Categories
мэдээ цаг-үе

Г.АРИУНБААТАР: Ханхүү Чарльзийн сэтгэл үнэхээр хөдөлсөн байсан

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай ярилцлаа. Тэрээр Их Британийн хатан хааны ордонд урилгаар дуулаад эх орондоо иржээ.

Их Британийн хатан хаа­ны ордонд дуулаад ирлээ. Хатан хааны ордонд таныг онцолж урьсан шалтгаан нь юу байсан юм бол?

-Дэлхийгээр аялж байгаа аялан тоглолтын маань нэг хэсэг нь Англи оронд дуулах байсан. Тэнд Английн хоёр том концертын танхимд тоглолт маань боллоо. Эхний тоглолтоо алдартай “Carnegie hall” танхимд хийсний дараа өдөр хатан хааны ордноос урилга ирсэн. Яагаад онцолж урих болсныг тэр хүмүүс л мэдэх байх. Дэлхийн алдартай мастерууд, удирдаач, Марийнский театрын оркестр маэстро Валерий Гергиев, нэрт морин хийлч Хакназаряан бид гурав хатан хааны ордонд дөрвөн номер үзүүлсэн. Ордон руу нэвтрэхэд хил гарахаас ч хэцүү юм билээ. Маш чанга харуул, хамгаалалтыг нэвтэрч орсон. Тэнд би нэг ари дуулсан. Орой нь зоогонд орж, халуун дотно яриа өрнүүлсэн их сайхан үйл явдал болсон. Ийм сайхан завшаан тохиосонд их баяртай байгаа.

Английн хатан хааны ордонд тэр бүр хүмүүс ороод байхгүй. Ордны талаарх сэтгэгд­лээсээ хуваалцаач?

-Гурав дөрвөн ордонтой юм шиг байна лээ. Тэнд яг кинон дээр гарч байгаа юм шиг, үлгэрийн ч юм шиг санагдаж байсан. Бидний орсон ордон яг л кинон дээр гардаг хатан хаан, үнсгэлжингийн ордон шиг өндөр таазтай, маш тансаг алтан шармал сийлбэрүүдтэй өргөө байсан. Бүх зүйл нь төгс санагдсан. Тийм байхаас ч аргагүй байх. Хатан хаан чинь албан ёсоор 52 улсын төрийн тэргүүн гэж явдаг юм билээ. Тэнд арваад орны Ерөнхийлөгч, Английн зуугаад ихэс дээдэс ирсэн байсан. Монгол Улсын урлагийн салбараа төлөөлөөд тэр том хүнтэй, түүний гэр бүлтэй уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Хатан хааны гэр бүл­тэй оройн зоог барьсан гэсэн?

-Оройн хоолны өмнө бүх хүн босч хатан хаандаа хүндэтгэл үзүүлдэг юм билээ. Хатан хаан суунгуут бүгд суугаад л, зоогоо барингаа хоорондоо ярилцдаг. Хоолоо идэж дуусаад хатан хаан түүний гэр бүл босоод л явчихдаг.

Хатан хааны гэр бүл та бүхний тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцсан байх. Тэд яаж хүлээж авсан бэ?

-Диана гүнжийн нөхөр ханхүү Чарьлз үнэхээр сэтгэл нь хөдөлсөн байсан. Монгол надад их таалагддаг. Монголд ийм дуурийн дуучин байдаг гэхэд их сайхан байна гэж ярьж байсан. Ер нь маш их таалагдсан л даа. Ордны 100 гаруй хүний суудалтай багавтархан концертын танхимд нь дуулсан. Хатан хааны гэр бүл, дээдсүүд нь тэнд тоглолтоо үзчихээд л дараагийн танхим руугаа ордог юм билээ.

Англид “Carnegie hall”-д хийсэн тоглолтоос гадна ямар тоглолт хийв?

-Америкийн Нью-Йорк хотын Метрополитан гээд том тайзан дээр тоглолт хийлээ. Мөн Карнеги Холл гээд ерөнхийдөө дэлхийн урлагт зүтгэж байгаа хүн болгоны хүсч мөрөөддөг тайзан дээр дуулах хувь тохиолоо. Олон улсын санал, том театруудын урилга хүлээн авлаа. Одоо дараа, дараагийн ажилдаа орох гээд байж байна. П.И.Чайковскийн шагналтнуудын гала тоглол­тууд үргэлжлээд явж байгаа. Одоо түр зуур амсхийгээд байна.

Та дэлхийн хэмжээний театруудад гарч дуулж бай­на. Монгол Улсыг төлөөлж тийм том тайзан дээр гарахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Би П.И.Чайковскийн урал­дааны бүх төрлөөс Гран при шагналыг нь хүртсэн. Ерөөсөө хоёр хүнд л энэ тэмцээний 60 жилийн түүхэнд Гран при гэдэг цол олгож байсан. А зэрэглэлийн дэлхийд хамгийн томд тооцогдох, спортоор бол Олимпийн хэмжээнд тооцогдох тэмцээн. Тэгэхээр тэмцээний нэр хүндийг авч явах, тэр хүмүүсийн хүлээлгэж буй хариуцлага их. Сайхан сайхан тайзан дээр гараад дуулахад юм юм бодогддог ш дээ. Монгол хүн болж төрснөөрөө, ээж ааваараа, хүн болж төрснөөрөө бахархдаг. Хүнд зогсдоггүй шунал гэж байдаг юм шиг байна. Нэг ари дуулчихсан бол энэ тайзан дээр дахиж гараад дуурь дуулах юмсан гэж боддог. Тийм боломж одоо олдож байна.

Марийнский театрын гоцлол дуучнаар ажиллах болсон талаараа яриач?

-Марийнский бол маш том театр. ОХУ-даа нэгдүгээрт орж, дэлхийн улс болгонд сан нь байдаг.Тэрхүү сангаараа дамжуулж Марийнский театрын бүх уран бүтээлч тоглолт, уран бүтээлээ хүргэж Оросын хөгжмийг, дэлхийн сонгодог хөгжмийг сурталчилдаг. Ийм ч учраас үйл ажиллагаа нь маш өргөн цар хүрээтэй. Тэрхүү театрт үндсэн гоцлол дуучнаар ажиллах хувь тохиосон. Үнэхээр их баяртай байгаа. Бас л монгол хүн болсноороо бахархах сэтгэл төрсөн. Тэр их театрын солист болоод дүр бүтээгээд явна гэдэг сайхан зүйл. Маш их хөдөлмөрлөж, хичээх ёстой. Би фэйсбүүк хуудаснаа мэдээллүүдээ маш сайн тавьдаг. Яагаад гэвэл монголчууд мэдэх ёстой. Ер нь сонгодог урлагийн талаар манайхан бага мэдэгдэхүүнтэй байсан. Одоо арай илүү мэдээлэлтэй болчихсон.

Марийнский театрт ажил­ласнаар хувь хүний хувьд, дуучны хувьд ямар дэвшил, мэдлэг шинээр олж аваад байна?

-Ерөөсөө гайхамшиг. Марийнс­кий театрт 200 гаруй гоцлол дууч байдаг. Ерөнхийдөө дөрвөн театртай. Тэр бүрэлдэхүүнд ороод, дунд нь чанагдаад дөнгөж эхэлж байна. Жил, хоёр жилийн дараа ярихад бас нэг юм хэлэх байх. Одоо дүгнэж ярихад эрт байна.

Та дэлхийн хэмжээний хэд хэдэн том тайзан дээр дуулсан хүн. Дэлхийн хэм­жээний хэд хэдэн шагна­луудыг ч авлаа. Та өөрийгөө дэлхийн хэмжээний дуучин гэж үнэлдэг үү?

-Би дэлхийн хэмжээний дуучин биш. Дэлхийн хэм­жээний дуучин ямар байдгийг би мэднэ. Товчхондоо ямар хэмжээнд дуулж байж дэлхийн хэмжээнд хүрэх вэ гэдгийг. Би тэр боломжийг хайж яваа л хүн.

Анх хэзээ олон улсын хэмжээний тайзан дээр гарч байв?

-2011 онд Глинкийн уралдаанд түрүүлээд төр засгийнхаа хишгийг хүртэж Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан. Тэгэхэд л анх дэлхийн хэмжээний тайзан дээр гарч байлаа. Тэндээс их том мөрөөдөл, их том хүч, зорилго өвөртөлж ирсэн. Одоо тэр замынхаа дагуу явж байна.

Танд хамгийн гайхалтай санагдсан, сэтгэлд тань үлдсэн дурсамжтай тайз гэвэл…

-Миний хамгийн том тайз Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” тайз. “Оюутан” тайзан дээр гарахад одоо хүртэл өвдөг минь чичирдэг. Дээрээс нь мэдээж сайхан тайзуудаар гараад явахад мартагдахааргүй дурсамж их. Танхим дүүрэн үзэгчид, тайзны засал чимэглэл, сайхан дуулчихаад хэдэн мянган хүнээр алга ташуулаад зогсч байх мөч сайхан л даа. Тайз болгон сайхан.

Дуурийн дуу тэр болгон нийтийн дунд хүрээд байдаггүй. Таны хэд хэдэн монгол дуу байдаг юм билээ. Уран бүтээлийн чинь хичнээн хувь нь монгол дуу вэ?

-Би Монголдоо эхлээд дуучин байх хэрэгтэй. Дуучин хүн тал бүрийн дууг мэддэг, дуулдаг байх шаардлагатай. Урлагийн хүн л бол тал бүрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог. Би монгол дууны “Илүү ч үгүй, дутуу ч үгүй” гэсэн цомогтой. Нэлээд хэдэн дуутай. Монгол дуугаа, уул усныхаа тухай дуулах их дуртай. Ард түмэндээ урлагаар үйлчлэх гэдэг тангарагтай улс учраас монгол дуу дуулах нь бас нэг үүрэг.

Таныг ирэх арван­хоёр­дугаар сард монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон?

-“Монгол сонгодог-2” тоглолтоо арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хүргэхээр төлөвлөж байгаа. Монгол хүн л юм чинь би өнөөдөр ард түмэндээ шалгалт өгөх болсон. Хүү нь нэг иймэрхүү түвшинд явж байна гэдгээ харуулахыг хүсч байна. Сайхан монгол дуунууд болон дэлхийн сонгодгуудаар аль болох сонирхолтой байдлаар тоглолтоо хүргэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн дээд амжилтын эзэн болох л хамгийн сайхан мөч

Ахмадуудын хүндийн өргөлтийн ДАШТ-ий аварга, дэлхийн зургаан удаагийн рекордын эзэн Ц.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр энэ жил олон улсын чанартай дөрвөн тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.

-Та энэ жил олон улсын чанартай дөрвөн ч тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?

-Энэ жил олон улсын дөрөв, дотоодын нэг тэмцээнд оролцсон. Хамгийн эхний тэмцээн маань өнгөрсөн тавдугаар сард Австрийн Вена хотноо болсон. Энэхүү олон улсын эмэгтэйчүүдийн гран при тэмцээнд гурав дахь жилдээ оролцсон байгаа. Тэмцээнд 18 орны 300 гаруй эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс 50-54 насны ангилалд 75 кг-ын жинд өрсөлдөж, хамгийн хүнд жинг нь өргөж нэгдүгээр байр эзэлсэн.

Мөн манай улсад зохиогдсон Олимпийн байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд нэмэх 75 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Өөрийн хүүхдүүд шиг охидтой өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Өнгөрсөн наймдугаар сард Америкийн Даллас хотод Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 42 орны 317 тамирчин оролцсоноос мөн ангилалдаа тэргүүн байр эзэлсэн бол есдүгээр сард дэлхийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнд мөн түрүүлсэн. Тэр үед 48 орны 618 тамирчин өрсөлдөж байв. Энэ удаад жингээ ахиулж чадаагүй ч өөрийн рекордоо давтан 143 кг штанг өргөсөн.

-Та хэзээнээс хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн бэ?

-2011 оны зургадугаар сараас хойш хичээллэж эхэлсэн. Гурван сарын дараагаас тэмцээнд оролцдог болсон. Одоо нийт дөрвөн жил хичээллэж байна.

-Эмэгтэй хүндийг өргөл­төөр дэлхийн зургаан удаа­гийн рекорд эвдэж байсан гэсэн. Хамгийн дээд тал нь хэдэн кг-ыг өргөж байв?

-Есөн жил эвдээгүй байсан рекордыг эвдэж рекордын эзэн болсноороо бахархдаг. Хүндийг өргөлтөөр хичээллэхэд маш их тэвчээр хатуужил шаардагдахаас гадна судалгаа сайн хийж, биеэ эрүүл байлгах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хамгийн сүүлд зургадугаар сард өөрийн тогтоосон амжилтаа 20 кг-аар ахиулж 143 кг-ыг өргөсөн байгаа. Огцом өргөлт, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр нийт өргөсөн жин маань гарч рекордын эзэн болсон. Гэхдээ рекордын эзэн гэж тогтоохын өмнө допингийн шинжилгээ авч байж олон улсад зарладаг юм билээ. Миний шинжилгээ цэвэр гарсан учраас шинэ рекордоо батлуулж чадсан даа.

-Яагаад энэ спортыг сонгох болов. Эмэгтэй хүнд хэцүү биш үү?

-Миний багын найз Халтмаагийн Баттулга намайг энэ спорт руу уруу татсан юм. Би цэргийн хүн л дээ. Цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарахаас хэдэн жилийн өмнө өөр ажил хийхээр ажил хайж эхэлсэн. Тэр үед найз маань гавьяаныхаа амралтанд суу, өөр ажил хийнэ гэж байхаар спортоор хичээллэ гэсэн.

Намайг хичээллэж эхлэхэд багш дасгалжуулагчид маань маш сайхнаар хүлээж авсан. Манай клуб дөрвөн ангиллаар хичээллэдэг. 35-аас дээш насныхан мастер ангилалд багтдаг юм. Миний нас, жинд Монголд надтай өрсөлдөх ахмад эмэгтэй тамирчин байхгүй. Харин энэ жингээр өргөдөг залуу үеийнхэн байгаа.

-Шантрах үе байсан уу?

Шууд дайраад л орсон. (инээв) Юугаа ч мэдэхгүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй шууд л тэмцээнд орчихсон болохоор шантрах асуудал гараагүй. Юманд илүү нухацтай ханддаг зан маань ч нөлөөлсөн байх. Залуудаа эхэлсэн бол магадгүй шантраад дундаас нь хаях байсан болов уу.

-Гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байв?

-Гэр бүлийнхэн маань маш сайхнаар хүлээж авсан. Миний нас нэлээд явчихсан байсан учраас эхэндээ эгч маань жаахан дургүй байсан ч тэмцээнд ороод түрүүлээд ирсэн чинь зөв сонголт хийжээ гэж хэлсэн удаатай. Бүгд л удам байгаа, үзээд алд гэж урам өгч дэмжиж байсан даа.

-Хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байсан бэ?

-Тив дэлхийд өөрийн 50 насны ангиллын эмэгтэй төрөлдөө хамгийн хүнд жинг өргөдгөөрөө бахархдаг. Төрийн далбаагаа мандуулаад төрийн дууллаа эгшиглүүлэх мөч хамгийн гайхамшигтай нь. Тэр дундаа рекордын эзэн болсон тэр мөч дээдийн дээд. Монгол орныхоо нэрийг гаргаад явах үнэхээр сайхан. Нүдэнд нулимс тороод л ирдэг юм.

АНУ-ын Техас мужид Арнольд Шварцнейггерийн нэрэмжит тэмцээнд хүндийн өргөлтөөр Азиас ганцхан эмэгтэй тамирчин оролцсон нь би. Тэр үед Арнольд намайг тусад нь хүлээн авч уулзаж байв.

-Монголын тамирчин гэхээр бусад орны тамирчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Монголчууд их хүчтэй гэсэн ойлголт байдаг. Их хүчтэй эмэгтэй байх даа гэсэн болгоомжлол хүмүүсийн харилцаанаас анзаарагддаг.

-Б.Түвдэндорж аваргыг таны авга ах гэдгийг хүндийг өргөлтийн спорт сонирхдог хүмүүс мэдэх байх. Одоогийн амжилтад тань удам судар нөлөөлсөн л болов уу?

-Би ахаараа маш их бахархдаг. Мундаг ч бөх байсан. Хүнд ер нь удам их нөлөөлдөг юм шиг санагдсан. Ийм мундаг амжилт гаргана гэдгээ мэдсэн бол эрт эхэлдэг ч байж уу гэж бодох үе олон байсан даа.

Ч.ЗОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Жилд 300 гаруй хүүхэд мориноос унаж эмнэлэгт ханддаг

-Олон жил морь унасан хүүхэд үргүйдэх аюултай гэнэ-

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ жил “Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” нэртэй судалгааг унаач хүүхэд, тэдний эцэг эх, уяач, багш, эмнэлгийн ажилтны дунд явуулжээ. Судалгааны тайлан мэдээллийг өчигдөр танилцуулж, холбогдох албаныхны дунд энэхүү судалгааны талаар хэлэлцүүлэг явууллаа.

Хурдан морины өвлийн уралдаан нь унаач хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж, тэдний эрүүл мэнд амь насанд сөргөөр нөлөөлж буй хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болох талаар манай сонин өмнө нь удаа дараа бичиж байсан билээ. Үүний үр дүнд хуулийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, мэргэжлийн холбооны зүгээс эл асуудлыг анхааралдаа авах болсон. Мөн өвлийн цагаар бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлт гэж үзэн өвлийн уралдаанд хязгаарлалт тавих болсон билээ. Гэвч олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор яг хурдан морины унаач хүүхдүүдэд хандсан тусгайлсан эрх зүйн зохицуулалт байдаггүй. Түүнчлэн манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид, 2001 онд Олон улсын хүүхдийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай конвенцид нэгдэн орсон хэдий ч төр засгаас хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас өвөл, хаврын хахирган цагаар хүүхдээр хурдны морь унуулж, тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа жишээнээс харж болно. Мөн энэ чиглэлийн нэгдсэн судалгаа ч өдгөө хүртэл байдаггүй аж.

“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” судалгааны тайлан

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны багийн ажилтнууд энэхүү судалгаагаа хурдан морины уралдаан хамгийн их болдог Төв аймгийн Зуунмод Зүүндэлгэр, ХУД-ийн Өлзийт хороолол, Налайх хот, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгуудийн морь унаач хүүхдүүд, уяач, эцэг эх, эмч, багш нарын дунд явуулжээ.

Судалгаанд 529 хүүхэд, 120 уяач, уяач хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл болж 67 хүн, 15 эмч, эмнэлгийн ажилтан 85 багш нийгмийн ажилтан болон энгийн иргэд оролцсон байна. Үүнээс хурдны морь унаач хүүхдүүдээс авсан судалгаан дээр үндэслэн дараах ьмэдээллийг танилцуулсан юм.

Судалгаагаар хурдны морь унадаг хүүхдүүдийн дийлэнх хувь нь 10-17 насны хүүхэд байдаг бөгөөд 64 хувь нь 10-15 настай аж. Үүнээс 95,6 хувь нь эрэгтэй хүүхэд юм. Тэдний 68.4 хувь нь 5-7 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн хэмээн хариулсан байна. Уралдаан болон бэлтгэлийн үед хаана байдаг вэ гэсэн асуултад дийлэнх нь хамаатан садан болон уяачийндаа байдаг хэмээн хариулсан бол хэний морийг унадаг вэ гэсэн асуултад хамаатан садны болон уяачдынхаа морийг унадаг хэмээн ихэнх хэсэг нь хариулжээ. Судалгаанаас аав, ээж хамаатан садныхаа морийг унаж байгаа хүүхэд цалин, шан харамж авдаггүй бол уяачдын морийг унаж байгаа хүүхдүүд тодорхой хэмжээний мөнгө авдаг гэжээ. Ихэвчлэн төвийн бүсэд хүүхдүүдийг мөнгөөр морь унуулдаг аж.

Харин багш, нийгмийн ажилчдаас авсан судалгаанаас үзэхэд унаач хүүхдүүдийн дийлэнх нь ар гэрийн байдал дунд буюу дундаас доогуур, хүүхдэдээ зориулах анхаарал халамж тааруу айлуудын хүүхдүүд байгаа нь харагдсан байна. Тэдгээр хүүхдүүд сургууль завсардсан тохиолдол бага хэдий ч ихэнх нь хичээлийн хоцрогдолд орж, “С”-ээс доогуур үнэлгээтэй суралцан, үеийнхнээсээ сэтгэхүйгээрээ муу байгаа нь багш нарын өгсөн судалгааны хариултаас ажиглагджээ. Сэтгэлзүйн хувьд уралдаан бэлтгэл сунгааны үеэр хамаатан садан тэр дундаа уяачийндаа байсан хүүхдүүд нь сэтгэлийн дарамттай, өөртөө итгэлгүй, дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй болсон байдаг аж. Харин гэртээ байсан унаач хүүхдүүд нь харьцангуй өөртөө итгэлтэй, морь унадгаараа бахархдаг, өөрийгөө өндрөөр үнэлдэг болохыг сэтгэл судлаачид мэдэгджээ.

Улирлын тухайд судалгаанд хамрагдсан 529 хүүхдээс 299 нь зөвхөн зун уралдах гоё гэсэн хариулт өгчээ. Уралдахад хамгийн хэцүү нь өвөл, хаврын улирал гэж хүүхдүүд хариулсан байна.

Харин хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсдөг үү гэсэн асуултад уралдаан болон бэлтгэл сунгааны аль алинд өмсдөг гэж 178 хүүхэд хариулсан бол, зөвхөн уралдааны үеэр өмсдөг гэж 367 хүүхэд хариулт өгчээ. Уралдаан болон бэлтгэлийн үеэр бэртэж байсан эсэхийг тодруулахад 331 хүүхэд бэртэж байгаагүй гэсэн бол үлдсэн хэсэг нь тодорхой хэмжээнд бэртэл авч байсан ч ялимгүй гэмтэл байсан учраас тэр бүр эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй гэсэн байна. Тэд ихэвчлэн толгой тархиа доргиох, хөл гараа бэртээх, хацраа хайруулах, шалбалах зэрэг бэртэл авдаг аж.

Замын халтиргаа, гулгаа, уралдааны тоосноос зам харагдахгүй байх, нүх рүү мориных нь хөл орох зэрэг шалтгаанаас хүүхдүүд унаж бэртдэг байна.

Эмч нарын өгсөн судалгаанаас зургаагаас наймдугаар сард хамгийн их хүүхэд бэртэж ирсэн гэжээ. Энэ нь тухайн уралдааны цар хүрээнээс болдог байна. Харин иргэдийн дийлэнх хэсэг нь өвөл, хаврын морин уралдаан бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр мөн гэж хариулсан бол хурдан морь унах насны тухайд 7-9 нас хамгийн тохиромжтой гэжээ. Хавар морь уралдуулах нь зохимжгүй гэдэгтэй иргэдийн 71 хувь санал нэгджээ.

“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” судалгаанаас өвөл болон хаврын улиралд хүүхдээр морь унуулах нь олон сөрөг үр дагавартай юм гэдэг нь ийн харагдаж байна.

Судалгааг гаргаад байгаа ч нэгдсэн тайланг хараахан боловсруулж, ажил хэрэг болгоогүй байна гэдгийг албаны хүмүүс онцолж байв.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг иргэд, уяачид хаврын морин уралдааныг үндэсний соёл, ёс уламжлал нэрээр их халхавчилдаг. Гэвч Монгол Улсын Үндэсний архивын газар хадгалагдсан мэдээгээр хавар уралдаан зохион байгуулж байсан уламжлал байгаагүй гэдэг нь харагдаж байна. Иймээс ерөнхий хаврын уралдааныг бүр мөсөн болиулах нь зүйтэй юм гэдгийг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Уламжлалаа үргэлжлүүлэх нь чухал хэдий ч хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр хэрхэн хуульд тусгавал зөв зүйтэй талаар хэлэлцэж байна. Ялангуяа өвөл, хаврын уралдааныг явуулахгүй байх хэрэгтэй гэдэгт УИХ-ын гишүүд болон морь уяач холбооны гишүүд санал нэгтэй байгаа” гэв.

Манай улсын хүүхдийг морь уралдуулах нь тэвчишгүй хөдөлмөр мөн юм гэсэн зүйл заалт байхгүй хэдий ч Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар хүүхдийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталсан байдаг. Энэ нь Монгол Улсад хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хэлбэр гэж хүлээн зөвшөөрч байгаа илрэл хэмээн албаныхан мэдэгдэж байв.

Олон жил морь уралдсанаар хүүхдэд ямар хор хөнөөлтэй талаар Анагаахын шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, дотрын эмч доктор н.Баясгалан ярьсан юм. Тэрбээр “Морь унаснаар механик гэмтлээс гадна, дотор эрхтэн, арьс нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн судалгаа байдаггүй. Хэдий тийм ч бага насандаа уралдааны морь унаж байсан гэх бөөр, давсагны өвчлөлтэй хэд хэдэн хүн хандаж байсан. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай. Ганцхан хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөнөөр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн баталгаа байхгүй” гэж байв.

Хэлэлцүүлгийн үеэр манай оронд унаач хүүхдүүдийн бэртэл, эндэгдэл хэр их байгаа талаар мөн мэдээлэл өгсөн юм. ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр 2012-2014 оны хооронд ойролцоогоор жил бүр хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг аж. Мөн жилд дунджаар 300-320 гаруй хүүхэд мориноос унаж бэртэн, түүнээс 180-220 гаруй хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Бэртэж гэмтсэн хүүхдүүдийн 36-48 нь эрэгтэй хүүхэд бөгөөд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж ч чадахгүй долоо хүртэлх насны балчир хүүхэд 67 байжээ. Ийм балчир хүүхдүүдийг адгуус амьтны нуруун дээр суулгачихаад бэртээж байгаа нь яах аргагүй томчуудын буруу юм. Эдгээр гэмтэж бэртсэн хүүхдүүд нь зөвхөн Төв, Булган зэрэг нийслэл хоттой ойрхон аймгуудаас ирсэн хүүхдүүд болохыг ГССҮТ-ийн эмч нар хэлж байв. Бусад аймаг, сумдад хичнээн тооны хүүхэд ийм шалтгаанаар бэртэж байгаа нь тодорхойгүй аж.

Хэлэлцүүлгийн үеэр нэгдүгээрт хаврын уралдааныг хориглох, уралдааны хүүхдийн насыг дор хаяж 12-оос дээш болгох мөн уралдааны замыг стандартын болгож өгөх нь чухал юм байна гэсэн асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцлээ. Мөн энэхүү судалгаан дээр үндэслэн тодорхой зөвлөмж, тогтоомж гаргах нь нэн даруй шийдэх асуудал мөн гэж байв.

Categories
мэдээ нийгэм

Сүнсний баяр буюу “Halloween”

Америкчууд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ий баярын өдөр юм. “Halloween” буюу сүнсний баярын талаар монголчууд зурагт, ном зохиол, арван жил, их дээд сургуулийн англи хэлний хичээл дээрээсээ ойлголттой болдог байсан бол сүүлийн жилүүдэд хүүхэд, залуусын дунд өргөн цар хүрээнд тэмдэглэх болжээ. “Halloween”-ий баяр ойртож байгаатай холбогдуулан дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Энэхүү баярын үүсэл гарвал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддг байжээ.

Харин VIII зууны үед III Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх хутагтын өдөр” хэмээн тунхаглаж байжээ. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуварга, мяндагтнуудын дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрч байв. Улмаар X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэх нь ч бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон байна.

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна. Харин Шотландад залуу эрчүүд цав цагаан баг зүүгээд бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. “Halloween”-ий баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдгээ болгодог аж. Энэ үеэр Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр үеийн маягаар засан чимэглэж, дээр нь маш олон лаа асааж тавьсан айлуудыг хаанаас ч харж болно. Мөн дэнлүү хийж, чимэглэсэн том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай.

“Halloween”-ий баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийнэ. Дээр нь ундаа, хатуу чихэр, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу болон зөөлөн жигнэмэг гээд л чихэрлэг амттанг ихээр хэрэглэдэг аж.

Энэ өдрийг улс орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хэдэн тоглоом, зан үйл байдаг. Тухайлбал, залуус багт наадмын үдэшлэг зохиож, айл өрх, албан газрууд үүдэн дээрээ засч чимэглэсэн хулуун дэнлүү тавьж, гэр орон, гудам талбайгаа аймшгийн маягаар чимэглэж, нар жаргасны дараа хүүхэд багачууд нийлэн хөршүүдээсээ чихэр гуйж, гэр бүлээрээ аймшгийн кино үзэж өнгөрүүлдэг заншилтай.

“Jack O’Lantern” буюу хулуундэнлүү

Эртнээс уламжилж ирсэн гол уламжлалуудын нэг бол “Jack O’Lantern” буюу хулуун дэнлүүнүүд юм. Хулуун дэнлүүний түүх, уг гарвал нь яг тодорхой бус ч 1660-аад оны үеэс Англид хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Мөн Ирландаас үүссэн гэх нь ч бий.

Анхлан манжингаар хийдэг байсан нь хожим хулуу болж өөрчлөгдсөн байна. Эдгээр хулуун дэнлүү нь буг чөтгөрийн муу илчийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хэдэнтээ хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрбээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ.

“Halloween”-ий баярынбагт наадам

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ. Барууны оддоос Ким Кардашиан, Лэди зэрэг одод жилийн жилд өвөрмөц хувцаслалтаараа шуугиулдаг бол өнгөрсөн 2014 онд супер модель Хэйди Клам эрвээхэйний өмсгөлөөрөө шилдгээр тодорч, залуу дуучин Майли Сайрус хагас нүцгэн хулганын хувцсаараа олны анхаарал татаж байв.

Аймшгийн баяраар өмсдөг хамгийн түгээмэл хувцас нь Франкштэйн, Дракула гэх мэтчилэн америк зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг дуурайлгасан хувцас хэрэглэл аж. Хүүхнүүдийн хувьд эртнээс уламжилж ирсэн гол хувцас нь шүүр унасан шулмасын хувцаслалт бол сүүлийн үед янз бүрийн харь гаригийн амьтан, киноны муу талын баатрууд, муур эмэгтэй, мөн уламжлалт сүнс сүг, зомбины хувцсыг ихээр өмсөх болжээ. Түүнчлэн эр, эм ялгаагүй хүн чоно, цус сорогч, гоблинууд, араг яс, аалз, элдэв дүр төрхтэй мангас, харь гаригийн амьтныг дуурайн хувцасласан хүмүүс дэлхийн улс орон бүрийн сүнсний баяраар харагдах болсон байна. Манайд ч гэсэн сүүлийн жилүүдэд залуусын дунд сүнсний баярын багт наадмыг өргөн дэлгэр хийж, хувцас өмсгөлөөрөө уралдах болсон билээ.

Дашрамд дуулгахад энэ жилийн хамгийн том “Halloween”-ы баярын үдэшлэгийг “MNG Event”-ээс “Tiger” брэндтэй хамтран аравдугаар сарын 30-нд зохион байгуулах гэж байгаа аж. “Dracula” нэртэй энэхүү үдэшлэгийг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд “Halloween”-ий баярын уур амьсгалыг монголчууддаа жинхэнэ утгаар нь мэдрүүлэх гэнэ.

Хуурах уу, дайлах уу

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гээд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр, шулмасын дүрд хувирсан хүүхдүүд гартаа уут бариад хөрш зэргэлдээх айлуудаараа хэснэ. Тэд хаалга онгойнгуут уутныхаа амыг нээж “Trick or treat” буюу “хуурах уу, дайлах уу” гэж хэлдэг. Ингэхэд гэрийн эзэн уутанд нь амттан юм уу, цаасанд боосон чулуу хийнэ. Энэ заншил нь хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдэлтэй ч, одоо үед үүнийг хүүхдүүдийг баярлуулах сайхан завшаан хэмээн үзэх болжээ.

“Halloween” ба мухар сүсэг

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.

Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаална гэж үздэг. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийнх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна.

“Halloween”-ий баярын сонирхолтой тоон баримтаас

* АНУ-ын хүнсний ногоо тариаланчид жил бүр “Halloween”-ий баярт зориулан 680 мянга гаруй тонн хулуу тарьдаг аж.

* АНУ-д “Halloween”-ий баярын урд орой насанд хүрэгчдийн 46 хувь нь хулуу сийлж бэлддэг байна.

* Энэ жилийн байдлаар тус улсад 5-14 насны 41.2 сая хүүхэд “Trick or treat” гэж хэлэн айлын хаалга тогшино.

* Одоогийн байдлаар АНУ-д энэ жилийн баярт зориулан 6.9 тэрбум ам.долларын хувцас, хэрэглэл, чихэрийн худалдан авалт хийжээ.

* Өнгөрсөн оны “Halloween”-ий баярын үеэр аймшгийн кино 255 сая ам.долларын ашиг олжээ.

Categories
мэдээ цаг-үе

Зуун зуунаар мөнхөрч үлдэх “БИТЛЗ” хамтлаг

Хэдэн зуун мянган жилийн өмнөөс амнаас ам дамжин яригдаж хүн бүрийн сэтгэлд үлдэж хоногшсон зүйлийг бид домог гэж ярьдаг. Ингэж дэлхийн зургаан миллиард хүний оюун санаанд үлдэж, жинхэнэ амьд домог болсон Их Британийн нэгдсэн вант улсын “Beatles” хамтлаг, тэдний уран бүтээлийн талаар товчхон дурсъя. Энэ агуу хамтлагийн талаар бичихэд нэг нүүр битгий хэл, нэг бүтэн ном ч багадах билээ.

XX зууны поп хөгжмийн амьд домгийн түүх 1957 онд 16 настай хүү Жонн Леннон болон 14 настай Пол Маккартни нарын танилцаж нөхөрлөснөөс эхлэлтэй. Сонирхол, хобби нэгтэй найзууд удалгүй хамтлагийн гуравдагч гишүүн Жорж Харрисонтой танилцаж поп рок урсгалийн хамтлаг байгуулжээ. Хамтлагийн хамгийн анхны нэр нь “The Quarrymen” байв. Үүний дараа тэд хэд хэдэн удаа нэрээ сольсон. “Long John and Silver Beatles” гэж байснаа бага зэрэг товчилж “The Silver Beatles”, сvvлдээ “The Beatles” болжээ. Түүхэнд үлдэх энэ нэрийг Жон Леннон, Льюиса Кэроллын “Алиса vлгэрийн оронд” гэдэг багынхаа дуртай номноос санаа авч өгсөн байна. “Beat­les” гэдэг үг нь англиар “Beat”-цохилт, “Beetles”-цохнууд гэсэн хоёр vгийн товчлол аж. Нэрэндээ “цохнууд” гэдэг үгийг оруулах болсон нь хамтлагийн гитарчин Жорж Харрисон болон Полл Маккартни нарын гитараа тоглох байдлаас болсон хэрэг. Солгой гартай Полл Маккартни баруун гар талдаа, зөв гартай Жорж Харрисон зүүн гар талдаа зэрэгцэж зогсоод хөгжим тоглоход гитарнуудынх нь хоёр гар цохын эвэр шиг хоёр тийшээ сэрийж харагддаг байсан тул ийн нэрлэсэн гэдэг.

Хэдийгээр 1957 онд хамтлагийн үндэс суурь тавигдсан ч 1960 онд дуучин, гитарчин Жон Леннон, гитарчин Пол Маккартни, гоцлол гитарчин Жорж Харрисон, басс гитарчин Стюарт Сатклифф, бөмбөрчин Пит Бест нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны хамтлаг байгуулагдаж байсан. Гэвч Ливерпүүл хотдоо алдаршаад төд удаагүй байх үед буюу 1961 онд хамтлагийн гишүүн Стюарт Сатклифф, Пит Бест нар бүрэлдэхүүнээс гарч бөмбөрчнөөр Ринго Старр нэмэгдэж, Стюарт Сатклиффийг Пол Маккартни орлон тоглох болжээ. “Битлз” хамтлаг таран тартлаа энэ гишүүнээрээ явсан билээ.

XX зууны хөгжмийн хөгжилд хүчтэй нөлөөлж “Рок хөгжмийн Моцартууд” гэгдэх болсон энэ хамтлагийн нэг ч гишүүн хөгжмийн боловсрол эзэмшээгvй юм. Дээд байтугай анхан шатны боловсрол ч байхгүй. Хөгжим болоод урлагийн талаар “А” үсгийн ч мэдлэггүй хөвгүүд цэвэр мэдрэмж, авьяасаарааа гитар сурч, дуу зохиож эхэлжээ. Энэ vед тэдэнд дуурайгаад сургуулилчих юу ч байгаагүй гэдэг.

“Битлз” хамтлагийг жинхэнэ амжилт руу хөтөлж чадсан хүн бол Брайн Эпстайн гэгч менежер байв. Түүнгүйгээр “Битлз” хамтлаг хөгжмийн олимпийн оргилд хүрч чадахгүй байсан гэдэг. 1961 онд Брайн Эпстайны хөгжмийн дэлгvvрээс худалдан авагчид “Битлз” гэдэг vл мэдэгдэх хамтлагийн “Му Bonnie” пянзыг олонтаа асуусан гэдэг. Брайн ч пянзны эзэд болох хамтлагийг хайж, лавлах эргvvлсээр ойролцоох нэгэн клубт “Битлз” гэдэг хамтлага тоглодгийг мэджээ. Сонирхолдоо хөтлөгдөж ирсэн тэр ганцхан минутын дотор “Cavern” клубт сэтгэл татагдсан гэдэг. Клубын уур амьсгал, “Битлз”- ийн цогтой дуунуудад цочирдсон Эпстайн, энэ хамтлагийн ирээдvйг цогцлоохоор шийдсэн байна.

“Битлз” хамтлагийн жинхэнэ амжилт, уртаас урт алдрын жагсаалт 1962 оны арваннэгдүгээр сарын 26-нд бичүүлсэн “Please please me” дуунаас эхлэлтэй. Энэ нь тэдний хоёр дахь сингл байв. Энэхүү дуу тухайн жилдээ Их Британийн албан ёсны хит парадад хоёрдугаар байр эзэлж, NME жагсаалтад нэгдүгээр байрт жагсч байжээ. Үүнээс хойш гурван сарын дараа тэд анхныхаа цомгийг хэвлүүлж амжилтын эхлэл болсон “Please please me” дуугаараа цомгоо овоглож байжээ.

Тус цомгийн дараа амжилт, алдар нэр үргэлж дагалдах болж, уртаас урт цол, шагналын гуншин үргэлжилнэ. Тэдний зөвхөн нэгдүгээр байранд жагсч, тэргүүлж байсан сингл, альбомууд нь 40 хол давна. Нэгдсэн вант улсын түүхэнд гэлтгүй хөгжлөөрөө тэргүүлэгч ихэнх орнуудад тэд энэхүү амжилтаа баталж, хөгжмийн ертөнц дэх хаанчлалаа тогтоож чадсан юм. Их Британийн хөгжмийн “EMI” компани 1985 оны нэгэн мэдэгдэлдээ “Битлз” хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон хуурцгийг зарсан гэж байв. Дэлхийн нийт хүн амын зургаан хүн тутмын нэгд хуурцгаа түгээж чадах ийм агуу хамтлаг, дуучин ховорхон биз ээ.

Гайхамшигт “Битлз” хамтлаг үүсгэн байгуулагдсанаасаа арван жилийн дараа буюу 1970 онд тарсан билээ. Тэдний хамгийн сүүлчийн цомог бол алдарт дуугаар нэрлэгдсэн ” Let It Be” цомог юм. Хамтлагийн гишүүд тарснаасаа хойш ч хувь, хувийн уран бүтээлээ туурвиж амжилттай ажилласаар байсан.

Тэдний амжилт, хөгжмийн урлаг дахь нэр нөлөө одоо ч хуучраагүй нь энэ хамтлагийг амьд домог гэдгийг батална.

Тухайлбал, 2004 онд Роулинг Стоун сэтгүүлээс гаргасан “Бүх цаг үеийн шилдэг 100 Хамтлаг” жагсаалтад нэгдүгээр байрт жагссан бол, 2013 онд “Billboard”-ийн түүхэн дэх 100 шилдэг уран бүтээлчийг тодруулахад мөн л нэгдүгээр байрт жагссан юм.

“Битлз” хамтлагийн нэрийн хуудас болсон, хамтлагаасаа дутуугүй нэр хүнд олсон хоёр уран бүтээлийнх нь орчуулгыг хүргэж байна.

“Битлз” хамтлагийн хамгийн сүүлчин ” Let It Be” цомог 1970 оны тавдугаар сарын 8-нд Их Британид гарсан юм. Мөн оны тавдугаар сарын 13-нд Америкийн нэрт продюсер “Фил Спекторын бvтээсэн Let it be” кино Нью-Йоркийн дэлгэцнээ гарч эхлэхэд “Битлз” хамтлаг хэдийнэ тарчихсан байлаа.

“Ийм л байдаг”

Хүнд хэцүү цагт өөрийгөө олоход

Хүндэт Мэри эх над дээр ирээд

“Хорвоо ийм л байдаг” гэж мэргэн үгээр итгэл хайрлана

Хар дарсан зүүд шиг үед ч

Хажууд минь тэр ирж зогсоод

“Болох л юм болж байна” гэж тэвчээр хайрлана

Ийм л байдаг, ийм л байдаг, ийм л байдаг юм

Амьдрал ийм л байдаг юм гэж ухаан хайрлана

Зүрх нь эмтэрсэн хүмүүс гудмаар нэг холхивч

Сэтгэлээ нэгтгэж чадвал хариулт нь олдоно оо “ийм л байдаг юм, ийм л байдаг юм”

Салсан бүхэн уулзах л болно, заавал уулзана

Санаагаар болдоггүй хорвоо доо гэж гэмшил хайрлана

Ийм л байдаг, ийм л байдаг, ийм л байдаг юм

Өө, амьдрал ийм л байдаг юм гэж ухаарал хайрлана

Үүл нөмөрсөн харанхуй шөнө ирлээ ч

Үүрийн гэгээ гийнэ

Өдөржин нар мандана

Үнэний жамтай хорвоо ийм л байдаг юм гэж урам хайрлана

Өө, амьдрал ийм л байдаг юм гэж ухаарал хайрлана

“Yesterday” дуу 1965 оны есдүгээр сард төрсөн юм. Энэ дуу Их Британи болон Америкийн шилдэг дууны жагсаалтад гурван сарын турш тэргүүлж байв. Энэ дууны 2200 гаруй ковер байдаг. “Битлз” хамтлагийн “Yesterday” буюу “Өчигдөр” дууг Монголын “Битлз”-ийн фэн клубын гишүүн, продюсер Ж.Буд-Эрдэнийн орчуулснаар хүргэж байна.

Өчигдөр

Өчигдөр зовлон жаргалаа ухаарсангүй

Өчигдар чамтай анх учирснаа би

Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ

Бүсгүй чиний ариухан сэтгэлд чинь уярчээ

Дурлалын үгээ

Дурлалын үгээ чамд хэлюү гээд

Би өчигдөр хэлж амжсангүй ээ

Яагаад чи намайг үүрд орхиод явсан юм бэ

Хайрт минь, өчигдөр чи бидэнд эргэж ирэхгүй ээ

Амьдрал минь өчигдөрхөн аз жаргалтай байж

Өчигдөр чамтай анх учирснаа би

Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ

Categories
мэдээ цаг-үе

​Өвөрмөц шийдэлтэй “Blue sky”

Энэ удаагийн бүтээн байгуулалт буландаа бид “Blue Sky” буюу “Хөх Тэнгэр Цамхаг”-ийг онцоллоо. Тэнгэрийг бэлгэдсэн нэртэй, тэнгэр адил өнгөтэй энэхүү барилгыг нийслэл хотод үзээгүй, хараагүй хүн үгүй биз. Энэ аварга барилгаараа нийслэл хотынхоо өнгө төрхийг чимж, улс орондоо том хөрөнгө оруулалт хийсэн гавьяатнууд бол “Чоно групп”-ийнхэн юм. Тэд зүгээр ч нэг өндөр барилга бус өмнө нь баригдаж байгаагүй өвөрмөц архитектуртай, дэлхийн хөгжилтэй орнуудын жишигт нийцсэн Монгол Улсын хамгийн өндөр барилга барихаар зорьсон нь биеллээ амжилттай олсон билээ. Бүтээн байгуулагчид хамгийн өндөр барилгад хамгийн гоё үзэмжийг шингээхийн тулд гадаад, дотоодын олон архитекторчдоос санал авч, улмаар БНСУ-ын архитектурын “A Групп” компаниар цогцолборынхоо зураг төслийг гаргуулсан байна. Барилгын ажлыг 2006 оны долдугаар сараас эхлүүлж 2010 онд ашиглалтад оруулж байв.

Ашиглалтад орсон даруйдаа мөн оныхоо есдүгээр сард АНУ-ын “Council on High Buildings and Urban Habitat” буюу “Өндөр барилга, хот төлөвлөлтийн зөвлөл” хүрээлэнгийн “Дэлхийн улс орнуудын хамгийн өндөр барилгууд”-ын жагсаалтад Монгол Улсаа төлөөлөн орж олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байсан түүхтэй. Үүнээс хойш өдгөө таван жил өнгөрсөн хэдий ч энэ нэр хүндээ алдалгүй, хамгийн өвөрмөц шийдэлтэй, өндөр барилгын жагсаалтад тэргүүлсээр байна. Нэртэйгээ адил мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн өнгөтэй “Blue Sky” цогцолбор нь нийтдээ 105 метр өндөр, 25 давхартай. Гаднах фасад нь нэлэнхүйдээ шилээр бүрхэгдсэн энэхүү барилгын хамгийн дээд давхарт шөнийн одод бариад авмаар ойрхон харагддаг гэлцдэг. Дээд давхарт нь гарах хүсэлтэй хүмүүс ч олон байдаг биз. Хэлбэрээс нь үндэслэн манайхан “Blue Sky” цогцолборыг заазууран барилга, хуушууран, сэлмэн, цүдгэр гэх зэргээр янз бүрээр хошигнон нэрлэдэг.

Дарвуулт усан онгоцны хэлбэр бүхий “Blue Sky” цогцолборын архитектурын шийдэлд үндэсний хэв шинж болоод олон улсын онцлогийг нэг дор цогцлоож өгснөөрөө онцлог аж. Төв хаалгаар нь ороход монгол гэрийн баганыг санагдуулам хоёр багана бүхий цэлгэр танхим угтан авна.

“Blue Sky” ЦОГЦОЛБОРЫН ДОТОР ЮУ, ЮУ БАЙДАГ ВЭ?

Тус барилга нь зочид буудал, орон сууц, оффисын зориулалтаар баригдсан бөгөөд хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

•Дээд зэрэглэлийн зочид буудлууд

“Blue Sky” цогцолбор нь дотроо хамгийн орчин үеийн интерьер дизайны засал тохижилттой таван одтой зочид буудлын 200 гаруй өрөөтэй. Зочид буудал нь барилгын 9-18 давхрыг бүхэлд нь эзэлнэ. Өрөөнүүд нь дотроо хамгийн дээд зэрэглэлийн буюу ерөнхийлөгчийн гэх тодотголтой “Presidential suite” өрөө нэг, “Blue sky suite” өрөө найм, “Mountain suite” өрөө гурав, “Plaza suite” өрөө долоо, “Urban suite” өрөө 14, “Sky corner deluxe” өрөө 16 “Sky deluxe K” өрөө 17 “Sky deluxe F” өрөө найм, хамгийн энгийн буюу “Sky superior F” өрөө 72 байдаг. Өрөө болгон өргөн тухлаг ор, 32-42 инчийн LCD зурагт болоод сүүлийн үеийн загварын тавилгуудаар иж бүрэн тохижсон.

Энд зочдын тав тухыг дээд зэргээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд VIP зочдод экспресс үйлчилгээ үзүүлэх “Executive Club Lounge”-тай юм. Манайд гадны улс төр, урлаг спортын томоохон зочдоо энэ л зочид буудалд байрлуулдаг заншил аль хэдийнэ тогтоод байгаа билээ.

Зочид буудлын хамгийн энгийн өрөөний үнэ нь хоногийн 300 мянган төгрөг ажээ.

•Пентхаус орон сууцнууд

Цамхгийн 19-23 дугаар давхрыг тансаг зэрэглэлийн пентхаус орон сууцнууд эзэлнэ. Эдгээр нь зөвхөн дэлхийд ховор, өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг мэдрэх цөөн тооны хүмүүст зориулагдсан. Шалнаас тааз хүрэх өргөн уудам цонх, гайхалтай сайн зохион байгуулалт, хээнцэр тансаг дотоод засал тохижилтоос гадна орон сууцны оршин суугчид “Blue Sky” цогцолборт явуулж буй бүхий л үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй. Эдгээр давхрууд руу гадны хүн битгий хэл доторхи ажилчид ч орж болдоггүй гэсэн. Пентхаусын дотоод заслын тухайд бүх айлын гал тогоо нь брэндийн дарсны хөргөгч, аяга таваг угаагч, хөргөгч, плитка, утаа шүүгчээр тоноглогдсон. Тансаг жакуззи ванн бүхий том угаалгын өрөө, том хувцасны өрөөтэйгөөс гадна камин зуух болон уурын саунтай. Мэдээж орчин үеийн автомат гэрийн удирдлагын системтэй гээд тоочоод барамгүй олон давуу талтай ажээ.

•Тансаг зоогийн газар, брэндийн дэлгүүрүүд

“Blue Sky” цамхгийн 1-4 дүгээр давхарт дэлгүүр, ресторан, фитнес клуб, саун гээд бүхэлдээ үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээр давхарт нийт 730 метр ам дөрвөлжин талбайд үнэтэй брэндийн дэлгүүрүүд, хоёрдугаар давхарт баар, ресторан, зоогийн газрууд нэг дор байрлана. Бүр тодруулбал, ази, европ хоолны ресторанууд тэр дундаа “All Day Dining Restaurant” болон хятад, япон үндэсний тансаг зэрэглэлийн зоогийн газрууд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр зоогийн газрууд нь өргөн уудам танхимтайгаас гадна тусгай зочдод зориулсан VIP танхимуудтай.

•Цэлгэр уудам хурлын танхим

Тус байгууллагын гуравдугаар давхарт хурлын болон хүлээн авалтын танхимууд байрлана. Хурлын их танхимдаа 240 хүн зэрэг хүлээн авах боломжтой бөгөөд албаны хурал цуглаан, хүлээн авалт, гэр бүлийн хурим найр, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний нээлт гээд бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлж болдгоороо давуу юм. Их танхимаас гадна тус бүр 14-20 хүн зэрэг хүлээн авах боломжтой гурван жижиг танхим байна. Эдгээр нь мөн л бүх төрлийн төнөг төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажээ.

•Бусад үйлчилгээ

“Blue Sky” цогцолбор дотор мөн өвөрмөц архитектур, дизайнтай тансаг зэрэглэлийн “Lobby Lounge”,” Blue Sky lounge”, нэг дор 1000 гаруй хүн хүлээн авах боломжтой “Vegas” шөнийн клуб, спа, саун, жакуззи, фитнес заал, 20 метр урт зургаан метр өргөнтэй усан сан гээд маш олон төрлийн үйлчилгээний газруудтай.

Хамгийн доод талын В2, давхарт тус байгууллагын бүхий л сантехник, цахилгааны сүлжээ байрлах ажээ. Өнөөх нийслэлийнхний яриад байдаг хонгилын системийн жижигрүүлсэн хувилбар. Харин В1 давхарт цамхгийн бүхий л ахуйн үйлчилгээний газрууд байрлаж байгаа аж. “Vegas” шөнийн клубээс эхлээд буудлын цагаан хэрэглэлийг угааж, индүүдэх цех, хоол ундыг бэлтгэх гал тогоо гээд л.

“Blue Sky” ЦОГЦОЛБОРЫГ ЯМАР МАТЕРИАЛААР ХЭРХЭН БАРЬСАН БЭ?

Энэхүү аварга цогцолбор барилгын 1-25 давхар хүртэлх талбайн нийт хэмжээ 40 мянган метр ам дөрвөлжин. Өндөр, сүрлэг барилга бүтээхэд хамгийн чанартай материал, технологийн шилдэг шийдлүүдийг ашиглахаас өөр аргагүй байдаг. “Чоно групп”-ийн инженерүүд дэлхийн өндөр барилгуудад ашиглагдаж байгаа технологи болон барилгын материалуудыг судалсны үндсэн дээр SRC, RC хэмээх ган карказ болон ган төмөр бетонон угсралт хослуулах аргыг сонгожээ. Барилгыг галаас хамгаалах Excoat CF систем, агааржуулалтын халаах, хөргөх төхөөрөмж суурилуулсан аж. Эдгээр технологийг Монголд анх удаа хэрэглэсэн гэдгээрээ тэд бахархдаг.

“Blue Sky”-ийн ганжуулсан шилэн фасадыг АНУ-ын барилгын материал туршилтын холбооны гишүүн байгууллага “Architectural Testing Asia” компани хагачиж, хэмхлэх гэж үзжээ. Салхины даралт болон цохилт, агаар нэвтрэлт, дулаан алдалт зэргийг нь нарийвчлан хэмжихэд уг шил 35 м/сек хурдтай салхины цохилтыг өлхөн тэсвэрлэж байжээ. Ийм агуу сүрлэг цамхгийг “Чоно групп”-ийнхэн бүтээн байгуулсан юм.

Categories
мэдээ цаг-үе

“Ирээдүй рүү аялсан нь” кинонд мөнхлөгдсөн өдөр

Америкийн нэрт найруулагч Стивен Спилберг болон Роберт Земекис нарын найруулсан “Back to the Future буюу “Ирээдүй рүү аялсан нь” гэх уран сайхны киног үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Гэр бүлийн, зөгнөлт, адал явдалт болон инээдмийн гээд аль аль жанрт багтах уг киноны нэгдүгээр ангийг 1985 онд хийсэн бөгөөд тухайн үедээ кино шүүмжлэгчид, үзэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээ авч байсан гэдэг. Гучин жилийн өмнө бүтээгдсэн хэдий ч ирээдүй рүү аялагчдын үнэ цэн өдгөө ч хуучраагүй хэвээр үзэгчдийн хамгийн дуртай кинонуудын жагсаалтад багтсаар байна. Энэхүү киноны хоёрдугаар ангийг 1989 онд гаргасан бол 1990 онд гуравдугаар ангийг хийж үзэгчдийн хүртээл болгосон юм.

Алдартай киноны гол дүрүүдэд Майкл Джей Фокс, Кристофер Ллойд нар тоглосон юм. Киноны нэгдүгээр ангид залуу хүү Мартин Макфлай хөгшин найз доктор Брауны цаг хугацааны машинд санамсаргүй сууж 1985 оноос 1955 он буюу өнгөрсөн үе рүү буцсанаар эхэлдэг. Тэрбээр эцэг эхийгээ өсвөр насны охид, хөвгүүд байх үед ирнэ. Аавыг нь санамсаргүй машинаар мөргөж танилцан, түүнд дурлаж өөрийг нь төрүүлэх ёстой байсан ээж нь ирээдүйн хүүтэйгээ түрүүлж танилцан дурласнаар киноны адал явдал цааш үргэлжилдэг билээ.

Харин хоёрдугаар ангид цаг хугацаагаар аялагч хөгшин, залуу хоёр найз 1955 оноос техник технологи өндөр хөгжсөн ирээдүй рүү буюу 2015 оны аравдугаар сарын 21-ний өдөр рүү ирдэг. “Ирээдүй рүү аялсан нь” кинонд тэмдэглэн мөнхлөн үлдээсэн энэ өдөр өнөөдөр болж байгаа юм.

Нэрт найруулагч Стивен Спилберг болон Роберт Земекис нар 2015 оныг тухайн үедээ хэрхэн төсөөлж, зөгнөн бичиж найруулсныг эргэн нэг дурсацгаая. “Ирээдүй рүү аялсан нь” кинон дээрх 2015 он бодит байдал дээр өнөөгийн цаг үе, нийгэмтэй хэрхэн нийцэж, тохирч байна вэ?

Тус киноны хоёрдугаар ангид өсвөр насны хөвгүүнээс залуу эр болсон Мартин Макфлай болон түүний найз охиныг галзуу доктор Эммет Браун цаг хугацааны машинаараа дагуулан ирээдүй рүү очдог. Энэ удаад тэд хөгширсөн Мартин болон түүний гэр бүлийнхнийг аврахаар ирнэ. Гэвч дунд сургуульд байхаасаа Макфлайд дургүйлхэн гадуурхдаг байсан дээрэнгүй Бифф Таннен хөгширсөн хэдий ч залуу Макфлайг таньж түүнийг яагаад 60 жилийн өмнөх шигээ залуу болсон учрыг олохоор мөрдөж эхэлдэг. Үүний учир нь цаг хугацааны машинд байгааг Бифф ойлгож мэдээд уг машиныг хулгайлж өнгөрсөн үе рүү очино. Ингэснээр үйл явдал цааш өрнөдөг билээ.

Кинон дээр 2015 онд ирсэн Мартин Макфлай болон түүний найзууд жинхэнэ “соёлын шок”-нд ордог. Тэднийг ирээдүйд ирэхэд автозам үгүй болж бүх машинууд тэнгэрээр сүлжилдэн ниснэ. Хүмүүс нь сансрын нисгэгч юм уу жидайн баатрууд шиг сонин хувцас өмссөн байх бөгөөд янз бүрийн бэлдмэлийн хүчээр супер хүчтэй болсон байна. Гэр орон, ахуйн хэрэглэлүүд нь бүхэлдээ автоматжуулсан байх бөгөөд хаалгаа онгойлгох, хог соруулах, зурагт, гэрэл асааж унтраах, хувцас угаах тэр битгий хэл нохойгоо ч хөтөлж салхилуулах шаардлагагүй болсон байдаг. “Ирээдүй рүү аялсан нь” кинонд зөгнөснөөр нохойнд тань зүүсэн автомат хүзүүвч агаарт хөөрөн явж нохойг чинь салхилуулах болно. Хоол хүнс хүртэл өөрч­лөгдөж аяга шиг жижигхэн пиццаг халаагчид хийхэд энгийн том пицца болон гарч ирнэ.

Ямар ч хүн өмссөн таардаг, өөрийгөө хатаадаг өмд, цамц, өөрөө үдэгддэг гутал, дэлгэцэн дээр зам заадаг шил, малгай гээд бүх хувцас ухаалаг болно хэмээн “Ирээдүй рүү аялсан нь” киноны зохиолч, найруулагчид төсөөлөн бичиж байжээ. Түүнчлэн алхаж явах ч шаардлагагүй болж агаар дээр хөөрдөг скэйбоардаар залуус нь зугаалж байх аж. Энэ мэтчилэн Стивен Спилберг болон Роберт Земекис нарын уран төсөөллөөр 2015 оны аравдугаар сарын 21 гэхэд хүмүүсийн хэрэглэж буй бүхий л эд зүйлс, хувцас хэрэглэл, хоол хүнс ухаалаг, технологижсон болсон байх юм.

Өнөөдрийн нийгэмд “Ирээдүй рүү аялсан нь” кинонд гардаг шиг нийтээрээ нисдэг машин унадаг, бүрэн технологижсон байшинд амьдрах хараахан болоогүй байна. Гэвч ийм нийгэм тун удахгүй ирэхийг асар хурдацтай өөрчлөгдөж буй техник технологийн хөгжлөөс харж болно. Тус кинон дээр гардаг шиг эд зүйлсийг бүгдийг нь хийх боломжтойг эрдэмтэд, зохион бүтээгчид аль хэдийнэ баталчихсан. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад янз бүрийн ухаалаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаа билээ.

Тухайлбал, саяхан л гэхэд Японд ямар ч хүний хөлд таардаг гутал, хамгийн жижиг тээврийн хэрэгсэл болох “walk car“ буюу явдаг хавтан хийж танилцуулж байсан. Энэхүү хавтан нь “Ирээдүй рүү буцсан нь” кинон дээр гардаг нисдэг скэйбоардтай бараг адил гэж хэлж болно. Мөн “Apple”, “Samsung” тэргүүтэй олон улсын томоохон компани, корпорациуд янз бүрийн чадамжтай, хүний ажлыг хөнгөвчилсөн ухаалаг утас, цаг, таблет зэргээ танилцуулсан бол хүний биеийн халуун хэмжиж, сахарын хэмжээ, физиологийн онцлогийг тодорхойлдог ухаалаг ор, нисдэг машин, жолоочгүй онгоц болон машин, хүн шиг сэтгэл хөдлөлтэй роботууд, ургамал, ногоог автоматаар ургуулдаг кабин гэх зэргээр тоолж барамгүй олон шинэ технологийн бүтээлүүд гарч байгаа.

Мөн ирээдүйд анагаах ухааны салбар нано­технологи, биотехнологийн хүчээр илүү хөгжиж хүмүүс хөгширдөггүй болно гэж яригдах болжээ. Эдгээр шинэ төхөөрөмжүүдийг цөөн ширхгээр үйлдвэрлэж, үнэтэй худалдаалж байгаа учраас нийтийн хүртээл болж чаддаггүй гэж ярьдаг. Гэхдээ зөгнөлт кинон дээр гардаг шиг агаараар нь машин сүлжилдсэн, робот хүн хоёр хамтран ажилласан нийгэм удахгүй ирэх нь цаг хугацааны л асуудал билээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Балхжав: Монгол яруу найрагч, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо дуулах гэдэг өөр

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд
2015” тайлан
тоглолт ирэх 22
24ний өдрүүдэд “UB palace”ийн концертийн
их танхимд болно. Энэ талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр хөгжмийн
зохиолчтой ярилцлага хийлээ.

-Та “Миний дуунууд” тоглолтоо
17 дахь жилдээ үзэгч, сонсогч түмэндээ хүргэх гэж байна. Энэ оны тоглолт юугаараа
онцлог байх вэ?

-Жил жилийн тоглолт бүр онцлогтой.
Энэ жилийн хувьд “Ахмадын Золбоо”, “Харанга”, “Хурд” тэргүүтэй амьд хөгжмийн хамтлагууд
түлхүү оролцож байна. Дээрээс нь ОХУ-ын Буриадаас Чингис Раднаев, урд хөршөөс Б.Цэцэгмаа
гээд хоёр том дуучин төлөөлөл болон оролцож байгаагаараа онцлог юм уу даа.

-Энэ тоглолтод хамтлаг дуучид зөвхөн
таны дуунуудыг дуулдгаараа онцлог байдаг. Чингис Раднаев, Б.Цэцэгмаа хоёр ямар дуунуудыг
тань дуулах бол?

-Б.Цэцэгмаа маань урд нь “Зүүдэнд
ирсэн хонгорхон ижий”, “Талын монгол айл”, “Монгол эх орон” гээд дуунууд дуулж байсан.
Харин энэ жил “Хатан тэнгэр ижий” гээд цоо шинэ уран бүтээлийг маань дуулж хүргэнэ.
Чингис Раднаев “Улаанбаатарын дагина” гээд шинэ дуугаараа оролцох гэж байна.

-“Сэтгэлийн хөг” нэртэй анхны уран
бүтээлийн тайлан тоглолт тань өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл болсон гэлээ.
Анхны тоглолтынхоо талаар дурсаач?

-Миний хамгийн анхны дуу 1977 онд
зохиосон “Амин нутаг” дуу байгаа юм. Уран бүтээлээ туурвиж эхэлсэн анхны он жилүүд
бол хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байсан тэр үе. Тэрнээс хойш 20 гаруй жилийн
турш уран бүтээлээ хийж, нөөцөлж яваад найз нөхөд, дүү нарынхаа санаачилгаар
1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.
Маш олон хүний сэтгэлийн хөг орсон сайхан тоглолт болж байв. Өнөөдрийн олон гавьяатууд,
төрийн соёрхолтууд тэр үед бүгдээрээ уран бүтээлээ дөнгөж эхэлж байгаа залуус байсан.
Мөн тэр үеийн Монголын сор болсон уран бүтээлчид анхны тоглолтод орж байснаас зарим
нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тухайлбал, манай нэрт хөтлөгч, сэтгүүлч,
найруулагч, дуучин агсан Б.Бадрууган, Болгарт дөнгөж сургууль төгсч ирчихээд уран
бүтээлээ хийж байсан нэрт рок попын дуучин агсан Эрдэнэцэцэг оролцож байлаа. Одоо
ч эдгээр алдартнуудын уран бүтээл ард түмний сэтгэлд эгшиглэж байгаа.

-Тухайн үед хичнээн дуучин оролцож
байсан нь өнөөдөр хэд болтлоо өсөөд байна?

-“Сэтгэлийн хөг” тоглолтод оролцож
байсан дуучид, хамтлагуудыг би тодоос тод санаж байна. МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ
Т.Ариунаа, МУГЖ Сарантуяа, “Камертон”, “Хурд”, “Чингис хаан” гээд тэр үеийнхээ бүхий
л шилдэг хамтлаг дуучид оролцож байсан. Эд нар маань өнөөдөр ч оролцож байна. Миний
тоглолтод 17 жил тасралтгүй оролцож, би эд нарынхаа хүчээр өдий зэрэгтэй явж уран
бүтээлээ туурвиж байна.

-Хэзээнээс “My songs” буюу “Миний
дуунууд” гэж нэрлэх болов. Яагаад ингэж нэрлэх болов?

-2008 оноос “My songs” гэж нэрлээд
явчихсан юм. Өмнө нь “Сэтгэлийн хөг”, “Цагаан шөнө”, “Best and New” гэх маягаар
жил бүрийнхээ онцлогийг тусгасан нэрээр нэрлэж байсан. Жил бүр олон шинэ дуу нэмэгдээд
ирэхээр ерөөсөө оноороо нэрлээд явчихъя гэж шийдсэн. Нэгэнт 1999 оноос хойш
2007 он хүртэл тогтмол тоглоод явчихсан, цаашдаа ч үргэлжлэх нь ойлгомжтой байсан.
Оноороо нэрлэснээр нөгөө талаар жил бүр шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэх, гаргах
том хариуцлагыг шаардаж байгаа юм.

-Энэ жилийн тоглолтод зориулж хичнээн
шинэ уран бүтээл хийгээд байна?

-Тоглолтын бараг 50-60 хувь нь шинэ
уран бүтээл.

-Сая Жи энтертайментын продюссер
Д.Ганболд “Энэ хүн 17 жил тоглолтоо хийхдээ нэг ч удаа өөрөө үзэгчдийн танхимаас
үзэж байгаагүй нь хамгийн бахархалтай хэдий ч харамсалтай хэрэг юм” гэж хэллээ.
Таны хувьд өөрөө өмнө нь суугаад үзэх юмсан гэх хүсэл хэр төрж байв?

-Миний тэвчээр хүрэхгүй босч харайгаад,
хүмүүсийн дургүйг хүргэх байх. /инээв/ Түүний оронд хөшигний ард уран бүтээлчидтэйгээ
хамтдаа цэнэглэгдээд нэг агаараар амьсгалж байсан нь дээр. Бүгдээрээ л уран бүтээлээ
тайлагнаж байгаа юм чинь өөрөө үзэгч болж гол дүрд нь тоглоод яахав.

-Мөн зөвхөн таны дуугаар хийж буй
“Му voice” гээд шоу нэвтрүүлэг гарч байна. Энэ нэвтрүүлгийг яагаад хийх болов?

-Энэ нэвтрүүлгийг 2004 онд анх
“Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, 2007 онд “New star” нэртэй зохион байгуулж байсан.
Тэр уламжлалаараа зохион байгуулж байгаа. Онцлог нь “Му voice” нэрээр гурав дахиа
зохион байгуулж байна. Уран бүтээлийн сан хөмрөг мэдээж 2004, 2007 оноос өнөөдрийг
хүртэл нэмэгдсэн.

-Энэ жилийн хувьд хичнээн хүн бүртгүүлж,
оролцоод байна. Тэдгээрээс хэд нь хоёрдугаар шатанд үлдээд байна вэ?

-300 гаруй залуус оролцсоноос хоёрдугаар
шатанд 130 хүүхэд үлдсэн байгаа.

-Нэвтрүүлгийг үзэж байхад тэр болгон
олны хүртээл болж танигдаагүй дуунууд их гарч байна. Та ер нь урын сандаа нийт хэчнээн
бүтээлтэй вэ?

-Давхардсан тоогоор зөвхөн дууны
ая нь 800 гараад явчихдаг юм. Дээрээс нь аяз, киноны хөгжим, морин хуурын чуулгатай
хамтарсан уран бүтээлүүд, симфони, хөгжмийн номеруудтайгаа мянга дөхчих байхаа.
Мэдээж дуу болгон бүгд аманд орохгүй. Шилдэг гэсэн 240 дуугаараа “Миний дуунууд”
нэртэй дууны үгтэй, ноттой ном гаргасан. Цаашид цуврал болгох зорилготой.

-“Му voice” тэмцээний ялагчийг ямар
ирээдүй хүлээж байгаа бол?

-Дууны тэмцээн учраас ялагчийг дууны
эрдэмд суралцуулж, нэртэй сайн дуучин болгох ирээдүй л хүлээж байгаа. Шүүгч нартаа
их баярлаж байгаа. Н.Ганхуяг, Ч.Ичинхорлоо, Б.Чинбат гээд Монголын орчин үеийн хөгжмийн
урлагийг нуруун дээрээ авч явж байгаа, телевизийн урлагийн нүүр царай болсон хүмүүс
шүүж байгаа учраас жинхэнэ авьяастныг тодруулж чадна гэж бодож байна. Шалгарсан
хүүхдийг “World Korea” групп Солонгосын Соёлын дээд сургуулийнхаа дуулаачийн ангид
үнэ төлбөргүй гурван жил байр, хоолтой нь дааж сургана.

-”Universe best songs”-ийн ялагч,
“My voice” хоёрын ялагч юугаараа ялгаатай байх бол?

-“Му voice” анх зохиогдохдоо л Балхжавын
уран бүтээлийн сангаас хийнэ гэснээрээ уламжлал болоод явж байна. Би үүндээ харамсдаггүй.
Миний уран бүтээлийн 50-60 хувь нь эх орны сэдэвтэй дуу байдаг. Хэрвээ монголынхоо
гайхалтай яруу найрагчдын зохиосон эх орноо бахдан дуулсан шүлгийг миний аялгуугаар
амилуулснаар дуулах юм бол нэг ч гэсэн залуу эх оронч сэтгэлгээгээр хүмүүжиж, эх
орноороо бахархах сэтгэл төрөх болов уу. Ингэж байвал энэ уралдааны үр дүн юм. Гадаад
дууг сайхан дуулна гэдэг бол даяаршсан ертөнцөд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж
байна гэсэн үг. Монголынхоо яруу найрагчийн, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо
дуулна гэдэг бол цаанаасаа өөр л дөө.

-“Universe best songs” олон жил
дараалж, өдөр болгон цацагдаад ирэхээр үзэгчид цөөрч эхэлсэн. Харин “Мy voice” шоу
нэвтрүүлгийг үзэгчдийг уйдаахгүй шинэлэг түвшинд гаргахын тулд ямар арга хэмжээ
авсан бэ. “Авьяаслаг монголчууд” шоунаас санаа авсан байна гэх хүн ч байна?

-Телевизийн олон гоё нэвтрүүлэг
өөр өөрийн хувь заяагаар төрөөд л явдаг. Энэ тэмцээн маань анхны удаа зохиогдсон
бол янз янзын яриа гарч магадгүй. Бүр 2003 оноос санаачлаад гарчихсан учраас эргээд
өмнөх нэвтрүүлгээ үзэх юм бол яг л энэ маягаар явж байгаа. Ингэж л хийдэг байсан.
Тэгэхээр бүх телевизийн контент брэндүүд өөр өөрийн хувь заяатай, өөр өөрийн сэтгэлгээрээр
явж байгаа.

-Тэмцээний явцад таны сонирхлыг
илт татсан, өөд нь татаад явчих юмсан гэсэн оролцогч гарч ирэв үү?

-Улсын наадамд түрүүлчихсэн морийг
Их хурдад яах бол гэх сонирхол үзэгчдэд байдаг. “Universe best songs”-ийн гран при
авчихсан Билгүүн гээд хүүхэд оролцож байна, шилдэг 25-д орсон хүүхдүүд эргээд уралдаж
байна. Мэдээж үнэхээр хурдтай бол ямар ч наадамд ороод түрүүлдэг, аман хүзүүддэг
чадвартай л байх ёстой. Анх удаа оролцож байгаа, өмнө нь ороод ялж байсан хүүхэд
хоёрын дунд их зай байгаа ч гэсэн зохиогчийн хувьд бүх хүүхдийг дуулахад нь сэтгэл
хөдлөөд, баярлаад, доголон нулимстай харж сууна.

-Дуу уушиг эрүүл болгож, хоолой
чангалж, зүрхний цохилтыг хэвийн байлгадаг гэх мэт олон сайн талтай гэж хурлын үеэр
сонирхууллаа. Та насаараа дуу дуулж, дуучдыг төрүүлж байгаа хүний хувьд дууны ач
гавьяаг юу гэж үнэлдэг вэ?

-Гадна талаасаа хүнийг хөгшрүүлдэггүй
гэх юм бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан дуу хууртай ойртсон хүмүүсийн сэтгэлгээ
залуу байж чаддаг. Дуу дуулснаар бурууддаг юм огт байхгүй. Б.Явуухулан гуай
“…Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь
vзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг
мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах
гэсэн юм би…
” гэж шүлэглэсэн байдаг. Амьдралын хүнд жилүүд байдаг бол дуу хөгжмийн
ачаар давж байсан гэхэд тэрэнд би зуун хувь итгэнэ. Хүүхдээ бүүвэйлэх, малд явахаас
авахуулаад л Монголын ард түмэн дуугаар хүмүүжиж, дуунд уярдаг. Адуунд явахдаа исгэрнэ,
найр хурим, ялалт гээд дуу хуургүй юм байхгүй. Ялалт байгуулчихаад уухайлна гэдэг
чинь л дууны нэг элемент. Дуу хөгжмийн ач холбогдол маш их.

-“Миний дуунууд” тоглолт цаашид
хичнээн жил үргэлжлэх бол?

-Хичнээн жил үргэлжлэх талаар өмнө
нь нэг хариулт хэлээд загнуулсан. Цаашид хичнээн жил үргэлжлэхийг би үнэндээ таашгүй.
Хэрвээ үнэхээр том жигүүртэй, сайн уран бүтээл бол ардын дуу болтлоо ард түмэнд
үлддэг. Өнөөдрийн дуулаад байгаа ардын дуу хэн нэгэн зохиогоод зохиогч нь мартчихсан
дуу л байгаа. Ний нуугүй хэлэхэд “Талын Монгол айл”-ыг 50 жилийн дараа ардын дуу
гээд дуулж байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь үе үеэрээ уран бүтээлийнхээ түүхийг
бичээд л явж байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Малайзын онгоцыг пуужингаар буудан сүйрүүлжээ

Украины нутаг дэвсгэрт нисч яваад сүйрсэн Малайзын MH17 дугаар нислэгийн онгоцны ослын шалтгааныг тодруулжээ. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 14-нд Украины нутаг дэвсгэрт нисч явсан Малайзын Иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц учир битүүлэг сүйрч, 298 зорчигчийг хойноос дэлхий нийтээрээ эмгэнэн гашуудаж байв. Өдийг хүртэл нууцлаг байсан эл ослын шалтгааныг Нидерландын шинжээчид тайлжээ.

Шинжээчид ямар дүгнэлт гаргав

Нидерландын шинжээчид дүгнэлтдээ дараахь дөрвөн зүйлийг чухалчилсан байна.

1. Украины зүүн бүс нутагт нисч явсан Малайзын агаарын тээврийн MH17 дугаар нислэгийн онгоцыг ОХУ-д үйлдвэрлэсэн “бук” загварын пуужингаар харваж сөнөөсөн.

2. Газраас харвасан пуужин онгоцны зүүн өмнөд хэсгийг оножээ. Амиа алдсан нисгэгчдийн цогцсыг шинжлэхэд пуужингаас үүсэлтэй тэсрэх бөмбөгний хэлтэрхий олдсон байна. Хамгийн түрүүнд жолоодлогын хэсэгт сууж явсан жолооч нар амиа алдсан.

3.Боинг 777-200ER онгоцыг сөнөөсний дараа Украины нутаг дэвсгэр дээгүүр 160 орчим олон улсын нислэг нисч өнгөрчээ. Аюултай нөхцөл байдал үүссэн байхад Украины тал агаарын хилээ хаагаагүй гэж Нидерландын шинжээчид буруутгаж буй.

4. Хамгийн гол нь пуужинг хаанаас, хэн буудсан нь тодорхойгүй байна. Харин бук пуужинг үйлдвэрлэгчид “Хэрэв Бук M1 пуужингаар Боинг онгоцыг хөнөөсөн нь баттай бол ОХУ-д үйлдвэрлэсэн 9M38 төрлийн пуужингийн систем байх боломжтой” гэсэн дүгнэлт гаргажээ.

MH17 онгоц ямар учраас, хэрхэн осолдов?

Нидерландын нийслэл Амстердамааас Малайзын Куала-Лумпурын чиглэлд MH17 нислэг хийж байсан Boeing 777-200ER онгоцыг “Бук” гэх пуужингаар сөнөөсөн тухай Нидерландын шинжээчид өнгөрсөн мягмар гаригт мэдээлсэн юм.

Бионг 777-ER200 онгоцыг ийм пуужингаар харважээ

Тус улсын Аюулгүйн зөвлөлийн дарга Тьиббе Яустра “Бук пуужинг ОХУ-д үйлдвэрлэснийг батлах боломжгүй гэж Оросын талаас мэдээлсэн. Шинжээчид уг онгоцыг 9Н314M цэнэг бүхий 9М38 пуужин сөнөөсөн гэж онцолж байгаа. Пуужин онгоцны нисгэгч нарын бүхээгийн зүүн дээд талд дэлбэрсэн бөгөөд үүний улмаас хамгийн түрүүнд онгоц удирдлагаа алдаж, задрахад хүрчээ. Улмаар Украины зүүн хэсгийн бүс нутагт хэсэг хэсгээрээ бутран унасан. Пуужинг Украины зүүн бүсийн нутаг дэвсгэрийн аль нэг цэгээс буудсан байх боломжтой” гэж мэдэгджээ. “Пуужин дэлбэрэхэд багийн гурван нисгэгч тэр даруй амиа алдсан байна. Мөн бусад бүх зорчигч амиа алдсан. Онгоцны хэсгүүд 50 кв.км талбайтай газарт тархан унасан” хэмээн тэр нэмэн хэлэв. Өмнө нь ослын талаар албаны хүмүүс “Онгоцон дотор дэлбэрэлт гарсны улмаас онгоц сүйрсэн байж болзошгүй” гэсэн таамаг дэвшүүлж байсан юм. Тэгвэл эл таамаг ташаа байсан нь ийнхүү батлагдлаа.

Мөн Нидерландын Аюулгүйн зөвлөлийн дарга Тьиббе Яустра “Пуужин яг хаанаас харвасан гэдгийг нарийн тогтоох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Аюултай нөхцөл байдалд Украины тал агаарын хилээ хаагаагүй

Боинг 777-200ER онгоцыг сөнөөсний дараа Украины нутаг дэвсгэр дээгүүр 160 орчим олон улсын нислэг нисч өнгөрчээ.

“Украины зүүн өмнөд хэсгийн агаарын орон зайг урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэх үүднээс яаралтай хаах ёстой байсан юм. Гэтэл үүнийг Украины нисэхийн удирдлага хийгээгүй” гэж илтгэлийг танилцуулж байхдаа Яустра мэдэгдэв.

“Мөн нислэгийг хийлгэсэн орныхоо хувьд Нидерланд нь Malaysia Airlines эсвэл Kuala Lumpur Malaysia компаниудтай нислэгийн чиглэлийн талаар зөвлөлдөж, ямар нэгэн хариуцлагатай алхам хийгээгүй” гэж мэдэгджээ.

Хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Онгоцны ослын шалтгааныг тодруулсан ч, хэрэгтэн нь тодорхойгүй. ОХУ болон Украины тал эл хэргээс үүдэн нэг нэгэн рүүгээ хуруу чичилцгээж байна.

Украины Засгийн газар болон барууны зарим шинжээчид эл пуужинг Украиныг эсэргүүцэгч талууд ОХУ-аас зөөвөрлөн авчирсан хэмээн үзэж байгаа аж. Харин Оросын талаас үүнийг нь эрс эсэргүүцсэн бол Нидерландын эрх баригчид “Одоогоор хэн нэгнийг яаран буруутгах хэрэггүй” гэх мэдэгдэл хийсэн байна. Тэдний зүгээс эл хэргийн мөрдөн байцаалтыг цаашид илүү нарийвчлан шалгахаа мэдэгдсэн бөгөөд үүнд Оросын тал хамтран ажиллахыг Нидерландын ерөнхий сайд уриалжээ.

Нидерландын ерөнхий сайд Марк Рютте “ Орос сүйрлийн илтгэлд хүндэтгэлтэй хандан хамтран ажиллах хэрэгтэй. Эл хэрэг хоёр орны харилцаанд маш их нөлөөлж буй. Энэ хэрэгт хамаатай хүмүүс шийтгэлгүй өнгөрөхийн эсрэг бид боломжийн бүх зүйлийг хийх ёстой” гэдгийг онцолжээ.

Ямартай ч “Бук” пуужинг Украины зүүн бүс нутгийн тодорхой нэг цэгээс, 320 ам дөрвөлжин радиус бүхий газраас илгээсэн байна гэж шинжлэн дүгнэжээ. Гэхдээ энэ нь яг тийм нэртэй газраас, тэгж буудсан гэсэн баттай нотолгоо биш аж.

Боинг 777-200ER онгоцны ослыг эргэн сануулахад

Амстердамаас (Нидерланд) Куала- Лумпурын (Малайз) чиглэлд MH17 нислэгийг хийж байсан Малайзын иргэний агаарын тээврийн (Malaysia Airlines) зорчигч тээврийн Boeing 777-200ER онгоц Донецк мужийн зүүн хэсэгт 2014 оны долдугаар сарын 14-нд сүйрсэн юм. Онгоцонд нийтдээ арван улсын 283 иргэн зорчиж явсан. Мөн хөлгийн багийн 15 гишүүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн. Мөн зорчигчид дунд 80 хүүхэд байсан юм.

Ослын мөрдөн байцаалтын явцад тус хөлгийг “газар-агаар”, “агаар-агаар” ангиллын пуужингаар сөнөөсөн байж болзошгүй гэсэн санал дэвшүүлж байсан билээ.


Categories
мэдээ цаг-үе

Транс өөх түрүү булчирхай, хөхний хавдар үүсгэж үргүйдэлд хүргэдэг

Хүнсэнд хэрэглэж буй өөх тосыг биед үзүүлэх нөлөөллөөр нь ашигтай, муу, аюултай тос гэж ангилдаг. Эдгээрээс ямар ч сайн үр нөлөөгүй, хамгийн хортой нь транс өөх юм. Транс өөхний хор хөнөөлийн талаар эрүүл хооллолтын эмч мэргэжилтнүүд сүүлийн үед анхааруулах болсон. Энэ талаар “Wikipedia” цахим хуудас болон Эрүүл мэнд, спортын яамны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригоос дараахь мэдээллийг авсан юм.

Транс өөх гэж юу вэ, түүний үүсэл гарал

“Trans fat” гэдэг нэрийг хэл шинжлэлийн үүднээс задлан орчуулбал “Transfer-шилжүүлэх, хөрвүүлэх, хувиргах Fat-тос” буюу “хувиргасан тос” гэж хар ухаанаар буулгаж болно. Нэрнээс нь харахад л энэ төрлийн тос буюу өөхийг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн биш гэдгийг шууд ойлгож болно. Транс тос гаргах аргыг анх 1890 онд Францын Нобелийн шагналт эрдэмтэн, химич Пол Сабатьер гэгч хүн нээжээ. Улмаар 1901 онд Германы химич Вилгелм Норманн хүнсэнд хэрэглэхүйц болгон сайжруулан гаргаж, патентжуулсан байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс тосны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээнээс давжээ.

Шингэн ургамлын тос нь зөөвөрлөхөд төвөгтэй, амархан мууддаг, өртөг ихтэй байсан тул хөнгөвчлөх үүднээс үйлдвэрийн аргаар устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт оруулан хэрэглэх болсон байна. Өөрөөр хэлбэл транс өөх гэдэг нь ургамлын тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмж хатууруулсан масло, маргарин зэрэг ханасан тос юм. Цөцгийн тосны орлуулагч гэж ойлгож болох аж.

Эдгээр нь тасалгааны хэмд хайлахгүй, үнэ хямд, удаан хугацаагаар хадгалж болох давуу талтай байсан тул ийн хэрэглээ нь нэмэгдсэн байна. 1950 оны үеэс хүнсний судлаачид ханасан өөх тос муу, ханаагүй өөх тос сайн гэж ярих болсон бөгөөд транс тос нь ханаагүй тосноос гаралтай учраас биед сайн гэж ойлгож байсан аж. Дээр нь өртөг бага, мууддаггүй, үнэ хямд байсан тул түлхүү хэрэглэх болжээ. Гэвч лаборатори, техник төхөөрөмж сайжрахын хэрээр транс тосыг хүний биед хортой болохыг тогтоосон юм.

Биед ямар хор нөлөөтэй вэ?

Транс өөх хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг баталсан маш олон судалгаа бий. Зүрхний титэм судасны өвчлөл үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан болдгийг АНУ-ын Шинжлэх ухааны академи мэдэгдсэн байна. Энэхүү ханасан өөх тосны хор нөлөөллийг 1990 оны үеэс эхлэн таньж мэдэх болжээ.

АНУ-д 1994 он гэхэд транс тосны хэрэглээнээс үүдэлтэй зүрхний өвчнөөр 20,000 гаруй хүн нас барсан нь судалгаагаар батлагджээ. Харин 2006 он гэхэд 100,000 болтлоо өссөн байна.

Мөн АНУ-ын Зүрхний холбооноос транс өөхний хэрэглээ хүний бие дэх ашигтай холестеринийг бууруулж, муу холестериний түвшинг нэмэгдүүлдгийг онцолж байв.

Эмч нар бүх төрлийн ургамлын гаралтай шингэн тос буюу ханаагүй өөх тосыг биед сайн, амьтны гаралтай өөхөн тос буюу ханасан өөх тосыг муу гэж зөвлөдөг. Ханасан өөх тос нь хүний бие махбодид маш бага нягтшилтай липопротеин, их нягтшилтай липопротейныг хоёуланг үүсгэдэг аж. Липопротеин нь уургийн нэгдэл юм. Маш бага нягтшилтай липопротеин нь судасны хананд өнгөр болон тогтож, бөглөрөл үүсгэн судасны ханыг нарийсгадаг хор нөлөөтэй. Харин өндөр нягтшилтай липопротеин нь тэрхүү наалдамхай өнгөрийг арилгаж байдаг. Ингэхээр амьтны гаралтай өөх тос буюу бидний хэрэглэдэг дотор гэдэсний өөх, өөхөн тос зэрэг нь сул болон давуу талтай. Харин транс тосонд судасны ханыг бөглөх үйлчилгээтэй бага нягтшилтай липопротеин л дангаараа агууллагддаг бөгөөд биед хайлж шингэлгүй судасны хананд очиж наалдана. Ингэснээрээ зүрх судасны бүхий л өвчин, титэм судасны нарийсал бий болгож, хэт өөхлөлт, альцгеймрийн өвчин, түрүү булчирхайн үрэвсэл, хөхний хавдар, тархины үйл ажиллагаа алдагдуулж, чихрийн шижний хоёрдугаар хэлбэр, элэгний гажуудал, үргүйдэл үүсгэдэг байна.

Транс өөхтэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Транс өөх нь ханасан өөх тостой адил химийн элементтэй тул лабораторийн шинжилгээгээр ч ялган танихад бэрх байдаг гэнэ. Иймд транс тос тухайн бүтээгдэхүүнд байгаа гэдгийг мэдэхийн тулд үйлдвэрлэгчээс тодруулах буюу бүтээгдэхүүний шошгын стандартыг маш сайжруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартыг илүү сайжруулах үүднээс үндэсний стандарчлал хэмжил зүйн газар болон Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж байгаа аж. Манай улс 2001 оны хүнсний шошгоны стандартыг барьж байгаа. “Монголд үйлдвэрлэсэн ихэнх хүнсний бүтээгдэхүүнд транс өөх байтугай нийт өөхний хэмжээг ч тодорхой тавиагүй байдаг” гэдгийг мэргэжилтэн Д.Ганзориг онцолж байв.

Харин шошгоны шаардлагыг маш өндөр тавьдаг орнуудын хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр “Trans fat” юм уу, “Hydrogenated Oil” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Хэрвээ таны авах бүтээгдэхүүн дээр “Trans fat” юм уу “Hydrogenated Oil” тэгээс дээш хувь зааж өгсөн байвал худалдан авахаас татгалзах нь зүйтэй.

Ямар бүтээгдэхүүнд агуулагдах вэ?

Транс тос нь бүх төрлийн боловсруулсан хүнс буюу бэлэн бүтээгдэхүүнүүдэд орно. Үүнд: Чихэр, шоколад, бүх төрлийн жигнэмэг, бялуу, кекс, нарийн боов, чипс, шарсан төмс, масло, маргарин орсон бүх төрлийн бүтээгдэхүүн, шарсан, хуурсан хоол, гамбургер, хотдог, бэлэн гоймон зэрэг түргэн хоолонд агуулагдана. Харин малын сүүнээс гаралтай монгол цөцгийн тос, зөөхийнд агуулагдахгүй.

Биед хэр удаан шингэх вэ?

Энэхүү хиймэл ханасан тос нь биеэс хоёр жилийн дараа гадагшилна гэж буй. Гэвч судасны хананд очиж өнгөр үүсгэн наалддаг учраас хэрэглэх тусам улам бэхжиж хэдэн жилдээ судасны хананд ойр орчны нян бактерыг хуримтлуулан байдаг аж.

Транс тосноос хэрхэн сэргийлэх вэ?

Худалдаж авах бүтээгдэхүүнийхээ шошгыг маш сайн шалгаж авах. Транс тос 0 гр агуулсан байх шаардлагатай. Хоол худалдан авч буй газраасаа транс тостой эсэхийг нь лавлаж асуудаг байх шаардлагатай. Хүүхдүүддээ ийм тос агуулсан бүтээгдэхүүн, гурилан боов, чихэр, шоколад авч өгөхөөс татгалзах хэрэгтэй.

Олон улс дахь транс тосны хэрэглээ

Өндөр хөгжилтэй орнуудад 2006 оноос эхлэн хүнсний бүтээгдэхүүний шошгын стандартад транс өөхний хэмжээг заавал тавихыг хуульчилсан байдаг.

Дани: 2003 оны гуравдугаар сараас эхлэн транс өөхний хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчилсан хамгийн анхны орон. Ингэснээр тус улсын Засгийн газар зүрхний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг 50 хувь хүртэл багасгана гэсэн зорилго тавьжээ.

Исланд: 2010 оноос транс тосны хэмжээг хүнсний бүтээгдэхүүнд 0.2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчлан баталсан.

Европын холбоо: Тус холбооны Хүнсний аюулгүй байдлын бодлогын хэлтсээс 2004 оноос транс тос хэрэглэхийг хориглосон уриалгыг гаргасан.

Швейцарь: 2008 оны дөрөвдүгээр сараас транс тосны хэрэглээнээс татгалзах бодлого барих болсон. Мөн Бразил, Канад, Швед, Их Британид транс тосны агууламжийг бүтээгдэхүүний сав, баглаа боодолд заавал тэмдэглэсэн байхыг шаарддаг.

Израил: 2014 оноос хойш найрлагандаа 0.2 хувиас илүү транс тос агуулсан бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр заавал тэмдэглэгээ хийх шаардлагатай гэсэн хууль, журамтай болжээ.

АНУ: АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын газраас 2018 он хүртэлх гурван жилийн хугацаанд транс өөхний хэрэглээг үгүй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ингэснээр ирэх 20 жилд тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний зардал 140 орчим тэрбум доллараар буурах тооцоо гарчээ.Одоогийн байдлаар тус улсын томоохон мужууд транс өөхний хэрэглээг хуульчилсан бөгөөд Калифорниа мужийн хувьд бүх ресторануудад транс өөх хэрэглэхгүй байх шаардлагыг 2010 онд анх тавьж байжээ.

Бэлтгэсэн Э.Номин-Эрдэнэ