Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүмүүс яагаад Орос, Хятадын визэнд биш Америкийн визэнд “алалцдаг” вэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ НИЙТЛЭЛЭЭС…


Хүмүүс яагаад Орос, Хятадын визэнд биш Америкийн визийг авах гэж “алалцдаг” вэ? Яагаад гэвэл АНУ-д очсон хүн жаргадаг л байхгүй юу. Үүнийг тэр зүгт зорчсон хүн бүр мэднэ. Өчнөөн олон монгол Америкт очсон, аялсан, ажиллаж амьдарч байгаа. Америкт хууль л зөрчихгүй бол бүх зүйл чөлөөтэй. Америкт дургүй хүн ч тэнд сайхан амьдардаг. Америкийн үзэл бодолд дургүй, улс төр, шашин шүтлэг, яс үндэс, зүс царай, бэлгийн чиг хандлага… ер нь нийлэмж муутай байх ямар л нөхцөл байна хамаагүй, хэн ч тэднийг тоохгүй. Хууль дүрмийг нь л зөрчихгүй бол тэнд хүн шиг амьдарна. Энэ ертөнцийн түмэн хэлийн амьтад тэнд амиа өгөхөөс наахнуур зорьж тэмүүлэн очсоноор сайхан амьдарсаар байна. Тэнд амьдарч байгаа монголчуудын цөөнгүй хэсэг нь харласан хэрнээ амгалан тайван амьдардаг юм шүү дээ. Солонгост харласан бол байнгын хяналт шалгалтаас айж амьдардгийг бид мэднэ. Гэтэл Америкт тэднийг хэн ч зогсоож шалгахгүй, орон байранд нь халдахгүй, бизнесийн бүрэн эрх чөлөөтэй. Харласан хэрнээ байшингийн дотоод засал чимэглэлийн компани байгуулчихсан гялалзтал ажиллаж яваа залууд өнгөрсөн хавар Монголын Хөдөлмөрийн яамнаас очиж Засгийн газрын шагнал гардуулсан шүү дээ. Америк ийм л улс. Ажлын байр, ашиг орлого, бизнесийн эрх чөлөө энэ ертөнцийн хаана байна гэвэл Америкт л байна. Гагцхүү таны чадвар, мэдрэмж, хөдөлмөрч чанар л мэдэх хэрэг. Нэг ажил хийе гээд хөдлөхөд урд чинь хүнд суртал, авлига, өнгө мөнгөний хана хэзээ ч саад болохгүй. Эхнэр нөхөр хоёр хамтдаа Америкт амьдрахаар очиж аяга шанага угаах ч юм уу, пицца зөөгч юм уу, такси барья гэж бодъё. Монголчууд хийгээд бусад улс орноос очсон хүмүүсийн наад захын хийдэг ажил л даа. Хоёулаа нийлээд дор хаяж 3000 ам.долларын цалин авна. 1000-ыг нь Монгол руу явуулчихна. 1000-ыг нь байр, хоолондоо зарчихна. Үлдсэнээр нь хангалттай амарч зугаалаад, үзэж хараад, ая тухтай амьдарна. Хэдэн ч жил ингэж амьдарч болно. Насан туршдаа ч ийм маягаар Америкт амьдарч болно. Цалингийн хамгийн доод хязгаарт нь төсөв хийхэд энэ юм шүү. Тэрнээс биш 3000-аас дээш цалин авах өчнөөн боломж тэнд бий. Боломжоо ашиглан улам дэвжиж дээшлээд дундаж иргэний түвшинд нь амьдарч байгаа монголчууд Америкт хэдэн зуугаараа байгаа. Энэ ертөнцийн аль ч улс орноос ямар ч хүн очсон сайхан амьдарч болох тийм таатай орчин нөхцөлийг Америк улс бүрдүүлж өгсөн болохоор дэлхийн долоон тэрбум хүн бүгдээрээ АНУ-ын визэнд “алалцдаг” билээ. Тэнд очиж л ясаа амраая, үр хүүхдүүдээ баталгаатай нийгэмд аваачъя, хүн болсных хүний нийгмийн хамгийн сайхан хэсэгт очиж амьдаръя хэмээн ертөнцийн хүн бүр тэмцдэг болой. Тэдний нэг хэсэг нь бидний гурван сая монголчууд юм.

Тэгвэл тэрхүү Америкаас дутуугүй энэ бөмбөрцөгт нэр нөлөөтэй Орос, Хятад руу энэ ертөнцийн хүмүүс яагаад тэгтлээ дурладаггүй, хошуурдаггүй юм бэ. Үнэндээ энэ хоёр улсад өөрсдийг нь хүлээн зөвшөөрч, манайхны хэлдгээр долоодоггүй л юм бол амьдрахад нэн бэрх, хэцүү. Хэлүүлэлтгүй бүгдээрээ янз бүрийн зовлон, бэрхшээлийг нь мэдэж байгаа. Хойд хөршид бол арьс өнгө өөр байхад л хамгийн эхний гадуурхагдах шалтгаан болж цааш дарамт үргэлжилнэ. Монголчуудад дэндүү дээрэнгүй ханддаг. Хиагтын гааль дээр машиндаа дөрвөн шинэ дугуй хийгээд очсон Монголын иргэнийг шинэ дугуйгаа үлдээж хуучин дугуйнуудаа хийгээд нэвтэр гэхийг хоёр нүдээрээ харна. Дөрвөн шинэ дугуйгаа цаана ороод зарах гэж яваа юм гэнээ, Оросын гаальчдын үзэж байгаагаар. Наад захын ийм дарамт мэтээс эхлэн Монгол-Оросын гадаад худалдаа үнэндээ тэг зогсолтод хүрсэн (яах аргагүй хөрш, олон жилийн хэлхээ холбоо худалдаа эргэлтийг амь тавиулчихгүй байгаагаас биш). Ийм газар руу хэн зүглэх юм бэ. Алтанбулагийн гааль дээр очоод хараарай, бараа таваар гэвэл Орифлеймийн жаахан бараа, цацагт хяруулын ч билүү, юуны ч билээ, нэг шувууны мах төдийхөн, бас бус зүйлс Оросоос орж ирдэг. Дээр нь мэдээж нефть бүтээгдэхүүн. Ингээд л болоо. Сүүлийн жилүүдээс нефтийн хэрэгцээгээ бид 90 хувиас 60 хувь руу бууруулж байна. Монголчууд Оросоос улам л хамааралгүй амьдарч байна. Одоо Орос визгүй боллоо гээд монголчууд тийш хошуурах уу, тэндээс тэгтлээ их эдийн засгийн урсгал бий болох уу. Эдийн засгийн утгаар нь том юмыг хойд хөршөөсөө харъя гэвэл ганцхан мах шүү дээ. Орос руу 50 сая малынхаа махыг ямар ч тээргүй гаргадаг болгох асуудал л байж. Үүнийг шийдэж чадвал өөр хэрэг. Сибирийн махны хэрэгцээг бид хангадаг болчихвол том эдийн засаг, том тоон үзүүлэлт, уул уурхайгаас болж уналтанд ордог эдийн засагт их нэмэртэй. Тэрнээс тэнд очоод ажиллаж амьдраад, дээрэлхүүлээд суудаг монгол хүн одоо байхгүй байх аа. Хятад бол арай өөр л дөө. Тэгээд ч визгүй.

Монгол Улсын хувьд Америктай адил төсөөтэй үнэт зүйлсийг эрхэмлэдгээрээ ойр юм. Америк нь хүнийг хүн гэж үздэг ардчилсан нийгэм. Манайд ч үүнийг ярьдаг, эрмэлздэг, манай нийгмийн нэгэн үнэт зүйл мөн юм. Иргэдээ сайхан амьдруулахын төлөө, ажилтай орлоготой, эрүүл саруул, аюулгүй орчинд ажиллаж амьдруулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл гэж Монгол Улс үздэг. Мөн дээр нь ардчилсан сонгууль байна, ард түмний сонголт чөлөөтэй, ил тод байх нь манай нийгмийн нэгэн чухал хэсэг. Энэ дотроо хэвлэлийн эрх чөлөөтэй байх нь Монголын ардчиллын амин сүнс билээ. Энэ бүгдээрээ манайх Америктай адилхан үнэт зүйлстэй улс юм. Ийм учраас бид хүн төрөлхтний нэгэн адилаар Америкийн виз даруулахын тулд “алалцдаг”-аа нуух хэрэггүй билээ. Тэнд бидний үлгэр авах, үнэхээр нэгэн ардчилсан нийгэм ийм байдаг байх гэж итгэл үнэмшил төрүүлдэг нийгэм оршин байдаг болохоор. Гэтэл сүүлийн үед манай дарга нар “Юугаа амлаад туучихсан бол” гэж санааг минь зовтол гүйлдэж байна. Үнэндээ наад Оросын визийг чинь хүмүүс тоодоггүй юмаа. Захын нэг ТҮЦ-нд “Оросын визийг 40 ам.доллараар гаргана” гээд гаднаа бичээд наачихсан байдаг юм. Ийм байтал энэ айлчлалын гол үр дүн нь визгүй зорчихыг шийдсэн асуудал байлаа гэж яриад байгаа нь, ард түмэн минь визгүй зорчих боллоо гэж хөл хөөрцөг болоод байгаа төр засаг ямар учиртай юм болоо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул DNN.mn

“Би өөдрөг байх ёстой”. Энэ үгийг өрх гэрийн тэргүүн бүхэн өөртөө хэлэх цаг ирсэн юм шиг байна. Бид л пээдгэр, өөртөө итгэлтэй ажиллаж амьдрахгүй бол цаад муусайн эхнэр хүүхдүүд чинь нервээ дийлэхгүй нь. Монголын нийгэм, Улаанбаатар хот гэж хаашаа л харна хар яр гэсэн хүмүүсээр дүүрлээ. Ихэнх нь эмэгтэйчүүд минь харагдах. Ингэж эмэгтэй хүнийг, эх хүнийг, эмэгтэй хүүхдүүдээ стресстэй явуулж болохгүй. Тэд байхгүй бол бид байхгүй. Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул. Би тэгдэг болоод байгаа. Эмэгтэй хүн хэрүүл өдвөл “Чиний түмэн зөв” гээд шууд бууж өг. Тэглээ гээд тэд муусайны тэнгэрт гардаг гэж юу байхав. Хэзээдээ л эрийн доор хүмүүс. Энэ нь улны хүн гэж байгаа юм биш шүү. Үүндээ тулах юм бол эмэгтэй хүн бүхэн тэнгэрийн аянга. Энэ хотын стрессийг хамгийн түрүүнд багасгах хялбар арга бол алхам тутамдаа эмэгтэй хүн бүхэнд гүн хүндэтгэлтэй хандах явдал юм. Энэ соёлд суралцах аваас нийгмийн нерв үлэмж багасна.

Эхэнд хэлснээр аав бүхэн өөдрөг байж, аавуудын амнаас болохгүй бүтэхгүй гэсэн үг цөөн гарч, “Асуудлыг аав нь шийднэ, ард нь гарна, бүх зүйл сайхан болно” гэсэн үгээр гэр бүлдээ итгэл өгч, инээмсэглэл дүүрэн зурагтын удирдлагатай ноцолд. Гэрийг гэргий хүн ганцаараа гэрэлтүүлдэг юм биш, аавууд бас гэрэлтүүлнэ. Аавын хөмсөг атираатай айлын амьдрал бараан байх нь тодорхой. Гэрийн эзэн нервээ дийлэхгүй бол гэргий чинь сэтгэл санаа тогтворгүй байх нь бас тодорхой. Үүгээрээ сургаал айлдаад байгаа юм биш, зүгээр л амьдралынхаа туршлагаас ярьж байна.

Төгсгөлд нь хэлэхэд чи эр хүн юм бол эмэгтэй хүнтэй маргалдан өөрийгөө доош нь хийх хэрэггүй. Зүгээр л удирд.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Гутерреш юу айлдав DNN.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш сая Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Дэлхий үймж байгаа энэ цаг үед дээд байгууллагын тэргүүн Монголд ирсэн нь, юу ярьсан нь мэдээж Олон улсын анхаарлын төвд байлаа. Түүний Монголд ирээд хэлсэн нэг үгийг онцлох ёстой. Түүнчлэн монголчууд онцгойлон анхаарах ёстой. Тэрбээр ингэж хэлэв, “Далайн давлагаа эргээ аймаар хүчтэй цохидог. Түүнийг нь харахад аймшигтай, эрэг яаж тэсч байна гэмээр. Гэвч эцэстээ далай ч, далайн эрэг ч яадаг ч үгүй юм. Харин тэр хоёрын дунд байгаа жижиг жараахай, хавч, амьтад, тэр байтугай хөлөг онгоц хүртэл бяц үсэрдэг. Монгол Улс яг үүн шиг нөхцөлтэй байна. Орос-Хятад хоёр яах ч үгүй. Дунд нь байгаа Монгол Улс бут үсэрч мэднэ. Тийм болохоор Монголын орчин үеийн улс төр, улстөрчид, ер нь монголчууд үүнд анхаарах хэрэгтэй. Бяц үсэрч болохгүй” гэж хэллээ дээ. Энэ үгийг хэр олон хүн анзаарсан юм бол доо. Гутеррешийн энэ үг бол бараг айлдвар. Дэлхийн 200 гаруй улс орны аюулгүй байдал, энх амгалан зэрэгцэн оршихын төлөө ажиллаж байдаг Олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том энэ байгууллага болох НҮБ-ын тэргүүн бээр зүгээр ч нэг энэ үгийг хэлээгүй гэдгийг монголчууд ойлгох цаг иржээ. Монголчууд дотроо яадгийг мэддэг учраас энэ зүйрлэлийг хэлж, сануулсан нь лавтай.

Монголын энэ цаг үеийн толгой сэхээтэн, мэргэжлийн дипломатч, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуай “Монголчууд бид хоёр хөршийнхөө дунд мөрөөрөө, бас ухаалаг амьдрах цаг үе ирлээ” гэж хэлсэн. Нэрт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо нэгэнтээ “Айлд яваад орохоор ер зүгээр суулгадаггүй, өмнүүр хойгуур гүйгээд, үс сахлаар оролдоод, болдог бол барьж аваад хонгон дээр нь нэг таван салаа өгчихмөөр хүүхэд байдаг даа, яаж ч болдоггүй, хоёр хөршдөө монголчууд яг тийм хүүхэд шиг байгаа” гэж билээ.

Тэгэхээр дэлхий даяараа тахал, дайн хоёрт дөрлүүлж, хоёр хөрш маань голлох үүрэгтэй байгаа ийм цөвүүн цаг үед монголчууд бид өмнөх шигээ байгаад байж болохгүйг дэлхийн дарга ч санууллаа, дэргэдэх сэхээтнүүд маань ч хэлсээр байна.

Монголчууд тэгээд ямар байх ёстой вэ. Гол нь улс төрийн нөхцөл байдал эрүүл, ардчилсан зарчимд суурилсан, тэнцвэртэй, шударга, хууль ёсны дагуу байх ёстой. Улс орныг үймүүлэх, юу ч биш болгох хамгийн том аюул бол улс төрийн буруу тогтолцоо, улстөрчдийн бэртэгчин байдал. Тийм болохоор Монголын улс төрийн тогтолцоог нэгдүгээрт Парламентын засаглалдаа үнэнч, тууштай, олон ургальч үзлээс бүрдсэн, хяналттай байлгах нь хамгийн чухал. Үнэн хэрэгтээ 2016 оноос хойш Монголын парламентад нэг нам дангаар ноёрхож ирлээ. Нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан АН болон бусад нам эвслийн төлөөллүүд гудамжинд үлдсэн эрүүл бус сонгуулийн системтэй явж ирлээ. Сонгогчдын дөнгөж 42 хувийн санал авсан нам УИХ-д 62 суудалтай, үнэмлэхүй олонх байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү. Хууль ёс шударга хэрэгжих үү. Шулуухан хэлэхэд, 62 гишүүний 50 хувийг гадны хүчин зүйлс байтугай дотоодын нэг аж ахуйн нэгжийн эзэн ч худалдан авч чадахаар байна. Хүссэн хуулиа гаргуулахад асуудал алга. Монголын хувь заяаг эргүүлэхэд 500 сая ам.доллар хангалттай гэсэн золбин үг тодорхой хүрээнд яригддаг нь нууц биш шүү дээ. Парламентын 50 гишүүн тус бүрт нэг сая ам.доллар хангалттай гэсэн гадны гар хөлийн ч яриа бий. Ийм эмзэг төр засагтай, хууль ёстой байна гэж юу байсан юм бэ. Тавин улстөрчийг худалдаж авах, 100 гишүүнийг худалдаж авахын хооронд басчиг ялгаа бий. Аргаа барсан хүний үг юм даа. Гэхдээ л нэг намын 62 гишүүнтэй ярьж тохирох, олон намыг төлөөлсөн 140 гишүүнтэй халзагнахын тухайд бүтэлтэй, бүтэлгүй юм дуракуудад тулгарах нь тодорхой. Ийм л учраас Их хурлын гишүүдийн тоог хүн амын тоондоо харьцуулан олон болгох нь цаг үеийн шалгарсан шаардлага болоод байна. Дээр нь сонгогчдын санал ингэж хэдэн зуун мянгаар гээгдмээргүй байна. Ийм эрүүл системийн эхлэлийг энэ жилдээ багтааж хийхгүй бол Монгол Улс цаашдаа балрах нь.

Хоёрдугаарт, аль ч улс орны түүхэнд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлснээр сайн зүйлийг авчирч байсан удаагүй. Тийм л учраас ардчилсан нийгэм, хүчтэй сөрөг хүчинтэй парламентын засаглал руу хүн төрөлхтөн явж ирлээ. Өнөөдөр харцгаа, Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд ямар байгааг. Ард түмнээ зовоогоод зогсохгүй дэлхийг самарч байгааг. Хүн төрөлхтөнд шүдний өвчин болсон удирдагч, улстөрч, Ерөнхийлөгчтэй болцгоосон байна. Энэ мэтийг сануулахын учир нь “Монголд чанга гар хэрэгтэй байна, хүчтэй Ерөнхийлөгчтэй болъё, Ерөнхийлөгчийн засаглалтай болохоос өөр арга замгүй боллоо” гэх үзэл суртал яригдах, оролдлого хийгдэх боллоо. Энэ бол тэнэглэл. 76 хүнд 70 сая ам.доллар хангалттай гэж хуцдаг гадныхан нэгэнт бий болчихоод байхад ганц атамантай ярих нь бүр л амар шүү дээ. А.Гутеррешийн “Далай-Эрэг хоёр яадаг ч үгүй юм, дунд нь байгаа бүхэн үрэгддэг” гэсэн зүйрлэл дотор энэ бүхэн багтаж байгааг тогтож бодно уу, монголчууд аа.

Өнөөдөр Монголын оюун санааны ертөнцөд нөлөөлөх нэр бүхий хэдэн сэхээтнүүд нийгмийн сүлжээнд хоёр хөршийн талаар нэг талд нь, ил цагаан үзэл бодлоо илэрхийлмээргүй байна. Аль нэг талд нь туйлширч дуугарахаа хязгаарлана уу. Таны үзэл бодлыг коммунистууд шиг хориглож байгаа юм биш. Зүгээр л цаг үе нь биш байна гэдгийг хэлье. Та бүхэнд туршлага, сайн эх сурвалж, аналитик чадварууд байж болно. Гэхдээ Монголтой, Монголгүй асуудал шийдэгдэхээ хүрвэл шийдэгдэх тийм цөвүүн цаг үе учраас дотроо бодолтой, дороо суурьтай байцгаая. Бид дотроо л томорцгоохоос биш гадагшаа бол хэн ч биш шүү дээ. Дэлхий сонсчих хэмжээний ганц Нобелийн шагналтан бидний дотор бий билүү. Дэлхийн анхаарлыг Монгол руу хоромхон зуурт чиглүүлж чадах ганц Холливудын жүжигчин ч байхгүй шүү дээ. Далайн шуурга болж эрэгээ цохиход хүрвэл бид зомгол болно. Зомгол болгохгүйн төлөө үйл ажиллагаа явуулдаг дэлхийн дарга үүнийг хэллээ. Үүнээс илүү бодит сэрэмжлүүлэг тэгээд хаанаас сонсох гэсэн юм бэ. Украинтай өөрсдийгөө зүйрлэн жиших хэрэггүй. Газрын зураг дээрээс харчих. Хаагуур нь ч барууны дэмжлэг орж ирэх боломжтой, нөөцтэй Украин. Монгол Улс бол далай-эрэг хоёрын голд л байна. Үүнийг монгол хүн хэлээгүй, Гутерреш хэлсэн.

Эцэст нь үнэнийг дахин хэлэхэд, монголчууд бид хоёр хөрштэйгөө ил, далд байдлаар толхилцоод байлгүй эвтэй, ойлголцолтой байх энгийн үнэнийг нийтээр хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, хоорондоо эвтэй байх. Дотор нь хагаралдуул, дараа нь эзэлж авъя гэсэн үгийг түүхийн хуудаснаас харцгааж байх. Гуравдугаарт, бидний төрийн байгууламж болох Парламентын засаглалаа улам бэхжүүлэх. Гадна, дотны хэн ч өвөртлөөд явчих юм уу, өшиглөөд унагачих давжаа парламентгүй болох. Дор хаяж 140 гишүүнээс бүрдсэн, олон намын төлөөлөлтэй, хяналттай, эрх мэдлийн тэнцвэрээ хадгалсан парламенттай болох. Ингэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрлчлөлтийг зөв, хийгүй, тултал хийхээс өөр гарц өнөөдөр алга. Даян дэлхийн энхтайвны баталгаа болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлдварыг Далай ламын сургаал шиг санаж явах цаг иржээ, монголчууд минь…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Хотын даргыг давхар дээлтэй болгоё DNN.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/ хийгдэх нь тодорхой болов бололтой. Дан дээлтэй сайдуудтай Засгийн газар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ч хэрэвзээ Их хурлын гишүүн сайдуудтай байсан бол илүү үр дүнтэй ажиллах байлаа гэдэг дээр эрх баригчид өнөөдөр санал нэгджээ. Тэгэхээр үүн дээр нэмэрлэх санал байна. Юу гэхээр “бага” Засгийн газар болсон Нийслэлийн Засаг даргыг бас давхар дээлтэй болгох хуулийг ҮХНӨ-өөр хиймээр байна. Хотын дарга нь давхар УИХ-ын гишүүн байвал ажлыг саад багатай урагшлуулах юм байна гэдгийг өнөөдөр бид харж байна.

Энэ удаагийн ҮХНӨ нь хийгүй, алдаагүй, хамгийн гол нь дутуугаа гүйцээсэн байдлаар хийгдэх ёстой. Тийм түүхэн чухал цаг үе мөн. Өөрчлөлтийг дутуу хийснээр өнөөдөр ямар бантан болсныг бид бэлээхэн харж байна. Энэ талаар яривал барагдахгүй их зовлон тоочих учраас түр орхиё. Нийслэл дээр л тогтъё. Энэ нь иргэдэд өнөөдөр нэн чухал байгаа болохоор.

Өнөөдөр 1 сая 600 мянган хүний нийгэм эдийн засгийн амьдрал, эрүүл мэнд, боловсрол, соёлын бүхий л ачааны хүндийг Нийслэл үүрч, дүүрч явна. Ийм их хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотын захиргааг “бага” Засгийн газар гэж нэрлэхээс өөр аргагүй. Эдгээрийг дааж явах эрх зүйн зохицуулалтуудыг Д.Сумъяабазар үе шаттай, боломжит дээд хурдаараа хийж гүйцэтгэж байна. Наад зах нь төсвөөс 400 тэрбумыг хот өөрөө мэдэж шийдэх эрх зүйн орчинтой болсноос эхлээд, УИХ дахь нийслэлийг дэмжих лобби бүлгэм хүртэл байгуулагдан ажиллаж байна. Энэ мэт улс төрийн эрүүл дэмжлэгийг анх удаа бүрдүүлж чадсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд үйлчилгээний 70 гаруй тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жил гэнэт цуцалсан нь аж ахуй эрхлэгчид, татвар төлөгчид, ард иргэдийн хувьд нүд нь орой дээрээ гарсан, онцгой таатай шийдвэр, эдийн засгийн зөв хөшүүрэг болсон юм.

Энэ мэт эрүүл, чанартай шийдвэрүүдийг иргэд, олон түмэн сүүлийн 30 жил нийслэлийн удирдлагуудаас хүсч байсан ч өнөөдрөөс л нэг юм зөв эхлэл нь тавигдлаа. Маш их цаг хугацаа алджээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлд зөвшөөрөлгүй хайс хашаа, авлига, албан тушаалаар бий болсон газар олголтуудыг Д.Сумъяабазарын баг хуулийн хүрээнд тууштай эмхэлж цэгцэлж, цэцэрлэгжилт, зогсоол талбай, явган хүний зам, түгжрэлийг бууруулах гарц өргөтгөлийг шийдэх байдлаар бодитой ажил хэрэг болгож байна. Энэ ажлууд асар их эсэргүүцэл, занал зүхэл, эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт дор хийгдэж байгааг ярих ч юм биш. Хамгийн чухал нь Д.Сумъяабазарын баг буцаж няцахгүй, эцэж цуцахгүй үргэлжлүүлж байгаа нь нийслэлчүүдэд итгэл найдвар төрүүлж байгаа юм.

Нийслэлийн өнөөдрийн удирдлагууд аль ч талаараа бидний 30 жил ярьж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдээд явж байгаа учраас энэ удаагийн ҮХНӨ-өөр Нийслэлийн Засаг дарга нь УИХ-ын гишүүн байх эрх зүйн чадамжийг бүрдүүлж өгөөд түүнээс ажлын үр дүн нэхэж сууя. Энэ бол Монголын нийслэлд том реформ болно.

Өнөөдөр хотын дарга нь УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа ойлголцлын өндөр түвшинд ажиллаж байгаа ч Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд Нийслэлийн Засаг дарга нь УИХ-д давхар сууснаар илүү ихийг иргэдийн төлөө хийх нэр нөлөөтэй, ажлын үр дүн нь өндөр байх боломжтойг Д.Сумъябазарын Засаг даргаар ажиллаж байгаа хугацаанаас харж байна. Энэ тал дээр та бүхний санаа бодол ямар байна, хуваалцаарай.

Categories
мэдээ улс-төр

Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуусан араншин… DNN.mn

Ю.Цэдэнбал ноёрхлоо мөнхөд хангахын тулд Д.Дамба нарыг “хоцрогдсон” хэмээх шалтгаан гаргаж ирсэн. Тэгээд нам, төрийн удирдлагаас шахсан. Шахахдаа Д.Төмөр-Очирыг ашигласан. Д.Төмөр-Очирыг намын удирдлагаас зайлуулахдаа Л.Цэндийг хэрэглэсэн. Л.Цэндийг зайлуулах хуйвалдааныг зохион байгуулахдаа Б.Нямбуу нарт тулгуурлан санаагаа хэрэгжүүлж байв. Ингэж бичжээ. МАН-ын 100 жилийн ойд зориулж, намын төв аппаратаас нь эрхлэн гаргасан улаан номноос ийм юмнууд уншаад байх юм л даа. Түүх үнэн байх ёстой. Зүгээр л “МАН-ын түүхэн үнэнийг миний үед ард түмэнд үлдээ” гэж Л.Оюун-Эрдэнэ солиорсон юм болов уу. Та нар бод доо, МАН шүү дээ, Ю.Цэдэнбал аа, бусад том удирдагчдынхаа үнэн түүхийг өнгөрсөн 100 жилд ингэж доторлон үнэнээр нь бичиж байсан уу. Яг энэ хандлагаараа бол өнөөдрийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “ёо ёо”-той нөхөр юм билээ дээ.

М.Энхболдын өмдний шуумагнаас эхэлж чангаасан хүн бол энэ нам дотроос анх Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Намынхаа бага хурал дээр “Тэгж яривал М.Энхболд дарга та өөрөө Х.Баттулга гэдэг хүнийг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн биз дээ” гэчихсэн. Тухайн үед хаан байсан М.Энхболдын өөдөөс нэг муу бацаан шүү дээ. Л.Оюун-Эрдэнийг ингэж хэлэхэд бусад нь яасан бол. Энэхүү алдарт “гэрэл цохиулсан” үгийн автор нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг өнөөдөр хүмүүс мартчихсан л байх. М.Энхболдын өмдний шуумагнаас “бацааныг” ингэж татаж чангааж эхлэхэд бүгд л “Хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэж хандсан. Ганц М.Энхболд ч биш аль аль намын түүнтэй холбогддог нөхдүүдийг тэгж өдсөн. Тэднийг яах юм, цул бяр байсан улсыг. Тиймээс нэг их үр дүн хүлээгээгүй. Хүлээх ч үндэсгүй цаг байв. Тэгсэн ахисаар удалгүй өмднийх нь халааснаас зуураад авсныг та бид мэднэ. М.Энхболд нарын өмдний тэлээ Монголын хамгийн чанартай, зузаан “арьс” учраас өөрөө ч, хамтрагчид нь ч санаа зовоогүй байх. Тэгсэн яасан, нөгөө “бацаан”-ыг өнөөдөр хар даа, тэднийг шалдлаад тавьчихсан байгаа биз. Тэднийг мултлаад зогсохгүй, өнөөдөр өөрөө МАН-ын дарга, Ерөнхий сайд болчихсон явж байна.

Ийм л “юм” болж өнгөрснийг хүмүүс мэдэж байгаа учраас Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр хүн бүхэн анзаарч, ажиглаж байна. Үг, үйлдэл бүрт нь дүгнэлт хийцгээх болж. “Л.Оюун-Эрдэнэ нэг барьсанаа тавьдаггүй юм байна” гэдгийг анзаарлаа. “Барьж авсан юмныхаа ард заавал гардаг араншинтай юм байна” гэдгийг ойлгоцгоолоо. Анхлаад ярьсан зүйл нь “60 тэрбум”-ын схем буюу төрийн эрх мэдлийг авахын тулд хэрхэн мөнгө босгодог схемийн талаарх түүний яриа байв. “Ийм юм байж болохгүй” гэж тэр дуугарсан, тэмцсэн. Энэ схем одоо оргүй алга болсон эсэхийг би мэдэхгүй байна. Лав одоо ил цагаан мөнгөний албан тушаал байна уу, үгүй юү. Байгаа бол түүнд хэлэх хэрэгтэй. Хамгийн үзэж чадахгүй юмных нь нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Эсрэг зогсож байгаа Ерөнхий сайд гэдэгт АН-ынхан ч итгэдэг.

Дараа нь тэрээр Оюу толгой, тэгээд Эрдэнэт, Хөгжлийн банк… бүгдийг нь зөв байранд тавих гэж зүтгэсэн. Гал дундуур явж байна. Чадаж ч байна. Тийм учраас Монгол Улсын иргэний хувьд ташуур өгөх нь зүйн хэрэг гэж үзсэн юм. Заримынх нь процесс өнөөдөр үргэлжилж байна. Хөгжлийн банк лав дампуурахгүй нь тодорхой болсон. Үр дүн мөн л дөө. Түүний дараагийн орох гал юу болохын тухайд улс төрийн хүрээнд яриад эхэлсэн. Сонсож мэдэцгээнэ биз.

Ингэж улс орон удирдах ажлаа үргэлжлүүлж байгаа нь нэг талаас тэмцэл л гэж харагддаг. Энэ нь түүний эсрэг том хүч хуралдаж байгаа болов уу гэхээр үзэгддэг.

Гэхдээ түүний байр байдлыг харахаар үгүй ч юм шиг тайван ажиллах. Түүний хэлсэн нэг үг бий. “Би байгаа дээрээ бодлогоо хэрэгжүүлнэ. Ажлыг хийнэ. Ард нь заавал гарна” гэж. Энэ үгийн цаана юу харагддаг гэхээр тэр дарга болох хүсэлтэйгээ хамт “Дарга болоод үүнийг хийнэ” гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Бусад нь бол дан ганц дарга л болох хүсэлтэй орж ирж дарга болдог юм. Түүний бас нэг үг бий. “Яахаараа хэдхэн хүн Монголыг мөнхөд захирч, ард түмэн ч гэсэн тэд л захирч байх ёстой гэсэн бодолтой болчихсон байгаа юм” гэж. Энэ үг бол тухайн үедээ их том үг, их том эрсдэл. Үүнийхээ шанд тэрээр “гурван үсэг”-тэй газраар эгээтэй эхнэрийнхээ цүнхийг шалгуулаагүй байх. Заавал “юм” ол гэсэн тушаалтай комиссарууд эхнэрийнх нь цүнхийг ч бараг уудалсан биз дээ. Юу ч олдоогүй гэдэг. Эхний даваа нь тэр болсон. Нээнтэггүй, нэр цэвэр гараад ирсэн түүн рүү Их хурал дотроос ганц нэгээрээ очиж нийлсээр эцэстээ Их хурал дахь МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдахад хүрсэн юм. Маш товчхондоо өчигдрийн түүх нь ердөө энэ. Энэ цаг мөчөөс хойш түүний замналд мөн ч их зүйл өрнөж байна. Хамгийн гол нь Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт, Хөгжлийн банк… алинд нь ч хуруу дүрээгүй “тэнэг” явсан юм билээ. Ирэх 30 жилийн улс төрийн жишиг бараг энэ байх.

Нэпко хэвлэлийн компани дээр “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” нэртэй 12 боть номын нээлт болсон юм. Нэр нь сэнтэг ч нидэр дээрээ сайн эх сурвалж бүхий ном. Энд юу сонсогдсон гэхээр Монголын парламентын 30 жилийн түүхэнд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан УБХ, АИХ чуулганы аварга том протоколуудыг архиваас гаргуулан авч өдөр шөнөгүй сууж үзсэн ганц улстөрч гарсан нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн гэж архивч нь хэлсэн байна лээ. Өнөөдөр ид яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд ингэж судалсан улстөрч голлох үүрэгтэй оролцож байгаад үнэ цэнэ, итгэл найдвар нь байгаа юм. Өмнөх өөрчлөлтүүд шиг дутуу дулимаг, улс төрийн зорилготой бантан болохгүй нь гэсэн итгэл үнэмшил байгаа юм. Судлаач Д.Ганхуягийн зүгээс “Монголд “системийн онол” мэдэх ганц улстөрч бий, тэр бол…” гэж байгаад түүний нэрийг хэлсэн. Тэр тэгж хүн магтдаг хүн мөн үү. Үгүй шүү.

Их эгзэгтэй цаг үе бол өнөөдөр мөн. Л.Оюун-Эрдэнэ бүгдийг задлаад, бутлаад, бужигнуулаад хаячихсан. Энэ бүгдийнхээ пянг нь даах тухай асуудал ч энд яригдана. Саяхан тэрээр “Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн бүх газрын дэд дарга нарын орон тоог байхгүй болгоход нэг зүйл анзаарагдлаа. Нэг ч Их хурлын гишүүний зүгээс тэрийг маань… гэж хандсангүй. Энэ бол их зөв жишиг, зөв хандлагын эхлэл. Хандлага жижигдэхгүй. Өмнө нь ямар байлаа даа, нэг мэргэжилтнийг ч мэдэлцэх гэсэн хүмүүсээр Их хурал дүүрсэн байсан шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ гэж Ерөнхий сайд юуны төлөө, юу хийх гэж зорьж явааг хаа хаанаа ойлгож эхэлжээ” гэж. Бараг үнэн биз. Дэд дарга бүхэн УИХ-ын гишүүдийн хүмүүс байсан нь нууц биш.

Цаг хугацааны шалгуурыг хүлээхгүйгээр одоо хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ барьцаалагдаагүй улс төр хийж байна. Залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Одоо Л.Оюун-Эрдэнэ дутуу сэрвэгнэж байж алуулах хэрэггүй. Зүгээр л гүйцэд хий… Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуурсан байдаг зан араншин чинь чамд тус болно. Харин энэ чинь Монголын заяанд хэрэгтэй зөв араншин юм даа…

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банк… одоо Л.Оюун-Эрдэнийн онгичих газар юу вэ DNN.mn

Эрдэнэт үйлдвэрт эгээтэй авлига, шахааны үзэсгэлэн гаргачихгүйхэн байж эмхлүүлж авав бололтой. Тэнд хуруу дүрээгүй улстөрч цөөхөн гэдэгт монголчууд 100 хувь итгэлтэй байдаг. Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан хамгийн том луйвар бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь байлаа. Хүмүүс 49 хувь дээр олон талын байр суурьтай байдаг ч эцсийн ганц үнэн бол тэнд хувийн өмч байгаагүй юм. Хоёрдугаарт, 1460 төгрөг байсан ам.долларыг монголчууд ид амарч зугаалаад алга болсон долдугаар сарын сүүлээр 1770 төгрөг болтол огцом, ганц өдрийн дотор хулгайгаар өсгөсөн ялт үйлдэлтэй энэхүү 49 хувийнхан шууд холбогдоно. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахын тулд зах зээл дээр байсан бүх долларыг нууцаар хамж, хомсдол үүсгэсэн, үүндээ Монголбанкаар их наяд төгрөг хэвлүүлэн ашигласан зэрэг энгийн иргэн ихэд зовж ойлгох санхүүгийн луйврын систем, хууль бус үйлдлийг тухайн үеийн том улстөрчид болон банкны томчууд үйлдсэн билээ. Бооцоогоо буруу тавьж балран, үр дүнд нь монголчуудад илэрсэн энэхүү хэрэг явдал нь ерэн оноос хойших Монголын түүхэн дэх санаатайгаар хийгдсэн хар мөр. Тэр зуны долдугаар сараас хойш ам.долларын ханш буулгүй явсаар өнөөдөр 3224 төгрөг болчихоод байна. Доллар дагасан суурь үнийн өсөлт, түүнийг дагасан бүх барааны үнийн өсөлт өнөөдөр Монголыг туйлдуулсаар…. Энэ бүгдийг өнөөдөр цар тахал, дайнтай холбож ярьдаг ч эхлэл нь ийм л юм гэдгийг монголчууд мэдэж байх ёстой. Эрүүл саруул ухаантай ямар ч улстөрч байсан Эрдэнэтийн 49 хувьтай хатуу тэмцэхээс өөр арга байгаагүй. Тэнд шударга ёсыг тогтоох нь тэдний үүрэг байлаа. ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ тийшээ зогсоогүй шалгалт оруулсан. Онц байдал зарласан. “Яаж байгаа муу тэнэг вэ” гэж намынхан нь хаалганы цаана орилолдсоор байсан ч түүнд ялагдсан. Эрдэнэт үйлдвэрийг эмхэлж цэгцэлсний үр дүн нь цар тахлын хүнд үед ард түмэн, аж ахуйн нэгжүүд Эрдэнэт үйлдвэрээс эрчим хүч, цахилгаан дулааны зардлаа даалгахаас эхлээд өөр олон үр шимийг хүртэв. Өнөөдөр ч үргэлжилсээр, цаашид ч буян нь ирнэ… Учир нь ямар ч хувийн хөрөнгөтөн ядарсан ард түмэнд мөнгө тараадаггүй л байхгүй юу. Эх орны үйлдвэр Эрдэнэтээс бол иргэд бид хишиг хүртсэн, цар тахлын хүнд үед…

Дараагийнх нь Оюу толгой. Оюу толгой бол олон том улстөрчдийн эрх ашиг орсон, дийлэхэд бэрх хадны мангаа, аварга төсөл. Монголын боловсролтой гэгддэг, тэр боловсрол мэдлэгээ Монголын хөгжлийн төлөө зориулна даа гэж ард түмэн итгэж найдаж байсан, төрд сонгож явсан хүмүүс нь бүгд оролцсон. Баруунд олж авсан боловсролоо эх орноо тонон дээрэмдэхэд зориулсан хүмүүсийн тод дүрүүдтэй төсөл. Эдгээр нэр бүхий хэсэг улстөрчид Оюу толгой дээр онцгой цэвэрхэн луйврын ажиллагаа явуулсан нь одоо нийгэмд маргаан дагуулсаар, талцуулсаар байна. Эв эрүүл схемдээ одоо л орж байгаа хамгийн гоё, Монголын аврах төсөл. Гэхдээ эцсийн үнэнг энд бас хэлэх ёстой. Хуулийг ашиглаж, хуулийн цоорхойгоор Оюу толгойгоос ухаалгаар “юм”-аа аваад сурчихсан бүлэглэлүүд өнөөдөр ч ордонд оршсоор байгаа нь гунигтай байгаа юм. Энэ ухаалаг луйварчидтай, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан нөхдүүдтэй тэгээд хэн тэмцэж ард нь гарч чадна гэж. Үүнд нийгмийн учир мэдэх хэсэг бухимдаж байсан. Оюу толгойгоос олз олдог хэсгийнхэн одоо Л.Оюун-Эрдэнийг зүхэж байна. Үүндээ нийгмийн тодорхой хэсгийг ч ашиглаж байна. Л.Оюун-Эрдэнэ дийлдээгүй шалтгааныг энд маш товч, тодорхой хэлье. Л.Оюун-Эрдэнэ-Оюу толгой хоёрын тулаан бол Монголд биш, Олон улсад өрнөсөн үйл явц. Тэгэхээс ч өөр арга түүнд байгаагүй. Хэрэвзээ Монголын хуулиар, Монголоос халихгүй өрнөсөн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёстой “алуулах” байсан. Риогоос “Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн” гэх Монголд ашигтайгаар эргэсэн таван зүйлт шийдвэрийг үндэстэн дамнасан тэр аварга компани яагаад гаргав. Тэд яагаад бууж өгөв. Л.Оюун-Эрдэнэ Монголын тайзан дээр тэдэнтэй тогловол дотоодын луйварчидтай хавсраад түүнийг нам цохих учраас Олон улсад нээлттэй заргалдсан юм. Олон улсын анхаарлын төвд, Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр үзэлцсэн хэрэг. Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээж авахгүй л бол Рио Тинто групп нь Олон улсын хөрөнгийн бирж дээр Монгол дахь нэр хүндээсээ болж унах, бүх хувьцаа нь шалан дээр очих нөхцөлд хүрсэн. Тэднийг тийм хүнд байдалд оруулж чадсан. Үнэндээ аваргуудыг ингэж буланд шахсан нь Л.Оюун-Эрдэнийн үйлдэл. Үр дүн нь эх оронд тодорхой ирлээ. Өмнө нь Монголын тал төлөхөөр тооцоолж байсан 22 тэрбум долларын өр үүсэхгүй болсон. Улмаар Монголын талын 34 хувийн үнэ цэн өсч, ногдол ашиг цаг хугацааны хувьд наашлах боломж бүрдсэн. Өнөөдөр гүний уурхай нь эхнээсээ ажилд орлоо, Монголын эрчим хүчний системээс эрчим хүчээ хангах гэрээ хийгдэж эхэллээ… Монголд эерэг тусах олон олон үр дүнгүүд өдөр сараар наашилж байна. Оюу толгой дээр огт өөр зарчим, хандлагатай нөхөр давхиж очно гэж зүүдлээ ч үгүй Риогийнхны алдаа, Монголын хожоо. Нөхдүүд Монголын Засгийн газрын тэргүүн гэж өмнөх шигээ юмнууд ирнэ гэж тооцсон. Өмнөөс нь барих технологи нь бэлэн. Гэвч шударга ёсны дүрмээр Оюу толгойтой тоглосон нь энэ.

Гурав дахь нь Хөгжлийн банк. Л.Оюун-Эрдэнийн журмын нөхдийн хөгөө хөлдөө чирсэн хэрэг явдал. Намын дарга, Ерөнхий сайд тэрээр заримдаа найзуудаасаа ичдэг, хэлэх үггүй болдог байх. Монгол Улсын хөгжлийн түүчээ болох мега төслүүдийг санхүүжүүлэх ганцхан зорилготой, хуулиар баталгаажсан үүрэгтэй энэ банкийг МАН-АН-гүй хуваагаад идчихсэн. Эгээтэй эхнэртээ булган дээл авч өгөх гэж Хөгжлийн банк руу гүйгээгүй гэж найдъя. Зарим нь ч авсан бололтой юм билээ дээ, шившигүүд чинь. Үүнтэй Л.Оюун-Эрдэнэ яагаад ч эвлэрч чадаагүй. Хөгжлийн банкийг уудалж дэлгэлээ. Монголын нийгэмд ийм бузар булай луйвар дээрмийг эрх мэдэлтнүүд хийжээ гэдгийг зарлалаа. Хуулийн байгууллагад нөхдөө өглөө. Энэ банк Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ингэж дэлбэрэх, дэлгэгдэх газар яавч биш. Тэнэгүүд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг системдээ оруулаагүйгээс тэнэгтэж баларлаа, бас баригдлаа гэж заримдаа бодох юм байна шүү дээ. Л.Оюун-Эрдэнээс сүүлд улс төрд орж ирсэн нөхөд нь хүртэл дор хаяж 30 тэрбумыг Хөгжлийн банкнаас туусан байх юм. Бүгдтэй нь хамт улс төр хийж явсан Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хуруугаа дүрээгүй байна гэхээр ерөөсөө итгэхгүй явсан ч өнөөдөр бол итгэж байна. Тэр оролцоогүй юм байна, оролцдоггүй учраас нээнтэггүй, нэр цэвэр улстөрчийн хийдэг тэмцлийг хийж байна. Хөгжлийн банкинд шударга ёсыг тогтоож эхэлснээр нэг зүйлийг сайн ойлголоо. Өнгөрсөн жилүүдэд энэ улс орныг улстөрчид удирддаг гэсэн бодолтой явж ирж. Тэгсэн үгүй юм байна, энэ улс орныг улстөрчид биш, энэ хэдэн банкны эзэд удирддаг байжээ. Үүнийг ард түмэн эхнээсээ ойлгохтойгоо боллоо. Одоо бол Л.Оюун-Эрдэнэ гэж улстөрч Монгол Улсыг удирдаж байна.

Одоо түүний дөрөв дэх “удар” юу байх вэ. Үүнийг олон хүн хүлээж байна. Ер нь бол Таван толгой л байх болов уу. Байгаасай ч гэж хүсч байна. Яагаад гэвэл яг яваад орчих зан чанар түүнд байна. Хэрэв тийм бол Таван толгойн нүүрснээс шанага шанагаар авч амташсан улстөрчдөд тэр дайн зарлана. Хариугүй зарлах гээд ч байгаа юм шиг мэдрэмж бас төрөөд байгаа шүү. Тэр зүгт анхаарлаа хандуулж эхэлсэн нь түүний цочир мэдэгдлүүдээс харагдах боллоо. Таван толгой хавийг өмнөх гурав шигээ хуулийн хүрээнд онгичиж, хууль ёсыг хэрэгжүүлж чадах ганц тэнэг гэдгийг “аваргууд” мэдэх болсон учраас түүнээс маш их болгоомжилж байна. Тэр хэрээрээ зүхэж, харлуулж байна. Хууль дүрмийг уландаа гишгэсэн бүгдийг Ерөнхий сайд байгаа дээрээ арчиж хаяна гэсэн зарчим түүнд үйлчилж байна. Таван толгойгоор хөрөнгөө зузаалж ирсэн улс төр-бизнесийн аварга том бүлэглэлтэй Л.Оюун-Эрдэнэ одоо тулалдах нь магадгүй Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банктай зүйрлэх эцэсгүй бузар булайн үүр уурхай руу орж байгаа хэрэг байх. Том хүч түүний өөдөөс хөдөлнө. Тэр цуцаж мэднэ, гэхдээ цөхрөхгүй байх. Шударга ёсыг эхлүүлсэн улстөрч хүн замын дунд зогсвол сөнөдгийг Харвардад заалгаснаасаа илүү хажууд байгаа нөхдөөсөө мэдэрч байгаа байлгүй дээ. Ханаж цадахгүй байгаа луйварчдаас Таван толгойг салгаж Монголын эрх ашиг болгох нь магадгүй Л.Оюун-Эрдэнийг одоо хүлээж буй хамгийн том тулаан юм. Харин энэхүү тулааны ард гарч чадвал элдвээр хэлэгдэж яваа энэ хүүтэй монголчууд юу ч ярих хэрэггүй, дуугүй л дагаад хэсэгтээ алхацгаая…

Categories
мэдээ улс-төр

И.Мөнхжаргал: Ерөнхийлөгч асан хоёр хүний ойлголцол АН-ын эв нэгдлийн гол хөшүүрэг болно байх DNN.mn

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудал болон намын үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-АН-ын дотоод маргаан Дээд шүүх дээр процессын ямар шатанд явааг товч хэлж өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх дээр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй. Ямар ч хүн байхгүй. Харин АН-ын 117 мянган гишүүний 113 мянгынх нь саналыг авч сонгогдсон Х.Баттулга гэж намын дарга байгаа. Дотооддоо тушаал шийдвэрээ гаргаад ажлаа хийгээд явж байна. Нөгөө талд маргаан нь юу байна вэ гэхээр АН-ыг Улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнэ гэж хүний нэрийн бичилт яваад байгаа юм.

-Намын гэрчилгээний арын бичилт гэхээр цаасан дээр гэсэн үг үү?

-Тийм л дээ. Дээд Шүүхийн цахим мэдээллийн санд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний тогтоолоор С.Эрдэнийг АН-ын даргын бүртгэлээс хасчихсан байгаа юм. Ингэж хассан хэдүй боловч АН-ын гэрчилгээний ард энэ бичилтийг Дээд шүүхээс хийгээгүйгээс болоод иргэн С.Эрдэнэ гэрчилгээг үзүүлж, өөрийгөө АН-ын дарга гэж явдаг. Ердөө ийм л жижигхэн маргаан, ийм жижигхэн процесс юм. Сая АН-ын нийт гишүүд намын даргаа сонгосны дараа тавдугаар сарын 21-ний өдөр Дээд шүүхэд материалаа өгсөн.

-Гэтэл гэнэт буцаагаад татчихна лээ, энэ нь АН-д бас л ойлгомжгүй байдал нэмэх шиг болсон?

-Энэ өдөр Дээд шүүх хуралдаж асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч бидний зүгээс материалаа түр татаж авсан юм. Шалтгаан нь 19-ний өдөр Дээд шүүхээс мэдэгдэл гаргахдаа 2-3 ноцтой үйлдэл гаргасан учраас тодруулж байж дахин хандъя гэж шийдсэн нь тэр.

-Тэр нь тэгээд тийм ноцтой юм уу?

-Нэгдүгээрт, Улсын дээд шүүх маргааш нь хэлэлцэх гэж байгаа асуудлынхаа үндсэн агуулгыг урьдчилж нийгэмд зарласан Хоёрдугаарт, Дээд шүүхийн тухай хуулиар Шүүн таслах ажиллагаанаас бусад ангиллаар бүртгэх үйл ажиллагааг хариуцуулсан байдаг. Гэтэл мэдэгдэлдээ, Шүүн таслах ажиллагаанд АН-ынхан оролцох гээд байгаа учраас та нарт хариуцлага тооцно шүү гэж мэдэгдсэн. Энэ нь өөрөө АН-ын даргыг бүртгэх ажлыг Шүүн таслах ажиллагаа болгож хувиргасан үйлдэл. Энийг тодорхой болгох шаардлагатай болсон. Гуравдугаарт, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдахаас өмнө урьд гарсан Шүүхийнхээ тогтоолыг биелүүлж, улсаас өгсөн АН-ын гэрчилгээний цаасан эх хувилбарын ар талд шийдвэрээ бичих үндсэн үүргээ биелүүлнэ үү гэсэн шаардлага. Ийм гурван шалтгаанаар татсан. Энэ бүгдийг тодорхой болгоод удахгүй Дээд шүүхэд дахин хандана.

-АН-ын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцаж байна. Албан ёсоор анх удаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаа болов уу. Тэгэхээр та өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөөч. Зарим уншигчид энэ хаанахын, ямар замналтай нөхөр АН-ыг төлөөлж яриад байна гэж бодож магадгүй?

-Тэр нь зөв байх.

Үндсэн мэргэжил маань технологич. Эдийн засаг, эрх зүйн чиглэлээр бас суралцсан.эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг, ийм л залуу гэр бүл. ШУТИС-д багшаар ажлын гараагаа эхэлсэн. Улс төрийн хувьд бол намын анхан шатны үүрээс эхэлсэн дээ. Намынхаа бүх шатны сонгуульт албанд сонгогдож ажилласан. Намын хороо, намын Залуучуудын байгууллага, намын ҮБХ, намаас ИТХ-д, ИТХ дахь намын бүлгийн дарга… гээд. Сүүлд АН-ын дотоод сонгуулийн хорооны даргаар намын их хурлаасаа сонгогдож ажилласан. Анх удаа л АН-ын томилогддог албан тушаал буюу намын Ерөнхий нарийн бичгийн даргад томилогдон ажиллаж байна.

-Яагаад таныг намын генсекээр томилов, миний харж байгаагаар та Х.Баттулгын ойрын хүн биш дээ. Гэтэл таныг санал болгосон. Та түүний ямар шалгуурт тэнцэв?

-Жинхлээгүй байгаа, үүрэг гүйцэтгэгч. Нам дотор ажилласан байдал маань нэг дэх шалгуур байсан байх. Намын мерит зарчим гэж байдаг бол тэр шалгуур. Хүүхэд шахуугаасаа намд зүтгэсэн. АН хүнд байгаа ийм ороо бусгаа цаг үед нээнтэггүй, хууль хүчний байгууллагаас шалгахад ямар нэг асуудалгүй, өмнө нь төрд, төрийн өмчийн компанид ажиллаж байгаагүй хүн чухал байсан байж магадгүй. Миний хувьд сүүлд АТГ-ын Олон нийтийн зөвлөлд дөрвөн жил ажилласан. Иймэрхүү итгэл үнэмшил намын даргад байсан байх. Сүүлийн хэдэн жил улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор миний нэр дээр цагдаад 10 гаруй гомдол очиж байнга шалгуулсан. Юу ч гараагүй л дээ. За тэгээд хамгийн гол нь намаа сайн мэднэ, гадарлана, бүх л ажилд нь оролцож ирсэн. Ний нуугүй хэлэхэд, би Х.Баттулга даргад ойр байсан хүн биш шүү дээ. Тэгэхээр дээрх зүйлүүд нөлөөлсөн юм болов уу.

-Өнөөдөр АН түвэгтэй байна. Заавал аль АН нь вэ гэж асуух болдог. Танай үеийнхэн хоёр талд, биеэнтэйгээ үзэлцэж байна уу?

-Бид хоёр талд гарчихсан, биесээ муухай хараад байгаа юм яг үнэндээ байхгүй. Нэг нам гэдгээ маш сайн мэддэг. Кофегоо хувааж уугаад, санал бодлоо солилцоод, инээж хөхрөөд л явцгааж байгаа. Хоорондоо муудна гэж юу байхав дээ. Эрх баригчдад хандаж байгаа шүүмжлэл, тэдний алдаа оноог хэлж дүгнэж байгаа байдал, улс орны цаашдын хувь заяаг хэрхэх, бодлогын тухайд ч бидний үзэл бодол адилхан, мөр зэрэгцээд явж байна. Өөр яах ёстой юм, тийм биз дээ. АН-ын гишүүн бидний хувьд улс орныг нэг иймэрхүү бодлогоор, аятайхан аваад явчихаж болно гэсэн итгэл үнэмшил, улс төрийн том амбиц бий. Тийм боломжийг нам, сонгууль, ард түмний итгэл л бидэнд өгнө. Түүний төлөө юу хийх ёстой юм, товчхондоо АН-ын залуусын зорилго энэ шүү дээ.

-АН доторх өнөөдрийн энэ зөрчилдөөний шалтгааныг хэрхэн харж байна. Магадгүй та шинээр харж байж магадгүй?

-Урт тайлбар ярина. Гэвч товчилъё, АН-ыг ийм байлгах эрх баригчдын зүгээс үйлчилж байгаа хүчин зүйл байна. Үүнд гар хөл, зэвсэг нь болсон ганц нэг хүн АН-д байгаа. Ийм л энгийн асуудал. Үүнийг одоо нуугаад, бөөрөнхийлөөд байх шалтгаан байхгүй. Бүгд л мэдэж, ярьж байгаа. Тэр хоморгонд нь залуус хавчуулагдсан. Нам доторх карьераа бодсон, эсвэл ингэж эвтэйхэн явж байгаад энэ хүнээс тамгаа аятайхан авъя гэсэн залуус нөгөө талд бий. Ер нь бол олон үзэл бодол тэнд яваа. Гэхдээ эцсийн мөчдөө энэ нам 2024 онд АН гэсэн нэг тугийн дор, нэгдмэл удирдлагатай сонгуульд орох ёстойг бүгд мэдэж байгаа. Нэг намын дарангуйлалд цааш явж болохгүйг хаа хаанаа маш сайн ойлгосон. Хэт их уналтаас, огцом сэргэлт маш их үр дүн авчирдаг улс төрийн практикийг бид удахгүй үзнэ. Нам доторх асуудал бусдын харж байгаа шиг яадгаа алдаад завхарчихсан, яах гэж байгаа нь тодорхойгүй, хэдэн лидер нь эргэж уулзах нүүргүйгээр явчихсан юм огт байхгүй. Өнөөдөр хэвлэл мэдээллээр хэгжүүн, хатуу үгсийг биен рүүгээ шидэлж, монголчууд яг түүгээр нь хүлээж авч байна. Энэ бүгдийн ард эргэж нэгдэх процесс, гайхмаар эв нэгдэл, ялалт, амжилт ирнэ. Харж бай л гэж хэлье. Нэг зүйлийг энд онцлоход, сая миний бие орон нутгийнхаа 330 сумын дарга нартайгаа нэгдсэн хуралдаан хийлээ. Эндээс юу харагдсан гэхээр АН орон нутагт нэгдмэл, нягт байгаа юм байна. Нийслэл дотроо, хэдэн том лидерээ дагасан талцал харагдаад байгаагаас биш дунд, доод шатандаа АН урьдын хэвээр байгаа нь харагдсан. Бодит үнэн ийм байгаа үед ний нуугүй үнэнийг хэлье. Одоо энэ намаас нэр дэвшиж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, одоо АН-ын дарга Х.Баттулга, энэ хоёр хүн ойлголцох ёстой юм билээ. Хүнийхээ хувьд харилцан буулт хийж, Монгол улсын төлөө, монголын ардчиллын төлөө ойлголцох цаг болсон. Эхний удаад ердөө л энэ. Өнөөдрийн үр дүнтэй алхам. Тэрнээс АН дотор залуус нь хоорондоо өрсөлдөөд, маргаад, би чи гээд байгаа юм ерөөсөө алга. АН-аас төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс л эр хүн шиг эвлэрлийн ширээний ард суучихвал АН-д өөр асуудал алга. Үе, үеийн гишүүд үүнийг л хүсч, харж байна. Намын лидерүүдийнхээ энэ ойлголцол, эвлэрлийн төлөө манай үеийнхний хийж чадах зүйл бол зүрх сэтгэлээрээ дэмжих, эвлэрэл, нэгдлийн төлөө бид чадах бүхнээ хийнэ. Яагаад гэвэл энэ бүхэн Монголын ардчиллын төлөө учраас. Ер нь удахгүй Ерөнхийлөгч асан хоёрын зүгээс ойлголцлын алхмууд хийгдэх байх.

-Итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Ингэхгүйгээр энэ улс орон чинь баларлаа шүү дээ, ардчилал, шударга ёс, ардчиллын үнэт зүйлс, Олон улсаас Монголд хандаж байгаа хандлага, өнгөрсөн 30 жилд ардчиллаар олж авсан бүхэн нурах нь, маш хүнд боллоо. Үүнийг эрх баригчид ч өөрсдөө мэдэрч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүр ч их ойлгож байгаа гэж харж байна. Үүнийг хаа хаанаасаа хичээж хийж чадахгүй бол Монгол улс л хохирно. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр хүн Монголын ардчиллын төлөө удахгүй ойлголцох, улс орныхоо төлөө нэгдэн ажиллах байх.

-Ах нарынхаа дэмжлэггүйгээр улс төр хийх, улс орныг удирдах, АН-ыг ялалтад хүргэх боломж ер нь бага юм уу?

-Ний нуугүй л хэлье. АН-ын хэт лидер дагасан 30 жилийн үр дүн. Хариулахад түвэгтэй сэдэв болчихоод байгаа юм. Ерэн оноос 2016 оныг хүртэлх АН-ын хүний нөөцийн бүтцийг харахаар ганцхан үеийнхэн улс төрөөс буулгүй явж ирсэн.

-Ерэн онд хувьсгал хийсэн, тэр үеийнхэн үү?

-Тийм ээ, ерэн онд гарч ирсэн үеийнхэн тэр чигээрээ явж ирсэн. Энэ үеийнхнийг гатлаад гарч ирсэн үе гэж байхгүй. Энэ үеийнхний дараах үе гэхээрээ энэ намын золиос гэмээр, АН-д том орон зайтай болж чадаагүй. Өөрсдийн эр зориг, дайчин чанар байхгүйгээс залуус та нар хохь чинь гэсэн нийгмийн шүүмжлэл байгаа боловч нам гэдэг институт чинь дараа үеэ бэлддэг, сургадаг, тийм л процесс. Гэтэл зөвхөн хуйвалдааны зарчмаар явчихсан. Энэ нь бүхэл бүтэн үеийг тасалчихсан. Шулуухан хэлэхэд, өмнөх үеийнхэн хийгээд одоо бидний үеийнхний хооронд их зай үүссэн, их холдоцгоосон. Өнөөдөр АН-ын залуус маш их эрмэлзэлтэй байгаа, урагшаа явахыг их хүсч байгаа. Гэвч АН-ын дүрэм журмаас эхлээд Монголд үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин нь хүртэл намын лидер гэх хүмүүст АН-ыг үймүүлэх, өөрсдийгөө хадгалаад байх боломжийг олгоод байна. Ийм тохиолдолд залууст хүсэл эрмэлзэл байгаа хэдүй ч бөхөөр яривал бяр нь хүрэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн АН-ын улс төрийн замналд кейс болон үлдлээ, үүндээ дүгнэлт хийгээд цааш явж эхэллээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ сэдвийг ингэсхийгээд орхих нь зөв байх.

-Тэгэхээр өнөөдрийн хамгийн том сэдэв бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ), тогтолцооны өөрчлөлтийн талаарх эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаа байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль нь гурван сая иргэн хэрхэн амьдрах эрх зүйн баримт бичиг. Хоёр жилийн өмнө МАН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа найман жил гар хүрч болохгүй гэчихсэн. Гэвч энэ бүгд тэдэнд хамаагүй бололтой. Үнэхээр эрх баригчид ҮХНӨ-ийг хийх гэж байгаа бол гурван сая иргэнээсээ “Ийм ийм өөрчлөлтийг хийх гэж байна” гэж хэлэх, асуух ёстой. Энэ нам өөрөө санаачлаад нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Үүнийг хийхгүйгээр өөрсдийн тоглоомын нам болох ХҮН-аар дамжуулж, гишүүн Доржхандаар дамжуулан ҮХНӨ-ийг оруулж ирж, түүнийг нь МАН дэмжиж байгаа хэлбэрээр явж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй үзэгдэл. Ийм арга технологиор эрх мэдлээ хадгалах, дараагийн сонгуулиар яаж орвол ашигтай вэ гэсэн хувилбараар ҮХНӨ-ийг өөрчлөх аюултай. Сөрөг хүчингүй, бодлогын өрсөлдөөнгүй, мэтгэлцээнгүй, нийгмийн зөвшилцөлгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болдоггүй дэлхийн практик байна. Яг үнэндээ юу өөрчлөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хэрэвзээ ҮХНӨ-ийг буруу хийвэл ямар аюул дагуулахыг тооцож үзсэн хүн байна уу. Бүгд л өөрчилье гээд хошуурах шинжтэй. Өнөөдөр дэлхий ертөнцийг хамарсан энэ их хямралт байдалтай ҮХНӨ-өө яаж уялдуулах ёстой юм. Ядаж энэ талаас нь харсан, судалсан, тооцсон, дүгнэлт гаргасан судлаач байгаа юм уу. Дэлхийн хямралын тоглоом болох зүйлийг наад ҮХНӨ-өөрөө хийх гэж байгаа юм биш биз. ҮХНӨ-ийг дэмжих, дэмжихгүйн тухай асуудал дараагийн асуудал юм билээ. Наана нь юуг өөрчлөх, нийгмээрээ хэлэлцэж шүүсэн юм уу гэдэг л асуудал. Одоогоор мэдэж байгаа ганц зүйл нь парламентын суудлын тоог нэмнэ, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн хоёр мессэж байна. Үүнийг дагуулж юу оруулж ирэх, яаж өөрчлөх, дагалдах ямар хуулиуд өөрчлөгдөх, тэр бүгдээс нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах, хамгийн гол нь энэ бүгдээс шалтгаантай ямар муу үр дагаврууд нийгэмд маргааш бий болох талаар ойлголттой нэг иргэн байтугай, нэг улстөрч ч алга. Үнэхээр хийх байсан юм бол өмнөх парламентаар тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, одоо АН-ын дарга Х.Баттулга энэхүү ҮХНӨ-ийг оруулж ирсэн. МАН олонхоороо унагасан биз дээ. Өчигдрийн үйл явдал. Өнөөдөр яагаад гэнэт өөрчлөх болов. Эндээс нэг л зүйл харагдаж байгаа, дараагийн сонгуульд холимог тогтолцоогоор орох, АН-ыг хуваан жижиглэх, жижиг намуудад хоёр, гурван суудал өгч олон намын тогтолцоотой парламент гэсэн нэр зүүх, харагдуулах, ингээд ирэх он жилүүдэд энэ улсад эзэн мөнх суух. Ийм л башир арга. Энэ хуулиараа ирэх 2024 оны сонгуульд орвол МАН уналтынхаа доод цэг дээр очно гэдгийг цаадуул чинь тэнэг биш болохоор мэдэж байгаа. Хөгжлийн банкийг хувааж идсэн нь зөвхөн эхлэл шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улс дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр цааш явахгүй юм байна гэдгийг илүү ойлголоо. Тэгсэн үйлдвэрлэлд зориулах санхүүжилт болох Хөгжлийн банкийг МАН-ын хэдэн гишүүн хуваагаад идчихсэн байх жишээтэй. Цаашид маш олон луйвар, авлига, албан тушаалын хэргүүд нь нийгэмд ил болно. Нийгмийн анхааралд аваачих олон асуудал АН дээр төвлөрч, төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ бүгдээс эрх баригчид айж, болгоомжилж байна. Тиймээс өөрсдийгөө авч үлдэхийн тулд ҮХНӨ-ийг хийх гэж байна.

-Ингэхэд хүчтэй дуу хоолой байх ёстой УИХ дахь АН-ын бүлэг хаана байна вэ, бүлгийн дарга нь хэн болсон бэ?

-АН-ын бүлгийн гишүүд олонхоороо даргаа сольж, шинэ дарга сонгосон. Түүнийгээ УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч Занданшатар дарга нь албан ёсоор батлахгүй, ширээндээ дарчихсан, тийм л байгаа. Энэ байдал нь АН-ын бүлэг учраа олохгүй байгаа юм шиг байдлыг үүсгэсэн. АН-ын дарга байсан жараад оны ах маань, МАН-ын 80-аад оны залууст “ял”-аар барьцаалагдсаны үр дүн л парламент дээр гарч байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын талаар таны байр суурь…?

-Ганбат гишүүн бол АН-ын гишүүн, нийгмийн зүтгэлтэн хүн. Нэг их төөрөлдөх юм Ганбат дарга дээр байхгүй. Зүгээр л “Чи бидний өмнөөс ингээд самраад бай, тэгэх юм бол ирэх сонгуулиар жагсаалтын эхээр оруулна, тэгэхгүйгээр чи одоо тойргоосоо гарахгүй ээ” гэсэн амлалтыг түүнд өгчихсөн. Ер нь бол АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь аливаа асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа.

-Эрх баригч МАН ирэх сонгуулиар дахиад ялна гэсэн зорилготой, түүний төлөө бүгдийг хийх нь тодорхой. Үүний эсрэг өнөөдрийн АН юу хийж чадах вэ?

-Гурван сонгуулийн цикль дамнуулж Монголыг удирдаж байгаа МАН институтийнхээ хувьд төр барих потенциалаа шавхаж байх шиг байна. Мөн дотроосоо ялзарч байна. Төрийн бүх шатанд авлигыг нийгмийн соёл болголоо. Үсэглэлийн баяраа тэмдэглэхдээ “А” үсэг болох гэсэн хүүхэд багшдаа авлига өгөх хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН төр барилцах хоёр удаагийн боломж бүрдсэн. Энэ үед энэ улс орон ийм хүнд байдалд орж байсан уу. Бүхэл бүтэн намаараа нийлж банк тонож байсан уу. Нүүрсний уурхай тонож байсан уу… энэ бол улс орны доройтол биш, энэ бол улс үндэстний мөхөл, мөхөл рүү явж байгаа хэлбэр. АН ёроолдоо очлоо, сөнөлөө, мөхлөө гэж баярласан хүмүүс байх юм. АН хагарч бутарлаа гээд энэ улс оронд сайн юм юу байгаа юм. Эрх баригчдын ялзралыг хүчтэй сөрөг хүчин илрүүлж, сэргийлнэ. Энэ хүртэл АН дотроо өнгөрсөн 30 жилийнхээ алдааг шүүж, ирээдүйгээ хэлэлцэж байна. Манай намын нэр нөлөө бүхий эрхмүүд одоо АН-аа нийгэмд шүүмжлээд явах хэрэггүй, өнөөдөр АН-д ямар эрх мэдэл байгаа биш, мөнгө хөрөнгө байгаа биш, хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд очоод “АН-ын залуус бол путинчүүд” гэж орилох хэрэггүй. Нам дотроо учраа олох гээд хичээж яваа залууст ямар юмных нь путин байдаг юм. Харин үүний оронд зарим ах нар маань наад эрх баригчдаа шүүмжил, МАН-ын бузар булайг ард түмэнд ойлгуул, тийм үзэл суртлыг нийгэмд хийцгээ. АН-ын нэрээр албан тушаал өгсөж, алдар хүндийн оргилд асч явсан ах нартаа хэлэхэд, та бүхэнд АН-ын үүд хаалга нээлттэй, ороод ирэх юм бол цай кофеныхоо дээжийг бариад ярилцана. “Та нар мундаг шүү” гэж бол хэнд чинь ч хэлэхгүй, харин та нарынхаа санаа оноог сонсоно, цаг үргэлж ярилцана, үүний төлөө ажиллаж байна.

-Сая АН-ын зүгээс ҮБХ-ны гишүүдээ шинээр сонголоо, Ч.Сайханбилэг… нарын хүмүүс ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо гэсэн мэдээлэл явсан. Энэ талаар…?

-АН-ын дүрэм бол маш сайн хийгдсэн дүрэм. Сонгуулийн процессууд нь маш тодорхой, хяналттай, үе шаттай хийгддэг, хэн ч ойлгохоор энгийн. Үүнийг будлиулсан юм сая харагдлаа. Бүх тамгаа хаялаа гэж худлаа зар тавиад, шинээр хийлгэж аваад, өөрсдийн хүмүүст тараагаад өгчихсөн. Тэр хуурамч тамгаараа ҮБХ-ны гишүүдийн сонгууль хийж байгаа юм байна. Хаана, хэн дэвшиж, ямар гишүүд санал өгч сонгосон нь мэдэгдэхгүй тийм сонгууль гэж байдаг юм уу. Хаана ч дуулдаагүй сонгууль байх. Би өөрөө АН-ын сонгуулийн хороон дарга байсан хүн хууль, дүрмээ мэдэлгүй яахав дээ. Хэвлэл дээр “Ч.Сайханбилэг ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо” гэсэн мэдээг хараад гайхсан. АН-ын дүрмээр нэр дэвшигч биеэрээ ирж, гараараа бичсэн өргөдлөө өгдөг хууль дүрэмтэй, Ч.Сайханбилэг даргыг Монголд байхгүй байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Монголд ирчихсэн юм уу. Ер нь бол МАН-тай адилхан болж байна даа, “Шоронд байгаа хүн нь УИХ-ын гишүүн боллоо” гэдэг шиг.

-Одоо тэгээд нийгэм АН хоёр, гурав хуваагдах нь тодорхой боллоо гэсэн яриа руу явчихлаа. Үүнд хариулт өгөөч?

– Эрх баригчид анхнаасаа ийм л үр дүнд хүрэх гэж ажилласан. Тэдний зорилго нэгдүгээрт АН-ыг хувааж жижиглэх, дараа нь холимог тогтолцоогоор олон жижиг намыг парламентад хоёр, гурван суудалтай байлгах. Энэ бүгд эрх баригчдын заавал хийх нүүдэл байсан. Үүнд өнөөдөр АН-ын олон мянган гишүүд хууртаж, автаж болохгүй. Орос, Хятад, Казахстаны засаглалын хэлбэрүүд харагдаж байгаа биз. Өнөөдөр эрх баригчдын энэ сценари 40-50 хувьтай хэрэгжээд явж байгаад хамгийн том аюул нь байна. Нэг зүйлийг эрх баригчдад хэлье. Та бүхэн эрх мэдлээ алдахгүйн тулд ҮХНӨ-ийг хийх юм байна. Энэ бүхэн эргээд та нарт хортой тусна, энэ улс орныг хүнд байдалд оруулна шүү. Өрсөлдөөнгүй, шүүмжлэлгүй өссөн дараа үеийнхэн чинь эрх мэдэлд хүрэх цагт энэ улс орон юу болж хувирсан байх бол. Та нарыг өөрсдийг чинь эргээд иднэ. Уг нь бол сайн сөрөг хүчинтэй байсны үр дүнг үзсэн ойрхоны жишээ бидэнд бий. С.Баяр гэж Ерөнхий сайд стандарт бус Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ хамтарсан үедээ Оюу толгойг хөдөлгөж, гурав дахь хөршийн ашиг сонирхлыг Монголын түүхэнд байгаагүйгээр оруулж ирж чадсан. Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ ойлголцож чадсанаар зууны бүтээн байгуулалт болох Монголын бүх аймгийг авто замын сүлжээгээр бүрэн холбох хөрөнгө санхүү, гадаад бондыг босгон ажилласан. Энэ бүгд үргэлж хүчтэй сөрөг хүчинтэй байх үед хийгдсэн Монголын төрийн сайн түүхүүд. Тэгвэл 2016 оноос хойш хэдэн сонгууль дараалан МАН дангаараа төрийн эрхийг өөртөө байлгаж чадлаа. Сөрөг хүчин болох АН-ыг хэрхэн хорлож байна. Өнөөдөр тэгээд энэ улс орныхоо байж байгаа царайг хар. Ийм хүнд цаг үед АН-ыг эв нэгдэлд оруулах сайн жор найруулах, гаргаж авах том ажил АН-ын залуус бидэнд тулгарч байх шиг байна.

-Тэгээд тэр шинэ жор чинь юу байх бол?

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдэл л миний хувьд үнэт зүйл. Энэ улс орны хувь заяа, эрх ашиг биднээс шалтгаалах цаг үе ирлээ, үүний төлөө бүгдээрээ гар гараасаа барилцаад алхацгаая. нөөц боломж, байгаа бүх потенциалаа энэ улс орны төлөө шавхан ажиллах цаг Ардчиллын бидэнд, АН-д ирлээ л гэж хэлэх байна

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ DNN.mn

Өнөөдөр АН хоёр хуваагдчихсан хэцүү л байна. Сумын төвд бороо орсны дараа, шалбааг дотор хоёр согтуу юм салахгүй зодоон хийж, амьтны шившиг болдогтой л адилхан харагдах юм. Эцэстээ ийм л хөгийн зүйрлэл орж ирэх боллоо шүү дээ. Ийм болчихсон энэ намд хоёр зүйл маш их дутагдаж байна. Нэгдүгээрт, шинэ зарчим. Хоёрдугаарт, шинэ үе.

Өнөөдөр АН-ын зүгээс энэ улс орон, ард түмний төлөө хийх ажил маш их байна. Гэвч арга хэмжээ болгон дээр 30 жилийн өмнө жагсаж, тэмцэж явсан өнөө хэд нь гараад ирчихсэн зогсож байгаа нь ардчиллыг, ардчилсан үзэл баримтлалыг улиг харагдуулж байна. Бат-Үүлийн, Со-гийн ерэн онд байгуулсан гавьяаг өнөөдөр хэн ч үгүйсгэх боломжгүй. Харин одоо бол тэд биш, дараагийн үе нь ардчиллын үнэт зүйлийн төлөө, ардчилсан үзэл санааны төлөө төв талбай дээр үсдүүлж, чихдүүлж, гурил цацуулан зогсохыг ард түмэн хүсч байна.

Гэтэл АН-ын залуу үе хаана явна вэ. Хэвлэлийн хурлаараа үзэгддэг ганц нэг залуусаар ойлгомооргүй байна. Сошиал сүлжээнд үзэл бодлоо илэрхийлдэг төдий залуус баймааргүй байна. Цаг үедээ ил гарч ирж, золиос шаардах зөв үйлдлийг ардчилсан үзэл санааны төлөө хийдэг залуусыг хармаар байна. Үсээ тосолж, үнэтэй костюм өмсөж, хальт мульт англиар ярьсан, хэлбэртэй АН-ын залуу үе биш шүү. Хоёр талд гарсан томчуудынхаа биет төлөөлөгч маягаар дуугарч бүр ч болохгүй. Дуугарахаараа заавал хэн нэгнийг доош нь хийж, хэн нэгэнд бурууг тохож, өөрсдийгөө хэн ч биш харагдуулж болохгүй. Шулуухан хэлэхэд, өнөөдөр та нарын улс төрд “том ах” нарын чинь хэн нь ч хэрэггүй. Тэдэнгүйгээр улс төр хийж сур гэж хэлье, энэ үгийг төгсгөлд ч бас давтана. Тэднийг зүгээр л хүндэл. Таарсан газраа заавал түрүүлж мэндэл, суудал тавьж өг. Шаардлагатай гэж үзвэл тэднийг фон болго. Харин та нар өөрсдөө нүүрний эгнээнд сууж, нүүрний эгнээнд зогсоцгооно шүү. Ардчилсан үзэл санааг тэд биш, та нар эхэлж ярь, ярьсаар дуусга…

Өнөөдрийн хамгийн том шүдний өвчин бол мэдээж АН доторх хоёр хуваагдал. Дайныг дэмжиж нэг хэсэг нь жагсахад, дайныг эсэргүүцэж нөгөө тал нь жагсаж байгаа чинь л онигоо юм. Энэ л АН-ыг, улмаар ардчилсан үзэл санааг ард түмний дунд доог тохуу болгож, үнэгүйдүүлж, үл тоож, хүүхэд нохойн тоглоом болгож байна. Үүний гол дүрд ах нар чинь тоглосоор дуусах биз. Тэднийг тэнд нь орхи. Харин залуу үеийн та бүгд “Хүн бүр сайхан амьдрах үзэл санаа бол ардчиллын үзэл санаа юм аа, энэ үзэл санааг хамгаалах нь ардчиллыг хамгаалж буй үйл хэрэг юм” гэдэг зарчмыг зогсолтгүй ярьж, тунхаглаж гарч ирцгээ. Энэ тухайгаа ах нараасаа битгий асуу. Тэдний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүн байсан нь одоо та нарт ямар ч хамаагүй. Хамаатай л гэж бодож байгаа бол та нар гарч ирж чадахгүй, ардчиллын нүүр царай болж бүр ч чадахгүй. Тэд ардчиллыг авчирсан нь үнэн, харин ардчиллыг аврагчид биш гэдгийг нийгэм ойлгочихлоо.

Бас нэг үнэнийг нийгэмд маш сайн ойлгуулъя, АН-ын залуус аа. Ардчилсан үзэл санааг гутаах нь аав ээжийгээ, эхнэр хүүхдээ гутааж байгаа хэрэг, Монголын ирээдүйг доромжилж буй хэрэг гэдгийг. Та нарын эхний удаад хийх хамгийн том ажил бол ард түмэнд үүнийг ойлгуулах. Тэгэхгүй бол мөнгөнөөс өөрийг бодохгүй болсон монголчууд ардчилсан үзэл санааг алхам алхмаар, чимх чимхээр хороож байна. Эцэстээ мөнгө ч үгүй, ардчилал ч үгүй сөнөцгөөх нь.

Ардчилсан үзэл санаа гэдэг тийм хямдхан зүйл ерөөсөө биш. Ардчилсан нийгэм гэдэг тийм хямдхан олддог эрх чөлөө бүр ч биш. Маш хямдханаар олддог зүйл гэдэгт гүн бат итгэсэн бүхэл бүтэн үе гарч ирж байна, тэдэнд маш хурдан зөвөөр ойлгуул. Ардчилал гэдэг бол асар их үнээр олддог нийгмийн хувьсгал юм шүү. Олон ургальч үзэл ардчилсан нийгэмд байх ёстой. Гэхдээ энэ үзлийг хэт их гүрний үзэл сурталд ашиглаж болохгүй. Үүний нэг тод илрэл бол сая Со руу гурил цацсан үйлдэл. Залуус ийм гэнэн байж болохгүй. Хэрсүү байх цаг үе. Гурил цацаж байхынхаа оронд “Хэрэвзээ бид ардчилсан, тусгаар Монгол Улсын иргэд биш байсан бол өнөөдрийн Буриад, Тува, Халимагийн залуус шиг Украины дайнд ачигдах байлаа…” гэдгийг ярих ёстой юм. Наад захын ийм түүхэн үнэ цэнийг мэддэг, ойлгодог, ярьдаг байх нь АН-ын залуу үеийн үүрэг хариуцлага байх ёстой. Гэтэл 30 жилийн өмнө үүнийг ойлгосон Со гарч ирээд ярих нь улиг болчихоод, оронд нь АН-ын залуу үе нь зогсоод ярьж байгаасай гэж нийгэм хүсч байгаа юм.

АН-ын залуу үеийнхэн түүх унш. Өнөөдөртэйгөө харьцуулж хар. Лавтай Монгол Улсын сүүлийн 200 жилийн түүх, түүхэн хувьсгалын удирдагчдын эцсийн ганц хүсэл бол “Энэхүү хоёр том хөршөө давж, цаана нь байдаг Америктай, Японтой, Германтай, Францтай харьцаж, хамтарч, нөхөрлөж үзэх юмсан” гэдэг туйлын хүсэл, тэмцэл л байсан юм. Маш товчхондоо энэ. “Манай Монгол Улс нь Швейцарь лугаа хөгжих ёстой” гэсэн 100 жилийн өмнөх алдарт үг бол өөрөө ардчилсан үзэл санаа байсан юм. Өнөөдөр гуравдагч хөршийн бодлого гэдэг нь энэ. Гуравдагч хөрш гэдэг нь өөрөө ардчилал юм, ардчилсан үзэл санаа юм гэдгийг АН-ын залуу үеийнхэн нийгэмд ойлгуулах ажлыг эрчимтэй хийцгээ. Үүнийг бүр нийгмийн шинжтэй үзэл санааны хувьсал болгооч. Энэ үйл хэргийн төлөө 30 жилийн өмнөх Сосорбарамыг, Бат-Үүлийг одоо битгий зовоогооч. Энэ хэдэн хувьсгалчдын оронд та нар нулимуулж, цохиулан, доромжлуулан, бас дахин доромжлуулан зогсооч. Өөрийгөө энэ хэмжээнд золиослох эр зоригтой залуу үеийг АН-ын эгнээнээс хайж байна. Байхгүй байгаа бол Монгол Улсад ардчилал сөнөхөд бэлэн байна. Нэг намын тогтолцоо 2016 оноос хойш улам бэхжиж байна. Цаашид ч засаглалын хувьд нэг намын хяналт улам дархлаажих нь. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ц.Лоохууз гуай нас барахынхаа өмнө нэг үг хэлсэн нь, “Залуус коммунизм санагалзан ардчиллыг зүхэж эхэллээ. Бузартай үе рүү буцаж болохгүй шүү” гэж. Үхэхээс бусдыг үзэж туулсан энэхүү буурал сэхээтний үг үнэ цэнэтэй.

Энд бүр онолын хэнхэг гэмээр тунхагийг ч бичмээр байна. Жишээ нь “Улс төрийн идэвх угаасаа дэмжигдэх ёстой зүйл, ардчиллыг хамгаалах гол баталгаа болно” гэж. Гэтэл өнөөдөр улс төрийн идэвх бүрийг ийнхүү гурилаар будах явуулга хүчтэй байна. Энэ бол коммунистуудын, дарангуйлагчдын арга. Өнөөдрийн Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдрал, ард түмний сэтгэл зүй цаанаасаа ийм үсдсэн, гурилдсан удирдлага, заавартай явж байна. Ардчилсан үзэл санааг мохоож байна.

Холын бурханаас хонхорын чөтгөр гээд л таньдаг юмнуудаа өөд нь татдаг буруу зүй тогтол АН-ыг сүүлийн 20 жил дуусгалаа. Өнөөдрийн намын залуу үеийг харж байхад заавал нэг гишүүн, сайд, дарга даамал байсан хүмүүсийн үүдээр байсан нөхдүүд байгаа нь бусдад, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна. АН-ын залуу үе гэх сортоотой аавын хүү, ээжийн охин гарч ирэхгүй байгаа нь үүнтэй холбоотой. Эхний шалтгаан ер нь энэ шүү. Заавал хэн нэг ахын хараат байх шалтгаанаар дүүрэн залуус АН-аар дүүрчихсэн, шинэ үеийнхэн нь болох гэж зүдэрцгээж байна. Энэ тохиолдолд МАН-ын залуу үеийг харах нь зөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Миеэгээ будаа болгоод гарч ирсэн. Т.Аюурсайханы хувьд цайг нь зөөж хөлд орсон Н.Багабандийгаа “Оюу толгой ТУЗ-өөс зайлаач” гэж хашгирч өөрийнхөө имижийг бүрдүүлсэн. Гишүүн Б.Энхбаяр өөрийн сайд байсан Ц.Нямдоржийг “Хуулийн салбараас зайл” гэж олонтой орилдог. МАН-ын залуусын хэн нь өвгөдөө өмнөө барьж, ард нь нуугдаж гарч ирсэн юм бэ. Өвгөдөө золиослон өөрсдийн нүүр царайг улс төрд бий болгож, МАН-д шинэ үе түрэн гарч ирлээ гэдгийг тунхагласан. Өрсөлдөгч намын чинь залуу үе ингэж л улс орныг удирдах эрхийг олж авч байхад та нар өөрсдийнхөө байж байгаа царайг хар даа. МАН-ын залуучуудын үе солигдох хамгийн том порцесс юу болсон гэхээр хөхөө өвлийн хүйтнээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар сөрөг хүчнийхэнтэйгээ нийлэн, намынхаа ах нарын эсрэг жагсаж тэмцсэн акц шүү дээ. Өнөөдөр тэр тавыг зүхэх хүмүүс байдаг, үнэндээ тийм биш ээ, цаадахыг харсан, өнөөдөр улс орныг удирдах хувь заяаны зургаа зурсан том улс төр байсан юм. Өнөөдөр Ерөнхий сайд, Хуулийн сайд, УИХ-ын дэд дарга хийцгээж байна шүү дээ.

Ийм хэмжээнд сэтгэж, алсыг харж, ах нараа золиослон улс төр хийх зориг, зүрхгүй байгаагаа АН-ын залуу үеийнхэн шударгаар хүлээн зөвшөөрцгөө. Том ах нар нь гэж бүгдээрээ бусдад зааж зөвлөж, захирч зандрах санаатай. Энэ хандлага нь намд муугаар нөлөөлөөстэй. “АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ” гэдэг үг бол хэн нэгний үг биш, нийгмээс хэлж байгаа үг. Эцэст нь ганц үнэнийг АН-ын залуу үед хэлье. Ах нар чинь салахгүй байгаа бол тэднийг золиосолсон улс төр хийцгээ. Яг Т.Аюурсайхан шиг, Л.Оюун-Эрдэнэ шиг… Улс орныг удирдах, өөрийн чадлыг сорих боломжийг ингэж олж авдаг юм. Ах нарын дэмжлэгээр улс төрд гарч ирж, улс орныг удирдана гэсэн ойлголт лав л энэ цаг үед АН-д байхгүй. Үүнийг л яс махандаа шингэтэл ойлгоцгоо, залуус аа. Ардчилсан үзэл санааны дууч шувуухайнууд болцгоо, ард түмэн та нарыг хүлээж байна…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү… DNN.mn

Вашингтоны төв дүүргийн нэгэн гэр бүлийн дотор ийм нэгэн яриа хэдэн сар үргэлжлэв. Америк аавтай, монгол ээжтэй энэ айл ам бүл тавуулаа юм. Монголоос очиж хамтдаа амьдрах болсон эмээ, 13 настай охин хоёр бол энэ гэр бүлд шуугиантай. 15 настай хүү нь бол даруухан юм аа, хөөрхий. Гэрийн эзэн бол үндсэн америк эр. Харин эзэгтэй Америкт сурахаар очиж тэндээ шингэсэн монгол эмэгтэйчүүдийн нэг. Мэдээж тэдний амьдрал хэвийн. Дундаж америкчуудын олдог орлогыг олж, тэдний стандарт, хэв шинжит амьдралаар амьдарна. Гэрийн эзнийг Жон гэж дууддаг, эзэгтэйг Лхамаа л гэнэ.

Эдний гэр бүл дотор нэг сэдэв боссон нь зуны амралтаар хүүхдүүдээ Монгол руу явуулж амраах. Мэдээж хүүхдүүдэд ээжийнх нь эх орон сонин, очихын хүслэн. Гэвч сүүлийн хоёр жил корона бүгдийг царцаасан. Энэ зунаас ирэх хүсэл дийлж буй учраас ээж нь, тэдэнтэй хамт байх болсон монгол эмээ нь Монгол руу үргэлж чих тавиастай. Өдөржин гэртээ шахуу байх эмээгийнх нь хийдэг ганц ажил фэйсбүүк ухах. Эмээ шиг Монголын талаар төгс мэдээлэлтэй хүн тэднийд байхгүй. Ээжийнх нь, эмээгийнх нь бүх ах дүү нар Монголдоо байх учраас бас мэдээлэл дамжуулагсад маш олонтой.

Ингэсээр тавдугаар сар гарч 13 настай Сарана охиныг, ахтай нь хамт Монгол руу явуулах ажилдаа эрчимтэй орлоо. Америк амьдралын хэмнэл бол өөр. Аливаад заавал бэлдэнэ, магадгүй Монголд очоод ингэх тэгэх ёстой гэсэн сургалтад ч хүүхдээ хамруулж бэлддэг улс. Америк аавынх нь Монголын төсөөлөл маш бага учраас ээж, эмээ хоёрт нь найдах. За ер нь эмээгийн л амыг бүгд харна. Фэйсбүүкчин эмээ нь өдөрт л нэг юм ярина. Тэдний хоорондын яриаг хүргэе.

Эмээ: За Монголд коронагийн дараа юу нь ч мэдэгдэхгүй ханиад гарч, хүүхдүүдэд илүү их хүрч эмнэлгийн ор битүү, шалан дээгүүрээ хэвтүүлж, сүүлдээ барахаа байгаад хүүхдүүдээ өөрсдөө л анхаарч, аварч үлд гэж дарга нар хэлж дээ, муу охиноо аваачаад ханиаданд үйчих юм биш байгаа.

Ээж нь: Төр засагтай улс байна эрхбиш анхаарч л байгаа байлгүй дээ. Тэгээд ч зуны сайхан цаг, бүгд л агаар салхинд гараад Улаанбаатар гайгүй болчих биз.

Эмээ: Тэгж ч магад, за би Маралаагаас дахиад сайн асууя, цаад Сарана чинь Монгол явна гээд өдөр шөнөгүй яриастай, санаа амраахгүй нь…

Ээж, охин хоёрын дунд ийм яриа эртдээ болсон хэрэг. Харин эмээ, ач охин хоёрын дунд бол Монголын талаар сайхныг ярина. Эмээ нь залуу насаа хэлний багш чиглэлээр ажиллаж туулсан болохоор ач охин, хүү хоёртойгоо хачин сайхан ойлголцдог.

Ач охин: Эмээ би Монголдоо очоод морь унана, миний Боржи нохой шиг жижигхэн хонь байдаг гэсэн үү… гэхчлэн ярьцгааж эмээ нь бүгд бий, миний охин тэр амьтдыг Монголд л жинхэнээсээ барьж үзнэ… гэхчлэн ярьцгаана.

Орой хоолны ширээний ард дахиад Монгол руу хүүхдүүдээ явуулах яриа өрнөнө.

Лхамаа: За ээж ээ, цаагуур чинь юу байна, Маралаатай ярив уу?

Ээж: Ярилаа, Монголд чинь хүүхдийн хүчирхийлэл дийлдэхээ байсан гэнэ дээ, саяхан хаана гэв дээ дунд сургуулийн охиныг буудсан гэж байна ш тээ.

Лхаа: Юу… яахаараа тэгдэг юм, худлаа байлгүй дээ, Монголд чинь буу энд байдаг шиг элбэг биш шүү дээ.

Ээж: Найз залуу нь буудсан юм биш үү.

Лхамаа: Юун найз залуу вэ, дунд сургуулийн охин гэсэн биз дээ…

Америк нөхөр нь эхнэрээсээ юу болов гэхэд байдлыг тайлбарлав. Нөхөр толгой сэгсэрч Сарана охин руугаа сүрхий нухацтай харах нь нэгийг мэдрүүлэх. Тэр хооронд эмээ гар утсаа сунган энийг хар даа гэсэн нь Монголын сайтууд дээр “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дунд сургуулийн дотуур байранд амьдардаг охиныг…” гэсэн айхавтар мэдээ харагдана. Монгол руу явж амрахын бөөн хүслэн болсон Сарана охинд энэ мэт мэдээг ойлгож тайлбарлах нь утгагүй болохоор дэмий л хоорондоо яриад өнгөрнө.

Амралтын өдрөөр найзуудтайгаа өнжсөн Сарана охин Монгол руу явж гоё амрах гэж байгаа талаараа бахдал хөөр дүүрэн ярьснаа илэрхийлэн гэртээ орж ирлээ. Эмээ нь тэгэлгүй яахав, миний охин Монголд гоё байна аа, эмээ нь Маралаа эгчтэй нь ярьсан… гэсээр угтлаа.

Гэвч ээлжит сенсаци мэдээг эмээ нь Монголоос авчээ. Фэйсбүүкээ ухаж суусан эмээ “Хүүе, Лхамаа энэ мэдээг хар даа, манай Монголд чинь хоёр хүн тутмын нэг нь сүрьеэтэй гэсэн судалгаа гарсан байна ш тээ” гээд үргэлжлүүлээд “Манай хөдөөнийхөн бүтэхгүй ээ, аяга шанага нь холилдсон, айраг цагаагаа нэг саваар уусан ахуй муутай улс, сүрьеэ айхавтар халдварладаг өвчин, бүгд авах нь тодорхой л доо” хэмээн үглэж сайтын мэдээг улам лавшруулан, баталгаажуулна.

Лхамаа: Наад Сарана чинь явна гэсэн бөөн хөөр… сүрьеэ чинь тэгээд хаана ч хамаагүй байдаг гэсэн үг үү… хэмээн лавлалаа.

Эмээ: Энэ фэйсбүүк, сайтуудад бичиж байгаагаар бол Монголд битүү сүрьеэ байгаа юм биш үү, яамаар ч юм бэ дээ… гэсээр өрөө рүүгээ орлоо. Энэхүү гэр бүлд өрнөж байгаа энэ бүх яриа, сайтын мэдээллүүд Монголоос очиж байгаа. Шөнө унтахын өмнө эмээ утсаа барьсаар тэдэн рүү дөхөж ирээд “Монголд дөрвөн хүн тутмын нэг нь тэмбүүтэй гэсэн байна” гэв. Энэ удаад эмээгийн шар мэдээний сенсацийг гэрийн эзэгтэй нөхөртөө дамжууллаа. Америк нөхөр аа яаяа гэж халаглан охин руугаа нөгөөх л Монгол руу явж болох юм уу гэсэн хандлагаараа харлаа. Сарана охинд энэ мэт мэдээлэл ямар ч ойлгомжгүй, ойлгох ч үгүй болохоор урдаас нь Монгол руу явахаа л ярина…

Цаг хугацаа явсаар зургадугаар сар руу дөхсөөр, эмээгийн Монголоос авч байгаа элдэв мэдээлэл бүр ч идэвхтэй. Нэг өглөө “Хүүе, Лхамаа” л боллоо, бас яачихав аа ээж ээ… гэвэл “Монголд айхавтар хачиг хүн хазаж бүр нас барсан байна” хэмээв, Африкийн орнууд биш дээ, наадах чинь сүртэй юм байхгүй байх аа. Бид бага байхдаа эмээ өвөөгийнд зун хачиганд хазуулдаг л байсан шүү дээ… хэмээн охин хэнэггүйтэв. Эмээ: “Чи хар даа Говь-Алтай аймагт бүр нэг эмэгтэй хачиганд хазуулж хүндрээд нас барсан байна” хэмээн шогширлоо.

Бас нэг орой эмээ гар утастайгаа зууралдсаар орж ирээд “Манай Нэмэхээ чинь архи уудаг билүү” гэж охиноосоо асуув. /Эмээд холбоочин болдог Маралаа охиных нь нөхөр бололтой/ “Та юу яриад байгаа юм бэ, тэр чинь нисгэгч хүн юу гэж архи уудаг юм” гэв. Эмээгийн асуусан учир нь “Монголд архины хамааралтай хүний тоо маш их өссөн, архи уудаггүй хүн айл өрх бүрт байхгүй” гэсэн мэдээ байсан юмсанж.

Удаахь орой нь эмээгийн ээлжит Монголын талаарх мэдээлэл нь хүний наймаа, хүүхэд хулгайлах гэмт хэрэг Монголд өдөр бүр гарч байгаа гэх үймүүлэлт байлаа. Энэ бүгдийг Лхамаа нөхрөөсөө нуух болов. Монгол хүн болсон хойно өсч торниж яваа хүү, охин хоёроо эх орондоо амраах, эх оронтой өсгөх туйлын далд хүсэл Лхамаа бүсгүйд байсаар байгаа учраас ээжийнхээ өдөр шөнөгүй хэлэх хар бараан мэдээллийг тэгж ингэж өнгөрөөсөөр байв… Улмаар Вашингтоны төв дэх монголчуудын өв соёлын жижиг сургалтад охиноо хамруулж, хэрдээ явах бэлтгэлийг нь алхам алхмаар хангасаар байлаа.

Сүүлдээ Лхамаа бүсгүйн зүгээс эр нөхрөөсөө эх орныхоо муу муухайг нуух байдал руу орлоо. Монгол тийм л хэцүү болчихсон юм байх даа гэх бодол түүнд үе үе орж ирнэ. Учир нь тэрээр эх орондоо ирэлгүй арав гаруй жил өнгөрчээ. Монголд байх найзуудтайгаа ярихаар бүтэлтэй юм бас ярихгүй, “Хүүе ээ, Лхамаа нөгөө манай сургуулийн тэр чинь одоо дэд сайд хийж байгаа шүү дээ, түүнд ер нь бар хэсэх, охид эргүүлэхээс өөр ид шид байсан юм уу, сүүлд Турк рүү нэг сургуульд явлаа гэж сонсогдсон, тэгснээ Туркийн дэлгүүрээс бараа хулгайлсан хэрэгт холбогдоод хөөгдөөд ирсэн гэдэг биз дээ. Тэгсэн одоо сайд гээд явж байна ш тээ” хэмээн шоолон инээлдэнэ. “Лхамаа, чамайг эргүүлдэг байсан Буянаа чинь гайгүй бизнес эрхэлдэг байсан, одоо мөрийтэй тоглоомонд донтоод бүх зүйлээ зараад, одоо бүр гудманд гарсан гэнэлээ” гээд найз бүсгүйчүүд нь ярьцгаах…

Нэг орой эмээ, Сарана охин хоёр зэрэгцээд гар утас руу толгойгоо шаачихсан пүү паа болцгоосон нь нэг охины толгой дээр бас нэг охин халуун кофе цацаж байгаа бичлэгийг үзэцгээж байв. Үүнээс залхсан Лхамаа “Боль боль, ээж одоо ийм юм хүүхдэд битгий үзүүлээд бай” гэж уцаарлалаа. Гэвч ээж нь Монголын болохгүй бүтэхгүй бүгдийг дамжуулсаар… Лхамаад, мөн америк нөхөрт нь энэ бүгд яршигтай, заримдаа ч улиг мэт санагдаж байтал харин нэг мэдээлэл тэднийг яах аргагүй гүн шоконд оруулсан юм. Тэр нь Монгол дахь Олон улсын нэгэн судалгааны байгууллагаас гаргасан нас биед хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл байв. Тэр мэдээнд охин хүүхдийг төрсөн эцэг нь тэдэн хувь, хойд эцэг нь тэдэн хувь, төрсөн ах нь, үеэл ах нь нууцаар хүчирхийлдэг гэх судалгааны дүн, хувь процент бүгдийг гаргаж, түүнийгээ Монголын сошиал ертөнц, сайтуудад дэлгэжээ. Бузар булайгийн үүр, охин үрдээ монголчууд чинь яаж хандаад байгаа юм бэ гэх уулга алдалт… тэнд бий боллоо. Энэ муухай мэдээллийг ээж, охин, америк аав… тэвчин хүлээж авч чадсангүй. Лхамаа бүсгүй эрс шулуунаар “За за Саранаг Монгол руу явж амраах асуудлыг одоо хая, ийм балайр болчихсон газар руу яаж хүүхдээ явуулдаг юм, ёстой новшийн болжээ” хэмээн ширээгээ түгхийтэл тогшоод бослоо. Сарана охин сайхан Монгол орныг үзэх хүслээсээ ийнхүү мултарч байгаагаа ойлгон “Эмээ монгол тийм муухай юм уу” хэмээн хошуугаа цорвойв. Эмээд хэлэх ч үг олдсонгүй. Яагаад гэвэл тэр бүгдийг дамжуулсан хүн нь эмээ өөрөө, нүдээр харж, биеэр үзээгүй ч сошиалын хар бараан мэдээнд бүрэн автагдсан түүнд “Үгүй, тийм биш ээ, Монгол” гэж хэлэх чадал байсангүй.

Тийм болохоор Монгол эх орны чинь зүгээс Америкт төрж өсч байгаа 13 настай Сарана охинд хэлье. Миний дүү, Монгол тийм биш ээ. Монгол эх орон чинь уул устайгаа, ургамал цэцэгстэйгээ, хүн ард, мал ахуйтайгаа амгалан тайван оршсоор байна. Монгол бүсгүй Лхамаад бас хэлье, Хан Алтай чинь ханхалзан байгаа, Халхын тал чинь цэлийн байгаа. Ээжийн чинь ярьж, сошиал орчноос харж дамжуулж байгаа энэ бүхэн амьдрал дээр бүгд худлаа шүү. Гурван сая хүний дотор байтугай гурван айлын дунд үе үе асуудал гарч л байдаг, намжиж л байдаг. Өнөөдөр хүн бүр утаснаасаа дуулсан сонссон юуг ч шуугиан болгож болох, түүнийг нь дор хаяж таван мянган хүн харж цааш ярих тийм цахим нийгэмд амьдарч байна. Дээр нь монголчууд бидний эх орондоо хайр найргүй ханддаг бэртэгчин үзэл бодол ч улам их нэмэр болж байгааг хэлье. Үүнд Америкт байгаа монгол бүсгүй та нэмэр болоод яах вэ, зүгээр л хүү, охин хоёроо Монгол руу, ах дүүс рүү нь ирүүлж амралтыг нь өнгөрөө.

Мөн эмээ, ач охин хоёрт онцгойлон хэлье. Та хоёр зуны сайхан цагаар эх орондоо ирцгээ. Монгол Улс, монголчууд бол энэ дэлхий дээр хамгийн их ёс жудгаа дээдэлж ирсэн, хойдох, урдахаа бодож амьдардаг, ядарсан нэгэндээ үнэн сэтгэлээсээ тусалдаг ард түмэн байсаар байгаа. “Миний арга үнэхээр тасарч байна, монгол түмэн минь” гээд хүнд өвчтэй хүүгээ тэврээд, нулимс дуслуулан зогсоо эр хүнд хагас тэрбум төгрөгийн хандивыг хоёрхон өдрийн дотор тал талаасаа хамжаад босгоод өгчихдөг сайхан сэтгэл нь хэвээрээ байгаа. Бусдын төлөө нулимс унагаж, сэтгэл гаргаж чаддаг, дэлхийн хаана ч байхгүй сайхан ард түмэн, Монгол Улс минь хэв хэвээрээ. Ганцхан энэ бүх сайхныг муухай болгож харагдуулдаг бидний сошиал хэв маяг алж байна.

Магадгүй дуусгачихаж ч мэдэх нь. Түйтрийн мэдээг сэтгүүл зүйн мэдээ болгон хүлээж авах буруу боловсролд бид шилжлээ. Сайн муу бүх мэдээлэлд баталгаа өгдөг ганцхан зарчим бол найдвартай эх сурвалж, редакци байдаг тухай ойлголт сошиалын шар үгс дотор живчихлээ. Уг нь бол социалист нийгэмд ажиллаж, амьдарч төлөвшсөн Сарана охины эмээд энэ бүх төлөвшил байгаа ч бусдын адил цаг үедээ нэрвэгдэж, өөрөө хүртэл худал мэдээ дамжуулагч нэгэн болон хувирчээ. Үүнд нь итгэн Монголд ирэх мөрөөдөлд автсан хөөрхий Сарана охины хүсэл зоригийг будаа болголоо. Энэ бол эмгэнэл.

Гэтэл монголчуудын бодит үнэн ямар билээ, хар даа. Сарана шиг охин үрээ монголчууд бид нүдний цөцгий мэт хайрладгаараа хаана ч байхгүй ард түмэн. Аавуудын хаан бол охин үр нь. Охин үрийнхээ дэргэд ямар ч эр хүн номхон дөлгөөн байдаг. Энэ ертөнцийг элээж дуусах үед охин минь зөөлөн гар дээрээ тааваар үднэ гэдгийг монголчууд яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Ийм нандин амьтдынхаа өөдөөс муухай харах уу. Нандинаас нандин, аз жаргал нь болсон охин хүүхэд минь монголчууд бидний хувьд дээд шүтээн минь билээ. Сарана, Эмээ, Лхамаа, бас тэр америк аав дөрөвт хэлье, Монгол минь та нарын бодож байгаа шиг биш ээ. Төрсөн цагаасаа эхлээд хамгийн их эрх чөлөөг мэдэрч өсдөг хүмүүс бол монгол охид байдаг юм. Ийм эрх дураараа хүүхдүүдийг Монголоос өөр хаана ч харахгүй. Монголын нэг сая хавтгай дөрвөлжин км нутаг бол бидний үр хүүхдийн эрх мэдэлд бүрэн чөлөөтэй байдаг юм. Тэд Монголын хаана ч очсон эрх дураараа тоглоно. Америк шиг нэг алхаад хүний эдлэн рүү орчих тухай ойлголт байхгүй. Та бүхэн Саранаг, ахтай нь зун хөдөө байдаг ах дүүгийндээ авчраад “хаячих”. Эхний хоёр өдөрт эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах гэж дүрэмдэх байх. Тэгдэг л юм. Монголын минь хөдөө харагдах байдлаараа хэцүү хэцүү, ахуй муутай л гэж харагдана. Гэвч тэр бүхэн чинь дэлхийд байхгүй оргиналь нь, эко орчин юм аа. Хөгжсөн орны хүүхэд бүрийн, эцэг эх бүрийн хүсдэг орчин ч байж магадгүй. Малын хотонд зуныг өнгөрөөсөн хүүхдэд ямар ч харшил насан туршид нь үүсдэггүй наад захын дархлаа тэнд бий болдог. Ингээд яривал их юм бий. Эцэст нь хэлэхэд, сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд… энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ…

Categories
мэдээ нийгэм

Сайн найзынхаа хойноос нурах сэтгэл, урсах нулимсаа нуумааргүй байна, чи жинхэнэ эр хүн байсан шүү…

Ажил амьдралын урт замд олон жилийг хамтдаа туулна хэмээн бодож явсан сайн анд, итгэлт найз Д.Одбаярыгаа бид өнөөдөр нартаас үдэж байна. Саяхан л түүнтэй Алтан гадас одон хүртсэнийх нь баярыг хуваалцан хөөрч суусансан. Өнөөдөр тэгвэл дурсамж болон үлдэж, өнгөрсөн цаг дээр бүгдийг бичиж сууна гэдэг яасан уйтай вэ. Итгэж чадамгүй энэ гашуун өдрүүдэд “Чи жинхэнэ эр хүн байсан шүү” гэдэг үг зүрх сэтгэлд эргэлдэж байна. Дөнгөж 1981 оны хүүхэд шүү дээ. Түүнийг маш сайхан ирээдүй хүлээж байлаа, сайн сайхан, гэрэл гэгээ зүгт тэр тэмүүлж байлаа. Түүн шиг л ажиллаж амьдраасай гэж залуустаа хүсмээр байна. Сүрлэг сайхан биетэй, гэрэлт шаргал царайтай, бусдад нөмөр нөөлөгтэй, нүдэнд дулаахан тэр залуу бол Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн залуухан дарга Д.Одбаяр минь байлаа. Тэр энэ л сайхан дүрээрээ олон хүний сэтгэлд мөнхөрлөө…

Д.Одбаяр маань говь нутгийн хүүхэд байсан юм. Дорноговийн 10 жилийг алтан медальтай төгссөнөөс эхлээд өнөөдрийг хүртэл олон зүйл дээр бидний бахархал байлаа. Монголын их говийн, тэнүүн сэтгэлт эр хүний мөн чанар түүнд шингэсэн, хүмүүст тустай, зөв хандлагаар бусдад үлгэрлэсэн Монголын сайхан эрчүүдийн нэг явж чадлаа. Түүнд хуурай ах нар олон, үеийнхэн нь сайн, ажил амьдралын замд хөл нийлүүлсэн дүү нартаа бурхан шиг хүндлэгдсэн эр хүн байсныг үлдсэн үр хүүхдүүд нь ирж яваа цаг хугацааны уртад мэдрэх, бахархах болно оо.

Хэдэн бор найз чинь хэсэгтээ бүүдгэрхэн алхах нь. Д.Одбаяргүйгээр он жилүүдийн замд алхацгаах боллоо доо, найз нар минь. Өчигдөр үдийн цагаар Д.Одбаярынхаа ажлын газрын үүдээр өнгөрч явахдаа өөрийн эрхгүй өрөөнийх нь цонхыг ширтэн хэсэгхэн саатлаа, “Дүү минь чи ахыгаа баярлуулж явсан. Ах нь ганц удаа ч болтугай баярласан сэтгэлээ илэрхийлж чадсангүй дээ” хэмээн хэллээ. Тэр надаас хэдэн насаар дүү, намайг ах гэдэг байсан юм. Нэгэн шинэ жилийн өмнөхөн над руу залгаж “Ах ажилд ойрхон яваа бол ороод ирэх үү, эсвэл би тань руу дөхөх үү” гэж билээ. Хүн бүрээс гарахгүй тийм л сайхан сэтгэлээр тэр өдөр надад хандсан юм. Тэр өдөр хамтдаа авахуулсан сайхан зургийг саяхан тэр над руу илгээсэн байж билээ. Хожмын хойно, хойтын маргаашид үлдсэн үр хүүхдүүдийн чинь өмнө “Аав чинь жинхэнэ эр хүн байсан юм шүү” гэдгийг баталж, амьдралын замд үр хүүхэдтэй чинь ойрхон алхах болно оо, анд минь.

Чиний орж гарах дуртай орчин, хэдэн нөхөдтэйгөө бужигнадаг байсан тэр жижигхэн албан өрөөнд, чиний суудаг байсан буйдан дээр өнөөдөр найзууд чинь суугаад, чамайг дурсан зуу татна. Яадаг юм, яагаад болохгүй гэж… яваад өгдөг хорвоогийн энэ гашуун үнэнтэй ингэж тулахаас өөр арга алга. Өөр үг ч олдохгүй, гарахгүй байна. Чамтай дахин уулзахгүй амьдралын үнэнд итгэж ядан суугаа хэдэн муу найзыг чинь төлөөлөн сэтгэлийн зулыг ийнхүү тэрлэн сууж байна.

Өнөө өглөө ажил руугаа явж байхдаа саяхан чиний “Түгжрэлийг ингэж шийдэхээс өөр гарц байхгүй юм аа” хэмээн гадны туршлагуудыг ярьж байсан чинь, смарт хот болгох технологийн шийдлүүд, нийслэлд өнөөдөр байгаа нөөц боломжийг хэрхэн зөв ашиглах, хууль эрх зүйн ухаалаг зохицуулалт хийх… гээд ярьсан болгоныг чинь санаж сэрж явлаа. Тэрээр мэргэжлийн түвшинд ажиллаж, ярьснаа ажил болгохын төлөө зүтгэсэн. Д.Одбаяр маань санаж сэтгэж явсан сайн үйлсээ гүйцээж чадсан бол нийслэлийн хөгжилд мөн ч их хувь нэмэр болох байсан даа. Даанч амжсангүй. Тэр төрийн ажилдаа цаг наргүй хичээж байсан юм шүү, хаана ч таарсан, юу ч ярьсан хийж байгаа ажил руугаа хөтөлж оруулдаг. Заримдаа ч “Одоо өөр юм ярья аа” гэхээр цаг хугацаа алдаад байна шүү дээ, бид л хийхгүй бол өөр хэн энэ төлөвлөлтөө алдаж, ачаалал нь хэтэрсэн хотыг эмхэлж цэгцлэх юм бэ хэмээн зүтгэдэгсэн. Ингэж л ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн, чадалтай боловсон хүчнээ Монголын нийслэлийн удирдлагын баг эгнээнээсээ харамсалтайяа алдлаа.

Нөхөрлөхийн шалтгаан, ойлголцохын сайхан, зовлон жаргалын дунд хамтдаа зогсох мөн чанар, чанартай эр хүн… аль ч утгаараа анд нөхдөдөө Д.Одбаяр том бэлэг байлаа. Энэ бүгдийн үлгэр дуурайл байлаа. Тэр уучилж чаддаг эр хүн байсан, бас баргийн зүйлийг өнгөрөөж сурсан тэвчээр байсан. Д.Одбаяртай ойр дотно явсан он жил, цаг хугацаа бүхэн бидний сэтгэлд нандин дурсамж, бас үгүйлэгдэхийн шалтгаан болон үлдлээ.

Уйлж дуулж, уйтгарлаж бас баярлаж, улс төр ярьж, улс орны сайхан ирээдүйг зөгнөж, бидний хийж чадах зүйлс, бас чадахгүйн төлөө шаналж, эр хүмүүсийн хоржоонтой мэтгэлцээн, тамхины утаа суунагласан танхай өрөө, зарим нөхдийн маань том дуу, хэрээс хэтэрсэнд нь хэлж сануулах зангараг, чемоданаа чирцгээн алсын аянд гарсан тэр л өдрүүд, хөзрийн ард хоёр талцах найзуудын сайхан шуугиан… энэ бүхэн дунд одоо чи байхгүй. Гунигтай байна шүү. Яг үнэндээ найз минь чи дэндүү эрт буцаж байгаад чинь гомдолтой байна. Олон он жилийн дундуур өвгөн болтлоо хамтдаа алхацгаана гэдэгтээ бид итгэлтэй байсан биз дээ. Гэтэл энэхүү бүх хүсэл мөрөөдөл, угтан байгаа их ажлууд энэ өдрөөс хойш чамгүйгээр үргэлжлэх боллоо.

Сайн нөхрийнхөө хойноос нурах сэтгэл, урсах нулимсаа эр хүн би нуугаад яах вэ. Гарч ганц хундага дарс чиний төлөө тогтооё, ганц сайн хашгирч сэтгэлээ онгойлгоё, ингээд чамгүйгээр цааш алхах ажил амьдралын нүргээнт зам дээрээ гаръя даа. Чамаар найзууд чинь мөнхөд дутна, мөнхөд дурсана аа…