Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сумъяабазар: Ажлын ард гарч, үр дүнг нь үзэх л үлдсэн || Dnn.mn

Гаргасан шийдвэр бүр нь Монголын хүн амын тал хувьд шууд нөлөөлж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.


– Хотын төв рүү орох автомашинууд өндөр төлбөр төлнө, төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй –


-Та бид хоёрын ярилцлага Эх орончдын баярын өдөр буюу гуравдугаар сарын 1-ний өглөө уншигчдын гарт хүрэх нь. МАН-ын хувьд ач холбогдол өгдөг том баяр байх шүү?

-Бүтэн зууны турш Монголын хувь заяаг авч яваа улс төрийн ууган хүчний хувьд чухал өдөр. Олон зуун эх орончдын эр зоригоор бий болсон энэ эрх чөлөө, энэ эх орныг бид авч яваа болохоор их үнэ цэнэтэй өдөр гэж боддог. Нийт монголчууддаа, мөн МАН-ынхаа нийт гишүүд, дэмжигчдэд Эх орончдын өдрийн баярын мэндийг эхлээд хүргэе.

-Тэгэхээр бид хоёрын ярилцах эхний сэдэв тодорхой. Яг одоо цонхны чинь цаана хангинаж байгаа энэ олон машины дуут дохио, түгжрэлээс яриагаа эхэлье. Та саяхан “Хотын түгжрэл дээр гашуун арга хэмжээ авна” гэж хэлсэн. Ямар шийдвэрүүд гаргана гэж ойлгох вэ?

-Түгжрэлтэй холбоотой асуудал бол төлөвлөлт. Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна.

-Гурав, дөрвөөр тогтохгүй хавханд нийслэлчүүд орчихоод байна. Гол нь таны гаргах гашуун шийдвэр нь юу вэ?

-Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон. Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно.

-Гэнэт, нэг амьсгаагаар бүгдийг шийдэхгүй байлгүй дээ. Үе шаттай хийгдэх хязгаарлалтууд байлгүй?

-Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ.

-Тодорхой хариулт байна. Монголд нэгэнт ороод ирчихсэн, өнөөдөр хотод явж байгаа, буруу рультэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслүүдийг яах юм бол?

-Хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг ч юм уу. Тэрнээс цааш бол байхгүй. Шууд хориглоно.

-Хөдөө орон нутагт яах билээ?

-Хөдөө орон нутагт бол хязгаар хориг байхгүй, явж байгаад тэгээд дуусах биз. Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоогдсон.

-Өөр ямар арга хэмжээ, шийдвэрүүд авах вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төв дээр 650 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй байна. Хот бүртгэдэггүй. Нийслэлээс замын түгжрэл, хөдөлгөөнийг зохицуулах гэж үзэж тараад байдаг, ЗТХЯ-наас дугаар, номер олгоод, машины тоог нийслэлийн хөдөлгөөнд нэмээд байдаг. Энэ их уялдаагүй, түгжрэлд нэрмээс болж байгаа үйл явц.

-Тэгэхээр Нийслэлээс машины бүртгэл, номерыг хариуцах ёстой болж байна уу?

-Хотод бүртгэх эрхийг өгөх нь зөв. Хотод машины дугаар олгох үүрэг, хариуцлага ирсэн тохиолдолд бид замын түгжрэл, ачаалалтайгаа уялдуулж номер олгохоос эхлээд зохицуулалтын эрүүл механизмыг эхлүүлнэ. Цаашлаад зогсоолуудыг тодорхой болгоно. Төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ. Түр зогсоолууд нь хаана байх юм, огт зогсохгүй цэгүүд гээд. Жишээ нь, Улаанбаатар хотын Их тойруу дотор нэлээн олон зогсоол байгаа. Гарааж буулгалтууд үргэлжлэх учраас их зай талбай гарна. Зам нэмж өргөтгөх ажил бий. Ер нь энэ бүх ажил системээрээ явах юм.

-Зогсоолууд бүгд төлбөртэй шүү дээ. Тэр мөнгө нийслэлд ордог биз дээ?

-Тэр зогсоолын мөнгийг нийслэл лав авдаггүй. Одоо үүн дээр нийслэл анхаарлаа хандуулна.

-Хотын төвд зорчих машины төлбөр хураамжийг яаж нэмэгдүүлэх юм бэ?

-Жишээлбэл, Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ. Тэгж хотын төвд машинтайгаазорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хөдөлгөөний нягтралаас шалтгаалаад тойрог бүрийн төлбөр янз бүр байна. Мэдээж хотын төв дотроо хамгийн өндөр төлбөр ногдох байх. Бүсчилсэн байдлаар нийслэлийн автозамын хураамжийн асуудлыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ. Ингэж автомашины импортын хязгаарлалт, бүсчилсэн тойрог доторх машины өндөр төлбөр хураамж, зогсоолын асуудлуудыг шийдвэрлэхэд түгжрэл эрс буурах судалгаа, тооцоолол гарч байгаа. Таны асуусан түгжрэлийг бууруулах эхний алхмууд энэ.

-Хөдөө, орон нутгаас хот руу орж байгаа тээврийнхэрэгслүүд яах билээ?

-Хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүд хот руу орохдоо тогтоосон татвар хураамжийг төлнө. Төлөхгүй бол хот руу оруулахгүй. Чухам хэдийг төлөх хэмжээ удахгүй зарлагдана.

-Их тойруугаас гадна хотын зах руу гэртэй, ажил нь хотын төвд байдаг хүмүүс яах билээ?

-Судалгаа тооцоо үргэлжилж байна. Удахгүй наад бүх асуултын чинь хариулт тодорхой болно.

-Эдгээр шийдвэр яг хэзээнээс хэрэгжих вэ. Судалгаанаас харахад иргэд замын түгжрэлд шууд болон шууд бусаар 12 их наяд төгрөгийн хохирол амсаж байна гэсэн дүн бий. Бараг улсынхаа төсвөөс давсан тоо биш үү?

-Тийм болохоор л цаг алдалгүй, эрс тэс, шийдэмгий арга хэмжээ авна. Нэгдүгээрт нийтийн эрх ашиг чухал. Нийслэлийн ИТХ-ын чуулган гуравдугаар сарын эхээр хуралдах төлөвтэй байна. Эдгээр шийдвэрийн төслүүд эхлээд ИТХ-ын чуулганаар орно. Түүний дараа Засгийн газрын хуралдаанд оруулна. Эцсийн шийдвэр УИХ дээр очно. Хориглох эсэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Харин замын төлбөр, хураамжтай холбоотой асуудал бол хотын бүрэн эрхийн асуудал. Хот өөрөө шийднэ, мэдээж Засгийн газарт түүнийгээ танилцуулна. Энэ бүх шийдвэрүүд энэ хаврын чуулгандаа багтаж бараг бүгд гарна даа.

-Бүх судалгаа тооцоо нь цаасан дээр гарчихсан, алх цохиход бэлэн байгаа гэж ойлгох уу?

-Бүгд цаасан дээр буугаад дуусч байна. Засгийн газар, УИХ хэлэлцээд алх цохиод явчих байх. Тогтоол шийдвэрүүд батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ.

-Олон шат дамжлага орохоороо цаг хугацаа алддаг урьдын практик бий дээ?

-Өмнөх шиг тийм юм байхгүй. Бид маш хурдан шийдэхийн төлөө ажиллаж байна. Та өөрөө сая хэлсэн шүү дээ, түгжрэлээс гарч байгаа хохирол 12 их наяд орчим гэж. Энэ судалгаа 2020 он хүртэлх тооцоо. Энэ хэвээрээ цааш явбал 2025 он гэхэд энэ тоо 24.2 их наяд болж магадгүй гэсэн дүн гарсан. Аймшигтай дүн биз дээ. Бодит байдал иймдээ хүрчихсэн, дээр нь нийслэлийн иргэдийн түгжрэлээс эхтэй стресс, нерв, эрүүл мэндийн асуудал гээд яривал маш их хохирол гарна. Би өөрөө түгжрэл дотор нервээ бараад явж байгаа хүний нэг шүү дээ. Нийслэлийн иргэн бүр хохирч байна. Үүний төлөө цаг алдахгүй арга хэмжээ авах ёстой. Тийм болохоор захиргааны болон эрх зүйн хатуу арга хэмжээнүүдийг зайлшгүй авна. Нөгөө талдаа иргэддээ сонголт бас олгоно. Тэр сонголт нь юу байх юм бэ гэвэл нийтийн тээвэр дээр яаралтай реформ хийх хэрэгтэй. Иргэд маань ая тухтай нийтийн тээврээр зорчих боломжийг, сонголтыг төрөөс бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхээр нөгөө тендерийн хуулиас эхлээд яаралтай зохицуулалт хийх олон ажил ундарна. Наад зах нь нийтийн тээврийн автобуснуудыг үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлэлт хийх эрхийг хотод өгөх ёстой юм билээ.

-Нийтийн тээвэр чухал сэдэв. Олон улсын жишиг нь ямар байдаг юм бол. Хувийн хэвшил нь нуруун дээрээ үүрч явдаг юм уу?

-Дийлэнх улс оронд нийтийн тээврийг төр нь авч явдаг. Монгол Улсад ч нийтийн тээврийн ачааны хүндийг төр үүрэхээс өөр аргагүй юм билээ. Жишээ нь, Улиастайн аманд юм уу, Баянхошууны эцсийн буудал дээр зогсож байгаа Улаанбаатар хотын нэг иргэн байсан ч нийтийн тээвэр хүрч үйлчилдэг байх ёстой. Ийм л тогтолцоог энэ хотод бий болгоно. Олон улсын жишиг нь өөрөө тийм байгаа. Манайхан өнөөдөр мөнгөний урсгалаа дагаж давхилдаад, маршрутаа булаалцалдаад, түгжрэл дээр түгжрэл нэмдэг. Нийслэл дээр нийтийн тээвэрт өгөх татаас жил бүр нэмэгдэж байна. 2016 онд 52 тэрбумын татаастай байсан бол одоо 160 тэрбумын татаастай болсон. Нийтийн тээвэр яагаад хөгжиж дээшлэхгүй байна, хувийн хэвшлийнхнийг оруулаад, дэмжээд байгаа хэрнээ ийм зогсонги байна. Аль аль талдаа бодитой харах асуудал. Нийтийн тээврийн реформыг цаг алдахгүй хийнэ.

-Реформ хийхэд мөнгө хэрэгтэй, тэр мөнгө, санхүүгийн эх үүсвэр хаана байна?

-Наадхыг чинь л бид ажил болгох гээд гадна дотногүй ярьж, хөөцөлдөж байна. Гадны санхүүгийн байгууллагуудын урт хугацааны зээлийн эх үүсвэр байж болно…

-Сая нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Хот бие даан санхүүгийн эх үүсвэрээ босгох эрх нь нээгдсэн биз дээ?

-Тендерийн хууль бол өөр. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн хуулиар бол хотод санхүүгийн эх үүсвэрээ бие даан босгох боломж нь бүрдсэн. Төсвийн санхүүтэй холбоотой худалдан авах ажиллагаа бол Тендерийн хуулиар явна. Харин төр- хувийн хэвшлийн түншлэлээр явж байгаа бол нийслэлийн зүгээс цаад газартайгаа шууд гэрээгээр явчихаж болно. Ийм хоёр өөр зохицуулалт байгаа. Тэгэхээр төсөв дээр бол нийтийн тээврийн автобуснуудын асуудал тавигдчихсан. Тэгэхээр бид Тендерийн хуулийг яаравчлахгүй бол компаниуд хоорондоо зодоон хийгээд эхэлнэ.

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалт дотор бий юү?

-Хаврын чуулганаар орно. Тендерийн хууль, Худалдан авах ажиллагааны тухай хууль гээд Сангийн яамнаас өргөн барьж байгаа.

-МАН-ын Их хурлаас гаргасан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хувийн эрх зүйн орчныг сайжруулах хуулиуд дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар онцгой анхаарал тавьж байгаа бололтой, энэ нь хотод их эерэгээр тусч, урьд өмнө байгаагүй боломжуудыг хотод нээж өгч байна гэж харагдах юм?

-Ерөөсөө л тэр. Бид ерөөсөө хувийн хэвшлүүд, энэхүү компани, том жижиг бүх аж ахуйн нэгжүүдээ онцгой анхаарч, дэмжиж байж л улс орны хөгжил, нийслэлийн хөгжил цаашаа явна. Эдний нуруун дээр улс орны ачаа яваа. Хувийн хэвшлийнхний хүч, туслалцааг төр авч, харилцан зохион байгуулалтад орж явахгүй бол бүх юмыг мэддэг, шийддэг төртэй байж болохгүй. Төр нь ганцаараа бүгдийг шийднэ гэсэн улс орнууд бүгд л дампуурлын ирмэг дээр байгааг бид харж байна шүү дээ.

-Ирэх жилийн өдийд эргээд та бид хоёр уулзахад энэ бүх асуудал эмхэрч цэгцэрсэн, дараагийн алхмуудыг ярилцаад сууж байж чадах уу?

-Үүний төлөө та бид хоёр шөнө орой ярилцаад сууж байна. Миний үүдэн дээр одоо ажил танилцуулах гэсэн хүмүүс бужигнаж байгаа биз дээ. Хамгийн гол нь цаг хугацаа алдмааргүй байгаа юм.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хотын дарга бие даасан эрх зүйн чадамжтай болсныхоо дараа анхны гадаад айлчлалыг урд хөршөөс эхлүүллээ. Ерөнхий сайдын Хятад улсад хийсэн айлчлалын үеэр таны зүгээс нэлээн том оролцоотой явлаа гэж харж байгаа?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд БНХАУ-д өвлийн олимпод оролцох үеэрээ ажлын айлчлал хийлээ. Богино хугацаанд цомхон бүрэлдэхүүнтэй, үр дүнтэй айлчлал боллоо гэж багт явсан хотын даргын хувьд бодож байгаа. Үр дүн нь улсын хэмжээний хоёр том төсөл, нийслэлийн хэмжээний хоёр том төсөл бодитой яригдсан.

-Нийслэлд хэрэгжих хоёр төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Нийслэлд хийгдэх хөнгөн галт тэрэгний төсөл эхэлчихлээ. Урдаас зөвлөх үйлчилгээний мэргэжлийн баг ирчихсэн зураг төсөл дээрээ ид ажиллаж байна. Хятадын зураг төслийн хүрээлэнгээс таван хүн ирсэн. Ирэх гуравдугаар сарын 30-нд ТЭЗҮ-ийг эхний байдлаар танилцуулахаар ажиллаж байна.

-Нөгөө баганан тулгуурт галт тэрэг гэж яригдаад байгаа чинь одоо хөнгөн галт тэрэг нэртэй болчихсон юм уу?

-Ер нь тийм. Гүүрэн байгууламж, баганан тулгуурт галт тэрэг гээд байгаа юм. Бид бол Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг гэж нэрлэж байгаа.

-Иргэд эхний байдлаар ойлгохдоо Нисэх-Яармагийн замын голын хэсгээр багана зоогоод, дээгүүр нь хөнгөн галт тэрэг явж Сансарын тунель хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа?

-Энэ бол эхний шугам. Эхний байдлаар төслийн санхүүжилт 2.5-3 тэрбум орчим доллар байгаа. Эхний лайн буюу эхний шугам нь 21.2 км урттай, өртөг нь 600-700 сая орчим доллар байх болов уу. Мэдээж нөхцөлөөсөө бас шалтгаална. Өртөг зардлаа хэмнэж тооцох юм бол заавал Яармагийн замын дундуур гэхгүйгээр шууд тавигдах боломж ч бас бий. Эдгээрийн ТЭЗҮ нь эхний байдлаар гуравдугаар сарын 30 гэхэд надад танилцуулагдах юм. Ер нь бол нийт 49.3 км тавигдах юм. Эхний лайн нь Морингийн даваанаас Яармаг дундуур яваад, гүүрээр гараад Гэгээнтэн хотхоны хажуугийн тэмээтэй хөшөөний уулзвараар өнгөрнө. Тэндээсээ Цэцэрлэгт хүрээлэнгээр хойшоо эргээд Сансарын тунелийн ар дээр очиж байгаа юм. Энэ бол 21.2 км. Нисэхийн цаад талын Залуус хорооллын тэнд 30 га-д депогоо байгуулах учраас тэндээс хөдөлнө. Дараагийн лайны эхний судалгаа бол Толгойтоос эхлээд нэгдүгээр хорооллын арын дэнжээр яваад, 3, 4 дүгээр хорооллын дундуур гаргаад 32-ын тойрог хүрч, улмаар Шар хадны чиглэлд хүрэх. Гурав дахь шугам нь хойд зуслангийн чиглэлээс 32-ын тойргоор дайруулаад, Төрийн ордны зүүн талаар Хүүхдийн паркийн хажуугаар орж урдаас ирсэн хэсэгтэй нийлэх. Эхний байдлаар ийм судалгаа, маршрут явж байна. Цаашлаад ондоо багтааж ажлын зураг нь эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй, ер нь бол 2024 оны тавдугаар сар гэхэд эхний 21.2 км-ийг нь ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.

-Монголчууд бидэнд нөөц маш их байна. Жишээ нь Монголын говьд, ээрэм талаар 420 км төмөр замын суурь бүтцийг бид өөрсдийн хүчээр барьчихлаа. Тэр төмөр замыг очиж үзсэн хүмүүсийн хувьд “Ийм урт төмөр замыг, ингэж хурдан барьж чадаж байгаа монголчуудад 200 км Дарханы зам тавих ер нь юу байсан юм бэ” гэж бодогдоно байх. Тэгэхээр ээрэм говьдбарьсан 420 км төмөр замын дэргэд наад 21.2 км баганан тулгуурт зам ер нь юу байхав дээ. Ингэж өөрсөндөө итгэх цаг одоо болсон шүү дээ?

-Бидний тавих гэж байгаа 21.2 км баганан тулгуур бол 200 км биш, 2000 км бүр ч биш. Үнэндээ инээдтэй юм байхгүй юу. Зүүнбаян-Хангийн 200 км төмөр зам бас өнөөдөр явчихсан, бараг 700 км төмөр замыг Монголын компаниуд говьд барьчихсан шүү дээ. Энэхүү хөнгөн галт тэрэгний бүх дэд бүтэц нь бэлэн байгаа. Миний хувьд хүмүүсийн амнаас гардаг чадахгүй, бүтэхгүй, боломжгүй гэсэн үгний эсрэг байгаа. Гол нь бидний зохион байгуулалт маш чухал, их нөлөөлнө. Өмнөх муу практикууд бий. ТЭЗҮ нь явцын дунд хоёр, гурав солигдож болохгүй. Нэг л сайн ТЭЗҮ батлагдсан бол яг тэрүүгээрээ шуурхайлж, хугацаа хэмнэх ёстой. ТЭЗҮ-ийг дагаж бүх захиалга хийгдэнэ. Вагон нь ямар байх юм, Монголын эрс тэс цаг агаарт тохирсон байхаас эхлээд. Өвөл нь хөлдөөчих шахсан юм байвал хэн суух юм. Энэ мэтээр бодож тооцох ажил их шүү.

-Хөнгөн галт тэрэг ашиглалтад орсон үед хотын түгжрэл хэдий хэмжээнд буурах урьдчилсан тооцоо гарч байгаа вэ?

-Нэг шугаман дээр гэхэд нэг цагт 12-15 мянган хүн зорчих тооцоотой масс транцит. Гурван шугамаа нийлүүлээд тооцох юм бол доод тал нь 50 мянган иргэн зорчино гэхээр нийслэлийн түгжрэлээс ямар их хөнгөрөх нь тодорхой.

-Тэгээд энэ төсөл дээр урд хөршийн зүгээс бодитой яаж хамтарч ажиллана гэсэн бэ?

-БНХАУ-ын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нь, Хятадын коммунист намын Гадаад харилцааны дарга нь, Хятадын хөгжил шинэчлэлийн хороо… гээд шийдвэр гаргадаг дээд шатнаас бүгдээрээ санал нэгтэйгээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, автозамын урсгалыг эрчимжүүлэх, дэд бүтцийг сайжруулах тал дээр онцгой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Хятадын тал ийм төслүүд дээр амжилттай ажилладаг, туршлагатай том компаниудаа дуудаж уулзсан. Өнөөдрийн байдлаар манайд ажиллахаар санал өгсөн нь “SRSS” буюу Хятадын төмөр замын 6 дугаар компани байгаа. Азарбайжанд, Москвад, Ханой гээд олон оронд метро барьсан компани. Мөн “SRRS” компани гэхчлэн Хятадын дэд бүтцийн даацтай, Олон улсын хэмжээнд ажилладаг 4-5 компани Улаанбаатар хотод баганан тулгуурт хөнгөн галт тэргийг богино хугацаанд барина. Одоо бол зураг, ТЭЗҮ дээр Хятадын “SRIS” гэж хот доторх хөнгөн галт тэрэг тавих ажлыг голдуу хийдэг туршлагатай компани ажиллаж байна. Маргааш өглөө 5 цагаас бид зам тавигдах маршрутын дагуу явах гэж байна.

-Монголын компаниуд хэрхэн оролцох юм?

-Манай талаас юу хийх, яах ийх бүх ажил тодорхой байгаа. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зураг төслийг хийсэн Монголын компани ажиллана. Эрч хүчтэй сайхан залуучууд бий. Ер нь бол үндэсний компаниуд маань орж байгаа, цаашид ч оролцоод явна. Бүтээн байгуулалтын контентын хамгийн багадаа 50 хувь нь Монголын компаниуд байх ёстой. Энэхүү хөнгөн галт тэрэгний төсөл таван жилийн хугацаатай, гурван чиглэлд хийгдэх, 49 км зам учраас үндэсний компаниуд маань энэ хугацаанд багагүй хөгжөөд, туршлагатай болоод авна.

-Нэг хардлага байна. Явцын дунд санхүүжилт нэмж нэхдэг, өгөхгүй бол ажлаа зогсоодог… гээд Монгол дахь бүтээн байгуулалтын зовлон их шүү дээ?

-Наадхыг чинь бас тооцно оо, тооцолгүй яахав. Тийм болохоор олон улсын түншлэлийн хэлбэрээр хийе гэж байгаа юм. Энэ нь юу гэхээр дундын хувилбар. Айлын тал, манайх хоёр нийлж хийх юм. Энэ нь эрсдэл багатай, цаг хугацаа хэмнэх, зардал мөнгөө хэмнэх сайн талтай. Манайхан баганан тулгуурт замыг тавьж суралцаг, орчин үеийн технологиуд энд явна, дохиолол хамгаалалтын систем, аюулгүй байдлын технологиуд гээд олон талын ажил хийгдэнэ. Тэр бүгдээс манайхан юм сурна, авч үлдэнэ. Ашиглалтад орсны дараа ажлын байрууд их нэмэгдэнэ. Ер нь үндэсний компаниудын зүгээс хийх ажил их гарна.

-Урд хөрштэй хамтрах эхний төсөл энэ юм байна. Хоёр дахь том төслийн хар зураг юу вэ?

-Нийслэлд баригдах тойрог замын төсөл. Хоёр талдаа гурав, гурван урсгалтай 71.3 км зам. Энэ том бүтээн байгуулалт. Төв замын ачааллыг эрс бууруулна. Туул голын дагуух хурдны зам гурав, гурван эгнээгээр орж ирэх юм. Үүний 35 км замын ажлын зураг, ТЭЗҮ нь бэлэн. Түүнийг тодотгох ажил хийгдэж байгаа. Дахиад хойгуураа 36.7 км зам тойрно. Тэр ажлын зураг орно, газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ.

-Газар чөлөөлөлт дээр, зам тавихаас чинь илүү зардал гарна байх даа?

-Мэдээж хотоос зардал гарна. Тэр зардлыг хот өөрийн нөөц боломжид тулгуурлан шийдчих бүрэн боломжтой гэж харж байгаа. Энэ 71.2 км бол Улаанбаатар хотын гол тойрог зам. Ачааллыг хоёр тал руугаа авах, хотоор дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийн урсгалыг хоёр талдаа шингээх. Дээр нь зам дагаж хөгжил гэж хойд гэр хороолол дундуур хурдны зам ороод ирэхээр гэр хорооллын хөгжил эрс өөрчлөгдөнө. Дээр нь Аюулгүйн гарц гэж том асуудал байна. Манай хот гуравхан аюулгүйн гарцтай. Эрсдэлээ л бодож байна шүү дээ, газар хөдөлбөл, төмөр зам дагасан шатах тослох материалууд, химийн бодисууд, сав нөөцийн агуулахууд эрсдэлд орвол яах юм. Аюул тохиолдоход бүгдээрээ одоо энэ түгжирсэн зам руугаа орж ирнэ. Өөр хаачих билээ. Тэгэхээр аюулгүйн гарцуудаа нэмэх, сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас энэхүү тойрог замын асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр гарцаагүй яригдана. БНХАУ-тай ярьсан хоёр дахь том төсөл маш товчхондоо ийм. Үүн дээр нэмэгдэх нэг том ажил бий. Тэр бол дэлхий нийтээр ярьж байгаа смарт хотын хөгжил байна. Одоо дэлхийн хотууд смарт хотоос дижитал шилжилт гэдэг дэвшил рүүгээ орчихсон байна. Монголын хувьд плат форм нь Улаанбаатар хот юм. 1.5 сая хүн амын хөдөлгөөн, дататай холбоотой асуудал. Бид нийслэл гэсэн нэг том төвлөрсөн дата баазтай болж байж смарт хотын иргэд болно. Салбар бүрийн холболтуудыг хийж, нэгтгэж, нэг багц дата бүрдүүлэх ёстой. Нийслэл дэх машины бүртгэлээс эхлээд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн өдөр тутмын тоонууд, хөдөө орон нутгаас ирж байгаа автомашины тоог хүртэл маш богино хугацаанд бодож, нэгтгэнэ гэсэн үг. Дээрээс нь гэрлэн дохио, зогсоол… замын хөдөлгөөнтэй холбоотой бүх урсгал, бүх асуудал нэг системд орно. Дарханаас нийслэл рүү орж байгаа машин өөрийн мэдрэгчээ хотын захад уншуулаад системд автоматаар холбогдоно. Машин бүрийн номер, хөдөлгөөний оролцоог хянадаг хүчтэй камерууд ажиллаж биг дата центрт мэдээллүүдээ өгч, зохицуулалтууд автоматаар хийгдэх юм. Энэ төвийг “Ухаалаг Улаанбаатар” гээд байгаа юм.

-Ажил хэрэг болох үйл явц ямар шатандаа байна?

-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт хэд хэдэн ажлын хэсгүүд гарсан одоо ажиллаж байна. Багцалж хэлэхэд LRT буюу хөнгөн галт тэрэг, Тойрог хэлбэрийн хурдны зам, энэ хоёрын малгай төсөл болох “Ухаалаг Улаанбаатар” буюу смарт хот нь нийлээд нэгэн цогц төсөл, том арга хэмжээ болно.

-Энэ төслийн өртөг зардал хэд байх вэ?

-Энэ төсөл одоогоор 200 сая орчим долларын төсөвт өртөгтэй. Эхний ээлжийн 20 сая доллар хотод байгаа. 30 сая орчим доллар нь ХЗДХ-ийн яаманд байна. Гадны компаниуд саналаа өгч байна. Солонгосын, Хятадын гэх мэт компаниуд эхний байдлаар оролцъё гэсэн. Ер нь бол энэ бүх ажлын эцсийн зорилго бол Улаанбаатар хот дэг журамтай, цэгцтэй, ажиллаж хөдөлмөрлөх орчин сайн, амарч зугаалахад таатай, ая тааваараа, амгалан тайван иргэдээ амьдруулахад чиглэсэн. Утаснаасаа хамгийн ойр байгаа сул зогсоолыг дор нь хараад машинаа тавьчихаад явна. Бүтэн өдөр болбол тэдэн төгрөг, гурван цаг болбол тэдэн төгрөг гэсэн мэдээлэл утсанд тань ирнэ гэдэг ч юм уу, аль болох л иргэдийнхээ цаг завыг хэмнэсэн, амар хялбар хотыг бүрдүүлэх нь бидний зорилго. Заавал удаан зогсоод байх ч шаардлагагүй, гялс зогсоод хүнээ буулгаад яваад байх түр зогсоолууд ч тодорхой байх ёстой. Сингапур жишээ нь тийм шүү дээ. Бүх зам нь тойрог хэлбэрийн байдаг учраас зогсоод буулгаад л яваад өгдөг. “Ухаалаг Улаанбаатар” гэсэн малгай төсөл дотроо шинээр хийгдэх бүх төслүүд нэгтгэгдээд цааш явна. Явган хүний замаас эхлээд, аюултай эрсдэлтэй орчнууд, хулгай дээрэм, халтиргаа гулгаатай олон газрын мэдээллийг энэ системдээ нэгтгэнэ. Ингэж байж л энэ хот эмх цэгцэндээ орно. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ХЗДХЯ-тай маш сайн хамтарч, уялдаж ажиллах ёстой юм билээ. Иргэдийн бүртгэлийн асуудал, Аюулгүй байдлаа яаж зохицуулах гээд. Хамгаалалтын системээ сайн хийх кибер аюулгүйн байдлын асуудал хамгийн чухал. Тийм болохоор энэ төсөл Монгол Улсын Засгийн газрын хяналт дор хэрэгжинэ. Тэр дотроо ХЗДХЯ-ны шууд хяналт дор явагдах онцгой төсөл мөн. Дэлхийн бүх хотууд ийм байна, ийм болж байна. Олон улсын энэ жишиг рүү бид орохоос өөр гарц байхгүй.

-Иргэдэд сонголт өгөх тухай түрүүний яриа, энэ сэдэв дээр үргэлжлэх ёстой юм шиг байна?

-Тэгэх байх. Иргэдэд сонголт өгөх ёстой. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа. Иргэдийн сонголт дээр наад захын нэг жишээ хэлье, хот руу орж ирлээ, бүх мэдээллээ хараад өндөр төлбөр төлөөд түгжрэлгүй замаар давхих, эсвэл бага төлбөртэй түгжрэлтэй замаар явах хоёр сонголт хувь хүнд нээлттэй бий. Энэ бол иргэн таны сонгох эрх. Бүх зүйл дээр иргэдэд маань ийм сонголт бий.

-Эдгээр төслүүд дээр гадны хөрөнгө оруулагчид манайд ямар нөхцөл, санал тавьж байгаа вэ?

-Гадны хөрөнгө оруулагчид нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр хийж болно гэж байгаа. Нөгөө талдаа бид хөрөнгөө гаргая, танайх баталгаа гаргаж өг гэж байгаа. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ хоёр төсөл дээр хот санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлээд явъя гэсэн чиглэлтэй байгаа. Ерөнхий сайдын зүгээс хот бие даасан эдийн засагтай болох эхний алхмууд дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. Улаанбаатарын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бие дааж бонд гаргана, концесс зарлана, Олон улсын санхүүгийн бүх байгууллагуудтай шууд харилцах эрхтэй. Хамгийн гол нь энэ бүгдийг эргэн төлөх нийслэлийн санхүүгийн чадвар сайн байх ёстой.

-Тэгээд нийслэлийн санхүүгийн чадвар ямар түвшинд байна. Хамгийн том асуудал энэ байх?

-Нийслэлийн 1.5 сая иргэн бол бидний зах зээл. Нэг иргэн ч гэсэн нийслэлийн эдийн засаг байхгүй юу. Энэ 1.5 сая иргэний хэрэглээ, үйлчилгээ, эрэлт нийлүүлэлт бол төлбөрийн чадвар юм. Хот өөрөө төсвийн орлогоо бүрдүүлээд, хөрөнгө оруулалтаа хийж цааш явна. Жишээ нь, гадны байгууллагуудтай хамтран хоёр том төслөө хот өөрөө хэрэгжүүлээд явна гэвэл надад дор хаяж 10 жилийн хотын орлогын тооцоо хэрэгтэй болно. Арван жилийн орлогын тооцоогоо гаргачихаад урд хөршүүдтэйгээ ярих болох нь. “Би бол ийм хэмжээний орлоготой хотын дарга юм аа” гээд. Та нарын оруулж байгаа хөрөнгө оруулалт 10 жилийн дотор ийм үе шаттайгаар, ингээд төлөгдөөд явах бүрэн боломжтой гэж хэлэх хэрэгтэй биз дээ. Ерөөсөө л энэ. Тэгэхээр надад хамгийн сайн нөхцөл тавьж байгаа гадны компаниудтай хамтарна. Урт хугацаатай, бага хүүтэй, тааламжтай нөхцөлийг миний бие хотын иргэдийнхээ өмнөөс хүлээж авна. Энэ тооцоонуудыг Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр маш их дэмжиж байгаа. Энэ төслүүдээ хот өөрөө хариуцаад явна шүү гэдгийг тэд хэлцгээсэн. Тэгэхдээ 2024 он хүртэл гэрээ хийе гэвэл гадныхан итгэхгүй. Дараагийн сонгуулиар хэн гарч ирээд, яаж ч бужигнуулах юм гээд…Манайхыг мэддэг болчихсон шүү дээ. Тэгэхээр тогтвортой байдлын гэрээг 10 жилээр нь УИХ эцэслээд батлаад явах байх. Мэдээж гэрээний хэрэгжилт шилэн явна. Засгийн газар, УИХ-ын зүгээс хяналтаа хатуу тавина. Нийслэлээс энэ бүх ажлыг эрчимтэй, хариуцлагатай, хуулийн хүрээнд цаг алдалгүй хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Тэгэхээр ажлын эцсийн үр дүн, хэрэгжилтийг 10 жилийн циклээр тооцож байгаа юм байна?

-Арван жилийн циклээр ярина. Төслийн хугацааг таван жилийн хугацаанд шахаж хийнэ, ер нь түлхүүр гардаж авах эцсийн зогсоолтойгоор ажиллана. Харин гарах үр дүн бол 10 жилийн дотор яригдана. Практикаас харахад таван жилээс цааш төсөл хэрэгжинэ гэдэг тэгэсгээд үлгэр болдог юм билээ.

-Энэ бүгдийг ажил хэрэг болно гэдэг итгэл байна. Харагдах байдлаараа та хотын даргын ажлыг хүлээж авснаас хойших нэг жил гаруйн хугацаанд Нийслэлийн “Үндсэн хууль”-ийг батлууллаа. Нийслэлд 420 тэрбум төгрөгийг нь үлдээхээр боллоо. УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа. Энэ бол хууль тогтоох засаглал дахь том лобби бүлгэм. Шулуухан хэлэхэд, та Их хурал дотор сайн л хор найруулж байна. Дээр нь та нийслэлийн МАН-ын хорооны дарга. Танд улс төрийн дэмжлэг 100 хувь байна. Ингэхээр танд эргэлзэх зүйл алга, ажлын үр дүн л танаас ард иргэд хүсч, хүлээж байна даа?

-Системийн хувьд нийслэл нэгдсэн удирдлага, нэг шугаман дээр гарч зогсож чадлаа, нэгдсэн бодлоготой явж байна. Өмнө нь байгаагүй зүйл. Тухайлбал, Э.Бат-Үүл дарга улстөрчийнхөө хувьд маш их капиталтай, хүндлэхээс аргагүй хүн. Гэвч Бат-Үүл даргын систем нь, баг нь сайн ажиллаж өгөөгүй. Засгийн газар, Их хуралтайгаа сайн ойлголцож чадаагүй. Энэ нь надад том кейс. Ер нь бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын дэмжлэггүйгээр хотын ажил урагшаа яагаад ч явахгүй. Өнөөдрийн хотын даргад тийм бэрхшээл алга. Тэгэхээр ажлын ард гарч, үр дүнг нь үзэх л үлдсэн.

-Нийслэлийн ирэх 10 жилийн орлогын тооцоолол хэр өөдрөг гарах бол?

-Хотын даргын зүгээс бизнесийг чөлөөтэй болгож эхэлсэн, 74 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Цагийн хязгаарлалтуудыг чөлөөллөө. Сарын эхний өдрийн хоригийг байхгүй болголоо. Энэ бүгд эхлэл. Цаашлаад бизнесийг бүх талаар дэмжинэ. Хувийн хэвшлийнхэн маань хэвийн, нөөц боломжоо дайчлан, орлоготой ажиллах бүх сувгийг нээнэ. Ямагт тэдний талд зогсоно. Том, жижиг гэхгүй бүх аж ахуйн нэгжүүд энэ улс орныг авч яваа. Тэдэнд төрөөс, нийслэлээс өчүүхэн ч саад, дарамт болохгүй. Үүний төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

-Харин аж ахуйн нэгжүүдээсээ та эргүүлээд юу хүсч байна вэ?

-Татвар нэхнэ. Том жижиг, их бага нь хамаагүй, ямар нэг аж ахуй эрхэлж, орлоготой байгаа бол хуульд заасан татвараа л хугацаанд нь төл. Та бүхэн заавал татвар төлөгч байх ёстой. Нийслэлийн зүгээс 100 тэрбумын эх үүсвэр авчраад эхний 30 тэрбумыг жижиг бизнес эрхлэгчдэдээ зориулна. Үүний хариуд татвар төлөгч байгаарай гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа. Миний зүгээс хийх ёстой ажлаа хийж, эхлүүлж байгаа, та нар маань бас хичээгээрэй гэж хэлье. Би хичээгээд байдаг, татвараа төлөхгүй бол энэ бүх ажил бүтэхгүй болно.

-Нийслэлийн нэг иргэн ч гэсэн хотын эдийн засаг шүү гэдгийг үүгээрээ илэрхийлж байна уу?

-Тэгж байна. Ирэх 10 жилийн орлогын хар зургаа бодитой гаргасан хойно гадна талд маш их найдвар байна. Гадаад ертөнцөд мөнгө байна. Ганцхан өмнөөс нь үзүүлэх бодитой орлоготой баймаар байна. Энэ нь явж явж эцэстээ татвар төлөгчид юм. Хот бие даасан эдийн засагтай болох баталгаа нь нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэдгийг бас бүгдээрээ ойлгоцгоох хэрэгтэй.

-Энэ хууль өөрөө Улаанбаатар хотын хувьд реформ гэж харж байгаа?

-Гарцаа байхгүй реформ, хөгжлийн том хөдөлгүүр.

-Хотын газрын асуудал гэж ёстой нэг дампуурсан сэдэв байна. Ярихаас дургүй хүрмээр. Газрын харилцаан дээр чинь л жинхэнэ утгаараа реформ хэрэгтэй дээ?

-Газрын харилцаа бол нийслэлийн шүдний өвчин. Үүн дээр реформ хийхээр бэлдэж байна. Хойш тавих боломжгүй асуудал.

-Одоо урин цаг ирж байна, Улаанбаатарын гудамжинд үсэрч гараад “Алив наад хашаагаа буулга, тийш нь замын транс гарга” гээд орилоод зогсдог, эсвэл гараажнуудын дунд зогсож байдаг ажилдаа Та хэзээ орох вэ?

-Удахгүй орно. Хотын гудамжаар явж хэрүүлээ хийнэ. Хэрэлдэнэ, хэлэлцэнэ, ойлголцоно, зохицоно. Байнга хэрүүл бас болоод байдаггүй юм. Ухаалаг сайхан хүмүүс олон таарна. Миний ажлыг ойлгоно. Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд зориулалтын бус нийтийн эзэмшилд барьсан 1000 гараажийг буулгасан.

-Та чинь хотын даргын ажлыг аваад жил хагас болж байна уу?

-Жил гарантай л болж байна.

-Та ч тэгвэл сайн л түйвээсэн юм байна. Мянган гарааж газрын хөрснөөс арчиж…

-Түйвээх ч юу байхав, хууль журмын дагуу л хийгдэж байгаа ажил. Өмнө нь жилд 100 гарааж л буулгаж байсан юм билээ. Одоо 4700 гарааж буулгана, газрыг нь чөлөөлнө.

-Сайн түйвээх нь ээ…

-Та чинь одоо түйвээх л гээд байх юм, өмнөх нийгмээс эхлэлтэй, хууль дүрэмгүй газар олголтыг цэгцэлж байгаа ажил. Ингэснээр энэ хотод маш том орон зай гарна. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, замын өргөтгөл гээд. Энэ бол манай хотын өнгө үзэмжийг нэмнэ. Хашаа арга хэмжээг үргэлжлүүлнэ. Би компанийн захирлуудтай уулзахдаа хэлж байгаа. “Тэртэй тэргүй кадастрынхаа зургаар байгаа газрыг юунд нь хашаалдаг юм бэ, үүнийхээ оронд зүлэгжүүлж, ногоон зурвас болго л доо” гэж. Янз бүрийн энэ хашаа сараалжуудыг буулгахаар орон зайн өөрчлөлт гарна. Явган хүний зам талбай, зүлэгжүүлэлт хийгдээд ирэхээр Улаанбаатар огт өөр дүр зурагтай хот болж харагдана. Миний хувьд хотын даргын ажлыг аваад эхний ээлжинд Улаанбаатар хотын төсөв санхүүгийн асуудлыг харсан. Ер нь юу байна гэж. Тэгсэн 29 тэрбумын хөрөнгө оруулалтын ажилтай, 198 тэрбум төгрөгийн тулсан өртэй, урт хугацаанд тавьсан зээлийн эх үүсвэрүүдийн зарим нь өр шир болж, тэр нь 1.5 их наяд төгрөг болсон ийм хотыг хүлээж авсан. Энэ бүгдийн ард гарахын тулд эхний шатанд хууль эрх зүйн реформоо хийлээ. Улмаар үе шаттайгаар санхүү, хөрөнгө оруулалт татах үүд хаалгуудаа нээсэн. Өнөөдрийн байдлаар 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 880 тэрбумтай сууж байна. 29 тэрбум байсныг шүү…

-Та мөн муухай том байна аа…

-Томроод байх ч юу байхав. Энэ тоог илүү дээш нь ахиулах юм. Нөгөө хашаа арга хэмжээ, газар чөлөөлөлтүүдээ үргэлжлүүлэхээр мэдээж цаана нь хүний өмчтэй холбоотой асуудал босно. Гараажийн эздийг өчүүхэн ч буруутгаж болохгүй, ихэнх нь соц нийгмийн үеэс эхлэлтэй асуудлууд. Манай нэг найзын ээж нь Сансарт гараажтай байсан юм билээ. Хууль номынхоо дагуу бүх төлбөр хураамжаа төлж ирсэн байдаг юм. Тэгээд гараажийг нь буулгах болсон хүүгээсээ “Одоо яадаг юм бол доо” гэж асуусан байгаа юм. Улсаас буулгана гэж шийдвэр гаргасан бол одоо буулгалгүй яахав дээ, ээж минь гэж. Үг дуугүй л “За” л гэсэн. Энэ ажлыг хариуцаж байгаа Нацагдорж даргад би үүрэг өгчихсөн байгаа. Нэг талаасаа наад гараажуудын эздийг хоосон орхиж, иргэдийг хохироож бас болохгүй ээ. Яг “Наадам центр” шиг дулаан, дотроо үйлчилгээнүүдтэй, харахад давхар барилга шиг зогсоолуудыг хэд хэдэн газар барих ёстой гэж. Тэнд зогсоол өгнө. Түүнийгээ яах нь хувь хүний асуудал. Өөр арга одоохондоо алга. Цаг тухай бүрт нь төлбөр хураамжаа төлөөд явж байсан иргэдэд ингэж хандана. Тэрнээс ямар ч зөвшөөрөлгүй, төлбөр хураамжаа төлдөггүй хүмүүсийн хувьд ямар ч арга байхгүй. Энэ бүхэн газрын реформдоо ороод явж байгаа ажлууд. Одоо нийслэлийн зүгээс УИХ-аар хоёр гурван хуулийн төсөл орохыг харж байна. Тэдгээр хуулиудын дараа Улаанбаатар хот дахь газрын реформын ажил системтэй явна. Мэдээж хууль хүлээлгүйгээр хот бие даан зохион байгуулах ажлууд энэ мэтээр үргэлжлээд явна. Миний гаргаж байгаа шийдвэрүүд хотын даргын зүгээс гарч байгаа юм огт байхгүй. Шийдвэр бүрийг хотын иргэдийнхээ өмнөөс гаргаж байгаа. Иргэний хувьд би яах байсан бол гэж бодож шийдвэрүүдийг гаргаж байгаа. Бизнесийн байгууллагуудын оронд өөрийгөө тавьж, би аж ахуй эрхэлж байсан бол яг ямар шийдвэр хотын даргаас хүсэх байсан бол гэж бодож шийдвэрийг гаргаж байгаа. Том даргын байр сууринаас шийдвэрт хандмааргүй байгаа юм. Иргэд маань өөр өөрийнхөөрөө аж ахуй, ажил амьдралаа болгох гээд явцгааж байна, ямартаа ч нийслэлээс тэдэндээ саад тотгор болохгүйг хичээнэ. Олон сайхан залуучууд бидний ажлыг дэмжиж байгаа нь сайхан. Эдгээр залуучууд маань бид уриалъя, бас оролцъё, хамтраад зүтгэе гэж байгаа. Харвардыг төгссөн, Монголдоо ирж ажиллаж байгаа мэргэжлийн залуучууд хотын төлөвлөлт дээр анхаарч, зөвлөхийн багт ажиллая гэсэн. Тэгж ажиллах нь нээлттэй. Нийслэл дээр хууль, эрх зүйн боломж нь нээгдэж, санхүүгийн эрх мэдэл нь нэмэгдсэн энэ үед потенциалуудыг ашиглалгүй яахав. Үүн дээр энэ тэр нам эвсэл, тэр энэний хүн гэж хандаад байх шаардлага байхгүй. Хотын хөгжлийн төлөө гэсэн хүн бүхэнтэй хамтарч ажиллана. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Засгийн газрын түвшинд нийслэл рүү чиглэсэн Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хот, хөдөөгийн тэнцвэрийг хадгалах үндэсний хороо, Цахим шилжилтийн үндэсний хороо гэж гурван нэгж байгуулсан. Энэ маш их ач холбогдолтой. Урьд нь Улаанбаатарт байгаагүй дэмжлэг. Энэ гурван Үндэсний хороо бол Улаанбаатар хотын амин судаснууд.

-Та тэгвэл УИХ доторх Хотын хөгжлийн хороогоо өргөжүүлээд Засгийн газрын түвшинд Үндэсний хороонуудтай болжээ. Мэдээж лобби бүлэг л дээ. Нийслэлийн шинэ хуулиар та одоо Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганд ямар статустай оролцож байна вэ. Өмнө хотын дарга нар бол гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй л ордог байсан даа?

-Өмнөхөөс өөр болсон. Хотын даргын зүгээс Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулдаг, хэлэлцүүлдэг болсон. Хуулийн дагуу яамдын зүгээс нийслэлтэй холбоотой шийдвэрүүд дээрээ хотын даргаас заавал санал авдаг болсон. УИХ-ын чуулганд мөн адил асуудлаа танилцуулна, хэлэлцүүлнэ. МАН-ын Их хурлаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той энэ бүх төсөл, реформууд агаар ус мэт холбогдож байгаа. Улаанбаатар хот хөгжиж байж л улс орны хөгжил цааш явна. Үүнийг Ерөнхий сайд маш сайн мэддэг. Ерөнхий сайд чинь өөрөө Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга байсан хүн шүү дээ. Тэгэхээр хотын ажлыг мэдэхийн дээдээр мэддэг хүн. Дэлхийн том хотууд бүгдээрээ улсынхаа нийт эдийн засгийн 70-75 хувийг үйлдвэрлэдэг гэдгийг бүр ч сайн мэддэг хүн.

-Улаанбаатар хот маань тэгээд эдийн засгийн хэдэн хувийг үйлдвэрлэж байна вэ?

-Улаанбаатар хот 70 хувийг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр олон улсын жишгээр уул уурхайгаас олж байгаа орлогынхоо тодорхой хувийг хот руугаа оруулах ёстой юм билээ. Энэ нь өөрөө хөдөлмөрийн бүтээмжийг дэмжиж байгаа хэлбэр. Хөдөлмөрийн бүтээмжийг дэмжинэ гэдэг нь угтаа уул уурхайгаас үл хамаарсан эдийн засгаар хот босч ирнэ гэсэн үг. Та бидний хоорондын худалдаа арилжаа гээд бүх өрнөлийн хүчээр эдийн засаг маш тогтвортой болох байхгүй юу. Нүүрсний үнэ, зэсийн үнэ уналаа гээд савлаж байдаг эдийн засгаас Монгол Улс сална гэсэн үг. Ингээд яриад байвал хотын ажил, аж ахуйн яриа дуусахгүй үргэлжилнэ. Цаг орой ч болж, одоо хоёулаа яриагаа өндөрлөе дөө.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Нямбаатар: Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр манайд ирэх ашиг хугацааны хувьд наашлах боломж бүрдсэн

Цаг үргэлж өөр дээрээ гал дуудаж байдаг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ярилцсанаа хүргэж байна.


– Хөгжлийн банкны захирлуудыг томилсон, томилуулсан хүмүүсийг ч шалгах ёстой –


-Өнөөдрийн шуугиан Хөгжлийн банк байна. Өмнө нь ч яригддаг байсан энэ сэдэв яасан хүчтэй гарч ирж байна вэ. Гэнэт илэрсэн хэрэг шиг?

-Хөгжлийн банкийг улс орны хөгжлийн том хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалтаар байгуулсан. Гэвч гажууджээ. Арилжааны банкны хэлбэрт орсон байна. Өмчийн эзэн нь тодорхой бус, 36 сая төгрөгийн зээл хүртэл олгодог, ломбардны түвшинд очсон сүүлийн 10 гаруй жилийн хор уршиг гарч байна.

-Хөгжлийн банкнаас зээл авсан бүгдийг буруутгаж, нийгмийн зүгээс хоморголон зүхэж байна. Үүн дээр цаг алдалгүй зохицуулалт хийхгүй бол эрүүл зээлдэгчид хохирох нь тодорхой боллоо шүү дээ?

-Зээлдэгчдийг ялгаж зааглах ажил хийгдэж байна. Яг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэр барьж, баялаг бүтээхээр хөрөнгө оруулалт хийсэн, гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүндэрсэн, ханшийн эрсдэлд орсон зээлдэгчдийг ялгаж салгах ёстой. Нөгөө талдаа зориулалтын бусаар зээлээ зарцуулсан, анхнаасаа бүр эргэн төлөх бодолгүйгээр зээл авсан, залилан мэхлэх үйлдэлтэй, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зээлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

-Хууль, шүүхийн байгууллагад албан ёсоор хандсанаар зээлийн эргэн төлөлт зогсдог, ингэснээр хугацаа алдаж Хөгжлийн банкны хохирол улам их болно. Зарим луйварчид хуулийн энэ практикаас маш их хождог шүү дээ?

-Зээлдэгчдийн зарим хэргийг цагдаагийн байгууллага, зарим зээл нь АТГ-т шалгалт хийгдэж байна. Мөрдөн шалгах ажлыг хуваарилж, харьяаллынхаа дагуу цаг алдалгүй хийж байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүдийн ажил үүргийн хуваарь өөр өөр. Тэр хүмүүс хуулийн хариуцлагаа хүлээх л болно, энэ бол тодорхой. Хууль хяналтын байгууллага зээлийг эргэн төлүүлэх асуудал руу илүү их төвлөрч ажиллаж байгаа.

-Хөгжлийн банкны энэ хэрэг шинэ сэдэв биш, ард түмэн сая мэдэж байгаа хэрэг биш гэдгийг эхэнд хэлсэн. Тус банкийг бүр эхнээс нь шалгаж байгаа бололтой. Улс төрийн тавцангаас холдсон, өнгөрсөн үеийн хэдэн улстөрчдөөр эцсийн бүлэгтээ туг тахих гэж оролдоод замхарчихгүй байгаа. Тийм практик Монголд байдаг шүү дээ?

-АН, МАН-гүй нийлж Хөгжлийн банкийг тоножээ гэж ойлгож байгаа.

-Та “Ойлгож байгаа” гэж хөндлөнгийн байр сууринаас ярих юм. Та дотор нь байгаа Засгийн газрын гишүүн шүү дээ. Сүүлийн зургаан жил тус банкны захирлууд бүгд МАН-ын Засгийн газраас томилогдсон. Банкны удирдлага Засгийн газарт эхэлж мэдэгдсэн, тэгээд зээлдэгчдийг хүний өөрийнгүй зарла гэж зөвшөөрөл өгсөн нь тодорхой биз дээ?

-Та асууж, би танд хариулж байгаа учраас өөртөө байгаа мэдээлэл, ойлголтоо ярих учиртай шүү дээ. Өмнөх захирлууд Засгийн газрыг мэдээллээр хангаж ажиллаагүй байна гэж ойлгож байгаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бүх хүн одоо шалгагдаж байна. Дээр нь эдгээр хүнийг томилуулсан, томилсон хүмүүсийг бас шалгах ёстой. Ингээд юу болох нь уу, харцгаая…

-Би танаас нийгэмд юу яригдаж, юуг хардаж байгааг л асууна. Давхар дээлийн асуудал байна. УИХ-ын гишүүн Засгийн гишүүн байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хийх вэ. Магадгүй сайд болох санаатай гишүүдээ, намд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бизнесүүдийг Хөгжлийн банкаар дарж байна гэсэн яриа ч байна?

-Энэ талын мэдээлэл надад алга. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулиар бол Үндсэн хуульд орох олон өөрчлөлтийг цоожилсон. УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч тус бүрдээ өөрийн эрх хэмжээнд хамааралтай асуудлаар Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлаар санаачилж болохгүй гэсэн цоожтой. Нэмэлт, өөрчлөлт оруулах дээрээ хүрвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийг л эхлээд ярина.

-Танаас асуух дараагийн сэдэв бол Оюу толгойн хэлэлцээр байна. Та Оюу толгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийн ахлагч. Хэлэлцээр өнөөдөр ямар шатандаа явна, ямар асуудлуудыг ид хэлэлцэж байна вэ?

-Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ. Яг өнөөдрийн түвшинд наймдугаар сарын 12 хүртэл Арбитрын маргаанаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэр хүртэлх зургаан сарын хугацаанд хоёр асуудлыг бид ярилцаж шийднэ. Нэгдүгээрт, Арбитрын маргаанаа эцэслэх, хоёрдугаарт татварын актаа бүрэн төлүүлэх. Өнгөрсөн жилийн цар тахлын хорионы хүнд үед гадна, дотно байгаа нийт монголчууддаа 300 мянган төгрөг өгсөн. Энэ эх үүсвэр нь Оюу толгойд татварын актаар тавигдсан 1.24 их наяд төгрөг байсан. Энэ мөнгөө бид тэднийхээр бүрэн хүлээн зөвшөөрүүлэх актын хэлэлцээр үргэлжилнэ. Лондонгийн Арбитрын шүүх дээр Монгол Улсын Засгийн газрыг нэхэмжлэгчээр татсан маргааныг эцэслэхээр ажиллаж байна. Энэ долоо хоногийн мягмар гаригт (өнөөдөр) бид хэлэлцээрээ графикийн дагуу үргэлжлүүлнэ.

-Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ гэдгийг юу гэж ойлгох ёстой билээ?

-Оюу толгойг ашиглаж байгаа цаг хугацаа бүрд хөрөнгө оруулагч, хувь нийлүүлсэн талууд шинээр үүссэн нөхцөл байдал бүрийг хэлэлцэж явна. Биднээс хамаарахгүй ямар ч нөхцөл байдал үүсч болохыг хэн маань ч мэдэхгүй. Тэр бүрд хоёр тал хэлэлцээд, хоёр талын эрх ашгаа хангаад явна гэсэн үг л дээ. Үүнийг үргэлжлэл гээд байгаа юм. Тухайлбал, 2028 он гэхэд гүний уурхайн олборлолтын явцад “Онтри голд” компанийн талбай руу олборлолтын ажил үргэлжилнэ. Энэ тохиолдолд Засгийн газар-Оюу толгой-Онтри голд гэсэн гуравласан хэлэлцээр хийж таарна. Татварыг ямар түвшинд авчирч тогтворжуулах юм, хөрөнгө оруулалтыг аль тал нь хариуцах, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ямар хувь хэмжээгээр төлөх юм… гэхчлэн өөр олон зүйл яригдаж таарна. Цаашлаад 2030 он гарахад анхны хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дуусна. Тэр үед Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн давуу эрхийн хувьцааг худалдаж авах эрх үүснэ. Тухайн үед хэлэлцээр шинэ шатанд үргэлжлэх ёстой. Оюу толгойн энэ бүлэг ордыг цаашлаад 100 жил олборлож ашиглах явц бүрд хувь, хувьцаа нийлүүлсэн талууд хэлэлцээрийг тасралтгүй үргэлжлүүлээд явна шүү дээ.

-2028 он хүртэл лай ч байна, зай ч байна. Түүний наана ард түмний хүсээд байгаа зэсийн нэмүү өртгөөс эхлээд эрчим хүчний асуудал гэхчлэн Монголд ашигтайгаар шийдэх ёстой, шийдэх боломжтой олон асуудлууд бий?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нэг асуудал Ерөнхий сайдын анхааралд үргэлж байгаа. Цаашид бид уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг яаж шингээх юм бэ гэсэн. Зэс хайлуулах үйлдвэр барих үүрэг хөрөнгө оруулагч талд бий. Бид хэдхэн хоногийн өмнө цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Эрчим хүчний яамнаас Таван толгойд барих станцын тендерээ зарласан. Гүйцэтгэгч компанийг гуравдугаар сард багтааж зарлана. Улмаар энэ хавартаа барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө ёсоор 2024 онд цахилгаан станцын эхний трубенуудыг ашиглалтад оруулж, 2026 онд бүрэн дуусгах юм. Өмнийн говьд босох энэхүү 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь 1980 оноос хойш манай улсад ашиглалтад оруулж байгаа хамгийн том нь байх болов уу. Одоо Оюу толгой төсөл Өмнөд Монголын эрчим хүчний системээс жилд 120 сая ам.долларын эрчим хүч импортолж байгаа. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаад эхлэхээр энэ хэрэглээ нэг дахин өснө. Тэгэхээр 200 сая ам.доллар урсана гэсэн үг. Үүнийг зогсоож, дотооддоо барихын тулд Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлж, яаравчилж байгаа хэрэг. Энэ станц ашиглалтад орсноор ганц Оюу толгойг хангаад зогсохгүй Таван толгой, түүнийг дагасан кокс химийн үйлдвэрүүд, бусад өмнийн говийн уул уурхайн төслүүдэд эрчим хүч нийлүүлэх юм.

-Нэмүү өртгийн талаарх яриан дээр тогтож яривал…

-Ерөнхий сайдын зүгээс гэрээнд заасан ажлуудаа хэрэгжүүлэх талаар шахсан. Айлын талын оролцоотой дагалдах ажлын хэсгүүд нэмж байгуулна, ТЭЗҮ-үүдээ хийх нэмэлт яриа хэлцлүүд хийнэ. Үүний үр дүнд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж чадах юм бол нэмүү өртөг шингэнэ. Дээр нь дагалдах нэмэлт элементүүдээ ялгаж авна. Алт, молбедин, мөнгө… бусад ховор элементүүдээ ялгадаг технологид шилжинэ гэсэн үг. Энэ мэтчилэн ирэх наймдугаар сар гэхэд хэлэлцээрийн эхний шат амжилттай дуусна гэсэн итгэлтэй байгаа. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн ТУЗ, дээр нь “Эрдэнэс Оюу толгой” компанийн төлөөллийг оролцуулаад, ажилласан шиг ажиллах ёстой. Бид үндсэндээ гол хэлэлцээрүүдээ сая нугалчихлаа. 2.3 тэрбум доллараа тэглэчихлээ. 34 хувиа үнэ төлбөргүй болгочихлоо. Олон жил гацсан эрчим хүчнийхээ хэлэлцээрийг урагш ахиулчихлаа. Гүний уурхайгаа эхлүүлчихлээ… Гүний уурхай манай улсын эдийн засагт маш том түлхэц үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. 2025 он гэхэд Оюу толгойн гүний уурхай жигдрэхэд борлуулалтын хэмжээ гурав дахин өснө. Өнгөрсөн жил Оюу толгой хоёр тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 2025 он гэхэд өнөөдрийн ханшаар дор хаяж 6.5 тэрбум долларын зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. 2028 онд далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дөрөв дахин их буюу өнөөдрийн ханшаар 8.4 тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортоороо дэлхийд эхний дөрөвт орно гэсэн үг.

-Оюу толгойн эдийн засгийн үр өгөөжийг ард түмэнд илүү дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаж байх ёстой юм билээ.

-Яг үнэн, бид зөвхөн татварын орлогоо л яриад байгаа юм. Оюу толгойд жилд нэг тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Валютын ханшийг 200 төгрөгөөр тогтмолжуулан барьж байгаа гэж Монголбанкнаас хэлж байгаа. Оюу толгойд 10 мянга гаруй аж ахуй нэгж туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллаж, олон мянган ажлын байрыг бий болгосон. Энэ мэтээр Оюу толгой төслийн эдийн засгийн шууд болон дам үр өгөөжийг яривал их олон сайн үзүүлэлт гарна.

-Сая Оюу толгойн 2.3 тэрбум долларыг тэглэхэд Монгол Улсад ирж байгаа үр дүн нь шууд утгаараа яаж мэдрэгдэв?

-Би баримжаагаар хэлье, нарийн тооцоог мэргэжлийн яам хэлнэ байх. 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр наад зах нь манайд ирэх ашиг нь цаг хугацааны хувьд наашлах боломж бүрдлээ. 2029 он гэхэд Монгол Улс шууд ашиг хүртэж магадгүй. Бид Оюу толгойгоос авах жинхэнэ ашгаа ингэж хугацааны хувьд наашлуулах өөдрөг баримжаа, тооцоо, эерэг хүлээлттэй болсон. Гадны санхүүгийн шинжээчид 56/34 хувь гэсэн харьцаа жинхэнэ утгаараа одоо хангагдлаа гэсэн дүгнэлтийг өгч байгаа. Бидний 57 дугаар тогтоолын агуулга бол 56/34-дөө хүрэх ёстой зорилт. Бизнес гэдэг бол харилцан ашигтай, харилцан хожилтой байх зарчимд суурилах ёстой. Түүнээс бид дангаараа ашигтай байж болохгүй нь хэнд ч тодорхой асуудал.

-Өөдрөг мэдээлэл байна. Ер нь бол ингээд үр дүн нь гарч болох цөөнгүй төсөл байсан даа. Гэвч гацсан, нэг л явж өгөөгүй, эцэст нь Монгол Улс хохирч байгаа. ХЗДХ-ийн сайд, Оюу толгой ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөн цаг хугацааны энэ алдаанд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Миний хувьд цэвэр эдийн засгийн хүн биш ч гэсэн Оюу толгойн ажлын хэсгийг ахалж, жил гаруйн хугацаанд ажиллахдаа энэ талын мэдээлэл арвинтай боллоо. Наад асуудлыг чинь яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Манай улсад хайгуул хийчихсэн төрийн болон хувийн хэвшлийн маш олон орд байна. Энэ бүгдийг бид яаралтай ашиглалтад оруулах ёстой. Тэр бүгдэд нэмүү өртөг шингээж, татвараа авч, баялгийн сангаа бүрдүүлж байж ирээдүйд сайн сайхан амьдарна. Үүнийг бүгдээрээ ойлгож байгаа, одоо ганцхан эхлүүлэх, ажил болгох хамгийн чухал.

-Энэ сэдвийг түр орхиё. Таны удирдаж байгаа яамны ажлын заримыг тодруулъя. Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Танай яамны зүгээс гол ямар хуулийн төслүүд өргөн барих вэ?

-Хэлэлцүүлгийн шатанд 10 гаруй хуулийн төсөл бий. Холбоо болон сангийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль… гэх мэт. Эдгээр хуулиуд дөрөв, тавдугаар сардаа явчих болов уу гэж харж байгаа. Дээр нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль байна. Энэ хуульд эдийн засгийг эрчимжүүлэх гол заалтуудыг багтаасан. Эдийн засгийг яаж эрсдэлд оруулахгүй байх вэ, бизнес эрхлэгчдийг эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн агуулгатай чухал хууль. Энэ мэтчилэн олон хуулийг манай яамнаас өргөн барина. Нэг онцлог нь энэ жил ХЗДХ-ийн яамнаас Хувийн эрх зүйн салбарыг дэмжинэ гэсэн чиглэлд хуулиудаа өргөн барьж байгаа. Арилжааны тухай хууль, Хэрэглэгчийн гэрээний тухай хууль, Шүүхийн бус замаар хэрэг маргаан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль гээд энэ чиглэлийн хуулиуд хаврын чуулганаар орно.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ерөнхий сайд төрийн бүтээмжийг өндөр болго гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд төрийн хяналт, шалгалтыг хялбаршуулах хуулийн төслийг өргөн барьсан, Их хурал хэлэлцэж шийднэ. Араас нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн яамнаас боловсруулсан худалдан авах ажиллагааны тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль… гэхчлэн олон хууль энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хоёр гол агуулга, үзэл баримтлалтай хуулиуд байгаа биз. Нэгдүгээрт, хувийн эрх зүйн салбарыг дэмжсэн хуулиуд. Нөгөөх нь төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж багцалж ойлгож болно.

-Төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж яг ямар үзэл баримтлалтай хуулийн төслийг ярьж байна вэ?

-Саяхан Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс Ц.Нямдорж дарга, Л.Энх-Амгалан сайд бид нарт үүрэг өгсөн. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд төрийн албаны бүтээмж, үр нөлөөллийг гадны менежмэнтийн том компаниудаар ажлын байрны зураг авалт хийлгэе гэж. Энэхүү чиглэлээр бид энэ долоо хоногоос хуралдана. Жишээлбэл, Дорж гэж мэргэжилтний ажил үүргийн хуваарь ямар байгаа, ажлын ачаалал бага байна уу, эсвэл их байна уу, яг хэвийн хэмжээнд байна уу гэдгийг тодорхойлно. Нөгөө талд Дулмаа ТЗ-ийн 10-аар цалинжиж байгаа гэж бодоход, түүний ажлын чиг үүрэг Доржийнхтой давхцаж байна уу, ачаалал нь их үү, бага уу. Энэ хоёрын ажлыг нийлүүлээд нэг хүн хийхээр байна уу, цомхотгох уу, нэмэх үү гээд ажлын байрны том зураг авалтыг эхлүүлнэ гэсэн үг л дээ. Ингэж байж төрийн бүтээмж бодитой гарч ирнэ. Энэ чиглэлийн ажлууд олныг хийнэ.

-Ингэхэд Казиногийн хууль хаана явна вэ, энэ хаврын чуулганаар орох уу?

-Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хууль дотор яваа. Казиногийн хууль, Төлбөрт тааварт, бооцоот тоглоомын тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг давхар өргөн барьж байгаа.

-Томоохон зочид буудлуудын лифт зогсдоггүй давхар бүрд мөрийтэй тоглоомчид суудаг гэдэг. Тэр хяналтгүй их мөнгийг хэрхэн эдийн засагт оруулах талаар ярихаас цаашгүй байгааг хуулиар зохицуулах нь зөв байх?

-Агуулгын хувьд Казиногийн тухай хууль мөрийтэй тоглоомоос огт өөр. Монголд ирж байгаа жуулчдад зориулсан цэнгээнт аялал жуулчлалын хүрээнд Морин бооцоот уралдаан болон Казиногийн хууль хэрэгжинэ. Жуулчид Монголд цагийг тав тухтай өнгөрөөдөг, манайд орлого оруулдаг ийм хэлбэрийг бий болгох зорилготой. Таны хэлж байгаа зүйл бол Эрүүгийн хуулиар хориотой. Цагдаагийн байгууллага байнга ажиллаж, илрүүлж, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэж байгаа. Энэ хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн томоохон өөрчлөлтийг оруулах юм. Мөрийтэй тоглоомын ял шийтгэлийн бодлогыг чангатгана. Үүнээс дутуугүй асуудал дагуулж буй зүйл нь цахим бооцоот тоглоом байна. Үндсэндээ цахим казиногийн асуудал.

-Наад асуудал чинь хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүй явж байна, тийм үү?

-ХЗДХ-ийн яамнаас зөвшөөрөл өгөх эрх зүйн зохицуулалттай. Гэхдээ яам 2006 оноос хойш нэг ч зөвшөөрөл өгөөгүй. Сүүлийн үед залуучууд аливаа тэмцээн, уралдаанд цахимаар бооцоо тавих нь ихэссэн. Bit гэж яриад байгаа шүү дээ. Тухайлбал, ОХУ-ын энэ чиглэлийн платформуудад жилд 20-30 тэрбум төгрөг үрэгдэж байна гэсэн судалгаа гарсан байсан. Эрүүгийн цагдаа, Кибер цагдаагийн газраас хяналт тавьж, хандалтыг нь зогсоож байгаа. Мөн Төв банкнаас тухайн сайтууд руу гүйлгээ хийхийг хориглосон. Гэтэл тусдаа зуучлагч хүмүүс гарч ирэх жишээтэй. Тэр зуучлагчдын хойноос хөөцөлдөөд дансыг нь олохоор тодорхой гэрийн хаяггүй хүмүүсийн нэр дээр данс нээлгэсэн байх гээд бэрхшээлүүд гарч байгаа. Нэгэнт л интернэт орчныг нэг далайлтаар эмхлэх боломжгүй учраас өөрчлөхийн тулд Монголд зөвшөөрөлтэй үйлчилгээг нь бий болгоё гэсэн хуулийг оруулна. Технологийн дэвшлийг нь дагуулаад эрх зүйн орчныг нь бүрдүүлье гэсэн үг. Монгол залуучууд өөрсдөө ийм платформууд үүсгээд явж болно, тэрнээс хуулийн гадна цахим казино ажиллуулж болохгүй.

-Зөрчлийн хуулиар хүлээлгэж байгаа хариуцлагын 96 хувь нь зөвхөн замын хөдөлгөөний дүрмийн зөрчил байна гэдэг үнэн үү?

-Үнэн. Монгол Улсад жилдээ 1.2 сая орчим зөрчил бүртгэгдэж байгаа юм. Түүний 96 орчим хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж байна. Үлдсэн дөрвөн хувь нь бусад 2000 төрлийн зөрчил рүү орж байгаа.

-Замын цагдаагийн албыг улсын төсөвт жилд 20 тэрбумыг оруул гэсэн төлөвлөгөөтэй байдаг гэх яриа ортой байх нь ээ?

-Төсөв бүрдүүлэх гэж торгууль тавьдаг гэсэн асуудал огт байж болохгүй. Одоо гуравдугаар сард Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх гэж байна. Олон заалт өөрчилнө. Жишээ нь, төр шууд торгохгүй, шалган тусалдаг болно.

-Та хамгийн олон ажлын хэсгийг ахалж байна уу?

-За, бараг тийм байгаа байх.

-Энэ олон ажлын хэсгүүдээс хамгийн их ачаалалтай нь юу байна?

-Ер нь бүгд ачаалалтай. Мэдээж Оюу толгойн Ажлын хэсэг одоохондоо ажил их байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ачаалал бас их байгаа.

-Сонирхолтой ажлын хэсэг байна. Дээр орхисон сэдэв сөхөгдөх нь. Х.Нямбаатар гадны байгууллагын талд ажилладаг гэсэн мэдээлэл “сэвэгдээд” байдаг нь үүнтэй холбоотой юу?

-Хэлж мэдэхгүй юм… Уг нь бол өөр зорилготой ажлын хэсэг.

-Гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хууль бусаар булаан авах нь өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албаныхан, хууль хүчнийхний оролцоотойгоор их хийгдсэнийг хүмүүс мэднэ. Үүнийг эмхэлж цэгцлэхэд хугацаа их орохоор байна уу?

-Шулуухан хэлэхэд, сүүлийн 10, 20 жилд гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Үүнийг залруулах ёстой. Удахгүй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны бүх Элчин сайдын яамдын тэргүүнүүд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлагыг урьж, уулзаж, ярилцана. Тухайн улс орнуудаас Монголд хөрөнгө оруулалтаа дээрэмдүүлсэн, луйвардуулсан бүх судалгааг танилцуулж, стратегийн өмгөөлөл хийгдэж байгаа талаар танилцуулна. Гадныханд өнөөдрийн төрийн удирдлагад ажиллаж байгаа бид өмнөх хүмүүсээс, ах нараасаа огт өөр хүмүүс, өөрөөр ажиллана гэдгийг ойлгуулах ёстой. Манай ах нар дээрэм тонуул хийж байсан уу, байсан. Бид өөр үзэл бодолтой хүмүүс шүү.

-Луйвар ч ил цагаандаа гарсан даа. Налайхын наад тал, Хонхор орчим, Яармаг орчмын царцсан барилгын энэ олон сууриуд, хотын төвд ч эзэн нь тодорхойгүй царцчихсан барилгуудын ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай эхэлсэн. Манай хууль хүчний байгууллагууд, улс төрийн хүрээнийхэн, Прокурор, Шүүх, Тагнуул, танай яамны харьяанд байдаг Гадаадын иргэн харьяатын газрынхан хүртэл оролцож хөрөнгө оруулагчдыг албадан гаргадаг, Монгол руу эргэж ирэх замыг хаадаг, буцаж ирвэл барьж хорино гэж айлгадаг. Иймэрхүү аргаар монголчуудын гарт хэдийнэ орчихсон олон барилга байгууламж, газар, үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүд, эмнэлэг сувиллууд… гэхчлэн олон салбар бий. Бүгдийг гадныхнаас булааж дээрэмдэж авсан. Харамсалтай нь луйвар дээрэм өнөөдөр ч үргэлжилж байна шүү дээ?

-Тантай санал нэг байна. Өнөөдрийн Ерөнхий сайд, Т.Аюурсайхан гишүүн, Лу.Болд, Ж.Батзандан бид тавуул үүний эсрэг л тэмцсэн. Өнөөдөр биднийг янз бүрээр хэлж ярих нь бий. Гэхдээ бидний тэмцлийн үр дүн гарч эхэлсэн шүү дээ. Эрдэнэтийг дурдаж болно. Мөн Оюу толгой төсөл байна. Шүүхийн шинэчлэлийн ажлууд хийгдэж, эхнээсээ шүүгч нарт хариуцлага тооцдог боллоо. Ингэж тэмцэхээс өөр арга тэр үед үнэндээ байгаагүй шүү дээ. Жишээ нь, энэ урд байгаа Жапан тауны газрыг манай улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан нийлж дээрэмдсэн хэрэг одоо шалгагдаж байна. Хохирогчийг нь ирүүлэхээр манайхан хөөцөлдөж байна. Токиод байдаг томоохон барилгын компанийн эзнийг Монголд авчирч томоохон хөрөнгө оруулалт хийлгүүлээд, буудлынх нь өрөөнд манайхан мансууруулах ургамал нууцаар тавиад, дараа нь сүрдүүлж байгаад Монголоос гаргаж, газрыг нь авсан тохиолдол ч бий. Манай прокурорын байгууллагад ажиллаж байсан, Тагнуулын албыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын институцид ажиллаж байсан, Их хурлын институцид ажиллаж байсан хүмүүс бүгд хамтран оролцож энэ дээрмийг хийсэн шүү дээ. Тэдний гар хөл болж, тэдний тушаалаар мансууруулах бодис өрөөнд нь хулгайгаар тавьсан, энэ ажлыг гардан гүйцэтгэсэн залуу нь гэнэт хувьдаа томоохон авто угаалгын газартай болчихсон байх жишээтэй. Үнэн нүүр царай нь ийм, луйварчин болох нь тогтоогдоод явж байгаа хүмүүс өнөөдөр ард түмний нүдэн дээр шударга дүр эсгээд явж байна. Ийм юмнууд л энэ улс орныг туйлдуулж байна. Та мэдэж байгаа, Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна. Яг гардан гүйцэтгэсэн хүнээ Америк руу зугтаалгачихсан. Эх орноо ингэж хорлож болохгүй биз дээ. Заримдаа хэлэх үг олдохгүй үе гарах юм байна шүү дээ. Энэ бүгдийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, улсыг хохиролгүй, гадны хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, буцаан авчрахын төлөө ажиллаж байна. Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох ажлын эцсийг үзнэ. Яривал их юм бий. Монголд буцаж орж ирэхээргүй хар тамга даруулаад гарсан гадаадын иргэн бүрийн ард ийм луйврын золиос байхыг үгүйсгэхгүй. Энэ өдрөөс хойш, энэ цаг мөчөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх асуудал байж болохгүй.

-Гэхдээ л гадныхныг дарамтлах, айлган сүрдүүлэх янз бүрийн технологиуд үргэлжилсээр байгааг тодорхой эх сурвалжууд ярих юм байна шүү дээ?

-Нэг үе цагаандаа гарсан байсныг бодвол одоо эмх цэгцэндээ орж байна. Гэхдээ нэг мөр цэгцэндээ ороход хугацаа хэрэгтэй байна. Оны өмнө гадны хөрөнгө оруулагчийг хээр аваачин биед нь халдаж, хүчээр гарын үсэг зуруулсан хэрэг гарсан. Концессын гэрээнээсээ татгалз гэж шүү дээ. Тэр гарын үсэгтэй бичиг нь төрийн ордон руу, УИХ руу орж ирснийг одоо юу гэж ойлгох вэ. Даварсан үйлдэл биш үү. Энэ хэргийг шалгаж байгаа. Тэдний нэрийг цаг нь болохоор зарлаж л таарна. Тэр болтол битгий жүжиглэ гэж хэлмээр олон хүн цаана чинь шударга ёс яриад явцгааж байна. Заримынх нь үгэнд ард түмэн итгээд ч байх шиг харагдах юм.

-Тодорхой байгууллагын талаар танаас асуумаар байна. Одоо АТГ-т чинь шинэчлэл хэрэгтэй болчихсон юм биш үү. Өнөөдөр улс төрийн томоохон хүрээнийхэн, томоохон бизнесийн бүлэглэлүүд өөр өөрсдийн хүнээ тэнд нэгэнт байршуулчихлаа. Нэгэн үе Цагдаа, Тагнуул тэгж л дампуурсны зах зухаас сая та бид хоёр ярилцлаа шүү дээ?

-АТГ өнгөрсөн хугацаанд чамлахааргүй үр дүнтэй ажилласан. Өдөр тутамд авлигыг мөрдөн шалгаж, тогтоож, хэргийг хүлээлгэсэн ажлын статистик сайн байгаа. Өнгөрсөн жил авлигын улмаас улсад учруулсан хохирол болох 90 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Одоо танд ямар байр сууринаас юу хэлэх гэж байна гэвэл Монгол Улс “Үндэсний мөрдөх алба”-тай болох цаг болсон. Өнөөдөр гурван газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Тагнуул, Цагдаа, АТГ. Энэ гурван газарт хэргийн харьяалал давхацдаг.

-АТГ байхгүй болно гэсэн үг үү?

-АТГ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг шалгадаг, хянадаг байх. Бид судалгаа хийж эхэлсэн. Эхний ээлжинд олон нийтэд мэдээллийг зөв өгөх хэрэгтэй. Зүгээр нэг төсөөлөл ярьж болохгүй, ийм судалгааны ажлууд хийгдээд явж байгаа гэдгийг эхний удаад хэлж байна. Мэдээж олон босго давах асуудал. Энэ асуудлаар Монголын Мөрдөн байцаах албыг үеийн үед удирдаж байсан удирдлагатай бүгдтэй уулзаж санал бодлоо солилцоод явж байна.

-Тантай уулзсаных нийгэмд огт ойлгомжгүй байдаг нэг асуудлыг танаас асууя. “Зоригийн хэрэг”-ийн захиалагчийг нь зарлахгүй хэрнээ гүйцэтгэгчийг нь зарлаж, ял уншсан нь ямар учиртай юм бэ?

-Харин тийм…

-Юун харин тийм гэж, би ХЗДХ-ийн сайдаас ямар учиртайг нь асууж байна шүү дээ…

-Тэгээд яагаа вэ, би ч гэсэн яагаад тэгсэн юм бол гэж гайхдагаа илэрхийлж байна.

-Та ийм хариулттай сууж байгаа бол иргэд ер нь юугаа мэдэх юм бэ?

-Тийм учраас л бид “Энэ хэрэг дээр буруу хүмүүсийг шалгачихлаа” гэдэг асуудлыг тавьсан шүү дээ.

-Захиалагч тал нь эрх баригч намд хамаатай байсан юм уу?

-Энэ бүгдийг мэдэж байсан бол дуугүй сууж байх хүн би мөн үү. Одоо бол ийм гурван хэрэг шалгагдаж байгаа. Захиалагчтай холбоотой хэрэг. Үүнийг хурдан дуусгах нь шалгаж байгаа ТЕГ-ын асуудал. Хоёрдугаарт, үндсэн хэргийг шалгаж байгаа. Гуравдугаарт, хэрэг буцсан учраас өнөө гурван нөхрийг гэм буруутай юу, буруугүй юу гэдгийг дахин шалгаж байгаа гэж ойлгож байна. Миний зүгээс холбогдох байгууллагын удирдлагуудад “Энэ олон хэргүүдийг нэгтгээд шалгавал ямар вэ” гэсэн санал тавьдаг.

-Та хуульчийнхаа хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг цагаатгасныг юу гэж дүгнэдэг вэ. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг шүү дээ?

-Гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх эргээд хүчингүй болгосон шүү дээ.

-Ийм тохиолдолд Шүүхэд итгэх иргэдийн итгэл хөсөр хаягдана биз дээ. Гурвын гурван шатны Шүүхийг даван хүн хэлмэгдүүлсэн байна гэхээр чинь Монголд Шүүх засаглал байсан юм уу, байгаа юм уу?

-Шинээр нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гурван шатны Шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Одоо Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллагууд өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх ёстой. Шинэ нотлох баримтууд дээр шинэ ажлын хэсэг цоо шинэ нүдээр харж, мэдэрч ажиллана гэж итгэж найдаж байгаа.

-Улсын Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат ял авсан. Түүнийг сайн хуульч гэж салбарынхан нь үнэлдэг. Гэхдээ та “Эрдэнэбат прокурор бол гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлаад гарын үсэг зурчихсан юм шиг байна лээ” гэж хэлж байсан.

-Тэгсэн, тэгж хэлсэн.

-Эмэгтэй хүнийг мансууруулж байгаад гарын үсэг зуруулна гэсэн гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөг Улсын ерөнхий прокурорын орлогч батлан гарын үсэг зурна гэдэг… ийм юм байж болох уу. 1937 оны үеийнх шиг явдал биш үү?

-Тэр гүйцэтгэх ажиллагаа нь буруу байсан учраас л хуулийн хариуцлага хүлээсэн. Монголчууд бүгдээрээ зурагтаар харсан, эмэгтэй хүнийг согтууруулж, мансууруулж байгаад хуруу гарынх нь хээг авдаг гүйцэтгэх ажиллагаа өчигдөрхөн манайд байсныг. Энэ бүхэн баримт, ийм ил цагаан баримтыг одоо тэгээд хэн үгүйсгэх юм. Монголын ард түмэн бүгдээрээ харсан. Ийм гүйцэтгэх ажиллагаа ардчилсан Монгол Улсад байж болохгүй. Миний хувьд лав хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

-Танд яагаад ч ойлголцохгүй улстөрчид, хуульчид байдаг уу?

-Ойлголц, ойлголц бас дахин ойлголц гэсэн зарчим надад үйлчилдэг дээ /инээв/. Ойлголцохгүйгээр төрийн ажил явахгүй. Хэнтэй ч байсан уулзаад, ярилцаад суухад ойлголцож болдог. Өөрийн байр суурь дээрээ хатуу байх зарчим хүмүүст байна, надад ч бий. Гэхдээ ойлголцоод явж болдог юм аа.

-Та гишүүн асан О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээхээр хөөцөлдөөд явж байна гэж дуулдсан. Сэргээж өгч чадав уу. Та хоёр ч чуулганы танхимд ширүүн үзэлцдэг, дээр дороо ордог байж билээ?

-О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээх хүсэлтийг би Өмгөөлөгчдийн холбоонд тавьсан. Бид хоёрын парламентын танхимд маргаж мэтгэх бол тусдаа ажил. Эр хүмүүсийн хоорондын харилцаанаас ангид асуудал. Амьдрал дээр, хүнийхээ хувьд аяга кофе хувааж уугаад зэрэгцэн орших нь бас нэг өөр асуудал. Ер нь эр хүмүүс бие биедээ хар муу санах асуудал байж болохгүй дээ. Мартах, өнгөрөөх юмнуудыг өнгөрөөх л хэрэгтэй. Бидний хэн маань ч алдаа, оноон дундуур л явж байна.

-Та чуулганы танхимд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар айхавтар үг хэлж нийгмийг цочоосон. Монголын хууль шүүхийн байгууллага ордны зүүн талын тэдэн давхраас үүрэг даалгавар авч ажилладаг болсон гэж. Ерөнхийлөгч асантай та сүүлд хэзээ уулзав?

-Ер нь уулзаагүй, таарахгүй л яваа. Намайг томилогдоход өрөөндөө нэг загнасан. Тэрнээс хойш уулзаагүй юм байна.

-Таныг Ерөнхий сайдтай хамаатан садан гэж ярьдаг?

-Ерөнхий сайдтай ямар нэг ах дүү, цусан төрөл, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр бол Хэнтийн Бэрх тосгоны хүүхдүүд. Нэгнээ багаас нь мэднэ.

-Бээжингийн олимпоос хойш Монголын боксын холбоог та нийгэмд жаахан сэрээж, чихийг нь дэлдийлгэж өгөв үү?

-/инээв/ Тэгсэн байх. Гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, би багаасаа боксын спортын үнэнч дэмжигч байсан. Хоёрдугаарт, миний багын найзууд тэр чигээрээ нэгэн цаг үед Монголын боксын шигшээ багийг бүрдүүлж байсан юм. Одоо бүгдээрээ ахмад мастерууд болцгоож дээ. Гуравдугаарт, олон улсад Дотоод хэргийн сайдууд нь Боксынхоо холбоог тэргүүлдэг жишиг байдаг юм билээ. Учир нь боксын, тулааны спортын шилдгүүдийн ихэнх нь тухайн улсынхаа хууль хүчний байгууллагууддаа харьяалагддаг, ажилладаг, спорт хороонд нь байдаг юм билээ. Монгол Улс ч ялгаагүй өнөөдөр боксын спортын өнгө болж байгаа шилдэг тамирчдын ихэнх нь ХЗДХ-ийн яамны харьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хороодод харьяалагддаг. Хүссэн хүсээгүй тэд сайдын удирдлагад байдаг гэсэн үг. Ийм учир шалтгаанууд уг нь байгаа юм л даа.

Боксын холбооны ерөнхийлөгч болоод их шүүмжлүүлсэн. Над шиг нэг спорт холбооны дарга болоод хэдэн сар үргэлжлүүлэн шүүмжлүүлсэн хүн байдаг ч үгүй байх. Гэхдээ нэгэнт ажил авсан хүний хувьд хариуцлагатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Боксын хамт олноо нэгтгэн зангидаж, нэг санаа зорилготойгоор ажиллах, 2024 оны Парисын олимпийн цикльд боксчидоо сайн бэлдэх, амжилт гаргахын төлөө энэ их ажлынхаа хажуугаар хичээж байгаа. Олон сайн бизнесмэнүүд Боксын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай юм билээ. Тэд бол сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс. Сая Ташкентад болсон Азийн аваргаас манай боксчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж 12 медаль авсан. Хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль авсан. Үүнийгээ нэг их сурталчлаагүй байгаа. Энэ хүүхдүүд бүгдээрээ 19-22 насныхан. Бүгдээрээ олимпийн шигшээг бүрдүүлэх залуус. Хил гаалийн асуудал гайгүй болвол гадагшаа явах ёстой бүх тэмцээнд оролцуулна, хамтарсан бэлтгэл хийлгэнэ.

-Спорт ярьсных Үндэсний баяр наадмын тухай хууль энэ чуулганаар орж байгаа юу?

-Саяхан миний бие Монголын морин спорт уяачдын холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан. Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг танилцуулж, саналыг нь авч санал нэгдсэн. Ирэх долоо хоногт МҮБХ-ны удирдлагыг хүлээн авч уулзана. Өнөөх л допингийн маргаан, цол чимгийг хэн олгож байх юм, бүртгэл яаж хийх гэхчлэн ярилцаж санал бодлоо нэгтгэнэ. Түүний дараа сурынхан, шагайн харвааны холбоодтойгоо уулзана. Ингээд үндэсний дөрвөн том холбоодтойгоо ойлголцож, саналаа нэгтгээд хуулиа өргөн барина. Ер нь ямар ч хуулийг өргөн барихын өмнө нийгмээсээ асууж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, хийг нь гаргаж байж чуулганаар хэлэлцүүлэн батлуулж байх бодлоготой байгаа. Жишээ нь, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Зөрчлийн тухай хууль том хууль шүү дээ. Нийгэмд байхгүй бол болохгүй хууль. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр нь нийгмийн харилцааг зөв зохицуулах хүч, улс орны аюулгүй байдлын баталгаа юм.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шударга ёс гэж байхгүй, хууль биелүүлэх л гэж бий

“Шударга ёс гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд өдрийн од мэт зүйл” гэсэн утгатай үг баруунд бий. Харин хууль яс тас хэрэгждэг байх ёстой, хуулийн хүрээнд нийгмийн амьдрал өрнөдөг байх ёстой гэсэн үзэл баримтлал бол баруунд тогтсон ойлголт юм. Шударга ёс-Хууль биелүүлэх… хоёр нь өөр ойлголтууд байх нь. Та шударга бус байж болно. Харин хуулийг ягштал баримталдаг, хуулийн хүрээнд ажилладаг иргэн байх ёстой. Хөгжиж цэцэглэсэн улс орнуудад хуулийн хүрээнд бүх дүрэм, журам, стандартууд хэрэгждэг. Ер нь ямар улс орныг хамгийн их хөгжсөн улс орон гэдэг вэ гэхээр бүх зүйл нь стандарттай, стандартын дагуу нийгмийн амьдрал нь өрнөж байдаг, хүн ам нь аюулгүй эрүүл орчинд, чанартай боловсрол эзэмшин, хангалттай орлоготой амьдарч байгаа нийгмийг хэлдэг. Энэ бол эрдэмтэн судлаачид, Нобелийн шагналтны тодорхойлолт шүү.

Наад зах нь их дэлгүүрүүд, том худалдааны төвүүд, кино театруудын гол хаалга нь ямар ч үед гадагшаа шууд онгойдог стандарт Америкт хэрэгждэг. Гал гарлаа, гараад гүйх гэтэл төв хаалгууд нь бүгд зөвхөн дотогшоо онгойдог байвал бачимдсан хүмүүс ар араасаа дарсаар дотогш нь онгойлгох боломжгүй болж шатацгаана… гэдэг ч юмуу. Ийм энгийн стандартаас хөгжил эхэлдэг.

Энэ мэт бүх зүйл хүний төлөө зориулагдсан, нийгмийн бүх салбар, бүх түвшинд стандарттай нийгмийг л бид дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнуудаас харж байна. Стандарт бол хууль. Монгол Улсад энэ бүхэн ямар байдгийг бүгдээрээ мэднэ…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Халтар: Монголчууд хариуцлагатай байвал Хятадын тал хилээ нээх нь асуудалгүй байгаа шүү дээ


Нийгмийн анхаарлын төвд хамгийн их байгаа Засгийн газрын гишүүдийн нэг болох Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.


-Та сая Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-д ажиллаад ирлээ. Энэхүү айлчлалыг угтсан элдэв янзын мэдээлэл нийгэмд нэлээн байв. Тэрний нэг нь Оросын Зам тээврийн сайд таныг хүлээж авахгүй, уулзахгүй гэсэн мэдээлэл юм. Юу болов?

-Юу ч болоогүй, худлаа мэдээлэл. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Оросын Зам тээврийн сайдтай уулзаж албан ёсны яриа хэлэлцээр хийлгүй яахав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд Оросын талаас өндөр ач холбогдол өгснийг хэвлэлүүд мэдээлсэн. Бүрэлдэхүүнд нь явсан Засгийн газрын гишүүний хувьд хэлэхэд, ерэн оноос хойш хийсэн айлчлалууд дотор хамгийн өндөр түвшнийх боллоо гэж олон айлчлалд оролцсон хүмүүс, ГХЯ-ны зүгээс онцолж байна лээ. Миний хувьд ОХУ-ын Зам тээврийн сайд, удирдлагууд, Төмөр замын удирдлагуудтай ажил хэргийн гэрээ хэлцлүүдийг хийлээ. Мөн Москвагийн Авто замын сургуулийн удирдлагатай уулзлаа. Манай салбарын хувьд голлож хийсэн гурван уулзалт энэ юм. Бусад уулзалт, гэрээ хэлэлцээрүүдэд ч ажлын шугамаар оролцсон. ОХУ-ын Тээврийн сайд болон дэд сайдтай уулзахдаа гурван гол асуудал ярилаа. Эхнийх нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх. Сангийн хөрөнгөө бүрдүүлж цаг алдалгүй ажиллая гэдэг дээр хоёр тал тохирлоо. Хоёр талаас 29 сая орчим ам.доллараар дүрмийн санг нэмэгдүүлэх ёстой юм. Хоёрдугаарт, Аэрофлотын нислэг Монгол руу сэргэж байгаатай холбоотойгоор цаашдаа МИАТ-Аэрофлот хамтран Азийн болон Европын зах зээл дээр хэрхэн ажиллах, гарч буй боломжуудыг ашиглах талаар ярилцлаа. Олзуурхууштай нь Тээврийн сайд өөрөө Аэрофлотын захирлаар ажиллаж байсан хүн болохоор ярилцлахад ойр байлаа. Гуравдугаарт, хоёр талын Засгийн газар хооронд үзэглэсэн ч удаашралтай байгаа Транзит тээврийн хэлэлцээр, тэр дундаа Алс дорнодын боомтуудыг Монгол улс ашиглаж экспорт, импортын тээвэр хийх асуудлыг ярилцлаа.

-Асуудлууд шийдэгдэх, ажил болох шатандаа ямар байх бол. Тунхагийн шинжтэй айлчлал болдог урьдын практикууд бий. Монголчууд тийм биш байгаасай л гэж хүсч байгаа?

-Эдгээр асуудлууд дээр хоёр тал нэгдсэн ойлголтод хүрсэн. Оросын төмөр замын удирдлагуудтай уулзахад хоёр гол чиглэл ярилаа. Нэгдүгээрт, хийгдсэн ажлуудаа хоёр тал дүгнэх. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр талын хувь нийлүүлэгчдийн Ерөнхий хорооны хурал хийгдээгүй удсан. Сая л Ерөнхий хувь нийлүүлэгчдийн хурлаа хамтран хийж, ажлаа дүгнэж, протоколоо зурлаа. Хоёрдугаарт, нь Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах тал дээр нэгдсэн ойлголтод хүрлээ. Улаанбаатар төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэх тусам тээвэрлэх хүчин чадлынхаа таазанд тулсан. Энэ тал дээр цаашид хэрхэн ажиллах талаар ярьсан. Хамгийн чухал нэг асуудал нь Оросын төмөр замын ерөнхий захирал Бельёзоровтой дараагийн хөрөнгө оруулалт болох хоёр дахь замыг барих буюу Улаанбаатар төмөр замыг хос замтай болгох дээрээ түлхүү ажиллая гэдэг дээр дуу нэгтэй санал нэгдсэн. Энэ бол их чухал.

-Алс Дорнодын боомтуудыг Монгол Улс ашиглах талаар юу ярив?

-ОХУ-ын төмөр замаар дамжиж Алс Дорнодын боомт руу Монгол Улсын экспорт, импортын тээврийг хийх. Ямархуу хэмжээний ачаа тээвэр Алс Дорнодын боомтуудаар дамжиж Монгол руу ирэх вэ, мөн Монголоос ямар хэмжээний, ямар төрлийн ачаа Алс Дорнодын боомтуудаар дамжиж гуравдагч орнууд руу явах вэ гэдгээ тодорхой болгоё. ОХУ-ын зүгээс хойд Солонгосын Ражины боомтыг ашиглах нь Монгол Улсад нээлттэй шүү гэдэг саналыг бас тавилаа. Сонирхолтой санал. НҮБ-ын зүгээс тавьсан хоригтой холбоотойгоор энэхүү асуудал ямархуу байдалтай өрнөхийг манайхан одоо судалж байна. Владивостокт худалдааны төлөөлөгчөөр сууж байгаа Түвшинтөртэй түрүү долоо хоногт холбогдож энэ талаар нэлээн нухацтай ярилцлаа. Ингээд цаашаа ажил явна даа.

-Владивостокт манай худалдааны төлөөлөгч ажилладаг болсон юм уу?

-Манай улсын Далайн захиргааны даргаар ажиллаж байсан Түвшинтөр гэж залуу тэнд худалдааны төлөөлөгчөөр томилогдож очоод цөөнгүй сар болж байна. Энэ бол бидэнд том давуу тал.

-Алс дорнодоор тэгээд сонин хачин юу байна гэнэ. Ерэн оны эхээр бол монголчууд Владивостокоор холхилдож, тэр хавийн боомтуудаар анхны япон тэрэгнүүдийг зөөж байсныг одоо хүмүүс мартаж. Ганцхан Замын-Үүд-Эрээний сувагтай, тэр нь гацаатай баларч байгаа энэ цаг үед Алс дорнодын боомтуудыг ашиглах тухай яриа чинь эерэг сонсогдож байна шүү?

-Тэр хавиар сонин дүр зургууд бий болж байна. Монголчууд үзэгдээд эхэлж. Бид чинь өөрсдийгөө далайд гарцгүй орон гэдэгтээ хэт итгэчихсэн. Гэтэл далайд гарцгүй орнуудын Олон улсын конвенцэд бид нэгдсэн орон. Далайд гарцтай орнуудын нутаг дэвсгэр дээр далайд гарцгүй улс орнууд эн тэнцүү эрх эдэлнэ гэсэн конвенц юм. Энэ эрхийг нь НҮБ-аас баталгаажуулаад өгчихсөн, ийм боломжоо бид ашиглахгүй цаг хугацаа алдсан байна. Хоёрдугаарт, монголчууд бидний нэгийг үзээд нөгөөг хаяж хошуурдаг, туйлширдаг хандлага Алс дорнодын эдгээр боомтуудыг ор тас орхиж хаяснаас харагдаж байна. Таны хэлдэг үнэн, ерэн оны үед Алс Дорнодын боомтуудыг монголчууд хангалттай ашиглаж байлаа. Анхны япон тэрэгнүүд, гурав дахь орнуудын ачаа таваар эдгээр боомтоор Монголд ирж байсан юм. Би өөрөө үүний амьд гэрч. Тухайн үед би төмөр замын ачих буулгах ангийн орлогч дарга байлаа. Тэр үед “Монгол транс” компаниар дамжиж ирдэг ачаа ихэвчлэн Алс дорнодын боомтуудаар ирдэг. Сүүлдээ Хятадтай харилцаа сайжраад ирэнгүүт Тяньжин боомтыг ашиглаад Оросын боомтуудыг хаячихсан нь цар тахлын нөхцөл байдал үүссэн энэ цаг үед айхавтар мэдрэгдлээ. Монгол Улсад хоёр, гурав, дөрөв дэх гарцууд заавал байх ёстой, чухал юм байна гэдгийг одоо ойлгоод эргээд Алс дорнодын боомтуудаа сонирхоод эхэлжээ. Монголын ачаа тэрүүгээр их байна. Монголчууд оччихсон байна. Үүнийг нь Монголын төр засаг яаж дэмжих вэ гэдэг их чухал. Тийм болохоор Түвшинтөртэйгөө өдөр бүр ажил төрлийн харилцаатай ажиллаж байна. Миний зүгээс Оросын төмөр замын удирдлагуудад албан захидал явуулсан.

-Ямар учиртай захиа билээ?

-Алс дорнодын боомтуудаас Монгол руу ирэх ачаа тээврүүдэд дэмжлэг үзүүлээч, вагоны хангалтыг зохион байгуулж өгнө үү гэсэн албан захидал. Яагаад гэвэл Алс дорнод руу чиглэсэн Оросын уул уурхайн бүтээгдэхүүний ачаа барааны эргэлт их байдаг учраас нэлээн ачаалалтай. Үүнд нь манай ачаа бараа өртөнө. Тэгэхээр ЗТХЯ-наас үүнд сайн оролцож, зохион байгуулах ёстой юм.

-Манай жолооч нар тэрүүгээр байна гэнэ үү?

-Олон улсын тээврийн конвенцэд нэгдчихсэн манай ачаа тээврийн компаниуд, жолооч нар маш олноор тэнд оччихсон байна.

-Владивосток хол шүү дээ?

-Монголоос 4000 км хол. Хол хэдий ч төмөр зам ачаалалтай байгаа үед магадгүй авто замын тээвэр нь арай хямд байхыг үгүйсгэхгүй. Монголын ачааны машинууд ирчихсэн Алс дорнодоос Монгол руу тээвэр хийж байна гэсэн мэдээллийг аваад сууж байна. Тэнд нэг хүндрэл байгаа, чингэлгүүдийг нэмэлт шилжүүлэн ачилт явагдана. Үүнийг манай яам Оросын талтай ярьж байна. Мөн манай Тээвэр зуучийн холбооноос энэ чиглэлд Олон улсад ажиллах хэрэгтэй. Тал талдаа хүчин чармайлт гаргаж байж бид Алс дорнод дахь үүд хаалгаа нээж, эмхэлж цэгцэлж авна. Ганц Тяньжин биш, Алс дорнодоор үүд хаалгаа одоо нээж бэхжүүлж, жигдэлж авах ёстой.

-Өөдрөг мэдээлэл байна. Тэгэхээр өнөөдөр Монголын хамгийн том асуудал бол монголчууд урд хөршдөө хилийн хоригтой байгаа явдал. Бүх хөдөлгөөн Замын-Үүд-Эрээн гэсэн ганц нарийхан хоолой дээр тэр чигээрээ гацаж, үнэндээ тэг зогсолттой үргэлжилж байна. Ийм нөхцөлд манай тал Олон улсын байгууллагуудад хандах ёстой юу, яах ёстой вэ?

-Цаад учир шалтгааныг яг бодитоор нь, ний нуугүй хэлье. Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Тяньжины эргэн тойронд байгаа долоон боомтыг ашиглахаар тусгасан. Та сая хэллээ, Хятадын талаас хилийн хоригт орчихлоо гэж. Бас аргагүй, нийгэмд бухимдал их байна. Тэгэхээр үүн дээр цэгцтэй ойлголт өгөхийн тулд нэг зүйлээс эхлэх ёстой. Хятад улс ганц Монголтой хил залгаа биш шүү дээ. Хятадын талаас ганц Монгол Улсад ингэж хандаад байгаа юм бүр ч биш. Хил залгаа бусад улс орнууддаа урд хөрш маань хэрхэн хандаж байгааг хэлье. Ам нээвэл уушги нээ гэдэг байх аа. Орос-Хятад хоёр хойд талаараа хоёр том гарцтай. Зайбакальский-Манжуур, Благовенешск-Суйфэнхэ гэсэн төмөр зам, авто замаар холбогдсон хоёр том боомт байна. Энэ дотроос манайд ойрхон Манжуурыг аваад үзье. Үүгээр дамжиж байгаа Орос-Хятадын бараа эргэлт, Монгол-Хятадын хоорон дахь бараа эргэлт хоорондоо 20 дахин зөрүүтэй. Хорь дахин шүү. Өнөөдөр Хятад-Монгол хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэнэ гэсэн зорилт тавьж байна. Гэтэл Орос-Хятад хоёрын худалдааны эргэлт 200 тэрбум доллар шүү дээ.

-Тэгээд юу гэж…

-Тэгэхээр, Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед Замын-Үүд-Эрээн хооронд өдөрт ачаа тээврийн 100-150 машин солилцож байсан. Тэр үед мөн Манжуур-Зайбакальский хооронд ачаа тээвэр бас л 100-150 машин байлаа. Тэгвэл Казахстан яаж байна гэхээр дээд тал нь 20 машин гаргаж байсан. Киргизистан үндсэндээ тэг зогссон. Цаашаа Вьетнам гэхчлэн тэр хавийн улс орнууд хоёр талаасаа тэг зогсолттой. Хятадын Элчин сайдтай уулзахад “Манай улсын зүгээс Монгол Улсад л зөөлөн бодлого барьж байгаа шүү” гэж хэлдэг. Тэр нь яах аргагүй үнэн. Тэгэхээр Хятадын зүгээс Монголд хилээ ганцхан хаачихаад байгаа юм биш. Хилийн хориг тавьсан асуудал бол бүр биш. 200 тэрбум долларын худалдааны эргэлттэй Орост 100 машин оруулж гаргаж байгаа Хятад улс 10 тэрбум долларын худалдааны эргэлт ч хүрэхгүй Монголд мөн адил 100 машин оруулж гаргаж байна. Бусад улс оронд хилээ таг хаачихаад байна. Ийм бодит үнэнийг манайхан ойлгох ёстой. Бид энэ талаар хэрдээ хэлж ярьж, мэдээлж ойлгуулахыг хичээж байдаг. Гэвч юм уншдаг, ойлгохыг хичээдэг хүн цөөхөн болчихож. Мушгин гуйвуулсан, гүтгэлгийн мэдээ, эсвэл Халтар муу хүн гэсэн мэдээллийг 95 хувь нь эхлээд хүлээн авдаг болчихсон цаг үе бололтой. Хоёрдугаарт, боомттой холбоотой хүмүүсийн бухимдал их байна. Байхаас ч өөр аргагүй. Тэгвэл цаана чинь Тяньжин боомт дээр гэхэд Олон улсын ачаа бараа ачсан хэдэн зуун мянган хөлөг онгоц түгжирчихсэн байна. Сансраас авсан гэрэл зургийг харахад Тяньжин хийгээд тэр хойгт үйл ажиллагаа явуулдаг усан боомтуудад чингэлэг ачсан усан онгоцууд үнэндээ нүд эрээлжлэм түгжирч бөөгнөрч гацсан дүр зурагтай байна. Монголын ачаа тэр дунд байгаа. Ачаагаа буулгаж чадахгүй доод тал нь хоёр сар усан дээр зогсож байгаа хэдэн зуун онгоц далайд байна. Олон улсад ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Ганц Тяньжин, Хятадын хойг ч биш, Европ, Америк ялгаагүй, Азийн бусад орны боомтууд, булан тохойнууд бүгд ялгаагүй битүү түгжрэл бөөгнөрөл болчихлоо. Би ганцхан Тяньжиныг онцолж байна. Сүүлийн үед Тяньжин боомтод омикрон гарсантай холбоотойгоор тусгаарлалтууд эхэлчихсэн. Хөлөг онгоцны багийнхныг 10 хоног тусгаарлана. Тэр хугацаагаар ачааг нь буулгах хугацаа хойшилно. Араас нь орох ёстой хэдэн мянган хөлөг онгоц усан дээрээ хүлээнэ. Тэр дотор нь монголчуудын ачаа байна. Бодит байдал ийм хүнд байна.

-Энэ бүгдээс гарахын төлөө, Монголын ачаа барааг тэр түгжрэлээс гаргаж авахын тулд төр засаг тэгээд юу хийж байна вэ, ямар арга хэмжээ авч байна?

-Хятадын дотоод тээврийн нөхцөл байдал ч хүнд байгаа. Бидний зүгээс Хятадын төмөр замын төв корпораци, манай Элчин сайдын яам, Тяньжин хотын захиргаа, Хятадын тээврийн яам, энд байгаа Хятадын Элчин сайдын яам гээд бүх газруудтай ярьж байгаад Тяньжин дээр хуримтлагдсан чингэлгүүдээ татаж авахын тулд өдөрт гурван галт тэрэг явуулж эхэлсэн. Гэтэл харамсалтай нь Хөх хотын наана байдаг Жинин-Эрээний хооронд нэвтрүүлэх чадвар нь тааруугаас болоод түгжрэл үүсчихлээ. Дэлхийн бүх ачаа эргэлт түгжрэлд орчихлоо. Биднээс өчүүхэн ч шалтгаалахгүй байна. Ингэлээ гээд Монголын Засгийн газар хором ч зогсоогүй, өдөр шөнөгүй л ажиллаж байна. Болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэж байна. Танд би ярилцлага өгөөд одоо сууж байна. Өглөөний 6 цаг өнгөрч байгаа биз. Ийм эрт, өглөөний жаварт таныг босгосонд уучлаарай, надад өөр цаг алга. Энэ 30 минут л надад байна.

-Зүгээр ээ, таны зүгээс бодит мэдээллийг өгч байгаа нь чухал. Тэгэхээр дэлхий өөрөө ийм гацаанд байна. Бүх асуудал гаднаас шалтгаантай гэж үү?

-Би зөвхөн гаднах нөхцөл байдал, манай ачаа дамжиж байгаа боомтуудын тухайд ярилаа. Манайхны өөрсдөөс шалтгаалж байгаа асуудлууд байлгүй яах вэ. Монголчууд бид өөр рүүгээ өнгийж хармаар байна. Монголчууд биднээс өнөөдрийн хүндрэлийн маш олон зүйл шалтгаалж байна. Танд тодорхой хэлье. Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн… гээд гарц болгон дээр ачаа эргэлт зогсож, Хятадын талаас хааж байгаа нь шулуухан хэлэхэд манай талын хилийн бүсэд халдварын голомт өндөр байгаатай шууд холбоотой. Бид халдвартай, халдвар тараах магадлал асар өндөр байгаа учраас Хятадын тал хилээ хааж байна. Энэ бол зуун хувь Монголоос шалтгаалах зүйл. Би хатуу боловч үнэнийг хэлье. Монголчууд бид бүх шатандаа дэндүү хариуцлагагүй, ухамсаргүй, эх оронч бус, амиа бодсон байгаагаас урд хөрш хилээ нээх дургүй байна. Хятадын талаас маш олон санал тавьсан. Хамтарч шийдэхийг хичээсэн. Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булганы боомт гээд хил гаалийнхаа олон гарц, хилийн бүсүүдээ ногоон, эрүүл бүс болгоод өгөөч ээ, тэр үед манай талаас ямар ч асуудалгүй, бүх боомт нээлттэй шүү гэж Хятадын тал албан ёсоор байр сууриа илэрхийлж ирлээ. Бид ногоон, эрүүл бүс болгож чадахгүй байна. Ерөөсөө л энэ. Бүх арга хэмжээг авч байгаа хэрнээ хувь хүмүүсийн хариуцлагагүй олон шалтгаанаас болж өнөөдрийг хүртэл боомтуудаа ногоон, эрүүл бүс болгож чадахгүй байна.

-Ингээд ярихаар таныг бүгдийг өөрөөсөө бултууллаа, хариуцлагаас бултлаа гэж шүүмжилдэг?

-Тэгдэг, уг нь бид бүгдээс хамаарах сахилга хариуцлагын асуудал яриад байна. Жишээлбэл, Эрээн дээр өнгөрсөн Цагаан сараас хойш хэдэн жолооч очоод буцаж орж ирсээр байгаад 33 жолооч үлдлээ. Монголоос орж ирсэн машинуудыг Эрээнээс хүргэж дундын бүсэд оруулдаг жолооч нар. Ингээд бид Хятадын талтай яриад 100 жолоочоор нэмье гэсэн санал тавилаа. Явсаар байгаад 70 жолооч оруулахаар тохирсон. Эрээн дээр байгаа 33 жолооч маань олон сар болчихлоо, одоо эднийгээ сольё, дараагийн 70 жолоочийг оруулъя гэсэн санал. Ингээд Замын-Үүд дээр 70 жолоочийг тусгайлан бэлдэж, тусгаарлах байранд байлгаад өчнөөн л ажил боллоо. Ингээд Эрээн рүү гаргалаа, тэндээ давхар шинжилгээ өглөө, тэднээс ковид илэрсэн. Ерөөсөө л өнөөдрийн хилийн хаалттай байгаа асуудал, бас бус бүх сөрөг асуудал эндээс л үүдэлтэй. Монголын талдаа эрүүл гээд явуулж байгаа жолооч нараас ковид илрэхээр Хятад улс ингэж хаалттай хандахаас аргагүй. Хятад улсын хувьд маш өндөр ач холбогдол өгч байгаа Өвлийн олимпод нь бид хүндэтгэлтэй хандах ёстой. Бид “Танай муу өвлийн олимп ямар хамаатай юм, манай ковидтой хүмүүсийг оруул, хилээ нээ” гэж хэлж болохгүй биз дээ. Энэ цэвэр бидний хариуцлагын асуудал. Бүх хэлэлцээр, хүчин чармайлт бүхэн ийм юмнаас болж нурж, хил хаахад хүрэхээр үнэндээ бухимдах юм байна шүү дээ. Ний нуугүй үнэнийг хэлэхэд, тэнд маш сонин нөхцөл байдал үүссэн. Замын-Үүдээс ачаа оруулаад цааш нь өртөөчлөөд явна. Машин дотроо савлагаатай жижиг сажиг янз бүрийн бараа таваарыг нуугаад авч явж байна. Цааш нь өвөрмонголчуудад өгдөг, зардаг ч юм уу… Бичил арилжаанууд, тэр дотор нь янз бүрийн л юм байдаг бололтой. Сүү, шар тос, зөгийн балаас эхлээд, өөр юу юу ч байдаг юм. Ийм юмнууд байгааг үгүйсгэхгүй. Гаалийн хашаан дотор зочид буудалд

байрлаж байсан жолооч нарын зүгээс наанаас дамжуулсан илгээмжийг хашаа давуулаад шиддэг, өнөө хятадууд, өвөрмонголчууд нь түүнийг авдаг порцесс байна. Утсаар харилцаж байгаад үүнийг хийдэг. Тэдгээрийн гадна талын сав баглаанаас ковид илэрсэн асуудлыг Хятадын талаас тавьсан. Тэгээд л хилээ хаасан. Ердөө л энэ. Ямар юмных нь Хятадын бодлого, хилийн хориг энэ тэр байхав дээ…

-Тэгээд энэ бүхэн зөвхөн манай талын хэдэн жолоочоос болсон, шалтгаалсан хариуцлагагүйн асуудал болж таарч байна уу?

-Наадахыг чинь яриад байна шүү дээ, би. Мэдээж, бид төр засгийнхаа түвшинд, дипломат шугамаар аль болох хил гааль нээлттэй байлгах, ойлголцох ажлаа урагшлуулахыг хичээж байна. Гэтэл доогуураа ийм заваан ажил хийгээд улс орноо хохироодог, амьдрахын төлөө яваа бусдыгаа хохироодог. Энэ нь зарим нэг хүнд жижиг асуудал шиг ойлгогддог. Хятадын талд бол зөвхөн энэ жишээ гэхэд аймшигтай том асуудал байхгүй юу. Зөвхөн үүнээс болоод Эрээний удирдлагын түвшинд дээрээс нь санаанд оромгүй том хариуцлагын асуудал яригдсаныг монголчууд мэдэхгүй шүү дээ.

-Хатуу хариуцлага гэдэг үгний цаана бүр ч айхавтар юм сонсогддог. Хариуцлага хүлээсэн дарга нар нь хаана байгаа нь тодорхойгүй болдог гэхчлэн…?

-Тэр талаар ярилтгүй. Манайхны хашаа давуулж шидээд түүнээс ковид илэрсэн үйл явцын ард Хятадын талаас хариуцлагын айхавтар юм үйлчилж байгаа. Энэ бол манай талын цэвэр сахилга хариуцлагын асуудал. Зүгээр нэг үйлдэл, сахилгагүйтэж байгаа асуудал биш. Энэ бол цаад талдаа маш ноцтой юманд хүргэдэг үйлдэл гэдгийг монголчууд бүх түвшиндээ ойлгомоор байгаа юм. Тэр хүмүүсийн оронд өөрсдийгөө нэг удаа ч болтугай тавиад үз. Харамсалтай нь энэ байдал хэвээр үргэлжилсээр байна. Ухамсаргүй, хариуцлагагүй монголчуудаа үнэндээ дийлэхгүй байна шүү дээ.

-Монголдоо шинжилгээний хариу зүгээр гарсан жолооч нар цаана Хятадад очоод өгсөн шинжилгээгээр ковид илрээд байдаг нь ямар учиртай юм бэ?

-Энэ асуудал дээр бас л хэцүү зүйлс сонсогдож байгаа. Наана байхдаа өөрийнхөө оронд өөр хүн шинжилгээнд оруулсан. Тэгээд л тэр. Улс орноо хорлож байгаа юм. Хятадын тал нарийн шалгана, айхавтар шинжилгээ авна. Тийм богино ухаантай байж болохгүй. Тэр шинжилгээ авч байгаа газрууд ч гэж дээ… Тэр шинжилгээ авч байгаа газрыг ЗТХЯ хянах ёстой юм уу. Монголчууд бидний ийм хачин хандлагаас болж түгжрэл үүсч, ачаа эргэлт зогсож, үнийн хөөрөгдөл, хил хаагдах порцессууд үргэлжилж байна. Бүх зүйл хувь хүнээс шалтгаалсан, хамаарсан асуудлууд, эцэстээ Монголыг ийм байдалд хүргээд байна. Бид Хятад гэхээсээ илүү өөрсөд рүүгээ өнгийж, өөрсдийгөө толинд хармаар байна. Монголчууд бид хүнийхээ хувьд ийм хачин хүмүүс юм уу гэж би заримдаа боддог болсон. Ямар нэг асуудал босоход бусад руу ямар нэг байдлаар бурууг чихдэг. Өөрт нь огт буруу байхгүй. Өнөөдөр харж байгаа биз дээ, Хятадын талд л буруу өгөөд байдаг.

-Энэ бүх порцесс хэдий болтол үргэлжлэх вэ?

-Монголчуудын энэ их буруу хандлага, сахилга хариуцлагын асуудал хэдий хүртэл үргэлжлэхийг би мэдэхгүй. Хятадын талаас бол өвлийн олимпдоо маш их ач холбогдол өгч байгаа. Өвлийн олимпийг залгаад Паралимп болно. Дараа ХКН-ын их хурал болно. Энэ мэт Олон улсын болон улс төрийн маш том арга хэмжээнүүд Хятадын талд байгаа учраас хилийнхээ боомтуудад ковид гаргахгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Би ганц Замын-Үүдийн асуудлаар жишээ авч байна. Цаашлаад Ган мод, Гашуунсухайт, Сэхээ… гээд асуудал ярих юм бол ерөөсөө манай бүх үүд гарц, боомтууд дээр бид өөрсдөөс маань шалтгаалсан дэндүү их асуудал байгаа. Хятадын талд буруу өгөхөөргүй, цэвэр бидний сахилга хариуцлагаас зуун хувь шалтгаалсан. Энэ бүгдийг яриад байвал дуусахгүй. Ийм тодорхой юмыг манайхан өнөөдөр юу гэж байна гэхээр Хятад муугаар хандаад байгаа юм шиг, эсвэл сайд дарга хэдэн хүн энэ бүх гацааг үүсгээд байгаа юм шиг, өөрсдөөсөө өчүүхэн ч бурууг эрж хайж, өөрсдөдөө дүгнэлт огт хийхгүй. Гэтэл монголчууд бид дор бүрдээ сахилга хариуцлагатай байгаад, халдвар хамгааллын дэглэмээ чанд барьж, тогтоосон дүрэм журмын хүрээнд яг хятадууд шиг байж чадах юм бол Хятадын тал хилээ нээх нь асуудалгүй шүү дээ.

-Тээврийн үнийн хөөрөгдөл хэмжээ хязгаараа давж байх шиг байна?

-Тэглээ, дэлхий нийтээрээ тийм болчихлоо. Жишээлбэл, Ази-Европын хоорон дахь чингэлгийн тээвэр гэхэд хоёроос гурав дахин өсчихлөө. Манайд чингэлгийн сул зогсолтоос эхлээд өсч байгаа асуудал байна. Ганц бөөрөнхий дэлхийд амьдарч байгаа бидний хувьд дэлхий нийтийн энэ асуудлаас болж өсөөд байгаа үнийг ганц яам руу юмуу, хэн нэгэн рүү, заавал нэг буруутан хайж чихэх нь буруу. Гэхдээ байна шүү дээ, дэлхий дахинд нөхцөл байдал ямар хүнд байгааг Монголын ард түмэн ойлгож байгаа, бүр ойлгохын цаагуур ойлгож байгаа…

-Тэгээд юу гэж… ?

-Монголчууд чинь дэлхийн хэмжээний мэдээлэлтэй болчихсон. Маш их мэдээлэл аваад сууж байдаг ард түмэн болчихсон. Дэлхийгээр тарсан монголчууд амьдарч байна. Ийм тодорхой байтал Засгийн газрыг муухай харагдуулах гэж, хэн нэг албан тушаалтныг муухай харагдуулах гэсэн зорилготой, зорилго тавьсан цөөн хэдэн хүн бүгдийг мушгин гуйвуулж байна. Тэдний энэ муухай явуулга нийгэмд айхавтар нөлөөлж байна. Үүнийг л хүмүүс ойлгоосой. Хүрээний булайг яривал барахгүй гэдэг шиг тэр хэдэн хүний булайг яривал ард түмэн маань “Ийм бузар булай юм хийж явдаг хүмүүс байдаг юм уу” гэж гайхаж гутрахаар байгаа шүү. Үнэхээр нүдний булай болохоор юм хийж явдаг хэдэн хүн байдаг. Надад ямар асуудал тавьдаг, шахдаг, түүнийг нь би яагаад хийхгүй байна, түүний хариу над дээр яаж ирж байгааг би илчилнэ. Зөвхөн Халтар гэж хүнийг нийгэмд муухай харагдуулах зорилготой өндөр цалин хөлстэй тусгай баг хүртэл ажиллаж байна. Бүр өрөө сав, техник хэрэгсэл бэлдчихсэн, томоохон редакцийн хэмжээтэй үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө тролл багууд гэдэг чинь. Арван хүн эерэг үнэнийг бичихэд түүнийх нь эсрэг 100 сэтгэгдэл бич гэсэн үүрэгтэй, журамтай, тэр тоогоор нь урамшуулал нь бодогддог баг хүмүүс ажиллаж байна шүү дээ. Үүнийг удирдан зохион байгуулж байгаа хоёр гурван хүнийг тодорхой хүрээнд хүмүүс мэдчихсэн яриад л явцгааж байна. Гэхдээ бүгдээрээ мэдэхгүй байгаад л аюул нь байгаа юм.

-Таны эсрэг энэ бүх дайралт яг юунаас эхтэй юм бэ?

-Бүх зүйлийг мушгиад эхэлсэн нь нэлээн эртнээс юм. Эхлээд миний хүүгээр оролдоод эхэлсэн. Халтарын хүүхэд нь Замын-Үүдээр баахан машинтай гэж. Тэгээд би тухайн үед нь нийгэмд хэлсэн “Миний хүү ачааны машинтай байтугай эхнэр нь унадаг ганц приустэй шүү” гэж. Тэгээд цагдаагийн байгууллагад үүнийг шалгаж өгнө үү гээд өгсөн. Тэд шалгасан. Лав манай хүүг дуудаж хоёр гурван ч удаа мэдүүлэг авсан гэсэн. Дараа нь намайг “Үндэсний тээврийн корпораци” гэж Замын-Үүд дээр тээвэр хоёр талаасаа хийх гэсэн асуудал дээр баахан ярилаа. Тэгэхээр энэ бүхэн юунаас эхтэй вэ гэдгийг хэлэх нь зөв байх. Цар тахлын хүнд үед, гадагшаа чөлөөтэй урсгалгүй болчихоор бидний ганц нүд

чих бол ГХЯ, Элчин сайдууд, Ерөнхий консулууд маань болж байна. Бид бүх харилцаагаа тэднээрээ дамжуулж явуулдаг. Энэ дашрамд хэлэхэд, Эрээнд сууж байгаа манай консулын газрынхан үнэхээр сайн ажиллаж байгаа. Цаашлаад Хөх хотын консулынхан, Бээжин дэх манай Элчин сайдын яамныхан үнэхээр сайн ажиллаж байгаа. Ялангуяа Цар тахлын үед Хятадад байгаа дипломат төлөөлөгчийн газрынхан бүх чиглэлд өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа нь харагддаг. Эрээнд байгаа манай консулынхан Эрээний Ардын засгийн ордныхонтой байнга холбоотой. Тэгээд тодорхой хугацаагаар тээвэрлэлт хаахаар нь манайхан тээврээ хийе гэдгээ өдөр шөнөгүй ярина биз дээ. Тэгэхээр Хятадын талынхан манайхыг тээвэрлэлтээ нэгдсэн зохион байгуулалтад оруул гэсэн шаардлага тавьжээ. Хятадын талаас Синотранс гэдэг тээвэр зуучийн компани нэгдсэн зохион байгуулалтыг хийнэ. Монголын талаас ямар байгууллага, компани нэгдсэн зохион байгуулалтыг хийх юм гэнэ биз дээ. Манай талаас орсон чингэлгүүд тодорхой хугацааны дараа буцаж гарч ирэх ёстой, чингэлэг ирэхгүй бол нөгөө ачаа тээврийн чинь эргэлт байхгүй болно. Задгай ачаа гэхээр дундын бүс дээр эргүүлж ачиж болохгүй учраас заавал чингэлгээр явуулна гэдэг шаардлагыг Хятадын тал тавьсан. Бид хүлээж авахаас өөр ямар ч арга байхгүй нь тодорхой. Тэгээд манайхан ярилцаад “Монголын тээвэр зуучлагчдын холбоо” гэж ТББ-д хандлаа. Үнэндээ 200, 300 тээвэр зуучлалын компани тус бүртээ бид энэ асуудлаар ярилцах боломжгүй. Ингээд тэр холбооныхныг дуудаж уулзаад “За та нар дотроо ярилцаад Синотранс компанитай хамтраад ажиллах ганц хоёр сайн компани олж ажиллуул, компаниуд дотроо зохион байгуулалтаа хий” гэсэн. Тэд болохоор манай тээвэр зуучийн олон компани нэгдсэн “Үндэсний тээвэр зуучийн корпораци” гэж байна, үүнийгээ ажиллуулъя гэсэн. Надад хэнийгээ ажиллуулах нь сонин биш. Нэгдсэн зохион байгуулалтад орох нь чухал. Гэтэл одоо юу болж, мушгин гуйвуулж, миний эсрэг ашиглаж “Үндэсний тээвэр зуучийн корпораци” нь миний оролцоотой болгож байна. Уучлаарай, надад тэр ямар ч хамаагүй асуудал.

-Тэр “Үндэсний тээвэр зууч” корпорацийн удирдах зөвлөлд байдаг Шатархүү гэж хүнийг л тантай бизнесийн хамтрагч гэж бичих юм байна шүү дээ?

-За тийм, Шатархүү гэж залуу байна. Би цагдаад шалгуулахаар өгсөн. Намайг тээвэр зуучийн салбарт ажиллаж байх үед ажил төрлийн холбоотой байсан хүмүүсийг шалгавал Монголын тээвэр зуучийн нэлээн олон компанийг шалгах болно доо гэдгийг цагдаад хэлдэг. Монголын Төмөр замын тээвэр зуучлалын асуудал хариуцаж байсан ямар ч дарга тэдэнтэй л хамтарч ажиллахгүй тэгээд өөр хэнтэй харьцах юм. Тэдгээр нөхдүүдтэй чинь сайндаж муудаж, дээр дороо орж явдаг ажил шүү дээ. Тэдний нэг нь наад Шатархүү чинь. Тээврийн компани байгуулаад гараад явсан залуус ч надтай хамт ажиллаж байсан хүмүүсээс байдаг юм билээ. Тэр бүгдийг би танилгүй яахав, тийм биз дээ.

-Яахав дээ, тантай нэгэн үе “Монгол чихэр корпораци” гэдгийг хамтран байгуулж, хувь эзэмшиж явсан гэж л бичсэн байна лээ?

-Бас зөв, тэгэхээр нэлээн түрүү үеийн түүх. 2013 оны хоёрдугаар сард би Улаанбаатар төмөр замаас халагдлаа. МАН-ын гишүүн гэж халсан л даа. Ажилгүй болсон би чинь амьдралаа авч явах хэрэгтэй биз дээ. Ямар нэгэн ажил хийх ёстой, тийм үү. Тэгсэн хоёр гурван залуу надад хандлаа. Хамтраад бизнес, хүнсний бараа гаднаас оруулж ирье гэж. Тухайн үед надад Монголын долоо, найман компаниас ажиллах санал тавьсан юм. Говь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаач, нэр бүхий томоохон зочид буудлууд хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаач гэсэн. Би залуучуудын саналыг хүлээж авсан. Ингээд чихэр үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирлээ. Хэдэн залуучуудтай хамтран чихэр хийж үзлээ, тэгээд бид хэдийн ур чадвар дутсан уу, зах зээл дээр ажиллах чадвар дутсан уу, мэргэжлийн хүнээ бэлдээгүй байснаас ч болсон уу, тэгсхийгээд тоног төхөөрөмжөө хэдэн төгрөгнөөс зараад, банкинд жаахан зээл байсан түүнийгээ хаагаад, ингээд бидний тооцоо дууссан. Тэдгээр залуус дотор Шатархүү байсан юм. Тэдгээр залуучууд маань хувь хувийнхаа бизнесээ хөөгөөд тал тал тийш салсан. Би төрөөс нуух юм байхгүй. Эргээд Төмөр замдаа орсон, жил бүр ХОМ бөглөдөг. Би икс тайлантай компаниа мэдүүлэх ёстой шүү дээ. Тэр дунд нөгөө цаасан дээрх икс тайлан, компанийн хувь эзэмшигчид гэхээр Эрдэнэбилэг, Баттөр, Шатархүү, Эрдэнэ гээд талийгаач болчихсон хүний нэр хүртэл явж байгаа. Хэдий үйл ажиллагаа нь зогссон ч гэсэн төрд түүнийгээ мэдүүлэх үүрэгтэй. Үйл ажиллагаа нь зогссон ч гэсэн тэг баланс гаргадаг тийм компанид би 20 хувь эзэмшдэг гэдгээ бичих хуультай, тийм л юм. Тэрийг хараад сэдэл аваад “Өө тэр Шатархүү нь энд явж байна, ингээд Халтартай холбоод сэвээд байхад алах юм байна” гээд нөгөө хэд чинь сэтгэж л дээ. Үнэхээр ч цаасан дээр тэр харагдаж байгаа. Хөөрхий тэгтэл бодит амьдрал дээр өөр л байгаа шүү дээ. Ер нь тийм л байдаг биз дээ. Надад Шатархүүтэй холбоотой юу байх юм бэ, зайлуул. Ганц энэ ч биш, одоо Замын-Үүдэд байгаа жолооч нарыг энэ мэт тархи угаалтаар над руу маш их турхирч байгаа. Яг үнэндээ тэнд байгаа зарим хүмүүсийг би шууд буруутгана. Юунаас үүдэлтэй вэ гэхээр Эрээнээс ирж байгаа бараа тээврийн үнэ 100 мянган юань хүртэл боллоо гэсэн шүүмж их явлаа. Эрээн-Замын-Үүдийн тээврийг нээх үед бид урьдчилаад яаж үнийн хөөрөгдлийг гаргахгүй байх вэ гэсэн ганц бодлого баримталсан. Энэ асуудлыг дипломат шугамаар хүртэл ярьсан. Үнэндээ энэхүү үнийн хөөрөгдлийг бий болгохгүйн тулд Хятадын талаас Синотранс гэдэг компани гаргаж ирсэн юм билээ. Ингээд Хятадын талаас дундын бүс дээр оруулаад ирнэ. Дундын бүсээс авчраад Замын-Үүд дээр буулгана, эсвэл шууд Улаанбаатарт авчирч буулгана. Буцаагаад хоосон чингэлгээ Замын-Үүд дээр буулгана, тэрийг цааш нь дундын бүс дээр авна, дундын бүсээс Эрээн рүү авна. Ийм порцессыг тооцож байгаад манайхаас ажлын хэсэг очиж ажилласан юм. Энэ үеэр Замын-Үүд дээр байгаа ТББ-ууд, компаниудын зүгээс 30 сая, 20 сая, 15 сая төгрөг гэсэн том том тоонууд дуулдаж эхэлсэн.

-Тэдгээр компаниуд дундаас нь авдаг нь тодорхой болсон гэж үү?

-Мэдээж, эдгээр том тоонуудыг манай зүгээс 8.8 сая төгрөг болгож буулгасан юм. Манай зүгээс ард түмний эрх ашгийн төлөө үнийг ингэж буулгаж тогтоосон сайн үйлийг хийлээ, олны эрх ашгийн төлөө ажил хийлээ гэж боддог. Гэтэл энэ байдал тэнд байдаг, цөм ашиг хийдэг цөөн хэдэн хүнд таалагдаагүй. Нөгөө 30, 40 сая төгрөгийг нь 8.8 сая төгрөг болтол буулгасан учраас шүү дээ. Ингээд том ашиг хийж байсан цөөн хэдэн хүнд Халтар бол жинхэнэ дайсан нь болно биз дээ. Тэнд очсон ажлын хэсэг рүү тэр хэдэн нөхөр баахан дайрсан. Сүүлдээ надад баахан алж хядах мессэж ирэх болсон. Бүр сүүлдээ хэвлэл мэдээлэл, сошиал, бүх сувгаар намайг нүдэж байна даа.

-Угтаа бол амьдрах гэж яваа тэр олон хүний төлөө л сайныг хийж гэж ойлголоо?

-Бид ч өөрсдийгөө тэглээ л гэж бодсон. Хэдхэн хүн зохион байгуулалттайгаар үнэ хөөрөгдсөн байсныг навс буулгалаа гэж бодсон. Шулуухан хэлэхэд, Замын-Үүдийн хэдэн жолооч нарын эрх ашгийг л нэгдүгээрт тавьсан юм. Төр өөрийнхөө зангаргаар ард түмнийхээ эрх ашгийг бодсон юм. Тэгж яривал Улаанбаатарт байгаа, бусад газарт байгаа жолооч нар тэр ачаануудыг чинь таван саяар, гурван саяар тээвэрлээд өгье гэж байна. Бид яагаад тэдгээр жолооч нарыг тийш нь оруулж болохгүй байгаа юм. Асуудал биз дээ. Бид эхлээд орон нутгийнх нь иргэд, жолооч нарын эрх ашгийг бодъё л гэсэн зөөлөн бодлого. Гэтэл өөрсдийнх нь төлөө явсан биднийхээ эсрэг өнөөдүүл маань босчихсон, гол дүрийн дайсан нь би болчихсон явж байна. Инфляцийн өсөлт, үнийн хөөрөгдөл, гурван сая иргэн, 200 жолоочийн асуудал бүгдийг нь бодож хийсэн үйл ажил. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн шийдвэрийг хоёр талаасаа манай ажлын хэсгийнхэн ярьж хийсэн. Тэр тээвэр зуучийн корпорациар дамжуулж намайг өдөрт 20 саяыг гэсэн үү, 200 саяыг гэсэн үү олж байна гэж дайрч байгаа…

-Таныг 300 саяыг олж байгаа гэж бичиж байгаа…

-Нээрэн 300 сая ч бил үү. Хамгийн инээдтэй нь тэр тээвэр нь одоо эхлээгүй байгаа шүү дээ /инээв/. Бас л хүнийг муухай харагдуулахын тулд хамаа намаагүй бичиж байгаа юм шүү. Үйл ажиллагаа нь эхлээгүй ажлаас өдөрт 300 саяыг олдог юм байх. Ийм л юм болж байна. Төр засгийн зүгээс энд хоёр зүйлийг онцгой анхаарсан шүү дээ. Нэгдүгээрт ачаа тээврийг саадгүй явуулчихъя, хоёрдугаарт нь дуртай үнийг хэлдэг, дуртай үнээ тогтоодог байдлыг ийм хүнд цаг үед зогсооё гэж. Үүнд чинь төр оролцох ёстой. Ингэхгүй бол одоо над руу дайрч байгаа хэдхэн хүний эрх ашгаар бүх зүйл шийдэгдэж, ард түмэн, аж ахуйн нэгжүүд хохирно шүү дээ.

-Энэ бүгдийн ард тэгээд хэн байдаг юм бэ, хэн турхираад байдаг юм, зах сэжүүрээс нь мэдээлэх боломж байна уу?

-Би нөхцөл байдлыг харж байна. Энэ тээвэрлэлт эхлээд, ажил яваг. Хамгийн эхлээд төрийн ажил чухал, ард түмний эрх ашиг нэгдүгээрт биз дээ. Тээвэрлэлт эхэлсний дараа тэд ямар зохиол бичиж, найруулж байгаад дайрах нь уу, харна. Хамгийн инээдтэй нь өнөөдөр тэдний юу хийж байгааг би алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа. Түүнийг нь баримтжуулах ёстой, тэгээд баримтуудыг нь гаргаад тавихаар ямар хүмүүс болох, хувийн эрх ашгийнхаа төлөө хүн хөнөөхөөс ч сийхгүй амьтад болохыг ард түмэн харах болно. Чингэлгээр л ачааг зөвхөн явуулна гэсэн шаардлагыг Эрээний талаас тавьсан. Бид хүлээж авсан. Гэтэл жолооч нар яаж хандаж байна гэхээр намайг зориуд чингэлэгт ачих ажлыг хийлээ гэж байгаа юм. Гэтэл түүнийг Эрээн дэх манай консулынхан Эрээний Засгийн ордонтой ярилцаад хийж байгаа ажил. Бид түүнийг хэрэгжүүлж байгаа үйл явц. Одоо миний тооцоогоор бол энэ долоо хоногийн төгсгөл ирэх долоо хоногийн эхээр нөгөө яриад байсан чингэлгийн тээвэр бага багаар эхлэх байх. Энэ үед яаж дайрч, гүтгэж доромжлох нь уу, Монголын төрийг тэд хэрхэн гутаан доромжлох нь уу… тэр үед сэтгүүлчдэд нээлттэй хэлнэ.

-Монголын төрийн жаахан мөнгө олж байгаа эрдэс баялгууд нүүрс, зэс, төмрийн хүдэр… саадгүй нэвтрээд байх боломж хэзээ бүрдэх вэ?

-Зүүн талаар Баянхошуугаар газрын тос бага зэрэг гарч байна. Бичигтийн боомтоор Хөөтийн уурхайгаас жаахан нүүрс гарч байна. Хөөт чинь эрчим хүчний нүүрсний бас их том бассейн шүү дээ. За тэгээд наашаа яваад Замын-Үүдийн асуудал байна. Том асуудал. Манай экспорт, импортын гол гарц, ач холбогдлоороо гэвэл номер нэгдүгээр боомт. Үнийн дүнгээрээ гэвэл хоёрдугаарт орох боомт. Гашуунсухайт бол эдийн засгийн үр өгөөжийн хувьд номер нэгдүгээр боомт. Ийм нөхцөл байдалтай цаг үед ямар нэг ажил дээр цаг хугацаа амлах ямар ч боломж алга.

-Төр засгийн зүгээс “Өвлийн олимп хүртэл хил нээгдэхгүй” гэж ард түмэндээ шууд хэлж болдоггүй юм уу. Тодорхой мэдээлэл өгөхгүй болохоор хил удахгүй нээгдэх нь гэж ойлгоод аж ахуйн нэгж, ард иргэд бараа таваарынхаа урьдчилгаа мөнгө төгрөгөө гадагш нь шилжүүлээд хохироод байна шүү дээ?

-Порцесс яаж явж байна гэхээр Хятад-Монголын хил (газрын зураг дээр тайлбарлав) энэ байна. Ингээд дундын бүс. Хятадын тал аргаа бараад өөрсдийнхөө зардлаар дундын бүсэд чингэлэг ачиж буулгах талбай байгуулж өглөө. Хятадын талаас үдээс өмнө орж ирж ачаагаа буулгачихаад гараад явчихна. Үдийн хойно манай талаас калмартайгаа орж ачиж аваад гарна. Энэ бол яаж хүн хоорондын харьцаа үүсгэхгүй байх вэ, яаж халдвараас сэргийлэх вэ гэсэн ганц арга зам. Өнөөх л Монголын жолооч нартаа “За та нар машинаасаа бууж болохгүй, хогоо цонхоор хаяж болохгүй, бие засч болохгүй” гэж цэцэрлэгийн хүүхдэд хэлж байгаа юм шиг сургаж байна. Айлын талаас тавьж байгаа шаардлагыг ягштал биелүүлэх. Нөгөө л сахилга хариуцлагын асуудал. Монгол жолооч нараас шалтгаална. Бид сахилга баттай байгаад, шуурхай татан авалтаа дүрэм журмын хүрээнд хийгээд байвал Хятадын тал нэмэгдүүлэх нь нээлттэй байгаа. Гэтэл ачаа авах гэж ороод хоорондоо дэмий яриад, бууж тамхиа татаад, хогоо гадагш нь шидээд, тэдний шаардлагыг зөрчсөөр байвал хил хаалттай байна. Хариуцлага алдаж Монголын хилийг хаалгахад хүрсэн олон жолооч, олон аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө тарьсан гайг төр засаг руу чихэж одоо болохгүй шүү. Түүнийг нь нөгөө тодорхой хүмүүс ашиглаж, улам бужигнуулаад, төр муу ажиллаж байгаа юм шиг ойлголт өгөөд явж байна. Үнэндээ сахилга хариуцлагагүй монголчуудаас болж бүх хилийн хаалт, гацаа, түгжрэл үүсч байгааг дахиад хэлэхээс өөр арга алга. Монголчууд минь та нар хариуцлагатай байвал хилийн хаалт нээгдэнэ. Ердөө л энэ.

-Ачиж буулгадаг калмар гэж техник нь Замын-Үүд дээр ганцхан байдаг, тэр нь хэмхэрчихээр бүгд зогсдог гэсэн яриа нийгэмд гарсан?

-Ийм инээдтэй зүйлд итгэж болохгүй. Замын-Үүдийн вагоны ачих буулгах цэг дээр гэхэд дөрөв ажилладаг. Тэдгээр нь хангалттай хүрэлцдэг учраас ганц хоёр нь бараг ажилгүй зогсох үе бий. Төр засгийг муухай харагдуулах гэсэн бүлэг хүмүүсийн зорилготой худал яриануудад сэтгүүлчид маань ухаалаг хандах хэрэгтэй. Цаана чинь юу гэж ч зохиогоод, яаж ч мушгин гуйвуулж мэдэх хүмүүс ажиллаж байгаа шүү. Дундын бүсэд нэг калмар ажиллаж байгаа, тэр хангалттай хүрэлцэнэ. Шаардлага гарвал Хятадын талаас өдөрт нь түрээслээд оруулаад ирнэ. Наад калмар чинь хэзээ ч асуудал байгаагүй. 50 ширхэг чингэлэг ачиж буулгахад нэг калмар хангалттай байдаг юм. Хурдан буулгаж ачих нь тэрхүү калмарыг ажиллуулж байгаа оперотарын ур чадварын асуудал. Монголын төмөр зам хариуцдаг учраас миний зүгээс оперотаруудынхаа ур чадварыг сайжруулж байгаа биз л гэж хэлдэг. Тэр калмар сүртэй асуудал биш ээ, тэрнээс огт өөр монголчуудын буруу хандлагыг засах хамгийн том асуудал байна.

-Хоёулаа боомтуудыг ярьж байгаад, калмар болоод явчихлаа?

-Тэглээ, за энэ Ханги-Мандалын боомт байна. Төмөр замтай холбогдох хамгийн ойрын цэг учраас их ач холбогдолтой. Дээр нь Таван толгойгоос концессоор авто зам тавигдана. Одоо бол бага зэргийн нүүрс тодорхой хязгаарлалттай гарч байна. Энэ боомт томоор ажиллах нь дахиад хэлье, мөн л манайхнаас шууд шалтгаална. За энэ Таван толгойгоос Ганц мод, Гашуунсухайт чиглэл рүү өдөрт дунджаар 100 орчим машин гарч байна. Сүүлийн үед овоо сэргээд 500, 600 машин руу дөхөж байлаа. Тэгсэн нөгөө халдвар хамгаалалтын дэглэмээсээ болоод саарчихлаа. Цагаан хаднаас Ганц мод руу гаргах гэж байгаа богинын тээврийн жолооч нараас вирус илрээд эхлэхээр Хятадын тал хязгаар тавьчихсан. Баруун хязгаарт Булган боомтоор Хөшөөтийн уурхайгаас бага хэмжээний нүүрс гарч байна.

-Одоо тэгээд цаашдаа ямар бодлого боомтууд, хил гааль дээр хэрэгжих вэ?

-Омикроны араас хэдэн удаагийн мутаци явагдаж, хэдэн шинэ нэр гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бид цаашид экспортод голлох нөлөөтэй Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ханги-Мандал гэхчлэн эдгээр голлох том боомтууд дээрээ хүний оролцоо багатай ухаалаг систем, байгууламжуудыг нэн даруй байгуулах ёстой. Ганц мод дээр энэ систем бэлэн шахуу болчихсон байна. Гашуунсухайт дээр ойрын үед хийгдэнэ. Боомтын үндэсний зөвлөл дээрээ асуудлыг оруулна. Жолоочгүй тээвэр гэсэн л үг шүү дээ. Бид хариуцлагагүй байгаа учраас цаад талаас үүнийг хүсч байна.

-Манай эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнийг авах сонирхол бол цаад талд их байгаа биз дээ?

-Байлгүй яах вэ. Авмаар байдаг, хүний оролцоотой порцесс учраас бид вирус аваачиж тараачих гээд болдоггүй. Тэгэхээр нь арга ядаад хүний хүчин зүйл оролцдоггүй ухаалаг тээврийн системийг хийе гэлээ. Энэ бүх үйл явц монголчуудад дургүйдээ биш. Авах хүсэл, хэрэгцээ цаадуулд чинь байна. Чингэлгийн терминалууд харьцангуй гайгүй болж байна.

-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Ирэх оны долдугаар сар гэхэд галт тэрэгний хөдөлгөөн нээгдэнэ. Тэр үед нүүрс тээвэр 20-40 сая тонноор яригдана. Энэ хүчин чадлыг цааш нэмэгдүүлэх нөөц боломж бидэнд бүрэн байгаа. Төмөр замын холболтын цэгээ Хятадын талтай ярьж байна. Хил холболтын цэгээ бол тохирчихсон. Одоо зөвхөн Хятадын талд шилжүүлж ачих уу, Монголын талд шилжүүлж ачих уу гэдэг асуудал л яригдаж байна. Төмөр зам, авто зам аль алинаар нь экспорт хийгдэнэ. Айлын талд эрэлт байгаа үед манай талд дэд бүтцийн хүчин чадал эрс сайжирна гэсэн үг.

-Хуучин Ерөнхийлөгчийн оролцоотой тавигдаж буй хөндлөн төмөр замаас гарах үр дүн хэзээ вэ?

-Таван толгой-Зүүнбаян-Сайншанд гэсэн төмөр замаар 2022 оны дунд үе гэхэд галт тэргээ явуулчих байх. Цаашдаа Зүүнбаянаас Ханги руу холбогдох төмөр замын ажил ирэх жилээс ажил нь концессоор хийгдэж эхэлнэ.

-Энэ бүгд бол ирээдүйд хийгдэх ажил. Яг өнөөдрийн тухайд бол Замын-Үүд-Эрээний их саад, түгжрэл бөөгнөрөл, хил гаалийн шуурхай бус байдал тулгамдсан асуудал хэвээр үргэлжилж байна. Хэзээ жигдрэх нь хамгийн чухал байна?

-Яг үнэн. Бодит байдлыг хэлэхэд, жолооч нар нь бэлэн байна. Дундын бүс нь байна. Чингэлгүүд Монголын талдаа байна. Калмарууд нь бэлэн байна. Оруулж ирээд вагонд шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлчихсэн. Чингэлгээс чингэлэгт ачуулах, хоосон чингэлгийг нь буцаагаад хүргэх нөхцөл нь бүрдсэн. Үндсэндээ ЗТХЯ-наас гарсан Ажлын хэсэг асуудлыг цэгцэлсэн. Бид ажлаа хийсэн, цаашид ч хийсээр байна. Биднээс огт шалтгаалахгүй өөр бусад шалтгаанууд бий. Ганцхан над руу бүгдийг хамаатуулж дайрах нь хувийн эрх ашиг нь зөрчигдсөн хэдэн хүний явуулга. Манай яамнаас шалтгаалахгүй олон чухал ажлууд цаана чинь хүлээгдэж байна. Ажил шаардаж байгаа бол “бай”-гаа зөв олох хэрэгтэй. Жишээ нь, дундын бүс дэх ариутгалын асуудлыг ЗТХ-ийн сайд Л.Халтар очиж шийдэх үүрэгтэй юм уу. Түүнийг чинь хариуцсан огт өөр бүтэц байгаа. Эцэс сүүлдээ ариутгал хийхгүй байгаа буруутан нь хүртэл ЗТХ-ийн сайд болчихсон явж байх жишээтэй. Ингэж болохгүй. Ямар ч байсан Замын-Үүд-Эрээний хоорон дахь олон процесстой тээврийн ажлыг эхлүүлье. Тэр үед хоёулаа эргэж уулзъя. Үндсэндээ нөхцөл байдалд дүгнэлт хийсэн оршил ярилцлага өглөө гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Ийм цаг үед монголчууд бидэнд нэгдмэл чанар, итгэлцэл ойлголцол хамгийн чухал байна

Улс тунхагласны ойн баярын өдрийн босгон дээр Ерөнхий сайдын орлогч буюу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ярилцлагыг хүргэж байна. “Ковидын мэдээллийг өглөө эрт авдаг. Тэдэн хүн нас барлаа гэхийг сонсоод, аврах боломж байсангүй юу, эм тариа нь байсан юм уу, юу дутав гээд шалгаах, эрүүл мэндийн салбарынхандаа л итгэж найдахаас өөр аргагүй юм даа” гээд орж ирсэн бичгээ удаан ширтэх түүнээс хүнд хэцүү яриа гарах нь тодорхой байв. “Урт налгар намар боллоо шүү” хэмээн би яриагаа эхэллээ. “Тэглээ, монголчууд биднийг байгаль дэлхий харж үзлээ. Зуншлага сайхан, намар урт боллоо. Сая аймгийн Засаг дарга нартайгаа уулзлаа. Нэвсийсэн цас ороод өгвөл сайхан байна гэнэ. Ахмадууд маань ярьдагдаа, цас зуднаас дутахгүй харын зуд гэж аюул бий гэж. Одоо өвлийн эхэн сар гарсан гэхэд дийлэнх нутгаар цас орохгүй, газар хуурай, мал усгүй, тиймэрхүү л байна гэнэ” гэх нь бас л зовнил мэдрүүлэв. Монголд нүүрлэж буй зовлон бүхэнтэй хамгийн түрүүнд нүүр тулж байгаа энэ залуутай ямар ч яриа өрнүүлсэн бөөн асуудал, бөөн нерв л ярих юм байна. Ийм албан тушаалтны эргэн тойронд шүүмжлэлээс өөр юу ч байхав дээ. Зүхүүлэн зүхүүлэн зүтгэхээс өөр сонголт байхгүй албан тушаал бол Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайдын алба бололтой. Яриа эхлээд 10 минут бололгүй ордны хоёр давхарт яаралтай хуралд дуудагдлаа. Би хүлээлээ… Удалгүй хурдаараа орж ирснээр ярилцлага 20 минут хэртэй үргэлжлэв, туслах залуу нь дахиад яаралтай дуудагдсаныг хэлснээр бослоо. Би хүлээлээ… Ингэж ярилцлага хийдэг ч гэж юу байхав, гэхдээ ингэж л тэвчээртэй хүлээж байж Монгол Улсын Шадар сайдаас хэдэн асуултад хариулт авахаас өөр арга алга. Иймэрхүү ая дантай бид хоёрын ярилцлага өрнөснийг уншигчид болгооно биз ээ.


-Тэгэхээр Шадар сайдаа, Та бид хоёр Улс тунхагласны баярын өдрийн босгон дээр уулзаж байна. Тусгаар улс байхын, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн хоёр жил өнгөрч байна гэж бодож байгаа шүү?

-Цар тахал энэ дэлхийг хил хязгааргүй нэрвэж байна. Гэхдээ энэ хэцүү бэрхийн дунд нэг чухал зүйл бол асар их үнээр олдсон тусгаар тогтнол, бүтээсэн түүх, цөөхөн монголчууд тэсч үлдэж, цаашид оршин тогтнох үнэт зүйлийг айхавтар мэдрүүлсэн он жилүүд болж байна.

Зовлон ирэхэд эх орон руугаа л бүгд зорин тэмцэн ирцгээлээ. Онгоцны хаалгаар дөнгөж гарч ирээд,нэг том амьсгаа аваад, сөхөрч суугаад мөргөж байгаа эмэгтэйг хараад УОК-ыг удирдаж байгаа миний хувьд юу бодогдож байсан гээч…

-Юу бодогдож байв…

-Яаж ийж байгаад эх оронд чинь авчирлаа, бусад нь болно доо, болгоно доо л гэж бодож зогссон. Эх оронтой байна гэдэг ийм сайхан. Хэдийд ч, ямар ч цаг үед Монгол эх орон чинь та нарыгаа тосоод л авна. Монголын төр боломжтой бүгдийг ард түмнийхээ төлөө хийсэн, хийж байна. Алдаа байгаа, түүндээ бид дүгнэлт хийж байгаа.

-Тусгаар тогтносон улс гэр байхын тэр үнэ цэнийг өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй маань нийтээрээ хэр мэдэрч байгаа бол. Та яаж харж байна?

-Ялангуяа залуу үедээ мэдрүүлэх, сануулах, үнэ цэнийг бэхжүүлэх ажлыг их хийх хэрэгтэй юм байна. Тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй олдсон юм, ямар их золиосоор энэ эх орон бидэнд ирсэн, энэ их даяарчлалын үед Монголыг авч үлдэхийн тулд юу хийх ёстой юм, бидний түүхийн үнэ цэнэ юундаа байна, ёс заншил, өв соёл гээд цогцоор нь харах, авч явах ёстой асуудлууд байна.

-Энэ зун наадам хийнэ, хийхгүйн аль талд нь та зогсов, хувь улстөрчийнхөө хувьд шүү дээ?

-Наадмаа цахимаар хийе гэсэн байр суурьтай байсан. Баярлаж цэнгэх гэсэндээ биш, сая ярьсан үндэсний үнэт зүйл, үндэсний дархлааг сэргээсэн баяр. Энэ дэлхий дээр байгаа их бага, том жижиг бүх улс орнууд үндэсний баяраа ковидын үед хийж байна. Энэ нь зүгээр ч нэг хэрэг биш…Ямар ч хүнд цаг үед үндэсний бахархал өв соёлоо хойч үедээ өвлүүлэн бэхжүүлж байх нь чухал. 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс бөхөө барилдуулаад, морио уралдуулаад, сураа харваад, уртын дуугаа уянгалуулж, айргаа уун, үндэсний хувцсаараа, үндэсний гэсэн бүгдээрээ улам гоёж би монгол хүн шүү гэсэн бахархал бардамналыг сэргээж байх ёстой.

-Гэвч наадам хийх, хийхгүйн тухайд айхавтар шахалт орж ирсэн, гэнэт талбай дээр залуус жагсаад л…?

-Тэгсэн, олон хүчин зүйл гарч ирсэн, нөлөөлсөн. Тийм нөхцөлд иргэдээ талцуулаад, хооронд нь хэрэлдүүлээд байх нь Засгийн Газрын хувьд байж болохгүй зүйл байсан. Тийм учраас наадмаа хийхгүй байх шийдвэрийг Засгийн Газар гаргасан. Ард түмэн маань цар тахал гээд бие сэтгэлийн хямралтай үед нэрмээс болох зүйл хийхээс зайлсхийсэн.

-Нийгэмд яг юу болж байгааг, юу хүсч байгааг, эрх баригчдын ажил цаанаа яг яаж явж байгааг танаас шулуухан асууя. Таны цаг бага байгаа учраас хоёулаа ингэж ярилцах нь зөв байх. Бөөрөнхийлөхгүй шүү гэсэн санаа?

-Шулуухан хэлэхийг хичээе. Цаг бага учраас тэр нь амар байх.

-Баярлалаа, Монголд 100 жилд тохиогоогүй хүнд бэрх цаг үеийг бид туулж байна. Биднээс хамаарахгүй, шалтгаалахгүй асуудал их ч гэсэн биднээс бас шалтгаалах, бид өөрсдөдөө дүгнэлт хийх зүйлс байна уу?

-Монголчууд бидэнд нэгдмэл байх зан чанар маш чухал. Бид зовлонгийн дунд бүр илүү нэгдэх хэрэгтэй байна. Энэ их мэдрэгдлээ. Харилцан ойлголцол, итгэлцэл бидэнд байхгүй болчихож. Ард түмнээ үргэлж хорьж цагдана гэдэг төр засаг байхгүй байх нь мэдээж.Нөгөө талаас тахлын үед дур зоргоор нь тавиад улс орноо сөнөөх хүсэл төрд бас байхгүй. Цар тахлыг богино хугацаанд даван туулах, ард түмнээ хэвийн амьдралд нь хурдан оруулах ганц зорилго Монголын төрд бий. Гэхдээ бидэнд олон сул тал байна. Хүн ам цөөн, зах зээл хязгаарлагдмал байна. Махнаас бусад зүйлээр бид дотоодын хэрэглээгээ тэр бүр хангаж чадахгүй байгаа нь бодит үнэн боллоо. Шулуухан хэлэхэд гурил, будаа, ногоогоо хүртэл гаднаас авч, тэднээс хараат байгааг нийтээрээ илүү мэдэрч байна. Цар тахал бидний сайн муу, сул талыг улам тодруулж, илчлээд явж байна шүү дээ.

-Ийм сул дорой байгаагаа монголчууд бид одоо бодитойгоор хүлээж авах цаг болжээ гэж үү?

-Бурууг ард түмэн рүүгээ чихэж байгаа хэрэг огт биш. Бид өөрсдөө хэн бэ гэдгээ эхлээд дүгнэх ёстой болжээ гэдгийг хэлж байна, төрд хариуцлагатай алба хашиж байгаа бид өөрсдөдөө ч бас үүнийг хэлж байна. Цар тахал бидний амьдралд их хүндрэл учруулж байгаа ч гэсэн асар олон зүйлийг ойлгуулж, эмхэлж цэгцлэх ёстойг улам мэдрүүлж, бодит ажил хийж бүтээлчээр өөрчлөгдөн шинэчлэгдэхийг шахаж, асар олон зүйлийн үүд хаалгыг нээж өгч байна.

-Тухайлбал, эрүүл мэндийн салбарын доголдлыг ёстой нэг уудалж гаргасан биз?

-Цар тахалтай шууд нүүр тулж, өдөр шөнөгүй тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарынхнаа муу хэлэх эрх надад алга. Монголын итгэл найдвар тэд маань л байна. Гэхдээ өнөөдөр байгаа хүнд нөхцөлөөс илүү сайн байх боломж энэ салбарт байсныг хэлэх ёстой. Энэ салбар доголдолтой байгааг шулуухан л хүлээн зөвшөөрнө. Эрүүл мэндийн салбар ямар чадавхгүй болсныг, юун дээр анхаарах ёстойг нийгэм өөрөө харлаа. Хүний нөөц хүрэхгүй өчнөөн асуудал болж байна. Энэ бүгдийг өмнө нь яагаад шийдэж болоогүй юм бэ. Эм тариа гэхэд хил гааль хаачихаар бүгд хомсдолд орчихож байна. Тоног төхөөрөмж, байр савнаас эхлээд хаягдсан асуудал их байна. Эрүүл мэндийн аль ч шатанд ард түмний хүсээд байдаг наад захын стандартууд нэгдсэн байдлаар огт хийгдээгүй байж. Богино хугацаанд шийдээд ажиллаж буй, шийдэхээр зүтгэж буй олон ажил энэ салбарт гарч ирлээ. Тогтолцооны гажуудлууд маш их гарч ирлээ. Өчигдөр бий болчихсон зовлонг өнөөдөр бид арилгах гэж байгаа юм биш,өнгөрсөн хэдэн арван жилд хэвшмэл болчихсон, ийм байх ёстой юм шиг, энэ буруу хандлагууддаа дасан зохицчихсон энэ салбарыг нэг жилийн дотор өөрчилнө гэдэг үнэхээр амаргүй байна. Гэхдээ богино хугацаанд зөв голдиролд оруулахын төлөө зүтгэж байна.

-Хөл хорио ид чангарч байх үед УОК-ын хурал дээр эмнэлгийн хэдэн дарга орж ирээд дээр доргүй хэрэлдээд, бараг Онцгой комиссын хурлыг үймүүлээд хаячихдаг гэсэн яриа сонсогддог байлаа. Энэ үнэн үү, тиймдээ хүртэл эх захгүй, зохион байгуулалтгүй болчихсон салбар байсан юм уу?

-Бодит үнэн байна. Ганц эмнэлгийн дарга нар ч биш, шат шатны удирдлагууд өөрсдөөсөө ажлыг бултуулж, хариуцлагыг өөрөөсөө зайлуулах гэдэг. Заавал нэг шалтаг олдог, хийхгүй байх аргаа эхлээд хайдаг, тэгж урт удаан хугацаанд явж ирсэн юм билээ. Энэ байдал цар тахлын энэ хүнд үед ажилд мөн ч их садаа болж байна. Тэр бүрийг нийгэмд яриад байх нь би өөрөөсөө хариуцлагыг бултуулж байгаа юм шиг болчих гээд. Хэлж ярихгүй болохоор ажил эзэнгүйддэг. Энэ нь УОК ажлаа хийхгүй байгаа юм шиг ойлгогддог. Шат шатандаа хариуцсан ажлаа гүйцэтгэл сайтай хийчихэд л болох асуудал. Ний нуугүй хэлэхэд хатуу хөл хориотой, онцгой байдлын хүнд үед ажлаа ор сураггүй хаяад явчихсан эмнэлгийн дарга нар байлаа. Дайны үеийн хуулиар бол эх орноосоо урвасанд тооцогдох асуудал биз дээ.

-Тийм хариуцлагагүй төрийн албан хаагчид ямар хариуцлага яригдах уу?

-УОК-т бүх яамдын сайд нар, агентлагийн дарга нар байдаг. Өөрсдийн салбар, хүлээсэн чиг үүргээ яс тас биелүүлэхийг шаардана. Тэгээд ч болдоггүй учраас газар дээр нь очиж ажиллана. Уг нь тэгэх шаардлагагүй юм л даа, шийдэх өөр олон асуудал байхад. УОК бодлогоо зөв гаргана, чиг үүргээ тодорхой болгоно. Яах гэж аймаг, нийслэл, сум дүүрэг гэж байгаа юм. Явж явж эцэстээ нэг салбарын мэргэжилтний үг УОК дээр орж ирж шийдвэр болж гарах гээд байдаг. Тэр дунд маш их юм орхигддог. Энэ бол манай төрийн бүх шатны байгууллагын гамшиг болсон асуудал. Энэ бүгдийг засахын тулд төрийн бүх шатанд хатуу хяналт тавьж ажиллаж байна. Ер нь бол ухамсраараа ажлыг сайн хийдэг хүн цөөхөн болсон байна.

-Энэ бүгд эцэстээ хариуцлагын асуудал, бүр хатуу хариуцлага тооцох асуудал. Ард түмэн бол ажлын үр дүн л төрөөс хүсч шаардаж байгаа?

-Төрийн ажил цаг алдалгүй урагшилж байх ёстой. Ажлын хариуцлага алдсан шат шатны нөхдүүдэд хариуцлага ярихаар тухайн асуудлыг хувийн байдлаар хүлээн авах хандлага их байна. Засгийн газар бодит шүүмжлэлийг хүлээж авна. Үнэнийг хэлэхэд УОК-ын дарга миний бие 2021 оны хоёрдугаар сард ажлаа авснаас хойш хорооны Засаг даргын ажилд хүртэл оролцлоо. Ингэхээс өөр арга аргагүй байсан. Ингэж ажиллах ёстой гээд зааж зааварлаад ширээн дээр нь суух үе байсныг ч нуугаад яах юм. ЭМЯ-ны бодлогоос эхлээд өрхийн эмнэлгийн түвшинд очиж хүртэл ажилд нь оролцлоо.

Иргэдэд өгөх эмнэлгийн үйлчилгээний зөвлөмж бичгийн хуудсыг хүртэл шинээр бичиж, бэлдэж өгөх хэмжээнд хүрлээ. Арай л эмчийн ажил гардаж хийсэнгүй. Хорооны хэсгийн ахлагч хийсэнгүй. Бусдаар бол бүгдийг хийлээ. Өөрийнхөө тухай энд ярьж байна гэж битгий ойлгоорой, аюултай нүүр тулсан энэ цагт төрийн ажил шат шатандаа ийм л байлаа. Нийтээрээ тийм байна гэж хэлэхгүй, сайн ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй байна. Ажилд сөргөөр нөлөөлөх чамгүй тооны хэсэг байна гэдгийг хэлж байгаа юм. Сэтгэл зүтгэл шингэсэн ажил гэдэг хаанаас нь ч харсан “үнэртэдэг, мэдрэгддэг”. Түүнийг л шаарддаг. Миний зүгээс нүдэн балай, чихэн дүлий, ажлыг хийсэн дүр эсгээд явах юм бол энэ улс орон чинь яаж урагшлах вэ.

Тийм болохоор өөрт хамаарах, хамаарахгүй бүх ажилд оролцож байна, гамшгийн энэ цаг үед УОК-ыг удирдаж байгаа миний бие үүнийг хэлэхгүй юм бол өөр хэн үүнийг ярих юм, тийм биз дээ.

-Энэ цаг үе цөвүүн, хүнд байна. Хэр баргын аавын хүү ам гараад зүтгэдэг төр ч биш байна. Гаргаж байгаа шийдвэр бүхэн хэцүү байгаа биз?

-Гамшигтай зэрэгцээд гадна дотны хүчин зүйл их нөлөөлсөн маш хүнд цаг үе. Ихэнх улс орон цар тахалтай нүүр тулж дотооддоо хүндрэлтэй байгаа энэ цаг үед Монголын асуудал хойш тавигдах тохиолдол байна. Энэ бүхэнтэй Монголоо төлөөлж нүүр тулж байгаа үе олон байна, өнөөдөр ч байсаар байна. Вакциныг олох гээд улс орон бүхэн амь тэмцэн зүтгэж байх үед “Юун танай улсад вакцин өгөх вэ” гэсэн үгийг гадаад ертөнцөөс сонсож явлаа.

Тийм үед юу бодогдох уу, ард түмэн маань итгэл найдвар тавин хүлээж байгаа. Бид ёстой бүх л аргаа хэрэглэж байж вакцинтай залгасан. Вакцин 14 хоног тасрахад яаж байлаа. Тэр 14 хоногт ганц цаг унтах эрх Засгийн газарт байгаагүй. Бидний үүрэх ёстой ачаа, үүрэг хариуцлага. Хамгийн гол нь гадаад харилцаа их сайнаар нөлөөлсөн. Зарим улс орнууд, Элчин сайдуудын амар заяаг үзүүлэхгүй бүх түвшинд өдөр шөнөгүй ажилласан. Ерөнхий сайдтай нь Ерөнхий сайд маань, Шадар сайдтай нь би түвшиндээ, за тэгээд бүх л газрын Элчин сайдууд маань, Гадаад хэргийн сайд нартай нь завсаргүй яриа хэлцэл хийсэн.

Ер нь боломжит бүх бололцоог дайчилж байж л вакцинтай залгаж байсан өдөр хоногууд. Үүний үр дүнд өнөөдөр уй гашуутай айл өрхүүдийн тоог арай цөөлсөн болов уу. Хагацал зовлонгийн дэргэд ингэж ярьж болохгүй, гэхдээ бид вакцинтай байгаа нь давуу тал шүү гэж хэлэх гээд байгаа ухаантай юм. Хэрэв вакцингүй байсан бол нас баралт өдөрт 140 хүрэх тийм эмзэглэм судалгаа гарч байлаа. Тухайн үед энэ тоог сонсоод толгой руугаа хүнд юмаар цохиулах шиг болж байлаа. Яах вэ? Яавал хохирол багатай даван гарах вэ? Иргэдээ олноор нь алдана гэдэг төрд үнэхээр хүнд гарз. Гэхдээ яалт ч үгүй цар тахлаар иргэдээ алдаж байна.

Хэрвээ вакцингүй байсан бол яг өнөөдрийн байдлаар 20-30 мянган иргэнээ алдчихсан байх тийм тооцоо байлаа. Бодит үнэн тийм л байсан. Вакцин онгоцны буудалд яг ирсэн үү, за яг онгоцонд ачсан уу, онгоц ниссэн үү, вакцин онгоцноос бууж байна уу… гээд байж суухаа олж ядан хүлээж зогссон мөчүүд бий.

Зовнил шаналал өнөөдөр ч дуусаагүй байна. Одоо л ил ярьж байна, тухайн үед гадна талд ярьсан тохирсноосоо буцаад тодорхойгүй байдалд орох, уйлах багадах үеүд байсан. Ард түмэндээ вакцин ирж байгаа гэсэн итгэл найдвар өгчихсөн, тэнд бүх зүйл эргэлзээтэй болчихсон тийм цаг үед юу эс бодогдох билээ, ийм л цаг үе дундуур монголчууд бид явж байна.

Шөнө дунд гэнэт л хүчил төрөгчгүй боллоо, эмнэлгийн машин хүрэлцэхээ болилоо, эмнэлгийн ажилтнууд дутагдалтай байна, тэнд хүн муудлаа, энд эм тариа тасарлаа … гэхэд очиж ажиллан асуудлыг хурдан шийдэхээс өөр арга байхгүй. Зарим үед огцом гэнэтийн шалгалт хийдэг. Гэнэдүүлэн шалгаж байж л байнгын бэлэн байдлыг хангуулна. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад утсаа авахгүй юм уу, бүр утсаа салгаад алга болчихсон хүн таарч байлаа. Гэхдээ харьцангуй өнөөдөр дээрдэж, өөрчлөгдөж, хэн нь хэн бэ, хэнд итгэж найдаж болох вэ гэдгээ гадарлахтай болж, аймаг орон нутгийн түвшинд асуудлаа шийдэх чадамжийг суулгаж байна. Өндөр хөгжилтэй улс орнууд ч биднээс ялгаагүй бүгд барьц алдсаар байна. Гэхдээ тэдэнтэй өөрсдийгөө адилтгаад яахав.

-Эрүүл мэндийн салбар маань өнөөдөр ч хүнд хэвээрээ л байна уу?

-Хүнд байлгүй яахав. Яг л нүүр тулан өдөр шөнөгүй ээлжлэн ажиллаж байгаа манай эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд энэ салбарынхан маань маш их ачаалалтай, сэтгэл зүйн асар их дарамттай, орчин нөхцөл сайнгүй зүтгэцгээж байна. Цалин хөлсний хувьд хийж байгаатайгаа харьцуулахад бага. Их бага хэмжээгээр цалин урамшууллыг шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Гэр бүл, үр хүүхдүүддээ ч цаг гаргаж чадахгүй цар тахалтай тэд маань тэмцэж байна. Дээр нь манай Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт гээд олон салбарынхан маань өдөр шөнөгүй ажиллаж байна. Хил гааль, зам тээвэр гээд цааш нь яривал хэрэгтэй цагт ямар ч болзолгүйгээр галын шугаман дээр бэлэн зогсож байдаг салбарынхан маань байна. Үнэндээ тэднийхээ хүчээр л явж байна. Тэдний маань авч байгаа цалин хөлс хэд билээ, ямар цаг үе билээ, шийдэх асуудал их байна. Ийм л зовлон, асуудал ярихаас өөр аргагүй байгааг та ойлгож байгаа биз дээ.

-Ойлгож байна аа, Тахлын цаг үе. Энэ бол дайн гэж олон улсад томьёолсон?

-Энэ бол дайн. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй хэрнээ бүрэн зэвсэглэсэн этгээдтэй л дайтаж байна. Хэзээ ч, хэнийг ч, хаанаас нь ч нэвт ширвэх вирус. Ийм л дайсантай хүн төрөлхтөн нүүр тулчихлаа. Бидний ажил хөдөлмөр, амжилт бүтээл, хэвийн амьдралд хор хохирол учруулсаар байна. Ахмадуудад маань энэ вирус хатуу тусч байна. Аав ээжээ алдсан нялх үрсийг анхаарахаас эхлээд асуудал их байна.

Монголын төр аль болох хохирол багатай даван туулахын төлөө боломжтой бүгдийг хийж байна. Төр ганцаараа зүтгээд байгаа юм бас биш, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хамтын зүтгэл маш их байгааг энд бас хэлэх ёстой. Миний хувьд ажлын байраа хадгалж, болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэж байгаа том жижиг бүх аж ахуйн эрхлэгчиддээ үнэхээр баярлаж байгаа. Та нар Монголын сайн сайхны төлөө, ирээдүйн төлөө чадах бүхнээ хийж байна. Монголын Засгийн газар та нарыгаа ойлгож, бахархаж байгаа шүү.

-Та бол дийлэнхдээ шийдвэр гаргаж байгаа байх. Үүн дээр таны баримталдаг зарчим юу байна?

-Шийдэх боломжтой, боломжгүй олон асуудал орж ирнэ. Гэхдээ хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд асар олон асуудлаас хамгийн чухал нь юу байна вэ гэдгийг бодолцдог. Зөвхөн өрөөнд оруулж ирсэн цаасан баримтыг голлох бус, асуудлыг их бага гэхгүйгээр хариуцсан хүмүүстэй нь нүүр тулж уулзах, газар дээр нь очиж танилцаж шийдэхийг зорьдог нь миний ажиллах зарчим. Ингэж ажиллаж байгаа үед миний хариуцсан ажлуудаас үр дүн шууд гардгийг шулуухан хэлье. Зарим ажил дээр бол яах аргагүй цаг хугацаа шаардсан, бусдын оролцооноос хамаарах, бүтэц тогтолцооны уялдаа холбоотой асуудлууд байдаг. Бүгд л улс орны хэмжээний шийдэх асуудлууд учраас ухрах няцах, хойш тавих асуудал огт байж болохгүй. Хуулиар эрх олгогдож, хариуцлагыг нь оноосон бол ажилдаа эзэн байхыг л төрийн бүх шатанд миний зүгээс шаарддаг. Төрийг төлөөлж, иргэдийн өмнө үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа бол ямар ч албан тушаалтан шалтаг, зовлон тоочдоггүй байх ёстой. Ажлаа эзэнгүйдүүлчихээд, эцэст нь бурууг бусад руу чихдэггүй байх ёстой.

-Танаас шалтгаалахгүй маш их ажлын цалгардал байсаар ирсэн нь цар тахлын үед илүү тодорхой харагдаж байх шиг?

-Дунд, доод шатанд шийдэгдэх боломжтой маш олон асуудлыг дээд түвшинд ярихаас өөр аргагүй болгож, цаг их үрдэг. Оролцож шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөлд хүргэдэг.Өнөөдрийн бодит зовлон энэ. Ажлын хариуцлага, ухамсар өчүүхэн ч байхгүй хүмүүс олон байна. Урт хугацааны системийн гажуудал, ажлыг аргацаагаад явж болдог гэдэг хувь хүний буруу хандлага байсаар байна шүү дээ. Том зургаар нь яривал монголчууд бид асар их өгөгдөлтэй хүмүүс шүү дээ. Зөв ашиглаж чадвал бидэнд боломж их бий. Монгол хүний оюун санаа, сэтгэлгээний цар хүрээ, амьдрах ухаан гээд. Гүйх ухаантай гэж манайхан ярьдаг даа. Зөв чиглүүлээд өгвөл юуг ч бүтээхээр. Монголд байхгүй ч юм алга. Дэлхийд үнэд орж байгаа бүх баялаг бидэнд байна. Эдгээр боломжуудаа зөв ашиглах, хөгжүүлэх, гэхдээ бас давхар байгалиа хамгаалах шинэ алхмуудыг манай Засгийн газар ямар ч байсан тавилаа.

-Энэ их ажлын хажуугаар тань руу элдэв гал ирэх ямар байдаг вэ. Эхнэр нь ингэлээ, хүүхэд нь тэглээ… гээд бичигдэх нь тээртэй байдаг уу. Ядаж шөнө гэртээ очиход эхнэр хүүхэд чинь тайван бус л угтдаг байлгүй?

-Асуудлаас асуудлын хооронд сунатлаа явсаар шөнө дөлөөр гэртээ орж байгаа надад хэн ийм зүйл яриад сууж байх юм. Халуун шөлийг маань аягалж өгөөд ганц цаг ч болтугай амраах тухай асуудал миний гэр бүлийн зүгээс ирнэ үү гэхээс тийм юм яриад сууж байх уу. Энэ цаг үед бидний хүлээсэн үүрэг хариуцлага онцгой их байна. Үүнийгээ л ухамсарлах хэрэгтэй. Амарсайханы асуудал бол Монгол Улсын Шадар сайдын 100 дахь асуудал шүү дээ. Бусад жижиг асуудалд бол чихгүй юм шиг ханддаг даа.

Мэдээлэл хаа сайгүй чөлөөтэй урсаж байдаг ардчилсан нийгэмд энэ бол байх л асуудал. Зөвийг огт буруу болгож, бурууг туйлын зөв юм шиг харагдуулж чаддаг нийгэмд ямар сувгаар мэдээллийг хүлээн авч, хэнийг, хэрхэн дүгнэх нь тухайн хүний өөрийнх нь сонголтын хэрэг. Тэгэхээр ийм зүйлд эмзэглэх нь утгагүй. Явж явж цаг хугацааны шалгуур харуулна. Төрийн ажилд би хоёргүй сэтгэлээр ханддаг.Багаасаа хөдөлмөрийн амтыг мэдэрч, тодорхой цаг хугацаанд аж ахуй бизнес эрхэлж, унаж босож ч үзлээ. Одоо байгаа цаг үедээ улс орондоо, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийчих юмсан гэж зорьж явна.

– Монголчууд бид өнөөдөр үнэхээр хүнд бэрх рүүгээ, дутах гачих зүйл рүүгээ явж байна уу. Эсвэл бид тартагтаа тулах болоогүй гэж та хэлэх үү. Та үүнд хариулах үүрэгтэй хүн гэж бодож байна?

-Энэ талаар бодолгүй яахав дээ. Энэ бүхэн удаан битгий үргэлжлээсэй гэсэн туйлын хүсэл нэгдүгээрт байна. Үргэлжлүүлэхгүй байхын төлөө нөөц боломжоо дайчлан ажиллах үүрэг хариуцлага надад, бас бидэнд байна. Буянт малынхаа ачаар монголчууд бид ямартаа ч өлсөж үхэхээргүй ард түмэн. Энэ тал дээр их том хувь заяатай хүмүүс. Цар тахлын үед дэлхий нийтээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, тээвэр ложистикийн саатал бий болж байна.Манайд ч мөн ялгаагүй, бензин шатахуун, эм тариа гээд гаднаас зайлшгүй авдаг цөөнгүй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн саатаж байна. Та бид хоёр илэн далангүй ярилцаж байгаа учраас шууд хэлэх нь зөв байх.Ер нь бол бидний хямрал хоёр хөршөөс их хамааралтай. Энэ хоёр гүрэнд асуудал хэр их өрнөх вэ гэдгээс шууд шалтгаална. Яг хажууд байгаа 1,5 тэрбум хүн дотор асуудал хүндрээд, дотоодын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй бол юун Монгол руу нийлүүлэх байтугай юм болно. Үүнийг өнөөдөр үгүйсгэх хэн ч байхгүй. Тийм л цаг үе байна. Гэхдээ тийм зүйл бүү тохиолдоосой л гэж хүсэх байна.

-Монголчууд дотроо болно, гол нь хоёр хөршөө л амгалан тайван, асуудалгүй байгаасай гэж хүсэх ёстой гэж үү?

-Хоёр хөрш дотроо асуудалгүй байж гэмээнэ бид аятайхан байна. Товчхондоо энэ.

-Наад үгийг чинь тэр бүр улстөрчдийн амнаас сонсож байгаагүй юм байна?

-Бодит үнэн энэ юм. Бидний үндсэн хоол хүнс дотооддоо байна. Мал мах, сүү тараг нь байна. Гурилаа өөрсдөө үйлдвэрлэж, төмс, луувангаа тарьчихаж байна. Ганцхан бид илүү их хөдөлмөрлөх, илүү хичээх, байхгүйгээ байлгадаг болгохын төлөө одооноос хийж эхлэх ёстой. Жишээ нь, бид наад зах нь эрчим хүчний хараат байдлаас гарах. Ингэхийн тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа сая эхлүүллээ. Оюу толгойн станцаа эхлүүлж байна. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцаа өөд нь татаж байна. Гадагшаа орж гарах үүд хаалгаа нэмэгдүүлж сайжруулах, төмөр зам, авто зам гээд үндсэн бүтцүүдээ нэмэх, сайжруулах, гаднаас хамаардаг газрын тосны үйлдвэр зэрэг бусад томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, өгөөжийг нь хүртэх чухал. Ний нуугүй хэлэхэд, айхавтар өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангана гэж цээжээ дэлдэх юм байхгүй. Гэхдээ зогслоо, тасарлаа гэхэд аюул гамшгийн нөхцөлд ганц хоёр сарыг дажгүй даваад гарчихдаг нөөцөө бүрдүүлчихдэг шатах тослох хэрэгслээ үйлдвэрлэчихдэг баймаар байна. Энэ бүгдийн төлөө Засгийн газар ажиллаж байна.

-Маргааш хэрхэхийг хэлж мэдэхгүй, байдал яаж ч эргэж мэдэх тийм л цаг үе юм даа?

-Яг л тийм. Учраа олохоо байчихсан улс орнууд энэ дэлхий дээр нэмэгдэж байна. Сая гэхэд Австри улс 12 наснаас дээш вакцинд хамрагдаагүй бүх иргэдээ хөл хорионд

оруулчихлаа. Америк гэхэд III тундаа хамрагдаагүй бүх хүнийг олон нийтийн газраар явах, гарах ороход нь хязгаар тавьчихлаа. Эрх чөлөөг хамгийн ихээр дээдэлдэг нөгөө улс орнууд чинь эрх чөлөөг хамгийн ихээр хумьж байна. Гаргасан шийдвэрүүд хэзээ ч, яаж ч өөрчлөгдөж мэдэхээр байна. Энэ нь зарим талаар тогтворгүй, шийдвэргүй, шийдлээ олохгүй байгаа юм шиг харагдуулж байна.

Ер нь бол хөгжиж байгаа манайх шиг улс орнуудын хүн амын дөнгөж 3,7 хувь нь л нэгдүгээр тунтай байна. Тэдгээр улс орнуудын ирээдүй одоо яах юм бүү мэд. За тэр Африкийн орнууд болоод зарим улс орны хувьд ярих ч юм байхгүй. Вакцины талаар сураг ч байхгүй байгаа. Гэтэл монголчууд бид гурав дахь тунгаа хийлгээч гээд гуйгаад аргаа барж байна. Нийт ард иргэдийн амь насны аюулгүй байдал яригдаж байхад энд хувь хүний эрх чөлөөний асуудал хэддүгээрт байх ёстой юм. Шинжлэх ухаанаар хийгдсэн вакцин шүү дээ. Дэлхийд өнөөдөр эрэл сурал болсоор л байгаа вакцин шүү дээ. Бид хүүхдүүддээ томуугийн вакцин хийлгэхдээ хаана, хэзээ үйлдвэрлэснийг асуудаг билүү. Яг л ижил түвшинд хийгдсэн вакцинаас болгоомжлоод яах юм. Бид судалгааг маш сайн хийж байна. Манай эрдэмтэн судлаачид чинь үнэхээр мундаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тэндээ ажилладаг, бүх салбарын эрсдэлийн тооцоог хийгээд сурчихсан эрдэмтэд байна. Тэдний тооцооллоор өнгөрсөн хоёрдугаар сараас хойших тархалт, бууралт яг л таарч байна. Ирэх зургадугаар сард яг ийм дүн гарна гээд гурван сард гаргасан тооцоолол 90 хувьтай таарч байна. Өнөөдрийн нөхцөл байдал, тохиолдлын тоонууд бас л 90 хувьтай таарч байна. Тийм учраас УОК эрдэмтдийнхээ гаргасан тооцоо судалгаа, харьцуулалтад үндэслэж хөл хорио тавих эсэх гээд шийдвэрүүдээ гаргаж байгаа.

-Цаашид цар тахлын нөхцөл байдал хэрхэх судалгаа байна. Баталгаа хэлэх боломж байна уу?

-Хэлэх боломж байхгүй. Илүү хүндрэхийг ч үгүйсгэхгүй. Илүү хор хөнөөлтэй хувилбар гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Одоогоор Европын орнуудад дельта плас хувилбар эрчимтэй тархаж эхлээд байна. Тийм болохоор бид тайвширч болохгүй. Гэхдээ хэзээ дуусах нь тодорхойгүй асуудал дээр бид зөвхөн хөл хорио тогтоох тухай яриад сууж таарахгүй. Дасан зохицож, давж сөрж явна. УОК хуралдаж байна гэхээр л нийтээрээ чагнаад, түгшээд суучихдаг. Таван удаагийн хөл хорионд хоёр өвөл дамжаад суучихсан ард түмнийг энэ зун хөдөөдөө дураараа яваг гэсэн шийдвэр гаргасан. Үүнийгээ буруу гэж бодохгүй байгаа. Өнөөдөр зарим улс орнууд яг манай араас, манай туршлагаар явж байгаа нь ч бий. Бусад улс оронтой харьцуулахад тэднээс лавтай зургаан сараар түрүүлж асуудлаа шийдээд, зөв арга барилаар явж байна. Өнөөдөр бид бусадтай харьцуулж л тахлын нөхцөл байдал, ажиллаж байгаа арга барилдаа дүгнэлт хийж байна.

-Тодорхой хариулт байна. Ингэхэд Хятад улс өвлийн олимп хүртэл хилээ нээхгүй нь тодорхой биз?

-Нээхгүй байх магадлал өндөр байна. Өвлийн олимпоос хойш яах вэ гэдэг ч бас тодорхойгүй.

-Бас хатуу хөл хорио цаашид хэрхэхийг иргэд сонирхож байгаа?

-Одоо энд шууд хэлэх хэцүү. Аль болох хатуу хөл хорионоос татгалзаж, эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бодлогыг манай Засгийн газар баримталж ирсэн. Эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, нөхцөл байдал бүр хүндрээд ирвэл хөдөлгөөн хязгаарлах гэх мэт арга хэмжээнүүдийг авч л таарна. Төрийн зүгээс ард түмнийхээ амь нас,эрүүл мэндийг хамгаалахын төлөө хамгийн боломжтой гэсэн арга хэмжээнүүдийг авна. Ер нь энэ цаг үед монголчууд нийтээрээ нэгдмэл санаа зорилготой байвал аливаа бэрхшээлийг богино хугацаанд даван туулна. Эцсийн дүндээ монголчууд амар тайван амьдралдаа хурдан орох л хамгийн чухал асуудал шүү дээ.

-Өнөөдөр монголчуудын ярьж байгаа нэг том сэдэв бол бид хойд, урд хоёр хөрш хаалттай байгаа явдал. Нийгмийн сэтгэл зүй бол замбараагүй, хийрхүү, хоёуланг нь зүхээд сууж байна. Та төрийн хүний хувьд хоёр хөрштэйгөө яг ямар байх тухай бодлоо хэлээч?

-Манай гурван улсын хувьд том жижиг нь хамаагүй, гурвуулаа тусгаар тогтносон бүрэн эрхтэй улсууд. Бид хоёр хөршөө үгүйсгэсэн хандлагатай байж болохгүй. Аливаа улс орнууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, харилцан үр ашигтай хамтран ажилладаг тэр л зарчмаар бид явдаг. Монголын дотоодын эрх ашиг, үнэт зүйл гэж байна. Манай баримталдаг гадаад бодлогын чиг шугам гэж байна. Тэр шугамыг хоёр хөрш маань хүндэтгэж, давж гишгэж болохгүй. Тэр шугам бол улсын тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал. Хоёр хөрштэйгөө бид харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Хүн амын тоо, зах зээл, эдийн засгийн үр ашигтай худалдаа гээд дэлхийн зах зээл энэ хоёр улс руу тэмүүлж байхад бид зугтах ёсгүй. Дэлхийн хүн амын 27 хувь нь манайтай хил залгаа амьдарцгааж байна. Энэ бол бидний давуу тал. Үүнийгээ чухам хэрхэн ашиглах гэдэг дээр монгол төрийн гадаад бодлого онцгой чухал үүрэгтэй.

-Хувь сэтгүүлчийн хардлага юм даа, гадны сөрөг нөлөө ийм цаг үед манайд байна уу?

-Энэ цар тахал, өвчин зовлонгоор далимдуулаад дотоодод нь эмх замбараагүй байлгах, төр засгийг нь тогтворгүй байлгах, иргэдийг нь дотор нь талцуулах, аль болох л урагшлуулж хөгжүүлэхгүй байлгах гадна дотны ашиг сонирхлууд байгааг үгүйсгэх арга алга. Ийм үед бид хэрсүү, дотооддоо эв нэгдэлтэй байх ёстой. Түүхээсээ харж байхад монголчууд бидэнд бэлээхэн санаж сэрэх гашуун сургамжууд ч бий, үлгэрлэж явмаар сайн түүхүүд ч байна. Энэ цаг үеийг бид эв нэгдлээр, хоёрдугаарт харилцан ойлголцол итгэлцэл, хамтын нэгдмэл үйл ажиллагаагаар туулна. Цөөн хүн амтай улсын зовлон мундахгүй.

-Гадаад худалдааны хувьд манай улс хойд хөршдөө бараг хаалттай, хоригт шахуу байдаг шүү дээ?

-Гадаад худалдааны хувьд хойд хөршдөө манайх 95 хувийн алдагдалтай байна. Ер нь тэгээд манайд үйлдвэрлээд хойш нь нийлүүлээд байдаг зүйл ч бас хомс юм. Нийлүүллээ гэхэд хэмжээ бага. Бид зөвхөн Орост бараа бүтээгдэхүүнээ гаргах, татвар, хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал ярих биш, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай бүгдтэй нь ярьж, хэлэлцээр хийж, зөвшилцөж байж худалдааны асуудлуудаа шийдэх нөхцөл байдалд орсон. Зөв талаас нь харвал нэг л зөв шийдэж чадвал Орос, Киргиз… гээд олон зах зээлд бид гарч ирэх боломж нээгдлээ гэсэн үг. Энэ бол том боломж. Аль нэг улстай нь ганцаарчилж уулзаад асуудлыг шийдчихнэ, тохиролцоно гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр Евроазийн холбоонд элсэх нь манайд хэр ашигтай юм, урт, дунд хугацаандаа ашигтай байж чадах уу, өнөөдрийн сул тал ирээдүйд эерэг болох тал байна уу гэхчлэн тооцох олон асуудал бий. Үүн дээр ажлын хэсэг гараад судалгаа хийгээд явж байна. Одоогийн судалгаагаар бол манайд алдагдалтай байгаа. Гэхдээ өнөөдрийн алдагдлыг хараад бид хойшоо суух уу, ирээдүйгээ тооцож харах уу гэсэн хоёр зүйлийн зааг дээр байна. Хүссэн хүсээгүй бид бүс нутгийн орнуудтай харилцан хамтын ажиллагаагаа ямар нэгэн байдлаар зайлшгүй идэвхжүүлэх шаардлагатай.

-Өнөөдрийн тухайд манай улсын ганц гарц болсон Замын-Үүд-Эрээний хаалга үүд яг ямар байна вэ?

-Яг өнөөдрийн хувьд хаалттай хэвээрээ байна. Төмөр замын ач холбогдол өнөөдөр айхавтар хурц мэдрэгдэж байна. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүн хуваарийн дагуу хийгдэж байгаа. Гэхдээ автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөн бүрэн хаагдсан. Эрээнд халдвар ойрын өдрүүдэд гараагүй гэсэн сайн мэдээ бий. Хоёр тал яриа хэлэлцээрийн шинэ хувилбар гаргаж байгаа.

-Таны ажил үүрэгт шууд хамааралтай “Чөлөөт бүс”-ийн асуудал энд чухлаар тавигдах ёстой доо?

-Бидний нөгөө л сул тал чинь ингэж гарч ирээд байгаа юм. Замын-Үүд хаахаар эм тариа тасарчих жишээтэй. Хүнсний нарийн ногоо тасарч байна. Цар тахлын өмнө Замын-Үүдийн чөлөөт бүсийг ашиглалтад оруулчихсан, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсээ ажилд оруулаад жигдрүүлчихсэн байсан бол өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдал үүсэхгүй байсан.

-Өнөөдөр тэгээд Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажил ямар явцтай байна вэ?

-Засгийн газраас чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх дээр онцгой ач холбогдол өгч байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийн хувьд гэхэд долоон жил ажилгүй хэвтсэн дулааны станцаа сая тохируулгыг хийж ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар чөлөөт бүсийн 300 га газарт дэд бүтэц нь хийгдчихсэн. Намар Засгийн газрын хуралдаанаар 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэж эрчим хүчний дэд станц нь барих ажил хийгдсэн. Ирэх хавар гэхэд бүх цахилгаан, дулаанаас эхлээд эрчим хүчний эх үүсвэрүүд бэлэн болно. Дараагийн шатанд үлдсэн газруудад нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтцийн ажлууд нь хийгдээд явна. Тэнд бэлтгэл ажлууд эрчимтэй хийгдэж байгаа шүү. Хажууд нь Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна. Зорчигч тээврийг гурав дахин, ачаа эргэлтийг дөрөв дахин нэмэгдүүлэх. Ингээд боомтын шинэ өргөтгөл, Чөлөөт бүс хоёр уялдаж хамтран ажлаа явуулаад Чөлөөт бүс рүү оруулах хөрөнгө оруулалтуудыг бүх талаар дэмжээд өгнө. Гадна дотны хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр экспортлох боломжтой үйлдвэрлэлүүдээ явуулна. Хамгийн гол нь Замын-Үүд нь манай эдийн засгийн хөгжлийн гол үүд хаалга учраас Ази-Европыг холбосон эдийн засгийн кордиорын урд хаалга нь яах аргагүй Замын-Үүд болох юм. Товчхон хэлэхэд, Замын-Үүдийн чөлөөт бүс түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болоход их ойрхон, босгон дээрээ ирээд байна. Ирэх хавар гэхэд аж ахуйн нэгж байгууллагууд тэнд хөрөнгө оруулалтуудаа хийгээд эхэлнэ. Ирэх хавар тэнд бужигнах нь тодорхой. Олон жил хоосон яриад ард түмний итгэл алдарчихсан байсан. Түүнийхээ горыг бид өнөөдөр тахлын үед амсаж байна. Чөлөөт бүс ашиглалтад орчихсон байсан бол жишээ нь Тяньжин, Эрээнд тийм их ачаа овоорч бөөгнөрөхгүй, чөлөөт бүсдээ шууд ороод ирэх, тэндээсээ бид зохицуулалтаа хийгээд татаж аваад байх дотоодын асуудал болох байлаа. Гэхдээ өнөөдөр энэ бүх ажлыг урагшлуулахын төлөө нэг санаа, нэгдмэл зорилготойгоор Засгийн газар ажиллаж чадаж байна.Чөлөөт бүсийн ажлын явц дээр энэ нь харагдаж байна. Энэ цаг хугацаа бидний хувьд алдах эрхгүй юм. Өнгөрсөн хугацааны алдаа, орхигдсон хаягдсанаа нөхөж ажиллахын төлөө манай Засгийн газар бүх салбарт зогсолтгүй ажиллаж байна. Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, мэдээлэл технологи, гадаад харилцаа, ялангуяа гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүндийг өсгөх, итгэл бий болгох гээд ажиллаж байна.

-Өнөөдрийн төрд нэг онцлог бий. МАН-д ард түмэн дүүрэн итгэл өгч сонгосон. Ямар ч гоншигнол байх ёсгүй. Улс төрийн ямар ч саад байхгүй учраас ганцхан ажиллах л ёстой, үр дүн гаргах л ёстой, тийм үү?

-Яг үнэн. Ямар нэг шалтаг шалтгаан тоочихгүйгээр улс орны ажил урагшилж, үр дүн нь гарах ёстой. Аль ч шатандаа илүү бүтээлч, илүү ажил хэрэгч, маш хурдтай, товчхондоо гүйцэтгэл өндөртэй л ажиллах үүрэгтэй. Манай Засгийн газар бүх салбарыг гадаад дотоод нөхцөлтэйгөө уялдуулж бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн шалтгаан тэр юм. Одоогийн байдлаар Эдийн засгийн сэргэлтийн хуулийг боловсруулаад, бодлоготойгоо уяад явж байна. Зарим нэг төрийн тээг тушаа, хүнд суртлуудыг авч хаях, лиценз зөвшөөрлөөс эхлээд цөөлөх, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог хангах нь маш чухал. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд, аж ахуйн нэгжүүд маань л энэ улс орны эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа. Тийм учраас энэ байгууллагуудынхаа оролцоог хангах хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайн бүрдүүлэх ёстой. Тэдэнд эрх зүйн орчин талаасаа эрх чөлөөг нь илүү нээж өгье гэсэн бодлого баримталж байгаа.

-Та бол өнөөдөр гүйцэтгэх засаглалын хоёр дахь албан тушаалд байна. Хууль тогтоох засаглалд бас байна. Өндөр эрэмбэний карьер. Энэ хүртэл таныг юу авч явж байна?

-Надад нэг зүйл үе үе сүрхий бодогддог. Манай улс ямар их зовлон бэрхшээл туулж, гадна дотны хавчлага, дарамтыг сөрж, цус нулимсан дундуур туучин гарч өнөөдрийн энэ цаг үед хүрч ирэв ээ гэж. Монгол Улсын Ерөнхий сайд нарыг өөр улсад аваачин буудан хороож байсан, тамлан зовоож байсан цаг үе бол яс янгинамаар түүх. Ийм их үнэ цэнээр ирсэн Монгол Улсынхаа төлөө, монгол төрд би хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой биз дээ.

Цар тахлын энэ хүнд цаг үед ч Ерөнхий сайд маань ачааны хүндийг үүрч, болохгүйг болгохын төлөө бүхий л боломжийг дайчлан ажиллаж байна. Монгол төрийн өндөр сэнтий гэдэг басчиг хүмүүсийн бодож байгаа шиг амар хялбар зүйл биш, хувиа хичээгсдийн залардаг газар ч биш. Намсхийтэл ачааны хүндийг үүрүүлж, үүрэг хариуцлагыг утгаар нь мэдрүүлдэг.

Шөнө гэр рүүгээ явж байхдаа “Алив зогс доо, энд юу болчихов” гээд машинаасаа буугаад очих зүйлүүд байдаг. Өөрт хамаагүй зүйлд ч өөрийгөө зовоох тийм сэтгэл зүй, ёс суртахууныг төр бидэнд суулгаж байна. Хөндлөнгийн хүчин зүйл ч их байна. Зөв зүйлийн төлөө зүтгэхийн хэрээр түүнээсээ мянга дахин ихээр хараалгаж зүхүүлж байгаа хүмүүс энэ төрд олон байна. Төр гэдэг эрхэм зүйлийн нэр хүнд нийгэмд тэгж их унасан байна. Тодорхой цаг хугацаанд буруу ажиллаж байсан хүмүүсийн балаг. Улс орон, ард түмнээ бодохгүй хувийн эрх ашгаар ажиллаж байсан сүүдэр нь өнөө хэр арилахгүй, төрийг тэр чигээр нь харлуулсан хэвээр байна. Эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй цар тахлын үед энэ нь их сөргөөр нөлөөлж байна.

Миний хувьд эх орныхоо төлөө гэсэн итгэл үнэмшил, зарчим, үзэл санаа, үнэт зүйл минь нэн түрүүнд байна. Бизнесийн салбарт олон жил ажилласан туршлага, нөгөөтэйгүүр хот, нийслэлийг удирдаж явсан төрийн ажлын арга барил, хамгийн гол нь зөв зүйлийн төлөө нэгэн зүгт харж ажиллаж ирсэн нөхдийн маань итгэл сэтгэл өдий хүрэхэд нөлөөлсөн болов уу.

-Өнөөдрийн бас нэг том сэдэв бол улсын төсөв сая батлагдлаа. Шүүмжлэл их дагуулж байна. Төсвийн үзэл санаа, бодлого зорилт юунд чиглэв. Урьд байгаагүй аварга том төсөв батлагдлаа?

-Төсөв ачаагаа даана. Мэдээж амаргүй. Эрдэс баялгийн экспортоос их зүйл шалтгаална. Нүүрс, алт, зэс дээрээ л найдлага тавьж байгаа. Төсөв дээр нэг том зорилго тавьж, зорилгынхоо төлөө цаг минут бүрийг алдалгүй ашиглаж зүтгэх ёстой юм. Ийм цаг үед болохгүй бүтэхгүйн тухай ярьж, төсвөө улам агшааж яагаад ч болохгүй. Эдийн засгаа улам тэлж байж бид хүндрэлийг давна. Хөрөнгө оруулалтаа улам нэмж тэсч гардаг зах зээлийн зарчим, бичигдээгүй хууль байна.

Тэгээд төсөв дээр энэ Засгийн газраас баримталж байгаа ахисан түвшний зорилго юу байна даа?

-Агуулгаараа хамгийн том зорилго бол одоо энэ Хил, Гаалийн орц гарцын асуудал. Орлого олж байгаа эрдэс баялгаа ямар ч саад бөглөөгүй гаргадаг байхыг нэн тэргүүнд шийдье гэсэн. Тийм учраас бид төмөр замаа урд хөрштэйгөө холбоход ач холбогдол их өгч байна. Урд хөрш рүү гарч байгаа бараа таваарын экспортын хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Ганц Замын-Үүд, Гашуун сухайт биш. Ашиглаж болох 29 боомтоо бүгдийг дахин шүүнэ. Олон чиглэлээр гадагш гарах ёстой. Гарцыг нэмэх хамгийн чухал. Өнөөдөр Эрээн хаагдлаа гэхэд тэр дороо маргааш нь Гашуунсухайтаар бүх ачаа бараа орж гарч байх ёстой. Энэ хоёр хаагдлаа гэхэд цаана гурван боомт хэвийн ажиллаж байх ёстой. Дор хаяж 10 боомт зэрэг ажиллаж байхаар хүчин чадлаа нэмэгдүүлэхэд төсвөөс их анхаарна. Хамгийн их ашиг орлого өгч байгаа, эдийн засгийн эх үүсвэрүүддээ төсвөөс эхлээд онцгой анхаарна. Том уул уурхайгаа холбосон төмөр замуудаа Гашуунсухайт, Ханги, Бичигт, Хөөт… гээд цаашлах юм бол баруун тийшээ Арц, Суурь гээд төмөр замын бүтцийн үндсэн суурь, дэд бүтэц, авто замуудаа ажилд оруулъя. Ингэхгүйгээр бид мянга хүсээд эрдэс баялгаа тээвэрлэдэг шугам, зам, гардаг үүд хаалга нь өчүүхэн жижиг байгаа учир өсч дэвжихгүй байна. Монголд асар том нөөц, боломж байгаад байдаг, ачаад гаргах гэтэл хил гааль гэж ундааны шилний хүзүү шиг нарийхан гарцан дээр овоорчихдог байж болохгүй. Энэ жилийн төсөв энэхүү хоёр зүйл дээр онцгой анхаарч байгаа. Гуравдугаарт, мэдээж төсвийн реформоо хийнэ. Халамжийн бус илүү эдийн засгийн бүтээмжид суурилсан тогтолцоо руу шилжинэ. Хөдөлмөрлөж үр шимийг нь хүрт гэсэн зарчим руугаа явна.

-Эрх баригч намын зовлон одоо эхэлж байна уу, үгүй юү. Дотроо хоёр хуваагдаад эхэлсэн үү. Миний хувьд нийгмээс сонссон зүйлээ асууж байна?

-Зовлон үүсч байгаа юм шиг, тогтворгүйтэж байгаа юм шиг харагдуулах улс төрийн сонирхлууд байгаа байх. Нэг нам бүх шатанд эрх барьж байна. Гэхдээ төрийн алба хязгаартай учраас ихэнх нь улс төрөө гудамжнаас хийж байна. Мэдээж бүх хүн албан тушаал хашихгүй. Тийм болохоор зориудын ойлголцохгүй байгаа мэт турхиралт ажиглагдаж байна. Нам дотор ажил төрөл, үзэл бодлын зөрүүтэй байгаа цөөнх байлгүй яахав дээ. Ганцхан л юм бий, манай нам дотроо зовлонтой байх эрх байхгүй. Ард түмэндээ амгалан сайхан амьдрал авчирна гэж бид амлалт өгч олонх болсон. Бидэнд урдах ажлаа хийх, улс орноо өөд нь татах л үлдсэн. Бид маш их төвлөрч ажиллах ёстой.

-Танай намын зүгээс хийж байгаа томилгоо нэгэн үе хэрээс хэтэрсэн дээ. Эхнэр нь Их хурлын гишүүн бол нөхөр нь гадаадад консул, хүү нь агентлагийн дарга, хүргэн нь төрийн өмчит компанийн захирал гээд… Жишээ нь, таны ямар хамаатнууд төрд алба хашиж байна?

-Төрт ёс алдагдаж, ах дүү хамаатан садан ураг садны төр болсон үе бий. Хүн бүрийн нүдэн дээр ил байгаа асуудал. Увайгүй, зарчимгүй асуудал. Өнөөдөр Намын дарга, Ерөнхий сайд, намын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс үүнд хатуу байр сууринаас хандаж байна. Шууд таслан зогсоо, төрийн албанаас холдуул, чаддаг боловсон хүчнүүдийг нь төрд зүтгүүл, тэрбүү хэл улс төрийн шийдвэр хоёрдугаар асуудал шүү гэсэн шаардлагыг Ерөнхий сайдын зүгээс бидэнд тавьж байгаа. Тийм болохоор таны асуусан наад асуудал чинь эмх цэгц, эрэмбэ дараа, хууль журмынхаа дагуу зөв голдиролдоо орж байгаа. Нам дээр ч энэ талаар хурц яригдаж байгаа.

-Сүүлийн асуулт. Ковид гэсээр малын халдварт өвчнөө манайх тавьж туучихсан юм биш биз. Энд тэнд малын халдварт өвчин, хорио цээр их яригдах боллоо?

-Шүлхий, арьс товруутах зэрэг малын халдварт өвчин гарч байна. Засгийн газраас вакцин болоод шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг цаг алдалгүй бүрэн шийдэж ажил ид өрнөж байна. Үнэндээ энэ бол хамгийн чухал асуудал шүү. Бидний өдөр тутмын хүнс учраас. УОК-ын анхаарлын төвд байгаа, анхаарлын төвөөс гаргахаар л асуудал шийдэгдчихсэн юм шиг болдог. Тийм практик бидэнд байгаа учраас тусгай Ажлын хэсэг гараад цаг алдалгүй ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сайдууд солигдож, Засгийн газар “давхар дээл”-тэй болох нь тодорхой юм байна

Л.Оюун-Эрдэнийн кабинетаас зарим сайд солигдож, Их хурлын гишүүдээс сайд томилогдох нь тодорхой юм байна. Яг хэдийд вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Шинэ он гарах болов уу… Одоогоор намдаа, намын даргадаа нөлөөгөө алдаагүй байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд сайд нар нь УИХ дотроос байх нь зөв юм байна гэдэг дээр ганхахгүй байр суурьтай байгаа. Түүний бодлого, үг бол өнөөдөртөө бараг эцсийн шийдвэр хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан “Ер нь бол өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааг харж байхад сайдуудын дийлэнх нь парламент дотроос байх нь зөв байна. Ажил илүү хурдан урагшлах, асуудал шийдвэрлэгдэх талаасаа гүйцэтгэх засаглалд хууль тогтоогчдоос байх нь дээр. Парламентын гадна байгаа сайдууд өнөөдөр чуулганы танхим руу орохоос халагладаг болжээ. Учир нь гишүүд тэднийг ямар нэг байдлаар гоочилж, өөрсдийнх нь асуудлыг шийдэхгүй бол салбартай холбоотой асуудлыг нь, салбарынх нь хуулийг царцаах зэрэг амаргүй байдал үүсгэх боллоо. Яаж ч болохгүй байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогддог учраас гүйцэтгэх засаглалд бас төлөөлөх нь хууль эрх зүйн хувьд боломжгүй зүйл биш юм” гэжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар “давхар дээл”-тэй байх байр суурийн тодорхой илэрхийлэл. Ер нь бол Ерөнхийлөгчийн бодлогоор бүх зүйл явах боломжтой. Учир нь энэ парламентын гишүүд 100 хувь багцлагдсан, У.Хүрэлсүхийн дэмжлэг, түүний шууд нөлөө, түүнд нээнтэггүйгээр сонгогдсон нэг ч гишүүн байхгүй. Шулуухан хэлэхэд, түүний өмнө ёсолж нэр дэвших эрхээ аваагүй УИХ-ын гишүүн байхгүй. Тийм учраас одоохондоо Ерөнхийлөгчөөс зөрж солиорох дурак байхгүй нь тодорхой. Сайдуудаас сугалах, өөрчлөлт оруулах процесс дээр заавал түүнээс үг авна. Хөндлөн дуугарах л юм бол алуулна.

“Давхар дээл”-тэй байх хоёр дахь том хүчин зүйл бол УИХ-ын гишүүд бараг тэр чигээрээ үүнийг дэмжиж байна. Ил тод илэрхийлэх хүн байхгүйгээс бус хаалганы цаана бүгд үүнийг хэлэлцэж байна. Шалтгаан нь тодорхой, ихэнхэд нь сайдын суудал ойрхон харагдаж байгаа. Үүнийг нийгэмд “дараагийн ээлжийнхэн хоолондоо орох” нь гэж ярьдаг. Юу гэж хэлэх нь тэдэнд хамаагүй, УИХ-ын гишүүний суудлаа сайдын суудалтай зэрэгцүүлэх нь чухал. Гэхдээ хуульд өөрчлөлт орж, сайд болцгоотлоо гишүүд тэвчээртэй, даруухан байх хэрэгтэй. Тэр жил Ж.Мөнхбат гишүүн маань төв талбай дээр “Давхар дээлээ тайлж хая” хэмээн сүрт жагсаал хийж, чихмэл шатааж, УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүн давхар байхын эсрэг цогтой тэмцсэн. Тэгсэн нэг жилийн дараа манай хүн УИХ-ын гишүүн болонгуутаа давхар Засгийн газрын гишүүнээр ажилласан нь өөрийгөө хүнд байдалд оруулсан юм. Ийм юм болов, намбатай, муу санаатай байхыг энэ гишүүдэд хэлэх байна. Улс төрийн маргаашийг хэлж мэдэхгүй. Хэн нь, юу ч болж магадгүй цаг үе. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн дарга байсан Ж.Эрдэнэбат гэж залуу нэг өглөө Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан хорвоо шүү дээ. Тэр Дамбий… хэн билээ байнгын хорооны дарга, задгай сайхан залуу чинь. Жишээ нь, тэр нөхөр сайд болж яагаад болохгүй гэж. Нөхрийг онцлоод байгаагийн учир нь яг л ийм гишүүнийг дундуураа гүйлгэдэг байхгүй юу, цаадуул чинь. Том ах нарынхаа үгнээс зөрөхгүй “шаадаг” учраас тэр. Гэх мэтчлэн сайдын суудал тун ойрхон гишүүд нэлээн байна. Өнөрболор гэдэг гишүүн хэн ч биш байхдаа БХБ-ын сайдын суудалд очоод буцаж байсан үе бий. Жишээ нь, энэ эмэгтэй дундуур нь гүйж болно, хөөрхөн мөнгөтэй, айхавтар амбицтай, нөхөр нь найруулаад байж мэдэхээр. Зориг зүрх муу, улс төрд суралцаж байгаа нь дутагдал болж магадгүй. За тэгээд хоёр, гурван удаа сонгогдсон гишүүд бүгдээрээ сайд болохоор зүтгэнэ.

Гурав дахь асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр холилдох эрх зүйн үндэс бүрдэнэ. Гэхдээ энэ бол асуудал биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад хийчихнэ. УИХ-д үнэмлэхүй олонх бол хуулийг яаж ч өөрчилж болдог нь өнгөрсөн 30 жилд тодорхой харагдсан. Хууль баталдаг хүмүүс нь сайд болох гэж байгаа ийм цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нүд ирмэх зуурын асуудал. Цэцэд хэн нэгэн хандах нь инээдэм болно.

Энэ бүгдийг эцэслэн шийдэх хамгийн гол гогцоо асуудал бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь, хөдөлье гэсэн цаг хугацаа. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ улс төрөө л харна, цаг үеэ мэдэрнэ. Танхимаасаа ямар сайдуудаа сугалуулах уу гэдгийг тэр шийднэ. Тэрнээс УИХ дахь намын бүлэг нь хуралдаад, гишүүд амбицаараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулдаг, тэрийгээ сайд болгоно гэсэн муйхарлал байх боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хувьд олон нөхцөл шалтгаан, нийгмийн хандлагыг мэдэрч, цагийн аясыг харж сайдуудаасаа тодорхой заримыг мултлах нь тодорхой. Цаг үе яаж өөрчлөгдөх нь үү, эсвэл өөрчлөлтийг бий болгох уу гэхчлэн. Өчигдрийн бодит түүх байна, У.Хүрэлсүхийн Засийн газар огцрох нь тодорхой боллоо гэдэг мессэж хөл нүцгэн хүүхэн гарч ирэхээс хоёр хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн билүү төрсөн өдрийн цайллага дээр яригдаж байсан шүү дээ. Тэгсэн маргааш нь харанхуй шөнө, хар хүйтнээр, нялх биетэй таавчиктай хүүхэн гадаа гарч ирээд, талбай дээр Отгонбаатар гэж залуу түүнийг нь эсэргүүцэж нүцгэн гүйгээд, хүмүүс дэмжиж жагсаад, У.Хүрэлсүх Засгийн газрыг яаралтай хуралдуулаад… Монголын нийгмийн сэтгэл зүйгээр тоглох шиг болсон. Ард түмэн даяараа “Арай ч дээ, хөөрхөн эмэгтэйг…” гэж халаглаад л, нийгэмд боловсролтой, нэр нөлөөтэй, юмны учир мэдэх гэгддэг хүмүүс нь бүгдээрээ пүү паа болж сошиалд сэвээд явж өгсөн дөө. Энэ галыг дээд цэгт нь хүрэх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцролтоо зарлаж Ерөнхийлөгчийн сонгуулиа эхлүүлсэн. Иймэрхүү технологи бэлэн байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дурын асуудал. Тэр иймэрхүү технологио ашиглаж Засгаасаа сайд сугална гэвэл харанхуйгаар дэмжээд өгөх ард түмэн, сошиал ертөнц нь бэлэн байгаа. Тэднээр хийлгэчихнэ. Тэгэхгүйгээр “За түвэг, залхуутай юм, тэгсэнд орвол УИХ-ын гишүүдээ хөдөлгөе” гэвэл тэгсхийгээд хуулинд өөрчлөлт оруулаад шийдчихнэ. Энэ бүхэн бодит үнэн. Сайдууд солигдож УИХ-ын гишүүд сайд болох нь үнэн. Харин яг хэзээ вэ гэдгийг “Хэнтийн хоёр” товлоогүй байна. Тэгж байгаад товлох байх, Цагаан сар болно, тэгээд хавартай залгана… За тэгсхийгээд л хөдөлгөнө дөө, гайхах ч юм биш л дээ…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй…

Өнөөдөр Монголд эзэнгүй, зохион байгуулалтгүй юм гэж өчүүхэн ч байхгүй. Яс юман дээрээ наад С.Жавхлан чинь хүртэл учир шалтгаантай. Хэн нь хэнтэйгээ сөргөлдсөний илрэл болохыг тайлахад жаахан цаг л орох байх. Тэрнээс өчигдөрхөн УИХ-ын гишүүн байсан, олны танил дуучин галзуурсан юм шиг гэнэт талбай дээр сууж өөрийгөө юу гэж зовоохов дээ.

Үүнтэй нэг адил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорно, сайдуудаас нь сугална гэсэн яриа ч бас учир дутагдалтай. Лав л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй. Ингэж бичих олон шалтгаан байна. Тэр эхнээсээ өөрийн оршин тогтнох хууль эрх зүйн орчноо сайн бүрдүүлсэн юм. Өнгөрсөн жилийн Цар тахалд зориулсан түр хуулиар их олон зүйлийг эмхэлж цэгцэлж эхэлсэн. Нэмээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн. Хууль өөрчлөх ажиллагаа өнөөдөр ч дуусаагүй, нэмэлтээр улам чангалж, чамбайруулсаар байгаа. Удахгүй Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль… гээд 2024 оны сонгуульд дахин 60 суудал авах суурь хөрсөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр энэ удаагийн парламентын гишүүд дахин нэр дэвших эрхээ зөвхөн МАН-ын дарга, Ерөнхий сайдын гараас авна. Хууль эрх зүйн энэ бүх өөрчлөлтүүд өнөөдрийн парламент энэ хүний гарт улам бат бөх байх шалтгаан болж байна. Шулуухан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэтэй эвтэйхэн байгаа бүхэн цаашид оршин тогтноно, эс тэгвэл улс төрөөс арчигдана. Ирэх сонгуулийн дараа энэ тэнд консул, боомтын дарга, төрийн өмчит компанийн захирал мэтхэний суудал горилон суухыг хэн хүсэх юм бэ. Ийм хувь тавиланг хүсэх Их хурлын гишүүн байхгүй нь хэн бүхэнд тодорхой.

Л.Оюун-Эрдэнэ бяртай байх шалтгаан дуусахгүй, улам үргэлжилж байгаа. Монгол Улсын хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч, нэг найруулагч түүний гурван талд сууж байна. Түүний өөдөөс босох хүн бол М.Энхболд. Тэр сэрчихсэн, эргэн тойрноо хараад сууж байгаа. Тэднийхэнд Оюукийн зүгээс өгсөн том сануулга бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг баривчилсан явдал, бас бусдад өгч байгаа аймаар сануулга. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд намын даргатайгаа мөчөөрхөлцөж байгаа. Эрх нь түүнд бий, энэ бол улс төр. Гэвч энэ улсыг захирах эрх мэдлийн эцсийн гарын үсэг генсект биш, Ерөнхий сайдад байна. Ийм тохиолдолд МАН-аас хамааралтай даага, шүдлэнгүүд хэний үгийг яс тас дагахаа мэднэ. Бодит байдал дээрээ Д.Амарбаясгалангийн өөдөөс халаасан дотроо салаавч өгөөд зогсож байгаа сайд, төрийн нарийн, агентлагийн дарга нар хэдэн арваараа байгааг мань мэт нь хараад, инээгээд сууж байна. Дараагийн нийтлэлүүдээрээ тэдний заримаас нэрлэсэн ч болно. Ийнхүү эрх мэдлийн хуваарилалт Л.Оюун-Эрдэнийн талд гарсан эхний суурь шалтгаан улс төрд өөдөөс нь сөрвөлзөж мэдэх бүхнийг айлгаж эхэлснийх юм. Одоо улс төрийн хүрээнийхэн түүнд болгоомжтой ханд. Эсрэг талд нь зогсож мэдэх ганц хүн болох намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн талаарх өчнөөн сөрөг баримт түүний гарт орчихоод байна. Энэ талаар генсек гадарлаж эхэлж байгаа байх. МАН-ын цагаан байранд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд… нарын хүмүүс ийм бизнес, тийм тендерүүдийг ингэж зохицуулдаг юм байна шүү, эд нарын мэдээлэл дамжуулах, пиар хийдэг сүлжээ ингэж хийгддэг шүү, энийг нь намын дарга нь ингэж хууль хүчнийхнээр дамжуулан баримтжуулаад байна шүү… гэхчлэн түмэн янзын мэдээлэл, баримтууд ирсээр байхад, АТГ, ЦЕГ-аа атгаад суучихсан Ерөнхий сайдын чихэнд хүрэхгүй яахав дээ.

Түүний бяр орсон хоёр дахь том шалтгаан. Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дээшээ өгсөхийн хэрээр нэг хэсэг генерал, хурандаа нарын бяр орж байгаа. АТГ-ын дарга Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Хэнтийнх… гээд цааш нь Прокурор, Шүүх, ТЕГ… гээд тоочъё л доо. Хууль зүйн сайд хүртэл үеэл нь шүү дээ. Ийм байхад хэн Оюун-Эрдэнэтэй сөргөлдөж тэнэгтэх юм бэ. Мөрөөрөө байцгаа л даа. Шилээ маажих гээд байгаа юм уу. Тэд муусайнаас хэн айх юм гэж томрох хүмүүс байгаа байх. Тэгж томордог л юм, тэгсхийгээд ойлгоцгоодог юм даа. Өчигдөрхөн баривчлагдсан Д.Хаянхярваа дарга шиг эхнэр хүүхэд, худ ургаараа оролдуулаад үзэхгүй юү. Нэг шөнө хайртай охиныг чинь гэрээс нь баривчлаад явахад яах юм. Сошиалд нэг сүрхий хашгирах биз. Маргааш нь эхнэрийг чинь барьж аваачаад хаана ч юм хориход яах юм, бас сошиалд нэг орилно биз. Нөгөөдөр дүүг чинь аваад явна… Энэ тийм хол байгаа юм уу. Эцэстээ та дуугүй болж, хоригдож байгаа хар нүхнээс л шалавхан гарч ар гэрээ төвхнүүлэхээс өөр бодох юмгүй болно, болно ч биш болгоно. Цаг үе өөрөө ийм цөвүүн байна.

Л.Оюун-Эрдэнийн бүгдийг санаснаараа хийх гурав дахь том шалтгаан бол мэдээж эдийн засаг. Өнөөдөр Монголыг улс төрийн аргаар захирахад гурван том компанийн эрх мэдлийг гартаа авах хамгийн чухал. Мэдээж нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр. Тэр үүнийг хийж чадсан. Хоёрдугаарт, “Эрдэнэс Таван толгой” тэргүүнтэй “MGL” ХХК-ийн дээвэрт багтдаг эрдэс баялгийн төрийн өмчит компаниуд юм. Сая бичсэн Д.Хаянхярваагийн баривчилгаагаар энэ чиглэлийн бизнесүүдийг эмхлүүлээд авчих шиг боллоо. Одоо түүнд Оюу толгой үлдсэн. Өнөөдөр хэлэлцээр нь явагдаж байна. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэлэлцээрийн ард гарчих юм шиг байна. Их юм хэрэггүй дээ, ханган нийлүүлэлтийн 200 компанийн асуудал шүү дээ.

Товчхондоо, маш товчхондоо Монголын улс төрийн өнөөдрийн газрын зургийг эрх баригч намын дарга, Ерөнхий сайдтай холбон зурахад ийм байна. Мэдээж цааш бичвэл маш их юм дэлгэрүүлж болно. Өнөөдөртөө ингэсхийгээд болно биз. Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол ковид байх. Бусад нь санаанд багтжээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм. Засгийн газар огцрох тухай яриа бол бүх л цаг үед байдаг шүү дээ. Яг үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ийм нэг мэргэжлийн, дээр нь улс төрөө сайн мэдэхгүй, өмнө нь эл дол болтол улс төрийн хор хирэнд орж яваагүй, өөрийнх нь хэлснийг “Жа” гээд дагадаг салбарын сайд нар шиг нь хэрэгтэй хүмүүс байхгүй байна. УИХ-ын хэдэн гишүүн лоббидож байгаад юмуу, эсвэл нэг фракц нь оруулчихсан сайдтай бол тэднийхээ эрх ашгийг Засгийн газарт төлөөлөх гээд сүйд болдгийг өмнөх бүх Засгийн газрын уналт, босолтоос бид мэднэ, хангалттай харсан. Л.Оюун-Эрдэнэд тийм эрх ашигтай сайд алга. Энэ бас түүний огцрохгүй байх бас нэг том шалтгаан юм.

За тэгээд Монголын ард түмэн өнөөдөр төр засаг донсолтол жагсаж цуглаж, тэмцэл хийнэ гэж байхгүй дээ. Нөгөө “Уяаг нь уртхан уяад, угаадсыг нь ахиухан өгчих” гэж муухай үг байдаг шиг тэмцэж босох магадлалтай нийгмийн хэсэг рүү халамж шахчихна. Мөн хийж байгаа ажил, хөдөлгөж байгаа бизнесээр нь төр барьцаалчихна. Тэгсхийгээд юмны ард нуугдаж, могойд барих мод хайж суудаг аймхай хулчгар монголчуудын хувьд хүлцэнгүй амьдрах заяа нь тэр. Арай ил гарч ирж шүгэл үлээж байгаа Д.Мөнх-Эрдэнэ нарын ганц нэгхэн нөхдүүдийг удахгүй хууль хүчнийхэн мөрдөн байцаагчийнхаа үүдэнд уячихна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчин саятан Б.Зоригтсайханы амьдралыг зураглахуй…

Монголын хөдөөд амьдрал бараг хуучнаараа. Ний нуугүй хэлэхэд гандмал, соёл муу, ажин түжин. Эдийн засгийн эргэлт удаан, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бага. Амьдралаа өөд нь татахад цаг хугацаа их орно. Энэ мэтээр хөдөөгийн доголдолыг яривал их… Энэ бүгдэд хариулт болгож, өнөөдөр Монголын хөдөөд үнэ цэнэтэй амьдарч чадаж байгаа нэгэн залуу гэр бүлийн амьдралыг тольдон хүргэж байна. Амьдралаа өөд нь татахаар хөдөлмөрлөж байгаа хэн бүхэнд хэрэг болно. Тэр бол Булган аймгийн малчин саятан Б.Зоригтсайханых. Удахгүй тэрбумтан ч болох байх. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ерэн онд төрсөн тэрбээр өдгөө 32 настай. Тэднийх бод, бог нийлсэн 1000 гаруй малтай. Гаднаа ачааны шинэ машин, мотоцикль, отрын чиргүүл, хадлангийн техникүүд… гээд жижиг аж ахуйн хашаа дүүргэх юм харагдана. Аймгийн төвдөө хашаа байшинтай. Том охин нь энэ жил сургуульд орсон ч ковидын үед гэрээсээ суралцах болсон тул нарны зай, зурагт, компьютер гээд хөдөө гэртээ угсарч, сайн ашиглацгааж байна. Дээр нь тэднийх өргүй, ахуйн зээлгүй. Орлого ихтэй, зарлага багатай ийм л залуу гэр бүл. Хөрөнгийг нь үнэлээд саятан малчин гэж байгаа юм шүү. Энэ талаар хойно ярьсан байгаа.

Эднийхийг онцлохын учир нь Б.Зоригтсайхан дунд сургуулиа төгсөөд л өнөөдрийн хөдөөгийн залуус шиг малаас зугтан хотод бөхийн сургуульд ирсэн. Сурахын хажуугаар банкны хамгаалагч хийсэн. Хөдөө байх аав ээжээсээ татаас авч, хотод өрөө хөлслөөд болоод явсан нэгэн. Том ах нь төвд албан ажилтай учраас түүнд түшигтэй. Бас нэг ах нь хөдөө гэр бүл зохиосон малчин учраас аав ээждээ санаа зовох зүйлгүй. Ингэж хот газраар амьдарч байгаад үеийн багш бүсгүйтэй танилцсан. Дотносох завдалгүй цэрэгт явчихсан байдаг юм. Цэрэгтээ улирч ахлагч цолтойгоор нийслэлийн онцгой объектуудын харуул хамгаалалтад ажиллажээ. 48 цаг амраад 24 цаг харуулд гардаг тэрбээр шөнийн албанд эргэцэж зогсохдоо өнөөдрийн амьдралаа төсөөлжээ. Тэрбээр “Ер нь хот суурин газарт ингэж амьдраад хэзээ ч дээшлэхгүй юм байна” гэдгээ ойлгожээ. Цэрэгт явсан цагаас нь хойш үргэлж эргэж тойрч, холбоогоо огт таслаагүй дунд сургуулийн англи хэлний багш бүсгүй түүний хувьд итгэл найдвар, гэрэл гэгээ нь болсон байна. Ингээд найз бүсгүйдээ хэдэн шөнө дараалан бодож боловсруулсан ирээдүйгээ хэлжээ. “Хоёулаа хөдөө гарч амьдаръя. Аав ээж маань хэний ч дор орохгүй хэдэн мал тасдаж өгнө. Түүнийгээ өсгөе. Хот суурин газар нэг иймэрхүү цалингаас цалингийн хооронд л амьдрал дуусах нь…” гэхчлэн ирээдүйн амьдралын дүр зургаа ний нуугүй сайн хэлжээ. Үнэндээ хот суурин газрын, гадаад хэл устай, ажил мэргэжилтэй, малаас хол хөндий өссөн охинд найз хархүүгийнх нь “хөдөөний хүн” болох санал ой тойнд нь багтаагүй аж. “Би бодож үзье” гэсээр хэдэн сар өнгөрөхөд нь нэгэнт шийдсэн Б.Зоригтсайхан эргэж буцалтгүйгээр цэргийн дүрэмт хувцас, зэвсэг хэрэгслээ нэр төртэй хүлээлгэж өгөөд аав ээж хоёр руугаа давхиж очжээ. Ингээд хот суурин газраар лавтай зургаан жил таваргасан түүний амьдрал хөдөө рүү шилжив. “Тэр зургаан жилдээ би харамсдаггүй ээ, олон янзын аавын хүүхдүүдтэй танилцаж, цэргийн дэг сургууль дотор нэг жилээ үдэж, бас болоогүй их спортын бэлтгэл хийж, бие бялдараа чангалж, хоёр ч сумын наадамд түрүүлсэн. Хамгийн гол нь сайн ханьтай учирч, насан туршдаа нөхөрлөх итгэлт сайхан нөхөдтэй болсон байлаа” гэж ярив.

Харин тухайн үед шийдвэр гаргаж чадаагүй найз бүсгүйгээ тэрбээр “Би шийдсэн, чи өөрөө л мэд” гэж эрс тэс хэлээд шууд хөдөөдөө ирсэн байх юм. Тэгэхээрээ ч бас эр хүнийхээ хувьд шийдсэн шиг шийддэг чанга зантай нэгэн бололтой. Эхэндээ найз бүсгүйгээ санаад хэцүү байсан, гэхдээ зорьсон бодсон маань их учраас тэссэн, утсаар ярихгүй би гүрийнэ. Сувдаа дахин дахин залгахаар нь тэсэхгүй аваад хоёр үг солино. Тэгсхийгээд цааш яриад байвал хот хүрээ эргэж бодогдоод, сэтгэл санаа үймүүлэх шинжтэй учраас утсаа тасалж орны хөндий рүү шидчихээд адуу руугаа дуу аялаад давхичихдаг байлаа хэмээн яриад эхнэр рүүгээ сэм сэмхэн хараад инээж суух. Ингэж байтал хавар мал төлийн ажил ид буцалж (тэр хавар нь их чанга, зүтгүүлсэн гэнэ) халтайсан хар юм хотон дотроо зогсож байтал найз бүсгүйнх нь утасны дуудлага ороод иржээ. Авахгүй гүрийсэн ч эцэстээ тэвчихгүй автал “Би маргааш очно. Намайг тосч аваарай, нэгмөсөн очиж байгаа шүү” гэж хэлээд утсаа салгачихлаа гэнэ. “Чи ажил төрлөө яаж байгаа юм, аав ээждээ хэлсэн юм уу…” гэж асуух завдал өгөлгүй. Энэ мөч түүний амьдралын хамгийн аз жаргалтай хором байсан болов уу хэмээн түүний ярианы өнгөнөөс мэдрэгдлээ. Магадгүй түүний амьдралын сайн сайхан бүхэн яг тэр мөчөөс эхэлсэн болов уу. Хаврын тэр нэгэн хавсаргатай жихүүн өдөр, хайртай бүсгүйнх нь “Би чам дээрээ очихоор шийдлээ” гэсэн таван үг түүнийг бие сэтгэлийн хувьд зорьсондоо хүрэх дардан зам дээр гаргасан бололтой. Хөдөөгийн залуучуудын хувьд өнөөдөр гэр бүлтэй болох орчин нөхцөлтэй, амьдралын хэмнэлтэй байх нь хамгийн чухал болсны нэг жишээ энэ юм. Хөдөө орон нутагт залуусыг тогтоох хамгийн чухал үзүүлэлт энэ ч байж магадгүй. Тийм болохоор энэ хоёр залуугийн алтан агшинд ач холбогдол өгч бичлээ. Үүнийг хоёр залуугийн сайхан амьдрал өнөөдөр батална.

Хотын бүсгүй хөдөөний хар хүү даган амьдрах шийдвэр түүний аав ээжийн хувьд ямар хүнд туссан, хэрхэн хүлээж авсан зэргийг ярих юм биш гээд Сувдаа өөрөө инээлээ. Гэхдээ Сувдаа дийлжээ. Хөдөөний амьдрал ч эхэндээ өөрт нь ямар хүнд туссаныг бас нуусангүй. Сувдааг очсон даруй Зоригтсайханы аав ээж нь хоёр залууг өрх тусгаарлаж, малыг нь зүслэн тасалж өгчээ. Наян хургатай хонь, тавин ямаа, дөрвөн тугалтай үнээ, гучаад тооны азаргатай адууг тэдний өмч болгов. “Ингээд эхэл, эрүүл саруул, залуу сайхан та хоёр энэ хэрийн малаар дороо хөл дээрээ босно” гэчихээд нуруугаа үүрээд цаашаа алхаад явчихсан аавыгаа кино үзэж байгаа юм шиг дүрслэн ярих Зоригтсайханы яриа ёстой нэг амттай. Ер нь Б.Зоригтсайханы өөрийнх байж байгаа байдал, хандлага, хэл ярианы баялаг байгалиасаа өгөгдөлтэй, хийморьтой золиг байна лээ дээ.

Тэгж өмчийг нь тасалж өгснөөсөө хойш аавынх нь зүгээс сайн байна, муу байна та хоёр гэж нэг ч үг дуугараагүй гэнэ. “Хүүхдүүдийн амьдралд оролцож яах юм, тэд өөрийнхөөрөө л амьдраг” гэсэн философитой хүн бололтой. 2013 оноос хойших энэ есөн жилд мал хорогдох, алдаж асгах, малчны зээлдээ сөхрөх… гээд олон бэрхшээл аавынх нь нүдэн дээр өрнөжээ. Өнөөх л “Ийм сайхан эрүүл саруул бие, залуу нас юу алзахав. Үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туул” гэсэн алдарт хандлагаараа хандаж ирсэн аавтай хүн юм байна.

Тэдний эхний зорилго цөөн тооны малаа аж амьдралдаа хүрэлцэх хэрээр өсгөх байж. Ингээд эхний удаад айлуудаас хуц ухныг нь авч хариулжээ. Хоёр сумын 100 орчим өрхийн хуц ухныг нь хариуцлагатай маллан буцаан өгөхдөө хөлсөнд нь мөн тооны төлөг, борлон авсан нь ааваас ирсэн 200 гаруй малаа зуугаар нэмжээ. Нутгийн нэгэн компаниас 100 эм хонь ямар ч хөлсгүйгээр авч төлүүллэн 50 хургыг компанидаа, үлдсэн төлийг өөртөө авахаар гэрээлсэн нь өдгөө ч үргэлжилж байгаа гэнэ. Төв аймгийн Аргалант сумын газар тариалангийн компанийн захирлын нутагт нь отроор очсон 150 орчим адууг мөн хоёр жил хариулжээ. Мөн л ашигтай байсан гэнэ. Өвөл, хаварт өвс тэжээлийг нь тус компанийн захирал залуу үнэгүй хүргээд өгчихдөг, дээр нь сарын хөлс 400 мянган төгрөг, унаганы төл онд оролтоос шалтгаалж бонустай, мотоциклиор хангана гэхчлэн… Ингэж зүтгэсээр Б.Зоригтсайханы аж амьдралаа өөд нь татах, малаа 1000 хүргэх зорилго ердөө дөрөвхөн жилийн дотор биелсэн байна. Том охиноо сургуульд ороход хэрэг болно хэмээн аймгийн төв дээр танил ахаасаа нэгэн хашаа байшин худалдан авчээ. Түүндээ аавынхаа дүүгийнхийг түр амьдруулж байтал өнөө айлынх нь эзэн сүйхээтэй эр байшинг нь хажуу тийш нь хүнсний дэлгүүр болгох зөвшөөрөл авч ажиллуулснаар тэр хорооныхонд үйлчлүүлдэг хүнсний найман нэрийн барааны ганц дэлгүүр болсон байх юм. Одоо өнөөх хүргэн болох нөхөр “Ах нь одоо энэ хашаа байшин, дэлгүүрийг чинь өгөх арга алга, ийм сайхан бизнес болгочихсон юмыг. Ах нь чамд аймгийн төвд хоёр өрөө байр авч өгье” гэж ацан шалаанд оруулжээ. Тэрээр “Эхнэр бид хоёр яах тухайгаа ярилцаад л байгаа, хоёр өрөө байрнаас өгчихдөг юмуу даа” гэж сууна.

Тэднийх соёлтой хөдөөний айл. Тэднийхээс ердөө 35 км-ийн зайд Дашинчилэн сум байх. Тэнд нь Заамарын алтны боссуудын ашиглалтад оруулсан ресторан, саун, массаж бүхий цогцолбор байдгийг замын хүмүүс мэднэ. Түүнд нь долоо хоног бүр очоод саунд нь суучихдаг байна. Ажлаа зохицуулж байгаад засмалаар таван цаг аажуу уужуу давхиад хот орж найз нөхөдтэйгөө уулзацгаадаг байна. Сувдааг найзууд нь “Чи хөдөө мал дээр байдаг гэж үнэн үү, биднээсээ илүү мантайсан цагаан юм явах юм” хэмээн хөхрөлддөг байна. Би түүнээс “Таныг чинь одоо саятан малчных гэж нэрлэж болох уу” гэхэд шууд л “Болно ш тээ, хэдэн жилийн өмнө ноосны урамшууллаа авах, малчны тамгаа хийлгэх гээд явж байгаад өөрийн гэх хөрөнгөө үнэлүүлж үзсэн, басчиг хөөрхөн юм цуглуулчихсан юм билээ. Миний нагац ах болох мундаг бизнесмэн байдаг. Тэр ах маань Зоригоо, чи одоо хуулийн этгээд болж, бүх мал, машин техникээ, гэрээгээр мал хариулж байгаа хүмүүсээ бүртгэлжүүлж, данс тооцоо хөтөл, аж ахуйнхаа нэр дээр данстай бол, энэ хэдэн дагаж яваа хүмүүсийнхээ нийгмийн даатгалыг төлж бай, хуримтлал үүсгэ. Хамгийн гол нь одоо хийж байгаа бүх ажлаа банкнаас заавал зээл авч хийж бай. Банкин дээр сайн зээлийн түүх үүсгэ” гэхчлэн зөвлөсний дагуу нэг компани байгуулсан шүү. Тэгээд 50 сая төгрөгийн зээл анх удаа авахад ямар их мөнгө вэ, яаж төлнө дөө хэмээн хоёулаа гэж ярьж байлаа, одоо тэгсэн 300 саяын зээл авч “юм” хийхээр болсон, хүн ч бас давардаг юм билээ… гээд тас тас инээн хөхүүрийнхээ дэргэд айргаа бүлэн суух Б.Зоригтсайханыг хараад ийм залуус олон байгаасай хэмээн бодож суулаа. “Та хоёр хот руу хэр их явж байна” гэхэд “Өвлийн идшээ хийсний дараа Цагаан сар хүртэл хөдөө жинхэнэ амар амгалан ноёлдог юм. Тэр үеэр манай хүн хот орж хэд хоног бясалгалд суудаг юм. Энэ жилээс би хамт суухаар төлөвлсөн” гэж туудаг юм даа. Үгүй ээ бүр цааш нь юу гэж ярьсан гээч “Манай найзуудын эхнэр яриад байгаа юм, уг нь тэр Энэтхэгт нь очиж ганц сар бясалгал хийвэл бүр сайхан гэж” хэмээн. Хотын бидэнд тийм бясалгал хийх бодол заримд нь бий бил үү…

Гэгээ татуулсан залуу гэр бүлүүд Монголын хөдөөд өсч үржиж байна. Алив сайхныг бас бичиж, ярьж байх ёстой учраас энэ зуны тэмдэглэлээсээ хүргэлээ. Таалагдсан бол цувралаар хүргэж ч болно. Энэ удаадаа зураг хөрөг битгий гаргаарай, бид хоёр шиг хөдөө орон нутагт ажиллаж амьдрахыг хүссэн найзууд минь улам олон болж, манайхаар их ирэх болсон. Тийм болохоор бага ч гэсэн туршлагаа, амьдралаа ярьж байя гэж бодсон юм аа гэсэн юм. Тэр хоёрын удахгүй эхлэх хөдөө аж ахуйн төсөл нь 300 сая төгрөгийнх. Банкны зээлийн эдийн засагч нь өөрөө яриад, яахав ийхэв, бидний зүгээс шалтгаалах юу байна, манай банк энэ мөнгийг өнөөдөр ч гаргаж өгөхөд бэлэн шүү… гэж шавдуулаад байгаа юм билээ. Монголын хөдөөд амьдрал сайхан газраа сайхан байна шүү…

Categories
мэдээ нийгэм

Цүнхнээс нь оготно гараад давхидаг юм аа…

Бантан ихтэй хүний түүх юм. Аравдугаар ангиа 17 настайдаа төгслөө. Төгсөлтийн шалгалт маргааш болно гэж байхад шөнө нь сумын төвийн дэргэд хонь манаж хоносон шиг, бас болоогүй нөгөө хонио унтаж байгаад алдсан шиг, алдаад зогсохгүй шөнөжин эрж хайж давхисан шигээ өглөө болгов. Мах бэлтгэлд тушаах хонь манаж хоносон нь тэр. Малчин ах нартаа мөнхөд зарагдаж өссөн хөдөөний хүүхдүүд бидний амьдралын хэмнэл нэг иймэрхүү л байсан даа.

Тэр өглөө нэг харсан чинь улсын шалгалтын цаг болчихож, санд мэнд давхин, морио хашаан дотор оруулж хаячихаад, гэр рүү чавхдаж орон хувцсаа солилоо. Мэдээж нүүрээ угаасан нь лавтай… ингээд сургуулийнхаа хаалгаар амьсгаа дээртэй ортол үүдэнд ангийн багш Хандаа ташаагаа тулаад, намайг хүлээгээд зогсож байх нь тэр, “Арай ч дээ, сургууль соёл төгсөх гэж байгаагаа мэддэг юм уу, хаагуур яваад байгаа юм бэ,чи” гээд шилэн хүзүү рүү нэг сайн хуслаа. Бас өшиглөлөө, өшиглөхтэй нь зэрэгцээд үсрээд анги руугаа орчихлоо. Ингэж л зугтахгүй бол чихдэнэ, залгуулаад чимхэнэ, энэ муу биед чинь бүтэн юм үлдэхгүй. Олон жилийн туршлага надад бас байна.

Манай ангийнхан шалгалт өгөхөд бэлэн, байраа эзлэн суужээ. Арын ширээнд тухалсан Анзай руу дөхлөө. Анзай бол наддаа таван онцын эзэн шахуу юм. Гэхдээ дампуугаа хүрвэл надаас илүү дампуу. Яасан гэхээр тэр жил пионерийн удирдагч Мийгаа багшаар ахлуулсан ариун цэврийн комисс ангид гэнэт орж ирж шалгалт хийлээ. Хувийн болон цүнхний доторх эмх цэгцтэй байдал, эмх цэгц ч юу байхавдээ, сургуулийн тэвэгний аварга шахуу Анзай бид хоёрын цүнхэнд тэвэг, тамхи тариа, өөр юу байна гэдгийг шалгаж буй хэрэг. Бид хоёр ямар мангар амьтад байгаа биш, сургуулийн гадна нуучихаад орохоо мэдэлгүй яахав. Тэгсэн тэрнээс дор юм боллоо. Гэнэт л пионерийн удирдагч муухай орилоод явчихлаа, цочсон гэдэг жигтэйхэн. Харсан чинь нэг муу хулгана багшийн хөл доогуур жирийлгэж явдаг байна шүү. Би ч гялс хөдлөн ангийн буланд байсан шалны модыг шүүрэн авч элдлээ. Онож өгөхгүй энд тэнд цохиод хөөж явтал хулганаас айгаад дэвхцэж байсан ангийн багш Эрдэнээгийн хөл дээр гайгүй сайн буулгаад тавьчихлаа. Багш маань хөлөө бариад орилоод ойчлоо… би ч яахаа мэдэхээ байлаа, тэр ёстой нэг бантан болсон. Ингээд бөөн орилоон майлаан дунд сэхээ аваад хартал пионерийн удирдагч Анзайг аашилж байна. Аашлахаас ч өөр аргагүй хэрэг явдал болж. Яасан гэхээр, пионерийн удирдагч, Анзайгийн бор цүнхний доторхыг шалгаж байтал өөдөөс нь оготно гараад ирсэн юм билээ. Тийм хариуцлагагүй, тарж очоод цүнхээ орны хөндий рүү шидчихдэг, өглөө хичээлдээ явахдаа санаж гаргаж ирдэг. Тэр хооронд цүнхэнд орсон оготно ангид яваад ирэхгүй юу. Ийм л юм болсон. Миний шалны мод барьж оготно элдэсний хэрэг ч гарсангүй, Пионерийн удирдагч өөрөө “хүүе хаая” гээд үсэрч цовхчиж байхдаа өнөө муу хулгана дээрээ гишгээд алчихсан байна лээ.

Ийм юм болохыг нь мэдэж байсан юм шиг Анзайд би зөндөө хэлдэг байсан. Над шиг аав ээжийн нүдэн дээр ном дэвтрээ гаргаж, цүнх саваа санжигнуулж, энэ тоо ямар учиртай юм гэхчлэн асууж бай гэж. Тэгдэг байсан бол юу гэж ийм айхавтар юм болох билээ. Ариун цэврийн дэндүү бүдүүлэг зөрчил гаргасан, ангийн багшийнхаа хөлийг хуга цохих шахсан хэргээр дахиад л бид хоёр багш нарын зөвлөгөөний хурлаар орсон юм шүү дээ. Өөрсдийгөө зөвтгөхийн тухайд бол үнэндээ Анзай бид хоёрт тэр даалгаврыг нь хийж суух зав гардаггүй байсан юм. Тэвэг өшиглөнө, уншсан гоё гоё номнуудаа хүүхдүүдэд ярьж өгнө. Хашааны гадна, нэгдлийн машааны гаражийн булан, дотуур байрны шатан дээр арав хориор нь цуглуулж байгаад, ангайтал нь ярьж өгч кайф авдаг байлаа. “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг л сэтгэлдээ хүртэл өнгөтөөр ярьж өгч чадахгүй, нэг л ур дутаад байдагсан. Тэрнээс биш “Тунгалаг тамир”, “Сүүлчийн буун дуу”, “Улаан наран”… гээд том том романуудыг цээжээрээ буулгана. Үүнээс гадна бид хоёрт хийх ажил мундахгүй, хаврын сурагчдын амралтаар нэгдлийн төл малыг бүрэн бүтэн хүлээн авах үйлсэд мэдээ орсон цагаасаа хойш цаг наргүй, борви бохисхийлгүй зүтгэсэн хүмүүс. Сумын аваргын хэмжээний хонь өсгөж өгсөн байх. Энийг ч тэгээд тоох, ойлгох амьтан байсан биш дээ, зарахаа л боддог байснаас биш. Ерөнхийдөө асуудал үүсгэдэг, хийж байгаа бүхэн маань буруу болчихоод байгааг бид хоёр багш нарын зөвлөгөөний үүдэнд түгшүүртэйгээр хүлээн зогсдог байхдаа хоорондоо ярьдаг л байсан, “За одоо хоёулаа хүн шиг байна шүү, энэ нэг багш нарын зөвлөгөөн чинь зовлонтой юм, сургуулиас хөөнө тууна ч гэх шиг. Аав ээж ч үглээд…” гэхчлэн. Харамсалтай нь яаж ч болохгүй тодорхой хугацааны дараа үүдэнд нь зогсож л таардаг байсан. Ийм л бантангийн хамтрагч Анзай болбоос яах аргагүй миний сайн найз байсаар ирсэн юм. Тэр ямар ч шалгалтын үеэр мэргэжлийн нэлээн ахисан түвшинд нүд хариулах ур чадвараа гаргадаг байсан тул шалгалт бүрээр би шадарлаж ирсэн билээ.

Анзай бид хоёр элдэв янзын тэмдэг цуглуулдаг байсан нь заримдаа асуудал дагуулна. Өнөөх маань сумын төвийн ойролцоо байх эмээгийндээ их очимтхой. Сүхбаатар жанжныг амьдаар нь харсан манай сумын ганц хүн юм гэнэлээ гэж эмээг нь ярьцгаадагсан. Нэг өглөө Анзай хичээлд ирэхдээ формоныхоо энгэрт нэг их гоё санжигнасан шар тэмдэг зүүж ирлээ. Бид хоёр сургуульдаа хамт явдаг болохоор замдаа яаж ийм гоё тэмдэгтэй болсон тухай нь хөөрөлдөж явлаа. Амралтын өдрөөр эмээгийндээ очиж тугал бярууг нь эргүүлж явахдаа өнөө гоё тэмдгийг хээрээс олсон гэнэ. Ангид орсон хойно багш “Анзай чи юу зүүчихээ вэ” гэж нэг сүрхий хараад асуулаа, манай хүн ч тугал хариулж яваад олсноо хэллээ. Тэгж байтал удалгүй багш эргэж орж ирээд “Анзай чи пионерийн удирдагчийн өрөөнд ороотох доо” гэж байна. Ингээд буцаж ирэхдээ Анзайгийн гоё тэмдэг алга болоод ирэв. Тэмдэг яав гэсэн чинь “Пионерийн удирдагч багш том хүний тэмдэг байна, зүүж болдоггүй юм гээд авчихлаа, надад оронд нь гоё таван хошуутай тэмдэг өгсөн” гээд үзүүлэв. Энэхүү том хүний тэмдэгнийх нь учрыг бүр сүүлд, юмны наад цаадхыг гадарладаг болсон хойноо сонсож мэдээд баахан инээж билээ. Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Пунцаг гуайн маань баатрын алтан соёмбыг Анзай тэнэг зүүчихсэн явсан нь тэр юм билээ. Д.Пунцаг гуай баатрын алтан соёмботойгоо айл хэсэж, аяга тагш юм эргүүлж, халамцуу яваад гээчихсэн байж. Хамгийн ноцтой нь говийн таван аймгийн тэмээчдийн улсын зөвлөгөөнд удахгүй оролцох байж. Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Т.Рагчаа ирнэ. Д.Пунцаг баатар тэр хуралд арга туршлагаа ярихаас эхлээд гол дүр нь. Гэтэл баатрынхаа алтан соёмбыг хаячихсан. Хурал нь ойртоод байдаг, сум нэгдлийн дарга нар байн байн “За баатар минь бэлтгэл юу болж байна, баатрыгаа дагуулаад сүртэй очицгооно шүү дээ” гээд байдаг. Бөөн шаналсан өвгөн, бригадын дарга Батаад аминчлан хэлжээ. Ах нь балраад байна гэж. Батаа дарга асуудлыг ойлгож,бригадын тоо бүртгэгчийг оролцуулан тодорхой нэмэгдэл хүч гарган тэмдгийг эрж хайсан ч олсонгүй. Эцэстээ сум нэгдлийн дарга нарт үнэнээ хэлжээ, ингээд сумын төвөөс нэгдлийн туслах аж ахуйн хэдэн залууг, дээр нь Худалдаа бэлтгэлийн ангийнхан, ойр хавьд нь нутагладаг залуучууд болох 30 орчим хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй багийг, сумын намын үүрийн нарийн бичгээр ахлуулан явуулж хайлгаад тусыг олсонгүй. Ер нь бол тухайн үедээ их том асуудал болсон гэдэг. Сумынхаа хэлтсийн төлөөлөгч, Хянан шалгах хорооны дарга зэрэг цөөнгүй албан тушаалтнуудаас тас нууж эрэн хайх ажиллагааг явуулсан гэдэг юм билээ. Ингээд үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болж, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Д.Пунцаг баатрын алтан соёмбот тэмдгээ хаясан асуудал ноцтой түвшинд очоод байж байтал мань хашир Анзай хүү сургууль дээрээ зүүчихсэн гүйж яваа сураг гарч бөөн баяр болсон түүх юм. Зун нь Д.Пунцаг баатар манай Анзайд нэг хээр даага сэмхэн бэлэглэсэн гэдэг. Одоо ч энэ талаар Анзай дуугарахгүй, яагаад гэвэл Хөдөлмөрийн баатар өвгөн “Миний хүү хүнд битгий хэлээрэй” гэж тэртээх 36 жилийн өмнө захисан учраас тэр. Манай Анзайгийн бантан нэг иймэрхүү, заримдаа сум орны хэмжээний асуудалд орооцолддог нөхөр байв шив. Одоо миний найз мундаг бизнесмэн болсон. Гадаадад ч сургууль төгссөн. Манай гэрийн хажууд хүртэл нэг орон сууцны барилга нь ашиглалтад орох гэж байна. Аваарт ороход нь би цусаа өгч байлаа. Ийм л сэтгэл зүрх, мах цусаараа гагнагдсан найз нөхөд явж ирлээ дээ.

Эхэлснээ гүйцээхэд, тэр жил тэгээд аравдугаар анги төгсөх улсын шалгалтуудаа амжилттай өгсөн шүү. Монгол хэл уран зохиолын шалгалт, бусад шалгалтуудаа. Яс юман дээр юугаа ч мэдэхгүй мэлийгээд суудаг сурагч байгаагүй л дээ, улсын шалгалтанд “Тунгалаг тамир” романы тухай ирлээ. Сумын хийгээд сургуулийнхаа номын санд хонож өнжих шахдаг байсан над шиг хүүхдэд тэр “Тунгалаг тамир” ёстой яршиг байсан даа. Зарим нэг өгүүлбэрээ ч санаж байна, “Итгэлт баяны энэ дүр бол шинэ нийгмийн бизнесмэнүүдийг зөгнөсөн сонгодог дүр юм. Үг яриа, үйлдэл нь хүртэл өнөө цагийн залууст хэрэг болохоор, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй билээ…” гэхчлэн халин бичсэн санагдана. Маргааш нь шалгалтын дүнгээ сонсохоор очсон чинь багш нар маань “Шалгалтаа янзын сайн өгсөн байна шүү…” гэж ирээд л магтах үгээ олж ядан байж билээ. Нэг иймэрхүү маягаар, бантан нэлээн ихтэй 10 жилийн төгсөлтийн шалгалтуудаа сайн өгсөн ч шууд л хөдөө гарлаа. Учир нь аав бид хоёрт сургалтын төлбөр байтугай сумаасаа аймгийн төв орох зардал ч хомс байсан юм. Учир нь аав минь намайг 10 дугаар ангид орох намар хөлөө хугалан, тун хүнд бэртэж хэвтэрт удлаа. Ах, эгч нарын ихэнх нь оюутан…

Аравдугаар анги төгсөх хавар сургуулийн захирал С.Банзрагч багшийнхаа өрөөнд хэдэн нөхдийн хамт дахиад л дуудлаа. Жагсаалаар орлоо. Намар цэргээс халагдаж ирсэн ах нартай бүжгэн дээр зодоон хийсэн, хүний мотоцикль зөвшөөрөлгүй унаж нүхэнд унагасан, доод ангийнхаа хүүхдүүдийг өвсний хашаанаас хөлнөөс нь уруугаа харуулж өлгөсөн ч билүү… нэлээн л өргөн хүрээний асуудал босч эцэстээ тулаа биз дээ. Ганц миний үйлдсэн хэрэг биш л дээ, өнөө Анзай эд нар мэдээж холбогдоно. Тэр мотоцикль л надтай хамаатай байсан санагдана. Захирал багш маань бидэнд насаараа сургаал айлдсан хүн, тэгж ингэж болохгүй, яацарсан амьтад вэ та нар чинь, биеийн тамирын заалны мухарт хэдэн төмөр өргөх, тэндээсээ гараад зодоон хийхээс өөр хийх юм алга уу, бодооч ээ бодооч… гээд толгой руу чичиж ирээд баахан үглэнэ. Намайг авч үлдэж байгаад “Чамайг би энэ сургуулийн захирал байгаа дээрээ нэг төгсгөчихмөөр байна. Төгсгөж чадахгүй бол дараа нь муу аавын чинь нүүрийг би яаж харах юм бэ…” гэж ирээд учирладагсан. Одоо би заримдаа С.Банзрагч багшийнхаа хэлж ярьдаг байсан үгс, ширээгээ тойроод алхдаг байсан дүрийг нь боддог… Миний захирал багш сайхан сэтгэлийн дээд байсан л даа. Жинхэнэ сурган хүмүүжүүлэгч байсан юм. Бурхны оронд байгаа бурхан багшдаа мөнхөд залбирч амьдардаг даа. Би ийм л хүмүүсийн дунд, ийм л хүмүүсийн тус дэмээр хүн болсон юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гацууртын босс төмсөө тарьж хөдөлмөрлөсөөр, бид телевизийнх нь шоуг жарган үзэж алхайж хэвтсээр…

Монголын ард түмэн өдөр бүр зурагтаар шоу үзэн жаргаж байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг”… өөр юу юу ч билээ үндэстнээрээ, хөдөө хотгүй цэнгэн үзсээр удлаа. Манай “Гачуурт” компанийн “Монгол HD” телевиз нь монголчууд жарган үзсэн бүжгийн шоугаа сая дуусгах жишээтэй. Хөл хорионы үе ч юм, энтертаймент энэ олон нэвтрүүлгийг харахаар монголчууд үнэхээр жаргалтай ард түмэн юм байна. Нийгмээр нь аз жаргалд умбуулсан, хөгжөөн баясгасан, хөнжилдөө хэвтсэн энэ үед нэмээд иргэн бүртээ мөнгө өглөө. 300 мянга, 50 мянга, 100 мянга… шууд л хувийн данс руу. Мөнгө тараах дэд бүтэц ямар их сайжирсан юм бэ. Сангийн сайд гарч ирээд “300 мянгыг иргэн бүртээ өгнө” гэж мэдээлээд буцаад орлоо, зэрэгцээд “Ура, 300 мянга орсон шүү” гэсэн пост нийгмийн сүлжээнд тарав.

Одоо бид дараагийн шоугаа тэсэн ядан хүлээж байна. Шинэ шинэ шоу контентууд гарахын хэрээр шинэ шинэ одууд төрж байна. Уйдаахгүй, нийгмийг тэр чигээр нь цэнгүүлж буй эдгээр дэлхийн хэмжээний контентуудыг “Гачуурт” компанийн телевиз оруулж ирж байна.

Хамгийн сонирхолтой нь бид телевизийг нь өдөр бүхэн үзэж, бүр дотор нь орчихсон явахад “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат маань Сэлэнгийн бүсэд өнөөдөр зовж явна. Өдөр шөнөгүй тоосонд булуулсан амьтан төмс ногоогоо тарьж явна. Гачууртын босс “Монголчууд минь өлсчихнө” гэж энэ их тариа ногооны ажлыг хийгээгүй нь лав. Зүгээр л миний шоунуудыг өдөр шөнөгүй үзэн алхайж ялхайж хэвтээ монголчууд ажил хийхгүй нь тодорхой, тэгэхээр намар надаас төмс ногоо худалдаж авч таарна хэмээн тооцож, тооцсоноор нь болдог учраас төмс ногоо тарьж байгаа юм.

Хүний нийгэмд, ялангуяа 100, 100 саяар тоологдох хүн амтай улс оронд нийгмээ хоёр хуваасан байдгийг бүгд мэднэ. Үүнийг нийгмийн давхарга гэж ярих нь бий. Ер нь бол судлаачид нийгмийн инженерчлэл гэж хэлж бичдэг. Одоо монголчууд нийтээрээ үзэж баясаад, сэтгэл санаагаа зөвхөн шоунд төвлөрүүлдэг давхаргатай болчихлоо. Энэ бол үнэндээ нийгмийн доод давхарга, ажил хийдэггүй, идэвхгүй, хоолны мөнгөнийхөө төлөө жаахан цаг гаргадаг, бусад үед нь шоу нэвтрүүлэг үзээд цаг нөгцөөж суудаг аймаар том масс. Монголын нийгмийн 50 хувь ийм болчихсон гэвэл та үнэмших үү, үнэмшихээс өөр аргагүй судалгаа гараад байна.

Энэ үйл явц хар аяндаа бий болдог зүй тогтол биш юм. Аль ч улс оронд бодлогоор хийгддэг, дэлхийд бий болсон практик. Сийрэг, хэрсүү, ухаалаг үндэстэн, улс орнууд бол ийм зүйлээс өөрсдийгөө аваад гарчихдаг. Израиль, Дани, Швед, Швейцарь… гээд нэрлэвэл цөөнгүй дээ. Эдгээр улс орнууд хүн амынхаа их бага тооноос хамааралгүйгээр үүнд маш цензуртай ханддаг. Ард түмнээ аль болох хувь хүнийг хөгжихөд, хөдөлмөрлөх зүгт чиглүүлэн авч явахыг хичээдэг. Шоунаас өөр хийх зүйлгүй давхаргаа зах зээл болгоод ашиглачихдаг, муу үгээр бол мөлжиж суудаг хөгжсөн нийгэмүүд ч бий. Америкийн Холливуд, Энэтхэгийн кино ертөнцөөс эхлээд алдартай шоу нэвтрүүлгүүд санаачилж, алдартай хөтлөгчид, одууд хүчээр бий болгож нийгмийн тодорхой хэсгээ зугаацуулан мөнгө олж байдаг. Хамгийн аюултай нь энэ давхаргынхан улс төр, эдийн засгийн ямар ч идэвхгүй хэсгийнхэн болж хувирдагт аюул нь бий. Эдгээр хэдэн зуун сая идэвхгүй тэжээлгэгчдэд зориулж нөгөө хямдхан үнэтэй, алдартай хоолны сүлжээнүүд чинь, хувцасны дэлгүүрүүд чинь бий болсон юм шүү дээ. Монголд орлого муу хэрнээ “Ододтой бүжиглэе” шоуг үзээд орон дотроо кола ууж, бургер идэж, дуулж уйлаад хэвтэж буй хэдэн мянган иргэн бий. Арван төгрөгийн цалингүй хэрнээ “Авьяаслаг монголчууд”-ыг үзээд атар талх, Гачууртын төмстэй шарж идээд орилоод, чарлаад сууж байгаа халамжийнхан мянга мянгаараа бий. Орой тэдэн цагаас тэр шоу гарна, тэр тэгж бүжиглэнэ, ингэж дуулна, энэ шүүгч ингэж хэлнэ, энэ нь хасагдана, хасагдахгүй… гээд аль хэдийнэ цагийн хуваарийг нь цээжилчихсэн завгүй хүмүүс. Тэгсэн хэрнээ хүүхдүүдийнхээ онлайн хичээлийн цагийн хуваарийг мартчихсан. Монголын нийгмийн аймаар том хэсэг ийм болчихлоо. Ард нь цөөн хэдхэн хүн хөдөлмөрлөж байна. Тэд шоунд донтсон том масст зориулсан бизнесээ хөдөлгөж, хөдөлмөрлөж байна. Улстөрчид “За мангарууд шоундаа манарч сууцгаана уу, шоу дундуур нь миний ийм рекламыг хийчих” гэж доёолсон шиг.

Монголчууд бид ийм байж болохгүй. Гуравхан сая үндэстэн ийм байх нь мөхөл юм. Цөөхөн тусмаа хэрсүү, далдгануур биш, үйлдэл бүрээ цэнэж, дотроо бодолтой, дороо суурьтай байх ёстой. Залуу үе чинь, үр хүүхдүүд чинь шинжлэх ухааныг бус, нэгэн бүжигчин залууг шүтэн өсч болохгүй. Хөдөлмөрлөж байж өндөрт гардгийг ойлгохгүй, хөнгөн шингэн амьдралаар од болох хүсэлд автаж, хар тамхины зүгт явцгаах нь байна шүү дээ. Ирээдүйн эхнэр, нөхөр болох хүнээ иймэрхүү бүжигчин, жүжигчнээр төсөөлсөөр өсөцгөөх нь. Амьдрал тийм биш. Монголын амьдрал бүр ч тийм биш. Хатуу ширүүн уур амьсгалтай Монголд эрдэм мэдлэгтэй, эр зоригтой, эр нь эр шиг, эм нь эм шиг байж чадсанууд нь хүн шиг амьдарна гэдгийг үр хүүхдүүддээ та минь эрт ойлгуулж, ухааруул. Үр хүүхдүүдтэйгээ зэрэгцэж суучихаад шоу дотор орилж суудгаа больцгоо. Амьдрал шоу биш. Цаана чинь хүн ам нь тэр чигээрээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, хүн сайхан амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлсэн улс орнууд хүүхдүүдээ багаас нь хэд хэдэн их сургуульд сургаж, хоёр гурван гадаад хэлтэй, санхүүгийн өргөн мэдлэгтэй, биржээс мөнгө босгосон, айл өрх бүр хувь хувьдаа жижиг аж ахуй байгуулчихсан, урт насалж, удаан амьдарч, 100 жилийн дараах дэлхийн ертөнц ямар байх тухай уншаад, бичээд, яриад, дэлхийгээр аялаад явж байна.

Бидний амьдарч буй дэлхий ийм байхад, бидэнтэй зэрэгцэн оршиж буй улс үндэстнүүд ийм байхад монголчууд шоу нэвтрүүлгээр өдрийг өнгөрөөсөн ард түмэн байгааг “Өдрийн сонин” олон удаа бичдэг, энтертаймент нэвтрүүлгүүдэд хэмжээ хязгаартай ханд гэж шүүмжилдэг. Сонины зүгээс судалгаа харж байж бодлогын ийм нийтлэлүүдээ бичдэг. Сүүлийн судалгаагаар Монголын нийт хүн амын 2/3 нь шоу нэвтрүүлгүүдэд хамааралтай болсон гэсэн албан ёсны судалгаа гарсан байна. “Монгол HD”-ээс ч манай нэвтрүүлгүүдийг Монголын хүн амын тэдэн хувь нь үзжээ гээд мэдээлдэг. Шоу цэнгээнд хамаг цагаа барж буй хоёр сая монголчууд байна гэсэн судалгаа бодитой байх.

“Адуу шиг унтаж, шувуу шиг сэрж” амьдарсан тийм ард түмэн бол монголчууд. Гачуурт компанид атаархсандаа ийм юм бичиж байгаа юм биш. Хөрөнгөтэй мөнгөтэй баян хүн хувийн телевизээрээ сайн контентууд худалдаж аваад үйлчлүүлэгчдийнхээ, хэрэглэгчдийнхээ тоог нэмэх нь буруу юм биш. Гэхдээ ийм идэвхгүй болгодог ажлыг энэ компани бас шунан дурлан хийж болохгүй. Ард түмэн анзаарахгүй юм аа гэхэд анзаарч сэрэмжлүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн редакциуд бий. Гачууртын эзэн Л.Чинбатад хэлье, Та бол санаснаараа сайхан амьдарч байна. Сайхан шоунууд чинь дээшээ явсаар охиноо Соёлын сайд болгох хэмжээнд аваачлаа. Улам л шоуч ард түмэн болох зам засагдаж, одоо бүр төрийн бодлогын хэмжээнд залхуу, хөнгөн хөөр амьдралд дасгах нь. Диван дээрээ тэрийж хэвтээд зурагттай цуг амьдарч буй иргэдийн ард Гачууртын босс тэргүүтэй хэдэн хүн яаж хөдөлмөрлөж, мөнгө олж байна. Хүмүүсийн атаархал төрүүлж байдаг MCS-ийн Оджаргал, Таван богдын Баатарсайхан, АПУ-гийн Батсайхан, Гачууртын Чинбат… нарын компанийн захирлууд сошиалд байхыг нь харсан уу, шоу нэвтрүүлэг үзэж байна гэж сонссон уу, тэдэнд тийм зав байна уу. Тэд хөдөлмөрлөж мөнгө олж байна, харин ард түмэн нь алхайж хэвтэн шоугаар цаг нөхцөөж байна. Ийм л давхарга Монголын нийгэмд бий боллоо. Энэ хоёр давхаргын дунд агуу их улстөрчид маань тоглолт хийн тохуурхсаар…

Эцсийн бүлэгтээ энэ бүхэнд эдгээр хөрөнгөтнүүд, тухайлбал Гачуурт групп буруугүй. Харин ард түмэн бид тэдний шоу “тоглолтод” автахгүй байя. Түүний оронд өөрсдийгөө хөгжүүлье, ядаж сонин хэвлэл уншиж, энэ улс оронд чухам юу болоод байгаа талаар тулхтай мэдээлэлтэй болцгооё, бас хөдөлмөрлөе, сурч боловсоръё, жижиг ч болтугай аж ахуйнуудтай болцгоохын төлөө завгүй хөдөлмөрлөцгөөе.

Аль юм болгон Чингис ярьж, уйгаржин бичиг ярьж, угаагдсан уушги шиг ард түмэн байх юм бэ. Энэ бүгд бидний хариуцлагагүйгээс улбаатай. Монголчуудын модоо барьсан үе гэж энэ цаг үеийг бид түүхэнд үлдэх ёсгүй. Гэхдээ модоо барихад бол ойрхон боллоо, зорилтот шоунд нь зориулж утаснаасаа тэрийг энийг дэмжлээ гэсэн мессэж арван удаа явуулахад л 5000 төгрөг хэн нэгний халаасанд орж буй системчлэгдсэн, инженерчлэгдсэн нийгэмд өөрсдөө мэдэхгүй амьдарч байна шүү дээ. Монголчууд минь хэрсүү, хэрсүү, бас дахин хэрсүү байя. Гарцаагүй ганц үнэн бол “Гачуурт”-ын Л.Чинбат төмс ногоогоо тарьж, уул уурхайгаа эрхлэн хөдөлмөрлөсөөр, бид түүний телевизийн шоуг жарган үзэж, алхайж хэвтсээр, цаг хугацааг урсгаж байна даа…