Categories
мэдээ цаг-үе

Хаягдал батарей хууль нэхэж байна

Хаягдал батарейг хадгалах стандартгүйгээс засварын төвдөө ингэж хадгалж байна

Одоогоос 40 гаруй жилийн өмнө ЕРА институтээс автомашинд хар тугалга агуулсан шатахуун хийхийг хориглож байжээ. Үүний дүнд дэлхийн хотуудын агаарын бохирдол 98 хувь буурсан үзүүлэлт гарсан байна. Ингээд 1990 оноос хойш төрсөн хүүхдэд агуулагдах хар тугалга хэвийн хэмжээнд хүрч гэмт хэргийн гаралт онцгой буурснаар эрдэмтэд “Энэ элемент хүний эд эрхтэнг гэмтээхээс гадна сэтгэцэд нөлөөлж хэрцгий болгодог”-ийг нээж олсон байдаг. Ийнхүү дэлхий нийт нэг удаа хар тугалганы аюулаас ангижирч байж. Харин сүүлийн үед автомашин хувь хүний хэрэглээ болж зөөврийн цахилгаан хэрэгсэл өдөр тутмын амьдралд ноёлох болсноор дэлхийн хэмжээнд хязгааргүй их хаягдал аккумулятор, батарей бий болж хүн, байгальд хор учруулах болжээ. Тэр дундаа эко гэсэн тодорхойлолттой нэг гибрид машинаас ойролцоогоор 40 орчим хаягдал батарей гарч байгаа нь хачирхалтай. Энэ нь хар тугалганы аюул дахин хаалга тогшиж эхэлсэн гэсэн үг. Монгол Улс үүнээс ангид үлдээгүй. Тэр дундаа нийслэл хот хаягдал батарейн хор хөнөөлд бүрэн автсан уу гэдэг асуултад гудамжаар нэг хөлхөх приус машин бэлхнээ хариулт болох биз. Приус гэлтгүй Монгол Улсад буй 700 гаруй мянган автомашин ойролцоогоор гурван жилд нэг хаягдал аккумулятор гаргадаг. нарантуул захын арын Мангасын амнаас эхлээд хоёрдогч түүхий эдийн цэг, автомашины засвар үйлчилгээ гээд алхам тутамд аккумуляторын хүхрийн хүчил, шүлтийн шингэн горхи шиг урсдаг. Энд хар тугалга, хүхрийн хүчил, шүлт болоод хийцээс хамаарч сурьма, кадми, хүнцэл, мышак зэрэг 10 гаруй хүн, байгальд хортой химийн элемент агуулагдаж байдаг ажээ. Энэ нь дахиад л дэлхийн долоон тэрбум хүн эрүүл мэндийн асуудалд орж, сэтгэцийн өвчинд нэрвэгдэж эхэлсэн гэсэн үг гэдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулаад эхэлсэн.

Тиймээс дэлхий нийт энэ аюулаас хэрхэн сэргийлж байна, нийслэл хотод нөхцөл байдал ямар байгааг мэдэхийг зорилоо. Дарь-Эхийн уулзвараар эргээд приус засварын газрууд ёстой эгнэж буусан айл шиг ярайж байна. Хамгийн эхний засвараар ороход хашаанд нь 10 гаруй пруис машин батарей солиулах бусад үйлчилгээ авахаар дугаарласан байх. Харин засварын төв дотор хоёр приус 20. Нэг нь батарей солиулах, нөгөө нь батарейн оношилгоо хийлгэж байлаа. Тэндхийн ажилчид хаягдал батарейг худалдаж авдаг систем бий болохыг хамгийн их хүлээж байна. Яагаад гэвэл зориулалтын дагуу хадгалж чаддаггүйн дээр хортой гэдгийг нь мэдэх болсноор хамаагүй ил задгай хаяж чадахгүй болжээ. Ингэж үйлчилгээнийхээ газарт хадгалж эхэлснээр хор хөнөөл өөрсдөд нь заналхийлж эхэлсэн байна. Сүүлийн хоёр сарын дотор тэд приус 20, 30-ын батарей мянга гаруй ширхгийг буюу ойролцоогоор 40 орчим автомашиныхыг бүрэн сольжээ. Мөн приус 10 машины 200 орчим хаягдал үлдсэн байв. Уг нь “Имай Амка” компани ширхгийг нь 200-300 төгрөгөөр худалдаж аваад байсан ч сүүлийн хоёр сар таг сураггүй болсон гэнэ. Ер нь приусны батарей солих үйлчилгээ үзүүлдэг хүмүүст аюулгүйн зааварчилгаа, хадгалах стандарт огт байдаггүйгээс зүгээр л засварын төвийнхөө ханыг дагуулан өрж орхисон байна. Тэр хавийн хэд хэдэн приус засварын төвийн байдал бүгд ижилхэн, нэг иймэрхүү. Хаягдал батарейг эхэн үедээ шил, лааз түүдэг хүмүүс дотроос нь тугалга хайж хагалж, цоолж баахан бужигнуулсан тухай мэдээлэл ч эндээс дуулдлаа. Харин ихэнх элемент нь шингэн хэлбэрээр агуулагддаг учраас элдэв хүчилд хордсоны дээр зарчих олигтой юм олоогүй учир сүүлдээ тоохоо больсон байна. Приус засварынхан бүгдээрээ хаягдал батарей худалдаж авдаг “Имай Амка” компанийнхныг хүлээн өнөөх хортой эдээ үйлчилгээнийхээ талбайд хадгалсаар байна.

Тиймээс “Имай Амка” компанийг хайсаар Цайз захын тэндэх засварын төвд нь очлоо. Тус газрыг ажиллуулдаг Тамирын тайлбарласнаар “Тоёота” компани зөвхөн батарей бус автомашины бүхий л бараанк эд анги хайлш, зэс ороомог, эрэг шургийг эргүүлж авах сонирхолтой байдаг байна. Энэ бүхнийг эргүүлж Япон руу худалдвал хаягдал нөөц Монголд хангалттай бий болвжээ. Гэхдээ Монголоос гадагш гаргах хууль эрх зүйн зохицуулалт ерөөсөө байдаггүй аж. Харин Монголд байгаа хятадуудад автомашины эдгээр бараанк эд ангиудыг амандаа орсон тоогоор буюу үнэгүй шахам худалдаж аван, нутаг руугаа тээвэрлэдэг ажээ. Уг нь япончууд даруй 50-60 хувийн илүү үнэ санал болгодог ч хуулиас болоод яаж ч чаддаггүй тухайгаа ярилаа.

Харин приус машины хаягдал батарейн хувьд тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдан авсаар 40 орчим тонныг япончуудын зааж өгсөн стандартын дагуу хадгалжээ. Харин хадгалах талбайгүй болсон учраас сүүлийн хоёр сар орчмын хугацаанд худалдан авахаа түр зогсоогоод байгаа аж. Хоёр жилийн турш Япон руу гаргахаар хөөцөлдөж байгаа ч мөн л хууль эрх зүй болоод бусад хүчин зүйлээс улбаалан Япон руу ачуулж чадаагүй байна. Жишээ нь Хятад улс энэ хортой ачааг өөрийн нутгаараа дамжин өнгөрүүлэхийг хориглодог аж. Хоёрдугаарт, Орос улс саяхнаас дамжин өнгөрүүлэх боломжийг нээж байгаа ч тээврийн зардал хэт өндөр шаардагдах тул алдагдал хүлээх юм байна. Ямар ч байсан Тамир гэх энэ залуу Монголоос энэ аюултай зүйлийг холдуулах санаан дор Япон түншүүдтэйгээ тохиролцоод хоёр жилийн турш ажиллаж байгаа ч нэг ширхэг батарейг ч хилээр гаргаж чадаагүй байна.

“Имай Амка” компанийн стандартын дагуу хадгалсан батарей

Хаягдал батарей агуулагдаж байгаа хэдхэн газраар ороход л ийм хэмжээний овоолго үүсчээ. Тиймээс батарейн хор хөнөөл, олон улсын практикийг судалж буй ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн, тээврийн салбарын эрхлэгч Ц.Цэвэгжавтай энэ асуудлын хүрээнд ярилцлаа.


-Хаягдал батарейн хор хөнөөлийн тухай хүн бүхэн ярьж байгаа ч хэн ч тоохгүй байна. Танай сургуулийн багш нарын багийн хийсэн судалгааны дүн яаж гарав?

-Одоогийн байдлаар Монголд 700 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд бүгд аккумулятортой. Үүний зэрэгцээ малчин өрх бүр нарны зайн хураагуур, аккумулятор ашиглаж байна. Дээр нь зөөврийн цахилгаан хэрэгслүүд болон хүүхдийн электрон тоглоомоос эхлээд орчин үеийн бүх зүйл батарей шаардах болсон. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь уламжлалт тээврийн хэрэгслийн хүхэр хүчлийн хар тугалганы батарей байна. Үүний зэрэгцээ шүлтийн аккумуляторын батарей гэж байдаг. Дараагийн зүйл нь сүүлийн үед ихээр нэвтэрч байгаа гибрид автомашинд металл, устөрөгчийн батарей хэрэглэгдэж байна.

-Хаягдлын хор хөнөөл нь тэгээд ямар түвшинд хүрсэн байна. Жишээ нь нийслэл хотод?

-Монголчууд бид хор хөнөөлийг судлаад аюултай, аюулгүйн зэрэглэлийг үнэндээ тогтоож чадахгүй. Тиймээс олон улсын практик туршлагатай танилцана. Дээр нь физик техникийн хүрээлэн, Цэвэр агаар сан болон олон улсын байгууллагуудын судалгааны дүнг үндэслэдэг. Батарейн дотроос миний сэтгэлийг зовоож байгаа нь хар тугалганых. Дээр нь NiCd гэсэн бичигтэй зөөврийн цахилгаан хэрэгслийн болоод хуруу, товчин батарей. Ямар ч батарейн дээр ил, задгай хаяж болохгүй гэсэн байдаг. Эх нялхаст товчин батарей залгисан хүүхэд маш их ирдэг. Жижиг батарей дуран, эход харагддаггүй учраас исэлд орж задраад гамшгийн хэмжээнд хүрдэг. Ялангуяа NiCd гэсэн бичигтэй батарейг дэлхий нийт хэрэглэхээс татгалзсан ч Монголд бол үгүй. Хэдийгээр жижиг ч гэлээ хүн, байгальд маш их хор хохирол учруулах хүчин чадалтай. Жишээ нь гар дриллний зай. Үүнийг монголчууд гудамж талбайд бүү хэл гэр дотроо хамаагүй хаяснаас хүүхдүүд нь авч тоглоод хагалж, цоолоод хөрсийг, агаарыг, хүний биеийг хордуулдаг гэсэн үг.

-Тэгвэл батарейг ядаж аюулгүй хадгалах дэлхийн стандарт ямар байна?

-Аккумулятор битүү байхдаа буюу задарч, эвдрээгүй байх үедээ зүгээр. Үүнийг замбараагүй хаяад эхлэхээр хор хөнөөлтэй болж эхэлнэ. Өнөөдрийн судалж мэдсэнээр металл устөрөгчийн батарей литий ионы батарейнууд нь хор хөнөөл нь арай бага. Гэхдээ зэрэглэлийг нь тогтоож, түвшнээр нь ялгачихсан тохиолдол алга. Тэгэхээр бушуухан энэ төрлийн хуулийг гаргаж, стандартыг тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа.

-Дэлхийн орнууд бүгд нэг ижил хуультай гэж дуулдсан. Яагаад манайхан хуулиа гаргахгүй байгаа юм?

-Манайд ямар ч эрхзүйн акт байхгүй. Гэхдээ одооноос ярьж эхэлсэн. Жишээ нь, Солонгосын хуулиар иргэн хүн шинээр аккумулятор авах юм бол хуучныг нь худалдаачид заавал зөрүүлж авдаг заалттай. Дээр нь тээвэрлэх, хадгалах, борлуулах, дахин боловсруулах гээд бүхий л шат дамжлага нь аюулгүй байдлын стандартаар зохицуулагдсан байдаг. Тэгэхээр тэр хуулийн төлөө хүн бүхэн явж, аюулгүй байдлынхаа төлөө дор бүрнээ хичээх хэрэгтэй гэдгийг дэлхийн орнуудын жишээ харуулдаг. Манайд аюултай, аюулгүйг хэмжих багаж ч байхгүй. Харьцуулж тогтоох томьёолол ч байхгүй. Мэргэжлийн хяналтынхан хар утаа суунаглаагүй л бол бас шүлт, хүхрийн хүчил урсаагүй л бол гайгүй юм байна гэж дүгнэдэг гэсэн үг. Тэгэхээр батарей, аккумуляторыг ил задгай хаяж болохгүй, заавал аюулгүй стандартын дагуу хадгалж зөвшөөрөгдсөн цэгт тушааж байх иргэндээ хандсан хууль батлах ёстой. Хууль хоёрдугаарт батарей, аккумулятор импортлогч, худалдаачдад хандсан байх ёстой. Тэдэнд худалдааны зөвшөөрөл өгөхдөө би тэдэн ширхэг аккумулятор оруулж ирнэ гэсэн байх л юм бол төдий тооны хуучин аккумуляторыг түүнээс хяналт тавигсад нэхдэг байх ёстой. Жижиг зайг ч гэлээ тэгэх ёстой. Ингэж байж хаягдал аккумулятор, батарейн хор уршгаас бага ч болов сэргийлнэ. Тэгээд улсдаа дахин боловсруулж чаддаггүй юм бол үйлдвэрлэгч орнуудад нь буцааж өгдөг эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүргийг төрөөс хийж өгөх шаардлага бий. Үйлдвэрлэгч хариуцлагаа хүлээх үүрэг хүлээдэг.

-Дахин боловсруулна гэдэг нь?

-Аккумулятор, батарейнд орж буй элементүүд бүгд маш ховор. Ер нь литий гэдэг элемент л гэхэд цаашид дэлхийн орнуудын сөргөлдөөний гол асуудал болно гэсэн судалгаа ч бий. Түүний дээр батарейнд агуулагдах элементүүдийн 97 хувь нь дахин сэргээж ашиглах боломжтой. Ер нь “Тоёота” компани хортой хаягдлын өмнө хүлээсэн үүргээ ухамсарласандаа бус энэ ховор элементийг дахин ашиглах гэсэндээ эргүүлэн авах бодлоготой байдаг. Нэмж хэлэхэд батарей гэдэг бол аюултай бараа. Тийм болохоор хоёр хөрш маань өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр дамжин тээвэр хийлгэхгүй. Ингээд хоёр хөрштэйгөө ойлголцож чадахгүй юм бол дотооддоо боловсруулах арга хэмжээ авах ёстой. Бас хамгийн гол зүйл бол стандарт тогтоох.

-Энэ элементүүд байгальд тарвал хэдэн жилийн дараа цэвэрших вэ?

-Хэзээ ч цэвэршихгүй, мөнхөд хүн, байгалийг хордуулсаар л байна. Хамгийн их анхааруулж, хол байхыг зөвлөх батарей бол хар тугалганы болон “NiCd” гэсэн бичигтэй нь. Үүнийг хамаагүй хаяхгүй байх хэрэгтэй. Мөн ийм бичигтэй батарейг хүмүүс хазаж хэрэглэдэг. Энэ хамгийн буруу. Хүн бүр дор бүрнээ анхаарч стандартыг мөрдвөл аюулыг тойрч болдог.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлзүйд жороолж сурахаар орж ирж байгаа хөгшин азаргануудын анхааралд:

Монголын сэтгүүлзүйн салбар гэх том айлын өндөр босгыг 50-60 нас гарсан хойноо буюу саяхнаас л алхан орж буй хэсэг нөхөд байна. Ийнхүү хэзээ хойно сэтгүүлч болон жороолох явдал хэвийн үзэгдэл болсон. Үнэндээ хувийн блог, фэйсбүүк хуудаснаас эхлээд интернэт сайт гэх мэтээр бичих талбар ч ихтэй болсон цаг.

Гэхдээ хүн төрөлхтний аливаа зүйлд суралцахдаа баримталдаг тогтсон, нийтлэг жишиг гэж бий. Жишээ нь их сургуулиуд аливаа нэг мэргэжлийг эзэмшүүлэхийн тулд үүх түүх, гарал үүслийг нь хамгийн эхлээд зааж, сургадаг нь учиртай. Нэн ялангуяа тухайн салбарын түүхэн ололт, нээлтээс эхлээд түүхэн хөгжлийг нь хэр сайн зааж, сургахаас суралцагчийн ямархан эрдэм мэдлэгтэй болж төлөвших, цаашид салбартаа хэр амжилттай өсч, дэвжиж явах вэ гэдэг нь ихээхэн хамаардаг. Харин эхнээсээ суралцаагүй, нас ахисан хойноо сэтгүүлч мэргэжлийг өөрийн хобби болгон орж ирж байгаа нөхөд сэтгүүлзүйн салбарын түүхэн хөгжлийг байтугай А үсгийг ч мэддэггүй гэвэл худлаа биш. Энэ салбарын, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын хөгжлийн төлөө хамаг амьдралаа зориулсан хүмүүсийн юуг, яаж бичиж нийтэлж байсныг ч огт мэдэхгүй байх нь бас л ойлгомжтой.

Гэтэл эхлэн бичигчид энэ тухай бодож тунгаах нь бүү хэл өөрсдөөс нь өмнө сэтгүүлзүйн салбар байгаагүй юм шигээр хэнхэлзэх юм. Энэ мэт дутагдлаас болоод 100 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарыг, эхлэн бичигчид ихэд басамжлах болжээ. Бичсэн зүйлийг нь “өмнө нь хангалттай нийтэлсэн” гэдэг шалтгаанаар зарим редакци хүлээн аваагүй тохиолдолд тэд салбарыг тэр чигт нь гутаах, харлуулах оролдлого хийж байгааг хараад сэтгүүлч мэргэжлийг хобби болгосон нөхдийг шүүмжлэхээс өөр аргагүй. Тэднийг муу, муухай болгож харагдуулах бус бодит байдлыг тайлбарлах нь зүйн хэрэг биз.

Хөгширсөн хойноо сэтгүүлзүйд эхлэн суралцаж, энэ салбарт жороолж буй нөхдийн тод төлөөлөл бол Де Факто хэмээгдэх Д.Жаргалсайхан. Түүнийг 50 нас гартал нь сэтгүүлч бас нийтэлж, бичдэг гэдгийг хүмүүс мэддэггүй байлаа. Тэрээр сүүлийн үед сэтгүүлзүйн салбарын ганц, тод төлөөлөл мэт ёстой л ороо байна. Үүний нэг жишээ нь Де Фактогийн “Монголчууд бид загас болчихоогүй шүү” гэдэг нийтлэл. Үүнийгээ биччихээд бүхий л сонины редакци руу гаргаад өгөөч гээд барьж гүйсэн. Редакциуд түүнийг нь огтхон ч тоосонгүй. Яагаад гэвэл өмнө нь улиг, домог болтол нь биччихсэн асуудал учраас тэр. Гэтэл үүнд шаралхахдаа сошиал орчинд болон зарим телевизээр “Чөлөөт хэвлэл сөнөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хавчин гадуурхаж байна, худалдагдсан редакциуд, худалдагдсан сэтгүүлзүй, хаалтын гэрээ хийсэн байна” гэх мэтээр зүхэж, сэтгүүлзүйн салбар руу чадлынхаа хэрээр шороо цацан харлуулахыг хичээж, үүнийхээ төлөө хэдэн өдөр зууралдана билээ.

Бас Д.Жаргалсайханы энэ гомдлыг сошиал сүлжээнийхэн сүрхий дэвэргэх хандлагатай ажиглагдаж байсан. Фэйсбүүк болоод твиттер хөтлөгсөд Де Фактогийн барьж гүйгээд байгаа материалд дурдагдсан асуудал яаж эхэлсэн, яаж өрнөсөн, юу болсныг мэдэхгүй учраас арга ч үгүй биз. Фэйсбүүк, твиттер байтугай Монгол Улсад интернэт орж ирээгүй байхаас эхлэн сүүлийн 20-иод жил бид энэ тухай тасралтгүй бичиж, нийтэлж байсан юм. Сэтгүүлзүйн салбарынхан түүний энэ зохисгүй үйлдлийг үл тоон, зөнд нь орхиж байна. Яагаад гэвэл шинэ хүн гэдгийг нь мэдрээд, шинээр бичиж эхэлснийг нь харгалзаж үзээд энэ удаа чимээгүй байгаа хэрэг. Хүүхэд нялхдаа хөөрхөн гэгчээр Де Факто эхлэн бичигч учраас тэр.

Ер нь Д.Жаргалсайхан таны агуу зүйл олчихлоо гээд барьж гүйгээд байгааг сэтгүүлзүйн салбарынхан хараад хөх инээд нь хүрч байгаа. Яагаад гэвэл сэтгүүлчид М.Энхболдыг хотын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ардын намын дарга болоход нь ч Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаанбаатар даатгалын тухай бичиж л байсан. Ц.Нямдорж гишүүний “Наад асуудал чинь сонгууль бүрийн өмнө сөхөгддөг юм” гэж Хятадын тагнуул гэдэгт хариулсан шигээр сонгууль бүрийн өмнө энэ тухай сэтгүүлчид бичсээр байгаад улиг болгочихсон сэдэв.

Тэгэхээр энэ бүхэн үнэн хэрэгтээ “Өдрийн сонин” болоод “Өнөөдөр” сонины хувьд улиг болсон зүйл байгаа юм. Энэ сэдвийг олонд нээж, бүр ил дол болтол нь бичсэн хүмүүсийг нэрлэ гэвэл “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн, төрийн шагналт Б.Цэнддоо, нэрт нийтлэлч Баабар, Шаабар, Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан, Ш.Цэрэнпил, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж, Д.Цэдэн-Иш гуай гээд сэтгүүлзүйн салбарын ассууд, акулууд бүгд орно. Тэд “Эхлээд төрийн хөрөнгөний хажууд хувийн багахан хөрөнгө оруулаад дараа нь луйвар орсон” гээд ханатал бичсэн байдаг. Одоо энэ тухай бичнэ гэвэл манай сэтгүүлзүйн салбарт хэтэрхий хуучирчихаад байна. Ийм байхад дахиад эхнээс нь бичиж эхлэх нь хэр зохистой вэ. Бүх зүйл дууссан учраас хэтэрхий утга учиргүй байх нь ойлгомжтой баймаар. Юм бүхэн хөөн хэлэлцэх хугацаатай байдаг гэж ярьдаггүй бил үү. Зоригийн хэрэгт хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд зарим гэрчийг оруулаагүй байдаг.

Шууд хэлбэл, бид дуугардгаа аль хэдийнэ дуугараад, ард түмэнд хэлж мэдээлээд, цөхөрчихөөд байхад “Монголчууд бид загас болчихоогүй шүү” гэж хэний ч мэдээгүйг олоод ирчихсэн юм шиг хэнхэлзэх нь хэр зохистой вэ. Дугуйг нэг л зохион бүтээдэг, шинээр зохиодоггүй гэсэн хэлц үг бий. Сэтгүүлзүйн салбарынхан асуудлаа, ажлаа мэдэж байгаа учраас л “үгүй” гэсэн хариу өгсөн байж таарна. Өнгөрсөн 20-иод жилийн турш энэ л тухай биччихээд дахиад л нөгөөхөө бичээд эхэлбэл юу болох билээ. Ер нь бол сэтгүүлзүйн ассууд, акулуудын бичсэнийг Де Факто давж бичсэн үү гэдэг асуулт тавигдаж болно.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйн бирж малчдынхаа орлогыг боомилж, ченжүүд шатаж, “Эмээлт” зах эл хуль болжээ

Өнгөрсөн бямба гаригт ноолуурын гүйлгээ бага, үнэ хямд байв. “Эмээлт” захад хоёр цаг орчим саатахад лав ноолуураа тушаахаар ирж байгаа малчин, худалдан авч байгаа ченж тааралдсангүй. Ноолуурын улирал эхэлсэн шигээ хөл хөөр, хөдөлгөөн, бужигнаан огт алга. Түүхий эдийн ТҮЦ-үүдийн ихэнх нь цоожтой, худалдааны төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй хэсгийн идэвх сул байна. “Ноолуур хэдээр авах вэ” гэсэн асуултад “65” гэсэн товч хариулт өгнө. Эмээлт захын амьдрал ихээхэн эвгүй байгаа нь эндээс ажиглагдлаа. Уг нь ноолуурын үнэ сулрах тусам малчдын урам хугарч, ченжүүдийн сэтгэл сэргээд ирдэгсэн. Гадаа нь очоод машинаа зогсоогоогүй шахам байхад гүйж гарч ирээд машин тэрэг нэгжээд “Алив хаана байна” гээд ээрч хоргоогоод байдаг үе түүх болсон уу гэлтэй. Ченжүүд ч нэг л гундуухан, Эмээлт зах эл хуль байна.

Учир шалтгааныг лавлалаа. “Тэрх” төвийнхний хариулж байгаагаар гол буруутан нь төр гэнэ. Бүр тодруулбал Хөдөө аж ахуйн бирж бололтой юм. Өнгөрсөн сарын сүүлээр Хөдөө аж ахуйн биржээс аймаг бүрт зохион байгуулсан ноолуурын дуудлага худалдаа үнийг навс унагажээ. Ноолуурын үнэ 105 мянган төгрөгийн ханштай эхэлсэн учраас 90-95 мянган төгрөг орчимд тогтоно гэж тооцоолж. Урьд жилүүдэд ч ноолуурын улирал эхлэхэд 70 мянган төгрөгөөс эхэлж 55 мянган төгрөгийн ханштай хаагддаг байсан учраас тооцоо зөрөхгүй гэж бат итгэж. Гэтэл Хөдөө аж ахуйн биржийнхэн өнгөрсөн сарын сүүлээр дуудлага худалдаа аймаг бүрт зохион байгуулж эхэлсэн нь нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлжээ. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Их уул суманд дуудлага худалдаа болохын өмнөх өдөр килограмм ноолуур 90-95 мянган төгрөгийн үнэтэй байж. Гэтэл дуудлага худалдаанд оролцсон дотоодын аж ахуйн нэгжүүд 80 мянган төгрөгөөр худалдан авсан нь асуудлын эхлэлийг тавьжээ. Дуудлага худалдаа болсон аймгуудад дэс дараалан ийм нөхцөл байдал үргэлжилсэн байна. Ингээд ноолуурын үнэ 80 мянган төгрөгөөс дээш гардаггүй юм аа гэхэд буухгүй байх гэтэл бас л “Хөдөө аж ахуйн биржээр дамжаагүй ноолуур хилээр гаргахгүй, хот руу ч оруулахгүй гэнэ” гэсэн шуум тарж асуудал дээр асуудал үүсгэсэн бололтой. Үүнийг сонссон хятадууд үнээ огцом буулгаж 70 мянган төгрөг орчимд тогтоосон байна.

Ийнхүү “90 мянган төгрөгөөс доош буухгүй” гэсэн тооцоотойгоор хамаг мөнгөө гаргачихсан, авсан ноолуураа дамлан арилжиж, хөрөнгөө бас ашгаа олж амжаагүй ченжүүд ихээхэн хүнд байдалд орж “том шатжээ”. Зарим нь өнөөдөр ч өндөр үнээр авсан ноолуураа эргэлтэд оруулж чадаагүй байгаа болохоор хэдий хэр хөрөнгөөр хохирох нь тодорхойгүй байгаа бололтой. Бүр “Шатах энүүхэнд. Багахан мөнгө эргэлдүүлдэг нөхдөөс маань бүрэн дампуурсан нь ч бий байх. Сүүлийн үед ноолуур авдаг чингэлгээ онгойлгохгүй хүмүүс нэлээн хэд ажиглагдаж байгаа” гэж ярих нь ч байв.

Энэ шалтгааны улмаас “Эмээлт” захынхан гурав хоног ноолуур аваагүй бөгөөд хэсэг хугацаанд байдлыг ажигласан тухай мэдээлэл ч сонстлоо. Гэхдээ л ченжүүд ноолуурын улирал хаагдтал ашиг олж, алдагдлаа бууруулахын тулд банк санхүү болоод бусад эх үүсвэрээс зээл аван арилжаа хийсээр байгаа юм байна. Саяынх шиг төр хөндлөнгөөс оролцож үнийг улам сулруулж, гэнэтийн дайрлага дайрчихгүй л бол ченжүүд шархаа нөхөж амждаггүй юм аа гэхэд алдагдлаа багахан ч болов бууруулах зорилготой байгаа аж.

Асуудал үүгээр дуусаагүй. Ченжүүд бүх хөрөнгөө үнэтэй ноолууранд түгжсэн. Тэгээд хүмүүсээс зээл авч алдагдлаа бууруулах гэтэл гүйлгээ хумигдаж эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө ноолуур 100 мянган төгрөгөөс дээш гарч байсан учраас малчид 65 мянгаар өгөхийг хүсэхгүй байгаа сурагтай. Хөдөө орон нутгийн сүлжээ ченжүүд нь ч малчид ноолуураа дарж эхэлсэн гэх мэдээллийг өгч байгаа юм байна. Шууд хэлбэл, ноолуурын эргэлт багасч, малчдын, ченжүүдийн, цаашлаад Монгол Улсын олох орлого багасч эрч суларчээ. Тиймдээ ч “Эмээлт” зах эзэнгүй шахам байгаа нь ийм учиртай аж.

Түүхий эдийн ченж Ч.Сайханаас “Ноолуур хэдээр авч байна даа” хэмээн асуухад “Ноолуурыг чинь үзэж байж л болно доо. Тоосролт ихтэй бол 65 мянган төгрөг. Тоос, шороогүй бол 70 орчим мянгад хүрэх байх” гэсэн хариултыг өглөө. “Цаашид үнэ яах бол. Ноолуурын үнэ яагаад буураад байна вэ” гэсэн асуултад “Ер нь хятадууд хэд гэж дуугарна ноолуурын ханш тэгж л тогтдог. Нэг килограмм ноолуур 10 мянган төгрөг гэвэл үнийг яаж ч өсгөх гэж оролдоод нэмэргүй. Харин өнөө жил 100 мянган төгрөгт хүрсэн нь үнэн. Ноолуурын эрэлт нэмэгдэхээр ханш буурах нь буурдаг. Гэхдээ ингэж огцом буурдаггүй. Энэ жилийн ноолуурын ханш буурсан асуудалд яалт ч үгүй төр, Хөдөө аж ахуйн бирж буруутай. Зүв зүгээр байхад нь хөндлөнгөөс давхиж ороод нэг өдрийн дотор 20 мянган төгрөгөөр буулгачихаж байгаа юм. Маргааш нь элдэв шуум тараад дахиад 10 мянган төгрөг хасагдсан. Цаашид яахыг ёстой тэнгэр л мэдэх байх. Энэ зөрүүнээс болж бүх ченж хохирсон. Ахиад нэг л хүчин зүйл нөлөөлөх юм бол ноолуурын үнэ улам унана. Гуч, дөчин мянган төгрөгт ч хүрэхийг үгүйсгэх аргагүй ийм эмзэг байдаг юм. Манай төрийн бодлого, хятадуудын ааш зан хоёр ерөнхийдөө тодорхойлоод байдаг. Хөдөө аж ахуйн бирж биднийг ад үзээд манайх л дуудлага худалдаа хийж үнэ ханшийг өндөр болгодог гээд байсан, хаана байна. Бид дэлхийн зах зээлд ноолуураа өрсөлдүүлж, жишээ нь Европт өндөр үнээр гаргах орчин бүрдээгүй тохиолдолд бидний гараар дамжиж Хятад руу гаргахаас өөр аргагүй шүү дээ. Төр хамгийн муу менежер гэдэг хэрнээ бүх зүйлд оролцож муу зүйлээ улам муу болгоод байх юм. Чаддаг чаддаг зүйлээ хийгээд явж байвал хэн хэндээ сайн баймаар юм” хэмээж байлаа.

“Эмээлт” зах, ноолуурын улирлын нөхцөл байдал ингэж эргэжээ. “Энэ жил ингээд баларлаа. Дараа жил ул сууртайхан хөдөлнө өө” гэсэн хүмүүс “Эмээлт”-ээр нэг байна. Ер нь хөдөө аж ахуйн бирж хэмээх байгууллага ноолуурын арилжаанд хутгалдан орсон нь малчдын эдийн засагт хохирол учруулж, энэ төрлийн бизнес эрхлэгчдээ ч алдагдалд оруулжээ. Энэ үйлдэл нь ирэх жилийн ноолуурын ханшид ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Жавзан: Ус нөхөгддөг ч дуусашгүй баялаг биш

ШУА-ийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзантай ярилцлаа.


-Монголын ус судлалын салбарын сүүлийн үеийн сонин сайхныг дуулгахгүй юу. Та өөрөө ямар төрлийн судалгаа, бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би усны чанар судлалаар ажилладаг. Бид Монголын бараг бүх томоохон голын усны чанарын судалгааг хийж байсан ба одоо ч судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа. Говийн бүсийн усны чанараар мөн ажиллаж байна даа. Бас цэнгэг усны гол эх үүсвэр болсон Хөвсгөл нуурын өвлийн судалгаанд яваад ирлээ.

-Хамгийн түрүүнд нийслэлчүүдийн ундны усны чанар ба хатуулаг ямар байгааг асуух хэрэгтэй байх?

-Нийслэлчүүдийн ус хангамжийн эх үүсвэр нь Туул голын аллювийн хурдаст гаргасан олон цооногуудын ус юм л даа. Энэ ус бол маш сайн чанартай. Гэхдээ ус дамжуулах шугам хоолойн насжилттай холбоотой хэрэглэгчдэд очихдоо зарим тохиолдолд зэв зэрэг механик хольц илэрч байгаа нь нууц биш. Бид крантаа онгойлгохгүй олон хоносны дараа нээхэд зэв гардаг нь ийм учиртай. Шугам хоолойг солих замаар механик хольц, зэвийг арилгах, усыг халдваргүйжүүлэх ариутгах талаар гадны дэвшилтэт технологийг судлах ажил хийгдэж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хатуулагтай усны судал нэлээдгүй тааралддаг. Гэр хороололд хүмүүс хувиараа худаг гарган ундны усны хэрэглээгээ хангаж байна. Ингэхдээ хатуулаг ихтэй, шүүж хэрэглэх шаардлагатай усыг ундандаа шууд хэрэглэх явдал их. Тиймээс төвлөрсөн шугамд холбох асуудал эн тэргүүнд байх ёстой. Энэ ажил нэлээд эрчимтэй хийгдэж байгаа юм билээ.

-Тэгвэл Монгол орны усны чанарын асуудал бүхэлдээ ямар түвшинд байна. Гадаргын болон гүний усны горим хэр өөрчлөлттэй байгаа юм бол?

-Манай орны Хангайн бүсийн усны чанар сайн, цэнгэг зөөлөн ус зонхилно. Харин Говийн бүсэд хатуулаг ихтэй уст цэгүүд олон бий. Зөөлрүүлж хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Шууд хэлбэл усны чанар байгалийн бүс бүслүүрээсээ хамаараад харилцан адилгүй. Нэг газар нутагт ч усны чанар өөр, өөр байх нь бий. Гадаргын ус нь ихэнхдээ өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог онцлогтой учир цэнгэг, зөөлөн байдаг. Түүнээс гадна манай орны голууд байгалийнхаа үндсэн голдрилоор урсаж байдаг учир усан орчны амьдрал унаган төрхөөрөө байгаа. Харин газар доорх усны хувьд хүн амын ус хангамжийн гол эх үүсвэр болдог онцлогтой. Чанарын хувьд ялангуяа говь хээрийн бүсэд тэр бүр ундны усны шаардлага хангахгүй, эрдэсжилт, хатуулагтай, зарим бичил элементүүдийн агууламж өндөртэй байдаг. Энэ үүднээсээ говийн бүсэд усны чанар ихээхэн асуудал дагуулдаг. Говьд бүрэлдэн бий болсон усны тэжээгдэл янз бүр. Ихэнхдээ тэжээгдэл муутай, насжилт өндөртэй ус байдаг нь нэгэнт тогтоогдож эхлээд байна. Бид энэ чиглэлийн изотопын судалгааг үргэлжлүүлэн хийж усыг ашиглаж болох экологийн боломжит хязгаарыг тогтоохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд энэ районд арай ядан бүрэлдэн бий болсон усыг уул уурхайд ашиглах нь хэр зохистой вэ гэсэн асуултын хариултыг бодитоор гаргах боломжтой болно.

-Насжилт өндөртэй гэдэг нь унданд ашиглаж болохгүй гэсэн үг үү?

-Газрын давхаргын завсар, ус үл нэвтрүүлэх үеийн дунд үүсэн хуримтлагдсан ус олон мянган жилийн насжилттай байдаг юм байна. Харин газрын гадаргын усны нас жил, сараар яригдана. Мөн гүний ус нөхөгдөхдөө маш удаан бол гадаргын усны эргэлт хурдан. Үүний зэрэгцээ гадаргын ус ширгэж дундрах улмаар алга болдог бол гүний ус ямар байсан тэр хэвээрээ дахин хэдэн мянган жил ч хадгалагдах боломжтой. Тэгэхээр ямар ч тохиолдолд гүний усаа хамгаалж, гадагш урсан гарч буй усыг түлхүү ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй.

-Ус бохирдлоо, булингартлаа гэсэн мэдээллүүд их бий. Монгол орны аль хэсгийн ус юунаас болж бохирдоод байна вэ?

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас ус булингартан бохирдож унаган төрх, шинж чанараа алдан, усан орчны экосистемд зарим өөрчлөлт орох хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Туул гол Заамарын районоос доош, Орхон гол эхэн хэсэгтээ тунгалаг чанараа алдаж, усны амьтад загас жараахай хэвийн өсөж үржих нөхцөл алдагдаад байна. Булингар гэдэг бол зөвхөн харагдах байдлаасаа зохимжгүй байдаг юм биш. Түүнд агуулагдах элементүүд усан орчин, усны чанарт сөрөг нөлөөтэй. Энэ нь урсгалынхаа явцад ёроолын хагшааст сууж ингэснээр байнгын бохирдлыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Хангал гол маш их хэмжээгээр бохирдоод байгааг хараад сууж болохгүй. Хөвсгөл нуурын өвлийн судалгааг ч хийгээд ирлээ. Энэ цэвэр усны эх үүсвэрээ бид бохирдуулчихвал хамгийн том асуудал үүснэ. Хөвсгөл нуурын усны чанарын гурван жилийн судалгааны эцэст бохирдуулагч, бохирдуулж болзошгүй эх үүсвэрийг тогтоож, бодит арга хэмжээ авах үндэслэлийг гаргах болно.

-Ер нь Монгол орон нуур, цөөрөм, гол горхио хамгийн сүүлд хэзээ тоолсон бэ?

-Гол горхи, нуур цөөрөм, булаг шанд, худаг уст цэгийн тооллого жил бүр хийгддэг болсон. Ер нь гол горхи ширгэлээ гээд хэт яаран дүгнэж болохгүй. Энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Ширгэсэн гол дараа жил нь урссан байдаг жишээтэй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг дуулгах хэрэгтэй. Усны ундарга багасах болсон нь хүний үйл ажиллагаатай ихэнхдээ холбоотой байгааг судалгаагаар тогтоочихоод байгаа.

-Усгүй боллоо гэж их ярилаа. Гэхдээ ус нөхөгддөг. Хөрсний чийг ч ус үйлдвэрлэж байдаг. Эндээс харахад дэлхийн иргэд усны хомсдолд санаа зоволтгүй юм биш үү?

-Хамгийн их зовох ёстой асуудал чинь ундны усны нөөц. Бид усыг хайрлаж гамнахгүй байгаад асуудал байгаа юм. Усаа мартаад хэт их уул уурхай, хэт их үйлдвэрлэлийг шүтсэнээс цэвэр усны нөөцгүй болж, хэрэглээгээ гаднаас худалдан авч хангадаг жишээ олон бий. Харин усаа зүй зохистой, гамтай, ухамсартай хэрэглэж хэвшвэл цэвэр усны нөөц биднийг хангасаар л байх болно. Хайр гамгүй, хайхрамжгүй үрэлгэн хэрэглэж, бохирдуулаад байвал тун удахгүй цэвэр усны нөөц маань хумигдаж эхэлнэ гэсэн үг. Ус нөхөгддөг ч зөв хэрэглээ байхгүй бол хомсдоно. Бас ус нөхөгддөг ч дуусашгүй баялаг биш. Тиймээс зөв хэрэглээ юу юунаас чухал байгаа юм.

-Усны бага эргэлт гэж бий. Монголын газрын гадаргаас хэдэн мянган метр куб чийг ууршиж ус болдог тухай тоон баримт, судалгааны дүн байдаг болов уу?

-Ийм судалгаа бий. Манай усны салбарынхан олон чиглэлээр судалгаа хийж байгаа. Гэхдээ яг энэ асуудал миний судалгааны ажил биш. Энэ асуудлыг судалдаг хүмүүс нь үүнд хариулт өгсөн нь илүү дээр. Яагаад гэвэл би буруу мэдээлэл өгчихвөл бусдынхаа ажлыг үнэгүйдүүлсэн хэрэг болно.

-Шар усыг авч үлдэх, ашиглах тухайд шинэ санал санаачилга хэр байгаа бол. Дэлхийн жишээ ямар байна?

-Маш их ус гадагшаа урсан гарч байна. Өөрийн оронд бүрэлдэн бий болсон усыг аль болох эндээ ямар нэг хэлбэрээр тодорхой хувийг нь ч болов авч үлдэх нь чухал. Олон улсын жишгээр хуримтлуулж амралт зугаалга гэх мэтээр өөр олон чиглэлээр ашигладаг. Ядаж л хуримтлуулсан ус нь эндээ ууршиж, усны бага эргэлтэд орж орчны экосистемд эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэсгийг нутагтаа үлдээх л ёстой. Уул уурхайн үе эхлэхэд Орхон-Говь, Хэрлэн-Гoвь төслүүд яригдсан ч одоо чимээгүй болчихож. Эдгээр төслүүдийг улс төрөөс ангид авч үзээд олон улсын хууль эрх зүйн хүрээнд хийх боломж бүрэн бий. Хувь хүмүүс ч усан сан, хиймэл нуур хийж загас үржүүлэг бусад хэлбэрээр ашиглаж эхлэх цаг нь болсон.

Categories
мэдээ цаг-үе

Ноолуураа тушааж мөнгөжсөн малчид нийслэлийн худалдааны төвүүдийг хоослох бололтой

Цаг тавиу, ноолуур үнэтэй, малчид бийлэгжүү байна. Төл хүлээн авах ид үеийг гарзгүй давсан малчид ноолуурын мөнгөө өвөрлөн нийслэл хот, зах зээлийн газрыг зорин панз наймаа үсэргэж эхэлсэн сурагтай. Да хүрээ захаас унаагаа юүлж, олон улсын худалдааны төв Нарантуулаас хувцас, хүнсээ базааж, “Малчин” компанийн нэрийн дэлгүүрээс нарны зайн технологийн сүүлийн үеийн загварыг ачаалаад нутаг буцдаг ажээ. Ноос ноолуурын улирлыг дагаад арилжаа наймааны гүйлгээ сайжирдаг учраас наймаачид ч бараа таваараа ахиу базааж, Улаанбаатар хотыг зорих малчдын их цувааг хүлээж суудаг цаг юмсанж. Өчигдөр Да хүрээ болон Нарантуул зах, “Малчин” компанийн бөөний төвүүдээр явахад малчид битүү хөлхөөгүй ч арилжаа наймааны эрчим аль хэдийнэ нэмэгдсэн дүр зурагтай байлаа.

Да хүрээ захад ачааны машин зонхилж, хоёр сая төгрөгөөс дээш үнэтэй хуучин машин худалдаалах гэсэн ченжүүд ойртсон бүхнийг ээрч байна. Шинэ хром жийж, шляпан малгай духдуулсан малчин түлхүүрийнх нь оосорыг хазаж үзэхээс бусдаар шалгаж, наймаагаа хагалах гэсэн ченж горьдлогын харц чулуудан автомашиныхаа аль сайныг магтана. Яг автомашин аваад мөнгө төгрөгөө солилцож байгаа нь цөөн ч авахаар сонирхож яваа хүмүүс олон байлаа. Шинэ машин худалдаалдаг зогсоолын замын эсрэг талд амьжиргаа цагаанаас эхлээд портер, пронтер гээд төрөл бүрийн ачааны тэрэг худалдаалагдаж байна. Малчдын гол унаа амьжиргаа цагаан дөрвөн сая орчим, портер 7-9 сая, нумтай пронтер 11-12 сая төгрөгийн үнэтэй байв. Ачааны тэрэг арай ихээр гүйгддэг улирал ч гэлээ үнэ нь өнгөрсөн хэдэн сараас өсөөгүй байгааг ченжүүд дуулгаж байна. Бас татвар нэмэгдэхээс өмнө унаагаа юүлэхийг малчдад уриалж байна билээ.

Өчигдрийн байдлаар автомашины ченж Бат-Эрдэнэ зогсоолоосоо хоёр амьжиргаа цагаан, нэг портер гаргаад байв. Амьжиргаа цагаануудыг хувийн компани худалдан авч байгаа бол портерыг Дорнод аймгийн малчин худалдаж аваад явжээ. Бат-Эрдэнийн өгүүлж буйгаар хамгийн гүйлгээ сайтай, хамгийн ядаргаатай худалдан авагчтай улирал гэнэ. Ядаргаатай гэдэг нь хөдөөний хүмүүс машин худалдаж авахдаа хурдан морь шинжихээс дор зүйл болдог ажээ. Ер нь малчидтай наймаа хийнэ гэдэг нэлээд бэрх даваа гэнэ. Ченжүүд зогсоолд байгаа машиныхаа дугуй руу өшиглүүлэх хамгийн дургүй. Гэтэл энэ байтугай юм болж наймаа нь хэрүүлээр дуусах тохиолдол ч олонтаа тохиолддог байна. Гэхдээ л “Мөнгөний төлөө өвлийн хүйтэн, хаврын хавсаргыг үл огоорон зогсоо бид хүний ая олохгүй байна гэж юу байх вэ. Толхилцож, тохиролцоод ч болов өгөөд л явуулдаг. Энэ жил арай эрт малчид нийслэлийг зорьж байгаа бололтой. Бас шинэ машин авах хандлагатай байна. Өнгөрсөн жил ноолуурын үнэ хямд байсан учраас хуучин машины зах руу явчихаад байсан бол өнөө жил хандлага арай өөр ажиглагдаж байгаа. Ойрын арав хоногоос энэ зах тэр дундаа хуучин болон ачааны машины зогсоол бараг хоосорно доо” хэмээн Бат-Эрдэнэ өгүүлж байлаа.

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Батсүх

Харин Нарантуул зах орчмын дэлгүүрүүд “Малчны дэлгүүр”, “Малчны төлөө”, малчдад зориулсан цахилгаан барааны “Татах хүч” дэлгүүр гэх мэтээр хаягаа өөрчлөөд эхэлжээ. Дүүрэн шуудай үүрсэн, дүүрэн тор мөрөвчилсөн нөхөд бусадтай мөргөлдөж, шүргэлдээд малчид зах дотор содноос содон. “Сайн явж байна уу” гээд ойртож очвол хамаг бүхнээ хамж хумиад, эргэж харан харсаар хурдан гэгч нь алхсаар алга болж өгнө. Залилагч болоод хулгайчаас болгоомжилж байгаа нь тэр байх. Малчдыг хэн нэгэн өдөж хоргоохгүй бол тааваараа гэгч нь алхаж таарсан бүхнээ сонирхон имэрч, тэмтэрч, малтаж маажиж чанарыг шалгасаар зах хэсэхийг ёстой л үзүүлж байна. Нүдний шил байсан ч зүүж үзэн зохиж байгаа эсэхээ шалгадаг бололтой. Энэ цагт хурдан морины болоод гэрийн эд хэрэглэл, зуны хувцас хамгийн их гүйлгээтэй байдаг ажээ. Малчид ирэх нь ирж гүйлгээ сайжирч байгаа ч оргил үе нь хараахан болоогүй байгаа аж. Наймаачид бараагаа аль болох ихээр татаж оргил үе эхлэхийг тэсэн ядан хүлээж сууна.

Нарантуул зах дээр Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн М.Батсүх ирсэн байхтай таарлаа. Тэрээр хүүхэд, хүүхнүүдийн хөнгөн нимгэн хувцас базаахаар охины хамтаар иржээ. М.Батсүх ноолуураа килограмм тутмыг нь 82 мянга 500 төгрөгөөр өгч өнөө жил орлого нь огцом нэмэгдсэн байна. Зуугаад килограмм ноолуур тушааж багагүй мөнгө өвөртөлснөө ч ярилаа. Тэднийх өнгөрсөн жил шинэ тэрэг авсан учраас унаа унашны асуудалд ойрын гурван жилдээ толгой өвдөхөөргүй болсон аж. Үүний зэрэгцээ хөдөө нутагт татвар нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулна гэсэн мэдээлэл хэдийнэ түгжээ. Тиймээс ч зөвхөн хувцас, хоол хүнсээ баахан базааж аваад буцахаар нийслэлийг зорин ирсэн аж. Эв нь таарвал бас шинэ мотоцикль аваад уначих санаатай гэнэ. Мотоциклийн хувьд Мустанг-5 ховордож, Дайюун зэрэг шинэ загварын мотоциклиуд ихээр иржээ. Сая зургаан зуун мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн үнэтэй байна.

Чин зоригт малчны төлөө уриатай “Малчин” компанийн хувьд мөн л оргил үедээ бэлтгэсээр. Бөөний төвийн салбарт нь бараа сонирхож яваа малчин таарсангүй. Гэхдээ мотоцикль, худгийн помп, нарны толь, аккумулятор зэрэг бүтээгдэхүүнүүдийг савлаж, захиалагчдад нь өгч явуулахаар зэхэж байлаа. Эднийх малчдад зориулан шинээр Сэнкэ-150 мотоцикль болон цэнхэр хөлдөөгч оруулж иржээ. Харин нарны зайн технологи өнгөрсөн оныхоос шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй байгаа юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хаврын ядлага, мөхөл дагуулдаг

Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг. Хаврын улирал гэдэг амьтны аймгийн хувьд шинэ жилийн эхний өдрүүд нь. Шувууд, хоёр нутагтан, хэвлээр явагч, загас, буга гөрөөс, аргаль угалз, янгир гээд энэ хорвоогийн бүхий л амьтад бүл нэмэх үе. Шинэ ногоонд цадаагүй ч аль хэдийнэ амсчихсан байгаа. Нарлаагүй, төллөөгүй, их амар амгаланд умбаагүй амьтан Монголын талд лав байхгүй.

Яг өдийд Монгол орны хамгийн жижиг шувуу Шар түрүүт Элсэг хаа байсан Австралиас 20 мянган километр замыг туулан Буйр нуурт буудаллана. Тэндээ үүрээ засч, өндгөө дарна. Өвөг тогоруу, борцгор хотон, хэдхэн грамм жинтэй уран шувуу хүртэл дэлхийн хамгийн өндөр Гималайн нурууг давж ниссээр эх орондоо ирсэн байгаа. Монголчууд анх XIII зуунд дархалж байсан хун шувуу найман зууны дараа ч нутаг руугаа тэмүүлсэн хэвээрээ. Дэлхийд дэндүү цөөхүүлээ үлдэж улаан номонд орсон цасны хажир, явлаг сар, гангар хун, халбаган хошуут, хурагч бор, хурган тутгалжин, хар өрөвтас ч үржиж төлжихийн тулд Монголын хаварт буудаллаж байгаа болов уу.

Хорвоогийн хамгийн тэнэмэл нохой зээх хүртэл орхигдсон нүхэнд түр саатаж үр төлөө гэж, дэлхийд ховор Монголд л цөөхөн үлдсэн Уссурын Хандгай Нөмрөгийн наад хөндий рүү ирж Цагаан зээрийн сүрэгт холилдон чимэг нэмдэг үе. Ичигсэд аль хэдийнэ хөдөлж зурам зугаалж, тарвага нарлаж, баавгай хоол эрэн доншуучилж яваа. Голын эх загасаар хахаж, ус утгах зайгүй байгаа байх. Усны гүн, эргүүлэгтэй газрын ероолд жилийн ихэнх хугацааг үддэг хилэм загас хүртэл энэ л цагт бусад загасны адилаар гүехэн газарт хүрч түрсээ шахдаг. Нэг ёсондоо Монгол нутагт урин улирал ирж, Монголын амьтны аймгийн нэгэн шинэ мөчлөг эхэлж хөдөө нутагт зэрлэг амьтад хөлхөж байгаа.

Монголчууд эрт дээр үеэсээ зөвхөн хаврын энэ л цаг буюу үржлийнх нь үед ямар ч амьтны амийг таслахыг ихэд цээрлэдэг байсан. Хээрээс ан хайх нь бүү хэл хотноосоо мал нядалдаггүй цээртэй. Хавар өдийд амьтны амь бүрэлгэхгүй тааваар нь байлгадаг нь устаж алга болохоос сэргийлэх хамгийн шилдэг арга. Гэвч өнөөдөр цаг өөр болсон. Амьтай бүхнийг хэзээ ч хамаагүй хядах болж. Жишээлбэл, сүүлийн хэдэн жилийн хаврын хаварт монголчууд яргуй идсэн бор гөрөөсний цусанд шуналаа. Харамсалтай нь эцэнхий бор гөрөөсөнд аяга цуснаас нь өөр ашиглах зүйл огтхон ч байхгүй.

Үс нь гуужиж, арьс нь нимгэрч, мах нь улаан зовлого болсон учраас цусыг нь сороод үлдсэнийг нь хаяад явдаг. Үүний үр дүнд өнчирч хоцорсон янзага мөн хорогдоно. Ингэснээр бор гөрөөсний тоо толгой нь эрс багассан үзүүлэлт бий. Бор гөрөөсний ирээдүй Шарангад цөөврийн тавиланг давтах магадлал тун өндөр болсон нь энэ. Монголчууд малгай өмсөхийн тулд Шарангад цөөвөргүй болсон гашуун түүхтэй улс. Шарангад цөөврийн арьсан малгай нэгэн цагт Монгол орны говь нутагт моод болсон учраас хядлага эхэлж, мөхлөөр дууссан. Үүнтэй ижлээр яргуй идсэн бор гөрөөсний цус хүний биед тустай үгүйг нь мэдэхгүй атлаа сүргээр нь хядаж мөхлийг нь ойртуулж байна.

Хаврын хядлага үүгээр зогсохгүй. Ичээнээсээ гарсан баавгай их тарган, бас нойрмог байдаг гээд нэг чөтгөр нь цуурчихаж. Үүнийг сонссон хүмүүс энэ эгзгийг нь тааруулан баавгай унагаж өөх, соёо, доньд, саврыг нь нөөцөлж, махыг нь зулгаах санаархал бас л газар авчээ. Гэтэл өвөлжин өөхөө шатааж, өлөн зэлмүүн яваа өвс, махаар хооллогч хүрэн баавгай яаж өнөөдөр тарган байх билээ. Эцэж шуугдаад, үс нь гуужиж, арьс нь нимгэрсэн байдаг учраас амины гарз. Зарим орнууд заанаас зөвхөн соёог нь авахын тулд хядаж устгасан шиг Монголын аль ч улиралд хамгийн ихээр хулгайн анд нэрвэгддэг амьтан баавгай байсаар байна. “Ходоод руугаа хор чихдэг болсон учраас органик зүйл л тустай” гэж орчин цагийн монголчууд ойлгоод зэрлэг амьтад руу дайрч байгаа нь энэ. Гэвч зэрлэг амьтад ямар өвчин тээж явааг хэн ч мэдэхгүй. Анх ДОХ гэдэг өвчин сармагчингаас хүнд халдсан гэгддэгийг санаж явахад илүүдэхгүй баймаар.

Одоогийн АНУ, Англи, Орос, Франц, Испани зэрэг орнууд дайн байлдааны болоод их өлсгөлөнд нэрвэгдсэн үедээ дорго хүнсэндээ хэрэглэдэг байж. Бүр махных нь хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг тохиолдол ч байсан байна. Харин манай улсын ангийн махаар өөрийгөө тордохыг хичээгсэд үүнийг буруугаар ойлгосон бололтой. Доргоны мах идвэл сайн гэсэн ганцхан бодлын дор устгал явуулж байна. Жилийн дөрвөн улиралд дорго хайсан “хүн цөөврүүд” мөн ч олон амьтны амь тасалдаг гэсэн. Ядаж хавар агнахаа болих шаардлага байна. Шалтгаан нь дээрх хөгжингүй орнууд хэцүү үедээ доргоны мах идэж байсан болохоос ямар нэгэн эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан тохиолдол байхгүй. Хүний биеийг сайжруулж, хууч өвчинг илааршуулах нь худлаа гэдгийг үүнээс харж болно. Нөгөөтэйгүүр дорго гэх амьтан хамгийн ихээр нян бактери тээгч хулгана, зурам зэрэг нэг нүхэнд сүрэглэж амьдардаг мэрэгчдийг барьж идэх нь сэжиг төрмөөр зүйл.

Хотон шувууны хувь тавилан мөн л мөхлийн ирмэгт байгаа. Их нууруудын хотгорт цөөн тоогоор ирдэг хотон шувууг Монголын моринд хорхойтой баячууд бараг устгасан. Наадмаас өмнө дөмөг хусууртай болохын тулд дөнгөж ирсэн хотон шувууг буудан хороож хошууг нь тас цавчин авч байна. Ингээд үүрэндээ үлдсэн өндөг нь хагарч амжилгүй хатаж хорчийн, хагарч бяцарсаар устаж байгаа юм. 2009 онд 40 гаруйхан хотон Их нууруудын хотгорт ирснийг судлаачид хэлж байсан. Түүнээс хойш олширч байгаа сайн мэдээ лав дуулдаагүй. Хятадуудаас улбаатай “хунгийн мах хамгийн тэжээллэг хүнс” гэсэн ойлголт байдаг. Үүнийг сонссон хүмүүс мөн л хун шувуун дээр бууныхаа овоо харааг тааруулах болсныг амьтан хамгаалагчид мэдээлэх болсон. Ятууны мах ядаргаанд сайн гэсэн үг бас бий. Энэ үг тухайн шувууг зүйл, аймгаар нь устгах сэдэл нь. Хойлгийн мах зүрхэнд сайн гэдэг. Хавар шувуу элбэг үед их хэмжээгээр агнан борцолж хатаах болсон гэж байгаа. Ийнхүү ашиг олох, арилжаа наймааны сэдлийн дор хаврын улиралд олон тооны шувууд өндгөө ч гаргаж амжилгүй хорогдож байна.

Гэвч бидний анхаарах зүйл бас нэг бий. Орон, орон дамжсан, сүрэг, сүрэг шувууд Монголын тэнгэрт л холилдон сүлэлдэж байгаа. Болгоомжлох ёстой зүйл зөвхөн энэ. Шувууны ханиад, халуун орны тахал, бусад шувуунаас хүнд, хүнээс хүнд дамжиж болох бүхий л өвчинг тэд тээж ирдэг. Тэгэхээр насаа уртасгах гэж зэрлэг амьтдын мах зулгааж байгаад энэ хаврыг ч өнгөрөөж чадахгүй болох эрсдэл бий. Үүний зэрэгцээ хавар өдийд нэг амины цаана дахиад хэд хэдэн амь байдаг гэж үзээд үргээж цочоохыг ч цээрлэдэг байсан эцэг өвгөдийнхөө уламжлалыг бид өнөөдөр тасалж байна.

Энэ бүхэн мөн л усны амьтдад хамааралтай байдаг ажээ. Зарим загас устахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд нэн эрсдэлтэй байдаг. Голын эх, гүехэн устай газарт Монголын бүх загас, төрөл хамааралгүй цугларч түрсээ шахаж байгаа болохоор элбэг, их хэмжээгээр нөөцлөх боломжтой үе байж магадгүй. Өгий нуур өөр бусад газарт ч үүнийг далимдуулсан загасчид дэгээгээ шидээд эхэлчихсэн сурагтай байна. Хувингаар хутгаж загас барьдаг үе гэж тодорхойлох нь ч бий. Гэтэл түрсээ шахаж амжаагүй загасыг их хэмжээгээр барьснаар тоо толгой нь цөөрөх улмаар ховордох магадлалтай. Харин хүний эрүүл мэндэд нэн эрсдэлтэй гэдэг нь мөнөөх нүүдэлчин, усны шувуудын тээж ирдэг томуу, тахал мөн л эндээс хүнд халддаг.

Зарах, ашиг хонжоо хайх, эмчилгээнд тустай эд эрхтэнг нь авах, цуглуулгаа арвижуулах зэрэг түмэн шалтгаанаар ангийн улиралд гэлтгүй, хаврын тарчиг цагаар ч зэрлэг амьтдыг хядаж байгаа жишээ үүгээр дуусахгүй. Эрт дээр үеэс монголчууд зарим зэрлэг амьтны эд эрхтэнг эмийн зориулалтаар ашигладаг байсан байх. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ үед боловсруулж, ариутгаагүй элдэв ургамал, ангийн мах хэрэглэж байж шинэ төрлийн өвчин олохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулах болсон.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвтүвшин: Монголын зэс корпораци хууль ёсны өмчөө хамгаалах болно

Монголын зэс корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинтэй ярилцлаа.


-Сонгуулийн өмнөх өдөр ОХУ-ын “Эрдэнэт”-д эзэмшдэг хувьцааг монголчууд авч байгааг мэдсэн ч өнөөдөр асуудал өөрөөр эргэсэн. Одоо бүр бужигнаад эхэллээ?

-Товчхоноор хэлбэл, энэ цаг үед ямар ч компани, хувь хүний өмч баталгаа байхгүй гэдгийг төрийн зүгээс нотолсон үйлдэл боллоо. Бидний хувьд тодорхой хугацаанд, Оросын талтай хүнд хэлцлийг хийсэн. Үүнийгээ сонгуулийн өмнө зарлая, бүхнийг нураая, олон нийтэд буруугаар ойлгогдъё гэсэн зорилго огт байхгүй нь ойлгомжтой. Цаг хугацаа нь тэгж таарсан. Нөгөөтэйгүүр өнгөрсөн зургадугаар сараас хойш болж, өрнөсөн үйл явцыг та бүхэн ажиглавал монголын зэс корпорацийн ярьж байсан зүйл, хийж байсан мэдэгдэл, байр суурь өөрчлөгдөөгүй. Харин монголын зэс корпорацийг буруутгаж, янз бүрээр дайралт хийж байсан хүмүүсийн арга зам, хэлсэн үндэслэл, жишээ бүхэн байнга өөрчлөгдсөөр ирлээ. Өнгөрсөн хугацаанд бид нэг талаас хүч түрсэн, төрийн нэрээр дарамталсан үйлдэлд өртөж байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Төрийн өмчийн хороо нууцаар хуралдаж “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүд нь өөрсдөд олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлж, ажлын бус цагаар, хууль бусаар Улсын бүртгэлийн газарт очиж бүртгэлийг өөрчлөх гэж оролдож эхэлсэн. аливаа зүйлийг ул сууринаас нь бус өнгөц, яаран, хууль бусаар хийж байгаа нь зөвхөн бидэнд бус цаашдаа улс орны ирээдүйд маш сөрөг үр дагавар үүсгэж, жишиг тогтооно.

-Төр шийдвэрээ хэрэгжүүлж байгаа нь энэ юм биш үү?

-Төрийн шийдвэрийг хэн ч гэсэн хүндэтгэнэ, биелүүлэх үүрэгтэй. гэхдээ төрийн нэрээр хууль бус шийдвэр гаргах, түүнийг биелүүлэхийг шаардах эрх хэнд ч байхгүй. Үүнээс гадна олон улсад компанийн засаглалын хэм хэмжээ гэж байдаг. Хувьцаа эзэмшигчид өөрсдийн төлөөний хүмүүсээ томилж ТУЗ-ийг байгуулдаг. ТУЗ нь гүйцэтгэх захирлуудаа сонгож, томилно. Тэр ажлыг хамгийн сайн хийж чадах хүмүүст итгэл хүлээлгэж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт болсон процесс бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг уландаа гишгэсэн үйлдэл болж байгаа юм. Хувьцаа эзэмшигчид өөрсдийн гэсэн эрх үүрэгтэй байдаг. ТУЗ ч ялгаагүй. Тэд зөвхөн компанийн бодлогыг гаргаж асуудлыг шийдэх ёстой. Өдөр тутмын үйл ажиллагааг хийдэг хүмүүс нь гүйцэтгэх удирдлагын баг буюу гүйцэтгэх захирлууд. Одоо хаашаа яваад байна вэ гэхээр дээр дурдсан бүхний хил хязгаар нь алдагдчихлаа. ТУЗ-ийн гишүүд нь гүйцэтгэх захирал руугаа утасдаад энэ хүнийг ажилд ав гэж шахдаг, эсвэл өөрсдөө тодорхой ажлын байрны квотыг хуваагаад авчихсан, түүндээ танил талаа шахдаг ийм л байдал өмнө нь байсан. Одоо буцаад үүн рүүгээ орж байна.

-Их хурал тогтоол гаргахдаа танай компанитай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Зөвшилцөл эхэлсэн үү. Юу яригдаж, ямар санал тавьж байна?

-Тийм зүйл огт болоогүй. Ер нь бүртгэл өөрчлөөд хөрөнгө шилжүүлчих байсан юм бол Засгийн газраас ажлын хэсэг гаргах хэрэг юу байна. Аль эрт ийм зүйл хийж болох л байсан. Харин яагаад өнгөрсөн долоо хоногт хууль зөрчин байж яарч хийв гэдэг л сонин.

-Зарцуулсан хөрөнгийг чинь гаргаж өгөх асуудал яригдсан уу. Танайх ямар санал хэлж байгаа юм?

-”Эрдэнэт”-ийн хэлцэл Монголын зүгээс хийсэн эх оронч үйлдэл байсан. Хэрвээ бид хөндлөнгөөс хараад сууж байсан бол Хятадын аль нэг компани авна. Тэр тохиолдолд Монголын Засгийн газар бидэнтэй харьцаж байгаа шигээ дээрэнгүй байж чадах уу гэдэг асуултыг тавиад үзье. Хариулт нь янз бүрээр гарах байх. Дотоодын компани нь санаачилга гаргаад эрсдэлээ үүрээд, өөрсдөө гадныхантай ойлголцож ажилласны төлөө шийтгэх процесс л үргэлжлээд байна. Ийм л байгаа.

-Тэгвэл танайх цаашид яах вэ?

-Процесс хуулийн дагуу, яриа хэлэлцээрийн зарчмаар явагдах байх гэж найдаж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар холбогдох албан тушаалтнуудын зүгээс ийм сонирхол гаргахгүй байна. Яагаад гэхээр хэт нэг талаасаа хүчирхийлсэн эсвэл албан тушаалаараа далайлгасан ийм л зүйл боллоо. Ийм нөхцөлд яриа хэлэлцээр үргэлжилнэ гэхэд хүндрэлтэй. Сонгуулиас хойш ийм л байлаа.

-Өмчөө хамгаалах уу, өгөөд явуулах уу?

-Нэг зүйлийг онцлоход энэ зөвхөн манай компанийн асуудал биш. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй мянган компанийн өмчийн эрхийн тухай асуудал. Ер нь өмчлөгч хэн байх, хөрөнгө нь юу байх нь чухал биш. Гол нь тэр өмчийн эрх хуулиар хамгаалагдсан байх нь чухал. Өнөөдөр энэ эргэлзээтэй болж эхэллээ.

Бидний хувьд өмчөө хамгаалах талаар шаардла-гатай арга хэмжээнүүдийг хийж байгаа. Хийх ч болно. Тодорхой хуулийн процесстой холбоотой гомдол санал гаргахаа ярих нь зохимжгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Өмчлөгчид нь мэдэгдэхүйгээр хүний хөрөнгийг булааж авч болдогыг өнөөдөр харлаа. Ийм байдлаар асуудлыг шийдэж байгаа төр засгийн арга барилыг харахад өмнө нь хийсэн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт зэрэг зүйл яаж явагдаж байсныг хүмүүс одоо харсан байх. Төрийн хийж байгаа хууль бус үйлдэл нь улам даамжирч, бугширч, туйлдаа хүрч байна.

-Тэгвэл Монголын зэс корпорацийн оролцоо “Эрдэнэт” үйлдвэр дээр одоо ямар хэмжээнд байгаа вэ?

-Хуулийн хүрээнд байх, мэргэжлийн байх гэсэн хоёр зарчмийн хүрээнд бид үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Бидний оролцоо эхнээсээ тодорхой байсан. Багагүй хөрөнгө зарцуулаад хувьцааг нь худалдаад авчихсан учраас зүгээр хараад сууна, шахаачидтай эвлэрээд явна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс эхнээсээ “Эрдэнэт”-д олон улсын стандартаар ажиллах ёстой. Алдагдлаа бууруулах ёстой. Шахаа, наймаа нь зогсох ёстой, Худалдан авалт нь нээлттэй ил тод байх ёстой гэсэн зарчмыг тусгаж олон зүйлийг хийсэн. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн гол ажил энэ. “Эрдэнэт”-ийн ирээдүйн таван зорилт гэдгийг дэвшүүлж үүнийхээ хүрээнд олон улсын түвшинд гологдохооргүй үйлдвэр болгох юмсан гэж эрмэлзэж ирсэн.

-Оросын эзэмшилд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг 28 настай залуу худалдаж авлаа гэдэг мэдээллийг монголчууд сонсоод баярласангүй. Харин гайхсан. Бизнесийн энэ том төсөлд ямар замаар холбогдож, яаж оролцов гэдгийг олон нийт сонирхож байгаа?

-Монгол Улс өнөөдрийн тогтолцоо, хөгжлийн замаа сонгоод 20 гаруй жил болж байна. Тэр нь сайн хөдөлмөрлөвөл, бусдаас илүү хичээх юм бол зорилгодоо хүрнэ, хөрөнгө хуримтлуулж, амжилтад хүрч болно гэдэг боломжийг нээсэн. “Эрдэнэт”-ийг тойрсон асуудалд анхнаас нь оролцсон. Санааг нь ч гаргаж хэлцэл хийж эхэлсэн гэж болно. Урт хугацаанд, нэлээд хүнд хэлцлийг оросуудтай хийсэн. Мөн гадны компаниуд ялангуяа Хятад, Казахстан, ОХУ-ын дотоодын компаниуд хүчтэй өрсөлдөж байхад бид хөндлөнгөөс орсон. Тэгээд амжилттай дуусгасан. Нэг ёсондоо эх оронч хэлцэлд оролцсон гэж болно. Яагаад гэхээр хэрвээ Монголын зэс корпораци энэ хэлцэлд оролцоогүй байсан бол, Монголын зэс корпораци “Эрдэнэт”-ийн Оросын талын хувьцааг худалдаж авахаар хичээгээгүй бол өнөөдөр Монголын үндэсний “Эрдэнэт” үйлдвэр бус Монгол Хятадын эсвэл Монгол Казахстаны “Эрдэнэт үйлдвэр” гэдэг нэртэй явах байсан болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Бурхантын-Арын бууцны хавар

Бурхантын-Арын бууцанд Ж.Мөнхсайханых хаваржиж байна. Энэ бол Төв аймгийн Аргалант сумын нутаг, хүмүүсийн мэдэхээр Хустайн нурууны ар, Молцог элсний зүүн хавирга. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй уясан хавсарга салхинд өвлийн их цас урагдаж, ханзраад бараг дуусчээ. Зөвхөн толгодын ар, гуу жалганд хайлж халтартсан цас, цаг зүтгүү орсныг гэрчлэн байна. Хавар ирдгээрээ л ирж. Цаг агаар хувирамтгай, мал сүрэг туранхай. Өнгөрсөн баасан гаригт ч хүйтэн хавсаргатай, хөхөмдөг, зэвэргэн байлаа.Хууччуулын хэлдгээр “шар тос, ногоон цас” гэгдэх саяын хур Улаанбаатарын ижлээр энд дусаа ч үгүй байна.

Үе үехэн ширүүсэх салхиар боссон шар бууц Бурхантын-Арыг нөмөрч гэрийн эзэн үхэр, тугал, уядаг морьдоо бэлчээрт тууж, гэрийн эзэгтэй хотны мухарт хургалсан хонь, ямаагаа түшгирэн,тойглосоор угтлаа. Малчин Мөнхсайханых гал голомтоо асааснаас хойш сүүлийн хориод жилийн хаврын өглөөг яаж угтсан, яг л тэр хэмнэлээрээ өнөөдрийг эхлүүлж байгаа нь энэ.Өөдлөх айл үүднээсээ гэдгийг үлгэрлэж яваа өрх бололтой. Хонины хашааныхаа ард залгаж хөх блокоор адууны жүчээ, автомашины гарааш барьсан бол өөрсдөө улаан тоосгон байшинд төвхнөжээ. Хуучин амьдарч байсан их таван ханатаа хотондоо шахаж барин ишиг, хурганы пүнзний зориулалтаар ашиглаж байна. Хавар цагийн хот айл гэж овоорсон их ажил, ноолорч навсайсан аж байдал гэж төсөөлдөг бол энэ айл тиймгүй нь хэзээнээсээ хөдөлмөрч улс гэдгийг нь илтгэнэ. Хэдхэн хормын дотор үхэр тугал, хонь хурга, уядаг морьдын өглөөний ажлын ард гарч төл малаа ялгаж хонин сүргээ бэлчээрлүүлэв. Бүл муутай, мал сайтай айл юм. Хоёр настай охин Буяндэлгэр ч эцэг, эхийгээ хормойдож зовооно гэж үгүй. Ишиг, хургаар тоглож хошуу амаа нийлүүлэн эрхэлсээр хотны мухарт өдрийг бардаг хүн бололтой. Эдний мал нь төллөж эхлээд дөнгөж долоо хонож байгаа ч хэдийнэ 70 гаруй ишиг 20 гаруй хурга авчээ.

Нар баруун ханын элгэнд буух үед түр амсхийх боломж олдоно. Ийнхүү гэрийн эзэдтэй хэсэг зуур цагийн байдал, малчны амьдралын талаар хөөрөлдлөө. Мөнхсайханых Бурхантын-Арын бууцанд сүүлийн 20-иод жил өвөлжиж, хаваржиж байгаа. Удахгүй тариалалт эхлэхээр Цагаан хөтөл, Хүй долоон худаг тийш нүүхгүй бол мал аж ахуй, газар тариалан хоёр нэг дор байж таарахгүй. Гэрийн эзэн Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. Сумын алдарт уяач, сумын хөдөлмөрийн аварга малчин ажээ. Тэрээр Улаанбаатар хотод наймдугаар анги хүртлээ сургуульд суугаад 1990 онд Барилгын цэргийн158 дугаар ангийн туслах аж ахуйг эрхлэн Атарт ирсэн байна. Эхнэр Г.Гэсэржумаа энэ нутгийн уугуул. Том охин, хоёр хүү нь сургуульд сурч байгаа. Өнгөрсөн өвөл цас их, цаг зүтгүү болсон ч хот айлын тухайд малын гарзгүй. Хар, сартай хар, шарга халзан борлонгийн тамир муудаж сүргийн хөл гүйцэхээ байсан тул хотондоо үлдээн тэжээж байна. Хавар ирсэн ч дуусах яагаа ч үгүй. Одоо л “Ногоо идэх үү, нохойнд өгөх үү” гэдэг шийдэгдэнэ дээ хэмээн ирэх цагт санаа зовнин буйгаа илтгэнэ.

Түрүүхэн хөдөлсөн хонь аль хэдийнэ Бурхант уулын баруун сугаар ороон далд оржээ. Мөнхсайхан ч хурганы уутаа үүрэн өглөөнөөс хойш уяан дээр байсан шарга мориндоо мордлоо. Хонины бэлчээрт хүрээд төд удалгүй шинэ төлийн цангинах дуу сонсогдов. Хонины хойд захад хэвтэж босоод байсан шар халзан хонь хургалжээ. Бас мухар хар ямаанаас бор ишиг хүлээн авлаа. Хургалсан хонь, ишиглэсэн ямааг алсаас ажихгүй бол төлөө орхиод хониныхоо хойноос давхичих учир ойртож төвдсөнгүй. Ийн хонины бэлчээрт морио идүүлж, алсыг дурандан суухаас өөрийг хийхгүй тул хот, хөдөөгийн шинэ сонин мэдээллийг хавсаргатай өдрийн хууч болгоно.

Ж.Мөнхсайхан 1995 оноос хойш морь уяж байгаа бөгөөд ойролцоо сумдын наадмаас 30-40 айраг түрүү хүртжээ. Өнөө жил Аргалант сумын 4О Жилийн ойд уралдуулахаар 10 гаруй хурдан морь тэжээж байна. Эднийх таван азарга адуутай бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнодын адуугаар цус сэлбээд авчээ. Харин хонь нь Баргын илүү нугаламт, ямаа нь Говийн улааны удам угшил болжээ. Ер нь Мөнхсайхан мал аж ахуйн уламжлал, заавал бэлчээр сэлгэж нүүдэг байна гэхээсээ илүүтэй орчин үежсэн мал аж ахуйг нэлээд сонирхдог хүн бололтой. Мотоциклиор мал маллахыг байж болох үзэгдэл гэнэ. Австралиас эхлээд олон орон онгоцоор малаа хариулж байхад монголчууд яагаад морио мотоцикль, машинаар юүлж болохгүй гэж гэсэн асуултыг ч тавина. Гэхдээ Ж.Мөнхсайхан төдийгүй тэдний гэр бүлийн хамгийн эрхэмлэдэг мал нь морь, адуу. Энэ гэр бүлд хамгийн эхэлж айраг амсуулж, малгай мялаалгасан хурдан буян гэвэл Төв аймгийн баруун бүсэд алдартай Сармай халзан гэх морь. Сармай халзан морио 25 наслуулж сумандаа амжилт тогтоожээ. Ер нь цаг өнгөрөх тусам яс хэврэгшиж, мөс нимгэрч байна гэж үздэг. Яс хэврэгшинэ гэдэг нь хуучин цагт адуу мал 20-иос дээш наслахад гайхах зүйлгүй байсан бол одоо 15-аас дээш наслахад л мөн ч буянтай мал юм гэх болсон. Мөс нимгэрч буй тухайд гэвэл эднийх жилдээ 1-2 адуу, бусад бог мал хулгайд алддаг болжээ. Өнгөрсөн өвөл л гэхэд Дорнодоос мөнгө хайрлалгүй авсан хурдан азарга бас нэг үрээгээ хулгайд алдсан байна. Арав гаруй хоног эрэлд хатсаны дараа адууныхаа бэлчээрээс цусны толбо л олсон гэж байгаа. Ингээд асуудал тодорхой болсон учир зөнд нь орхиж. Гэтэл садангийнх нь залуус Улаанбаатар хотод авто угаалгын газар машинаа цэвэрлүүлж байхдаа тэнд ажилладаг залуусаас шөнө болгон цус болсон делика машин ирдэг тухай өгүүлснийг цагдаад мэдэгджээ. Асуудлын мөрөөр малын хулгайтай тэмцэх тасгийнхан ажиллахад Ж.Мөнхсайханы хурдан азаргыг буудаж алаад ачиж явсан гэдгээ хүлээжээ. Нийт 60 гаруй адууны хэрэгтэй нөхөд гэнэ. Түүнээс хойш юу болж байгаа нь сураггүй. Ерөнхийдөө бол “хулгай хийсэн хүмүүс төлбөрийн чадваргүй юм байна” гэсэн захиаг л холбогдох байгууллагаас нь ирүүлдэг бололтой.

Ийм сонин дуулсаар шар халзан хонийг хургатай нь үлдээж, мухар хар ямааны ишгийг аваад гэрийн зүг эргэлээ. Гэрийн гадаа Мустанг-5 мотоцикль байсан нь эзэгтэй Гэсэржумаагийн аав Ганбүргэд түүний найз Лантуу нарынх байв. Тэд Хустайн нуруу руу бугын эвэр түүхээр өчигдөр яваад ганзага хоосон иржээ. Үнэ ханшийн тухайд нэг килограмм бугын эвэр 40 мянган төгрөгөөс дээш байдаг бөгөөд өрөөсөн эвэр гурав, дөрвөн килограмм татдаг байна. Хустайн нурууны сонин гэвэл ойр тойрны хүмүүс бүгд л тэнд эвэр түүхээр хонон, өнжин яваа сурагтай. Гэвч бугын сүрэг бараа сураггүй гэнэ. Хүйтэн салхинд уруудан Хустайн нурууныхаа өвөр рүү орсон бололтой. Нэгэнт урагшаа явсан бугын сүргийг тэр хавийн айл өрхүүд адгуулж хариулаад эврийг нь унахыг хүлээж байгаа мэдээллийг ч тэд авчээ.Төд удалгүй Марк-2 машин ирсэн нь Мөнхсайханы авга дүү Батаа байв. Тэрээр жижиг тэргээр адуугаа хайж явна. Түүний араас саахалтын Нямаа гэх мэтээр хот айл нэг хэсэгтээ л хүний хөлд дарагдав.

Тэдний ярианы гол сэдэв нь ноолуурын ханш, ямаагаа самнах тухай. Айл, саахалтынхан нь эр ямаагаа самнаад эхэлсэн бөгөөд бүгд л өнөө маргаашгүй энэ ажлаа эхлүүлэхээр боллоо. Үнэтэй байгаа дээр нь өгөхгүй бол ноолуур элбэгшихээр үнэ хямдарч өрх айл эдийн засагтаа алдагдал хүлээнэ.Ямаа самнах гэдэг том ажил. Нэг хэсэг залуу малчид нийлэн айл саахалтынхаа ямааг самнаад өгчихдөг байсан бол өдгөө амин хувиа хичээж дан биеэр энэ ажлыг нугалахыг оролддог болсон сурагтай. Сумын удирдлагаас амьжиргаа дор хүмүүсийнхээ нэрийг жагсааж тодорхой цалинтайгаар ажилдаа туслуулахыг уриалан малчдадаа тараажээ. Гэвч ийм хүмүүст итгэлтгүй болсон цаг гэнэ. Өнгөрсөн жил хэд хэдэн айлд туслахаар очсон хүмүүс ноолуураас нь шамшигдуулж байгаад баригдсан аж. Үүнээс хойш өөрсдөдөө итгэхээс өөр аргагүй болсон бололтой. Гийчдийн хөөрөлдсөн дараагийн сэдэв нь шилэрч ирээд ботголсон ингэ. Хоёр хоногийн өмнө энэ нутаг гэнэт л тэмээтэй болжээ. Аргалант сумын хоёрдугаар багийнхны хувьд энэ бол содон үзэгдэл. Ботго байтугай тэмээ ховор тааралддаг учраас тэр. Малчдын барагцаалсан яриагаар шилэрч ирсэн ингэ Лүн сумынх байж магадгүй гэнэ. Эндээсээ ангийн сэдэв рүү яриа эргэлээ. Нутагт ан гөрөө хөөдөг хүн ховордсон сурагтай. Харин хотоос хүчит унаа, хурдан буугаар зэвсэглэсэн хүмүүс намрын цагт энэ хавийг эзэгнэх болсоор уджээ. Чоно үргээгээд ашигтай ч намрын хайлган үеийн малд тусгүй байдаг байна. Дорнодынхон чинь хотон дахиа чононд идүүлээд өөрсдөө хээрээс зээр барьж иддэг юм гэх чинь билээ гэх ч дуулдав.

Энэ өдрийн бас нэг үйл явдал бол сурагчдын хаврын амралт эхэлж байгаа. “Хэдэн хүүхдээ бушуухан олж ирж хэсэгтээ нуруугаа амраагаад авъя” хэмээн гэрийн эзэгтэй сумын төв орохоор зэхлээ. Бага охин Буяндэлгэрийн хамтаар төв орж хүүхдүүдээ авах гэнэ. Эднийх Аргалантаас чанх урагшаа 10 километрт, бартаа саадгүй учир машинаар явахад 10 гаруйхан минутын дотор хүрнэ. Сумын төв ороход Аргалантынхан субботник хийж таарлаа. Хоёр банди нь дотуур байрандаа, том охин нь ангийнхантайгаа их цэвэрлэгээ хийж байв. Болормаа багш “Хог түүж дуусахаас нааш хүүхэд авч явахгүй шүү” гэсэн ч зориод ирсэн тул аваад явахаас өөр аргагүй. Хүүхдүүд “Миний хонь хургалсан уу, миний ямаа ишиглэсэн үү” хэмээн асуусаар эх өөдөө гүйж ирцгээв. Том хүү Дэлгэрсайхан утсаа алдсан сонинтой бол бага хүү Дэлгэрмөрөн өчигдөр (өнгөрсөн пүрэв гаригт) болсон сумын сунгаанд хүний морь гуйлгаар унаж түрүүлжээ. Дэлгэрмөрөнг удахгүй Улаанбаатараас хамаатных нь хүн ирж авах бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд Гачууртад болох уралдаанд морь унуулахаар болсныг дуулаад бөөн баяр. Том охин Дэлгэрзаяа нь ангийн дарга, гурван настайгаасаа хурдан мориор уралдсан, одоо онц сурлагатан. Дээхнэ үеийн дотуур байрны хүүхдүүд “өвдөг тохой нь цооронхой, өмссөн хувцас нь нооронхой” хэмээн хочлуулж нэгнээсээ боов, боорцогхон зээлж өдөр хоногийг бардаг байсан бол өнөөдөр өөр болжээ. Утас барьж, нэгж, дата өөр хоорондоо шилжүүлж, фэйсбүүк, чат ашигласан шигээ сэргэлэнтэж явна. Бага хүү Дэлгэрмөрөн бол уяачдын дунд алдартай нэгэн. Сумынхаа шилдэг унаач хүүхэд болсны дээр дуучин Н.Баасандоржийн дуулсан “Далай зээрд” болон “Уяачдын алдар”, “Гангараа” зэрэг дууны клипэнд уралдаанч хүүгийн дүр бүтээжээ. Бас энэ хот айлыг дөрвөн жилийн өмнө Цагаан хөтөлд зусч байхад “Малчин” телевизийнхэн ирж уяачдын тухай нэвтрүүлэг хийхэд гол дүрийг Дэлгэрмөрөн хүү бүтээсэн байна.

Буцаж ирэхэд нар гудайж мал хотлох цаг ойртжээ. Хүүхдүүд цай ч уулгүй хот руу гүйлдлээ. Ууган ишиг, ууган хургаа сурсаар. Буурал чихтийн, бор түрийтийн хурга алив, угждаг ишиг бий юү хэмээн хот хороо, хонь малын ажилд уралдацгаав. Ийнхүү үхрийн баасаа цэвэрлэж дуусаагүй шахам байхад хонь хотолж, залгаад уяа морьд нь хивэг тэжээлдээ ирж малчин айлын оройны их ажил ундарлаа. Хэдийнэ хөрвөжсөн хурга давхиж ирсэн эхийгээ хэсэг нудчин хөхөөд сүрэгт уусах бол ишиг, ямаагаа уулзуулах гэж их ажил болно. Мөнхсайханы ямаа гурван бүлэгт хуваагддаг ажээ. Ишгээ голсон арав гаруй ямаа байна. Тэдгээрийг таван ханатай гэртээ оруулж аваад, тойглон уяраах ажил хамгийн хэцүү нь. Нэг бүрчлэн дэлэндэж суугаад хөхийг нь шувтарч, ишгийг хөхүүлнэ. Гологдсон ишиг доожоогүй байдгийг хэлэх үү, эхийгээ ивлэтэл хөхөж огтоос чадахгүй. Бас хүйтэн өдөр ишгээ хөхүүлдэггүй 20 орчим ямаатай. Зөвхөн ийм нэг ямаанд ишгийг нь хөхүүлэхээр дөрөв, тав оролдсоны эцэст ажлын үр дүн гарч хивж, ивлэж үзэгдэнэ. Харин үлдсэн 40 гаруй ямааны ишгийг нэг бүрчлэн эхэд нь угтуулан ойртуулж өгөхгүй бол нэгнээ хайгаад олдог тохиолдол тун ховор юм.

Цас ханзарч доороос нь өвс борго ихээр гарсан тул одоохондоо малын жилбэ, сүүний гарц тун сайн байгаа ажээ. Гэсэн ч шинэ зусаг ямааны ишгийг угжихгүй бол өлдөх хандлагатай. Харин сагилаас дээш ямааны ишиг угжуулахааргүй байна. Оройн хонь хурганы ажлаа арай гэж амжуулсан хот айлынхны хийх дараагийн ажил нь хурдан морины овьёос, тэжээлийн борлонгийн хивэг, хөгшин үнээний өвс өгөх ажил. Үүнийг хүүхдүүд төвөггүйхэн хийчихнэ. Харин нар шингэж бүрий буухаас өмнө ишиг, хургаа барьж гэрт хийхгүй бол шөнө осгож үхэх аюултай. Түүний хажуугаар энэ өдөр ихээхэн хүйтэн байсан учир ердийн үеэс арай эрт уг ажлыг амжуулахаар боллоо. Нэг, хоёроор нь тэвэрч зөөсөөр дулаан байранд нь оруулна. Сүү сайтай малын ишиг, хурга андашгүй. Сүрэгтээ сүлжиж давхиад баригдана гэж үгүй.

Хаврын өдөр уртасч байгаа ч малчдын их ажилд богинодмоор юм. Өглөөн нарнаас оройн нартай уралдаж мал төллүүлэх, ямаа самнах, цаашлаад сааль сүүний их ажил ийнхүү Монголын хөдөөд эхэлж байна. Хавар урсгасан хөлстэй бол намар таргалсан малтай гэдэг. Ийм л онолоор борви бохисхийлгүй хаврын хавсарга, хүйтний эрчийг үл ажран хөдөлмөрлөж явна. Ж.Мөнхсайханы хот айл, Бурхантын-Арын бууцны хаврын нэг өдөр ийн өнгөрлөө.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Эль-Ниногоос айх айдсыг Гумилевийн онол дарав уу

Дэлхийн хамгийн өндөр уулсын цэгцрээ Гималайн нурууг олон улсын эрдэмтдийн баг судалж эхэлжээ. Эрдэмтэд энэ удаа бүтэц, шинж чанар гэхээсээ илүүтэйгээр Гималайн нуруу хэр өргөгдөж байгаа, түүний ноён оргил Эверест яг хэдэн метр өндөр болсон, тэр нь дэлхийн цаг уурт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг зорьж байгаа юм байна. Энэхүү судалгаа гурваас дээш жил үргэлжлэх бололтой. Нөгөөтэйгүүр судалгааны баг Л.Н.Гумилевийн дэвшүүлсэн онол үнэн үү, эсвэл худал уу гэдгийг ойрын хоёр жилийн дотор батлах нь.

Л.Н.Гумилев монголчуудын тухай судалгаа явуулж олон ч таамаг, онол дэвшүүлж байсан. Түүний нэг нь Төв Азийн цаг уур монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлдөг, хэрхэн нөлөөлж байсан тухай. Тэрээр “Долоон зуугаас мянган жил тутамд Төв Азийн агаарын даралт буурч, өвөлдөө баруун зүгийн салхи тогтвортжин, хүч нь саардаг. Энэ нөхцөлд Энэтхэгийн далай орчимд үүссэн дулаан, агаарын чийглэг, таатай масс эх газар руу түрж зөвхөн өвөл бус жилийн дөрвөн улиралд уур амьсгал нэн таатай болдог. Цаг уурын энэ таатай үзэгдэл Чингис хааны байлдан дагууллын он жилүүдэд тохиосон. 1000-1300 оны хооронд монголчуудын мал сүрэг тэр дундаа адуу нь асар хурдацтай өсч дэлхийг байлдан дагуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн үзэхэд түүнийг нь дэлхийн олон нэртэй эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Л.Н.Гумилевийн онолоор бол Төв Азийн агаарын даралт буурч, Энэтхэгийн далайн дулаахан бас чийглэг агаарын масс Монгол оронд ноёлох цикль эхэлчихээд байна. Одоо монголчуудад байгаль, цаг уураас хамааралтай ган зуд, ургамал болоод амьтны аймгийн мөхөл гурван зууны турш тохиолдохгүй гэж үзэж болно. Ийм цаг уурын таатай нөхцөл нь тухайн улс орны нийгэм эдийн засаг, хүмүүсийн аж амьдралд ч ихээхэн эергээр нөлөөлдөг. Үүний жишээ Чингис хааны байлдан дагууллын он жил гэдгийг Л.Н.Гумилев хэлээд өгчихөж. Тэгэхээр манай орны ургац арвижиж, малын тоо 100 саяд хүрэх, тэр хэрээрээ мал аж ахуйн гаралтай түүхий эдээс олсон ашиг орлого эдийн засагт ихээхэн өндөр хувь эзлэх магадлал тун ойр байгаа бололтой. Уг онолыг улс төр, эдийн засгийн чадавхийн хувьд авч үзвэл Чингис хааны байлдан дагууллын он тоолол шиг Монгол Улсын сэргэн мандлын үе эхэлж байж ч болох.

Гэхдээ Монголын цаг уур Гумилевийн онолоор байх уу, Гильберт Валкерийн нээлт хүчтэй нөлөөлөх үү гэсэн асуулт бас бий. Гильберт Валкер нэгэн зууны тэртээ Номхон далайд ихэвчлэн үүсдэг Эль-Нино болоод Ла-Ниног нээсэн. Түүний нээлтээр бол Эль-Нино, Ла-Нина үзэгдэл нь дунджаар 10-20 жилд нэг давтагддаг аж. Энэ нь таван сараас их бол цаг уурын үзэгдэл, түүнээс бага бол нөхцөл гэж томьёологдоно. Эль-Нино гэдэг нь Жаал хүү гэсэн утгатай. Бас Христийн бага нас гэсэн утгыг давхар тээдэг. Учир нь энэхүү үзэгдэл Номхон далайд Крисмасын баярын үеэр ажиглагддаг учраас ийн нэрлэх болжээ. Харин Ла-Нина гэдэг нь Бяцхан охин гэсэн үг. Үзэгдлийн агуулгыг бүр задалбал Эль-Нино нь нарны цацрагийн идэвхижлээс хамаарч үүснэ. Нарны цацрагийн идэвхижил ихсэхэд далайн ус хэвийн үеэсээ цельсийн 0,5 хувиар нэмэгддэг. Үүний зэрэгцээ Номхон далайн зүүн эргийн агаарын босоо хүйтэн урсгал саарч далайн хэт дулаан урсгал баруун зүгийн салхиар тээгдэн Америкийн эх газрын цаг уурт нөлөөлдөг ажээ. Харин Атлантын далайд хар салхи босох нь багасч далайн дулаан, хүйтэн урсгалын зам өөрчлөгдсөнөөр Төв Азийн цаг уурт нөлөөлдөг аж. Уг үзэгдэл 2016-2017 оны хооронд боллоо. Монголчуудын хэлдгээр бичин жил. Ер нь Эль-Нино үзэгдэл нь бидний цаг тооллоор ихэвчлэн бичин жилд давтагдаж өвөлдөө цас их ордог гэсэн үг. Шууд хэлбэл бичин жилийн зудын гол шалтгаан энэ бололтой юм. Сая тохиосон Эль-Нино үзэгдлийг НҮБ-ын шинжээчид судалж мэдээд хамгийн аюултай, хор хохиролтой байх 18 орны тоонд Монголыг оруулж байв. Уг үзэгдлийн Африк, Ази, Төв болон Өмнөд Америк, Номхон далайн бүс нутаг тэр дундаа Монгол, Филиппин, Индонези, Шинэ Гвиней, Зүүн Тимор, Сомали, Этиоп орны оршин суугч 60 сая орчим хүн өртөхийг ч тооцоолон гаргаад байв. Монголын эрдэмтэд ч өнгөрсөн намар “Бичин жил ба Эль-Нино” гэсэн нэртэй судалгааны материал дэлгэж иргэдийг ихээхэн сандаргаад авсан. Гэтэл өнөө жил Монгол орны хувьд асуудал сайнаар өнгөрсөн бол бусад орон нэрвэгдсэн таагүй мэдээлэл бий.

Харин Ла-Нина нь дээрхээс эсрэг утгатай. Нарны цацрагийн идэвхижил буурсан үеийн цаг уурын нөхцөл. Энэ үеийн цаг уурын нөхцөл байдлыг эрдэмтэд “Гэртээ өтөлсөн авгай шиг” гэж тодорхойлох нь бий. Монголчуудын хэллэгээр бол “Хаврын тэнгэр шиг” гэсэн үг. Ла-Нина үүссэн үед ер нь юу ч болж мэднэ. Нэг бол ихээхэн сайхан байх эсвэл Эль-Ниногоос ч аюултай. Австрали, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг, Өмнөд Америкийн Бразили, Колумб улсад ширүүн бороо дагуулдаг бол Уругвай болон Аргентинд ган гачиг авчирдгаараа алдартай.

Эль-Ниногийн араас Ла-Нина залгаж үүсвэл ихээхэн аюултай. Монгол орны хувьд 1997-2000 онд тохиолдсон бөгөөд цаг уурын тун таагүй сургамж болон үлджээ. 1600-гаад оны Европыг хамарсан их өлсгөлөн үүнтэй холбоотой гэх нь бий. Дайн байлдаан, бусад хүчин зүйлээс хамааралтай өлсгөлөн олон гарч байсан ч дэлхийн есөн том өлсгөлөн цаг уурын энэ таагүй үзэгдэл, жил дараалсан ургац алдалтаас үүдэлтэй гэж эрдэмтэд томьёолж, үүнтэй мэтгэлцэх хүн олдоогүй гэсэн мэдээлэл ч байдаг.

Одоо дэлхийн цаг уур судлаачид Эль-Ниногийн идэвхжил саарч, Ла-Нина залгаж үүснэ гэсэн таамаглалтай байна. Нэг ёсондоо Монгол орны 1997-2000 оны туулж өнгөрүүлсэн таагүй үе. Тухайн үед Монгол оронд жил дараалан тохиосон ган, зудад 13 сая малаа алдаж ядуурлын хэмжээ хоёр дахин өссөн байдаг.

Гэхдээ монголчуудын хувьд “асуудал гайгүй” гэдгийг судлаач нар мэдэгдэж эхэлжээ. Гильберт Валкерийн нээлт болох Эль-Ниногоос ч хүчтэйгээр Л.Н.Гумилевийн онол “Төв Азийн 300 жилийн цаг уурын нэн таатай нөхцөл” Монгол оронд нөлөөлж байгааг өнгөрсөн бичин жилийн зудгүй өвөл хэлээд өгөв бололтой. Хэрэв Гильберт Валкер, Л.Н.Гумилев нарын онол цаг үеийн явцад давхацвал Монгол орны уур амьсгалд аль нь илүү нөлөөлдөг болохыг энэ хавар, ирэх зуны хур бороо хэлээд өгнө.


Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын дарга З.ЭНХБОЛД: Ардчилсан нам хүүхдийн мөнгийг анх санаачилсан, одоо хүүхдүүд том болсон учраас хөдөлмөрлөх цаг нь болсон

-ТЭР НӨХЦӨЛИЙГ БИД БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ-

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын дарга З.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Сүүлийн хэдэн жил уул уурхайн түүхий эдийн үнэ 30 хувиас 300 хувь хүртэл уналаа. Эдийн засгаа солонгоруулаагүйн улмаас эдийн засаг хямарч байна. Үүний хэрээр ажилгүйдлийн түвшин нэмэгдэж өнөөдөр 7,8 хувьтай байна. Бид энэ хямралыг ямар аргаар даван туулах шаардлагатай байна вэ.

-Яригдаад байгаа 7.8% бол ажил хайгаад олж чадахгүй байгаа хүний тоо. Харин ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй гэрийнхээ ажилд тусалдаг нэртэй 29 хүртэлх насны 180 мянган залуу байна. Тэдгээрийн тал нь эмэгтэйчүүд. Түүнчлэн их дээд сургууль төгсч дээд боловсролын диплом авсан ч ажил хайж байгаа олон мянган залуус байна. Бид эхний ээлжинд эдгээр залуусаа ажилтай орлоготой болгох нэн тэргүүний шаардлага гарч байгаа юм. Ингэхийн тулд нэг талаас бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр ажилгүй байгаа иргэдээ татан оролцуулах нөгөө талаас бид дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх бодит шаардлага үүсч байна. Тухайлбал төмөр зам, авто зам, барилга орон сууц гэх мэт.

-Хөгжиж буй орны хувьд хамгийн эхэнд дэд бүтцийн салбартаа анхаарлаа хандуулах шаардлагатай. Бид төмөр зам, авто зам, орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гэхээр гаднаас ажиллах хүчин авах нь их байдаг. Үүнийг дотоодоосоо шийдэж ажилгүйдлийг багасгах боломж байгаа гэсэн үг үү?

-Байгаа, тухайлбал барилгын салбарт нийт 65 мянган мэргэжилтэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй байгаа юм. Тэгэхээр бид дутагдаж байгаа боловсон хүчнээ гаднаас авах биш дотоодоосоо бэлтгэж, мэргэшүүлэх боломжтой юм. Зөвхөн нэг төсөл тухайлбал энэ хавар эхэлсэн “Шинэ-Яармаг” гэхэд өөрөө 2500 барилгачин, бэлтгэн нийлүүлэгч туслан гүйцэтгэгч 8000 монгол хүнийг ажилтай болголоо.

Дотоодын ажиллах хүчийг нэмэгдүүлэх нэг боломж нь цэргийн алба байж болох юм. Ажилгүй байгаа залуусаа цэргийн албанд татаж, мэргэшүүлснээр авто зам, төмөр зам, барилга гэх мэт салбаруудаа давхар боловсон хүчнээр хангах боломж байна. Халагдахдаа мэргэжлийн үнэмлэхтэй, ажил хийгээд сурсан байх юм.

-Тэгэхээр ажилгүй байгаа иргэдээ цэрэгт татаад, мэргэшүүлээд ажлын байраар хангаад зогсохгүй мэргэжилтэй бас цалинтай болгоно гэж ойлгох уу?

-Цэргийн албанд татагдсан залуусаа МСҮТ-д тодорхой хугацаанд мэргэшүүлээд ажлын байран дээр шууд гаргах боломжтой. Ингээд мэргэжилтэй болоод төмөр зам, авто зам, барилга, орон сууцаа мэргэшсэн цэргүүдээрээ бариулна. Хуучнаар бол Барилгын цэргийн ангийг дахин сэргээнэ гэсэн үг. Цэргүүд 2-3 сарын хугацаанд мэргэшсэний дараа ажлын байран дээр гарч, цалингаараа хуримтлал бий болгож, орон сууцтай болчих юм. Яг ийм механизмаар авто зам, төмөр замаа бид дотоодын боловсон хүчнээ ашиглан барих боломжтой. Тухайлбал, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгаснаар нийт 1800 км төмөр зам барих ёстой. Монгол Улсад ойролцоогоор 16 мянган мэргэжилтэн төмөр замд ажиллаж байгаа, үүн дээр таван мянган хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэшүүлснээр ажиллах хүчний тоогоо нэмэгдүүлэх боломжтой юм.

-Халагдсан цэргээ шууд ажлын байранд зуучлах боломж байгаа юу. Үүнд ямар аргаар зохицуулалт хийх вэ?

-Бүрэн боломж байгаа, авто зам, төмөр зам, орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх компаниудад зөвхөн МСҮТ-д мэргэшсэн, цэрэгт алба хаасан хүнийг ажиллуулах гэсэн стандарт нөхцөл тавьж өгснөөрөө ажлын байр нь баталгаажих юм. Мэргэжилтэй, сахилга баттай, ажил хийж сурсан залуусыг компаниуд булаацалдаад авна. Түүнчлэн эдгээр салбаруудад зөвхөн монгол хүн ажиллуулахаас гадна дотоодын барилгын материал нийлүүлэх, мөн МСҮТ-д мэргэшүүлэх хугацаа болон төслүүд дээр ажиллах явцад ажилчдын хувцас хэрэглэл болон хоол хүнсийг дотоодоосоо нийлүүлэх стандартыг тавьж өгөх юм. Ингэснээрээ бид гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэд шүтэх биш дотоодын нөөцөд суурилсан эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн хямралыг давах боломж байгаа юм. Ер нь бусад улс орны жишгээс харахад дотоодын нөөцөө ашиглан эдийн засгийн хямралаа богино хугацаанд даван туулсан олон туршлага байна. Тухайлбал БНСУ, БНХАУ, Чили, Израил гэх мэт. Ерөнхийдөө дотоодын нөөцөд тулгуурлан, хөдөлмөр эрхлэлтийн зөв бодлогыг хэрэгжүүлснээр мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлж эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давах боломж бүрдэх юм.