Categories
мэдээ спорт

Хоошорюү С.Бямбасүрэн башёг тэргүүлж явна DNN.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны Кюүшү башёгийн арав дахь өдрийн дараах байдлаар Монгол бөхчүүдийн даваа, унааны үзүүлэлт гарлаа.

Макүүчи зиндаанд:

Б-О Хоошорюү С.Бямбасүрэн 9:1

З-С Киришима Б.Лхагвасүрэн 4:6

Б-4 Оошоүма П.Дэлгэрбаяр 2:8

З-8 Роога А.Амарсанаа 4:6

З-11 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:5

З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 6:4

З-15 Оонокацү Б.Чойжилсүрэн 7:3

Жүрёо зиндаанд:

З-4 Тамашохо Э.Энхманлай 7:3

З-8 Миторюү Б.Төрболд 6:4

Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4:6

З-12 Дайсэйзан А.Асгахад 5:5

Макүшита зиндаанд:

Б-5 Асахакүрюү Р.Жамянтогтох 2:3

З-8 Кёокүкайюү Ш.Далайбаатар 3:2

З-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:3

З-18 Казэноүми Ц..Билгүүн 3:2

Б-19 Котокэнрюү Г.Билгүүн 3:2

З-31 Хокүтомарү Н.Чинзориг 5:0 Качикоши

З-36 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2

Б-38 Саданохикари Д.Наранцогт 2:3

З-47 СэйХакүхо Ө.Дэмиджамц 4:1

Санданмэ зиндаанд:

Б-67 Сачинофүжи Г.Оргил 3:2

Жонидан_ зиндаа

З-5 Гоосайзан Б.Мөнх-Од 3:0:2

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан давааны хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-ний хавтсыг хураан авчээ DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна” гэсэн мэдээлэл нийтлэгдсний дагуу цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан.

Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шинжилгээнд хүргүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав DNN.mn

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан  (2024.11.19) Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгох “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулахаар тусгасан тухай танилцууллаа. Мөн тэрбээр, Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг заавал хэлэлцэх, шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн гээд парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чуулга уулзалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк чуулга уулзалтын эхэнд Монгол, Германы ард түмнүүд ардчилал, үнэт зүйлээрээ нэгдмэл байдгийг онцлон дурдаж, Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учир парламентын хяналт нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэх тухай асуудал юм гэлээ. Иймд парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар хоёр тал хамтран ажиллаж, тус тусын ардчиллыг улам бэхжүүлэхийг уриалав.

Чуулга уулзалт “Парламентын хяналтын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм. “Парламентын хяналтын тогтолцоо” сэдвийн хүрээнд хоёр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар тавив.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлээрээ өнгөрөгч долоо хоногт баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа. Тэрбээр, стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судалж өөрийн орны онцлогтой нийцүүлсэн болон шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурлаас иргэд, олон нийт ямар хүлээлттэй байгааг судалсан талаар тухайлан танилцуулж, Монголын парламентын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон таван зорилго, 16 зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаар товч дурдсан юм. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат илтгэлдээ эдүгээ бүрдэж бий болоод байгаа парламентын хяналтын тогтолцоо, түүний эрх зүйн орчны талаар нэгтгэн өгүүлсэн юм. Үүндээ тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналтын тогтолцоог АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг гадаад улсуудын тогтолцоотой харьцуулан авч үзсэнээ дурдаж, Монгол Улсын 1924, 1940, 1960 болон 1992 оны Үндсэн хуулиудад хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой чиг үүрэг тодорхой тусаж ирсэн болон энэхүү чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирснийг тэмдэглэв. Эдүгээ Монгол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, төсвийн хяналт, Ерөнхий сайдын мэдээлэл, үр дагаварын үнэлгээ, хяналтын сонсгол, түр хороо байгуулах зэрэг долоон хэрэгслээр хэрэгжүүлж буйг тэрбээр танилцуулаад, эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэх явцад гарч буй дэвшилттэй болон дутагдалтай талуудын талаар ярив.

Үндсэн илтгэлүүдийг панел хэлэлцүүлгээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку нар оролцож, Улсын Их Хурлын даргын зөвлөх, доктор Т.Алтангэрэл хөтлөн явуулсан юм. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төсвийн болон бодлого, үйл ажиллагааны хяналтад сөрөг хүчний үүрэг оролцоо тэргүүлэх байр суурьтай байгааг дурдаж, хэдийгээр Засгийн газарт МАН, АН, ХҮН хамтарсан ч гэлээ парламентын хяналтыг бүдгэрүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын талаар танилцуулсан бол Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн бол ардчилал улам бэхжиж байгаа жишээ болохыг дурдаад, парламентын хяналтыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлаар удирдлага нь томилогддог хяналт, зохицуулалтын байгууллагуудын чадавх, оролцоо, бие даасан байдлыг сайжруулах асуудал чухал гэдгийг хэлэв. Чуулга уулзалтын ороцогчид Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах, улс төрийн болон мэргэжлийн байгууллагын харилцааг нарийвчлан тогтоох, мөн парламентын хяналтын асуудлыг хариуцлагын тогтолцоотой хамтад нь авч үзэх ёстойг онцолж байгаа.

Парламентын хяналтын тогтолцооны талаарх дараагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурал дэлхийн хүчтэй парламентуудын тоонд ордгийг дурдаад, өмнөх Улсын Их Хурлуудад 15 хувиас доошоо орж байгаагүй сөрөг хүчний хувь хэмжээ өнөөдрийн 126 гишүүнтэй Улсын Их Хуралд 10 хувиас доош орсныг анхаарууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тэрбээр жишээлж, Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийг ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээгээр тэлж баталсан нь парламентын хяналтын механизм ажиллахгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Мөн тэрбээр, хяналтгүйгээр ямар ч ажлыг хийх боломжгүй гэдгийг онцлоод, Монгол Улсын хамгийн том мега төсөл бол ардчилал өөрөө юм гэлээ.

Хүний эрхийн хяналтын асуудлаарх энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид, Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар ороүлцож, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хөтлөн явуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин парламентын хяналт бол төрийн хяналт биш гэдгийг чухалчлан дурдаж, Улсын Их Хурал өөрийн дотоод бүтцээр баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянах ёстой гэсэн юм. Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хяналтын байгууллагууд Улсын Их Хурлаас давсан эрх мэдэл хэрэгжүүлэх ёсгүйг анхааруулав. Засгийн газрын хамгийн хүчтэй эрх мэдэл болох хүнийг яллах, шийтгэх эрх мэдлийг хянах нь парламентын хяналтын хамгийн гол чиг үүрэг байх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын Их Хуралд өнөөдрийн байдлаар энэ хяналтыг хэрэгжүүлэх бүтэц байхгүй байна гэсэн юм. Иймд тэрбээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэд Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог байгуулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаагаа танилцуулав. Уг төсөлд, парламентын бие даасан прокурор, шинжээчдийг томилох, тэдгээр эрх бүхий албан тушаалтнууд Улсын Их Хурлаас хүртэл нууцалсан далд мэдээллийг нээн илрүүлж, парламентад авчирч өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийн гол чиглэл нь хүний эрх гэдгийг тэмдэглээд, энэ талаарх төрийн хяналтын системийн голлох бүрэлдэхүүн хэсэг бол дотоодын хяналтыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэдгийг онцоллоо. Төрийн байгуулал нэн тэргүүнд өөрөө өөрийгөө хянах нь чухал гэдгийг тэрбээр анхааруулж, хөндлөнгийн хяналтанд шилжихээс өмнө урьдчилан сэтгийлэх, таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалахад онцгой үүрэгтэйг дурдсан юм. Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар парламентын ил тод байдал, төсвийн хяналт, Улсын Их Хурлын эрх зүй болон эрх мэдлийн чадавхтай холбоотой асуудлыг хөндөж, эдгээртэй холбоотой судалгаа, кейс шинжилгээний үр дүнгүүдээс танилцууллаа. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй нь энэ талаарх хуулийн зохицуулалт хоёрдмол агуулгатайгаас болсныг шүүмжлэв. Хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хүний эрхийн талаарх парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ талаарх чиг үүрэг бүхий институциудын уялдаа, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болон сөрөг хүчний эрх, үүргийг нэмэгдүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох, чангатгах асуудлуудыг онцолж байв. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал Монголын парламент Засгийн газрын хууль баталдаг нэгж шиг ажиллаж байгааг шүүмжилж, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдааныг ил тод, нээлттэй болгох шаардлагатай гэлээ.

Дараагийн хэлэлцүүлгээр парламентын хяналтын дэлхийн жишиг болон чиг хандлагын талаар ярилцав. Энэ хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг МУИС-ийн хүндэт доктор, профессор Ян Зиков, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч Фредерике Витте нар Бундестагийн жишээгээр олон нийтийн хяналт болон парламентын хяналтыг сайжруулах, бэхжүүлэх боломж, шийдлийг талаар тавив. Профессор Ян Зиков цахимаар тавьсан илтгэлдээ парламентат ёс өндөр хөгжсөн орнуудын жишээгээр парламентын хяналтыг явуулж буй арга туршлагуудаас дурдаж, ХБНГУ-ын парламент болон төрийн институциудын үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог Үндсэн хуульд тухайлан заасан болон сүүлийн жилүүдэд үүнд технологийн дэвшил, цахим шийдлүүдийг түлхүү ашиглах болсныг танилцуулсан юм. Ардчилсан засаглалын хяналт, тэнцвэр гэдэг бол зөв хянах, зөв хүндлэх харилцаа болохыг тэрбээр дурдав.

Хатагтай Фредерике Витте Холбооны Канцлер болон түүний танхимыг томилох Бундестагийн эрх, түүний хүч чадлыг тайлбарлаж, итгэл үзүүлэх эсэх асуудлаарх конструктив санал хураалтын дэгийг товч танилцуулсан юм. Тэрбээр, Засгийн газарт тавих парламентын хяналт нь мэдээлэл авах эрхэд тулгуурлаж буйг онцлоод, асуулга тавих, сэдэвчилсэн мэтгэлцээн, хяналтын хороо байгуулах зэрэг Бундестагийн хяналтын механизмуудыг танилцууллаа.

Дээрх илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Анар хөтөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, С.Зулпхар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа парламентад мэдээллийг заавал үнэн зөв гаргаж өгөх, буруу мэдээлэл өгсөн бол маш хатуу хариуцлага тооцдог байх зарчмыг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Монголын парламентын хяналт, шалгалтын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн болон судалгаа, нотолгоонд суурилж ажиллах зарчим, соёлыг төлөвшүүлэх явдал учир дутагдалтай байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтаас гадна хууль батлахаас өмнө тавих урьдчилсан хяналт чухал болохыг онцолж, Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиудыг урьдчилан баталж буй нь энэ хяналтын механизмын зүйл мөн боловч манай парламент энэхүү эрхээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна гэлээ. Мөн тэрбээр, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтэд таван жил тутам тогтмол үнэлгээ хийж, үр дүнг хэлэлцэж байх нь чухал үр нөлөөтэйг анхаарууллаа. Тус хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хууль тогтоох болон парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагаа, энэ талаарх парламентын соёл болон чадавхын асуудлыг нарийвчлан ярилцаж, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авах хариуцлагын асуудлыг онцлон хөндөж байлаа.

“Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтад оролцогчдын асуулт, санал, байр суурийг нэгтгэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва танилцуулж, үг хэллээ. Тэрбээр, чуулга уулзалтаар парламентын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдлийг олон талын оролцоотойгоор тал бүрээс нь бүтээлчээр хэлэлцсэнийг сайшаан онцлоод, хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн ч түүнийг нутагшуулах, нэг мөр болгох, зохицуулалт хоорондын уялдааг хангах, хуульд заасан байнгын тогтолцоог бүрдүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг тогтмолжуулах шаардлагатай байгааг дүгнэв. Цаашид парламентын хяналтын хүрээ, талуудын оролцоог тодорхойлж, давхардлыг арилгах, хяналтын процесс болон соёл, механизмыг төлөвшүүлэх, мөн парламент болон Засгийн газрын хяналтын чиг үүргүүдийг зааглах, эдгээрийн хэрэгжилтийн механизмыг тодорхой, ил тод болгох, хууль тогтоомжийг сайжруулах ажлыг тухайн хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үндэслэх, бодлогын үр дүнгийн хяналт болон үр дүнд суурилсан төсвийн хяналтыг уялдуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангах, түүнчлэн парламентын хяналтын дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх асуудлуудад анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж буйг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсын нийт өрхийн 70 хувь нь гэр хороололд амьдарч байна DNN.mn

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурлаар  өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл бусад арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Манай улсын нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд, 70 хувь нь инженерийн дэд бүтэцгүй байшин хороолол, гэрт амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотод 273,736, аймгийн төвд 144,308, сумын төвд 295,775 өрх орон сууцгүй байна.

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөрт багтааж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг  Засгийн газрын холбогдох гишүүд болон Үндэсний хорооны гишүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа.

Үүнд:

  • Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн боловсруулж, УИХ-д өргөн барих,
  • Иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих бодлого, стратегийн зураглал, төлөвлөгөө боловсруулах, Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах,
  • Амины орон сууц болон ногоон орон сууцны стандарт, жишиг загвар, баталж, хэрэгжүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлж, шаардлагатай зохицуулалт хийх,
  • Үндэсний орон сууцжуулах төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр нэмэгдүүлэн, шугамын өргөтгөл хийх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх,
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх, аймаг орон нутагт дэд бүтэц байгуулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо DNN.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Мөнх ариун булаг” ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийж байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна. Жишээлбэл, бидний ажиллаж буй энэ байршилд хүүхдүүдийг цэцэрлэг рүү орох зарим орц, гарцыг хаасан. Чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас ажлыг хариуцсан холбогдох хүмүүсийг дуудсан. Хашаагаа шинэчилж, орц гарцуудыг чөлөөлөх үүрэг даалгавар өгөөд байна. Тус компани нь барилгын үйл ажиллагааг явуулахдаа ч ажилтнуудын аюулгүй байдлыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс гадна орчмын дулааны шугам сүлжээг гэмтээсэн байна” гэлээ.

“Мөнх ариун булаг” ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын газрын албан даалгавар болон батлагдсан зураг төслийнхөө дагуу хашаа, хайс, орц, гарцын асуудлыг шийднэ гэдгийг хэлэв. Тус компанид улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, орчны тохижилт аюулгүй байдлыг бүрдүүлэх хүртэл барилгын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох улс-төр

Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс болчихоод байна DNN.mn

Бизнесийн ухааны доктор, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Монгол Улсын макро, микро эдийн засгийн үзүүлэлтүүд өнөөдрийн байдлаар ямар байна вэ?

-Макро тоо сүүлийн долоо, найман жилээ бодоход, ялангуяа ковидын дараа доошоо нэлээн унасантай харьцуулахад дажгүй байна. Макро тоон дээр гол нөлөөлж байгаа зүйл бол манай шорооны буюу байгалийн баялгийн борлуулалтын үнэ. Түүнийг хасчихвал бусад нь бас таатай биш байна. Нийт 8.1 сая мал хорогдсон хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас бусад үйлчилгээ, үйлчилгээний бус бүх салбар хэцүүхэн байна. Уул уурхайгаа дагаад тээвэр, түүнийг дагасан шатахуун, туслах материал, үйлчилгээний гээд тодорхой салбарууд гайгүй байна. Микро эдийн засгийн хувьд бид ковидын хоёр жил, дайны гурван жил гээд аж ахуйн нэгж, хувь иргэд өөрийн санхүү, чадамжаа нэлээн барсан үе байна. Үүнд дахиад сэргэлт өгч чадахгүй байна л даа. Харин манай улстөрчид макро тоон дээрээ тулгуурлаад, бүх юмыг гоёор хараад байна.

-УИХ-ын гишүүд кноп эвдэрсэн шалтгаанаар, гар өргөж байгаад Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа. Хэт тэлэлттэй, түүхэнд байгаагүй их алдагдалтай төсөв бараг анх оруулж ирснээрээ батлагдахад танд юу бодогдов?

-Саяхан л сонгууль болж, макро тоонуудыг цэгцтэй болгоё, төрийн оролцоог бууруулъя, төсвийн зардлаа 25 хувьд барья гээд амлалтууд өгөөд орж ирсэн. Хамтарсан нэрийн дор яг түүнийхээ эсрэг үйлдлүүд хийгээд эхэлсэн.

УИХ төсөв батлах өөрийн онцгой эрхтэй. Түүнийхээ дагуу шинээр орж ирсэн гишүүд, урьд жилүүдийг бодвол нүдэн балай дагадаг биш, сүүлд асуудлуудыг гаргаж тавилаа л даа. УИХ ирэх арванхоёрдугаар сард зардлын тодотгол дахиж хийхээр ирэх оны төсвийг баталсан.

Шинэ гишүүд төсвийн тодотгол дахиж орж ирэх үед харин ч бүр а, б-гүй үзэх байх гэж найдаж байна. УИХ сая онцгой эрхээ анх удаа эдлэх гэж оролдсон. Яг нарийндаа УИХ-ын чуулган энэ долоо хоногт төсвөө батлах байсан, өнгөрсөн долоо хоногт гэнэт яаруу хуралдлаа. Ерөнхий сайд ч чуулган дээр төсвөө батлуулах гэж байсангүй. Их хурлын даргын үйлдэл ч нүдэн дээр ил, гишүүдийг техник эвдэрсэн гэх шалтгаанаар, харцаараа “заналхийлж”, саналыг нь авах зорилготой байлаа. Энэ юу хэлж байна вэ гэхээр тэд их айдастай байна л даа.

-Юуны айдас билээ?

-Ерөөсөө эрх барьж байгаа албан тушаалтнууд төсөв задрах вий гэсэн их айдастай байна. Одоо яах вэ, нэг сар харъя. Наана нь, Ерөнхийлөгчид хориг тавих бүрэн эрх нь бий.

-Тооцоо, судалгаа муутай ийм төсөв алс ирээдүйд ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж та бодож байна вэ?

-Олон тоо хэлбэл хүмүүс будилж магадгүй, хоёр тоо хэлье. Сүүлийн хоёрхон сарын дотор улсын төсвийн зардлаа найман их наяд төгрөгөөр нэмчихсэн. Төсвийн тодотгол гэж өнгөрсөн есдүгээр сард орж ирэхэд гурван их наядыг нэмж орж ирсэн. Сая өмнөх жилээс 5 их наядаар илүү нэмээд ороод ирлээ. Найман их наядаар нэмэхээр орлого 8 их наядаар өснө гэж хараад байна. Энэ дээр л алдаа хийж байна гэж би бодож байна. Ний нуугүй хэлэхэд, төсвийн татварын орлогын бүрдэлт 2016 оноос хойш найман жил НОӨАТ-ын шинэ системийн хүчинд татварын бусад орлого нэмэгдсэн. Орлогын ханалт дээд цэгтээ хүрсэн шүү. Энэ цаашаа унана. Дараа жилээс энэ жилийнх шиг татварын орлого орж ирэхгүй. Аливаа юмны ханалтын цэг тулдаг. Тэр цэг таарч. Нөгөө талаас манай нүүрс, зэсийн баяжмалын үнэ өдөр тутам унаж байна, дараа жил энэ хэвээр нэлээн үргэлжлэх байх.

-Төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар баталсан?

-Алдагдалтай л ажил хийж байна гэсэн үг. 1.9 их наяд гэдэг их тоо. Жил болгон ингэж оруулж ирдэг. Энийг алдагдалгүй байлгах хүсэл, тэмүүлэл гол нь алга байна.

-Төсвийг батлахад 126 гишүүн үүргээ сайн гүйцэтгэж чадсангүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-126 гишүүний 81 нь шинэ. Аравдугаар сарын 1-нээс л ажил нь эхэлсэн. Энэ богинохон хугацаанд 25 гишүүн энэ төслийг буцаая гэж хүсэлт тавьсан. УИХын бас онцгой эрх, төсвийг батлахгүй байж болно шүү дээ. Тэр эрхээ эдэлье гэж, шинийг харж байгаа өнцгүүд сайн байна. Толгой эргүүлсэн гол тоглолтууд Сангийн яам дээр хийгдэж байна. Үүнийг нэлээн задална гэж найдаж байна. Тэгж чадвал энэ нь шинэ гишүүдийн хувьд амжилт. Гэхдээ ер нь шинэ гишүүдэд хандаж хэлэхэд, төсөв бол УИХ-ын онцгой эрх шүү. Үеийн үед буюу 30 жилд УИХ энэ онцгой эрхээ эдэлж чадаагүй, дандаа Засгийн газрынхаа тоглолтод ордог байсан. Сенсаци давхацдаг. Би нэг ярилцлагадаа ярьж байсан. Сенсациар гол юмуудыг нуудаг гэж. Тэр яг л давтагдаж байна. Одоо шинэ гишүүдээ харъя. Манай зарим нэг хуучин улстөрчдийн тоглоом, намын дүрэм хэрэгжсэнгүй гээд, хуучин арга барилаараа энэ залуусыг явуулахгүй байна. Тийм юм байхгүй. Энэ чухал.

-Монгол Улс түүхэндээ төсвөө хэдэн удаа тодотгож байсан бэ?

-Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж тодотгол хийх тохиолдлууд байсан. Ер нь тодотгол хийнэ гэдэг Засгийн газар ажлаа муу хийсний л үр дүн. Жишээ нь, ковидын жил буюу 2020, 2021 онд төсвийн алдагдал нийт найман их наяд байхад тухайн Засгйн газар тодотгоогүйг би их гайхдаг. Орлого байхгүй, алдагдалтай байгаад байхад Хүрэлбаатар зүтгэсээр байгаад авч гарч байсан л даа. Ковидын үед макро хэмжүүрүүд олон хасах үзүүлэлттэй байхад тодотгол хийгээгүй. Одоо УИХ нэг заль хэрэглэж магадгүй. Жишээлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүн багасна ч гэдэг юм уу, эсвэл инфляци ихэснэ гэх юм уу. Тиймэрхүү нөхцөл бүрдэхгүй байна гээд Жавхлан бас молигодож магадгүй. Гэхдээ яах вэ, УИХын төсөв тодотгох тогтоол гарсан, учраас Засгийн газар хуулиа биелүүлэх л ёстой.

-УИХ 2025 оны төсвөө тодотгохдоо юуг зайлшгүй анхаарах шаардлагатай вэ. Төсвийн төслийг уншихад таны анхаарлыг татсан ямар тоонууд байв?

-Макро тооныхоо 8 их наяд дээр л анхаарах ёстой. Сүүлийн хоёр сард гэнэт орж ирсэн. Дээр нь орлогоо төлөвлөсөн байдал. Энэ хоёр дээр анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас төр данхайж, 226 мянган хүн тэжээж байна. Буцаагаад манай Ардын намын 200 мянга, Ардчилсан намын 100 мянган хүн ч гэдэг юм уу, 500-600 мянган хүнийг тэжээх нь Монголын төрийн өөрийн зовлон болчихоод байгаа юм. Хуучин 200 мянга байх үед болоод л байсан. Сая гаруй хүн чинь энэ 500 мянгаа тэжээж чадахгүй унах гээд байна шүү дээ. Тоон утгаараа манайх татварын тоог, нэмж хасаж өөрчлөөгүй. Татварын орлогыг дараа жилд 5.6 их наядаар ч юм уу нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ бол буруу. Яагаад вэ гэвэл орлого бүрдүүлж буй, микро эдийн засаг дээр буй аж ахуйн нэгж, иргэдийн орлого, зах зээл нэлээн хүнд байдалд, бүр дахиж орлого олох нь битгий хэл зардлаа нөхөж чадахгүй болж байна.

-Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл, түүнийг хэрэгжүүлэхэд юу саад тушаа болж байна гэж боддог вэ?

-Засгийн газар реформын 14 төсөл яриад байгаагийн гурав, дөрөв нь эрчим хүч. Энэ төслүүд явах үндсэн шалтгаан нь үнэ тарифаа чөлөөлөх. Одоогийн байгаа зардлаасаа хоёр дахин хямд, хүчээр барьж байгаа үнэ дээр тэр дөрвөн төсөл явахгүй гэсэн үг. Өнөөдөр ямар ч аж ахуйн нэгж, иргэн тодорхой ашиг олохын төлөө л явж байна. Гэхдээ зам тээвэр, цахилгаан эрчим хүч гэх мэт нийтийн юманд зарцуулж байгаа байгууламж боловч ашигтай байх ёстой. Тийм учраас үнэ чөлөөлөх нь яах аргагүй чухал асуудал.

-Эрчим хүчний төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хойрго ханддаг. Шалтгаан нь юунд байдаг юм бол?

-Худлаа суурь үнэ. Бид 1996 онд чөлөөт үнэд оруулчих байсан. Социалист бусад орнуудтай хамт капитализм руу орсон. Тэдгээр улс эдийн засгийн реформоо 1990-ээд онд бүгд хийсэн. Манайх шиг тог тасалдаг гэх мэт зовлон тэр үед бүгдэд нь байсан. Польш улсад гэхэд тогны заалтуурыг жишээ нь яаж аргалах вэ гээд, тоолуур дээрээ ажиллахаас эхлээд тог хулгайлдаг 100-200 янзын арга байсан юм билээ. 1992 онд хувьчлаад, чөлөөлснөөр одоо тийм асуудалгүй байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бид хүчээр барьж байснаар 1983 ондоо л үлдсэн. Сүүлийн 30 жил ганцхан станцтай, хар л даа. Шинэ станц бариагүй. Дамжуулалтын сүлжээнүүдээ орчин үеийн технологийн дагуу шинэчилж чадаагүй. Ийм болохоор ийшээ хөрөнгө оруулалт хийх сонирхол алга байна.

-Саяхан бид Бөөрөлжүүтийн 150 мВт станцыг барьсан шүү дээ?

-“Голомт”-ынхон үнэ дээрээ арайхийн тохирч байж, бараг 12 жилийн дараа төсөл нь бий болж байна. Энэ ерөөсөө л тэр чигээрээ суурь үнэ. Иймд нэгдүгээрт, үнэ чөлөөлөхөөс аргагүй. Хоёрдугаарт, манай зах зээл өөрөө орос технологи, хуучин бүтцээ дагаад мафижсан гэж хэлж болно. Тиймээс шинээр технологи оруулдаггүй. Жишээ нь, Оюу толгойн бүх цахилгааныг хийсэн “ABB” компани Монголын зах зээл рүү орох гэхээр болдоггүй. Яагаад гэхээр, ЗХУ-ын үед хэрэглэж байсан хуучин технологи, хуучин менежмент, хуучин хүмүүстэй. Шинэ хүмүүст ажиллах нөхцөл бий болгодоггүй, хэзээ ч зах зээл рүү оруулдаггүй. УИХ дээр эрчим хүчний реформ хийх Ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Дотор нь ажиллаж буй. Тэд үнэ зохицуулалтаасаа гадна технологи, хүний менежмент гээд бүх юмыг нэлээн задалж өгөх хэрэгтэй.

-Эрчим хүчнийхэн дотроо зах зээлээ булаацалддаг гэдэг юм билээ?

-Хэдхэн нөхөд үнээс гадна нэгнийхээ ажлыг явуулдаггүй тал бас байгаа юм. Мафийн гинжин холбоог тас цохиж чадсан хүн бол Сономпил сайд. Цэргийн хүн, тэс өөр бүрэлдэхүүн оруулж ирээд, хүмүүс учраа олоогүй байх үед Амгалангийн дулааны станцыг бариулчихсан. Гэхдээ шанд нь шоронд суусан. Ямар ч байсан өөр салбарын нэг лидер очуутаа менежментийг нь зөв хийгээд, станц барьж чадсан. Энэ гал тогоон дотор өөр салбарын хүн орж ирэх их чухал. Тэгэхээр УИХ дээр бүрдсэн ажлын хэсэгт үнэ тарифаас эхлээд бүгдэд сайн дүн шинжилгээ хийж үзээрэй гэж уриалах байна. Үнэ зохицуулалтын тусгай газар бий. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа таван жил тэр зөвлөл рүү хүн явуулаад аваагүй. Уг нь хуулийнхаа дагуу танхимаас нэг хүн байх хэрэгтэй юм. Дараа нь өөрийгөө дэвшүүлээд ч аваагүй. Яагаад гэвэл тэр есөн хүн үнэхээр “азаргалчихсан” байдаг. Тийшээгээ ямар нэгэн гадны хүн оруулдаггүй. Өөрсдөө зах зээлийн үнэ тогтоосон нэртэй, эрчим хүч дагасан бизнесийнхээ хуваарилалтыг хийдэг хүмүүс л харагдсан. Үүнийг задалж, идээ бээрийг нь гаргаж ирэхгүй бол болохгүй.

-Засгийн газар 120 их наядын 14 мега төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Ямар тохиолдолд эдгээр төсөл хэрэгжих боломжтой вэ?

-Эрчим хүч, цахилгааны 3-4 төслийн хувьд үнэ чөлөөлсний дараа хэрэгжинэ. Тэрийг хийхгүй тохиолдолд дотоод, гадаадын ямар ч хөрөнгө оруулалт орохгүй. Нөгөө талаар Монгол Улс яг нарийндаа өвөг дээдсийн буянаар эрчим хүчний эх ундарга дээр сууж байна. Нар, салхи, нүүрсний, тэр битгий хэл уран, занарын гээд. Өөрөөр хэлбэл, эрчим хүч гаргаж авах бүх эх сурвалж нь Монгол Улсад байна. 2011-2012 онд эдийн засаг 17 хувиар өсч байх үед тодорхой нэг төслүүдийг Японы компаниудтай ярьж эхэлж байсан. Яваандаа эрчим хүчний гол экспортлогч улс болъё гэдэг асуудлыг тэр үед тавьж байсан. Яагаад вэ гэвэл бидэнд үндсэн нүүрс нь, уран нь, занар нь ч байна. Даанч ийшээ орж чадаагүй. “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг шиг бид эрчим хүчний гал голомтон дээр суусан л хүмүүс болоод байна. Энийгээ задлаад, ийшээгээ оръё гэсэн хүмүүстээ ханд. 14 төсөл, эрчим хүч гээд яриад байгаа. Яг нарийндаа яривал Төв Азид дэд бүтцээр хамгийн хоцрогдсон ганц улс Монгол болчихоод байна. Эрчим хүч, зам тээврээр хоцрогдсон. Ерөөсөө Зүүн Хойд Азийн хөгжлийн гол “бөглөөс” нь Монгол Улс болчихоод байна. Тэдгээр улс Монголын ядаж дэд бүтэц, бусад юмнуудыг хамтдаа хийе. Учир нь, энд эдийн засаг эрчтэй эргэж байх нь чухал байна гэж үзэж байна.

-Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээ мэдэгдээд байна. Эрсдэл нь юу байх вэ?

-Бид 2004 оноос өмнө зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороогүй байсан. ЗХУ-д есөн тэрбум ам.долларын өртэй байсан. Тийм учраас хэн ч хамтран ажилладаггүй, ганцхан Япон улс хүмүүнлэгийн тусламж өгдөг байсан. 1990 оноос хойш санхүү, зах зээл жаахан нээгдсэн. 2012 оноос хойш улс төр барьж байгаа, нам хамаагүй эрх баригч нар бэлэн, том мөнгөөр тоглох маш их сонирхолтой байсан. Ер нь том мөнгийг ямар ч хөдөлмөргүйгээр олж ирээд, тухайн үедээ ашигласан болоод, хойч үедээ өр үлдээж байгаа юм. Бид 2012 оны нэг тэрбум ам.долларын өрийг сая л төллөө шүү дээ. Засгийн газрын авчирч байгаа бонд бол ирээдүйд татвар төлөгчид л төлөх өр. Тийм учраас энэ бондыг хяналт дор зөв ашиглах хэрэгтэй. Ийм процесс жишээлбэл, 1900ээд оноос өмнө социалист улсуудыг капиталист улс болгохоор бэлэн мөнгө өгдөг, хөрөнгө оруулалт, технологи биш, том дарга нарт нь их мөнгө өгдөг, дараа нь юу ч байдаггүй. Одоо бид тэр зам руу эрчтэй гулгаж ороод байна. Манай дотоод өр 34 тэрбум ам.доллар байхад дахиад тэрбумаар өр нэмэгдэж байна, үр өгөөж нь ямар байх вэ гэдэг тодорхой. Хувийн аж ахуйн нэгжид түүний хорь гаруй тэрбум нь ноогдож байна. Энэ асуудалд Эдийн засгийн хөгжлийн яам их бодолтой хандах хэрэгтэй.

-Төсвийн төсөл дээр Эдийн засгийн хөгжлийн яам сайн ажилласангүй гэж эдийн засагчид шүүмжилж байна. Та тэдэнтэй санал нэг байна уу?

-Тэр яам байгаа нь өмнө нь ч мэдэгдсэнгүй, сая ч мэдэгдсэнгүй. Бид яг яривал мөнгөний нягтлангийнхаа эрхэнд орсон байна.

-Ирэх оны төсөвт “Оюу толгой”-н гүний уурхай бүрэн ашиглалтад орно, нүүрсний гаралт сайн байна гэж тооцсон. Санаснаар нөхцөл байдал сайн байх болов уу?

-Хамгийн гол нь түүхий эдээ тээвэрлэх нь дэд бүтцийн асуудал. Дээр нь шатахуун, технологи, цахилгааны асуудал бий. Энийгээ шийдэж чадвал 80 сая тонныг ч авч чадна. Гэхдээ дэд бүтэц дийлэх үү гэдэг нь асуудал. Өнөөдөр Тяньжин дээр 4000 гаруй чингэлэг хөдлөхгүй, бусад салбарын чингэлгүүд зогссон байна.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ

Монголын багш нар “Оросын Филологийн сургууль 2024” төслийн сонгон шалгаруулалтад оролцлоо DNN.mn

В.Г. Короленкогийн нэрэмжит Глазовын Улсын инженер, багшийн их сургууль Россотрудничество болонУлаанбаатардахь “Русскийдом”-ын тусламжтайгаар Монголдахь “Оросын филологийн сургууль-2024” төслийн сонгон шалгаруулалтыг явуулж дуусгалаа. Төслийн гол зорилго нь Монгол Улсад орос хэлний сургалтын чанарыг сайжруулах явдал юм.

Орос хэлний шалгалт, бүтээлч эссэ бичлэгийн үнэлгээний дүнгээр Улаанбаатар хотын орос хэлний 40 багш, Монгол Улсын бүх аймгуудаас 40 багш, мөн Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн төгсөх курсийн 20 оюутан (ирээдүйн орос хэлний багш нар) Оросын филологийн сургуулийн арга хэмжээн доролцоно. Энэхүү арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт нутаг дахь Grass Villa Camp зочид буудалд болно.

“Оросын филологийн сургууль-2024” төслийн хүрээнд сурах бичиг зохиох салбарын мэргэжилтнүүд, туршлагатай орос багш нар, монгол орос хэлний багш нарын хамтын хүчээр Монгол сургуулийн сурагчдад зориулсан орчин үеийн орос хэлний шинэ сурах бичгийг зохиох асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

“Оросын Филологийн Сургуулийн үеэр орос хэлээр тэргүүлэх зургаан орос мэргэжилтэн оролцогчдод багийн эрэл хайгуул, сэдэвчилсэн платформ, лекц, практик хичээл явуулахаас гадна оролцогчдод зориулсан бүлгийн төслийн үйл ажиллагааг зохион байгуулна” гэж Глазовын их сургуулийн төслийн оффисын захирал Арсений Парфенов хэлэв.

“Оросын филологийн сургууль”-ийн үрдүн нь оролцогчид орос хэлний шинэ сурах бичиг зохиох ажлынхаа талаар танилцуулах төслүүдийн хамгаалалт болно.

Хөтөлбөрийг дуусгасны дараа оролцогчид мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ авна.

Бүх арга хэмжээний төлбөрийг зохион байгуулагч бүрэн хангах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг төслийн вэб сайтаас https://rusphsch.com  авах боломжтой.

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр шар хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 20, Буд гариг. Билгийн тооллын 20, Өглөгт охин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 08:06 цагт мандаж 17:10 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -1…-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -12 градус хүйтэн харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хойд насандаа л уулзаж ярилцахаас даа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголын эхний үр дүн гарсан”  хэмээв.

Эрх чөлөөний эвсэл намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 40 нэр дэвшигч хандивын данс нээгээгүй гэдэг шалтгаанаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Энэ асуудлаар тус намын дарга Б.Цацралтай ярилцлаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хойд насандаа л уулзаж ярилцахаас даа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Эдийн засагч Н.Энхбаяр “Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна” гэлээ.

Өндөр төлбөртэй “Интермед” эмнэлгээр үйлчлүүлдэг 280 мянган иргэний хувийн мэдээлэл эрсдэлд орсон асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Ер нь манай орны мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт ямархуу байдаг талаар мэргэжлийн хүний байр суурийг хүргэж байна. Мэдээлэл, технологийн менежментийн зөвлөх, Зам тээврийн салбарын инноваци, мэдээлэл технологийн холбооны тэргүүн Г.Мөнхсүхтэй ярилцлаа.

Жижиг “Таван толгой”-н Ч.Гүнждагва шүүхийг уландаа гишгэж явааг мэдсэн үү, Н.Учрал сайд аа

Нарансэвстэйн боомтын асуудал улстөрчдийн мөн
чанарыг харуулж байна

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам: Төрийн нууцтай холбоотойгоор албан тушаалтнуудад хариуцлага яригдахгүй, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт л ял оноож буй нь хуулийн алагчлал гэх хардлага төрж байна

Арын нүүр: Монгол орон даяар “Даралтны аппарат” аян өрнүүлье


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ