Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Нийт 1600 зөвшөөрлийн тоог энэ хуулиар 350 болгож цөөлсөн DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Таны ахалж ажилласан Зөвшөөрлийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдлын талаар эхлээд ярихгүй юу?

-Энэ бол процессын хууль юм. Зөвшөөрөл яаж өгөх үү, хэдэн хоногт эрх бүхий байгууллага нь шийдэх үү, тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөлд нь юу орох уу зэргийг зохицуулсан. Хэрэв зөвшөөрөл олгоход мэргэжлийн хяналт ч юм уу, гуравдагч талын баталгаажуулалт шаардлагатай бол хэдэн хоногт асуудлыг шийдэх үү гэдгийг бүгдийг нь хугацаатайгаар хэрхэн яаж хийхийг нь хуульд нарийвчлан тусгасан. Бүх зөвшөөрөлд эрсдлийн үнэлгээ хийлгээд тусгай болон энгийн зөвшөөрөл гээд ангилчихсан байгаа. Энгийн зөвшөөрөл нь илүү хувь хүн, ахуйн хэрэглээтэй холбоотой. Мөн үндсэн зөвшөөрөл дээр авдаг нэмэлт зөвшөөрлүүдийг энгийн ангилалд оруулчихсан байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсад яг одоо хэдэн зөвшөөрөл байгааг хуулиар тодорхой болгож өгсөн. Хуучин сайдын тушаал, засгийн газар, яамны журам, иргэдийн хурлын тогтоол гэхчлэн бүгдийг нь зөвшөөрлийн шинж чанартай зохицуулаад явж байсан. Нийт 1600 зөвшөөрлийн тоог энэ хуулиар 350 болгож цөөлж байгаа юм. Тэгэхээр бусад журам, иргэдийн хурлын тогтоол, давхардсан тушаалууд, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл дээр байсан бүх зөвшөөрөл хүчингүй болж байна гэсэн үг. Цаашдаа яах ёстой вэ гэхээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч байгаа юм. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөнө. Хууль хэрэгжихтэй холбогдуулж хэд хэдэн хуулийг шинэчлэх шаардлагатай.

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тулгарч буй аливаа асуудал, авлига хээл хахууль, алхам тутамд эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн дураар зөвшөөрөл бий болгож хүнд суртал үзүүлдэг зэрэг хүндрэлтэй асуудал энэ хуулиар шийдэгдэх юм.

-Тусгай зөвшөөрлийн тоог тав дахин цөөлсөн юм байна. Хугацаагүй олгох зөвшөөрөлд ямар, ямар зөвшөөрөл багтаж байгаа вэ. Мөн хэлэлцүүлгийн үеэр байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно гэж байсан шүү дээ?

-Зөвшөөрлийн тухай хуулиар байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбоотойгоор төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг хугацаатай олгоно, Өөрөөр хэлбэл, дээрх зөвшөөрлийг хугацаагүйгээр олгохыг хориглож байгаа юм. Ой, ус, агаар, газар, газрын хэвлийн баялаг, ховор ургамал, ан амьтныг зохистой хэмжээнд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөгөөтэйгүүр тэдгээрийн баялгийг хязгаартайгаар ашиглах асуудлыг шударга, өрсөлдөөний зарчмаар явуулах асуудлыг хуульчиллаа. Жишээлбэл, самар бол байгалийн хязгаарлагдмал нөөцөд орно. Хуучин байгалийн хязгаарлагдмал нөөцтэй холбоотой 20 гаруй зөвшөөрлийг журмаар, гарын үсгээр олгодог байсан. Самар, дэрвэгэр жирвэгэр, үйлдвэрлэлийн зориулалттай өвс хадлангийн ажил зэрэг нь дандаа гарын үсгээр явдаг. Зөвшөөрлийг нь хэн нэгэн давуу байдал үүсгэх байдлаар өгдөг байсан. Тэгвэл энэ хуулиар заавал нэрлэн зааж байгаад 20 зөвшөөрлийг байгалийн хязгаарлагдмал нөөцтэй зөвшөөрөл мөн байна. Үүнийг заавал дуудлага худалдаа юмуу сонгон шалгаруулалтаар олгодог бол гэдэг заалт орж ирж байгаа. Дээрээс нь ийм төрлийн зөвшөөрлийг бүгдийг нь хугацаатай өгнө. Яагаад гэвэл бусдаас ямар нэгэн байдлаар давуу тал олж авч ашиглаж байгаа учраас сонгон шалгаруулалтаар юм уу хугацаатай зөвшөөрөл ав гэдэг зохицуулалтыг хийж өгсөн. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно. Бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно. Монголбанк болон Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас олгож байгаа зарим зөвшөөрлүүд хугацаагүй олгож байгаа.

Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон зөвшөөрлийг хугацаагүй олгож болдог. Энэ хуулийг аль болох мэргэжлийн холбоодод зөвшөөрөл олгох эрхийг нь өгье гэсэн боловч манайд нэгдсэн мэргэжлийн холбоод байдаггүй. Гол асуудал нь энэ. Жиишээлбэл, танхим гэхэд бизнесийн хэд хэдэн танхимтай. Сагсны холбоод хоёр, гурав байсан, сая нэг боллоо. Уяачдын холбоо гурав байна. Наадмын хууль хэлэлцэхэд хоорондоо маргаад яваад байх жишээтэй. Аль нэг мэргэжлийн зөвшөөрлийг холбоодод нь өгөх гэхээр тэр байгууллага хэн бэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль батлагдчихвал гурван жилийн дараа Засгийн газар тусгай зөвшөөрлийнхөө тоог бууруулангаа зарим нэг ач холбогдолгүй, мэргэжлийн шинж чанартай зөвшөөрлийг холбоодод нь шилжүүл гэж байгаа юм. Ингэвэл мэргэжлийн үнэмлэхийг хугацаагүй олгож болно шүү дээ.

-Хуульд зааснаас бусад үйл ажиллагаанд зөвшөөрөл авах шаардлагагүй гэж байсан. Тухайлбал, ямар, ямар чиглэлд хамаатай вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Одоо 350 үйл ажиллагаанд зөвшөөрөл шаардагдана. Банк гэхэд дотроо 20, 30 болж задарч байгаа. Банк бус нь 11 болж задарна. Чиглэлээр бол цөөхөн л дөө. Энэ хуульд заасан зөвшөөрлийн жагсаалтад байхгүй үйл ажиллагааг стандарт, хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлнэ гэсэн үг.

Манай стандартын хууль дэндүү хоцрогдчихоод байгаа юм. Одоо стандартыг хэн ч мэддэггүй, ойлгодоггүй. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр иргэдэд шууд мэдрэгдэх зүйл гэвэл найман нэрийн барааны дэлгүүрээр жишээ авъя л даа. Ийм дэлгүүр найман төрлийн барааны зөвшөөрөл авдаг. Тэгвэл шинэ хуулиар бол хоёрхон зөвшөөрөл авна. Тэр нь зөвхөн архи, тамхи зарах тохиолдолд үйлчилнэ. Бусдаар мэргэжлийн хяналт нь ирээд стандартаа хангаж байна уу гэдгийг харах юм. Мэдээж, жорлонд хүнсний дэлгүүр ажиллуулж болохгүй. Тэгэхрээр стандартын хуулийг шинэчлэх хэрэгтэй. Стандарт нь хэнд ч ойлгомжгүй байгаа тул стандартыг таниулдаг ажлыг мэргэжлийн байгууллага нь түгээх ёстой л доо, уг нь. Тэгэхээр стандартын хууль батлагдчихвал зөвшөөрлийн тоо өшөө буурах боломжтой.

-Зөвшөөрөл олгох процесс цахимд шилжинэ гэж ойлгосон. Хэрэв 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэл үү?

-Аливаа үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг тухайн бичиг баримтын хувьд ч, шийдвэрлэх цаг хугацааны хувьд ч залхаан цээрлүүлэх хэлбэртэй болсныг хүн болгон мэдэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг 30 хоног, энгийн зөвшөөрлийг 21 хоногийн дотор шийдвэрлэдэг байхаар хуульд тусгасан. Энэ хугацаанд явагдах бүхий л ажиллагааг цахимаар явуулж, хэрвээ хуулийн хугацаанд шийдвэрлээгүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно. Хугацаандаа хариу өгөөгүй албан тушаалтанд хуулийн хариуцлага оногдуулах зохицуулалтыг хуульчиллаа. Бүх үйл ажиллагаа цахимаар явна. Өргөдөл гаргасан хүн өөрөө цахимаараа зөвшөөрлийнхөө процессыг хянана. Энгийн зөвшөөрөл дээр хүсэлтээ өгчихнө. Хариу өгөхгүй бол шууд олгосонд тооцно гэж байгаа. Тусгай зөвшөөрөл дээр хүсэлт өглөө, хариу өгөхгүй бол хариу өгөөгүй албан тушаалтан дээр нь хариуцлага тооцох механиз бий. Өргөдөл өгсөн хүмүүсийн гол бухимдал бол “Хариугаа авч чадахгүй байна. Аль зөвшөөрлийг хаанаас авах нь тодорхойгүй байна. Хариу өгөх хугацаа нь тодорхойгүй байна. Олон байгууллагын хаалга татаад байна. Хугацаа дуусангуут зөвшөөрөл цуцалдаг” гэсэн дөрвөн том гомдол гардаг юм. Үүн дээр хугацаандаа олгодог болно. Иргэдийн зөвшөөрөл ямар хугацаанд хаана хэн дээр шийдэгдээд явж байгааг хардаг болно. Хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө эрх бүхий байгууллага нь эзэмшигч рүү мэдэгдэл хүргүүлнэ. Олон байгууллагын хаалга үүд татдаг байдлыг цэгцэлж байгаа. Эрх бүхий байгууллага нь өөрөө нийтийн мэдээллийн хуулиар өргөдлийг харж байгаад баталгаажуулах юм уу, мэргэжлийн хяналтын дүгнэлт шаардлагатай бол тухайн байгууллагуудад хүргэнэ. Тэдгээр байгууллага нь өөрөө ажлын таван өдөрт дүгнэлтээ гаргаж өгөх ёстой. Тэгэхээр иргэн бол ганцхан байгууллагатай л харилцана. Ер нь Зөвшөөрлийн хууль батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрөл авахад зарцуулдаг цаг, зардлыг 60-70 хувь хэмнэнэ гэж тооцоолж байгаа.

-Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж хэд, хэдэн хууль батлах шаардлагатай гэж та дээр хэлснээ тодруулахгүй юу?

-Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Стандарт хэмжил зүйн тухайн хуулийг шинэчлэн боловсруулах чиглэлийг Засгийн газарт УИХ-аас өгсөн. Засгийн газраас эдгээр хуулиудаар нэлээд асуудлыг тодорхой болгож оруулах байх. Ер нь бол Зөвшөөрлийн хууль дангаараа хэрэгжих боломжгүй хууль шүү дээ. Одоо 918 зөвшөөрөл дээр тэмдэгтийн хураамж авдаг байсан бол 350 зөвшөөрөл дээр тэмдэгтийн хураамж авдаг болно. Мөн стандартын шаардлага хангаж л байгаа бол заавал зөвшөөрөл авах шаардлагагүй байх тал руу явна гэсэн үг. Тэгэхээр стандартын хуулиа шинэчлээд Ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулна. Тэр зөвлөл нь гурван жил тутамд аудит хийх юм. Стандартын хуулиа шинэчилсний дараа аудитаа хийгээд дахиад хасч болох зөвшөөрлүүдээ хасаад яв гэж байгаа юм. Олон улсын практикаас харахад зөвшөөрлийн хууль нь 200-250 зөвшөөрөлтэй байдаг юм билээ. Бид энэ 350 зөвшөөрлөө дахиад цөөрүүлэх боломжтой гэсэн үг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилдэг 800 гаруй хууль байгаа. Тэрнээс зөвшөөрлийн харилцаа зохицуулдаг 200 гаруй хууль байна. Эдгээр хуулиас 40 нь нарийн зохицуулалттай. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Банкны тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмал, газрын тосны хууль гэх мэтчилэн зөвшөөрлийг яаж олгох талаар нарийн зохицуулалтай 40 хууль бий. Үлдсэн 160-аад хууль нь нарийн зохицуулалттай, зүгээр ийм зөвшөөрөл байна гээд заачихсан. Тэр хуулиуд болохоор энийг дагаж, мөрдөж нарийн зохицуулалтуудаар энэ процессыг хуулиуддаа шигтгэж оруулах ёстой болно гэсэн үг. Хуульгүй байгаануудад нь болохоор нэмж хуулийин зохицуулалтыг бий болох ёстой. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хууль үйлчилж эхлэхээс өмнө нарийн зохицуулалтгүй байгааг нь хуульчлах ёстой. Тэрнээс журмаар биш.

-Зөвшөөрлийн хууль батлагдсанаар авлига буурна гэж төсөөлж байгаа бололтой. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Монгол Улс авлигын индексээр 2021 онд 180 орноос 111-т орсон байгаа. Бизнесийн орчноор 81-т жагсдаг. Гүрж улс зөвшөөрлийн хуулиа 2004 онд баталснаас хойш бизнесийнхээ орчноор дэлхийд долоод эрэмбэлэгдэж байна. Харин авлигын индексээр 2005 онд 130-д жагсаж байсан бол өнөө жил 30 руу орсон байна. Тэгэхээр зөвшөөрлийн тоо нь авлига, хүнд суртал, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийг тэлэхтэй шууд холбоотой байдаг. Хоёрдугаарт, шударга өрсөлдөөний зарчмыг оруулж ирэх нь өөрөө авлигыг бууруулах хөшүүрэг нь болж өгдөг. Байгалийн хязгаарлагдмал нөөцийн зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар өгдөг болсноор ядаж олон нийтэд зарлана. Ил тодоор сонгон шалгаруулалтаа явуулж, зөвшөөрөл олгодог болно гэсэн үг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Батзориг: Цементийн хомсдол, үнийн хөөрөгдлийг богино хугацаанд цэгцэлж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангахаар ажиллаж байна DNN.mn

Дотоодын зах зээлд цемент хомсдож, үнэ нэмэгдсэн асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригтой ярилцлаа.


-Барилга, бүтээн байгуулалтын улирлын үед гол түүхий эд болох цемент хомсдож, үнэ өсчихлөө. Гол шалтгаан нь юу байна вэ?

-Өнөөдрийн байдлаар дотоодын цементийн үйлдвэрүүд 600 мянган тн цемент үйлдвэрлээд байна. Манай улсын жилийн хэрэглээ бол 1.8 сая тн цемент байдаг. Цементийн хомсдол үүссэн эхний шалтгаан бол тээвэрлэлттэй холбоотой үүслээ. Импортоор их хэмжээний барилгын материал болон бараа бүтээгдэхүүнийг вагоноор татаж байгаа учраас Хятадын талд гарсан галт тэргүүд маань тэндээ ачилт удаан хийгдэж 21 хүртэл хоног болж буйгаас үүдэн дотоодын тээвэрлэлтэд хомсдол үүсч байгаа талаар УБТЗ-ын удирдлагууд танилцуулсан. Үүнтэй холбогдуулаад цементийн үйлдвэрүүдэд маань тогтмол түүхий эд болох клинкерийн нөөц бүрдүүлэх, татан авалтаа хийх, Задгай болон ууттай цементээ зөөж тээвэрлэдэг вагонуудын хүрэлцээ буурсан. Тиймээс зах зээл дээрх цементийнхээ нийлүүлэлтийг тогтмол хангаж чадахгүй нөхцөл байдал үүссэнээс хомсдол бий болж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ нэг сая тн-ын хүчин чадалтай дөрвөн үйлдвэрийн гурав нь ажиллаж байгаа. Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баянгал” ХХК тоног төхөөрөмжийн эвдрэлтэй, энэ оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байгаад зогссон. Одоо “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “МАК цемент” ХХК гэсэн гурван том үйлдвэр ажиллаж байна.

-Цемент хомсодсон бас нэг шалтгаан нь “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр ажиллахгүй байгаатай холбоотой гэл үү. Хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг төр авснаар ингэж л дампууруулдаг гэх маягтай мессэж нийгэмд харагдах боллоо?

-“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьд тоног төхөөрөмжийн эвдрэлтэй холбоотойгоор бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээгээ хийгээд гурван тээрмийнхээ хоёрыг нь ажиллуулаад явж байна. Өдөрт хоёр 2,3 мян.тн-ын цемент үйлдвэрлээд эхэлчихсэн. Бусдаар бол асуудал байхгүй. “Хөтөлийн цемент шохой” ТӨХК зах зээлд ууттай цементнийхээ хэрэглээг давхар хангана.

Энэ бол ганцхан үйлдвэрээс хамаардаг зах зээл биш. “Хөтөл” зах зээлийн хэрэглээний 20-30 хувийг хангадаг. Бусад нийлүүлэлтийг МАК, “Монцемент” үйлдвэр хангаж байгаа. Хажуугаар нь зах зээлийн тодорхой хувийг хангадаг жижиг үйлдвэрүүд ч бий.

-Цементийн шуудайны хомсдол үнийн хөөрөгдөлд нөлөөлж байна уу. Салбарын яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дотоодын цементийн үйлдвэрүүдийн түүхий эд болон цемент тээвэрлэлтийн асуудлаар үйлдвэрлэгчдийнхээ удирдлагуудтай уулзалтуудыг хийснээр УБТЗ-тайгаа хамтарч тулгамдаж буй асуудлыг шийдвэрлээд байна. Улаанбаатар төмөр замтай яриад тээвэрлэлтийг нь шийдсэн боловч “Мак цемент” ХХК-ийн импортоор авч буй цементийн шуудай дуусч зах зээл дээрх шуудайтай цементийн хомсдол нэмэгдэх нэг шалтгаан болсон.

Зах зээлд шуудайтай цемент гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг салбарын яамнаас үйлдвэртэйгээ хамтран зохион байгуулалтуудыг хийгээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд Улаанбаатарт 300 мян.ширхэг цементийн уут нь ирж шуудайтай цементээ үйлдвэрлэж эхлээд байна. Үргэлжлээд ар араасаа цементийн уутны захиалга, тээвэрлэлт хийгдэж байна.

УБТЗ-тай хийсэн энхий уулзалтаар “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крыты вагон буюу 150 вагонаар, “МАК цемент” ХХК-д хоногт 10 крыты вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах асуудлыг шийдвэрлүүлсэн.Төмөр зам нэлээд сайн дэмжиж ажиллаж байгаа. “Монцемент”-ийн хувьд Дорноговийн Өргөн, Улаанбаатарын “22-ын товчоо”-нд цементийн тээрмийн үйлдвэртэй. Түүхий эдээ Улаанбаатар руу татах вагоны тээвэрлэлт нь тодорхой хэмжээнд байгаа. Гэвч өдөрт үйлдвэрлэх хэмжээнийхээ түүхий эдийг хангаж чадахгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор манай яамны зүгээс дэд сайдын хэмжээнд төмөр замын удирдлагуудтай 2 дахь удаагаа уулзалт хийж, УБТЗ-тай хамтран цементийн тээвэрлэлтийг бүрэн анхаарч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Богино хугацааны бүтээгдэхүүний хомсдолд орчихоод байгаа гэж ойлгож болох уу?

-Гол нь яагаад эрсдэлтэй байна вэ гэхээр ид бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа энэ цаг үед иймэрхүү асуудлууд гарч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй тусч байгаа юм. Гэхдээ энэ бол богино хугацааны хомсдол, үнийн өсөлт. Тэгэхээр зах зээлд шуудайтай цементийнхээ нийлүүлэлтийг хангалттай хийгээд явахаар үнэ буцаад буурч, тогтворжино гэж харж байгаа. Өнөө жилийн хувьд тээвэрлэлтээс шалтгаалж бүх үйлдвэрүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Гадаад хүчин зүйлээс гадна дотоодын тээвэрлэлтийн хүндрэл цементийн үйлдвэрүүдэд жилд хоёр удаа тохиолддог. Тэр нь юу вэ гэхээр барилгын ажил ид эхлэх үед болон намрын ногоо хураалттай холбоотойгоор вагоны хомсдол үүсдэг. Энэ асуудлыг бид урьдчилаад төмөр замын байгууллагуудад тавьж байсан. Цемент бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Барилгын нийт төсөвт өртгийн барилгын материалын зардлын 23 хувийг эзэлдэг. Тэгэхээр цементийн нийлүүлэлт, үйлдвэрлэлтийн тал дээр бусад байгууллагууд маань сайн дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа юм. Үндсэндээ бол Хөтөлийн цемент шохой өдөрт 2.3 мян.тн, “Мак цемент” ХХК өдөрт 4 мян.тн, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн сум дахь үйлдвэр 1 мян.тн, 22-ын тээрэм 2.8 мян.тн-ы хүчин чадлаараа үйлдвэрлэхэд хоногт 10 мян.тн орчим цемент нийлүүлэгдэхэд хомсдол арилах боломжтой гэж харж байна.

-Үйлдвэрүүд цементийн үнийг нэмсэн асуудал байна уу. Тэгэхээр зах зээлд үнийг хэн өсгөөд байна вэ?

-Жижиглэн худалдаанд үнэ хөөрөгдөл бий болоод байгаа юм. Өмнө нь шуудай нь 14-15 мянган төгрөгийн үнэтэй байсан цемент 18-23 мянган төгрөгөөр иргэдиийн гарт очиж байна. Хомсдол бий болонгуут эрэлт огцом нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгэнгүүт наймаачид дураараа үнэ зохиож хэлдэг. Үйлдвэрүүдийн хувьд он гарснаас хойш нэг л удаа цементийн үнийг нэмсэн. Одоогийн байдлаар үйлдвэрүүдийн цементийн дундаж үнэ нэг тонн нь 260 мянган төгрөг байна.

Үйлдвэрээс хүмүүс их, бага ч гэсэн энэ үнээр л авч байгаа. Монголчууд маань хэцүү. Зах зээлд хомсдол үүсэнгүүт албаар авч дарж, үнэ өсгөдөг. Гэхдээ богино хугацаанд зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө мөнгөөрөө худалдаж аваад үнэ тогтоодог систем ямар ч салбарт байгаад байх шиг. Үүнийг зах зээлийн зарчим гэдэг ч яг үнэндээ ёс зүйгүй үйлдэл. Энэ асуудлуудыг бид богино хугацаанд цэгцэлж, зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг хангахаар үйлдвэрүүдтэйгээ ойр ажиллаж байгаа.

-Арматурын нөөц ямархуу байгаа вэ?

-Бид арматурыг импортоор хэрэглэдэг учраас 2022 оны арванхоёрдугаар сараас эхлээд Гадаад харилцааны яам болон Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2000 орчим вагон барилгын материалыг оруулж ирсэн байгаа. Арматурын хувьд манайх жилийн 260 мянган тн-ын хэрэглээтэй. Үүнийхээ 160 мянган тн-ыг нь оруулаад ирчихсэн байна. Тэгэхээр барилгын ажил ид эхлэх үеэс өмнө нөөцөө бүрдүүлчихсэн гэсэн үг. Ингэснээр хомсдолоос шалтгаалсан үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авч чадсан. Одоо зах зээл дээрх арматурын борлуулалтын үнэ тогтвортой байгаа. Статистикийн мэдээлэл харахад бараг 60 хувиа оруулаад ирсэн. Тэгэхээр үнийг өсгөхгүй байх боломжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Сайн засаглал бүрдүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой юм DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болох “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар эхэлж асуумаар байна. Танай яамны хувьд уг хөтөлбөр дэх “Засаглалын зорилтот хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа гэл үү?

-Тийм ээ. Урт хугацааны хөгжлийн бодлогодоо туссан зорилгод хүрэхийн төлөө бид мөн л тодорхой төлөвлөлттэйгөөр ажиллах ёстой. Энэ асуудлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн, байгаль орчны, засаглалын, бүсийн хөгжлийн, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн долоон зорилтот хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Холбогдох хууль болон засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, Эрх зүйн шинэтгэл-II зэрэг бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлэхээр заасан боловч эдгээр нь өнөөдрийн байдлаар боловсруулж, батлагдаагүй байгаа. Иймд эдгээр баримт бичигт тусгагдах асуудлуудыг Хөгжлийн зорилтот хөтөлбөртөө шийдвэрлэх боломжтой юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдэд хуваагдан дээрх зорилтот хөтөлбөрүүдийг хариуцан боловсруулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам “Засаглалын зорилтот хөтөлбөр” боловсруулах ажлын дэд хэсгийг ахалж ажиллаж байна. Мэдээж Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран, уялдаатай байдлаар ажиллаж байгаа.

-“Засаглалын зорилтот хөтөлбөр”-т ямар асуудлууд тусгагдаж байгаа вэ. Хэрэгжсэнээр манай засаглалын тогтолцоо яаж өөрчлөгдөх вэ?

-Бид таван чиглэлээр зорилгоо тодорхойлж, төрийн бүтээмжийг сайжруулах хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төслийг боловсруулаад байна. Нэгдүгээрт, Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг хангах зорилгын хүрээнд Хууль тогтоох засаглалыг төгөлдөржүүлнэ. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд болон шууд бус оролцоог нэмэгдүүлэх юм. Улмаар УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, сонгуулийн байгууллагын бие даасан байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Шүүх эрх мэдлийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, нээлттэй ил тод байдлыг хангах, цогц чадамжтай, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Төрийн болон орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа, чиг үүргийн уялдааг хангах, оршин суугч, эдийн засгийн чадавхи, газар нутгийн алслалтын шалгуурыг хэмжээ, тоогоор нарийвчлан тодорхойлох замаар засаг захиргааны нэгж болох сумдын тоог цөөрүүлэх, Нийслэлийн эрх зүйн статусыг бие даан хөгжих боломжтой байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн хяналтын байгууллагын бүтэц, бүрэн эрхийн талаарх оновчтой зохицуулалтыг бий болгох зэрэг зорилтыг тусгаад байна.

Хоёрдугаарт, эрх зүйт төрийг төлөвшүүлж, хүний эрхийн баталгааг хангах зорилгын хүрээнд хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд өөрчлөлт гаргах юм. Тухайлбал, хуулийн ангилал, төрлөөс хамааран хууль батлах квот буюу хувийг тогтооно гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн бодлого, хууль тогтоомж тогтвортой үйлчлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

Түүнчлэн эдийн засаг, бизнесийн үйл ажилагааг дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулах, энэ чиглэлээр хүний нөөц бэлтгэх, хуульч бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх хохирол нөхөн барагдуулах механизмыг боловсронгуй болгох, эвлэлдэн нэгдэх, хуран цуглах, шашин шүтэх эрх чөлөөг баталгаатай хангахад дэвшилтэт алхам гаргахад чиглэсэн зорилт, арга хэмжээг тусгаад байна. Мөн энэ хүрээнд мөрдөх албыг байгуулах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөө бүхий тогтолцоог бүрдүүлэх, хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн Төрийн байгууллагын ажил үүргийн давхцлыг арилгах, цомхон чадварлаг төрийн албыг бүрдүүлэх, төрийн албан хаагчийн тоог үе шаттайгаар бууруулна. Төрийн албан хаагчдыг улс төрийн нөлөөллөөс ангид ажил үүргээ гүйцэтгэх, шатлан дэвших тогтолцоо нь иж бүрэн, нээлттэй тэгш өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх учиртай. Дээрээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангана.

Дөрөвдүгээрт, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах зорилгын хүрээнд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, хэрэгжилтийг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууцыг хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны улс, нийгэмд учруулсан мөнгөн хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх механизмыг сайжруулах, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтыг тусгаад байна.

Тавдугаарт, төрөөс иргэний нийгмийн хөгжил, хамтын ажиллагаа, оролцоог хангах замаар бүлгийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах, хэрэгжүүлэх цогц бодлого, оновчтой механизмыг бий болгох зорилгоор төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаагаар дамжин төрийн бодлогод нийгмийн оролцогчдын олон талт сонирхлыг тусгах, төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог тодорхой болгох, нийгэмд өргөн хүрээний зөвшилцөл бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн иргэний нийгмийн байгууллагын институцийн төлөвшилийг дэмжиж, улс төрийн нөлөөллөөс ангид тогтвортой, үр дүнтэй, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Гэрээгээр гүйцэтгүүлж болох бүх төрийн чиг үүргийг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар төрийг цомхон бүтэцтой болгох алхамыг эхлүүлнэ.Энэ зорилгын хүрээнд бодлогод суурилсан, улс төрийн соёл төлөвшсөн намуудтай болох, улс төрийн намын санхүүжилтийг тогтолцоог шинэчлэн, ил тод байдал, хяналт, хариуцлагатай бодлогын намууд бүхий олон намын систем төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгаад байна.

-Хэрэгжих хугацааны хувьд та ярихгүй юу. Нийгэм хэзээнээс үр шимийг нь мэдрэх вэ?

-Ер нь зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжих хугацаа хуульд заасны дагуу арван жил байх юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой заасан байдаг. Зорилтот хөтөлбөр нь “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тул 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдаатай байх ёстой. Үүнийг ч баримтлан ажиллаж байна. Хэдийгээр 10 жилээр тооцож төлөвлөсөн ч зарим асуудал шууд үр дүн өгөх, зарим нь таван жилийн дараа, зарим 10 жилдээ гэх зэрэг байж болох талтай. Би мөн дээр хэлсэн, засаглалын зорилтод хөтөлбөрт туссан зорилго, зорилт, үйл ажиллагаа нь улсын хөгжлийн бүх асуудлын суурь болж өгөх тул шууд үр ашиг хүртэх нь бусад хөтөлбөрийг бодоход арай өөр байхаас өөрцгүй. Зарим зорилт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага үүсгэхийг үгүйсгэхгүй юм.

-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Та сая дээр хэлэхдээ “Засаглалын зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулиийн системийг өөрчлөх асуудлуудыг дурдлаа. Үндсэн хуульд, ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Төрийн эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг хангах зорилгын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээний асуудал болох нь тодорхой. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах зэрэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой тодорхой үйл явц өрнөж байна. Энэ бүхнийг судалж, тооцоолж байж тусгасан гэдгийг энд хэлье. Бидний зорилго болгон тавьсан таван асуудлын хүрээнд тогтолцоог өөрчлөх, хандлагыг өөрчлөх, хамтын ажиллагааг дэмжих, иргэдийг эрхийг баталгаажуулах, нийгмийг дэг журмыг сахиулах энэ бүх үйл ажиллагааг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хийгдэнэ гэсэн үг.

-Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгож, олон нийтийн нээлттэй компани болгох асуудал байнга л яригддаг сэдэв. Энэ хэзээнээс бодит ажил хэрэг болгох вэ?

-Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлээд тус хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгож, олон нийтийн нээлттэй компани болгох асуудлыг хууль тогтоох байгууллага ч, иргэд, олон нийт ч дэмжин хүлээн авч байгаа. Хууль батлагдах процессын дагуу явагдаж байна. Иймээс хэзээнээс хэрэгжих, бодит ажил болох асуудал нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байна.

-Улс орны хөгжил авлигын индексээр тодорхойлогддог. Засаглалыг сайжруулснаар авлигын хэрэг буурах нь ойлгомжтой. Засгийн газрын зүгээс авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Авлигатай соён гэгээрүүлэх, мэдээлэх, олон нийтийн хяналт сайжруулах, хууль дүрмийг сайжруулах, ялангуяа ял шийтгэлийг бодлогыг чангаруулах аргаар тэмцэж байна. Бид зорилтот хөтөлбөртөө авлигатай тэмцэх, авлигыг бууруулах асуудлыг тусгайлан зорилго болгон төлөвлөөд байгааг дахин хэлье.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцэж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулан тусгасаныг та бүхэн мэдэх байх. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд яллах, эрүүгийн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэлмээр байна. Мөн энэ дашрамд дурдахад, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу тус тусын бие даасан хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр тусгагдсан боловч тус хөтөлбөрт тусгагдах зорилго, зорилт, арга хэмжээг энэхүү Засаглалын хөтөлбөрт бүрэн тусгах замаар шийдвэрлэхээр тогтоод байгаа. Ийм ч учраас тус байгууллагуудын санал, дүгнэлтийг нэг бүрчлэн хүлээн авч хамтран ажиллаж байна Авлигын асуудлаар “Транспаренси интернэшнл” төрийн бус байгууллагын мөн оролцуулан тэдгээрийн судалгаа, шинжилгээ, дүгнэлт саналыг тусгахыг хичээж байна.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгаж байгаа юм байна. Мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдүүлэх хүсэлтийг хүлээж авах эсэх асуудал нь прокурорын эрхийн асуудал байдаг. Хуулийн төсөлд эдгээртэй холбоотой ямар зохицуулалт орсон талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэхүү хуулийн төслийн гол үзэл баримтлалын нэг бол Эрүүгийн хуульд заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндсөн. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг бүхэлд нь чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх зэрэг өөрчлөлтийг тусгаад байна. Таны дараагийн асуулт болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй холбоотой зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлт юм.

Яллагдагч зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол хялбаршуулах хүсэлтээ өгөхөөр, түүнчлэн тухайн хүсэлтийг зөвхөн прокурорт гаргадаг байсан бол мөрдөгчид мөн гаргаж болохоор хуулийн төсөлд тусгасан.

Ингэснээр гомдол, мэдээллийг шалгах явцад мөрдөгч тухайн хэргийг үйлдсэн яллагдагчид холбогдсон хэргээ ердийн болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг анхнаас нь нээж өгөх замаар яллагдагч, хохирогчийн эрхийг шуурхай хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн болно. Ийнхүү хүний эрх, эрх чөлөөг хангах, төрийн үйл ажиллагааг шуурхай явуулах, зардал, хүн, хүч хэмнэсэн байдлаар зохицуулах нь Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцнэ гэж үзэж байгаа. Прокурор хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа тул мөрдөгчийн хувьд энэ журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авч байгаа нь хүний эрхийн аливаа зөрчил үүсгэхгүй гэж ойлгож болно.

Түүнчлэн хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.8 (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгаад байна.

-Татварын хэрэг, маргааныг Эрүүгийн хуульд оруулах нь аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулаад зогсохгүй, бизнес эрхлэгчдийг шорон руу ачих тактик гэж үзэх хүмүүс ч байсан?

-Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг шинээр хуульчилж байгаа асуудал огт биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн үйлдлийн шинжийг тодорхой болгож, энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд үлэмж хэмжээ буюу 20 саяас нэг зуун сая хүртэлх төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан бол, хүндрүүлэх бүрэлдэхүүнд 1 зуун саяас дээш хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, нуусан үйлдлийг тооцохоор тусгасан. Үүний зэрэгцээ татвар төлөгч ногдсон татвар, нөхөн татвар, торгууль, хүү, алдангийг сайн дураараа төлсөн нь түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг тусгаад байна. Энэ нь өөрөө нийгэмд хардлага үүсгээд байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дарамтлах, шоронжуулах бус харин эсрэгээрээ тэднийг хамгаалах зорилготой гэж ойлгож болно.

-Саяхан цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн биед халдсан. Энэ нь удаа дараа давтагдаж байгаа асуудал. Ард түмний мэдэх эрхийг боомилсон уг үйлдэл Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг сэтгүүлчид эсэргүүцэж тайван жагсаал хийсэн. Иргэдийн мэдэх эрхэд халдсан ийм асуудал дахин гарахгүй гэх ямар баталгаа байна вэ. Хэн нэгнийг албан тушаалаас нь буулгах биш, харин тогтолцоого өөрчлөхийг сэтгүүлчид шаардаж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Юуны өмнө гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үл нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, хяналтын тогтолцоог сайжруулах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргах учиртай. Энэ асуудлын Засаглалын зориолтот хөтөлбөртөө ч тусгасан байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хууль сахиулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах, алба хаагчдын мэдлэг, хандлагыг өөрчлөх зэрэг болон бусад асуудлаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судалж байна. Түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Уг төсөлд хууль сахиулах, нийгмийн дэг журмыг хангах чиг үүрэг бүхий байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой болгохоор ажиллаж байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Хувийн хэвшилгүйгээр нэг ч төсөл явахгүй гэдгийг зоригтойгоор хэлчихье DNN.mn

Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Эрчим хүчний асуудал “толгойны өвчин” болоод удлаа. Салбарын сайд нь ирэх өвөл хязгаарлалт хийж болзошгүй гэх түгшүүртэй мэдээлэл өнгөрсөн хавар өгч байсан. Ирэх өвөл нийслэлчүүдийг ямар нөхцөл байдал хүлээж байна вэ?

-Монголчууд бидний түүний дотор төр засгийн үүсгэсэн толгойны өвчин. Эмчилгээ хийхгүй бол цаашид улам хүндрээд хорт хавдраар бол IV үедээ орчих вий гэж санаа зовж явдаг. Ирэх өвлийн хувьд Н.Тавинбэх сайд хязгаарлалт хийж болзошгүй тухай хэлж байсан нь үнэн. Тэрээр энэ зунаас үнэ нэмэх талаар шургуу ярьж байсан нь салбарыг эмчилж эхлэх цаг болсныг мэдэрсэн хэрэг. Миний бодож байгаагаар ирэх өвлийг яаж ийгээд давна л даа. Өнөөдөр салбарын чадлын дутагдал өнгөрсөн жилтэй харьцуулахад их нэмэгдсэн байгаа. ДЦС-4 дээр 120 МВт-ын блок трансформатор гэмтсэнээс ажилгүй болчихсон. Залуус маань шинэ трансформатор оруулж ирэх гээд бөөн ажил болж Орос-Украины асуудлаас болж саад бэрхшээл ихтэй байх шиг. Өвлөөс наана амжаасай билээ. Ер нь ирэх өвөл гэсэн ойрхны асуудлаас гадна цааших өвлүүдийг яаж давахыг бодох хэрэгтэй. Энэ нь цахилгаан, дулааны үнийг нэмэхээс эхлэх ёстой. Тэгэхгүй бол тэг зогсолт хэзээ нэгэн цагт болж л таараа.

-Эрчим хүчний салбар хүнд нөхцөлөөс гарах хамгийн ойрын гарц юу вэ?

-Монгол Улс өөрийн эх үүсвэрээрээ чадлын дутагдлыг нөхөж чадахгүй учир импортоо нэмэх, бэхжүүлэх хэрэгтэй. ОХУ-аас авч болох чадал дээд хэмжээндээ тулчихсан байгаа. 345 МВт чадал тодорхой хугацаагаар авч болно гэсэн үг. БНХАУ-Оюу толгойн 220 кВт-ын агаарын шугамыг төслийн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх хэрэгтэй. Тодорхой техник, зохион байгуулалтын арга хэмжээ энэ шугамаар авах чадлаа нэмж болно. Зөвхөн Оюу толгой биш, бусад чухал хэрэглэгчийг энэ шугамд уях хэрэгтэй.

-Засгийн газрын хуралдаанаар саяхан эрчим хүчний тарифыг нэмэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн шүү дээ. Ер нь хуулиар Засгийн газрыг оролцуулахгүйгээр тарифыг шийдэх бүрэн боломжтой гэх юм. МАН ард түмэнд таалагдах гэж шийдвэр гаргаад байна уу?

-Анх бид 1998 оноос Эрчим хүчний тухай хууль хийж байхдаа Эрчим хүчний зохицуулах байгууллагыг УИХ-ын мэдлийн байгууллага байх, зохицуулагчдын томилогдох, ажиллах хугацааг сонгуулиас зөрүүлэх гэх мэтээр нэлээд чухал санаануудыг оруулсан л даа. Гэтэл 2001 онд батлагдсан хуульд Засгийн газрын байгууллага болгочихсон юм. Засаг үнийн асуудалд оролцоод байгаа нь хууль зөрчсөн асуудал биш ч үнэ нэмэхийг хойшлуулаад байгаа нь түрүүн хэлсэн шиг муу үр дагавартай.

-Эрчим хүчний салбар дахь төсөл хөтөлбөрүүд урагштай байгаа гэж байсан. Ойрын хугацаанд хэрэгжих эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалт юу байна вэ?

-Таван толгойн дахин зарлагдсан тендерт оролцогч орж ирэх эсэхийг би тааж хэлж чадахгүй. Багануур өчнөөн саад бэрхшээл дундуур явж явж санхүүжилт нь гацсан сураг байсан. Эрдэнэбүрэнг бариулахгүй байх ашиг сонирхол маш хүчтэй хэвээр байна. Шинэ сэргэлтээр зөндөө төсөл яригдсан ч энэ жилдээ байтугай ирэх жилд ашиглалтад орчих төсөл алга. Цаашдаа яах нь санхүүжилтээс хамаарна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС ирэх намар эхэлнэ гэж байсан шүү дээ. Таван толгойн цахилгаан станц бас өнөө жил эхэлчихэж магадгүй гэж яригдаад байгаа. Шүүхийн маргаан нь дууссан гэв үү. Тэгэхээр Засгийн газар шууд хувийн хэвшлүүдийг татан оролцуулах эрх нь үүссэн гэсэн үг үү?

-Ерөөсөө хувийн хэвшилгүйгээр нэг ч төсөл явахгүй гэдгийг зоригтойгоор хэлчихье. Засаг хувийн хэвшлийг татан оролцуулах биш, тэд татагдаад ороод ирэх нөхцөлийг л бүрдүүлэх ёстой. Концесс гэдэг зүйл бол нэг их муу хэлээд байх зүйл биш шүү дээ. Хууль нь ч боломжийн. Барих-ашиглах-шилжүүлэх хувилбар эрчим хүчинд нэлээн нийцтэй юм уу гэж боддог. Эрдэнэбүрэн эхлээсэй гэж чин сэтгэлээсээ мөрөөдөж байгаа ч саад тотгор бүрэн арилсан гэсэн итгэл төрөхгүй л байна. Таван толгойн тухайд түрүүн хэлсэн дээр нэмэх юм алга.

-Цаасан дээр царцсан цахилгаан станцуудыг хэзээнээс амь оруулах бол. Түрүүнд таны хэлсэн Таван толгойн, Багануурын станцаас гадна Эгийн голын УЦС зэргийг асуумаар байна л даа. Мэргэжлийн хүний үгийг сонсъё?

-Хугацаа хэлэх хэцүү. Дор бүрдээ өөр өөр учир шалтгаантай. Тавдугаар ДЦС-ын оронд ДЦС-3 дээр 300 МВт чадалтай шинэ станц барих болсон. Оросууд ТЭЗҮ хийж байгаа. Гэхдээ оросуудын санал болгосон үнээр бол бүтэхээргүй л харагдсан. Энэ жилдээ багтаад яах нь мэдэгдэх байх. Багануурыг би дээр хэлсэн. Хятадууд нэг аргаа олох болов уу. Эгийн голын Биологийн олон зүйлд нөлөөллийн судалгааг дуусгана гэж Н.Тавинбэх сайд мэдээлж байсан. Одоо аль шатандаа яваа юм бол доо.

-Томоохон станцуудыг гацаагаад байдаг шалтгаан нь юу юм бэ. Хойд хөршийн бодлого яваад байна уу гэсэн хардлага нийгэмд бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Гацаах шаардлагатай гэж үзвэл чадна шүү дээ. Тэрэнд нь туслах монголчууд ч хангалттай бий.

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр манай улс сүүлийн 20 гаруй жил ажиллаж байна. Нар, салхины нөөц арвин баялагтай орон хэрнээ төдийлөн массыг хамарч хөгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Сэргээгдэх эх үүсвэрийг төвийн системд их хэмжээгээр холбохоор чадлын зохицуулалт хүндрээд байгаа. ОХУ ч юмуу, БНХАУ-ын том системүүдэд ийм асуудал байдаггүй. Манай Монголын нэг ГВт илүүхэн чадалтай системийн хувьд “Бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг шиг л юм болоод байгаа. Бух болохын тулд Эгийн гол, Шүрэнгийн УЦС нь хэрэгтэй байдаг. Харин сэргээгдэх чадлыг устөрөгч, метан хий зэрэгтэй хослуулбал энэ их бурхнаас заяасан нөөцөө их хэмжээгээр ашиглаж чадах боломж нээгдэнэ. Тийм учраас мань мэт нь нүүрсний давхарын метан болон устөрөгчийн хөгжилд өөрийгөө зориулаад 11 жил болж байна.

-Устөрөгчийн эрчим хүчний ирээдүйн талаар ярихгүй юу. Монгол ашиглаж байсан туршлага байдаг уу. Энэ салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхол ямархуу байдаг вэ. Цаашид манай улс устөрөгчийн эрчим хүчийг ашиглалаа гэхэд хууль гаргах шаардлагатай юу?

– ДЦС-4 1983 оноос устөрөгч үйлдвэрлэж генераторын хөргөлтөд ашиглаж байна. Гэтэл устөрөгч бол нэг кг нь 27800 ккал илчлэгтэй, шаталтын бүтээгдэхүүн нь ус байдаг онцлог шинж чанартай түлш юм. Уснаас гаргаж аваад шатаахад эргээд ус болдог энэ түлш өнөөдөр дэлхийн тренд болж байна. Сэргээгдэх эх үүсвэр ашиглаж ногоон устөрөгч гаргаад түүнийгээ хийн турбинд шатаах замаар цахилгаан системийн нар, салхины чадлыг шингээх чадварыг хэд дахин нэмэх тийм үе ирээд байна. Хөрөнгө оруулагчид аль хэдийнэ ороод ирчихсэн байна. Засгийн газраас хөрөнгө шаардлагагүй, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар явагдах төслүүд. Гэхдээ Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Бидний судалгаагаар шинэ хууль шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Тайланг ЭХЯ-нд өгсөн байгаа.

-Дэлхий дахинд нэвтэрч байгаа эрчим хүч гаргаж авах шинэ шийдлүүдийн талаар сонирхуулахгүй юу?

-Бүр шинэ гэвэл ARES гэдэг төмөр замын цахилгаан станц байна. Чадал илүүдсэн үед хөдлөх бүрэлдэхүүнийг цахилгаан хөдөлгүүрийн горимоор өндөрлөг газар гаргаад чадлын дутагдалтай үед генераторын горимоор доош нь буулгаж цахилгаан үйлдвэрлэх юм. Одоо АНУ-д туршигдаж байна. Усгүй УЦС л гэсэн үг, адилхан гравитацийн хүчийг л ашиглаж байгаа учир. Халуун цөмийн урвалыг хэлж болох юм. Хэт халууныг тэсвэрлэх материал гарчихвал хөгжих гээд байж байна. Ер нь маш олон технологи туршилтын шатанд байгаагаас устөрөгчийн эрчим хүч л сүүлийн хэдэн жил маш их яригдаж, судлагдаж, туршигдаж байна. XXI зууны эрчим хүчний гол шийдэл гэдгийг дэлхийн олон улс хүлээн зөвшөөрч устөрөгчийн хөгжлийн стратегийн бичиг баримтаа батлан бодит ажил болгох замдаа шуудран ороод байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дефолт ба алтан боломж DNN.mn

ОХУ-ын төрийн өмчит “Оросын төмөр замууд” компани бондын купоны төлбөрөө хүлээлгийн хугацаанд төлж чадаагүйгээс дефолт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ бол барууны хориг арга хэмжээ хойд хөршийг тэвдүүлж байгаагийн тод илрэл юм. Ийнхүүү “Оросын төмөр замууд” дефолт зарласан анхны компани болов. Уг нь тус компани хойд хөршийн төмөр замын тээврийн 90 хувийг дангаараа авч явж ирсэн. Дээрээс нь манай “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг эзэмшдэг. Тэгэхээр энэхүү дефолт зарласан явдал Улбаанбаатар төмөр замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ, том зургаараа манай улсын эдийн засагт яаж тусах уу гэсэн асуудал олон хүний анхаарлын төвд байна. Энэ талаар албаны эх сурвалж болон эдийн засагчдын байр суурийг сонирхов.


Л.Булганхүү: УБТЗ шууд хүндрэлд орохгүй


“Оросын төмөр замууд” дефолт зарласны улмаас “Улаанбаатар төмөр зам”-ын цаашдын хувь заяа болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах талаар салбарын яамнаас тодруулсан юм. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Булганхүү хариулахдаа “ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН 2022 оны дөрөвдүгээр сард санхүүгийн дефолт зарласантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг шууд хүндрэлд орохгүй. Одоогоор Монгол, Оросын хилийн Сүхбаатар-Наушки төмөр замын боомтоор тээвэрлэлт тасралтгүй явагдаж байна. Харин Орос-Украины нөхцөл байдлын улмаас олон улсад үүсч буй нөхцөл байдал,

түүнчлэн ОХУ-ын зүгээс зарим төрлийн бараа бүтээгдэхүүний экспортод хориг тавьсан. Мөн БНХАУ нь цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргээс шалтгаалан Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэх ачааны урсгалд өөрчлөлт гараад байна. Тухайлбал, 2022 оны эхний таван сарын байдлаар 10.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 79.2 хувь, тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл импортын ачаа 12.1 хувь, БНХАУ-аас ОХУ руу дамжин өнгөрөх ачаа 16 хувиар тус тус өссөн байна. Харин экспортын ачаа 2.2 сая тонноор буюу 44.2 хувиар буурсан. Орон нутгийн ачаа 311.6 мянган тонн, ОХУ-аас БНХАУ руу дамжин өнгөрөх ачаа 525 мянган тонноор буурсан үзүүлэлттэй байна” гэв.


Дефолт зарласан үеийг боломж болгон ашиглах ёстой гэв


“Оросын төмөр замууд” компани дефолт зарласнаар манай “Улаанбаатар төмөр зам” бондын төлбөрт унаж, сүйд болно гэсэн мэдээлэл нийгэмд түгээд байсан нь саяхан. Тэгвэл эдийн засагчид энэ үйл явдлыг эсрэгээр нь тайлбарлав. Харин ч “Оросын төмөр замууд”-ын дефолт бидэнд том боломжуудыг авчирна гэсэн өөдрөг мэдээ дуулгалаа. Олон хүний санааг чилээгээд байгаачлан дефолт “Улаанбаатар төмөр зам”-д тийм ч айхавтар нөлөөлөхгүй гэнэ. Харин парк шинэчлэлт хийж чадахгүй байж мэднэ. Үүнийг шийдэх өөр олон гаргалгаа бий. Тэгээд ч Орос Украины дайнтай холбоотойгоор энэ төмөр замаар явах ачаа багассаныг албаны эх сурвалж дээр хэлчихлээ. Тиймээс энэ үеийг ашиглаад төмөр замаа буцаагаад авах юмуу өөрсдийн хувиа ахиулах боломж нээгдэж байгааг эдийн засагчид онцлов. Дайнтай холбоотойгоор манайд тусалъя гээд гараа сунгаж буй Англи, Америк, Япон, Солонгосын хөрөнгө оруулалтыг төмөр замын салбартаа татаж болох юм. Дэлхий дээр хоёр том гүрний дунд хавчуулагдсан, ганцхан урсгалтай төмөр замтай орон Монголоос өөр байхгүй. Дээр үед Мянганы сорилын сан манайд орж ирэх үед америкчууд “Улаанбаатар төмөр зам”-ыг хос замтай болгоод өгье гэж байсан. Хэрэв энэ амлалт ажил хэрэг болсон бол манайх асар их ашиг олох байв. Гэвч тухайн үед оросууд Америкийн хөрөнгө оруулалтаас эрс татгалзсан. Яагаад гэвэл , “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг эзэмшдэг тэдэнд ч татгалзах эрх бий. Зүгээр ч үгүй, оронд нь долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж амлаж байж биднээр Америкийн хөрөнгө оруулалтаас татгалзуулж чадаж байсан түүхтэй. Харамсалтай нь оросууд тэр амлалтаа одоо хүртэл хэрэгжүүлээгүйг манайхан мартаагүй байгаа. Тэгэхээр хувь нийлүүлсэн оросын талын компани дефолт зарласан энэ үед бид төмөр замаа өөрийн талд бүрэн авах, чадахгүй бол хувиа ахиулах гарц нээгдэж байгааг эдийн засагчид олзуурхаж байв. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 450 сая ам.доллараар наймаалцан авч байсан шиг төмөр замаа ч өөрийн болгох боломж нээгдэж байна гэв. “Улаанбаатар төмөр зам” өртгөө нөхчихсөн учраас ногдол ашгийг нь тооцож байгаад хувиа ахиулах алхам бий. Тэгэх юм бол бид өөрсдөө хөрөнгө оруулалт босгож, парк шинэчлэлт хийх нь асуудал биш.

Дефолтын үр нөлөө манайд эергээр нөлөөлөх өөр нэг хувилбар бий. Энэ бол саяхан дэлхийд зарласан Хятадын шинэ төмөр зам. Энэ зам манай хилийн урдуур яваад Шинжаан Уйгараар дайраад Кыргыз, Казахаар яваад шууд европ руу холбогдох юм билээ. Уамжлалт төмөр замаас дөт, долоо хоногийн хугацаа товчилж байгаагаараа давуу талтай гэсэн. Говь-Алтай, Баянхонгороос ердөө 200 км хүрэхтэй үгүйтэй ойрхон өнгөрч байгаа. Энэ төмөр зам ирээдүйд ази европыг холбох гол гүүр. Тэгэхээр бид Шинжаан Уйгарын энэ төмөр зам руу холбогдчихвол дэлхийтэй холбогдох шинэ гарц үүснэ.

Энэ бол алтан боломж гэдгийг эдийн засагчид ярьж байна лээ. Тухайлбал, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсчихсөн энэ үед төмөр зам хамгийн хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хамгийн хямд өртөгтэй. Дээр нь аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа хөгжих боломжтой. Европын аялагчид галт тэргээр Казах, Кыргызын соёлыг үзчихээд Шинжаан Уйгараар аялаад зарим нь хойшоо Төвөд рүү, зарим нь Монгол руу ороод ирж болно. Монголчуудын хувьд ч гэсэн Шинжаан Уйгар, Үрэмч рүү жаахан цаашлаад Казахстаны нутаг руу орох боломжтой. Том зургаараа эдийн засагт үр өгөөжөө өгөх ийм ирээдүйг бүтээхийн тулд бид төмөр замынхаа бүтээн байгуулалтыг тэлэх нь амин чухал асуудал. Монгол бол тусгаар улсын хувьд хаагуураа, яаж төмөр замаа тавихаа шийдэх бүрэн эрхтэй. Тэгээд ч манайхан сүүлийн үед Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замаа тавьж чадлаа шүү дээ. Эндээс төмөр замын салбарт цоо шинэ аж ахуйн нэгжүүдийг гаргаж ирэх зэрэг олон, олон боломжууд байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хуруугаа гэмтээвэл ямар арга хэмжээ авах вэ? DNN.mn

Хүний хөдөлмөрийн гол “багаж” бол яалт ч үгүй хуруу. Иймд гараа бүрэн бүтэн байлгах нь юу юунаас чухал. Өчүүхэн төдий өргөс өндгөнд орж хувилахаар яадаг билээ дээ, бид. Тэгвэл санамсар болгоомжгүйгээс болж хуруу, гараа хаалганд хавчуулж, гэмтээвэл эд эрхтнээсээ ч салах аюултайг эмч сануулав.

Хүүхэд гэлтгүй томчуудад ч ийм асуудал элбэг тохиолддог байна. Хаалганд хуруугаа хавчуулах үед бяцарсан хугарал үүсч, хумсны дотуур цус хуралддаг аж. Хуруугаа хүчтэй нугалахад тэнийлгэгч булчингийн шөрмөс тасрах аюултай тул болж өгвөл хөдөлгөөнгүй байлгах нь зүйтэй гэнэ. Хурууны үений хугарлын үед тэр хэсэгтээ хавдаж, хөдөлгөхөд айхавтар өвддөг учир чиг тавьж боох ёстой аж. Хэрэв хугарсан хэсэг муу эвлэж бороолбол хурууны үйл ажиллагаа ноцтой алдагддаг. Ар тийш тахийж бороолбол нугалах, алган тийш тахийвал тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагддаг байна.

Хуруугаа гэмтээсэн бол тэр даруй рентген зураг авахуулж, мэргэжлийн эмчид хандаарай. Сүүлийн үед манайхан эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөг интернэт гэгч “их мэдэгч” нэртэй “үл мэдэгч”-ээс асууж цаг алддаг болсон нь худлаа биш. үүнээсээ болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон кэйс олон бий. Жишээлбэл, 20 гаруй насны залуу хуруугаа машины багаажинд хавчуулчихжээ. Тэсэхийн аргагүй өвдөхийн зэрэгцээ хуруу нь тэр дороо хавдчихаж. Энэ үед зауу гар утсаараа зургийг нь дараад “фэйсбүүк”-д постолж л дээ. Нүд ирмэхийн зуур арав, хорин зөвлөгөө жиргээд ороод ирж. Тэр дунд хүйтэн жин тавих нь үр дүнтэй гэсэн коммент зонхилсон байна. Мань эр тэр зөвлөгөөг дагажээ. Харамсалтай нь хуруу нь эдгэрэх нь битгий хэл хумсан доорх хурсан цус идээ татаж, цаашлаад яс руугаа орсон байж. Ингээд хуруугаа тайруулахад хүрчээ.

Иймд аминаас холуур хуруу төдийхний гэмтэл гэж үл ойшоолгүй эмчийн зөвлөгөөг дагаарай. Ер нь бол гэмтлийн үрэвсэл арилтал буюу цус, хаван сорогдож шимэгдтэл 2-3 долоо хоног сайн чиг бэхэлгээ хийдэг юм билээ. Мэдээж юм өргөж болохгүй, кальциар баялаг хүнс түлхүү хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэхэд сайн нөлөөтэй байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зөвлөлт маягийн шоронжсон хууль руугаа буцаж, иргэдийг дураараа хорьдог болох нь гэв DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгээс “Хүний эрхийг хумих хуулийн хулгайг таслан зогсооё” сэдэвт иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулахуйц хэд хэдэн заалт орсон байна. Энэ тухай АН- ын бүлгийн дарга хэлэхдээ “Хуулийн ганц, хоёрхон заалтад “мөрдөгч” гэдэг үг нэмсэн, багахан өөрчлөлт юм шиг хэрнээ Засгийн газраас өргөн бариад байгаа хуулийн төсөл хүний эрхийг дордуулахуйц болжээ. Одоогийн хуульд хүнийг заавал хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах, сургалтад хамруулах зэрэг заалт байдаг. Гэтэл зөвлөлт маягийн шоронжсон хууль руугаа буцах гэж байна. Уг хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн таныг, намайг ч дуртай үедээ баривчилж хорьдог болох нь. Гэвч цагдаа, хүчний байгууллагын албан тушаалтны дур зоргоор авирлахыг өөгшүүлсэн, салбарын лоббид автсан, дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомжоос болж нэг ч гэсэн монгол хүний эрх зөрчигдөх ёсгүй. Үүний төлөө Ардчилсан нам, АН-ын бүлэг тууштай ажиллана” гэв.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл Г.Амарзаяа болон Монголын хүний эрхийн ТББ- уудын форумын төлөөлөл оролцож УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэв. Түүнчлэн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, МУИС- ийн докторант Д.Оросоо “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй хуулийн практик” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэт нэг талыг барьсан. Хэргийн зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр зөвхөн гомдол, өргөдөл гаргагчийн мэдээллээр ялладаг байдал хавтгайрсан. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд тараасан алдаатай мэдээллийг “худал мэдээлэл тараах” гэдэг зүйлчлэлээр шалгаж, шийтгэдэг гажуудал үүссэн” гэв.

Жилд 200 орчим хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгадаг ч ердөө арваад хүн шүүхээр хэргээ шийдвэрлүүлдэг байна. Үүний цаана хүний эрхийн маш том зөрчил байгаа талаар, Ерөнхий прокурор болон түүний орлогчийг томилох тухай хуулийн заалтад “прокурор” хүнийг томилно гэдэг үгийг өөрчилж Монгол Улсын иргэнийг томилно гэж өөрчлөн оруулж ирж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй ярилцав. Тэд хуулийн хулгайг ил гаргаж ирж байгаад талархал илэрхийлж байлаа. Хэрэв мөрдөгч иргэдийг дураар дууддаг болчих юм бол монголчууд бүгд цахим гавтай болж, Монгол сүүлийн 30 жил байгаагүй шоронжсон улс болно гэв. Хүний эрхийг аажим аажмаар хумих ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүйд санал нэгдэж, хуулийн төслөө буцааж авахыг шаардсан юм. Энэ үеэр УИХ- ын дэд дарга С.Одонтуяа сүүлийн үед хүний эрүүл хоол хүнс хэрэглэх, амьд явах эрх зөрчигдөх болсонтой холбоотой хуулийн төсөл санаачилж өргөн барихаа илэрхийллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхцэцэг: Экспертүүд парламентын төлөөлөх чадварыг сайжруулах үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үздэг DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Ажлын хэсгийн гишүүний хувьд та нэмэлт, өөрчлөлтийг ямар агуулгаар хийх байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороонд Ж.Мөнхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг улс төрийн намууд болон иргэдээс ирүүлсэн санал шаардлагуудыг судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Энэ дагуу бид эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын удирдлагуудын хэлэлцүүлгийг хийж байна. Иргэдээс ч санал хүлээн авч байгаа. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай тунгаан бодож, судалгаа шинжилгээ, иргэдийн санал, зөвлөмжүүд, хэлэлцүүлгүүдэд үндэслэх ёстой. Өнөөдрийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдэгт иргэд болон улс төрийн намууд санал, шахалт ирүүлсэн байгаа. “Өнөөдрийн сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын бүтэц үйл ажиллагаанд парламентын төлөөлөх чадварыг хэрхэн хангаж байна вэ”, “Парламентын хууль тогтоох чадавхид хэрхэн нөлөөлж байгаа”, “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх юм бол ямар боломжит хувилбарууд байж болох вэ”, “Сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох уу” зэрэгт эрдэмтэн судлаачдынхаа саналыг авч байна л даа. Үндсэн хууль бол нийгэм, улс төрийн харилцааны суурь хууль учраас үндэсний зөвшилцөл, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж байж өөрчлөх ёстой. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ судлаачид, улс төрийн намууд, улстөрчид бүгд 1992 оны Үндсэн хуулиас хойших 30 жилийн нийгэм, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийг дүгнэсэн. Ялангуяа гүйцэтгэх засаглал тогтворгүй байгаа зэрэг тодорхой үндэслэлүүдээр нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Ингэх явцад зайлшгүй өөрчлөх байсан зарим асуудал тухайн үед олонхын санал аваагүй унасан. Тэр нь сонгуулийн холимог тогтолцоо. Мөн парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Үндсэн хуульд заасанчлан 57 гишүүний санал хүрээгүй учраас унасан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явагдсанаас хойш гурван жилийн дараа дахин улс төрийн намууд, иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдаас нэмэлт, өөрчлөлт хийе гэсэн зайлшгүй үндэслэл нотолгоо бүхий санал дэвшүүлсэн. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгайлан байгуулагдах ажлын хэсэг энэ тал дээр санал нэгдэж, тодорхой хууль санаачлагчийн зүгээс төсөл өргөн баривал нэмэлт, өөрчлөлтийг оруулж болохоор байгаа. Гэхдээ нийгмийн өргөн хүрээтэй зөвшилцөл хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Парламентын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн сэдэв байнга хөндөгддөг. Тэр утгаараа хоёр танхимтай парламентын тогтолцоог эрдэмтэн судлаачид дэмждэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Ер нь бол парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал өмнөх жилүүдэд эрдэмтэн судлаачид, Үндсэн хуулийн эрх зүйчдийн санал дүгнэлтэд удаа дараа гарсаар ирсэн. Улмаар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр хөндөгдөж байсан. Эрдэмтдийн болон мэргэжлийн экспертүүдийн байр суурь бол Монгол Улсын парламентын төлөөлөх чадварыг сайжруулах үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үздэг. Аливаа парламентын хууль тогтоохоос гадна чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал байгаа. Энэ бол парламентад хүн ам болон газар нутгаа төлөөлж байх ёстой гэсэн үг. Парламентын төлөөллийг хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд нэлээд нухацтай бодож, Үндсэн хуулиндаа сайн гарц гаргалгааг эрэлхийлэх ёстой. Сүүлийн үед Монгол Улсын эргэн тойрондох геополитикийн болон аюулгүй байдлын асуудлууд хурцаар тавигдаж байна. Дайны нөхцөл байдлаас улбаатайгаар манай улс дахь гадаад бодлого, хоёр хөршийн зүгээс ирэх нөлөөллийн асуудал байна. Энэ үед бид парламентын засаглалыг илүү төлөвшүүлэх, хууль тогтоох чадавхыг нь нэмэгдүүлэх, нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрлийг багасгах, хараат бусаар ажиллах байдлыг нэмэгдүүлэх нь чухал. Өнөөдрийн 76 гишүүнтэй, нэг танхимтай парламентын хувьд өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд газар нутгийн төлөөллийг сайн хангаж ирсэн гэж үздэг. Тойргоор хуваагдсан мажоратор систем бол 2012 оноос бусад бүх сонгуульд үйлчилж ирсэн. Харин хүн амын тэр дундаа сонгогчдын төлөөллийг хангах тал дээр учир дутагдалтай байсан. Ер нь засаглал хуваарилах сонгодог онолын дагуу парламентын төлөөлөл тэгш байдалтай байх ёстой. Энэ нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэх парламентын гишүүдийн тоог тогтоох, гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм. Ингэснээр сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн байгууллагад дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна. Тэр гишүүдийн тоо нь адил тэнцүү байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгогч том хотод юм уу алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамаараад хууль тогтоох байгууллагууд тэгш төлөөлөлтэй байх ёстой. Мөн сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байхыг хэлээд байгаа юм. Өнөөдөр нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99 мянга 377 сонгогчийг төлөөлж байна. Харин орон нутгаас сонгогдсон гишүүн 55 мянга 315 сонгогчийг төлөөлж байгаа. Ийм зөрүүтэй байдалд хүргэсэн шалтгаан бол сонгуулийн мажоратор систем. Ер нь улс орнууд парламентдаа иргэдийн төлөөллийг хангахын тулд хувь тэнцүүлэх буюу пропорционал системийг хэрэглэдэг. Мөн парламентын хоёр танхимтай байдаг. Хууль тогтоох байгууллага нь газар нутгийн болон хүн амын тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент байдаг. Парламентын доод танхим буюу нийтийн сонгуулиар бүрддэг хэсэг нь сонгогчийн тэгш төлөөлөл, нийгмийн бүтэц, улс төрийн хүчнүүдийн харилцааг төлөөлдөг. Харин дээд танхим нь газар нутгийн төлөөлөл буюу муж улс, аймгийн төлөөллөөр бүрддэг онцлогтой. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийхэд хүрвэл хоёр танхимтай парламентын асуудлыг хөндөх боломжгүй.

-Яагаад вэ. Харин ч зөв хувилбар гэж зарим судлаач үзэх юм билээ?

-Хоёр танхимтай парламент гэдэг бол Үндсэн хуулийн суурь бүтцийг өөрчлөх сөрөг үр дагавартай. Тиймээс бид хоёр танхимтай парламентыг нэвтрүүлнэ гэхээсээ илүүтэйгээр парламентын төлөөллийг тэгш хангах сонгуулийн тогтолцоог ярих нь зөв. Иргэдийн болон газар нутгийн төлөөллийг тэгш хангадаг сонгуулийн тогтолцооны хувилбарыг олж, Үндсэн хуулиндаа нэвтрүүлж болно. Үүний нэг хувилбар бол холимог систем байгаа. Ийм системийн үед парламент дахь иргэдийн төлөөлөл, улс төрийн намуудын жагсаалтаар буюу пропорционал систем юм. Харин газар нутгийн төлөөллийг бол тойргоор сонгогдсон гишүүд нь төлөөлөх боломжтой. Тиймээс холимог системийг нэвтрүүлэх юм бол парламент дахь хүн амын болон газар нутгийн төлөөллийг тодорхой хэмжээгээр хангах дэвшилттэй хувилбар болно гэж үзэж байгаа.

-Одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байгаа нь Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй болох хуучин тогтолцоо руугаа орохыг хүсч буй далд санаа юм биш үү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалыг яаж бэхжүүлэх вэ?

-Манай улс төрийн хэллэгт “давхар дээл” гэсэн нэр томьёо хэвшсэн. Ер нь дэлхийн практикт парламентын засаглалтай улс орнуудад засгийн газрын гишүүн ямагт парламентын гишүүн байдаг бичигдээгүй хууль бий. Харин Австрали, Шинэ Зеландад үүнийг бүр хуульчилсан байдаг. Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гээд Үндсэн хуулиндаа заасан байх жишээтэй. Яагаад гэвэл засгийн газрын гишүүн болохын тулд хоёр давхар шалгуурыг давж сонгогдоно. Эхнийх нь парламентын сонгуульд сонгогчдынхоо итгэлийг хүлээж орж ирнэ. Улмаар парламентын гишүүдээсээ дахин шигшигдэж, төрийн ажлын туршлага мэдлэг чадвараараа засгийн газрын гишүүн болдог. Тэгэхээр засгийн газар ихээхэн өндөр шалгууртайгаар бүрэлддэг зарчимтай. Дэлхий дахинд парламентын гишүүн бол “давхар дээл”-тэй буюу засгийн газрын гишүүн байдаг. Монгол Улсын хувьд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхад тодорхой сөрөг үр дагаврууд гараад байгаа. Энэ маань Монгол Улсын парламент жижиг буюу 76 гишүүнтэй болохоор тэр. УИХ-ын гишүүдийн арав гаруй нь Засгийн газарт орчихоор байнгын хороо буюу чуулганы үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, ирц бүрдэхгүй байх, тухайн Засгийн газрын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүнд хэт их ачаалал ирэх зэрэг сөрөг үр дагавар байдаг. Мөн манай улсын хувьд парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх асуудал Үндсэн хуулийн эрх зүйд, улс төрийн хүрээнд удаа дараа судлагдсан. Эрдэмтэд олонтаа судалж, няцаах үндэслэлүүдийг ч шинжилсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед хөндөгдөж байв. Ер нь судлаачийн түвшинд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх ёстой гэдэг хатуу байр суурь байдаг. Ингэж байж Засгийн газрын үр ашиг, чадавх нэмэгдэнэ. Хэрэв Монгол Улсын парламентын гишүүдийн тоог 140-өөс дээшээ нэмэх тохиолдолд 10 гаруй гишүүн Засгийн газарт ороход хууль тогтоох байгууллагын чадавх болон үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн судалгааны дүгнэлтүүд байдаг.

-МАН дараагийн парламентад олонхоороо түрэн гарч ирэх боломжийг бүрдүүлэхийн тулд Үндсэн хуулиар оролдоод эхлэв үү гэсэн хардлага нийгэмд байх шиг. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлуудаар өнгөц засвар хийх маягтай өөрсдийнхөө зорилгод хүрэх гээд байна уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх асуудал МАН-аас гараагүйг олон түмэн мэдэж байгаа. УИХ-ын гишүүн Х.Доржханд болон УИХ-д суудалтай бусад намуудын зүгээс санаачилга гаргасан. Мөн 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулаад УИХ-ын даргад өргөн барьсан шүү дээ. МАН-ын хувьд Засгийн газрыг тогтвортой байлгах, сонгодог парламентын чадавхыг бэхжүүлэх, улс төрийн тогтолцоог тогтвортой байлгаж, Монгол Улсын хөгжлийн стратегийн бодлогын улс төр хийдэг нам. Тэрнээс Үндсэн хуулийг өөрчилье гэдэг асуудал МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн түвшинд огт яригдаагүй.

-УИХ-д МАН олонх байгаа үед ямар ч хуульд халдаж болох нөхцөл байдад үүсэх боломжтой. Тийм жишиг явж байна уу гэж харагдаад байгаа болохоор ингэж асуугаад байгаа юм…

-2016, 2020 оны сонгуулийн үр дүнд ард түмний дийлэнх нь МАН-д итгэл хүлээлгэсэн. Төрийн бодлого тогтвортой явах, МАН-ын шинэчлэлийн бодлого, авлигатай тэмцэж байгаа шийдэл, нийгмийн шударга ёсыг бий болгох чиглэлд хийгдэж байгаа алхмуудыг иргэд дэмжиж манай нам сонгуулиар олонх болсон. МАН олонх болсон гэдгээрээ хүч түрж, тодорхой хуулиудад тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж санаачилга авч эхлэн дайраагүй. Ер нь УИХ-д олонх байгаа намаас ард түмэн илүү хүлээлттэй, шаардлага тавьдаг. МАН иргэдийн шаардлагад нийцүүлэн бодлогын стратегийн улс төрийн дорвитой шинэчлэлүүдийг хийхээр 2021 оны арванхоёрдугаар сард болсон XXX их хурлаараа дэвшилтэт бодлогуудаа баталсан шүү дээ. МАН Монгол Улсад үйлчилж байгаа 800 гаруй хуулинд хүний эрхийн үнэлгээ хийсэн. Хүний эрхийн талаас хоцрогдсон, зохицуулалтын хувьд өнөөдрийн цаг үед нийцэхгүй байгаа хуулиудыг засахаар ажлуудаа хийж байна. Мөн МАН авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ямар ч албан тушаалтанд хариуцлага тооцох, улмаар намаас хөөх хүртэлх асуудлыг шат шатны хяналтын хороогоор шийдээд явж байгаа.

-Үндсэн хуулийг баталснаас хойш найман жил гар хүрч болохгүй гэж хуулиар хамгаалжээ. Гэтэл журмын тухай хуулиар дахиад өөрчлөх гээд байгаа нь ямар хуулийн цоорхой яваад байна вэ. Эцэг хуулийнхаа дархлааг хэрхэн суулгах ёстой юм бол?

-Үндсэн хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа бөгөөд ард түмэнтэй байгуулсан нийгмийн тулгуур баримт бичиг. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах, хэлэлцэн батлах үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулж, эрх зүйн хамгаалалтыг бий болгосон байдаг. Энэ дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй гэдгийг тодорхой заасан. Журмын тухай хуулийн 5.3.1 болон 5.3.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэр эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийт болон бусад байгууллагын оролцоог хангах, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгоно гэж заасан байдаг. Тиймээс тодорхой хууль санаачлагчийн зүгээс улс төрийн намуудын тавьж буй шаардлагыг хүлээн аваад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихаар болбол эдгээр заалтын дагуу иргэд, олон нийтийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж, үндэсний зөвшилцөлд хүрэх ёстой. Журмын тухай хуулийн 3.3-т зааснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэгэнт оруулсан бол хүчин төгөлдөр болсноос хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Тэгэхээр 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан тодорхой заалтуудаар яг энэ журмын тухай хуулиар одоо дахин хөндөх боломжгүй. Хэрэв улс төрийн намууд болоод иргэдийн санал санаачилга илүү хүчтэй байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй үндэслэл байна гэж үзэх юм бол журмын тухай хуулийн 3.3-т тодорхой өөрчлөлт орох болов уу гэж харж байгаа. Гэхдээ энэ талаар МАН-ын удирдах зөвлөл болон бүлэгт яригдаагүй. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын төлөөлөх чадварыг сайжруулахад нийгмийн зөвшилцөл хийх цаг хугацаа, энэ хүрээнд хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээнд явуулах шаардлагатай. Тиймээс бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Иргэд олон нийтийнхээ саналыг авах шаардлагатай. Ер нь Үндсэн хууль бол Монгол Улсын суурь хууль учраас ул суурьтай судалгаа нотолгоо, эрдэмтдийн санал дүгнэлтэд үндэслэх ёстой.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай та ярилаа. Манай улсын одоо хэрэглэж байгаа сонгуулийн тогтолцооны сул тал нь юу вэ. Эрдэмтэн судлаачдын хувьд холимог системийг сонгох ёстой гэдэг шүү дээ?

-Аливаа улс сонгуулийн тогтолцоогоо сонгохдоо газар нутгийн онцлог, хүн амын тоо, гадаад болон дотоод аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлийг тооцон үзэх ёстой. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай. Хоёр том хөрштэй. Хүн амын тоо цөөн, тархалт сийрэг улсын хувьд сонгуулийн тогтолцоо нь эдгээр онцлогуудыг заавал харгалзсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-д газар нутгийн төлөөллийг тооцож оруулах нь зөв. Энэ бол мажоратор системийг хэлж байгаа. Нөгөө талаас парламент бол улс орны улс төрийн хүчний харьцаа, сонгогчийн саналыг парламентад аль болох тусгаж, тэгш төлөөллийг харгалзах ёстой. Бидний хэрэглэж байгаа мажоритар тогтолцоо бол сонгогчийн саналыг үлэмж хэмжээгээр гээдэг. Улс орон дахь намуудын хүчний харилцааг бодитойгоор тусгаж чаддаггүй. Тиймээс парламентын тэгш төлөөллийг алдагдуулсан сөрөг үр дагавартай гэдэгтэй судлаачдын олонх санал нэгтэй байдаг. Хүн амын болон газар нутгийн төлөөллийн аль алиныг хангасан парламентыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцоог сонгох ёстой. Энэ бол холимог систем байж болох юм гэж үзэж байгаа. 2012 оны парламент ийм системээр бүрдэж байв. Холимог системээр парламент бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр сөрөг тал гарч судлаачид болон ард иргэд шүүмжилж байсан. Хэрэв холимог тогтолцоог сонгох болбол парламентын гишүүдийн хэдэн хувь нь намын жагсаалтаар, хэдэн хувь нь тойргоос сонгогдох уу, тойргуудыг яаж хуваах уу, бидний яриад байгаа жижиг тойргоор улсын төсөв тарамддаг, тойргийн эрх ашгийг улс орны хөгжлийн стратегиэс илүү тавьдаг энэ байдлыг арилгахын тулд тойргуудын ямар хувилбар байх уу зэрэг олон асуудал бий. Энэ тал дээр эдийн засгийн болон улс төрийн тооцооллуудыг хийх ёстой. Мөн намын жагсаалтыг оруулахад 2012 онд хаалттай байсан шүү дээ. Тухайн жагсаалтад хэн орохыг нам өөрийнхөө дотоод үзэмжээрээ шийдээд явчихсан байдаг. Намын жагсаалтад гишүүдийг эрэмбэлэх боломжийг сонгогчдод олгоогүй. Иймд намын жагсаалтыг нээлттэйгээр буюу сонгогчид эрэмбэлдэг байх ёстой. Тодруулбал, намын жагсаалтад байгаа хүмүүсийг сонгогчдын өгсөн саналаар эрэмбэлж, суудал хуваарилах гэх мэтээр аль болох иргэдийн төлөөлөл, сонгогчийн санаа бодол, улс төрийн хүчний харьцааг тэгш тусгах хувилбарыг судлах шаардлагатай. Ер нь сонгуулийн системийн маш олон хувилбар байгаа. Аль болох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эерэг үр дагавар гарахуйц, парламентын засаглалыг бэхжүүлэх, тогтвортой Засгийн газар үүсэн бүрэлдэхүйц системийг сонгох ёстой. Энэ тал дээр эрдэмтэн судлаачдын дүгнэлт, урт хугацааны судалгааг хийх зайлшгүй шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарантуяа: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олигархиуд нь хүртэж, харин өсөлтийн дарамт ард түмний нуруун дээр ирж байна DNN.mn

“Татварт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сарантуяатай ярилцлаа.


-МАН сүүлийн хоёр парламент дамнан эрх барьж байгаа. Энэ хугацаанд татвар хэрхэн нэмэгдэв?

-Энэ нам 2016 онд засгийн эрхэд гарахдаа татвар нэмэхгүй гэсэн. Харамсалтай нь жил ирэх тусам татвар нэмэгдэж, ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байна. Жишээлбэл, 2017-2018 оны судалгааг харахад ХХОАТ өмнөх оноосоо 19 хувиар өсчээ. Үл хөдлөх хөрөнгийн татвар 18, онцгой албан татвар 34, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн татвар дөрвөн хувиар тус тус нэмэгдсэн байгаа юм. Тэгвэл 2021-2022 онд ХХОАТ 14.6 хувь, хөрөнгийн албан татвар 21.5 хувь, НӨАТ 22.7 хувь, онцгой албан татвар 28.8 хувь, гаалийн албан татвар 15.7 хувь нэмэгдсэн байна. Сүүлийн ганцхан жилийн байдлаар ингэж өссөн дүнтэй байна шүү дээ. Тэгэхээр 2016 оноос хойших татварын нэмэгдэл иргэдийн амьдралд хүнд дарамт болж байгааг бүгд мэднэ.

-Татвар нэмэгдэж байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Ерөөсөө татварын орлогыг төвлөрүүлж чадахгүй байна. Татвар төлөгчдийг олж бүртгэхгүй байна гэсэн үг. Олигархиуд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, татвар төлдөггүй. Тэдний төлөх ёстой татвар жирийн бизнес эрхлэгчид болон иргэдийн нуруун дээр ирдэг. Хэд хэдэн кейс бий. Тухайлбал, 2020 оны эхээр Монгол Улсад А болон Х лиценз 3264 байсан байна. Үүнийг 2088 аж ахуйн эзэмшдэг гэжээ. Тэгсэн хэрнээ татварын албанд 534 болоод бүртгүүлчсэн байдаг юм байна. Бусад нь хаана байна. Татвар төлөхгүй гэсэн санаа шүү дээ. Мөн лиценз борлуулсны татвараас зайлсхийсэн явдлууд ч цөөнгүй. ТЕГ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын мэдээллээр 2018-2020 онд нийт 88 аж ахуйн нэгжийн зөрүү гарч, лиценз борлуулсны 30 хувийн татвараас зайлсхийсэн байх жишээтэй. Лиценз дамлан зардаг нэг компани сүүлийн гурван жилд дөрвөн лицензээ зарж, дахин 51-ийг худалдан авсан ноцтой баримт байна. Үүнийг бид АТГ-т өгч шалгуулахаар бэлтгэж байгаа.

2016 оны төсвийн орлого таван их наяд 835.0 тэрбум төгрөг байсан бол зарлага есөн их наяд 495.3 тэрбум төгрөг байв. 2021 оны төсвийн орлого 11.7 их наяд, зарлага 13.9 их наяд байсан. Манай улс 2016 онд долоон их наядын өртэй байсан бол 2021 онд 30 их наядын өртэй болов. 2021 оны өр 26 их наяд 243 тэрбум болж өссөн. Эндээс татварын орлогын төлөвлөгөөг жил бүр үндэслэлгүй доогуур төлөвлөж, татварын алба төлөвлөгөө биелүүлсэн болж улсын эдийн засгийг худал, үндэслэл муутай төлөвлөдөг гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

-Та татварын бодлого муу байна гэж хэлэх гээд байна уу?

-Татварын бодлогын шалгуур үзүүлэлтэд үнэлгээ өгөхөд хангалтгүй. НӨАТ-ын баримт огт өгдөггүй татвар төлөгчид бий. Манай улсад үүрлэсэн элдэв төрлийн сүлжээний бизнесийнхнээс татвараа авч чаддаггүй. Мөн том татвар төлөгчид татварын хуульд өөрсдийнхөө төлөх татварыг хөнгөлүүлж,чөлөөлүүлэх заалтыг хуйвалдан оруулдаг. Эдгээр татвараас зайлсхийх явдалд дорвитой ажил хийхгүй байгаа нь иргэдийн нуруун дээр татварын ачаалал ирж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ядуурал газар авч байна шүү дээ.

-Татварын реформ хийснээр далд эдийн засгийг ил болгоно гэдэг байлаа. Хоёр жилийн өмнөөс мөрдөгдөж байгаа татварын багц хуулийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Татварын багц хуулийн шинэчлэл 2018 онд хоёр жил дуншиж хийгдсэн. Хууль боловсруулагчид нь ярихдаа бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татна, татвар төлөгчийн тоог ихэсэх зорилготой чухал реформ болсон гэдэг. Монгол Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямаршуу хууль болсныг судалж үзсэн л дээ. Татварын ерөнхий хуульд татвар төлөгчийн үүргийг болон татварын байцаагчийн эрхийг авч хаясан. Ингэж эрх баригчид хуулийг нийтийн эрх ашгийн төлөө биш, өөрсдөдөө ашигтайгаар хийдэг. Хуулийн хийдэл үүсгэж, араа шүдийг нь авч хаядаг.

Уг нь орлого хүлээн зөвшөөрөх олон улсын нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу зах зээлийн стандартыг энэ хуульд оруулна гэж байсан. Гэтэл УИХ-аар батлуулах болохоороо тэр заалтуудыг авч хаяад мөлийсөн дөрөвхөн хийдэлтэй, тодорхойгүй хууль гаргачихсан. Тэр нь орлогоо тодорхой болгож өгөхгүй гэсэн санааг хийсэн. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, манай эдийн засгийг бүрдүүлж байгаа уул уурхай, газрын баялгаа үнэн бодитой үнэлүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Тухайлбал, А болон Х лицензийг борлуулсны орлогоос 30 хувийн татвар авдаг байсныг 10 хувь болгосон нэртэй. Гэхдээ энэ хувийг авч чадахааргүй болгож, өөрсдийгөө л татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа хэрэг. Монгол Улсын 2016-2021 онд лиценз борлуулсны орлогоос улсад маш их төвлөрдөг байсан орлого алга болсон. Жишээ нь, нэг лиценз борлуулахад хоёр сая 450 мянган ам.доллар байдаг. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд долоон тэрбум 350 сая төгрөг болно. Үүнээс 30 хувийг нь төсөвт орно гэж тооцоход хоёр тэрбум 205 сая төгрөг байна. Дээрх хугацаанд 90-ээд аж ахуйн нэгж лиценз борлуулсныхаа орлогыг улсад төвлөрүүлээгүй байна. Эндээс томоохон татвар төлөгчид татвараас зайлхийгээд байна шүү дээ. Эрдэмтэн судлаачид хууль батлагдахаас өмнө “2020 оноос хэрэгжих татварын багц хуулийн шинэчлэл бол зардлыг их урамшуулжээ. Орлого нь бас тодорхойгүй болжээ. Тийм учраас ашигтай биш. Яагаад гэвэл хөгжил буурай орнуудын хуулиар боловсруулагдсан байна” гэсэн үнэлэлт өгсөн байдаг. Гэтэл Уул уурхайн яам нь ч үүнд акцент өгөлгүйгээр батлуулчихсан.

Анх татварын реформыг явуулж эхлэхэд Б.Лхагважав гэдэг хүн 34 их наядын далд эдийн засаг ил болж, Монгол Улс хөгжинө гээд яриад байсан. Одоо тэр нь хаана байна вэ. Олигархиуд өөрсдөдөө тохирсон хөнгөлөлт чөлөөлөлтийг татварын хуулиар хийж өгчихөөд бусад үнэн зөвөөрөө татвараа төлж байсан улсууд нь эдийн засгийн өршөөлд хамрагдаагүй шүү дээ. Намайг байцаагч байхад татвар төлөхгүй улсуудыг шахахаар “Удахгүй өршөөлийн хууль гарна” гээд хүлээлтийн байдалтай гэдийцгээдэг байсан нь үнэхээр зовлонтой. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс ямар хууль хэзээ гарахыг мэдээд тохируулж байдаг юм билээ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Ард түмэн юм мэдэхгүй байх нь шийдвэр гаргагчдад олз болдог. Дунд нь тэд авлигаа цэцэглүүлж байдаг. Улс орон хөгжихгүй байх нь эд нарт хүртээлгүй. Бид ядуу байж байх нь л тэдэнд амар байгаа юм.

-Та дээр татвар төлөгчдийг олж бүртгэж чадахгүй байна гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Бүртгэл бол эд баялаг. Татвар төлөгчөө олж бүртгэж чадахгүй бол татварын төлөвлөгөө үнэн бодитой гарахгүй шүү дээ. Энэ бол асуудал. Ганцхан жишээ хэлье. Өмнө хил, гаальтай татварын алба холбоотой байв. Гахайгаар бараа зөөж байгаа улсуудыг урьдчилаад татварыг нь төлүүлдэг механизм байсан. Олигархиудын гар хөл үүнийг байхгүй болгосноор татвар төлөх сонирхолгүй болсон.

-Цар тахлын үед татварын нэмэгдэл иргэдэд хүндээр туссан. Өчнөөн компани хаалгаа барьж, дампуурсан шүү дээ…

-Татвараа томчууд нь төлж байна уу, багачууд нь төлж байна уу гэдэгт судалгаа хийж байна л даа. Томчууд нь татвараа төлөхгүй байна гэдэг бол ортой. Үнэхээр НӨАТ өгөөд татвараа төлөөд явж байгаа улсууд татварын дарамтад орж байгаа. Ковидын үед ард түмэн худалдан авах чадваргүй болчихоод байхад аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт ирсээр л байна. Тэгэхэд далд эдийн засгаар орлогоо тодорхой бус гаргачихдаг том компани олон. Жишээлбэл, Таван толгой компани байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар ингэж байхад бид дуугүй байж болохгүй. Таван толгойгоос монголчууд хувьцаа эзэмшдэг, ногдол ашгаа үнэн зөвөөр авмаар байна шүү дээ. Тиймээс тэд орлогоо зөв тодорхойлох ёстой.

-Ингэхэд татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь жинхэнэ эзэндээ очиж чадаж байна уу?

-Жинхэнэ олигархиуд нь хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүртчихээд хамаг ачааг ядарсануудын нуруун дээр үүрүүлчихээд байна. Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхэд татварын бодлого сайн байх ёстой. Тэгж байж энэ их хөрөнгийг босгоно. Өнөөдөр иргэний нийгмийн оролцоо ус агаар мэт хэрэгтэй.

Татварын хөнгөлөлтийг ядарсан бизнес эрхлэгчдэдээ эдлүүлэх ёстой. Жинхэнэ мөнчгөрөөрөө бизнес хийгээд, татвараа цаг тухайд нь төлдөг хүмүүст зээл нь ч олддоггүй. Тэдэнд очих ёстой бага хувийн хүүтэй зээлийг олигархиуд нь хуваагаад авчихдаг. Сонгуулийн сурталчилгаанд ажилласан цүнх баригч, хэн нэгэн татварын удирдлагад очоод сайн ажиллаж чадахгүй. Татварын бодлогыг удирдлагынх нь чадавхиар л тодорхойлдог.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хайрлагдсан хүүхэд хамгийн зөв төлөвшилтэй, сайхан сэтгэлтэн болдог юм шүү DNN.mn

Хүүхдийн зуугийн гудамжинд шөнийн 03:00 цагт залуухан бүсгүй уйлан сууна. Царай зүс, өмсөж зүүсэн хувцаснаас нь боломжийн амьдралтай гэж шууд уншигдав. Ноолууран хүрэмнийх нь зүүн талын хормой хөндлөн чигтээ хүү татагджээ. Халдлагад өртсөн байх вий хэмээн эмээж түүн рүү дөхөн эвээр асуулаа. Урдаас цөхөрсөн харцаар цоо ширтэн том, том нулимс унагаснаа “Утсаараа ганц яриулчих тэгэх үү. Би зөрж өнгөрсөн хүмүүсээс гуйсан боловч бүгд татгалзах юм” хэмээн эхэр татав. Гар утасныхаа түгжээг тайлаад бүсгүйд өгтөл хэн нэгэн рүү залгаад “Би байна аа. Намайг эндээс ирээд аваач. Тэр миний хэтэвч, утас, машины болон гэрийн түлхүүрийг аваад намайг ийм болгочихоод орхиод явчихлаа” гэв. Хэн түүнийг ийм болгов, цагдаа дуудаж, эмнэлэгт хандах уу гэж асуутал “Хэрэггүй ээ, баярлалаа. Манай найз залуу намайг харанхуй шөнө хаяад явчихлаа. Манай гэр Нэгдүгээр сургуулийн хажууханд байдаг. Бид уг нь маргалдаж шалиагүй юм. Намайг гэр рүүгээ дагуулж явах гэхээр нь би татгалзсан. Гэтэл намайг ингэж хорлох юм” гээд гомдонгуй ярив. Хориод минутын дараа найз бүсгүй нь сандарсаар ирлээ. Тэд тэврэлдэн уйлалдав. Бүсгүйчүүд дөнгөж 20 хүрч байгаа оюутан юм билээ.

Харанхуй шөнө, эль хуль гудамжинд сэтгэлт бүсгүйгээ юу ч үгүй хаяад явдаг тэр залуу ямар харгис юм бэ. Түүнийг ийм болгон өсгөж, хүмүүжүүлсэн ээж, аав нь хамгийн их буруутай юу гэсэн бодол байн байн орж ирнэ. Хэрэв миний хүү айлын охиныг ингэж уйлуулаад зовоовол яах вэ. Хэрэв миний охин хэн нэгэнд дарамтлуулаад ингээд уйлаад сууж байвал яах вэ гэх бодлууд сэтгэлийг минь өвтгөнө. Судалгаанаас харахад манай нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн тоо буурсан сайн мэдээтэй ч хохирогчдын жендерийн хувьд хэвээр байдаг нь том асуудал юм.

Ирээдүйн иргэд маань инээд жаргалаар дүүрэн, элэг бүтэн амьдрах тэр сайхан замыг зөвхөн эцэг, эхчүүд л бид тавьдаг. Үгээрээ, үйлдлээрээ зөв үлгэрлэж, үр хүүхдээ хайр, халамжинд бөмбөрүүлж өсгөхийг эрхэмлэцгээе. Хайрлагдсан хүүхэд хамгийн зөв төлөвшилтэй, сайхан сэтгэлтэн болдог юм шүү.