Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Монголын хөгжилд төрийн оновчтой зохицуулалт дутагдаж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй төрийн тогтолцоо, төрийн албан хаагчдын чадвар, үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх сэдвээр ярилцлаа.


“Төрийн хариуцлагатай албанд хариуцлагагүй хүнийг томилох нь өөрөө хариуцлагагүй үйлдэл”

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн дагаж мөрдөх журмыг төрийн албаны удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнд танилцуулж, хэлэлцлээ. Төрийн алба нийгэмд муу нэртэй болсон. Хүн болгон төрийн албан хаагчдыг доромжилж, тэдэнд уур бухимдлаа гаргадаг болжээ. Шинэ хуулинд төрийн албан хаагчдын дэвших боломжийг хэр хангасан бэ?

-Төрийн алба үр дүнтэй ажиллахын тулд төрийн тогтолцоо нь зөв байх ёстой. Тогтолцоондоо тохирсон төрийн алба маань цомхон, хүнд сурталгүй, өндөр чадавхтай байхыг шаарддаг. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийг ийм бодлогоор хийсэн.

Төрийн албан хаагч ёс зүйтэй, хариуцлагатай, мэдлэг чадвартай байвал төр түмэн олондоо хүндлэгдэнэ. Тиймээс шинэ хуулинд төрийн албан хаагчийг мэргэжилтнээс эхлээд ТНБД болох нарийн зохицуулалтыг хийсэн байгаа.

Манай улсын хөгжлийн мухардлуудын бас нэг үндсэн шалтгаан бол боловсон хүчнээ бэлтгэх, сургаж хүмүүжүүлэх, томилгоонд алдаатай бодлого явсан учраас өнөөдөр ийм болсон. Боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол нь аль ч төрийн байгууллага дээр харагдаж байгаа нь улстөрчид, тухайн байгууллагын удирдлагуудаас хамааралтай. Тэд янз бүрийн хүмүүсийг төрийн албанд шахдаг. Тэр нь өндөр албан тушаалд очдог. Гэвч хашиж байгаа албандаа бэлтгэгдээгүй болохоор тэнцдэггүй дутагдал байдаг. Энэ байдлыг арилгах үүднээс Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Төрийн албаны удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр шинэ хуулиа танилцуулж, эрх бүхий албан тушаалтнууд хуулиа барьж ажиллахад нь нэгдсэн ойлголтыг өгч чадсан гэж бодож байна. Төрийн албыг хүн л авч явах учраас ухаалаг, бодлоготой, улстөржилгүйгээр явуулах ёстой.

-Төрийн албан хаагчдыг бараг гэрлэхээс нь бусдыг нь хориглосон байдаг. Сонгуульд нэр дэвших, нам, эвслийн гишүүн байж болохгүй гэдэг. Сонгуулийн дараа ялсан нам нь төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. Эсвэл төрийн албан хаагчдыг аль нэг нам харьяалал харгалзахгүйгээр өөрийнхөө дэмжиж байгаа нам, нэр дэвшигчийн сонгуульт ажилд оролцохыг зөвшөөрчих хэрэгтэй юм биш үү?

-Ямар ч нам засаг, төр барьж болно. Гагцхүү төрийн албанд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой. АН нь гарч ирэхээрээ Ардын намын үед ажиллаж байсан хүмүүсийг халчихдаг. Дараа нь Ардын нам гарч ирээд зөрүүлээд халдаг. Энэ нь манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үргэлжилж байна. Энэ хэрээр төрийн албаны нэр хүнд унасаар л. Монголын төр төрийн албан хаагчдаа улстөржихгүйгээр бэлтгэж авах ёстой юм. Ялсан нам бодлого, хөтөлбөрөө гаргаад төрийн албан хаагчидтайгаа хамтраад ажилладаг дэлхийн жишиг байдаг. Бид энэ жишиг рүүгээ явж чадвал төрийн албаны шинэчлэл бүрэн утгаараа хийгдэж, чадварлаг боловсон хүчинтэй болж, улс эх орон хөгжинө.

-Хуучин цаг шиг төрийн албанд шилдэг залуусыг шигшиж оруулдаг болгомоор байна. Төрийн албан хаагчид хөгжиж, дэвшиж, томорч, бодлого тодорхойлдог гишүүн, сайд болох тэр зам мөрийг нь нээж өгөх ёстой баймаар. Таны хувьд ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би бол сургуулиа төгсөөд баазад механикаар ажиллаж эхэлсэн. Дараа нь инженер, яамны мэргэжилтэн, цаашлаад ахлах мэргэжилтэн, яамны хэлтсийн дарга, газрын дарга болж ажиллаж байлаа. Энэ хугацаанд их юм мэдэж, сурч, суралцсан. Ер нь боловсон хүчний хувьд мэдлэгтэй, сайн бэлтгэгдсэн байж болно. Тэр хүмүүст улс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллах ухамсар, чадварыг суулгаж өгөх ёстой юм. Бидний үед сургууль төгсч ирэхэд “Сайн ажиллавал чамд ийм ирээдүй байна” гэдгийг хэлж өгдөг байсан. Тийм болохоор эх орныхоо төлөө төрийн албанд бид хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Ийм уламжлал өнөөдөр үгүйлэгдэж байна. Үнэхээр алдаа дутагдал гаргавал засч, тусалж, дэмждэг. Үр дүнтэй ажиллаж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулдаг системийг шинэчлэх шаардлагатай. Хичнээн сайн ажилласан ч ажил тасалдаг, ажлаа мэддэггүй, үр дүн муутай хүнтэй адилхан үнэлэгдээд байвал урамгүй болчихно.

Төрийн албанд ороод ажиллаж байгаа залуучууд дотор Монгол Улсын ирээдүйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга нар бэлтгэгдээд явж байгаа. Тиймээс залуучуудыг эхнээс нь тохирсон албан тушаалд нь тавьж, сургаж, хүмүүжүүлж, ажилд шигшиж авах ёстой. Яамны мэргэжилтнүүд дундаас сайн ажиллаж, ялгарч байгааг нь ахлах мэргэжилтэн болгох. Ахлах мэргэжилтнүүд дундаас нь шигшиж хэлтсийн дарга, хэлтсийн дарга нараас хамгийн сайн ажилласныг нь газрын дарга болгох. Газрын дарга нар дундаас тодорч байгааг ТНБД болгоод явах юм бол Монгол Улсын хөгжилд хэрэгтэй. Бас шинэ хуульдаа ч нийцнэ.

-Төрд орж ирж байгаа улстөрчид дайсантайгаа учирч буй мэт л уриа лоозон дэвшүүлэх юм. “Төрийн албыг бөхийлгөж, түмэн олныг гэдийлгэнэ”, “Авлигачдыг үндсээр нь устгана” гэх зэргээр янз бүрээр зүхсээр байгаад орж ирсэн болдог. Ажилтнуудаа дорд үзэж, басамжилж байгаа хүн яаж амжилт гаргах юм бэ. Төр бол дархлаатай, эрхэмсэг, имижтэй байх ёстой. Төрийн албаны шинэ хуулиар үүнийг зохицуулсан гэж ойлгож болох уу?

-Төрийн албаны тухай шинэ хууль нь мэрит зарчмыг баримталж ажиллахаар зохицуулагдсан. Төрийн алба бол дархлаатай байх ёстой. Хэн дуртай нь орж ирээд бужигнуулаад байж болохгүй. Төрийн албаны нэр хүндийг төрийн албан хаагч өндөрт өргөж авч явах ёстой. Төрийн албаны шинэ хуулийн 23 дугаар зүйлд албан тушаалд тавих тусгай шаардлага гэж байгаа. Яамны мэргэжилтнээс эхлээд ахлах мэргэжилтэн, хэлстийн дарга, газрын дарга болоход бүгд төрд ажиллах жилийн шалгууртай. Тэргүүн түшмэл буюу ТНБД-ын хэмжээнд хүрч ажиллахад 16-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

-Төрийн албыг хэтэрхий данхар байна гэдэг. Яаж цомхон, чадварлаг болгох юм бэ?

-Жил ирэх тусам төрийн алба данхайгаад орон тоо нь багасгахгүй байгаа нь үнэн. Манайхан мэдээллийн технологийн ололт амжилтыг их сайн нэвтрүүлж байгаа. Нэвтрүүлэх хэрээр ажлын үр дүн, чанар сайжирч, үйлчилгээ хурдан болж, орон тоо хэмнэгдэж байх ёстой юм. Тэр хэмнэлтээр төрд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмбэл аль, аль талдаа ашигтай.

“XXI зууны Кейнс төрөөгүй байна”

-Та ярилцлагын эхэнд төрийн алба чамбайрахад төрийн тогтолцоо чухал гэж дурдсан. төрийн зохи-цуулалтын ямар аргууд байж болох вэ?

-Зах зээлийн эдийн засаг дахь төрийн зохицуулалт гэдэг нь үндэсний эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд макро болон микро түвшинд шинжлэх ухааны үндэстэй нөлөөлж, бизнесийг нийгэмд үр өгөөжтэй байх чиглэлд хөтлөх нэгдмэл, цогц үйл ажиллагааг хэлдэг. Төрөөс нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөх олон арга бий. Үүнд, хөгжлийн нэгдмэл стратегийг томьёолж, төлөвлөх, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлж, алдааг засаж, сайжруулах, хариуцлага, үр дүнг тооцохын зэрэгцээ төрийн мөнгө, төсвийн болон бүтцийн өөрчлөлт, хүний нөөцийн бодлогуудыг оновчтой удирдах явдал юм. Түүнчлэн хөрөнгийн захын үйл ажиллагааг идэвхжүүлэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд инновацийг чиглүүлэх ёстой. Тарифын болон тарифын бус аргуудыг өргөн ашиглах, татаас хөнгөлөлт үзүүлэх, квот тогтоох, хөнгөлөлттэй зээлээр дэмжих, үнийн дээд хязгаарыг тогтоох гэх зэрэг олон арга механизмууд багтдаг л даа. Хүн төрөлхтний хөдөлмөрийн хуваарь, нийгмийн харилцаа улам гүнзгийрч, олон төрөл янз болсоор байгаа өнөө үед төрийн оновчтой зохицуулалтгүй урсгалаар хөгжих ямар ч боломжгүй юм.

-Тэгвэл манай улс төр зохицуулалтгүй яваад байна гэсэн үг үү?

-Төрийг зохицуулалтгүй гэж хэлж болохгүй. Одоо ч байгаа. Харамсалтай нь үр дүн муу байна. Монголын хөгжлийн мухардал нь төрийн зөв тогтолцоо, засаглалын ухаалаг бүтэц, алсыг харсан стратeги бодлого, уян хатан зохицуулалт дутагдсанаас үүдэлтэй. Бид төрийн зохицуулалтыг зөв хийж чадахгүй байгаа шалтгаан нь хэт улстөржилт, түүнээс үүдэлтэй удирдалгын мэдлэг чадварын хомсдол, төрийн албанд хоноцын сэтгэлээр хандаж, сахилга,хариуцлагын тогтолцоо алдагдсантай холбоотой. Бид нийгмийн амьдралаа зөв зохицуулж чадахгүй төрийн тогтолцоотой болчихоод байгаад хамаг учир байна.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэм байгуулахаар зорьсон 30 жилийн эцэст дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай, 3.2 сая хүн амтай мөртлөө их, дээд сургуулийн тоо 200-д хүрч, нэг хүнд ногдох архины үйлдвэрлэл 25-30 литрийг давсан зэрэг сөрөг үзэгдлүүд газар авч нийгмийн амьдралын тэнцвэрт харьцаа ихээхэн алдагдсан байдалтай байна шүү дээ. Мал сүрэг өсч 80 саяд хүрсэн гэх боловч, малын таваарлаг чанар буурч, сүргийн бүтэц алдагдсан, малын гаралтай бүтээгдэхүүн, ашиг шимийг үндсэнд нь түүхийгээр нь экспортолж, газар нутгийн 78.8 хувьд нь цөлжих аюул нүүрлээд байгаа. Хүн амын шилжилт хөдөлгөөнд төрөөс ямар ч хяналт, зохицуулалт хийхгүй болсноор нийт хүн амын 50 хувь нь зөвхөн нийслэлдээ амьдарч, хотын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-30 дахин хэтэрч энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх боллоо. Нийслэлийн авто замын нэвтрүүлэх хүчин чадлаас 3-5 дахин олон тооны хуучин машин импортоор оруулснаас, түгжрэл иргэдийг зовоосон хурц асуудал болоод байна. Эрүүл мэндийн салбарын статистик үзүүлэлтүүд, гэмт хэрэг, архидалт, хар тамхи, садар самуун зэрэг нийгмийн ёс бус үзэгдлийн тоо харамсалтай үр дүнг илтгэсээр байна. Санхүүгийн салбарт бодлогогүй ажилласнаас нийт эдийн засгийн 95 хувь нь банкнаас хамааралтай болсон байна. Арилжааны банкууд хадгаламжийг өндөр хүүтэй авахаар уралдах болсноор аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хүү жилийн 24-36 хувь болтлоо өсөж, мөнгөний бодлого гажуудлаа.

Төрийн бодлого, зохицуулалтгүй байдлын золиос ард иргэд болж байгаа нь Монголын ихэнх иргэдийн амьдрал доройтож, баян ядуугийн ялгарал туйлдаа хүрч, иргэдийн уур бухимдал газар авч, ёс суртахуун доройтож байгаагаар нотлогдож байна. Монголын нийгэм өнгөрсөн 30 жилийн хөгжлийнхөө үе шат бүрт төрөөсөө зохицуулалт шаардаж ирсэн. Харамсалтай тэр зохицуулалтыг тухай бүр нь хийж чадаагүй арчаагүйтэж,амиа аргацааж өдөр хоногийг өнгөрөөсөөр өдий хүрлээ.

-Ямар үед төрийн зохицуулалт хэрэгтэй юм бэ?

-Зах зээл өөрөө зохицуулж чадахгүй, нөхцөл үүсвэл төрөөс зохицуулах шаардлага гарна. Эсвэл чөлөөт зах зээлд мөнгөөр илэрхийлэгддэг хэрэгцээг эрэлт, нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог. Мөнгөөр илэрхийлэгддэггүй хэрэгцээ гэж бас байна. Улс үндэсний хөгжлийн нэгдмэл бодлого, төлөвлөлт, салбар хоорондын уялдаа, тэнцвэрийг хангах, гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг авч, алдааг засах, хөгжлийн замаа зөв тодорхойлж ажиллах зэрэг нь бодлогоор хийгдэнэ. Төрийн удирдлага, нийгмийн үйчилгээ, үндэсний батлан хамгаалах асуудал, эрчим хүч, холбооны нэгдсэн сүлжээ, олон нийтийн хэв журмыг сахиулах гэх мэт асуудлуудад төрийн зохицуулалт шаардана. Гадаад хүчин зүйлийн нөлөөлийг арилгахад төрийн зохицуулалт чухал.

-Төрийн онцгой зохицуулалт хэрэгтэй салбар гэж байх уу?

-Байна. Үүний нэг нь орлого дахин хуваарилах үйл ажиллагаа буюу төсвийн бодлого байна. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний үр дүнд олсон орлогыг зах зээл шударга гэж үздэг. Өөрөөр хэлбэл, олох ашгийн хэмжээ, оруулсан хөрөнгө оруулалтаас хамаардаг. Гэтэл нийгэмд өөрийн хөрөнгөгүйгээс шалтгаалан бодит бизнест оролцож чадахгүй хүмүүс олон байна. Тэд өрсөлдөөнд орохгүй учир ашиг, орлогогүй үлддэг. Төрийн албан хаагчид, зах зээлд байр сууриа олж чадаагүй олон хүмүүс ядууралд өртөх магадлалтай. Энэ бүгдэд төсвийн бодлого чиглэгдэх учиртай.

-Ингэхэд төрийн зохицуулалтыг хамгийн сайн ашиглаж чадаж байгаа гадны улсын туршлагыг сонирхуулахгүй юу?

-Өндөр хөгжилд хүрсэн орнууд төрийн зохицуулалтыг сайн хийж, улс нь хөгжиж, ард иргэд нь амар тайван, аз жаргалтай амьдарч байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа Катар, Люксенбург улсуудыг нэрлэж болно. Нийгмийн баримжаатай, мэдлэгт суурилсан эдийн засагтай, баялгийн сантай, Скандиновын орнуудын туршлага манайд их ойр. Манай хөрш БНХАУ төрийн зохицуулалттай, өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо 1978 оноос эхлүүлж байхад нэг хүнд ногдох ДНБ нь 40 ам.доллартай тэнцүү ядуу орон байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүтээж, тэр хэмжээгээр ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татаж, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.долларт дөхөж, дэлхийн хамгийн том хуримтлалтай улс болж, тив, дэлхийн маш олон газарт хөрөнгө оруулалт хийж байна. Тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засаг болох нь. Төрийн хүчтэй зохицуулалттай Норвеги улс манайтай ойролцоо 5.8 сая хүн амтай мөртлөө байгалийн баялгаас бүрдүүлсэн хуримтлалын сан нь нэг их наяд доллар давжээ. Төрийн зохицуулалтыг сайн хийж буй улс орон олон байна. Гэхдээ XXI зууны Кейнс төрөөгүй байна гэдэг.

-Энэ нь юу гэсэн үг юм бэ?

-Хүн төрөлхтний эдийн засгийн сэтгэлгээний сүүлийн 100 жилийн түүхийг сөхвөл Маркс, Фридман, Кэйнс гэсэн гурван хүний нэр хамгийн их дурдагддаг. Маркс хувийн өмчийг хязгаарлаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загварыг санал болгож байв. Фридман үүний эсрэг хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, өмчийн халдашгүй байдлыг дээдэлсэн чөлөөт зах зээлийн онолыг дэвшүүлсэн. Харин Кейнсийн онол бол Марксын болон чөлөөт зах зээлийн загвараас аль алиныг өөртөө агуулж, дунд нь оршдог. Тэр зах зээлийн эдийн засаг нь төрийн оролцоо, зохицуулалттай явбал илүү үр дүнтэй гэж үзсэн байдаг. Харин XXI зууны эдийн засагт төрийн оролцоо, зохицуулалт ийм байна гэсэн онолын томьёолол, загвар, баримт бичиг одоогоор алга байна. Үүнийг л хэлж байгаа юм.

Ж.Кейнс 1936 онд “Ажил эрхлэлт, хүү, мөнгөний ерөнхий онол” бүтээлдээ анх удаа зах зээлийн эдийн засагт өргөн хүрээтэй зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг нотолсон. Ж.Кейнсийн нотолгоо макро эдийн засгийн онолд хувьсгал хийсэн гэж үздэг. Мөн Кейнс эдийн засгийн хямрал, ажилгүйдлийг чөлөөт зах зээл шийдвэрлэж чадахгүйг нотолж байсан. Харин төрийн зохицуулалт, зээлийн хүү, татварын системээр дамжуулан эдийн засгийн хөгжлийг хангаж болно гэсэн зарчмын шинэ санааг дэвшүүлснийг эдийн засгийн шинжлэх ухаан дахь “Кейнсийн хувьсгал” гэж судлаачид үнэлдэг.

-Монголын Кейнс хэн байна вэ?

-Мэдэхгүй юм даа (бодлогошров). Дэлхийд түүхтэй, оюуны өндөр чадавхтай, асар их баялагтай, том зах зээлд ойр, цөөхөн монголчууд сайн, сайхан амьдрах боломж бүрэн бий. Бид санаа зорилгоо нэгтгээд,эв нэгдэлтэй ажиллаж, амьдарч чадвал Монголыг хөгжүүлэх асуудал бол тийм ч түвэгтэй биш. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний талд ямар ч тохиолдолд тууштай зогсож чаддаг, бусдын нөлөөнд автдаггүй, улс төрийн хүчин, хүн Монголыг хөгжүүлэх нь эргэлзээгүй. Харамсалтай нь манай тогтолцоо, хүн ардын уламжлалт сэтгэлгээ, төрийн зарим зохицуулалтыг хийхэд саад болоод байна. Тухайлбал, Сургалтын чанар, материаллаг баазыг дээшлүүлэх, хэрэгцээндээ нийцүүлэх зорилгоор олон дээд сургуулийн тоог багасгах, импортын хуучин автомашид татвар тогтоох замаар тоог нь хязгаарлаж, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, мал сүргийн тоог билчээрийн даацтай нь уялдуулж тогтоох, Фэйсбүүкийн хуурамч хаягийг устгах арга хэмжээ аваад эхэлбэл сөрөг хүчин нь улс төржүүлж, ТББ-ууд манлайлаад, нийгмээрээ эсэргүүцэж төрийн байгуулалтаа тараах, огцруулах шаардлага тавина. Хөгжлийн алдааг засаж, зөв замд нь оруулахад зарим үед хатуу арга хэмжээ авах шаардлага гардаг. Улс орны хөгжлийн амин чухал асуудлаар хийж буй ажлыг улс төрийн намууд хэзээ ч улстөржүүлж, саад хийж, нийгмийг буруу зүйлд турхирч болохгүй. Бид сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч, бүгдэд таалагдах гэсэн явцгүй бодлоосоо татгалзах хэрэгтэй боллоо. Нийгэмд зөв үзэл санааг түгээх талаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань хууль санаачлан батлуулж хэрэгжүүлэн төрөөс зохицуулах шаардлагатай.

-Монгол улс хөгжлийнхөө бодлогыг яаж боловсруулж, төрийн зохицуулалтыг яаж хийх ёстой юм бэ?

-Энэ маш том асуудал учраас юуны түрүүнд авч хэрэгжүүлэх гурван асуудлыг товчхон хэлье. Манай улсад улстөржилт дэндүү газар авч, улс төр хийж амьдрахыг хүсэгчид, төрд орохгүйгээр амьдарч чадахаа больсон хүмүүс дэндүү олон болжээ.Энэ бол сайн зүйл биш. Эрх чөлөө чухал. Харин эрх чөлөөг тэгш эрх, шударга ёсноос салгаж ойлгосноос алдаа улам гүнзгийрч, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал алдагдах, улс төрийн том эрсдэл тулгарч байна. Энэ эрсдэлийг зөөллөх, дунд, урт хугацаанд арилгах арга хэмжээг үе шаттай бодлоготой авч хэрэгжүүлэх шаардлага үүслээ. Монголчуудыг хөгжил, дэвшлийн төлөө нэгтгэж чаддаг, эрүүл, зөв төрийн тогтолцоог бүрдүүлж байж цааш хөгжинө. Хоёрдугаарт, төр хийх ажлаа хувийн хэвшилд бүгдийг даатгаад амжилт олохгүй нь ойлгомжтой боллоо. Монголын төр өнгөрсөн 30 жилд татвар хураагаад хуримтлал үүсгэж чадсангүй. Манай Улсын нийт гадаад зээлийн хэмжээ 27.4 тэрбум ам доллар болж, Засгийн газар 2018 онд л гэхэд гадаад, дотоод зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, зөвхөн хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг төлж байна. Улс орон, дампууралд (дефолт) орох эрсдэл одоо ч өндөр байна. Яг ийм загвараар эдийн засгаа авч явбал цаашдаа ч хуримтлал үүсгэж чадахгүй. Иргэн баян бол улс нь баян гэдэг үгийг бид их ярьсаар бүх өмчөө, газрын баялагтайгаа хувийн хэвшилд, хувь хүмүүст шилжүүлсэн. Улс нь баян, хуримтлалтай бол иргэд нь жаргалтай амьдарч байгаа жишээ бас олон байна. Иргэдээ баян болгохоос гадна улс эх орноо хуримтлалтай, хүчирхэг болгох загвар бидэнд хэрэгтэй байна. Монголын төрөөс 2018 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 3600 орчим лиценз буюу газрын баялаг ашиглах эрхийг олгожээ. Том том баялагтай ордуудын ашиглах эрхийг ямар ч өрсөлдөөн,шалгуургүй авчихаад нэг хэсэг нь хав дарчихаад,нөгөө хэсэг нь зарахаар гадныхныг гуйж гүйгээд байгаа нь зөв үү. Монголын төр, ард түмний мэдэлд байдаг газрын баялагийн менежмэнтээ зөв хийж, үйлдвэрлэн бүтээж, илүү их нэмүү өртөг бий болгох замаар орлого олох, хуримтлалтай болох загвар бидэнд хэрэгтэй. Төрийн эдийн засгийн бодлого, загварыг түүхий эдийн наймаа, ченжийн сэтгэлгээнээс гаргахгүйгээр монголчууд өлмөн зэлмүүн амьдрал, хомсдол гуйлгаас ангижирч чадахгүй. Гуравдугаарт, сахилгатай, хариуцлагатай ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна. Хариуцлага, дэг журамтай, хууль, дүрэм нь тодорхой, тэр нь нэг мөр хэрэгждэг газар хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, аюулгүй байдал ч хангагдана.

-Та сая баялагийн менежмэнтийг зөв болгох хэрэгтэй гэлээ. Баялгийн засаглал, Баялгийн сан гээд л манайхан яриад байгаа шүү дээ?

-Монгол Улс эдийн засгаа олон тулгууртай болтлоо, хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ газрын баялагаа ашиглаж амьдарна. Хамгийн түрүүнд лицинз тойрсон асуудлаа цэгцлэх хэрэгтэйг дахин хэлье. Ард түмний мэдэлд байх баялаг ашиглах эрхийг худалдах эрх хэнд ч байх ёсгүй. Чаддаг хүнд нь шилжүүлж болно. Энэ шилжилт хөдөлгөөнийг төр хийнэ. Том болон ач холбогдолтой ордуудын хайгуулыг төр өөрөө зохион байгуулан хийвэл төрийн мэдлийн нөөцтэй болно. Дараа нь хөрөнгө оруулагчидтай төрийн нэрийн өмнөөс ярих боломжтой болно. Ингэснээр үр ашиг нь сайжирч төр хуримтлалтай болж, баялагийн менежмент зөв болно. Манай экспортод гаргаж буй газрын баялаг хэмжээ их боловч, харамсалтай нь баялагаа дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдаж чадахгүй л байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь өндөр чанартай коксжих нүүрсээ 2018 оны эхний хагас жилд 60-70 ам.доллараар уурхайн аман дээрхи нөхцөлөөр худалдаж байна. Гэтэл “Энержи Ресурс” ХХК нь нүүрсэндээ нэмүү өртөг шингээж, хилийн нөхцөлөөр 146 ам.доллараар худалдаж чадаад байна. Нэг бүлэг ордоос олборлож буй ижил чанарын нүүрсийг үнэ ийм ялгаатай байна. Эндээс харахад газрын баялагаа худалдах үнийн нэгдсэн бодлого бидэнд хэрэгтэй. Гадаад худалдааг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлдэг мэргэжсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагааны ашгаар дэд бүтэцэд нь буцааж хөрөнгө оруулалт хийж үнэ цэнийг нь өсгөх хэрэгтэй. Төрийн өмчит том том компаниудын удирдалгын маш хүчтэй баг бүрдүүлж ажиллах нь хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг төрүүлнэ.Газрын баялагт илүү их нэмүү өртөг шингээх боломж байна.
Эдгээр ажлуудыг дэс дараатай бодлоготой хийж, үнэ цэнэтэй болгосны үндсэн дээр IPO хийх замаар хөрөнгө оруулалт татах, нээлттэй компани болгох, бодлого хэрэгжүүлэх нь чухал. Төр хамгийн муу мeнeжeр гэсэн яриа байдаг. Энэ нь төрийг хүчгүйдүүлж, ашиг олох гэсэн бодлого, үг, үйлдэл. Төр хамгийн сайн менежер байж улс орон хөгжинө. Дэлхийн зах зээл дээр үнэтэй, цаашид үнэд орох газрын ховор элемент, цахилгаан машины үйлдвэрлэлд нэн шаардлагатай литий, кобальт гэх мэт эрдэсийн ордуудыг стратегийн ордод хамруулж, төр мэдэлдээ авах байдлаар ажиллах шаардлагатай байна.
Аливаа Улс орон өөрт байгаа бүх нөөц, давуу чанараа бүрэн дүүрэн ашиглах замаар эдийн засгаа хүчирхэгжүүлж байдаг. Энэхүү хүчирхэг болгох арга зам нь төрийн зөв тогтолцоо, нэгдмэл зөв зохицуулалт байдаг. Бидэнд боломж их байна. Боломж бас цаг, хугацаатай.

Categories
мэдээ цаг-үе

Жэйсон П.Спэлберг: АНУ руу хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсийг урамшуулах зорилгоор зарим ангиллын визний журмаа хөнгөвчилнө

-ТОДРУУЛБАЛ, ЗААВАЛ ВИЗНИЙ ЦАГ ТОВЛОЖ, ЯРИЛЦЛАГАД ОРОХ ШААРДЛАГАГҮЙ. ЭНЭ ЖУРАМ ИРЭХ АРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ-


Монголчуудын зорчихыг хамгийн их хүсдэг орны нэг бол Америк. Гэтэл тус улсад очсон хүмүүс визний хугацаагаа хэтрүүлж, ямар нэг зөрчил гаргах нь түгээмэл. Амиа бодсон ганцхан хүний ухамсаргүй үйлдэл нь АНУ-д сурч боловсрох мөрөөдөлтэй залуус, аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар тус улсыг зорих гэсэн олон монгол хүний эрхэнд халдаж байгаа юм. Монголчуудын хувьд АНУ-д зорчих виз авах явдал тун ярвигтай байдаг нь ийм урхагтай. Иймд өнгөрсөн жилээс Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүлсэн билээ. Тэгвэл уг аян хоёр дахь жилдээ хэрэгжихээр болсон бөгөөд БНСУ нэгдлээ. Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн “Хариуцлагатай аялцгаая-II” аяны хүрээнд монгол иргэдэд эдгээр улсын визний талаар зөв мэдээ, мэдээлэл өгөх, хууль бус виз зуучлагчтай тэмцэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулж, хариуцлага, ухамсрыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Энэ үеэр АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлбергтэй ярилцлаа.


Хариуцлагатай аялцгаая аяны эхний шатны үр дүнг сонирхуулахгүй юу?

-Энэ аян хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгч байгааг статистик мэдээнээс харж болно. Тухайлбал, 2017 онд АНУ руу аяллын визээр зорчсон хүмүүсийг 2016 оныхтой харьцуулбал визний зөрчил гурван хувиар буурсан дүнтэй байна. Хоёр жилийн өмнө аяллын визээр зорчигчдын арван хувь нь хугацаа хэтрүүлдэг гэсэн статистик мэдээлэл байдаг. Тэгвэл энэ тоо өнгөрсөн жил долоон хувь болжээ. Оюутны болон солилцоогоор явсан хүмүүсийн визний хугацаа хэтрэлт 2016 онд 20 хувьтай байсан бол 2017 онд 17 хувьд хүрсэн байна. Энэ тоо бол баталгаажсан мэдээ гэдгийг онцолъё. Үүнээс гадна баталгаажаагүй тоон мэдээ ч бас байгаа.

-Энэ нь ямар учиртай юм бэ?

-АНУ-аас гарсан гэсэн мөртлөө гараагүй гэх мэдээлэлтэй, ийм завсрын статистикт орж чадаагүй мэдээллүүд байдаг юм. Оюутны визээр АНУ руу зорчсон хүмүүсийн ойролцоогоор 35 хувь нь хугацаа хэтрүүлэн, статусаа хадгалж үлдэхгүй, сольж байгаа гэсэн хардлага бидэнд байгаа. Харин аяллын визээр зорчигчдын 50 хувь нь өөр зорилготой яваа болов уу гэсэн хардлага байдаг. Тэгэхээр энэхүү мэдээллүүдийг илүү цэгцтэй болгохын тулд баталгаажуулах судалгаа гэж байдаг. Энэ нь аяллын талаарх бүх мэдээллүүдийг судалдаг. Асар олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг гэсэн үг. Одоогийн байдлаар энэ судалгаа маань дундаа явж байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүд цэгцрээд гараад ирэх юм бол илүү тодорхой тоог эндээс харах боломжтой.

Өмнө байгаагүй “Хариуцлагатай аялцгаая” аян маань ингээд хоёр дахь шатандаа хэрэгжээд явж байна. Энэ бол хүмүүсийн оюун санаа, ухамсарт зөв ойлголт өгч, тэрийгээ үйлдэл болгон дадаж хэвшдэг байхын тулд бид хичээж ажиллаж байгаа.

-Энэ кампанит ажил хэрэгжиж эхэлснээр нэг жилийн хугацаанд хариуцлагатай аялагчид тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Одоо та бүхэн дээр дурдсан тоог ямар түвшинд авчирна гэсэн зорилт тавиад байна вэ. Ер нь аяны хүрээнд яг ямар ажил явуулдаг юм бол?

-Мэдээж энэ аяны хүрээнд АНУ-д зорчиж байгаа иргэдийн визний хугацаа хэтрүүлэлтийг тэг хувь дээр авчирах зорилготой. Дээрээс нь хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг болиулах юм. Энгийнээр хэлэхэд, аливаа виз мэдүүлэгч монгол иргэн “АНУ-ын Сан-Франциско хот руу аяллаар явах гэж байна” гэхэд нь би шууд итгэдэг хэмжээнд очихын тулд хүмүүст хариуцлагатай аялдаг ухамсрыг бий болгох ёстой. Харамсалтай нь одоогийн байдлаар “АНУ руу аялчихаад ирье” гэсэн хүмүүс маань тэндээ хугацаа хэтрүүлдэг. Эсвэл нэг мөр суурьшин амьдардаг, хууль бус хөдөлмөр эрхэлдэг тохиолдол олон гарч байгаа юм. Тиймээс би виз мэдүүлж байгаа хүнд итгэдэггүй. Өөрөөр хэлбэл, итгэх хэмжээнд хүрч чадаагүй байна. Тиймээс итгэх хэмжээнд хүрдэг болохын тулд энэ кампанит ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ хүрээнд өдөр болгон виз мэдүүлэгчтэй уулзахдаа “Та нар хариуцлагатай аялах хэрэгтэй. Ингэснээр дараагийнхаа хүмүүст боломж олгоно” гэж хэлдэг. Эсвэл виз олгохоос татгалзсан хүмүүст “Таны өмнө ингэж явсан хүмүүс АНУ-д очоод хууль зөрчиж байгаа учраас таны боломж хаагдаж байгаа гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Виз гэдэг бол итгэлцлийн цохон тэмдэглэсэн бичиг баримт. Энэ итгэлцэл нэг хэсэг хугацаанд алдагдсан. Тиймээс “АНУ руу аялаад ирье” гэсэн хүмүүст итгэхэд бэрх болчихоод байгаа юм. Энэ итгэлцлээ шинээр сэргээе гэсэн зорилго энэ аяны хүрээнд бас хадгалагдаж байгаа. Ерөөсөө “АНУ-д очоод хууль бус хөдөлмөр эрхлэхгүй, хугацаа хэтрүүлэхгүй, статус буюу визний ангиллыг өөрчлөхгүй, хэлсэн хугацаандаа яваад ирээч ээ” гэсэн энгийн санааг олон нийтэд түгээдэг л дээ. Жишээлбэл, хоёр долоо хоногийн хугацаатай АНУ руу явчихаад ирье гэсэн иргэнд виз олголоо. Тухайн хүн маань АНУ-д очоод 14 хоног биш зургаан сар болчихоод эргэж ирдэг. Түүнийг дахиад виз мэдүүлэхэд нь “Та яагаад зургаан сар болов” гэж асуутал “Хил дээр надад зургаан сар байх хугацаа олгосон. Тиймээс би хугацаа хэтрүүлээгүй” гэсэн тайлбар өгдөг. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл, 14 хоног явна гэж виз мэдүүлсэн хүний хэлсэн үг, үйлдэл хоёр нь зөрөөд байна. Ингэснээр би түүнийг зургаан сар АНУ-д байхдаа хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн байх гэсэн таамгийг автоматаар бодох зайлшгүй шаардлага үүсдэг юм шүү. Нэг ёсондоо итгэлцэл алдагддаг. Өдөр тутмын үйл хэрэгтээ бид үүнийг л ойлгуулах гэж хичээж ажиллаж байгаа.

-АНУ-ын хувьд энэ аяныг Монголоос өөр улс оронд хэрэгжүүлж байна уу?

-Иймэрхүү кампанит үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа тохиолдол тэр болгон байдаггүй. Яагаад гэвэл тухайн эзэн орон нь өөрсдөө хамтарч ажиллах тохиолдол тэр болгон гардаггүй. Монголын Гадаад харилцааны яам маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Одоо монголчууд барууны орнууд руу аялах сонирхолтой болжээ. Энэ хүсэл эрмэлзлийг нь гадаад харилцааны яамнаас дэмжиж ажиллаж байгаа учраас “Хариуцлагатай аялцгаая” кампанит ажлыг идэвхжүүлэхэд анхаардаг болов уу.

-Энэ удаагийн аянд Өмнөд Солонгос улс нэгдлээ. Тэгэхээр хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Анхан шатны уулзалтууд хийгдээд харилцан ярилцлагууд явагдсан байгаа. Гэхдээ БНСУ-ын ЭСЯ өнгөрсөн наймдугаар сараас кампаинт үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Дараа дараад харилцан ярилцах зүйл их бий. Жишээлбэл, монголчуудыг энэ аяндаа хэрхэн оролцуулах вэ гэдэг тал дээр хамтран ажиллана.

-Ер нь аливаа улсын визний журам хатуу гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тухайлбал, виз нь гараад зорьсон улсдаа хүмүүс өөрсдийгөө азтай гэж үздэг байх. Монголдоо очоод дахиад виз мэдүүлбэл гарахгүй байх гэж эмээгээд очсон газраа харлаж, биз зөрчих явдал байдаг болов уу. Тэгвэл сая АНУ-ын хэргийг түр хамаарагч ноён Манни Микаллер визний журамдаа өөрчлөлт оруулах болсон талаар дурдлаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сүүлийн 12 сарын хугацаанд виз авсан хүмүүст хамааралтай хөнгөвчилсөн журмыг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гэж байгаа. Гэхдээ энэ хугацаанд АНУ-д зочсон хүмүүс тэрхүү визний ангиллаа өөрчлөхгүйгээр, хариуцлагатай аялаад ирсэн бол тэдэнд шинэ журам үйлчилнэ. Тодруулбал, АНУ-ын ЭСЯ-нд ярилцлагын цаг товлохгүйгээр, ярилцлага хийхгүйгээр зөвхөн материалаа өгөхөөр зохицуулагдаж байгаа. Одоо аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гэж байгаа энэ үйл ажиллагаа нь аяллын виз буюу “B”, оюутны виз буюу “F”, солилцооны “J”, сургалтын “M” гэсэн визний ангилалд хамаатай.

-Нэг ёсондоо хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсээ урамшуулж байгаа гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Хариуцлагатай аялаад ирсэн хүмүүсээ урамшуулах зорилгоор олон шат дамжлага дамжихгүйгээр хялбар аргачлалаар визээ авах тэр боломжийг нээх юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх аравдугаар сарын 1-нээс АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны вэб сайтдаа байршуулна. Эндээс ямар хүмүүс энэхүү хөтөлбөрт хамрагдаад явах боломжтой вэ гэдгийг харах боломжтой. Одоогийн байдлаар ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журам маань 14 хүртэлх насны хүүхдүүд болон 80-аас дээш насныханд үйлчилдэг.

-Ингэхэд АНУ-д ажиллах хүчний H2 ангиллын визийг монголчууд мэдүүлэх боломжтой орны жагсаалтад багтсан. Иргэдэд нэлээд хүлээлт үүсгэсэн шийдвэр ажил хэрэгж болж байна уу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Монголын гурван иргэн “H2” ангиллаар виз авсан. Одоогоийн байдлаар тулгамдаж байгаа асуудал нь монголчуудын хувьд юу вэ гэвэл АНУ-д ажил олгогч байгууллага Монголоос ажиллах хүчээ татах, эндээс ажил олгогч байгууллагыг олж авахад нэлээд хүндрэлтэй дүр зураг ажиглагдаж байна. Энд нэг зүйлийг онцлоод тэмдэглэхэд, АНУ-ын ЭСЯ ажил олгогчтой ямар нэгэн байдлаар харилцаж, ажил олгодог үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас, АНУ дахь Монгол Улсын ЭСЯ, АНУ-д ажил олгогч бизнесийн байгууллагаас манайд хандсан. “Хэрхэн, яаж энэхүү ажил эрэлхийлж байгаа хүмүүс болон ажил олгогч нарыг холбох вэ” гэсэн асуултуудыг дурдаж байгаа. Бизнес зуучлагч байгууллага гэж байдаг. “Эдгээр байгууллага нь АНУ руу хил дамнуулан хүн гаргах процессыг явуулаад байна уу” гэдэг хардлага бас байдаг. Нэг ёсондоо одоо болж байгаа процессыг сайн талаас нь харах юм бол олон хүнийг хохирох эрсдэлээс сэргийлж байна. Хүмүүс гэнэт бөөн, бөөнөөрөө АНУ руу очдог. Гэтэл бодит байдал дээр ажил нь байхгүй, зөвхөн хилээр гаргаад өгсөн бизнес зуучлагч байгууллагаас болж хохироод үлдэж байснаас яг зөв замаараа, эхлээд цөөн явсан нь дээр болов уу. Иймэрхүү болзошгүй эрсдэлийг тооцоолж асуудалд анхаарал хандуулж байгаа. Гэхдээ ирэх жилээс “H2” ангиллын визээр АНУ руу зорчих иргэдийн тоо нэмэгдэх болов уу гэсэн таамаг байна. Мэдээж, АНУ-д ажил олгогч байгууллага зуучлагч байгууллагаа олно. Дээр нь Монгол дахь ажилтан зуучлагч байгууллагууд гэрээ хийх зэрэг нэлээд цаг хугацаа орох байх.

H2 ангиллын виз нь гарсан гурван иргэний хувьд хувиараа хөөцөлдөөд явсан гэж ГХЯ-наас мэдээлсэн. Иргэд ийм шугамаар явах нь нээлттэй биз дээ?

-Мэдээж, тэгэлгүй яахав.

МОНГОл УлС АлСдАА АНУ-д вИзГүй зОрчИХ зОрИлТТОй ГЭв

Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Дотоод хэргийн Департмент ажиллах хүчин авах орнуудын нэрсийг шинэчилсэн билээ. Ингээд “H2-А”, “Н2-В” ангиллын визээр монголчууд тус улсад ажилтан гаргах боломжтой нээгдсэн. Жилдээ 66 мянган гадаадын ажиллах хүч авдаг АНУ-ын квотыг монголчууд ашиглаж чадахгүй байна. Энэ тал дээр ямар хүндрэл бэрхшээл тулгараад байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулсан юм. Тэрбээр “Америкт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжтой H2-A”, “Н2-B” ангиллын визээр зорчих боломжтой орнуудын жагсаалтад багтсан гээд монголчууд шууд очоод ажил хийнэ гэсэн үг биш. Ажлын байрны хэрэгцээ шаардлага байгаа бол АНУ-ын ажил олгогч компаниуд өөрийнхөө зуучлагчаар дамжуулаад Монголоос ажилчин авах юм. Гэхдээ одоогоор албан ёсоор АНУ-ын зуучлагч компани Монгол Улсын зуучлалыг хариуцах компанитай тохиролцоогүй байна. АНУ-ын ажил олгогчид үнэхээр гадаадаас ажиллах хүч авах сонирхолтой, тэр дундаа Монгол Улсаас ажилчин авах хүсэлтэй бол тухайн аж ахуйн нэгжүүд гадаадаас ажиллах хүч зуучилдаг тусгай эрхтэй АНУ-ын компаниудад ханддаг. Тусгай эрхтэй гэдэг нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаасаа зөвшөөрөл авсан компаниуд юм. Тэд Монголоос ажилтан авахаар бол Монголын аль нэг компанитай хамтын ажиллагаа буюу холбоо тогтоосны үндсэн дээр Монголын зуучлагч компаниар дамжуулаад хүнээ бүртгэж аваад АНУ руу явуулах учиртай. Тэгэхээр одоогоор Монголоос ажилтан авах сонирхол нь төрөхгүй байна гэж үзэж байна. Харин ГХЯ- наас маш олон арга хэмжээ авч байгаа. Ер нь ажилтан авахын тулд тухайн орны ажил олгогчид манай иргэдийн хариуцлагатай байдал, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хувь буурч байгаа эсэх зэрэг олон шалгуурыг тавьдаг. Тэр шалгууруудыг хангах хүрээнд шат дараатай ажлууд хийгээд, төлөвлөөд явж байна. Хэтийн зорилго бол АНУ-д мэдээж Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах юм” гэлээ.

БНСУ МОНГОлчУУдАд ГрУпп вИз ОлГОдОГ БОлОХ ТАлААр СУдАлж БАйНА

“Хариуцлагатай аялцгаая” аянд БНСУ нэгдэж байгаа шалтгаан нь мөн л тус улсад зорчсон монгол иргэд визний хугацаа хэтрүүлж, хууль бусаар амьдарч байгаатай холбоотой. Албан ёсны мэдээллээр тус улсад 46 мянга орчим Монголд иргэн амьдардаг гэнэ. Үүнээс 18 мянга орчим нь хууль бусаар суурьшиж байгааг БНСУ-ын Элчин сайдын яамны Консул Кил Кангмү дурдав. Тэрбээр “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудыг визээ зөрчихгүй, зориулалтын бусаар ашиглахгүй байх, цаашид БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа шаардахгүйгээр хөнгөлөлттэй үйлчлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байгааг онцолсон юм. Ноён Кил Кангмү цааш нь хэлэхдээ “Манай хоёр орон 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш байнгын идэвхтэй хамтран ажиллаж, Солонгосын визний журмыг хөнгөвчилж, визний материалыг багасгах талаар олон арга хэмжээ авсаар ирсэн. Сүүлийн үед хамгийн эрчимтэй яригдаж байгаа асуудал бол ямар нөхцөлтэй байвал Монгол Улсын иргэд байнгын буюу олон удаагийн визийг авах боломжтой болох тал дээр ЭСЯ судалгаа хийгээд ажиллаж байна. Одоогоор Монгол Улсын хувьд групп визний ангилалд багтаагүй. Иймд ЭСЯ-ны зүгээс энэ асуудлыг судлаад, ирэх жилээс хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байгаа” гэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлч, өмгөөлөгч, эмч, их сургуулийн багш нар БНСУ-д таван жил хүртэлх олон удаагийн визээр зорчдог болно

АДААДАД БАКАЛАВР, МАГИСТР ХАМГААЛСАН ИРГЭН, ОЛНЫ ТАНИЛУРЛАГСОЁЛЫН ЗҮТГЭЛТЭН, ТАМИРЧИН, 500 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГОНО–


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам. 2018.09.11

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

БНСУ-ын ЭСЯ-наас олон удаагийн визний нөхцөлөө шинэчилж байгаа талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Одоогийн хэрэгжиж байгаа журмаа өргөтгөж, олон салбарыг хамруулсан тухай Элчин сайд ноён Жон Жэ Нам онцлов. Судалгаанаас харахад Солонгос улс руу 37 мянган монгол иргэн олон удаагийн визээр зорчдог байна. Харин манай улс руу ийм визээр ирдэг ердөө 1000 орчим солонгос иргэн байдаг гэнэ. Олон удаагийн виз мэдүүлэх журамд долоон үндсэн нөхцөл үйлчилж байгаа. Тэгвэл шинэ журамдаа нэмээд зургаан нөхцөлийг суулгаж өргөтгөжээ.

БНСУ РУУ ЗОРЧИХ ОЛОН УДААГИЙН ВИЗИЙГ ЯМАР ХҮМҮҮС МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Аравдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа энэхүү олон удаагийн визийг БНСУ-д өмнө зорчиж байсан иргэн, төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан, (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан), БНСУруу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан), БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар зорчиж байгаа иргэд мэдүүлэх боломжтой. Мөн БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхэд олон удаагийн виз авч болно. Мөн олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”, “Vip” байх, байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олон удаагийн визийг олгодог. Энэ виз нь БНСУ-д байнга зорчдог иргэнд ч үйлчлэх юм. Тодруулбал, тус улс руу сүүлийн хоёр жилийн дотор дөрөв ба түүнээс олон удаа очсон хүмүүс байх ёстой аж. Дээрх шалгуур нь олон удаагийн виз авахад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгвэл визний шинэчилсэн журамд ямар ямар өөрчлөлт оруулж байгааг БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Кангмү танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсад 7000 гаруй эмч, 6000 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2000 гаруй өмгөөлөгч ажилладаг гэсэн судалгаа байна. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн байгууллагадаа нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгодог болно.

Мөн нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг 100 аж ахуйн нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд, БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгссөн дүн бий. Энэхүү визийг зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд ч олгоно. Бас олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин, 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор журамд өөрчлөлт оруулж байна. Олон удаагийн визийг нэг, гурав, тав гэсэн шатлалтайгаар олгодог байсан. Харин шинэчлэгдсэн журмаар тухайн нөхцөлийг хангаж байгаа хүнд шууд гурав юмуу таван жилээр олгоно” гэлээ.

ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ: СОЛОНГОСТ ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛААД ИРСЭН ХҮМҮҮСТ ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХИЙН ТУЛД E АНГИЛЛЫН ВИЗНИЙ ТӨРЛӨӨ НЭМЭХЭЭР СУДАЛЖ БАЙГАА

БНСУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайд ноён Жон Жэ Нам “Монгол, Солонгос улс анд нөхдөөс илүү ах дүүсийн онцгой харилцаатай билээ. Бусад аль ч улс орнуудаас илүү ойр харилцаа холбоогоо хурдан хугацаанд хөгжүүлж ирсэн байдаг. Өнгөрсөн жилийн байдлаар Солонгосыг зорьсон монгол иргэдийн тоо 110 мянга, Монголд ирсэн солонгос иргэдийн тоо 70 мянга орчим байлаа. Хоёр улсын харилцан зорчих эрхийн тоо жил бүр 10 мянгаар нэмэгдэж байна. Хоёр улсын харилцаа эрчимжих хэрээр иргэд солилцоо ч өргөжиж байгаа. Гэтэл манай ЭСЯ-нд виз мэдүүлэх явцад бүрдүүлж өгч буй материалын олонх нь хуурамч байна. Төрийн байгууллагын албан бичиг төдийгүй түрээсийн гэрээ, ажлын газрын тодорхойлолт, банкны баталгаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын зорчих визийг хүртэл хуурамчаар дуурайлган хийж ирэх тохиолдол гарч байна. Албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлдэх нь нийгмийн итгэлцлийг үгүй хийж буй үйлдэл бөгөөд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэгт тооцогдоно. Энэ бол яаж ийж байгаад виз авч байвал болно гэсэн хэн нэгний хувийн асуудал биш юм. Нийгэмд мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байгаа гэр бүл, хөрш, садан, найз нөхөд гээд тэд бүгдийн итгэлийг хөсөрдүүлж буй үйлдэл. Түүнчлэн хоёр улсын харилцаанд хөгжин дэвшихэд саад болж байна. Тиймээс манай ЭСЯ Монгол Улсын Засгийн газартай хамтарч эдгээр хуурамч бичиг баримтыг бүрдүүлэгчдийг Монголын хууль сахиулах байгууллагад мэдэгдэж байгаа. Визтэй холбоотой хуурамч бичиг баримт энэ нийгэмд орших боломжгүйгээр ил тод нийгмийг бий болгох хэрэгтэй байна. Бид бүхэн Монголын ард иргэдэд визтэй холбоотой амар хялбар үйлчилгээ үзүүлэхийн тулд олон талаар хичээж ажиллаж байгааг дуулгая. Нэгдүгээрт, ЭСЯ, Монгол Улсын Засгийн газар, визний материалыг хүлээн авч буй төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хамтран олон нийтэд зориулсан ил тод зөвлөгөө мэдээллийн үйлчилгээгээ бэхжүүлэх болно. Монголчуудын хамгийн ихээр сонирхож мэдэхийг хүсдэг визтэй холбоотой дүрэм журам мэдээллээр бүрэн хангаж, зөвшөөрөлгүй хувиараа мэдээлэл өгдөг брокерын компаниудад хандахгүй байх талаас нь анхаарч ажиллах болно. Солонгос улсад зорчих олон удаагийн виз олголтын хүрээг өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн визний материалыг шалгах хугацааг богиносгохын тулд үндсэн тогтолцоогоо шинэчлэхээр ажиллаж байна. Солонгост богино хугацаагаар аялах, зорчихоор төлөвлөж буй урьд нь дүрэм журмын дагуу зорчоод ирсэн хүмүүст хурдан шуурхай үйлчлэхээр E ангиллын визний төрлөө нэмэхээр судалж байгаа юм. Хоёр улсын харилцааг нэг алхам урагшлуулахын тулд хоёр улс хамтдаа хариуцлагатай, итгэлтэйгээр хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Итгэлцэл үгүй бол шинэ бодлого шинэчлэл эсрэгээрээ ямар ч хэрэгцээ шаардлагагүй. Улам нөхцөл байдлыг дордуулж мэднэ” гэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр энэ сарын 15-нд эхлэх “Солонгосын долоо хоног-2018” арга хэмжээний талаар танилцуулав. Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээ Монголд суугаа солонгос иргэдэд чиглэн зохион байгуулагдаж, зааланд болж байсан бол энэ удаад ил талбайд болох ажээ. Залуу үеийнхний дунд, чөлөөт уур амьсгалд, парти маягаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Солонгосын соёлын долоо хоногийн хугацаанд Сөүлийн гудамжны фестиваль, киноны өдөрлөг, Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн тэмцээн, Го даамны олон улсын тэмцээн болно гэсэн. Сонирхуулахад, Сөүлийн гудамжинд болох “Seoul street party”-д A-Sound, дуучин С.Гантогоо, Ука, “John Ko” зэрэг хамтлаг дуучдын тоглолт хийнэ. Энэ үеэр Солонгосын үндэсний хоол, тоглоом наадгайг танилцуулсан асрууд ажиллах юм байна. Арга хэмжээ нь 2000 төгрөгийн тасалбартай бөгөөд орлогыг нь нийгмийн эмзэг давхаргынханд чиглэсэн үйл ажиллагаа явуулдлаг ТББ-д хандивлах аж. Тасалбараараа иргэд сугалаанд оролцож, супер шагналын эзэн болоод БНСУ руу аялах хоёр талын нислэгийн тийз авах юм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттөмөр: Монголын хямрал зах зээлээс бус, улс төрөөс угшилтай

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Эхний хагас жилийн статистик мэдээллийг харж байхад манай улсын эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа гэжээ. Монгол Улс хямралаас гарч байна гэж ойлгож болох уу. Эдийн засагч хүний хувьд та энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчууд бид ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилд хямрал дунд ажиллаж, амьдарсаар ирлээ. Бид хямралаас гараагүй. Ойрын жилүүдэд хямралаас гарах боломжгүй. Санхүүгийн хямрал Монголыг үргэлж дагана. Өрнөдийн ертөнцийг хямрал 600 жил дагаж байна гэж үздэг. Монголын хямрал зах зээлээс бус, улс төрөөс угшилтай. Монголын эдийн засаг дахь улс төрийн нөлөөллийг багасгаж, эдийн засгийг мэдлэгтэй удирдаж байж, хямралын нөлөөг багасгах тухай ярина. Хямралын шалтгаан нь Төрийн тогтолцооны алдаа, алдаатай бодлого, хөгжлийн бодлого төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтгүй хөгжил, боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол, сахилга хариуцлагын тогтолцоогүй хөгжил гээд тоочвол маш олон. Төрийн албанд түшмэдүүд нь хоноцын сэтгэлээр хандаж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засагт сэргэлтүүд гарч байсан. Тэр сэргэлтийг тогтвортой хөгжлийн суурь болгож чадаагүй нь харамсалтай. Одоо эдийн засагт сэргэлт илэрч байна.

-Яаж тэр вэ. Ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гаргах бол?

-Нэгэнт доройтсон эдийн засагт гарч буй бага сага өөрчлөлт, иргэдийн амьдралд сайн өөрчлөлт болж очтолоо удна. Яг одоо ямар ч ид шидтэн гарч ирээд гэв гэнэт амьдралыг огцом сайжруулчихна гэж байхгүй. Тэгж амлаж байгаа бол худал. Одоо гарч буй эерэг хандлага өөрчлөлтийг дунд, урт хугацаанд бэхжүүлж, төрийн зөв зохицуулалтуудыг хийж чадвал иргэдийн амьдралд бодит сайн өөрчлөлтүүд гарна. Төсвийн тэнцэл 2016 онд 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2017 онд 676.0 тэрбум болж буурсан. Харин 2018 оны эхний хагас жилд орлого, зарлага нь тэнцэж 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ Засгийн газар их том өр төлж байна. 2018 онд 3,8 их наяд төгрөгийн өр төлөхөөс эхний 7 сард 2,7 их наядыг төлсөн байна.Одоо үлдэж байгаа 5 сард 1,1 их наядыг төлнө. Энэ их өрийг энэ засгийн газар тавиагүй нь ойлгомжтой. Татварын орлого өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого бүрдүүлж, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгааг чамлаж болохгүй. Нийгмийн даатгалын сангийн орлого 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 132.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ бол хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж олон хүн, олон өрхийн орлого нэмэгдэж байгаагийн нотолгоо.

Мөнгөний нийлүүлэлт 3.9 их наяд буюу 28.7 хувиар, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өссөнөөс үзэхэд эдийн засгийг тэлэх үйл явц муугүй явагдаж, төгрөгийн ханш, инфляци зорилтот түвшинд байна.

Хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын нийт үнэлгээ 2018 оны зургадугаар сарын эцсийн байдлаар 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 65.7 хувиар өссөн нь Монголд хөрөнгийн зах зээл хөгжих боломж их байгааг харуулж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөгт хүрч,өмнөх оны мөн үеэс 1.7 их наядаар өсчээ. Төлбөрийн тэнцэл оны эцэст 300-350 сая ам.долларын ашигтай гарах боломж байна. Засгийн газар бонд гаргахгүйгээр өрөө төлөөд, тайлан тэнцэл ашигтай гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд энэ Засгийн газрын үед гарч байна. Богино хугацаанд гарч буй энэ өөрчлөлт ирээдүйд сайн үр дүнд хүрэх эхлэл байгаасай гэж хүсч байна.Энэ өөрчлөлтийг хийж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний багт баяр хүргэх ёстой. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Монгол Улс хөгжиж, ард иргэдийн амьдрал эерэг өөрчлөлт гарвал монголчуудад л хэрэгтэй.

-АН-ын удирдлагууд саяхан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах асуудлыг хөндөж тавилаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Тиймээ, өөрчлөлт шинэчлэл хийж, зарим эерэг үр дүнг гаргаж буй Засгийн газрын бүх ажлыг харлуулж, огцруулах шаардлага тавьж байгааг хараад харамсч байлаа. 1996-2000 онд дөрвөн Засгийн газар огцроод Монголд сайн сайхан зүйл юу ч болоогүй. Энэ Засгийн үед эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ өөрчлөлтийг баталгаажуулах, улам сайжруулах шаардлагатай. Дэлхийн улс орнуудад эдийн засаг нь улс төрөө тодорхойлдог. Гэтэл манайд улс төр нь эдийн засгаа байнга тодорхойлж ирснээс хямрал, хөгжлийн хоцрогдол, сахилга хариуцлагагүй байдал газар авч ирлээ. Энэ оны эхний хагас жилийн статистик мэдээнд эерэг сайн үзүүлэлт их олон гарсан байна. Тоо худлаа хэлдэггүй гэдэг биз дээ. Хамтарч төсөл хэрэгжүүлж буй оувс, Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагууд манай Засгийн газар, Монголбанкинд сайн үнэлэлт өгч байна. Яг энэ эрчээрээ явбал 2019 оны сүүлийн хагаст Монгол Улс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс гарах боломж бүрдэнэ. Гэхдээ биднээс маш их хүчин чармайлт, их ажиллах шаардлага гарна. УИХ-ыг тараах тухайд МАН 2016 оны сонгуульд орохдоо ард түмэндээ амалсан мөрийн хөтөлбөр бий. Энэ мөрийн хөтөлбөр биелэх бүрэн боломжтой. Хэдэн хүн тар гэснээр тарчихгүй л дээ.

-Монголын ардчилал гажуудсан гэж зарим хүн ярих юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Монголын ардчилал гажуудсан нь үнэн. Ардчиллыг өмчилж болохгүй. Ардчиллыг зөвхөн эрх чөлөө гэж ойлгож, шударга ёс, тэгш эрх гэсэн ойлголтуудыг мартсан нь хамгийн том алдаа. Ардчиллынхаа мөн чанарыг ойлгохгүй 30 гаруй жил мунгинаж, баян хоосны огцом ялгарлаар дэлхийд толгой цохиж яваа нь үнэн.

1992 оны Үндсэн хуульд эдийн засаг нь төрийн зохицуулалттай, зах зээлийн эдийн засаг байна гэж заасан. Энэ заалтын төрийн зохицуулалтыг зөв, гүйцэт, том эрх ашгийг барьж хийж ирсэнгүй. Ер нь монголчууд эх орноо цаашид авч явж чадах уу гэсэн асуудал хурцаар тавигдаж эхэллээ. Монголын ард түмэн төр засгаасаа шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бэхжүүлэх гэсэн хоёр асуудалд 30 гаруй жил хариу нэхэж байна. Бид тогтоож, бэхжүүлж чадахгүй л байна. Монголд шударга ёсыг тогтоож, хариуцлага сахилгыг бэхжүүлэхгүйгээр хөгжих тухай бодоод ч хэрэггүй.

-Та энэ Засгийн газрыг бонд гаргахгүйгээр асуудлаа шийдээд явж чадаж байна гэлээ. Цаашид энэ боломж ямар байх бол?

-Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуулиудаар зайлшгүй шаардлагатай үед засаг бонд гаргаж санхүүжилт хийж байх ёстой юм. Гэтэл тооцоо муутай, арилжааны нэгдсэн тогтолцоогүй, бонд гаргаж, арилжааны банкуудад давуу байдлыг бий болгосон. 2012-2017 онд 15.9 их наяд төгрөгийн 12.9 хувийн жигнэсэн дундаж хүүтэй бонд гаргасан байна. Энэ бондын 81.1 хувийг арилжааны банкууд худалдан авсан байна. Хүү нь 2015 онд хамгийн өндөр 14.6 хувь байжээ. 2012-2017 онд бондын үндсэн төлбөрт 13.4 их наяд, хүүгийн төлбөрт 2.7 их наяд төгрөг төлжээ. Мөн 2016 онд 1.2 их наяд төгрөгийн 10.9 хувийн хүүтэй “Мазаалай” нэртэй гадаад бонд гаргаж, төсвийн алдагдал нөхөж, зарим хэсгээр нь “сайн” нэртэй хөтөлбөрүүдийг Төсвийн хууль зөрчин санхүүжүүлсэн нь улс орны эдийн засагт хүндээр тусч хор хохирол нь одоо ч үргэлжилж байна. Ер нь үүсмэл үнэт цаас нь эрсдэл үүсгэдэг санхүүгийн өвөрмөц хэрэгсэл. Төсвийн алдагдал 2012 онд 781.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.7 хувийг эзэлж байсан бол 2013-2016 онд тасралтгүй өссөөр 2016 онд 3.6 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 15.3 хувийг эзэлж байлаа. Төсвийн төлөвлөлт нь буруугаас алдагдал өндөртэй, түүнийг өндөр хүүтэй зээл авч санхүүжүүлж ирсэн нь алдаатай бодлогын нэг жишээ. 2017 оны намраас Засгийн газар бонд гаргахгүйгээр ажиллаж чадаж байна. Энэ ажлын үр дүнд арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүдэд олгосон бизнесийн зээл 40 гаруй хувиар нэмэгджээ. Энэ бол маш сайн үзүүлэлт.

-Энэ засгийг гадаадаас 2.0 тэрбум долларын зээл авснаас гадаад өр нэмэгдүүлсэн гэж байгаа шүү дээ?

-Монгол Улсын нийт гадаад өр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй өсч ирлээ. Гэхдээ өмнөх онуудад гаргасан бондыг 2017 онд дахин бонд гаргах замаар сольж, өрийн дефолт зарлах эрсдэлээс зайлсхийсэн. Үүнд “Хуралдай” бондоор Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын өрийг төлж, “Гэрэгэ” бондоор “Чингис” бондын 500.0 сая, “Дим сам” бондын 9.5 хувийг буцааж худалдаж авсан. Энэ бол зайлшгүй авах арга хэмжээ байсан. Гадаад өрийг нэмэгдүүлэхгүй зохистой харьцааг хадгалж, ажиллах шаардлагатай.

-Засаг өөрийн мэдлийн мөнгөө найдвартай төлөгдөх Засгийн үнэт цаасанд оруулахгүй арилжааны банкинд бага хүүтэй хадгалуулж банкууд түүгээр нь Засгийн газрын бонд худалдаж авдаг гэдэг шүүмжлэл ч бас байдаг?

-Тиймээ, шалгаж үзэж, алдаагаа засах хэрэгтэй. Зөвхөн Нийгмийн даатгалын сан 2012-2017 онд 146.0-583.0 тэрбум хүртэлх төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулсан байдаг. Энэ мөнгөөр хуулиар тогтоосон хэмжээнд нь ямар ч эрсдэлгүй Засгийн бонд худалдаж авсан бол 16.0 тэрбум төгрөгөөр энэ сангийн хөрөнгө нэмэгдэх байсан гэсэн тооцоо байдаг. Үүнийг л төрийн түшмэд төрийн ажилд хоноцын сэтгэлээр хандаж байна гэж хэлж байгаа юм.

-Монголын эдийн засагт тулгамдсан зарим асуудлын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляцийн түвшин нэмэгддэг. Инфляцийг доогуур тогтвортой барихын тулд яах ёстой вэ?

-Монголын эдийн засагт тулгамдсан шийдэх ёстой маш олон асуудал хуримтлагдсан. Эдийн засаг 6.3 хувиар өсөхөд, инфляц 7.7 болж байгаа нь буруу үзүүлэлт. Яагаад гэвэл өсөлтийг инфляц нь идчихэж байна. Инфляцийн өсөлтийг эдийн засгийн өсөлттэй холбож тайлбарлаж хэрэггүй. Эдийн засаг өсөхөөр инфляц өсдөг гэдэг нь хуучирсан. Инфляцийн түвшинг 0 хувиас дээгүүр барих нь дифляцийн аюулаас хамгаалах нэг арга гэдэг. олон улсын туршилгаар хоёр хувийн инфляц хамгийн тохиромжтой гэж үздэг. Инфляц өөрөө макро эдийн засгийн бусад үзүүлэлттэйгээ шууд холбоотой учир манайд яг хэдэн хувь байхыг улирал, жилээр нь нарийн тооцох шаардлагатай. Үнийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг доогуур тогтвортой байлгахын тулд нүд салгалгүй ширтэх хэрэгтэй гэж зарим судлаач зөвлөдөг. Бидэнд нэг их ширтээд байгаа юм алга. Ер нь инфляцийг хяналтанд байлгах хэрэгтэй. Манай эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнийн өсөлт, ГХОаар дэмжигдэж, өдөөгдсөн өсөлт. Уул уурхайгаас бусад салбарыг идэвхжүүлэх замаар бүтээмжид суурилсан өсөлт рүү явах ёстой. Төсвийн алдагдлыг тууштай бууруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай.

Орчин үед эдийн засаг нь удирдагч нараа сорьж, шалгалт авч, тодруулж өгч байна. Эдийн засагт тогтвортой өсөлт, нам түвшний инфляц, ханшийн тогтвортой байдал гэсэн гурван үзүүлэлтийг хангаж ажиллах нь чухал. Энэ гурван үзүүлэлтийн харьцааг зөв барьж ажиллаж байгаа нь тодорч, чадаагүй нь бүдэрч байна. Монгол Улсын санхүүгийн тогтвортой хөгжил, тогтвортой байдлыг шинээр харах хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Засгийн газар, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны ажлыг нэгтгэж зангиддаг байгууллага, албан тушаалтан алга. Ийм байгууллага, албан тушаалтан хэрэгтэй байна. Монголын төрд хуримтлал алга. Хуримтлалтай болох хэрэгтэй. Энэ бүхэн нь хөгжлийн загвараа эргэж харах, шинэчлэх шаардлага үүсч байгааг нотолж байна.

-Монголд зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засагт хортой байна гэдэг. Та зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох саналыг дэмжиж байсан байх аа?

-Зээл гэдэг нь санхүүгийн бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүний үнэ яагаад өндөр байгааг задалж үзвэл гол зардал болох хадгаламжийн хүү өндөр байгаа юм. Яагаад гэхээр арилжааны банкууд зээлийг бие биетэйгээ өрсөлдөж өндөр хүүтэй авснаас үүссэн. Энэ асуудал дээр төрийн бодлого, зохицуулалтуудыг хийгээгүй зах зээл, үл үзэгдэгч гарт найдаж хаяснаас бид эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Зээлийн хүү өндөр байх нь хадгаламж эзэмшигчдэд ашигтай боловч, зээл гэдэг бүтээгдэхүүний өртгийг өсгөж эдийн засгийг идэвхгүй болгож, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг боомилдог. Хадгаламжийн өндөр хүү банкуудад ч ашиггүй. Зээлийн хүү өндөр байгаагаас чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж, банкуудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Монголд санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудал чухалаар тавигдаж байна. Энэ асуудлын хүрээнд макро эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэх, төсөв мөнгөний бодлогын нөлөөг сайжруулах, банкуудын үр ашиг, засаглалыг сайжруулах ажлыг дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлбэл зээлийн хүүг бууруулах боломж байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгч үр дүнд хүрсэн туршлага бас байна. Иймд зээлийн хүүг буурууулахдаа эдийн засгийн аргыг төрийн зохицуулалттай хослуулж хийвэл үр дүн гарна гэж үзэж байна.

-Эдийн засаг дахь банкны өндөр нөлөөллийг багасгаж, хөрөнгийн захын нөлөөллийг нэмэгдүүлэх нь чухал гэж эдийн засагчид онцолдог. Энэ асуудлыг шийдэхэд “Эрдэнэс таван толгой” компанийн хийх IPO онцгой ач холбогдолтой биз дээ?

-Гадаад орнуудын жишгээр IPO гаргах бэлтгэл ажил 12-18 сар үргэлжилдэг гэдэг. Манай бэлтгэл ажил сайн хийгдэж байгаа байх гэсэн хүлээлттэй байгаа. оны эцэст Монголын ард түмэн, УИХ-д танилцуулах байх. Хувьцаа гаргана гэдэг нь маш их үнэтэй санхүүжилт. Зээлээс ч үнэтэй санхүүжилт. Иймээс хувьцаа гаргахаас өмнө бонд гаргах нь үр дүнтэй ч байж мэднэ. Асар их, сайн чанарын нөөцтэй, зах зээлд ойр “Таван толгой” хк-ийн хувьд хувьцаа нь хямд зарагдах эрсдэл өндөр байгаа юм. “Үсрэхээсээ өмнө сайтар хар” гэж үг бий. Өндөр эрсдэл гаргаж,өндөр ашиг олдог учир тооцоо судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд IPO үр ашигтай байх ёстой. Үр ашиг муутай тооцоо гарвал санхүүгийн өөр хэрэгслийг ашиглах шаардлага гарна. IPO хийх чиглэлээр зөвлөгөө өгдөг хөрөнгө оруулалтын зөвлөх банкууд байдаг. Энэ банкуудаас үр ашиг, зах зээлийн байдал, үнэлгээ гээд олон асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй.

-IPO ийн бэлтгэл ажлын талаар танд ямар мэдээлэл байна?

-Надад одоохондоо тодорхой мэдээлэл алга. Гэхдээ энэ асуудлаар сонирхдог. Дэлхийд Ernest and Young, Deloitte, KPMG, Pricewaterhousecoopers гэсэн дөрвөн том аудитын компани бий. Эдгээр компани IPO хийдэг том багуудтай.

Монгол Улсын Засгийн газар, сонгож авах андеррайтер компанитай хамтарч “Таван толгой” хк-ийн үнэлгээг хийх ёстой. Энэ үнэлгээ компанийн ирээдүйн хэдэн жилийн санхүүгийн моделийг гаргаж ирнэ. Жилд хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргаж, ямар үнээр борлуулах, ямар ашиг олох зэрэг моделийг 15, 20, 30 жилээр гаргана. IPO хийхэд андеррайтер их чухал үүрэгтэй, амжилтын баталгаа гэж үздэг.

Техникийн тайлан нь IPO ийн амин чухал хэсэг нь гэж үздэг. Биржээ сонгож, бүртгүүлэхийн тулд шаардлагад нийцсэн баримт бичгийг бүрдүүлэх гээд ажил ундарч байгаа байх аа. IPO-гоор босгосон хөрөнгөөр санхүүжүүлэх дэд бүтцийн төслүүд бэлэн болсон байх шаардлагатай. Бид урьд “Чингис” бондоор босгосон мөнгөөрөө санхүүжүүлэх төсөл бэлэн байгаагүйгээс алдаа гарч байсныг давтаж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

​Д.Ухаанзаяа: Сэтгэлийн сав маань цэвэр ариун байх юм бол буян хишиг аяндаа тогтоно

Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Доржнамжинын Ухаанзаяатай ярилцлаа.

-Таныг энэ сарын 14-нд бумбаны нэгдсэн тахилга хийх гэж байгаа тухай сонслоо. Бумбаны тахилга гэдэг нь ямар учиртай болохыг хэлж өгөхгүй юу?

-Энэ нь монголчуудын эртнээс уламжлалтай зан үйл юм. Миний хувьд гурав дахь удаагаа бумбаны тахилгыг хийх гэж байна. Бумба маань олон төрөл байдаг. Энд тэнд Намсрай, Замбал, Гонгор гээд бумбуудыг тахидаг. Харин энэ сарын 14-нд болох арга хэмжээ бол бумбаны нэгдсэн тахилга юм. Өөрөөр хэлбэл, Намсрай, Гонгор, Замбал, Дарь-Эхийн бумбуудын нэгдсэн том тахилга Монголд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бумба тахихын зан үйл нь ямар учиртай юм бэ гэвэл буян хишгийг дэлгэрүүлж тогтоох, эдийг арвижуулах ач холбогдолтой юм. Бумба гэдэг нь зайны хүчээр шүтэж тухайн айл гэрт буян хишгийн энергийн урсгалыг тогтоон барьдаг гэсэн ерөнхий утгатай л даа.

-Энэ удаагийн бумбаны тахилга ямар онцлогтой вэ?

-Ер нь бумбаны тахилга болоход лам нар номоо уншаад дуусчихлаг. Харин бумбаны нэгдсэн тахилга нь зан үйлээ хийснийхээ дараа бумбаны эзэн бурхадуудын утга учир хийгээд бумбыг тахисны ач тус гэж юу юм, бумба гэдэг нь хэдэн төрөл байдаг юм, дотор нь яг юу оршдог юм, гэр орондоо бумбыг яг аль зүгт залдаг юм, бумбыг залснаар ямар ивээл, ач тус гарах вэ, бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ зэрэг нарийн мэдээллийг өгсөн нэг цаг гаруй лекц уншина. Бумбаны тахилгад ирсэн цөөхөн хүмүүст зориулаад зогсохгүй нийт монголчуудынхаа буян хишгийг дэлгэрүүлэхийн тухайд буянаа зориулах үйл ажиллагаа юм.

-Бумбыг хэдийд тахидаг юм бэ. Зарим газар зуны дэлгэр цагт тахиж байгаа харагддаг л даа?

-Бумбыг тахидаг улирал гэж бий. Гэтэл манай ёс уламжлал алдагдсанаас болж зарим газар буруу улиралд тахидаг болсон нь анзаарагдах юм. Ихэнх хийд зуны адаг сард бүгд бумба тахиад дуусчихдаг. Номондоо бол намрын эхэн сарын шинийн 1-15-ны хооронд

буюу 3, 8, 14-ний өдрүүдэд тахидаг. Миний хувьд энэ уламжлалаараа намрын эхэн сарын шинийн 3-ний цогийн наран буюу балжиннямтай, бурхны адислагатай өдөр зохион байгуулах гэж байгаа.

-Зорьж очих хүмүүс юу бэлдэх ёстой вэ?

-Бумбаны тахилгад ирэх хүмүүс маань бумбаа бүртгүүлэх ёстой. Тахилгын өмнөх өдөр нь бүртгэл явагдана. Томоохон хийд газрууд бумбаа 2-3 өдөр бүртгэж авдаг л даа. Бүгдийг нь нарийн нягт бүртгэх учраас урт очер дараалал үүсч, хүмүүс ядарна. Иймд бумбыг хоёр хувааж авч байгаа. Яг тахилгынхаа өдөр бүгдийг нь бүртгэнэ гэвэл амжихгүй. Тийм учраас наймдугаар сарын 13-ндаа бумбануудаа 09.00-19.00 цаг хүртэл бүртгэнэ. Мөн 14-ндөө 09.00-13.00 цаг хүртэл бүртгэнэ. Өмнө бумбаа өгчихсөн хүмүүс шууд 13 цагтаа ирж болно. Үйл ажиллагаа маань дөрөв таван цагийн ажил болно.

-Та тахилгын дараа бумбынхаа бурхадуудын тайлбарын тухай лекц уншина гэж дээр хэллээ. Ингэхэд бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ?

-Бумба гэдэг бол буян хишигтэй холбоотой зан үйл. Ер нь хүн болгон сайн сайхан амьдрахыг зорьж байна шүү дээ. Буян хишгээ чуулуулаад, амар амгалан байхын тулд хүн юуг сэтгэлдээ анхаарах ёстой юм бэ. Сэтгэлийн энэ сав маань цэвэр ариун байх юм бол буян хишиг аяндаа тогтоно. Хэрэв тэр сав нь бузартчихсан байвал бурхан бууж ирээд рашаан хийгээд өгсөн ч барьж тогтоож чадахгүй. Тиймээс сэтгэлийнсаваа цэвэрлэж, яаж буян хишгээ тогтоон барих аргыг энэхүү лекцээрээ зааж өгөх юм. Бумба гэдэг маань нэг зан үйл нь. Тэрнээс шинээр зохиогдож, гаднаас аваад ирсэн юм биш. Монголчууд маань буянаа тогтоох уламжлалт зан үйлүүд олон байдаг. Сахиусан хүрд, буян хишгийн сав, даллаганы уут гэж байна. Тухайн айл гэрт даллаганы уут байхгүй, бумба байхгүй бол энэ айлд ирж буй буян хишиг нь тогтохгүй. Жишээлбэл, Дорж гэдэг айлд сайхан ерөөлөөрөө буян хишгийн урсгал ирлээ гэж бодъё. Тэрийг тогтоон барьж авах шүтэгдэхүүнүүд байх ёстой. Эдийн тэнгэр бурхан Гонгорын бумба байхгүй, байсан ч буруу бүтээгдсэн байлаа гэж бодъё. Эсвэл даллагын уут нь буруу бүтээгдсэн бол тэр энергийн урсгал тогтохгүй. Харин ч хажуу айлын Дондогийнх номоор нь эдийн тэнгэрээ сайхан тахидаг, даллаганы уутаа зөв бүтээчихсэн, өөрсдөө оёод хийсэн, бумбаа залчихсан байвал тэр энерги эднийд очно. Тийм учраас өөрт ирж байгаа буян хишгийг өөртөө авахын тулд эртнээс уламжлагдаж байгаа зан үйлийг номын дагуу зөв хийх ёстой. Тэгвэл эрдэм аяндаа гарна.

-Ингэхэд шашны зан үйлийн хэрэглэгдэхүүнүүд худалдаанд элбэг байдаг нь хэр зөв бэ. Даллаганы уут гэхэд есөн эрдэнийг орлуулаад хийчихсэн байдаг. Энэ нь буян хишгийг тогтоож чадах уу?

-Буруу хийсэн юмуу, сэтгэл гаргаагүй бол ямар ч эрдэм гарахгүй. Цагийн гарз. Худалдаанд байгаа даллаганы уутанд есөн эрдэнэ зөв байхгүй хуурамч, орлуулсан байдаг. Бид аливаа нэгэн шашны зан үйлд сэтгэлээсээ хандахгүй бол эсэргээрээ буянаа барах болдог. Ямар ч үр дүнгүй. Тэгэхээр даллаганы уутандаа есөн эрдэнэ гэвэл орлуулах бус жинхэнэ есөн эрдэнэ авч хийх ёстой. Бас 25 эд зүйлийн идээ цагаа хийгээд юу юу хийх ёстойг миний бие номынхоо ард дандаа хэлж өгдөг юм. Энэ удаагийн бумбаны нэгдсэн тахилга дээр тухайн бумбыг лам хуваргууд маань номоор нь адислаад өгөхөөс гадна утга учрыг нь тайлбарлана. Ном адилслахад түвд хэлээр уншигдана. Яг юун тухай уншигдаад байна, яаж миний бумбанд адислага оршиж байна, энэ нь юу гэсэн утгатай болох, бумбаа яаж шүтэх ёстой гээд тэр болгоны тайлбарлаж ойлгуулж өгөх юм бол тухайн хүнд ухаарал, үнэн адислага төрнө. Хүн мэдэхгүй, ойлгоогүй зүйлийнхээ дайсан нь байдаг шүү дээ.

-Ингэхэд бумбагүй хүмүүс энэ арга хэмжээнд очиж болох уу?

-Бололгүй яахав. Бүх хүнд нээлттэй. Залуу хосууд, гэр бүлүүд маань бумба аваагүй байсан ч ирээд миний лекцийг сонсч, номд даган баясч болно. Тэгэхээр бид залуу хосууд цаашид олон үр хүүхэдтэй болно. Тэдэндээ буянаа тогтоож, дэлгэрүүлэхийн тухай тун цэгцтэй ухаарлыг авна.

-Бумбанд юу, юу байдаг вэ. Худалдаанаас бумба авах нь зөв үү. Хүмүүс өөрсдөө бүтээх боломж байдаг уу?

-Дотор нь юу байдгийг лекцэн дээр хэлж өгнө. Гадуур худалдаанд элбэг байдаг 10 мянга гэдэг бумба бол энгийн, газарт оршоодог, гэртээ шүтдэггүй бумба. Харин миний яриад байгаа Гонгор, Замбал, Намрайн бумбануудыг гэртээ залах ёстой. Зэс, мөнгө, алт, шавар, шаазан гэсэн материалаар хийдэг. Эдгээр бумбануудыг хувь хүн өөрөө бүтээх боломжгүй. Хэрэв бүтээе гэвэл ямар нэг бурхны нинчинд суусан, Гонгор бурхны тарнийг арван дүнчүүр тоолсон байх ёстой. Өөрөө шашны өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Энгийн хүн бол тийм боломжгүй. Бумбыг бол буух эзэнтэй, буцах хаяг нь тодорхой хийдүүдээс авна. Сайны хажуугаар саар гэгчээр урдаас муу, хямд бумба орж ирж байна. Гадуур манай хийдүүдийн урладаг сайн бумба 350-550 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Худалдаанд байгаа хятадын бумба бол 150-180 мянган төгрөгийн хооронд байдаг. Манай нэг шавь худалдаанаас их үнэтэй бумба авч л дээ. Нэг өдөр санаандгүй байдлаар ам нь нээгдчихэж. Гэтэл дотор нь арцнаас өөр юу ч байгаагүй. Нэг ч судар, ном байгаагүй. Бумбыг онголгож үзээд дотор нь ийм ийм юм байна гээд авч болдоггүй. Тэгэхээр сэтгэлд сэвгүйгээр хийдүүдээсээ бумба авах нь зөв. Манай хийдүүд одоо бумбаа сайхан хийдэг болсон. Заавал торогоор амыг нь таглаад таван өнгийн утсаар ороогоод лацдаг. Тэгэхээр хийдүүд өөрсдөө хэзээ ч буруу бумба хийхгүй. Буянаа барна шүү дээ. Бумбыг нэг л удаа авч, үе дамжуулдаг. Миний лекцэнд сууснаар бумбаныхаа утга учрыг мэдээд үр хүүхдүүддээ ярьж өгөх нь байна шүү дээ. Энэ дотор ийм ийм байгаа, нам доор тавихгүй, бурханыхаа ард тавьж, урд нь тахил өрнө гээд буян хишгийнхээ номлолуудыг зааж өгнө. Ингэснээр буянаа мөнхөд үе дамжин өвлүүлэхэд зан үйлийг нь зааж өгнө гэсэн үг.

-Хүмүүс бурхны зурагтай хатгамал оёж урлаад аравнайлуулчихаад тахиж шүтээд байдаг. Бурхан урлаач хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хятадаас бурхны зурагтай хатгамал оруулж ирээд хүмүүс лангууныхаа ард суугаад оёод, бүх хүн бурханч болчихсон. Миний эрин байх хэрэггүй болж байна шүү дээ. Би арваад жил багшаасаа авшиг авч, бясалгал хийж суралцаад одоо л багшаасаа бурхан урлах эрхээ авч байхад зүгээр нэг жирийн иргэн бурхан оёод сууж байгаа нь номд зохилдохгүй. Тэрийгээ надаар аравнайлуулах гэж олонтаа ирдэг л дээ. Би нэгийг нь ч аравнайлдаггүй. Дандаа алдаатай, буруу байдаг. Тухайн хүмүүс мэргэжлийн бурхан урлаач хүн биш учраас тэр нь алдас болно. Буянаа барна. Харин тогос шувуу оёж болно.

-Буян хишгээ арвижуулж тогтоохын тулд бурхнаас юу гуйх ёстой вэ?

-Хүмүүс бурханаас ихэвчлэн эд таваар, мөнгө хүсдэг. Бурхны өгдөг хамгийн дорой юмыг хүмүүс гуйгаад байдаг л даа. Эд таваараас гадна хутагтын долоон эрдэнэ гэж бий. Үүнийг л гуйх ёстой. Тэр нь сүжиг, билгүүн, сонсох, шагшааваадын, ичгүүрийн эрдэнэ юм. Эдгээрийг бурхнаас гуйснаар мөнгө аяндаа ороод ирдэг. Тодруулбал, сэтгэлээ засах, гэгээрэх, хутагтын дээд зэрэглэл рүү очих, сэтгэл оюун ухааныг дээд түвшинд очих тэр мэдлэгийг гуйж байхад аяндаа мөнгө ороод ирнэ. Түүнээс биш мөнгө гуйгаад байх юм бол боломжгүй. Тэрийг өгөхгүй. Өгсөн ч бага ирнэ. Тиймээс бид буян хишгийг дэлгэрүүлэхийн тулд бурхнаас “Надад зөв зүйлийг сонсч тэрийг дотроо баринтаглаад авах тэр эрдэнийг хайрлаач. Ичгүүрийг мэдрэх тэр эрдэнийг хайрлаач, сүсгийн эрдэнийг хайрлаач” гэж гуйх ёстой. Хүмүүс сүсэглэж чадахгүй байна. Юманд итгэж чадахгүй учраас эрдэм гарахгүй байгаа юм. Эрдэм гарахгүй учраас амьдрал нь дээшлэхгүй, бахь байдагтаа байдаг. Хэн эрдэмд толгойгоо ажиллуулж, гэгээрлийн зам мөр рүү орж, дотоод сэтгэлээ ариусгаж, буян хишгийг дуудах зан үйлийг ойлгож, Монгол ёс уламжлалаа дээдэлж, нарийн мэдэж авна тухайн хүн л буян хишгээ тогтоож гарз гарахгүй. Аливаа материаллаг зүйл рүү шунахаа больё. Материаллаг зүйлээр амар амгаланг зольж авна гэдэг бол маш буруу төөрөгдөл. Тэрний оронд оюун санаагаа гэгээрүүлж, ном эрдэмд шамдъя. Өглөгийг дадуулъя. Ямар сэтгэлийг дадуулбал надад буян хишиг хурдаг юм, ямар сэтгэлийг дадуулаад байхаар буянаа бардаг юм бэ, мөнхийн гуйланч амьдралаар амьдрах уу, буян хишгээ тогтоогоод үр хүүхдүүд гэр бүл маань өвчин зовлонгүй эрүүл байх уу. Баян байна гэдэг асуудал их нарийн. Асар их мөнгөтэй, олон хаустай, тарган цатгалан хүнийг хэлэх үү. Баян гэдэг ойлголт нь хүн хүний түвшинд өөр, өөр. Эрүүл байна, элэг бүтэн байна, аливааг ялгаж, салгаж ойлгодог эрүүл ухаантай байна гэдэг баян. Би хүнд урмын үг хэлж чадаж байна гэдэг бол баян. Сэтгэл дотроо хүнийг сайхнаар бодож болно. Хүмүүсийг бие биедээ юм өг гэхээр “Надад мөнгө байхгүй” гэдэг. Тэгвэл сайхан урмын үг хэлж болно. Бүр хэлж чадахгүй бол сэтгэл дотроо бодож болно. Энэ мэтчилэн хүнд өгөх олон юм байгаа. Ер нь энэ сарын 14-нд болох лекцээрээ дадуулгыг зааж өгнө. Буянаа тогтоох, буянаа барах сэтгэлийн ямар, ямар анхааруулга байна, ямар ,ямар зан үйл байдгийг тогтоогоод авчих юм бол буянаа тогтоож, гарз гарахаа болино. Мөн бумбаны утга учир бүх ялгамжаа, тайлбарыг мэдэж авах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Төгсөлтийнхөө ойгоор сайн үйлс бүтээсэн 10 “б”ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Дорноговь аймгийн Сайншанд хотын Нэгдүгээр арван жилийг 1993 онд төгссөн Г.Батсүх багштай химийн сонгоны 10 “б” ангийнхныг онцолж байна. Хүүхэд насны гэгээн дурсамжуудаар дүүрэн сурагчийн дүрэмт хувцаснаасаа салж, оюутны ширээтэй залгасан тэртээх он цагаас хойш 25 жил улиран оджээ. Тэд энэ тухайгаа дурсан ярихдаа “Хэзээ ч гунихгүй юм шиг шуугилдаж, ангиа олохгүй төөрөлдсөн алдрай жаахан хүүхдүүд арван жилийн сургуульд элсэн орж байсан нь саяхан мэт. Гэнэн томоогүй, инээд хөөр цалгилсан арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш эдүгээ 25 жилийг ардаа үдсэн байх юм. Нэгэн модоор зүйрлэвэл арвын “Б” хэмээх модны мөчир тал, тал тийш салаалан дэлбээлж, улам саглагар сайхан ногоон мод болжээ гэцгээв. Энэ цаг хугацаанд эдний ангийнхан өөр өөрсдийн сонгосон сургуулиа дүүргэж ажил мэргэжлээрээ төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, хүн ардынхаа сайн сайхны төлөө хөдөлмөрлөж явна. Химийн гүнзгий анги байсан болоод ч тэр үү, ихэнх нь эмч болсон байна. Зарим нь ардын үр хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг багш хэмээх эрхэм алдрын эзэд болжээ.

“Ер нь бид бүхэн салаалсан модны мөчир шиг хэрнээ санаачилсан ажил үйлсийг дэмжих талаар уйгагүй нэгдэж, баттай зогсож чаддаг хамт олон. Өвөл, хавар, зун, намрын аль ч улиралд халуун салхи, хүйтэн бороо, цас зуданд бат зогсох үндэс сайтай мод шиг амь нэгтэй анги билээ” хэмээн ярьцгаав. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа эдний ангийнхнаас төрд үнэлэгдсэн гавьяа, шагналтнууд олон байдаг аж. Тодруулбал, салбартаа ажил үйлсээрээ манлайлан ажиллаж үйлдвэрийн аваргаас хүнс, хөдөө аж ахуйн, эрүүлийг хамгаалах, мэргэжлийн хяналтын, санхүү банкны, худалдааны, ардын боловсролын тэргүүний ажилтны цол тэмдгээр 10 гаруй хүүхэд шагнуулжээ. Мөн төрийн дээд шагналуудаас алдарт эхийн II одонгоор хэд хэдэн ээж энгэрээ чимсэн бол хоёр ч хүн Алтан гадас одон өлгийдөн авсан байна. Үүнээс гадна спортын мастер, дэд хурандаа цолтнууд ч энэ ангиас төрөн гарчээ.

Хэдийгээр сургуулиа төгсч, амьдралын их далайд хөл тавьсан ч 10 “б” ангийнхан төрөлх сургуулиа тохижуулахад сэтгэл зүрхээрээ гар бие оролцож байжээ. Бүхний манлайд энэ ангийнхны санаачилсан ажил ямагт цойлдог аж. Тухайлбал, төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор дурсамж ном хэвлүүлэн гаргаж, төгсөлтийн бичлэгийг 2-3 CD болгон бэлэглэж, химийн тэнхэмийг анги удирдсан багш Г.Батсүх агсны нэрэмжит болгон тохижуулсан зэрэг хүн бүрийн алгыг дээш харуулсан өгөөжтэй уулзалт зохион байгуулж байсан аж.

Атгасан гар шиг нэгдмэл байж чаддаг энэ хамт олон өнөөдөр 25 жилийнхээ ойн уулзалтаа угтаад нэгэн сайн үйлсийн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Золгүй ослоос болж хөдөлмөрийн чадвараа алдсан ангийн бүсгүй Ц.Ариунтуяад халуун гараа сунгаж, орон байрыг нь тохижуулж өгчээ. Нэгнээ гэсэн хүн бүрийн сэтгэл юу юунаас ч чухал гэдэг нь энэхүү сайн үйлсийн ажлаас тод харагдана. Тэр дундаа сэтгэлийн өргөл үзүүлсэн Ц.Батцэцэг, Ч.Энхтөр, Ч.Цэрэнсүрэн, Ч.Чингэрэл, Т.Баттуяа, Б.Тэгшлхам, Ж.Болормаа, Т.Саранцэцэг, Б.Амаржаргал, Ю.Байгалмаа, Д.Өлзийсайхан, З.Энхцэцэг, С.Ганчимэг, Б.Нарангэрэл, Б.Ууганцэцэг, Ч.Энхбат, Ё.Батнасан, Ц.Наранбаатар, Ч.Ариунгэрэл, Мөнхчимэг, Ө.НасанӨлзий, А.Түвшинбаяр, Б.Оюундэлгэр нарын үйлс үргэлж өөдрөг байхын ерөөлийг ангийн нөхөд нь онцгойлон дэвшүүлсэн шүү. Энэ тухай “Та хэдийн маань сэтгэлийн өргөл хандивыг эвлүүлэн зүйх их ажлыг маань гардан хийсэн Зэвсэгт хүчний 14 дүгээр ангийн ахлагч З.Батхүү, ахлагч Г.Алтаншонхор, 065 дугаар ангийн ахлагч Л.Эрдэнэбилэг, зэвсэгт хүчний 336 дугаар ангийн орон сууцны ажилтан Ч.Баттуяа, Н.Даваасүрэн нарын уран гар, торгон мэдрэмж, сэтгэлийн нандин учгаар найзын маань гэр сүндэрлэн бослоо” гэж халуун дулаан урмын үгээр нэгнээ мялаав.

Монгол орныхоо өнцөг булан бүрт тархан суурьшиж байгаа 10 “б” ангийнхан орон зайн хувьд хол ажин түжин амьдарцгааж буй хэрнээ ямар ч тохиолдолд нэг нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байдгийг дээрх сайн үйлс батлан харуулав. Ер нь бусад анги хамт олон, төгсөгчид хүртэл ойн уулзалтаараа зугаалж, хөгжилдөхөөсөө урьдаар 10“б”гийнхэн шиг сайн үйлсэд санаачилгатай оролцож байвал хожмоо сайхнаар дурсагдах нь дамжиггүй юм.

Ийнхүү арван жилийнхээ төгсөлтийн ойгоор сайн үйлс бүтээсэн энэ ангийнхан багшийнхаа тухай санагалзан ярихдаа “Энэ сайхан модны мөчир нь болсондоо туйлаас их баярлаж явна. Модыг маань бат бөх үндэстэй болох эх суурийг тавьсан талийгаач багш Г.Батсүх маань билээ. Багш маань Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, тав, зургадугаар таван жилийн гавшгайч мундаг хөдөлмөрч нэгэн байсан юм. Мөн Г.Батсүх багш хичээл заахын хажуугаар спортод хорхойтой нэгэн байв.

Аймгийн хэмжээний наадмын барилдаанд хоёр удаа түрүүлж өсөх ирээдүйтэй начин цол хүртэж байсан. Ер нь багш маань бидний бахархал, үлгэр дуурайлал болсон хүн юм. Ангийнхаа хүүхдүүдийн санаачилсан бүхнийг ямагт дэмждэг, сурагчдынхаа ирээдүйн замыг гэрэлтүүлсэн ачтан байв. Г.Батсүх багш маань 500 гаруй шавь төрүүлсэн мундаг хүн байсан даа” гэцгээв. Мөн тэд ангийн анддаа тусалсан үйл явдлынхаа тухай нэмж ярихдаа “Өнөөдөр бидний дунд хамгийн их үгүйлэгдэж байгаа хүн бол яах аргагүй хайрт багш, ангийн хоёр сайхан анд минь юм. Хэдийгээр тэд маань бидний дэргэд байхгүй ч ангийнхаа охинд чин сэтгэлээсээ тусалсан биднийг бурхны орноос харж байгаа байх. Сайхан сэтгэлтнүүдийг өлгийдөж авсан ангийнхандаа 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, тэднийхээ гэр бүл, үр хүүхдүүдэд нь орчлонгийн хамгийн гэгээн бүхний дээдийг хүсэн мэндчилье” гэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажил хийгээч ээ

Хөдөлмөрч, ажилсаг ард түмэн улс орныхоо хөгжлийн түүчээлэгчид нь байдаг. Тиймдээ ч монголчууд нэг нэгнийгээ “Ажил хийгээч ээ” гэж хэлдэг. Гэтэл манайхан брэндээр биеэ чимж, үнэтэй машин хөлөглөж, хамгийн сүүлийн үеийн гар утсаар гангарахын тулд улстөрчдийн цүнх барьж, увайгүй хуйвалдааны зуучлагч болж, наймаа панз эргүүлж байгаагаа ажил хийж байна гэх юм. Тэгвэл монголчууд хэзээнээсээ бодит хөдөлмөрийг л ажил гэж нэрлэж ирсэн. Хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Хавар нь хувин төмс газар булаад зунжин усалж тордоод намар нь дөрвөн шуудай болгож авдаг. Эсвэл оны эцсээр хүнээс хэдэн эм хонь гуйж аваад тэрийгээ хавар болтол маллаж төллүүлээд, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр тохиролцоод сайхан хуваагаад авчихдаг. Айлын хонь маллаж өсгөж өгснийхөө үр шимд өөрөө ч хэдэн хоньтой болчихно. Энэ мэтчилэн газар хагалж тариа ургуулах, байшин барилга босгох, зам, гүүр тавих, шугам хоолой холбох гээд хүний гараар бүтэж буй бүхэн бол жинхэнэ ажил. Монголчуудыгаа энэ маягаар ажил хийгээч ээ гэж хэлмээр санагдаж байна.

Манайхан гэнэтхэн тэнгэрээс мөнгөөр бороо асгах юм шиг л санацгааж биеийн хүч, хөдөлмөр шингэсэн ажлаас зугтдаг. Нэгэн нэр алдартай яруу найрагч, монгол ард хоёрын хооронд нэг ийм яриа өрнөсөн гэдэг. “Миний хүү юу хийдэг вэ” гэсэн хөгшиний асуултад найрагч залуу “Шүлэг, найраглалаа бичээд л сууж байна даа” хэмээн хариулжээ. Тэгтэл олны танил эрхэм маань өнөөх хөгшиний амнаас ямар үг сонссон гэж санана. “Залуу хүн байна даа, ажил хийгээч ээ” гэж хэлсэн гэлцдэг. Үнэндээ дуу дуулах, бөх барилдах, шүлэг зохиол бичих, лам, бөө болох, арилжаа наймаа хийхийг ажил хөдөлмөр гэж үздэггүй. Өнөөдөр монголчууд тэр аяараа наймаачин болсон гэхэд тийм ч хол зөрөхгүй болов уу. Өнгөн дээрээ панзчид маань өөрсдийгөө их ажил хийж байна гэж үнэлцгээдэг. Харин тэд бол хүний сэтгэж бодож, урлаж, бүтээсэн зүйлсийг бусдад мөнгө нэмж худалддаг л хүмүүс шүү дээ. Хэрэв хөлс хүч, ур ухаанаа зарцуулан байж өөрийн гараар бүтээсэн зүйлээ зарж, борлуулж байвал энэ нь жинхэнэ ажил болно доо. Даанч тэд нэг хүнээс авсан барааг нөгөө хүнд илүү үнэтэй зарж, дундаас нь хэдэн төгрөг цавчсан тухайгаа л ярьцгааж суудаг. Тиймээс хуучцуул маань арилжаа наймаа хийдэг улсуудыг “Наймаа панз үсэргэсэн ажилгүй муусай юмнууд” гэж зэмлэдэг байсан сан.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон том, жижиг дэлгүүр хоршоо, зах, худалдааны төв, гудамж талбайд бараа таваар ширхэглэгчид, ТҮЦ-үүдийг хар л даа. Тэнд хичнээн мянган хүн арилжаа наймаа хийгээд сууж байна вэ. Төр засаг нь болохоор байшин саванд үйл ажиллагаа явуулж байгаа зах, дэлгүүрүүдийг хөөж туугаад байхгүй хэрнээ гудамжны наймаачид болоод ТҮЦ-ийнхэнтэй байнга хөөцөлдөнө. Ойрын өдрүүдэд хотын зарим ТҮЦ-үүдийг буулгаж байгаа тухай мэдээлэл нэлээд цацагдсан. Албан тушаалтнуудын хөөх шийдвэрийг эсэргүүцсэн ТҮЦ-ийнхэн орилолдон тэмцэлдэх ширүүн маргааныг хэвлэлүүд мэдээлж байгаа. Эндээс ч нэг эмэгтэй “Биднийг амьдралгүй болгочихлоо” гэхэд цаанаас нь өөр нөхөр “Ядарсан ард түмнээ төр дандаа дээрэлхдэг” гэж хашхирч бархиралдаад л. Үнэндээ ТҮЦ-д дандаа асуудалтай хүнсний бүтээгдэхүүн зардаг гэсэн гомдол тасардаггүй юм билээ. Бас ар өврөөр нь согтуу хөлчүү хүмүүсийн бие зассан ялгадас хүний замаар урсч, халдварт өвчин үүсгэх нян бактер үржих үүр уурхай боллоо гэсэн сөрөг мэдээллүүдийг харахаар ТҮЦ-үүдийг хураах нь нэг бодлын зөв ч юм шиг. Нөгөө талаар нэг ТҮЦ цаанаа өчнөөн олон хүний амьдралыг залгуулдаг гэхээр байх ёстой ч юм шиг. Ар араасаа ачигдаад байгаа ТҮЦ-үүдийн зовлонг сонсоход үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө долоо, найман саяар авчихаад байхад нь засаг төр “Газрын зөвшөөрөлгүй юм байна” гээд хураадаг бололтой юм. Манай төр ч гэж төр. Хүнлэг бус өөдгүй байх юм. Өнгөрсөн жил долоон сая гаруй төгрөгөөр зөвшөөрлөө авчихаад байгаа иргэдийг хөөж тууж л байдаг. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар явж заргалдах ёстой. Яагаад ч төр нь хэлсэн амандаа хүрдэггүй юм. Өчигдөр байгуулсан гэрээгээ өнөөдөр үгүйсгэж сүр хүчийг үзүүлж л байдаг. Уг нь эрх зүйт нийгэмд амьдарч байгаа улсын иргэдийн хувьд энэ асуудлыг хууль шүүхээр явж заргалдах бүрэн боломжтой шүү дээ. Өрнөж байгаа үйл явдлууд манай иргэдийг ТҮЦ-нд их ач холбогдол өгдгийг хэлээд байна. Бүгд л ТҮЦ-тэй болох гэж хошуурдаг. Заавал наймаа хийж яадаг юм бэ. Энэ чинь л монголчуудыг ажил хийхгүй байгааг харуулаад байгаа юм шүү дээ. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдүүдээ амьдрах ухаанд сургахын оронд олны танил од болгох гэсэн туйлын хүсэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэх юм. Хүүхэд болгон л дуучин, хөгжимчин, балетчин, загвар өмсөгч болно гэдэг болжээ. Эсвэл бөх болох гэнэ. За тэгээд хаана л ямар уралдаан тэмцээн болно, тэр бүгдэд хүүхдүүдээ аваачиж оролцуулан медалийг мянга мянгаар нь авчирч байна. Ингэж хүүхдийг багаас нь алдар нэр хүндийн төлөө гэсэн хийсвэр зүйлийг араас хөөцөлдсөн нэгэн болгож төлөвшүүлвэл насанд хүрсэн хойноо ажил хөдөлмөр хийж чадахгүй.

Монгол Улс маань хийж, бүтээе гэсэн хүнгүй болж гүйцлээ. Зах зээлийн шилжилтийг монголчууд худалдаа наймаа эрхэлж амь зуух нийгэм гээд ойлгочихсон. Жинхэнэдээ бид юм зарах биш, харин ч тэрийг нь зөв бүтээх нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Бүтээснээ бусдад зарж борлуулах нь хамгийн чухал. Бас энэ нийгэм биднээс хариуцлагатай, хүнлэг байхыг шаарддаг. Бид социализм гээд хий хөөрөгдсөн завсрын нийгэмд орсноос болоод амьдралын тухай ойлголтгүй болчихоод байгаа нь гашуун үнэн. Монголчуудын олон арван мянган жилийн туршид ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн тэр хэв маягаар бид амьдрах ёстой.

Өглөө эрт босч, бүтээлч байцгаая. Хүн бүр дор бүрнээ бичил аж ахуй эрхэлж, түүнийхээ үр шимийг хүртдэг баймаар байна. Ингэж чадвал улс эх орон хөгжиж, ард түмэн ч хуримтлалтай болж дундаж давхарга хөгжинө. Гадны улсын ганц хоёрхон жишээ татъя л даа. Жуулчдын диваажин болсон Чежү арлын ард түмэн дор бүрнээ жимс жимсгэнэ тариалж амьдарч байна. Гадаадын зочдын нүдийг хужирласан энэ аралын аж ахуй иргэдийн амьжиргаа байх жишээтэй. Саяхан л дайн байлдаантай хэцүүхэн байсан Вьетнамыг хар л даа. Өнөөдөр дундаж давхарга амжилттай хөгжиж яваа орнуудын нэг. Вьетнамд айл өрх бүр бичил үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бизнес явуулдаг. Үүнийг нь төр засгаас бодлогоор маш сайн дэмждэг юм билээ. Хоёр давхар байшинтай айл байлаа гэхэд нэг давхартаа өрхийн аж ахуйгаа эрхэлдэг. Оёдолчин, гуталчин, мужаан, гар урлал гээд өөрсдийн гараар бүтээсэн зүйлсээ үйлдвэрлэхээс гадна борлуулдаг гэсэн. Иймэрхүү маягаар монголчууд ч гэсэн байгаа зах зээлдээ тохируулж ажил хийх хэрэгтэй байна. Ажил хөдөлмөр бол амьдрах ухааны том сургууль юм.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Медалиа даахгүй бөхийсөн үр хүүхдүүд минь

Хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн спортын цагаар гадаадад болсон олимпийн таеквондогийн цуврал тэмцээнээс монгол хүүхдүүд медалийг үй олноор нь авчирч байгаа тухай гарч байна аа. Бөөн бөөнөөрөө очсон тэмцээнээс 50 гаруй медальтай ирсэн хүүхдүүдийг энэ мэдээгээр магтан шагшив. Улсын данстай ганц телевиз нь Буян-Ухаа онгоцны буудал руу гүйж очоод л тэднийг угтаж авах нь сүртэй гэж.

Ер нь сүүлийн үед монголчууд яасан ч их медаль авдаг болоов дээ. Спортын төдийгүй урлагийн үзүүлбэрээр энд тэндээс баахан медальтай ирсэн тухай алхам тутамдаа та бид сонсч, харж байна. Тийм ч төгөлдөр хуур, хийл хөгжмийн тэмцээний тэргүүн байрын шагналтан төрлөө. Ийм ч дуу дуулаач, балет бүжгийн шилдгээр тодорлоо гэх юм. Эсвэл ой тогтоолтын шинэ рекордын эзэд, сарабон сампингийн төрлийн сайчуул гэж ирээд л хэдэн давхар медаль зүүсэн хүүхэд багачуудын тухай телевиз болгоноор гаргаж, сошиалын лайк цуглуулагчид шэйрлэцгээдэг болов. Цаашилбал, самбо, жудо, таеквондо, жизицу, каратэгийн гээд спортын тэмцээний төрөл болгонд хүүхэд залуус алгасалгүй оролцож, аваргаллаа гэж шуугих юм. Самбо бөх гэхэд л дотроо барилдааны, байлдааны гэсэн төрөлтэй. Энэ төрөл бүрт нь Монголын хүүхдүүд 20, 30-аараа очиж оролцоод л медаль авч байгаа харагдана. Тэдэн дээр нэмээд ахмадууд маань хүртэл овойж оцойтол нь медаль авчирдаг боллоо. Монголоос өөр оронд чадалтай, тэнхээтэй хөгшчүүд байхгүй юм шиг л гайхуулна. Өсвөр үе, оюутан залуус, ахмадууд гээд нас насныхаа ангиллаар зүүсэн медалиудаа шаржигнуулсаар онгоц онгоцоороо л ирцгээдэг. Ийм ч юмны дэлхийн аварга, тийм юмны олимпийн тэмцээний аварга гээд л медалиудаа даахгүй, бөхийчихсөн буух юм байна шүү дээ. Тэр дунд нь төрийнхөө далбааг буруу харуулаад нөмөрчихсөн долоо, наймхан настай хүүхэд “Алтан медаль авсан” гэж баярлан уйлаад л. Энэ бүх жүжиглэлт үнэхээр хэрээс хэтэрлээ. Тэр тэмцээн уралдаанд оролцохгүй бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд хүрчихсэн жижиг орон уу, манайх. Бидний тусгаар тогтнол ийм хэврэг болчихсон юм уу. Олимпод юм уу олон улсын ямар нэгэн тэмцээн уралдаанд заавал оролцож, дэлхийд Монгол гэж орон байдгийг сануулж байх хэмжээний өчүүхэн орон уу, ямар. Харин спортын тайлбарлагч, фанатууд нь болохоор “Олон улсын уралдаан тэмцээнээс медаль авах нь чухал биш. Оролцох нь гол юм” гэж хэлэх их дуртай. Уг нь энэ үгийг дөнгөж саяхан дайн хийсэн болж тусгаар тогтнолоо олж авсан Хорватын ерөнхийлөгч л бодож яваа байх. Монгол бол мянга, мянган жилийн түүхтэй. Дэлхийн түүхэнд баларшгүйгээр Монгол гэж тамгалсан улс.

Таван тивд болж буй уралдаан тэмцээнд урлаг, спортынхныг оролцохыг нь эсэргүүцэж, хориглох гэсэнгүй. Тэдний бяр хүч, оюун ухаан, авьяас билгээ сорьж байгаа тэмцээн, наадам бүхэн бол зөвхөн хувь хүний л сонголт. Бас хобби. Гэтэл түүнийг нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүрч аваад л дөвийлгөж магтах нь хэрээс хэтэрлээ гээд байгаа юм. Дорж нь байна уу, Дулмаа нь ч байна уу хүссэн уралдаан тэмцээндээ оролцоод яваг л дээ. Энэ нь түүний хувийн амжилт, ажил, амьдрал нь юм байгаа биз. Гэтэл “Ингэж ч Монгол Улсынхаа гавьяаг гаргалаа. Машин, байр өгсөнгүй. Мэдсэн бол бөх болдог байж” гээд л Н.Батсуурь аваргатай барьцалдаж цахимаар баахан давалгаалахыг яалтай билээ. Бас гадаадаас ирэх медальтнуудаа угтахдаа зориуд зурагт телевиз бэлдээд оччихсон, нөгөө л ярьдгаа ярьж, гомдоллоод л. Тэдний нэр хүнд дээр Монгол Улс оршин тогтнож, эх орныхоо өмнөөс гавьяа байгуулж буй мэт сүйд болон хөөрцөглөцгөөх юм даа. Дээрээс нь онгоцны буудлаас тамирчдыг угтах ёслол гэж элэг эмтэрмээр арга хэмжээ манайд л байна. Том аянгад хийсэн сүү цагааг тэр олон хүнд тойруулан амсуулдаг. Сэжиг, цээр гэж байдаггүй юм уу. Энэ бүдүүлэг үйлдлээс чинь болж ханиад томуу, хоолойн өвчнөөс эхлээд сүрьеэ, элэгний вирус халдварлах аюултай. Одоо ийм хийрхэл, жүжиглэлтээ болих хэрэгтэй.

Монгол Улсын нэр хүндийг спортоор дэлхийд гаргая гэвэл хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн багийн спортыг л сайн дэмжиж, хөгжүүлмээр байгаа юм. Үнэхээр энэ гурван төрлөөр монголчууд медальтай ирж чаддаг юм бол мандуулж байя. Бусад спорт нь хувь хүний цэвэр амбиц. Монголын тамирчин олимпоос алт авснаараа ард түмнийхээ амьдралд нэмэр болдог бол болохоор л олон жилийг бид үдлээ, харлаа. Гэвч олимпийн аварга болчихоод Их хурлын гишүүн болно гэдгээс өөр ямар ч дэвшлийг мэдэрсэнгүй.

Та бүхний магтан шагшаад, хуйлран туйлширдаг урлаг, спортын энэ олон төрлөөр хоолоо олно гэвэл тун бүрхэг ирээдүй угтаж буйг мэдэж байгаа юу. Хэдийгээр олон улсын зэрэглэлтэй уралдаан тэмцээнүүдэд хүүхэд, залуус маань оролцож, медалиа даахгүй ирдэг ч Монголд зах зээл байхгүй. Самбо, жудо, чөлөөт бөх, таеквондо, каратэгийн гэх зэрэг спортын ганцаарчилсан төрлөөр хичээллээд, хийл, төгөлдөр хуур, балет, дуу дуулаач гээд урлагаар явсан хүн болгон Монголд сайхан амьдарна гэвэл эргэлзээтэй. Жудогийн төрөлд эрэгтэйчүүдээс Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдээс Д.Сумъяа хоёроос өөр зах зээл байхгүй. Ийм байхад тэр мянга мянган жудочид, самбочид, таеквондочид яаж амьдрах гэж байгаа юм бэ. Тэгээд ч жудо бол 30 нас хүрээд л хүссэн хүсээгүй ахидаггүй спортын төрөл. Балет, дуу, хөгжим ч ялгаагүй. Сонгодог бүжгээр 35 нас хүртлээ яваад л тайзнаа буудаг. Залуу нас, гоо үзэсгэлэнг илтгэсэн мэргэжил. Тиймээс одоохондоо Монголд балетаар Д.Алтанхуяг, дуурийн дуулаачаар Г.Ариунбаатар, төгөлдөр хуураар Н.Жанцанноров нарын луугарууд салбар салбарынхаа зах зээлийг тодорхойлж байгаа. Тэмцээн уралдаануудаас хэдэн арван медаль авчирсан тамирчид, тоо бодогчид, гоц авьяастнууд гээд бүгдийг нь манай улс байртай, машинтай болгож чадахгүй.

Үнэнийг хэлэхэд, энэ бүх хийрхэл хүүхэд залуусыг бага балчраас нь нэр төрийн хойноос хөөцөлдүүлсэн, медаль цуглуулах донтой, хөнгөн хийсвэр сэтгэлгээтэй болгоод хөдөлмөрөөс хөндийрүүлээд байна. “Нохойндоо эхлээд титэм өмсгөчихсөн бол дараа нь хүзүүвч зүүлгэх гэж зовно доо” гэсэн үг бий. Зах зээл байхгүй нийгэмд хөдөлмөрлөхгүй л юм бол яаж амьдрах вэ. Иймд үр тариа ургуулж, малаа өсгөн үржүүлж, ноос, ноолуураар хувцас хунар нэхэж, мах, ногоогоор хоол хийх зэрэг ажилд хүүхдүүдээ багаас нь сургая. Бидэнд байгаа зах зээл нь энэ. За тэгээд, дэлхий дахинд гарсан брэндийн үйлдвэрлэгч болоход суралцаж, хөдөлмөрлөж чадвал ирээдүйн амьдрал нь илүү баталгаатай болно. “Hand made” буюу гар хийцийн тансаг зэрэглэлийн гутал, хувцас өндөр үнэд хүрч буй энэ цаг үед ажил хэрэгч ботинк урлах нарийн технологийг сурчихад л алзахгүй. Газрын доорх баялгаа түшиж амьдардаг манай улсад уул уурхайн машинистууд бүр ч эрэлттэй байдаг. Энэ мэт хүний хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй ажил мэргэжлээс гадна бусдыг энэрэн хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг олон сайхан мэргэжлүүд бий. Хүний хүүхдэд эрдэм ном зааж, зөв ёс суртахуунаар хүмүүжүүлдэг багшийн мэргэжил хамгаас сайхан нь. Ард түмнийхээ амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаа нар үргэлжийн бэлэн байдалд зогсоцгоодог шонхорууд. Эх орныхоо хил хязгаар, аюулгүй байдлыг эгнэгт хамгаалдаг баатарлаг цэргүүд бас байна. Энэ мэтчилэн хүн байхын жаргал, хөдөлмөрийн амт шим, хүмүүжил төлөвшлийг мэдрүүлсэн зөв үлгэр дуурайлал, амьдрах ухааныг үр хойчдоо сурталчилдаг байя.


Categories
мэдээ цаг-үе

Д.Адъяасүрэн: Олон улсын худалдаанд шинэ эрин эхэлж байна

Олон улсын худалдааны эдийн засагч, төв Азийн бүс нутгийн худалдааны эксперт Д.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Дэлхий дахины худалдааны салбарт гарч байгаа өөрчлөлт, том гүрнүүдийн өрсөлдөөн буюу “Худалдааны дайн” гэж нэрлэгдсэн үйл явдлуудын талаарх судлаач хүний хүний байр суурийг эхлээд сонирхмоор байна?

-Сүүлийн гурван сарын хугацаанд олон улсын худалдааны бодлого, эдийн засгийн хөгжлийн түүхэнд бичигдэх үйл явцууд боллоо. Нэгдүгээрт, АНУ, БНХАУ-ын худалдааны хязгаарлалтууд болж байна. Хоёрдугаарх нь, БНХАУ Евразийн эдийн засгийн комисс(ЕАЭК)-той Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Гуравдугаарт, Европын холбоо Япон улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр. Энэ гурван том үйл явц нь олон улсын худалдааг даяарчлах эдийн засгийн нөхцөл нь болж байна.

-Америк, Хятад хоёр энэ дайны улмаас нэлээд зөрчилдөөнтэй байгаа шүү дээ?

-АНУ нь БНХАУ импортын 1300 гаруй бараанд гаалийн тарифын хувь хэмжээг 25 хувь болгосон бол нөгөө талаас БНХАУ нь АНУ-ын импортын 545 нэр төрлийн бараанд ялгавартай гаалийн тарифын хувь хэмжээгээ нэмэгдүүлсэн. Энэ ихэвчлэн хөдөө аж ахуйн, далайн гаралтай бүтээгдэхүүн болон эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин зэрэг гол экспортын бүтээгдэхүүнүүдийг хамарч байгаа нь хоёр улсын хооронд, сүүлийн үед олон улсад яригдаж байгаа “худалдааны дайн”, тулаан явагдаж байна.

Худалдааны дайн гэхээсээ илүү хоёр улс аль нь илүү хүчирхэг гэдгээ, дэлхийд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ ноёрхлоо тогтоох гэсэн өрсөлдөөн юм. Тэгвэл Европын холбоо болон Япон улс дээрх худалдааны хязгаарлалтын бодлогын эсрэг (протекционизм) 600 сая хүнийг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа нь тогтвортой улс төрийн хүсэл эрмэлзэл, худалдааны эрх чөлөөт байдлыг эрхэмлэгч лидер улсууд гэдгээ харуулж байна. Энд мөн Европын холбооноос БНХАУ-ын бараанд гаалийн татварын хувь хэмжээгээ нэмснийг мөн онцлох нь зүйтэй. Дээрх улсуудын хэрэгжүүлж буй гадаад худалдааны бодлого нь өөрсдийн том дотоод зах зээлээ хамгаалах арга хэрэгсэл нь мөн юм.

-Хятад улс бол манай экспортын гол зах зээл. Тэр утгаараа манайд тодорхой нөлөөллүүд үзүүлэх байх, тийм үү?

-Нөлөө байлгүй яахав. Харин ямар вэ гэвэл хоёр талтай, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй болно. Нөгөө талаас гуравдагч зах зээлийн орон зай бий болоод нэмэгдэж байна. Жишээлбэл, Европын холбооны зах зээл. Английн хурдны төмөр замыг байгуулах мега төслийг Японы “Hi­tachi” фирм хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хүрээнд БНХАУ-аас Европын холбоо руу экспортлогдож байсан бүтээгдэхүүнийг манай зах зээлээс нийлүүлэх боломж гарч байна. Энэ бол их том бизнес.

Хятадын экспортын бүтээгдэхүүний үнэ буурснаар энэ урсгал нь манай улсаар дамжин ЕАЭК-ийн зах зээлд гарч болох л юм даа. Ер нь бол энэ худалдааны дайнд хэн их мөнгө зарцуулна, тэр нь алдагдал ихээр амсах байх. АНУ доллараа их үйлдвэрлэдэг, дэлхийн санхүүгийн зах зээлд ноёрхлоо бий болгосон бол БНХАУ нь долларын их хэмжээний нөөцтэй, үүгээрээ бусад улсад хөрөнгө оруулалт, зээл тусламжийн цар хүрээгээ тэлсээр л байна.

-Ер нь дэлхийн шинжээчид энэ худалдааны дайныг хэр хугацаанд үргэлжилнэ гэж таамаглаж байгаа вэ?

-Аливаа үйл явцын хөгжлийн цикл гэж байдаг. Энэ удаад энэхүү цикл нь 3-5 жилийн хугацаатайгаар үргэлжлэх байх. Энэ цикл бол олон улсын худалдааны шинэ эрин эхэлж байгааг харуулж байна. Олон улсын худалдаа даяаршиж байна, нээлттэй болж байна. Том, том худалдааны хорших хэлбэрүүд бий болж байна, чөлөөт худалдааны шинэ том зах зээлүүд нээгдэж байна, харин энэхүү зах зээлийн тоглогч нар нь нэгдээд АНУ, Хятад хоёрыг өнөөгийн нөхцөл байдалд шинэ боломжуудыг нээж байна шүү дээ. Бидэнд ч гэсэн боломжууд байна.

-Евроазийн эдийн засгийн комисстой Хятад улс хэлэлцээр байгуулснаар манай улсад ямар нөлөөтэй вэ?

-Энэ оны тавдугаар сарын 17-нд ЕАЭК нь БНХАУ-тай Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрээр нэн тэргүүнд талууд худалдааны нээлттэй бодлогыг худалдааны тарифын хувь хэмжээг бууруулахгүйгээр хэрэгжүүлэх, худалдааны мэдээллүүдийн ил тод байдал, худалдаан дахь үйл ажиллагааг хялбаршуулж харилцан зах зээлүүдэд бараа бүтээгдэхүүнээ гаргах, эдийн засгийн ач холбогдолтой, Торгоны зам, “Нэг зам-Нэг бүс”-ын мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гол ач холбогдолтой юм. Түүнээс гадна энэ хэлэлцээрийн хүрээнд талуудын хамтарсан, хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсүүд хурдацтайгаар хөгжих боломжууд бий болж байна. Монгол Улсад энэ хэлэлцээр байгуулдагдсан нь сайнаар нөлөөлнө. Нэдүгээрт, ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит урсгал нэмэгдэнэ. Яагаад гэвэл аль ч Хятадын хилийн боомтууд нээлттэй болсноороо бага зардалтай тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдана. Манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт нэмэгдэнэ. Хоёрдугаарт, манайд дэд бүтцийн хамтарсан төслүүд хэрэгжих боломжууд нээлттэй болж байна.

Эхний хэлэлцээрүүд хийгдээд эхэлсэн байгаа. Тухайлбал Улаанбаатар-Дархан-Алтанбулаг авто замын шинэчлэл гээд. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсын гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх үйл явц. Тэгэхээр гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна, бүрдүүлэлтийн зардал багасна. Энэ бизнес эрхлэгчдэд маш чухал билээ. Гурван улсын хил дамнасан бизнес нээлттэй хөгжинө гэсэн үг.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: “Турк улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулаагүй” гэж Элчин сайд нь утсаар холбогдохдоо хэлсэн

АМЬД ХҮНИЙГ ҮЛ ОЙЛГОГДОХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД, БАРАА ТАВААР МЭТЭЭР ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ Л ШААРДЛАГА ТАВЬСАН-

Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Монгол дахь Турк сургуулийн багш Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэргийн үеэр манай улсыг хүний эрхийн өндөр мэдрэмжтэй ажиллалаа гэж дэлхий дахинд үнэлж, мэдээлж байна. Тухайн өдөр буюу өнгөрсөн баасан гаригт та “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан хүний хувьд болсон үйл явдалд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Монгол Улсад ардчилал, хүний эрхийн хамгаалал байдаг уу гэсэн асуултад олон улсын хэмжээнд багахан ч гэсэн хариулт өгөх гэнэтийн үйл явдал болж өнгөрлөө. Өнгөрсөн баасан гаригт турк багштай холбоотой асуудал дээр олон нийт, хэвлэл мэдээлэл, сошиал орчны идэвхтнүүдээс өгсүүлээд Монголын төр засаг, нийгмийн тогтолцоо маш шуурхай ажилласан гэж дүгнэж болно. Тухайн өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд энэ талаар маш олон асуулт, шаардлага ирсэн. Тиймээс би өөрийн биеэр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажилласан. Өөрийн биеэр очихгүйгээр хэн нэгэн албаны хүнээс утсаар асууж, тайлбар авах байдлаар асуудалд хандах нь цаг алдах эрсдэлтэй байсан л даа. Асуудлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, Гадаад харилцааны яамнаас ч шуурхай ажилласан нь талархалтай. БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болох бөгөөд Монгол Улс эрс эсэргүүцнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, тайлбар авсныг бүгд харж байсан.

Аль ч тусгаар улсын төр хийх л ёстой байсан арга хэмжээг Гадаад харилцааны яам шуурхай авч ажилласан. Эцэст нь Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан улс орон юм байна гэдгийг олон улсын хэмжээнд дүгнэлээ шүү дээ. Өөр хэд хэдэн улс оронд иймэрхүү эргэлзээ дагуулсан үйл явдал болоход хүний эрхийг төдийлөн хангаж чадаагүй гэсэн мэдээллийг хэвлэлүүдээс уншсаны дараа Монголтойгоо харьцуулаад харахад таатай л санагдаж байна лээ. Гэхдээ ингээд санаа амарч болохгүй, ард нь үүсэх өч төчнөөн асуудал бий л дээ.

-Туркийн Засгийн газраас мэдэгдэл гаргасан байна лээ. Монгол Улсыг худал хуурмаг мэдээлэл тараалаа гэсэн агуулгатай байх юм. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд та энэ асуудалд ямар тайлбар өгөх үү?

-Албан ёсоор Туркийн Засгийн газраас манай Засгийн газарт хандаад мэдэгдэл гаргасан эсэхийг хараахан мэдээгүй байна. Тийм мэдэгдэл гарсан бол Засгийн газрын зүгээс хариуг нь өгөх байх. Нэг зүйл тодотгоод хэлэхэд Монгол Улс, БНТУ маш өндөр хэмжээний найрсаг харилцаатай улсууд. Сая болсон үйл явдлаас шалтгаалаад олон жилийн найрсаг харилцаанд сэв суухгүй гэдэгт итгэлтэй байна. Туркийн Элчин сайд тэр өдөр надтай утсаар холбогдсон. “Турк Улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдаагүй. Ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагааг Монголын газар нутаг дээр зохион байгуулаагүй” гэсэн. Тиймээс үүнийг УИХ албан ёсоор тодруулах ёстой. Хаана ямар шийдвэр гаргаж, хэний оролцоотойгоор Монгол Улс дэлхий нийтийн өмнө ийм нөхцөл байдалд оров гэдэг нь өөрөө том асуудал үүсгэж байгаа шүү.

-“Буянт-Ухаа”-д бууж газрын үйлчилгээ авсан гэж байгаа Туркийн онгоцонд явж байсан хүмүүсийг манай талаас шалгах гэхэд эсэргүүцсэн. Тусгаар улсын нутаг дэвсгэрт орж ирчихээд дипломат албаны хүмүүс гээд шалгуулахгүй өнгөрч болохгүй биз дээ. Ер нь тэр хүмүүсийн тухай танд ямар нэг мэдээлэл ирсэн үү?

-Тэр бол Туркийн ерөнхийлөгчийн Тамгын газарт бүртгэлтэй, дипломат шугамаар дамжин өнгөрөх хүсэлтэй, дипломат паспорттай нисгэгч, экипажтай онгоц байсан. Мөн экипажийн багаас гадна дөрвөн хүн тэр онгоцонд байсан. Гэхдээ тэд хэн гэдэг, ямар учиртай хүмүүс болохоо хэлж Монгол Улсад бүртгүүлэх, паспортаа үзүүлж хуулийн дагуу орж, гарах үйл явц хийлгээгүй. Шалгаж үзэх гэхээр эсэргүүцсэн юм билээ. Засгийн газар энэ үед маш шуурхай арга хэмжээ авч ийм эргэлзээтэй байдалд уг онгоцыг түр саатуулах арга хэмжээг тухайн үед авсан.

-Тэр онгоцоор дипломат шуудан хүргэж ирсэн гээд байх юм. Тийм бол ямар шуудан гэхээрээ ингэж онгоцоор ирэх вэ. Онлайн хөгжсөн орчин цагт дипломат албаны үйл ажиллагаа ийм зардал чирэгдэлтэй явагдана гэж үү?

-Яахав, бүх юмыг цахимаар илгээж болохгүй л дээ. Гэхдээ амьд хүн дипломат ачаа байх ёсгүй л юм. Тиймээс энэ асуудалд Монголын төр хатуу хяналт тавих ёстой юм. Хилийн цэргийн байгууллагаас “Дипломат онгоц учраас бид явуулах ёстой. Нисэхэд нь саад учруулж болохгүй” гэсэн. Тиймдээ ч тус онгоцыг хөөрөхөд манай талаас ямар нэгэн саад учруулаагүй. Бид ИНЕГ болон Зам тээврийн яамны албаны хүмүүст “Ачаа бол дипломат шугамаар орж, гарч болох байх. Харин амьд хүнийг, үл ойлгогдох эргэлзээтэй нөхцөл байдалд, бараа таваар мэтээр явуулж болохгүй гэдэг л шаардлага тавьсан.

-Ер нь тэр онгоц манайд буух албан ёсны зөвшөөрөл урьд нь авсан байсан уу. Тийм биш бол хоёр улсын дипломат харилцааг ноцтойгоор зөрчсөн асуудал болно биз дээ?

-Ямар ч байсан транзит тээврийн онгоц буугаад явсан. Дипломат шугамаар “Ачаа авна” гэж буусан. Манай талаас бүх зөвшөөрлийг нь өгөөд асуудалгүй буулгасан. Буцаад хөөрөхөд нь ч саад учруулаагүй, гол нь тэр ачаа нь амьд хүн байж болохгүй гэдэг байр сууриа л илэрхийлсэн. Тиймээс тэр онгоц ирсэн шалтгаан болон, Туркийн иргэнийг хулгайлах гэж оролдсон асуудлыг манай хуулийнхан тодорхой болгох ёстой юм. Хүний эрхэнд халдаж, долоо, найман цагийн турш ойлгомжгүй байдлаар авч явна гэдэг зайлшгүй шалгах ёстой, ноцтой асуудал. Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсний үр дүнд ийм байдлыг л зогсооцгооё гэж хуулиндаа тусгаж өгсөн шүү дээ.

-Сүүлийн үед Турк, Монголын төрийн айлчлалуудын давтамж нэмэгдэж, хоёр улсын харилцаа сайн байгаа. Тиймээс Вейсел Акчайг авч явах ажиллагаанд дээгүүрээ тохиролцсон байсан юм биш үү. Монголын хоёр иргэнийг Туркт хоригдсон байсныг сулласан гэх ч мэдээлэл байгаа?

-Хоёр улсын харилцаа сайн байгаа нь хэнд ч гэсэн олзуурхууштай. Тийм тохиролцоо байсан эсэхийг мэдэхгүй ч бүх зүйл Монгол Улсын хууль тогтоомжууд болон Монгол Улсын нэгдсэн, элсэн орсон, олон улсын конвенцуудын хүрээнд явагдах учиртай юм.

-Вейсел Акчайг хулгайлах ажиллагаанд Монголын хууль хүчнийхэн оролцсон гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр түүнийг ямар зорилгоор, яах гэж шалгах болсон талаар мэдэгдэх ёстой биз дээ. Тэгэлгүйгээр шууд аваад явсан нь өөрөө олон асуултад хардлага дагуулж байх шиг?

-Хүчний байгууллага мөрдөн шалгаж байгаа хэргийн хүрээнд нууцлах асуудал бий байх. Гэхдээ мэдээлэл өгөх ёстой газар нь парламент. Тиймээс УИХ ээлжит бусаар хуралдахдаа энэ талаар маш тодорхой сонсгол мэдээллийг хийж, тодорхой болгох ёстой. Ээлжит бус чуулган эхлэхээр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Ингээд өнгөрч болохгүй, бүх зүйлийг тодорхой болгох ёстой. Хэзээ нэгэн цагт ийм үйл явц давтагдвал яах вэ, давтагдаад аливаа улс орны төр засагтай бид үл ойлголцолд орохоос хэн хэнийхээ эрх ашгийг хөндөлгүй яаж учраа ололцох вэ гэдгийг ярих ёстой л доо.

-Ээлжит бус чуулганыг долдугаар сарын 30-ны дотор зарлан хуралдуулах шаардлагыг Ерөнхийлөгчийн зүгээс Их хурлын даргад хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна. Ер нь 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах нь зөв үү?

-Хаврын чуулган завсарлахын өмнө олон чухал асуудал хэлэлцэхгүй өндөрлүүлж байна гэдэг шүүмжлэл хэлж байсан. Тймээс ээлжит бус чуулган зарлахыг дэмжинэ. Хуулиндаа заасан хугацаа нь долдугаар сарын 25-ны өдөр гэхэд УИХ-ын дарга ээлжит бус чуулганы товыг зарлах ёстой байсан. Гэтэл зарласангүй. Ингэснээр Үндсэн хуулийн зөрчил үүсээд нэлээн хэд хоночихлоо. Парламентад Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэдэг ноцтой асуудал. Тиймээс энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдах байх гэж хүлээж байна.

-Улс эх орны хөгжил, эдийн засагтай холбоотой асуудлаар биш, эрх баригчдын нэг нэгнээ унагах гэсэн хагарал туйлдаа хүрч ээлжит бус чуулганыг зарлахыг шаардлаа гэх бодолтой хүмүүс цөөнгүй байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Парламентад л гэхэд хаврын чуулганы нийт хугацааны 80 хувийг хэлэлцэх асуудалгүй, үр бүтээлгүй өнгөрөөсөн. Нэг ч бие даасан хууль батлалгүй байж байгаад чуулганы төгсгөл рүү хэдхэн хуулийг баталлаа. Гишүүдийн шаардсан болон нийгмийн зүгээс хүлээлттэй олон асуудлыг хэлэлцэхгүй байж байснаа төгсгөлд нь ноцтой том асуудлуудыг бөөнд нь шуурхай хэлэлцээд явчихсан. Тийм болохоор нийгмийн тусын тулд нэг ч гэсэн асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж байвал сайн. Ер нь эцсийн эцэст эрх баригчдын бугширмал, увайгүй байдлаас төр засаг, цаашлаад ард түмэн хаа хаанаа хохирч байгааг бүгд л харж байгаа байх.