Categories
их-уншсан танайд-өнжье эдийн-засаг

Улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байв DNN.mn

Өнөөдөр монголчууд бүгдээрээ юу ярьж байна гээч. Цалин, тэтгэврээ нэмүүлэх талаар л ярьж байна. УИХ-ын гишүүн тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулзахад бүгд “цалин, тэтгэвэр нэмж өгөөч” гэж гуйдаг гэнэ. Аргагүй юм, валютын ханшийн өсөлтөөс болоод төгрөгөөр бараа худалдаж авч дийлэхээ больсон. Авч байгаа цалин, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй болохоор ингэж нэхэхээс өөр яахав. Бид хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг. Мах нэг кг нь 25 000 төгрөг хүрсэн учраас авч чадахгүй байгаа гээд тоочих юм бол өрөвдөлтэй л дүр зураг тодорно. Ядуурлын түвшин 30 орчим хувь байгаа нь гурван хүний нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Орлого нь тасалдах, эсвэл төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж зогсоход ядуу иргэдийн тоо огцом нэмэгдэнэ. Үүнээс харахад монголчуудын дийлэнх нь өдөр тутмын энгийн хэрэглээгээ хангаж чадахгүй зутруухан өдөр хоногийг аргацааж байна. Цалин тэтгэврийг сайндаа л нэг хоёр зуун мянгаар нэмдэг. Нэмснээсээ эсэн юм болж, инфляци хөөрч, үнэ өснө. Ийм л ядуугийн зовлонт тойргоосоо гарч чадахгүй амьдрал үргэлжилсээр. Уг нь бид жаргалтай, элбэг дэлбэг амьдарч байх боломж дүүрэн байсан юм билээ. Үүний баталгаа нь сүүлийн үед илэрч байгаа асар их хулгай дээрмээс харагдаж байна.

Сүүлийн 30 жил монгол төрийн толгойд гарсан бүхий л улстөрчид, УИХ-ын гишүүд, намын дарга нар нийлсэн 300 гаруй хүн хэн нь хэнийгээ гэлтгүй эх орноо уралдан тоножээ. Хамгийн сүүлийн үеийн ичгүүртэй жишээнүүдээс хүргэе.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бага хүүтэй зээлээс УИХ-ын 49 гишүүн өөрөө болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авсан нь баригдсан. Гишүүдээс гадна сайдууд, агентлаг, газрын дарга нар гээд сэтэр зүүсэн бүхэн шунан дайрч, зээл авсан байдаг. Уг нь бол бизнес эрхэлдэг жирийн иргэдийг жижиг дунд үйлдвэрлэлээ босгож хөгжүүл гээд төрөөс бага хүүтэй өгдөг зээл юм. Гэтэл эрх мэдэлтнүүд нь өмнүүр нь дайрч ороод авчихсан төдийгүй банкинд хадгалуулаад, хүүг нь идэж байсан нь илчлэгдсэн. Хэрэв ЖДҮ-ийн хэдэн зуун тэрбум төгрөг тухайн цагтаа зорилтот хүмүүстээ хүрсэн бол манайхан өнөөдөр эсгий таавчиг, түлхүүрийн оосроос арай өөр түвшний үйлдвэрлэл явуулдаг болсон байх нь тодорхой.

2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк нь улс орны хөгжилд нэмэр болохуйц томхон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой байв. 2021 оны арваннэгдүгээр сард Монголбанкнаас Хөгжлийн банк энэ чиг үүргээ хэрэгжүүлж байна уу гэсэн үнэлгээ хийхэд нийт багцын 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь эрсдэлтэй гэж гарсан. Бүр нэг жилээс дээш хугацаа хэтэрсэн зээл 1.8 их наяд төгрөг хүрсэн байв. Шалгаад тодруулаад үзтэл, өнөөх л дарга нар, улстөрчид Хөгжлийн банкнаас зээл аваад арилж өгчээ. Юун том төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, улстөрчид хувьдаа хүртэл зээл авсан нь нэр устайгаа зарлагдсан. Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбоотой шүүх хурал өнөөдрийн байдлаар 36 дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээлийг зарлаагүй бол тэгсгээд замхрах байсан гэдэгт эргэлзэх юм алга. Энэ их мөнгийг цаг тухайд нь хэрэгтэй хүнд нь зээлсэн бол ядаж томхон үйлдвэрийн сууриуд тавигдаж, өнөөдөр нээгдэж байх байсан. Хэрэгтэй олон төсөл амилж, хүмүүс ажилгүйн, мөнгөгүйн зовлонгоос ангижрах байсан. 1.8 их наяд төгрөгийг хамгийн бага жилийн гурван хувийн хүүтэй гэж тооцоход жил жилд хүү нь л гэхэд тавь тавин тэрбумаар нь салхинд хийсгэж байжээ.

Нүүрсний хулгай. Манай гол экспортын нэг коксжих нүүрсний хулгай 40 их наядаар яригдаж байна. Хулгайчид нь УИХ-ын гишүүд, улстөрчид, сайд дарга нар. Нүүрс хариуцсан төрийн өмчийн компанийн дарга нь ах дүүстэйгээ нийлж, хулгайлсан мөнгөөрөө хаус хороолол барьж, хүнтэй дуугарахаа больтлоо амьдралаас тасарсан гэдэг. Бас болоогүй нэг хурган дарга нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө гадаадад үнэтэй хороолол барьсан ч дуулдсан. Хулгайлсан мөнгөө дийлэнхдээ гадны банкинд байршуулсан нь тогтоогдож байна. Нүүрсний хулгай тойрсон дуулиант хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч УИХ-аас зохион байгуулах нүүрсний сонсгол таг чиг алга болсон.

Сангуудын хулгай. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн мэдээлэл ор тас алга болсон талаар цуурч байна. Эрүүл мэндийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан гээд улстөрчдийн хулгай хийгээгүй сан гэж алга. Боловсролын зээлийн санд л гэхэд эргэн төлөгдөөгүй 190 тэрбум төгрөгийн өр зээл байна. Хэн ч үүнийг төл гэж шахсангүй, нөгөөдүүл ч төлөх сэтгэл байсангүй. Дотоодын их сургуулийн сургалтын төлбөрөө зээлээр авч, буцааж төлөхдөө санаандгүй 100 төгрөг үлдээхэд өдөр шөнөгүй төлөхийг шаардан “зээлийн хар түүхэнд оруулна” гэж дарамталдаг энэ сангийнхан 190 тэрбум төгрөгийг болохоор тоох ч үгүй орхисон байдаг нь гомдмоор юм шүү. Хэрэв энэхүү 190 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн бол Монголд хэрэгтэй мэргэжлээр гадаадын их, дээд сургуульд чамгүй олон хүүхэд суралцаад ирэх боломж байв. Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авагсад бас л дарга нар, улстөрчид. Өөрсдөө ч сураад, ах дүү, үр хүүхдүүдээ ч үргэлжүүлэн сургадаг байсан нь илэрсэн. Айлын найран дээр салбарын сайд нь “Нэг хүүхдийг нь чинь Боловсролын зээлийн сангаар сургаж өгье” гэж амалтлаа тонуулсан сан.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал гэдэг. Гэтэл манай улстөрчид 30 жил нэр төртэйгөөр эх орноо тонон дээрэмджээ. Энэ нь үе уламжлан үр хүүхэд нь залгамжлах хандлагатай болсон байна. Хэрэв эх орноосоо ингэж их хулгайлж, дээрэмдээгүй байсан бол улсын төсөв өнөөдөр 100 их наядаар хэмжигдэх хэмжээний баян орон байх байлаа гэсэн тооцоо ч гаргасан байсан.

1.5 сая хүнтэй Улаанбаатар хот өнөөдөр утаа, түгжрэл, стресс гуравтаа баглуулсан. Баруун талаараа баасны үнэртэй. Урд хэсгээрээ завсар зайгүй шавсан байшин хороололтой. Хойд, зүүн талаараа гэр хороолол нь навсайна. Хэрэв улстөрчид ард түмнийхээ сайхан амьдрах, улс орныхоо хөгжиж дэвжих боломжийг хулгайлаагүй байсан бол хот маань метротой, хэдэн сайхан үйлдвэр тойруулчихаад, жинхэнээсээ аз жаргалтай, амар амгалан налайж байхгүй юу. Атомын цахилгаан станц барьж, цахилгааны хомсдолоосоо гарчихсан ч сууж байж мэднэ. Ямартай ч цалин нэмээд өгөөч, хоолгүй хонолоо гэж гоншигнож суухгүй чинээлэг амьдарч байх байлаа.

Бидний боломжийг хулгайлсан улстөрчдийг бид өөрсдөө л сонгож гаргаж ирсэн байдаг. Өөрсдийнхөө, улс орныхоо ирээдүйг бодохоосоо илүү өнөөдрийн тав арван төгрөгөөр сонголтоо худалдахгүй, жаахан хэрсүү хандсан бол хулгай хийдэггүй, зөв хүмүүсийг сонгох боломж байсан юм. Суманд очсон нэр дэвшигчээс “ажлын байр нэмж өг гэхийн оронд клуб бариад өг” гэж гуйдаг, өмнөх сонгуулийн амлалтыг нь биелсэн үү гэж нэхэхийн оронд гарын бэлэг харж суудаг сонгогчид маань ч бас буруутай. Ийм сонгогчдын сонгож гаргасан улстөрч бүр “одоо миний баяжих ээлж” гэж боддог. Хөгшин, залуу хоёр улстөрчийн яриа байдаг. Залуу нь хөгшин улстөрчтэйгөө уулзаад “Та нар ч сайхан юм аа, авах юмаа авчихсан. Би одоо л авахгүй бол хоцрох нь” гээд яаран одсон гэдэг. Ийм л сэтгэхүйгээр сүүлийн 30 жил ажиллажээ.

Сая Үндсэн хуулийг өөрчлөх үеэр гишүүдийн тоог 126 болгож нэмэхийг ард түмэн хамгийн их эсэргүүцсэн. Энэ их идэж, уусан, эгэл түмнийхээ боломжийг хулгайлсан улстөрчдийг харахаар ингэж дургүйцэх нь аргагүй юм гэж бодогдох. 76 дээрэмчин 126 болох нь гэж хэн хүнгүй л бодсон биз ээ.

Өнгөрсөн 30 жилд улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байлаа.

Г.Гэндэн

Categories
их-уншсан эдийн-засаг

Л.Халтар: Б.Цогтгэрэл манай гэр бүлээс уучлалт гуйсан DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтартай ярилцлаа.


-Ойрын өдрүүдэд таны талаар янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдах боллоо. Авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Батдөлтэй хамаатуулж байх шиг. Түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийг таных гэв үү. Энэ үнэн үү?

-Өдөөд байна уу, сөдөөд байна уу гэдэг шиг л юм болж байна шүү (инээв). Сүүлийн үед Б.Цогтгэрэл, Ц.Бат нар манай гэр бүлийн нэр хүндэд ноцтой халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээлэл тараасан. С.Батдөлийн хэрэгт миний бие болон манай гэр бүл ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв надаас уучлал гуйхгүй бол би хуулийн байгууллагад хандана гэдгээ ч мэдэгдсэн. Харин Б.Цогтгэрэл өөрийн сошиал хуудсаар дамжуулж уучлал гуйсан. Би сүүлийн хэдэн жилд Б.Цогтгэрэлийн элдэв гүтгэлгийг тэвчиж ирсэн. Одоо цаашид хязгаар гэж байхгүй гэдгийг дахиад хэлье. Над руу ирсэн дайралтуудыг харж байхад хаанаас, ямар зорилготой вэ гэдэг нь бүгд тодорхой байдаг.

-Яагаад тан руу ингэж дайрах болов. Ард нь хэн байгаа гэж?

-Хэзээ нэг өдөр энэ асуудлыг үнэн мөнөөр нь гаргаад ярих цаг ирж магадгүй л юм. Гэхдээ улс маань төртэй, хуультай юм болохоор хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоож нэг талд нь гаргана гэдэгт итгэж байгаа. Тиймээс одоохондоо чимээгүй байя.

-Та сая Б.Цогтгэрэлд гүтгүүлсээр ирсэн гэлээ. Яагаад өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад хандаагүй юм бэ?

-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн хэрэгтэй холбоотой миний бие болон манай гэр бүл хуулийн байгууллагад шалгагдаагүй. Дээр хэлсэнчилэн энэ хэрэгт ямар ч холбоогүй. Нэгэнт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа нь явж байсан учраас хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоон олон нийтэд бодит байдлыг мэдээлэх хүртэл хүлээцтэй хандсаар ирсэн юм.

-С.Батдөлийг орон нутгаас төмөр замд авчирсан хүн нь та юм биш үү?

-Арай өөр хүн байх аа даа. Энэ асуултад УБТЗ-ын удирдлагууд хамгийн сайн хариулах байх шүү. Та нар маань бас судлаад үзээрэй. Миний бие 2018 оны наймдугаар сард төмөр замаас ЗТХЯ-нд ирсэн. Тэгэхэд энэ залуу бодвол Дархан өртөөнд ажиллаж байсан байх. Би үнэндээ энэ залууг мэдэхгүй. Сүүлд Засгийн газрын гишүүн болоод ажиллаж байх үедээ яаман дээр төмөр замын ачаа тээвэр, чингэлгийн асуудлаар хариуцсан албаныхантай хуралдахад түүнийг нэг удаа л харсан юм билээ. Ер нь би энэ яамны хаалгаар орж ирчихээд хамт олондоо гурван зүйл амласан. Нэгдүгээрт, би тендертэй орооцолдохгүй. Хоёрдугаарт, танил тал, хамаатан садан төрлөөсөө нэг ч хүнийг харьяа байгууллагуудад шахахгүй. Гуравдугаарт, янз бүрийн бараа материал шахдаг зүйлд оролцохгүй. Харин ажлаар шахаж магадгүй шүү гэж хэлж байв. Би 2020 оны долдугаар сард Засгийн газрын гишүүнээр томилогдсоныхоо дараа болон өнгөрсөн жил С.Бямбацогт сайдад ажлаа хүлээлгэж өгөхдөө ч бас үүнийгээ хэлсэн. Хамт олон маань алга ташиж байсан. Бодвол Л.Халтар гэдэг хүн энэ зарчмаасаа үнэхээр хазайгаагүй шүү гэдгийг илэрхийлсэн юм болов уу даа.

-С.Батдөлийн өмнө ажиллаж байсан газрын даргыг таны гэр бүлийн хүнтэй холбож мэдээлээд байгаа шүү дээ. Та тэр хүнтэй таагүй харилцаатай байсан юм уу?

-Намайг УБТЗ-д ажиллаж байхад Батмөнх гэдэг залуу тэр албан тушаалыг хашиж байсан. Дараа нь төмөр замын шинэ дарга томилогдож очоод нэлээд олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм билээ. Тэр чөлөөлөгдсөн хүмүүс дотор Батмөнх байсан гэдгийг би бүр сүүлд нь мэдсэн. Түүнтэй миний бие болон манай гэр бүлийн хүн ямар нэгэн хувийн харилцаа байхгүй.

Нийгэмд Л.Халтар гэдэг хүнийг яаж ч харлуулж, гүтгэж болно. Төрийн удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст түгээмэл тохиолддог зовлон энэ. Харин миний гэр бүлийн нэр хүндийг гутаан доромжлохыг зөвшөөрөхгүй. Худал хуурмаг мэдээлэл цацагдангуут нийгэм Л.Халтар гэж ёстой бүтэхгүй нөхөр байна гэсэн ойлголтыг авдаг байх. Тэр дундаа мэдээллийг байгаагаар нь хүлээж авдаг масс илүү итгэнэ. Харин намайг хамгийн сайн ойлгох, мэдэх хүмүүс бол төмөр замын салбарынхан. Би 30 жил энэ салбарт ажилласан хүн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд миний барьж ирсэн зарчмыг бүгд мэднэ. Тиймээс унаган хамт олон бол намайг юу юугүй ийм асуудал гаргахгүй гэдгийг нэлээд сайн гадарлаж байгаа. Нөгөө талаар би бол ханцуйдаа залбирч явдаг, буддын шашинтай гэдгээ хаана ч нуудаггүй. Буддын шашны гол зорилго нь хүн амар амгалан байхын асуудал. Ингэхийн тулд хүнд ямар нэгэн хэмжээгээр бодь сэтгэл төрж байх ёстой. Ихэнх хүмүүс миний тухай худал мэдээлэл цацагдахад түүнд итгэж ална, тална гэдэг байх. Харин миний баримталдаг зарчим бол мэдээлж байгаа шиг биш. Тэгэхээр өөрийнхөө барьдаг зарчимдаа итгэл төгс явах юм шүү гэж. Тиймээс би нэлээд олон асуудалд дуугүй өнгөрөөх тал байдаг.

-Та бол төмөр замын салбарт насаараа ажилласан хүн. Удирдах албан тушаал ч хашиж байсан. Энэ салбар асар их мөнгөний уурхай болчихсон газар уу. Хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарч ирлээ шүү дээ?

-Чойроос нэг хэсэг нүүрс их ачигдсан даа. Одоо ч бас ачигдаж л байгаа юм билээ. Үүнтэй холбоотой хээл хахуулийн асуудал нэлээд газар авчээ гэж харсан. Тухайн үед ганц нэг улс иймэрхүү зүйлийн талаар ярьж эхлэхэд би төмөр замын удирдлагуудыг дуудаж байгаад анхааруулж байсан. “Ийм асуудал дуулдаж байна шүү, дотоод хяналтаа сайн ажиллуулаарай. Шаардлагатай гэвэл цагдаагийн байгууллагад хандаарай. Бүр шаардлагатай гэвэл АТГ-т хандаарай” гэдэг асуудлыг нэг бус удаа хэлж байсан.

-О.Цогтгэрэл, Ц.Бат нарын бичилцсэнээс харахад таныг чингэлгийн тээврээс босгосон мөнгөө С.Батдөлд хадгалуулсан гэсэн байна лээ. Цар тахлын үед таныг өөрийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгохын тулд чингэлэг тээвэр зохион байгууллаа гэдэг хэл ам тасардаггүй байсан?

-Дахин хэлье. Нэгдүгээрт, надад С.Батдөл гэдэг залуутай холбогдох буюу холбоотой өчүүхэн ч юм алга. Хоёрдугаарт, тэдний хардаад байгаа чингэлгийн тээврээс авлига авсан зүйл огтхон ч байхгүй. Монголчууд юмыг амархан мартах юм даа. Ковидын хоёр жилд ямар хүнд нөхцөлд байсан билээ дээ. Хэдэн галт тэрэг л хоёр улсын хил рүү орж гардаг. Хааяа онгоц нисдэг байлаа. Автозам, боомт бүх юм нь хаалттай байсан дүр зураг ганцхан Монголд биш, дэлхий дахинд нүүрлэсэн. Тэр үед хүний харилцаа үүсгэхгүйгээр тээвэр яаж явуулах вэ гэдэг дээр ГХЯ, Бээжин дэх манай ЭСЯ, Эрээн, Хөххотод байгаа Консулын газраар дамжуулаад Хятадын талын тавьсан саналын дагуу дундын бүсэд талбай байгуулсан. Үдээс өмнө хятадууд чингэлгээ оруулж ирээд ариутгачихаад бүгд буцаад гараад явчихна. Тэгэнгүүт Монголын тал нь чингэлгээ татаж аваад ариутгал хийгээд гараад явна. Манайх хоосон чингэлгээ буулгангуут маргааш нь хятадууд ачаатай чингэлгээ буулгачихаад ариутгал халдваргүйжүүлэлт хийчихээд хоосныгоо аваад гараад явдаг. Хятадын талаас ийм байдлаар чингэлэг тээвэр явуулна гэсэн шаардлага тавьсны улмаас бид энэ асуудлыг Засгийн газар дээр нэлээд ярьж байж шийдсэн. Л.Халтар гэдэг хүн ганцаараа ярьсан шийдэл биш. Тухайн үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүртэл “Хэдийгээр хязгаарлагдмал ч гэсэн бид чингэлгийн тээвэр нээхээр боллоо” гэж мэдээлж байсан. Тэгээд ч Хятадын тал нь чингэлгээр явуулна гээд байхад бид үгүй заавал задгай машин явуулна гэж яаж зөрөх вэ дээ. Манайд ч нөхцөл байдал сайхан болчихоогүй байсан үе.Тэр дундаа Замын-Үүдэд ковидын тархалт хүндрэлтэй байсан. Тэнд БНХАУ-ын Консулын газар байдаг болохоор өдөр шөнөгүй нөхцөл байдлын талаар харж, мэдээлэл авч байгаа нь ойлгомжтой. Тэр үед Замын-Үүдийн тээвэр хийдэг жолооч нар дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найм есөн км тээвэрлээд гаалийн бүрдүүлэлт хийдэг байв. Тэр хоорондын жолооч нарын тээвэр дээр замбараагүй үнэ гарч ирсэн. Манай жолооч нар бараг л найман саяас буудаггүй байв. Аргаа бараад бид сүүлдээ онцгой байдлынхантай ярилцаад хэдэн машин аваад жолооч нарыг нь тэнд байршуулж ажилладаг байсан. Ингэснээр дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найман сая биш, 500 мянган төгрөгөөр ачаа тээвэрлэдэг болсон. Энэ хөрөнгийг нь Засгийн газар гаргаж байлаа шүү дээ. Тэгэхээр миний машин, компани гэж ямар юм байхав. Тухайн үед надаас энэ тухай асууж байсан сурвалжлагчдад би хэлж байсан. “Надад ачаа тээвэрлэдэг машин битгий хэл портертой хамаатан садан ч байна уу даа” гэж.

-Ингэхэд Б.Цогтгэрэл та хоёрын дунд ямар асуудал үүссэн юм бэ?

-Би Б.Цогтгэрэлээс 2018 онд ажлыг нь хүлээж авсан. Өөрөөр би тэр хүнд хийчихсэн муу зүйл ердөө ч байхгүй. Б.Цогтгэрэл гэдэг хүний өмнө гаргасан асуудлууд худлаа биш үнэн. Тэр нь өөр зорилготой байсан. Цаана нь ч ямар хүмүүсийн захиалга явдгийг би ерөнхийд нь гадарлаж байгаа. Тэрийг энэ удаа би хэлэхгүй өнгөрөөе.

-Тантай байнга холбогддог бас нэг асуудал бол нөгөө үйлийн үртэй Дарханы зам байна. Энэ жилдээ багтаж ашиглалтад орж амжих уу?

-Заримдаа хүнд үед “Ямар үйлийн үрээр би энэ замтай холбогдчихов оо” гэж үнэхээр бодогддог шүү. Дарханы замын ажил 2019 онд эхэлсэн. Мордохын хазгай гэдэг шиг эхнээсээ жаахан будлиантай. Тооцоололгүй явчихсан гэж хардаг. Тухайн үед би Налайхын зам дээр өдөр шөнөгүй зогсч байлаа. Гуравдугаар сард нь Ерөнхий сайд дуудаад энд ажлын хэсэг гарга гэсэн. Би тэр үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байсан. Аж ахуйн албанд олон жил болсон надаас ажлын туршлага харсан уу яасан энэ замыг арванэгдүгээр сар гэхэд дуусга гэсэн үүрэг өгөв. Миний хувьд 2019 оны дөрөвдүгээр сарын эхээс арваннэгдүгээр сар хүртэл амралт, баярын өдрүүдийг мэдэлгүй Налайхын замд зогссоор нэг мэдэхэд хавар, зун, намар болсон доо. Тиймээс Дарханы зам руу анхаарч чадаагүй. Тэгээд ч дээрээ сайдтай байсан хүн шүү дээ. Тухайн үед болчихно гэдэг бодлоор буруу технологиор явчихсан болов уу. Тэнд ажиллаж байсан компаниуд хариуцлагагүй ажилласан. Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцийг сүүлд би Засгийн газрын гишүүн болоод гэрээг нь цуцалж, дахин сонгон шалгаруулалт зарлаад явсан шүү дээ. Одоо нэг үеэ бодвол амсхийгээд авсан. Ноднин аравдугаар сарын 30 гэхэд үндсэндээ иргэдээ шороогоор явуулахгүй хэмжээний болсон. Дарханы зам хийцийн хувьд хүндхэн. Монголд анх удаа аймгийн төвийг нийслэлтэй холбосон зам. Дөрвөн эгнээ, хийцийн хувьд урт зам учраас амаргүй. Хүмүүс 200-хан км зам барих гэж ямар их уддаг юм бэ гэж шүүмжилдэг. Нарийн яривал 408 км зам гэсэн үг. Жирийн орон нутагт тавьдаг замаас гурав дахин илүү хийцтэй. Орон нутагт тавьж байгаа замууд бол бутлуур чулуун суурь тавиад хучиж байгаа. Харин Дарханы зам бол 20 см-ийн зузаантай гурван үеийн цементээр тавьж индүүдээд нягтыг нь гаргана. Дахиад буталмал чулуун суурь зуурмагийн үйлдвэрт зуурч авчирч асгаж асфальт дэвсэж байгаа юм шиг 20 см-ийн зузаантай явуулна. Тэрийгээ индүүдээд дараа нь суурь хучилт, өнгө хучилт тус бүр тав, таван см тавина. Бүр нарийн тооцоод үзэх юм бол орон нутагт тавигддаг 1200 орчим км замын ажил хийгдэж байгаа. Үүнийг мэргэжлийн хүмүүс л ойлгоно. Бид ярьж байгаад дөрөвдүгээр сарын 15-наас талбайд ажиллах ёстой бүх хүнээ гаргачихсан. Ноднингийн хувьд нэлээд бороо хуртай байсан. Энэ жил бас тиймэрхүү янзтай байна. Хавар үе, үе цас орж ажил зогслоо. Сая нэлээд бороо орлоо. Зуны эхэн сарын бороо хөдөө аж ахуй газар тариаланд шар тос байдаг бол замынханд эсрэгээрээ байдаг. Бороо орж ажил зогсоно. Бороо намдсаны дараа норсон талбайгаа сэврээд эвэршүүлнэ гээд өдөр алдаж байх жишээтэй. Одоогийн байдлаар ажлын эрч дажгүй явж байна. Ямартай ч арваннэгдүгээр сар гэхэд дөрвөн урсгалаа хатуу хучилттайгаар нээнэ дээ гэсэн өөдрөг бодолтой байна.

-Дарханы зам ард түмний тэвчээрийг тасартал хүлээлгэж байна. Ингээд удаад байхаар төсөв зардал өсөхөөс эхлээд хүндрэл үүсч байна уу?

-Ямар ч байсан энэ жил шилийг нь үзчих санаатай зүтгээд л байна. Ирэх долоо хоногоос би өөрөө талбай дээр, Баруун хараад байрлаад хоёр тийшээ яваад ажиллана даа. Энэ жил цаг шахуу, нэлээд хүнд ажлууд үлдсэн. Эхний суурь хучилт таван см аа бүгдийг хучиж дуусгана. Дахиад өнгө хучилт таван см-д асуудал гарч ирж байна. Зарим хэсэгт өөр төрлийн битум хийгдэнэ. Нөгөөхийг нь ОХУ-д хийхдээ үйлдвэрээ зогсоож, зохих шугамаа сольдог гээд хүндрэл тоочоод байвал зөндөө байна.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй учраас юу юугүй мөнгө нь төсвийнх шиг дуусчихлаа гээд гацаж сандаргаад байх юмгүй. Нэг хэцүү юм нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжиж байгаа болохоор шат дамжлага ихтэй юм. Олон төрлийн хяналтууд байна. Европын сэргээн босголтын банкны хувьд анх удаа Монголд хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн төсөл. Тиймээс европт ямар стандартаар зам барьж тавьдаг уу, ажиллаж байгаа хүмүүс нь яаж амьдардаг уу гээд тэр бүх шаардлагыг тавьдаг. Кэмп бариад ирэхээр бие засдаг газар, усанд ордог газар хаана байна гээд мөнгөө өгч байгаа газар шаардана. Манайх кэмп гэхээр хэдэн гэр л барина шүү дээ. Нэгэнт цаад тал шаардаж байгаа учраас гүйцэтгэгч биелүүлэхийн төлөө л хичээж байна. Аль юм болгон зовлон тоочоод байхав. Бид зүтгэж л байна.

-Боомтын сэргэлтийн хүрээнд автозамын нэлээд олон ажлууд хийгдэхээр харагдаж байсан. Ажил нь ямархуу байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас баталсан Боомтын сэргэлт гээд том ажил өрнөж байна. Энд манайхны гол ажил бол хилийн боомтуудыг төмөр зам, автозамаар холбох асуудлууд байгаа. Энэ ажлууд аятайхан явж байна. Баян-Өлгийн Цагаан нуур буюу Улаанбайшинт боомтоос Ховдын Булган хүртэл баруун хэсэгт байгаа олон улсын транзит зам ноднин хучилтаа хийж дуусгасан. Зэлтэрийн боомт Шаамараас салаад энэ жил ашиглалтад орчихно. Концессоор хэрэгжээд явж байгаа. Зүүн тийшээ Ульханы боомтын ажил ирэх жил гэхэд дуусчих болов уу. Дөрвөн багц ажил өнгөрсөн жил эхэлсэн, нэлээд сайн явж байгаа. Мөн Чойбалсан-Хавиргын боомтын 124 км замыг хатуу хучилттай болгох ажлын тендер Төрийн худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан. Одоогийн байдлаар нэг багцийн гүйцэтгэгч шалгарчихсан. Гурав нь хэл амтай, маргаан гарсан юм шиг байна лээ. Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэл концессын зам бий. Одоогоор хараахан зарлагдаагүй байна. Таван толгойгоос Хангимандал чиглэлийн 76 км автозамын концессын ажил ирэх жилийн өдийд бараг хонх дуугарчих болов уу. Дээрээс нь Таван толгой-Цагаан дэл уулын чиглэлийн концессын зам байна. Орон нутагт жаахан маргаантай байгаа юм билээ. Тэрнээс концесс эзэмшигч нь барихад бэлэн гэдэг зүйл яригдаж байна. Үндсэндээ гол гол боомтууд маань хатуу хучилтаар холбогдоод болчихно.

-Төсөвт орсон орон нутгийн хэд хэдэн хэл амтай замууд хэзээ дуусах вэ?

-Энэ жил замуудад их засварын ажлууд нэлээд явагдаж байна. Ялангуяа Өвөрхангай аймгийн Хүйтний хөндийн 57.5 км энэ жил бүрэн дуусна. Бас л хэл амтай зам байсан. Өнгөрсөн жил гүйцэтгэгчтэй нь ажлын талбай дээр нэлээд хатуухан яриа өрнүүлсэн. Тэд амласан ёсоороо өнгөрсөн жил замаа тавиад дууссан. Одоо жижиг ажлууд нь үлдсэн. Мөн Дорнодын иргэдийг бухимдуулдаг “тамын” 50 км гэж зам бий. Энэ жил их засвар нь явагдана. Багануураас цааш Хэнтий чиглэлд замууд нэлээд эвдэрсэн. Их засварууд хийгдэнэ. Дундговь-Төв-Улаанбаатар хоорондын эвдрэлтэй замуудад их засвар орчихно. Ингээд ерөнхийдөө замын ажлууд аятай болоод явчихна.

-Төмөр замын хувьд ямар бүтээн байгуулалтууд өрнүүлэх вэ?

-Сая Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа улсын комисст авчихлаа. Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км зам тун удахгүй улсын комисс хүлээгээд авчих болов уу. Гэрэлтүүлэг, холбооны ажлууд үлдсэн. Бусад нь бэлэн болчихсон. Энэ жил сайн шахаад санхүүжилт нь саатахгүй бол улсын наадмынхаа өмнө энэ төмөр замынхаа хонхыг дуугаргана даа. Өнөө жилдээ багтаад зүүн босоо чиглэлийн төмөр зам явчих байх. Энэ бол хамгийн өндөр үр ашигтай төсөл. Бас концессоор явуулна. Эзэмшигч компани тодорч байгаа байх. Газрын байршлын хувьд тал хээрийн бүс учраас таатай нөхцөлтэй.

-Мухар төмөр зам тавьчихлаа гэсэн шүүмж бий. Бид урд хөрш рүү олон гарцтай болж байж эдийн засгаа тэлнэ. Тэгэхээр хоёр дахь Замын-Үүд хэдийгээр нээгдэх вэ?

-Хэрэв бид Хятадын талтай хэзээ үүнийгээ тохироод хийх вэ гээд харж суусан бол Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замуудын аль нь ч байхгүй. Одоо энэ замуудаар тээвэр хийж байгаа. Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүнбаян, Хангимандал чиглэл рүү галт тэрэг явж байна. Ер нь зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч-Хангимандал-Гашуунсухайт-Ганцмод-Шивээхүрэн-Сэхэ гэсэн дөрвөн төмөр замын хувьд хятадуудад асуудлаа тавьчихсан. Өндөр дээд хэмжээний айлчлалын үед санамж бичгээ байгуулаад үзэглэх болов уу гэсэн хүлээлттэй байна. 1956 оны нэгдүгээр сарын 3-нд Замын-Үүд-Эрээний галт тэрэгний хөдөлгөөн нээгдсэн түүхтэй. Үүнээс хойш 77 жилийн дараа дараагийн гарцууд нээгдэж эхлэх гэж байна. Ялангуяа Ганцмод-Гашуунсухайт чиглэл дээр Хятадын талынхантай санамж бичиг байгуулаад ТЭЗҮ боловсруулах ажил руугаа орчихсон явж байгаа. Хангимандал-Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн Сэхэ чиглэл дээр манай талаас Хятад руу явчихсан. Хил холболтын цэгүүдээ тохирчихсон. Одоо 1955 оныхоо Монгол Хятадын Засгийн газар хоорондын төмөр замын тухай хэлэлцээртээ дээрх дөрвөн гарцаа нэмээд өгчихвөл хүмүүсийн шүүмжилдэг мухар зам гэдгээсээ гараад явчихна гэсэн үг.

Categories
танайд-өнжье эдийн-засаг

Монголчууд төр байгуулахдаа гадаадын хэвлэл мэдээллээр заалгамааргүй байна

Олны анхаарлыг татаж буй хэд хэдэн хууль, хуулийн төслийг ойрын үед УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тэдгээр хуулийн нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хуульд оруулах маш чухал заалт байна аа.

Орчин үеийн сонгууль тэр чигээрээ фэйсбүүк, твиттерээр явдаг болсон. Сүүлийн хэд хэдэн сонгуулийг ажиглахад сонгуультай жил, сонгуультай зун монголчууд фэйсбүүк, твиттерт сонгуулиар амьсгалж, буцалж, талцаж, муудаж, доллар төлж нэгнийгээ харлуулж, нэрээ гаргах гэж гадагшаа төгрөгөө урсгадаг ажилтай болчихсон. Гэтэл эдгээр харилцааны платформууд нь Монголын харьяаных биш. Тодруулбал, АНУ-ынх. Дэлхийн нөлөө бүхий компанийн аппликейшн төдий шүү дээ. Урьд урьдын сонгууль шиг энэ аппликейшнүүдээр монгол төрийг байгуулмааргүй байна. Өөрсдөө мэдэж, өөрсдийнхөө төрийг байгуулах асуудлаа нутаг дэвсгэр дээрээ, дотроо ярьж хэлэлцмээр байна.

Ингэж зохион байгуулах техникийн шийдэл орчин үед бүрэн байгаа. Сонгуулийн сурталчилгаа 17 хоног байхаар яригдаж байна. Энэ хугацаанд сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хэнбугайн ч нэр, овог орсон пост, жиргээ зэргийг шууд хаадаг, хориглодог хуулийн зохицуулалтыг хийх ёстой юм. Гэхдээ үүн дээр ялгамжаатай, анхаарууштай юм бий. Шууд бүгдийг гэж туйлширч ойлгож болохгүй. “Зөвхөн нэр дэвшигчийн овог, нэрийг багтаасан пост, жиргээ, сэтгэгдэл зэргийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүрэн хориглоно” гэх утгатай заалт оруулахад л болоод явчихна.

Бид гадны платформ дээр улс төрийн болоод төрөө байгуулалцах чухал асуудлаа хэлэлцэх нь гэрийн асуудлаа гадны хүний дэргэд ярьж байгаатай агаар нэг. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гадны платформууд дээр тодорхой хязгаарлалтыг ингэж хийж чадвал нэгдүгээрт, монголчууд бид өөрсдөө төрөө байгуулж буй хэрэг болно. Гадаадын ямар ч оролцоогүйгээр гэсэн үг. Хоёрдугаарт, Монголд байгаа үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Улстөрчид 2020 оны сонгуулиас хойш сошиалд бараг нэг тэрбум төгрөгийг төлж өөрсдийгөө сурталчилсан байсан. Сонгуульгүй үед шүү дээ. Гэтэл сонгуультай жил энэ тоогоо хэд дахин нугалахыг таашгүй. Тэр их долларыг гадагшаа урсгахгүй сонгуулийн сурталчилгааны зардлаа дотооддоо шингээчихвэл хичнээн телевиз, сайт, сонин, тэдгээрийн хэдэн мянган ажилтан орлоготой болох вэ…хичнээн нь НДШ, татвар руу орж монголчуудын амь амьжиргаанд нэмэр болох билээ…гээд бод. Сонгуулиар гадагш урсдаг долларын сувгийг дотогшоогоо татсанаар үүнийг дагаад маш олон эерэг өөрчлөлт гарах нь мэдээж.

Гэхдээ энэ зохицуулалтын хамгийн гол зорилго бол монголчууд гадны оролцоо, хяналт, ажиглалтгүй өөрсдөө өөрсдийнхөө хүссэн төрөө хараат бусаар байгуулна. Хэн нэгэн гуравдагч орны хүслийн төр биш бид өөрсдөө хүссэн төрөө байгуулна. Үүнийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд дэмжих хэрэгтэй байна. Энэ уриалга, санал санаачилгыг эрх баригчид, УИХ-ын эрхэм гишүүд дэмжих хэрэгтэй.

Твиттер,фэйсбүүк, бот, троллын арми Монголын нийгмийг яаж талцуулж, ямар ч ажлыг хялбар нурааж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил болгоныг гутаан доромжилж, хэнийг ч хамаагүй үгээр “шон”-д өлгөж нийгмийн сэтгэлзүйг савлуулж байгааг бид өдөр бүр харж байна. Энэ бүгдийг цэгцлэх эхний алхам бол УИХ-ын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгах. Тиймээс энэ заалтад холбогдох хүмүүс нь анхаарал хандуулж, хуульд тусгаж өгнө үү. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд, мэргэжлийн редакциудад хандахад манай энэ нийтлэлийг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.

Энэ тал дээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Телевизүүдийн холбоо, Сайтуудын холбоод, Өдөр тутмын сонинуудын холбоо нэгдэн ажиллаж, төр засагт саналаа хүргүүлэх нь чухал байна.

Categories
нийтлэл

Улаан бич өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 19, элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.

Хууль эрх зүй, бодлого үйл ажиллагааг сайжруулах, Хүүхдийн байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгаалал ажиллах орчныг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр болон тулгамдсан асуудлын талаар хүүхдийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд саналаа илэрхийлсэн.

Тухайлбал, хүүхдийн асуудалд огт хамааралгүй салбар гэж байхгүй. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг салбар хоорондын оролцоо уялдааг хангах, хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, хүүхдийн зуслан өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, гэр бүл хүүхэд хөгжлийн цогцолбор төв байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй талаар оролцогчид санал хэлсэн.

Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулах, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын  100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулганыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриатай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл бүхий 800 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, осол, эндэгдэл гаргахгүй байх арга хэлбэрийг тодорхойлох зорилготой тус чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ажилтан болон ажил олгогчдын  үүрэг хариуцлага, санхүүжилт, олон улсын туршлага, стандарт, хяналтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 395 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс  хөнгөн-149, хүнд-189, нас барсан-57 тохиолдол байна. Харин 2023 оны 1-р улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 58 тохиолдол бүртгэгдсэнээс хөнгөн-17, хүнд-35, нас барсан-6 тохиолдол байгаа юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн статистик мэдээллээр 2022 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 2694 хүн идэвхтэй хяналтад байна. Үүний 2170 нь эрэгтэй, 524 эмэгтэй байна. Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний тохиолдол хамгийн өндөр буюу 1410 тохиолдол байгаа юм. Нийт тохиолдлын 73.9 хувь нь уул уурхай, олборлолтын салбарын ажиллагсад хамаарч байна. Мөн 2022 оны байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагуудаар сүүлийн 3 жилийн хугацаанд  358 аж ахуйн нэгж байгууллагын 5824 ажлын байр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсанаас 51% нь буюу 2970 ажлын байр стандартын шаардлага хангахгүй байна.

Иймд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхтэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн шаардлагатайг чуулганы төлөөлөгчид онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанганыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хүүхдийн хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн ажилтан болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын чадавх бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
Элчин сайд Ричард Л.Буанган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонд баяр хүргэж, өргөн хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Categories
мэдээ нийгэм

“НАЙЗ БАЙЯ” үндэсний аяныг эхэллээ DNN.mn

“НАЙЗ БАЙЯ” үндэсний аяныг эхэллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​”Өдрийн сонин”-ыг цахимаар захиалан уншаарай DNN.mn

Цахим Өдрийн сонины нэг өдрийн захиалгын төлбөр 2000 төгрөг.

Хэрвээ та “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжилга, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ уншихыг хүсвэл ЦАХИМ ӨДРИЙН СОНИН-ыг нэг өдрөөр захиалахад л хангалттай.

Цахим Өдрийн сонины архивт Өдрийн сонины 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байгаа юм. “Өдрийн сонин”-ыг эх орныхоо аль ч сум, багаас цаашилбал дэлхийн ямар ч улсаас захиалан уншиж, бодитой эх сурвалжаар хангагдах боломж бүрдэнэ.

Цахим Өдрийн сониныг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад “Төлбөрөө хэрхэн төлөх вэ”, “Сонин захиалах заавар” гэсэн хоёр сонголт гарч ирнэ. “Төлбөрөө хэрхэн төлөх вэ” сонголт дээр дарахад дараах боломжуудыг санал болгоно.

Мөн гар утсандаа Өдрийн сонин апп-ыг татаж болно.

• Хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч орон Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны аль нэгээр картын гүйлгээ хийж шууд захиалан авах

• “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авах (Ингэхдээ төлбөр төлсөн баримтаа udriinsonin@admin.dnn.mn мэйл хаяг руу явуулах, эсвэл 70134164 дугаар руу факсаар илгээхийг сануулъя)

• Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан захиалан авах.

Үүний дараа “Сонин захиалах заавар” хэсэг дээр дарахад цахим сонин захиалах заавар, гарын авлага бусад шаардлагатай мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ.

Нэг өдрийн захиалгын төлбөр 2000 төгрөг, нэг сарын захиалгын төлбөр 9000, жилийн 108000 төгрөгийн үнэтэй. Цахим сонинтой холбоотой мэдээллийг 88111375, 91035588, 99115924 дугаарын утсуудаар холбогдож авч болно.

Уншигчдын хувьд манай сонины архиваас мэдээ шүүх, аав, ээж, өвөө эмээ, удам судар, нутаг устайгаа холбоотой гарсан нийтлэл, сурвалжлагыг хувилж авах, тухайн үед өрнөж байсан үйл явдалтай холбоотой мэдээ сэлтийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах, түүхийн материал бэлдэхийн тулд “Өдрийн сонин”-ы тухайлсан өдрийн дугаарыг олж унших хүсэлт ихээр тавьдаг. Энэ бүх хүсэлтийг тань Цахим Өдрийн сонин биелүүлэх болно.

 

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN, Facebook:DNN.MN

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Лавлах утас: 88111375

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үүрэгт ажилдаа орлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн тав дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяаг сэлгэн томилсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа УИХ-ын чуулганд тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сайдын тамгыг гардуулан өгч амжилт хүссэн.
Тэрээр, “Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийгмийн даатгалын багц хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нийгмийн халамжийн тухай хууль зэрэг энэ салбарт хүлээгдэж байгаа олон асуудал бий. Хамгийн гол нь нарийн тооцоо судалгаатай, нийгмийн хүлээлтэд нийцсэн, гарах үр дүн цаг хугацааг тодорхойлсон байдлаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй”-г захисан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа нь 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.
Тэрээр, “Бүтээлч шийдлүүд” ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер, “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга албан тушаалыг хашиж байсан туршлагатай.