Categories
редакцийн-нийтлэл

Шатахуун түгээгч эмэгтэйг төмрөөр зодож, орлогыг нь дээрэмджээ

-ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮРЭН ХАНГАЖ ЧАДААГҮЙГЭЭС ХАЛДЛАГАД
ӨРТЖЭЭ-

Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг өчигдөр үүрийн 05.00 цагт нийс­лэлд гарав. Баянзүрх дүүр­гийн XII хорооны ну­таг дэвс­гэрт байрладаг “М-Ойл” шатахуун түгээх станцад багтай хүн хал­даж, гурван  сая төгрөгийг нь дээ­рэмд­сэн байна. Энэ хэргийн эргэн тойрны үйл явдлыг сур­валжил­сан юм.

ТҮГЭЭГЧ ЭМЭГТЭЙГАЛНАХЭМЭЭН СҮРДҮҮЛЖ БАЙГААД ОРЛОГЫГ НЬ АВЧЭЭ

“М-Ойл”-ын халдла­гад өртсөн ШТС нь “На­ран­туул” захаас “Чулуун-Овоо” чиглэлийн замд байрлан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бол­сон явдлыг тодруулахаар тус ШТС дээр очлоо. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй ша­тахуун түгээгч жолооч нарт үйлчилж байв. Ха­рин дотор тэдний ахлах эмэгтэй сууж байсан юм. Гэмт халдлагын талаар түүнээс лавлатал “Ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн захирлын шийдвэр гарсан” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Уг ШТС-ын эргэн той­ронд хяналтын гурван камер зоосон харагдав. Харин дотор ганц нэг камер байгаа бололтой. Эх сурвалжийн хэлснээр хэрэг гарах үед ШТС-д хоёр л эмэгтэй түгээгч ажиллаж байжээ.
Үүрийн 05.00 цагийн үед хүний хөл хөдөлгөөн сийрэг нам жим байдаг. Тиймээс шатахуун түгээгч бүсгүйчүүд ажлынхаа байранд сууж байжээ. Гэтэл арын өрөөнийх нь цонхоор үл таних этгээд орж ирсэн байна. Гартаа төмөр барьсан тэрээр хар өнгийн юүдэн­тэй цамц өмсөн, нүүрээ битүүлж, нүдээ гаргасан багтай байж. Бүс­гүй­чүүд ч сандралдаж, шоконд орох шиг болсон гэнэ. Багтай залуу шуудхан хоёр бүсгүйгийн нэгийг нь гартаа барьсан төмрөөрөө зодож, нүүр, нүдгүй гөвшжээ. Харин нөгөө бүсгүйд нь гар хүрээгүй гэнэ. Тэгс­нээ зодож байсан түгээгч эмэг­тэй­гээ “Ална” хэмээн сүрдүүлжээ. Улмаар “Мөнгө өгөхгүй бол алчих­на шүү” гэж барьцаалсан аж. Ийн­хүү заналхийлэлд өртсөн бүсгүй аргагүйн эрхэнд түүний хэлсэн ёсоор сейфээ онгойлгож мөнгө гаргаж өгсөн бололтой. Сейфэнд гурван сая гаруй төгрөг байсан гэнэ. Тэгтэл гэмт этгээд задгай мөнгөнүүдийг нь тэрүүгээр нэг цацаж, бүхэл, боодолтой мөн­гө­нүүдийг нь шүүрэн авч оджээ. Азаар өдрийн орлогоо орой нь тушаагаад амжсан байж. Иймд дээрэмчин сейфэнд толгойлоод хийчихсэн байсан мөнгөнүүдийг нь авсан байна.

Энэ ШТС-ын цонхнууд нь хам­гаа­лалтын төмөр хаалтгүй юм билээ. Тиймээс олз хайсан залууд орж ирэх боломж олгосон байна. Гэхдээ ямар нэгэн цонх хагарч, бутарсан ул мөр огт байсангүй. Эх сурвалжийн ярьж буйгаар ШТС-ын цонх нь түгжээгүй байсан гэв. Хамгаалалтын төмөргүй, онгорхой цонхоор дээрэмдэгч түвэггүйхэн орж иржээ. Халдлага болох үед гэрээт хам­гаалагч байтугай эрэгтэй ажилтан ч байгаагүй нь уг ШТС зөвхөн хяналтын камертаа найдаж суусных бололтой. ШТС бүрэн камерын болон дохиолол хамгаалалттай болохоор аливаа халдлага тохиол­до­ход гэрээт хамгаалагчид хэдхэн хормын дотор ирэх учиртай аж. Харин тэдний гэрээт хамгаалагч төв байранд нь байрладаг аж. Өчигд­рийн болсон явдалд түгээгч эмэгтэй дохиоллынхоо товчлуурыг дартал хамгаалагчид хэдхэн минутад ир­сэн гэнэ. Гэвч гэмт этгээд ум хумгүй зугтаажээ. Түүнд зодуулсан түгээгч эмэгтэйн биеийн байдал гайгүй байгаа аж. Цочролд орсон боло­хоор хэсэг хугацаанд ажлаа хийх боломжгүй болжээ. Биеийн байдал нь дээрдэж, тайвширсны дараа ажлаа үргэлжлүүлэн хийх юм бай­на.

Тус ШТС-ыг аюулгүй байдлаа ханга гэж цагдаагаас удаа дараа шаардлага хүргүүлж байсан гэнэ.

МОйл“-ын халдлагад өрт­сөн ШТСаас явахтай зэрэгцээд хэргийг мөрдөн шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд  ирсэн юм. Цаг­даа­гийн байгуул­лагаас тус ШТСд албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Нийслэлийн цаг­даагийн газрын хэвлэлийн тө­лөө­лөгч, цагдаагийн ахлах тө­лөө­лөгч Б.Эрдэнэмөнхөөс тод­руулсан юм.

 -“МОйл“-ын ШТСыг дээрэмдсэн этгээдийг олсон уу?

-Одоогоор
эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Гэмт этгээд 20-25 насны эрэгтэй хүн байсан байгаа юм.

Тус ШТС хяналтын камертай юм билээ. Хэргийн талаар хэрхэн бичигдсэн байна?

-Гэмт
этгээд масктай, хар хув­цас­тай байсан болохоор царай зүс нь танигдахгүй. Уг ШТС-ын хувьд хяналтын камер нь шаардлага хангахааргүй. Стандартын бус камер. Тиймээс тухайн үйл явдлын процесс нь тод харагдахааргүй юм билээ. Эднийд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас урьд нь хэд хэдэн удаа анхааруулга, албан шаардлага хүргүүлж байсан. Хянал­тын камеруудаа сайжруулах, цонхнууддаа хамгаалалтын тор хийж, хаалганыхаа түгжээг бататган аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулсаар байтал ийм халдлагад өртлөө.

Гэрээт хамгаалагчтай юу?

-Гэрээт
хамгаалагч нь төв байран дээр нь байрладаг гэсэн. Тэд ШТС-уудаа камераар 24 цагийн турш хянадаггүй. Гэмт этгээд мөнгө дээрэмдээд явангуут нь шатахуун түгээгч бүсгүйчүүд дохиоллынхоо хонхыг дарсан юм билээ. Ингээд “Шонхор” гэрээт хамгаалалтын албаныхан 10 минутын дараа очсон байгаа юм. Ер нь тус ШТС-ын удирдлагууд нь ажилчдынхаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, тэдэнд сургалт хийдэггүйгээс ажилчид нь сонор сэрэмж алдаж гэмт халдлагад өртлөө. Дан ганц “М-Ойл” ч гэлтгүй хэд хэдэн ШТС урьд нь халдлагад өртөж, хүний эрүүл мэнд, амь нас хохирч байсан тохиолдол цөөнгүй удаа гарч байсан. Одоо манай ШТС-ууд камерын хяналтад найдалгүй аюулгүй байдлаа өөрсдөө бүрэн хангахыг дээрх хэргүүдээ сэрэмжлүүлж байна гэв.

 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Баавар батлан даалтад гэртээ байна

“Дижитал”
хамтлагийн ах­лагч, Монголын хип хопчдын холбооны ерөнхийлөгч асан Баавар буюу Ш.Батбаяр ур­жиг­дар эмнэлгээс гарсан. Одоо тэрбээр гэртээ байгаа аж.  Бааварын хэргийг са­нуула­хад, тэрээр Эрүүгийн хуулийн 192.3.4,
192.3.5-д зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлд­мэл, бодис борлуулах зорил­гоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэр­лэ­сэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон буюу зо­хион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх зүйл ангиар буруутгагдсан. Хар тамхины хэрэгт сэжигт­нээр татагдсан тэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид саа­туулагдаж байх үедээ галд өртөн шатаж, түлэгдээд эм­нэ­лэгт хүргэгдсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бааварын шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хэрэг нь түдгэлз­сэн. Тухайн үед Баавар Тү­лэн­хийн төвд хэвтэн эмч­лүүлж байсан болохоор биеийн байдлаас нь шалт­гаа­лан ийн хэргийг нь түр “гацаажээ”. “Бааварын биеийн байдал дээрдлээ. Шүүх хуралд оролцох боломжтой” гэсэн эмчийн дүгнэлт гаран­гуут түүнийг шүүх юм байна.

Хар тамхины хэрэгт Баава­раас гадна хэд  хэдэн хүн холбогдсон байгаа. Олон хүнд хамаатай энэ хэргийн анхан шатны шүүх хурал Бааварын биеийн байдлаас шалтгаалан  түдгэлзэхэд хүр­сэн. Шүүх дээр очсон хэрэг түдгэлзэнэ гэхээр “Бүх ажил­лагаа түр зогссон гэсэн үг. Хэрэг шүүх дээрээ байдгаа­раа л байна. Тэрнээс хэргийн талаар нэмэлт мөрдөн бай­цаалт  явагдахгүй гэсэн үг” хэмээн албаны эх сурвалж хэллээ. Тиймээс Баавар на­рын хэрэг Чингэлтэй дүүр­гийн шүүх дээр байдгаараа байгаа аж. Бааварын биеийн байдал хэзээ дээрдэнэ тэр хүртэл анхан шатны шүүх хурал болох юм байна. Хэр­гийг түдгэлзүүлсэн өөр нэг шалтгаан нь Баавартай хамт хар тамхины хэрэгт холбогд­сон хүмүүсийг тусгаарлан хэргийг шүүвэл тэд бие биеийн­хээ эсрэг мэдүүлэг өгч болзошгүй нь мэдээж. Иймд тэдний хэрэг хэзээ сөхөгдөж, хамтад нь шүүх хурал хэдийд товлогдох нь тодорхойгүй байна.

Одоо Баавар батлан даал­­тад гадуур байгаа. Түүн­тэй хамт хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс ч бас бат­лан даалтад буй аж.

Бааварын хоригдож бай­сан Цагдан хорих 461 дүгээр ангийн камерт гал гарах үед түүний толгой болон ар ну­руун хэсэг нь түлэгдсэн. Шин­жээч­дийн урьдчилсан дүгнэл­тээр гал гарсан шалтгааныг гадны нөлөөтэй гэж тогтоо­сон. Улмаар Бааварын саа­туу­лаг­даж байсан камераас асаагуур гарч ирсэн бөгөөд тэр нь Бааварынх болох та­лаар мэдээлэл цацагдаж бай­сан билээ. Иймд Баавар өө­рөө гал тавьсан гэх мэдээлэл ч олны дунд тархаад байсан юм. Гэтэл яг гал гарах үеийн камерын бичлэг алга болсон нь хачирхалтай. Бааварын өмгөөлөгч галын урьдчилсан дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн үзэж, дахин шинжээч томилох болсноо мэдэгдэж байсан удаатай. Улмаар ОБЕГ, ЦЕГ, Түлэнхийн төвийн төлөөлөл оролцсон гурван хүний бүрэлдэхүүнтэй шин­жээ­чийн багийг шинээр томи­лон ажиллуулна гэж байлаа. Харин Цагдан хорих 461 дүгээр ангийг хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруул­сан, битүүмжилсэн хэсэгт дураараа нэвтэрч, мэдээл­лийг бусдад тараасан гэсэн шалтгаанаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж шал­гуула­хаар болсон.

Бааварын хувьд арьс нө­хөх косметик хагалгаанд ор­сон бөгөөд одоо биеийн бай­дал дээрдсэн гэнэ. Хэрэв  шүүхээр түүний гэм буруутай нь тогтоогдвол хуулинд заас­ны дагуу 10-15 жил хүртэлх хорих ялаар шийтгэх юм байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Э.Золзаяаг гурван монгол бүсгүй зодсон гэж утсаар хэлжээ

Солонгос дахь монгол оюутнуудын хаврын баяраар болсон сагсан бөмбөгийн
тэмцээнээс алтан медаль хүртжээ. Зүүн гар талаас эхнийх нь Золоо

-СОЛОНГОСТ ХАРААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭМЭГТЭЙЧҮҮД Э.ЗОЛЗАЯАГ ЗОДСОН ХЭМЭЭН
ГАР УТСААР МЭДЭЭЛСЭН БАЙНА-

БНСУ-ын Инчон их сургуулийн оюутан Э.Зол­заяа ухаангүй олдсон талаар өмнө бид  мэ­дээл­сэн билээ. Тэрээр маш хүнд бэртэл авч, Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. Одоо  түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байгаа аж. Э.Золзаяагийн биеийн байдал дээрдсэн эсэхийг  ар гэрийнхнээс нь лав­ла­хад “Ямартаа ч ухаан орсон. Гэхдээ шокноосоо гарахгүй байна” гэлээ. Анги хамт олонтойгоо нийтэч, эвсэг найрсаг, хэнтэй ч сайхан харилц­даг энэ оюутан бүсгүйд туслах аян Солонгост өрнөөд байгаа юм байна. БНСУ-ын Чён Ин эмэг­тэй­чүүдийн сургуулийн Монгол ажилтан С.Са­ран­чимэг ажил хэргийн шугамаар эх орондоо иржээ.

Түүнтэй Э.Зол­заяа­гийн асуудлаар ярилц­лаа.

Э.Золзаяа ухаан орсон гэсэн. Өөрт нь юу тохиолдсон гэж байна вэ?

-Шокноосоо
бүрэн га­раа­гүй болохоор юу ярьж байгаагаа мэдэхгүй бай­на. Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Ар гэрийнхэн нь өдөрт 30 минутын хуга­цаа­тай хоёр л удаа ордог. “Чамайг өндрөөс үсэрсэн гээд байна. Тэгсэн юм уу” гэж асуухаар “Би юу гэж үсрэх юм бэ. Миний гар утас хаана байна” гээд гар утсаа нэхдэг гэсэн.  Гар утсан дээр нь ямар нэгэн баримт байгаа юм болов уу?

-Тэрийг
сайн мэдэхгүй байна. “Миний гар утсыг аваад ирвэл би бүгдийг санах гээд байна” гэж ар гэрийнхэндээ хэлсэн гэсэн. Бид гар утсыг нь хайгаад олохгүй байгаа. Э.Золзаяа эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ гадуур хувцастайгаа бай­сан. Эмнэлгийн зүгээс бидэнд түүний гутал, пальто, өмд, цамц, ороолт, цүнх гээд эмнэлэгт ирэхдээ юутай байсан тэр бүгдийг нь хү­лээлгэж өгсөн. Гэтэл гар утас л алга.

Цагдаагийн байгууллага Э.Зол­заяагийн гар утас болон нөүтбүүк зэргийг нь шалгаж байгаа гэж ар гэрийнхэн нь ярьж байсан. Тэр талаар танд ямар мэдээлэл байна?

-Түүнийг
хайж байх үедээ л шалгаж байсан гэсэн. Тэрээр дө­рөв­дүгээр сарын 11-ний орой гэрээсээ гараад шөнө дунд олдсон юм. Цагдаагийн байгууллагын­хантай уулзахад тэр талаар надад юм хэлээгүй.

Хаанаас олдсон юм бол?

-Түргэний
тэргээр эмнэлэгт хүргэгдэж ирсэн.

Тэр түргэн тусламжийн­хан­тай нь уулзсан уу?

-Үгүй
ээ. Тэр талаар бид хөө­цөлдөөгүй. Тэр бол цагдаагийн байгууллагын хийх ажил.

Солонгосын болон Монго­лын зарим  сайтаар Э.Золзаяаг биеэ үнэлж байсан мэтээр мэ­дээлсэн байсан. Ер нь цагдаа­гийн байгууллагын зүгээс Э.Зол­заяаг ямар учраас бэртэж гэмт­сэн болохыг тогтоосон уу?

-Би
өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн. Тэгээд ирэхийнхээ өмнө Инчоны Ён Сү цагдаагийн газрынхантай уулзсан юм. Цагдаа­гийн зүгээс Э.Золзаяаг биеэ үнэлж байгаад баригдаж, өндрөөс үсэр­сэн гэх ямар ч мэдээлэл өгөөгүй юм билээ. Харин Э.Золзаяагийн нэр хүндэд халдах тийм мэдээлэл цацсан солонгос сэтгүүлчтэй уул­за­хад цагдаагаас мэдээлэл авсан гэж байсан. Тэгтэл цагдаагийн зүгээс “Э.Золзаяаг олсон. Гэхдээ биеэ үнэлж байгаад баригдсан гэх мэдээлэл өгөөгүй” гэж байгаа юм. Тэд Э.Золзаяаг эмнэлэгт байхыг нь олсон шүү дээ. Гэрээсээ гараад тэр шөнөө ухаангүй болж эмнэлэгт очсон. Нэр хаяг нь тодорхойгүй болохоор цагдаагийн байгууллага мэдээгүй байсан юм билээ. Тэгээд Э.Золзаяа маань ухаан орж өөрийгөө монгол болохыг хэлээд цагдаа нарын хайж байсан хүн мөн болохыг тогтоосон.

Түүний талаар худал мэдээлэл цацсан тэр сэтгүүлч рүү би мессэж бичиж, “Та Э.Золзаяагийн нэр хүндийг унагасан мэдээлэл цацсан болохоор залруулга хийж өгнө үү. Мөн түүний эмчилгээний зардалд нэмэр болгох үүднээс хандив цуг­луулах аян өрнөж байгаа. Бидний энэ ажилд оролцоорой” гэсэн. Хариуд нь “Би дарга, удирдла­гуудтайгаа ярьсан. Эргээд хариу өгье” гэж байна лээ. Ер нь Э.Зол­заяаг гадаадын хүн болохоор юу ч гэж хамаагүй бичиж болно гээд тоохгүй биччихсэн байх.

Э.Золзаяад тохиолдсон хэр­гийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

-Одоогийн
байдлаар шалгаа­гүй байна. “Хүүхэд чинь олдсон болохоор санаа зоволтгүй. Ухаан орохоороо өөрт нь юу тохиолд­соныг ярих байх” гэж байсан. Гэтэл Э.Золзаяа маань шокноосоо бүрэн гараагүй, юу ярьж байгаагаа ч сайн мэдэхгүй байна. Хэрэв ухаан ороод болсон явдлын тухай ярьж, ар гэрийнхэн нь гомдол гаргавал цагдаагийн байгууллага шалгана гэж байсан.

Тэгээд ч тэнд оюутан хүн биеэ үнэлэх нь хуулинд хориотой. Хэр­вээ биеэ үнэлсэн тохиолдолд цаг­даагаас ял шийтгэл оноодог. Харин Э.Золзаяагийн хувьд биеэ үнэлсэн байвал цагдаагаас  хавтаст хэрэг үүсгээд шалгах ёстой. Өнөөдрийг болтол тийм мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй. Энэ тухай­гаа ч цагдаа нар бидэнд хэлсэн юм. “Золзаяад тохиолдсон явдал бол тэр сайтуудаар мэдээлээд байгаа шиг биеэ үнэлэлт биш учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахгүй. Биеэ үнэлсэн гэх гэмт хэргийн сэжүүр алга” гэсэн. Үнэ­хээр тэр сайтуудаар мэдээлсэн шиг буудалд байсан бол юу гэж гадуур хувцастайгаа эмнэлэгт ирэхэв дээ. Энэ мэт зөрчилтэй зүйл бий.

Э.Золзаяа ухаан орсныхоо дараа ээжийгээ харангуутааНамайг битгий орхиоч, муу хүмүүсээс авраачгэхчилэн айж сандарсан янзтай хэлсэн гэж хүргэн ах нь өмнө ярьж байлаа. Ар гэрийнхэн нь Э.Золзаяад юу тохиолдсон гэж таамаглаж бай­гаа бол?

-Анх
ухаан орохдоо ээждээ тэгж хэлсэн гэсэн. Харин намайг харс­наа “Сараа эгч ээ цаад өрөөнд чинь нөгөө гурван эгч байгаа шүү. Болгоомжтой байгаарай” гэж хэл­сэн. Ухаан нь орж гараад байгаа болохоор хэлж ярьсныг нь анзаа­раагүй. Э.Золзаяаг яагаад ийм болчихсон юм бол гэж ар гэрийн­хэн нь ихэд гайхширсан байдалтай байна.

Түүний эмчилгээний зар­далд хандивлах аян өрнөж бай­гаа гэсэн. Хэдий хэр хэмжээний мөнгө цуглав. Хэр зэрэг хүмүүс хандаж байна вэ?

-Чонжу
хот дахь монголчуудаас 700 мянган төгрөг ирүүлсэн байгаа. Мөн манай сургууль дээр хан­дивын хайрцаг нээсэн. Багш оюутнууд маш идэвхтэй оролцож байгаа. Э.Золзаяад тохиолдсон явдлын талаар над руу хүмүүс маш их ярьж байгаа. Хөөрхий эмэгтэйг өрөвдөж, хайрласан хүмүүс бай­хад харааж зүхэж доромжлох хүмүүс ч байх юм. Манай Монголын зарим сайт хүртэл Солонгосын сайтад мэдээлсэн худал мэдээг хуулан тавьж, монгол хүнийхээ нэр сүрийг гутааж байгааг ойлгохгүй юм. Гадаадаас алтан медаль авчир­сан хүнээ тийм сүржнээр мэдээлдэггүй хэрнээ хүний нутагт зовж шаналсан бүсгүйг доромжлон тохуурхсанд харамсаж байлаа. Солонгост амьдардаг нэг эмэгтэй над руу залгаад “Э.Золзаяаг яагаад ийм болсныг би мэднэ. Түүнийг гурван монгол хүүхэн зодсон” гэж утсаар ярьсан.

Тэд ямар хүмүүс гэнэ. Э.Золзаяа таныг харангуутааНөгөө гурван эгч байгаа шүү, болгоомжтой байгаарайгэсэн гэлээ. Арай тэд юм биш биз дээ?

-Яг
ч тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямартаа ч надад утсаар мэдээлэл өгсөн хүний ярьж бай­гаагаар Солонгост хараар ажил­ладаг эмэгтэйчүүд Золзаяаг зодсон гээд байгаа.

Түүнийг хэр удаан эмчлүү­лэх шаардлагатай гэж байна?

-Гурван
сар хэвтэн эмчлүүлэх ёстой гэж эмч хэлсэн. Эмчилгээний зардал хичнээн төгрөг болохыг мэдэхгүй байна. Одоогийн байд­лаар 20 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Бид тусламж хөөцөлдөж л байна. 

Солонгос дахь  манай ЭСЯ тусалж дэмжиж байна уу?

-Солонгост
байгаа манай ЭСЯ чадах чинээгээрээ тусалж байна. Гэтэл Солонгос дахь монгол оюут­ны холбоо нэг ч удаа Э.Золза­яагийн талаар асууж сураглаагүй.

Тэрээр Инчоны их сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Э.Золзаяа Солонгост очсон даруйдаа манай охидын колле­жед, миний дор гурван жил су­ралцсан. Эхний жил нь хэлний бэлтгэлд суралцсан. Дараагийн хоёр жил нь онгоцны үйлчлэгчийн ангид сурч, онц дүнтэй төгссөн байгаа. Харин Инчоны их сургуу­льд эдийн засагч мэргэжлээр су­ралцдаг. Э.Золзаяаг би маш сайн мэднэ. Хүмүүстэй эвтэй, уриалга­хан охин байгаа юм. Хичээл номон­доо сайны хажуугаар спортод сонирхолтой. Солонгос дахь Мон­гол оюутнуудын хаврын баяр гэж болдог. Энэ үеэр зохион байгуу­лагддаг сагсан бөмбөгийн тэм­цээнд Э.Золзаяагийн баг дандаа алтан медаль авдаг юм. Хичээл номондоо зүтгэлтэй сайхан оюутан маань ийм болсонд үнэхээр ха­рамсч байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Аз жаргалын эрэлд харийг зорьсон бүсгүйг боолын хувь заяа угтжээ

Харийн хүнтэй гэр бүл зохиож, амьдралаа хол­бохоор шийдсэн монгол бүсгүйчүүддээ сургамж болгох үүднээс нэгэн эмэг­тэйд тохиолдсон явд­лыг манай сонин хөндөж байна. Түүнийг Н.Ан­хи­луун гэж нэрлэлээ. Учир нь тэрбээр нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж буй за­луу хүн болохоор нэрээ нууцлахыг биднээс аминч­лан хүссэн юм.

Гадаадын иргэнтэй ханилж, сайн сайхан амь­дарч байгаа монгол эмэг­тэйчүүд бий. Гэвч хүний амьдрал алдаа мадаггүй, дардан замаар урагш­ил­на гэдэг ховорхон. Ирээ­дүй­гээ гэгээлгээр тө­сөөлж, гадны иргэнтэй гэрлэн хүүхдийг нь төрүү­лээд эцэс сүүлдээ хохи­рогч болдог бүсгүйчүү­дийн түүх олон. Ийм нэгэн зовлонт амьдралын зам­на­лаар явж ирсэн Т.Аятун­гаа, С.Энхмаа на­рын тухай өмнө бид мэ­дээлсэн. Нөхөр болох хүнээ зөв таньж, сон­гоо­гүй­гээс хайран сайхан амьдралаа үрэн таран хийж, үр хүүхдээ өнч­рүүлж, тэднээсээ хагац­сан монгол эмэгтэйчүүдэд маань тохиолдсон явдал олон хүнд нэгийг бодог­дуулаад авсан. Харин энэ удаад тэвчээрийн хязгаа­рыг туулж, эх орондоо эсэн мэнд ирсэн Н.Ан­хи­луун бүсгүйн талаарх үнэн түүхийг толилуулж байна.

Н.Анхилуун БНХАУ-ын иргэн Фан Фү Сөүтэй гэр бүл болж, хүүтэй болсон юм. Хахир хадмуудынхаа гарт боолчлогдож, шоронд байгаа юм шиг өнгөрүүлсэн найман жил түүний хувьд там шиг л байжээ. Хүнд хэцүү байдлаас өөрийн чад­лаа­раа мултарч, эх нутагтаа  ирсэн энэ бүсгүй өдгөө хүүгээ санан бэтгэрч, зовж шаналж яваа нэгэн.

ӨНГӨ МӨНГӨНД ХУУРТСАН ӨДРҮҮД….

1998 оны тавдугаар сар. Энэ үед Н.Анхилуун аравдугаар ангийн сурагч байв. Төгсөх ангийн сурагч байсан тэрээр шалгалт шүүлэгтээ бэлдэхийн зэрэгцээ ажил хийж, амьжиргаагаа залгуулдаг хөдөл­гөөн­тэй охин байжээ. Гэрийнхээ ойролцоо буюу “Таван шар”-ын орчимд үсчний газарт ажиллаж байсан гэнэ. 

Хаврын улиралд юм бүхэн шинээр сэргэж, хорвоо дэлхий өнгө зүсээ нэмдэг. Тэр утгаар хаврыг хайр дурлалын улирал хэмээн хүмүүс ярьдаг билээ. Сурагч ахуй насандаа үеийнхээ хөвгүүдийг шохоорхон сэтгэл алдрах явдал охид бүсгүйчүүдэд олонтаа учирна. Н.Анхилууны хувьд ч хайр дурла­лаас хол хөндий байгаагүй гэнэ. Үсчин хийж байхад нь гоё сайхан залуучууд орж ирэхэд нь нүд унагах тохиолдол цөөнгүй байж. Дурлалт хосууд үйлчлүүлэхэд нь битүүхэндээ тэдэнд атаархдаг байжээ. “Хэзээ нэгэн цагт сэтгэл татсан хэн нэгэнтэй ингээд явж байна даа” хэмээн хүүхэд насны гэнэн томоогүй зангаар төсөөлж, дотроо догдолдог байснаа нуугаагүй юм.

Түүний ажиллаж байсан үсчний газрынх нь дэргэд БНХАУ-ын хөрөн­гө оруулалттай ясны гурилын үйлд­вэр байдаг байжээ. Уг үйлдвэ­рийн монгол талыг хариуцсан захирал нь үсчний газраар байн байн нэгэн хятад залуутай орж ирэн үсээ засуулдаг байсан гэнэ. Тэрхүү хятад эр нь уг ясны гурилын үйлдвэрийн хөрөнгө оруулагч Фан Фү Сөү аж. Нэг удаа Монгол талын захирал залуу Н.Анхилуунаас Фан Фү Сөүгийн үсийг засаад өгөхийг гуйжээ. Анхандаа тэрээр  үндсэрхэг үзэл битүүхэндээ агуулж, хятад залууд дурамжхан ханддаг байв. “Очиж, очиж хужаагийн үсийг засаад байхдаа яахав дээ” хэмээн цааргалах ч “Мөнгөө төлж байгаа үйлчлүүлэгч юм хойно доо” хэмээн аргагүйн эрхэнд үсийг нь засч өгдөг байжээ. Фан Фү Сөү ч ойр ойрхон үсчинд орж, Н.Анхилууны өмнө очоод суучихдаг болж. Бие хаа сайтай, өндөр нуруулаг, бас царай­лаг төрхтэй түүнээс Н.Ан­хилуун тэр болгон татгалзаж чаддаг­­гүй байсан гэдэг. Хятад эр түүний сэтгэлийг татах гэж олон янзаар өөрийгөө илэрхийлдэг байсан нь аажимдаа таалагдаж эхэлжээ. Бэлэг сэлтнээс авахуу­лаад роман­тик байдалд нь Н.Ан­хилуун өөрийн эрхгүй татагдаж, ойр зуурын юм ярилцдаг болж. Гэхдээ тухайн үед тэдний хооронд ямар нэгэн хайр сэтгэлийн холбоо үүсээгүй байжээ. Жирийн найзууд шиг л дотно харилцаатай, жил шахам болсон гэнэ.

Фан Фү Сөү өдөр болгон үсчний газраар үзэгдэх болж, Н.Анхилуу­ныг хоолонд оруулдаг боллоо. Н.Анхилуунд түүний энэ байдал сайхан санагджээ. Үнэгүй хоол идэж, өнгө өнгийн бэлэг авах нь түүнд таалагджээ. Цаг хугацааны аясаар Н.Анхилуун хятад залууд татагдаж, дасч байгаагаа мэдэрсэн байна.

 МӨРӨӨДЛИЙН АМЬДРАЛ НЬ БИЕЛЭХ ЗАМ

1999 он. Н.Анхилуун энэ үед дээд сургуулийн нэгдүгээр дам­жааны оюутан байж. Харин гэнэт­хэн нэг өдөр Фан Фү Сөү үсчний газраар нь үзэгдэхээ больжээ. Жил шахам уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан энэ залууг явчихсаны дараа түүнийг Н.Анхи­луун  санагалзаж эхэлсэн байна. Хааяа бодож, дасч дур­ласнаа ойлгожээ. Фан Фү Сөү хоёр сар шахам сураггүй боллоо. Н.Анхи­луун ч ажлаасаа гарчээ. Тэрээр сургал­тынхаа төлбөрийг олохын тулд арай илүү цалинтай газар үсчин хийх болсон гэнэ.

Нэгэн өдөр гэртээ байж байтал хонх нь дуугарчээ. Хаалгаа нээтэл Фан Фү Сөү зогсч байхыг хараад зүүд биш байгаадаа хэмээн ихэд баярлажээ. “Манай гэрийг мэдэхгүй байж ингээд хүрээд ирсэн нь үнэхээр надад  хайртай юм байна” хэмээн итгэсэн гэнэ. Түүнтэй учрах нь хувь тавилан юм байна хэмээн баярласан гэдэг. Фан Фү Сөүд тэдний гэрийг хуучин ажлынх нь хүмүүс зааж өгчээ. Ингээд сураг­ласаар байгаад Н.Анхилуу­ныг олоод ирсэнд улам догдолсон аж.

Фан Фү Сөү түүнийг алган дээрээ бөмбөрүүлж, алт мөнгөөр өлгийдөх нь холгүй байжээ. Аль үнэтэй гэсэн ресторанд романтик байдлаар цагийг өнгөрүүлж, хайрын халуун дулаан үгсийг харамгүй урсгадаг байж. Үнэтэй брэндийн цүнх, гутал, хувцас, үнэт эдлэлүүд авч өгч сэтгэлийг нь 100 хувь өөртөө эргүүлж чадсан байна. Улмаар Н.Анхилууны гэр орноор очиж, ээж, аавтай нь танилцан, тэдэнд таалагдах гэж хэрэндээ хичээдэг байжээ. Танагтай, тансаг гэсэн болгоныг барьдаг байсан гэнэ.

Фан Фү Сөү өөрийнхөө болон нутагтаа байгаа гэр бүлийнхнийгээ тэдэнд танилцуулахдаа мундаг бизнесмэнүүд гэсэн ойлголтыг төрүүлжээ. Ээж, аав нь настай хүмүүс байдаг бол ах эгч нар нь ресторан ажиллуулдаг боломжийн баян амьдралтай гэжээ. Харин өөрөө рестораныхаа хоол хүнсний асуудлыг нь  хариуцан ажилладаг хэмээж. Мөн Монгол дахь үйлдвэ­рийг дангаараа эрхэлдэг мэтээр ярьжээ. Ажил хэргийн шугамаар ойр ойрхон нутаг руугаа яваад ирэх болгондоо хамгийн түрүүнд Н.Анхилууныг зорих болж. Үүнийг нь манай бүсгүй “Надад үнэн сэтгэлээсээ хайртай юм байна” гэж хүлээж авдаг байжээ. Өөрт нь хайртай, халамжтай, мөнгөтэй, дээрээс нь царайлаг хүнтэй гэрлэвэл амьдрал нь сайхан болно гэж үлгэрийн юм шиг төсөөлж байсан бололтой.

 ӨӨРӨӨ Ч МЭДЭЭГҮЙ БАЙХАД НЬ АЙЛЫН БЭР БОЛГОЖЭЭ

2001 он. Ясны гурилын үйлдвэр ч хаалгаа барьж, Фан Фү Сөү нутаг буцжээ. Гэхдээ үе үе Монголд ирж, Н.Анхилуунтай гэрлэх тухайгаа ярьдаг байж. Н.Анхилуун бүсгүй ч энэ тухайгаа ээждээ хэлэхэд тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Охиноо бүтэхгүй хүнтэй ханилах нь гэж эхийн зөн совингоороо мэдэрч  байсан нь лавтай. Н.Анхилуун хо­ром­хон зуурын жаргалыг үүрдийн юм шиг санаж, Хятад улсад бэр болох шийдвэр гаргахдаа огтхон ч эргэлзэж байгаагүй аж.

Нутаг руугаа яваад гурван сар болсон Фан Фү Сөү нэгэн өдөр Н.Анхилуунтай утсаар ярьж, эцэг эхтэйгээ танилцуулахаар урьжээ. “Миний хайр Эрээнд хүрээд ир. Хайр нь тосч аваад хамтдаа манайх руу явъя. Аав ээж болон нутаг оронтойгоо танилцуулъя” гэсэн байна. Түүний ялдам үгэнд хууртсан Н.Анхилуун анх удаа гадаад орныг зорих болсондоо ихэд хөөрчээ. Ээж, аавдаа Фан Фү Сөү маш сайн хүн болохыг хэлж, ятган байж Эрээн явах зөвшөөрөл авсан гэнэ. Ингээд богино хуга­цаанд гадаад паспорт гаргуулаад харийн нутгийг зорьжээ. Галт тэрэг хөдлөнгүүт дотроо баярлан догдолж байсан аж. Олон сайхан зүйлийг ургуулан бодож, дурлалт залуу руугаа улам яаран тэмүүлсэн гэдэг. Энэ мэт түмэн бодолд хөвсөөр нэг мэдэхэд Эрээн хотод хөл тавьжээ. Анх удаа хилийн дээс алхсан түүнд орчин тойрон нь соньхон санагджээ. Ингээд тэд такси хөлслөн Хөх хотыг чиглэсэн байна. Тал дундуур давхин явж байхад Н.Анхилууны сэтгэлд нэг л тавгүй мэдрэмж үе үе зурсхийн орж иржээ. Гэвч юман чинээ тоолгүй, Фан Фү Сөүгийн энгэрт эрхлэн явсаар зорьсон газраа ирсэн байна. Хөх хотод очингуут  Фан Фү Сөүгийн ээж, аав, ах, эгч нар нь түүнийг найрсгаар хүлээн авчээ. Ингээд дэлгүүр хоршоогоор дагуу­лан явж, баахан л улаан өнгийн хувцас авч өгчээ. Н.Анхилууны хүссэн болгоныг худалдан авч өгөх нь түүний хувьд зүүд зэрэглээ шиг л санагдаж. Харин аав, ээж нь бага оврын ачааны машин дүүрэн бараа ачиж, баглаад түрүүлээд хөдөлжээ. Харин Фан Фү Сөү Н.Ан­хилуунтай үлдэж, үсчинд оруулан, гоёж гоодуулсан байна. Хятад хэл “А” ч байхгүй тэрээр тэдний гарын аясаар л дагаж байж. Энэ бүхэн нь түүнд ихэд таалагдсан гэнэ. Ингэж будаг шунх болж, гоёж гангалсных нь дараа тэд Ү Цухайн гэдэг тос­гонд очжээ. Хөдөөний энэ бөглүү тосгон Н.Анхилуунд тавгүй мэдрэмж төрүүлсэн байна. Машинаас буу­сан даруйд нь нэгэн том байшинд оруулжээ. Улаан тоосгоор барь­сан, автомашины гарааш гэмээр тэр хөндий зааланд дүүрэн хүн цуглаж, идээ будаа зассан байжээ. Энэ байдлыг гайхсан Н.Анхилуун өөрийг нь угтаж байгаа юм байх хэмээн боджээ. Тэгтэл юу юугүй хурим болох нь тэр. Энэ үед тэрээр гэнэт айлын бэр болсноо сая нэг юм анзаарчээ. Нөхөр болох залуудаа “Яагаад надад мэдэгдэлгүй ингэх болов. Эртнээс хэлсэн бол Монголоос ээж, аавтайгаа хамт ирэх байсан” хэмээн бухимдангуй  хэлжээ. Хариуд нь “Манай ёсонд бэр болох хүнээ ингэж хулгайлж авдаг юм” гэсэн гэдэг. Хурим найр ч нижгэр сайхан болж, дурлалт хосууд тусдаа гарчээ. Арга хэмжээ дууссаны дараа Н.Анхилуун ар гэрийнхэн рүүгээ утсаар ярьж, Фан Фү Сөүтэй хуримлаж айлын бэр болсноо пал хийтэл нь хийлжээ. Үүнийг сонссон эцэг, эх нь шоконд орж, мэл гайхсан гэдэг.

Бөглүү энэхэн тосгонд нэгэн жижиг байшинд толгой холбон амьдрах болсон байна. Тэднийх­тэй ойролцоо хадам ээж аав нь, мөн нөхрийнх нь эгч гэр бүлтэйгээ амьдардаг байжээ. Тэд уг тосгонд үнээний фермийн аж ахуй эрхэл­дэг байж. Эхний удаад шинэ бэр­дээ хир халдаахгүй, алган дээрээ бөмбөрүүлж байсан гэнэ. Харам­салтай нь энэ байдал тийм ч удаан үргэлжлээгүй юм байна лээ.

Н.Анхилуун бүсгүй БНХАУ-ын иргэн Фан Фү Сөүтэй гэр бүл болж хэр­хэн боолчлогдон амь­дарч байсан талаар үр­гэлж­лүүлэн хүргэе. Гоё сайхан үг, өнгө мөнгөнд хууртан, түрхэн зуурын жаргалыг үүрдийн хэ­мээн санаж ханиа буруу сонгосон энэ эмэгтэй хай­ран сайхан залуу насаа бусдын эрхэнд өнгөрүүл­сэн­дээ тун ч их харамсдаг юм билээ.

 

ГЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛО­СОН ХҮМҮҮСИЙН ҮГЭНД ОР­ДОГ Л БАЙЖ ГЭЖ ХАЛАГЛАВ

2002 он. Н.Анхилуун бие давхар болжээ. Фан Фү Сөүгийн гэр орон, амьжиргааг нь маш сайх­наар төсөөлж, Хятадад ирсэн Н.Анхилуун бодит байдлыг нүдээрээ хара­хад нөхрийнх нь талаарх бодол орвонгоороо эргэ­сэн юм. Хүн ам ихээр суурьш­сан хөгжилтэй хо­тод рестораны бизнес эрхэлдэг хэмээсэн хятад эрийн үгэнд хууртсанаа сая нэг ухаарав. Хөдөө­ний бөглүү тосгонд мал­чин айлын бэр болсон­доо нэлээд дурамжхан байлаа. Уян наалинхай үгээр аргадаж, Н.Анхи­луунд дандаа бууж өгдөг байсан Фан Фү Сөү ну­таг­таа очингуутаа төрөл арилж­жээ. Хадмууд нь ч ялгаагүй. Н.Анхилууныг анхандаа эрдэнийн чулуу шиг алган дээрээ бөм­бө­рүүлдэг байсан бол тун удалгүй зарц шигээ ханд­даг болсон байна. Хүний эрээн дотроо гэдэг ямар үнэн үг вэ хэмээн хөөрхий эмэгтэй тэдэнд гомдож, ганцаарддаг байжээ. “Иймийг нь мэдсэн бол Монголд байхдаа яах гэж гэрлэлтээ батлуулав аа” гэж халаглах үе бишгүй­дээ байж.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам Н.Анхилуун бүсгүй “Фан Фү Сөүтэй нэгэнт албан ёсны эхнэр, нөхөр хоёр болсон юм чинь энэ хувь тавилантайгаа эвлэрье дээ” гэж өөрийгөө тайвшруулдаг болсон гэнэ. Хэрэв Н.Анхилуун Фан Фү Сөүтэй гэрлэлтээ батлуулаагүй байсан бол энэ олон жил түүний дарамтад зовж, тэвчээрээ барах шаардлагагүй байснаа нуугаагүй ээ. Уг нь тэднийг гэрлэлтээ батлуу­лахад эсэргүүцэж байсан хүн мэр сэр байсан гэдэг. Хамаатан садан­гуу­даас нь эхлээд хар элгийн хүн хүртэл хориглож байсан удаатай гэнэ.

Яагаад ч юм бэ тэд гэрлэлтийн батлахаа авах гэхэд нэлээд саад­тай байсан аж. Гэрчилгээ бичиж өгдөг дүүргийн мэргэжилтэн шинэ­хэн хосуудын материалыг хүлээж авчихаад сар гаран болсон байна. “Утсаар ярьж байгаад ирээрэй” гэсний дагуу Н.Анхилуун уг мэргэ­жилтэнтэй холбогдохоор “Болоо­гүй байна” хэмээсээр сунжирсаар байсан гэнэ. Сүүлдээ сүйт хархүү ч уурлаж, Н.Анхилуун ч хайртыгаа алдахаас эмээж гэрлэлтээ батлуу­лахаар яаравчилжээ. Ингээд дүү­рэг дээрээ очиж, гэрлэлтийн гэрчил­гээ олгодог мэргэжилтний үүдийг сахиад суучи­хаж. Оочир дарааллаараа явсаар тэдний орох ээлж болов. Хосуудыг хамтдаа ортол өнөөх мэргэжилтэн их л дуу муутай “Фан Фү Сөү гарч бай. Харин Н.Анхилуун үлд” гэжээ. Хятад залууг гарангуут мань эр “За охин минь. Чи чинь юу хийж байгаа нь энэ вэ. Бодлоо өөрчлөхөд одоо оройтоогүй байна шүү дээ” гэж тэдний гэрлэлтийг эсэргүүцжээ. Бүсгүй ч түүний саналыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, бодлоосоо огтхон ч ухраагүй байна. Н.Анхи­луу­ны эцэг эхэд ч хүргэн болох залуу нь таалагдаагүй гэдэг. Охины­хоо ирээдүйг бодоод хорьж цагдах ч харийн хүнд чин сэтгэлээ­сээ дурласан болохыг нь анзаарч аясаар нь орхижээ. Ингэж олон хүнээс зөрж Хятадын иргэнтэй нэг гэрт орсон Н.Анхилуун хахир хад­мууд, хуурамч нөхрийнхөө гарт шүүслүүлж байсан ч зовлон ша­нал­лаа дотроо л хадгалж бай­сан гэдэг. Фан Фү Сөү зөвхөн гэрлэлтээ батлуулж, Н.Анхилууныг богтолж авах хүртлээ уян наалинхай үгээр аргадаж, өмнө нь бөнжигнөн жү­жиг­лэдэг байсныг хөөрхий эмэгтэй хожуу ухаарчээ. Давхар биетэй болсон түүнийг үл хайрлан өдөр шөнөгүй ажиллуулдаг болжээ. Тогоо шиг том гэдэстэй байхдаа үүрийн таван жингээр босч үнээ саана. Хадмууд нь 40 гаруй үнээтэй гэнэ. Үнээний дэлэн шувтрах нь битгий хэл ойртож ч үзээгүй байсан тэрээр фирмийн аж ахуйд хурдан суралц­жээ. Ганцаараа үнээгээ сааж, малын хашаа хороогоо цэвэрлэж, хадмуудынхаа хоол ундыг бэлтгэн, хувцас хунарыг угаасаар байтал өдөржин борви бохисхийдэггүй байлаа. Тэрээр ар гэрийнхэндээ энэ тухайгаа ярьж, зовж шаналж байгаагаа тоочиж байсан удаагүй. Харин ч бусдад муугаа үзүүлэхгүйн тулд сайхан амьдарч, жаргаж бай­на хэмээн худлаа ярьдаг байжээ.

ХАДМУУДЫНХ НЬ ХУВЬД ХҮҮХЭД ЭРҮҮЛ САРУУЛ ТӨРЖ БАЙВАЛ ЭХ НЬ ҮХСЭН Ч ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ

2003 он. Энэ оны долдугаар сард Н.Анхилуун 4.8 кг хүү төрүү­лэв. Тэрээр ширүүн аадар бороо­той өдөр уулын мухарт байх бөглүү тосгонд гэртээ амаржсан юм. Нас залуухан энэ бүсгүй анх жирэмсэн болсон цагаасаа эмчийн хяналтад орно гэдгийг мэдэхгүй явсаар ийн эмнэлэг бараадаж ч чадалгүй гэртээ төржээ. Уг нь тэр тосгоны жирэмсэн эхчүүд төв суурин руугаа хэдэн цаг давхиж очоод хяналтад орохоор үе үе явж үзүүлдэг байж. Гэвч Н.Анхи­луун хятад хэл мэдэх­гүй, дээрээс нь түүний төлөө хэн ч дуугарахгүй болохоор эмчийн бараа харалгүй байсаар хүүгээ төрүүлжээ. Уг нь тэрээр нутагтаа очиж төрнө хэмээн төлөвлөж бай­сан ч тухайн үед шувууны ханиад гарч, хил гааль хаагдсан байна. Хадмуудынх нь хувьд хүүхэд эрүүл саруул төрж байвал эхэд ямар хүндрэл учрах нь огтхон ч падгүй байсан гэнэ. Н.Анхилуун нэлээд хүндрэлтэй төрсөн ч хүүгээ харан баярлаж байсан нь лавтай. Тэрээр хүүтэй болсон тухайгаа ээж, аав­даа хэлье хэмээн нөхрөөсөө удаан хуга­цаанд гуйсны эцэст зөвшөөрүүл­жээ. “Ээжээ ааваа та хоёр минь эмээ өвөө боллоо ш дээ. Охин нь хөөрхөн хүүтэй болсон” гэж баяр хөөртэйгээр дуулгажээ. Харин эцэг эх нь ийм баярт явдлыг яагаад энэ олон хоногийн дараа хэлнэ вэ хэмээн гайхахад хүрэв. Охиноо хэцүүхэн амьдарч байгааг зөнгөө­рөө мэдсэн тэд худуудынхаараа зочлохоор шийджээ. 

Амаржаад тэнхэрч амжаагүй байсан Н.Анхилууныг хадмууд нь үнээ малны ажилд гаргасан байна. Хэдэн талаас нь зодож, жанчин залхуурлаа хэмээн  хөөж туудаг байв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр таних хүн нэг ч байхгүй тус тосгонд хад­муудынхаа харцаар хөдөлдөг байжээ. Өглөө дөрвөн цагт босч 40 гаруй үнээг ганцаараа саана, өдөр­жин фир­мийн­хээ ажилд нухлагд­саар 02.00 цагийн үед орондоо ордог байсан гэнэ. Заримдаа нойр нь хулжиж, өглөө хурдан болохыг тэсэн ядан хүлээнэ. Түүний хувьд шөнөөс өдөр нь хурдан өнгөрдөг байсан аж. Учир нь өдөржин юм хийж завгүй байвал элдэв янзын бодолд хөврөхгүй, зовж шаналах нь бага байдаг байжээ.

Фан Фү Сөүгийнхэн тун ч бохир заваан хүмүүс гэнэ. Аяга таваг, хиртэй хувцас нь хаа сайгүй хөг­лөр­дөг байж. Гэр орноо цэвэрлэж өөрсдийгөө угааж арчлахыг мэдэх­гүй зөвхөн хэдэн малтайгаа л ноцолддог аж. Тиймээс Н.Анхи­луун тэдний бүх хувцас хунар, гэр орныг нь хүртэл цэмцийлгэнэ. Н.Анхилуун хүүгээ төрүүлээд сар гаруйн хугацааны дараа гэхэд ядарч туйлдаа хүрэн ясан дээр тохсон арьс гэгч болжээ. Энэ үед охин дээрээ очихоор шийдээд байсан түүний эцэг эх нь Мон­голоос айлчлан ирсэн байна. Танигдахын аргагүй болсон охины­гоо харж ямаршуу амьдарч байгааг нь түвэггүйхэн мэджээ. Харин Н.Анхилуун тэднийхээ санааг зовоох­гүйн тулд “Охин нь хүүхэд хөхүүлээд турчихлаа. Уг нь гайгүй байсан юм” гэж худлаа хэлжээ. Эцэг, эх нь тэнд зээ хүүгээ харж хэд хоносон байна. Энэ үед Н.Анхи­лууны нуруу ёстой нэг тэнийх шиг болж. Гэвч хадмууд эцэг эхийг нь нүд үзүүрлэж, түвэгшээх болсон байна. “Хурдан зайлаасай, ажил ихтэй байхад яах гэж ирсэн гайнууд вэ” гэхчилэн Н.Анхилууны урдуур хойгуур нь зөрөхдөө байнга үглэж янших аж. Тэрээр ээж, аавыгаа хурдхан явуулахын түүс болжээ. Ямар ч эрх мэдэл, мөнгө төгрөггүй энэ эмэгтэй эцэг эхийгээ явахад нь атга чихэр ч өгч чадаагүй гэнэ. Ачааны нэмэр хэрэггүй биз дээ гээд хоосон буцааж байжээ.

НӨХРИЙНХӨӨ БАРААГ ЖИЛДЭЭ 3-4 УДАА ХАРДАГ БАЙЖ

Хайлсан тугалга шиг халамж­тай гэж жигтэйхэн Фан Фү Сөү Н.Анхилууныг бөглүү тосгондоо аваачсаныхаа дараа өөрөө үе үе хаашаа ч юм сураггүй алга болчих­дог байжээ. Харин хадмуудаа ирэх сургаар нэг удаа үзэгджээ. Тэрнээс жилдээ гэрээрээ гурван удаа ирвэл  их юм гэнэ. Фан Фү Сөү мөрийтэй тоглоом, даалуу хөөгөөд гэртээ огт ирдэггүй байсан нь тэр аж. Н.Анхилууны хувьд уг тосгонд өнгөрүүлсэн найман жилийн хуга­цаанд нөхрийнхөө барааг арав гаруйхан удаа л харж байсан гэдэг. Нэг ёсондоо Н.Анхилууныг боолч­лох зорилготой аваачсан болол­той. Хоол унд багатай, өдөржин хар ажилд зүтгэдэг Н.Анхилуун хэд хэдэн удаа ухаан алдаж унаж байсан удаатай. Тэрээр үнээгээ саасныхаа дараа малын сарав­чинд үхрийн баас цэвэрлэж бай­гаад хальтирч унажээ. Сэртэл толгойгоо даадаггүй гэнэ. Арай­хийн хөл дээрээ босч иртэл хажууд нь хэн ч байгаагүй  аж. Тэгтэл савж унахдаа толгойгоо хагалсан байжээ. Газраар нэг цус тунарсан байхыг хараад маш их айжээ. Гэртээ орж толгойгоо даавуугаар боочихоод хэвтэж байтал хадам эгч нь орж ирээд дарамталж гарч гэнэ. “Болгоомжтой хийхэд яадаг юм бэ. Битгий бидэнд гай болоод байгаарай. Хурдан босоод ажлаа хий” гэж өшигчин хөөж гаргажээ. Энэ мэт хадмууддаа зодуулж, гадуурхагдах явдал өдөр бүр бол­дог энгийн үзэгдэл аж. Ямар сайн­даа ар гэрийнхэнтэйгээ утсаар ярь гээд дуусчихсан карт өгч тохуур­хахав дээ. Н.Анхилуун хятадаар сайн ярьж чадахгүй болохоор тэдний үгнээс гардаггүй байжээ. Хэлсэн үгнүүдийг нь сайн ойлгож байгаа хэрнээ тэрийгээ илэрхийлэх тал дээр эхний хэдэн жил маруухан байсан гэдэг.

Харийн нутагт байгаа Н.Анхи­луу­н үе, үе эвгүйрч, хар дарах болжээ. Гэрийнхэн рүүгээ залгатал хэн ч утсаа авахгүй байж. Тэгтэл нагац ах нь өөд болсон байжээ. Тэрээр Монголдоо ирээд хоёрхон хонож байтал нөхөр нь байн байн залгаж “Ээжийн бие муудлаа хурдан ир” гэжээ.  Ахын­хаа ажил явдлыг дөнгөж дуусгамаг­цаа яаран очиход хадам эх нь эв эрүүл сав саруул байжээ. Харин ч өөдөөс нь “Ингэж хэлэхгүй л бол чи тэндээ бүр шингэх шинжтэй. Ажил цалгард­лаа” гэж загнан угт­жээ. Тэгтэл хэдэн сарын дараа Н.Анхилууны аавын бие муудан дахиад л Монгол руугаа дуудагд­жээ. Тэрээр тухайн үед хүүгээ авч яваад тэр чигтээ Монголдоо үлд­чихье гэсэн бодолтой байж. Харин хадмууд нь юу гэж түүнийг хүүтэй нь хамт явуулахав. Фан Фү Сөү “Хүү бид хоёр онгоцоор очъё. Чамаас түрүүлээд очих байх” гэж аргалаад Н.Анхилууныг ганцааранг нь явуул­чихжээ. Тэрээр Монголдоо ирээд удаагүй байтал нөхөр нь ойр ойрхон залгаж, ирж байна уу гэж яаруулна. “Хүү маань үхэрт тий­рүүл­чихлээ. Хурдан ир” гэхэд нь  Н.Анхилуун өвчтэй аавыгаа орхиод хүү рүүгээ тэмүүлжээ. Сандран очтол хүү нь яагаа ч үгүй, эрүүл саруул байсан гэнэ. Фан Фү Сөүгийнд Н.Анхилуунаас өөр боо­лын ажил хийх хүн байхгүй боло­хоор түүнийг хууран авчирсныг ойлгожээ.  Хадмуудаасаа “Аавынх нь бие гайгүй юу” гэж асуух байх хэмээн горьдсон Н.Анхилуунд “Танайхан яахаараа өвдөж, үхэж дуусдаггүй хүмүүс вэ. Ажил ихтэй байхад нааш цаашаа явж зугаал­лаа” гэхчилэн харааж зүхсэн гэнэ. 

Н.Анхилууны хувьд өдөр нэгэн хэвийн үргэлжилнэ. Хэдэн жилийн дараа гэхэд хятад хэлээр гарамгай сурч, ярьдаг болжээ. Өөрийг нь доромжлон дээрэлхэх  хадмуудын­хаа өөдөөс хариу тайл­бар хийх хэмжээнд ярьж чаддаг болсон гэнэ. Тэдний хадмынх нэг том хар үнээтэй аж. Бусдаасаа том, ааштай энэ үнээний дөрвөн хөлийг тушиж байгаад саадаг байж. Н.Анхилуун тэр үнээг саагаад сууж байтал хадам эгч нь элдвээр харааж зүхэн доромжилж гэнэ. Тэгэхэд нь Н.Анхилуун “Би ер нь яасан юм бэ. Та нар дандаа намайг гадуурхдаг. Хоосон карт өгч тохуурхдаг биз дээ” гээд дотроо бачуурч байсан бүхнээ хэлээд орхиж. Тэгтэл хадам эгч нь үнээний дэлэн шувтраад сууж байгаа түүнийг ар  нуруу руу нь хөлөөрөө жийж унагаажээ. Н.Анхилуун нөгөө том хар үнээний дор пид хийтэл унажээ. Тэгэхэд өнөөх үнээ бүсгүйн дээрээс хамаг хүнд жингээрээ даран унажээ. Үнээ ч тэр дороо босоод ирж. Харин Н.Анхилуун амьсгаа авч чадахгүй царай нь хөхөрчээ. Тэрээр унах үедээ хувинтай сүүгээ асгачихаж. Гэтэл хадам эгч нь сүү асгалаа хэмээн уурлаж, түүнийг үхэр сургадаг бүдүүн модоор цохиж хэвтэрт ортол нь зодож байжээ.

Үргэлжлэл бий

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монгол хүүхнүүд байнга гадаадынхны гарын шүүс болоод байдаггүй л байхгүй юу

Гадаад хүнтэй гэр бүл болж, түүнийхээ дарамтад олон жил зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн талаар манай сонин бусад монгол бүсгүйчүүддээ сургамж болгох үүднээс мэдээлдэг. Тэгвэл харийн хүнтэй суусан монгол бүсгүйчүүд маань тэр болгон тэдний гарын шүүс болоод байдаггүй юм аа. Харин ч суусан хүнээ хашрааж дөнгөсөн тохиолдлууд ч бас байна. Одоо Солонгосын те­левизээр дуулиан тариад байгаа монгол бүсгүй тус улсын иргэн болох эр нөхрөө хэрхэн өөрийнхөө атганд байлгадаг байсныг сонир­хуулъя.

БНСУ-ын иргэн Чу Ён Ху нь 2002 онд танилаараа дамжуулан монгол бүсгүйтэй танилцжээ. Тэд хоёр жилийн дараа гэр бүл болж Солонгост амьдрах болсон байна. Одоо тэдний дундаас төрсөн долоон настай хүү бий аж. Гэвч эхнэр нь түүнээс салж, хүүгээ аван Монгол руу явжээ. Тиймээс Чу Ён Ху хүүгээ өөр дээрээ  авахыг хүсч байгаа нэгэн аж.

Монголоос залуухан эхнэр авсан Чу Ён Ху өөрийгөө таагүй хувь тавилантай учирна гэж төсөө­лөө ч үгүй бололтой. Өнгөрсөн арван жил түүний хувьд аймшиг­тай, хар дарсан зүүд шиг байсан гэнэ. Эхнэрийнхээ харцаар л хө­дөл­дөг, ямар ч эрх мэдэлгүй бай­жээ. Аргаа барсан Чу Ён Ху өөрт тохиолдсон явдлаа Солонгосын ард түмэнд дэлгэхийг хүсч теле­визийн ярилцлагад орсон байна. Тэрээр энэ сарын 1-ний өдөр Солонгосын “CHANNEL-A” теле­визийн “Бун Нун Уан” нэртэй нэвт­рүүлгийн 33 дахь дугаарын зоч­ноор оролцжээ. Залуухан монгол эхнэрийнхээ өөрт нь ханддаг ханд­лага, зан авир болоод хэрхэн зодуулж, нүдүүлдэг байснаа теле­визийн камерын өмнө өрөв­дөл­тэйгээр өчсөн байх юм.

Чу Ён Ху эхнэртэйгээ нэг гэрт орсон цагаас Монголд байгаа ар гэрийнхэнд нь ихээхэн мөнгөн тусламж үзүүлж байжээ. Улмаар тэднийг гадаадад аялуулж, байд­гаа барьдаг байсан юм байх. Түүний эхнэр өмнө нь Монголд гэр бүлтэй байж. Том болсон хүү нь эх орон­доо үлдсэн бөгөөд тэрнийх нь дээд  сургуулийн төлбөрийг хүртэл Чу Ён Ху даасан юм байна. Хар элгийн хүнд байтугай ээж аавдаа ч зүгээр мөнгө “май” гээд өгдөггүй солонгос­чуудын хувьд ингэж хэн нэгний санхүүгийн байдлыг хан­гана гэдэг байж боломгүй явдал. Тэгвэл Чу Ён Ху эхнэрийнхээ үгнээс гарахгүй хамаатнуудад нь мөнгө өгдөг байсан нь ямар дарамтад амьдарч байсныг нотлох ажээ. Түүнтэй нэг гэрт орсон цагаасаа шалтгаангүйгээр зодуулж, дарамт­луулж эхэлсэн болохоор ар гэрийнхэнд нь мөнгө өгч, тэдний хэлснийг биелүүлэхээс өөр арга­гүйд хүрсэн гэнэ ээ.

Чу Ён Ху телевизийн ярилц­лагад орж байхдаа монгол эхнэ­рийнхээ харгис хэрцгий авирыг нэгд нэггүй ярьж, солонгосчуудыг ихэд гайхшруулжээ.

Ер нь Солонгосын шоу нэвт­рүүлгүүд оролцогч болон үзэгч­дийн сэтгэл хөдлөлийг зориудаар илэрхийлж улам хүч оруулж өгдөг билээ. Тухайлбал, “Оддын хаан” хэмээх нэвтрүүлгийг монголчууд андахгүй байх. Чу Ён Хугийн оролцсон нэвтрүүлэг ч үүнээс дутахааргүй эмоци ихтэй юм билээ. Тэрээр нэвтрүүлэгт орж ирэхдээ л эхнэрийгээ “Хүн биш” гэж орилсоор орж ирж байгаа харагдав. “Эхнэр маань надад байнга хүндэтгэлгүй ханддаг байсан. Хөөе чи, тэнэгээ, мангараа гэж хэлдэг. Сүүлдээ би энэ болгоныг хүндээр хүлээж ава­хаа больсон. Харин “П…”, “Хуц чи” гэж зүхдэг” хэмээн эдгээр ха­раа­лын үгийг монголоор хэлэх нь тэр. “Энэ нь ямар учиртай үг юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Со­лонгосоор орчуулбал, хамгийн муу муухай хараалын үг. Бас эхнэр маань монгол байтугай солонгос хараалын үгийг надаас илүү урс­гадаг” гэж “ховлож” байна аа. Түүний ярьж буйгаар эхнэр нь толгой руу нь цохиж, нүүр рүү нь алгадан, өшиглөж, эд хогшлоор цохих нь энүүхэнд байжээ. Байр­ныхаа гадаа оршин суугчдын нүдэн дээр зодож жанчих байдал олон удаа давтагдсан гэнэ. Ингэж эхнэр­тээ хэл амаар доромжлуулан, зо­дуулж жанчуулдгаа тэднийг хараа­гүй хөршүүд болон танилууддаа хэлэхээр огтхон ч итгэдэггүй байж. Учир нь Солонгост бол эцгийн эрхт ёс ноёрхдог. Тиймээс айлын эхнэ­рүүд нөхрийнхөө өөдөөс хэрэлдэж авалцах нь байтугай муухай ч харж зүрхэлдэггүй гэсэн. Харин Монгол эмэгтэйчүүд бол өөр. Манай нийгэмд эхнэр нөхрүүд тэгш эрхтэй. Айлын эхнэрүүд нөхрөө загнаж, үглэх нь жирийн үзэгдэл байдаг. Тэгвэл тэдний нийгэмд ийм ёс байж боломгүй зүйлээр хүлээж авдаг байна. Тиймдээ Чу Ён Хуг эхнэ­рийнхээ дээрлэхүү занг ярингуут хөтлөгч болон оролцогчид сүржнээр хүлээж авах нь тэр.

Бүр уг нэвтрүүлэгт оролцож байсан түүхч Өүлэн эх ямар байсан талаар хүртэл яриад авна лээ. Тэрээр “Ер нь Монголд эхнэр нөхөр хоёр эн тэнцүү эрхтэй байдаг нь тэдний цусанд нь байдаг болол­той. Чингэс хааны ээж Өүлэн эх төрийн эрхийг барих бодлогод ухаанаа нэмэрлэж, эмэгтэй хүн хэрнээ эрэгтэй хүнээс дутахааргүй байсан” гэхчилэн түүхэн явдлын талаар сөхөв.

Харин Чу Ён Ху хаа явсан газраа эхнэртээ дарамтлуулж байсан тохиолдлуудаасаа ингэж өгүүллээ. Тэд нэг удаа Монголд иржээ. Ингээд ах дүү хамаатан садангуудтай нь хамт ресторанд хооллосон байна. Тухайн үед эхнэрийнх нь хамаатны нэг оюутан залуу ОХУ-аас ирсэн байж. Тэрээр самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд багагүй амжилт үзүүлсэн байжээ. Тэдний хоолны төлбөр 300 мянган төгрөг гарахад солонгос хүргэн нь төлсөн гэнэ. Ингээд тэндээсээ гарч, Чу Ён Ху машин барин гэрийн зүг жолоо эргүүлжээ. Тэгтэл эхнэр нь гэнэт зодож гарсан аж. “Миний дүү амжилт гаргаад ирж байхад таван цаас ч өгчихгүй” хэмээн түүнийг цохисон бололтой. Ямарваа нэгэн амжилт гаргасан хүндээ талархал илэрхийлж, бэлэг өгөх ухаан мон­гол­чуудад бий. Харин харамч нарийн солонгосчуудын хүнд мөнгө өгөх нь битгий хэл тийм бодол ч зурсхийхгүй нь мэдээжийн хэрэг шүү дээ.

Тэр бичигдээгүй хуулийг мэ­дэхгүй Чу Ён Ху эхнэртээ бал­буулсан тухайгаа яримагц  хөтлөг­чийн зүгээс “Түрүүлээд цохиж болоогүй юм уу” хэмээн асуув. Хариуд нь Чу Ён Ху “Түрүүлээд цохих гэхээр их хүчтэй. Тиймээс чаддаггүй. Монгол хүмүүс сардаа 20 кг үхрийн мах иддэг болохоор хүч ихтэй” гэх нь хөгтэй санагдлаа.  Чу Ён Ху Монголд ирээд эхнэртээ зодуулсан нь үүгээр зогсохгүй. Эхнэр нь монгол найзуудтайгаа ресторанд суужээ. Тэгээд нөхрий­гөө дуудаж гэнэ. Харин мань эр мон­голоор ярьж мэдэхгүй, эхнэрийнх нь найзууд ч солонгос хэл гадар­лахгүй.

Тиймээс эхнэртээ хайртай болохоо найзуудад нь ойлгуулах санаатай англи хэлээр “Энэ бол миний эхнэр. Би түүнд хайртай” хэмээсэн гэнэ. Тэгэнгүүт эхнэр нь гэнэт уурсаж, “Чи муу миний най­зууд руу хандарлаа” гээд өшиглөж гарсан гэдэг.

Уг телевизийн нэвтрүүлгийн үеэр Монголд байгаа нэгэн солон­гос найзтайгаа утсаар холбогджээ. Утасны цаанаас найз нь “Би Чу Ён Хуг бэртэж гэмтсэн үед нь эм авч өгдөг байлаа. Энэ бол үнэхээр аз жаргалтай амьдрал биш. Тэд сал­бал сайхан байна” гэж ярих нь тэр.  Харин Чу Ён Ху Монголд байгаа долоон настай хүүгээ авах нь түүний туйлын зорилго ажээ. Түү­ний өөр нэг хүсэл бол эхнэрийгээ нэг удаа ч гэсэн цохиж үзэх байсан бололтой. Тэрээр энэ тухай теле­визийн нэвтрүүлгийн үеэр дурдаад авна лээ.

Д.НЯМДОРЖ

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Аз жаргалын эрэлд харийг зорьсон бүсгүйг боолын хувь заяа угтжээ

Харийн хүнтэй гэр бүл зохиож, амьдралаа хол­бохоор шийдсэн монгол бүсгүйчүүддээ сургамж болгох үүднээс нэгэн эмэг­тэйд тохиолдсон явд­лыг манай сонин хөндөж байна. Түүнийг Н.Ан­хи­луун гэж нэрлэлээ. Учир нь тэрбээр нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж буй за­луу хүн болохоор нэрээ нууцлахыг биднээс аминч­лан хүссэн юм.

Гадаадын иргэнтэй ханилж, сайн сайхан амь­дарч байгаа монгол эмэг­тэйчүүд бий. Гэвч хүний амьдрал алдаа мадаггүй, дардан замаар урагш­ил­на гэдэг ховорхон. Ирээ­дүй­гээ гэгээлгээр тө­сөөлж, гадны иргэнтэй гэрлэн хүүхдийг нь төрүү­лээд эцэс сүүлдээ хохи­рогч болдог бүсгүйчүү­дийн түүх олон. Ийм нэгэн зовлонт амьдралын зам­на­лаар явж ирсэн Т.Аятун­гаа, С.Энхмаа на­рын тухай өмнө бид мэ­дээлсэн. Нөхөр болох хүнээ зөв таньж, сон­гоо­гүй­гээс хайран сайхан амьдралаа үрэн таран хийж, үр хүүхдээ өнч­рүүлж, тэднээсээ хагац­сан монгол эмэгтэйчүүдэд маань тохиолдсон явдал олон хүнд нэгийг бодог­дуулаад авсан. Харин энэ удаад тэвчээрийн хязгаа­рыг туулж, эх орондоо эсэн мэнд ирсэн Н.Ан­хи­луун бүсгүйн талаарх үнэн түүхийг толилуулж байна. Н.Анхилуун БНХАУ-ын иргэн Фан Фү Сөүтэй гэр бүл болж, хүүтэй болсон юм. Хахир хадмуудынхаа гарт боолчлогдож, шоронд байгаа юм шиг өнгөрүүлсэн найман жил түүний хувьд там шиг л байжээ. Хүнд хэцүү байдлаас өөрийн чад­лаа­раа мултарч, эх нутагтаа  ирсэн энэ бүсгүй өдгөө хүүгээ санан бэтгэрч, зовж шаналж яваа нэгэн.

ӨНГӨ МӨНГӨНД ХУУРТСАН ӨДРҮҮД….

1998 оны тавдугаар сар. Энэ үед Н.Анхилуун аравдугаар ангийн сурагч байв. Төгсөх ангийн сурагч байсан тэрээр шалгалт шүүлэгтээ бэлдэхийн зэрэгцээ ажил хийж, амьжиргаагаа залгуулдаг хөдөл­гөөн­тэй охин байжээ. Гэрийнхээ ойролцоо буюу “Таван шар”-ын орчимд үсчний газарт ажиллаж байсан гэнэ. 

Хаврын улиралд юм бүхэн шинээр сэргэж, хорвоо дэлхий өнгө зүсээ нэмдэг. Тэр утгаар хаврыг хайр дурлалын улирал хэмээн хүмүүс ярьдаг билээ. Сурагч ахуй насандаа үеийнхээ хөвгүүдийг шохоорхон сэтгэл алдрах явдал охид бүсгүйчүүдэд олонтаа учирна. Н.Анхилууны хувьд ч хайр дурла­лаас хол хөндий байгаагүй гэнэ. Үсчин хийж байхад нь гоё сайхан залуучууд орж ирэхэд нь нүд унагах тохиолдол цөөнгүй байж. Дурлалт хосууд үйлчлүүлэхэд нь битүүхэндээ тэдэнд атаархдаг байжээ. “Хэзээ нэгэн цагт сэтгэл татсан хэн нэгэнтэй ингээд явж байна даа” хэмээн хүүхэд насны гэнэн томоогүй зангаар төсөөлж, дотроо догдолдог байснаа нуугаагүй юм.

Түүний ажиллаж байсан үсчний газрынх нь дэргэд БНХАУ-ын хөрөн­гө оруулалттай ясны гурилын үйлд­вэр байдаг байжээ. Уг үйлдвэ­рийн монгол талыг хариуцсан захирал нь үсчний газраар байн байн нэгэн хятад залуутай орж ирэн үсээ засуулдаг байсан гэнэ. Тэрхүү хятад эр нь уг ясны гурилын үйлдвэрийн хөрөнгө оруулагч Фан Фү Сөү аж. Нэг удаа Монгол талын захирал залуу Н.Анхилуунаас Фан Фү Сөүгийн үсийг засаад өгөхийг гуйжээ. Анхандаа тэрээр  үндсэрхэг үзэл битүүхэндээ агуулж, хятад залууд дурамжхан ханддаг байв. “Очиж, очиж хужаагийн үсийг засаад байхдаа яахав дээ” хэмээн цааргалах ч “Мөнгөө төлж байгаа үйлчлүүлэгч юм хойно доо” хэмээн аргагүйн эрхэнд үсийг нь засч өгдөг байжээ. Фан Фү Сөү ч ойр ойрхон үсчинд орж, Н.Анхилууны өмнө очоод суучихдаг болж. Бие хаа сайтай, өндөр нуруулаг, бас царай­лаг төрхтэй түүнээс Н.Ан­хилуун тэр болгон татгалзаж чаддаг­­гүй байсан гэдэг. Хятад эр түүний сэтгэлийг татах гэж олон янзаар өөрийгөө илэрхийлдэг байсан нь аажимдаа таалагдаж эхэлжээ. Бэлэг сэлтнээс авахуу­лаад роман­тик байдалд нь Н.Ан­хилуун өөрийн эрхгүй татагдаж, ойр зуурын юм ярилцдаг болж. Гэхдээ тухайн үед тэдний хооронд ямар нэгэн хайр сэтгэлийн холбоо үүсээгүй байжээ. Жирийн найзууд шиг л дотно харилцаатай, жил шахам болсон гэнэ.

Фан Фү Сөү өдөр болгон үсчний газраар үзэгдэх болж, Н.Анхилуу­ныг хоолонд оруулдаг боллоо. Н.Анхилуунд түүний энэ байдал сайхан санагджээ. Үнэгүй хоол идэж, өнгө өнгийн бэлэг авах нь түүнд таалагджээ. Цаг хугацааны аясаар Н.Анхилуун хятад залууд татагдаж, дасч байгаагаа мэдэрсэн байна.

МӨРӨӨДЛИЙН АМЬДРАЛ НЬ БИЕЛЭХ ЗАМ

1999 он. Н.Анхилуун энэ үед дээд сургуулийн нэгдүгээр дам­жааны оюутан байж. Харин гэнэт­хэн нэг өдөр Фан Фү Сөү үсчний газраар нь үзэгдэхээ больжээ. Жил шахам уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан энэ залууг явчихсаны дараа түүнийг Н.Анхи­луун  санагалзаж эхэлсэн байна. Хааяа бодож, дасч дур­ласнаа ойлгожээ. Фан Фү Сөү хоёр сар шахам сураггүй боллоо. Н.Анхи­луун ч ажлаасаа гарчээ. Тэрээр сургал­тынхаа төлбөрийг олохын тулд арай илүү цалинтай газар үсчин хийх болсон гэнэ.

Нэгэн өдөр гэртээ байж байтал хонх нь дуугарчээ. Хаалгаа нээтэл Фан Фү Сөү зогсч байхыг хараад зүүд биш байгаадаа хэмээн ихэд баярлажээ. “Манай гэрийг мэдэхгүй байж ингээд хүрээд ирсэн нь үнэхээр надад  хайртай юм байна” хэмээн итгэсэн гэнэ. Түүнтэй учрах нь хувь тавилан юм байна хэмээн баярласан гэдэг. Фан Фү Сөүд тэдний гэрийг хуучин ажлынх нь хүмүүс зааж өгчээ. Ингээд сураг­ласаар байгаад Н.Анхилуу­ныг олоод ирсэнд улам догдолсон аж.

Фан Фү Сөү түүнийг алган дээрээ бөмбөрүүлж, алт мөнгөөр өлгийдөх нь холгүй байжээ. Аль үнэтэй гэсэн ресторанд романтик байдлаар цагийг өнгөрүүлж, хайрын халуун дулаан үгсийг харамгүй урсгадаг байж. Үнэтэй брэндийн цүнх, гутал, хувцас, үнэт эдлэлүүд авч өгч сэтгэлийг нь 100 хувь өөртөө эргүүлж чадсан байна. Улмаар Н.Анхилууны гэр орноор очиж, ээж, аавтай нь танилцан, тэдэнд таалагдах гэж хэрэндээ хичээдэг байжээ. Танагтай, тансаг гэсэн болгоныг барьдаг байсан гэнэ.

Фан Фү Сөү өөрийнхөө болон нутагтаа байгаа гэр бүлийнхнийгээ тэдэнд танилцуулахдаа мундаг бизнесмэнүүд гэсэн ойлголтыг төрүүлжээ. Ээж, аав нь настай хүмүүс байдаг бол ах эгч нар нь ресторан ажиллуулдаг боломжийн баян амьдралтай гэжээ. Харин өөрөө рестораныхаа хоол хүнсний асуудлыг нь  хариуцан ажилладаг хэмээж. Мөн Монгол дахь үйлдвэ­рийг дангаараа эрхэлдэг мэтээр ярьжээ. Ажил хэргийн шугамаар ойр ойрхон нутаг руугаа яваад ирэх болгондоо хамгийн түрүүнд Н.Анхилууныг зорих болж. Үүнийг нь манай бүсгүй “Надад үнэн сэтгэлээсээ хайртай юм байна” гэж хүлээж авдаг байжээ. Өөрт нь хайртай, халамжтай, мөнгөтэй, дээрээс нь царайлаг хүнтэй гэрлэвэл амьдрал нь сайхан болно гэж үлгэрийн юм шиг төсөөлж байсан бололтой.

ӨӨРӨӨ Ч МЭДЭЭГҮЙ БАЙХАД НЬ АЙЛЫН БЭР БОЛГОЖЭЭ

2001 он. Ясны гурилын үйлдвэр ч хаалгаа барьж, Фан Фү Сөү нутаг буцжээ. Гэхдээ үе үе Монголд ирж, Н.Анхилуунтай гэрлэх тухайгаа ярьдаг байж. Н.Анхилуун бүсгүй ч энэ тухайгаа ээждээ хэлэхэд тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Охиноо бүтэхгүй хүнтэй ханилах нь гэж эхийн зөн совингоороо мэдэрч  байсан нь лавтай. Н.Анхилуун хо­ром­хон зуурын жаргалыг үүрдийн юм шиг санаж, Хятад улсад бэр болох шийдвэр гаргахдаа огтхон ч эргэлзэж байгаагүй аж.

Нутаг руугаа яваад гурван сар болсон Фан Фү Сөү нэгэн өдөр Н.Анхилуунтай утсаар ярьж, эцэг эхтэйгээ танилцуулахаар урьжээ. “Миний хайр Эрээнд хүрээд ир. Хайр нь тосч аваад хамтдаа манайх руу явъя. Аав ээж болон нутаг оронтойгоо танилцуулъя” гэсэн байна. Түүний ялдам үгэнд хууртсан Н.Анхилуун анх удаа гадаад орныг зорих болсондоо ихэд хөөрчээ. Ээж, аавдаа Фан Фү Сөү маш сайн хүн болохыг хэлж, ятган байж Эрээн явах зөвшөөрөл авсан гэнэ. Ингээд богино хуга­цаанд гадаад паспорт гаргуулаад харийн нутгийг зорьжээ. Галт тэрэг хөдлөнгүүт дотроо баярлан догдолж байсан аж. Олон сайхан зүйлийг ургуулан бодож, дурлалт залуу руугаа улам яаран тэмүүлсэн гэдэг. Энэ мэт түмэн бодолд хөвсөөр нэг мэдэхэд Эрээн хотод хөл тавьжээ. Анх удаа хилийн дээс алхсан түүнд орчин тойрон нь соньхон санагджээ. Ингээд тэд такси хөлслөн Хөх хотыг чиглэсэн байна. Тал дундуур давхин явж байхад Н.Анхилууны сэтгэлд нэг л тавгүй мэдрэмж үе үе зурсхийн орж иржээ. Гэвч юман чинээ тоолгүй, Фан Фү Сөүгийн энгэрт эрхлэн явсаар зорьсон газраа ирсэн байна. Хөх хотод очингуут  Фан Фү Сөүгийн ээж, аав, ах, эгч нар нь түүнийг найрсгаар хүлээн авчээ. Ингээд дэлгүүр хоршоогоор дагуу­лан явж, баахан л улаан өнгийн хувцас авч өгчээ. Н.Анхилууны хүссэн болгоныг худалдан авч өгөх нь түүний хувьд зүүд зэрэглээ шиг л санагдаж. Харин аав, ээж нь бага оврын ачааны машин дүүрэн бараа ачиж, баглаад түрүүлээд хөдөлжээ. Харин Фан Фү Сөү Н.Ан­хилуунтай үлдэж, үсчинд оруулан, гоёж гоодуулсан байна. Хятад хэл “А” ч байхгүй тэрээр тэдний гарын аясаар л дагаж байж. Энэ бүхэн нь түүнд ихэд таалагдсан гэнэ. Ингэж будаг шунх болж, гоёж гангалсных нь дараа тэд Ү Цухайн гэдэг тос­гонд очжээ. Хөдөөний энэ бөглүү тосгон Н.Анхилуунд тавгүй мэдрэмж төрүүлсэн байна. Машинаас буу­сан даруйд нь нэгэн том байшинд оруулжээ. Улаан тоосгоор барь­сан, автомашины гарааш гэмээр тэр хөндий зааланд дүүрэн хүн цуглаж, идээ будаа зассан байжээ. Энэ байдлыг гайхсан Н.Анхилуун өөрийг нь угтаж байгаа юм байх хэмээн боджээ. Тэгтэл юу юугүй хурим болох нь тэр. Энэ үед тэрээр гэнэт айлын бэр болсноо сая нэг юм анзаарчээ. Нөхөр болох залуудаа “Яагаад надад мэдэгдэлгүй ингэх болов. Эртнээс хэлсэн бол Монголоос ээж, аавтайгаа хамт ирэх байсан” хэмээн бухимдангуй  хэлжээ. Хариуд нь “Манай ёсонд бэр болох хүнээ ингэж хулгайлж авдаг юм” гэсэн гэдэг. Хурим найр ч нижгэр сайхан болж, дурлалт хосууд тусдаа гарчээ. Арга хэмжээ дууссаны дараа Н.Анхилуун ар гэрийнхэн рүүгээ утсаар ярьж, Фан Фү Сөүтэй хуримлаж айлын бэр болсноо пал хийтэл нь хийлжээ. Үүнийг сонссон эцэг, эх нь шоконд орж, мэл гайхсан гэдэг.

Бөглүү энэхэн тосгонд нэгэн жижиг байшинд толгой холбон амьдрах болсон байна. Тэднийх­тэй ойролцоо хадам ээж аав нь, мөн нөхрийнх нь эгч гэр бүлтэйгээ амьдардаг байжээ. Тэд уг тосгонд үнээний фермийн аж ахуй эрхэл­дэг байж. Эхний удаад шинэ бэр­дээ хир халдаахгүй, алган дээрээ бөмбөрүүлж байсан гэнэ. Харам­салтай нь энэ байдал тийм ч удаан үргэлжлээгүй юм байна лээ.

Үргэлжлэл бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Зузаан тоосгон хана айлын гэр дээр нуржээ

Хуучин цэргийн ангийн зориулалтаар ашиглаж байсан зузаан тоосгон хана айлын гэр дээр нурж, нэг хүн хүнд бэртжээ. Сонги­но­хайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвс­гэрт бол­сон уг үйл явд­лыг сурвалжиллаа.

Энэхүү гэнэтийн осол уржиг­дар 16 ца­гийн орчимд болсон
бай­на. Нурангид өртсөн айл иргэн Ч.Дамбынх аж. Өчигдөр тэднийд очиход гэр нь юу
ч үгүй хэмхэрч, зузаан тоос­гон хана­ны хэлтэр­хий­нүүд хашаагаар нь нэг хөглөрчээ.
Гэрийн яс мод байтугай тавил­гаас нь шир­хэг ч бүтэн юм үзэгдсэнгүй. Гэрийн эзэн
нурсан тоосгоноос даах хэмжээгээрээ өргөн зай­луулж байв.

Түүнээс болсон явд­лын талаар лавлахад ингэж ярив.

Энэ тоосгон хана нурах үед танайд хичнээн хүн байв?

-Би
зургаахан сартай зээ охи­ноо хардаг юм. Хүүхдүүд маань ажилтай болохоор гэрт бид хоёр л үлддэг. Надтай хамт нэг дор ажил­ладаг байсан гурван хүн  манайд ирсэн юм. Тэгээд гэрийн зүүн талд манайд ирсэн нэг гэр бүлийн хоёрын нөхөр нь сууж байсан. Харин бусад нь гэрийн баруун талд сууцгааж байлаа. Зээ охин бид хоёр ч бас тэдэнтэй ойролцоо сууж байсан. Гэтэл гэрийн зүүн талыг нэг хүчтэй юм нураад ороод ирэх шиг болсон. Энэ хэсэг тэр чигтээ дарагдсан. Харин гэрийн баруун талын унинууд унаж, чагтлагдсан юм. Азаар охин маань нураагүй. Би ч бушуухан охиноо тэврээд гэрийн хаалгаар арайхийн гүйж гарсан.

Танайд ирсэн зочид яасан бэ?

-Гэрийн
баруун талд сууж бай­сан хоёр араас гүйгээд гараад ирсэн. Харин зүүн талд сууж бай­сан хүн дарагдсан. Тоосгон хана нурахад доошоо болж зуух ор хоёрын хоорондох жижигхэн зайнд орчихсон байсан юм.

Түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Эмнэлгийн
түргэн тусламж ирээд аваад явсан. Одоогоор холбоо барьж чадаагүй л байна.

Энэ тоосгон ханыг танайх ямар зориулалтаар ашигладаг юм бэ. Ингэж нурж унахаас нь өм­нө буулгачихаж болоогүй юм уу?

-Дээхнэ
үед манай энэ хавь цэргийн анги байсан юм билээ. Тэгээд зах зээлийн нийгэмд шилж­сэ­нээр айлууд буух болсон. Гэвч цэргийн ангийн хашаа байсан иймэрхүү зузаан тоосгон ханануу­дыг зарим хүмүүс нурааж чадаа­гүй юм билээ. Манайх энэ хашааг худалдаж авахад тоосгон хана байж л байсан. 64-ийн зузаан тоосгон хана болохоор нураах гэсэн боловч хүчрэгдэхээргүй юм байсан л даа. Гэвч олон жил болсон энэ хана муудаж гэнэт нурж, хүний амь эрсдэх шахлаа.

Та хэн хэнтэйгээ амьдардаг вэ. Хаана хонов?

-Хүүхдүүдтэйгээ амьдардаг. Манай энэ хашаа эгчийнх минь юм байгаа. Урьд шөнө бид тэднийд хоносон.

НУРАНГИД ДАРУУЛСАН ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ДЭЭРДЖЭЭ

Ч.Дамбын гэр дээр  тоосгон хана нурахад хамгийн түрүүнд зэргэлдээх айлынх нь залуучууд мэджээ. Хашаандаа машинаа засч байсан Булгантамир, Билгүүн гэх хорь гаруй насны тэд пирр, парр хийх чимээнээр ухасхийн Ч.Дам­бынх руу гүйж очсон гэнэ. Хэдхэн минутын өмнө дүнхийн харагдах дөрвөн ханатын ихэнх нь тоосгон хананд дарагдсан байжээ. “Яав ийв, хүн бэртэв үү?” гэж тэд санд­ралдаж. Азаар дотроос нь хүүхдээ тэвэрсэн Ч.Дамба гарч ирсэн байна. Түүний араас хоёр хүн гарч иржээ. Гэтэл нэг эмэгтэй нь “Миний нөхөр байгаа ш дээ. Авар л даа” гэж орилоход нь нуранги руу хартал нэг эрэгтэй хүн харагджээ. Тэрээр жижигхэн зайд байдгаараа навтайчихсан “Ахыгаа авраарай. Амь авар” гэх нь сонсогдож. Бул­ган­тамир, Билгүүн нар тоосгон ханыг өргөх гэсэн боловч өчүүхэн төдий ч хөдөлгөж чадаагүй аж. Нэг нь гэр рүүгээ гүйж ахыгаа дууджээ. Тэдний ах Б.Эрдэнэбилэг яаравч­лан ирж, бүгдээрээ тоосгон ханыг өргөх гээд бас л дийлээгүй гэнэ. Энэ үед тэрээр Онцгой байдлын 105-д дуудлага өгчээ. Хотын төвөөс хөдөлсөн аврагчид Хангай захын орчимд болсон ослын газар руу очих гэсээр байтал хагас цаг шахам болсон байна.

Нурангин доороос аврал эрсэн хүний дуу улам намсч, яахаа мэдэх­гүй сандарсан хүмүүст 105-ынхан хэдэн зуун км-ийн цаанаас ирж байгаа юм шиг санагджээ. Тэднийг ирэхээс өмнө дарагдсан хүнийг аварчих санаатай дээрх гурван залуу машины данхраа­даар тоосгон ханыг өргөсөн боловч бас л бүтэлгүйтжээ. Бүхэл бүтэн машин өргөж дийлдэг данхраад ч тэрхүү  тоосгон хананы хагархайг өргөж дийлээгүй байна.

Тоосгон хананы хувьд ойрол­цоогоор таван метрийн урттай, гурван метрийн өндөртэй, 64-ийн өргөнтэй байсан гэнэ. Олон жилийн өмнө баригдсан болохоор цаг хугацааны аясаар бат бөх чанар нь алдагдан хэврэгшжээ. Ойрын өдрүүдэд дулаарч байгаа­тай холбогдуулан газар гэсч зөө­лөрснөөр уг тоосгон хана хөрснөөс ховхрон унасон байна.

Шуурхай бүлэг 105-ынхан ослын газарт ирсэн даруйдаа дарагдсан хүнийг шуудхан аварч чадаагүй аж. Багаж хэрэгсэл дутмаг байсан тэд гар нүцгэн биднээс ялгагдахааргүй, тусламж хүссэн иргэнийг аврах гэж хугацаа алдсан гэж ойр орчмын оршин суугчид ярьж байлаа. 20 гаруй минут нуран­гитай ноцолдсон боловч дор нь дарагдсан хүнийг гаргаж хүчрэхгүй байж. “Уг нь иймэрхү ослын дууд­лагаар ирж байгаа тэд ямар багаж хэрэгсэлтэй ирэхээ мэдэх ёстой. Гэвч тэдэнд тавьж өгдөг техник хэрэгсэл нь хангалтгүй юм билээ. Дүүрэг болгонд аврах бүлэг байдаг бол ядаж дуудлагаар ирэхдээ хугацаа алдахгүй шүү дээ. Мөн газрын байршлаа ч түвэггүйхэн олоод ирнэ. Гэтэл тэд ослын газар ирэх гэж төөрч будилаад хаягаа тодорхойлоод ирж ч чадахгүй юм. Осол гарсан газар төв замаас холгүйхэн, шулуун замаар явахад хүрнэ. Зааж өгсөөр байтал “Одоо хаана вэ” гээд гацчихсан” хэмээн иргэд 105-ынхныг шүүмжилж байлаа. Багаж хэрэгсэл муутай аврагчид адаг сүүлдээ “Хангай” зах руу явж бага оврын кран дайчлан авчирсан байна. Ингээд кранаар тоосгон ханыг өргөх гээд болоогүй учраас бутлахаар шийджээ. Тоос­гон ханыг хэдэн хэсэг болгон жи­жиг­лээд кранаар өргөж зайлуулсан байна. Харин цаг гаруйн хуга­цаанд тусламж гуйсан залуу сүүлдээ ухаан алдаж унасан гэнэ. Аврагчид түүнийг гаргаж ирэхэд хөл нь нугалраад бүсэлхийнээс доош мэдээгүй болчихсон байж. Түүнийг харсан хүмүүсийн хэлж байгаагаар нүд хальтрам болсон байсан гэлээ. Азаар тэрээр яарал­тай түргэн тусламж авч, эмнэлэгт хүргэгдсэнээр амьд гарсан байна. Эхэндээ ухаан орохгүй ар гэрийнх­нийгээ сандаргаж байсан бол өчигдрөөс биеийн байдал нь дээрджээ.

Харин гэр нь  нурсан Ч.Дам­бынд төслийн журмаар шинэ гэр олгох болсон тухай СХД-ийн XXIII хорооны Засаг дарга П.Одончимэд дугаар шилжих мөчид хэллээ. Энэ золгүй байдал өнөөдөр Ч.Дам­бынд тохиолдлоо. Харин маргааш хичнээн айлыг ийм аюулд учруулах нь асуулт болон үлдлээ. Учир нь хуучин орос цэргийн анги байсан тиймэрхүү тоосгон хананууд тэр орчмын айлуудын хашаанд цөөнгүй харагдсан юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хонгорзул охин 13 жилийн дараа Монгол Улсын иргэнд тооцогдлоо

Монголд төрж, өссөн хэрнээ улсад ямар ч бүртгэлгүй Хонгорзул охины талаар манай сонин  мэдээлж байсан билээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих бригадын уулын мухарт гэртээ төрсөн энэ хүүхэд өнөөдрийг хүр­тэл албан ёсны бичиг баримтгүй байсан юм.

Эцэг нь өөд болж уулын мухарт хэдэн малтайгаа үлдсэн И.Отгон­цэцэг бүсгүй хатуу бэрх амьдралыг туулж ирсэн нэгэн. Ганц бие амь­дарч байсан энэ бүсгүй 1999 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гэртээ амаржсан гэдэг. Ийн Хонгор­зул охиныг төрөхөд зэргэлдээх айлынх нь өндөр настан эх барьж авсан тухай  И.Отгонцэцэг бүсгүй манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн билээ. Тэрээр сум орон нутгаас зайдуу хөдөө зэлүүд газарт гав ганцаархнаа нялх үрээ өсгөн бойжуулахын зэрэгцээ хэдэн малаа маллаж олон жилийг ардаа орхисон юм. Сумынхаа төв рүү ч орж үзээгүй энэ бүсгүй хүүхдийнхээ төрсний гэрчилгээг яагаад хөөцөлдөж аваагүй нь ойлгомжтой. Ингээд Хонгорзулыг хэдхэн ойтой болонгуут И.Отгонцэцэгийн төрсөн эгч тэднийг Дархан-Уул аймаг руу өөрийнхөө дэргэд татан авчирсан гэдэг. Тухайн үеэс охиндоо төрсний гэрчилгээ авахаар сум орон нутгийнхаа холбогдох газруудад хандсан боловч бүтээгүй байна. Тэрээр өөрийнхөө туулж ирсэн амьдралын талаар бидэнд илэн далангүй ярихдаа зөвхөн өөрий­гөө л буруутгаж байлаа. Өдгөө наймдугаар ангид суралцаж байх ёстой Хонгорзул бичиг баримтгүйн балгаар хичээлээс завсардсан. Цүнх үүрэн хөгжилдөн гүйлдэх хүүхдүүдийг хараад битүүхэндээ атаархаж байсан Хонгорзул охины мөрөөдөл нь биелэх боломжтой боллоо. Тэрээр өчигдөрхөн төрс­нийхөө гэрчилгээг гардаж, Монгол Улсын иргэний бүртгэлд орлоо.

ДарханУул аймагт амьдарч байгаа И.Отгонцэцэг бүсгүйтэй холбогдож, баяр хөөрийг нь хуваалцсан юм.

Хонгорзул бичиг баримттай болсон гэж дууллаа. Баяр хүргэе.

-Баярлалаа.
“Өдрийн сонин”-д маш их баярлаж байна. Охиноо төрсний гэрчилгээтэй болгох юмсан гэж туйлын их хүсч байсан мөрөөдөл минь биелэлээ оллоо. Дотор онгойх шиг л болж байна даа. Би Хонгорзулынхаа төрсний гэрчилгээг авах гэж олон жил хөөцөлдсөн. Гэвч намайг огт авч хэлэлцдэггүй байлаа. Харин танай сонинд охины минь тухай мэдээлэл гарснаар амархан бүтлээ.

Хонгорзулыг хэнээр овогло­сон бэ?

-Би
өөрөөрөө овоглосон. Би Дарханд ирээд хүнтэй сууж, хоёр хүүхэд төрүүлсэн. Тэд маань ч надаар овоглодог юм. Яагаад гэвэл нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаа аваагүй болохоор тэр.

Охиныхоо төрсний гэрчил­гээг гар дээрээ тавихад ямар сэтгэгдэл төрөв?

-Баахан
л уйллаа. Өнөө өглөө (өчигдөр 11.00 цагт) охиныхоо гэрчилгээг очиж бичүүлж авсан. Отгонцэцэгийн Хонгорзул гэсэн бичигтэй охиныхоо төрсний гэрчил­гээг авангуут аяндаа нүднээс минь нулимс унасан. Баярласандаа хэлэх ч үг олдохгүй байна.

Охиныхоо гэрчилгээг яаж авсан бэ?

-Хонгорзулын маань гэрчилгээг хөөцөлдөхөд Дархан-Уул аймгийн Халам үйлчилгээний хэлтсийн Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цэцэгээ гэдэг эгч тусалсан. Энэ хүн 2012  оны арванхоёрдугаар сарын 20-ноос хойш Завхан аймгаас лавлагаа, Улсын иргэний бүртгэл, Төв архивын лавлагаа зэргийг хөөцөлдөж өгсөн юм. Бичиг үсэгт маруухан, очсон газар болгондоо төрийн албан хаагчид загнуулан хөөгдөж байсан миний өмнөө Г.Цэцэгээ эгч их гүйсэн дээ. Тэгээд “Өдрийн сонин”-д охиныхоо тухай ярилцлага өгсний дараа энэ асуудал хурдан шийдэгдсэн шүү. Хоёр ч удаа шүүх хурал боллоо. Тэгээд шүүхийн тогтоол гарч охины­хоо төрсний гэрчилгээг бичүүлж авсан юм. Г.Цэцэгээ эгчтэй хамт очиж туслаагүй бол бас л төрсний гэрчилгээ өгөхгүй янзтай байна лээ. Улсын бүртгэлийн ажилтан “Төрөлт бүртгэлгүй гэсэн лавлагаа хэрэгтэй” гэдэг юм байна. Харин Г.Цэцэгээ эгч “Тэр тогтоолыг шүүх авсан. Нэгэнт гэрчилгээ олгох шүүхийн тогтоол гарсан байна шүү дээ” гэж байж арайхийн охиныхоо төрсний гэрчилгээг авлаа.

Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хугацаанд нь аваагүй таныг торгууль төл гэж байна уу?

-Зохих
ёсны торгууль гардаг юм билээ. Гэхдээ нэн ядуу, хөдөл­мөрийн чадваргүй гэдэг үндэс­лэлээр ямар нэгэн торгууль төлөөгүй.

Хонгорзул төрсний гэрчил­гээтэй болсондоо ямар байна?

-Охин
маань баярлаад сүйд. “Ээждээ хайртай шүү. Миний ээж хамгийн сайхан нь. Охин нь сур­гуульд сурч, том болоод ээжийгээ жаргаана аа” гэсэн.

Одоо хүүхэд чинь төрсний гэрчилгээтэй болчихлоо. Сур­гуульд оруулна биз дээ?

-Хонгорзул
одоо Булган аймагт байгаа. Г.Цэцэгээ эгч хөөцөлдөж байгаад тийш нь явуулж, Сур­гуулийн өмнөх албан бус бүлэгт оруулсан юм. Охин маань одоо уншиж, нэмэх хасах үйлдлийн бодлогууд бодож байгаа. Утсаар ярьж, “Гэрчилгээг нь авчихсан шүү” гэж хэлэхэд бөөн баяр болж байна лээ.

Хонгорзул бичиг баримтгүй байсан болохоор төрөөс хүүх­дүүдэд өгдөг мөнгөн тэтгэмжийг хүртэж чадаагүй гэсэн байх. Харин одоо нөхөж авах боломж­той боллоо?

-Тиймээ.
Охиныхоо гэрчилгээг авангуутаа банкинд очиж хүүхдийн 20 мянгад нь бүртгүүллээ. Өнгөрсөн саруудынхыг нөхөж олгохгүй гэж байна. Харин хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг нөхөж олгоно гэсэн. Бас охиндоо эрүүл мэндийнх нь дэвтрийг авна. Охин маань 13 жилийн дараа Монгол Улсын иргэнд бүртгэгдлээ шүү дээ. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсч, насан туршдаа баярлаж явах болно.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс авч явах гээд байна” гэжээ

-ОЛОН ХОНОГ СУРАГГҮЙ БАЙСАН ГЭХ Э.ЗОЛЗАЯА УХААН ОРОНГУУТАА ЭЭЖДЭЭ ИНГЭЖ ХЭЛСЭН БАЙНА-

БНСУ-д сурч, амь­дарч байгаа Э.Золзаяа гэдэг монгол бүсгүй су­раггүй алга болоод олон хонолоо гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр өн­гөр­сөн хугацаанд ухаан­гүй эмнэлэгт хэвтэн эмч­лүүлж байсан гэнэ.

Э.ЗОЛЗАЯАГИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН БОЛОЛТОЙ

Түүний талаар Со­лон­госын сайтуудад “Биеэ үнэлэгч” байсан мэтээр бичжээ. Мөн Мон­голын зарим вэб хууд­суу­даар ч уг мэдээллийг хуу­лан олон нийтэд тарааж эхэллээ. Тухайлбал, “Э.Зол­заяа бүсгүй 2008 онд тус улсад дээд сур­гуулийн оюутан болж оч­сон жилээсээ биеэ үнэлж байгаад цагдаад бариг­дан шалгагдсан. Улмаар тор­гуулаад өнгөрч байсан удаатай. Хичээлдээ ява­хаа бай­сан түүнийг дө­рөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээ­сээ гараад одоо болтол ирсэнгүй, гар утас нь унтраалттай бай­на хэмээн долоо хоно­гийн дараа буюу 17-ны өдөр Инчон хотын дээд сур­гуулийн гадаад оюу­тан хариуцсан ажилтан цаг­даагийн газар анх мэ­дүүлж байсан байна. Дууд­­лагын дагуу шалгаж үзсэнээр монгол оюутан Э.Золзаяа хотын нэгэн шөнийн караокед 21.00 -03.00 цаг хүртэл ажил­ла­даг байсан нь тогтоогд­жээ. Тэрээр өнгөрсөн дө­рөвдүгээр сарын 11-ний орой 21.00 цагийн үед ажилдаа ирж. Ажлынхаа нэгэн солонгос бүсгүйн хамт тус улсын хоёр за­лууд үйлчилсэн ажээ. Тэд дор бүрдээ 200 мянган вон бэлнээр авч биеэ үнэ­лэн буудалд хамт хоно­хоор болсон. Монгол, солонгос хоёр бүсгүй, буудалд орохоосоо өмнө тэдэнтэй хамт дахин баа­­ранд нэлээд сууж наргиж цэнгэсэн байна. Тэд хамт­даа ойролцоох буудалд амарч байх үед солонгос бүсгүйтэй нэг өрөөнд орсон залуу түүнд гар хүрч эхэлсний улмаас цагдаад дууд­лага өгсөн.

Дуудлагаар ирсэн Ансан хотын цагдаагийн ажилтнууд, буудлын өрөө­­нүүдэд өөр бусад биеэ үнэлэгчид байгаа эсэхийг шалгахаар хаал­гуу­дыг тогшиж шалгалт явуулжээ. Гэвч энэ үед биеэ үнэлж байсан оюу­тан бүсгүй Э.Золзаяа өөрийг нь барихаар ир­лээ хэмээн ойлгож бууд­лын дөрвөн давхраас үсрэн унаж, улмаар ойрол­цоох эмнэлэгт яа­рал­тай хүргэгдсэн байна. Монгол оюутан бүсгүй ихээхэн бэртэж юм ярьж чадаагүй удсан тул түүний тухай мэдээллийг цаг тухайд нь өгч чадаа­гүйгээс, Солонгос улсад ор сураггүй алга боллоо гэсэн мэдээлэл ихээхэн цацагдсан бай­на” гэж Инчон хотын цагдаагийн газраас мэдээлсэн юм байх.

Энэхүү мэдээлэл үнэ­ний ортой нь эргэлзээтэй. Учир нь бидний авсан мэдээллээр БНСУ-ын аль ч цагдаагийн газраас дээрх мэдээллийг хий­гээ­гүй болохыг эх сурвалж өгүүлсэн юм. Тэгвэл Э.Зол­­заяа бүсгүйд юу то­хиолдов. Түүний биеийн байдал ямар байгааг сур­валжиллаа.

Э.ЗОЛЗАЯА ГЭЖ ХЭН БЭ?

БНСУ-д байдаг Монгол Солонгосын хамтарсан сай­тад “Маш хүнд бэртэл авсан Э.Золзаяа бүсгүйд сайн са­наат хүмүүс минь туслаач” гэсэн мэдээлэл тавигдсан байлаа. Тус улсад сурч бай­гаа монгол оюутан залуус санаагаа нэгтгэн нутаг нэгт нөхөртөө туслахаар ийм уриалга гаргажээ. БНСУ-д суралцаж буй монгол оюут­нуудыг хариуцсан мэргэжил­тэн С.Саранчимэгтэй утсаар холбогдсон юм. Түүнээс учир байдлыг тодруулахад да­раахь хариултыг өглөө. “Э.Зол­заяагийн хувьд Монголд аравдугаар ангиа төгсчихөөд Солонгост ирж суралцсан. Инчоны их сургуулийн Охидын коллежид  гурван жил хэлний бэлтгэлд  сурсан юм. Манай сургуулийг онц дүнтэй төгсч, Инчоны их сургуулийн онгоцны үйлч­лэгчийн ангид элссэн. Тэрнээс энд тэндхийн ин­тернэт сайтуу­даар мэдээлээд байгаа шиг муухай ажил хийх хүн биш гэдгийг би бардам хэлж чадна. Түүний талаар сөрөг мэдээл­лүүд Солонго­сын сайтуудад гарч эхлэнгүүт би цагдаагийн газарт ханд­сан юм. Тэгтэл “Бид албан ёсоор ямар ч мэдээлэл өгөө­гүй. Түүнийг яагаад ийм бай­далд орсныг шалгаж байна” гэсэн. Манай Э.Золзаяа сур­гуульдаа нэр хүндтэй, онц сурлагатай нэгэн. Найз нөхдөдөө ч хүндлэгддэг. Тий­мээс энд сурч байгаа монгол оюутнууд бид нэгдэн түүнд туслах ажил өрнүүлээд бай­на. Эмч хэлэхдээ түүнийг багаар бодоход гурван сар хэвтэн эмчлүүлнэ гэсэн. Биеийнх нь ихэнх яс хугарсан байна гэж байгаа. Аарцаг, хөл, гар гээд нэлээд хүнд бэртсэн. Ухаан орсон боловч шокийн байдлаас гарч чадах­гүй байна. Хүнд гэмтэл авсан болохоор тэр нь нөлөөлсөн бололтой. Одоо түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байна. Э.Золзаяа маань ухаан оронгуутаа ээжийгээ таниад ч байгаа юм шиг. Эсвэл танихгүй байгаа. “Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс охиныг нь авах гээд байна” гэж ээжийгээ сан­даргасан. Бас “Ээжээ хоёу­лаа манайх руу очих уу” гэж ийм хүнд бэртэлтэй байгаа­гаа ч мэдэхгүй янз бүрийн юм ярьж байгаа. Ээжийнх нь хувьд охиноо ийм болсныг хараад сэтгэл нь уймарч хэцүүхэн л байна даа” гэв.

Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Э.Зол­заяа бүсгүйн сахиур  буюу түүний нагац эгч Эрдэ­нэчимэгтэй утсаар холбогд­сон юм. Тэрээр “Дүү маань энэ сарын 11-нд хичээлээсээ тараад гэртээ ирсэн гэсэн. Гэтэл гар утас нь дуугарч гэрээсээ гарсан гэж цагдаа­гаас хэлж байна. Ингээд 11-12-нд шилжих шөнө ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирж. Тэг­тэл цагдаагийнхан эмнэлэгт очсоныг нь мэдэхгүй хайгаад байдаг. Би энд Э.Золзаяагийн ээж буюу төрсөн дүүтэйгээ ирээд цагдаад хандсан. Тэ­гээд эмнэлэгт ухаангүй хэвтэж байгааг нь оллоо. Ямартаа ч энэ хэргийг шалгаж байгаа. Дүүгийн маань талаар элдэв янзын мэдээлэл гарч байгаад гомдолтой байна. Одоо бие нь тун хүнд байгаа” гэлээ.

Э.Золзаяагийн Монголд байгаа хүргэн ахтай уулзаж ярилцлаа.

Та дүүгийнхээ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ сарын 11-ний орой дүү маань гэртээ байж байтал гар утас нь дуугарсан гэсэн. Тэгээд гадаа гарч хэн нэгэнтэй уулзчихаад удалгүй гэртээ орж ирсэн юм билээ. Дахиад утас нь дуугарч буцаад гараад явсан гэсэн. Цагдаагийн байгууллага шал­гаад ийм мэдээллийг Солон­гост байгаа манай эхнэр, Э.Золзаяагийн ээж хоёрт өгсөн юм билээ. Харин Э.Зол­заяа ухаан оронгуутаа “Муу хүмүүс байна. Намайг битгий орхиорой” гэж тэдэнд хэлсэн гэнэ лээ. Манай энэ дүүг сай­тууд дээр янз бүрээр бичсэнд гомдолтой байна. Тэрэн дээр гараад байгаа шиг баар са­ваар хэсээд байдаггүй. Сургууль дээрээ нэр хүндтэй. Найз нөхөд нь ч дүүгийн маань үнэн байдлыг мэднэ. Тэгээд тусалж дэмжихээр гүйлдээд байгаа гэсэн.

Түүнийг зарим сайтуу­даар биеэ үнэлэгч мэтээр бичсэн байна лээ. Солон­гост байгаа танай эхнэр, дүү хоёр цагдаагийн газарт нь хандсан байна уу?

-Би өдөр болгон л тэдэн рүү ярьж байгаа.  Инчоны бо­лон Анса хотын Цагдаагийн газраас тийм мэдээлэл  гар­гаагүй. Ийм мэдээлэл тараа­сан хүмүүсийн шалгана гэж албан ёсоор мэдэгдсэн бай­на лээ. Яагаад дүүг маань ингэж гүтгэж, ямар зорилго цаана нь байгаа нь сонин. Түүний хэрэглэж байсан гар утас, нөүтбүүк зэргийг нь шалгаж, гэрээс нь хэн дуудаж гаргасан болохыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн.

Э.Золзаяа хэзээ Солонгос руу явсан юм бэ?

-Тэнд очоод таван жил болж байна. Энэ жил Инчоны их сургуулийн Онгоцны үйлч­лэгчийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан.

Айлын хэд дэх хүүхэд вэ. Сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан болов уу?

-Дүү маань багаасаа л амьдралын ухаанд суралц­сан байсан. Айлын том охин бөгөөд ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Тэгээд арван жилд байхдаа зуныхаа амралтаар ажил хийж, дүү нарынхаа хичээлийн хэрэгс­лийн мөнгийг олдог байлаа. Ээж нь өвчтэй болохоор ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм. Тэнд сурч байгаа оюутнуудыг ажил хийхийг зөвшөөрдөггүй гэнэ лээ. Зөвхөн хичээл номондоо л шамддаг.

Найз залуутай байсан уу?

-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Энэ хүүхэд хэр бар­гийн юманд бэртэж гэмтэхээр хүүхэд биш. Арван жилд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг тамирчин охин байсан. Муухан эр хүнд дээ­рэл­хүүлэхээргүй хүүхэд. Яа­гаад ийм байдалтай болсонд гайхаж байна. Цаана нь нэг юм байгаа гэж бодож байна.

Тэр нь юу байх гэж бодож байна?

-Солонгосын цагдаагаас түүний гар утасны болон нөүт бүүкний, гаднах камерын бичлэг дуудлага зэргийг шал­гасан гэсэн. Тэгээд гэртээ хичээлээ хийгээд сууж бай­сан хүүхэд гэнэт гараад явсан нь сэжигтэй.

Хэнтэй амьдардаг байсан юм бэ?

-Ямартаа ч байр хөлсөлж амьдардаг байсан.

Э.Золзаяа зан араншин­гийн хувьд ямар вэ. Түүнийг сураггүй болсныг ар гэрийнхэн нь хэзээ мэдэв?

-Элдэв янзын зангүй, мэриймтгий, идэвхтэй хүүхэд. Ангийнх нь хүүхдүүд болон багш нь түүнийг ямар сурла­гатай, хичээнгүй оюутан боло­хыг сайн мэднэ. Тиймээс туслах гэж гэрэл зургийг нь нийтэлж, тусламж хүссэн. Ер нь Э.Золзаяад сул тал гэж байхгүй. Хичээлээ таслах нь битгий хэл хоцордоггүй дүү маань нэг өдөр хичээлдээ ирээгүйд ангийнхан нь гайх­сан юм билээ. Тэгээд гар утас нь салгаастай, ямар ч хол­боогүй, хоёр гурав хоноход сандралдаж бидэн рүү ханд­сан. Уг нь маргааш нь тэм­цээнд орох ёстой байсан гэсэн. Тэгээд “Маргааш хувц­саа авчирна” гээд ангийнх­наасаа салсан хүүхэд таг болчихоор тэд гайхна шүү дээ. Дүү маань эмнэлэгт ирэхдээ ямар ч бичиг баримт, цүнх сав, гар утасгүй ирсэн гэсэн. Тэгээд хэн болохыг нь мэдэхгүй цагдаа нар хугацаа алдсан бололтой. Тэрнээс олон хоног сураггүй байж байгаад гэнэт ухаангүй эмнэ­лэгт ирсэн юм байхгүй. Тийм байдалтай болонгуутаа эм­нэ­лэгт хүргэгдсэн юм билээ.

Эмнэлгийн зардал мөн­гө хэд орчим болж байна?

-Хоёр удаа хагалгаанд орсон гэсэн. Дахин тавду­гаар сарын 7-нд хагалгаанд орох юм гэнэ. Манай эхнэр, хадам дүү хоёрыг тэнд очи­ход эмнэлгийн зардал 13 сая вон болсон гэж эмч хэлсэн байна лээ. Одоо дахиад хагалгаад орохоор мөнгө их хэрэгтэй. Манайхны хувьд эрүүл саруул хүнээ гадны улс руу сургахаар илгээчихээд ийм байдалтай болсонд гом­долтой байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал ч хүнд байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Оросууд барилгаа ав, бид газартайгаа үлдье” гэв

Монголын нутаг дэвс­гэрт баригдсан ОХУын өмч гэгддэг орон сууцны барилгын асуудал олон жи­лийн өмнөөс яригдаж бай­гааТэдгээр байранд амь­дар­саар ирсэн оршин суугч­дын хувьд байнгын дарамтад байдаг гэнэ. Дээрх байрны маргаан одоо болтол эцэслэн шийдэг­дээгүй бөгөөд маргаантай хэвээр байгаа аж. Энэ та­лаар Түрээсийн байр эзэм­шигчдийн эрх ашгийг хам­гаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сүх­баатартай ярилцлаа.

  Манай улсад ОХУын өмчид тооцогдох хичнээн барилга байгууламж байна вэ?

-1991 онд Оросын арми Монгол Улсаас гарахдаа 1993 оны хэлэлцээрээр цэр­гийн хотхоны зориулалтаар ашиглаж байсан 1355 барил­га байгууламжаас 1128-ийг нь Монголын талд үнэ төл­бөр­гүй шилжүүлж 184 барил­га байгууламжийг манай ул­сын иргэд, байгууллагуудад зарж борлуулахаар тохи­ролц­сон. Үүнээс 177 объек­тыг нь борлуулжээ. Уг нь бол олон улсын гэрээнд тусгагд­сан зориулалт заалтаас өөрөөр буюу ашиг олох хэл­бэ­рээр худалдах эрхгүй бай­сан ч ийм л зүйл болж.  Тэгвэл 177 объектыг зарж борлуулс­ны орлогоос Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг төлсөн бэ гэдэг асуулт гарч байна. Мон­гол Улсын нутаг дэвсгэрт биз­нес хийсэн л бол татвар төл­дөг хуультай. 1128 объектыг манай улсад үнэгүй өгсөн гэж оросууд сайрхаж манай төр нэг их юм авчирсан юм шиг хийрхдэг. Угтаа бол манай улсын нутаг дэвсгэрт тархан байрлаж байсан ямар ч дэд бүтэцгүй алслагдсан ашиглах боломжгүй цэргийн казарм, харуулын байр, цэргүүдийн нийтийн жорлонгоо хүртэл тоолоод 1128 болгоод үнэгүй өглөө гэж шоудсан. Одоо тэдгээр нь манай улсын нутаг дэвсгэрээр нэг нурж унасан балгас болсныг Монгол даяар мэднэ. Шулуухан хэлэхэд 1128 хог хаяад л явсан. Оро­сууд үүнийгээ цэвэрлэх ёстой. Гэтэл нийслэлийн А зэрэг­лэлийн бүсэд орших 184 объектоо бизнесийн зорил­гоор авч үлдэн одоог хүртэл манай аж ахуйн нэгж, иргэ­дээс түрээсийн хэлбэрээр сая сая ам.доллар хууль бусаар хүүлсээр байна. Энэ бол цөө­хөн жишээний л нэг.

Олон улсын гэрээ заал­тад ОХУын өмч нь байх эрх байдаг юм уу?

– Энэ  асуудал сөхөгдөх болгонд манай тал ОХУ-ын өмч гэдэг. Угтаа ОХУ энэ өмчийг өмчлөх эрх нь хэвээр байна уу, хадгалагдсан бай­на уу гэдгийг эхлээд тавих ёстой шүү дээ. Олон улсын Венийн конвенцийн заалтаар ОХУ-ын өмч байх эрх нь бүр дуусгавар болоод хаагд­чих­сан юм. Тэгэхээр манай сайд, дарга нар ОХУ-ын өмч, тэд үүнийгээ зарна уу, түрээсэлнэ үү, борлуулна уу өөрсдийнх нь эрхийн асуудал гээд бай­даг.

Одоо тэдгээр барил­гуудын асуудлыг шийдэх ямар гаргалгаа байна вэ?

-Олон улсын жишигт нэг бол энэ объектоо тухайн улс оронд нь үлдээгээд явах ёс­той. Эсвэл нураагаад аваад явчих хэрэгтэй. Тэгэхээр ма­най­хан “Болохгүй, энэ бол Оросын өмч болохоор тухайн улс худалдана уу, борлуулна уу, түрээслэнэ үү өөрсдийнх нь хэрэг” гэх юм. Бас ОХУ дээрх барилгуудыг өөрс­дийн­хөө өмч хэмээн сөхөх магад­лалтай гэж нялцганаад бай­даг. Олон улсын Венийн кон­венцид хоёр тал гэрээг ноц­той зөрчсөн бол хүчингүй болох ёстой гэсэн байгаа. Одоо  ОХУ-ын мэдлийн гээд байгаа барилгуудад тус улс мэргэжилтнүүдээ байрлуулна гэчихээд монголчуудад тү­рээс­лээд, бизнесийн зорил­гоор ашиглаад байна шүү дээ. Энэ чинь гэрээг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Хэрэв гэрээнд ОХУ-ын мэргэ­жилт­нүүд байхгүй болсон тохиол­долд тухайн барилгыг ний­тийн хэлбэрээр ашиглах, эсвэл гэрээг дахин хийх ашиг­тай хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг өгүүлбэр  байсан бол болж байна.

ОХУын гэгдэх барил­гуудыг анх манай улсад ямар зорилгоор барьсан юм бэ?

-Монголд коммунизмыг байгуулахын тулд монгол­чуудыг сургагч нарт зориул­сан барилга шүү дээ. Энэ дэглэмд зориулсан объект.

Гэтэл одоо дэглэм нь байхгүй байхад тэдгээр объектуудыг ОХУын өмч гэх хууль эрх зүйн орчин байна уу?

-Үүнийг л ярих хэрэгтэй. 1971 оны нууц протокол дээр энэ обьектуудыг ЗХУ-ын мэр­гэжилт­нүүдийг байршуулах тэдэнд үйлчлэх зорилгоор ашиглана гээд заасан нь бий.  Тэгвэл өнөөдөр ЗХУ нь уст­чих­сан, БНМАУ нь татан буугд­чихсан, мөн тухайн үед хэрэглэж басан тамга тэмдэг, төрийн дуулал зэрэг нь байх­гүй болчихсон. Тэгэхээр гэ­рээг биелүүлэх боломж нь байхгүй болсон. Гэтэл  манай­хан ОХУ-ын өмч гээд байдаг. Саяхан болсон хоёр орны Засгийн газрын хоорондын ажлын хэсгийн урьдчилсан хуралдааны дараа шадар сайд Д.Тэрбишдагва ярихдаа “ОХУ-ын өмч” гээд дурд­чих­сан. Тэгэнгүүт тэд энэ асууд­лыг сэрвээн дээрээ тавиад байгаа юм.

Оросын талаас ямар байр суурьтай байгаа юм бол?

-Энэ объектыг хэрхэн ший­дэх хоёр гаргалгааг түрүү дурдсан. Тэгэхээр Оросын талд манайхан санаатай юм уу, санамсаргүй ч юм уу буруу ойлголт өгснөөс “Бид объек­тоо худалдана. Эсвэл түрээс­лэнэ. Үгүй бол танайд найман байр өгье. Оронд нь мон­голчуудын оршин сууж бай­гаа орон сууцыг өгнө” гэж байна. Эдгээр байрыг 2008 онд С.Баяр ОХУ-д айлч­лах­даа Субковтой хийсэн гэрээ­гээр Монгол Улсад шил­жүү­лэхээр тохиролцсон. Тэдгээр байр нь Улаанбаатар болон Дархан хотод байгаа. Дараа нь 2009 оны наймдугаар са­рын 25-нд Медведев Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн урил­гаар манай улсад ирэх­дээ стратегийн тунхаг бичиг­тээ эдгээр байрны асуудлыг эцэслэн шийдэхээр батал­чихсан. Гэтэл одоо болтол байхгүй. Оросууд юу гэж бай­на вэ гэхээр объектуудын доод талын газрын асуудлыг 60 жилийн хугацаатай тү­рээс­лүүлэх юм бол энэ най­ман байраа өгч болох юм аа гэдэг асуудал тавьж байна.

Энэ талаар хуулинд юу гэж заасан байдаг юм бэ?     -Төр газрыг гадаадын иргэнд хуулийн этгээд гээд харьяалалгүй хүнд хуульд заасан болзол журмын дагуу ашиглуулж болно гэж байгаа юм. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн дөрөвдүгээрт болохоор Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн олон улсын гэрээ буюу бүх хууль эрх зүйн актыг хүчингүйд тооцно гэсэн байгаа. Энэ дагуу 2002 онд Үндсэн хуулийн цэц хүчингүйд тооцсон нь бий.  Гэтэл оросууд худлаа наймааны хэлбэртэй болгож байна. Бид түрүүчийн Засгийн газарт найдаж байлаа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар байгуулагдлаа. Уг асуудлыг шийдчихэж чадахгүй л байна. Энэ асуудлаар арав гаруй жил ажилласан бидний дунд олон хуульч байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын Венийн конвенц, Газрын тухай хууль, Татварын тухай хуультай харьцуулаад үзэхэд Оросууд бизнесийн үйл ажиллагаа явуулах ямар ч эрхгүй. Тэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, мөнгө хүүлээд байна. Монголын иргэн болон аж ахуй нэгжийг хохироож байна шүү дээ. Гэтэл яагаад өдийг хүртэл шийддэггүй юм бэ. Өнөөдөр 1968 онд баригдсан барилгуудад хүн амьдрах нөхцөл бүрдээгүй гэж аюул­тайд тооцон нураах болсон. Тэгвэл 1975 онд баригдсан Оросын барилгууд хэдхэн жилийн дараа хүний хэрэг­цээ, аюулгүй байдлыг хангаж чадах уу. Яагаад бид тэр барилгуудыг нь оросуудад өгчихөж болохгүй гэж. Магад­гүй дор нь байгаа газартаа арван давхар байшин барьж, таван давхарт нь иргэдээ оруулчихвал бусад нь Мон­голын ашиг болж үлдэнэ шүү дээ. Энэ талаас нь яагаад харж болохгүй байгаа юм бэ. Хууль эрх зүйн орчин нь хаагдсаныг жирийн иргэд төр засагт удаа дараа мэдээлээд байхад ямар учраас асуудлыг шийдэхгүй байна вэ.

Оросын талаас тэдгээр барилгуудад бизнесийн зо­рил­гоор үйл ажиллагаа явуулс­ныхаа түрээсийг төл­дөг үү?

-1984 оны Сайд нарын зөвлөлийн тогтоол бий. Үүн дээр БНМАУ-ын сайдад тог­тоох нь “Дор дурдсан 98.28 га газрыг ОХУ-д түрээсээр олго­сугай” гэж тогтоосон байгаа. Түрээс гэдэг нь түрээс­лүү­лэгчид түрээслэгч нь мөнгө төлөхийг хэлнэ. Тэгвэл РЦНК, Лениний клуб, 15 дугаар хо­роол­лын Зөвлөлтийн нэгдсэн эмнэлэг зэрэг 13 газрын байр­ны түрээсийг монголын төр өнөөдөр авсан уу гэвэл аваагүй байна. Яагаад иймэр­хүү хууль бус ажил­лагааг өөгшүүлээд цаана нь ард түмэн хохирдог юм бэ.

Тэгвэл тэдгээр барил­гуудад үйл ажиллагаа явуулж байгаа манай иргэд, аж ахуйн нэгжүүд ОХУын талын эзэмшигчдэд нь хич­нээн төгрөгийн түрээс төл­сөн бол?

-ЗХУ-ын коммунизмын үед баригд­сан асар их ба­рил­га бий. Хэдхэн байрны түрээс төлсөн  дүнгээс хара­хад  тэд манай иргэдээс маш их мөнгө хүүлсэн байгаа юм. 1991 оноос 2005 оны арав­дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт нийт нэг сая 444.2 мянган ам.доллар төлсөн байдаг.

Лениний музейн ба­рил­гыг оросууд булаал­даад эхэлсэн гэх яриа бай­сан. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Тэр бол манай өмч. Тат­вар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан юм. Тиймээс Оро­сын талаас ямар нэгэн мар­гаан байхгүй. Харин Төрийн өмчийн хороо болон МАН-ын хооронд үүссэн өмчийн асуу­дал байгаа байх.

М.МӨНХЦЭЦЭГ