Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Бямбаханд: АНУ-ын талын техникийн тусламж, дэмжлэгийг авахад Уэнди Шерманы айлчлал хувь нэмэр оруулна

Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан хатагтай Уэнди Шерман манай улсад айлчилсан билээ. Түүний айлчлалын хүрээнд ямар асуудлууд шийдэгдсэн талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бямбахандтай ярилцлаа.


-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман манай улсад хоёр өдрийн айлчлал хийлээ. Түүний айлчлалын онцлог, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшиж ялалт байгуулсан Ж.Байден албан ажлаа аваад зургаан сарын хугацааг өнгөрүүлээд байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга У.Шерман нь АНУ-д шинэ засаг захиргаа бүрэлдсэнээс хойш Монгол Улсад айлчилсан Вашингтоны хамгийн өндөр албан тушаалтан болж байгаагаараа онцлогтой юм. Та бүхэн мэдэж байгаачлан, АНУ-ын Үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгч нь гадаад бодлого тодорхойлоход тэргүүлэх үүрэгтэй оролцдог. Энэ утгаараа, шинэ захиргааны өндөр албан тушаалтны айлчлал хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Мөн 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын түр хугацааны стратеги” батлагдаж, үүндээ Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ач холбогдол өгөхөө дурдаж, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохоо зарласан. Вашингтоны бодлого боловсруулагчид Монгол Улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамруулан үздэг нь тус улсын бодлогын баримт бичгүүдээс харагддаг. Энэ бүс нутгийн хүрээнд Монгол Улс-АНУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх сонирхол АНУ-д байдаг. Нөгөөтэйгүүр, энэ айлчлал нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Цар тахлаас болоод олон улсад хийгдэх байсан айлчла лууд цуцлагдаад байсан. Тухайлбал, 2020 оны аравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Монгол Улс болон БНСУ-д хийх ёстой байсан айлчлал ерөнхийлөгч Д.Трамп “Ковид-19”-ийн халдвар авсантай холбоотой цуцлагдаж байсан. Цар тахал дэгдэхээс өмнө хоёр талын харилцан айлчлал тогтмолжиж, жил бүр шахуу Америкийн талаас өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байсан билээ. Үүнээс үзэхэд, энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцаанд тогтсон харилцан айлчлалын давтамжийг хадгалахад чухал нөлөөтэй юм.

Түүнчлэн, хоёр талын хамтран хэрэгжүүлж буй МСК-ийн II компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр шийдвэрлэсний дагуу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжихээр болсон. МСК-ийн II компакт гэрээний хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийг амжилттай урагшлуулахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн айлчлал чухал түлхэц үзүүлэх болов уу хэмээн үзэж байна.

-Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын Хэлэлцээр”-т 2013 оны есдүгээр сарын 24-нд Нью- Йорк хотноо гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн чуулганаар гэрээг соёрхон баталсан. Талууд 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурснаар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон явдал нь АНУ төдийгүй гадаадын бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжид эерэг дохио болсон бөгөөд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авах эрмэлзэлтэй, бэлэн байгаагийн илэрхийлэл болж байна. Мөн хоёр талын харилцааны түвшинг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхээр 2019 онд тохиролцсон бөгөөд стратегийн түншлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд Ил тод байдлын хэлэлцээр чухал үүрэгтэй юм. Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Америкийн талын техникийн тусламж, дэмжлэгийг авах шаардлага бий. Тиймээс АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчийн айлчлал энэ чиглэлд хувь нэмэр оруулах боломжтой юм.

-УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай У.Шерманыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэсэн байна лээ. Энэ хуулийн ач холбогдлын талаар дурдвал?

-Хоёр улс газарзүйн хувьд алслагдмал оршдогоос АНУ-тай худалдааны өргөн харилцаа тогтоох боломж хязгаарлагдмал боловч хоёр талаас идэвх, санаачилгатай ажиллавал энэ сул талыг нөхөх боломжтой. Монгол Улсын санаачилгаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тед Йохо нарын 10 гишүүн “Монгол Улсын Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийн төслийг 2018 оны долдугаар сарын 26-ны өдөр анх удаа өргөн барьсан. Түүнээс хойш тус хуулийн төслийг 2019 онд дахин өргөн барьж, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төсөл хоёр танхимын нийт 100 орчим гишүүний дэмжлэгийг аваад байсан юм. Хамгийн сүүлд, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн бариад байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох замаар Монгол-Америкийн хоорондын худалдааг өсгөнө. Мөн манай улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх буюу уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих боломжтой болох юм. Гэвч манай улс дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх боломжтой болсон тохиолдолд энэ боломжийг бусад орны хөрөнгө оруулагчид илүү ашиглах магадлалтай. Иймд Монгол Улсаас АНУ-д татваргүй нийлүүлэх оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гарал үүслийг нарийн тодорхойлох, үндэсний үйлдвэрлэл шингэсэн эсэхийг нягтлах тогтолцоо бий болгох шаардлагатай юм.

-Гуравдагч хөршийн гол орны нэг АНУ-ын төрийн том албан тушаалтан манай улсад ирснийг дэлхийн томоохон гүрнүүд хэрхэн дүгнэж байгаа бол?

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман нь энэ удаа зөвхөн Монгол Улс төдийгүй Япон, БНСУ, БНХАУ зэрэг Азийн орнуудаар айлчилсан. Азийн орнуудад хийсэн энэхүү айлчлалынхаа үеэр Япон, БНСУ-ын өндөр албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийхдээ Умард Солонгосын асуудал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэндийн асуудал зэргээр бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдаад буй асуудлуудыг хөндөн ярилцсан. Манай улсад хийсэн айлчлалаа дуусгаад хатагтай У.Шерман БНХАУ-ыг зорьж, Тяньжинь хотноо БНХАУ-ын албан хүмүүстэй уулзах бөгөөд Хятадад хийж буй айлчлалтай нь холбогдуулан дэлхийн хэвлэлүүд анхаарч бичиж байна. Сүүлийн жилүүдийн худалдааны дайн, 5G технологийн асуудал зэрэг олон асуудлаас болоод АНУ-Хятадын харилцаа нэлээд ээдрээтэй байдалд байгаа учраас олон улсын харилцаанд хамгийн чухалд тооцогдож буй эдгээр улсын хоорондын асуудал дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна.

-Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг У.Шерманд тавьсан. Хоёр улсын боловсролын харилцаа ямар түвшинд байна вэ?

-Хоёр тал соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1989 оны есдүгээр сард гарын үсэг зурсан байдаг. Статистик мэдээллээр 3000 орчим оюутан АНУ-д сурч байна. Гэхдээ тэдгээр оюутны дийлэнх нь хувийн зардлаар суралцагчид юм. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй олон тооны тэтгэлэгт хөтөлбөрт монгол залуус хамрагдах боломжтой байдаг. Тухайлбал, Фульбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь 1993 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрт 2011 он хүртэл жилд дунджаар 4-5 оюутан хамрагддаг байсан. 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан Фульбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш жил бүр 3-15 оюутан хамруулах болсон. Америкийн Их, дээд сургуулиуд нь дэлхийд чанараар тэргүүлдэг, шилдэг сайн сургуулиудын жагсаалтыг тогтмол тэргүүлдэг учраас монгол эцэг эхчүүд хүүхдээ Америкт сургах эрмэлзэлтэй байдаг боловч сургалтын чанараа дагаад төлбөр нь өндөр байдаг. Энэ утгаараа, АНУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт хамруулах оюутны тоог нэмэгдүүлэх, илүү олон хүнийг хамруулах шаардлага байгаа юм.

-Батлан хамгаалахын сайд хатагтай У.Шермантай уулзах үеэрээ энэ салбарт АНУ-ын Төрийн департаментаас дэмжлэг хүссэн байна лээ. Түүний айлчлалын дараа хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаанд ямар үр дүн гарах вэ?

-Монгол Улс анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу 2002 онд илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 18144 цэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 732 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсын энхийг сахиулагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан, Бүгд Найрамдах Судан Улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг дэлхийн мөргөлдөөний халуун бүс нутагт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирсэн. Хэдийгээр Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болж, АНУ тэргүүтэй орнууд цэргээ гаргахаар шийдвэрлэсэн боловч Монгол Улс цаашид НҮБ-ын энхийг сахиулах бусад ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байдаг. НҮБ-ын ердийн төсвийн 22 хувь, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төсвийн 28.43 хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг учраас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах үйл явцад голлох үүрэгтэй оролцдог. Энэ утгаараа, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг 2021 оны долдугаар сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилго, хүчин чармайлтын талаар танилцуулж, АНУ-ын Төрийн Департаментаас дэмжин ажиллахыг хүссэн болов уу хэмээн харж байна.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Загдцэсэм: Монгол Японы улс төрийн харилцаа идэвхжиж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон улсад хийсэн ажлын айлчлалын талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Загдцэсэмтэй ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад дахь анхны айлчлал Япон улс байлаа. Манай гурав дахь хөршид хийсэн Засгийн газрын тэргүүний айлчлал ямар үр дүнтэй болов?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 21-25-нд Япон улсад ажлын айлчлал хийсэн нь Засгийн газрын тэргүүний хувиар хийсэн анхны гадаад айлчлал нь боллоо. Энэхүү айлчлал Монгол Улс гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлэхийг зорьж ирсэн Гуравдагч хөршийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж буйг нотлон харуулсан айлчлал боллоо гэж дүгнэж болно. Аливаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бат бэх, өргөжин хөгжихөд улс төрийн сайн харилцаа, харилцан илтгэлцэл хамгаас чухал. Энэхүү улс төрийн сайн харилцаа, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд хоёр талын төр засгийн тэргүүнүүдийн өндөр дээд хэмжээний айлчлалууд түүний үр дүн чухал ач холбогдолтой. Монгол, Япон хоёр орны хооронд төр засгийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлал сүүлийн жилүүдэд тогтмолжиж ирсэн уламжлал “Ковид-19” цар тахлын үед ч үргэлжилж байгаад баяртай байна.

Мөн бүс нутгийн чухал түнш Япон улсын олон улс, бүс нутгийн тавцанд гүйцэтгэж буй үйл ажиллагаа манай улс өндрөөр үнэлж, хамтран бие биеийг дэмжиж ирсэн бөгөөд “Ковид-19” цар тахлын хүнд үед Япон улсын өндөр хэмжээнд зохион байгуулж буй Токиогийн Зуны 32 дахь олимпийн нээлтэд манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон нь зохион байгуулагч улстай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэв. Энэ нь манай хоёр орны найрамдалт харилцаа улам батжин гүнзгийрч буйг давхар нотолсон үйл явдал боллоо гэж бодож байна.

-Стратегийн түнш Япон улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотоллоо гэж байна. Цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг энэ удаагийн айлчлалаар хэрхэн тодорхойлсон бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын үеэр Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхитод бараалхаж, ерөнхий сайд Ё.Сүгатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ялангуяа хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Тухайлбал, хоёр орны улс төрийн харилцаагаа улам идэвхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар талууд санал нэгдсэн.

Мөн Монгол, Япон улсын Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг хоёр орны Засгийн газрын тэргүүнүүд харилцан сайшааж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болсон нь цаашид хоёр орны хамтын ажиллагаа ямар байх вэ, ямар тэргүүлэх чиглэлд бид хамтарч ажиллах ёстой вэ гэдгийг ойрын хугацаанд тодорхойлох болсонд айлчлалын бас нэг ач холбогдол оршиж байна.

Ирэх 2022 онд Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд энэ ойд зориулж хоёр орны харилцааг ирээдүйн 50 жилд хөгжүүлэн авч явах залуу үеийн хоёр орны талаарх ойлголт, найрамдалт харилцааг нэмэгдүүлэх үүднээс 2022 оныг “Япон, Монголын Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгох саналыг Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга дэвшүүлснийг манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархан дэмжсэн.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Япон улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлдээ Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн төлөө түнш улс орнуудтай хамтран ажиллахыг чухалчлан үзэж, тус бүс нутагт идэвхтэй гадаад бодлого явуулдаг орон. Тиймээс Энэтхэг Номхон далайн бүсэд улс орнууд тэгш эрхтэйгээр олон улсын эрх зүйн зарчим хэм хэмжээнд нийцсэн чөлөөт, нээлттэй худалдааг саадгүй хийх зорилго бүхий “Чөлөөт, нээлттэй Энэтхэг Номхон далай” стратегийг хөгжүүлэхэд олон улс орнуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү “Чөлөөт, нээлттэй Энэтхэг номхон далай” стратегийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар хоёр орны Ерөнхий сайд нар энэ удаагийн айлчлалаар санал нэгдсэн. Мөн хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар санал нэгдсэн.

-Японы өндөр технологийг Монголд нутагшуулах тал дээр ямар ажил хэрэг бүтээсэн бэ?

-Өндөр технологи нутагшуулах үйл явц цаг хугацаа, хөрөнгө, идэвх зүтгэл ихээр шаарддаг нь олон улсын туршлагаас харагддаг. Манай хоёр орны төр засгийн тэргүүнүүдийн удаа дараагийн яриа хэлэлцээрийн үр дүнд манай улсад нэвтэрч буй Японы технологи, ноу хау-гийн нэгэн жишээг дурдахад, долдугаар сарын 4-нд Япон улсын 6.6 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр жилд 3 сая зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах хүчин чадалтай иргэний нисэхийн олон улсын стандартад нийцсэн нислэг хөдөлгөөний удирдлагын орчин үеийн тоног төхөөрөмж, навигацийн тоноглолоор хангагдсан иж бүрэн цогцолбор “Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал”-ын үйл ажиллагааг нээсэн. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор нисэх буудлын удирдах менежмэнтийн арга барилд манай улс суралцаж, Японы технологи ноу хау нэвтрэх боломж бүрдэж байна.

-Манай хөдөө аж ахуйн салбарт Японы хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд байна вэ?

-Манай улс хөдөө аж ахуй, газар тариаланг зөв менежмэнтээр хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, гадаадад экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах бүрэн бололцоотой үржил шимт хөрс, мал аж ахуйн нөөц ихтэй орон. Энэ боломжоо ашиглан Япон төдийгүй өндөр хөгжилтэй тэргүүний технологитой улс орнуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг энэ салбарт татах бүрэн боломж бий. Ингэхийн тулд төрөөс тусгайлан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

-Ерөнхий сайд айлчлалынхаа төгсгөлд Японы “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимүра болон тус улсын ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзжээ. Талууд цар тахлын нөхцөл байдлыг бууруулах тал дээр ямар хариу арга хэмжээ авахаар тохиролцсон бэ?

-“Ковид-19” цар тахлыг хамтын хүчээр даван туулах тал дээр дэлхийн улс орнууд санал нэгдэж, хөгжиж буй улс орнуудад дэмжлэг туслалцааг үзүүлсээр байгаа. Япон улс нь олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож 200 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулах зорилгоор КОВАКС хөтөлбөрт дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарласан.

Манай улсын хувьд Япон улсаас эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, вакцин худалдан авах санхүүжилтийг тусламжаар авч буй нь цар тахлыг даван туулахад ихээхэн нэмэр тус болж байна. Тухайлбал, долдугаар сарын 8-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши болон Сангийн сайд Б.Жавхлан нар буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих 883 сая иенийн “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд чиглэгдэж байна.

Энэ удаагийн айлчлалаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон дахь коронавирусийн дельта хувилбарын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, хүнд өвдсөн өвчтөнүүд рүү чиглэсэн эмчилгээний талаар мэдээлэл авч, цар тахлын энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжлийн туслалцааг өгч байхыг хүссэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: Монгол Улс хэмжээлшгүй эрхт засагтай болох тал руугаа орчихлоо

АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-АН-ын дотоод асуудлын талаар ярилцлагаа эхэлье. Танай нам хагаралтай байгааг бүгд мэднэ. Нийгэмд тамга тэмдэг, эрх ашгийн маргаан мэт харагдаж байгаа ч мөн чанартаа үзэл бодлын ялгарлаар хоёр талд гарчихаад байна уу?

-Хуульч хүний хувьд хуулийн хүрээнд асуудлыг яримаар байна. Намын дотоод хагарал хэзээ бий болсон гэдгээс эхэлье. 2020 оны долдугаар сард АН сонгуульд ялагдаад намын дүрмийн дагуу С.Эрдэнэ гэдэг хүн хариуцлага хүлээж тамгаа түр хүлээлгэж өгөөд, намын даргын сунгааг явуулсан. Ингээд сонгогдсон хүн нь намын даргаа аваад яв гэсэн шүү дээ. Нам шинэчлэгдэх ёстой. Харамсалтай нь энэ шинэчлэлийг хийхээсээ өмнө хэн шинэчлэх ёстой вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой байсан. Яагаад гэвэл аль ч нам эхлээд удирдлагын асуудлаа шийдчихээд тэр хүн нь цааш авч явдаг. Тэгэхээр М.Тулгат гэдэг хүнийг АН-ын их хурлаар баталгаажуулсан. Гэтэл нөгөө талд О.Цогтгэрэлийг сонгосон байсан. Бүх улс өөрийн гэсэн хууль, дүрэмтэй. Хэрэв хууль дүрмийнхээ дагуу аль талд байна гэдгийг тохироод явчих ёстой. Хэн тохирохгүй байна гэдэг нь асуудал болчихоод байгаа юм. Жишээлбэл, эрх мэдэл нь үү, хууль, дүрэм, журам нэгдүгээрт байна уу гэдэг нь хамгийн том асуудал. С.Эрдэнэ байнга хэлж байгаа. “О.Цогтгэрэл нь ч байна уу, М.Тулгат нь авна уу хамаагүй. Гол нь дүрэм журмынхаа дагуу хурлаа хийгээд сонгогдоод яв” гэдэг. Тэгэхээр өнөөдөр нам хагарсан гэдэг ойлголт биш. Хэсэг бүлэг этгээд намын эрх мэдлийг авах гэж намын гишүүдийг талцуулсан үйлдэл харагдаад байгаа юм.

-Хоёр тал ширээний ард суугаад ярилцсан удаа байна уу?

-Миний хувьд энэ намын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга хүн. Нөгөө талын хүмүүсээс нэг нь ч над руу сайн дураараа утасдаад, “Алив О.Баасанхүү чи хуульч хүн байна даа, сууж байгаад бүгдээрээ ярилцъя. Үнэхээр бидний буруу бол намын төлөө буулт хийе. Бидний зөв бол үүнийгээ цааш нь авч явна. Цаана байгаа хүмүүстээ ойлгуул” гэж хэлэхгүй байгаа.

-Улсын дээд шүүх АН-ын дараагийн даргыг бүртгэхгүй гацаагаад байгааг та юу гэж харж байна вэ. С.Эрдэнэ мэдээллийнхээ үеэр Үндсэн хуулийн Цэцэд хандана гэж байсан?

-Улсын дээд шүүх яаж бүртгэх вэ гэдэг журмаа баталчихсан. Тэр журмаараа бичиг баримт өгсөн хүмүүс хуучин шиг хуралдаанд оролцоод өөрсдийгөө тайлбарлах эрх нь байхгүй. Өгсөн бичгийн хүрээнд шийдвэр гаргахдаа нийт шүүгчдийн бүрэлдэхүүнээр шийдэх ёстой. Нэг удаа шийдсэн. Шийдэхдээ хоёр тал зэрэг материал өглөө. Тийм учраас асуудлаа дахин нягтал гээд буцаасан. Бид нягтлаад өгсөн. Зөвхөн илтгэл шүүгчийн зүгээс “Бүх шүүгчийн хуралдаанд орох шаардлагагүй анхны зөрчил арилаагүй байна” гэж хэлээд байгаа. Үүнийг буруу гэж үзэж байна. Энэ бол шүүн таслах үйл ажиллагаа биш. Журмаараа бол би хэдэн ч удаа бичиг өгч болно. Тэд бүх шүүгчдийн хуралдаанаараа оруулаад зөвхөн бүх хуралдааныхаа дүгнэлтийг тогтоол хэлбэрээр нь танилцуулж байх ёстой. Бидний зүгээс Улсын дээд шүүхийн ялангуяа захиргааны шинжтэй тогтоол шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгээд явах эрхтэй.

-Танай намыг эвлэрээд ирвэл бүртгэнэ гэсэн шаардлага тавиад байгаа шүү дээ. Намын дотоод асуудалд Дээд шүүх оролцох хуулийн зохицуулалт байдаг юм уу?

-Дээд шүүх бүх гишүүдийн хуралдааны тогтоолоо бидэнд өгөх ёстой. Тогтоол өгөхгүйгээс болоод бид дараа дараагийнхаа хуулийн байгууллагаар эрхээ хамгаалуулах эрх маань хаагдаад байна. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдээсэй гэж хүсч байна. Тэгээд ч улс төрийн намын дотоод асуудалд Дээд шүүх ордоггүй. Зөвхөн хууль, дүрмийн дагуу байна уу гэдэг нь чухал. Түүнээс “Тэр дүрмээ баримтлаад хийсэн аливаа шийдвэрийг таатай хангасан байна, таагүй хангасан байна” гээд улс төрийн намын бүхэл бүтэн үйл ажиллагааг, тэр дундаа эрх зүйн чадамжийг хагас байдалтай байлгаж болохгүй. Тэгээд ч наймдугаар сарын 10-нд мэдэгдэл хийхэд дахиад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх дүр зураг үүсчих гээд байна. Тиймээс уг асуудлыг Дээд шүүх хурдан шийдээсэй гэж хүсч байна.

-Б.Пүрэвдорж гишүүн, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар намынхаа эв нэгдлийг хангахын тулд онц их хурал хуралдуулахыг уриалж намын гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдсэн. Ингэхэд хоёр талд гарсан АН эвлэрэх боломжтой гэж үзэж байна уу?

-Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байсан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарыг бодоход туршлагатай, АН-ын урдаа барих улстөрчдийн нэг учраас хүндэлж байгаа. Эв нэгдлийн төлөө ямар нэгэн алхам хийх гэж яваа бол хүндэтгэж, аль болох өөрийнхөө талаас боломжороо дэмжмээр байгаа юм. Хамгийн гол нь бүх юм хууль, дүрмийн дагуу байгаасай гэж хүсч байна. Дүрэмд 100 мянган хүнээс гарын үсэг цуглуулаад онц их хуралдаан хуралдуулах эрхтэй гэж бичсэн юм уу, бичээгүй юм уу. Аливаа улс төрийн нам бол анхдугаар их хурлаа хийгээд дараа нь Улсын дээд шүүхэд бүртгүүлээд хуулийн этгээдийн эрхээ авдаг байгаа. Энэ дагуу дүрмээ тодорхой хэмжээгээр өөрчлөөд, засч, шинэчлээд явдаг. Тухайн нам, хуулийн этгээд татан буугдаагүй цагт тэр дүрэм нь намын үндсэн хууль гэсэн үг. Тэгэхээр хууль дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр эвлэрэх ёстой гэвэл бүх талаа уулзуулаад, хэвлэл мэдээллийг байлцуулаад олон нийтийн өмнө зөвшилцөл хийж болох юм. Яагаад гэвэл хууль дүрмийн дагуу бүх юм хийгдэх ёстой. Тэрнээс хэдэн зуун мянган ч гарын үсэг цуглуулсан бай онц их хурал хуралдуулах тухай АН-ын дүрэмд огт байхгүй. Үүнийг зохион байгуулах нь хүчин төгөлдөр хуулийн этгээдийн хувьд боломжгүй. Шинээр нам байгуулах гэж байгаа бол өөр асуудал.

-Сөрөг хүчин сул ажиллаж байна гэсэн шүүмж байнга хүртдэг. Яаж ажиллах ёстой вэ?

-Сөрөг хүчний хувьд сул байна гэдэгтэй би санал нэг байгаа. Сөрөг хүчин гэдгийг зөвхөн АН гэж хэлмээргүй байна. Өнөөдөр МАН хэт үнэмлэхгүй олонх болчихсон. Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай, парламентад 62 суудалтай ийм үед бүх нам сөрөг хүчин юм гэж бодож байгаа. Ковидоор жишээ авахад өдөрт 1000 гаруйгаар илрээд долоо, найман хүн нас бараад байна гэж яриад байгаа. Бодит байдал дээр тийм биш гэж бодож байна. Яагаад гэвэл 700 хүнтэй эмнэлэгт 1100 хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ бол шинжилгээ авч байгаа хүмүүс нь бага байна. Эсвэл худлаа мэдээлэл өгөөд байна уу. Миний хувьд ингэж хардах эрх байгаад байна. Ногоон нам, Бүгд найрамдах нам ч байдаг юм уу зөв зүйлийн төлөө нэгдэн сөрөг хүчин байдлаар эрх баригчдад хяналт тавьж явахгүй бол өнөөдөр энд магадгүй Монгол Улс хэмжээлшгүй эрхт засагтай болох тал руугаа орж байна. Дарангуйлал бол үүсчихсэн байна. Тиймээс үүнийг анхаараасай гэж хүсч байна. Өнөөдөр би өөрөө хүртэл сөрөг хүчний нэг төлөөллийн хүн. Өөрийгөө хүртэл хангалттай ажиллаж байна гэж бодохгүй байгаа. Тэгэхээр сөрөг хүчин гэдэг бол АН биш шүү. Бүх хүн, бүх намыг хэлж байна.

-Нөхөн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас Б.Гарамгайбаатар, О.Цогтгэрэл даргатай АН-аас М.Хүдэрбаатар нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн гашуун туршлага бий. Эрх баригчдын мэхэнд унахгүйн тулд нөхөн сонгуульд оролцохоосоо өмнө дотоод зөрчлөө нэг мөр шийдэх ёстой юм биш үү?

-Энэ тал дээр надад албан ёсны мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл гишүүний талд зогсож байгаа хүмүүс хэнийг дэвшүүлэхээ юу гэж яриад явж байгааг би мэдэхгүй. Миний ойр орчимд байдаг хүмүүсийн тухайд одоогоор ямар нэгэн хүний тухай яриагүй байна. Өөрөө дэвших сонирхолтой хүмүүс олон байгаа. Тухайлбал, Б.Гарамгайбаатар гишүүн асан дэвших үү гэвэл албан ёсоор яригдаагүй. Түүний тухайд хувь хүний байр сууриа илэрхийлэхэд хоёр удаа Хэнтий аймгаас сонгогдсон хүн. Хэнтийд асар их хөрөнгө оруулалт оруулж, орон нутгаа аймаг шиг аймаг болгож чадсан гэж боддог. Б.Гарамгайбаатар гуайг олон жил хонгилоор чирээд үнэнд гүйцэгдэж буруугүй гэдэг нь тогтоогдсон. Ер нь ажил хийсэн хүнийг хонгилоор чирэх буруу. Ийм тохиолдолд тэр хүн хэнтийнхээ төлөө ажиллах юмсан гэх нь буруу биш гэж бодож байна. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх асуудал албан ёсоор яригдаагүй гэдгийг дахин хэлье.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Гэтэл Дээд шүүх С.Эрдэнийн тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн намын даргыг бүртгэхгүй байгаа. Хэрэв С.Эрдэнэ хүчин төгөлдөр бус намын дарга гэж үзсэн бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх байсан. Үүгээрээ М.Тулгат даргатай АН албан ёсных гэж харагдаж байгаа. Хэрэв үгүй бол У.Хүрэлсүх ялалт байгуулсан Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр бус болно хэмээн Б.Гарамгайбаатар гуай ярьж байсан. Харин та хуульч хүний хувьд үүнд ямар дүгнэлт өгөх вэ?

-Бүх шүүгчдийн хуралдаанаар нэг удаа ороод буцаагдсан. Бид засан сайжруулах ёстой бүгдийг засаад дахиад өгсөн. Энэ нь гурав, дөрөв дэх удаагаа давтагдаж байгаа. Ийм тохиолдолд нийт шүүгчдийн хурал хийгдээгүй байгаа учраас би хувьдаа Дээд шүүх зөвшөөрөхгүй байна гэж шууд дүгнэж чадахгүй. Харин хуралдаанд оруулахгүй байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл, Улсын дээд шүүхийн хэн ч бай заавал хуралдаанд оруулах үүрэгтэй. Энэ бол хэрэг хянан хэлэлцэх процесс биш. Дээд шүүхийн ерөнхий шүүгч байна уу, энгийн шүүгч нь байна уу энд давуу эрх эдлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, тэд улсын бүртгэгчийн үүргийг хүлээж байгаа хүмүүс шүү дээ. Улс төрийн намуудын тухай хуулиар Дээд шүүх нь улс төрийн нам дээр бол улсын бүртгэгчийн үүрэг хүлээнэ гэж цорын ганц онцгой эрх олгосон байдаг. Тиймээс ирсэн материалыг аваад дамжуулах л үүрэгтэй. Гэтэл тэрэнд дүгнэлт хийгээд болно, болохгүй гээд Дээд шүүхийн хуралдаанд оруулахгүй байх эрх байхгүй. Одоогоор хуралдаанд оруулахгүй байгаа учраас шууд таны асуусан зүйлд шууд дүгнэлт өгч чадахгүй байна. Магадгүй нийт шүүгчдийн хуралдаанаар бүртгэхгүй байвал Б.Гарамгайбаатар гуайн хэлсэн шиг дараагийн шат хүртэл явахаас өөр гарц үлдэхгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл хуулийн хоёр ойлголт байдаг. Нэг нь “Де юре”, нөгөө нь “Де факто” гэж. Байгаа байдлаараа хүлээн зөвшөөрөгдөхийг “Де юре” гэдэг бол “Де факто” нь албажих гэсэн утгатай үг. Үнэхээр М.Тулгат даргатай АН нь хууль ёсны хүчин төгөлдөр гээд тогтоогдоод явчихсан байгаа. Де факто болгох гээд бид тогтоол буюу Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Тэгэхээр Дээд шүүхийг хурдан Де фактогоо гаргаач ээ гээд байгаа юм. Хэрэв Де факто нь эсрэг гарчихвал Де юрегээсээ зөрчөөд бид зайлшгүй хоёр дахь шатны арга хэмжээ рүү орох болно.

-Архангай аймгийн Засаг даргыг огцруулсан асуудалд төв намаас ажлын хэсэг томилогдон шалгаж байгаа гэл үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Түүнийг огцруулахад хүргэсэн чулууг хаанаас шидсэн бол?

-Төрийн эрх мэдлийг хуйвалдааны замаар авч болохгүй. Энгийн байгууллагаар яривал, тухайн хүнд хариуцлага тооцох гэж байгаа бол ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байхад нь асуудлыг хэлэлцэж болохгүй гэдэг. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга коронатай тэмцэж яваад, өөрөө тэр халдварыг аваад эзгүй хойгуур нь асуудлыг оруулж шийдсэн байна лээ. Дайнаар ярих юм бол хүнд шарх авчихаад байхад нь түүнийг сайн байлдсангүй гээд торгуулийн суман руу шилжүүлчихэж байна. Ийм бүдүүлэг байж болохгүй. Тиймээс би Архангайнхан энэ хууль бус үйлдэлдээ илүү нухацтай хандах ёстой гэж харж байна. Ер нь цаашдаа төрийн байгууллагыг, төрийн албыг хуйвалдааны замаар авах гэсэн аливаа үйлдэлтэй бид хатуу тэмцэнэ. Мэдээж, шат шатандаа хянах ажлын хэсгүүд гараад явж байгаа.

-Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Өнөөдөр ард иргэдийн амьдрал өөрчлөгдсөн үү. Л.Оюун-Эрдэнэ даргын ахалж байгаа МАН-д санал өгсөн хүмүүсээс тодорхой хариулт ирнэ байх. Яриад байсан, амлаад байсан наад зах нь маскгүй зунаа хийж чадсан бил үү.

-Шинэ Ерөнхийлөгч ажлаа авангуутаа 25 улсад томилох Элчин сайдуудын нэрс оруулж ирсэн. УИХ-ын гишүүн байсан хүний хувьд энэ томилгоонд та ямар байр суурьтай байна вэ?

-25 улсын Элчин сайдыг томилсон нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ хэн хэнийг томилсон бэ гэдэгт шүүмжлэлтэй хандана. Би ОХУ-д томилогдсон Ө.Энхтүвшин гэдэг хүнийг нөгөө 24-өөсөө арай дөнгүүр нь юм уу даа гэж харж байгаа. Хойд Солонгост томилогдсон хүний тухайд бол “Энэ хүн томилогдохгүй бол өөр хэнийг томилох билээ дээ” гэж бодох жишээний. Гэтэл үнэхээр ажлыг нь дүгнэдэг үйл ажиллагааг нь сайжруулдаг гэдэг утгаараа Унгарын Элчин сайдад нэлээд чадалтай залууг чөлөөлж байгааг нь хараад харамссан. Ялангуяа гурав дахь хөршийн гол орны нэг АНУ-д томилсон Элчин сайдыг ойлгоогүй. Монгол Улс сүүлийн 30 жилийн түүхэнд орчин үеийн дипломат бодлогыг барьж хэрэгжүүлэх чадвартай мянга мянган боловсон хүчин байгаа. Миний хувьд дипломат албанд албан бусаар ажиллаж байсан. Монгол дахь Японы ЭСЯ-ны хуулийн зөвлөхөөр, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн, Ази, Номхон далайн парламентын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд дипломат ёс, харилцаа, мессэж, дүгнэлт шийдвэрүүдийг Гадаад яаманд дөнгөж орж ажиллаж байгаа шинэ дипломатуудын дэргэд мэднэ. Гэтэл надаас 100 дахин дор хүн Элчин сайдад томилогдож байна гэдэг бол Монгол Улс шившгийн хөндий рүү орчихов уу гэж харж байгаа. Мэдээж улстөрчийн хувьд харагдах, хандлага өөр байгаа ч гэсэн энэ 25 хүн тус бүр дээр нь үнэлэмж байгаа. Хаана, хэнийг томилохдоо дахин анхаараач ээ гэж хүсч байна. Ерөнхийлөгч дахин нэг анхаарна биз дээ.

-Та хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Х.Нямбаатар сайдыг нэг ч шүүгчид хариуцлага тооцоогүй гэж хэлсэн. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юү?

-Би нэг зүйлийг хүсч байна. Бидний санах ой найман секунд байж болохгүй. Мэдээж, шударга ёсны төлөө тэмцэх сонирхолтой мянга, мянган хүн байгаа. Энэ дотор маш цөөхөн хүн эрх мэдэлд хүрдэг. Тэр хүмүүс ярьж байсан, амлаж байсан зүйл нь үнэн байв уу, худлаа байсан уу гэдгийг дахиад харах ёстой. “Цензургүй яриа” гэдэг нэвтрүүлгээр шүүгчдийн тухай маш ноцтой зүйл ярьсан. Гурван давхрын шүүгчдийн тухай асуудал хөндсөн. Дээрээс нь хууль шүүхийн байгууллагын янз бүрийн асуудал ч ярьсан. Эцэст нь Замын-Үүдийн мафи дээр буух шив дээ. Тиймээс би нөхөр ёсны хувьд, хүн ёсны хувьд бусдаасаа түрүүлж боломжоо авсан хүний хувьд “Та амласнаа биелүүлээч ээ” гэж хүсч байгаа юм. Яагаад гэвэл ард түмэнд эргэлзээ төрчихлөө.

Шүүх засаглал шударга байх ёстой. Шүүх засаглал шударга байхын тулд шүүж байгаа шүүгч нь өөрөө шударга байх ёстой. Тэгэхээр улс төрд гарахын тулд шүүж байгаа шүүгч, хянаж байгаа хуулийн байгууллагуудыг алдаатай гэсэн бол үүн дээр нэг цэг тавиач ээ. Хэрэв буруу бол уучлал гуйчих. Зөв бол бушуухан шийдчих. Тэгэхгүй бол ямар ч тохиолдолд би эргэлзсээр байх болно. Яагаад гэвэл энэ хүний буруутгаж байсан хүн нь өнөөдөр намайг буруутгах гээд сууж байна гэж бодно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Тулга: Богдхан уулыг тойрсон дагуул хот тосгодыг холбосон хөгжлийн алтан тойрог байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулгатай ярилцлаа.


-УИХ-аас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр нийслэлийн хөгжилд ямар давуу талууд бий болох вэ?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь түүхэн өөрчлөлтийн эхлэл боллоо. Нийслэлийн эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, хууль эрх зүйн болон засаглалын шинэчлэл хийхэд энэ хууль томоохон түлхэц болсон. Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэлийн хувьд бусад засаг захиргааны нэгжээс өөр тусгайлсан хуулийн зохицуулалттай байх ёстой.

Нийслэлийн эдийн засгийг чадавхжуулах зорилгоор дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, тэдгээрт эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хуульд тодорхой тусгаж, татварын болон татварын бус хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх, үнэт цаас гаргах, концесс олгох зохицуулалтыг салбарын хуулиудад тусгаж өгсөн байгаа. Мөн саарал ус ашиглах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч бүхий эко дэд бүтцийг байгуулах зохицуулалтыг тусгаснаар Улаанбаатар хотын агаар, хөрс орчны бохирдол, авто замын ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах давуу талуудтай болно.

-Нийслэлийн хөгжлийг ярихаар хот төлөвлөлтийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө. Хотын онцлог, цаашдын хөгжлийн загварыг шинэ хуульд хэрхэн тодорхойлсон бол?

-Хуульд хот төлөвлөлтийн асуудлыг онцгойлон анхаарч нийслэл хот ба түүний дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааг зохицуулахаар тусгасан нь Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн томоохон дэвшил авчирна гэж харж байна.

Хот байгуулалт төлөвлөлт нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэхэд чиглэгдсэн.

-Үндэсний уран барилгын өв уламжлалыг яаж хотын хөгжилтэй уяж өгөх вэ. Шинээр ийм барилгуудыг цогцлоох юм уу. Эсвэл хуучин барилгуудынхаа архитекторынх нь шийдлийг хадгалан сэргээн засварлах уу?

-Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн зохион байгуулалтад шилжин орсноор хот байгуулалтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт чөлөөт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явагдаж ирсэн. 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг батлан хот байгуулалтын үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. Тус баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан дараагийн ерөнхий төлөвлөгөө болох Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа. Үүнд хотын төвийн хэсгийн “Их тойруу”, “Бага тойруу” орчмын архитектур орон зайн төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын хэв шинжийг хуучин хэвээр хадгалан хөгжүүлж түүх соёлын дурсгал бүхий шаардлагатай хэсгүүдэд шинэчлэн сайжруулж барилга байгууламжуудыг хөгжүүлэх бодлогыг баримтлахаар тусгагдсан. Мөн дэлхий улс орнууд хотын түүхэн дурсгалт газраа хадгалж хамгаалж түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлдэг.

-Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдэх чадвартай байх үндсийг тусгасан гэж байсан. Үүнийг дэлгэрүүлэхгүй юү?

-Нийслэл хот нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аар баталсан эдэлбэр газартай байх бөгөөд бүсчлэл тогтоож түүнд тавигдах шалгуур үзүүлэлттэй байхаар тусгагдсан. Мөн нийслэл хотын оршин суугч бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох боломжийг нээж өгсөн.

Нийслэл хотын хэмжээнд аливаа бүтээн байгуулалтыг хийхэд төлөвлөлтөөс гадна газрын харилцаа, газар чөлөөлөлтийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага үүсдэг. Үүнийг шийдвэрлэхэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлтэй уялдуулан газар зохион байгуулалтыг хийж, газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгийг жил бүр төсөвт тусгаж байхаар зохицуулсан нь нэн чухал ач холбогдолтой.

-Хотын төвд зургаан давхраас дээш өндөр барилга барихыг хуулиар хориглосон зохицуулалт хийж байгааг хотын дарга ярьж байсан. Үүнийг иргэд их дэмжиж байна лээ…

-Хотын төвийн хэсэгт хэт төвлөрөл үүсч хүн ам, барилгажилтын нягтрал Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн байдалтай байна. Энэ нь дэд бүтцийн хүрэлцээ хангамжаас шалтгаалан тодорхой хүрээнд буюу төвийн хэсэгт барилгажилт эрчимтэй явагдсантай холбоотой.

Бүсчлэлтэй холбоотойгоор баримтлах дүрмийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Бүсчлэлийн дүрмийг тухайн байршил дахь хүн амын нягтаршил, дэд бүтцийн хүртээмж зэргийг харгалзан барилгын өндрийг норм, дүрэмд нийцүүлэн тогтоож өгнө. Ингэснээр хотын төвийн хэсгийн төвлөрөл саарч хотын орон зайн болон хүн амын суурьшлын хувьд тэнцвэртэй хөгжих нөхцөл бүрдэнэ.

-Нийслэлийг тэлэх гарц нь дагуул хот. Дагуул хотоо дагасан хөгжлийн ямар концепц гаргах вэ, хуулийн ямар зохицуулалт байх хэрэгтэй вэ?

-Дэлхийн томоохон хотууд шинээр дагуул хот, суурингуудыг бий болгох замаар тулгамдаж байгаа асуудал, хэт төвлөрлийг сааруулдаг. Улаанбаатар хотын хувьд дагуул хотуудыг төлөвлөн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах үйл явцыг бүс нутгийн төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэх зарчмыг баримталж байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал гэх мэт тодорхой чиглэлээр төрөлжин хөгжсөн 15 дагуул хот, тосгодыг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Тухайлбал, Богдхан уулыг тойрсон дагуул хот тосгодыг холбосон хөгжлийн алтан тойрог буюу тогтвортой нийтийн тээврийн сүлжээг бий болгож, дагуул хотуудын хөгжлийг дэмжинэ. Мөн Налайх хотыг барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлж түүнийг дагасан бөөний худалдаа, логистикийг бий болгоно.

-Та ярилцлагынхаа эхэнд эдийн засгийн тусгай бүс байгуулах талаар дурдсан. Хаана, яаж байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Шинэ Зуунмод буюу Аэросити хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2019 онд шинэчлэн баталсан. Тус төлөвлөлтөөр Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн тусгай бүс байгуулах замаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар тусгагдсан.

-Майдар хотыг Улаанбаатарын дагуул, эко хот болгоно гэж олон жил ярьсаар ирсэн шүү дээ. Эко хотын төлөвлөлт ямар байх нь иргэдийн анхаарлыг татаж байгаа. 300 мянган хүн амьдрах зориулалттай хотыг босгоход 80 их ная төгрөг шаардлагатай гэсэн тоо зарлаж байсан шүү дээ?

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050” болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд Майдар хотыг соёл, боловсрол, аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлээр төрөлжин хөгжсөн эхний ээлжинд 60 мянган хүн амтай Улаанбаатар хотын дагуул хот байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулан Хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ газрын ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох, газар доорх усны хайгуул, судалгааны ажил хийгдэж байна. Тус судалгааны ажилд үндэслэн дараагийн нарийвчилсан төлөвлөлтүүд хийгдэнэ.

-Дагуул хотуудад очиж суурьших иргэдэд эдийн засгийн хувьд ямар нөхцөл, боломжууд санал болгох вэ. Гадаадын улс орнуудын амжилттай хэрэгжсэн ямар туршлага байна?

-Дагуул хотод ажлын байрыг бий болгож байж иргэдийг татна. Иймд дагуул хот, тосгодод үйлдвэр аж ахуйг байгуулах, худалдаа, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ. Мөн дагуул хотод орон сууц худалдан авахад ипотекийн зээлд хамруулах гэх мэт бодлогын хувьд дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн томоохон хотууд бүгд дагуул хотууд байгуулж хөгжүүлсэн байдаг. Хойд Америкийн гол модел болсон Форт Ворт хот нь анх Олон улсын нисэх буудлын төлөвлөгөөтэй үүсгэн байгуулагдаад дөчөөд жилийн дараа дагуул хот болж хөгжсөн шүү дээ.

-Шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөнд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай вэ?

-Тус хотын байршил нь Ази, Европыг холбосон Эдийн засгийн коридорын дагуу хийгдэж байгаа АН-3 хурдны авто зам болон Богдхан төмөр замын трасс дайран өнгөрч байгаа гэдгээрээ стратегийн хувьд ач холбогдолтой. Иймд Зүүн хойд Азийн ачаа тээврийн зангилаа төв байхаар төлөвлөгдсөн. Төлөвлөлтийг дөрвөн үе шаттайгаар хийж 2038 оны түвшинд 34 мянган хүн амтай байхаар тооцон шинэ хотыг байгуулахад 32 их наяд төгрөг шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоолол гарсан байгаа.

-Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ. Дэд төвүүдээ яаж хөгжүүлэх вэ?

-Улаанбаатар хотын төвийн хэсэг болох Их тойрууд төр, захиргааны байгууллага, их дээд сургууль худалдаа үйлчилгээ, оффисын болон орон сууцны барилгажилт төвлөрч нэг төвт хотын тогтолцоо бүрдсэн байна. “Их тойруу” хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн бүртгэгдсэн судалгаа хийгдсэн. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амын суурьшлын нягтрал жигд бус байна. Тэгэхлээр бид Улаанбаатар хот доторх хэт төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын чанартай хоёр төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж, олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт зэрэг олон нийтийн төвүүдийн зураг төсөл хийгдсэн. Цаашид шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төв байгуулах ажлын ТЭЗҮ, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлнэ.

-Нийслэл хотод ногоон байгууламж асар их үгүйлэгдэж байгаа. Туул голын хөвөөг эрх мэдэлтнүүд хашиж, орон сууцны хороолол босгочихсон. Богд уулаа ч хамгаалж чаддаггүй. Сая батлагдсан шинэ хуулиар эдгээр асуудлыг яаж шийдсэн бэ?

-Одоогоор Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.3 ам.метр байна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөнд дээрх хэмжээг 30 ам.метрт хүргэхээр тусгасан байдаг. Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулиар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж, үр дүнд хүрсэн иргэн, хуулийн этгээдийг шалгаруулах, дэмжих, урамшуулахаар тусгасан байна. Мөн нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нийслэл хотын хөгжилд хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, урамшуулна гэж заасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эргийн дагуу тохижилтын таван байршилд мөн Богдхан уулын явган аяллын маршрут дагуу тохижилтын ажлын зураг төсөл боловсруулж, бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу бид хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог хангах үүднээс зураг төслийн концепцийн уралдааныг нээлттэй зарлан шалгаруулж, одоо ажлын зураг төсөл боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

-Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд 420 тэрбум төгрөгийг зориулсан. Энэ хөрөнгөнөөс хот төлөвлөлтөд хэчнээн төгрөгийг зарцуулж, ямар ажлууд хийх бол?

-Монгол Улсын Засгийн газрын дээрх шийдвэртэй холбогдуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу одоо хэрэгжүүлж байгаа төслүүд дээр нэмж шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулж 2030 оны төвшинд таван дэд төв, 11 олон нийтийн төвтэй болж олон төвт хотын тогтолцоог нэвтрүүлэхээр ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулах, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 381,0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Үүнийг 2022 оноос эхлэн жил бүр улс, нийслэлийн төсөвт үе шаттайгаар тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Нийслэлийн гэр хороолол жилээс жилд улам тэлсээр байгаа. Хэдэн уул дамнаад явж өгдөг. Дуртай газраа очоод хэвтчихдэг энэ байдлыг хуулиар яаж зохицуулсан бэ?

-Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой Улаанбаатар хотын хэмжээнд замбараагүй суурьшил бий болж гэр хороолол тэлсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах эрхтэй. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух үүрэгтэй гэж тодорхой зааж өгсөн.

-Тэгэхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суугаа иргэдэд тухайн газрыг нь өмчлөхгүй гэсэн үг үү. Жишээлбэл, хаана, хаана байна вэ?

-Ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, ойн хамгаалалт болон гамшгийн өндөр эрсдэлтэй, мөн газрын налуугийн үнэлгээгээрээ суурьшил бий болоход тохиромжгүй, дэд бүтцээр хангах боломжгүй газраас бусад хэсэгт газрын тухай хууль болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газрыг иргэдэд өмчлөх боломжтой.

-Гэтэл уулын орой дээр

очоод суурьшсан айлуудад сонгуулиар аль нэг нэр дэвшигч нь очоод зам тавьж, худаг барьж өгнө, гэрэл цахилгаантай болгоно гэж өөгшүүлсээр гэр хорооллыг улам тэлэхэд нөлөөлсөөр ирсэн. Иргэд ч энэ байдалд даддаг муу зан тогтсон. Ийм байдал нь хот төлөвлөлтөд хүндрэл учруулдаг байх?

-Мэдээж хүндрэл учруулдаг. Энэ нь хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Төлөвлөлтийн дагуу газар олгодог, зам дэд бүтцээ тавьдаг л байх ёстой.

-Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх шийдвэр гарсан. Бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөх болохоор иргэд өмчилсөн газраа суллахын тулд амандаа орсон үнэ хэлдэг талтай. Энэ асуудлыг яаж шийдвэл зохилтой вэ?

-Гандан орчмыг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг анх 2008 онд баталж, 2012, 2015 онуудад шинэчилсэн. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг хэлэлцүүлэн дэмжигдэж, ТЭЗҮ боловсруулахыг Барилга, хот байгуулалтын Сайд болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Бид ТЭЗҮ боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангаж хот төлөвлөлтийн шийдэл гарцыг тодорхойлно.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан бэ. Ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг төлөвлөлтийн 47 нэгж хороололд хувааж засаг захиргаа, худалдаа, үйлчилгээ, соёл, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээний иж бүрэн цогцолбор төлөвлөлтийг хийхээр тусгагдсан. Үүнээс одоогийн байдлаар 29 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж НИТХ-аар батлуулсан. Цаашид хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараагийн үе шатны ТЭЗҮ, барилгажилтын төсөл боловсруулах ажлуудыг хийнэ. Дашрамд дурдахад бид Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөлт болох Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Засгийн газрын яамд, түүний харьяа байгууллага, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, зураг төслийн мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтээр хэлэлцүүлж санал, зөвлөмж авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Иймд иргэд, олон нийтийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа идэвхтэй өгч оролцоорой хэмээн уриалж байна. Үүнтэй холбоотой тодорхой мэдээллийг хот байгуулалт хөгжлийн газрын www.uda.gov.ub.mn цахим хуудаснаас болон бидэнтэй холбогдон авч болно.

-Дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр ямар төлөвлөгөө баримталж байгаа вэ. Тухайлбал, хурдны зам, метроны байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудыг хэдий хугацаанд, хаагуур яаж хийхээр зурагласан бэ?

-Хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн ачаалал хэтэрсэн байдалтай байна. Иймд бие даасан дулааны эх үүсвэрүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинээр барих асуудлыг эхлүүлээд байна. Энэ нь хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр шаарддаг.

Хотын гэр хорооллын бүсийг төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбох ажлын хүрээнд 13.7 км цэвэр усны дамжуулах шугам, гурван байршилд усан сан, 30 км бохир усны шугам, бага оврын цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэсэн. Цаашид ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хотын баруун доод эх үүсвэрээс ус олборлон, цэвэршүүлж төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх төслийг Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Мөн төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинээр барих төсөл эхэлсэн.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Их тойруу 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт шинээр худаг сувагчлалын цагариг сүлжээ байгуулах 250 км худаг сувагчлалын ажил хийхээр төлөвлөсөн боловч одоогийн байдлаар 30 хувийн хэрэгжилттэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж эхэлсэн.

УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Улаанбаатар хотод багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж авто замын түгжрэлийг бууруулах зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын гол гудамж зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу LRT буюу хөнгөн метроны шугамыг хэрэгжүүлэх судалгааны ажил хийгдэж байна. Авто замын хувьд Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотуудыг холбосон авто замын сүлжээг бий болгон 2040 оны түвшинд авто замын сүлжээний уртыг 2150 км хүргэхээр төлөвлөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сааруулах шинээр төлөвлөж буй хотын төв, дэд төвүүдийг холбосон хотын чанартай үндсэн дөрвөн цагираг зам, зургаан хэвтээ чиглэлийн, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгоно.

Богдхан уулын баруун урд талаар 170 км урт төмөр зам байгуулагдаж, транзит ачаа тээвэр хийгдэх бөгөөд энэ нь логистик төвүүдийг үүсгэх үндсэн нөхцөл болж Шинэ Зуунмод (Аэросити) хотод хуурай боомт байгуулна. Одоо байгаа хот доторх төмөр замыг зөвхөн зорчигч тээвэрт ашиглан Богдхан уулыг тойрсон нийтийн тээврийн сүлжээний LRT шугамыг байгуулна.

-“Зуун айл”, “Да хүрээ гээд түгжрэлд гол нөлөөлдөг зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах асуудал байнга яригддаг ч үр дүнгүй байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Нийслэл хотоос томоохон худалдааны төв, төвлөрсөн худалдааг гаргаж агаар хөрсний бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучнаар 22-ын товчоо орчимд 130 га газарт Авто худалдааны цогцолборыг байгуулж 2013 оноос бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтын өмнөх захиргаа хариуцан гүйцэтгэж байна. Да хүрээ болон бусад хотын төвд үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааг нэгдсэн төлөвлөлтөөр хотын төвөөс гаргаж Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх шийдэл гарсан. Мөн 100 айл орчимд барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк руу шилжүүлэх, жижиглэн худалдааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж үйл ажиллагааг явуулах бодлогыг баримталж байгаа. 100 айл орчим нь Орон сууцны VII нэгж хороололд хамрагддаг бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Цагдаагийн гудамж дагуу орон сууц, худалдаа үйлчилгээ, олон нийтийн барилгууд баригдаж эдгээрт барилгын материалаас гадна бусад төрлийн жижиглэнгийн худалдаа үйлчилгээ явуулах боломж нээлттэй.

-Нийслэлд Далан давхар, Маахуур толгой, Алтан-Өлгий, Цагаан давааны гээд оршуулгын газруудтай иргэд хаяа дэрлэн амьдарч байна. Нэг талаар бурхан болоочдыг хүндэтгэж, нөгөөтэйгүүр иргэдийн амар тайван, ая тухтай байдлыг бодолцсон ч тэр шарилыг нүүлгэн шилжүүлэх ёстой гэдэг маргаан байдаг. Харин хот төлөвлөлтөд энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Оршуулгын газар нь хот төлөвлөлтийн хувьд маш том сэдэв бөгөөд олон улсад “Чимээгүй хот”-ын төлөвлөлт гэж тусад нь судалж авч үздэг. Энэ асуудал нь тухайн улс орны соёл, ёс заншил, уламжлал иргэдийн шашин шүтлэг, ухамсартай шууд хамааралтай учир маш нухацтай авч үзэх шаардлагатай. Манай улсын хувьд эрт дээр үеэс нас барсан хүмүүсээ тохирох зүг чигт нь ил болон далд хэлбэрээр оршуулж ирсээр тодорхой газар нутгийг хамарч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хотын суурьшлын бүсийн тэлэлтээс шалтгаалж дээрх асуудал үүссэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш иргэдийн хувьд ямар шашин шүтэх, эс шүтэх нь нээлттэй болсон төдийгүй бусад улс орны соёлын нөлөө иргэдийн ухамсарт нөлөөлснөөр сүүлийн үед чандарлах зан үйл ихээхэн нэмэгдэж байна. Энэ нь мэдээж агаар, хөрсний бохирдол үүсгэхгүй зэрэг сайн талууд их төдийгүй нэгдсэн байдлаар дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар хот төлөвлөлтөд тусгаж байгаа бөгөөд 2014 онд Самбалхүндэв, Алтан-Өлгий зэрэг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг боловсруулсан.

-Танай байгууллага иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Хот байгуулалт хөгжлийн газар нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй барилгад хаяг дугаар олгох, байр зүйн зураг, тэг тэнхлэгийн актыг мэдээллийн санд бүртгэх, инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх, архивын лавлагаа олгох, барилга барих хүсэлт буюу архитектур төлөвлөлтийн даалгавар батлах зэрэг зургаан төрлийн төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн портал “Е-Mongolia”-д холбож, цахимаар хүргэж эхэлсэн.

Цаашид бид өдөр тутамдаа үзүүлж буй нийт 22 нэр төрлийн төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж иргэдэд түргэн шуурхай, ил тод нээлттэй хүргэхээр зорин ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дашпүрэв: Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхад коммунизмыг татан буулгаагүй нь алтан хараацайнуудын алдаа

УИХын гишүүн асан, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


Та сайхан зусаж байна уу. Улсын баяр наадам өнжсөн ч энэ амралтын өдрүүдийг яаж өнгөрүүлэв дээ?

-Манай гэр бүл Улаанбаатар хотдоо зусч байна. Ковидын улмаас хөдөө орон нутгаар явахад хүндрэлтэй болсон. Наадмын амралтын өдрүүдэд хөдөөг чиглэсэн хөл хөдөлгөөн их байлаа. Монголчууд жаахан сүргийн сэтгэл зүйтэй учраас бөөнөөрөө хөдөө явчихна лээ. Тэр хүмүүсийг хотдоо ирэхээр нь хөдөөгүүр аялах санаатай байна даа.

Ковидын нөхцөл байдал үнэхээр амарүй байна. Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ямар бодолтой байна вэ?

-Засаг төрийн эрх барьж байгаа улсууд өөрсдөө хэлэлцээд зөв гэсэн шийдвэрээ гаргаж байх шиг байна. Хөндлөнгөөс иргэн хүний хувьд харахад өнгөрсөн оноос хойш их хүндхэн сарууд өнгөрлөө дөө. Сонгуулийн, улс төрийн хурц үе байлаа. Мэдээж төрийн эрх барьж байгаа хүмүүс улс төрийн эрх ашгаа бодож л арга хэмжээ авдаг болохоор яалтай билээ. Ерөнхийдөө Засгийн газарт олон нийт тийм ч сэтгэл дүүрэн биш байгаа. Бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа саатлаа. Дандаа халамжийн байдлаар явж байна. Энэ байдал удаан үргэлжлэхэд хэцүү. Зүүний үзэл бодол гэдэг чинь л энэ шүү дээ. Коммунистууд өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж байна. Ард түмэн тэднийг бүрэн хэмжээгээр нь дэмжиж сонгосон болохоор яалтай. Коммунистууд ч сонгуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар зохион байгуулчихсан.

Нийгэм судалдаг эрдэмтэн хүний хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар та хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан хувьсгал болоод 30-аад жилийн нүүр үзэж байна. Энэ он жилүүд их түүхийн хувьд богино боловч улс төрийн үйл явдлын хувьд их цаг хугацаа. Жишээлбэл, 1921 онд Ардын хувьсгал болсноос хойш 30 жил өнгөрөхөд их зүйл болсон.

Монголд асар их хэлмэгдүүлэлт явагдаж, нийгмийн байгуулалтыг өөрчилсөн. Хуучин нийгмийн зарим бүлгүүдийг устгасан. 700 гаруй сүм хийдүүдийг газартай тэгшилсэн. Хувьсгал хийлгэсэн орныхоо эрх ашгийн үүднээс их юм хийсэн 30 жил байв. Ингээд 1951 он гэхэд нэлээд Х.Чойбалсан өөд болоод Ю.Цэдэнбалын үе эхлээд явлаа шүү дээ. Эндээс харахад 30 жил гэдэг бол XX болон XXI зуунд жинтэй үр дагавар авчирчээ гэдэг нь түүхээс харагдаж байна. Гэхдээ Ардчилсан хувьсгалын 30 жил өмнөх коммунист хувьсгалтай адилгүй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, ялангуяа алан хядлага явуулаагүй. Харин ч үндэснийхээ соёл уламжлалыг устгаагүй, шашин сүм хийдийн асуудал либералний явж ирлээ. Улс төрийн тэмцэл ч их байсан. Ардчилсан хүчин, ардчилсан намын гаргасан зарим алдаан дээр эсрэг улс төрийн хүчин айхавтар хорлонтой, хоржоонтой тоглолт хийж, улс төрийн нөхцөл байдал эвгүй тал руугаа өөрчлөгдөж байна.

-Энэ янзаараа явбал ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Бодит байдлаас үзэхэд хуучинсаг бодлоготой улс төрийн үзэлтэй хүмүүс их өнгийж ирж байна даа. Манайх уг нь улс төрийн гадаад бодлогын хувьд төвийг сахисан,янз бүрийн нийгмийн байгуулалтай улс оронтой тэгш харилцаад ямар нэг эвсэл холбоонд орохгүй гэсэн хуулийн томьёоллуудтай шүү дээ. Тэр нь цаашдаа хэр зэрэг хэрэгжих нь үү гэдэг дээр зарим асуудал гарч эхэлж байх шиг байна. Энэ бол тун их осолтой анхаарууштай зүйл л дээ.

Урд хөрш маань коммунист дэглэмтэй орон. Энэ дэглэмээ чангаруулж байна. Хойд орон капиталист маягийн дэглэмтэй. Өөрөөр хэлбэл, дарангуйлагч төртэй. Ийм хоёр орны дунд байгаа Монгол Улс нэлээд чөлөөтэй ардчилсан орон шүү дээ. Улс төрийн хүчнүүд чөлөөтэй эрх тэгш өрсөлдөөд ард түмэн ч сонголтоо хийгээд яваад болж ирсэн. Гэтэл коммунист угшилтай намууд удаан байхаараа онцгүй байдгийг нийгмийн туршлага харуулж байна.

-Гэтэл манай коммунист угшилтай нам төрийн эрхийг бүхэлд нь авч эрх мэдлээ улам бэхжүүлж байгаагаа ил далд өчнөөн л зарлах юм?

-Зүүн Европын бүх орнууд коммунист намуудаа татан буулгаж байгаад шинээр байгуулцгаасан. Коммунист нам нь коммунист намаа байгуулж болно. Гэхдээ коммунист харгислал явуулахгүй тийм намыг байгуулах хэрэгтэй гэсэн. Гэтэл манай улс төрийн хүчнүүд монгол ухаан л гаргасан юм байлгүй, зуун жил болж байгаа коммунист угшилтай намаа тараагаагүй. Хариу нь 30 жилийн дараа ирж л байна даа.

Нэг намын тогтолцоо яваад байна. 100 жилийн түүхтэй энэ нам 70 жилд нь дангаараа ноёрхож байсан. Хуучин системээ сэргээгээд Хятадын туршлагыг сайн судалдаг юм шиг байна. Өөрийгөө дагасан жижиг намуудыг байгуулдаг юм байна. Хятад олон намтай. Барууныханд харуулахад зорьсон юм шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ нэг л нам байдаг. Манай ардчилсан нам их зовлон туулж байна. Гэхдээ даваад гарчих байх гэсэн өөдрөг сэтгэлгээгээр харж байна даа.

-АН дотроо хагаралтай байна. Энд үзэл бодлогын ялгарлаар талцаад байх шиг?

-Уг нь тэгж ялгарвал сайн л даа. Яагаад гэвэл 2000 онд одоогийн энэ АН нэрээр дөрвөн нам нэгдсэн. Тэр дотор зүүний үзэл бодолтой намууд байсан. Бүгдээрээ барууны чиг баримжаатай нам болох байх гэтэл гэдсэндээ хөлөө жийлцсээр байгаад өрсөлдөгч улс төрийнхөө хүчинд ашиглагдаад дуусч байна. Барууны үзэл бодолтой нам нь нэг талдаа гараад, зүүний талыг баримтлагч нь тусдаа гараад явбал сайн. Гэтэл тамга тэмдэг дээрээ бөөн юм болоод л байх шиг байна.

-Дээд шүүх хэн, хэнийг нь бүртгэхээс татгалзаад байгаа шүү дээ. Хоорондоо эвлэрээд ир гэдэг…

-Өнөөдөр хэн төр барьж байгаа билээ. Дээд шүүх тэдний талд л үйлчилнэ. Шүүх биеэ даасан байх ёстой гэдэг боловч үнэн хэрэгтээ янз бүрийн сувгаар улс төрийн өндөрлөгүүд нөлөөлдөг шүү дээ. Ямар ч байсан АН-ыг туйлдуулъя гэсэн бодолтой байх шиг байна. АН өөрийгөө аварч чадах байх гээд найдаж байна даа.

-АН-ын лидерүүдээс бүрдсэн Зөвлөхүүдийн танхим байгуулагдсан байна лээ.Та тэдэнд хэр найдаж байна?

-Хуучин барууны чиг баримжаатай талын улсууд зөвлөхүүдийн танхимд харагдаж байна лээ. Ийм хүмүүс зөвлөх юм чинь АН аятайхан зөв голдиролдоо орох байх гэж харж байгаа.

-Шинэ Ерөнхийлөгч ажлаа авангуутаа хилийн чандад суух Элчин сайдын нэр оруулж ирсэн. Нэг дор 25 хүнийг ингэж бөөндсөн нь гадаад талд Монголыг хэрхэн дүгнэхэд хүргэсэн бол?

-Намынхаа үзэл бодлын үүднээс асуудлаа шйдэж байгаа нь мэдээж шүү дээ.Яагаад гэвэл Ерөнхийлөгч Элчин сайдуудыг томилох эрхтэй. Өмнөх хүмүүс нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн томилгоо гэж үздэг юм байлгүй дээ. Энэ Ерөнхийлөгч өөрийнх нь тэргүүлж байгаа төрийг төлөөлөх хүмүүсээ Элчин сайдаар явуулж байгаа. Харин гадаад талд Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч ийм бодлого явуулах нь гэсэн баримжаа өгч байгаа л даа. Коммунист угшилтай МАН-аас нэр дэвшиж сонгогдсон, тэр намын дарга байсан хүн цаашдаа Монголыг хэдэн жил удирдах юм, ийм хуучин коммунист маягийн бодлого явуулах юм байна даа гээд бодох биз ээ.

-Манай улс яагаад коммунизмаас татгалзаж болдоггүй юм бэ. Улс төрийн намууд энэ тал дээр ямар алхам хийх ёстой вэ?

-Коммунизм энэ 30 жилд дуусдаггүй юм байна. Тэр тусмаа манайх буруу явсан учраас. Зүүн Европын орнууд эргэж буцалтгүй коммунизмаас татгалзсан шүү дээ. Тэдгээр орнууд коммунист намыг тараагаад шинээр байгуулсан. Манай ардчиллын удирдагчид хувьсгал эхлүүлж байхдаа коммунист намыг тараагаагүй явсан юм. Өөрсдийнх нь алдаа тэр шүү дээ. Одоо хар толгой руугаа шаах хэрэгтэй.Ард түмэн бол ямар ч төрийн дор амьдарчихдаг. Чингисийн үед бөө мөргөлөө шүтээд, дунд зуунд лам нартаа мөргөөд амьдраад л ирсэн. Дараа нь коммунистуудад 70 жил залбираад амьдраад л болсон. Монголчууд төрийг маш сайн ойлгодог ард түмэн.

Дахин хэлэхэд, АН-ын хуучин удирдагчдын хамгийн том алдаа бол дэлхий нийтээр коммунист намыг тарааж байхад цус урсгана гээд эмээсэн. Нам тараахад юу гэж цус урсгах вэ. Хуулиар тараачихад л болох зүйл. Тэр олон орнууд бүгдээрээ тэнэгүүд биш шүү дээ. Алтан хараацайнуудын өөрсдийнх нь алдаа.

-Сөрөг хүчин бодлогын өрсөлдөөн явуулахгүй байна гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг. Харин таныхаар сөрөг хүчин ямаршуухан байна?

-Улс төрийн нэгдсэн платформ алга байна шүү дээ. АН-ынхаа платформ дээр барууны орнуудтай хамтын ажиллагааг дэмжсэн улс төрийн бодлого явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, марксизм, коммунизмыг эсэргүүцсэн зүүний нугалаануудыг эсэргүүцсэн улс төрийн тийм бодлогод нэгдвэл улс төрийн хүчтэй сөрөг хүчин болж чадна шүү дээ. Тэрнээс хүн тойрч нэгдээд явахгүй. Үзэл бодлоо тойрч нэгдэх нь зөв.

Categories
мэдээ нийгэм

​Зуны халуунд ходоод хөрж, хоол боловсруулах хүч нь сулардаг

Аагим халуун энэ өдрүүдэд хоол, ундаа тохируулан хэрэглэхийг хоолзүйч нар зөвлөж байна. Учир нь энэ үед хүний биеийн арьсны шар үсний сүвүүд нээгдэж биеийн дотоод илч гадагшаа алддаг гэнэ. Хүний биеийн галын илчийн эх ундарга ходоодонд оршдог. Тиймээс галын илч буурч ходоод хөрж, шингээлтийн хүч доройтдог байна. Үүнийг дагаад нарийн, бүдүүн гэдэс гээд хоол боловсруулах эрхтнүүдийн систем ч сулардаг ажээ. Иймд зуны халуун өдрүүдэд аль болох махан хоолноостатгалзаарай. Хүнд болон их хэмжээний хоолыг хүйтэн ходоод боловсруулж болгож чаддаггүй юм байна. Монголчууд эрт цагаас өвөлдөө махаа түлхүү хэрэглэж, зундаа цагаан идээгээр гэдсээ цайлгадаг байсан нь ийм учиртай аж.

Шарын махбод хурж байгаа зуны дэлгэр цагт махан хоолыг зайлшгүй идэх бол маш багаар өдөрт ганц удаа л зооглохыг хичээгээрэй. Ялангуяа архи, сархадыг бүү хүртээрэй. Харин үхрийн сүүний тараг, хярам, ааруул, ээзгий, өрөм, сүүтэй цагаан будаа, каш, гүүний айраг гээд цагаан идээ хэмжээг нь тохируулан багаар хэрэглэж, бие махбодоо шимжүүлэх нь эрүүл мэндэд тун тустай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Оюуномин: Австралид ажлын цаг эрт эхэлж, эрт дуусдаг болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой

Хилийн чандад сурч боловсрохын зэрэгцээ, ажил хөдөлмөр эрхэлж амьдарч буй мянга мянган гэр бүл бий. Тэдний төлөөлөл болох Г.Дугарсүрэн, Б.Оюуномин нартай уулзуулъя. Тэд Австрали улсад хоёр хүүгийнхээ хамт сайхан амьдарч байгаа залуу хос юм.


-Австрали улсад гэр бүлээрээ амьдраад хэдэн жил болж байна вэ. Яагаад тус улсыг зорихоор шийдсэн тухайгаа сонирхуулахгүй юу?

-Манай гэр бүл Австрали улсад ирээд гурван жил болсон байна. Хэлний мэдлэгээ сайжруулах, гадаад улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор ирсэн. Одоо сурахын хажуугаар, ажиллаж амьдарч байна. Эхлээд гэр бүлийн хүнтэйгээ хоёулаа ирээд жилийн дараа хүүхдүүдээ авчирсан.

Анх Австралийн дулаан чийглэг уур амьсгал, амарч зугаалахад тухтай ногоон байгууламжууд, үзэсгэлэнтэй далайн эргүүд хамгийн их сэтгэл татаж байлаа.


-Өөрөө ямар чиглэлээр суралцдаг вэ. Танай гэр бүлийн хувьд Монголд ямар ажил эрхэлдэг байв?

-Миний хувьд энд Мэдээллийн технологийн чиглэлээр магистрын түвшинд суралцаж байгаа. Монголд энэ мэрэгжлээрээ МУИС-д ажиллаж байгаад ирсэн. Гэр бүлийн хүн маань инженер мэргэжилтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажиллаж байсан. Энд ирээд нөхөр маань эхлээд суралцаж байсан бол одоо би сурч байгаа.

-Австрали бол харьцангуй зардал өндөртэй орны тоонд бичигддэг. Суралцахынхаа хажуугаар санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд ямар ажил олдоцтой байдаг вэ?

-Австрали улс гадаад оюутнуудад суралцахын хажуугаар ажил хийх боломж олгодгоороо давуу талтай. Хэлний бэлтгэл, коллежид суралцаж буй оюутнууд болон тэдний гэр бүлийн хүн долоо хоногт тус бүр 20 цаг, их сургуулийн оюутнуудын хувьд 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Австралид амьдрах нь өртөг, зардал өндөртэй хэдий ч хөдөлмөрийн үнэлэмж мөн харьцангуй сайнд тооцогддог. Энэ оны байдлаар цалингийн доод хэмжээ ойролцоогоор нэг цагийн 20 австрали доллар байна. Монгол мөнгөөр 45 мянган төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. Оюутнууд суралцахын хажуугаар ажил хийж амжиргаагаа залгуулах бүрэн боломжтой. Дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, кафе гээд үйлчилгээний салбарт ажил илүү олдоцтой. Эрэгтэйчүүдийн хувьд барилга, үйлдвэр, шуудан, хүргэлтийн ажлууд түгээмэл байдаг. Мэдээж ажил олоход англи хэлний түвшин чухал хүчин зүйл болох бөгөөд хэл сайтай бол мэргэжлийн ажлаа хийх боломж мөн нээлттэй.

-Танай гэр бүлийн хувьд хоёр хүүхэдтэй юм байна. Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын чанар, давуу талыг нь хуваалцахгүй юу?

-Австрали улс боловсролын түвшингээр дэлхийд нилээд дээгүүрт бичигддэг. Манай хүүхдүүдийн хувьд том нь хоёрдугаар ангид, бага нь сургуулийн өмнөх түвшинд (preschool) суралцдаг. Дөрвөн наснаас эхлэн preschool-д явж эхэлдэг. Миний ажигласнаар бага сургуулиудын орчин Монголтой харьцуулахад нилээд тухтай, хүүхдийг хөгжилтэй аргаар, хөдөлгөөнөөр хөгжүүлэхэд илүү чиглэсэн байдаг болов уу гэж бодсон. Үндсэн хичээлүүдийн хажуугаар хогоо хэрхэн ялгаж хаях, мод ургамал тарих, хувь хүний хөгжил, хүмүүжлийн хичээлүүд нилээд ордог. Гэрийн даалгаварт гэр бүлийнхэндээ туслах, хамтдаа дасгал хийх, ном унших, хөгжилтэй тоглоом тоглох даалгаврууд багтдаг юм билээ. Ахлах ангиас нь эхлээд илүү академик хичээлд нь анхаардаг гэж сонссон. Төлбөрийн хувьд харьцангуй өндөр, жишээ нь бага ангийн сургалтын төлбөр хэлний бэлтгэл, коллежийн түвшний оюутнуудын хүүхдэд нэг жилийн 9900 австрали доллар, магистр докторын түвшний оюутнуудын хүүхдэд 6600 австрали доллар байдаг.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг ковидын нөхцөл байдлаас болж өнөө жил өнжсөн. Авсралид байгаа монголчуудын хувьд яаж наадав?

-Австралид байгаа Монголчууд цагаан сар, баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Нутгаасаа хол байгаа хүмүүсийн хувьд үндэсний баярууд маань эх орноо санах, бахархах, элэг нэгтнүүдтэйгээ нэгэн өдрийг баярлан өнгөрөөх чухал өдөр. Том талбай дээр хуушуурын болон бусад худалдааны асрууд гарч, эрчүүд бөх барилдан, шагай харваж, хүүхдүүд уралдан, хүмүүс үндэсний дээл хувцсаараа гоёж, үндэсний дуу, бүжгийн тоглолтууд болж Монголдоо байгаа мэт нэгэн өдрийг өнгөрөөдөг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон учир бид гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн.

-Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань хоорондоо хэр элэгтэй байдаг вэ?

-Монголчууд маань хоорондоо маш ойр, бие биеэ дэмжиж тусалж, элэг нэгтэй амьдардаг. Ихэнх Монголчууд бие биетэйгээ ойр нэг газраа төвлөрөн амьдардаг бөгөөд монгол хоолны газар, монгол дэлгүүрээр ч үйлчлүүлэх боломжтой. Спортын уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулагдахын зэрэгцээ сайн дурын үйл ажиллагаа, номын өдөрлөг, жижиг хэмжээний тоглолт гэх мэт Монголчуудыгаа хамарсан үйл ажиллагаанууд зохион байгууллагддаг. Мөн энд амжилттай бизнес эрхэлдэг олон монголчууд байдаг бөгөөд мөн тэднийгээ дэмжихийг эрмэлздэг.

-Хэдийгээр хилийн чандад байгаа ч гэсэн сонгуульд залуучуудын оролцоо ямар байдаг бол?

-Монгол улсын элчид сайдын яам Австралийн нийслэл болох Канберра хотод байрладаг боловч ихэнх Монголчууд маань Сидней, Мэлбурн гэх мэт өөр хотуудад амьдардаг. Тиймээс сонгууль өгөхийн тулд 300 гаруй километрийн зайд байрлах өөр хот руу явах шаардлага гарна. Хэдий тийм ч сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 800 орчим залуучууд оролцсон бөгөөд ихэнх нь үндэсний хувцсаараа гоёж, холоос зорин очиж хариуцлагатайгаар сонгуульдаа оролцсон. Сонгуульд саналаа өгөх сонирхолтой олон залуус байсан боловч ажил, хичээлийн байдлаас шалтгаалан хол явах боломжгүйгээс ирц буурсан болов уу.

-Монголын Элчин сайдын яамны зүгээс тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа нийгмийн асуудалд анхаарч чадаж байна уу?

-Элчин сайдын яам маань спорт, урлагийн болон баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулах тал дээр түлхүү анхаардаг. Нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг тухай одоохондоо надад мэдэх зүйл хомс байна. Мэдээж бичиг баримттай холбоотой элчингийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг.

-Австралид гэр бүлээрээ ажиллаж, амьдрахын давуу тал юу вэ?

-Австралийн нилээд хэдэн хотууд дэлхийн хамгийн амьдрахад таатай орнуудын жагсаалтыг байнга тэргүүлдэг. Эрүүл агаар, эрүүл хүнс, тохь тухтай амьдрах орчин, сургалтын чанар, үзэсгэлэнтэй байгаль гээд олон давуу талууд бий. Ажлын цаг эрт эхлэж, эрт дуусдаг болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой. Чийглэг дулаан уур амьсгал нь хүүхдүүдэд ээлтэй, аялал зугаалга хийхэд таатай мөн аюул багатай. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байхаас гадна хаа сайгүй байдаг хүүхэд тоглох боломжтой ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд нь надад их таалагддаг.

-Орон байрны хувьд ямар сонголттой байх бол?

-Энд амьдарч байгаа гэр бүлүүд, оюутнууд ихэвчлэн байр эсвэл өрөө түрээслэж амьдардаг. Жишээлбэл, гэр бүлээрээ 1-2 өрөө байр түрээслэж амьдрах, хажуу өрөөгөө өөр хүмүүст түрээслүүлэх гэх мэт. Аль болох зардлаа хэмнэх боловч тав тухтай амьдрахыг эрмэлздэг. Мэдээж байршлаасаа хамаараад үнийн хувьд ялгаатай. Хоёр унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөө бүхий байр, машины зогсоолын хамт долоо хоногт 550-650 австрали доллар, хажуу өрөө 250-350 австрали доллар байдаг. Илүү хямд эсвэл үнэтэй байрнууд ч мэдээж бий. Байрны хувьд тохь тухтай, цэвэрхэн, ихэвчлэн хотхондоо усан бассейн болон фитнесс заалтай байдаг.

-Сургуулиа төгсөөд эх орондоо ирж амьдрах уу. Ер нь Австралийг зорихоор зэхэж байгаа залуустаа юу гэж захимаар байна?

-Өндөр хөгжилтэй, сайхан оронд ажиллаж амьдарч байгаа хэдий ч өөрийн гэсэн зорилготой ирсэн. Түүнийгээ биелүүлээд аав ээж, гэр бүлдээ очиж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, элэг бүтэн сайхан амьдрахын төлөө өдөр бүр тасралтгүй хичээж, сурч, хөдөлмөрлөж байна. Ирэхээр зэхэж буй залуустаа хэлэхэд эх орондоо байхдаа хэлээ сайн сураад ирвэл зорилгоо хурдан биелүүлэхэд, мөн ажиллаж амьрахад илүү дөхөм байх болов уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сүхбаатар: Гуравдагч хөршийн гол орнуудад томилсон хүмүүс дунд өндөр мэргэжлийн дипломатч нэг ч харагдсангүй, МАН-ыг илээр дэмждэг нөхөд л байна

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.


-АН-ын дэргэд байгуулагдсан Зөвлөхүүдийн танхимд таны нэр багтсан байна. Та бүхэн энэ намыг эвэнд нь оруулахын тулд юу зөвлөж, яаж ажиллах вэ?

-Манай намд үүссэн асуудлыг бүгд мэдэж байгаа. Үндсэндээ бие, биеэ үгүйсгэсэн хуваагдмал байдалтай байна. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд Дээд шүүхээс “М.Тулгат даргатай хүмүүс албан ёсны нам төлөөлж байгаа гэж үзнэ” гээд шийдвэр гаргачихлаа л даа. Энэ намыг анх 1990 онд үүсч байхад оролцож, удирдаж байсан намын нүүр царай болсон хүмүүс Зөвлөхүүдийн танхимд орж байх шиг байна. Бид АН-ын цаашдын ирээдүйг бодож, өөрийнх нь үндсэн үзэл санааны байр сууринд нь эргүүлж оруулахын тулд хүчээ нэгтгэж байгаа юм. Намын дүрэмд ч ийм танхим байгуулах заалт бий. Манай нам олон улсад бүртгэлтэй, баруун төвийн үзэлтэй намуудын гэр бүлийн гишүүн нам. Тэр байр суурин дээрээ очиж, нам маань өөрийнхөө эзлэх ёстой орон зайгаа эзэлж, цаашид хөгжих ёстой. Зөвлөхүүдиийн танхим намыг удирдаад байгаа юм биш. Намын үндэс суурь нь болсон ахмад үеийнхэн бид шинэ удирдлагадаа туслах, орон нутагт анхан шатанд ажиллаж байгаа гишүүдээ нэгтгэж, удирдлагынхаа хүрээнд намаа авч явахад нь туслах зорилготой.

-Танай нам хоёр талд гарчихаад байгаа нь хэний буруутай үйл ажиллагаа гэж хардаг вэ. Дээд шүүх хоёр тусдаа тамгатай АН-ыг аль алиныг нь бүртгэхээс татгалзаж байгаа. Тэгсэн хэрнээ Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг дэвшүүлэхэд саад болоогүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх эрх баригчдын захиалгаар танай намыг бүртгэхээс татгалзаад байна гэсэн хардлага байх шиг…

-Энэ ойлгомжтой, улс төрийн өрсөлдөөн явж байна. Нэг нам нь өөрсдөө дотроо будлиад, үзэлцээд байвал нөгөө намд ашигтай. Үүнийг улам л дэвэргэнэ. Юу гээд л “Та нарыг эвлэрүүлье” гэхэв дээ. Сул байгаа нь бидний өөрсдийн буруу. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам хагаралтай байсан. Ямар сайндаа албан ёсны нэр дэвшигчээ дэмжихгүй хэмжээнд хүртэл нам доод цэгтээ хүртэл уналаа.

Ер нь өргөн хүрээнд өнгөрсөн түүхтэй нь харах юм бол анх Ардчилсан хөдөлгөөн үүсэхэд гурван тулгуур улс төрийн хүчин гарсан. Ардчилсан холбоо -МоАН, Ардчилсан социалист хөдөлгөөн – Социал демократ нам, Шинэ дэвшилт холбоо – Үндэсний дэвшлийн нам гээд гарсан шүү дээ. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд эдгээр гурван нам дээр нэмээд арав гаруй нам АН-д нэгдсэний цаад гол зорилго нь ардчиллын төлөө өгч байгаа саналыг хуваахгүйн тулд л нэгдэж ирсэн түүхтэй. Үзэл бодлынх нь хувьд харахаар Социал демократ нам зүүн төвийн үзэлтэй. МоАН болон МҮДН бол барууны үзэл баримтлалтай байсан. Ингээд энэ намууд нэгдээд явсан. Хараад байхад сүүлийн 10-аад жилийн хугацаанд нам доторх зүүний чиглэлийн удирдлагууд нь давамгайлж эхэлсэн. Нам маань өөрөө бараг зүүний үзэлтэй, зүүний байр сууринаасаа асуудалд ханддаг болсон учраас нийгэмд улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН ялгаагүй гэсэн ойлголт бий болчихоод байна шүү дээ. Ярьж байгаа асуудлыг нь харахаар хоёулаа халамжаар уралдсан.

Мөнгө төгрөгийн хэрэгт аль, аль намаас нь холбогдож байна. Ийм байдлаар явж ирсэн учраас нам маань сүүлийн хоёр сонгуульд ялагдахад асар их нөлөөлсөн. Яагаад гэвэл МАН коммунист угшилтай зүүний үзэл баримтлалтай нам. Популист амлалт өгөөд явахад тэдэнд ямар ч асуудал байхгүй. Гэтэл манайх тэдэнтэй адил зүүн үзлээр үзэлцэх гээд ямар ч үр дүнд хүрсэнгүй, сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонуульд навсайтлаа ялагдлаа шүү дээ.

-Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд та ямар бодолтой байна вэ?

-Хүнийг нь орхиод сонгуулийнх нь хувиар харах юм бол өнөөдөр Монголын нийт сонгогчдын 90-ээд хувь нь зүүний үзлийг дэмжиж байна. Нийт саналын 70-аад хувь нь МАН-д өглөө. ХҮН бол зүүн чиглэлийн нам. Энэ намыг 20-иод хувь нь дэмжиж байна. Цаана нь 10-аадхан хувийн орон зай байгаа нь харагдлаа шүү дээ. Монгол орон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хөгжих чиг баримжаатай ийм том нам сонгогчдын дунд 10-аадхан хувийн л дэмжлэгтэй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ үүднээс нам дотор үзэл бодлын ялгаа гарч байгаа юм болов уу гэж харж байна. Намын удирдлагын төлөө өрсөлдөөд байгаа юм шиг мөртлөө цаанаа зүүн чигийн үзлийг хамгаалсан, энэ замаар явъя гэсэн нэг хэсэг тодорхой хүмүүсийг дагаад зүтгэж байна. Ерөөсөө баруун чиглэлийнхээ үзлийг барья гээд байгаа нь М.Тулгат даргатай АН юм. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсын хувьд баруун төвийн үзэл баримтлалаар явах юм бол Монгол Улс хэвийн хөгжлийн замдаа хурдан орно гэж үздэг хүмүүс Зөвлөхүүдийн танхимд нэгдсэн гэж би хувьдаа ойлгож байгаа. АН-ын өнөөдрийн энэ хагарал хуваагдлаас хоёр зүйл тодорхой харагдаад байгаа юм. Нэгдүгээрт, зүүн, баруун тал руугаа ялгарах юм уу даа. Хоёрдугаарт, энэ нам дотор үе солигдох процесс байгалийнхаа жамаар явж байна. 1990-ээд онд төрж гарч ирсэн улстөрчид өнөөдрийг хүртэл байр сууриа тавихгүй явлаа шүү дээ. Тэр улсууд намын удиридлагад байлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нарын албан тушаалд ажиллаа. Алдаж, оносон нь бий. Тэдний цаг үе нэгэнт дуусчээ. Шинэ үе гарч ирэх болсон байна. Иймээс удирдлагын асуудал нэлээд хүчтэй яригдаж байна л даа. Энэ дундаас М.Тулгатыг дагаж гарч ирж байгаа залуучууд үнэхээр баруун чигийн үзэл баримтлалыг аваад явах залуус юм уу гэж харж байгаа. Тэдний цаг нь иржээ. Одоо аргаа олох гээд ядаж байна л даа. Үнэн хэрэгтээ ийм процесс ялгарал явагдаж байна гэж харж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэдорж “С.Эрдэнийг АН-ын даргын ажлаа хурдан өгөхийг шаардаж, Онц их хурлаа зарла” гэж мэдэгдсэн. Намын эв нэгдлийн асуудал Онц их хурал зарлаад шийдэгдчих асуудал гэж харж байна уу?

-Энд, тэнд бүлэг болцгоогоод л гарц хайж байна л даа. АН-ын гол асуудал бол эв нэгдэлгүй гэж ярьдаг. Яагаад гэвэл үзэл санааны хувьд нэгдэж чадаагүй. Анх Монгол оронд ардчиллыг авчрахдаа хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонгуулийн төлөө бүгд нэгдээд тэмцсэн. Тэр үед үзэл санаа маань нэг, нэгдмэл байсан. Өнөөдөр ардчилал бодит байдал болчихлоо шүү дээ. МАН зарим талаараа АН-аас ч илүү ардчилсан болчихоод байна. Хэдийгээр МАН хувийн өмчийг хураана барина гэсэн хуучнаа санагалзсан үзэл гаргаж байгаа ч гэсэн Монгол орон үнэн хэрэгтээ ардчилсан тогтолцоотой болчихсон байна. Энэ дотроо хоёр том нам ямар, ямар замаар явах вэ гэдгээрээ ялгарах ёстой. Нэг хэсэг маань “Баруун чигээ бариад илүү бизнесийн эрх чөлөөг олгоё. Хувь хүнд орон зайг нь олгоё, аль болох татварыг нь багасгая, хүн өөрөө бизнесээ аваад явах боломжийг олгоё. Үүнд Засгийн газар оролцохоо больё, эрх чөлөөг нь хангая, Засгийн газар нь цомхон байх ёстой” гэсэн бодлогыг баруун төвийн үзэлтнүүд баримталдаг. Зүүн талынх нь болохоор “Байгалийн баялгаа төр хяналтандаа авч, ард иргэддээ ижил тэнцүү хувааж өгнө.Төр бүх асуудлыг шийднэ” гэсэн социалист маягийн бодлого баримталдаг.

Тэгэхээр манай нам юуны өмнө энэ үзэл санааныхаа нэгдлийг хангах ёстой. Үүний дараа Их хурлаа зарлах уу, даргын сунгааг дахин явуулах уу гэдгээ тогтож болно. Гэхдээ эхлээд бид ямар үзэл санааны төлөө тэмцэх гээд байгаа юм бэ гэдгээ тодруулах ёстой. Зөвлөхүүдийн танхим онолын хувьд ч, практик амьдралын хувьд ч үзэл баримтлалын тодорхой чиглэлийг гаргаад явж байгаа.

-АН-ын дотоод хямрал цаашид юунд хүргэж болзошгүй вэ?

-Өнгөрсөн 2012 оноос хойш хэсэг хугацаанд манай нам бүх эрх мэдлийг авсан. Өнөөгийн МАН шиг л байлаа. Тэр үед манайхан Ардын нам шиг цамаархцгааж байсан биз дээ. Үүнээсээ болоод уналаа. Одоо нам дотроо эв нэгдэлгүй байдгийн цаад учир шалтгааныг олохгүй бол болохгүй нь ээ. Үзэл санаандаа үнэнч хүмүүсээр намаа бүрдүүлж явахгүй бол болохгүй нь ээ. Тэгэхгүй бол ашиг сонирхлын бүлэглэлүүд орж ирээд самраад байна шүү дээ. Үүнээс л болж намын нэр хүнд унаж, дэмжигчид маань нүүрээ буруулж байна.

-Өнөөгийн сөрөг хүчин сул байна гэсэн шүүмжийг байнга авч байгаа. Наадам хийхийг эсэргүүцэж энгийн иргэд жагсаж байхад тэд таг чиг байсан. Одоо шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа таваар дагаад өссөн байхад таг чиг л байна. Ер нь аливаа улс төрийн хүчин өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө л дуугардаг. Нийтийн эрх ашиг хөндөгдөж байхад тэднийг сонгодог иргэдийнхээ төлөө дуугарах нь ховор юм?

-Тэр үнэн. Манай намын хувьд дотоод асуудалдаа дарагдчихаад байна шүү дээ. Уг нь нам нь цэгцтэй байсан бол нийгмийн тулгамдсан асуудлуудад хамгийн түрүүнд намын залуучууд нь уриалаад л, Их хурал дээр гишүүд нь дэмжээд л уялдсан зохицолдсон үйл ажиллагаа явуулах ёстой. Доторх гол цөм нь тодорхойгүй байдалтай болохоор намын гишүүд идэвхгүй байдалд байна. Цаашид нийгмийн олон асуудал ундарна. Манай нам хурдан байр сууриндаа орж, бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх цаг удахгүй ирнэ. Нам доод цэгтээ хүртлээ уналаа. Үүнээс доош явах газар алга. Эргэж учраа олоод урагшлах хэрэгтэй байна.

-АН-ын өнөөдрийн хагарал үе үеийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж нийгэм үзэж байгаа. Зөвлөхүүдийн танхимыг байгуулагдахад хүртэл намаа ийм байдалд хүргэсэн хөгшчүүл яаж өөд нь татах юм гэсэн хатуухан байр суурь илэрхийлэх хүн цөөнгүй байсан. Энэ та дээр таны бодлыг сонсъё?

-Манай залуу үе гарч ирж байна. Шүүмжлэх нь аргагүй. Ахмад үеэ одоо болно, зайгаа тавь гэж байна. Энэ үнэн л дээ. Тэгж шүүмжилж байгаа хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ АН-ыг бий болгож, өдий хүртэл авч ирсэн хүмүүс ирээдүйнхээ төлөө бас хариуцлагаа хүлээх ёстой. Залуучууддаа тусалж, дэмжиж, зөв чиг баримжаанд нь оруулж өгөх үүрэгтэй хүмүүс. Тэрнээс Зөвлөхүүдийн танхим нь намын эрх мэдлийг аваад удирдаад явах гээгүй шүү дээ. Үүнийг зөв ойлгоосой. Энд байгаа хүмүүсийн ард тэдний үзэл санааг нь дэмждэг олон хүн байгаа. Өндөр хөгжилтэй ардчилал хөгжсөн орнуудын бодит байдлыг харахад улс төрийн амьдралд илүү туршлагатай, боловсролтой хүмүүс түлхүү явдаг. Залуучууд байдаг л даа. Манайхан болохоор цэвэр залуучууд аваад явчих юм шиг бодоод байгаа. Английн Консерватив намынхантай уулзаад намаа танилцуулж байхад “Танай ахмадын холбоо чинь ямар учиртай юм” гэж надаас асууж байсан. “60-аас дээш насанд гарсан хүмүүс ахмадын холбоо болоод намаа дэмжээд явдаг юм” гэсэн чинь “Тэгвэл манай нам тэр чигээрээ ахмадын холбоо болох юм байна шүү дээ” гээд инээлдэж байсан. Улстөрч хүн хэзээ ч ахмад болоод сууна гэж байдаггүй. Залуучуудтай адилхан л тэмцэж яваад дуусдаг. Харин улс төрөөс гарсан бол эргэж ноцоод байдаггүй л жамтай юм уг нь. Одоо манай намд шинэ залуу удирдагчид гарч ирэх цаг нь болжээ. Тэд маань дэлхийд нотлогдчихсон, туршигдчихсан тэр л үзэл санааг бариад явахгүй бол МАН-ын залуучуудтай зүүний үзлээр өрсөлдөнө гэвэл ерөөсөө явахгүй. Ямар нэгэн хямралд заавал боломж байдаг. Өнөөдөр энэ боломж бол баруун төвийн үзлээ маш тод илэрхийлсэн хүчирхэг нам гарч ирэх гээд дуншаад байгаад л оршиж байна. Үүн дээр залуучууд маань үзэл санаагаараа нэгдэж, тууштай яваач ээ л гэж хүсмээр байна.

-Элчин сайдуудын томилгоо нэлээд асуудал дагууллаа. Хэд хэдэн оронд Элчин сайдаар сууж байсан хүний хувьд та энэ томилгоонд ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ удаагийн томилгоо нэлээд онцлогтой болж байна. Манай улс хилийн чандад 40 гаруй дипломат төлөөлөгчийн газартай. Саяын томилгоогоор 25 хүн гэхээр талаас илүү хувьд нь Элчин сайд явуулж, эгүүлэн татаж байгаа юм байна. Ийм тохиолдол ховор. Манай практикт ч өмнө байгаагүй. Томоохон хувьсгалт өөрчлөлт гараад ч юмуу, нийгмийн систем нь тэр чигээрээ өөрчлөгдөж, нийгмээ шинээр зохион байгуулж байгаа үед Элчин сайдуудаа ингэж олноор томилдог жишиг бий. Харин манай улс амар тайван, дайн байлдаангүй, учиргүй байгалийн гай гамшиг тохиолдоогүй орон. Тэгсэн хэрнээ гэнэт ингэж 25 хүний нэр оруулж ирээд нэг амьсгаагаар томилж байгаа нь хүн бүхэнд сонин байна. Гадныхан нэлээд анзаарч харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа удалгүйгээр шууд томиллоо шүү дээ. 25 хүний асуудал ороод 23-ыг нь дэмжиж байх шиг байна. Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсыг төлөөлөх нэг номерийн хүн. Энэ хүн маань гарч ирэнгүүтээ 23 хүнийг Элчин сайдаар томилж байгаа явдалд гадаадынхан анхааралтай судалж, ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн гадаадад өөрийгөө зарлан тунхаглаж байгаа анхны акц боллоо. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч гадаад талдаа ямар бодлого баримтлах гэж байгааг нь энэ томилгоогоор шууд харж болохоор. Энэ удаагийн томилгоог хараад Монгол Улсын гадаад бодлогод өөрчлөлт оржээ гэж гадныхан дүгнэхээр байна. Яагаад гэвэл Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох хоёр хөршдөө нэр хүндтэй томоохон улстөрчийг томилж байгаа нь зөв зүйтэй алхам байтал гуравдагч хөршийн гол орон АНУ-д ямар нэгэн дипломат ажлын туршлагагүй, төрийн албанд ч бараг ажиллаж үзээгүй хүнийг явуулж байна. Тэр хүн мэргэжилдээ мундаг, сайхан уртын дуучин, жуулчны менежер байж болно. Ийм хүнийг тавьж байгаа нь Монгол Улсыг гуравдагч хөршийнхөө бодлогод өөрчлөлт оруулж байгаа юм болов уу гэсэн мессэжийг өгчихөж байгаа юм. Зөвхөн АНУ биш Англи, Франц, Герман, Итали, Турк гээд гуравдагч хөршийн гол, гол орнуудад томилж байгаа хүмүүсийн дунд өндөр мэргэжлийн дипломатч нэг ч байхгүй, МАН-ыг илээр дэмждэг хэсэг нөхөд л байх шиг байна. Энэ удаагийн томилгоог ерөнхийд нь аваад үзэх юм бол бодлого харагдахгүй байна. Монгол Улсын гадаад бодлого бүдгэрсэн дүр зураг харагдаж байна. Хоёрдугаарт, гадаад харилцааны төв байгууллага буюу Гадаад харилцааны яамны үүрэг улам жижгэрсэн нь энэ томилгооноос шууд уншигдлаа. Монгол Улсын гадаад бодлогыг барьж байгаа яам аль улсад хэнийг томилох уу гэдгийг санал болгох чухал үүрэгтэй. Тэдний оруулж ирсэн нэрсийг Ерөнхийлөгч томилдог. Гэтэл Ерөнхийлөгч нь ч юм уу, Засгийн газар нь эсвэл УИХ-д байгаа эрх мэдэл мөнгөний бүлэглэлүүд дээрээс нь хүн шидэж, тэрийг нь Гадаад яам зүгээр л албажуулдаг байгууллага болсон байна. Энэ маш тодорхой харагдлаа. Гадаад харилцаа эрхэлсэн төрийн төв байгууллагын эрх үүрэг нь олон жилийн хугацаанд энэ улстөрчдийн гайгаар жижгэрсээр, жижгэрсээр юу ч үгүй болсон нь хамгийн аюултай. Өнөөдөртөө болоод байгаа юм шиг боловч алс хэтдээ Монгол Улсад нэн аюултай энэ үзэгдэл улам ужиграх төлөвтэй боллоо. Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг нь авч явдаг энэ байгуулага эрх мэдэл, нөлөөгүй болсон байна. Сайдаар очиж байгаа хүмүүсийн зарим нь гадаад бодлогыг мэддэггүй, мэдэрдэггүй. Тийм нөхөд очоод энэ яамыг үймүүлж байна шүү дээ.

-Энэ удаагийн томилгоог эсэргүүцэж яамны газрын дарга, захирлуд гээд таван эмэгтэй удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн нь ил болсон. Тэдний карьер дуусчихав уу?

-Гадаад харилцааны яамны газрын дарга гэдэг бол Элчин сайд хийхээр бүрэн бэлтгэгдсэн шалгагдсан номер нэг нэр дэвшигч байх ёстой. Тэр хүмүүсээ харилцаа багатай, ач холбогдол сул орнуудад явах уу гэж санал болгосон байх юм. Тэдний дотор миний мэдэхийн яаманд орчуулагчаас газрын дарга хүртэл явсан чадварлаг дипломатчид олон байна. Тэд бол гадаад харилцааг жинхэнэ мэдэрсэн, судалсан, практик дээр ажиллаад Элчин сайд хийхэд бүрэн бэлтгэгдсэн улсууд. Гэтэл тэднийг хамгийн доогуур тавиад, улстөрчдийг болохоор харилцаа өндөртэй чухал орнууд руу томилж байна. Тэд эсэргүүцэх нь зөв. Гадаад харилцааны яам бол 1911 оноос хойш 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг нандигнан авч явж ирсэн манай төрийн гол ноён нуруу, тулгуур багана нь юм. Энэ яаманд өөрийн тогтсон соёл, заншлыг авч яваа цөөхөн хэдэн хүн үлдчихээд байна. Тэд гараад явчихвал гадаад яам юу ч үгүй болно. Манай улсын аюулгүй байдал, гадаад харилцаа гээд бүх зүйл маань дипломат албан дээр тогтож байгаа шүү дээ. Манайх цэрэг зэвсгийн хүчээр нэг хэсэгтээ тусгаар байдлаа хамгаалан барьж чадах байх. Гэхдээ Монгол Улсын тусгаар тогтносон бөгөөд бие даасан байдлыг өнөөгийн энэ дэлхий ертөнцөд зөвхөн дипломат аргаар л хангаж байгаа гэдгийг ойлгож, мэдрэх хэрэгтэй.

-Сүүлийн үед дипломат албыг мөнгөөр хэмжээд байх шиг. Тэр улсаас тэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт татсан гэдэг ч юм уу. Томилгооны асуудал дээр иймэрхүү дүгнэлтүүдийг хийгээд байгаа харагдсан?

-Элчин сайдыг явахад нь “Монголдоо хэдэн төгрөг оруулж ирсэн юм, хэдэн оюутан сургаснаар нь хэрхэн ажилласныг нь дүгнэх ёстой” гээд байгаа. Энэ бол дипломат албаны талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийн яриа. Гадаад харилцаа, дипломат албыг мөнгөөр хэмжиж болохгүй. Тусгаар тогтнолыг хэдэн төгрөгөөр хэмжих гээв? Өнгөрсөн 1990-ээд оны үед социалист систем нурж унаад Монгол Улс эдийн засгийн гүн гүнзгий хямралд орчихсон байхад гадаад харилцааны салбар л аварсан биз дээ. Хандивлагч орнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, хөгжилтэй орнуудын тусламж дэмжлэгийг оруулж ирсэн нь зөвхөн гадаад харилцаа, дипломат албаны үйл ажиллагааны үр дүн шүү дээ. Үүнийг хэдэн төгрөгөөр ч хэмжиж болохгүй. Жишээлбэл, манайх Куба, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад гаднаас нь харахад ач холбогдол багатай юм шиг мөртлөө тийм орнуудад ЭСЯ байлгаж байгаа. Энэ бол байх ёстой зүйл. Гэтэл зарим хүн “Тэнд хий дэмий мөнгө зарж Элчин сайд байлгах ямар хэрэгтэй юм” гэдэг. Энэ бол гадаад харилцааг ойлгохгүй байгаагийн балаг. Монгол Улс өөрийн гэсэн бие даасан бодлоготой, тусгаар улс гэдгийг дэлхий дахинд нотолж харуулж байдаг. Янз бүрийн зүйл тохиолдоход тэр улсууд олон улсын тавцанд, НҮБ-ын хэмжээнд Монгол Улсын төлөө дуугарч, санал өгч дэмжиж байдаг юм. Ийм бүлэгтэй, дэмжигч орнуудтай байх ёстой. Энэ бүхний нарийн ширийн асуудлыг ойлгохгүйгээр томилгоо хийж байна л даа. Гадаад харилцааны чухал албыг улстөржүүлмээргүй байгаа юм. Хэдийгээр өнгөрсөн найман жилд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан ч гэсэн МАН-аас санал болгосон хүмүүсийг томилдог л байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ардын нам, Ардчилсан нам гэж намаар нь ялгаж байгаагүй. Мэргэжлийн гэсэн хүмүүсийг сонгоод томилдог байсан. Энэ удаад цэвэр Ардын намын хүмүүсийг оруулж ирсэн байна лээ. Ардчилсан намыг хялайж ч харахгүй явж байна л даа. Ерөнхийлөгчийн сонгуульд 70 хувийн санал авсан хүн үүгээрээ аархаж байгаа юм шиг байна. АНУ-д Элчин сайдаар Ё.Отгонбаярыг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилсон. Тэр мэргэжлийн хүн, туршлагатай улстөрч. АНУ бол манай улсын гадаад бодлогод маш том байр суурь эзэлдэг учраас өндөр ач холбогдол өгч байгаа хэрэг. Гэтэл өнөөдөр шинэ Ерөнхийлөгч 25 Элчин сайдын нэрсийг АН-ын бүлгээр ч оруулж зөвлөхгүйгээр шууд өөрсдөө томилоод явуулж байгаа дүр зураг харагдлаа.

-Гадаадын улс орнууд элчингээр ирэх хүмүүстээ шалгуур тавьдаг уу?

-Элчин сайдыг хүлээж авч байгаа тал янз бүрийн шалгуур тавьдаггүй. Мэдээж олон улсын хэмжээнд гэмт хэрэг гэж үзэгддэг үйлдэлд орооцолдож байгаагүй байх ёстой. Терроризм, хар тамхины наймаа, хүн хулгайлах, хүн худалдаалах, хууль бус зэр зэвсгийн наймаа гэх мэт зүйлд нэр холбогдоогүй байх нь зүйн хэрэг. Хэнийг томилох нь манай дотоод асуудал. Монгол Улстай ерөнхий сайн харилцаагаа бодоод томилсон хүнийг нь хүлээж авна. Гэхдээ “Монгол Улс манайд ямар хүнийг Элчин сайдаар илгээж байна вэ” гээд тухайн хүний намтар түүхийг судална. Ямар хүн очихоос нь хамаарч тэр хэмжээнд хүлээж авна. Дипломат албыг хялбарханаар хардаг буруу ойлголт нийгэмд яваад байна. Элчин сайд гэхээр л сайхан тугтай машин унаад, хажуудаа орчуулагч суулгачихаад давхиад, бэлдээд өгсөн цаасыг нь уншчихаад явдаг нөхөр гэж боддог байх. Жинхэнэ дипломат албаны ажил нь тухайн суугаа орныхоо төр засагтай харилцахаас гадна тэнд сууж байгаа бусад улсын дипломатуудтай маш ойр харилцаатай байж, тухайн оронд чухам ямар үйл явц болж байгаа, хэн нь илүү нөлөөтөй болж байгаа, харилцааны ямар шинэ чиг хандлага гарч байгаа, тухайн орон, бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлын ойрын болон хэтийн төлөв ямар байх гээд нарийн ширийн мэдээллийг хуваалцаж байж ажлаа хийдэг. Зөвхөн албан ёсны хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд байхгүй тэр мэдээллийг олж төр засгийн удирдлагадаа мэдээлж байх ёстой. Байнга мэдээлэл, судалгаа цуглуулна. Миний хувьд хэд хэдэн оронд Элчин сайдаар ажллаж байсан хүний хувьд гадаадад ажиллаж байхдаа ажигласан зүйл гэвэл зарим нэг орны элчин сайд гээд хүмүүс янз бүрийн арга хэмжээн дээр ирчихээд орчуулагчтайгаа хоорондоо байхан ярьж байгаад, хоол идчихээд гараад явж байгаа харагддаг. Хэнтэй уулзаж, юу ярихаа ч мэдэхгүй байгаагийн илрэл. Энэ бол улсынхаа төсвийг хий хоосон зүйлд үрж байгаагийн жишээ. Ийм хүмүүсийг л битгий томилоосой. Томилогдон очиж байгаа орныхоо хэл юм уу дэлхий нийтийн түгээмэл хэлээр нэвтрэлцэх өндөр чадвартай байх ёстой. Зүгээр нэг гудамжны хальт мульт хэлтэй хүнийг хэн ч тоохгүй, харин ч аль болохоор зай барьж зугтаадаг юм.

-Хэрэв хэл ус тааруу, дипломат албаны туршлагагүй хүн томилчихвол тухайн хүлээж авч байгаа улсын Монголтой харилцах хандлага сулрах талтай юу?

-Гаднаа тэрийгээ харагдуулахгүй ч очиж байгаа хүнийхээ хэмжээнд л хандана шүү дээ. Дипломат алба гэдэг бол олон жилийн тогтсон дэг жаягтай. Тэр журмаараа л явна. Тухайн улсын элчин сайдыг хүлээж авахаасаа өмнө CV-г нь заавал харна. Урьдчилж танилцаад уулзах хэмжээний хүн мөн үү, биш үү, уулзаад ярилцах хэмжээнийх байна үү, үгүй юу гэдэг дүгнэлт хийгээд явдаг тогтсон жишигтэй.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Орос, Хятад хоёр хөрш Монгол Улсаас илүү хамааралтай болно

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Орос, Хятад гүрний удирдагч нар цахим уулзалт зохион байгуулж 20 жил мөрдөгдөж буй нөхөрлөлийн гэрээгээ сунгана гэлээ. Хоёр улсын найрамдалт харилцаа болоод уг гэрээг түүхэн талаас нь авч үзвэл ямар зорилго, ач холбогдолтой вэ?

-Гэрээний албан ёсны нэршил нь “ОХУ, БНХАУ-ын хоорондын Сайн хөрш, Найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ” буюу “Договор о добрососедстве, дружбе и сотрудничестве между РФи КНР” гэдэг. Тухайн үеийн Хятадын удирдагч Зян Зэмин ОХУ-ын удирдагч В.Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийх үеэр 2001 оны долдугаар сарын 16-нд дээрх гэрээнд хоёр улсын удирдагч гарын үсэг зурсан байдаг.Тус гэрээнд гарын үсэг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой “Шанхайн тав” нь ШХАБ болон өргөжсөн түүхтэй. Үүнтэй нэгэн зэрэг В.Путин, Зян Зэмин нар есөн зүйл бүхий Москвагийн Тунхаглалд мөн гарын үсэг зурсан. Дээрх гэрээ нь 25 зүйлээс бүрдсэн, хүчинтэй байх хугцагааг 20 жил гэж тодорхойлж, хоёр орны хамтын ажиллагааны үндсэн зүйлүүдийг тусгасан суурь гэрээ юм. Хугацаа нь энэ сард дуусч байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд хөрш хоёр орны удирдагчид цахим саммит хийж, дурдсан гэрээг таван жилээр сунгахаар тохиролцлоо.

Орос, Хятад бүр 1994 оны нэгдүгээр сард хоёр улс “constructive partnership” буюу бүтээлч түншлэлийг эрхэмлэхээ тунхаглан зарласан байдаг. Үүгээр “сайн хөршийн харилцан ашигтай”, Борис Ельциний Бээжинд хийсэн айлчлалаар 1996 оны дөрөвдүгээр сард “стратегийн түншлэл”-ийн үндсийг тавьж, 1997 оны дөрөвдүгээр сард Москвад “Олон туйлт ертөнц, олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай Орос-Хятадын Хамтарсан Тунхаглал”-ыг батлан гаргаж, 1998 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан Хамтарсан Тунхаглалд “тэгш эрх, буурь суурьтай түншлэл” тогтсныг зарлаж байв. В.Путин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй 2012 оны зургадугаар сард Бээжинд айлчилж, “Орос, Хятадын Иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсон. 2013 онд БНХАУ-ын удирдагч Си Жиньпиний Москвад хийсэн анхны айлчлалын үеэр хоёр гүрний харилцааг “Тусгай харилцаа” хэмээн онцлож байсан. 2017 оны долдугаар сард Хятадын удирдагч Ши Жиньпин Москвад айлчлах үеэр В.Путин түүнд ОХУ-ын төрийн дээд “Гэгээн Андрей”-н одон гардуулж, харин Ши Жиньпин “Хоёр орны дотоод нөхцөл, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Орос улсад хандах бидний хандлага, үндсэн зарчим огт хувирахгүй” гэж мэдэгдэж байсан. Энэ үеэр хоёр орны удирдагч ОХУ, БНХАУ-ын харилцаа нь хурцадмал үеийн “шилдэг харилцаа” гэж дүгнэсэн байдаг.

-Хоёр орны баримталж буй гадаад бодлого ямар түвшинд байна вэ?

-ОХУ, БНХАУ-аар тэргүүлсэн олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлага идэвхжиж байгаа ч хоёр хөршид эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрч, авторитар дэглэм эрчээ авч, олон нийтийн мэдээлийн хэрэгсэлд тавих хяналт чангарч, хүний эрх, эрх чөлөөг боймолж буй нь иргэдийн эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодолтой улам бүр зөрчилдөж байгаа. Хоёр хөршийн гадаад бодлого нь олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг цогцлоох үндсэн дээр хүчний шинэ тэнцвэр барих, хүчний шинэ хуваарилалт удирдахыг эрмэлзэж байна. ОХУ өөрийн буфер бүсийг өргөжүүлэх, Хятад нөлөөний хүрээгээ бүх арга хэрэгслээр өргөжүүлэх бодлого явуулж байгааг бид харж байна. Үүнд вакцин дипломаси ч хамаарна.

-В.Путин, Си Жиньпин нар хоёр улсын найрамдалт харилцаа цаашид улам гайхамшигтай болно гээд дэлхий дахинд зарлаад байна. Энэ харилцаа хэр удаан үргэлжлэх бол?

-Орос-Хятадын харилцааг Өрнөдийн судлаачид “бал саран” дээрээ явж байна гэж үздэг. Өндөр дээд түвшинд хоёр тал харилцааны хөгжлийн хүрсэн түвшинг маш өндрөөр шагшин магтах болсон. Хэр удаан үргэлжлэхийг түүх харуулах байх. Сүүлийн үед дэлхийн II дайнд нацист Германыг бут цохид хамгийн ихээр оролцож тусалсан улс нь Хятад. Түүний аугаа баатарлаг ард түмэн гэж нотлохыг оролдож, энэ нь орос, хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг харуулж буй мэтээр их ярих болсонтой миний хувьд огт санал нийлэхгүй байгаа юм. Түүхийг ингэж дахин засварлаж, гуйвуулж болохгүй л дээ.

-Жо Байден Орос, Хятад хоёр гүрнийг “Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул” гэж удаа дараа тэмдэглэсэн. Ер нь тэдний нэгдмэл байдал хэнд илүү ашигтай вэ. Бас ямар эсэргүүцэлтэй нүүр тулах вэ?

-Даяаршил, дижиталчлалын үйл явц гүнгийрч, харилцан хамаарал тодорхойлогч хүчин зүйл болж, хамгийн хүчирхэг батлан хамгаалах чадавхтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс гүрэн ч өөрийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг дангаараа хангаж, хөтлөн авч явах бололцоогүй болсон байна. АНУ, ОХУ, БНХАУ-д энэхүү дүгнэлт юуны өмнө хамаарна. ОХУ, БНХАУ-аар тэргүүлсэн олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлага идэвхжиж байгаа нь хүйтэн дайн дууссанаас хойш тогтсоор ирсэн олон улсын дэг журам, аюулгүй байдлын системд ноцтой нөлөө үзүүлж эхлэв хэмээн өрнөдийн судлаачид үзсээр байгаа юм. Дээрхтэй холбоотойгоор хүчний шинэ шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалт явагдаж, хүйтэн дайн дууссаны дараах үе төгсгөл болж, шинэ хүйтэн дайны үе эхэллээ хэмээн тэмдэглэх болсон.

Өрнөдийнхөн ОХУ Крымийн хойгийг өөртөө хүч түрэн нэгтгэсэн нь НҮБ-ын Дүрэм, 1990 оны Шинэ Европын Харти, 1994 оны Будапештын Меморандумыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үздэг.

АНУ, Их Британи зэрэг өрнөдийн шинжээчид Хятадын одоогийн удирдлага 1984 оны “БНХАУ, Их Британий Ерөнхий сайд Жао Зыянъ, Маргарет Тэтчер нарын Хамтарсан Тунхаглал”-ыг зөрчиж байна гэж хурцаар шүүмжилж байна.Түүнд Хонг Конг 1997 оны долдугаар сарын 1-нд БНХАУ-д нэгдсэнээс хойш Хонг Конгийн нийгмийн байгууллыг 50 жилийн турш хөндөхгүй хэвээр байлгахаар тохиролцсон байдаг. Энэ нь 1980-аад оны эхээр Хятадын шинэчлэлийн архитектор Дэн Сяопины дэвшүүлсэн нэг улсын дотор социализм, капитализм зэрэгцэн орших “нэг улс, хоёр систем” баримтлалтой холбоотой. Өрнөдийнхэн эдүгээ үүнд эргэлзэж эхэлсэн. Тиймээс ирээдүйд уг баримтлалын дагуу Тайванийг эх газрын Хятадад нэгтгэх асуудал ноцтой сорилттой тулгарч байна.

-Сүүлийн үед Орос, Хятадын зохион байгуулж буй цэргийн сургуулилалт олон улсын анхаарлын төвд байна. Тайвань төдийгүй Хавайд халдаж болзошгүй байна хэмээн Японы батлан хамгаалахын өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна лээ?

-Орос, Хятадын цэргийн хамтарсан сургуулилтаас гадна асуудлууд буй. Японы Батлан хамгаалахын сайдын орлогч Ясүхиде Накаяма өнгөрсөн оны сүүлээр Тайванийн аюулгүй байдал бол алдаж болохгүй улаан шугам. Хятадын түрэмгийллийн эсрэг Жоe Байден зоригтой, хүчтэй байх шаардлагатай хэмээн сануулж, “Бид Хятадыг түрэмгийллээ Хонг Kонгоос өөр газар ч гэсэн харуулна гэдэгт итгэлтэй байна. Миний бодлоор дараагийн бай бол Тайвань” хэмээн ярьж байсан санагдана. АНУ-ын одоогийн удирдлага Тайваньтай бие даасан харилцааг өргөжүүлэхийг илт эрмэлзэж байна. Жое Байданы ерөнхийлагчийн тангараг өргөх ёслолд 1979 оноос хойш анх удаа АНУ дахь Тайванийн төлөөлөгч хатагтай Сяо Би-ким оролцож,өнгөрсөн дөрөвдүгээр сард Сенатын танхимын гишүүн асан Крис Додд тэргүүтэй, АНУ-ын албан ёсны бус тодотголтой төлөөлөгчид Тайваньд айлчилсан.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч дарга асан Ричард Армитаж, Жеймс Стейнберг нар багтаж байсан. Энэ бол Ерөнхийлөгч Жо Байдены илгээсэн Америкийн элч нарын тус бүс нутагт хийсэн анхны айлчлал байв. БНХАУ-ын ГХЯ энэхүү айлчлалыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан. Америкийн төлөөлөгчдийг Тайванийн ерөнхийлөгч хатагтай Цай Ин-вэн хүлээн авч уулзсан. Өмнөд Хятадын тэнгисийн маргаан байдаг. 2016 оны долдугаар сард Олон улсын Хаагийн шүүх Өмнөд Хятадын тэнгисийн ус болон баялгийг Хятад улс эзэмших ёстой гэсэн түүхэн баталгаа алга гэж дүгнэж байсан.

-Хоёр хөршийн стратегийн гол түншлэл нь эдийн засаг дээр тогтож ирсэн. Ковидын хүнд хэцүү жилүүдэд энэ харилцаа ямар байв. Ирээдүйд хэрхэх бол?

-2018 онд Орос, Хятадын худалдааны эргэлт 30 хувийн өсөлт үзүүлж, анх удаа 100 тэрбум ам. долларын босгыг давж, 107.06 тэрбум ам. долларт хүрснийг Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен (Gao Feng) болон Гаалийн Ерөнхий газар албан ёсоор зарлаж байсан. Энэ үзүүлэлтийг хоёр хөрш 2023 гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон нь Монгол Улсын газрын гүүр, идэвхтэй транзит орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин өнгөрсөн зургадугаар сарын эхээр Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн 24 дүгээр форумд оролцох үеэр олон улсын хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй видео уулзалт хийхдээ цар тахал дэгдсэн хэдий ч Орос, Хятад худалдааны эргэлтийн хэмжээг 100 тэрбум ам.долларын түвшинд барьж чадсан хэмээн мэдэгдэж байна лээ.

Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төсөл ажил хэрэг болбол Монгол Улс дахь ОХУ-ын эдийн засгийн бодит ашиг сонирхол жинхэнэ ёсоор буй болж, энэ нь цаашдаа иж бүрэн стратегийн түншлэл, гурван хөршийн эдийн засгийн коридорын цөм хэсэг болох боломж харагдаж байна. Зарим хүмүүсийн хардаж байгаачлан Монголын нутгаар хий дамжуулах хоолой тавигдсанаар Монгол Улсын ОХУ-аас хараат байдал улам нэмэгдэх бус, харин ч Орос, Хятад хоёр хөрш Монгол Улсаас илүү хамааралтай болох юм. Дурдсан төсөл нь зөвхөн эдийн засгийн үр ашигтай төсөл байх төдийгүй, улс төр-геополитикийн ач холбогдолтой гэдэг үүднээс давхар авч үзэх ёстой.

-Хоёр гүрний найрамдалт харилцаа манай улсад ямар ашигтай вэ?

-Монгол Улсын хойд хөрш дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй, цөмийн зэвсэгтэй, сэргэн мандаж буй. НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн. Өмнөд хөрш дэлхийн хамгийн их хүн амтай, өндөр хурдацтай хөгжлөөс өндөр чанарт суурилсан хөгжилд шилжиж буй, цөмийн зэвсэгтэй. Мөн л НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орон. Ийм онцлог хоёр хөршөөр хүлээлэгдсэн цорын ганц гэж хэлж болохоор геополитикийн давтагдашгүй байршилтай улс бол Монгол Улс. Өрнөдийн эдийн засгийн хоригтой холбоотойгоор ОХУ-ын Алс Дорнодын бодлого, ялангуяа БНХАУ-ыг чиглэсэн бодлого идэвхжсэн нь Монгол Улсын геополитикийн ач холбогдлыг өсгөсөн. Орос-Хятадын харилцаа иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад хамгийн ойр орчин сайн байна гэж үзэж болох талтай. Монгол Улс бүс нутагтаа хөрш гүрнүүдтэйгээ улс төр, газар нутгийн аливаа маргаангүй, түншлэлийн эрхзүйн үндсийг баттай тавьсан. Манайх 2002 онд ОХУ-тай 3543 км урт хилийг хамтран шалгаж эцэслэн тодотгосон бол 2001-2004 онд БНХАУ-тай хилээ хоёр дахь удаагаа хамтран шалгаж, 4676.8 км урт хилийн шугамыг тогтоосон. Улмаар Монгол Улсын хилийн багануудыг анх удаа боржин чулуугаар шинэчлэн босгож, НҮБ-д бүртгүүлэв. Ийнхүү өнөөдөр Монгол Улсын хилийг эмжсэн 8219 км 895 м урт хил олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан нь тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байна.

БНХАУ нь “Хятад-Оросын харилцаа хэзээ ч холбоотны харилцаанд эргэж очихгүй” гэж тэмдэглэсэн нь хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болов уу.

-Хятадын эрх баригч коммунист намын 100 жилийн ой арга хэмжээг нээсэн Си Жиньпин хэд хэдэн ширүүхэн акци үзүүлэх шиг боллоо. Судлаачийн хувьд түүний хэлсэн үгэнд ямар дүгнэлттэй байна вэ?

-АНУ ОХУ, БНХАУ хоёртой сөргөлдөх тусам эрчимтэй хөгжиж буй хоёр гүрний араншин илүү тод харагдах болов уу. Өөрөөр хэлбэл, 1990-ээд он биш гэсэн үг л дээ. Хятадын удирдагч Си Жиньпин ХКН-ын 100 жилийн ойг нээж үг хэлэхдээ “Их гүрний дээрэнгүй үзэл Хятадын хана мөргөх болно” гэсэн байна лээ. Тайванийн талаар илүү хатуу байр суурь баримтлахаа мөн дахин нотолсон. Харин Хятад улс чинээлэг дундаж давхарга бүхий Хятад онцлогтой социалист нийгмийг цогцлоох анхны зуун жилийн зорилгодоо хүрснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, үгээгүй ядуурлыг үндсээр нь устгаж чадсан, одоо орчин цагийн аугаа хөгжингүй социалист гүрнийг бий болгох хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүйгээр, итгэл төгс урагшилна гэжээ. Үүнтэй санал нэг байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Гарамгайбаатар: Дээд шүүх АН-ыг бүртгэхгүй гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн ялалт байгуулсан сонгууль хүчингүй болно

УИХын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-М.Тулгат даргатай АН-ын байгуулсан Зөвлөхүүдийн танхимд таны нэр харагдлаа. Намын ахмад лидерийн хувьд хэрхэн зөвлөж ажиллах вэ?

-АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын даргын дэргэд Зөвлөхүүдийн танхим анх удаагаа байгуулагдлаа. Энд одоогоор 19 хүн бүртгэгдээд байгаа юм. Зөвлөхүүдийн танхимд АН-ын үзэл санааны авторууд, Монголд 1990 оны ардчиллыг үүсгэн байгуулахад бий болсон олон нийтийн байгууллага, манай намыг үүсгэн байгуулахад оролцсон намуудын төлөөлөл байна. Гол зорилго нь орчин үеийн АН-ын үзэл санаа ямар голдирлоор явж байгаа, цаашид яаж явахад нь зөвлөнө. Өөрөөр хэлбэл, АН-ын үндсэн үзэл санааны гол цөм болсон баруун төвийн үзэл баримтлалыг Монголд зөв зохистойгоор хэрэгжүүлэх, бодлогын шинж чанартай асуудлуудад одооны залуустаа зөвлөгөө өгөх зорилготой байгууллага.

-АН-ын одоогийн залуусын үзэл санааны талаар ямар бодолтой байна вэ. Танай нам хоёр талд гарчихаад байна шүү дээ?

-АН анх үүсгэн байгуулагдахдаа олон намаас бүрэлдэнэ гэж ярьсан. Тэр утгаараа таван намын нэгдэл гэдгийг бүгд мэднэ. Өөр, өөр үзэл бодолтой улсуудын бүрдэл гэж ойлгож болно. Зарим нь социалдемократ бол нөгөө хэсэг нь лебирал үзэл баримтлалтай. Нөгөө хэсэг нь үндэсний үзэл баримтлалтай гэдэг ч юм уу. Энэ олон үзэл баримтлалуудыг нэгтгэлгүйгээр шинээр байгуулагдсан намууд зөвхөн ялах зорилгоор хиймлээр нэгдсэн. Энэ нэгдэл нь өнгөрсөн 31 жилийн хугацаанд үзэл санаагаа нэг цөм болгож ирж чадаагүй. Тиймээс АН өнөөдөр хоёр, гурав хуваагдсан юм шиг харагдаж байгаа байх. АН-ын үзэл баримтлалын бичиг баримт бол 2017 онд анх хэлэлцэгдэж явсаар 2018 оны үед албан ёсоор бий болж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж баталгаажсан. АН анх удаа үзэл баримтлалаа Дээд шүүхэд бүртгүүлсэн нам болсон юм. Ингэж баруун төвийн үзэл баримтлалтай нам гэдгээ албан ёсоор зарласан. Тэгэхээр одоо энэ үзэл санаан дээрээ туйлбартай зогсох, үзэл санаагаа ойлгож, үзэл баримтлалаа мэдэж байгаа улсуудын нэгдэл нь одооны М.Тулгат даргатай АН дээр төвлөрөл үүсчихээд байгаа юм.

Нөгөө талд гарсан хэсэг нөхөд нь миний ойлгож байгаагаар үзэл санаа гэхээсээ илүү хувийн болон албан тушаалын ашиг сонирхол, мөнгөний төлөө явж байгаа улсууд. Дээр нь зүүн төвийн үзэл баримтлалыг түлхүү өөрсдөдөө шингээсэн хэсэг хүмүүсийн явуулгаар АН-ыг салгах процесс явагдаж байна гэж харж байгаа.

-Бас дунд нь аль талыг нь ч дагахаа мэдэхгүй хэсэг бүлэг хүмүүс байх шиг. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар 100 мянган гарын үсэг цуглуулж, онц их хурал зарлая гээд мэдээлээд байсан. Тийм боломжтой юу?

-АН нэг талдаа М.Тулгат, нөгөө талдаа О.Цогтгэрэл гэдэг даргатай боллоо. Хоёуланг нь Дээд шүүх бүртгэсэнгүй. Ингээд байж байтал гурав дахь буюу дундын хувилбар гээд Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал хийгээд мэдэгдэл гаргаж, онц их хурал хийнэ гээд зарлаад явчихлаа. Ингээд харахаар АН гурав ч хуваагдчихаад байгаа юм уу гээд харагдахаар. Үнэн чанартаа энэ бол дахиад хууль бус үйл ажиллагаа эхэлж байна.

-Тэд намаа эвлэрүүлэх гарц эрэлхийлж байгаа юм биш үү?

-Онц их хурлын асуудал АН-ын дүрмийн заалтад байхгүй. Нөгөөтэйгүүр 100 мянган гарын үсэг цуглууллаа гэхэд регистрийн дугаараар баталгаажсан хүмүүс байж таарна даа. Тэр 100 мянган хүний төлөөлөл бүрдээд хуралдъя гэж бодоход ойрын хоёр, гурван сард болохгүй нь тодорхой. Магадгүй онлайн юм уу цахимаар хуралдаж болно доо. Гэтэл энэ улсууд чинь М.Тулгатын хийсэн цахим хурлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа улсууд шүү дээ. Орчин үед дэлхий нийтээр цахимжиж байхад М.Тулгат даргын хийсэн цахим хурал, цахим бүртгэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг. Тэгвэл тийм улсууд өөрсдөө цахим хуралдаан, цахим бүртгэлийг яагаад хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал ургана. Дөнгөж сая (өчигдөр) авсан мэдээллээр100 мянган гарын үсэг цуглуулахын тулд аймаг, сумдын хороо болгонд нэг хүний 50 мянган төгрөгөөр төлөвлөөд маш их хэмжээний зардал гаргаж байгаа юм билээ. Энэ чинь өөрөө дахиад мөнгөний эх үүсвэртэй ажил болох нь.

-Хаанаас санхүүжих юм бол?

-Хурал хийх гэж байгаа улсуудаас санхүүжилтийн эх үүсвэр нь гарч байгаа гэсэн мэдээлэл ирж байгаа. Тэгэхээр тэр хэмжээний хөрөнгө хаанаас олж байгааг нь ойлгохгүй байна. Энэ бол яах аргагүй анхаарал татах сэдэв болж байгаа юм. Ямар нэгэн захиалгат ажил эхэлж байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрүүлж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийн тод жишээ. Үнэхээр 100 мянган хүн цуглаад хурал хийдэг юм байж гэж бодъё. Гарсан шийдвэрээ яаж баталгаажуулах гээд байгаа нь асуудал. Яагаад гэвэл Улсын дээд шүүх өнөөдрийг хүртэл АН-ын хүсэлтийг бүртгэж авахгүй байгаа. Ялгаа байхгүй буцна шүү дээ. Албан ёсоор бүртгэлийн шаардлагыг нь хангаад, албан ёсны хуралдаанаа цахимаар хийгээд албан ёсны шийдвэрүүдийг нь гаргаад Дээд шүүхэд бүртгүүлэх гээд өгсөн М.Тулгатыг хүлээж авахгүй байхад тэднийг бүртгэх үү дээ. Үнэн чанартаа Дээд шүүх улс төрийн намуудыг бүртгэж авах үүрэгтэй болохоос намын дотоод асуудалд ямар нэгэн байдлаар оролцож, нөлөөлөх эрх зүйн талаасаа боломжгүй байгууллага. Өгсөн материалыг нь ном дүрмийн дагуу нягтлаад бүртгэх ёстой. Гэтэл М.Тулгатыг бүртгэж авахгүй гэдийгээд байгаа нь улс төрийн захиалгатай гэж үзэж байна. Одоо Дээд шүүхийн шийдвэрийг хүлээгээд суух цаг биш. Бид албан ёсны шаардлагаа дахиж тавиад улс төрийн тэмцэлд орох ёстойг харуулж байна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч АН-ын өгсөн материалаас янз бүрийн өө олж байгаад буцаадаг. Танхимаар хуралдах асуудалд оруулж хэлэлцүүлэхгүй байна. Манай намын энэ асуудалд МАН давхар тоглолт хийгээд байна гэж харж байгаа. Аль болох АН-ын хүчийг сулруулж, хоёр, гурван хэсэг болгож байх нь Ардын намд ашигтай. Нэг талд улс төрийн нөхцөл байдлаар тулгалт яваад байна. Эсвэл Улсын дээд шүүх томилсон хүмүүсийнхээ үгээр, ямар нэгэн даалгавар биелүүлж байгаа учраас АН-ыг өнөөдөр ийм байдалд удаан хугацаанд байлгах сонирхолтой байх шиг.

-Дээд шүүх хоёр тал эвлэрээд ирвэл бүртгэнэ гээгүй юм уу?

-Нам гэдэг бол үзэл санааны цөм дээр тулгуурладаг нэгдэл. Гэтэл Дээд шүүх намын дотоод асуудалд оролцож, эвлэрэх эвлэрэхгүй асуудлыг шийддэг юм уу. Одоо АН үзэл санаагаараа ялгарч байна. Дээд шүүх хоёр тусдаа АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаад байна гэж ярьсан байна лээ. Гэтэл М.Тулгат даргатай АН-ын Үндэсний бодлогын хороо бол албан ёсоор дүрмийнхээ үүргийг биелүүлж, албажуулсан гишүүд юм. Нөгөө талд байгаа нь 2017-2020 оны үед Үндэсний бодлогын хорооны гишүүн байсан улсуудын хэсэг бүрэлдэхүүн. Тэрнээс хойш дүрмийн дагуу маш олон өөрчлөлтүүд хийгдсэн. Дүрмийн заалтынхаа дагуу жил болгон ротаци явагдсан. Үүрэг даалгавраа биелүүлээгүй улсууд дараагийн сунгаанд орохгүй. Тийм асуудлуудад ороогдсон хүмүүс нөгөө талд зогсчихоод байгаа хэрэг. АН-ын дүрэмд зааснаар Үндэсний бодлогын хорооны гишүүдийг жил болгон тодорхой ротацид оруулна. Үндэсний бодлогын хорооны гишүүд намд хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний татвар хураамж төлнө. Тэр үүргээ биелүүлээгүй бол автоматаар хасагддаг зарчим үйлчилж байх ёстой. Тиймээс Дээд шүүх намын дотоод асуудлын бодлогын шинж чанартай үйлдлүүдэд тээг тавьчихаад бүртгэхгүй байна гэдэг бол захиалга биелүүлж, даалгавар авсан байна гэдгийг шууд харуулаад байгаа юм.

-Ийм ан цав суусан АН энэ хэвээр явбал ямар ирээдүй хүлээж байна вэ?

-Үзэл санаан дээрээ туйлбартай зогссон хэсгээс бүрдсэн АН үлдэнэ. Бусад нь өөрсдийнхөө үзэл санааг дагаад өөр нам юм уу, шинэ нам үүсгэх ажил руу л шилжих байх. Улс төрийн намуудын тухай хуульд шинэчлэлт хийнэ гээд л яриад байдаг. 800 хүний бүртгэлээр нам үүсдэг биз дээ. Тэгвэл АН өнөөдөр 180-аад мянган гишүүнчлэлтэй. Энэ нь хоёр, магадгүй гурван хэсэг болчихоод байгаа юм. Тэгэхээр Дээд шүүхэд бүртгүүлсэн баруун төвийн баримтлалд туйлбартай зогсох тэр үзэл санааг өөрийнхөө үнэт зүйл гэж ойлгосон улсуудын бүрдэл нь М.Тулгат даргатай Ардчилсан нам. Энэ хүмүүс нэг цөм болоод Ерөнхийлөгчийн сонгуульд ороод 70 мянган хүний санал авсан. Цаашид АН өөрийнхөө жинхэнэ сонгодог утгаар үлдэж байгаа хэсэг нь энд байна.

-Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаа хэрнээ М.Тулгатыг утсан хүүхэлдэй болголоо л гэх юм байна шүү дээ?

-Манай нам дэлхий нийтийн дэг жаягаар бүх асуудлаа цахим руу шилжүүлж байгаа. Тэрнийхээ хүрээнд XI болон XII их хурлаа цахимаар хийсэн. Энэ цахимаар хийсэн хурлаар АН-ын даргаар М.Тулгатыг сонгосон. С.Эрдэнэ гэдэг хүн шийдвэрээ гаргачихсан. Ингээд материалаа бэлдээд Дээд шүүхэд өгсөн боловч М.Тулгатыг намын дарга гэж бүртгэж аваагүй байгаа тохиолдолд АН-ыг төлөөлөх эрх нь С.Эрдэнэд хадгалагддаг. Дээд шүүхийн бүртгэлийн үйл ажиллагаа гацсан учраас С.Эрдэнэ давхар дарга мэт харагдаад байгаа юм. Гагцхүү С.Эрдэнэ гэдэг хувь хүнд дургүй хүмүүс М.Тулгатыг АН утсан хүүхэлдэй болголоо гэсэн ухуулга явуулж байна. Үнэн хэрэгтээ АН-ыг төлөөлөх эрх бүхий дарга нь М.Тулгат гэдгийг дахин хэлье. Дээд шүүхийн бүртгэл албажвал М.Тулгат цаашид АН-ыг бүрэн төлөөлөөд явах эрхтэй хүн болно.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар та юу хэлэх вэ. АН хагараагүй байсан бол ийм муу санал авах байсан уу. Нөгөө талаар танай намыг МАН-тай үгсэн тохиролцсон гэх юм билээ?

-Ийм ярианы сэжүүр дандаа О.Цогтгэрэл даргатай хэсэг бүлгээс гардаг. Ямар ч баримт нотолгоогүй цуурч, ард түмнийг цагаан сонгуульд уриалсан. Энэ бүгдээс улбаалаад АН сонгуульд амжилттай оролцож чадаагүй. С.Эрдэнэ гэдэг хүнийг дэмжихгүй гэсэн тэдний уриалгад автаад иргэд саналаа өгөөгүй. Тэр улсууд бол үнэт зүйлгүй гэсэн үг. Цаашид АН босч ирэх боломжийг бүрдүүлэх ажлыг шинэ удирдлагууд хийж хэрэгжүүлэх ёстой.

-Нөхөн сонгуульд АН яаж оролцох вэ?

-Энд нэг зүйлийг тодотгомоор байна. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хууль эрх зүйн бүх байгууллагууд М.Тулгат даргатай АН албан ёсных мөн гэдгийг нотоллоо шүү дээ. Тиймээс С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэж авсан. Одоо Дээд шүүх энэ бүртгэлээ баталгаажуулахгүй бол өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогсдсон У.Хүрэлсүхийн ялалт байгуулсан сонгууль хүчингүй болно.

-Яагаад?

-АН-аас С.Эрдэнийг нэр дэвшүүлэхэд өгсөн бүх бичиг баримтыг шалгадаг байгууллагууд нь нягтлаад батламжийг нь олгосон шүү дээ. Албан ёсны АН нь энэ мөн юм байна гээд Ерөнхийлөгчийн сонгуульд оруулсан. Үүгээрээ М.Тулгат даргатай АН жинхэнэ юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Сонгууль хүчин төгөлдөр болсон. Тийм биш юм бол У.Хүрэлсүх Монгол Улсын албан ёсны Ерөнхийлөгч биш гэсэн үг. Хүчин төгөлдөр байж өрсөлдсөн. Тиймээс одоо нөхөн сонгууль М.Тулгат даргатай АН-аас оролцоно. Мэдээж АН нөхөн сонгуульд ялахын тулд оролцох ёстой.

-УИХ дахь АН-ын бүлэг сул байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Парламентын гишүүн байсан хүний хувьд сөрөг хүчинд ямар дүн тавих вэ?

-АН-ын нэрээр УИХ-д сууж байгаа хүмүүс намын бодлогыг дагахгүйгээр явж байна. Ярихдаа намын нэрийг барьж байгаа боловч АН-ын үнэт зүйлсийг тээхгүй байгаа. Тиймээс тэр улсуудтай асуудлыг ярих цаг болсон. УИХ дахь АН-ын бүлэг гэж ярьдаг болохоос 11 хүн гэж ярьдаггүй шүү дээ. Тэр улсууд М.Тулгат даргатай АН-ын гаргаж байгаа шийдвэрүүд, улс төрийн дүгнэлтүүдийг парламентад ярих ёстой. Нэг бол бие даасан гишүүд болчих хэрэгтэй. Сөрөг хүчин гэдэг бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Жишээлбэл, ковидын эсрэг МАН-ын авч хэрэгжүүлж байгаа асуудлын талаар ярихдаа “Хэрвээ бид засгийн эрх барьж байсан бол ийм бодлого хэрэгжүүлэх байсан юм” гэх мэтчилэн байнга сөргүүлж тавимаар байгаа юм. Энэ чинь л бодлогын уралдаан. Үүнийг хийж чадахгүй байна гэдэг АН-ын улс төрийн шийдвэр, үнэт зүйлсийг тээж чадахгүй байгаагийн гай байхгүй юу. Одоо эрээвэр хураавар хүмүүсийн нийлбэр болчихоод тэрийгээ АН-ын бүлэг гэж яриад байж болохгүй. Үнэн чанартаа сөрөг хүчин бол АН-ын улстөрийн чиг хандлага, үзэл санааг тодорхойлж, баруун төвийн бодлогыг зүүн төвийн бодлоготой өрсөлдүүлэн гаргаж ирэх хувилбарыг ярьж явах ёстой бүлэг. Тиймээс бүлэг бол муу ажиллаж байгаа.

-Ковидын эсрэг хуулийг энэ парламент гаргасан. Хашир улстөрчийн хувьд уг хуулийн талаар юу хэлэх вэ?

-Энэ хуулийн эхний хувилбар нь ҮАБЗ-ийн гурван нөхөрт хэмжээлшгүй эрх мэдэл өгсний гай. Одоогийн УИХ нь орж ирсэн төслийг үг дуугүй гараа өргөдөг хувилбар руу шилжчихсэн шүү дээ. Ковидын эсрэг хуулийг сунгах ёсгүй. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа МАН-ын Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын зөв гэж харж байгаа. Монгол Улс бол Үндсэн хуультай тусгаар тогтносон улс. Үндсэн хуулийг дагасан салбар хуулиудтай. Ямар нөхцөл байдал үүсвэл аль хуулиар яаж арга хэмжээ авах уу гэсэн хуулийн заалтууд бүгд байгаа. Гэтэл зөвхөн ковидод зориулсан хууль гаргаад тэрийгээ сунгаж буй нь эрх мэдэл хаашаа явж байна вэ гэдгийг тод харуулах биз ээ. Тусгаар тогтносон улс, төрт ёсны хэв шинж алдагдаж байна. Нэг намын хэт ноёрхол, дарангуйлал эндээс тод харагдаж байгаа. Ковидод МАН болон Засгийн газар Их хурал 100 хувь ялагдал хүлээчихсэн. Зоригтой арга хэмжээ авч чадахгүй дүлгэнэсээр байгаад өнөөдрийг хүрээд нөхцөл байдал ямар хүндэрч байгаа харж байна. Энэ Засгийн газар үргэлжлүүлж ажиллах ямар ч эрх зүйн боломжгүй. Нэг намын хэт дарангуйлалд шилжсэн учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг авч хэлэлцэж чадахгүй байгаа нь харамсалтай. Он дуустал ковидын улмаас ямар их хүндрэл, хохирол учрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгсэн хэрнээ наадам яриад суугаад байдаг. Энэ бүгд Монголд хэмжээлшгүй эрхт дарангуйлал нэг намын гарт төвлөрч байгаа нь харагдаж байна. Тэд бүх зүйл дээр системтэйгээр тархи угааж байна. Иргэдийг дарамталж, зөрчлийн хуулийг гаргууд сайн ашиглаж байна шүү дээ.Аливаа асуудлыг хэлэхээс, ярихаас айдаг байдаг байдал руу бүх хүнийг хүчээр шахаад байна. Сүүлийн үеийн залуучууд эрх баригчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаргасан алдаа, хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж, зоригтой шүүмжилж байгаа нь зөв. Үүнийг АН гар бие оролцон тууштай дэмжих ёстой.

-Улс төрийн намууд ер нь ард түмнийхээ төлөө явдаг юм уу. Жишээлбэл, МАХН-ынхан өөр өөрсдийнхөө эрх ашгийг бодоод С.Ганбаатар нь АН-д, Н.Энхбаяр нь МАН-тай нэгдлээ шүү дээ…

-С.Ганбаатар бол АН-ын нэрийг зээлдээд байгаа хэсэг бүлэг улсуудтай нийлчихсэн. Манай намын гишүүн биш. Н.Энхбаярын хувьд Ардын намын өөрсдийнх нь тохироо. Тохирооныхоо зовлонг эдлэх гэж байгаа улсууд. Тэд дарангуйллыг улам төгөлдөржүүлэх ажлыг хийх гээд эхний хувилбаруудаа бэлдээд байна шүү дээ. Сая Ерөнхийлөгчөө авчихсан учраас эд нар дахиад хэмжээлшгүй эрх дарх эдэлж, 100 жил ноёлно гэж мөрөөдөж суугаа. Тэрийгээ хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах ажлыг ойрын үед хийж эхлэх байх. Үүний нэг гол илэрхийлэл нь дахиад Үндсэн хуульд гар хүрэх ажлыг хийх гээд зэхэж байна. Тэр бол Н.Энхбаяр тэргүүтэй нь гаргаж байсан төслүүдийн эхний драфт орж ирж магадгүй. Одоо МАН удирдлагууддаа хөдөлгөөн хийж байна. У.Хүрэлсүхийг ялуулсныхаа өрийг дарж байна. Энэ өрийг дарахад орж буй хүмүүс нь баярлаж, орон зайгаа алдаж байгаа өчнөөн Ардын намын гишүүд хорсол тээн үлдэнэ. Магадгүй цаг хугацааны явцад энэ хорсол ил гарч дэврэх байх. Ардын нам бол үндсэндээ АН-ыг тарж бутарсан, салж, нийлсэнийг олон түмэнд гайхуулаад, гайхаад байгаа боловч, үнэн чанартаа МАН-ын дотор асар том ангал үүсчихсэн хэзээ мөдгүй тэр нь задрахад бэлэн болсон. Тэрийгээ амь тариагаар зохицуулахын тулд энэ өөрчлөлтүүдийг хийгээд эхэлчихлээ. Идээ бээр нь хэдий болтлоо буглаж явав гэж дээ, гарах байлгүй дээ. АН тэднээс эрс ялгаатай нь ил гарч ярьдаг, бидэнд хуримтлагдсан идээ бээр гэж байхгүй.

ХҮН-ын хувьд зүүн төвийн үзэл баримтлалтай социал демократ нам гэж зарладаг. МАН ч ялгаагүй ийм үзэл баримтлалтай. Энэ хоёр нам олон улсын социал демократ намын үзэл баримтлалд нэг гэсэн үг. Гэтэл зүүн төвийн үзэл баримтлалтай хоёр нам Монголд хоорондоо байлдаад байдгийг ойлгодоггүй юм. Ардын нам бол социал демократ нэрийн дор нуугдсан хуучин коммунист намт байр сууриа хэвээр хадгалаад байна. ХҮН бол яах аргагүй зүүн төвийн буюу социал демократ намыг сонгодог хэлбэрээр нь байгуулах гэсэн оролдлого хийж байгаа. Жинхэнэ зүүн төвийн нам болох бүрдэл энд үүсч байгаа болов уу. Тиймээс эдний хооронд зөрчил байгаа юм. АН-ын хувьд баруун төвийн үзэл баримтлалтай, өөрийн гэсэн бодлогын баримт бичгүүдээ баталгаажуулсан, олон намын тогтолцоотой, баруун, зүүний бодлогын уралдааныг үүсгэх гээд сууж байна. Иргэд бол аль намын бодлого нь илүү таалагдана, тэр намаа дэмждэг систем рүү шилжих гээд байгаа юм. Гишүүнчлэлтэй намаас илүү бодлогоор уралддаг цаг үе ирж байна. Гэтэл Ардын нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүнчлэлийг л өсгөсөн хувилбараар нэмэлт, өөрчлөлт оруулчихсан шүү дээ. Үүгээрээ монголчуудыг мөнхөд хоёр хувааж, дайсагнуулж байх зорилго тавиад байна. Уг нь гишүүнчлэл биш, бодлого чухал. Бодлогоо дэмжүүлж чадвал сонгогддог. Чадахгүй бол ялагддаг л зарчим явах дэлхийн хэв шинжийг бүтээе. Мэдээж гишүүн байна. Гэхдээ тооны араас хөөцөлдөхгүй, чанар ярих цаг үе ирчихээд байгаа. Социал демократ зүүн төвийн байдал руу ХҮН эхлэлийг нь тавьж байх шиг байна. Нөгөө талаас нь М.Тулгат даргатай АН тавьж байна. Коммунист нам буюу зүсээ нуусан МАН ялгарах цаг удахгүй ирэх байх.