Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Том амбиц, том өөрчлөлт DNN.mn

За, товарищууд Үндсэн хуулиа өөрчлөөд авлаа. 2024 оноос цааш УИХ том жижиг бүх намыг төлөөлсөн 126 гишүүнтэй явахаар боллоо. Батлахаас нь өмнө гишүүдийн тоо нэмэгдэх нь гээд багагүй л шаагицгаав. Үнэн хэрэгтээ 2016 оноос хойш Монголын парламентад нэг нам дангаар ноёрхож ирлээ. Харин нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан АН болон бусад нам эвслийн төлөөллүүд гудамжинд үлдсэн эрүүл бус сонгуулийн системтэй явж ирсэн. Сонгогчдын дөнгөж 42 хувийн санал авсан нам УИХ-д 62 суудалтай, үнэмлэхүй олонх байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү. Хууль ёс шударга хэрэгжих үү. Шулуухан хэлэхэд, 62 гишүүний 50 хувийг гадны хүчин зүйлс байтугай дотоодын нэг аж ахуйн нэгжийн эзэн ч худалдаад авчихаж чадна. Ашиг сонирхолдоо үйлчлэх хүссэн хуулийг гаргуулахад асуудал байхгүй. Монголын хувь заяаг эргүүлэхэд 500 сая ам.доллар хангалттай гэсэн золбин үг тодорхой хүрээнд яригддаг нь нууц биш шүү дээ. УИХ-ын 50 гишүүн тус бүрт нэг сая ам.доллар хангалттай гэсэн гадны гар хөлийн ч яриа бий. Ийм эмзэг төр засагтай, хууль ёстой байна гэж юу байсан юм бэ. 50 улстөрчийг худалдаж авах, 100 гишүүнийг худалдаж авахын хооронд басчиг ялгаа бий. Аргаа барсан хүний үг юм даа. Гэхдээ л нэг намын 62 гишүүнтэй ярьж тохирох, олон намыг төлөөлсөн 126 гишүүнтэй халзагнахын тухайд бүтэлтэй, бүтэлгүй юм дуракуудад тулгарах нь тодорхой. Ийм л учраас УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоондоо харьцуулан олон болгох нь цаг үеийн шалгарсан шаардлага болсон байж таарна. Дээр нь сонгогчдын санал ингэж хэдэн зуун мянгаар гээгдмээргүй байна. Ийм эрүүл системийн эхлэлийг энэ жилдээ багтааж хийгээгүй бол Монгол Улс цаашдаа балрахаар болчихсон юм угаасаа. Тэгэхээр гишүүд нэмэгдэхээс илүү тогтолцоо өөрчилсөн нь чухал.

Л.Оюун-Эрдэнийн “Манайх хэдхэн мөнгөтэй хүнтэй. Сонгууль болохоор тэр хэдхээн мөнгөтэй хүмүүс дээрээ давхиж очоод хандив авдаг. Хандивынхаа төлөөсөнд шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өгдөг. Нийслэлийн газраа, өмч хувьчлалаа, ашигт малтмалын лицензүүдээ бүгдийг нь өгдөг. Ингээд нэг ийм хэдхэн хүний гарт орчихсон. Энэ нь аль аль намын системд нөлөөлдөг нь нууц биш. Ийм байдалтай 30-аад жил явж ирсэн. Үүнийг л бид хамтдаа задалж байж л эдийн засаг илүү хүртээмжтэй байх нөхцөл бүрдэнэ. Сая нүүрстэй холбоотой асуудал, хил болон аман дээр байгаа үнийн зөрүү эдийн засаг ханшийн нөлөөнд, ДНБ-ий өсөлтөд ганцхан шийдвэр яаж нөлөөлж байгааг бид харж байна. Одоогоор улсын төсөв бараг нэг их наядаар давж биелж байна шүү дээ. Энэ чинь нэг их наядын далд эдийн засаг байсан л гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ ийм асуудлуудаар зоригтой шийдэл гаргаад л, сөрөг хүчинтэйгээ, улс төрийн бусад намуудтайгаа хамтраад явбал тэр хүмүүс яаж ч чадахгүй. Бид эрх мэдлээ энэ ордон дотор л байлгах хэрэгтэй. Ордны гадна байгаа өндөр байшингуудад биш. Би нэг зүйлд үнэхээр баяртай байгаа. Одоо ингээд ил тод болж байна. Цахимжиж байна. Бүх асуудлууд ил тод яригдаж байна. Мэдээж дунд нь жижиг сажиг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдийн мэдэх эрх хангагдаж байна. Иргэд мэдэхийн хэрээр, иргэд үнэнийг ойлгохын хэрээр өнгөрсөн 30 жилийг өөр өөрсдийнхөөрөө маш бодитой дүгнэж байна. Тэгэхээр үүн дээр МАН, АН гэж мэтгэлцэхээс илүүтэйгээр энэ хоёр намыг системийн хувьд бусниулсан тэр албан бус бүлэглэлийг л олж харах ёстой. Тэр бүлэглэлийн гишүүдээсээ МАН ч, АН ч салах хэрэгтэй. ХҮН энэ бүлэглэлийн гар хөлийг оруулахгүй байх ёстой. Ингэж хааж чадаад, иргэдийн төлөөллийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор оруулж чадвал энэ нь том реформ болно. Ингэж чадалгүй тэр бүлэглэлийн гарт орж, намын жагсаалтыг худалдаж намын санхүүжилтээ босгох байдал руу шилжвэл энэ бол том эрсдэл болно. Олон боломжийг хаана гэсэн үг” гэж УИХ дээр хэлснээс л нүдэнд харагдаж, ой тойнд буугаад ирж байна лээ…

Ер нь бол УИХ-ын дарга дээр Д.Амарбаясгалангийн барьж орсон энэ төслийн эхийг ноороглосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Түүнийг боддог юм, “Л.Оюун-Эрдэнэ ер нь ингэтлээ улс орныг доргиох ямар учир шалтгаантай, өс хонзонтой, санаа шулуудсан нөхөр юм бол” гэж. Ганц энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлээд байгаа юм биш. Өнөөдөр тэрбээр Ерөнхий сайд, Намын дарга. Энэ суудалд хүрсэн хүн эгнэгт “босмооргүй” тийм сайхан суудал. Суудалтайгаа үхэн хатан зууралддаг өмнөх түүх дурайж байна. Харин Л.Оюун-Эрдэнэ тэгж харагдахгүй байгаад ямар учир нь байна вэ гэж гайхдаг юм. Байнга гал тавина. Атгана чиг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн улс төрд орж ирсэн түүх нь бусдын л адил. Харин ч МАН-ын томчуудтай бусдаасаа ч илүү холбоотой явж ирсэн. У.Хүрэлсүхээр татуулж, М.Энхболдоор түлхүүлж их улс төрийн босго давсан. Энэ талаасаа эдгээр ах нарынхаа ачийг хариулаад дуулгавартай гэгч нь сууж байх ёстой хүн мөнөөс мөн. Гэтэл тэгдэггүй. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2019 онд ЗГХЭГ-ын дарга болж, 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших он жилүүдэд Монголд юу юу ч болоод өнгөрөв. Нүүрс, сан, Оюу толгой, Эрдэнэт гээд асуудал хөндөх болгондоо ах нарынхаа сүүлийг сөхнө. Нэг талаас ингэж огцрох болзлоо өдөр бүр л хангадаг. Ерөөсөө ах нарынхаа ч, өөрийнхөө ч өгсөж ирсэн шатыг хөрөөдөж суудаг хүн. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт бол хамгийн том жишээ болно. Удахгүй бүх том дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүс тендерт орохыг хуулиар хориглоно гэсэн. 5Ш хөтөлбөр гэж байгаад хамаг сангуудыг нэвсийтэл дэлгэж байна. Шувуу гээд Жунай даргыг авчраад суулгачихсан. Жунай дарга өөрөө “Нэг мөр цэгцлээд гарья” гэсэн шиг байгаа юм. Хугацаа сар сараар сунгуулчихна. 2018 оноос гадаадад сэтгэл зүй тэвчсэн түүнд Монголдоо хоригдох асуудалгүй л дээ. Жунай даргын зам явсаар Л.Оюун-Эрдэнээс бусад дээр очоод байгаа гэх хэрэггүй шахуу хов тэнүүчлээд удсан. Энэ бүгдийг тэр Ерөнхий сайд байх хугацаандаа яадаг ч байсан хийнэ гээд гүрийчихсэн юм байна лээ. Олон эх сурвалжаас тэгж сонссон, бас хийж байгаагаас нь хараад л байна. Хэлээд байдгаараа “өнгөрсөн 30 жилийг засаад” үлдээвэл энэ нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх хугацаандаа Монголын улс төрд үлдээх зөв өв болно. Улстөрчийн үлдээсэн сайн өв улс орныг өөд нь татдагийг бид хөгжсөн орнуудаас харж байна шүү дээ…

Ухаад “удар” өгөөд байгаа бүхэндээ орооцолдож амжаагүй давуу талтай харагддаг. Гэхдээ залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Дутуу сэрвэгнээд байвал замын дундаа нухуулна. Зүгээр л гүйцэд хийх хэрэгтэй…

Ер нь Л.Оюун-Эрдэнээс маш том амбиц харагддаг. Сая Францын Ерөнхийлөгч Макроноос юу аминчлан хүссэн гэчихэв ээ. “Далайд гарцгүй орнууд нэгдэж, нэг дуу хоолойтой болох бүлэг байгуулья. Та миний саналыг НҮБ болон “Их долоо”-гийн түвшинд дэмжинэ үү” гэсэн байгаа юм даа. Өөрөө толгойлох, зохион байгуулах гэнэ. Далайд гарцгүй 44 улс орон энэ дэлхийн таван тивд бий. Үгүй ээ мөн том амбиц аа… Ийм том амбиц л том өөрчлөлтийг хийдэг байх шүү. Лавтай…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Стандарт бол амьд явах баталгаа… DNN.mn

“Стандартгүй нийгэмд амьд явах баталгаагүй” гэсэн үгээр эхэлье. “Хөгжсөн улс орон гэж стандарт ягштал хэрэгждэг нийгмийг хэлнэ” гэсэн албан тодорхойлолтыг хэлье. Стандарт гэж энэхүү албаны, уншихаас ч уйдмаар үгийн үнэ цэнийг ойлгоё гэвэл Д.Бурстины “Америк орон ардчиллын туршлага” номын ганц бүлгийг уншчихад болдог гэж зөвлөмөөр…

Ер нь бол капиталист нийгмийн тулгын гурван чулуу гэж бий. Нэгдүгээрт Стандарт, хоёрдугаарт Статистик, гуравдугаарт Өрсөлдөөн. Монголчуудын сонгосон нийгмийн туйлын үнэн энэ гурав дээр тогтдог. Энэ гурав нь Монголд хэр билээ. Эхлээд стандартаа хэдүүлээ ярьцгаая. Бид өглөө гэрээс гараад стандартгүй замаар ажил руугаа явдаг. Хаанаас юу ч орж ирээд намайг эрсдэлд оруулж мэднэ. Маш болгоомжтой явдаг. Хөтөлж яваа хүүхдийнхээ стандарт бус жинтэй, хүнд цүнхийг үүрчихсэн шүү. Такси барина, стандартгүй. Замаар гарлаа, стандартгүй. Ерөөсөө л бүх зүйл стандартгүй дундуур туучна. Ингэж явсаар хүүхдийнхээ сургуулийн стандарт бус шатан дээр хальтирч үхэнгээ алдаад, стандарт бус хаалгаар нь орж явчихна даа. Угтаа бол хөгжсөн нийгэмд хүүхдийн сургуулийн хаалга стандартын дагуу дотогшоо ч, гадагшаа ч онгойдог. Манайд бол тийм биш ээ, зөвхөн дотогшоо, эсвэл гадагшаа л онгойно. Сургуульд гал түймэр гарахад төв хаалга нь зөвхөн дотогшоо онгойдог байвал яах вэ. Сандарсан хүмүүс бөөнөөрөө хаалгаа дарж овоороход хаалга гадагшаа онгойхгүй шүү дээ. Стандартгүйн эрсдэл наад зах нь энэ. Хаалга нь хоёр тийшээ чөлөөтэй онгойдог стандарт том дэлгүүрээс эхлээд сургууль, үзвэр гээд хүн ам олноор цугладаг, ажилладаг бүх газарт хэрэгжих ёстой юм л даа. Цаашлаад та бидний хүүхдийн анги танхим, спорт заал, үдийн цай… бүгдэд нь стандарт бий юу. Яг хичээлийн цагаар сургуулийнх нь эмч ажлын байрандаа байдаг уу… Тэр чигээрээ стандартгүйн эрсдэл дунд монголчууд амьдарч байгаа биз дээ. Бүр гурван саяулаа шүү. Аймаар.

Та өөрийнхөө ажилладаг орчныг стандарт нүдээр хар даа. Машин тавих стандарт ажлын тань эргэн тойронд байна уу. Өвөл хальтираад үхчихгүй ажилдаа очих ямар боломж, стандарт таны хавьд байна. Үдийн цайгаа уух газарт чинь стандарт мөрдөгдөж байгаа гэх баталгаа бий юу. Ер нь энэ нийтлэлийг уншсаны дараа эргэн тойрондоо стандарт байгаа эсэхийг нэг бүрчлэн хараарай. Ямар ч стандартгүй, стандартгүй болохоор баталгаагүй, баталгаагүй болохоор амь нас дээсэн дөрөөн дээр тийм нийгэмд амьдарч байгаагаа ойлгоно. Стандарт гэдэг ийм үнэ цэнэтэй, амьдралын баталгаа учраас Монголоос бусад газарт маш чухал үг.

Монголын нийгмийн бодит үнэн ийм аюултай байгаа болохоор монголчууд өнөөдрөөс эхлээд стандарт ярь, стандарт шаард, стандарттай болохын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүгдийг хийцгээ. Ядаж сургуулийнхаа хүүхдийн цүнхний жинг хэд байх ёстойг сургуулиас нь асуу, шаард. Орон сууцныхаа лифтний стандартыг шалгуул. Гэр бүлээрээ унавал яана. Стандарт ярьж байгаа улстөрчийн яриаг сонс, дэмж. Яагаад гэвэл стандарт ярьж, хэрэгжүүлэхийг зорьж, стандарт та бидний амьдралын баталгааг хэлж, үнэ цэнийг ойлгуулахыг хичээж байгаа тэр улстөрч л, тэр шийдвэр гаргагч л жинхэнэ амьдрал мэддэг, ард түмний талд хүн байдгийг олон улс орны жишээнээс харж болно. Тийм улстөрчидөө ард түмэн хүндэтгэлтэй ханддаг.

Стандарт бол амьд явах баталгаанаас гадна эдийн засаг, үйлдвэрлэл, технологи, гадныханд харагдах итгэл үнэмшил мөн. Яг үнэндээ гадна ертөнц биднээс стандарт л нэхэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед манай улс Европын холбоотой гайхамшигтай гэрээ байгуулсан юм. Тэр нь Монгол Улс Европын зах зээлд 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх эрх. Өнөөдрийг хүртэл үүнийг ашиглаж чадахгүй байгаагийн шалтгаан юу юм бэ. Европын холбооны стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас тэр шүү дээ. Эмгэнэл биз. Энэ мэтээр Стандартгүйгээс болж бид ямар их боломж алдаж байгааг, ашиглаж чадахгүй явж ирснийг дурдахад харамсалтай. Энд зөвхөн өдөр тутмын амьдралын баталгаа болсон стандартуудыг тоочив. Амьдралд ойр, хүмүүст ойлгомжтой байх болов уу гэж. Тэрнээс стандартгүй “юм” гэж улс оронд байхгүй. Хөгжил дэвшлийн талаар яриад ч хэрэггүй.

Стандарт, Статистик, Өрсөлдөөн. Энэ гуравгүйгээр нийгэм хөгжих тухай ойлголт байхгүйг барууны эрдэмтэд байнга бичиж байна. Бид энэ гурван үгийг оюун санаандаа кодолъё. Тэгээд Стандартаас нь эхэлье…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Батлан хамгаалахын дэд сайд, “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай: Үг, үйлдэл, үр дүн яв цав нийцэж байж олны итгэл сэргэнэ DNN.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан цогц зургаан асуудлын нэг нь “Хөдөөгийн сэргэлт” билээ. Үүний ажлын хэсгийг ахалсан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Тантай уулзсаных Батлан хамгаалах салбараас ярилцлагаа эхэлье. Өнөөдөр Монголын Батлан хамгаалах салбарын үүрэг хариуцлага ямар түвшинд байна вэ. Нийгэмд харьцангуй хаалттай салбар болохоор нээлттэй мэдээлэл авч төдийлөн чадахгүй юм л даа?

-Юуны өмнө танай сонины хамт олон болон уншигчдынхаа энэ өдрийн амар мэндийг эрье. Манай салбарын хувьд хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бүхий л үйл ажиллагаагаа нээлттэй байлгах боломж харьцангуй хязгаарлагдмал.

Ер нь ардчилсан улс орнууд батлан хамгаалах салбартаа баримталж буй бодлого, үйл ажиллагаагаа нээлттэй байлгахыг зорьдог. Монгол Улсын хувьд ч хууль эрх зүйн орчин, зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалтаа өнөө цагийн жишигт нийцүүлэн сайжруулсаар өдийг хүрсэн. Ерөнхийдөө өргөн утгаараа Батлан хамгаалах тогтолцоо бүх нийтийн оролцоо, бүх нийтийн бэлэн байдал дээр суурилдаг гэдгийг бид сайн ойлгох ёстой. Иргэн, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллага гээд бүхий л субъектууд өөр өөрийн хүлээх хариуцлага, эрх үүргээ сайтар мэдэж, ойлгож, бэлэн байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлийг хохирол багатай сөрөн гарах нөхцлийг бүрдүүлдэг. Батлан хамгаалах бодлогод хамаарахгүй салбар гэж үндсэндээ байхгүй. Тухайлбал Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох гэх мэт өргөн хүрээг хамарсан асуудлуудад салбар маань манлайлан оролцож байна. Тэгэхээр Батлан хамгаалах салбарыг явцуу хүрээнд ойлгох нь өрөөсгөл. Миний хувьд ч салбартаа томилогдохоос өмнө дүүргийн засаг даргын албаас авахуулаад тодорхой улс төр, төрийн албыг хашиж ирсэн. Улс орныг батлан хамгаалах талаарх ойлголт маань томилогдсоноос хойших гурван жилийн хугацаанд илүү тэлсэн нь надад олдсон ховор завшаан хэмээн бодож, хичээн ажиллаж байна. Ер нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүн манай салбарт ажиллах боломж олдвол өөрийгөө их азтайд тооцох ёстой шүү. /инээв/

-Нийгэмд зарим нэг хүмүүс “Монголд цэрэг арми байх шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Дэлхийн дийлэнх улс орнууд өөрийн орны онцлогт тохирсон Зэвсэгт хүчинтэй байдгийг та бид мэдэж байгаа. Тусгаар тогтносон улс орны хамгийн тод нүүр царай. Мэдээж цаг үеэ дагаад цомхон, чадварлаг, зохион байгуулалт сайтай, технологижсон зэвсэгт хүчинтэй байх ёстой. Монгол Улс энхийг эрхэмлэсэн орон. Өнөө цагт цөөнгүй улс орнууд насанд хүрсэн иргэд нь цэргийн албыг заавал хаах хууль эрх зүйн орчинтой. Энэ нь хэн нэгэнтэй байлдах тухай асуудал гэхээс илүүтэй цэргийн албаар дамжуулан тодорхой хүмүүжил төлөвшлийг олгоход чиглэж байна. Цэргийн албыг ингэж ойлгох нь чухал. Ерөнхийдөө цэргийн алба залуучуудад маань хувь хүний сахилга, зохион байгуулалт, сэтгэл зүйн болон бие бялдарын хат суулгах, хүнээс үг сонсож сурах, ах захаа хүндлэх, эрэмбэ дараагаа ойлгох гэх мэт өнөөгийн нийгэмд үгүйлэгдээд байгаа олон зуршлыг суулгахад ихээхэн дөхөм болдгийг иргэд, олон нийт сайтар ойлгодог болсон байна. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд цэрэгт явах, оюутан цэрэгт алба хаах сонирхолтой хүүхэд залуусын тоо эрс нэмэгдсэн.

-Гэвч эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахдаа эрсдэлийг нь эхэлж хараад байх шиг байна?

-Олон аав, ээжийн хүүхдүүд дунд хаа нэг болохгүй, бүтэхгүй асуудал гарч байна. Өнөөдөр нийгмийн сүлжээ аливаа асуудлыг тэр дор нь ил гаргаад нийгэмд хүргэчихдэг болж. Энэ нь сайн муу үр дагавар үзүүлдгийг олон нийт ялгаж ойлгодог болсон гэдэгт миний бие эргэлзэхгүй байгаа. Батлан хамгаалах салбарын хувьд ч засч сайжруулах, олон нийтийн дунд үүссэн зарим нэг таагүй ойлголтыг эерэгшүүлэх нь цаашдын Монгол Улсын язгуур эрх ашиг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Иргэдийн дунд яригддаг бие биенээ дэглэхээс авахуулаад, эрүүл мэндэд нь хохирол учруулах асуудал сүүлийн жилүүдэд эрс буурч байгааг судалгааны дүнгүүд харуулж байгаа. Цэргийн нэгтгэл, анги, салбарыг үе шаттайгаар иж бүрэн камержуулж хяналтын системийг сайжруулсан, ажиллаж, амьдрах орчин нөхцлийг өнөө цагийн шаардлагад нийцүүлэх ажлыг эхлүүлсэн, хил хамгаалахаас бусад хугацаат цэргийн албыг жилд нэг удаа татахаар зохион байгуулсан зэрэг шат дараатайгаар авч буй олон олон арга хэмжээний үр дүн гэж ойлгож болно. Салбарын маань хамт олны хичээл зүтгэл ч чухал нөлөө үзүүлж байгаад миний бие талархаж байгаа. Ерөнхийдөө Батлан хамгаалах салбар өргөн агуулгаараа монгол эр хүнийг, өрхийн тэргүүнүүдийг бэлдэх ёстой гэсэн концепцоор ажиллаж байна. Бидэнд цаашид хийх ажил их бий.

-Манай Энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар Олон улсад Монголын нүүр царай болж байна. Олон улсын аль ч том хурал чуулганд очихдоо манай улстөрчид эхлээд энхийн сахиулагчдаа ярьдаг, дараа нь ажил төрөлдөө ордог гэх юм билээ?

-Тантай санал нэг байна. 20 гаруй жилийн өмнөөс Монгол Улс дэлхийн энх тайвны үйлсэд бодит хувь нэмрээ оруулах боломж бий болж, үе үеийн төр засгийн удирдлагууд, энхийг сахиулагчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монгол Улсын нэр хүнд Олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж байгаа нь монгол хүн бүрийн ярих ёстой, бахархах ёстой амжилт мөн. НҮБ-ын удирдлагууд Монгол Улсын дэлхийн энх тайвны төлөө оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэгээ байнга илэрхийлсээр ирснийг та бид мэднэ. Аль ч улс оронд Монголын Батлан хамгаалах салбарын төлөөлөл ажлын айлчлал хийхэд өндөр түвшинд хүлээж авч хамтран ажиллах санал тавьдгаас бас харагддаг. Одоогийн байдлаар Батлан хамгаалах салбар дэлхийн 30 гаруй улстай хамтын ажиллагаатай байна.

-Та Батлан хамгаалахын дэд сайдаас гадна Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийг ахалж байна. Саяхан нийслэлд том чуулган боллоо. Үргэлжлүүлээд Дорноговьд “Хөдөөгийн сэргэлт” эхлэв бололтой. Энэ сэдвээр…?

-“Хөдөөгийн сэргэлт” бол мөн л бүх нийтийн оролцоонд тулгуурлаж байж үр дүнд хүрэх ажил. Төрийн бүхий л салбаруудын хоорондын ажлын уялдаа их чухал. Ажлын хэсэг маань салбар яамдын дэд сайд нар, аймаг, нийслэлийн засаг даргын орлогч нар, Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй. Хөдөөг сэргээх асуудал бол өргөн утгаараа тухайн орон нутгийн эдийн засгийг тэлэх, эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар хот хөдөөгийн амьдралын чанарыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилт юм. Хөгжиж буй бүхий л улс оронд их бага хэмжээгээр тулгамдаж буй энэхүү томоохон сорилт бидэнд ч бас сүүлийн жилүүдэд хурцаар мэдрэгдэж байна.

-Энэ бүх ажлын суурь судалгаа, тооцоолол, харьцуулалт, загварууд танай Ажлын хэсэг дээр нэгтгэгдэж байна уу?

-Маш олон төрлийн судалгаанууд өнгөрсөн жилүүдэд хийгдсээр ирсэн. НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас хийсэн судалгаанаас харахад иргэдийн дийлэнх хэсэг нь эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, амьдрах орчин нөхцөл зэрэг тодорхой асуудлуудаас шалтгаалан нутаг орноо орхин шилжиж байна. Монгол Улсын Засгийн газраас шилжилт хөдөлгөөнийг саармагжуулахад чиглэсэн арга хэмжээг энэ оноос хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээл, бизнесийн хөнгөлөлттэй зээлүүд, тухайн орон нутагт шилжин үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын шаталсан хөнгөлөлтүүдийг үзүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна. Мөн тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлийг өөрийн төсөвтэй уялдуулан 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг олгосон. Дээрх ажил, арга хэмжээний хүрээнд нааштай үр дүнгүүд зарим аймгуудад гарч эхлээд байна.

-Хөдөө орон нутаг бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд өөрсдөд нь эрх мэдэл, хариуцлагыг өгөх үйл явцын эхлэл тавигдлаа гэж үзэж болох уу?

-Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд аймаг орон нутаг бие даан хөгжих талаар төдийлөн хангалттай ажиллаж чадаагүй. Олон учир шалтгаантай байх. Цаг үе биднээс харилцаа, хандлагаа өөрчлөхийг шаардаж байна. Улсын төсвөөс татаас авах төдийхнөөр хязгаарлагдалгүй өөрсдийн нөөц бололцоо, онцлогт тулгуурлан аялал жуулчлал, ХАА, газар тариалан, уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар орон нутгийнхаа орлогыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллахыг Засгийн газрын зүгээс үүрэг болгосон. Идэвх, санаачилгатай ажиллаж буй аймгийг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийлсэн. Аймаг, орон нутгийн удирдлагууд маань ч орон нутгаа хөгжүүлэх хөтөлбөрүүдээ иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдадаа нээлттэйгээр танилцуулах ажлууд ид өрнөж байна. Энэ бол хөдөөг сэргээх сайн алхамуудын нэг гэж үзэж байгаа.

-Өнөөдөр 21 аймгийн хэд нь бие даасан төсөвтэй байна вэ?

-Зургаан аймаг л өөрсдийн төсвийн орлогоо бие даан бүрдүүлж байна. Цаашлаад Булган аймгаас маань авахуулаад нэмэгдэхээр нөхцөл бүрдэж байна. Энэ бол сайн жишиг. Бүхий л аймаг орон нутаг тодорхой эдийн засгийн чадамжтай, санхүүгийн чадавхитай болж иргэд олон түмний амьдрал ахуйд тулгамдаж буй бэрхшээлийг бие даан шийддэг байх нь том зургаараа улс орны хөгжил хурдтай урагшлахад их дөхөм үзүүлнэ. Үүнийг хаа хаанаа сайн ойлгож ажил хариуцаж байгаа бүхий л талууд идэвхи, санаачлагатай ажиллаж бодит үр дүн гаргах нь бидний өмнө тавигдсан томоохон зорилтуудын нэг юм.

-Орон нутаг дахь боловсон хүчний бодлого дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Судалгаагаар хөдөөд боловсон хүчний хүрэлцээ тун дутмаг байдалтай байна. Эрүүл мэнд, боловсрол, ХАА, газар тариалан, уул уурхай, барилга, үйлчилгээний гээд дийлэнх салбарт ажиллах хүчний хомсдол бий болоод байна. Тухайлбал боловсролын салбарт гэхэд л 1500 орчим ажлын байрны сул орон тоо байна. Тэгэхээр орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах, эрчим хүч, дэд бүтцийн найдвартай эх үүсвэрүүдийг үе шаттай нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн хүлээгдэж буй томоохон бүтээн байгуулалтуудыг цаг алдалгүй эхлүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах гэх зэрэг олон асуудлыг цогц байдлаар шийдвэрлэснээр хөдөө орон нутаг дахь ажиллах хүчний хомсдол багасна гэж бид үзэж байгаа. Эдгээр ажлуудыг богино хугацаанд үр дүнд хүргэхэд мэдээллийн нээлттэй байдал, тал бүрийн оролцоо, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал.

-Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарыг дагасан томоохон бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөсний дүнд Өмнөговь, Дорноговь зэрэг зарим аймгуудад хүн амын төвлөрөл бий болж эерэг сөрөг үр дагаварууд ихээр ажиглагдах боллоо?

-Төвлөрөл бий болж байгаа нь бодит зүйл, үүнээс үүссэн сөрөг үр дагавараас бид сургамж авах ёстой. “Хүн нэмбэл Хүнс нэмнэ” гэсэн үг бий, аймаг бүр өөрийн онцлогт тохирсон төлөвлөлтийг Засгийн бодлоготой уялдуулан хийж, хүн амаа, аж ахуйн нэгжээ зохистойгоор нэмэгдүүлэх нь шилжилт хөдөлгөөнийг удирдахад ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал жил бүр орон нутгаас нэгдүгээр курстээ суралцахаар 17 мянга орчим оюутан Улаанбаатар хотыг зорин ирж байна. Гэтэл найман аймагт төрийн өмчийн оролцоотой их дээд сургуулийн салбарууд үйл ажиллагаагаа явуулж байна. БШУЯ-наас эдгээр сургуулиудад нэгдүгээр курстээ суралцвал оюутнуудын сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Хоёрдугаар курсээсээ Улаанбаатар хотод суралцаад явах боломжтой. Оюутны энэхүү урсгалыг эдгээр найман аймаг руу чиглүүлэх нь тухайн аймгийн нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нэг алхам. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг зарим байгууллагуудыг ч орон нутаг руу шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн түүнчлэн нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар шилжин очиж буй иргэд, аж ахуй нэгжүүд хаана хэнд хандаж, холбогдох мэдээллээ хэрхэн авах арга замыг тодорхой болгож байна. Энэ хүрээнд аймаг бүр “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид орон нутгийн бүх мэдээллийг нэгтгэсэн “Хөдөө.мн” сайтыг ашиглалтад оруулахаар Цахим хөгжлийн яам ажиллаж байна. Аймгуудын өрсөлдөх чадвар, эдийн засгийн нөөц, ажиллах хүчний мэдээлэл, хөгжлийн концепциуд гэх мэт өргөн хүрээний мэдээллийг багтаахыг зорьж байна.

-Үнэндээ орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд олон байдаг шүү дээ. Үр дүнгийнх нь талаар товч мэдээлэл өгч болох уу?

-Нилээд олон төсөл хөтөлбөрүүд орон нутагт өнөөг хүртэл хэрэгжиж байна. Иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар манай ажлын хэсэг судалгаа хийгээд эхэлсэн. Жишээлбэл: 2021, 2022 онуудад гадаад, дотоодын санхүүжилтээр орон нутгийн төсөл, арга хэмжээнд 1,2-1,8 их наяд төгрөгийг зарцуулсан. Малжуулах, газар тариаланг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийг хөгжлийг дэмжих зэрэгт чиглэсэн олон төсөл, арга хэмжээг дурдаж болно. Төдийлөн бодит үр өгөөжөө өгсөн нь одоогийн байдлаар олон биш байна.

-Ингээд яриад байвал Хөдөөг сэргээхэд чиглэсэн нөр их ажил, цаг хугацаа ч их шаардагдах бололтой. Дээр нь танд салбарын ажил, үүрэг бий. Эдгээр үүрэг хариуцлагыг төр засгийн зүгээс туршлагатай хүмүүстээ даалгадаг гэж би ойлгодог. Ингэхэд та ажлын туршлага, замнал гээд өөрийн хувь намтраа товч танилцуулж болох уу?

-Оюутан цагаасаа улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, Монгол Ардын намд улс төрийн ажилтнаар, мөн намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд цөөнгүй жилийг ажиллаж өнгөрүүлсэн. Төрийн ажлын гараа маань дүүргээс эхлэлтэй. Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн засаг дарга, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016 хүртэл ажилласан.

-Та чинь нийслэлийн хамгийн хөлтэй, хөдөлгөөнтэй, асуудал ихтэй Сүхбаатар дүүргийг хариуцаж байсан даа?

-Дүүргийн ажил иргэдийн маань өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэж байдаг онцлогтой. Тиймээс тухайн ажлыг хариуцаж буй аливаа хүн сайшаал магтаал, хурц шүүмжлэл, хатуу үгэн дунд төрийн хүн болж өсч торниход их чухал, хариуцлагатай ажил гэж би боддог. Бүхий л салбарын зовлон жаргалыг иргэд, хамт олонтойгоо цэгцлэхийн төлөө зүтгэсэн он жилүүд маань надад үнэлж баршгүй туршлага, сургамжийг өгсөн.

-Та сүүлд 21 аймгийг тойрч лекц уншсан санагдана?

-Улс оронд, иргэдийн дунд итгэл, хүндлэл алсрахад тухайн нийгэм эмх замбараагүй байдал руу шилжин орох магадлал өндөрсөж, үндэстний дархлаа сулрах аюултай гэж миний бие үздэг. Өнөөгийн бидний хөгжиж дэвших, гундаж уруудахын аль нь ч итгэл, хүндлэлийн үнэ цэнэ дээр оршдог. Иргэд нь төр засагтаа итгэл алдрах, бие биедээ үл итгэх байдал улам бүр газар авбал, ижий ааваасаа авахуулаад хэнийг ч хүндлэхээ болих тэр мөчид хөгжил дэвшлийн тухай ярих боломж огт байхгүй болно. Би танд ганцхан жишээ дурдъя. Бид эрүүл мэндийн байгууллагадаа итгэл алдарснаар гадаадын улс орны эрүүл мэндийн байгууллагад жил бүр хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтыг хийдэг. Үүний цаана манай эрүүл мэндийн байгууллагын өсч дэвжих, эмч нарын маань чадвар чансаа сайжрах талаар ярихад хүндрэлтэй болно. Ингээд яриад байвал олон салбарт жишээ дурдаж болно. Үүнийг л олон түмэнд ойлгуулахын төлөө хэсэг нөхдийн хамт 21 аймгаа тойрохоор сэтгэл шулуудаж ард нь гарсан. Миний хувьд ч хувь хүний амьдралд тод дурсамжийг үлдээсэн. Ойрын үед энэ лекцээ улам баяжуулаад олон түмэндээ хүргэх бодол бий. Бид маргаашаа мартталаа амьдарч болохгүй.

-Энэ бол Таны төрийн хүний, улстөрч хүний тань хувьд баримталдаг итгэл үнэмшил, үзэл санаа гэж ойлгож болох уу?

-Өнөө үед улам бүр үгүйлэгдэж байгаа зүйл гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй. Хүн хоорондын харилцаанд ч тэр, бизнесийн харилцаанд ч тэр, улс хоорондын харилцаанд ч тэр Үг, үйлдэл, үр дүн гурав яв цав нийцэж байж итгэл, хүндлэл сэргэнэ. Энэхүү зарчмууд маань “Хөдөөгийн сэргэлт”-д ч маш чухал байна (инээв).

-Тийм байна. Ингэхэд таны уугуул гарвал, удам судар тань хаанах билээ?

-Аав маань Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул. Ээж маань Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Хүйсийн говийн хүн. Манай Дашинчилэн чинь шүдлэн говь гэгддэг нутаг. Тэгэхээрээ аав ээж хоёр минь говь талдаа л хүмүүс юм даа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-Энэхүү ярилцлагаар дамжуулан уншигч олон түмэнтэй маань уулзуулах боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

​Юу гэж л “Тосоор гоож” гэж хэлээд бидний стресс тайлагдах вэ дээ… DNN.mn

Хараалын үг стресс тайлах хамгийн ойр, хамгийн хурдан, хамгийн сайн арга гэж эрдэмтэд үзэх болжээ. Харамсалтай нь хятад, орос, англи, франц… хэлэнд байдаг шиг хараалын үгээр монгол хэл арвин баялаг биш юм. Ямар сайндаа л бид орос хэлнээс п… гэдэг үгийг авсан байх билээ. Оросоос орж ирсэн п… нь эх орны дайны жилүүдэд үзэгдээд, сүүлд Афганий дайнаар оросын цэргүүдэд өргөнөөр хэрэглэгдсэн байна. Дайны үеийн тэр их стресс, нервээ энэ үгээр л хоромхон зуурт тайлдаг байсан бололтой. Ер нь иймэрхүү хараалын үгс дэлхийн 1, 2 дугаарын дайны жилүүдэд Орост өргөнөөр бий болжээ.

Оросын нөлөө гэж наад зах нь энэ. Өнөөдөр та бүхэн ажигласан бол бидний дунд хамгийн их стресстэй байгаа хүмүүс өдөржин п… гээд ярьчихдаг.

Тэгээд л стрессээ давж байгаа бололтой. Юм энгийнээс эхэлж ойлгогддог шүү дээ. Хараалын үгс хажууд их сонсогдвол хэлж байгаа хүнийг нь ойлго. Сэтгэл санаа нь тайван бус байна гэсэн үг. Монголчууд өнөөдөр бүтэн өдөржин гудамж талбайгаас хараалын үг сонсож байгаа. Тэгэхээр Монголын нийгмийн сэтгэл зүй ямар их бухимдалтай байгаа нь тодорхой. Харин монголчуудын зэвүүрхэл, дургүйцлийн илэрхийлэл болсон “Тосоор гоож” “Нохойн баас” гэх мэт үгсээр өнөөдрийн хүмүүсийн стресс тайлагдахгүй юм байна. Нэг л хүчгүйдээд байгаа биз дээ.

Манай өвгөд бол эдгээр үгээр зангирлаа тайлж чаддаг байж. Одоо бол бид өөр болсон. Бидний гэх юм бүгд хувьсан өөрчлөгдөж, монгол биш болцгоож байгаа. Жишээ нь эдгээр үг юм. Тосоор гоож, П… Аль үг аманд чинь ойрхон байна даа. “Тосоор гоож” гэдэг үг уурласан үед чинь орж ирэхгүй байгаа биз дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн төр засаг түм буман камерын дор ажиллаж байгаагаа санаж явмаар байна DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдийн шуугианыг бид бэлээхэн мэдэж байгаа. Төрийн ордны ногоон будагтай хашаа, Польшийн хөгжмийн зохиолч Шопений хөшөөн дээр өөр хүний хөгжмийг бичсэн явдал, Нийгмийн сүлжээнд Элийрэгч хэмээн танигдсан Уянгын ОХУ-ын Элчингийн өмнө хийсэн жагсаал гурав юм. Энэ гурван шуугиан нь үнэндээ нийгмийн хэлэлцүүлэг болтлоо өрнөх үйл явдлууд биш билээ. Гэтэл болж чадлаа. Үүний хор хохирол юу вэ. Монголын төрд асар сэвтэй, асар хортой тусч, улам муухай харагдуулахад нэмэр болов. Энэ хэрээрээ төр хүчгүй болж байна. “Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” гэдэг шиг үйл явц болж хувирав. Өнөөдөр төрийн нэр хүнд ямар байгааг бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Ингэж сошиалд олзлогдохгүй байх боломж ажил хийсэн хүмүүст байсан. Гэвч тэдний хэн нь ч цаг үеэ мэдрэхгүй, хөгжилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулж чадсангүй. Ер нь ч тийм байгаа. Монголын төр засаг, Улаанбаатар хотын захиргаа, Уянгатай бүдүүлэг харьцаж байгаа цагдаагийн байгууллагын нэр хүндийг ингэж унагах ямар шаардлага байгаа юм бэ. Төрийн зарим нэгний зүгээс энэ ер юу болдог юм, “Жингийн цуваа явдагаараа явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцна” гэсэн алдарт үгээ хэлцгээж байгаа биз. Бодит байдал дээрээ тийм биш байна шүү.

Монголын төрийг үл хүндэтгэх үзэл санаа, үл тоох үзэл санаа дэврэн бэхжиж байна. Саяын гурван шуугиан дээр зүй нь яах ёстой байв. Хамгийн эхлээд Монголын гурван сая иргэн, гурван сая камертай болсныг сана. Сайн ойлгож авцгаа, төрийнхөөн. Жишээлбэл, төрийн ордныг тойруулсан ногоон будагтай хашааг барихынхаа өмнө урьдчилаад түм буман камер цуглуулж байгаад “Хөрөнгө мөнгө, санхүүгийн боломжоос шалтгаалан, төрийн өндөр түвшний айлчлалын өмнө, нэг удаадаа ийм өнгөөр будахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Цаг хугацаа давчуу байна. Тийм учраас та бүгдэдээ урьдчилан мэдээлж байгаа юм аа” гээд хариуцсан албан тушаалтан нь мэдээлчихсэн бол өнөөдрийнх шиг ийм шүүмжлэл, муутгал сошиалд явахгүй байх байлаа. Үүнд жаахан сэтгэл гаргах, мэдрэх, сошиал ашиглан зөв мэдээллийг богино хугацаанд хүргэх л байсан. Энэ л дутсаных. Урьдчилан сэргийлэх мэдрэмж. Ингэсэн тохиолдолд бэлээхэн хүлээгээд авчих гурван сая камертай, гурван сая гар утас цаана чинь бэлэн байна шүү дээ.

Хөгжмийн суут зохиолч Шопений хөшөө байна. Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалд зориулсан бэлэг байсан байлгүй дээ. Буруу юм байхгүй. Үүнд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллага хариуцлагатай хандах ёстой байлаа. Хөшөөн дээр буруу бичсэн байсныг хөгжмийн боловсролтой хэн нэгэн хажуугаар нь өнгөрч явахдаа хараад, гар утсаараа бичиж сошиалд цацлаа. Өнөөх түм буман камерын нэг нь. Ингээд л бөөн шуугиан, цохилтын төв нь өнөөх л төр засаг. Улаанбаатар хотын удирдлага. Хариуцлагагүй хандсан нэг түшмэлээс чинь болж хийсэн бүтээснийг чинь матарлаж байгааг харав уу. Өнөөх л төрийн бүх ажил, цаг минут тутам гурван сая камерын хяналтад байгаагийн нэгэн тод илрэл. Бөөн асуудал дунд байдаг Нийслэлийн төр захиргааны байгууллагын нэр хүндэд улам нэрмээс болж байх жишээтэй. Цаашид ажилдаа хайхрамжгүй хандсан хүн бүрт ард түмний гурван сая камер ингэж хандана, төрийг ингэж гутаана.

Тэгэхээр төр засгийнхан минь хуучин цаг үе биш болсныг үргэлж сана. Улаанбаатар хотын 1,5 сая иргэний нялх хүүхдээс бусдыг нь оруулахад 1,2 сая иргэн нь камертай гар утастай. Тэр бүгдийн хараан дор та бүгдийн үйл ажиллагаа явагдаж байна. Урьд бол Үндэсний телевиз, Өдрийн сонин… бас бус мэдээллийн хэрэгслүүдийг байлгаад үйл ажиллагаагаа танилцуулаад болчихдог байсан. Одоо бол огт өөр. Бүр санаанд оромгүй мэдээллийн урсгал бий болсон. Түм буман камер цаана чинь өдөр шөнөгүй ажиллаж байна.

Уянга хэмээх бүсгүй ОХУ-ын Элчин сайдын яамны үүдэнд дайныг эсэргүүцсэн жагсаал хийхэд хүн цөөхөн цугласан байж магадгүй. Цагдаа нар үүнийг нь олз болгож, “Энэ муу тэнэг хүүхэн ганцаараа…” гэсэн байдлаар түүнд ямар дээрэлхүү хандана вэ. Ганц хүүхэн дээр гурав, дөрвөн цагдаа овоороод л, татаж чангаагаад, чирээд, түлхээд… элдэвлэж байна. Гэтэл тэр Элийрэгч чинь 120 мянган дагагчтай юм билээ шүү дээ. Түүний үг үйлдэл, хэлсэн ярьсан бүгдийг 120 мянган хүн тэр дор нь харж байгаа. Дор хаяж 80 мянган дагагч нь цаг алдалгүй мэдээллийг нь хүлээн авч, цагдаа нарыг харж, эгдүүцэж байгааг тэд яагаад мэдэхгүй, мэдрэхгүй, ойлгохгүй цагдаагийн нэр хүндээ гутаагаад байгаа юм бэ. Угтаа 120 мянган камер Уянгыг элдэвлэж байгааг харж байгаа шүү дээ. Наад захын ийм аюултай, хурдтай, халтайг мэддэггүй юм уу. Энэ хэрээр Монголын цагдаагийн байгууллагын нэр хүнд шороотой хутгалдаж байна шүү дээ.

Өнөөдөр Монголын төр засаг энэ бүгдийг тооцож ажил төрлөө явуулмаар байна. Сошиалд юу гэж байна, яг түүгээр ажлаа явуул гэсэн үг огтхон ч биш шүү. Харин эсрэгээрээ сошиалыг өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн зөв ашиглах тухай энд ярьж байна. Монголын гурван сая иргэний, гурван сая камертай Монголын төр хэрхэн зохицож ажиллах, харилцан ашигтай ажиллах, ажлаа хэрхэн ойлгуулах, эрх ашгаа нэгтгэх, эцэстээ улс орны сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа хэрхэн зүтгэх тухай л асуудал юм. Ийм л үзэл санаагаар энд бичиж байна. Тэрнээс тэнд нийтийн эзэмшлийн талбайг хотын захиргаа хуулийн дагуу, ард иргэдийн эрх ашгийн төлөөнөөс авч ашигласныг сошиалд шүүмжилмэгц “Аа ерөөсөө болохгүй юм байна. Бид муухай харагдах нь” гээд шийдвэрээ цуцалдаг байж болохгүй. Төр засгийн шийдвэр сошиал дахь шүүмжлэлээс болж цуцлагддаг, тийм хүчгүй, арчаагүй байж болохгүй. Харин эсрэгээрээ тэрхүү хүчирхэг сошиал нөлөөг ашиглаж, урьдчилсан байдлаар, ухаалгаар ажлаа ойлгуулах, хийх гэж байгаа ажлаа танилцуулах тухай юм.

Энэ бүгдээс харахад Төрийн ордны ногоон хашааны талаар урьдчилсан байдлаар түм буман камер цуглуулаад нөхцөл байдлыг ойлгуулчихсан бол тэднээс 10 нь л шүүмжилнэ, үлдсэн 90 хувь нь зөвөөр ойлгох байлаа. Шопений хөшөөг ч гэсэн хариуцсан түшмэл нь Шопен биш Францын хөгжмийн зохиолчийн нотыг биччихэж гэдгийг анзаарахад, тийм нягт нямбай хандахад болчих байлаа. Тэгсэн бол өнөөдөр нийгмийн сүлжээнд “Ийм гоё хөшөө босчээ” гээд Улаанбаатар хотын ажил сайнаар үнэлэгдэх байсан. Элийрэгч хэмээх Уянгыг цагдаагийн байгууллагын зүгээс “Нэг муу тэнэг” гэж харахгүйгээр, цаана нь 120 мянган хаяг харж байгааг тооцож, түүнтэй цагдаагийн ажилтан соёлтой, боловсон, хүндэтгэлтэй харьцсан бол Монголын 120 мянган иргэнд цагдаагийн нэр хүнд өсөх байлаа. Өнөөдрийн технологийн ололтууд нь нийгэмд нэг хүний нөлөөг асар их болгосныг харуулж байна. Үүний нэг тод жишээ бол сошиалд Элийрэгч хэмээх хаягаар танигдсан Уянгаас харж болно. Энэ мэтчилэн орчин үеийн төр засаг түм буман камерын дор ажиллаж байгаагаа цаг үргэлж санаж явмаар байна. Ингэж л ажиллахгүй бол төрийн нэр хүнд шат шатандаа улам унасаар, гишгэгдсээр байгааг ойлгоно уу. Төр хүчгүй бол улс орон ч хүчгүй. Хүч чадалгүй эх орны иргэд ямар байх вэ…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН гурав тасравч ИЗНН-ын дайтай DNN.mn

АН дотор ахиад юу болох гээд байна гэсэн яриа хүмүүсийн дунд байна. АН-ын эв нэгдэлгүй байдлаас ард түмэн одоо айдаг болжээ. АН-ын хувь заяа эцэстээ ард түмний эрх ашиг юм байна гэдгийг өдөр ирэх тусам хүмүүс ойлгож байна. Фортуна Батбаярт муу хүн цөөнгүй. Гэтэл Төрийн ордонд болсон сонсгол дээр тэрбээр хэдэн минут үг хэлэхэд нийгэм ямар айхавтар эерэгээр хүлээн авав. Тэр зүгээр үнэнийг л хэлсэн. Тэгж хүлээж авна гэж бодоо ч үгүй, хүсээ ч үгүй. Ардчиллынхан, ардчилсан үзэл санаа, үнэт зүйлтэй улстөрчдийн дуу хоолой ард түмэнд ямар их үгүйлэгдсэнийг, үнэ цэнэтэй байгааг тэгэхэд харлаа. АН-ын улстөрчдийн хэн нь ч өнөөдөр нийгэмд гарч ирээд үгээ хэлэхэд часхийхээр байна. Даанч тэгэх боломжийг тэд өөрсдөдөө олгохгүй байна. Биесээ хэмлэж, мэрж, урж тасдаж, хүчээ барж байна. Намаа тарамдуулж байна.

Өнөөдөр С.Эрдэнэд АН-ын тамга байна. Женкод гэрчилгээ нь байна. Лу.Гантөмөрт сэтэр нь байна. Энэ гурвын цаана эрх ашгийн дахиад хэдэн ч нэгдэл, бүлэглэл, фракц, хамтрал, комун байгааг бүү мэд. За яадаг ч байсан АН бол Монголын улс төрийн бодит хүч мөн. Аль ч сум, багт давхиад очсон аль нэг байшингийнх нь дээвэр дээр АН-ын аранзан цэнхэр туг гандуухан намирч байдгийг бүгд мэднэ. Тийм болохоор АН хэд ч хуваагдсан ХҮН намын дайтай, аргаа бараад гурав тасарсан ч ИЗНН-ын дайтай гэж гишүүд нь ханхалзах аястай.

Энэ нэг талаас үнэн ч нөгөө талаасаа хийрхэл. Хөрснөөсөө хол яваа хүний үг гэдгийг ойлгох цаг болжээ. Сонгуульд орлоо гэхэд АН-д санал өгөх хүнгүй боллоо гэсэн үг шүү дээ. Авсан санал чинь арван живаа хуваагдаж сарнина. Энэ нь хэнд ашигтай юм, өнөөдрийн эрх баригчдад ашигтай. Ирэх намар Их хурлын ээлжит бус сонгууль болох нь худлаа гэнэ. ҮХНӨ хийхгүй нь тодорхой боллоо. Гишүүдийн тоо нэмэхгүй, энэ хэвээрээ гэж МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн мэдээллээ… Энэ бүх яриа чинь юу ч биш ээ. Төөрөгдүүлсэн оршил. Хийхээ хүрэх юм бол нэг өдрийн ажил. Тийм байдгийг өнгөрсөн хугацааны ҮХНӨ, Дан-Давхар дээл, шинэ сайдууд… юу эсээс харав. Эрх барьж байгаа хэдхэн хүний нэг оройн зоогийн ширээний ард, зуун граммтай шийдэх сэдэв, асуудал. Тэгээд л шууд хэрэгжих улс төрийн шийдвэр, үйл явц юм. Өнөөдөр Монголын хувь заяа нэг намын, эрх баригч 3-5 хүний гарт байгаа. Янз бүрийн зорилготой, зорилтот, сэвэлттэй яриануудыг та бидэнд яаж л бол яаж хүргэнэ, итгүүлнэ. Бид ямар итгэж ханах ч биш. Нээрэн л тийм юм байх даа гэж бодож явсаар дуусч байгаа. Товчхондоо нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл мөн ч айхавтар явагдаж байна.

Энэ бүх технологи АН-ын хувь заяан дээр бас хэрэгжиж байна. Шинээр сонгогдсон дарга Лу.Гантөмөрийн зүгээс эрх баригчдыг сөрсөн жаахан таагүй акц хийхэд л маргаааш нь С.Эрдэнэд байгаа тамга Шүүхээр хүчинтэй болох жишээтэй. АН-аар даажигнаж, тоглож байна. Ийм үед элэнцэгийнх нь АН гурав тасарсан ч ИЗНН-ын дайтай гэж ханхалзах вэ. Шулуухан хэлэхэд эрх баригчид АН-ынхныг бодитой нэгдэхээс нь өмнө, Путинтэй ойр байгаа дээрээ ээлжит бус сонгуулиа ирэх намар хийж дахин ялах нь шиг байна. Энэ бол мэдрэгдэж байгаа улс төр. Ингэлээ гэхэд АН-ынхан гурав хуваагдаад орно. Санал чинь гурав хуваагдана. Дундуур нь бас бус нөхдүүд ардчилал, гуравдагч хүчний нэр барина… эцсийн дүндээ юу болох вэ. Эрх биш Их хуралд хэдэн суудал авлаа гэж бодъё. Чуулганы танхимд орсон хойноо наад гурав чинь дотроо бас дахин хэдэн хэсэг фракц болж хуваагдана. Эрх баригчдын идэш, тэдний харц дохионы санал кноп болж хувирна. Ингэсэн л түүхтэй нам шүү дээ. Та нарын энэ бүх өнгөрсөн алдааг ард түмэн ердөө өчигдөрхөн юм шиг санаж байгаа. Ер нь бараг өчигдөрхөн болсон үйл явц, увайгүйдэл шүү.

Ийм муухай алдаанууд, бүр дахин давтаж болохгүй айхавтар алдаанууд АН-ынханд байдаг учраас дор бүрдээ энэ алдаагаа давтахгүй, ирэх зургадугаар сараас өмнө нэгдэж авцгаа. Нэг зүгт харж, нэгдмэл нэг цул хүч, зангидсан гар шиг болцгоох нь хамгаас чухал байна. Тэгж чадвал цаана чинь ард түмэн та нарыг дэмжихээр байна. Ард түмэн ардчилсан үзэл санаагаар өлсөж байна. Ардчилсан хүчний дуу хоолой арай өөр байдаг нь Фортунаагаар илэрч байна. “Цаг ирж нөхцөл бүрдэхэд” гэж үг бий. Тийм цаг үе, нөхцөл нь бүрдсэн өдрүүд АН-ын та нарт ахиад ирж байна. Ухаалгаар хүлээж авцгаа. Өөр өөрсдийн амбицаа тодорхой болго. Наад зах нь “Би энэ дүүргийн, энэ аймгийн Засаг дарга болно” гэсэн зорилгоо намдаа тодорхойлж, түүндээ бэлд. Түүнийхээ төлөө улс төр хий. Энэ бол эрүүл улс төр.

Яах гэж байгаа нь тодорхойгүй, АН-аас хэвлэлийн хурал зарлалаа гэнгүүт гонжоом зангиагаа зүүж очоод ард нь зогсдог, бусад үед сөрөг хүчний тэмцэл тулаанд орохоос зайлсхийдэг бэртэгчин залуусыг одоо засч сурга, ардчиллын төлөө тулаанд оруул. Үнэн ийм л байгаа шүү.

Цаг үе нь ийм тодорхой байхад АН-ынхан муугаа яасан ч их нуухыг хичээдэг юм бэ дээ. Инээдтэй шахам зүйл. “За нууцална шүү” гэсэн яриа чинь зэрэгцээд хэн нэгэн рүү бичигдэж байдгийг зарим нь ерөөсөө ойлгохыг хүсдэггүй бололтой. Та нар байтугай дэлхийд нууц зүйл байхгүй болсон. Далд хор найруулга чинь одоо улиг, явуургүй болсон. Гишүүд чинь бүгд мэддэг болжээ. Бүлэглэл фракц… өөр ямар зохион байгуулалттай хүмүүс АН-д байдаг юм, бүгдээрээ жижиг эрх ашгаа хаяж, том эрх ашгаа нэгтгэж, биесээ хуурахгүй, нэг зорилготой, нэгдсэн бодлого, мөрийн хөтөлбөртэй болох ёстой. Идэвхтэй байгаа гишүүн бүрийнх нь амбиц тодорхой, юуны төлөө, юунд хүрэх гэж, хүрсэн хойноо улс орны төлөө ямар ажил хийх потенциалтайгаа илэрхийлсэн, ийм хүмүүсийн нэгдэл хүрээлэн байх ёстой. Тэгж байж сонгуульд амжилт үзүүлнэ. Хугацаа бол ирэх зургадугаар сараас хэтэрмээргүй байна. Ингэж чадвал Ардчиллын төлөө амьдралаа зориулсан, бүхнээ алдсан, үзэл бодол үнэт зүйлдээ үнэнч үлдсэн мянга мянган гишүүдийн чинь урам зориг сэргэнэ. Ардчилсан нийгэмд амьдрахын төлөө махаа зулгаан зүтгэж, хөдөлмөрлөж яваа ард түмэнд чинь хэрэгтэй. Ерөөсөө Монголын хувь заяанд хэрэгтэй байна. Чин үнэнийг хэлэхэд та нарыг дарга болгох гэж ингээд байгаа юм биш. Ард түмэн бүгдээрээ ардчилсан, чөлөөт, хувийн өмчтэй улс оронд шударга амьдрах, хууль хэрэгждэг нийгэмд аюулгүй амьдрахыг хүсч байна. Энэ бүгдийн төлөө ерэн онд ардчиллыг эхлүүлсэн, түүчээ нь болж ирсэн ардчиллынхан, АН-ынхан та нарт итгэж байна. Төрийн эрх барьсан цөөн жилүүддээ зоригтой ажил хийсэн, эхлүүлсэнийг тань одоо л ард түмэн ойлгож байна. Нийгэмд элдвээр зүхүүлсэн ч тоохгүй, зорьсныхоо төлөө явдаг, хүний эрхийг дээдэлдэг зан чанарт чинь ард түмэн итгэж байна. Тийм учраас АН-ынхан та нарыг эв цавандаа эртхэн орж, нэгдсэн шиг нэгдэж сонгуульдаа орохыг туйлаас хүсч байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Хэн чамайг уурлуулна, тэр чамайг удирдана DNN.mn


Энэ үгний үнэ цэнийг өнөөдөр ойлгох цаг болжээ. Ухаантай хүний хэлсэн алдартай үг л дээ. Өнөөдөр хүмүүсийн амьдрал хүндэрч байна. Нийгмийн амьдралаа дагаад монголчуудын бухимдал улам нэмэгдэж байна. Уур уцаартай, өөрийгөө барьж хянахгүй хүмүүс олон болжээ.

Ардчилсан нийгэмд шилжээд 30-хан жил болж байгаа монголчуудын хувьд сэтгэхүйн нэг алдаа байгааг мэргэжлийн хүн бичжээ. Угаасаа хувьдаа хөрөнгө мөнгөтэй байж үзэлгүй амьдарсан 70 жил. Ийм нийгмийн сэтгэл зүй угаасаа дутуугийн комплекстэй байдаг гэж эрдэмтэд үздэг юм байна. Тэр нь юу гэхээр өөрт нь үнэн үг хэлж байгаа, хатуу үгээр ойлгуулахыг хичээж байгаа, зөв шаардлага тавьж байгаа хэнийг ч байсан “Намайг дээрэлхээд байна, дарамтлах гээд байна, доромжлоод байна” гэж хүлээж авдаг. Ийм буруу хандлага монголчуудад давамгайлжээ. Үүнийг монголчууддаа зориулж Европт төгссөн мэргэжлийн сэтгэл зүйч бичсэн байна. Дээрэлхүүлээд байна гэж бодож байгаа хүн бүхэн уурлана, стрессдэнэ, орчноо тав тухгүй болгоно. Тэр нь нийгмийн бухимдал болдог. Угтаа бол хүлээцтэй тайван байж “Миний төлөө, намайг сайжруулах гэсэн, сайн мэргэжилтэн болгох гэсэн хүний үг юм байна” гэж мэдрэх ёстой аж.

Зөвөөр хүлээн авч, зөв байх тухайд нэг л зарчмыг өөртөө суулга гэж сэтгэлзүйч бас хэлжээ. Тэр нь “Чамд тэр хүн сайнаар ханддаг бол чи ч бас сайнаар ханд” гэж. Өнөөдрийн монголчуудын нэг гэм нь өөрт нь сайнаар хандаж байгаа нэгэнд яагаад ч юм бэ, муугаар ханддаг гэж. Тэгж муухай зан гаргах нь ч амархан. Дорж зорилготойгоор Бат дээр очоод “Чамайг Баатар ингэж муухайгаар хэлж байна лээ” гээд хэлчихэд л Бат шууд “Яадаг муу новш вэ” гээд босоод ирдэг. Гэтэл өнөө Баатар нь Батдаа үргэлж сайнаар хандаж ирсэн байх жишээтэй. Ийм л буруу хандлага өнөөдрийн монголчуудын ёс суртахууныг доройтуулж, хөгийн амьтад болгож байгаа гэнэ дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хандлага буюу Ж.Ханат, С.Мурат хоёрын яриа… DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт хоёр өдөр ажиллалаа. Казах түмний их баяр Наурызын баярын бүх арга хэмжээнд оролцов. Ерөнхий сайд байхдаа тус аймагт онцгойлон анхаарч хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй биеэр танилцав. Очихдоо заавал орж гардаг, хэдэн үг тухтай солих ёстой казах өвгөчүүл ч Ерөнхийлөгчид байдаг бололтой. Монгол дахь ганц үндэстэн болох казах түмний санаа бодлыг байнга сонсож, тэр хэрээр анхаарч, үнэхээр хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүмүүсийг нь зөв олж төрийн хайр хишиг, шагнал урамшил олгохыг хичээдэг юм байна. Наурызын баярын үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир “Казахын ард түмэн биднийг алган дээрээ бөмбөрүүлэн авч явдаг Монголын төр засагт чин сэтгэлээсээ баярлаж явдагаа албан ёсоор хэлье ээ” гэсэн нь тэнд байсан надад тийм ч нэг их зулгуйдсан санагдсангүй. Сэтгэлийн угаас гарч байгаа үг үнэн л сонсогдлоо.

Баян-Өлгий рүү нисч буй иргэдтэй онгоцон дотор элдэв шалдавыг хөөрөлдөж, ар өвөрт хүүхдүүд уйлалдсан, зэрэгцэж суусан Ерөнхийлөгчийг дайрчих шахсан баахан амьтан л тэнд газардсан. Хаврын зэвэргэн салхитай Баян-Өлгийн нисэх буудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг аймгийн удирдлагууд болох ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нарын энгийн хувцастай гурван хүн, цэрэг хүчний байгууллагын удирдлага болох дүрэмт хувцастай арваад хүн угтсан юм. Төрийн өндөрлөгүүдтэй аймаг орон нутагт томилолтоор очиход хүчний байгууллагын ийм олон дээд тушаалын офицерууд угтдаг бил үү… Тэнд Хилийн цэргийн 0164-р анги, Зэвсэгт хүчний 340-р ангиуд бүрэн бие бүрэлдэхүүнээрээ онцгой үүрэг гүйцэтгэж байна. Тэдний нийгмийн асуудал, зэвсэг техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд байнга анхаарч байдаг нь Ерөнхийлөгчийн томилолтоос илт мэдрэгдлээ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, оролцдог офицер, ахлагч нар тэнд цөөнгүй байна.

Томилолтын бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нарын цэргийн дээд удирдлагууд явсан нь учиртай л юм байна.

Төрийн хэмнэлтийн хууль Баян-Өлгийд лав хэрэгжиж байх шиг байна. Онгоцноос буугаад олон хар машинд залардаг үе өнгөрч. Ерөнхийлөгч, аймгийн удирдлага нар хоёр машинд суугаад хөдөллөө. Бидний нөхөд нэг автобусанд бөөгнөрөв. Бид гэдэг маань УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр… гээд бусад холбогдох албаны хүмүүс. Тэднээс элдвийг асууж хоргоож, өдөж сөдөж, дургүйг нь хүргэж явахад амар байлаа. “Амарбаясгалан дарга аа, танд тусдаа машинаар үйлчилдэггүй сонин юм аа” гэвэл өөдөөс “Сонин байна уу, өнөө хэмнэлтийн хууль чинь ийм болгочихсон юм” гээд “Наадах чинь яах вэ, танд би Баян-Өлгий рүү онгоцны тийзний үнийг 650 мянга болтол буулгах боломж байгааг ярья. Одоо 1,6 сая төгрөг байна шүү дээ. Гэтэл зөв зохион байгуулалт хийж чадвал энэ өндөр үнэ харьцангуй хямд болох боломж байна…” гэснээр яриа өрнөлөө. Баян-Өлгийн чиглэлд энэ мэт цөөнгүй асуудлыг нь шийдүүлчих санаатай Ерөнхийлөгчийн зүгээс ЗГХЭГ-ын даргыг багтаа урьсан юм байна гэж ойлголоо.

Том улстөрчид хаа газарт очихдоо хийсэн ажил, эхлүүлсэн төсөл хөтөлбөр, санаа тавьсан бүхнээ очиж үзэх гэж яардаг бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих хөрөнгийг шийдсэн юм байна. Эхний барилга болох 50 ортой Хүүхдийн эмнэлэг нь 2021 оны 10 дугаар сард ашиглалтад оржээ. Зах хязгаар нутагт үнэхээр нэг эмнэлэг шиг эмнэлэг ашиглалтад оржээ. Дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийн эхнийхийг аваачиж гардуулав. Цаашид ч шийдээд явах бололтой. Хүүхдийн эмнэлэгтэй залгуулаад гурван том цогцолбор байгууламжаас бүрдсэн, 28,5 тэрбумын төсөвт өртөгтэй Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил ид хийгдэж байна. Гадна халаалт шугам холбох ажил, дотор цахилгааны ажил бүрэн хийгдсэн, барилгын бусад ажлууд өрнөж байна. Үлдэгдэл хөрөнгө санхүүгийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэхээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Баян-Өлгийн төв дэх 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн төсөв хөрөнгийг ч Ерөнхий сайд байхдаа шийдвэрлэсэн юм байна. Ажлын явц, гүйцэтгэлийг ч танилцууллаа. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам Баян-Өлгийгөөр яг дайрч байгаа нь хөгжлийн дэд бүтэц юм. Учир нь Ази-Европыг холбосон, хоёр том хөршийн зах зээл рүү шууд очиж буй авто зам юм. Энэ авто замын нэг хэсэг болох Ховд гол дээрх бетонон гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто замын хөрөнгийг мөн Гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа шийдвэрлэсэн нь 2022 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оржээ. Ингээд Монголын Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн дуусч, Азийн авто замын сүлжээтэй нэг мөр холбогдсон байна. Та бүхэн боддоо Монгол Улс нь баруун бүсийнхээ дэд бүтцээр дэлхийтэй асуудалгүй холбогдчихоод байна шүү дээ. Новосибирск-Барнаул-Өлгий-Ховд-Үрэмч… шууд авто зам. Энэ зам Монголын нутгаар 756 км үргэлжилнэ. ОХУ-ын талдаа Барнаулаас Казакстан руу ямар ч асуудалгүй авто замаар өдөртөө орно. Казакстан бол Монголд хамгийн ойрхон байгаа гуравдагч хөрш.

Баян-Өлгий аймаг бол их уулсын орон. Өлгийн төв нь өөрөө өндөр уулсын дунд, хонхор газарт байрладаг. Очоод харсан хэнд ч эргэн тойрны тэр их өндөр нуруудын ам, салаа бүрээс үер буувал яана вэ гэж болгоомжлол төрнө. Хүмүүсийн яг л ингэж боддогоор зуны цагт үер бууж Өлгийн төвийг хамах шахдаг. Энэ талын муу мэдээлэл ч зуны цагт хэвлэл мэдээллээр цацагддаг. Энэ эрсдэл нь үнэндээ бодит аюул болоод байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд байхдаа шийдсэн юм байна. Баян-Өлгийн төвийг үерээс хамгаалах Далан барих хөрөнгийг шийдвэрлэжээ. Өндөр өртөгтэй аюулгүйн арга хэмжээ болжээ. Улсын төсвийн нийт 23,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар далан барих ажил хийгдэж, одоо 90 хувийн гүйцэтгэлтэй явна. Иргэдийн аюулгүй амьдрах баталгаа бол ардчилсан нийгэм дэх төрийн хүлээх үүрэг хариуцлага, бүр нэг номерын үүрэг нь билээ. Энэ үүргээ Монголын төр, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний цөөнхийн өмнө нэр төртэй биелүүлсэн юм байна.

Өлгийд миний бие анх удаа ч биш, хоёр дахиа ч биш, ер нь бол цөөнгүй удаа ирж очжээ. Тийм болохоор лавтай 10 жилийн өмнө, 15 жилийн өмнө Баян-Өлгий ямархуу байсныг багцаалах, өнөөдөртэй харьцуулах хэмжээнд юм. Үнэндээ Баян-Өлгий баргар, бүүдгэр байсан үе бий шүү. Барилга байгууламж, орон сууц гээд гаднаас очсон хүний нүдэнд харагддаг бүгд нь хуучирсан. Ноорхойдуухан гэр хороолол, юу хийхээ мэдэхгүй холхисон хүмүүс шиг санагддаг байлаа… ер нь ерэн оны эхэн үеийн Монголын дүр зурагтай байлаа. Өнөөдөр Баян-Өлгий өөр болжээ, өлгийчүүд өнгөлөг болсон байна. Орон сууцны барилгууд олноор баригдаж, шинээр боссоор байгаа харагдана. Зах хязгаар нутгийн казах түмэн халуун дулаан, тохилог орон сууцанд амьдрах болсон нь үнэндээ хөгжил дэвшил. Өөрөөр юу гэж нэрлэх билээ. Үүний суурь шалтгаан ч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байх үед хийж хэрэгжүүлсэн ажлын нэг хэсэг юм. Тухайн үедээ улсын төсвөөс 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Баян-Өлгийн төвд 900 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээ, ус дамжуулах төв, барилга байгууламжийг бүрэн хийж гүйцэтгэжээ. Баян-Өлгийчүүдийн нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал, аюулгүй амьдрах орчин нөхцлийн асуудал, Хил гааль, тээвэр ложистик гэхчлэн эдийн засгийн суурь бүтэц, тулгамдсан олон асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илүү анхаарч, үндэстний цөөнх болох тэдэнд онцгой хүндэтгэлтэй хандаж ирсэн нь энэ бүгдээс харагдана. Энэ удаа ч Наурызын баярт оролцох далимдаа баруун хязгаарт юу хийх ёстойг дагуулж яваа гүйцэтгэх засаглалын төлөөний хүмүүст ойлгуулахыг хичээсэн ажлын томилолт харагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Баян-Өлгийн ирээдүй хойч болсон үр хүүхдэд зориулсан боловсролын төсөл бодитой хэрэгжиж байна. Түүний санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр эхлэхэд хамгийн эхэнд шахам урам зориг төгөлдөр шалгарч, хүмүүсийн танил болсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр сургууль төгссөн Даргерын Багдаулет гэж хүүхэд юм. Сумын сургуулийн таван онцын эзэн энэ хүү “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, одоо дэлхийн шилдэг 100-д багтдаг Англи улсын Бристолын их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн төрлийн хичээлдээ 758 оноо авсан, орон нутгаас англи хэлний шалгалтаар бүтэн оноо буюу 800 оноо авсанаараа онцгойрсон хүүхэд билээ. Аав Т.Даргер нь гэртээ Ерөнхийлөгчтэй хуучилж суухдаа “Манай амьдралд санаанд багтамгүй үйл явдал болсон доо. Аймаг орны захад, хүмүүсийн машин тэрэг засч сэлбэж амьдардаг над шиг хүнд ”Хүү чинь Англи улсад суралцахаар боллоо” гээд Улсын Ерөнхийлөгчийн төлөөний хүмүүс, хүүг минь дагуулаад гэнэт ороод ирэхээр зүүдлээд байгаа юм шиг болсон” гэж ярих нь “Төр түмэн нүдтэй” гэдгийн илэрхийлэл бололтой. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь ард түмний амьдралын чанар алдагдсан энэ цаг үед, нийгмийн балансыг барьсан, боловсролын салбар дахь маш ухаалаг систем болох нь цаг хугацааны эрхээр ийнхүү батлагдаж байгаа бололтой. Суралцаж байгаа сум орон, хороо дүүргийнхээ сургуульд онц сурлагатан байх, тэр нь элсэлтийн ерөнхий шалгалт, бусад үзүүлэлтээр шууд сүлжээнд тавигдана. Хэн ч тэр хүүхдийн шалгалт, оноонд нөлөөлөх боломжгүй. Ерөөсөө “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад хүний оролцоо байхгүй, хоёрдугаарт, орон нутаг, захын хорооны хүүхдийг хотын том, хувийн, сайн гэгддэг сургуулийн хүүхдүүдтэй нэг саванд хийж уралдуулахгүй, тухайн хүүхэд дошин дээрээ л том байх, сайн сурагч байж чадвал тэгээд л Дэлхийн том том сургуулиудад суралцах тэтгэлгийг Ерөнхийлөгчөөс олгож байна. Одоо Д.Багдаулетын суралцаж байгаа Бристолын их сургуульд яг ийм шалгаруулалт, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Монголын өнцөг булан бүрээс очсон 15 хүүхэд суралцаж байна. Англид нийтдээ ийм тэтгэлгээр 29 ардын хүүхэд суралцаж байна. Энэ бол гаднаас мэдлэг боловсрол импортлох боловсролын реформ мөн. Үүнийг хаа байсан халхын баруун хязгаар, Өлгий сум, орос машин засварлан борогдуухан амьдардаг Т.Даргер гуайн найман ам бүлийн отгон хүүгийн хувь заяанаас харж болно. Англиас шууд холбогдож байгаа хүүдээ зориулж хэлсэн Т.Даргер гуайн үг гоё байлаа. “За миний хүү эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Ерөнхийлөгчийнхөө захиас даалгаврыг үргэлж санаж, эрдэм номдоо шамдаж, эх орондоо хэрэгтэй хүн болоорой, алс газарт хамтдаа суралцаж яваа олон аавын хүүхэдтэй эвтэй найртай байгаарай, миний хүү хичээгээрэй” гэсэн нь сэтгэлд дулаан байлаа. Казах түмэнд чиглэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сайн хандлага, үйл хэрэг ингэж үргэлжилж байна.

Баян-Өлгий аймагт Ерөнхийлөгчийг дан ганц дагаж, сурвалжилж явсангүй. Баян-Өлгийн гудамжаар алхлаа. Онгорхой цоорхой бүгдээр орлоо. Хамаагүй ээ, хэн дайралдсан бүгдтэй яриа хөөрөө өрнүүллээ. Наад зах нь хонины мах 8000, үхрийн мах 7000 байгаа юм байна… гэхчлэн Улаанбаатартай харьцуулсан шигээ явсаар эхний хүнтэй танилцаж, тухтай хэдэн үг сольсон нь Өлгий сумын 11 дүгээр хорооны иргэн Ж.Ханат юм.

Ж.Ханат: Манай хамаатнуудаас Казахстан руу нүүсэн хүн байхгүй…


Ж.Ханат бол 50 гаруй насны эр. Эхнэр, дунд сургуулийн хүүгийн хамт гурвуулаа амьдардаг. Тэрбээр Өлгийн 7 дугаар сургуульд жижүүр ажилтай. Эхнэр нь эмнэлэгт ажилладаг юм байна. Хоёр том хүүхэд нь тусдаа гарсан. Нэг нь Оюу толгойд ажилладаг гэнэ. Нөгөөх нь айл гэр болоод амьдрал тусгаарлажээ.

-Баян-Өлгийгөөр амьдрал ямар байна даа. Хотод бол юмны үнэ нэмэгдээд… хүндхэн л байна?

-Манай энүүгээр тэгж их дордсон юм алга. Юмны үнэ ч нэмэгдэж л байна. Гэхдээ бид чинь Цагааннуураар хойшоо Барнаул, Горно Алтай гарчихна. Тэндээс жимс, хүнс юмаа гайгүй авчихна. Завхан, Говь-Алтайхан чинь манайхаас ирж бараа татдаг шүү дээ. Улаанбаатараас авбал үнэндээ илүү сонголттой. Гэхдээ 1700 км явна. Хойшоо бол үсрээд л 800 км явна.

-Орос дайн байлдаантай, өөрөө хүндрээд байгаа юм биш үү?

-Бидэнд мэдэгдсэн юм алга. Тэр бүү хэл оросууд Цагааннуураар орж ирээд шууд урагшаа Ховд, Ярантаар гарч барилгын материалаас эхлээд бас бус их л бараа авч байна. Манай Өлгийгөөр дайрна. Засмал зам ингэж явж байгаа. Түлш ховордох үед манайхаас баруун аймгууд түлшээ авч байсан. Хойноос хямдхан оруулж ирээд.

-Та хилийн худалдаа наймаа хийдэг хүн үү?

-Үгүй дээ, өөрт хэрэгцээтэйгээ л авдаг.

-Нууц биш бол танай өрхийн орлого, амьдрал ямар эх үүсвэрээс бүрдэж байна даа?

-Эхнэр бид хоёр байнгын цалинтай. Дээр нь фургон машин байна. Үүгээрээ хоёр зун дараалан төвөөс ирсэн хүмүүсийг Алтай таванбогд руу зөөж дажгүй орлого оллоо.

-Алтай таванбогд руу монголчууд зуны цагт урсдаг болсон шүү. Ашиг орлого та нарт мэдрэгдэж байна уу?

-Мэдрэгдэж байна. Би гэхэд өнгөрсөн зун Алтай таванбогд руу 18 удаа хүмүүс зөөж аялуулсан байна лээ.

-Ашиг хангалттай юу?

-Хангалттай олж байгаа. Нэг явахдаа 1,3 саяас 1,4 саяыг олдог. Зарлага нь 300-400 мянга л болдог. Бусад нь тэгээд ашиг. Тэгэхээр хангалттай байгаа биз дээ.

-Тан шиг фургоноор дотоодын жуулчдад үйлчилдэг олон хүн байна уу?

-Би хаанаас сонслоо… 300 гаруй фургон Өлгийгөөс Алтай таванбогд руу жуулчид зөөж байна гэсэн шүү.

-Танд орлогын өөр эх үүсвэр юу байна даа?

-Манайх ийм том хашаатай байгаа биз дээ (хашаанд нь орлоо. Үнэхээр цэлгэр том аж). Үүнээс ч том байсан юм. Дэд бүтэц, шугам сүлжээ манай хажууд ирчихсэн.

-Энэ том хашаа чинь таны орлого гэж үү. Ногоо тарих юм уу?

-Үгүй ээ, зарна. Ер нь бол барилга барих сонирхолтой хүмүүс худалдаж авъя гэж байгаа. Хүү маань энэ жил дунд сургуулиа төгсөөд их сургуульд явчихна. Эхнэр бид хоёрт ийм том хашааны хэрэг байхгүй. Өөртөө жаахныг үлдээгээд бусдыг нь барилгын компаниудад зарахаар төлөвлөсөн.

-Та асуудалгүй амьдарч байгаа юм байна. Ерэн оны эхээр Казахстан руу нүүсэн үү, танай хамаатнуудаас тэнд байна уу?

-Манайх хөдлөөгүй. Манай хамаатнуудаас нэг ч хүн нүүгээгүй. Бүгдээрээ Монголдоо л байгаа.

-Гэхдээ та Казахстан руу явдаг биздээ?

-Явна аа явна. Асуудалгүй зорчино. Цагааннуурын боомтоор Оросоор дамжаад багцаагаар 800 км яваад Алма Ата орчихно.

-Казакстан-Монголын хил хоёрын зай хоорондоо ердөө 74 км шүү дээ. Шууд явчихаж болдоггүй юм уу?

-Дундуур нь байгаа Алтай таванбогдыг яаж давах билээ (инээв).

-Өө нээрэн тийм л дээ…?

Ингээд бид хоёр бөөн инээдэм боллоо. Ил цагаан яриатай, харгүй тунгалаг тэр эртэй сайхан танилцлаа. “Манай казахууд хөдөлмөрч шүү, та энэ гудманд нэг их гуйлгачин царайтай хүн олохгүй байх. Яах вэ, зах дээгүүр архины мөнгө гуйсан мэр сэр хүмүүс бол байгаа. Одоо чинь өөрсдөө л хичээвэл бүх нөхцөл сайн байна шүү дээ” гэж ярих. Санаандгүй танилцсан Ж.Ханаттайгаа цааш яриад байсан чинь сүүлдээ миний сайн танилтай үеэлүүд болж таарлаа. Ингээд л монголчууд яриад байвал ах дүүс болчихдог гэдэг үг чинь Баян-Өлгийд ч хамаатай болсон юм биш үү.

С.Мурат: Зуны цагт Өлгийгөөр дүүрэн монголчууд холхиод гоё болсон шүүдээ…

Наурызын баярын хөл хөөр дундуур бас нэг эртэй танилцлаа. Төв талбай дээр нь таараад “За баярын мэнд хүргэе” гээд гараа сунгасан чинь нэг сүрхий харсанаа, инээгээд “Хотоос явна уу” гээд яриа өрнүүлэв. Бас ил цагаан, сайхан эр хүн юм аа. Түүнийг Сагидолданы Мурат гэдэг. Нөгөө гишүүн асан Муратуудтай адилхан нэртэй юм. С.Мураттайгаа хэсэг хөөрөлдлөө…

-Та ямар ажил эрхэлдэг вэ. Монголоор ямар ч аялгагүй, цэвэрхэн ярьж байна шүү?

-Налайхад залуу насаа үдсэн хүн чинь тэгэлгүй яахав дээ.

-Хэзээ Өлгийдөө ирсэн бэ?

-Эрт ирсэн. Ерэн оны эхээр ирсэн. Бараг казах хэлээ мартаж ирээд энд дахиж сурсан шүү (инээв). Ажил гэвэл “EX­Pro mongolia tour” компанийг эрхлэн ажиллуулдаг.

-Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүн юм байна. Ашиг орлого их үү?

-Тун дажгүй. Зунд энүүгээр чинь Улаанбаатар хотынхон тэр чигээрээ холхиод гоё болчихсон шүү дээ. Монголчууд тэр чигээрээ ирдэг болсон.

-Хойд, урд хоёр хөршөөс жуулчин хэр ирж байна. Та бас тийшээ явна биз дээ?

-Ковидын дараа Оросын жуулчид нэлээн ирсэн. Урд зүгээс, Үрэмч, Шинжаан, Уйгараас байхгүй ээ. Тэнд ер нь баларсан газар.

-Яагаад баларсан гэж?

-Ер нь Монголын казахууд шиг жаргалтай нь хаана байгаа юм. Бидэн шиг эрх чөлөөтэй хүмүүс цаана чинь алга. Би Хятадын Үрэмч гээд явдаг, сүүлдээ явахаа больсон. Тэнд зовж байна шүү дээ. Айл нэг бүр нь тагнуулынхаа хяналтад бүрэн орчихсон. Суусан, явсан бүрт хяналттай… хэцүү л байгаа даа.

-Хятадын баруун талын хотуудаар байгаа казахууд тийм хүнд байгаа хэрэг үү?

-Тийм шүү дээ. Өрөвдмөөр болсон.

-Та бид хоёр жаахан улс төрийн алдаатай байж болохоор сэдвээр яриад байна уу даа?

-(инээв) Ингэж ярилаа гээд та бид хоёрыг хэн яах юм бэ. Хятадууд шиг шоронд хийх юм уу. Түүндээ тулбал манай улсад чинь бөөн юм болно биз дээ. Хүний эрх гээд. Ер нь манай казахын шинэ үеийн залуус ч их өөр болж, өөрчлөгдөж байна.

-Яаж өөрчлөгдөж байна гэж?

-Наад зах нь хаанаас ямар эхнэр авахаа өөрсдөө мэддэг болж байна. Маниусаар мэдүүлдэг, уламжлал ёс дэг, заавал хоорондоо сууна барина гэдэг чинь одоо ер нь хоцрогдож байна. Дуугүй л байх нь дээр болсон (инээв)…

-Та ч гэсэн адилхан уу?

-Адилхан, тэдэнд одоо хуучин юм яриад яах юм. Өөрсдөө өөрсдийгөө л мэднэ биз…

Иймэрхүү яриа хөөрөө элбэгтэйхэн Баян-Өлгийн гудамжаар таваргалаа. Ерөнхийлөгчтэй хамт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хамт явсан нь бас учиртай юм байна. Алтай таванбогдыг дагасан дотоод, гадаадын аялал жуулчлал үлэмж нэмэгдэж, тэр хэрээр аймгийн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн нь төрийн бодлогоор улам дэмжих, илүү сайжруулах ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн бололтой. Тийм учраас аялал жуулчлал хариуцсан Төрийн сайд, Засгийн газрын гишүүнийг газар дээр нь дагуулж яваа юм байна. Одоо гэхэд казах хүүхдүүдэд монгол хэл заахаар Боловсролын яамны томилолтоор Улаанбаатараас очсон их дээд сургуулийн төгсөх ангийн монгол оюутнууд түүгээр нэг хөшилдөж байна. Ямар ч ажилтай явцгаадаг юм бүү мэд, ер нь монголчууд тэнд их болжээ.

Баян-Өлгийд хоёр өдөр ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалт бүр дээрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Ард түмний эв нэгдлийг бүхнээс эрхэмд үзэж байна” гэдгээ хэлж, очсон газар бүртээ Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж, Төрийн дууллаа эгшиглүүлж явлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан хүчний дуу хоолойг ард түмэн үнэнхүү үгүйлж байжээ DNN.mn

Хөгжлийн банкийг Хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд болж, гэрчээр дуудагдсан Фортуна Н.Батбаяр үг хэлсэн нь нийгэмд шуугиан тарилаа. Тэрбээр Сонсголд тайлбар өгч буй хүмүүст итгэл найдвар боллоо. Эрүүл тайлбар, ажлаа зөв ойлгуулах чадвар, бүгд буруутай биш гэсэн ойлголтыг нийгэмд өгөв. Ардчилсан үзэлтэй хүн гэж ийм байдаг юм байна. Угтаа Монгол Улс бол ардчилсан нийгэмтэй, түүнийгээ мэдэр гэдгийг ард түмэнд хэллээ. Ардчилсан үзэлтэй, АН-ын гишүүн, Ардчилсан хүчний нөлөө бүхий хүмүүс аливаа асуудалд ямар айхавтар шулуухан, асуудлын голыг олсон, түс тас, түмпэн шанага хангинамаар ярьдаг, хэлдэг болохыг тэр мэдрүүлэв. Ард түмэнд Ардчиллын ийм тод дуу хоолой үгүйлэгдэж байсан юм байна. Тийм болохоор ард түмэн алга ташив. Уг нь түүнийг зүхэх ёстой гэж эрх баригчид тооцоолж байв. Ард түмнийг ийм болгочихсоноо одоо эрх баригчид ойлгох цаг болжээ…

Фортуна Н.Батбаяр ийм л үгийг олны өмнө, эрх баригчдад хандаж хэлсэн. “2012 онд ард түмэн Ардчилсан намд итгэж, Засгийн эрхийг өгсөн. Тэр оны сүүлийн хагаст дэлхий дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэхүү нөхцөл байдал нь Монголын эдийн засагт мэдээж таатай тусаагүй. Эдийн засгийн хатуухан уналт орж ирнэ гэж үзсэн учраас сэргийлэх үүднээс гаднаас мөнгө босгосон. Би 2012 оны наймдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 30-нд гаргаж тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ-аас Засгийн газарт тав хүртэлх тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон. Түүний дагуу ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1.5 тэрбум ам.доллар босгосон. 2012.12.06-ны өглөө Сангийн яамны дансанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирснээр түүх эхэлсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны өнгөрсөн 10 гаруй жилийн түүхийн сайнтай, саартай талыг хэлэлцэж байна. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, дараа нь 300 сая ам.долларын Японоос олгодог “Самурай” бонд, мөн Хятад болон Орос, Европын орнуудаас 2.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа би Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямд хөрөнгө оруулж ирснээс авч гараагүй гэдгээ албан ёсоор хэлэх байна. Монголд мөнгө оруулж ирсэн болохоос би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсч байна. Хэрвээ “Чингис” бондын мөнгө орж ирээгүй бол, бусад хөрөнгө орж ирээгүй, эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулаагүй байсан бол 2012, 2013 онд Монгол Улс эдийн засгийн маш хүнд байдалд орох байсан шүү. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Өнөөдөр нүүрс хэдэн зуун ам.доллараар үнэлэгдэж байгаа бол тэр үед 30 ам.доллар хүртлээ унасан. Зэс, алтны үнэ унасан байдалтай байсан. Энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан гэдгийг хэлэхийг хүсч байна. “Чингис” бондын хөрөнгөөр нийт 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгджээ. Бүх арга хэмжээг дурдсангүй, тодорхой хэмжээнд асуудалд орж болзошгүй гэдэг зүйлүүд дээр анхаарал хандуулж ярилаа гэж ойлголоо. Энэ мөнгө анх хоёр утгаар орж ирсэн. 500 сая ам.доллар нь таван жилийн хугацаатай, 4.1 хувийн хүүтэй. нэг тэрбум ам.доллар нь 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй боссон мөнгө. Түүнээс хойш олон удаа бонд боссон. Гэхдээ “Чингис” бонд шиг дөрвөн хувийн хүүтэй мөнгө босоогүй гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хамгийн хямдаар боссон мөнгө. Та өндөр үнэтэй бонд гэж хэллээ. “Чингис” бондоос хойш боссон бүх мөнгө өндөр үнэтэй боссон байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд 8.65 хувийн хүүтэй бонд боссон. “Чингис” бондын хүүнээс даруй хоёр дахин өндөр хүүтэй боссон байна. “Чингис” бондын мөнгө харьцангуй хямд үнэтэй боссоныг бас “Оюутолгой”-той харьцуулж болно. “Оюутолгой” зээл, зээлийн хүү нь найман хувьтай. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын зээлийн хүүнээс “Чингис” бонд даруй хоёр дахин бага хүүтэй боссон гэдгийг энд зориуд цохож хэлэхийг хүсч байна. “Чингис” бонд босгоод, Монгол Улсыг өрөнд оруулсан мэт, балласан мэт ярьж байгаа нь үзэл суртлын улс төржсөн арга хэмжээ. Харин эсрэгээрээ “Чингис” бонд болон бусад бондууд орж ирснээрээ Монгол Улсад их бүтээн байгуулалт хийгдэж чадсан. Сая цахилгаан станцуудыг ярилаа. Хэрвээ “ДЦС IV”, “ДЦС III”-ын өргөтгөл, “Амгалан” ДЦС шинээр баригдаагүй байсан бол Монгол Улс 2015, 2016 онд хөлдчих байсан. Тэр аюулаас бид улсаа хамгаалж чадсан. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод 33 уулзвар ашиглалтад орсон. Хамгийн анхных нь Саппорогийн уулзвар. Тэр үед ард түмний дунд “Эр зоригийн уулзвар” нэртэй байсан. Богд уулын арын зам байна. Мянга есөн зуун тавин хэдэн онд авто зам барьсан. Тэр үед шороон зам байсан. Европын нэг хамтлаг явж байгаад осолдсон тул тэр зам хаагдсан байсныг 50 жилийн дараа “Гудамж” төслийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтад оруулсан…” гэж. Түүний өөдөөс дуугарах хүн олдоогүй. Дотроо, дор бүрдээ үнэн шүү гэсэн бодолд автсан.

Үүний дараа нийгэм шуугьж эхэлсэн. Тухайлбал, Монголын төрд сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан М.Зоригтын зүгээс “Ард түмэн, ардчилсан хүний ийм үг яриаг сонсолгүй 10 жил болжээ” хэмээн дуу алдан бичсэн юм. Үнэхээр л сүүлийн долоон жилд Монголын Засгийн эрхийг МАН дангаараа барьж өнөөдөрт ирэхдээ улстөрчид нь бүгдээрээ нэг хэвэнд цутгачихсан юм шиг, хэлж ярьж байгаа нь бөөрөнхий, асуудлыг тойрч зугтсан, эргэж буцсан, ээрч муурсан, биеийн хэлэмж нь айдастай, байжээ үйлдэл, ард түмнээ хуурсан, юу ч хийгээгүй, ямарч ажлын ард гараагүй дүр зураг байсан нь өнөөдөр ил тодорхой болов. “Монголоос хулгайлж л байцгаана даа” гэсэн ганц үгтэй явж иржээ. Ийм эмгэнэлтэй цаг үед Ардчиллынхны төлөөлөл, АН-ын гишүүдийн зарим нь ийнхүү Фортунаар дамжин нийгэмд ил гарч ирж, төрийн ордноос ярьж хэлж эхэлтэл ард түмэн ямар халуун дулаанаар хүлээн авч байна вэ. Ардчилал хумигдаж байгаа нийгэмд, ард түмний үзэл бодлын илэрхийлэл, үг хэллэг нь гутмаар муухай болдог юм байна. Нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа иргэдийн маань сошиал орчинд бичиж байгаа үгс чих халууцмаар “гичий нохой, пизда дурак, өмхий хужаа, голомтыг нь самар, үе удмаар нь буудан хороо, хүйс тэмтэр…” чихээ дармаар болж байгаа биз. Ардчиллын үнэт зүйлс оршин буй нийгэм дэх үзэл бодлын илэрхийлэл ийм байдаггүй юмаа. Ардчиллын үнэт зүйлс үгүйрэн хоосрохоор ийм байдал руу нийгмийн сэтгэл зүй ордогийг олон орны жишээнээс харж болно. Ардчилал мөхөх зам руу явж байж ч мэдэх сошиал дахь иргэдийн энэ зүхэл хараал дунд АН-ын тод төлөөлөл, Ардчилсан үзэлтэн Фортуна хэмээх Н.Батбаяр гарч ирэн, эрх баригчдын өөдөөс зүрхээ гараараа даран байж цогтой үгсийг хэлж, хууль дүрмийг сануулсан нь сайхан байлаа. Хоёрхон жил төрд сайдаар

ажиллахдаа ямар их ажил амжуулсанаа сануулав. Ард түмэн нийтээрээ “Бидний зүхээд байдаг Ардчиллынхан чинь, АН чинь нээрэн юу билээ…” хэмээн бүтэн долоон жилийн дараа гэнэт сэхээрэв. АН бол алдаж онохоос айхгүй бүтээн босгодог, алдаа гаргаад ч хамаагүй ажлын төлөө зүтгэдэг, ард нь гардаг байсныг бүтэн долоон жилийн дараа ийнхүү нийгэм анзаарав. АН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч гэсэн сонсгол дээр “Ахиад намайг хоёр жил ажиллуулсан бол үлдсэн бүх ажлыг хийчих байсан юм. Өнөөдрийн Монгол Улс өөр болчихсон байх байлаа” гэж мэдэгдэв. Түүний энэ үгний өөдөөс баалах нэг ч коммент гарч ирээгүй нь Монголын ард түмэнд ардчилал ямар их хэрэгтэй болсныг, ардчиллыг үгүйлж байгааг, АН бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон улс төрийн хүчин гэдгийг нийгэмд тунхаглалаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн тогтолцоо болохгүй байна гэсэн үг, Хүрэлсүх дарга аа… DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2023 оны нэгдүгээр сарын 3-ны дугаарт “Оюун-Эрдэнэ үнэн үү, поп уу” гэсэн нийтлэл гарлаа. Зарим хүмүүс анзаарахгүй өнгөрсөн байж магадгүй. Энэ нийтлэлд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын дарга болж, улмаар Ерөнхий сайдаар улс төрийн замнал нь үргэлжлэн, өнөөдрийг хүртэл юу хийгээд явааг өгүүлжээ. Монголын улс төрд амар заяа үзүүлэхгүй байгааг нь тун ойлгогдохоор цэгцэлсэн нийтлэл. Хэнтийн Бэрх тосгоны энэ бацааныг хотод хэн анх авчирсан, их улс төрд хэн дэмжиж ордонд оруулсан, орсон хойноо зангаа хэрхэн хувиргасан, өнөөдөр хэн болчихоод “хуцаад” явааг нь хүртэлх юм.

Эхэнд хэлэх нэг тодорхойлолт энэ нийтлэлд бий. “Санасандаа хүрэхийн тулд хэнийг ч, юуг ч гишгээд өнгөрдөг зантай нь энэ бүхэн холбоотой байж мэдэх юм” гэжээ. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2019 онд ЗГХЭГ-ын дарга болж, 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших он жилүүдэд Монголд юу юу ч болоод өнгөрөв. Өнөөдөр тэрбээр Ерөнхий сайд, Намын даргын суудалд суужээ. Энэ суудалд хүрсэн хүн эгнэгт “босмооргүй” тийм сайхан суудал. Суудалтайгаа үхэн хатан зууралддаг өмнөх түүх дурайж байна. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ тэгж харагдахгүй байгаад л учир нь байна. Тэр ер нь ингэтлээ улс орныг доргиох ямар учир шалтгаантай, өс хонзонтой, санаа шулуудсан нөхөр болохыг уншлаа.
Анх авчирсан хүн нь У.Хүрэлсүх мөн юм байна. Олон жилийн өмнө Бэрх тосгоноос түүнийг У.Хүрэлсүх авчирч намын залуучуудын байгууллага болох НАМЗХ-гоо хариуцуулсан юм байна. Ингээд 2009 оноос МАН-ын төв аппаратад ажиллажээ. Улмаар 2016 онд М.Энхболд намын дарга байхдаа УИХ-д нэр дэвших боломж олгожээ. Ингэхээр түүний улс төрийн “том ах” нар нь У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр харагдана. Энэ хоёр эрхэмд ийм дүү нар олон. Гэвч Л.Оюун-Эрдэнэ энэ “хоёр ах”-даа дүү шиг нь байж чадахгүй болжээ. Өдөр хоног өнгөрөх тусам өөдөөс нь солиорох болсон нь ортой боллоо. Өөрт нь Их хурлын гишүүн болох боломж олгосон М.Энхболдыг анхны чуулганы хурал дээрээ сөрсөн, өдсөн. Нийтлэлд бичсэнээр бол Л.Оюун-Эрдэнэ түүнийг “Намын дарга байж яагаад Ерөнхий сайд болсонгүй вэ” гэж зандарсныг би ч санаж байна. “Энэ чинь яах гээд байгаа хүүхэд вэ” гэсэн дохиог Миеэд тэгэхэд өгсөн дөө. Ингээд зогсоогүй төд удалгүй 60 тэрбумын схемийг буцаан сэргээж гол дүр болох М.Энхболдод аваачиж наасан. Их хурлын гишүүн болгосон, болчихсон Л.Оюун-Эрдэнийг өмнөө зогсоогоод зандарч чадахгүйгээ мэдэрсэн М.Энхболд сүүлдээ түүнтэй хэд хэдэн удаа уулзаж “Энэ бүхнээ зогсоох”-ыг гуйсныг энд бичжээ. Харин нөгөөх нь гүрийснээр зангаа харуулсан байна.
Ингэх л учир шалтгаантай нэгэн байсныг М.Энхболд мартсан баймгүй юм гэж одоо гайхаж байна. Чухам юу болсныг энэ нийтлэлд сануулжээ. 2012 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийг Америкт суралцаж байх хойгуур нь М.Энхболд түүний удирдаж байсан НАМЗХ-г нь МАН-ын залуус дундах “хун тайж” нар болох Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн тэргүүтэй залууст шилжүүлсэн юм байж. Үүнд нөхрийн гомдол хорсол хөдөлжээ. Энэ бүгдийн талаар МАН-ынхан бүгд мэддэг, ярьдаг юм байна. Нууж явсан энэ гомдол хорслоо тэрээр Их хурлын гишүүн болж авсныхаа дараа буюу 2017 оны зун твиттертээ “… Алдарт аалзны бодлогоор НАМЗХ-г хуваасан. Одоо М.Ганбаатарыг анд Амараагийнх нь эсрэг, Залуус М.Энхболд таны нясалж тоглодог Чапиев биш шүү” гэж бичиж эхэлснээр ил шулуун зарлажээ. М.Энхболдыг зуунгитайхан сөрөх нь тодорхой болжээ. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн зүгээс М.Энхболдод “юм” санасандаа 60 тэрбумын хэргийг гаргаж ирсэн гэж ойлгохоор шулуухан бичжээ. Нөгөөх алдарт 60 тэрбумын нууц бичлэг дээр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар НАМЗХ-ны удирдлагын талаар ярьж, НАМЗХ-г одоо Н.Номтойбаярт шилжүүлье, Л.Оюун-Эрдэнэ тэр Америктаа үлдэг… гэж ярьдгийг бүгд мэднэ. Үйл явдал цааш юу болсныг бид харсан. Энэ бүх баримт нотолгоо, нууц бичлэг үнэн болонгуут Л.Оюун-Эрдэнэ хөдөлж эхэлжээ. Ер нь энэ нөхөр нэг зуурснаа, зууснаа огт тавихыг хүсдэггүй бололтой. Тэр үргэлжлүүлэн 2019 он гарангуут Төв талбай дээр томоохон жагсаал зохион байгуулж, 30-аад мянган хүн оролцсон уг жагсаалтай хамжин М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан. Тус нийтлэлд “Гадаа жагсаж байгаад орж уулзсан Оюун-Эрдэнэ рүү харж буй М.Энхболдын харц ямар байсныг хүмүүс санаж байгаа. Гэрэл зурагчдын буулгасан патиар ч бий. Тэр нүд мөн ч их зүйл хэлсэн байдаг юм” гэж бичиж. Мөн ч хорон, үнэн, улс төрийн нийтлэл гэж үүнийг хэлнэ.
За, эндээс л МАНАН бүлэглэл буюу дотор нь задлахаар МАН дахь Хотын фракц, Эрдэнэтийн 49 хувийнхны хүч суларч эхэлсэн гэж улс төр судлаачид үздэг юм байна. Энэ дээр нэмж нэг зүйлийг бичихэд, энэ бүгдийг анзаарч, чагнаархаж явсан сэтгүүлчийн хувьд…тухайн үедээ “Л.Оюун-Эрдэнээс ямар ч байсан “юм” ол” гэж гурван үсэгтэй газрын тухайн үеийн дарга өрөөндөө, байцаагчаа зандарч байна гэж дуулддаг байсан юм шүү. Тийм нөхцөлд “юм” олдоогүйг бодоход Л.Оюун-Эрдэнэ нээнтэггүй тэнэг нь үнэн юм шиг байна лээ. Тэр үед хүзүүнд нь олс углаж чадаагүй алдсан түүнийг одоо зогсоох нь өнгөрсөн биз дээ.
Тэрбээр М.Энхболд, МАНАН бүлэглэлтэй үзэлцсээр яваад 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлох үүргийг гүйцэтгэв. Улмаар түүнтэй Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нарын олон гишүүн нэгдэж, дээр нь сөрөг хүчний гишүүд нэмэгдсэн. Сүүлдээ УИХ дахь 65 суудалтай МАН-ын гишүүд 33:32-ын бүлэг болон хуувагдсан юм. Ж.Эрдэнэбатын оронд У.Хүрэлсүх гарч ирсэн. 2019 оны эхээр түүнийг ЗГХЭГ-ын даргаар томилов. Ажлаа авангуутаа Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, тийшээ баахан хар машинтай очиж битүүмжилсэн порцессыг хүмүүс санана байх. Энэ мэтээр цааш ажиллах, тэмцэх эрхийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болонгуутаа түүнд олгожээ гэдгийг эндээс уншиж болно. Ингээд 2020 он гармагц ковид гарч дэлхий нийтийн асуудал болов. Монгол Улс хэдэн сар хилээ хааж, хоёр удаа бүх нийтийн хатуу хөл хорио тогтоолоо. Вакцин тодорхойгүй болж, бүх зүйл муудсан. Тэр үед ковидын шинж тэмдэгтэй эх, хүүхэд хоёрыг төрөх газраас углааштай зөөсөн хэргээр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдлоо. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоёр жил өнгөрч, олон үйл явдал өнгөрлөө. Ерөнхий сайд болоод дэвшүүлсэн дөрвөн зорилтын сүүлийнх нь болох “Шударга ёс”-ны талаар нь энэ нийтлэлд онцлон дурджээ. Тэр нь өнөөдрийн нийгмийн гол сэдэв учраас арга ч үгүй биз. Тус нийтлэлд бичсэнээр “Уг нь нүүрсний хулгай 10 гаруй жилийн настай. Яг үнэндээ нүүрсний хулгайг хамгийн сайн “мэдэх” хүмүүс нь үе үеийн Ерөнхий сайдууд. Харин Л.Оюун-Эрдэнийн тухайд өнгөрсөн хавраас шууд ярьж эхэлсэн. Эх сурвалжуудын мэдээллээр өнгөрсөн Цагаан сарын үеэр Хятадад айлчлах үеэр нь энэ асуудал яригдсан гэдэг. Хятадын талаас манай нүүрсний хулгайн “босс”-уудыг нэрлэж өгчээ. Зургаан хүний нэр яригддаг. Харин Л.Оюун-Эрдэнэ тэдгээр нэрсийг зарлаагүй ч “Энэ хулгайн араас нөлөө бүхий улс төрчид гарч ирнэ шүү” гэж 2022 оны дөрөвдүгээр сард мэдэгдчихсэн. Ингээд хэдэн сарын дараа аравдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Ингээд нүүрсний хулгайчидтай албан ёсоор дайн эхлүүлсэн” гэжээ. Энэ бүгд үнэн л дээ. Ялангуяа тэр Хятадын талаас нэрлэсэн зургаан улстөрчийн тухайд Оюук л нэрлэх, зарлах ёстой. Бараг л нэрлэнэ дээ…
Нүүрсний “дайн”-ыг эхлүүлээд хоёр сарын хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд ил далд, хөшигний наана цаана маш их зүйлс боллоо. Ард түмэн төдийлөн мэдэхгүй олон үйл явдал үргэлжилж байна. Энэхүү нийтлэлийг сайн тунгаан уншвал ээдрээтэй, түвэгтэй, далд бүхний цаадах үнэн байдал үнэртэнэ. Үнэртэх учраас миний бие онцгойлон авч шигшин тоймлож байгаа юм шүү.
Нүүрсний хулгайтай хийж байгаа тэмцэл явсаар яг өнөөдрийн байдлаар төрийн том институцитэй ил цагаан зөрчилдөхөд хүрчээ. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Яг ингэж энэ нийтлэлд тодорхой бичсэн байна шүү. Мөн Монголын нүүрсний хулгайчдын боссууд болох зургаан хүний нэрийг Хятадын талаас Ерөнхий сайдад хэлсэн гэдэг өгүүлбэрийг тогтоож аваарай. Тэд бол бүгдээр Монголын том улстөрчид, та бидний дахин дахин УИХ-д сонгодог хүмүүс, сайд дарга нар байгаа. Энэ нь энэхүү нийтлэлийн гол Шүгэл үлээлт. Маш том акц, баримт. Үргэлжлүүлэн үнэнийг тунхаглах нь нээлттэй байгаа сэдэв. Нүүрсний хулгайчдын эсрэг дайны оргил үе ойртож ирсний шинж…
Гол асуудалдаа оръё. Хэнтийн Бэрх тосгоноос хөтөлж авчирсан том ах У.Хүрэлсүхтэйгээ зөрчилдөхийн учир юу билээ. Нийтлэлд дурдсанаар “Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон МАН-ын голдуу хүмүүс Ерөнхийлөгч дээр очиж аврал хүсэх болсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд их яригддаг. Тийм ч биз. Яагаад гэвэл Шүүх нь Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Л.Оюун-Эрдэнэ болохоор намынхнаа хамгаалахгүй гэчихсэн. Ингээд төрсөн ах дүүс шиг явж ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань зөрчилдөж эхэлсэн байгаа юм. Зөрчил нь одоо ч үргэлжилж байна. Мэдээлэлд ойр нөхдийн сэм ярьснаар бол тэр хоёрын саяхан болсон уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж “Та бид хоёр хүртэл зөрчилдөнө гэдэг чинь одоогийн энэ тогтолцоо болохгүй байна гэсэн үг” гэж хэлжээ. Энэ бол баримт, бодитой хэлсэн үг. Ер нь олон эх сурвалж “Ах, дүү хоёрын зодоон хөшигний ард нэлээд удаан үргэлжилж байна” гэж ярих болжээ. Нийтлэлд бичсэнээр “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын зам албан ёсоор салсан. Харин төрийн институци хоорондын харилцаа л үлдсэн. Эв нь таарвал хэн нь ч хэнийгээ “дэгээдчих” хүсэлтэй. Жишээ нь, хүнгүй газарт, хясааны ирмэг дээр таарлаа гэж бодвол хэн хэнийгээ бодох юмгүй түлхэхээр болсон гээд байгаа юм” гэжээ. Эх сурвалж бол эх сурвалж л байдаг. Тэднээс үнэн ундардаг. Хөгжлийн банк, Нүүрсний хулгай явсаар төрийн хоёр томын дунд ийнхүү эвлэршгүй асуудал үүссэн нь тодорхой боллоо.
Энэ бүгдийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр тодорхой гарч ирсэн нь хүмүүсийн анхаарлын төвд байна. Энэ хүн Л.Оюун-Эрдэнэ хоёр нэгэн цагт ойр дөт явсныг нийтлэлд сануулаад улмаар “Тэднийг холбодог хүн нь Л.Оюун-Эрдэнийн ах гэдгийг Монгол даяараа мэднэ. Тэр утгаар нь харвал хамгаалж үлдэх магадлал өндөр. Гэхдээ Мөрдөх байгууллагууд нэрийг нь зарлаж, нөгөөх нь яаран хил давж одсоныг бодвол Л.Оюун-Эрдэнэ түүнийг хамгаалахгүй, харин хэрэг түвэг нь нотлогдвол “явуулчихаж” магадгүй гэсэн үг” гэж бичжээ. Нийтлэлийн энэхүү дүгнэлтэд эргэлзэх юм алга. Зарим хүмүүсийн бодож байгаагаас огт өөр хандлагыг Л.Оюун-Эрдэнэ харуулж ирсэн. Тэрээр 2018 онд болсон МАН-ын 3 дугаар Бага хурал дээр олны өмнө шууд л “Энхболд дарга аа, та л Баттулга гэж хүнийг Сингапураас авчирч байсан. Бадамжунайг Синга руу явуулж авчран, ял авах гэж байхад нь өршөөгөөд, өөрөө захиалж нэр дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ. Тийм биз дээ, Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм. Үнэн гэвэл энэ” гэж нийгмийн сүлжээнд одоо ч явж байдаг бичлэгийг оруулжээ. Мөн АН-ын өнөөдрийн хагаралд МАН ямар ч хамаагүй, Баттулга, Элбэгдорж гэж хоёр хүн л хагалсан гэж түүнийг Ерөнхийлөгч байх үед нь ҮАБЗ-ийн хурал дээр хэлснийг ч энэ нийтлэл сануулсан байх юм. Үүнээс гадна нийтлэлд 2022 оны дөрөвдүгээр сард Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр уулзаж түүнээс Ерөнхийлөгч асан “Сахал Эрдэнэбилэгийг тайван байлгахыг хүссэн. Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ хуулийнхаа дагуу яваг гэснээр муудалцаад салсан” гэдгийг хүртэл бичжээ. Энэ мэтчилэн энэ хоёр хүн хэзээ ч ойлголцохгүй болсны баталгаа нь сая Х.Баттулга АТГ-т очиж мэдүүлэг өгснийхөө дараа тэндээсээ шууд ордон орж ЕТГ-ын дарга Я.Содбаатартай уулзсан явдал юм. Түүнээс хоёр хоногийн дараа гадаад руу ниссэн зэрэг нь логиктой ажээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга шууд Ерөнхий сайдтай уулзаж яагаад болсонгүй вэ. Учир нь нөгөөдөх нь нүүр өгөхөөргүй болжээ. Бүгд хуулийн дагуу шийдэгдэнэ хэмээн эцэслэн ойлгуулж. Х.Баттулгад нэмэр болох байтугай өөрийн ойр тойрныхноо Л.Оюун-Эрдэнээс хамгаалах гэж хүнд байдалд орсон У.Хүрэлсүх рүү очоод нэмэргүй гэдгээ Женко мэдэх болж. Энэ бүгдийн эцэст Монголын гадна талд уулзалт, найруулгаа явуулахаар явсан гэх Х.Баттулгын талаарх мэдээлэл бараг үнэн болох нь энэхүү нийтлэлээс харагдаж байна.
Ийм л нэг ноцтой, логиктой, өнөөдөр бужигнуулж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн юунд хүрэх зорилготой, юу хийгээд явааг “гэрэл цохиулсан” нийтлэл “Өдрийн сонин”-ы шинэ оны эхний дугаарт хэвлэгдсэнийг Монголын улс төрд чухам юу болоод байгааг багцаалахыг хүссэн хүмүүс уншина биз ээ. Өнөөдөр Төрийн ордонд “Л.Оюун-Эрдэнэ ба бусад” гэсэн талцал үргэлжилж байна гэж нийтлэлийн төгсгөлд бичсэн байна лээ…