Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

Х.ЦОГНОЙЖАМЦ: ЯМАР НЭГЭН ТАЙЛБАР ӨГӨХ  ШААРДЛАГАГҮЙ. БОЛДОГ
ЮМ БОЛООД Л ӨНГӨРНӨ БИЗ-

 Түрүүч нь ¹ 152 (4479) дугаарт

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баяр БСШУ-ны сайд байхдаа 230 сая төг­рөгийн авлига нэхсэн дуулиант хэргийн хохи­рогч болоод буй Х.Цог­ной­жамц хэн болохыг ун­шигч танд үргэлжлүүлэн хүргэе. Тэрбээр Налай­хын унаган хүүхэд юм байна. Өөрийн төрж, өс­сөн нутагтаа сургууль барьж, бүтээн байгуулалт  хийсэн Х.Цогнойжамц улстөрчийн шантаажид орж, рекэтлүүлсэн нэгэн. Түүнийг барилга барьдаг гэхээс илүүтэйгээр ал­дарт уяач гэдгээр нь на­лайхчууд андахгүй юм билээ. Х.Цогнойжамцын хувьд Налайхын 119 дү­гээр сургуулийг барихаас өмнө хэд хэдэн барилга барьжээ. Тухайлбал, “Ти­тэм” захыг барьж ашиг­лал­тад оруулсан юм бай­на. УИХ-ын гишүүн Ё.От­гонбаярын авлигын хэр­гийг илчилсэн 119 дү­гээр сургуулийг зорилоо. Гур­ван давхар уг шар барил­га орчин үеийн стан­дар­тыг бүрэн ханга­сан сур­гууль болж чад­жээ. Шинэ сургууль гэсэн­дээ гаднах талбай, анги танхимын доторх тохи­жилт зэрэг нь арай өөр байв.

Мөн бүрэн камерын хяналт­тай аж. Энэ сургуулийг Х.Цогнойжамц барьсан гэдгийг хүн бүр андахгүй юм.

  Ё.ОТГОНБАЯР СУРГУУЛЬ БАРЬСНЫ ХАРИУД АВЛИГА НЭХДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Х.Цогнойжамцын багын найз гэх Д.Отгонбаяртай уулзлаа. Тэрбээр 119 дүгээр сургуулийн барилга баригдахаас эхлээд өнөөдрийг хүртэл тус сур­гуульд ажиллаж буй юм байна. Тэрбээр сантехникч хийдэг аж.

 Та Х.Цогнойжамц гэдэг хү­нийг хэдийнээс мэдэх вэ?

-Энэ
хүнийг эртнээс мэднэ. Бид багын найзууд. Нэгдүгээр ангиасаа эхлээд өдий хүртэл нөхөрлөж явна. Хоорондоо холбоотой ч байдаг.

Налайхын аль сургуулийг та хоёр төгссөн юм бэ?

-Налайхын  нэгдүгээр арван жилийг бид хамтдаа төгссөн. Х.Цог­нойжамц 1979 оноос хот руу шилж­сэн. Түүнээс өмнө Налайхад бай­сан хүн.

Х.Цогнойжамц ямар мэргэ­жилтэй вэ?

-Арван
жилээ төгсөөд Барилгын техникум төгс­сөн санаг­даж байна. Эхнэр нь  гадаад до­тоод явж наймаа эрхлээд сүүлдээ барилгын салбарт орсон. Анх Налайхын цэргийн барилгын ангид жолооч хийж байсан. Дараа нь  Польшоос машин оруулж ирдэг байсан. Тэд машин тэрэгний най­маа хийж байгаад барилгын ком­панитай болсон. “Тавин лан” ком­пани Х.Цогнойжамцынх. Одоо эхнэрийнх нь дүүгийн нэр дээр болсон байна лээ. Сая сургууль хүлээлгэж өгөх үеэр дүү Оюунчимэг нь ирж байсан. Тэгэхээр нь би компаниа шилжүүлж гэж ойлгосон. Хэд хэдэн газар барилга барьж ашиглалтад оруулсан хүн шүү. Барилгын компанитай болчихоод Тээврийн товчооны ардхан талд анх “Титэм” захыг барьсан. Түүнээс хойш барилгын салбарт хүч үзэх болсон. 

Өөр ямар барилга барьсан юм бол?

– Бид
найз нөхөд учраас тэр болгон ажил яриад байдаггүй. Хааяа арван жилийнхэнтэйгээ уулзах болохоор таарч хууч хөөрч амьдрал ахуйгаа ярьдаг. Миний ойлгосноор хүмүүстэй нийлж ба­рилга бариад байгаа сураг дуулд­даг л байсан. Ер нь манай Х.Цог­ной­жамц багын гүйлгээ ухаан сай­тай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

Найзынх нь хувьд Х.Цог­нойжамц гуайг хэр эр хүн гэж боддог вэ. Хүн чанарынх нь тухайд…?

-Манай
Х.Цогнойжамц эр хү­ний­хээ хувьд дажгүй. Дуу цөөтэй, хөдөлмөрч, найз нөхдөдөө ээлтэй нэгэн. Би энэ сургуулийн барилгын ажил эхлэхээс өмнө ерөнхий боловс­ролын 48 дугаар сургуульд ажиллаж байсан юм. Х.Цогной­жамц намайг дуудаад энэ сургуу­лийн барилгын ажлыг ерөнхийд нь хянаж бай гэж хэлсэн. Тэгээд би энд ирсэн. Барилга баригдаж эхлэхэд цахилгаанчин хийж байсан. Сур­гууль ашиглалтад орсноос хойш  сантехникч хийхийн зэрэгцээ нэг ээлжийнх нь жижүүрээр ажиллаж байна.

Хэдэн хүүхэдтэй вэ. Налай­хад үр хүүхдээс нь бий юү?

-Тэднийх
гурван хүүхэдтэй. Тэд нь том болоод  бүгд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Налайхад эхнэ­рийнх нь хамаатны ганц нэг хүмүүс л бий. Эгч нь гээд нэг эмэгтэй байдаг. 53 дугаар байранд амьдар­даг юм билээ.

Энэ сургуулийн барилгыг ер нь ямар хүмүүс барьсан бэ?

-Цэргийн
ангиас 20 гаруй цэрэг дайчилсан. Бусад нь “Тавин лан” компанийн ажилчид. Дээрээс нь  Налайхын зарим иргэдийг хөл­сөөр ажиллуулж байж энэ барилга боссон. Квадрат метрээр  нь тодор­хой үнэ тогтоогоод ажилласан хүмүүсийг цалинжуулж байсан. Х.Цогнойжамц энэ сургуулийн суурийг нь худалдаж авсан юм. Дээхнэ үед орос ах нарыг байхад баригдаж байгаад явахад нь бал­гас болсон газар. Х.Цогнойжам­цаас өмнө хоёр, гурван хүний гар дамжсан юм билээ. Хүмүүс хамаг юмыг нь хагалж, хэмхчээд балгас болгочихсон. Харин Х.Цогнойжамц зөвхөн карказ байхад нь худалдаж аваад ийм сайхан сургууль босго­сон доо.

БСШУын сайд асан Ё.От­гонбаяр бусдыг дарамталсан гэх мэдээ­лэл га­раад байгаа. Энэ талаар сурвал­жилж буй юм?

-Аан,
тэр талаар би сонссон. Аймар юм болсон шиг байна лээ. Тэр талаар надад Х.Цогнойжамц хэлээгүй л дээ. Нэг удаа “Барилга хүлээж авахгүй байна. Сургуулийн  цахилгаан, дулааныг холбосноос болж сар болгон их мөнгө төлж байна. Надаар яалгах гээд байгаа юм бол доо” гээд  уурсангуй хэлж байсан. Би бодохдоо ажилд нь жаахан саад гарч л гэж ойлгосон. Сонин хэвлэлээр яригдаж, бичиг­дээд байгаа шиг зүйл болсон гэж бодоогүй л дээ.

Ё.Отгонбаяртай Х.Цогной­жамц гуай ямар холбоотой бай­сан юм бол. Энэ талаар танд мэдэж буй зүйл бий юу?

-Тэд
хоорондоо ямар харилцаа холбоотойг мэдэхгүй. Манай хүн өөрийнхөө хөрөнгөөр сургууль бариад өгч байхад Ё.Отгонбаяр ингэж оролдох муухай. Ё.Отгон­баяр сургууль барьсны хариуд авлига нэхдэг нь юу гэсэн үг вэ. Сургууль хүлээж авах мөнгө ямар тэр хүний хармаанаас гарч байгаа биш. Улсаас гарч байгаа  биз дээ. 119 дүгээр сургууль өнгөрсөн сон­гуулиар баригдсан барилга шүү дээ. Ер нь сургууль дутмаг гээд байдаг. Тэгтэл манай холбогдох албаныхан өөрсдөө сургууль захиалж бариулчихаад дараа нь мөнгө нэхэж дарамтлан идэх гэдэг юм шиг байгаа юм. Их муухай зүйл л сонслоо.

Сургуулийг Улсын комисс хүлээж авахад яамнаас ямар хүмүүс ирсэн бэ?

-Их
олон л хүн ирсэн. Хэн нь яамных, хэн нь Улсын комиссоос, хэн нь нийслэлийн боловсролын газраас ирсэн гэдгийг би яаж мэдэх вэ дээ.

Х.Цогнойжамц гуай өөр компанитай юу?

-Байхгүй
ээ. “Тавин лан” ком­па­ниа дүүдээ шилжүүлсэн юм шиг байна лээ. Сургуулийн барилга хүлээлгэж өгөхөд дүү нь захирал гээд гарын үсэг зурж байсан.

Тэрбээр барилгын бизнес эрхлэхээс гадна морь уядаг гэх юм билээ. Хичнээн хурдны морьтой вэ?

– Морьд
нь гайгүй давхидаг шүү. Долоо, найман ажнай хүлгүүд байдаг байх.

Морио хаагуур уядаг вэ?

-Хүй
долоон худаг хавьд уях сураг гарч байсан. Энэ асуудлаас болж наадамд оролцож чадах юм уу, үгүй юу бүү мэд. Өнгөрсөн жил улсын наадамд оролцоогүй. Дан­даа хөдөө орон нутгаар явж  морь­доо уралдуулсан гэж ярьж байв.

  Х.ЦОГНОЙЖАМЦ ГЭЖ ХЭН БЭ?

Аймгийн алдарт уяач цолтой Х.Цогной­жамц нь Монголын шигш­мэл хур­дан морьдын “ИХ ХУРД” уралдаа­наас хишиг хүртсэн хий­морь­той уяач. Тэрээр 1996 оноос эхлэн хурдан хүлгүүд сойж 1998 онд Жанчив­лангийн ойд даага нь хурдалж анхны айр­гаа хүртэж бай­сан түүх­тэй. Хойтон жил нь буюу 1999 оны АХ-ын 78 жилийн ойгоор Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ган­пүрэвийн унаган хонгор даага айргийн гуравт хурдалж, давхар уяагаар Баян­хон­гор айм­гийн Ламын гэгээний 360 жилийн ойд түрүүлсэн аж. Баянхон­горын дан­шигт даага нь түрүүлээд зогсох­гүй шүдлэн хонгор үрээгээ аман хүзүү­дүүлж, ганзага дүүрэн наад­сан бол 2004 онд Сүхбаатар айм­гийн Асгат сумын М.Ооёогийн унаган хул морь “Их хурд-III” урал­даанд айрагдаж, 2007 оны улсын их баяр наадамд айрагджээ. Хой­тон жил нь буюу 2008 онд Заамарын төвийн бүсийн даншигт хүрэн азар­гаа айргийн дөрөвт хурдлуулсан тэрээр ийнхүү улс бүсийн наадмын нэг түрүү таван айргийн эзэн бол­жээ.

Х.Цогнойжамцын гэрийг нэхэн сурвалжилж олсон боловч гэр нь эзгүй байлаа. Түүний  гар утас руу залгатал “Хил гарах гээд Замын-Үүдэд байна. Та нарт ямар нэгэн тайлбар өгөх  шаардлагагүй. Бол­дог юм болоод л өнгөрнө биз” хэмээн тэрбээр хариулсан юм.

Үргэлжлэл бий

  Г.ЯЛГУУН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаярын 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын бусдаас ав­лига ава­хыг завдсан гэх хэрэгт хол­богдуулан хэд хэдэн хүнийг шалгаж буй билээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа А.Чин­бат нарыг явуулж Х.Цогной­жамц гэдэг хүнийг зодуулж, дээрэмдүүлэн авлига өг хэ­мээн шаардсан гэдэг. Х.Цог­ной­жамц харин 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр энэ талаараа Улсын мөрдөн байцаах газарт  гом­дол мэдүүлсэн аж. Эл гомд­лын мөрөөр мөрдөн байцааг­чид  мөрдөлт явуулахад түү­ний эхнэрийн нэр дээрх дан­санд олон сая төгрөг, ам.дол­лар орж гарсан баримт байс­ныг хууль хяналтынхан илрүүл­сэн хэмээн мэдээлдэг.

Энэ явдлаас болж
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго
мөн­гө угаасан хэрэгт
хол­бог­доод буй.
Их мөнгөний дуулианы хэрэгт сэжиглэгдсэн түүнийг
нөхөр нь “илчилсэн” гэх.
Ё.Отгонбаяр бусдаас
авлига нэхэн дарамталж, нэгэн
банк­ны дансны дугаар
руу  хүссэн
мөнгийг нь хийхийг шаардсан
байдаг. Тэрхүү дансны дугаар
эхнэрийнх нь болж, О.Эр­дэнэ­солонгын
нэр дээрх 26 данс ил болсон
юм. Энэ хэр­гийн
эргэн тойронд тэр үед
болон одоо чухам юу
болсон талаар манай сонин
“Эх сур­валжийн мэдээллийн
мөрөөр үнэнийг хайсан нь”
буландаа нэхэн сурвалжиллаа. Бусдад
дарамтлуулж, дээрэмдүүлсэн Х.Цогнойжамц, 
Ё.Отгон­баярын өмнөөс
уг бизнес­мэ­нийг
дарамталсан А.Чинбат гэж
хэн бэ гэдгийг хүргэхээс
өмнө өнгөрсөн гуравдугаар сард юу болсныг
сийрүүлье.

АВЛИГА  НЭХЭХ ЭХ ҮҮСВЭРИЙГ  ШААРДСАН 119 ДҮГЭЭР СУР­ГУУЛЬ

МАН-ыг Засгийн эрх барьж байх үед УИХ-ын ги­шүүн Ё.Отгонбаяр Боловс­рол, соёл шинжлэх ухааны сайд байв.  Нэг үгээр хэлбэл 2008-2012 он юм. Тэр үед Налайхад  дунд сургуулийн хэрэгцээ байсан үе. Улс орны хэмжээнд ч сургууль барих асуудалд анхаарч байв. Х.Цог­­ной­жамц бизнесмэн хүний хувиар хуучин оросуу­дын бариад орхиод явсан барилгыг худалдаж авав. Ба­рилгын суурь хана нь босчих­сон ч тоногдсон энэ газар орон сууц барилаа гэхэд тө­дий­лөн налайхчууд аваад байхгүй. Иймд  сургууль барь­чихвал  борлуулна гэж зовох­гүй, улсад хүлээлгээд өгчихнө. Боловсрол соёл, шинжлэх ухааны удирдлагуудтай ч ярьсан болох юм байна” хэ­мээн  шийджээ. Х.Цогной­жамц “Тавин лан” хэмээх ба­рил­гын компанитай тул өөрийн төрөлх Налайх дүү­рэг­тээ ерөнхий боловсролын сургууль барьж ашиглалтад оруулахдаа урамтай байжээ. Тус компани өөрийн хөрөн­гөөр  сургуулиа барьж босгов. Гэтэл Боловсрол соёл, шинж­лэх ухааны  яамны хариуцсан мэргэжилтэн нь тоймтой  ха­риу өгөхгүй байж. Нэг үгээр хэлбэл сургуулийн асуудлыг  тус яамны зүгээс  Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогт “Сайдтай уулз. Би мэдэхгүй” хэмээсэн гэнэ.  Нэг үгээр хэлбэл Ё.Отгон­­баяр яамны  санхүү болон хөрөнгө оруулалтын асууд­лыг төрийн нарийн бич­гийн дарга нартайгаа бус зөвхөн С.Наранцогттой ярил­цаад шийддэг байсан гэж тухайн яаманд хамт ажиллаж байсан газрын дарга нар нь  хэлж байсан юм. Ашиглалтад орсон хэдий ч сургуулийг хүлээж авахгүй удсанаас  ду­лаан, ца­хил­гааных нь мөнгө болох урсгал зардлыг “Тавин лан” компани төлөх болжээ. Иймд Х.Цогнойжамц  хууль дүрмээр нь яваад сургуулиа хүлээлгэж өгөх гэсэн боловч Улсын ко­мисс  хүлээж аваагүй байна.

 

САЙДЫН НАЙЗ ХӨНДЛӨНГӨӨС ОРЖ ИРЭВ

“Тавин
лан” компанийн захирал Х.Цогнойжамч ба­рил­гаа хүлээлгэж өгөх талаар нэлээд хөөцөлдсөн боловч хоёр жил гаран болжээ. Тэгтэл А.Чинбат гэх нөхөр гарч  ирсэн байна.  Тэрээр утасдан Х.Цог­нойжамцтай уулзахыг хүсч буйгаа илэрхийлж  нэгэн бол­зол тавьсан гэнэ. Тэрбээр “Барилгыг чинь Улсын ко­мисст хүлээлгэж өгөхөд хө­шүү­рэг нь би болъё. Би Ё.Отгонбаяр сайдыг сайн та­нина” хэмээсэн гэдэг. Сарын дараа өнөө А.Чинбат гэдэг хүн Х.Цогнойжамцад “Би сайдтай уулзлаа. Барилгыг чинь хү­лээж авах боллоо.  Хариуд нь улсаас авах мөнгөнийхөө тодорхой хувийг өг” гэж хэл­сэн юм байх. Х.Цогной­жамц хариуд нь “Бариад ашиг­лалтад аваа­гүйн улмаас  сур­гуулийн ду­лаан, цахилгаанд багагүй мөнгө гарч байна. Сард 7-8 сая төгрөг төлөх хэцүү байна. Энэ барилгаас ашиг гэж гарахгүй нь. Сул
зардалд мөнгө яваад байна” гэжээ.  Хэдэн сарын дараа Х.Цог­нойжамцыг Ё.От­гон­баяртай уулзуулах ажлыг А.Чинбат зохион байгуулсан байна. Тэд Төрийн ордны ойролцоох ресторанд хамт хооллон сур­гуулийн асууд­лаар ярьжээ. (Тэдний уулзсан газар мөр­дөн байцаалтын нууцтай хол­боотой учир нэ­рийг нь бич­сэнгүй). Энэ үеэр Ё.Отгонбаяр “Хэлсэн мөнгийг хурдхан шил­­­жүүлбэл барил­гын асууд­лыг дор нь шийдэж бол­но” гэж хэлсэн гэнэ. Үүнийг  Ё.Отгон­баярын ойрын эх сур­валж мэдээлж буй юм.  УИХ-ын сонгууль ч өнгөрч тус яамны сайд нь  солигдсон байна. “Тавин лан” ком­па­нийн Налайх дүүрэгт барьсан сургуулийг Улсын комисс өнгөрсөн хоёрдугаар сард хүлээн авчээ. Х.Цогнойжамц ч барилгаа улсад өгч, зардал болох 4.7 тэрбум төгрөгөө авч чадсан байна. Түүнийг мөн­гөө авсныг мэдсэн  Ё.Отгон­баяр А .Чинбатаар дамжуулан дарамтлах болжээ. Нэгэнт улс авах ёстой юмаа авч, Х.Цог­нойжамц ч өөрийн хөрөнгөө улсаас авч чадсан болохоор Ё.Отгонбаярт авлига өгөхийг хүссэнгүй.

 

ХҮССЭН МӨНГИЙГ НЬ ӨГӨӨГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭНХТАЙВАНЫ ГҮҮРЭН ДЭЭР ХАЛДЛАГАД ӨРТӨВ

Х.Цогнойжамцыг өдөр, шөнөгүй гар утсаар А.Чинбат дарамтлах болсон аж. “Хэлсэн ёсоороо 230 сая төг­рөг өгөхгүй бол ална шүү”, “Нөгөө мөнгөө энэ данс руу шилжүүл”.”Компанийг чинь шалгалтанд оруулна. “Но” гарч л тараа”, “Хаа таарсан  газраас чинь барина шүү” гэхчилэн мессэжүүд түүний утаснаас тасрахаа байж. Ё.От­гонбаяр ч  нэг бус удаа утас цохих болсон гэнэ. 

Тэд­ний сүрдүүлгэнд автсан Х.Цог­нойжамц “Тавин лан” компаниа эхнэрийнхээ дүү Оюунчимэгт шилжүүлсэн бай­на. Тэрбээр хэл амтай иймэр­хүү ажлаас хөндийрч  морь уяад тааваараа явахыг шийд­сэн нь тэр гэнэ. Гэтэл нэг өдөр А.Чинбат “Яаманд бай­раа хү­лээлгэж өгөхдөө компа­ниа өөр хү­ний нэр дээр болгосныг мэдсэн шүү”, “Улсаас авсан нөгөө мөнгөө данс руу хий” хэмээн дахин занах болсон байна.  Өнгөр­сөн гуравдугаар сард Х.Цог­ной­жамцыг Энх­тай­ваны гүү­рэн дээгүүр “Ланд 200” мар­кийн автома­шин­тайгаа явж байтал  хэсэг булиа залуус машиныг нь зог­соо­жээ. “Тэгээд нэг залуу нь “Мөнгө дансанд хийхгүй, хаа хол зугтана гэж худлаа яриад яваад байгаа юм. Халхын хавтгайгаас хаа хүрнэ гэж бодоов” хэмээн заамдаад авахад Ё.Отгонбаярын явуул­сан хүмүүс байна гэж мэдсэн аж.

 Булиа залуус машинд нь  дайран орж ирэн Х.Цогной­жамцын хоолойг нь боожээ. Х.Цогнойжамц амь тэмцэн аврал эрсээр тэдний гараас арайхийн мултарч маши­наа­саа буун ум хумгүй зугтжээ. Зам дээр машинаа тэр чигт нь орхиод явсан гэнэ. Харин да­рамтлагч залуус машиныг нь унаад яваад өгчээ. Х.Цогной­жамц цагдаа­гийн газарт ирж, өөрт то­хиолд­сон явдлаа ярин гомдол гаргажээ. Тэрээр “Их хэм­жээний авлига нэхсэн эт­гээд намайг алахыг санаар­хаж, миний машиныг дээрэм­дээд зугтчихлаа” гэсэн аж. Ингээд хэргийн мөрөөр цаг­даа нар машиныг эрэн хай­жээ. Тэр шөнө Х.Цогной­жам­цын “Ланд 200” маркийн ав­то­ма­шин Хил хамгаалахын ерөн­хий газрын ойрол­цоо­гоос олдсон байна.

Цагдаа нар хэргийн учгийг тайлахад “Ё.Отгонбаярын  найз А.Чинбат хэсэг залуус­тай мөнгө нэхэн дарамталсан нь” тогтоогджээ. Улмаар хэр­гийг шалгах явцад БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр хүн явуулж дарамтлуулсан нь баримтаар нотлогдсон гэнэ. Мөрдөн байцаалтын явцад “А.Чинбат 230  сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогной­жамцыг дарамтлан занал­хийлсэн” гэдгээ хүлээж мэ­дүүлэг өгсөн байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан бай­гаа юм.

А.Чинбат нь Ё.Отгон­баярын багын найз. Нэг нутаг усанд төрж өссөн, тэд багаа­саа нөхөрлөсөн гэдгийг  ту­хайн үед ажиллаж байсан яамныхан ч андахгүй болжээ. Тэрээр Ё.Отгон­баярын ойр зуурын бүхий л ажлыг зохи­цуулдаг найд­вартай хүн нь гэнэ. Тиймээс А.Чинбат Х.Цогной­жамцаас авлига нэхэх­дээ Ё.Отгон­баярыг тө­лөөлж, зуучилж байсан хэ­мээ­дэг.

Г.ЯЛГУУН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Цогтбаатарыг хууль бусаар хорьсон тухай НОЦТОЙ БАРИМТ ДЭЛГЭНЭ ГЭЛЭЭ

-ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.МАНДАХ ӨЧИГДӨР ЭНЭ ТУХАЙ СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ-

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа Ц.Цогтбаатар баривчлаг­даад байгаа. Тэрээр ХБНГУ-ын иргэн М.Л.Клой­­­­­­­­­­­берийн алга бол­сон хэрэгт сэжиглэгд­сэн. Германдаа залилан хийж 13 сая евро луйвар­даж Монголд орж ирсэн М.Л.Клойбер нь хуран­даа Д.Цогтбаатартай дот­но харилцаатай бай­сан гэх мэдээлэл бий. Их хэмжээний мөнгөтэй бай­сан гадаадын иргэн одоо үхсэн амьд нь тодор­хой­гүй байгаа бөгөөд цаг­даагийнхан Д.Цогт­баа­тарыг холбогдуулан шал­гаж эхэлсэн мэдээлэл бий. Одоо ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаг­даж буй Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах, өмгөө­лөгч Г.Наранбаатар нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Ч.Мандахын ярьснаар нөхрийг нь барьж хорьсон асуудал цэвэр гүжирдлэгийн шинжтэй гэж үзэж байна лээ.

Тэрбээр хэлэхдээ “Миний нөхрийн талаар огт баримт­гүй, хэт нэг
талыг барьсан тэнцвэргүй мэдээллүүд байн­га гарч байгаа учраас бодит үнэн ямар байгааг
олон тү­мэнд дуулгахаар би өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа юм.

Миний нөхрийг баривч­лан хорьсноос хойш өнөөдөр найм дахь хоног нь болж байна. Анх баривчлах­даа надад дуулгаагүй, хувц­сыг нь солиулалгүй авч явсан. Одоо хүртэл би нөхөртэйгээ ямар ч холбоо бариагүй, уулзах хү­сэлт тавьсан ч хүлээж аваагүй. Миний олж мэдсэнээр хариуц­лагатай алба хашдаг, оршин суух хаяг нь тодорхой тийм хүнийг заа­вал барьж хорих шаардла­гагүй, гадуур шалгаад явах боломжтой юм билээ” гэсэн.

Д.Цогтбаатарыг өнгөрсөн гуравдугаар сард ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дар­гаар томилогдсоноос хойш төрийн нууц задруулсан хэр­гээр шалгах болсон билээ. Тэрбээр өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа түр түд­гэлзэж, хууль хяналтын бай­гууллагад шалгуулан төрийн нууц задруулаагүй болох нь тогтоогдсон юм. Ийнхүү хэрэг нь шийдэгдэж, ажилдаа оро­хоор зэхэж байхад нь гадаа­дын иргэн алга болсон хэрэгт холбогдуулан, өнөөдрийг хүртэл хориод байгаа. Энэ тухай түүний эхнэр “Манай нөхрийг гуравдугаар сард Сөрөх тагнуулын газрын дарга болсон цагаас эхлэн байнга гүтгэж гүжирдсэн мэ­дээ­лэл цацагдах болсон. Энэ удаа барьж хорьсныг нь ч би үүнтэй холбон ойлгож байгаа. Энэ бол миний нөх­рийг ал­бан тушаалаас нь зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийг зорилготой ажил­лагаа гэж би хардаж байна.

Нөхөр маань төрийн нууц задалсан гэх хэрэгт өөрөө сайн дураараа албан тушаа­лаасаа түдгэлзэн шалгуул­сан. Шалгаад тэр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тэр өдөр нь л огт өөр залилан­гийн хэрэгт сэжиглэн баривч­лан хорьсон. Тэгэхээр ямар ч аргаар хамаагүй манай нөхрийг баривчлан хорих зорилго тэдэнд байжээ.

Монголд найман жилийн өмнө буюу 2005 онд гадаа­дын иргэн алга болсон юм билээ. Түүнд л манай нөхрийг холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Яг тэр цаг үед нь манай нөхөр Москвад Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан болохоор ма­найх гэр бүлээрээ тэнд амь­дарч байсан. Үүнийг гэрч­лэх дөч тавин хүн бий. Би нэрсийг нь мөрдөн байцааг­чид нь гаргаж өгсөн. Төгсч ирэхэд нь ТЕГ-ын дарга ажилд нь авсан тушаал нь энэ байна. Он сар өдөр нь тодор­хой байгаа” гэж хэлээд 2005 оны наймдугаар сарын 4-ний өдөр Д.Цогтбаа­тарыг ажилд томилох тухай ТЕГ-ын даргын гарын үсэгтэй тушаалыг хэвлэ­лийн­хэнд харуу­лав.

Улмаар Ч.Ман­дах эмэгтэй нөх­рийн­хөө эрүүл мэнд, аюул­гүй бай­далд санаа зовниж байгаагаа дуул­гаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ТЕГ-ын удирд­лага нь энэ хэрэгт анхаар­лаа хандуулна гэ­дэгт итгэж буй­гаа уламжиллаа. Мөн түүний нөхрийг барьж хорьсон яв­дал хэт хууль бус, захиалгатай гэд­гийг хэлсэн. Хэрэв энэ хууль бус ажил­лагаа үргэл­жилсээр байвал тодорхой баримт мэдээллийг удахгүй нийтэд дэлгэж тавина гэж онцлов.

Харин өмгөөлөгч Г.На­ран­баатар “Хэргийн нөхцөл байдлын талаар бид мэдээ­лэл хийх эрх байхгүй. Яагаад гэвэл хэргийн мөрдөн бай­цаал­тын ажиллагаа яваг­даж байгаа учраас бодит нөхцөл байдалд дүн шинжил­гээ хийж үйлчлүүлэгчийн маань эхнэр мэдээлэл хий­лээ. Д.Цогтбаа­тарыг сэжигт­нээр татан цаг­дан хорих хугацаа нь энэ сарын 17-нд дуусна. Хэрвээ үүнээс цааш үргэлжлүүлэн цагдан хорьсон тохиолдолд бид зургадугаар сарын 18-нд дахин хэвлэлийн хурал хийх болно” гэлээ. Тэдний хэлс­нээр тэр өдөр илүү олон ноцтой баримтуудыг дэлгэх бололтой.

М.МӨНХ

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр 230 сая төгрөгийн авлига нэхжээ

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын эхнэр О.Эр­дэнэ­солонго, Эрүүл мэн­дийн сайд асан Н.Хүрэл­баа­тар нар хэдэн арван тэрбумаар хэм­жигдэх дуу­лиант хэр­гийн эзэд болоод байгаа. Тэдэнтэй зэрэгцээд их хэмжээний мөнгөтэй гадаадын иргэн алга болсон хэрэгт ТЕГ-ын Сөрөх таг­нуулын тас­гийн дарга Д.Цогт­баа­тар холбогдсон. Ул­сын мөр­дөн бай­цаах газ­раас тэдний хэргийн яв­цын талаар өчигдөр сэт­гүүлч­дэд мэдээлэл хий­­сэн юм.

Ё.ОТГОНБАЯРТ ДАРАМТЛУУЛСАН ХОХИРОГЧИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦАД ЭХНЭРИЙНХ НЬНОИЛЭРЧЭЭ

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баярын эхнэрийн нэр дээрх дөрвөн банкны
26 дансаар мөнгө угаасан хэрэг сөхөгдөхөд тэрээр худлаа хэмээн улстөртэй холбон
тайлбарлаж бай­гаа. Тэгвэл Ё.Отгонбаяр БСШУ-ны сайд байхдаа бусдаас авлига нэхэж
дарамталсан нь тогтоогд­жээ. Энэ тухай өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд УМБГ-т иргэн
Ч гомдол гаргасан байна. Тэрээр Налайх дүүрэгт сургуу­лийн зориулалттай ба­рилга
барьжээ. Барилга нь ашиглалтад орж, Ул­сын комисст хүлээлгэж өгөх гэтэл Ё.Отгонбаяр
нэг хүнээр зуучлуулан 230 сая төгрөг нэхсэн гэнэ. Ингэхдээ тодорхой данс­ны дугаар
өгч, тийш нь шилжүү­лэ­хийг даалга­жээ. Ч түүний хэлсэн мөн­гийг өгөөгүй аж. Тэгтэл
Энхтайвны гүүрэн дээр явж байхад нь бүлэг хү­мүү­сээр зодуулж, “Ланд-200” маркийн
автомаши­ныг нь дээрэмджээ. Хохи­р­огч Ч-гийн гомдлын да­гуу УМБГ-ынхан шалга­хад
үнэн болох нь тогтоогджээ.

 Тухайн үед Ё.Отгонбаяр иргэн Ч-д санал болгосон дансыг шалгахад түүний эхнэр О.Эрдэнэсолон­гын нэр дээр байсан гэнэ. Улмаар түүний нэр дээр дөр­вөн банкны 26 данс байгаа нь илэрчээ. Ингэж О.Эрдэнэ­со­лонгын хэрэг мандсан байна. Түүний нэр дээрх дансууд руу 300 сая, 400 сая, 80 сая гээд их хэмжээний мөнгө хэсэг хуга­цааны зайтай ордог байж. Тэр их мөнгө хоёр дансаар салаалж, буцаж нэг­дээд төв банк руу орж бөө­нөөрөө гараад явсан байжээ. Хэн авсан нь тодорхойгүй энэ их мөнгөний асуудлыг нягт­ла­хын тулд зайлшгүй дансны эзнийг цагдан байцаах болс­ноо УМБГ-аас тайлбарлав. О.Эрдэнэсолонгын дансанд 400 гаруй сая ам.доллар байр­шиж байсан гэх мэдээ­лэл байсан. Тэгвэл түүний нэр дээрх дансуудаар 13.9 тэрбум төгрөгтэй тэнцэх га­даад валютын гүйлгээ хий­сэн болохыг анх цагдаагийн бай­гууллагаас мэдээлсэн гэж албаны эх сурвалж онцол­лоо. Энэ дүн бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд О.Эрдэнэсолонгын нэр дээрх 26 дансаар явагдсан гүйл­гээ­ний нийлбэр гэв. “Ер нь мөр­дөн байцаах ажиллагаанд дандаа эргэлзээтэй, хоёр талын маргаантай тоо орж ирдэг. Тэгэхээр хөндлөнгийн аудит хийлгэж, шинжээчдийн баг томилон үнэн зөв мөнгөн дүнг тогтоодог. Бид О.Эрдэнэ­солонготой холбоотой энэ хэргийг шалгаж байна. Мөн­гө­ний хэмжээг бид мөрдөн байцаалтын үед шалгаж тог­тоох үүрэгтэй. Мөнгөн дүн буруу гараад хүн ял авбал алдаа болно. Тиймээс одоо шалгах ажиллагаа явагдаж байна. Яригдаж байгаа өн­дөр мөнгөн дүнг бид түрүү­чээс нь тогтоогоод эхэлж байна. Дампуурсан банкуу­дын дансыг шалгаж байна. Энэ бүх ажиллагаа проку­ро­рын хяналтан дор явж бай­гаа” гэж УМБГ-ын дарга цаг­даа­гийн хурандаа Ц.Батсүх онцоллоо. О.Эрдэнэсолон­гын биеийн байдлаас шалт­гаа­лан батлан даалтад  гар­гаж, гадуур байцаах хүсэлтийг түүний ар гэрийнхэн нь тавь­жээ. Тиймээс О.Эрдэнэсолон­гыг өчигдрөөс ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас суллаж, гадуур бай­цаа­хаар болсон байна.

Д.ЦОГТБААТАРЫН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГЕРМАНААС ХОЁР МӨРДӨН БАЙЦААГЧ ИРЛЭЭ

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэхэд нь баривчилсан юм. Түүний нууц хүүгийн гэрээс их хэмжээний валюттай сэйф нь алдагдсанаар Н.Хүрэл­баа­тар хэрэгт холбогдоод буй. Эрүүл мэндийн яамны Тө­рийн нарийн бичгийн дарга байсан Д.Түмэндэмбэрэлийн хэрэг шалгагдаж эхлэнгүүт Н.Хүрэлбаатар хил гарч зугт­саныг албаны эх сурвалж онцолсон. Ийнхүү эрэн сур­валж­лах ажиллагаа явуулж, Н.Хүрэлбаатарын хүүг хорьж цагдангуут эх орондоо буцаж  ирсэн юм байна. Түүний гэрээс хоёр сая 145 мянган юань гарч ирсэн баримт нь цагдаагийн байгууллагад байгаа аж.

Тагнуулын ерөнхий газ­рын Сөрөх тагнуулын дарга Д.Цогтбаатар нь Германы иргэн алга болсон хэрэгт холбогдоод байгаа. 2005 онд Монголд 13 сая евротой орж ирсэн Германы иргэн ор сураг­гүй болсон юм. Тэрээр Германдаа 2000 гаруй иргэ­нээс луйвар хийгээд зугтаж манай улсад ирсэн тухай өмнө бид мэдээлсэн. Уг хэ­рэгтэй холбоотойгоор Гер­манаас өчигдөр өглөө хоёр мөрдөн байцаагч ма­найд ирсэн байна.

Ийнхүү их  мөнгөний луй­варч­дыг манай цагдаагийн байгууллага илрүүлж байгаа энэ үйл явцыг зарим намын­хан улстөржүүлж байгаа. Ха­рин УМБГ-ын зүгээс “Мөрдөн байцаах ажиллагаа тодорхой хугацаанд үргэлжилдэг. Бид илэрсэн хэргүүдийн талаар нээлттэй мэдээлж байгаа. Сонгуультай холбоотой мөр­дөн байцаах ажиллагаа зогс­доггүй юм аа. Тиймээс зарим намуудыг бидний үйл ажил­лагааг улстөржүүлэх хэрэг­гүй” гэсэн юм.

М.МӨНХ

 

Categories
редакцийн-нийтлэл

Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуулалтаас хувь нэхсэн хүмүүсийн сураг гарч эхэллээ

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын бүлэг албан тушаалтан улсад  их хэмжээний хохирол учруулсан байж болзош­гүй хэрэг сөхөгдлөө. Тэд ямар аргаар хичнээн төгрөгийг хувьдаа хэрхэн завшсаныг эрэн сурвал­жиллаа.

“Монгол-93”
шатахуун үйлд­вэр­лэж байгаа “Пейтрочайна дачин тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулан үйл ажил­лагаагаа эхлүүлээд арваад жилийн нүүр үзлээ. Энэ гэрээний дагуу тус компани Дорнод аймгийн нутаг дэвсгэр болох Мэнэнгийн талд газрын тос олборлож байгаа. Газрын тос олборлох дэлхийн арван том компанийн нэг “Пейт­рочайна дачин тамсаг” нь 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалт­тай компани юм. Засгийн газартай хийсэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг авдаг. Харин манайд үлдсэн 24 хувь нь оногддог. Гэтэл энэ хувиас Газрын тосны газрын хэсэг нөхдүүд хувьдаа завшиж байсан аж.

Д.АМАРСАЙХАН АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙХ ГЭХЭЭР ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛДАГ БАЙСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ АЖ

“Пейтрочайна дачин тамсаг” компани Мэнэнгийн талд олон цоо­но­гоос газрын тос олборлодог. Тэгтэл Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын хам­саатнууд нь “Пейтрочайна дачин тамсаг”-ийн хоёрхон талбайгаас олборлосон газрын тосны орло­гоос асар их хэмжээний мөнгө угаасан баримт байна. Тэр нь “Тосон уул 19”, “Тамсаг 21” талбай аж. “Тосон уул 19”-ийн хувьд газ­рын тос нь олгойдож байдаг тал­бай. Монгол Улсын анхны Ерөн­хийлөгч П.Очирбат уг цооногийн нээлтэд очиж, цагаан дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан түүхтэй. Тийм нь л баялаг нөөцтэй газар юм.

Д.Амарсайханыг Газрын тосны газрын дарга байх үед дээрх хоёр талбайн орлогын 76 хувь нь Хятадын талд харин 23 хувь нь Монголын талд очдог байж. Угтаа Монгол Улсад 24 хувь нь ирэх ёстой. Гэтэл хариуцсан байгуул­лагын удирдлагууд нэг хувийг нь хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байх юм. Энэ мөнгөн дүнг нэгэн аудитын компани шалгаж, тогтоо­жээ. Аудитын байгууллага нь Газ­рын тосны газар болон “Пейтро­чайна дачин тамсаг” компанид 2005-2012 оныг хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олбоорлосон тосны хэмжээ, бор­луулалтын дүн, хасагдах зардал, талуудад ногдсон орлого зэргийн мэдээг хүснэгтээр албан тоотоор гаргуулж авчээ. Тэгтэл хоёр бай­гуул­лагаас өгсөн тоон мэдээнүүд хоорондоо нэлээд зөрүүтэй дүн гарсан байна. “Пейтрочайна дачин тасаг” компаниас өгсөн мэдээнээс Газрын тосны газрын ирүүлсэн дүн 417.026 баррель буюу 40.522.976 сая ам.доллараар дутуу байжээ. Тухайн үед дээрх хоёр байгуул­лагад хөндлөнгийн шалгалт оруу­лах гэхээр Д.Амарсайхан цээжээ­рээ хамгаалдаг байсныг Газрын тосны газарт тухайн цаг үед ажил­лаж байсан эх сурвалж дуулгав. “Засгийн газартай гэрээтэй компа­нид хэн дуртай нь шалгалт хий­дэггүй юм” гэхчилэн аудитын шал­галт хийх гэхээр эрс эсэргүүцдэг байсан гэнэ. Өөрийнх нь мөнгө угааж буй “но” илэрчих вий гэсэн­дээ хөндлөнгийн шалгалт оруула­хаас ийнхүү татгалздаг байсан ажээ.

ТЭР ИХ МӨНГИЙГ ХУВЬЦААНЫ ХУВЬ НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШСАН УУ?

“Пейтрочайна дачин тамсаг” компаниас Хонконг дахь Шанхай банкны 12 орон бүхий тоот данс руу “SunWang” гэх компанийн нэр дээр хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлдэг байсан байх юм. 2011 оны эхний найман сарын байдлаар л гэхэд “SunWang” компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжсэн байна. Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар Хонконгийн Шанхай банк руу оржээ. Ийнхүү “Бүтээг­дэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Пейтрочайна дачин тамсаг” компанийн Тосон уул 19, Тамсаг 21 талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонконг руу явдаг байжээ.

Хонконг бол худалдааны чө­лөөт бүс. Тэр утгаараа Д.Амар­сайхан нар тэнд компани байгуу­лан татварын дарамтгүй мөнгө угаах бүрэн боломж бүрдсэн бо­лол­той. Тиймээс гадаадын банкинд данс нээлгэн мөнгө гүйлгэж, улсын мөнгийг хувьдаа завшиж байсан байх юм.

Аудитын шалгалтаар Хятадын талын “Пейтрочайна дачин тамсаг” компани гэрээнийхээ дагуу ямар нэгэн асуудалгүй, үүргээ гүйцэтгэн ажиллаж байхад монголчууд маань өөрсдөөсөө идэж ууж байсан нь харамсалтай. Дээрх хэргийг Д.Амарсайхан дангаараа үйлдээгүй нь мэдээж. Түүний хөлд Газрын тосны газрын нягтлан гээд хэд хэдэн хүн чирэгдэх бололтой.

СОЛОНГОСООС ОРУУЛЖ ИРЭХ ШАТАХУУНЫ БОРЛУУЛАЛТААС ХЭН ХУВЬ НЭХЭВ?

Манай улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хараат гэхэд болно. Хямд төсөр шатахуун оруулж ирэх хоёрдогч улстай түншийн гэрээ байгуулах асуудал нэг хэсэг яригд­сан. Тэр нь БНСУ байлаа. Солон­госын талаас манайхыг хямд шата­хуунаар хангая гэх саналын хариуд салбарын тодорхой нэр бүхий албан тушаалтан хувь нэхсэн тухай мэдээлэл бий. Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуу­лал­таас хэдэн хувийн ашиг өгчих хэмээн шантаажилсан тэдгээр нөхдүүдийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдэнтээ мэдэгдэж байв. Хоёр улсын хэрэгт хошуу дүрэн хувь хүртэх гэж айлын талыг шантаажилсан нөхдүүд Газрын тосны экс дарга Д.Амарсайхан нарын хүмүүсийн байсан гэх сураг дуулдав.

Манай улсад хямд шатахуун оруулж ирэх асуудалд Солонгосын талын хоёр компани өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байсан. Тэд Монголд шатахуун нийлүүлэх гэхээр хариуцсан салбарын тодор­хой албан тушаалтнууд мөнгө нэхэж байна гэж гомдоллосон байдаг. Энэ хэрэгт Газрын тосны газрын Борлуулалт хариуцсан албаны дарга Бадарчийн нэр нэг хэсэг дуулдсан. Тагнуулын ерөн­хий газар уг хэргийг шалгаж  байгаа талаар урьд нь бид мэдээлж байсан. Харин хэргийн эзнээр Д.Амарсайханы сураг гарлаа. Энэ хэргийн эргэн тойрондохыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз ээ.

Татвар төлөгч бидний мөнгийг ил цагаан иддэг байсан нөхдүү­дийн хэрэг ар араасаа ийнхүү илчлэгдэж байна. МАН-ыг Засгийн эрх барьж байх үед салбар бол­гонд айхавтар мөнгөний мангас байсныг хэн ч “мэддэггүй” байж. Хөшигний ард явагддаг тэдний мөнгө угаах луйвар нь хэрээс хэтэрч, ханаж цадахаа мэдэхгүй ард түмнээ мөлждөг байсан нь одоо илэрч байгаа. Идсэн уусан хэргээсээ эмээж, хил дамнан зугтах эрхмүүд ч цөөнгүй. Төрийн ажил хийж байсан хэд хэдэн хүний нэрс Интерполд бий. Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайханыг тун удахгүй Интерполоор эрэн сурвалжлах бололтой. Учир нь тэрээр хилээр гарсан бөгөөд одоо болтол хаана байгаа нь тодорхой­гүй байна. Түүн­тэй холбоотой хэргийн талаар албаны эх сурвал­жаас тодруула­хад “Д.Амарсайхан нарын хэргийг оны өмнөөс шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн бай­цаалт яваг­даж байна. Дэлгэ­рэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Дарханд гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн этгээд амиа хорлосон байж

Татвар төлөгчдийн мөн­гийг тэрбум тэрбумаар хувь­даа хүүдийлсэн төрийн албан тушаалтнуудын хэрэг дуулиан тарилаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Сөрөх таг­нуу­лын тасгийн дарга Д.Цогт­баатар нарын мөнгө угаасан хэрэгт холбогдсоныг өчигд­рийн дугаартаа мэдээлсэн. Энэ долоо хоногийн гол дуулиан болсон дээрх мэ­дээл­лийн хажуугаар нийгэмд олны анхаарлыг татсан гэмт хэргүүд гарсныг тоймлон хүргэе.

УНТАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЭЗЭН ХЭН БАЙВ?

Гэртээ унтаж байсан дөр­вөн хүний аминд ноцтойгоор халдаж, гурвыг нь хөнөөсөн аймшигт хэрэг Дархан-Уул аймагт хоёр долоо хоногийн өмнө гарсан. Уг хэргийн та­лаар газар дээрээс нь манай сонин сурвалжлан хүргэсэн билээ. Хэргийн газар ажилла­сан шинжээчдийн дүгнэлт гарсан байна. Хэргийг үйлд­сэн этгээд тодорхой болсон талаар албаны эх сурвалж хэллээ. Тэрхүү аймшигт хэрэг гарсны дараахан ойролцоох газарт өөрийнхөө хоолойг боомилон нас барсан залуу­гийн цогцос олдсон байдаг. Түүнийг уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн цаг­даа нарын анхны таамаг гарч байлаа. Тэгвэл урьдчилсан байдлаар энэ таамаг зөв болох нь тогтоогдоод байгаа гэнэ. Амиа хорлосон залуу найз бүсгүйнхээ үүднээс олд­сон гэнэ. Тэрээр хамт ажил­ладаг байсан талийгаач Х-гийн гэр рүү дайрч хэрцгий хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө егүүтгэжээ.

АЛГА БОЛСОН ХҮҮХДҮҮД ЭСЭН МЭНД ОЛДЛОО

Энэ долоо хоногт цагдаа­гийн байгууллага алга болсон хэд хэдэн хүүхдүүдийг эрэн сурвалжилж, хоёрыг нь эсэн мэнд олсон байна. Улаанчу­луутын хогийн цэгийн орчим хог түүж амьдралаа залгуул­даг хүү алга болсон талаар мэдээлсэн билээ. Есөн нас­тай С хүүг ээжийнхээ хамт хог түүж байхад автомашинтай залуус ирж, “Морь унах хүү­хэд хайж байна. Хурдан морь унаад өгчих хүүхэд байна уу” гэж асууж сураглаж явсан гэдэг. Тэгтэл тэд С хүүг ар гэрийнхнийх нь зөвшөөрөл­гүй аваад явжээ. Хүүг ээж нь хайж арга ядан цагдаагийн газарт хандсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүр­гийн Цагдаагийн хэлтэс шалгаж, хүүг нь эсэн мэнд олж өгчээ. Мөн хүүхдийн баярын өмнөхөн тоглоомын талбай­гаас долоон настай Ц.Цэлмэн хүү алга болсныг манай со­нин мэдээлсэн билээ. Түү­нийг ар гэрийнхэн нь найм хоног хайж, арга тасарсан тухай ярьж байв. Тэдний ярилц­лага “Өдрийн сонин”-д гарсан өдөр хүү нь эсэн мэнд олдсон байна. Ц.Цэлмэн алга болсон тухай мэдээлэл ма­най сонин дээр гарангуут Хүүхдийн хаяг тогтоох тө­вийн­хөн өөрийнх нь байранд ирсэн хүү мөн болохыг тань­жээ. Ц.Цэлмэн хүү байрныхаа гадаа тоглож байхад нь гу­дамж­ны тэнэмэл хүүхдүүд дагуулаад явжээ. Ингээд хаа­чи­хаа мэдэхгүй явж байсан хүүг Хүүхдийн хаяг тогтоох төвийнхөн олж байрандаа авчраад байсан нь тэр аж. Ц.Цэлмэн төрсөн өдрөөсөө өмнө эсэн мэнд олдсон яв­далд түүний ар гэрийнхэн нь “Өдрийн сонин” болон хол­бог­дох байгууллагуудад баяр­лаж талархсанаа илэр­хийл­сэн юм.
 

ДАХИАД Л ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Хүүхэд нь төөрч, алга болоход эцэг эхчүүдийн сэт­гэл санаа хямарч тэвдэж бай­хад төрүүлсэн нялх үрээ хээв нэг хаяад явдаг эх хүн гэж бас байх юм. Нярай хүүхдээ бүр санаатайгаар алах зорилго­той хогийн бункер рүү шидсэн хэрэг ч гарсан. Одоогоор цаг­даагийнхан тэр эмэгтэйг олоо­гүй байгаа гэсэн. Орхон аймагт амьдардаг тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй, нөхөргүй, хоёр охинтой аж. Орон нутгийн харьяат тэрээр төрөхийн тулд хотод ирж, хамаатныхаа нэг айлд байр­лаж байжээ. Ингээд отгон хүүгээ төрүүлчихээд эмнэл­гээс гарч, хогийн сав руу шидсэн байна. Үүнийхээ да­раа хотод байсан хамаатных руугаа залган “Хүү маань төрөхдөө өнгөрчихлөө” гэж худлаа хэлээд утсаа салгасан гэнэ. Тэрээр дахин тэдний­хээр ирээгүй аж. Одоо энэ эмэгтэй хаана байгаа нь тодор­хойгүй бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлт­сээс эрэн сурвалжилж буй. Харин хүүгийнх нь хувьд эрүүл саруул бойжиж байгаа гэсэн. Мөн төрүүлсэн үрээ хаясан бас нэг эхийн хэрэг цагдаагийн газарт иржээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн­дэс­ний төвд амаржиж, 1.8 кг охин төрүүлсэн Э бүсгүй хүүх­дээ хаяад зугтжээ. Хэдийгээр дутуу төрсөн ч хорвоод хүн болохоор ирсэн энэ бяцхан охин инкубаторт орж, эмчил­гээ хийлгэж байсан гэнэ. Тэр хойгуур эх нь хүүхдээ хаян эмнэлгээс оргожээ. Харин Баянгол дүүргийн цагдаа нар түүнийг илрүүлсэн гэнэ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХЯНАЛТАА ЧАНГАТГААРАЙ ГЭВ

Сургууль, цэцэрлэгүүд тарж, зуны амралт эхэллээ. Иймд эцэг эхчүүд хүүхэд бага­чууддаа тавих хяналтаа чангатгахын Нийслэлийн цаг­даа­гийн газрын Хэвлэлийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэмөнх са­нуул­сан юм. Тухайлбал, энэ долоо хоногт хүүхэдтэй хол­боотой хэд хэдэн хэрэг гарсан байна. Сонгинохайр­хан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Шинэ цэргийн хотхоны есдүгээр байрны арын гараашийн дэргэд на­санд хүрээгүй хоёр хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэр­лэн мансуурч байгаад ба­ригд­жээ. Энэ хэргийн Сонги­но­хайрхан дүүргийн Цагдаа­гийн I хэлтэс шалгаж байгаа гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын ойролцоо тоглож байсан бага насны хүүхэд усанд унаж амиа алдсан байна.

М.МӨНХ

Categories
редакцийн-нийтлэл

Дарханд болсон хүн амины ноцтой хэргийн эргэн тойронд

Дархан-Уул аймагт гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөө­сөн хэр­­гийн талаарх сур­валж­­лагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Талий­гаа­чид 7, 13, 25 настай байв. Дархан-Уул аймагт очин­гуутаа хэрэг гарсан газ­рыг зорилоо. Та­лий­гаа­чид тус аймгийн нэг­дү­гээр багийн нутаг дэвс­гэр буюу орон нутгийнх­ны хэлж заншсанаар “Тос­гон”-д амьдардаг байжээ. Ол­ныг сэртхийлгэсэн айм­шигт хэрэг гарсан газрыг орон нутгийнхан андах­гүй аж. Замд таа­ралд­сан хүмүүсээс гэрийн хая­гийг асуутал “Нөгөө айхавтар хэрэг гарсан газар уу. Сүмийн ойролцоо бай­даг” гэж зааж өгөв.

ТАЛИЙГААЧ ЗАЛУУ АЙЛЫН БАГА ХҮҮ БАЙЖЭЭ

“Тосгон”
дундуур урс­даг нарий­хан голын дэр­гэд хохирогчийнх байдаг юм байна. Саруулхан том хашаанд гурван гэр, нэг зуны ам­баар хараг­дав. Хашааны хаалга нь дэлгээстэй дотор нь хот, хөдөөний номертой ма­ши­нууд эгнэн зогсчээ. Харамсалтай байдлаар олон хүнээ алдсан Б гуайнд талийгаач нарын ажил явдалд  ирсэн хүмүү­сийн хөл хөдөлгөөн их байлаа. Хот суурин газар, хөдөө орон нутгаас ах дүү, хамаатан садангууд нь бүгд цуг­лар­чээ. Б гуайнх тэр хашаанд амьд­раад олон жил болсон байна. Тэднийх ганц гэ­рээ­­рээ л амьдардаг бай­жээ. Харин ажил явдал болоход нэмж хоёр гэр барьсан аж. Эхнэр нь эмнэлэгт хүнд бай­дал­тай эмчлүүлж, гурван сайхан хүүх­дээ хүний гарт алд­сан Б хөгшигний сэтгэл санаа тогтворгүй, уймарч сандарсан байхыг хара­хаар өрөвд­мөөр. Тэрээр хүүхдүүдийнхээ хийж бай­­гаа юм болгонд орол­цон тайван ч тогтож сууж чадахгүй, холхино. Б гуай зургаан сайхан хүү­хэд­тэй байж. Одоо тэд­нээс тав нь л үлджээ. Талийгаач Х дороосоо хоёр дахь нь байсан бө­гөөд айлын бага хүү. Орон нутагтаа ажил төрөл хий­дэг нэгэн байжээ. Өрх тус­гаар­лаж, амьдрал зо­хиож амжаа­гүй цэл залуу­хан насан­даа бусдын гарт өртөж хор­воог орхи­сон Х аав ээж­дээ балчир л байсан байж таараа. Тиймдээ ч эцэг эхтэйгээ хамт амь­дар­­даг байсан гэнэ. Тэ­рээр зуны цагт амбаар­таа байрладаг бөгөөд тэндээ унтаж бай­гаад амиа алдсан. Түү­нийг хүйтэн мэсээр арав гаруй удаа хутгалж, хэрц­гий­гээр хөнөөсөн тухай өмнө мэ­дээл­сэн. Талий­гаач Х нас барахынхаа урьд өдөр танилтайгаа архи ууж маргалдан барь­цалдсан гэх. Ха­рин шөнө дунд бусдын гарт амиа алдсан энэ хэрэгт хамт архи уусан нөхдүү­дийг нь бай­цаан шалгаж байгаа юм.

Энэ хэргийн талаар олон янзын мэдээлэл явж буй. Зарим нь таамаг
төдий бол зарим нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг хохирогчдын ар гэрийнхэн харуу­сан
ярьж байлаа. Тухайлбал, “Б-гийнд архичид ихээр цуг­лар­даг байсан, нийгмийг хамарсан
архи­далт өнөө­дөр ийм аймшигт хэрэг гарахад хүрлээ” гэсэн мэ­дээ­лэлд тэд тун эмзэглэж
байв. Улмаар олон хоног архидалт болж, зодоон цохион хийсэн гэх асуу­дал ч худлаа
гэнэ. Б-гийн том хүүгээс хэргийн та­лаар зарим зүйлийг тод­руулсан юм.

 Ээжийнх нь биеийн байдал ямар байна?

 -Хүнд байна. Сэхээнээс гарсан байгаа. Ухаан орсон ч гэсэн ярьж байгаа юм нь жирийн хүнийх шиг биш, шокноосоо гараагүй байна. Эмч хэлэхдээ ухаан санаа хадгал­даг бага тархи нь гэмтсэн гэсэн. Ой санамж нь байхгүй юм уу даа.

Энэ хэрэг юунаас болсон гэж бодож байна?

-Яг
тэрнээс, энэнээс болсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар­таа ч гадуур яригдаад байгаа мэдээллүүдэд тун харамсах юм. Олон хүнээ алдаж, уй гашууд автсан бидэнд тийм мэдээлэл сонсоход хүнд байна. Хэрэг юу­наас гарсан нь тодорхой бус. Шүүх эмнэлгийн дүгнэлт, хэргийн шин­жил­гээний хариу зэргээс дүг­нэлт нь гарах байх.

Та нарт сэжиглэж байгаа хүн бий юу. Өс хонзон санасан хэн нэгэн байсан юм биш биз дээ?

-Хэлж
мэдэхгүй юм даа.

Амиа хорлосон залууг энэ хэргийн сэжигтэн байж бол­зош­гүй юм дуулдаж байна лээ?

-Анхны
таамаг байгаа ч мөн бишийг нь хэлж мэдэхгүй. Талий­гаач дүүтэй маань хамт ажилладаг хүн байсан. Хэн нэгэн сэжигтэн бол­гох гээд түүний хоо­лойг боомилоод  хэргийн эзэн амьд сэрүүн ч байгаа юм билүү, хэн мэдэх вэ дээ.

Хажуу айлынхаа хүмүүстэй уулзсан уу. Хэрэг болохыг сонсч мэдсэн гэнэ үү?

 -Хажуу айлынхан мэдээгүй юм билээ. Архи ууж, зодолдсон энэ тэр гэж ярихгүй байсан.

 Танайд хүргэн болох гэж байсан залуу эртний өс санаж, ийм хэрэг үйлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна лээ

 -Тийм зүйл огт байхгүй. Анх удаа сонсч байна. Би хоёр эмэгтэй дүүтэй. Тэд бүгд хүнтэй сууж гэр бүл болсон.

ОХИДОО САНАГАЛЗАН УЙЛАХ ЭЭЖИЙГ ХАРАХАД СЭТГЭЛ ӨВДӨЖ БАЙЛАА

Хэргийн газрын үзлэг шин­жил­гээ дуусч, цагдаа нарын хам­гаа­лалт буунгуут ар гэрийнхэн нь дотогш оржээ. Гэтэл нүд  халтирам дүр зураг тэднийг угтсан байна. Энд тэндгүй улаан нэлий болсон байхыг харсан тэд “Ямар харгис хэрцгий хүн гэхээрээ гэм зэмгүй хүмүүсийг ингэж хөнөөдөг байна аа. Монголчууд мал муулахдаа ч тэгдэгүй шүү дээ. Бойны газар шиг л болгож орхисон байсан” хэмээн хоолой зангируулан ярив. Охидын ээж цухиран уйлна. Цөхрөнгөө барсан хөөрхий эмэгтэйг харахад сэтгэл өвдөж байлаа. Хорвоотой бүрэн гүйцэд танилцаж амжаагүй балчир охид юунд буруутай юм бэ. Яагаад заавал тэдний амийг хө­нөөх болов. Цэцэг цэврүү шиг, дэлгэрч яваа насан дээрээ хорвоог орхисон охидын хойноос харам­сан гашуудах хүн олон байгаа. Тэд өвөө эмээгийндээ амьдардаг бай­сан юм. Аав ээж нь мал дээр байдаг болохоор охид сургуулийнхаа ойролцоо өвөөгийндөө суудаг байв. Уг нь тэднийх хотын айл байсан бөгөөд мал дээр гараад гурван жил болсон байна. Хөгш­чүү­лийн хувьд Дархан-Уул аймгийн төв дээр суурьшаад зургаан жил болсон гэнэ. Зээ охидынхоо сур­гуультай ойролцоо гэж хамаат­ныхаа хоосон хашаанд буусан байна. 

Охид хичээл номондоо мундаг, онц сурлагатнууд байжээ. Тэдний сурч байсан Дархан-Уул аймгийн IV сургууль дээр очлоо. Сургуу­лийн захиргаанаас  охидод эмгэнэл илэрхийлэн хөрөг зургийг нь сур­гуульдаа залсан байв. Хүүхэд бүхэн тэдний өмнө очин зогсож, харамсан гашуудаж байлаа. Айм­шигт хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Шинэ долоо хоног эхэлж, сурагчид хичээлдээ ирэхэд талийгаач охидын ангиуд эль хуль болж, тэдний орон зай үгүйлэгдэж байгаа нь гарцаагүй. Тиймээс талийгаач охидод хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн даваа гаригт тэдний сууж байсан хичээлийн ширээн дээр цэцэг тавьж өнжжээ.

Талийгаач охидын том нь найм­дугаар ангийн сурагч байж. Хү­мүүстэй эвтэй найртай харьцаатай, тун эелдэг охин байжээ. Сур­гуу­лийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн бөгөөд нийгмийн идэвхтэй хүүхэд байсныг багш нар нь онцолж бай­лаа. Орон нутгийн болон улсын чанартай шалгалтуудад дандаа тэргүүлж, олон медалиар энгэрээ мялааж, аав ээж, эмээ өвөөгөө баярлуулдаг охин байж. Хэрэг гарахын урьд өдөр улсын шал­галт­даа бэлдэн хичээлээ давтан сууж байсан охин гэнэтэн энэ хор­воо­гоос явсантай найз нөхөд, ойр дотныхон нь эвлэрч өгөхгүй хэцүү­хэн байсан. Түүний төрсөн дүү болох талийгаач охин өнөө жил нэгдүгээр ангиа төгсөх байлаа. Тэр жаахан охин айлын бага байж. Адтай гэж жигтэйхэн, биедээ байм­гүй эрдэм номтой хүүхэд байсан тухай аав нь дурсан ярив. Саяхан үсэглэлийн баяраа тэмдэглэж, “Цэвэр бичигтэн” өргөмжлөл хүрт­жээ. Минутад уншихдаа үеийнх­ний­гээ дагуулдаггүй байсан гэнэ. Ангийнхан нь минутад арав, хо­риод­хон үг уншиж байхад талий­гаач охин 100 хол давдаг байсан аж. Цэцэрлэгт байхын өвөө эмээ­гийн хүүхэд байжээ. Сургуульд орохоосоо өмнө үсэг мэддэг, тоо бодоод сурчихсан байж. Багший­гаа хичээл зааж байхад нь “Багшаа би мэднэ ш дээ” гэдэг байсан сүрхий сурлагатай охин байжээ. Ийм л мундаг авьяастай хоёр охинд тохиолдсон явдалд сургуу­лийн захиргаа, сурагчдын зүгээс харамсан гашуудаж, мөнгө цуглуу­лах ажил өрнүүлж байлаа. Сураг­чид боломжийнхоо хэрээр мөнгө цуглуулан буяны ажилд нь нэмэр­лэ­жээ. Талийгаачдыг маргааш хөдөөлүүлэх юм байна. 

Цэцэг цэврүү шиг балчир охид гэмт хэргийн золиос болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон хүн уй гашууд автлаа. Тэдний ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Талийгаачдыг лоом, хутга, утсаар хөнөөжээ

Түрүүч нь ¹ 135 (4462) дугаарт

Дархан-Уул аймагт гурван хүний амийг хэрц­гийгээр хөнөөсөн хэргийн талаар газар дээрээс нь сурвалжлаад ирлээ. Хү­ний санаанд багтамгүй аймшигт хэрэг тус аймагт гарч, олон хүнийг уй гашууд автуулав. Хэргийн учиг одоогоор тайлаг­даа­гүй байна. Хэн, яах гэж, ямар зорилгоор ийм олон хүний аминд халдав гэдэг асуултын хариулт таамаг төдийхөн байгаа болол­той. Ямартай ч цаг­даа­гийн байгууллагынхан хэргийн гогцооноос нь атгачихсан, хэд хоногийн дараагаас сэжигтний талаар мэдээлнэ гэдгээ дуулгав.

ТЭДНИЙГ УНТАЖ АМАРЧ БАЙХАД ХААЛГЫГ НЬ ЭВДЭЖ ОРООД ХӨНӨӨСНИЙ УЧИР ЮУ БАЙВ?

Энэ асуултын хариу одоогоор мөн л бүрхэг байгаа. Шөнө дөлөөр ун­таж амарч байсан хүмүү­сийг хүйс тэмтэрсэн уг хэргийн талаар янз бү­рийн таамгийг хэвлэлүүд мэдээлж буй. Өс хон­зонгийн сэдэлтэй, хар­дал­таас үүдсэн хэрэг ч гэх баттай бус мэдээллүүд нийгэмд хүрэх болов. Гэх­дээ аль нь үнэний ортой болох нь хараахан нот­логдоогүй байна. Гагцхүү олон хүний амийг хэн нэгэн санаатайгаар бү­рэл­г­эсэн нь үнэн юм.
Сэлэнгэ аймгийн харьяат Б-гийнх Дархан-Уул аймагт суурьшаад багагүй хугацаа өнгөрчээ. Өндөр настай тэрээр эхнэр О болон бага хүү Х, зээ охидынхоо хамт амь­дар­даг байсан тухай өмнө мэдээлсэн. Талийгаач охид долоо болон 13 настай бай­жээ. Гэрийн эзэгтэй О нь өөрийн төрсөн хүү Х, хоёр зээ охиныхоо хамт гэмт халдла­гад өртөж, гурван халуун амь ийнхүү харамсалтайгаар үрэгд­сэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг өнгөрсөн амралтын өдөр 23.00-03.00 цагийн  хооронд шөнө гар­сан байх магадлалтай хэ­мээж байгаа. Талийгаач­дын цогцост хийсэн үзлэг болон шинжээчдийн хэргийн газрын үзлэг шинжилгээ зэргээс хэрэг гарсан цагийг тодор­хойл­жээ. Тухайн үед хохирогч О гэртээ хоёр зээгийнхээ хамт унтаж байсан гэнэ. Харин хүү нь зуны амбаартаа амарч байжээ. Урин дулаан цаг ир­сэн болохоор талийгаач Х голдуу зуны амбаартаа байр­ла­даг байсан бололтой. Гад­наас нь харахад амбаар гэж нэрлэх боловч дотроо ойр зуурын эд хогшилтой, дан байшин гэнэ. Гэтэл гэмт этгээд Х-г олон удаа хутгалж, онц ноцтойгоор хөнөөснийхөө дараа гэр рүү нь халджээ. Гэ­рийн цоожтой хаалгыг эвдэн орж, хохирогч О-гийн толгойн тус газар руу лоомоор хүчтэй цохиж унагаан охидын аминд хүрсэн аж.

Зарим эх сурвалжийн мэ­дээлж байгаагаар талийгаач залуутай хамт архи уусан этгээд түүнтэй маргалдчи­хаад хариугаа авахын тулд шөнө оройн цагаар унтаж амарч байх хойгуур нь дайрч ийм хэрцгий хэрэг үйлдсэн гэх. Гэмт этгээд талийгаач Х-тэй таарамжгүй харилцаа үүсгэснийхээ төлөө гэмгүй хүмүүсийг хоморголсон нь хамгийн их харуусал төрүүлж байна хэмээн олон хүн харамсаж, бас бухимдалтай байв. Хэрэгтэн гэр бүлийн гишүүдийг хөнөөх болсон шалтгаан нь гэрч үлдээхгүй гэсэндээ тэр гэж өөр эх сур­вал­жууд таамаглаж байсан. Мөн уг хэргийг архидалтаас үүдсэнээс гадна гэр бүлийн маргаан, таарамжгүй харил­цаа, олон жилийн өмнөх өс хонзон, хардалтаас улбаал­сан хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл энэ бүх таамаг мэдээллүүдийг албаны эх сурвалжууд албан ёсоор няцаалаа. Одоогийн байдлаар хэрэг шалгалтын явцад байгаа учраас дээрх  мэдээллүүд батлагдаагүй гэж онцлов.

АМИА ХОРЛОГЧ ЭНЭ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН АНХНЫ СЭЖИГТЭН ҮҮ?
Шөнө дунд гарсан дээрх хүн амины хэргийг орон нут­гийн цагдаагийн байгууллага өглөө нь мэдсэн байдаг. Б-гийнхээс юм авахаар орсон иргэнийг аймшигт дүр зураг угтжээ. Гэр бүлийн гишүүд улаан нэлий болж, амьсгал хураасан байхыг харсан ир­гэн цагдаагийн газарт дууд­ла­га өгсөн байна. Хэргийн газрыг яаралтай хамгаалал­тад авч, үзлэг шинжилгээг явуулж эхэлжээ. Б-гийн ха­шааг цагдаа нар бүхэлд нь олон цагийн турш хамгаалал­тад авч, хэргийн газрын үзлэг шинжилгээг явуулсан гэнэ. Уржигдар 14.00 цагийн орчим хамгаалалтыг буулгаж, ар гэрийнхнийг нь дотогш нэвт­рүүл­жээ. Дээрх хүн амины хэрэг гарсны дараахан ойрол­цоо газраас өөрийгөө егүүтгэсэн хүний цогцос олд­сон байна. Хоолойгоо бооми­лон амиа хорлогч залуу эр байжээ. Тэрээр олон хүний аминд хүрснийхээ дараа ийн өөрийгөө боомилж нас бар­сан байж болзошгүй гэх мэ­дээл­лийг цагдаагийн бай­гуул­лагаас өгч байсан. Энэ­хүү амиа хорлосон залуу талийгаач Х-тэй танил, нэг газар ажилладаг байжээ. Та­лий­гаач нар бие биенээ таньж мэддэг байсан боло­хоор амиа хорлогч ноцтой хэргийг үйлдсэн  сэжигтэн байх талтай гэж үзсэн болол­той.

Дээрх хэргийг ганц хүн дангаараа үйлдээгүй гэх мэ­дээ­лэл ч бий. Энэ хэрэг дээр ажлын хэсгүүд ажиллаж бай­гаа бөгөөд хэд хэдэн хүнийг сэжиглэн шалгаж байгаа гэ­сэн. Тухайлбал, талийгаач Х-тэй хамт архи уусан хүмүү­сээс ч мэдүүлэг авч эхэлсэн байна. Хэрэг гарахын өмнөх өдөр талийгаач Х үе тэнгийн нэг танил залуутай хамт сог­туу­руулах ундаа хэрэглэсэн бөгөөд хоорондоо нэлээд ам зөрж, маргалдан зодоон цо­хион хийсэн гэх. Түүнийг ч бас уг хэрэгт холбогдуулан шал­гаж байгааг цагдаагийн эх сурвалж мэдээлэв. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийн газрын болон цогцост хийсэн шинжилгээний хариу гарсны дараа уг хэргийн сэжигтэн хэн болох нь тодорхой болно гэлээ.

Гэмт халдлагад өртсөн Б-гийнх тохьтой томоотой, ямар нэгэн асуудал гардаггүй айл байсан тухай тэднийг таньж мэдэх хүмүүс ярьж байсан. Хоёр өндөр настан зээ охид­той­гоо хамт амьдардаг боло­хоор тэдний хичээл ном, сур­ла­га хүмүүжилд анхаардаг байсан юм байна.

АМЬД ҮЛДСЭН ХОХИРОГЧ УХААН ОРСОН Ч ШОКНООСОО ГАРААГҮЙ БАЙНА

Энэхүү хүн амины ноцтой хэргээс амьд үлдэж чадсан талийгаач охидын эмээ О нь 58 настай. Хэрэгтэн түүний толгой тус газарт нь лоомоор цохиж гавлын ясыг нь цөмлө­сөн байна. Үүнээс өөрөөр түүний биед ямар нэгэн гэм­тэл учруулаагүй гэнэ. Балмад этгээд гэртээ унтаж байсан О-гийн духан хэсэгт лоомоор хүчтэй цохиход ухаан алджээ. Хэргийн газарт цагдаа нарыг ирэхэд нь хөдөлж, эмнэлгийн яаралтай тусламж авч чадса­наар өнөөдөр амьд гараад байна. Одоо тэрбээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэл­гийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй. Түүний биеийн байдал ямар байгааг тодруу­ла­хаар тус эмнэлгийг зори­лоо. О-г төрсөн охин нь сахиж байлаа. Биеийн байдал нь анх ирснээ бодвол дээрдэж, ухаан орсон бөгөөд Эрчимт эмчилгээний тасгаас энгийн өрөө рүү шилжсэн хэмээн ээлжийн сувилагч эмэгтэй ярилаа.

Хохирогч О эмнэлэгт ирэ­хэд дух болон чамархайн яс нь цөмөрсөн байжээ. Эмнэл­гийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, яаралтай мэс засалд оруулж, цөмөрсөн ясыг авчээ. Хагал­гаа амжилттай болсон бөгөөд түүнийг энгийн тасаг руу шил­жүү­лэх болсон гэнэ. Гэхдээ эмчилгээний явцад ямар нэгэн хүндрэл учирч болзош­гүй гэдгийг эмнэлгийн зүгээс онцлов.

Өвчтөн О нь хүн амины ноцтой хэргийн цорын ганц гэрч. Тэрбээр одоо ухаан орсон ч шокноосоо бүрэн гараагүй байгаа аж. Унтаж байхдаа халдлагад өртөж, ийм байдалд орсон болохоор өөрт нь болон ар гэрийнхэнд нь юу тохиолдсоныг ч мэдэх­гүй байгаа хэмээн ар гэрийн­хэн нь ярилаа. Цагаан сарын дараахан энэ эмэгтэй цус харваж, ар гэрийнхнийгээ багагүй сандаргаж байжээ. Эмчилгээ асаргаа сайн байс­ны үр дүнд бие нь дээрдээд байсан гэнэ. Зээ охидоо хичээлд нь хүргэж өгч авахаас өгсүүлээд гав шав хийсэн хөнгөн шингэн хөдөлгөөн сайтай хүн байсныг ойр дотны­хон нь ярьж байсан. Харамсалтай нь хэн нэгэн хэрцгий этгээдийн харгис үйлдэлд өртөж, бусдын асар­гаанд орлоо. Цаг хугацааны аясаар О-гийн бие эдгэрч, ухаан санаа нь саруул болох үед өмөг түшиг болж байсан хүү нь, өвөртөө эрхлүүлдэг байсан зээ охид нь бусдын гарт хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг мэдээд яах бол. Ийм эмзэглэл олон хүнд байгаа юм.

Үргэлжлэл бий

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Талийгаачдыг лоом, хутга, утсаар хөнөөжээ

-АМЬД ҮЛДСЭН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЭД БАЙНА-

Манай сонины тус­гай сурвалжлагч М.Мөнх­цэцэг ДарханУул аймагт гарсан хүнд ноцтой хэргийн та­лаар газар дээрээс нь мэдээлж байна.

Дархан-Уул аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар өчигд­рийн дугаартаа мэ­дээлсэн билээ. Гэмт эт­гээд ямар зорилгоор, хич­нээн хүний амь хөнөөв, хэрэг тогтоох явц ямар байгаа гээд болсон явдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Дархан-Уул аймагт ирээд байна.

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө буюу өнгөр­сөн амралтын өдөр гарсан уг хэрэг орон нут­гийн иргэдийг нэлээд айдаст автуулжээ. Хүн амины ноцтой хэргийн талаар сонсч мэдсэн хүмүүс ихэд цочирдож, гадуур явахдаа ч сэтгэл амар байж чадахгүй бай­гаа бололтой.

Анхны эх сурвалж бо­лох Цагдаагийн ерөнхий газраас уг хэргийн талаар бидэнд мэдээлэхдээ “Нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан” гэж байв. Харин дээрх хэрэгт гур­ван хүний амь хохирчээ. Тодруулбал, 25 настай  нэг залуу, дунд сургуу­лийн хоёр сурагч харам­салтайгаар бусдын гарт амиа алдсан байна. Бол­сон явдлын талаар эх сурвалжуудаас авсан  мэ­дээллийг хүргэе.

Гэмт халдлагад өртсөн айл иргэн Б-гийнх ажээ. Тэднийх Сэ­лэн­гэ аймгийн Хушаат сумын харьяат гэнэ. Сургуулийн хүүх­дүү­дээ харахаар хоёр хөгшин төв суурин газар бараадан амьдраад жил гаран болжээ. Тэд хоёр ач охин болон өөрийн хүүгийнхээ хамт Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт амьдарч байж. Охидын хувьд нэг айлын хүүхдүүд байжээ. Аав ээж нь хөдөө малаа маллан амьдардаг гэсэн. Хэрэг гарах үед гэрийн эзэн Б хөдөө явсан байжээ. Харин эзэгтэй О ач охид болон хүүгийнхээ хамт байсан гэнэ.

Уржигдар буюу ням гаригийн 09.10 цагт “Дархан-Уул аймгийн Нэгдүгээр багт байдаг Б-гийн гэрт дөрвөн хүний цогцос байна” гэсэн  дуудлагын дагуу цагдаа нар  очтол гэр хорооллын нэгэн хашаанд хүн амины ноцтой хэрэг гарсан байжээ. Хашаанд нэг гэр, жижиг амбаар байсан бөгөөд гэрт гурван, хүн  амбаарт нэг эрэгтэй хүний цогцос байжээ. Анхны үзлэг шинжил­гээ­гээр тэд бусдын гарт амиа алдсан болохыг тогтоо­сон байна.

Шинжээчдийг гэрт ороход О нь хоёр ач охины хамт цусанд будагд­сан байхыг харж, бүгд нас барсан гэж бодсон бололтой. Тиймээс дөрвөн хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан гэх анхны мэдээлэл гарчээ. Хэргийн газрын үзлэг шин­жил­гээг хийж байх зуур гэрийн эзэгтэй О хөдөлсөн байна.  Түүнд яаралтай эмнэлгийн түргэн тус­ламж үзүүлснээр амьд үлдэж чад­сан гэх таатай мэдээлэл байна. О-гийн хувьд 58 настай. Эмнэлэгт хүргэгдэнгүүтээ мэс засалд орж, өчигдөр ухаан орсон байна. 

Гэмт этгээд ямар сэдэлтэйгээр дээрх хүмүүсийн аминд халдса­ныг цагдаагийн байгууллага шал­гаж байгаа юм. Дархан-Уул айм­гийн Цагдаагийн газрын дарга хуран­даа Ц.Намсрайжаваас хэр­гийн явцын талаар тодруулахад “Хэд хэдэн ажлын хэсэг гарсан. Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Хэрэг га­раад 48  цаг ч болоогүй байхад мэдээлэл өгөхөд эрт байна. Энэ хэрэгт хол­бог­дуулан хэд хэдэн хүнийг сэжиглэн шал­гаж байгаа” гэв. Мөн тэрээр уг хэргийг архи­дал­таас үүдэлтэй байж болзошгүй гэсэн юм.

Талийгаач залуугийн найз нө­хөд болон танил тал, уулзсан хүн гээд олон хүнийг шалгаж байгаа аж. Хэрэг гарахын урьд өдөр  та­лий­­гаач хэн нэгэнтэй архи уусан гэх мэдээлэл ч байгаа аж. Тиймээс хамт архи уусан хүмүүсийг ч давхар шалгаж байгаа гэнэ. Хэргийн газ­раас архины шил олд­сон нь эл балмад хэрэг сархаднаас үүдэлтэй байж болзошгүй гэх эхний сэжүүр болж байна. Мөн хэргийн газраас нэг метр гаруй урттай лоом олдсон байна. Гэмт этгээд үүгээр хохи­рогч­дыг цохиж аминд нь халджээ. О-гийн духыг цөмлөсөн бол охидын толгой руу цохисон байж. Мөн талийгаач охидын томынх толгой болон хоолой руу хутгалсан бай­жээ. Харин зургаан настай охины хоо­лойг нарийхан утсаар тасартал нь боомилж хөнөөсөн байна. Тэг­вэл амбаараас олдсон 25 настай Х-гийн цогцсыг хутгаар нэлээд сийчсэн байжээ. Гэмт этгээд түү­нийг 10 гаруй удаа хутгалж, нэг нүдийг нь ухсан байсан гэнэ.

Дээрх ноцтой хэрэг гарсны дараа Дархан-Уул аймагт  хоолой­гоо боомилж амиа егүүт­гэ­сэн хү­ний цогцос олдсон байна. Түүнийг цагдаа нар уг хэргийн анхны сэ­жиг­тэн байж болзошгүй хэмээн таамаг­лаж бай­гаа юм бай­на.

Үргэлжлэл бий. М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Энэ долоо хоногт ямар гэмт хэргүүд гарав?

Нийслэлийн хэмжээнд
нэлээд олон гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс хулгай, дээрэм, танхайн хэрэг зонхилсон
байна. Хаана ямар гэмт хэрэг гарсныг тоймоллоо.

Төрсөн
нь төрснийгөө хутгалжээ

Аав хүү хоёр, ахан дүүс, найз нөхдүүд хоорондоо
маргалдан нэгнийгээ хутгалсан хэргүүд энэ долоо хоногт хэд хэд гарав. Хүн рүү  хүйтэн мэс далайж байгаа хүмүүс бүгд архинд ухаанаа
удирдуулан ийм болчихмгүй алхам хийжээ. Баянгол дүүргийн V хороонд ах дүү хоёр нэгнийгээ
хутгалж, гэмтээсэн хэрэг гарлаа. Тус хороонд амьдардаг иргэн Т-г гэртээ байхад
нь төрсөн ах А нь согтуурсан үедээ 
маргалдан хүзүүн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээсэн байна. Мөн архи ууж
хөлчүүрхсэн эмэгтэйчүүд хоорондоо маргалдан нэгнийгээ хутгалсан хэрэг гарав. Баянзүрх
дүүргийн 27 дугаар хороонд оршин суудаг 40 гаруй насны Х бүсгүй найз эмэгтэйнхээ
хэвлийнд нь хутгалж гэмтээжээ. Одоогоор Х нь Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж
байгаа аж. Бас согтуу залуу аавыгаа хутгалсан хэрэг өчигдөр Сонгинохайрхан
дүүрэгт гарсан байна. Тус дүүргийн VII хорооны иргэн Т-г гэртээ байхад нь түүний
хүү Б нь согтуурсан үедээ далан тус газар нь хүйтэн мэсээр гэмтээжээ. Баянгол дүүргийн XI хорооны эзэнгүй
айлын хашаанд архи ууж байсан тодорхой ажилгүй Х нь согтуурсан үедээ иргэн
З-гийн өгзөг, хөлийн шилбэ рүү хутгалсан байна.

Хүн
зодож дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүлэв

Ганцаараа явж байсан хүнийг бүлэг этгээд
айлган сүрдүүлж дээрэмдсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарлаа. Тус дүүргийн 19
дүгээр хороонд байрлах хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн орчимд иргэн А явж байжээ. Тэгтэл
түүнийг тодорхой ажилгүй Б бусадтай бүлэглэн зодож, 11.8 сая төгрөгийг нь дээрэмдэн
зугтсан байна. Цагдаа нар хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг илрүүлж,
саатуулсан юм. Харин Баянзүрх дүүрэг үйл ажиллагаа явуулдаг “М-Ойл” шатахуун түгээх
станцыг дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Үүрийн 05.00 цагийн үед
ажлын байран дээрээ байсан шатахуун түгээгч хоёр бүсгүйг багтай залуус зодож, айлган
сүрдүүлэн гурван сая төгрөгийг нь дээрэмдсэн юм. Хохирогчдын мэдүүлснээр  гэмт этгээд 20-25 орчим насны залуу ажээ. Уг хэргийг
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

Нийслэлд хулгайн гэмт хэрэг зонхилж байгааг
цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэв. Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн
Д-ын гэрээс бэлэн мөнгө 335.000 төгрөг, монетон бөгж, монетон ээмэг, дунд гарын
хаш хөөрөг  алдагдсан байна. Мөн Сонгинохайрхан
дүүргийн 22-р хорооны хороонд амьдардаг иргэн О-н гэрт түлхүүр тааруулан орж, дунд
гарын цулгүй, хээтэй, хээгүй мөнгөн аяга, арслангийн толгойн дүрстэй мөнгөн
бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг нь хулгайлжээ. Сүхбаатар дүүргийн IX
хорооны иргэн  Ү-н гэрээс үнэт эдлэлүүд алдагдсан
байна. Дээрх хэргүүдийн харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж. Мөн
тус дүүргийн XIV хорооны иргэн Г-ийн гэрт өчигдөр хулгайч орж үнэт эдлэлүүдийг
нь аваад зугтсан хэрэг өчигдөр гарсан байна. Тэднийхээс монетон бөгж, гинж
хослол, Jordan пүүз, Anycall  зургийн
аппарат, чемодантай эмэгтэй хүний хувцас зэрэг эд зүйл алдагдсан байна. Хэргийн
мөрөөр цагдаагийн ажилтанууд шуурхай ажиллаж, гэмт этгээд Дорнод аймгийн
харьяат тодорхой эрхэлсэн ажилгүй Ч болохыг тогтоожээ.

Хулгайч нар айл гэрт  халдсан дээрх хэргүүдээс гадна автомашинаас эд
зүйлс алдагдах явдал газар авчээ. Гэгээн цагаан өдрөөр хүн хөдөлгөөн ихтэй, хотын
төвд зогсоолд байсан автомашин хулгайчид өртсөн байна.  Тодруулбал, Урт цагааны урд талын зогсоол дээр
байсан “Toyota Corolla” маркийн машинаас байгууллагын бичиг баримт, тамга, эд зүйлс
болон  нэг сая 970 мянган төгрөгтэй цүнх
алдагдсан байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа
аж. Иймд жолооч нар автомашиндаа тохиолол хийлгэвэл хулгайчаас сэргийлэхийг цагдаагийн
байгууллагаас сэрэмжлүүлэв.

Эхнэр хүүхдээ зодсон хэрэг
дахин гарав

Тавхан настай хүүг төрсөн эцэг нь заазуураар
зүсч, хүнд гэмтээсэн хэрэг олныг сэртхийлгэсэн. Олныг сэртхийлгэсэн энэ хэрэг намжаагүй
байтал дахин ийм хэрэг гарав.  Баянзүрх дүүргийн
XI хорооны нутаг дэвсгэр, Туул зөрлөгт амьдардаг иргэн Н согтуурсан үедээ  ямар ч шалтгаангүй эхнэр Ц болон дөрвөн сартай
хүүхдээ зодсон байх юм. Согтуу эр эхнэрийнхээ шилбэ рүү сүхдсэн бол нялх  хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж
танхайрсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа
аж.

Мөн найман
настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Баянзүрх дүүргийн нэгэн орон сууцны
орцонд энэ хэрэг гарчээ.  Ийм жигшүүрт хэрэг
үйлдсэн эр 30 орчим настай Э гэгч болохыг цагдаагийн ажилтанууд шуурхай эрэн
сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж
байна.

Ажлын
байрны аюулгүй байдал алдагдсанаас хүний эрүүл мэнд, амь нас хохирчээ

Ажлын байрны аюулгүй ажиллагаа алдагдсаны
улмаас иргэн Э өөрийгөө гэмтээсэн хэрэг гарсан байна. Сүхбаатар дүүргийн VIII
хороонд байрлах “Туушин” компанийн барилга 
дээр түр ажиллаж байсан тэрээр гар хөрөөгөөр мод зүсэж байжээ. Гэтэл хөрөө
нь хальтарч, зүүн гарын эрхийн хуруу, өвдөг орчимоо хөрөөдсөн байна. Э одоогоор
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн
Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Тэгвэл Налайхын уурхайд нэг хүн амиа алдсан
хэрэг гарчээ. Тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн
Ардагельдийн уурхайн манаач агааргүй орчинд орж харамсалтайгаар амиа алдсан байна.

Сүхбаатар
дүүргийн I хороонд баригдаж байгаа барилга дээрээс арматур төмөр унасан осол өчигдөр
гарлаа. Тодруулбал, Төв шуудангийн урд Эко канстракшны баригдаж буй барилгын 11
давхараас  арматурын  төмөр 
унажээ.   Азаар энэ үед хүн бэртэж
гэмтээгүй байна. Харин зам дээр явж байсан “МТМ” ХХК-ны ажилчдын автобусны
дээврийг цөмлөн сэвтүүлсэн ажээ.

Орон сууцанд мөнгөн ус алдагдлаа

Баянхонгор
аймагт мөнгөн ус алдагдаж, олон хүн хордсон талаар “Өдрийн сонин” хөндсөн билээ.
Тэгвэл нийслэлд мөнгөн ус алдагдсан хэрэг пүрэв гаригт гарав. Баянзүрх дүүргийн
III хорооны хорооны орон сууцанд таван миллиграм мөнгөн ус алдагдсан юм. Онцгой
байдал, цагдаа, мэргэжлийн хяналтынхан шуурхай арга хэмжээ авч, иргэдийг аюулгүй
болгов.  Тэд мөнгөн ус асгарсан орцонд маарганцаар
саармагжуулалт хийж ажилласан юм. Энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа
ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ