Categories
онцлох-нийтлэл улс-төр

С.Бямбацогт: Зам тээврийн сэргэлт эдийн засгийн эргэлтийг хурдасгана DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та сайхан зусаж байна уу, сайхан наадав уу. Хаагуур яаж наадамлав та?

-Сайхаан, сайхан наадав уу. Наадам гэснээс зуны дэлгэр энэ цаг чинь манай салбарын хувьд ид бүтээн байгуулалт өрнөдөг үе. Мэдээж зав гаргаад нутаг руугаа нэг ухасхийгээд ирсэн. Иргэдтэйгээ уулзаж санал бодол, үг захиасыг нь сонслоо. Улсын чанартай авто замын ээлжит болон их засварын ажилтай газар дээр нь биечлэн танилцлаа. Хэнтий, Дорнод аймагт ажиллаж, салбарынхантайгаа нүүр тулан уулзлаа. Хэнтий-Норовлин чиглэлийн 168 км авто зам, Дуутын давааны авто замын их засварын ажил, Хэнтий аймгийн 1.2 км авто замын ажлын гүйцэтгэлийг шалгалаа. Зүүн аймгуудын чиглэлийн замын эвдрэлийг газар дээр нь явж үзэн тодорхой шийдэл гаргалаа. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам “Тамын тавь” гэх нэршилтэй болтлоо муудсан байна. Арав гаруй жилийн тэртээ баригдсан гэх ч ажил нь чанаргүй хийгдсэнээс болоод улсын комисс хүлээж аваагүй өдий хүрч.

-Үнэхээр зам гэж там юм билээ… Нөгөөтэйгүүр баруун тийшээ замын засвар хийж байна гээд огцом том нүх ухаад орхичихсон хэсэг зам байна лээ дээ…?

-Энэ замын 25 орчим км нь бүр зам гэх тамтаггүй болтлоо эвдэрч. Гэтэл ийм зам барьсан компанид тухайн үед яагаад санхүүжилтийг нь бүрэн олгочихсон нь хачирхалтай. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас авахуулаад тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүхий л шатанд ноцтой алдаа гаргаж, хайнга хандсаны горыг өнөөдөр иргэд амь нас, аюулгүй байдлаараа дэнчин тавин амсаж байна. Үнэхээр харамсалтай. Тиймээс ирэх 2024 онд Дорнодын 50 км зам, Булган сумын 27 км замын засвар, шинэчлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгана. Энэ замаас дутахгүй өөр нэг бэрх зам бол Дундговийн зам. Ялангуяа Хулд, Луус сумын хооронд дөрвөн дугуйтай машин байтугай дөрвөн хөлтэй амьтан явахад бэрх болсон. Лүн, Эрдэнэсант, Элсэн тасархай, Шартын даваа чиглэлийн авто замын зарим хэсэгт их засвар хийхгүй бол бас л зорчиход хүндрэлтэй байгаа. Архангайн Хотонт, Их Тамир-Өндөр-Улаан чиглэлийн замд ч эвдрэл цоорхой их гарсан байна. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн зам ч бас сайнгүй. Тиймээс нэн түрүүнд эдгээр замд шат дараатай ээлжит болон их засвар хийж шинэчлэх ажилд анхаарна. Их засвар хийгдэхээс өмнө иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж онгорхой цоорхойг бөглөж нөхөөс тавих үүргийг орон нутгийн АЗЗА компаниудад өгсөн. Хэдэн цоорхой бөглөх гэж хөрөөдөж хаячихаад бүр хэдэн хоногоор алга болдог залхаг байдалтай огт эвлэрэхгүй. Ер нь замчин хүн гэдэг тэр замаар явж байгаа олны оронд өөрийгөө тавьдаг сэтгэлтэй байх ёстой л доо.

Зам чанаргүй баригдсаны цаад учир шалтгааныг та бүхэн юунаас үүдэлтэй гэж харж байна. Энэ алдааг засахын тулд яах ёстой юм бэ?

-Өнөөдөр манай улс 7400 км хатуу хучилттай авто замтай болж, 21 аймаг, 96 сум сууринг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд барих замынхаа уртад анхаараад байснаас бус чанарыг гээгдүүлсэн алдаатай. Зүйрлүүлж хэлбэл малчид маань мянгат болох гэж хэт улайраад малынхаа ашиг шим, үүлдэрлэг байдлыг хаячихдагтай адил явж ирж гэх үү дээ. Тиймээс энэ онд бид авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт зорилт дэвшүүлсэн. Одоо бид шинээр зам барихаас илүүтэй байгаа замынхаа засвар арчлалтыг сайжруулах, даац хэтрэлтээс үүдэлтэй эвдрэл гэмтлээс сэргийлэх нь чухал. Үүний хажуугаар авто зам барих норм стандартыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай улс анх удаа олон улсын жишигт бүрэн нийцсэн 1-р зэрэглэлийн авто зам барьж байгаа нь УБ-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ бүхий зам шүү дээ. Нэг урсгал хоёр эгнээ замынх нь хөдөлгөөнийг нээсэн ч өнгө хучилт нэмж хийгдэнэ. Энэ замаа энэ намар бид бүрэн ашиглалтад өгнө. Цаашид үүн шиг замыг Налайх-Замын-Үүд, Дархан-Алтанбулаг, УБ-Эрдэнэсант, цаашлаад Хархорин чиглэлд тавихаар төлөвлөж байна. Ингэснээр замын нас ч уртасна, зам тээврийн осол ч буурна, авто замын ачаа эргэлт, зорчигч тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засгийн цусны эргэлт хурдасна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар 540 км авто зам, 500 метр гүүрийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүн дээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдаж буй технологийн болон нийтийн зориулалттай замуудыг нэмбэл мянга гаруй км авто зам ашиглалтад орох учиртай.

-Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүнийхээ хувиар ямар хуулийн төслүүдэд анхаарч, ямар хууль санаачлан батлуулав?

-УИХ-ын гишүүний хувьд гэхээс илүүтэй сайд, Засгийн газрын гишүүний хувиар Зам тээврийн салбарынхаа тулгуур хуулиудыг шинэчлэн батлуулахад анхаарлаа. Тухайлбал хаврын чуулган хаахын өмнөхөн Төмөр замын тээврийн тухай, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг батлуулж чадлаа. Аливаа салбарын хувьд эрх зүйн орчны шинэтгэл гэдэг өсч дэвжих боломж, хөгжих зүг чиг нь болж байдаг. Иргэний нисэхийн тухай хууль гэхэд л бүхэл бүтэн 24 жилийн турш огт өөрчлөгдөөгүй байсан. Гэтэл энэ хуульдаа баглагдаад агаарын тээврийн либералчлал нэг л дутуу болчих гээд байгааг анзаарсан. Тэгээд хуулиа шинэчлэн боловсруулж батлууллаа. Ингэснээр иргэний нисэхийн салбарын хяналт зохицуулалтыг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаанаас нь бүрэн салгалаа. Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт, тусгай зөвшөөрөл олгох, үнэмлэх гэрчилгээ олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүллээ. Хамгийн чухал нь бид иргэний нисэхийн салбарын хуулиа Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлага, загвар хуульд бүрэн зохируулж чадсан нь олзуурхууштай. Өмнөх хуулийн хийдэлтэй заалтуудаас болж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага хангадаггүй байсан, үүнээс болж бусад улс орнуудтай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах, хар үгээр хэлбэл тэнгэрийн гарцаа нэмэгдүүлж, хүссэн улс руугаа нисдэг болох боломж баглагдаад байлаа шүү дээ. Манай зам тээврийн салбар бол тэр чигтээ хүнд үйлчилдэг, хүнтэй харьцдаг салбар. Тэгэхээр энэ салбарын амин сүнс нь хэрэглэгчээ, үйлчлүүлэгчээ дээдлэх үзэл байхгүй юу. Тийм болохоор Иргэний нисэхийн тухай хуульд бид Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт гэсэн цоо шинэ бүлэг нэмж оруулж ирж батлуулсан. Үүний цаана зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, агаарын тээвэрлэгчдийг илүү хариуцлагатай болгох үзэл санаа оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчээ гэсэн харилцаа хандлага, хариуцлагын чиг үүргийг нь хуульчилж өгсөн гэсэн үг л дээ. Одоо харин энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах нь манай иргэний нисэхийн салбарт хуулиар хүлээлгэсэн онцгой үүрэг гэдгийг мартаж болохгүй. Би ч салбарын сайдын хувьд хуулийн хэрэгжилт, ажлын үр дүн, бүтээмж, хариуцлагыг шахаж шаардаж ажиллана.

-Төмөр замын тээврийн тухай хууль батлагдлаа. Тус хуулийн гол агуулга, ач холбогдол нь юу байна вэ?

-Наад асуултад чинь хариулахын өмнө би хэдхэн тоо хэлье. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт, дэвшил гарч байна. Тухайлбал үндэсний төмөр замын сүлжээ 3000 шахам км болон өргөжлөө. Төмөр замаар хийх экспортын хоёр болон гурав дахь гарцтай боллоо. Төмөр замын салбарт суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл манай улсын төмөр замын салбарт сүүлийн хоёр гуравхан жилийн дотор 70 жилийн түүхэн дэх хамгийн хурдацтай хувьсал өөрчлөлт явагдлаа. Би төмөр замыг “хөгжлийн судас” гэж нэрлэх дуртай. Тэгвэл энэ “хөгжлийн судас”-аар гүйх “цусны эргэлт”-ийг зөв зохицуулахгүй бол хаанаа ч бөглөрч, “цус харваж” мэдэхээр эрсдэл үүсээд байсан хэрэг. Ганцхан УБТЗ ХНН гэдэг төмөр замын байгууллагатай, түүний ганцхан төмөр замтай байх үеийн хуулиар энэ бүхнийг зохицуулах боломж үндсэндээ шавхагдаж дууссан. Тийм учраас сайдын албаа авсан цагаасаа энэ салбарын суурь хуулийн шинэчлэл рүү анхаарал хандуулсан. Одоо Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэн батлагдлаа. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах юм, юугаараа тийм ач холбогдолтой юм гэж яг тан шиг асуух хүн цөөнгүй байгаа. Би ч товч, бас тодорхой хариулт өгөх гээд үзье. Төмөр замын тээвэр хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн удирдлагатай болно. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшлийн энэ олон төмөр замаар дур дураараа дугаар дараалалгүй давхилдахгүй, түүнээс үүдэж аюул осол гарахгүй гэсэн үг. Яагаад гэвэл тээвэр, хөдөлгөөн зохицуулалт нэгдсэн удирдлагад шилжиж байна. Яг л нислэгийн удирдлагатай адилхан. Өөр нэг ач холбогдол нь Монгол улсад хувийн хэвшлийн төмөр замын компаниуд үйл ажиллагаа явуулах, шинээр үүсэн бий болох, өргөжиж хөгжих эрх зүйн зохицуулалт бий болж байгаа юм. Үйлчилгээг сайжруулъя гэвэл өрсөлдөөнийг нэм гэсэн үг байдаг. Монополь байдлыг халъя гэвэл шударга өрсөлдөөн, тэгш боломжийг бий болгох учиртай. Төмөр замын салбар өргөжихийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо нэмэгдэж байна. Тэгвэл төмөр замын салбарын ажилтны нийгмийн баталгааг энэ хуулиар хангаж өгч байгаа юм.

-Энэ жилийн тухайд төмөр замын хөгжилд бодитой шийдэл гаргасан ямар том төслүүд хөдлөв. Мөн энэ салбарт хийгдсэн ажлуудаас товчхон дурдахгүй юу та?

-Түрүүн би хэлсэн. Монгол Улс 70 жилийн турш урагшаа төмөр замын ганцхан гарцтай байсан бол одоо хоёр, гурав, дөрөв дэх гарцтай болж, хил холболтын төмөр замуудаа барих ажлаа эхлүүлээд байна. Түүний нэг нь Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан төмөр замын ажил. Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, зөвхөн энэ боомтоор жилдээ 20 сая тн нүүрс экспортлох боломж бүрдэх юм. Төмөр замын салбарын түүхэн дэх өөр нэг чухал үйл явдал бол сая УБТЗ олон жил ужгирсан их өрнөөсөө салж, дүрмийн сангаа 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг цэгцлэх, дуусгавар болгох талаар хичээж ажилласны үр дүнд 2009 оноос хойш гацаад байсан асуудалд шийдэл олж цэг тавилаа. Тодруулж хэлбэл УБТЗ хугацаа хэтэрсэн өр ширгүй болж, парк шинэчлэлт, замын засвар, хөрөнгө оруулалтаа хийх эдийн засгийн чадвар нь эрс сайжирч, зээлжих зэрэглэл нь нэмэгдсэн. Ирэх оноос өмнө Оросын талаас дүрмийн санд нийлүүлж буй таван зүтгүүрийг авсанаар бидний ачаа татах, тээх хүчин чадал хоёр сая орчим тонноор нэмэгдэнэ. Өнөөдөр бид зүйрлэх юм бол “Салхивч” төдий хааяа онгойдог боомтуудаа хөгжүүлж, байнга нээлттэй “Үүд хаалга” болгон өргөжүүлэхийг зорьж байгаа. Үүнд төмөр замын салбарын хөгжил шийдвэрлэх үүрэгтэй. Зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээг үзэглэсэн түүхэн үйл явдал болсон. Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж манай улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын хоёр дахь коридортой болох юм.

-Төмөр замын тариф нэмэгдсэн нь ямар учиртай юм бэ. Зарим хүмүүс үүнд бухимдалтай байх шиг байна?

-Бүхэл бүтэн 16 жил өөрчлөлт ороогүй байсан УБТЗ-ын зорчигч тээврийн тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар зарим ачаа тээврийн үнийг нэмлээ. Намайг ажил хүлээж авахад УБТЗ 60 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байсан. Ийм алдагдалтай ажиллаж байгаа газраас тэгээд ямар өөрчлөлт шинэчлэлт, ямар юмныхаа үйлчилгээний чанарыг шаардах вэ дээ. Өнөөдөр манайхан цагт 40 км цаг хурдалдаг ХХ зууны галт тэрэгнээсээ бид хэзээ салах вэ гээд л шүүмжилдэг. Тэгвэл энэ шинэчлэлийг хийхийн тулд наад зах нь эрүүл менежмент, ашигтай биш юм аа гэхэд алдагдалгүй үйл ажиллагаа чухал биз дээ. Би ОХУ-д ажиллах үеэрээ холбогдох талуудтай ярьж байж Оросын талд үзүүлж байсан транзит ачааны хөнгөлөлтийг 10 хувиар бууруулсан. Цаашдаа энэ хөнгөлөлтийг бүрмөсөн байхгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж хэрэг УБТЗ-д өөрчлөх, шинэчлэх, үйл ажиллагааг нь сайжруулах олон зүйл бий. Гэхдээ “жоомоо алах гээд байшингаа шатааж” болохгүй. Муу сайн ч энэ төмөр зам өнөөдөртөө энэ улс орныг тэр импортынх нь түлш шатахуунаар хангах, цахилгаан станцуудын нүүрс зөөж хот хөдөөгөө гэрэл цахилгаантай байлгахад гол үүрэг гүйцэтгэж байна. Би төмөр замын салбарын хөгжлийг тун өөдрөгөөр харж байгаа. Мэдээж хүн бүрийн хүлээлтэд хүрэхгүй байгаа ч энэ салбар хөгжиж, өргөжиж л байна. Ойрын жилүүдэд манай улс хурдны төмөр замтай болох, нийслэлээс аймгийн төвүүд рүү, хот хооронд, тэр байтугай ази европ руу онгоцноос хол дутахгүй хурдтай цахилгаан галт тэргээр зорчих цаг мөдхөн гэж боддог.

-Энэ жилийг Монголд зочлох жил болгон зарласан. Олон жуулчин ирэх шиг боллоо. Зам тээврийн салбарын хувьд бэлтгэл сайн хангагдаж чадав уу. Цаашид анхаарах зүйл юу байна вэ?

-Одоо ч гадны жуулчид, зочдын хөл их хэвээр л байна. Ирсэн жуулчдаа нүд дүүрэн инээж, нүүр бардам хүндлэн угтахад манай салбар гол үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр манай үндэсний авиа компаниуд дэлхийн 40 улсын 105 цэгт нисэх боломжтой болсон. Солонгос, Япон, Хятад, Герман, Турк руу хийх нислэг өмнөхөөс бүр хэд дахин нэмэгдлээ. Олон оронтой агаарын тээврийн хэлэлцээр шинээр байгуулж, өмнө байгуулсан гэрээгээ шинэчилсэний үр дүнд гадны авиа компаниуд ч наашаа олон нислэг үйлдэж байна. Тэр хэрээр Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, эдийн засагт маань аялал жуулчлал гэсэн нэгэн шинэ солонго татаж эхэллээ гэж харж баярлаж байгаа. Улаанбаатарт ирсэн жуулчид маань Улаанбаатарын түгжрэлд байж байгаад буцвал онцгүй сэтгэгдэл үлдэнэ. Тэд тэр бүр дан ганц пургон, жийп хөлөглөөд хөдөө гадаа яваад байж чадахгүй. Тэгэхээр ирсэн жуулчдаа ч, орон нутгийн иргэдээ ч явгалахгүйн тулд орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээсэн. Орон нутгийн нислэгийн үнийг 2-оос 2.5 дахин хямдруулж МИАТ компани энэ үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна. Анх орон нутгийн нислэг сэргээнэ гэхэд итгэх хүн цөөхөн л байсан. Харин сэргээчихсэн хойно худлаа даа гэж өөлж шүүмжлэгсэд усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм билээ. Ер нь тэгээд хэн юу гэх бол гэж хулгаж цэрвээд байвал ямар ч ажил урагшлахгүй шүү дээ. “Саалиа хураахаар саваа бэлд” гэж монгол ардын сайхан үг бий. Цаашид манайхыг зорих зочид гийчид, жуулчдын хөл улам л нэмэгдэнэ үү гэхээс татрахгүй янзтай. Тэгэхээр манай салбар үйлчилгээгээ улам чанаржуулах, өргөжүүлэх, онгоцныхоо, нислэгийнхээ, жуулчдад үйлчлэх автобусныхаа, галт тэрэгнийхээ тоог нэмж, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээг үзүүлэхийн төлөө зүтгэх хичээх ёстой болж байна. Ганц манай салбар гэлтгүй сум суурин газрууд, тур операторууд, жуулчны баазууд, худалдаа үйлчилгээний салбарынхан маань дор бүрдээ хичээвэл бараг дан ганц уул уурхай шүтсэн эдийн засаг маань бас нэгэн тулах хүчтэй болох цаг ойрхон байна. Нэг удаа, гэнэтхэн бөөн ашиг олно гэсэн богино бодол харалган сэтгэлээр бус тогтвортой орлого, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэх нь “Монголд зочлох жил”-ийн үнэ цэнэ юм уу даа.

-Монгол Улсын ихэнх нутгаар энэ жил хур бороо элбэг байна. Зарим зам даваа үерт эвдэрсэн байна лээ. Цаашид үер усны хохирлыг хэрхэн зөв тооцож зам гүүрээ барих ёстой юм бэ. Нэг жилийн усан борооноор зам гүүр нурчихдаг байдлыг яаж зогсоох вэ?

-Хур бороо элбэгтэй сайхан зун болж байна. Байгаль эх биднээс сүүлийн хэдэн жилд аваагүй шалгалтаа авч үе үе аадар асгаж, үер усны гамшиг ч нүүрлэлээ. Үе үеийн зөвлөх компани, улсын комисс нэртэй нөхдийн ажилдаа хэр хандаж ирсэнд байгаль цаг уурын үзэгдэл нэг ёсондоо дүнгээ тавьж байна. Хэд хэдэн удаа авто болон төмөр зам үерийн усанд угаагдаж амаргүй сорилт бидэнд тулгарлаа. Одоо ч энэ эрсдэл буураагүй. Салбарын хашир эрхмүүдийн хэлж буйгаар наймдугаар сар хамгийн эгзэгтэй үе, хамгийн их анхаарал сэрэмжтэй байх ёстой цаг аж. Ямар ч муу зүйлд бас сайн тал бий гэж ярьдаг. Энэ зуны үер ус авто болон төмөр замын аль хэсэг үерийн гамшгийн үед хамгийн их эрсдэлтэйг бэлээхэн харуулаад өглөө. Тэгэхээр нэг удаа аргалаад өнгөрөх бус цаашид үерийн ус нэвтрүүлэх суваг, гүүр даланг хаа хаана нэмж барьж байгуулах, хаана ус зүйн нарийвчилсан судалгааг хийх вэ гэдэгт анхаарах ёстой болж таарч байна. Солонгосчууд бороо орохоор мөнгө орлоо гэцгээдэг гэсэн. Манай монголчууд ч хур бороог шар тос хэмээн бэлгэшээдэг. Тэгэхээр бид үер гэж нэрлээд байгаа энэ их усаа яаж эрсдэл биш эрдэнэ болгох вэ гэдгээ бодолцох цаг болж. Бүр салбар дундын бодлого гаргах хэрэгтэй болж. БОАЖЯ, БХБЯ, ЗТХЯ, төмөр замын болон авто замын компаниуд хамтраад үерийн ус ихээр орж ирдэг тэр газруудад хиймэл хөв цөөрөм байгуулах ажилд анхаарах талаар тодорхой бодлого гарган хэрэгжүүлэх нь ойрын тулгамдсан асуудал болоод байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл бүтээн байгуулалт нь эхэлсэн үү?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын нэг гол үр дүн бол энэ асуудал байсан. Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэж эрчим хүчний тусгаар тогтнол авчрах их бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тогтсон. Энэ дагуу одоо ажил нь эхлээд явж байгаа. Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж би байнга ярьдаг хүн. Сая долдугаар сарын сүүлээр ОХУ-аас импортоор авдаг эрчим хүч гэнэт тасарсан. Хот хөдөөгүй сандарч тэвдсэн. Ёстой урин дулаан цаг байсан тулдаа л гайгүйхэн өнгөрөх шиг боллоо. Ер нь айлаас түлээ түлшээ авч байгаа айл хэзээ ч гал алдаж мэднэ. Тийм болохоор эрчим хүчний хувьд хүний царай харахгүй болох зөв эхлэл бол Эрдэнэбүрэнгийн УЦС. Монгол Улс эрчим хүч импортлогчоос экспортлогч болох боломж бүрэн бий.

-Та наадмын өмнө БНХАУ руу Ерөнхий сайдтай хамт айлчлаад ирсэн. Энэхүү айлчлалын үр дүнгээр зам тээврийн салбар ямар төсөл бүтээн байгуулалт хэрэгжүүлэхээр болов.

-Сайхан асуулт байна. Монгол Хятадын авто тээврийн хэлэлцээр шинэчлэн байгуулагдсан. Ингэснээр Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт импортын ачаа тээвэрлэх, мах, ноолуур гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ авах боломж бүрдэж байгаа юм. Монгол тээвэрчид Хятад болон тус улсаар дамжин гуравдагч орон руу тээвэр хийх шинэ гарцыг бид нээж чадлаа. Монгол Улс валютын нэг гол эх үүсвэр болсон ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх, эргүүлээд хямд үнэтэй жимс жимсгэнэ импортлох, тээврийн өртөг зардлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн түрүүн би хэлсэн Монгол, Хятад, Оросыг холбосон төмөр замын хоёр дахь коридор болох Зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудлууд шийдвэрлэгдлээ. Мөн Хятадын хөрөнгө оруулагч нарт “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байхаа илэрхийлж зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдээ танилцууллаа. Дархан хотоос Алтанбулаг боомт хүртэлх 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 640 км авто замын төслүүд, Улаанбаатар хотын шинэ тойрог замын хэсэг болох 35 км Туулын авто зам болон 800 у/м гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчдад санал болголоо. Мөн Улаанбаатар-“Шинэ Хархорум” чиглэлийн 362 км авто замын төсөл, төмөр замын зүүн болон төв коридорыг холбох Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл, Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км хурдны төмөр замын төсөл. Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Чойбалсан, Ховд, Бичигт, Сайншанд гэсэн байршлуудад хуурай боомт, логистикийн төв байгуулах төслүүдийг танилцууллаа. БНХАУ-ын Тяньжин хотын Дунзьян боомт дахь 10 га газарт Монгол-Хятадын хамтарсан “Тээвэр логистикийн төв” байгуулах төсөл. монголд цахилгаан автомашин, түүний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхлэх, цахилгаан автомашинд зориулсан цэнэглэх станц байгуулах, зорчигч тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус нэвтрүүлэх, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Дорнод аймгуудын нисэх буудлуудын хөөрөх зурвасыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулж олон улсын статустай болгох төслийг танилцуулсан. Энэ бүхний үр дүнд урд хөршийн хөрөнгө оруулагчид зарим төсөл дээр манай улстай хамтрахаар түрүүчээсээ идэвхтэй хандаж эхлээд байна.

-Агаарын тээврийн үнэ хөлс хоёр дахин буурсан. Энэ хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн үү. Эдийн засаг, аялал жуулчлалын хувьд ямар үр нөлөө гарч байна вэ?

-Хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд агаарын тээврийн салбарт оны эхний хагас жилд 651.000 зорчигч тээвэрлээд байна. Энэ хэрээр эдийн засаг, аялал жуулчлалын салбарт эргэлт гарч байна. Энэ зун манай улсын гайгүй гэсэн бүх зочид буудлын захиалга дүүрч, өдөрт хүлээн авах нислэгийн тоо ч хэд дахин нэмэгдлээ шүү дээ. Чингис хаан нисэх буудлын ачаалал дээд цэгтээ хүрсэн ч зорчигчдыг аль болох чирэгдүүлэхгүй сэтгэл ханамжтай байхад анхаарч ажиллалаа. Тухайлбал ачаа хүлээн авах туузан дамжуулагчийг уртасгаж, нисэх буудлын дотоод зохион байгуулалтыг үйлчлүүлэгчдэд илүү ойртуулж өөрчлөн зохион байгуулах үүрэг өгч ажил хэрэг болгосон. Буянт-Ухаа нисэх буудал ч нөөц буудлын үүргээ чамгүй сайн гүйцэтгэж байна. Агаарын тээврийн, тэр дундаа орон нутгийн нислэгийн үнэ хоёр дахин хямдарсанд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байгаа. Аль ч нийгэмд юу ч сэтгэлд нь таардаггүй, таалагддаггүй хүмүүс байж л байдаг. Тийм хүмүүс бол хийж байгаа ажлыг элдвээр гутааж харлуулах гэж өөрсдийгөө зовоож байгаа харагдах л юм. Тэр яахав дээ. Би тийм юмыг нэг их тоодоггүй. Би, манай салбарынхан бол ажил хэрэгт тустай эрүүл шүүмжлэл, зөв шаардлагыг хүлээж авч, алдаагаа дор нь засахыг хичээдэг. Нээрээ би чамд, чамаар дамжуулж Өдрийн сонины уншигчдадаа нэг сайхан мэдээ дуулгая. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ айлчлалын үеэр хорин жил хүлээгдсэн Монгол Америкийн хооронд шууд нислэгтэй болох асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдана. Цар тахлын өмнөх агаарын тээврийн оргил үе болох 2019 онд Монгол Улс АНУ хооронд 58 мянга шахам зорчигч зорчсон байдаг. Энэ нь БНСУ, БНХАУ, Япон улсын чиглэлийн дараа орох томоохон зорчигч урсгал тэнд буйг харуулж байгаа хэрэг л дээ. Өнөөдөр манай улсын 50 шахам мянган иргэн АНУ-ын 200 гаруй хотод ажиллаж, амьдарч, суралцаж байна. Open sky хэлэлцээр байгуулагдсанаар манай дотоодын агаарын тээвэрлэгчид тус улс руу шууд нислэг гүйцэтгэх боломж бүрдэх юм. Ингэснээр манай иргэд АНУ руу хямд зорчих, олон улс руу гарч буй 45 сая ам.долларын мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн маань өрсөлдөх чадвар нэмэгдэх бололцоо бий болно гэсэн үг. Зөвхөн эдийн засгийн агуулгын хувьд төдийгүй улс төрийн ач холбогдлоороо ч өндөр түүхэн үйл явдал болно гэж харж байна. Гадаад ертөнцөд биднийг хоёр том хөршийн дунд оршин буй ардчиллын баянбүрд гэцгээдэг. Тэгэхээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөний арал болсон манай улс энэ байдлаа хадгалан, гуравдагч хөршүүдтэйгөө харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд агаарын тээврийн харилцааны энэ түүхэн дэвшил гүүр болох нь дамжиггүй.

-Ховд эко цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа ямар байгаа вэ. Зарим иргэдийн хувьд цементийн үнэ хотоос татсан цементийн үнэтэй, ялгаагүй адилхан гэх юм. Угтаа баруун таван аймгийн хэрэглэгчид хямд үнээр авах ёстой биз дээ?

-Ховд эко цемент үйлдвэр бол шинэ ховдын зүтгүүр төслүүдийн нэг. Цар тахал нүүрлэсэн, хил боомт хаалттай, тээвэр зогсонги амаргүй хүнд үе тохиосон ч нэг ч өдөр алгуурлалгүйгээр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон ганц үйлдвэр. Та сая хүмүүс Ховд эко цемент үйлдвэрийн цемент хотоос татсан цементийн үнэтэй ялгаагүй адилхан байна гэлээ. Яг үнэн. Гол зорилго нь ердөө л энэ шүү дээ. Урьд нь ямар байсан гээч. Ховдод, баруун бүсэд цемент хотоос хоёр дахин их үнэтэй байдаг байсан. Яагаад гэвэл төвөөс алслагдсан байдал, тээврийн өртөг зардлаас үүдээд тийм байсан хэрэг. Цемент хотоос үнэтэй учраас барилгын материал, барилга байшингийн өртөг ч дагаад хэт үнэтэй байсан нь үнэн. Харин одоо хотын үнээр цементээ авцгааж байна. Ховдынхон гэлтгүй Баян-Өлгийнхөн, Увс, Завхан, Говь-Алтайнхан Ховд эко цемент үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авах гэж цувдаг боллоо. Тэр утгаараа Ховд эко цемент төсөл баруун бүсийн бахархал, шинэ ховдын тулгуур төсөл болсон байна. Хөгжлийн банкны хууль, бодлого, зорилго, бүх шалгуурт нийцсэн, ам доллараар зээл авч ханшийн өсөлтөд дарлуулж байгаа ч авсан зээлээ хуваарийн дагуу төлж, орон нутагт 350 шинэ ажлын байр бий болгож, хөдөөгийн сэргэлтийн бодит жишиг болж буй энэ төслийн үр шимийг баруун бүс даяараа хүртэж мэдэрч байна. Намайг харлуулах гэхдээ үе үе энэ үйлдвэр рүү гүтгэлгийн чулуу шидэж өмхий шүлсээ үсчүүлдэг сошиал чөтгөрүүдийн ховонд итгэхн бус харин газар дээр нь иргэд ямаршуу яриа дүгнэлттэй суугааг очоод сонсвол үнэний барааг олж үзнэ шүү.

-УИХ-ын гишүүний хувьд танаас хэдэн зүйл тодруулъя. Ээлжит бус чуулган хуралдах уу. Хэлэлцэгдээгүй олон асуудал үлдсэн байх гэж бодож байна?

-Ээлжит бус чуулган хуралдах нь гэсэн сураг чимээ би одоогоор сонсоогүй байна. Мэдээж нийгмийн амьдралтай холбоотой шийдлээ хүлээсэн олон хууль бодлого хүлээгдэж буй нь үнэн. Гэхдээ тэр бүхнийг хийсч яарч биш хэд хэмжиж чамбай хууль гаргах нь хууль тогтоогчдын үүрэг шүү дээ.

-Ирэх намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал бол төсөв. Мэдээж сонгуулийн жилийн төсөв хэлэлцэх учраас олон нийт анхааралтай ажиглах байх. Таны хувьд ирэх оны төсвийг хэрхэн батлах ёстой гэж үзэж байна. Сонгуулийн жилийн төсөв гэхээр халамж хавтгайрах болов уу гэсэн эдийн засагчдын болгоомжлол байна л даа?

-Яг үнэн. Ирэх намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал бол ирэх оны улсын төсөв. Би хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхэд сонгууль ойртохоор халамж хавтгайруулдаг өвчнөөс одоо бид салах цаг болсон. Иргэд маань ч халамж бус боломж ярьдаг болсон байна. Энэ маш сайн зөв хандлага. Цар тахлын дараах нөхцөл байдал, эдийн засгийн боломж бололцооноос шалтгаалаад бид энэ 2023 онд олон шинэ хөрөнгө оруулалтыг хассан, танасан, царцаасан. Манай зам тээврийн салбар дахь хэдэн төслийг эс тооцвол улсын төсвийн хөрөнгөөр тун бага ажил хийгдсэн. Бид ирэх оны төсвийг батлахдаа иргэдэд халамж бус боломж олгох зүйлд л хөрөнгө оруулах нь чухал. Нэг их олон соёлын төв, багийн төв, элдэв контор оффис барихынхаа оронд ирээдүйд хөгжил дагуулах, мөнгө дагуулах дэд бүтцийн төслүүд, цахилгаан станц, авто зам, инженерийн байгууламжид хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болно. Иргэддээ бэлэн мөнгө төгрөг тараахаас илүүтэй өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, орчин нөхцөлөө сайжруулж сайхан амьдрах бололцоог нь нээх ёстой. Нэг жишээ хэлье. Манай Ховдод “Хашаандаа сайхан амьдарцгаая” гээд нэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн ихэнх гэр хорооллын гудамжинд цэвэр бохирын шугам тавьсан. Олон айл хувийн байшингаа энэ шугамд холбож утаа гаргахгүй, хөрс бохирдуулахгүй, гаднаа ил жорлонгүй, хашаандаа хаус барьж ая тухтай амьдрах амьдралын шинэ хэв маягт суралцаж байна. Аймаг сумын төв гэхээр л утаа суунаглаж, шороо боссон, гаднаа жорлонтой, зөөврийн устай навсайсан хэдэн амбаар хашаа байж таарахгүй. Тийм болохоор хөгжлийн олон төвүүдтэй, хүн амьдрах хүсэл сонирхлыг өдөөсөн таатай амьдралын таталцлын олон цэгүүдтэй болж байж хөдөөгийн сэргэлт жинхэнэ утгаараа хэрэгжиж хотын зовлон бүрэн утгаараа шийдэгдэнэ гэж би боддог.

-Сүүлд асуухад зам тээврийн салбарт хийгдэх ёстой томоохон ямар асуудал шийдэл гарцаа хүлээж байна вэ?

-Би нэг үгийг хэлэх дуртай. Бас амьдралдаа баримталдаг зарчим маань гэх юм уу даа. Асуулт байгаа бол хариулт бий. Асуудал байгаа бол ард нь заавал шийдэл бий гэж. Манай зам тээврийн салбар гэдэг чинь их том айл. Иргэний нисэх, авто зам, авто тээвэр, төмөр зам, далайн захиргаа гээд. Үүнээс иргэний нисэхийн салбар маань нэлээн цэгцэрч, агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж байна гэж би бодож байгаа. Одоо орон нутгийн хэдэн нисэх буудлынхаа буух зурвасыг өргөтгөж, том дунд оврын ямар ч онгоц хүлээгээд авдаг болгочихвол болох нь тэр. Дээр нь АНУ-ын дараа сүүлийн үед монгол иргэд маань олноор зорчиж, ажиллаж амьдрах болсон Австрали руу шууд нислэгтэй болгочих юмсан гэсэн бодол байна. Бодол ч юу байх вэ дээ төлөвлөөд явж байгаа ажил. Мөн АНУ, Тайланд, БНСУ, Катар болон дотооддоо нисэгч, нисэхийн ажилтан бэлтгэх ажлыг эрчимжүүлж ажил хэрэг болгох. Нисэхийн сургалтын төвийг Буянт-Ухаа нисэх буудлыг түшиглэн байгуулахыг зорьж байна. Төмөр замын салбарын тухайд мэдээж хэрэг хил холболтын төмөр замуудаа хурдан дуусгаж экспортын гарцуудаа нэмэгдүүлэх, Монгол Улс жилдээ 40 сая тн бус 80 сая тн нүүрс экспортлох төмөр замын дэд бүтцийг бий болгохыг чухалчилж байна. Мөн зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг хурдан барьж байгуулахыг, бас ирээдүйд шинэ нийслэл цогцлох Хархорин руу хурдны авто болон төмөр зам барих ажил байна. УБТЗ-ыг хос төмөр замтай болгох, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчилж үйлчилгээг чанаржуулах, МТЗ, Таван толгой төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг сайжруулах гээд чамгүй их ажил өмнө байна.

Categories
гадаад

Кремлийн бодит үнэн буюу ваша песенка спета DNN.mn

 

ОХУ-ын Дээд шүүх энэ оны зургадугаар сарын 28-нд Цэргийн тусгай ажиллагаа(Оросын эрх баригчид Украины эсрэг дайныг ингэж нэрлэдэг)-нд оролцсон хоригдлуудад оноосон ялыг өөрчлөх шийдвэр гарган уг шийдвэрээ хожим нь нийтэд ил болгосон. Өөрөр хэлбэл ОХУ-ын Дээд шүүх байлдааны ажиллагаанд оролцсоныг “нөхцөл байдлын өөрчлөлт” гэж үзэн, гэмт хэрэгтэн нийгэмд аюул учруулахгүй болсон гэсэн шийдвэр гаргаж, анх удаагаа шоронгийн ялтныг Украинд тулалдсан хэмээн оноосон ялаас нь чөлөөлөв. Тэд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 80.1-д заасан “Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас ялаас чөлөөлөх” гэсэн заалтыг хэрэглэсэн бөгөөд энэ зүйлд “нийгэмд аюултай байхаа больсон бол ялаас чөлөөлөгдөнө” гэж заасан байдаг гэж Оросын Дээд шүүх онцлон мэдэгдсэн билээ. Үнэхээр ОХУ-ын Эрүүгийн хуулийн 80.1-д хэрэв “нөхцөл байдал өөрчлөгдсөн”-тэй холбогдуулан гэм буруутай этгээд эсвэл түүний үйлдсэн гэмт хэрэг нийгэмд аюултай байхаа больсон нь тогтоогдвол. бага, дунд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасан байдаг. Ийнхүү ОХУ-ын дээд шүүх дайнд оролцсон онц хүнд гэмт хэрэгтнийг хүртэл “нөхцөл байдлын өөрчлөлт” гэсэн заалтаар ялаас чөлөөлж эхлэв.

ОХУ-ын парламентын доод танхим буюу төрийн Дум хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 27-гоос 30 болгон ахиулах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжин батлав. “Тусгай цэргийн ажиллагаанд оролцох этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын онцлогийн тухай” холбооны хуулийн төслийг Думын Хот байгуулалт, Хууль тогтоомжийн хороодын дарга нар болон хэд хэдэн гишүүн хамтран боловсруулж, Төрийн думд өргөн барьсан бөгөөд томоохон дайнд бэлтгэх зорилгоор ийм хууль санаачилснаа Думын батлан хамгаалахын байнгын хорооны дарга Андрей Картаполов хууль тогтоогчдод тайлбарлав.“Томоохон дайны утаа хэдийнээ үнэртээд эхэлсэн” гэж хэлсэн тэрбээр өнөөдөр Орост хэтэрхий олон хүн цэргийн хугацаат албанаас зайлсхийх боломжтой байгааг шүүмжилсэн байна.Өнгөрсөн оны есдүгээр сард Оросын эрх баригчид 300,000 бэлтгэл хүчээ цэрэгт дайчилсан ба үүний улмаас олон арван мянган эрчүүд эх орноосоо дүрвэж байсан.

Төрийн Думаас гарсан өөр нэг шийдвэрээр цэргийн бэлтгэл үүрэгтний насны дээд хязгаарыг 50 байсныг 55 болгон нэмэгдүүлсэн юм.Төрийн Дум гурав дахь хэлэлцүүлгээрээ дэмжсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж баталгаажуулав.ОХУ-ын батлан хамгаалах яам хуулийн төслийг анх өргөн барихдаа хугацаат цэргийн алба хаах насны хязгаар одоо 18-27 байгааг 21-30 болгон өөрчлөх саналтай байсан юм. Харин Дум хэлэлцэхдээ доод хязгаарыг нь 18 хэвээр үлдээж, дээд хязгаарыг нь 30 болгон ахиулжээ.“Хүн ам зүйн нөхцөл байдал ноцтой түвшинд хүрч, дайчилгааны нөөцийн хэмжээнд нөлөөлж буй тул хуулийн төслийн найруулга өөрчлөгдсөн. Олон залуус 18 наснаасаа алба хаахыг хүсч байна” гэж Картаполов хэвлэлд ярьжээ.Шинэ хуулийн дагуу цэргийн зарлан дуудах хуудас хүлээж авсан өдрөөс хойш залууст хилийн хориг үйлчлэхээр болжээ.Энэ оны дөрөвдүгээр сард зарлан дуудах системийг онлайн болгосноор хүлээж авахаас зайлсхийх боломжгүй болсон юм. Зарлан дуудах хуудас аваад цэрэг татлагын байранд ирээгүй бол 30,000 рубль (332$) хүртэл торгуулиар шийтгэх болсон нь өмнөхөөсөө арав дахин өссөн хэмжээ ажээ.

Эдгээр хуулийн төслүүдийг баталснаар хоригдлуудыг тэнсэн харгалзах ялтайгаар чөлөөлж, улмаар Батлан хамгаалах яам тэднийг армид гэрээгээр элсүүлж, эсвэл шинээр дайчилгаа зарлавал цэрэгт татах боломжтой болж байна. Энэ хуулийн дагуу шоронгоос чөлөөлөгдсөн ялтнууд Украины дайнд оролцон байлдаж, төрийн шагнал хүртэх эсвэл армиас халагдах хүртлээ алба хаасан тохиолдолд ялыг нь хэрэгсэхгүй болгох юм.

Эдгээр үйл явдал нь В.Путин “Бидэнд дахин цэрэг татах шаардлага огт байхгүй” гэж ард иргэддээ хэлж байснаа сурсан зангаараа умартан “том дайн” буюу сунжирсан дайн хийхээр бүх нийтийн цэрэг татлага явуулж, иргэдийнхээ амь насыг зольж, өөрийн суудлаа авч үлдэхийг зорьж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ хууль хэрэгжсэнээр их сургуулийн оюутан, аспирант, докторантууд болон гурваас дээшхүүхэдтэй аавууд хүртэл цэрэгт татагдах болж байна. Харин Оросын ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөх нь юу л бол?! Учир нь өнөөдөр ихэвчлэн, тосгоны гэгдэх Оросын бага үндэстнүүдийн нийт 250 мянган орос цэрэг Украинд амь үрэгдчихээд байна.Нэг цэрэг амь үрэгдэхэд 3-5 цэрэг шархаддаг учир Украины дайнд орж насаараа тахир, дутуу болсон 750 мянгаас нэг сая 250 мянга гаруй залуус цэрэгт тэнцэхгүй болж тосгондоо очин Кремль,Путин хоёрыг муулж байгаа юм. Иймээс эрчүүдээ Кремлийн өмнөөс үхүүлэхгүй гэж өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Туркийн Истанбул хотод Чөлөөт Ингушетийн нам, хүчин байгуулагдаж Ингушетийг чөлөөөлөх армийг Украины талд байлдаж байгаа ингушет дайчдад тулгуурлан байгуулах шийдвэр гаргасан. Мөн энэ сарын 23-нд АНУ-д Дайчин буриадуудын их хурал хуралдаж Буриадыг чөлөөлөх арми байгуулж буйгаа зарлав. Энэ бол эхлэл. Мөн дайнаас болж ОХУ-аас дайжин гарсан, маргаашийн Оросын нам, төр, засаг болох цагаач улстөрчид Европын улсуудад хэд хэдэн удаа зөвлөлдөх форум зохион байгуулж “Түүхээс үзэхэд Орост муу засгаас болж хувьсгал, үймээн самуун дэгдэн эцэст нь бүр ч харгис, муу засаглал тогтдог зүй тогтолтой байна.Үүнээс салж Европын бусад улсууд адил хөгжиж ганц гарц нь ОХУ-ыг үндэстнүүдээр нь салган тусгаар улсууд болгон “их гүрэн” гэх хоосон хийрхэлээс нь салгах явдал” гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Үнэхээр ч ОХУ өнөөдөр холбооны 21 улсаас тогтож байгаа бол энэ 21-н улс нь 190 үндэстнээс бүрдэж байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос улсад “Орос-Африкийн чуулган” болж Кремль мэдээллийн бүх сувгаар “мундаг үйл явдал” хэмээн сурталдан, В.Путин “Бид Украинаас та нарт нийлүүлж байсан үр тариаг бүрэн нөхөж өгч чадна. Зарим улсуудад бүр үнэгүй өгнө” гэж амлав. Харин Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Санкт-Петербургт хүрэлцэн ирсэн Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Эль-Сиси уг чуулганд оролцсон энэ тивийн бусад орны удирдагчдын хамтаар Владимир Путинд хандан Украинтай байгуулсан үр тарианы гэрээг сунгахыг албан ёсоор хүссэн нь В.Путинд тун ч таагүй явдал болов. Үнэндээ Санкт-Петербургт Орос-Африкийн дээд хэмжээний бус доод хэмжээний уулзалт болж өнгөрсөн. Учир нь Африкт нийт 62 үүнээс НҮБ-ын гишүүн 54 улс байгаагаас 17 ерөнхийлөгч, дөрвөн ерөнхий сайд л ирсэн юм. Өөрөөр хэлбэл С.Лавровын сарын өмнөх Африкийн айлчлал зорилгоо огт биелүүлээгүй болж таарав. Учир нь НҮБ-ын нэгдсэн чуулганаар Оросын эсрэг шийдвэр гаргахад Кремлийн эсрэг санал өгөх гишүүн улсуудын тоо аль хэдийнэ 2/3-ыг давж ОХУ-ыг НҮБ-аас биш юм гэхэд Аюулгүй байдлын зөвлөлөөс хөөхөд бэлэн болсон гэдгийг батлаж орхив. Үүнийг л олон улсын судлаачид “Путины ам, ажлын зөрөө” гэж хэлээд байдаг юм. Мөн Вагнерын удирдагч Евгений Пригожин Санкт-Петербургт болсон Африк-Оросын уулзалтад оролцож Төв Африкийн Ерөнхийлөгчийн зөвлөх Фредди Мапукатай хамт зургаа авахуулжээ. В.Путин өөрийн биеэр өглөө нь Е.Пригожиныг төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, үдээс хойш хэлэлцээ хийсэн хэмээн мэдэгдэж, маргааш нь түнийг Кремльд хүлээн авч уулзсан нь өнөөгийн Орос улсад ямар ч хууль үйлчлэхгүй, ганц хүний дарангуйлал тогтсон гэдгийг баталсан явдал болсон төдийгүй Кремлийн энэхүү дарангуйллын тогтолцоо амьдрал дээр хэрхэн суларсан болохыг дэлхий нийтэд ил болгож орхисон билээ.

ЗХУ-д АНУ, Англи, Монгол, Тува гэх мэт 16 улс тусалж байж дэлхийн II дайнд ялалт байгуулсан. АНУ байгаагүй бол бид ялахгүй байсан гэдгийг мэддэг хүмүүс эрс цөөрсний дараа буюу дайн дууссанаас 20 жилийн дараа оросууд “Ялалтын баяр” тэмдэглэх болж “Бид Германы фашистуудыг ялахад гол үүрэг гүйцэтгэсэн” хэмээн худал сурталдсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл өнөөдөр Оросын удирдлагыг украинчууд албан ёсоор Орос фашистууд буюу “Рашистууд” хэмээн нэрлэж украинчуудад дэлхийн хамгийн тэргүүний хөгжилтэй 54 улс шууд тусалж дээрээс нь Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн улсууд нэгдэж эхлээд байна. Үүнийг олон улсын судлаачид Кремлийн стратегийн ялагдал гэдэг. Хамгийн сонирхолтой нь В.Путинээс болж үүссэн энэхүү Кремлийн стратегийн ялагдал нь ерөөс дарангуйллын тогтолцоо бүхий улсуудын удирдлагын стратегийн ялагдал болчихоод байгаа юм. Учир нь стратегийн ялагдал нь араасаа тактикийн ялагдлуудыг дагуулдаг нь хууль болсон зүйл. Энэ нь ОХУ өөрийн өдөөсөн дайнд ялагдахаас гадна ерөөс дарангуйллын тулгуур болсон Хятад, Иран, Хойд Солонгосын тогтолцоо нуран унах нь цаг хугацааны асуудал болсон гэсэн үг билээ.

Кремлийн тойрон хүрээлэгчид нь В.Путинд “Цагаан ордон ирэх оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Украины ялалтыг ашиглах гэж дайныг сунжруулах гэж байна” гэж сурсан зангаараа буруу мэдээлэл өгснөөс “том дайнд бэлтгэх” гэсэн үг гарч, Орост бүх нийтийн цэрэг татлага явуулах гэж байгаа бололтой. Үнэндээ дэлхий нийтийн ардчилсан тогтолцооны гол тулгуур болох Их Британи, АНУ тэргүүтэй англи-саксончуудын гол зорилго нь Хятад болохоос Орос байгаагүй. Иймээс ч Англи, Австрали, Канад улсууд ОХУ-ыг өөрсдийн дэглэмд аюул учруулж буй гол саад, харин Хятадын дэглэмийг өөрсдийн гол дайсан гэж албан ёсоор зарласан. Харин эдийн засгийн ихээхэн хамааралтай АНУ Хятадыг өөрийн улсын гол өрсөлдөгч гэдэг. Энэ нь цаад хугацаа нь он гарангуут Кремль Киевт ялагдаж ирэх оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн гол сэдэв Хятадын асуудал болно гэсэн үг юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хоёр хоногийн өмнө өөрийн Засгийн газарт хандан Украины дайны явцад цуглуулсан Оросын гэмт хэргүүдийн материалыг олон улсын Эрүүгийн гэмт хэргийн Гааг дахь шүүхэд шилжүүлэн өгөх тухай тушаалд гарын үсэг зурсан. Энэ нь В.Путинтэй адил Оросын төр, засгийн бусад гишүүдийг олон улсад эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээн зарлахад тун ойртож байна гэсэн үг. Үүнийг оросоор “таны цаг үе өнгөрчихлөө” гэсэн утгатай “таных дуулчихсан дуу байна” буюу “ваша песенка спета” гэж хошигнож хэлдэг. Энэ бүхнийг нэгтгэж маш товчоор дүгнэвэл Кремлийн Орос моодноос гарч байна.

Ерөнхийлөгч нь олон улсынэрүүгийн гэмт хэрэгтэн хэмээн зарлагдаж баривчлагдахад бэлэн болж, мэргэшсэн армиа хайр, найргүйгээр “их бууны мах” болгон Украинд устгуулж, оронд нь хоригдлуудаа цэрэг болгохоос өөр аргагүйд тулж, бас болоогүй өөрсдөөсөө бусад эрчүүдийгУкраины дайнд хөөноруулах гэж улайрч буй олон улсад “Кремлийнхоригдол” хочтой болсон “их удирдагч”-тай өнөөдрийн Орос улсын бодит үнэн гэвэл ийм байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад

Үерийн улмаас Бээжин хотод хоёр хүн амиа алджээ DNN.mn

Баасан гаригт Фүжян мужид анх газардсан Доксури далайн хар салхи умард зүгт шилжсэний улмаас сүүлийн өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хот хүчтэй үерт автаад байна.

Хятадын Цаг Уурын Байгууллагын мэдээлснээр Бямба гарагийн оройгоос Даваа гарагийн үд дунд хүртэл хугацаанд Бээжинд 170.9 мм буюу долдугаар сарын нийт хэмжээтэй тэнцүү хур тунадас унажээ.

Бээжин болон хойд Хятадын бусад хотуудад хамгийн богинодоо дахиад 24 цаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Өнгөрсөн хугацаанд Бээжин хотод хоёр хүн үерт амиа алдаж, 31,000 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.

Categories
нийгэм цаг-үе

НОБГ: Гал түймрийн тархалтыг зогсоолоо

Хан-Уул дүүргийн 3-р хороо Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл 07:07 цагт ирсэн. Гал түймрийн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоолоо. Бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
story-news

​Л.Оюун-Эрдэнэ: Аймгийн Засаг дарга нар намрын ажил, өвлийн бэлтгэлдээ ороорой

​Л.Оюун-Эрдэнэ: Аймгийн Засаг дарга нар намрын ажил, өвлийн бэлтгэлдээ ороорой

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 01-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
story-news

ТОЙМ: “Улаанбаатарчууд аа, хандив цуглуулж Улсын их дэлгүүрийн ариун цэврийн өрөөг тохижуулцгаая” гэв

ТОЙМ: “Улаанбаатарчууд аа, хандив цуглуулж Улсын их дэлгүүрийн ариун цэврийн өрөөг тохижуулцгаая” гэв

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Төрийн тэргүүнүүдээ гутаах нь монгол төрийг гутаан доромжлохтой ижил DNN.mn

Завхан аймгийн 100 жилийн ойн нээлтийн ёслолд тус аймгийн уугуул Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди нар уригдан оролцож , наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Завхан нутгийн ард түмэн хутагт хувилгаадаасаа гадна Монгол Улсын анхны хоёр Ерөнхийлөгчийг төрүүлсэн гэдгээрээ бахархдаг. Энэ бол арга байхгүй төр түмний бахархал мөн. Харин нийтийн сүлжээнд хоёр Ерөнхийлөгчийн нээлтийн ёслолд оролцож байгаа зураг хөргийг тавиад хэн хүнгүй элдэв дээдээр доромжилж, эрээ цээргүйгээр бах таваа ханган дайрцгаалаа.

“Улсаа худалдсан увайгүй хоёрыг яах гэж ингэж өргөмжилнө вэ. Аймгийнхаа ойг гутаалаа” гээд л шуугичихсан. Хөндлөнгийн хүн бол “улсаа зараад идчихсэн аюултай хүмүүс юм байна” гэж бодохоор. Бүр тэгж сэжиглэхээр тал бүрээс нь улайран дайрцгаалаа. Төрийн тэргүүн байсан хүмүүс рүүгээ ингэж нус шүлсээ үсчүүлэн, бүдүүлгээр дайрч доромжилсон нь зөвхөн энэ удаад ч биш. Ерөөсөө монголчууд бид төрөө зүхэж, төр рүүгээ нулимж, төрийг удирдаж байсан хүмүүсээ бараг нохойноос дорд үзэж, тэднээс болж л ядуу гуйлгачин амьдарч байгаа мэт бүр нэг заналтайгаар үзэн яддаг.

Хэдэн жилийн өмнө наадмаар бас яалаа. Н.Багабандийг алтан бүс бүсэллээ гээд баахан зүхэцгээсэн. “Монголын баялгийг ганцаараа гударч байна. Оюу толгойгоос хэдэн зуун сая долларын цалин авч, бараг л Оюу толгойг ганцаараа идэж байна, ямар ханаж цаддаггүй юм бэ” гээд л сүйд болцгоож байсан. Ингэж бид монгол төрийг удирдаж ирсэн, Монгол Улсын бэлгэ тэмдэг болсон эрхэм хүмүүсээ шавар шавхайтай хутгаж, нэр төрийг нь гутаан доромжилж байгаа нь эмгэнэлтэй.

Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг бий. Төрийн тэргүүн байсан хүмүүсийг гутаана гэдэг нь монгол төрөө гутааж байна гэсэн үг.

Монголчууд бид өөрсдөө төрт ёсоо эрхэмлэн хүндэтгэхгүй юм бол өөр хэн тэгээд энэ улс гэрийг, энэ төрийг чинь хүндэтгэн дээдэлж, хайрлан хамгаалах юм бэ П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд энэ хүмүүс сайн ч бай муу ч бай, ямар ч гэсэн Монгол Улсыг удирдаж ирсэн түүхэн хүмүүс. Муу ч сайн ч эдгээр хүмүүсийг монголчууд бид өөрсдөө л сонгож, төр засгаа удирдуулсан. Тэд гадны тавиул лав биш. Бидний өөрсдийн маань итгэл хүлээлгэн сонгож монгол төрийн тамгыг бариулсан хүмүүс.

Тэгэхээр бид өөрсдөө сонгочихоод эцэс сүүлд нь элдэв дээдээр харааж зүхэж дайрч давшлах нь утгагүй. П.Очирбат бол 1990-1992 он хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992-1993 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд мөн Ерөнхийлөгчийн албыг хашсан ийм хүн. Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ- ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлуулах, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн гэж үнэлэгддэг.

Мөн “ Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, богино хугацааны дотор АНУ-ын хоёр ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзаж Монгол Америкийн харилцааны зарчмыг дэлхий нийтэд зарлан тунхагласан зэрэг улс

орны хувь заяатай холбоотой олон түүхэн шийдвэрийн эзэн гэгддэг. Зөвлөлтөөс асуулгүй монголчууд өөрсдөө сонгосон анхны Ерөнхийлөгч, төрийн тэргүүн. Энэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ

утгаар сэргээж эхэлсний билгэдэл нь Пунсалмаагийн Очирбат мөн гэж төр нийгмийн зүтгэлтнүүд үздэг. Төр эрхэмсэг байх утга ёсны бэлгэдэл болсон эрхэм дээд хүмүүсээ бид харийн дайсан мэт үзэн ядах болсон нь харамсалтай.

Гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оймстой хөлийг нь гозолзуулан хүчээр баривчлан шоронд хорьж, яаж гутааж доромжилсон билээ. Н.Энхбаяр гэдэг хувь хүний асуудал биш Ерөнхий сайд, УИХ-ын дарга , Ерөнхийлөгч байсан хүний асуудал тэгэхэд яригдсан. Тухайн үед “Өдрийн сонин” “Хууль шүүхийнхэн минь дээ, Энхбаярыгаа одоо болно оо. Цагийн юм цагтаа гэдэг. Бүх зүйл өнгөрсөн хойно ингэж тамлаж байгаа нь

дэндүү буруу жишиг тогтоож байна. Энэ бол Монголын хууль хийгээд ёс суртахуунд асар хорлонтой зүйл” гэж бичиж, уг асуудлыг хөндөж байсан.

Гол нь төрийн тэргүүн байсан хүмүүсийг ингэж гутааж, нэр төрийг нь шороотой хутгах нь төр ариун байх ёсонд муугаар нөлөөлж байна. Хэрвээ ийм ёс зүйгүй жишиг тогтвол улс орны ирээдүйд асар хорлонтой гэдгийг сануулж байсан юм. Тэгвэл сүүлийн үед энэ байдал улам даамжирч, төрийг удирдаж байсан эрхмүүдээ улам бүр үзэхээ байж, үгийн муугаар хэлэх болсон нь сайны ёр биш. Мэдээж төрийг удирдсан хүн алдаа оноотой байж таарна. Улс орноо нийгэм эдийн засгийн өөр түвшинд хүргэх боломж бололцоо дахиад байсан байж болно. Түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй байж болно. Гэхдээ тухайн хүний Монголын түүхэнд байгуулсан ямарваа нэгэн гавьяаг үгүйсгэж болохгүй.

Алдаа оноотой ч гэсэн монгол төрийг удирдаж, төрийн хар хайрцаг ны бодлогыг зангидаж байсан, НҮБ-ын индрээс улсаа төлөөлж үг хэлж байсан, гадаад оронд Монгол гэх итгэл үнэмшлийг төрүүлж байсных нь төлөө бид үе үеийн төрийн тэргүүнүүдээ хүндэтгэх ёстой. Үндсэндээ Монгол Улс оршин тогтнохуйн бэлгэ тэмдэг нь байсан гэдэг үүднээс хариуцлагатай, ёс төртэй хандах учиртай. Дэлхийн соёлт улс орнууд төрөө эрхэмлэх чанар гэдгийг ёс жаяг мэт баримталдаг. Төр эрхэмсэг орших нь улс орны мөнхийн баталгаа гэж тэд үздэг. Яг ийм ойлголтоор төр засгаа тэргүүлж ирсэн, өөрсдийг нь төр гэж харж, биширдэг хүмүүсээ эрхэмлэдэг байна.

Д.Батболд

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Орхон: Зээлжих зэрэглэл тогтвортой, өндөр байх нь хөрөнгө оруулагчдыг татахаас гадна зээлийн хүүг багасгах ач холбогдолтой DNN.mn

Олон улс судлаач, эдийн засгийн ухааны доктор Б.Орхонтой Монгол Улсын зээлжих зэрэглэл болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” гэх хэвээр үлдээжээ. Ямар газраас энэхүү үнэлгээг гарган зарлав?

-Олон улсын хамгийн нэр хүндтэй “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ энэ сарын 27-ны өдөр зарлалаа. Тус байгууллагаас Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5 хувиар өсөх тооцоолол гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна гэсэн үг. Уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар зургаа орчим хувиар өснө гэж гаргаж. Эдийн засагч хүний хувьд үүнтэй санал нэг байгаа.

-Зээлжих зэрэглэл “B” төлөвт тогтвортой байна гэдэг улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Санхүүгийн зах зээл хөгжиж хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь чухал асуудал болсон. Учир нь зээлжих зэрэглэлийг зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид болон зах зээлд мэдээлдэг. Тиймээс зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу талтай. Харин бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Одоогоор дэлхийд Эс энд Пи, Фитч болон Мудис гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгө оруулагчид голчлон зээлжих зэрэглэлийг нь хардаг учраас энэ нь манайх шиг хөгжиж буй жижиг орнуудад маш чухал. Гадны хөрөнгө оруулалт манай улс руу хэдий чинээ орж ирнэ, төдий чинээ зах зээлд мөнгөний урсгал сайжирч улмаар эдийн засаг тэсрэлттэй өснө гэсэн үг. Цаашлаад банкуудын зээлийн хүү буурах, бизнесийн орчин, санхүүжилт тогтвортой болж ирнэ. Тиймээс зээлжих зэрэглэл гэдэг бол жижиг эдийн засагтай улс оронд маш чухал. 2012-2016 оны эдийн засгийн хямралын үед манай улсын зээлжих зэрэглэл С төлөв буюу тогтворгүй гэсэн үнэлгээтэй байсан. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчид манай улсаас үргэж, улмаар эдийн засаг агшиж ирсэн. Үүнээс болоод Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд огцом буурсан байдаг.

Харин 2018 онд “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “С-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгосон юм. Тухайн үед Фитч агентлагаас Монгол Улсын бодит ДНБ-ийг 2018 оны эцэст 5.2 хувьд, 2019 онд 6.3 хувьд хүрэх төсөөлөлтэй байгааг мэдэгдэж байлаа. Улмаар эдийн засаг харьцангуй сайжирсан ч гэсэн дэлхийн нийтийг хамарсан цар тахал эхэлсэн. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хямрал дахин бий болсон. Харин 2021 оноос Азидаа Монгол Улс цар тахлаас салсан анхны орон болж, хилээ нээснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татах болсон. Улмаар эдийн засаг сэргэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдсээр өнөөдрийн түвшинд хүрээд байна. Энэ он дуустал эдийн засаг өсөлт эрчимтэй явагдсаар л байх болно.

-Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын гаргаж буй мэдээллээс харахад манай улсын эдийн засгийн өсөлт экспортоос хамаарч байгаа талаар дурдсан байна л даа. Хэрэв хил, гааль хаагдаж, экспорт гацвал зээлжих зэрэглэл дагаад буурна гэсэн үг үү?

-Хөгжиж буй жижиг улсуудын зовлон ерөөсөө энэ. Өөрөөр хэлбэл гадаад худалдаа ямар байна, эрсдэлд хэр өртөмгий байгаагаас хамаараад зээлжих зэрэглэл тогтоох үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Тиймээс хил, гааль хаагдлаа гэхэд дагаад зээлжих зэрэглэл буурна. Монгол Улсын эдийн засаг БНХАУ руу экспортлох түүхий эдээс ихээхэн хамааралтай учраас гадаад эрсдэлд өртөмтгий байдаг. Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулаад байгаа нь зээлжих зэрэглэл нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Гэхдээ эдийн засагч хүний хувьд нэг зүйлээс их болгоомжилдог.

-Юунаас болгоомжилдог гэж?

-Болгоомжлох ч юу байх вэ, нэг зүйлд санаа зовдог гэх үү дээ. Юу гэхээр сая ковидын үеэр БНХАУ хилээ шууд хаасан. Үүнээс болоод экспорт болон импорт гацсан. Энэ нь манай улсын эдийн загийг үндсэндээ сүйрүүлэх шахсан шүү дээ. Магадгүй гадаад улсын эдийн засгийн бодлого ч түүн рүү чиглэсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг гадны улсаас дэндүү их хамааралтай байна гэсэн үг. Тэд дургүй бол хилээ хаахад л манай улс сүйрнэ. Тиймээс тэдний эрх ашигд нийцсэн шийдвэр, эдийн засгийн бодлого явуулахаас өөр гарцгүй. Хилээ хааж, манай улсын экспортыг гацаавал зээлжих зэрэглэл огцом буурна. Ингэснээр хөрөнгө оруулагчид манайхыг тоох нь битгий хэл сонирхон харах ч үгүй. Үүнээс болж гадны хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг огцом агшиж ирнэ. Улмаар бодит хямрал нүүрлэх эрсдэлтэй. Тиймээс л Монгол Улс энэхүү хараат байдлаас аажмаар салах шаардлагатай байгаа юм.

-Яаж бид эдийн засгийн хараат байдлаасаа салах ёстой вэ?

-Ер нь бол салж болно гэдгийг эхлээд хэлье. Гэхдээ салахын тулд бие даасан хараат бус эдийн засагтай болохын тулд маш их хугацаа шаардлагатай. Гэсэн ч бид бодлогоо түүн рүү чиглүүлэх ёстой юм. Яаж салах вэ гэхээр юуны түрүүнд дотоодын үйлдвэрүүдээ сэргээх нь чухал. Өөрөөр хэлбэл аажимдаа үйлдвэрлэгч орон болох ёстой. Энэ л бидний хараат байдлаас гарах нэг гарц. Мөн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн хүрээнд оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Зөвхөн хоёр хөршийн хамаарлаас бус бусад ямар ч оронтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай. Энэ бол богино хугацааны хараат байдлаас гарах бодлого.

-Энэ жил сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлогтой байгаа. Тэр утгаараа ирэх намар Төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Улсын төсөвтэй холбоотой асуудлаар эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-2023 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэнэ гэж таамаглаж байна. 2024 оны сонгуулиас өмнө эдийн засгийг дэмжих зорилгоор Засгийн газар зардлаа нэмэгдүүлэхээр байгаа. Төсвийн орлого төсөөлж байснаас өндөр гарсан нь 2021 онд ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэх алдагдалтай байсан төсөв 2022 онд ДНБ-ий 1.3 хувийн ашигтай гарахад хүргэсэн. Төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өндөр өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа үлэмж хэмжээгээр бууруулсан. Засгийн газрын хувьд 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна гэж тооцсон байна лээ. Засгийн газар энэ оны эхээр таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргаснаар энэ он болон ирэх онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Гадаад валютын нийт нөөц өнгөрсөн оны наймдугаар сард огцом буурч, 2.7 тэрбум ам.доллар болж байсан шүү дээ. Харин одоо бол экспортын сэргэлтээс үүдэн 2023 оны зургадугаар сарын эцэст 3.8 тэрбум ам.долларт хүрч сэргэлээ. Тэгэхээр ирэх намар хэлэлцэх Төсөв маш өргөн хүрээнд болно гэж ойлгож байгаа. Мэдээж сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа халамж руу чиглэсэн бодлого чамгүй орж ирэх байх. Гэсэн ч хамгийн муугаар төсөв баталлаа гэхэд эдийн засгийн өсөлт буурахгүй болов уу. Харин ухаалгаар төсвөө батлаад орлого, зарлагаа зөв зүйлд тооцоолж чадвал ирэх сонгуулийн жил Монгол Улсын эдийн засаг одоо байгаагаасаа хоёр дахин өсөх боломжтой. Энэ жилийн хувьд жуулчдаас орж ирж байгаа мөнгөний урсгал өмнөх жилүүдийг бодоход хэд дахин өндөр байна. Цаашлаад энэ эрчээрээ явбал ирэх жилийн зун, намар аялал жуулчлалаас орж ирэх орлого макро эдийн засгийг сэргээх гол хүчин зүйл болж мэднэ. Тиймээс олдож байгаа боломжоо бид алдалгүй улам ухаалгаар хандах цаг ирээд байна.

Categories
нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 1, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:28 цагт мандан, 20:29 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.