Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, МҮОНРТ-ийн Программын нэгдсэн захиргааны дарга Магваны Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Сүүлийн үед цахим орчинд МҮОНРТ-ийн хураамж, өр төлбөрийн асуудал хүчтэй яригдаж байна. Тиймээс тус телевизэд олон жил ажилласан хүний хувьд уг асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Нэгдүгээрт, өр төлбөр, хураамж хоёр тусдаа ойлголт шүү. Сошиалаас харж байхад өрөө багасгахын тулд хураамжаа нэмэх бодлого явуулах гэж байгаа мэтээр шүүмжилж байсан. Тэгэхээр хураамжаа нэмье гэдэг зүйл яриагүй. Нөгөөтэйгүүр хураамжаа нэмээд одоо байгаа өрөө даръя гэдэг зүйл ч огт яригдаагүй.

Манай MNB удирдлага хэдхэн долоо хоногийн өмнө шинэчлэгдсэн. Тэр утгаараа тус байгууллагын үйл ажиллагаа, санхүү мөнгөний асуудлуудыг хянаж харсан байх. Ингээд өр төлбөр нь ийм байна, орлого, хураамж нь ийм байна гэдгийг ил тод гаргаж ирсэн. Г.Гэрэл захирлын хувьд байгууллагын өр 8.4 тэрбум төгрөг байна гэдгийг тогтоогоод олон нийтэд мэдээлсэн нь буруу зүйл огт биш. Тэр дундаа олон нийтийн хяналттай олон нийтийн эрх ашигт үйлчилдэг байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд юу нь алдаатай байна, юу нь болохгүй байна гэдгээ олон нийтдээ зарлах нь эрүүл үзэгдэл гэж бодож байна.

-Хураамж, өр төлбөрийн асуудал хоёр тэгвэл тусдаа юм байна гэж ойлгох уу. Нөгөөтэйгүүр хураамжаа нэмнэ гэдэг зүйлийг хэлээгүй ч нэмэх шаардлага байгаагаа хэлж байсан. Үүнээс болоод МҮОНРТийн контентын чанар, бүтцийн асуудлыг зарим нэг хүмүүс шүүмжилж эхэллээ. Таны хувьд энэ телевиз олон нийтийн статус, чиг үүргээ барьж ажиллаж чадаж байгаа гэж боддог уу?

-Мэдээж хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд МҮОНРТ үйл ажиллагаагаа төдийгөөс өдийг хүртэл алдаа оноотойгоор явуулж ирсэн. Цаашид ч алдаагаа засаад явах учиртай. Ер нь нийгэмд МҮОНРТ-ийг татан буулга, ийм телевиз байх шаардлага байхгүй гэдэг зүйлийг төдийгөөс өдийг хүртэл ярьж байсан. Бидэнд алдаа байгаа юу гэвэл байгаа. Тэглээ гээд МҮОНРТ-ийг устгах, хувьчлах, татан буулгах гэдэг зүйл байж боломгүй хандлага. Үндэсний олон нийтийн телевизгүй тусгаар тогтносон улс орон бараг байхгүй. Тэр дундаа ардчилсан тогтолцоотой улс орнуудын хувьд олон нийтийн статустай байгууллагууд цөөнгүй байдаг. Хэрэв Монгол Улсын хувьд Үндэсний олон нийтийн радио телевизгүй бол хэн нийгмийн бүлэг бүхний эрх ашигт нийцсэн нэвтрүүлэг, контент гаргах юм. Хэн уламжлал, өв соёл, малчдын амьдралыг олон нийтэд сурвалжлан таниулах вэ. Нөгөөтэйгүүр МҮОНРТ гэдэг бол өөрөө асар том архив болсон байгууллага. Өөрөөр хэлбэл, нийгмийн оюун санааны ой санамж гэсэн үг. Тиймээс үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийнэ үү гэхээс биш МҮОНРТ-ийг устгана, татан буулгана, хувьчилна  гэдэг бол дэндүү өрөөсгөл ойлголт шүү.

-Та МҮОНРТ бол нийгмийн бүлэг бүхний эрх ашиг, сонирхолд нийцсэн нэвтрүүлэг гаргадаг гэж хэллээ. Гаргах ч үүрэгтэй байх. Үүнээс болоод зарим хүмүүст үндэсний телевизээр гарч байгаа контентууд таалагддаггүй байх л даа, тийм үү?

-Таалагдах эсэх нь үзэгч хүний эрхийн асуудал. Таалагдахгүй бол сувгаа солих, унтраах эрхийг нь хэн ч хориглож чадахгүй. Энэ бол нэг талын асуудал. Нөгөөтэйгүүр хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж нэвтрүүлэг, контент гаргана гэдэг бол олон нийтийн статустай байгууллагын хувьд боломжгүй. Үүнийг л манай үзэгчид сонсогчид сайн ойлгох хэрэгтэй. Жишээ нь, чиглэлийн нийтийн тээвэрт суучихаад гэр ийнхээ үүдэнд хүргүүлдэггүй биз дээ. Гэрийнхээ үүдэнд хүргүүлэх гэж байгаа бол таксинд суух нь зөв. Үүнтэй адил хэсэг хүмүүсийн сонирхлоор нэвтрүүлэг, контентууд бэлтгэгдэн хүрдэггүй гэсэн үг. Гэлээ гэхдээ иргэдийн хүсээд байгаа контент, нэвтрүүлгийг гаргахгүй байна гэсэн үг бас биш. Боломжиндоо тулгуурлаад аль болох хэн бүхний хүсэл сонирхолд нийцсэн нэвтрүүлэг, контентуудыг гаргахыг зорьдог. Нөгөөтэйгүүр МҮОНРТ бол зарим залуучуудын ойлгож байгаа шиг цор ганц сувагтай байгууллага биш ээ. Яг одоогийн байдлаар телевизийн таван суваг, радиогийн хувьд дэлхийн таван хэлээр цацагдаж байгаа. Дээр нь мэдээллийн сайт байна. Өөрөөр хэлбэл, өргөн нэвтрүүлгийн салбартаа хамгийн том мэдээллийн сүлжээтэй байгууллага. Ийм өргөн хүрээнд мэдээллийг түгээдэг байгууллага. Гэтэл асар том бүтцээр буюу олон хүнийг бүтээмжгүй ажиллуулдаг гэдэг зүйлийг ярьдаг. Иргэдээс авч байгаа хураамжаараа нэвтрүүлэг гаргах биш энэ олон хүнээ цалинжуулсаар дуусгадаг гэдэг буруу ойлголт бий.

-Бусад арилжааны телевизүүдэд ч иргэд хураамж төлдөг. МҮОНРТ-д төлж байгаа хураамж бол хэд дахин бага байдаг гэж ярьдаг. Яг хэдэн төгрөгийн хураамж авдаг юм бэ?

-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар арилжааны телевизүүдэд бид сар бүр 2500 төгрөг төлж байгаа. Үүнийг зарим хүмүүс мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй. Гэтэл Үндэсний радио телевизэд өгч байгаа 600-1100 төгрөгийн асуудлыг нийгмийн түвшинд гарган ирж асуудлыг ярьдаг. Асуудал ярих нь зөв. Би үүнийг буруу гэж хэлээгүй шүү. Асуудал ярихдаа, шүүмжлэхдээ эхлээд учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд маш том сөрөг хандлага сүүлийн үед хүчтэй нэмэгдэж байна. Тэр нь хэн нэгнийг ямар нэгэн асуудалд холбогдсон эсэхийг тогтоогоогүй б айхад л хулгайч, луйварчин, өстөн дайсан мэтээр харааж зүхэж байна. Өөрөөр хэлбэл, шүүмжлээд байгаа сэдвийнхээ учир шалтгааныг нь ойлгоогүй байж бусдын өнгөнд нэгдээд шуугьчихаж байгаа юм. Энэ нь өөрөө нийгмийн оюун санааны дархлаанд хамгийн сөрөг нөлөөллийг бий болгодог. Та түрүүн бүтцийн тухай асуусан, тийм үү…

-Тэгсэн… МҮОНРТ нийт 700 гаруй ажилтантай гэдэг. Үнэндээ ийм нүсэр бүтэцтэй хэвлэл мэдээллийн байгууллага манайхаас өөр улсад байхгүй гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ингэж шүүмжилж байгаа хүмүүс байдаг. Тэдний ихэнх нь асуудлаа ойлгоогүй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудын олон нийтийн радио телевиз ямар бүтцээр яаж ажилладаг вэ гэдгийг огт мэдэхгүй хүмүүс л ингэж ярьдаг. Үнэндээ МҮОНРТ-ийн 700 ажилтан гэдэг бол бүгд сэтгүүлчид эсвэл зураглаач, дарга, цэрэг биш шүү дээ. Үүнд хилийн чандад, орон нутаг дахь сэтгүүлчид, зураглаачид мөн жолооч, үйлчлэгч, сан техник, аж ахуйн олон зуун хүн бий. Энэ бүгд нийлээд 700 орчим хүнтэй гэдэг. Нөгөө талаасаа олон нийтийн байгууллагад 700 хүн ажиллаад явж байгаа нь юу нь буруу байгаа юм. Энэ 700 хүний ард хэдэн мянган хүний амьжиргаа, амьдрал ахуй явж байдаг. Хэрэв МҮОНРТ татан буугдвал яах вэ. Хамгийн түрүүнд энэ 700 хүний ар гэрийн асуудал хүнд байдалд орно. Тиймээс МҮОНРТ-ийн хүний нөөц баг бүрэлдэхүүний хувьд ихэдсэн, эсвэл том бүтэцтэй данхайсан зүйл огт байхгүй. Бид ямар гадны хүн ажиллуулж байгаа юм уу. Монгол хүн энэ байгууллагаас төдийгөөс өдийг хүртэл аж амьдралаа залгуулаад явж байна. Энэ тэгээд буруу юм уу гэдэг зүйлийг нэг талаас нь харах хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд МҮОНРТ-ийн хувьд удирдлагууддаа их х алтай болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад л асуудал маргаан өрнүүлж байгаад л сольдог. Энэ нь тухайн байгууллагын менежментийн асуудалд сөрөг нөлөө үзүүлж байгаа юу. Одоо өр, төлбөр, хураамжийн асуудал ярьж байгаад бас удирдлага солигдох асуудал яригдах уу. Ийм нэг бохир систем хэзээ устах бол?

-Миний хувьд энэ асуудлаар албан ёсны тайлбар хэлэх боломжгүй. Гэхдээ иргэн хүнийхээ хувьд хардлага бол байдаг. Иргэн хүн хардах эрхтэй. МҮОНРТ-ийн удирдлагыг тогтворгүй ажиллуулах, бодлого үйл ажиллагаанд байнга саад учруулж байдаг ямар нэгэн эрх ашигт нэгдсэн бүлэглэл байдаг гэж боддог. Энэ бүлэглэлийн нөлөөллөөс болж МҮОНРТ удирдлагаа тогтоохоо больсон нь үнэн. Удирдлага олон солигдох тусам тухайн байгууллагын чадамж, бүтээмж, үйл ажиллагаа суларсаар байдаг. Миний хувьд телевизид 29 жил ажиллаж байна. Энэ хугацаанд удирдлагаа тогтоодоггүй байгууллагын үйл ажиллагаа ямар их суларсныг харж байна. Тэр дундаа олон нийтийн статустай, олон хүнийг зохион байгуулж, менежемент хийж байгаа байгууллагын удирдлагыг тогтоосон бүрэн эрхийнх нь хугацаанд тулгаж л ажиллуулах шаардлагатай юм билээ. Муу ажилласан бол бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад л явдаг. Сайн ажилласан бол дахиад сонгогдоод гарч ирээд явдаг ийм л зарчим алдагдсан. Тэгэхээр одоо зарчмаа бариад алдаагаа засаад явах, цаашлаад тогтвортой менежментийн бодлого МҮОНРТ-д ус агаар мэт хэрэгтэй байна.

-Өрийн асуудлыг танаас дахиад тодруулъя. Ер нь үе үеийн захирлууд тэдэн төгрөгийн өртэй байхад нь очиж байсан гэдэг зүйлийг хэлдэг. Энэ өр ер нь хаанаас анх үүссэн ямар өр юм бэ?

-Үе үедээ өртэй байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Л.Нинжцамц захирлын үед тэрээр өмнөх удирдлагуудын үлдээсэн өрийг тэглэж байсан. Гэхдээ яг дараагийн удирдлагуудад ажил хүлээлцэх үед ковид гарчихсан байсан. Ковидын үед Нийгмийн даатгалын багахан хэмжээний үлдэгдэлтэйгээр дараагийн удирдлагуудад ажлаа өгснийг санаж байна. Харин дараагийн удирдлагаас өнөөгийн удирдлагын үе хүртэл 8.4 тэрбум төгрөгийн өр үүссэн гэж ярьж байгаа. Энэ нь хаанаас яаж үүссэн өр вэ гэдгийг Үндэсний аудит, хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоолгох нь зөв байх. Ер нь миний бодлоор манай телевизийн хувьд энэхүү санхүүгийн гинжин хэлхээнээсээ нэн яаралтай гарах хэрэгтэй. Улсын төсвөөс болон олон нийтээс хураамж авч санхүүждэг нэртэй. Энэ санхүүжилт бол томоор харагдсан бага төсвүүд. Улсын төсвөөс орж ирж байгаа санхүүжилт нь аль нэг намын хэн нэгэн сайдын үзэмжээр крант нь хаагдчихдаг. Үүнээс болоод байгууллагын үйл ажиллагаанд тогтворгүй байдал бий болдог. Тогтворгүй байдал бий б олсноороо дарга удирдлагууд нь солигддог. Ийм тогтолцооны гажиг МҮОНРТ-д бий. Ийм сонин санхүүгийн хараат байдлаас гарах хамгийн зөв систем, арга зам бол угтаа шүүмжлүүлээд байгаа хураамжийн асуудал л юм байна лээ. Гэхдээ би санхүүгийн хүн биш болохоор нарийн юмыг нь сайн хэлж ойлгуулж чадахгүй болов уу.

-Хураамж гэхээс илүү реклам, зар сурталчилгаа явуулах цагаа нэмчих нь зөв биш үү. Үүнийг нь зохицуулсан хуульдаа хоёр хувийг нь тав ч юм уу, эсвэл бүр 10 хувь болгочихвол санхүүгийн хувьд асуудалгүй болчихно гэж байх уу?

-Хуулиараа нийт нэвтрүүлгийн ердөө хоёр хувь гээд заачихсан байдаг. Хууль өөрчлөх нь хууль тогтоогчдын бүрэн эрхийн асуудал байх. Бидний хувьд саналуудаа байнга хүргүүлдэг. Ер нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх шаардлага үүссэн гэдэгтэй санал нэг байдаг. Тэр ч утгаараа УИХ-ын зарим гишүүдийн ширээн дээр энэхүү хуулийн шинэчлэлтийн төсөл байгаа болов уу гэсэн итгэл үнэмшилтэй явдаг хүний нэг. Цаашид энэхүү асуудлыг телевизийн удирдлагууд саналаа өгөх зарчмаар шийдээд явах болов уу.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэчихээр тариаланчид тариагаа тарихгүй гэж эсэргүүцээд байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Бүлгээр ямар асуудал хэлэлцэв. Хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа томоохон хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэж чадав уу?

-Дотоодын гурван асуудал ярилцлаа. Энэ парламентын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Хаврын чуулган одоо сар гаруй үргэлжлэх төлөвтэй байгаа. Тиймээс энэ чуулганаар ямар асуудлууд оруулж ирэх үү, ямар хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай вэ гэдгээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг сонслоо. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гурилын үнийг гаалийн тарифаас чөлөөлөх асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Дээр нь Баялгийн сангийн тухай хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Тэр утгаараа уг хуулийн төслөөр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа, цаашид юунд анхаарах ёстойгоо хэлэлцлээ.

Нөгөөтэйгүүр дээрх хуулийн төслүүдийг хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах асуудалд саналаа нэгтгэлээ гэж ойлгож болно.

-Сонгууль болох цаг хугацаа ойртох тусам ч уулган, байнгын хороодын хуралдааны ирц хүрэхгүй байх асуудал үүсч байна. Үүнд бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирцийн хувьд нэгдсэн чуулганы хуралдаан дахь гишүүдийн оролцоо хэвийн байгаа. Эрх барьж байгаа намын хувьд гишүүдээ долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаа заавал суу гэдэг шаардлагыг тавьж байгаа. Сонгуулийн хуулиар тойргоо томсгочихсон, тийм үү. Тэгэхээр нэг аймагтай байсан хүн гурваас дөрвөн аймагтай болсон гэсэн үг. Тиймээс гишүүдийн хувьд тойрогтоо ажиллах шаардлагатай байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Сонгуулийн хуулиараа тавдугаар сарын 15-наас өмнө ажиллах боломжтой. Энэ хугацаанаас хойшоо тойрогтоо ажиллах асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дараагийн УИХын гишүүд тодроод ирэх болохоор одоо байгаа гишүүдийн тайлан тавих эрх нь шууд хаагдаж байгаа гэсэн үг. Тиймээс тэрнээс өмнө сумдуудаар явах хэрэгтэй байна гэдгийг гишүүд хэлээд байгаа учраас явуулахгүй байж болохгүй байна. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийж байгаа. Тэр утгаараа байнгын хороодын ирц тааруу ч нэгдсэн чуулганы ирц хэвийн болсон.

-Сонгуулийн ажлаа тайлагнаж явахаас илүү хаврын чуулганаар нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулиа хэлэлцээд батлаад явах нь угтаа чухал юм биш үү, гишүүдийн хувьд?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мэдээж УИХ-ын гишүүний хамгийн том үүрэг бол хууль тогтоогчийнхоо ажлыг хийх. Тиймээс аль аль талд нь үйл ажиллагааг нь доголдуулахгүйгээр зохицуулалтуудыг авч хэрэгжүүлээд явж байна. Цаашид ирцийн хувьд нэмэгдээд явах хандлагатай байгаа.

-Импортын гурилын үнийг татвараас чөлөөлөх асуудал яригдаад цөөнгүй хугацаа өнгөрлөө. Яагаад одоог болтол дээрх асуудалтай холбоотой хуулийн төсөл батлагдахгүй байна вэ?

-Д.Амарбаясгалан даргын хувьд уг хуулийн төслийг батлахгүй 45 хонолоо гэдэг ташаа мэдээллийг өгсөн байна лээ. Энэ хуулийн төсөл өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд УИХ-д өргөн баригдсан юм билээ. Тэгэхээр өргөн баригдаад 20 гаруй хонож байна л гэсэн үг шүү дээ. Уг хуулийн төслийг шууд шийдээд явна гэдэг хүндрэлтэй. Учир нь энэ асуудал бол хоёр талтай асуудал. Нэг талдаа гурилын үнийг бууруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Нөгөө талдаа тариаланчдыг яах вэ гэдэг асуудал байна. Уг хуулийн төслийг баталъя гэхээр тариаланчид маань эсэргүүцэж байгаа. Хэрэв уг хуулийн төслийг баталвал тариаланчид тариа тарихгүй болно гэдэг зүйлийг ярьж байна. Тиймээс хоёр талын энэ асуудлыг хооронд нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Тэр утгаараа УИХ-аас Ж.Бат-Эрдэнэ г ишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэхүү асуудал дээр анхаарч ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Амжихгүй бол дараагийн долоо хоногт хэлэлцэнэ.

-Нэр дэвшигчтэй холбоотойгоор МАН-ын барьж байгаа гол бодлого, зарчим юу байна вэ?

-Манай намаас гурван гол шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, тойрогт нь хийсэн социологийн судалгааг харна. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт ямар хүн илүү рейтинг өндөртэй байна тэр хүнийг намаас нэр дэвшүүлнэ гэсэн үг. Энэ бол хамгийн г ол шаардлагын нэг. Хоёрдугаарт, янз бүрийн хэрэгт холбогдож, нэр төр нь сэвтсэн улстөрчийг нэр дэвшүүлэхгүй байна гэж тогтсон. Энэ дотроо ёс зүйн асуудлыг чухалчилна. Тэр утгаараа манай намын дэргэдэх Ёс зүйн хороо гишүүд бүр дээрээ дүгнэлт гаргана. Гуравдугаарт, нийт иргэдийн хувьд тухайн нэр дэвшигч маань нэр хүнд ямар байна вэ гэдгээс нь хамаарна. Энэ утгаараа тавдугаар сарын 5-20ны хооронд нэр дэвшилт явагдана.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунчимэг: Иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүнээр та ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эмийн асуудлаас болж монгол хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байна. Гэтэл төр засгийн зүгээс эмийн асуудалд өдий болтол яг ямар бодлого, хяналт тавьж ажиллаж ирэв гэдгийг иргэд шүүмжлэн ярьж байна. Үүнд та хууль тогтоогчийнхоо хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Таны хэлдгээр өнөөгийн нийгэмд эмийн чанар үнэхээр аюулын харанга дэгдээгээд байна. ханиадны эм гэхэд л хэдэн арван төрөл байдаг ч ихэнх нь чанаргүй атлаа үнэтэй байгаа. Эмийн асуудал өнөөдөр яагаад ийм өндөр түвшинд хүрэв гэдэг нь мэдээж төрийн бодлого зохицуулалт сул явж ирснийх. дээр нь эрх зүйн өөрчлөлт орж ирэх болгонд гацаадаг, унагаадаг бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг байдлаас болоод өнөөдөр эмийн асуудал эх захгүй бизнес болж хувирсан. 2019 оны тавдугаар сард Засгийн газраас Эм, эмнэл гийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байдаг. тухайн үед нийгмийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар чуулганаар хэлэлцэгдэж байсан.

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн гол өөрчлөлт юу байсан юм бэ. Энэ хуулийг тэр үед УИХ батлаагүй гэж үү?

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж ирж байсан. Мөн эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байсан.

Дээр нь эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллагын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан ийм хуулийн өөрчлөлт байлаа.

-Гэтэл ямар шалтгаанаас болоод дээрх хуулийн төсөл батлагдаагүй юм бэ?

-Энэхүү хуулийн төсөл нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед өргөн баригдсан хууль. Удалгүй салбарын сайд солигдож, С.Энхболд томилогдсон. Ингээд дээрх хуулийн төслийг С.Энхболд сайд концепцын хувьд учир дутагдалтай гэж үзэн учраас төслийг буцаасан байдаг. Ийм шалтгаантайгаар энэхүү хууль УИХ-аар батлагдаж чадаагүй. Одоо Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг ажиллаж байгаа. Энэхүү хуулийн төслийг боловсруулаад удахгүй оруулж ирнэ байх. Тиймээс энэхүү хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг батлах л чухал байгаа юм.

-Монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн талаарх хуулийг баталдаггүй юм байж. Гэтэл бас Эмийн агентлагийн үйл ажиллагаа нь их бүдэг яваад байна уу гэж харсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-УИХ өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах тогтоолыг баталсан байдаг. Энэхүү тогтоолын хүрээнд 2021 оны нэгдүгээр сард Эмийн агентлаг шинээр байгуулагдсан. Угтаа эмийн чанар, үнийн өсөлтийг хянаж байх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсад бий шүү дээ. Гэтэл яагаад эмийн асуудал монгол хүний эрүүл мэнд, амь, насанд хохирол учруулсаар байна вэ гэдэг энэ салбарт бохир бизнес эрхлэгчдийн нэгдмэл хүсэл сонирхол оршиж байна гэсэн үг. УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Эмийн агентлаг угтаа 132 хүний орон тоотой байх ёстой. Энэ бол маш том бүтэц. Гэтэл өнгөрсөн хугацаанд тус агентлагийн үйл ажиллагаа яаж явсан, хүний нөөц, удирдлага, бодлогын ямар олон алдаанууд гарсныг олон нийт мэдэж байгаа байх. Агентлагийнх нь даргыг байн байн сольдог, хүн хүчний хүрэлцээг нь хангадаггүй. Өөрөөр хэлбэл эмийн үнэ, чанарыг хянах хуулиар олгогдсон эрхийг нь байнга хязгаарлаж байсан гэсэн үг.

-Засгийн газрын агентлаг шүү дээ. Үйл ажиллагаа нь сул явж байгаа бол удирдлага цаашлаад Засгийн газрын бодлого тааруу байна гэсэн үг биз дээ. Хэн, ямар бүлэглэл хянах үйл ажиллагаанд нь саад учруулж байна гэж та үзэж байгаа юм бэ?

-Түрүүн би хэлсэн шүү дээ. 2019 онд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьж байсан гэж. Харамсалтай нь уг хуулийн төсөл буцаагдсанаас хойш одоог болтол дахин өргөн баригдаагүй, гацсан. Эмийн асуудлаар хууль баталчихъя гэхээр гацаачихаад байна. Эмийн асуудлаар хяналт тавих чиг үүрэгтэй агентлаг байгуулчихаар мөн адил үйл ажиллагааг нь доголдуулж, зориуд улс төрийн нөлөөлөл орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр үүнээс нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь эмийн бохир бизнес бүлэглэл Засгийн газар тэр бүү хэл УИХын үйл ажиллагаанд нөлөөлж чадаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, эмийн асуудалд хяналт тавих ёстой байгууллагуудад буюу Хүний эмийн зөвлөл, ЭМДҮЗ, Эмийн агентлагт эм тойрсон компаниудын төлөөлөл хувалз шиг шигдчихсэн байна гэсэн үг. Улмаар өөрсдийнхөө эрх ашигт нөлөөлсөн эрх зүйн өөрчлөлтийг гацаах, Засгийн газрын бүтэц нэгжийн үйл ажиллагааг дотроос нь доголдуулсаар өдийг хүрсэн байгаа юм. Ийм нэгдмэл ашиг сонирхолтой паразитуудын хууль бус үйл ажиллагааны уршгаар эмийн чанарын асуудал монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирлыг учруулсаар байна. Тиймээс энэхүү ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох асуудал юу юунаас илүү чухал. Уг зөрчлийг таслан зогсоож байж иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ. Тиймээс миний хувьд ямар ч эргэлзээгүй эмийн бохир бизнес бүлэглэлтэй тууштай тэмцсээр байх болно. Тэмцсэнийхээ хүчинд ард түмэнтэй хамт ялах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Манай улсын эмийн зах зээлд эргэлдэж байгаа мөнгөн дүн ямар хэмжээнд байдаг бол. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг бид нэг их наяд төгрөгөөс давтал нь биелүүлсэн. Гэтэл энэхүү санхүүжилтийн ихэнх хэсэг нь эмнэлгийн ор эсвэл аптек, эм рүү чиглэсээр байгаа юм. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү дээрх сангийн хөрөнгө бараг явахгүй байна гэсэн үг. Манай улсын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлддэг гэсэн судалгаа бий. Гэтэл нийт эмийн 70 гаруй хувь нь импортоор орж ирсэн байгаа. Энэ эмнүүд яг хаанаас орж ирээд байна, ямар компанийн үйлдвэрлэсэн эм бэ, ямар компани оруулж ирээд байна гэдэг нь өөрөө өнөөдөр ил тод бус. Тэгэхээр энэ процессыг бид шилэн болгоё, нээлттэй ил тод байлгах шаардлагатай.

-Хил, гаалиар бүртгэл хийгдэж байж оруулж ирж байгаа байлгүй дээ. Тэгэхээр тэдгээр байгууллагаас энэхүү асуудлыг тодруулж үзсэн үү?

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан манай ажлын хэсэг бүх гааль дээр ажилласан. Ингээд харахад эмийн асуудал дээр импортлогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, Эрүүл мэндийн яам, гааль, хил гэдэг дээр нэгдсэн мэдээллийн платформ огт байдаггүй юм байна. Нэгэнтэйгээ мэдээлэл солих асуудал дээр алдаатай зүйлүүд ажиглагдсан. Нөгөөтэйгүүр эдгээр байгууллагуудаас авсан мэдээлэл тоо, баримтын хувьд асар их зөрүүтэй байгаа нь Түр хорооны ажилд саад учруулж байна. Бусад улс орнуудад бол энэ чиглэлд нэгдсэн мэдээллийн сантай. Түүнд нь орсон датанууд зөрүүтэй байна гэсэн ойлголт огт байдаггүй. Манайд харин зөрүүтэй мэдээллийн сан нь хаалттай байгаа нь цаанаа бүлэглэлийн эрх ашиг, монополь зах зээлийн асар хүчтэй нөлөөлөл байна гэсэн үг. Тэгэхээр цаашид энэхүү асуудалд дээр нэгдсэн мэдээллийн сантай болох нь илүү чухал байгаа юм.

-Эмийн салбарт монополь тогтоосон хэдхэн компани байгаа гэж та ярьсан. Эдгээр компаниудын үйл ажиллагаанд яг ямар доголдол байна вэ?

-Угтаа импортоор эм оруулж ирдэг томоохон ханган нийлүүлэгч компани нь өөрөө жижиглэн худалдаа руу орох ёсгүй байдаг. Гэтэл томоохон 2-3-хан компани энэ зах зээлийг бүрэн атгачихсан байгаа нь шинжээчдийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ,эмийн салбарт байгаа хэдхэн монополь компаниудын нөлөөлөл жижиглэнгийн салбарт ч хүчтэй байна гэсэн үг. Эмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж бий гэж үздэг. Эдгээр компаниудын ихэнх нь нөгөө монополь тогтоосон хэдхэн компаниудын охин компани гэдгийг шинжээчдийн нотлох баримт цуглуулах явцад гарч ирсэн. Энэ талаар тодорхой мэдээллүүд өнөөдрөөс эхэлж байгаа Эмийн сонсголын үеэр олон нийтэд нээлттэй болох байх. Үүнээс болоод өрсөлдөх зах зээлгүй учраас чанаргүй эм оруулж өндөр үнээр зарах суурь нөхцөл нь бүрдчихсэн байгаа хэрэг.

-Эмийн чанарыг шинжилдэг лаборатори уг нь манайд байгаа биз дээ?

-Монгол Улсын хэмжээнд ганцхан төв лаборатори бий. Гэхдээ энэхүү лаборатори маань өөрөө эмийн чанар аюулгүй байдлыг шинжлэн тогтоох тал дээрээ асуудалтай. Технологийн суурь бүтцийнхээ хувьд хөгжиж чадаагүй. Харин хувийн хэвшлийн лабораториуд бий. Тухайлбал, Монос-ын лаборатори байна. Гэхдээ энэ бол хувийн хэвшлийн лаборатори учраас бодитой шинжилгээ хийгдэж байгаа эсэхийг төр хянах боломжгүй болчихож байгаа юм. Үүнээс болоод асуудал үүсдэг. Энэ мэт эмийн чанар, үнэтэй холбоотой олон асуудлыг Түр хороо хянан шалгаж шаардлагатай бодлого, эрх зүйн өөрчлөлтүүдийг гарган ажиллана. Монгол Улсын эмийн зах зээл дэх  хэдхэн монопольчид ЭМДС-гийн хөрөнгөөр тоглож байгаа механизмыг яаралтай засах шаардлагатай. Үүнд эмийн бохир бизнес бүлэглэлийн эрх ашиг нөлөөлөл хүчтэй байгаа учраас ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Тиймээс асуудлыг ил тод, нээлттэй болгох, цаашлаад эмийн бохир бизнес бүлэглэлтэй тэмцэхийн тулд олон нийтийн оролцоо юу юунаас илүү чухал байгаа юм аа.

-УИХ-ын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганаар хэлэлцэгдэж байгаа олны анхаарал татсан хэд хэдэн хуулийн төсөл бий. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл орж ирсэн. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Мэдээж цаг үеийн шаардлагаар орж ирж байгаа хуулийн төсөл гэж харж байна. Нөгөөтэйгүүр өмнөх алдаа дутагдлаа уг хуулийн төсөлд засаад явах учиртай. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Хөгжлийн банкны хэрэгжил дээр алдаа гарч байсан. Тэгэхээр энэ алдааг бид Баялгийн сангийн тухай хууль дээр давтаж болохгүй. Баялгийн сан бол Монголын ард түмний өмч гэдэг утгаараа ил тод, нээлттэй, шилэн байх шаардлагатай. Энэ санг бид арвижуулах ёстой.  Баялгийн санд эрсдэл их байгааг бид бүхэн анхааралтай тооцох хэрэгтэй. Учир нь сүүлийн гучин жилд төгрөгийн ханшийг бодоход 700 дахин унасан гэж хэлж болно. Өнгөрсөн гучин жил хуримтлагдсан гадаад өрийн хэмжээ их байгаа. Өнөөдөр инфляци ямар байгааг бодолцох шаардлагатай. Цаашид төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зэрэг олон асуудлыг тал талаас нь сайн тооцож байж энэхүү Баялгийн сан ашигтай, өгөөжтэй байна. Тиймээс УИХ энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байна. Бусад улс орнуудын Баялгийн сан нь зургаан сангаас бүрддэг юм билээ. Харин манайх гурван сантайгаар эхлүүлэх гэж байна. Тэгэхээр яг өнөөгийн манай нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд энэ бодлого зөв болов уу гэж бодож байгаа. Асуудлыг хэн нэгний өнцгөөр бус нийтийн эрх ашигт тэр дундаа ирээдүйд үүсч болох эрсдлийг тооцоолж байж уг хуулийн төслийг батлах шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд DNN.mn

Найман жил эрх барьж байгаа МАН-ын отгон чуулган үргэлжилж байна. Отгон чуулганаар огцом орж ирсэн хуулийн төслүүд цөөнгүй байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Зарим судлаачид, хуульчдийн хувьд энэхүү томоохон эрх зүйн зохицуулалтыг эрх баригчид отгон чуулганаар огцом оруулж ирж байгааг шүүмжилж байгаа бол зарим нь дэмжиж байна. Улс төрийн болоод томоохон уул уурхайн компаниудын эрх ашиг, бүлэглэлийн хайчин дунд хэлэлцэгдэж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нэлээд их маргаан дагуулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр ямар ч маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл тулгарсан бай эрх баригчдын хувьд тус хуулийн төслийг сонгуулиас өмнө батлуулах сонирхолтой байгаа юм. Учир нь эрх баригчдын хувьд энэхүү хуулиар байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ олгох эрх зүйн зохицуулалт гэх агуулгаар сонгогчдод том боломж гэж харж байгаа нь тодорхой. Ер нь цаашид эрх
Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүдбаригч МАН-ын хувьд энэ мэт хуулийн төслүүдийг оруулж ирэх магадлал өндөр байгаа юм. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил долоон хувьд хүрсэн. Энэ жилийн хувьд 5-6 хувьтай байна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт чамгүй байгаа учраас малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг ч оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл сонгуульд зориулсан эрх зүйн олон өөрчлөлтүүд энэхүү отгон чуулганаар орж ирнэ гэдгийг улс төр судлаачид ярьж байна. Мэдээж энэ сонгуулийн дараа УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа болохоор УИХ-ын дэгийн тухай хуулийг энэ сардаа багтаад батлах нь тодорхой. Парламентад суудалтай намууд зөвшилцөж тохирсон том бодлого болоод буй бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүдийг ч хэлэлцэнэ. Мөн нийслэлийг 42 нэгж болгон зохион байгуулах уулзалт, форумууд ч саяхан болж өнгөрлөө. Үүнтэй уялдуулан “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа.
Ерөнхийлөгчийн тухай хуульд ч өөрчлөлт оруулахаар ярьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд ч маргаантай хэлэлцэгдэж байгаа юм. Ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон 44 хууль тогтоолын төслийг бүгдийг гурван сарын хугацаанд хэлэлцэж амжихгүй нь тодорхой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төлөгдөж байна DNN.mn

Он гарснаас хойш дөрөвхөн сарын дотор онцгой байдлын таван алба хаагч амиа алдсан нь энэ салбарт асуудал байгаагийн тод илрэл. Энэ бол өнөөдөр сөхөгдсөн асуудал биш. Арав гаруй жилийн өмнөөс л о нцгойд ажилладаг албан хаагчдынхаа аюулгүй байдал, хувцас, техник хэрэгслийг нь шинэчлэх нэн шаардлагатай байгааг ярьдаг байсан. Гэвч гал, ус, гамшиг, цар тахал бүхэн рүү явуулдаг алба хаагчдынхаа аюулгүй байдал, амь насыг нь хамгаалах чиглэлд дорвитой шинэчлэлт хийгээгүйн гороор олон арван албан хаагчид амиа алдсаар байгаа нь харамсалтай. Энэ олон хүний амь нас эрсэдсэн шалтгаан нь онцгой байдлын албан хаагчдын ур чадвар гэхээс илүү тэдэнд шаардлагатай техник, зориулалтын хувцас хэрэгсэл дутмаг байснаас үүдэлтэй гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнгөрсөн намар бүлгийнхээ хурлаар энэхүү асуудлыг хөндөн ярьсан байдаг. Тэрээр “Зовлон, гамшиг болгон руу хамгийн түрүүнд түлхдэг хүмүүсийнхээ хувцас, техник хэрэгслийг нь шинэчлэхэд шаардлагатай байгаа 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад өгөөч” хэмээн хэлж байсан. Гэтэл үүн дээр улстөрчид гар татан есөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ хөрөнгөөр гал дунд нүцгэн явж байгаа хэдэн мянган алба хаагчдын аюулгүй байдлыг хамгаална гэдэг үлгэр шүү. Үүнийг нэмээд өгөх боломж байна уу” гэдгийг асуужээ. Харамсалтай нь есөн тэрбум төгрөгөөрөө энэ оны төсөвт тусгагдсан. Тухайн үед Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дахин дахин энэ асуудлыг хөндөж тавиагүй нь түүний буруу ч иргэдийн амь насны төлөө зүтгэдэг байгууллагын асуудлыг УИХ анхаарах шаардлагатай байсан. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүд уг асуудлыг нүдэн балай чихэн дүлий мэт буянаараа болог гээд орхисон нь үнэн. УИХ, Засгийн газраар асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн өчнөөн салбарын удирдлагууд бий. Зарим хүмүүс салбарынхаа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, танхимын сайд нарын зүүдэнд ортол саналаа хэлдэг нь нууц биш. Ингэж өдөр болгон чихнээс нь хонх уяж байж сая нэг тухайн салбарын асуудлыг бодитой шийдэх санхүүжилтийг нь улсын төсөвт тусгуулдаг жишээ манайд олон. Үүн шиг о нцгой байдлын бодлого тодорхойлогчид албан хаагчдынхаа төлөө уг асуудлаа өдөр шөнөгүй ярих хэрэгтэй.
Цаашид онцгой байдлын албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник хэрэгсэл, зориулалтын хувцас авахад шаардлагатай хөрөнгийг төсөвтөө гар татаж суулгамааргүй байна. Албан хаагчдыг амь насаа алдсаных нь дараа ар гэрт нь байр өгөх бус амьдад нь хамгаалах асуудал чухал байна. Аюул бүхний өмнөөс нүцгэн дайрах албан хаагчдаа хувцас хэрэглэлээр хангах асуудлаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан та хором ч орхилгүй шахаж, шаардаж, шийдүүлмээр

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагаас Хархорин хүртэлх шинэ гүүрийг зургадугаар сард хүлээлгэж өгнө гэв DNN.mn

Улаанбаатар хотын автозамын түгжрэл 2027 он гэхэд бүх хэсгээрээ тэг зогсолтод орох эрсдэлтэйг олон улсын судалгааны байгууллагаас сануулсан байдаг. Тиймээс уг асуудал нийслэл төдийгүй Засгийн газрын хувьд нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг болсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автозамыг өргөтгөх, шинээр зам, гүүр барих ажлыг ковидын дараагаас эрчимжүүлсэн байдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд өдөр, шөнө, ажил, амралтын өдөргүй байнга түгжрэх болсон Яармагийн замын ачааллыг багасгах зорилгоор Туул гол дээгүүр хойшоо нэгдүгээр хорооллын төв зам руу нэвтэрсэн шинэ гүүрний ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Улаанбаатар хотын хамгийн урт, хамгийн том гүүр гэх тодотголтой тус гүүр ашиглалтад орсноороо Яармагийн автозамын ачаалал 30 хувь, Сонсголонгийн гүүрний ачаалал 20 хувиар буурах боломжтой гэдэг. Мэргэжилтнүүдийн хувьд нийслэлийн түгжрэлийг бууруулах хамгийн үр дүнтэй бодиттой ажил бол шинээр гүүр, автозам барих хэмээн зөвлөдөг. Тэр утгаараа энэ өдрийн сурвалжлаагаараа Яармаг, нэгдүгээр хорооллыг холбох шинэ гүүрний ажлын явцтай танилцлаа. Биднийг очиход зам, гүүрний ажил ид явагдаж байв. Юун түрүүнд тус ажлыг хариуцан хийж буй компанийн төлөөлөлтэй уулзаж, тодрууллаа.

Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон гүүрний ажлыг гүйцэтгэгч Моторсервис ХХК-ийн менежер Э.Алдар:

-Гүүрийн ажил одоогоор нийтдээ 91 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Бидний хувьд тус гүүрний ажлыг ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд хүлээлгэн өгөхөөр ажлаа шахаж хийж байгаа. Гүүрийн дам нуруу, зорчих хэсэг, тэгшилгээний үе бүгд бүрэн хийж дууссан. Харин одоо гүүрний дээгүүр явган хүний зам, Энхтайваны гүүр шиг зорчигчид амрах хэсгийг хийж байна. Энэ шинэ гүүр нь Яармагийн зам буюу Хангарьд төвийн урдаас хойшоо явсаар Өнөр хороолол буюу 32ын уулзвартай залгагдана. Хархорин захын баруун талаар гарч ирнэ гэсэн үг. Манай компанийн хувьд зөвхөн гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа. Замыг нь өөр компани хариуцан ажиллаж байгаа байх. Гүүрний хувьд нийт гурван хэсэг гүүр барьж байна. Хоёр жижиг хэсэг нь ерөнхийдөө дууссан.

Одоо том буюу 391 метр урттай гүүрний ажил дуусах шатандаа явж байна. Тулгамдаж байгаа асуудал гэвэл шар усны үерээс шалтгаалж Туул голын усны түвшин, урсгалын хүч нэмэгдсээр байгаа. Гэхдээ асуудлыг шийдээд явах боломжтой гэж тооцоолсон. Туул гол үерлэх, бусад байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан эрсдэлийг бид бүрэн тооцож энэхүү гүүрний ажлыг явуулж байна. Мэдээж олон улсын стандартыг мөрдөж, тус гүүрийг ашиглалтад хүлээлгэн өгнө.

Чанарын хувьд эргэлзэх шаардлага байхгүй гэж хэлж болно. Гүүр ашиглалтад орсноороо мэдээж Яармагийн түгжрэл эрс буурна гэж бид харж байгаа. Иргэдийн хувьд ч уг гүүрийг түргэн ашиглалтад орохыг хүлээж байгаагаа хэлдэг. Тиймээс бидний хувьд одоо хугацаандаа ажлаа чанартай хийж гүйцэтгээд хүлээлгэн өгөх л чухал байна. Энэхүү гүүр нь Улаанбаатар хотдоо хамгийн урт гүүрт тооцогдох байх.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Солонго:

-Манайх Яармагийн нэгдүгээр буудал буюу яг шинэ гүүрний орчим амьдардаг. Яармагийнхан энэхүү гүүрийг хурдан ашиглалтад ороосой гэж хүсдэг. Манай ажил Хорооллын эцэст. Тиймээс Гурвалжингийн гүүр давж явдаг. Нэг хэсэг өглөө ажлын цаг эхлэхээс өмнө гараад явчихаар түгжрэхгүй ажилдаа эрт очдог байсан. Харин одоо өглөө эрт гарсан ч түгжирдэг болчихсон. Орой ажил тарах үед бол бүр ярилтгүй. Миний хувьд Яармагийн зам дээр таван цаг таг зогсож байсан удаатай. Сүүлдээ амьдарч байгаа орчноо өөрчлөх тухай ч ярьж байсан. Харин энэ гүүр баригдаж байгааг сонсоод нүүхээ түр азнасан. Ямартаа ч хойшоо явдаг над шиг иргэдийн хувьд энэ гүүрний ач холбогдол өндөр болов уу гэж бодож байна.

НЗХГ-ИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР Б.ОДБАЯР: ХОРООЛЛЫН ЭЦСЭЭС 21 ДҮГЭЭР ХОРООЛЛЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА

Яармаг, нэгдүгээр хорооллыг холбох тус гүүрний нийт урт нь 483 метр. Гурван хэсэг гүүрнээс бүрдэж байгаа. нийт төсөвт өртөг нь 77.8 тэрбум төгрөг гэдгийг албаныхан хэллээ. Дээрх шинэ гүүр болон 21 дүгээр хорооллын араар гуравдугаар хорооллын эцэс орох автозамын ажил ямар шатандаа үргэлжилж байгаа талаар нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн Гүүрний хяналтын инженер Б.Одбаяраас тодрууллаа. 


-Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон шинэ гүүрний ажил угтаа өдийд дуусчих ёстой байсан гэлээ. Яагаад хугацаа нь ингэж хойшлогдов. Ер нь тус гүүрний талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Энэ гүүрний ажил 2022 оны тавдугаар сард гэрээ нь хийгдсэн боловч ажил нь 2023 оны гуравдугаар сард эхэлсэн. Ерөнхийдөө хоёр багц ажил зэрэгцээд явагдаж байна. Зам, нөгөөх нь гүүр. Гүүрний хувьд гурван хэсэг гүүр байгаа. Нэг нь 54.8 метр урт, нөгөөх нь 36.75 метр. Харин хамгийн урт буюу том гүүр нь 391.5 метр. Эдгээр ажлууд одоо 91 хувийн гүйцэтгэлтэй буюу ажил ерөнхийдөө дуусах шат руугаа орсон гэсэн үг. Уг шинэ гүүрний нийт төсөвт өртөг нь 77.8 тэрбум төгрөг байгаа.

-Ямар учраас хугацаа алдсан юм бэ?

-Өнгөрсөн жилийн үерээс шалтгаалаад хугацаа бага зэрэг хойшилсон. Тухайн үед төв зам үерт урссан. Үүнээс болоод гүүр баригдах талбай руу орох, очих боломжгүй болсон. Тиймээс график төлөвлөгөө хойшилсон байсан.

-Гүүрний ажил дуусгаад замын ажил нь эхлэх үү?

-Замын ажил эхэлчихсэн явж байгаа. Нийслэлийн удирдлагуудаас энэхүү ажлыг ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө хүлээлгэн өгч, хөдөлгөөнийг нээх үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаанд багтаан ажлаа дуусгахаар гүйцэтгэгч компанийг шахаж ажиллуулж байна.

-Гүүр ашиглалтад орсноор Яармагийн авто замын түгжрэл хэдэн хувиар буурах бол. Цаашлаад нийслэлийн авто замын ачааллыг бууруулахад ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Яг тэдэн хувь буурна гэж хэлэхэд хэцүү. Олон шалтгаан нөхцөлөөс үүдэж замын ачаалал бий болдог. Үүн дотроо оргил цагийн ачааллыг яаж хуваарилах вэ гэдэг зүйл л чухал. Мэдээж шинэ гүүр ашиглалтад орсноороо Яармагийн гүүрний ачаалал эрс буурна. Дам утгаараа нийслэлийн авто замын түгжрэлд ч нөлөөлнө. Уг гүүр ТЭЦ IIIийн замтай холбогдоно. Тэгэхээр уг замын ачаалал Яармагийн гүүрнээс шалтгаалаад өөр өөр байна гэсэн үг. Яваандаа Эрчим хүчний гудамжны ачаалал буюу ТЭЦ III-ийн авто замын ачаалал нэмэгдэх хандлагатай. Нөгөөтэйгүүр зөвхөн энэ гүүр бус цаашлаад авто зам, гүүрний холболт Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдсоноороо түгжрэлд бүрэн утгаараа нөлөөлж, ач холбогдол нь мэдрэгдэнэ гэсэн үг.

-Яг Яармагийн замаас хойшоо Нэгдүгээр хороолол буюу төв замтай хол богдох уг авто зам, гүүрний төсөл хэзээ бүрэн дуусах вэ?

-Бүрэн хэмжээгээрээ гэж яривал Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох ТЭЗҮ нь бол батлагдчихсан байгаа. Тиймээс уг ажлыг төсөвтөө суулгаад авто замын ажил нь эхэлнэ байх. Яг хэзээ дуусахыг нь тодорхой хэлэх боломжгүй. Ирэх жилийн өдийд үү, эсвэл тэрний дараа жил дуусна гэсэн тооцоололтой байгаа.

-Уг бүтээн байгуулалтыг хийхэд яг одоо тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ. Төсөв санхүүгийн хувьд асуудал бий юу?

-Санхүүгийн ямар нэгэн асуудал байхгүй. Ажил хийхэд хамгийн бэрхшээлтэй зүйл бол цаг агаарын нөхцөл байдал. Үер усны аюул. Цас ихтэй, эрт хүйтэрдэг гэх мэт хүндрэлүүд бий. Энэ бол байгаль цаг уурын бэрхшээл. Нөгөөтэйгүүр бидний хувьд газар чөлөөлөлтийн асуудал чухал байдаг. Иргэдийн хувьд газар чөлөөлөлтийн асуудлыг ойлголцоод явчихвал энэ мэт бүтээн байгуулалтын ажил саатахгүй. Энэ Яармагийн шинэ гүүрний хувьд ч газар чөлөөлөлтийн асуудал тулгарсан. Хойшоогоо Нэгдүгээр хороолол руу орсон хэсэг дээр ч газар чөлөөлөлтийн асуудал гарч ирж байгаа. Хархорин захын баруун урд талаар байрлах олон арван үйлдвэрүүдийг яах вэ. Мэдээж том том объект байвал чөлөөлөх гэж бас хугацаа орно шүү дээ. Энэ л бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна.

-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд III, IV хорооллын эцсээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл гэр хороолол дундуур авто зам барьж байгаа. Энэ ажлын гүйцэтгэл ямар хэмжээнд явагдаж байгаа вэ?

-21 дүгээр хорооллын араар Гуравдугаар хорооллын эцэс рүү явсан авто замын ажил ид хийгдэж байгаа. Ажил бол зогсолтгүй үргэлжилж байна. Гэхдээ шугам, сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудал мөн адил яригдаж байна. Уг замын хувьд зургаан эгнээтэй, таван нүхэн гарцтай, гурван километрийн урдтай. Бас л төслийн дуусах хугацаа 2026 онд гэж тооцож байгаа. Хамгийн гол нь газар чөлөөлөлтийн асуудал л байгаа юм. Нийслэлийн түгжрэлийг бууруулах ач холбогдол бүхий замуудын нэг. Үүн дээр Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон гүүр нэмэгдэнэ. Мөн Ард Аюушийн өргөн чөлөөний зам ч орж байгаа. Эдгээр томоохон зам, гүүрний ажлыг бүрэн дуусгаснаар нийслэлийн түгжрэл харьцангуй буурна. Ард Аюушийн зам дээр газар олголт хэт их явагдсан юм билээ. Одоогоор 160 гаруй айлын газрыг чөлөөлөх ажил явагдаж дуусч байна.

-Эдгээр зам, гүүрний ажлыг монголчууд өөрсдөө 100 хувь хийдэг биз дээ. Эсвэл гадаадын компаниудаас зөвлөгөө авч ажилладаг уу?

-Гадаад компаниас ямар нэгэн зөвлөгөө, тусламж, туршлага гэх зүйл авдаггүй. Таны хэлдгээр 100 хувь монголчууд өөрсдөө энэхүү бүтээн байгуулалтаа хийж байгаа. Бидэнд олон жилийн туршлага бий. Өмнө нь зам, гүүр чанартай хийж гүйцэтгэж бай сан туршлагатай компаниуд эдгээр ажлуудыг хийж байгаа. Бүтээн байгуулалтын ажлын чанар, арга туршлагад бол эргэлзэх зүйлгүй. Харин бусад газар чөлөөлөлт, үер ус, шугам сүлжээний асуудал л хүндрэлтэй байдаг гэв.

Ямартаа ч Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон гүүр тун удахгүй ашиглалтад орно. Харин 21 дүгээр хорооллоос гуравдугаар хорооллын эцэс хүртэлх авто замын ажил газар чөлөөлөлтийн асуудал дуусгавар болчихвол ирэх жил ашиглалтад орох боломжтой хэмээв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Лу.Гантөмөр: Иргэдийн амьдралыг сайжруулж чадахгүй бол Улаанбаатар хотын зовлон нэмэгдээд л байна DNN.mn

Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө нийслэлийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөнөөр та бүхэн юуг чухалчилж ярьж байна вэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүхий л асуудлыг ярьж байна. Ярихдаа бид гарц, шийдлийг нь хайсан, санал, санаачилгаа дэвшүүлсэн байдлаар хэлэлцлээ. Хамгийн чухал нь Улаанбаатар хот хүчирхэг том эдийн засагтай болбол Монгол Улсын эдийн засаг, хөгжил цэцэглэн хөгжинө гэдгийг онцлон ярилаа. Мөн Улаанбаатар хотын ирэх дөрвөн жилийн хөгжлийн төлөвлөгөөг ярилцлаа. Нөгөө утаа, түгжрэлийг арилгахын тулд суурь шалтгаанууд нь юу вэ гэдгийг олж харах ёстой. Энэ суурь шалтгаан бол ажилгүйдэл, ядуурал. Тэгэхээр өнөөдөр иргэдэд орлого алга байна. Гэтэл нийслэл Улаанбаатар хот бол Монгол Улсын хөгжлийн төв цэг байх ёстой. Энэ хотыг жижиглэснээр Монгол Улс улам бүр доройтно.

-Улаанбаатар хотын эдийн засгийг хүчирхэг байлгахын тулд хамгийн түрүүнд ямар ажил, ямар бодлогын том өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай юм бэ?

-Хамгийн түрүүнд энэ олон авлигачдаасаа бид салах хэрэгтэй. Авлигачдаасаа салах ажлыг АН-ын хувьд хатуу зарчим баримтлан хэрэгжүүлэх болно. Дараа нь нийслэлийн дүүрэг болгон өөрийн гэсэн хөрөнгө оруулалтаа бизнес рүү хийе гэдэг зүйлийг ярилаа. Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн ХАБ-ыг дүүрэг болгонд байгуулах. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт энэ ХАБ-ыг байгуулснаар 20 гаруй мянган мэдээлэл технологийн код хийдэг залуучуудыг бэлтгэх. Өнөө цагт мөнгө, бизнес цахим руу шилжсэн. Тэр утгаараа Улаанбаатар хот өөрөө цахим шилжилт рүүгээ 100 хувь орох шаардлагатай. Дээр нь гадны ажлыг Монголд оруулж ирж хийж чадах тэр том хүчийг бий болгох хэрэгтэй. Энэ бол Баянзүрх дүүргийн боломж, жишээ. Энэ мэт Сонгинохайрхан юу хийх шаардлагатай вэ. Чингэлтэй, Хан-Уулын онцлог юу вэ гэх мэтээр эдийн засгийн өсөлтийг хүчирхэг болгох боломж бий.

-Утааны асуудлыг дулаараад л мартдаг. Үүнийг бодлогын түвшинд яаж шийдвэрлэх ёстой гэж АН үзэж байна вэ?

-Нүүрс түлж байгаа цагт утаа байж л байна. Тэгвэл энэ нүүрсийг түлэхээ больчихвол утаа алга болно. Маш энгийн логик. Тэгэхээр нүүрснээс авч байгаа ач холбогдлыг л орлох зүйл рүү бид явах ёстой. Өөрөөр хэлбэл шийдэл нь газ, эрчим хүч гэсэн хоёрхон шийдэл л байна. Тиймээс бид эрчим хүчний асуудлаа нэгхэн жилийн дотор л шийдэх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал хоёрхон жилийн дотор энэ утаанаас Улаанбаатарчууд бүрэн салах боломж бий. Үүнтэйгээ зэрэгцүүлээд эко төлөвлөлтүүдээ гүйцэд хийх шаардлага байгаа. Ингээд багцлаад хэлбэл нэгдүгээрт, авлигачдаасаа салах. Хоёрдугаарт, хот төлөвлөлтөө маш нямбай сайн хийх. Төлөвлөлт дотроо хоёр янз байна. Нэг нь байгаль орчин, амьдрах орчин. Хоёрт, бизнес төлөвлөлт буюу хөгжлийн төлөвлөлтөө бид маш сайн хийх шаардлагатай. Улаанбаатар хот одоо байгаагаасаа 2-3 дахин илүү эдийн засгаа тэлэх боломж байна. Харамсалтай нь эрх баригчид өнөөдрийг хүртэл жилийн 10-хан хувийн өсөлтийг л харууллаа.

-Улаанбаатар хотын эдийн засгийг 2-3 дахин нэмэгдүүлснээрээ ач холбогдол нь ямар байдлаар гарах вэ?

-Бид эдийн засгаа өсгөж байж нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийднэ. Эдийн засаг нь 2-3 дахин нэмэгдэж байж нийтийн тээврийн асуудал бүрэн цэгцэрнэ. 2-3 дахин орлоготой болж байж метрогоо бүрэн ашиглана. 2-3 дахин өсөлтийг бий болгож байж л Улаанбаатар хотод амьдрах амьдралын орчин сайжирна. Үүний зэрэгцээ ипотекийн хүүг гурав дахин бууруулах санал санаачилга яригдаж байна. Өнөөдөр залуучууд ипотекийн зээлийн хүүд сар бүр 680 мянган төгрөг төлж байгаа бол үүнийг гурав дахин бууруулах бодлогыг АН хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, 230 мянган төгрөг болгоно гэсэн үг шүү дээ. Нэг сая төгрөг төлдөг бол гурав дахин хямдраад 330 мянга болох жишээтэй.

-Түгжрэлийг ямар байдлаар шийдэх шаардлагатай гэж АН-ын хувьд үзэж байна вэ?

-Э.Бат-Үүл даргын хийж байсан туршлагуудыг бид дахин сэргээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үүл даргын хэрэгжүүлж байсан туршлага, хэрэгжих гэж байсан төлөвлөгөөг бодитой ажил болгож чадвал нийслэлийн асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. Утаанаас бид нүүрсгүй болж байж сална. Харин түгжрэлээс нүхэн гарц барьж байж сална гэдгийг л хэлээд байгаа юм. Эцсийн эцэстээ иргэдийн амьдралыг сайжруулж чадахгүй л бол Улаанбаатар хотын зовлон нэмэгдээд л байна. Тэгэхээр юун түрүүнд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ядуурлыг бууруулах бодлогыг явуулах шаардлагатай. Ажилгүйдлийг багасгах хэрэгтэй. Тэгж байж бид утаанаасаа, түгжрэлээсээ, хөрсний бохирдлоосоо сална.

-Монгол Улсыг авлигачдаас яаж салгах вэ. АН-ын барьж байгаа бодлого юу байна вэ?

-Өнөөдөр төрийн анхан, дунд, дээд гэсэн гурван шатандаа битүү авлигачид байна. МАН-ын дарга, хотын дарга юу ярих нь эд нарт хамаагүй. Түүнийг огт хэрэгжүүлдэггүй, ажил хэрэг болгодоггүй юм байна. Заавал өөрсдийнхөө авлигыг ямар нэгэн байдлаар шингээдэг болчихож. Энэ нь шат шатны авлигачдад бүр дадал болчихсон юм байна лээ. Тиймээс ийм авлигачдыг зайлуулахгүй л бол тэр салбарт ямар сайхан дарга очоод ч нэмэргүй. Энэ бол авлигачдаас салах эхний ажил.

-Улаанбаатар хотын эдийн засгийг 2-3 дахин өсгөхийн тулд юу хийх шаардлагатай юм бэ. Нөгөө л уул уурхайн салбараа тойглосоор байх уу?

-Улаанбаатар хотын хөгжлийн суурь нь инновацийн бирж байгуулах юм болов уу гэж хардаг. Хөрөнгийн биржийг одооных шиг ийм хөшүүн биш байхаар гаднаас хөрөнгө оруулж ирж болдог байхаар зохицуулах хэрэгтэй. Үүн дээр гадны банкуудад хөрөнгө оруулах эрхийг нь олгож чадвал эдийн засгийн өсөлт бодитой бий болно. Улаанбаатар хотод бол хамгийн сайхан амьдрах гэсэн мөрөөдөлтэй хүмүүс тал бүрээсээ цуглаж байгаа. Харамсалтай нь тэр хүмүүст санхүүгийн боломжийг нь олгохгүй байна. Тиймээс бид энэхүү боломжийг нээж өгөхийг зорино. Нээж өгнө. Түүнээс биш Улаанбаатар хот аль нэг уурхайгаас мөнгө аваад түүгээрээ байшин, барилга барьснаараа хөгжихгүй. Харин эсрэгээрээ бирж зөв ажиллаж чадвал Улаанбаатар хотын компаниуд улам дээшилнэ. Тэгэхээр бид Улаанбаатар хотыг Монгол Улсын хөгжлийн хурдасгуур гэж харах хэрэгтэй. Энэ бол нүүдэлчин монголчуудын цор ганц суурин газар. Суурин газарт хүмүүс хамтарч хүчээ зузаатгаад хоорондоо мэдээллээ солилцоод илүү сайн бүтээгдэхүүн гаргаад түүгээрээ эдийн засгаа босгож ирэхийг л хэлээд байгаа юм. Ажилгүйдэл гээд ярьдаг, тийм үү. Тэгвэл ажлын байрыг шийдэх зах яагаад байгуулагдахгүй байна вэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод ажлын байрны платформ гэж алга.

-Сүүлд танаас асуухад, АН-ын 34 жилийн ойн баяр тохиож байна. Энэ түүхт ойгоо та бүхэн ямар байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ?

-Хаалттай нийгэм, хараат улс, сонголтгүй иргэд, солигддоггүй төрийг халж улс төрийн шинэ хүчин Ардчилсан нам байгуулагдсан баярт өдөр тохиож байна. Монголчууд өрхөө татаж, үүдээ нээснээр хүн зон нь чөлөөтэй зорчиж, өөрийнхөөрөө амьдрах, улс орон нь дэлхийтэй хөл нийлүүлж, хөгжлийн далайд дарвуулаа дэлгэсэн билээ. Тэгэхлээр энэ өдөр зөвхөн Ардчилсан намын гишүүдийн баяр гэхээсээ хотол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр. Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох, сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна. Тийм ээ бид баярлан цэнгэж хундага харшуулахаасаа илүүтэй гажуудсан ардчиллаа зөв голдиролд оруулж, иргэддээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, амьдрал ахуйгаа төрөөс хамааралгүйгээр авч явах заяагдмал эрхийг нь олгох хөгжлийн цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Одбаяр: Баялгийн сангийн тухай хуулийг өнөөгийн нийгэмд гэхээс илүү үр хойчдоо зориулан батлах хэрэгтэй DNN.mn

Хууль зүйн ухааны магистр, хуульч, улс төр судлаач Т.Одбаяртай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төсөлтэй танилцсан уу та?

-Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт одоогоос таван жилийн өмнө санал хүргүүлж байсан. Энэ хуулийн төсөл анх яригдсанаас хойш бараг 20 орчим жил болсон уу даа. Их олон жил ярьж байгаа асуудал. Эрх баригч намын хувьд хаврын отгон чуулганы эхэнд буюу өчигдөр энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Угтаа хорь орчим жил, байг гэхэд найман жилийн өмнө буюу МАН олонх болсон даруйдаа уг хуулийн төслийг боловсруулаад өргөн бариад батлуулчих байсан юм. Түүнээс өмнө АН эрх барьж байхдаа батлуулах гэж хэлэлцсэн боловч янз бүрийн шалтгаанаар хойшилж байсан.

-Их олон жил ярьсан хуулийн төсөл гэлээ. Яагаад энэ олон жил батлагдахгүй явсан юм бол. Ямар нэгэн эрх ашгийн нөлөөлөл байна уу?

-Байгаа гэж хардаж байна. Тэр нь нүүрстэй холбоотой болов уу. Нүүрсний хулгай гэдгийг олон нийт өнгөрсөн жилээс эхэлж мэдсэн. Мэдээд шалгаад, УИХ-ын хянан шалгах түр хороо Нүүрсний хоёр ч удаагийн сонсгол явууллаа. Энэ явцад нүүрсний хулгайн асуудал их олон жилийн өмнөөс явагдаж ирсэн гэдгийг нийгэм мэдлээ шүү дээ.

Тэгэхээр миний бодлоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл анх яригдаж эхлэхээс өмнө л нүүрсний хулгайн бүлэглэл ажлаа эхэлчихсэн байсан болов уу гэж холбон ойлгож байгаа.

Энэ бүлэглэл уг хуулийн төслийг УИХ-аар батлуулахгүй байх улс төрийн нөлөөллийг өдий болтол үзүүлж ирсэн байх хардлага байгаа юм. Гэхдээ энэ бол миний хардлага. Иргэн хүн хардах эрхтэй.

-Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төслийг харсан уу. Гол ач холбогдлыг нь та хуульч хүнийхээ хувьд юу гэж харж байна?

-Харсан. Ерөнхий сайдын хувьд нүүрсний хулгайн асууд лаар анх шүгэл үлээсэн өндөр албан тушаалтны нэг.

Тэр утгаараа уг асуудал олон нийтэд ил тод болсон. Уг хэрэгтэй холбоотой зарим нэг хүмүүст хариуцлага тооцуулсан. Одоо ч шалгалтын ажил үргэлжилж байгаа гэх мэт үйл явц өрнөж байна. Нэг талдаа нүүрсний бүлэглэлийн хүч суларсан байх. Үүнийг нь ашиглаад улс төрийн хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль орж ирэх цаг үе нь тохирсон гэж харж байгаа. Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаараа мэдээж Монголын ард түмэн баялагтаа эзэн болох эрх зүйн орчин бүрдэх юм. Эзэн болно гэдэг бол тухайн баялгийнхаа үр өгөөжийг бодитой хүртэнэ гэсэн үг. Зөвхөн бид ч биш. Ирээдүйд бидний үр хүүхэд ч энэхүү хуулийн хүрээнд байгалийн баялгийнхаа үр өгөөжийг хүртэх боломжтой болсон гэсэн үг. Энэ л хамгийн чухал нь. Нөгөөтэйгүүр байгалийн баялагт хууль бусаар санаархсдын саварнаас салгах том эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг.

-Хуулийн төслийн тухайд гол заалтуудыг нь та дурдахгүй юу?

-Сая өргөн барьсан энэхүү хуулийн төслийг харсан. Нийтдээ таван бүлэг, 16 зүйл заалтууд багтсан байна лээ. Анх долоон бүлэгтэй байсныг тав болгож багасгасан харагдсан. Нэгдүгээр бүлэгт нь мэдээж хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан байна лээ. Хоёрдугаар бүлэгт нь сангийн бүтэц, удирдлага ямар байхыг зохицуулсан. Уг хууль батлагдсанаараа Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бий болно. Үүнд нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сан гэсэн гурван сан шинээр байгуулагдана. Мэдээж шинээр сан байгуулагдаж байгаа болохоор одоо мөрдөгдөж байгаа зарим хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүснэ гэсэн үг. Хамгийн түрүүнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах байх. Тэгэхээр дээрх хуулийн гол заалтууд бол сангуудын үр ашиг, одоо ба ирээдүйд ямар үр ашигтай байлгах уу гэдгийг зохицуулсан анхдагч эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдсэнээр Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн түвшинд олон давуу талыг бий болгох боломж бүрдэнэ.

-Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана гэж байгаа шүү дээ. Үнэхээр энэхүү зарчим хангагдаж чадах уу?

-Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Хамгийн том өөрчлөлтийг 2019 онд хийснийг бид мэдэж байгаа. Тэгэхээр уг өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн байгалийн баялагтаа эзэн нь байх үндсэн эрхийг төгөлдөржүүлж өгсөн байдаг. Гэвч уг заалтыг амь оруулах хууль, эрх зүйн орчин байхгүй байсан. Харин энэхүү хууль батлагдсанаараа Үндсэн хуулийн энэхүү заалт амь орж, жинхэнэ утгаараа Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн нь болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаараа Оюу толгой шиг томоохон төсөл хөтөлбөрүүдийг шинээр эхлүүлэхийн тулд иргэдээсээ асуудаг, саналыг нь сонсдог болно гэсэн үг. Зөвхөн Засгийн газар, УИХ асуудлыг дангаар шийдэхгүй. Нийт ард түмнээрээ хэлэлцүүлэг өрнүүлж том төслүүдээ хөдөлгөнө гэсэн үг. Тэгэхээр аливаа улс төрийн бүлэглэлийн гарт байгаа стратегийн орд газрууд, томоохон төсөл амь орж, хөдөлж эхлэх боломжтой болно гэж харж байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

 Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй DNN.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газар өчигдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байгаа. Тиймээс сонгуульд саналаа өгөх иргэдийн хувьд өөрийн нэрийн жагсаалтаа харах, нягтлах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлсэн. Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burt­gel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны нэрийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ. Энэхүү мэдээлэлд таны хувийн мэдээллээс гадна сонгуульд санал өгөх тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг зэрэг мэдээлэл гарч ирэх юм. Хэрэв таны хувийн болон бусад мэдээлэл зөрүүтэй байвал гарч ирэх “Мэдээлэл зөрүүтэй” хэсэг рүү нэвтэрч, бүртгэлээ засах боломжтой.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбатаас тодрууллаа.


-Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Энэ сарын 7-ны дотор хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөр болон тайланд хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 29-нөөс өмнө өгнө. Бие даан нэр дэвшигчийн тухайд Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 22-24-ний хооронд өгөх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтийг ирүүлнэ.

-Зохион байгуулалтын тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-Зохион байгуулалтын тухайд сонгуулийн хэсгийн хороодод ажиллах хүний нөөц бүрдүүлэх зорилгоор www.e-election.mn цахим системээр төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдыг бүртгэж байна. Уг цахим системд бүртгүүлж холбогдох хичээлүүдийг судалж, сорил өгсний дараа аль хэсгийн хороонд ажиллах вэ гэдэг хүсэлтээ гаргана. Улмаар томилогдож гэрчилгээ авснаар давтан сургалтад хамрагдах юм. Одоогийн байдлаар найман мянга гаруй албан хаагч цахим системд бүртгүүлээд сургалтад хамрагдаад байна. Сонгогчдын тухайд Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байна.

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар мэдээлэл байх билээ?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугар зүйлийн 20.4-т зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг, эхийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний овог нэр, нас хүйс, үндсэн хаяг болон хаяг дээрээ байгаа эсэх, сонгуулийн тойрог, хэсэг, санал өгөх байрыг заана. Мөн тухайн хаяг дээр бүртгэлтэй иргэдийн тоог харуулна.

-Сонгогчдын хувьд нэрээ шалгаж үзэх шаардлага ер нь бий юү?

-Байлгүй яах вэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна дээр хэлсэн тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авна. Үүнээс гадна манай хаяг дээр танихгүй хүмүүс байна гэх мэт яриа гардаг шүү дээ. Өөрийнхөө хаягийн бүртгэл дээр хэн хэн бүртгэлтэй байгааг нягтлан шалгах, ингэснээр хаягийн давхардлыг арилгах, хэрэв жагсаалтад бүртгэгдээгүй бол бүртгүүлэх зэрэг боломжийг иргэнд олгох юм. Бүртгэлтэй иргэдийн тоо гэсэн цэсийг дарж орсноор хэн гэдэг хүн танай хаяг дээр байгааг мэднэ. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байгаа бол зөрүүтэй мэдээллийн ард байрлах товчийг дарж, хүсэлтээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, иргэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай.

No description available.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Гансүх: Гангаас 200 дахин бат бөх, зэсээс 60 хувь илүү цахилгаан дамжуулах графен үйлдвэрлээд экспортлох боломж Монголд бий DNN.mn

Гангаас хэд дахин бат бөх материал гарган авсан монгол эрдэмтэн, БНСУ-ын Улсаны их сургуулийн химийн ухааны доктор Э.Гансүхтэй ярилцлаа.


Юуны өмнө та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? 

Намайг Эрдэнэдэлгэрийн Гансүх гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын III 10-н жилийн төгсөгч, химийн багш ээж Баярчимэгийн шавь, 2006–2010 онд Монгол Улсын Их сургуулийн химийн факультетэд суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн. 2011-2016 оны хооронд БНСУ-ын Улсаны их сургуульд 27 насандаа химийн ухааны докторын зэргээ хамгаалж уг сургуульдаа постдоктор буюу докторын дараах судлаачаар ажиллаж байгаад ирсэн Монгол Улсын хими, хими технологийн мэргэшсэн инженер, судлаач хүн байна аа.

-Гангаас хэд дахин илүү бат бөх материалын талаар эхлээд тодруулаач. Яг ямар материал вэ. Яаж гаргаж авсан юм бэ?

-Энэ материалыг анх 2006 онд Манчестрийн их сургуулийн Андрей Гейм, Констатин Новоселов хэмээх хоёр эрдэмтэн нээж, улмаар энэхүү бүтээлээрээ 2010 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг.

-Яг ямар нэртэй материал юм бэ?

-Графене гэдэг нэртэй. Энэхүү материал нь нано бүтэцтэй дэлхий дээрх хамгийн нимгэн буюу ганцхан атомын зузаантай маш бат бөх, дамжуулагч материал юм. Одоогоор дэлхийд хамгийн бат бөх, хамгийн сайн дамжуулагч материал гэж тооцогддог. Энэхүү материалыг бал чулуунаас гарган авдаг. XXI зууны технологийн хувьсал хэмээгдэж байна. Тодорхой хэлбэл, ганцхан нүүрстөрөгчийн зузаан атомтай, уян харимхай шинж чанартай атлаа гангаас 200 дахин бат бөх, зэсээс зэсээс 60 хувь илүү цахилгаан дамжуулах чадвар тай, хөнгөн цагаанаас тав дахин дулаан дамжуулах чадвартай нано материал гэж ойлгож болно.

-Таны хувьд энэхүү материалын ямар чиглэлд нь докторын зэргээ хамгаалсан юм бэ?

-Графенийг гаргаж авах, ашиглах чиглэлээр доктороо хамгаалсан. Өөрөөр хэлбэл, уг материалыг юунаас гаргаж авах вэ, яаж юунд ашиглах уу гэдгийг судалсан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр графенийг бал чулуунаас өөр түүхий эдээс гаргаж авах боломжгүй гэж саяхныг хүртэл үзэж байсан. Гэхдээ энэ бол туршилтын хувьд шүү. Харин онолын хувьд нүүрстөрөгч агуулсан материалаас графенийг гаргаж авах боломжтой гэдгийг хэдийнэ хэлчихсэн байсан. Харин туршилтаар боломжгүй гэдэг ойлголттой байсныг миний хувьд судлаач уг материалыг бал чулуунаас гарган авах туршилтыг амжилттай хийж чадсан. Ингэхдээ их хэмжээгээр гаргаж авах боломжтойг туршилтаар баталгаажуулсан гэсэн үг. Түүнчлэн бусад нүүрстөрөгч агуулсан материалаас гаргаж авах судалгааг мөн хийж байгаа.

-Яг ямар аргаар энэхүү материалыг гаргаж авсан юм бэ. Таны арга юу байв?

-Миний хувьд дулааны арга ашиглан графенийг бал чулуунаас гаргаж авсан. Ийм аргаар графенийг гаргаж авахаар яах вэ гэхээр маш их хэмжээгээр буюу масс хэмжээр гаргаж авах боломжтой болдог.

-Тэгвэл нүүрстөрөгч агуулсан материалаас яаж энэхүү ховор материалыг гарган авч байгаа юм бэ?

-Нүүрстөрөгч агуулсан материал гэхээр мэдээж нүүрс байна. Мөн дугуй, кофе гэх мэт зөвхөн бал чулуунаас бус ийм олон түүхий эдээс гарган авах боломжтой болсон. Яг энэ төрлийн судалгааны ажлуудыг миний хувьд хийж байна. -Графенээ гаргаад авчихлаа гэж бодъё. Энэхүү материал нь өөрөө гангаас 200 дахин илүү бат бөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр яаж, ямар байдлаар бүтээгдэхүүн болгох вэ. Жишээ нь, юунд ашиглаж болох юм бэ?- Тэгэхээр хамгийн энгийнээр ойлгоход, алхаар цохиод цөм цоолчихдог материал байлаа гэж бодъё. Тэгвэл тэрхүү материалд энэ графенийг холиод гаргачихвал алхаар байтугай лантуугаар цохиодч  цөмрөх нь битгий хэл зураас ч үүсэхгүй тийм бат бөх болно гэсэн үг. Уг боломжийг графений өөрийн үндсэн шинж болон графенд агуулагдаж байгаа органик бүлгүүд олгож байгаа юм.

-Тэгэхээр яг ямар бүтээгдэхүүнд энэхүү материалыг ашиглах боломжтой юм бэ?

-Хүнснээс бусад бүхий л бүтээгдэхүүн материал, хүнд болон хөнгөн бүх төрлийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Учир нь энэхүү материал нь нано хэмжээстэй материал байгаа. Жишээлбэл, бидний өдөр тутам хэрэглэдэг ухаалаг утасны дэлгэцийг уян хатан болгож мэдрэгчтэй дэлгэцийг нь энэхүү бүтээгдэхүүнээр хийж болно. Тэгвэл дэлгэц нь хагарахгүй болно гэсэн үг. Автомашинуудын хуванцар гуферт ч холиод хийж болно.

Тэгвэл ямар нэгэн байдлаар бусад зүйлийг мөргөсөн ч тэрхүү автомашины гуфер хагарахгүй, эвдрэхгүй байх боломжтой. Хуванцар, төмөр, шил гээд бүх төрлийн материалд энэхүү графенийг холиод тухайн бүтээгдэхүүний бат бөх шинж чанарыг эрс нэмэгдүүлж болно гэсэн үг. Энэ бол гангаас 200 дахин бат бөх гэдэг шинж чанар дээрээ үндэслэгдээд хийгдэж байгаа зүйл. Нөгөөтэйгүүр графен нь бат бөх шинж чанараас гадна цахилгаан, дулаан дамжуулахдаа илүү. Өөр нэг жишээ хэлэхэд, хуванцар бүтээгдэхүүн цахилгаан дамжуулдаггүй гэдгийг бид мэднэ. Тэгвэл энэхүү графентэй хуванцар цахилгаан дамжуулах боломжтой болно.

-Өөр томоохон ямар зүйлд ашиглагдаж болох вэ?

-Био анагаахын салбарт өргөн ашиглагдах боломжтой. Тухайлбал, хугарсан яс холболтын суулгацыг графенээр хийвэл хэмжээ нь багасна. Нэмээд бат бөх, хүний хөдөлгөөнд ямар ч төвөг учруулахгүй гэсэн үг. Гэх мэт аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэгддэг юм бүхэнд ашиглаж болно. Түүнчлэн миний нэг судалгааны ажилд батерейний дараагийн үе болох суперкафазиторт амжилттайгаар ашиглаж чадсан. Бидний өнөөдөр х эрэглэгддэг дахин цэнэглэдэг батерей хамгийн хурдандаа 30 минут цэнэглэдэг бол графен ашиглаж хийсэн суперкафазитор буюу батерей маань 10 секундэд бүрэн цэнэг аваад энгийн батерейнээс 5 дахин удаан хугацаанд цэнэгээ алддаг.

-Мэдээж гангаас илүү бат бөх, зэсээс илүү цахилгаан дамжуулах бүтээгдэхүүн гэхээр өртөг нь өндөр байж таарна. Дэлхийн зах зээл дээр нэг грамм графен хэд орчим үнэтэй байдаг юм бэ?

-Өртгийн хувьд маш өндөр байсан. Байсан гэдэг маань одоо бидний гарган авч байгаа арга нь масс буюу их хэмжээгээр гарган авах боломжтой арга учир өртөг өндөр байсан гэж өнгөрсөн цаг дээр ярьж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг грамм графен ойролцоогоор 1100-1300 ам.долларын үнэтэй байгаа.

-Тэгвэл энэхүү материалыг дулааны аргаар их хэмжээгээр гарган авах тэрхүү технологийг судалсан хүний хувьд Монгол Улсдаа уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд экспортлох боломж бий юү?

-Монголд юун түрүүнд үйлдвэрлэлийн аргаар гарган авах боломж бүрэн бий. Миний хувьд энэхүү материалыг дулааны аргаар гаргаж байгаа. Одоо ойролцоогоор 500 орчим граммыг гаргачихсан байна. Графенийг гаргаж авахын тулд шаардлагатай химийн бодисууд хэрэгтэй. Тухайлбал, 98 хувийн өндөр концентрацитай азотын хүчил хэрэгтэй байдаг. Гэтэл манай улсад энэ төрлийн химийн бодис ашиглах шаардлага байдаггүй учир тийм элбэг биш. Гэхдээ бидний хувьд энэхүү бодисыг өөрсдөө синтезлэн графен гарган авах ажлаа амжилттай дуусгаж чадсан. Тиймээс дулааны аргаар Монголд графен гаргаж чадсан.

-Монголын хувьд гангийн үйлдвэрээ барьж чадаагүй байхад графен гэх гангаас хэд дахин илүү бат бөх материалыг үйлдвэрлээд гаргах нь мөрөөдөл үү?

-Мөрөөдөл биш, бид гаргаад авчихсан байна шүү дээ. Энэ бол маш ойрхон асуудал. Яг үнэндээ графен гаргах нь хэдийгээр өндөр болоод нано технологийн асуудал боловч тийм айхавтар хүнд үйлдвэрлэлийн асуудал огт биш. Энэ бол хөнгөн үйлдвэрийн салбарт л багтана. Бүр нарийн яривал 40-60 мк талбайд л графен гаргах үйлдвэрийг байгуулчихаж болно. Хамгийн чухал нь графен гаргах хэрэгцээтэй химийн бодисууд л чухал байгаа юм.

-Тэгвэл уг материалыг үйлдвэрлээд дэлхийн зах зээлд нийлүүлье гэдэг төсөл санаачлаад холбогдох хүмүүст нь танилцуулж байсан уу?

– Энэ чиглэлд л яг одоо ажиллаж байна. БНСУ-д докторын зэргээ хамгаалчихаад 2017 онд ирсэн. Тэр цагаас хойш Монголд графен хийх гэж оролдсон. Мэдээж графен хийхийн тулд тусгай тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Өндөр температур гаргадаг кварцан хоолойтой зуухаас авахуулаад боловсруулсан бал чулуу хайж олох гэх мэт бэлдэх зүйл их байдаг. Ингээд ийм төсөл хэрэгжүүлээд явъя гэхээр бизнесийн байгууллагууд сонирхохгүй биш сонирхоно. Учир нь нэг грамм графен 1250 ам.доллар болохоор. Гэтэл үнэхээр үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэх боломжтой юу гэдэг дээр эргэлздэг. Тиймээс төрийн болон хувийн байгууллагууд эхлээгүй ажил дээр хөрөнгө оруулалт оруулах нь эрсдэл өндөртэй гэж үздэг юм билээ. Гэхдээ миний энэхүү төслийг дэмждэг компаниуд бий. Тухайлбал, TTRC компани байна. Бид хамтдаа графен гаргаж чадсан. Одоо гаргаж ирсэн материал дээрээ тал бүрийн судалгаа хийж байна.

-Ямар судалгаа хийгдэж байгаа вэ?

-Графенээ гаргаад ирлээ. Одоо энэхүү материалаа яг ямар бүтээгдэхүүн дээр ашиглавал илүү ач холбогдолтой вэ гэдгээ судалж байгаа. Бидний хувьд хамгаалалтын бүтээгдэхүүн дээр энэхүү материалаа ашиглах боломжтой гэж харж байгаа. Тухайлбал, сум нэвтэрдэггүй хантааз гэж бид ярьдаг шүү дээ. Уг хантаазны гадна талд маш бат бөх даавуу байдаг. Тэр даавууг нь кевлар гэх материалаар хийдэг. Тэгвэл түүнтэй нь гаргаж авсан графенээ холиод даавуу болгоё. Тэгвэл яах вэ. Мэдээж өмнөхөөсөө хэд дахин илүү бат бөх чанартай болно. Хутгаар зүсээд урагдахгүй. Бүр цоорохгүй бат бөх даавуу болно. Өөрөөр хэлбэл, графен орсон даавуу гэдэг бол бидний даавуун хувцастай адилхан материалтай байна. Гэхдээ чанарын хувьд тэс өөр гэсэн үг. Мөн графен ашиглах болон шинэ материалын судалгаанд хамтран ажиллахыг хүссэн хувь хүн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.