Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй DNN.mn

Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Үзэл баримтлал нийцсэн учраас танай нам АН-тай хамтрав уу, эсвэл эрх ашгийн хамтрал байв уу?

Зургаан нам бидэнтэй хамтарч оролцох санал тавьсан. Намын удирдлагууд болон хамгийн идэвхтэй гишүүдээ цуглуулж байгаад 14 хоног мэтгэлцэж, хэлэлцсэн. Мөн бусад намуудтай ярилцсан. Манай намын гишүүд, намын удирдлагын олонх АН-тай хамтарч орох нь хамгийн зөв гэж үзсэн.

Бид 2024 оны сонгуулийг л алдаж болохгүй гэж бодож байна. Учир  нь хэт их төвлөрчихсөн байгаа эрх мэдлийг саармагжуулахгүй бол болохгүй байгаа юм. Тэгэхгүй бол 2028 оны сонгууль ардчилсан сонгууль биш болж магадгүй. Эрх мэдэл төвлөрчихсөн байгаа энэ нам дахиад дөрвөн жил засаглавал Монголд яах аргагүй дарангуйлал тогтоно. Яг л хойд, урд хөрштэй ижил дарангуйлалтай орон болж, бид ардчиллаасаа ухарна.

Манай улс ардчиллын индексээр өмнөх жилийнхээсээ хэдийнэ дөрвөн байраар ухарчихсан байгаа шүү дээ. Манай нам албан ёсоор бүртгэгдээгүй байгаа. Тиймээс ямар нэгэн байдлаар сонгуульд оръё гэж зорьсон. Бие дааж нэр дэвшье гэхээр 801 хүн гарын үсэг зурах, Дээд шүүхээс тодорхойлолт авах ёстой. Гэтэл бид саяхан Дээд шүүхтэй асуудалтай болчихсон. Дээд шүүх манай намд зориулаад бүхэл бүтэн А4-ийн нүүр дүүрэн мэдэгдэл гаргасан. Хоёрдугаарт, 801 хүний гарын үсгийг долоо хоногийн дотор цуглуулаад өгтөл хаягийн бүртгэл нь зөрүүтэй байх ч гэдэг юм уу асуудал үүсвэл яах вэ гэдэг болгоомжлол гарсан. Ингээд нам, эвслүүдтэй хамтарч орох нь зөв гэж үзсэн.

Үүнээс гадна эрх баригч нам эрх мэдлийн хувьд үнэхээр данхайчихаж. МАН-ыг сөрж зогсох хүч чадалтай нам аль нь вэ гэдгийг харсан. Судалгаанууд ч үзсэн. МАН-тай тулж чадах нам нь Ардчилсан нам л байсан. Бусад намууд бүгд Ардын намтай тулна гэж зорьж, бодож байгаа байх. Гэхдээ иргэдийн өгсөн бодит судалгааг харахад Ардын намтай тулж чадах нам нь Ардчилсан нам байна. Тиймээс хүчээ энд нэгтгэе. Өөрсдөө бие даах ч юм уу, эсвэл бусад намтай хамтарвал Ардчилсан намын саналыг хувааж, Ардын намд өгөх юм байна гэсэн санал манай намын нэлээд олон гишүүнээс гарсан. Тиймээс АН-тай хамтарч орох шийдвэрийг гаргалаа.

-Гаднаас харахад АН нэгдмэл биш, дотроо хуваагдалтай юм шиг харагддаг. Гэтэл та бүхэн сүүлийн жилүүдэд хамгийн шуугиантай байсан АН-тай хамтарч байгаа нь сонин байлаа?

Аль ч нам дотроо хуваагдалтай байдаг. Тэгэх нь бүү хэл Ардын нам ч ялгаагүй. МАН дотроо маш олон бүлэг, фракцуудтай. Тэд нь хоорондоо байнгын “зодоонтой”. Тэрнээсээ болоод бие биенийгээ шоронд хүртэл хийж байна. Гэхдээ үүнийгээ олон нийтэд ил харагдуулахгүй байна. Сүүлийн үед тэр зодоон нь маш ширүүн явж байгаа. Ардчилсан намынхан МАН-тай яг л ижилхэн. Бөөн бүлэглэл, фракцтай. Тэд нь дотоодын зөрчлөө олон нийтэд ил мэдээлдэг. “Зодоон” олны нүдэн дээр явагддаг. Цаашид ч ил тод явагдах байх.

Ардчилсан нам бол том шүхэр. Тэр шүхэр доор өнөөх Женко нь ч, Н.Алтанхуяг нь ч, Ц.Элбэгдорж нь ч бүгд явж байгаа. Бид тэр шүхрийг баруун тийшээ чирдэг бульдозер болъё гэж байгаа юм.

-АН барууны үзэл баримтлалтай гэдэг ч зүүний бодлого явуулаад байна гэж зарим хэсэг шүүмжилдэг шүү дээ…?

Монголд зүүний бодлого явуулдаггүй нам байдаг юм уу. Цэвэр зүүний бодлого явуулдаг нам хүлээвэл бид хэзээ ч сонгуульд орохгүй юм билээ. Учир нь иргэд нь ч зүүний бодлого хүлээдэг. Намууд нь ч зүүний бодлого явуулдаг. Тиймээс хэн нэгэн нь орж үүнийг өөрчлөх ёстой. Тэр нь манайх. Хаашдаа бүгд зүүний бодлого явуулдаг гээд хараад суувал энэ улс орон хаашаа явах вэ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зүүний бодлогыг шүүмжилж ирсэн. Ном ч хэвлүүлсэн.

Монголд МАН болон бусад нам гэсэн хоёр хуваагдал байдаг юм байна. Бусад намууд нь бие биеийхээ саналыг хуваадаг юм байна. Тэр нь АН байна уу, ХҮН байна уу ялгаагүй. Тиймээс өмнө нь АН-ынхан ХҮН намтай эвсээд оролцчихооч ээ гэж санал тавиад байсан шүү дээ. Ер нь жижиг нам хүчнүүд АН-ын саналыг хуваадаг. АН-ын саналыг хуваана гэдэг нь МАН дахиад дөрвөн жил эрх барина гэсэн үг. Би Ардын намыг дахиад дөрвөн жил эрх бариасай гэж хүсэхгүй байна. Эрх мэдэл нягтраад, данхайгаад ирэхээр аяндаа дарангуйлал тогтоно. Үүнийг одоо ч бид тод харж байгаа. Хотын дарга очоод хүний өмчийг хураана, дээрэмдэнэ гээд юу ч болоогүй юм шиг ярьдаг болчихож. УИХ-ын индэр дээрээс Ерөнхий сайд нь миний үгэнд орохгүй бол би та нарын өмчийг хураана шүү гээд юу ч болоогүй юм шиг ярьж байна. Энэ юуг хэлж байна гэхээр өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх баригч намд эрх мэдэл төвлөрчихжээ. Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой биз дээ. Үүнийг зогсоох хүчгүй мөртлөө зогсооно гэж ярьж байгаа хүн, зогсоох потенциалтай нам хоёр өөр.

-Танай нам ч, ан ч ардчилал, хүний эрхийг хангах чиглэлд тод дуугардаг. Үзэл баримтлал нь ч тийм. Тиймээс найман жилийн хугацаанд ардчилал, хүний эрхийн чиглэлд өнгөрсөн ямар өөрчлөлт гарсан талаарх таны дүгнэлтийг сонсъё?

Эрх баригчид чухам авлигатай тэмцэж байгаа гэж яриад байна. Гэтэл 2016 онд манай улс авлигын индексээр 87 дугаар байрт жагсаж байсан. Тухайн үед энэ нь 2015 оныхоос 15 байраар ухарсан үзүүлэлт болсон. Гэтэл энэ жил 2016 оныхоос 34 байр ухарч 121-т жагслаа. Авлигатай яаж тэмцээд байгаа нь энэ вэ.

Үүнээс гадна өнгөрсөн жилүүдэд сөрөг хүчний дуу хоолой байсангүй. АН дотроо хагаралтай байлаа. Дотно, гадны нам эвслүүд хагаралдуулсан. Сөрөг хүчингүй нам улам л данхайгаад байдаг юм байна. Улам л эрх мэдэл төвлөрөөд байдаг юм байна. Институци биш, хувь хүмүүс л үүний эсрэг дуугарч байсан. Гэтэл нөгөө хүмүүсийг шорон оронд хийдэг. Айлгаж ичээж, есөн шид болгодог. Янз бүрийн хэрэг зохиож жил хорьсноо дараа нь өршөөл үзүүллээ. Өөрөөр хэлбэл, эрх баригч намыг шүүмжилсэн хүмүүсийг хэрвээ болохгүй бол та нарыг ингээд “цовдолчихож” чадна шүү гэж олны нүдэн дээр үзүүлж байна. Үүнээс ямар нөхцөл байдалд хүрчихсэн байгааг маш тод харуулж байна. Тэд эрх мэдлээ авч үлдэхийн тулд шүүмжилсэн хүмүүсийг залхаан цээрлүүлж байна.

Гэтэл нөгөө авлигын индекс 121 рүү орчихсон байна. Авлигын мөнгөөрөө өнөөх тэжээврүүдээ тэжээхийн тулд тэд эрх мэдлээ энэ мэт аргаар хадгалж үлдэх гэж байна. Тиймээс тэдний эсрэг АНтай хамтарч зогсохоос өөр сонголт байсангүй.

-Манай улсын эдийн засаг өсч байгаа хэмээн эрх баригчид мэдээлсэн. Гэтэл иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй, ядуурал улам л гаарч байгааг та юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн өсөлтөөс илүү инфляцийн өсөлтийг олон нийт анхаарч хараасай. Инфляци бол үнийн өсөлт биш. Төгрөгийн худалдан авах чадварыг илтгэж байгаа тоо. Инфляци хамгийн өндөр үедээ 14 хувь байсан гэж мэдээлсэн. Яг бодит байдал дээр 14 биш, дунджаар 30 хувийн инфляцитай байлаа. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ ихээр унаж байсан. Эдийн засаг долоон хувийн өсөлттэй хэрнээ инфляци 20, 30 хувь байна гээд бодоод үз дээ. Эдийн засаг өссөн үү гэдэг маш том асуулт.

Ер нь төрийн зардлыг нэмэхээр эдийн засаг ихээхэн өсөлттэй гардаг. ДНБ-ий өсөлтөд төрийн зардал ордог. Эдийн засгийн үр ашиггүй зарцуулалтад инфляцийн бүтээгдэхүүний өсөлт орчихдог. Тиймээ яг ийм өсөлт явсан болов уу гэж харж байна.

Үүнээс гадна эдийн засгийн өсөлтөд хамгийн том нөлөөлж байгаа зүйл нь нүүрс. Өөр юу ч биш. Нүүрсний үнэ уначихвал эдийн засаг дагаад уначихна. Хятадын эдийн засаг дараа жил яах вэ гэдэг нь эргэлзээтэй. Хятадын эдийн засагт том нөлөөтэй үл хөдлөхийн салбар нь унаж байна.

-Гэтэл эрх, эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөнөөс шууд хамааралтай шүү дээ?

Хүн аливаа зүйлийг өмчлөх эрхтэй. Тэр өмчийн эрх халдашгүй байх ёстой. Хэн нэгэн ирээд дээрэмдээд авчихдаггүй. Хэн нэгэн ирээд хүссэн татвараа ногдуулчихдаггүй. Татвар гэдэг бол дээрэмдэж байгаа нэг хэлбэр. Таны хийж бүтээсэн зүйлийн 30, 50, 60 хувийг нь би авна гэж байгаа шүү дээ. Монголчууд нийт цалингийнхаа 60 хувийг нь төрд өгчихдөг. Энэ дээрэм биш үү. Уг нь 10, 20 хувийн татвар өгөөд төрийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа биз дээ.

Эрх чөлөөний хамгийн суурь эрх нь өмчийн эрх байдаг. Өмчийн эрхийг батал гаажуулдаг эдийн засгийн тогтолцоо нь капиталист тогтолцоо. Тиймээс бид чөлөөт зах зээлийн тогтолцоо чухал гэж онцлоод байдаг юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо бага байна гэдэг нь таны өмчлөх эрхэд төр бага оролцоно гэсэн үг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна DNN.mn

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга, эдийн засагч Б.Ундраатай ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг өсч байна гэдэг ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, бодит орлого нь нэмэгдэхгүй байна. Яг үнэндээ өрнөөс өрний хооронд амьдарч байна. Эдийн засаг өсөөд байхад иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг та юу гэж тайлбарлах вэ?

-Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт юм. Энэ долоон хувийн өсөлтийн 4.3 хувийг нь уул уурхай болон тээврийн салбарын өсөлт дангаар бүрдүүлсэн.

Эдийн засаг өслөө, улсын ашиг орлого нэмэгдлээ гээд л сайхан, сайхан тоо яриад байгаа ч ард иргэддээ энэ өсөлт хүртээмжтэй байж чадсан уу гэвэл үгүй. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж чадсан өсөлт биш. Уул уурхайн салбараас үүдэлтэй хэдэн төгрөг ахиу орж ирдэг мөчлөгийн шинжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхгүй. Уул уурхай ч гэж дээ, нүүрсний салбар л даа. Арай ахиу нүүрс зарлаа, түүнийгээ тээвэрлэлээ. Тэр мөнгө нь нүүрсний эздийн халаасанд орчихсон. Нүүрсний сонсголоос энэ бүхнийг иргэд хангалттай сонсож, мэдсэн байх.

Онолоороо бол эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өндөр өсөлтийг хангаж чадсанаар хүний болон эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж, монгол иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлын түвшин буурна. Гэтэл Монголын эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй байдаг. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүрэх нь улс орны хөгжлийн стратегийн асуудал байх ёстой. Манай орны хувьд эдийн засгийн бодит салбар нь уул уурхай болон мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай.

Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй байна. Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага нь мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих, эдийн засгийн олон талт өсөлт бүхий оновчтой бүтцийг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. Эдийн засаг нь хүчтэй байж ард иргэд үнийн, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна. Гэтэл өнөөдөр инфляци, үнийн өсөлтөөс болж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна.

-Эдийн засаг өссөн, иргэдийн амьдрал муудсан гэдэг эрс тэс хоёр өнцөг байна. Эдийн засаг өссөн нь тоогоор батлагдаж байна. Харин иргэдийн амьдрал муудсаныг илтгэх тоо байна уу?

-Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 мянган иргэн 418 мянган төгрөгнөөс доош орлоготой байна гэсэн судалгаа гаргасан. Сая шахам иргэн хагас сая төгрөг хүрэхгүй мөнгөөр амь зууж байна шүү дээ. 2022 оны энэ судалгаанаас ядуурлын шугамыг инфляцитай холбогдуулан нэмэгдүүлээд харахад иргэдийн талаас дээш хувь нь ядуурлын түвшинд орж байгаа. Үнэхээр эдийн засгийн өсөлт нь иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлдөг бол ядуурлын түвшин буурах ёстой биз дээ. Тэгээд ч эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад дангаар нөлөөлдөггүй. Төрд нүүрлэсэн энэ их авлига нь эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхгүй, ядуурлыг бууруулах боломжийг олгохгүй байна.

Энэ бүхнийг цогцоор шийдэхгүй, үр дүнтэй бодлого гаргаагүй байж эдийн засаг өслөө, бүх зүйл сайхан болж байна гэж хоосон лоозондоод байж болохгүй. Засгийн газар нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг бага сага нэмсэн. Тэр жаахан нэмэгдэл ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй. Өнгөрсөн өвөл үүссэн зудын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилнэ. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Цаашлаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн өсөлттэй холбоотой эрэлтийн нөлөө нэмэгдэх зэргээс шалтгаалж харин ч инфляци дахин өсөх эрсдэлтэй байгаа. Энэ бүхэн ядуу болон бага орлоготой өрхүүдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.

-Монголбанк инфляци буурч байна гэдэг боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байна. Инфляцийн энэ тооцоолол зөв байж чадаж байна уу?

-Инфляцийн түвшин 2024 оны гуравдугаар сарын байдлаар долоон хувьтай гарсан байсан. Энэ хувийг тодорхойлоход хэрэглээний үнийн индексийг гол үзүүлэлт болгон ашигладаг. Индексийг тооцох зорилготой хэрэглээний сагс гэж байгаа. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт. Үүнд 12 төрлийн 370 гаруй бараа, үйлчилгээ ордог байсныг жил гаруйн өмнө 13 бүлгийн 410 нэр төрөл болгож нэмэгдүүлсэн. 410 бараа үйлчилгээний дундаж статистик тоогоор л инфляци долоон хувьтай харагдаж байна. Гэтэл ихэнх бага, дунд орлоготой иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг лангуун дээр байгаа нөгөө мах, гурил, сүү, талх гээд үсрээд 10 хүрэхгүй нэр төрлийн барааны үнийн өсөлт чинь энэ хувиасаа харьцангуй өндөр байна. Яг бага орлоготой иргэдэд энэ 410 нэр төрлийн бараа, үнэндээ хамаарахгүй байгаа.

Инфляци одоо долоон хувь гэж байгаа ч өмнөх хоёр жилийн хугацаанд 13, 14 хүрсэн. Сүүлийн жилүүдэд гурил, будаа, талхны үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл дизель түлшний үнэ 30 хувиар нэмэгдээд удлаа. Суудлын автомашин унаж байгаа иргэд шатахууны өсөлт мэдрэгдээгүй байх. Яагаад гэвэл АИ-92 шатахууны үнэ өсөөгүй, барьж байгаа. Гэтэл дизель түлшний үнэ нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгааны нэг болсон.

2016 онтой харьцуулбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2-3 дахин өсчихлөө. Гэтэл орлогын түвшин яаж өссөн билээ. Орлогын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Ийм байхад яаж иргэдийн амьжиргаа дээшлэх юм бэ. Эрх барьж байгаа МАН 2016 онд хоёр хувьтай байсан инфляцийг өсгөөгүй бол өнгөрсөн найман жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 16 хувиар л өсөх байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр мах, гурил, сүү, талх гэхэд л 2016 оноос 120-190 хувиар буюу 2-3 дахин өсчихсөн байгаа. Найман жилийн өмнө савласан нэг кг алтан тариа гурил 1294 төгрөг байсан бол одоо 2949 төгрөг болж, 128 хувь буюу 2.3 дахин өссөн байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр гурилын үнэ зургаан жилийн өмнөх үнээрээ байж л байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляци өндөр байгаагийн зэрэгцээ сонгууль угтсан төсвийн зардлын тэлэлт, Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг том нөхцөл болохоор байна. Мөн зудын нөхцөл байдал зэрэг дотоод шалтгаанаар инфляци 2024 онд эргээд өсөх эрсдэл бий.

-Эрх баригчдын буруу бодлого, сонгууль угтсан мөнгө тараалт урт хугацаандаа иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улам л сөхрүүлэх нь гэж ойлгож болох уу?

-Эдийн засагт уялдаа холбоогүй зүйл гэж байхгүй. Нэг хоёр буруу бодлого 10, 20 алдаа, хүндрэлийг араасаа дагуулдаг.

Орлогын өсөлт нь амьжиргааны зардал, үнийн өсөлтөө давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна. Энэ нь ч тоо баримтаар тодорхой байгаа зүйл. Өрхийн дундаж бодит орлого нэмэгдэлгүй 8 жил боллоо. Энэ хугацаанд үнийн өсөлтөөс улбаалан зарлага эрс өсөж, дундаж монгол айлын орлого нь зарлагаа гүйцэхгүй, зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Уул уурхайгаас бусад ихэнх бизнес мөн адил өр зээл, бартерын солилцоогоор аргацааж байгаа. Өнөөдөр монголчууд бүгд өрийн дарамтад амьдарч байна. Улс нь, аж ахуйн нэгж байгууллагууд нь, иргэд нь бүгд зээлтэй, өртэй байна. Улсаа хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд эхлээд бүгд өрнөөсөө салах хэрэгтэй.

Уг нь одоо эрх барьж байгаа МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно, зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудаас нэг нь ч биелээгүй байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банкинд дунджаар 8.6 сая төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Үүн дээр ББСБ, ХЗХ, ломбард, аппликэйшний зээлүүдийг оруулбал нийт иргэд бүгд зээлтэй байна.

-Иргэд хэрэглээний зээл авч байгаа нь намын мөрийн хөтөлбөр, Төрийн бодлоготой хамаагүй гэх л байх даа?

-2016 онд нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан. Одоо 87 хувь нь зээлтэй байна. Хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Зээлийн төрлүүдийг аваад үзье л дээ. 2016 оны үед иргэд ипотекийн зээл буюу өмч хөрөнгөтэй болгох урт хугацааны, бага хүүтэй зээл их байсан. Харин одоо бол орлого нь амьжиргааныхаа зардалд хүрэхгүй байгаа учир хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлж байна. Хэрэглээний зээлүүд нь хугацаа бага, өндөр хүүтэй байгаа учраас иргэд банк, санхүүгийн байгууллагад өндөр хүү төлж, давхар давхар зардлаа өсгөөд байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2019 онд банкны нийт хэрэглээний зээлийг бууруулах зорилгоор тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70 байсныг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Монголбанк нь өөрөө ийм шийдвэр гаргаж банкнаас зээл авах дүнг багасгаснаар иргэд нь өнөөдөр яалт ч үгүй хэрэглээний зээл авах хэрэгцээтэй байгаа учраас банк бус болон бусад зээлийн үйлчилгээний газраас өндөр хүүтэй зээл авах нөхцлийг бүрдүүлчихсэн. ББСБ-д сарын 3-4 хувь, жилийн 36-48 хувийн хүү буюу банкнаас авснаас 2, 3 дахин зээлийн өндөр хүүнд иргэд дарлуулаад амьдарч байна. Үнэндээ дэлхийд байхгүй хүүтэй улс болсон байна. Иргэдээ ингэж зээл, өрийн дарамтад оруулсан нь иргэдийн амьжиргааг бүр л хүнд нөхцөлд аваачиж байна. ББСБ-ын мөнгө нь ер нь л хулгайны мөнгө гэж хэлэхэд хилсдэхгүй. Голцуу л хэдэн дарга, улстөрчид, тэдэнтэй ойр хүмүүсийн хулгайлаад олсон л мөнгө байгаа. Энэ мөнгө хүүлэлтэд жирийн иргэд л хохироод өндөр хүүг нь төлөөд амьдарч байна.

Төв банкны тухай хуулиараа Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтот ажлаа хийж чадаж байна уу. Сүүлийн 8 жилийн турш Монголбанк бодлогын хүүгээ 13 дээр барьж байгаад саяхан 12 хувь болгосон. Бодлогын хүүг ийм өндөр байлгаад байгаа нь зээлийн хүү өндөр байхад нөлөөлөөд байна. Төв банк нь 1 төгрөгөө 13 хувийн хүүтэй зээл гээд хүчээр тулгачиж байна. Банкны эзэд, банк бусын эздэд доод хүүг нь 13 хувь гээд тавиад өгчихөөр тэд хүүгээ тэрнээс дээшээ тавих нь тодорхой. Энийг мөнгө хүүлэлт гээд байгаа юм.

-Энэ их мөнгө хүүлэлтийн эсрэг яаж ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

Аливаа улсын эдийн засагт сангийн бодлого болон мөнгөний бодлого байна.

Татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар удирдаад зарцуулж байгаа нь сангийн бодлого юм. Парламентийн засаглалтай оронд ялсан намын Засгийн газар энэ мөнгөөр намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулдаг.

Гэтэл нөгөө талдаа хамгийн чухал мөнгөний бодлого нь хаягдчихаад байна. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Монголбанк маань засгийн газрын тохируулагч нь байх ёстой. Харамсалтай нь Монголбанк Засгийн газрын үгээр, тэдний гаргасан шийдвэрийн араас ажиллаад байна уу гэж анзаарагдаж байна.

Парламентын засаглалтай оронд Төв банкны шууд удирдлага нь УИХ. Монголбанк нь үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнаж, жил бүр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг боловруулж УИХ-аар батлуулдаг.

Тэгэхээр энэ инфляцийн өсөлт, ханш, үнийн өсөлт, зээлийн хүү зэрэг сая дурдсан энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Монгол банк маань ажлаа зоригтой хийж, үнийн тогтвортой байдлыг хангах бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Кабелийн телевизийнхээ төлбөрийг төлөөгүй үед ч иргэдийг зээлийн мэдээллийн санд шууд оруулдаг, муу түүхтэй мэтээр харуулдаг асуудалд иргэд маш их бухимддаг. Байгууллагууд хэт давуу эрхтэй, эсрэгээрээ иргэд нь хохирдог жишээ их. Төв банкнаас энэ сарын 16-ны өдөр Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргаж, муу зээлийн түүхийг нь арилгахаар боллоо. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх муу зээлийн түүхтэй бүх иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхийг мэдээллийн сангаас арилгах тохируулга хийлээ гэж ойлгосон. Монголбанкны энэ мэдэгдэл мэдээж шууд утгаараа муу зээлийн түүхээсээ болоод зээл авч чадахгүй болчихсон иргэд, байгууллагын хувьд сайн мэдээ.

Ер нь бол зээлийн мэдээллийн санд чанаргүй, муу зээлийн түүхтэй байлаа гээд зээл олгохгүй гэсэн ямар ч хууль, дүрэм, журам байдаггүй. Зээлийн түүх гэдэг нь зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг илэрхийлж байгаа учраас банк, санхүүгийн байгууллагууд тухайн хүний өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, эрсдлийг тооцож зээл олгох эсэх шийдвэрээ бие даан гаргадаг. Арилжааны банкууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн бол зээл олгохоос татгалзаж болно.

Зээлийн мэдээллийн сан, зээлийн мэдээллийн лавлагаа гэж байдаг. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. 2011 онд батлагдаж байсан Зээлийн мэдээллийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 19.1 дээр “Зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг уг санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгална” гэж заасан байдаг бол 11.1 дүгээр хэсэг дээр зээлдэгчийн сүүлийн 6 жилийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгадаг. Өөрөөр хэлбэл, таны зээлийн сөрөг мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас зургаан жилийн дараа арилах боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд 10 жил хадгалагдаж л байдаг юм. Харин Сангийн сайд нэг сайтад өгсөн ярилцлагдаа харилцагчийн зээлийн мэдээллийг 10 жил хадгалагддаг байсныг бид зургаан жил болгосон гэж ярьсан байна лээ.

Энэ оны нэгдүгээр сарын 22-нд нэг иргэн Монголбанкны зээлийн мэдээллийн санг шинэчлэх хуулийн төсөл санаачлах талаар санал гаргасан байсан. Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд ангилал буурч орсноор банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Мэдээлэл нь зургаан жил болж байж устаж буйг өөрчлөх. Зээлээ төлсөн иргэдийн ангиллыг хэвийн болгох хугацааг өөрчилье гэдэг санал. Тэгэхийн тулд Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн холбогдох хууль, журмыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан хэрэг. Гэтэл 100 мянган санал цуглуулах ёстойгоос ердөө дөрвөн мянга гаруй л хүн гарын үсэг зурсан байсан. Монголбанкнаас гаргасан мэдэгдлээр бол иргэдийн зээлийн лавлагаан дээр гарч ирэхгүйгээр тохируулсан ч хуулиараа зээлийн мэдээллийн сан байдгаараа байж байх ёстой болчихоод байна. Яагаад гэвэл хуулинд өөрчлөлт ороогүй.

Яг үнэндээ Монголбанкны шийдвэр сахилга баттай зээлээ төлж байсан иргэдэд шударга бус тусахаар байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 29.1 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаагаас 88.6 хувь буюу 25.8 их наяд хэвийн, үлдсэн 11.4 хувь буюу 3.3 их наяд нь хугацаа хэтрэлттэй, чанаргүй зээл байна.

Нийт зээлийн 60-аад хувь нь иргэдийн зээл байхад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 74.5 хувь нь байгууллагынх байна. Эндээс харахад, иргэд ихэвчлэн цалин, тэтгэвэр, хадгаламжаа барьцаалж хэрэглээний зээл авдаг учраас хугацаа хэтрэлт, чанаргүй зээлийн ангилалд багтах нь бага. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ч зээлийн мэдээллийн санд муу түүх үлдээхгүйн тулд аль болох хугацаандаа төлөхийг хичээдэг. Тэгэхээр энэ шийдвэр нь сахилга батгүй хэдэн томоохон аж ахуй нэгжүүдэд хамааралтай юу, магадгүй сонгуулийн жилтэй холбогдуулж гаргасан шийдвэр үү гэх хардалтыг төрүүлж байгаа юм.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг тав, зургаахан компани нийлүүлж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Эмийн сонсголоор эрүүл мэндийн салбарт үүрлэсэн олон асуудлыг та бүхэн гаргаж тавилаа. Ер нь энэ салбарт хууль дүрэм үйлчилж байна уу гэх шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Хууль эрх зүйн ямар орчин энэ салбарт үгүйлэгдэж байна гэж та харж байна вэ? 

-Эм, эмнэлгийн тухай хууль боловсруулагдаад өнөөдрийг хүртэл өргөн баригдаагүй байгаа. Үүнийг яаралтай хурдан оруулж ирэх ёстой. Эмтэй холбоотой стандарт шаард  лагууд сонсголоор их хөндөгдсөн. Өнөөдөр манайд үндэсний хэмжээний ганц лаборатори бий. Гэхдээ тоног төхөөрөмжүүд нь хуучирч элэгдчихсэн, дутуу байна. Эм бүрийг олон улсын хэмжээнд үздэг үзүүлэлтээр үзэж чадахгүй байна. Үүний цаана төсөв яригдана. Таван тэрбум гэж яригдаж байх шиг байна лээ. Тэр бол зөвхөн сайжруулахад шаардлагатай төсөв. Үнэхээр үндэсний хэмжээний иж бүрэн, байр савтай, олон улсын жишигт нийцсэн лабораторитой болъё гэвэл 20 гаруй тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Үүнийг Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрынхан сонсголын үеэр хэлж байсан.

Өнөөдөр тэр шаардлагатай хөрөнгө оруулалт нь хаана байна вэ. Энэ жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй. Ирэх жилийн төсөвт тусгах уу гэдгээс авахуулаад асуудал байна.

Мөн удирдлага зохион байгуулалт, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн асуудал, боловсролын тогтолцоо бүгд асуудалтай байна. Эм, эмнэл зүйн чиглэлээрх боловсон хүчнийг түлхүү хувийн их, дээд сургуулиуд бэлдэж байна. Нөхцөл байдал нь өнөөдөр голцуу цахимаар явж байх жишээний. Лабораторид хичээл орохгүй байна. Хүнд үзүүлэх гэрчилгээ, үнэмлэх авахын төлөө цахимаар болсон болоогүй явж байгаад үнэмлэх авах гээд байна шүү дээ.

Түүнчлэн орж ирж байгаа эм, эмийн бүртгэл, хил гаалийн бүртгэл, байгууллагууд хоорондын мэдээллийн уялдаа холбоогүй. Бүгд тус тусдаа.

Бүртгэлийн асуудал, эмийн лицензийн зөвшөөрлийн асуудал, зайлшгүй шаардлагатай эмийг хэн яаж, ямар журмаар баталдаг, Хүний эмийн зөвлөл, зөвлөлийн бүрэлдэхүүнийг ямар сонгон шалгаруулалтаар авдаг вэ гэдгийг танилцуулсан. Сонсголд дуудагдсан гэрч Хүний эмийн зөвлөлд орсноо ч мэдээгүй байх жишээний. Өглөө хурал дээр ирээрэй гэж дуудсан гэж байгаа юм. Тухайн эмүүдийг Монгол Улсад бүртгэх эсэх асуудлыг ярих гэж байхад Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрийгөө байгаа эсэхийг мэдэхгүй байна шүү дээ.

Үүнээс гадна нийгмийн даатгалаас хөнгөлөх хөнгөлөлттэй эмийн асуудлыг хэрхэн яаж шийдэж байгаа, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл хэрхэн олгож байгаа, олгосныг яаж сунгаж байгаа, Эрүүл мэнд, эм хангамжийн байгууллага дахь албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийг сонсголын үеэр зарлалаа.

-Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалтнууд бүгд хамаарал бүхий компанитай байсан нь танилцуулагдсан ч зарим нь гүтгэлээ хэмээх тайлбарыг хийж байна л даа. Тэр дундаа нэг компани руу чиглэж байна ч гэх шүүмжлэл мэр сэр гарлаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-2018-2023 оныг хүртэлх зургаан жилийн хугацаанд Эрүүл мэндийн яам, түүний салбар зөвлөл, агентлагуудад ажиллаж байсан, шийдвэр гаргаж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг хамааруулж ярьсан. Эрүүл мэндийн яамны одоогийн бүтэц бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь хамааралтай гэж зарим хүмүүс буруу ойлгоод байх шиг байна лээ. Тэнд 2018-2023 онд ажиллаж байсан хүмүүсийн зарим нь ажлаасаа халагдчихсан байхыг үгүйсгэхгүй. Тэтгэвэрт гарчихсан байж ч болно. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хүний эмийн зөвлөл, комиссын бүрэлдэхүүнд, НЭМГ зэрэг салбар гол байгууллагуудад газар хэлтсийн дарга нараас дээш түвшинд ажиллаж байсан хамаарал бүхий компаниуд сонсголоор яаж гарч ирэв. Ардаа дандаа эм ханган нийлүүлэх байгууллагуудтай, нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээдүүд байна. Шинжээч нар УБЕГ-ын лавлагаагаар баталгаажуулж гаргаж ирж байгаа шүү дээ. Түүнээс зохиомлоор гаргахгүй. Хэн нэгнийг гүтгэхгүй. Шинжээч нар гаргасан мэдээлэлдээ хариуцлага хүлээнэ. Хүнийг гүтгэсэн бол өөрсдөө хариуцлага хүлээнэ.

Тиймээс улсын бүртгэлийн лавлагаан дээр үндэслэж овог нэр, регистрийн дугаар дээр нь үндэслэж гаргаж ирж байгаа юм. Энэ компанитай ах дүүс, гэр бүлээрээ ийм хамааралтай гэж маш нарийн гаргадаг юм байна. Түүнээс түр хорооны УИХ-ын гишүүд хүмүүсийн нэрийг гаргаж ирж цоллоод байгаа юм биш. Бид ч гэсэн үзэгчидтэй адил хэлэлцүүлгийн өглөө материалаа авч байгаа юм. Учир нь шинжээч нарын материал гадагш задрах ёсгүй. Хоёрдугаарт, хараат бусаар ажиллах ёстой. Түүнээс захиалга аваад түүний хамаарал бүхий гэж гаргаж ир, үүнийг далд хий гэж хараат байж болохгүй. Тиймээс УИХ-ын гишүүд хамаарал бүхий этгээдийн мэдээлэлтэй өглөө нь танилцаж байгаа юм.

-Ковидын үеийн худалдан авалтаар ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Ковид хүнд байсан уу, хүнд байсан. Хил гааль хаалттай байсан уу, байсан. Ойлгож байгаа. Энэ үед вакцинаас авахуулаад эм тарианы нөөц хүрэлцээ шаардлага байсан уу, байсан. Гэхдээ ковид нэрийн дор хууль зөрчиж болохгүй. Тиймээс шууд худалдан авалтуудыг ихээр хийсэн байна. Хэрэглээнээс хэтэрсэн эм тариануудыг тооцоо судалгаагүйгээр ихээр авсан. 11 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний хугацаа нь дуусчихсан устгалд оруулах гээд байж байна. Энэ юуг харуулж байна гэхээр хичнээн хэмжээний эм, тариа хэрэгтэй гэдгээ тооцоогүй, хэрэглээнээсээ давсан захиалга хийсэн байна. Ковид хэзээ дуусахыг мэдэхгүй учраас нөөцтэй болж байвал гэж хандсан. Иймэрхүү алдаанууд гарсан байна.

Шинжээч нар олон кейсүүдийг гаргаж ирсэн. Иннолобин дархлааны бэлдмэлийг хуурамчаар үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэглээд хүний амь нас эрсдсэн байхыг үгүйсгэхгүй асуудал яригдсан. Гаднаас 109 мянган ширхэг дусал хөлдүү орж ирсэн. Тээвэрлэлтийн горимм алдагдсан. Орж ирээд лабораторид шилжлүүлсэн. Шинжилгээнд тэнцэхгүй байна гээд буцаасан. 21 хоногийн дараа лабораторид шинжлүүлж тэнцэнэ гэж гаргуулаад эмчилгээ үйлчилгээнд оруулсан байж болзошгүй. Устгасан гэж ярьж байх шиг байсан. Бид хардаж байгаа. Учир нь Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн аюултай хог хаягдлыг устгадаг хоёрхон үйлдвэр бий. Тэр хоёр эмнэлэг тухайн хугацаанд 30, 40-хөн кг дусал устгасан. Өөр баримт байхгүй. Гэтэл энд 5.4 тонноор яригдаж байгаа шүү дээ. Тиймээс тэр дусал худалдаанд гарсан байх магадлал өндөр.

Хүний эмийн зөвлөл нь АСЕМ нэрийн дор нэг удаагийн хурлаар 50 нэр төрлийн эмийг бүртгэж авсан асуудал мөн сонсголоор танилцуулагдлаа. Бүртгэнэ гэдэг нь эмийн шинжээч дүгнэлтээ гаргасны дараа лабораторид оруулна. Ингээд эмчилгээнд ашиглаж болно гэсэн дүгнэлттэй байх ёстой. Эмнэл зүйн хувьд доторх найрлага нь хүрч байгаа эсэхийг бүртгэж авдаг. Гэтэл огт ийм зүйл байхгүйгээр хуралдаанд оруулж ирсэн. Бүртгэж авахгүй гэж байхад шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр бүртгэж авсан байгаа юм. Нэг удаагийн хурлаар 147 эмийг оруулж ирж бүртгэж авсан байх жишээтэй. Энэ мэтээр олон талын зөрчил илэрсэн. Зарим нэг нь албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан байна. Эрүүгийн шинж чанартай байж болохуйц зөрчил байна гэдгийг Түр хороо гаргасан. Эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмийн асуудал дээр улаан гэрэл асчихсан байна. Энэ асуудлаар Үндэсний аудитын газар хэдэн жилйин өмнө шалгалт шүүлэг хийсэн. Аль хэзээний авах арга хэмжээг нэг бүрчлэн хэлж өгч дүгнэлт зөвлөж гаргасан. Харамсалтай нь тэр үеийн Эрүүл мэндийн сайд нарын тэр чиглэлээр авсан арга хэмжээ тодорхой бус. Авсан арга хэмжээнийхээ тайланг эргүүлж ирүүлсэн зүйл байхгүй байна. Нэг үгээр хэлбэл, үл ойшоосон. Сонсголоор иргэдийн мэдэх эрхийг хангаж өгсөн.

Хэрвээ энэ сонсгол хийгдээгүй байсан бол олон нийт мэдэхгүй ийм байдлаар хэдий хүртэл явахыг хэлж мэдэхгүй байна. Тиймээс олон нийтийн эрх ашгийг хангах хамаарсан асуудлаар сонсгол хийлээ. Эмийн асуудал танд ч, надад ч хамаатай. Хүн бүр, айл бүртэй хамаатай учраас эмийн хэрэглээ, эмийн хяналтын тогтолцоо, бидний хэрэглэж байгаа эм чанартай, баталгаатай гэдгийг хэлж мэдэхгүй байна. 100 хувь баталгаатай гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Учир нь хяналтаа тавьж чадахгүй байна. Хяналт байхгүй байна гэдэг нь хэмжиж чадахгүй байна гэсэн үг.

-Ашиг сонирхол, албан тушаалын зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцох боломжтой юу. Сонсголоор гарч ирсэн асуудалд хариуцлага тооцож чадахгүй буцаад замхарчих вий гэсэн болгоомжлол олон нийтэд байх шиг байна?

-Сонсголоор яригдсан зөрчлөөс эрүүгийн шинж чанартай асуудал бага. Тэд эмийн бизнес, эм ханган нийлүүлэх байгууллага а жиллуулж болно. Хориглооогүй. Хамгийн гол тухайн албан тушаалтан нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гээд албан тушаал хашиж байгаа шүү дээ. Гэтэл тухайн хурлын шийдвэр гаргалтад, эмийн бүртгэлтэй, лицензтэй холбоотой асуудал ярих гэж байхад хамаарал бүхий бол ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөж би энэ асуудалд орж болохгүй, санал өгч болохгүй гээд гарах ёстой.

Гэтэл хуралд оролцоод, зөвлөлийн гишүүнээр нь, нарийн бичгээр нь ажиллаад саналаа өгчихсөн байгаа юм. Сонсголын үеэр АТГ-ын комиссарууд хэлсэн шүү дээ. Үндсэн хуулиас эхлээд авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зэрэг олон хуулийг зөрчиж байгаа үйлдэл гэж хэлсэн.

Ковид нэрийн дор тэр олон эмүүдийг шууд худалдан авалт хийсэн. Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байх шиг байна лээ. 30 гаруй тэрбум төгрөгийн асуудалд хэний компани орсон байна. Нөгөө хамаарал бүхий албан тушаалтнуудын компани шууд худалдан авалтад орсон уу, үгүй юу. Үүнийг хууль хяналтын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд судална. Түр хорооны, шинжээчийн асуудал биш. Бусдад ямар хэмжээний хохирол учруулсан, тухайн асуудлаас үүдэж ямар хохирол учирсан байгааг, хүний амь нас эрсдэх аюултай байсан эсэх, эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоож хамаарал бүхий этгээдүүдийг хөөх нь хууль хяналтын байгууллагуудын ажил.

Бид нотлох баримтын хэмжээнд байгаа байдлыг илрүүлсэн. Дураараа цээжний бангаар хандаж байгаа юм биш. Зарим хүмүүс би мэдэхгүй, хамааралгүй гэсэн гомдол гаргаж байх шиг байна лээ. Нотлох баримтын хэмжээнд гаргаж ирсэн асуудал. Хэрвээ тийм санал гомдолтой байгаа бол гомдлоо ирүүлж болно, тухайлан шалгуулж болно. Ямар компаниар ямар хамаарлаар энэ компанитай нэгдмэл сонирхолтой юм бэ, хамаарал бүхий гэж үнэлэгдсэнээ шинжээчтэй холбогдоод зуучилж өгөхийг үгүйсгэхгүй. Нэр төрөө сэргээлгэнэ гэсэн асуудал ярьж байх шиг байна лээ.

Маш цөөхөн хүмүүсээс гомдол гарч байх шиг байна лээ. Ер нь дийлэнх олонх нь хүлээн зөвшөөрч байгаа. Гомдолтой байгаа бол түр хороо, түр хорооны даргад гомдол ирүүлж болно.

Нөгөө талаар энэ салбарт үнийн өсөлт, монополийн асуудал байна.

Өнөөдөр монголчууд жилд 8.4 мянган тонн эмийг “идэж” байна. Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг нь тав, зургаахан компани нийлүүлж байна. Үлдсэн 20 орчим хувийг бусад компаниуд оруулж ирдэг юм байна. Тиймээс энэ салбарт шударга өрсөлдөөн байна уу, үгүй юу. Үүнийг ШӨХТГ судалж давуу эрхтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Өрсөлдөх эрхийг ингэж хаасан байна. Дээр нь хамаарал бүхий албан тушаалтнууд нь шийдвэр гаргалтад байх жишээний. Зүй тогтлоороо ийм зүйл байж болохгүй шүү дээ. Хэдхэн компаниуд үгсэн хуйвалдаж эмийн үнийг өөрсдийн дур зоргоор тогтоож байна.

Ковидын үеийн тооцоо судалгаагүй оруулж ирсэн 11 тэрбум төгрөгийн эм бол алдагдал байна. Тухайн компаниуд бусад эмүүдийн үнийг нь өсгөж алдагдлаа нөхнө. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч алдаглыг үүрч байгаа юм.

-Сонсголоос гарах үр дүн нь юу вэ?

-Богино хугацаанд шууд үр дүн гарна гэж хэлж чадахгүй. Сонсголын үеэр би “Сонсгол дууслаа маргааш нь эмийн үнэ бууж, чанар нь сайжирчихна” гэж ойлгож болохгүй шүү гэж иргэдэд анхааруулж хэлсэн. Гэхдээ бид эмийн чанарыг сайжруулах, үнийг буулгахын төлөө явж байгаа. Сонсгол дуусаад тайлангаа УИХ-д хэлэлцүүлнэ. Цаашид авах арга хэмжээний тогтоолын төсөл боловсруулна. Тогтоолын төслөөр Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд чиглэл өгнө.

Сонсголын үеэр 31 сэдэв танилцуулагдсан. Сэдэв бүрт холбогдох зөрчлүүдийг олон нийтэд сонсголоор мэдээлсэн. Сэдэв бүр дээр авах арга хэмжээний асуудал яригдана. Энэ бүр дээр энэ олон заалттай тогтоолын төсөл боловсруулагдаж таарна. Засгийн газар энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ ав гэж үүрэг өгнө. Мэдээж авсан арга хэмжээнийхээ тайланг эргэж хугацаатай мэдэгд гэсэн. Тиймээс үр дүн богино хугацаанд шууд гарна гэхээсээ урт хугацаанд цогц арга хэмжээний хүрээнд гарна. Эхлээд хууль эрх зүйн орчин, стандартыг шинэчлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Тэнүүн: Өнөөгийн буруу бодлогоос үүдэж Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна DNN.mn

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн ерөнхий захирал О.Тэнүүнтэй ярилцлаа. Тэрбээр Англид гадаад харилцаа, эдийн засаг, БНХАУ-д хэл, соёл, АНУ-ын Харвардад бизнесийн удирдлагаар сурсан, шинэ залуу лидерүүдийн нэг билээ.


-Та Монголын нийгмийн өнөөгийн нөхцөлийг хэрхэн дүгнэж байна. Монголчуудын хамгийн тулгамдсан асуудал юу байна вэ?

-Өнөөдөр Монголын хамгийн том асуудал нь дундаж давхарга болчихоод байна шүү дээ. дундаж давхаргын хавх гэж бий. бүх зардлаа хасаад хуримтлалтай үлдэж байвал дундаж давхаргынх гэсэн үг. дундаж давхарга бол нийгмийн хамгийн том аудитор. аудитор байхгүй бол хээл хахууль, хулгай, олон нийтийн өмч дээр дураараа дургидаг одоогийнх шиг хяналтгүй бүхэн бий болдог. хяналтыг дундаж давхарга тавьдаг. учир нь дундаж давхарга бол арай өөр ойлголт, боловсролтой байдаг л даа.

Өнөөдөр иргэд ядуу байх тусам  улс төр дэх хамгийн увайгүйчүүд нь саналыг нь худалдаж аваад төрийн эрхэд гарчихаад байна. халамжаар угжиж байна. дийлэнх хөгжилтэй орнуудын дундаж давхаргыг харахаар боловсролтой, мэдлэгтэй, мэдээлэлтэй, хөдөлмөрийн бүтээмж ихтэй, орлого өндөр байдаг. дундаж давхарга бол эдийн засгийн ноён нуруу. Эдийн засгийн цусны эргэлт. Эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулж, солонгоруулахгүй бол хэт баян, хэт ядуугийн ялгаа их гараад байна.

Өнөөдөр гадны оронд боолын ажлыг монголчууд хийгээд, “цагаан захтай” хөнгөн ажлыг гадныхан хүрч ирж хийгээд байна.

Латин Америкийн Аргентин, Мексик зэрэг улсууд дундаж давхаргын хавханд орчихоод гарч чадахгүй 200 жил болж байна. Азиас Тайланд, Индонез, Малайз зэрэг улс дундаж давхаргын хавханд ороод 60-70 жил явж байна. Тайландын иргэд оюуны ажил хийхгүй дандаа боолын ажил хийж байна. Бусдын хөлийг барьж амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс өнөөгийн нэн тулгамдсан асуудал бол дундаж давхаргагүй байгаа явдал.

-Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх оновчтой бодлогыг та юу гэж харж байна. Одоогийн эрх баригчид “халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилт дэвшүүлсэн ч бодит байдал дээр нийгэм бахь байдгаараа л байна. Бид эсвэл дундаж давхаргын хавханд хэдийнэ орчихоод байна уу?

-Ерөөсөө л боловсрол. Эдийн засгийн хөгжил хүний хөгжлийн индексээс шууд хамааралтай. Ер нь бүхий л ойлголт, нийгмийн бүхий л доройтол шууд боловсролтой холбоотой. 1978 оны сүүлээр Сингапур улсын удирдлагууд улсаа хөгжүүлэхийн тулд хүний хөгжил рүү анхаарсан. Хөгжсөн иргэн байх аваас улс хөгжих юм байна. Хүнгүйгээр улс гэж байдаггүй. Тиймээс иргэдээ соён гэгээрүүлье. Сургая. Ажлын байртай болгоё гэж зорьж байсан байгаа юм.

Тиймээс нэн чухал зүйл бол боловсрол. Өнөөдөр нийгэмд тулгамдаад буй асуудал боловсролын систем муу, хүртээмжгүй, тэгш бус байгаагаас болж гарч байна. Жишээ нь, Яармагийн 34 дүгээр сургуульд нэг ангид 69 хүүхэд хичээллэж байна. Нэг ширээн дээр гурван хүүхэд сууж байна шүү дээ.

Бидний үед хамгийн ихдээ нэг ангид 37 хүүхэд сурдаг байлаа. Энэ боловсролын доройтол биш үү. Нэг багш хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, нэг ангид өдөр өнжүүлэх төвийг л багш ажиллуулж байна. Сургууль дээр хичээл заахгүй байгаа нь хамгийн том зовлон болчихоод байна. Мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн эрүүл мэнддээ, өдөр тутам хийж байгаа ажилдаа, амьдралын хэв маяг, амьжиргаандаа анхаарч эхэлдэг.

Өнөөдөр энэ улсыг удирдаж байгаа хүмүүс яагаад боловсрол руу анхаарахгүй байна вэ. Энэ нь бидний доройтол болоод байна. Зөвхөн Монголд ийм зүйл тохиолдоод байгаа юм биш. Хөгжиж буй орны статустай байсан бүх улс ийм замыг туулсан. Тэд зөв бодлого хэрэгжүүлж, хүний хөгжлийг чухалчилсан. Тэгэх нь байтугай ирээдүйд тухайн улс орныг удирдах хүмүүсийг гадаад улсад сургаж байна. Үүнийг яагаад хийхгүй байна. Наад талын жишээ, Боловсролын сангийн зээл зорилтот сегментдээ яагаад хүрэхгүй байна. Сайд дарга нар хуваагаад авчихсан байна шүү дээ. Үүнээс гадна дундаж давхаргын хавх үүсээд байгаа, нийгэм доройтоод байгаа, төрд хулгай нүүрлээд байгаа зэрэг нь хэлний асуудлынх.

-Тэгэхээр нэн хүнд байдалд байгаа боловсролын салбарт ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?

-Тухайн бүсэд сүүлийн 5, 10 жил хэдэн сургууль нэмэгдэв гэдгийг харах хэрэгтэй. Нэгдүгээрт хүртээмж. Гэтэл хүртээмжийг бий болгох гээд байхад хажуугаар нь хулгай хийгээд байгаа асуудал байна. Халамжийг хавтгайруулаад байна. 1072 хувьцааны ногдол ашиг нэрээр нийт 760 гаруй тэрбум төгрөг тараачихлаа. Байнд ч үгүй банзанд ч үгүй мөнгийг иргэдэд тарааж байхын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэгт зориулсан бол илүү үр өгөөжтэй байх байлаа.

Манай улсын дундаж залуу нас 27.1. Хамгийн бүтээмж өндөртэй, төрөлт хамгийн ихтэй, хэрэглээ ихээр нэмэгддэг үе. Нэг ёсондоо дундаж давхарга өсөх боломжтой хамгийн “чихэрлэг” үе. Үүнийг харахгүйгээр өнгөрүүлээд байна. Боловсролын реформ, сектор, кембрижийн хөтөлбөр гэж гүйх бус хамгийн түрүүнд хүрэлцээг нь хангах ёстой. Ингэж ярихаар багш нарын хүртээмж байхгүй гэх байх. Аргагүй шүү дээ. Багш нарт чиглэсэн бодлого алга. Өнөөдөр Монголын багш нар 60 хүүхдэд хичээл заах гэж үйл тамаа цайж байхаар Солонгост очиж буудал цэвэрлэвэл амьжиргаанд нь илүү тустай байна шүү дээ. Амьжиргааны түвшин доогуур, орчин нөхцөл бүрдээгүй, хүрэлцээгүй орчинд ямар багш ажиллахыг хүсэх вэ дээ.

-Долоон хувийн өсөлттэй байх прогнозтой байсан эдийн засаг хөдөө аж ахуйн салбарын уналтаас болоод буурчихлаа. Дээр нь инфляци өдөр ирэх тусам өсөж байгаа энэ үед эдийн засгийг сайжруулах ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?

-Сүүлийн 10 жил нэг хүнд ногдох ДНБ 4-5 мянган ам.доллар. Гэхдээ энэ тоо бодит байдал дээрх нөхцөл хоёр шал өөр байна. Учир нь хуримтлалгүй байдал, өр зээл, татвар, валютын ханшийн уналт зэргээс үүдэж авсан цалин нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ нь ядаж 15 мянган ам.доллар болчихвол хүмүүс өөр зүйлд зарцуулах бүрэн бололцоотой.

Өөрсдийн хөгжил, гадагшаа дотогшоо сургууль соёлд явах, дундаж давхаргын илүү гэж хүсч байгаа зүйлд зарцуулах бүрэн бололцоотой болно. Гэтэл иргэдийн өнөөдөр авч байгаа цалин хэрэглээндээ хүрэхгүйгээр барахгүй хасах руу орчихоод байна. 18 их наяд төгрөгийн эдийн засагтай улс 4000-5000 ам.долларын ДНБ-тэй, иргэд нь өр зээлдээ баригдчихсан, төрийн албан тушаалтнууд нь хахуульдаа идэгдчихсэн, иргэдийнхээ боломжийг хулгайлдаг, иргэд 40 хувийн татвар төлдөг нийгэмд амьдарч байна. Тэгэхдээ бүр 40 хувийн татварынхаа үйлчилгээг ч авч чадахгүй амьдарч байна шүү дээ.

Уг нь 15 тэрбум ам.долларын эдийн засаг 100 тэрбум ам.доллар болох бололцоотой. Ерөөсөө л түүхийгээр нь гаргахгүй байх хэрэгтэй. Гадаадад хар ажил хийж олж байгаа мөнгийг эндээ олох бололцоотой шүү дээ. 60 ам.доллараар зарж байгаа нүүрсээ угаагаад 400-300 ам.доллараар зарвал нэг хүнд нэг цагийн хэдэн төгрөг өгч болох вэ. Үүнийг хийж чадахгүй байна. Өнөөдөр Монголоос хамгийн бүтээмжтэй, боловсролтой, хамгийн гайгүй гэсэн 213 мянган залуус үр хүүхдээ бодоод гадагшаа гараад явчихсан.

Ийм байхад 27.1 гээд байгаа дундаж залуу нас байхгүй болчихоод байгаа юм. Цаашид ч байхгүй болохоор байна. Энэ тоо 30 руу орвол эдийн засгийн уналт шууд бий болно. АНУ эдийн засгаа авч үлдэх үүднээс дундаж залуу насаа 40-өөс дээш гаргадаггүй. 40өөс дээш гарчихвал тухайн улсын эдийн засаг эргэлтэд ордоггүй юм байна.

-Энэ байдал юуны буруу вэ. Тогтолцооных уу?

-Одоогийн эрх баригчдад сэтгэл алга. Баян нь хэт баян болох гээд, хувийн асуудлаа өөрөө зохицуулаагүй хүмүүс дээшээ гараад бусдын төлөө гараа хөдөлгөхгүй байна. Хувьсгалын асуудлыг ярих гэхээр хувийн асуудал нь хөндөгдөөд нийтийн бус, өөрийн эрх ашгийг нэгт тавьснаас өнөөдрийн энэ бүх асуудал үүсч байна.

-Иргэд, аж ахуйн нэгжид дарамт болж байгаа зүйлсийн нэг нь татвар. Татварын асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ. Бусад улстай харьцуулахад хэвийн хэмжээнд байгаа, бууруулаад хэрэггүй гэж үзэх хүмүүс ч байдаг шүү дээ?

-Норвеги бараг 50 хувийн татвартай. Гэхдээ тэр хэмжээгээр төрийн үйлчилгээг иргэддээ өгч чаддаг. Эрүүл мэндийн систем нь чанартай. Боловсрол нь бүгд үнэгүй. Хангалттай хүрэлцээтэй. Элбэг ажлын байртай. Гэтэл 3.5-хан сая хүн амтай. Төсвийн дийлэнх хувийг баялаг бүтээж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүсээсээ бүрдүүлдэг. Өрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан хоёроос. Үүнээс гадна зөвхөн уул уурхайгаас хамааралтай болох гээд байгаа асуудлаа шийдэх ёстой. Эдийн засгаа солонгоруулах ёстой. Мэдлэгтэй болгох хэрэгтэй. Тэгж байж биеийн хүчний бус оюуны хөдөлмөр, бүтээмжийг ашиглана.

Хүний хөдөлмөрийг байнга үнэлж байх ёстой. Одоогийн нийгэм хөдөлмөрлөж байгаа болон баялаг бүтээж байгаа хүмүүсийг үзэн яддаг болчихсон. Учир нь олон нийтийн итгэлийг авч төрийн эрхэд гарсан хүмүүс нь хулгайн янз бүрийн хэрэгт орооцолдоод байна л даа. Үүнээс болоод баялаг бүтээгч нь энэ, хулгайч нь энэ гэдэг нь нийгэмд ялгагдахгүй байна. Баялаг бүтээгч мянга баялаг бүтээгээд ямар ч үнэ цэнэгүй болчихоод байна. Тиймээс ялгаж салгаж өгөх ёстой юм байна. Тэгэхгүй бол тэгш бус байдал бий болгоод байна. Үүнээс гадна манай улс геополитикийн хувьд эмзэг байршилд байдаг. Экспортын 95 хувь нь Хятадаас хамааралтай энэ улс яагаад нийтийн тээврийн автобусаа Хятадынхыг сонгов. Тэр хүмүүсээс дахиад хамааралтай болчихлоо шүү дээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна DNN.mn

Улс төрийн ямар нэгэн акц, тэр дундаа сонгууль дөхөхөөр манай эрх баригчид цус яриад эхлэх юм. Тэр эрлийз, энэ хужаа, тэр орос гээд л. Орчин үед дэлхий нийтэд цэвэр үндэстэн гэж байхгүй. Бүгд л цус холилдсон. Амазон мөрний битүү шугуйд хоригдсон отог омгууд л холилдоогүй байж магадгүй. Тиймээс цус мус ярих нь нэн хоцрогдсон үзэл болоод удаж байна.

Тэгээд ч дэлхийд эрлийз хурлийз байхыг энгийн үзэгдэл гэж хүлээж авдаг. Наад захын жишээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн загвар, хамгийн анхны аж үйлдвэржсэн улс болох Их Британийн Ерөнхий сайдаар Риши Сунак гэх энэтхэг гаралтай наян оны залуу ажиллаж байна. Нэрнээсээ ч, бүр харах царайны ч тэр бол Ази нөхөр. Үүгээр ч зогсоогүй тэр цагаач. Африк тивийн Кени, Танзанид төрсөн. Аав ээж нь 1960-аад оны үед Их Британид цагаачилж очсон юм билээ л дээ. Гэтэл хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж яваа улсын иргэд түүнийг төрийн өндөр дээд албан тушаалд томилчихоод сууж байна.

Эдийн засаг, соёлоороо манайхаас тасарчихсан Их Британитай “барьцахаа” больё. Манайхаас хөгжлөөрөө ч, эдийн засгаараа ч гавихгүй Перу улс л гэхэд Ерөнхийлөгчөөрөө япон гаралтай нөхрийг сонгож байлаа. Энэ бол арваад жилийн өмнөх явдал юм шүү. Альберто Фүжимори гэх япон гаралтай тэр нөхөр Перу дахь терроризмын уг үндэстэй амжилттай тэмцэж, макро эдийн засгийг тогтворжуулсан байдаг.

Ийн дэлхий нийт хөгжлийн төлөө ирээдүй рүү алхаж байхад бид өнгөрсөн рүү алхаж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “цус”-ны хэрүүл бол улс төрд буруу жишиг, улс орны хувьд шившгийн зүйл. Нэгэн цагт Монголын Ерөнхийлөгч байсан хүн өнөөгийн Монгол төрийн нэг сайдыг Хятадын эрлийз гэж цоллоод л өөрийн эзэмшлийн телевизээрээ, сошиал багаараа сэвүүлээд л сенсацилж суугаа нь гадаад орчинд яаж харагдах бол.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ч гэсэн “Би хужаагийн эрлийз биш гэж цусаа шинжлүүлье” гэж эмзэглэж гүйгээд л. Тэгэхдээ бүр “Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улс төрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улс төрөөс бүрмөсөн зайлж үз” гэж мэдэгдэл

хүртэл гаргаад. Өнөөхийг нь нийгмээрээ шүүрч авч улам хөгжөөгөөд л. Үүнд нь Ардын намынхан орчихсон нийгмийн сүлжээгээр сэвээд сагсалзаад гүйх. Зарим нь ч нэгнээ ертөнцийн мухарт ортол муу хэлээд сууж байх  юм.

Ичмээр ч юм. Эрлийз нь дотроо бас ялгаатай юм. Хятад цустай бол хүний сүг, хамгийн адаг нь. Харин Орос цустай бол бахархал болох ч юм шиг байгаа юм. Манжийн дарлалд 300 жил байсан монголчуудад хятад сайхан санагдахгүй байх. Гэхдээ Оросын зааварчилгаагаар сортоотой бүх сэхээтнээ хуйгаар нь хядсан нь ч бас үнэн. Бид түүхээ мартаж болохгүй. Гэхдээ бас цус яриад солиороод өнгөрсөн рүү алхмааргүй байна.

Дэлхийн 200 гаруй орноос хөгжлөөрөө Монголын хэмжээнд буюу Монголоос доогуур байгаа 80 гаруй

орны нийлсэн жилийн төсвөөс давсан орлоготой Марк Цукерберг яагаад хятад бүсгүйг гэргийгээ болгож амьдралын түшиг болгов. Яагаад дэлхийн том компаниуд, том төслүүд гадаадын экспертүүдийг

авч зөвлөгөө авдаг юм бэ. Бод доо, цус бол хөгжил биш. Аль дундад зууны үед хоцрогдчихсон сэдэв.

Тиймээс Монголын улс төрийн намууд цусаараа өрсөлдөх биш бодлогоороо өрсөлдмөөр байна. Улс төрийн нам гэдэг бодлогын институц шүү дээ.Улс орны хөгжил, хувь заяа хаашаа эргэх нь улс төрийн намаас ихээхэн хамааралтай. Тэр дундаа парламентын засаглалтай улс орон. Бид улс төрийн намаар дамжуулж төрөө байгуулж байгаа. Дэлхийн улс орнуудын төр бодлого ярьж байхад бид цус яриад, шинжлээд хаа хүртэл явах вэ

Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай. Экспортынхоо 91 хувийг Хятад руу гаргаж буй Монголын Эдийн засаг, хөгжлийн сайд нь “Пүү паа, Хятад муухай” гэж орилж орилчихоод ямар нүүрээрээ тэнд очиж гэрээ хэлцэл, эдийн засаг ярих вэ. Ямар нүүрээрээ хөрөнгө оруулалт татах юм бэ. Өөрсдийг нь дэлхийн адаг гэж боддог хүн очиход хятадууд дуртай хүлээж авах уу. Хоёр улсын худалдаа наймаа бүтэлтэй болох уу. Монголд элэгтэй хандах уу .

Монголд улстөржиж яваа хүмүүс улс эх орондоо, иргэддээ сайнаар үлгэр жишээ болж баймаар байна. Та нар бол нийгмийн өнгөн талд гарч, нэр нүүр нь болж яваа улс. Хийсэн үйлдэл, хэлсэн үгийг чинь Монгол гэж харна.

Тиймээс “Монгол цус гэж цээжээ дэлдэж болдоггүй юм. Дэлхий нийт ингэж өөрчлөгдчихөөд байна” гэж олоон жилийн өмнөөс л бидний бичиж ирсэн энэ сэдвийг улстөрчид нийгэмд ойлгуулмаар байна. Удахгүй сонгууль болно. Улс даяар л цус ярьж шуугьцгаадаг. Тиймээс зурагдсан пянз шиг энэ сэдвийг одоо хаямаар байна. Бодлого биш, цус ярьж хошуурах нь юунд ашигтай юм бэ. Хэтэрхий хоцрогдсон, ийм муйхар сэдвийг гаргаж ирээд л ядарсан хэдэн ард түмнээ уриалан дуудаж оруулж ирээд улам уруу татаад байх юм. Одоо больё.

Одоо ард түмнээ соён гэгээрүүлж, улс эх орноо өөд нь тат. Тийм сэтгэл гаргадаг бол. Бодлого ярь. Хөгж. Бүхэл бүтэн нам, нэртэй улстөрчид ийм юм ярих ичгэвтэр биш үү. Өөрийгөө хэтэрхий доош нь хийж байгаа үйлдэл биш үү.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Баялгийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг та хэрхэн дүгнэж байна?

-Гурван чиглэлээр сан байгуулах асуудал яригдсан. Сангийн үйл ажиллагааг Засгийн газрын журмаар зохицуулахаар орж ирсэн. Миний хувьд тийм том сангийн үйл ажиллагааг журмаар зохицуулах нь зохимжгүй гэж харж байна. Хяналт шалгалт нь төдийлөн сайн байж чадахгүй. Журам бол хууль биш. Дуртай үедээ өөрчилж болдог. Хоёрдугаарт, хяналтын болон шилэн байдлыг сайн хангаж өгөх ёстой. Нийгмийн даатгалын хуулийг шинэчилж зохист хэмжээнд аваачиж чадаагүйн гороор иргэд хуримтлалтай болж чадахгүй. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын асуудлыг цэгцэлчихмээр байгаа юм. Нэгдүгээрт, шимтгэлийн хэмжээ өндөр байна гэдэг асуудал гардаг. Хоёрдугаарт, төлж байгаа мөнгө нь татвар шиг яваад орчихдог. Одоо бол хувийн тэтгэврийн санд байршуулах эрх нь хоёр хувь гэж явж байгаа. Уг нь энэ хувь өндөр баймаар байгаа юм. Тэгвэл иргэд хуримтлалтай болчихно.

Баялгийн санг хараад байхгүйгээр ажил хийж байгаад хуримтлалтай болдог тогтолцоо руу шилжих ёстой. Хуримтлалаасаа байр, боловсролын төлбөрийн урьдчилгааг төлж болдог системийг эхлээд хэрэгжүүлэх ёстой байсан. Үүнийгээ хаячихаад баялгийн сан дээр бүх зохицуулалтыг хийнэ гэдэг хууль орж ирлээ. Мэдээж баялгийн тэгш хуваарилалттай холбоотойгоор маш чухал л даа.

-Журмаар зохицуулахгүй гэвэл тусдаа хууль гаргах хэрэгтэй юу?

-Баялгийн сангийн тухай хууль дээр сангийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг маш тодорхой бичиж оруулмаар байгаа юм. Одоо бол Засгийн газрын тусдаа 25 сан бий. Үүний найм нь хуультай. Бусад нь журмаар явдаг. Ийм сан байна гэсэн зүйл байхаас үйл ажиллагаатай холбоотой асуудал нь журмаар зохицуулагддаг. Журмаар зохицуулагдаж байгаа ихэнх сангийн үйл ажиллагаа маш доголдолтой байна. Зарцуулалт нь ч, эргэн төлөлт нь ч. Жишээлбэл, ямар нэг сан зээл биш тусламж байдлаар мөнгө өгчихдөг. Буцаад нөгөө мөнгө нь төлөгддөггүй. Заавал сенсаци болж байж эргэн төлөлт нь хийгддэг асуудал байгаа учраас журмаар зохицуулах нь зохимжгүй байгаа юм.

Хоёрдугаарт, стратегийн ордуудаас тодорхой хэмжээний хувийг нь буцааж төрд авах асуудал яригдсан. Мөн стратегийн ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудал сөхөгдөж байна лээ. Хувьцаа эзэмшигч нь максимум 20 хувь байна гэж оруулж ирсэн. Уул уурхай бол олон нийтээс хөрөнгө татаж босгодог бизнес биш. Эрж хайж олоод түүн дээрээ мөнгө босгодог. Тиймээс нэгдүгээрт, хувийг нь 34 дээр барих хэрэгтэй. Тэгэхгүй бол эзэнгүй болчихоор уул уурхайн бизнес доголдож магадгүй гэж харж байна. Хоёрдугаарт, нээлттэй хувьцаат компаниудыг яаж зохицуулах нь тодорхой биш байна. Жишээлбэл, зарим нь гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байвал яах вэ. Түүн дээр байгаа хувьцаанаас нь төр авах гээд байна уу, эсвэл тэр компани нь нэмэлт хувьцаа гаргаж төрд өгөх ёстой юм уу.

Маш ойлгомжгүй зохицуулалт болчихоод байгаа юм. Энэ нь тухайн хувьцааны үнэ ханшид нөлөөлөхөөс гадна тэнд байгаа хувьцаа эзэмшигчид шүүхэд гомдол гаргах, шүүхэд өгөх ч гэдэг юмуу асуудал гарах вий гэсэн санаа зовнил байна. Үүнийгээ эргэж харах ёстой. Хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг нарийн зохицуулах нь зохимжтой юм болов уу гэж харж байгаа.

-Дундаж давхаргагүй болсны гор нийгэм, эдийн засгаар дамжиж гарч байна л даа. Тиймээс дундаж давхаргыг тэлэх чухал болчихоод байна. Та тэлэх бодлогыг хэрхэн харж байна?

-Нийгмийн даатгалын хуулийг эргэж харах ёстой. Тэгж байж хүмүүс хуримтлалтай болно. Хоёрдугаарт, бизнесийн орчныг маш эрүүл болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрөөс хамаарах хамаарлыг бага хэмжээнд авч ирэх хэрэгтэй. Хүмүүс бизнес хийж амьдрах боломжийг нь нээж өгөхгүй болохоор бүгд төрөөс хамааралтай болчихоод байна. Бид коммунизмыг үзсэн шүү дээ. Бүх юм төрийнх байсан. Баян хүн байгаагүй. Ихэнх нь дундаас доогуур түвшинд амьдарч байсан. Хувийн өмч гэж байгаагүй.

Гуравдугаарт, ихэнх салбаруудад монополь компаниуд тогтчихоод байна. Тиймээс боломжийг нээлттэй, бүгдэд тэгш хүртээх хэрэгтэй. Хоёрдугаарт инфляци, өөрийн орны валютын худалдан авах чадварыг тогтвортой барих ёстой. Мөн иргэдийн гаргаж байгаа зардлыг аль болох бууруулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөний хуулиар монополийг илүү задалж өгөх ёстой болно.

Төсвөөс гарч байгаа мөнгө нь илүү иргэд рүү зориулагддаг байх ёстой. Тухайлбал, гэрээс сургууль цэцэрлэг хол байхаар асар их хэмжээний зардал гардаг. Хүмүүс нарийн тооцож үзэхгүй байж магадгүй. Улаанбаатарын өнөөдрийн нийтлэг төрх бол хаана ч хамаагүй боломжтой газар байр авчихдаг. Хүүхдээ боломжтой газар сургуульд өгчихдөг. Тэр нь гэрээс нь хол байдаг. Түгжрэлтэй, нийтийн тээвэр хөгжөөгүй учраас машин авдаг. Машины хүүд жилд гурав, дөрвөн сая төгрөг төлнө. Хэрвээ гэрийнх нь хажууд сургууль байсан бол машин худалдаж авах шаардлагагүй. Хол болчихоор машин авах болдог. Ингээд зээл авч байгаа юм. Дээр нь зээлийн хүү төлнө. Түлшний зардал гарна. Бид зардал дотор цагийг оруулдаггүй. Мөн цагийн зардал гарна. Түгжрэлээс болоод гэрээсээ нэг хоёр цагийн өмнө гарах болно. Хүүхдээ авахын тулд ажлаасаа мөн эрт гарах шаардлагатай. Ингээд бодохоор өдөрт хэдэн цагийг үргүй зарцуулдаг. Энэ нь амьдралын чанарт нөлөөлдөг. Тухайн хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж, давхар орлого олох цаг хомс болдог. Ажил дээрээ илүү амжилт гаргах цаг нь хомс болчихдог.

Нөгөө талаар хүүхэд хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж ор тас хаагддаг. Ингээд харахаар зардлыг бууруулна гэдэг нь бизнесийн орчныг эрүүл болгож хүмүүсийн орлогоо нэмэгдүүлэх боломж, тэгш өрсөлдөх чадамжийг нээж өгөх, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлж татварын болон монополийг задлах бодлогыг эргэж харах хэрэгтэй. Нийгмийн даатгалын хуулиа эргэж харж, төсвийн зарцуулалтыг иргэдийн халааснаас гарч байгаа өрхийн зардлыг бууруулж болох хөрөнгө оруулалт хийх ёстой юм. Ингэж байж иргэдийн халааснаас гарч байгаа зардал багасна. Ингэж байж хуримтлал бий болно.

-Иргэн бүр өнөөдөр хэрэглээний зээлтэй байна шүү дээ. Тэгэхээр хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжүүлбэл хэр нөлөөтэй бол, буруу юу?

-Хэрэглээний зээлийг хумина гэхээсээ илүү иргэдийн амьдарч байгаа нөхцөл тэрийг шаардаад байгаа юм. Манай эдийн засаг 16-18 тэрбум ам.доллар. Гэтэл сүүлийн жилүүдэд дунджаар 800 саяас нэг тэрбум ам.долларын машин импортолж оруулж ирсэн байна. Тэр машины тос масло, засвар үйлчилгээ гээд үй тоймгүй зардал гарч байгаа. Түгжрэлийн үнэ цэнэ гэдэг нь энэ. Түгжрэлийн шалтгаан нь юу гэхээр сая ярьсанчлан сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төрийн болон бусад үйлчилгээ гэрээс нь хол, нэг газар төвлөрүүлчихээр тэгж байгаа юм. Тиймээс төрийн болон бусад үйлчилгээнүүдийг задалж гэртэй нь ойрхон болгож хүний машинд суух сэдлийг бага болгож байж машин авахаа болино.

-Өнөөдөр иргэдэд дарамт болж байгаа зүйлийн нэг нь инфляци. Инфляцийг буулгахгүй юм аа гэхэд тогтвортой барих бодлогыг та хэрхэн харж байна?

-Манайх бүтээмжийн хойноос огт хөөцөлдөхгүй байгаа юм л даа. Махны үнийг зохицуулах гэж маш олон жил оролдсон. Сүүлийн 100 жил эрчим хүчийг зохицуулсан. Үүнээс болж тэр салбар нь хөгждөггүй. Нээлттэй үлдээх ёстой. Махны үнэ чөлөөтэй, зах зээлийн жамаар өсөж буурдаг байж малчид олон малын төлөө бус үр өгөөжтэй малтай болно. Нэг килограмм мах нь 1015 мянгын хооронд бариад байхаар малчид олон малтай болж байж орлогоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс чөлөөтэй хаячихвал үнэ нь өснө.

Одоо хотын иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс малчны НДШийг төлж байгаа. Татварын мөнгөнөөс нь хөөвөр, ноосны урамшуулал өгч байгаа. Тэрийг болих ёстой. Ингээд хотын иргэдийн НДШ-ийг багасгах хэрэгтэй. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэх боломжгүй болчихоод байна. 10 сая төгрөгөөс дээш болчихвол НДШ-ийн 26 хувь дээр нэмэх нь ХХАОАТ 10 биш 25 хувь болж байгаа. Бид иргэдээ аль болох 10 сая төгрөгийн цалинтай болгохын төлөө явах ёстой болохоос ингэж тааз тогтоогоод 50 хувийн татвартай болгочихоор цалин 10 саяас дээш өсөхгүй гэсэн үг.

-Бүтээмж рүү шилжихдээ суурь хөрс бэлдэх ёстой юу. Шууд шилжих боломжтой юу?

-УИХ ч тэр, Засгийн газар ч тэр шийдлээ гаргах ёстой. Өнөөдрийг хүртэл 76 гишүүний 52 нь орон нутгаас сонгогдсон. Тиймээс энэ бодлого өөрчлөгдөхгүй байгаа юм. Бүтээмжийн төлөө явдаг болчихвол өвөл малаа зудад нэрвэгдүүлэхгүй байхын төлөө эртнээс гарц хайна. Малчид ухаантай хүмүүс. Үүссэн нөхцөлдөө өөрсдөө тааруулаад амьдарна. Заавал ч үгүй мянган малтай биш өгөөж өндөртэй 400 малтай болоод зохицуулаад явдаг болно.

Дээрээс нь бид олон жилийн турш импортыг орлуулах чиглэл рүү их явсан. Үүний үр дагавар нь дандаа дэлхийн үнээс үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол экспортын чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлж хэрэгтэй. Тэгж байж үнэ нь дэлхийн зах зээлийн үнээс үнэтэй байхаа болино. Хүнс жаахан өөр. Гэхдээ бид барааны үнийг тогтоох, амьжиргааны түвшинг нэмэгдүүлж, болж өгвөл дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлж байж барааны үнэ дэлхийн стандартаас үнэтэй биш стандартад нийцсэн байна.

-Сонгуулийн халалтын дараа эдийн засаг унах эрсдэлтэй. Үүнд чиглэсэн ажлыг Засгийн газар, УИХ яагаад хийхгүй байна вэ гэсэн шүүмжлэл нийгэмд байна?

-Одоо бол бид дараа гийн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах мөчлөг дээр ирсэн. Хайгуулын салбараа илүү нээлттэй болгох мөчлөг дээрээ ирчихээд байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалт удахгүй дуусна. Тэгвэл манай гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ маш их буурна. Бид одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн маш их хэмжээний хүн хүч, техник, тээврийн хэрэгслээр хийгддэг зүйлийг хөгжүүлээд байгаа. Тиймээс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хиймээр байгаа юм. Мөн логистик, овор хэмжээ жижиг, үнэтэй бараа бүтээгдэхүүндээ хөгжүүлмээр байна. Үүнд уул уурхай гэвэл уран, газрын ховор элемэнт ч байдаг юмуу, энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх цаг нь болчихсон. Тэгж байж дараагийн эдийн засгийн өсөлтийг авч ирнэ.

Гол асуудал нь бидний хамгийн их мөнгө олдог салбар уул уурхай. Бид идэж байгаа хоол руугаа нулимахаа болимоор байна. Тэгж байж цаашдын өсөлт, хөгжлийн тухай ярина. Тэгэхгүй хэдэн нөхдүүд очоод замыг нь хаагаад, төслийг нь зогсоочихож байгаа юм. Үүнээс орж ирэх татварын орлогоор төсөв бүрдүүлдэг. Тэр нь багш, эмч, онцгой байдлын албан хаагчдын цалин болж очдог. Үүнийг зогсоогоод байгаа гэдгээ тэдгээр хүмүүс мэдэхгүй байна л даа. Иргэд бол ойлгоод байгаа юм. Гэхдээ сошиал дээр тролл гэх юмуу, эсвэл улс төрийн зорилго байдаг уу, шантаажны зорилготой ч гэх үү тийм зүйл хүчтэй явж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Метро барих асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Сүүлд нэлээн шүүмжилж харагдсан??

-Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь түгжрэл. Тиймээс метро барих нь зүйтэй. Гэхдээ үүнээс өмнө бодох нэг чухал асуудал бий. Метро барихын өмнө харьцуулалт, судалгаа, эдийн засгийн тооцооллыг маш өндөр түвшинд хийх хэрэгтэй. Асуудлын гол шалтгаан болох түгжрэл хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн үед огцом нэмэгддэг. Хаана ихэвчлэн үүсдэг вэ гэхээр Бага тойруу буюу хотын төвд. Ялангуяа Зайсан, Сүхбаатарын талбайг холбосон зам дээр түгжрэл ихээр үүсч байгаа. Тиймээс энэ шалтгаан руу фокусалж асуудалд хандах ёстой. Улаанбаатар хотын хамгийн том объектуудын нэг болох Нэгдүгээр эмнэлэг дээр жишээ авъя.

Энэ барилга 30.000 ам.метр талбайтай. Цоо шинэ Нэгдүгээр эмнэлгийг хотын захад барихад ердөө 20 сая хүрэхгүй доллар шаардлагатай. Их, дээд сургууль нийлсэн нийт 50 объектыг хотоос гаргаж, төвийн төвлөрлийг бууруулахад нийт нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний дараа түгжрэл огцом буурна гэдэгт би итгэлтэй байдаг. Улмаар Монгол Улс барилгын салбартаа нэг тэрбум ам.доллар оруулж, дэмжсэнээр асар их ажлын байр шинээр бий болгоно. Үүнийг дагаад орон сууц худалдан авах чадвартай хүн олноор бий болно. Дотоодын эдийн засаг тэлнэ. Хамгийн гол нь энэ нэг тэрбум доллараас хамгийн ихдээ 30 хувь нь л гадагшилж, үлдсэн нь дотооддоо үлдэнэ. Тиймээс метро барихдаа бодолтой хандаач ээ, Монгол Улсад юу үлдэхийг тооцооч ээ, эдийн засгийн чадавхаа эргэж хараач ээ гэдэг асуудлыг л хөндөж байгаа юм аа. 1.5 тэрбум долларыг гадагш гаргаад бэлэн худалдан авалт хийх нь энэ цаг үед хэр зохимжтой вэ? Олон талаас нь бодож үзээч ээ гэж энэ тухай яриад байгаа юм.

-Метро барих ТЭЗҮ-ийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Метро барихыг анх Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа санаачилсан. Тухайн үеийн Монгол Улсын Засгийн газар Жайка, СУСОНГ ИНЖЕНЕРИНГ-ээс зөвлөх үйлчилгээ авсан юм билээ. Ингээд Монгол Улсад метро барих ашигтай юу, үгүй юу? Ашигтай бол хаанаас хаа хүртэлх газар доор байгуулж барих, хаанаас хаа хүртэл ил байх, ямар чиглэлд барих, яавал эдийн засгийн ашигтай байх вэ гэсэн судалгаа хийлгэсэн. Гэтэл үүнийг хотын асуудал хариуцсан өнөөгийн хүмүүс ТЭЗҮ хийчихсэн юм шиг, хийлгээгүй ч юм шиг яриад байна. Э.Бат-Үүл даргын хийлгэсэн судалгаа бол ТЭЗҮ биш. Зөвлөх үйлчилгээ.

-1.5 тэрбум ам.доллараар барина гээд мэдээлсэн. Тиймээс ТЭЗҮ байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Үгүй. Саяхан 181 тэрбум төгрөгөөр зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендер зарласан. Метро барих ажил эхлэлийн шатандаа явж байхад метроны нийт зардал, санхүүжилтийг ярих ямар ч боломжгүй ээ. Одоо л ажлын даалгавраа өгч байна. Өөрөөр хэлбэл, тэдэн км ил, тэдэн км далд байгууламжтай ийм чиглэлийн метро барина гэсэн ерөнхий мэдээллүүдээ өгнө. Үүн дээр нь шалгарсан компаниуд ажиллана. Эхлээд маш их хэмжээний, цаг хугацаа шаардсан хөрсний судалгаа хийнэ. Дараа нь үүн дээр тулгуурлаж ТЭЗҮ гардаг. Үүний дараа метро барих ажлын зураг, бусад нарийвчилсан зүйлс тодорхой болно. Хамгийн сүүлд санхүүжилтийн хэмжээ тодорхой болно. 1.5 тэрбум ам.доллар уу, эсвэл 3.2 тэрбум ам.доллар уу гэдэг нь тэр үед л мэдэгдэнэ. Одоо бол мэдэж байгаа хүн байхгүй. Төсвийн нийт өртөг гарч ирсний дараа метро барих компаниа сонгон шалгаруулна.

-Метроны санхүүжилт төсвөөс, эсвэл бонд гаргах гэхчлэнгээр яригдаж байна. Ер нь санхүүжилтийг хаанаас гаргавал зохистой гэж та харж байна вэ?

-ТЭЗҮ гарч нийт төсөвт өртөг тодорхой болсны дараа санхүүжилтийнхээ мөнгийг хайх ёстой. Тэрийгээ босгохын тулд нийслэл УИХ руу төсвөө оруулж, хэлэлцүүлээд мөнгөө босгох ёстой. Ингэсний дараа Монгол Улсын Засгийн газар түүн дээр нь баталгаа гаргаж, тэр том төсөл хэрэгжинэ. Хуулиараа ийм юм. МАН эрх барьсан найман жилийн хугацаанд түгжрэлийг шийдэж чадсангүй. Утааг шийдэж чадсангүй. Тиймээс дараагийн дөрвөн жилд бид метро барьж түгжрэлээ шийдэх гэж байна гэж иргэдийн тархийг угааж байна гэж би харж байна.

Миний зарчмын байр суурь бол та нар ямар мөнгөөр барих гэж байгаа юм бэ? Эх үүсвэр, зураглалаа оруулаад ирээч гэсэн. Үүнийг ил болгочихвол ядаж нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн нь ч болтугай яриг л дээ. Та бүхнээс сонгогдсон УИХ-ын гишүүд төсөв батлаад эсвэл Засгийн газар баталгаа гаргаад ийм санхүүжилт, мөнгөөр метро барина гэж мэдээлнэ шүү дээ.

-Сүүлд нийслэлийн удирдлага бонд босгож санхүүжилтийг нь шийднэ гэж ярилцлага өгсөн байна лээ. Нийслэлд санхүүжилт босгох эх үүсвэр байгаа юм уу?

-УИХ-ын чуулганы үеэр П.Сайнзориг дарга миний асуултад хариулахдаа нийслэлийн төсөвт бид жил бүр санхүүжилтийг нь үе шаттайгаар тавьж байгаад 1.5 тэрбум ам.долларыг төлөх гэж байгаа гэж хариулсан. Монгол Улсын хуулиар таван жилийн төсвийг нэг дор батлах, урьдчилж энэ талаар амлах ямар ч боломж байхгүй. Тэр тусмаа хуулиараа ТЭЗҮ, зураг төсөлгүй төслийг Иргэдийн хурал батлахыг ч хориглосон. Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар ирээдүйд ИТХ-ын гаргах шийдвэрийг урьдчилж гаргах ямар ч боломжгүй ээ. Хуулиараа хориотой байдаг юм. Өөрөөр хэлбэл, 2024 оны намар бий болгох шинэ ИТХ-ын гишүүд нийлж гаргах шийдвэрийг цаашлаад дөрөв, таван жилд гаргах шийдвэрийг хэн нэгэн өнөөдөр төлөөлөн гаргах боломжгүй.

Нийслэлийн өмнөх захирагч Д.Сумъяабазар Монголын нэлээд олон телевиз, сайтын сэтгүүлч, эрхлэгчдийг дагуулан BRT, LRT барих гэж байна гээд БНХАУ-ын үйлдвэрүүдээр явсан. Тэдэнтэй бараг гэрээ хийх гэж байгаа тухай ярьж байсныг олон нийт бүгд сайн санаж байгаа байх. Тэр үед ямар хэлцэл ярьсан гэхээр Улаанбаатар хот өөрийн мэдлийн “Эрдэнэс Баянбогд” гэдэг чулуун нүүрсний ордтой болсон. Үүнийгээ түшиглэж бартер хийж том төслүүдийг явуулна гэж ярьж байсан. Үүнийг өнөөдөр үгүй л гээд байгаа болохоос бодитой шүү.

-“Эрдэнэс Баянбогд” ордын нөөцийг асуухаар тодорхойгүй гэдэг шүү дээ. Ер нь яагаад Д.Сумъяабазар дарга энэ ордыг яриад байдаг юм бол?

-Надад байгаа мэдээллээр, Франц Улсын “Арева” компани ураны хайгуулын үед асар их хэмжээний байж болох нүүрсний орд илрүүлсэн байгаа юм. Энэ орд дээрээ нарийвчилсан буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх жорк стандартаар хайгуул хийсэн. Үр дүнд нь 4 тэрбум тонн орчим нөөцтэй 5000-6000 к.калори чанартай нүүрсний орд байна гэж дүгнэсэн байдаг. Цаашилбал, эдийн засгийн урьдчилсан тооцоолол гаргаж, хөрс хуулалтын коэффициент нь 2.0. Нэг тонн нүүрсний өөрийн өртгийг 4 доллар байх боломжтой гэж дүгнэсэн. Энэ хайгуулын болоод эдийн засгийн үр ашгийг тооцсон тайланг QMC буюу тухайн үед Д.Сумъяабазар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан М.Дагвын компани хийсэн байдаг. Энэ талбай нь цөмийн энергийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан учир ашиглалтын лиценз авахгүйгээр Монгол Улсад буцааж өгсөн. Буцаагдсан талбай дээр Засгийн газар шийдвэр гаргаж, “Эрдэнэс Баянбогд” компанийг үүсгэн лицензийг нь шилжүүлсэн. Одоо тус компанийн 66 хувийг нийслэл, 34 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшиж байна.

-Тэгэхээр энэ орд метро барьчих хэмжээний нөөцтэй гэсэн үг үү. Тэр тайланд нөөцийн мэдээлэл байгаа юм уу?

-Шууд хэлэхэд, энэ ордын ашгаар 100 метро барих боломжтой. Хэдэн мянган монгол залуусыг ажлын байртай болгож болно. Монгол Улсын эдийн засгийг 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж болно. Яриад байвал, маш олон төрлийн ашиг, үр өгөөжийг өгөх боломжтой чухал орд юм. Монгол Улсын 20 жилийн төсөв энд яригдаж байна. Яагаад би үүнийг хэлээд байна гэхээр, БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа, хүйтний хотуудыг нүүрснээс өөрөөр халаах шинэ технологи гарч амжаагүй байна. Урд хөршийн эрчим хүчний нөөц жил ирэх тусам багасаж байна. Мэргэжилтнүүд БНХАУ-ын эрчим хүчний нөөцийг 20-30 жилийн нөөцтэй гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ ордыг Монгол Улс стратегийн ордын жагсаалтад авч маш үр дүнтэйгээр ашиглах ёстой. УИХ, Засгийн газар энэ сэдэв рүү анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байгаа.

-Нийслэлийн мэдэлд байгаа ордод Д.Сумъяабазарын ямар ашиг сонирхол байгаа гэж та хардаж байгаа юм бэ?

-Бид Оюу толгой, Таван толгойг муулаад л байдаг. Эдгээр ордыг УИХ-аар хэлэлцэж, баталгаажуулж байж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар оруулж зөвшөөрөл аваагүй шийдсэн байдаг. Одоо ямар олон асуудал дагуулж байна вэ? Гэтэл тэдгээр ордын хэмжээнд дүйцэхүйц их хэмжээний нөөцтэй, стратегийн ордыг Нийслэлийн захирагч шийдэх гээд явж байгаа нь маш буруу жишиг.

Стратегийн ордыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай ярьцгаагаад л байна. Гэтэл метротой болохын тулд ирээдүйд олж болох үндэсний баялгийн сангийн асар их ашгаа алдах вий гэсэн болгоомжлол надад төрж байгаа. Ийм учраас би энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохын төлөө ажиллаж байна.

-Та Д.Сумъяабазар Хотын дарга байхдаа “Нийслэлийн төсөвт нарийвчилсан хайгуул хийлгэх төсөв тусгуулсан” гэж хэлсэн. Үр дүн нь юу болов?

-Нарийвчилсан хайгуул хийх компанитайгаа нууцын гэрээ хийсэн юм билээ. Тэгэхээр бид ямар ч мэдээлэлгүй байна. Бүр эсрэгээрээ гадны компаниуд энэ хайгуулын ажилд хяналт тавьж байна гэж сонссон.

Энэ ордоос төдий хэмжээний нөөцтэй ийм баялаг гарч ирэх нь гэдэг мэдээллийг бүх ард түмэн мэдэж байх ёстой. Үндсэн хуулинд газрын хэвлий дэх баялаг бол бүх ард түмний өмч гэж хуульчилсан. Ард түмэн өөрийн өмчийн тухай мэдээллийг мэдэж байх ёстой. Ард түмний мэдэх эрх хангагдах ёстой.

-Нууцын зэрэглэлтэй хийгдсэн тэр гэрээг ил болгох боломжтой юу?

-Би хүсэлт гаргах гээд өнөөдөр бичиг цаасаа төлөвлөөд сууж байна. Тэр “Тайлангийн мэдээллүүд нь байна уу. Өгөөч ээ” гээд бичиг хүргүүлэх гэж байна. Монголд нуугаад байх юу байх вэ дээ. Тэр тусмаа төрийн нууцад авчихаагүй л бол бүх ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ-аас нуух эрх зүйн болоод бусад хуулийн хүрээн дэх боломж байхгүй ээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Үндсэн хуулийн Цэцийн тухай шинэчилсэн найруулгын төслийн ард МАН-ынхны эрх ашиг нуугдаад байна DNN.mn

УИХ-аар хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.


-Хүний үндсэн эрхийг Цэц хэлэлцдэг болох зохицуулалт бүхий Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Гэтэл Ардчилсан нам оролцохгүй гэж мэдэгдлээ. Энэ улс төрийн акц уу. Уг нь хүний эрхийн асуудлыг Цэц хэлэлцдэг болох нь чухал биш гэж үү?

-Үндсэн хууль бол ард түмэнтэй байгуулсан гэрээ. Тэр дундаа хүний эрхийг хангахад чиглэдэг. Хүний эрхийн баталгааг хангахад манайх их сул явж ирсэн.

Хүний эрх газар сайгүй өнөөдөр ч зөрчигдөж байна. Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдарна гээд заачихсан. Гэтэл Улаанбаатарын, аймгуудын өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа билээ.

Наад зах нь агаар, түгжрэл, хөрс, эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийн хэрэглэж байгаа эм тан стандарт шаардлага хангаж байна уу гээд үзвэл үгүй. Энэ бол хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр. Хэн хүний эрхийн зөрчил гаргаж байна гэхээр эрх мэдэл бүхий албан тушаалтан, эрх баригч, Засгийн газар. Эсвэл хүний эрх эдлэх эрхийг нь хангах эрх бүхий байгууллага.

Тиймээс хүний үндсэн эрхийг хангуулъя. Үндсэн хуулийн Цэц үүнийг хянадаг, хамгаалдаг болох ёстой гэж үеийн үед ярьж ирсэн. Хүний эрхийг Цэц хэлэлцдэг болсноор хүний эрхийг зөрчиж байгаа албан тушаалтнуудад үүрэг өгөх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн зүйл заалт бүрээр хүний эрхийн баталгааг сахиулахад анхаарч ажиллана гэсэн үг.

Одоо бол Үндсэн хуулийн Цэц гол асуудлаа хэлэлцэхгүй байгаа шүү дээ. Гэтэл энэхүү хуулийн ард гуя дагаж хүзүү гэгчээр янз бүрийн болохгүй бүтэхгүй заалтуудыг оруулаад ирчихсэн. Ер нь зарчмын том зүйлийн цаана хувийн өчүүхэн жижиг эрх ашиг нуугдаж байдаг. Энэ хуулийн ард МАН-ынхны эрх ашиг нуугдаад байна.

-Ямар?

-МАН Үндсэн хуулийн Цэцийг гар хөлийн үзүүрээр хөдөлгөж байна. Бүгд тэдний хараат маягтай ажиллаж байгааг олон нийт мэдэж байгаа шүү дээ. Энэ нь МАН-ынхны хэлж буй үгнээс нь ч ойлгогдохоор байгаа. Үндсэн хуулийн Цэц хууль тогтоох байгууллага биш. Хууль тогтоох эрх ганцхан УИХ-д хадгалагдана гэсээр байтал Үндсэн хуулиар “давхар дээлийг” хэдэн удаа ч өөрчлөв. МАН-ынхан айгаад хийж чадахгүй байгаа “давхар дээлээ” Үндсэн хуулийн Цэцээр хийлгэсэн. Энэ хуулийн өөрчлөлтийг харахад одоо тэр хариу төлбөрөө төлөх гэж байгаа юм болов уу. Цэцийн гишүүнийг улираан сонгох боломжийг нь хангах гэж байгаа юм уу гэж хардаж байна. Тиймээс л бид дараагийн УИХ хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Хүний үндсэн эрхийг хэлэлцдэг болъё гэдгээс бусад бүх заалт нь асуудалтай байгаа. Энэ зохицуулалтаар нуувч хийж хамаг болохгүй, бүтэхгүй юмыг хийсэн байна лээ. Тиймээс Үндсэн хуульд үнэнч байдаг гишүүд, АН-ын бүлэг Үндсэн хуулийг зөрчсөн энэ хуулийг дэмжихгүй, хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилдог. Энэ хуулиар “дээд боловсролтой” болгож өөрчилж байгаа нь яагаад эрх зүйн орчныг дордуулж байна гэж?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг зургаан жилээр нэг удаа томилж байгаа. Олон улсын жишигт нэг бол Цэцийн гишүүнийг нэг удаа томилдог. Эсвэл бүх насаар нь томилдог. Ингэж байж хараат бусаар ажилладаг. Гэтэл хоёр дахь удаагаа томилж болох заалт Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад байна. Дахин томилогдохын тулд өнөөх гишүүд нь томилогдсон газраасаа хараат болчихдог.

Үүнээс гадна Улсын дээд шүүхийн гурван шүүгч Шүүхээсээ Үндсэн хуулийн Цэцэд томилолт аваад очиж болно гэсэн заалт байна. Гэтэл Үндсэн хуульд УИХын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнууд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж болохгүй гэсэн заалттай. Гэтэл энэхүү Үндсэн хуулиа зөрчсөн Үндсэн хуулийн Цэцийн шинэчилсэн найруулгыг оруулж ирлээ. Шат шатны байгууллагууд үүнийг хянаж Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэх ёстой. Гэтэл наад захын шаардлага хангахгүй байгаа энэ хууль хаагуур ч орж ирдэг юм бэ. Оруулж ирээд бүр хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн.

Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянадаг Үндсэн хуулийн Цэцийн шинэчилсэн найруулгыг долоо хэмжиж нэг огтлох ёстой талаар би удаа дараа хэлж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлсэн, олон түмнээр хэлэлцүүлсэн, нухацтай хууль батлах ёстой. Парламентын отгон чуулган эхлэхээс долоо, наймхан хоногийн өмнө гэнэтхэн яаравчилж өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар х элэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй. Өнөөдөр улстөрч бүхэн сонгууль гээд ухаан жолоогүй гүйж байгаа. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн холимог тогтолцоотой, УИХ-д салбар бүрийн төлөөллийг хангасан 126 гишүүнтэй болох гэж байгаа үе таарч байна. Дараагийн УИХ-д сонгогчдын санал гээгдэхгүй парламент бий болно гэж бид үзэж байгаа. Иргэдийн 40-хөн хувийг авчихсан МАН-ынхан УИХ-ын 80 хувийг бүрдүүлж байгаа энэ үед энэхүү хуулийн төслийг батлах нь буруу. Наанадаж хуулийн хүлээн зөвшөөрөгдөх байдалд муу нөлөөтэй гэж бид хэлээд байгаа юм л даа.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зөрчсөн үйлдэл гаргавал УИХ Үндсэн хуулийн Цэцэд ханддаг болох нь хариуцлагаас зугтааж байгаа үйлдэл үү?

-Тийм. Энэ зохицуулалтаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ямар ч хариуцлага хүлээхээргүй байна л даа. Бидэнд гашуун туршлага бий. Улс орны хөгжлийг саатуулсан, аж ахуйн ажилд оролцсон хаа хамаагүй шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргадаг. Жишээлбэл, төмөр замын асуудлаар УИХын тогтоол гарчихсан байхад тэрхүү тогтоолыг өөрчилсөн шийдвэрийг гаргаж байсан. Тухайн үеийн Цэцийн гишүүний хүүхэд нь томилгоо авч гадаадад консулаар ажилласан. Үндсэн хуульдаа үнэнч байж Монголын ард түмэнд бус томилсон хүндээ зүтгэх асуудал бий. Дараа нь ямар ч хариуцлага үүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн заалт нуугдсан байна лээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дөлгөөн: Манай улсын нүүрсний хамаарал нэмэгдсэн учраас олсон орлогоо зөв ашиглах хэрэгтэй DNN.mn

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Иргэдийн төрд итгэх итгэл буурсан. Харвардын 2012 оны судалгаагаар манай улсын төрийн чадамж хурдтай унаж байгаа орны тоонд орсон гэж та сая танилцууллаа. Төрийн чадамж буурч байгаа гол шалтгаан нь юу вэ. Энэ нь манай эдийн засагт яаж нөлөөлж байна вэ?

-Олон улсын Галлоп түүвэр судалгааг харахад ер нь улс орнуудын хувьд төрд итгэх итгэл маш их унасан харагддаг. Иргэдийнхээ итгэлийг нэмэгдүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ гэдэг чухал. 2023 оны 4 дүгээр сард Сант Марал судалгааны байгууллагаас нийгэм, улс төр, эдийн засагт тулгарч байгаа топ таван асуудлыг тодорхойлсон байна. Үүнд нэгдүгээрт, үнийн өсөлт. Хоёрдугаарт, ажилгүйдэл. Гуравдугаарт, амьжиргааны түвшин. Дөрөвдүгээрт, авлига. Тавдугаарт, эдийн засаг, үйлдвэрлэл гэжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх тусам та бидэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудал буурч, тэр хэрээр итгэл үнэмшил нэмэгдэх болов уу.

Үнийн өсөлтийг манайд ямар нэгэн захиргааны аргаар шийдвэрлэх боломжгүй. Зах зээлийн зарчмаар, эрэлт нийлүүлэлтийн хүрээнд нэг дор шийдэхийн тулд шийдвэрлэх байгууллагуудын чадамжийг сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, зүй бус өрсөлдөөн буюу шударга биш өрсөлдөөн явагдаж байгааг ШӨХТГ тогтооно. Гэтэл энэ байгууллага хэр сайн гүйцэтгэлтэй ажиллаж байна вэ. Ковидын үеэр бид нар судалж байхад хүүхдийн лааны үнэ 650 хувиар өссөн байсан. Үнэхээр зах зээлийн өрсөлдөөнөөр ингэж өсөв үү, эсвэл нэг байгууллага монополь тогтоогоод үнэ ингэж өсөв үү. Өнөөдөр гурилын үнэ их яригдаж байна, яг адилхан. Тиймээс төрийн чадамжаа сайжруулж байж өнөөдөр тулгарч байгаа асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадна.

-Төрийн чадамжийг сайжруулах арга зам нь юу вэ?

-Хөгжлийн эдийн засагт төрийн хийдэг үйл ажиллагаануудыг хүндрэлийнх нь түвшнээр тав ангилж болно. Төрийн чадамжийг бүрдүүлэх нь бол хамгийн хүнд буюу асар хүнд ангилалд багтах ажил. Хамгийн хялбар нь бодлого боловсруулах. Дараа нь логистикийн төрөл. Гуравдугаарх нь, гүйцэтгэл ихээр шаардсан үйлчилгээ хүргэх, тэгээд гүйцэтгэл ихээр шаардсан үүрэг хариуцлага ногдуулах. Хамгийн хүнд төрлийг асар хүнд гэж нэрлэдэг. Энэ ангилалд орж байгаа ажлыг хийхэд урьдчилж төлөвлөгөө гаргаад шууд хийх боломжгүй. Учир нь нэг үйлдэл хийгээд, арга хэмжээ авахад хариу үйлдэл нь ямар байхыг урьдчилж таамаглана уу гэхээс яг таг хэлж чаддаггүй. Тиймээс асар хүнд ажлыг хийхийн тулд асуудлаа маш сайн судалж, тодорхой шийдлийг хэрэгжүүлээд эргээд ямар хариу үр дүн гарч байгаагаас нь хамаарч дараагийн алхмаа тодорхойлох замаар шийддэг. Энэ талаар “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” гэдэг Харвардын гурван профессорын бичсэн ном 2022 онд монгол хэлнээ орчуулагдаж гарсан. Энэ ном дээр маш тодорхой тайлбарласан байгаа.

-Биднийг ойрын хугацаанд эдийн засгийн ямар нөхцөл байдал хүлээж байна вэ. Одоогоор эдийн засгийн өсөлт долоон хувьтай байгаа. Гэхдээ биднийг олон бэрхшээл хүлээж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Зургадугаар сард улс төрийн том сонгуулийн дараа үнийн хөөргөдөл, инфляци яах билээ гэхчлэнгээр байна шүү дээ?

-Монголын гадаад нөхцөл байдлыг харахад өмнөх дөрвөн жилийнхээс улам л эрсдэлтэй, тодорхойгүй болсон. Үүнд нэгдүгээрт, хөрш орнуудын хийж байгаа дайн, явуулж байгаа гадаад бодлоготой шууд холбогдож байна. Дан ганц зэвсэг барьсан дайн бус худалдааны дайн ч хамаарна. Энэ утгаараа аль аль нь дайнтай байна.

Олон Улсын Валютын Сангаас гаргасан тайлан судалгааг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт хүртэл үзэл суртал төстэй орнуудад нэмэгдэж, үзэл суртал таарахааргүй орнуудад гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа. Энэ нь Монголд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Тодорхойгүй байд ал нь бизнесийн эрсдэлүүдийг нэмдэг. 2019 онтой харьцуулахад улам тодорхойгүй орчинд Монгол Улс дараагийн дөрвөн жилд явах нь ойлгомжтой байна.

-Дотоод нөхцөл байдлын тухайд?

-УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнээр Засгийн газрын тогтвортой байдал нэмэгдэх байх. Мөн ардчиллын үндэс суурь богино хугацаанд бэхжиж байгаа гэж би хардаг. Үүний цаад шалтгаан нь пропорциональ тогтолцоог нэвтрүүлснээр Монгол Улсын улс төрийн намын тогтолцоо бэхжихэд томоохон хувь нэмэртэй. Олон намын тогтолцоо бэхжих тусмаа манай улсын ардчилал, эрх, эрх чөлөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэж хувьдаа хардаг. Энэ тогтолцоог оруулж ирсэн нь зөв алхам болсон.

Эдийн засгийн орчныг үзвэл ирэх гурван жилийн хугацаанд ашигт малтмалын үнэ боломжийн түвшинд байгаа учраас бидэнд давуу талтай. Нэг эрсдэлтэй зүйл өнөөдөр явагдаж байгаа нь манай улсын нүүрснээс хамааралтай байдал нэмэгдэж байна. Нүүрснээс олсон орлогоо зөвөөр ашиглахгүй бол нүүрсний үнэ унах, хилийн цаад талын эрэлт ирээдүйд буурахад манай төсөв, иргэдийн амьжиргаа энэ бүгдэд шууд нөлөөлнө. Тиймээс уул уурхай дотроо олон ашигт малтмал экспортлох хэлбэрээр, цаашлаад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар төрөлжүүлж, одоо байгаа хамаарлыг бууруулбал цаашдын эдийн засгийн савлагаа, эмзэг байдал багасаж, эрсдэл буурна.

-Хятадын эдийн засгийн удаашрал, үл хөдлөх салбарын бууралт цаашид үргэлжлэхээр байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нүүрснээс хамаарах хамаарал ихэсч байгаа манай улсын хувьд энэ нь яаж нөлөөлөх бол?

-Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч байгаа уналт нь эдийн засгийнх нь бүтцэд гарч байгаа өөрчлөлттэй холбоотой. Нэг салбарын уналт биш. Том зургаар нь үзвэл Хятад улс дэд бүтэц, орон сууцны салбарт хөрөнгө оруулдаг загвараа өөрчилж хүмүүсийн хэрэглээнд суурилсан загвар руу аажмаар шилжилт хийж байна. Эдийн засагт үүнийг бүтцийн шилжилт гэдэг.

Энэ шилжилтийн эхний хэсгийн хүндрэл одоо өсөлт буурах замаар мэдрэгдэж байгаа. Уг хүндрэлд БНХАУ ямар арга хэмжээ авах вэ гэдгээс орон сууц, цемент, арматур, төмөр, гангийн үнэ шууд хамаарна. Төмрийн эрэлт өсөх тусам шаардлагатай нийлүүлэлтийг хийнэ. Нийлүүлэлтэд манай нүүрс хэрэгтэй.

Манай нүүрсийг хоёр төрөлд хуваадаг. Нэгдүгээрт нь, эрчим хүчний. Нөгөөх нь төмөр ган хайлуулах аж үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Монгол Улсын хувьд дунд хугацаандаа эрэлт буурах эрсдэл мэдээж байна. Гэхдээ нөгөө талаас үзвэл Австрали, Оросын нүүрс яг л адил эрсдэлд орж байгаа. Тиймээс бид нүүрс дээр тулгарч байгаа тээвэр логистикийнхоо зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлж асуудлаа шийдчихвэл Монголын нүүрс илүү өрсөлдөөнтэй болно. Монголоос нүүрс аваад БНХАУ ханачихаад байгаа юм биш. Бид импортолж авч буй нүүрсний 20 хувьд ч нийлүүлж чадахгүй байгаа. Тиймээс зах зээлийн хувийг нэмэгдүүлэх тусам бидэнд богино хугацаанд санаа зовох зүйл байхгүй. Урт хугацаандаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үр бүтээмжгүй тээврийн зардал өндөр байх тусмаа өрсөлдөх чадвар буурна. Жишээлбэл, дундаж тооцоог харахад нэг тонн нүүрсийг автомашинаар зөөхөд 32 ам.доллар болж байна. Харин төмөр замаар зөөхөд найман ам.доллар болж байгаа юм. Тиймээс аль нь илүү өрсөлдөх чадвартай болох вэ гэдэг нь ямар ч эргэлзээгүй дүгнэлт хийж болохоор байна.

-Үнийн өсөлт, төгрөгийн ханшны сулралын эсрэг богино хугацааны үр дүнтэй арга хэмжээ авахыг олон нийт хүлээж байгаа. Үнийн өсөлтийн эсрэг авах зөв арга хэмжээг та юу гэж харж байна вэ?

-Шинэ Сэргэлтийн Бодлогод эрчим хүчний сэргэлт, тээвэр логистик буюу боомтын сэргэлтийг оруулсан. Үүгээр юуг шийдэх гээд байна вэ гэхээр өөрсдийнхөө бүтээмжийг л сайжруулъя гэж байгаа юм. Хувийн хэвшил ч тэр, төр ч тэр. Төрийн бүтээмжийг сайжруулснаар авлигыг бууруулж, зах зээл дээр шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Хувийн хэвшлийн бүтээмж олон хэлбэрээр сайжирна. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмээд нэг бүтээгдэхүүнд оногдох зардлаа буруулъя гэхээр эрчим хүч, дулаан холбох зөвшөөрлийг нэмж өгөх боломжгүй түвшинд байна. Эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж нэг бүтээгдэхүүнд оногдох зардлыг бууруулахгүйгээр хувийн хэвшил ашгаа нэмж чадахгүй. Хувийн хэвшлийн бүтээгдэхүүн урт хугацаандаа хямд болж чадахгүй. Тэгэхээр бүтээмж нэмэгдэж байж та бидний амьжиргааны түвшин сайжирна.

-Гурил, махыг дотоодоосоо хангаж байгаа хэрнээ инфляцийн 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс төрийн бүтээмжийн үр дүнг хүлээхээс өмнө богино хугацаанд, одоо үнийн хөөрөгдлийг хязгаарлах боломж байхгүй юу?

-Махны үнийн өсөлт бол нийлүүлэлтийн шинж чанартай. 9-12 дугаар сард буураад 3-5 дугаар сард нэмэгддэг. 9-12 дугаар сард нийт нядалгааны талаас илүү хувь хийгддэг. Малчид 3-5 дугаар сар хүртэл малаа зарахаа больчихдог. Тиймээс агуулахад байгаа мах нийт хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг учраас зардал өсөж байгаа юм. Үүнийг урт хугацаанд шийдэх арга нь фермерийн аж ахуй. Сар бүр тогтмол нийлүүлэх боломжтой болчихно шүү дээ. Богино хугацааны шийдэл нь нөөцийн мах.

Гурилын асуудал мөн яригдаж байна. Төр үнэ тогтоох замаар огт оролцож болохгүй. Харин шударга өрсөлдөөн, тэр дундаа зах зээлийн 50 хувийг эзэлдэг гурван компани ямар нэг байдлаар хоорондоо үгсэн хуйвалдаж, эсвэл үгсэн хуйвалдаан байхгүй байхад зах зээлийн эрэлтийн гурилын хэрэглээ огцом нэмэгдээд үнэ огцом нэмэгдчихэв үү гэдгийг харах хэрэгтэй. Гурилын үйлдвэрлэлд багтах шатахуун дээр үнэ нь нэмэгдээгүй. Цахилгааны үнэ нэмэгдсэн ч цахилгааны зардал нийт гурилын үйлдвэрлэлд хоёр хувиас хэтрэхгүй харагдаж байна. Дийлэнх зардлыг нь түүхий эд эзэлж байгаа. Гурилын үйлдвэрүүдийг харахад 66-70 хувь нь эзэлж байна. Хаана нь гажуудал гарч байгааг зөв оношлох тусмаа авч хэрэгжүүлэх бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж чадна. Дээр хэлсэнчлэн төрийн бүтээмжтэй холбогдоно.

-Тэгэхээр ойрын хугацаанд үнийн хөөрөгдөл буухгүй гэж ойлгож болох уу?

-Инфляци 2022 оны долдугаар сард 16.9 хувьтай байхтай харьцуулахад өнгөрсөн хоёрдугаар сард хоёр дахин бууж, 7 хувьд хүрээд байна.Нэг удаагийн арга хэмжээ авах гэхээсээ илүү тогтолцоогоор хэрхэн зах зээлийн зарчимд тулгуурлаж өөрчлөх вэ гэдэг нь хамгийн чухал шийдэл. Жишээлбэл, гурил дээр улаанбуудайн үнийг хэн тогтоогоод байгаа юм бэ. Хэн тогтоох нь зөв юм бэ. Бусад улс дуудлага худалдаагаар тогтоодог уу, яадаг вэ. Үүнийг зах зээлийн зарчмаар шийдэх тусмаа төрийн оролцоог бууруулна. Гомдол багасна. Үнэ илүү тогтвортой болж чадна гэсэн үг.

-Инфляцитай уялдаж төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгдэж байна шүү дээ?

-Сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн албаны болон хувийн хэвшлийн цалинг харьцуулаад хараарай. Хувийн хэвшлийнхтэй адил очсон түвшин 2009 онд байгаа. Тэрнээс хойш хувийн хэвшлийн дундаж цалин өндөр явсаар 2018 онд зөрүү нь бараг 45 хувьд хүрсэн. Ингээд төрийн албан хаагчдын цалинг царцаагаад яваад байвал төрийн албанаас чадвартай хүмүүсээ алдаад дуусна. Тэгээд үйлчилгээний чанар муудах эрсдэлтэй байна. Бүтээмж нь буурна. Хурдасгуур төвд ажиллаж байхад бид энэ дээр хоёр том судалгаа хийсэн. Төрийн албанаас гарах хүмүүсийн тоо хувийн хэвшилтэй харьцуулахад хамаагүй өндөр, тэгээд дараагийн гурван жилд гарна гэдэг нь талаас илүү хувьд хүрч байсан. Үүнийг бууруулахгүйгээр хэдүүлээ төрийн чадамжийг сайжруулж, төрийн албан хаагчдынхаа чадварыг нэмэгдүүлэх талаар яриад хэрэггүй.

Нөгөөтэйгүүр мэдээж т өрийн боломжтой үйлчилгээг цахимжуулж, автоматжуулахыг нь хийж, дамжлага процессын тоог бууруулснаар данхар бүтцийг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тэр хэрээр ажиллах шаардлагатай хүмүүсийн тоо буурах байх.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй. Хийгдэх ёстой ажлууд хийгдэж байгаа DNN.mn

Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Олон жил яригдсан энэ хуулийн ажлын хэсгийг та ахалсан учраас ач холбогдлыг нь ярихгүй юу. Өмнөх төслүүдээс юугаараа онцлог болсон бэ?

-Монголын нийгэм, эдийн засаг, валютын нөөцөд уул уурхайн салбарын үзүүлж байгаа нөлөө их. Иргэдийн зүгээс шавхагдаж байгаа энэ баялгаас ард түмний амьдралд үзүүлэх нөлөө нь бага байна гэцгээдэг. Уул уурхайн баялгийг олон нийтэд яаж хүртээх талаар олон жил ярьж ирсэн. Үүний нэг нь “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн ч ногдол ашгийг нь ихэнх тохиолдолд хүртэхгүй явж ирлээ.

Тиймээс иргэдэд байгалийн баялгийн үр ашгийг баталгаатай, тогтмол байнга хүртээх сайн механизм юу байх талаар үе, үеийн Засгийн газар нэлээд ажилласан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн долоон төсөл боловсруулагдсан юм билээ. Энэ жил парламентад суудалтай намын бүлгүүдийн түвшинд концепцийн хувьд ойлголцож өргөн барьж батлуулах санамж бичиг байгуулсан. Миний ахалсан ажлын хэсэг өнгөрөгч тавдугаар сараас хойш хуулийн төсөл дээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд гурван удаа Засгийн газрын хуралд танилцуулсан. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон.

-Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд яаж хүртээхээр зохицуулсан бол?

-Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан “Засгийн газар төрийн болон төрийн өмчит компанийн 34 хувийг иргэдэд өгье” гэсэн гол концепци бий. Тиймээс энэ хуулийн гол агуулга нь төрийн болон төрийн өмчит компаниудын 34 хувийг иргэдэд шууд бусаар өгөхөд чиглэж байгаа. Хувьцаа өгөхөөр шууд эзэмшчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувьцаа бол иргэдийн өмч. Тиймээс нас барахаар өвлүүлэх, бэлэглэх, шилжүүлэх, шинээр төрсөн хүүхдэд яах вэ гэдэг иргэний болон өмчлөлийн олон асуудал хөндөгдөж хүндрэл дагуулаад байна л даа.

Ер нь хүн ам өсөхөөр тухайн компанийн засаглалд ч нөлөөлж эхэлнэ. Шууд хувьцаа эзэмшүүлэх нь олон талын хүндрэл дагуулаад байгаа учраас шууд бусаар олгохоор зохицуулсан. Ингэснээр төрийн эзэмшилд байгаа 34 хувьд ногдох ногдол ашгийг тэр чигт нь иргэдийн хуримтлалын санд нь хуваарилж өгье гэж байгаа юм.

Монгол Улс “Оюу толгой” төслийн 34 хувийг эзэмшдэг. 2023 оны тооцоогоор “Оюу толгой” компани 2037 оноос 2051 он хүртэл нийт гурван тэрбум ам.долларыг эхэлж ногдол ашиг хуваарилахаар төвлөрүүлнэ. Энэ мөнгө тэр чигтээ иргэдэд очно гэсэн үг.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 34 хувийн ногдол ашгийг иргэдэд хүртээнэ. Эрдэнэс Таван толгойн 28 хувийг эзэмшиж байгаа. Үүнд бид гарт хүрэхгүй. Учир нь хувьцаа шууд эзэмшлээр иргэдэд оччихсон. Тиймээс шууд эзэмшлээр бэлэн мөнгө авдаг тогтолцоо хөндөгдөхгүй, үргэлжилнэ. Иргэдийн өмч болчихсон зүйлийг засаг, төр хөндөх эрхгүй. Бид төрд байгаа 72 хувийнхаа 34-т ногдох ногдол ашгийг тэр чигт нь иргэдэд өгнө. Энэ агуулгаар цаашид шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийн ногдол ашгийг хуваарилна. Ингэхээр уул уурхайгаас олох орлого, уул уурхайн компаниудын ашигтай ажиллах, ногдол ашиг хуваарилдаг, иргэдээс ч энэ чиглэлд шахалт ирдэг, хуваарилсан тохиолдолд иргэд шууд хүртдэг зөв тогтолцоо бий болж байна гэсэн үг. Хуулийн үндсэн агуулга нь энэ. Нэлээд дэлгэрэнгүй байдлаар боловсруулагдаж байсан энэ хууль одоо маш товчхон, ойлгомжтой болсон.

-Эрдэнэт үйлдвэр ногдол ашиг яг хэдзээнээс тарааж эхлэх төлөвтэй байгаа вэ. Үр ашигтай ажиллаж байгаа юу?

-Ер нь үр ашигтай ажиллаж эхэлсэн. Ногдол ашгийг жил бүр тараана.

-Монголчууд байгалийн баялгаа биржээр арилжаалж эхэлсэн. Удахгүй зэсийн баяжмалыг арилжаална. Ер нь байгалийн баялгаа биржээр арилжаалж эхэлснээс хойшхи Монголын эдийн засаг, нийгэмд гарсан үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?

-Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХК-ийг анх байгуулахдаа газрын баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулсан. Энэ бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах чухал үүрэг “Эрдэнэс Монгол”-д бий. Манай бүрэлдэхүүн компаниудад 2023 онд хийгдсэн нэг чухал ажил нь Биржийн хуулийн хэрэгжилтийг хангасан. Ингэснээр экспортын бүтээгдэхүүний зарах үнэ нэмэгдсэн. Орж ирэх орлого ч нэмэгдсэн. Эрдэнэс Таван толгойн нүүрс оффтейк гэрээнээс бусад нь биржээр борлуулагдаж байна. Биржийн худалдааг цаашид олон улсын бирж рүү гаргах зорилго тавьж байгаа. Манай нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Тиймээс Хятадын бирж дээр гаргах төлөвлөгөө байна. Ингэснээр үнэ цэн нь улам нэмэгдэнэ.

Нэгдүгээрт, газрын баялгийн борлуулалт ил тод болох ёстой. Өрсөлдөөнийг хангах ёстой, дотоодын болоод олон улсын биржээр нээлттэй борлуулах ёстой гэсэн бодлогыг бид барьж байна. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрүүд барьж, үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлого стратегиа боловсруулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээр ажлууд үе шаттай хийгдсэнээр шавхагддаг нөөц баялгийн үнэ нэмэгдэнэ. Ингэснээр Монголын төрд ирэх ашиг, татвар хураамж, ард түмэнд өгөх үр өгөөж төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг л дээ.

Манай зэсийн худалдаа олон улсын стандартаар явдаг. Лондоны металлын биржийн үнийг гэрээндээ суурь үнэ болгож ашигладаг. Тиймээс дэлхийн зах зээлийн жишиг үнээр арилжаалагддаг. Биржээр арилжаалж эхлээгүй учир хэлж мэдэхгүй байна. Би бол сайн үр дүн гарна гэж бодож байна. Манай түүхий эдийн хэрэгцээ шаардлага өндөртэй, авахыг хүссэн байгууллага олон байдаг.

-Улс төрийн том сонгуулийн дараа эдийн засагт сулрах нь түгээмэл байдаг. Удахгүй болох сонгуулийн дараа эдийн засаг, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ яах бол гэсэн болгоомжлол байна. Танайд байгалийн баялгийн дэлхийн зах зээлийн үнэ цаашид яаж хэлбэлзэх төлөвийн мэдээлэл байдаг байх?

-Өмнөд хөрш үл хөдлөхийн зах зээл болоод эдийн засгийн нөхцөл байдалд нь тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа. Манай улсын нүүрс, түүхий эдийн ихэнх нь өмнөд хөрш рүү гарч байгаа шүү дээ. Ер нь дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувь, нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг БНХАУ хэрэглэдэг учраас манай гол экспортын бүтээгдэхүүн нэг зах зээлээс хамааралтай нь үнэн. БНХАУ-д гарч байгаа өөрчлөлт манай зах зээлд нөлөөлөх бүрэн бололцоотой. Эхний улирлын гүйцэтгэлийг харахад 2024 оны төлөвлөгөө биелэх чиг хандлагатай байна. Ямар нэгэн өөрчлөлт одоогоор ороогүй байна.

Хоёрдугаарт, хэдийгээр Хятадын эдийн засагт нөлөө орж байгаа ч манай нийлүүлдэг бүтээгдэхүүний өмнөд хөршийн зах зээлд эзлэх хувь жаахан. Тиймээс гол хөршүүдтэйгээ стратегийн түншлэлийн хувьд хамтарч ажиллах, хамтын ажиллагааны хүрээнд зөв бодлого хэрэгжүүлснээр харьцангуй гайгүй. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байдаг компаниуд Монголын валютын нөөцөд голлох үүргийг гүйцэтгэж байгаа. Үүнд бид ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Үүний үр дүнд Монголын валютын нөөц түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн. Валютын ханшны дарамт дээр тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Бид экспортоо бууруулахгүй байхад маш их хичээж ажиллана. Экспорт буураагүй, валютын нөөц багасаагүй тохиолдолд ханш алдах тохиолдол харьцангуй гайгүй. Нөөц багасвал ханшны дарамтад орно. Нөөцөө тогтвортой барьж чадвал ханш тогтвортой байх боломжтой. Нөөцийг бүрдүүлэхэд “Эрдэнэс Монгол” болоод уул уурхайн компаниуд сайн ажиллаж байгаа.

-Уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд олон нийтийн хүлээлтэд байгаа. “Эрдэнэс Монгол” энэ чиглэлд юу хийж байгаа вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогод аж үйлдвэрийн сэргэлт туссан. Хүнд болон боловсруулах үйлдвэрт гарцаагүй “Эрдэнэс Монгол”, төрийн өмчит компаниуд үүрэг рольтой хийхгүй бол хувийн хэвшлийн компаниудад дэд бүтцийн шаардлага их байгаа. Цахилгаан, ус, тээвэр логистикийн төв гэхчлэн энэ бүхнийг хийхэд их хэмжээний зардал шаардлагатай.

Үйлдвэр баригдахад хоёр зүйлээс их хамаарч байна. Нэгдүгээрт, нөөц баялаг. Өөрөөр хэлбэл, тэр үйлдвэр түүхий эдээр найдвартай хангагдах ёстой. Хоёрдугаарт, дэд бүтцийн хангамж. Манай стратегийн зургаан том нөөц баялгийг эзэмшиж байгаа компаниуд үүнд манлайлах бололцоотой. Бид үйлдвэр технологийн парк, цаашлаад аж үйлдвэрийн кластер үүсгэхэд манай компаниуд манлайлж ажиллана. Ингэхдээ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийнэ. Хувийн хэвшлийн компаниуд дараагийн шатны үйлдвэрлэл явуулах, үйлдвэр барих боломжийг бид нээнэ.

Эрдэнэт үйлдвэрийн ажил урагштай явж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 50-аас дээш хувьтай хийгдсэн. Үүнд зам, эрчим хүч, ус гол асуудал нь. Дархан төмөрлөгийн үйлдвэр бол металл ган боловсруулна. Хөтөлийн цементийн үйлдвэрт шохойн гол нөөц бий. Багануурт хүрэн нүүрсний том нөөцтэй. Тиймээс тэнд боловсруулж үйлдвэрлэл байгуулах боломжтой. Таван толгойд коксжуулж үйлдвэрлэнэ. Бид хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Стратеги эзэмшиж байгаа нөөц баялгаа аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болгож боловсруулна. Түүнийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн, түүний дараагийн шатны үйлдвэрлэл явуулах хувийн хэвшлүүд хөрөнгө оруулчихвал бид найдвартай хангана. Илүү гарсныг нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүний экспорт хийнэ. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний шат шатны үйлдвэрлэл явуулах бололцоо бүрдэнэ. Жишээлбэл, катодын зэс, ган бэлдэц нь аж үйлдвэрийн үндсэн түүхий эд байдаг. Үүнийг хувийн хэвшилд гаргаж, хувийн хэвшлүүдийн үйлдвэрлэл явуулах газар, дэд бүтэц, тээвэр логистикийн боломжоор хангаснаар үйлдвэрийн тоног төхөөрөмжөө авч ирж үйлдвэрлэл явуулж эхлэх боломжтой болно. Ийм маягаар хүнд үйлдвэр, боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс суурийг тавих үүргийг гарцаагүй “Эрдэнэс Монгол” үүрч байгаа. Тиймээс дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө оруулчихсан ажиллаж байна.

-Гадаадын зарим хэвлэлээр ч тэр, ер нь олон нийтэд “Ураны төсөл зогслоо, Оросоос шахалт ирж байна” гэхчлэн мэдээллүүд гараад байна. Энэ мэдээлэл бодитой юу?

-Хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд ч юмуу, эсвэл санаатай, санаандгүй байдлаар иймэрхүү ташаа мэдээлэл явуулж байна. Хэлэлцээр явдгаараа явж байгаа. Таван ажлын хэсэг байгуулагдсан. 289 санал гарсан. Нэгдүгээрт, энэ бол шинэ салбар. Хоёрдугаарт, анхны хөрөнгө оруулалтын наана “Оюу толгой”-н төсөл маш их шүүмжлэл дээр явдаг. Тэр гэрээг байгуулсан хүмүүс өнөөдөр ч буруутгагдсан, яллагдсан зүйл ч бий. Уран бол энгийн ашигт малтмал биш. Цацраг идэвхтэй, хор хөнөөлийн асуудал яригддаг. Энэ төсөл газрын доор уусган баяжуулах учраас усны бохирдлын асуудал яригдаж байна. Энэ мэтээр ярвигтай асуудал. “Оюу толгой”-той харьцуулахад том төсөл биш ч, бидэнд шинэ замыг нээсэн, олон асуудлыг тооцож үзэх шаардлагатай төсөл гарч ирж байгаа юм. Тиймээс үүн дээр ярилцаж зөвшилцөх асуудал олон бий. Үүнээс гадна зарчмын үндсэн хэдэн асуудал дээр санал зөрөлдөж байгаа зүйл ч бий. Иймээс хэлэлцээр хийгдэх процесс дээр л яваад байгаа юм.

-УИХ-аар батлагдах ёстой тогтоолын төсөл хэзээ өргөн баригдаж, хэлэлцэгдэхээр байгаа вэ. Та ажлын хэсэгт нь байдаг учраас мэдээлэлтэй байгаа байх?

-Анх арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-д тогтоолын төслийг өргөн барина гэсэн нэлээд өөдрөг бодолтой байсан. Хэлэлцээрийн ажлын хэсэгт мэргэжлийн байгууллага, яамд, салбарын экспертүүдийг оруулж ажиллаж байгаа. Нарийн асуудалд гүнзгий орохоор ярих, бодох асуудал зөндөө байна. Бидэнд Монголын эрх ашиг, эдийн засгийн үр өгөөж, хор хөнөөл аюулгүй байдлын асуудалд болгоомжтой хандах ёстой. Алдаа гаргах эрхгүй. Тиймээс нухацтай хандаж байгаа. Хэвлэл мэдээллээр ч юм уу, ямар нэгэн байдлаар шахалт үзүүлж түүгээрээ асуудлыг хурдан шийдчих болов уу гэсэн бодлого байхыг үгүйсгэхгүй. Бид үүнд хөнгөн хуумгай хандъя гэж бодохгүй байгаа. Зарчмын асуудлаа барина. Мэдээж УИХ-аар хэлэлцэх, соёрхон батлах зүйлүүд нь бидний эрх мэдлийн асуудал биш. УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тогтоолын төсөл өргөн барих нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал.

Дэд ажлын хэсгүүдийн хэлэлцээр үндсэндээ дуусах шатанд яваа. Тиймээс бид үүнийг дуусгаад Засгийн газрын үндсэн ажлын хэсэгт хүлээлгэж өгнө. Засгийн газарт “Ийм асуудлуудыг ийм байдлаар тохирлоо. Энэ асуудлуудыг тохирч чадахгүй байна. Үүний сайн, муу үр дагавар нь ийм байна” гэдгийг танилцуулна. Засгийн газар үүн дээр үндэслэж “Энэ хэлэлцээрийг явуулъя. Тохиролцсон асуудлууд болж байна” гэж үзвэл цааш явуулна. Болохгүй байна гэвэл мэдээж “Та нар энэ асуудлуудаа эргэж харах ёстой. Тохиролцох ёстой” гэдэг зүйл яригдах байх.

Гуравдугаарт, Засгийн газраас байгуулагдсан сайд нар орсон үндсэн ажлын хэсэг бий. Үүнээс гадна татвар, эдийн засаг, хууль эрх зүй, байгаль орчны чиглэлийн гадны зөвлөх компаниас зөвлөх үйлчилгээ авах ёстой. Өмнөх ажлын хэсэг нэлээд судалгаа, сонгон шалгаруулалт хийсэн. Түүний дагуу хууль эрх зүй, санхүүгийн чиглэлээр зөвлөх компаниудаа сонгож гэрээ байгуулаад ажил хийгдэж байна. Байгаль орчны чиглэлээр хариуцсан яамд, сайдын чиглэлээр компаниуд сонгогдож ажиллаж байгаа. ХЗДХ-ийн яамны чиглэлээр хууль эрх зүйн, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны чиглэлээр бид санхүүгийн зөвлөх үйлчилгээ авч байна. Байгаль орчны яам дээр гэрээ байгуулагдах процесс яваа. Тэнд хүндрэл гарсан, шалтгаанууд байх шиг байна лээ. Зөвлөх компанийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад яах аргагүй цаг хугацаа орно. Энэ бүрийн дараа гэрээ эцэслэх боломжтой болж байгаа.

Хэлэлцээр тасралтгүй үргэлжилж байгаа. Процесс нь шуудхан явчихаж болохгүй байгаа учраас цаг орж байна. Үүнийг зарим хүмүүс ашиглаж “Гэрээ удааширч байна. Хийхээ больчихсон. Оросууд нөлөөлж байна” гэхчилэн янз бүрийн зорилгоор худлаа мэдээлэл явуулаад байх шиг байна. Ямар нэгэн гацсан зүйл байхгүй. Хийгдэх ёстой ажлууд хийгдэж байна. Мэдээж төлөвлөгдөөгүй асуудлууд гарч ирж байгаа юу гэвэл гарч ирж байгаа. Гэрээ хэлэлцээр зогсоод, болиод, хойшилсон зүйл байхгүй.

-Зургадугаар сард болох сонгуулиар Монголын улс төрд өөрчлөлт гарна. Том төсөл удаашрах, гацах вий гэсэн болгоомжлол байна. Мэдээж та бүхний эрх мэдлээс хэтэрсэн зүйл ч өөр эрх баригч гарч ирсэн ч хоёр талын ажлын хэсэг төслийг тогтвортой үргэлжлүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ер нь нөгөө талаа нэлээд шахаж байгаа. Хэлэлцээр хурдан дуусахад хөрөнгө оруулагч тал их хамааралтай байгаа. Өөрөөр хэлбэл, бид юм бүхэн дээр хатуурхахгүй. Аливаа гэрээ хэлэлцээр 50:50 хувьтай явдаг. Нэг нь дандаа тулгаад байж болохгүй. Нөгөө тал нь нэгнийхээ саналыг хүлээж авахгүй үгүйсгээд байж болохгүй шүү дээ. Тиймээс 50:50 үзүүлэлттэй байвал хэлэлцээр амжилттай явж байна гэж үзэх ёстой. Одоогоор 50 хувьтай явж байгаа. Гэхдээ үндсэн чухал асуудал гэж бий. Өөрөөр хэлбэл, ганц энэ төсөлтэй холбоотой биш. Жишээлбэл, АМНАТ тооцох аргачлал, АМНАТ-д инфляц тооцох асуудал яригдвал ганцхан энэ төсөлд биш, бусад бүх төсөлд хамаатай. Монгол Улсын эрх ашигт том нөлөө үзүүлэх асуудлуудад бид үндсэн байр суурь дээрээ маш хатуу зогсоно. Энэ асуудалд буулт хийх эрх бидэнд байхгүй. Тэгэхээр зарим тодорхой асуудалд Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгээгүй тохиолдолд бидэнд буулт хийх боломжгүй. Ийм тодорхой хэдэн асуудал бий. Тиймээс энэ асуудлыг танай тал хүлээн зөвшөөр, тэгвэл хэлэлцээр урагшлах бололцоотой гэж шахаж байгаа.