Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамдинням: Миний ярьсан зүйл хүний эрх, халдвар хамгаалалттай холбоотой асуудал л байсан

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Та энэ жилийн төсөвт ямар байр суурьтай байна вэ?
-Цаг ингэж хүндэрнэ гэж тооцож төсвийг оруулж ирээгүй. Тиймээс төсөвт тодотгол хийж, шаардлагагүй барилга байгууламжийг царцаах хэрэгтэй. Ард иргэдэд зориулсан халамж, бусад шаардлагатай зүйлсэд зарцуулах нөхцөл байдалд хүрлээ. Цар тахал, татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарсан өөрчлөлтүүдийг тодотголоор хийхээс аргагүй.
-Өнөөгийн нөхцөлд халамжийг хавтгайруулж байгаад шүүмжлэлтэй хандах хэсэг байна шүү дээ. Цар тахлыг дотоодоо алдсан энэ үед халамжаас гадна ямар дэмжлэг иргэд, ААН-үүдэд шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Халамж хавтгайрч байгаад санал нэг байгаа ч ийм онцгой нөхцөлд халамж өгөхөөс өөр аргагүй. Нөгөө талд төсвийн орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхныгаа халдвараас хамгаалах, аюулгүй ажиллагааг онцгой анхаарах ёстой. Үүнд, УИХ-ын гишүүд нэгдсэн байр суурьтай байгаа. Өмнөговь, Орхон, Дорноговь аймагт олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байгаа ажилчдыг эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангаснаар хүнд цаг үеийг давж гарна. Үүний дараа халамжийг хумих эсэхийг ярих хэрэгтэй.
-Таны хувьд Дарханаас сонгогдсон гишүүн. Дархан-Уул аймгийн удирдлагуудтай хэр холбоотой ажиллаж байна вэ. Дарханы удирдлагууд цар тахлын голомтыг бүрэн хумьж чадсан гэдгээ мэдэгдэж хөл хориогоо цуцалсан шүү дээ.
-Юун түрүүнд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. УИХ-ын гишүүдэд Онцгой байдлын хуулийн зохицуулалт шаардлагатай болсон юм байна. Үүнийг ч гишүүд хоорондоо ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд ямар ч үед, хаашаа ч чөлөөтэй нэвтэрч мэдээлэл авах бүрэн эрхтэй.
Гэтэл Гамшгийн тухай хуулиар Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд халдвар тархалттай холбоотой онцгой нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас бид тойрог руугаа очиж чадахгүй. Иргэдээс “Тойрогтоо ажиллаач” гэсэн хүсэлт их ирдэг. Гэтэл бид явъя гэхээр явах боломж өгөхгүй, хориглож байна. Бид анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт орлоо. Ийм онцгой нөхцөл байдалд төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж байгаа гишүүд тойрогтоо яаж ажиллах талаар хууль эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага үүсч байна л даа. Дархан-Уул аймгийн иргэд, удирдлагуудтай байнгын харилцаа холбоотой байгаа.
Аймгийн удирдлагууд шөнөдөө 1-2 цаг унтаж, нүдний хороо гаргачихаад маш ачаалалтай ажиллаж байна. Нийтдээ 800 гаруй мэргэжлийн болон дагалдах ажилчид ажиллаж байна. Эдгээр хүмүүс мөн л ихээхэн ачаалалтай, ядарсан байдалтай байна. Ийм нөхцөл байдалд боломжийн хэрээр шуурхай штаб, аймгийн Онцгой комиссын даргатай холбогдож мэдээллийг бичгийн болон аман хэлбэрээр тогтмол авч байна. Үүнээсээ Улсын Онцгой комиссоос шийдүүлэх шаардлагатай арга хэмжээг ч мөн авч байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор гурван төрлийн хүндрэл гарсан. Нэгдүгээрт, өдрийн орлогоор амьдралаа залгуулдаг иргэдийн хоол хүнсний асуудал. Хоёрдугаарт, мөн л өдрийн орлогоор нүүрсээ худалдаж авдаг иргэдийн түлшний асуудлыг Улсын Онцгой комисст танилцуулж шийдүүлэх талаас нь зохион байгуулаад ажиллаж байна. Үргэлжлүүлэн “Боломж бүхнээ хуваалцъя” аяныг өрнүүллээ. Санаачилсан аянд минь Дархан-Уул аймгийн аж ахуйн нэгжүүд болон бусад сайн санаатнууд дэмжиж, оролцож байна. Тухайлбал, “Шарын гол” ХК-иас түлшгүй айлуудад 250 тонн нүүрсийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өгсөн. Одоогоор нэг мянган айлд хүргээд байна. Мөн “Дархан-Өгөөж” хүнсний үйлдвэрийн компани гурван тонн хүнсийг хоол ундны дутагдалтай айлуудад хүргүүлж байна. Үүнээс гадна “Дархан хүнс”, “MCS Cocа-Cola” зэрэг компаниуд болон түлшний чиглэлийн компаниудтай холбогдож дэмжлэг авахаар боллоо. Түүнчлэн өөрийн зүгээс тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй хандивыг өгсөн. Хамгаалалтын хувцас хэрэглэл бэлддэг, оруулж ирдэг компаниудтай ярилцаж байгаад хамгийн сайн чанартай 75 ширхэг тусгай хэрэгсэл, халдвар хамгааллын хувцсыг аймаг руугаа хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд алсаас ч болов харилцаа холбооны технологийг ашиглаж өөрсдийнхөө боломж, нөхцөлөөр дэмжиж туслаад ажиллаж байна.
-УОК болон Нийслэлийн Засаг даргын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. УОК-ын хариуцлагагүй байдал, Д.Сумъяабазар даргын зөв менежмэнтгүй байдлаас өнөөгийн нөхцөлд хүрээд байна гэх шүүмжлэл ч нэлээд анзаарагдлаа?
-Нөхцөл байдал дөнгөж эхэлж байна. Цар тахал дотоодод бүртгэгдээд хэдхэн хонож байна. Дархан-Уул аймагт л гэхэд халдварын голомтыг олж тогтоож, хяналтдаа авч, тэг зогсолтоосоо бүх нийтийн бэлэн байдал руу шат бууруулан шилжлээ. Улаанбаатар хотын удирдлагууд ч энэ чиглэлээр ажиллаж байгаа байх. Ний нуугүй хэлэхэд анх удаагаа том хэмжээний, ийм хүнд байдалтай нүүр тулж байна. Энэ нөхцөлд мэргэжлийн байгууллагын хүмүүсийн заавар зөвлөмжийг чанд сахихаас өөр арга байхгүй. Хариуцлага, алдаа оноо ярих нь дараагийн асуудал. Цар тахлыг хохирол багатай, маш хурдан хугацаанд хумих нь гол асуудал болчихоод байна.
-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганд та “Цагдаа намайг 30 минут зогсоолоо, намайг таньсангүй” хэмээн хэлсэн. Таны энэ үг олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд авах шиг боллоо. Яагаад албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаад гомдоллож, чуулганы хуралдаанд хэлсэн юм бэ?
-Би эсрэг байр суурь илэрхийлсэн зүйл огт яриагүй. Гол санаа нь таны түрүүний асуусан асуулт байсан юм. Улсын Онцгой комисс хорио, цээрийн хэрэгжилтийг хангахдаа алдаа дутагдал гаргаж байна. Хүний эрхтэй холбоотой асуудал гарч байна гэсэн зүйлийг хэлсэн. Онцгой дэглэмд УИХ-ын гишүүд онлайнаар хуралдаж байгаа учраас хэлж байгаа санал, асуултад минут хүрэлцээгүй. Тойрогтоо холбоотой түлш, хүнс, эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай иргэдийн асуудлыг хэлсэн. Жишээлбэл, Аймгийн Онцгой комисс, Улсын Онцгой комисс энэ дугаарт хандаарай хэмээн баахан утасны дугаар тавьчихаад байгаа. Гэтэл хэл яриа, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд түүнийг нь ашиглаж чадахгүй. Үүнтэй холбоотой асуудлыг ярих гэж байсан. Онцгой дэгээр УИХ-ын чуулганд гишүүн үг хэлж, асуулт асуух хугацаа гурван минут олгогддог. Гэтэл гурван минутад багтаж дээрх асуудлууд, хүний эрхтэй холбоотой зүйлийг хөндөж байхад яриа тасарчихсан. Үүнийг хүмүүс буруу ойлгосон байна лээ. Фэйсбүүк дээр нэг хүн миний хэлээгүйг хэлсэн болгож “Та нар намайг таньсангүй, УИХ-ын гишүүнээ таньсангүй, Би улс, эх орондоо ихийг хийсэн” гэж мушгиад бичсэн байсан. Бодит бичлэгдээ би огт тийм зүйл хэлээгүй. Хэлсэн үг нь “Ажлын хэсгийн хуралдаантай, УИХ-ын Тамгын газрын өгсөн мэдээллийн дагуу явж болно” гэсэн мэдээлэл өгсөн учраас гарсан. Гараад явж байхад цагдаа зогсоосон. Цагдаад учир байдлаа хэлсэн. УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг үзүүлж “Хурал зөвлөгөөнтэй байгаа юм. Яах ёстой вэ” гэхэд “Та байж бай” гэсэн. Ингэхдээ маш ойрхон зайтай байсан. Халдвар хамгааллын дэглэм энд яригдана. Иргэдээс ч ийм хүсэлт ирсэн. “Хүний эрхийг зөрчиж байна, ёс бус харилцаж загнаж, аашилж байна гэдэг” асуудлыг иргэд хэлсэн. Чуулганд хэлэх гэсэн миний санаа нь халдвар хамгааллын дэглэм барьж байна уу. Цагдаа хүчнийхэн биднийг хамгаалах гэж цаг наргүй ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ үйл явцдаа өөрөө халдвар авах, цаашлаад халдвар тараачих вий дээ гэсэн утгаар энэ талаар тодруулсан. Түүнээс биш “Намайг та нар таньсангүй, таних ёстой. Улс эх орондоо юм хийсэн хүн шүү” гэж даналзах эрх надад байхгүй. Миний хүмүүжил ч тийм биш. Ний нуугүй хэлэхэд, Гонгорын Дамдинням пэйж хуудас дахь бичлэгийг үзчихээд шуугиач ээ гэж хүсье. Гүтгэлэг бичиж, миний хэлээгүйг хэлсэн болгосон хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгсөн. Гүтгэлэг нь тодроод хуулийн хариуцлага гарч ирэхээр олон нийтэд мэдээлж, уучлал гуйлгаж, дараа нь дуугаръя даа гэж бодож байна. Хүмүүс хэн нэгний зориуд мушгиж, гуйвуулаад тавьсан юмыг бодит мэт хүлээж авч бодит эх сурвалжийг нь харалгүйгээр давлагаалчих юм. Аливаа мэдээллийн эх сурвалжийг үзэж, шүүн тунгааж хандаарай гэж хэлмээр байна. Миний хувьд алдаа дутагдал гаргасан байвал олон түмэн, сонгогч, иргэдийн шүүмжлэлийг хүлээж авч алдаа дутагдлаа засч ажиллана. Энэ тохиолдолд би буруу жишээ авсан байх. Гэхдээ миний ярьсан зүйл хүний эрх, халдвар хамгаалалттай холбоотой асуудал байсан юм. Түүнээс “Намайг таньсангүй. Таних ёстой. Би эх орондоо их юм хийсэн хүн” гэх үг миний амнаас гарахгүй ээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

М.Тулгат: АН дотоод өрсөлдөөндөө санхүү, хүчээ бардаг болчихоод байна

АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.


-АН-ын шинэчлэлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан өгсөн ярилцлагадаа “АН анх буусан буурин дээрээ буух ёстой” гэсэн байна лээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Анх ардчилсан хүчин 90-ээд онд гарч ирэхдээ юуг зорьж, эрмэлзэж гарч ирсэн билээ, тэднийг дэмжсэн хүмүүсийн хүлээлт юу байсан билээ. АН бол ардчилсан хүчний таван нам нэгдэж байгуулагдсан нам болохын хувьд ардчиллынхны нийтлэг үнэт зүйлийг тээж явах ёстой нам. Өнөөдөр тэр үнэт зүйл дээрээ хатуу зогсож чадаж байна уу? Өнгө төрх нь бусдаасаа ялгарч чадаж байна уу. Гучин жил ардчилалд саналаа өгсөөр ирсэн дэмжигчдийн маань нэлээд хэсэг нь энэ асуултад “үгүй” гэж хариулдаг болчихлоо. Амлалтын уралдаан, популизмын уралдаанд ороод барууны нам юм уу, зүүний нам юм уу, тогтсон үзэл баримтлалтай нам юм уу гэдэг нь ойлгомжгүй болсон. Иргэд, сонгогчдын урам хугарсан.

Ц.Элбэгдорж гуай АН анхныхаа үзэл санаа, зорилго тэмүүлэл ямар байсан тэр буурин дээрээ эргээд очъё гэж хэлсэн болов уу. Хэрэв тийм утгаар хэлсэн бол би санал нэг байна.Нэгэнтээ Ерөнхийлөгч асан хүний хэлсэн үгийг эш татсан учир Ерөнхий сайд С.Баяр гуайн хэлсэн үгийг эш татмаар санагдаж байна. Тэрээр “Монгол төрийн хоёр баганын нэг нь АН. Харамсалтай нь АН тэр үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй байна” гэж жиргэсэн. Зүгээр ч нэг хэлчихээгүй үг. Өрсөлдөгч МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан хүн Монгол төр бүтэн байхын тулд АН хүчтэй байх ёстой гэж хэлж байна шүү дээ. Үнэхээр олон нийтийн зүгээс АН-ыг шинэчлэгдээсэй гэх хүлээлт их байна.

-Анхны үзэл санаан дээрээ эргэж очно гэхээр яг юуг хэлж байна вэ?

-1990 онд ардчилсан хувьсгал өрнөхдөө нийтлэг хоёр хүсэл тэмүүлэл дээр тулгуурласан. Нэг нь Америк, Герман, Япон гэх мэт барууны капиталист орнуудын хөгжлийн загвар буюу хувийн өмч, хүний эрхийг хамгаалсан чөлөөт эдийн засаг. Нөгөө нь үндэсний сэргэн мандлын үзэл санаа. Тухайн үед Чингис хаан, монгол бичиг, үндэсний зан заншил, түүх, шашин, соёл уламжлалаараа бахархах үзэл асар хүчтэй давлагаалж байсан. Социализмын үед хориотой байсан Р.Чойномын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндсэрхэг үзэл шингэсэн шүлгүүдийг хэнээс ч айж ичихгүйгээр уншиж, алдаршуулах боломжтой болох жишээний.

Одоо бид 30 жилийн өмнө юуг зорьж байв гэдгээ дахин санаж, эдийн засгийн бодлогын хувьд либерал, нийгэм соёлын хувьд консерватив тэр үзэл баримтлал дээрээ баттай зогсдог болох хэрэгтэй. Ингээд хэлэхээр зарим хүмүүс “За тэр гадаад нэр томьёо, зүүн, баруун нь яах вэ, монгол маягийн өөрийн хөгжлийн загвар хэрэгтэй” гэдэг. Тийм ээ, Монгол бол Монголоороо л хөгжинө. Гэхдээ тэр загвар маань аливаа асуудлыг төр зохицуулдаг, халамж, нийгмийн хамгааллын бодлогыг түлхүү тавьдаг загвар байх юм уу, эсвэл хувийн хэвшил, иргэний нийгмийн санаачилгад илүүтэй тулгуурласан, хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай амьдрахыг түлхүү шаарддаг загвар байх юм уу, энэ хоёрын аль нэг тал руу хэлбийж таарна. Төрийн оролцоо их байх ёстой гэх тусам зүүний, төрийн оролцоо бага байх ёстой гэх тусам барууны болж таарна. Улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлалын дор нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Сандал ширээ, албан тушаалын төлөө нэгдсэн хүмүүсийн нэгдэл биш. Бодлогынхоо ялгааг, өнгө төрх, онцлогоо тод гаргаж байхгүй бол эрх мэдлийн төлөө үхэлдсэн хэдэн өлөн нөхдүүд л болж харагдана. Ард түмэн сохор биш.

-АН өнөөдрийг хүртэл ямар замаар явчихсан юм бэ?

-90-ээд оны анхны чөлөөт сонгуулийн тэр үеэс намуудын өрсөлдөөн хэт хүч тэнцвэргүй байдалд эхэлсэн. МАН буюу тухайн үеийн МАХН нь орон даяар салбартай, бааз суурьтай, боловсон хүчний нөөцтэй байлаа. Социализмын үед зөвхөн засаг захиргааны нэгж дэх салбаруудаар тогтохгүй, бүх байгууллагад намын үүр байсан гээд бодохоор үнэндээ аварга бүтэц. Энэ аварга амьтантай өрсөлдөхийн тулд адилхан л орон даяар салбар нэгжүүдтэй, нүсэр бүтэцтэй болох шаардлага гарсан. Түүнийг тогтоон барьж ажиллуулахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй, ажиллагаа хэрэгтэй. Ингээд л үзэл баримтлал чухал, гэхдээ мөнгө ч бас чухал, сайн муу бүх л арга мэх чухал гэдэг юм руу орчихож байгаа юм.Мөн МА(Х)Н гэдэг том бул чулууг унагаж л байвал үзэл баримтлал нь баруун байна уу, зүүн байна уу хамаагүй болж, сөрөг хүчин бүгд л нэгдсэн. 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулахад дотор нь социал демократууд, консервативууд, либертариуд, үндэсний социалистууд гээд бүгд холилдсон. АН-ын фракц хоорондын зодолдоон гээд л ярьдаг байлаа шүү дээ. Үнэндээ бол хөөрхий яалт ч үгүй итгэл үнэмшлийн ялгаанаас болоод бодлогын зөрөлдөөн, зөрчилдөөн тасрахгүй байсан хэрэг. Эрх ашгийн зөрчилдөөн бол ашиг сонирхлыг нь зохицуулбал алга болно. Итгэл үнэмшлийн зөрчилдөөн бол хэзээ ч арилахгүй. Сүүлийн жилүүдэд цаг үеийн асуудлаар намын илэрхийлж буй байр суурь, явуулж буй бодлого ч ойлгомжгүй болж эхэлсэн.

-Таны хэлээд байгаа асуудлыг шийдэхийн тулд намын дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу?

-С.Эрдэнэ даргын үед АН үзэл баримтлалаа тодотгон баталж, “баруун төвийн нам” гэдгээ зарласан. Энэ баримт бичиг их сайн болсон. Одоо харин цаасан дээр байгаа энэ зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлж, институтын хувьд түүнийгээ хатуу мөрдөх хөшүүргийг дүрэмд тусгах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд намын дарга, удирдах түвшний хүмүүс дураараа мэдэгдэл хийх, сюрприз барих явдал их гарч байлаа шүү дээ.

Ер нь намын даргын эрх мэдлийг задалж, хамтын удирдлагын зарчмыг дүрэмд суулгаж өгөх нэн шаардлагатай. Намын даргад эрх мэдэл хэт төвлөрснөөс болж тэр хүний хувийн байр суурь, үг үйлдэл нь намын байр суурь болж, холион бантан болж байна. Өмнө нь сайн муу ч гэсэн хэдэн фракцын толгой, лидерүүд хамт сууж байгаад, хэрэлдэж байгаад ч хамаагүй дундаасаа шийдэл гаргадаг байсан. Хамтын удирдлагын зарчим алдагдсанаас болоод лидерүүд тодорч гарахаа байсан.

-Өмнөх дүрмийн шинэчлэлээр намын даргаа намын бүх гишүүдийн саналаар сонгодог болсон. Таны бодлоор үүнийг хадгалаад аваад явах нь зөв үү, буруу юу. Танай намын зарим хүн “энэ нь намын лидерүүдийг бүдгэрүүлж байна” гэж тайлбарласан.

-Сонгуулийн ялагдлаас болоод өмнөх бүх шинэчлэлийг үгүйсгэх нь учир дутагдалтай юм. Нөгөө тийш хэт савлах вий. Сунгаа буюу бүх гишүүдийн оролцоотойгоор шат шатны намын дарга, удирдлагыг сонгох зарчимд сайн тал бий. Гишүүдээ идэвхжүүлдэг, нийгэмд намын болон лидерүүдийн сурталчилгаа давхар явагддаг, намын хороод гишүүдээ хэтэрхий хайрцаглаж, жижиг жижиг “вант улсууд” болохоос сэргийлдэг зэрэг дэвшилтэт сайн талтай. Сунгаанаас болж нам шат шатандаа хагарч бутарсан гэдэг сөрөг үр дагаврыг ярих хүн олон байгаа, үнэний хувьтай ч зохион байгуулалтаар засч сайжруулж болно. Бүх шатны сонгуулийг биш юм аа гэхэд ядаж зарим сонгуульт албаны тухайд бүх гишүүдийн санал хураалтыг үлдээмээр байгаа юм. Нэг тийшээ савласнаа нөгөө тийшээгээ хэт савлаад байхаар институтын хувьд тогтвортой байдал алдагдана. Тоглоомын дүрмээ 180 градус огцом эргүүлээд байхаар цаашид яаж явах билээ.

-2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээлээ. Таныхаар ялагдлын гол шалтгаан юу вэ?

-Олон асуудал хуримтлагдсаар УИХ-ын сонгуульд ялагдсан л даа. Орон нутгийн сонгуулийн тухайд бол алдсан үнэлгээгээ сэргээх, рейтингээ өсгөх цаг хугацаа байсангүй. Үүнээс гадна МАХН, ШИНЭ намтай хамтарсан явдал, зарим популист гэж харагдахуйц бодлого, шийдэл танилцуулсан явдал намын үнэлгээ унахад нөлөөлсөн байж болзошгүй. Нийслэлд АН-ын дэмжигчдийн нэг хэсэг нь ХҮ нам руу саналаа шилжүүлсэн нь хүнд туслаа. Сонгуулийн ялалт, ялагдал аравхан санал, зуухан саналын наана цаана шийдэгддэг шүү дээ. Гэтэл хэдэн зуугаар нь, мянгаар нь санал хуваачихаар ташраараа унаад өгч байгаа юм. Харин хөдөө орон нутагт есөн аймагт ялалт байгуулсан явдал бол амжилт. Тэр дундаа “улаан” аймгуудад ялалт байгууллаа. Монголын ард түмэн АН-д найдлага тавьсаар байгаа юм байна. Хонгилын үзүүрт тод гэрэл харагдаж байна.

-Намд үе солигдох асуудал яригдах боллоо. Та үүнд ямар байр суурьтай байха. Танай намын зарим гишүүд “Ах нар одоо болно, зөвлөөд яваач ээ” гэсэн байр суурьтай байна…

-Хууччуулаа хэтэрхий хажиглах болсныг би буруу гэж боддог. Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмждэг, дүрмийг нь хүлээн зөвшөөрсөн бол хэдэн настай, ямар хүйстэй байх нь хамаагүй. Фракц муухай гээд л байсан. Тэгээд одоо насаараа, хүйсээрээ фракцалдаг болвол бүр том ухралт. 70-аад оныхон, 80-аад оныхон гэдгээрээ фракцлаад явна гэвэл энэ нам дуусаа. Шинэ залуу манлайлагчид, лидерүүд гарч ирэх ёстой юу гэвэл гарч ирэх ёстой.Гэхдээ тэр хүмүүс хууччуулаа хайр найргүй шордож, хөөж тууж биш, хамтран ажиллах, өөрийнхөө хүчээр өрсөлдөж, суралцаж гарч ирэх ёстой. Тэгвэл өнөөдрийг хүртэл яагаад ингэж чадаагүй юм гэдэг асуулт гарч ирэх байх. Өрсөлдөөн хэрэгтэй ч, тунг нь тааруулах, дараа үеийнхээ лидерүүдийг бодлогоор гаргаж ирдэг байх ёстой байсан. Үүнийг тайлбарлая.

Улс төрийн нам гэдэг нийгэм дэх манлайлагчид, нөлөөлөгчид, салбар салбарын лидерүүдийг өөртөө татаж, тэднийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулж, улс төрийн лидерүүдийг тэндээс төрүүлэн гаргаж байж рейтинг нь өсч, байр сууриа бэхжүүлдэг. Манай намын хувьд энэ бодлого үнэхээр дутуу дулимаг явж иржээ. Өндөр мэдлэг, чадвартай, тодорхой сегментэд нөлөөтэй ирээдүйтэй хүн намын үйл ажиллагаанд оролцъё гээд ирэхээр аль нэг намын хороонд элсэж орохоос авахуулаад хаалттай, дээшээгээ улс төрийн карьер өсөөд явъя гэхээр зэрлэг маягийн өрсөлдөөнд орж явахаас аргагүй болдог. Хор найруулна, хайрцаглана, яриа хөөрөө хийнэ, мөнгө төгрөг болно гэх мэт ийм арга зальд суралцах шаардлага гарна. Нийгэмд гадагшаа дуу хоолой болоод, үйл ажиллагаа явуулахдаа анхаарал, цаг заваа зориулж байх ёстой хүн чинь намын дотоод өрсөлдөөн, “зодоон” дунд хамаг хүч тамираа барах болчихдог. Ядаж байхад намын дарга нь дүрмийг өөртөө ашигтайгаар тайлбарлаад, өөрчлөөд явчих учир тоглоомын дүрэм нь ойлгомжгүй, ой ширэнгийн хууль үйлчлэх маягтай. Үүнээс халшраад ардчилсан үзэлтэй, ирээдүйтэй сайхан залуус нүүр буруулсаар ирсэн. АН ч дотоод өрсөлдөөнд хамаг санхүү, хүчээ бардаг нам болчихож байгаа юм. Тиймээс үүнийг бодлогоор зохицуулах, хаалга үүд нь нээлттэй нам болоход анхаарах ёстой. Дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэгт энэ санаа хүчтэй яригдаж байгаа.

-2016 оноос өнөөг хүртэл АН ялагдал хүлээлээ. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ АН-д орсон таны үеийн залуучуудад цаг хугацаа хайран биш үү. Таны үеийнхний хэрэгжүүлэхийг хүссэн зүйлүүд нь цаасан дээр үлдэж цаг хугацаа өнгөрч байна шүү дээ…

-Мэдээж манай намд байгаа олон сайхан залуусыг харахад олон удаагийн ялагдал хүлээж, тэр залуусын боломж потенциалыг ашиглаж чадахгүй, карьерийг нь гацаагаад байгаа нь хайран санагддаг. Гэхдээ яг надад өөрт бол гайгүй ээ. Ингээд өөрийнхөө итгэл үнэмшлийг дагаад, улс төр оролдмор аядаад, ажиллаад зориод явж байгаа маань өөрөө амьдралын утга учир юм даа. Харин ялагдах үед төрдөг нэг харуусал бол, манай нам ялбал ийм бодлого хэрэгжүүлнэ, ийм ажил хийж чадна гэж байсан зүйлүүд унах явдал байдаг. Нийслэлд АН ганцхан удаа буюу 2012-2016 онд засагласан. Энэ үед “Хот нүүрээ угаасан юм шиг боллоо” гэж ярьдаг байсан. АН бол ажил хийж чаддаг нам. Одоогийн эрх баригчид манайхнаас юм асууж байх хэрэгтэй, бидний дэвшүүлж буй зөв санал санаачилгуудыг тусгадаг баймаар байна. Цөөнх боллоо гээд бид гараа хумхиад суухгүй ээ. Иргэдээ төлөөлнө, нүд чих нь болно, хяналтаа тавина, ардчиллынхаа манаачийг хийнэ, намаа шинэчилнэ. 2024 онд Ардчилсан нам хавтгай ялалт байгуулна гэдэгт би лав бүрэн итгэдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Грэйс Ж.Р.Лүө: Эдийн засаг, худалдаа, боловсрол, түүх соёлын чиглэлээр хамтарч ажиллах эрмэлзэлтэй байна

Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүөтэй ярилцлаа.


-Тайваньд коронавирусийн нөхцөл байдал ямар байна. Ямар арга хэмжээ авч байна?

-Одоогийн байдлаар Тайваньд нийт 544 коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн ба үүний 55 нь дотоодоос халдварласан. Тайваньд сүүлийн зургаан сарын турш дотооддоо нэг ч халдвар илрээгүй бөгөөд нас барсан 7 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба бусад нь бүгд эмнэлгээс гарсан. Цар тахлын үеэр ихэнх улс оронд хичээл сургууль завсардсан бол Тайваньд цэцэрлэг болон бүх шатлалын сургуулиуд, кино театр, музей зэрэг байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд гараа угаах, маскаа тогтмол зүүх шаардлагыг чандлан биелүүлэхийг шаардаж байсан.

Цар тахал нь агаарын нислэгийн компаниудад мөн адил том нөлөө үзүүлж байна. Дэлхийн дөрвөн агаарын тээврийн авиа компани цар тахлын үед ашигтай ажиллаж байна гэсэн судалгаа гарсан. Үүний хоёр нь Тайванийн агаарын тээврийн компани л даа. Цар тахлын үеэр Тайванийн энэхүү хоёр агаарын тээврийн компаниуд зорчигч тээврээс гадна ачаа тээврийн үйлчилгээгээ нэмэгдүүлсэн.

-Тайванийн нэг онцлог нь эмэгтэй удирдагчтай. Манай улсын хувьд энэ нь шинэ содон зүйл. Тэр ч утгаараа онцлог давуу тал нь бидэнд сонирхолтой байна…

-2016 оны Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулиар Цай Ин Вэнь ерөнхийлөгч сонгогдсон. Ийнхүү анх Тайвань эмэгтэй ерөнхийлөгчтэй болж байсан юм. Энэ оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуулиар Цай Инвэнь ерөнхийлөгч улиран сонгогдлоо. Ерөнхийлөгч Цай Инвэнь жендерийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, үүнтэй холбоотой бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлдэг. Тайваний Засгийн газраас жендерийн эрх тэгш байдлыг хангах комиссыг бүх яамдад байгуулсан. Эдгээр яамд нь дагах дүрэм журмаа мөрдөж байна уу, жендэрийн эрх тэгш байдлын хүрээнд ажлаа хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Энэ оны нэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуультай уялдаж УИХ-ын сонгууль зохиогдлоо. Энэ сонгуулиар нийт 111 суудлын 47 суудалд нь эмэгтэй гишүүн сонгогдсон бөгөөд 42 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь Швейцарийн УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоог давсан үзүүлэлт болсон. Манайх УИХ-ын эмэгтэй гишүүний тоогоороо дэлхийд 16, Азид нэгдүгээрт бичигдэж байна.

-Тайваньд ерөнхийлөгч болон парламентын сонгууль болж өнгөрлөө. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ямархуу байдалтай байна вэ?

-Тайваньд 1996 онд ард иргэдийн сонголтоор ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж эхэлсэн. Үүнээс хойш орон нутаг болоод улсын хэмжээний сонгууль явагдах болсон. Ингэснээр ардчилсан тогтолцоо улам боловсронгуй болж эхэлсэн. Одоогоор Тайваньд голлох хоёр нам байдаг. Тодруулбал, Гоминдан болон өнөөдрийн Тайванийн Засгийг барьж байгаа Ардчилсан дэвшилтэт нам. Ардчилал, эрх чөлөө хоёр нь тусдаа зүйл биш, нэгтгэсэн хоёр зүйл. Дэлхийн улс орнуудын ард иргэдийн эрх чөлөөг харьцуулсан судалгаагаар Тайвань наймдугаар байрт жагссан. Өөрөөр хэлбэл, ардчиллын өлгий нутаг гэгддэг АНУ 21-т, Тайвань наймдугаар байрт жагссан байна. Монгол Улсын ардчиллын тогтолцоо нь Тайванийн ардчиллын тогтолцоотой төстэй. Тиймээс Тайвань Монгол Улстай ардчиллын талаар туршлага, санал бодлоо солилцоход бэлэн байна.Үүнээс гадна ардчилсан улс оронд хэвлэлийн эрх чөлөө маш чухал үүрэг оролцоотой байдаг.Тайвань хэвлэлийн эрх чөлөөний индексээр 186 улсаас 42 дугаар байрыг эзэлж байгаа бол Азидаа тэргүүлж байна.

-Хэвлэл мэдээллийн салбарт ямар бодлого баримталдаг вэ?

-Төр, засгаас нээлттэй бодлого явуулдаг. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж үздэг. Хэвлэлийн эрх чөлөө тааруу зарим орнуудад төрөөс хэвлэлд хяналт тавьдаг шүү дээ. Энэ нь магадгүй хэвлэл мэдээллийн байгууллага нь төрөөс санхүүждэгтэй холбоотой байх. Тайваньд төрийн хэвлэл байдаг ч хувийн хэвлэл мэдээллийн байгууллага илүү их байдаг. Тиймээс чөлөөтэй, нийтлэх мэдээлэлд цензур тогтоож хянадаггүй. Харин Тайванийн нэг онцлог нь худал мэдээллийн эсрэг баттай зогсож чаддаг. Мэдээж худал мэдээлэл тараачихаад түүнийгээ хэвлэлийн эрх чөлөө гэж тайлбарлах нь ёс зүйд нийцэхгүй.

-Худал мэдээллийн эсрэг хуулиар ямар арга хэмжээ авдаг вэ?

-Тайваньд үнэн бодит мэдээллийг илрүүлэх төв ажилладаг. Тиймээс хэвлэлээр гарч байгаа мэдээ мэдээллийг тухайн төв үнэн үү, эсвэл худал уу гэдгийг шалгадаг.

-Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна.Үүнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг дурдах нь зүйтэй байх…

-Тийм. Боловсролын салбараас эхэлж ярья. 2017 онд эрдмийн зэрэг өвөртлөхөөр анх 800 монгол оюутан Тайванийг зорьж байсан бол 2019 онд 1600 болж өссөн. Сүүлийн жилүүдэд монгол оюутнууд дээд боловсрол эзэмшихээр Тайванийг зорих нь ихэссэн. Тайваньд боловсрол эзэмшсэн хүмүүсээс дурдвал, Монголын сошиалд алдартай байгаа Б.Бямбаа зураач Тайваньд магистраа хамгаалсан. Түүний зургийн хичээл заах арга барил нь сонирхолтой санагдсан. Тайванийн Боловсролын яамнаас олгодог тэтгэлгээс гадна манай ихэнх сургуулиуд гадаад оюутнуудад их, бага хэмжээний тэтгэлэг олгодог. Тайваньд суралцдаг гадаад оюутнуудын 95 хувь нь тодорхой хэмжээгээр тэтгэлгээр суралцдаг гэсэн судалгаа гарсан. Үүнээс гадна Тайвань бол сурах орчин нь бүрдсэн, ардчилсан, аюулгүй, эрүүл мэндийн систем нь маш сайн хөгжсөн орон. Бусад улсууд ч манай боловсролын чанарыг үнэлдэг, дэлхийд боловсролын чанараараа эхний 10 дугаарт жагсдаг.

-Эрүүл мэндийн чиглэлд…?

-Тайвань олон жилийн турш Монгол Улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байна. Монгол Улсын 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч манайхаас зохион байгуулдаг сургалт, хөтөлбөрт хамрагдаж байсан. Мөн жил бүр Тайванийн эмнэлгийн олон баг бүрэлдэхүүн Монголд ирж туршлага солилцох, сургалт явуулах, эсвэл монгол иргэдийг үнэ төлбөргүй оношлох, үзэх хөдөлгөөн өрнүүлдэг. Цар тахлаас хойш энэ салбарт хамтарч ажиллах хамтын ажиллагааны хэлбэр нь өөрчлөгдсөн. Тухайлбал, манай төлөөлөгчийн газрын тусламжтайгаар Тайвань-Монголын голлох томоохон эмнэлгүүд нийлж цар тахлаас урьдчилан сэргийлэх харилцан туршлага солилцох дөрвөн удаагийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан. Коронавирусээс шалтгаалж Монголын эмч, мэргэжилтнүүд Тайвань руу очиж сургалтад хамрагдах боломжгүй болсон учраас цахим хичээл орсон. Түүнчлэн цар тахал гарснаас хойш манай Засгийн газраас Монгол Улсад 450 мянган ам.долларын өртөг бүхий таван мянган ширхэг эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцас, 20 мянган ширхэг халдвар хамгааллын хувцас болон 200 мянган ширхэг амны хаалтыг хандивласан.Үүнээс гадна Тайванийн эмч мэргэжилтнүүд халдварт өвчнөөс сэргийлэх гуурс хатгадаг хайрцаг зохион бүтээсэн. Гуурсан эмчилгээ хийж байхад өвчтөн ханиалгах, түүний шүлсээр дамжиж эмч халдвар авах эрсдэлтэй учраас ийн халдвараас хамгаалах хайрцаг гаргасан.

Тайвань дэлхийн улс орнуудад туслалцаа үзүүлж, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхэд бэлэн байна. Иймд олон улсын нийгмийг Тайванийг Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейд оролцоход дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

-Цаашид манай улстай ямар салбарт түлхүү хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Гурван салбарт түлхүү хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, Эдийн засаг, худалдаа, боловсрол, түүх соёл гэсэн чиглэлд түлхүү хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаа юм.

-Түүх соёлын салбар их анхаарал татаж байна. Монгол Улсын түүхийн үнэт өв Тайваньд байдаг..?

-Монгол Улсын түүхэн дурсгал, өвийг хадгалж үлдсэнээрээ Тайваньчууд бахархдаг. Тайванийн Үндэсний хааны ордон музейд дэлхийд ганцхан байдаг Чингис хааны хөрөг зураг хадгалагддаг. Энэ утгаараа Тайвань-Монгол Улс түүх соёлын салбарт илүү их хамтарч ажиллаж, илүү идэвхтэй байхыг эрмэлздэг. Манай Үндэсний хааны ордон музейд Чингис хааны хөрөг зургаас гадна Хубилай хааны хөрөг зураг, “Анд мордсон нь” гэдэг алдартай зураг байдаг. Тэдгээрийн“A copy” хувилбарыг Монголын Үндэсний музейд хандивлаж байсан. Түүнчлэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулж тусгай үзэсгэлэнг манайхаас зохион байгуулсан.Тайванийн Үндэсний номын санд “Монголын нууц товчоо” зэрэг Монгол болон Юань гүрний үеийн 58 боть эртний номнууд хадгалагддаг. 2019 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд хоёр орны Үндэсний номын сан хамтарч “Их Монгол Улсын соёл иргэншлийн ул мөр, өв дурсгал” үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс 27 эртний тэмдэглэлүүдийн (Монгол болон Юань гүрний үеийн бичгийн дурсгал “Монголын Нууц товчоо”, “Эрдэнийн товч” зэрэг) хуулбарыг Монголын Үндэсний номын санд хандивласан. Ер нь Тайвань Монгол Улсын эртний өв, түүх соёлыг их дээдэлдэг нь үүнээс харагдаж байгаа болов уу. Үүнээс гадна Тайванийн иргэдэд Монголын түүх, соёлыг танин мэдүүлэхийн тулд Тайванийн Үндэсний хааны ордон музейд ес, аравдугаар сард “Монгол сар” гэсэн цуврал хөтөлбөрийг зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” бүжгэн жүжиг, цомхон хэмжээний морин уралдаан, сур харваа, бөхийн барилдаан зохион байгууллаа. Мөн монгол гэрийг Тайваньд аваачиж иргэддээ танилцуулж, Монголын үндэсний дээл хувцсыг өмсүүлж, сонирхуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. “Чингис хаан” музей ирэх жил нээгдэх байх. Хэрвээ энэхүү музей нээгдчихвэл манай Засгийн газраас түүх, соёлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Сэргэлэн: Манай улс хилээ дан ганц хүний хүчээр хамгаалах боломжгүй, технологийн дэвшил ашиглах шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Таныг Хил хамгаалах ерөнхий газрын дарга байсны хувьд асууж байна л даа. Хилийн аюулгүй байдал өнөөдөр ямар түвшинд байна. Мөн хилийн цэргүүд хэр технологижсон бэ. Морьт цэргүүд хилээ эргэж байна уу, эсвэл бусад улс шиг камержуулж, дрон нисгэж эхэлсэн үү?

-Энэ талаар арай өргөн хүрээнд ярья. Үндсэн хуулийн 4.1-т Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж заасан байдаг. Мөн “Монгол Улсын хилийг хуулиар бататгана”, хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно хэмээн тус тус заасан. Энэ суурь асуудлаасаа эхэлж яривал илүү ойлгомжтой болох байх. Тиймээс улсын хил халдашгүй дархан байна гэж юуг хэлээд байна гэдэг талаар ярья. Халдашгүй дархан гэдэг нь халдашгүй, ариун нандин, эмзэг асуудлын тухай ойлголт. Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2002 онд УИХ-аар баталсан. Уг баримт бичигт “Улсын хилийн халдашгүй дархан байдал нь хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөөгүй хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр зөрчигдөхгүй байх явдлаар хангагдана” гэж заасан. Монгол Улсын хил халдашгүй дархан байхын тулд нэгдүгээрт, улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй байх ёстой. Хоёрдугаарт, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээнүүд зөрчигдөхгүй байх учиртай гэсэн үг.

Монгол Улсын хил халдашгүй дархан байх асуудал бол үндэсний язгуур, ашиг сонирхол. Язгуур ашиг сонирхлоо хангаснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хангагддаг. Тэгвэл Үндэсний аюулгүй байдал гэж юуг хэлдэг вэ гэхээр Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байдлыг хэлнэ гэж үздэг. Улсын хил халдашгүй дархан байх язгуур ашиг сонирхлыг хангах нөхцөл бүрдсэн тохиолдолд Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал хангагдана. Ийм л зүй тогтолтой асуудал.

Үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах нь төрийн үүрэг. Төрөөс маш олон талт үйл ажиллагаа явуулж байж улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангадаг. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг нь улсын хил хамгаалалт юм. Ямар үйл ажиллагаа явуулах талаар төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тодорхойлж өгсөн. Тиймээс таны асуусан асуулт улсын хил хамгаалах тухай асуудал.

-Ахмадууд урьд нийгмийн үед энэ уулан дээр гараад гулгадаг байлаа” гэж ярьдаг. Гэтэл одоо тэр уул нь хилийн цаана байдаг. Ер нь энэ ортой юу, эсвэл худал яриа ам дамжаад яваад байна уу. 1990 оноос хойш хилийн шугам, зурвасыг яаж хуульчилсан бэ?

-Манай улс 1962 онд БНХАУ-тай хилээ тогтоож, хилийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ НҮБ-д бүртгэгдсэн. Хойд хөрш буюу тухайн үеийн ЗХУ-тай 1958 онд хилээ тогтоож, хилийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийг Монгол Улсын болон хөрш орнуудын төрийн эрх барих дээд байгууллагууд соёрхон баталсан. Ийн хилийн асуудлыг хуулиар баталгаажуулсан цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улс хоёр хөрштэйгөө хилийн асуудлаар сөөм газрын маргаан байхгүй. ОХУ-тай нэг удаа, БНХАУ-тай хоёр удаа хилээ хамтран шалгаад байна.

Хилийн асуудлаар хойд, өмнөд хөрштэйгөө байгуулсан 62 гэрээ бий. Үүнээс гадна дэлхийн бусад улс орнуудтай иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай 61 гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийг хэрэгжүүлэх үүргийг хуулиар Хил хамгаалах байгууллагад хүлээлгэсэн. Хилийн шугамыг хууль бусаар өөрчлүүлэхгүй байх хэмээн тусгасан. Энэ чиг үүрэг нь олон улсын гэрээг хэрэгжүүлснээр хангагддаг учиртай. Хилийн шугам буюу Монгол Улсын хил бол хэн нэгний, аль нэг байгууллагын хүсэл сонирхлоор наашилж, цаашилж өөрчлөгдөж байдаг зүйл биш. Хоёр улсын хил буюу Монгол Улс-БНХАУ, Монгол Улс- ОХУ-ын хоорондын хил юм. Нэг улсын асуудал биш, хоёр улсын хоорондын асуудал гэдэг нь харагдана. Хилийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хоёр хөрштэйгөө байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хөрш орнуудтайгаа заавал хамтарч шийддэг. Хил дээр маш олон асуудал гардаг. Тухайлбал, хил зөрчих, мал хил давах, мал хулгайлах зэрэг олон асуудлыг хэлж болно. Энэ бүхнийг шийдвэрлэхдээ аль нэг тал нь дангаар шийддэггүй. Заавал нөгөө талтайгаа хамтран шийддэг. Үүнийг шийддэг субьект нь Монгол Улс-ОХУ болон Монгол Улс-БНХАУ-ын хил дээрх хоёрын улсын хилийн төлөөлөгч нар өөр өөрсдийн хариуцсан хэсэгт асуудлыг гэрээ хэлэлцээрүүдийн дагуу шийдэж, хэрэгжүүлдэг. Хаана хилийн төлөөлөгч байх вэ гэдгийг олон улсын гэрээгээр зохицуулдаг. Тухайлбал, БНХАУ-Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хилийн дэглэмийн гэрээгээр Монгол Улсад Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийн хилийн төлөөлөгч байна гэж олон улсын гэрээнд заасан. Мөн хятадын талд Амгалан, Цонж, Хамийн, Далай Хөвийн, Эрээн, Улиастай гэх мэтээр харалдаа харалдаа байх хилийн төлөөлөгчдийг зааж өгсөн. Хилийн төлөөлөгч нар Улсын хилийн аль баганаас аль хүртэл хариуцахыг нарийн тогтоосон. Багана гэж ердийн ярианы түвшинд хэлчихлээ. Мэргэжлийн хэллэг нь хилийн тэмдэг. Энэ хариуцсан хэсэгт хилийн төлөөлөгч нар хилийн асуудлыг шийддэг. Хилийн төлөөлөгчийн эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжгүй асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Ер нь ховор гардаг. Гарсан тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байдаг.

Хөрш орнуудын Засгийн газрын түвшинд байгуулсан хилийн дэглэмийн гэрээнүүдийг өдөр тутам хэрэгжүүлэн ажилладаг гэсэн үг. Хилийн дэглэмийн гэрээ нь хил дээр гарсан асуудлыг зохицуулахын тулд хоёр талаас ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Энэ гэрээг хэрэгжүүлж хүндэтгэн сахиулж байгаа нь Монгол Улс БНХАУ-ын хил дээр ямар нэгэн асуудалгүй гэсэн үг.

ОХУ-тай ч мөн адил. Энэ бол олон улсын жишиг. Хил судлалын шинжлэх ухаанаар зааж, тогтоож өгсөн онолын асуудал. Тусгаар тогтносон Монгол Улсын оршин тогтнохын үндэс болсон хилээ баталгаажуулсан нь манай ахмад үеийн бидэнд үлдээсэн бахархал юм. Бид олон улсын хэмжээнд тогтоосон энэ гэрээг цааш нь улам баталгаажуулаад явах үүрэгтэй.

Хилийн маргаанаас болж Азербайжан Армени хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч байгааг дэлхий даяар харж байна.Ер нь хилийн асуудал гэдэг маш эмзэг. Үүнийг дипломат шугамаар юм уу улс төрийн түвшинд шийдэж чадахгүй л бол үл ойлголцол үүсч, бие биенийхээ эсрэг хүч хэрэглэх байдалд хүрдэг. Өнөөдөр хилийн маргаантай олон улс бий. Харин манай улсын хил халдашгүй дархан байдлаараа өнөөг хүртэл явж ирсэн, цаашид ч ийм байх ёстой. Хилийн асуудлаар маргаан үүсвэл юу болохыг бодит жишээгээр хэллээ.

-Дорнодын Нөмрөг, Сэлэнгийн Минжинхангай заставуудын нөхцөл байдал ямархуу байна?

-Монгол Улсын хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлыг ярихын тулд нэг дүгнэлт хэлье. Монгол Улс 1990 онд нийгмийн хөгжлийн цоо шинэ замыг сонгосон. Дэлхийд нээлттэй чөлөөт зах зээлд шилжиж ардчилсан улс орон болсон. Тэгвэл 1990 оноос өмнө Монгол Улсын хилийн нөхцөл байдал ямар байсан талаар ярья. Тухайн үед дэлхий социалист, капиталист хэмээн үзэл суртлын хоёр лагерьт хуваагдчихсан байлаа. Энэ үед Монгол Улс социалист системийн бүрэлдэхүүн улс болохын хувьд өмнөд хилдээ маш их хүч хаяж, цэрэгжүүлэн хамгаалж байлаа. Учир нь тухайн үед өмнөд хөрштэй харилцаа сайнгүй байсныг хүн бүр мэднэ. Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын дарга байхдаа тэр үеийн хил дээр гарч байсан зөрчлийн талаарх судалгааг 2010 онд хийсэн. Ингэхдээ хил судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачид, хилийн цэргийн мэргэжлийн албан хаагчдыг оролцуулж томоохон баг бүрдүүлэн архивын материалыг сайн ухаж, судалсан. Ингэхдээ 1990 оноос өмнөх 23 жил, 1990 оноос хойших 22 жилийн хооронд Монгол Улсын хилийн нөхцөл байдал ямар байсан талаар харьцуулсан судалгаа хийсэн юм л даа. 1967 оноос эхэлсэн учир нь хилийн цэрэг энэ үед дахин байгуулагдсан.

1950иад оны үед хилийн цэргийг татан буулгасан байсан. Өөрөөр хэлбэл, өмнөд хөрштэй харилцаа сайжирсан, одоо бидэнд дайсан байхгүй учраас хилийг цэргийн хүчээр хамгаалах шаардлагагүй гэж үзэж хилийн цэргийг татан буулгасан түүхтэй. Тэгж байтал өмнөд хөрштэйгөө харилцаа муудаж зайлшгүй мэргэжлийн цэргээр хилээ хамгаалах шаардлагатай хэмээн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, 1967 онд хилийн цэргийг дахин байгуулсан.

-Тухайн үед хилийн зөрчлийн дийлэнх хувийг ямар төрлийн хэрэг эзэлж байв?

-Тэр үеийн хилийн зөрчлийн 50 гаруй хувь нь ахуйн шинжтэй,ахуйн шинжтэй хилийн зөрчил гэдэг нь хил давсан малаа авах, мал хил давах, янз бүрийн ургамал, байгалийн баялаг түүхийн тулд хил зөрчих, төөрсөн хүн хил зөрчиж орж ирэх зэрэг улс төрийн зорилго агуулаагүй зөрчлүүд, үлдсэн 40 гаруй хувь нь улс төрийн шинжтэй гэж үздэг, мэдээлэл цуглуулах, өдөөн хатгах хэлбэрийн зөрчлүүд гарч байжээ. Тэгвэл 1990 оноос хойш хилийн нөхцөл байдал өөрчлөгдсөн.Шинэ төрлийн агуулга, зорилготой зөрчил бий болсон. Дорнод, Дорноговь, Өмнөговийн чиглэлээр 19902005 хүртэл автомашин хил давуулж наймаалах хэлбэрийн хилийн зөрчил гардаг болсон. 1990 оноос өмнө ийм зөрчил гарч байгаагүй. Хориглосон болон хязгаарласан, хилийн боомтоор хууль ёсоор хил давуулах боломжгүй эд зүйлийг хил давуулж наймаалах зөрчил гарч эхэлсэн. Тухайлбал, хурдан удмын адуу гаднаас оруулж ирэх, эд бараа, спиртийг хил дамнан оруулж ирэх гэх мэт. Ашиг олохын тулд хоёр улсын иргэд хоорондоо үгсэн хуйвалдаж, урьдчилан бэлдэж зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэрэг болж хувирсан. Өөрөөр хэлбэл, хил дамнасан гэмт хэрэг гарах болсон.

1990 оноос өмнө Монгол Улсын хил хамгаалалт тухайн нөхцөл байдалдаа тохирсон, байлдааны бэлэн байдлыг нэгдүгээр зэрэгт тавьсан байдалтай байлаа. Тухайн үед манай улсад ЗХУын арми байрлаж, Монгол ардын арми хүчирхэг байсан үе. Түрэмгийллийн эхний цохилтыг хилийн цэрэг тодорхой хугацаанд саатуулж тогтоон ах, дүү Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин хүчээ задалж байлдаанд орох нөхцөлийг хангах гэсэн үндсэн концепцтой байсан гэж хэлж болно. 1990 оноос хойших хугацаанд манай улс хоёр хөрштэйгөө стратегийн түншлэлийн хэмжээнд хүртэл улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрлээ. Сайн хөршийн найрсаг харилцаа хөгжиж байна. Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хилийн нөхцөл байдалд тохируулж хил хамгаалалтыг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр үеэс өнөөг хүртэл Улсын хил хамгаалах үйл ажиллагааг шинэчлэх ажил эрчимтэй явагдаж байна.

Хил хамгаалалтын шинэчлэлийн хүрээнд олон үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Энэ хэрээрээ Монголын нутгийг эмжсэн улсын хилийн шугам төдий чинээ урт буюу 8252.6 км. Нэг хүнд оногдох улсын хилийн шугамын уртаараа дэлхийд 19 дүгээр байрт ордог гэсэн судалгаа бий. Монгол Улс хилээ хамгаалахдаа хүний хүчин зүйлээр хамгаалах боломжгүй онцлогтой. Улсын хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, найдвартай байдал, чадавхыг дээшлүүлэхийн тулд техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Хил хамгаалалтын техник технологи олон улсын хэмжээнд маш өндөр түвшинд хөгжсөн. Хяналтын, дохиоллын, радарын гэх мэт техник хэрэгслүүд өндөр технологид суурилан бий болжээ.

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг баасан гаригийн чуулганаар хэлэлцсэн. Энэ хуульд Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчдыг шалгаж нэвтрүүлэх асуудлыг цахим болгох талаар хөндөж байсан. Технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлуудын нэг нь энэ байх?

-Монгол Улсад 26 хилийн боомт ажиллаж байна. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай гадаадын 61 улстай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу иргэдийг хилээр нэвтрүүлдэг. Чуулганаар хэлэлцэж байгаа энэ хуульд гадаадын иргэд манай улсын хилээр нэвтрэх үед нь биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ, нүдний торолгон бүрхэвч, царай таних төхөөрөмж гэх мэт био метрийн өгөгдлөөр бүртгэх асуудал орсон. Энэ бол технологийн дэвшил. Манай Улсын иргэд хилээр нэвтрэх үед шуурхай хүнд сурталгүй, нэвтрүүлэх ёстой. Үүний тулд техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. e-get буюу цахим гарцыг хэрэгжүүлье гэсэн асуудал юм. Энэ технологи Буянт-Ухаагийн боомт дээр цөөхөн байдаг. Үүнийг бүх хилийн боомт дээр нэвтрүүлье гэдэг асуудлыг миний бие хөндөөд байгаа. Энэ технологи нь иргэдийнхээ паспорт дээр чийп нааж, цахим гарц дээр очиж хурууны хээгээ уншуулаад хил нэвтэрдэг технологи. Энд хүний оролцоо байхгүй болно. Ингэхээр хурдан шуурхай, хүнд сурталгүй болох юм.

-Улс орны эдийн засгийн аюулгүй байдлын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс эдийн засгийн асуудлаар бусдаас хараат бус байхыг хэлж байгаа гэж ойлгодог. Одоохондоо манай улсын экспорт, импортын харилцаа ямархуу байгаа билээ. Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч улс биш. Манайх ихэвчлэн импортолдог. Тиймээс улсын эдийн засгийн аюулгүй байдлаа улам баталгаажуулахын тулд стратегийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар “Газрын тосны боловсруулах үйлдвэр” барьж байна. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлыг хангах том баталгаа болно.Энэ үйлдвэр удахгүй ашиглалтад орж Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд гаднаас хараат бус болно гэдэг итгэлтэй байгаа.