Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Төр ахмадууддаа баялгийн тэгш, шударга хуваарилалтыг олгох ёстой

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталлаа. ШИНЭ намын зүгээс энэ нь ахмадуудад тэгш бус хуваарилалт болж байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байгаа…

-Тэтгэврийн зээл тэглэх хуулийн үзэл баримтлал буруу, үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан. Гэвч УИХ олонхоороо хүч түрэн, муйхарлаж баталлаа. Анхнаасаа маш буруу концепцтэй хууль орж ирсэн. Бидний зүгээс зээл аваагүй ахмадуудыг хохироож, ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шаардлага тавихад нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж хуурах маягаар бидний саналыг хагас дутуу тусгасан. Үүнд сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн гадна зээлгүй иргэдийг 100 хувь үлдээж байна. Нөгөөтэйгүүр өндөр тэтгэврийн зээлтэй бүх ахмадын зээлийг тэглэнэ гэж байгаа юм. Судалгаанаас харахад 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн тэтгэвэртэй 30 сая төгрөгөөс дээш зээл авсан авсан ахмадууд байна. Эдгээр ахмад цөөхүүлээ боловч их хэмжээний зээлтэй. Цаана нь дундаж тэтгэвэртэй ахмадууд олуулаа боловч бага хэмжээний зээлтэй байна. Ийм тэгш бус хууль батлагдлаа. Үүнийг Шинэнам эсэргүүцэж, бүх ахмадуудад тэтгэврийн зээлийг тэглэх мөнгийг жигд олгох ёстой гэх шаардлага тавьж байгаа юм. Үүний цаана зээл авах чадваргүй, зээлийн баталгаа шаардлага хангаагүй, зээл авчих юм бол амьдрах боломжгүй болж байгаа ахмадууд ихэнх нь байна. Тэр хүмүүсийг тэтгэвэрийн зээл чөлөөлөхийн тулд ард нь үлдээж болохгүй гэх байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, ахмадууд зээл авна гэдэг зах зээлийн харилцаанд орж байгаагаас гадна хууль ёсны орлогоо тодорхой хэмжээнд зарцуулж байгаа зүйл. Энэ бүх ахмадын тэтгэврийн асуудлыг төрөөс нэг удаа шийдэн, цаашдаа зөв зохистой харьцаа бий болгох санааг эсрэгээр нь ахмадуудыг ялгаварлан гадуурхсан зүйл болгочихож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо одоо 30 гаруй мянгад хүрсэн байна. Бид энэ долоо хоногийг дуустал ахмадуудаас саналыг нь авна. Ингээд эдгээр саналын дагуу хууль өргөн барих юм.

Одоо нэгэнт зургаан сая төгрөгөөр зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх шийдвэр гаргаж байгаа юм бол нийт ахмадын тэгш эрхийг хангаж, гурван сая төгрөгийг бэлнээр, гурван саяыг үнэт цаас хэлбэрээр олгох хуулийн өөрчлөлтийг ШИНЭ намаас санаачилна. Зээл тэглэх нэрээр Монгол Улсын тэтгэврийн насны бүх ахмадыг өөрийнхөө хууль ёсны орлогыг барьцаалж, банктай зээлийн харилцаанд орох эрхийг хааж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн явдал. Мөн л ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлийн харилцааг нь хязгаарлаж байгаа юм. Мэдээж тэтгэврийн зээлийг тэглэх нь тодорхой тооны ахмадуудын асуудал шийдэгдэж байгаа учраас сайн хэрэг. Гэхдээ зээлгүй 230 мянган ахмадад үнэт цаас гэх зүйлийг олгох хууль гарсан. Энэ бол байж болохгүй. Тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт ахмадуудыг 100 хувь хамруулж үзэх юм бол адил тэгш гурван сая төгрөг ногдож байгаа. Тэгэхээр гурван сая төгрөгийг нь нөхөж олгох ёстой. Зээл авсан ахмадуудын 60-70 хувь нь гурван сая төгрөгийн хэмжээнд хүрч чадахгүй байна. Энэ ахмадууддаа адил тэгш эрхтэйгээр, шударга ёсыг хангуулах хуулийн төслийн талаар санал асууж байгаа гэж ойлгож болно.

-Тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь халамжийн бодлогыг улам хавтгайруулж байгаа хэрэг биш үү?

-Үүн дээр хоёр ойлголт байна. Нэг талаас бэлэн мөнгө тараадаг, халамжийн бодлогыг өөгшүүлдэг буруу жишиг арав гаруй жил явж ирсэн. Үүнийг бид санаачлаагүй. Нэгэнт ийм хууль орж ирж, Салхитын орд дээр 900 тэрбум төгрөгийг төр гаргаж болж байна гэж байгаа бол тэгш бусаар хуваарилж болохгүй.

Ахмадуудад жигд тараах ёстой. Өнөөдөр хэн хожиж байна гэхээр амьдралын бололцоотой өндөр тэтгэвэртэй ахмадууд хожиж байна. Түүнээс доош тэтгэвэртэй нийт ахмадуудын 70, 80 хувь нь хохирч байгаа юм. Огт зээлгүй ахмадуудын хувьд үнэт цаас гэх зүйл авахаар болж байна. Энэ нь хэзээ ямар ханшаар мөнгөжих нь тодорхойгүй. Нөгөө талаас үнэхээр баялгийг тэгш шударга хуваарилна гэж байгаа бол иргэн бүрт хуваарилах ёстой. Гэхдээ эхлээд насаараа улс орны төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн ахмадуудад хүртээж эхлэх нь бодлогын хувьд зөв. Хамгийн гол нь төр ахмадууддаа бодитой баялгийн тэгш шударга хуваарилалтыг олгох ёстой. Өнөөдөр гурван сая төгрөгийн зээл авсан ахмадууд энэ хуулиар болчихож байгаа юм. Гурван сая төгрөгөөс доош төгрөгийн зээл авсан ахмадуудад гурван сая төгрөгийг нөхөж олгох хэрэгтэй. Зургаан сая төгрөгөөс доош зээл авсан ахмад 90 хувь нь байгаа юм. Зээл нь бага байгаа ахмадуудад зөрүүнд нь мөнгө өгөх ёстой. Зээл тэглүүлсэн ахмадуудын 50 хувь нь гурван сая хүртэлх зээл тэглүүлэхээр байна. Түүнд тохирох нөхөн төлбөрийг нь олгоод гадна талд үлдсэн ахмадуудад олгох нэг сая төгрөгийн үнэт цаасыг гурван сая болгох ёстой. Тэтгэврийн энэ шударга бус асуудлыг засах хэрэгтэй.

-ОУВС манай улсыг хууль зөрчсөн гэж мэдээлсэн байсан…

-Мэдээж ОУВС-тай хийсэн гэрээнийхээ заалтыг зөрчиж байгаа.

Хэрвээ ахмад бүртээ бий болгож байгаа баялгаасаа гурван сая хүртэлх хэмжээний нөхөн олговор олгож байна гэвэл гэрээгээ зөрчихгүй. Зээл тэглэнэ гэхээр зээлийг нь хүний өмнөөс төлөөд зээл авах эрхээр хязгаарлаж байгаа нь буруу арга хэмжээ болчихоод байгаа юм.

-Ирэх сарын 1-нээс өмнө мандат, тойргоо тогтоох ёстой. Хөдөө орон нутгийн мандатыг нэмж нийслэлийн тойргийг багасгаж байгаа гэж байна. Манайх газар нутгаар нь мандат тойргийг тогтоох ёстой юу. Эсвэл хүн амын тоогоор нь тогтоох нь зүйтэй юм уу?

-Бид шударга ёс л ярьж байгаа. Сонгуулийн тойрог гэдэг Монгол Улсын иргэнийг хот хөдөөгөөр нь ялгаж болохгүй. Ер нь хүн амын тоог харгалзаж мандат тойргийн тоог тогтоох ёстой. Энэ бол тооны багшийн хийдэг ажил. Тэрнээс улстөрчид дэвших газартаа тойргоо нэмж мандат өгье гэж болохгүй.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хэт ягаан туяагаар пирамидуудыг “нэгжиж” байна

Египет бол чухамдаа уран зөгнөлт кино, үлгэр домогт гардагчлан дэлхийн соёлын нууц, үүх түүхийг хадгалсан агуу орон билээ. Египетийн алтан шаргал хөрсөн доор агуу пирамидууд дотор ямар гайхамшигт эрдэнэ, түүхийн дахин давтагдашгүй олдворууд нуугдаж байгаа нь одоо хүртэл оньсого хэвээр. Тэнд Гизагийн пирамидууд, их Сфинксийн хөшөө, Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон гайхамшигт дурсгал бий. Эдгээрийн нууцыг тайлахын тулд олон улсын эрдэмтдийн хамтарсан баг “Scan pyra­mids” буюу “Пирамидуудыг скайнердах” нэртэй төслийг өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү судалгааны ажлаар дамжуулан техник технологийн гайхамшгийг харуулах гэнэ. Учир нь судалгааны ажид хэт ягаан туяагаар аливаа биетийн дулаан болон хэлбэр дүрсийг мэдэрч тодорхойлох боломжтой лазерын скайнер, сансрын туяаны шинжилгээний аппарат бүхий нисдэг төхөөрөмж, 3D дүрслэл бүхий компьютер зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашиглан хэмжилт судалгаа хийж буй юм. Ингэснээр пирамидууд болон эртний бунхнуудыг бүрэн судалж дотор нь юу нуугдаж байгаа, ямар технологиор барьсан зэргийг тодруулах юм байна. Судалгааны ажлыг Америк, Египет, Япон, Франц, Канадын эрдэмтэд АНУ-ын “HIP” институт, Каирийн их сургуулийн инженер, технологийн сургууль зэрэг газруудад түшиглэн явуулж байна. Түүнчлэн Японы Нагояа их сургууль, NHK телевиз зэрэг газрууд хамтран ажиллаж байгаа юм. “Пирамидуудыг скайнердах” судалгааны ажилд физикийн салбарын 800 гаруй эрдэмтэн хамрагджээ.

Нисдэг камер бүхий хэт ягаан туяаны лазерын скайнераар өмнө нь япончууд идэвхтэй галт уул, Фукушимагийн атомын цахилгаан станцын реактор зэргийг судалж байсан юм.

Судлаачдын баг Египетийн их пирамидуудаас ажлаа эхэлжээ. Тодруулбал, Гизагийн агуу пирамид буюу Хуфугийн (Хеопсын ч гэдэг) пирамид болон умардын Дахшур хотод байрлах Улаан пирамидуудыг судалж эхэлсэн байна. Хуфугийн пирамид нь Египет улсын нийслэл Каир хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор сац суваргуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд дэлхийн эртний долоон гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм.

Судалгааны ажил эхэлснээс хойш эрдэмтэд хэд хэдэн сонирхолтой баримт, өмнө нь тайлагдаж байгаагүй зүйлсийг нээгээд байна.

ФАРАОН АЛГА БОЛСОН УУ?

Судалгааны ажлын явцад Дахшурын пирамидад байрлах Снофру хааны сац суварга хоосон байгааг илрүүлжээ. Энэ мэдээлэл гадны цахим хэрэгслүүдээр шуугиулж байна. Харин зарим шинжээч энэ мэдээллийг баттай биш гэж мэдэгджээ. Эртний Египетийн IV хаан болох Снофру хааны сац суварга нь нийслэл Каир хотоос 26 км зайд Дахшурт байрладаг юм. Уг пирамид дотор хааны бунхан байхгүй байгаа нь гайхширлыг төрүүлээд байгаа бөгөөд эрдэмтэд түүнд зориулсан бунхан биш ч байж болно гэж байна. Снофру хаан амьд ахуйдаа хоёр бунхан бариулж байсны нэг нь Дахшур дахь анхны эгц суварга юм. Түүний дараа Дахшур дахь анхны төгс хэлбэрт, уламжлалт суваргыг бариулсан нь хожим Улаан суварга буюу “Улаан пирамид” хэмээн алдаршсан билээ.

ХУФУД ӨӨР НЭГ ТАНХИМ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Египетийн хамгийн том Хуфугийн пирамидыг дотроо үндсэн гурван тасалгаатай гэж эрдэмтэд үздэг. Газар доорх өрөө, Фараоны өрөө, хатны өрөө гэсэн үндсэн гурван өрөө, агааржуулах хонгилууд болон хааны өрөөнд хүргэх их хонгилыг нээгээд байсан. Эдгээр нь пирамидын босоо тэнхлэгийн дагуу байрладаг аж. Гэсэн ч өөр нууц өрөө тасалгаа, ховор нандин үнэт зүйл байгаа эсэх асуудлаар судлаачид өнөөг хүртэл маргалдсаар ирсэн юм. Хуфугийн пирамид нь 144,6 метр өндөр, суурийн тал бүр нь 231 метр урт, ойролцоогоор 53000 кв.км талбайг эзэлдэг байжээ. Харин өдгөө элэгдэж, мохсоор 138,8 метр өндөр, тал бүр нь 230,4 метр болсон байна.

Тэгвэл “Пирамидыг скайнердах” төслийн багийнхан хэт ягаан туяагаар дулааны зураг авагч технологийг ашиглан судалгаа хийх явцдаа зүүн талын гадаргуугийн гурван хавтан чулуу шөнийн цагт бусад чулуунаас илүү дулаан ялгаруулж байгааг олж илрүүлсэн байна.

Дулаан хэмжигчээр үзэхэд бүх хавтан чулууны дулааны хэмжээ харьцангуй бага, зурагт ногоон, цэнхэр өнгөөр харагдсан байна. Харин зүүн талын гадаргууны гурван чулууны дулааны хэмжээ харьцангуй өндөр бөгөөд улаан өнгөөр харагджээ. Пирамидыг скайнердах төсөл хариуцсан мэргэжилтэн Ханни энэ тухай хэлэхдээ “Пирамидын гадаргууны ихэнх газрын дулааны хэмжээ тийм их зөрүүтэй байдаггүй. Харин зүүн хананд буй зэргэлдээ гурван хавтан чулуу шөнийн цагт бусад хэсгээс зургаа хүртэл градусаар илүү дулаан байна” гэжээ.

Чухам ямар шалтгаанаар тэр гурван хавтан бусдаас илүү дулаан байгаа тухай мэргэжилтнүүд тодорхой хариулт өгч чадаагүй байна. Дулааны хэмжээ жигд бус байгаа нь олон зүйлийн учир шалтгаантай байж болно. Мэдээжээр үүнийг дараагийн шатны судалгаагаар тодруулах шаардлагатай аж. Энэ тухай танилцуулсан хэвлэлийн бага хуралд Францын судлаач, тус төслийн мэргэжилтэн Клауд “Дулааны хэмжээ жигд бус байгаа нь ханын дотор талд агаарын урсгал хэвийн бус, эсвэл тэр гурван чулууны бүтэц онцгой, дулаан хадгалах шинж чанар өөр байх. Бусад олон хүчин зүйл ч нөлөөлж болох юм. Магадгүй чулууны ар талд нууц өрөө байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цаашид нарийн тодруулах шаардлагатай” гэсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мягмар: Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн ялын ийм өндөр хэмжээ олон улсад байхгүй

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн ажиллагсад санаатай болон санамсаргүйгээр хүний амь нас, эрүүл мэндийг хохироовол 2-8 жил хүртэлх хугацаанд хорино гэсэн заалт оруулж өгсөн. Энэхүү заалтыг эсэргүүцэн энэ долоо хоногийн эхээр эмч нар мэдэгдэл гаргаад байсан юм. Уг асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн ажиллагсадтай холбоотой ямар шинэ зүйл заалт оруулж өгсөн юм бэ?

-Шинээр зүйл анги нэмэгдэж орж ирээгүй. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйл буюу өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх гэсэн гэмт хэргийг шинэ хуулийн 15.1-д оруулсан. Хүнд хохирол учруулсан буюу өвчтөн нас барсан бол эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулийн заалтаас хүндрүүлж, тухайлбал гурван жил хүртэл хорих ялтай байсныг 2-8 жил хорих ял болгож нэмэгдүүлсэн. Шинээр орж ирсэн ялын төрөл нь 20-80 сая төгрөгөөр торгохоор оруулсан.Өмнөх хуульд торгох ял байгаагүй. Торгуулийн ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал байвал шүүх шууд хорих ял оногдуулна. Энэ хорих ял нь тэнсэх боломжгүй. Учир нь найман жил хүртэл хорих ял оногдуулахаар заагдсан гэмт хэрэг тэнсэх заалтыг хэрэглэхгүй, харин ялыг хөнгөрүүлж болох боловч хэмжээ нь 1-4 жилийн хорих ялыг заавал оногдуулахаар байгаа. Одоогийн хуулийнхтай адилхан гурван жил хугацаагаар эмчлэх, сувилах, эм барих эрхийг заавал хасна гэсэн нь хэвээр байгаа.

-Эрүүгийн хуулиар гэм буруутай нь тогтоогдвол ийм ял онооно гэсэн үг үү?

-Хууль эрх зүй бол нийгэм, салбарын бүхий л харилцааг зохицуулж байгаа чухал зүйл. Хуулийн төслийг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа практик амьдрал, бодит хэрэгцээнээс сэдэвлэн түүнийг зохицуулахаар бий болдог гэж ойлгож байна. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандлага айдас, түгшүүр, хардлага, үл итгэх байдалд орох биш хэрэгжүүлэх ёстой гэдгээ ухамсарлах сэдлийг төрүүлдэг байх ёстой байх. Мөн манай төрийн түшээд дийлэнхдээ гадаадын сайн туршлага, хөгжилд хүрсэн арга гээд л хуулдаг. Энэ удаа дээрх нөхцөлүүдийн аль нь ч Эрүүгийн хуулийн шинэчлэлд алга гэж харж байна. Яагаад заавал бусдын эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгтэнтэй адил хэмжээний ялыг эмч эмнэлгийн мэргэжилтэнд үүрүүлэхээр хуульчлах хэрэгтэй юм бэ. Эмч хүн хэзээ ч хэнийг ч санаатай хохироодоггүй. Хүний амь нас, эрүүл мэндийг санаатай хохироосон гэмт хэрэгтэнтэй адилхан хэмжээнд авч үзэж байгаа хандлага нь шударга биш байна. Дарамт айдас, эргэлзээ төрүүлж буй Эрүүгийн хуулийн эдгээр заалтууд (15.1) Монгол Улсад эмч, мэргэжилтэнгүй эмнэлгийг бий болгох нь. Ер нь шинэ хуулийн үзэл баримтлал нь ихэнх хэрэг дээр хорих ялыг бууруулахад чиглэж боловсруулагдсан. Тухайлбал, хүнийг санаатай алсан хүнд оногдуулдаг хорих ял 2-5 жилээр буурсан атлаа эмчлэх, сувилах ажлаа хийж байх үедээ болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан, өвчтөн нас барсан эмчийн үйлдлийн ялыг 2-2,5 дахин нэмэгдүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна шүү дээ.

-Энэ хууль хэрэгжиж эхэлбэл эмч нарын хариуцлага нэмэгдэх юм биш үү ?

-Асуудал байгаа бол түүнийг сайжруулах, өөрчлөхийн тулд юу хийх вэ гэдгээ үүслээс нь хай гэж нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Ажил мэргэжил бүхэн өөр өөрийн онцлогоос хамаараад тодорхой хүрээнд хариуцлага хүлээдэг шүү дээ. Тэр дундаа эрдэнэт хүний амь насыг хариуцдаг учраас эрүүл мэндийн салбарыг хариуцлагатай байхыг шаардах нь зүйн хэрэг. Тэгэхээр таны асууж байгаа эрүүл мэндийн салбарынхныг эмч, мэргэжилтнийг хариуцлагажуулахын тулд яллах гэж санаархах биш, төр үүргээ биелүүлэх хэрэгтэй. Жишээ нь, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Аливаа улс орон эрүүл мэндийн үйлчилгээ, үйл ажиллагаандаа ДНБ-ний зургаан хувийг зарцуулж байвал төр нь үүргээ биелүүлж ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарч энэ салбарын ажил үйлчилгээ хэвийн явах боломжтой” гэж үздэг. Гэтэл манай улс ДНБ-ний эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардал 2,8 хувьтай тэнцэж байна. Жил бүр эмнэлгүүд өөрсдөө төсвийн төслөө хийж дээш нь өгдөг. Харин Сангийн яамнаас тэдний хийсэн төсвийг тодруулбал, эмийн зардлыг нь танаад батлуулчихдаг. Энэ нь амьдрал дээр эм, тариагүй эмнэлгийг бий болгож байна. Тэгэхээр чанартай үйлчилгээ буюу өнөөдрийн байгаа хэмжээнд эмнэлгүүдийг Монголын төр биш эмч ажилтнууд хичээл зүтгэлээрээ авч яваа шүү. Ийм нөхцөлд хариуцлага ярья гэвэл төр үүргээ биелүүлэх нь чухал байна шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулиар төр нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр иргэнээ хангах үүрэгтэй. Телевизээр эмнэлгийн хонгилд шалан дээр хүүхдээ тэвэрсэн эх, хэн нэгнийгээ асраад сууж байгаа өвчтөний дүр зургийг харсан хэн ч энэ эмчийн буруу, эмчээс болоод монгол хүн эрүүл мэндийн шаардлага хангасан орчинд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэж хэлэхгүй дээ. Шаардлага хангасан орчин нөхцөлд тогтоосон нормт ажлаа хийж зохистой үнэлүүлье гэж шаардах эрх нь эмч, эмнэлгийн ажилтнуудад байгаа шүү. Эмч нар ашиглалтын хугацаа аль хэдийнэ дуусчихсан багаж төхөөрөмжөөр бусдаас сэлбэг гуйгаад олон мянган өвчтөнд тусламж үзүүлээд явж байгаа. Гэхдээ тэр болгонд хариу нэхээд явдаггүй. Ийм л хүмүүсийн зүтгэлээр энэ салбарын ажил явж байна. Гэсэн ч хариуцлагатай ажиллах ёстой гэсэн шаардлагыг эмч эмнэлгийн ажилтнууд эсэргүүцээгүй. Төр үүргээ биелүүлж, иргэддээ эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлчих хэрэгтэй шүү дээ. Одоо ч эрүүл мэндийн салбар сайдгүй, эрүүл мэндийн даатгалын бодлого, менежментгүй ажиллаж байна. Дээрх хуулийн өөрчлөлтөөр эмч эмнэлгийн мэргэжилтнийг хүний эрүүл мэнд амь насыг хохироосон гэж үзэж 20-80 сая төгрөгөөр торгоно гэвэл ийм төлбөрийг орон байртай нь байраараа барагдуулах нь. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд ажиллаж амьдарч байгаа монгол хүн ийм хэмжээний төлбөрийг барагдуулж чадахгүй. Хамгийн хатуу хуультай Хятад улс ч энэ төрлийн үйлдэлд ердөө гурван жилийн ял оноодог юм байна. Орос улс дөрвөн жилийн ял оноодог юм байна. Бусдаас хуулдаг манай улстөрчид хаанаас ийм санаа, санаачилгыг олж авсан юм бол. Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн ялын ийм өндөр хэмжээ олон улсад байхгүй. Энэ хууль хэрэгжвэл эмчийн ажлаа орхино гэдгээ туршлагатай, он удаан жил ажилласан эмч нараас авахуулаад, энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд ч байр сууриа илэрхийлж түр хороонд тасралтгүй хандаж байна.

-Эмч нарын ажлын үнэлэмж хэр байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 350.0-660.0 төгрөгийн үндсэн цалинтай. Харин өндөр хөгжилтэй улс оронд тухайлбал АНУ, Канадын эмч нарын цалин хамгийн бага нь 90-130 мянган ам.доллар, Солонгос эмч нар 10 сая вон, ОХУ-ын эмч нар 50-60 мянган рубль, Хятадын эмч нар хамгийн багадаа 10 мянган юань түүнээс дээш хэмжээний цалин авдаг. Ихэнх улс орны эмч, мэргэжилтнүүдэд үндсэн цалингаас гадна хийж байгаа тусламж, үйлчилгээ, мэс заслын тохиолдлын тоогоор урамшууллын тогтолцоотой байдаг. Мөн тэдний ажлын ачаалал бага төдийгүй эмчийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмчийг стандартын дагуу ажлаа хийхээс аргагүй сүлжээний программчлалтай байдаг зэрэг нь ажиллах нөхцөлийг дээд зэргээр хангаж, байнга сайжирч байдаг.

Гэтэл манайд ажлын ачаалал ихтэй гэмтэл, мэс засал, эх барих зэрэг хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Эмч, сувилагч нар гэхэд бараг өдөр бүр 2,5-4 цагаар илүү ажилладаг гэсэн судалгаа ч гарсан. Гэсэн хэдий ч урамшуулал нэмэгдлийг төсөв хүрэхгүй нэрээр өгдөггүй, зөвхөн ээлжинд хонож ажиллах хуваарьтай хүмүүстээ л нэмэгдлээ хагас дутуу өгдөг жишээтэй. Гэсэн хэдий ч эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийн сонгосон мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс. Иймээс бид энэ удаагийн Эрүүгийн хуулийн шинэчлэлээр орсон эмч эмнэлгийн мэргэжилтнийг санаатай бусдыг хохироосон гэж үзэж өндөр ял оноохоор хуульчилсныг цаг үеэ олоогүй буруу шийдвэр гэж үзэж эсэргүүцэж байна.

-УИХ, Засгийн газар болон зарим сайдад шаардлага хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 12-нд эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоод, төлөөлөл хуралдаж есөн хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулсан. Эрүүгийн хуулийг шударга ёсонд нийцүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ-ы дарга, гишүүд, Засгийн газар, Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороод, Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарт хүргүүлсэн. Бид шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан жагсаал, цуглааныг орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

М.Наранмандах: Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог

-ЭЭЖ, ОХИН ХОЁРЫГ ДЭМЖСЭН ТАНАЙ СОНИНЫ ХАМТ ОЛОН, УНШИГЧДАД МАШ ИХ БАЯРЛАЛАА-

Тархины саажилт гэсэн оноштой ой таван сартай О.Сувд охины ээж М.Наранмандахын “Миний бяцхан охин хөл дээрээ зогсоно” нэртэй ярилцлага сурвалжлагыг манай сонин өмнө нь уншигчдадаа хүргэж байсан билээ. Охиноо эмчлүүлэхийн төлөө энэ гэр бүл хэрхэн зүтгэж байгаа болон эмчилгээний зардлаа олох гэж шөнө хугаслан босч шүрээр машины дугаар хэлхдэг ээжийн яриа олон хүнд нэгийг бодогдуулаа биз ээ.

Манай сурвалжлагын дараа сайхан сэтгэлт олон хүн охинд туслахаар ханджээ. Ирэх даваа гариг буюу энэ сарын 25нд “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолт болно. Бид охины ээж М.Наранмандахтай эргэн ярилцлаа.

-“Зүрхний бяцхан сувд” тоглолт 25-нд болох гэж байгаа. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил сайн байна. Энэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн “Латиф” төвийн тэргүүн Л.Байзадад баярласнаа илэрхийлье. Ээж, охин хоёрын мөрөөдөл бодит болоход маш их тусыг үзүүлж байгаа хүн бол дуучин Л.Байзада юм. Охины минь төлөө өдөр шөнөгүй, нойроо хугаслаад, өөрийн ажлыг хойш тавин бид хоёрт чин сэтгэлээсээ тусалж байгаад маш их баярлалаа. Өмнө нь тоглолтын сурталчилгааны ажилд л явж байснаас, гардаж зохион байгуулж байгаагүй. Одоогоос нэг сарын өмнө энэ ажлыг эхлүүлж байсан. Өөрөө тоглолт хийх гэж байгаа мэт сэтгэл их хөдөлж байна. Миний хувьдаа борлуулах билетийн тоо 2000. Одоогоор 800 гаруй билет үлдсэн. Танай сонины өмнөх сурвалжлагын дараа шүрээр дугаар хийлгэх хүмүүсийн тоо их нэмэгдсэн. “Өдрийн сонин” ажил хэрэгч хүмүүсийн ажлаа эхлэхэд хамгийн түрүүнд нүүр тулдаг мэдээллийн хэрэгсэл гэдэг нь батлагдлаа. Яагаад гэхээр танайд сурвалжлага гарсны маргааш өглөө 08:00 цаг өнгөрөөгөөд л хүмүүс над руу холбогдож эхэлсэн. Зөвхөн тэр өдөр л гэхэд би сайхан сэтгэлтэй хүмүүсээсээ хагас сая төгрөгийн хандив авсан. Мөн 50 гаруй хүнээс шүрээр хэлхэх утасны дугаарын захиалга хүлээж авсан. Ээж охин хоёрыг дэмжсэн танай сонины хамт олон, уншигчдад маш их баярлалаа.

-Хүүхдийн цагаан буян түшээд О.Сувд охины хандивын тоглолтын зар мэдээлэл мөн их цацагдаж байсан шүү дээ. Тусалж дэмжсэн хүмүүс хэр их байна?

-Тасалбараа зарахад их олон хүний тус дэм орсон. Нэр дурдвал “Peace mall” худалдааны төвийн 207 дугаар лангууны эзэн Лхамжав эгч байна. Надад нэг лангуу гарган өгч үнэ төлбөргүй намайг суулгахаар болсон. Тус лангуун дээр суугаад 21 хонох гэж байна. Энэ нь миний ажлыг маш их хөнгөвчилж, цаг завыг минь хэмнэж байгаа. Шөнөдөө захиалгаа хийгээд өдөртөө түгээдэг байсан бол түгээлтийн хугацаа богиносож захиалгаа хийх, мөнгө хуримтлуулах боломж маань илүү нээгдэж өгсөн. Тасалбараа борлуулахад ч их дөхөм болсон. Лхамжав эгч бид хоёр фэйсбүүкээр танилцаж нэгнийгээ мэддэг болсон. Мөн тоглолтын тасалбар, утасны дугаар захиалж авсан, шүр хэлхэхэд минь тусалдаг маш олон хүн байгаа. Энэ олон хүний сэтгэлийн хүчээр охин маань удахгүй эдгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

-Одоогийн байдлаар хандивын мөнгө хэр их цуглараад байна. 25 сая төгрөг хэрэгтэй гэж байсан?

-Хандив өнгөрсөн хугацаанаас сая гаруй төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Хотгойд Батхуягийн Батдэлгэр” гэдэг цахим хуудастай залуу надад хандаж 100 ширхэг шүрэн дугаарын захиалга өгсөн. “Өнөөдөр би ийм сайхан юмтай боллоо. Энэ хүнд би 100 захиалга олж өгье. Намайг дагагч найз нөхөд энэ хүнд захиалга өгөөрэй” гэж бичсэнээс хойш захиалга маш их нэмэгдсэн. Энэ хугацаанд нийт 150 захиалгын ард гарлаа. Энэ хэмжээгээр бид хоёрын хуримтлал өссөн. Гэхдээ тоглолтын зардалд бас их мөнгө орж байгаа. Урсгал зардлаа гаргасны дараа билет борлуулалтаас бид хоёрын цэвэр мөнгөн хуримтлал бий болох юм.

-Ерөнхийдөө санхүүжилт нь бүрдэж гүйцэж байна уу?

-Гүйцэх болоогүй байгаа. Тасалбараа борлуулж чадвал бид хоёрт боломж байгаа.

-Германд шинжилгээ өгөх эмнэлэг рүүгээ ярьсан уу, эмнэлгээ сонгосон уу?

– Хоёр, гурван эмнэлэг рүү материал явуулсан. Үүнээс хоёр эмнэлгээс сонголт хийх үлдээд байгаа. Их нааштай хүлээж авсан. Одоо аль хот руу очвол илүү дөхөмтэй байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Надад туслах хүмүүс очих хамгийн боломжтой эмнэлгийг л сонгоно доо.

-Энэ хугацаанд О.Сувд охины маань бие ямархуу байна. Өсч том болж байна уу?

-Охин маань маш сайн байлгүй яахав. Одоо хэвтэж байгаад хоёр тийшээ эргэж хардаг болсон. Байнга охинтойгоо харилцан ярилцаж байсны үр дүнд үеийнхэн шигээ шулганан ярьж байгаа. Тоглолтын ажил, шүрээ хэлхэнэ гээд ээжийнхээ халамжаар саяын хэд хоног дутагдсан байх. Охин маань жаахан ханиад хүрээд өнгөрсөн долоо хоногт аавтайгаа эмнэлэгт хэвтээд гараад ирсэн. Миний охин их хүчтэй байгаа. Одоо цэцэрлэгтээ явж байна.

-Гэр бүлээрээ л эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа байх?

-Бүгдээрээ л хичээж байгаа. Бас манай ханийн хамт олон их сайхан хүлээн авч, олон талаас дэмжиж тусалж байна. Зөвхөн мөнгө бус сэтгэл санаагаар, ажлын ачааллыг нь бууруулах зэргээр олон талаас нь дэмждэг. Олон хүний ачаар охин бид хоёр өнөөдрийг хүртэл зорилгодоо хүрэхээр тэмүүлж чадаж байна.

-Таны энэ шантаршгүй хичээл зүтгэл О.Сувд охинтой адил өвчнөөр шаналж буй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд бас их урам, сэтгэлийн дэм болж байх шиг байна?

-Найдвар төрүүлж байгаа. Хэд хэдэн хүн пост бичсэн байсан. “Наранмандах эгчийг хараад үнэхээр бид нар буруу бодож байсан юм байна гэдгийг мэдлээ. Одоо л хөдлөхгүй бол оройтох юм байна. Өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгоод хөдөлж эхлэх хэрэгтэй юм байна” гэсэн олон постыг уншсан. Би үүнд өөрөө ч маш их урамшиж байгаа. Яагаад гэвэл өвчтэй хүүхэдтэй ээж бүхнээс хүүхдээ эрүүл саруул болгохсон гэсэн бодол хормын төдий ч холддоггүй. Маш олон арга замыг өөр өөрсдийн сувгаар хайж ирэлхийлдэг. Гэтэл мухардах зөндөө тохиолдол байгаа. Наад зах нь ойрхон дөрөв, таван цаг хүүхдээ орхиод явах гэтэл хараад өгөх хүн байхгүй эцэг эхчүүд ч бий. Тэдгээр мухардалд орсон ээж, аавууд хонгилын үзүүр дэх гэрлийг олж харсан байх гэж бодож байна. “Та бидэнд зам, чиг зааж байна. Та өөрийнхөө туршлагаас хуваалцаарай” гэсэн хүмүүс их байдаг. Би “Бид зовлон нэгтэй шигээ зорилго нэгтэй улс. Тийм учраас надад олдож байгаа боломж ч та бүхэнд олдоно” гэдэг. Охин бид хоёр Улаанбаатар хотоос үнэхээр хөдөлж чадвал хөдөлсөн алхам бүрээ, алдсан алдаа, мэдсэн сонссон, дуулсан үзсэн заалгасан бүхнээ бичиж тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд, тусламж зөвлөгөөг фэйсбүүк хуудсаараа дамжуулан өгнө гэж бодож байгаа. Би өөрийнхөө охинд тусласнаараа, охиноороо дамжуулан адил өвчинтэй мянга мянган хүүхдэд дуслын төдий ч болтугай тус нэмэр болохыг хүсч байна. Энэ талаар одоо ч үргэлжлүүлэн судалж чамгүй мэдээлэлтэй болж байгаа. Зовлон хүнийг хатуужуулж, ухаажуулж, зоригжуулдаг. Хэцүү гээд суугаад байвал бүх зүйл хэцүү. Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог. Тэр нэг арга маань охиноо оношилгоонд авч явах. Ингэснээр тархиных нь аль хэсэг гэмтсэн юм, тэрхүү гэмтэл нь цаашид хэрхэн нөлөөлөх юм, цаашдаа бид юу хийж чадах, чадахгүй вэ гэдэг нь энэ нарийн оношилгоогоор тодрох юм. Хоёрдугаарт, миний охинд дараа нь үүсч болох хүндрэлүүд нь юу байж болох вэ, харааны бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй, хэлний бэрхшээлтэй болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Хоёр дахь хүндрэлүүд үүсэх үү гэдгийг бас мэднэ. Үүний дараагаар ахисан шатны эмчилгээ хийнэ. Бид ямар эмчилгээ хийгдэх эсэхийг мөн мэдэхгүй байна. Охиндоо тусалж дэмжихийн төлөө манай гэр бүлийнхэн нойроо хугаслан хамтдаа тэмцэж байгаа. Гэр бүл гэдэг хамтын хүч гэдгийг би өөрийн биеэр хүүхдүүддээ үлгэрлэж байгаа. Миний дотнын найзууд Ундармаа, Тайван, Саруул нар маань хичээл зүтгэл гаргаад ажлын цаг заваараа бүгдээрээ шүр хэлхэж байгаа. Бүх л юман дээр тусалж байна. Олонтой хүн гэдэг оломгүй далай байдаг юм байна.

-Таныг мөн бусад өвчтэй хүүхдүүдэд, тэдний эцэг эхчүүдэд хандиваар цугларсан, шүр оёж олсон мөнгөнөөсөө хандивладаг гэж сонссон?

-Одоо ч гэсэн хандиваа үргэлжлүүлж байгаа. Өдөр болгон л фэйсбүүк, цахим хуудсанд нэг өвчтэй хүүхдийн мэдээлэл явж байгаа нь эмгэнэлтэй байна. Нэгэнт хүмүүс надад сайхан сэтгэлээр хандаж байхад би ч бас хүмүүст тус нэмэр болох юмсан гэж боддог. Бага гэж голохгүй өөрийнхөө олсон мөнгөнөөс бусдад хандивлаж байгаа.

-Өмнө нь тархины саажилтыг бусад хүмүүс нэг их хайхарч хардаггүй байсан. О.Сувд охинд туслах энэхүү хандивын аян нь нөгөө талаар хүмүүсийг энэ сэдэв рүү бага ч болов татаж байх шиг?

-Миний бас нэг зорилго энэ өвчинтэй холбоотой хуучин ойлголтыг эвдэх. Нийгмийн өөрчлөлт хөгжлийн хувьд нь ч аваад үзсэн энэ саажилт гэдэг өвчний ойлголтыг өөрчлөх ёстой. Энд хувь нэмрээ оруулж чадвал их баяртай байх болно. Энэ зөвхөн өвчинтэй хүүхдүүдийн ээж, аавуудын асуудал биш. Хүмүүс тархины саажилтыг эдгэдэггүй гэж боддог, ярьдаг. Энэ бол эдгэдэг өвчин. Зөв оношилж, эрт арга хэмжээ авч чадвал 90 хувь хүртэл эдгэдэг өвчин байтал хувь заяанд нь хүүхдүүдээ даатгаад орхино гэдэг бол энэрэнгүй нийгэмд хамгийн их харгислал юм. Нийгмийг ийшээ бага ч гэсэн хандуулж чадаж байвал их баяртай байх болно.

-Саажилт нэг удаа хагалгаа эмчилгээ хийлгээд эдгэчихдэг өвчин биш. Маш удаан хугацааны эмчилгээ, сувилал, зардал мөнгө хэрэгтэй гэдгийг өмнө нь бас дурдаж байсан?

-Өнөөгийн манай улсад хийж байгаа саажилтын эмчилгээ яг тийм байгаа.Саажилтын эмч нар үзээд энэ хүүхдийн ээж ажил хийх эрхгүй, бүх юмаа орхиод хүүхдийнхээ төлөө нуруугаа бөгтийтэл зүтгээд байгаарай гэдэг. Өнөөгийн нийгэмд өвчтэй хүүхэдтэй хүн амьдрахад хэцүү. Санхүүгийн бэрхшээлтэй байгаа энэ үед бүх юм, ажлаа хаяад хүүхдийнхээ төлөө зүтгэ гэдэг бодит зөвлөмж мөн үү, үгүй юу. Хоёрдугаарт, тэгээд бодит үр дүнд хүрч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс би оношилгоог нэн даруй хийлгэхээр зорьж байгаа юм.

-Тоглолтод ямар хамтлаг дуучид оролцох билээ?

-Тоглолтыг маань зохион байгуулж байгаа дуучин Л.Байзада, “Өргөө” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Бархас, гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, П.Хатанбаатар, П.Бямбахүү, Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв, Т.Амина, Э.Бумхүү, Б.Тунгалаг, “Му voice” тэмцээний шилдэг оролцогч дуучин С.Ихбаяр, “Гурван бүдүүн” хамтлаг, “Улаан сарнай” бүжгийн хамтлаг тэргүүтэй олон олон уран бүтээлчид оролцоно. Мөн циркийн хөтөлбөр явна гэсэн. Их үзүүштэй сайхан тоглолт хийж өгөхөөр зохион байгуулж өгч байгаад “Латиф” сангийн хамт олонд их баярлаж байна. Хүүхдийн маань тоглолтыг ирж үзэх гэж байгаа, хандив өргөсөн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Өмнөговь аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Завхан аймгийн оюутнуудын “За” клубийнхэн, СУИС-ийн хамт олон болон, Радио телевиз видео урлагийн сургуулийн бүх хамт олон болон бусад бүх хүн, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа олон арван шавь нар, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ олон хүний сэтгэлийн дэмээр бид хоёр зорилгодоо хүрэх гээд өнөөдрийг хүртэл явж байна.

“Зүрхний бяцхан сувд” тоглолт болоход гурав хоног үлджээ. Гэвч М.Наранмандах эгчид тоглолтын тасалбарын бараг тал хувь буюу 800 гаруй тасалбар үлдэж, устахад хүрээд байгаа юм. Тоглолтын тасалбараа гүйцэд борлуулж чадвал урсгал зардлаа нөхөхөөс гадна, санхүүжилтээ бүрдүүлэх боломж байгаа гэсэн. Та бүхэн бяцхан О.Сувдад тусалж тасалбар худалдан авахыг хүсвэл 95272026, 94056000 утсаар холбогдоорой.

Categories
мэдээ цаг-үе

Нүдний эрүүл ахуй

Хорвоо ертөнцийг харж танин мэддэг нандин эрхтнээ хайрлаж, гамнаагүйн улмаас эрт хараа нь муудах, сохрох, өвдөх эрсдэл их гардаг. Нүд хүний биеийн хамгийн нарийн бүтэцтэй, чухал эрхтнүүдийн нэг. Эргэн тойрон дахь эд зүйлсийг гэрэлт сацрагийн энергийн тусламжтайгаар харах чадвартай маш нарийн физиологи буюу бие судлалын хараа зүйн систем хэмээн анатомийн талаас нь тайлбарладаг. Ингээд энэ удаагийн “Эрүүл мэнд” булангаараа нүд, түүний өвчин болоод бусад асуудлаар “Болор мэлмий” АШУҮИС-ийн түшиц эмнэлгийн нүдний их эмч Ч.Мөнхцэцэгээс тодруулсан мэдээлэл зөвлөгөөг хүргэж байна.

Нүдний даралт ихсэх буюу глауком гэж юу вэ?

Нүдний даралт ихдэлт буюу глауком нь нүдний дотоод даралт нэмэгдсээр, харааны мэдрэлийг гэмтээдэг архаг өвчин юм. Дэлхийн хараагүйчүүдийн 1/3 нь энэ өвчний улмаас хараагаа алдсан байдаг аж. Голдуу 40-өөс дээш насны хүмүүст зонхилон тохиолдох ч залуус болон хүүхдүүд ч өвдөх нь цөөнгүй.

Хүний нүдэнд шинжлэх ухааны нэрээр усархаг чийг гэгддэг нэгэн төрлийн өвөрмөц шингэн байнга үүсч байдаг. Энэ усархаг чийг нь нүдний урд камер (эвэрлэг ба торлог хоёрын хооронд) болон хойд камер (торлог ба болор хоёрын хооронд) төвлөрдөг. Урд камерын буланд байдаг маш нарийн шингэн дамжуулах системийн тусламжтайгаар энэ усархаг чийг нь нүднээс гарч судсанд орж байдаг. Үүсч байгаа усархаг шингэн болон нүднээс гадагшилж байгаа усархаг шингэн хоорондын тэнцвэр нь нүдний дотоод даралтыг тодорхойлж байдаг. Нүдний дотоод даралт гэдэг нь ханан дотроос өгч байгаа даралт юм. Хэвийн үед энэ даралт нь м.у.б. 16-25 мм-тэй тэнцүү байдаг.

Хэрэв энэ дотоод даралт ихэсвэл нүдний алим нь харааныхаа мэдрэлийг дарж, гэмтээдэг. Үүний улмаас хараа муудаж эхлэх бөгөөд харааны мэдрэл нь үхэжвэл хүн сохорно. Хамгийн аюултай нь ингэж алдсан харааг дахин сэргээх боломжгүй юм.

Нүдний дотоод даралт ихсэх нь нүдний дотоод шингэн хэт их үүсэх, эсвэл гадагшлалтад нь гэмтэл гарсны улмаас үүсдэг. Сэтгэл санааны хүнд цохилт, мэдрэлийн хэт ачаалал, архи, тамхи болон бусад зүйлийн хордлого, зүрх судасны өвчин (даралт ихсэх, судас хатуурах), дотоод шүүрлийн өвчин (чихрийн шижин) зэрэг нь нүдний даралт ихдэлт буюу глаукомыг үүсгэх түлхэц болно. Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр нүдний даралт ихсэх хандлагатай байх нь цөөнгүй. Нүдний дотоод даралт ихэссэнийг дараах шинж тэмдгүүд харуулж болно, Үүнд:

-Үе үе нүд харанхуйлах

-Гэрлийн эх үүсвэр солонгорсон хүрээтэй харагдах

-Нүд эвгүй оргих, хүндрэх, мэнрэх мэдрэмж төрөх

-Нүд нойтон оргих

-Нүдээр үл мэдэг хатгуулах

-Харуй бүрийд харах чадвар муудах

-Нүдний эргэн тойрон үл мэдэг өвдөх

-Нүд үе үе улайж загатнах

Зарим хэлбэрийн глаукомын үед нүдний даралт үе үе огцом нэмэгддэг. Ингэхэд нүдээр хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараа эрс муудах шинж илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Эмч нь нүдний дотоод даралтыг хэмжээд харааг шалган, нүдний угийн үзлэг хийдэг. Мөн харааны мэдрэлийн гэмтлийг тодорхойлох шинжилгээ өгнө. Хэрэв ойр төрлийн хүмүүсээс нүдний даралт ихдэлтээр өвдсөн, 45-аас дээш настай бол жил болгон нүдний эмчид хандан бүрэн шинжилгээнд орж байх хэрэгтэй.

Эмчилгээг нүдний даралт багасгадаг дуслаар эхэлнэ. Мөн нүдний цусан хангамж, бодисын солилцоо сайжруулах эмийг өгдөг. Хэрэв эм тус болохгүй бол нүдний даралт ихдэлтийн эсрэг хагалгаа шаардлагатай. Эдгээр лазер хагалгаа, нүдний алим нээх хагалгаа зэрэг юм.

Нүд гэмтэх шалтгаанууд

Нүд нь ил байдаг эрхтэн учраас аливаад өртөж гэмтэхдээ амархан, эмзэг байдаг. Хүмүүс ихэвчлэн лазер, хурц гэрэл нүд рүүгээ тусгах, гагнуур хийх,бөмбөг шидэх, салхи шуурганд өртөх, нар руу удаан ширтэх, зодоон болон ослын үед нүдээ гэмтээдэг. Ч.Мөнхцэцэг эмч ярихдаа Монгол орны хуурай ширүүн уур амьсгал, хүмүүсийн эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддагаас үүдэлтэй нүдний өвчнүүд манай улсад голдуу үүсдэг гэдгийг хэлсэн. Тухайлбал, нүд өөхөлж мах ургах, болор цайх, нүдний даралт ихсэх гэх мэт. Манай иргэдэд хамгийн түгээмэл тохиолддог нь нүдний даралт ихсэх өвчин юм.

Өвдөг яагаад гардаг вэ?

Зовхины ард байрлах тосны булчирхайн хэсэг үрэвсэж идээлэхийг бид өвдөг гарах гэж нэрлэдэг. Өвдгийг гаднах болон доторх өвдөг гэж ангилна. Биеийн дархлаа суларсан, бохирдол орсон үед гардаг. Гэрийн нөхцөлд эмчлэхдээ үрэвслийн эхэн үед эмийн сангуудаар худалдаалагддаг этилийн спиртийг чих ухдаг зориулалтын хөвөн ашиглан өвдөгний эргэн тойронд түрхээрэй. Ингэхдээ нүдэндээ оруулахаас сэргийлж болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв идээлбэл заавал эмчид хандах шаардлагатай. Монголчууд өвдөг гарсан үед нохойны сахал зэргээр хатгадаг. Энэ нь бохирдол оруулж идээлүүлэх аюултай юм.

Хараагаа тогтоолгох, нүдний шил тааруулах

Нэгэнт нүдний хараа муудсан бол шил зүүх нь улам муудахаас урьдчилан сэргийлдэг. Гэхдээ урьдаар мэргэжлийн эмчээр, тоног төхөөрөмж сайтай газрыг сонгон хараагаа зөв тогтоолгох нь чухал. Учир нь нүд хэт ядарснаас үүдэн нүдний булчин агшсан үед хараа тодорхойлбол хараа нь сайн байсан ч сөрөг үзүүлэлт гарна. Үүнийг хуурамч миопи гэнэ. Хараагаа шалгуулах гэж байгаа бол нүд хамгийн сайн амарсан өглөөний цагаар шалгуулах нь зүйтэй юм. Нүдний шил байнга зүүснээр хараа тогтворжино гэдэг худлаа ойлголт болохыг Ч.Мөнхцэцэг эмч хэлсэн. Харин нэгэнт шил тааруулсан бол байнга хэрэглэх нь зөв аж.

Лазер эмчилгээний тухайд

Хараа тэглэх лазер эмчилгээ маш хурдан үр дүнгээ өгдөг өнөө үеийн сонгодог эмчилгээний арга юм. “Болор мэлмий” эмнэлэг нь Монголдоо анх удаа лазер эмчилгээг нэвтрүүлснээрээ онцлог. Тус эмнэлэг хоёр чиглэлээр лазер эмчилгээ хийдэг байна. 1. Нүдний даралтын 2. Хараа заслын

*Нүдний даралт ихсэх буюу глауком өвчнийг дотор нь өнцөг нь хаалттай болон өнцөг нь нээлттэй хэмээн ангилдаг. Манайд ихэвчлэн өнцөг нь хаалттай даралт ихсэх өвчин тохиодог аж. Лазер эмчилгээгээр хаалттайөнцгийг нээж өгдөг байна.

Энэ эмчилгээг нүдний даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх байдлаар болон даралт ихтэй хүнд хийж болно. Хэрэв шинжилгээгээр харааны өнцөг нь хаалттай гарвал нүдний даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж харааны өнцгийг нээж өгдөг байна.

*Хараа заслын чиглэлийн лазер эмчилгээ. Үүнийг заавал хийлгэх албагүй. Шил зүүж чаддаггүй, эсвэл гоо сайхны үүднээс сайхан харагдахыг эрмэлзэж байвал хараа заслын лазер эмчилгээ хийлгэж болно. Гэхдээ 18-40 насны хүмүүсийг голдуу лазер хагалгаанд оруулдаг аж. Учир нь хүний хараа 20-21 насанд тогтдог бөгөөд 40-өөс дээш насанд ойрын хараа муудаж эхэлдэг байна. Иймээс үзлэгээр хараа нь тогтсон эсэхийг тогтоосны дараа эмчилгээ хийдэг.

Нэг ёсондоо гоо сайхны косметик хагалгаа гэж ойлгож болно. Энэ эмчилгээг хийлгэснээр ямар ч шилгүйгээр дахин сайн харах боломжтой юм. Энэ төрлийн эмчилгээ нь хамгийн аюулгүй, найдвартай эмчилгээ хэдий ч зарим өвчтөнд бага зэргийн сөрөг нөлөө ажиглагддаг аж. Хагалгааны өмнө нүдний бүх төрлийн нарийн шинжилгээ өгдөг.

Хиймэл нулимс, нүдний дусаагуурын ялгаа

Хүмүүс хиймэл нулимс, нүдний дусаагуурын ялгааг тэр бүр нарийн мэдэлгүйгээр дур мэдэн хэрэглэдэг.

Хиймэл нулимс гэдэг нь нулимсны бүтэцтэй яг ижил найрлагатай, нүдийг хуурайшиж, аргахаас сэргийлсэн эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн юм. Хуурай, ширүүн уур

амьсгалтай Монгол орны нөхцөлд, тэр дундаа нар салхинд байнга явдаг хүмүүс тогтмол хэрэглэж байх нь зөв юм. Хугацааных нь дагуу тогтмол хэрэглэхэд ямар ч гаж нөлөө байхгүй. Савлагаан дээрээ “Pure tear” гэсэн бичигтэй байна.

Харин төрөл бүрийн нүдний дусаалга нь нүдийг гялалзуулах, илүү тод харагдуулах зориулалттай бөгөөд гаа шиг сэнгэнүүлэх, эсвэл тайвшруулах зэрэг олон мэдрэмж төрүүлнэ. Эдгээр дусаалгууд нь эмчилгээний гэхээсээ гоо сайхны зориулалттай. Найрлаганд нь нүдний судас нарийсгах бодис агуулагддаг. Иймээс тогтмол хэрэглэх нь зохимжгүй юм.

Нүдээ ингэж хайрлаарай

Нэгэнт муудсан харааг элдэв витамин хэрэглэж, дасгал хийснээр сайжруулах боломжгүй. Харин нүдээ амрааж, тордож урьдчилан сэргийлж болох юм. Мөн бага насны хүүхэд зургаан сар тутам нэг, том хүн жилдээ нэг удаа нүдний эмчид хандаж байх нь зүйтэй. Нялх балчир хүүхдийн хараа зүйн гажиг анх хараад илэрдэггүй учир хүүхдээ бага дээр нь нүдний шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Нүдээ хуурайшиж, хараа муудахаас хамгаалахын тулд:

*Өсвөр насны хүүхдэдээ А амин дэм хэрэглүүлэх

*Луувангийн шүүс уух

*Орчноо байнга чийглэх

*Хиймэл нулимс ашиглах

*Нүдээ амрааж дасгал хийх

*Компьютер дээр суугаа ажилтай бол нүдээ байнга цавчих, 30 минутын зайтай нүдний дасгал хийх, өөр зүг рүү харах

*Хүүхдээ гар утас, компьютер, зурагт, цахим тоглоомноос хол байлгах

*Харанхуй орчинд орой үдшийн цагаар зурагт компьютерийн өмнө суухгүй байх

*Компьютер, зурагтыг хол зайнаас үзэх

*Олон хоногоор сууж ном сонин уншихаас сэргийлэх

*Цас ихтэй өвлийн улиралд нарны хэт ягаан туяанаас сэргийлж хар шил зүүх

*Шороо, шуурга салхитай үед шил хэрэглэх

*Хүнд нөхцөлд ажилладаг бол зориулалтын шил зүүх.

Categories
мэдээ цаг-үе

Шүдний өвчлөл хорт хавдрын нэг үүсгэгч болдог

Нэг л унасан, өвчилсөн бол насан туршдаа нөхөн сэргээгддэггүй эрхтний нэг нь шүд юм. Тиймээс шүдэндээ маш гамтай байх хэрэгтэй. Монгол Улсад сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл эрс нэмэгдэж, чимээгүй тахлын хэмжээнд хүрээд байгааг гадна дотнын эмч нар, судалгааны ажлууд харуулж байна. Тэр дундаа бага насны хүүхдийн дундах шүдний цоорол, өвчин чимээгүй тахлын хэмжээнд хүрчээ. 2014 онд хийсэн судалгааны дүнгээс харахад 3-5 настай хүүхдүүдийн дунд 79 хувь, 6-8 настнуудын дунд 85 хувь,12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байжээ.

Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга, түшилцэх гадарга, хацар талын гадарга, төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга, хэлэн талын хонхор гэсэн байрлалуудад үүснэ.

Халуун, хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд ажиглагддаг байна. Ямар нэг шалтгаангүйгээр шүд тань өвдөөд байвал цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед голдуу шөнийн цагаар өвддөг. Мөн халуун хүйтэн ундаа, хоол унд идэж уухад янгинаж өвдөнө. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална.

Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

∙шүд цоорох өвчин

∙шүдний зөөлцийн үрэвсэл

∙шүдний холбоос эдийн үрэвсэл

∙ясны хальсны үрэвсэл

∙буглаа, нэвчээс, эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүдний цоорлыг гүнээр нь:

Толбон цоорол-Энэ нь өвчтөнд зовиургүй, зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

Өнгөц цоорол – Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлт мэдрэгддэггүй. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

-Дунд цоорол-Дунд цоорол нь хурц болон архаг хэлбэрээр явагдана.

1. Хурц үед нь халуун хүйтэн, исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн, цагаан өнгөтэй байна.

2. Архаг үед өвчтөнд зовиургүй, тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

Гүн цоорол- Энэ үед шүд халуун хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд, мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон, цоорлын том хөндийтэй байна. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1.Тухайн хүний бие дэх кальци , фтор гэх мэт эрдсүүд аль нэг шалтгааны улмаас алдагдах. Тухайлбал, тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдсаны улмаас, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болдог.

2. Шүдний өнгөр, дутуу арчилгаа. Амны хөндийн ариун цэврийг муу сахисны улмаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил, хорт бүтээгдэхүүн үүсгэнэ. Үүссэн хүчил, хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

3. Шүлс түүний найрлага, хэмжээ-Амны хөндийн орчин буюу шүлс хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихэсч, эрдсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг.

4. Хооллолт , буруу дадал зуршил

Шүдний өвчлөл хүүхдийн биеийн хөгжил төдийгүй оюуны чадамжид муугаар нөлөөлдөг

Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54, уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 68 хувь нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Эдгээр эмгэг үүсэх магадлал нь өвчилсөн шүдний тоотой шууд хамааралтайгаар өсдөг аж. Түүнчлэн хүүхдийн өсөлт шүдний цоорол, өвчлөлөөс хамааралтайг АНУ, Японы эрдэмтэд баталжээ. Жишээлбэл зургаагаас дээш шүд нь цоорсон хүүхэд үеийнхнээсээ дунджаар хоёр кг-аар бага жинтэй байдаг аж. Учир нь нэг шүд хорхойтсон юм уу буйл нь үрэвссэн байвал зажлах чадвар буурдаг. Мөн шүдний цоорол их байх тусам сэтгэн бодох, оюуны чадамж мууддаг аж. Энэ нь зажлах үйл явц нь тархины эсийг сэргээдэг гэж үздэгтэй холбоотой юм. Иймээс хүүхдээ бүр нярай үеэс нь шүдийг нь арчилж байх нь чухал юм.

Хэрвээ та шүдээ хайрладаг бол эдгээр зөвлөмжийг дагаарай

Халуун, хүйтэн хосолсон хоол хүнсэнд шүдний паалан цочирдог. Ингэж гэмтээхгүйн тулд шоколад, кофе, зайрмагнаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр.

1.Кальци ихтэй бүтээгдэхүүн хэрэглэ

Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Иймд өдөр тутмын хүнсэндээ фтор кальци ихээр агуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэж занших хэрэгтэй. Тэр дундаа аарц, хатуу ааруулыг цайнд дэвтээгээд шүүсийг нь уух нь бэлэн кальцитай дүйцэхүйц их хэмжээний кальцийг өгдөг байна. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

2.Зажил бас дахин зажил

Хоолыг сайн зажилж буталж идэх нь хоолны шингэлт, цадахад дэмтэйгээс гадны шүдний бэхжилт, зөв ургалтад хамгийн чухал үүрэгтэй. Хүүхдийг ой хүрэнгүүт өөрөө хоолоо идэхэд сургах бөгөөд томрох тусам хоолыг нь бага багаар бүхэл болгох хэрэгтэй. Монголчууд эртнээс хүүхдүүддээ хатуу ааруул, бяслаг, ээзгий идүүлж шүдийг нь бэхжүүлдэг байсан ч сүүлийн жилүүдэд төв, суурин газар эл зуршил алдагдаад байна. Харин үүний оронд багаас нь чихэр жимс, хийжүүлсэн ундаа ихээр хэрэглүүлэх болсноор хүүхдийн шүдний өвчлөл ийнхүү гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Хоолыг сайн зажилж буталж идээгүйн улмаас цаашлаад эрүү нүүрний гажиг үүсдэг байна.

3.Шүдээ тогтмол арчил

Эцэг эхчүүдийн дунд нярай болон бага насны хүүхдийн шүдийг арчилдаггүй, сүүн шүд юм чинь солигдчихно гэж тоохгүй орхидог буруу ойлголт, зуршил ажиглагддаг. Гэтэл хүүхдийн сүүн шүд нь жинхэнэ шүд ургах суурь болдог. Сүүн шүд нь буруу ургалттай, цооролтой байсан бол жинхэнэ шүд нь ч тэр хэв маягаар буруу ургадаг байна. Хүүхдийг нярай үед нь марльтай хөвөн, зориулалтын хэлний өнгөр цэвэрлэгчээр амыг нь цэвэрлэж шүд нь ургаж эхэлсэн үеэс зориулалтын ам цэвэрлэгч юм уу цэвэр усаар байнга цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хоёроос дээш настай хүүхдийн шүдийг өдөрт хоёр удаа зориулалтын фтортой оогоор угаана. Фторын хэмжээ нь 500ppm байна. Мөн чихэрлэг зүйлс хэрэглэсний дараа ус уух, амаа угаах, зайлах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Шүдний завсар орсон мах хоолны үлдэгдлийг тухай бүрд авч байх нь чухал. Хүмүүс ихэвчлэн өглөөний цайны өмнө шүдээ угаадаг. Тэгвэл хоол хүнс хэрэглэсний ард буюу өглөөний цайныхаа дараа шүдээ угаах нь илүү зөв сонголт юм.

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оонд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтэхээс сэргийлдэг сонгодог арга юм. Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

4.Зургаан сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх

Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч, мэргэжлийн эмчид үзүүлэхэд дунд эсвэл гүн цоорсон байдаг. Учир нь шүдний паалан хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир, дотроо хөндий үүсэн цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтрэн унаж, цоорсон хөндий ил болдог байна. Энэ цоорол нь аль эрт эхэлсэн байдаг учраас зургаан сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.

5.Нэмэлтээр кальци хэрэглэх

Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3-витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй. Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3-витамин хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Хүний эрүү, нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдан гоо сайхны дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Иймд шүдийг аль болох авахуулахгүй, эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй.

Шүдний эмчилгээнд дэвшилтэт технологиудыг ашиглаж эхэллээ

Шүдний эмчид очих дуртай хүн гэж үгүй бизээ. Харин өнөө цагт шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд шүд эмчлэх арга улам бүр боловсронгуй, амар болсоор байна. Тухайлбал, Японы Казуэ Ямагиши нарын эрдэмтдийн шинэ синтетик материалаар бүтээсэн шүдний оо шүдийг нөхөн төлжүүлдэг аж. Энэхүү оо нь анхан шатны цоорлыг өрөмдөлгүйгээр нөхөж чадах юм. Химийн найрлагын хувьд шүдний паалантай ижил, сайжруулсан гидроксилапатитын талстаас бүтжээ.

Тэгвэл Их Британийн эрдэмтэд цахилгаан энергийн тусламжтайгаар шүдийг дахин эрдэсжүүлэх эмчилгээг амжилттай туршиж байгаа аж. “Реминова” фирмийн нэвтрүүлж буй энэхү технологи нь богино давтамжийн цахилгаан гүйдлийн тусламжтайгаар эрдсийн ионуудыг шүдний цоорлын гүнд нэвчүүлэн дахин эрдэсжүүлдэг аж. Энэ үйл ажиллагааг тусгай зориулалтын төхөөрөмжөөр гүйцэтгэх юм байна. Үүнийг хийлгэснээр хүний шүд яг өмнөх шигээ бүрэн бүтэн болох гэнэ.

АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачид ясны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах шинэ нано технологийг хөгжүүлж байгаа аж. Энэхүү технологиор шүдийг дахин ургуулах боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Цэдэндоржийн Төвшинтөгс: “Морин хуур”-ын эзнээр таван удаа тодорсон дуучин надаас өөр байхгүй

Зүүнээс төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од. “Бөхөн шарын нуруу” дуун суваргын өмнө. Завхан аймгийн Идэр сум Бөхөн шарын нуруу


Ерээд оны эхэн үеийн нийтийн дууны бүхий л наадмыг өнгөлж, “Сүүдэр цармын цэцэг”, “Бурхан бумбын орон” зэрэг хит дуунуудаараа хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Цэдэндоржийн Төвшинтөгстэй ярилцлаа.

-Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ та хэд хамтран аялан тоглолт хийх гэж байгаа сурагтай. Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?

-“Тавуулаа” гээд аялан тоглолт хийхээр бэлтгээд явж байна. Бид өнгөрөгч жил Дарханд тоглосон юм. Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат бид тав нийлээд хийж байгаа юм. Одоогооос хориод жилийн тэртээ нийтийн дууны чиглэлээр анх уран бүтээлээ туурвиж ирсэн бидний нөхөд ажил амьдрал, өөр өөрийн замыг хөөгөөд хамтран уран бүтээлийн тоглолт хийлгүй удсан байна. Биднийг гарч ирж байх үед үнэхээр чанартай сайн дуунууд төрдөг байлаа. Яагаад гэвэл тэр үеийн дууны үг ая цензуртай, хөгжмийн зохиолчдын холбоо, зохиолчдын хороогоор батлагддаг байсан юм. Тэрхүү уран бүтээлүүдээр хамтран тоглолт хийхээр төлөвлөж байна.

-Тоглолтын найруулга, тавилтыг Д.Сосорбарам гавьяат хийж байгаа юу?

-Тэгж байна. Бид нар л дэргэдэхээ мэддэггүй болохоос манай “Со”-г дэлхий үнэлчихээд байна. Ардын урлагийг дэлхийд таниулах ажил үйлсийг гардан хийж байгаа хүн. Улсын хэмжээний баяр наадам, ганц хүний жүжгээс эхлээд өөрийн тавилтаар олон сайхан ажил хийсэн л дээ. Энэ удаагийн тоглолт маань ч их өөр өнгө аястай болно.

-Тоглолтоо аль аймгаас, хэзээнээс эхлэх гэж байна?

-Дөрвөн сарын 9,10-нд Баянхонгор аймгаас эхэлнэ. Дараа нь Хэнтий, Сүхбаатарт тоглоно. Ажил төрлөө зохицуулчихаад л 18 аймгаараа явна даа. Манай хэдийн ажил их л дээ.

-Хэр удаан хугацаанд аялан тоглохоор төлөвлөж байна?

-Ер нь энэ жилжингээ явна аа. Жилдээ багтаана гэж ярилцаж байгаа. Сүүлд нь нийслэл хотноо хоёр удаа тоглох байх. Цаашаа Европын орнуудаар явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг газраа хоёр удаа тоглохдоо хоёр өөр хөтөлбөртэй. Нэгдүгээр хөтөлбөрөөр дуулсан дуу маргааш нь дахиж дуулагдахгүй.

-Таныг эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэж дуулсан.

-Дарханы театрын даргаар ажиллаж байгаад сая гуравдугаар сард албан ёсоор дарга нь шинэчлэгдээд хүлээлгэж өгчихөөд ирлээ. Зургаан сарын хугацаанд докторын зэрэг хамгаалах гээд чөлөө аваад байна. Дуулах ур зүй гэдэг маш том сэдэв барьчихаад сууж байна. Судлах тусам маш их сурах, судлах шаардлагатай болох юм. Монголчууд уртын дууг зохиож чадсан ард түмэн. Би бусад орны дууг муу гэж байгаа юм биш. Гэхдээ үүн шиг яруу тансаг дуу хаана байна вэ гэдгийг харуулахын тулд судлах юм их. Уртын дуугаа дагаад монгол хүний хоолойны цараа, дуулах ур зүй гайхамшигтай юм л даа. Зарим судалгаан дээрээс харж байхад айзам уртын дууг 40 гарсан эр хүн дуулдаг, эмэгтэй хүн ховор дуулдаг байсан гэдэг нь ажиглагдсан.

-Яагаад эмэгтэй хүн дуулдаггүй байсан юм бол?

-Тийм л их бяр чадал ордог дуу байна. Дууны төрөл дотроо хамгийн том дуу. Айзам уртын дууг буруу дуулсан хүний хавирганых нь үе мултардаг гээд бод. Тэр дууг дуулахын тулд шавхагдашгүй амьсгалыг хуримтлуулж байх нь чухал. Монголчууд эртнээс уушгины багтаамжаа нэмэгдүүлэхийн тулд лонх тоолох, лаа үлээх гээд олон дасгал хийдэг байж.

-Докторын зэргээ Монголдоо хамгаалах гэж байна уу?

-Би СУИС-ийн докторант. Сургуульдаа дуулаачийн чиглэлээрээ дуулах ур зүй сэдвээр хамгаалах гээд явж байгаа. Миний анхны багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Рэнцэнсамбуу гэж хүн байсан юм. Одоо Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболд багштай хамтраад, удирдагч багш маань болоод явж байгаа.

-Таны үеийнхэн олон жил уран бүтээлээ туурвиад хийх юмаа хийчихсэн хүмүүс бүгд багшлаад явж байна. Харин та л сураад байх юм…

-Хүн насан туршдаа л суралцдаг юм байна. Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаад, дүр бүтээгээд явж байсан. СУИС-д найман жил, хөгжим бүжигт 3-4 жил багшиллаа. Дундуур нь Улаанбаатар чуулга, Дарханы театр гээд явахдаа үргэлж л суралцаж байсан. Ингээд харахад би өөрийгөө л олох гээд яваад байгаа юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт дүр бүтээж, сайхан хамт олны дотор байсандаа би баярладаг. Одоо харахад бусдын дүр бүтээх, хүний дүр бүтээх амархан юм. Өөрийгөө танина гэдэг хэцүү юм байна.

-Ойрын жилүүдэд ямар уран бүтээл гаргав. Сүүл үеийн уран бүтээлүүд тань олонд хүрэхгүй байх шиг?

-Яахав, одоо хүнд хүргээд байх сонирхол алга. Гуч хүрэх насандаа гавьяат цолыг хүртэж үзлээ. Гучин хэдэн насандаа сонгодог дуурийн хорь гаруй гол дүр, нийтдээ дөчөөд дүр бүтээчихсэн байна. Хүнд бас болох хэмжээ байх ёстой. Тийм учраас 2006 онд би Дуурь бүжгийн эрдмийн театрын ажлаа өгөөд гарч байсан юм. Одоо залуу уран бүтээлч, дуучдад орон зайгаа тавьж өгье гээд. Түүнээс би Монгол Улсын гавьяат жүжигчин байна гээд суугаад байж болох л байсан. Дуулж л байсан үе. Гэхдээ одоо бүтээл хийхгүй байгаа юм биш л дээ. Сонсох нэг нь сонсоод л явж байна. Заавал гадуур байнга тоглолт хийгээд яваад байх нь чухал биш. Энүүхэндээ гэж хэлэхэд морин хуурын шагналыг таван удаа хүртсэн надаас өөр уран бүтээлч байхгүй. Би онгирох гэж хэлсэндээ бус. Сайн уран бүтээлчдийн дууг түмэнд хүргэж чадсан учраас таван удаа энэ шагналыг хүртжээ. Тэгэхээр би уран бүтээл хийж байгаа гэж ойлгож байна. Нэг дуу дуулж хүргэж чадна гэдэг маш том уран бүтээл гаргаж байна гэж боддог.

-Дуучид хуучны хит болж байсан дуунуудаа дахин бичүүлж, хүргэдэг болж. Та дуунуудаа шинэчилж байна уу?

-Өөрт таалагдсан дуунуудаа ес есөөр багцлаад 81 болгоод CD гаргах гээд бэлдэж байна. Дууг дуулах тусам шингээд л байх юм. Зарим дуулсан дуугаа эргээд харахаар энийг ингэж дуулаад байхдаа яахав дээ, одоо ингээд дуулчихъя гээд улам сэтгэл хөдөлдөг. Тухайлбал, “Сүүдэр цармын цэцэг”-ийг миний хүү дуулж байгаа. Дуулаад сууж байхад Дашзэвэгийн Банзрагч ахдаа улам л хайр хүрээд байх юм. Үнэхээр л тодорхой хүмүүс нь тодорхой цаг хугацаанд уран бүтээлээ бичээд үлдээчихдэг. Тэр бүтээлээр нь өнөөдөр бид амьдарч байна шүү дээ. Дуулах тусам үг бүр нь нүдэнд харагдаад байх юм. “Сүүдэр цармын цэцэг”-ийг бичсэн Дашзэвэгийн Банзрагч гуай, аяыг нь зохиосон С.Мөнхбат хоёр хоёулаа одоо бурханы оронд оччихсон байна.

-“Сүүдэр цармын цэцэг” дуу явангуут таны нэр орж ирдэг. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

-Яаж бүтсэн, хүнд зориулсан үгүйг нь мунхаг хог чинь асууж байгаагүй л дээ. Муу Банзаа ахтайгаа таараад хааяа нэг юм мулталж явснаас тэр дууг ер нь хэнд зориулж зохиосон юм гэж асууж явсангүй. Гэхдээ энэ бол гайхамшигтай хайрын дуу л гэж хэлж байсан юм. Мөнхбат аяыг нь бичээд надад авчирч өгөөд л дуу болгож байсан. Хамгийн гоё тохиолдол нь Банзаа ах бид хоёр уулзалдахгүй явж байгаад манай гэрийн гадаа таарч, дөнгөж гэрт ороод байж байтал өглөө эртээ радиогоор анх удаа цацагдсан. Бид хоёр ч бэлгэшээж, Банзаа ах манай гэргийтэй танилцаж байсан түүхтэй.

-Таны залууд нийтийн дууны тэмцээн уралдаан их болж, та жил дараалаад л бүх шагналыг авдаг байсан гэдэг. Тэр алтан үеийнхээ дурсам¬жаас хуваалцахгүй юу?

-Ер нь сайхан сайхан уралдаанууд болдог байсан юм. Хит парад, хайрын дууны уралдаан гээд жигтэйхэн л юмнууд болдог байлаа. Бүгдийг нь л эдгээр дуунуудынхаа ач буянаар авсан. Монголын радиогоос зохион байгуулдаг цагаан лавайд “Аав ээж минь” дуугаараа хоёр удаа ч түрүүлсэн, “Сүүдэр цармын цэцэг “дуугаар тэр үед зохиосон Хит парадаас Гран при авсан. Анхны зурагтын шагналтай наадам гээд бөөн пижигнээн болж, төмөр зам дагуу Дархан, Эрдэнэт, Сэлэнгээр аялан тоглолт маягийн юм хийсээр Шандад очиж дүнгээ гаргаад гран при, зурагтаа аваад хөөрөөд л ирж байлаа. Гуч гаруйхан настай залуухан ч байж дээ. Дараа нь “Хонгорзул” сониноос гаргадаг байсан Хайрын дууны уралдаанд “Сүүдэр цармын цэцгээр” дахин түрүүлээд мобикомын утас бариад гэртээ очиж байсан. Симийг нь ч хийж мэдэхгүй, залгаж ч мэддэггүй л байлаа. Сайхан сайхан уралдаан болдог байсан юм аа.

-Одоо тэр үеийнх шиг нийтийн дууны уралдаан явахгүй байх шиг. Эсвэл явсан ч хүмүүст хүрэхгүй, сонсогч байхгүй болчихоод байна уу?

-Нийтийн дууны уралдаан гэж ерөөсөө сонсогдохгүй байна. Одоо нийтийн дууны уралдаан гэвэл “Морин хуур” уралдааныг л хэлэх байх. Нэлээд мэргэжлийн тал руугаа явчихдаг. Энэ уралдаан чанаржаад их сайхан болдог юм. Хөгжмийн зохиолчдын холбооны залуучууд толгойлж байгаа. Яваандаа ч их сайхан болох байх аа.

-Ид од болж байх үедээ орон нутгаар тоглолт хийгээд явахад үзэгчид хэр хүлээж авдаг байв. Одооных шиг гарын үсэг авъя гэх юм байсан уу?

-Тийм байгаагүй ээ. Монголчуудын бүрэг ичимхий зан байдаг байлаа. Одоо бол өөр л дөө. Их сайхан цаг үе байсан шүү дээ. Ямар ч зар сурталчилгаа гэж байдаггүй. Аймгийн төв дээр очоод төв дэлгүүрээр нэг тойроод алхаад ирнэ. Тэгээд л орой битүү үзэгчтэй. Бүр сэтгэлээрээ юмыг ойлгоно үзнэ, дууны утгыг ойлгоно.

-Таныг хүнсний үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байсан гэж сонссон. Урлагт хэрхэн хөл тавьсан бэ?

-Цэргийн их сургуулд орох гэсэн ч хаврын шалгалтдаа орж чадаагүй. Цэргийн сургуулийн хуваарь ирээгүй Ойн аж ахуй гээд хуваарь ирэхээр нь ормооргүй санагдаад, илгээлтээр хүнсний үйлдвэрт ороод зургаан сар л ажилласан даа. Үйлдвэрт гурван сар ажиллаад байтал Хан Хэнтийн урлагийн их наадам эхлээд, сар гаруй хугацаанд урлагийн үзлэгт бэлдэж орсон. Урлагийн үзлэгээсээ “Бүх ард түмний урлагийн их наадам”-д оролцож мөнгөн медаль авлаа. Удаа ч үгүй мөнгөн мадальт гээд Хэнтий аймгийн тэргүүний уран сайханч болж, Хан Хэнтий чуулгад шалгуулаад тэнцэж орсон. Тэгтэл дуулаачийн сургуулийн шалгалт ирээд хойтон жилийн зургадугаар сард нь ороод тэнцэж байсан юм даа.

-Хамгийн анхны уран бүтээл тань юу байв?

-Хамгийн анхны уран бүтээл Хан Хэнтий чуулгад байхдаа хийж байсан “Алаг морь” гээд дуу байдаг юм. “Сэлбийг өгсөөд сэрүүхэн дээ”, “Жинчид ирлээ” гээд дуулдаг байлаа. Буриад дууны Ичинхорлоо гээд чуулгын дуучинтай их хамтарч дуулсан.

-Дуурийн урлаг руу хэрхэн оров?

-СУИС-ийг 1987 онд таван жил сураад төгслөө. Одоо Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач хийж байгаа Болд найруулагч тэр үед 18 аймгийн театрын, чуулгын дарга нарыг суулгаж байгаад Соёлын төв өргөөний наад талын урлагийн зааланд анх сургууль төгсч байгаа дуучдын дунд сонгон шалгаруулалт явуулж байсан. Надад тэр үед Дуурийн театр, Ардын дуу бүжгийн чуулга, Хан хэнтий, Дорнодын театр, Дарханы театраас ажиллах санал тавьсан. Би Үндэсний дуу бүжгийн чуулгадаа үлдэх илүү сонирхолтой. Гэтэл Дашням багш “Чи дуурийн дуучин болно. Дуурийн хүсэлтийг хүлээж ав” гээд 1992 оны зургадугаар сарын 15-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар анх орсон доо. Би их азтай л даа. Тэр үед дотоодын сургуулийг дуулаачаар төгссөн дуучдыг шууд солистоор авдаггүй, гадаад сургууль төгсөөд ирсэн дуучид ч ховор байдаг байсан.

-Дуурьд хичнээн дүр бүтээсэн бэ. Хамгийн сүүлд бүтээсэн дүр тань юу байв?

-Ерөнхийдөө хорь гаруй гол дүр байна. Хамгийн сүүлд 2006 онд “Чингис хаан” дуурийн Эзэн Чингис хааны дүрийг бүтээсэн. Тэр жилдээ бүх цэргийн дуу бүжгийн чуулгын тавьсан Рок Чингисийн дүрд мөн тоглосон. Хамгийн сүүлд “Виндзорын овжин авхай” дуурийн Фордын дүрд тоглосон юм байна.

-Та чамгүй жүжиглэх авьяастай юу?

-Би түрүүн хэлсэн. Хүний дүр бүтээнэ гэдэг амархан юм байна аа. Өөрийнхөө дүрийг бүтээх хэцүү гэж.

-Одоо Улаанбаатар чуулгын ой тохиох гэж байна. Энэ чуулгын суурийг тавилцаж, нэлээд хэдэн жил удирдсан хүний хувьд ойн арга хэмжээнд хувь нэмрээ оруулах болов уу?

-Чуулгын арван жилийн ой болох гэж байна. Уривал очиж л таарна. Чуулгынхантайгаа байнга холбоотой байдаг. Сая хоёрдугаар сард Булган багшийн маань анх тоглосон “Ай Нанаа” дуулалт жүжиг тавигдлаа. Булган багшийн маань бие чилээрхээд найруулгын ажил дээр нь ажиллаад явсан. Манай уран бүтээлчид сайн байна лээ. Анх үүсгэн байгуулахдаа дөнгөж уран бүтээл туурвиж яваа шижигнэсэн сайхан залуусыг цуглуулаад удирдаад явж байлаа. Эхний дөрвөн жил байр сав муутай явж байгаад залуучуудын байранд ирж сайхан төвхнөсөн. Нийслэл хот Монгол Улсыг төлөөлдөг юм. Тэр хотын урлаг уран сайхны ажил үнэхээр их. Залуус маань ч сайхан уран бүтээлүүд хийгээд авч явж байх шиг байна. Баярлаж явдаг л юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд эхийн хэвлийд байх үеэ санадаг уу?

Хүүхдээ төрснийх нь дараа л “миний хүүхэд” гэж харж, харьцаж, эрхлүүлж харин хэвлийд байх хугацаанд нь хайхрамжгүй хандах байдал зарим эцэг эхчүүдэд ажиглагддаг. Тэр дундаа аавууд хайхрахгүй байх нь бий. Тэгвэл хүүхэд эхийн хэвлийд байх үеэс л бүхнийг мэдэрч, сонсч ойлгодог гэдгийг эрдэмтэд шинжлэх ухаанаар баталсан байна.Үүнийг нотолсон бас нэг судалгаа нь нялх хүүхэд гэдсэндээ юу мэдэрч, сонсч байснаа санадаг явдал юм. Зарим хүүхэд санамсаргүй байдлаар гэдсэнд байхдаа тохиолдсон үйл явдлыг мөн төрөх үед юу болж байсан тухай аав, ээжийнхээ мартсан зүйлийг ч дурсан ярьж гайхшируулсан тохиолдол байдаг.

Тухайлбал АНУ-д судлаач хийдэг эхийн Магнус гэх долоон настай хүү нь “Ээж хүнсний дэлгүүрээс юм авчихаад буцаж явах замдаа машинтай мөргөлдсөнийг би маш тод санаж байна. Би энэ тухай ээжээсээ асуутал тэр надад чи хараахан төрөөгүй байсан үе шүү гэж хариулсан. Мөн намайг төрсний дараа ээжийн өвөр дээр тавиад, сувилагч эмэгтэй дугуйтай тэргэн дээр түрж явсныг маш сайн санаж байна” хэмээн ярьжээ.

Тэгвэл Японы эрдэмтэд 2-3 насны хүүхэд ээжийнхээ хэвлийд байх үеэ санадаг гэсэн сонирхолтой судалгаа гаргажээ. Бага насны хүүхдээс ээжийнхээ гэдсэнд байхдаа юу хийдэг байсныг асуухад тодорхой хариулна. Тэр тусмаа жирэмсэн байхдаа хүүхэдтэйгээ сайн харьцаж, сонгодог аялгуу сонсгож, шүлэг ном уншдаг байсан ээжүүдийн хүүхэд бүр ч тодорхой санадаг. Энэ нь эх хүүхдийн тархи, сэтгэл зүй холбоотой байдгаас үүдэлтэй” гэжээ.

“Mamy poko” живхний цахим хуудсан дээр энэ талаар бичсэн байсан бөгөөд админ нь “Би дөрвөн настай хүүхдээсээ асууж үзлээ. “Миний бяцхан нь машин тоглодог байсан гэж байна. Хэд хэдэн ч удаа асуулаа. Яг л энэ хариултаа хэлж байна” гэжээ. Доорх сэтгэгдлүүд дээр ч ээжүүд хүүхдээсээ ээжийнхээ гэдсэн дотор байхдаа юу хийж байсныг нь асууж хариултыг нь нийтэлсэн байна. Зарим нийтлэлээс сонирхуулбал:

Дөрвөн настай хүүтэй Ука Одука гэх ээж “Сонин санагдаад асууж үзлээ. Би гарах гэсэн чинь гарч чадахгүй байсан. Тэгсэн чинь гэнэт л гарчихсан гэнэ. Би 41-42 долоо хоногтойдоо хийсвэрээр төрсөн юм. Бас компьютероор хараад байсан гэнэ ээ. Эхог хэлээд байгаа юм болов уу” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн Б.Амарзаяа гэдэг ээжийн гурван настай охин нь “Би хоол идээд л унтаад байдаг байсан” гэсэн бол Eni Eni гэх ээжийн дөрвөн настай хүүхэд нь “Таны гэдсэнд өшиглөөд л инээгээд л, толгойгоороо таны гэдэс рүү мөргөж тоглодог байсан” гэжээ. Мөн нүүр ном нь Batotgon Orshkow гэх эх “Тоглох тоглоом байхгүй гараа өргөж тоглодог байсан” гэсэн бол Bulgaa Seyko гэх нүүр хуудастай ээж “Зайрмаг иддэг байсан гэнэ ээ. Би зун болохоор халууцаад их зайрмаг иддэг байсан юм” гэсэн бол Bujinlkham Enkham­galan “Би том хүүгээ гэдсэнд байхад нь доошоо харж их унтдаг байсан. Бүр найман сартай байхдаа хүртэл өөрийн мэдэлгүй доошоо хараад унтчихна. Тэглээ гээд түүртдэггүй байлаа. Хүүгээ гурван настай байхад нь нөхөр бид хоёр тэрийг яриад хүүгээ их дардаг байсан байх даа гэсэн чинь тийм, би тэгээд бүр уйлдаг байсан. Ээжийг дээшээ хараад хэвтэхээр уйлахаа больдог байсан гэсэн” гэжээ. Ganchimeg Tsegmid “Би тэр үед шоколад их иддэг байсан манай хүү шоколад иддэг байсан гэнэ” гэх зэргээр сэтгэгдлүүд хөвөрчээ. Хамгийн сонирхолтой нь ээжүүд хэд хэдэн удаа, зарим нь хоёр, гурав хоногийн дараа мартчихсан байх гэж бодоод дахин асуухад 2-4 настай хүүхдүүд яг л нэг хариулт хэлж байна гэдгийг онцолсон байв. Нялх хүүхэдтэй бол та ч гэсэн хүүхдээсээ асуугаад үзээрэй. Тэгвэл энэ үзэгдлийг Америкийн эрдэмтэд шинжлэх ухааны хүрээнд арай үндэслэлтэй тайлбарласан байна.

Виржиния” их сургуулийн анагаах ухааны вэб хуудсанд хүүхдийн төрөхөөс өмнөх үеийн дурсамжийн тухай ингэж бичжээ. “Таны балчир үрс төрөхөөс өмнөх юм уу, төрөх үеийн дурсамжаасаа хуваалцаж магадгүй. Зарим хүүхдүүд гэдсэнд байх үеийн мэдээллээ маш тод авч үлдсэн байдаг. Тэд эцэг эхийнхээ таг мартсан зүйлийг санаж, тодорхой ярих нь бий. Бид шинжлэх ухааны хүчинд ой дурсамжаа хэрхэн хадгалж зохицуулдгийг бага ч атугай тайлбарлаж чаддаг болсон. Гэвч тархи, санах ой, зүүдний талаар маш олон зүйл өнөөг хүртэл нууцлаг, үл ойлгогдох хэвээр байна” гэжээ.

Харин Сэтгэл судлалын “Lakehead” их сургуулийн тэнхмийн профессор Марк Л.Хове “Аливаа хүн төрөхөөс өмнөх үеийн зүйлээ санаж байх нь тархинаас салангид байх далд ухамсартай холбоотой олон нууцлаг үзэгдлийн нэг юм” хэмээн ярьсан байна. Ингэхдээ ээж болон ургийн тархи хоорондоо холбоотой байдаг гэдгээр тайлбарлажээ.

Эрдэмтдийн судалгаа болоод дээрх хүүхдүүдийн хариултаар хүүхэд ээжээрээ дамжуулан хэвлийд байхдаа бүхнийг мэдэрдэг, сонсдог болох нь харагдаж байна. Иймээс жирэмсэн ээжүүд үр хүүхдэдээ сайн сайхныг мэдрүүлж, сайн хүн болгохыг хүсвэл гэдсэнд байх үеэс нь идэж буй хоол хүнс, хэлж ярьж буй үгэндээ гамтай байх нь чухал юм. Жирэмсний үед дааврын өөрчлөлтийн улмаас эмэгтэйчүүд уурлаж бухимдах нь амархан болдог. Тэглээ гээд хэн бүхэнтэй муухай харьцаж, гомдож, уйлаад байж болохгүй.

ХҮҮХЭД УРАГ БАЙХААСАА ХӨГЖДӨГ

Хүүхдийн оюуны хөгжил эхийн хэвлийд байхаас эхэлдэг. Энэ талаар АНУ-ын эрдэмтэн Уилки, Барбара Уилки нар “Үр хөндөхүй” гэдэг бүтээлдээ “Эхийн хэвлийд хүүхдийн зүрх 18 хоноод цохилж, дөрвөн сартайгаас эхийн сэтгэлийг дагаж айх, өсөрхөх, уйтгарлах, хилэгнэх гэх зэрэг сэтгэлийн хөдлөлд автдаг” тухай өгүүлсэн байдаг.

Эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд олсон тэр мөчөөс:

-Хажуулан амрахгүй

-Далжийн суухгүй

-Хэлбийж зогсохгүй

-Нийлэмжгүй юмыг идэхгүй

-Нүдэнд муу өнгийг үзэхгүй

-Чихэндээ хов живийг сонсохгүй

-Өглөө, үдэш бүр уянгат шүлэглэлийг дуудуулан сонсож явах ёстой. Ингэж чадвал төрүүлсэн хүүхэд төлөв шударга, эрхэм төгс болно хэмээн үздэг. Хүүхэдтэй олсноо мэдсэн үеэс аль болохоор шим сайтай хоол ундыг тохируулан идэж, уух ёстой. Ихэвчлэн бүхэл мах, битүү хоол, шөлөөр хооллоно. Цагаан идээ ялангуяа сүү их чухал. Хурц хоол, ангийн мах иддэггүй. Учир нь хүүхдийн хүйс солигдоно гэдэг.

Битүү туурайтны мах, хоолны үлдэгдэл, гашилж гэмтсэн идээ ундааг идэж уувал нялх хүүхдийн биед муу шим чанар шингэж, эд эрхтний бүрдэл бойжилтод нөлөөлнө. Таарах, таарахгүй юм хамаагүй идэж болохгүй. Энэ нь гэдэс эвгүйрхэж, хордохоос болгоомжилж буй хэрэг. Элдэв хурц амттай янз бүрийн чихэр бурам аль болохоор хэрэглэхэд цээрлэж хүүхэд бузартана гэдэг.

Харин зун, намар хангайн жимсийг иднэ. Архи, айраг хэрэглэхгүй. Жирэмсний эхний 12 долоо хоногт нэг аяга шар айраг уухад л хүүхдийн тархины цусан хангамж тодорхой хэмжээгээр багассанаас тархи толгойн гэмтэл нэмэгддэг байна.

Хориглож, цээрлэдэг зүйл:

-Уурлаж, гомдож болохгүй

-Хэрүүл, зодоон цохион сонсохгүй

-Овоо тахилга, үхдэл гашуудал дээр очихгүй

-Айж, цочихгүй байхыг хичээх

-Тулгар эх бүсээ чанга бүсэлдэггүй

-Сөхөрч буюу явган суухгүй

-Золгохгүй, айл хэсэхгүй байхыг хичээх

– Эхнэр хүн эрийн хударгаар бусадтай самуурахыг цээрлэх

-Доороосоо даарч болохгүй

-Жирэмсний хугацаанд хөдөө, гадаа унтахыг цээрлэх

-Бие давхар хүний урдуур хөндлөн гарч болохгүй.

Хуучцуул “Бие давхар хүний урдуур зам хөндлөн битгий гарч бай” гэдэг байсан нь мөргөлдөх, шүргэх, түлхэн унагааж урагт аюул учруулахаас сэргийлсэн утга агуулж иржээ. Үүний зэрэгцээ биеийн холбоог хүүхэдтэйгээ үүсгэж гэдсээ илж таалах, хүүхэдтэйгээ ярих нь чухал. Заримдаа хэвлийн доод талын гөлгөр булчин хатуурч чангардаг. Энэ үед эх эерэг бодолд хөтлөгдөн илж зөөлрүүлж байгаарай.

Эх хүүхэд хоёр зүгээр цус, гормоны холбоотой бус сэтгэлийн хувьд ч холбоотой юм гэдгийг эрдэмтэд нээчихсэн. Ээж инээж байхад хүүхэд хэвлийдээ мишээж, харин ээжийгээ гутарч гуних үед хөмсгөө зангидан уйтгарладаг. Яг энэ үеийн ургийн сэтгэл хөдлөлийг ЭХО-гоор авсан зургууд байдаг. Дуу, хөгжим ургийн сэтгэл зүйд маш сайн нөлөөтэй. Тэр тусмаа сонгодог хөгжим. Хэрвээ ээж сонгодог хөгжимд дургүй бол сонсох албагүй, өөрийн сэтгэлд хамгийн сайхан санагдах, таашаал өгөх зүйлээ л сонсох хэрэгтэй. Энэ бүхэн нь ургийн цаашдын өсөлт хөгжилт, зан аашид нөлөөлөх хүчин зүйлс болдог байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Наранмандах: Миний бяцхан охин хөл дээрээ зогсоно

-БИДЭНД УХРАХ ЗАМ БАЙХГҮЙ. УНАЖ БОСООД УРАГШИЛНА-

“Эмэгтэй хүн сул дорой. Эх хүн хүчтэй” гэдэг үгээр энэ удаагийнхаа сурвалжлагыг эхэлье. Үрийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй эр зориг эхчүүдэд л байдаг. “хэлж ирдэггүй хийсч ирдэг энэ өвчнийг миний охин тусах ёсгүй байсан юм гээд зүгээр суугаад байж болохгүй. охиныхоо өмнөөс бидэнд ухрах зам байхгүй. Унаж босоод дахиад урагшилна. охин бид хоёр хамтдаа тэмцэнэ. миний охин хөл дээрээ зогсоно. Зогсох байтугай мэргэжилтэй боловсролтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болно” гэсэн тэмүүллээр өөрийгөө зоригжуулан, хэцүү байсан ч инээмсэглэл нүүрэндээ тодруулан, дүүрэн итгэлээр амьдралыг харж яваа нэгэн бүсгүйн ажлаас энэ сурвалжлагыг бэлтгэсэн юм.

М.Наранмандахын бяцхан охин одоо ой таван сартай. Тэрээр бусад хүүхдийн л адил аав, ээж, ах эгч нарынхаа наран болон мэндэлж, гэртээ инээд баясал, гэрэл гэгээ авчиржээ. Түүний хөгжил зургаан сар хүртлээ тун сайн байсан аж. сайн гэдэг нь бусад хүүхдүүдээс харьцангуй урт буюу сар хүрэхтэй үгүйтэй толгойгоо өргөн дааж, хоёр гар дээрээ тулж, гараа маш сайн атгаж чаддаг байсан аж. Тэр яг л бусад хүүхдүүдийн адил үнэгчилж, инээж, уйлж байжээ. Гэтэл зургаан сартайдаа ханиад хүрсний улмаас толгойгоо огт дааж чадахаа больчихсон аж. гайхсан ээж, аав нь мэргэжлийн эмчид хандан үзүүлтэл “Таны хүүхэд тархины саажилттай болжээ” гэсэн онош тавьжээ.

Үүнийг сонсоод М.Наранмандах эмчийн үгэнд огт итгэж чадахгүй, шоконд орсон байна. Тэр зовлон өөрт нь хүрээд ирнэ гэж санаагүй аж. Тэрбээр охиноо төрсөн цагаас нь л эхэлж тэмдэглэл хөтөлж, хөгжлийн явцыг нь бичиж байж. Тэр үед нь ямар нэгэн ноцтой шалтгаан ажиглагдаагүй байна. О.Сувд охин ч өвдөж зовоогоод байдаггүй байжээ.

Тархины саажилт өвчний нэг онцлог нь хүүхдийг бага сартай буюу нэг, хоёр ой өнгөртөл нь энгийн хүний нүдэнд ямар нэг ноцтой өөрчлөлт ажиглагддаггүй. Үүнээс үүдэн олон эцэг цаг хугацаа алддаг ажээ.

НЯРАЙН ШАРЛАЛТЫГ ХАЙХРАХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Охиноо саажилттай гэдгийг мэдсэн өдрөөсөө л эхлэн М.Наранмандах чадах бүхнээ хийжээ. Хамгийн түрүүнд интернэтээс хаана хэнд хандах, тархины саажилт гэж ямар өвчин болох, хаана эмчлүүлж болох гээд хэрэгтэй бүх л мэдээллээ хайсан байна. Тархины саажилт олон янзын шалтгаанаас үүсдэг өвчин аж. Монголд үүсч байгаа түгээмэл шалтгаан нь нярайн шарлалт, дутуу төрөлт, төрөх явцын хүндрэл ажээ. О.Сувд охины тухайд 20 гаруй хоногийн дутуу төрсөн бөгөөд багадаа шарлалт ихтэй байсан аж. Үүнээс үүдсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Монголд энэ өвчнийг мэргэжлийн эмч нар нүдээр хараад оношлох бөгөөд яг юунаас үүдэлтэйг нь тогтоох аргагүй юм. Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад аль 20, 30 жилийн өмнө шарлалтаас үүдэлтэй саажилт устсан бол манайд эсрэгээрээ нэмэгдэх болжээ. Хэрэв өрхийн болон хяналтын эмч нар эцэг эхчүүдэд тонус, бүтэлт, шарлалт зэргийн хор хөнөөлийг сайтар хэлж, сүүлд ямар үр дагавар үүсч болох талаар ойлголт мэдээлэл өгч байвал алдах нь бага байх болно гэдгийг ч сануулсан юм.

Мөн энэ төрлийн өвчин нь төгс эмчлэгдэхгүй ч 70, 80, 90 хувь хүртэл эдгэх боломжтой. Хэрэв бүр бага дээр нь оношлуулж эмчлүүлбэл энгийн хүн шиг ажиллаж, амьдраад явах боломжтой юм. Гэхдээ тэр хүртэл маш их хөдөлмөр, асаргаа, хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Зарим төрлийн өвчнүүд шиг нэг удаа хагалгаа, эмчилгээ хийлгээд эдгэрнэ гэж байхгүй. Бусадтай адил болон болтол нь асарч тойглож, энгийн хүний хийж чаддаг рефлексийг суулгахын тулд өдөр бүр шантралгүйгээр сургах, хөл гарыг барьж өгч, байнга гар дээрээ авч байх хэрэгтэй. Монголд тархины саажилт өвчнийг юунаас үүдэлтэйг нь тогтоох оношлуур байдаггүй учраас М.Наранмандах ирэх зунаас охинтойгоо хамт Герман явахаар зорьжээ. Төрөлхийн саажилт уу, олдмол уу гэдгийг тогтоосноор цаашид хийх эмчилгээ нь өөрчлөгдөх бөгөөд үр дүн ч ялгаатай байх юм. Хэрэв шарлалт, бүтэлтээс үүдэлтэй олдмол саажилт бол эмчлэгдэх магадлал ч их байх ажээ.

О.Сувд охины үеийн хүүхэд өөрөө хоолоо бариад идчихдэг бол тэрээр толгойгоо ч сайн даахгүй, замбараагүй хөдөлгөөнтэй. Тиймээс булчин шөрмөсийг нь хөдөлгөөн заслын эмчилгээгээр өдөр бүр амьд, идэвхтэй байлгах нь хамгийн чухал. Монголд 21 аймгийн тархины саажилттай хүүхдэд үйлчилдэг ганц улсын байгууллага нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. Хэт их ачааллаасаа болоод тэнд нэг хүүхдэд сард ердөө л таван удаа хөдөлгөөн заслын эмчилгээнд орох дугаар өгдөг байна. Эмчилгээнийхээ дугаарыг урьдчилж, урт дараалалд зогсож байж олж авна. Уг нь ээж, охин хоёр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлэх гэж олон удаа оролдсон ч ор олдоогүй өнөөг хүрчээ. Хөдөлгөөн заслын эмчилгээнд бусад газраар үйлчлүүлэхэд нэг удаагийн төлбөр нь хамгийн хямддаа 10000, хамгийн үнэтэй нь 30000. Гэтэл ийм хүүхдэд ганц хөдөлгөөн засал биш тархи, мэдрэлийн үнэтэй олон эм, амин дэм шаардагддаг учраас төлбөртэй эмчилгээнд орох нөхцөл боломж муу. Иймээс Монголд хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхэд зөвхөн хөдөлгөөн заслын эмчилгээний дугаараа хүлээн, эсвэл эцэг эх нь шантран хүүхдээ зөнд нь орхиход хүрдэг байна. Байнгын хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгүйгээр хүүхдийнх нь яс шохойжоод эхэлчих л юм бол эмчлэгдэх аргагүй болдог аж.

Үүнээс ч хэцүү зүйл бас бий. ийм хүүхэд нэг өвдвөл маш хүндээр өвддөг, зөвхөн хатгаа тусахад л сэхээнд шилжих хэмжээний хүндэрдэг аж. О.Сувд охин гэхэд өнгөрсөн зун ханиад, улаанбурхнаас болж ХӨСҮТ болоод БЗд-ийн эмнэлгийн сэхээнд гурван удаа хэвтжээ.

АХ, ЭГЧ, ААВ, ЭЭЖИЙНАМЬ БОЛСОН ЗҮРХНИЙ БЯЦХАНО.СУВД

М.Наранмандах, хань А.Одхүүтэйгээ ханилаад дөрвөн сайхан үрийн эх, эцэг болжээ. Тэд О.Сувд охиноос гадна цэргийн насны ганц хүү, найм болон 14 настай хоёр охинтой. Олон жилийн дараа гэрт нь дахин бяцхан хүүхдийн дуу цангинахад бүгд л баяр, хөл хөөрцөг болон хүлээж авчээ. аавыгаа тэнгэрт халихын яг өмнөхөн олдсон хүүхэд болохоор М.Наранмандах болон түүний хань а.Одхүү нар “эцэг нь эргээд ирлээ” хэмээн ихэд бэлгэшээсэн байна. Хоёр том охин нь бяцхан дүүдээ амь гэж жигтэйхэн. Дүүгээ ээжээсээ дутахгүй асарч тойглон, уншиж судалж, ээждээ туслалцдаг аж. Гэр бүлээрээ л О.Сувд охины төлөө чадах чинээгээр боломж бололцоогоо дайчилж, зардлаа танахын тулд том хүүтэйгээ ярилцан их сургуулиас нь гаргаж цэрэгт явуулжээ. Нэг жил ч гэсэн хувцас, хоолны мөнгө хэмнэх гэж байгаа хэрэг. Энэ гэр бүлд нэг ч хүн шинэ гутал, хувцас, цүнх авна, амттай зүйл авч иднэ гэж гонгинодоггүй. Зуун төгрөг ч гэлтгүй дүүгийнхээ эмчилгээний зардалд хадгалдаг. Нэг өдөр том охин нь М.Наранмандахаас “Ээж ээ, манай дүү том болоод хүүхэд гаргаж чадах болов уу” гэж асуужээ. Өөрийнх нь ч бодоогүй явсан энэ үг түүний сэтгэлийг маш их хөндсөн байна. Тэгээд дотроо “Чадна аа. Миний охин бусадтай адил болж чадна. Түүний төлөө ээж нь хамтдаа зүтгэнэ” гэж тангарагласан байна. Тэрбээр охиноо эдгэнэ гэдэгт бүрэн итгэж байгаа юм. О.Сувд охин “Ээж ээ хайртай” гэж хэлдэг. Өлсөхөөрөө хоолойгоо тогшдог. Гараа үнсч ээждээ хайраа илэрхийлдэг. Энэ бүхэн нь түүнд итгэл өгөх хамгийн том гэрэл гэгээ юм.

О.СУВД ОХИНД ЗОРИУЛАНДУУЧИНЛ.БАЙЗАДА ТОГЛОЛТ ХИЙНЭ

М.Наранмандах СУИС-ийн харьяа рТдС-д сэтгүүл зүйн багш хийдэг. Түүнийг хамт олон нь ойлгон дэмжиж, ажиллах цагийн хуваарийг нь уян хатан гаргаж өгсний хүчинд охиныхоо эмчилгээний төлбөрийг ядаж таслахгүй байгаагаа тэрээр ярилаа. Хүнийг ядрахад түшээд авах хамт олонтой байна гэдэг том аз. Хамт олон, ах дүү, найз нөхөд, хамаатан садан, олон оюутан шавь нарынхаа хүчинд нялх үрийнхээ эм, амин дэмийг авч чадаж байгаагаа ярьсан. ангийнх нь хүүхдүүдийн санаачилгаар РТДС-ийн гуравдугаар курсын оюутнууд хандивын аян өрнүүлж, тоглолт хийхээр ярилцжээ. Энэхүү аяны талаар болоод О.Сувд охины тухай танилаараа дамжуулан сонссон “латиф” сангийн тэргүүн, дуучин л.Байзада М.Наранмандахтай уулзаж туслахаар болсон байна. Улмаар ирэх дөрөвдүгээр сарын 24-нд “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолтыг “UB palace”-ын концертын танхимд зохион байгуулахаар болсон аж. Мөн христийн “Гэрэл өөд” төвийг ч энд орхигдуулж үл болно.

О.Сувд охин одоо Сансар дахь сувиллын 10 дугаар цэцэрлэгт явж байгаа. М.Наранмандах энэ цэцэрлэгийн үүдээр алхан орж, эмчилгээ, сургалтад нь хамрагдаад толгой доторх бодол нь бүхэлдээ өөрчлөгджээ. Ой зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэд авдаг энэ цэцэрлэгт хүүхдийн төлөө л гэсэн сэтгэлтэй хүмүүс ажилладаг гэдгийг онцолсон. “Би өмнө нь охиноо муу сайн ч хамаагүй хөл дээрээ л тогтдог болоосой гэж хүсдэг байсан. Харин энэ цэцэрлэгт ирээд, миний охин зөвхөн хөл дээрээ босоод зогсохгүй эх орондоо хэрэгтэй, өөртөө тусалж чадах хүн болох ёстой, тэгж ч чадна гэдгийг надад энэ цэцэрлэгийн хамт олон ойлгуулсан” гэсэн юм. Тэрээр одоо хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх, хүүхдэдээ тохирсон ажлын байр бэлтгэх ёстой гэсэн том зорилго өмнөө тавьжээ.

ШҮРЭЭР ДУГААР ХЭЛХЭЖ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛАА ОЛНО

М.Наранмандах охиныхоо төлөө гээд хүнээс зүгээр мөнгө гуйгаад суухыг тэр хүссэнгүй. Хүнд хэрэгтэй бүтээлч аргаар бяцхан үрээ хөл дээр нь босгох ёстой гэж шийдэн шүрээр утасны дугаар хэлхдэг. Түүнд энэ санаагаа хэрэгжүүлэхэд нь ихэр М.Нарантунгалаг нь маш их тусалж, шүрээр дугаар хийхийг зааж өгчээ.

Энэ зуны гурван сардаа багтаан Герман улсад очиж оношоо тодруулахад ээж, охин хоёрт наанадаж 25 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс юу хийж цалингаас гадуур орлого олж болох талаар удтал судалсны дүнд шүрээр автомашины утасны дугаар хэлхэж зарах аргаар хуримтлал үүсгэхээр болжээ. анх нэг дугаарыг дөрвөн цаг хийдэг байсан бол одоо хоёр цагийн дотор хийдэг болжээ. ажлынхаа хажуугаар хүмүүсийн захиалгыг гүйцээхийн тулд үүрийн дөрвөн цагт босч шүр хэлхэнэ.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэрээр ажлынхаа хажуугаар тасралтгүй дугаар сүлжиж 2.5 сая төгрөг олсондоо урамшин, итгэл найдвар нь ч улам батжин ассан байна. Энэ ажлыг нь найз нөхөд, ажлын хамт олон, шавь нар нь ихэд дэмжиж хамт хийлцэж, борлуулж өгдөг байна.

Олон хүний тусыг хүртэж байгаа болохоор тэрээр бусад зовсон хүмүүст ч орлогоосоо хандив өргөж буйгаа ярьж байна. шүрээр хэлхсэн нэг дугаар 10 мянган төгрөг аж. Сүлжсэн дугаар нь өнгө өнгөөрөө ялгаран, нямбай, цэмцгэр гэж жигтэйхэн. Сэтгэлээрээ хийж байгаа болохоор хүмүүс захиалга ч гайгүй өгдөг аж.

Мөн найз нөхөд, хуучин хамт олон, үе үеийн шавь, англид сурч буй монголчууд, нөхрийнх нь арван жилийн ангийн нөхөд нь сэтгэлийн хандив өргөсөн төдийгүй зарим хүн дугаар захиалчихаад нэмж эмчилгээнд нь нэмэрлээрэй гэж хандив өргөсөн гэдгийг тэрээр ярьсан.

Бидний сурвалжлагыг уншиж байгаа эрхэм та энэ бяцхан охинд туслахыг хүсвэл өөртөө ч хэрэгтэй энэхүү дугаарыг захиалахад л хангалттай. Таны захиалсан нэг дугаарын орлогыг М.Наранмандах зөвхөн охиныхоо эмчилгээний төлбөрт биш бас бусад хүүхдийн төлөө зориулдаг гэдгийг ч учирлая. Магадгүй өнөөдөр хөл дээрээ тогтож чадахгүй байгаа О.Сувд охин маань таны өгсөн сэтгэлийн хүчээр маргааш өөрөө хоолоо идэж чаддаг, өөрөө хичээлдээ явдаг болчихвол хүн хүнийхээ төлөө гэсэн сэтгэлийн сайхны утга учир биелэх билээ. Хэрэв дугаар захиалахыг хүсвэл, мөн “Зүрхний бяцхан Сувд” тоглолтыг үзэхийг хүсвэл М.Наранмандахын 9103-4646 утсаар холбогдоорой. Мөн О.Сувд охины эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл, бас дугаар захиалсан төлбөрөө бэлнээр хийх боломжгүй бол Төрийн банкны 106100031241, ХааН банкны 5021494986 данс руу мөнгөө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь хийлгэх утасны дугаараа бичихэд хангалттай аж.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Дэлгэрцэцэг: Хөгжим бол тэр чигээрээ бясалгал

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

-Ирэх сард “Таван өнгө” нэртэй тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай Улаанбаатар чуулгын арван жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд маш олон тоглолт болж байгаагийн нэг нь манай хөгжимчдийн тоглолт. Би Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин гэж явдаг. Чуулгынхаа хүрээнд ятгачин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, СТА Н.Отгончимэг, эвэр бүрээчин СТА О.Чинбат нарын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийхээр болсон.Ардын хөгжмийн зэмсгийг хийл хөгжмийн сонгодог ая, цахилгаан хийлтэй хослуулах өвөрмөц хоршилтой тоглолт болох гэж байна.

-Тоглолтын санааг чуулгаас гаргасан уу. Яагаад заавал эдгээр уран бүтээлчидтэй хамтрахаар болсон юм бэ?

-Ер нь чуулгын тоглолтын төлөвлөгөөнд орсон байсан. Ялангуяа Х.Бархүү Б.Мягмарцэрэн хоёр маань “Авьяаслаг монголчууд” шоунд орсноосоо хойш маш их танигдаж, ардын хөгжмөөр ингэж тоглож болдог юм гэдгийг харуулж чадсан. Миний хувьд ч гэсэн хамтран тоглох цэвэр уран бүтээлийн сонирхол байна. Яагаад гэвэл үнэхээр гайхалтай авьяастай хөгжимчид. Уран бүтээлийн хувьд миний сонирхлыг татсан.

-Таны хувьд үндэсний хөгжмөөр оролцох уу, сонгодог хөгжмөөр оролцох уу. Хэчнээн уран бүтээлээ толилуулах вэ?

-Хийл хөгжмөөр сонгодгийг ч, рок попыг ч тоглож болдог. Ер нь аливаа хөгжмийн зэмсгээр бүх хөгжмийн төрлийг тоглож болдог гэдгийг харуулна. Ямар ч байсан өөр хэв маягийг эвдсэн найруулгатай тоглолт болно. Манай эвэр бүрээний О.Чинбат гээд авьяаслаг залуу дууны найруулгыг хийж байгаа.

-Сүүлийн үед дан хөгжмөөс бүрдсэн ч юм уу сонгодог тоглолтыг хүмүүс харьцангуй үздэг болсон юм шиг. Ийм тоглолтыг үзэгчид хэр сонирхож байна?

-Үнэнийг хэлэхэд нутаг бүрийн ард иргэдээс бүрдсэн хотод бид амьдарч байгаа. Ямарваа нэг зохиолын дууны тоглолт Бөхийн өргөөнд болоход үзэгчдийн суудал дүүрдэг. Тэр нь ерөнхий хүн амын хэдэн хувь нь хөдөөний хүмүүс амьдарч байна гэдгийг баталж байгаа юм. Дан хөгжмийн иймэрхүү тоглолтыг тийм ч их хүн үзэхгүй. Яагаад гэвэл хүмүүст хол санагддаг шиг байгаа юм. Улаанбаатар чуулга нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлсон тийм л чуулга болохыг зорьж ажилладаг учраас урдаа барьдаг уран бүтээлчид нь энэ тоглолтыг хийж байгаа. Хотын гэж өөрийгөө бодож, өөрийгөө төсөөлж амьдардаг хүн болгонд манай тоглолт нээлттэй.

-Таны хувьд сүүлийн үед хөгжмийн сургуулийнхаа багшийн ажилд илүү анхаарал хандуулж байна уу, уран бүтээл дээрээ ажиллаж байна уу?

-Хөгжмийн сургуулиа нээгээд жилийнхээ ойг үзэх гэж байна. Энэ жилийн хугацаанд хөгжмийн сургуульдаа түлхүү анхаарч ажилласан. Уран бүтээлийн хувьд чуулгатайгаа салшгүй холбоотой ажилладаг. Мөн түрүү жил “Авьяаслаг Монголчууд” гээд маш том шоуны ард гарсан. Маш их цаг зарцуулсан ажил байлаа. Одоо хоёрдугаар ээлж нь эхлэх гээд шалгаруулалт явагдаж байгаа.

-“Авьяаслаг монголчууд” шоуны тухайд асуухад оролцогчид нь өмнөх жилээс хэр өрсөлдөөнтэй, авьяастай байна?

-Энэ шоу маш том форматын дагуу явагддаг. Хэн дуртай нь “ингэе, тэгье” гээд өөрчилчихдөг юм биш. Дэлхийн 68 оронд зохиогдсон. Эдгээр бүх оронд яг нэг зарчмаар, өөрийн форматтай, лицензтэй явагддаг. Түүний бас нэг зарчим нь шүүгчдэд ямар ч мэдээлэл очих ёсгүй. Бид шүүгчийн сандал дээр, тайзан дээр очиж суухад л хамгийн анх тэр үзүүлбэрийг үздэг. Тэрнээс өмнө тийм оролцогч орж байгаа, тийм үзүүлбэр үзүүлнэ гэдгийг мэддэггүй. Орон нутгийн буюу нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгуулагчид маань шалгаруулж авдаг болохоор одоохондоо ямар хүмүүс орж байгааг мэдэхгүй байна.

-Өмнө нь таны мэдрэмжээ илэрхийлж байгаа байдал, сэтгэл хөдлөлийг хүмүүс янз бүрээр хэлж байсан. Энэ тухайд…

-Аливаа хүн яаж хүлээж авах нь тэдний хэрэг. Хэн дуртай нь хийж чадахгүй учраас тэгчихээсэй, ингэчихээсэй гэж боддоггүй. Миний тэр шоунд оролцож байгаа гол үүрэг, ажил бол өөрийн урлагаас олж авсан нарийн мэдрэмжээ гаргах, хэнээс ч санаа зоволгүйгээр үнэн зөв, өөрөөрөө байх. Би тэр л үүрэг даалгавраа биелүүлсэн.

-Биеэ барих, сэтгэл хөдлөлөө дарах үе гарч байв уу?

-Үүнийг та өөрөөсөө асуугаад үз дээ. 15 камер өөдөөс чинь харж байхад биеэ барих уу үгүй юу. Энэ тохиолдолд уран бүтээлч, шүүгч ч гэсэн адилхан л хүн. Сэтгэл хөдлөлөө дарах юм байхгүй. Тэгвэл ажлаа хийхгүй байгаатай адилхан болж байгаа.

-Сургууль нээгдсэнээс хойш жилийн хугацаанд хичнээн шавьтай болов. Хүүхдээ сургах хүсэлтэй эцэг эхчүүд хэр их хандаж байна?

-Хандалгүй яахав. Эдийн засгийн хямралын үед хөгжмийн сургууль ажиллуулахад бэрхшээлтэй үе таарах нь бий. Урлагийн буянаар танигдсан учраас шавь нарын хувьд хандалт их байгаа. Манай нийгэмд тэр болгон урлагийн мэдрэмж өгдөг, хүүхдийг урлагт дуртай болгох юмсан гэдэг эсвэл урлагаар амьсгалуулах газар маш цөөхөн. Тийм газрыг нэг ч гэсэн тоогоор нэмэх юмсан гэж боддог. Манай сургуульд хүүхдүүд орж ирэхэд хүмүүжүүлэх орчныг нь бэлдээд, соёл гэдэг юмыг суулгах юмсан. Тайзны соёл, бусадтай харьцах соёл гээд урлагийн маш сайхан олон өгөгдөл байдаг. Тэр болгоныг хүүхдүүддээ суулгах юмсан гэдэг л хамгийн гол зорилго юм даа. Хөгжмийг нэг удаа ч гэсэн барьж үзсэн, нэг сар, жилийн хичээлд яваад үзчихсэн хүүхдэд тэр дурсамж, мэдрэмж насан туршид нь тогтчихдог. Түүгээрээ маш том сургууль л даа.

-Бас эцэг эхчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүд хөгжмийн боловсролтой болохыг маш их эрмэлздэг болж?

-Хүмүүс сайхан брэндийн цүнх үүрээд явахаар тодорхой хэмжээнд өөрийгөө үнэлүүлнэ гэдэг ойлголт хэврэг болчихсон байна. Хүн дотроо байдаг зүйлээр өөрийгөө гоёж болдог. Ялангуяа эмэгтэй хүнийг чимдэг гоё зүйл бол хөгжмийн боловсрол. Найзуудынхаа өмнө ч юм уу, гадны зочдын өмнө нэг ая сайхан тоглоод өгөхөд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгддөг билээ дээ. Хоёрдугаарт, тэр хүнд өөрт нь кайфтай байдаг. Хөгжим бол тэр чигээрээ бясалгал. Хөгжмийг сурах гээд оролдож байгаа момент хүнийг гадаад орчноос тасалж чаддаг. Хүмүүс тайвшралыг олмоор байна, өөр зүйл хиймээр байна гэдэг. Хөгжим тэр бололцоог олгодог.

-Ялангуяа хөгжимчин эмэгтэйчүүд цаанаасаа арай өөр, уянгалаг, ялдам, аядуухан гэмээр ч юм уу нэг онцлог шинж ажиглагддаг. Тэр юундаа байдаг юм бол?

-Тэр бол мэдрэмжиндээ байдаг байх. Хүмүүс мэдлэгтэй байхаас мэдрэмжтэй байх нь илүү гэж ярьдаг болчихсон үе. Хүн мэдээж мэдлэгтэй байх нь хэрэгтэй. Мэдрэмжтэй байвал бүр сайн. Эмэгтэй хүн цаанаасаа мэдрэмжээ дагадаг амьтан учраас хөгжим сурснаар илүү гүн гүнзгий ойлгож чаддаг. Ялангуяа хийл хөгжим маш их мэдрэмж шаарддаг. Яагаад гэвэл дарах нот байхгүй, таван мэдрэхүйгээ ажиллуулж тоглодог.

-Яг тийм нарийн мэдрэмж шаардсан хөгжмийг дөрөв, таван настай хүүхэд сурахад хэр хүндрэлтэй байдаг вэ. Та өөрөө ч зургаа, долоохон настайгаасаа сурч эхэлсэн, танд хэр хүнд санагддаг байсан бол?

-Би өөрөө ямар байснаа мэдэхгүй юм даа. Гэхдээ хэцүү. Манай сургалт таван наснаас эхэлдэг юм. Хүүхэд яг порлон шиг байдаг. Бүх юмыг уусгаж авч чаддаг. Мэдээж би тэр хүүхдэд 10, 15 настай хүүхдийн юм заахгүй. Гэхдээ хүүхэд хүүхдээсээ болдог. Сая надтай хичээллэж байсан таван настай охин гэхэд маш хэрсүү, ухаантай, ес арван настай хүүхдийн хэмжээний байх жишээний. Ерөнхийдөө охид бага байхдаа илүү хөгжил сайтай байдаг юм шиг санагддаг.

-Хүүхдийг хэвлийд байхад нь болон төрсөн цагаас нь эхэлж сонгодог, уянгалаг ая их сонсговол IQ сайтай, уян зөөлөн зантай, ухаантай болдог гэдэг. Хэр ортой яриа вэ?

-Тэр бол яг үнэн. Ээж нь жирэмсэн байхдаа уурлаж уцаарлаад, машин бариад бухимдаад байхаар хүүхэд нь ууртай уцаартай хүн болдог. Бүр батлагдчихсан судалгаа байдаг юм билээ.

-Танай хүүхдэд тэр жишээ ажиглагдаж байна уу. Мэдээж хөгжимчин хүний хүүхэд учраас хэвлийд байхаасаа сонгодог хөгжмийн орчинд хүмүүжсэн байгаа?

-Би жирэмсний зургаан сартай байхдаа бие даасан тоглолтоо хийж байсан. Зургаан сараас нь хойш өөртөө амралт өгсөн. Хүү маань маш сонсгол сайтай, ямарваа нэг өнгийг алдалгүй барьж чаддаг. Магадгүй би байнга хөгжим тоглодог болоод ч тэр юм уу, эсвэл ген гэдэг зүйл удамшдаг ч байж мэдэх юм. Нөлөөлдөг гэдгийг бол хэзээ ч үгүйсгэхгүй.

-Сургуулийн гарын авлага дээр таныг албан ёсны сузуки сертификат эзэмшигч багш гэсэн байна. Энэ ямар учиртай сертификат юм бол?

-“American Suzuki assoc­cion” гээд маш том сургалтын онол байдаг. Сузуки гэдэг хүний өөрийнх нь нэрээр нэрлэчихсэн онол. Би анх Америкт очоод л тэр онолыг сонсч байсан. Тэр онолыг Америкт сурч байхдаа багш нар бэлдэх зуны сургалтад давхар сурсан. Анхны сузукигийн сертификаттай монгол багш гэж болно. Энд боловсруулсан тэр том онолыг хэрэгжүүлээд явж байгаа Монгол дахь цорын ганц гишүүн нь би. Орос манай хоёроос бусад бараг бүх оронд энэ школоор заадаг.

-Та гэртээ үр хүүхэд, ханьдаа зориулж хэр их хөгжим тоглодог вэ?

-Найз нөхөд ирчихсэн баяр ёслолын үеэр тоглолгүй яахав. Гэхдээ сургуультай болсноос хойш сургууль дээрээ хувийн бэлтгэлээ хийдэг болсон. Түүнээс хойш гэртээ тоглохоо больчихсон. Нэг тийм тогломоор санагддаг үе бас бий.

-Монгол эмэгтэйчүүд нөхрийн талын ёс заншлаа их дагадаг. Таны хувьд тийм хандлага байдаг уу?

-Би монгол хүн учраас монгол заншлаа хамгийн түрүүнд хүндэлж дээдэлнэ. Нөхрийн талыг мэдээж ойлгоно. Хоёр биенээ хайрлах гэж, ойлгох гэж, хүндлэх гэж суусан учраас. Гэхдээ нэг их сүртэй ёс заншилсаад байх юм байдаггүй л дээ. Манайх чинь бас их заншилсаг орон шүү дээ. Би хоёр, гурван жил Америкт сурсан учраас хэцүү асуудал байдаггүй.