Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Транспэрэнси Интернэйшнл байгууллагыг үүсгэн байгуулагч Петер Айген: Монгол Улс уул уурхайн салбарт үүрлэсэн авлигатайгаа тууштай тэмцэх хэрэгтэй DNN.mn

Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, доктор Петер Айгентай ярилцлаа.


-Транспэрэнси Интернэйшнл бол дэлхийд данстай том байгууллага. Авлигын эсрэг дэлхий нийтээрээ тэмцдэг энэхүү байгууллагыг үүсгэн байгуулах болсон түүхээ та манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Би Дэлхийн банкны Зүүн Африкийг хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тухайн үед Зүүн Африкийн Уганда, Кени зэрэг орнуудын хөгжилд авлига ихээхэн тээг болж байсан. Европын, Японы, Азийн зэрэг гадны компаниуд тэдгээр орнуудад авлигыг ихээхэн өдөөж эх үүсвэр нь болж байсан л даа. Тиймээс Зүүн Африкийн орнуудыг авлига, хээл хахуулиас нь салгая, ингэснээр эдийн засаг, ардчиллыг нь хамгаалахаас гадна тухайн үед үүсээд байсан янз бүрийн зөрчилдөөн, иргэдэд хортой байгаа зүйлээс урьдчилан сэргийлнэ хэмээгээд авлигатай тэмцэх санаачилгыг Дэлхийн банк дотроо гаргасан. Тухайн үед Дэлхийн банкинд 198 орон гишүүнээр элссэн байсан. Миний энэхүү санаачилгыг тэдгээр орнууд дэмжээгүй. Тиймээс би ажлаасаа гарсан. Ингээд Берлинд очиж олон хүний туслалцаатайгаар Транспэрэнси Интернэйшнл байгууллагыг 1993 онд байгуулж байсан.

Авлига, хээл хахууль бол тухайн нийгэмдээ маш хортой зүйл. Ялангуяа ядуу эмзэг бүлгийн хүмүүст бүр ч хортой байдаг. Тиймээс яг энэ асуудалд манай байгууллага олон жил олон ажил өрнүүлж байгааг харахад сайхан байдаг.

-Зүүн Африкийн орнуудын авлигыг гадны компаниуд өдөөж, эх үүсвэр нь болж байсан гэдэг содон сонсогдлоо. Энэ талаар дэлгэрүүлж ярилцъя. Таны бодлоор манай улсад энэ асуудал хэр түвшинд байна вэ?

-Транспэрэнси Интернэйшнл байгууллага анх санаачилга гаргахдаа хөгжсөн орнууд дэлхийн урд бөмбөрцөгт байгаа Африк, Ази зарим тохиолдолд Европод колончлолын дараах шилжилтийн явцад буй улс орнуудын лидерүүдэд гаднаас нөлөөлж авлигыг газар авахад нь тусалж байна гэсэн асуудлыг хөндсөн.

Ер нь хөгжсөн орнууд буурай улс орнуудын лидерүүдийг нь системчилж, авлига хээл хахуульд автуулж буруу төсөл, хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгож байсан. Тухайн үед хөгжсөн орнууд хөгжиж буй сул дорой улс орнуудад авлигыг өдөөж байна гэдэг санаа маань явж өгөөгүй. Хөгжсөн улс орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тухайн үед гадны улс орнуудад хээл хахууль өгөх үйлдлүүдийг хориглосон хуультай улс АНУ-аас өөр байгаагүй. АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер “Watergate” гэх томоохон хэргээс үүдэлтэйгээр гадаад улсын Засгийн газрууд гадаадад хээл хахууль өгөхийг хориглосон хуулийг баталсан. Герман, Франц, Их Британи, Испани зэрэг орнуудад энэ асуудал огт яригддаггүй байсан. Тэд “Гадаадад болж байгаа хэргийг бид яаж хянах юм бэ. Яаж ч чадахгүй шүү дээ” гэсэн байр суурийг илэрхийлдэг байсан. Ингээд бид OЕCD (Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага) болон түүний гишүүн орнуудтай 1995-1997 оныг хүртэл маш идэвхтэй ажилласан. Үүний үр дүнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага-OЕCD Хээл хахуультай тэмцэх конвенцийг гаргасан. Энэ бол бидний хамгийн том амжилт гэж хэлж болно. Үүний дараа Дэлхийн банкны ерөнхийлөгч James Wolfensohn бидний гаргасан зарчмын дагуу өөрсдийн үйл ажиллагааг явуулна гэсэн бодлогын том өөрчлөлт хийсэн. Үүний мөрөөр Олон улсын валютын сан, НҮБ зэрэг байгууллагууд маш идэвхтэй ажиллаж эхэлсэн. Хэдэн жилийн дараа НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенц гарсан.

Гол нь OЕCD-ийн гишүүн буюу хөгжсөн улс орнуудыг хүлээн зөвшөөрүүлэх асуудал байсан. Үүн дээр үндэслээд авлигатай тэмцэхийн тулд тогтолцооны тодорхой хүрээг баримтлах ёстой. Үүнд Засгийн газрууд, хил дамнасан үйл ажиллагаа эрхэлж байгаа томоохон корпорац, төрийн бус байгууллагууд хамтрах ёстой гэж үзсэн. Ингээд хувийн хэвшил, Засгийн газар, төрийн бус байгууллага иргэд гурвалсан байдлаар хамтарч авлигатай идэвхтэй тэмцэх үндсэн тогтолцоо, хүрээг тодорхойлсон.

Үүнд үндэслэж үйл ажиллагааныхаа үндсэн баримтлах гурван зарчмыг бид гаргасан. Нэгдүгээрт, тухайн улс орны нөхцөл байдал ямар байгаа талаарх оношилгоо орно. Үүнийг Берлин дэх төв оффис хийдэггүй. Транспэрэнси Интернэйшнл байгууллага одоогийн байдлаар 110 үндэсний салбар байгууллагуудтай. Зарим улс орнуудад энэ байгууллага нь маш идэвхтэй байна. Тухайлбал, Германд гурван мянган гишүүнтэй, Бангладешид 11 мянган гишүүнтэй том байгууллага болчихсон байгаа. Харин Монгол Улс дахь салбарын тухайд олон гишүүнгүй ч идэвхтэй ажиллаж байна. Транспэрэнси Интернэйшнлийн салбарууд авлигын нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэгт өөрсдөө дүгнэлт, шинжилгээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, бид алсаас ингэ тэг гэж хэлдэггүй. Авлигын түвшин ямар байна, түүний дагуу ямар ажил хийх ёстой вэ гэдгийг тухайн улс дахь салбарууд тодорхойлдог.

Хоёрдугаарт, бид системчилсэн байдлаар ажиллах зарчим баримталдаг. Авлигатай тэмцэнэ гэхээр авлига хээл хахуульд холбогдсон хүмүүсийг илрүүлж тэдэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж олон нийт ойлгодог. Маш дуулиантай хэрэг үүсгээд, ингэснээр авлигатайгаа их үр дүнтэй тэмцээд байна гэж хардаг. Эрүүгийн хууль тогтоомжоор хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь авлигатай тэмцэх арга хэрэгслийн зөвхөн нэг хэлбэр юм. Авлигатай цогцоор нь тэмцье гэж байгаа бол шударга байдлын системийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Мэдээж эрүүгийн эрх зүйгээ сайжруулах хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн, төрийн худалдан авалтын ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө, шүгэл үлээгчийг хамгаалах зэргээр олон талаас нь харж байж авлигатай системтэйгээр тэмцэнэ.

Гуравдугаарх зарчим нь, гурван талын хамтын ажиллагаа. Хамтын ажиллагаа гэхээр зөвхөн шүүмжилнэ гэсэн үг биш. Компаниудаа ч, Засгийн газраа ч тэр дайсан шиг шүүмжилсээр байгаад ямар ч бүтээлч хамтын үр дүн гарахааргүй нөхцөл рүү түлхчихдэг. Засгийн газар гэдэг бол хууль ёсны шийдвэрийг гаргаж, тухайн улс оронд мөрдүүлж буй эрх бүхий субъект. Тиймээс тэрхүү байгууллагатай хамтарч ажиллаж гаргаж байгаа шийдвэр бодлогыг нь аль болох авлигатай тэмцэхэд үр дүнтэй байлгах чиглэлд дэмжиж, хамтарч ажиллах нь зүйтэй. Хувийн хэвшлийн компаниудын хувьд ч авлига, хээл хахууль өгөхийг хүсдэггүй. Ганц нэг компани авлига өгч ашиг хонжоо олж байгаа юм шиг боловч авлига хаана цэцэглэсэн байна, тэнд эрүүл өрсөлдөөнт зах зээл устаж үгүй болж байдаг. Тиймээс компаниуд авлигын эсрэг мөн нэгдэх ёстой. Ингэхдээ аль нэг оролцогч талын нөлөөнд авталгүй хараат бус байдлаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал.

-Улс орнуудын авлигын индексийг Транспэрэнси Интернэйшнл мэдээж зарласан байдаг. Гэхдээ та Монголын өнөөгийн бодит байдлыг хэрхэн харж байна вэ?

-БНСУ-д болсон Ардчиллын дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын ХЗДХ-ийн сайд намайг Монголд урьсан. Их олон жилийн дараа би Монголд зочилж байна. Тиймээс Монголын талаар төдийлөн сайн мэдэхгүй байна.

Би ирээд Монгол Улсын Засгийн газар болон Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх стратеги, хамрах хүрээтэй танилцсан. Энэ асуудлаар цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн байна лээ. Жишээлбэл, байгалийн баялаг, уул уурхайн салбарын засаглалд анхаарч ажиллая гэсэн байгаа нь маш зөв. Түүнчлэн аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг анхаарч ажиллах нь зүйтэй. Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа нээлттэй хамтарч ажиллая гэсэн хандлага нь ажиглагдсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийн баримт бичгүүдтэй танилцсан. Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчи дтэй үр дүнтэй уулзалтууд хийсэн.

Нийгмийн хөгжлийг гамшгийн хэмжээнд хүргэчихээд байгаа авлигыг системтэй устгах чиглэлд зоригтой арга хэмжээ авна гэж найдаж байна. Энэ мэтээр өөдрөгөөр харсан зүйлүүд байгаа сул тал ч ажиглагдсан. Тухайлбал, үүнийгээ Хууль зүй, дотоод хэргийн сайдтай ч, иргэний нийгмийн байгууллагуудтай ч, бусад холбогдох албаны хүмүүстэй ч ярилаа. Монгол Улс нэлээд дэвшилттэй хуулиуд баталсан байна. Гэхдээ бодит байдал дээр хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал байна. Нийгмийн зөвшилцөлд хүрээгүй үед хуулийг баталснаас хэрэгжилт сул байна гэж харж байна.

Нийгэмд тодорхой зуршил болсон зүйлийг өөрчлөхөд бэрхшээлтэй байдаг. Африкийн улсуудад гадны компани тодорхой төсөлд гүйцэтгэгчээр оролцохдоо хээл хахууль өгөөд тендерийн үнийн дүнг нь өөрчилдөг гэдэг ч юм уу тодорхой жишиг тогтсон байдаг. Үүнээс салахад хэцүү. Нийгмийг зөвшилцөлд хүргэхэд хэвлэл мэдээллийн соён гэгээрүүлэх үйлдэл маш чухал гэж би үздэг.

Үүнээс гадна гурвалсан хамтын ажиллагаа хэрэгтэй. Үүний нэг тод жишээ бол “Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга” гэсэн байгууллага. Энэхүү байгууллага нь анх байгалийн нөөцийн ил тод байдлыг сайжруулах санаачилгыг гаргаж байсан. Үүний гол зорилго нь авлига ихтэй байгаа салбарт ямар асуудал байна, ирээдүйд аль салбараа хөгжүүлье гэж харж байгаа юм бэ гэдгээ Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, компаниуд эрх тэгш байдлаар замын зургаа гаргаж, түүнийхээ төлөө оролцогч байгууллагууд өөрсдийн хөдөлмөрийн хуваарилалтыг хийж ажиллах жишгийг тогтоосон. Миний УЗ-ийн даргаар олон жил ажиллахдаа гаргасан энэ санаачилга их үлгэр жишээ болж өргөжин өнөөдөр олон оронд хэрэгжиж байна. Монгол Улсад ч мөн энэ санаачилга хэрэгждэг. Монголын зөвлөлдөх механизм сайн ажиллаж байгаа гэж ойлгосон. Тиймээс үүнийгээ илүү эрчимжүүлэх шаардлагатай. Гурван талт хамтын ажиллагаагаараа дамжуулж Засгийн газартайгаа тал талаасаа зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэдгийг би сүүлийн үед яг л маани шиг давтаж хэлж байгаа. Нэгэнт зөвшилцөж баталсан хууль тогтоомж маш сайн хэрэгждэг. Яагаад олон талт оролцоо байх ёстой гэж хэлээд байна гэхээр авлига зөвхөн Монголд байгаа асуудал биш. Олон улсын асуудал. Тиймээс бүх талаасаа шийдлээ гаргаж хууль болгож түүнийгээ зуршил болгохоос нааш шийдвэрлэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг байгууллага эсвэл нэг Засгийн газар хязгаарлагдмал өнцгөөс хараад шийдвэрлэж чадахгүй.

-Монголын нийгмийн мөрөөдөл, Монголын ирээдүйг хулгайлж байгаа авлигатай тэмцэхийн тулд нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх шаардлага байгаа. Жишээлбэл, өвчтөн эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө эмчид тодорхой хэмжээний сэтгэлийн бэлэг өгөх ёстой гэсэн нийгмийн соёл манайд бий. Нийгмийн энэ сэтгэл зүйг өөрчилсөн сайн туршлагын талаар та хуваалцахгүй юу?

-Маш чухал асуулт байна. 25 жилийн өмнө бид Германы компаниудад “Та нар Африкийн орнуудыг авлигажуулаад байна. Тиймээс Африкийн орнууд хөгжихгүй байна” гэхэд Германы компаниуд “Африк, Ази, Латин Америкийн соёл нь тийм юм байна лээ. Эрх бүхий том албан тушаалтнууд юм авч байж л шийдвэр гаргадаг. Энэ соёл нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл” гэж хэлж байсан. Тухайн үед би Нигерийн ерөнхийлөгчөөс “Танай соёл ийм юм уу” гэхэд “Юу гэж тийм байх вэ. Манай соёлд бие биенээ хүндэтгэх, сэтгэл гаргаж байгаа гэж сэтгэлийн бэлэг өгөх зүйл байдаг. Энэ нь хүмүүсийн өмнө ил тод байдаг. Жишээлбэл, овгийн ахлагч дээр холоос зорьж очихдоо сэтгэлийн бэлгээ олон нийтийн өмнө өгөх нь эв найрамдлын бөгөөд хүндлэлийн илэрхийлэл болдог. Түүнээс улс орондоо хохиролтой шийдвэр гаргасныхаа хариуд нууцаар мөнгө авах нь манай соёл огт биш, харин шалтаг” гэж хэлсэн. Авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн төсөл нь байгаль орчин сүйтгэж байна. Эсвэл хэрэгцээнээсээ хэт давсан дэд бүтцийн төслийг хэрэгжүүлдэг. Тэр нь өртөг зардал их гардаг ч үр өгөөжгүй байдаг. Зарим тохиолдолд бүтээн байгуулалтын ажилд хүүхдийн хөдөлмөрийг ашигладаг ч гэдэг юм уу эдийн засаг, тогтвортой хөгжлийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Шийдвэр гаргагч хүн иргэдийнхээ эрх ашгийг дээд түвшинд хамгаалах үүрэгтэй. Гэтэл нууцаар мөнгө авч төсөл хэрэгжүүлдэг соёл байхгүй.

Герман ч гэсэн ийм л байсан. Том компаниуд гадаадад төсөл хэрэгжүүлэхдээ орлогын тайлангаа дотооддоо багаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, гадны эрх мэдэлтнүүдэд өгсөн авлигаа зардал хэмээн мэдүүлдэг байсан. Хэрвээ тухайн орны лидерүүд нь сайн, институц нь сайн, холбогдох хууль тогтоомжтой, нийтээрээ мөрддөг болчихсон байвал энэ соёлын асуудал биш.

Энэ соёлд хэт дасчихсан байгаа учраас үүнийг соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай. Шударга байдлын систем гэдэг нь түрүүний хэлсэн Засгийн газар, институц, бүгд байх ёстой. Мөн хүүхдэдээ бага наснаас нь юу сэтгэлийн илэрхийлэл вэ, юу авлига вэ. Хэрвээ ийм асуудалтай тулбал бусдад яагаад мэдэгддэг байх ёстой юм бэ. Шүгэл үлээгчдийг яагаад хамгаалах ёстой вэ гэдгийг ойлгуулж, сургах хэрэгтэй.

Бундестагийн мэдээг үзэж байхад манай Герман улс Шүгэл үлээгчийн хуулиа дөнгөж сая баталлаа. Монгол Улс ч энэ хуулийг батлахаар идэвхтэй ажиллаж байгаа гэж ойлгосон. Ил тод, нээлттэй байдал, шүгэл үлээгчийг хамгаалах, шударга байдлын хэм хэмжүүрээр яагаад өдөр тутмын ажлыг явуулах ёстой вэ гэдгийг гурван талын хамтын ажиллагааны механизмаар ярилцаж нийгмээ хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Тантай ярилцаж байгаа энэ цаг үед манайх Үндсэн хуулиа өөрчилж УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмэх гэж байгаа. Гишүүдийнхээ буюу лидерүүдийн тоог нэмж эрх мэдлийг саармагжуулснаар таны хэлсэн “Лидерийг системчилж авлигад автуулж буруу төсөл санхүүжүүлдэг” гэх асуудал шийдэгдэх болов уу?

-Үндсэн хуулийн асуудлаар Монголд зөвлөж буй экспертүүд байгаа. Тухайлбал, Германы Хууль зүйн сайд асан Х.Дойблер-Гмелин Монголын Ерөнхий сайдтай уулзаж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн байсан.

Миний хувьд авлигатай тэмцэх асуудлаар туршлага, зөвлөгөө өгөхөөр ирсэн. Монгол Улс парламентын системээ яаж сайжруулах вэ гэдгээ эргэж харж, энэ чиглэлд ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүнд УИХ-ын гишүүдийн тоог олон болгосноор ч юм уу, сонгуулийн системийг өөрчилснөөр авлига буурна гэсэн нотолгоо байхгүй учраас хэлж мэдэхгүй байна.

Манай улс холимог тогтолцоотой. 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогддог. Энэ нь манай парламентыг данхайж байна. Манайх Бундестагийн 500-700 гишүүний тоогоо яаж багасгах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Манай улс хүн ам ихтэй учраас гишүүдийн тоо ийм байгаа юм.

Энд нэг зүйлийг хэлэхэд, Ерөнхий сайд нь Авлигатай тэмцэх газрын даргыг нэр дэвшүүлдэг, харин УИХ нь тус даргыг томилох эсэхийг шийддэг танай энэ тогтолцоог зөв гэж харж байна. Учир нь авлигатай холбоотой янз бүрийн хэрэг үүснэ. Ингэхэд нэг сайд ч юм уу эсвэл улс төрийн ойрын холбоотон нь холбогдлоо гэхэд үүнд Засгийн газар гүйцэтгэх засаглалын зүгээс мөрдлөгт ямар нэгэн саад, нөлөө үзүүлэх гээд байдаг нигууртай. Тиймээс Монголын энэ шийдэл нь зөв санагдсан. Энд гол нь томилсон бол бүрэн эрхийн хугацааг нь тодорхой баталгаажуулах хэрэгтэй. Тодорхой нөхцөл дээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг байдлаар явбал мөрдөн шалгах системийг хараат бус байлгахад эерэг нөлөөтэй.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Тантай ярилцаж байгаагийнх хэмээн олзуурхаж асуух асуулт мэдээж их байгаа ч ярилцлагаа энд хүргээд жаргаая. Эцэст нь асуухад, авлигын эсрэг тэмцэхэд манай улсад зөвлөж, захиж хэлэх зүйл юу байна вэ?

-Авлигатай тэмцэх далайцаа аль болох тодорхой салбар руу чиглүүлэх хэрэгтэй. Ялангуяа байгалийн нөөцийн салбар буюу уул уурхайн салбар руу анхаарах хэрэгтэй. Энэ салбар нь авлигад маш өртөмтгий байдаг. Жишээ нь, нэг том уурхайтай холбоотой төмөр замын төсөл, эсвэл нэг уурхайтай холбоотой боомтын төслүүдийн үнийн дүн өчнөөн тэрбумаар яригддаг. Тиймээс энэ төсөлд том хөрөнгөтэй компани орохдоо Ерөнхийлөгчид нь ч юм уу, Ерөнхий сайдад нь эсвэл Засгийн газрын гишүүдэд нь Бахамд байгаа данснаасаа 10 сая ам.доллар шилжүүлье. Ийм зөвшөөрөл олгочих гэдэг. Хамгийн гол нь тэр зөвшөөрлөөр дамжуулж 10 сая ам.доллар байтугай жилдээ 200 сая ам.доллар олдог. Тиймээс ийм хандлага өндөр байдаг. Ялангуяа Монгол шиг уул уурхайн салбараасаа хамааралтай улс уул уурхайн салбар руугаа чиглэсэн байдлаар авлигатай тэмцэх нь чухал. Тэгвэл томоохон үнийн дүнтэй авлигатайгаа тэмцэнэ гэсэн үг. Салбараа салбарлаж болдог. Уул уурхайн салбар дахь төрийн өмчит компанийн засаглалыг яаж сайжруулах вэ гэдэг ч юм уу. Мөн төрийн өмчит компаниудтай хэлэлцээр хийж байгаа эцсийн өмчлөгчийг ил тод болгох ч гэдэг юм уу. Төрийн өмчит компаниуд бай, тэр дундаа олон улсын компаниуд олборлосон бүтээгдэхүүнээ гадны компаниудад зарж байна гэдэг ч гэрээн дээрх дүн нь бага байдаг. Бахамд байдаг ч юм уу өөр компаниудад тийм дүнгээр зарж байгаа гэдэг ч цаанаа нэгдмэл ашиг сонирхолтой нэг компани байдаг. Монгол Улсын баялгийг аваад зарахдаа бага үнийн дүнгээр тайлагнадаг. Ингээд тухайн улсад орох орлого нь бага болдог. Зарим тохиолдолд гэрээнүүд нь хуримтлагдахаар тухайн компани татвар төлөхгүй алдагдалтай ажиллаж буй компани болж хувирдаг. Иймэрхүү байдлаар тухайн улсаас ашиг яаж гаргаж авах вэ гэдэг арга хэрэглээд сурчихсан. Түүнийх нь эсрэг ажиллах шинэ практикууд гаргаад ирсэн. Өөрөөр хэлбэл, олон улсад эцсийн өмчлөгчийг ил тод болгох, гэрээ хэлэлцээр хийж байгаа талуудыг ил тод болгох зэргээр саяны хэлсэн хуурдаг аргуудыг зогсоож эхэлж байна. Монгол Улс энэ асуудал дээр тусгай хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн бүх зүйлийг өөрөө хийх бус олон улсад туршигдсан сайн хэрэгслүүдийг улсдаа нэвтрүүлж мөрдүүлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг дотоодын авлигад анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт байгаа хээл хахуулийг зогсоох хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор жижиг авлигаас илүү том авлигын хэргүүдээс урьдчилан сэргийлэх, түүн рүү чиглэсэн ажлыг хийх хэрэгтэй. Учир нь том авлига улсыг тэр чигээр нь доош нь татдаг.

Тухайлбал, Орос Украин руу дайрах нөөц боломжийг Оросын авлигад өртсөн өндөр албан тушаалтнууд, олигархиуд нь Путинд бүрдүүлж өгсөн. Тиймээс би танай Ерөнхий сайдтай ч, Уул уурхайн болон ХЗДХ-ийн сайдуудтай ч уулзахдаа байгалийн баялгийн засаглалын асуудалд төвлөрөх нь чухал гэдгийг хэлсэн. Тэд энэ асуудалд төвлөрч ажиллана гэж хэлсэн. Танай улс эцсийн өмчлөгчийг ил тод байлгах, байгалийн баялгийн засаглалын асуудалд өөрсдөө анхаарч ажиллаж байгааг харахад таатай байлаа.

-Том авлигаа ялан дийлсэн бусад орны сайн туршлагаас та хуваалцахгүй юу?

-Авлигын индексээр авлига хамгийн багатайд Скандинавын улс орнууд ордог. Тэдгээр улс орны тогтолцоонд нь шударга байдал бий болсон байдаг. Энд мэдээллийн эрх, эрх чөлөөг маш сайн хүндэтгэдэг. Тэр нь ч соёл болоод хэвшчихсэн. Мөн зохих хууль тогтоомжоо баталж, мөрдүүлдэг соёл суучихсан байдаг. Өөрөөр хэлбэл, дээд түвшний ямар ч албан тушаалтнаас хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм асуудалд ийм мэдээлэл өгнө үү гэхээр бүх мэдээллээ тайлагнаж, өгөөд хэвшчихсэн байгаа юм. Мэдээллээ ил тод байлгаад сурчихвал авлига бага байх боломжтой гэж бид харж байгаа. Авлига газар авсан улс орнуудыг харахад эрх бүхий албан тушаалтнууд нь мэдээллээ өгдөггүй хандлага ажиглагддаг. Алигатайгаа маш сайн тэмцсэн улс орнуудын институц нь их сайн бэхэжсэн байдаг. Тэр дундаа парламентын институц. Хараат бус байдлыг зохих институц хооронд бий болгож өгсөн байдаг. Шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрээ бусдад тайлагнадаггүй, хариуцлага хүлээлгэхгүй удаан яваад ирэхээр авлигад идэгддэг. Африкийн орнуудын анх гарч ирсэн лидерүүд нь сайн байсан ч гаргаж байгаа шийдвэрийг нь зөв байсан эсэхийг нягталдаг систем байхгүйгээс лидерүүд нь дарангуйлагч маягийн болж, өнө удаан жил эрх мэдлээ барьдаг асуудал үүссэн. Манай байгууллагын жишээн дээрх сайн ололт амжилт нь OECD-ийн авлигатай тэмцэх конвенцод Франц, Их Британи зэрэг хөгжсөн улсуудаар гарын үсэг зуруулсан явдал. Энэ нь маш чухал байсан. Урьд нь яасан гэхээр хөгжсөн орнууд хөгжиж буй улс орнуудынхаа авлигыг дээр ярьсанчлан өдөөж байсан. Одоо бол манай улсаас гаралтай ямар ч компани гадаад улсад очоод авлига авахгүй хэмээн хориглосон. Энэ утгаараа Дэлхийн банк, АХБ, ОУВС улс орнуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ авлигаас ангид байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ бол том ахиц дэвшил гэж харж байна.

Африкийг та бүхэн харвал байгалийн баялаг ихтэй. Тэрхүү салбар дахь том авлигатайгаа тэмцэх хүчин чармайлт гаргаагүйгээс “Байгалийн баялгийн хараал”-д өртсөн. Африкт ардчилсан засаглалтай, ил тод байдалтай, хэвлэлийн эрх чөлөөтэй орнуудын эдийн засаг нь өсөлттэй байгаа орнууд бий. Тухайлбал, Ботсвана. Монголын хувьд зөв замнал руугаа орж, зөв ажлууд хийж байна гэж би хувьдаа бодож байгаа. Тиймээс Монголд сайхан ирээдүй байна гэж харж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Ардчилсан нам бодлогын, санхүүжилт нь ил тод болох нь хамгийн чухал шинэчлэл юм DNN.mn

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Уламбаяртай ярилцлаа.


-Ардчилсан нам эмхэндээ орлоо. Одоо энэ намд ямар шинэчлэл хийвэл зүйтэй гэж харж байна вэ?

-Манай нам сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зарим гишүүд, дэмжигчдэд ойлгомжгүй явж ирсэн нь үнэн. Гол шалтгаан нь Үндсэн дүрмээ дагаж мөрдөөгүйгээс болсон. Тиймээс бид үүнээс тодорхой хэмжээний сургамж авч цаашдын үйл ажиллагаандаа шингээх нь зүйтэй.

Ер нь Ардчилсан нам анхнаасаа хүн төвтэй нам байсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд шинэ үзэл санааны салхийг авч ирсэн нам шүү дээ. Тиймээс ч ардчилал, хүний эрхийн гол хамгаалагч, дархлаа хэмээн Ардчилсан нам цоллогддог. Энэ бүхнээр би юу хэлэх гээд байна гэхээр бидний явах зам мөр тодорхой. Өөрөөр хэлбэл, үнэт зүйл, үзэл баримтлал маань тодорхой хэмээн танд хариулъя. Харин бид энэ суурь дээрээ тулгуурлаж цаг үетэйгээ нийцэж шинэчлэгдэх хэрэгтэй. Өнөөгийн яригдаж байгаа нам бодлогын, мөн шилэн болох, намын санхүүжилтээ ил тод болгох нь манай намд төдийгүй улс төрийн бүх намд чухал байна. Энэ мэтээр намын хөгжил, шинэчлэлттэй холбоотой тогтолцооны олон асуудлыг ярьж болно. Гэхдээ энд ганцхан зүйлийг онцолж хэлмээр байна. Ардчилсан намыг бүдгэрүүлсэн, орон зайг нь хумьсан долоон жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөв гэдгийг олон нийт бодох хэрэгтэй. Үнийн өсөлт, иргэдийн амьжиргаа, цалин тэтгэвэр, төгрөгийн ханш, хүний эрх чөлөө ямар хэмжээнд очив гэдгийг бодоосой хэмээн хүсч байна.

-Та Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Тиймээс өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байгаа талаар дэлгэрүүлж яриулмаар байна?

-Эрх баригчдын өнөөгийн байдлыг ард иргэд биеэрээ мэдэрч байгаа учраас улсын хэмжээний бодлого, шийдвэрийг энд нурших нь илүүц болов уу. Нөгөө талаас би дээрх асуултын хариултад дурдлаа шүү дээ.

Харин дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд, дүүргийн аж байдалд хамгийн ойр байгаагийн хувьд дүүргээрээ жишээ авч ярья. Баянзүрх дүүрэгт МАН олонх болж, засаглаж байна. Иргэдийн хувьд МАН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй байгаа. Учир нь намын бодлого, мөрийн хөтөлбөр нь хангалтгүй байна. Бодит хөрсөн дээр буусан ажил нэгээхэн ч байхгүй хэмээх шүүмжлэл их байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байна хэмээн үзэж дүүргийн АН-ын бүлгээс Засаг даргыг огцруулахаар хэлэлцүүлсэн. Гэвч МАН олонхоороо хүч түрж авч үлдсэн. Баянзүрх дүүрэгт ч тэр Монгол Улсын хэмжээнд ч тэр МАН-ын мөрийн хөтөлбөр туйлын хангалтгүй байгааг та бид бүгдээрээ мэдэрч, харж байна. Нэг тоо баримтаар жишээ авч ярья. Баянзүрх дүүргийн төсөв 2020 онд 30 тэрбум байсан бол өнөөдөр 220 тэрбум болж өссөн. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн нийгмийн асуудал, ая тухтай байдлыг хангах боломж энэ хэрээр их байна гэсэн үг. Гэтэл төсөв тав дахин нэмэгдчихээд байхад иргэдийн нийгмийн асуудал, дүүргийн асуудал огт өөрчлөгдсөнгүй. Харин ч дордсоор байна. Үүний илрэл нь дүүрэгт шаардлагатай бүтээн байгуулалт огт хийгдэхгүй байна хэмээх иргэдийн шүүмжлэл.

Үүнээс гадна хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 28 хороог 43 болгох шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эхлээгүй байна. Харин хороодын засаг дарга, үүрэг гүйцэтгэгчдийг нь аль хэдийнэ томилчихсон, төсвөөс санхүүжүүлээд сууж байх жишээний. Хороодын дарга нэртэй хэдэн хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр хоолтой нь залгуулах гэж тийм шийдвэр гаргав уу, эсвэл иргэдэд нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох гэж тийн шийдэв үү. Хэрвээ зорилго нь иргэдийн талд байсан бол ард түмний нэн тулгамдсан асуудал болох эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлэх ёстой биз дээ. Гэтэл тэр нь хаана байна вэ. Энэ бол дүүргийн ч гэдэг юм уу, эсвэл аар шаархан жижиг асуудал биш. МАН-ын хандлагыг үүнээс л дүгнэх боломжтой учраас ярьж байгаа юм.

-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийтийн анхаарлын төвд байна. Та ҮХНӨ-д ямар байр суурьтай байна?

-Саяхан Үндэсний бодлогын хороо хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар намын даргад зөвлөмж хүргүүлсэн. Манай намын зүгээс холимог тогтолцоог дэмжиж байгаа. Учир нь мажоритар тогтолцоо бол иргэдийн саналыг их орхигдуулдаг л даа. Жишээ хэлбэл, 2020 оны сонгуулиар иргэдийн 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан Ардчилсан нам өнөөдөр УИХ-д 11 суудалтай байна. Дүүрэг, аймгийн түвшинд ч ялгаагүй байдалтай байна.

-УИХ-ын гишүүдийн тоо 152 байх ҮХНӨ-ийн заалтад та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж харж байна. Гэхдээ 152 байх эсэхэд шинжлэх ухааны үндэстэй тооцоолол, судалгаа хэрэгтэй. 1992 оны Үндсэн хууль батлагдаж байхад Монгол Улс хоёр сая 200 мянган иргэнтэй байсан. Өнөөдөр Монгол Улсын хүн амын тоо 3 сая 400 мянга гаруй болчихлоо. Тиймээс нэгдүгээрт хүн амынхаа энэ өсөлттэй уях хэрэгтэй. Хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшинд 76 гишүүний тоо хэрхэн нөлөөлж байгааг анхаарч харах нь зүйтэй. Жишээлбэл, өнөөдөр 30 гаруйхан гишүүн сууж байгаад хууль баталж байна. Тухайн хуулийг хэлэлцүүлэх үү, эсвэл гацаах уу гэдгийг байнгын хорооны зургаан гишүүн шийдэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн гадна, дотны ямар нэгэн нөлөөлөлд автах вий гэсэн болгоомжлол бодитоор үүссэн. Ямар нэгэн бизнес эрхлэгч, хэн нэгэн хүн эсвэл бүлэглэл УИХ-ын тодорхой хэдэн гишүүнд нөлөөлөхгүй байх хамгаалалтыг УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар хийх нь зөв. Нөгөө талаас парламентын чадавх, УИХ-аар батлагдаж байгаа хуулийн чанарт гишүүдийн тоо их нөлөөлж байна. Өнөөдөр нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Зарим байнгын хороод нь нэг өдөр хуралдаж байна. Өөр өөр салбарын хууль хэлэлцэж байна. Гишүүд супер хүчтэй биш шүү дээ. Тодорхой нэг мэргэжлээр л мэргэшсэн байгаа. Гэтэл өөр өөр салбарын тэр олон хуульд яаж нухацтай хандах вэ. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь туйлын зөв.

-Эцэст нь асуухад, та саяхан Баянзүрх дүүргийн намын даргаар томилогдсон. Томилогдсон процессынхоо талаар ярихгүй юу?

-Баянзүрх дүүрэг 2020 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тиймээс намын дүрмийн дагуу намын удирдлага ажлаа хүлээлгэж өгөх заалттай. Намын дүрмийн дагуу дунд шатны намын аливаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь дүүргийн намын хороо байдаг. Дүүргийн намын хорооны олонх нь хуралдаж дүрмийн дагуу намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Categories
мэдээ нийгэм

​Танхимаараа гаргасан шийдвэрийнхээ төлөө Ерөнхий сайд нар “шонд өлгөгддөг” жишиг тогтох нь DNN.mn

Танхимаараа гаргасан Засгийн газрын тогтоолоор Ерөнхий сайд нь буруутгагддаг жишиг тогтох нь. Тодруулбал, эл өдрүүдэд үргэлжилж байгаа Хөгжлийн банкны шүүх хурлын гол асуудал бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 299 болон 256 дугаар тогтоолтой холбоотой юм. Уг тогтоолоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүдийг яллах гэсэн оролдлого болж нийгэмд байна. Тэрбээр үүнийгээ ч шүүх хурлын танхимд хэлсээр байгаа юм. Тодруулбал тэрбээр “Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага бол Засгийн газар. Харин УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Шүүх эрх мэдэл мөн тусдаа. Монгол Улсын Үндсэн хуулиар энэ гурван байгууллага өөр хоорондын асуудлаа хянаж үзэхгүй байх хуультай. Тодруулбал, үүнийг Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журамд заасан байдаг. Прокурор хэлэхдээ “Үгсэн хуйвалдсан…, Үгсэн хуйвалдаагүй хэрнээ үйлдлээрээ нэгдсэн” гэлээ. Монгол Улсын үе үеийн бүх Засгийн газар дандаа үйлдлээрээ л нэгдэж нийлдэг шүү дээ. Учир нь Засгийн газар танхимын үйл ажиллагаа явуулдаг. Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан байна гэж хуулиар заачихсан. Засгийн газар хуралдаж байж шийдвэр гаргадаг. Тогтоол дээрх гурван хүний гарын үсгийг хараад тэр гурван хүн тухайн шийдвэрийг гаргасан мэтээр үзэж байна. Үгүй шүү дээ. Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын хуралдаанаар олонхоороо шийдвэр гаргана. Хэрвээ шийдвэр гараагүй бол олонх болоогүй гэж үзнэ гэж байгаа юм. Зээл олгосныг хохирол гэж яаж үзэх юм бэ. Энд эдийн засгийн “А” ч алга. Ийм тэнцвэргүй байдалд бид яаж мэтгэлцэх юм бэ. Тиймээс энд эдийн засаг, хуулийн гээд бүх хүнийг байлгамаар байна.

Засгийн газрын гаргасан тогтоолоор Ерөнхий сайдыг буруутгадаг зүйл надаас хойш гарахгүй байгаасай. Засгийн газрын гаргасан шийдвэр УИХ дээр баталгаажна гэж ямар амьтан нь ойлгодог байна.

Монголын ард түмэн, үе үеийн Ерөнхий сайд, үе үеийн хууль тогтоогчид, прокурор, шүүгчид бүгдээрээ нэг гэр бүл. Асуудлаа ойлголцъё л доо. Яагаад мухар сохроор хүнийг яллахын тулд ажилладаг юм бэ. Дахиад хэлье. Нотлох баримтад өчнөөн олон хүний гэрчийн мэдүүлэг байна лээ. Миний уулзаж үзээгүй, тэр байтугай огт танихгүй хараагүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг гээд мэдүүлэг аваад хийчихсэн байгаа юм. Тэнд нь “Н.Алтанхуяг шахаад байсан юм” гэсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн нэг банкны доод албан тушаалтантай харьцах уу. Ингэж хэрэг зохиож болдог юм уу? Тэр хүнийг гэрчээр дуудаад оруулаад ир гэхээр “Яллагдагч болчихсон. Одоо гэрчээр оруулах боломжгүй” гэж байгаа юм. Тийм юм бол яах гэж тэр хүнээс гэрчийн мэдүүлэг авч, түүнийгээ нотлох баримт гэж үзсэн юм бэ. Энэ мэтээр яривал зөндөө юм бий.

Би дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр, дөрвөн удаа Засгийн газарт ажиллаж үзсэн. Монгол Улсыг хөгжүүлье. Шинэчлэлийн Засгийн газрыг Засгийн газар шиг ажиллуулъя гэж үнэхээр зүтгэсэн. Н.Батбаяр сайд энд сууж байх хүн биш. Хөгжлийн банкны Шинэбаатар, Мөнхбат нар ч сэтгэл гаргаж ажилласан. Сэтгэл гаргаж ажилласан нь өнөөдөр шүүгдэж хоцордог, хулгай дээрэм хийсэн нь гадаадад зугаалж явдаг ийм нийгэм бий болж байгаа юм уу? Энд нэг зүйлийг хэлэхэд Засгийн газрын шийдвэр гэдэг бол Засгийн газрынх шүү. Хөгжлийн банкны шийдвэр гэдэг бол зээл олгох тухай шийдвэр. Засгийн газрын тогтоолын нэр нь хэзээ ч “Зээл олгох тухай” гэж гардаггүй. 299 дугаар тогтоолын нэр нь “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тухай” гэж байгаа. 70 ам.доллар байсан нүүрс 20 ам.доллар руу орлоо. Улс орноороо хүнд байдалд орох нь яах вэ гээд гарц гаргалгаа хай, ажлаа хий гэж гаргасан тогтоол. Хоёрдугаарх тогтоол нь “Арматур, цемент дотооддоо хийе” гэсэн шийдвэр. Учир нь байшин барихад юу ордог гээч. Арматурын төмөр, цемент хоёроо гаднаас авдаг. Тэгвэл үүнийг дотооддоо хийе гэсэн. Тиймээс 256 дугаар тогтоол төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай байсан” хэмээн шүүх хурлын үеэр хэлсэн.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Идэрбат: Алсдаа үйлдвэрлэгч орон болж байж цаашдын хүндрэлийг ажралгүй давна DNN.mn


-70 сая мал бэлчиж байгаа бэлчээр болон 250 мянган малчин өрхийн асуудал туйлын хүнд байна –


УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж ирж байгаа хоёр заалтад ямар дүгнэлттэй байна?

-Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай зэрэг улс орны үйл явдалтай холбоотой хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэж байна. Эдгээр хуулийг батлахын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлт яаж хийгдэх вэ гэдгээс олон зүйл шалтгаалах шинжтэй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тооны асуудал яригдаж байсан ч Байнгын хорооны хурлаар дэмжигдээгүй хасагдсан юм билээ. Тиймээс тэрхүү өөрчлөлт агуулгын хувьд өнөөдөр үргэлжилж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт жилийн өмнөөс яригдсан. Өнгөрөгч хавар Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тойргийнхоо бүх сумдаар орж танилцуулсан. Тэр үед Үндсэн хуулийн өөрчлөлт хэрвээ хийгдвэл ингэж хийгдэх төсөл яригдаж байна. Мөн ийм үндэслэлүүд байна гэж танилцуулсан.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүний тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтууд орсон байна. Энэ долоо хоногоос эхлэн тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн төслийг танилцуулаад явж байна. Иргэдийн хэлсэн санал, байр суурь бидний барих нэг гол чиглэл болно.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэд ерөнхийдөө дэмжиж байна. Тэр дундаа пропорциональ тогтолцоог дэмжиж байна. Иргэд энд өөрсдийн байр сууриа илэрхийлэх байх. Өөрийн хувийн байр сууриа илэрхийлэхэд сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульд оруулах нь зөв гэж бодож байна. Учир нь өнөөдрийн тогтолцоо бол шууд ардчиллын хэлбэр боловч нийтэд нийцэхгүй байна. Өнөөдөр хэрэглэж байгаа сонгуулийн тогтолцоогоор иргэдийн санал их гээгдэж байна гэсэн шүүмжлэлүүд бодитой. Тиймээс сонгогчдын өгсөн санал бүр парламентад тусгалаа олох нь зүйтэй. Иймд хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмжиж байгаа.

-Гишүүдийн тооны асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүдийн тооны асуудлыг олон талаас бодож үзэх нь зүйтэй. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог хэд байлгах тухай олон хувилбар ярилцаж байгаад 76 дээр тогтсон юм билээ. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая байсан бол өнөөдөр 3.4 сая болж нэмэгдсэн. Тиймээс төлөөллийг хадгалах зарчмын хувьд гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж орж ирсэн. Үүнд иргэдийнхээ саналыг сонсох нь чухал. Уулзалтад ирсэн иргэд гишүүдийн тооны асуудалд хойрго байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Үндсэн хуулийг хэлэлцэх дүрэм журам нь тусдаа байдаг. Тавдугаар сард багтаж хоёр ч удаа иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр иргэд ямар санал хэлэхээс хамаарч гишүүдийн тоог тогтооход голлох үүрэгтэй чиглэл болно гэж бодож байна.

-Нүүрсний сонсгол яагаад гацчихав аа. Гишүүд энэ чиглэлд чих тавьж байна уу. Олон нийтийн хүлээлтэд байгаа зүйл шүү дээ?

-Нүүрсний хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг Засгийн газар өөрөө шүгэл үлээж гаргаж ирсэн. Энэ асуудлаар өнөөдөр шүүхээр орсон нэг ч хүн байхгүй байна. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Нүүрсний асуудал цэгцэрч эхэлснээр эдийн засагт маш өндөр нөлөө үзүүлж байна. Тухайлбал, валютын нөөц, экспортолж байгаа нүүрсний үнэ өссөн гээд Монголын 3.4 сая хүний эрх ашгийг хангасан үйл явдал болж байна. Энэхүү эдийн засгийн үр өгөөж удахгүй иргэдэд очих байх. Төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелнэ гэдэг нь ойрын хэдэн жилдээ байгаагүй эерэг үзүүлэлт. Түүнчлэн ам.долларын ханш 70 төгрөгөөр бууна гэдэг бол мөн л ойрын 10 жилд байгаагүй үйл явц шүү дээ. Ам.долларын ханш нэмэгдэж байна гэж сонссоноос бууж байна гэж сонсож байгаагүй. Тиймээс иргэдэд эерэг нөлөө үзүүлнэ.

Энэ талаасаа энэ тэмцлийн эцсийг нь үзэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс ч бус Монголоос гарч байгаа баялаг бүр дээр Монголын төр хараа хяналттай байж, авах орлогоо гүйцэд авч чаддаг, тэр нь иргэдэд хүрдэг байгаасай гэж бодож байна.

-Нүүрсний сонсгол явуулахыг гишүүд шахаж байгаа юу. Сонсгол яагаад явахгүй байна вэ?

-Нүүрсний сонсголд гэрчээр оролцох олон субъект хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм билээ. Тиймээс мөрдөн байцаалтын нууц гарах юм байна. Иймд хойшлуулсан гэсэн тайлбарыг Г.Ганболд гишүүн өгсөн.

-Та бүхэнд сонсголыг хэдэн сард хийх тухай мэдээлэл өгсөн үү?

-Хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүд хэвлэлээр гарахгүй байгаа ч эрчимжиж байгаа гэж би ойлгосон. Хэрэг илрүүлнэ гэдэг нарийн явц байх. Ийм үед холбогдогчдыг авч ирээд энийгээ ярь, тэрийгээ ярь гээд байх нь хэргийн илрүүлэлт, нөгөө талаас хүний эрх зэрэг олон зүйлээс шалтгаалж хойшилж байна уу гэж бодож байна.

-Төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давсантай холбоотойгоор төсвийн тодотгол хийх тухай асуудал яригдах гэж байх шиг байна. Төсвийн орлогыг юунд зарцуулсан нь үр дүнтэй гэж та харж байна?

-600 тэрбум төгрөг яаж орж ирэв, төсөв яагаад 600 тэрбум төгрөгөөр давчихав гэдгийг эхлээд ярих нь зөв байх. Байгалийн баялгаас хумсалж байгаа хулгайг, тэр дундаа зөвхөн нүүрсний хулгайг зогсооход ийм үр дүн гарч байна. Тиймээс цаашид Монгол Улсаас экспортлогдож буй алт, зэс, төмрийн хүдэр зэрэг бүх баялагтаа хяналттай байна гэж Засгийн газрын тэргүүн ярьсан. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авч ирнэ гэж харж байна. Төсвийн тодотгол хэрвээ хийвэл яаж хийх вэ гэдгээр Засгийн газар төслөө боловсруулж байгаа.

-Уулзалтаар иргэд нэн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй гэж ярьж байна вэ?

-Иргэдтэй уулзаад явж байхад тэтгэврийн асуудал их хүнд байна. Жилийн өмнө тэтгэврийн доод хязгаарыг 500 мянга болгоход уулзалтад ирсэн ахмадууд “350 мянга байсан тэтгэвэр 500 мянга боллоо, баярлалаа” гэж байсан. Жилийн дараа очиход “500 мянган төгрөгийн тэтгэвэр хүрэхээ байсан, хүүхээ. Тэтгэвэр нэммээр байна” гэж байна. Мөн төрийн албан хаагчдын цалингийн асуудал ч хүнд байна. Төрийн албаны цалинг ялгамжтай яримаар юм билээ. Зарим салбарын цалин нь нэмэгдээд байдаг. Харин төрийн үйлчилгээний албаны цалин нэмэгддэггүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин гар дээрээ авч байна гэх мэтчилэн олон зүйл яригддаг. Хэрвээ Засгийн газраас цалинг нэмэхээр ярьж байгаа бол яаж нэмэх вэ гэдэгт бодолтой хандмаар юм билээ. Төрийн албанд байгаа учир нь олдохоо байсан цалингийн сүлжээ, салбар салбараараа амбицалж цалингаа нэмүүлдэг тогтолцоог угаар нь өөрчилж байж цалин нэмсний өөрчлөлт гарна.

-Цалин, тэтгэврээс гадна иргэдэд дарамт болж байгаа нэг асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлтийг хязгаарлах гарц шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Бид зах зээлийн нийгмийг сонгосон. Зах зээлийнхээ зарчмаар явна гэхээр үнэ өсөөд байна. Явуулахгүй, үүнд төр ямар нэгэн байдлаар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ гээд хэдэн их наядаар нь мөнгө гаргадаг. Эргээд харахаар ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Засгийн газраас бензин, шатахуун дээр авсан арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж харж байна. Тодорхой хэмжээнд шатахууны үнийг барилаа. Бусдаар бол явахад хэцүү байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байна. 2020 онд 5-6 мянга төгрөг байсан наранцэцгийн тос өнөөдөр 11-12 мянгатай байна. 300 төгрөг байсан өндөг 600 болчихоод байна. Энэ мэтчилэнгээр үнийн өсөлт их байна. Өнөө маргаашаа бус алсаа харж яривал бид дотооддоо үйлдвэрлэдэг болмоор байна. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 19 нэр төрлийн барааг дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэдэг бол маш чухал зорилт.

Энд нэг хоржоонтой тоо харагддаг. Хөгжлийн банкнаас тэр олон компани зээл аваад зориулалт бусаар ашигласан мөнгөний тоо 1.8 их наяд төгрөг байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгчийн дэвшүүлж, УИХ-аар баталсан хүнсний хувьсгалын хөтөлбөр таван жилийн хугацаанд 1.8 их наяд төгрөг. Бид дотооддоо хүнсээ үйлдвэрлэх бололцоогоо Хөгжлийн банкаар алдчихсан байгаа юм.

Бид үнийн өсөлт гэдэг зүйлтэй ойрын хугацаандаа “ноцолдох” байх. Гэхдээ алсдаа бол дотоодоосоо өндгөө, наранцэцгийн тосоо, улаанбуудайгаа 100 хувь хангачихдаг байх хэрэгтэй.

Өнгөрөгч өвөл би Хэнтий аймгийн Мөрөн сумын хоёрдугаар бригадын малчин Батхуягийнд “Улсын аварга малчин”-ы тэмдгийг нь гардуулж өгөхөөр очиход хүү нь Унгар улсаас ирсэн байсан. Тэгэхэд “Юмны үнэ Унгарт харьцангуй гайгүй байгаа. Монголд дийлдэхээргүй болсон байна” гээд толгой сэгсэрч байсан. Унгарт юмны үнэ яагаад тогтвортой байна гэхээр тэднийх үйлдвэрлэгч орон. Яахав, манайхыг бодвол цаг агаарын таатай нөхцөлтэй. Гэхдээ л үйлдвэрлэгч улс. Тиймээс бид цаашид тулгарч ирэх саад бэрхшээлээс амар гарахын тулд үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Юмны үнэ өсөөд байгаа шалтгаан нь европт тэрхүү хүнсний бараа өсчихөөд байна. Цалин бага, юмны үнэ өсөөд байна гээд Европт энд тэндгүй ажил хаялт болж байна. Бид үнэтэй барааг нь авч ирж идэж байгаа. Одоо бол урд хөрш хил гаалиа нээчихлээ. Хэрэглээнд нааштай үзүүлэлт авч ирэх байх.

Танай сонины 100 айлын барилгын материалын захаар явж хийсэн сурвалжилгыг уншсан. Сурвалжилгад тээвэр ложистикийн гацаа арилсан учраас барааны үнэ 15-20 хувиар буусан. Хятадад барилгын материалын үнэ өсөөгүй байна гэж ярьсан байх жишээний. Ер нь бид дотооддоо үйлдвэрлэгч болж байж л үнийн хүндрэлүүдээс алсдаа салах юм билээ.

-Та Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг. Тиймээс мал аж ахуйн өнөөгийн байдлыг ярилцъя. Ер нь малчдыг монгол төр яаж дэмжих хэрэгтэй гэж та хардаг вэ?

-Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар дээр үүсээд байгаа асуудал маш их байгаа. Нийгэм шилжсэнээс хойш 30 жил ямар ч замбараагүй явж ирлээ. Мал, малчин хоёр зөнгөөрөө л явлаа. Монгол Улсын төрөөс нэг зүйлийг хийх ёстой гэж боддог. Тэр бол хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын бүх асуудлыг ёстой нэг өргөс авсан юм шиг шийдэх байх гэж боддог.

-Тэр нь юу вэ?

-Малын махыг үнэтэй болгомоор байгаа юм. Үнэтэй болгохын тулд мэдээж олон асуудал үүснэ. Наанадаж малын өвчнөө яах билээ гээд л эхэлнэ. Үүнийг үе шаттайгаар шийдээд эцсийн зорилго нь монгол мах үнэтэй байх ёстой.

Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх бригадад уулзалт хийж байхад нэг залуу “Малын мах үнэтэй баймаар байна. Би өнөөдөр сум руу (Өмнөдэлгэр) хоёр төлөг аваачиж өгсөн. 110-120 мянгад өгдөг. Тэндээс 60 мянгаар шуудай гурил авч байна. 40 мянгаар нь бензин хийж байна. Үлдсэнээр нь ойр зуурын юм аваад юу ч үгүй үлдэж байна” гэж ярьсан. Малын тоо ингэж их өсөөд байгаа нь ердөө л малын үнэ хямд байгаатай холбоотой. Ер нь намайг сум, аймагт ажиллаж байхад тийм бодол төрж байсан. Сая зүүн аймгуудаар явахад энэ нь батлагдаж байгаа юм. Тиймээс ер нь бидний хийх ажил малын махыг үнэтэй болгох. Гэхдээ нэг харах ёстой асуудал бий. Бид малаа барах гэж байгаа юм шиг бүх малаа экспортолно гэж ярих нэг хэрэг.

Өнөөдөр нэг хонь 40 ам.доллар байна. Гэтэл гадаадад нэг килограмм мах 40 ам.доллар байгаа юм. Тиймээс бид үүнийг яаж уялдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Малаа экспортолсон ч төлөг 120 мянган төгрөг хэвээр байвал утгагүй шүү дээ. Харин 300 мянга хүрч байвал өөр хэрэг. Тэгвэл малчид, мал маллах залуус олон болно. Утга учиргүй 3-4 мянган малтай байхаа ч болино. Чанартай малтай байхаар зорьж эхэлнэ. Намайг мөн уулзалт хийж явахад Сүхбаатар аймгийн малчин Жамбал “Хэрвээ малын үнэ өсчихвөл би ингэж малын боол хиймээргүй байна” гэж байсан.

“Хүүхэд байхаасаа л мал дагасан одоо залхаж байна. Тэглээ гээд үүнийгээ ямар хаялтай биш. Амь зогоож байгаа хойно дагаад л явж байна” гэж хэлсэн. Тиймээс монгол төрийн хийх ажил нь малын махыг үнэтэй болгох. Мэдээж дэд бүтэц, эрүүл мэнд гээд түмэн асуудал тулгарна. Бид даваад гарах ёстой, шийдэж хийх л ёстой асуудлууд.

-Газрын хуульд та бэлчээртэй холбоотой зохицуулалт оруулахаар тойргийн иргэдэд танилцуулсан. Бэлчээрийг яаж зохицуулахаар ажиллаж байгаа вэ?

-Үүх түүхийг нь харвал 10 жилийн өмнөөс яригдсан ч өргөн баригдаагүй явсаар дөрвөн парламент дамжсан байна. Одоо бид халгаад хараад сууж болохгүй нөхцөл байдалд байна. Бэлчээрийн ашиглалтад төр малчидтайгаа ямар нэгэн байдлаар хамтрахаас өөр аргагүй юм билээ. Нэлээд том өөрчлөлт орохоор байгаа. Газрын хуульд бэлчээртэй холбоотой зохицуулалт байхгүй шахам байдаг. Гэтэл өнөөдөр 70 сая мал бэлчиж байгаа бэлчээр болон 250 мянган малчин өрхийн асуудал туйлын хүнд болж байна. Энэ бол нэг бодлын бизнес шүү дээ. Өрхийн энэ үйлдвэрлэл, энэ бизнесийн ирээдүй ямар байна гээд том зургаар харахаар ирээдүйд байхгүй болох гээд байна. Шалтгаан нь бэлчээрийн хомсдол. Ус цаг уурын нөхцөл байдал. Иргэнээс өөрөөс нь шалтгаалж байгаа асуудал байна. Мөн малын тоо зэрэг сөрөг зүйл ихтэй байна. Үүнийг би цээжний бангаар яриад байгаа юм биш. НҮБ, олон улсын холбогдох байгууллагуудын судалгаагаар батлагдсан үзүүлэлт. Үүнтэй уялдуулж хуулийн төсөл боловсруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн зүүн гурван аймгийн малчид, фермер, төрийн захиргааны албаныхантай уулзсан. Мөн Сүхбаатар аймгийн малчидтай хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 150 гаруй малчин оролцсон. Бүгд дэмжсэн. Аймгийн төв дээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 80-аад төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт фермер, малчид оролцсон. Тэд төр хамтрахгүй бол болохгүй нь гэдгийг хэлсэн. Түүнчлэн судалгаагаар цаашид ийм байдлаараа явбал Монгол Улс цөлжинө, бэлчээргүй болно гэсэн аймшигтай дүр зураг байгаа юм билээ. Энэ хууль удахгүй өргөн баригдах байх.

Ер нь өнгөрсөн хугацаанд тойрогтоо нэлээн ажиллалаа. УИХ-ын гишүүний үүрэг гэдэг бол тойрогтоо очиж ул боов тараах биш. Ийм хууль яригдаж байна. Энэ хуульд ингэж туссан байна. Үүнийг та нар маань юу гэж үзэж байна гэж иргэдийнхээ саналыг сонсох ёстой.

Ер нь би УИХ-д орсноосоо хойш “Амьдралтай хууль гаргамаар байна” гэж хэлж байгаа. Хууль хэрэгжүүлэх анхан шатны нэгжид ажиллаж байсан хүний хувьд “агаарын” хууль баталчихаар хэрэгжүүлэхэд зовлонтой юм их гардаг гэдгийг мэднэ. Ямар юм нь энийг ингээд хийчихдэг байна аа гэж бодмоор юм гардаг. Хэрэгжүүлэх ч хэцүү, байх ч хэцүү хууль битгий гараасай гэж боддог хүний хувьд хуулийн танилцуулгыг нэлээд сайн хийдэг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Өмчлөгч нь татвараас чөлөөлүүлэх хоёр орон сууцаа өөрсдөө сонгох боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн талаар ярилцлаа.


-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 2021, 2022 онд тус тус өөрчлөлт орсон. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, үндэслэл нь юу байв. Ямар гол өөрчлөлтүүд орсон бэ?

-Таны хэлсэнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 2021, 2022 онд өөрчлөлт орсон. Үүнээс өмнө нь ч бас хэд хэдэн удаа өөрчлөлт орж байсан. Харин энэ удаа татварын хувь хэмжээтэй холбоотой, мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой зарчмын өөрчлөлтүүд орсон гэхэд болно.Тодруулбал, 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт батлагдахдаа үл хөдлөх эд хөрөнгийн татварын хувь хэмжээ 0.6-1 хувь байсныг 0.6-2 хувь болгон өөрчилсөн. Яг тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ногдох тодорхой хувь хэмжээг бүсчлэлээс нь хамааран нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ тогтооно гэж заасан. Мөн аймаг, суман дахь орон сууцыг тоо харгалзахгүйгээр чөлөөлж, Улаанбаатар хотод хоёр хүртэлх орон сууцыг тус татвараас чөлөөлдөг байхаар өөрчилсөн.

-Тэгэхээр зөвхөн Улаанбаатар хотод л тоо заасан гэсэн үг үү?

-Тийм, зөвхөн Улаанбаатарт л тоо заасан. Түүнчлэн шинээр “нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөх тухай заалт нэмснээс гадна Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсантай холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийн татварыг эхний таван жилд бүрэн чөлөөлж, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөлт үзүүлдэг болж өөрчлөгдсөн.

-Орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлдөг байсан хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулснаар улсын төсөвт болон нийгэмд ямар өөрчлөлт, үр дагавартай гэж судалж, төлөвлөсөн бэ?

-Өмнө нь орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хязгаарлалтгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлдөг байсан. Энэ байдлыг Улаанбаатар хотын хэмжээнд тооны хязгаарлалт тавьж өөрчлөн, харин орон нутагт хэвээр үлдээсэн.

Тооны хязгаарлалт гэдэг бол Улаанбаатар хотод нэг өмчлөгчийн хоёр хүртэлх орон сууцыг уг татвараас чөлөөлж байгаа гэсэн үг. Харин хоёроос илүү орон сууц өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь хоёроос давсан тооны орон сууцандаа албан татвар төлөхөөр болсон нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж хэлж болно. Анх 2000 онд энэ хууль батлагдах үеийн нөхцөл байдал өдгөө багагүй өөрчлөгдөж, нийгмийн байдал харьцангуй сайжирсан тул хоёроос дээш тооны орон сууц өмчилж буй өмчлөгч энэ төрлийн татварыг төлөх боломжтой, төлөх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцээд Монгол Улсын төсвийн тухай хуульд энэ төрлийн татвараас улсын төсөвт орох орлогыг 25.2 хувь буюу 31.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг тооцоо гарсныг дурдсан байсан. Энэ нь төсөвт тодорхой хэмжээнд нөлөөлөхүйц үр дүн гэж харж байгаа.

-Иргэдийн дунд монгол гэрийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөхөөр болж байгаа гэсэн яриа гарсан. Түүнчлэн орон сууц хамтран өмчлөгчдийн хувьд зохицуулалтууд нь ойлгомжгүй байгаатай холбоотой багагүй шүүмж өрнөсөн. Энэ талаар?

-Орон сууцны тухай хуульд хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг “орон сууц” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ тодорхойлолтын дагуу “монгол гэр” ч бас орон сууц гэж тооцогдохоор ойлгогдож болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд “үл хөдлөх хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн дагуу тодорхойлно” гэж заасан байдаг. Тиймээс монгол гэр нь Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолтод хамаарахгүй тул энэ татвар ч мөн хамааралгүй гэж үзэж болно. Харин хамтран өмчлөгчтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллага хуульд нийцүүлэн нарийвчилсан журам гаргаж зохицуулсан байгаа.

-Анх орон сууцыг тоо заахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлдөг байсан үеийн нийгмийн нөхцөл байдал болон төрөөс энэ талаар баримтлах бодлого өөрчлөгдөж байгаа гэж үзэж болох уу?

-Тухайн үед ч, одоо ч монголчууд бид нүүдэлчин амьдралын хэв маягаас суурьшмал буюу хот суурин амьдралын хэв маягт шилжих явц өрнөж байгаа. Энэ үүднээс суурин, хот газруудад хүн суурьшин амьдрах зориулалттай, дулаан болон бохирын шугамд холбогдсон орон сууцны барилгууд олноор бий болохыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Тиймээс ч анх 2000 онд үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуулийг батлах үед “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь чөлөөлөхөөр болж байсан.

2000 оны хууль батлагдах үед Засгийн газраас тус хуулийн төсөлд “өмчлөгч өөрөө тус орон сууцандаа амьдардаг байх, талбайн хэмжээгээр нь ангилах” зэргээр нэлээд өндөр шалгуураар тус татвараас чөлөөлдөг байхаар тусгасан. Гэсэн хэдий ч Монгол Улсад орон сууцны барилгажилт чухал ач холбогдолтой байсан учраас “өөрөө амьдарч байгаа эсэх, тус орон сууцыг түрээслээд аливаа байдлаар ашиг олж байгаа эсэх, иргэн эсвэл хуулийн этгээдийн өмчлөлийнх үү” гэх зэргээр огт ялгаварлахгүйгээр бүх орон сууцыг татвараас чөлөөлөх саналыг оруулж, УИХ-аас дэмжиж баталсан байдаг.

Өнөөдөр ч хуулийн анхны энэ үзэл баримтлал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. 2021 онд хийсэн өөрчлөлтөөр зөвхөн Улаанбаатар хотод л тооны хязгаарлалт тавьсан.Өөрөөр хэлбэл орон сууцны талбайн хэмжээ, өөрөө амьдардаг эсэх, бусдад ашиглуулж, ашиг олдог эсэх зэрэг хүчин зүйлийг үл харгалзан, Улаанбаатар хотод хоёр орон сууц, бусад аймагт бүх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөхөөр байгаа.

-Улаанбаатар хотод татвараас чөлөөлөгдөх хоёр орон сууцыг өмчлөгч өөрсдөө тодорхойлох уу, татварын байгууллагаас тогтоох уу?

-Орон сууц өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь өөрсдөө татвараас чөлөөлүүлэх хоёр орон сууцаа сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр үнэлгээтэй хоёр орон сууцаа чөлөөлүүлж болно. Тэр нь өмчлөгчийн өөрийнх нь сонголт гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ундрам: Мэдлэгт суурилсан эдийн засагтай үндэстэн болъё гэвэл англи хэл чухал DNN.mn


УИХын гишүүн Ч.Ундрамтай Боловсролын багц хуулийн талаар ярилцлаа.


-Ярилцлагаа сүүлийн үед бүүм болоод байгаа дуулианаас эхэлье. Англи хэлийг нэгдүгээр ангиас заах санаачилга хаанаас гарсан, ямар учиртай заалт вэ?

-Одоогийн парламент анх бүрэлдэж эхэлснээс хойш буюу 2020 оны намрын ээлжит чуулган нээснээс хойш миний бие УИХ-ын дарга, байнгын хороодтой хамтарч Боловсролын хуультай холбоотойгоор боловсролын салбарын асуудлаар хэлэлцүүлгүүдийг хийсэн. 2021 оны хаврын чуулганаар Боловсролын багц хууль өргөн баригдсан боловч сайд нь солигдсон. Ингээд дахин өргөн барьсан. Энэхүү хууль гурван жил яригдаж байгаа шүү дээ. Улс эх орондоо хайртай, эх хэл, түүх соёлоо мэддэг, дээдэлдэг эх оронч, мөн дэлхийд өрсөлдөх чадвартай үндэстнийг бэлтгэх ёстой гэсэн чиглэлийг анх хуулийн төслийг боловсруулахдаа тавьсан.

Өнөөдөр бид хүүхдүүдэд ялгаатай нөхцөл, боломж олгоод байна. Тиймээс энэ хуулиар тэгш гарааны нөхцөл олгох ёстой гэж үзсэн. Хувийн сургууль төгсөж байгаа болон төрийн сургууль төгсөж байгаа хүүхдүүд хооронд ямар ялгаа байна гэдгээр судалгаа хийж үзэхэд хамгийн том ялгаа нь англи хэл гэж гарсан.

Математик, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлд гарсан зөрүү нь сургуулиасаа юм уу, хүүхдээсээ хамаараад өөр байгаа. Харин хамгийн том ялгаа нь англи хэл гэж гарсан. Тиймээс англи хэлийг бага ангиас нь зааж энэ ялгаатай байдлыг арилгах ёстой гэсэн асуудал хөндөгдсөн. Монголын сургуулиудад өнөөдөр англи хэлний хичээл зургадугаар ангиас нь эхлэн долоо хоногт нэг цаг орж байна. Энд багш нарын чадавх муу байна. Мөн монгол сэтгэлгээтэй тухайн насны хүүхдэд англи хэлийг яаж заах вэ гэдэг судалгаа шинжилгээ хангалттай биш зэрэг асуудлууд байна. Тиймээс англи хэлийг бага ангиас нь заах ёстой гэсэн асуудал гарч ирсэн. Ингээд би өнгөрөгч жилийн тавдугаар сард “Англи хэлний боловсролыг дэмжих” лобби бүлэг байгуулсан. Энэхүү лобби бүлгийг байгуулсан гол зорилго нь жижиг үндэстний хувьд бид англи хэл мэддэг байх ёстой. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан болон шинэ бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдлэгийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгддэг. Тэрхүү мэдлэгийг бид сурдаг, мэддэг, хүлээж авдаг, өөрийн мэдлэг болгодог болмоор байна. Мөн тэр мэдлэгт суурилж шинэ мэдлэг инноваци бий болгож дэлхийн мэдлэгт хувь нэмэр оруулдаг, мэдлэгийн эдийн засагтай үндэстэн болъё гэвэл англи хэл чухал.

Хоёрдугаарт, дэлхийн иргэний хувьд олон улсад юу өрнөж байна, геополитикийн нөхцөл ямар байна, хаашаа эргэж байна зэрэг дэлхийд болж байгаа улс төр, нийгэм, соёлын үйл явдлыг ойлгодог, тэр мэдээллийг авдаг байхын тулд англи хэл чухал. Улс төр, үзэл суртлын шүүлтүүр ороогүй мэдээллийг BBC, Нью-Йорк Таймс ч гэдэг юм уу баттай эх сурвалжаас мэдээлэл авъя гэвэл англи хэлний мэдлэг чухал.

Гуравдугаарт, Монгол Улсад үндэстний эрх ашиг зөрчигдвөл бид гадаадын хүний эрхийн байгууллагууд руу шууд хандахын тулд англи хэл мөн л чухал. НҮБ-ын албан ёсны зургаан хэл гэж байдаг. Тэрхүү зургаан хэлнээс хамгийн ойроор нь англи хэлийг сурсан нь бидэнд амар шүү дээ. НҮБ-ын албан ёсны нэг хэлийг сурчихсан байхад “Миний эрх зөрчигдөөд байна”, эсвэл “миний үндэстний эрх зөрчигдөөд байна” хэмээн өөрөө шууд хандах боломжтой.

Дөрөвдүгээрт, монгол хүүхдүүд гадны топ их сургуулиудад бэрхшээлгүй сурмаар байна. Ингэхийн тулд нэн түрүүнд IELTS, TOEFL-ийн оноо шаарддаг. Тэтгэлэг авмаар байна. Мөн л англи хэлний мэдлэг нэн тэргүүнд шаардагдана. Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авах гэхээр топ их сургуульд сурдаг байх ёстой гэдэг. Топ их сургуульд оръё гэхээр дээр хэлсэнчлэн англи хэлний мэдлэг шаарддаг. Цаашлаад бид дэлхийн хэмжээний боловсон хүчин болмоор байна. Дэлхийн банк, Цахиурын хөндийд монголчууд ажилламаар байна. Тэндээс олж авсан мэдлэгээ Монголдоо түгээмээр байна. Тиймээс хүүхэд бүрд боломж олгох үүднээс англи хэлийг үндсэн гадаад хэл болгоё гэж зорьсон. Энэ нь манайхтай харилцдаг зарим улс орны эрх ашигт нийцэхгүй байж магадгүй. Гэхдээ Монголын эрх ашигт бүрэн нийцнэ гэж байнгын хорооны гишүүдийн олонх үзсэн.

-Англи хэлийг бага ангиас нь үзэх нь үндэсний дархлаанд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна. Үүнээс гадна үндэсний дархлааг энэ хуулиар яаж хангахаар оруулсан бэ?

-Энэ хуулиар монгол хэл, түүхээ мэддэг иргэнийг бий болгоно гэж зорьсон. Тиймээс энэ чиглэлд чухал хэд хэдэн зохицуулалт орсон. Монголд өнөөдөр Засгийн газар хоорондын гэрээгээр гадаадын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиуд нэгдүгээр ангиасаа шууд гадаад хэл орж байна. Гадаад хэл дээр математикаа зааж байгаа сургуулиуд байна. Тиймээс хуульд бүх сургууль заавал Монгол хэл үзнэ гэсэн зохицуулалт оруулсан. Иймд хувийн байна уу хувьсгалын байна уу, ямар хөтөлбөртэйгөөс үл хамааран бүх сургууль Монгол хэл үздэг болно. Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж заасан. Хятад сургууль байсан ч, англи сургууль байсан ч монгол, англи хэлийг хоёуланг нь заавал үзэхээр болж байгаа юм. Ингэхдээ Монгол хэлийг заавал үзэх зохицуулалт орж байгаа. Харин англи хэлийг хэддүгээр ангиас үзэх, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг БШУС-ын яамны Хөтөлбөрийн зөвлөл шийднэ. Тэрхүү зөвлөлд боловсрол судлал, хэл шинжлэл, сэтгэл судлалын гээд мэргэжлийн олон хүмүүсээс бүрддэг. Тэд хэддүгээр ангиас англи хэл заахыг шийднэ.

Боловсролын сайд ярихдаа “Багш нарыг бэлтгэж байна. Бид гуравдугаар ангиас эхлэн заах боломжтой. Хөтөлбөрөө сайжруулна” гэсэн. Хэрэгжүүлэх шатанд санаа зовж байгаа хүмүүс байсан. Мэдээж хэрэг анги дүүргэлт нь бага байх ёстой. Зөв хөтөлбөр, зөв сурах бичиг, сайн багш гээд бүх орчныг бэлдэж байж англи хэл сайжирна. Энэ хуулийг бид есдүгээр сарын 1-нд зориулж гаргаагүй шүү дээ. Хууль аль болох урт хугацаанд хэрэгжих ёстой. Магадгүй 10, 30, 50 жил гээд урт хугацаанд хэрэгжиж байх ёстой. Тиймээс урт хугацааг харж оруулж ирж байгаа заалт юм.

-Нэгдүгээр ангиас англи хэлийг заах санаачилга ер нь хаанаас гарсан бэ?

-Ажлын хэсэг дээр нэгдүгээр ангиас орж болдог уу, бусад улс орны туршлага ямар байдаг талаар ярьсан. Ингээд нэгдүгээр ангиас ч орох боломжтой байдаг юм байна гэсэн санаа буруу ойлгогдох шиг болсон.

-Ер нь таныг зөв зүйтэй юм ярьсан ч дан буруу өнцөг рүү, шүүмжлэл рүү оруулчих юм. Уг нь байнгын хороо 16 гишүүнтэй гэтэл таны ярьсан лшүүмжлэгдэх юм. Үүнийг та юу гэж харж байна. Улс төрийн зорилготой зүйл яваад байна уу?

-Тийм. Улс төрийн зорилго байгаа. Нэгдүгээрт, “Англи хэлний лобби бүлэг”-ийн дарга нь би. Англи хэлний боловсролын суурийг багаас нь тавих ёстой гэж зүтгүүлсэн гол хүний нэг нь бас би. Тиймээс манай улстай хамтын ажиллагаатай зарим орны эрх ашигт нийцэхгүй байгаа. Иймд үүний явуулга байгаа гэж үзэж байна. Мөн миний өрсөлдөгчид ч байгаа байх. Тиймээс надаас эмээж, айж ийм зүйл явуулж байж ч болох. Тэр хүнд би хүчтэй өрсөлдөгч нь санагдсан учраас над руу дайрах дайралт гардаг байх. Түүнээс сул байсан бол хэн ч тоохгүй шүү дээ.

-Боловсролын багц хуульд таны оролцоо хэр байв?

-Боловсролын багц хуулийг хоёр жилийн өмнө Засгийн газраас өргөн барьсан. Хуулийг 21 аймаг, есөн дүүрэг, дээд сургууль, МСҮТ, нийгмийн ажилчидтай гээд бүтэн хоёр жил хэлэлцүүлэг хийсэн. Энд би байнга оролцож, аль болох манлайлж оролцсон. Англи хэлнээс гадна цахим боловсролыг энэ хуулиар хүлээн зөвшөөрдөг болж байгаа. Өмнө нь хүлээн зөвшөөрдөггүй байсан. Мөн албан бус боловсролыг хүлээн зөвшөөрч байгаа. Жишээлбэл, мужааны курст суусныхаа дараа мэргэжлийн сургуульд сурахдаа түүнийгээ дүйцүүлж тооцуулах боломжтой болж байгаа.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоондоо нэлээн анхаарч байна. Багшийг сайн, муу янз бүрийн сургалттай сургуулиуд бэлтгэж байна. Бүгд өөр хөтөлбөртэй. Төгссөн багш нар ерөнхий боловсролын сургуульд очихдоо зааж байгаа хөтөлбөрийг мэдэхгүй ч юм уу, эсвэл яаж заах аа мэддэггүй гэдэг юмуу чанаргүй багш нарыг бэлтгэж байсан тодорхой хэдэн сургуулиуд байсан. Одоо багш бэлтгэх хөтөлбөрийг магадлан итгэмжилж нэг стандартын дагуу явуулъя гэж байгаа. Мөн “Багшийн нийгмийн асуудал” гэсэн бүлэгтэй болж байна. Тухайлбал, багшийн нэг хүүхдийг төрийн нэг их сургуульд үнэ төлбөргүй сургана. Алслагдсан орон нутагт багшлах боловсон хүчинд орон байрны туслалцаа үзүүлнэ гэсэн заалт орж байгаа. Энэ хуулийн нэг чухал зохицуулалт нь тэгш хамрагдалтыг нэлээд хангаж өгсөн. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлаад тусад нь өөр цэцэрлэг, сургуульд сургадаг байсан. Одоо бол бид тэгш хамруулах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийн хамран суралцах тойргийнхоо сургуульд сурах боломжийг нь хангана гэсэн үг. Харин сургууль дээр өөрийн биеэр очиж суралцах боломжгүй хүүхдүүдэд ганцаарчилсан хөтөлбөр гаргаж, очиж заадаг болно. Тиймээс энэхүү хууль тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сурах орчныг хангаж өгч байгаа хүний эрхийн мэдрэмжтэй хууль болж байгаа юм. Үүнээс ямар нэгэн шашин шүтлэг, жендер, нийгмийг гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй гэсэн зарчимд суурилсан. Мөн хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд миний бие хувийн сургуультай холбоотой асуудлыг хөндөж ирсэн. Бид хувийн сургуулийн холбоодтой удаа дараа хэлэлцүүлэг, уулзалт хийсэн. Заримдаа мэтгэлцсэн. Үл ойлголцлыг арилгах гэж маш олон оролдлого хийсэн. Ингээд хувийн сургуулиуд ашгийн төлөө болон ашгийн бус байдлаар ажиллаж болно гэсэн зохицуулалт оруулж байна. Ашгийн төлөө ажиллавал компанийн тухай хуулиар зохицуулагдана. Татвараа төлнө. Ашгийн бус ажиллая гэвэл төрийн бус байгууллагын хуулиар явна гэсэн заалтыг оруулж өгч байгаа. Мөн зөвхөн үндэсний хөтөлбөр зааж байгаа сургуулиудад хувьсах зардлыг олгох зохицуулалт орсон.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Эрх чөлөөний бүлэг хууль нь монголчуудад улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг бүрэн нээж өгнө DNN.mn

Ардчилсан намын УИХ дахь бүлгийн зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Ардчилсан нам Эрх чөлөөний багц хуулийг санаачилна хэмээн мэдээлсэн. Энэ хуулиар хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг яаж хамгаалах вэ. Энэ хуулийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн зөвлөхүүддээ иргэдийн эрх чөлөө, амьдралын түвшнийг сайжруулах бодитой асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх ямар боломж байгаа талаар судалгаа, хэлэлцүүлэг хийж танилцуулах үүрэг өгсөн. Бүлгийн зөвлөхүүд гэдэг нь албан зөвлөхүүдээс гадна бүлэгт албан бус статустай, голдуу Ардчилсан намын ҮБХ-ны 30 гаруй гишүүд багтсан, парламентын гишүүдийн үйл ажиллагаанд үйл ажиллагаа, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой нам бүлгийн нэгдэл л дээ. Удаа дараагийн хэлэлцүүлэг, судалгааны дүнд иргэдийн хамгийн их санаа дургүйцэл төрүүлж байгаа асуудлын нэгдүгээрт хүний жам ёсны эрх орсон. Өөрөөр хэлбэл, монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд эрх баригчдын зүгээс маш ихээр халдах, тэр ч бүү хэл хилсээр ял тулгах явдал гарч байна. Хоёрт, иргэдийн эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, хувийн өмчийг төрд булаах, татварын дарамт ихсэх, төрийн үйлчилгээ дабл стандартаар явах, төр бизнесийн байгууллагуудтай өрсөлдөж эхэлснээр МАН төрийн капитализм байгуулж олигархижиж байгаад маш их санаа зовсон, бухимдсан дүн гарсан. Олон нийт, судлаачдын эдгээр дүгнэлт нь ч олон улсын байгууллагуудын ардчилал, хүний эрх, бизнесийн эрх чөлөөний индексийн ухралтуудаар нотлогдсон гэдгийг энд онцолъё.

Эдгээр суурь асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэхийн тулд бүлгийн зөвлөхүүд “Эрх чөлөөний хуулиуд” нэртэй бүлэг хуулийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьж, батлуулах саналыг гаргасан. Үүнийгээ УИХ-ын гишүүддээ бүлгийн хурал дээр танилцуулсан. Эрх чөлөөний бүлэг хууль гэдэг нь монголчуудын улс төрийн эрх чөлөөг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг бүрэн нээж өгөх үндсэн зорилгын хүрээнд бичигдэх либерал хуулиудын нэгдсэн нэр юм. УИХ дахь АН-ын гишүүд маань зөвлөхүүдийн санаачилгыг ерөнхийд нь дэмжиж эхний ээлжинд тодорхой ямар ямар хуулиуд байх талаар чиглэл өгснөөр энэ ажил албажсан. Бүлгээс хийх хэвлэлийн хурал дээр танилцуулсан нь тэр. Бэлэн болж буй хуулийн эхний төсөл нь “Тайван жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”, “Гуравдагч хөршийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт” зэрэг юм.

Цаашид баялаг бүтээгчдийг дэмжих тухай, Өмчийн эрхийг хамгаалах тухай, Монгол банкны хар жагсаалтаас иргэдийг чөлөөлөх тухай гээд олон хуулийн төслүүд дээр манай зөвлөхүүд УИХ-ын гишүүдэд тусалж ажиллана. Мөн намын бүтэц, иргэд сонгогчдоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь “Тайван жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн төсөлд иргэд Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийхдээ заавал захиргааны байгууллагад мэдэгдэж ямар нэгэн хариу авахгүй шууд жагсах эрхийг нь нээж өгч байгаа. Эрх баригчид түүний хууль хүчний байгууллагын зүгээс тайван жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийг мэдэгдэл өгөөгүй, өгсөн ч мэдэгдлийн хариу “зөвшөөрөөгүй байхад” жагссан гэдэг үндэслэлээр хүч түрэн баривчилж ял тулгаж байгааг зогсоох хууль нь энэ байх болно.

-Иргэд сонгогчдоос санал яаж авах талаар ярихгүй юу. Платформ нээсэн гэл үү?

-Тийм ээ. Эдгээр хуулийн төслүүдийг “Иргэний ардчилал” платформын хүрээнд нийт иргэд сонгогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж чөлөөтэй санал авахаар төлөвлөж байна. Зөвхөн санаачилсан хуулиудын хүрээнд ч биш монголчуудад эрх, эрх чөлөөгөө хамгаалах, аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө ямар хуулиуд санаачилмаар байгаа тухай иргэдээсээ бид асууна. Хувь иргэд тодорхой хуулийг санаачилж өгөөч гэж УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдэд санал өгч, тэр санал нь “Иргэний ардчилал” платформ дээр 50,000 хүртэл иргэний гарын үсэг цуглуулбал шууд өргөн барьж болох тухай ч Бүлгийн дарга О.Цогтгэрэл ярьж байгаа. Танай сонины уншигчдаас хичээнгүйлэн хүсэхэд “Иргэний ардчилал” эрх чөлөөний сарын аянд https://form.jotform.com/231161053184446 хаягаар орж үгээ хэлж оролцоорой хэмээн урьж байна.

-Ардчилсан төлөөлөгчдийн чуулга уулзалтыг энэ сард юм уу, дараа сард зохион байгуулна гэсэн. Чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Юу хэлэлцэх вэ?

-Бүлгийн хурал дээр гишүүд зөвлөхүүдийн ажилтай хамааралтай ярьсан нэг ажил нь “Ардчилсан төлөөлөгчдийн уулзалт”-ыг зохион байгуулах тухай. Хэдийгээр сүүлийн хоёр жил дотоод маргаантай байсан ч Ардчилсан нам бол үндэсний хэмжээний бүтэцтэй, хамгийн том сөрөг хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн засаг дарга нарын 54 хувийг АНбүрдүүлж байна. 330 сумын 147 сумынх нь Засаг дарга Ардчилсан намынх. АН21 аймгийн ИТХ-ын 10-т, есөн дүүргийн хоёрт нь олонх байна. Иргэдээс мандат авсан бүх шатны төлөөлөгч гэхэд л АН-аас 4000 гаруй хүн байгаа нь АН-ыг МАН-тай эн зэрэгцэх нөөцтэй нам гэдгийг бүрэн нотолж байгаа юм. Бид өнөөдөр нэгдсэн, дотоод маргаангүй нам болсон. Товчхондоо АН-аар дамжуулж Монголын ардчиллыг хагаралтай байлгах гэсэн гадаад дотоод эрх ашгийг тасалж чадсан. Одоо сөрөг хүчнийхээ үндсэн ажлаа хийх хэрэгтэй. Энэ ажлын нэг том эхлэл нь иргэдээс мандат авсан бүх шатны төлөөлөгчдөө цуглуулж сөрөг хүчний стратеги зорилтоо гаргах, 2024 оны сонгуульдаа бэлтгэх юм. Энэ нүсэр ажлыг намын бүтэцтэй хамтран хийх чиглэлийг гаргасан. Өмнө нь намын даргад танилцуулагдсан байсан болохоор энэ уулзалт удахгүй зургаадугаар сард багтаж хийгдэх юм. Энэ ажлын арын гүйцэтгэлт бүлгийн зөвлөхүүд ч ажиллана.

-Та бол улс төр судлаач хүн. Тиймээс Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн талаар таны байр суурийг сонсъё. Улс төрийн намын тухай хуулийн аль зохицуулалтад та ямар шүүмжлэлтэй байна вэ?

-Нам, бүлэгтэй огт хамаарахгүйгээр хувийн байр сууриа илэрхийлье. Улс төрийн намын тухай хууль хамгийн олон жил хэлэлцэгдсэн, хамгийн олон ажлын хэсэг байгуулагдсан хуулиудын нэг. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьж байгаа уламжлал нь зөв. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеийн ажлын хэсэгт би орж ажиллаж байсан. Чуулганд ороод уначихдаг үндсэн шалтгаан нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал. Учир нь улс төрийн намууд санхүүжилтээ ил байлгах сонирхол тун бага. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгийг намуудад зарцуулах гэж байгаа бол түүний хяналт иргэдэд нээлттэй байх ёстой. Нөгөө талаас төрийн мөнгө гэдэг бол эрх баригчдын л “мөнгө”. Төрөөс мөнгө өгөөд эхлэхээр жижиг намууд эрх баригчдын нөлөөнд хэт орж дагуул намууд үүсдэг. Үүний алтан тэнцвэрийг олохгүй бол чуулганаар батлагдахгүй, амьдрал дээр дэвшил авч ирэхгүй. Улс төрийн намуудын нийт санхүүжилтийн 30-аас ихгүй нь л төрийн санхүүжилттэй байх ёстой. Үлдсэн нь жижиг дунд хандивлагчдаас бүрдэж байж үзэл санаа орших учиртай. Гэтэл хандив өргөсөн компаниудыг яах эсэх нь хуульд тодорхойгүй харагдана лээ. Илүү дарамталсан заалт байгааг ч хэвлэлийнхэн хөндөөд байгаа. Иргэний нам биш төрийн өмчит намууд л үүсэх гээд байна шүү дээ. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөхгүй бол болохгүй.

-Сонгуулийн системийг 50:50 гэсэн МАН-ын саналыг та хэрхэн дүгнэж байна. Манайд ямар харьцаатай байвал болох вэ?

-МАНхоёрын тоонд их дуртай болсон байна лээ. 76 гишүүнийг хоёроор үржүүлээд 152 гишүүн, 76 гишүүнээ хоёрт хуваагаад 38:38 гэсэн тактикийн тоо оруулж ирж байна. Мэдээж энэ бол шинжлэх ухаан биш. Товчхон хэлэхэд, Ардчилсан намын санал болгож буй 60:40 бол шинжлэх ухааны үндэслэлтэй тоо. Олон улсад олонх холимог сонгуулийн жишиг ч ийм. Хөндлөнгийн судлаачдын сонгуулийн хуульд өгсөн санал ч 60:40 байна. Бид дугуйг шинээр зохиох хэрэггүй. Өртгийг нь дийлэхгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 152 байхаар оруулж ирсэн. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-ҮХНӨ бол өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санал санаачилга биш. Аль 2015 оноос л Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх тухай өөрийн тодорхой зарчмуудаа тавьсаар ирсэн. Орчин үеийн нийгмийн амьдрал илүү эрчимтэй, хурдтай болж Үндсэн хуулийн өөрчлөлт олон улсад 15-20 жилд нэг хийгдэж байна. Гагцхүү ҮХНӨ-өөр хэзээ ч өөрчилж болохгүй хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт нийгэмтэй холбоотой үндсэн заалтууд гэж бий. Нийгмийн тогтолцоо, эдийн засгийн бүтэцтэй холбоотой сайжруулж, баяжуулж байх ёстой зүйл заалтын хүрээнд өөрчлөлтийг хийх ёстой шүү дээ. Одоогийн энэ үеийнхэн хийхгүй бол дараагийн үеийнхэн хийх л болно. Хэвлэлийнхэн гишүүдийн тоог л их асуух юм. Уул нь Үндсэн хуульд парламентын тооноос хэд дахин ач холбогдолтой Үндсэн хуулийн шүүхийн асуудал, ерөнхийлөгчийн эрх үүрэг, өмчлөлийн хэлбэр гээд олон зүйл заалтуудыг улстөрчдөөс ам асуумаар байгаа юм. Эхлээд ҮХНӨ-ийг дэмжих эсэх чуулганы шийдвэрийг харах нь илүү бодитой болов уу. Гишүүдийн тооны хувьд 152-оос бага, 76-аас их байх нь зүйтэй. Яг хэд байхыг онолын гэхээсээ нийгмийн зөвшилцлөөр л шийднэ шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Ах нар аа, акулыг хамгаалж, жараахайгаар төөрүүлэх хэрэггүй DNN.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаан “бусад асуудал”-ын үеэр ихээхэн анхаармаар зүйлүүдийг ярьжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нилээд бухимдалтай байсан дуулдаж байна. Тэгэхдээ том, жижиг хэд хэдэн асуудалтай холбоотой үг унагаад авчээ. Хэлсэн үгнүүдээс нь харвал тэрээр хэд хэдэн “ах”-даа Ерөнхий сайдын суудал дээрээс Засгийн газрын хуралдааны протоколоор дамжуулан үг дайсан байж болзошгүй байна. Сошиалын “эзэнтэй пост” гэдэг шиг ажээ.

Л.Оюун-Эрдэнэ “Том авлигачдын асуудлыг саармагжуулахын тулд жижиг нөхдөөр оролдож байна. Ингэж олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах оролдлого гарах болсон. ШЕЗ хүртэл оролцож, “5Ш” ажиллагааг саармагжуулахыг оролдож байна. Ер нь хэний захиалгаар, хаана, юу яригдаж, яаж хийгдэж байгааг би бүгдийг мэдэж байгаа шүү. Дахиад хэлье. Акулыг хамгаалах гэж жараахай хөөцөлдөж байна. Жинхэнэ авлигачдыг хамгаалдаг. Жагсагчид гэх мэт хүмүүсийг бариулдаг. Ингэж төөрүүлэх хэрэггүй шүү, ах нар аа. Үнэн бай л даа. Үүний оронд 5-7 жил болж байгаа том хэргүүд дээр, том авлигачид дээрээ төвлөрөөч. Өнгөрсөн 30 жилийн ийм технологид чинь одоо ард түмэн хууртахгүй” гэжээ.

Мөн “Зоригийг хөнөөсөн хэрэг гэхээр хэдэн хүн гарч ирэх юм. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Үнэхээр хүний эрхийн төлөө тэмцэгч юм бол найз нь гэмгүй хүмүүсийг шийтгэж байхад “Боль” гэж хэлэхгүй яасан юм бэ” гэсэн байна. Үүнээс гадна “Та нарт хашаа будахаас өөр ажил алга уу. Авлигал хамар дор байгаагийн л илрэл. АТГ энэ хашааны асуудлыг шалга” гэсэн байна. Энэхүү Төрийн ордны гаднах хашааны асуудал саяхан хэл ам болж, сошиалд шуугиулаад авсан билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Бурмаа: Хэн нэгэн мундаг улстөрч улс орныг сайхан болгоно гэж хүлээх биш, тогтолцоо эрүүл байх нь л чухал DNN.mn

УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Та 2015 онд Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан туршлагатай. Тиймээс өнөөдөр олон нийтийн анхааралд байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн алдаа, онооны талаар тантай ярилцах гэсэн юм?

-Сонгуулийн систем ямар байх, пропорциональ, мажоритар хэлбэрийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг олон хүн ярьж байгаа учраас би энэ талаар яримааргүй байна. Гол нь аль ч системийг сонгосноос үл хамаарч сонгууль шударга явдаг байх нь чухал. Сонгуулийн ажиглагчийн эрх, үүрэг хуульд байдаггүй байсныг өмнө нь хуульд нарийвчилж оруулж байсан. Хөндлөнгийн ажиглагч, төрийн бус байгууллагуудын ажиглагч зэргийг нэлээд сайн оруулж өгсөн. Мөн санал тоолох, санал авах төхөөрөмжийн хяналтын чиглэлд мөн ихээхэн нарийвчилсан заалтууд орж байсан. Одоо бол хяналтын тооллогыг 100 хувь болгоё гэж хуульд орж байгаа юм байна. Үүнийг би дэмжиж байна.

Сонгуулийг будилаантуулах зөрчил үүсгэж байгаа нэг асуудал байна. Тэр нь иргэний бүртгэл, нэрийн жагсаалт. Саяхан хүүхдийн мөнгө өгнө, өгөхгүй хэмээх асуудал гарлаа. “Манай хаяг дээр танихгүй хүн бүртгэлтэй байж. Тийм учраас орлого өндөр гээд хүүхдийн мөнгөнөөс хасчихсан байна” гэх асуудал их гарлаа шүү дээ. Энэ үеэр би өөрийн хаяг дээрх бүртгэлээ шалгаж үзлээ. Гэтэл манай хаяг дээр гурван хүүхэдтэй хоёр хүнийг биччихсэн байгаа юм. Тэгэхээр нь “Манай хаяг дээр огт танихгүй хүмүүс бүртгэлтэй байна, хасаад өг” хэмээн хандахаар “Энэ хаяг дээр өмнө нь бүртгэлтэй байсан хүмүүс байна” гэсэн.

Тэр байрыг анх ашиглалтад ороход аваад өдийг хүртэл амьдарч байгаа. Манайхаас өөр айл бүртгэлтэй байх учиргүй гэдгийг хэлсэн. Гайхаад ойр дотны хүмүүсийнхээ хаягийн бүртгэлийг шалгууллаа. Насанд хүрсэн хоёроос гурван хүн бичигдсэн байна лээ. Ийм байхад нэрийн жагсаалт, иргэний бүртгэлийг яг үнэн зөв гаргаж байна уу гэдэгт итгэл муу байна. Сонгуулийн хуулиар иргэний бүртгэлийн байгууллага үүнийг хариуцаж сонгогчийг бүртгэдэг.

Сүүлийн хоёр сонгуулийн үеэр сонгуульд орж байгаа хүмүүсийн тоо, ирц гэнэт өссөн. Үнэхээр жинхэнээсээ өсч байгаа бол сайн. Гэтэл сонгогчдын тоо хиймлээр нэмэгдээд нэг хүн олон удаа саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдож болохоор байна. Бусад улс оронд нүүр царайгаар таньж болж байна. Тиймээс АН-ын зүгээс техник технологи хөгжчихсөн орчин үед яг санал авах өдөр сонгогчдын жагсаалтыг онлайн болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан. Учир нь тухайн иргэн хоёр дахь удаагаа санал өгөхөөр завдвал тэр нь илрэх боломжтой. Тиймээс АН-аас энэ саналд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр, сонгуулийн дараа хар машины хяналтын тооллого хийдэг шиг нэрийн жагсаалтыг тулгах зохицуулалт хуульд орсон.

Сонгуулиудаар сонгогчдынх нь жагсаалтыг тухайн хэсэгт бичээд өгдөг. Түүнийг нь хянаж байгаа хяналт байхгүй. Сонгуулийн ерөнхий хороо ч өөрөө хянаж чаддаггүй. Нэг хүн хэдэн удаа санал өгч байна гэдэг нь мэдэгддэггүй. Сүүлдээ хурууны хээ дээр бэхэн тэмдэглэгээ хийхээ ч больчихлоо шүү дээ. Тэгэхээр нэг хүн давхар санал өгөх боломж байна гэдэг нь дээрх жишээнээс харагдаж байна.

АН-аас өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд тухайн иргэн саналаа олон өгөх гэж оролдвол завдах гэдгээр Эрүүгийн хэрэг үүсгэгдэнэ гэдэг заалт орсон байгаа. Мөн үүнийг санаатайгаар зохион байгуулсан төрийн албан хаагч (иргэний бүртгэлийн газар ч юм уу, сонгуулийн хороо хэсэгт ажиллаж байгаа хүмүүс, нэрийн жагсаалтыг өгөхөд оролцдог бусад байгууллага албан тушаалтнууд) эрүүгийн нэлээд ноцтой хэрэгт орох, төрийн албанаас халагдах, бүр хорих ялтай байхаар АН-ын өргөн барьсан хуулийн төсөлд орсон. Хамгийн чухал нь сонгогчдын өгч байгаа санал бодит, үнэн зөв, шударга байх нь чухал байна. Үүнийг бүрдүүлэх нь төрийн аль ч байгууллагын хүмүүсийн үүрэг. Үүнийг тодорхой болгох нь чухал байна. Түүнээс хэн нэгэн ялахын төлөөх эсвэл, аль систем нь аль намд илүү ээлтэй байх вэ гэдэг асуудлыг яримааргүй байна. Үүнийг намууд дотроо ярина биз. Хамгийн гол нь сонгууль шударга явах.

-Тэгвэл сонгуулийн зардлыг бууруулах заалтыг та хэрхэн дүгнэж байна. Бодитоор хэрэгжих бололцоотой заалт уу?

-Сонгуулийн зардлыг буруулмаар байгаа юм. Нэр дэвшигчдийн 40 хувь эмэгтэйчүүд байна, нэр солбиод орж ирнэ л гэнэ. Гэхдээ 152 гишүүний тал нь эмэгтэй улстөрчид байна гэхээр эрчүүдтэй өрсөлдөх хэмжээний мөнгийг гаргах чадалтай эмэгтэйчүүд байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь эрэгтэй, эмэгтэй аль нь ч бай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл, залуучууд ч бай иргэдийг төлөөлж ажиллая гэж байгаа хүмүүсийн хамгийн том саад нь мөнгө байдаг.

Мөнгөтэй уралдах хэцүү. Иргэдийг төлөөлж чадах мэдлэг, боловсролтой хүмүүс мөнгөний хүчин зүйлээс болж орж чадахгүй байна. Бусад улс оронд сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчийн материалуудыг төрөөс нэг стандартаар хэвлээд сонгуулийн хэсгийн хорооныхон нь тараадаг.

Өнөөдөр манай сонгогчид сонгуулийн тэр олон материалаас залхчихсан байдаг шүү дээ. Гэрийнх нь үүдэнд баахан материал хавчуулчихдаг. Тэрийг нь уншдаг хүмүүс бий. Гэхдээ ихэнх нь уншдаггүй. Тиймээс харьцуулж харахад ойлгомжтой мөрийн хөтөлбөр байх ёстой. Жишээ нь, тэтгэвэр нэмэхээр байна уу үгүй юу, хамтын тэтгэврийн тогтолцоотой болохоор байна уу, үгүй юу гэдэг юм уу заалт нь нэг стандартаар тодорхой хэвлэчихсэн, нөгөө намын мөрийн хөтөлбөртэй харьцуулаад тавьчихсан байвал сонгогч унших, харьцуулж харахад амар.

Нөгөөтэйгүүр нэгэнт төрийн сонгууль учраас ийм материалыг төсвөөс хэвлээд сонгогчдодоо хүргэдэг. Хүргэх ажлыг нь хэсэг хороонд ажилладаг хүмүүс тараачихвал их том хэмнэлт болно.

Үүнээс гадна сонгуулийн үеэр нүд эрээлжилтэл самбар тавьдаг. Сүүлдээ байшин барилга дээр байршуулахгүй нийтийн зам дээр тавьдаг болъё гэсэн. Бусад орны сайн туршлагыг харахад самбар байршуулах газрыг тухайн орон нутгийн захиргаа нь гаргаад өгчихдөг. Улсын төсвөөс хэмжээ дамжааг нь яг адилхан хэвлээд тавьдаг юм байна. Нэр дэвшигчид өөрийн зургаа л өгнө. Тэрийг нь адилхан стандартаар хэвлэж гаргаад тавьж байгаа нь тэгш өрсөлдөх боломжийг олгож байна. Мөнгөний бололцоотой нь гайгүй өнгө, загвартай зурагт хуудас гаргадаг биш бүгд жигд адилхан байх боломжийг өгч байгаа юм. Сонгогчид тэр дундаас харьцуулж харах боломжтой байх нь сонгуульд тэгш өрсөлдөх боломжийг олгодог. Дээр нь маш их мөнгийг хэмнэнэ. Ийм маягаар сонгуулийн зардлыг хэмнэвэл мэдлэг, чадвартай ч мөнгөний хүчин зүйлээс болоод сонгуульд оролцож чадахгүй байгаа хүмүүс нэр дэвших боломжтой болно.

-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцох зам мөр бүдэг байх үед та улс төрд байсан хүн. Сонгуулийн энэхүү хуулиар жендерийн оролцоог тэгшитгэх, тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн хувийг нэмэгдүүлэх заалт орж байгаа. Уг заалтад ямар дүгнэлттэй байна вэ?

-Олон улсад квотыг сайн жишиг хэмээн хэрэглэж байна. Нөгөө талаас улс төрийн намууд нэр дэвшүүлэхийн тулд нэр дэвшигчээс өндөр хэмжээний мөнгө авах, сонгуулийн зардлыг өндөр баривал хичнээн квот тогтоосон ч хэрэгжихэд хэцүү. Намын удирдлагууд ч юм уу, фракц бүлгээс “Би мөнгийг чинь гаргая. Миний өмнөөс кноп дараад, эрх ашгийг маань хамгаалаарай” гээд зарим хүмүүсийг гаргана.

Тиймээс ард түмний тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд мэдлэг боловсролоо зориулж ажиллах, ямар нэгэн бүлэг фракцын эрх ашигт үгүй гэж хэлж чаддаг зоригтой, бие даасан үзэл бодолтой байхын тулд мөнгөний хамаарлаас тусдаа байх ёстой. Энэ үүднээс квотыг дэмжиж байна. Мөн дээр нь мөнгөний санхүүжилт, сонгуулийн зардлыг бууруулах учиртай. Сонгуулийн зардал буурч байж олон нийтийн хүсээд байгаа элдэв авлигад өртөөгүй, шинэ хүмүүс гарч ирэх зам нээгдэнэ.

-Улс төрийн намын хууль мөн хэлэлцэгдэж байна. Та энэ хуульд ямар дүгнэлттэй байна вэ?

-Хуулийн төсөлд улс төрийн нам сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, судалгаа, сургалт зэрэг олон ажил хийх нь зүйтэй гэж үзээд түүнд чиглэсэн санхүүжилтийг улсын төсвөөс өгөхөөр болсон байна. Үүнийг би дэмжиж байна. Гэхдээ үүнийг намаар дамжуулж өгөх нь учир дутагдалтай. Тухайн намын удирдлагад байгаа хүмүүсээс шалтгаалаад санхүүжилтийг өгнө, өгөхгүй гэх асуудал үүснэ. Намын даргад таалагдах хүн Бодлогын хүрээлэнгийн захирлаар томилогдоно гэвэл яах вэ. Тухайн намаас хэт хамааралтай томилгоо, санхүүжилттэй байвал бодлогын судалгааг хараат бусаар, шүүмжлэлтэйгээр хийдэг, сургалтуудаа ч явуулдаг, хэлэлцүүлэг хийдэг чадавх нь сулардаг. Намын даргад таалагдахгүй бол санхүүжилтээ авч чадахгүй ч гэдэг юм уу, ийм байдал руу орохыг үгүйсгэхгүй.

Германы загварыг авах нь зүйтэй байгаа юм. Германчууд фашизм дахин гаргахгүй байхын тулд олон ургальч үзлийг “амьд” байлгах, тал талаас нь хэлэлцэж зөв шийдвэр гаргах үүднээс дайны дараа улс төрийн намууд нь өөрсдөө зөвшилд хүрээд улс төрийн сан гэдгийг байгуулсан. Үүнийгээ улс төрийн хүрээлэн ч гэж хэлдэг. Конрад-Аденауэр сан, Фридрих-Эбертийн сан зэрэг сангууд энд хамаарна. Эдгээр сан нь улстөрийн боловсрол олгоход чиглэдэг. Тэдгээр сангууд мөрийн хөтөлбөрийн хүрээнд аливаа асуудал дээр судалгаа хийж намын гишүүддээ ч, иргэддээ ч өгдөг. Хэлэлцүүлэг хийдэг. Мөн Архив, гадаад харилцаа, улстөрчдөө бэлтгэдэг. Тодорхой ажлууд дээр нь улсын төсвөөс мөнгө өгдөг. Нөгөө талд намаас томилгоо болон санхүүжилт нь намаас хамааралгүй байхаар зохицуулсан байдаг юм байна. Хэн нэгэн намын даргад таалагдах таалагдахгүйгээс эс хамааран улс төрийн бодлогын хүрээлэн нь ажиллаж байдаг. Түүнд нь улсын төсвөөс санхүүжилт өгдөг. Тэдгээр сангууд нь санхүүжилтээ тайлагнадаг. Хяналт шалгалтаар санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан нь нотлогдсон бол дахин санхүүжилт өгөхгүй, торгох зэрэг арга хэмжээг авдаг.

-Томилогдох, санхүүжилт нь тусдаа бол намтайгаа яаж холбогдох вэ?

-Тухайн судалгаа, бодлогын хүрээлэнгээс боловсруулсан бодлого, мөрийн хөтөлбөрөөр улс төрийн нам сонгуульд оролцдог. Сонгогчид түүнийг нь дэмжиж саналаа өгсөн бол тухайн хүрээлэнгийн ажлыг мөн дэмжиж байна гэсэн үг. Тэдний бэлдсэн улстөрчид нь нэр дэвшээд сонгуульд ялалт байгуулах нь ажлынх нь үр дүн болдог. Тиймээс намын суудлын хувиар тооцож Бундестагаас тухайн бодлогын хүрээлэнд төсвөөс шууд санхүүжилтийг олгодог. Ийм маягаар намтайгаа хамтарч ажилладаг. Гэхдээ үйл ажиллагаа, томилгоо, санхүүжилт нь тусдаа байдаг. Ийм зүйл манайд байвал зүгээр байгаа юм. Манай улс төрийн намууд бодлогын болно гэж олон жил ярилаа. Намууд өөрсдийгөө бодлогын нам боллоо гэж зарладаг. Орон тооны бус бүтэц байгуулдаг. Тэр нь огт ажилладаггүй. Учир нь захирал нь тогтворгүй. Намын дарга ирээд сольчихдог. Бодлого судалгааны байгууллага нь тогтвортой байж чадахгүй байна. Үүнийг бий болгохын тулд бусад улсын сайн жишээг авах хэрэгтэй.

Саяхан телевиз үзээд сууж байхад нэг сэтгүүлч УИХ-ын гишүүдээс “Та мөрийн хөтөлбөрөө санаж байна уу” гэж асуухад ихэнх нь хариулахгүй зугтаж харагдсан. Зарим нь “Юу яриад байгаа юм бэ, гурван жилийн өмнөх асуудал” гээд гайхаж байна лээ. Уг нь мөрийн хөтөлбөр нь ширээн дээр нь үргэлж байдаг. Ямар ч асуудал хэлэлцсэн тэр хүрээнд ажиллана, амласнаа биелүүлнэ гэх ёстой. Гэтэл гурван жилийн өмнөх үү гээд өөдөөс нь гайхаж асууж байгаа юм. Тиймээс мөрийн хөтөлбөрийг нь байнга сануулж байх бүтэц байх ёстой.

-Тэр бүтэц нь намын гишүүддээ шахалт үзүүлж мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт шаардах нь, тийм үү?

-Яг зөв. Улс төрийн бодлого судалгааны хүрээлэн нь намаасаа, улстөрчдөөсөө том байх хэрэгтэй. Учир нь тэр байгууллагын боловсруулсан мөрийн хөтөлбөрийг ард түмэн дэмжсэн бол та нар энэ хүрээнд ажиллах ёстой хэмээн сонгогдсон гишүүдээ шахдаг, шаарддаг, сануулдаг, тэрэнд нь бэлдэж ажилладаг амьд холбоотой байх ёстой. Хэрвээ гишүүд ард түмэнд амласан мөрийн хөтөлбөр, тангараг өргөсөн Үндсэн хуулийнхаа дагуу ажиллана гэсэн амлалтаасаа хазайвал тухайн намаас дахиж нэр дэвших эрхгүй болгодог. Үүний үнэлгээг хийж байдаг байгууллага нь бодлого судалгааны хүрээлэн байх ёстой. Энэ хуулийн төсөлд үүнийг “намын дэргэд” хэмээн оруулсан байна. Нам нэг данстай. Тэр дансаар мөнгө өгнө. Түүнийхээ тодорхой хувийг нь харьяа байгууллагадаа өгөөрэй гэсэн байна. Энэ нь учир дутагдалтай байна. Татвар төлөгчдийн мөнгийг намаар дамжуулж өгөх нь буруу. Энэ байгууллага аль болох намаас хамааралгүй байж тэрхүү намаа хянадаг, шахаж шаарддаг, ард түмэнд амласан амлалтын хүрээнд ажиллах нөхцөл бололцоогоор хангадаг, дэмждэг механизм байх хэрэгтэй. Ер нь хүний сайнд найдах бус механизмын сайнд найдах хэрэгтэй гэдэг шүү дээ. Зөв механизмыг авах хэрэгтэй.

Ер нь МАН социал демократ чиглэл, АН либерал гэхээсээ илүү оршин байгаа газар нутаг, хүн ардын онцлог, үндэснийхээ хэв шинжийг харсан чиглэлд шинэчлэгдээсэй гэж бодож байна. Сонгуулийг шударга болгох чиглэлд илүү нарийвчилсан процедурын зүйл заалт хэрэгтэй байна гэж харж байна.

-Та бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд их санаачилгатай ажилладаг хүн. Сонгогчдын өнөөдрийн боловсрол 10 жилийн өмнөхөөс хэр дээшилсэн гэж та харж байна?

-Хүн мэдээлэлтэй байж сонголт хийдэг. Тиймээс нэгдүгээрт, мэдээллээр хангах хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгогчид өөрсдөө ойлгохуйц хялбарчилсан мэдээлэл байх хэрэгтэй. Үүнийг ингэж харьцуулж, төр засгийн гаргаж байгаа шийдвэрт ингэж үнэлгээ өгдөг гэсэн тогтмол сургалт хэлэлцүүлэг хийдэг л дээ. Үүнийг хариуцсан төрийн байгууллага байхгүй явж ирлээ. Үүнийг ерөөсөө л хаячихсан. Намууд сонгуулийн үеэр шоудаж баахан бичиг баримтууд гаргачихаад дараа нь гурван жилийн өмнөх мөрийн хөтөлбөр үү гээд гайхаад байж байх жишээний байна. Би “Сонгогчдын боловсролын төв” гэдэг төрийн бус байгууллагаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд зүтгэсэн. Санхүүжилт төрөөс авч үзсэнгүй. Үүнийг хэн нэгэн сайн дураараа хийнэ гэхээр хөрөнгө хүч байхгүй нөхцөлд яаж хийх вэ. Сайн дурынхны хүчээр оролдоод мэдээлэл өгөөд, гарын авлага, тэр байтугай сурагчид ангийн даргаа сонгох сонгуулийн загвар зэрэг олон зүйлийг хийж нэвтрүүлэх гэж оролдсон. Төр мэргэшсэн төрийн бус байгууллагууд, мэргэшсэн холбогдох институцүүдтэй гэрээлээд хийлгэж болно шүү дээ.

Өнөөдөр Улс төрийн намын тухай хуульд “намын дэргэдэх байгууллага хийнэ” гэсэн заалт орж байгаад талархаж байгаа ч энэ нь хэрэгжихэд хэцүү юм байна лээ. Хэрэгжүүлэхийн тулд тусдаа бие даасан субъект байж хэрэгжинэ. Ингэвэл улс төрийн боловсрол, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил зөвхөн сонгуулийн үеэр биш үргэлжид хэрэгжинэ. Авлигыг бууруулах чиглэлд манай нам ийм юм хийж байна гэхээр сөрөг хүчний зүгээс шуугиулаад өнгөрөх нь үү. Эсвэл бодитоор бууруулах ажил хийж байна уу гэдэг үндэслэл, нотолгоотой дүгнэлтүүд гаргадаг байх. Ийм “амьд” хэлэлцүүлгийг хийдэг байх хэрэгтэй байгаа юм. Үүн дээр мэргэжлийн судлаачдыг ажиллуулдаг улстөрчид нь нухацтай ажилладаг мехнизм, бүтцийг хийх нь зүйтэй. Германы Конрад-Аденауэр, Фридрих-Эбертийн сангуудын УЗ-ын тал нь өмнө нь гишүүн байсан улстөрчид, тал нь мэргэжлийн судлаачид байдаг. Тэд хамтарч ажилладаг учраас үр дүн гардаг. Дахин хэлэхэд ерөөсөө хүний сайнд найдах биш, хэн нэгэн мундаг улстөрч орж ирээд улс орон сайхан болно гэж хүлээх биш, тогтолцоо эрүүл байх нь л чухал.

-Та “Халх гол” төслийг ажил хэрэг болгох гээд чадаагүй. Одоо тэрхүү төсөл юу болж байгаа вэ?

-Халх голын бүс нутагт ЗХУ-ын болон манай мэргэжилтнүүд хамтарч судалгаа хийсэн байдаг. Ингээд тэрхүү газрыг хөдөө аж ахуйг хөгжүүлэх бус нутаг гэж тодорхойлж байсан юм билээ. Хөрс нь ихээхэн эмзэг учраас технологийг сайн мөрдөж ажиллах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Тэнд махны чиглэлийн үхэр үржүүлж эхэлсэн. Мөн сангийн аж ахуй байгуулж аймгуудаас залуус суурьшиж ажиллаж байсан түүхтэй газар. Гэтэл Уул уурхайн яамнаас ихээхэн талбайг газрын тосны газарт өгчихсөн. Үлдсэн 800 мянган га газрыг бүгдийг нь мөн газрын тосны газарт өгөх гээд Уул уурхайн сайд тушаал гаргасан. Ингээд би хөдөө аж ахуйн салбарт авч үлдэхээр нэлээд ажилласан. Давхар дээлтэйгийнхээ хэргийг ашигласан л даа. (инээв.) Хөдөө аж ахуйн бодлогыг УИХ-аар батлуулахдаа Халх голын бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг оруулсан. Тэгэхдээ тухайн үед хуульд “чөлөөт бүс” гэдгээс өөр заалт байгаагүй. Газрын тухай хуульд дараа нь “бүтээн байгуулалтын бүс” байж болно гэсэн заалт орсон. Тиймээс дараа нь “бүтээн байгуулалтын бүс” болгож өөрчилсөн. Ингэснээр тухайн газрыг газрын тосонд өгөлгүй авч үлдсэн. “Петрочайна Дачин Тамсаг” авахаар байдалтай байсан.

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийхгүй, олсон орлогоосоо Монголд өгөх ёстой хувиа өгөхгүй, ажлын байр ч нэмээгүй хэрнээ байгаль орчныг хэрхэн доройтуулж байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Ямартай ч миний УИХ-аар гаргуулсан тэрхүү шийдвэрийг буцаагаагүй байна. Тиймээс 500 мянган га газар улсын тусгай хамгаалалтад хэвээр үлдэж байгаад баяртай байна. Тухайн үед сумын удирдлагууд тэрхүү газрыг гадаадынханд олгочихсон их замбараагүй байдалтай байсныг нэлээд цэгцэлсэн. Тиймээс сумын удирдлагууд болон тухайн үед хэн нэгнийг шүүмжилж олонд танигдаж сонгуульд орох гэсэн улстөрчид миний үйл хэргийг нэлээд гуйвуулж ашигласан л даа. Аливаа юм цаг хугацааны аясаар ялгарч харагдана. Тухайн үед намайг гадныханд зарсан мэтээр цуурхал тараасан. Хэрвээ тийм бол би өнөөдөр шалгагдаад янз бүрийн шийтгэл хүлээнэ. Тухайн үед хүмүүс миний эсрэг АТГ-т гомдол гаргасан. Өнөөдөр үнэн нь харагдаж байгаа байлгүй дээ. Тэрхүү газарт хөдөө аж ахуйн жишиг бүтээн байгуулалт өрнөнө хэмээн хариуцсан салбартаа авч үлдэхээр ихээхэн чармайсан минь тэр.

-Уг нь таны зорьж байснаар эрүүл бүсийг байгуулчихсан байсан бол махны үнэ, экспортын асуудал нэг шат ахичихсан байх болов уу?

-Тэнд бүтээн байгуулалтын ямар үйл ажиллагаа явуулж болох вэ гэдэг чиглэлд судалгаа хийлгэсэн байсан. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр явуулахад ашигтай байсан. Хөрс нь эмзэг учраас хөрсөнд тохирсон технологиор газар тариалан хөгжүүлэх, бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуй эрхлэх бололцоотой байсан. Тэнд эрүүл бүс бий болгож, мах махан бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох ч боломж байсан. Цаг хугацаа их алдаж байна. Намайг анх ажлаа авахад Ерөнхий сайд мах экспортлох ажлыг л хийгээрэй гэсэн даалгавар өгсөн. Тухайн үед цөөн компани Орос руу мах экспортолдог байлаа. Вьетнам, Хятад, Орос руу мах экспортлох боломжийг үндэсний компаниуддаа нээж өгсөн. Монгол Улсаа бүсчилж баруун аймгийг эрүүл бүс хэмээн Дэлхийн мал амьтны байгууллагаар тогтоолгосон. Баруун бүсээс мах экспортлох зөвшөөрлийг авч байсан. Тэгэхэд хонь, ямаа, үхрийн махыг анх удаа Хятад руу гаргах эрхтэй болж байсан. Харамсалтай нь намайг ажил өгснөөс жилийн дараа шүлхийг Улаанбаатар хүртэл алдсан. Бид хоёрдугаар ээлжинд төвийн нутгаас эрүүл бүсийг тогтоолгоно гэж зорьж байсан. Шүлхий гардаг хэсгээ вакцинжуулсан. Шат дамжлагатайгаар малаа эрүүлжүүлэх нарийн бодлого, гарал үүслийн бичиг баримтаа хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн цогц хуулийг УИХ-аар оруулж батлуулах ажлыг хийсэн. Бид хил орчимд малын эрүүл бүсийг бий болгож, тэндээс экспортын үйл ажиллагааг дэмжих нь чухал гэдэг нь харагддаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Зөв сэтгэлээр зөв хийвэл зөвд хүрнэ… DNN.mn

Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Тэгвэл энэ өөрчлөлтөөр иргэний Үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил гэж зарим хуульчид дүгнэж буй. Энэ талаар таны дүгнэлтийг сонсмоор байна?

-Эхлээд харахад тийм юм шиг сайхан санагдаж болох юм. Харин одоогийн хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийн 66.1, 66.2-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1, 66.2-той харьцуулж үзвэл огт өөр дүгнэлт гарахаар байна. Нэгдүгээрт, 66.1-д Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан гэсэн нийтлэг агуулгатай, үүнд Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргаан багтана.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д үүнээс өөр маргаан багтаагүй буюу Үндсэн хууль зөрчсөн бусад маргаанаар иргэд өргөдөл, мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд гаргах боломжгүй болж байсан эрхүүд нь хязгаарлагдаж байна. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16.12-д “Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй…” гэсэнтэй зөрчилдөх Үндсэн хуулийн дотоод зөрчлийг бий болгохоор байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 66.2-т нэмэгдэж орж байгаа “УИХ-ын 10 хувиас доошгүй гишүүн”, “Хүний эрхийн үндэсний комисс” болон бусад субъектүүд Үндсэн хууль зөрчсөн тухай хүсэлтүүд нь Үндсэн хуулийн 66.2-ын 1, 2, 3, 4-т заасан, Цэцийн дүгнэлт УИХ-д орж, Цэц эцсийн шийдвэрээ гаргадаг асуудлуудаар л байхаар болж хязгаарлагдсан. Мөн хуульчдын хэлдгээр “actio popularis”-аас татгалзсан буюу иргэд нийтийн эрх ашиг зөрчигдөж буй асуудлаар Цэцэд хандахыг хассанаар иргэнийг “үндсэн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд л түүнийгээ Цэцэд өөрөө л асуудлаа тавь даа” гэсэн л байдалтай боллоо. Бас түүнийг нь хуульд заасан ямар үндэслэл журмаар хүлээн авч, хэлэлцэх нь тодрох юм байна.

Өнөөдөр хүн бүр ялангуяа үндсэн эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөнийг мэдэх, мэдээд Цэцэд хандаж чадах бил үү. Цэц маань хүний эрхийн талаар хэр мэргэшсэн билээ. Хуульч Н.Энхцэцэг танай сонинд өгсөн ярилцлагадаа Унгар улсыг жишээ болгосон байна лээ. Тэд манайх шиг “иргэдийн өргөдөл, мэдээллээр” гэсэн “actio pop­ularis” зарчмыг 1990-1992 онуудад хэрэглээд больсон. Тухайн үед Унгар улс үүнийг юу гэж зөвтгөж байсан гэхээр нэгдүгээрт, Үндсэн хуулийн шүүхийнхээ практикийг хөгжүүлэхэд тустай. Мөн хүчин төгөлдөр байгаа хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэн өөрчлөх боломж гэж үзсэн байсан” хэмээн Өдрийн сонины дөрөвдүгээр сарын 20-ны дугаарт ярьсан байна. Чухамхүү Унгар улс “actio popularis”-ыг хэрэглэж байсан шалтгаанууд одоо манайд байсаар байгаа шүү! Мөн хуульч “өөрт хамаарахгүй асуудлаар иргэд гомдол гаргахаа больчихвол хэн Цэцэд хандах вэ” гэсэн асуултад Хүний эрхийн комисс гэж хариулсан байна лээ. Гэтэл дээр хэлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д энэ тухай байхгүй. Цэцэд хандсан асуудал нь 66.2 дахь асуудлууд л байгааг хуульч анзаарсан л баймаар. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д тэр иргэний өмнөөс өөр этгээд Цэцэд хандахыг зөвшөөрөөгүй.

-Цэцэд хандах субъектүүд цөөрсөн, мөн хандах маргааны төрөл нь багассан гэж ойлголоо. Гэсэн ч үндсэн эрх нь зөрчигдсөн иргэн Цэцэд хандаж эцсийн шийд гаргуулах болсон нь чухал биш үү?

-Тэгж бодогдох боловч ийм маргаан шийдвэрлэх процесс нь яаж явагдаж, бусад эрх мэдэлтэй зөрчилдөхгүй үр дүнд хүрэх вэ гэдгийг бодоод үз дээ. Иргэний үндсэн эрхийг зөрчсөн этгээд нь хувь хүн үү. Хуулийн этгээд үү. Төрийн албан тушаалтан уу. Төрийн байгууллагууд уу. Тэр этгээд яаж, юугаар үндсэн эрхийг нь зөрчсөн бэ гээд задлаад үз дээ. Цааш нь ямар үйлдэл, эс үйлдлээр зөрчсөн бэ, түүнийг нь хэрхэн нотлох вэ.

Ингээд задлаад үзэхээр хоёр л хариулт надад гарч байна. Нэгдүгээрт, үндсэн эрхээ зөрчигдсөн гэсэн маргааныг шүүхэд тавьж, шүүх эцсийн шийдвэрээрээ (Дээд шүүх) зөрчилдөөгүй гэж гаргасан учир шүүхийн хэрэглэсэн хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан Үндсэн хуулийн Цэцэд гаргаж Цэц эцсийн шийдвэр гаргуулна.

Цэцээс хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж гаргавал Үндсэн хуулийн 50.3-т зааснаар шүүх Үндсэн хуульд харшилсан хууль хэрэглэхгүй зарчмын дагуу иргэн заргаа авна. Энэ боломж нь одоо хүчинтэй Үндсэн хуулийн 66.1-ээр бүрэн бололцоотой.

Хоёрдугаарт, Үлдсэн тохиолдол нь одоогийн шүүхийн тогтолцоогоор явна. Хэрэв Цэц энэхүү шүүхийн ажиллагааг явуулж эцэслэн шийддэг болно гэвэл хэдийгээр Цэцийг Үндсэн хуулийн шүүх гэдэг ч Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт багтах шүүх биш учир энэ ажиллагаа нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйл (шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, ямар ч нөхцөлд… шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно) 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ…)-ийг зөрчих тул энэ нь Үндсэн хуулийн (дотоод) зөрчилд хүргэнэ. Ийм л байна.

Энэ бүхнээс дүгнээд би ҮХНӨ-ийн энэ хэсгийг хүний эрхийг хангах талд ухралт болж байна гэж хэлмээр байна.

Харин хуулиар шүүхийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн шүүх байгуулбал нэг ахиц болох биз ээ. Дахин хэлье, Цэц хүний эрхийн шүүхийн ажиллагааг эрхлэх, түүнийг орлох Үндсэн хуулийн боломж байхгүй. Ийм болгоё гэвэл Үндсэн хуулийн 4, 5 дугаар бүлгүүдийг нэгтгэсэн Үндсэн хуулийн том нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно.

Харин энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 66.2-ыг хэвээр үлдээж 66.1-д “Улсын Их Хурал” гэсний дараа “түүний 10 хувиас доошгүй гишүүд”, “прокурорын” гэсний дараа “болон Хүний эрхийн үндэсний комиссын” гэж өөрчлөх гэсэн нэмэлт оруулбал дэвшил болно. Мөн ХЭҮК-ыг Үндсэн хуулийн байгууллага болгож байгаа нь ач холбогдолтой. Энэ тохиолдолд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгосны адил ХЭҮК-ын Үндсэн хуулийн чиг үүргийг болон холбогдох зохицуулалтыг Үндсэн хуулийн хүний эрхийн 19 дүгээр зүйлд нэг хэсэг болгон нэмэлт оруулах хэрэгтэй байх. Учир нь Үндсэн хууль нь ердийн хуулиас эшлэхгүй, харин ердийн хууль нь Үндсэн хуулиас эшэлдэг. Дашрамд хэлэхэд, 2019 оны ҮХНӨ-өөр Үндсэн хуульд орсон “стратегийн орд” гэж ямар ордыг хэлэх нь Үндсэн хуулийн түвшинд тодорхойгүй байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулах өөрчлөлтүүдэд та ямар дүгнэлттэй байгаа вэ. Хоёрдугаар сарын 3-ны манай сонинд таны бичсэн “Үндсэн хуулийг өөрчлөх бус, үзэл санааг нь хөгжүүлэн батжуулъя” гэсэн нийтлэл гарсан. Нийтлэлд Үндсэн хуулийн нэмэлтийн болон сонгуулийн зарим өөрчлөлтийн төслийн саналаа гаргасан байсан. Одоогийн ҮХНӨ-ийн төсөлд мөн тэр санал туссан юм шиг ойлгогдож байна?

-Тийм ээ.Үндсэн хуулийн 21.1-д УИХ нэг танхимтай, УИХ-ын гишүүдийн 76 нь мажоритар, 76 нь пропорциональ хэлбэрээр сонгогдоно” гэсэн өөрчлөлтийг оруулах төсөл байна. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог хэлбэрээр явуулах үндсэн үзэл санааг дэмжиж байна. Цаг нь болсон. Хэдийгээр Цэц холимог хэлбэрээр сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр хүчингүй болгосон ч “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэдэг шиг Цэц энэ шийдвэрээ дахин цуцлахгүй гэсэн баталгаа байхгүй тул Үндсэн хуульдаа ингэж оруулахаас аргагүй.

Харин томьёоллын хувьд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, сонгогдох эрхийн хязгаар хоёрыг нэгтгэсэн “будилаантай” адил байдал байна. Уг нь 2019 онд Үндсэн хуулийн 30.2-т “дөрөв” гэснийг “зургаа” гэж, 31.7 дахь “зөвхөн нэг удаа улиран сонгогдож болно” гэснийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж тус тус өөрчлөх байсан юм. Цэц дур нь хүрвэл одоо ч дөрвөн жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохоор болгочихож мэдэх юм.

Одоогийн 21.1-д оруулж байгаа өөрчлөлтийг хоёр салгаж “21.1 дэх 76 гэснийг “152” (би 120 гэх саналтай л даа) гэж”, 21.2 дахь “гишүүнийг” гэснийг “76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ хэлбэрээр” гэж тус тус өөрчлөх” гэж томьёолбол зүйтэй болно. Нэг нь танхимаа бүрэлдэхүүнтэй нь тодорхойлсон, нөгөө нь сонгуультай холбогдсон хоёр өөр харилцаа шүү дээ!

152 гэсэн цочмог өөрчлөлтийн оронд 1992 онд 28-30 мянган иргэдээс нэг суудал байхаар тооцож 76 гэсэн тоог гаргаж ирсэн үзэл баримтлалын дагуу гишүүдийн тоог 120 гэж нэмэгдүүлбэл зохистой санагдана. Бас 120=2*2*2*3*5 учраас сонгогчдын тэгш эрхийг хангахаар тойрог, түүний мандатыг тодорхойлоход их тустай. Бас 120 гишүүн нь одоогийн чуулганыхаа танхимд багтаад хуралдаж болохоор байгаа нь олон талын ач холбогдолтой.

Шууд сонгох гэснийг сонгуулийн хэлбэр гэж үзээд Цэц дүгнэлтээ гаргаж байсныг санаад “нийтээрээ, чөлөөтэй, шууд” гэсэн сонгуулийн зарчмуудыг тодотгон, мөн Цэц дээр үүсч байсан сонгогчдын сонгох тэгш эрхийн зарчмыг энэ удаа нэг мөр 21.2-т “шууд сонгох” гэсний дараа “зарчмаар тэгш” гэсэн нэмэлт оруулбал тун төгс болохсон.

-Тэгэхээр ямар томьёололтой болно гэсэн үг вэ?

-Үндсэн хуулийн 21.2 нь “УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ хэлбэрээр Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчим, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн томьёололтой болно. Минийхээр бол “УИХ-ын 60 гишүүнийг мажоритар, 60 гишүүнийг пропорциональ хэлбэрээр Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчим, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн үг.

-Тэгэхээр энэ ҮХНӨ Сонгуулийн хуулийн гол чигийг тодорхойлж байна. Та урьд нь одоо яригдаж байгаа сонгуулийн хуулийн талаар манай сонинд байр сууриа илэрхийлж байсан гэлээ. Уншигчдад санаагаа товчхон хэлж өгөөч?

-Хүн амын амьдралын түвшин доогуур байгааг ашиглан сонгууль ил, далд мөнгө хөрөнгө цацсан “мөнгөний сонгууль” болж байна, Улсын төсөв, хөрөнгө оруулалт хөгжлийн нэгдсэн бодлого алдагдаж жижиг тойрог- (жалга довны гэдэг)-уудад үр дүнгүй цацагдан хөгжлийг боомилж байна гэдгийг дээр, дооргүй ярьдаг, зөвшөөрдөг боллоо. Ядаж л тус тусдаа засаг захиргааны нэгжээр биш бүс нутгийн хэмжээнд цаашлаад улс орны хэмжээнд уялдсан нэгдсэн бодлоготой байхын тулд УИХ-ын сонгуулийн тогтолцоог (хэлбэр журам, тойрог зохион байгуулалт) нэг мөр өөрчлөх цаг үе болсныг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Энэ нь дараах зарчимд тулгуурлан хийгдвэл болохоор санагддаг юм.

Нэгдүгээрт, тойрог бүр адил тооны мандаттай. Хоёрт, тойргуудын хүн амын тоо харьцангуй тэнцүү. Гурав, тойргийн нутаг дэвсгэр нэгдмэл (салангид хэсгүүдээс бүрдэхгүй) байх. Дөрөв, тойргийн нутаг дэвсгэр хоёроос доошгүй аймгийн нутаг дэвсгэрийг (орон нутагт) хамарсан байх. Тав, сонгууль холимог хэлбэрээр явагдах.

Нөгөө талаас сонгуулийн пропорциональ хэлбэр гэдэг маань сонгогчид намуудад санал өгч, намуудад авсан саналын хувьтай нь хувь тэнцүүлэх пропорционалиар сонгох суудлын тоог хуваарилах гэсэн үг шүү дээ. Харин тэр суудалд хэн сонгогдох вэ гэдгийг олон янзаар тогтоодог. Одоохондоо иргэдийн намд, түүний дотоод ардчилалд итгэх итгэл сул, “буруу хүн” намын жагсаалт нэрийн дор сонгогчдоос ямар ч санал авалгүй их хуралд ороод ирэх вий гэсэн хандлага хүчтэй байна. Иймд намын тухай шинэ хууль батлагдаж, түүний дагуу намууд зүй зохистой болж, иргэдийн итгэл дээшилтэл намын суудлаар УИХ-д сонгогдох гишүүд ч хатуу жагсаалтаар биш, сонгогчийн өгсөн саналын хувиар эрэмбэлэгдэж сонгогддог байх нь нийт ард түмний хүсэл зоригт нийлж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа.

Иймд УИХ-д сонгогдохоор нэр дэвшигчид бүгдээрээ тэгш тооны холимог мандаттай тойргуудад нэр дэвшиж мандатын хоёрны нэгтэй тэнцүү нэр дэвшигчид мажоритараар сонгогдож, бусад нь сонгогчдоос авсан саналын хувиараа нам, намдаа эрэмбэлэгдэн жагсаж пропорционалиар хуваарилагдсан суудалд эхнээсээ гишүүнээр сонгогддог байх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Одоогийн төсөлд байгаа хатуу жагсаалтыг дэмжихгүй.

-Сонгуулийн хуулийн төсөлд намд санал өгөхгүй гэвэл намын жагсаалтад байгаа аль нэг нэр дэвшигчид саналаа өгч болно. Энэ саналыг нь намд санал өгснөөр тооцно гэсэн заалт байгаа шүү дээ. Тэгэхээр таны хэлээд байгаа санаа төсөлд байгаа юм биш үү?

-Шал өөр гэдгийг мэдсээр байж надаар хэлүүлэх гээд байна аа даа. Нэгдүгээрт, сонгогчийг хуулиар залилж болохгүй! “Намд санал өгөхгүй бол жагсаалт дотроос аль нэг хүнд нь санал өгч болно” гэж бичсэнийг уншаад жагсаалт дотроос үнэлж явдаг Доржид саналаа өгчихлөө. Гэтэл сонгуулийн дүн гарахад тэр санал нь намд өгсөн санал болоод Доржид шууд хамааралгүй. Жагсаалтын байрыг ч өөрчлөхгүй. Ингээд намд саналаа өгөхгүй гэсэн чинь намд саналаа өгчихжээ.

Хоёрдугаарт, энэ нь рейтингээрээ намынхаа рейтингээс хол илүү хүнийг ашиглах, намдаа суудал нэмэх гэсэн далд санаа. Коммунизмын үед хотын гудманд томоос том “Ленин гээд намаа, нам гээд Ленинээ” гэсэн уриа байдаг байж билээ. Наад заалт чинь үүн шиг бодогдоод байна.

-ҮХНӨ-ийн бусад асуудалд ямар саналтай байна вэ?

-Онцгойлсон санал байхгүй дээ. Харин сонирхуулж хэлэхэд 1992 оны Үндсэн хуулиа боловсруулж баталж байхдаа гадаад үг оруулахгүй байхыг ихэд хичээсэн юм. “Хүн бүр хуулийн субъект байна” гэсэн үг нэг орж ирээд, тэгээд эцэст нь “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэдэг томьёололд хүрч байсан юм. Түрүүн 21.2-т “тэгш” гэсэн үг нэмээд оруулах гэсэн нь энэ заалттай нийцүүлэх гэсэн юм шүү дээ. Харин прокурор” гэсэн ганц гадаад үг үлдсэн. “Хууль сахиулагч”, “хууль мэдүүлэгч” гэсэн хувилбарууд нэг л тохирч өгөөгүй юм. Харин 2019 онд “стратегийн” гэсэн үг орж ирсэн. Одоо “мажоритар, пропорциональ” гэсэн үгс орж ирэх гээд байна. Уг нь “олонхын”, “хувь тэнцүүлсэн” гээд сольчиход будилах юмгүй л дээ.

-Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

-Урт яриа л болж байна. Гэхдээ нэг юм хэлье. ҮХНӨ-ийг дагаж гаргадаг, түүнтэй адил хүчинтэй, уг ҮХНӨ-ийг дагаж мөрдөхөд шилжих тухай хавсралт хууль их чухал шүү. 2019 оны хавсралт хууль дутуу, нарийвчилсан зохицуулалт дутуудуулснаар том л маргаан болсон. Би хүртэл Цэцэд мэдээлэл гаргаад, мэдээж хариултгүй үлдсэн. Ийм хавсралтад Үндсэн хуулийн 70.1-ийн дагуу “хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү нэмэлт өөрчлөлтөд харшилсан хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр хүчингүй болно” гэж зааж өгөх ёстой байдаг. 2019 оны хавсралт хуульд (товчхон хэллээ) энэ байхгүй байснаас одоо болтол 2019 оны ҮХНӨ-ийн нэлээд заалтууд нь хэрэгжээгүй байгаа юм. Хатуу хэлбэл, Үндсэн хуулиа зөрчсөөр байна.

Одоогийн ҮХНӨ батлагдзвал энэ хавсралт заавал хөндөгдөнө. Тухайлбал, 3 дугаар зүйлийг хавсралт хуулиараа хүчингүй болгоно. Далимд нь 2020 оны эхний хагас жилд (өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн хуультай зэрэгцэн) багтаан Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох хэсгийг хүчингүй болгож Үндсэн хуультай адил хүчинтэй хуулиа зөрчсөн байдлаа зогсоовол зүйтэй санагдаж байна. Үндсэн хуулийн зөрчилтэй адил шүү дээ.

-Иргэн Д.Төмөрбаатар та хоёрын 2022 оны ҮХНӨ-ийн талаар Цэцэд гаргасан мэдээлэл юу болсон бэ?

-2022 оны наймдугаар сард мэдээлэл гаргаад есдүгээр сард нь гомдол гаргаад, уг нь нэг сарын дотор хариу ирүүлэх хуулийн заалттай байтал зургаан сарын дараа буюу саяхан 2023 оны гуравдугаар сард “маргаан үүсгэж хянан хэлэлцэх үндэслэлгүй” гэсэн татгалзсан хариу ирүүлсэн.

-Ямар мэдээлэл байсан талаар та уншигчдад дахин оруулах юу?

-Цэц иргэний мэдээллээр Үндсэн хуулийн 39.1-д 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц эцсийн шийдвэр гаргаж, энэ хэсэг хүчингүй болон Үндсэн хуулиас хасагдсан юм. Гэтэл УИХ зарим хуульд нэмэлт оруулан Цэцийн эцсийн шийдвэрээр хасагдсан энэ хэсгийг “дахин” хасах тухай ҮХНӨ-ийг хэлэлцсэн. 2022 онд Үндсэн хуульд “өөрчлөлт” оруулсан юм. Тэгээд энэ өөрчлөлтийг нь бус Цэцийн эцсийн байх, гармагцаа хүчин төгөлдөр байх Үндсэн хуулийн заалт зөрчигдсөнөөр Цэцэд мэдээлэл гаргасан юм.

УИХ яалт ч үгүй Цэцийн эцсийн шийдвэрийг үл зөвшөөрч хасагдсан заалтыг хасах өөрчлөлт хэлэлцсэн. Хэрэв энэ өөрчлөлт батлагдаагүй бол Цэцийн хассан заалт хасагдаагүй мэт болно. Уг нь Цэц хүссэн шийдвэрийг нь л гаргаж өгсөн. Гэхдээ Цэц энэ шийдвэрээ хүчингүй болгочихвол “балрах” учраас Цэцэд тууштай байхад нь итгэдэггүй учраас л ийм үйлдэл хийсэн. Цэц бидний мэдээллээр маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн нь “бид буруутай” гэж УИХ-ын өмнө бөхийж, бид Үндсэн хуулиа зөрчлөө гэдгээ хүлээсэн хэрэг. Үндсэн хуулиа зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн Цэцийн бүрэлдэхүүн байсаар л байх уу?!

Гэтэл одоо шинэ Үндсэн хууль яаж хэрэгжих нь тодорхойгүй хүний эрхийг хамгаалах “шинэ эрхийг” Цэцэд өгөх гээд байдаг!

-Та бүхнийг засч сайжруулаад батлагдаад гараад ирнэ гэж их л өөдрөгөөр бодож байна уу?

-Заримдаа ч улс төрийн хардлага төрөөд л байх юм. ҮХНӨ, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг харьцуулаад байхад, нэгдүгээрт, Цэцийн гишүүдийг улираан томилогдохгүй болгоод шинэ бүрэлдэхүүнийг бэлтгэж, тэр шинэ бүрэлдэхүүнд Шүүх эрх мэдлээс тасалж өгсөн өргөн эрх мэдэлтэй Цэцийг бэлтгээд. “Аctio popularis”-ыг халаад буюу Цэцийг “зовоогчдоос” нь салгаад. Хоёрдугаарт, гишүүдийн тоог 76+76 болгоод мажоритар сонгогдох 76-г сурсан (эзэмшсэн) хуучин тойргуудаасаа сонгуулаад, пропорциональ 76-даа хатуу жагсаалт хийж намдаа Л.Оюун-Эрдэнэ даргынхаа нэрийг дугуйлуулах замаар намынхаа рейтингээс дээгүүр хувиар суудал авах, дахин дийлэнх олонх болох гэсэн зорилго бүхий санаа яваад байгаа юм биш байгаа. Бяртай үедээ бярдах гээд байгаа юм биш байгаа гэж хардах л юм. Гэхдээ л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Тогтолцоогоо өөрчилж, гажуудлаа засъя” гэсэн үгэнд итгэмээр байна. Тийм учраас л би яавал зөв болох вэ гэдэг саналаа ний нуугүй хэллээ. Зөв сэтгэлээр зөв хийвэл зөвд хүрнэ…