Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зочилж ирдэг найз нөхөдтэй байх сайхан DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Амралтын өдрөөр авгай хүүхдээ чирсээр, аахилж уухилан орж ирэх найз нөхөдтэй байх сайхан. Гэрийн хаалгаар орж ирээд л М.Чинболд бүтэхгүй юмаа ярилаа, “Түгжрэл най алга, Дөчөөд оны замын хөдөлгөөний дүрмээр бол дөрвөн замын уулзварт нэгэн зэрэг дөрвөн машин ирвэл жолооч нар бууж ирж уулзан сайтар тохиролцсоны үндсэн дээр цааш нэвтрэлцмой” хэмээн байдаг юм ш тээ гэж. Одоо тэгээд Боолоогийн яриагаар тэр үеийн замын дүрмийг энэ зуунд ашиглах юм уу, хаашаа юм. Бас болоогүй ээ, тэр үе ч өнгөрчээ гээд шогшроод байвал яах уу. Түүний инээд барсан энэ яриа дууслаа гэсэн шиг тэндээс Амараа дуугүй байж чадахгүй, “Эмэгтэй хүн усанд ороод гараад ирэхээрээ онцгүй, эрэгтэй хүн хөөрхөн болдог гэж жүжигчин Хүрлээ сая ярихыг би сонслоо” гэж эхнэрүү­дийн уурыг хүргэсэн юм ярьж балрав. Түүнийгээ цайруулж байгаа нь тэр юм байлгүй, одоо энэ хотын орлогч дарга Гантөмөрийг зурагтаар харсан нэг эмээ “Өнөө хэрэг төвөгт ороогдоод байсан Баавар хүү чинь овоо доо, хотын орлогч дарга болчихоо юу гэсэн байна лээ” хэмээн элэг хөшөөв. Ийм л инээд наргиа, цагаан онигоон дунд амралтын өдөр маань өрнөж байгаа юм. Сайн гэр бүлтэй, сайн ажилтай, сайн найз нөхөдтэй хүн нийгмээс бухимдал бага авдаг байхаа. Ажлын өдрүүдийн ядаргаа амралтын өдрөөр энэ мэтээр арилахад найз нөхдийн минь нөлөө ямар их байдгийг хүмүүс мэддэг болов уу. Нөхдүүд гэр рүүгээ явсан төө хойно Боолоо золигийн ярьсан замын хөдөлгөөний дүрмийг бодоод ганцаараа түс хийтэл инээж эхнэрээ гайхшруулах. Хэрэггүй юм ярьж явдаг хэдэн муусайн найзаа бодохоор сайхан шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр 18 настай хүүхдээр улсынхаа хилийг байтугай үүдээ мануулах байгууллага ч байхгүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………………

Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Тэшиг суман дахь хилийн цэргийн ангийн хоёр алба хаагч улсынхаа хилийг манаж зогсохдоо орголоо. Тэд бол 18 нас хүрч ардын цэргийн албанд татагдсан Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумын хөвгүүд болох ахлах байлдагч Г, Б нар юм. Улсынхаа хилийг шөнийн 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл манах үүрэг хүлээж, тангараг өргөсөн тэд тогтсон хугацаандаа харуулынхаа байрлалд ирээгүй байна. Ингээд л хэрэг манджээ. Тэдний талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, Сэлэнгэ аймгийн таван сум, Булган аймгийн нэг суманд самнан хайх ажиллагаа явуулснаар байршлыг нь тогтоожээ. Нөхдүүд хилийн манаанд албан ёсоор олгогддог байлдааны буу, морин уналга, холбооны хэрэгсэлтэйгээ оргосон аж. Замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумийн иргэнд буу тулган машиныг нь авсан байна. Бүрэн автомат байлдааны зэвсэгтэй тэднийг цагдаагийн албан хаагчид суурин газраас холдуулж, Шаамар сумын нутагт шөнийн 01 цагийн орчим баривчилжээ. Одоогоор Г-г цагдан хориод байгаа бол Б эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Ийм мэдээлэл өнгөрсөн долоо хоногт мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж олны анхаарлыг татав. Оргосон цэргүүд дэлхийн хамгийн хүчирхэг байлдааны зэвсэг “АК” бууг хүмүүсийн өөдөөс хэрэглэсэн бол яах вэ. Сэлэнгэ, Эрдэнэт, Дарханы бүс бол хүн амын нягтаршил хамгийн өндөр газрууд. Ийм газарт автомат буу тачигнаагүй нь бурхны аврал. 18 настай армид татагдсан Г,Б гэж энэ хоёр хүүхэд бол америк кино үзэж, нисдэг тэрэг унаад, хүн алаад явахыг байдаг л зүйл гэж ойлгосон,фэйсбүүк, твиттерээр хүмүүжиж, PC тоглоомд донтсон нөхдүүд байхыг үгүйсгэх аргагүй. Эсвэл сумандаа атаман шүтэж өссөн нөхөд ч байж мэднэ. Тэдний 18 нас бол эмзэг, энхрий болчихсон, ажил амьдрал, хариуцлагын тухай ямар ч ойлголтгүй нас юм. Аав, ээж нь болохоор тэднийг бага ч болтугай “юм” үзэг гэж цэрэгт явуулсан байж ч мэднэ.

Тэгэхээр 18 нас гэдэг бол өнөөдөр нялх нас юм аа. Юун улсын хил манах вэ. Өнөөдөр ямар ч байгууллага, аж ахуйн нэгж 18 настай хүүхдэд итгэж байгууллагынхаа манаач, жижүүрийг хийлгэхээ больчихсон шүү дээ. Ядаж 40 өнгийж, дөр сууж, ажил амьдралд нухлагдаж үзсэн хүмүүсээр байгууллагаа, өмчөө харуулах болсон. Гэтэл Монгол Улс л 18 настай алдрай жаахан хүүхдүүдээр хилээ мануулж байна. Ийм л наснаасаа эх орныхоо дархан хилийг манаж, хамгаалж ирсэн уламжлалтай юм гэж хэлэх хүмүүс гарах байх. Тэр үе, өнөөдрийн үе хоёр тэнгэр газар шиг өөр болсон. Коммунизмын үед 18 настай цэрэгт татдаг байхад монголчуудын дундаж наслалт 36 байсан юм. Тийм болохоор 18 нас идэр залуу, юм үзсэн нас байлаа. Одоо бол монгол хүний дундаж наслалт 68.05 болсон. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг болох дундаж наслалтаараа Монгол Улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд хэдүйн багтсан. Ийм цаг үед 18 нас бол алдрай бага болчихоод байгаа юм. Цаг үе нэгэнт ийм өөр болчихоод байхад бид хуучнаараа 18 нас хүрлээ, ардын цэргийн албанд явна аа гэдгээ болих хэрэгтэй. Гэхдээ социализмын үеийн 18 настнуудын төлөвшил хил манах хэмжээнд очсон байсныг ер нь бол хэлэх ёстой. Яагаад гэвэл соц нийгэмд хүүхэд бага ангидаа баатарчуудын байгууллагын гишүүн болж хүмүүждэг байлаа. Залгуулаад дунд, ахлах ангидаа пионерийн байгууллагаар хүмүүжнэ. Тэгээд төгсөх ангид нь эвлэлийн гишүүн болгож аваад “Эх орноо амиараа хамгаална… залуучуудын эвлэлийн гишүүн Аюуш, Даваадорж, Тэгшээ нар эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн юм” хэмээн баатарлаг түүхийг уншуулж хүмүүжүүлдэг байв. Үүгээр ч зогсохгүй “…хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач байж, социализмын өмч ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаална…” гэж үхтэл нь цээжлүүлдэг байсан юм. Намын бодлогыг дэмжигч эдгээр гурван байгууллага ирээдүйг ингэж бэлдээд эх орны хилийн манаанд гаргахаар тэд юу гэж өнөөдрийнхөн шиг жулдрайдаж “Гэрээ санаад байхаар нь оргочихсон юм” гэх шиг цэцэрлэгийн хүүхдийн юм яриад зогсож байхав.

Өнөөдөр ийм алдрай насныхнаар хилээ хамгаалуулахаар явуулдаг тогтолцоо хаана ч байхгүй. “Боко харам” бүлгийнхэн хүртэл хүүхдүүдэд зэвсэг бариулахдаа 1-2 жил өдөр шөнөгүй бие сэтгэлийн бэлтгэл хийлгэдгийг дэлхий шуугиж байгаа. Дэлхийд өрнөж байгаа бүс нутгийн хийгээд шашин хоорондын мөргөлдөөнүүд, элдэв дайн дажинд оролцож байгаа цэргүүдийн нас нь дунджаар хэдүйн 30 нас гарчихаад байна. Цэргийн эвслүүд болон энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүд, хөлсний армийнхны дундаж насыг 35-аар тогтоож эхэллээ. Олон улсад цэргийн нас ийм байдал руу орлоо. Ийм нөхцөлд Монголын хилийн цэргийг мэргэжлийн болгож, дорж хаяж 23 наснаас дээш хүмүүсээр хилээ мануулмаар байна. Хамгийн гол нь мэргэжлийн болгомоор байна. Хилчдийн нийгмийн асуудлуудын хамгийн тулгамдсан нь болох гэр бүлийн байдал, зан суртахууны төлөвшил, бие сэтгэлийн хат, залуу насандаа үзэх ёстойгоо үзсэн байх шаардлагуудыг хилийн цэрэгт тавимаар байна. Энэ бүхэн эхний шат байгаад тэгээд мэргэжлийн цэргүүдэд хил хаалгаа даатгая. Ингэхгүй бол хил дээрээс байлдааны буу зэвсэгтэйгээ оргосон бацаанууд нэг л шөнө америк кинонд итгэдэг шигээ Улаанбаатарт орж ирээд түйвээвэл яах болж байна. Сошиал ертөнцөд амьдрах болсон, түүгээр хүмүүжин төлөвшиж буй бүхэл бүтэн үе бий болж байна шүү дээ. Тэд амьдралыг сошиал медиагаар өгч буй өгөгдлөөр ойлгож, хүлээн авч, итгэл үнэмшлээ болгож байна. Түүний үр дагавар нь ч хүн бүрийг хиртхийлгэсэн залуусын үйлдлүүд. Сүүлийн үеийн бүх айхавтар гэмт хэргүүдийн үйлдэгчид нь 18, 19 насныхан байгааг анхаараарай. Үе нь өөрөө тийм эмзэг, хэврэг, амьдралыг амар хялбараар ойлгодог болчихоод байхад тэднээр хил мануулна гэдэг эрсдэл юм. Ер нь бол цаг үеэ мэдрэх хэрэгтэй болжээ. Бусад улс орнууд хилээ манахдаа маш өндөр технологи ашигладаг боллоо. Хил хязгаар нь нэлэнхүйдээ камержиж, сансраас хянаж, бүх цэг дээрээ мэдрэгчүүд тавьсан улсууд бий. Сүүлийн үед хилээ хянаад явж байх тодорхой маршруттай роботууд ч бүтээгдэж байгаа тухай яригдах боллоо. Бид юунд хоцрох билээ, хүн төрөлхтөний ашиглаж буй эдгээр технологийг авч ашиглая. Тэгээд аль болох буу зэвсгээс залуу үеэ хол байлгая.

Ер нь бол Монгол Улс ямар хүмүүст “Хилээ мана” гээд буу өгөөд явуулж байна гэхээр архины мөнгөө олохын тулд 70 настай эмгэн дээрэмдэж байгаа хүүхдүүдэд л өгөөд явуулдаг юм байна шүү дээ. Тэдгээрийнх нь байж байгаа царайг хар. Буу зэвсэгтэйгээ оргоод. Тэгээд тэдэнд “Эх орноосоо урвасан” гэх маш том ял онооно. Магадгүй хүний нийгэм дэх хамгийн том ял энэ байх. Тэгвэл маш том ялыг дагаж маш том хариуцлага яригдана. Маш том хариуцлагаа 18 настай бацаанууддаа ойлгуулах, ухамсарлуулах ажил хийсэн юм уу. Ер нь хийдэг юм уу. Ядаж нэг баатарчуудын байгууллагын хэмжээнд. Нэг жилийн цэрэгт хэн ч байсан эх орны тухай ухамсар суухгүй. Ядаж тэдэнд гурван жилийн цэрэг байх стандарт, хал цэргээ дагаж байж цэрэг болдог, асман цэргийг хоёр жил дагасны эцэст буу зэвсэгтэй харьцдаг хуучны тогтолцоо ч байхгүй. Аав ээжийнхээ асрамжаас гараагүй, Америкийн киноны детектив үйл явдалд хөтлөгдсөн, амьдралыг дэндүү амар хялбараар ойлгосон, амьдралд хариуцлагатай байж хүн шиг амьдардаг тухай өчүүхэн ч бодолгүй, 18 настай алдрай бяцхан жаалуудад автомат буу үүрүүлээд улсын хилийг мана хэмээн явуулж байгаа нь эмгэнэл юм байна. 18 нас бол өнөөдөр нялх нас гэдгийг үйл явдлууд харуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улстөрчдөд бүү итгэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Амьдралын хамгийн үнэн бол хүн амьд амьтан мөн л юм бол эхлээд өөрийгөө л боддог. Хувийн эрх ашиг хамгийн түрүүнд явдаг гэсэн үг. Ямар юмных нь эх орны эрх ашиг нэгдүгээрт байхав дээ. Хувийн эрх ашиг, мөнгө хоёр хойшоо гэж байгаа хүн бол хуурамч дүр төрхийн сонгодог жишээ юм. Улс төрийн орчноос их харагддаг дүрүүд. Оросын ардчиллын загалмайлсан эцэг Собчакийг хүн бүр мэднэ. Санктпетрбургийн энэ эрхэм, тагнуулын албанаасаа халагдаад гэртээ сууж байсан Путиныг гозойтол өөд нь татаж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замыг зассан. Собчакийн эхнэр гэж нэгэн алдартай эмэгтэй бий. Тэр хатагтай юу гэсэн гэхээр “Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улс төрчид бүү итгэ” гэж. Түүний энэ алдартай үгийг батлах мэт Адам Смит бас нэг мундаг үг хэлсэн байдаг нь “Шуналдаа хөтлөгдсөн хүн л нийгмийг сайн сайханд хүргэдэг” гэсэн юм. Арай өөр толгойнуудын хэлсэн энэ мэт үзэл санаануудыг цааш цувуулвал нэлээн урт болно. Улс оронд, нийгэмдээ бодитой нөлөө үзүүлсэн, бодитой хувь нэмэр оруулсан олон арван улс төрч, бизнесмен, бусад салбарын содууд бүгдээрээ “Эхлээд хувийн эрх ашиг байдаг юмаа. Тэгээд бусад эрх ашиг эрэмбэлэгддэг юм” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хөгжсөн орнууд энэ үзэл санаанд нэвчиж байх шиг байна.

Хувийн эрх ашгаа эхлээд ярьж байгаа, нэгдүгээрт тавьж байгаа хүнд би лав их хайртай. Тэр хүн бол хуурамч биш, үнэн харагддаг. Хуурамчууд чинь алчих гээд, Монгол Улсыг хөмөрчих гээд байна шүү дээ. Дэлхийн баячуудын 70 хувь нь ядуу хоосноос төрсөн байдаг. Эдгээр хүмүүсийн шунал л энэ дэлхийг авч явж байна. Ард түмнээ тэжээн тэтгэж, ургаш нь чирч явна. Тийм атлаа эдний хэн нь ч “Улс орноо хөгжүүлнэ, нийгмийн сайн сайхны төлөө” гэж ярьдаггүй. Өдөр бүр л мөнгө яаж ахиухан олох вэ гэсэн шуналдаа хөтлөгдөн хөдөлмөрлөсөөр. Хувийн дийлдэшгүй эрх ашиг нь нийгмийг ургаш нь чирсээр… Тэдний хувьд эх орон, ард түмэн гэсэн сэтгэл зүрх байдаг бол нэлээн хойгуур эрэмбэлэгдэх байх. Гэхдээ эрүүл саруул, хөгжсөн нийгмийн сэтгэл зүй бол эдгээр шуналын тулмууддаа их хайртай байдаг. Монголын нийгмийн эрүүл, зөв үзэл бодолтой хэсгүүд ч гэсэндээ монголынхоо баян, хөрөнгөтэй гэгддэг компанийн захирлуудад маш хүндэтгэлтэй ханддаг. Тэдний талаар муу үг хэлэхийг тэвчидэггүй. Энэ хөрөнгөтнүүд чинь л хэдэн монголыг цалин цагаатай, хоолтой ундтай байлгаж, өрх гэрийг нь авч яваа гэж ярьдаг. Энэ хөрөнгөтнүүд чинь л төрд татвар төлснөөр Монгол Улс оршин тогтнож байгааг хэлдэг. Энэ бол үнэн юмаа. Харин монголын энэ хэдэн хөрөнгөтнийн амнаас эх орон минь гэсэн үг нэг их гарахгүй. Дэлхийн жишиг өөрөө тийм юм билээ. Рокфеллер дэнлүүний тос зарж амиа зогоож дээшээ тэмүүлсээр эцэстээ нефтийн магнат болсон. Америкийн нефтийн эцэг, авто машины хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ нөхөр насан туршдаа “Эх орон минь, нийгмийн сайн сайхны төлөө” гэсэн үгийг хэлээгүй юм. Мөнгө мөнгө бас дахин мөнгө гэсээр дууссан. Түүний мөнгө гэсэн оюун ухаан нь өөрөө АНУ-ыг өнөөдрийн өндөрлөгт хүргэхэд гайхамшигтай нөлөө үзүүлсэн юм. Амиа авч явахын төлөөх зүтгэл явсаар Америкийн хөгжил болсон наад захын жишээ энэ. Үүн шиг өнөөдрийн монголын хөрөнгөтнүүд амиа, ар гэрээ авч явах гэж зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрч, нийгэмд нөлөөлөх хэмжээнд очицгоосон байна. Эдгээр хөрөнгөтэй, оюунлаг монголчуудад “Хамгийн эхэнд эх орны эрх ашиг байна, мөнгө бол ер нь хоёрдугаар асуудал” гэх мэт ярих нь тохуутай сонсогдож байгаа даа.

Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд бол нэгдүгээрт үйлчлүүлэгчтэй болох, хоёрдугаарт ажилчидтай болох, гуравдугаарт хөрөнгө оруулагчтай болох гэсэн дараалал байдаг юм билээ. Үйлчлүүлэгчээ эхлээд тавих нь ашгаа нэг номерт тавьж байгаа хэрэг. Ажилчид гэдэг нь ашгийг олох үйл ажиллагаа явуулдаг туслахууд. Харин тэр хөрөнгө оруулагчид гэдэг бол үлдэгдлээ капитлистуудтай хуваана гэсэн үзэл санаа. Энэ бол шууд утгаараа улс төр гэдэг зоосны нөгөө нэг тал юм. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа улс төрчдийн баримтлах ёстой зарчмын нэг нь энэ мөн.

Монгол улс тэгээд түүхэндээ эрх ашгийн ийм эрүүл, үнэн эрэмбэ дараалалгүй явж ирсэн хэрэг үү. Бас ч тийм биш юм. Наад зах нь Тэмүүжиний жишээ байна. Тэмүүжин гуай бол үнэн хэрэгтээ хөөрхий муу ээжийгээ, хэдэн муу өнчин дүүгээ татаруудаас хамгаалах гэж айлын том хүүгийн хувьд жижигхэн тэмцэл хийсэн. Тэрнээс түүнд ямар юмных нь эзэнт гүрэн байгуулах хүсэл мөрөөдөл, зорилго байхав дээ. Хувийн л эрх ашгийн төлөөх тэмцэл. Ононийн шугуй дахь тэрхүү жижиг тэмцэл өргөжсөөр дэлхийн талд хүрсэн нь гайхамшигтай түүх. Тийм болохоор л Тэмүүжин “Эхлээд гэрээ зас” гэж хэлсэн нь өөрийнхөө хувийн эрх ашгийг ханга, эмхэлж цэгцэл, ар гэрээ төвхнүүл гэж ойлгогддог. Тэгээд “Төрөө зас” гэсэн нь өнөөдрийн бидний эрх ашгийг тов тодорхой эрэмбэлж өгсөн хэрэг л дээ. Түүхэн замнал ийм атал өнөөдөр Монголын улс төрчид, улс төр сонирхогчид “Нэгдүгээрт эх орны эрх ашиг байх ёстой” хэмээн ярьж өөрийнхөө хуурамч дүр төрхийг илчлэх нь инээдтэй. Өнөөдөр бүгдээрээ тийм байна л даа. Тэрийгээ ядаж нийгмийн өмнө уран гоё далдалж илэрхийлэх заль ухаан алга. Улс төрийг уран хийнэ гэсэн нэр томьёо баруунд байдаг юм шүү дээ. Ер нь бол “Нийгмээ сайн сайхан болгоно, эх орны эрх шиг нэгдүгээрт байх ёстой, мөнгө бол хамгийн чухал зүйл биш… “ гэхчлэн ярьдаг хүмүүс өнөөдөр Оросод цөөнгүй байна. Африкийн улсуудад бол арав алхаад л тийм лоозон байгаа. Тэгээд Монголд байна. Дэлхийд ийм гурван оронд л байгаад, бүр хүчээ аваад байгаа юм.

Өнөөдөр орон нутгийн сонгууль ид явагдаж байна. Хорин хэдэн настай, 30-тай хүүхдүүд хороогоо, дүүргээ хөгжүүлнэ гээд гүйлдэж байна. Энэ нь зөв. Залуугаасаа нийгэмд ийм идэвхтэй байх ёстой. Гэхдээ л нөгөө эрх ашгийн эрмбэ чинь энд маргаантай байгаа юм. Өнгөрсөн 26 жилд монголчууд бидний 90 хувь нь пролетари хэвээрээ явж ирлээ. Пролетариуд хэзээ улс орныг хөгжүүлж байсан юм бэ. Сонгуулийн өмнө “Би эх орноо ингэж хөгжүүлнэ” гэж ярьсаар гарч ирдэг. Сонгуулийн маргаашаас эхлээд “Хөгжүүлье гэтэл мөнгө алга” гээд ярьж байна. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа нөхдүүдэд хэлэхэд үнэндээ төрд мөнгө байдаггүй юм. Мөнгийг босгодог хүн л төрд очдог юм. Ядаж компанийнхаа төсвийг босгож чаддаг байсан хүн л төрийг тэжээх мөнгийг босгох хэмжээний потенциалтай байдаг юм. Тэгэхээр ямагт хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж явсан хүн төр түшилцэх хэмжээний ажил амьдралын замналыг туулсан байгаа биз.

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хов их ярьдаг хүмүүс ухаалаг хэсэгтээ ашиглагдаж байдаг DNN.mn

Хов их ярьж байгаа хүмүүсийн ихэнх нь өөрийгөө ховлож байгаагаа мэддэггүй. Үүнийг Дюмагийн зохиолуудаас мэдэрч болно. Хүнийг их шүүмжилдэг, хов их ярьдаг хүмүүс ухаалаг хүмүүст айхавтар ашиглагдаж ирсэн нь хүний түүх. Ухаалаг хэсэг тэдний юу ярихыг мэддэг, тэрийг нь яаж ашиглахаа бас мэддэг. Үүнийг нь өнөөх хов ярих, бусдыг муулах дуртай хэсгийнхэн огт мэдэрдэггүй. Энэ дотор ус, тосны ялгарал явагддаг. Тэднийг улс төрийн шинжлэх ухаанд “дамжуулагчид” гэж албан ёсоор томьёолдог. Бас “миний өмнөөс ажил хийж өгдөг хүмүүс” гэж ч том улстөрчид үздэг. Иймэрхүү хов ярих, бусдыг хэлэлцдэг хүмүүсийг бусдын гар хөл бологсод гэж ойлгох ёстой юм байна.

Энэ бүх зан чанар Монголд нийтлэг байгаа учраас өнөөдрийн Монголын нийгэм, монголчуудын хандлага буруу, ажил амьдрал нь стресс ихтэй байна. Яахав дээ, ярьж хөөрөх, хэн нэгнийг буруутгах үе бид бүгдэд бий. Гэхдээ ярихынхаа өмнө бодох, яасан гэж би тэр хүний тухай ярьж байгаа билээ гэж зогсолт хийх, тэвчээд үгээ залгих. Яагаад гэвэл та өөрөө зүв зүгээр байгаагүй, тэр хүний талаар хаа нэг газар ярьсан. Хариу реакци танд ирж байгаа нь тэр. Тэгэхээр зүгээр л хаана, юуг, хэнд ярихаа мэдэж явцгаа. Хов хэдүй мэдээлэл солилцох үүргийн нэг хэсэг мөн боловч шал дэмий, огт утга учиргүй нэгнийг муулах бус үг сонсох, үйлдлийг нь урьдчилж мэдрэх, цаашид үр дагавар нь ямар байхыг тооцох мэтээр хов ярьж, бусдын талаар дүгнэж байх нь танд ашигтай. Тэрнээс бусдын хатгаасанд орж, өөрт гэмгүй нэгнээ муучилж өөрийгөө хорлох хэрэг юу байгаа юм. Энэ талаар олон хүн, олон ч удаа ярьдаг, бичдэг, энэ удаад ч бас үргэлжлүүлье. Хов ярьцгааж өөрсдийгөө ховлох хэрэггүй дээ. Хов ярьж байгаа чинь хэн нэгэнд ашиглагдаж байгаа үйлдэл шүү дээ…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатарын талбай дээр улс төрийн хар зах ид ажиллаж байна DNN.mn

Төв талбай дээр иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Жагсаж, Төрийн ордныг гороолж, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж, одоо суултаар үргэлжилж, талбай дээр хонож өнжих боллоо. Шаардлагын уриа лоозон өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Сүхбаатрын талбайд ард түмний үзэл бодлын чөлөөт индэр аялж байна гэж өнөөдөртөө өөдрөгөөр харж байна. Дэлхийн сүүлийн 100 жилийн бүх хувьсгал жагсаалаар л эхэлсэн. Өнөөдөр болж байгаа жагсаалд ирэгсэд, дэмжигсэд анхнаасаа хүсэл сэтгэлийнхээ дуудлагаар ирсэн гэдэгт итгэж байна. Нүүрсний хулгайг ярилцсан, одоо яах вэ гэдгийг хэлэлцсэн, гэвч тэдэнд тогтсон штаб, зохион байгуулагч, гол дүр байхгүй. Яг л ийм өнгөөр эхэлсэн жагсаал цуглаан маань хоёр, гурав дахь өдрөөсөө эхлэн “Жагсаалаа хулгайлуулчихлаа” гэсэн яриатай боллоо. Юу, яасан жагсаал хулгайлуулах вэ гэсэн чинь үнэхээр “Нүүрсний хулгайчдыг илрүүл, хариуцлага тооц” хэмээн шаардаж байсан жагсагчид маань гэнэт “Засгийн газар огцор” болоод явчихсан тууж байв. Нүүрсний хулгайчидтай тэмцье гэж анх шүгэл үлээсэн Засгийн газрыг дэмжиж боссон жагсагчид маань өөрийн мэдэлгүй “Засгийн газраа огцор” болчихсон тууж яваагаа гэнэт ойлгоцгоосон. Эндээс л өнгөт хувьсгалын технологиуд илт мэдрэгдэж эхлэв. Болгоомжлол, учир мэдэх хүмүүсийн хүрээнд бий болсон.

Өнөөдрийн жагсаалаас анзаарагдаж байгаа нь урьд урьдын жагсаалуудын тод дүрүүд, уриалан дуудагчид, зохион байгуулж байсан хүмүүс, аливаа нам хүчин эвсэл, ТББ-уудын тод төлөөллүүдийн хэнийг нь ч жагсагчид хүлээн авахгүй байна. Дабль стандартын талаар нийгэмд шүгэл үлээсэн нөхдийг төв талбайд харагдвал бараг “алах” юм ярьж байна. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ үзэгдвэл нядааж хаях бололтой. Монголын сөрөг хүчин АН-ынхан тэнд нэгдэх гэвэл дүүжилнэ гэнэ. За ер нь бүгдийг тэнд хүлээж авахгүй, хөөж явуулах бололтой. Бүгдийг нь ямар нэг захиалгатай явдаг, хөлсний, том бүлгийн эрх ашгийг хамгаалагчид хэмээн үзэцгээж байгаа гэх.

Энэ жагсаал эцэстээ тэгээд хаана хүрч дуусах нь өнөөдөр хүмүүст сонин байна. Учир нь яг одоо бол Сүхбаатарын талбай дээр улс төрийн хар зах ид ажиллаж байна. Тэнд ч хэсэг хүн “Женко новшийг яая…” гэцгээн цуглан ярьж байхад, урдхан талд нь “Женко энд ямар ч хамаагүй, Хү-к л…” гэсэн хэсэг байх. Тэгвэл наана нь хэсэг хүмүүс “Их хурлыг тараая, дахин сонгууль явуулъя” гэж байхад, нөгөө талд нь “Засгийн газар дотор муусайн нүүрсний хулгайчид нуугдчихсан байна, огцруулъя” гэцгээх. Талбайн голд цөөнгүй бүлэг хүмүүс тойрч зогсоод “Нүүрсний хулгайчид байна гэж анх шүгэл үлээсэн Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийг огцруулна гэж юу байсан юм бэ, хэн тэгээд нүүрсний хулгайтай тэмцэх юм” гэх мэтчилэн ярьцгаах нь холоос сонсогдоно. Олон өнгө, олон янзын дуу хоолой, олон талын үзэл бодол, хандлага үймж байна. Бүгд улс төрийн өнгө аястай, улстөржсөн, улс төрөөр амьсгалсан. Дор хаяж 5000 хүн үргэлж талбай дээр байх шиг байна. Энэ тоо үдэд 10 мянгаас дээш давж байна. Өвлийн энэ тэсгим хүйтнээр бол энэ их тоо. Том жагсаал. Суулт хийн хонож байгаа хүний тоо өдөрт нэмэгдэж байна. Гадныхны нүдээр өвлийн хүйтэнд, гайхаж алмайрмаар дүр зураг.

Төр засгийн эрх барьж байгаа хүмүүсийн хувьд энэхүү олон өдрийн жагсаалд гадна дотны гар хөл орж, зорилгоосоо гажсан, хяналтаас гарсан үймээн болчих вий гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш. Талбай дээрх олон янзын байр суурь, үзэл бодолд хууль хүчний байгууллагуудын зүгээс хүндэтгэлтэй хандаж, ерөнхийд нь хянаж, хүч хэрэглэхгүй гэсэн байр суурьтай байна. Эндээс юу харагдаж байна гэхээр орчин үеийн жагсаал цуглааныг хүчээр тараахаа больчихсон юм байна. Гэтэл дэлхийн олон улс оронд явагдсан “Өнгөт хувьсгал”-ын элементүүд Монголын өнөөдрийн жагсаалд шууд орж ирсэн байгааг судлаачид анзаараад эхэллээ. Дэлхийн “Өнгөт хувьсгал”-ын эхлэлийг 1989 оны Чехийн “Хамба хилэн хувьсгал” гэж үздэг. Үүнтэй төстэй ажиллагаа Зүүн Европын зарим оронд гарсан. За тэгээд Сербид “Бульдозерийн хувьсгал” эхэлж Ерөнхийлөгчөө Гаагийн шүүхэд өгсөн. Гүржид “Сарнайн хувьсгал”, залгуулаад Украинд “Улбар шар хувьсгал”, Киргизэд “Алтанзулын хувьсгал”… хэмээн наашилсан даа, Монгол руу. Сайн анзаарвал шүү. Монголчууд мэддэггүй юм шиг байна, манай 7 сарын 1-ний хэрэг явдлыг дэлхийн Өнгөт хувьсгалын жагсаалтад “Ноолууран хувьсгал” гэсэн нэрээр нэмсэн байдаг юм. Тэгэхээр бид бас өнгөт хувьсгал хийсэн болж таарах нь…

Өнгөт хувьсгал бүхэн гадны гар хөл оролцсон, санхүүгийн схемтэй, том гүрнүүдийн далд турхиралттай үйл явц байдгийг судлаачид нэгэнт тодорхойлсон. Монголд ноднин зуны Наадмыг эсэргүүцсэн жагсаал болсныг гарцаа байхгүй “Өнгөтэй” гэдгийг судлаачид баталдаг. 7 сарын 1-ний хэрэг явдлыг Олон улсад “Өнгөт хувьсгал” гэж тогтоосон нь өнөөдөр ч давтагдаж болох үйл явц гэдгийг хэлж байна. Үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг улс төрийн түвшинд аваачих зорилготой, тусгай бэлтгэгдсэн нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн шаардлага тавьж, олон нийтийг эсэргүүцлийн хөдөлгөөнд оруулж, шаардлагатай цэгүүдэд маш нууцаар санхүүжилт хийж, мөнгө болон материаллаг зүйлс тарааж, улмаар эмх замбараагүй байдлыг нийгмийн хамгийн цочрол ихтэй масс болох оюутан залуус, бэлтгэгдсэн мэргэжлийн хэсэг бүлэг хүмүүсээр эхлүүлэх, үүнд олны танил хүмүүсийг ашиглах… гэгчлэн Олон улсад нотлогдсон технологиуд өнөөдөр Сүхбаатарын талбайд ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна. Эцсийн үндсэн зорилго, агуулга нь хотын төв талбай дахь олон нийтийн цуглаан, Засгийн газрын гол гол барилгуудыг боогдуулах, эзлэн авах явдал л байдаг. Арай ч үүндээ хүрэхгүй байх гэж найдъя. Монголын өнөөдрийн жагсаалыг одоохондоо улс төрийн хар зах аятай байгаагаар даруухан тодорхойллоо. Маргааш юу болж хувирахыг бол мэдэхгүй. Өнгөт хувьсгалын нэг аюултай үзэгдэл нь Бэлгэдэл бий болгож хэрэгжүүлэх байдаг. Сая тэр Засгийн газрын ордныг бүтэн ороох шахам урт цагаан даавуу гэнэт төв талбайд бий болж, түүн дээр “Засгийн газар огцор” хэмээн бичиж, бүрэнхийд учиргүй орилолдож эхэлсэн нь гарцаа байхгүй “Өнгөт хувьсгал”-ын шинж төрх, зохион байгуулалт. Өнгөт хувьсгал бол өөрсдөөр нь өөрсдийг нь нураалгах айхавтар зорилго агуулсан байдгийг судлаачид нотолсон. Өнгөт хувьсгал өнгө, бэлгэ тэмдэгт их ач холбогдол өгдөг. Учир нь тэмдэгт зүйл нь аман мэдээллийн харьцаанаас иргэдийн сэтгэл зүйд илүүтэйгээр нөлөөлдөг. Тэд хувьсгалынхаа бэлгэ тэмдгээр “улаан сарнай”, “улбар шар” өнгүүдийг сонгодог нь зүгээр ч нэг хэрэг биш гэдгийг монголчууд минь анхаарах цаг болсон. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нэг тод өнгийн, урт даавуу гэнэт их хэмжээгээр гарч ирж давлагаалбал “Энэ цаанаасаа зохион байгуулалттай, гадны гар хөл орсон, хөөрсөн залуусыг юунд ч турхирч, юунд ч хүргэж мэдэх, гадны хар мэргэжилтнүүд орж иржээ” гэдгийг талбайд жагсагчид маань хурдан ойлгож, гол зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэн, бие биедээ шаардах ёстой юм. Ийм л, яаж ч мэдэх улс төрийн хар зах өнөөдөр Сүхбаатрын талбай дээр бужигнаж байна шүү.

Гэхдээ аливаа жагсаал цуглаан, тэмцэл хөдөлгөөн бүгдэд үр дүн, үнэ цэнэ гэж бий. Өнөөдрийн жагсаал дуусна. Тэр үед өнгөрсөн 30 жилд эх орноо тонон дээрэмдсэн улс төрийн луйварчид, авлигачид бүгд дотроо “За одоо учиртайхан байхгүй бол болохгүй нь. Ард түмэн яаж ч мэдэхээр болжээ. Хэзээ нэгэн цагт миний хулгай баригдах юм байна. Тэр үед юу ч зогсоохгүй юм байна. Эцэстээ эх оронгүй болох, эсвэл шоронд орох хоёр зам л үлдэх нь” гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоно байх. Энэ жагсаал ингэтэл нь мэдрүүлж байгаа гэж итгэж, найдаж байна. Ингэж ойлгоосой, ухамсарлаасай, ухаараасай гэж эх орноо тонон дээрэмдсэн хүмүүст хэлэх байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Б.Болор-Эрдэнийн хандлага… DNN.mn

Хүн бодсон бодол бүхнээ гадагш ярьдаг бол амьтны ад болоод дуусна. Бодож болно, ярьж болохгүй. Тийм л юм сая болох шиг боллоо. Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ залуу улстөрч. Гадаадад боловсрол эзэмшсэн, төлөвшил нь гадна ертөнцөд явагдсан шинэ үеийн төлөөлөл. Тийм болохоор Монголтойгоо их зөрчилддөг бололтой. Өмнөх үйлдлүүд, үг ярианаас нь анзаарагддаг. Ийм шинэ үеийнхнийхээ үзэл бодлыг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хүндэтгэлтэй, хүлээцтэйгээр юу хэлчих вэ гэж эхлээд бодож тунгааж байх цаг үе. Дэлхийн шинэ үеийнхнийг бид магадгүй өнөөдрийн Обуна буюу Б.Болор-Эрдэнээр төлөөлүүлэн харж байж болно.

Обуна хэлсэн үгэндээ мушгиулан шидүүлж байна. Улс төрийн орчин өөрөө ийм. Түүний олон улсын хурал дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонсвол өмнөх үеэ доромжилсон утга санаа байхгүй юм билээ. Харин хэн нэгэн этгээд улс төрийн зорилгоор ашиглая гэвэл хангалттай. Ашиглаж ч чадлаа. Нийгэм рүү зорилготой шидсэн, сэвэх хэсэг нь бэлэн байсан. Цаанаа ямар зорилготойг мэдэхгүй нийгмийн сэтгэл зүй зүхэхэд бэлэн байж байдаг. Тэгээд зүхэцгээсэн. Маш товчхондоо энэ. Энэ бүгдийг мэддэг сэтгүүлчийн зүгээс Б.Болор-Эрдэнийн үзэл бодлыг дэмжиж, дайрч доромжлогсдоос түүнийг өмгөөлөн маргааш нь нийтлэл бичсэн. Гарчиг нь “Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю “Сэтгэлгээ хөгжилд саад боллоо” гэхэд магтдаг, Б.Болор-Эрдэнийг болохоор зүхдэг нь ямар учиртай юм бэ” гэж бичсэн сэтгүүлч рүү маань Б.Болор-Эрдэнийн зүгээс маргааш нь ирсэн хариу бол “Миний хэлсэн үгийг орчуулаад тавьчих чадвартай ганц сэтгүүлч Монголд байхгүй, та нартай юу ярихав дээ” гэсэн хариулт. Энэ бол түүний хандлага…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг “кэлээр” нь байна уу, хөлөөр нь байна уу, гаргах нь л чухал… DNN.mn

Ойрын өдрүүдэд малыг амьдаар нь хил гаргаж зарлаа гэж баахан хүмүүс эсэргүүцэх боллоо. Эхлээд шулуухан хэлье. Эсэргүүцэж байгаа бүх хүмүүс битгий хуцацгаа. Хүний юм зараагүй, халхын буяныг ядарсан үедээ зарж идэж байна. Малаа зарахгүй тэгээд өөр юугаа зарах гэсэн ард түмэн юм. Өөр зарах юу бүтээсэн ард түмэн юм. Хэдэн малаас өөр юу ч үгүй, хэрүүл хийхээс өөр шидгүй, хүүхдийн мөнгө, хүнсний талон хоёртоо хахсан, самарт явахаас өөрөөр гараа хөдөлгөөгүй, хачин хэдэн “юм” сууцгааж байж. Тэгээд малаа зарахгүй газар нутгаа зарах юм уу. Өөрсөд рүүгээ өнгийж харцгаа.

Ер нь айл өрх ч тэр хамгийн их зарж борлуулдаг “юм”-аа эхлээд өөд нь татдаг. Хамгийн түрүүнд мөнгө олох зүйлээ. Түүн шиг улс орон ч гэсэн хамгийн их борлогддог зүйлээ хамгийн сайн зарж ашиг олох ёстой. Дэлхийн жишиг өөрөө тийм. Монгол Улс өнөөдөр уул уурхай, эрдэс баялгаа зарж мөнгө олж байна. Монголын хөрс шороонд байгаа ганц “юм” маань энэ. Өнөөдөртөө нүүрс, зэс, төмрийн хүдэр… энэ тэр нь амь тасалчихгүй авч явж байна. Зарах нөхцөлөө улам л сайжруулахын төлөө төр засаг ажиллаж байгаа гэдэгт итгэхээс өөр арга алга. Тэгвэл үүнтэй зэрэгцүүлээд монголчуудад зарах ганц байгаа юм нь хэдэн мал шүү дээ. Технологийн гайхамшгийг бүтээгээд дэлхийд зарж чадахгүй, Анагаахын шинжлэх ухаанд цахиур хагалах нь эргэлзээтэй, ноолууран бүтээгдэхүүнээ ч тивдээ гаргаж ирж чадахгүй 30 жил болчихлоо. Азидаа ядаж бидний нүүр царай болсон алдартай тамирчин, жүжигчин, дуучин, загвар өмсөгч алга. Аялал жуулчлал гэдэг чинь илүүтэй ийм од, тод дүрүүдийг дагадаг урсгал болчихсон юм, орчин үед. Энэ мэтээр маргааш нь нэн тодорхойгүй болчихсон ард түмэн яваагийн нэг тод жишээ нь зарж борлуулж, ашиг орлого олох хамгийн их боломжтой хэдэн малаа гадагш нь заруулахгүй гэсэн эсэргүүцэл, хэнээрхэл юм. Эх орноо хорлоод байгаа юм уу, хаашаа юм бэ.

Монголчууд лавтай төрт ёсны 2000 жилийн түүхэндээ малаа зарж, малаас гардаг түүхий эдээ зарж амьдарсан. Үүнийхээ хүчинд мөхөж дуусчихгүйхэн шиг явсаар нэг юм ерэн онд ирсэн хүмүүс. Салбар бүрт жаал жаалхан амжилт олоод довоо шарлуулсан монгол хүмүүс үржиж байвал сайн. Харин том зургаараа бол Монгол Улс, монголчуудад мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ мөнгө болгох, зарж борлуулах, энэ чиглэлээр Олон улсад танигдахаас өөр зам байхгүй. Малаа кг-аар нь байна уу, хөлөөр нь байна уу гаргаж, хилийн цаахна байх Хятадын ганц хотын хэрэгцээг хангахад бидэнд хангалттай ашиг орлого ирнэ. Хятадын дундаж нэг хотын хүний тоо 8 сая шүү дээ. Давраад гурав дөрвөн хотын махны хэрэгцээг хангана гэвэл хүчрэхгүй. Одоо байгаа нөөцөндөө тулгуурлан 20 сая малыг хилээр зарахад болно. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ганибалын УИХ-ын чуулган дээр хэлсэн баримтаас эш татъя. “Ердөө Эрээн хотын зах зээлд манайх махаа гаргаж зарахад монгол төгрөгөөр дундаж хонь 500 мянга, үхэр 4,5 сая, адуу 4 саяын ханштай байна” гэж. Энэ бол бодит үнэ гэдгийг захын хүн нотолно. Ингэж гадагш нь үнэ хүргэж зараад, ашгаас нь сан бүрдүүлж нийслэлчүүдэд зарах махны үнийн зөрүүг нөхчихье. Нэг үгээр бол нийслэлчүүдэд хямд мах зарах, зөрүүг нь түүгээр нөхнө. Ердөө Монголын хилээс 200 метрийн зайд манай мал ийм үнэ ханштай байгаа. Малаа эрүүлжүүлж, олон улсын стандартад нийцүүлэн гаргаж чадвал цаашаа үүнээс ч илүү үнэтэй. Дэлхийд үнэ нь байнга өсөлттэй явж ирсэн, бүх цаг үед шүү, өнөөдрийн тухайд улам эрэлт хэрэгцээтэй байгаа, сүржин хэлэхэд үнэ нь тамтаггүй өсч байгаа бүтээгдэхүүн бол мал мах болчихоод байна. Өнөөдөр нүүрсийг хилээр 120 ам.доллараар зарж байна. Асар их өртөг, авлига албан тушаалын хүчээр шүү. Тэгвэл стандартад нийцсэн нэг кг хонины махыг 125 ам.доллараар зарж байна. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм. Худлаа гэвэл одоо та гар утаснаасаа ороод харчих.

Ийм том боломжууд Монголын хилээс цааш үргэлжилж байгааг эрхбиш мэдэж байгаа болохоор өнөөдөр малаа хөлөөр нь хил гаргахыг оролдож байна. Тэгсэн бөөн эсэргүүцэл, бөөн бөөн хараал зүхэл. Монгол малыг амьдаар нь гаргаж генийг нь зарах гэлээ ч гэх шиг. Үхсэн элэнцгийн чинь Монголын малын удмын сан, ген, бонд вэ. Өдөр бүхэн шахуу гадаадаас өндөр ашиг шимт махны, сүүний, хурдны гэсэн сайн, муу үүлдрийн мал завсаргүй орж ирж байна. Ямар хараа хяналтаар үржүүлгэнд оруулж байгаа юм. Хэн ч мэдэхгүй. Бүх мал маань хачиг хувалз, шүлхий товруунцартаа баригдаад, хэн ч худалдаж авахгүй болчихоод байна. Хамгийн аюултай нь бэлчээрийн даац хэтэрч, сүйтгэж, цөлжилтөөр дэлхийд тэргүүлэх замдаа орлоо. Ийм жишээ хэдэн зуугаар нь дурдаж болно. Нөхцөл байдал иймдээ хүрсэн үед хүнсний нөөцөө барж байгаа улс орнууд манай малын махыг хангалттай авъя гэж байна. Жаахан бүдүүлэгдүү хэлэхэд, хээ шаагүй, ямар ч зардал чирэгдэлгүй, бараг эрүүл гэсэн ганц бичгээр амьдаар нь авчихъя гэж байна. Үүнд юунд дургүйцэх вэ. Үүний оронд малаа эрүүлжүүлэх, тэгээд үнэ өндөр байх асуудалдаа чангахан анхаар.

Малыг хөлөөр нь гаргаж зарахыг эсэргүүцээд байгаа хэсэг хүмүүс нь хот суурингийнхан бололтой харагдах юм. Малчид бол заръя л гээд байдаг. Хот суурингийнхны энэхүү эсэргүүцэл нь хотод махны үнэ өснө гэсэн өчүүхэн бодол. Малын үнэ өсч, кг-аар байна уу, хөлөөр нь байна уу гаргаад, гайгүй үнээр зараад эхэлчихвэл “Хөөе, та нарын хот доторх олон том асуудал чинь шийдэгдэнэ”. Өнөөдөр нийслэлд түгжрэл, утаа, хөрсний бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, эмнэлгийн хүрэлцээ, нийтийн тээвэр, хотын соёл… бөөн бухимдал стресс, нерв байна. Үүнийн дэргэд махны үнэ ханш юу ч биш. Нийслэлийн энэ бүх тулгамдсан асуудал юунаас эхтэй юм бэ. Шулуухан хэлэхэд, нийслэлийг бүслээд суурьшчихсан гэр хороолол, тэдгээр 250 мянган өрхийн нягтаршил. Тэд л энэ хотын утааны, түгжрэлийн, эмнэлэг, сургуулийн эх үүсвэрүүд. Эдгээрийн 90 хувь нь хөдөөнийхөн. Учир нь тэдний амьжиргааны эх үүсвэр болсон мал мах нь үнэгүйдсэн учраас амьдрал хөөж, үр хүүхдийнхээ сургууль соёлын ирээдүйг бодож, үлдсэн хэдэн малаа хашаа, приус болгоод нийслэлд ирээд суурьшчихсан юм. Арай дээр малтай байснууд нь лизингийн байр болгоод хотын төв рүү маягтай. Эргэн тойрны ах дүүсээс, анд нөхөд, ажлын хамт олон, бүгдийг нь хар л даа, ихэнх нь сүүлийн 15 жилд хотод ирсэн хүмүүс байгаа биз дээ. Тэднийг буруутгах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд … Монгол Улсын иргэн нь эх орныхоо хаана ч амьдарч, ажиллаж болно… гэж заасан. Хамгийн гол нь тэдний хөдөө хөхөрч, гадаа гандаж, ахуй соёлын асар хүнд нөхцөлд өсгөсөн мал нь хотод нэг шөнө яваад олох таксины мөнгөнд ч хүрэхгүй болсонд байгаа юм. Үүнтэй малчид эвлэрч чадахгүй байна. Тийм учраас хэдэн малаа зарж машин, хашаа болгоод хот руу ирцгээж байна. Нийслэлд сүүлийн мэдээгээр жилд 30 мянган өрх хөдөөнөөс шилжин ирж, хоёр мянган өрх хотоос нүүж байна гэсэн статистик гарчээ. Хол зөрүүтэй тоо. Ийм байхад элэнцгийнх нь Түгжрэлийн сайд, 400 тэрбум төгрөгийг хотын түгжрэлд зарцуулах вэ, яаж сайжрах юм бэ. Суурь шалтгаанаа зөв тогтоо л доо. Мал нь ганц гутлын үнэгүй болчихсон малчид хот руу 30 мянгаараа биш, удахгүй 300 мянгаараа дайжиж ирнэ. Тэдний өөдөөс хийж чадах ганц зүйл бол “Хөдөөний муу оркууд” гэж зүхэх. Өөрөөр юу ч хийх боломжгүй.

Угтаа бол тэдний хөдөөдөө амьдрах ганц шалтгаан нь малыг кг-аар нь байна уу, хөлөөр нь байна уу, хилийн цаана гаргаж, гайгүй үнээр зарах. Энэ боломжийг нь хэн ч битгий хоригло. Хориглосон, эсэргүүцсэн хүн байгаа бол тэр нь энэхүү хотын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эмнэлэг, сургуулийн хүрэлцээг улам хурцатган муутгахад хувь нэмрээ оруулж байгаа нэгэн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэдгээр хүмүүс “Түгжрэлээ, утаагаа, эмнэлгээ шийдээч” гэж төр засгаас шаардах эрхгүй. Ийм энгийн, хэн ч ойлгох логик, суурь шалтгаан юм. Үүнд нэг их сүрхий бодлого, орчин үеийн дэвшилтэт техник технологи, мэдлэг боловсрол байх шаардлагагүй.

Эцэст нь хэлэхэд, 80 сая малынхаа 40 хувийг хилийн цаана зах зээлийнх нь ханшаар зарж, Монголын хөдөөг мөнгөтэй, орлоготой, амьдрах боломжийн нөхцөлтэй болгох нь энэ улсын нэн тулгамдсан асуудал шүү. Бүх хүн уул уурхайгаас хамааралтай амьдралаа сайжруулах боломжгүй. Хэн ч байсан хотын түгжрэлд приусээр халтуур хийж, гэр хороололд чүү чай амьдарч байснаас нэг хонио 500 мянгаар, адуугаа 4 саяар зараад амьдрах орчин руугаа нүүх болно. Тэнэг л биш бол ямар ч эргэлзэх юмгүй хөдөө рүү явна. 500 толгой малаасаа 50 саяын ашиг олоод эхлэх юм бол Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа 250 мянган өрхийн 100 мянга нь ганцхан хаврын дотор алга болно. Хотоос 100 мянган өрх нүүхэд энэ их түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эмнэлэг, сургууль, нийгмийн салбарт хэр хэмжээний ачаалал багасахыг холбогдох байгууллагууд хэлнэ биз. 500 мянган иргэн Улаанбаатараас шууд нүүх порцесс шүү дээ. Давтан хэлэхэд, малыг гадагш хангалттай зарж борлуулах тогтсон систем, эрүүл эдийн засаг, ХАА-н сайн дэд бүтэцтэй болох. Энэ эхлэл дээр хэн ч битгий саад бол, өчүүхэн сэтгэ… Ер нь бол мал, мах хангалттай үнэ цэнэтэй болчихвол нэг жилийн дотор нийслэлээс 100 мянга ч биш хэдэн зуун мянган өрх айл дайжин гарна гэдэгт огт эргэлзэхгүй байдаг шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Х.Нямбаатараас өөр хүүхдүүд хүлээн авч уулзсан Хууль зүйн сайд байхгүй DNN.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хувьд нөлөөллийн маш сайн ажлыг сая хийлээ. Хэд хоногийн өмнө 48 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын зодооны асуудлыг “Өдрийн сонин” сурвалжлан мэдээлж шуугиан болсон. Үүнийг Х.Нямбаатар холуур өнгөрөөсөнгүй. Тэдгээр хүүхдүүдийг, эцэг эхчүүдийнх нь хамт, багш нарын төлөөлөлтэй нь хүлээн авч уулзсан нь болдог л нэг уулзалт байсангүй. Монголын Хууль зүйн сайдуудаас анх удаа хүүхдүүдийг биечлэн хүлээн авч “Юу хийж болохгүй“ талаас нь хэлж зөвлөсөн үйл явдал болов.

Хамгийн чухал нь тэдгээр хүүхдүүдийн хувьд амьдралдаа анх удаа уулзсан хамгийн том дарга нь байх. Энэ бол Хууль зүйн сайдын хувьд онцгой нөлөөлөл. Мөн тэдэнд алдааг нь биечлэн хэлж өгсөн анхны сайд байх. Тэгэхээр “Зөв байгаарай, сайн иргэд болоорой” гэсэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын үг хүүхэд бүрийн сэтгэлд насан туршид нь хадгалагдана. Ер нь бол тэгдэг юм. Энэ л сайн. Жишээ нь, миний хувьд амьдралдаа анх удаа хамгийн том даргатай уулзсан, үгийг нь сонссон түүх бол 1996 оны сонгуулиар С.Зоригтой хамт Дорнод руу онгоцоор ниссэн бороотой өдөр юм. Түүний сурталчилгааны хэдэн хуудсыг тас тэвэрчихсэн, хөдөөний хүүхэд, суудал зэрэгцэн бээвийж явсансан. Тэрээр “За Алтангэрэлийн дүү минь, наадуулаа хариуцаж явах нь. Онгоцны буудал дээр биднийг тосно оо” гэж хэлэнгээ хойд талд суусан намхан шар ах руу хандаж “Дэмбэрэлтэй ярилцав уу, би харж амжихгүй нь, өөрсдөө мэдээд шийд…” гэж түс тас хэлсэн үг санаанд тод үлджээ. Дэмбэрэл гэдэг нь тухайн үеийн Зах зээлийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл /УИХ-ын гишүүн асан Самбуугийн Дэмбэрэл/. Намхан шар ах нь УБХ-ын гишүүн асан, Женко группийн анхны захирал Д.Баярцэнгэл ах байсан юм билээ. “Өөрсдөө мэдээд шийд” гэсэн үг одоо томчуудын амнаас гарахаа больсон байх өө. “Өөрөөсөө өөр хүнд итгэж болохгүй” гэдэг цаг үе ирчихсэн болохоор. Ингэж л хүүхэд байхад анх удаа уулзсан том даргын үг сэтгэлд дурайтал үлддэг юм даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчүүд найзаа эхнэртэй болгодог, хүүхнүүд найзаа нөхөргүй болгодог DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС” ЭРЧҮҮД НАЙЗАА ЭХНЭРТЭЙ БОЛГОДОГ, ХҮҮХНҮҮД НАЙЗАА НӨХӨРГҮЙ БОЛГОДОГ” ХЭМЭЭХ АРЫН НҮҮРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Энэ бол басчиг судалгаан дээр үндэслэж гарсан үг шүү. Олон улсад нэлээн өргөн тархсан судалгааны дүнг монголоор ингэж ойлгох ёстой юм билээ. Эр хүн бол ямар ч нөхцөлд найзыгаа гайгүй сайхан хүүхэнтэй танилцуулж, болж бүтээд амьдрахыг нь харахыг хүсдэг. Харин хүүхнүүд болохоор хоёр биеийг танилцуулж, дотносуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг ч тодорхой хугацааны дараа найз хүүхэндээ “Танай нөхөр чинь урьд нь тэгдэг байсан юм гэнэ… саяхан тийм хүүхэнтэй ресторанд сууж байна гэсэн…” гэхчилэн ярьдаг байна. Энэ бол эхлэл нь, бүр цааш нь чангаруулан ярьж сэтгэл санааг нь үймүүлж, гэр бүл дотор хардлага сэрдлэг үүсгэх байгалийн унаган өгөгдөлтэй хүмүүс эмэгтэйчүүд болохыг Японы гэр бүл судлаачид тогтоожээ.

“Эр эм хоёрын дунд илжиг бүү жороол” гэсэн эртний сургаал монголчуудад бий. Эртнээс Монголын ард түмний дунд ийм жороо байсан болоод ийм сургаал гарсан байх. Өвгөдийн сургаал ийм байхад өнөө муу найз хүүхнийхээ ярьж буй элдэв шалдав үгэнд хүлээцтэй тайван хандаж байгаарай. Амьдралаа самруулчихав.

Эрчүүд бол яахав дээ зайлуул, эхнэрүүдийнхээ фэн нь болчихсон, амьдрахын төлөө л яваа хүмүүс шүү дээ. Хэдийгээр монгол эр хүн бүхэн боломжийг алддаггүй, нүднээс нь далд гэм хоргүй хөдөлгөөн хийдэг ч тэр нь ямар хардлага төрүүлэх биш. Хардуулахааргүй найдвартай хийцгээдэг бололтой юм билээ.

Гэхдээ энэ талын боловсрол мэдлэг дутуу болохоор энэ бүгдийг бас баталж чадахгүй байна аа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2017 ОНЫ АРХИВААС… “Орчуулагч Ж.Нэргүйг орон сууцандаа суулгаад нутаг буцсан Оросоос салан тусгаарлагч Жохар Дудаевын тухай” НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Орчуулагч Ж.Нэргүй

Оросын Засгийн газар болон армид олон хүн уг дайныг эхнээс нь эсэргүүцжээ. Ельциний үндэстний асуудал хариуцсан зөвлөх Эмил Пань, Оросын Батлан хамгаалахын дэд сайд, генерал Борис Громов (Зөвлөлт-Афганы дайныг удирдаж байсан, баатар), генерал Борис Поляков нар мөн эсэргүүцэж буйгаа илэрхийлэн огцров. Громов телевизээр “Энэ байлдаан бол Афганистаны нэгэн адил цусан далай болох болно” хэмээн мэдэгдэж байлаа. 800 гаруй цэргийн албан хаагч, офицерууд мөн энэ ажиллагаанд оролцохгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж, тэдний нилээдийг цэргийн шүүхээр шүүлээ. Сүүлд Генерал Лев Рохлин ч мөн татгалзсан бөгөөд тэрээр уг дайнаар Оросын баатар цол авсан цэргийн гарамгай удирдагч байсан юм. Эдгээр хүмүүс бүгдээрээ гуравхан жилийн өмнө Дудаевтай мөр зэрэгцэн Афганд тулалдаж явсан дайчин нөхөд, хамтран зүтгэгчид нь байлаа. Ил гарч ирсэн нь эдгээр дээд тушаалын генерал офицерууд байсан болохоос биш Жохар Дудаевтай хамт жирийн байлдагчаас баатар, генерал болтлоо хамтдаа мөр зэрэгцэн тулалдаж явсан Оросын армийн олон зуун офицерууд байлдааны ажиллагаанаас татгалзаж, армиас гарч энгийн амьдралд шилжсэн байдаг. Сүүлд хоёр талын гал зогсоох хэлэлцээрийг амжилттай зуучилж, ойлголцлын гүүр болж байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёронтоо нэр дэвшиж байсан, Оросын алдартай генерал Лебед ярихдаа “Цэргийн нуувчинд аяга хоолоо хувааж өссөн Дудаев бид хоёр ойлголцохгүй байна гэдэгт би үнэхээр итгэхгүй. Гэвч анд минь аль хэдүйн амьдралаас буцчихсан байна. Тэр үед бид хоёр ширээний хоёр талд суусан бол өнөөдөр олон мянган хүний амь үрэгдэхгүй байлаа” гэж хэлсэн байдаг.

Орос тийм ч амархан гарч чадахгүй намаг балчигт суув. Оросын цэргийн сэтгэл санаа, ёс суртахууны болоод байлдааны бэлтгэл, чухам яагаад, бүр хаашаа явж буйгаа ч үл мэдэх байдалд орсон байв. Оросын цэрэг байлдах чадвар үнэхээр сул байжээ. Дайныг эсэргүүцсэн Оросын зарим цэргүүд зэр зэвсгээ өөрсдөө устгаж байв. Эдний өөдөөс зогсож буй Дудаевын дайчид цусаа үзэж улайрсан, амь насаа юманд бодохоо байсан нөхдүүд хэдүйн болчихсон байлаа.

Иргэд дайнд олноор үрэгдэж байсан нь орон нутгийн хүн ам, тэр дундаа Дудаевыг эсэргүүцэгчид хүртэл оросуудад дайсагнахад хүргэв. Ельциний хүний эрхийн зөвлөх Сергей Ковалевын тооцоолсноор дайны эхний таван долоо хоногт 35 орчим мянган энгийн иргэд дайны хөлд амь үрэгджээ. Оросын цэргийн түүхч, генерал Дмитрый Волкогоновын мэдэгдсэнээр амь үрэгдэгсдийн дийлэнх нь орос үндэстнүүд байсан гэжээ. Энэ үе хүртэл Оросын 3000 цэрэг амиа алдаж, мөн сураггүй алга болжээ. Грозный дахь хядлага Орос орон болон дэлхий дахиныг цочирдуулав. Олон улсын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага үүнийг “төсөөлөхийн аргагүй сүйрэл” хэмээн тодорхойлсон бол Зөвлөлтийн удирдагч байсан Михайл Горбачев “шившигт, цуст адал явдал”, Германы канцлер Хэльмут Коль “жинхэнэ солиорол” хэмээн мэдэгдсэн билээ. Ийм л аймшигт аллага хядлага, салан тусгаарлах үзлийн дунд өдөр шөнөгүй тулалдаан хийж байсан Жохар Дудаев 1996 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө эхнэртэйгээ Су-25 онгоцоор нисэхдээ Оросын армийн тусгай хүч сансрын долгионоор сууж яваа онгоцыг нь илрүүлж пуужин харвачихна гэж тооцоолоогүй юм. Хар үгээр бол онгоцоо шалгалгүй ниссэн гэсэн үг. Энэ алдаанаасаа болж тэр амь насаа алдлаа. Пуужинд оногдохоосоо хэдхэн мөчийн өмнө Дудаев Думын гишүүн Константин Боровымтой утсаар ярилцаж “Мароккогийн хаантай уулзах” гэж байгаагаа ярьж байжээ. Сүүлд Боровым надтай ярьж байсан цаг хугацаатай түүний амиа алдсан цаг нь таардаггүй гэсэн бол 2001 онд Чеченийн удирдагч Ахмат Кадыров “Дудаевын амь үрэгдсэн нь нотлогдоогүй. Тэр одоо ч амьд байх магадлалтай” гэж олныг цочирдуулсан мэдэгдэл хийсэн юм. Өдгөө түүний хамтран зүтгэгчид, хээрийн ангийн удирдагчид, штабын дарга нь байсан хүмүүс Орост аюул занал учруулсаар явна. Дэлхий ч тэднээс жийрхсэн хэвээр байна. Шамил Басаев, Аслан Масхадов, Ибн эл Хатаб гээд Жохар Дудаевын зэвсэг нэгт нөхдүүд нь 1999 онд Чеченийн хоёрдугаар дайныг эхлүүлж, дэлхийн дэг журмыг эвдэгсдийн нэг хэсэг байсаар ирэв. Эдний нэг болох Шамил Басаев нь мөн л Монголд цэргийн алба хаасан, Монгол дахь Багануурын цэргийн ангиас мэргэжлийн цэрэг болох гараагаа эхлүүлсэн нэгэн билээ.