Categories
мэдээ цаг-үе

Өдөр шиг гэрэлтүүлэх “СУПЕР САР”

Монголчууд бид
тэнгэр эрхэс, нар, сарыг ажиглан харах дуртай улс. Зурхай мэддэг ч бай,
мэддэггүй ч бай манай малчин ардууд эртнээс тэнгэрээ шинжиж, нар сарандаа
мөргөж залбирч, од эрхсийг бишрэн харсаар ирсэн.

… Арван тавны
сар нь

Агаартаа дэнлүү
дээ хө…хэмээн аялан дуулдаг билээ. Тэгвэл энэ сарын 28-ны өдөр жинхэнэ дэнлүү
болсон сар агаар тэнгэртээ гийх гэж байна. Эл өдөр сар дэлхийд хамгийн дөт зайд
тулж ирнэ. Ийнхүү дэлхийд ойртон ирэх сарыг олон улсын одон орон судлаач,
зурхайчдын дунд “супер сар” хэмээн нэрлэдэг аж. Энэхүү нэршлийг анх 1979 онд
АНУ-ын зурхайч Ричард Нолле хэрэглэжээ. Сар нь дэлхийг тойрохдоо өөрийн зүй
тогтолтой харилцан адилгүй зуйван тойрог замаар явдаг. Ингэхдээ дунджаар 14
билгийн сарын дараа дэлхийтэй хамгийн
дөт цэгт ирдэг байна. Өөрөөр хэлбэл тэргэл сар 14 удаа гарсны дараа “Супер сар”
гарна гэсэн үг. Харин энэ удаа хамгийн ойрын цэгт ирэх юм гэнэ. Олон улсын сансар судлалын сайтуудад
мэдээлснээр энэхүү үзэгдлийг өнгөрсөн 20 жил тохиогоогүй гэж буй. 1900 оноос
хойш гэхэд л нийтдээ таван удаа “супер сар” гарчээ. Тухайлбал, 1910, 1928,
1946, 1964, 1982 онуудад сар дэлхийтэй хамгийн ойр орших тойрог замаар явж
өнгөрсөн байх нь.

Ер нь дэлхийгээс
сар хүрэх зай дунджаар 384000-384600 км.
Харин дэлхийд ойртох үедээ ойролцоогоор 36300 км, алсрахдаа 405696 км болдог байна. Тэгвэл есдүгээр сарын
28-ны шөнө 356880 км болж дэлхийд дөхөж
ирэх гэнэ. Энэ нь сар дэлхийд дөт цэгт ирэх бусад үеийнхээс 6120 гаруй км-ээр
илүү ойртоно гэсэн үг. Ийм ойр зайд
ирэхэд манай гаригийн дагуул энгийнээсээ 14 хувиар том, 30 хувиар тод гэрэлтэй
харагдах юм байна. Ёстой л нөгөө романтик ном зохиол дээр гардаг сарыг
оосорлоод татчихдаг шиг юм болох нь.

“Цуст сар” гэж юу вэ?

Мөн есдүгээр
сарын 28-ны өдөр сар хиртэж, цусан улаан өнгөтэй харагдана хэмээн гадна дотнын
хэвлэлийн эх сурвалжуудад тэмдэглэсэн байна. Энэ талаар Одон орон, геофизик
судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тодрууллаа. Тэрээр “15-ны сартай
үед сар хиртэх үзэгдэл тохиох нь бий. Сар дэлхийд ойртох үед дэлхийн сүүдэр
саран дээр тусна. Нар, дэлхий, сар гурав нэгэн шугамд байрлаж, дэлхий нар сарны
хоорондуур орсон үед сар хиртэх үзэгдэл гардаг. Энэ үеэр нарны гэрэл дэлхийн
агаар мандлын давхаргад тусч хугараад
хамгийн улаан туяатай хэсэг нь сарны гадаргууд ойдог. Ингэхээрээ улаан сар гарч
байгаа юм” хэмээн тайлбарлалаа. Ерөнхийдөө сар хиртэхээрээ энгийн нүдээр бараг
харагддаггүй. Харин нарны гэрлийн хугарлын нөлөөллөөр хиртсэн ч гэсэн улаанаар
харагддаг ажээ. Клизмыг нарны гэрэлд барихад гэрэл хугарч өөр өөр өнгө болгож
харагдуулдагтай адил үүргийг дэлхий гүйцэтгэдэг байх нь. Дэлхийг асар том клизм
байна гэж бодохоор хэнд ч сонирхолтой байх нь дамжиггүй.

Гэхдээ есдүгээр
сарын 28-ны “цуст сар” нь манай энд үзэгдэхгүй аж. Бид том тэргэл сараа харж
чадна. Харин Европ, Зүүн болон Өмнөд Ази, Африк, Хойд мөсөн далай, Номхон
далай, Атлантын, Энэтхэгийн далайд оршдог улс орнуудад “цусан улаан сар” маш
тод харагдах ажээ. Эдгээр бүсүүдэд сар ийн улаанаар хиртэх үзэгдэл ойролцоогоор 72 минут хиртэй үргэлжилнэ.
Хэрвээ “цуст сар” үзэхийг хүсвэл Лондон, Вашингтон хотыг зоривол хамгийн сайн
харагдах аж.

Есдүгээр сарын
28-ны тэргэл сар шиг том сар ойрын 20 жил дахиж үзэгдэхгүй хэмээн зарим
сайтуудад бичжээ. Гэхдээ тийм биш аж. 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр
дахин “супер сар” гарна гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал
С.Дэмбэрэл ярилаа. Энэ талаар мөн “NASA” болон сансар судлалын Тimeanddate.сom,
Earthsky.org зэрэг сайтуудад ирэх оны арваннэгдүгээр сарын 14-нд сар дэлхийд
365,536 км ойртож ирнэ” хэмээн тэмдэглэсэн байна.

“Супер сар”
дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ?

“Супер сар”,
“цуст сар” зэрэг нь хүн, амьтанд шууд нөлөөлөх юм байхгүй гэнэ. Гэхдээ сар
дэлхийд ойртоход татах хүч нь ихэсч далайн татлага, түрлэг нэмэгдэнэ. Далайн
татлага, түрлэг нэмэгдсэнээр байгалийн элдэв үзэгдэл гарах магадлал ихэсдэг аж.
Гэхдээ энэ нь шууд тийм ийм байгалийн гамшиг болно гэж нотолсон үг биш юм.

Сарны тухай
сонин хачнаас

Сар анх хаанаас
үүссэн талаар та урьд нь бодож байв уу? Дэлхий эрт дээр цагт ямар нэгэн солир,
гаригтай мөргөлджээ. Түүний хэлтэрхийнүүдийн бөөгнөрөл нэгдэж цул биет болсон
байна. Улмаар нягтаршин бөөгнөрч, бага багаар холдсоор өнөөгийн сар бий болжээ.

Сар дэлхийгээс
дунджаар жилд 3.8 см-ээр холддог аж. Тэгэхээр мянган жилийн өмнө сар бидэнд
3800 см ойрхон байсан гэсэн үг.

Сар дэлхийгээс
81.56 дахин хөнгөн.

Сарны гадарга 14
хоногийн турш наранд ээгдэн +130 хүртэл халж, сүүдэртэй 14 хоногтоо -150 градус
хөрдөг.

Сарны хөдөлгөөнд
нар, дэлхийгээс гадна нарны аймгийн бусад гаригууд шууд нөлөөлж байдаг.

Сар агаар
мандалгүй тул тэнгэр нь гүн харанхуй байх бөгөөд тэндээс тэнгэрийн од, эрхэс
өдөр шөнийн алинд ч харагдана.

Сарны өөрийн
тэнхлэгээ эргэх хугацаа нь түүний дэлхийг тойрон эргэх хугацаатай адил байдаг
тул бид сарны цаад талыг хэзээ ч харж байгаагүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хулан: Бид цоо шинэ саванг зохион бүтээж байна

Сүүлийн үед
монгол­чууд хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэхийг эрмэлзэх
болжээ. Бизнесийн гараа­гаа амжилттай эхлүүлээд явж байгаа байгууллагуудын нэг
нь органик гоо сайх­ны бүтээгдэхүүн үйлдвэр­лэгч “Lhamour” брэнд. Эдний хонины
сүүлээр хийсэн саванг “Хятадын South
China Morning Post” сэтгүүл онцлох органик бүтээгдэхүүнээр тодруулсан байна.
Энэ талаар “Lhamour”-г үйлдвэрлэгч захирал Д.Хулантай ярилцлаа.

-Танай хийсэн
саванг Хятадын “South China Morning Post” сэтгүүлд онцлох органик
бүтээгдэхүүнээр шалгаруулжээ. Энэ тухай тодруулаач?

-Хонгконгт болсон
Азийн хамгийн том органик бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцоод ирлээ.
Уг наадамд 30 орны 250 гаруй компани оролцсоноос манайх шилдэг шинэ органик гоо
сайхны бүтээгдэхүүний номинацид
шалгарсан юм. Энэ үеэр Хятадын
хамгийн том сонин сурвалжлага хийж, органик шилдэг таван бүтээгдэхүүн гэдэгт
манайхыг онцолсон.

-Компани болон
бүтээг­дэхүүнийхээ талаар танил­цуулахгүй юу. Хонины сүүл­тэй саван юугаараа
онцлог вэ?

-Манай “Натурал
эссэнтайлс” компани өнгөрсөн оны сүүлээс
эхлэн үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Хамгийн анх ванны хөөсөөр
үйлдвэрлэлээ эхлүүлж байв. Ер нь хонины сүүлтэй саван гэлтгүй манайх бүх
бүтээгдэхүүнээ гар аргаар хийдэг, цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ
онцлог.

-Бүтээгдэхүүндээ
монгол хонины сүүл ашигласан гэхээр сонин байна. Яагаад хонины сүүл оруулах
болов?

-Хамгийн гол нь
монгол хонины сүүл маш тэжээллэг байдаг.
Дээр үеэс л манайхан хонины сүүлээ юм юманд хэрэглэж ирсэн. Гэхдээ үнэр нь гоо
сайхны хэрэгцээнд жаахан тохиромжгүй тул гадуур түрхээд явахад хэцүү. Эдгээр
онцлогийг нь бодоод бид хонины сүүлний тэжээллэг чанарыг хүмүүсийн өдөр тутмын
хэрэгцээнд саван хэлбэрээр хүргэхээр шийдсэн. Тэгэхээр манай саван хуурайшлаас
маш сайн хамгаалж, чийгшил, тэжээл өгнө.

-Үйлдвэрлэлээ
хэрхэн явуулдаг вэ. Өдөрт хэчнээн тооны саван хийж байна вэ?

-Манайх ямар нэг
хувилах, савлах, зуурах гэх мэт тоног төхөөрөмж ашиглалгүйгээр бүгдийг нь гар
аргаар хийдэг. Өдөртөө 200 гаруй саван гаргах боломж байна. Одоогоор зуу гаруй
саван л үйлдвэрлэж байгаа. Савангаас гадна бусад гоо сайхны бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг болохоор нэг төрлийн бүтээгдэхүүнээс олноор гаргах боломжгүй.
Ерөнхийдөө хүмүүсийн захиалгын дагуу бүтээгдэхүү­нээ дор дор нь үйлдвэрлэнэ. Харин саван гурван сар болж
хатдаг болохоор урьдчилаад хийчихсэн байдаг.

-Ямар ямар нэр
төрлийн бүтээгдэхүүн хийж байна вэ?

-Саван, биеийн
гуужуулагч, ванны хөөс, лаа мөн монголд анхны уруул өнгөлөгчийг хийж байна.

-Түүхий эдээ
хаанаас хэрхэн нийлүүлдэг вэ?

-Ихэнх түүхий
эдээ дотоо­доосоо нийлүүлдэг. Жишээ нь жамц давс, чацар­ганаа Увс аймгаас,
зөгийн лаваа Сэлэнгэ аймгаас, хонины сүүлээ зах худалдааны төвөөс гэх мэтээр
авдаг. Оливын тос, самрын тос зэргийг гаднаас авч байгаа. Малчдаас голдуу авдаг
ч ихээр нийлүүлэх боломжгүй. Бид нар чинь одоо л гарааны бизнесээ эхэлж байна.
Мэдээж хүмүүсийн хэрэглээ нэмэгдээд эхлэхээр илүү том үйлдвэр байгуулаад
дэлхийн хэмжээний брэнд болгохыг хүсдэг.

-Сүүлний савангийн
тухайд ямар ямар түүхий эд орж байна?

-Энэ саванд
сүүлний тос, оливын тос ургамлын тос, наранцэцгийн үрийн тос, зөгийн лав, шүлт
орно. Олив, наранцэцгийн үрийн тос мөн арьсыг маш сайн гуужуулж өгдөг. Гурван
сар хатаахын зорилго нь шүлтгүй зуун хувь цэвэр тос гаргах юм л даа.

-Үүнээс өөр
ямар төрлийн саван үйлдвэрлэж байна?

-Бэлэн байгаагаас
чацар­ганы шүүстэй хүүхдийн саван байна. Түүнчлэн ямааны сүү, сарлагийн сүүтэй
саван хийж байгаа. Өнөөдөр л гэхэд бүгд өөр өөр найрлагатай, онцгой савангууд
хийчихээд байна. Дэлхий дээр байгаа цорын ганц саван гэж болно. Үр дүн нь
гурван сарын дараа л харагдах байх.

-Эдгээр нь гоо
сайхны зориулалттай юу. Барааны саван байна уу?

-Бүгд гоо сайхны
зориу­лалттай. Эрэгтэй эмэгтэй бүх хүнд таарна. Бие, нүүр, үс аль алинд
хэрэглэж болно. Зарим хүмүүс бараа­ны саван шиг гэдэг л дээ. Харшил, диатез,
хайрст үлдтэй хүмүүс хэрэглэдэг болохоор нэмэлт үнэр, өнгө оруулдаггүй, яг
тосныхоо өнгөөр байдаг. Яваандаа бид савангийнхаа төрлийг нэмнэ.

-Бүтээгдэхүүнүүдээ
хэдээс хэдэн төгрөгийн хооронд борлуулж байна?

-Хонины сүүлтэй
саван 9000 төгрөг гэж байгаа. Монголд олдох хамгийн хямд органик саван. Биеийн
арьс гуужуулагч 300 грамтай нь 19500 төгрөг, уруул өнгөлөгч 8000 төгрөгөөр
худалдаалдаг. Ванны бөмбөлөг 7900 төг­рөгөөр худалдаалж байна.

-Өөр ямар
шинэлэг түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна вэ?

-Бид судалгаа маш
сайн явуулдаг. Сая гэхэд ганганаас эфирийн тос гаргаж авах судалгаа хийсэн.
Эфирийн тос гаргахаар оролдож байгаа.

-Зарим газар
савангийн хөрөнгө ашигладаг юм билээ. Танайх глицеринээ хаанаас авдаг вэ?

-Бэлэн глицерин
ашиглаад бүх хүн саван хийж болно. Хүүхэд ч хийж чадна. Манайх чинь яг уламжлал
ёсоор жинхэнэ саван хийдэг. Бид нарын хийсэн эцсийн бүтээгдэхүүн нь цэвэр тос,
глицерин хоёрыг бий болгож байгаа юм. Харин бид уламж­лал ёсоор улс орнуудад
саван яаж үйлдвэрлэж байна тэр жишгээр хийнэ. Сүүлний тосыг нь яаж оруулах вэ,
чацарганы тосыг яаж оруулах вэ, энэ нь энэтэйгээ яаж урвалд орох вэ гээд
өөрсдөө бүгдийг нь бодож найруулж, нэг ёсондоо
саван зохиож байна гэсэн үг.

-Бүтээгдэхүүнүүдээ
хаагуур худалдаалж байна?

-Өөрийн дэлгүүрээ
хараа­хан нээж чадаагүй байна. “Sky” их дэлгүүр, “Good price”-ийн гурван
салбар, Хүүхдийн 100, Дүнжингарав, “Зайсан square”, “Алтайх” төв, “Charming”
гоо сайхны салоны хоёр салбар зэрэг хэд хэдэн цэгүүдэд худалдаалж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын нуураас өмнө нь судлагдаж байгаагүй сам хорхойн төрлийг илрүүлжээ

Испанийн Барселоны Их сургуулийн доктор, нуур судлаач Мигэл Алонсотой ярилцлаа. Тэрээр Монголын 957 нуурыг судлах явцдаа шинэ төрлийн сам хорхой илрүүлжээ.

-Та хэзээнээс Монголын нууруудыг судалж эхэлсэн бэ. Ямар учраас манай орны нуур цөөрмийг судлах болов доо?

-Би Монголын нуур, цөөрмийг судлаад арван жил болж байна. Монголын нууруудыг судлах болсон нь нэгдүгээрт их өргөн уудам тал нутагт маш их нуур цөөрөмтэй. Хоёрт нуурууд нь хүмүүсийн үйл ажиллагаанд тийм ч их өртөөгүй, цаг агаарын аюул гамшигт сүйдээгүй онгон дагшин чанараа хадгалж үлдсэн учраас их сонирхол татсан юм. Нөгөө талаас Монголын нуурууд Испанийн нууруудтай маш адилхан. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын 957 нуурыг судалсан байна.

-Бусад орны нуураас манай нуур цөөрмийн онцлог ямар байх юм. Та Монголоос өөр ямар орны нуурыг судалж байсан бэ?

-Би Испанийнхаа бараг бүх нуурыг судалсан хүн л дээ. Хэдийгээр дэлхийн хоёр захад байдаг ч гэсэн Монголын нуурууд Испанийн нуурууд хоорондоо үнэхээр адилхан. Энэ нь Монголын нууруудыг судлах бас нэг шалтаг болсон. Яагаад гэхээр Испанийн нуурууд газар тариалан хүмүүсийн нөлөөлөл, үйлдвэрлэлээс болоод ихэнх нь устах аюулд орчихсон, зарим нь устаад ширгээд алга болчихсон. Зуун жилийн өмнө тэдгээр нууруудаа судалж байсан бол энэ нуур ийм байжээ гэсэн судалгаатай байх байсан. Даан ч одоо тийм юм алга. Тийм ч учраас Монголын нууруудыг судалж мэдээлэлжүүлж, бүртгэлтэй болгоё гэж бодсон юм. Монголд миний судалгаа хийсэн нуур бүр өөрийн гэсэн онцлогтой, судалгаа бүрээр олон гайхмаар зүйл олдож байсныг дурдахгүй байхын аргагүй. Тухайлбал, Увс, Хяргас, Бөөн цагаан нуурууд тун өвөрмөц. Эдгээр нууранд амьдардаг бичил биетүүд миний анхаарлыг илүүтэй татаж байсан. Увс нуураас л гэхэд өмнө нь хаана ч илрүүлж байгаагүй нэгэн шинэ төрлийн бичил биет амьтан илрүүлсэн.

-Ямар онцлогтой ямар амьтан юм бол?

-Увс нуураас илрүүлсэн энэхүү “Alona flossneri” гэх бичил биет нь энгийн нүдэнд бараг харагдах боломжгүй, нэг миллметрийн урттай дэлхийн өөр хаана ч олдоогүй бичил биет юм. Испаниас үүнтэй төстэй “Alona salina” гэдэг бичил биетийг илрүүлж байсан. Гэхдээ төстэй болохоос яг нэг төрлийн амьтан биш л дээ. Энэ хоёр амьтан нь газарзүйн байршлаараа дэлхийн бөмбөрцгийн хоёр талаас олдсон гэдгээрээ их анхаарал татаж байгаа юм.

-Бас Хөвсгөл нуураас шинэ төрлийн сам хорхой илэрсэн гэж сонссон?

-Монголд сам хорхойн төрөл зүйлүүд маш олон нууруудад байдаг. Хөвсгөл нууранд ч олноороо байгаа. Харин шинээр нээсэн нэг сонирхолтой зүйл гэвэл давстай нуураас сам хорхойн өмнө илрүүлж байгаагүй төрлийг илрүүлсэн. Түүнийгээ “Phallocryptus Tserensodnomi” гэж нэрлээд байна. Энэ нь 4-5 см орчим хэмжээтэй, цагаан саарал өнгөтэй амьтан юм. Яг үүнтэй адилхан амьтан өмнө нь хаана ч илэрч байгаагүй. Би тэр амьтныг Монголын анхны нуур судлаач Цэрэнсодном гуайн гэгээн дурсгалд зориулж ийм нэр өгсөн юм. Энэ хүн Монголын нууруудын анхны судалгааны каталогийг хийж, нуур судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж байсан хүн л дээ.

-Ер нь Монголын нууруудад дэлхийн бусад улс оронд тэр болгон байдаггүй ховор төрлийн ямар загас, жараахай, сам хорхой байдаг юм бол?

-Судлагдаагүй маш олон төрөл зүйлийн амьтан байна. Цаашид ч дэлхийн өнцөг буланд илэрч байгаагүй шинэ төрлийн амьтад эндээс олноор илэрнэ гэж бодож байна. Монголын нууруудыг дэлхийн эрдэмтэд тэр бүр судалж амжаагүй. Онгон дагшин байдал, бүтцээ хадгалж үлдсэн, хэн ч сүйтгээгүй эртний байгалиараа байгаа учраас амьтад нь ч тэгтэл устаж алга болоогүй нь судлаачдын сонирхлыг татахаас аргагүй.

-Ер нь монголчууд сам хорхой битгий хэл загасыг ч тэр бүр өргөнөөр хүнсэндээ хэрэглээд байдаггүй. Гэтэл Монголын нууруудад сам хорхой байдаг гэхээр сонин санагдаад байна л даа. Энэ сам хорхой нь импортоор орж ирдэг сам хорхойнуудтай адилхан юм уу. Хүнсэнд хэрэглэж болох эд үү?

-Монгол оронд байгаа бүх л загасыг хүнсэнд хэрэглэх боломжтой. Харин сам хорхойн хувьд тийм их хэмжээгээр байхгүй. Хоёрдугаарт идэхэд зориулагдсан ч сам хорхой биш.

-Таныг арван жилийн өмнө анх судалгаа хийж байх үеийн Монголын нуурууд, одоогийнхоосоо хэр өөрчлөгдсөн байна, юу ажиглагдав?

-Энэ арван жилийн хугацаанд би нэг газраараа олон явсан. Нуур судлаач хүний нүдээр харахад ерөөс тийм таагүй сөрөг нөлөө гарах, ширгэх үзэгдэл ажиглагдаагүй. Яг л хэвээрээ байна. Мэдээж жил бүрийн онцлогоосоо шалтгаалаад бага зэргийн нөлөөлөл байдаг. Гэхдээ Монголын хувьд ойрын хэдэн арван жилдээ онгон дагшин байдлаа хадгалж чадна гэж бодож байна.

-Нутаг орны минь нуурууд жилээс жилд жижгэрч, ширгэж байна гэж манайхан ярьцгаадаг. Монголчууд цэвэр усны нөөцөөрөө дэлхийд ховорхон Хөвсгөл нуурандаа хүртэл хариуцлагагүй хандаж байна л даа. Таны судалгаагаар энэ байдал хэр ноцтой гарч байна вэ?

-Би жилдээ судалгааны ажлаар нэг сарын хугацаатай нэг л удаа ирдэг. Энэ хугацаандаа би аль болохоор өөр, өөр газрын олон нуур судлахыг боддог. Энэ жил Хөвсгөл нууранд хоёр дахиа очсон. Тэгэхэд өмнө нь ирж байснаас усны бохирдлын түвшин нь тэгж айхтар муудаагүй байна лээ. Усны хэмжээ, давслаг, бохирдлыг нь хэмжиж үзээд ийм дүгнэлтэд хүрсэн.

-Нуур судлаач хүний хувьд байгалийн харагдац үзэсгэлэнгээс нь гадна сонирхол татдаг нуур гэж байдаг байх. Танд Монголоос хамгийн их таалагдсан нуур юу вэ?

-Хамгийн их таалагдсан, сонирхож судалсан нуур бол Хяргас нуур.

-Юу нь таны сонирхлыг татсан юм?

-Хөвсгөл нуур ч юм уу, өөр илүү үзэсгэлэнтэй нуурыг би хэлж болох ч судлаач хүний нүдээр харахад Хяргас нуур их анхаарал татдаг. Учир нь энэ нуур маш том, давстай нуур мөртлөө эргээр нь давс харагддаггүй. Хоёрдугаарт үзэсгэлэнтэй бөгөөд гүн. Хяргас нуурын давслагийн хэмжээ гүн болгондоо өөр өөр найрлагатай, өөр өөр байдаг.

-Ер нь Монголд давстай нуур нь их юм уу, цэнгэг нуур нь их юм уу. Хүмүүс удахгүй цэвэр усны хомсдолд орох нь гээд л яриад байдаг?

-Миний судалснаар цэнгэг устай нуур нь илүү их байна. Гэхдээ энэ нь нуурынхаа тоогоор бус эзлэхүүн хэмжээгээрээ юм шүү. Монгол орон цэвэр усны хомсдолд орох аюул нүүрлээд байна гэж хэлж чадахгүй. Ойролцоогоор жижиг цөөрөм, тойромтойгоо нийлээд 12 мянга орчим нуур байна. Бүгдийг нь барахгүй ч цаашид чадлынхаа хэрээр судлахыг хичээнэ. Надтай хамт МУИС-ийн Биологийн факультетийн Ус судалгааны төвийн эрдэмтэд багш, оюутнууд хамтран судалгаа хийдэг. Энэ дашрамд МУИС-ийн Биологийн факультетийн Нэргүй, Н.Сонинхишиг багш нарт баярлалаа. Би тэдэнтэй хамтран оюутнуудад лекц, сургалт явуулдаг. Цаашдаа Монголын сайн нуур судлаачдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог доо.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Бидэнд лаборатори дээр ажиллах туршлага дутагдаж байсан

Вьетнамын Ханой хотод болсон химийн олимпиадаас гурав­дугаар байр эзэлсэн Нэг­дүгээр сургуулийн сурагч Б.Бат-Оргил, Шинэ Монгол сургуулийн сурагч Н.Тэмүүжин нар­тай ярилцлаа. Тэд энэ хавар ахлах сургуулиа дүүргэжээ. 

Зүүн гар талаас хоёр дахь нь Б.Бат-Оргил, Баруун гар талаас Н.Тэмүүжин.

-Химийн олон улсын олим­пиадад амжилттай ороод ирсэн гэсэн. Аль улсад болсон ямар олим­пиадад ороод ирэв? 

-Б.Бат-Оргил: Бид сая Вьетнамын Ханой хотод болсон олон улсын химийн 46 дугаар олимпиадад дөрвүүлээ оролцоод ирлээ. Манай багаас бид хоёр хүрэл медаль авсан. 

-Хэр том цар хүрээтэй тэмцээн болов. Хичнээн орны хичнээн хүүхэд орсон бэ?

-Ер нь нэлээд том олимпиад. Шинжлэх ухаан, химийн салбар өндөр хөгжсөн 77 орны 300 гаруй хүүхэд орсон. Нэгдүгээр байрын шагналыг Сингапур авсан.Олимпиад туршилтын даал­гавар, бодлогын даалгавар гээд хоёр үе шаттай байсан. 

-Та нар өмнө нь энэ олимпиадад орж байв уу?

-Манай улс жил бүр энэ олимпиадад дөрвөн хүүхэд шалгаруулж явуулдаг. Түрүү жил бид хоёр өөр хоёр хүүхэдтэй хамт явж байсан. Одоо тэр хоёр хүүхэд маань төгсөөд МУИС-д сурч байгаа. 

-Багийнхаа бусад гишүүдийг танилцуулахгүй юу?

– Нөгөө хоёр хүүхэд маань хоёулаа Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11 дүгээр ангид орох хүүхдүүд байгаа. Сэлэнгэсүрэн, Энхнаран гэдэг. Багийн хүүх­дүүдийг хувь хувийн оноогоор нь дүгнээд, дараа нь багийн нэгдсэн дүнг гаргадаг учраас тэр хоёр маань медаль авч чадаагүй.

-Насны ангиллын хувьд?

-Б.Бат-Оргил: Ер нь нас­ны хязгаар заагаагүй.  20-иос доош насны тухайн улсаас шалгараад ирсэн ямар ч дөрвөн хүүхэд оролцох боломжтой.

-Туршилтын даалгавар их сонирхолтой санагдаж байна. Энэ даалгавар дээр яг юу хийсэн бэ?

-Б.Бат-Оргил:  Лабора­торийн даалгавар дээр аливаа бодис найруулж, хэр хурдан хугацаанд урвал явж байна. Хоорондоо хэр зохицолтой байна гэх зэргийг судалдаг юм. Энэ удаагийн туршилтын даалгавар нь  Вьетнамын сайн чанартай ургамлаас эм гаргаж авах даалгавар байсан.  Би тэр даалгавар дээр 88 хувийн гарцтай гүйцэтгэсэн. Тэмүүжин 75 хувийн гарцтай гүйцэтгэсэн.  Ер нь олимпиадад орж байх үед 100 хувийн гарцтай гаргах хүүхэд байдаггүй. Дээд тал нь 92-95 хувь байхад болдог.

-Бусад орны хүүхдүүд хэр чадвартай байна?

-Б.Бат-Оргил: Ер нь өрсөлдөгч орны хүүхдүүд нь 16-аас дээш насныхан байсан. Бид нар онолын мэдлэг сайтай ч гэсэн өндөр хөгжилтэй орны хүүхдүүд лаборатори дээр ажиллах чадвар  нь биднээс хамаагүй сайн юм билээ. 

-Н.Тэмүжин: Бид нар гарандаа дасгаж сайн хийж чадаагүй. Бусад орны хүүхдүүдийн орчин нөхцөл, лаборатори дээр бэлтгэл хийх хугацаа нь илүү их байдаг юм билээ. Бараг жил гаруйн өмнөөс бэлтгэл хийдэг гэж байсан. Харин бид нар сар гаруйн хугацаанд л бэлдэж байсан. 

-Манай ЕБС-уудад лабора­тори дээр ажил­лах орчин нөхцөл нь ерөн­хийдөө тааруу шүү дээ. Та нар бэлтгэлээ хаана, яаж хийдэг байв?

Б.Бат-Оргил: Ер нь манай химийн багш жил бүр олим­пиадад бэлддэг болохоор лабораторийн анги байдаг. Эдний сургууль ч гэсэн лабораторитой.  Мөн МУИС-ийн Дорж багштай олимпиадын багт багтдаг болохоор их сургууль дээр очиж бэлддэг. 

-Энэ даалгавар дээр  аль орны хүүхдүүд илүү туршлагатай байв?

-Тэргүүн байранд орсон Сингапур улсын хүүхдүүд. Мөн Орос, Хятад, Герман, Солонгосын хүүхдүүд лаборатори дээр ажиллахдаа их чадварлаг юм билээ. Азийн орнууд онол талдаа их сайн. 

-Та хоёр хавар ахлах сургуулиа төгссөн гэж байсан. Одоо аль сургуульд, юуны чиглэлээр сурах гэж байгаа вэ?

-Б.Бат-Оргил:  Би ШУТИС-ийн инженерийн ангид орсон. Химиэс гадна техник сонирхдог болохоороо энэ чиглэлээр сурах гэж байгаа.

-Н.Тэмүжин: Би МУИС-ийн Химийн шинжлэх ухааны сургуульд орсон. 

-Химийн хичээлээсээ гадна сонирхож судалдаг юм байна уу. Өөр чиглэлээр амжилт гаргаж байв уу?

-Б.Бат-Оргил: Би Нийслэлийн шилдэг сурагчаар хоёр удаа шалгарч байсан. 2010 онд болон энэ зун шилдэг сурагч болсон. Ер нь хичээл, урлаг спорт гээд аль аль чиглэлд өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Ингэснээр ирээдүйд аль ч салбарт ажилласан, хувийн амьдралаа зохиоход ч гэсэн тустай юм болов уу гэж боддог. 

-Жишээлбэл ямар спор­тоор хичээллэж байна?

-Спортын хувьд гэвэл бокс их сонирхдог.  Монголын боксын шигшээгийн дасгалжуулагч Б.Энхтайван багшаар удирдуулан “Баянгол” клубт гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Өнгөрсөн хоёр сард болсон өсвөрийн улсын аваргаас хойш олимпиаддаа бэлдээд бэлтгэлээ хийгээгүй. Одоо хичээл ном жигдрээд ирэхээр ирэх жилийн улсын аваргад орохоор төлөвлөж байгаа. Мөн бүжиглэх дуртай.  “Aim4r Prod dance” бүжгийн клубт хичээллээд жил болж байна. 

-Н.Тэмүүжин: Миний хувьд спорт тийм ч их сонирхдоггүй л дээ. Одоо л волейволоор хичээллэдэг юм билүү гэж бодож байна. Спорт гэхээсэээ илүү загварын чиглэлд нэлээд дуртай. Энэ жил “Сити” институдээс зохиосон загварын тэмцээнд тусгай байр эзэлсэн. 

-Химийн шинжлэх ухаа­ны юу нь сонирхлыг чинь татдаг юм бэ?

-Н.Тэмүжин:  Аливаа юмны дотоод найрлагыг судалж, шинэ бодис гаргаж авах их сонирхолтой санагддаг. Дээр нь химийн хичээлээ сайн ойлгодог болохоор химиэр явах сонирхолтой.

-Б.Бат-Оргил: Харин би химиэр явъя гэж боддоггүй л дээ. Химиэр би зүгээр өөрийн оюун ухаанаа дайчилж, сорихыг хүсдэг. Яг л бокс, бүжиг гээд спортоор хичээллэдэгтэй адилхан юм уу даа. Харин чадвартай инженер болох илүү хүсэлтэй. 

-Ямар хүнийг хамгийн их хүндэлдэг вэ?

-Б.Бат-Оргил: Би аав, ээж болон ангийн багшаа хамгийн их хүндэлдэг. О тогтоолтын академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг маш их хүндэлдэг. Монголын залуус ийм байх ёстой гэж бодон, үлгэр жишээ авдаг даа.

-Н.Тэмүүжин: Би ч гэсэн ээжийгээ хамгийн их хүндэлдэг. Мөн ангийн багш Оюунчимэг, химийн багш Өнөржаргал, Батбилэг нарыг хүндэлдэг. 

-Удахгүй хичээл орлоо. Их сургуульд орох бэлтгэлээ хэр хангасан бэ. Бүртгүүлж, мате­риалаа бүрдүүлж дууссан биз дээ?

-Н.Тэмүүжин: Бүрт­гүүл­чихсэн. Гэхдээ зарим юмаа хөөцөлдөж дуусаагүй байгаа. 

-Сэтгэл хэр догдолж байна?

-Арван жилээсээ  шинэ шат руу ахиж байгаа, мөн  шинэ танил нөхөдтэй болох гэж байгаа болохоор догдолж байгаа. Анхнаасаа сайн сурна даа л гэж бодож байна.

-Н.Тэмүүжин: Би бэлт­гэлээ хангаад дуусчихсан. Хичээлийн юмнуудаа л аваа­гүй байна. Хүмүүс чинь нэг дэвтэр нэг балтай байхад л болчихно гээд байх юм байна ш дээ. Миний хувьд ч гэсэн адилхан догдолж байна.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Гэр хороолол дунд бичил цэцэрлэгт хүрээлэн босгоно

Энэ зун нийслэлд шинээр нийт 30 мянган метр квадрат талбайд цэцэг, 200 мянган метр квадрат талбайд зүлэг тарьж, 450 мянга гаруй мод, сөөг нэмж суулгах ажээ. Цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх ажлыг энэ сарын 30 гэхэд бүрэн дуусгах  юм байна. Түүнчлэн 16 газрыг тохижуулж, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын газар болгохоос гэр хорооллын гурван байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөсөн аж.  Тэдгээр  тохижуулах газрын гурвынх нь ажлын явцтай танилцав. Эхнийх нь Сүхбаатар дүүргийн I хорооны дөрөв, тав, 33 дугаар байрны дундах тохижилтын ажил. Энд өмнө нь ямар ч хашаа, хайс, цэцэрлэггүй шороон талбай байжээ. Одоо харин энд мянга гаруй метр квадрат газар зүлэг, мод суулгаж, хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд, явган хүний зам, хашаа, хайс барин иж бүрэн тохижуулалт хийж байгаа юм байна. Хүүхдийн гулсуур, тоглоомнуудын дор хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс резинэн зөөлөвч дэвсэж өгсөн байна. Нийт 260 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн ажил дуусах шатандаа оржээ. 

Дараагийн тохижилтын ажил  Сонгинохайрхан дүүргийн VIII хороонд буюу Баянхошууны гэр хороолол дунд байрлах “Гүнжийн нуур”-ыг тойрсон бичил цэцэрлэгт хүрээлэн. Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ ярихдаа “Цаашид гэр хорооллын дундах тохижилт, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахад анхаарал хандуулан ажиллах болно. Гэр хороолол гэхээр юм бүхнээс хоцроод байдаг тал бий” гэж байв. Тийм ч учраас эхний ээлжинд эл газрыг сонгон авч бичил цэцэрлэгт хүрээлэн барихаар болжээ. “Гүнжийн нуур” нь нийслэл хотод байрлах ганцхан нуур бөгөөд зундаа галуу, цахлай зэрэг усны шувууд ирж зусдаг газар. Нуурын талбай нь 560 метр квадрат, хоёр метр гаруй гүн аж. Тохижилтын хувьд нуурыг тойруулан битүү хашаа барьж, 360 гаруй мод, бут суулган, эргэн тойрон цэцгийн мандал хийж, явган хүний зам, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг, гадна машины талбай, харуул хамгаалалтын байр гээд бүгдийг цогцоор нь шийдэж өгөх гэнэ. Түүнчлэн нуур руугаа орсон 30 метр гүүр  барьж, хүүхдүүдийн хүсэлтээр гадна талбайд сагсны шийд босгох аж. Энэ хавийн газар нь нэлээд намгархаг тул цэцэрлэгт хүрээлэн босгох газар хайрга дэвсэж тэгшилжээ. Нийтдээ 440 гаруй сая төгрөгний хөрөнгө орж байгаа бөгөөд долдугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөх гэнэ. 

Мөн гэр хорооллын голд байх Тасганы овооны тохижилттой танилцлаа. Эндхийн ажил хараахан эхлээгүй бөгөөд одоо зургийн ажлыг хийж дуусгаад гүйцэтгэлийн тендер зарласан байна. Гандантэгчилэн хийдийн зүүн талд байдаг Гэсэр сүмийн Тасганы овооны ойр орчны талбай нь өвс ногоо ургах боломжгүй, маш хатуу чулуулагтай газар. “Эндхийг тохижуулахдаа элдэв тоглоомын талбай байшин сав барилгүйгээр байгалиар нь тохижуулахыг бид зорьж байгаа. Битүү зүлэгжүүлэн, ургамалан буюу модоор тойруулан хашлага барина. Овоонуудыг тойруулан чулуун зам барьж, буддын зан үйл үйлдэхэд тохиромжтой болгон, толгодын бэлд машины зогсоол барьж, Тасганы овоо руу гарах чулуун зам хийх юм байна. Мөн доод хэсэгт хатуу хөрстэй, усжуулалт бордоогүй газар хэрхэн ногоо тарьж болохыг судлах зорилгоор туршилтын найман талбай хийхийг зорьж байгаа ажээ. Эхний ээлжинд тэндээ монос, чацаргана, үхрийн нүд зэрэг моднуудыг тарьж үзнэ” хэмээн Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болортуяа ярьсан. Энэ хавийн газрыг Дэлхийн банкнаас Нийслэлтэй хамтран тохижуулж байгаа бөгөөд бүх хөрөнгийг Дэлхийн банкнаас гаргажээ. Нийт 900 мянган ам.доллар  төсөвлөснөөс 400 мянган ам.долларыг судалгааны ажилд зарцуулаад байгаа аж. Тохижилтын ажил ирэх  аравдугаар сард дуусна. 

Э.НОМИН-ЭРДЭНЭ