Түрүүч нь: https://admin.dnn.mn/%D0%B4-%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B1%D1%…
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Улс төрд шинэ залуу үеийнхэн орж ирж байна. Бид одоо амьдрал, улс төр, ажлын хувьд ихээхэн туршлагатай хүмүүсийг төрд ажиллуулах шилжилтийн үед яваа юм биш үү. Европын зарим орнууд хөгжлийн тодорхой түвшинд хүрчихээд залуу үедээ зайгаа тавьж өгч байх юм. Манайх тэр үедээ оччихсон юм уу. Азийн ихэнх хөгжингүй орнуудын төрийн тэргүүнд нас тогтсон хүмүүс улс орны тэргүүнээр ажиллаж байгаа харагдах юм?
-Сүүлийн үед залуучууд гадаад, дотоодод мэдлэг боловсролтой эзэмшиж, олон сургууль төгсдөг болсон. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ ажлыг багаас нь хийж, салбартаа үнэлэгдэж, дадлагажаад ядах нь ээ 35-40 нас хүрээд “Одоо туршлага суулаа. Одоо сайд, дэд сайд хийх, ерөөсөө улс төрд орох туршлага мэдлэгтэй боллоо” гэж өөрийгөө үнэлэх ёстой. Гэтэл би гадаадад сургууль төгссөн. АНУ-д сургууль төгссөн учраас би агуу хүн гэж бодоод байна. Угтаа тэр хүн АНУ-ыг л мэдэж байгаа шүү дээ. Ийм бүхэл бүтэн нэг үе гарч ирж байгаа. Гудамжинд УИХ-ын гишүүний цүнх бариад давхиж байсан нөхөр шууд дэд сайд, яамны газрын дарга болчихож байгаа юм. Тэр дунд мэдээж өсөх хүн бий. Гэхдээ ихэнх нь буцаад унаж байна шүү дээ. Залуу насанд нь маш амархан шархдуулж байгаа юм. Дахиад улс төрд орох нөхцөлгүй, угаасаа орох боломжгүй болгодог. Тиймээс манай залуучууд улс төрийн ажилд, төрийн ажилд, компанийн засаглалын удирдлагад ажиллахдаа шат дараалж, мерит зарчмаар явбал өөрт нь хэрэгтэй. Салбараа бүрэн мэдчихээд унахааргүй болсон цагтаа албан тушаал өссөн хүн тэр эрчээрээ дээшээ явна. Гэтэл одоогийн залуучууд яаж байна. Манайд 1990 оноос хойших 30 жилийн хугацаанд хичнээн олон сайд солигдов. Цөм л хаягдаж байна шүү дээ. Улс төрөөр хохирдог. Угтаа бид боловсон хүчиндээ их хохирол учруулж байгаа хэрэг. Тэр хүмүүс өөрсдөө хохирдог, улс нь боловсон хүчнээ хохироодог гажиг тогтолцоо шүү. Хүний нөөцийн хувьд төрийн албаныхаа хуулийг зарчмыг дагаж хатуу мөрдөх ёстой. Бид төрийн албаны хуульд чамгүй өндөр шаардлагууд тавьсан. Гэхдээ хуулиас гадуурх томилгоо явагдаад байна. Цар тахлын улбаагаар олон хүнийг ковидын хуулиар томилов. Энэ нь буцаад их төвөгтэй байдал үүсгэж байна. Орчин үеийн залуучууд асар их мэдлэг чадвартай хэлтэй, дэлхийн түвшинд сэтгэж байна гэж боддог. Гэтэл үнэндээ Монголын хөрсөн дээр буугаад ажиллахаар бид хоёрын дээр ярьснаар шалгуурыг даахгүй жингүйдэлд ордог. Манай намын дэвшүүлж байгаа зорилт бол хүний эрх, ардчилсан шударга ёсыг, тэр дундаа парламентын засаглалыг хэрхэн төлөвшүүлэх талаар томоохон асуудал ярьсан. 1990 оноос хойш бид дэлхий дахины ардчиллын түвшинд хөл нийцүүлэх, өнөөгийн нөхцөлд дэлхийд ардчилал ямаршуу байдлаар яригдаж байгаа асуудлаа л Үндсэн хуульдаа тусгасан шүү дээ. Гэтэл 1921 онд, 1924 онд Үндсэн хууль баталсан. Тухайн үеийн Үндсэн хуульд одоогийнхоос илүү сайхан заалтууд байсан. Парламентын засаглалыг төлөвшүүлэхийн төлөө явсан өнгөрч байгаа 100 жилийн түүхийг аваад үзэхэд бүхэлдээ ардчилал ярьсан л үе байсан. Азид парламентын гайхалтай ардчиллыг бид бий болгосон. Гэвч өмнөхөө үгүйсгэчихээд 1990 оноос хойш гэж ярих болсон. Энэ бол манай түүхийн тасарч байгаа ардчилсан зарчмуудыг залгуулах асуудал. Түүх ингэж тасарсныг залгуулж нэгдмэл байдлаар хандах ёстой байх. Энэ нь зөв. Ер нь монголчууд их ардчилсан үзэл бодолтой, түүгээрээ Азид дэлхийд гайхуулж байгаа юм байхгүй юу. Жишээлбэл, Азид анх удаа бид эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй гэж 1924 онд Үндсэн хуульдаа заасан. Үүнээс ч өмнө ер нь эмэгтэй, эрэгтэй хүнийг ялгахгүй, хүйсийн хувьд ардчилсан зарчмыг хатуу барьж ирсэн. Тэгж ярих юм бол АНУ-д 1950-иад онд эмэгтэй хүнийг сонгуульд оруулдаггүй л байсан. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг 1960-аад онд зогсоож байлаа. Тэгэхэд монголчууд 1921 онд анх хар, шар, феодал, лам, ард гэж ялгаварлахгүй гэж зоригтой тунхагласан Үндсэн хуулийг Ази тивд анх удаа баталж байсан. Тэгэхээр бид өөрсдийнхөө ардчиллыг ингэж үнэлж болохгүй.
-МАН-ыг харьцангуй үзэл баримтлал нь төлөвшчихсөн нам гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Гэтэл социал демократ үзэл баримтлалтай нам гэдгээ тунхаглалаа гэх юм. Үүнийг та юу гэж харж байна. Өмнөхөө үгүйсгэсэн үйлдэл үү?
-Социал демократ гэдгийг бид нийгмийн ардчилал гэж орчуулж, хөгжүүлж ирсэн. Одоо нийгмийн ардчилал гэдгээ социал демократ үзэл баримтлал гээд шууд хэлчихье гэж байна. Социал гэдгийн орчуулга нь нийгэм гэсэн үг байхгүй юу. Харин демократ гэдэг нь ардчилал. Нийгмийн ардчилал гэхээр залуучууд “Ойлгохгүй байна” гээд байна гэнэ. Орчин үеийн залууст гадаад нэршилтэй бол чихэнд наалдацтай сонсогдоод байгаа юм байлгүй дээ. Ойлгохгүй байгаа юм бол тодотгоод дүрэмдээ орууллаа. Манай дээр үеийн дээдчүүд маш ухаантай, юмыг маш сайхан орчуулдаг байсан байгаа юм. Коммунизм гэдгийг эв хамтын нийгэм, социализмыг нийгмийн журам гэж орчуулдаг. Гадаад үгийг монгол хэлээр сайхан орчуулж чаддаг уламжлалыг орчин үеийн залуучууд өвлөж авах нь чухал.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь гэдэг асуудал нийгэмд хүчтэй яригдаж байна. Нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юү, та юу гэж бодож байна. Өмнө нь давхар дээл шиг муу юм байхгүй байсан бол одоо түүн шиг сайн юм байхгүй гэсэн аястай байна?
-Давхар дээлийн асуудал бол нийгмийн хүмүүсийн янз бүрийн үзэл бодлын асуудал. Давхар дээл гэдэг бол албан тушаал эрх мэдлийн хуваарилалтыг давхардуулж байгаа юм. Зарчим нь бол эрх мэдлийн хуваарилалтыг давхардуулах нь ашиггүй. Давхар дээлийн асуудлаас болж Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг бол тайлбар, үндэслэл огт биш. Шалтагласан үг хэлж байна шүү дээ. Дээр нь манайд жижиг намууд их олон болсон байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй нь. Үүнээс болоод л балраад байна. Жишээлбэл, энэ жилийн төсвийг аймаг аймагтаа төсвөө хуваарилаад 76 нөхөр аваад байна. Энэ юу харуулж гэвэл манай сонгуулийн Үндсэн хуульд ард иргэд өөрийнхөө төлөөллийн парламентын гишүүнийг шууд сонгоно гэдгээс болж байна. Пропорцианалийг оруулсан бол зөв байсан. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилнө гэсэн агуулгатай зүйлээр шүүмжилж байна. Энэ бол намуудын удирдлагуудын л сонирхол. Пропорцианаль болговол нэрсийн жагсаалтаар намын дарга нар УИХ-д орох боломжтой. Тодорхой хүмүүсийн сонирхол болохоос биш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэслэлтэй асуудал биш. Парламентын 76 гишүүн орон нутагтаа төсөв цацаж байгаа юм бий. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдаж, түүгээр төлөвлөлт, удирдлагын зарчмуудыг хатуу баримталж цэгцлэх зүйл шүү дээ. 76 гишүүн саналаа хэлж болно. Ер нь 21 аймагт хөрөнгө, төсөв хуваарилах нь Монголоос гараад явчихаж байгаа зүйл биш юм. Жишээлбэл, Хэнтий аймаг арай их төсөв авчихаж гээд байна. Хэнтий аймаг бол Монголын нэг л аймаг. Чингис хааны нутаг. Тэнд аялал жуулчлалыг үнэхээр үр ашигтай хөгжүүлэх хөрөнгийг дөрвөн жилийн дотор ханатал нь хийж, хөгжүүлж болно оо доо. Гэхдээ гол нь тооцоо, судалгаа, эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Тэр тооцоо, судалгаанд түшиглэсэн ажлыг хийж байгаа компаниуд “цэвэр” байх ёстой. Шударгаар бүгдийг нь сайхан цэгцэлж хийх хэрэгтэй. Энд буруу байгаа болохоос биш Хэнтий аймагт хөрөнгө оруулж байгаа нь буруу биш шүү. Хоцрогдож байгаа аймгууддаа бид том хөрөнгө оруулалт хийж болно. Тэрний төлөө УИХ-д сонгогдсон гишүүн нь хэлэхгүй бол хэн тэмцэж хийнэ гэх юм бэ. Үүнийг зохицуулах механизм нь зөв байх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад энэ асуудал шалтаг болохоос биш шалтгаан огт биш. Болохоо байсан юм болгоныг Үндсэн хууль руу чихэхээ болих хэрэгтэй. Буруу зохион байгуулчихаад “Үндсэн хуулиас л эхтэй юм байна” гээд байх юм. Үндсэн хуульд бидний оруулсан долоон өөрчлөлтөөс гурав нь гарцаагүй зөв байсан. Үлдсэн дөрвөн сонирхлын асуудлыг бид дутуу бодоод хийчихсэн байгаа юм. Түүнийг дордуулсан долоо гээд шуугиад байсан. Бид засахгүй удаан гэдийгээд суучихсан. Намайг парламентад олон жил суусан засаагүй гээд байдаг юм. Оруулсан нь бид мөн ч өөрчлөхгүй яагаад гэдийгээд суусан гэхээр Үндсэн хуулийн дархлаа гэж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулиа дээдлэх зарчмаа сахисан. Тэр зарчим хөдлөх ёсгүй. Үндсэн хууль тогтвортой олон жил мөрдөгдөх нь байнга өөрчилснөөс илүү ач холбогдолтой. Тэгж байж үр дүнгээ өгдөг. Монголчууд Үндсэн хуулиа хөндөхгүй 20 жил болж байж сая гар хүрдэг байлаа.
Яахав, Үндсэн хуульд буруу зүйл бий. 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг бага зэрэг хязгаарлаж Засгийн газрыг эрхийн хуваарилалтад өөрчлөлт оруулсан. Одоо парламент улсын төсвөө батлахдаа Засгийн газрын оруулсан төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй гэдэг утгаар бараг хэвээр батлах гэж оролдох нь зөв биш. Үүнээс гадна нийтийн өмчийн асуудал ч бий. Гэхдээ уучлаарай, Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулийг манай парламент гаргасан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьсаар байгаад сүүлд нь бид юун дээр тогтсон гэхээр “Ер нь дордуулсан долоог засна гэдэг тийм ч ач холбогдолтой зүйл биш. Бусад хуулиар зохицуулаад явж болж болно. Давхар дээлээ 30 хувиас хэтрүүлэхгүй гээд Засгийн газрын болон УИХ-ын хуулиар зохицуулж болно гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталснаар манай парламент Үндсэн хуульд орох өөрчлөлтийг ярихаа зогсоосон билээ. Ер нь Үндсэн хуулиар ойр ойрхон оролдох нь зохисгүй. Үндсэн хуулийг гарсан дариуд нь шүүмжлээд байдгаа болих хэрэгтэй. Парламентын гишүүн өөрсдөө Үндсэн хуулиа дээдэлнэ, Үндсэн хуулийг дагаж мөрдөнө, тангаргаасаа няцвал хуулийн харуцлага хүлээнэ гэж тангараг өргөсөн хүмүүс Үндсэн хуулийг шүүмжлэх эрх байх ёсгүй.
Үнэхээр ард нийтийн шаардлага болоод өөрчилдөггүй л юм бол Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчлөх ёсгүй. Тиймээс өөрчлөлт оруулах тухай асуудал яригдахгүй байх. Намын их хурал дээр ч энэ тухай яриа үүсээгүй. Манай намын 62 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ам ангайхгүй байх гэж бодож байна.