Categories
мэдээ цаг-үе

Гиннест хоёр удаа бичигдсэн “Роллинг Стоунз”

Английн рок хөгжмийн алдарт “Роллинг Стоунз” хамтлагийг гишүүд болох Мик Жеггер ч биш, Кейт Ричардс ч биш харин менежер Эндрю Олдэн байгуулсан юм. Тэрбээр “Хэрвээ “Битлз” байгаа л юм бол “анти-Битлз” байх л ёстой” гэж үзжээ.

“Битлз” хамтлаг костюм өмсөн зангиа зүүж “Би чиний гараас атгамаар байна” хэмээн дуулж байсан бол Роллинг стоунзчууд зүгээр л, “Би чамтай загас наадуулмаар байна” гэж дуулах хэрэгтэй байв. Э.Олдэм өөрийн сэдсэн санаагаа 1962 онд биелүүлж чадсан юм. Хамтлагийн нэр хүнд тэр даруйдаа гайхалтай өсч, 1960-аад оны дунд үе гэхэд Европ, Хойд Америк даяар шүтэн бишрэгчидтэй болсон байлаа. 1965 оноос тэднийг дэлхий даяар мэддэг болж, 1970, 1980, 90-ээд он хүртэл байлдан дагуулав. Өдгөө ч тэдний шүтэн бишрэгчид, фэн клубийнхэн хэдэн зуун саяар тоологдоно.

Тэд “Гитар барьсан дээрэмчид”, “Урт үстнүүд” гэх цол гуншинг шүтэн бишрэгчдээсээ хүртсэн байна. Гэхдээ хамтлагийнхан гитар барьсан “танхайчууд” гэхээсээ илүү ихэнх нь дээд боловсрол эзэмшсэн, сэхээтэн айлын хүүхдүүд байв. Басс гитарчин Билл Ваймен, бөмбөрчин Чарли Ваттс хоёр хангалуун айлын хүүхдүүд, гоцлол дуучин, төгөлдөр хуурч Мик Жаггер Лондонгийн эдийн засгийн сургуульд сурдаг, гитарчин Кейт Ричардс Дартфордын уран зургийн сургуульд сурдаг байж. Харин сүүлд хамтлагт нэгдсэн Брайн Жонс хамтлагийнхаа ганц сахилгагүй нь байв. Тэр шуудангийн хайрцаг шатаах хоббитой байжээ. “Роллинг”-чуудаас хамгийн олон хүүхэн сольсон “Дон Жуан” нь Билл Ваймен байсан аж. Хамтлагийн тоглолт бүрт хэл ам таталж, очсон хот бүртээ зочид буудалд зодоон үүсгэдэг байжээ.

Уран бүтээлийн хувьд “Роллинг Стоунз” хамтлагийнхан 1964 оныг хүртэл америк маягийн блюз тоглож, Чак Берри, Бо Дидли нарыг шүтдэг байжээ. Анхны синглээ 1963 оны долдугаар сарын 7-нд, анхны цомгоо 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан. 1967 оноос “Роллинг Стоунз”-ын урын сан дан өөрсдийнх нь дуунуудаас бүрдэх болжээ. Түүхэндээ хамгийн олон цомог борлуулсан хамтлагуудын нэг нь тэд юм. Ойролцоогоор 200 сая цомог борлуулсан хэмээн тэмдэглэгджээ.

Флоридад тоглолт хийж явахад нь Кейт Ричардсын зүүдэнд нэгэн гитарын аялгуу орж иржээ. Түүний сэтгэл маш их хөдөлж, хөнжлөөсөө суга үсрэн босоод, магнитофондоо тэр аялгууг бичиж авсан гэдэг. Эцэст нь дэлхий нийтээр мэдэх болсон “Satisfaction” дуу нь төржээ. Энэ дуу “Роллинг Стоунз” хамтлагийнхантай үргэлж цуг байдаг үнэнч фэнүүдийнх нь сүлд дуу болсон юм.

1965-1966 онд “Роллинг Стоунз”-ын “алтан үе” эхэлж, анхны хит дуунууд нь төрсөн байна. “Lady Jane”, “Under my thumb” зэрэг алдартай дуунууд нь багтсан “Aftermath” цомог нь гайхалтай амжилтад хүрчээ. Хамтлагийнхан ч дэлхийн рокийн шилдгүүдэд тооцогдох болсон юм.

Дараа нь хар тамхитай холбоотой түүх эхэлж, Мик, Кейт хоёрыг таван жил шоронд хорихдоо тулжээ. Гэвч шүүх тэдэнд арай зөөлөн хандсан юм. Алдарт “The Time” сонин өөрийнхөө нийтлэлээр хөгжимчдийн талд орсон байлаа. Шүүх хурлын төгсгөлд Кейт “Би та нарын доройтсон ёс суртахууныг жигшиж байна” гэж хэлснийхээ төлөө 500 фунтээр торгуулсан аж.

1967 онд “Their Satanic Majesties Request” гэдэг содон нэртэй цомог гаргасан ч тийм их амжилт олсонгүй. Энэ үе “Роллинг Стоунз”-ынхонд цочрол өгчээ. Тэдний урын сангаас энгийн блюз үгүй болж, энэ нь “психоделик” (сэтгэл зүйн) рокийг туршиж эхэлснээс нь тодорхой харагдаж байв. Блюзыг психоделик роктой хослуулж чадсан тод жишээ нь “Beggars Banquet” (Гуйлгачдын найр) цомогт нь орсон байлаа. Энэ цомогт нь орсон “Symphathy for the Devil” (Шуламд татагдсан нь) дуунаасаа болж дахиад л сатанизмыг сурталчилсан гэж буруутгагджээ. Энэ үед Брайн Жонсын эрүүл мэнд эрс доройтож, тайзан дээр энгийн аккордуудыг ч авч чадахгүй, бүр хөл дээрээ ч тогтохоо больсон байлаа. Эцэстээ “Роллинг Стоунз” ч тэвчихээ байж, Мик Тейлороор түүнийг орлуулжээ. 1969 оны зургадугаар сарын 9-нөөс тэр хамтлагийн албан ёсны гишүүн болсон байна. Харин сарын дараа Брайн Жонсыг усан санд нас барсныг олсон нь шуугиан тарьж байв. Түүний оршуулганд Билли, Чарли хоёр л ирсэн гэдэг.

1969 оны арванхоёрдугаар сард “Роллинг Стоунз” хамтлагийн нэгэн тоглолтон дээр харамсалтай үйл явдал болсон нь тэдний уран бүтээлд удтал үргэлжилсэн, “хар тамхи”, “шулам”-ыг сурталчлахад нь цэг тавьжээ. Лос-Анжелесийн ойролцоох Алтамоне хотод болсон тоглолтон дээр “Шуламд татагдсан нь” дуугаа дуулж байхад нь хамтлагийн фэн, 18 настай хар арьст залууг хамгаалагч нар зодсоор алж орхисон байна. Гол буруу нь хамтлагийнханд тохогджээ. Тэр үед хамтлагийн гишүүн Кейт Ричардс “Yнэхээр аймаар юм болсон. Түүнийг алж байхыг бид харсан хэдий ч юу ч хийж чадаагүй” гэж ярьж байж.

Ийнхүү 1970 оны эхэн үеэс “Роллинг Стоунз” хамтлагийн шинэ хувьсгал эхэлсэн. Эхлээд тэд Францад очиж “Decca” фирмтэй гэрээ байгуулж, өөрсдийнхөө “Rolling Stones Records” студиэ ч байгуулжээ. Энэ студидээ бичсэн анхны цомог “Sticky Fine”-даа тэд гаднаас хөгжимчид урьж оролцуулсан байлаа. Энэ үед “Роллинг”-чууд бичлэгтээ Рэй Кудер, Эл Купер, Билли Престон зэрэг олон рок одыг урьж байжээ.

Мөн энэ үед “Rolling Stones records” фирмийн алдарт лого болох урт улаан хэл унжуулсан зураг гарчээ. 1970-аад оны эхээр “Роллинг Стоунз” олон цомог гаргаж байв. Эхлээд “Exile on main street” /1972/ цомог гарсан нь блюз, кантри аялгууг нэлээд хэрэглэсэн болохоор Америкт гайгүй амжилт олжээ. Дараа нь “Goat’s head soup” цомгоо гаргаж, “Angie” дуу нь хит болсон байна. Сүүл рүүгээ хөгжимчид уран бүтээлийн хямралд орж эхэлжээ. Удалгүй тэдний тоглолтыг зөвхөн мөнгөтэй хүмүүс үздэг болж, гишүүд ч өөрсдөө саятангуудын тоонд бичигдсэн байв. Мөн Билл Уаймэн бие даан “Monkey Grip” цомгоо гаргаж, Мик Тейлор хамтлагаа орхисон нь тэдний дунд ан цав, маргаан үүсгэх болсон аж. Тэр 1974 онд гаргасан “It’s only Rock-n-Roll” цомгийн бичлэгийн дараа хамтлагаасаа гарчээ. Дахиад л шинэ гитарчин хэрэгтэй болж Рон Вудыг хамтлагтаа авсан байна. Тэр 1974 оны арванхоёрдугаар сард хамтлагийн албан ёсны гишүүн болжээ.

1970 оны сүүлч 80-аад оны эхэн үе бол тус хамтлагийн уналтын үе байлаа. Энэ үед тэдэнд олон таагүй үйл явдал тохиосон юм. Мик эхнэрээсээ салж, Ричардс хар тамхины хэргээр шүүхдэх болсон байна. Эцэст нь Мик Жеггерийн олон жил үерхсэн Жон Леннон Нью-Йоркт алуулсан байв. 1980-аад онуудад шүүмжлэгчид, “Роллинг Стоунз”-ийн тухай “элэгдсэн чулуу” гэж бичицгээж байлаа.

Гэвч хөгжимчид бууж өгсөнгүй. 1980-аад онд хоёр том аялан тоглолт зохиосон нь 1981 оны намар АНУ-д, 1982 оны зун Европт хийсэн тоглолтууд нь байсан юм. Тоглолтууд ч амжилттай болж, тасалбар нь аль эрт борлогджээ. Мөн 1982-1984 оны үеүдэд хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээл хийх болжээ. Гэвч 1986 онд “Роллинг Стоунз”-ынхон ” Dirty Work” цомгоо бичүүлэхээр нэгдэцгээжээ. Бичлэгийн үеэр Мик, Кейт хоёр студид тус тусдаа орж бичүүлж байлаа. Хамтлагийнхан тэдэнд аль алинд нь адилхан л хандахыг хичээцгээж байжээ. Юутай ч тэр үед “Роллинг Стоунз” тарсангүй.

“Still Wheels” цомгоо Барбадос арал, Испани, Англид бичүүлсэн нь тэдний “эвлэрлийн аялал” болсон байна. “Роллинг Стоунз” рок-н-роллын агуу хамтлаг гэдэг нэр алдраа сэргээсэн юм. Үр дүнд нь цомог амжилттай болж олон хит дуу нь төрсөн билээ.

Харин тэдний “Urban Junfle Tour” аялан тоглолт нь хамгийн урт удаан үргэлжилснээрээ Гиннесийн номд орсон юм. Аялан тоглолт хоёр жил үргэлжилжээ. Дашрамд дурдахад, “Роллинг Стоунз” хамтлаг 34 алт, 15 цагаан алтан цомгийн эзэд болсноороо мөн Гиннесийн номд бичигдсэн байна.

Аялан тоглолтынхоо үр дүнд тэд “Flashpoint” концертын цомгоо гаргажээ. Хамтлаг дахин тарахад хүрэв. Гэхдээ энэ удаа ямар ч хэрүүл маргаан байсангүй. Тэдэнд өөр өөрсдийн төлөвлөсөн ажил байжээ. Мик Жеггер эртний найз бүсгүй Жерри Холлтой хоёр дахь амьдралаа зохиосон байлаа. 1990-ээд онд ээлжит цомгийн бичлэгийн өмнөхөн, Билд Уайтмэн хамтлагаа орхихоо мэдэгдсэн ч бусад нь сөргөөр хүлээж аваагүй байна. 30 жил аргил гитар тоглосон тэрбээр нас нь явснаа мэдэрчээ. “Роллинг Стоунз” байнгын аргил гитарчинтай болох гэж эрж хайсангүй. Аялан тоглох бүрдээ гадны хөгжимчдийг урьж байлаа. Тэдний дотор Стинг, Дэриэл Жонс нар орж байв. Тэр үеэс “Роллинг Стоунз” дөрвөл болсон юм.

“Роллинг Стоунз”-ын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байсан шинэ цомог “Woodoo Longeneses” нь 1994 онд гарчээ. Цомгийн хөгжим маш сайн болсон байлаа. Шүүмжлэгчид, “Роллинг Стоунз”-ын шүтэн бишрэгчид ийм хөгжмийг 1971 оноос хойш сонсож байсангүй” гэж бичжээ. Энэ цомгийг нь “Ашиг орлого өчүүхэн ч горилоогүй, жинхэнэ блюз цомог” гэж хэвлэлүүдэд тодорхойлсон байна.

1994 оны гол үйл явдал нь аялан тоглолт, мөн “Роллинг Стоунз”-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг дуунууд нь орсон “The Very Best” түүвэр хос цомог гарсан нь байв.

“Bridges to Babylon” цомгоо бичүүлж байх үед шөнийн нэг цагт гитарчин Рон Вуд гэнэт эрч хүч орсноо мэдэрч, орноосоо босоод студи рүүгээ гүйжээ. Шөнөжин ажиллаад тэр өглөө нь продюсерээ орж ирэхэд “Та хэн бэ” гэж нүдээ нухлан асууж байсан гэдэг.

1997 онд бичүүлсэн “Bridges to Babylon” цомог нь “Роллинг Стоунз” стильдээ үнэнч гэдгийг дахин баталсан юм. “Мик, Чарли, бид гурав амьд байгаа цагт “Роллинг Стоунз” байх болно” гэж Кейт Ричардс хэлсэн удаатай билээ. Тус хамтлагийг 2008 онд “Billboard”-ын сэтгүүлд бүх цаг үеийн 100 шилдэг уран бүтээлчээр тодорхойлсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Хамаатнаас дутуугүй нөхөрлөсөн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцгойрох олны танил алдартангүй, өндөр төрийн шагналт гавьяатангүй ч ангийн нөхдийн нөхөрлөл, өмөг түшиг чухам ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулж яваа, одоо болон хойч үеийн залууст үлгэр дуурайлал болох нэг ангийнхныг онцоллоо. Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангийнхантай ХУД-ийн Үйлдвэр комбинатад байрлах ангийн дарга Б.Ганбатын ажлын байран дээр уулзахаар цаг товлосон юм.

“Өнгөрсөн хагас сайнд заал авахад хэн хэн ирсэн бэ, өчигдөр Насааг докторын зэрэг хамгаалахад очсон хүн байна уу. Цаадах чинь харсан байх даа” гэсээр Эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийнхантайгаа уулзалдлаа. Эл байдлыг харахад дөнгөж өчигдөрхөн ч юм уу, саяхан төгсөцгөөсөн хүүхдүүд үү гэмээр.

Эдний ангийнхан төгсөөд 28 жилийг ардаа үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, нэгнийхээ сайн мууг мэдэлцэж явдаг болохоор хэн хаана, юу хийж яваагаа бүгд мэддэг аж.

Ховдын I арван жилийн дунд сургууль тухайн үед аймагтаа тооны гүнзгий ангийг жил бүр бүрдүүлдэг байж. Ховд аймгийн төвийн болон бүх сумын сургуулиудаас тоондоо авьяастай шилдэг хүүхдүүдийг сонгон шалгаруулж 1985 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, Х.Харашаш багштай 10А ангийг бүрдүүлж байжээ. Гэрэвшүүхэн уулзалдацгаасан хүүхдүүд бага насны хөгжүүн, дэврүүн сэтгэлээр гуравхан жилийн дотор ижилдэн дасаж, насан туршийн найзууд болцгоожээ. Тухайн үедээ 10А ангийнхан аливаа уралдаан тэмцээнд бүгдээрээ өрсөлдөөнтэй, идэвхтэй оролцдог, урлаг, спортын арга хэмжээнд тэргүүлдэг хүүхдүүд байсан аж. Тэр үед аймагтаа хамгийн томд тооцогддог “Дөл”, “Шонхор” спортын наадмууд, урлагийн үзлэг, субботник, нийтийн ажил, тоо, физик, химийн олимпиад гээд тэмцээн, наадамд тэргүүн байр эзэлцгээдэг байжээ.

Математикийн аварга сурагч П.Мурат, Н.Насанбаяр, Ч.Цэвэгжав, Б.Энхбаатар, Т.Мөнхцэцэг, Б.Дуламханд тэргүүтэй шилдэг сурагчид олон. Ийм ч учраас аравдугаар ангиа төгсөхөд ангийн 35 хүүхдээс 33 нь гадаад дотоодын их дээд сургуулиудад урилгаар болон оноогоороо элсэн суралцжээ. Үүнээс ихэнх хувь нь буюу 20 гаруй нь ОХУ, Герман, Чех зэрэг улсууд руу явж суралсан байна. Тооны гүнзгийрүүлсэн сургалттай анги болоод ч тэр үү санхүү, инженер тооны багшийн мэргэжлийг эзэмшсэн хүүхэд олон. Багш мэргэжилтэй 13, санхүүч тав, инженер 11, био анагаахын мэргэжилтэн нэг, мөн нэг сэтгүүлч, хоёр цэргийн албан хаагч 10А ангиас төрсөн.

Тэд 1991-1993 оны үеэр буюу ардчиллын эхэн, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед их дээд сургуулиа төгсөцгөөн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ч бүгдээрээ ажил амьдрал нь тэгширсэн, өөр өөрсдийн салбартаа тэргүүлсэн нэгэн үеийнхэн болсон байна.

Эдний ангийнхныг хамгийн нийтэч анги гэж хэлж болохоор. Учир нь 10А ангийнхан төгсөлтөөсөө хойш 28 жилийг үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, баяр жаргалтай, зовлонтой аль ч үед хамт байдаг.

Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангиас нийтдээ дөрвөн хос төрж, өнөр өтгөн айл болжээ. Тэдний хамгийн ууган хос нь Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нар аж. Тэд наймдугаар анги нийлэхээс л эхлэн үерхэж эхэлсэн байна. Үүний дараагаар Б.Ганбат, П.Эрдэнэчимэг, Б.Бат-Очир, Х.Цэцэгханд, А.Үсэмхаан, Б.Алимаа гээд хосууд төржээ. Ангиас олон хос төрсөн нь нэг талдаа ангийнхныг нэгтгэх, мөн ангийнхан эв нэгдэлтэй олон сайхан дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж байсны үр дүн юм шүү хэмээн ангийн дарга хүүрнэж байлаа. Хамгийн удаан гуйлгаж үерхсэн нь Б.Алимаа гэнэ. Түүнийг ангийнх нь хөвгүүн А.Үсэмхаан долоон жилийн турш гуйж байж ханиа болгожээ. Ерөөсөө тоодоггүй байсан Б.Алимааг Орос руу сурахаар явахад А.Үсэмхаан үнэнч хайртайгаа батлан араас нь очсон байна. Хүний нутагт оюутан болж очсон Б.Алимаад хань нөхөр дутагдаж байсан уу тэгсхийгээд зөвшөөрсөн дөө хэмээн дурсан ярих аж.

Нэгнийхээ зовлон, жаргалтай үед хамт байж, хийж бүтээж яваа нэгнийгээ тусалж дэмжсэн жишээ эдний ангийнханд тоймгүй олон. Тухайлбал, өнгөрсөн зун ангийн ууган хос Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нарын ууган хүүгийн хурим болоход ангийн хосын хүүхдийн, бидний хойч үеийнхний анхны хурим боллоо хэмээн бэлгэшээж бүгдээрээ очсон байна. Мөн амьдралын эрхээр алдаж эндэх, хагацал зовлон үзэхэд заавал хандив цуглуулан очно. Ангийн дарга Б.Ганбат л гэхэд ангийнхаа хүүхдүүдийн нэлээд хэдэн хүүхдийг сургууль соёлын дөрөөнд мөрд оруулсан, нийслэл хотдоо шилдэг англи хэлний сургалтын төвөөр тодорч байсан “Best” сургалтын төвийн захирал Энхбаатар гэхэд хэд хэдэн ангийнхаа хүүхдийн хүүхдүүдийг сургалтын төвдөө үнэгүй сургаж байх жишээний.

Тэр бүр уулзах завгүй үедээ 10А ангийнхан “Бараа бараандаа” фэйсбүүкийнхээ группээр мэнд мэдэж, зургаа оруулж байнгын мэдээлэлтэй байдаг аж.

Мөн ангиараа бус дан охидын шивнээ хийх үе ч гарна. Эрчүүдтэйгээ хуваалцаж болохгүй хүнд хэцүү зүйл тохиолдвол мөн л эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийн охид руугаа “Охидын зөвлөлийн хуралтай шүү” гээд ярихад л бүгд ирцгээдэг гэнэ. Ерөнхийдөө эдний ангийнхныг базаж зангиддаг гол хүмүүс бол Ю.Нарантуяа, ангийн дарга Б.Ганбат, ангийн хүндэт гишүүн Г.Түвшинбаяр ажээ. Харин бусад нь тэднийгээ одоо хүртэл ангийн дарга, эвлэлийн үүрийн дарга хэмээн хүндэтгэж бүхий л насаараа “дарга аа” хэмээн дуудаж, ширээнд суусан ч хоймор руу залах нь тэр л үеийн хүүхдүүдийн ёс жудаг гэлтэй. Өдгөө цагт ангийн дарга, салаан даргаа битгий хэл багш нарыгаа хүндэтгэхээ больсон энэ үед үнэхээр бахархам сайхан үлгэр дуурайл санагдаж байв. Энэ талаар Ю.Нарантуяа “Хэдийгээр нэг хүн зангидаж өгдөг ч биднийхээ сэтгэлийг гээд ирдэг, ард минь бат зогсч байдаг нэгнийгээ чин сэтгэлээсээ хүндэтгэж хайрлах сэтгэлтэй ийм сайхан нөхөд байдагт баярлаж явдаг юм” хэмээн даруухнаар ярьсан юм.

10А ангийнхан 2007 оноос эхлэн ангийн төгсөлтийн ойгоо тав таван жилээр хийх болжээ. 2007 онд 20 жилийн ойн баяраа Улаанбаатар хотод хийхэд хөдөө орон нутаг, Казахстанд амьдарч байгаа А.Үсэмхаан, Б.Алимаа гээд бүгдээрээ цугларч, ангийн багш нараа урилгаар авчран ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн аж. Тэд зөвхөн өөрсдөө баярлаад зогсохгүй төрөлх сургуульдаа техник, тоног төхөөрөмжийн хандив өргөсөн байна. Мөн 2012 онд 25 жилийн ойгоороо ангийнхныхаа дурсамж номыг гаргаж, дуучин С.Жавхлан, Э.Бат-Эрдэнэ нарын дуулсан “Анд нөхдийн дуу”-г ангийнхаа сүлд дуу болгон ангиараа клипжүүлж дуулан, СD гаргажээ. Тэр үеэс хэн нэгэнд баяр ёслол тохиох, анги хамт олноороо цуглах, амралт зугаалгаар явах, уулзах болгондоо сүлд дуугаа дуулдаг болжээ.

“Бараа бараандаа хөгжиж

Бадаг шүлэг шиг эвлэрсэн

Үг үгэндээ дулаацаж

Үгүйлэхийн хайраар ижилдсэн…

…Дүүрэн үерхлээр цалгиж

Дууны тахилт шиг давтагддаг

Жаргал зовлон хоёроо

Хамтдаа хуваалцдаг найзууд минь…” гээд л дуулцгаах аж.

Ангиас хэн алдар гавьяа хүртэнэ, эмээ өвөө болно, алдарт эхийн одон авна, хэнд нь үхэл хагацал тохионо, ядарч доройтно, нэг юм хийхээр оролдоно тэр бүхэнд очиж тусалж дэмжихэд бэлэн байдаг аж. Нэг онцлог үйл явдал дурдахад “Атарын IV аян өрнөж эхлэхэд газар тариалан эрхлэлтийн сан гэж өрнөж байв. Энэхүү сангийн захирлаар эдний ангийн Ц.Болорчулуун ажиллаж, техникийн мэргэжилтнээр ангийн доктор Ч.Цэвэгжав очин энэхүү аянг амжилттай өрнүүлж эхэлсэн гавьяатай аж. Одоо Болорчулуун нь ХААЯ-ны газар тариалан эрхлэлт хариуцсан даргаар ажиллаж байна.

Монгол Улсын гавьяат, математикийн багш Г.Дашдондог эдний ангийнханд тооны ухааныг зааж, амьдралд хөлөө олоход ихээхэн хувь нэмэр оруулжээ. Тэд багшийнхаа талаар “Тооны ухаан гэдэг амьдралын ухаан. Багш минь бидэнд тоо заахаасаа илүү биднийг амьдралд сургаж, шударга байх, бие биенээ тусалж дэмнэж явдаг байхад их нөлөөлсөн” хэмээн дурсан ярьж байв. Сургуулийн шилдэг сурагчид хэмээн тухайн үед сургуулийнхаа эрхлэгчээр ажиллаж байсан Г.Дашдондог багш бусад багш нараас ихэд өмөөрдөг байсан учраас бусад багш нар нь “Дашдондог багшийн хэдэн эрх юмнууд” гэдэг байжээ. Математикийн хичээл заахаас гадна ангийн багштай адил бүхий л талаар нь тусалж дэмжсэн гавьяатай багш аж. Иймдээ ч тус ангийнхан багшийнхаа нэрэмжит олимпиадыг 2000 оноос эхлэн санаачлан, 15 дахь жилээ зохион байгуулах гэж байна. Ингэхдээ жил бүр ангийн нэг хүүхэд ээлжлэн орох зардал, шагнал мөнгийг гаргадаг аж. Энэ жил Бат-Очир, Цэцэгханд зохион байгуулахаар болсон байна.

Мөн 10А ангийнхан өдгөө ч долоо хоног бүр спортын арга хэмжээ зохион байгуулж заал авч, биеийн чилээгээ гаргадаг спортлог анги аж. Энэ ч үүднээс аймаг, сумын нэрэмжит тэмцээн уралдаанд амжилттай оролцож, өөрсдөө ч үе үе тэмцээн зохион байгуулдаг ажээ.

Гуравхан жилийн хугацаанд тохой нийлүүлэн суусан ч 30 гаруй жил нэг анги хэмээн, нэгнийгээ тусалж дэмнэн, үр хүүхэд, ирээдүй хойч үедээ үлгэр жишээ болж яваа ийм эгэлхэн мөртлөө өнөр өтгөн нэг ангийнхантай уулзсан юм.


Categories
мэдээ соёл-урлаг

“Ээж ээ, сайн байна уу”

Өглөөний ургах наран дундаас хувинтай ус бариад ирж яваа ээжийнхээ өөдөөс гараа алдлан гүйж буй бяцхан хүүхдийн зургийг хараагүй, мэдэхгүй хүн үгүй. Энэ бол ардын зураач, Төрийн соёрхолт Дагдангийн Амгалангийн “Өлгий нутгийн минь өглөө” цуврал зургийн нэг хэсэг “Ээж ээ, сайн байна уу” зураг юм. Д.Амгалан гуай энэхүү бүтээлээ оюутан ахуй цагтаа буюу 1962 онд бүтээж, “Өлгий нутгийн минь өглөө” цувралаараа 1969 онд Төрийн шагнал хүртэж байжээ.

Эрвийсэн сормуус, бумбайсан хацар, сарвайсан бамбагар хөөрхөн гар, сэвлэг сөөсгөр үстэй, баацайсан хөлтэй, тонтгор хөөрхөн балчир хүүхдийн булбарайхан төрхийг харсан хэний ч хайр өөрийн эрхгүй төрмөөр. Хүн бүрийн сэтгэлд балчир бага насандаа эргэн очих шиг, хорвоогийн хамгийн аз жаргалтай мөчүүд эргэн ирэх шиг мэдрэмж төрүүлнэ. Энэ зурганд хорвоогийн гэрэлт нэгэн өглөө аз, жаргал баяр баясал өнгө бүхнийг хоёрхон өнгөөр дүрсэлжээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн эл зургаа цагаан дэвсгэр дээр улаан хар хоёрхон өнгийг ашиглан дүрсэлсэн. Нарны цацраг эхийн хувцас нүүр царай, хүүхдийн нүүрийг хараар дүрсэлсэн ч, хүүхдийн дотуур цамцыг час улаанаар дүрсэлсэн нь зургийг илүү тодруулж өгнө. Мөн яагаад ганцхан хүүхдийн цамцыг улаанаар зурсан юм бол гэдэг нь олон хүний сонирхлыг төрүүлдэг.

Хүүхдийг гол баатар болгон хэдийгээр цаашаа харуулж дүрсэлсэн ч нүүрэн дэх сэтгэл хөдлөл зэрэг нь түүний гараа сарвайлган гүйж байгаагаас тодорхой харагддаг. Харин эхийг нааш харуулан зурсан хэдий ч нүүр царайны ерөнхий дүрслэлийг бүдүүн тоймоор гаргажээ. Гэсэн ч эхийн жаргалтай инээмсэглэл, үрээ харж буй хайр энэрлийн уян зөөлөн харц мэдрэгдэнэ. Хурц нарны өөдөөс харж буй хүнд юмс үзэгдэл ингэж л харлаж харагддаг даа гэж бодогдохоор.

Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт 1933 онд мэндэлж зургаахан насандаа эцгээс өнчирч элбэрэлт эхийн ачаар хүний зэрэгт хүрчээ. Хар бага наснаас зураг зурах дуртай байсан бяцхан хүү 13 насандаа хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн, 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд оюутан болж очсон байна. Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байх үеийн нэгэн амралтаараа тэрээр эхнэр хүүхдүүд дээрээ ирээд байхдаа энэхүү алдарт зургаа туурвижээ. Тэрбээр “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтсэн талаар дурсан ярьсан байдаг.

Д.Амгалан гуай 1959 онд Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд элсэн оржээ. Айлын хажуу өрөө түрээслэн эхнэр хүүхдээ байлгадаг байсан тарчигхан оюутан зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, зураг зурдаг байж. Тэгж олсон хэдэн төгрөгөөрөө ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэрлэнэ. Энэ л үедээ тэрбээр “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” уран бүтээлээ туурвижээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” зургийг зурсан байна.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “Ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж билээ. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр” хэмээн дурсан ярьсан нь үлджээ.Том охин Жаргалан, дунд охин Жавхлан хоёр нь багадаа “Энэ би, энэ би” гээд л хоорондоо булаацалддаг байж. Тэгэхэд нь “Та нар бүгдээрээ өөрийгөө гэж бод, өглөө босоод л ээж рүүгээ тэмүүлцгээдэг шүү дээ” гэж ярьдаг байсныг түүний шавь зураач С.Төгс-Оюун дурсан бичсэн нь бий.

Түүний “Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар байдаг. “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч өглөөний нарны цацрагийг зургийн бүхий л хэсэгт тусгаж өгсөн. Алтан наран бүхий л ертөнцийг ариусган гэрэлтүүлж, хүн бүхэн амьтан бүхэн дээр ялгалгүй тусна гэдэг сэдлийг эрхгүй төрүүлнэ. “Ертөнцийн наран мандаж байна. Ээж минь ч бас наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Мон­голдоо бол сонин хэвлэлд олон гарсан даа” хэмээн нэрт зураач Д.Амгалан дурсан ярьж байжээ.

Д.Амгалан гуай 1993 онд жаран насныхаа ойгоор уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ гаргахдаа энэ зургаараа “анонс” хийж байжээ. Анхны эх нь олдохгүй болохоор дахиж хийсэн эхээ үзэсгэлэнгийн хойморт залсан байна. Харин тэрхүү эх зургаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаад дурсгал болгон бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч байсан юм.

Дөч гаруй насыг туулж яваа “Ээж ээ, сайн байна уу” зураг олон ч албан газар байгууллага, сургуулийн ханыг чимж, олон мянган хүүхдийн уран зургийн мэдлэгт хувь нэмэр оруулж буй бүтээл.

Социализмын үед л гэхэд 120 мянгатын нэгэн байшингийн хананд энэ зургийг бүтнээр нь зурж, бүхэлд нь дүүргэсэн нь олон хүний сэтгэлд хоногшин үлдсэн байдгийг тэр хавиар амьдарч байсан хүмүүс дурсан ярих нь бий.

Энэхүү нэрт бүтээлийг өнгөрсөн онд Дорнод аймгийн төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болгон бүтээж, мөнхөлсөн юм. Энэ нь тус бүтээл хэр үнэ цэнтэй болохыг илтгэх бас нэгэн үнэлэмж болсон билээ.

Categories
мэдээ цаг-үе

Хандгайд тийрүүлсэн баавгай ч амьд гарахад бэрх

Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад орны “Улаан ном”-ын нэн ховор зүйлд багтаж, устах аюул нүүрлээд буй амьтдын нэг нь хандгай юм. Дэлхий дээр Англи, Хойд Америкийн “Moose”, Англи, Евро Азийн “eLk Euroasian eLk”гэх төрлийн зүйл байдаг. Хандгайг дотор нь 6-7 дэд зүйлд хуваадаг. Хамгийн хүчирхэг том бие, эвэртэй нь Аляскийн хандгай юм. Манай оронд шивэр хандгай буюу Сибирский лось, Хар мөрний хандгай буюу уссурийский лось гэсэн хоёр зүйл бий. Хар мөрний хандгайн зүйл нь Монгол орны зүүн хэсэгт Их Хянганы салбар уулс, Халх Нөмрөгийн Дархан цаазат газарт 2004 онд 73 тоо толгой тоологдсон байна. Харин шивэр молцог хандгай Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн тайга, Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын ай саваар мөн Далбай голуудын сав, Хангайн нуруудын хойд хэсэг болох Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэг газруудад, Хөвсгөл аймгийн Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Өндөр сумын нутагт тархан суурьшдаг. Дэлхийд Канад, АНУ, Норвеги, Чех, Словак, Хорват, Швед, Польш, Унгар, Финлянд, Румын, Латви, Литва, Эстони, Украин, Беларусь, ОХУ, Казахстан, БНХАУ, Монгол Улсад тархжээ. Хангайн нурууны хойд хэсгийн Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсгээр хандгайтай хэмээн амьтан судлаач, сонирхогчид ярьж байна. Хандгай нь туруутны багийн бугынхан овогт багтдаг. Нүсэр бие, асар том эвэртэй энэ амьтан хамгийн аглаг, өндөр, буйд хөвчийн ууланд голдуу байх бөгөөд голдуу ганцаараа явна. Хандгайн эрийг манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол, хоёр настайг нь хохь, гурван настайг нь тозуул гэдэг.

БИЕИЙН ОНЦЛОГ

Хандгай, хар халтар, халиун, бор халтар зүстэй, хөлийн хэсэг нь бор саарал байна.Хүзүүндээ хос молцогтой. Эр хандгай омлуур дороо уртавтар зогдор, сэрвээн дээгүүрээ урт үстэй. Биеийг нь нарийн сайн дүрсэлбэл сэрвээ талаараа төвгөр, нуруу хотгор, зоо нуруу нь төвгөр, чихний хойгуур аман хүзүүгээрээ хотгор байна. Хэдийгээр болхи том биетэй боловч үргэж хулжин зугтахдаа маш сайн. Цагт 55 км хүртэл хатирдаг. Нэгэнт зугтан хөдөлбөл ойр зуур тогтохгүй бүр алслан оддог байна. Монгол орны хамгийн том амьтан болох хандгайн биеийн урт нь 2-3 метр, сэрвээний өндөр 2.4 метр хүрдэг бөгөөд амьдын жин 300-500 кг хүрдэг ажээ. Тэр дундаа манж данхгар толгой, сүрлэг том эврээрээ гойд ялгардаг. Манжийн эвэр гуравдугаар сараас ургаж долдугаар сарын сvvлчээр ясжиж гvйцэх бөгөөд арваннэг, арванхоёрдугаар сард унадаг байна. Ясан эврийн жин нь 10-26 кг хүрдэг аж. Хандгайн талаар амьтан судлаач сонирхогчдын групп, анчдын хууч яриа олон байх ажээ. Нэгэн анчин “Хандгайн эврээр айлд сандал хийгээд тавьсан байхыг харaхад дээр нь 6-7 хүн суухаар том байж билээ” хэмээн хуучилсан байна. Манжийн гавлын овгороос уруулын үзүүр хүртэл хэмжилт хийхэд 69 см, бүдүүн хүзүүний угаар 81 см, нарийн хүзүүгээр 48 см, сэрвээний товгороос сүүлийн уг хүртэл метр 81 см, сүүл 16 см байсан талаар мөн нэгэн өвгөн анчин дурджээ.

Дайснаас биеэ хамгаалах гол зэвсэг нь далбагар том эвэр болоод хүчит дөрвөн туурай нь юм. Ямар нэгэн амьтан руу довтлохдоо мөргөх, цавчих, тийрэх хөдөлгөөн хийдэг. Хандгайн ийм дайралтад өртвөл хүн битгий хэл хөвчийн хүрэн баавгай ч амьд гардаггүй гэлцдэг. Сибирийн тайгад ийм нэгэн явдал болжээ. Ороо нь орсон манж руу ойн баавгай дайрчээ. Гэтэл хандгай нүсэр эврээрээ баавгайг аварга том хуш модтой нэвт хадчихсан байна. Баавгайн бие бараг хоёр хэсэг хуваагдсан бөгөөд дайралтад өртсөн хуш модонд онги татсан хэдэн том гүн зураас үлдсэн байжээ. Ийм ч учраас хулгайн анчид хандгайн дайралтаас ихэд болгоомжлох бөгөөд туршлагагүй зарим нь хүчит цавчилтад нь өртөн амь үрэгдсэн тохиолдол ч их гарч байжээ.

ҮРЖИЛ, ХООЛ ТЭЖЭЭЛ, АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Энэхүү амьтан нь байгальд 10-12, зохиомол орчинд 20-22 насладаг аж. Эр, эм хандгайн аль аль нь хоёр насандаа үржлийн чадвартай болсон байх бөгөөд 4-5 насандаа биеийн өсөлт гүйцдэг. Орооны цаг нь есдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилж эм хандгай есөн сар хээлээ тээгээд хавар тав, зургадугаар сард төллөдөг. Залуу сүндэс эхний жилдээ нэг, хөгшин сүндэс ихэр, хааяа гурван ходол гаргана. Нялх ходол 10-12 минутын дараа хөл дээрээ тэнцдэг байна. Хандгайн сүү үхрийн сүүнээс тав дахин их буюу 12-16 хувийн тослог уурагтай.

Хандгайн уруул уян хатан хөдөлгөөнтэй болж доод уруулыг нь давж унжсан байдаг нь улиас, бургас зэрэг модлог ургамлын мөчир, нахиаг тасалж идэхэд зохицсонтой холбоотой. Гол хоол тэжээл нь алирс, будаан, сөөгөн хус, бургас зэрэг ургамал юм. Оросын эрдэмтдийн судалгаагаар хандгай нь 149 төрлийн ургамлаар хооллодог байна.

Зөвхөн минж хандгай нь том хавтгай, орой хэсгээрээ олон салаалсан эвэртэй бөгөөд багалзуур орчим том арьсан унжлага молцогтой. Хар мөрний молцог хандгай нь шивэр молцог хандгайтай биеэр ойролцоо боловч том хавтгай эврийн салаанууд нь богино бөөрөнхийдүү хэлбэртэй байна. Тэр утгаараа 1990-ээд оныг хүртэл Хар мөрний хандгайг бугын эрлийз хэмээн буган хандгай гэж нэрлэж байв. Болхи баараг биетэй, данхгар том толгойтой ч энэ амьтан усанд сайн сэлэхдээ минжнээс дутахгүй. Томоохон гол, нуурыг торох юмгүй сэлэн гатлах бөгөөд урин дулаан зун, намрын цагт биеэ бүхэлд нь далд ортол усанд орох дуртай гэнэ. Нууранд өдөржин өнжихдөө ёроолын болон хөвөгч ургамлаар хооллодог. Хандгайн гол дайсан нь чоно, баавгай, шилүүс бөгөөд нохой зээх хааяа нялх ходолд халддаг.

Бэлчээр, идээшил нутаг нь халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтадтай давхацдаг тул идэх хоол, уух уснаасаа эхлүүлэн өрсөлдөх асуудал байнга гарна. Тэр бүхэнд манж л зүтгэж бодол сэтгэлээ чилээж нялх ходол, томоогүй тохь, тоомжиргүй тозуул, эрх сүндэс зэрэг бүл сүргээ чоно, баавгайн дайралтаас хамгаалах, хөвч тайгадаа амар жимэр амьдрах, нүүдэл суудал хийх гээд бүх ачааг нуруундаа үүрнэ. Түүнчлэн хандгай хүйтнийг тэсвэрлэхдээ тун сайн. Өвлийн их цас унасан цагт дээшээ огшин байрлаж амьдрах дуртай.

Хүглэгэр сайхан биетэйгээ адил их бодь, хэнэггүй амьтан аж. Тэр бүр юмнаас цочиж үргээд байхгүй, “юу л болоо аж” гэсэн байдлаар алс дээгүүр харж явдаг. Аливаа юмыг сайн таньж байж хөдлөн зугтана. Тухайлбал, хүн түүнийг гэнэт харчихаад хөдлөхгүй зогсвол, тэр ч учрыг нь олтлоо хөдлөлгүй зогсдог зантай юм. Мөн гэр, фермд тэжээхэд амархан дасдаг бөгөөд нэгэнт дасчихвал туйлын эрх амьтан хэмээн амьтан сонирхогчид бичжээ.

Хэдийгээр нэн ховордоод байгаа хэдий ч шунаг сэтгэлтэй хулгайн анчид, хууль бус наймаачид эл амьтанг агнасан хэвээр байна. Аль 1953 оноос хуулиар агнахыг хориглосон ч анчид түүний олон зүйлийг нь авахын тулд алдаг. Хандгайн арьсаар нь хөм хийдэг бол үсээр нь нарийн бийрийн үс хийнэ. Хөлийнх нь арьсаар урт түрийтэй, бат бөх ангийн гутал хийж өмсөх явдал хангай хөвчийн анчдын дунд нэлээд дэлгэрч байжээ. Хандгайн мах амтаар шилдэг сайнд орох бөгөөд ямар ч хоолонд хэрэглэж болдог аж. Харин уруулынх нь мах хонины хэлтэй адил маш сайхан амттай гэлцэх бөгөөд урьд хаад ноёдын зоогт тэргүүн зэргийн хоол болдог байжээ.

Намрын цагт, нэн ялангуяа наймдугаар сард тарга тэвээрэг хамгийн сайн байна. Эвэр нь бугын эврээс тэс өөр бөгөөд салаа бүхэн нь үргэлжилсэн хавтгай байна.Эврийг нь бугын эвэр шиг тийм өргөн дэлгэр хэрэглэхгүй ч эврийн ясаар нь сумны болцуу хийдэг юм.

Хандгай мөн бугын адил марцанд орно (Марц гэдэг нь хужирлаг шороотой эрэглэсэн хэсэг газрын нэр). Хандгай хавар, намрын цагт намаг дор газар байх дуртай. Гэхдээ дан ус цөөрмийг дагана. Хуучны хашир анчид шархадсан хандгайн хойноос хөөх хэрэггүй гэж захидаг байжээ. Хэрэв аргагүй хөөх хэрэг тохиолдвол мөрдөн хөөж болохгүй мөрийг орхиж, холуур тагнан хайх хэрэгтэй.Учир нь тэр амьтан мөрөө дүгрэглэн эргэж, ирсэн замын ойр мөрдөн ирэх хүнийг тосно гэдэг билээ. Мөн тэрбээр буудуулж шархадвал хоёр км гаруй газар төвөггүйхэн давхих бөгөөд, бүх цус нь толгой, эвэр рүү нь юүлэгдэж үхдэг гэлцдэг.

Анчдын хууч яриа болон амьтдын сонин хачин ярианд хандгай үхэр болон морь зэрэг амьтадтай дотносон нөхөрлөх, найзлах, бие биенээ хамгаалан амьдарч байсан тохиолдол их байдаг аж.

Хандгай устаж болзошгүй “A 2 cd” болон “a 3 d” зэрэглэлд багтах бөгөөд Монголд 1953 оноос агнахыг хуулиар хориглож, хоёр салбар зүйлийг нэн ховор зэрэглэлд бүртгэн хамгаалсан. Монгол Улсын Улаан номын хоёр удаагийн хэвлэлд нэн ховор зэрэглэлээр бүртгэгдсэн. Хандгайн тархац нутгийн 30 орчим хувь, Хар мөрний молцог хандгайн бүх тархац нутаг нь Нөмрөгийн Дархан цаазат газарт орж, хамгаалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзундамба хутагтын лавринд саатахуй

Богд хааны саарал зааны өмсгөл хэрэглэлийг хүмүүс сонирхож байна.

Монгол Улс үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж, тусгаар тогтнолоо баталсны түүхэн ойн өдөр маргааш тохионо. Хоёр зууны турш Манжийн дарлалд толгой гудайлгасан ард олон 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо албан ёсоор зарлаж, Богд Жавзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Хэдийгээр олон жилийн турш энэ түүхт өдрийн үнэ цэнийг төдийлөн тодорхойлохгүй явж ирсэн ч сүүлийн үед тухайлан тэмдэглэж, тусгайлсан баярын өдөр болгож зарлаад байгаа юм.

Харийн дарлалд орж, гадны буулганд гудайж үзээгүй байсан монголчууд Манж Чин гүрний нэгээхэн хэсэг болж хоёр зууныг өнгөрөөсөн. Харин манжуудын мөхөл, нөхцөл байдлын таатай бүрдэл бий болсноор бид толгой дээгүүр харж, өөрсдийн өрхөө татах боломжтой болж байлаа. Яг энэхүү тэмдэглэлт өдрийн 114 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр бид Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч VIII Богд Жавзундамба хутагтын өргөөнд саатан зочиллоо. Ингэхдээ урьдынхаараа “Богдын музей”-г үзэж сонирхохоор яваа бус харин Монголын шашин төрийн жолоог хослуулан атгаж явсан удирдагчийн гэр өргөөнөө саатаж байна хэмээн сэтгэлдээ сүсэглэж, шүншиглэж очив.

Ногоон ордон буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд

Нэгэн цагт Нийслэл хүрээний хамгийн гол үйл явдал өрнөж, хажуугаар өнгөрсөн хүн болгон харцаа өргөн биширч, мутартаа сүсэглэж, түм түжигнэж, бум бужигнаж явсан эл орд өдгөө хотын сүрлэг барилгуудын өнгөнд дарагдан, үр ач нартаа ноолуулсан өвгөн баатар шиг даруухнаар оршсон хэвээр. Ид хүйтний үе болоод ч тэр үү биднийг очиход ордон музейг үзэж сонирхох хүн хар цөөн, ажин түжин ноёлжээ.

“Богд хааны ордон музей”-н захиргааны байранд ороход байдал өөр. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой дөхөж байгаа болохоор ордон музейн ажилтнууд тус бүрнээ толгой өндийх завгүй ажиллаж байна. Хамгийн түрүүнд музейн захирал О.Мэндсайханы өрөөгөөр зочлоход тэрбээр Богд хааны ордонд арав гаруйхан наснаасаа бичээчээр ажиллаж, улмаар Судар бичгийн хүрээлэнгийн дарга, Шүүх яамны сайд хийж явсан манжич эрдэмтэн Л.Дэндэвийн “Монголын товч түүх” хэмээх тэмдэглэлийг судалж суув. Тэрбээр ажлаа ярьсаар биднийг угтлаа. Ойн өдөртэй холбогдуулан эл номыг эмхлэн гаргасан бөгөөд ойрмогхон нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. О.Мэндсайхан захирал “Манайхан чинь бүгдээрээ л их завгүй суудаг улс шүү дээ. Музейд ажилладаг гэдэг утгаараа бүгд тусгай чиг үүрэгтэйгээр ажилладаг. Музейн нягтлан гэхэд дан санхүүгээ хариуцахгүй тусгайлсан эрх зүйн орчинд ажиллана. Цэвэрлэгч, цахилгаанчин, слесарь гэхэд бүгд музейн дурсгал, эд зүйлсийг хамгаалах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Үзмэртэй харьцах арга ажиллагаанд суралцсан байх ёстой” гэж байв.

Одоогийн байдлаар Богд хааны ордон музейд орон тооны 29 хүн ажиллаж байгаа аж. Барилга, байшингийн нийт талбай 3820 метр ам дөрвөлжин талбай. Үзмэр үзүүлэлтийн нийт ашигтай талбайгаа тооцвол 18 мянган ам дөрвөлжин газар байгаа. Энэ талбайтай харьцуулбал манайх харьцангуй цөөн хүнтэй. Яг одоогоор 20 хүн ажиллаж байна. Хүн хүрэлцээ багатай учраас ихэнх ажилчид бие биенийхээ ажлыг нөхөж хагас бүтэн сайнгүй л ажиллаж байна даа хэмээн тэрбээр ярьсан юм.

Бидэнтэй хэсэгхэн хугацаанд хөөрөлдөх зуур л О.Мэндсайхан захиралтай албан ажлын хэргээр уулзах хүмүүс зогсолтгүй ирж байв. Иймд захирал Музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Ишид биднийг үзмэр, үйл ажиллагаа, түүх дурсгалтай танилцуулах ажлыг даалгаад дараагийн ажилдаа орсон юм.

Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш энд гурван жил ажиллаж байгаа ажээ. Ордны дотоод болон гадаад бүхий л үзмэр, барилга байгууламжийг гарын арван хуруу шигээ судалж, мэдсэн хүний нэг аж. Өрөөндөө оруулж халуун цайгаар дайлсны дараа ордноо танилцуулах дадаж зуршсан ажилдаа шамдан орлоо. Тэрбээр биднийг дагуулсаар VIII Богдын ордны хамгийн гадна талын төв хаалган дээр ирж зогсоод, хүндэтгэсэн байдлаар харан тайлбарлах ажилдаа оров. Өмнө нь үүгээр цөөнгүй удаа явж байсан ч “Богд хааны ордон.Эртний хийцтэй дээр үеийн барилга” гэж хальтхан бодохоос цаашгүй өнгөрдөг байжээ. Олон ч хүн ингэж өнгөрсөн байж мэднэ. Тайлбарлаж байх үед тогтоод харахад хаалга бүрийн хээ угалз, зураг дүрслэл гойд нарийн, чамин тансаг байх бөгөөд бүгд цаанаа утга учрыг илтгэх аж.

“Ногоон ордны үүдний хэсэг буюу гол ёслолын их хаалганы өмнө бид ирээд байна. Энэ үүдний хэсэгт янпай хаалга буюу хана хэлбэрийн халхавч байдаг. Энэ хаалга нь ордны газар аливаа муу зүйл орж ирэхээс сэргийлдэг ёслолын бэлгэдэлтэй хаалга. Ёслолын хаалгыг хөх тоосгоор босгож, дээр нь сав шим ертөнцийн түүхийг харуулсан зураг дүрслэлийг сийлжээ..” гэсээр тэрбээр яриагаа эхэлсэн юм. Янпай хаалганы өмнөөс үргэлж нээлттэй байдаг Асарт гурван хаалга байна. Асарт гурван хаалганы доогуур орсон хүний гэм нүгэл ариусч, муу зүйлээс салгадаг гэж үзэх бөгөөд ёслолын зан үйлд нэлээд том үүрэг гүйцэтгэдэг байжээ. Ц.Гүнчин-Ишийг тайлбарлах үеэр тэр үеийн бүхий л том лам хувраг, мяндагтнууд, ноёд түшмэдээ дагуулсан хаан хатан хоёр гоёл зүүсгэлээ өмсч, бүрээ, цан дуугаргаж сүрт жагсаал хийн энэ хаалган доогуур ёслол төгөлдөр орж, гадна дотны төлөөлөгчдөө бараа сүртэйгээр угтан авч байгаагаар төсөөлөгдөж байв.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний дараа Богд хааны улс төрийн бодлого, үйл хэрэгт томоохон өөрчлөлт гарснаас гадна түүний суух орд харшууд, тэр битгий хэл хувийн сонирхолд ч өөрчлөлтүүд орсон нь харагддаг байна. Энэ нь Богд хааны ногоон ордны цогцолборын үүднээс эхлээд л ажиглагдах ажээ. Тухайлбал, Асарт хаалганы хоёр хажууд Чаган багана буюу тугны хоёр багана байх аж. Богдыг хаан ширээнд өргөмжлөгдөхөөс өмнө энд жанцан өлгөж унжуулдаг байсан бол хаан ширээнд өргөмжлөгдсөний дараа баруун талын багана дээр улсын тугийг мандуулж, зүүн талынх дээр нь шашны тугийг мандуулж шашин төрийг хослон баригч их хаан гэдгийг ард олонд илтгэдэг болжээ. Мөн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богдыг хаан ширээнд өргөмжлөгдсөний дараа ногоон ордны цогцолборт өөрчлөлт оруулсан томоохон зүйлийн нэг нь Асарт гурван хаалганы цаана Амгалан энхийн хаалгыг бариулсан явдал. Хамгийн том нь болох энэхүү хаалгыг тухайн үеийн бүхий л урчууд оньс углуургын аргыг ашиглаж ганц ширхэг хадаас оруулалгүй барьж байжээ. Энэ нь улсын бат бэх байдал, эв нэгдлийг бэлгэдсэн учиртай аж. Мөн л шашин төрийг хослон барьсан их хаан гэдгийг бэлгэшээж шашны өлзийт найман тахил, төрийн долоон эрдэнийн тоогоор найман тулгуур багана дээр долоон давхар дээвэр хийж барьсан түүхтэй аж.

Түүхийг гуйвуулж, цаг тооллын буданд үнэн сарниж байх үед бид Богд хааны талаар арай өөрөөр бодож, бичдэг байлаа. Гэвч түүний хийсэн үйл бүр утга учиртай, барилдлага жанцантай байжээ. Энэ мэтчилэн эрдэмтэн Ц.Гүнчин-Иш бидэнд Богд хааны ногоон ордны цогцолборын хаалга, сүм, хашаа, түүн доторх үнэт өв тус бүрийг үүх түүхтэй нь холбон дэлгэрэнгүй өгүүлж явсан юм.

Монголын шарын шашны тэргүүн VIII Богд хааны дөрвөн том ордноос бараг бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь өнөө бидний нэрлэж заншсан энэхүү Богдын музей буюу Ногоон ордны цогцолбор юм. Дээврийг нь битүү пааландаж ногооноор будсаны улмаас Ногоон ордон хэмээн алдаршсан ч шашны нэр нь Шарав пэлжээлин хийд буюу монголоор Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд гэсэн утга бүхий нэртэй цогцолбор ажээ. Энэхүү цогцолбор нь дотроо Шарав пэлжээлин хийд тэргүүтэй хэд хэдэн сүм, өвлийн ордон болон бусад сууцнуудаас бүрддэг байж. Гэвч мөн л цаг төрийн үймээнээр тухайн үед байсан зарим сүм, Богдын тэжээмэл амьтдын хашаа хороо, байр зэрэг нь устан алга болжээ. Богд хаан Ногоон ордондоо зуны цагт шашин номын үйл гүйцэтгэхээс гадна төрийн ихэнх хэрэг үйл ажлаа өвлийн ордондоо явуулдаг байсан аж. Нэг ёсондоо энэхүү цогцолбор Богд хааны бусад орд, сүм хийдүүдээс улс төрийн байгууллагын шинжтэй, төрийн чухал үйл хэргээ явуулдаг, ноёд, сайд нараа хүлээн авдаг байр байснаараа онцлог хэмээн тайлбарлагч ярьсан.


ХААН ХАТАН ХОЁРЫН 20 ЖИЛ ХАНИЛАН АМЬДАРСАН ОРД ӨРГӨӨ

Бидний дараагийн саатсан газар нь Богд хааны өвлийн ордон юм. Өвлийн ордны шавыг 1903 онд тавьж, 1905 он гэхэд барьж дуусгажээ. Наймдугаар Богдын голлож суудаг томоохон ордны нэг нь энэхүү өвлийн орд байв. Түүний бага залуу насны дурсамжаас авахуулаад, амьдралынх нь хамгийн чухал он жилүүд энэ л ордон өргөөнд болж өнгөрчээ. Тус ордныг Оросын Цагаан хаан буюу II Николай хааны бэлэглэсэн зураг төслөөр буриадуудаар бариулсан түүхтэй юм байна. Тухайн үед Монгол Улс Манжийн эрхшээлд байсан бөгөөд Манжийн хаан буруу номтны ордон бариуллаа хэмээн зэмлэхэд Богд хаан дээр нь алтан ганжир босгож, цонхных нь эргэн тойронд бадамлянхуа цэцгийн хээ зуруулж хэл амыг нь дарж байсан хэмээн тайлбарлагч маань ярьсаар ордон доторх хааны хэрэглэж байсан эд зүйлс, тухайн үеийн ахуй амьдралтай танилцууллаа. Нээрээ л харахад орос шавар байшин шиг тэгсэн атлаа дорнын өнгө аясыг хадгалсан хийцтэй байсны учир энэ ажээ. Энэхүү ордонд зочилсон тухайгаа олон судлаач, жуулчин, дипломатч, их бичгийн хүмүүс дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвлийн ордон дотор ороход эртний уран дархдын чамин хийцтэй тавилга сэлт, Богд хаан болон Дондогдулам хатны исэр ор, хувцас хэрэглэл байгаа хэдий ч цаанаа музей гэдэг утгаараа жаахан хөндий хоосон сэтгэгдэл төрүүлж байсан юм. Харин энд айл аж төрж байх үед ийм байгаагүй нь мэдээж биз ээ. Хааны бага ахуй цагаас тоглож өссөн тоглоомон гэр, модон хөлөг онгоц, эмээлээс авахуулаад түүний Германаас захиж авчруулсан халуун орны ховор шувууд ан, амьтдын чихмэл, саарал зааных нь хэрэглэл гээд бүхий л зүйл байв. Богд Жавзундамба хутагт аливаа сонин зүйлс цуглуулах, тэр дундаа ховор сонин амьтад болон чихмэлийн цуглуулгатай байсан. Тэр дундаа саарал заанаа гойд хайрлаж, онцгой анхаарал тавин, заанаа арчлахад зориулан тусгайлан хүмүүс гаргаж байжээ. Хаан ширээнд суусныхаа дараа Төрийн долоон эрдэнийг ордондоо бодитоор бүрдүүлсний нэг нь саарал заан байсан бөгөөд энэ ч үүднээс их хүндэтгэлтэй ханддаг байсан аж. Гэхдээ он цагийн уртад зарим үзмэр, чихмэлүүд нь алга болсон бололтой. Нэлээд хэдэн жилийн өмнө манай сонины нэг сурвалжлагч тухайн үеийн БСШУ-ы сайдаас Богдын музейд байдаг анаашны чихмэл хаачсан талаар асууж, сайд ч өөрөө хаачсаныг нь мэдэхгүй мэргэжилтнээсээ лавлаад асуудал болж байсан гэдэг. Үнэндээ ч сайд ч, өнөөх сурвалжлагч ч аль аль нь комбинатын хүүхдүүд байсан болохоороо багаасаа л Богдын музейгээр орж, гарч өссөн юм билээ. Богдын өвлийн ордны адарт толгой нь тулчихсан “зогсч” байдаг байсан өнөөх анаашны арьс нь язарч задарч, чихмэлээр ашиглах боломжгүй болсноос үзмэрээс гарчээ.

Өнөө цагийн монголчуудын сэргэн мандалтын эхлэл болсон 1911 оны хувьсгал өрнөхөд VIII Богд хааны үүрэгч ач холбогдол тэгтэл байгаагүй гэж үзэх хүмүүс байдаг. Нэг хэсэг Богд Жавзундамба хутагтын үйл хэргийг нуун дарагдуулж, сохор түвд хэмээж байсан үе бий. Гэхдээ өдгөө Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөхөд түүний төрийн бодлого, баримтлал чухал үүрэгтэй байсан гэдгийг түүхчид, эрдэмтэд баттай баримт, судалгаагаар нотолж байна. Наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзундамба Агваанлувсанчойжи-нямаданзинванчүг 1869 онд Түвдийн Лхасын ойролцоо Гончигцэрэн, Ойдүвдолма нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлж байжээ. Түүнийг 1875 оны хөхөгчин гахай жил Халхад залж, Богд Жавзундамбын VIII дүрээр өргөмжилсэн түүхтэй. Тавхан наснаасаа монгол түмэнд шүтэгдэх болсон бяцхан хүүг монголчууд жинхэнэ гэгээнтэн хэмээн хүндэлж, улмаар 1911 онд Монголын шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжилж байсан. Түүнийг эл түүхт хувьсгалыг оройлон манлайлсан хүн гэдгийг түүхийн эх сурвалжуудад, тухайн үед Монголд сууж байсан гадны элч төлөөлөгчид тэмдэглэсэн байдаг ажээ. Тухайлбал, “Монголыг эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй хутагт мөн” гэж хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба тэмдэглэж үлдээж байжээ. Мөн Богд хаан “Эдүгээ манай Монголын шашин төрөө бататган, газар нутгаа хамгаалж, өнө удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбээс эрх жаргалтай суух байтугай элдэв зовлонг үзэж газар шороогоо ч эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд эс сануулбаас монгол тоотон бүгдээрээ миний найман дүрийг шүтэж тахисны тус үгүй болох тул би мэдсэнээ хэлэхгүй зүгээр сууж төвдөхгүй. Үүнийг танай олон ноёд түшмэд арга юуг сайтар бодож тус тусын санаж бодсоноо нэн даруй над илтгэ” хэмээн лүндэн буулгасан байдаг нь тухайн үеийн хувьсгалыг манлайлан оролцсон ноёд түшмэдийн хэргийг дэмжиж, өөрийн санаа бодлыг илтгэн тушаал даалгавар өгдөг байсны илэрхийлэл хэмээн Ц.Гүнчин-Иш мөн хэлсэн юм. Тэр битгий хэл тухайн үед Богд хааны зөвшөөрөлгүй хүрээнд элдэв хурал цуглаан болдоггүй байжээ.

1911 онд Сандо амбан тэргүүтэй Манжийнхныг Монголоос хөөн гаргасны дараа арванхоёрдугаар сарын 29-нд шар ордонд VIII Богд Жавзундамбыг ёслол төгөлдөр хаан ширээнд өргөмжлөхөд үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг эл өдрүүдэд монголчууд үнэхээр их хүсч байснаа мэдэрч, хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн хэмээн насан буурлууд дурссан нь буй.

Одоо хүмүүст тийм ч утга учир бүхий санагддаггүй ч тухайн үеийн монголчуудын хамгийн их хүсч тэмүүлж олж авсан эл ялалт ямар үнэ цэнтэй байсан нь ойлгомжтой. Айл бүр, хүн бүр дор бүрнээ чадах ядахаараа баярлаж, хааны ордонд их найр үүсгэн, ард олонд буян хишиг тарааж байсан гэнэ. Тухайн үед түүнийг хаан ширээнд залахад өмсгөсөн малгай, алтан хээтэй хувцас хэрэглэл нь өдгөө Богд хааны өвлийн ордонд хадгалагдаж байна. Тэрбээр хаан болсныхоо дараа шашны хэрэг эрхлэх тамгаас гадны, алтан ургийн хаадтай адил төрийн хэрэг эрхлэх хасбуу тамга хийлгэж байсан нь мөн ордон музейд хадгалаастай байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталсны дараа Богд Жавзундамба хутагтын баримталж байсан нэг бодлого нь гадны улс орнуудад тусгаар тогтнолоо зарлаж, хүлээн зөвшөөрүүлэх явдал байв. Үүний нэг илэрхийлэл нь тэрбээр 1912 онд хаан ширээнд сууснаас нэг жилийн дараа Франц, Англи, Бельги, Япон, Дани, Голланд, Австри, Унгар улс руу бичиг илгээж байжээ. Энэхүү бичгийн нэг хувийг “Богд хааны ордон музей”-н захирлын өрөөнд жаазлан өлгөсөн нь анхаарал татаж байсан юм. Энэ мэтчилэн шашин болоод төрийг хослуулан барьж байсан их хаан гэдгийг илтгэх биет өвийн зарим хэсэг нь одоо болтол түүхийн амьд гэрч болон хааны ордонд үлджээ. Гэвч цаг төрийн үймээнд нэгээхэн хэсэг нь устаж алга болсон ажээ.

Богд хааны хувийн амьдрал хүн бүрийн сонирхолыг татдаг. Тэгвэл Богд хаан Дондогдулам хатантай хэрхэн ханилсан, шарын шашны тэргүүн эхнэр авах болсон зэрэг нь өнөөдрийг хүртэл нууцлаг хэвээр байдаг гэнэ. Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Ишийн ярьснаар Дондогдулам хатныг Бүрэн засагчийн сүүлчийн он буюу аргын 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд Хиагийнд мэндэлж байхад, Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзундбамба хутагтын наймдугаар дүрд тодорсон таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Монгол оронд залагдан ирж байжээ. Богд Агваанлувсан түүнтэй 1896 онд Амарбаясгалантад анх танилцаж байсан аж. Богд хаан нэгэн удаа анхдугаар дүр Өндөргэгээн Занабазарын байгуулсан Амарбаясгалантын хийдэд залраад буцахдаа Дондогдуламыг Хүрээнд дагуулан ирсэн байна. Сүсэгтэн олныхоо дунд “Амьд бурхан” хэмээн шүтэгдсэн тэрбээр эхнэр авах болсон нь урьд долоон дүрд нь тохиолдож байгаагүй явдал байв. Тиймээс Дондогдуламыг эхэндээ эр хүний дүрээр, хувраг хүний номт хувцас өмсгөн Хүрээнд оруулж ирсэн гэнэ. Богд гэгээн хатан буулгах болсны цаад шалтгаан нь түүнийг цаашид шашин төрийг хослуулан барих хаан сэнтийд залахын бэлтгэл байсан гэж үзэх хүн ч байдаг аж. Мөн шашны тэргүүн хүн эгэл хар хүний адил эхнэр авах нь зохимжгүй байсан учир Богд Жавзундамба хаан эхнэрээ эмэгтэй бурханы хэмжээнд өргөмжлөх шаардлага гарч Цагаан дарь эхээр өргөмжилсэн гэдэг. Ийнхүү Дондогдулам Хүрээнд ирснээсээ хойш зургаан жил Богдтой нууцаар ханилсны эцэст 1902 онд сая Богдын хатанд өргөмжлөгдөн “Ачлалт ялгусан дагина, Эрх цагаан дарь” цол авчээ. Дондогдулам хатан хүн хэдий ч монгол эхнэр хүний ёсоор өөрөө хаанд цай хоолыг нь аягалж өгч, дээл хувцас хэрэглэлээ оёдог байжээ. Зээгт наамлын урлаг Монголд хорьдугаар зууны эхэн үеэр оргилдоо хүртэл хөгжжээ. Энэ үед Дондогдулам хатан Богдын ордны урчууд болон Санган аймгийг удирдаж байсны үр нөлөө гэж үздэг аж. Үүнээс гадна Дондогдулам хатан дуу хуур, шүлэг бичдэг, ном судар унших дуртай хэд, хэдэн хэлтэй эрдэм төгс хүн байжээ. Богд хааныг хаан ширэнд залсны дараа зохиогдсон Монголын анхны төрийн дуулал гэж хэлж болох “Зуун лангийн жороо луус” дууг Дондогдулам хатан зохиож байсан гэдэг. Мөн Богд хаан Дондогдулам хатныг хатан ёсоор өргөмжилснөөс хойш хааны ордон илүү хөгжсөн гэнэ. Түүнийг Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын Ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд үлэмж хөгжиж, шашин төрийн байгууллага гэхээсээ илүү өрх гэрийн шинжтэй болж ирсэн гэж үздэг аж. Хааны ордон амь орж илүү халуун дулаан шинжтэй болгожээ. Дондогдулам хатан гадна дотнын том төлөөлөгчид ирэхэд монгол эзэгтэйн ёсоор өөрийн биеэр цай аягалж өгдөг байсан талаар дурсамж тэмдэглэл байдаг аж. Мөн тэрбээр бусад бүх л эмэгтэй хүн, хатдын адилаар гоё сайханд дурлаж, тухайн үедээ хамгийн чамин ганган хийц бүхий хувцас, гоо сайхны эд зүйлс эдэлж хэрэглэж байсан нь ордон дотор үлдсэн түүний цөөхөн эд зүйлсээс харагдана.

Хаан хатан хоёрыг 27 жил ханилан амьдарч байх хугацаанд эрх дагиныг “хөл хүндэрчээ” гэсэн цуу Хүрээнд хэд хэдэн удаа дэгдэж байжээ. Дам яриагаар бол Богд, Эх дагина хоёр үр хүүхэдтэй болчихвол Далай лам, хутагт хувилгаадын сүнс шилжин тодордог шарын шашны уламжлалт тогтолцоо мухардмал байдалд орж, мах цусны угсаа залгамжлагчтай болохоос айсан томоохон лам нар Дондогдуламыг үргүй болгох хар дом хийж, Зайсан уулыг тахисан гэдэг аман яриа үлджээ. Мөн их хааны хатны хувьд өнчин өрөөсөн, эцэг эхдээ хаягдсан олон хүүхэд үрчилж авсан байдаг. Хаан хатан хоёрын үрчилж авсан хүүхдүүдээс нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийг ард олон илүү мэдэх билээ.

Монголын нэгэн үеийн түүхийг, хамгийн сүүлийн хааны амьдралыг мөнхлөн үлдээсэн, ард олондоо бурхан адил шүтэгдэж явсан VIII Богд Жавзундамба хутагт, Цагаан дарь эх Дондогдулам хатны Ногоон ордны цогцолбор, өвлийн өргөөнөө бид ийнхүү саатаж ахуй амьдрал үүх түүхтэй танилцан нэгэн өдрийг өнгөрөөсөн юм.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн



Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Дуучин М.Нарантуяа: Гоё сайхан харагдаж, бусдыг байлдан дагуулах надад үнэндээ сонин биш байна

Дуучин М.Нарантуяа буюу Наратай ярилцлаа.

Өнгөрч буй онд та нэлээд нам гүмхэн байлаа. Ээж болоод хэсэг завсарлав уу?

-Харин ч энэ онд бүхий л талын ажил хийлээ. Уран бүтээл, нийгмийн ажлуудад ч маш идэвхтэй оролцлоо. Хүүхдээ ч харлаа. Зав зайгүй их оволзсон жил өнгөрлөө. Харин ч хурдан он гараад хүүтэйгээ байх юмсан л гэж хүсч байна.

-Ямар ямар уран бүтээл дээр ажиллав?

-Энэ онд хоёр клипэн дээр ажиллая гэж төлөвлөж байсан. Гэхдээ бодсон шиг маань болсонгүй. Ямартай ч нэг цомог гаргахаар Ошейн грэй продакшнтай хамтарч ажиллаж байгаа. Эхнээсээ ганц хоёр дуу нь гарч байна. Сая “Эзлэгдсэн зүрх” шинэ уран бүтээлээ дүрсжүүлж олны хүртээл болголоо.

-Бусдад багагүй тус дэм хүргэдгийг хүмүүс мэдэх байх. Өнгөрсөн онд ямар хүмүүнлэгийн ажил зохион байгуулав?

-Би хандивын байгууллага ч юм уу, сайн дурын хүмүүнлэгийн ажилтан биш л дээ. Зүгээр л ядарсан хүмүүст өөрийн чадлынхаа хэрээр туслахыг хичээдэг. Сүүлдээ хандивын байгууллага шиг “ингээд өгөөч, тэгээд өгөөч” гэсэн хүсэлт их тавих болсон. Энэ жил фэйсбүүкээрээ түлэгдсэн хүүхэд, хүмүүст туслах уриалгыг нэлээд их гаргасан. Гэхдээ эндээс нэг зүйлийг ажигласан. Зовсон хүмүүсийн хажуугаар бизнес хийдэг хүмүүс олширсон байна. Бусдын аливаад хандаж байгаа байдлаар үнэн байв уу, худал байв уу гэдгийг яваандаа гадарладаг болчихдог юм байна. Бүтэн жилийн хугацаанд ганц хоёр хулхи хандивын ажиллагаанд мөнгө өгчихсөн. Гэсэн ч нэлээд их түлэгдсэн хүүхдэд тусалж чадсан. Сая Төмөрцэцэг гээд гурван хүүхэдтэй ээжийн хандивд нэлээд хүмүүсийг уриалж оруулсан. Хандивын дагуу 55 сая төгрөгийг цуглуулсан. Энэ хүн маш өндөр үнэтэй элэг дэмжих эмчилгээ хийлгэж байгаа юм билээ. Баттай эмчлэгдээгүй ч баяртай мэдээнүүд ирж байгаа. Хүмүүс аливаа зүйлд өөрсдөө маш хариуцлагагүй ханддаг юм байна гэдгийг ажигласан. Тусламж хэрэгтэй байгаа өчнөөн мянган хүн байгаа. Тэр бүхэнд ганцаараа тусалж чадахгүй учраас нэг хүнд хандсан хандив үзүүлэхээ болиод оронд нь аль болох тогтолцоонд нөлөөлж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй юм байна гэдгийг эндээс би ойлгосон. Төмөрцэцэг эгчийн аяны дараа л гэхэд миний хүүхдэд туслаагүй байж энэ хүнд тусаллаа гэх маш олон гомдол ирсэн. Нялх хүүхэдтэй эх хүний хувьд маш эмзгээр хүлээж авсан.

-Гадны дуучид, одууд уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн дуу хоолой болдог. Та тэр чиглэлээр ажиллах бодолтой байна уу?

-Ерөнхийдөө миний “Эзлэгдсэн зүрх” дууны утга эмэгтэйчүүдийг хүчирхэг байх, өөдрөг, итгэлтэй байх зүйлд хандуулсан дуу байгаа. Өрх толгойлсон ээжүүд болон бусад бүхий л эмэгтэйчүүдийг өөдрөг байхыг уриалсан дуу. Амьдрал санасан бодсон, хүссэн бүхнээ авч чаддаггүй ч амьдрал өөрөө баялаг гэдгийг харуулсан уран бүтээл болсон. Ер нь эх хүн нөхөртэй ч бай, нөхөргүй ч бай үр хүүхэдтэй болно гэдэг гайхамшиг.

-Таныг мөн охид, бүсгүйчүүдийн дотно зөвлөгч гэж хэлж болох байх. Таны гоо сайхны болон тураах зөвлөгөөг дагадаг бүсгүйчүүд их байдаг. Одоо ч зөвлөгөөгөө өгсөөр байна уу?

-Зөвлөгөөгөө одоо ч гэсэн хүргэж байгаа. Би ер нь бусадтай хуваалцах дуртай. Мэддэг чаддаг зүйлээсээ бусадтай хуваалцах нь хүний л нэг зан шүү дээ. Бусдаас илүүг мэдчихсэндээ бус, миний мэдэж байгаа зүйлийг хүмүүс мэдэж байж ч болно, мэдэхгүй нэгэнд нь хэрэг болно биз гэсэн үүднээс зөвлөгөөгөө бэлдэж хүргэдэг.

-Хэзээнээс зөвлөгөө өгөх болсон бэ?

-Би арван жилд байхаасаа л өөрийнхөө бүх мэддэг, чаддаг зүйлээ хуваалцаад явдаг байсан. Фэйсбүүкийн ачаар бусдад хандсан хүмүүнлэгийн ажил, чин сэтгэлийн зөвлөгөөнүүдийг тавиад хүргэдэг болсон. Түүнээс гэнэт л хүмүүсийн анхаарал татах гээд ингээд байгаа юм биш л дээ.

-Та төрөөд удаагүй байгаа. “Хүмүүс төрөнгүүтээ турмаар байна, урьдынх шигээ сайхан болмоор байна гэх юм. Эмэгтэй хүн чинь байгалиараа буцаж хэвэндээ ордог” гэж хэлсэн байсан. Энэ үг чинь олон эхчүүдэд хүрсэн байна лээ?

-Ер нь бүсгүйчүүдийг сүүлийн үед худалдааны шуурганд автуулчихсан байна. Дэлхий дахинд тэртэй тэргүй хүүхнүүдийг гаднаасаа гоё сайхан байхад уриалж байгаа. Үүний цаана бизнесийн ашиг сонирхол л байдаг. Хүмүүс төрсний дараа ийм байсан одоо ийм болж турлаа гэх байдлаар бусдынхаа тархийг угаагаад байдаг л даа. Миний бодлоор эмэгтэй хүн төрөөд тэр анзааны таргалах бол байх зүйл. Гурван жилийн дараагаас эмэгтэй хүн хүссэн хүсээгүй байгалиараа буцаад хэвэндээ ордог. Над шиг болохыг хүсвэл ийм гоо сайхны бүтээгдэхүүн, тураах эм бэлдмэл, цай, кофе хэрэглээрэй гэдэг. Эмэгтэйчүүд иймэрхүү бизнесийн юманд хуйлрах бус хамгийн түрүүнд үр хүүхэд, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Бид нар гаднаасаа гоё сайхан харагдахын тулд эрүүл мэндээ их золиосолдог. Үүнийг яагаад хэлээд байна гэхээр би ч бас өмнө нь гоё сайхан, сайн гэсэн юм болгоныг хэрэглэдэг байсан. Эцэст нь маш их эрүүл мэндээрээ хохирсон учраас эргээд бүсгүйчүүддээ анхааруулаад байгаа юм. Гоё сайхан харагдахдаа бус эрүүл байж үр хүүхэдтэйгээ хамт арав, хорин жилээр ч гэсэн илүү амьдрахын төлөө эрүүл мэндээ хайрлаачээ гэж уриалмаар байна. Ялангуяа монгол хоол, цагаан идээгээ хэрэглэж байгаарай гэж их зөвлөдөг. Амьдралын баяр баясгалан үр хүүхэдтэйгээ эрүүл энх урт удаан амьдрах болохоос гоё сайхан харагдахдаа биш. Оны дараагаар би эмэгтэйчүүддээ гаднаасаа гоё сайхан харагдахдаа бус дотроосоо эрүүл саруул байхыг зөвлөх юмсан гэж бодож байгаа. Одоо миний хүү ой есөн сар хүрч байгаа. Удахгүй хоёр нас хүрнэ. Одоо хүртэл хөхөөрөө хооллодог. Хүмүүс намайг “чи урлагийн хүн байж хөхөө бодооч, гоо сайхнаа бодооч” гэж л байдаг юм. Үнэндээ хөхний үндсэн байгалиас заяасан зорилго нь үр хүүхдээ хооллож, дархлааг нь дэмжин эрүүл саруул бойжуулахад байдаг. Бид нар үр хүүхдээ амжилттай яваасай, мундаг, ухаантай хүн болоосой гэж хүсдэг мөртлөө түүний эх суурь нь хөхөөрөө хооллож, эрүүл бойжуулах гэдгийг мартаад байдаг.

-Та өөрөө эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Зөв хооллоно гэдэг нь зөвхөн ногоо идээд байх биш. Миний бодлоор цэвэр, цагаан хоолтой хүн нэг их эрүүл байгаа санагддаггүй. Хэт цагаан хоолтон, ногоон хоолтон гээд туйлшрахгүйгээр хандах нь зөв байх л даа. Бид нарын бие организмд олон зуун жилийн өмнөөс идэж ууж дасчихсан, зохицсон удамшилтай холбоотой хоол хүнсээ идэх нь зөв байдаг гэж би сонсч байсан юм. Саяхнаас л энэ олон гадны хоолнууд орж ирсэн ш дээ. Ингэлээ гээд үүнийг идэхгүй байх биш, яавал зөв хооллох вэ гэдгийг анхаарах нь чухал. Бид нар өнөөдөр маш их өвдөөд, элдэв хорт хавдар тусаад байгаа нь хооллолттой л холбоотой байх. Гаднаа зөв юм яриад л буруу цагт хооллоод, архи дарсаа хамаа намаагүй идэж уугаад байвал бие организм тэр хэмжээгээрээ хорддог. Хүний эрүүл мэнд өөрийнх нь гарт юм байна гэдгийг ойлгосон. Эрүүл хооллолт, зөв фитнесс гэдэг нь өөрт нь тохирч байна уу гэдгийг сайн мэдэрч, биеэ сонсох хэрэгтэй юм шиг байгаа юм. Би гэхэд биеэ муудтал фитнесс хийж, мацаг барьж, биеэ муудтал янз бүрийн юм идэж ууж, хэрэглэж байсан. Яг үнэндээ хүсч байсан гоо сайхнаа аваагүй, харин ямар ч тамир тэнхээгүй, хүч чадалгүй, дархлаагүй хүн л болсон байна. Үүнийг уншиж байгаа хүмүүс ч гэсэн дараа нь ямар үр дүн ирэх вэ гэдгийг бодож үзэх л хэрэгтэй юм билээ.

-Та төрснийхөө дараа хэр их дасгал хөдөлгөөн хийдэг байв?

-Төрсний дараа нэг жил би өөрийгөө бүтэн хаясан. Ямар ч гэсэн хүүгээ эрүүл саруул өсгөж илүү анхаарал хандуулахыг зорьсон. Түүндээ ч хүрсэн. Есөн сараас нь ядарч үхтлээ фитнесс хийгээд, үхэх гэж байгаа юм шиг хоолоо сойгоод их явсан. Тэрнийхээ горыг ч амссан. Тэгээд л эрүүл мэнддээ анхааръя гэж шийдсэн. Үнэнээ хэлэхэд урлаг уран сайхан, гоё сайхан харагдахаас илүүтэйгээр эрүүл саруул Нара, ээж Нара л үнэ цэнтэй санагдсан.Түүнээс гоё сайхан харагдаж, хүн амьтныг байлдан дагуулах үнэндээ сонин биш байна.

-Тэгвэл ээж болоод та нэлээд өөрчлөгдсөн байх нь ээ?

-Эрүүл мэндийн асуудлыг зан араншинтай холбож үзэж болохгүй. Амьдралын хандлага маань өөрчлөгдсөн болохоос биш зан араншингийнхаа хувьд урьдын цоглог, эцэшгүй, цуцашгүй дайчин бүсгүй хэвээрээ байгаа. Гэхдээ хамгийн гол нь юунд дайчин хандах ёстой юм, юунд буулт хийх ёстой юм гэдгээ ухаарсан. Үүнийг ээж болсны дараахь ч юмуу, өнгөрсөн амьдралаас олж авсан ололтуудын нэг юм даа л гэж бодож байна. Өөрийгөө сайн чагнаж, өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна, хүн.

-Та бусад дуучдыг бодоход харьцангуй нээлттэй хүн байх. Өөрийгөө ганц бие ээж гэдгээ телевизийн нэвтрүүлгийн үеэр хэлсний дараа нэлээд шуугиан тарьсан. Бас таны хэлсэн үг олон ганц бие эхчүүдэд хүч өгсөн. Гэхдээ нөгөө талаар хэт илэн далангүй байснаар шүүмжлэлд өртөх нь их байдаг шүү дээ?

-Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Миний илэн далангүйд дургүй хүмүүс өөрсдөө л амьдралаа нууцлаг л дээ. Би худлаа байж чаддаггүй, дүр эсгэж чаддаггүй, багын л шударга зангаасаа болж их алддаг хүүхэд байсан. Гэхдээ яахав дээ. Ийм байх ёстой бол үүгээрээ л дуусаг. Нөгөөтэйгүүр яагаад ганц бие ээж болсноо зарласан гэхээр үүнээс хойш мөн чанарыг нь олоогүй байж олны танил болохыг мөрөөдөж байгаа, олны танил болчихвол баяждаг юм байна, нэр алдар хүртдэг юм байна, сайхан амьдардаг юм байна гэсэн буруу ташаа ойлголттой охид залуусыг эрсдэл хийхээс миний амьдрал бага ч гэсэн анхааруулга болоосой гэж бодож байсан. Зөвхөн олны танил болохыг чиг шугамаа болгодог охид үүнийг мэдээсэй гэж хүссэн. Нара гэтэл зөвхөн олны танил болох гээд дуучин болсон юм биш. Угаасаа л урлаг уран сайхан, дуучин болох хүсэл мөрөөдөл багаас минь миний зүрхэнд цохилдог байсан. Ээж, аав маань урлагийн хүмүүс учраас миний зүрх сэтгэлд урлагийн тухай ойлголт төрөхөөс аваад л байсан гэж хэлж болно. Ихэнхдээ олны танил болсон хүмүүс гоё сайхан хувцаслаж, үнэтэй машин унаж байгаагаар харагддаг. Үнэн хэрэгтээ хүний амьдралын хөшигний алд олон проблем үүсч байдаг. Ихэнх алдартнууд энэ асуудлаа нуудаг, болохгүй байсан ч болж байгаа юм шиг байж, уйлж байсан ч инээж байдаг. Надад илэн далангүй байсан нь амар байдаг. Хүн болгон уулзаад л чи ямар хүнтэй суусан юм, ямар үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм гэдэг асуултад хариулах ядаргаатай байна. Түүний оронд нөхөргүй, ганц бие ээж гэдгээрээ л баймаар байна. Түүнд чинь бусдаас айгаад эмээгээд байх зүйл байхгүй. Миний амьдралын цаанаасаа өгөгдсөн зүйл нь ийм л байх ёстой байсан биз. Энэ маань өөрсдийнхөө амьдралын баяр баясгаланг олж харж чадахгүй хаяад явсан хүний араас гомдоод туниад, өөрсдийгөө гундаагаад яваа маш олон хүмүүст дэм болсон байх. Надад ч хэдэн мянган эмэгтэйчүүдийн сэтгэгдэл ирсэн. Зүгээр л би өөрийнхөөрөө байсны төлөө маш олон хүмүүст урам зориг өгсөн байна. Өөрөө ч бас урам авч байсан.

-Та нууц биш бол хүүгийнхээ аавын талаар дурдаж болох уу?

-Хүүгийн аавын талаар дурдах ямар ч шаардлага байхгүй. Тэртэй тэргүй бид хоёр одоо хамт биш, ирээдүйд ч хамт байхгүй. Нэгэнт цэглэсэн юмыг би цэглэх л дуртай. Түүнээс өнгөрсөнтэйгөө зууралддаггүй. Хүүгийн аав дотроо юу гэж боддогийг би мэдэхгүй. Хүн л юм чинь үр хүүхдээ хааяа нэг дотроо боддог л байлгүй дээ.

-Та амжилтад хүрэх хүртлээ тайзны ард бүжиглэж, цайны газар ажиллах зэргээр янз бүрийн ажил хийдэг байсан гэдэг. Хэзээнээс дуучин болохоор зорьж эхэлсэн бэ?

-Багаасаа л урлаг уран сайхан руу тэмүүлсэн, дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байсан. Дуучны мэргэжлээр Японд сурсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэр болтол оюутан байхаасаа олон л ажил хийж байсан. Хоолны газар, бааранд ч ажиллаж л байлаа. Хүний ажилдаг л газар ажиллаж байсан. Ямар биеэ үнэлээд явсан биш.

-Зарим дуучид анх гарч ирснээсээ өөр чиглэлээр дуулдаг. Та нас ахихын хэрээр хэв маягаа өөрчлөх болов уу?

-Тухайн цаг үеэс л шалтгаалах байх. Цаг үеэ мэдэрнэ гэдэг чухал. Бид рок попын дуучин гэдэг утгаараа гандан буурахгүй хүмүүс. Сараа эгч, Ариунаа эгч, Алтаа эгч нар одоо хүртэл анх яаж гарч ирсэн тэр хэвээрээ эрч хүчтэй л явж байна. Нас ахихын хувьд одоо хэлэхэд эрт байна. Дөнгөж гучин насны босго алхаад явж байна.

Categories
мэдээ цаг-үе

Генетик удам зүйн шинжилгээг анх удаа “Бона вита”-д хийж байна

Монголдоо анхдагч гэж болохуйц нэг дор төвлөрсөн бүх төрлийн шинжилгээний цогц лаборатори нээсэн талаар манай сонин өчигдрийн дугаар дээр мэдээлсэн билээ. Анхны цахим сүлжээ бүхий лаборатори гэдэг утгаар үүдээ нээсэн өдрөөс сайшаал хүртээд буй “Бона вита” лабораторийн үйл ажиллагааг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн I хороо, МУБИС-ийн замын эсрэг талд байрших UBH төвийг зорилоо. UBH төвийн таван давхарт энэхүү лаборатори байдаг юм. Лаборатори нь хотын төвд, Нэгдүгээр эмнэлэг, “Алтан өргөө” эх барих эмнэлэг зэрэг томоохон эмнэлгүүдтэй ойр, цэвэр, тохилог орчинд байршдаг нь бас нэгэн давуу тал болдог аж.

Уржигдар нээлтээ хөлтэйхэн хийсэн “Бона вита” лабораторийн үүдээр ороход хүн сийрэг байв. Нээгдээд удаагүй болохоор хүмүүсийн сонорт хараахан хүрч амжаагүй байна хэмээн үүдний жижүүр угтсан юм.

Өмнө нь иргэд эх орондоо оношлогддоггүй өвчний шинжилгээ өгөхийн тулд гадны улс орныг зорих, өндөр үнэтэй эмнэлэгт хандахаас өөр аргагүй байсан. Харин энэ лаборатори нээгдсэнээр Монголд хийгээд байдаггүй хэд хэдэн онцгой төрлийн шинжилгээг дотооддоо хийх боломжтой болж байгаа юм.

“Бона вита” эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори нь дотроо молекулын, генетик удам зүйн, бактериологи эд эсийн, клиникийн, биохимийн, иммуниологи, цус бүлэгнэлийн, геметлогийн шинжилгээний гээд хэд хэдэн лабораторитой. Нэг лабораторид нь л гэхэд дор хаяж 100 гаруй нэр төрлийн үзүүлэлтийг оношилдог. Биохимийн шинжилгээгээр гэхэд 120 гаруй төрлийн үзүүлэлтийг шинжилдэг аж.

Энэхүү лабораторийг олон улсын стандартад нийцүүлэн Герман улсын жишгээр зохион байгуулсан байна. Тэр ч үүднээс хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй, чанартай тоног төхөөрөмжүүдээ Герман, Австрали зэрэг улсуудаас оруулж иржээ. Гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал “Манай лаборатори үндсэн таван онцлог, давуу талтай. Нэгдүгээрт, бүх төрлийн нэгдсэн лабораторитой. Ихэнх эмнэлгүүдэд чиглэл чиглэлээрээ оношлогоо шинжилгээ авдаг бол манайд бүгд цогцоор байгаа. Хоёрдугаарт, анх удаа цахим сүлжээ нэвтрүүлсэн. Гуравдугаарт, баталгаатай. Учир нь бид Англи, Герман, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас бүрэн автомат тоног төхөөрөмж оруулж ирсэн. Шинжилгээний сорьц авахаас бусдыг бүгдийг автоматаар хийнэ. Мөн олон жилийн арвин туршлагатай эмч мэргэжилтнүүдээр хангагдсан. Бид авсан шинжилгээгээ Англи, Герман, Австрали зэрэг улсын лаборатори руу явуулж давхар хянуулдаг учраас шинжилгээний хариу буруу гарна гэдэгт санаа зовох хэрэггүй. Мөн хувийн эмнэлгүүдээс хямд буюу улсын эмнэлгийн үнээр үйлчилдэг зэрэг олон давуу талтай” гэж байв.

Монгол Улсад өмнө нь оношилдоггүй байсан, оношилсон ч ганц хоёрхон эмнэлэг дээр өндөр үнэтэй оношилдог хэд хэдэн шинжилгээг эднийх хямд зардлаар хийж байна. Тухайлбал, манайд генетик удам зүйн шинжилгээг хийж байгаагүй. Энэ шинжилгээгээр тухайн хүний судаснаас цус авч генийг нь судлаад ямар хавдар тусах эрсдэлтэй, удамшлын ямар өвчин тусах магадлалтайг хувиар нь тооцож өгөх юм. Мөн энэ төрлийн шинжилгээгээр ургийн гажгийг тодорхойлно. Мөн өндгөвчний, хөхний, нойр булчирхайн, ходоодны, түрүү булчирхайн гэх мэт хортой, хоргүй хавдруудыг эрт шатанд нь оношлоно.

Түүнчлэн “Бона вита” нэгдсэн лаборатори дээр бусад газар тэр бүр хийгээд байдаггүй антисисипи шинжилгээ, зүрхний шигдээстэй үгүйг тодорхойлох шинжилгээ, витамин D-г тодорхойлох шинжилгээ гээд нэлээд хэдэн нэр төрлийн шинжилгээг хямд үнэтэй хийж байна. Антисиспи шинжилгээгээр тухайн хүнд ангинаас үүдэлтэй үе мөчний үрэвсэл байна уу гэдгийг ялган оношлодог ажээ. Эмэгтэйчүүдийн бүх төрлийн гармоны шинжилгээ хийж байгаагаас антимюллер гормон буюу үр тогтох чадварыг үнэлэх шинжилгээг анх удаа хийж байна. Бяцхан үрсээ хүлээж буй эхчүүдэд жирэмсний хожуу үеийн хордлого гэж хүнд асуудал тулгардаг. Тэгвэл хожим нь хордлого өгч шаналахгүйгээр эднийд ирж оношлуулан мэдсэнээр хордлого өгөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдээ ч эрсдэлээс хамгаалах боломжтой болж байгаа юм.

Зарим эмнэлгүүдэд элэгний B, C вирусийг тоолох шинжилгээ нэлээд өндөр үнэтэй хийгддэг. Харин эднийд 135-180 мянган төгрөгийн хооронд тоолж байна. Элэгний D вирусийг тоолох шинжилгээг анх удаа хийж байна. Элэгний D вирус нь В вирустай хүнд байрлах бөгөөд тухайн хүнд энэ хоёр вирус хамт байгаа тохиолдолд эмчилгээ нь өөр болдог аж. Харин манайд D вирусийг тодорхойлдоггүй байсан учраас тохирсон нарийн эмчилгээг хийхэд хүндрэл учирдаг байжээ. Ер нь эднийх хамгийн энгийн жирэмсний хяналтын шинжилгээнээс авахуулаад хүнд, хөнгөн бүхий л төрлийн шинжилгээг нэг дор авч бүрэн оношилж өгөх ажээ.

“Бона вита” төвийн бусдаас давуу бас нэг зүйл нь Монголын анхны цахим сүлжээ лаборатори гэх тодотгол юм. Цахим сүлжээгээр хөдөө, орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан Монгол Улсын иргэн бүрт хүрч үйлчлэх боломжтой аж. Хөдөө орон нутагт оршин суугаа иргэд “Бона вита” лабораторийн цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэн, орон нутгийнхаа салбарт шинжилгээнийхээ сорьцыг өгнө. Түүнийг нь сорьц цуглуулах машинаар Улаанбаатар хотод авчран шинжилдэг байна.

Сорьцуудыг төв лабораторид авчирснаас хэдэн цагаас хэдхэн өдрийн дотор хариуг нь гаргаж үйлчлүүлэгчийнхээ цахим хаягаар шинжилгээний хариуг нь явуулах аж. Дөнгөж уржигдархан нээлтээ хийсэн болохоор одоогоор Орхон аймагт л холболтоо хийсэн байна. Ирэх 2016 он гэхэд 21 аймагтай бүрэн холбогдоно гэж байв.

Энд хэрхэн шинжилгээ авч байгааг бид сонирхлоо. Үйлчлүүлэгч орж ирсэн цагаас эхлэн найрсгаар хүлээн авч үйлчлэх, хурдан, чанартай, найдвартай олон улсын стандартыг хангасан оношлогоо, шинжилгээ хийх нь эдний үндсэн зорилго аж. “Бона вита” дотор хэд, хэдэн төрлийн лабораторийн өрөө байна. Өчигдрийн байдлаар тус төв дээр 20 гаруй хүн ханджээ. “Ажлын анхны өдөр гэхэд боломжийн байлаа” хэмээн “Бона вита” төвийн эмч мэргэжилтнүүд хэлж байв. Өчигдрийн хандсан хүмүүсийн дийлэнх нь биохимийн шинжилгээ өгөхөөр иржээ.

“Бона вита” төвийн зохион байгуулалт нь их эмх цэгцтэй аж. Хүлээх өрөөнд нь сорьц хүлээн авах дөрвөн сувилагч сууж байна. Энэ хэсэгт хот, хөдөөнөөс ирсэн бүх сорьцыг хураан авна. Мөн шинжилгээ өгсөн иргэд эндээс хариугаа авч болохоос гадна цахимаар ч авсан болох гэнэ. Үйллүүлэгч шинжилгээнийхээ сорьцыг өгөхдөө энгийн болон VIP өрөөнөөс сонголтоо хийж болно.

Сувилагч нарын хураасан сорьцыг шинжилгээний өрөөнд хүргэнэ. Эндээс цааших бүх үйл ажиллагааг автомат машин хийнэ. Хамгийн түрүүнд сорьцуудаа хуваарилах машинд хийхэд автоматаар шээсний, биохимийн, цусны гэх мэтээр баганад ангилан хуваах аж. Дараа нь ангилан хувааснаар тухай тухайн сорьц авах машинд хийхэд тэдгээр машинууд лазер мэдрэгчээр мэдрэн бүх үзүүлэлтийг гаргах аж.

Хүмүүс шинжилгээ өгсний дараа заавал мэргэжлийн эмчээр хариугаа уншуулах шаардлага гардаг. Учир нь мэргэжлийн хүмүүсийн л ойлгох тоон утгаар бичсэн байдаг билээ. Энэ үед эмч нар тэр бүр хүссэн хариуг нь хэлэхгүй, эсвэл мэргэжлийн хэллэгээр ярих учраас үйлчлүүлэгч өөрийгөө ямар өвчтэй байгаагаа ойлгохгүй өнгөрөх тохиолдол их. Харин “Бона вита” төвийн автомат машинууд дээр хийсэн шинжилгээний хариуг ямар ч хүн уншаад ойлгож чадах аж. Шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан байвал одоор тэмдэглэсэн байна. Тэрхүү тэмдэглэсэн хэсгийг нь доор нь дэлгэрэнгүйгээр тайлбарлаж бичсэн байх аж. Тухайлбал, элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй гарсан бол тэр хэсгийнх нь дор юунаас болж энэ үзүүлэлтэд ийм өөрчлөлт ордог. Цаашид ийм өвчин тусах аюултай гэдгийг тодорхой бичиж өгөх гэнэ. Мөн эмч мэргэжилтнүүд нь таны хүссэн бүх зөвлөгөөг өгнө.

“Бона вита” төвд дотоод болон гадаадын их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж, олон жилийн ажлын туршлага хуримтлуулсан чадварлаг эмч нар ажилладаг гэв. Тухайлбал, Эмгэг судлалын үндэсний төвд 18 жил ажиллаж, хавдар судлалын хэсгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан анагаах ухааны доктор Х.Гэрлээ, Австрали, Япон зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн Б.Батнасан гээд мэргэшсэн баг хамт олон гар нийлэн ажиллаж байгаа ажээ.

Бид тус төвөөр үйлчлүүлж буй Ч.Мөнхболдоос сэтгэгдэл сонслоо.

Та юуны шинжилгээ өгөх гэж байна?

-Энэ лабораторийн тухай сониноос уншаад өнөөдөр сонирхож ирж байна. Би элэгний дэлгэрэнгүй шинжилгээ өгөх гээд хүлээн авах хэсгээс мэдээлэл авлаа. Маргааш өглөө эрт ирж шинжилгээгээ өгнө дөө.

Элэгний шинжилгээний хариу нэлээд удаж гардаг шүү дээ. Эднийх хэр хурдан хугацаанд гарна гэсэн бэ?

-Бусад газруудыг бодоход харьцангуй хурдан л гарна гэж байна. Орж ирэхэд цэвэрхэн сайхан орчинтой юм. Бас бүх төрлийн шинжилгээг нэг дор цогцоор авна гэдэг их сайхан санагдлаа. Үнэ нь ч боломжийн юм байна. Цаашид үйл ажиллагаагаа илүү өргөтгөөсэй гэж хүсч байна гэв.

Түүнчлэн “Бона вита” төв нь 24 цагийн түргэн шуурхай үйлчилгээ, хямд үнэ, найдвартай үйлчилгээ гээд олон давуу талтай цогц үйлчилгээний төв болжээ. Эдний хамгийн хямд шинжилгээ 1800 төгрөгөөс эхэлж байгаа бол хамгийн үнэтэй нь 200 гаруй мянган төгрөг байгаа аж. Генетик удам зүйн шинжилгээг анх удаа “Бона вита”-д хийж эхэллээ.

Гэрэл зургийг Г.Лхагвадорж

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Алтанцэцэг: Балхжав ах “Антигона” дууг чамаас өөр хүн дуулж чадахгүй юм байна гэсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Та саяхан шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон. Өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог өндөр байв уу?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа ирж байгаа шинэ оны баярын мэнд хүргэе. Найз нөхдийн албан газар дуулах, телевизүүдийн баярын нэвтрүүлэгт оролцох гээд хоёр оны босгон дээр нэлээд ачаалалтай завгүй л явж байна даа. Миний хувьд 2015 он гэр бүлийн жил байлаа. Би 2014 онд хөөрхөн охинтой болсон. Гурван хүүхдээ асраад, гэр орондоо их анхаарсан жил байсан гэж болно. Гэхдээ уран бүтээлч хүн юу гэж зүгээр суухав. Энэ зун нөхрийнхөө аавын нутагт очиж хадам аавдаа зориулан “Нар шиг угтах аав нутаг” нэртэй шинэ дуугаа бичүүлсэн байгаа. Энэ дууны клипний зураг авалтыг Увс аймгийн Малчин суманд очиж хийсэн. Цагаан сарын үеэр энэ уран бүтээлээ цацах бодолтой байна. Манай гэр бүлийнхэн энэ зун Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газар нутгаар 5000 гаруй км аялсан. Энэ аялалынхаа үеэр клипний зураг авалт хийсэн байгаа. Ая зохиогч гитарчин Өөжгийтэй хамтраад шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Цомгийн маань дөрвөн дуу бичигдчихсэн. Мөн Өөжгийтэйгээ хамтраад саяхан “Хайр гэж” дууныхаа клипийг дүрсжүүлэн олны хүртээл болголоо. Би гэр бүлийнхээ хүнтэй хамт амьдраад 20 жил болж байгаа. Би нөхөртөө зориулаад “Чамайгаа үнсье” гэж дуу гаргасан. Энэ дууны аяыг Өөжгий, үгийг Хүрэлбаатар бичиж өгсөн. Нэлээд хугацаанд ярьж, ярьж олон дахин бичүүлж байгаад гарсан, их гоё дуу гарна. Удахгүй клипнийхээ зурганд орно. Ер нь ирэх 2016 оныг олон сайхан дуу хуур, уран бүтээлээр угтаж байгаадаа их баяртай, сайхан байна.

-Хэдийгээр байнгын ажилтай, уран бүтээл туурвиад завгүй байдаг ч та их гэр бүлсэг хүн шиг байна. Танай гэр бүлийн хувьд шинэ оныг хэрхэн угтдаг вэ?

-Ер нь аливаа баяр ёслолыг над шиг сүртэй тэмдэглэдэг хүн ховор байх. Одоо л гэхэд гэрийнхээ гадна талд, гэр дотроо ёлка засчихсан байна. Аливаа баяр ёслол, үйл явдлыг утга төгөлдөр, баяр баясгалантай гоёор хүлээж авахыг хичээдэг. Зарим хүмүүсийг би шүүмжилмээр санагддаг. “Энэ жил хямралтай байгаа юм чинь ёлка засаад яадаг юм” гэх хүмүүстэй таарч байна. Маш гунигтай ш дээ. Бидний хүүхэд нас хүнд хэцүү үед л өнгөрсөн. Бид нар үүнээс хэцүү үед ч сэтгэлээр гуньж, гутарч байгаагүй. Юугаа алдчихсан юм бэ. Хүн амьд явж байгаа цагт эрүүл л байвал болно. Хүмүүс хэтэрхий муу амтай болчихсон юм уу даа. Хичнээн хямралтай байсан ч хүүхдүүдийнхээ бага насыг аз жаргалтай, гэрэл гэгээтэй, дурсамжтай үлдээмээр байгаа юм. Ялангуяа манай хүүхдүүд бага насандаа явж байгаа учраас тэдэндээ жинхэнэ үлгэрийн, мөрөөдлийн ертөнцийг бий болгохыг хүсдэг. Шинэ он гарах үед манайхан ер нь сүүлийн гурав, дөрвөн жил гадагшаа явж таарсан. Яагаад гэхээр тоглолтын урилга их ирдэг. Уржнан жирэмсэн байхдаа Лондонгийн монголчуудад очиж тоглолт хийж байсан. Ноднин Филиппин явсан. Гэртээ байгаа тохиолдолд Ерөнхийлөгчийнхөө үг хэлэхийг сонсоод л ханьтайгаа оргилуун дарс тулгаад, дараа нь найз нөхдөөрөө баярлах байдлаар тэмдэглэдэг. Ер нь 31-ний орой хамгийн аз жаргалтай үе бол гэр бүлийнхэнтэйгээ л байх. Энэ ч үүднээс “Миний гэр бүлийн шинэ жил” нэртэй дуу хийсэн.

…Халуун дулаан инээд хөөр

Хайраар дүүрэн миний гэр бүлийн шинэ жил

Хүн бүхэн хүлээдэг оны сүүлчийн орой

Хөөрхөн үрс минь хөөрөн сүлд модоо чимнэ…гээд их гоё үгтэй дуу л даа.

-Та хэр сайн гэрийн эзэгтэй, ээж вэ?

-Хамаатан садны дүү нар маань их тусалж, гол ажлыг маань нугалдаг. Гэхдээ мэдээж өөрөө бүх юмандаа оролцолгүй яахав. Гэрийнхээ тавилга янз бүрийн юмыг өөрчилж оролдох дуртай. Ер нь жаахан саваагүй талдаа шүү.

-Таныг нөхөртэйгөө оюутан байх үедээ, төрсөн өдрөөрөө танилцаж байсан гэж сонссон юм байна?

-Би нөхөртэйгөө 1995 онд яг 20 жилийн өмнө, төрсөн өдрөөрөө танилцаж байсан. Би бааранд дуу дуулдаг байсан. Нөхөр маань анх хараад их гоё хоолойтой охин байна гээд л ерөөсөө танихгүй байж зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэж байсан. “Хар сарнай” хамтлагийн Амараа, Маадай хоёр ер нь бид хоёрыг танилцуулсан гэж хэлж болно доо. Тэр үед би “Холливуд” гээд анхны такстай бааранд дуулдаг сэргэлэн оюутан байлаа. Сэргэлэн гэхээсээ илүүтэй дуулахын бөөн хүсэл мөрөөдөл болчихсон байсан үе.

-Таныг их багаасаа дуулж эхэлсэн гэдэг?

-Бүр хүүхэд байх үеэс л дээ. Манай элэнц эмээ дуучин хүн байсан. Манай эмээ намайг бүр 10 жилдээ дуулдаг байхад “Чи манай ээжид арай л хүрэхгүй байна” гэж ярьдаг байсан. Одоо миний охин их сайн дуулж байгаа. Дуулдаг удам л манайхны цусанд байгаа юм шиг байна.

-Танай охин “Улаан пальто” киноны дууг дуулсан. Ер нь дуучин, урлагийн хүмүүсийг хараад байхад хүүхдүүдээ өөрсдийнхөө замаар явуулах тэр бүр дуртай байдаггүй юм шиг. Харин таны хувьд охиноо хэр дэмждэг вэ?

-Би хүүхэд насных нь гэгээн дурсамжийг үлдээе гээд таван настайдаа охин маань цомог гаргасан. Мөн охин маань хэдхэн өдрийн дараа үзэгчдэдээ маш гоё клипээр бэлэг барих гэж байгаа. Алдартай “Frozen” хүүхэлдэйн киноны “Let it go” дууг Монголын хүүхдийн ордныхон мөн “Орчлон” сургуулийн ангийн хамт олонтойгоо нийлээд дуулсан. “TJ” энтертайментаар клип хийлгэж байгаа. Охиныхоо клипний зураг авалтын тайз, засалт бүх юман дээр аав нь маш их сэтгэл гаргаж бэлдсэн. Хэзээ ч миний тайзыг тэгж засч байгаагүй (инээв). Охин маань ч үнэхээр гоё дуулсан. Хүүхдийн хоолой жил ирэх тусам өөр болж байдаг юм байна. Урлагийн хүмүүсийн туулах зам нь их хэцүү л дээ. Цаг наргүй хөдөлмөрлөдөг. Гэлээ гээд хүүхдээ дуулахыг хорихгүй. Тэгсэн тэгээгүй өөрөө хэзээнийл киноны дуу хараад тогтоочихсон л байдаг. Бид хоёр одоо МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлэгт бэлдэж байгаа. “Анастасия” хүүхэлдэйн киноны дууг охинтойгоо хамтарч дуулахаар бэлдэж байна. Охин маань урлагийн хүн болох магадлалтай л даа.

-Хүүхдийн хоолой жил ирэх тусам өөрчлөгддөг гэж байна. Харин таны хоолой анх олонд танигдаад дуулж байсан үеэс хэр өөрчлөгдсөн бэ?

-Арай л суурьтай, даацтай болсон гэж хэлэх юм уу даа. Гэхдээ л хоолойгоо маш сайн гамнаж, байнга ажиллаж, дасгалжуулах хэрэгтэй юм л даа. Даарч, хөрөөд хоолойгоо гамнахгүй байвал их муудах шинжтэй байдаг.

-Таныг уран бүтээлээ ид туурвиж байх үед рок попын урсгал давалгаалж байсан. Монголчууд тэр аяараа рок поп руу хошуурч байсан гэж хэлж болно. Харин одоо арай зогсонги байдалд орчихсон юм шиг?

-Би хүмүүсийн тэгж яриад байгаад санал нийлдэггүй л дээ. Нэгэн хэвийн үргэлжлээд байвал хөгжил гэдэг зүйл явагдахгүй. Би үүнийг хөгжил гэдэг талаас нь л харж байгаа. Гарч ирж байгаа хүмүүс шинэ зүйл рүү тэмүүлэхийг яасан ч үгүйсгэж болохгүй. Хамгийн гол нь Монголын рок попын урсгалыг түүчээлэн авч явж байгаа залуус маань хариуцлагатай, түүхээ зөв бичээсэй гэж хүсэх байна. Урд байгаа хүмүүсээсээ суралцаж, хийж гүйцээж амжаагүй байгаа юмыг нь гүйцээж боловсронгуй болгох тал дээр анхаарах хэрэгтэй л дээ.

-Таныг дахин сурч байгаа гэж сонссон. Тэр талаараа хуваалцахгүй юу?

-Би 2014 онд Удирдлагын академид элсч орсон. Би өөрийгөө нөгөө талаас нь хөгжүүлж сурах ёстой гэдгээ ойлгосон. Тэгж байж би шинэ үетэй хөл нийлүүлж өөрийнхөө бизнес, уран бүтээлээ хийнэ гэж бодож байна. Тийм ч учраас сурч байгаа. 2016 онд төгсөнө. Дандаа мундаг залуустай сурч, тэдний үзэл бодлыг сонсч мөр зэрэгцэн явж байна.

-Таны уран бүтээлийн нэлээд хэсэг жүжгийн дуунууд байдаг. Анхны кино, жүжгийн дуу тань юу байв?

-Дөнгөж оюутан байхаасаа л киноны дуу дуулсан л даа. Оюутан байхад анх хөгжмийн зохиолч Аранзай “Дурлалын нулимс” гээд киноны дууг дуулах санал тавьж байсан.Тэр үед “Айзам 2” гээд хамтлаг байгуулагдаад, хамтлагийн залуус өөрсдөө кинондоо тоглож байсан. Амьдрал үзээгүй, хүүхэд гаргаагүй, хайртай хүнтэй ч болж амжаагүй мөртлөө ..Харамслын нулимсаараа сувд бэлэглэж хайртай хүнд чинь бэлэглэе, Үүрдийн жаргалыг минь авсан үнэтэй хань болохоо тэр ухаараг гээд аймаар үгтэй дуулж байлаа. Тэрнээс хойш “Дурлалын золиос”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Зүрхэнд шивнэсэн үг” гээд л нэг хэсэг баахан киноны дуу дуулах болсон. Миний уран бүтээлд хүүхдийн, кино жүжгийн, ардын, поп гээд л бүх төрлийн дуунууд байдаг л даа. Ер нь би их баялаг уран бүтээл хийхийг боддог. Тэр үүднээс “Алтанцэцэг” гээд таван цуврал цомог гаргаж байгаа.

-Та Монголын таван поп дивагийн нэг. Танд өгсөн энэ нэр алдрын үнэ цэн, үүрэг хариуцлагыг хэрхэн хүлээж авч, үнэлдэг вэ?

-Маш их бахархдаг. Энэ нэр төрөө хариуцлагатай авч явахын тулд зүгээр нэг дуучин биш ахуй амьдрал дээрээ ч тэр бүхий л зүйл дээр дива байхыг хичээдэг. Маш их нэр төр, үүрэг, хариуцлага л даа. Тийм ч учраас би их гэгээлэг байхыг эрмэлздэг. Саяхан БЗД-ийн 17 дугаар хорооны Баянсан гээд залуугийн хандивын тоглолтыг хийсэн. Гэр бүлээ аврах гэж байгаа залуу байна лээ. Дашрамд хэлэхэд энэ тоглолтод оролцож гүн туслалцаа үзүүлсэн Дашка ах тэргүүтэй бүх гавьяатууд, дуучдадаа баярлалаа.

-Дуу дуулахаас гадна та дуу бичлэгийн студи, дэлгүүр ажиллуулдаг. Тэр ажил тань хэр урагштай явж байна?

-Студиэ би одоогоор ажиллуулахгүй байгаа. Студиэ дуучин Б.Болдод өгсөн. Уран бүтээлээ хийх, эх хүнийхээ үүрэг хариуцлагаа давхар гүйцэтгээд ирэхээр студиэ ажиллуулах хүндрэлтэй болоод ирсэн. Рагу нутаг руугаа буцаад багийнхан маань ч задраад эхэлсэн. Иймээс студиэ дуучин Болдод зарчихсан байгаа. Аливаа жижиг гэлтгүй бизнес хүнийг хөгжүүлдэг юм билээ. Хүн өөрийнхөө хэрэгцээнд тохирсон бизнес хийж байх нь зүгээр юм шиг санагдсан.

-UBS телевизийн “My voice” шоу нэвтрүүлэгт залуус таны “Антигона” зэрэг дуунаас дуулж байна. Эндээс таны дуунууд ямар хоолойны цар хүрээ шаардсан дуу вэ гэдгийг хүмүүс ойлгож байх шиг байна л даа.

-Балхаа ах “Антигона” дууг чамаас өөр хүн дуулж чадахгүй юм байна гэж хэлж байсан юм. Хүнд дуунууд их дуулаад байдаг юм аа. Тэр ч үүднээсээ шүүмжлэл их хүлээдэг. Хүн дагаж дуулдаггүй, дандаа хашгирдаг дуу дуулдаг гээд байдаг юм. Залуус шоу нэвтрүүлэгт заавал түрүүлэх гэж биш идэвхтэй оролцож, хүний хөдөлмөрийг ойлгож байна гэдэг нь маш том амжилт. Урлагийн хүний хөдөлмөрийг л ойлгож байгаа нь сайхан байна.

-Та ойрд тоглолт хийх үү?

-Тоглолт хийхийг бодолгүй яахав. 2016 ондоо багтаад сайхан тоглолт хийнэ дээ.

Categories
мэдээ спорт

“БӨРТЭ ЧОНО 2015” наадмын эзнээр хэн тодрох вэ

Монголын үндэсний олимпийн хорооноос олгодог дээд шагнал, спортын шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2015” наадам удахгүй болох гэж байна. Энэ жил тив, дэлхийд алдраа цуурайтуулж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлж чадсан спортын шилдгүүдийн нэрс тодорлоо. Тэднээс шилдгийн шилдгийг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар арванхоёрдугаар сарын 25-нд тодруулж шагналыг нь гардуулна.

Өнгөрсөн оны “Бөртэ чоно”-ын эздээр шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар МУГТ Г.Болдбаатар, шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар тодорсон билээ.

Тэгвэл энэ оны наадамд дараахь шилдэг 15 тамирчин, дөрвөн баг, 10 дасгалжуулагчийн нэрийг дэвшүүлсэн байна.

“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчдийн мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Нэр дэвшиж буй эмэгтэй тамирчид:

Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлт). ДАШТ-ий VIII байр эзэлж, улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн.

Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон, “Иван Ярыгиний гран-при” тэмцээнд түрүүлсэн, “Рио-2016” олимпийн эрх авсан.

Отрядын Гүндэгмаа (Буудлагыг спорт). “Дэлхийн цом”-ын тэмцээний хошой алт, хошой мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпийн эрх авсан.

Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, “Их дуулга”, “Гран-При” тэмцээнд түрүүлсэн.

Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Универсиад” наадам, “Мастерс”, “Гран-При” тэмцээнд түрүүлсэн.

Хишигдоржийн Сүнжидмаа (Сонирхогчийн сумо). ДАШТ-ээс алтан медаль хүртсэн.

Гамбагаагийн Угалзцэцэг (Бодибилдинг). ДАШТ-ий атлетик физик төрөлд алтан медаль хүртсэн.

Сүхээгийн Цэрэнчимэд (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

Нэр дэвшиж буй эрэгтэй тамирчид:

Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, “Алтан гран-при” тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж, “Рио-2016” олимпийн эрх авсан.

Жанцангийн Гантөгс (Байт харваа). Тайланд улсад зохиогдсон Олимпийн эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпийн эрх авсан.

Энхтайваны Даваахүү (Буудлага). “Универсиад” наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн.

Сайнжаргалын Ням-Очир (Жүдо). ДАШТ-ий хүрэл медаль, “Их дуулга”, “Гран-При” тэмцээний мөнгөн медаль хүртсэн.

Доржнямбуугийн Отгондалай (Бокс). ДАШТ-ий шагналт байрт шалгарч, Ази тивийн АШТ-ий алтан медаль хүртсэн.

Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” Олимпийн эрх авсан.

БАГ:

Волейболын эрэгтэй шигшээ баг. Зүүн Азийн АШТ-ий шагналт IV байрт шалгарсан.

Сагсан бөмбөгийн “Альянс-Тех Харцага” баг. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-т аваргалсан.

“Шайбтай” хоккейн шигшээ баг. “Challenge Cup-2015” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

Хөлбөмбөгийн “Эрчим” клуб. Монголын хөлбөмбөгийн холбооны “Үндэсний Хүрхрээ лиг”, “Цомын тэмцээн”, “Супер цом”-ын тэмцээнүүдэд аваргалсан.

Дасгалжуулагчид:

Одвогийн Балжинням– Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч.

Цэндийн Баярсайхан– ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ П.Өнөрбатын багш

Буяндэлгэрийн Батбаяр -Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Зэвэгийн Дүвчин– Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш

Ганхуягийн Наранбат– Сумо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч

Оюунбилэгийн Пүрэвбаатар-ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номингийн багш

Цэрэнбаатарын Хосбаяр– ДАШТ-ий мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн багш

Авирмэдийн Энхээ– ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Бэхбаярын багш

Хишигбатын Эрдэнэт-Од – ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш

Цэрэнбаатарын- Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Categories
мэдээ цаг-үе

Б.Нямсүрэн: “Жинсээр сонгодог стилийн хувцаснаас гадна үндэсний хувцас ч урлаж байна

“Urban jeans” брэндийн ахлах дизайнер Б.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Гоёл-2016” наадмаас Өдөр тутмын чөлөөт хувцасны шилдэг дизайнер шагнал хүртсэн билээ.

-“Гоёл-2016” наадамд амжилттай оролцсонд юуны өмнө баяр хүргэе. Наадамд оролцсон үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Энэ наадамд амжилттай оролцоод өдөр тутмын чөлөөт хувцасны шилдэг дизайнер шагналыг авсандаа би болон манай хамт олон маш их баяртай байгаа. Миний хувьд “Гоёл” наадамд 2005-2007 он хүртэл гурван жил тасралтгүй оролцсон туршлагатай.

Өмнө нь оролцож байхдаа ямар амжилт үзүүлж байсан бэ?

– Би 2003 оноос хойш 12 жил загварын чиглэлээр ажилласан. Өмнө нь “Говь” компанид ажиллаж байхдаа ноолууран пальтогоор оролцож 2006 оны шилдэг дизайнер, 2007 оны Гран при авч байсан.

Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. 12 жил загварын чиглэлээр ажилласан гэхээр их туршлагатай байж таарна. Хаана ямар сургууль төгсч байв?

-Би 2003 онд Дизайн урлагийн дээд сургуулийг Хувцас дизайнераар төгсөөд тэр жилийн хавраасаа эхлэн “Говь” компанид тасралтгүй ажиллаж байсан. 2015 оноос “Urban jeans” брэндтэй хамтран ажиллаж байна. Энэ компанид ажиллаад зургаан сар боллоо.

Олон жилийн турш ноолууран хувцсаар загвар урлаж байгаад жинс рүү ороход ямар байна?

-Мэдээж энэ хоёр компанийн хувьд өөр өөрийн онцлог, ялгаатай. Хэрэглээний чанар, хэрэглэх хүрээ, үнэ гээд. Ноолууран хувцас тансаг хэрэглээндээ ордог бол жинс маань илүү залуу стильний, тоглож болохоор, шинэлэг талбар. Ноолууран хувцсаар тасралтгүй 12 жил ажиллаж байгаад жинс рүү ороход миний хувьд шинээр сурах, мэдэх зүйл их гарч байна. Сонирхолтой ч байна. Жинс залуулаг, өдөр тутмын байнгын хэрэглээ байж чаддаг учраас хүмүүст хүргэх нь өөр л дөө.

-“Гоёл-2016” наадамд оролцох гэж хэр их бэлдэв?

-Бид нар “Гоёл”-д оролцоно гэж төлөвлөөгүй байсан. Сарын өмнө Монголын дизайнеруудын холбооноос оролцооч ээ гэсэн санал, танилцуулга ирээд шийдвэрээ гаргасан. “Денимон” компани маань 2009 онд байгуулагдсанаасаа хойш жинсэн материалаар “Urban jeans” брэнд гаргаад нэлээд олны танил болчихсон байна. Тэр үүднээс Монголынхоо загвар, урлалын хамгийн том наадамд оролцож өөрсдийгөө сорихоор шийдсэн. Манай дизайнер Дөлгөөн бид хоёр сарын өмнөөс загваруудаа бэлдэж эхлээд, тус тусдаа бие даасан хоёр коллекц, хамтарсан нэг коллекцоороо оролцсон. Манай брэндийн зүгээс бараг 60 гаруй коллекц танилцуулсан даа.

Ганцхан сарын хугацаанд тэр олон загварыг бэлдэж гаргана гэдэг нэлээд шаргуу хөдөлмөр шаардагдах байх. Бүх загваруудаа “Гоёл-2016” наадамд зориулж шинээр гаргасан уу?

-Бүгдийг нь шинээр гаргасан. Яагаад гэхээр “Urban jeans” брэндийн түвшинд хүрэхийн тулд дан ганц жинсэн өмд хийх бус нэр төрлөө олшруулж, бүх төрлийн үйлдвэрлэл явуулах ёстой. Манай компани голдуу өмдөөрөө дагнадаг, түүгээрээ монголчууддаа хүрээд эхэлсэн бол одоо цээж хувцас хийе. Яагаад жинсээр цамц, цув, пальто, куртка, үндэсний хувцас хийж болохгүй гэж. Шинэлэг содон загваруудаа “Гоёл-2016” наадамд танилцуулж, хүмүүст хүргэхийг зорьсон.

Жинсээр урласан үндэсний хувцас өвөрмөц байсан. Үндэсний хувцсыг хоёр гурван төрлийн материал хослуулж хийдэг бол дан жинсийг будганд оруулж зах, эмжээр, товч шилбэ хийсэн нь үзэгчдэд ч онцлог санагдсан байх…

-Энэ материалын бас нэг давуу тал нь будганд оруулж, өөрчилж болдогт байдаг. Бусад хувцсыг оёж дууссаны дараа индүүдээд, цэвэрлээд хэрэглэгчдэд хүргэдэг бол жинсээр хувцас хийхэд оёж дууссаныхаа дараа цайралт хийх, будах ажиллагааг явуулдаг. Зун наадмын үеэр үндэсний хувцасны нэг коллекц гаргаж байсан. Тэр маань хүмүүст их таалагдсан учраас цагаан сараа угтаад дахин үндэсний хувцасны коллекцоо “Гоёл” наадамд танилцуулсан. Торго дурдан хүнд арай овор нэмдэг бол жинсэн үндэсний хувцасны загвар арай залуулаг харагдуулж байгаа. Жинсээ өөрөөр нь эмжиж, цайруулж материалынхаа онцлог дээр тоглосон.

Их даргар материал болохоор шилбэ, эмжээр зэрэг нарийн ажиллагаа шаардсан хэсгүүдийг хэрхэн хийсэн бэ. Хүндрэлтэй байсан уу?

-Манайхан жинс гэхээр хуучны даргар зузаан жинс гэж боддог. Тэгвэл одоо үйлдвэрлэж байгаа техник, технологи нь хөгжчихсөн учраас торгоны холиотой жинс, силкэн жинс, нимгэн жинс гээд төрөл бүрээрээ гараад ирчихсэн. Материалынхаа шинж чанараар хооронд нь хослуулаад тоглочихож байгаа юм.

Торгоор урласан үндэсний хувцас нэлээд үнэтэй байдаг. Тэгвэл жинсээр захиалж хийлгэвэл арай өртөг багатай гарах болов уу?

-Бид үйлчлүүлэгчдийнхээ худалдан авах чадвар, зах зээлийн үнэ зэргийг судлаад боломжийн үнэтэй гаргаж байгаа. Наадмын загварууд маань 34-56 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ загварууд маань ч тэр хавьцаа гарах болов уу.

-“Гоёл-2016” наадамд орсон өдөр тутмын хувцас, гадуур хувцасны коллекцуудад 80, 90-ээд оны загварыг тусгаж өгсөн шиг санагдсан. Та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу. Ямар онцлогийг тусгахыг хичээсэн бэ?

-Саяын өдөр тутмын хувцсаар шилдэг авсан загварууд маань “Confidence in blue”, “Цасан будраа” нэртэй хоёр загвар. Эхнийх нь классик стильний өдөр тутмын загвар. Сонгодог хувцас гэхээр пиджак, костьюм, цув, пальтогоор төсөөлдөг. Тэдгээр нь голдуу нимгэн даавуу, силк, драпан материалтай байдаг. Тэгвэл яагаад жинсээр сонгодог стиль гаргаж болохгүй гэж. Жинсээр сонгодог пиджак, костьюм хийснээрээ шинэлэг стилийг бүрдүүлж өгсөн. Мода дахин эргэх маягаар хөгждөг. Энэ загвар дээрээ яг одоо мода болоод байгаа 70, 80-аад оны буусан мөртэй стилийг оруулж өгсөн. Цасан будраа загвар нь 80, 90-ээд оны том мөртэй сул хэлхгэр пальтонууд, гадуур хувцасны коллекц. “Confidence in blue” классик стилийн загвар нь ажил хэрэгч залуусын жинсэн хослол байгаа.

Загваруудынхаа нэрийг тайлбарлаач?

-“Confidence in blue” гэдэг нь жинсээр сонгодог стилийн загвар урлана гэсэн утгатай. Харин намар өвлийн загварыг харуулсан “Цасан будраа “ коллекц нь деним бүтээгдэхүүний өнгө цайралтын шинэ технологийг туршин нэвтрүүлж, уламжлалт хэвшмэл цайралтын технологийг шинэ түвшинд харуулснаараа онцлог. Ингэж цагаан, цэнхэр өнгөний хослолоороо цас бударсан өвлийг санагдуулахыг хичээсэн.

Жинсээр урлахад тохиромжгүй хувцас гэж байгаа юу?

-Ер нь бараг байхгүй дээ. Хуучин сорочкан цамцыг, брюкин өмдтэй хослуулж өмсөнө гэх зэргээр хэвшмэл ойлголттой байсан бол одоо үед хольж өмсөх трэнд мода болчихсон байна. Сорочкан цамцыг сэмрэлттэй, сул жинсэн өмдөн дээр өмсдөг ч юм уу, брюкин өмдөн дээр сул ноосон цамц өмсөх жишээтэй. Жинснийхээ шинж чанараас хамаараад гоёлын даашинз ч хийж болж байна. Удахгүй “Urban jeans” маань брэндийнхээ түвшинд хөгжөөд нэр төрлөө олшруулаад ирэхээр яваандаа харагдана л даа.

Хүмүүс нэг хэсэг жинс өмсөхөө болиод классик хэв маягийн хувцас сонирхож байсан бол сүүлийн үед эргээд трэнд болох хандлагатай байна. Ялангуяа “Urban jeans”-ийн загварыг залуус их сонирхох болжээ. Монголдоо жинсний загварын шинэ чиг хандлагыг тодорхойлж байна гэж хэлэхээр болж?

-Баярлалаа. Бид нар яг энэ чиглэлээр л ажиллаж байгаа. Монголдоо өөрсдийн чадах хэмжээнд хувцас загварын ертөнцөд хувь нэмрээ оруулж, “Денимон” компанийн “Urban jeans” брэнд монголчуудаа хувцаслах соёлд байлдан дагуулах загварыг гаргахын төлөө л ажиллаж байгаа. Яг энэ чиглэлээр улирал тутамдаа өөрсдийн шинэ коллекцоо танилцуулж, трэнд болгох, загварын чиг хандлагыг тодорхойлдог байхаар зорилго тавин ажиллаж байна.

Та жинс гэхээр даргар бас торгон, силкэн гээд төрөл бүр байдаг гэж байна. Танайх тэгвэл материалаа хаанаас авдаг вэ. Түүхий материал аваад өөрсдөө боловсруулдаг уу?

-Монголд жинсэн материал хийдэг үйлдвэр хараахан алга. Бид Солонгос, Хятадаас татан авалтаа хийдэг. Түүхий жинс нь нэлээд хар бараан өнгөтэй ирдэг. Түүн дээрээ 3-4 өнгийг гарган авдаг. Арай цайвар, бүүр цайвар, цагаан, цагаан цэнхэр, цав цагаан гэх мэтээр гаргадаг даа.