Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай …

Аж богдын харуулна ээ хө

Амгалан болоод тайван даагэж олонд түгсэн гоё дуу бий. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө Монголын зоригт хөвгүүд үеийн үед өөрсдийгөө золиослон зогсож байсныг тунхагласан сайхан бүтээл. Өнөөдөр ч Аж богдын их уулс Монгол Улсын дархан хил дээр сүндэрлэж байна. Сая болсон хоёр цэргийн хэрэг явдал тэр хил дээр гарлаа. Хилийн манаанд байсан цэргүүд харуулын даргаа буудан хөнөөгөөд Аж богдод зугтан гарсныг барив. Тэдгээр хоёр цэргийг өмөөрөх, өрөвдөх, дэглэлтээ тэвчээгүй байх хөөрхий минь… гэж эвийлэх байж боломгүй үгс хөврөх болов. Зарим нь ил цагаан тэдний зөв гэж нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг би арай өөрөөр харж байна.

Монгол Улсын дархан хил дээр даргыгаа буудан хорооно гэдэг шууд эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл. Цэрэг хүн ямар ч нөхцөл байдалтай тулгарч болно, ганцхан ийм үйлдэл хийж болохгүй. Байлдааны цагийн хуулиар бол шууд буудан хороогдоно. Дайны нөхцөлд бол хээрийн шүүхээр буудуулна. Халх голын дайнд хамгийн сайн байлдаж байсан 15 дугаар морьт хорооны гунигт түүхийг цухас дурдъя. Одоо түүхэнд дурсдаг ч үгүй, хороо. Тэр хорооны дарга нь Дансран байхаа, дайралтын үеэр Зөвлөлтийн цэргийн бөмбөгдөгч онгоц Японы Баргын морин хороотой өөрийнх нь хороог андууран бөмбөгдөж сүйрэх нь тодорхой болмогц байлдааны талбараас хороогоо татан гаргасан байдаг. Тэр дарга тэр дорхноо хээрийн шүүхээр буудан хороогдсон. Алдарт 15 дугаар морьт хороо ингээд цэргийн хэдэн түүхчээс өөр мэдэхгүй хүнгүй арчигдсан юм. Энэ түүхийг дурдсаны учир нь эх орны хил дээрээс алхам ухрахад зөв байсан ч хатуу хуулиар шийтгүүлдэг түүх Монголын армид үйлчилж ирсэн юм аа. Ухарсан л бол ухарсан гэдэг цэргийн хууль өнөө хэр Монголын цэрэгт үйлчилж байгаа учраас 90 жилийн дараа ч 15 дугаар морьт хороог цагаатгахгүй, чадварлаг даргыг нь дурсахгүй байгаа юм. Эмгэнэлтэй байгаа биз. Цэргийн амьдрал ийм хатуу, бас харгис. Тэгж байж эх орны хил тайван байдаг.

Өнөөдөр тэгвэл хар. Эх орны дархан хил дээрээ даргыгаа буудаж алаад зугтсан хоёр цэргийг нийгмээрээ нэг өмөөрч, эвийлэн хайлж, уяран урсах шахуу юм болж байна. Энэ гутамшиг биш үү. Бидний өвгөдийн баатарлаг түүх, чанд хатуу сахилга бат, тэсвэр хатуужил хаачив. Өдгөөгөөс 70-хан жилийн өмнө Монголын эрчүүд хугацаагүй цэргийн албанд татагдан, хэзээ халагдахаа мэдэхгүй, чилийсэн таван жилийг хил дээр өнгөрөөхдөө, юу эсийг үзэж туулан өнөөдрийн энэ сайхан амар амгалан орныг бидэнд авчирч өгсөн байх вэ. Ингэж бодож үзсэн хүн байна уу. Тэд бүгдээрээ 18 настай байсан юм. Тэднийг хэн ч өнөөдрийнх шиг “Нялх амьтад” гэж хэлээгүй юм. Цаг үе өөр болсоон, тэр үе хоцрогдсон гэж хэлэх хүмүүс байж магадгүй. Цэргийн сахилга бат, тэсвэр хатуужил гэдэг зүйл хэзээ ч, хаана ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй зүйл. Дэлхийн цэрэг ч, Монголын арми ч энэ тал дээр өөр болоогүй. Яг л эх оронч үзлээр эх орноо хамгаалан зогсож байгаа. Цаашид ч зогссоор байх нь болно.

Өнөөдрийн сошиал ертөнц дэх даргаа буудсан хоёр цэргийн талаарх сэтгэгдлүүдийг харахаар “18-хан настай хүүхдүүд шүү дээ” гэсэн сэтгэгдэл ямар их юм бэ. Тэр хүмүүс ядаж Монголын түүхийн сүүлийн 80 жилийг гадарлах болов уу. Хүмүүс дуулж сонссон байж магадгүйгээс нь жишээ авъя. Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс болоход хамгийн их нөлөөлсөн 1945 оны чөлөөлөх дайнаар Л.Аюуш, Дампил, Данзанваанчиг, Дүүдэй, холбоочин Жанчив… нарын олон баатрууд төрсөн юм. Тэд цусаа урсган тулалдахдаа дөнгөж 18, 19 настай хөвгүүд байсан юм шүү дээ. 1921, 1922 онд төрсөн залуус. Өнөөдөр тэгвэл 1919 онд төрсөн хүн сэрүүн тунгалаг сайхан байна. Тэгэхээр тэд өнөөдөр ч амьд байвал байхаар насандаа тулалдсан байгаа биз. 1947 оны Байтаг богдын тулгаралтаар эх орны дархан хилийн сөөм газрын төлөө долоон голоо тасартал тулалдаж амь үрэгдсэн Тэгшээ, Гиваан, Даваадоржийг хэдэн настай байсан гэж бодож байна. Тэд бүгдээрээ 18 насандаа эх орныхоо төлөө амиа өргөцгөөсөн юм. Энэ бүх зоригт хөвгүүдийн хэн нь ч эхнэр авч, үр хүүхдээ үлдээж амжилгүй туурга тусгаар Монгол Улсын төлөө амиа өргөсөн. Тэднийг хэн ч жаахан хүүхдүүд гэж хэлээгүй. Түүх ийм үнэн, бодитой байхад элэнцгийн чинь өнөөдөр “18-хан настай жаахан амьтад” гэж солиоролдоод байгаа юм бэ. Бүгдээрээ адилхан 18 настай эр цэргүүд, ээж, аавын хүүхдүүд.

Тэр бригадын генерал Ганзориг үнэнийг хэлсэн дээ. “Өнөөдөр цэргийн албанд юу ч сурч мэдэх тэнхэлгүй, аав ээж нь хоёрын хооронд нялх болгоод хаячихсан оркууд ирж байна” гэж. Үнэн шүү дээ, бид өнөөдөр амьдралын үнэнтэй эвлэрдэг соёлд суралцах цаг болсон. Армид ирж байгаа аавын хөвгүүд бүгдээрээ тийм биш нь мэдээж. Гэхдээ дийлэнх нь тийм л царайтай, хариугүй муу бядтай байна. Шалихгүй байж аав ээжүүд нь араас нь байнга ярина, олигтой бичиг үсэг ч сургаагүй, ажил хийлгэж үзээгүй, төв суурингийнхан нь PС тоглож байгаад ирсэн. Хөдөөнийхөн нь өвлийн ганц шөнө адуу манаад өлчир суучихаагүй, малчин ч биш, сумын төвийнх ч биш, хэрэг дээрээ хот-хөдөө хоёрын дундах эрлийзүүд ирж байна. Ихэнх нь “За тэр цэрэгт нь ганц жил байртай, хоолтой, хувцастай байж байгаад ирье” гэсэн сэтгэхүйтэй. Тэдэнд эх оронч үзэл, баатарлаг үзэл санаа, үндэсний ухамсар гэсэн өчүүхэн ч ойлголт байхгүй. Тэгж сургаж хүмүүжүүлэх ажил дунд сургуульд нь хийгддэг юм уу. Ядаж гэртээ байгаа өвөөгийнхөө одонгийн түүхийг аав ээж нь түүнд ярьж өгсөн байдаг юм уу. Тэр жил миний бие сонгуулийн ажлаар Өвөрхангайн Хайрхандулаан суманд явж байгаад нэгэн айлд нэлээн саатсан юм. Тэгсэн хойморынх нь авдар дээр шилэн хоргонд хоёрын зэрэг байлдааны гавьяаны улаан тугийн одон, байлдааны гавьяаны одон, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний тэмдэг гэхчлэн нэжгээд медаль байхыг харлаа. Гэрт байгаа хүмүүсээс энэ хэний одон тэмдэг вэ гэхэд тэр олон үр хүүхэд, ач зээ нараас ганц ээж нь болох хүн л “Миний аавынх аа, энэ хүүхдүүдийг өсгөсөн өвөөгийнх нь одон медаль. Хоёр дайнд оролцсон, Чогдон баатрын заставын цэрэг явсан гэдэг. Урилга заллага их ирдэг, ойн баярын хуралд явдаг, сурвалжлагчид ирж их юм асуудаг хүн байсан” гэлээ. Тэнд байсан ач зээ болох залууст лав өвөөгийнх нь эх орныхоо төлөө тулалдаж явсан тухай ойлголт байхгүй шинжтэй. Уг нь бид бүгдийн маань гэрт эх орончид байсан юм шүү дээ. Бид бүгдээрээ эх орончдын өвөр дээр өссөн юм…

Монголчууд минь цаг үе өөрчлөгдөж, дэлхий хавтгай болж, улс орон хил хязгааргүйгээр оршин тогтнох боллоо гэж битгий туйлшраарай. Тийм биш гэдгийг энэхүү цар тахал харуулж байна. Дэлхийн дэг журам ингээд хэдхэн сарын дотор өөрчлөгдөн эвдэгдэхэд бүгд эх орондоо ирж байгааг хар. Эх орноос нь илүү газар орон байдаггүйг ойлголоо. Хүний нийгэм хатуу үнэнийг ингэж ойлгуулдаг юм байна. Халхын хавтгайн хаана нь, яаж ч явсан та бидний дур. Энэ дэлхий дээр дураар амьдрах эх оронтой хүн шиг баян хүн байдаггүйг энэ цаг дор сая монголчууд нийтээрээ ойлгож авлаа. Өнөөдөр Монгол эх орноо зорьсон гадаадад байгаа иргэдийн цуваа тасрахгүй байна. Энэ бүх аз жаргал, эрх чөлөө, бор гэртээ богд байхын үнэ цэнийг тэгээд хэн авчирч өгсөн юм бэ? Бүх цаг үеийн эх оронч, баатарлаг хөвгүүд чинь авчирч өгсөн юм. Бид туурга тусгаар Монгол Улс мөн л юм бол эх орныхоо хилийг бат найдвартай сахин хамгаалдаг баатарлаг хилчин хөвгүүдтэй, эр цэргүүдтэй байх ёстой. Тэд маань тэсвэр хатуужилтай, эх оронч хүмүүжилтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой.

Ийм л эх оронч, эр зоригтой, баатарлаг хөвгүүдтэй байж гэмээнэ эх орны маань тусгаар тогтнол яригдана. Саяны хоёр цэргийн хэрэг явдал бол дайны үед даргаа араас нь буудаж алсантай адил үйлдэл. Тэр хоёр цэргийг сошиалаар өмөөрч байгаа хүмүүс нэг талаасаа бидний байгаа үнэн төрх. Юу ч бодож тунгаадаггүй, хийрхсэн ард түмний шинж. Ийм ард түмний түүх эцэстээ юугаар төгсдөг вэ гэдгийг индиануудаас харж байна, хүн төрөлхтөн. Нутаг дээр нь хэн нэгэн ирээд эзэн суучихсан, эх орон ч үгүй, үндэсний бахархал ч үгүй, зүгээр л нийгмийн илүүдэл хэсэг. Энэ сошиал ертөнцөд сайн тал бас байна. Хүний юу бодож, яаж явдгийг илчлээд өгөх нь амар болж. Хоёр цэргийг зөвтгөж байгаа байдал нь монголчуудыг ёс суртахууны гүн хямралд орсныг илэрхийллээ. Зарим хүмүүст шулуухан хэлэхэд, цэрэг армийн талаар өчүүхэн ч ойлголтгүй бол энэ сэдвээр нэг их дуугарах хэрэггүй. Наана чинь ямар ч хүний эрхийн асуудал байхгүй. Эр цэрэг болж тангараг өргөсөн л бол эх орон нэгдүгээрт, ээж аав хоёрдугаарт тавигддаг хатуу хуультай юм. Тийм болохоор тэд бол эх орноосоо урвагсад… Аж богдын харуулаас ирсэн мэдээ гаслантай, гунигтай байгаа шүү дээ, үнэндээ…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дулаан арал байгуулж, эсвэл дулаан арал худалдан авч бөөнөөрөө өвөлждөг болцгооё оо

Энэ өдрүүдэд Монголын нийслэлд шөнөдөө -42 хэм хүрч байна. Хөдөөдөө -51 хэм давж байна. Жилийн дөрвөн улирал мал хариулдаг, хүйтэнд амьдарч сурсан малчин эр “Өвөл чанга байна. Гадаа явж байгаад дулаан гэрт орохоор дөрвөн мөч янгинаад сууж болохгүй байна” гэхийг сонслоо. Чөмөг царцам хүйтэн гэж энэ. Дэлхий даяараа өнөөдөр Америкт болж буй үймээнийг харж сүйд болж байна. Тэгсэн монгол хүн “Үгүй ээ, энэ жагсаж байгаа америкчууд чинь шорт подволктойгоо яасан сайхан юм бэ, дулаахан, тухтай газар юм аа” гэх шиг байгаль цаг агаарыг нь анзаараад сууж байгаа нь нэгийг хэлээд байгаа биз. Дэлхийн олон сая хүн дотор Америкийн жагсаалыг ингэж харж, атаархаж суугаа ард түмэн монголчууд бид л байх.

Өнөөдөртөө бид өвлийн тэсгим хүйтнийг даваад туулаад явж байна. Харин маргаашдаа, ирээдүйдээ ийм байх уу. Үр хойч маань ийм хүйтэнд амьдарч, өвчний үүр уурхай болсоор байх юм уу. “Өдрийн сонин”-ы бодлого, таван жилийн өмнө “Монголчууд дулаан арал худалдаж авах цаг болжээ” гэж бичихэд бараг бүх хүн солиорлоо гэж байлаа. Одоо нийгмийн сүлжээ, сошиал ертөнцийг харахад бараг хүн бүр “Бид яагаад дулаан арал худалдаж авч болохгүй гэж, зах хязгааргүй, хүн амьтангүй энэ их говиосоо түрээслүүлье, баялагаараа дулаан газар арал худалдаж авъя…” гэж бичих болж. Энэ сэдэв өргөн хүрээг хамрах болжээ. Санаачлагч нь “Өдрийн сонин” байх нь чухал биш ээ, хамгийн гол нь энэ үзэл санаа, хүсэл тэмүүлэл, нийгмийн итгэл үнэмшил бүрэлдэн тогтож байгаа нь гайхамшиг юм. Монголчууд бид хичээвэл дулаан аралтай болох, “Сентоза” арал шиг газрыг Ханбогдод байгуулах боломжтой гэдгийг дахин хэлэх байна. Ер нь бол “Өдрийн сонин” цаг ямагт л Монголын нийгэмд шинэ үзэл санааг бий болгон түгээгч байж ирсэн. Тэр үзэл санаа нь тодорхой цаг хугацааны дараа ёс заншил мэт хэрэгждэг, түүнд хүрэх үүргийг сэтгүүлч бид гүйцэтгэдэг нь бахархам үйлс юм.

Монгол Улс мөнхөд ийм хүйтэн нутагтаа хашигдаж амьдарч ирсэн юм биш шүү. Бидний хүйтний түүх бол ердөө сүүлийн 100 жилийн хэрэг явдал. Өнгөрсөн зууны хорьдугаар онд гэхэд бид өвөл нь урагшаагаа Хянганы нуруу, Ордос, Хөх нуур, Цайдмын тал, зүүн тийш Манжуурын толгод буюу Номхон далайд 500-хан км дөхөж, одоогийнхоор оторлон нутагладаг, зарим нь тэндээ суурьшдаг байлаа. Өвлийн ид хүйтэн эхлэхэд урт хөлийн малаа туугаад урд зүгийн дулаан уур амьсгалтай Ордост очиж нутагладаг байсны зах зухыг гадарлах амьд гэрчүүд өдгөө 90 настай цөөн хүн сэрүүн тунгалаг байж л байна. Түүх бүгдийг гэрчилнэ. Хэрэвзээ бид 1930-аад оны Манжуурын үйл хэрэгт ухаалаг оролцож (тухайн үед Ерөнхий сайдын орлогч Самбуу тэр хэлэлцээрт оролцож, япончуудтай ухаалаг харьцаж байсан. Даанч оросууд түүнийг авчраад буудчихсан), 1947 оны үеийн баруун хилийн тулгаралтын үед алсыг хардаг удирдагчидтай байсан бол өнөөдөр баруун талдаа Казахстан гэж гурав дахь ч хөрштэй, зүүн талаараа Манжуураар далайц гарцтай суухаар байсныг түүхчид бичээд эхэлжээ. Ийм гайхамшигтай боломжуудаа нэгэнт алдсан бид одоо ямар Ордосыг эргүүлж авна гэж тэнэглэлтэй биш дээ. Өнөөдрийн шинэ цаг үед шинэ үзэл санаа, шинэ арга барилаар л сайхныг бий болгохоос өөр аргагүй юм. Тийм учраас манай сонин зогсолтгүйгээр дулаан арал авах, дулаан арал бий болгох үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж ирлээ. Энэ бол цоо шинэ үзэл суртал. Боломж нь дүүрэн байгааг дор сийрүүлье.

Дүн өвлийн хүйтнээр дулаан уур амьсгалтай газартаа бөөгнөрч амьдрах боломж Улаанбаатараас урагш 600 км-ийн зайд байгаа юм. Цаг агаарын хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сум манайдаа хамгийн дулаан газар. Ханбогд сум өргөргийн 43 градуст, Бээжин 40 градуст, Вашингтон 45 градуст байдаг. Урд хөршийн дулаан тохь, хаа холын Америкийн Номхон далайн баруун хойд бүсэд орших Вашингтоны тав тух Ханбогдод байгаа гэсэн үг. Ханбогдтой хил залгаа Өмнөд Монголын Баяннуур аймаг нь одоо хотын статустай болсон. Хамгийн эрүүл хүнс, уул уурхай, мал аж ахуй, газар тариаландаа түшиглэн хөгжиж байгаа инновацийн гол төв, метрополитан хот болсныг Бээжин албан ёсоор зарласан. Ханбогдоос хэдхэн км-ийн цаана ингэж хөгжиж байхад бид яагаад болохгүй гэж.

Ханбогдын газрын хэвлий тэр чигээрээ зэс юм. Зэстэй газар дулаахан, цас тогтдоггүйг шинжлэх ухаан нотолсон. Ханбогдод хот байгуулахад нэг их юм шаардагдахгүй. Идэр есийн хүйтэн тачигнаж байгаа энэ өдрүүдэд тэнд -17 хэм л байна. Дийлэнх өвөлдөө Ханбогд, Галбын говь руу бараг хасах хэм рүү орж хүйтэрдэггүй. Хүйтэрч байгаа нь энэ өвөл гээд бод, хасах 17 хэмтэй байна. Ханбогдод нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Оюу толгой компани байна. Мөн Таван толгойн бүлэг орд байна. Хармагтай, Цагаан суварга хажууд нь. Шинэ төмөр зам тэндээс хоёр салаалан тавигдаж эхэллээ. Аялал жуулчлалын нэгэн төв Дэмчигийн хийд бас тэнд. Засмал зам, агаарын тээвэр тэнд оччихсон. Одоо эрчим хүчний төслүүд эхэлж байна. Дэд бүтэц, инженерчлэлээрээ Монголдоо ганц төгс нутаг дэвсгэр Ханбогд боллоо. Тэгэхээр Ханбогдод “Сентоза арал” бий болох бүх боломж бүрдлээ гэсэн үг.

Усны тухайд, Монголын том голуудын урсацыг Ханбогд руу татах ажил хийгдэнэ. Гол мөрний урсацын 30 хувийг дотооддоо ашиглах тухай НҮБ-ын конвенцид бий. Хиймэл нуур, хиймэл арал байгуулж, говийн их нар шарсан тэр газар оронд нарны энергиэр дулаан бий болгоно. Ингээд л Улаанбаатарын -40 хэмээс ганцхан цаг нисээд, гуравхан цаг давхиад очих нэмэх 30 хэмтэй амралт зугаалгын төв, сайхан хотыг өмнийн говьд байгуулж болж байна. Ханбогд гэсэн хаягтай галт тэрэг, жуулчдын автобусууд, хүүхэд хөгшдөө суулгасан онгоцууд өмнийн говийг зорино. Энэ бүхэн мөрөөдөл биш юм шүү.

Харин Ханбогдоос цааш таван цаг нисээд хүрэх, Номхон далайн эрэг, цаашаа Малайз, Филиппинийг тойрсон хэдэн мянган дулаан арал байна. Тэр арлууд манай 0,7 га газар шиг Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр зарагдаж, хөрөнгөтэй хүмүүс, улс орнууд худалдаж авч байдгийг хүмүүс мэдэх биз. Ханбогдтойгоо зэрэгцүүлээд Монголчууд дулаан арлыг гадаад ертөнцөд худалдаж авах нь ийнхүү бас нээлттэй байсаар байна. Энэ нь хий хоосон мөрөөдөл, хэн нэгний мааз яриа, доог тохуу, өөрсдийгөө доош нь хийх сэдэв биш юм. Монголын төрийн далбаатай усан онгоцууд гадаад далайд хэдэн арваараа хөлхөж байхад Монголын харьяалалтай ганц арал гадаад тивд байх нь асуудал биш шүү дээ. Гарвал л нусаа хацартаа наахаар байгаа энэ цэвдэг хүйтэн өдрүүдэд үүнээс өөр зүйл бодогдохгүй байна. Монголын хахир өвөл нь монголчуудад ямар их зардал, эрсдэл, санхүү, сэтгэл санааны хохирол авчирдаг бол. Энэ бүгдээс зайлсхийх боломж дүүрэн байгаа нь Ханбогдоо халуун арал болгох, халуун бүсэд жижгэвтэр арал худалдаж авах явдал юм. Өнөөдөр Энэтхэгийн далайд байх Кузин арал гэхэд 10 сая ам,доллараар зарагдахаар дуудлага худалдаанд байна. Энэ мөнгө Монгол Улсын хувьд дааж давшгүй их мөнгө мөн үү. Худалдаж авахын өмнөх газар орны хол ойр, эрх зүйн орчин гээд харгалзах асуудал бий. Энэ тал дээр зөвлөгөө өгдөг үйлчилгээний компаниуд дэлхийгээр нэг байна. Интернэтээс харахад Грек, Багамийн арлуудаас худалдаж авахад хууль эрх зүйн орчин жаахан тодорхойгүй. Харин Шинэ Зеланд зэрэг газруудад арал худалдаж авахад хууль эрх зүйн орчин нь сайн зохицуулагдсан, одоогоор Малайзад 500 орчим арал дуудлага худалдаанд байна… гэхчлэн мэдээллүүд байх жишээтэй. Арал худалдах, худалдан авах нөхцөл нь бүх газарт ижилхэн, тухайн улс орон эхлээд иргэддээ худалдан авах давуу эрх олгож зарлаад авахгүй бол гадаадын иргэнд шууд зарахаар хууль нь хийгдсэн байдаг юм билээ. Дэлхийд арлын наймаа хийдэг хамгийн том брокер бол Фархад Влади гэж өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд 3000 шахам арал худалдаалсан хүн бий. Дэлхийн хамгийн сайхан байрлалд байх гайхалтай арлуудыг авъя гэвэл энэ хүнтэй наймаалцдаг. Түүний худалдан авагчдын 40 хувь нь америкчууд, 40 хувь нь европчууд, харин үлдсэн нь япон болон арабууд байдаг тухай тодорхой мэдээлжээ.

Дэлхийн хамгийн хүйтэн цэгт амьдардаг монголчууд бид тэсгим хүйтнийг сөрөн амьдарсаар байгаа нь эмгэнэл юм. Өнөөдөр дэлхий ертөнц тэр чигээрээ хувьсан өөрчлөгдөж, хил хязгааргүй болж, тэр хэрээр боломж их болж байна. Шинэ ертөнцөд бид хуучин үзэл санаа, хуучны арга барилаар амьдарч болохгүй. Шинэ ертөнцөд шинэ арга барил, шинэ оюун санаагаар амьдрах ёстойг түрүүнд хэлсэн. Тийм болохоор хамгийн ойрын боломжит хувилбар Ханбогдоо бид газрын диваажин болгож, өвөлдөө тэндээ бөөгнөрөн амьдарцгаадаг болох. Улмаар цаахна нь байгаа Номхон далайн эрэгт дулаан арал худалдаж авах ажлыг төр засаг, хөрөнгө чинээтэй хүмүүс хамтран хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгж чадвал тэнд нь Улаанбаатарт байр түрээсэлдэг шигээ, далайн эрэг дээр байшин түрээслээд, хөгшчүүлээ, үр хүүхдүүдээ утаа, хүйтэн хоёроос дайжуулан бие сэтгэл амар байлгах юм. Ингэж чадаж гэмээнэ монголчуудын амьдралын хэмнэлд асар их өөрчлөлт, шинэчлэл авчирна. Чанарын хувьсал гарна. Хахир хавар, хүйтэн өвлийг амралтын улирал болгож, харин зун, намрыг ид ажил хөдөлмөрт зориулах хөдөлмөрийн хуваарьт шилжих биз. Угаасаа манайд дулааны улиралтай уралдан хийгддэг маш олон бүтээн байгуулалтууд бий. Монголын зун нь үүрийн 04 цагт наран мандсанаар эхэлдэг, урт өдөртэй. Харин өвөл нь нэг амьсгаа авахад л харанхуй болчихсон, ажлын бүтээмж маш богинотой. Монголчуудын хувьд дулаан арал байгуулах, дулаан арал худалдаж авахын үр дүн, ач холбогдол төсөөлшгүй их юм шүү…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зохиолч, сэтгүүлч До.Цэнджав: Монгол аавын хүүхдүүд удахгүй Америкийн төрд цойлох нь ойртжээ

Пеннсилванниа мужийн Данвилле хот. 2020.05 сар

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав нь сонин сайхнаар үргэлж дүүрэн байдаг хүн. Тэрбээр АНУд ковидын хөл хорионд байж байгаад зургадугаар сард эх орондоо иржээ. Түүнтэй цар тахлын үеийн Америкийн нийгэм ямар байгаа, мөн уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.


-Та саяхан америкт хөл хорионд байх үедээ нийгмийн сүлжээнд идэвхтэй байгаа харагдсан. Тэнд нөхцөл байдал ямар байна. Америкт хорионд байгаад ирсэн хүмүүсээс анх удаа тантай уулзаж байна. Хэдүйд тэнд очив?

-би ер нь америкт анх 1995 онд очсон хүн шүү. Нью-йорк дахь нүб-ын байнгын төлөөлөгчийн газар ажилладаг хэдэн гэр бүлээс өөр монгол хүмүүс тэнд ховорхон байсан. Утга зохиолын судлагч шүүмжлэгч Ч.дагвадорж багш Нью-Жерсид гэр бүлтэйгээ ирсэн, бас ардчиллын нэг баатар малыш энхтүвшин зэрэг хүмүүсийн сураг гарч байсан.

-Тэр үед ямар орноор дамжиж америкт очиж байв?

-Москвагаас Нью- Йоркт бууж байлаа. Онгоц буухаар доошлоход ёстой гайхмаар, онгоцны хэвлийгээс хатгачихмаар цоройсон өндөр, өндөр барилгууд сүртэй харагдаж байлаа. Онгоцон дотор оросын том баячуудын хүүхдүүд сууж явсан юм билээ. Шинэ оросуудын хүүхдүүд анх удаа л Америкт амьдарч, суралцахаар явж байсан нь тэр. орос жаалууд суудлаасаа босч дуу дуугаа авалцан “Агуу их америк сайн байна уу” гэж орилолдоод, алга ташаад сүйд ээ… миний дэргэд нэг настайвтар орос эмэгтэй суусан юм.тэр хэлж байна аа, “энэ хүүхдүүдийг харж байна уу, бүгдээрээ манай Оросын саятан тэрбумтнуудын хүүхдүүд.Энд амьдрах гэж ирцгээж байгаа юм. америкт амархан урвах нь дээ” гэж халаглаж байсан. миний хувьд тэгж очоод америкт бараг хоёр жил шахуу болсон. Тэнд байхдаа анхны роман “Чонын алтан шагайгаа” бичсэн дээ. Бас зэгсэн шуугиад байдаг “Хөх жавар” туужаа бичсэн. тэр муухай хараалч донойн тухай бичиж байхдаа зүрхээ вискигээр чангална шүү дээ. Ёроолд нь хүртэл харуулж жигжүүлэх санаатай хэт шүд зуусных байх. за ингээд яривал их олон юм болно, зогсъё.

-Одоогоос 10 жилийн өмнө солонгост байсан хүн сая явж ирээд гайхаж байна лээ.арван жилийн өмнөх солонгосчуудаас хийж бүтээе гэсэн эрмэлзэл, язганасан хөдөлмөр харагддаг байлаа.одоо их царцанги болжээ гэж.Өнөөдрийн Америк орон, америкчууд өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн бэ.уран бүтээлч хүний мэдрэмж сонин байна л даа?

-Ерэн хэдэн оноос хойш өнөөдрийг хүртэл тэр тивд ирж очоод л яваа. ажил төрөл, амин хувийн журмаар.

Хорин жилийн өмнө очиход Америк тив маш тайван, ард түмэн нь амгалан байлаа. Ер нь газар газраас дэлхийн хамаг л бололцоотой хүмүүс тэнд оччихсон. Нөгөө айдастайгаар ярьдаг Харлимд хүртэл янз бүрийн үймээн шуугиан гаргадаггүй, айдас хүйдэс байхгүй. Аль ч газраар нь, өдөр шөнө хэдүйд ч тайван амгалан явж байдаг тийм улс орон байлаа даа. Гэхдээ гудамжинд буудалцаан болбол хэвтдэг юм шүү гэнэ.

-Одоо тэгээд…?

-Одоо гэхээр чинь 25 жилийн дараа гэсэн үг үү.Тэр үед чинь Оросын сүр хүчин буучихсан, хүн бүр л Америкийн бахархал гэж их ярьдаг. Дэлхийн хамаг хөгжил, шинжлэх ухаан, амьдрах боломж эндээс ундарч байна гэж америк хүн ярьдаг үе ид байлаа даа. Яг л 60, 70-аад оны үеийн Москва шиг. Өнөөдрийн Америк ялангуяа энэ цар тахлын үеэр тэр үеийнхээс харьцангуй их айдастай, хар цагаан арьстны хоорондын харилцаа гаднаа илт мэдэгдэхгүй ч цаанаа бол аюултай ч юм шиг болчихож… Обома Ерөнхийлөгч болсноос хойш харууд жаахан омогшсон байх. Сая цар тахал эхэлснээс хойш хүн хоорондын харилцаа бүр л өөр болж байх шиг. Трампт янз бүрээр хандаж байлаа.Цагаануудын дийлэнх шүтэн биширнэ, байшингийнхаа гадаа Трампт хайртай гээд биччихсэн нь ч харагдана. Бас агуу их Америкийн нэр хүндийг унагаж байгаа амьтан, сонгуулиар унагахсан гээд дургүй хэсэг ч нэлээд мэдрэгдэж байлаа. Мексикүүд, харуудын хүн амын тоо их өсчээ. Анх намайг Америкт очиж байх үед 20 гаруй сая гэдэг байсан санагдана. Одоо 30-аад сая лав болсон байх аа. Нийгмээ ингэж хуваахад Трампын хэлж ярьсан үг их нөлөөлсөн л дөө. Нийгмийн сэтгэл зүй нь их өөрчлөгдсөн. Гадаадын цагаачдад, ялангуяа Хятадын эсрэг бодлого хүчтэй явуулсан болохоор Азийнхныг хятадууд гэж хараад хавчих гадуурхах, биед нь халдах явдал нэмэгдсэн байна лээ.

-Үнэндээ сүүлийн үед Хятадын нөлөө Америкт маш их болсон шүү дээ. Том хотын дарга нар нь ихэнхдээ 1900-гаад оны үед Америкт цагаачилж очсон хятадуудын үр хойчис байдаг. Жишээ нь, Сан-Франциско хотын даргыг хятад хүн л хийж байх жишээтэй?

-Бүх салбарт хятадууд хүчээ авчээ, угийн хөдөлмөрч махруун, бас өөрийн гэсэн Күнзийн гүн үзэлтэй болохоор ямхын бодлогоор нэг л мэдэхэд асар их баяжиж, оройд нь гараад ирдэг юм байна. Харвард, Стэнфорд, Иейлын их сургуулийн багш том, том эрдэмтэд, банкны эзэд ч байна. Америкийн оюун ухааны хамгийн нөлөөтэй улстөрч тэнд байдаг. Уугуул америкчуудын араас бараг хятадууд тэнд гараад ирчихсэн байгаа. Хятадын бодлого хэзээ ямагт чимээгүй байдаг. Ямхын бодлого гэдэг дээ, чимээгүй зүтгэсээр байгаад гэнэт гарч ирдэг. Боломж болгоныг ашигладаг хүмүүст Америк үнэхээр таатай ертөнц л дөө.

-За ингээд сая таныг байх хугацаанд Америк тивд цар тахал дэгдлээ, эхэндээ ч тоохгүй, том байцгаах шиг байсан. Нөхцөл байдал яаж хүндрэв?

-Энд Трампын нэг үг л байгаа юм. Хамгийн айхавтар өдөж хатгасан үгийг хэлсэн шүү дээ, -“Уханийн ханиад” гэж байгаад “Хятад ханиад” гэж нэлээд шүүмжлэлтэй хатуу хэлсэн, ханиадныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой, эдийн засгийн хувьд төлөөс ч гэх юмуу өгөх хэрэгтэй ч гэсэн мэдэгдэл хийсэн. Трамп гэдэг хүний амнаас юу ч гарч мэдэхээр…Хэрэгт дуртай улс маргааш юу гэх бол? гэж тэсч ядан хүлээдэг бололтой юм билээ. Ингэх нь зөв, хэдүй болтол Хятад болоод цагаачдад ноолуулах юм бэ? гэнэ. Дэлхийн нэг номерын улс орны удирдагч хамаа намбагүй үг хэлнэ гэдэг асар аюултай. Хятадын талаас тун тэвчээртэй хандана даа, тэгж яривал ДОХ-ыг Америк гаргасан, бас төлбөр төлөх ёстой биз дээ гэж мэдээллийн хэрэгслээр бичих жишээний…Энэ хоёр их гүрний хооронд нүдэнд үл үзэгдэх дайсагнал юунд ч хүргэж мэднэ. Үнэхээр ч хятадууд чамгүй зүйлээр тэргүүлээд АНУ-ыг сандрааж байна шүү дээ. Тайванийн асуудлаас болоод бүр хурцдаж байгаа юм. Путины хэлсэн нэг үг бий, “Хэрвээ Орос -Америк хоёр дайтах юм бол дэлхийд нэг ч хүн үлдэхгүй” гэж. Үүнийг бүгд мэдэж байгаа. Ингээд Америкт цар тахал гээч нь эхэлж байгаа юм л даа. Тэгсэн өнөөх Трамп ерөнхийлөгч нь “Үүнээс айх явдал байхгүй. Энгийн л ханиад. Жирийн ханиадаар Америкийн хэдэн зуун мянган хүн үхдэг.Энэ бол сүртэй юм биш” гээд хэлчихсэн. Амны хаалт зүүх шаардлагагүй, хорио цээр ч хэрэггүй гэхчлэн Трампын зүгээс айхавтар алдаануудыг гаргасан. Жон Байден сонгуулийн гол тоглолтоо бараг л энэ ханиадаар хийсэн, харууд болоод цагаачдыг их дэмжлээ шүү дээ. Дээр нь Трамп бас хлорын төрлийн нэг зүйлийг хэрэглэхийн бол энэ ханиадыг дор нь дарж болох юм байна гэсэн бас нэг юм хэлчихэж байгаа юм. Тэгсэн манайхаар бол Америкийн Халдвартын төвөөс нь Трампын хэлсэн энэ бүхэн огт худлаа шүү гэсэн бичгийг айл өрхөөр даруйхан тараасан. Ингээд Трамп “Цар тахал” гээчийг эмгэнэл болгоод хаячихсан даа. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр Төр засаг удирдаж буй хүмүүс бүх шатандаа нэгдсэн ойлголттой, нэг цул байж, гаргасан шийдвэрээ зангидсан гар шиг биелүүлэхгүй бол тэгээд л сүйрч мэдэх юм билээ. Манайханд нэг шийдвэр гаргаад, түүнээ дараа нь засч өөрчлөөд мэдэн будилаад байх юм. Үүнийгээ өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай нийцүүллээ гэх нь буруу. Судалгаа нотолгоотой алсын бодлоготой хандахгүй бол их гай тарина шүү дээ.

-Та ингэхэд аль мужийн аль хотод нь байв?

-Пеннсилванниа муж улсын Данвилле гэж хотод байлаа. За миний амьдарч байсан хот бол оросынхоор бол томхон тосгон ч юм шиг жижигхэн маш тайван хот. Хотын захиргаа гэж байна. Гейсингер гэж асар том эмнэлэгтэй. Ер нь бол хаус хорооллын хот юм. Хүн ам сийрэг. Голдуу өндөр настнууд амьдардаг. Манайхаар бол Гүнт, Хандгайт гэдэг шиг л газар. Асар их хуурай ой модтой, ой мод хэдэн зуун жилийн өмнгөх ч байх. Өөрсдөө модоо ашигладаггүй, гаднаас авдаг юм билээ. Их хуурай учраас нэг гарсан түймрийн ард гарах хэцүү бололтой.

-Тэр хотод цар тахал яаж мэдрэгдэж байна?

-Гэнэт л хятадын ханиад ороод ирлээ л… болсон. Ингээд л асар том зөрчил эхэлсэн дээ.Америкчууд маск гэдгийг бараг мэддэггүй.“Костоко” гэж дэлхийн нэртэй том сүлжээ дэлгүүр байдаг шүү дээ. Тэр дэлгүүрт цагаан арьстан хяналтын ажилтан “Та маск зүү” гэж харуудад шаардлага тавихад “Чи миний эрхийг зөрчдөг хэн юм бэ” гээд шууд буудах жишээний. Ийм л том юм эхэлж байгаа байхгүй юу. Ер нь хүмүүс нь амны хаалт гэдгийг мэдэхгүй ундааны том сав, шинэ жилийн хачин баг зэргийг углаад инээд хүргэх жишээний. Бууны худалдаа замбараагаа алдсан даа, жирийн нэг буу ч биш байлдааны буу… Ер нь хүүхдэддээ 12-15 насанд нь буу авч өгөх эрхтэй гэнэ лээ. Манай хүүхдүүд тоглоомын буугаар тоглож байхад тэнд байлдааны жинхэнэ буугаар тоглож болно. Тэр жил оюун санааны өвчтэй хүүхэд сургуулийнхаа 20-иод багш, хүүхдүүдийг шүршээд хаясан тохиолдол ч гарсан.

-Энэ үетэй зэрэгцээд Америкт цагаан арьстан цагдаа, хар арьстан эрэгтэйг хөнөөсөн дуулиан хүчээ авах шиг болсон?

-За тэгсэн.Тэр хар нөхөр “Надад амьсгал өгөөч ээ” гэж хичнээн хашгирсан. Тэгээд байхад л америк цагдаа түүний шилэн хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад алчихсан нь хүний нүдэн дээр үйлдсэн хэрэг. Тэгэхэд л 30 гаруй муж улсад нь бослого гарсан.Америкчууд бас их сонин.Байшин шатааж, дэлгүүрт халдаж, хулгай дээрэм замбараа байхгүй, машин машинаар ачна. Хамгийн сонин нь тэр бүх үйлдэл, үймээнийг дураар нь хаячихсан хараад л…

-Яаж байгаа юм бол. Нөгөө хууль, цагдаа, хүчний байгууллага нь юу хийж байх вэ?

-Асар том том дэлгүүрүүдийг тоноход зүгээр л зөнд нь тавьчихна. Харууд ч башийна даа. Камераар алган дээр тавьж байгаа шиг хардаг болохоор хаа ч явсан бариад хорьчихдог юм билээ. Иргэний дайн эхлэх нүү гэтэл тэгсхийгээд намжина. Манайхан бол үймээн рүү шууд давхиж очин гал дээр тос нэмээд сүйд болдог. Тэд тэр их хөрөнгө мөнгөний талаар ер санаа зовдоггүй юм билээ.

-Иргэний асар том үймээнийг ингэж зохицуулдаг нь өнөөх л хүний эрхийг дээдлэдэг гэх улс орны арга барил юм байлгүй дээ?

-Өнөөдөр Америк тивд хүний эрх гэдгийг нийтээрээ биш ч ерөнхийдөө гуйвуулах талдаа ойлгодог болчихож. Олон олон америк хүний ярьж байгаагаар бол “Одоо энэ Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол болохгүй нь ээ” гэж. Олон зуун жил Үндсэн хуульдаа огт гар хүрээгүй бахархал гэдэг чинь шал худлаа юм байна.Үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм байна. Хүний эрх гэдэг нь Нийгмийн эрх гэдэг асуудлаар зохицуулагдах ёстой юм байна гэхчлэн ярьцгаах болж дээ.Миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг худлаа.Нэг иргэний эрхээс хол илүү Америкийн эрх ашигийг ярих цаг болсон гэж үзэх болж.

-Тэр олон буугаар өөрсдийгөө хамгаалах уу?

-Тэгэлгүй яахав. Хашаанд нь зөвшөөрөлгүй орж ирсэн хүнийг өчиггүй бууд гэсэн нэг хотын даргын шийдвэрийг хүртэл би харлаа. Тэр хотын даргын нэрийг санахгүй байна.Нөхөр иймэрхүү утгатай юм ярьж байгаа юм, “Манай хот бол ариун гэгээн хот, Манай хот бол дээд зэргийн сахилга баттай үлгэр жишээ хот.Хотын дарга би захирамж гаргаж байна.Ямар нэгэн сэжигтэй этгээд ойртвол шууд буудахыг зөвшөөрч байна” гэж… мөн айхавтар байгаа биз.

-Таны байсан айл бас зэвсэглэх юм уу?

-Миний амьдарч байсан айл гэхэд том жижиг гурван төрлийн буутай.Өөрийнх нь эдэлбэр газарт хүн зөвшөөрөлгүй орж ирэх юм бол буудахаас өөр арга байхгүй. Америкийн нийгэмд маш буруу нэг зүйл бий. Харууд аюултай л даа, тэд гэмт хэрэгтэн байж болно. Тэд нэг л сөрөг гэмээр үйлдэл хийвэл газар дээр нам бууддаг хуультайг Америкт очсон бүх монголчууд мэднэ. Ядаж амин бус газар нь шархдуулдаг баймаар. Би монгол сэтгэхүйгээрээ ярьж байгаа байх. Гэхдээ шууд л хэд хэд буудна. Энэ бол хамгийн аюултай. Би Америкт байхдаа өглөө бүхэн гүйж алхдаг байлаа.Өдөржингөө юм бичээд сууж байгаа хүн чинь. Нэг удаа тас хар малгай, тас хар нүдний шилтэй, дээр нь хар бэлтгэлийн өмд цамцтай хав хар юм л гүйж явсан чинь нохой дагуулсан нэг эмгэн учиргүй чарлаад гэр рүүгээ гүйгээд орчихлоо.

-Юу болох нь тэр вэ?

-Лалын шашинтан шиг харагджээ. Би асуудал биш болсныг гадарлалаа, нөгөө айл руу чинь хартал цонхоороо буу шиг л юм цухуйлгаж байгаа харагдана. Надад бол буу л харагдсан л даа. Би ч зүгээр хар хурдаараа гэр рүүгээ гүйлээ.Орой нь гэрийнхэндээ хэллээ, ийм ийм юм боллоо гэж. Тэгсэн “Та чинь тийм хувцастай гадуур явж болохгүй шүү дээ. Энд хэзээ ч бүх хувцас нь хараар явж болдоггүй юм. Терорист л гэж айна. Танд цагаан цайвар, цэнхэр хувцас авч өгье” гэсэн.

-Хатуу чанд хууль яс тас хэрэгжиж байгаа улс оронд бүх зүйл сайхан гэсэн ойлголт бидэнд бий. Одоо арай өөр болж байгаа юм байна?

-Ер нь ийм л хуультай, ийм л нийгэм явж ирсэн. Гэхдээ өнөөгийн америкчуудыг харахад стресс ихтэй болсон байна. Ажлын асар их дарамт байна. Хүүхдээ төрөнгүүт л коллеж, сургуулийн асуудлыг нь бодоод явчих юм. Манайхан бол 12 дугаар ангийг нь төгстөл юу ч бодохгүй. Мөн тэнд амьдарч буй байшин бүр нь өр. Нөгөө урт хугацааны зээл, лизинг. Тэрийгээ л төлөхийн төлөө зүтгээд байж байдаг. Миний байгаа айл гэхэд таван машинтай. Нэг нь эмнэлэгт ажилладаг, нөгөө нь компьютерийн мэргэжилтэй гэрээсээ ажил хийдэг. Хоёулаа сард 50, 50 мянган долларын орлоготой.Тэр олон машинаар яадаг байна. Тэгсэн тэр нь “Хөрш айл маань ийм байхад бид ийм байх ёстой, юугаараа дор орох юм” гэсэн сэтгэлгээ.Ийм өрсөлдөөн аймшигтай, үргэлж түүнийгээ ярьж байдаг. “Та хоёр болж байна шүү дээ, ийм сайхан байшин сууцтай, машин тэрэгтэй, хангалуун сайхан…” гэхэд “Үгүй ээ, манай дүүгийнх гэхэд таван байшинтай байна шүү дээ” гээд шаналаад, зовоод… мөн их стресс шүү. Дээр нь ажлаасаа халагдачих вий гэсэн стресс байна. Сургууль соёл, цалин хөлс, зээл лизингийн стресст америкчуудын хэдэн хувь нь байдаг юм мэдэхгүй, бүгд оюун санааны нервтэй. Ийм л нэг бие эрхтний биш оюун санааны аймшигтай стресс илт ажиглагдлаа. Энэ нь нөгөө “Чи сайн ажил, бүх зүйл чөлөөтэй, тэгээд гарч ир, чадахгүй бол хохь чинь” гэдэг нийгмийнх нь шинж чанар юм даа. Гарч ирэхийн тулд их дороос л гарч ирнэ. Яг нарийндаа америкчуудад одоо оюун санааны хямрал нүүрлэчихжээ.Би Америкийг муулж байгаа юм биш хар тамхийг зохих түвшинд зөвшөөрсөн байдаг нь ч үүнтэй холбоотой байх.

-Хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил нь ямар санагдав?

-Тэр бүтэхгүй ээ. Өнөө цар тахлын үеийн америк чинь явсаар байгаад ийм юм руу орчихов уу…

-Тэглээ…

-Америкт хүүхдэд “Үгүй” гэж хэлж болдоггүй.Миний байсан айлын гурван настай хүү бол шавартай холилдоод, дотор нь зууралдаад, хувцсаа бол найгүй болгож байгаа юм.Хорьж болохгүй гэнэ дээ.Дуртайгаа хийх ёстой юм байна. Гурван настай хүүхэд “Намайг зодох гэвэл цагдаад өгнө шүү” гэж хэлсэн байгаа юм. Чи хаанаасаа үүнийг сурчихав гэхээр “Цэцэрлэгийн багш тэгж хэлсэн” гэж дуугарч байна гэх.Гуравхан настай амьтан /инээв/.Хүүхдийг яаж ч байсан зөнд нь харна. Ингэж л хүмүүжүүлдэг юм байна лээ. Хүүхэд рүү нь жаахан л зандрах маягтай дуугарвал тэгээд л цагдаа дуудна. Бас 10 настайгаас нь эхлээд хүүхдэд буу авч өгч болно гэж зөвшөөрсөн байна.

-Таныхаар бол Америк дахь хүний эрхийг мушгих нь арай хэтийджээ, эргээд өөрсдийг нь багалзуурдаж мэдэх нь гэж хэлэх гээд байна. АНУ гэдэг бол хүний эрхийг дээдэлдгээрээ дэлхийн загвар гүрэн шүү дээ?

-Америк тив бол үнэхээр хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны ололт, техник, армийн хүч… гээд бүх зүйлээрээ бахархалтай орон. Гэвч өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад америкчуудын Хүний эрх чинь бодууштай юм байна шүү, хэрээс хэтрэх тал руугаа явчихсан байна гэдгийг л мэдэрснээ ярьж байна. Ер нь бол тэнд нийгмийн ялгарал хэтийдсэн. Америкт аливаа нийгмийг хамарсан үймээн шуугианыг шууд нам дарж болдоггүй. Хятадад бол дор нь л нам дардаг. Өчнөөн дэлгүүр хоршоогоо тоноод л, баахан машин тэрэг шатааж, банк тоносны дараа л Үндэсний гвардын арми буюу цэргээ оруулж байх жишээний. Ийм нийгмийг одоо ямар нийгэм гэх вэ? Сая Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд иргэд урьд хожид байгаагүй их олноор идэвхтэй санал өгсөн нь цаанаа бол Америкийг өөрчилье, шинэчилье гэсэн санаа. АНУ-ын Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг амаргүй. Ард түмнээрээ хэлэлцэнэ. Муж улс болгон өөрсдийн хуультай. Сая бол арав гаруй мужийн захирагч нь ерөнхийлөгчийнхөө эсрэг шууд зогслоо шүү дээ, Трампын эсрэг. Америкийн Үндсэн хуулийг ерөнхийд нь өмнөө бариад л асуудалд хандана уу гэхээс биш ерөнхийлөгч “Тэг” гэсэн шийдвэр өгөхөд “За” гээд толгой дохидог мужийн захирагч бараг байхгүй юм билээ. Одоо бол Жон Байдений өмнө том шалгуур гарлаа. Санаанд оршгүй их юм гарна даа. Трамп бол бодсон сансанаа л хэлж ярьж, хийж хэрэгжүүлж яваад уналаа. Америк тогтворгүй болбол дэлхий тогтворгүй болно гэсэн үг. Дэлхийн энхтайвныг Америк цэргийн хүчээр барьж тогтоож ирсэн. Трамп бол Америкийг ганцаардуулахад хүргэсэн. Тэр орон зайг Хятад маш овжноор ашиглалаа. Европ тэр чигээрээ Хятадаас тэрбум тэрбумаар нь зээл авч байна. Африк тив тэр чигээрээ Хятадыг шүтэж байна.

-Америкт байгаа монголчууд маань цар тахлын үед ер нь ямаршуухан байна вэ?

-Од хийморьтой яваа монголчууд Америкт олон байна. Тэнд сайн яваануудаа энд байгаа монголчууд бүгд сайн мэддэг болжээ. Жинхэнэ оюуны охь манлайд гарч ирж яваа залуус тэнд цөөнгүй байна.Цахиурын хөндий гэж ярьдаг шүү дээ, программ хангамжийн чиглэлийн дэлхийн супер компаниудад хүчээ авчихсан монгол инженерүүд байна.Билл Гейтсийн компанид ажиллаад цоройгоод гараад ирсэн инженерүүд байна. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд, за нэг их удахгүй АНУ-ын төрийн департаментад цэвэр монгол цустай Америкийн иргэд гараад ирэх юм билээ дээ.Тодорхой хугацааны дараа монгол аав ээжийн хүүхдүүд, ач зээ нар Америкийг удирдаад явах нь тодорхой юм билээ.Цаг хугацааны л асуудал.Америкт байр сууриа олчихсон монголчуудын хувьд асуудал алга. Харин энэ цар тахлын үеэр Америкт түр очсон буюу хүүхдүүдээ бараадаад оччихсон хүмүүс зовлон хэлж байгаа юм. Энэ хөл хорионы үеэр эх орон гэдгийг жинхэнэ зүрх сэтгэлдээ мэдэрч байна лээ дээ. Хүний нутгийн цаг агаар, орчин нөхцөл хичнээн сайхан, хичнээн баян байгаад миний эх орныг төлөөлж чадахгүй гэдгийг Америкт байгаа монголчууд яс махаараа мэдэрч байна. Миний нэг эмзэглэсэн зүйл бол 80, 90 нас хүрсэн хүмүүсийг үр хүүхдүүд нь Америкт авааччихсан. Сая намайг ирэхэд онгоцонд хэд хэдэн тийм хөгшчүүл тэргэнцэр дээр ирлээ. Ээ дээ залуус минь, мөн ахмадууд үүнийг маш сайн бодоорой, туйлын аюултай юм байна шүү. Тэнд хөгшчүүлийн бие муудаад дор орох юм бол Америкт арав, хорин жил зүтгэж босгосон хүүхдүүдийнхээ амьдралыг санхүүгийн хувьд бүрэн сүйрүүлэх юм байна лээ.Мэдээж муусайн үр хүүхэд, ач зээ нар нь жаргаая, эмчлүүлье гэж аваачдаг байх. Сая тэндээс эмчилгээний өртөгийг нь дийлэхгүй маш олон хүн онгоцоор арайхийж ирлээ. Дээр нь эх орноо санаж үхэх гэж байгаа юм.

-Та ер нь сая бол хаширчээ…

-Ганц Америк биш энд тэнд өндөр настай монголчууд их байдаг юм байна. Жишээ нь, би өөрөө тэр айлд түгшүүр болж байгаа юм. Миний нүдний даралт ихэслээ. Эмчид үзүүлтэл яаралтай хагалгаанд ор гэдэг юм байна. Хагалгааны үнэ нь бүр тэнгэрт хадсан. Та бод доо, манай энд бараг хүүхэд бүр шүдний аппарат хийлгүүлдэг биз дээ. Тэнд 26 000 доллар байгаа юм. Яаж төлөх юм бэ. Ийм их өртөгтэй нийгэмд чинь хүн яаж тайван амьдрах юм. Манайхаар бол өрхийн эмнэлэг дээр нь очоод суулаа, нэр дуудахыг хүлээгээд. Оройны таван цаг гэхэд хүлээгээд сууж байна. Энд яадаг билээ, хүнд сурталтайг нь дуудаад, орилоод бахираад, сошиалд бичээд баллаж өгнө. Тэгж их нарийн удаан үздэг юмуу, яадаг юм. Энэ их зовлонтой. Манайхан дуртай эмийн сандаа ороод дуртай эмээ аваад ууна. Тэнд эмчийн бичиггүй нэг ч эм өгөхгүй. Дээр нь эмийн сангаар үйлчлүүлэх гэж 2-3 цаг болно. Тэгж эмийн хэрэглээний аюулгүй байдлыг хангадаг. Би тэнд хагас жил боллоо. Довон дээрээ байгаа хүмүүс эх орныхоо үнэ цэнийг мэдэхгүй, өөр газар амьдарч байж л мэддэг. Гадагшаа түр зуур яваад ирэхэд юу ч мэдэхгүй. Хүний газарт жаахан зовлон үзээд ирэхээрээ эх орныхоо үнэ цэнийг яс махаараа мэдэрнэ. Гадаадад амьдарч байгаа монголчууд бол жинхэнэ эх орончид байдаг. Эх орноо өмгөөлдөг, санаа тавьдаг, хамгаалдаг. Манай энд байгаа зарим нөхдүүд бол харин жинхэнэ хийрхэгчид байх.

-Америкт тэгээд таны нэг өдөр яаж өнгөрч байв?

-Би тэнд өглөө үдэшгүй л “Биднийг Монголын минь газар шороон дээр гишгүүлээд өгөөч” л гэж гуйж залбирч байлаа даа.Миний эх орон шиг дураараа, эрх чөлөөтэй, ядуу мөртлөө баян хүн шиг аяглаж аашилж явдаг, төр засгаа хэнээс ч айхгүй шүүмжилдэг, гараад л архи уудаг, ажил огт хийхгүй мөртлөө сайхан амьдраад явдаг… ийм газар орон ер нь байхгүй. Бид бол хамгийн аз жаргалтай амьдарч байна. Бид чинь бүдүүлэг биш юм байна.Бид чинь жинхэнэ натурал амьдардаг юм байна. Америк тивийн нүдээр Монголыг харахад бол өнөөдрийн ган зуднаар хэдэн малаа туугаад, дуртай газраа хоноод явж байгаа чинь энэ дэлхийн эрх чөлөөний туйл юм. Үүнээс илүү эрх чөлөөт нийгэм дэлхийн өөр хаана ч байхгүй. Өөдөөс чинь хэн ч буудахгүй. Сайндаа жаахан хэрэлдэнэ биз. Бид Монгол эх орондоо хайртай байх цаг ирсэн байна шүү.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр сонголт байхгүй

Монголд ганцхан өдрийн дотор бүгдээрээ маскаа зүүж, автобусны буудал хүнгүй болж, хүүхдүүд гудамжинд тоглохгүй болов. Монголчууд бидний цусанд удирдуулж сурсан ухаан урсаж байна. Ийм ард түмнийг удирдахад амархан. Гэтэл дэлхийд юу болж байна гээч, Энэтхэгт иргэдээ саваадаж байна. Америкт дэлгүүрээ тонож байна. Орост өвчтөнүүдээ зөнд нь хаяж байна. Хятадад үнэн хэрэгтээ юу болж буйг дэлхий мэдэхгүйд хүрэв. Европ бол үгэнд орохоо байсан ард түмнээ “Ковид хэмээх бактерлогийн дайн эхэллээ” хэмээн сүрдүүлэн дарж авч байна. Харин монголчууд бид бол дэг журамтай, сахилга баттай байна. Ийм нөхцөлд бид хальж болохгүй, бас жижгэрч болохгүй. Зүгээр л мөрөөрөө амьдарцгаая. Ингэхийн тулд ямар байх ёстой вэ.

Бидэнд ухаалаг удирдлага, сайн зохион байгуулалт, Төрийн шинжлэх ухаанч хандлага, байр байрандаа яс тас байх шинж чанар чухал. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг юм байж болохгүй. Таван хоног яс тас гэртээ сууцгаая. Халдвар хамгааллын зөвлөмжийг нь яс тас сахин биелүүлье. Бүтэн жил шахуу тэсч чадсан монголчууд таван өдөр юу байхав. Одоо монголчуудын хамгийн их хүлээх ганц сайн мэдээлэл бол таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар бууруулах шийдвэр гарлаа” гэсэн мэдээ байх ёстой. Үүний төлөө л хичээцгээе. Энэ мэдээлэл зарлагдах хүртэл элдэв үймүүлсэн мэдээлэлд автах хэрэггүй. Хэрэвзээ таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг цааш нь сунгах боллоо” гэвэл төрөөс халдварын тархалтыг таван өдөрт багтааж, хумин авч чадаагүй юм байна гэсэн албан ёсны ойлголт болох юм. Энэ бол эмгэнэл…

Халдварыг нэгэнт дотроо алдсан нь тодорхой болохоор одоо бүх зүйл ердийн биш. Дэлхий нийтээр энэ үеийг туулж байгааг ойлгож халдвартай хамтдаа, зэрэгцэн оршихоос өөр аргагүй. Нэг ч монгол хүнийг алдаж болохгүй учраас өөрсдөд байгаа гэгээн сайхнаа ярьж, сэтгэлээ цэлмээж сууцгаах нь зөв. Жишээ нь, “Монгол Улс бусдаас ялгаатай нь хүн амын нягтаршил бага учраас хээр хөдөө рүүгээ тараад алга болно. Жишээ нь, миний хувьд хотод нөхцөл байдал хэцүүдвэл Өвөрхангай руу давхиж очно. Тэнд дургүй хүрмээр байвал сум руугаа давхина. Суманд тээртэй байвал хөдөө гэртээ очоод хэдэн адууныхаа захад эхнэр хүүхэдтэйгээ хэвтчихнэ. Тэгээд өглөө оройд овооны орой дээрээс утсаар хот руу ярьж, хов базсан шигээ цагийн байдлыг харна” ч гэдэг юм уу, эсвэл зуслан дээрээ хоолоо хангалттай бэлдэж очоод бүгчихнэ… гэх шиг нэг талаас хэнэггүй ч гэмээр, боломжиндоо итгэсэн, сэтгэл санаагаа өөд нь татсан байдалтай байцгаах хэрэгтэй. Нэгэнт тулаад ирсэн зовлон бэрхшээлийг даваад гарах сонголт нь энэ мэтээс эхлэх хэрэгтэй. Дэлхийд Монгол Улс л зах хязгааргүй их нутагтай, тэр их газар нутгийн хаана ч хүн амьдрах нөөц боломжтойг харах хэрэгтэй. Тэрнээс ямар Сахарын элсэн цөл, Сибирийн их тайга руу зугт гэж байгаа биш. Монголын говьд, их хээр тал, хөвч хангайд хүн амьдарч болохгүй юу байгаа юм. За энэ бүхэн бол нэг талын өөдрөг төсөөлөл.

Нөгөө талаас өнөөдөр иргэн бүр үнэн зөв мэдээлэлд ойр байх нь чухал. Ингэж гэмээнэ таны тархи оюун итгэл үнэмшлээр дүүрнэ. Амьдралаа эрсдэлд оруулахгүйн тулд чи супер амьтан байх албагүй. Зуу зуу, мянга мянган хүн таны аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгааг та бид харцгааж байна. Хичнээн зуун эмч сувилагч, Онгцгойгийн ажилтнууд, Мэргэжлийн хяналтынхан, Цагдаагийн албан хаагчид, Тагнуул хүчнийхэн, салбар мэргэжлийн хүмүүс, мянга мянгаараа зөвхөн таны аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зогсож байгааг сана, хүндэл, тэднийг хайрла. Тэд бүгдээрээ тань шиг хань ижилтэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй хүмүүс. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбар найрагчийн үгийг сана. Тэд бүгдээрээ вирустэй тэмцэж байна. Бүгдээрээ бактерлогийн дайны галын шугаманд алба хааж байна. Тэд ямар ч айдасгүйгээр, амь насаа дэнчин тавин зогсож байна. Тэдний хажууд иргэн таны гэртээ байж, гэр бүлээ халамжлах нь жаргал юм. Тэд бол жинхэнэ баатрууд, бурхны илгээсэн сахиусан тэнгэрүүд. Тэдэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ өвчин хэрвээ миний ээжид, эхнэрт, миний хүүхдэд халдвал юу болох вэ гэдгийг өглөө бүр сана. Дээр нь нэмж хэлэхэд бидний хэнд маань ч дэлгүүр доторх бүх хоол хүнс, мах гурил хэрэггүй. Бидэнд жаахан хүнс байхад л хангалттай. Тэр жаахан хүнс чинь агуулах агуулахаар дүүрэн байгааг өнөөдрийн төр засгийн удирдлагууд цаг минут тутам бидэнд мэдээлсээр байна. Юунд нь санаа зовсон юм. Үүний оронд энэ боломжийг ашиглаад өөрсдийгөө хувь хүний хувьд хөгжүүлэхэд анхаар. Боломжтой байгаа зүйлс дээрээ төвлөрч өөртөө өөрчлөлт хий. Суралц, ном унш, подкаст сонс, шинэ хобби, эсвэл ур чадвараа ахиул, шинэ жороор хоол хий, хөгжим тоглож сур… Гэртээ байж бусдаас зайгаа барих нь нийгмээс тасарсан гэсэн үг биш. Технологиор дамжуулан бид хэнтэйгээ ч харилцаа холбоо үүсгэх, бусдад алсаас дэмжлэг үзүүлэх боломжтой. Өнөөдрийн хөл хорионы түвэгтэй нөхцөлд найз нөхөд, гэр бүлдээ халамж, анхаарал тавих нь хамгийн аз жаргалтай чухал үйл хэрэг болоод байна шүү. Энэ бүхэн монголчууд бид бүгдийн итгэл найдвар, зорилго, утга учрыг өдөөж чадна.

Ялангуяа залуу хүмүүс гэртээ байх хэрэгтэй байна. Тэд настай хүмүүст энэ вирусийг халдаах магадлалтай. Та бид чинь ээж аавдаа аминаасаа илүү хайртай биз дээ. Болж өгвөл 65-аас дээш насны хүмүүстэй битгий уулз. Би одоо ээж аавыгаа, эмээ нараа харахыг маш их хүсч байна. Гэхдээ ингэхгүй байх нь тэдний төлөө хийж буй хамгийн зөв үйл гэж бодож сууна. Хүссэн хүсээгүй настай хүмүүсийн дархлаа суларсан байдгийг хэн хүнгүй мэднэ.

Эцэст нь хэлэхэд, эргэн тойронд маань эргэлзээтэй зүйлс, тогтворгүй хандлага мэдрэгдэх шинжтэй болсон учраас нэг их мэргэн өвөө шиг энэ зүйлсийг бичлээ. Стресс, сэтгэлийн түгшүүрээ арилгах хамгийн үр дүнтэй арга бол өөрсдийн хяналтад байдаг үйлдлүүддээ төвлөрөх гэж бодож сууна. Өөр бид юу хийж чадах билээ. Өнөөдрөөс эхлэн бид хагас жил тэссэн шиг тэсч чадвал вакцин их ойрхон байна. Учир нь өнөөдрийн байдлаар хоёр ч эрдэмтэн коронавирусийн хувирах, мутацид орох үйлдлийг таслан зогсоосон вакциныг гаргаж авчихаад байна. Шинээр гарч ирсэн олон вакцины үр дүнгүй болсон гол шалтгаан нь эдгэсэн гэх өвчтөн нь эргэж өвчлөөд байсанд байгаа юм. Тэр юу гэхээр вирус өөрчлөгдөөд байсан учраас. Одоо тэр шинж чанарыг барьж авч чаджээ. Тэгэхээр вирусийг эмчлэх хугацаа хором хормоор ойртсоор байгаа хэрэг. Энэ бол итгэл найдвар. Хүүхдүүддээ анхаарал тавь. Ахмадуудаа хайрла. Төрөө хүндэл. Хувь хувьдаа хичээцгээе. Ингэж чадахгүй бол түгшүүр, стресстээ түүртээд, түүнээсээ болж уур уцаар нэмэгдэж, эрүүл бус хооллож, уйтгар гуниг, анхаарал төвлөрөл сарних аюул газар авах нь байна шүү…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Бизнесийнхэн бид төрдөө итгэхгүй өөр хэндээ итгэх билээ

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатартай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе. Тэрбээр баруун аймгуудыг авто замаар холбох сүүлчийн бүтээн байгуулалт буюу Баянхонгор-Говь-Алтайн чиглэлийн 127 км замыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөөд, дөнгөж ирээд байхад нь уулзсан юм.


-Танд Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе. Баруун аймгийг авто замтай холбож дуусгах их ажлын сүүлчийнхийг “Макс” групп үүрч гарлаа. Энэ бол баатар цолноос чинь дутуугүй баяр хүргэх том ажил гэж бодож байна?

-За баярлалаа. Баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн сүүлчийн бүтээн байгуулалтыг манай “Макс рөүд” компанийн хамт олон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Ерөнхий сайд, холбогдох албаныхан очиж нээлээ. Их ач холбогдол өглөө. Шулуухан хэлэхэд, Говь-Алтайгаа Улаанбаатартай холбох засмал замын ажлыг дуусгах гэж нойр хоолгүй зүтгэлээ. Нээлтийн үеэр би хэлсэн, “Арай л өөрийгөө барьцаанд тавилгүй байж замаа барьж дуусгалаа” гэж.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх замын нээлтэн дээр бас сайхан үг хэлсэн байна лээ?

-Ерөнхий сайд”Та нар үнэхээр чадлаа, баяр хүргэе. Та нараар бахархаж байна” гэж хэлсэн. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж, энэ үг манай хамт олонд их урам өглөө. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн хамт олны маань ядаргаа тэр үгэнд бараг арилж байгаа байх. Ерөнхий сайд өөрөө сэтгэл их хангалуун байна лээ. Бас дээр нь “Энэ замыг Баатрын зам гэж нэрлэе” гэсэн. Хөдөлмөрийн баатар цолоо мялааж 127 км авто зам барьж, чанарын өндөр түвшинд хүлээлгэж өгснийг маань хүндэтгэн хэлсэн үг болов уу. Ингээд нэг том амьсгаа авчихаад сууж байна. Дараагийн том төслүүд маань эхэлнэ, ажил үргэлжилнэ дээ.

-Таны үүдэнд хүмүүс их байна, баатар цолонд баяр хүргэх гэсэн олны хөл татраагүй байгаа бололтой?

-Баяр хүргэсэн хүмүүс их байна. Өнөөдөр гэхэд гурав дөрвөн ч Элчин сайд баяр хүргэлээ. Цолондоо багтаж байх, эзэн байх гэдэг том асуудал. Баатрынхаа алтан соёмбыг дээлэн дээрээ нэг зүүгээд, костьюм дээрээ бас сэлгэж зүүгээд явж байна. Хүмүүс чинь заавал харна гэх юм байна шүү дээ /инээв/. Энэ шагнал их том итгэл хариуцлага, урам зориг юм даа. Үүнийг дааж, цааш илүү ихийг улс орон, ард түмэндээ хийж бүтээнэ гэдэг чухал л даа.

-Говь-Алтайг холбосон замын ажлын ард гарах гэж “Макс”-ынхны зүгээс мөн ч их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарах шиг боллоо?

-Их л буянтай сайхан ажил хийлээ. Монголын компаниуд өөрсдийн ажиллах хүчээр замыг яаж чанартай, чадварлаг хийж чаддагийг харууллаа. Манай залуучууд үнэхээр мундаг ажиллалаа. Замчид болон ажилчдаа магтах сайн үг олдохгүй сууж байна.Ганц Говь-Алтай бус баруун таван аймагт үр ашгаа өгөх маш том бүтээн байгуулалт. Наанадаж байгаль орчинд ээлтэй, байгаль сүйтгэсэн 80 салаа зам тодорхой хугацааны дараа эдгэрнэ. Эдийн засгийн ямар их ач холбогдолтойг тооцвол том дүн гарна. Дор хаяж 20-30 тэрбум төгрөгийн хэмнэлтийн асуудал яригдаж байгаа юм. Олон мянган жуулчин зорчихоос эхлээд, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх, ашиг орлого нь нэмэгдэх гээд ард иргэдийн хувьд маш их хүлээж байсан зам. Богино хугацаанд ашиглалтад оруулсандаа их баярлаж байгаа. Нуруун дээрээс томоохон ачаа хөнгөрлөө. Хөрөнгийг нь өөрсдөө босгож хийнэ гэдэг амаргүй байсныг нуугаад яахав. Энэ зам Баян-Өлгий хүрнэ. Тэндээсээ ОХУ руу гарах зам үндсэндээ нээгдэж байна. Ховдын Булган сум руу холбогдчихсон. Ингэхээр Хятад, Оростой холбогдсон Олон улсын авто замын сүлжээтэй болчихож байгаа юм.

-Хэр хэмжээний хүч, хөрөнгө зарав?

-Том зам бүтээхэд том зээл хэрэгтэй, зээлийн хүүний асуудал ямар байдаг билээ. Банкууд ямар их барьцаа нэхдэг билээ. Барьцаагүй бол зээл өгөхгүй. Олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн хүчээр энэ зам тавигдлаа. Зөвхөн манай группийн асуудал биш болоод явчихаж байгаа юм л даа. Олны төлөө, Монголын хөгжлийн төлөө ийм том ажил хийж байхад туслалгүй яахав гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс олон байлаа. Өнгөрсөн 30-аад жилд олж авсан бизнесийн нэр хүнд байна. Энэ олон жилд нэг ч хүний итгэлийг алдаагүй явсны гавьяа энэ зам дээр харагдлаа.

-Энэ зам дээр дэмий ч оров уу гэж бодогдох үе байв уу?

-Би энэ замыг барья гэж сэтгэлдээ зурж байсан. Санхүү мөнгөний асуудал тулгарсан үед зарим нэг объектуудаа зарсан. Түмний төлөө, хөгжлийн төлөө шийдвэр гаргахад харамсах зүйл алга. Нэгэнт зорьсон ажлаа дуусгах ёстой. Хамгийн гол нь сайхан бүтлээ.

-Ний нуугүй асууя. Өнөөдөр цар тахлаас үүдэлтэйгээр дэлхийн улс орнууд хүндэрч байна. Монгол Улс ч хүнд байна. Улс орны эдийн засаг ийм хүнд үед та маш том эрсдэл үүрч, хэдэн зуун тэрбумын хөрөнгөөр зам барилаа. Таны өмнөөс зарим хүн бараг айж байгаа биз, “Энэ Ганбаатар мөн ч бөх зүрхтэй хүн юм” гэж. Та концессын гэрээний дагуу Засгаас тэр олон тэрбум төгрөгөө авч чадах юм уу?

-Бизнесийнхэн бид төрдөө итгэхгүй өөр хэндээ итгэх билээ. “Макс” групп төр засагтайгаа хийсэн гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Чанарын өндөр түвшинд нэр төртэй гүйцэтгэсэн. Монгол Улсад хувийн нэг компани нь ийм том эрсдэл үүрээд ажил хийчихэж байгаад төрийн удирдлагууд үнэхээр сэтгэл хангалуун байна лээ. Энэ бол итгэл. Нөгөө талаар бид нүүр бардам хийсэн ажлаа тайлагнасан нь сайхан үйл явдал. Дан ганц манай компанийн нэр төрийн хэрэг биш. Ерөөсөө Монголын хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалт хийж чаддаг болсныг, чадвартай, чадалтай болсныг харуулсан хэрэг. Ийм итгэлийг төрдөө, ард түмэндээ төрүүллээ. Төр нь одоо дэмжих ёстой шүү дээ. Итгэлийг нь даадаг хүнд сайнаар л ханддаг биз дээ. Тийм болохоор би үүнд санаа зовохгүй байгаа. Итгэл даадаг хүн сайхан харагддаг шиг итгэлтэй хамт олон байж чаддагтаа бид баяртай явдаг.

-Төрдөө бид итгэх, төр нь иргэддээ, үндэсний компаниуддаа итгэх нь хамгийн үнэ цэнэтэй зүйл л дээ. Тэгэхээр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн баярт мөчийн тань сэтгэгдлийг хожуу ч гэсэн сонсъё. Та чинь Ордноос гараад л олдоогүй хүн шүү дээ. Замаа нээнэ гэж давхиад…?

-/инээв/ Нээрэн тэгсэн байх шүү. Төрөөс баялаг бүтээгчдээ үнэлж том урам өгсөн, бас ихийг хийж бүтээх ташуур өгсөн үйл явдал боллоо. Энэ бол Монголын баялаг бүтээгчдийн хувьд сүүлийн 30 жил болоогүй том баяр. Үндэсний компаниуд нэг сая гаруй иргэнээ ажлын байраар хангаж, улсын эдийн засгийн дийлэнхийг нуруун дээрээ үүрч байгааг хүлээн зөвшөөрсөн ухаалаг шийдвэр боллоо гэж олон хүн ярихыг сонслоо. Ард түмэн ч их сайхан хүлээж авлаа.


Төрийн ордон. 2020 оны 9 дүгээр сарын 26

-Одон зүүж өгч байхдаа Ерөнхийлөгч юу гэж хэлэв?

-“За ажил сайн уу. Сайн хичээгээрэй” гэж байна лээ. “Баярлалаа, хичээнэ ээ” л гэсэн.

-“Жигүүр гранд”, “Монос” гээд бизнесийн хоёр том акултай зэрэгцэж зогсоод Баатрын алтан соёмбыг энгэртээ зүүлээ. Тэр үед та гурав хоорондоо юу ярьж зогсов?

-Хөдөлмөрлөсөн, ард түмний нүдэнд харагдах их зүйлийг хийж бүтээсэн хоёр сайхан ахтайгаа хамт зарлиг сонсох бахархалтай байлаа. Ер нь харьцангуй залуудаа би чинь баатрын цолыг авч байгаа юм шиг байна. Бид чинь хоорондоо хийж бүтээх тухай л яриа өрнүүлж явдаг хүмүүс шүү дээ.

-Та Баатар болсныхоо дараа “Би 3000 ажлын байрыг бий болгоно” гэж том тоо хэлсэн шүү?

-Би сэтгэлийн хөөрлөөр тэр үгийг хэлээгүй. Бид хэд хэдэн том төсөл дээр ажиллаж байна. Баруун бүсэд эрчим хүч дутагдалтай байна. Цахилгаан байвал үйлдвэр, аж ахуй нэгжүүд хөгжих олон төслүүд байна. Монголчууд нүүрсний асар их нөөцтэй байж, жилд 200 сая ам.долларын эрчим хүч гаднаас авч байна. Энэ байдал үргэлжлээд байж болохгүй. Дотооддоо эрчим хүч үйлдвэрлэвэл ямар хэмжээний ажлын байр бий болох вэ. Одоогоор манай групп 2500 ажилчинтай. “Сүү” компани гэхэд олон мянган малчдаас олон сая литр сүү авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйл ажиллагаа нь хэр өргөн цар хүрээг хамарч, дам дамандаа хичнээн мянган хүнийг ажилтай, ашиг орлоготой болгож байгааг тооцвол том тоо гарна. Малчиддаа орлого оруулсан, малынхаа хишиг буяныг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа буянтай сайхан ажил. Цаашид үүнээс ч олон ажлын байр бий болгох хүсэл зорилго байна.

-Таны ярианаас харахад танай компанийн дараагийн том төсөл эрчим хүч байх нь гэж ойлголоо?

-Тэгж ойлгож болно. Ер нь салбар бүрт эцсийн бүтээгдэхүүн хийх, ядаж л хэрэгцээнийхээ арматурыг дотооддоо үйлдвэрлэхээс эхлээд Монголын компаниудад хийх ажил маш их байна. Манай хамт олны хувьд төлөвлөсөн, зарим нь эхлээд явж байгаа төслүүд бий. Энэ бүгдийг цаг хугацаа харуулна. Та бүхэн минь дэмжээрэй. Төрийн хүнд сурталгүй, хууль эрх зүйн зөв орчинтой, бие биенээ дэмжээд явахад Монгол Улсад олон олон Хөдөлмөрийн баатар төрнө. Цаашлаад дэлхийн хэмжээний баатрыг бид нийлж байгаад төрүүлэх цаг болсон.

-Дэлхийн хэмжээний баатар гэдгийг Монголоос дэлхийн хэмжээний тэрбумтан, дэлхийд танигдсан брэндийг бий тухай ярилаа гэж ойлгож байна?

-Товчхондоо тийм.Үндэсний компаниудаа томрох боломжоор хангах хэрэгтэй. Монголын томоохон компаниуд нийлж нэгдэх цаг нь болсон. Тавуулаа, арвуулаа нийлж бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний том төслүүд рүү орох хэрэгтэй. Ингэж байж монголчуудын амьдралыг нийтээр нь сайжруулах хүчин чадалтай үндэсний том компаниуд бий болно. Ер нь Монголын бизнесийн хүрээнийхэн, баялаг бүтээгчид бид том зургаар, нэгдэж ажиллах цаг болсон.

-Ийм түвшинд хүрэхийн тулд юуны түрүүнд шийдэх ёстой асуудлууд юу вэ?

-Хууль эрх зүйн ухаалаг орчныг бүрдүүлэх. Бас төрийн дэмжлэг хэрэгтэй. Төрийн шууд дэмжлэгээс гадна манай банк санхүүгийн даац чадавх юу билээ гэдгийг бодох ёстой. Том төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг дагаад төрийн дэмжлэг, төрийн баталгаа гэдэг асуудал яригдана. Банкны 20 хувийн хүүгээр том төсөл, олон мянган ажлын байр, үйлдвэр явуулахад амаргүй.Олон улсын жишигт хүргэх ёстой. Улсын эдийн засагт нөлөөлөх төслүүдэд төр онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Татварын зөв бодлого маш чухал. Ухаалаг зөв бодлогоор явахад Монголын гурван сая хүн хангалуун сайхан амьдрах боломж хангалттай бий. Том төслүүд хөдлөөд эхлэхээр ажиллах хүчин их хэрэг болно. Гадагшаа явж ажил хийдэг байдал богинохон хугацаанд зогсоно.Сүүлийн үед Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр компаниуд сайн нэгдэн ажиллаж байна. Энэ бол сайны дохио. Ер нь хүний хэрэгцээ маш бага шүү дээ. Бусдын төлөө, олон хүний амьдралыг өөрчлөх юмсан гэсэн том бодол, мөрөөдөлтэй учраас цаг алдахгүй байх, илүү их хөдөлмөрлөх шаардлага гарч байна л даа.

-Монголд асуудал их бий. Таныг нэг өглөө босоод ирэхэд “Сүү” компанийн чинь нэр хүндэд халдсан байдаг. Маргааш нь “Бургер Кинг” рүү дайрдаг гэдэг ч юм уу. Өнөөдөр өнгөтэй өөдтэй бүгд рүүгээ дайрдаг болсон нь нууц биш болж дээ?

-Хаанаас ямар зорилготой үйлдлүүд явдгийг ерөнхийдөө бид бүгдээрээ гадарладаг болчихсон. Энэ байдал нь эргээд дэлхийд ойртож ажиллахад чөдөр тушаа болж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд их хөдөлмөр, хөрөнгө хүч, том эрсдэлүүдийг туулж тодорхой амжилтуудад хүрлээ. Улсын эдийн засагт нэмэр болж, олон мянган ажлын байрыг бий болголоо. Монголд аж ахуй эрхлэх, бизнес явуулах амаргүй байдгийг ард түмэн, төр засаг нь ойлгодог, мэддэг болж эхэллээ. Ер нь бол итгэл найдвар байгаа шүү.

-Өнөөдөр Монголын том компаниуд олон нийтийн болох асуудал их яригдах боллоо. Үүний манлайд танай “Сүү” компани явж байгаа гэж хардаг?

-“Сүү” компанийн дийлэнх хувь нь манайх. Гэсэн хэдүй ч энэ компанийг илүү яаж нээлттэй, олон нийтийн, хувьцаат болгох вэ гэдэг дээр л ажилладаг. Өгөөжийг нь олуулаа хүртээд явж байх ёстой гэсэн зарчимтай. Бид бас ганц нэг компанийнхаа хувийг олон нийтийн болгоё гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Аль эрт олон нийтийн болчихоор том компаниуд яагаад үүнийг хийхгүй байна вэ. Зах зээлд ороод 30 жил боллоо. Нэг хэсэг нь дэлхийн чинээлэг иргэдийн түвшинд амьдарч байна?

-Олон хүчин зүйлүүд байгаа. Мөнгөө өндөр хүүтэй хадгаламжинд хийчихэж байгаа юм чинь хувьцаагаар яах вэ гэж харах хэсэг ч бий. Хэм хэмжээндээ байж чадахгүй байна аа л гэсэн үг.

-Бизнесийн хэм хэмжээ, ёс зүй юу…?

-Өндөр хүүтэй хадгаламж байхад тэр хүнд заавал аж ахуй эрхэлж махаа зулгаах хэрэг байна уу. Ажлын байр бий болгохоос эхлээд өөрийгөө зовоох зүйлгүй, ямар ч эрсдэлгүй, банкнаас хүүгээ аваад болж байгаа хэсэг хүмүүс байна шүү дээ. Биржүүд сайн хөгжсөн, дээр нь хасах хадгаламжтай орнуудад бол бизнес хийх, хамтраад ажил хийх хүсэл сонирхол төрнө. Гэхдээ хууль эрх зүйн орчин нөхцөлодоо арай өөр болж байна. Тэгэхээр сайхан болно оо болно. Нэг өдөр гэнэт сайхан болчихдог юм гэж байхгүй. Ер нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөд явж байна. Хэр их цаг хугацааг туулах вэ гэдэг л асуудал байгаа. Сонгууль болохоор л ярьдаг асуудлууд олон арван жил үргэлжиллээ. Зэсээрээ яагаад эцсийн бүтээгдэхүүн хийж чадахгүй байгаа юм. Цахилгаан эрчим хүчний салбарт хүмүүсийн яриад байгаа шиг далдын гар үйлчлээд байгаа юм уу. Бид алийн болгон төмрийн хүдрээ гадагш нь зөөсөөр байх юм. Хийж чадаж байсан арьс ширээ одоо яагаад боловсруулж чадахгүй байна. Гээд яривал асуудлууд хөвөрнө. Тийм болохоор яриад явах биш зүгээр л эхэлье. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

-Бэлчээртээ багтахгүй малтай байж яагаад Монголд ойрхон урд хөршийнхөө нэг хотод махаа нийлүүлчихэж чадахгүй байдаг юм бэ?

-Яг тийм, наад асуудлаар чинь би хэдэнтээ ярьсан. Төрийн төлөө оготно… гэдэг шиг янз бүрийн юм тархиндаа их л гашилгах юм. Бэлчээрийн даацын асуудлыг ярихад л 10 жилийн өмнө ямар сайхан ургаж байв. Хорин жилийн өмнө ямар байв. Өнөөдөр ямар байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн шийдвэрээ нэгдүгээрт тавиад, эдийн засгийн чухал асуудлууд орхигдсон тал бий. Үүнийг өнөөдрийн төр засаг засч залруулахаар хичээж байна гэж би харж байгаа.

-Монголын том бизнесийн байгууллагууд, эздүүд улс төр рүү их орлоо. Бараг “Макс”-аас бусад нь улс төрд төлөөлөлтэй байх шиг байна?

-Миний хүсэл мөрөөдөл өөр л дөө. Олон мянган ажлын байр бий болгож, хийж бүтээж байгаагаа зөв хийх хүсэл. Өнөөдөр гайгүй бизнесмэнүүд, эсвэл бизнесийг ойлгодог, хөдөлмөрийг ойлгодог хүмүүс тодорхой хувиар улс төрд ажиллаж байна. Сайн үр дүн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь ажлын байр бий болгоод алдагдалтай, ашигтай ажиллаад үзчихсэн, хаалгаа бариад, нээгээд үзчихсэн, татвар төлж, ямар хүнд суртал байдгийг, бас хийж бүтээхэд ямар гоё гэрэл гэгээ байдгийг үзчихсэн хүмүүс их өөр шүү. Улс төрд бизнеснийнхэн ороход буруу юм ерөөсөө байхгүй. Хүн нэгдүгээрт ажилтай, ажиллаад олж буй орлого нь хүрэлцээтэй байх ёстой. Монголчуудын амьдралд орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас л гадагшаа явдаг. Үүнийг л бизнесийнхэн, төр засагтайгаа хамтраад ухаалаг зөв шийдэх ёстой. Тэгж чадвал айл өрх бүр халуун дотно уур амьсгалтай амьдрах боломж их ойрхон. Боломж бол Монголд байгаа. Манай төр засгийн удирдлагууд өнөөдөр асуудлыг арай өөр өнцгөөс харж байна. “Баялаг бүтээгчид та нар л чадна шүү” гэж бидэнд итгэж байна. Энэ нь өөрөө гэрэлтэй, өөдрөг ирээдүй рүү алхаж байна гэсэн үг. Та бид харж байна шүү дээ, том том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг.


Баруун таван аймгийг засмал замтай холбож дууслаа. 2020 оны 10 дугаар сарын 09

-Том бүтээн байгуулалт гэснээс та Монголын говьд тавигдаж байгаа төмөр замын ажлыг хэрхэн харж байгаа вэ?

-Би төмөр зам дээр очсон. Төмөр замын бүтээн байгуулалт бол үнэхээр ирээдүйгээ харсан том ажил. Энэ төмөр зам олон тэрбумын орлогыг Монголд авчирна гэдэгт итгэлтэй байгаа. Төмөр зам тавигдсанаар эдийн засгийн үр ашгийг авчрахын дээдээр авчирна. Дөчин сая тонн нүүрс гаргалаа, тонн тутамд 10 доллар нэмэгдэхэд ашиг нь тэрбумаар яригдана биз дээ. Монголын эдийн засагт маш том мөнгө. Төмөр замд оруулсан мөнгөө ямар хугацаанд эргүүлээд олчихож байна гэхээр гайхалтай тоо гарч байгаа юм. Энэ төмөр замыг гайхалтай шийдэл гэж хэлнэ. Очоод харахад төмөр зам дээр чинь Монголын маш олон компани ажиллаж байна лээ. Тэр их ажлын хурдыг хараад энэ ажлын ард маш хурдан гарах юм байна гэж ойлгосон. Бас монголчуудаараа бахархсан. Үндэсний компаниуд, ажиллах хүчийг бүрэн оролцуулсан, үндэсний бүтээн байгуулалт явагдаж байна лээ. Хүмүүс очиж харах хэрэгтэй.

-Та “Цаг хугацаа бүх зүйлийг сайн сайхан болгоно” гэж их ярьдаг. Хөгжлийн хурд удаан л харагдах юм?

-Өнөөдрийн Ганбаатар таван жилийн өмнөх Ганбаатараас илүү хэрсүү болсон. Магадгүй 10 жилийн өмнөх Ганбаатараас илүү ухаарсан. Энэ бол цаг хугацааны шалгуур, амьдралын үнэн. Жишээ нь, миний харах өнцөг өмнөхөөс огт өөр, үзэл бодол өөр болсон нь үнэн шүү дээ. Би тэгж л бодож байгаа. Мөр зэрэгцэж яваа бусад нөхөд маань ч тийм л байгаа байлгүй дээ.

-Монголд яагаад том банк төрөхгүй байна вэ. Бизнесмэнүүдийн амнаас “Манай улсад том төсөл санхүүжүүлэх хэмжээний банк алга байна” гэсэн үг их гарах юм?

-Зарим банкууд маань өнөөдөр есөн жорын бизнес хийж давхиад байна.Нөгөө талаасаа банк томрох боломж байна уу гэвэл гурван сая хүнтэй зах зээл дээр бас хэцүү. Хуримтлагдсан их хөрөнгө, 100 жилээр яригдах бизнесийн замнал бидэнд алга. Хүн амын тоо, цаг хугацаа бүгд нөлөөлж байгаа. Чөлөөт зах зээлийн 100 жилийн түүх, 30 жилийн түүх хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Мэдээж бас бодлогын хэмжээний зохицуулалтууд дутагдаж л байгаа.

-Монголын том гэгддэг бизнесмэнүүд бөөнөөрөө халуун тогооны ард сууж, хөлсөө дуслуулан шөл ууцгаан, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө яриа өрнүүлдэг үү. Хоёр гурвуулахнаа биш шүү, хорь гучуулаа суугаад..?

-/инээв/ Уулзана, уулзалгүй яах вэ. Одоо чинь хаа хаанаа илүү нэгдэж нягтрах тухай боддог болчихсон байна. Өмнө нь бол мөр мөрөө хөөгөөд, заримдаа ч хоорондоо үл ойлголцох тохиолдлууд байсан нь түүх болжээ. Бид ер нь нийлэх ёстой юм байна. Хамтдаа зүтгэх ажил байна, хүчээ нэгтгэх зүйл дээр нэгдэх ёстойг аж ахуй эрхлэгчид ойлгосон. Том жижиг гэж ялгах юм ерөөсөө байхгүй, бүгд л ажлын байр бий болгож, ганц ч болтугай хүнийг ажилтай орлоготой байлгах, татвараа тасалчихгүй байхын төлөө явдаг хөдөлмөрч хүмүүс. Яахав, арай ахиу ажлын байр бий болгосон, татвар төлсөн байдлаар нь том компани гэдэг байх. Бидний хойч ирээдүй сайхан амьдрах ёстойг, үүнийг бид эхлүүлэх ёстойг, өнөөгийн байдлыг өөрчлөх талаар бизнесийнхэн их ярьж байгаа. Тэгж байж энэ улс орны амьдралд өөрчлөлт авчирна.

-Та нар шиг 20,30 жил бизнес хийж, нойр хоолгүй хөдөлмөрлөөгүй хэрнээ, өнөөдөр та нарын унадаг машиныг унаж, та нарын амьдардаг байшинд амьдарч, та нараас илүү хээнцэр явдаг, юу ч хийж бүтээгээгүй нөхдүүдийг хараад та нарт юу бодогддог бол?

-Тийм байдал байгаа. Явуургүй л дээ. Тэд тайван унтаж чадахгүй байгаа шүү дээ. Бид бол гоё амарч байгаа.

-Тайван унтаж чадахгүй байгаа хүмүүсийн цаана юу байна?

-Нойргүй хоноод байхаар чинь галзуурна биз дээ. Яагаад нойргүй хоноцгоодгийг нь надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байлгүй.

-Тантай уулзсаных морь ярихгүй өнгөрөх аргагүй. Хурдан морь таны хувьд хобби байна уу, бизнесийн нэг хэсэг байна уу?

-Нэгдүгээрт,монгол эр хүний хувьд би нүүдэлчдийн том өв соёлыг тээж явна. Дэлхийд би морио уралдуулж байгаа нь Монгол аавын хүүхдүүд дэлхийн элитүүдийн тоглодог тоглоомоор тоглож чаддаг юм шүү, морьтон монголчууд морийг дэлхийн хэмжээнд уяж чаддаг юм шүү гэдгийг харуулж байгаад гол утга учир нь байгаа юм.

-Өнөөдөр дэлхийн том морин тойруулгуудад, том уралдаануудад морио уралдуулж, түрүүлгэж байгаа хүн бол Та л байх. Араас чинь Монголын залуус хэр явж байна?

-Орж байгаа хүмүүс мэр сэр байх шиг байна. Баруунд бол гоё хобби, зэрэгцээд том бизнес. Миний хувьд мөнгө илүүдээ биш, монголчууд чаддаг юм байна гэдгийг дэлхийн томчуудад харуулах нь үнэхээр сэтгэлийн таашаал. Жишээ нь Хонконгод, Англид морио уралдуулаад явж байхад тэнд дэлхийн нөлөө бүхий нөхдүүд л зогсож байдаг. Хэд хэдэн тэрбумтантай уралдаад л байж байдаг. Тэд намайг Монгол, Монгол улс л гэж харна. Монголчууд бид байх ёстой газраа л байж байна гэж би боддог. Үүнийг уг нь монгол хүн бүр мэдэрвэл гоё.

Монголчууд гэдэг чинь арай л өөр ард түмэн, өөр үндэстэн юм байна шүү гэж дэлхийд харуулаад явж байх нь миний хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг л гэж боддог. Янз бүрийн арга хэмжээнүүд дээр би болж өгвөл үндэсний хувцсаа өмсдөг нь учиртай. Дэлхийд үндэстнээ, монгол гэдгээ мэдэрсэн хүний зан гэж ойлгож болно. Шулуухан хэлэхэд, би чинь Монголынхоо үнэ цэнийг дэлхийгээс мэдэрчихсэн хүн шүү дээ /инээв/. Монголчууд маань ч одоо үүнийгээ мэдэрдэг ойлгодог болсон доо.

Олон улсад болоод дэлхийн хэмжээний морин уралдаануудаас зөвхөн түрүү, аман хүзүү гэхэд 100 гаруй авлаа. Тэр бүгд дээр би монголоороо л зогсож байдаг.

-Аль аль орнуудад морьдоо уралдуулж байна вэ?

-Америк, Англи, Канад, Хонконг, Арабын орнууд… гээд олон газар уралдаж байна. Европт их уралдлаа. Тэр бүгдийг моринд дуртай монголчууд маань мэдэж байгаа.

-Энэ тал дээр бол та Монголдоо анхдагч…?

-Дэлхий рүү ямар ч байсан зам гаргасан. Зүгээр нэг сонирхогч байсангүй, Монголыг анхаарлын төвд аваачсан. Дэлхийн томоохон морин тойруулгууд, дэлхийн хэмжээний,хэдэн зуун саяар бооцоо нь яригдах уралдаанууд бол монголчуудын хүч сорих бас нэг бизнесийн талбар мөн. Ганбаатар яах вэ, гол нь надаар дамжуулж монголчуудад том орон зай, бизнесийн боломжууд нээгдэж байгаа юм. Одоо залуучууд тэнд хүчээ сорих ёстой. Монгол аавын хүүхдүүд тэнд дийлэх, өөрсдийгөө харуулах бүрэн боломж бий. Ийм үүдийг Монголдоо нээж өгсөндөө би бас их баяртай явдаг.

-Ингэхэд Яармагт байгаа морин тойруулгын газар чинь юу болж байна вэ. Тэнд ямар бүтээн байгуулалт сүндэрлэх гээд хүлээгдэж байна?

-Морьтон монголчуудаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг ганц газартай болгох гээд л үзэж тарж байна. Тэнд өөр барилга байгууламж, ашгийн байгууллага барих хүсэл сонирхол огт байхгүй. Гэтэл энд тэндээс нь газрыг нь булаагаад, бараг дээрэмдээд ажил хийлгэхгүй юм байна шүү дээ.

-Тэгээд яах ёстой юм бэ, танайх хүч хүрдэггүй юм уу?

-Үнэхээр хэцүү байна шүү. Зарим нь бүр цагаандаа гарчихсан, хууль дүрэм журамгүй оронд амьдарч байгаа юм шиг л загнах юм. Болохгүй бол уяачидтайгаа, моринд хайртай монголчуудтайгаа нийлээд тэмцэнэ гэж бодож байгаа. Бид ашиг хонжоо хайсан бол тэнд аль эрт баахан орон сууц барьж зараад, мөнгийг авчихсан, өнөөдөр сэтгэл амар сууж байх байсан. Манай хамт олонд даан ч тийм сэтгэл алга. Морь малд хайртай монгол хүмүүс болохоор анхнаасаа зорьсон төслөө хэрэгжүүлчихмээр байдаг. Яахаараа хотынхон маань тэнд очоод морио унаад, уралдуулаад, салхинд гарсан шиг, үндэснийхээ дархлааг сэргээж амардаг газартай байж болдоггүй юм бэ. Үүнийг дэмжих ёстой байхгүй юу. Тийм атал тав, арван га-гаар нь энэ тэндээс өгөөд л… Олон жил хотын дарга нар нэг иймэрхүү байдалтай явлаа. Энэ байдлыг нь харуулсан баримтат кино хийж ард түмэндээ хүргэдэг юм билүү гэж боддог боллоо. Бүх зүйлийг мөнгөний нүдээр, ашиг орлогын нүдээр харж болохгүй гэсэн хүмүүжил төлөвшил бидэнд байдаг. Би чинь монгол хүн шүү дээ. Удамт уяачийн үр ач. Монголын гэсэн, үндэсний гэсэн юм бүхэндээ гүн хүндэтгэлтэй хандаж, дээдэлж ирсэн хүн. Эрхэмлэдэг уламжлал, хүн чанар, хүмүүжил… гээд намайг чангаадаг, олон олон буруу зүйлээс намайг хол байлгадаг үнэт зүйлс байна. Увайгүй байж болохгүй. Улс орноо тонож болохгүй. Үр хүүхэд минь үлдэх эх орондоо муу зүйл хийж болохгүй. Бидний хэрэгцээ бол үнэндээ өчүүхэн. Түүнийгээ хангачихсан хүмүүс бол нийгмийн сайн сайхан, эх орны сайн сайхан, ард түмний сайн сайхны төлөө л хөдөлмөрөө зориулж, түүнээсээ таашаал авч амьдрах ёстой.

-Таныг сая Хөдөлмөрийн баатар цол авах үед нутгийн чинь хүнээс сонссон юм.“Энэ Ганбаа чинь удам судар дотроо гурав дахь Хөдөлмөрийн баатар нь байх шүү” гэж. Таны дээр бас Хөдөлмөрийн баатар ах нар байна уу?

-Байна аа байна. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Нанзадын Дорж гэж миний эмээгийн дүү, наяад оны үеийн алдартай хоньчин байна. Бас өвөөгийн дүү Шонхорын Цэрэндорж гэж Хөдөлмөрийн баатрыг хүмүүс мэднэ. Говь-Алтай аймгаас төрсөн баатрууд. Мундаг хөдөлмөрч хүмүүс болохыг нутгийн буурлууд ярьдаг юм аа.

-Удам удмаа л дагадаг. Хөдөлмөрч хүмүүс л Хөдөлмөрийн баатар цолны эрэмбэнд очдог. Та бол даравч далдайх, булавч бултайх ясны хөдөлмөрч хүмүүсийн мах цусны тасархай юм байна шүү?

-Миний аав ээжийн тал ясны хөдөлмөрч хүмүүс байдгийг нуух, даруухан загнах юу байхав дээ. Үнэн л юм чинь. Нутгийн түмэн бүгдээрээ л ярьдаг. Удам гэдэг чинь заавал нөлөөлдөг юмуу даа. Миний өвөө, элэнц өвөө эд нар бас л сайн дархцуул байсан байдаг юм.

-Таныг Төрийн ордонд Баатрын алтан соёмбоо зүүж байх үед УИХ-ын гишүүн асан В.Алзахгүй гуай цахим хуудсандаа“Их уяач Огол Аяагийн ач хүү Дагвадоржийн Ганбаатар дүүдээ баяр хүргэе” гэж сайхан үг бичсэн харагдсан. Таны өвөө чинь мундаг уяач байжээ?

-Сумандаа таван түрүү авчихаад зогсож байсан Огол Аяа гэдэг чинь миний өвөө л дөө. Мундаг л даа. Алзахгүй гуай өөрөө өвөөгийн хурдан морины хүүхэд байсан, морьдыг нь унаж түрүүлж айрагдуулж явсан байдаг юм. Миний ээжийн аав бас амаргүй эр байсныг хөгшчүүл ярьдаг. Ар, Өвөрхангайдаа нэртэй худалдаачин, орос найз нь хүртэл очиж наймаа хийдэг. Анх барилгын материал олон тэмээн дээр ачиж аваачин суман дээрээ байшин барьсан гээд үлгэр домог шиг намтартай хүн. Адууг азаргаар нь панзалдаг, өгч авч сурсан хүн байсныг хөгшчүүл ярьдаг юм. Бас морь сайхан уядаг, морьдоо уралдуулаад л, наймаагаа хийгээд л давхиж явдаг эр байсан юм билээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад орос худалдаачин түнш хүртэл байсан гэхээр олон улсын хэмжээний бизнесмэн байж дээ. Аав минь бурхан болоод хэдэн жил боллоо. Ээж минь нас өндөр ч ануухан сайхан байна. Аав ээж хоёр минь хуучин цагийн ажилчин ангийн хүмүүс. Өглөө үүрээс, орой харуй бүрий болтол олон хүүхдээ тэжээх гэж нойр хоолгүй зүтгэж, биднийг хоолонд хүргэсэн, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс. Бидэнд зөв хүмүүжил олгож, эрүүл саруул өсгөсөн. Сайхан аав ээжийн хүү болж төрнө гэдэг их хувь заяа юм. Өнөөдрийн сайн сайхан, ололт амжилт бүхний эхлэл миний аав ээж хоёр л доо.

-Тэгэлгүй яахав. Та хурдан мориныхоо бай шагналыг өнчин хүүхдүүдэд өгч байгаа харагддаг юм?

-Өнгөрсөн хугацаанд 300 орчим өнчин хүүхдэд хадгаламж нээж өгсөн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яваа тийм л хүүхдүүд шүү дээ. Асрамжийн газарт байгаа хүүхдүүд тэндээсээ гараад хаачих билээ, юунд итгэж найдах билээ. Ийм үедээ “Миний хадгаламжинд нэг гэрийн мөнгө байгаа” гэж бодохоор итгэл төрнө биз дээ. Амьдралд нь итгэл өгч байгаа байхгүй юу. Сургалтын төлбөрөө төлчих хэмжээний мөнгө банкинд өсч байгаа гээд бодохоор гэрэл гэгээ биз дээ. Урдах замаа арай өөрөөр харна. Ингэж л бодож, Цэрэнжигмэд ах бид нар тэдгээр хүүхдүүдийг хадгаламжтай болгоод явдаг юм. Гайгүй яваа бид нар ингэж бодож явах ёстой л доо. Том бизнестэй хүмүүс олон болж, тэдгээр нь хүмүүст гар сунгаж, дэмжиж тусалж явах болохоос өөрийнхөө амьдралыг яая гэж байгаа хүн бусдад тус болох боломжгүй. Тийм болохоор баялаг бүтээгчид олон болох ёстой.

-Таны хувьд өнөөдрийн төр засагтаа хэр их итгэж найдаж байна. Та түрүүн их содон үг хэлсэн “Бизнесийнхэн бид төрдөө итгэхгүй өөр хэндээ итгэх билээ” гэж?

-Бизнесийнхэн төр засаг, түмэн олноо түшиж явахаас өөр арга байхгүй. Анхаарах асуудал мэдээж цөөнгүй байгаа. Хорин жил барилга бариад ашиг нь хаана очиж байгаа юм. Олон мянган ажлын байр бий болгох том төслүүд яагаад дорвитой явахгүй байгаа юм. Олон арван жил зам барьж байгаа компаниуд яагаад дампуураад байгаа юм. Төсөв нь бага болоод тэр юм уу, Эсвэл өөр асуудал байна уу. Энэ бүгдийн ард асуултын тэмдэг байгаа. Цааш нь олон хүчин зүйл ярих байх. Сүүлийн арваад жилд манай “Макс” групп гэхэд зөвхөн банкны хүүнд 100-гаад тэрбум төгрөг төлсөн байна. Миний мэдэж байгаа банкны хүүгээ л би ярьж байна. Энэ 100 тэрбумын хүү банкны хэдэн мянган ажилчны цалин хөлс, нийгмийн асуудал, хадгаламжийн хүүнд орж байгааг эдийн засгийн утгаар нь харах л ёстой. Бид хөдөлмөрлөж, баялаг бүтээж, ажлын байр бий болгож байж ийм мөнгийг бий болгосон. Монголын ихэнх бизнесүүд хүнд, бүгдээр их л зүтгэж байна. Бүгд банкны зээлэндээ дарагдчихсан. Ийм үед ухаалаг, алсыг харсан, огцом шийдэл, шийдвэрүүд эдийн засагт маш их хэрэгтэй байгааг би хэлсээр, ярьсаар байгаа. Өнөөдрийг өмнөх 10 жилтэй харьцуулахад сайжирсан. Үүнээс илүү боломжууд өнөөдөр байна. Манай бизнесийнхэн ч эрэлхийлж байна. Өнөөдөр ажиллаж буй төр засгийн удирдлагууд ч зоригтой, дайчин, зөв хандлагатай байна. Ерөнхий сайдын хэлж байгаа “Бид 30 жил алдсанаа цөөхөн жилд нөхөх ёстой” гэсэн үг нь өнөөдөр төр засгийн зүгээс юу хийхээ мэдэж байна, болохгүй бүтэхгүйг олоод харчихаж гэсэн итгэлийг төрүүлж байна. Төрийн гурван өндөрлөг өнгөрсөн хугацаанд алдсан боломжуудаа буцааж олж авъя гэдэг дээр нэгджээ. Энэ л бизнесийнхэнд гэрэл гэгээ болно. Баялаг бүтээгчдээ дэмжиж байна, дэмжих юм байна гэсэн итгэл төрнө. Үнэндээ худлаа дүр эсгэлт хаанаас нь ч харагдахгүй байгаа юм. Ийм л байна даа.

Танд ажлын амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

ММСУХ-ны тэргүүлэгч Т.Төрбат: Засгийн Газраас бүсийн уралдааны товыг батална гэж найдаж байна

Монголын Морин спорт уяачдын холбоо (ММСУХ)-ны Тэргүүлэгч Т.Төрбаттай Улсын наадам болон бүсийн наадмуудын талаар ярилцлаа.


-Ямар ч байсан улсын наадам хийх шийдвэр гарлаа. Хорио цээрийн чанга дэглэмтэй хүнд үед ард түмнийхээ сэтгэлийг сэргээхээр шийдвэр боллоо гэж олон хүн үзэж байх шиг байна?

-Монголчууд бид Үндсэн Хуульдаа улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөхийг эрхэм зорилго болгохоо тунхагласан билээ. Энэ ч утгаараа Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл мөн гэж хуульдаа тодорхой шигтгэж өгсөн байдаг. Монгол наадмыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ 2015 онд “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авсан нь агуулга, мөн чанар, ач холбогдлыг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн үйл явдал мөн юм. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хүн төрөлхтний өдөр тутмын ажил, амьдралд олон өөрчлөлт гарч байгаа ч монголчууд бид уламжлалт баяр наадмаа тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг олон улсад харуулсаар буй чухал үйл явдал гэж олон хүн сайшааж байгаа.

-Монголчуудыг хамгийн ихээр хамруулж чаддаг бүсийн наадмуудын тов тодорхойгүй байгаа бололтой?

-Түүхэндээ Долоон хошуу даншиг, Арван засгийн, Ардын хувьсгалын болон Үндэсний их баяр наадам нэрээр тэмдэглэж байсан уламжлалт наадамд маань 90-ээд оны дунд үеэс нэгэн шинэ үзэгдэл гарч ирсэн нь бүсийн наадмууд юм. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Алс хязгаарын уяачид тэр бүр бусад сумд, аймаг дамжин уралдах нь бэрхшээлтэй байсан, тэдний хөдөлмөрийг тэгш хүртээмжтэй үнэлэх гол зорилготойгоор бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн нийтлэг үндэслэлийг тулгуурлан тухай бүрт нь баяр наадмуудыг зохион байгуулдаг болсон билээ. Энэ нь мөн л утга агуулгын хувьд өргөн хүрээнд яригдах учиртай арга хэмжээ мөн. Мөн чанарыг нь тэр бүр хүмүүст тайлбарлаад байх нь боломжгүй бөгөөд зохисгүй ч ард иргэд таашаалтай хүлээж авдаг нь цаад зорилгоо хангаж буй хэрэг мөн гэж би үздэг. Бид цаашдаа энэ мэт уламжлалт шинж чанарыг агуулсан, цөөхөн монголчуудынхаа эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, түүх соёлоо өвлүүлэх, үндэстний дархлааг тогтоох өндөр ач холбогдолтой наадмуудыг зугаа цэнгэл, баяр хөөр гэж ойлгодог, ойлгуулдаг ахархан бодлоо хаях хэрэгтэй. Гэхдээ тийм хүмүүс цөөнх байдаг гэдэгт итгэдэг. Харамсалтай нь энэ жилийн хувьд Засгийн Газрын зүгээс бүсийн уралдаануудыг зохион байгуулах тухай шийдвэр хараахан гараагүй байгаа нь хүмүүсийн дунд хүлээлт үүсгэсэн, мөн горьдлого тээсэн нэгэн сэдэв болоод байгаа. Магадгүй энэ жил бүсийн уралдаанууд зохион байгуулагдахгүй гэх яриа гадуур байгаад уяачид, хурдан морь сонирхогчид, морин уралдааныг тойрсон эдийн засгийн эргэлтийн оролцогчид, тэдний гэр бүлийнхэн гээд багагүй олон иргэд яг үнэнийг хэлэхэд бухимдаж байгааг зориуд хэлмээр байна.

-Ингэхэд цар тахлын эсрэг хамгаалалт, хорио цээрийн дэглэм хөдөө орон нутагт хэр хэрэгжиж байна вэ?

-Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гараад байгаа хэдий ч манай улс дотооддоо халдвараа алдаагүй, тэр тусмаа хөдөө орон нутагт ямар нэгэн дэглэмд огт захирагдахгүй байгаа нь үнэн. Та бүхэн мэдэж байгаа, хөдөө нутагт адаглаад масктай хүн нэг ч алга. Үүнийг зөвтгөх ч шалтгаан нөхцөлүүд бий. Энэ өргөн уудам нутаг маань бидэнд жинхэнэ утгаараа өвчний эсрэг вакцин болж байгаа. Гэлээ гээд бид дор бүрнээ, жалга судагтаа байгаад суугаад байх нь олон зүйлсээс алсрах, хойшдоо энэ жишгээр байж болдог гэх сөрөг үр дагавар үлдээнэ. Адаглаад тухайн бүс нутагт наадам болох нь хүний ахуйн олон харилцааг үүсгэдэг. Хуучин нийгэмд иргэдийг нутаг хооронд шилжүүлэн суурьшуулдаг байсан гэдэг. Энэ нь тухай нутагт хэт нягтрал үүсгэх, захиргаа удирдлага хэтийдэх, цус ойртох гэх мэт олон зүйлсээс сэргийлдэг “хар хайрцагны” гэдэг шиг бодлого байсан байх. Ардчилсан эрх зүйт төртэй болсноор энэ нь боломжгүй болсон байдаг ба аймаг, бүс нутгийн, улсын гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг төрийн бус байгууллагууд зохион байгуулдаг нь дээрх бодлогыг орлох зөв үйл явц байх боломжтой. Би наад захын маш өндөр ач холбогдолтой жишээ авч ярилаа шүү (инээв).

-Хурдан морь бол монголчуудын хувьд үнэ цэнтэй зүйл. Хурдан моринд ямар нэг байдлаар хамааралтай 400 мянга орчим хүн бий гэсэн статистик ч бий. Тэгэхээр бүсийн наадмуудын тов тодорхойгүй байгаад олон хүн сэтгэл дундуур байх шиг байна. ММСУХ-оос энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Шуудхан хэлэхэд, улсын наадмыг амжилттай зохион байгуулсны дараа яг тэр жишгээрээ бүсийн уралдаануудыг хийх хэрэгтэй. Тэр дундаа өнгөрсөн хугацаанд уламжлалт баяр наадмын хурдан морины уралдааны хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой оролцож ирсэн ММСУХ-ны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төвийн бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэрийг батална гэж найдаж байна. Бид өнгөрсөн хавар Засгийн Газарт энэ зуны бүсийн наадмуудыг зохион байгуулах тов, төлөвлөгөө бүхий хүсэлтээ өгсөн.

Энэ удаад ММСУХ-ны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын үнэлгээ, хэрэгцээ шаардлага зэргийг багтаасан хүсэлтээ Шадар сайдад өргөн барихаар төлөвлөж байна. Урьдчилсан байдлаар санал хүсэлтээ тавьж ажиллаж байгаа. Хувийн зүгээс хэлэхэд уяачдад “даагаа нэхэх” боломж олгоосой. Жилд ганцхан уралдана гэдэг хувь уяач хүний талаас харахад үнэхээр чамлалттай байна. Нэмж хэлэхэд ер нь морин уралдаан бол нэг төрлийн дотоодын жуулчлалын бүтээгдэхүүн байдаг.

Аймаг, сумдад тодорхой зааварчилгаа, журмын дагуу овоо тахилга гэх мэт бэсрэг наадмуудыг хийх эрхийг нь зохион байгуулагч нарт олгоод эхэлбэл Улаанбаатар хотын нягтрал мэдэгдэхүйц хэмжээгээр тодорхой хугацаанд багасна гэдгийг амласан ч чадахаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засагч Д.Батмөнх: Эрдэнэт хот руу Улаанбаатарын иргэд олноороо нүүх цаг ирж байна

Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх асан, Шинэ намын дэд дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа нэг зүйлээс яриагаа эхэлье гэж бодлоо. Энэ сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Орхон аймаг хотын статустай болно. Та бол Эрдэнэтийн ирээдүйн хөгжлийн талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг хүн. Эдийн засагч хүний хувьд Эрдэнэт хотын статустай болсноор ирээдүй нь хэрхэн өөрчлөгдөх бол. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг эрдэнэтчүүд хэрхэн ашиглах ёстой вэ?

-Эрдэнэтчүүд үүнийг өөрсдөдөө маш том боломж нээгдлээ гэж харах ёстой. Гарааны цоо шинэ нөхцөл гэж ч болно. Монголчууд бид бие дааж хот байгуулаад явсан түүх хэзээнээс юм. Улаанбаатарын хувьд Өргөө хотоос эхлэлтэй гэхээр 360 жилийн өмнө үү? Үнэндээ яг хот шиг төлөвлөлт хийж, хөгжүүлж эхэлсэн нь гэвэл 1960 он шүү дээ. Улаанбаатар хотын төлөвлөлтийг Оросууд хийсэн. Цахилгааны эх үүсвэр, дулаан, цэвэр бохир усны сүлжээ, орон сууцны хороолол… гээд нарийн төлөвлөсөн. Ингээд 1960 оноос хүн амыг хүчээр төвлөрүүлсэн. Хотод ирж суурьшсан хөдөөнийхөн саяхан л “Хотод ёстой бүтэхгүй, эрх чөлөө алга, бүх юм нь үнэтэй, хар ус нь хүртэл үнэтэй шүү…” гэж ярьдаг байлаа. Ингэж явсаар ерэн онтой залгаж оросууд манайхаас гарсан. Тэрнээс хойш л монголчууд өөрсдөө бие дааж удирдлаа. Өнөөдөр хар даа, хот төлөвлөлт утгаа алдсаныг. Ямар ч төлөвлөлтгүй болсон. Улаанбаатар хотын өнөөдрийн төлөвлөлт дандаа иргэддээ тулгалт хийсэн байдалтай хийгдэж байна. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр тулгалтад орж хүчээр шийдээд явчихсан. Ядах нь ээ гуч дөчин жилээр алсыг харж,ухаалгаар шийдсэн юм ерөөсөө байхгүй. Туул голын эх ширгээд, усны эхгүй болбол сая гаруй хүнтэй энэ хот яах вэ? Үе үеийн хотын удирдлагууд гэх хоёр намын хэсэг нөхөд нийслэлийн ИТХ-д талцаж орж ирээд, хотыг гишгүүр болгон Их хуралд дэвшдэг шат дамжлага болсон. Ер нь бол хотыг төрийн эрх мэдэлд хүрэх суурь л болгож ирсэн. Уг нь хотын захирагч гэдэг бол цэвэр аж ахуйн ажил шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ гашуун туршлагыг одоо хотын статустай болж байгаа эрдэнэтчүүд давтаж болохгүй. Эрдэнэт хотыг өнөөдрөөс эхлэн хот шиг хот болгон хөгжүүлэх хэрэгтэй.

-Ганц Улаанбаатараа хот шиг хот болгож чадаагүй байхад дараагийн хоёр хотын асуудал бослоо. Алдааг давтахгүй байхын тулд яг яаж төлөвлөх вэ. Монгол архитекторууд, инженерүүд, эдийн засагчид… бусад олон салбарын хүмүүс анх удаа бие даан, гардан энэ хоёр хотыг хөгжүүлэх цаг ирж байх шиг байна?

-Эхний асуудал бол хот төлөвлөлт анхнаасаа буруу хийвэл зардал өндөр гарна. Өндөр зардал хотыг босгохгүй, хөгжлийг удаашруулна. Хотын эдийн засаг гэдэг бол өөрийн татвараараа санхүүжээд, хотын иргэд өөрөө өөрийнхөө чадах юмаа хийж, орлого олж амьдралаа залгуулахыг хэлээд байгаа юм л даа. Эрдэнэтийг хот шиг хот болгохын тулд наад зах нь хүн амын тоо нь 250-300 мянга хүрэх ёстой. Монгол Улсын төсвийн 60-70 хувийг дангаараа үүрч ирсэн Эрдэнэт үйлдвэр нь одоо нарийвчилсан судалгаагаар дахиад 60 жилийн нөөцтэй нь батлагдсан. Жаран жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн нөөц дууссан үед Эрдэнэт хот өөрөө өөрийгөө хангалттай аваад явж чаддаг болсон байх ёстой. Ингэж алсыг харж, бодлоготой, ухаалаг төлөвлөх нь хотын гэрэлт ирээдүй юм. Аль болохоор Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг Эрдэнэт хотод үлдээж чадах юм бол үнэ цэнэтэй хот бий болно. Эрдэнэт үйлдвэр өөрөө асар олон бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг. Тусгай зориулалтын тоног төхөөрөмж, машин механизм, нефть, химийн бүтээгдэхүүн зэрэг дотоодоос нийлүүлэх боломжгүй зүйлс бий. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор аваад,бусад хэрэгцээт бараа материалуудыг Эрдэнэт хотын иргэд өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх замаар үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой. 2019 онд Эрдэнэт үйлдвэр нэг их наядын ашигтай ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрийн ашгийн 20 хүртэл хувийг эрдэнэтчүүдэд үлдээнэ гэж тооцоолбол 200 орчим тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр Эрдэнэт хотын гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох, үйлдвэр тойрсон жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй. Цаашлаад хотын газар нутгийг хааш нь тэлэх үү гээд бодлогын олон асуудал, хөгжлийн олон төлөвлөгөө яригдана. Эрдэнэт хотынхон Эрдэнэт-Булганы цахилгаан түгээхээс цахилгаанаа авч байна. Дулаан, бохироо бол дотроо шийдсэн. Цэвэр усны асуудал байхгүй. Эрдэнэт үйлдвэрт 6500 шахам хүн ажиллаж, тэдний ар гэр гээд тооцоолбол хүн амынх нь 30 шахам хувь нь тус үйлдвэрээс амьдралаа залгуулж байгаа юм.

-Эрдэнэтчүүдийн хувьд дан ганц үйлдвэрээ хараад сууж болохгүй нь тодорхой. Эргэн тойронд нь эдийн засгийн маш их нөөц боломж байгааг та бас ярьдаг?

-Хүн амын тоогоо механикаар нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдэг нь бас нэг хөгжлийн төлөвлөгөө. Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг хотын дүүрэг болгоод авч болно. Зэргэлдээ аймгууд байгаа шүү дээ, тэдгээрийн сумдаас. Жишээ нь, Жаргалантыг хотын үр тариа, хүнсний ногооны ханган нийлүүлэхээр зохион байгуулж болно.Өөр нэг сумаас дан махны нийлүүлэлтээ авах ч юмуу, энэ мэтчилэн төлөвлөчих юм бол Эрдэнэт хот нэг их зоволгүйгээр өөрөө хөгжөөд явчихна. Дархантай харьцуулахад Эрдэнэт хурдацтай хөгжих боломжтой. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хэмжээний үйлдвэртэй учраас. Зэргэлдээ байгаа Дархантай харьцуулахад эдийн засгийн чадамж асар их. Дарханы иргэдийн дэргэд эрдэнэтчүүдийн орлого нь хуримтлал үүсгэх хэмжээнд байгаа. Ийм боломж байгааг Дарханд орон сууц барьж байгаа захын нэг компанийн захирал батлан хэлдэг. Эрдэнэтийн иргэдийн худалдан авах чадвар Монголдоо дээгүүр орох хэмжээнд байгаа шүү дээ.

-Дэд бүтцийн хувьд Эрдэнэт эрт холбогдсон. Энэ нь бас л нэг том боломж юм даа?

-Мэдээж замын асуудал чухал. Төмөр зам бол асуудалгүй. Авто зам болохоор наана нь Дарханы зам гэж үйлтэй юм байна. Эрдэнэтээс сонгогдсон Их хурлын гишүүдийг гайхаад байдаг юм. Тийм сэтгэлгүй юмуу, эсвэл толгой нь ажилладаггүй юмуу, бүү мэд. Дашинчилэнгийн засмал замыг Булган аймгийн замтай холбоход ердөө 100-хан км замын асуудал байна. Тэр хүртэлх 100 км зайг холбочихооч дээ. Нөгөө нэг их наядын ашгаасаа 100 тэрбум төгрөг гаргаад шийдэх асуудал. Дарханы замын ОУ-ын транзитын ачаалал хөнгөрнө. Булган Эрдэнэт цаашлаад Хөвсгөл аймгийн замын асуудлыг шийднэ. Тээвэр хямдарна. 100 км-ийн тээвэр хямдрахаар бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна. Иргэдийн халааснаас гарч байгаа бензиний мөнгө хэмнэгдэнэ. Дэд бүтэц байгуулаад байгаагийн давуу тал энэ шүү дээ. Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд хоёр талаар явах засмал замтай болоход ердөө 100 км замын асуудал л байгаа юм. Үүнийг үе үеийн Их хуралд сонгогдсон гишүүд яагаад анхаарч ирээгүйг гайхаад байдаг юм. Дээрээс нь төмөр замтай. Ингээд дэд бүтэц дээр ямар ч асуудалгүй болж байгаа юм. Цааш нь сэтгээд ажил болговол Орос руу экспорт хийх үйлдвэрүүдыг Эрдэнэтийн бүсэд барьж эхлэх хэрэгтэй. Зэргэлдээ шахуу байгаа 7 сая хүнтэй Эрхүү муж руу бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Үндсэндээ Эрхүү хавийн өргөн хэрэглээний барааг Москва хавиас хангахад Эрдэнэтээс нийлүүлснээс өртөг өндөр гарна. Тэдний хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Эрдэнэтээс шууд төмөр замаар хойшоо гаргана гээд төлөвлөлтөө эхнээс нь маш нягт нямбай хийгээд, дотоод эдийн засгийн чиглэлээ хараад, дараа нь экспортын чиглэлийн юмнуудаа нэмээд өгвөл Эрдэнэт хот болсныхоо хэргийг хийнэ, том хот болно. Хоржоонтойхон хэлбэл, Улаанбаатарын иргэд Эрдэнэт хот руу тэр чигээрээ нүүнэ.

-Эдийн засгийн энэ мэт өөдрөг хөшүүргүүдийг хийхийн тулд нэн тэргүүнд хууль эрх зүйн зохицуулалт маш чухал. Шинэ хуулиуд гарах хэрэгтэй болно?

-Тэгнэ. Үндсэн хуулийг дагаад засаг захиргааны нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заавал өөрчлөлт орж таарна. Хамгийн том хэрүүл өнөө газрын үнэлгээ болно доо. Одоо энэ Улаанбаатарыг харахгүй юу. Газрыг маш бодлоготойгоор эхнээс нь хийхгүй бол хот гэдэг их айлд газар хамгийн том асуудал болохыг бид харж байна. Дэлхийн хотуудаас харж байна. Газрыг яаж үнэлэх юм бэ гэдгээс эхлээд хуулинд заавал тусгах ёстой асуудлууд гарч ирнэ. Хэдэн дүүрэгтэй болохоос эхлээд Хотын захирагчийн статус бүгд хуулиараа маш тодорхой байх ёстой. Улаанбаатарын хувьд харахад дүүрэг, хороо, хэсэг… гээд тэр чигээрээ улс төрийн намын дэд бүтцүүд бий болчихсон. Дандаа улс төрийн намаар донтчихсон, хоол олох хэрэгслээ болгочихсон хүмүүс байгааг та бид харж байна. Энэ бүх муу зүйлийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Тэгэхээр цоо шинэ хувилбарыг Эрдэнэт дээр турших болж байгаа юм. Жишээ нь, эрдэнэтчүүд өнөөдөр оршин амьдарч буй 100 мянган хүн дотроосоо яг унаган Эрдэнэтэд төрж өссөн, хотынхоо амьдралыг арван хуруу шигээ мэддэг, чин сэтгэлээсээ санаа тавьдаг, аж ахуйн ажлаа сайн мэддэг хүнийг олж хотын даргаараа сонгодог тийм хуулийн зохицуулалттай болох ёстой юм. Тэгж байж тэр хотын захирагч аль нэг намын даргын нөлөөнд бус ажиллана. Яагаад гэвэл түүнийг намаас сонгоогүй, Эрдэнэт хотын иргэд сонгосон учраас тэр бүгдийг иргэдээсээ асууна, иргэддээ ажлаа тайлагнана, иргэд нь түүнд сайн, муу дүнгээ тавина. Орон нутгийн нэг онцлог нь нэгнийхээ сайн мууг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг нь сайхан. Энэ мэтээр Эрдэнэт хотын ирээдүйг харахад их тодорхой харагдаж байна.

-Эрдэнэт албан ёсоор хотын статустай болохоор хажууд нь байдаг Булган аймгийн хувь заяа улам л бүрхэг болох нь?

-Тэр бол булганчуудын асуудал. Шулуухан хэлэхэд Булган аймагт хөгжил ирэхгүй байгаа шалтгаан Эрдэнэт шүү дээ. Хажууд нь, 60 км зайд ийм том хот байхад Булганы иргэд том зах зээл рүүгээ шавна, том эдийн засгаа л дагаж амьдарна. Алдартай Сайханыхаа айргийг Эрдэнэт хотод аваачиж зарах нь илүү ашигтай байна биз дээ. Тийм болохоор тус аймгийн харьяанд байдаг, Эрдэнэт хотын ойр орчмын сумдыг Эрдэнэтэд нэгтгээд, нэг нэг дүүрэг болгоод явахыг ч үгүйсгэхгүй. Зах зээлийн өөрийнх нь зохицуулалт хар аяндаа хууль төрүүлдэг. Гэхдээ энэ бүхэн Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн талаарх зөвхөн миний концепци. Энэ бүх ажлууд хууль дүрмийн дагуу хийгдэж, эрдэнэтчүүд нийтээрээ нэг зүгт харан алхаж байж ирээдүйн Эрдэнэт хотыг Улаанбаатараас том хот болгож хөгжүүлнэ. Энэ нь гэхдээ нэг их хол, хэдэн арван жилийн дараахь асуудал биш юм. Хууль эрх зүйн зөв зохицуулалттай, зөв хандлагатай байх юм бол угаасаа ажилч хөдөлмөрч, олон газраас цуглаж, онцгой сайн генийн цуглуулга бүрдсэн эрдэнэтчүүд маань Монголдоо хөгжлийн түүчээ болох нь гарцаагүй л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Т.Төрбат: Энэ цаг үед нэгдмэл байдал, итгэл найдвараа төрт ёсны баяр наадмаа хийж илэрхийлэх ёстой


Аймгийн алдарт уяач Т.Төрбаттай ярилцлаа.


-Нар, ногоо наашилж байгаа энэ цаг дор алийн болгон өвчин, вирус ярьж суух вэ. Наадам, уралдаан юу болж байгаа талаар морины залуу зүтгэлтэн тантай хөөрөлдөе гэж бодсон юм?

-Тэр болно оо. Миний хувьд хэдүйгээр Монголын морин спорт, уяачдын холбооны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчийн сонгуульт ажилтай ч энэ удаад таньтай тухайн байгууллагыг төлөөлж биш, хувь хүний буюу уяач Төрбатын үзэл бодол, өрнөсөн зарим нэг үйл явдлын тухай ярилцмаар байна.

-ММСУХолбоо шинэ зохион байгуулалтад ороод жил гаруй болж байх хугацаанд та удирдлагын багт нь ажиллалаа. Хувьдаа ажлаа хэрхэн дүгнэж байна?

-Тус холбоо өнгөрсөн нэг жил гарангийн хугацаанд хурдан морины уралдаанууд ба хүүхэд хамгаалал, гадаад харилцааны талаар багагүй зүйлийг амжууллаа. Зорилго, зорилтынхоо дагуу хожмын төлөвлөсөн ажлуудынхаа ерөнхий чиг, баримжааг тодорхойлох, хандлагыг хэвшүүлэх гэж оролдсон олон шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан байдаг. Мөн нийгмийн хариуцлагын, хүмүүнлэгийн болоод онцгой нөхцөл байдал үүссэн гэх мэт олон арга хэмжээнд шууд хандив өргөж оролцлоо. Уяачдын эв нэгдэл, зохион байгуулалтыг тодорхой хэмжээгээр харуулсан арга хэмжээнүүд болсон байх.

Мөн нэр бүхий хуулийн төсөл боловсруулах, холбогдох хуулийн хэрэгжилтийн хүрээн дэх журам боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажилласан. Хаврын морин уралдааны талаар холбогдох байгууллагатай нэгдсэн ойлголттой болох зэрэг олон асуудлуудад холбооныхоо эрх барих дээд байгууллага болох VII Их Хурлаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зарчмыг баримталж, байр сууриа илэрхийлж ажилласан даа. Энэ мэт өдөр тутмын ажлууд хэвийн явагдаж байгаа. Ер нь бол холбооны Ажлын албаны үүд зорьж очсон хэнд ч нээлттэй байгааг зориуд дурдъя.

Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал биднийг илүү хурдтай хөгжих, бодитой, тодорхой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг “шаардсаар” л байгаа. Бидэнд илүү өргөн судалгаа хийлгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, хангуулах болон эргээд хүсэлт, асуулга тавьж уялдаатай ажилладаг маш тодорхой систем хэрэгтэй байна. Үүн дээр суурилж юмыг цааш хөгжүүлэх боломж бол хязгааргүй. Бид эхлээд ажил явуулах үндэс суурь, хамрах хүрээгээ зөв тодорхойлох ёстой. Одоо зөвхөн уралдаан дээр төвлөрч, соёлын өвөөр бамбай хийж ажил явагдахгүй ээ. Орчин үе биднээс өөр зүйлс нэхэж байгааг соргог ажиглаж, мэдрэмжтэй баймаар байна. Бидний үйл ажиллагаа цогц байх ёстой. Өмнөх Их Хурлаар уг нь энэ бүхний үндэс суурь болсон эрх зүйн акт буюу дүрмийнхээ шинэчилсэн найруулгыг баталсан. Гол нь Тэргүүлэгчид маань үүнийгээ ажил хэрэг болгож, бодлогын баримт бичгүүдийг баталж гаргамаар байгаа юм. Мэдээж өөрийн үндсэн эрхэлдэг ажлын хажуугаар олон нийтийн ажил хийх бол цаг зав гаргахаас эхлээд бэрхшээлтэй байдаг байж магадгүй. Гэхдээ эхлээд үүнийг тооцож олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаа нэг ёсондоо илэрхийлээд тус холбооны удирдах бүтцэд орсон гэж ойлгож байгаа.

-Ерөнхийдөө сэтгэл дундуур хандлага ярианаас чинь мэдрэгдэж байх чинь…?

-Холбооны дүрмийн дагуу Тэргүүлэгчдийн хурал улиралд нэгээс доошгүй удаа хуралдах ёстой. Энэ жилийн эхний улирлын хурал Сар шинийн өмнөхөн болсон. Улсын цолны болзол хангасан уяачдыг өргөн мэдүүлэх асуудал, мөн Гахай жилийн шилдгүүд, шилдэг салбар холбоод гэх мэт зүйлсийн талаар хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан. Би энд тэр хурлаар яригдсан зүйлс, гарсан шийдвэрүүдийн талаар ярихгүй. Энэ бүгд дүрмийн хүрээнд явагдаж байгаа. Харин зарим Тэргүүлэгчид хэтэрхий хувийн байр сууринаас асуудалд ханддаг, эсхүл шууд хэн нэгнийг ч юмуу дагаж шийдвэр гаргадаг гэх мэт нөгөө л “хуучны” чих дэлсдэг зүйлс байсаар л байгааг зориуд дурдъя. Магадгүй тэгэх шалтгаан байдаг байж болох ч аливаа зүйлсийг өөрчлөх, шинэчлэх эрмэлзэл нь илүү байгаа гэж ялангуяа над шиг шинээр орж ирсэн Тэргүүлэгчиддээ найдсаар байгаа. Мөн уяачдад улсын цол олгох холбогдох журмын эрх зүйн чадамж эргэлзээ төрүүлсэн.Тус журамд уяачдын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалт байна. Эндээс хурдан морины уралдааны бүртгэл, амжилтыг дүгнэх нэгдсэн систем үгүйлэгдэж байгаа юм. Энэ нь дээр миний дурдсан мэдээллийн санд багтах асуудал. Гэх мэт аливаа ажил дата дээр суурилдаг цаг үед бид амьдарч байна. Хуулиараа дээрх асуудал Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хамаардаг. Энэ мэт зүйлсийг ч эргэж хармаар л байдаг юм. Төр зарим чиг үүргээ төрийн бус байгууллагад хариуцуулахад болохгүй зүйлгүй. Төр энэ цолны асуудалд хөнгөн хандаж бөх, морьгүй маргаан үүсгэж байгааг анзаарах хэрэгтэй. Холбоон дээр ЕТГ-н албаны хүмүүс ирж ажиллахад энэ байр сууриа илэрхийлсэн. Баяр наадмын зохион байгуулах хороо, Хурдан морины салбар холбоо зэрэг нь байнгын бус үйл ажиллагаатай учир уяачдын эрх ашиг зөрчигдөх, хууль болон түүнд нийцүүлж гаргасан актуудын хэрэгжилтийг хангуулах боломжгүй нөхцөл үүсч байна. Оролцогчдод хаалттай байх бэрхшээлүүд бодитой байна. Бид өрнө, дорнын хоёр тооллоор оны шилдгүүд тодруулахаасаа цааш илүү нэг алхаад морин уралдаантай холбоотой бодлогын шийдвэрүүдийг гаргуулахын төлөө анхаарах, нөлөөлөх хэмжээний судалгаатай, нэгдмэл байр суурьтай болоход төвлөрч ажиллах нь зүйтэй.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ММСУХ-ноос хандивын аян нэлээн өрнүүлэх болжээ…?

-Дэлхий нийтийг хамраад буй цар тахалтай тэмцэж буй эмч нартаа буюу ЭМЯ-нд олон арван мянган уяачдын сэтгэлийн хандив болох 120 сая төгрөгийг гардуулж өгсөн. Тодорхой хүрээнд, хугацаанд болж өнгөрсөн “Морьтны хийморь” аян амжилттай зохион байгуулагдаж 21 аймгийн салбар холбоод, томоохон гал уяанууд мөн үүсээд буй нөхцөл байдалд сэтгэлээ чилээсэн уяачдын бодит хандив байсан юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Түүнчлэн багагүй тооны хонийг урьдчилсан байдлаар цуглуулж УОК-т хүлээлгэж өгөхөө илэрхийлсэн байдаг. Хэрэгжих бүрэн боломжтой учир урин цаг, бусад зүйлсийг харгалзан хүлээлтийн байдалтай байгаа биз ээ.

Эндээс холбогдуулж ярихад бид өнөөдөр ийм л хэмжээнд төр засагтайгаа харилцаж байна. Манай өнөөдрийн холбооны удирдлагууд ямар ч цаг үед төр засгийн шийдвэрийг сахин биелүүлэхийг эрхэмлэж ирсэн. Бидний үйл ажиллагааны улмаас төр засгийн болоод нийгмийн харилцаанд сөрөг хандлага, бодитой хохирол учирч байгаагүй. Өмнөх нь ямар байсныг би ярихгүй. Гэхдээ төрийн шийдвэр үргэлж зөв байдаггүй. Түүний дутагдлыг илрүүлэх, мэдээллээр хангах, өөрчлүүлэх л гэж төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод оршдог. Эсхүл төр нь бүхэлд нь даатгаад хариуцуулчихдаг. Бид энэ үндсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүнээс хулгаж бэргэх шаардлага огт байхгүй. Бидний хэн нь ч байнгын энэ цаг үедээ байхгүй. Ажиллаж буй цаг үедээ сайн муугаа ярилцаж шийдвэрүүдийг гаргах л ёстой. Эндээс дараа үе маань туршлагажиж, хэрсүүжиж явах нь зүйтэй.

-Ингэхэд уяачдын дунд их маргаантай байдаг сэрвээний өндрийг хуульчилсан төсөл яваад байгаа харагдсан?

-Тийм ээ. Цөөнгүй уяач бас эсэргүүцээд байх шиг байдаг. Би өмнө хэлсэн, Их Хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана гэж. Бид эхлээд шийдвэр гаргах зарчмаа маш тодорхой болгож хэвшүүлэх хэрэгтэй. Энд тухайн шийдвэрийн зөв, эсхүл буруугийн тухай яриагүй шүү. Шийдвэр нь олонхоосоо гардаг, төлөөллийн зарчмаа зөв ойлгож, сонгодог л болчихвол уяачид маргах шаардлагагүй болно. Мөн эсрэг байр суурьтай ч гэлээ олонхоо дагадаг байх нь их чухал юм. Эвсэл, нэгдэл, хөдөлгөөн гээд л ил далд, янз бүрийн үйлдэл, эс үйлдэхүй илэрхийлж байдгаа болих хэрэгтэй гэдгийг тухайн хүмүүст хандаж хэлье. Тухайн хүн эсрэг бодолтой байлаа гээд эсэргүүцэж тэмцэх нь саад, гацаа нэмэхээс цаашлахгүй. Түүний оронд өөрийн зөв байсныг нотлохын тулд буруу гэж үзэж буй шийдвэрийн үр дүнг түргэн харуулах хэрэгтэй. Энгийн ийм хэдэн зарчим л байна шүү дээ. Талцах, үгүйсгэх бол шийдэл огтоос биш юм.

Сэрвээний өндрийг хуульчлах тухайд гэвэл энэ бол буруу. Хууль гэдэг нь хүмүүсийн маргаанд цэг тавьдаг зорилготой байж таарахгүй. Энэ бол маш буруу жишиг. Харин маргалдаад буй хүмүүс асуудлаа ярилцаад, ямар нэг шийдэлд хүрч, түүнийгээ хэрэгжүүлэх эрх мэдлийг нь хуулиар олгох байдлаар зохицуулах нь аль ч талаасаа зүйтэй. Хэрвээ алдаа дутагдал гарвал хуулийг биш, тэр шийдлийг нь өөрчилнө гэсэн үг. Бид хуулинд хүндэтгэлтэй хандах нь чухал. Хууль дээдлэх ёс гэж байна. Үүнтэй харьцуулж яривал бидний асуудал хажууд нь өчүүхэн шүү дээ. Тийм ч учраас миний бие үүн дээр анхаарал тавиагүй. Одоогоор өөр мэдээлэл алга байна.

-ЕТГ-ынхан холбоон дээр ажилласан талаар ярихгүй юу. Энэ жил улс, бүсийн наадам ер нь болох уу?

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга тэргүүтэй албаны хүмүүс ММСУХ-ны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөтэй танилцаж, зарим зүйлсийн талаар санал сонссон. Уяачдад улсын цол олгох асуудал дээр анхаарал хандуулах, нээлттэй, тодорхой болгох, холбогдох шийдвэр гаргуулахад санал дэвшүүлэх тухайд ойлголцсон, цаашдаа холбоо энэ асуудлыг бие дааж хариуцаж ажиллахыг дэмжихээ илэрхийлж байсан.

Бүсийн наадмыг зохион байгуулах аймгууд, товыг сүүлийн Тэргүүлэгчдийн хурлаас тогтоож өргөн мэдүүлэхээр болсон хэдий ч өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлын улмаас холбогдох шийдвэр гарах эсэх нь тодорхойгүй байдалтай байсан. Гэтэл олон нийтийн арга хэмжээг тодорхой хүрээнд хориглосон шийдвэр гарсан. Үүнд бүсийн уралдаанууд орох эсэх нь тодорхойгүй байна. Холбооны гүйцэтгэх удирдлагуудын зүгээс хэрвээ бүсийн уралдаануудыг хориглох, цуцлах асуудал яригдах бол тухайн товлогдсон аймгуудын улсын баяр наадамтай хамтатгаж хийх санал гаргасан. Энэ бол хамгийн зөв санал. Бүсийн наадмыг санаачилсан анхны зорилго хангагдана. Гэтэл одоо Үндэсний баяр наадмаа цуцлах тухай асуудал яригдаад эхэллээ. Энэ бол маш эмзэг асуудал. Товчхондоо яагаад ч байж болохгүй зүйл. Үүн дээр холбоо байр суурь илэрхийлэх л ёстой. Мэдээж Засгийн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Наадам бол бидний тусгаар улсын баталгаа. Бид энэ хэцүү цаг үед эв нэгдэл, итгэл найдвар, түүхэн замнал, алс ирээдүйгээ Эрийн гурван наадам, төрт ёсны их баяр цэнгэлээсээ л олж авах ёстой. Түүнээс машины ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохтой адилтгаж шийдвэр гаргаж болохгүй гэж л товчхондоо хэлье. Үнэнийг хэлэхэд миний ой тойноос ахадсан зүйл байна.

-Та бол “Ийм хүнд үед бид эв нэгдэл, итгэл найдвараа төрт ёсны их цэнгэл наадмаа хийж илэрхийлэх ёстой” гэж байгаа юм байна?

-Энэ бол миний хувийн бодол. ММСУХ-оо өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлэх байх. Уяачид соёлын өв тээгчид гэдэг утгаараа манай холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрсдийгөө тодорхойлсон. Гэхдээ бидэнд уяачидтайгаа эрх үүргийн болоод, бусад харилцаа үүсгэх, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний эрх зүйн чадамж дутагдаж байгаа тал бий. Долдугаар Их Хурлаас “Сахилгын зөвлөл”-тэй байх дүрэм батлагдсан. “Сахилгын зөвлөл” байгуулагдаж эхний гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүний нэг бол Баянхонгор аймгийн салбар холбооны маргаан. Ямартаа ч бид олгогдсон эрхийнхээ хүрээнд маш тодорхой шийдвэр гаргасан. Харин үүнийгээ холбогдох хүмүүст нь хүргүүлж чадаагүй л байгаа. Энэ нь ердөө энэ эмх замбараагүй улстөржилттэй холбоотой. Яг үнэндээ морин уралдааны орчин ахуйг улс төрд ашигладгаа болимоор байна. Энэ үгийг “Өдрийн сонин”-оор дамжуулан дахин уриалж байна.

Ер нь цаашдаа төр өөрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд нь хариуцуулах, эрх зүйн чадамжийг нь дээшлүүлэх, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болгох шийдвэр гаргах чиглэл рүү анхаарал хандуулах цаг болсон. Мэдээж морин уралдаантай холбоотой бүх асуудлыг нэг бүрчлэн журамлачихвал уламжлал талдаа сөрөг нөлөөтэй. Гэвч үүнийг төрийн түшээд биш уяачид л илүү мэдэх учиртай. Төр зарим нэг оролцооноосоо салж, мэргэжлийн холбоонд итгэх цаг болсон гэдгийг л хэлье дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бидний хэн нь ч баатар биш, гэхдээ хүн болгонд хамгаалах ёстой ойр дотны хүмүүс бий

Өнөөдөр залуус хайнга байна. Ерөнхийдөө монголчууд маань тийм нэг пээдгэр байна. Цэцэрлэгт хүрээлэнд алхаж яваа нэгэнд “Маскаа зүү” гэсэн шаардлага тавихад “Чамд ямар хамаатай юм” гэх залуу байна. “Би яах ч үгүй ээ” гэчихээд алхаад явчихаж байгаа хүн ч телевизээр харагдлаа. Залуус маань шөнө орой гадуур маш их сэлгүүцэж байна. Дийлэнх нь амны хаалтгүй. Байрны гадна талбайд арав хориороо бөмбөг тоглож буй хүүхэд залууст амны хаалтаа зүү гэж шаардлага тавихаар гайхаж харах юм. Энэ бүх хэнэггүй, юу ч үзээгүй, баатарлаг царайлсан нөхдүүдийг харахаар маргааш ч ирж мэдэх хатуу үнэнийг хэлмээр санагдлаа. Ялангуяа залуучууддаа онцгойлон хэлье. Өнөөдөр энэ дэлхий дээр коронаг дийлсэн нэг ч баатар байхгүй. Нэг ч эрдэмтэн алга. Коронагийн өмнө од, баян, дарга бүгдээрээ сөхөрч байна. Ийм аймшигтай цаг үед залуус минь юу ч тусдаггүй, юунд ч өртдөггүй баатар царайлж явахаа больцгоо.

Дэлхий нийтийг хар. Ганц төрсөн дүүгээ коронагаар алдчихаад уйлж чарлаж байгаа англи залуугийн бичлэгийг харсан уу. Хотынхоо сагсан бөмбөгийн лигт тоглодог 18 настай дүү нь “Та хөл бөмбөг тоглохоор явах хэрэггүй ээ, явлаа ч амны хаалт хэрэглэ. Би хүртэл гадуур гарахгүй байхад…” хэмээн гуйхад, ах нь огт тоолгүй, юу гэж хэлээд гарсан байдаг гээч “Бид нар шиг виски ууж, пицца иддэг хүмүүс тусдаг өвчин биш. Тариачингууд, өт хорхой иддэг хүмүүс л тусдаг өвчин” гэсэн байгаа юм. Ингэж баатарлаг царайлаад гарсан 20 настай ах нь вирус тээж ирээд дүүдээ халдааснаар өөрөө амьд, дүү нь үхсэн, өчигдөрхөний аймшигт түүх энэ. Корона дөнгөж эхэлж, Хятад тэвдэж байх үед Европт залуус нь ийм л пээдгэр, яг өнөөдрийн манай маскгүй залуус шиг загнаж байсныхаа горыг өнөөдөр тэд яаж амсаж байна. Итали, Испани, Франц, Англи… бүгдээр өнөөдөр үхэж байна. Үхсэн иргэдээ оршуулж дийлэхгүй байна. “Бид яах ч үгүй” хэмээн баатарлаг царайлж байсан Европын залуус өнөөдөр “амьтан” болчихсон, аврал хайрла хэмээн Орос руу харан мөргөж, Европын холбооны тугаа бөхийлгөж, Орос, Хятадын тугийг залаад сууж байгаа нь эмгэнэл биш үү. Ердөө нэгхэн сарын дотор болж буй хэрэг явдал шүү дээ. Америкчууд эхэндээ “Амны хаалт хэрэглэх шаардлагагүй” гэж нийгмээрээ нэг ярьсан. Ингэж ярьснаасаа аравхан хоногийн дараа амны хаалт замаас нь хусах хэмжээнд хүртлээ коронад алуулж байна. Нас барагсдынх нь тоо 800, 900-гаараа өдөрт тоологдлоо. Бас л өнөөх л баатарлаг дүр эсгэсний гор нь энэ. Тийм болохоор бидний монголчууд, бидний монгол залуус өнөөдөр ийм аймшигтай нүүр тулмааргүй байна. Вирус тээж очоод ээж аавдаа, эхнэр хүүхдэдээ тарааж, өөрсдөө аваачиж тараасан вирусэнд ойр дотны гэсэн бүгдээ хөнөөхийг хүсээд байгаа юм уу. Тиймгүй бол тэнэглэхээ боль, залуус аа. Үхсэн элэнцгийн чинь “Чамд хамаагүй, Би яах ч үгүй” хэмээн пээдэлцэж, амны хаалтгүй алхацгаах. Аав ээждээ вирус аваачиж тараан алахаар шийдээ юу гэж амны хаалтгүй хүн бүхэнд хэлмээр байна!!!

Өнөөдөр бид дотооддоо халдваргүй байгаа нь их хувь заяа. Гэхдээ маргааш юу болохыг хэлж мэдэхгүй. Монголын хүчин чадал юу билээ. Африкт гурван сая хүн тутамд сэхээний таван ор байгаа. Гурван сая Монголд маань вирусийн орчинд яг ажиллахаар бэлтгэгдсэн мэргэжлийн эмч ердөө 15-хан байгаа. Энэ тоог хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ мэдээлчихье, “баатар”-уудад сэрэмж болог. 200 000 хүн тутамд мэргэжлийн нэг л эмч оногдож байгаа бодит үнэн энэ юм. Үнэн ийм байхад амны хаалтгүй яваа нөхдүүд минь та нар аав ээж, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээ. Цаашлаад эх орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээ. Энэ өвчний өмнө хэн ч юу ч биш. Муу зүйлтэй нүүр тулж, муугаа үзэж байж ойлгох гэдэг монгол зангаасаа одоо татгалз.

Өнөөдөр эх оронтой иргэнийхээ буяныг эдэлж, гадаадаас хэл амгүй ирсэн, ирээд асрамж халамжинд хэд хонож /тусгаарлалт/ гэртээ гарцгаасан, гарчихаад хэдийнэ гадуур гараад давхичихсан нөхдүүдэд зөөлөн хандмааргүй байна. Тэдний хойноос хууль хяналтынхан, эмч нар, төр нь хөөцөлдөж бөөн юм болж яваа нь үнэндээ гунигтай байна. Өнөөдөр бид өөдрөг, бүгдийг даван туулах эр зориг, эрч хүчтэй, ухаалаг байх ёстой. Мэдээж муутай нүүр тулчихаагүй байгаа болохоор итгэлтэй, давлиундуу байгаа нь үнэн. Зэрэгцүүлээд урьдчилан бүгдийг харах, гарцаагүй ирж мэдэх үйлийн өмнө бэлтгэлтэй байх нь хамгийн чухал болчихоод байна.

Урьдчилсан бэлтгэл гэдэгт олон зүйл хамаарна. Урин дулаан болж байгаа учраас хүүхдүүд гадаа их гарч байна. Үүнтэй зэрэгцээд хяналт шалгалт, цагдаа, хорооныхон гадуур нэлээн явах боллоо. Амны хаалтаа зүүхийг, гэрээсээ гарахгүй байхыг шаардаж байна. Гэртээ эцэг эх нь байгаа хүүхдүүд амны хаалттай, дээр нь гэртээ орчихож байна. Гэртээ том хүнгүй хүүхдүүд орохгүй байна. Эндээс монголчуудын нэгэн шинэ хандлага анзаарагдах боллоо. Залуувтар гэр бүлүүд, бага насны хоёроос дээш хүүхэдтэй монголчууд ерөнхийдөө тэнэмэл, гэртээ байх дургүй болчихож. Хүүхдүүдээсээ залхдаг болчихож. Ядаж л нөхөр нь, хүүхдээ загнах эхнэрээсээ залхаад гараад явчихдаг. Эхнэр нь нөхөртэйгөө барьцаад гарахдаа аав ээждээ хүүхдээ аваачаад өгчихдөг. Бодит амьдралын хэн ч анзаарахгүй ийм үнэнээс шалтгаалж, хүүхдүүд гадуур маскгүй, хараа хяналтгүй ганийж байна. Вирусийн ийм ноцтой үед амьдралын энэ мэт бодит үнэнд дүн шинжилгээ хийж, Монголын нөхцөлд тохирсон бэлтгэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн нөхцөлд Монголд тоглоомын талбай, гүйлтийн зам дагасан хэдэн зуун хүн байна. Цагдаа нарын үгийг жаахан авдаг бусад хяналтыг үнэндээ тоохгүй байна. Хувь иргэн бүр хариуцлагажиж чадахгүйд хүрвэл биднийг ийм хувь заяа хүлээж байна. Төрөөс шууд хорио тогтоон гэрт хорьж, орой бүхэн Солонгосын өнөө айхавтар “Ханиад” киног үзүүлж, маск зүүж хэвштэл нь торгож, эрх чөлөөг нь гозойтол хязгаарлах. Тэр эдийн засаг масаг бол өнгөрнө. Ийм болохоор “Хүний хамгийн дээд аз жаргал бол эрх чөлөөтэй байх” гэдэг үгийг өдөр бүхэн сана. Эрх чөлөөгөө хазаарлуулан, харанхуй нүхэнд байгаа мэт болтлоо хүндрэх эсэх нь зөвхөн та бидний амны хаалтаа зүүх, гадуур хамаагүй сэлгүүцэх байх өчүүхэн зүйлээс л шалтгаална. Ийм өчүүхэн үүрэг харицлагаас л маш том аз жаргал маань шалтгаалахаар байгаа биз…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Наад зах нь зургаан сар хэрэглэх нөөцийг Хувийн хэвшлийнхэн бүрдүүлчихсэн байна

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улс өвчин тахлын онцгой нөхцөлтэй нүүр тулж байна. эрүүл, аюулгүй байдалдаа сайн анхаарч байна. эдийн засгийн эрсдэлээ одоо л ярьж эхэлж байх шиг. Ийм цаг үед маОэнХ-ны байр суурь чухал байна л даа?

-Коронавирусийн асуудал нь бизнес эрхэлж буй хүмүүс, бидний хувьд маш хүнд нөхцөл байдлыг бий болголоо. Үүссэн цагаас нь эхлээд төрөөс авч байгаа үйл ажиллагааг анхааралдаа ажиглаж, бүх талаар дэмжих байр суурь баримталж ирлээ. Нэн ялангуяа урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажлуудыг хувийн хэвшлийнхэн бүрэн дэмжиж ажиллаж байна. Сүүлийн үед МАОЭНХ-ны гишүүдийн зүгээс эдийн засгаа тогтвортой байлгах, улмаар сэргээх, үйлдвэр үйлчилгээг хэвийн явуулж ажлын байрыг хадгалах чиглэлд анхаарлаа хандуулахыг хүссэн олон санал ирэх боллоо. Улсын татварыг бүрдүүлж, ажлын байраар хангаж, хүн амыг орлоготой байлгах асуудлыг анхаарахгүй бол нөхцөл байдал улам хүндэрч байна. Үүнийг цөөн тоогоор хэлье. Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, татварын байгууллагад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 80 хувь нь үйл ажиллагаагаа царцаачихсан байгаа. Гэхдээ энэ бол дампуурсан хэрэг биш.

Дампуурлаа, сүйрлээ гэсэн үг хэллэг бол зохимжтой нэр томьёо биш юм. Ихэнх үйлдвэр, үйлчилгээнийхэн үйл ажиллагаагаа түр зогсоосон гэсэн үг. Нөгөө талаас аж ахуй нэгжүүдийн ихэнх нь албан ёсоор нэг ч ажилтнаа халаагүй байгаа. Үйл ажиллагаа эхлүүлнэ, сэргээнэ гэсэн итгэл найдвартайгаар сул зогсолт хийж байгааг ажилчид нь ч ойлгож байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/, НДШ-ийн төлөлтийг ААНБ-үүд бүрэн төлсөн. Хоёрдугаар сард гэхэд татвар төлөгчдийн тоо 30 орчим хувиар цөөрсөн байгаа. Одоо гуравдугаар сард аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь ААНОАТ, НДШ-ээ төлж чадахгүйд хүрээд байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, орлого олоогүй цалин төлөөгүй ААНБ-ууд ямар ч татвар төлөх билээ. Нөхцөл байдал ийм бодит хүндрэл рүүгээ явж байна. Манай байгууллага ирэх дөрөвдүгээр сарын 10-ны үеэр НДЕГ, ТЕГ-тай уулзаж нөхцөл байдлыг дүгнэж ярилцахаар тохиролцоод байна.

-Нөхцөл байдал гарцаагүй хүндэрч байгааг баримтаар та хэлчихлээ. Одоо тэгээд яах ёстой вэ?

-Одоо эдийн засгаа хамгаалах, сэргээх, аж ахуйн нэгжээ дэмжих, хүмүүсээ ажилтай байлгах, иргэдээ орлоготой байлгах бодлого дээрээ цаг алдмааргүй байна. Бид Засгийн газарт саналаа хүргүүлж байгаа. Засгийн газартай хамтарч асуудлыг шийдье, хамтарч даван туулъя, ард нь гаръя гэсэн байр суурьтай байна. Төр засгаас олон арга хэмжээ авч байгаа ч тэр дотор оносон, оноогүй аль аль нь байна. Тийм болохоор аж ахуйн нэгж, эздийнхээ санал бодлыг төр засагт уламжлан төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллая гэж байгаа юм. Зөвхөн Төр засгаа шүүмжилж шаардаж суугаад бид юу ч хожихгүй юм.

-Таны харж байгаагаар өнөөдрийн төр засагт хүндрэлийн үеийн эдийн засгийг даван туулах бодитой судалгаа тооцоо хэр байна?

-Шулуухан хэлэхэд төр засагт ч, ТББ-уудад ч бодит мэдээлэл судалгаа алга. Ганц нэг байгууллагын хийсэн судалгаанаас өөр. Жишээ нь, Улаанбаатарын аль дүүрэгт хэдэн ЖДҮ-ийн үйл ажиллагаа зогссон, хэдэн үйлчилгээний байгууллага царцав, эдгээр аж ахуйн нэгжүүдийн хэдэн хүн ажилгүй байна гэсэн судалгаагүй л сууж байна. Ийм судалгааг төр засагтаа хамтран маш хурдан гаргаж, түүндээ суурилан үйлдвэрлэл үйл ажиллагаагаа сэргээх ажилдаа ормоор байна. Энэ бол төр, засаг бидний хамтын үүрэг. Тийм болохоор АОЭНХ-оос энэ талын саналаа боловсруулаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн.

-Тодорхой ямар саналуудыг Засгийн газарт тавьсан бэ?

-Үүссэн нөхцөл байдлыг бодитой, тодорхой үнэлэх хамтарсан Ажлын хэсгийг Засгийн газар-Хувийн хэвшлийн оролцоотой байгуулъя. Ажлын хэсэгт бүх төлөөллийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод, Ажил Олгогч Эздийн байгууллага, Үйлдвэрчний байгууллага нь орж ажиллая гэсэн байгаа. Ер нь бол бодит үнэлгээ, тооцоог маш хурдтай хийх боломж нь төрд илүү байгаа юм. Татварын мэдээлэл нь төрд байна. НДШ төлж буй мэдээлэл бүгд байна. Бүх шатанд төрийн бүтэц ажиллаж байгаа учраас аймаг, дүүрэг, сум, баг, хороо, хэсэг дээр хүртэл судалгааг гаргах боломж байгаа. Үүн дээрээ үндэслээд хүндрэлийн үед орлого олох бололцоотой үйлдвэрлэлийн салбаруудаа гаргаад дэмжье л гэж байгаа. Жишээ нь, манай байгууллагын судалгаагаар одоо ажиллаж байгаа нийтийн хоолны том ресторануудын орлого 50 хувиар буурчихсан байна. Тэгэхээр үйлчилгээний аль хэсгээ сэргээх ёстой юм. Эсвэл үйлдвэрлэлээ эхлээд сэргээх юм уу гээд дарааллаа яаралтай гаргах нь зүйтэй. Үйлдвэрлэлийг нь дэмжлээ гэхэд бүтээгдэхүүн нь борлогдох уу. Хэн худалдаж авах юм бэ. Дотооддоо хэдийг нь худалдах юм, гадагшаа хэдийг нь зарах юм гээд наад захын ийм тооцоонуудаа хийхгүй бол цаг алдаад байна. Бид сэтгэлийн хөөрлөөр бүх ЖДҮйлдвэрүүдийг дэмжье, сэргээе гэж болохгүй. Энэ бүгд сая ярьсан бодитой мэдээлэл судалгаан дээр үндэслэнэ. Судалгаагаа ард түмэн, улс төрчдөд ил мэдээллэж, нээлттэй байлгах нь чухал. Өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр талхны бүх үйлдвэрийг том жижиггүй сэргээчихвэл бүгд борлогдох баталгаагүй болно. Тийм учраас энэ бүгдийг эрэмбэ дараатай, ач холбогдлын зөв зохицуулалттай хийж хэрэгжүүлэх ёстой юм. Үүнд төр засгийн оролцоо хамгийн чухал.

-Одоо бол хаврын ид ажлын үе. Гэтэл бүх зүйл царцах хандлагатай, хорио цээртэй байдаг?

-Одоо л Монголын эдийн засаг сэргэдэг, эдийн засгийн цусны эргэлт сайжирдаг цаг үе. Барилга, зам, уул уурхай, газар тариалан, ноос ноолуурын бэлтгэлийн ажил гээд бүх л ажил ундарч эхэлнэ. Дээр нь бид экспортдоо онцгой анхаарах ёстой. Валют авчрах, Монголд орлого оруулах салбаруудыг тэргүүн ээлжинд дэмжье. Нүүрс, цайр, зэс, төмрийн хүдэр, газрын тос гэх мэт. Жишээ нь, нүүрс аль болох их хэмжээгээр экспортлохыг дэмжих, мөн халуун аргаар боловсруулчихсан мах экспортлох зөвшөөрлөө хүлээгээд хадгалаастай байгааг шийдэх хэрэгтэй санагдана. Энэ бүгдийг нэн яаралтай экспортод гаргах арга хэмжээг цаг алдалгүй авмаар байна. Ер нь экспортын бүх үйлдвэрлэлийг дэмжих, тэр дундаа ЖДҮ-ийг дэмжих, улсын төсөвт шууд татвар төлж болох, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад чиглэсэн салбаруудыг дэмжих нь Монголын эдийн засагт ашигтай. Мөн ажлын байрыг ихээр бий болгож ард иргэдийн амьжиргааг дэмждэг ХАА, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбарыг нэг номерт анхаарч дэмжих нь зүйтэй. Барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлууд өнөөдөр зогсчихсон байна. Жишээ нь, Дархан-Улаанбаатарын замыг барихгүй бол болохгүй. Энэ зам там болоод байна. Тус замыг барихыг тодорхой бүлэг хүчин шүүмжилж байсан ч барьж дуусгах ёстой. Монгол Улсын нэр хүнд гэж бий. Энэ зам Монголын эдийн засагт асар их ач холбогдолтой. Энэ мэтчилэнгээр эрэмбэ дараагаа гаргаад энэ ажлыг зоригтой, шуурхай шийдье гэж манай холбоо үзэж байгаа. Нэн ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга, уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг дэмжихгүй бол болохгүй. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл хөтөлбөрүүдэд саад тотгор учрах вий гэж санаа зовж байна. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтад ажиллах шаардлагатай ажиллах хүчний тооцоо аль хэдийнэ хийгдсэн. Энэ дээр ажиллах хүсэлтэй монгол хүн олдохгүй байна. Энэ бол аж ахуйн нэгж болгонд тохиолдож буй бэрхшээл. Гэтэл хувийн хэвшлийн төслүүдэд шаардлагатай гаднаас ажиллах хүч авах хүсэлтүүд шийдэгдэлгүй Засгийн газар дээр дарагдсаар байна. Хувийн хэвшлийн хийж байгаа ажил сонгууль, улс төр, улс төрийн хүчин, зарим ТББ иргэдийн санал хүсэлтээс ангид зүйл байх ёстой гэж бодож байна. Сонгууль болдгоороо болж, ард түмний амьдрал үргэлжилсээр л, коронавирусийн асуудлыг ч бүрэн шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Ийм нөхцөлд эдийн засгаа сэргээх, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэл үйлчилгээг үргэлжлүүлэхэд анхаарал хандуулах цаг болжээ.

-Сонгуулийн үнэр орчихсон энэ цаг үед та бүхний ярьж буй зүйлсийг нурааж, сөргөөр нөлөөлөх юм байгаа. Үүнийг давхар тооцож байна уу?

-Бизнесийнхэн улстөржилтөөс эдийн засгаа тойруулаад аваад гарчих юмсан гэдэгт их санаа зовж байна. Цалинг хэдэн сая болгоно гэдэг хоёр сарын дараа л үр дүн нь гараад бид нарт харагдана. Ард түмэн сонголтоо зөв хийгээсэй гэж хүсч байна. Монголын ард түмэн ухаантай. Сонгууль өгч сурсан. Үүнээс илүү коронавирусийн аюул бид нарт ноцтой байна. Ажил олгогч хүн улстөрждөггүй юм. МАОЭНХ, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл улстөржөөд нэг намыг дагаж явсан түүх байхгүй. Бид улстөржиж төр засгийг шүүмжилдэггүй, шаардлага тавьж мэдэгдэл гаргадаггүй. Манай холбооны дүрмээр ч бид төр засагт шаардлага тавих эрхгүй, мэдэгдэл гаргах эрхгүй. Харин бид гишүүдийнхээ байр суурийг төр засагт илэрхийлж, төр засагт уламжлах, шийдэх тал дээр нь хамтарч ажиллаж нөлөөлөх гишүүдийн эрх ашигт нийцсэн үүрэгтэй.

-Та бүхэн төр засагтаа хандаж хийх ажлаа уламжилсан юм байна. Миний харж байгаагаар ийм хүнд үед баялаг бүтээгчид маань Монгол Улсыг хангах нөөцийг бий болгочихжээ. Нөөцөө хэрэглээд нэг талаас бухимдуулахгүй, айдасгүй байлгаж чадна гэдэгт итгэлтэй байна уу. Ер нь Монголд хэр нөөц байна вэ?

-Хувийн хэвшил чинь өөрийн хөрөнгөөрөө бий болсон ажлын байр, бэлдсэн мэргэжилтэй ажилчин, түүхий эддээ тулгуурлаад үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулахад ард түмнийхээ эрэлт хэрэгцээг гол нэрийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах бололцоотой гэдгийг нотлон хэлж чадах байна. Төр засгийн хүсэлтийн дагуу үнийн түвшинг өнөөгийн байдлаар тогтвортой хадгалж байна. Гагцхүү өөрийн монополь үйлчилгээнийхээ үнийг тогтвортой байлгаж чадвал тухайлбал цахилгаан, дулаан, төмөр зам, агаарын тээвэр гэх мэт бид хэвийн нөхцөл байдлыг хангаж чадна.

Хоёрдугаарт, Хувийн хэвшил мах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон гурил, будаа, элсэн чихрээр Монгол Улсыг зургаан сар хэвийн хангах нөөц бий болгочихсон байгаа. Үүнийг хувийн хэвшлийнхэн эрсдэл үүрч, өр тавих нь өрөө тавиад, банкнаас зээл авах нь зээлээ аваад, тээврийнхээ мөнгө, татвар, нэмүү өртгийн албан татвараа төлөөд бий болгочихсон байгаа.

Гуравдугаарт, Хувийн хэвшлийн хичээл зүтгэлийн үр дүнд манай улс бусад орнууд шиг нэг өдрийн дотор нойлын цаас, гурилгүй болж лангуугаа хоосруулаагүй байгаа. Энэ нь манай оронд бий болсон хангамжийн систем, бөөний худалдаа, томоохон дэлгүүрүүдийн систем, тогтолцоо Монголд тохирсон маш оновчтой системийг бий болгосонтой холбоотой.

Одоо бидэнд санаа зовж байгаа нэг л аюул бий. Иргэд ажил хийж мөнгөтэй, орлоготой болохгүй бол худалдаж авах чадвартай масс алга болж борлуулалт буурах асар их эрсдэл байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэлийг сэргээн хэвийн ажиллуулж, ажлын байрыг хадгалж, ард түмнийг орлоготой байлгах нь зүйтэй. Хүмүүсийг орлоготой байлгах арга замуудыг төр хувийн хэвшилд хамтран бий болгох хэрэгтэй байна шүү дээ.

-Энэ хүнд үед эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах талаар төсөв, татвар, санхүүгийн бодлогоо эргэж харж, Их хурлаараа оруулаач ээ, НДШ-ээс эхлээд төрд олон боломжтой “Сан”-гууд байна. Тэр сангуудаа хуулийн хүрээнд, зөв зохистойгоор нийгмийн хүндэрч байгаа хэсэг рүүгээ оруулж чиглүүлж, ашиглаач ээ гэж танай саналд байна лээ?

-Засгийн газар, УИХ-д шийдүүлэх саналуудыг ялгаж оруулсан. Сангуудын үйл ажиллагааг УИХ хэлэлцэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй. УИХ яаралтай хуралдаж нэмэлт, өөрчлөлт хийж чадвал үүгээр ард түмнийхээ амьжиргааны орлогыг нэг удаа хамгаалж, дэмжих бололцоо бий. Үүний тулд НДШ төлж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан сүүлийн гурван сар орлогогүй болоод компани нь зогсчихсон бол Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох санал оруулсан. “Ажилгүйдлийн даатгалын сан” гэж нэлээн үлдэгдэлтэй сан бий. Үүнийг бид мэдэж байгаа. Энэ сангийн хуримтлагдсан үлдэгдэл аль банкинд хадгалагдаж байгааг ч бид мэднэ. Энэ сангаас НДШ төлж байгаа хүмүүстээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох асуудлыг шийдүүлэх санал оруулсан.

Гэтэл нийгмийн даатгалд хамрагдаагүй нэг хэсэг бий. Тэр хэсгийн амьжиргааны орлогыг дэмжих саналыг оруулсан. Ч.Хүрэлбаатар сайдын хэлж байгаагаар “Ирээдүй өв сан”-д хэдэн зуун тэрбум төгрөгийг хуримтлуулж түүхэнд гавъяа байгууллаа гэсэн. Энэ бол татвар төлөгчдийн хөрөнгөнөөс л бий болгосон сан гэж бодож байна. Тэр санг ирээдүйд хадгалаад хэрэггүй. Дахиад ийм хүнд байдалтай мөддөө тохиолдох ч үгүй байх. Орлого нь үгүй болчихсон, ажил хөдөлмөр эрхэлж, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдахгүй байгаа ард түмнийхээ хэсгийг орлоготой болгох нь төрийн үүрэг. Тэгэхээр тэр өрх, айлуудын амьжиргааг дэмжихийн тулд “Ирээдүй өв сан”-гаас нэг удаадаа хууль гаргаад энэ өрхүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгийг гурван сар өгье л дөө. Ийм үед төрөөс үзүүлсэн дэмжлэгээр архи аваад уучихгүй байлгүй дээ. Энэ мөнгөөр гурил авна, хүнс авна. Өөрөөр хэлбэл, энэ мөнгөөр эдийн засгийн эргэлтийг л дэмжинэ гэсэн үг.

Нөгөө талаас эдийн засгаа сэргээхийн тулд нэгдүгээрт үйлдвэрлэл, үйлчилгээгээ сэргээе. Хоёрдугаарт, ажлын байрыг нь хадгалж ард иргэдийг цалинтай орлоготой болгоё, гуравдугаарт, боломжтой хэмжээгээр экспортоо нэмэгдүүлье гэж манай холбооны гишүүд үзэж байна.

-БНХАУ бол бүх талаараа манай гол түнш. Сая Ерөнхийлөгч очиж дипломат харилцааны том алхам хийсэн гэж судлаачид үзэж байгаа. Үүнийг бас л цаг алдалгүй ашигламаар, ажил хэрэг болгомоор харагдах юм?

-Монголчууд бид газар зүйн байрлалын хувьд дэлхийн маш хүчтэй эдийн засагтай гүрнүүдийн дунд байдаг. Хятадын эдийн засаг монголчууд бидний хувьд чухал. Дэлхий дээр Хятадын эдийн засаг гол нь болчихсон байна шүү дээ. Коронавирусийн үеэр дэлхий маскаа хийж чадахгүй болсон. Маскны материалын 80 хувийг БНХАУ үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэл нь Уханьд байсан. Хамгийн том хэрэглэгч бас экспортлогч. Энэ том түншийн хажууд байгаа давуу талаа ашиглаж байж эдийн засгийн хямралаас гарна гэдэг байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалаар хятадуудын монголчуудад хандах хандлага эрс өөр болсон. Хятадын компаниудаас Монголд хөрөнгө оруулъя, Монголд очиж үзье. Ер нь Монгол гэдэг бидэнтэй ойрхон орших хүн чанартай түнш байна гэдэг ийм нааштай хандлагатай болсон. Энийг бид эдийн засгийн өсөлтөд ашиглах ёстой. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд экспортоо нэмэгдүүлэх, хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээхэд хоёр орноос хамтарч ажиллах бүх боломж нөхцөлийг эрчимжүүлэхгүй бол болохгүй.

-Энэ асуудлыг бодит ажил болгохоор холбогдох газрууд хэр ажиллаж байх шиг байна…

-Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх, үр дүнг сайжруулах зорилгоор Засгийн газарт санал тавьсан. Нэн тэргүүнд Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр Хятад Монголын Засгийн газар хоорондын комиссыг хуралдуулъя. Энэ комиссоор Монгол Хятад хоорондын худалдаа эдийн засгийг хөнгөвчлөх, нэмэгдүүлэх, түргэвчлэх, ажлын хэсгүүдийг байгуулъя гэдэг саналаа тавьчихсан байгаа. Одоо Монгол талаас зоригтой, тодорхой санал тавьбал БНХАУ хүлээж авахад бэлэн байгаа гэж бодож байна.

-Долларын ханш өсөлттэй байна. Та болохоор Монгол Улс гадны нэг валютаас хараат байж болохгүй гэдэг байр суурьтай байдаг юм билээ?

-Валютын ханш, төгрөгийн тогтвортой байдлын талаар бизнес эрхлэгчдийн байр суурь тодорхой. Монгол төгрөгийн худалдан авах чадвар, валютын ханш тогтвортой байх явдал бизнест ч хэрэгтэй, монгол хүн, Монгол Улсад хэрэгтэй гэж хардаг. Бидэнд эдийн засгийн хямрал үүсээд буй өнөө үед нэг валютаас хараат байх, ганцхан валютаар бүх эдийн засгийн үзүүлэлтээ хэмжих нь хүндрэлтэй байна. Тиймээс бид доллараас гадна хөрш орнуудтай хийх худалдааг тухайн орны мөнгөн тэмдэгтээр нь хийе гэж яриад байгаа. БНХАУ-тай хийх худалдааг юаниар нь л хийнэ. ОХУ-тай хийж байгаа худалдаагаа рублиэр нь хийе. Тэгвэл бидэнд ашигтай шүү дээ. БНХАУ-тай хийсэн юанийн своп хэлэлцээр 15 тэрбум юань. Манай улс авчихсан. Монголбанк тэрний 10-аад тэрбум юанийг буцаагаад төлчихсөн гэж бид ойлгож байгаа шүү. Бид юанийн свопын ханшийг төлөхдөө доллараар төлдөг. Гэтэл юань, доллар хоёрын ханш тогтворгүй, төгрөг, доллар хоёрын ханш тогтворгүй. Ингээд дөрвөн хувийн хүүтэй авсан юанийг свопын хэлэлцээрийг ам.доллараар төлөхөөр хүү нь 7-8 хувь болчихдог. Эндээс монголчууд бид хохирол хүлээгээд байдаг юм. Юаниар своп авсан бол юаниар нь төлчих. Тэрийг доллар болгож төлж яадаг юм. Хөрш орнуудтай хийдэг худалдаагаа юанийн, рублийн ханш руу оруулъя, хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулъя, свопын хамтарсан сан байгуулъя. Энийг судалж үзээд шийдээч ээ гэдэг асуудлыг тавьсан байгаа.

-МАОЭНХ банк, санхүү, мөнгөний бодлогын асуудлаар ямаршуухан бодлогыг төрөөс хүсч байгаа вэ?

-Мөнгөний бодлого, банк санхүүгийн үйл ажиллагаа бизнест хамгийн их нөлөөлдөг үйлчилгээ. Мөнгөний бодлого бол бизнесийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах гол түлхүүр, хурдасгагч нь байдаг юм. Гэтэл нэг талд нь Засгийн газар төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого нэмэгдүүлж байгаа. Улс орон, эдийн засгаа хөгжүүлнэ гээд Засгийн газар төсөв санхүүгийн бодлого оруулаад ирэхээр нөгөө талд нь тэрийг нь хязгаарласан мөнгөний бодлого гаргаад байх юм. Энэ хоёр уялдахгүй болохоор Монгол Улсын хөгжил гацчихаад байгаа юм. Мөнгөний бодлогыг УИХ хариуцах ёстой. Монголбанк нь УИХ-ын дэргэдэх байгууллага. Засгийн газар, Монголбанк хоёрын ажиллагааг уялдуулах үүрэг УИХ-д байгаа юм. Тиймээс бид энэ асуудлыг УИХ авч үзээсэй гээд санал оруулсан байгаа. Тэр битгий хэл бид нар УИХ-д тавьсан санал дээрээ мөнгөний зөөлөн бодлого явуулах, мөнгөний бодлогоор улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчийн сонсголыг Их хурал авч хэлэлцээч гэсэн санал тавьсан. Коронавирустэй холбогдуулан Америкийн төв банк бодлогынхоо хүүг 0.25 болгож байна. Англи, Японы төв банкууд бодлогын хүүнүүдээ асар их буурууллаа. Ийм мөнгөний бодлогоор коронавирусээс үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийг давах эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлого дэмжиж байгаа арга хэмжээнүүд юм. Гэтэл манай улс мөнгөний бодлогын хүүгээ ганцхан хувиар буулгасан. Тэгэхээр мөнгөний зөөлөн бодлогыг маш яаралтай Их хурал авч үзэхгүй бол болохгүй нь. Нөгөө талаас мөнгөний бодлого дээр монгол төгрөгийн худалдан авах чадвар, тогтвортой байдлыг яс бариач ээ гэдэг саналыг тавьж байгаа. Үүнийг л Монголбанк хийх ёстой. Хоёрдугаарт, Монгол төгрөгийн валютын ханштай харьцаж байгаа харьцааг маш тогтвортой барих ёстой. Ингэж байж монгол хүний амьжиргаа, Монголын эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогоор зохицуулна. Гэтэл яагаад Монголбанк ийм бодлогыг гаргахгүй байгаа юм бэ. Эдийн засгийн хүндрэлтэй үед тогтвортой ханш барьж болно шүү. Ийм байдлаар төрийн мөнгөний бодлогыг зоригтой явуулж, эдийн засгийн өсөлтөө дэмжиж, хангахад чиглэсэн уялдаатай бодлогыг явуулаач ээ гэж бид хэлээд байгаа юм.

-Монголын нийгэмд Хятадын эдийн засаг хүндэрч байна. Оросын эдийн засаг хүндэрч байна гэсэн мессэж их явах юм. Та энийг яаж харж байгаа вэ?

-Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засаг 30 хувь буурлаа. Хятадын үйлдвэрлэл буурах нь, нүүрсний экспорт буурах нь гээд л бичээд байх юм. Тэр Хятадын эдийн засаг өсч байна уу, буурч байна уу гэдэгт битгий их ач холбогдол өгч яриад байх шаардлага байхгүй. Хятадад Монголын нийлүүлэх бүтээгдэхүүн асар бага хэмжээтэй. Тэгэхээр бид Хятадын эдийн засаг буурч байна уу, өсч байна уу гэж АНУ шиг ярих хэрэггүй. Хятад манайхаас нийлүүлж болох бүтээгдэхүүнээ аль болох ахиухан өгөх арга замыг хайх нь монголчууд бидний хувьд ашигтай байна.

-Манай улсын ажлын байрны цөм талбар болсон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжих үүрэг хүлээсэн ЖДҮХС гэж шившиг болсон газар байх юм даа. Энэ сан үнэхээр бодит дэмжлэг үзүүлж чадаж байна уу?

-ЖДҮ, худалдаа үйлчилгээ хөгжүүлэх асуудал чинь зах зээл гарснаас хойш үүссэн юм. 1990 онд анх ЖДҮХС-г би Хөдөлмөрийн яамны дэд сайд байхдаа үүсгэж байсан юм. ЖДҮХС-гийн эх үүсвэрийг Монголын төсөв гаргаж өгч чаддаггүй байсан шүү дээ. АНУ-аас орж ирсэн хүнсний тусламж, улаанбуудайны мөнгө, Японоос орж ирсэн техник туслалцаа хамтын ажиллагааны мөнгөнүүдийг ЖДҮХС-д хийгээд гаднын эх үүсвэрээр ЖДҮ-г дэмжих үйл ажиллагаа эхэлсэн байхгүй юу. Энэ чинь хүн амынхаа массыг ажилтай байлгах, ЖДҮ хөгжүүлэхээр гарч ирсэн түүхтэй юм. Энэ сан бол маш чухал. Сүүлийн үед энэ санг эрх баригчдын хүрээнд буруу зарж байгаа зүйл нийгэмд гарч ирсэн. Энэ дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа. ЖДҮХС-гийн зардлыг ил байлгах, шударга байлгах тал дээр бид нар анхаарах ёстой. Энэ сангийн үйл ажиллагаанд оролцох хувийн хэвшил, ТББ-уудын оролцоог жаахан нэмэгдүүлэхгүй бол улс төрийн хүрээнд яваад байдаг үйл ажиллагаа цаашдаа болохгүй нь гэж ойлгож байгаа. Энэ ЖДҮХС-гаар олон мянган хүнийг ажилтай болгож, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох боломж байгаа юм. Бид нар энэ санг буруутгах үйл ажиллагааг хийж болохгүй. Энэ сангийн эх үүсвэрийг аль болох нэмээд, эх үүсвэрээс нь зээл авдаг хүмүүсийг нь шударга болгоод явах ёстой шүү. Дэлхийд ЖДҮХС-гүй орон хаана ч байхгүй. Алдаагаа засъя.

-Одоо хүссэн хүсээгүй улирлаа дагаад эдийн засгийн цусны эргэлт идэвхжинэ. МАОЭНХ-оос аж ахуйн нэгжүүддээ ямар чиглэл зөвлөмж өгч байна даа?

-Нэгдүгээрт, ажил олгогчдоосоо хаврын эдийн засгийн сэргэлтийн үед та бэлэн байна уу гэдэг дээр судалгаа явуулж байна. Хоёрдугаарт, нөхцөл байдал ердийн үеэс ялгаатай байгаа учраас маш дэлгэрэнгүй зөвлөмжүүдийг гишүүддээ өгч байна. Жишээ нь, коронавирусээс сэрэмжлээд ажлын байран дээр ажил олгогч юу хийх ёстой юм бэ, ажилчин ямар үүрэгтэй байх вэ. Шинээр ажлын байран дээр бүрдүүлэх нөхцөлүүдийг зөвлөж байгаа. Мөн гишүүд рүүгээ чиглэсэн судалгааг авч байгаа. Шуурхай саналууд авч ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороогоор хэлэлцэх саналаа ХНХЯ-нд хүргүүлчихлээ. Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, АОЭНХ нийлээд улсын хэлэлцээрээр тохирсон зүйлсээ ярья, Хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газрын тавьсан зорилтууд хэрэгжих үү, ажлын байраа хадгалахын тулд хувийн хэвшлийг яаж дэмжих ёстой юм бэ гээд маш бодитой асуудлууд ярилцъя гээд саналаа яаманд тавьчихаад сууж байна. Дээр нь ажил олгогчдыг цуглуулаад тусгай зөвлөмжүүдийг өгч, гишүүдээ дэмжсэн, мэдээллээр хангасан үйл ажиллагааг явуулж байна.