Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгалаа.
-Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох;
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох өөрчлөлт, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагатай бол сунгах;
-Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох;
-Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах, тухайлбал, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгт хүнийг алах /ЭХ 10.1/, Хүчиндэх /12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/; Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг; Авлигын гэмт хэрэг; Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг; Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалахгэмт хэргүүдийг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг хамааруулж, Хулгайлах, Мал хулгайлах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэргийн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.
Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрхийг хуулиар хязгаарлана DNN.mn

Хотын дарга Х.Нямбаатар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэрээ “Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрхийг хуулиар хязгаарлана. Харин захын гурван дүүрэгт Засаг дарга нар шинээр газар олгох эрхээ үргэлжлүүлэн олгоно.

Томоохон бүтээн байгуулалтын төслүүд газар чөлөөлөлтийн улмаас гацдаг, цаг алддаг. Иргэд, ААН-үүд газраа өндөр дүнгээр үнэлдэг тул хэлэлцээ удааширлаг, төсөвт ачаалал үүсдэг.

Иймд энэ асуудлыг хуулиар зохицуулна. Тухайн бүсэд буюу газар чөлөөлөх шаардлагатай бүсэд оршин суудаг нийт иргэдийн 65 хувь нь зөвшөөрвөл бүх хүн газраа шууд чөлөөлөх үүрэг хүлээнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгчээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн хүсэлтээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгчээ.

Тодруулбал, Боксын холбооны удирдах зөвлөлийн хурлын үеэр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд 2021 оны есдүгээр сард Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорлоо DNN.mn

Өнгөрсөн сарын 01-нээс 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг өнөөдөр сугалааны тохиролд хамруулав. Ингэхэд нэг супер азтан тодорчээ. Тэрээр бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч, 5-30 сая төгрөг авна.

Өнөөдрийн тохиролд нийт 41 сая ширхэг баримт хамруулсан байна. Үүнээс 41 268 ширхэг орон таарчээ. Тохирлын дүн:

3 орон таарсан 37169
4 орон таарсан – 3697
5 орон таарсан –361
6 орон таарсан – 34
7 орон таарсан – 6
8 орон таарсан – Нэг баримт тус тус байна.

Categories
мэдээ нийгэм

ДЭЭД ШҮҮХ: Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаалаа DNN.mn

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

  1. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нь шүүгчийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй, холбогдох баримтыг дутуу ирүүлсэн тул “тус намын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх”-ийг хүссэн өргөдлийг буцаав.
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-аас 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ирүүлсэн “намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийг буцааж шийдвэрлэжээ.

Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 34 дүгээр тогтоолд заасан зөрчлийг арилгаагүй дахин хандсан өргөдөл гэж үзэн, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

Ургийн гажиг шинжилгээний зардлыг ЭМД-аас хариуцна DNN.mn

Пренатал илрүүлэг шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Өөрөөр хэлбэл, пренатал илрүүлэг шинжилгээ буюу төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх, урагт удамшлын эмгэг байгаа эсэх, түүний эрсдлийг үнэлж байгаа ургийн эмгэгийн илрүүлэг шинжилгээний хоёрол болон гурвал тестийг эмчийн заавраар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх бөгөөд нийт төлбөрийн 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө.

Уг гурвалсан тестийн нийт төлбөр нь 120 мянган төгрөг байх бөгөөд ЭМД-ын сангаас 84 мянган төгрөгийг хариуцан төлж, жирэмсэн эмэгтэй 36 мянган төгрөгийг өөрөө төлөх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Агаарын тээврээр 1.4 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэжээ DNN.mn

Зам, тээврийн салбар 2023.10.18-ны өдрийн байдлаар нийт 114.9 сая зорчигч, 79.1 сая.тонн ачааг бүх төрлийн тээврээр тээвэрлэжээ.

Агаарын тээврээр 1.4 сая, төмөр замаар 1.6 сая, автотээврээр 111.8 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Ачаа тээврийн хувьд автотээврээр нийт 51.7 сая.тонн ачаа тээвэрлэсэн. Үүнээс Гашуунсухайт боомтоор 727.1 мянган тонн, Шивээхүрэн боомтоор 429.7 мянган.тонн, Бичигт, Булган, Замын-Үүд, Ханги болон бусад боомтоор нүүрс, зэсийн баяжмал, газрын тос болон бусад бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн байна.

Төмөр замаар 27.3 сая.тонн ачаа, өнгөрсөн долоо хоногт 701.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.

Үүнээс 24.5 сая тонн ачааг Улаанбаатар төмөр зам ХНН, 1.4 сая. тонн ачааг Монголын төмөр зам ТӨХК, 1.4 сая.тонн ачааг Тавантолгой төмөр зам ХХК тус тус тээвэрлэжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.18/ хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг гадаад хүчин зүйлээс шууд шалтгаалсан, урьдчилан тааварлах боломжгүй бэрхшээлийг даван туулахад төсөв, мөнгөний бодлогыг чиглүүлж, багц арга хэмжээнүүдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрч сэргээд байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон засаглалын оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж улмаар гадаад валютын албан нөөц 2023 оны эхний есөн сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрч чадсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм гэж байлаа.

Түүнчлэн дэлхий дахинд үүсээд байсан хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлтийн гадаад шокоос иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах зорилгоор үнийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд инфляцын хурд харьцангуй удааширч 2023 оны наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн 4.4 хувиар буурч 10 хувьд хүрээд байна. Дээр дурдсан эерэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлт, инфляцын болон бусад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн түвшин 2023 оны төсвийн жилийн эцэст одоогийн хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан 2024 оны суурь түвшнээс давахаар байна. Тухайлбал, 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн байхаар тооцсон хэдий ч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хэдийн 51.0 сая тонн нүүрс экспортолсон байна.  Иймд 2024 онд 60 сая тонн нүүрсийг экспортлох нөхцөл бодитоор бүрдээд байна. Мөн уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлтийн нөлөөгөөр 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 6.5 хувьтай тусгагдаж байсан эдийн засаг өсөлт 7.0 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас 2023 оны тавдугаар сарын 31-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг эдийн засгийн сэргэлттэй уялдуулан бодитой тооцон өөрчлөх шаардлага үүсэж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт орсноор ирэх 2024 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8 хувьд тус тус хүрэхээр байгаа  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд төсвийн хүрээний мэдэгдэл болон үүн дотроо эдийн засгийн өсөлт 7 хувь, хэрэглээний үнийн өсөлтийг 8.5 гэж тооцсон нь хэр бодитой эсэхийг тодруулж байлаа. Мөн төсвийн зардлыг бууруулах, төсвийн алдагдлыг хэрхэн нөхөхөөр төлөвлөснийг илүүтэй лавлав.

“Сүүлийн үед бид төсвийн хүрээний мэдэгдлийг маш сайн тооцон хийж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдлийн тоо өөрчлөгдөж байгаа нь сайжирч байгаа  үзүүлэлт юм. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн есөн макро тооноос Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангахыг шаарддаг хоёрыг нь ягштал барих ёстой. Хариун бусад үзүүлэлт нь эдийн засгийн тэлэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнтэй холбогдуулж хувь хэмжээнд тооцогдон өөрчлөгддөг. Үүнийг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрчлөх нь зөв. Харин тооцооллыг дутуу хийсэн, эсвэл орлого нь зарлагаа санхүүжүүлж чадахгүй, төрийн үйл ажиллагаа доголдох хэмжээний зөрүү тооцоолол хийсэн асуудал огт байхгүй гэдгийг Сангийн сайд хариултдаа тодотгов.

Мөн тэрбээр, “Эдийн засгийн өсөлт, тэлэлт нь манай орны эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Ялангуяа гадаад нөхцөл байдлаас хэт их хамааралтай болж ирсэн, үүнийг бид удирдах боломжгүй. Харин дотоод асуудлаа зохицуулж чадаж байна. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж, төсвийн алдагдал буурсан зэрэг сайн үзүүлэлтүүд гарч ирсэн. Тиймээс бид энэ бүх асуудлаа нөөцтэй төлөвлөдөг” гэж хариулав.

Түүнчлэн “Төсөв тэлж байгаагийн хэрээр төсвийн бодлогыг дэмждэг хамгийн гол суваг нь цалин, тэтгэвэр тэтгэмж,  халамж л байдаг. Ирэх жилийн төсвийн нэмэгдэл нийтдээ 4.9 их наяд төгрөг байгаагийн 3.4 их наяд төгрөг нь энэ оны хагас жилээр хийсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл  юм. Үүнийг бүтэн жилээр тооцохоор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Төсөв хөөсөрч тэлсэн явдал байхгүй” гэдгийг Сангийн сайд хариултдаа онцолсон.

Өмнөх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж тооцсон. Энэ жил 7 хувь гэж тооцсоны гол өөрчлөлт нь нүүрсний экспорттой холбоотой. Эдийн засаг, хөгжлийн яамнаас нүүрсний экспортыг 50-55 сая тонн гэж төсөөлж байсан. Хил орчмын зохион байгуулалт, дэд бүтцийн хөгжил, экспортын тээврийн зохицуулалт сайжирснаар одоогийн байдлаар нүүрсний гүйцэтгэл 51 сая тонн болсон тул үүнд тулгуурлан ирэх жилийн экспортыг 60 сая тонн гэж тооцон, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өөрчилсөн гэж Ажлын хэсгээс хариулсан. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих гол суурь нь уул уурхайн салбар бөгөөд үүнийг 17 хувиар өснө гэж тооцсон. Энэхүү өсөлтөд нүүрсний экспортод нөлөөллөхөөс гадна Оюутолгойн ордоос одоо ашиглаж байгаа алт, зэсийн агууламжууд нэмэгдэж буйтай холбоотой. Уул уурхайн бус салбарын өсөлтийг бид 5.5 хувиар өснө гэж тооцсон гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

Эцэст нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлдэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна DNN.mn

Авлигатай тэмцэх газраас зарим салбарт гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэх, тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд тусгуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захиалагчийн хяналтын хэлтсийн дарга, ахлах ажилтнуудтай уулзаж, гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулах, ажлын гүйцэтгэлийн түүх үүсгэхийг тус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болов.


АТГ авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар ГЕГ, ЗХЖШ, Архангай, Завхан аймгийн Засаг дарга, БХЯ, Завхан аймгийн ИТХ, Архангай аймгийн БШУГ, НЗДТГ, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар, ТЦА, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, “ДЦС-3” ТӨХК, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ЗДТГ зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн 19 мэдэгдлийн хэрэгжилтэд энэ сарын 9-13-нд дүн шинжилгээ хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө DNN.mn

НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу аравдугаар сарын 18-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Драгон”, “Мишээл” экспо, “Дүнжингарав” , Баянхошуу, Хорооллын эцэст байрлах “Е-март”-д болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.