан. Засгийн газар хууль зөрчсөн, тэр нөхдүүдтэйгээ хариуцлага тооцсоны дараа над дээр ирээрэй” гэж хэлсэн.

-Өнөөдөр гэхэд халдварын 2500 тохиолдол илэрлээ. Ийм эрсдэлтэй үед ХХМТГ, Соёлын яам хамтраад “Цахим үндэстэн” гэсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ байдлаараа цаашдаа халдварын тохиолдол улам нэмэгдэх нь?

-Засгийн газрын алдаатай бодлогын үр дагавар л одоо илэрч байна шүү дээ. ААН, иргэд цуглараад өөрсдөө хариуцлагаа хүлээх нь ондоо асуудал буюу энд хувь хүний хариуцлагын асуудал яригдана. Харин Засгийн газар зохион байгуулалттай хүмүүс цуглуулна гэдэг нь зарчмын хувьд яагаад ч болохгүй асуудал. Хүйтний улирал ирж байна. Цар тахалд гаргах зардал улам бүр нэмэгдэнэ. Хоёр жил гаруй хугацаанд эдийн засаг хэцүүдсэн, иргэд мөнгөгүй болчихсон. Урьд нь бид эмнэлэгт ор олдохгүй байна гэж хэрүүл хийдэг байсан бол одоо бүр хэвтэх шал ч олдохоо больчихлоо. Ийм байдалд хүрэхээс сэргийлж бид шаардлага хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлсээр байсан.

Ерөнхий сайд “Иргэд өөрсдөө хариуцлагагүй байна, эрх чөлөөгөө хэтрүүлээд байна” гэж хэлсэн шүү дээ. Иргэд хоёр жил гэртээ хоригдсон. Хүнд чинь нийгмийн хэрэгцээ гэдэг зүйл байдаг. Бид яах гэж хүүхдүүдээ цэцэрлэгт явуулдаг билээ дээ. Нийгэмших нь хүний заяагдмал байгалийн хэрэгцээ, бид сүргийн зохион байгуулалттай амьдардаг. Хоёр жил гэртээ байсан хүмүүс, тэнд тийм шоу боллоо гэхэд ирэхгүй гээд яах юм. Тэр шоуг нь Засгийн газар нь зохион байгуулж байгаа юм чинь очихгүй яах юм. Зүй ёсныхоо эрх чөлөөг эдлэх гэж очсон хүмүүсийг “Та нар эрх чөлөөгөө хэтрүүлээд байна, хариуцлагагүй байна” гэж хэлж яаж болох юм. Ажиглаад байхад Засгийн газарт ямар ч буруу байхгүй, үргэлж өөрсдийнхөө ажлыг хамгаалж эсрэгээрээ иргэд, ААН-ээ буруутгасан, боосон зүйл ярьдаг.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гадаа талбайд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжинэ. Бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээгээ нээлттэй болгоно” гэсэн. Иргэд “Ингэх л байсан юм бол яах гэж хөл хорио тогтоож эдийн засгаа дордуулсан юм бэ” хэмээн шүүмжлэлтэй хандаж байна?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ичсэн хүн, хүн ална гэдэг шиг шийдвэр гаргалаа шүү дээ, сая. Засгийн газар ингэж болж байгаа юм бол иргэд, ААН-тэй хийсэн хариуцлагын гэрээгээ цуцал гээд эхлэнгүүт иргэдийг тайвшруулах маягаар “Бар, караокег чинь нээгээд өгье, одоо та нар сайхан зугаац” гэж байна. Нэг ёсондоо гал унтрааж байна шүү дээ. Тэрийгээ ААН-үүдээ хэвийн байдалд оруулах чиглэлийн хүрээнд ажиллаж байна гэсэн утгаар хэлж байгаа юм. Үнэндээ үгүй шүү дээ. Үнэхээр хэвийн байдалд нь оруулахыг хүссэн бол өнөөдөр биш, хоёр жилийн өмнө тийм шийдвэр гаргах ёстой байсан. Цар тахал бидэнд хийсч ирээгүй, хэлж ирсэн. Уг нь бид өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ойлгодог. Дэлхий дахинд коронавирус гараад бүтэн нэг жил болж байхад бид дотроо алдаагүй байсан. Бидний өмнө улс орнууд халдвараа тараагаад, хяналтдаа аваад, технологио гаргаж ирээд зөвлөмж гаргасан. Манай улсад зөвлөмж, санхүүжилт бүх зүйлийг нь олгосон. Тийм байхад эдийн засгаа шалаар нэг болгочихсон.

-Хамгийн гол нь цар тахлын хууль одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүү дээ. Засгийн газар зохион байгуулах арга хэмжээгээ саадгүй хийгээд байдаг мөртлөө иргэдийн эрх ашгийг “Ковидын тухай хууль” гэсэн урт нэртэй хуулиараа хааж болохгүй биз дээ?

-Зарчмын хувьд улс үндэстэнд хууль дээдлэх ёс гэж байдаг. Зөвхөн иргэн хууль дээдлэх, эсвэл төр нь хууль дээдлэх ёстой гэж хэлдэггүй. Ардчилсан оронд бүгд хуулийн өмнө эрх тэгш байх ёстой, хуулийн дээр гарах хэн ч байх ёсгүй. Гэтэл хууль нь ялгаатай үйлчилж байна гэдэг нь манайх хуулийн засаглалтай орон биш, харин хуулиа засагладаг орон болчихоод байна. Хууль биднийг засаглах ёстой атал хуулийн ард хэн нэгэн байгаад хуулиар далимдуулж дарамтлаад байна. Шуудхан хэлэхэд хуулийн ард Засгийн газар, эрх барьж байгаа нөхдүүд байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяатай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хичээл сургууль цахимаар хичээллэсэн. Энэ үед сурагчдын сэтгэл зүй урьдынхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Цар тахал бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хэрэгцээгээ хангахад нь саад тотгор болсон. Учир нь хүүхэд гэр бүлээсээ гадна нийгмээс сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг. Тоглох, суралцах, нийгэмших, өөрийгөө илэрхийлэхэд цар тахал саад болсон гэж хэлж болно. Хүүхэд энэхүү хэрэгцээгээ хангахгүй удсан тул стресс болон сэтгэл гутралд ордог. Харин танхимын хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдэд энэ хэрэгцээгээ хангахад бага ч гэсэн дэвшил гарч байгаа. Цахим хичээл нь хүүхэд гэлтгүй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн ачааллыг өгч байсан шүү дээ.

-Тэгвэл танхимын хичээл эхэлснээс хойш сурагчид биенээ дээрэлхэх, гадуурхах тохиолдол хэр их ажиглагдаж байна вэ. Энэ талаарх судалгааны үр дүнгээс ярихгүй юу?

-Танхимын хичээл эхлэхэд хүүхдүүдэд хамгийн их сэтгэл догдлуулсан зүйл бол ангийнхаа хүүхдүүдтэй уулзах. Тэдний өндөр болсон эсэх, турсан таргалсан гээд бие махбодод гарсан өөрчлөлтүүд их сонирхлыг нь татаж байгаа юм. Манай төв дээр ирж байгаа өсвөр насны арван хүүхдийн зургаа нь өөрийн бие махбодод гарсан өөрчлөлтөд санаа зовж, үүнээсээ ичиж байсан. Гэтэл хичээл ороод хүүхдүүд “Би таргалснаасаа болоод гадуурхагдах вий дээ, би хэт өндөр байх вий дээ” гэх мэт айдастай байсан ч бүгд адилхан болсон нь хөгжилтэй гэж ярьж байсан. Энэ нь танхимаар орохын хамгийн давуу тал. Сул тал ч байна, шинэ ангид шилжээд орчихсон, огт танихгүй хүүхдүүдэд хэрхэн өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүйн улмаас хүүхдүүд дотогшоо дүр төрхийг илэрхийлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй.

-Коронавирусийн халдвар авсан ангийнхаа хүүхдийг гадуурхаж, шоолсон гэх албан бус мэдээллүүд цахимаар яваад байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Энэ тохиолдолд цэвэр эцэг эхчүүдийн хандлага харагдаж байгаа юм. Хүүхэд гэр бүлийн толь шүү дээ. Эцэг эх надтай хэрхэн харилцана, би яг л бусадтай харилцахдаа тэгж л харилцах болно. Тиймээс эцэг эхчүүд маань өөрсдөө ямагт болгоомжтой байж, бусдад юу ч тохиолдсон хүн чигээр нь үнэлж байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Хүүхдээ дээрэлхүүлж буйг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй шүү дээ. Дээрэлхүүлж байгаа хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хамгийн түрүүнд хүүхдийн сөрөг араншин илүү болж, сургуульдаа явах дургүй болно, хичээл хийх сонирхолгүй болно. Сөрөг араншин гэдэг нь уур уцаар ихсэх, дүү нартайгаа таагүй харилцах, ганцаараа байх илүү дуртай болох, хэн ч намайг хайхардаггүй, би хэнд ч хэрэггүй гэх мэт үгсийг хэлдэг болно. Ер нь гэр бүлдээ дээрэлхүүлдэг хүүхэд нийгмийг үзэн яддаг, харин нийгэмд дээрэлхүүлж гадуурхагдаж байгаа хүүхэд гэр бүлээ үзэн ядаж таагүй харилцаж эхэлдэг гэсэн үг л дээ.

-Эцэг эхчүүд хүүхдээ дээрэлхүүлж байгааг нь мэдсэн ч ямар арга хэмжээ авах, яаж таслан зогсоохоо мэддэггүй тал бий. Үүнийг яаж шийдэх вэ?

-Хүүхэдтэйгээ маш сайн найз байх, зөв харилцах хэрэгтэй. Та хүүхдээ хүндэлж хайрлаж харилцахгүй байхад, таны хүүхдийг нийгэм хайраар өлгийдөж авна гэж үү, үгүй шүү дээ. Учир нь хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл бага байдаг. Мэдээж их бага хэмжээгээр гадуурхагдлаа гэхэд эцэг эхтэйгээ маш сайн харилцаатай байдаг хүүхэд аав ээждээ тэр тухайгаа хэлдэг. Ингээд л тэд сэтгэл зүйч дээр ирэх, сургуульд нь мэдэгдэх зэрэг арга хэмжээ авдаг.

-Нэр хоч өгөх, энд тэнд муу сурдаг гэж бичих, хэн нэгэнтэй холбож дооглох зэргийг ихэнх хүмүүс арван жилийн дурсамж маягаар ярих нь элбэг. Гэтэл одоо огт өөр асуудал болж, цаашлаад сэтгэл санааны хямралаас шалтгаалаад гэмт хэрэг гарах магадлалтай болчихоод байна шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Тухайн үед даван туулсан сэтгэлийн суурь тэнхээ сайтай хүмүүс л тэгж ярьдаг. Гэтэл энэ өөрийгөө илэрхийлэхдээ сайн биш, бүрэн гүйцэд чадвараа гаргадаггүй хүмүүс цөөнгүй байна. Ялангуяа ажлын байран дээр нэлээн ажиглагддаг. Цаашлаад энэ нь дутуугийн мэдрэмж үүсгээд гэр бүл зохиоход ч нөлөөлж болно. Тэгэхээр эцэг эхчүүд үүн дээр анхаарах хэрэгтэй. Илүү дэмий яриагаа л болих, буюу буруу зүйлийг өөгшүүлэн ярих хэрэггүй.

-Ер нь дэлхийн бусад улс орнууд сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг хэрхэн яаж зохицуулдаг юм бол?

-Энэ оноос эхлээд сургуулийн сэтгэл зүйч сургуулиудаар ажиллаж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бол сургуулийн орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхалтыг багасгах боломжтой хамгийн зөв шийдэл. Мөн ангийн багш маш сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Боловсролын салбар бол маш чухал салбар, үүнийг дэлхий нийтээрээ анхаардаг. Гэтэл Монгол Улсад л хаягдаад байна. Багш мэргэжилтний сэтгэл зүйн боловсролыг анхаарах хэрэгтэй. Ингэж байж хамгийн эхний шат болох багш хүн хүүхдэд илүү хүрч зөв нөлөөлж чадна. Дараа нь сэтгэл зүйч бид нөлөөлнө.

-Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай юу. Та мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Мэдээж шаардлагатай. Энэ миний хувьд маш хэрэгтэй, нүдээ олсон зүйл гэж харж байгаа. Цар тахал хөл хорионы үеэр хүүхдүүд их хүнд байсан. Яг энэ үед сургуулийн сэтгэл зүйчид хүүхдийг илүү нээх, тэднийг хөгжүүлэх, сэтгэл зүйн боловсролд нь анхаарч өгнө гэдэгт би итгэлтэй байна. Хүүхэд бүхэн аз жаргалтай, сэтгэл зүйн боловсрол өндөртэй зөв хүн болж хүмүүжихэд сэтгэл зүйч бид өдөр бүр хичээж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, судлаач Л.Галбаатар: Ковидын тухай хуулийг хэрэгжүүлэгчид цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг зүй бусаар хязгаарласаар байна

Хуульч, судлаач Л.Галбаатартай “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн талаар ярилцлаа.


-Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зарим зохицуулалтууд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь ихээхэн асуудал дагуулж байна шүү дээ. Үүнийг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Энэ хуулийн хувьд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрхийг хамгийн бага хязгаарлана гэж заасан боловч бага хязгаарлах арга замаа орхигдуулсан. Хуульд хүний эрхийг хамгаалахад чиглэсэн зарчмын заалтууд байгаа хэдий ч түүнийг өдөр тутамдаа, шийдвэр гаргах бүрт хэрэгжүүлэх механизм нь орхигдсон.

Үүнтэй холбоотойгоор “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэгчид цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг зүй бусаар хязгаарлаж, бусад хуулиар хүлээсэн үүргээ төрийн албан тушаалтнууд умартаж байна. Тодруулбал, Ковидын хуулийг дагалдуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулж, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хорьсон.

Тухайлбал, “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хорьж, эрх баригч, албан тушаалтнуудаас өөр саналтай хүнийг цензурдэж байна.

-Энэ хуулийн үйлчлэх хугацаа хэзээ дуусах вэ, цаашид сунгагдсаар байх уу?

-Энэ хууль 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэхээр байсныг 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл гэж, улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж хоёр удаа сунгасан. Хуулийн үйлчлэх хугацааг сунгахдаа ямар нэг үзүүлэлт, хэмжээс баримтлаагүй, Засгийн газрын үгээр сунгасан. Тэгэхээр Засгийн газраас дахиад хуулийн үйлчлэх хугацааг сунгая гэж санал тавибал мөн л сунгах магадлалтай.

-Манай улсад коронавирус гарснаас хойш Ковидын тухай хуулийн зохицуулалтаар нийт 17 удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, таван удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар 247 мянга гаруй хүн өвдөж 992 хүн нас бараад байна. Ер нь энэ хууль үнэхээр иргэн, ААН-д үзүүлэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулж чадаж байна уу?

-Цар тахлын нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа хэдий ч тэдгээрийн нэг томоохон хүчин зүйл нь “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, түүнийг дагалдаж батлагдсан бусад хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын мэдлэг, ур чадвар, хүсэл зориг мөн. Энэ хуулийг хэрэгжүүлж байгаа байдал нь хууль дээдлэх ёсыг алдагдуулсан, бусад 800 орчим хуулийн хэрэгжилтийг үл тоох үр дагаварт хүргэж байгаа нь гол асуудал болж байна.

-Та манай сонинд өмнө нь өгч байсан ярилцлагадаа “Энэ хууль цар тахлын үед хамгийн чадваргүй албан тушаалтнуудыг ажиллуулна гэдэг зохицуулалт оруулсан. Тодруулбал, тус хуулийн 3.2-т заасан зохицуулалт нь төрийн албан хаагчид тавигдах холбогдох шаардлагыг хангахгүй, төрийн байгууллагад ажиллаж үзээгүй хүмүүсийг цар тахалтай тэмцэх хариуцлагатай ажил, албан тушаалд томилох гарц болсон” гэж хэлж байсан. Таны хэлж байсанчлан ажлаа мэдэхгүй албан тушаалтнуудын буруу, ойлгомжгүй, иргэдээ туйлдуулсан шийдвэрүүдээс болж иргэд гэртээ, ажил дээрээ бүр гудамжинд нас барсаар байна?

– Энгийн нэг жишээ хэлэхэд, коронавируст халдварын тохиолдлын тоо үнэн, зөв эсэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаа тоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо эрс зөрдөг болсон, тоон мэдээлэлд “Нас барсан хүмүүс амь орж байгаа”. Үүний шалтгааныг Засгийн газраас тайлбарлаж чадахгүй байна. Тоо тоолж чадахгүй болох хүртлээ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа доголдсон байна.

-Засгийн газар, Улсын Онцгой комисс, түүний харьяа байгууллага, албан тушаалтнууд цар тахалтай тэмцэх нэрийн дор бараг хүн бүрийн эрхийг зөрчиж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн зөрчил, гомдол бүртгэгдсэн бол?

-Хүний эрхийн үндэсний комиссын тайланд тоон мэдээлэл бий. Харин Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “Коронавируст цар тахал ба иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг”-ийн дүнгээс харахад Үндсэн хуульд баталгаажсан иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг зөрчих зөрчил өдөр бүр бүртгэгдэж байна. Эдгээр зөрчлийг төрийн байгууллагын албан тушаалтнууд ихэвчлэн гаргаж байна. Сүүлдээ Ерөнхий сайд нь хүртэл хүний үндсэн эрх, эрх чөлөөг үгүйсгэж мэдэгдэл хийсэн. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд албан мэдээлэл өгөх үедээ эвлэлдэн нэгдэж тайван замаар цуглаан хийж цалин нэмэхийг шаардаж буй эмч нарыг эх орноосоо урвах гэмт хэрэгт буруутгасан. Тодруулбал, тэрээр эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, нээлттэй дамжуулсан мэдээллийн үеэр “Энгийн үед тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй. Ийм үед бид эцсийн мөч хүртлээ иргэдээ хамгаалах ёстой. Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгааг тусгай албаны шугамаар олж мэдсэн. Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно” гэж хэлсэн нь тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж байгаа иргэдийг Эрүүгийн хуулийн ноцтой заалтаар сүрдүүлсэн явдал юм.

Түүнчлэн үндсэн эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн тоо сүүлийн үед буурах болсон нь сайшаалтай. Глоб Интернэшнл төвөөс коронавируст цар тахлын үед иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг бүртгэж, түүнд дүн шинжилгээ хийж байна. Сүүлийн хоёр сарын буюу долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацаанд гарсан зөрчлийн тоон мэдээллийг авч үзэхэд, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хоёр зөрчил, тайван жагсаал цуглаан хийх эрхийг зөрчсөн гурван зөрчил, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д баталгаажуулсан мэдэх эрхийг зөрчсөн долоон зөрчил, нийт 12 зөрчил байна. Эдгээр зөрчлийн зургааг албан тушаалтан гаргасан бол нэгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргажээ. Харин хоёр зөрчлийг аж ахуйн нэгж, үлдсэн гурван зөрчлийг иргэн гаргасан байна. Зөрчлийн шууд хохирогчийн найм нь иргэн байгаа бол үлдсэн дөрөв нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өртжээ. Түүнчлэн дээрх зөрчлүүдийн арав нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бол хоёр нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, 12 зөрчлийн талаарх мэдээллийн тав нь иргэний мэдээлэл, тав нь сэтгүүлчийн мэдээлэл байсан бол хоёр нь албан мэдээллийн дагуу бүртгэгдсэн байна. Мөн зөрчлийн шалтгаан, сэдэлтийг авч үзвэл, 11 нь зориуд гаргасан зөрчил бол, нэг нь эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус байгаатай холбоотой байна. Зөрчлүүдийн хор уршгийг 1-3 оноогоор дүгнэхэд, арав нь гурван оноотой буюу хүнд зөрчилд хамаарч байна. Хоёр нь хүндэвтэр зөрчил байгаа бол, нэг оноотой буюу хөнгөн зөрчил энэ хугацаанд бүртгэгдээгүй байна.

-Тэгэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг үндэслэлгүйгээр буюу бодит бус шаардлагаар хязгаарлаж байгааг цаашид хэрхэх вэ?

-Ийм зөрчлийн талаар иргэд мэдээлэх, эсэргүүцэхгүй бол тухайн зөрчил нуугдмал үлдэх, цаашид хэвийн зүйл болох эрсдэлтэй байна. Зөрчил гарах болсон шалтгаан нь коронавируст цар тахлын үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийг хамгаалсан хууль зүйн баталгаа хангалтгүй бөгөөд энэ мэт зөрчигдөхөөс сэргийлсэн бодит механизм бүрдээгүй байгаатай холбоотой байна.

Цаашид коронавируст цар тахлын үед төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл авах эрхийг зөрчихөөс сэргийлсэн хууль зүйн иж бүрэн баталгааг бий болгох, сайжруулах, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг заавал харгалзах, тийнхүү харгалзаагүй бол тухайн шийдвэр, үйл ажиллагааг шууд хүчингүйд тооцох, түүнд тавих төрийн болон иргэний нийгмийн хяналтыг сайжруулах зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн төрийн байгууллагын албан тушаалтнуудыг цар тахлын үед хүний эрхийг хамгаалах олон талт сургалтад хамруулах, холбогдох шийдвэр гаргахын урьд иж бүрэн судалгаа хийх, шийдвэрийг зөвхөн бодит тооцоо, судалгаанд үндэслэхэд зориулсан зохих хугацааг олгох, дээд байгууллага, албан тушаалтнаас цар тахлын үед гарсан шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлэх албан тушаалтнуудад зориулсан зөвлөмж, зааварчилгааг заавал гаргаж байх, холбогдох шийдвэрийг гаргасны дараа бус гаргахын өмнө Хүний эрхийн үндэсний комиссоор хянуулж байх механизм бүрдүүлэх нь зүйтэй байна.

-Бусад улс орнууд коронавируст цар тахалтай тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөгөө хэрхэн бууруулж байгаа бол. Энэ талаарх хууль эрх зүйн орчинг нь та судалж үзсэн үү?

-Бусад улс оронд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа бол эцсийн дүндээ хүний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг тодотгож, нэгдүгээрт хүний эрхийг хангах, цар тахалтай тэмцэх нэрийн дор албан тушаалтнууд хууль бус үйлдэл хийхээс сэргийлэхэд хууль зүйн зохицуулалт үйлчилж байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, цар тахлыг далимдуулж буй авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа юм гэж онцолсон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

АТҮТ-ийн ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбат: Хятадын талаас ямар учраас нүүрс, ачаа тээврийг 14 хоног зогсоосон талаар тодорхой хэлээгүй

-МОНГОЛД СӨРӨГ ГАРСАН ЖОЛООЧ ХЯТАДЫН ТАЛЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР ЭЕРЭГ ГАРААД БАЙГАА-

Гашуунсухайт-Ганцмод боомтоор гардаг нүүрсний тээврийг наймдугаар сарын 23-наас эхлэн зогсоогоод байгаа юм. Тодруулбал, Монголоос 14 хоног нүүрс хүлээж авах боломжгүй гэж БНХАУ-ын тал мэдэгдсэн. Энэ асуудлаар Авто Тээврийн Үндэсний Төвийн ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбаттай ярилцлаа.


-Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагааг Хятадын талаас 14 хоногоор зогсоочихлоо, ямар шалтгаанаар хаасан юм бэ?

-Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны орлогчоор Н.Амарзаяа дарга ажиллаж байгаа. Тэндээс өгсөн мэдээллээр БНХАУ-аас нүүрс, ачаа барааны тээвэр, Оюу толгойн давхар чиргүүлтэй тээврийн хэрэгслүүдийг наймдугаар сарын 23-наас эхлээд 14 хоногийн хугацаатай авахааргүй боллоо гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн тээвэр зогссон байна. Ямар учир шалтгааны улмаас зогсоосон гэдгээ хэлээгүй.

-Ачаа тээврийн жолооч нар 14 хоног тусгаарлагдаагүйгээс коронавирус тархсан гэсэн мэдээлэл байна. Жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадаж байгаа юу?

-Энэ асуудалд Өмнөговь аймгийн онцгой комисс нэлээн ач холбогдол өгөөд ногоон бүсийг үүсгээд 32 пост гаргасан байдаг. Энэ постуудаар нааш цаашаа зорчиж байгаа иргэдийг шалгах, хамгаалалт гаргасан. Тийм учраас жолооч нар дураараа очоод байгаа зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Авто тээврийн байгууллагын зүгээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд жолооч нарыг татан авах шаардлагатай байгаа гэж үзэж байна. Энэ шаардлагын дагуу МХЕГ, ЭМЯ, Онцгой байдал, цагдаагийн байгууллагатай хамтраад нүүрс, ачаа тээврийн аж ахуйн нэгжүүдээр явж шалгалт хийсэн. Улмаар квотынх нь хэмжээгээр жолооч нараа татаж байна. Жолооч нарыг Цагаанхадны гадна 14 хоног тусгаарлаад оруулж байгаа. Жолооч тусгаарлалтын байр руу орохоосоо өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг. Мөн тусгаарлалтад орсны дараа зургаа болон 13 дахь хоног дээр нь PCR шинжилгээ аваад сөрөг гарсан жолооч нарыг Цагаан хад руу нэвтрүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна.

-Нүүрс тээвэрлэлт өмнөх жилүүдийнхээс хэдэн хувиар буурсан бэ?

-Монгол Улсад коронавируст цар тахал гарснаас нүүрс тээвэрлэлт маш их буурсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад нүүрс тээвэрлэлт 70 хувь багассан байна. Маш өндөр үзүүлэлтээр буурсан.

-14 хоног нүүрс, ачаа тээврийн тэг зогсолт хийх алдангиа хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Сүүлийн өдрүүдэд өдөрт 200 орчим тээврийн хэрэгслийг Хятадын тал нэвтрүүлж байсан. Ойролцоогоор нэг өдөр 200 гаруй машин гарна гэж тооцоолбол тэг зогсолт хийсэн 14 хоногийн хугацаанд 2800 гаруй машин тээвэрлэлт хийх байсан гэж ойлгож болно. Түүнчлэн тээврийн байгууллагын хувьд Цагаан хаданд хуримтлагдсан нүүрсийг тээвэрлэх үүрэг хүлээж байгаа. Одоогоор Цагаан хаданд есөн сая орчим тонн нүүрс хуримтлагдсан байгаа. Энэ нүүрсийг гаргаж байж л дараагийн уурхайгаас борлуулах ажил эхлэх ёстой. Тэгэхээр нүүрс, ачаа тээвэрлэлт 14 хоногоор зогсоно гэдэг нь уурхайн борлуулалт 14 хоногоор хойшилж байна л гэсэн үг.

-Гашуунсухайт-Ганцмодны боомт 14 хоногийн дараа яг нээгдэх үү?

-Тэрийг би урьдчилж хэлэх боломжгүй. Бидэнд БНХАУ-аас 14 хоног нүүрс, ачаа тээвэр авахгүй шүү гэсэн мэдээлэл л ирсэн. Түүнчлэн манай улсын хувьд халдварт өвчний гаралтыг багасгах тал дээр анхаарч, шинэ дүрмээр ажиллаж эхэлсэн. Ингээд 40 хүртэлх жолоочийг нэг баг болгон тусад нь байрлуулан ажиллаж, амраахаар болсон. Тэгэхээр тухайн 40 хүн өөр хүмүүстэй уулзахгүй гэсэн үг. Ингээд өнөөдрийн байдлаар 40 хүнтэй 57 баг үүссэн байгаа. Тухайн бүлгээс халдвар илэрлээ гэхэд дараагийн 40 хүнтэй бүлэг ажиллах зарчим баримталж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр нэг дор олон хүн өвдөхгүй. Цаашлаад 100-200 хүн тусгаарлагдахгүй.

Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн нүүрс тээврийн жолооч Ц: Монголдоо шинжилгээ өгөхөд сөрөгбайсан ч Хятадын талд шинжилгээ өгөхөд эерэггарсан. энэ зүгээр л Хятадын бодлого байх

14 хоног тусгаарлагдах ёстой жолооч нар мөнгө төлж боомтоор гарснаас коронавирус тархаж Гашуунсухайт-Ганцмод боомтыг хаасан гэдэг мэдээлэл яваад байгаа юм. Тэгвэл Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн нүүрс, ачаа тээврийн жолооч нараас үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-БНХАУ-аас 14 хоногийн хугацаанд нүүрс, ачаа тээвэр татахгүй гэсэн байна. Жолооч нар хаана байрлаж байгаа вэ?

-Одоогоор бүх жолооч нар өөрсдийн байрлах кемп дээрээ тусгаарлагдсан байгаа.

-14 хоног тусгаарлагдах ёстой жолооч нар мөнгө төлж боомтоор гарснаас коронавирус тархаж Гашуунсухайт-Ганцмод боомтыг хаасан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Ер нь бол нууцаар орж ирэхийн хувьд орж ирсэн л гэж яригдаад байгаа. Гэхдээ коронавирус илэрсэн гээд байгаа хүн нь хуучин ажиллаж байсан үндсэн жолооч юм л даа. Энд ажиллаж байсан жолоочоос коронавирус гарах ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Улаанбаатар хот руу шинжилгээг нь явуулахад сөрөг гарсан. Энд PCR авахад мөн л сөрөг гарсан. Гэтэл Хятадын тал руу ороод шинжилгээ өгөхөд эерэг гарсан гээд байгаа. Буцаж ирээд шинжилгээ өгөхөд сөрөг л гарсан.

Ер нь бол Цагаан хад гайгүй ногооноороо байгаад байгаа. Гадны хүмүүс л орж ирээд корона тараачихгүй бол жолооч нар яг л 14 хоног хөл хорионд ороод ажилдаа орж байна.

-Хөл хорионыхоо мөнгийг өөрсдөө төлж байгаа юу?

-40,40 хүнтэй баг бүрдүүлчихсэн шүү дээ. Нэг хэсэгтээ Монгол, Хятад аль аль талдаа шинжилгээ өгөөд гайгүй сайн явж байтал гэнэт корона гарлаа гээд хилээ хаачихсан. Гэсэн хэрнээ Оюу толгойн баяжмалын уурхайгаас коронавирус гарсан байхад тээврийг нь хэвээр үргэлжлүүлээд байгаа юм. Тэгэхээр энэ зүгээр л Хятадын бодлого байх гэсэн бодолтой байна. Энэ олон жолооч нарыг хориод байхаар их хэцүү байна. Улаанбаатар хотоос мөнгө олно гэж ирчихээд Ханбогдод өдрийн 50 мянган төгрөг тусгаарлалтад өгнө, хоол нь 20 мянган төгрөг, нийт 70 мянган төгрөг өгнө гэхээр хэцүү л байгаа юм. Зарим газрын хоол унд нь ч хүрэлцэхгүй их л хэцүү байгаа гэж дуудсан. Хувийн машинтай хүмүүс өөрсдөө мөнгөө төлнө, ямар нэгэн байгууллагад хамаарагддаг бол тэндээсээ мөнгөө гаргаж байгаа байх.

-Жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж чадаж байгаа юу?

-Уг нь жолооч нар маскаа зүүгээд явж байгаа юм. Гэхдээ Цагаан хадны орчин нөхцөл ямар билээ дээ…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Барс” худалдааны төвийн гадна талбайд ногоо зардаг худалдаачид: Цагдаад хөөгдөхгүй, тайван суугаад монгол ногоогоо зарчих ажлын байр л хэрэгтэй байна

-ШИНЭ УРГАЦЫН НОГООНЫ ҮНЭ ӨМНӨ ЖИЛИЙНХЭЭС 300-500 ТӨГРӨГӨӨР ӨССӨН-

Хэдхэн хоногийн өмнө цахим хуудсаар “Барс” худалдааны төвийн гадна талбайд хүнсний ногооны худалдаа эрхэлдэг худалдаачдыг цагдаа нар хөөж, торгож байгаа асуудал яригдаж байсан юм. Тэгвэл тухайн газарт нөхцөл байдал ямар байгаа талаар болон захуудын хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн талаар сурвалжлахаар “Барс” худалдааны төвийг зорьлоо. “Барс” захын бөөний худалдааны хэсэг рүү ороход тийм ч их хүн байсангүй, урьдынхаасаа сэлүүхэн байлаа. Төмс хүнсний ногооны худалдаачин Ц.Ганцэцэг “Өмнө жилүүдийг бодоход энэ жил өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Манайх хүнсний бүтээгдэхүүн зардаг учраас харьцангуй борлуулалт сайн байна.

Гэхдээ өмнө жилийг бодвол энэ жил худалдан авалт муудсан. Коронавирус гарсантай холбогдуулаад хил дээр зарим бүтээгдэхүүнүүд маань гацчихсан, ирээгүй л байна. Хятадаас орж ирдэг амтлагч, цуу гэх мэт бараанууд бол ховор байгаа шүү дээ, дээрээс нь үнэ нь ч нэмэгдсэн байна лээ. Жишээлбэл, гүнжидийн тосыг урьд нь 60 мянган төгрөгөөр авдаг байсан чинь одоо 85 мянган төгрөгөөр ирж байгаа.

25 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна” хэмээн хуучиллаа. Цаашлаад талх нарийн боовны хэсгээр явлаа. Худалдагчид “Үнийн хувьд янз бүр л байна, гэхдээ талх нарийн боовны үнэ айхавтар өсөөгүй хэвийн байна” хэмээв. Ингээд “Барс” худалдааны төвөөс цаашлаад бидний сайн мэддэгээр Нарны гүүрний доохно талд төмс хүнсний ногоо зардаг хэсэг рүү явлаа. “Монгол ногоо бөөний үнээр” гэсэн хаягтай дунд зэргийн хэмжээтэй хоёр байшинг худалдаачид түрээсэлдэг байна. Гэтэл өдөр бүр хөдөө орон нутгаас шинэ ургацын ногоо ирдэг учир жижигхэн байшинд багтахгүй, зарим худалдаачид нь гадаа суудаг байна. Зарим нь асар барьчихсан, зарим нь талбайд машинаа оруулж ирээд ногоогоо худалдаалж харагдсан юм.

Тэд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шинэхэн хүнсний ногоог хямд үнээр зарахыг эрмэлздэг. Гэтэл цагдаа нар хүрч ирээд зөвшөөрөлгүй газар ногоо зарлаа хэмээн 20 мянган төгрөгөөр торгодог тухайгаа ярьж байсан юм.

Гадаа талбайд ногоо зардаг худалдагч А.Цэнд: Зориулалтын худалдааны төвд Монгол ногоогоо чөлөөтэй зармаар байна

-Та энэ талбайд хэдэн жил сууж байгаа вэ?

-Эгч нь энд арав гаруй жил сууж байна.

-Энэ жил нарийн ногооны үнэ ямар байна?

-Шинэ ургацын байцаа 1500, төмс 1000, монгол сонгино 2200, ногоон сонгино нэг багц нь 1000, шанцай кг нь 3500 төгрөг гэж байна.

-Худалдан авалт ямар байна вэ?

-Хүмүүсийн худалдан авалт урьд жилүүдийнхийг бодоход тааруухан байна.

-Энд суугаад ногоогоо зарахад ямар бэрхшээл тулгарч байна?

-Бид хэд ажлын байртай болоод тэндээ монгол ногоогоо цагдаа нарт хөөгдөж туугдахгүй чөлөөтэй зармаар байна. Цэвэр орчинд хүмүүст үйлчилмээр байна. Харахад л энэ их хэцүү харагдаж байгаа биз дээ. Машин орох ч газар байхгүй, цагдаа нар ирж дарамтална. Бид чинь дөрөвдүгээр сараас эхлээд арваннэгдүгээр сар хүртэл суудаг. Коронавирус гарсан гээд бүр ч их хөөж байна, корона гараагүй байхад ч ийм л янзтай байсан. Энэ хэдэн машиныг торгоно, бидний ногоо цагааг хураана. Нөгөөтэйгүүр өдөр болгон хөдөөнөөс шинэ ургацын ногоо ирж байна. Гүйлгээтэй өдрөө зараад болох л юм, гүйлгээгүй бол муудаад л хаядаг шүү дээ.


Гадаа талбайд машинтай ирж ногоо зардаг худалдаачин Б: Монгол ногоочидоо дэмжих хэрэгтэй байна

“Барс” худалдааны төвийн урд талбайд машиндаа ногоо зардаг худалдагч “Б”-гээс хэдэн төгрөгөөр торгуулдаг талаар тодруулахад “Бид хэд ногооны төвийн байшин руугаа ногоогоо оруулах гээд машинаа талбай дээр оруулж ирэхээр л цагдаа нар зөвшөөрөлгүй газар машин тавилаа гэж машины зургийг дараад 150 мянган төгрөгийн торгууль төл гэж хэлээд явдаг. Гэхдээ сүүлд 20 мянган төгрөгөөр торгодог болсон. Энд байгаа машинтай хүмүүс бүгд торгуулж байна шүү дээ. Харин сүүлийн долоо хоног овоо гайгүй болчихлоо. Тэгээд л цагийн аясаар бүдүүн ногоо гарна. Наймаачид бид ногоогоо хураая гэхээр тавих газар байхгүй. Хил гаалиар ногоо орж ирэхэд хүндрэлтэй байгаа юм бол монгол ногоо зарж байгаа бид нарт ногоогоо тайван суугаад зарах газар өгчихөж болохгүй юм уу. Вокзалын баруун талд очиж асар бариад суу гэсэн, тэгэхээр нь гэрээ байгуулчихсан байгаа. Хурдан тийшээгээ явъя л гэж бодож байна. Энд зөвхөн монгол ногоочид л байгаа шүү дээ. Бид нарт ажлын байр гаргаад өгчихөж болохгүй гэж үү. Хэрэв ажлын байртай болчихвол бид жилийн дөрвөн улирал алгасахгүй сууна. Монгол ногоочдоо дэмжих хэрэгтэй байна” гэсэн юм.

Жилийн жилд л зөвшөөрөлгүй газар ногоо зарсан хэмээн цагдаа нарт хөөгдөж, торгууль төлдөг энэ асуудлыг шийдэхийн тулд тэднийг Вокзалын баруун талд байрлах газар руу шилжүүлэхээр болсон байна. Худалдаачдын ярьж байгаагаар уг нь долдугаар сарын нэгэн гэхэд зөвшөөрөлтэй газраа очсон байх ёстой гэсэн боловч одоогоор тухайн газрын зөвшөөрөл олгогдоогүй, хэзээ очихыг нь худалдаачдад мэдэгдээгүй байна.

Худалдагч А.Сарантуяа “Олон жил монгол ногоогоо зарж байна, үүгээрээ л хоолоо олж идэж байна шүү дээ. Манайхан хятад ногоогоо болиод монгол ногоогоо дэмжих хэрэгтэй байна. Коронавирус гарснаас шалтгаалаад ногоо тээвэрлэх тал дээр асуудал гарсан. Хөл хорио тогтоосноос болж ногоо тээвэрлэлтийн хугацаа алдсан. Тогтсон цагтаа ирж чадахгүй байгаа учраас ногооны үнэ өссөн байна. Нөгөөтэйгүүр замаасаа шалтгаалж байна. Зам сайхан бол тээвэр хийхэд амар шүү дээ. Шинэ ургацын ногооны үнэ өмнө жилийнхээс 300-500 төгрөгөөр өссөн. Нарийн ногоо 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Уг нь бид аль болох хамгийн хямдаар зарахыг эрмэлздэг. Энэ жил төмсөө тарьж чадаагүй хүмүүс ч байна. Тавдугаар сард тарьдаг, гэтэл яг тэр үед хорио тавиад зам хаачихсан байсан, гэх мэтчилэн асуудлууд байна. Ногооны үнэ нэмэгдчихсэн болохоор ч тэр үү хүмүүсийн худалдан авалт энэ жил тааруу л байна. Бид жилийн жилд энэ хоёр байшинг түрээсэлдэг. Энэ жижигхэн байшинд ногоо нь багтахгүй учраас гадаа машин дотроо суугаад зарж байна. Түүнээс биш бид хууль дүрмээ зөрчье гэж зөрчөөд байгаа юм биш шүү дээ. Хэрэв ажлын байртай бол ингээд суух шаардлага ч алга. Монголчууд бүх төрлийн ногоог тарьж чадаж байна. Үүнийг нь дэмжээд монгол ногоо зарж байгаа худалдаачдаа ажлын байраар нь дэмжих хэрэгтэй байна” гэсэн юм.