Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы ирэх долоо хоногийн /2023.11.02-03/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Author: Админ
Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон тухай гомдол хүлээн авч шалгаж, шийдвэрлэх талаар тогтоол гаргасан. Энэ асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж буй бөгөөд тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа хариуцсан агентлаг байгуулагдаж байна.
2023 оны есдүгээр сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон тухай 67 гомдол ирснээс 14-ийг нь шийдвэрлэсэн. Нийт гомдлын 21 нь БНХАУ-ын, найм нь ХБНГУ-ын, зургаа нь Японы, тав нь БНСУ-ын хөрөнгө оруулагчийн гаргасан гомдол байна.
“Төлбөр тооцоо, залилантай холбоотой, гэрээний үргэлжлэлийг биелүүлэхгүй байна” гэх мэт гомдол гаргасан байх бөгөөд үүний 36 нь уул уурхайн салбарт, 13 нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулаад хохирчээ.
Засгийн газрын хуралдаанаар улирал бүр хөрөнгө оруулагчдын гомдол болон шийдвэрлэлтийн талаар танилцуулдаг болжээ. Хөрөнгө оруулагчдын гаргасан гомдлын талаар Засгийн газрын хуралдаанд сүүлийн хоёр улиралд авч хэлэлцээд шийдвэрлэх үүрэг чиглэлүүдийг өгсөн. Энэ аравдугаар сард мөн асуудлыг оруулж хэлэлцүүлнэ.
Эдийн засгийг тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал гэж Засгийн газар үзэж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдсан асуудал, учирсан бэрхшээл хийгээд хохироосон асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдад хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлд Засгийн газарт анхаарч байна хэмээн ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.
Монголын уран зургийн галерей хэсэг хугацаанд ажиллахааргүй болжээ. Тодруулбал, дотоод засвар тохижилтын ажилтай тул 2023 оны аравдугаар сарын 28-ны бямба гарагаас эхлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний даваа гарагийг хүртэл үзэгч хүлээн авахгүй аж. 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр сонслоо. Асуулгын хариуг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн хэмээгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн гэв.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж заасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1.3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр байгааг Сангийн сайд мэдээлэлдээ дурдав.
Сангийн яам нь тус сангийн хөрөнгийн удирдлагын хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад анхаарч байгааг тэрбээр онцлоод, хуульд заасны дагуу 2024 оны 12 сарын 31 гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.
6-12 дугаар ангийн сурах бичгийг цахимаар захиалан худалдаж авах боломжтой болжээ.
Сурах бичгийг худалдан авахдаа www.APLUS.mn хаягт нэвтэрч захиална хэмээн БШУЯ мэдээлэв.
Заавар:
- Хүүхдийнхээ суралцаж буй ангийн сурах бичгийн багцыг сонгох
- Өөрийн хүргүүлж авах хаягийн мэдээлэл оруулах /Хүүхдийнхээ сургуульд хүргүүлж, анги удирдсан багшаар дамжуулан хүлээн авах боломжтой/
- Өөрт тохирсон төлбөрийн хэлбэрийг сонгож төлөх.
Сурах бичгийн багц нь дараах үнэтэй байна.
6 дугаар анги 59,400 төгрөг
7 дугаар анги 81,600 төгрөг
8 дугаар анги 94,500 төгрөг
9 дүгээр анги 88,000 төгрөг
10 дугаар анги 83,100 төгрөг
11 дүгээр анги 96,100 төгрөг
12 дугаар анги 63,400 төгрөг.
Аргын тооллын аравдугаар сарын 28, Санчир гариг. Билгийн тооллын 15, Шийдэм одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 07:30 цагт мандан, 17:42 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
10-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -7…-12 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус дулаан, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Нийслэлийн өдрийн барилдаан” маргааш буюу 2023 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагт эхэлнэ.
Энэхүү уламжлалт 256 бөхийн барилдааны түрүү бөх 10,0 сая, үзүүр бөх 8,0 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5,0 сая төгрөгний бай шагнал гардах бөгөөд шагналын сан өндөртэй энэ намрын хамгийн том барилдааны нэг юм.
Маргааш 13:00 цагт эхлэх уг барилдааны цахим бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаах бөгөөд тасалбараа www.ticket.mn-ээс захиалан авах боломжтой.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд байрлах нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав.
Дэлхийн жүдочдын баярын өдөр аравдугаар сарын 28-ны өдөр тохиож байна. Энэхүү өдөр жүдо бөхийн “BEAR HUG JUDO” клуб маргааш 13.00-16.00 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөг зарлаж байгаа юм. Тус арга хэмжээнд урилгаар спортын сэтгүүлч, жүдо бөх тайлбарлагч Сосорбарамын Шижирбат оролцоно. Тэрбээр жүдогийн тамирчидтай нээлттэй ярилцлага хийж, өдөрлөгт оролцох юм байна.