Categories
мэдээ соёл-урлаг

ТАНИН МЭДЭХҮЙ: Хүүхэлдэйн киног эрхэн бүтээдэг вэ

Хүүхэлдэйн кино буюу анимэйшн нь зохиомол дүрийг зохиолын дагуу хөдөлгөөнд оруулан дүрсжүүлдэг дүрслэх кино урлагийн нэг төрөл билээ. Англи хэлэнд “anima­tion буюу cartoon”, японоор “аниме” хэмээн нэрлэдэг. Улс бүрд өөр өөрийн онцлогтой бүтээлүүд байдаг ч Америк болон Японы хүүхэлдэйн кино нь хамгийн алдартай, өөр өөрийн хэв маяг, арга барилтай байдаг.

Хүүхдүүд гэлтгүй томчууд ч сонирхон үздэг энэ төрлийн кино урлаг ердөө л 100 гаруйхан жилийн түүхтэй аж. Харин хүүхэлдэйн киноны суурь гэж болох хөдөлж буй биетийг зургаар дүрслэх оролдлогыг 35 мянга гаруй жилийн өмнөөс хүмүүс зурж эхэлснийг бид хадны сүг зураг гэдэг билээ. Хөдөлгөөнт хүүхэлдэйн кино буюу анхны дэлгэцийн бүтээлийг 1906 онд Томас Эдисон бүтээж байжээ.

ХҮҮХЭЛДЭЙН КИНО БҮТЭЭХ АРГА

Хүүхэлдэйн киног хэд хэдэн аргаар бүтээдэг. Үүнээс үндсэн аргачлалуудыг дурдвал компьютер графикийн арга (3D буюу гурван хэмжээст), зурсан зургуудыг эвлүүлж хийдэг уламжлалт аргачлал (2D буюу хоёр хэмжээст), баримал хүүхэлдэйн арга (Stop Motion), хайчилбараар дүрслэх арга (Cut Out) гэх мэтээр нэрлэж болно. Түүнчлэн видео давхарлаж зурах арга (Roto­Scope), пикселейшн (Pixela­tion), тайм лейпс (Time Lapse) гэх хэд хэдэн арга байдаг аж. Өнөө үед хамгийн өргөн хэрэглэдэг нь компьютер графикийн арга юм. Учир нь бусад аргуудаасаа хялбар төдийгүй, хөрөнгө, цаг хугацаа бага зарцуулдаг.

Хүүхэлдэйн кино нь бүхэлдээ багийн ажиллагаа шаардсан бүтээл юм. Нэг хүүхэлдэйн кино бүтээхэд цаана нь 100-150 уран бүтээлч хамтран ажилладаг. Мэргэжилтнүүд болох зохиолч, найруулагч, зураачид, хөдөлгөөн оруулагч буюу анимейтор (аnimator), дуу оруулагчид, жүжигчид, зохион байгуулагч мөн бусад менежер, хөрөнгө оруулагчид гэх мэт маш олон хүний хөдөлмөрөөр бий болдог аж. Эдгээрээс хөдөлгөөн оруулагчийн үүрэг хамгийн чухалд зүй ёсоор орно. Хөдөлгөөнгүй зургуудыг тодорхой цаг, минутад дэс дарааллаар харуулахын тулд тухайн бүтээлчээс маш их төсөөллийн ур чадварыг шаарддаг юм. Алхах гүйх, гүйнгээ ярин жүжиглэх гэх мэт бүхий л хөдөлгөөнүүдийг төсөөлөн, түүнд нь зориулж дуу, нүүр хувирлыг илэрхийлэн харуулна гэдэг тийм ч амар ажил биш.

ХАМГИЙН ШИЛДЭГ АНИМЭЙШН БҮТЭЭГЧ “ПИКСАР” СТУДИЙН ТУХАЙ

Хүүхэлдэйн кино бүтээдэг олон студи байдаг ч хамгийн шилдэг анимэйшн бүтээдэг, мөн анхны 3D компьютер графикийн технологийг боловсруулан хөгжүүлсэн гэдгээрээ Пиксар студи нэртэй юм. “Pixar Animation Studio” нь АНУ-ын Калифорни мужийн Эмэривилд хэмээх жижигхэн хотод байрлах бөгөөд 1979 онд Жорж Лукас (George Lu­cas) үүсгэн байгуулжээ. Төд удалгүй “Аpple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс түүнээс 10 сая доллараар худалдан авсан байна. Пиксар студийнхний бүтээсэн 3D компьютер графикийн технологийг “Рендермэн” гэдэг бөгөөд хамгийн алдартай бодит мэт дүрслэлийг үүсгэдэг гэдгээрээ нэрд гарсан.

2006 оны нэгдүгээр сарын 24-нд хүүхэлдэйн киноны эцэг болох “Уолт Дисней” компани Пиксарыг Стив Жобсоос 7.4 тэрбум доллараар худалдан авчээ. Ингэснээр Пиксар тус компанийн охин компани болж, Стив Жобстой хамтран хувьцаа эзэмших болсон байна. Тус студийн хамгийн анхны кино нь “Toy Story” буюу “Тоглоомын түүх” юм. Энэхүү хүүхэлдэйн кино нь түүхэнд хамгийн анхны компьютер график ашигласнаараа онцлог.

Пиксар студийн гаргасан кино бүхэн үзэгчдийн хайртай бүтээл болж чаддаг. Өнгөрсөн онд л гэхэд “Сайн Динозавр” болон “Бодлын ертөнц” хүүхэлдэйн киногоо хийж, “Бодлын ертөнц” нь 2016 оны “Оскар” хүртсэн билээ. Одоогоор Пиксар студи нийтдээ 16 бүрэн хэмжээний уран бүтээл гаргаад байна. Пиксарын кинонууд дунд “Немогийн эрэлд” (2003), “Тоглоомын түүх 3” (2010), “Бодлын ертөнц”(2015), “Wall-e” зэрэг алдартай бүтээлүүд бий. Үүнээс “Тоглоомын түүх 3” кино 1.063 тэрбум ам.долларын ашиг олсноор “Фрозен” (2013) болон “Минионууд” (2015) бүтээлүүдийн дараа бичигдэж, ашиг орлогоор тэргүүлсэн хүүхэлдэйн киноны гуравт жагссан юм. Пиксар студийн хамт олон нийтдээ 15 удаа Оскар, долоон Алтан бөмбөрцөг, 11 удаа Грэммийн шагнал хүртэж байжээ.

“PIXAR” СТУДИЙНХЭНИНГЭЖ АЖИЛЛАДАГ

Хүүхэлдэйн киног үнэлэх үнэлэмж, уран сайхны кинотой харьцуулахад харьцангуй бага байх нь бий. Гэтэл хүүхэлдэйн кино ямар олон хүний олон сар, жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтдэгийг бид тэр бүр мэддэггүй. Анимэйшн киногоороо байлдан дагуулж буй “Пиксар” студид л гэхэд бүрэн хэмжээний нэг хүүхэлдэйн кино бүтээхийн тулд 4-5 сар заримдаа бүтэн жил ч зарцуулдаг ажээ.

Тус студийн кино бүтээх үйл явц нь зураг төсөл боловсруулах, төлөвлөлт болон гүйцэтгэлийг дэс дарааллаар нь байршуулах, бүрэн гүйцэтгэсэн дүрсэд дуу оруулах гэсэн үндсэн гурван хэсгээс бүтдэг байна. Мөн хэд хэдэн энгийн арга барил дээр тулгуурласан байдаг.

Техник технологийн өндөр түвшинд хүрсэн студи ч уламжлалт арга барилуудыг ашигладаг. Тухайлбал, ерөнхий хар зураг гаргах, будах, загвар баримал хийх, дуу оруулах зэрэг уламжлалт гар ажиллагаа шаардсан аргуудыг бүх компани түгээмэл ашигладаг. Хүүхэлдэйн киноны уран бүтээлчид санаа зорилго нэгдэн үргэлж багаараа ажиллана гэдэг зарчмыг тус компанийн ажилчид яс биелүүлдэг ажээ. Үүнд ч Пиксарын амжилтын нууц оршдог байна.

“Пиксар” студид хүүхэлдэйн киног дараахь маягаар хийдэг аж.

1.Киноны санаа гаргах

Пиксарын нийт ажилчид, хөгжлийн багийн гишүүдээс аль нь ч киноны сэдэл, санаа гаргаж болно.

2.Текст боловсруулалт

Гаргасан санаандаа боловсруулалт хийн, гол утга санааг хураангуйлан бичиж багийн гишүүдэд танилцуулна. Шүүлтээр адилхан утга санаа бүхий хэд, хэдэн баримт гарах нь бий. Үүнээс хурлаар хэлэлцэж сонгон шалгаруулалт хийнэ.

3.Гар бичмэл

Ерөнхий боловсруулалтыг хийсний дараа найруулагч зохиолыг дэлгэрүүлэн бичиж, гар бичмэлийг гаргаж ирнэ.

4.Бүтээх үйл ажиллагаа

Энд зохиолын дагуу хар зураг, зураг төсөл зэргийг гаргана. Зураачид, зохиол бичигч хоорондоо сайн ярилцаж ямар дүр гаргахаар зорьж буйгаа ойлголцох хэрэгтэй. Хүүхэлдэйн киноны үйл явдлын хар зургуудыг А4 цаасан дээр буулгаж, самбар дээр ерөнхий төлөвлөгөөг гаргадаг. Ингэж ажилласнаар уг киноны үйл явдлууд нь илүү ойлгомжтой, хялбар болдог ажээ. Нэг үзэгдлийн хар зургийн тоо хоёр сая хүрэх үе ч байдаг гэнэ.

5.Дуу оруулах

Тусгай мэргэжилтнүүд зураг бүрийг дарааллын дагуу хуваарилж ялгадаг. Үүний дараа кинонд гарах дүр бүрийн хугацааг тодорхойлдог бөгөөд тус бүрт нь дуу хоолойг оруулж эхэлдэг байна. Жүжигчид дуу оруулахдаа нэг дүр дээр л гэхэд хэд хэдэн удаа өөр өөр хоолойны өнгөөр дуу оруулах бөгөөд тэндээс хамгийн сайн жүжиглэлттэй тохирох дуутайг сонгоно.

6.Хувиргах явц

Ингээд дуу оруулж дууссаны дараа хавтгай хэмжээст 2D обьектыг 3D хэмжээст обьект руу хөрвүүлэх ажил эхэлдэг. Үүнийг нь компьютер графикийн тусламжтайгаар эвлүүлж найруулна. Дараа нь дүр тус бүрийн жүжиглэлт элементүүдийг хооронд нь холбож өгнө. Үүнд л хөдөлгөөн оруулагч буюу анимейтор (аnimator) хамгийн чухал үүрэгтэй оролцдог.

7.Өнгөний тохируулга

Ерөнхий загварыг гаргаж, эвлүүлэг хийсний дараа тухайн орчны гадаргуу, гэрэл сүүдэр, өнгөний скриптүүд, дүрүүдийн хувцас зэрэг дээр нарийн ажиллана.

8.Хүүхэлдэйн кино

Үүний дараа бэлэн болсон дүрүүдийн загвар, харилцан яриа, дуу зэргийг Пиксарын программ хангамжийг ашиглан хөдөлгөөн, нүүрний хувирал хийдэг. Тэд үзэгдэл бүрийг үндсэн поз болон хүрээн дотор дэглэдэг. Удирдагч, захирлын сэтгэлд яв цав тохирсон эцсийн хувилбар гарахын өмнө дизайнер хэд хэдэн үзэгдэлд дахин засвар хийнэ.

9.Сүүдэртүүлэг

Компьютерийн программууд нь үзэгдэл дэх дүрүүд, бичвэр (текст), өнгө зэргийн гадаргууг тодорхойлно. Энэхүү программыг “сүүдэртүүлэгч” хэмээн нэрлэдэг бөгөөд үзэгдэлд гарах зүйлсийн гадаргууг жинхэнэ мод, төмөр, даавуу, шил, өвс, ус, хад шиг харагдахаар болгон өөрчилдөг. Хувцасны хуниас, долгио зэрэг нь биеийн хөдөлгөөнтэй зохицсон байхаар, үс, ноос зэрэг нь үнэхээр бодит мэт хөдөлж, арьс нь гараар хүрч болмоор бодит харагдахуйц болдог.

10.Гэрэлтүүлэг

“Тоон системийн гэрэлтүүлэг” ашигласнаар үзэгдэл бүрийн тайзны, төв, ойлтын болон өрөөний орчны гэрэлтүүлгийг тохируулна. Гэрэлтүүлэг нь зургийн хэлтсийн бүтээсэн өнгөний тохируулга дээр суурилдаг бөгөөд тэгснээр илүү амьд харагдуулдаг.

11.Хөрвүүлэг

Хөрвүүлэг нь тухайн орчны өнгө, дүрийн хөдөлгөөн зэрэг бүхий л мэдээллийг орчуулах үйл явц юм. Пиксарын “Ren­derman” бол датаг хөрвүүлдэг компьютерийн программ юм. Энэ нь бодит мэт дүрслэлийг бий болгодог.

12.Эцсийн байдлаар хянах

Хүүхэлдэйн киног эхнээс нь дахин хянаж дүрийн жүжиглэлт, байгалийн болоод орчны өнгө, дуу гээд бүхий л зүйлийг шалгаж, жижиг сажиг засварыг хийснээр шинэхэн уран бүтээл бэлэн болдог байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь хүүхдээ вакцинд бүрэн хамруулах

Улаанбурхны өвчлөл нэмэгдсэний улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төв ачаалал ихтэй байгаа талаар цахим мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буй. Өчигдөр тус төвд очиход хүн их байсан ч, хариуцсан эмч мэргэжилтнүүд нь яамныхаа шуурхай хуралд орохоор явсан байв. “..2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 21 мянга гаруй хүн бүртгэгдсэн. 2016 он гарсаар 1300 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн онд эл өвчний дэгдэлт хамгийн өндөр байснаас тав, зургадугаар сард өдөртөө 300 хүртэл тохиолдол бүртгэгдэж байсан бол найм, есдүгээр сард буурсан. Гэвч дахиад арваннэгдүгээр сараас улаанбурхны тархалт нэмэгдсэн” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны даргын үүрэг орлон гүйцэтгэгч В.Байгаль манай сонинд өгсөн ярилцлагадаа мэдээлж байсан юм. Тэгвэл он гарсаар уг өвчний тохиолдол өнөөдрийн байдлаар 3000 болж өсчээ. ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны албаны дарга Ц.Уртнасан “Манайх 530 ортой ч өнөөдрийн байдлаар 571 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөнүүдээс 340 нь улаанбурхны улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Бага насны 15 хүүхэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Ер нь бага насны, хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэвтүүлж байна. Насанд хүрэгчдийг гэрээр нь өрхийн эмчийн хяналтад эмчилж байгаа” хэмээн мэдээлжээ.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол хүүхдээ вакцинжуулалтад бүрэн хамруулах байдаг. Манайд уг өвчний вакциныг хүүхдэд анх есөн сартайд нь хийдэг. Мөн ой хоёр сартайд нь дараагийн тунгаар давтан хийдэг билээ. Хүүхэд эрүүл, дархлаа сайтай эхээс төрвөл есөн сар хүртлээ улаанбурхнаар өвчилдөггүй ажээ. Гэтэл сүүлийн үед ХӨСҮТ-д улаанбурхнаар өвчилсөн 0-8 сартай хүүхдүүд нэмэгдэх болсон байна. Энэ онд улаанбурхнаар өвчлөгсдийн 60 хувь нь 15-28 насныхан, 30 орчим хувь нь 0-8 сартай хүүхэд, 10 хувь нь бусад насныхан байжээ. Нярай хүүхдүүд ийн улаанбурхнаар өвчлөх болсон нь хүүхдийн дархлаа муудсантай шууд холбоотой аж. Сүүлийн үед залуу ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллох нь багасч, үүний улмаас хүүхэд нь дархлаа султай, өвчлөмтгий болжээ.

Энэ талаар Ц.Уртнасан эмч “Эх дөнгөж төрөнгүүтээ хүүхдэдээ ангир уургаа амлуулж, хоёр нас хүртэл нь хөхөөрөө хооллож, нэмэлт хоол өгөх ёстой. Гэтэл өвчилж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эхийн сүүгээр хооллоогүй, дээр нь хоолны хомсдолд орсон байдаг. Тиймээс жиндээ хүрэхгүй тураалтай, өсөлт нь муу, янз бүрийн халдварт өвчин тусах нь элбэг байна. Эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчин хурдан тусч, маш амархан хүндэрдэг. Уг өвчнөөр энэ он гарснаас хойш ХӨСҮТ-д бүртгэлтэй найман хүн нас барсан байна” гэжээ.

Мөн өмнө нь вакцинд хамрагдаж байгаагүй, дархлаа тогтоогүй 15-28 насны залуус өвчлөх нь их байгаа аж. Манайд улаанбурхны вакциныг 1989 он хүртэл найман сартай хүүхдэд нэг л тунгаар тарьдаг байжээ. Тиймээс 1989 оноос өмнө нэг тун хийлгэж байсан хүмүүсийн дархлаа суларч, өвчлөх магадлал нэмэгдсэн байж болзошгүй гэнэ. Хэрэв дархлаа нь суларсан, вакцин хийлгэж байсан үгүйгээ мэдэхгүй бол ХӨСҮТ-ийн улаанбурхан, гахайн хавдраас сэргийлсэн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандаж вакцин хийлгэж болох юм.

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТУХАЙД

Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм.

Эх уурхай нь: Халдвар авсан хүн.

Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж бусдад халддаг.

Улаанбурхан өвчний үед дараахь шинж тэмдэг илэрнэ.

Урьтал үед:

*Халуурах- 1-4 өдөр үргэлжилнэ.

*Нүдны салст үрэвсэх

*Хамраас нус гоожих

*Ханиалгах

*Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Бие сулрах, цочромхой болох, хүүхэд тусвал ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Ид үед дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх бөгөөд 1-3 долоо хоногийн дараа арилна.

Эмчилгээ:

Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ

-Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм сахиулна

-Чанартай хөнгөн хоол өгч, шингэн их уулгана

-Витамин эмчилгээ хийнэ. (+А витаминыг эмчийн заалтаар уулгана)

Хамгийн гол нь асаргаа сувилгаа чухал

*Амны хөндийг буцалсан ус, хоёр хувийн содын уусмалаар зайлуулна

*Нүдэнд 20 хувийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах

*Ор дэрний хэрэглэлийг цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих

*Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.

Анхааруулга:

Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага өгөн үзүүлэх боломжтой.

Өөртөө болон хүүхдэдээ дархлаажуулалтын вакцин хийлгэхдээ дараахь зүйлийг анхаараарай:

•Вакцин хийлгэхээсээ өмнө усанд орж, дулаан хувцасласан байх

•Вакцины хүчинтэй байх хугацааг харах

•Вакцины шошгон дээрх заалт (монитор)-ын өнгө өөрчлөгдсөн эсэх

•Нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа эсэх

•Хэрэглэсэн зүү тариурыг аюулгүй хайрцагт хийж байгаа эсэх

•Вакцин хийлгэсэн тухайгаа эрүүл мэндийн дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд тэмдэглүүлэх

•Вакцин хийлгэсний дараа гурав хоног ус хүргэхгүй, усанд орохгүй байх

•Халуун хүйтэн харшуулахгүй, хөлөрсөн үедээ салхинд гарахгүй байх

•Ядрахгүй байх

•Гурав хоногийн турш хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглах

•Вакцин тариулсан хэсгийг цэвэрхэн байлгах шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Эрдэнийн аялгууг эгшиглүүлэн урлагчийн урланд өнжсөн нь

Монголд гуравхан байдаг басс эвэр бүрээг урласан хөгжим урлаачтай уулзаж нэг өдрийг нь сурвалжлахаар манай улсын анхны хөгжмийн хувийн үйлдвэр “Эгшиглэн магнай” компанийн байрыг зорилоо. Энэхүү үйлдвэрийн эзэн, урласан бүтээл бүр нь уянгалаг хөг эгшгийг дуурсгах шидтэй эрхэм бол манай хуучны цөөн хэдэн урлаачдын нэг Пүрэвдаваагийн Байгальжав юм. Эдний үйлдвэрийн байр 32-ын тойргийн баруун дэнжид Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн хажууд байх ажээ.

Бид уг нь хөгжим урлаачийн гэрт өнжихийг зорьсон ч П.Байгальжав гуайн урьсан газар нь хөгжим урлаачийн үйлдвэр болж таарлаа. Нэлээд том зайтай хашаан дотор гурван давхар саарал болон хоёр давхар улаан тоосгон тохилог байшин угтан авлаа. Гаднах өнгө үзэмж нь үйлдвэр гэхээсээ илүү нэлээд том хаустай айл юм уу гэж харахаар.

П.Байгальжав захирлыг сурагласаар саарал байшингийн хоёр давхрын “Урлан-1” гэсэн өрөөнд оров. Энд гурав, дөрвөн хүн дор бүрнээ гартаа юм барьчихсан ажилдаа шамдан сууж байна. Биднийг ороход П.Байгальжав “За, хүрээд ирсэн үү. Түр хүлээж байгаарай” гээд барьж байгаа ажлаа дуусгахаар яаравчлав. Тэрбээр шүдэнзний модны дайны урттай, савх шиг хэдэн мод зорж сууна. Бодвол ямар нэг хөгжмийн эд ангийг урлаж байгаа бололтой. Өнөөхөө гялс зорж, янзалж дуусчихаад, ажлын хормогч, бээлийгээ тайлан, мэнд амар мэдэлцээд “Ах нь нэг иймэрхүү л ажилтай сууж байна даа. Та хэд заавал гэрт очих байсан уу. Өдөр болгон ажилд дараастай байдаг болохоор ажлаа орхиод гарч болохгүй юм даа. За тэгээд ах нь юуны талаар ярих билээ” гэлээ. Тэрбээр бидэнтэй ярьж байхдаа ч зүгээр сул зогсч, сууж чадахгүй хүн юм. Ярингаа хажуу талын нэг ажилчны янзалж байгаад орхисон хуучирны царыг нь шалгах, гаднаас нэг том бөмбөр оруулж ирээд цуурсан ангархайг нь хэрхэн наахаа ажиглах, ажилчдынхаа хийж байгаа юмыг нэг бүрчлэн хянаж шалгах гээд үргэлж завгүй байх аж.

Зураачийн урланд зочлоход олон янзын будаг, өнгө, үнэр, эрээн мяраан зураг, хуйлсан муутуу цаасны үнэр үнэртдэг бол хөгжим урлаачийн урлангаас шинэхэн модны үнэр, лак, модны холтос, хөгжмийн утас, шинэхэн хөгжмийн үнэр үнэртдэг аж. Гэхдээ зураг зурдаг ч бай, баримал барьдаг ч бай, хөгжим урладаг ч бай уран бүтээлчдийн урлангаас нэг ижил төстэй зүйл ажиглагддаг юм байна. Хэрэв өмнө урланд зочилж байсан бол анзаарсан байх, баригдмал бус чөлөөт орчин, хэний ч биш тухайн уран бүтээлчийн оюун бодол дахь төсөөллийн уран бүтээлээ амь оруулах орон зай, ширээн дээр хөглөрөх эд зүйл, бал, харандаа, элдэв жижиг сажиг цүүц, ажлын багаж, зэмсэг, нүдний шил, загвар скиз зураг, дутуу орхисон бүтээл, лак, бийр багс. Уран бүтээлчид хэрэгтэй эд зүйлс, урланд юу байдаг тэр бүгд байна. Мөн лак нь үнэртсэн, хэний ч гар хүрээгүй, ямар ч ая эгшиг тоглоогүй шинэхэн хөгжмүүд эздээ хүлээн ярайн жагсчээ. Тэд хожмоо ямар уран бүтээлчийн гарт хүрч, ямар ая эгшгээр олны сонорыг мялаахыг таашгүй.

П.Байгальжав гуай том тогооны хэрийн тойрогтой нэлээд зузаан бөмбөрийг хэрхэн янзлах талаар ажиглаж байснаа нэг хүнд зааварчилгаа өгөөд биднийг хажуу талын “Урлан-2” өрөөнд дагуулан орлоо. “Урлан-2” өрөөнд хоёр оффисын ширээ нийлүүлсэн хэрийн том том модон хавтан ширээнүүдийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Энд арав гаруй залуу өөр өөрсдийн ажлын ширээн дээр суун шамдан ажиллаж байна. Тэдний ширээ болгон дээр өнөөх л цүүц, ухдаг, хөшдөг, сийлдэг, цохидог, наадаг багаж зэвсгүүд байх юм. П.Байгальжав урлаач нийтдээ 50 гаруй хүнийг сургаж, үйлдвэртээ ажиллуулж байна. Тэдний ихэнх нь мэргэжлийн сургуулиар явалгүй, П.Байгальжав ахын сургалт зааврын дагуу, практик дадлагаар хөгжим урлаж сурчээ. Энэ өрөөнд орж ирээд тэрбээр мөн л зүгээр байсангүй. Нэг морин хуурын толгой авч сийлэх, нөгөө ширээн дээрх хуучирны царыг нь тааруулж зурах, өөр нэг хуучирны утсыг нь шалгах зэргээр явна. Тэгснээ ширээн дээр байсан ятгархуу, тэгсэн атлаа их зузаан, богинохон хөгжим аваад хажуудах сандал дээр суугаад утсыг татан ая оруулж үзлээ. Би ихэд сонирхон “Энэ бас нэгэн төрлийн ятга уу” гэж асуухад “Ер нь тийм гэхүү дээ. Нөгөө Авьяаслаг монголчууд шоунд ороод байсан лимбэчин Т.Пүрэвбаатарт зориулж хийсэн юм. Одсүрэн багш ятга зааж өгнө гэсэн юм билээ. Тэгээд надад захиалаад, би хандивлах гэж байгаа юм. Зүүн гар нь мухар болохоор дарж тоглоход амрыг нь бодож нэг талыг нь ийм зузаан пандгар хийсэн. Бас суумгай хүн шүү дээ. Тиймээс ийм богинохон байгаа юм. Түүнээс ийм богинохон, пандгар ятга өөр байхгүй л дээ” гэлээ.

Би П.Байгальжав ахаас “Гэргий тань байгаа юу. Энд ирэх боломжтой юу” гэхэд “Байгаа байгаа. Зуун айл руу түр явчихсан байна. Манайхан чинь энэ үйлдвэртээ л бараг бүтэн ам бүлээрээ цугладаг юм шүү дээ” гэсээр эхнэр рүүгээ утас цохилоо. Байгальжав ахын хүүхдүүд бүгд их, дээд сургууль төгссөн ч эцгийнхээ үйл хэргийг залгамжлахаар үйлдвэртээ хувь нэмэр оруулан ажилладаг аж.

Тэрбээр гэргий рүүгээ ярьчихаад хэдүүлээ манай өрөө юм уу, зааланд орж ярих уу гэлээ. Нэг давхарт нь ажилчдын цайны газар, урлагийн заал, П.Байгальжав захирлын өрөө байдаг юм байна. Харин хоёрдугаар давхарт хоёр урлан, санхүүгийн өрөө байдаг ажээ.

Урлагийн зааландаа баруун талын ханаараа битүү шилэн нүүртэй сервант тавьсан байх бөгөөд түүн дотор П.Байгальжав болон эдний хамт олны авсан шагнал, өргөмжлөл, талархал, ховор хөгжмийн зэмсэг, сувинер байх юм. Харин хоймор болон зүүн ханаараа олон төрлийн хөгжим өлгөж их тохилог тохижуулжээ. Ер нь эдний үйлдвэр, П.Байгальжав ахын орчин тойрон, харьцаж байгаа хүмүүс бүгд хөгжмийн ертөнц ажээ.

П.Байгальжавын гэр бүлийнхэн

Тэнд бид түүний гэргий Ч.Оюунчимэг эгчийг хүлээнгээ амттайхан яриа өрнүүллээ. П.Байгальжав ах хөгжим урлалыг цэвэр практикаар, өөрийн дур сонирхол дадал, туршлагаар сурчээ. Олон адуутай адуучин аавын хүү болж төрсөн тэрээр мал дагаж, зургадугаар ангиасаа сургуулиа орхисон байна. Харин 1976 онд говь нутгаас цэрэгт татагдаж, тэндээс халагдсаныхаа ард 21 насандаа Шарын голын уурхайд цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр ажиллах болжээ. Онолоор олж авсан мэргэжил гэвэл үүнийг хэлж болох аж. П.Байгальжав ахын төрсөн нутаг нь Өмнөговь аймаг. Тэр багаасаа аливааг оролдох, урлах, ажиглах дур сонирхолтой байснаас гадна ээж болон нагац ах нарын талаас уламжилсан гарын дүй заяажээ. Анх 1974 онд 16 настай байхдаа нагац ахаараа заалган хэдэн өдөр нухаж байж анхны морин хуураа хийж үзжээ.

“Шарын голын уурхайгаас би их юмаа олж авсан даа” хэмээн тэрээр дурссан юм. Тэндээс л ажлын гараагаа эхэлж, гэргийтэйгээ танилцан голомтоо бадрааж, ууган хүүгээ тэнд өлгийдөн авч, мөн өөрийгөө олжээ. Цэргээс халагдаад Шарын голын уурхайд очсоны дараа ч багын юм оролдох сонирхол нь тайван байлгахгүй хатгаад байсан аж. Энэ л үед эхнэртэйгээ танилцсан бөгөөд удалгүй 1986 онд том хүү нь ч төрж. Хүүхдийн даавуу угаах долоо хоногийн чөлөөний далимаар “жинхэнэ” морин хуур хийж үзмээр санагдаад долоо хоног нэг хуур барьж суужээ. Өдрийн талд нь хүүхдээ авалцаж, даавуу базан, талд нь хөгжмөө нухаж суусан байна. Хийсэн хуур нь ч болмоор санагдаж, ингэж л өөрийнхөө хийх ёстой жинхэнэ ажлыг олжээ.

1989 онд Д.Индрээ багшийн дагалдангаар ажиллаж байх үе үе

Шарын голын уурхайн соёлын төвд ажлынхаа хажуугаар сайн дурын уран сайханч хийж байсан тэрбээр хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, эхнэр хүүхдийнхээ араас 1989 онд хот руу орж иржээ. Хотод орж ирсэн тэр жилээ Улсын үндэсний хөгжмийн урлал, засварын комбинатад Төрийн соёрхолт хөгжим урлаач Д.Индрээ багшийн шавиар орж их зүйлийг заалгаж нүд тайлсан байна. Мөн тэр жилээ анх удаа морин хуур урлаачдын наадамд оролцсон нь түрүүлж, түүнээсээ их урам зориг авчээ. Жамъян хуурчийн 70 насны ойд зориулсан тэрхүү наадамд түрүүлсэн хуур нь одоо Театрын музейд хадгалагддаг байна. Тухайн үед үндэсний хөгжим урлалын үйлдвэрт ажиллаж байсан цөөн хэдэн хүн одоо бараг бүгд хувиараа хөгжим урлаж байгаа аж. П.Байгальжав Д.Индрээ багш дээр ирэхдээ анх эвэр бүрээ хөгжим урлах ажил дээр томилогдож ажиллажээ. Энэ ч үүднээс тэрбээр Монгол Улсад гуравхан байдаг басс эвэр бүрээг урласан юм.

Улсын үндэсний хөгжмийн урлалын үйлдвэрт ажиллаад удаагүй байтал нийгэм өөрчлөгдөн ардчилал гарч, улмаар 1990 оны намар үйлдвэрээсээ гаран бусдын адил хувиараа юм хийхээр оролдож эхэлжээ. Ийнхүү 1991 онд гэр бүлийнхээ хамт гэрийн үйлдвэрлэл явуулж “Эгшиглэн” хэмээх нэр өгөн бизнесийн гараагаа эхлүүлсэн нь өнөөгийн “Эгшиглэн манлай” компанийн суурь болсон гэнэ. Хэдийгээр тэр үед зах зээл хүнд хэцүү байсан ч удалгүй үндэсний соёл, урлаг улам илүү сэргэх болж худалдан авагчид ч нэмэгдсэн байна. Энэ хэрээр үйлдвэрлэлээ тэлэх, өөр ажилчид авах шаардлага гарчээ. Тэр үеийн талаар П.Байгальжав “Өдрөөс өдөрт нэг, хоёр шавьтай болж, хөгжмийн тоо, зэмсгүүдийн төрөл ч нэмэгдсэн. Бид нар ч энэ хэрээр өөрсдөө суралцаж, хийх хөгжмийн төрлүүдээ олшруулан, 2000 оны заагаар хөгжмийн зэмсгийн дэлгүүрээ нээсэн. Шантрахгүй, үнэнчээр зориглож ажиллавал хөгжим урлаач хүн гал алддаггүй юм билээ” хэмээсэн. Одоо эднийх хөгжимтэй холбоотой бүхий л эд зүйл, тухайлбал, хөгжмийн сурах бичиг, СD, ном, түүхий эд, сав баглаа, материал гээд бүгдийг нь оруулж ирдэг болсон байна. Мөн хөгжмийнхөө уут, сав баглаа боодол, хөгжмийн зэмсгийн сувинер гээд бүгдийг өөрсдөө урлах шаардлага гарчээ. Морин хуур, хуучир, ёочин, ятга, шанз, цохивор хөгжим, эвэр бүрээ, бишгүүр, лимбэ, бөмбөр гэх мэт арав гаруй төрлийн хөгжим урлахаас гадна, их дунд, бага гарын төрлөөсөө хамаараад хорь гаруй төрлийн хөгжим бүтээж байна. Хамгийн олноор үйлдвэрлэдэг нь морин хуур аж. Тэрбээр “Хөгжим урлаач хүн “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол зүйр үгийг ягштал баримтлах ёстой. Хэрвээ хөгжмийн зэмсэг урлах явцдаа нэг мм-ийн зөрүү гаргавал олон өдөр хичээж хийсэн ажил нь талаар болно” гэсэн юм. Тиймээс ч П.Байгальжав хөдөлгөөн бүрээ хянаж, шамдан ажилладаг байна. Морин хуур зэрэг айхтар нарийн ажиллагаа шаарддаггүй хөгжмийг шат дамжлагаар хийдэг бол мэргэжлийн нэлээд өндөр чадвар шаарддаг хөгжмүүдийг сайн урлаачид нь бие дааж, ганцхан хүн барьж хийдэг ажээ. Тухайлбал, эвэр бүрээ, ятга, басс бүрээ зэрэг ажиллагаа их шаарддаг, даралтуудыг нь дархны аргаар гагнаж хийдэг хөгжмүүдийг зөвхөн нэг л хүн бие даан хийх хэрэгтэй болдог байна. Анх Д.Индрээ багшаасаа эвэр бүрээ урлах эрдмийг сурсан болоод ч тэр үү тэрбээр эвэр бүрээ хийхэд их ач холбогдол өгч, гарын ганц, хоёр шавьтай болжээ. Хөгжим урлаачдын хувьд эвэр бүрээг хийх нь их онцлогтой гэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Алтайн ятгыг өргөн барих үеэр

Энэ мэт хөгжим урлал, хөгжмийн талаар сонирхолтой яриа өрнүүлэнгээ түүний үзмэрүүдтэй танилцлаа. Тэрбээр нэгэн зурагт самбарын өмнө биднийг дагуулан очив. Энд П.Байгальжав урлаачийн урласан сонирхолтой хөгжмүүдийн зураг хөргийг тайлбарын хамт байршуулжээ. Манай археологичид 2007 онд Монгол Алтайн нуруун дахь Хүннүгийн үеийн нэгэн булшнаас маш сонирхолтой хөгжмийн зэмсэг олсон нь “Алтайн ятга” билээ. Өвөрмөц хийц урлалтай, Монголын археологийн дурсгалаас өмнө нь илэрч байгаагүй тэрхүү хөгжмийн зэмсгийг дахин амилуулан урласан хүн нь П.Байгальжав урлаач аж. Харин дахин сэргээн засварлах ажлыг Германд хийж байсан юм. Тэр үед Байгалийн түүхийн музейд олонд дэлгэсэн болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьж байсан үеийн сонирхолтой зургууд тус самбарт өлгөөтэй байв. Энэ тухай нь түүгээр яриулсан юм. Энэхүү хөгжмийг шинэчилж, эвэр зохиож шинээр хийх ажлын саналыг 2014 онд Монголын хөгжмийн товчооны тэргүүн Ганпүрэв анх тавьжээ. Ийнхүү түүний саналыг хүлээн авч шинээр эвэр зохион хэд, хэдэн Алтайн ятга урлаж, Үндэсний түүхийн музей, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хөгжимчдөд гардуулж байжээ.

Мөн үүний дараагаар XIII зууны үеийн олдвороос олдсон Төрийн босоо ятгыг дахин урлах ажлыг П.Байгальжав урлаач гурван янзын чавхдаст утастайгаар бие даан урласан байна. Түүнчлэн 2011 онд Чингис хааны талбайд тоглосон Завхан аймгийн 999 морин хуурчийн хуурнууд гээд маш олон дурсгалт, түүхэн үйл явдалтай холбоотой хөгжим урлажээ.

Хөгжим урлаж эхэлсэн цагаас тэрбээр нийтдээ 21 мянга гаруй хөгжим урласнаас Театрын музей, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, хөгжимчид, дуучид гээд нэлээд олон хүнд түгэн тархсан байна. “Сонин, содон хийц загвар, хэлбэр дүрстэй хөгжим урлаж л байдаг юм. Тухайн үедээ зургийг нь л дарж үлдээхгүй бол өөрт үзүүлэх харуулах юм үлдэхгүй юм байна шүү дээ” хэмээн тэрээр ярьсан.

Бид ийнхүү хөгжим урлалын талаар, “Эгшиглэн магнай” үйлдвэрийн өнөөг хүртэл хөгжиж ирсэн замналын талаар хөөрч суутал гаднаас түүний гэргий Ч.Оюунчимэг эгч “Хөгшөөн, дээшээ гарч цайгаа уухгүй юм уу” гэсээр орж ирэв. Ингээд бид дээш гарч цай уухаар боллоо. Эднийх ажилчдынхаа хоол цайг нэг давхарт байх хоолны өрөөндөө бэлтгээд өгчихдөг юм байна. Зав зай муутай байдаг хүмүүст тэр нь амар байдаг ажээ. Тэглээ ч гэрийн эзэн угаас гадуурх цайны газрын хоол, цайнд дасаагүй гэнэ.

Ч.Оюунчимэг эгч “Эгч нь энэ үйлдвэрийн нарийн ширийн юманд нь оролцдоггүй юм даа. Манай нөхөр, хүүхдүүд л бүгдийг нь мэднэ” гэнэ. Ч.Оюунчимэг эгч тэтгэвэртээ гарснаас хойш нөхрийнхөө үйлдвэрийн ойр зуурын ажилд туслах, хоол унд зохицуулах, ач зээ нараа харах үүрэг хүлээжээ. Ч.Оюунчимэг эгч унаган хотын хүүхэд аж. Тэрбээр тэр үеийн Багшийн их сургуулийг багшийн мэргэжлээр төгсчээ. Багшаар төгссөний дараа Шарын голын уурхай руу багшлахаар томилолт авч тэндээ П.Байгальжав ахтай танилцжээ.

Энэ талаарх дурсамжийг нь яриулахад “Би хотоос очсон шинэхэн багш. Хөдөөний зам харгуйг сайн мэдэхгүй. Оройн сургуульд багшилдаг байсан, манай хүн ч оройн сургуульд сурч байсан. Заримдаа ангийн маань хүүхдүүд хичээлдээ ирэхгүй алга болчихно. Тэднийг дуудахаар гэр рүү нь явна. Тэр үедээ л хамт зам нийлж явсаар, танилцаж үерхэн гэр бүл болсон доо. Удалгүй анхны үрээ ч тэвэрсэн. Манай хүн хөдөө, би хүүхэдтэйгээ хотод, хоёр тусдаа хэсэг амьдарсан. Би чинь угаас хотын хүн учраас уурхайд удаан амьдарч чадахгүй. Нөхрийг маань сайн ажилладаг гээд ажлаас нь явуулдаггүй. Залуу хүмүүст чинь тусдаа байх шиг хэцүү юм байхгүй. Тэгээд л манай хүн 1989 он гээд хот руу орж ирсэн дээ” гэсэн юм. Мөн нөхрийнхөө тухай “Манай хүн ер нь их зөөлөн ааштай, ажилч, нямбай хүн дээ. Нэг юм хийхээрээ тун уйгагүй, их хөдөлмөрч. Нэг ажил барьж авахаар хар эрт босоод л, бараг суудлаасаа ч өндийхгүй шахуу хэдэн өдөр бариад суучихдаг юм. Удаан суугаад байхаар бүр өмднийх нь ар тал нь цоорчихдог байсан” гэж сэм магтаад авлаа. Харин П.Байгальжав ах гэргийнхээ тухай “Манай хүн чинь их зөөлөн ааштай. Баш хүн болохоор яриа, хөөрөө ч сайтай. Ар гэрийн ажил төрөл, бүхий л зүйлийг энэ хүн зохицуулна шүү дээ. Би чинь заримдаа өрөөний мухраас ч гарахгүй шигдээд суучихдаг хүн. Хааяа амралт авбал гэрийнхэндээ гарын хоолоо хийж өгөх, ач зээгээ эрхлүүлэх ажилтай суух юм даа” гэсэн. Ч.Оюунчимэг эгч өөрийнхөө тухай “Би чинь нөхрөө бодоход хатуу хүн. Хүнд үгүй бол үгүй, за бол за гээд хэлчихнэ. Манай хүн чинь хүнд үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ” гэсэн юм.

П.Байгальжав ах олон зүйлд гарын дүйтэйгээс гадна чамгүй хөгжим дарчихдаг аж. Үүнийг түүний гэргий хэлсэн юм. Харин өөрөө “Шалихгүй дээ. Хөгжим урладаг хүн чинь өөрөө хөгжмийн сонсголтой байхгүй бол болохгүй. Ядаж буруу зөв, хөг гаргаад байгааг нь мэдэхгүй шүү дээ” хэмээн даруухнаар нуусан. Мөн гэргий нь ч “Надад нээх авьяассаад байх юм байхгүй дээ. Манай хүн л их гарын дүйтэй хүн дээ” хэмээн ярихыг бодоход аль алинд монгол хүний төлөв даруу зан шингэжээ гэж харахаар. Гэрийн эзэн хөгжмөө л гэхээс бусад эрчүүд шиг ан авд хорхойсох, загасчлах, элдэв спорт, бөх сонирхож үзээгүй аж.

П.Байгальжав ах, Ч.Оюунчимэг эгч хоёр хоёул өнөр өтгөн айлын хүүхдүүд. Гэрийн эзэн арван хүүхэдтэй айлын дээрээсээ гурав дахь нь бол Ч.Оюунчимэг эгч дороо есөн дүүтэй айлын том охин гэнэ. Энэ ч үүднээс эдний үйлдвэр нэг хэсэгтээ дүү нараа түшиж, тулан ажиллуулж, хоолонд залгуулахад их дэм болжээ. Биднийг ийнхүү ярилцаж суутал бэр Т.Дагважаргал орж ирлээ. Тэрбээр энэ компанийн бүхий л санхүүгийн асуудал, гадаад дотоод харилцааг хариуцдаг аж. “Манай компанийн үйл ажиллагааг явуулахад хүргэн, бэр хоёр минь л хамгийн их дэм болдог доо. Т.Дагважаргал маань манай менежер. Охин Ундрах санхүү хариуцдаг. Ер нь л гэр бүлээрээ энэ ажлыг авч явна даа” гэв. Эднийх охин, хүү хоёртой. Мөн одоо 17 нас хүрч яваа нэг ач, бага насны хоёр зээтэй. Ач хүү нь өвөөгийнхөө шийрийг хатааж мэргэжлийн хөгжим урлаачаар гадагшаа явж сурна гэж ярьдаг гэнэ. Үүнд өвөө аав, эмээ ээж хоёр нь ихэд бэлгэшээдэг аж.

Энэ тэрийг ярилцан хэсэг байсны дараа П.Байгальжав ах биднийг нэлээд олон өрөөтэй нөгөө үйлдвэртэйгээ танилцуулахаар болсон юм. Эхэндээ бид энэхүү байрыг гэр нь байна гэж бодож байлаа. Учир нь гаднаа асартай, үйлдвэр гэхэд илүү тав тухтай харагдсан.

Зүүн талын тоосгон байрыг 2001 онд арван жилийнхээ ойгоор барьжээ. Харин урлаачид нь багтахаа больж, ажилчид нь 40, 50 хүрэхтэй зэрэг 2011 онд 20 жилийнхээ ойгоор саарал үйлдвэрийн байраа босгожээ. Эднийх ийнхүү арав арван жилээр амжилт нь ахиж, өсөн дэвжиж, өргөжин тэлсэн түүхтэй байх юм. Зүүн талынх нь байранд үлээвэр хөгжим урлаачийн урлан, зүлгүүрийн тасгийнхан, оёдол эсгүүрийн цех, будгийн тасаг, сувинер урлал байна. Бас нэг сонирхол татсан зүйл нь хоёр давхар гэж бодож байсан байрны газар доор ахиад нэг давхар байх бөгөөд тэр хэсэгт нь хөгжмийг үйлдвэрлэх бүр анхан шатны ажил явагддаг аж. Тодруулбал, энд банз модыг зүсэх, хөрөөдөх, харуулдах ажлууд явагддаг бөгөөд дээрх цех, урлангуудыг бодоход харьцангуй том, том багаж зэмсгүүдийг тавьжээ. Мөн бас нэг өрөөнд гагнуур ажиллуулж байна. Энд голдуу П.Байгальжав ах өөрөө сууж гагнадаг аж. Бид эндээс хонгилоор явсаар эсрэг талын хаалгаар гаран хоёр давхарт гарч ирлээ. Энэхүү хоёр үйлдвэрийн байр нь хоорондоо газар доорх хоёр томоохон машины гараашийн хэмжээтэй тунель өрөөгөөр холбогддог юм байна. Эдгээр байрныхаа бүх зураг төсөл, сантехникийн зураг зэргийг П.Байгальжав урлаач өөрөө гаргаж зарим гагнуур, угсралтын ажилд оролцон хийжээ.

Энэ бүхнийгээ танилцуулах зуур түүний нүүрэнд сэтгэл хангалуун өнгө аяс илрэх нь өдийг хүртэл хийсэн, бүтээсэн, сурсан зүйлээрээ бахархаж явдгийн илэрхийлэл. Түүний хийж бүтээсэн энэ бүх ажлыг харахад бахархаж, бардамнахгүй байхын ч аргагүй. Энэ тухайгаа ч тэр илэн далангүй хэлсэн бөгөөд “Би ер нь залуудаа өмнөх ажлаа л яаж илүү сайн хийх вэ гэж бодож явнаас мэргэжлийн хөгжим урлаачаар суръя барья гэж бодож явсангүй ээ. Тоодог ч үгүй байж. Хар багаасаа хийж сурсан энэ ажилдаа одоо ч дуртай, үүгээрээ ч бахархаж явдаг. Хүн ер нь хийж чаддаг юмтай байна гэдэг сайхан. Харин хөгширсөн хойноо л онолын мэдлэг сураад олоод авчихсан бол арай өөр байх байсан болов уу гэж бодож байна” гэв.

Бас нэг зүйл сонирхуулахад эдний хашаанд анх ороход модны зах шиг хашаагаа давтал өндөрт хураасан банзнууд шууд нүдэнд туссан юм. Анх хараад хашаагаа шинээр барих гэж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Гэтэл тэр нь хөгжмийн үндсэн түүхий эд нэгэн гайхалтай бүтээл болох гээд ээлжээ хүлээж буй нь тэр ажээ. Ерөнхийдөө уламжлалт бүх хөгжмөө Монгол орныхоо хус, нарс, гацуур зэрэг модоор хийдэг аж. Дээр үед өөрсдөө явж модоо бэлддэг байсан бол зах зээл хөгжсөн энэ үед зах юм уу аль нэг албан газартай гэрээ хийн түүхий эдээ авах болжээ. Харин нарийн ховор моднуудыг гаднаас оруулж ирдэг байна. Жишээлбэл ятга, ёочингийн нүүр хийдэг үйтүн гэж маш ховор хөнгөн сэвсгэр модыг Хятадаас оруулж ирдэг аж. Мөн хөгжмийн утас, жижиг хэрэглээнүүдээ гаднаас авдаг гэнэ.

Ийнхүү бид хаврын эхэн сарын нар ээсэн нэгэн сайхан өдөр өнгө будаг холилдсон өвөрмөц нэгэн ертөнцөд, яруу эгшиг түгсэн хөгжим урлаачийн урлан, үйлдвэрт дурсамжтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. П.Байгальжав урлаач, гэргий Ч.Оюунчимэг эгч, түүний гэр бүл биднийг халуун дотноор угтан авч, дараа дахин уулзах ерөөлийг тавин үдсэн билээ.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Бүсгүйчүүдийн зүрх, сэтгэлийг эзэмдсэн “Modern Talking”

“You’re my hearth, you are my soul” гэх алдартай дууг мэдэхгүй хүн 1980-аад оны залуус дунд үгүй биз ээ. Энэхүү дууг амилуулж, хэдэн арван жилийн турш сонсогчдын чихэнд уяж чадсан алдарт хамтлаг бол мэдээж “Modern talking”. Хөнгөн стиль, цоглог хэмнэлтэй диско дуунуудаараа нэгэн үе хөгшин хөвөөгүй дэлхий дахиныг байлдан дагуулж байсан тус хамтлаг 1984 онд байгуулагджээ.

Германы хөгжмийн магнат Дитер Болены байгуулсан энэ хамтлаг Европ, түүн дотроо тухайн үеийн ЗХУ-д залуусын жинхэнэ шүтээн болж, хөшөөг нь босгох хүртэл яригдаж байсан гэдэг. Цэрэг зэвсгийн хүчээр германчууд ЗХУ-ыг эзэлж чадаагүй ч поп урлагийн гайхамшгаар байлдан дагуулж чадсан гэж хэлж болно.

Хөгжмийн зохиолч, нэрт продюсер Дитер Болен дуучин Томас Андерс нар 1980-аад оны эхэн үед “Hansa” дуу бичлэгийн студиэр дамжуулан танилцаж хожмоо насан туршийн найзууд болцгоожээ. 1982 онд Дитер Болен тухайн үед хит болсон F.R.David-ийн “Pick up the phone” дууг герман хэлэнд хөрвүүлж бичээд дуулах дуучин хайж байж. Энэ үед нь “Hansa” студиэс түүнд залуу дуучин Томас Андерсийг санал болгожээ. Зүс царайгаараа ч тун ойролцоо залуусын хүсэл сонирхол ч нэгэн зүгт байсан бөгөөд гайхалтай нэгдэж чадсан байна. Тэд хамтлаг болон нэгдэж анхны дуугаа хүргэсэн даруйд бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэж, шүтэн бишрэгчдээр хүрээлүүлэхээр болсон юм.

Царайлаг залуу дуучид 1983-1984 оны үед хамтдаа таван сингл герман хэл дээр гаргасан. Тэр дундаас “Wovon Trдumst du Denn” нэртэй сингл нь гарсан даруйдаа Германы хит парадын тэргүүн эгнээнд жагсч байв. Гэвч Дитер Болен англи хэл дээр дуу зохиох нь олон улсад нэрд гарах зөв зам болохыг аажмаар ойлгосон байна. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын нар ээсэн зуны дэлгэр өдөр Дитер Болен Канарын арлуудад амарч байхдаа алдарт хит “You’re my heart,you’re my soul” дууныхаа санааг олж бичжээ. Улмаар аравдугаар сард уг дуугаа Томас Андерстай хамтран бичүүлсэн байна. Хамтлагийн гоцлол дуучин Томас Андерс хамгийн анхны гэж хэлж болох энэ дууны үеэр өөрийгөө гаргахгүй байхыг хүссэн гэдэг. Учир нь түүний англи хэлний аялга тийм ч сайнгүй байсан хэрэг л дээ. Ингээд Германы богино долгионы радиогоор 1984 оны арванхоёрдугаар сард анх эгшиглэсэн байдаг. Харин 1985 оны нэгдүгээр сарын 17-нд анх телевизээр цацагдсан байна. Телевизээр цацагдсан даруйдаа хуурай өвсөнд асаасан түймэр мэт бүх Европоор түгэн тархаж хэдхэн сарын дотор олон орны хит жагсаалтыг тэргүүлжээ. Үүнээсээ урам зориг авсан Томас ч хэлнийхээ аялгыг сайжруулах дасгал хурдан хугацаанд хийснээр студийн бичлэгт дахин орж хоёр дахиа дуулсан нь өдгөө бидний сонсож буй хувилбар юм. Энэхүү сингл нь найман сая илүү хувь зарагдсан бөгөөд зургаан долоо хоногийн турш Германы болон бусад 35 орны чатуудад тэргүүлсэн байна.

Үүний дараа “You Can Win If You Want” дуугаа бичүүлжээ. Энэхүү дуу мөн л гарсан даруйдаа хит болж дахин тэргүүн байр эзэлсэн байна. Яг энэхэн үед тэдний анхны цомог гарсан бөгөөд асар их амжилт дагуулсан юм. Ер нь “Modern talking” хамтлагийг маш богинохон хугацаанд маш тодоор бадамлан ассан гэрэлт зултай зүйрлэж болно. Хамтлаг байгуулагдаж, анхны дуугаа бичүүлсэн мөчөөс л тэд жинхэнэ од болон гэрэлтэж, гаргасан дуу бүхэн нь хит болдог байлаа.

“You Can Win If You Want” дууныхаа дараа нэг их удалгүй “Cheri Cheri Lady”, “Brother Lou­ie”, “Atlantis Is Calling (S.O.S. For Love)” болон “Geronimo’s Cadillac” хитүүдээ дараалан гаргасан юм. Диско төрлөөр дуулж бүжиглэдэг Европын хамтлаг дуучдаас Английн хит жагсаалтад түрүүлж чадаагүй ч тухайн үедээ тавдугаар байрт жагсаж байсан цорын ганц дуу бол алдарт “Brother Louie” дуу юм. Тэр дундаа Их Британийн хит жагсаалтад ийн дээгүүр байр эзэлсэнд урам зориг авсан хамтлагийн ахлагч продюсер Дитер Болен ер нь Америкийн зах зээлд гарч болох юм байна гэсэн итгэл найдварыг өвөрлөжээ. Учир нь Америкийн Billboard хит жагсаалтад дээгүүр орох нь түүний жинхэнэ хүсэл мөрөөдөл байжээ.

“Modern talking” хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гуравхан жилийн дотор зургаан цомог гаргаж, тэдгээр нь 60 сая илүү хувь борлуулагджээ. Гэвч 1986 оны сүүлээс тэд бэрхшээлтэй тулгарч эхэллээ. Учир нь Томас Андерсийн эхнэр Нора Дитер продюсерын үүрэг гүйцэтгэхийг хичээн Боленгийн уран бүтээлийн ажилд оролцож эхэлжээ. Энэ нь түүний дургүйг хүргэж байсан бөгөөд тэр хоёрын харьцаанд сэв суулгах шалтаг болсон байна. Улмаар гуравхан жилийн дараа буюу 1987 оны намар ‘”Modern Talk­ing” тарсан юм. Томас Андерс гэр бүлийн хамт АНУ-ыг зорьж, уран бүтээлийн замаа хөөн тэндээ амьдрахаар болжээ. Хожим Томас Андерс эхнэрийнхээ тухайд “Миний хуучин эхнэр Нора их түргэн зантай хүн байсан. Тэр бүхнийг өөрийнхөөрөө хийхээр зүтгэдэг байв. Бид АНУ-д хоёр хоног зүгээр л амраад ирэхээр шийдсэн юм. Эхлээд Нью-Йоркт очсон, их таалагдлаа. Долоо хоногийн дараа Нора “Бидний амьдрах газар энэ байна. Байр авах хэрэгтэй” гэсэн юм. Түүний шийдвэрийг би өөрчилж чадаагүй” хэмээн Би-Би-Сигийн ярилцлагын үеэр дурссан байдаг.

Харин Дитер Болен өөрийн “Blue System” хамтлагийг байгуулсан юм. Хэдийгээр тэд тус тусдаа хангалттай нэрд гарсан боловч хэн нь ч “Modern Talking”-ийн амжилтыг давтаж чадаагүй юм. Гэвч хамтлагийн замнал ингээд бүр мөсөн дуусчихаагүй байлаа, 1998 оны гуравдугаар сард “You’re My Heart, You’re My Soul” дууны шинэ хувилбар дэлхийн хөгжмийн ертөнцийг дахин доргиолоо. Тус оны тавдугаар сард нэгэн телевизийн шоун дээр Томас Андерс Дитер Болен нар дахин нэгдэж байгаагаа мэдэгдсэн нь шүтэн бишрэгчдийг нь жинхэнэ галзууруулах дөхөв.

Шинэ хувилбараар гарсан “You’re My Heart, You’re My Soul” Германд хоёр зарим орны хитэд нэгдүгээр байрт орсон байна. Тэд хуучин хит дуунууд болон шинэхэн дөрвөн хит дуугаа багтаасан “Back For Good” цомгоо гаргасан нь тус хамтлагийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай буюу 26 сая хувь зарагджээ. Жилийн хугацаанд зургаан цомог гаргасны дөрөв нь платиниум цомог болсон юм. “Modern Talking” хамтлаг 2003 оны зургадугаар сарын 23-нд сүүлийн тоглолтоо төрөлх орны нийслэл Берлин хотноо хийсэн юм.

Тэд нийтдээ 13 цомог гаргасны ес нь платиниум цомог (10 саяас илүү борлуулагдсан) болсон байна. Нийт 120 сая илүү хувь дэлхий даяар борлуулсан бөгөөд 15 дуу нь дэлхийн хит парадуудад номер нэг болж байжээ. Харин попын хаан Майкл Жексоны 17 дуу дэлхийн хит парадуудад тэргүүлж байсан юм.

Социализмын үе буюу 1980-1990-ээд онуудад “Mod­ern Talking” хамтлагийн хит диско дуунуудгүйгээр ямар нэгэн шоу цэнгээн, үдэшлэг наадам болдоггүй байв.

Гоцлол дуучин Томас Андерсийн тухайд:

Дуучин Томас Андерс нь 1963 оны гуравдугаар сарын 1-нд Германы Мюнстермайфельд хотод төржээ. Тэрбээр эцэг эхээс тавуулаа бөгөөд айлын дундах хүүхэд юм. Түүний эцгийг Петер Вайдунг, эхийг Хелга Вайдунг гэдэг. Томас Андерс хэмээн алдаршсан түүний төрөлх нэр бол Бернд Вайдунг юм.

Түүний дуу хөгжмийн авьяас хар багаас нь эхэлсэн бөгөөд гурван настай байхдаа л цэцэрлэгийнхээ од байжээ. Тэрбээр “Би хэлд орсон цагаасаа л дуулдаг байсан байх” хэмээн ярьжээ. Харин зургаан настай байхдаа анхны тоглолтоо хийж, хүүхдийн концерт гэхэд 90 гаруй хүн үзэж байсан тухай хожмоо дурсан ярьсан юм. Тэр л үедээ жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж, хөгжим болоод их тайзыг өөрийн болгохоор шийджээ. Энэ хүсэл мөрөөдлөөрөө тэрбээр насан туршдаа амьдарсан юм. Залуудаа дуу хөгжмөөс гадна сэтгүүлч болох гэж мөн сэтгүүл зүйн факультетад хоёр жил хэртэй сурсан ч төгсөж амжаагүй байна. Гэвч дуу хөгжим түүний сэтгэлийг эргүүлэн татаж, 15 настайдаа дуу бичлэгийн студитэй анхны гэрээгээ байгуулсан байна. Тэр үед Бернд Вайдунг гэдэг нэрийг нь түүний продюсер урлагт зохимжгүй гэж үзэж “Томас Андерс” гэдэг нэрээр сольжээ. Тэдний ажилладаг байсан дуу бичлэгийн компанийн тэргүүнийг Андерс гэдэг байсан учраас ийн нэрлэх болж, цомгийн бичлэгийн төсвийг нэмэх болов уу гэж тэд найдаж байлаа. Харин Томас гэдэг нэр Германд 1970-аад оны сүүлээр их түгээмэл байсан юм. Тэрбээр 1984-1987, 1998-2003 оны хооронд Алдарт “Modern Talking” хамтлагийн гоцлол дуучнаар ажилласан. Дуулахаас гадна англи хэлээр түгдрэлгүй ярьж, дуулдаг, францаар ойлголцдог бөгөөд мөн одоо испани хэл үзэж байгаа гэнэ. 1980-аад оны сүүлээр Mod­ern Talking хамтлаг гайхам амжилт олсны дараа Андерс хэсэг хугацаанд АНУ-д амьдарсан. Тус улсад амьдрах эхэн үед Калифорнийн нар ээж, 24 цагийн турш дэлгүүр онгорхой, хоол унд сайтай, гайхалтай сайхан ааштай хүмүүс гээд түүнд их сайхан байсан гэнэ. Гэвч сүүлдээ Лос-Анжелес дахь амьдрал уйтгартай санагдаж төрөлх нутаг руугаа буцсан байна. Тэрбээр анхны эхнэр Нора Дитерээс салж улмаар 2000 онд хэлмэрч бүсгүйтэй танилцаж гэрлэжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа түүний анхны хүү Александр Мик Вайдунг мэндэлжээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд бие даасан тоглолтоо хийхээр ОХУ-ыг үе үе зорих болсон юм. Түүнд тус улс ихээхэн таалагддаг бөгөөд Орос орон ч түүнд хайртай.

Сонирхолтой түүх дурдвал, Арабын Эмират улсын шейх 2000 онд Томас Андерсийн тусгайлан урьж зөвхөн өөртөө зориулан тоглолт хийлгэсэн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Австралийн бэлгэ тэмдэг Коала

Хулсны панда баавгай Хятад улсын бэлгэ тэмдэг болдог бол коала буюу уутат баавгай нь Австрали улсын бэлгэ тэмдэг болдог. Эгдүү хүргэм төрхтэй коала (Phasco­larctos cinereus) нь Австрали тивийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тархсан байх бөгөөд уутат баавгайн багийн одоо оршин буй цорын ганц төлөөлөгч юм.

Аделаидаас Кэйп Йорк хойгийн өмнөд хэсэг хүртэл, зүүн болон өмнөд Австралийн далайн эргийн дагуух бүс нутгуудаар тааралдана. Мөн хангалттай чийг бүхий эх газрын ойд ч амьдрах нь бий. Тус тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд эхэндээ янз бүрийн нэр өгч байжээ. Тухайлбал, “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Өөрсдийн өмнө харсан амьтадтайгаа жишин ингэж нэрлэж байсан аж. Гэвч Австралийн эртний уугуул нутгийнхнаас өвлөсөн “koala” нэр нь л үлджээ. Коала гэдэг нэрийг монголчилбол “уутат саарал баавгай”, “ус уудаггүй амьтан” гэх зэргээр нэрлэж болох юм.

Анх 210 гаруй жилийн өмнө буюу 1803 оны наймдугаар сарын 21–нд Австралийн “Sydney Gazette” сонинд уутат баавгайн тухай тодорхой тайланг хэвлэсэн байна. Тэр үеэс хойш энэхүү хөгжилтэй амьтны тухай эрдэмтэд илүү сонирхон судлах болжээ.

Дэлхийн хамгийн залхуу амьтнаар коалаг нэрлэж болно. Тэрбээр Австралийн эквалипт гэх модны навчаар хооллох бөгөөд хоногийн бараг 20 цагийг унтаж өнгөрүүлдэг байна. Хичнээн залхуу ч энэ амьтан хүн бүхний хайрыг татна. Өтгөн үс, том чих, бүлтгэр нүд, майга хөл гар нь түүнийг амьтан бус ямар нэгэн чихмэл тоглоом мэт харагдуулна.

Тэрбээр гоёмсог арьснаасаа болж хулгайн анчдын гарт ихээр өртөх болжээ. Энэ нь тус амьтныг нэн ховордоход хүргэсэн юм. Өмнөд Австралийн коалаг 20 дугаар зууны эхээр олноор нь хядсан бөгөөд 1927 онд гэхэд австраличууд 600 мянга орчим коала агнаж, АНУ-руу экспортолж байжээ. Гэхдээ тус бүс нутагт Викториа мужаас коала авч сэргээн нутагшуулсан түүхтэй. Коалагийн гол нутаг нь Австралийн Күйнслэнд болон Викториа мужууд юм. Өдгөө Австралид 50 мянга орчим коала амьдардаг аж. Австралид “Коала” хэмээх сайн дурын сан ажиллаж энэхүү амьтныг авран хамгаалахын төлөө ажилладаг байна.

БИЕИЙН БОЛООД АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Коалаг намхан тагжгар бие, өтгөн саарал үс, том толгой, далбагар дугуй чих, бүлтгэр нүд, халбага хэлбэрийн бөөрөнхий хамраар нь таньж болно. Нас биед хүрсэн уутат баавгайны биеийн урт 60-85 сантиметр хүрэх бөгөөд 4-15 килограмм жинтэй байдаг ажээ. Ихэнхдээ мөнгөлөг саарал өнгөтэй байх боловч бор өнгөтэй коала ч байдаг аж. Эр коала эмэгчнээсээ харьцангуй биерхүү байна. Харин эм коала нь илүү үсэрхэг байх бөгөөд чихнээсээ аваад цээж хүртлээ сахал гэмээр өтгөн цагаан үстэй байдаг бол эрэгчинд нь байдаггүй. Мөн сайн ажиглавал эрэгчин нь илүү муруй хамартай байдаг. Харин дөнгөж төрсөн зулзага нь маш жижигхэн, 3-5 грамм хүрэхтэй үгүйтэй жинтэй байдаг. Уутат амьтан учраас төрөнгүүт эхийнхээ уутанд бойжих бөгөөд хэдэн долоо хоногийн дараа л хүний хурууны дайтай болдог байна. Тэд зургаан сар хүртлээ гол төлөв уутандаа унтаж өнгөрүүлдэг ажээ. Уутнаас гараад дахин зургаан сар эхийнхээ нуруунд наалдаж, үүрүүлж амьдарна.

Түүнчлэн коала баавгай хос эрхтэнтэй гэдгээрээ онцлогтой. Эрэгчин нь жижиг том хос шодойтой байдаг бол, эм нь ч хос, эрхтэн болон савтай аж. Мөн биетэйгээ харьцуулахад харьцангуй жижигхэн тархитай байдаг байна. Коалаг авч гэршүүлэхэд хүнд амархан дасдаг.

Түүний сайн бэхэжсэн хатуу нуруу, бөгс нь модон дээр хэдэн цагаар ч хамаагүй уналгүй суухад тусалдаг, харин сарвуу нь модны мөчир болон бусад зүйл дээгүүр хөнгөн шаламгай аюулгүй явах гол зэвсэг болдог юм. Энэ баавгайн савар, хумс маш сайн хөгжсөн бахим хатуу байдаг.

Гэхдээ коалаг яг ч баавгайн бүлэгт оруулдаггүй аж. Гаднах байдлаараа л баавгайтай төстэй болохоос “баавгайн” төрөлд ямар ч холбоогүй юм. Тэр ч үүднээс бусад баавгайнаас эрс ялгаран гэр бүлээрээ, олуулаа амьдардаг. Хоорондоо харьцахдаа нас биед хүрсэн эрэгчин коаланууд үлээх мэт чанга дуу авиагаар бие биенээ айлган сүрдүүлэх юм уу, урин дууддаг байна.

Коала нь хоол тэжээл хайж идэхээс бусад үед унтаж байдаг бөгөөд эквалит модны мөчир, навчаар хооллоно. Түүнийг ус уудаггүй, модныхоо мөчир навчнаас шим шүүсээ авдаг гэж ярьдаг, гантай жил болон түймрийн үеэр хот тосгод руу орж ирдэг аж. Тэд шөнийн цагаар хоол тэжээлээ хайн хооллодог шөнийн амьдралтай амьтад юм. Ус тийм ч их уугаад байдаггүй ч биеэ хамгаалах үүднээс усанд сайн сэлдэг байна.

Энэхүү амьтан ойролцоогоор 14-20 орчим жил насалдаг байна. Гурваас дөрвөн нас хүрээд нас бие гүйцнэ. Тэр хүртэл эцэг эхийнхээ хамт амьдардаг аж. Нас биед хүрсэн эрэгчин коаланууд хосоо олж өөрийн замаа хөөхөөр явдаг. Тэд хосоо олохдоо өвөрмөц дуу гарган нэгнийгээ урин дууддаг байна. Эмэгчин нь жилдээ нэг төрөх бөгөөд нэгээс хоёр зулзага гаргана.

Эр коала бусад эрчүүдтэйгээ уулзах маш дургүй, өрсөлдөгчөө ямар нэгэн байдлаар айлгахыг оролддог бөгөөд өөрсдийн эзэмшил газраасаа болж хааяа зодолддог байна.

Өдгөө эл баавгайн нутаг улам хумигдсаар байгаа юм. Нийт нутаглах газар нутгийн хэмжээ нэг сая км ам дөрвөлжин хавтгай талбай ажээ. Нийтдээ 30 аймаг, мужид тархсан байдаг. Австралийн баячууд ховордсоор байгаа коала баавгайн амьдрах нутгийг улам бүр багасгасаар байна. Иймээс Күйнсландын эрх баригчдад хандан нүүрсний олборлолтоо зогсоохыг шаардсан утгатай нийтлэл “Күйнсланд таймс” сонинд гарчээ. Тус сонины байгаль орчныг хамгаалсан утгатай хэд хэдэн томоохон нийтлэлээс шалтгаалж орон нутгийн эрх баригчид байгальд ээлтэй шийдвэр гаргасан аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2016 онд шинжлэх ухаанд ямар дэвшил гарах вэ

2016 онд шинжлэх ухаан, технологийн салбарт ерөнхийдөө ямар ахиц дэвшил гарахыг тоймлон харуулж байна.

“CO2” нүүрстөрөгчийн хийг агаараас ялгаж авна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох агаар мандал дахь хүлэмжийн хийн гол төлөөлөл нь нүүрсхүчлийн хий буюу нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) юм. Гэвч нийгэм хөгжиж, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр агаар дахь хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 200 гаруй жилийн турш эрс нэмэгдэж, улмаар энэ нь дэлхийн уур амьсгал огцом өөрчлөгдөхөд хүргээд байгаа билээ. Тэгвэл, Шведийн нэгэн компани анх удаа агаараас нүүрстөрөгчийн давхар исэл гаргаж авч, түүнийгээ зах зээл дээр борлуулж эхэлжээ. Энэ нь нэг талаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахад томоохон ахиц дэвшил болсны зэрэгцээ дэлхий нийтээрээ дулаарлын эсрэг тэмцэх том алхам болжээ.“Climeworks” хэмээх нэртэй тус компани өнгөрсөн оны долдугаар сарын үеэс Цюрихийн үйлдвэрийн ойролцоо сар бүр 75 тонн СО2 олборлож, ойролцоо байрлах газар тариалангийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой хүлэмжүүдэд нийлүүлжээ.

Өмнө нь дэлхий даяар үйлдвэрлэлийн яндангаас хий авдаг байсан юм. Харин 2015 оноос цөөн тооны жижиг компаниуд агаараас хий татаж эхэлсэн бөгөөд 2016 онд агаараас СО2-ыг ялган авч үйлдвэрлэх нь илүү өргөжнө хэмээн үзэж байна.

Удамшлын генийг өөрчлөхийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрнө

Генийн инженерчлэл ургамлын генетик кодыг өөрчлөөд зогсохгүй хүний ДНК-г засварлах хэмжээнд хүртлээ хөгжсөн. ДНК дахь удамшлын өвчин, хорт хавдар, согогийг генетикийн аргаар засварлах боломжтой юм. Тухайлбал, хараа, сонсголын согогийг хадгалж байсан генийг илрүүлж засварлахаас гадна өндөр нам зэрэг удамшлын шинжтэй мэдээллийг ч засварлах боломжтой ажээ. Гэхдээ хүн амьтны генийг цаанаас заяагдсан төрөлх байдлыг нь өөрчлөх нь байгалийн хуулийг зөрчсөн, ёс зүйгүй асуудал хэмээн үздэг. Тэгвэл 2016 он гэхэд ёс зүй судлаачид болон эрдэмтэд хүний генийг засварлан өөрчлөх асуудал дээр харилцан ойлголцож чадна хэмээн найдаж байгаа аж. Мөн энэ жил ургийн үед генийг нь засварласан анхны сармагчин төрөх юм. Энэхүү сармагчны монш зарим эсэргүүцэгчдийн итгэлийг бага ч гэсэн олж авахад ихээхэн түлхэц болно хэмээн үзэж байна.

Хиймэл элгийг анх удаа хүнд суулгасан

2016 он гараад удаагүй байхад БНХАУ-ын эрдэмтэд нэгэн шинэ дэвшилтэт нээлт, мэс заслыг хийжээ. Тодруулбал, тус улсын эрдэмтэд хиймлээр био элэг гарган авч хүнд суулгасан нь амжилттай болсон байна. Хиймэл био элэг суулгуулсан анхны хүн нь Хятад улсын иргэн 40 настай эрэгтэй аж. Тэрээр элэгний өвчнөөр олон жил шаналсан бөгөөд эцсийн найдвар тээн анхны хэрэглэгч болохоор шийджээ. Харин туршилт амжилттай болж, элэг жирийн элэгний адил бүрэн ажиллаж байгаа аж. Био элгийг Хятадын эрдэмтэд хүний биеийн эсэд тулгуурлан бүтээжээ. Энэ шинэ технологи нь анагаах ухааны хөгжилд том дэвшил авчрахын сацуу элэгний үйл ажиллагааны дутагдалтай тэмцэхэд өндөр амжилт авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа төслийн багийнхан мэдэгдсэн байна. Энэхүү дэвшил хүн төрөлхтнийг элэгний хорт хавдраас аврах гарц хэмээн үзжээ.

Эрсдэлтэй судалгаа

Анагаахын шинжлэх ухаан хөгжин дэвшихийн хэрээр өмнө нь гарч байгаагүй вирус, өвчин эмгэг дэлгэрэх болсон. Тэгвэл цаашид ч хүн төрөлхтний харж байгаагүй аюулт, үхлийн вирусууд шинээр гарч ирсээр байна хэмээн олон улсын эрдэмтэд үзэж байна. Гэхдээ нэг ноцтой зүйл нь элдэв туршилт, судалгаа, эрэл хайгуул нь аюулт вирусийг дэлгэрүүлэгч нэг шалтгаан болж болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Элдэв туршилт судалгааны үр дүнд өвчин үүсгэгч вирусийг устгах аргыг нээхийн зэрэгцээ шинэ вирусуудыг гарч ирэх боломжийг нээж өгдөг аж. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны зөвлөл 2015 оны арванхоёрдугаар сард “Эрсдэл үр ашгийн шинжилгээ” гэдгийг хийж дуусгасан бөгөөд санхүүжилтийг дахин сэргээх талаар ойрын хэдэн сарын дотор хэлэлцэж, зөвлөмж гаргах юм. Мөн зарим эрсдэлтэй судалгаа явуулахыг хязгаарлах ажээ.

Ангараг гаригтай холбоотой шинэ нээлтүүд хүлээж байна

Энэ онд дэлхий болон ангараг гаригийн хооронд илүү нээлттэй харилцаа бий болно хэмээн эрдэмтэд болон сансар судлаачид хүлээж байгаа. Учир нь энэ жил дэлхий болон ангараг гаригуудын тойрог замууд тун ойрхон дөхөж очих юм. Энэ бол Улаан нүдэн гаригийг судлах хамгийн сайхан боломж ирж байна гэсэн үг.

Европын сансрын агентлаг болон Роскосмос хоорондын эрхэм зорилго нь тэрхүү боломжийг барьж авах гэнэ. Мөн НАСА агентлаг ч энэ жил Марс гаригийг судлахыг эрхэм зорилгынхоо нэгээр тодорхойлон ажиллах юм байна. Олон орны сансар судлаачид 2020 он гэхэд тус гариг руу 50 мянга гаруй хүнийг оршин суухаар илгээхээр ажиллаж байгаа бөгөөд тууштай туршилт судалгаа хийж байгаа билээ. Энэ судалгаанд 2016 онд Марс гариг дэлхийд дөхөж ирэх болсон нь томоохон боломжийг олгож байгаа нь дамжиггүй.

Роботехникийн дэвшил

Роботыг эсэргүүцэгчдийн тоо олон ч роботехник хурдацтай хөгжиж буй салбарын нэг юм. Төмөр биетүүд хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон бөгөөд 2016 онд энэ салбар байгальд ээлтэй роботуудаар бүл нэмэх нь. Тэр ч байтугай “ухаантай” роботыг зохион бүтээх төслийг томсгож, хиймэл оюун ухаант роботуудыг үйлдвэрлэх ажээ. Тэдгээр робот нь шатар тоглох, бодлого бодох зэрэг оюуны үйлдэл хийх чадвартай гэнэ. Японд роботууд сувилагчийн үүрэг гүйцэтгэж өвчтөнд тусалж, асрах үйлчилгээ үзүүлж байна. Цаг хугацаа шаардсан эсвэл нарийн ажлуудыг хийж гүйцэтгэх тусгай программ бүхий роботуудыг “Dexter Bot”, “Baxter” бас “LBR iiwa” зэрэг компани бүтээх болжээ.

Хиймэл оюун ухааны хөгжил

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж чаддаг программ хангамжийн төгс шийдэл юм. Бид хиймэл оюуныг роботоор төсөөлдөг. Гэхдээ орчин цагийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ.

Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь хиймэл оюун ухааны тод жишээ юм. Хиймэл оюунд байвал зохих дараахь чадварыг бий болгохоор эрдэмтэд хичээн ажиллаж байна. Үүнд, өөртөө дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөрөө илэрхийлдэг байх. Өөрийн алдааг олж засварладаг болох. Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх болно. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай гэж олон хүн үздэг. “Компьютер бидний ажлыг хөнгөвчилдөг боловч супер-оюун ухааныг эзэмшиж чадахгүй. Хэрэв бид зөв удирдаж чадвал бүх зүйл хэвийн байх болно. Харин хэдэн арван жилийн дараа хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сэтгэл түгшээх гол асуудал болтлоо хөгжинө” гэж хиймэл оюун ухааны хөгжлийг эсэргүүцэгчид үздэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Доржпалам: Бичин жилдээ энх тунх, эв найрамдалтай, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье, хүүхдүүд минь

Сүхбаатар дүүргийн VII хорооны өндөр настан У.Доржпаламтай ярилцлаа. Эдүгээ 95 насыг зооглож яваа яриа хөөрөө цэлмэг, ануухан, хөнгөн шингэн буянтай буурай биднийг зочны өрөөндөө хүндэтгэн угтсан юм.

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу, та?

-Сайн байна аа. Хүү минь сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Энэ жил их сайхан өвөл болж байна. Хөдөө талдаа зарим газраа жаахан цаг хатуурах янзтай. Гэхдээ яахав манай баатарлаг малчид маань олон жилийнхээ баялаг туршлагаар малаа 60 сая хүртэл өсгөж үржүүлсэн, эртнээс хөдөлмөрч ард түмэн юм. Төр засаг маань ч халуун зун, намраас эхэлж зудтай тэмцэн шуурхай арга хэмжээнүүдийг авсны үндсэнд мал сүргийн хорогдол гайгүй байх шиг байна. Бичин жилдээ манай хөдөлмөрч ард түмэн минь төр засгийнхаа удирдлага дэмжлэгтэйгээр, албан газрууд ч гэсэн байгалийнхаа хатуу ширүүн үед ард түмэн, ялангуяа малчдадаа туслах дэмжлэг, олон түмний хөдөлгөөн өрнүүлбэл энэ жилдээ, ирэх жилдээ онд мэнд сайн орно доо.

-Та нас сүүдэр хэдийг зооглож байна. Аль аймгийн уугуул хүн бэ?

-Би чинь ардын хувьсгалтай эн чацуу, 1921 онд төрсөн хүн. Одоо 95 нас хүрчихээд явж байна. Билгийн тооллоор 96 нас зооглож байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн хүн. Аав маань Н.Ундрах, ижий маань З.Бүтэд гэж насаараа мал дагасан малчин ардын хүүхэд. Ижийнхээ гар дээр мал аж ахуй дээр эрхэлж энхрийлүүлж өсч бойжсон. Тэр үед сургууль соёл ч байсангүй. Манай аав босоо хуучин монгол бичиг, түвд ном мэддэг хүн байсан. Надад хуучин монгол бичиг зааж сургасан. Сумынхаа төв дээр тэр үед бүлгэм гэж байхад бичиг үсэг суралцсан даа. Бага насныхаа талаар яривал их юм бий.

-Залуу насныхаа талаар дурсахгүй юу?

-18 нас хүрээд гэрээсээ Хөдөө аж ахуйн техникумд Халх голын байлдаан болдог жил ирж байсан. Би 1939-1942 он хүртэл Хөдөө аж ахуйн техникумд малын бага эмчийн мэргэжлээр суралцсан. Тэндээсээ шууд хилийн болоод дотоодын цэрэгт алба хаших сургуульд очиж суралцсан. Тэр сургуулиа төгсгөөд хил хамгаалах Замын-Үүдийн 12 дугаар отръяд, мөн Сүхбаатар аймгийн нутаг Эрдэнэцагааны 20 дугаар отръяд, Дорнод аймгийн нутаг Индэр шандын 31 дүгээр хил хамгаалах отръядуудад хил хамгаалах алба, сүүлдээ хилийн цэрэг татан буугдахад дотоодын цэрэгт нийтдээ 17 жил офицерийн албыг хашсан даа. Энх тайван цагийн үед 40 настай цэл залуухнаараа гавьяаны амралтандаа суусан. Намайг алба хашиж байх 17 жилд дэлхийн хоёрдугаар дайн ид болж байсан үе. Улмаар Замын-Үүдийн 12 дугаар отръядоос чөлөөлөх дайнд оролцож, Японы түрэмгийлэлд зовж зүдэрцгээсэн Өвөр Монголын ард түмнийг харийн түрэмгийллээс чөлөөлөх үйл хэрэгт явж үүргээ амжилттай биелүүлсэн.

-Ид залуу насныхаа ихэнх үеийг хил дээр, армид өнгөрүүлж дээ?

– Тэгсэн. Ер нь 18 наснаас эхлээд л 1943 он хүртэл хилийн цэрэгт яг хил дээр байгаад, дайн төгссөний дараа хилийн ажил алба маань үргэлжлээд бүх хязгаарын отръятуудаар алба хаасан. Хилийн цэрэг хаасны дараа 1950-иад оны дундуур хотод ирж суусан. Хотоос дотоодын цэрэгт алба хашиж байгаад хамгийн сүүлд цэргийн хувцасны үйлдвэрт гурван жил ажилласан. Тэр үед үйлдвэрт гурван офицер, бусад нь дан энгийн хүн ажилладаг байлаа. Тэнд нам, улс төрийн ажил хариуцсан улс төрийн орлогч хийсэн.

-Гэр бүл, үр хүүхдийнхээ тухай яриач. Ханьтайгаа хэдэн онд хаана танилцаж байсан бэ?

-Хорь гаруй насандаа 1942 онд ханьтайгаа танилцаж байлаа. Бид 60 гаруй жил ханилсан. Миний хань Архангай аймгийн Хашаат сумын хүн. Саяхан 80 нэлээд гараад тэнгэрт халилаа. Одоо би үр хүүхдийнхээ дэмжлэгээр өргүүлээд болж л байна. Бид хоёр таван хүүхэд гаргасан. Хүүхдийн хүүхэд ач зээ, хүргэн, гуч, зээнцэр гээд ер нь тамтаггүй олон болсон. Зуу нэлээд гарсан байх аа. Тоогоо алдаад байгаа. Хүүхдүүдийнхээ зээ зээнцэр, гучанцараа танихаа болиод байна. Жил болгон л нэг хөөрхөн амьтан нэмэгдчихсэн өвөөд үнсүүлнэ гээд аваад ирэх юм. Би ч хүүхэд үнсэх дуртай юм. Манайх чинь одоо Сэлбэ голын хөвөөн дээр аж төрж байна. Цэргийн ажлын үйлдвэр гэж Сэлбэ голын зүүн хөвөөн дээр байсан юм. Тэндээс би тухайн үеийн намын тов хорооны уриалгаар Хөдөө аж ахуйн нэгдэл эхэлж байгуулагдах үеэс л сум нэгдлийн даргаар ажилласан. Хожим 1990 он дөхөж байхад Төв аймгийн ахмадын хороонд очиж аймгийн ахмадын хорооны зохион байгуулагч бөгөөд Зуунмод хотын ахмадын хорооны даргаар арав гаруй жил ажилласан. Нийтдээ 60 жил хөдөлмөрлөсөн байна. 2004 онд Улаанбаатар хотод бүр суурьшиж, улмаар Сэлбийн хөвөөндөө хуучин нутагтаа амьдарч байгаа нь их сайхан тохиол юм даа. Төр засгаас дайнд оролцсон гавьяа байгуулсан гэж орон сууц өгөөд, насны буянаа эдлээд сууж байна. Хөгширсөн хойноо ч зүгээр байхгүй хороо дүүрэг, нийслэлийн удирдлагууд элдэв ажил санаачлаад явж байна. Эд нар маань ч намайг их дэмждэг.

-Та их ануухан харагдаж байна. Биеэ ийм сайхан эрүүл саруул авч явж байгаа амьдралын туршлага тань юу вэ?

-Хатуу чанга дэглэмтэй цэргийн алба хашиж, 17 жил офицерийн албанаас олсон хүмүүжил, тогтмол дасгал сургуул хийдэг зэрэг нь их тус болсон. Одоо ч тогтмол дасгалаа хийж байгаа. Босоод дасгал хийхэд хөл жаахан хүнд болсон. Орон дээрээ суугаад өдөртөө хоёр, гурван удаа дасгал хийж байна. Хүн ер нь өтөлж үхэхээсээ хөшиж үхэх нь түрүүлдэг гэдэг сургаал байдаг. Тийм учраас өтлөөд үхэхээсээ урьдаар хөшөөд үхчихгүй юмсан гээд л дасгалаа хийж байна. Хоёрт, би ижийнхээ сүүг зургаан нас хүртэл хөхсөн. Ижийн сүү надад асар их шим тэжээл өгсөн байх. Суурь өвчин ч алга. Хөл л жаахан өвдөх юм. Төр засаг маань ч дэмжиж тэтгээд хөгшин хүнийхээ харааг нь үнэгүй эмчлээд өгчихдөг, янз бүрийн арга хэмжээ авч өгдөг болсон байна. Бид нар л түүнийг нь зөв эдэлж чадвал. Ер нь амьдрал ахуй сайхан болж, бүтэж байна. Муу амлаад байх юм алга. Одоо би төрсөн охиноороо өргүүлээд хүргэнтэйгээ, нэг ачтайгаа, зээ нартайгаа сайхан, өнөр өтгөн амьдарч байна.

-Таныг өмнө найман ихэр хүүхэдтэй нэгэн залуу гэр бүлд байр өгөх санаачилгыг гарган хотын удирдлагуудад захидал бичсэнээр энэ ажил хэрэгжсэн гэж сонссон. Энэ тухайгаа та хуучлахгүй юу?

-Би ер нь зурагт, радиогоос салдаггүй юм. Мэдээ сонсч байтал дөрвөн удаа хоёр ихэрлэж төрсөн найман ихэр хүүхэдтэй айл байна гэсэн мэдээ сонсоод тус болохсон гэж бодсон. Би хүнд буянтай үйл бүтээхсэн, тус болохсон гэж багын бодож явдаг юм. Түүнийхээ дагуу тэр айлаа судалж, мэдэж аваад хороо, дүүргийнхээ захиргаанд СБД-ийн 11 дүгээр хороонд амьдардаг ийм гэр бүл, хүндхэн байна, үүнд туслаач гэж өргөдөл бичсэн. Нийслэлийн Засаг даргаас авахуулаад, НЗДТГ, дүүргийн халамжийн хэлтэст орсон. Энэ хүмүүс ч сайхан тусалсан. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн хөрөнгөөр гурван өрөө байр олгосон. Тэрнийгээ би буянтай үйлс боллоо л гэж боддог. Аливаа юм хөөцөлдөж яваад бусдын тусын тулд ажил бүтэхээр их урам авч баярлаж, сэтгэл сэргэдэг. Өөрт их сайхан, сэтгэл өөдрөг болдог. Ерөөсөө тэгээд болгоё, бүтээе гэвэл бүтэхгүй ажил хувьд ч, албанд ч ховор шүү дээ, хүү минь.

-Удахгүй гал бичин жил гарлаа. Үр хүүхдүүд нь сар шинийн баяртаа хэр их бэлдэж байх шиг байна?

-Хүүхдүүд гал бичин жилийнхээ цагаан сарын шинийн нэгнийг угтсан бэлтгэл ажлыг үндсэндээ базааж дууссан. Жил бүр үр хүүхдүүдтэйгээ өргөн тэмдэглэж ирсэн заншилтай айл. Ард түмний минь буян, төр засгийн дэмжлэг халамж энэ бүгдийнхээ ач буянаар сандарч тэвдсэн юмгүй жилийн жилд тэмдэглэж ирсэн хэмжээндээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ.

-Цагаан сарын баяраар тань дээр их олон хүн ирнэ биз?

-Манайх цагаа будаа, идээ шүүсээ яг уламжлалынхаа дагуу бэлдэж ирсэн айл. Нэлээд олон хүн ирнэ дээ. Ах дүү ч олон бий, нутгийн хүмүүс ч байна. Зуу нэлээд гаруй хүн ирнэ шүү дээ.

-Сар шинийн бэлтгэл ажил, олон хүн амьтан ирэхэд түүртэх юм уу.

-Цагаан сарын бэлтгэлийг ч хүүхдүүд янгинатал бэлдчихнэ. Би хүүхдүүдээ хүлээж аваад золгох үүрэг л гүйцэтгэнэ. Ядарч түүртээд байх юм юу байх вэ.

-Таныг бага залуу байхад сар шинийн баярыг яаж тэмдэглэдэг байсан бэ. Одоо үед тэрнээс өөрчлөгдсөн юм байна уу?

-Тэр уламжлал одоо ер нь хэвээрээ явж байна. Би чинь малчны хүүхэд юм. Манай Монголын малчид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Монголын нийт иргэдийн олон зуун жилийн түүхтэй хамгийн том баяр юм л даа. Боломжийнхоо, тухайн үеийн нийгмийн, эдийн засгийн хэр чинээндээ тааруулаад л тэмдэглэж ирсэн. Одоо бол илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Харин зарим талдаа жаахан хэтрүүлчих гээд байдаг тал байх юм. Сархад хэтрүүлэх зэргээр буруу зөрүү зүйл бага зэрэг ажиглагддаг.

-Багадаа та хэр их айл хэсч, бэлэг цуглуулдаг байв?

-Шинийн нэгний өглөө хамгийн өндөр настай айлдаа очиж золгодог байсан. Хөдөөний айлууд хоорондоо их зайтай шүү дээ. Тэгэхээр ойр хавийнхаа айлуудаар л ордог байсан. Атгын чинээ том мөсөн чихэр өгвөл магнай тэнийтэл баярлана. Амттай гэж жигтэйхэн.

-Та нэлээд олон төрийн одонгоор шагнагджээ. Гурван ч Алтан гадастай юм байна. Одон медалийнхаа үүх түүхийн талаар ярьж өгөхгүй юу?

-Нийт 17 жил цэргийн албанд байхдаа байлдааны хүндэт медалиас эхлээд л Алтан гадас, Цэргийн гавьяаны улаан тугийн одон. Сая чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор Сүхбаатарын одонгоор цэргийн албыг хашсантай холбогдуулж шагнуулсан. Хоёр дахь алтан гадас одонгоо намын төв хорооны уриалгаар 1959 онд Хөдөө аж ахуйн нэгдэл үүсгэн байгуулж бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг маань үнэлж олгосон. Тухайлбал, би Төв аймгийн Бүрэн сумын нэгдлийн даргаар найман жил ажилласан хүн. Энд найман жил ажиллах хугацаанд Бүрэн сумын хөдөлмөрч хамт олны ач буянаар Лениний мэндэлсний 100 жилийн социалист уралдаан зэрэг тухайн үеийн орон даяар өрнүүлсэн социалист уралдаануудад 1967-1970 онуудад улсад гурван жил дараалж түрүүлж байсан. Тэр үед улсын хэмжээний ийм том уралдаанд түрүүлнэ гэдэг чинь их том ажил шүү дээ. Түүнийг үнэлж Алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль олгож байсан даа. Гурав дахь Алтан гадасыг Төв аймгийн гүйцэтгэх захиргаанд аж ахуйн хэлтэс дотоод лаборатори санхүү хариуцсан даргаар үр бүтээлтэй ажилласан гэж олгосон. Бас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ч шагнагдсан.

-Энд байгаа номнуудыг харахад та нэлээд ном сонин уншдаг бололтой юм?

-Ер нь хараа гайгүй шүү. Засгийн буянаар нүдээ сайжруулаад болор суулгуулчихсан. Хэвлэлээс салдаггүй. Хуучин монгол, шинэ крилл үсгээр уншина, бичнэ. Хуучин монголыг солгой гараараа сурсан. Шинэ крилл үсгийг зөв гараараа бичиж сурсан. Ааваараа мөн сумын бүлгэмд босоо бичиг заалгаж сурсан.

-Яагаад хоёр гараараа бичиж сурсан юм бэ?

-Угаасаа би солгой гартай хүн. Солгой гараараа л анх юм хийж, бичиж сурсан. Солгой гараар бичихэд бичгийн хэв жаахан тааруухан юм уу даа гээд крилл бичиг сурахдаа хичээсээр байгаад зөв гараараа бичиж сурсан.

-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан та нийт ард түмэн, залуустаа ерөөл хайрлахгүй юу?

-Монголын ард түмэн нэлээд хөдөлмөрч хүмүүс. Хүнийг хөдөлмөр л дээдэд хүргэж, хүнийг хүмүүжүүлж, хатуужуулж, бойжуулж, ур чадвар, өндөр эрдэм боловсролтой болгоно. Тийм учраас хүн бүгд хөдөлмөрч хичээнгүй, ажилтай, гэхдээ ажил голохгүй бүхий л салбарт тодорхой мэргэжил эзэмшиж, эрхэлдэг байгаасай. Ирэх бичин жилдээ ажил их өрнөсөн, үйлс бүтээл нь дэлгэрсэн жил болоосой. Цаашлаад эрүүл энх байх хэрэгтэй. Хүн эрүүл байвал ажил бүтнэ. Эрүүл чийрэг явна гэдэг өөрийн хичээл зүтгэлээс шалтгаална. Эв нэгдэлтэй, эрч хүчтэй, хуулиа дээдэлж, төр засгаа дээдэлдэг байгаасай. Гал бичин жилдээ цөмөөрөө энх тунх, эв найрамдалтай байж, урт насалж, удаан жаргаж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна даа, хүүхдүүд минь.

Categories
мэдээ цаг-үе

Гэрийн ухаалаг автоматжуулалтын систем бүтээсэн монгол залуус Лас вегаст CES 2016-д оролцлоо

Анх утасгүй цэнэглэгч бүтээж эхэлж байсан Amet­ros Solutions компанийн залуус өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системээрээ дэлхийн хамгийн том хэрэглээний технологийн үзэсгэлэнд оролцож байна.

Өнгөрсөн 2015 онд Монголын Мэдээллийн технологийн үзэсгэлэнд оролцсон компаниуд дундаас бүтээгдэхүүнээрээ онцгойрсон компани яах аргагүй Amet­ros Solutions байсан юм. Нэгдүгээрт, тэдний хийсэн бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц, шинэлэг, хоёрдугаарт, тэд хэн бүхний хийгээд байдаг зүйлийг биш оюун ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй талбарт хүч сорин ажиллаж байна.

Ametros буюу грекээр хязгааргүй гэсэн утгатай үгээр тэд компаниа нэрлэжээ. Монголчилбол компанийн нэрийг “Хязгааргүй шийдэл” гэж орчуулж болох юм.

Гэрийн автоматжуулалтын систем гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол чийдэн, хөшиг, амьсгалж байгаа агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгчүүд зэрэг зүйлсийг сүлжээнд холбож, хэрэглэгчийн тав тухтай амьдралыг тал бүрээр хангах гэж ойлгож болно. Үүнийг өнөө цагт IoT буюу интернетэд холбогдсон юмс гэж ерөнхийд нь нэрлэх бөгөөд хөргөгч, зурагт хүртэл багтах болжээ.

Тэгэхээр үндсэн ажиллах зарчим нь өнөөдөр хүн бүрийн халаасанд байгаа ухаалаг утсаар дамжуулан та интернэттэй л бол гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжтой гэсэн үг юм. Магадгүй та гэрлээ унтраахаа мартаад гарсан байж болно, магадгүй та хөшгөө нээхээс залхуурч ч болох шүү дээ.

Энэ тохиолдолд ердөө л гар утас, таблетаа гаргаж ирээд гэрлээ унтрааж, хөшгөө нээж болно. Ametros Solutions компанийн хувьд өнөөдөр “DOBU” гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг танилцуулж байгаа юм. Энэ систем нь ДОБУ удирдлагын панель, гэмт халдлага, галын аюул болон агаарын чанарын гэх үндсэн гурван мэдрэгч, автомат хөшиг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур зэргээс бүрдэнэ.

ДОБУ удирдлагын панель нь галын аюул, гэмт халдлага, агаарын чанарын үзүүлэлтүүдийг мэдрэх мэдрэгчүүдээс ирэх мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид цаг тухайд нь мэдэгдсэнээр хэрэглэгчийн амар амгалан байдлыг хангадаг байна. Түүнчлэн ДОБУ систем нь таны өмнөөс гэрлүүдийг тань унтрааж, ханын залгууруудыг тань салгаж, цахилгаан хэрэглээг боломжит нөхцөлөөр нь хэмнэхээс гадна сар тутмын хэрэглээг хэрхэн хэмнэж болох талаар хэрэглэгчид санал тавьдаг гэнэ. Магадгүй та энэ бүхнийг яаж хийдэг талаар гайхаж байгаа бол ДОБУ систем нь таныг аль өрөөнийхөө цахилгаан хэрэгслүүдийг хэдийд асааж унтрааж, хэдийд асаалттай мартаж орхидог тухай мэдээллүүдийг нарийвчлан судалж, хамгийн оновчтой шийдлийг санал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл ДОБУ систем нь байнга суралцаж, өдөр бүр хэмнэж, цаг үргэлж аюул ослоос сэргийлж, минут тутамд тав тухыг мэдрүүлж байх нь.

Ametros Solutions компанийнхан гэхээс илүү Монгол залуучууд өөрсдөө загварыг нь гаргаж, өөрсдөө угсарч, өөрсдөө электроник шийдлийг нь боловсруулж, андроидод суурилсан үйлдлийн системийг нь хүртэл өөрсдөө хөгжүүлж байгааг сэтгүүлч миний бие өөрийн нүдээр үзэж сонирхож байхад үнэхээр бахархмаар байлаа. Гадны брэнд бүтээгдэхүүнүүдээс хэлбэр хийц, өнгө аяс, ажиллагаагаар ер дутах юмгүй бүр зарим нэг талаар илүү санагдаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг бүтээхээр ажиллаж байгаа том, жижиг олон компани бий. Тэдний дунд Google, Philips, Amazon зэрэг томчууд байдаг. Гэхдээ эдгээр компаниудын ихэнх нь гэрийн автоматжуулалтын системийг цогц хэлбэрээр нь бус хэсэгчлэн хөгжүүлсэн байна.

Жишээ нь Google компани 2013 онд Nest ухаалаг термостат үйлдвэрлэгчийг худалдан авсан бол Philips компани Hue чийдэн, Amazon компани Echo яриа таньдаг чанга яригчийг бүтээсэн байна.

Харин Ametros Solu­tions компани яагаад нэгэн зэрэг ийм олон зүйлс бүтээж байгаа талаар тодруулахад компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар “Шанаганыхаа хэмжээгээр хутгана гэж ярьдаг даа. Ажиллах хүрээ маань өргөн байх тусам төдий чинээ боломж бололцоо бидэнд гарах юм. Нөгөөтэйгүүр гэрийн ухаалаг автоматжуулалтын систем гэдгийг бүхэлд нь буюу цогцоор шийдэх нь амжилт, гарц гэж бид харж байгаа” гэж хариулсан юм.

Компанийн бүтээгдэхүүний хамгийн энгийн багц буюу “Dobu Essentials” нь ойролцоогоор 2,9 сая төгрөг аж. Үүнд мэдрэгч тус бүр хоёр ширхэг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур болон ДОБУ удирдлагын панель багтах юм байна.

Ametros Solutions компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 30 гаруй хэрэглэгчтэй болжээ. Хэрэглэгчдийн дунд Монгол дахь Burger King-ийн салбар ресторанууд, хувийн компани болон төрийн байгууллагууд хүртэл багтаж байгаа юм байна.

Ер нь бол компани тун амжилттай явна. Бүтээгдэхүүнээ аль хэдийнэ зах зээлд нийлүүлж эхэлсэн, үйлдвэрлэл амжилттай яваа, захиалагчид сэтгэл ханамж өндөр, хамгийн том технологийн үзэсгэлэнд оролцож байгаа гээд Ametros Solutions сонин хачин ихтэй, эрч хүчээр дүүрэн гялалзаж байгаа юм байна.

Одоогийн байдлаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, маркетингийн үйл ажиллагааг далайцтай болгох тал дээр Америкийн болон дотоодын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийж, томхон хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа гэнэ. Монголчууд бид бие биенээ дэмжих цаг хэдийнэ болсон. Уншигч авгай та бидний зүгээс эдгээр шижигнэсэн залууст том тус бас ч үгүй хөрөнгө оруулалт хийх алхам нь хамгийн энгийн арга буюу бидний хэдийнээс мэдэх үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллах явдал юм.

Бидний сайн мэдэх Апел, Самсунг, Хюндай, Сони гэх мэт дэлхийн компаниуд бас л хаа нэгтэйгээс хэн ч мэдэхгүйгээс эдгээр залуус шиг эхэлсэн гэдгийг та бид санаж баймаар. Солонгосчууд гэхэд улсын бодлогоор Самсунгийг, Хюндайг олон улсын зах зээлд гаргаж ирсэн бөгөөд дотоодын хэрэгцээнд хэрэгжүүлээд гадны зах зээлд тэргүүн туршлага байдлаар нэвтрүүлсэн жишээтэй. Ийм олон улсын туршлага байдаг талаар компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар мөн дурдаж байсан юм.

Ойрын жишээ гэвэл Samsung компани өөрсдийн бүтээсэн гэр ахуйн ухаалаг бүтээгдэхүүнүүдээ эхний ээлжинд зөвхөн Солонгосын зах зээлд гаргасан бөгөөд одоо гадны зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

Гэрийн ухаалаг автоматжуулалтын системийн хөгжил өнөөдөр дэлхий даяар нэгэн ижил түвшинд явна. Гэтэл гар утас, телевизор, машин гэх мэт тогтчихсон зах зээлд шинээр өрсөлдөгч гарч ирнэ гэдэг хүнд. Нэг бол асар их мөнгө оруулж байж эс бөгөөс технологийн хувьсгал гаргаж байж амжилтанд хүрдэг. Тийм ч учраас Ametros Solutions ижил гарааны нөхцөлтэй өсөлтийн нөөц бололцоо асар ихтэй гэрийн автоматжуулалтын зах зээлийг сонгосон талаар компанийн залуучууд тайлбарлаж байлаа.

Компанийн албан байр, үйлдвэр нийлсэн байранд очих үед ШУТИС-ийн оюутнуудыг өөрсдийн зайг шахан байж дадлага хийлгэж олон зүйлийг зааж сургаж байгаа нь надад маш их таалагдсан юм. Шинэхэн гэж гололгүйгээр, чадахгүй гэж төвөгшөөлгүйгээр оюутнуудыг сургаад, өөрсдийн хийж байгаа зүйлсээ заагаад явж байгаа нь тэдгээр залууст шинэ зорилго, хүсэл эрмэлзлийг нээж байх шиг санагдсанаа нуух юун.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд гуравхан үлдсэн цагаан хирс

-СҮҮЛИЙН ЭРЭГЧИН ЦАГААН ХИРСИЙГ 24 ЦАГИЙН ТУРШ БУУТАЙ ЦЭРГҮҮД ХАМГААЛДАГ АЖ-

Сүүлчийн эрэгчин Умардын цагаан хирсийг буутай цэргүүд хамгаалж байгаа нь

Хуурай газрын амьтдаас биеийн хэмжээгээрээ хоёрдугаарт бичигддэг нь хирс юм. Өдгөө дэлхий дээр цагаан хирс, хар хирс, Энэтхэгийн хирс, Ява хирс, Суматрын хирс гэсэн таван зүйл амьдардаг . Эв хавгүй гэмээр лагс биетэй, царай муутай энэ амьтан дэлхийн ховордсон амьтдын тоонд ордог. Тодруулбал, цагаан хирс 20 мянга гаруй тоо толгой, хамгийн жижиг биетэй гэгддэг суматрын хирс 200 тоо толгой, ява хирс Үжүн Күлоний үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ердөө есхөн ширхэг үлдсэн байна.

Энэ удаад цагаан хирсний талаар уншигчдадаа сонирхуулъя. Цагаан хирсийг дотор нь өмнөдийн, умардын гэсэн хоёр дэд зүйлд ангилдаг. Төрөл дотроо цагаан хирс хамгийн олон тоо толгойтойд тооцогддог ч умардын цагаан хирс нь өнөө маргаашгүй устахад хүрсэн байна. Цагаан хирс гэдэг нэр нь уг амьтны гадаад өнгө үзэмжээс бус, голланд хэлний “wijd” буюу өргөн гэсэн утгатай үгийг англи хэлэнд “white” хэмээн андууран орчуулснаас үүдэлтэй юм. Мөн “wijd” буюу өргөн гэдэг үгээр энэ амьтны биеийн ерөнхий хэлбэр галбирыг бус харин өргөн уруултай гэдгээр нь онцолсон байна. Ерөнхийдөө цагаан болон хар хирс нь өнгөний хувьд ойролцоо, хар хирс нь арай бараандуу саарал зүстэй ч нүдээр үзэж байгаагүй хүн ялгахад хэцүү аж. Харин цагаан хирсний дээд уруул нь дөрвөлжин байдаг бол хар хирснийх тахир байдаг тул дөрвөлжин уруулт, тахир уруулт гэж ялгаж нэрлэх нь бий.

2008 оны эхэн үеийн судалгаагаар өмнөдийн цагаан хирс нь 14 мянга 400 гаруй тоо толгой үлдсэн байжээ. Харин умардын цагаан хирс дэлхий дээр ердөө гуравхан үлджээ. Өмнөдийн цагаан хирсний төрөлх нутаг нь Өмнөд Африк юм. Энд нийт цагаан хирсний 93 хувь буюу 16 мянга гаруй тоо толгой тархан амьдардаг аж. Мөн Намиб, Ботсвана, Зимбабве, Швейцарьт амьдардаг.

Мөхлийн ирмэгт ирээд байгаа умардын цагаан хирс нь зүүн болон төв Африкийн халуун дулаан ойт хээр бүс нутагт суурьшдаг байжээ. Гэвч энэ зүйл Кени улсад ердөө гуравхан үлдээд байна. АНУ-ын Сан Диегогийн амьтны хүрээлэнд амьдардаг 42 настай Нола хэмээх хирс өнгөрсөн онд нас барснаар энэ зүйлийн хирс гуравхан үлджээ.

Хирсний гол дайсан бол хулгайн анчид. Халуун унаган нутгийнхаа хөрсөн дээр хэдэн мянгаараа тайван амгалан бэлчээрлэдэг байсан нь 200 гаруй жилийн тэртээх үе. Гэвч хулгайн анчин гэж дийлдэшгүй дайсан гарч ирснээр энэ амьтан маш хурдан мөхсөн байна. Шуналдаа хөтлөгдсөн хүмүүс түүний хамар дээрх шидэт эврийг авахын тулд амийг нь хөнөөх болжээ. Хирсний эвэр хорт хавдрыг анагаах шидтэй тул дорнын анагаах ухаанд олон зууны турш хэрэглэж иржээ. Орчин үед зөвхөн хорт хавдар гэлтгүй олон төрлийн өвчнийг эдгээх эмийн найрлагад ашигладаг болсноос өндөр үнээр худалдан авдаг аж. Тийм ч учраас эвэр нь хар тамхи болон алттай дүйцэхүйц үнэтэй болжээ.Нэг кг эвэр нь хар зах дээр 65 мянган америк доллар байдаг гэнэ. Сонирхуулахад хирсний эвэр нь олон жилийн турш дагтаршиж хатуурсан үснээс бүтдэг аж.

2011 он гэхэд энэ зүйл хирс Чехэд хоёр, Кенид дөрөв амьдарч байв. Гэвч 2011 оны тавдугаар сард Чехэд амьдарч байсан хоёрын нэг нь хулгайн анчдын гарт өртөж, нөгөө нь насны эрхэнд өвчилж үхжээ. Харин 2014 онд Кенийн нэг эрэгчин цагаан хирс амиа алджээ. Амьд үлдсэн гурван цагаан хирс Кени улсын “Пежета” гэдэг 700 га бүхий тусгай хамгаалалттай газарт амьдарч байна. Энэ гурвын хоёр нь эмэгчин, нэг нь эр юм. Өнгөрсөн онд цорын ганц эр цагаан хирсийг анчдын олз болгохгүйн тулд Кени улсын Засгийн газраас хамар дээрх эврийг нь авч, 24 цагийн харуул хамгаалалтад авсан байна. “Эвэргүй хирс хулгайн анчдад хэрэггүй. Хирсийг алах ганц шалтгаан нь түүний эвэр л байдаг” хэмээн хамгаалагчид ярьжээ. “Пежете” төслийн гүйцэтгэх захирал Ричард Вигне хэлэхдээ “Умардын цагаан хирс бүр мөсөн устахын өмнө энэхүү хирсний тугалыг гаргаж авах боломж байгаа гэж бид боддог” хэмээн ярьж байв. Энэ цагаан хирс 1960 онд 2000 гаруй тоо толгойтой байсан ч хулгайн анчид хайр найргүй хядаж, хорьхон жилийн дараа буюу 1983 он гэхэд ердөө 15 болж цөөрсөн байна.

ЦАГААН ХИРСНИЙ БИЕИЙН БОЛОН АМЬДРАЛЫН ОНЦЛОГ

Хирснүүд дотроос цагаан хирс хамгийн том биетэй нь. Хүнд нүсэр бие, зантгар том толгой, богино хүзүү, өргөн цээжтэй бөгөөд биеийн урт 3.4-4.2 м, дунджаар 1440-3600 кг жинтэй байна. Эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй жижиг биетэй байх бөгөөд дундаж эм хирс 1770 кг жин татдаг. Энэ нь монгол тэмээнээс гурваас дөрөв дахин хүнд юм. Өөрөөр хэлбэл хирс нь өндрөөрөө хоёр ат, өргөнөөрөө гурван ат давхарлаж тавьсантай тэнцүү гэсэн үг. Тэмдэглэгдэж үлдсэнээр хамгийн хүнд жинтэй цагаан хирс 4500 кг хүрч байжээ.

Хамар дээрээ хоёр эвэртэй байх бөгөөд урд эвэр нь илүү том, дунджаар 89.9 см байна.Зарим хирснийх 150 см ч хүрдэг. Таны бичгийн ширээ шиг урттай том эвэр хамар дээр нь байна гээд бодохоор ямар лагс биетэй амьтан гэдэг нь ойлгогдох биз ээ. Хэрэв ийм эврээр мөргөвөл амьд хүн байтугай араатан амьтнаас ч юм үлдэхгүй нь тодорхой. Гэхдээ эвэр нь зөвхөн эрэгчин хирсэнд л байдаг. Мөн хирсний пагдгар хөл нь гурван хуруутай, халуун орны өвсийг ороож идэхэд зохицсон өргөн уруултай байна. Цагаан хирс нь бор шардуу болон цайвар саарал зүстэй.

Цагаан хирс өвсөрхөг тал, Саваннад нутаглана. Өдрийн талыг бэлчээрлэн өвс ургамал идэж, хэвтэж өнгөрөөх бөгөөд их тайван зантай ажээ. Дэлхий дээрх хамгийн том бэлчээрлэн амьдардаг амьтан юм. Өдөрт хоёр удаа ус уух хэдий ч гандуу үед усгүй 4-5 хоног байж чаддаг. Хэдийгээр бүдүүн болхи амьтан мэт харагдавч нэг цочиж үргэвэл маш хурдан шалмаг хөдөлдөг. Дээд тал нь 50 км/ц хүртэл хурдлах чадвартай тул хирс агнах гэж байгаад бүтэлгүйтвэл хүндхэн асуудалтай тулгарна гэсэн үг.

Тэд хоорондоо дуу чимээ гаргаж харьцах бөгөөд нөхцөл байдлаасаа шалтгаалж өөр өөр дуу гаргадаг байна. Тухайлбал, эрэгчин эмэгчин хоорондоо харьцахдаа хүрхрэх, тургилах мэт чимээ гаргах бол аюул тохиосон үед гахай мэт орилох чимээ гаргадаг ажээ.

ҮРЖИЛ

Эмэгчин хирс 6-7 нас, эрэгчин нь 10-12 нас хүрээд үржлийн нас бие гүйцнэ. Тэд хосоо олохдоо их залхаг удаан амьтад. Нэгэнт хосоо олсон бол эмэгчнээ үр тогттол 5-20 хоног хамтран амьдарна. Эм хирс хээлтэй болоход тус тусын замаа хөөдөг. Эмэгчин нь 16-18 сар хээлээ тээх бөгөөд 2-3 жилийн хугацаанд ганцхан удаа төрж нэг л тугал гаргадаг. Дөнгөж төрсөн тугал ойролцоогоор 40-65 кг жинтэй байна. Зулзагаа төрөхөөс өмнө түрүүчийн зулзагаа хөөж явуулан бие даалгадаг ажээ. Цагаан хирс 40-50 жил амьдардаг.

Дашрамд дурдахад, хирсний өвөг эцэг болох савагт хирсний толгой араг ясыг 2013 онд Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурын хөвөөнөөс олж, эрдэмтдийн гарт шилжүүлжээ. Ийнхүү халуун орны бүгчим уур амьсгалд амьдардаг энэхүү аварга амьтны өвөг эцэг 20-иод мянган жилийн тэртээ Дорнодын тал нутагт бэлчээрлэн амьдарч байсан нь нотлогдсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Сэтгэлд тодхон үлдсэн сумын цагаан сар

Цагаан сарын баяр дөхөхөөр хүн бүрийн сэтгэлд ирж буй хаврын урь, зураас татуулан хайлах замын цас, дээврээс гоожих усан дусал, хөдөө нутагт бол хурга ишиг төлийн дуу, цантай жавартайд уур савсуулан айлын хаалга татах золголт, халуун дулаан бүхэнтэйгээ сэтгэлд буудаг биз ээ. Миний хувьд сар шинийн баяр ингэж л айлчлан ирдэг. Сар шинийн баяр яригдаж эхлэх үеэс л, одоо бол цагаан сартай холбогдолтой зар сурталчилгаа яваад ирэхтэй зэрэгцэн сэгтгэлд дотнохон мэдрэмж, багын дурсамж, гэгэлзэл, амар амгалан мэдрэгддэг.

Жил жилийн цагаан сарын баяраас хамгийн сэтгэлд үлдсэн, гэгээхэн нь сумын төвд өнгөрүүлсэн хүүхэд насны минь баяр. Сумын цагаан сар их гоё. Сар шинэ дөхөөд ирэхээр хүүхэд, хөгшин хөвөөгүй л хөл хөөрцөг болно, хийх ажил ч их. Дээвэр, туурга, ширдэг, хөшиг цавагныхаа тоосыг буулгах, хэдэн өдрийн цэвэрлэгээ хийх, түлш түлээ бэлдэх, мөс, цас зөөх, баншаа чимхэх, хэвийн боовоо хайрах гээд хийх ажил юу эс мундах вэ. Худал ярьсан хүнд бараг л сарын өмнөөс бэлдэж эхэлнэ. Хөдөө, сум нутагт цагаан сарын бэлтгэлийг айл саахалт, ах дүүс бөөнөөрөө нийлж хийдэг монголчуудын бас нэг сайхан заншил бий.

Цагаан сарын бэлтгэл хийх далимаар залуус нэг нэгнийхээрээ хэсч, даалуу, панжига тоглох, шагай наадах гээд зугаатай өдрүүд үргэлжилнэ. Анги ангиараа нийлсэн хүүхэд залуус багшийнхаасаа авахуулаад л хэдэн гэрээр, хэдэн орой ээлжлэн банш чимхэлцэнэ. Манай нутаг Ховд аймгийн Чандмань сум л даа. Хоймортоо Жаргалант хайрхнаа залж, баруун болон хойд захаараа Дөргөн, Хар-Ус нуураар хүрээлүүлсэн сайхан нутаг бий. Сумын хүүхдүүд тачигнасан жавартай наадан голын мөсөн дээр хацартаа улаа бутартал тоглоно. Багаасаа цас, бороо, салхи жаврыг тоохгүй явсаар угийн улаан болсон хацар нь улам ч тодрон, сэргэлэн цовоо нүд гялалзуулан өдөржингөө л чаргаар гулгана. Ахлах, дунд ангийн ах эгч нар өөрсдийгөө нэг л их том хүмүүст бодоцгоон, хөвгүүд нь дээлийнхээ ханцуйг нударгалан цагаан сарын банш чимхэлцэхээр жавар сэнгэнүүлсээр л айл айлыг хэснэ. Энэ нь тэдний хувьд нэг ёсны албан бус үүрэгт ажил нь. Айлын бууз чимхэлцэнгээ сайн охин юм уу хөвгүүнтэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөх, бас догдолсон сэтгэлээ илэрхийлэх боломж гарч ч юуны магад. Сайн хүүхдийнхээ гэрт бууз чимхэхээр очихдоо хамгийн гайгүй хувцсаа өмсч, үсээ гөлчийтөл нь норгож самнах зэргээр байдгаараа л хичээнэ. Басхүү аав ээжид нь ч гайгүй харагдчих санаатай ч цагаа тулахаар гэрт нь орохын өмнө бөөн нүүр халаастай. Иймхэн нэгэн цагаан сарын өмнөх амттайхан дурсамжийг сумын төвд өссөн хүн бүхэн л амссан биз. Харин цагаан сарын банш чимхэх, боов хийх, гэр орны ажил хийгээд эхлэхтэй зэрэгцэн хөөрцөглөн догдолж, шинийн нэгний өглөөг хоног тоолон хүлээнэ. Бид л мэддэггүй байсан болохоос ахмадууд ч бас тэрүүхэн тэндээ л хөөрцөглөж байсан шиг.

Хавь ойрын хүмүүс, хамаатан, ах дүүс, ах эгч нарын найзууд гээд банш чимхэх өдрийн оройхон хоймроор дүүрэн хүн. Банш чимхэх ажлыг ерөнхийдөө аав удирдан явуулж, ээж амталгааг тааруулна. Хэрэгт дуртай багачууд бид үүгээр далимдуулж ойрд идээгүй сайхан хоол идэх, тун ховорхон хүртдэг чихэр, боов, ундаа зэргийг горьдон сууна. Том дүү бид хоёрын гол нугалах ажил нь дээр үеийн төмөр гар чийдэнгийн бөгсөөр дарсан нэгэн жигд гурилыг хүмүүст тараах, чимхсэн банш өрж, тоолох. Их ажил хийдэг мундаг хүүхдүүд гэж магтуулахын далимаар, томчуудын яриа, маазрааныг чагнаж чихээ халаан сууна.

Цагаан сарын боов хийх гэж бас нэг том ажил. Аав минь гартаа бяртайгаар хэвийн боовныхоо бэмбээг хэдэн цаг нухаж сууна. Хайрах ажлыг ч аав л амжуулна. Их ч нямбай хийнэ. Хот газар нэг л тавгийн идээ засдаг ч манай нутагт бол заавал ч үгүй гурван таваг засна. Гурвын гурван тавгийн боов хайрна гэдэг бас ч амаргүй ажил байсан байх даа, тэр үед. Жилдээ ганц хийдэг энэ гоё боовноос халуун дээр нь авах гээд л дайрна даа. “Гал руу орчих гээд байх юм” гээд л зэмлүүлнэ. Бас тавгийн орой дээр тавьдаг самар боовыг хийлцэх гэж зэмлүүлнэ. Гурилын элдүүрний үзүүрийг бүрж байгаад самар шиг үе гаргаж хайчилдгийг хүмүүс мэднэ дээ. Нэг жилийн цагаан сараар аав, ээж хоёр гэрээ цоожлоод дүү бид хоёрыг айлд үлдээчихээд бэлгийн юм цуглуулах гээд аймгийн төв явчихсан юм. Аав, ээжийг явсан хойгуур дүү тооноороо ороод самран боов, ул боовноос нь хулгайлж идээд тэр нь яг битүүний өдөр илрээд ихэд зэмлүүлж байж билээ. Угийн миний доод талын эрэгтэй багаасаа их хөдөлгөөнтэй, “бич жилтэй бич Төрөө” гэдэг нэртэй хүүүхэд байсан. Аав оройжингоо л айлаас илүү боов хайх ажил гарсан даа.

Нутгийн хүмүүсийн дунд дээл хувцас сайхан оёдог уран гартай гэгддэг ээжид минь сар шинийн баяр дөхөөд ирэхээр дээл оёулах захиалга их ирнэ. Хөдөөний хүн болохоор нэгэндээ үнэрхэж мөнгө төгрөг хэлж чадахгүй л дээ. Гэрийнхээ хойморт дээлийн шинэхэн өнгө дэлгээд, гал дээр шингэн жонхуу халаан, гар машинаараа нямбай нь аргагүй оёж суудаг нь их сайхнаар сэтгэлд үлджээ. Ер нь ээжийг эмээгээс үлдсэн ганц орос, хар оёдлын машинаа гаргаад л суухад “нэг их гоё юм хийх гэж байгаа юм шиг” сайхан мэдрэмж төрдөг байж билээ. Одоо ээж минь “Тэр үед нэг дээлийг бараг дөрөв таван өдөр барьж дуусгадаг байсан. Мөн ч удаан оёдог байж дээ” гэж ярьдаг юм. Одоо ч гэсэн ээж маань цагаан сар болгоноор л дээлний захиалгандаа дарагдаж суугаа. Гэрийнхнийхээ дээлийг хамгийн сүүлд, бүх захиалгаа дууссаны дараа оёно. Шинийн нэгний ургах нартай уралдан сүүлийн дээлийнхээ шилбийг хадаж дуусдаг даа, ээж минь. “Загасчны морь усгүй” гэдгийн үлгэрийг үзүүлэхгүйн тулд, гэрийнхнээ бусдаас гайгүй харагдуулах гэж нойроо хугаслан суудаг юм. “Би яахав. Хуучин дээлтэйгээ цагаалчихъя, аавд чинь л нэг юм оёж өгье” гэнэ.

За тэгээд хэдэн өдөр эхнэр хүүхдүүд угаалга, цэвэрлэгээний ажил хийж, өнгөтэй бүхнээ гаргаж тавихад битүүний орой айл бүхэн дор бүрнээ шинэхэн гэрлэсэн хосын өргөө шиг цэмбэлзсэн сайхан болдог доо. Аль ч айлын үүдээр оронгуут шар тос, хайлмаг, хэвийн боов, буузны холилдсон сайхан үнэр ханхалж, дулаан уур амьсгал өөдөөс пүнхийтэл үлээнэ. Одоо ч хот хүрээ газар битүүнийг ном ёсоор нь утга төгөлдөр тэмдэглэх нь ховор болсон юм шиг. Хөдөө нутагт айл бүхэн дор бүрнээ нэгнээсээ түрүүлж битүүний хүргэлт хийхийг зорино. Аав битүүний орой гурван мөс тотгон дээрээ тавих, хашаа хороо цэгцлэх, ууцаа тэгшилж тавих, арц хүж унгасгаж, сан тавих зэрэг зан үйлийг гүйцэтгэх бол ээж хайлмагаа хийх салат зуурах, тавгаа засах гээд л нарийн нандин ажлуудыг амжуулна. Бас бидний шинийн нэгний өглөө өмсөх хувцсыг бэлдэж тавина. Жилээс жилд уламжилж ирсэн энэ бүх зан үйл насан туршид минь тодхон үлдэх биз ээ.

Битүүний орой хөрш саахалт, хамаатан ах дүүсээр явж идээ будааны дээж, бууз тараахаар тэрүүхэндээ багахан өрсөлдөөн болно, дүү бид хоёрын дунд. Гэхдээ голдуу би л аавыг юм уу аль нэг айлынхаа ахыг дагаж явдаг байсан санагдана. Шинийн нэгнээс өмнө айл болгоныг ямар болж гэдгийг харж бас битүүний чихэрнээс түрүүлж гоёыг нь авах гэж тэгж яардаг байсан. Битүүний бууз хүргэж ирсэн хүнд хүн болгон л “Дээшээ суу” гээд хүндэтгэлтэй хандана. Хамгийн түрүүнд Муужуу ахын (Д.Мягмаржав), Аагаагийн (Т.Ганхүү), Балгаагийн (Д.Баттулга) гээд л том авга нагац нараасаа эхлээд л тараана даа. Мөн айл руу бууз зөөхтэй зэрэгцэн айлуудаас ч битүүлгийн идээ ирнэ. Тэгээд л аав бурхандаа, галдаа нэг өргөөд үлдсэнийг нь өөрсдөө хуваагаад амсана. Дараа нь “Муужаагийн банш сул болж, Балгаангийнх шорвогдуу байна” гэх мэтчилэн ярьснаа “Ер нь манайх шиг амттай болсон айл алга байна даа” гэж ээжийг жаахан дөвийлгөнө. Одоо ч айл айлын бууз амсч үзээд тэгдэг хэвээрээ.

Хивсээ өнгий нь гартал угааж, бүх л гоёл зүүсгэлээ зүүсэн гэрийнхээ хойморт, идээ таваг зассан ширээнийхээ цаадах орон дээрээ унтах гэж дүү бид хоёр их булаацалдана аа. Тэгж тэгж эвсээд хамтдаа дээш, доошоо хараад унтахаар болно. Битүүнээр бурхандаа өргөсөн зулын гэрэлд ууц, тавгийн идээ, ээжийн хичээнгүйлэн зассан ширээг харан харсаар дуг нойрондоо автдаг байж билээ, хүүхэд байхдаа. Хэдий насанд хүрч, нөхөр хүүхэдтэй болсон ч багадаа догдолдог тэр сэтгэл минь яг хэвээрээ. Шинийн нэгний өглөө босуут л ширээ зассан том өрөөндөө орно. Харин бага үеэ бодоход тэр бүх ширээг ээжээрээ бус өөрөө засдаг завгүй нэгэн болжээ.

Шинийн нэгний өглөө хэдий эрт боссон ч ээж аль хэдийнэ босоод цайгаа чаначихсан, аав монгол цамцаа өмсчихсөн дуудаж байдаг сан. Ээж ургах улаан наранд цайны дээжээ өргөөд, аав, эрэгтэй дүү хоёр мөрөө гаргана. Хамгийн түрүүнд саахалтын Д.Цэвээравдан ахынд орж золгоно. Д.Цэвээнравдан ах аав ээжтэй жилээр чацуу ч сараараа ахмад, түүнчлэн өвөөгийн ахын хүүхэд тул аав, ээж хоёр түрүүлж зочилдог юм. Ер нь баруун нутгийнхны сар шинийн ёс их нарийн дэг жаягтай. Түрүүлж орж золгосон ахмад айлдаа халуун савтай цай, тавгийн идээгээ барьж орж золгоно. Манайхан гэртээ золгохгүй, Д.Цэвээнравдан ахынд хоорондоо золгочихдог байв. Дүү, бид хоёр жаахан байсан болоод тэр биз. Улмаар аавын нагац ах, монгол хэл уран зохиолын багш Д.Мягмаржав, том хүргэн ах Д.Баттулга, ээжийн ах Т.Ганхүү гээд л ахмадуудаасаа эхлээд золголт үргэжилнэ дээ. Сумын төвийн айлууд бүгд нэгнийгээ таньдаг мэддэг, хамаатан садан айл их болохоор золголт хэдэн өдөртөө л үргэлжилдэг сэн. Тухайн үед сумын төвийн цөөхөн айл 69, пургон машинтай , бусад ихэнх нь морь, мотоциклиор айл хэсдэг байлаа. Хол айлууд руу явах бол аав маань “улаан яав”-аа асааж аваад дүүг банкин дээрээ суулгаж, ээж намайг урдаа дүүрээд л айл хэсдэг байв. Нэлээд юм гадарладаг болсон хойноо ингэж айл хэсэхээс их санаа зовдог байсан. Тэр үед аав, ээж маань залуухан болохоор шинийн нэгэнд орж ирэх хүн амьтан байхгүй. Харин сүүлийн жилүүдэд шинийн нэгнээр зочлох айлын тоо, аавд барьж золгосон архины тоо нэмэгдэж байгаа нь тэдний минь нас явж байгааг илтгэх шиг.

Хөдөө газар шинийн нэгнээс эхлээд сумын төвийн улаан хацартай, уур савсуулсан хүүхдүүдийн цуваа хэдэн өдөртөө тасрахгүй. Дөрөв, тав, зургаа, заримдаа бүр арван хэдээрээ нийлж аваад сумын дээд лагерийн айлаас доод лагерь хүртэл, урд талаас хойд тал хүртэл нэг ч айл үлдээхгүй хэснэ дээ. Бүгд өнгөтэй өөдтэй шинэ дээл, хувцсаараа гангарна. Орж ирчихээд л бүгдээрээ золгох гээд очерлоод зогсчихно. Хөдөөний хүүхдүүд айлын хоймор руу дураараа гарч зүрхлэхгүй, баруун талын баганаас хаалга хүртэл бөнжийтөл хөлөө нугалаад сууцгаана. Хурдхан л цайгаа уугаад, хоёр бууз үмхчихээд, салат хийдэг айл байвал тэрнээс нь ахиухан цохичихоод бэлгээ авахын түүс болно. Сумын төвийн тэр олон хүүхдэд бэлэг өгөх гэж айлууд өнгийн бал, харандаа, юухан хээхэн их авдаг байлаа. Зарим нэг нь ороогүй найзуудаа дагаад дахиад ороод ирнэ. Түүнийг нь ээж маань болон бусад айлын эзэгтэй нар мартаад дахиад л бэлэг өгнө. Тэр бүрт нь ээждээ сануулах их буянтай ажил хийнэ. Миний дүү болон үеэлүүд маань ч ингэж хэсдэг байв. Харин охидууд нэрэлхээд тэгж хэсэх нь харьцангуй бага. Зарим боломж муутай айл нь арав, хорин төгрөг, чихэр зэргэхнийг атгаад өгчихдөг байж л дээ. Тэр бүрийд хөвгүүд хоорондоо “Хн цус, тэднийх 20 төгрөг л өгч байна л ээ. Гэрийнх нь бүсэнд хавчуулчихаад ирсэн” гэж ярих нь их. Жилдээ нэг ингэж сумын төвийн хүүхдүүдээ бүртгэдэг ажил гардаг сан. Одоо ч сумын хүүхдүүд тэгж айл хэсдэг хэвээрээ гэсэн.Хот суурин газар юун тэгж бөөнөөрөө айл хэсэх байтугай хамаатан, саднаараа ч орох дургүй, ах дүү ураг саднаа мэдэхгүй хүүхэд, залуус их болсон шиг.

Сүүлхэн 2000 оны эхэн үед манайхыг Улаанбаатар гэдэг их хүрээ рүү нүүхийн өмнө сумын төвийн айлууд сумын клубт нэгдсэн золголт хийдэг болсон. Сумын нэгдсэн золголт одоог хүртэл уламжлагдсан гэсэн.

Хот суурин газар ч гэлтгүй, хөдөө орон нутагт ч хамаатан, ах дүүсийнхээ аль нэгэнд цугларч, нэгдсэн золголт хийдэг жишиг сүүлийн үед тогтоод байгаа. Энэ дагуу манай ээжийн ах дүүс сүүлийн арав гаруй жил нэгнийдээ нэгдэн золгож байна.