Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувьсгал хийдгээрээ бол Украйн диваажин болох байлаа

Украйн улс сүүлийн есөн жил дотооддоо үймээн бужигнаантай байлаа. Үүнийгээ хувьсгал хийж байна гэж зарладаг. Улбар шарын хувьсгал, Жүржийн хувьсгал гэхчлэн нэрлэж иргэний байгууллагууд нь жагсаал цуглаан хийж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, халдлага, талцал тасралтгүй үргэлжилсээр өнөөдрийг хүрэв. Үүнээс ч өмнө тэд жагсаж тэмцэх дээрээ тулж байсан нь 1986 он юм. Украйны газар нутаг дахь Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч нийтдээ бараг хагас сая хүн радиоктив цацрагт хордсоныг тэр үеийн ЗХУ-ын удирдлагууд нуун дарагдууллаа хэмээн украйнчууд гудамжинд жагссан юм. Гэвч коммунист дэглэм энэ эсэргүүцлийг ертөнцийн чихэнд төдийлөн хүргээгүй байх. Энэ эсэргүүцлийг эрүүлээр харж, зөв байсан гэж өнөөдрийн өндөрлөгөөс харж болно. Гэвч тэр цагаас хойш л жагсах дуртай болчихсон ард түмэн. Юм л бол хувьсгал ярьж гудамжиндаа гарч ирцгээгээд. 1988 он гэхэд Балтийн гурван улс ил цагаан ЗХУ-аас салан тусгаарлах тухай ярихад соц лагерийн баруун бүсээс Украйн хамгийн түрүүнд дэмжин дөгөөж гудамжиндаа жагсчих гээд байсан юм. Энэ бүхнээс эхтэйгээр Горбачевийн өөрчлөн шинэчлэлт, ил тод нээлттэй байдал эхэлсэн нь энэ ард түмэнд ингэж болдог юм байна гэдэг сэтгэлгээг үлдээсэн бололтой. Цаг нь болсон нийгмийн задрал байсныг ойлгоогүй гудамжинд гарч хувьсгал хийгээд байвал бүгдийг болгодог юм байна гэсэн украйнчуудын хийрхэл нь 1991 оноос хойшхи найман жилд эдийн засгийг нь уналтанд оруулсан юм. Харин шинэ зуун гараад эвтэй байхыг хичээсэн цөөн жилдээ эдийн засаг нь басчиг тогтворжин Үндэсний нийт бүтээгдэхүүн нь жил тутамд долоон хувиар нэмэгджээ. 

Гэвч байдал удаан үргэлжилсэнгүй “Жүржийн хувьсгал” гэсэн нэр томъёо 2004 онд Украйн улсын нийслэл Киев хотын тусгаар тогтнолын талбай дээр улбар шар өнгийн туг, ороолттой хүмүүс жагссанаар гарч ирлээ. Тухайн үед “Улбар шар Украйн” улс дэлхий дахиныг доргиох шиг болсон билээ. Энэхүү хувьсгал гээч нь 2004 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2005 оны нэгдүгээр сар дуустал үргэлжилсэн юм. Энэхүү улбар шар хувьсгал гээчийн өдөөлт, дөгөөлт, юу болсныг эргээд харахад өнөөдөр манай улс орныг засаглагчид хоорондоо хэрхэн талцаж, хувийн эрх ашгаа дээгүүр тавьж, улс орноо хохироож, улс төрийн хүчнүүд ард түмнийг хоёр хувааж, тэр дундаас ашиг хонжоо хайгчид төрд шургалж, зарим нь бүр иргэний нийгмийн байгууллагын нэр барин гадны хөрөнгө оруулагчдын дарамтлан мөнгө сааж, улс орноо сүйрлийн ирмэг дээр аваачиж байгаатай яг адил процесс явагдсан байдаг юм.

Украйнчууд өнөөдөр ул¬бар шар хувьсгалыг хийж,  ардчиллын замыг бид сонгосон гэж ярьдаг ч тэрхүү хувьсгалаас хойшхи он жилүүдэд тус улсад бүтэлтэй юм огт болсонгүй. Улстөрчдийнх нь  хоорондох зөрчилдөөн  улс төрийн гүн  хямралд оруулчихаад байна. Энэ бол тус улсад хамгийн нөлөө бүхий гэгддэг гурван улстөрч  Виктор Ющенко, Юлия Тимошенко, Виктор  Янукович нартай холбоотой асуудал. Үнэндээ Киев хотын  Майданы талбайд жүржийн хувьсгалыг хамтарч эхлүүлсэн  Ерөнхийлөгч Виктор Ющенко, Ерөнхий сайд  Юлия Тимошенко нарын зөрчилдөөнөөс улбаатай юм. Үүнийг Виктор Янукович тэргүүтэй Бүс нутаг намынхан улс төрийн ашиг хонжоогоор овжноор ашигласан нь сүйрлийн эхлэл байв. Өнөөдөр манайд ямар улстөрчид талцал бий болгож хүмүүсийг турхираад байгаа билээ. Бодох л асуудал. Дотооддоо зөрчил нь дэндэж, эв нэгдлийг эрхэмлэхгүй болоод ирэхээрээ улс орон гадныхны олз болдог нь эндээс харагдаж байна. Ийм үед гадны нөлөө хүчтэй орж ирдэг юм байна. Тухайлбал Ерөнхийлөгч Виктор Ющенко америкчуудын дэмжлэгийг хүртсэн. Харин Ерөнхий сайд  Юлия Тимошенко Оросын нөлөөнд орсон. Дээр нь Янукович хэмээх өс хонзон санагч ард түмэн, эх орныхоо хувь заяагаар хэсэг тоглолоо. Энэхүү “Улбар шар” хувьсгалаар 98 хүн амиа алдсан бол өнөөдрийн хувьсгалаар амь үрэгдэгсдийн тоо хэдэн мянгад хүрснийг баримжаалах бололцоогүй болжээ.

Энэ бүх хувьсгал тэгээд өнөөдөр украйнчуудад ямар үр дүнг авчрав. Ямар хөгжил дэвшлийг авчрав. Сүүлийн 30 жилд Украйнд бүх хувьсгал хийгдсэн. Ард түмэн чинээндээ тултал жагсаж, тэмцэж, үймээн самуун дэгдээж, улс орноо тогтворгүй болгодгийг дэлхийд харууллаа, харуулсаар байна. Бүх хийсэн хувьсгалаа яллаа гэж тэд ярьдаг. Тэгвэл хувьсгал хийснээрээ, ялснаараа сайн болдог бол Украйн шиг сайхан улс энэ ертөнц дээр байхгүй байх байлаа. Гэтэл байж байгаа царайг нь хар. Хувьсгал бүрийг хийснээрээ Украйн улс үүн дээр л хожлоо доо гэж хэлэх хүн байна уу. Иргэний дайнд шилжиж, эвдэрч хэмхэрсэн байшин балгас, үхэж үрэгдсэн хүмүүс, салан тусгаарлагсдын террорист халдлагууд, дээрэм тонуул, эдийн засгийн талаар яриад ч хэрэггүй болсон. Украйн улс сүйрлээ хүлээж байгааг дэлхий харж байна. Энэ бүхэн хэдхэн мунхаг улстөрчдийн хэрүүл талцал, мунхаг ард түмний дэвэрсэн сэтгэл зүй, дээр нь гадныхны эрх ашиг ороод Украйн улсыг тарааж орхив. Яг үнэндээ Украйн орныг улстөрчид нь сүйд хийчихлээ шүү дээ. Одоо Украйнд хамаг юм холион бантан болсон. 

Уг нь бол Украйн нь улс шиг улс байлаа. Нэгдмэл статустай. 24 муж, нэг автономит бүгд найрамдах улс (Крым), тусгай зэрэглэлийн хоёр хот болох нийслэл Киев, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлдэг Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрддэг ийм улс байв. Өнөөдөр бүх зүйл өөр боллоо. Украйнд үүссэн хямрал тус улсын 46 сая иргэнийг талцуулж гурван хэсэгт хуваагаад байна. Нэг хэсэг нь зүүн нутгийнхан буюу орос хэлээр ярьда г, Кремлийг дэмжигчид. Харин хоёр дахь хэсэг нь төв болон аруун нутагт оршин суудаг украйн хэлээр ярьдаг барууны талыг дэмжигчид. Гурав дахь нь мэдээж Крымийн хойг. Одоо бол Крымийг орхиё. Ийм л нэгдмэл улс дотоод зөрчилдөөн, ард түмний эв нэгдэлгүй байдал, улс орны удирдагчдын алсын хараагүй, хувиа хичээсэн байдлаас болж улс орноо мөхлийн ирмэгт авчирсныг монголчууд сайн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой.

Монголчууд аа, хувьсгал хийснээрээ улсад сайн юм болдоггүй юм байна. Одоо украйнчууд хувьсгал хийе гэж хийрхээд ч хувьсгал хийх улс оронгүй боллоо. Нэгдмэл нэг улс байсан Украйны хотуудыг хар. Донецк, Луганск, Словянск, Краматорск… гэхчлэн зүүн өмнөд Украйны бүх хотын иргэд тусгаар болохоо зарлан иргэний дайнд мордлоо. Дээр нь Крымийн хойг буюу Севастополь хот тусгаар боллоо. Баруун Украйнд Киев, Львов, Ровно… зэрэг олон хотууд улсаа авч үлдэх тэмцэлд оров. Манай Улаанбаатар, Улиастай, Чойбалсантай адил аймгууд шүү дээ. Сая шинэ Ерөнхийлөгч сонгогдлоо. Одоо Украйныг дахин эмх журам, хуулийн хүрээнд оруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах гэдэг нь бүтэшгүй мэт харагдаж байна. Хичнээн хугацааг үдэж, хичнээн хүний амь нас эрсдэхийг бурхан ч мэдэхгүй болсон.

Ингэж бичсэнээрээ ард түмний тэмцэл хөдөлгөөнийг муулах, өөлөх, болохгүй зүйл гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ хүссэн хүн бүр, хүссэн хувьсгалаа хийнэ гэж ард түмнийг үймүүлж болдоггүй юм байна. Манайд бол хувьсгалчаас их юм байхгүй шүү дээ. Ёстой нэг элбэг дэлбэг гэгчээр бий. Тэд бүгдээрээ “Хувьсгал хийхгүй бол энэ улс сүйрлээ” гэж хашгирдгийг ч бид мэднэ. Харин аз болоход Монголын ард түмэн ухаантай, уужим тэнүүн болохоор хувьсгал хийе гэсэн бүгдийн амаар хөдөлж байгаагүй. Хэмжээ хязгаартай явж иржээ, монголчууд. Баабар бичдэг. Хувьсгалын өртөг өндөр, хувьсгалын өртгөөс болж улс орон дампуурдаг гэсэн нь үнэхээр үнэн юм байна. Украйн хувьсгалынхаа өртгийг төлж дийлэлгүй сөхрөх нь дээ. Манай хувьсгалчид хэдийгээр ялалтад хүртэл тэмцэж байгаагүй ч өртөг өндөртэй байсан болохоор улсынхаа эдийн засгийг тамирдуулахад чамлахааргүй үүрэг гүйцэтгээд ордон, яам, агентлагуудаар тухалцгаасныг бид харж байгаа. Манай улсын эдийн засаг ямар байгаад ямар болсныг хар. Ам.доллар 1800 төгрөг давж 2000 хүрэх гэж явна. Гадны хөрөнгө оруулагчид бүгд нүүр буруулж дайжин зугтав. Ямар ч хууль гаргаж, бид сайн гэж хэлээд хүмүүс үнэмшихгүй байна. ТББ-ууд, Олон нитийн байгууллагууд улс оронд ус агаар шиг хэрэгтэйг бид бүгдээрээ мэднэ. Тэгвэл мань хувьсгалчдын балгаар эдгээр байгууллагуудын нэр хүнд шороотой хутгалдлаа. Манай хувьсгалчид яаж байсан билээ санацгаая. Бүгдээрээ дараагийн шатны хувьсгалыг ялуулах хэрэгтэй гэдэг байсан. Төрийн ордны онгойдог хаалга бүрийг балбаж нүдэж, цагдаа бүрийн мөрдэсийг хуу татаж өшиглөөд, ард түмний нэрийг барьж эзэнгүй юм шиг туйлж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг золбин нохой мэт элдэн хөөж, Оюу толгойн фургон машиныг гэдэргэнэ харуулж шидчихээд ялалтын баяр хэмээн тэмдэглэж байсан нь саяхан. Ард түмнийг уриалж босгочихоод галын шугаман дээр эзэнгүй хаяж таван сайхан залуугийн амиар туг тахиж явцгаасныг ард түмэн мартаагүй. Энэ бүгдийг ард түмэн цааш нь дэвэргээд байсан бол Монгол Улс өнөөдөр ямар байх байсан бол гэж Украйныг хараад айдас төрөх юм. Тэр олон хувьсгалууд ялсан бол хувьсгалыг толгойлж байсан хүмүүс бүгдээрээ төр барих байсан даа. Эд нарт удирдуулаад улс орон хөгжөөд, төвшин амгалан байх байсан болов уу. Дотоод хямрал тэмцэл туйлдаа хүрэх байсан биз дээ. Дэлхий биднийг төр засгаа барьж чадахгүй дампуурсан ард түмэн байна гэж харах байсан даа, өнөөдрийн Украйн шиг. Дэлхийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу НҮБ-ын мандат барьсан хоёр хөршийнхөн орж ирж манайхыг элбэн төвхнүүлэх байлаа. Яагаад гэвэл дэлхийн өмнө том гүрнүүдийн хүлээсэн үүрэг гэж байдаг. Нөлөөлөх улс орнуудынхаа энх тайван байдлыг хангах үүрэгтэй. Аз болж ийм юм болсонгүй. Монголын ард түмэн энэ олон хувьсгалыг, хувьсгалчдыг ялуулна гэж дөвчигнөсөнгүй. Олон хувьсгал ялахын сайн юм ерөөсөө байдаггүй нь дэлхийд батлагдсаар байна. Гэхдээ л хувьсгалчдын балаг, цагаа олоогүй эх орончдын хорлол манай улс оронд нөлөөлсөөр байгаа шүү. Бид одоо хоосорсон тулмаараа газар нүдэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн алуурчид хэмээн цоллож, ясаа цайтал үзнэ гээд байхаар хэн биднийг дэмжиж, тусалж, хөрөнгөө оруулах юм бэ. Ядаж тэр хувьсгалчид нь бүгдээрээ төрд гараад суучихсан байх юм. Ийм төртэй улсад хэн итгэх вэ. Холуур тойрно биз дээ. Ер нь орчин үеийн дэлхий ертөнц, улс орнуудад хэт хувьсгалч байх, баруун зүүнээр нь ялгах, бусад улс орныг 1, 2, 3 гэж дугаарлахаас болгоомжилж, хянуур ханддаг болчихож. Ийм цаг үед ард нийтээрээ ухаалаг, эвтэй байхыг Украйны хэрэг явдал бидэнд харуулж байна шүү дээ.     

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын ард түмэнд шоронгоос салах заяа байна уу

Монгол Улсад хүний эрх үнэхээр баталгаагүй байгаа нь харагдах боллоо. Хамгийн сүүлийн жишээ Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байсан энэ хүн шоронд ямар өрөвдмөөр байдалд байсан нь өнөөдөр ил болж байна. Толгой нь өдөр шөнөгүй өвдөж, даралт нь 200 хүрч, зүрхний хэмнэл нь байнга алдагдаж байхад түүнийг шоронгийн эмнэлгийн хаалгаар ч шагайлгасангүй. Хорих 461 дүгээр анги буюу шинэ “Ганц худаг” нь агааржуулагч муу гэдгийг хариуцсан дарга нь сая олны өмнө хэллээ. Ийм орчин нөхцөлд аргаа барсан Д.Амарсайхан жаахан ч гэсэн салхи амьсгалж байхын тулд төрсөн ахыгаа “Та өдөр бүхэн над руу ирж байгаач” гэж гуйжээ. Ах нь дүүгийнхээ төлөө очиж байсан байна. Үүнийг анзаарсан шоронгийн хуяг, удирдлагууд уулзалтыг хязгаарлах аястай болоод ирэхээр Д.Амарсайхан агсан өмгөөлөгчийгөө өдөр бүхэн ирж байхыг гуйж, өмгөөлөгч нь боломжоороо очиж байжээ. Тэр хүн агааргүй өрөөнөөсөө гарч хэдэн минут агаар амьсгалахын тулд ямар их чармайж байсныг эндээс харж болно. Энэ бол 1937 оны их аллагын үеийн залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр гэж хэлж болохоор шахуу зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монголд эргээд сэргэчихсэн юм биш үү. 

Баривчилгаа үнэндээ зогсохгүй байна. Сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Яасан ч барьж дуусдаггүй юм. Даваа гаригийн өглөө ажилдаа ирээд тийм л мэдээ эхлээд сонсдог боллоо. Түрүүчийн долоо хоногт Дундговийн дарга нарыг барьжээ, энэ долоо хоногт нь Төмөр замынхныг, өчигдөр Гашуун сухайтын боомтын дарга нарыг ачсан байна шүү гэх яриа тасралтгүй цувах. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монгол Улсад тухайн үед байсан 13 аймгийн даргын 11-ийг нь буудан алж, үлдсэн хоёрыг нь 10 жил шоронд хатаасан юм. Баригдаагүй цэргийн дарга, сайд, бусад удирдах албаны хүмүүс байгаагүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар албан бус тоогоор төрд алба хашиж байсан, бизнес эрхэлж байсан нийт 1400 орчим хүн Монголын шоронгуудад муугаа үзэж байна. Өнөөдөртөө бол МАН-ын 461 дүгээр үүр гэж нэрлэж болно. Цаашид салхи яаж ч эргэж болно. Ардын хувьсгал хүүхдүүдээ “идэж” эхэллээ гэсэн үг “Нүүдэл суудал” дээр байдаг юм. Ардчилсан хувьсгал арай хүүхдүүдээ “идэх”-гүй байлгүй дээ гэж.

 УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр Лу.Болд гишүүн юу хэлчихэв, харцгаая “… өнөөдөр Монгол Улсад цаазаар авахаас жаахан цааргалчихсан байгаа ч шоронд нь хүний амь нас эрсэдсээр байна. Дээхнэ үед Монголд цаазаар авах ял байсан байгаагүй шоронд орно гэдэг цаазлуулснаас дор гэж яригддаг байсан. ШШГЕГ-ынхан нас барсан тохиолдлыг ноцтой учрал гэж байна. Монгол Улсын хувьд энэ нь эмгэнэл байхгүй юу. Ар гэрийнхэнд нь асуудал яаж тусах нь ойлгомжтой биз дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй үед ийм үйл явдал болсон нь бид хаашаа яваад байна вэ гэж асуухад хүргэж байна. Тарчлааж, тартагт нь тулгаж байж хэргийг нь хүлээлгэдэг энэ замаасаа хэзээ гарах юм. Миний нэг танилыг хэвтэрт байхад нь АТГ-ынхан дуудсан гэж байгаа. “Би хэвтэрт байна” гэж хариулж дуусаагүй байхад нь шоронд хийнэ гэж сүрдүүлсэн байна билээ. Ийм айдсын төлөө бид 20 гаруй жил ажиллаагүй. НАХЯам дуртай хүндээ дуртай хэрэг тулгадаг байсан. НАХЯамтай ижил байна. Ренчин гуайг “70 настай хүнд даруулга хэрэгтэй” гэж бичээд нийгэмд хэн ч биш болгож байсан. Нас барахад нь оршуулах хүн олдоогүй. Манай аав очиж жинхэнээсээ уйлсан гэдэг шалтгаанаар сэрдэгдэж байсан юм. 

Өнөөдөр яаж байна гэхээр хэн нэгнийг хэрэгт тулгахдаа эхлээд хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, хэн ч биш болгон нийгэмд муухай харагдуулсныхаа дараа баривчилж, байцааж шүүж байна. Нийгмийн сэтгэл зүйд тухайн хүнийг авлигач хэмээн хүчээр ойлгуулж байгаад дараа нь баривчилдаг аргатай болж. Шинэ НАХЯ-ыг бий болгох гэж байгаа бол хуулийнхан та бүхэн үнэнээ хэл. УИХ-ын гишүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар  зохиогоод  гаргадаг” гэж хэллээ. “… Эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагуудад тухайн хүнийхээ мэдээллийг өгч хар пиар хийлгэдэг, дараа нь барьдаг… УИХ-ын гишүүд бид та нараас айхгүй шүү… биднээс юу ч гарахгүй, гэхдээ та нар гаргадаг”. Эдгээр үгс ноцтой сонсогдож байгаа биз. Сэтгүүлч бид нар гар хөл нь болж, тэдэнд их дэм болж байгааг хэллээ. Сэтгүүлч бидний баян, хөрөнгө чинээтэй хүмүүсийг үзэн яддаг байдал тэдэнд их дэм болж байгаа юм байна. Тэр муу дарга, энэ муу баян хэмээн бичдэг, нэвтрүүлдэг маань эргээд олон хүнийг шоронд хатаах өдөөлт болжээ. Социализмын үед сэтгүүлчид эрх баригчдад таалагдаагүй хүмүүсийг доош нь хийж бичихдээ гаргууд байж, 60, 70-аад оны сэхээтний төөрөгдөл нэртэй хэлмэгдүүлэлтийн гол гар хөл нь болцгоож байсан нь түүхэн үнэн юм. Хүнийг яаж үзэшгүй муухай дайсан болгож харагдуулах, хүний тооноос хасч, нийгмийн илүүдэл болгож, орох байх газаргүй болтол нь сониноор бичиж дарамтлан тухайн үеийн эрх баригчдын “бууны ноход” болж байсныг түүх гэрчилнэ. Зөвхөн Лоохуузын хэргээс харахад л алган дээр байгаа мэт харагддаг. Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын 200 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлэн ажлаас нь халж, хөхөө өвлийн хүйтнээр хөдөө буйд сумдад нутаг заан суулгасан. 

Тэдний дийлэнх нь га¬даадад боловсрол эзэмшсэн, үндэсний сэхээтнүүд байсныг тэр үеийн сэтгүүлчдийн цөөнгүй нь “Муу эсэргүүнүүд” хэмээн цоллож, нэр төр дээр нь дэвслэн бичиж байлаа. Баримт нь тухайн үеийн сонин хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. Яг үүн лүгээ өнөөдөр хэрэг хийсэн нь огтхон ч тогтоогдоогүй хэдэн зуун сэхээтнийг, баялаг бүтээж буй өчнөөн олон бизнесменүүдийг шоронд хоёр жилээр хорьж, байцаалт авсан нэрээр тамлаж байхад манай сэтгүүлчид юу ч бодохгүйгээр тэднийг авлигач, луйварчнаар дуудан дээрээс нь дэвслэн бичсээр байгаа нь эмгэнэлтэй. 

Саяхан Германаас ирсэн нэгэн хөрөнгө оруулагч Монголд байгуулсан бүх гэрээгээ цуцлаад буцлаа. Яасан гэхээр манай улсад 20 саяас дээш гүйлгээг хууль хяналтынхан шалгадаг хуультай болсон. 60 нас хүртлээ бизнес хийж хөл дээрээ зогсохдоо, нэг ч удаа хуулийн байгууллагын хаалга татаж үзээгүй герман нөхөр Монголд хөрөнгө оруулах гэсэн биш хүчний байгууллагынханд дуудагдаж, байцаалт өгсөн нь нэр төрд нь бүдүүлгээр халдсан, байж болшгүй үйлдэл болжээ. Ийм дайсагнасан, хүмүүсийн ул шагайсан хуультай байж элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Монголчуудаасаа халиад хуулийн хүрээнд бизнесээ явуулах гэсэн гадныхныг хүртэл өнөө шорондоо хийх нь байна шүү дээ. 

Лу.Болд гишүүний “УИХ-ын ги¬шүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно. Биднээс юм гарахгүй л дээ, гэхдээ та нар гаргадаг” гэсэн үгийн цаана юу агуулна вэ. Монгол хүмүүс чинь том жижиггүй, нийтээрээ айдас хүйдэст автчихсан байгаа юм биш үү. Энэ чинь 1937 оны аймшигт үзэгдэл биш үү.  

Монголд өнөөдөр шо¬ронгоос их юм алга. Уламжилж ирсэн айхавтар “юм” монголчуудаас салахгүй байна. Манжийн үед ч манайх “Батцагаан” гэх мэт том шорон гяндантай байж иргэдээ дүүргэж байсан. Хаа байсан Манжийн үеэс ийнхүү эхтэй 200, 300 жилийн түүхтэй аймшигт харанхуй шоронгуудаас монголчууд бага ч болтугай салах боломж нь өнөөдөр ид яригдаж буй Гэмт хэргийн тухай хууль юм. Энэ хууль жаахан найдвар төрүүлж, гэрэл гэгээ болж мэдэх нь. Энэ хууль батлагдсанаар 3000 орчим хүн суллагдана гэж байгаа. Угаасаа  хуучин Эрүүгийн тухай хууль нь мөн чанараараа социалист нийгэмд зориулагдсан хууль юм. Нийгэм нь өөрчлөгдчихөөд байхад хуулийн зарчим нь хуучин нийгмийнхээрээ явж ирсэн нь мөн ч их гай тарилаа. Дэлхийн ертөнц тэр чигээрээ хөгжил өөд явж байна. Манайх ч мөн адил. Ийм цаг үед ирээдүйд халагдаж үгүй болох дэлхийн 10 технологийн нэгд шорон гяндан орсон. Ийм байхад Монгол Улс шорон гяндан шинээр барьж, түүндээ тэрбумаар хөрөнгө зарцуулдаг.  

Сүүлийн үеийн үйл явдлаас харж байхад   шүүх засаглал байх шаардлага байгаа юм уу гэж бодогдохоор байна.  Уг нь бол шүүхээр л гэмт хэрэгтэн гэж тогтоогддог, тэгээд ял аваад шоронд явдаг. Гэтэл өнөөдөр Монголд шүүхтэй, шүүхгүй  сэжигтэн гэсэн нэрээр хоёр жил хорьчихдог хууль үйлчилж байна. Шүүхийн хэрэгцээ огтхон ч байхгүй байгаа биз дээ. Шүүхийн тогтоолгүйгээр хоёр жил шоронд суусан тэр хүн бүх бизнесээ дуусгаад, эрүүл мэндээрээ бүрэн хохирч, өвчний үүр уурхай болоод, нэр төрөө шороонд хутгаж, сэтгэл санаагаар бүрэн унадаг нь 20 жил шоронд суусан хүнтэй ав адилхан болж байгаа юм.

 Шүүгч, прокурор, цагдаа гэсэн хүний адаг, шаарууд шавчихсан болоод ингэж байгаа юм гэхэд бас хаашаа ч юм. Ерөөсөө хууль нь ийм хөгийн, цаг үеэсээ хоцорсон, соц үеийн шинж чанараа хадгалсан хэвээр байгаад юм. Ард түмнээ шоронгоор дүүргэх зориулалт бүхий хуультай, хүний эрхийг асар их зөрчиж, уландаа гишгэсэн, соц нийгмийн үеийн хууль үйлчилж байхад ямарч хөгжил, шинэчлэл яриад хэрэггүй. Тийм болохоор энэ хуулийг солих цаг нь нэгэнт болжээ. Гэтэл бас энэ хуулийг хамгаалж, хуулийн шинэчлэлийг сөрж байгаа хүмүүс харагдаж байна. Энэ нь яах вэ, өөрийнх нь хийсэн ажил үр дүнгүй болохыг хараад дургүйцдэг нь хүн төрөлхтөнд байдаг ойрын зайн зан чанар мөн юм. Ямарч цаг үед байсан хүний богинохон бодол. Яваандаа гайгүй болчихно. Юуны өмнө социалист үеийн энэхүү аймшигтай хуулиасаа даруй салцгаая. Ингэж чадвал их л олон үйл хэрэг зөв голдиролоороо явна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь Монгол Улс эрчим хүчний диваажин болох эхлэл мөн

Тэнэгэр тавиун, уудам дэлгэр Монгол нутагт эрчим хүч үйлдвэрлэж Азиар нэг цацах нөөц хахаастай байна. Нар, салхи, нүүрс, занар, нефть, тэр байтугай элснээс ч эрчим хүч гаргах боломжтой. Ийм боломж нөөцийг эцэг өвгөд бидэнд үлдээсэн. Буурлын буян энэ их баялаг дээрээ будааны хүүхдүүд шиг хэрэлдсээр цаг алдлаа. Одоо боллоо, хэрэгжүүлэх төслүүдээ ярьцгаая, ажил болгоцгооё. Монгол Улс бол эрчим хүчний диваажин болох орон мөн.
Нар, салхи нь нэг дор төвлөрсөн манайх шиг орон дэлхийд ховор гэдгийг олон улсын шинжээчдийн баг их дээрээс хэлсэн. Тэд бүр Монгол Улс эрчим хүчний хомсдолд орчихоод айлаас цахилгаан гуйж суух улс биш гэсэн. Үүнд нь дүгнэлт хийсэн манайхан судалгаа шинжилгээний ажлуудыг 2012 оноос эхлүүлсэн юм. Эрчим хүчний яам санаачлан  Зүүн хойд Ази буюу Орос, Солонгос, Японы эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг  байгууллагуудтай хамтран судалгаа хийжээ. Судалгаагаа төсөл болгон хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.  Төслийн нэр Гобитек. Монголын говийн бүс нутгуудыг түшиглэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх учраас энэ нэрийг өгчээ.
Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө Сахарын цөлийн дараа ордог манай говьд эрчим хүчний парк байгуулах талаар гадныхан анхаарч олон улсын чанартай хурал, зөвлөгөөнийг чамлахааргүй зохион байгуулж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон  олон улсын хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ зэрэг орнуудын  төлөөлөгчид оролцсон. Энэ нь Азийн орнууд Монголд сэргээгдэх эрчим хүчний аварга үйлдвэрлэл явагдана хэмээн харж байгаатай холбоотой. Монгол орон нь жилийн 365 хоногийн 294 өдөрт нартай байдаг.  Салхины хурдтай. Эдгээр үзүүлэлтүүдээрээ Азийн орнуудаас илт давуу гэдгийг судлаачид баталж байна. Гобитекийн судалгаанаас үзвэл Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц  13000 тераВатт цаг гэж байгаа.  Энэ нь 13000 тэрбум килоВатт цагтай тэнцдэг юм байна. Үүний 4800 тераватт цаг нь нарнаас,  8100 тераватт цаг нь салхинаас хуримтлагдах боломжтой. Мэдээж шавхагдашгүй энэ их нөөцийн дийлэнх нь Монголын говьд ногддог. Өнөөдөр Монгол Улс ойролцоогоор жилд дөрвөн тераВатт буюу дөрвөн тэрбум киловатт цаг  цахилгаан хэрэглэдэг.  Цахилгааны хэрэглээ нэмэгдлээ гэхэд 2020 онд  10 тэрбум килоВатт цагт хүрэх тооцоо бий. Эндээс харвал  манай улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болсон тохиолдолд өөрсдийгөө хангаад зогсохгүй эрчим хүчээ экспортлох хэмжээнд очих юм.
Геологчид 1980-аад оны дундуур манай улс 20 тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэсэн тойм судалгаа хийжээ. “Шатдаг занар хэмээх харахад шавар шиг эдийг шатааж эрчим хүч гаргаж болдог. Мөн газрын тостой  төстэй шатах тослох материал ялгаж авдаг. Тиймээс энэ нь яах аргагүй ашигт малтмал юм” гэж геологийн ухааны доктор Д.Бат-Эрдэнэ хэлсэн. Одоо дэлхий дээр Эстони, Бразил, АНУ, Хятад зэрэг улс л шатдаг занарыг олборлож, цахилгаан станцын түлш, шатахуун гаргаж авах хэлбэрээр ашиглаж байгаа аж. Эдгээр улс ч шатдаг занарын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа Балтийн тэнгисийн эргээр нутагтай Эстони улс газрын хөрсөндөө шатдаг занараас өөр баялаггүй. Тиймдээ ч чөдрийн ганцаа ашиглах технологийг сайтар хөгжүүлж чаджээ. Манай цахилгаан станцууд элбэг нөөцтэй хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг шиг эстоничууд станцуудаа шатдаг занараар галладаг. Тэгэхээр бид энэ талын технологи өндөр хөгжсөн дээрх улсууд, ялангуяа Эстони мэт эртний харилцаатай оронтойгоо харилцаагаа улам эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэж бид их хэмжээний нөөцтэй занараа ашиглаж эрчим хүчний асар их нөөцийг бий болгож чадна.
Эрчим хүчний бас нэг эх үүсвэр бол мэдээж газрын тос. Монгол Улс шатахуунаа 100 хувь Оросын холбооны улсаас авч байснаа сүүлийн жилүүдээс арай өөр болж хэд хэдэн эх үүсвэрээс авч эхлэв бололтой. Хуучин бол Дорноговийн Зүүнбаян, Дорнодын Тамсагийн сав газар тосны нөөц илэрсэн ч оросууд 20 сая тоннын нөөцтэй, 10 хувь нь ашиглагдана гэсэн зөвлөмж өгчээ. Гэтэл энэ бүхэн худлаа болж зөвхөн 1998 онд илэрсэн Дорнод аймгийн Матад, Дорноговийн Тамсагт илэрсэн Газрын тосны нөөц 119 сая баррель болсон. Түүнээс хойш ч нэмэгдсэн. Нууцлаад байгаагаас бус.  Тус газарт “Петрочайна Дачин Тамсаг” ХХК “Даншен Газрын Toс” ХХК нийт 12 жил хайгуулын туршилтын олборлолт хийж байгаа.
Эдгээр компаниуд 200 газрыг цооноглон өрөмдөж 3,7 сая баррель тос олборлосон. Энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өссөөр байгаа. Долоо хоногт 27 вагон тос ачуулдаг. Нэг баррель тос 160 литр, нэг тонн тос 7,40 баррельтай тэнцдэг юм.
Энд эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой элсний тухай дурдах ёстой. Элсийг эрчим хүчинд хэрхэн ашиглаж болох талаар эрдэмтэй хүмүүс бодож сэтгэж бас нээлт хийсээр ирсэн. Тэдний нэг нь суут эрдэмтэн Францын физикч Жолио Кюри юм. Тэрээр дэлхийд нарнаас бууж буй гэрлийн дулааны эрчим хүчийг шууд барьж ашиглах санааг дэвшүүлжээ. Тэгэхдээ Сахарын цөлийн элснээс тусгай тоног төхөөрөмжөөр нарнаас бууж буй цацраг идэвхийг нь барин авч ашиглах тооцоо гаргажээ. Сахарын цөл дэх элснээ бууж буй нарны гэрлийн радиацын ядаж арван хувийг тэрхүү тусгай төхөөрөмжөөрөө барьж авч ашиглах юм бол манай дэлхийнхний тэр үеийн эрчим хүчний бүх хэрэгцээг хангаж чадах юм байна гэсэн тооцоо хүртэл хийсэн байдаг. Сахарын цөлөөс Монгол Улс маань хол байгаа ч гэсэн их хэмжээний элсэн говьтой манай улсын хувьд бодох санах юм байх ёстой. Түүний нэг хэлбэр нь элс, шавар, ус болон өтгөн тос холилдсон тостой элс манай говьд байсаар байгаа юм. Газрын гүнд тийм ч дор биш бол ухаж гаргаад ус юм уу химийн бодисоор тосыг нь ялган авч болно. Хэрвээ хэт гүнд байгаа бол тэгэх бололцоо одоогоор байхгүй. Харин тэр гүнд нь халуун уураар халааж царцмал өтгөн тосыг шингэрүүлэн шахаж авах технологи дэлхийд хэдүйн бий болсон.
Дараагийн манайхаас гардаг эрчим хүчний эх үүсвэр бол мэдээж нүүрс. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсгөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг. Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологи хайгуулын ажлаар нүүрсний нөөц жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2007-2011 онуудад хайгуулын ажлаар тогтоогдож улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн нүүрсний нөөц 12.3 тэрбум тонн, 2012 онд 4.9 тэрбум тонноор нэмэгдсэн байна. Гэхдээ энд алс хэтийн нэг гэм байна. Нүүрс шатааж эрчим хүч гаргадаг аргаас улс орнууд татгалзах шат руугаа орж шинэ технологийн эрэлд өдөр шөнөгүй явж байна. Нүүрсний асар их нөөцтэй манай улсын хувьд энэ нь эдийн засаг талаасаа сайн юм огт биш. Гэвч бид дэлхий нийтийн чиг хандлагыг дагахаас өөр аргагүй. Тэртэй тэргүй бэлэн, хэдэн мянган тонноор нь газраас ухаж гаргаад говьд овоолчихсон байгаа нүүрсний талаар хүн бүхэн мэдэж байгаа. Нүүрс худалдаж авч эрчим хүчиндээ хэрэглэе гэсэн улс орон бүрт манайх нээлттэй байгаа. Үнэ хөлсөн дээрээ тохирч чадвал тэгээд л явчихна. Манайхны зүгээс дэд бүтцээ төгс шийдэх л асуудал.  
Энэ бүхэн хэрэгжиж, ажил болж гэмээнэ экспортлох эрчим хүчний маань худалдан авагч нь хэн байх вэ гэвэл судлаачдын үзэж байгаагаар Солонгос, Япон улсууд том худалдан авагч байх өндөр магадлалтай. Магадлалтай ч гэх юмгүй Япон улс нь өнөөдөр ч Монголоос эрчим хүч авах тухай яриа гаргадаг. Солонгос бол эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдийнхээ  96 хувийг гаднаас импортолдог. Ойрхи Дорнодын орнуудаас  газрын тос, байгалийн хий зэрэг өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч, эрчим хүч үйлдвэрлэдэг.  Япон улсын хувьд нийт эрчим хүчнийхээ 11.3 хувийг атомын цахилгаан станциар хангадаг байсан ч айхавтар цунамигаас хойш цөмийн станциудынхаа заримыг устгаж эхэлсэн. Ингэснээр энэ улсын атомын цахилгаан станцаасаа авдаг байсан эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчнийх нь 4.2 хувьд хүртлээ буурчээ.  Одоо тус улсын эрчим хүчний хэрэглээний ихэнх нь гаднаас импортолдог газрын тос, байгалийн хий, нүүрсэнд түшиглэж байна. Эдгээр  түүхий эд нь үнэтэй учраас япончууд сүүлийн үед өөр эрчим хүчний эх үүсвэр хайж эхлээд байгаа юм. Хэрэв тэд цөмийн реакторуудаа  бүрэн хаах шийдвэр гаргачихвал цахилгааны хомсдолд орно. Олон улсын шинжээчдийн тооцоо ийм байгаа учраас л Монгол Улсаас сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх эрэлт хэрэгцээ үүснэ хэмээн хэлж ярьж байгаа юм. Бас нэг том хэрэглэгч бол Хятад улс. Хятадууд салхин станц байгуулж байгаа үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр байгаа ч алсдаа эрчим хүчний дутагдалд орох төлөвтэй байгааг шинжээчид ажигласан.
Энд хөршүүдээ, ойр харьцаж болох орнуудаа орхиж болохгүй. Тухайлбал хойд хөрш маань байна. Орос орон нарны элч багатай. Энэтхэг болохоор  эсрэгээрээ нар байлаа гэхэд салхи үзэгддэггүй. Тэгэхээрээ тэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх талаар нэг их яриад хэрэггүй болчихож байгаа. Ийм болохоороо л тэд Монголоос эрчим хүч импортлох бүрэн боломжтой гэж үздэг. Ер нь Азийн олон орон манайхыг, манай сэргээгдэх эрчим хүч бодитой болохыг битүүхэндээ харсаар. Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 13000 тераваттад хүрнэ гэсэн тооцоотой. Цахилгааны энэ хэрэглээг Монгол Улс дангаараа хангаж чадахаар нөөцтэй нь дээр дурдсан тоонуудаас харагдаж байгаа биз дээ. Эрчим хүчний яамтай хамтарч судалгаа хийсэн Япон, Солонгос, Оросын судалгааны хүрээлэнгүүд ч энэ бүх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрчээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж байвал яасан юм бэ

УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад дархан аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд ярьдаг юмаа ярьж эсэргүүцэж байна. Энэ хуулийн эсрэг надтай хамт тэмцэж явсан С.Ганбаатар, Г.Уянга, Д.Ганхуяг нар хаана байна, хаачив гэж ирээд популизмаа хийж эхэллээ. Сүүлийн таван жил сонссон популист үгийг нь энэ удаагийн чуулганаар бас дахин сонсов. Яасан зогсдоггүй, дуусдаггүй популизм бэ. Ингэснийх нь үр дүн улс орны хөгжилд ямар их саад тотгор авчирч байгааг бодож үздэггүй юм байх даа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан баасан гаригийн нэгдсэн чуулган дээр “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь өчигдөрхөн эдийн засгийг эрчимжүүлэх тухай ярьчихаад өнөөдөр болохоор эсрэг зүйл яриад сууж байна. Эсвэл хоёр Засгийн газартай, хоёр эрх баригчтай болчихсон юм уу. Кабинетын зарчмаар ажиллах ёстой шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү” гэж хэллээ. Энэ бол бодитой, зөв үг. Одоо бид популист үгэнд ханадаг бол ханахаар сонслоо. Чуулганаас харж байхад манай аварга л далай даян дархан популистаараа босоо үлдэж байх шив дээ. Бусад нь популизм хийгээд цаддаггүйг хаа хаанаа ойлгож байх шиг байна. Энэ дашрамд хэлэхэд манай УИХ нь популизм хийдэг гол индэр болчихсон юм биш үү. Хүмүүсийн анхаарлыг татсан гол гол хуулиудыг УИХ баталдаг. Эдгээр хуулиудыг хэлэлцээд эхлэхээр хүмүүсийн анхаарал УИХ дээр төвлөрдөг. Яг энэ үед нь тухайн хэлэлцэхээр оруулж ирж буй хуулийг эсэргүүцэн шударга, мундаг хүн болж тодрохын тулд дараа нь ямар үр дагавар дагуулахыг нь мэдрэхгүй, тооцохгүйгээр шууд л жадлан эсэргүүцэж дайрах гишүүд олон болжээ. Улс орны хөгжлийн тулгуур хуулиудыг ийнхүү устгаж байна. Сайн сайн популист улстөрчид энэ торгон мөчөөс төрж байна. Ард түмэн болохоор энэ их сайн, шударга хүн байна гэдэг. Зарим нь болохоор энэ их зэвүүн, худлаа, дэмий донгоссон төрийн түшээ гэж ч хэлдэг. Энэ бүхнээс улбаатайгаар алдаршиж, олонд танигдаж эхэлж байгаа юм. Эцсийн үр дүн нь өлөн хоосон монголчууд хоорондоо алалдаад үлддэг. Өнөө популизм хийсэн нөхөр учир мэдэхгүй ард түмний дунд “Шударга хүү” гэсэн нэртэй үлдэж байна. Дараа нь дахин сонгогдож байна. Ард түмэн ядуурлаас гардаггүй. Тэгэхээр популизм хийсэн хүндээ тус болно уу гэхээс бусдад нь байнга ус болдог үйл ажиллагааны гол эх үүсвэр нь УИХ хэдүйн болжээ. Дээр дурдсан жишээнээс гадна өөр жишээг хэлье. Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцье гэж ярилцсан. Энэ үед УИХ-ын тулхтай гишүүдийн нэг Д.Дэмбэрэл үг хэлэв. Хувьдаа бизнестэй гишүүд энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Яагаад гэвэл эрх ашгийн зөрчилтэй гэж тэр хэлсэн. Өнгөц харахад их шударга мэт энэ үг яг амьдрал дээр нийгмийн сэтгэл зүйгээр тоглож буй тоглолт, популизм мөн юм. 1921 оноос эхтэй баян, ядуу гэсэн сэтгэлгээгээр хэлж байгаа үг. Баячууд муу, ядуучууд сайн гэсэн сэтгэхүйгээр ярьж, нийгмийг хувааж байгаа хэрэг юм. Нийгмийг баян-ядуу хэмээн хагаралдуулж өөрөө шударга болж харагдаж байгаа юм. Хариуд нь Р.Гончигдорж гишүүн үг хэлсэн. Тэр “Баян хоосон гэж ялгаад яахав Дэмбэрэл гишүүн ээ. Бүгд л ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэж байгаа хүмүүс. Та бид хоёрын хувьдаа бизнесгүйг бүгд мэднэ. Хэдий болтол ингэж ялгаж хооронд нь хагаралдуулах юм бэ. Бидний энэ хэрүүл популизм, нийгмийн сэтгэл зүйд яг энэ чигээрээ бууж нийгмийг хагалан бутаргаж байдаг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй” гэж хэлсэн.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн популизм хийхийг нь болиулахын тулд УИХ-ын чуулганыг хаалттай хийж байх хэрэгтэй байна. Х.Тэмүүжин сайдад охидууд захидал бичсэн, бичээгүйг хэлэлцэхдээ хаалттай хийж маяглаж байхаар улс орны эрх ашигт амин чухал болоод байгаа Ашигт малтмалын хууль, Гэмт хэргийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмч хөрөнгө эзэмших эрхийн тухай хууль гэх мэт гишүүд ядуучуудыг өмөөрсөн нэр зүүж, шударга харагдах болно хэмээн горьдож байгаа хуулиудыг туушинд нь хаалттай хэлэлцэж байх нь улс орны эрх ашигт хэрэгтэй, зөв үйл хэрэг болох гээд байна. Телевизийн камер, сэтгүүлчдийн микрофон харахаараа хяналтаа алддаг гишүүд дийлэнх олонхи болчихсон энэ цаг үед нээлттэй хэлэлцээд ямар ч амжилтад хүрэхгүй нь. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө санаачилга гаргаж, уриалж, ихэнх тохиолдолд хаалттай явуулж байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол наад амбиц нь хэтийдсэн улстөрчид чинь улс орны хувь заяагаар тоглож дуусгах нь байна шүү. Баатар Бат-Үүлийн нэгэнтээ хэлж байсан Байнгын хороодыг хаалттай хуралддаг болгоё гэсэн санал зөв байж. Гэхдээ чуулган нээлттэй болохоор энэ нь ямар ч нэмэргүй. УИХ нь үнэн хэрэгтээ “Эх оронч” хэмээх жүжгийн театр, гишүүд нь “Шударга хүү” гэсэн жүжигчид болоод хувирчихсан байна. Босоо хэмээх С.Ганбаатар гишүүнийг би л хувьдаа гэртээ босоо зогсоод юм ярьдаг гэхэд итгэхгүй байна. Түүнийг байнгын хороон дээр сууж ярьж байхыг олон харсан учраас би ингэж хэлж байна. Зүгээр л жүжиглэлт, дээрх “Шударга хүү” гэсэн жүжгийн гол дүрд тоглож байгаа хэрэг шүү дээ.
Чуулганы хуралдааны мэдээллийг УИХ-ын хэвлэлийн алба нь мэдээлдэг байя. Гишүүд өөрсдөө УИХ-ын чуулганы дараа хэвлэлийнхэнд хандаж хэвлэлийн бага хурал зарладаг нь нээлттэй байх хэрэгтэй. Ингэж чуулганыг дэг журамд оруулахгүй бол хэвлэлийн бид хөөс сахарсан популистуудын жүжгийг 20 жил үзлээ. Амьдрал огт дээшилсэнгүй. Амьдралыг доош нь чангаадаг газар нь УИХ болчихоод байна.