Categories
мэдээ нийгэм цаг-үе

Айл өрхийн хэрэглээнээс хамаарч 1 кВт цахилгааны үнийг 175-285 төгрөг болгож нэмэгдүүллээ DNN.mn

Хэрэглэгчийн эрчим хүч, цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлж буй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Тодруулбал, Эрчим хүчний үнийг өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 15-наас, дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болжээ.

Ингэснээр айл өрхийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 1 кВт тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орж байгаа гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Ганхуяг: Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрч байна DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хуурамч улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлийн талаар мэдээлэл өгөөч?

-Цагдаагийн байгууллагын хяналт шалгалт болон камерын хяналт, E-Police аппликейшнээр ирүүлсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу илрүүлж байна.

-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нуун далдалсан, хуурамч ду­гаар­тай хөдөлгөөнд оролцсон жо­лоочид ямар шийтгэл ногдуулах вэ?

-Дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцдог. Улсын дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгоно. Улсын дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний арван сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж байна. Хэлэлцэх асуудлын дараалалтай  холбогдуулан төлөөлөгч нар санал гаргаж, НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэх санал гаргаж, горимын санал хурааж төлөөлөгчдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна гэж заасны дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар танилцуулав.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжиж 7 орон тооны бүрэлдэхүүнтэй Зөвлөлийг баталлаа. Зөвлөлд  НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын  бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Утаажилтын бүсээс 35 хүнийг аюулгүй газарт гаргажээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд өрөөнд гал гараад байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 02:18 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв 3 өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж иргэд унтраасан байсныг шалгаж, утаажилтын бүсээс 35 хүн /23 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргажээ.

Categories
гадаад мэдээ

Абхазын иргэдийн ялалт DNN.mn

Оросууд дайн хийж, Гүрж улсаас Абхаз, Өмнөд Осет салан тусгаарлаж, 2008 оны наймдугаар сарын 25-нд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум санал нэгтэйгээр Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж олон улсад Путиныг дэмжигч хэдхэн улс л хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Абхаз улсад ОХУ-ын хөрөнгө оруулалтын гэрээг соёрхон батлахыг эсэргүүцсэн сөрөг хүчнийхнийг баривчилсны дараа энэ сарын 11-нд Сухуми хотод эсэргүүцлийн жагсаал эхлэв. Абхазын иргэд нийслэл Сухуми хот дахь Төрийн аюулгүй байдлын албаны байрны дэргэд цугларч, баривчлагдсан идэвхтнүүдийг суллахыг шаарджээ.

Сөрөг хүчнийг дэмжигчид болон Төрийн аюулгүй байдлын албаны ажилтнуудын хооронд үе үе зодоон болж байгааг “Республика” телеграм суваг мэдээлж байв. Цугларсан иргэд Төрийн аюулгүй байдлын албаны байранд хаалгыг нь хүчээр нээж нэвтэрснээс гадна жагсагчид төв хурдны зам болон Сухумиас гарах Кодори, Верхнегумистинский, Нижнегумистинскийн гурван гүүрийг бүрэн хаажээ. Дараа нь эсэргүүцэгчдийн гол хэсэг Эрх чөлөөний талбай руу шилжиж “Республика”-ын мэдээлснээр энэ эсэргүүцлийн жагсаалд Абхазын өнцөг булан бүрээс хүмүүс ирж нэгдэж эхэлсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Абхазын ерөнхий сайдын орлогч Кристина Озган нар Оросын компаниудад Абхазад хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх боломж олгох гэрээнд гарын үсэг зурсан юм. Харин уг гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд Абхазын парламентаар соёрхон батлуулах ёстой. Уг асуудлыг парламентаар хэлэлцэх өдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд сөрөг хүчнийхэн гэрээг цуцлахыг шаардаж жагсаал хийхээр зэхэж байсан юм. Оросын “РИА Новости” агентлаг “Сөрөг хүчний Абхазын үндэсний эв нэгдлийн форум намын дарга Аслан Барциц парламентын экс депутат Гарри Кокая болон Алмасхан Ардзинба, Рамаз Жопуа, Аслан Гварамиа зэрэг сөрөг хүчний таван идэвхтэнг саяхан гарын үсэг зурсан хөрөнгө оруулалтын Орос-Абхазын хэлэлцээрийг эсэргүүцэн Гудаута мужид олон нийтийн уулзалт хийгээд буцаж ирэхэд нь саатуулсан” гэж мэдээлсэн. Харин Оросын “ТАСС” агентлаг “Эсэргүүцлийн жагсаалын улмаас Абхазын ерөнхийлөгч Аслан Бжаниа Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулж, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Раул Лолуа сөрөг хүчнийхний хийж буй энэ үйлдлийг гэмт хэргийн шинж чанартай гэж мэдэгдэв. Төрийн аюулгүй байдлын албаны дарга Дмитрий Кучберия Төрийн хамгаалалтын албаны байрны ойролцоо болсон үйл явдлыг бүрэн хэмжээний үймээн самуун гэж нэрлэв” хэмээн мэдээлж байв. Харин баривчлагдсан идэвхтнүүдийг суллах эсэргүүцлийн хөдөлгөөнд Абхазын өнцөг булан бүрээс иргэд ирж нэгдэх болсны үр дүнд сөрөг хүчний идэвхтэнүүд нэг өдрийн дараа суллагдаж, эрх чөлөөтэй болов. Үүний дараа жагсагчид Сухуми хотын ойролцоох гүүр, гол замуудыг чөлөөлөв. Өөрийгөө тунхагласан Абхазын иргэдийн Оросын нөлөөллийг эсэргүүцсэн энэхүү ялалт Кавказын нурууны улсуудын олон зуун жил хүлээсэн, Оросын дарангуйллаас гарч, эрх чөлөөтэй болох явдлын эхлэл байх магадлалтай болов.

Categories
мэдээ

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.15) нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эхлээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн саналуудаар санал хураалт явуулсан юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8.1.4 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлсэн. Дараа нь санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 9.1.9 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201 дүгээр зүйлийн 201.4 дэх хэсгийн “хувь” гэсний өмнө “үндсэн” гэж нэмж, мөн зүйлийн 201.6, 201.7 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 201.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж өөрчлөн найруулахыг; төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201.9 дэх хэсгийн “олборлосон” гэсний дараа “цацраг идэвхт” гэж нэмэхийг; мөн зүйлийн 6 дахь заалтын 28.2.12 дахь заалтын дугаарыг “28.2.11” гэж өөрчилж, 4 дүгээр зүйлийн “28 дугаар зүйлийн” гэсний дараа “28.2.11 дэх заалтын дугаарыг “28.2.12”гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.3 дахь хэсгийн “олборлолт,” гэсний дараа “баяжуулалт,” гэж, “аюулгүй” гэсний дараа “булшлах” гэж тус тус нэмж,  мөн хэсгийн “гүйцэтгэх” гэснийг “гүйцэтгэж” гэж өөрчлөх саналтай холбогдуулан С.Ганбаатар гишүүн үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.4.1 дэх заалтын “батлан мөрдөх” гэснийг “баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах” гэж өөрчилж, 34.4.2 дахь заалтын “нэн” гэснийг, 34.8 дахь хэсгийн “15.2.1,” гэснийг тус тус хасахыг гишүүдийн олонх дэмжсэн бол мөн зүйлийн мөн заалтын 34.5 дахь хэсгийн “төрийн дансанд” гэснийг “Монголбанкан дахь Ирээдүй өв сангийн валютын тусгай дансанд” гэж өөрчлөх саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч Байнгын хороонд өгөв.

Төслийн 2 дугаар зүйлийн “5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэсэн өгүүлбэр,” гэснийг хасахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 99 гишүүний 85 нь дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын 5.4 дэх хэсгийг 1 дүгээр зүйлд шилжүүлж, 5.5 болгон “2/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг: “5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.”” гэж өөрчлөн найруулахыг Улсын Их Хурлын 87 гишүүн дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 12.2 дахь хэсгийн “байцаагчийн” гэснийг “байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх найруулгын санал мөн дэмжигдсэн.

Үргэлжлүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй, зарчмын зөрүүтэй 6 саналаар санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар саналаа буцаан татсан тул 5 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг батлах санал хураалтыг явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 104 гишүүний олонх “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1.3-т заасны дагуу баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улc умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар тавдугаарт орж байна DNN.mn

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтын мэдээллийг хүргэж байна.

  • Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт
  • Нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт
  • Нас баралтын 5 дугаарт орж байна
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа.

“ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна.

ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж байна. Харин төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа аж. Дээрх компаниудад ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.

ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээ: 27
  • Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 26
  • Боловсруулах үйлдвэрлэл: 15
  • Барилга, зам: 10
  • Санхүү, даатгал: 6
  • Мэдээлэл холбоо: 5
  • Үйлчилгээ: 6
  • Тээвэр агуулах: 3
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 3 компани байна.

ТОП 100 аж ахуй нэгж, ТОП Төрийн өмчит ААН-ийн жагсаалтад багтсан олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалдаг ААН-үүд

  1. ХААН банк ХК
  2. Голомт банк ХК
  3. Худалдаа хөгжлийн банк ХК
  4. Премиум Нексус ХК
  5. АПУ ХК
  6. Төрийн банк ХК
  7. Тавантолгой ХК
  8. Хас банк ХК
  9. Говь ХК
  10. Талх чихэр ХК
  11. Сүү ХК
  12. Алтайн зам ХК
  13. Шарын гол ХК

Монгол Улсын 2023 оны ТОП 10 төрийн өмчит компани

  1. Эрдэнэс Тавантолгой ХК
  2. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  3. МЗХНН Улаанбаатар төмөр зам ТӨХК
  4. Төрийн банк ХК
  5. Эрдэнэс Монгол ХХК
  6. Тавантолгой ХК
  7. Тавантолгой түлш ХХК
  8. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  9. МИАТ ТӨХК
  10. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

100 ААН-ийн жагсаалтыг бүтэн үзэх бол энд дарна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан-Эрдэнэт чиглэлийн зам даваа саадгүй байна DNN.mn

Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын дагуу тэнгэр цэлмэг, зам даваа саадгүй байна.

2024 оны 11 сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө орсон цасны улмаас 170-180 км-үүдэд зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэний эсрэг цас хайлуулах давс цацах ажил хийгдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд өмнөх оноос 2.7 хувиар бага үр тариа хураажээ DNN.mn

Ургац хураалтын явцын мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа. Ингэхдээ, улсын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын байдлаар,

  • 431.3 мянган тонн үр тариа,
  • 244.5 мянган тонн төмс,
  • 229.5 мянган тонн хүнсний ногоо,
  • 243.3 мянган тонн таримал тэжээл,
  • 55.1 мянган тонн техникийн ургамал хурааж,
  • 1039.0 мянган тонн хадлан,
  • 25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Харин өмнөх оны мөн үеэс,

  • Хураасан төмс 68.6 (39.0%) мянган тонноор,
  • хүнсний ногоо 52.7 (29.8%) мянган тонноор,
  • техникийн ургамал 7.2 (15.0%) мянган тонноор,
  • таримал тэжээл 2.4 (1.0%) мянган тонноор тус тус өссөн аж.

Харин бэлтгэсэн хадлан 64.7 (5.9%) мянган тонноор, гар тэжээл 5.8 (18.9%) мянган тонноор, хураасан үр тариа 12.1(2.7%) мянган тонноор буурсан үзүүлэлттэй байгаа аж.