Categories
мэдээ цаг-үе

Зүрхний төрөлхийн гажиг 2-8 долоо хоногтой урагт үүсдэг

ЭХЭМҮТ-ийн зүрх, судасны тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Т.Болормаатай ярилцлаа. Тэрбээр “Зүрхний төрөлхийн гажгийн катетерийн эмчилгээ, зүрх-ний хөндийн өөрчлөлтийн загвар” сэдвээр оны залуу эрдэмтний шагнал хүрт-сэн билээ. Энэ сэдвээр түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө оны шилдэг залуу эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Өнөөдөр зүрхний өвчлөл, зүрхний гажиг өвчин манай оронд болон дэлхийн түвшинд ямар байна вэ?

-Баярлалаа. Монголд зүрхний төрөлхийн гажиг оношлогоо сайжирсантай холбоотой тохиолдлын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр гарч байгаа. ЭХЭМҮТ дээр 2012 онд хийсэн судалгаагаар нэг жилийн хугацаанд төрөлхийн гажиг 2.4 хувьтай байна. Өөрөөр хэлбэл зуун хүүхдийн дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байна. Дэлхий дахинд буюу АНУ зэрэг хөгжилтэй орнуудад мянган хүүхдийн дунд найм тохиолддог. Гэхдээ энэ нь дөнгөж төрсний дараа хийсэн судалгаа учраас аяндаа өөрөө эдгэрдэг цоорхой ч энэ тоо баримтад орж байгаа. Нийт хүүхдийн дундах зүрхний гажгийн тоо манай оронд яльгүй их байгаа гэж ойлгож болно.

-Энэ үзүүлэлт зөвхөн төрөлхийн гажгийг илэрхийлж байна уу. Нийт зүрхний гажиг нь ийм үзүүлэлттэй байв уу?

-Зөвхөн төрөлхийн зүрхний гажгийг илэрхийлж байгаа.

-Хүүхэд яагаад зүрхний гажигтай болдог юм. Зүрхний гажиг гэж юу юм. Та үүнийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Ургийн зүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо бүтцийнхээ хувьд хэвийн бүрэлдэн тогтдог. Энэ нь 0.5-2 сартай жирэмсний хугацаа. Тэгэхээр хоёр сартай жирэмсэн эхийн ураг нь бүтцийнхээ хувьд бүрэн бүрэлдэж, эхлэл нь тавигдсан байдаг. Эхлэл нь зөв тавигдсанаар цаашдаа ургийн зүрх хэвийн болж өсч бүрэлддэг. Энэ хооронд ямар нэгэн гадны гаж нөлөөлөл үүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг. Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаалж зүрхний цоорхойтой хүүхэд гарах уу, судасны нарийсалтай юу, хүнд хөнгөн гажгийн аль нь байх вэ гэдэг нь тогтоогддог.

-Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаална гэхээр жирэмсний долоо хоногийг хэлж байна уу?

-2-8 долоо хоногтойд өдөр өдрөөр, цаг цагаар зүрхний уут хуваагдаж дөрвөн хөндийнх нь эхлэл тавигдаж гол судаснууд нь салбарлаж, эргэлт хийдэг. Ургийн анатомийн бүтцийн хөгжил явагддаг. Энэ хөгжлийнх нь аль шатанд гадны нөлөөлөл орсноос шалтгаалж гажиг үүсдэг гэсэн үг.

-0.5 сартай урагт зүрхний гажгийн үүсэл тавигддаг гэхээр их эрт юм. Эхчүүд үүнийг мэдэхгүйгээсээ элдэв эм тариа хэрэглэж алдах нь их байдаг уу?

-Жирэмсэн эмэгтэй 0.5 сартай үедээ өөрийгөө жирэмсэн эсэхээ ч сайн мэддэггүй. Хоёр сартай гэхэд оношлогдчихсон байдаг. Тийм тохиолдол их гарна.

-Юунаас шалтгаалж ургийн зүрх гэмтдэг юм бол?

-Гадны гаж нөлөө гэхээр сүүлийн үеийн судалгаагаар нэгдүгээрт вирусийн халдвар орж байгаа. Вирусийн халдвар дотроо улаануудын вирус, парагриф, коксакивирус гээд олон төрлийн вирусийн халдвар ургийн зүрхийг гэмтээх магадлалтай. Жирэмсэн эмэгтэй хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч гэсэн цусаар нь явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээж байдаг. Хоёрдугаарт ажлын хортой нөхцөл, будагч бодисууд, химийн хортой бодисуудтай ажилладаг бол. Дараагаар нь архи, тамхины хэрэглээ хорт зуршлууд, эмийн бодисууд тэр дундаа сэтгэцэд нөлөөлдөг эмүүд, нойрны эмүүд ургийн гажиг үүсгэдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна удмын шалтгаан байдаг.

-Ямар ямар төрлийн зүрхний гажиг байна. Манайд тэдгээрээс аль нь зонхилон тохиолддог вэ?

-Зүрхний гажиг маш олон янз. Төрөлхийн гажиг нь дотроо цагаан гажиг, хөх гажиг гэж ангилагддаг. Цагаан гажигтай хүүхэд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг нь ховор. Хөх гажигтай хүүхдийн уруул, гар хөлийн хумсны толио, гарын үзүүр, хэлний үзүүр хөхөрчихсөн, амьсгаадчихсан байдаг. Манайд аль аль нь л тохиолддог.Зүрхний цоорхой дотроо тосгуур хоорондын таславчийн цоорхой, ховдол хоорондын таславчийн цоорхой хамгийн элбэг тохиолддог. Хөх гажгаас паллогийн дөрвөл, гол судасны солигдсон байрлал арай элбэг тохиолддог.Зарим хөх гажиг төрөнгүүтээ илэрдэг бол цагаан гажиг арай хожуу оношлогдож байна. Төрснийхөө дараа шинж тэмдэг нь илрэхгүй бүдэг байж болдог. Аль болохоор эрт зүрхний эмчид хандаж, эхо, шинжилгээгээр оношлуулах хэрэгтэй. Эрт оношилсноороо гажгийн хүндрэлээс сэргийлж, бүрэн эмчлэх боломжтой болдог.

-Манайд энэ өвчнийг эмчлэх судалгаа, эмчилгээ хэр байдаг бол. Аль шатных нь гажгийг эмчилж чадах вэ?

-Бид ЭХЭМҮТ дээр 2011-2012 онд 12 мянган нярайд судалгаа хийсэн. Нэг төв дээр суурилсан судалгаагаараа гажиг хэдэн хувь байна гэдгийг гаргасан. Эмчилгээний хувьд зөвхөн хөнгөн хэлбэрийн гажгийг эмчлэх боломжтой байна. Хавсарсан хөх гажиг, олон үе шаттай хагалгаа шаардлагатай гажгийг эмчлэх хүндрэлтэй. Энэ нь багаж тоног төхөөрөмж, нарийн мэргэшсэн эмч мэргэжилтэн дутмаг байдагтай холбоотой.

-Оны шилдэг залуу эрдэмтний шагнал авсан таны эрдмийн ажил аль шатны судалгаан дээр суурилсан бэ. Ер нь катетерийн эмчилгээ гэж юу юм. Өөрийнхөө судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй яриач?

-Миний хувьд ЭХЭМҮТ-д 19 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би ураг байх үед нь зүрхний гажгийг оношлох судалгааг хийгээд дууслаа. Үүнийхээ хүрээнд ургийн зүрхний гажгийн эхо шинжилгээний кабинетийг ЭХЭМҮТ дээр үүсгэн байгуулсан. Одоо гурван сар болж байна. Бид жилийн хугацаанд зуу гаруй хүүхдийг хэвлийд байхад нь гажгийг нь оношилж цаашдын эмчилгээг шийдлээ. Урагт нь оношлох нь ямар ач холбогдолтой гэхээр хүүхдийг төрөх үед нярайд үзүүлэх бүх тусламж нь бэлэн байдаг. Зүрхний эмч дуудахад бэлэн, тусламжийн чанар сайжирна. Зарим гажгийг эхийн хэвлийд байхад хэм алдагдалтыг эмийн эмчилгээгээр эмчлэх, нарийн мэргэжлийн эмч нар хянах, гурав дахь шатлалын эмнэлэг дээр төрүүлэх зэргээр ураг үеийн оношлогоогоор шийддэг ач холбогдолтой. Дараагийн миний судалгаа бол катетерийн эмчилгээний талаарх судалгаа байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй 2014 оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр катетерийн лаборатори байгуулсан. Мэргэжлийн багаа бэлтгээд катетер-ангеографийн лабораторийн үйл ажиллагааг өдөр тутмын ажилтайгаа уялдуулан нэлээд ажлыг хийж, үр дүнгээ хүлээгээд байгаа. Катетерийн эмчилгээ гэдэг нь хагалгаагүйгээр буюу судсан дотуурх аргаар гажгийг эмчлэхийг хэлж байгаа юм. Нийт зүрхний гажгийн 24 хувийг катетерээр эмчлэх боломжтой. Ийм эмчилгээг энэ онд 59 хүүхдэд, 2014 онд 30 гаруй хүүхдэд хийсэн. Хүүхдийн катетерийн лаборатори байгуулаад жил хагасын хугацаанд 100 гаруй хүүхдэд бүрэн засах эмчилгээ зуун хувь үр дүнтэй хийгээд байна. Нийтдээ 50 орчим хүүхдэд оношлогоо хийлээ. Зүрхний нээлттэй хагалгаанд орохдоо зөвхөн катетерийн ангеографийн шинжилгээгээр судасны нарийсал болон бусад зүйлсийг бүрэн тодруулах боломжтой. Энэхүү өндөр өртөгтэй дэвшилтэт технологийн эмчилгээг хийснээр бид орчин үетэй хөл нийлүүлэн алхах нөхцөл бүрдэж байгаа юм. Аль түвшинд нь, хэдэн настайд нь энэ төрлийн эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй вэ, дараа дараагийнхаа эмчилгээ оношлогооныхоо аргачлалыг боловсруулахын тулд эмчилгээ хийлгэсэн хүүхдүүд дээрээ судалгаа хийж байна.

-Ер нь хүүхдийг хэвлийдээ байхад хэдэн сартайгаас нь зүрхний гажгийг оношлох боломжтой вэ?

-Жирэмсний 20-22 долоо хоногтойд ургийн зүрхний гажгийг оношлох боломжтой. Эрт үед нь оношилсноор жирэмсний хугацаанд юуг анхаарах, төрөх үед нь юуг анхаарах, төрөх өрөөнд нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг хэрхэн бэлдэх, хаана төрүүлэх зэрэг олон асуудлууд эндээс урган гарна.

-Катетерийн эмчилгээг хийснээр тухайн хүүхэд бүрэн эмчлэгдэх үү?

-Зуун хувь бүрэн эмчлэгдэх боломжтой. Гуурсаа оруулаад буцаагаад авчихдаг учраас ямар ч шарх сорви үлддэггүй. Түүнчлэн 2-3 хоногийн хугацаанд өвдөлтгүй хурдан эмчлэх боломжтой байдаг.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Ямааны махтай Энэтхэг карри

Амралтын өдрүүдээр гэрийнхнээ тойруулж байгаад амттай хоол хийж өгөхийг хүсдэг ч өнөөх л хийдэг хэдэн жорноос өөр хоол санаа орж ирэхгүй байх үе тохиодог уу. Тэгвэл таны жорны жагсаалтад нэгэн шинэ хоол нэмье.

Энэтхэгчүүд XVI зууны үеэс корма хэмээх халуун ногоогүй өтгөн соусыг бэлтгэдэг болсон. Энэ соусыг одоо ч яг л эрт үеийнхээ жороор хийдэг байна. Корма соусын гол орц нь йогурт буюу тараг юм. Таргийг зөөлөн гал дээр гашилгахгүйн тулд тасралтгүй хутган халааж, дээр нь махны шөл, нунтагласан самар, үрсэн кокос болон амтлагчууд нэмдэг.

Энэ соусыг олон төрлийн хоолонд хэрэглэдэг аж. Ингээд ямааны махтай энэтхэг маягийн карриг хэрхэн хийхийг сонирхуулъя.

Орц:

Ямааны цул мах-600 гр

Үрлэн гич-нэг цайны халбага

Цагаан гааны үндэс-20гр

Сармис-хоёр хумс

Бөөрөнхий сонгино-гурван ширхэг

Нимбэг-нэг ширхэг

Кинза, укроп-амтлахаар

Хатаасан кокос-нэг х/х

Карри-хоёр х/х

Давс, перец-амтлахаар

Ямааны махтай карриг хийхдээ эхлээд махаа том хэрчээд хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурна. Шарсан махан дээрээ цагаан гаа, сармис, гич, карри, кокос нимбэгний шүүс нэмээд зөөлөн гал дээр 40 минут орчим жигнэнэ.

Махаа болохоос 20 минутын өмнө том хэрчсэн сонгино, самар, давс, чинжүүгээрээ амтлаарай. Бүх хольцоо сайтар хутгаад болтол нь жигнэнэ. Бэлэн болсон хоолоо кинза, укропоор чимэглээд будаатай өгч болно. Будаатай олговол илүү өег байна.

Төмс, брокколитой зутан шөл

Орц:

(2-3 хүний порц):

500 гр брокколи

бульон шөл-нэг ширхэг

2-3 ширхэг төмс

2-3 цайны халбага цардуул

сүүн крем (цөцгий) зөөхий

давс (амталгаагаараа)

Брокколигоо бульонтойгоо хамт нэг литр орчим усанд чанана. Брокколи зөөлрөөд ирмэгц нь бутлагчаар зутан болтол нь эргүүлнэ. Ингээд сүүн крем, цөцгий эсвэл зөөхийгөөр амтлаад хүсвэл давс нэмж хийнэ.

Энэхүү шөл нь үл ялиг шингэн байх болно. Иймд шөлөө өтгөрүүлэхийн тулд бага хэмжээний хүйтэн усанд зуурсан цардуулаар өтгөрүүлж 1-2 минут үргэлжлүүлж чанана.

Төмсөө тусад нь жижигхэн хэрчиж чанаад зутан шөлтэйгөө хамт таваглана. Өөрийн дуртай ямар ч ногоогоор зутан шөлөө баяжуулж болно шүү.

Categories
гадаад мэдээ

Хятадад ховор үүлдрийн амьтдыг хувилна

Технологи, биотехнологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед хүн төрөлхтөн амьтдыг хувилан үржүүлэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, сайн үүлдрийн амьтад төрүүлэхийн тулд өндөр үнээр худалдаж авдаг, олон жил маллагаа арчилгаа хийдэг, хээлтүүлдэг ажил ард хоцрох нь.

Тухайлбал, Хятадын Тяньжин хотод дэлхийн хамгийн том амьтан хувилах клонийн үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр болсон тухай өнгөрсөн мягмар гаригт мэдээлжээ. Хамгийн том клонийн үйлдвэрийг Хятад, Өмнөд Солонгос улс хамт барихаар болсон юм. Тодруулбал, Хятадын био эмчилгээ, биотехнологиор мэргэшсэн “Boyalife Group” хувьцаат компани болон Өмнөд Солонгосын биотехнологын “Sooam” компанийн хувь нийлүүлсэн охин компани болох “Sini­ca” барилгын ажлыг гардан гүйцэтгэх аж.

Амьтдын клонийн үйлдвэрт жилд ойролцоогоор сая гаруй махны зориулалттай үхрийг үйлдвэрлэх аж. Мөн үнэрч ноход болон ховор үүлдрийн гэрийн тэжээвэр ноход, уралдааны морьд зэргийг ихээр гарган авна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Тяньжиний Эдийн засаг, технологийн хөгжлийн газраас хэрэгжүүлж буй тус үйлдвэрийн барилга байгууламжид нийт 200 сая юань зарцуулах юм. Дотроо судалгааны лаборатори, клоноор хувилах төв, амьтдын генийн банк, үзэсгэлэнгийн танхим зэрэг цогц төв байх гэнэ.

Үйлдвэрийн барилгын ажил аль хэдийнэ эхэлсэн бөгөөд ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ийм үйлдвэр барих нь олон талын ашигтай гэдгийг хоёр орны эрдэмтэд холбогдох албаны хүмүүс онцолж байна. Үхрийн сайн чанарын махны хэрэгцээг хангах, худалдаа үйлчилгээг сайжруулах, ховор амьтдын үүлдэр угсаа, чанар чансааг сайжруулж, хамгаалахаас гадна үргэлж маргаан дагуулж байдаг биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийг хүлээн зөвшөөрүүлэх хамгийн том алхам байх болно хэмээн “Boyalife Group” компанийнхан үзэж байгаа юм.

Хоёр орны эрдэмтэд, биотехнологичид эсийн нөхөн төлжих чадвар, үүдлийн тал дээр анагаах ухааны суурьтай судалгаа хийж эхэлжээ.

“Boyalife” группийн ерөнхийлөгч Сюй Сяочуний мэдэгдсэнээр, үйлдвэрлэл жилд үхрийн 100 мянган эмбрион өсгөх хүчин чадалтай учир дотоодын зах зээл дээр энэ төрлийн махны дутагдлыг нөхөж чадах гэнэ.

Хятадын эрдэмтэд 2000 оноос хойш клонийн аргаар хонь, үхэр, гахай гарган авч байжээ.Түүнчлэн анхны албан ёсны клонийн компани болох “Sinica”-г 2014 онд Шаньдун мужид нээсэн бөгөөд тухайн үедээ цэвэр цусны гурван Түвд банхрын гөлөг гарган авсан байна. Тус компани нь Хятадын “ Boyal­ife” болон Өмнөд Солонгосын биотехнологийн “Sooam” корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.

“Sinica” компани нээгдсэнээс хойш нисэх онгоцны буудал, цагдаагийн албан газар, үйлчилгээний байгууллагуудад ажиллах 550 гаруй мөрч нохойг үйлдвэрлэн гаргаж байжээ. Харин Өмнөд Солонгост 2008 онд гаалийн албанд Канадын лабрадор-ретривер үүлдрийн эрэлч нохойноос гарган авсан долоон гөлгийг сургаж дадлагажуулж байсан аж.

Амьд организмыг клонийн буюу эсийн аргаар хувилан үржүүлэх судалгаа шинжилгээний ажил 1990-ээд оноос эхэлж байсан бөгөөд 1996 онд энэ аргаар Шотландад Долли нэртэй хонь “төрүүлэн” өсгөж байсан билээ. Үүний дараахан хулгана, ямаа, гахай, үхэр зэрэг сүүн тэжээлт амьтдыг амжилттай хувилан үржүүлж эхэлсэн. Гэвч Европ болон барууны ихэнх орнуудад амьтдыг клонийн аргаар олшруулан хувилахыг хуулиар хориглосон юм. Харин анагаах ухаан, эмчилгээний хүрээнд хүний эд эрхтнийг генийн аргаар гарган авч, өмнө нь эмчлэх боломжгүй байсан өвчнийг эмчлэх болсон билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Ерөө: Аав маань бүхий л эрүүл ухаан, саруул биеэ цэргийн хөгжимд зориулсан

Миний аав” буланд СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан Ц.Ерөө уригдан аавынхаа талаар дурсан ярьж байна. Түүний аавыг хүмүүс “Монгол маршийн хаан”, найрал хөгжмийн удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Навааны Цэрэнпил гэдгээр нь таних билээ. Энэ онд Н.Цэрэнпил гуайн 100 насны ой тохиож буй юм.

Энэ жил Н.Цэрэнпил гуайн зуун насны ой тохиож байна. Таны аавын тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Миний аав Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул иргэн. Бага насандаа эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Учир нь аавын маань аав миний өвөө тайж язгууртай, эмээ маань харц язгууртай байсан учраас гэрлэхийг зөвшөөрөөгүй юм гэдэг. Тийм ч учраас аав маань ээжийнхээ ааваар Навааны Цэрэнпил гэж овоглогдсон түүхтэй. Эцэг нь Дашлин мэргэн гэж сур харвадаг, барилддаг мундаг хүн байж. Аав маань бага насаа хөдөө нутагт өнгөрөөсөн. Тухайн үед Ерөө сумынхан хүүхдүүдээ заавал усчин болгож сургадаг байжээ. Түүний дагуу аав хар багаасаа усанд сэлж сураад, 13 настайгаасаа салчин хийдэг болжээ. Улмаар 18 настайдаа сайн дураараа Дотоод яамны цэрэгт ирж, 1933 онд Зөвлөлтийн мэргэжилтэн цэргийн хөгжимд хүн шалгаруулахад аав маань тэнцэж орсон түүхтэй. Аав багаасаа хуучир, морин хуур сонсголоороо тоглодог, урлагт дуртай хүн байж л дээ. Зөвлөлтийн мэргэжилтэн аавын шүдийг нь үзээд л, турбо хөгжим үлээлгэж шалгаж авч байсан гэдэг. Тэгж аавын маань хөгжимтэй холбогдсон амьдралын замнал нь эхэлсэн түүхтэй.

Монголын бүхий л цэргийн марш болон томоохон маршуудыг таны аавыг л бичсэн. Н.Цэрэнпил гуайгаас хойш марш бичих хүнгүй болсон гэж ярих юм?

-Ер нь тийм шүү. Аав маань бүхий л эрүүл ухаан, саруул биеэ цэргийн хөгжмийн хөгжил, цаашдын хувь заяа, цэргийн үлээвэр хөгжмийн уран бүтээл зохиолд зориулсан хүн л дээ. Дээр нь гадаад, дотоодын хөгжмийн зохиолчдын том том симфони, тухайлбал хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайн “Ханбогд” симфони гэх зэргээр бусдынхаа бүтээлийг үлээвэр хөгжимдөө найруулж бичсэн. Аав маань зөвхөн марш бичсэнээрээ биш янз бүрийн бүжгийн аялгуу, биеийн тамирын марш, салбар салбарын ажилчдын марш, хөгжим бичсэнээрээ танигдсан. Тэр битгий хэл манай аав чинь хөгжмөөрөө спортын мастер цол авч байсан. Ямар юмаараа гимнастик хийж, уран нугарч, хүндийг өргөх вэ дээ. Тэр үед наадмаар хүүхэд залуус гимнастикийн элдэв цэцэг навчтай үзүүлбэр үзүүлдэг байлаа. Тэрүүнд аав хөгжим бичдэг. Дээр нь хүүхдийн дуу их бичдэг байсан. Тухайн үед аавыг ид ажиллаж байхад Улаанбаатар хотын ихэнх сургууль үлээвэр хөгжмийн хамтлагтай байлаа. Тэр болгонд аав хүрэлцэн очиж хуучин хөгжим бэлэглэж, хүүхдүүдэд нь зааж, ажиллаж байгаад гарсан хүмүүсээ хөгжмийн багшаар тэнд нь оруулдаг байж л дээ. Х.Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн үлээвэр хөгжим хамгийн мундаг нь гэж явдаг байлаа. Бид нар 1959 онд Монголын залуучуудын анхдугаар их наадамд Кармен дуурийн Уверьтюрээр алтан медаль авч байсан. Энэ мэтчилэн сургуулиуд хооронд аавын тэр маршийг нь авчихаж, тэднийх энэ маршийг нь тоглочихож гэх зэргээр их өрсөлддөг байсан. Би аавыгаа зөвхөн марш гэлтгүй Монголын үлээвэр хөгжмийн хөгжлийг авч явсан гэж бардам хэлнэ. Үлээвэр хөгжмийн сургууль гэж байгаагүй үед аав маань цэрэг хувцастай жижигхэн хүүхдүүдийг оруулж хөгжим заадаг байсан. Мөн аав маань олны хүүхдийг сургадаг, асардаг, амьдралд нь хүргэдэг хүнийг өөд татдаг хүн байжээ, одоо эргээд бодоход. Тэр байтугай манайд хамаатан ч биш янз бүрийн хүмүүс байж л байна. Ээжийн дүү ч юм шиг, аавын дүү ч юм шиг байж байгаад авгай аваад тусад нь гаргаад явуулдаг байсан.

Тухайн үед, тодруулбал 1990 он хүртэл Н.Цэрэнпил гуайн маршгүй нэг ч баяр ёслол жагсаал цуглаан болж байгаагүй гэдэг юм билээ. Баярын жагсаал ч их болдог байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тийм ч учраас аав жилээс жилд “За нисэгчдэд нэг марш хийе, аяны марш хийе, эмч нарт хийе” гээд л бичдэг байсан. Казах марш хүртэл бичсэн байдаг. “Аяны 1,2,3” “Угтах марш”, “Тугийн марш”, “Нисэгчдийн марш” гээд төрөл төрлөөр нь хийдэг. Ухаан нь жагсаалаар эмнэлгийнхэн гээд л явахаар эмнэлгийнхэнд зориулсан марш, нисэгчдийг явахаар нисэгчдийн марш тавина гэж л боддог байсан шиг байгаа юм. Манай аав бас урлагийн том том зохиолчдын үнэлгээгээр хөрвүүлэг бичихдээ их мундаг байсан гэдэг юм билээ. Одоо бол эвийг нь олж бичдэг хүн тэр бүр байхгүй гэж ярьдаг юм. Би тэрүүгээр нь ааваараа их бахархдаг. Дамдинсүрэн гуайн “Хасбаатар” симфони оркесторт бичсэн зохиолыг үлээвэрт буулгаж бичих, Намсрайжав гуайн “Баярын удиртгал”-ыг ч байдаг юм уу үлээвэрт хувиргаад бичнэ гэдэг өөр асуудал л даа.

Нийтдээ хичнээн марш бичсэн байдаг юм бол?

-Аав маань 115 марш бичсэн гэдэг юм. Ер нь бүх цэргийн ангийн хөгжимд аавын маршийг тоглохгүй хөгжим одоохондоо байхгүй л байна. Хэдийгээр миний аав өнгөрөөд 30 гаруй жил болсон ч марш нь одоо ч явж байгаа нь тэр хүний уран бүтээл хэрхэн мөнхөрсөн бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Цэргийн хөгжмийн ангид орсныхоо дараагаар хөгжмийн боловсролоо дээшлүүлэхээр гадагш, дотогш сургуульд явж байсан юм болов уу?

-Цэргийн хөгжмийн ангид л явж боловсрол эзэмшсэн. 1960-аад оны үед юм уу даа, ядахнаа хоёр жилийн сургалтад ч болов явъя гэсэн юм. Гэтэл цаанаас “Чиний ажлыг хийх хүн байхгүй. Чи одоо юу сурах гээд байгаа юм” гээд явуулаагүй. Хүн л болсон хойно юм мэдье, үзье гэж бодсон байх л даа. Аав тэгээд үлгэр жишээ хөгжмийнхөө анхны дарга, анхны хурандаа, анхны урлагийн гавьяат зүтгэлтэн нь юм. Тухайн үед партизаны дараа ахмад зүтгэлтэн гэж цол өгч байсан. Анхны дөрвөн ахмад зүтгэлтний нэг нь. Нэлээд хэдэн анхны гэсэн тодотголтой. Ёстой хөгжмийн төлөө гэж зүтгэсээр яваад л дууссан хүн дээ.

Тэр үед баяр, ёслолыг алгасахгүй биз. Та аавыгаа хэр дагаж явдаг байв?

-Нэг их дагаж явахгүй. Аав их завгүй. Бэлтгэл сургууль хийнэ гэж бөөн юм болно. Баяраас хоёр гурав хоногийн өмнө өглөө бүр 03.00,04.00 цагт явна. “Майн нэгэн”, “Мартын 8”, Октябрийн баяр, наадмын өмнө жагсаалын сургууль хийнэ. Тэгж байж жагсана. Би яахав ажлаараа жагсаалд явахад, аав гараа дохиж байгаа л харагдана. Стадионд наадмын нээлт ёслол болоход аавыг дагаж явдаг байсан. Аав сүүлд ач нараа голдуу дагуулж явдаг болсон. Манай хүүхдүүдийг маш их эрхлүүлдэг. Ач нартаа ёстой амь байсан даа.

Цэргийн хүмүүс ерөнхийдөө түс, тас гэсэн хүмүүс байдаг. Таныг хэр эрхлүүлдэг байв?

-Би чинь айхтар эрх охин байсан ш дээ. Долдугаар ангиа төгсөөд Орос улс руу сургуульд явсан. Тэгэхэд айлын улсууд “Өө, Цэрэнпилийн эрх шар төгсөхгүй дээ. Эрхлээд хүрээд ирнэ” гэж байсан гэдэг. Ижий аав дээрээ ганцаараа өсчихсөн болохоор тийм эрх болчихсон. Гэхдээ хүний хувь тавилан байх. Яаж ийгээд буцаж ирэлгүйгээр төгсөөд ирчихсэн дээ. Тэрнийхээ хүчинд л одоо өдий чинээ явж байна. Аав, ээж хоёр маань нялх охиноо зүрх зориг гаргаад сургуульд явуулалгүй, 20 гартал нь эрхлүүлээд явсан бол би ямар ч байх байсан билээ. Гэхдээ хагас бүтэн сайн болгон аав ээжтэйгээ утсаар ярина. Тэр үед ямар утас байх биш шуудан орж ярина. Аав, ээж хоёр маань сүүлд нь “Чамтай утсаар ярьчихаад л бид хоёр кино үзээд гэртээ харьдаг байсан” гэж ярьж байсан. Зайлуул утсаар яриад л санаа нь амардаг байж л дээ. Бараг л шувуу явсан ч далавчинд нь юм дүүжлээд явуулна ш дээ. Өөр айлын хүүхдүүд гэрээсээ бараг юм авахгүй байхад би эрхийн тэнэг л байсан байхгүй юу. Тийм ч учраас миний хүүхдүүдийг ч их эрхлүүлдэг байсан. Би урлагийн хүн болохоор гэртээ бараг байхгүй. Байнга гадагшаа дотогшоо явна. Ааваас хойш ижий маань л миний хүүхдүүдийг өсгөж хүн болгож өгсөн дөө.

Аав тань дөнгөж 13 настайгаасаа л ажил хийж эхэлсэн гэхээр их амьдралын төлөө зүтгэдэг хүн байж дээ?

-Тэгэлгүй яахав. Манай аавын өвөөг “Хар Наваан” гэдэг байсан гэнэ лээ. Би тэгээд ааваас “Танай өвөө чинь хар царайтай хүн байсан юм уу” гэж асууж байсан удаатай. Үгүй, харц ард хүн байсан юм байна. Тийм айлд чинь ямар л олигтой мал хуй байхав. Ямар сайндаа л би 13 наснаасаа салчин хийж байхав дээ. Цалин авдаг л байсан байлгүй. Хар багаас хөдөлмөрт нухлагдаж, амьдралын төлөө зүтгэж ирсэн. Бүхнээ гэр бүлдээ зориулсан хүн байсан. Аав залуудаа цалингаа буухаар шинелийнхээ энгэрийн халаасан дээр гараа тавиад л ирдэг байсан гэдэг. Ээж холоос хараад мэдчихдэг. Ирээд бүх цалингаа ээжид өгчихнө. Тэгээд л ээж өглөөд “Цэрэнпээл, цонхон дээр тамхийг чинь тавьчихсан шүү. Оймсоо, майкаа солиорой” гэнэ. Аав “За” гээд л сууж байна. Ерөөсөө гэр орны юм мэдэхгүй. Тэр өгсөн мөнгө төгрөгийг нь ээж хүргэж байна уу, зээлж байна уу, хаясан уу ерөөсөө хамаагүй. Зөвхөн л цалингаа оруулж өгдөг. Ээжийн авч өгснийг зүүгээд, өмсөөд л явж байдаг хүн байсан.

Та бас ааваасаа их татвар хураана биз?

-Аа тэгнэ, тэгнэ. Би өндөр үнэтээс тийм юм авч өмсмөөр байна ш дээ гээд л хошуугаа унжуулна. Аав “Миний хүү хөгжмийн зохиолчдын холбоон дээрээс очоод миний маршийн мөнгийг авчих”л гэнэ. Тухайн үедээ хүн чинь эрхэлж байгаагаа ойлгодоггүй юм билээ. Тэгээд аав ч уначихлаа.

Бүх юм ээж, бид хоёрын толгой дээр ирж байгаа юм. Тэр үеэр бас дөрвөн хүүхдийн маань эцэг хаяад явчихсан. Тэгээд ирэхээр сайн ажиллаж, цалин авч байж л дөрвөн хүүхдээ, ээжийгээ тэжээх хэрэгтэй болж байгаагаа ойлгож байгаа юм.Тэгэхэд л би “Би чинь ямар муухай дураараа байсан юм бэ” гэж ойлгосон доо. Дуурийн театрт бас ч гэдгээ гайгүй цалин авдаг байсан. Аав, ээждээ нэг ч удаа өгч байгаагүй ш дээ. Нэг л сайхан ганган амьтан ажлын хүүхнүүдээ “Улаанбаатарт хоол идье. Найз нь өгчихье” гэдэг л авгай байв. Сүүлд ааваас хойш өөр болоод ирж байгаа юм. Тэгэхэд л би дэндүү эрх өссөн гэдгээ ойлгосон.

Та эхээс хэдүүлээ билээ?

-Хоёулаа. Би дороо нэг эрэгтэй дүүтэй. Гэхдээ би ганцаараа шахуу аав, ээж дээрээ өссөн л дөө. Аав цэргийн хөгжмийн дарга болчихсон байхдаа ногооны зоорь ухаж даараад хатгаа болоод хүндэрчихжээ. Сүүлдээ шинелээ ч даахгүй болчихсон байсан гэдэг. Тэгээд нутаг усандаа гар гэж зөвлөсний дагуу Ерөө сумандаа очоод үнээний бүлээн сүүгээр эмчилгээ хийж гайгүй болж л дээ. Тэр үеэр би ч олдож сэтгэл санаа нь өөдрөг болсон байх. Энэ хоёр маань суугаад таван жил болж би гарсан юм. Ээж хүүхэд өргөж авъя гэсэн аав өөрт заяагаагүй юмыг яах юм гэсэн гэнэ лээ. Тэгтэл би долоон сартай дутуу гараад, дөнгөж хоёр гурван сар болж байхад ээж ахиад жирэмсэн болсон гэсэн үг. Гэтэл дүүг төрөх гээд өвдөж байх үеэс нь эхлээд саахалтынх нь хоёр хөгшин гуйсаар байгаад авчихсан юм билээ. Хүүгээ алдаад удаагүй байхад нь лам хүн танай саахалтын айлд холоос ирсэн хүмүүст хүү чинь төрнө гэж хэлсэн юм билээ. Тэгээд дүүг төрсний дараа тувт орж ирж ээлжилж тэвэрсээр байгаад авчихсан гэдэг. Тэгж бид хоёр тусдаа өссөн юм. Сүүлд манайхыг хот руу нүүсний ард тэр хоёр хөгшин захиа ирүүлсэн. Тэгээд аав тэр гуравт Гандан дээр хашаа байшин авч өгөөд авчирсан юм.

Айл болгон зурагт гэж байхгүй дээр үеийн хүмүүс хүүхдүүдээ дагуулаад л кино, жүжиг их үзэж явдаг байсан. Танай гэр бүл тэгж явдаг байв уу?

-Явна, явна. Тэр үед Зөвлөлтийн цирк, Хятадын цирк гээд их ирдэг байсан. Алиалагч Данзан ахынх айл болохоор билет захиад л их үзнэ. Аав маань театрт их очдог, маш гоё хоолойтой хүн байсан. Ямар сайндаа театрын хүн болно гэж байхав дээ. Аав маань бас анд их дуртай. Амралтаараа нутаг руугаа заавал явна. Нутагтаа очихоороо аав ан агнана. Аав Ерөө сумаас урагшаагаа ой дотор бэрлэг ялбаг гээд отогтой байсан. Өөр хүн очсон ч гэсэн идэх юм бэлдээд тавьчихдаг байсан. Тэгэхэд Ойдовжамц ах, “Энэ хүүхнүүд үү” киноны Дорж буюу Д.Дамдинсүрэн анх, Намсрай гуай нартай нийлээд л явдаг хүн байсан. Загас барина.

Гэрийн эзнийхээ хувьд хэр ноён нуруутай хүн байв. Таныг ямар ухаанаар өсгөж хүмүүжүүлсэн бэ?

-Аав хэзээ ч надад гар хүрч үзээгүй. Барагтай бол хатуу үг хэлэхгүй. Ижий ч гэсэн загнаж, зоддог ч үгүй байсан. Би ч гайгүй сурдаг байсан юм шиг байгаа юм. Аав надаа баян хөгжим, төгөлдөр хуур заана. Дутуу гараад их сул биетай байсан болохоор намайг аль болох биеийн тамир, гимнастикаар хөгжүүлэхийг хичээнэ. Хүнд хэлэхээс ичмээр болохоос би чинь муу ч үгүй спортын мастер хүн шүү дээ. Аав минь миний хувьд их утга учир болж байсан хүн л дээ. Аав маань “Миний хүү үнэнч хөдөлмөрөөрөө олж идсэн хоол чинь их амттай байдаг юм шүү дээ” гэж их ярьдаг хүн байсан. Ер нь тэгээд их хэнхэг байлгах гэнэ. Тоглолтгүй үеэр л “Хөөе чи өнөөдөр тоглолт байхгүй юм уу. Зүгээр байхаар очоод нотоо хараад сууж байхгүй юм байх даа” л гэнэ. Өөрөө тийм хүн чинь. Өөрөө өглөө цэрэг босохоос өмнө очоод л, орой цэргээ унтуулаад ирдэг байсан.

Та ээжийнхээ тухай дурсаач?

-Миний ээж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүн л дээ. 16 настайдаа хотод ирж ажиллаж байгаад аавтай танилцсан юм билээ. Манай ээж насаараа төмөр замын цэцэрлэгт дарга хийсэн. Анхны орос цэцэрлэгтэй байж байгаад монгол цэцэрлэг болоход анхны дарга нь болсон юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэнгэр эзэгнэгч энэ цагийн төмөр хүлгүүд

Шувуу адил нисч, тэнгэрийг эзэгнэх хүн төрөлхтний хязгааргүй хүсэл биелэлээ олсон нь 100 гаруй жилийн тэртээх үе. Харин өнөө үед нисэх онгоцны хөгжил технологийн өндөр түвшинд хүрч, дуунаас дөрөв, тав, арав дахин хурдан гайхамшигт онгоцнуудыг бүтээх болсон байна.

Үлгэр домог болон яригдаж ирсэн нисдэг биeтийн тухай ойлголтыг анх цаасан дээр буулгаж, нисэх аппаратын анхны зургуудыг зурж, хойч үедээ үлдээсэн хүн бол Италийн сэргэн мандалтын үеийн суут эрдэмтэн Лeонардо да Винчи юм. Мөн Оросын нэрт эрдэмтэн М.В.Ломоносов, Д.И.Мeндeлeeв нар xүнд төхөөрөмж агаарт хөөрч болох онолын үндсийг анх боловсруулж байжээ.

Оросын авьяаслаг инжeнeр, зохион бүтээгч А.Ф.Мoжайский 1882 онд анхны уурын хөдөлгүүртэй нисэх аппарат бүтээж туршсан байдаг.

Харин агаарын бөмбөлгийг бүр 1783 онд Франц улсын иргэн ах, дүү Монгольфьe нар зохион бүтээж, тэнгэрт хөөргөж байжээ. Энэ нь хүн агаарт хөвсөн анхны гайхамшигт алхам болсон юм.

1885 онд А.Ф.Можайскийн төслөөр xүн жолоодоод агаарт гарч болох нисэх онгоц бүтээжээ. Тэрбээр нэгэн туршилтаараа онгоцоо газраас xөндийрүүлсэн боловч төдөлүй унаж далавчаа эвдсэн байна. Тийм ч амжилттай болоогүй ч энэ нь хүн төрөлхтөн онгоц жолоодох анхны оролдлого байв. Энэ үеэс л олон орны зохион бүтээгчид нисдэг онгоц, нисдэг тэрэг зохион бүтээx нөр их ажилд идэвхийлэн орцгоох болжээ.

Өдгөө АНУ, Их Британи, Франц, Бразил, ОХУ, Хятад, Египет, Герман, Энэтхэг тэргүүтэй дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч 30-аад улс оронд нисэх онгоц үйлдвэрлэн гаргаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Японы “Mit­subishi Aircraft” корпораци Mitsubishi Regional Jet (MRJ) нэртэй зорчигч тээврийн онгоцоо нийтэд танилцуулж, туршилтын нислэг үйлдлээ.

Ингээд хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг танилцуулж байна.

1.Дуунаас арав дахин хурдан “Skreemr” онгоц

Агаарын тээврийн хамгийн сүүлийн үеийн, хамгийн хурдан загварын нисэх онгоц. Нисэх онгоц үйлдвэрлэгч Европын “Airbus” компанид үйлдвэрлэсэн “Skreemr” гэх нэртэй энэхүү онгоц нь энэ сарын 7-нд анхны нислэгээ үйлджээ. Анхны тээвэрлэлтээ Нью-Йорк-Лондон чиглэлд 75 зорчигчтойгоор хийсэн байна. Тус онгоцоор АНУ-ын Нью-Йорк хотоос Английн Лондон хот хүртэл нисэхэд ердөө 30 минут зарцуулсан аж. Энэ нь хэзээ ч тогтоож байгаагүй амжилт юм. Өмнө нь “Конкорд” онгоцоор Атлантын далайг гаталж, Нью-Йоркоос Лондон хүрэхэд гурван цаг зарцуулдаг байв. Харин энгийн тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор долоон цаг нисдэг. Тэгвэл “Skreemr” онгоцоор ердөө 30 минут явна. Яг л агаар дээрх галзуу хулгана адил. Үүнийг Америк, Европт хүмүүс технологийн жинхэнэ тэсрэлт гэж нэрлэжээ. Хэний ч санаанд багтамгүй солиотой гэмээр хурдтай энэхүү онгоц нь дунджаар 12.348 км/ц хурдтай нисдэг аж.

“Skreemr” хөлгөөр үйлчлүүлсэн анхны зорчигчид “Чих дүнгэнэж, нүд эрээлжилж, толгой эргэж байсан. Дуунаас хурдан гэж үүнийг л хэлнэ” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Аливаа “конкорд” онгоц, нисдэг тэрэг, хурдны машины хурдыг хэмжихдээ “мах тоо” ашигладаг. “Мах тоо” гэдэг нь тухайн биетийн хурдыг дууны долгионы тархах хурдтай харьцуулсан тоо юм. Тэгвэл энэхүү супер онгоцны мах тоо нь М10 аж. Тус онгоцыг цахилгаан хөөргөх систем ашиглан нисгэсэн бөгөөд “scramjet” хөдөлгүүртэй. “Scramjet” гэдэг нь “ Supersonic combusting ramjet” гэдэг үгийн нийлэмж бөгөөд хэт авиан шаталтат нарийн хөдөлгүүрт онгоц гэж орчуулагдах аж. Шингэн устөрөгч болон нүүрстөрөгчөөр ажилладаг. “Skreemr” онгоцны загварыг Канадын нэрт инженер, зохион бүтээгч Чарльз Бомбардьер гаргаж, зураг төсөл дээр артист Рэй Маттисон ажиллажээ. Загварын тухайд “Хамгийн дур булаам, сэтгэл татам” загвар мөн хэмээн олон улсын шүүмжлэгчид үнэлсэн байна. “Skreemr” онгоц нь пуужин мэт урд, хойт хоёр хэсгээс бүрдэх ба урд талдаа хоёр жижиг далавч, хойт талдаа хоёр том далавчтай юм. Ардаа пуужин адил тийрэлтэт хөдөлгүүртэй.

2.“Transatlantic” далайн нисэх онгоц

Энэхүү далайн нисэх онгоцыг 2015 оны эхээр зохион бүтээсэн. Загварыг Их Британийн хатан хааны нэрэмжит коллежийн залуу эрдэмтэн, зохион бүтээгч Эррикос Левис гэх хүн гаргажээ. “Атлантын далайг гэтлэгч” гэх тодотголтой тус хөлөг онгоц нэг дор хоёр мянган хүн зөөвөрлөх хүчин чадалтай юм. Энэ онгоцны онцлог нь далавчгүй, эх бие, далавч хоёр нь хамтдаа байдагт оршино. Загварын хувьд нисдэг тэрэгтэй ойролцоо, гэхдээ сэнс ч байхгүй. Мөн хөдөлгүүр нь дээрээ байрладаг аж.

3.“Progress eagle”

Монголоор хөрвүүлбэл “Дэвшилтэт бүргэд” гэх нэртэй энэхүү төмөр хүлгийн загварыг зохион бүтээгч Оскар Вихалс гаргажээ. Далавч болон их биен дээрээ нарны зайн хураагууртай “Дэвшилтэт бүргэд” онгоц нарны эрчим хүч болон устөрөгчөөр ажилладгаараа онцлог юм. 800 хүн тээвэрлэх хүчин чадалтай.

4.“Skywhale” буюу “Тэнгэрийн халим”

“Тэнгэрийн халим” мөн инженер загвар зохион бүтээгч Оскар Вихалсын бүтээл аж. Өнгөрсөн онд зохион бүтээсэн энэ онгоц нь том том цонхнууд, агаарт ямар нэгэн гэмтэл гарвал автомат удирдлагаар засах далавчнуудаараа давуу талтай. Нийтдээ 755 зорчигчийн багтаамжтай заалтай юм.

5.“Аirlander”

Энэ бол агаарын хөлөг болон нисэх онгоцны холимог загвар бүхий онгоц юм. Загварыг 2014 онд Их Британийн тээврийн хэрэгслийн загварын компанигаргажээ. Аварга том агаарын бөмбөлөгний хэлбэртэй, 92 метрийн урттай аж.

6.Цонхгүй дуунаас хурдан онгоц

Цонхгүй гэдгээрээ онцлог энэхүү онгоц нь бизнесийн зориулалттай анхны дуунаас хурдан онгоц юм. Тус онгоцны хурд дууны хурдаас 1.8 дахин их аж. Энэ онгоцны цонхны оронд гаднах орчинг бүхлээр нь харуулах дэлгэцийг зорчигчдын суудлын урд байрлуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Бүхий л зүйл нь цогц “ГЭГЭЭНТЭН” хотхон

“Жигүүр гранд” группын сүндэрлүүлсэн “Гэгээнтэн” цогцолбор нийслэл хотод өнгө үзэмж, сүр жавхлан нэмж ихэмсгээр орших болоод жил гаруй хугацааг үдэж байна. Олон хүмүүсийн оюун ухаан, авьяас билиг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтсэн хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшнээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтын нэг нь яах аргагүй “Гэгээнтэн” цогцолбор хотхон юм.

Нэртэйгээ адил сүр жавхлан, гэрэл гэгээг илтгэх “Гэгээнтэн” хотхон нь Хан-Уул дүүргийн XV хороо Их тойруугийн гудамж буюу 120 мянгат”-ын уулзварын урд байрладаг. Гадаад, дотоодын зочдын ирж буй зам дагуу байрладаг тул Улаанбаатар хотын нүүр царайг илтгэсэн барилгуудын нэг гэж хэлж болно. Ихэнх компани томоохон бүтээн байгуулалт хийхдээ гадна, дотнын компаниудаар архитектур, загвар дизайнаа гаргуулах, барилгын чиглэлийн хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилладаг бол “Жигүүр гранд” групп барилгын зураг төсөл, загвар дизайнаасаа авахуулаад, барилгын ажил, дулаан, бохирын шугам сүлжээ хүртэл бүгдийг зуун хувь өөрсдөө хийдгээрээ онцлог. “Гэгээнтэн” хотхон ч мөн адил “Жигүүр гранд” группын ажилтан хамт олны сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөөр боссон юм. Тус цогцолборын барилгын ажил 2012 оноос эхэлж 2014 оны сүүлээр бүрэн баригдаж дуусчээ.

Бүх үйлчилгээний төв, оффис, орон сууц нь цогцоор сүндэрлэх “Гэгээнтэн” хотхон нь үндсэн дөрвөн цогц байртай. Тухайлбал, оффисын хоёр байр, Энтэртаймент төв болон дөрвөн орц бүхий орон сууцны нэг байраас бүрдэнэ. Оффисын хоёр байрныхаа дунд голлон байрлах энтэртаймент төв нь таван давхар бол оффисын байрнууд нь 16 давхар өндөр юм. Харин орон сууц нь зүүн талдаа буюу олны нүднээс далд оффис, энтэртаймент төвийнхөө цаана байхаар шийдэж өгчээ.

“Гэгээнтэн” цогцолборын барилгууд нь төмөр бетон, карказан барилга. Нийт талбай нь 11800 ам дөрвөлжин метр талбай эзлэн оршино. Үүнээс 5870 ам дөрвөлжин метр талбайд худалдаа үйлчилгээний зориулалттай төв байдаг. Энтэртаймент төв болон оффисын төв нь нүүрэн талдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалсан гурван давхар шилэн фасадтай. Германаас орж ирсэн нөөцийн цахилгаан үүсгүүр, орчин үеийн агааржуулалтын системтэй.

Энэхүү цогцолбор хотхоныг олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж байгуулсан хэмээн мэргэжилтнүүд үздэг юм билээ. “Жигүүр гранд” групп “Гэгээнтэн” цогцолбор хотхоныг барьснаар зөвхөн энтэртаймент төвдөө л гэхэд 100 гаруй ажлын байр шинээр бий болгожээ.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ

Энэхүү цогцолборт нийтдээ орон сууцны дөрвөн байр байна. Нийт 180 айлын, 2-4 өрөө бүхий орон сууцнууд юм. “Жигүүр гранд” группын хамт олноос оршин суугчдынхаа тав тухыг дээд зэргээр хангаж өгчээ. Харуул хамгаалалтын систем, агааржуулалтын систем, аваарын гарц, галын дохиолол, халаалт, гэрэлтүүлэг гээд иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүхий л үйл ажиллагааг хамгийн өндөр түвшинд авсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Мөн хүүхдийн аюулгүй тоглох орчинг бүрдүүлсэн иж бүрэн тоглоомын талбайтай.

“ГЭГЭЭНТЭН” ЦОГЦОЛБОРЫГ ТОДОТГОСОН ЭНТЭРТАЙМЕНТ ТӨВ

“Гэгээнтэн” цогцолборын бусад бүтээн байгуулалтаас онцлох зүйл нь орчин үеийн шийдэлтэй энтэртаймент төв юм. Улаанбаатар хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг байгаа нь шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ орон зайг нэгээр нэмсэн газар нь “Гэгээнтэн”-ий энтэртаймант төв юм. Гэр бүл, найз нөхдөөрөө амьдралын алтан мөчөө энд өнгөрүүлж байг гэсэн хүсэл зорилго бүхий “Амьдралын алтан мөчийг” уриатай энэхүү төвийн нийт ашигтай талбай нь 8000 гаруй ам дөрвөлжин метр аж. Таван давхар барилга.Дотроо дөрвөн кино театр, караоке, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын төв, монгол, ази, европ зоогийн газрууд, дэлгүүр гээд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж.

“Гэгээнтэн” кино театр

“Гэгээнтэн” кино театр нь энэ оны наймдугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тус кино театр дөрвөн танхимтай. Зуун хүний суудалтай нэг танхим, тус бүр 150 хүний суудалтай хоёр танхим, 28 хүний суудалтай VIP танхимаас бүрдэнэ. Энэхүү кино театр хамгийн сүүлийн үеийн дуу тусгаарлагч, кино дэлгэц, гэрэлтүүлгийг цогцоор шийдэж чадсанаараа онцлог. Кино театрын тохижилтыг Солонгосын алдарт “Кинотон” компанийн инженерүүдээр хийлгэжээ. Харин дизайныг “Warner bros”, “I max”зэрэг кино компаниудын дизайнераар ажиллаж байсан АНУ-ын архитектурч гаргасан байна. Кино театрын хамгийн чухал үзүүлэлт нь дэлгэц болоод дуугаралт байдаг. Тэгвэл энэхүү кино театрын танхимүүд нь “Dolby atmos” буюу дуу авианы бодит орчинг бий болгох төхөөрөмжүүдээр тоноглогдож дэвшил авчирчээ.

*Хүүхдийн цагийн цэцэрлэг

Хүүхдээ харуулах хүнгүйн улмаас гэртээ сууж буй ихэнх эмэгтэйчүүд болон залуу эцэг эхчүүд хэсэгтээ дэлгүүр хэсэх, кино үзэх, хөгжилдөх боломжоосоо татгалздаг. Тэгвэл “Гэгээнтэн”-ий энтэртаймент төв тэр асуудлыг шийдвэрлэх үүднээс цагийн цэцэрлэг нээжээ. Дэлгүүр хэсэх, кино үзэх, тоглох зуураа хүүхдээ түр энд үлдээж болох аж. Тус цэцэрлэг нь 100 ам дөрвөлжин метр талбайтай. Хүүхдийг зугаацуулах бүхий л төрлийн тоглоомтой юм байна.

*“Гэгээ” караоке

Энэхүү караоке нь дөрвөн янзын өрөөтэй. Өрөөний зай талбай, суудлаасаа хамаараад “Family”, “Friends”, “Party”, “Love” гэсэн дөрвөн төрөлтэй аж. Тохижилт нь харилцан адилгүй. Үнэ нь өрөөний төрлөөсөө шалтгаалан цагийн 40-100 мянган төгрөг аж. Мөн тухлаг лаунжаар үйлчлүүлж болно.

*Автомат тоглоомын төв

“Namco”, “Sega” тэргүүтэй трэнд болсон автомат тоглоомуудын 2011 оноос хойших хамгийн сүүлийн үеийнхийг нь оруулж ирсэн байна. Мөн тоглоомын төвийн загвар, дизайныг хүүхэд залуусын сонирхлыг татахуйц шийдлээр тохижуулжээ. Энэ тоглоомын төвөөр хүүхэдтэйгээ хамт цагийг сонирхолтой өнгөрүүлэхийг хүсвэл хоёрдугаар давхрыг зориорой.

*Зоогийн газрууд

“Гэгээнтэн” хотхоны энтэртаймент төвөөр зочилсноор хэд хэдэн орны хоолны амтыг мэдрэх боломжтой. Азийн томоохон улс, хотуудаар сүлжээгээ байгуулсан Японы “Ajisen” сүлжээ зоогийн газар, алдарт “Oishi” болон монгол “Hot Pot” тэргүүтэй дөрөв, таван зоогийн газар тус энтэртаймент төвийн 1-3 дугаар давхруудад байраа эзэлжээ.

*Дэлгүүрүүд

Энэ цогцолбор дотор дэлхийн болон дотоодын маш олон брэнд дэлгүүрүүд бий. Жишээ дурдвал пүүз, спорт хувцсаараа алдартай “Nike” брэндийн “Niketown” салбар, “AОF”, “Sergio Barone”, Австралийн нүдний шилний “ Le Specs”, хүүхдийн хувцасны “An no kids” болон “GUCCI” тэргүүтэй олон дэлгүүрүүд энд байрладаг юм.

*Оффисын байр

“Гэгээнтэн” хотхоны оффисын зориулалтын байрнуудад “Жигүүр гранд”-ын өөрийн болон бусад том, жижиг албан байгууллагууд бүхий л чиглэлээр үйл ажил­лагаагаа явуулдаг байна.

Тэр дундаас онцолбол “Худалдаа хөгжлийн банк”, “Төрийн банк” тэргүүтэй санхүүгийн байгууллагууд энд төвлөрчээ. Хэрэглэгчид хүссэн үйлчилгээгээ нэг дороос авах боломжийг энд бүрдүүлсэн нь таатай.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан П.БҮРЭНТӨГС: Хавдрын аянд бөхийн байгаа хандивлалаа. Монголын минь ирээдүй гэрэлтэй байх болтугай

Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнхийн нэрэм­жит барилдаан өнгөр­сөн бямба гаригт болсон. Тус барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат бөх Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлсэн юм. Тэрбээр хавдрын эсрэг аянд нэгдэж түрүү бөхийн бай шагналд авсан таван сая төгрөгөө өнөөдөр Хав­дар судлалын үндэсний төвд гардуулан өгөх юм. Ингээд П.Бүрэнтөгс арслантай ярилцлаа.

Юуны өмнө танд баяр хүргэе. Х.Баянмөнх аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж, шагналын мөн­гөө хавдрын эсрэг аянд зориулна гэлээ. Сүүлийн үед бөхийн ертөн­цөд сонсогдож бай­гаа­гүй маш сайхан мэдээ байна…

-Монголын ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Увс нуур” бөхийн гал 90 жилийнхээ ойн хүрээнд “Монгол бөхийн баяр” гэж өргөн дэлгэр сайхан баяр хийсэн. Үүний хүрээнд өвгөн аваргынхаа хүндэтгэлийн барил­дааныг амжилттай сайхан зохион байгууллаа. Өөрийн зүгээс барилдааны бай шагналаа нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг хавдрын эсрэг үйл ажиллагаанд зориулж байна. Монголчуудыг түгшээж буй асуудлын нэг нь хавдар болчихлоо. Миний ойрын хүрээнд ч их байна. Сэтгэл их эмзэглэж явдаг. Тэр үүднээс нэгдье гэж бодсон юм.

Хэр хэмжээний мөнгө гардуулж байна?

-Түрүү бөхийн байгаа тэр чигт нь бэлэглэж байна. Заалны барилдааны түрүү бөхийн бай янз янз л байдаг юм даа. Би нийг­мийн чиглэлийн ажлаас хойш сууя гэж боддоггүй. Аль болох оролцохыг хичээж, дэмжиж явдаг юм. Нэг ч гэсэн хүн хавдраас салж, Монголын минь ирээдүй гэрэлтэй байх болтугай.

Бөхчүүд улсын болоод аливаа барилдаанд түрүү­лээд том жийп машин, байр авдаг. Харин та байгаа хандив­ласан анхны хүн боллоо. Бусад бөхчүүд ч үлгэр дуурайл авч цаашдаа ийм жишээ олон гарна байх?

-Ийм жишиг тогтвол сайн байлгүй яахав. Монголчууд бид бие биедээ тустай дэмтэй явбал сайхан л байна.Бид өөрсдөө л нэгнийгээ дэмжиж, туслах хэрэгтэй шүү дээ.

Нэгэнт уулзсаных хоёулаа бөхийн яриа руу оръё. Энэ жил таны бэлтгэл их сайн байна гэж хүмүүс ярилцаж байна. Таны хувьд улсын баяр наадамд залуу арслан Э.Оюунболдыг давах боломж байсан уу?

-Улсын баяр наадамд хэн илүү бэлтгэл сургуулилттай, од хийморьтой нь сайн барилдаж, үзүүр түрүү авдаг. Тэр хүний наадам бол­дог. Залуу арслан надаас илүү хийморьтой, илүү бэлтгэл сайтай байсан учраас наадмын түрүү авсан байх аа. Тийм ч учраас сайхан барилдаж арслан болсон. Миний хувьд өөрийнхөө бодож хүсч явсан хэмжээндээ барилдаж чадаагүй ч байгаа хэмжээгээ мэдэж авсан гэж бодож байна. Цаашид илүү сайн хичээж барилдах, бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан.

Ялангуяа та наймын даваанд наад­мын түрүү авах найдлага төрүүлж байсан Улсын заан Ч.Санжаадамбыг хаясан шүү дээ. Тэр их сонирхолтой барилдаан болсон доо?

-Бас л өөрийн онцлогтой сайхан барилдаан болсон л доо. Энэ цаг үеийн шилдэг сайхан зааныг амлаж аваад сайхан барилдлаа. Бид чинь энэ цаг үеийн бөхийн түүхийг бичилцэж байгаа хүмүүсийн нэг гэж боддог. Тэр утгаараа сайхан байсан.

Та улсын цол авснаасаа хойш ард түмнийхээ хүлээж байсан шиг сайн барилдаан үзүүлж чадахгүй байсан. Ер нь аймгийн цолноос улсын цолонд хүрэх сэтгэл зүйн хувьд ямар байдаг вэ?

-Монгол бөхөд эрэмбэ дэс дараа гэж нэг сайхан юм бий. Тухайн үедээ аймгийн цолтой бөхчүүдээс 100 гараад зогсч байсан. Ер нь улсын цолд хүрэхийг зорьж л байсан. Тэгтэл шууд улсын том цол авчихсан. Тэр том бөхчүүдийн дээр гараад зогсчихоор байр сууриндаа дасан зохицох асуудал гарч ирдэг юм билээ. Хэтэрхий том бөхчүүдтэй эн зэрэгцээд ирэхээр биеэ барьж байсан. Хоёрдугаарт тамирчин хүнд бэртэл гэмтэл гэж нэг асуудал гарч ирдэг. Намайг ч гэсэн дайраад гарсан. Энэ бас бага зэрэг нөлөөлсөн байх.

Ямар бэртэл авсан бэ?

-Бага зэргийн бэртлүүд авсан. Одоо харин бэлтгэл сайхан жигдэрч байна.Бэртэл гэмтэл холуур байна.

Дараа дараагийн барил­даанд тань биеэ барих тэр мэдрэмж, сэтгэл зүй нөлөөлсөн биз?

-Тэгэлгүй яахав. Хамгийн том асуудал чинь тэр байхгүй юу.

Монгол Улсын арслан цол авсан тэр жилийн барилдаанаа эргэн нэг дурсахгүй юу. 2012 оны наадам байх аа?

-Яахав тэр жил ерөнхийдөө өөрийгөө гайгүй том цолд хүрчих байх гэж бодож байсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй. Харин заан бол болчих байх гэсэн итгэлтэй байсан. Тэр жилийн бэлтгэл сургуулилт ч сайн байсан. Манай “Увс нуур” бөхийн гал гэж сайхан хамт олон байна. Төрийн наадмын олон түрүү бөх нэг дор цуглаж, нэг сэтгэлээр нэг зүгт зорин сайхан бэлтгэл хийдэг. Энэ бас нөлөөлсөн дөө.

Улсын гарьд Д.Рагчаатай үзүүр түрүү булаалдаж байсан. Завханы М.Баяр­жавхлан гээд олон сайн бөхийг давж улсын цолонд хүрч байсан шүү дээ…

-Тэр үед чинь Г.Өсөх­баяр аварга, О.Балжин­ням аварга, С.Мөнхбат аварга, арслан цолтой байсан манай Г.Эрхэмбаяр аварга нар барилдсан. Ер нь тэгээд жил болгон барилддаг улсын баяр наадмын том цолтой бөхчүүд барилдаж байсан л даа. Дөрөвийн даваанд нутгийн аварга С.Мөнхбаттай сайхан барилдаж, тавын даваанд Булган аймгийн харьяат Монгол Улсын заан М.Өсөхбаярыг даваад улсын цолны босго алхаж байсан. Цаашлаад Булган аймгийн харьяат улсын начин Э.Энхбаттай тунаж харцага болж, зааны даваанд Монгол Улсын гарьд М.Баяржавхлан заан намайг амалж авсан. Гарьдын даваанд энэ цаг үеийн бөхийн түүхийг бичилцэж яваа Г.Эрхэмбаяр аваргатайгаа тунаж гарьд болсон. Тэгээд л есийн даваанд хүндэлж явдаг бөхчүүдийн нэг Д.Рагчаа гарьдтай барилдаж түрүү авсан даа. Би Д.Рагчаа гарь­даас 12 насаар дүү шүү дээ.

Түрүүлсний дараахь сэтгэгдэл ямар байв. Хэр баярлаж хөөрсөн бэ. Тухайн үед цэнгэлдэх дүүрэн хүмүүс бүгд уухайлж, орилолдож бай­хад та харин ч их тайван байх шиг санагдсан?

-Барилдаж байх хугацаан­даа барилдаанаа л ахиулахыг бодож анхаарлаа төвлөрүүлнэ л дээ. Тамирчин хүний сэтгэл зүй. Яг түрүүлсний дараа шоконд орчихсон доо. Хүмүүсийн баярлаж байгаа, хөөрч байгаа байдал, тэр хүмүүсийн уур амьсгал гээд л. Монголчууд чинь бөхөө дээдэлж, хүндэлдэг ард түмэн. Урьд нь тийм юм үзэж байгаагүй болохоор бага зэрэг шоконд орсон доо.

Увс аймгийн бөхийн багш Ш.Бат-Очир багш тань тэр барилдааны дараа манай сонинд уйлж байгаад ярилцлага өгч байсан. Харин таны хувьд сэтгэлийн хөөрөл их багатай хүн юм шиг?

-Би ер нь их тайван хүн ш дээ. Тайван байхыг өөрөө ч гэсэн их хичээдэг. Манай багш надаас гадна сайхан сайхан цолтой бөхчүүдийг төрүүлж байна даа. Увс аймгаас гарч байгаа ихэнх залуус багшийн гарыг дамждаг. Намайг анх бөхийн замд оруулсан хүн гэж хэлж болно. Багш гэхээр хүнийг бэлтгэл хийлгэдэг, мэх заадаг хүн гэж ойлгодог. Гэхдээ манай багш хүнд амьдрах ухааныг сайн ойлгуулж өгдөг. Өөрөө бас тийм чадсан амьдралтай хүн биш шүү дээ, сургуулийн биеийн тамирын багш гэдэг чинь. Шуудай, шуудайгаар нь боов хийж тавиад л, бид нар тэрийг нь бэлтгэлээ тарж очоод идчихнэ. Гэрт нь бөөндөө очиж цуглаж сууна, ярилцана. Ер нь дандаа хүний IQ хөгжүүлсэн юм хэлж, ярьдаг хүн л дээ. Намайг ийм амжилт гаргахад их нөлөөлсөн гэж боддог юм. Ш.Бат-Очир багшийн шавь нараас улсын харцага У.Бат-Орших тэр хүний гар дээрээс гарсан. Сая начин болсон Энхбаяр байна. Бид нар нэг багшийн шавийн хувьд багшдаа баярласнаа илэрхийлж бөхийн дэвжээтэй болгож байгаа. Үүнийг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Удахгүй очиж гардуулж өгнө. Багшийгаа цаашид улам олон сайн шавь төрүүлнэ гэж найддаг шүү.

Бөхийн дэвжээнд хөлөө олоход тусалсан бусад сайхан багш нарынхаа талаар энд бас дурдахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Би 2007 онд арван жилээ төгсөөд Батлан хамгаалахын их сур­гуульд эрх зүйч мэргэжлээр сурч байсан. Хоёр сар хэртэй сураад сургуулиа хаяж, А.Сүхбат аваргын “Олимп” сургуульд орж бөхөөр тууштай явах зориг гаргасан гэх юм уу даа. А.Сүхбат аваргынхаа шавь болж хоёр жил гаруй явсан. Тэр хүнээс авсан юм их бий. Дараа нь “Увс нуур” гал дээрээ нэгдэж О.Балжинням багштайгаа хоёр, гурван жил бэлтгэл хийсэн. Төрийн наадамд түрүүлэхэд хүргэсэн хүн маань. Одоо улсын гарьд Б.Гантогтох, улсын арслан Б.Ганбат багш нар маань хичээллээд явж байна. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран багш маань жил гаруй багшил­сан. Д.Бумбаяр багш байна. Манай аймгийн том цолтой бөхчүүд бүгдээрээ л бид бүхэнд мэдэж сурсан юмаа харамгүй зааж сургадаг даа.

Увс аймгийн Давст сумаас Мядагийн Мөнгөн арслан гэж алдартай бөх төрж байсан. Тэр хүнээс хойш улсын цолтой бөх танаас өөр төрөөгүй байх аа?

-Увс аймгийн Давст сум өвөрмөц нутаг гэж хэлж болно. Бөх их цөөтэй. Ерөнхийдөө хоёр арслантай сум. Аймгийн цолтой бөх ч ер нь их цөөхөн. М.Мөнгөн багштай их ойр дотно холбоотой байдаг. Байнга зааж зөвлөдөг.

Танай аав, ээжийн удамд барилддаг, бөхийн цолтой хүн байгаа юу?

-Энэ үедээ барилдаж байсан хүн ер нь байхгүй. Манай аав бие хаа томтой, жирийн сайхан малчин хүн байдаг. 1992 онд Улсын аварга малчин болж байсан.

Гэр бүлээ танил­цуулаач?

-Гэргий, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байна. Манай гэргийг Ч.Номин-Эрдэнэ гэдэг. Хэнтий аймгийн дархан сумын харьяат. Анх Батлан хамгаалахын их сургуульд ороод танилцаж, ханилсан.

Энэ намрын барил­даа­нуудад таныг тогтмол оролцож, амжилттай барил­даж байгаад хүмүүс их ам сайтай байх юм?

-Бөх хүн, тамирчин хүний хийх ажил чинь л энэ шүү дээ. Ажилчин хүн ажлаа тасалж болдоггүйтэй адил би ч гэсэн барилдаанаа таслахгүй, илүү чамбайруулж барилдахыг боддог. Би хүсэл зорилгодоо хараахан хүрч чадаагүй байна. Тийшээ л зорьж явна даа.

Танд ирэх жилийн наадамд түрүүлэх итгэл хэр байна?

-Тухайн наадамд түрүүлнэ гэдэг чинь бэлтгэл сургуу­лилт, тэр өдрийн од, аз хиймориос шалтгаалдаг. Тэрэнд хүрэхийн төлөө л бэлтгэл сургуулилт хийж байгаа.

Мөн сүүлийн жилүүдэд сайн барилдаж байгаа Э.Оюунболд, Ч.Санжаа­дамба, Б.Гончигдамба, Ц.Содномдорж гээд залуу бөхчүүдээс та хэнийг нь ирэх жилийн наадамд илүү сайн амжилт үзүүлнэ гэж үзэж байна вэ?

-Яг хэнийг нь гэж хэлэх их хэцүү. Монгол бөх өнөөдөр мэргэжлийн түвшинд хөгжчихсөн. Сард л гэхэд дөрвөөс таван барилдаан болдог. Долоо хоног болгон л барилдаан болж байна. Бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилтад хамрагдаад нарийн бэлтгэлтэй болчихсон. Ийм үед тэр түрүүлнэ, энэ түрүүлнэ гэж хэлэхэд арай л эрт болов уу. Илүү хөдөлмөрлөсөн, сүлд хийморь нь дээшээ байгаа нэг нь л түрүүлэх байх даа. Хүний буян заяа гэж нэг юм байх байлгүй дээ.

Тамирчин хүмүүс гэдэг чинь бөхөд хайртай ард түмэн, олныхоо тус дэмээр л явдаг. Байнгын ажил хийгээд байж чадахгүй. Өдрийн хоёр бэлтгэл хийнэ. Миний хувьд 2009 оноос “ТЭЦ-4” компанид харьяалагдаад явж байгаа. Мөн “Гацуурт” групп, зэвсэгт хүчний 350 дугаар ангийн харьяа, “Увс нуур” бөхийн дэвжээнд харьяалагддаг. Эдгээр байгууллага хамт олон, дэмжиж тусалдаг хүмүүстээ баярлалаа. Мөн нутгийн ах, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахдаа чин сэтгэлээсээ дэмжиж тусалж, сэтгэлийн үгээ хэлдэгт нь баярлаж явдаг юм. Нийт Монголын ард түмэн, Увс нутгийнхаа зон олны итгэлийг алдахгүй илүү сайн барилдахыг хичээнэ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбаатар: Хамгийн том хөрөнгө оруулалт нь монголчуудын морь уях үнэлэмжийг өсгөж өгсөн

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группын захирал Д.Ганбаатартай ярилцлаа. Түүний “Mongolian Saturday” морь “Breeders cup” дэлхийн морин спортын холбооноос АНУ-д 32 дахь жилээ зохион явуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ойрын зайн уралдаанд түрүүлсэн билээ.

Монголын морин спортын хөгжлийг олон улсын түвшинд аваачсан гэдгээ саяын тэмцээнээр та харуулах шиг боллоо?

-Эрийн гурван наадам, морь уях гэдэг нүүдэлчдийн агуу соёл юм. Тэр утгаараа монголчууд морийг яаж эдэлдэг, яаж уяж уралдуулдаг юм гэдгийг дэлхийд таниуллаа. Энэ бол монголчуудын маань хийморь өөдөө байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Морьтон монголчууд хэзээ нэгэн цагт дэлхийн аваргад морин уралдаанаар түрүүлэх нь дамжиггүй байсан. Энэ нь манай “Saturday” дээр тохиож байгаа нь үнэхээр баярлаж бахадмаар гайхалтай сайхан юм болсон. Монгол түмэн маань үнэхээр баярлан бахархан хүлээж авсан. Их сайхан байна.

Энэ тэмцээний цар хүрээ, чансааны талаар уншигчдад та илүү тодруулаач?

-Дэлхийд чансаагаараа хамгийн дээгүүрт ордог G1 группын уралдаан хэдхэн байдаг. Нэг, хоёр, гуравдугаар групп гэж байдаг. Нэгдүгээр группын уралдаанд “Japan cup” Арабын Дубайн цом, Японы эзэн хааны нэрэмжит уралдаан, Мелбурн cup гэх мэт хэдхэн том уралдаан болдог. Тэр дотроос дэлхийн аварга шалгаруулдаг нь ганцхан “Breeders cup”. Арав гаруй төрлийн зайны уралдаанаас гурван зайных дэлхийн аваргын уралдаан гэдгээр явдаг. Нэгэнд нь “Saturday”-ын уралдсан нэг километрын зайн уралдаан. Хамгийн богино зайн хамгийн хурдан дэлхийн аварга шалгаруулах гэдгээрээ онцлог л доо.

Тэмцээний эрхийг хэрхэн олж авсан бэ?

-Ноднин уржнангаас хойш “Saturday” маань дэлхийн чансаа тогтоодог G1 группын хэд хэдэн уралдаанд оролцсон. Групп гурван уралдаанд ерөнхийдөө гурав уралдаж голдуу аман хүзүүнд давхисан. Тэр амжилтаараа “Breeders cup”-д орох оноонд хүрсэн. Дурын морь дэлхийн том уралдаанд орохгүй. Орох оноо нь хүрсэн морь дээрээсээ эрэмбэлэгдээд л орно. Хаанахын ч морь бай ялгаагүй.

-“Mongolian Saturday” мориныхоо удам угсаа үүлдрийн талаар яриач?

-Saturday-ийн эцэг нь Any given Saturday гэж морь байдаг. Энэ азарганы үр төлөөс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Mongolian Saturday үрээ. Эцэг азарга нь ноднин Америкаас зарагдаад Солонгост ирчихсэн байгаа. Солонгост авсан эзэд нь маш их баярлаж байгаа байх. Үржүүлгийн азарга болохоор төлүүд нь сайн давхих тусам хээлтүүлгийн үнэ өсдөг. Магадгүй Saturday-ээс хойшоо төлөвлөгдөж байсан үнээсээ 30, 50 хувиар ч өссөн байх гэж ойлгож байна.

-“Mongolian Saturday” нэрний учрыг тайлбарлаач?

-Гадны жишгээр тухайн адууны үр төлд эцгийнх нь нэрийг оруулж нэр өгдөг юм билээ. “Mongolian Saturday”-ын аавыг Any given Saturday гэдэг. Эхийг нь Miss hot salsa гэдэг. Тэрний Saturday гэдэг үгэн дээр Монголынхоо нэрийг оруулаад өгсөн

-Mongolian Saturday МУА уяач Э.Ганбат болон МУТМ уяач Д.Онон нар дуудлага худалдаанаас сонгож авч өгч байсан гэдэг. Хэдээр авч байв?

-60 мянган ам.доллараар авч байсан. Нуух юу байхав.

Та таван жилийн өмнөөс морь сургагчийн эрх авч байсан гэсэн. Хэдийнээс морьдоо дэлхийд гаргахаар зорьж ажиллаж эхэлсэн юм бэ?

-Арав гаруй жилийн өмнөөс монгол хүний морь уях эрдэм чадлыг харуулах боломж байгааг олж харсан. Арван нэг, хоёр жилийн өмнө Америкт дуудлага худалдаанаас морь авч оролдлого хийж байсан. Нөхцөл боломжуудаа сайжруулж байж, трайнерын буюу сургагчийн үнэмлэх авч байж уралдах ёстойг ойлгоод тодорхой хугацаанд дөрөв таван жил завсарласан. Сая 2010 оноос ахин Э.Ганбат найзтайгаа, Д.Онон манлайтай зөвлөлдөөд keeneland дуудлага худалдаанаас Saturday-ийг авч байсан. Ганбат маань Америкт трайнерын сургалтад сууж шалгалтаа өгөөд албан ёсны трайнер болсон. Ямар ч уралдаанд хаана ч очоод морио уях, уралдуулах эрхтэй. Одоо тэнд ажиллаж байгаа.

Монгол уяачдын цусанд юм байгаа учраас ийм амжилтад хүргэж чадлаа гэдгийг өмнө нь хэлсэн. Магадгүй гадны уяачид өөр арга барилаар уясан бол ийм амжилтад хүрэх байсан болов уу. Та юу гэж бодож байна?

-Мэдээж морь сайн байж сайн уралдана. Морь сайн байж, дасгалжуулагч сайн байж, эзэн унаачийн аль алиных нь хийморь таарч байж сайхан уралдана. Тэр уяач дээр байсан бол тэгэх байх ингэх байх гэхийг тааж хэлшгүй. Гэхдээ монголчууд хэнээс ч дутахгүй морио сайн уяж чаддагийг харуулсан. Цаашид олон монгол уяачийн, олон монгол эзний морьд дэлхийн уралдаанд сайхан уралдах байх гэж бэлгэшээж байгаа. Бид булган сүүлтэй байхыг ерөөж байна.

Танаас өөр дэлхийн уралдаанд морио сойж байгаа уяачид байдаг болов уу?

-Дэлхийн хэмжээний уралдаанд бол байхгүй байх. Орон нутгийн жижиг уралдаанд морио сойж байгаа уяачид мэр сэр сонсогддог.

Морио хэзээнээс, хэрхэн уяж сойсон бэ. Монгол аргаараа уясан уу?

-Saturday-ыг уяад дөрөв таван жил болж байна. Saturday маань таван настай морь. Дааган насанд нь анх авч байсан. Өөрсдийн уядаг арга барил дээрээ гадны техникийн аргыг хослуулаад уяж байна. Эзэн морь хоёр нэгнийгээ хайж байдаг гэдэг. Сайхан хурдан буян заяасан. Энэ хурдан буян маань монголчуудын нэр хүндийг өсгөлөө. Бид морины том зах зээл, морь арчилгаа маллагаа, морь уяа сойлго дээр дэлхийн том хаалга үүдийг нь нээж өгсөн. Хамгийн том хөрөнгө оруулалт нь монголчуудын морь уях үнэлэмжийг өсгөж өгсөндөө баяртай байна. Бид тав арван жилийн дотор энэ том зах зээл дээр гарч чадсан. Энэ том зах зээл дээр монголчууд нэлээд байр сууриа эзэлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Монгол уяачид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн морь уях тэр авьяасыг дэлхий дээр л сойх хэрэгтэй. Тэрийг олж хараад монгол уяачийн морь дэлхийд түрүүллээ. Дэлхийн аваргын уралдаанд түрүүлнэ гэдэг гайхамшигтай. Морьтон монголчууд энэ сайхан мориороо хэдэн өдөр бахархлаа. Баярлалаа. Сошиал ертөнцөөр их олон хүмүүс, баяр хүргэлээ. Тэр олон сайхан сэтгэлтэй хүмүүст танай сониноор дамжуулж баярласнаа илэрхийлье.

Гадныхан морио хэрхэн уяж, уралдуулдаг юм байна?

-Барууныхан зөвхөн онолоор уралддаг. Ийм онол байгаа, ийм стандарт байгаа, энэ зарчмаар л уралдах ёстой гэдэг юм билээ. Монгол хүн эцэг өвгөдөөс уралдаж ирсэн арга барилаар уралдаад ийм амжилтад хүрсэн. Монголчууд өөдөө байх болно.

Түрүүлсэн моринд хэр их хэмжээний мөнгөн шагнал олгосон бэ?

-Сая ам.доллар өгсөн.

Таны моринд хичнээн хүн бооцоо тавьсан бэ?

-Тавьсан бооцоог уралдаан тавьсан хүмүүс мэдэх байх. Манай морины ретинг 7,8-аас л хойгуур байсан даа.

Олон улсад морин уралдаан яг ямар дэг журмаар болдог юм байна?

-Бүх юм хуулиар зохицуулагдсан байдаг. Сая дэлхийн аваргын тэмцээн дээр гэхэд Америкийн армийн цэргүүд морьдыг хамгаалалтдаа авсан байлаа. Тэнд очсон гадна, дотнын бүх морьдыг жүчээнд байрлуулж, бүх үйл ажиллагааны хамгаалалтыг нь хариуцсан. Эмч нар очиж шинжилгээ хийхэд хийсэн эм тариаг нь бүгдийг нь бичиж тэмдэглэж авах, тарьсан зүү тариаг нь битүүмжилсэн саванд хийгээд он сар, цаг өдөртэй нь тэмдэглэж авах зэрэг маш нарийн ажиллагаатай юм билээ. Америкийн ард түмэн ямар сайхан сэтгэлтэй юм гэдэг нь саяын уралдаан дээрээс харагдсан. Гадны морь түрүүлж байхад уухайлаад, бөөнөөрөө баяр хүргээд их сайхан хүлээж авсан. Бид ч үндэснийхээ хувцсаар гоёод чадах ядахаараа хичээж очсон. Монголчуудын авьяасыг, морь уях авьяасыг нээх гэж ихээхэн хөрөнгө зарцуулсан. Тэр мөрөөдөл маань биелж байгаа нь үнэхээр сайхан байна.

Монголчууд морин тойруулгын замтай болох талаар ярьж, ажиллаж байгаа. Энэ тал дээр өөрийн санаа бодлоо илэрхийлэхгүй юу?

-Морин тойруулгын ажлыг арав гаруй жилийн өмнө Яармагт эхлүүлсэн байгаа. Морин уралдааны хуульгүйн улмаас тодорхой хугацаанд завсарласан. Сүүлийн үед сэргээн ажиллаж байна. Магадгүй ирэх жилд ашиглалтад орох байх. Тийм төлөвлөгөөтэй байгаа. Хууль эрхзүйн орчин байхгүй гэдгийг манайхан мэдэж байгаа. Жижигхээн нялх юмнуудыг мэргэжлийн уралдаанд уралдуулах гээд дайраад байх, уяачдаа муутгах гээд байх асуудал их байсан. Бид нар тухайн үед жин зааж өгч байсан л даа. Америкт бол бүгд 50 клограммын жинтэй залуучууд уралдуулдаг.

Олон улсад хэдээс дээш насны хүн морь унадаг юм бол?

-Насанд хүрсэн хүмүүс уяж унуулдаг.

Олон улсад унаачдын шагналаа хэрхэн тогтоож өгдөг вэ.

-Манайд шагналын сангийн 20 хувийг унаач хүүхдэд өгдөг. Олон улсад авсан шагналын 10 хувь унаачид очдог. Тодорхой хувь уяач буюу морь сургагчид очдог зохицуулагдсан хууль дүрмээрээ явдаг юм билээ.

Унаач, уяачийн сургууль боловсрол дээр нь хэрхэн анхаардаг юм бол?

-Сургуулиуд бий. Ирландад манай уяач Өөдөс уржнан суралцаад ирсэн. Дэлхийн хаана ч очсон морио унах лицензээ олчихсон мундаг унаач байгаа. Түрүүн би том хөрөнгө оруулалт, үүд хаалга нээгдлээ гэж хэлсэн. Цаашид олон малчин айлаас хүүхдийг нь авч морио унуулъя. Том зах зээл, том ажлын байр нээгдсэнд би маш их баярлаж байгаа. Монголчуудыг гадныхан морь уяж байгаа та нарын соёл өөр. Та нар богинын зайн уралдаанд морио уях болоогүй. Өөрийн гэсэн шинжлэх ухаан, технологитой нарийн ажил байдаг гэж гаднын морин спорт сонирхогч хүмүүс хэлдэг. Тэгвэл монголчууд аль ч уралдаанд морио сойж уралдах чадвартай ард түмэн юм гэдгийг саяын уралдаанд бас харууллаа.

Ойрын зайн уралдаанд шинжлэхухаанч үүднээс хандах хэрэгтэй гэх юм. Юу нь тийм онцлог байдаг юм бол?

-Шинжлэх ухаан, тэдний арга технологийг бид өөрсдийн уламжлалт арга технологитой хослуулаад уяхад ямар байдаг юм бэ гэдгийг саяын уралдаан харууллаа. Энэ бол эхлэл гэж ойлгож байгаа.

-“Mongolian Saturday”-ийг унасан унаачийн талаар тодруулаач. Унаачаа хэрхэн сонгосон бэ. Монгол хүнээр унуулж болоогүй юм уу?

-Нэгдүгээрт, лицензтэй хүн унах ёстой. Франц улсын иргэн байгаа. Сүүлд гарч ирж байгаа бас л өндөр зэрэглэлийн сайн унаач л даа. Залуу од гэж хэлж болно. Саяхан Европын уралдаанд түрүүлээд ирсэн. Сүүлийн үед маш олон түрүү авсан.

-“Mongolian Saturday”-ээс гадна таны хэд хэдэн морь гадаадад “Mongolian stable LLC” нэр дээр уралддаг гэсэн. Яг хичнээн морь байгаа вэ?

-Арваад морь бий. “Mongolian stable LLC” компани байгуулагдаад Ганбат маань бүгдийг нь уяж байгаа. Морь сургагч Даваа маань Завхан аймгийн залуу бий. Бүгдийг нь сургаад маллаад Ганбатад уяа тааруулахад бэлэн болгоод өгдөг. Олон уралдаанд сайхан уралдсан морьд нэлээн хэд бий. Хамгийн том амжилт үзүүлсэн нь яахын аргагүй манай Saturday.

Та гадаадад морины фермтэй юу?

-Одоогоор ферм бол алга байна. Бусдын ферм дээр маллаж байгаа.

Цэвэр монгол цусны морийг багаас нь тэнд аваачиж сургаад уралдуулах боломж байдаг юм болов уу. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Тодорхой хэмжээнд бодож байсан зүйл бий л дээ. Монгол морь богино зайнд уралдах боломжгүй. Англи сербрайт гэж хурдны зориулалтаар гаргаж авсан үүлдэр байгаа. Манай морь ахуйн уралдаанд унаж эдэлдэг. Яахав, холын уралдаанд 60, 120 км-ын уралдаанд уралдуулахад гэмгүй байж магадгүй.

Шагналын мөнгөнөөсөө эмзэг бүлгийн хүүхдүүдэд өгнө гэж сонссон. Хэчнээн төгрөг өгөх вэ?

-Одоогоор ярьж байгаа. Яг хэчнээн хэмжээний төгрөг өгөх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Загвар сонирхогчид, брэнд дэлгүүрийн эзэд Монгол руу хандах боломжийг нээж байна

“Дархан минж” компани дизайнер Ариунаа Сүритэй хамтран “Snow 2016” загварын шоуг зохион байгуулахаар болжээ. Монгол хонины нэхийг шинэлэг технологиор хэрхэн сайжруулж, шинэ брэнд загварыг гаргасныг уг шоугаар харуулахаар зорьж байгаа аж. Загварын шоу арваннэгдүгээр сарын 14-нд “Crocus Event Hall” танхимд болох юм. Энэхүү арга хэмжээ нь олон сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн бөгөөд гадны нэртэй загвар өмсөгчид ирж оролцоно. Ингээд загвар зохион бүтээгч Ариунаа Сүригээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн загварын шоугаар дамжуулан Монголын цоо шинэ брэндийг гаргаж ирнэ гэж сонслоо. Шинэ брэндийн онцлог?

-Брэндийн онцлог нь “Дархан минж” компанийн зөөлөн уян нэхийн дээр суурилуулан гаргаж байгаа. Технологи нь маш нарийн хийцтэй, Европт 2014 онд гарч ирсэн технологийг ашиглаж боловсруулсан. Нэхий нь маш өндөр өртгөөр гарч ирж байна. Тэгэхээр энэ нэхий загварууд маань өмнө нь гарч байсан нэхийнээс яалт ч үгүй үнэтэй. Үүнийг манайхан ойлгох байх. Турк нэхийг дөрөв, таван саяаар худалдан авч байхаар Монголынхоо турк нэхий шиг нэхийг худалдан авч өмсөөрэй гэх байна.

-Ямар үнэтэй вэ?

-Үнийн хувьд дотоод зах зээл дээрээ 1-2 сая төгрөгийн хооронд төлөвлөж байгаа, гадаад зах зээл дээр арай өндөр үнэтэй борлуулагдах болов уу.

-Загварынхаа сэдэв, нэр, логонд яагаад “Мазаалай” баавгайг сонгосон юм бэ. Ний нуугүй хэлэхэд үнэхээр даанч өрвийсөн муухай амьтан шүү дээ. Үр төлөө идчихдэг гэсэн. Ач холбогдол тун бага, мөхөж сөнөж байгаа амьтан гээд л зарим хүмүүс мазаалайд ам муу байхыг сонссон?

-Мазаалай байвгайг сэдэв дээрээ түлхүү оруулж байгаа. Мазаалай баавгай гэхээр хүмүүс юу гэсэн үг юм, ийм эв дүүгүй, царай муутай амьтнаар сэдэв болгоод гэх байх. Гэхдээ тийм биш ээ. Мазаалайны сэдэвтэй гэхээр заавал нэг өрвийсөн арзайсан юм гаргана гэсэн үг биш. Мөн мазаалай баавгай дэлхий дээр ганцхан Монголд үлдсэн. Говь-Алтай аймагт ердөө 22-хон тоо толгой мазаалай байдаг юм билээ. Бид энэхүү шоугаараа дамжуулж мөхлийн эрмэгт ирээд буй мазаалай баавгайг хүн бүхний анхааралд хүргэж, хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг эрэлхийлж байна. Загвараар хүнд маш их мэдээлэл, сэдлийг төрүүлж болно. Хятад л гэхэд хулсны баавгайгаа хамгаалж, хүмүүсийн анхаарлыг татахын тулд ийм шоу хийж байсан.

-Хонины нэхий төрөлхийн өтгөн шигүү үстэй байдаг. Түүнд нь тохируулж загвараа бүтээх хэр хүндрэлтэй байв?

-Ийм юмнаас л загвар зохион бүтээгч хүний ур чадвар, авьяас харагддаг. Мэдээж хав хатуу юмаар уян дизайнд тохирсон юм гаргаад байж болохгүй. Арьс маань янз янзын онцлогтой. Хониныхоо наснаас хамаараад. Маш нарийн мэдрэмж шаардсан ажил. Хонины арьсан дээр ажиллахад л хамгийн зөөлөн, арай зөөлөн, үстэй үсгүй гэж хувааж байгаад тохируулан загвараа гаргах жишээтэй.

-Шоунд танилцуулах загварууд тань өдөр тутам өмсч болох энгийн загварууд байх уу, аль эсвэл авангард маягийн өвөрмөц загварууд байх уу?

-Өдөр тутам өмсөхөд бэлэн загвар байдаг. Мэдээж хэрэг дэлхий дахинд хэдэн саяар давтагдчихсан загвар хийхээс илүүтэй монгол хэмнэл агуулсан, гэхдээ хэтрүүлчихсэн биш, яг донж маяг нь таарчихсан загвар бий.

Та бүхэн шууд аваад өмсөхөд ч боломжтой загваруудыг анхаарч хийсэн.

-Шоунд гадны хоёр загвар өмсөгч ирнэ гэсэн. Тэдний талаар илүү тодруулаач?

-Мэдээж хэрэг үйл ажиллагаагаа өргөн цар хүрээнд хийхийн тулд гаднаас моделиуд авчирч загвараа танилцуулж байгаа. Монгол брэндээ дэлхийн зах зээлд гаргахын тулд гадны загвар өмсөгчдөөр өмсүүлж сурталчлуулах шаардлагатай.

Тэднийг дагаад олон улсын загварын салбарын телевизүүд, хэвлэл мэдээллийнхэн хамт явж байдаг болохоор урьсан юм. Норвегийн загвар өмсөгч Энок Гровен оролцоно. Загварын салбарт нэлээд олон жил ажилласан, нэртэй загвар өмсөгч. Өвөрмөц төрхтэй учраас онгон дагшин байгальтай Монголын онцлогийг илүү харуулж чадах болов уу гэж бодсон. Мөн Германы загвар өмсөгч Ребека Кью оролцоно.

-Тэд каталогийн зураг авалтад орох болов уу?

-Каталогийн зургаа Говь-Алтай аймагт авахаар явах гэж байна. Говь-Алтай аймгийг сонгох болсон нь мазаалайтай холбоотой. Загварын өнгө төрхөнд тохирсон байгаль тэнд байгаа.

Үүнд тулгуурлан Монголынхоо байгалийг сурталчилж гоё талаас нь үзүүлэхээр зорьж байна. Бид маш олон хүнд нэг зэрэг хүрдэг учраас буруу алхам хийж болохгүй. Загвараа зөв сурталчлах ёстой. Зургаа авсан ч гэсэн стандартад нийцэх хэмжээний зураг авмаар байна.

-“Fashion TV”-тэй хамтран зохион байгуулж байгаа гэсэн. Шоу Fashion телевизээр гарах уу?

-“Fashiоn channel”-ийн хамт олон найруулга, тухайн өдрийн бүх процессыг зохион байгуулж хариуцан ажиллана. Энэ нь манай загварын салбарынханд, тэр тусмаа над шиг загвар зохион бүтээгчид маш том тус дэм. Бүх л юмаа өөрөө зохицуулахын оронд нэг том баг хамт олон гарч ирээд хамтран ажиллаж байгаад баярлаад баршгүй юм. Хэдэн жилийн өмнө ийм байгаагүй. Өөрөө бүгдийг нь хийдэг байсан. Аливаа зүйл хөгжих тусам бид нар танилцуулах арга барилаа улам нарийн чанартай, далайцтай болгоно. Дараа дараагийн шоунд гадны том том брэнд дэлгүүрийн эзэд, загвар сонирхогчид ирэх боломжийг нээж өгч байгаа юм. “Fashiоn channel”-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн бидний ард маш олон оёдолчин, уран бүтээлч байдаг. Тэр бүх хүмүүстээ баярлалаа.

-Гадны моделиуд ирнэ гэж байна. Тэднийг дагаад гадны загвар зохион бүтээгчид, шүүмжлэгчид бас ирэх болов уу?

-Ер нь маш олон загварын салбарынхан оролцоно. Шүүмжлэгчид ирвэл илүү сайн л байна. Шүүмж гэдэг чинь ганцхан муулаад байхыг хэлж байгаа юм биш.

Сайн мууг нь маш оновчтой хэлж зөвлөнө гэдэг бидний цаашдын ажилд жинтэй хувь нэмэр болно гэсэн үг.

Бидний хувьд ч гэсэн шүүмжлэгчдийг сонсохыг маш их хүсч байгаа.

-Танай загварууд яг хэзээнээс худалдаанд гарах вэ?

-“Snow 2016” загварын шоу маань энэ сарын 14-ний өдөр болно. Шоу танилцуулга хийгдсэний маргааш өдрөөс Улаанбаатар их дэлгүүрийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ дээ.

-Баярлалаа. Танай шоу арга хэмжээнд амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Н.Халиун: Би Монголд болоогүй тоглолтыг хийх ёстой

Хөгжмийн зохиолч, найруулагч Н.Халиунтай ярилцлаа. Түүнийг “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатарын хүү гэдгийг хүмүүс андахгүй. Монголын томоохон хамтлаг дуучидтай 20 гаруй жилийн турш хамтран ажилласан гэх боловч тэрбээр одоо л анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж буй. Түүний “Халиуны ертөнц” тоглолт энэ сарын 13,14-нд “UB palace”-ын концертын их танхимд болно.

-Анхны тоглолтоо хийх гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач. Томоохон хамтлаг дуучдын тоглолтын ар талд ажиллаж байсан таны хувьд догдлол хэр их байна?

-Сэтгэгдэл маш их өндөр байна. Догдлох зүйл байлгүй яахав. Бусад дуучдын олон тоглолтын ард гарчихсан учраас ерөнхийдөө бэлтгэл ажил сайн байгаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явна. Дээхнэ үед бүх юмыг өөрөө хийдэг байсан, одоо бүхэл бүтэн баг ажиллаж байгаа учраас зохион байгуулалт сайн байна.

-Та уран бүтээлээ туурвиад 20 гаруй жил болжээ. Яагаад өдий болтол нэг ч тоглолт хийгээгүй юм бэ?

-Хүн урьдаар чанартай хийсэн бүтээсэн юмтай байх ёстой. Бүтээлээ сайн хийгээд тодорхой цаг хугацааг туулан хүнд хүргэсний дараа уран бүтээлийн тоглолтоо хийнэ гэж бодсон. Ямар ч байсан 20 жилийн хугацаанд олон дуучинтай ажиллаж, олон тоглолт бүтээлцлээ. Бас миний тоглолтод хамаарагдана л даа. Дуучин Т.Ариунаатай нэлээд хэдэн тоглолт хийлээ. Үүний ард би өөрийн гэсэн хөгжмийн хэлээрээ ард түмэнтэйгээ уулздаг. Яг уран бүтээлч, хөгжмийн зохиолчийн хувьд өдийд тоглох цаг үе нь ирсэн гэж боддог. Найзууд маань ч “Чи тоглох болчихсон хүн. Тоглолтоо заавал хий” гэж хэлдэг. Би өөрийгөө тоглолт хийх хэмжээнд арай дутуу байна гэж боддог.

-Таны тоглолтын урилгыг дуучид баяртай хүлээж авсан байх. Үзэгчдэд ч гэсэн хүлээлт байгаа болов уу?

-Маш сайхан тоглолт болох ёстой. Тэгэхээс өөр арга байхгүй. Бид мэргэжлийн улсууд. Надад өөртөө тавьдаг шаардлага байдаг. Маш өндөр хэмжээний тоглолт болох ёстой. Монголд хийж байгаагүй тоглолтыг хийх ёстой гэдэг бол миний зорилго. Гадны дуучид, одуудын хэмжээний тоглолтыг яагаад хийж болдоггүй юм. Одууд нь байна. Мундаг хөгжимчид нь байна. Хүлээн авах үзэгчид нь байна.

-Тоглолтод ямар гэнэтийн бэлэг хүлээж байна. Хуучны дуучдаас оролцох юм шиг байна?

-Ямар ч байсан ихэнх хамтлаг оролцоно. Миний уран бүтээл дээр хамтарч ажилласан бүх хамтлаг дуучид, найзуудыгаа урьсан. Тоглолтын сурприз тоглолтон дээрээ л байдаг. Дуучин Мягмарсүрэн, Байзада, Минжинсор гээд ойрд тайзан дээр гараагүй олон уран бүтээлч оролцоно.

-Олон улсын хэмжээнд хүрсэн тоглолт хийхийн тулд тайзны засалт гэрэлтүүлэг хамгийн чухал. Энэ тал дээр урьд урьдын хамтлаг, дуучдын тоглолтоос илүү байх уу?

-Бид байгаа савандаа захирагдана. Монголд одоогийн байдлаар “UB palace”-ын концертын танхим хамгийн их багтаамжтай, хамгийн туршлагатай хамт олонтой байгууллага. Тайзны асуудлыг “Оn’n off” продакшны Ононбат бүгдийг хариуцаж байгаа. Цэвэр өөрийнхөө үзэл бодол, фантаз, бүх уран сэтгэмжээ шингээн ажиллаж байгаа.

-Халиуны ертөнц ямар вэ?

-Миний уран бүтээлээр дамжуулж миний ертөнцийг мэдэрч болно. Үгээр хэлбэл их юм байгаа л даа. Тайзан дээрээс хөгжмөөр дамжуулж хүн болгон миний ертөнцийг мэдрээсэй гэж хүсч байна.

-Таныг Монголын хамгийн анхны аранжировк гэх юм?

-Анхны аранжировк гэж арай хэлж болохгүй юм. Миний аавын үеийн “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Айзам” гээд бүх хамтлаг өөрийн гэсэн арнжировшк, найруулгатай байсан. Халиун гэдэг арнжировк яагаад гарч ирсэн гэхээр хөгжимд хандах хандлага өөр болчихсон юм.Өөрөөр хэлбэл хөгжмийг бүтээдэг хүмүүсийн үүрэг роль тодорхой болоод ирсэн учраас аранжировк гэдэг мэргэжил товойгоод гараад ирчихсэн. Яг тэр үед нь би үйл ажиллагаа, уран бүтээлээрээ нэлээд хувь нэмэр болчихсон. Тэгээд л аранжировшик Халиун гэдэг нэр сансрын нисгэгч Гүррагчаа гэдэгтэй адил гараад ирчихсэн байхгүй юу.

-Аавыг тань “Соёл- Эрдэнэ” хамтлагийн ахлагч Б.Наранбаатар гэдгийг хүн бүр мэднэ. Өдий дайны явахад аавын тус дэм, нөлөө их байсан биз?

-Байлгүй яахав. Миний үзэл бодол, чиг баримтлал бол аав шигээ агуу их зүйлийг бүтээх. Аав маань 70-аад оны эхээр Монголын рок попын үндэс суурь болсон “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулсан. Аливаа юмыг шинээр бий болгох гэдэг үнэхээр ач холбогдолтой. Тухайн үед нийгмийн тогтолцоо ямар байсан билээ. Рок поп хөгжим ямар дарамтад байлаа. Тэр бүх зүйлийг сөрөөд тийм хамтлаг байгуулна гэдэг асар том түүхэн гавьяа. Тэр гавьяаг үүрэлцээд, үр удамдаа дамжуулаад дараагийн түвшинд аваачих нь нэр төрийн хэрэг.

-Урлагийн гэр бүлд өссөн хүмүүс бага наснаасаа л бүтээл хийж эхэлсэн байдаг. Танд ч бас багын дурсамж дүүрэн уран бүтээлүүд байдаг биз?

-Хүүхэд байхдаа гитар бариад л сэтгэлийн хөөрлөөр үерхэл нөхөрлөлийн тухай ч юм уу янз бүрийн дуунууд хийнэ л дээ. Тэр маань зөвхөн найзуудын хүрээнд дуулагдаад алга болдог байсан. Пионерын зуслан дээр бас янз бүрийн дуу зохиогоод явдаг хүүхэд байлаа. Тэр бүхнийг санахад хэцүү л дээ. Мартагддаггүй, хүмүүсийн хүртээл болсон анхны дуу гэвэл “Танилцъя охин” дуу. Дуучин Байзада ард түмэнд хүргэсэн. Сэдэв нь одоо бодоход ичмээр л дээ. Гэхдээ хүүхэд залуучуудын дунд үнэхээр хит болж чадсан дуу.

-Та уран бүтээлийн сандаа хичнээн дуутай вэ?

-Дууны тухайд 100 гаруй уран бүтээл бий. Кино, жүжгийн долоон хөгжмийн зохиол байдаг юм. Дуунуудын маань нэлээд хувь нь хит болсон байдаг. Ер нь хүний сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл хийхийг зорьдог.

-Таны сэтгэлд хамгийн дурсамж үлдээж бүтсэн дуу тань юу вэ?

-Миний бүх дуу учир шалтгаантай. Орчноосоо ямарваа нэг сэдэл олж зохиосон байдаг. Бас яруу найрагчидтайгаа маш ойр дотно ажилладаг. Тухайн шүлэгний агуулга гээд бүх зүйлд нь нэвтэрч бүтээхийг хичээдэг. Ялангуяа намрын улиралд зохиосон дуунууд үнэхээр сайхан байдаг.

-Уран бүтээлчидтэй олон жил харьцахаар тэднийхээ зан авирыг андахгүй болчихдог байх?

-Дуучин болгонтойгоо тааруулж харилцана. Манай дуучид их гоё, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Үнэн юмыг нүүрэн дээр нь хэлчихдэг. Шүүмжлэл магтаалын алийг нь ч хайрлалгүй хэлдэг. Уран бүтээлчдэд үнэхээр их хайртай. Бүгдээрээ л миний бүтээлийг амилуулж өгсөн.Уран бүтээлчид миний хувьд алт шиг эрдэнэ.

-Таныг их өндөр шаардлагатай хүн гэж байна. Та хэр хатуу хүн бэ. Ааштай юу?

-Шаардлага өндөртэй. Аашлах үедээ аашилж, уурлах юман дээрээ уурлалгүй яахав.Бид нар мөнхийн бүтээл хийхээр ажиллаж байгаа учраас тодорхой хэмжээний зан характерын илрэлүүд байх ёстой. Гэхдээ театрын найруулагчдыг бодоход зөөлөн хүн шүү, би.

-Дуу бичиж, найруулахаас гадна далд авьяас байдаг уу?

-Хүмүүс намайг хошин шогийн мэдрэмжтэй гэдэг. Болж өгвөл найзуудыгаа инээлгэх, өөрөө найзуудаасаа хошин шогийн өнгө аясыг мэдэрч баясах дуртай. Ер нь найзууд маань надтай байх их дуртай л даа. Дандаа инээдэг, их гэгээлэг гэж урам хайрладаг. Энэ зан маань бас нэг талын сэтгэлээс гарч байгаа авьяас юм даа.

-“Хайр хөглөх дуу” шинэ уран бүтээл тань хэдийнэ сонсогчдод хүрээд эхэлжээ. Тоглолтдоо зориулж өөр уран бүтээл хийв үү?

-Тоглолтдоо зориулж дуу бүтээгээгүй. Гэхдээ сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдээсээ хүргэнэ. “Хайр хөглөх дуу” их өвөрмөц ш дээ. Монголын сор болсон дөрвөн хүн дуулсан. Дөрвөн өөр ертөнц. Энэ дөрвөн хүн байгаагаараа л бодь хүмүүс.

-Залуу уран бүтээлчидтэй хэр хамтран ажиллаж байна?

-Ажиллаж байна аа. Гэхдээ одоогоор төслийн хэмжээнд явж байгаа учраас зарлаж болохгүй. Би аль болох залуу уран бүтээлчдийг тэсрэлттэй гаргаж ирэхийг хичээж байна. Түүнээс биш тэр гарч ирнэ гээд дуншаад байхаар сонин биш болчихдог.

-Хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллаж байгаа харагддаг. Монголд хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллах студи, найруулагч хэр их байна вэ?

-Хүүхдийг би үргэлж дэмждэг. Хүүхэд өөрөө их ариухан, урлаг туурвих маш том эрч хүч болдог. Тийм ч учраас хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэд оролцсон урлагийн үйл ажиллагаанд хамтран ажиллах дуртай. Хүүхдийн зохиолууд, хүүхдийн жүжгийн хөгжим. Одоо ч төлөвлөсөн ажил байна. Өдөр болгон шахуу над дээр хүүхдүүд, залуу уран бүтээлчид ирж, зөвлөгөө авдаг. Хойч үеэ бэлдэхэд зөвхөн Халиун гэлтгүй мэргэжлийн уран бүтээлчид салбар салбартаа хичээл зүтгэлтэй ажилладаг гэж хэлж болно.