Categories
арын-нүүр булангууд мэдээ

103-ын 99280882 дугаартай эмчид баярлалаа

Саяхан хүүхэд маань гэнэт халуурч, амьсгалж чадахгүй болов. Ийм үед 103 руу л залгадаг шүү дээ. Төд удалгүй эмч залуу амьсгаа дээртэй орж ирлээ. Түгжрэл ихтэй учраас хойд зам дээр машинаасаа буугаад гүйчихлээ гэсээр. Үзлэгийг чамбай хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Мөн энэ бичгийг үзүүлээд дүүргийн эмнэлэгтээ оч, асуудалгүй хэвтүүлнэ, 24 цагаар ажиллаж байгаа гэсэн юм. Тэгснээ, би даанч нуруу нь хугарсан хүн авч яваа болохоор яарч байна, гэхдээ хүргээд өгөх юм уу гэж хэлсэн юм. Хүүхэд маань гайгүй болсон учир тайвширлаа. Эмч залуу “Хүүхэд тань тэвдүүлбэл та 103 гэхгүйгээр миний гар утас руу шууд залгаарай би яаж ийж байгаад ирнэ” гэж хэлээд 99280882 гэсэн дугаарыг өглөө. Гарахдаа утсыг минь авлаа. Цаг гаруйн дараа утас дуугарвал “Хүүхэд чинь яаж байна” хэмээн өнөөх эмч залуугийн тогтуун сайхан хоолой сонсогдох нь тэр. Сэтгэл сайхан оргиод тайвшрах ч шиг. Шөнө дунд хоёр дахиа асуухдаа “Би дуудлагатай танай хойгуур гарч явна, дажгүй биз” хэмээн бас асуусан шүү. Хүний сайхан сэтгэл, хүний төлөөх эмч хүний сэтгэл гэдэг энэ. Өндөр нуруутай, дөлгөөн яриатай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нь илт тэрхүү эмч залуугийн нэрийг асуусангүй. Харин утас нь үлджээ. Энэ сарын эхээр 13 дугаар хорооллын “Натур” төвийн урд байранд шөнө дуудлага өгсөн ах хүү чинь чамд чин сэтгэлээсээ баярлаж яваагаа илэрхийлье. Ажил үйлс тань өөдрөг сайхан байг.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Аймаар өвгөний шавь Д.ОТГОНДАЛАЙ

Д.Отгондалай: Өмнө нь 3:0-ээр ялагдсан тамирчнаасаа даагаа нэхэж, яллааЭнэ удаагийн “Өдрийн зочин”-оор Инчоны Азийн наадмын аварга Д.Отгондалайг онцолж байна. Тэр бол Дорнодын хүүхэд. Тэнд төрсөн, өссөн, боксын гараагаа эхэлсэн. Дорнодын боксын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гэж сайн эр бий. Зарим үед Монголын боксын шигшээ баг энэ хүний шавь нараар дүүрчих гээд байдаг. Өнөөдөр гэхэд Улсын шигшээд түүний гарын гурван шавь тоглодгийн нэг нь Азийн наадмын аварга болсон Д.Отгондалай юм. Д.Отгондалай бол түүний тэр олон шавь дотроос гарцаагүй Монголын дэвжээнээс хальж тоглох хүүхэд гэж Ё.Төмөрбатаа аль эрт оношилсон. Тэр нь үнэн байсан нь харагдаж эхэллээ. Гурван жилийн өмнө Д.Отгондалайг Тайванийн эзэн хааны цомд түрүүлэхэд нь бокс сонирхогчид “За энэ нөхөр үзүүлж өгөх юм байнаа” гэсэн итгэлээр харж эхэлсэн. Түүнээс хойшхи түүний амжилтууд энэ өдрүүдэд хангалттай бичигдэж байгаа учраас арай өөрийг бичье.

Тэр сая хэлсэн байна лээ, “Энэ жилийн улсын аваргад түрүүлэхдээ мөн л Ё.Төмөрбатаа багшийн удирдлагад бэлтгэлээ хийсэн” гэж. Үүнийг хүмүүс нэг их анзаарахгүй л дээ, харин багаас нь мэдэх миний хувьд анзаарсан. Учир нь тэрхүү Ё.Төмөрбатаа гэдэг нь одоо бараг 70 нас хүрсэн хүн. Дорнод аймгийн Хэрлэн сумын хойд захад хашаанд тахиа нохой тэжээсэн шигээ сууж байдаг хүн. Тэгсэн хэрнээ боксын улсын шигшээгийнхэн дэлхий, ази гэхчлэн том тэмцээнд явахаар эрчимжсэн бэлтгэлд орохоор хөдөөний тэр тагжгар бор өвгөн хотод ирж бэлтгэлийг нь удирддаг. Яагаад гэвэл үеийн үед түүний шавиар улсын шигшээ дүүрчихдэг болохоор түүнд тийм хүнд даалгавар ирдэг юм. 70 настай өвгөн хоёр гартаа өнөө ламп билүү, хүнд хар юмыг нь зүүчихээд хүүхдүүддээ нүдүүлээд байгаа нь аймаар. Энэ хэрийн насны хүн тэсэх үү. Ийм юм хийж яваа хүнийг чинь одоо аймаар гэж хэлэхээс өөр аргагүй. Ядаж мань эр чинь монгол гэхээсээ оросоор голдуу ярина. За тэгээд бэлтгэл хийлгэж байгаа энэ тэр бол бүр үхмээр. Д.Отгондалайгийн ард ийм нэг аймаар өвгөн дасгалжуулагч үргэлж байдаг болохоор тэр ийм эр зоригтой, тэвчээртэй тулаануудыг үзүүлж эхлэв.

Азийн наадмын аварга Д.Отгондалайгийн тоглолтыг үнэндээ ээж нь үзэж чаддаггүй юм. Энэ хүүг миний бие боксод дөнгөж хөл тавьж байсан 2003 оноос мэдэх болохоор ээжийг нь бас мэдээд байна л даа. Тэр айлын бага хүү. Шулуухан хэлэхэд тийм амар хялбар амьдралд өсөөгүй. Нэг ах нь Дорнод аймгийн зах дээр наймаа хийдэг байсан. Энэ ах нь Д.Отгондалайг сайн боксчин болгохын төлөө олсон бүхнээ зориулсандаа. Тэмцээнд уралдаанд явах зардлаас эхлээд хоол унд хувцас хунар юу эсийг тэр гэхэв. Энэ ах нь л наймаа хийж олсон жаахан орлогоороо болгодог байсан. Өнөөдөр нар нь гарч байгаа ганц хүн гэвэл ёстой тэр муу ах нь л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эхэнд ээж нь түүний тулаануудыг үзэж чаддаггүй гэж хэлсэн. Сая Инчоны Азийн наадмын аваргын төлөө Монголын боксчдоос Д.Отгондалай ганцаараа тоглохоор боллоо гэсэн шуугианыг ээж нь сонсоод тогтож суухад бэрх болсон гэдэг. “Манай муу жоохон бор банди яасан ч том юманд нь оролцож байгаа юм, тэр хүнийг нь дийлэх юм болов уу” гэхчлэн элдвийг бодсоноо ойр тойрныхондоо ярьсан байна лээ. Ингээд тоглолт нь эхэлж зурагтын өмнө бүгд суусан юм биз дээ. Отгон хүүгийнхээ тоглолтыг үзэхээс үргэлж халгаж, сэтгэлээ өвтгөж ирсэн ээж нь тэвчилгүй нэг харах гэж үзжээ. Чадаагүй гэнэ лээ, өмнөөс нь өвдөөд, байж суухын аргагүй болоод гараад ирлээ гэчихсэн Д.Отгондалайгийн охиныг тэвэрчихсэн тоглолт ид өрнөж байх үед гудамжинд алхаж явсан байна лээ. Хүний эх гэдэг ийм л эмзэг, үхтэл үр харамын жишээ. Өнөөдөр монголын боксоос Азийн наадмын анхны аварга болоод байгаа Д.Отгондалайгийн ээжийн хэлсэн “Спортын энэ олон алдартай тамирчдын ээжүүд бүгд л зовж суудаг байх. Гэхдээ боксын спортоор хүүхдээ тоглохыг харж зогсоо эх хүн шиг хэцүү хүн байддаггүй байх гэж бодох юм” хэмээсэн. Д.Отгондалайдаа хэлэхэд “Эх орныхоо нэрийг дуурсгалаа” гэх мэт том юм бодоод яах вэ, ээжийнхээ ачийг хариулж байгаа чинь л сайхан байна. Ингэж бодож байгаа чинь л их олон амжилтуудын эхлэл юм шүү. Д.Отгондалайдаа амжилт хүсье.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шууд асуучих нь амар байдаг юм

Тэр намайг тэгээд ойлгочих болов уу, энэ намайг ингээд хэлчих болов уу гэсэн айдас. Тэр намайг тэгсэн байна, энэ намайг ингэж хэлсэн байна хэмээн дамын үгэнд итгэж уурссан хүмүүс. Хүний санаагүйг санаж өөрийгөө зовоох этгээдүүдээр үнэндээ Монгол дүүрч дээ. Ажил хамтдаа хөөцөлдөж яваа анд маань хуралтай байгаад утсаа аваагүй над руу “Ажил бүтэмжгүй болох нь гээд зайгаа авч байна уу” хэмээн мессэж бичих жишээтэй. Утсаар ярьсан найз маань шууд л “Улс орныг самарч яваа төр засаг бол…” хэмээн яриагаа эхлэх. “Төвшин сайхан мэндэлчихэж болдоггүй юм уу, яасан сүрхий улс төрждөг болоо вэ” хэмээн чангахан хэлээтэхвэл “Чиний хажууд хэн байгаа болоод чанга дуугараад байна” хэмээн өөр шигээ сэтгэх. Өмнөх Засгийн үед өндөр алба хашиж явсан нөхрийн маань бухимдал өнөөдрийг хүртэл гараагүй яваа юм байна л даа. Ингэж л бодож сэтгэдэг болчихсон, бухимдаж хийрхсэн хүмүүс болж дээ, миний үеийнхний зарим нь. Ер нь тэгээд өөрийн чинь талаар худал үгийг хэн нэгэн ярьсан дуулдвал, ярьсан гэх тэр хүн рүү нь шууд залгаад л “Чи намайг тэгж ярьсан юм уу, хө” гээд асуучих нь надад амар байдаг юм. Ярьсан хүн бол андашгүй. Яриагүй хүн ч мэдэгддэг. Ингэж шууд асуучихаж чаддаг хүний хувьд хэлэхэд иймэрхүү дамын үгийн дийлэнх нь хий хоосон, бидний хооронд яс хаясан үгс байдаг юм даа. 

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Мөнхбат: Монголын улс төрд том зөвшилцөл бий болгож хөгжлийн ажлуудыг дорвитой хийх хэрэгтэй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа. 

-УИХ-ын 2014 оны хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Энэ удаагийн чуулганы хуралдааны үр дүнгийн талаар яриагаа эхэлье? 

Одоогоос 93 жилийн тэртээ ардын журамт цэрэг улс орныхоо тусгаар тогтнолыг тунхаглаж, эх орноо харийн дайснаас чөлөөлөөд хүрээнд орж ирсэн түүхтэй. Үүний маргааш буюу долдугаар сарын 11-нд тусгаар тогтносон БНМАУ-ын ард түмэн баяраа тэмдэглэж байсан. Нэн тэргүүнд Ардын хувьсгалын 93 жилийн ойн мэндийг нийт монголчууддаа дэвшүүлье. 

Хаврын чуулган энэ сарын 1-ний өдөр хаалтаа хийлээ. Цөөнхийн зүгээс энэ хаврын чуулганыг  үр дүнтэй болж чадсангүй гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл улс орны язгуур эрх ашигтай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл орж ирсэн ч хэлэлцээд, нэгдсэн шийдвэрийг гаргаж чадсангүй. Газрын тухай,Төмөр замын тухай, Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт. Энэ хуулиуд нь нэг нам эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хүч түрж шийддэг асуудал биш. Тэр чигээрээ улс орны эрх ашигтай холбоотой учраас ойлголцож, зөвшилцөж явуулах шаардлагатай байдаг. Харамсалтай нь эрх баригчдаас ийм санаачлага дутлаа гэж бид бүхэн харж байгаа. Мөн хаврын чуулган эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаанд Монголын парламент завсарлага авсан өдөр хоногуудыг өнгөрөөж үнд¬сэн асуудлуудаа огт хэлэлц¬сэнгүй. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд МАН асуудлыг гацааж хойш нь татаж байна гэсэн яриаг эрх баригчид хэл­сээр байсан. Энэ нь үнэнд нийцэхгүй яриа юм. Та бүхэн мэдэж байгаа. Давхар дээлийн асуудлаар ч тэр Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох асуудлаар ч тэр МАН нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр чуулганы хуралдааны тасалдал, асууд­лаа хэлэлцэж чадахгүй бай­сан нь эрх баригчдаас, өөрсдөөс нь хамааралтай. Энд бас нэг зүйлийг онцлоход ойлголцол, зөвшилцлийг эрх баригчид хийж чадаагүй. Тийм ч учраас өнөөдөр энэ олон асуудлууд явсангүй. Нийгэм нь хуулийг хүсч байсан. Гэх­дээ чуулган завсарлахын өмнө дээрх хуулиудыг нэг амьсгаа­гаар, бөөндөх хэлбэрээр бат­лах боломжгүй юм. Иймд газрын тухай, Төмөр замын тээврийн тухай хуулиас эхлээд эсэргүүцэж байсан. Гэхдээ МАН зарим хуулийг гаргах ёстой гэдэг дээр санал нэгтэй байсан. 

-Өнгөрсөн хаврын чуулганыг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Зарим нь УИХ тарах ёстой ч гэж хэлэх болж. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа юм бол? 

-МАН-ын XXVII Их хурлаас  намын Удирдах зөвлөл, бүлгээрээ 21 нь аймаг есөн дүүргээрээ хоёр удаа тойрсон. Ингэж явахад хамгийн их ярьж байсан зүйл нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны доголдлын тухай байсан юм. “Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал бодитойгоор нүүрлэчихлээ. Төр засаг дампуурлын ирмэг дээр ирчихсэн байна. Төр нь төр шиг байж чаддаггүй,засаг нь засаглаж чадахгүйгээс гадна хуулийн засаглал гэж үгүй болсон. Тийм учраас Засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаггүй, шахаж шаардаж чаддаггүй байдал үүссэн. Тэр байтугай улс орны амин чухал асуудал ард түмнийхээ хувь заяагаар дэнчин тавиад өр зээл авсан. Энэ олон бондын зарцуулалтыг нь хянаж чаддаггүй, тайланг нь сонсч чаддаггүй энэ УИХ монголын түүхэнд байгаагүй ийм хариуцлагагүй парламент” гэдгийг иргэд ярьж байсан. Манай намын бүлгийн Б.Бат-эрдэнэ, Ж.Энхбаяр гишүүд энэ асуудлыг хөндсөн.  

Сөрөг хүчний хувьд нэг зүйлийг шулуухан хэлэх нь зөв байх. Бид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төгсгөл дээр ажлыг нь дүгнэх ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавина. Энэ чуулганаар бид бүхэн эдийн засагт дорвитой ахиц дэвшил гарч чадаагүй, эрчимжүүлж чадаагүй, уналтыг зогсоож чадаагүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг тавина. Саяын жишээ л гэхэд нэг сайдын асуудалд хариуцлага ярья гэхэд намрын чуулганаар хэлэлцэнэ гээд л өнгөрөөлөө.  УИХ өөрөө ийм унхиагүй байх юм бол энэ УИХ-ыг тараах асуудлыг ярихаас өөр арга байхгүй. Нийгэм ч үүнийг хүсч байгаа. Энэ бүхнээс дүгнэхэд УИХ-ын сонгуулийг дахин явулах ч шаардлага ч гарч болох юм. 

-МАН олон жил эрх барьсан. Энэ парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнд ундууцсанаасаа болж дахин сонгууль, дараагийн парламентийг бүрдүүлэх асуудлыг босговол хохирлын тухай яриа гарч магадгүй юм биш үү? 

-Энэ нөхцөл байдал даамжирахаас өмнө таслан зогсоох нь зөв алхам байж ч магадгүй. Бүгдээрээ эргээд харъя. Хаврын чуулганаар батлах шаардлагатай байсан асуудлуудыг энэ парламент гаргаж чадсангүй.  2013 оны намрын чуулганаар орж ирсэн “давхар дээл”-ний асуудлаар гурав, дөрвөн сарын турш хэрэлдсээр тарж одлоо. Ийм үйлдлүүд нь бүх асуудлыг хойш татаж байна. Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудыг яагаад энэ хаврын чуулганаар хэлэлцчихэж болоогүй юм. Хуулийн хугацаанаас нь бултуулж хаврын чуулганд өргөн барьсан асуудлыг намар хэлэлцэхээр болж байгаа нь хариуцлагагүй байгаагийн хамгийн том илрэл. Тийм учраас зөвхөн Засгийн газар гэлтгүй парламентад, өөрт нь хариуцлага ярих цаг болсон. Төрийн энэ завхрал сүүлдээ төрийн завхайрал болж байх шиг. Тэгэхээр энэ бүхнийг таслан зогсоох ёстой. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдэг нь бодитой зүйл биш юм. Зөвхөн цаг авах гэсэн томъёолол гэж байна. Үүнийг сөрөг хүчин юу гэж дүгнэж байгаа юм бол? 

-Эрх баригчид санал тавьж, хүсэлт оруулж ирсэн. Ер нь улс орны хувь заяа, эдийн засгийг 100 хоногт босгож ирж байсан түүх дэлхийд байдаггүй юм билээ. XX зууны эхэн үед, Манжийн төрийн хамгийн сүүлчийн хаан  шинэчлэлийн 100 хоног гэдгийг зарлаж байсан. Энэ 100 хоног нь дампуурал болоод үр дүнд нь Манжийн төр өөрөө мөхөж хаант засаглалын эрин дуусч байсан түүхтэй. Дэлхийн хэмжээнд аваад үзэхэд 100 хоногт сэргээнэ гэдэг асуудал шинэчлэлийн Засгийн газрын үед хоёр дахь удаагаа гарч ирж байна. Тэгэхээр 100 хоногийн талаас илүү нь өнгөрчихлөө. Монголын ард түмэн харж, хүлээж суугаа. Бүлгийн удирдлагааасаа эхлээд хэлсэн. “Энэ 100 хоногийн хугацаанд эдийн засгийг босгож ирж чадахгүй бол бид нар өөрсдөө хариуцлага” ярина гэж. Цөөнх ч гэсэн хариуцлага ярина. Бодит утгаараа 100 хоногийн дотор нэг улсын байтугай компанийн, гэр бүлийн эдийн засаг ч дээшилнэ гэдэг эргэлзээтэй байдаг. 

-Газрын тухай хуулийг орж ирсэн өдрөөс нь эхлээд ихээхэн шүүмжиллээ. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Газар бол улсын үндэс гэдэг. Өвөг дээдэс маань хэдэн зууны турш газар шорооныхоо төлөө тэмцэж ирсний хүчинд Монгол гэдэг улс өнөөг хүртэл оршин тогтнож бид энэ цаг үед эзэн нь гээд цээжээ дэлдэн сууж байгаа. Төрд зүтгэж байгаа хүмүүс нэг зүйлийг бодох ёстой юм шиг ээ. Бид юуны төлөө явж буйгаа тунгааж, эрх ашгаа эрэмбэлж сурах хэрэгтэй. Улс төрд явж байгаа төрийн хүн гэдэг байнга бусдын төлөө, нийтийн төлөө, улс эх орныхоо эрх ашгийн төлөө явдаг байх ёстой. Тэгэхээр Газрын тухай хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хамгийн их заналхийлсан, хор хохирол учруулах хууль гэж  МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг үзсэн. Тиймдээ тус хуулийг тууштай эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Ер нь газар шороо, нутаг усаа зарчихаад, хүнд өгчихөөд эсвэл хэн нэгэнд булаалгачихаад хаана очих вэ. Монгол хүний үнэ цэнэ юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

-Эрх баригчид өөрийн сайддаа хариуцлага тооцохгүй нь ойлгомжтой байхад асуудлыг өргөн барьж хэрүүл үүсгэдэг. Дээрээс нь 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх үндэс суурийг тавих байтал мөн л хэрүүл зарга болгоод байна. Сөрөг хүчин сөрж зогсохын тулд ажиллаад эхэллээ гэдэгт та тайлбар хийгээч?

-Хэлэх, хийх хоёрын хооронд том ялгаа байдаг. Хаврын чуулганыг та бүхэн хараарай. Бүх асуудал дээр МАН сөрж хөндөлсөөд гацаасан зүйл байхгүй. Хариуцлагын асуудлыг бид хаврын чуулган дээр биш намрын чуулган дээр ярьж байсан. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд хоёрт хариуцлага тооцох асуудлыг оны өмнө оруулж ирж байсан. Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт байхгүй болсон уу, байхгүй болсон. 34 мянган аж ахуй нэгжүүд хаалга үүдээ барьлаа. Томоохон компаниуд хэдэн зуугаар нь ажилчдаа цомхотгож байна. Энэ бүхний ард, ард түмний амьдрал байдаг. Хамгийн сүүлд “Атар” талхны үнэ мянган төгрөгт хүрлээ. Ингээд эдийн засгийн маш том хямралын ирмэг дээр ирсэн байна гэдгийг Засгийн газар нь өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. “Энэ олон бонд босгоод хийсэн ажил, бүтээн байгуулалт байна уу гэхээр ганц онгоцноос өөр гарт баригдах юм байхгүй байна” гэж УИХ-ын дарга хэлсэн. Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой” гэж хэлсэн. Энэ нь зөвхөн МАН сөрөөд байгаа асуудал биш нийгмийн захиалга байсан. Энийг төрийн тэргүүн ч тэр спикер ч тэр хэлж байгаа.

-Эдийн засгийг сэргээх, хэрэгтэй хуулиудыг явуулах тал дээр хамтарч ажиллах ямар ч боломж байхгүй юм уу? 

-Зөвшилцөл гэдэг бол ойлголцол. Ойлголцоно гэдэг нь өөд өөдөөсөө харж суух л асуудал юм. Ярилцаж байж л ойлгодог. АН энэ хугацаанд МАН-ыг зөвшилцлийн ширээний ард албан ёсоор уриагүй. Ер нь томоохон асуудлуудаар намууд ширээний ард сууж чаддаг байх ёстой. Бид намынхаа ХХVII Их хурлыг хийсний дараа үндэсний зөвшилцөл гэдэг зүйлийг бий болгож улс төрийн бүх намуудын дарга нарын түвшинд таван удаа, генсекүүдийн түвшинд зургаан удаа нийт 11 удаа уулзаж зөвшилцсөн. 11 удаа уулзахад АН-ын генсек нэг л удаа ирсэн. Тэгэхдээ бүх улс төрийн намуудын төлөөллийг  загначихаад л явчихсан. Ийм олон удаа улс төрийн намын дарга нар бүгдээрээ уулзахдаа урилга өгөөд байхад ирэхгүй байна гэдэг нь тэдний зүгээс ямар ч зөвшилцөл хийх сонирхолгүй байгаагийн илрэл. Харин төр барих, барихгүйн тухай асуудал дээр нэг ойлголт байгаа юм. Сая “давхар дээл”-тэй холбоотой асуудал босоход МАН засагт орох гэж байна МАНАН-гаа зүүдлээд эхэллээ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Яагаад гэвэл парламентэд олонх байхгүй. АН олон болоод явахдаа МАН-д урилга өгөөгүй. Харин өмнөх парламентуудад АН-ыг МАН удаа дараа урьж, хамтран ажиллаж байсан. Энэ нь  тулхтай намын зүгээс гаргаж буй санаачлага юм. Энэ удаа цөөнх болсон учраас олонхи болсон намын байр суурийг харахаас өөр аргагүй. Олонхи болсон нам маань өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд явсан учраас бид болж өгвөл дэм больё, болохгүй бол засч, залруулаад явах л зам үлдэж байгаа. 

-УИХ-ын гишүүд 2013 төсвийн гүйцэтгэл дээр хайнга хандсан тухай яриа байна. Дээрээс нь Аудитын газар зарим задаргааг дутуу оруулж ирсэн, 100 гаруй байгууллага төсвөөс гадуур данстай байсан нь МАН-ын үеийнх гэж ярьж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ? 

-Аудитаас их сонин дүгнэлт орж ирлээ. Улс төрд ийм жишиг тогтож байгаа юм. Болохгүй бол өмнөх удирдлага руу нь чихдэг. Өмнө нь гал тогоо барьж байсан хүн хоолыг шорвого болгосон, өмнөх хүн махаа хайр гамгүй хийснээс болж бид хоосон хонож байна гэдэг болчихож. Жишээлбэл  Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудал байна. Чалко Таван толгойн хооронд гэрээ байгуулах ажлын хэсгийн дарга нь тухайн үеийн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрөө байсан. Оюу толгойн гэрээг байгуулсан гурван сайдын хоёр нь АН-ын гишүүн байсан. Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх хоёр. Ийм байхад бусад руу буруугаа түлхдэг жишгийг болимоор байгаа юм. Аудитын дүгнэлтээр 222 дарга эрхээ хэтрүүлээд машин аваад уначихсан байгааг тогтоосон байна. Бас 19 ширхэг “Lexus 570” машиныг төсвийн таван тэрбум төгрөгөөр аваад уначихаж. Нэг л дарга 360 сая төгрөгөөр машин авчихсан байх жишээтэй. Энэ хэт их тансаглалыг болимоор байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн данхар төрөөс бага ч гэсэн ухаалаг, жижиг төр рүү явмаар байна. Төр гэдэг зөвхөн менежерийн үүргийг гүйцэтгэгч . Тиймээс төр дарангуйлагч биш, бас тансаглагч биш байх ёстой.  Яамдын тоог цөөлнө гэж байсан, 19 яамтай байна. Сайд нарын тоог цөөлнө гэж байсан мөртлөө  улам нэмсэн. Жирийн нэг ядарсан эмэгтэйд тэтгэлэг, ард түмэнд цалин, тэтгэврэээр очих мөнгөний урсгал төрийн тансаглалд зориулагдаж  байна. Өнөөдөр Монголын төр бялуурсан, бялхсан, баярхсан төр болж хувирсан байна. Хүнээр жишээ авбал хөл нь нарийсч, гэдэс нь томорч, толгой нь данхайгаад аахилахаас өөр ажил хийдэггүй болчихож.  

-Өрийн удирдлагын тухай хуулийг яриад байгаа. Өмнөх Засгийн газар их өр тавьснаас шалтгаалан энэ засаг дахин өр тавих шаардлага гарсан гэж ярьж байгаатай санал нийлэх үү?  

-Эдийн засагчдын тооцоо. Тооцоогоор 1990- 2012 оныг хүртэл гаднаас авсан зээлтэй тэнцэх хэмжээний мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар жил зургаан сарын дотор гаднаас авчээ. ОХУ-д төлнө гээд байсан их өрийн бараг дөрөвний нэгтэй тэнцэхүйц гэсэн үг. Өмнөх Засгийн газрууд гаднаас авсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхой байгаа. Том том хот суурингууд, эмнэлэг, сургууль бүгдийг нь босгосон. Үүний хүчинд бид өнөөдөр усанд ордог, бичиг үсэг тайлагдсан 21-р зууны соёлт иргэн болсон байгаа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар зээлсэн мөнгөөрөө цэцэг тариад, замын уулзвар засч, онгоц авсан нэртэй өнгөрч байна. Энэ өрийг хэн төлөх вэ, монголын ард түмэн төлнө. Энэ дарга, сайд нар төлөхгүй. Тэд 10 жилийн дараа эх орноосоо зугтаад явж  ч магадгүй. Тэр үед шаварт унасан шарын эзэн монголын ард түмний үр хойчис өрийг төлнө. Тийм учраас энэ Өрийн удирдлагын хуульд ухаантай хандах цаг болжээ. Дээрээс нь өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гэдэг байж болохгүй. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын эдийн засгийн зөвлөхүүд хориглож, зөвлөмж гаргасан.  Зөвхөн өнөөдөр гэдсэндээ хоолтой, гаднаа гялгар торго өмсөж байвал маргааш, нөгөөдөр түүнээс хойших хамаагүй гэж хандах нь байж болохгүй үзэгдэл юм. Ялангуяа улс төрийн нам. Тийм учраас Өрийн удирдлагын хуулийг намрын чуулганаар хэлэлцвэл монголынхоо ард түмнийг өрөнд оруулахгүйн тулд МАН хариуцлагатайгаар сөрж зогсоно. 

-Үнийн өсөлт, ард түмний амьдрал бүх зүйл болохгүй байна. Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа байдал нь ч хайнга байгаа. Босгосон бондыг хүртэл хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжгүй салбарт зарцуулсан. Та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авахгүй шүүмжилж ярьчихаад л суугаад байх юм уу?

-Таслан зогсоох эрх нь УИХ-д байгаа. УИХ энэ бондын зарцуулалтыг хянах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлынхаа зөвлөмжийн эсрэг ажилласнаас болж бондын мөнгө үр дүнгүй дууслаа. Тэгэхээр гүйцэтгэл дээр нь хяналт тавих хэрэгтэй. Хэд хэдэн иргэний нийгмийн байгуулагууд бондын зарцуулалттай холбоотой зүйлээр АТГ мэдэгдсэн нь эрүүгийн хэрэг үүсч байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Тэгэхээр энэ бүхнийг тодорхой болгоод хариуцсан эзэнд нь хариуцлагыг үүрүүлэх л ёстой . Монгол улсын эрх ашиг, ирээдүй зөвхөн нэг л хүний, нэг сайдын, хэсэг бүлэг хүний хувийн эрх ашгаас болж хохирч болохгүй. Тэд ухаантай,боловсролтой, эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ улс орны том эрх ашгийн төлөө энэ явуургүй үйлдлийг нь таслан зогсоох эрх нь УИХ-д байгаа. Энэ мэт ажлуудаа хийж чадахгүй УИХ-ын юунд нь итгэх вэ. АН төр барьж чадахгүй, Ардын нам жагсаж чадахгүй гэсэн онигоо гарсан байна. Жагсана гэдэг өөр асуудал. Улс орны төрийг барьж  засаглана гэдэг бол үндэстний асуудал. Засаглаж чадахгүй, ажлаа хийж ачаагаа үүрч чадахгүй байгаа  хүмүүстэй хариуцлага ярихаас өөр арга байхгүй. 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу “өршөөлийн” тухай хуулийг гаргах асуудал хөндөгдөж байна. Энэ хуулийн талаар?

-Эдийн засгийн ил тод байдал гэж гоё нэртэй цаанаа олон зүйлийг халхалсан хуулийн төсөл орж ирсэн. Энэ дээр бол манай бизнес эрхлэгчид нэг зүйлийг ярьж байна.  Жишээлбэл татварын мөнгөнөөс хулгай хийгээд олон жил нуучихсан хүн арваннэгдүгээр сараас өмнө мөнгөө ил гаргавал уучилагдана.  Гэтэл ажлын байр бий болгож, татвар төлж, шүүх цагдаад нь дарамтлуулаад зүтгэсэн хүмүүс хохироод үлдэнэ гэсэн үг. Шударга зүтгэсэн нь хохирдог  хулгайлж хумсалсан нь хождог болж байх шиг. Бас хэд хэдэн заалт дээр бид эргэлзэж байгаа юм. Жишээлбэл, өршөөгдсөн хүний талаарх нотлох баримтыг устгана. Энэ тухай мэдээлсэн хэвлэл, хувь хүнийг таваас тавин сая төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Энэ нь цагаан захтнууд, дарга нарт зориулсан заалт юм. Гуравдугаарт одоо шүүхийн шатанд буюу мөрдөн байцаалтад явж байгаа хэргүүд өршөөлд хамаарахгүй гэж байсан. Тодруулбал, нэг сая төгрөгийн татвар төлөөгүй аж ахуйн нэгж энэ хуульд хамрагдалгүй ялаа  аваад явах бол хулгайлж нуусан, зөөсөн нөхдүүд нь ил цагаандаа гарах нь байна. Бас татварын мөнгийг хэдэн зуун саяар нь нуусан хүмүүс мөнгөө ил гаргаад л болоо. Тэгвэл Европод гаргаж ирсэн мөнгөнийх нь 25-30 хувийг нь татвар болгож авдаг байх жишээтэй. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын хууль дээр нухацтай ярих ёстой. 

-Энэ хаврын чуулганы хугацаанд чухал гол гол асуудлуудыг хэлэлцэх ёстой байтал олны анхаарлыг татсан олон нийтийг хамруулсан бүлэг хүмүүст хандсан асуудлууд ар араасаа явлаа. Давхар дээл, зарим нэг сайдын асуудал гэх мэтээр. Асуудал эцэстээ ёс зүйгүй, хувь хүн рүү хандсан болоод байх шиг? 

-Энүүхэндээ гэж хэлэхэд “давхар дээл”, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал бол МАН-ын санаачилсан асуудал биш байсан. Ерөнхийлөгчийн хийгээд “Шударга ёс” эвслийн гишүүний санаачилсан асуудал. Бид ёс зүйн хувьд ч тэр хариуцлагын хувьд ч тэр байх ёстой хэм хэмжээ гэж үзээд дэмжсэн. Хэрвээ алдаа байвал “давхар дээл”-ээ тайлъя гэсэн юм. Харамсалтай нь эрх баригчид өөрсдөө хариуцлагаас зугатаж сунжирсан тоглолт болгоод өнгөрч байна. Өнөөдөр төрд зүтгэж байгаа хүний хамгийн эхэнд эрхэмлэх гурван зүйл бол ёс зүйн асуудал. Саяхан Ерөнхийлөгч хэвлэлээр ярьж байх шиг байна. Ёс зүйн алдаа гаргасан бол буруугаа хүлээдэг байх ёстой. Уучлалаа гуйдаг байх ёстой гэж. Жишээлбэл Ерөнхий сайдын охин “Цэвэр агаар” сангийн хэрэгт оролцсон байхад Н.Алтанхуяг надад хамаагүй гээд явж байна.  Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд их олон сайхан зүйлийг шинэчилж байна л гэж бодож байгаа. Тэр шинэчлэлийнх нь нэг энэ. Тэгэхээр ёс зүйт төрийг өнөөдөр ярих хэрэгтэй болжээ. Харамсалтай нь  Шинэчлэлийн Засгийн газар үүний эсрэг шинэчлээд байх шиг ээ. Ардчилсан шинэчлэл гэж ийм байдаг юм болов уу ч гэж сүүлийн үед бодох боллоо. Ер нь бол ардчилсан нийгмийн үнэт зүйлийн эсрэг яваад байна даа. Хэлснийхээ эсрэг л хийхийг шинэчлэл гэж хэлдэг юм байна.

-Тусгаар тогтнолыг улс төр болгодог боллоо. Улс төрөөс болж ард түмэн хуваагдаж эхэллээ. Улс төрийн үүднээсээ хэр зөв бэ?

-Аминаас үнэтэй нэг зүйл байдаг нь тусгаар тогтнол гэж ярьдаг даа. Улстөрчдийн хөндөж болох, тоглож болох олон асуудал байна. Гэхдээ тусгаар тогтнол гэдэг ямар ч том даргын, ямар ч их мөнгөтэй хүний тоглож болдог асуудал, сэдэв биш. Тэгэхээр бид болгоомжтой хандаж, хоёр хөрштэйгээ хэрхэн харилцах нь  мөнхийн сэдэв юм. Ямар их үнээр, ямархан цаг хугацаанд зовж зүдэрсний эцэст тусгаар тогтносон улсын иргэн боллоо. Тиймээс энэ бүх хагарал бутралаа зогсоох хэрэгтэй. Ялангуяа хоёр хөршийн асуудлаар. МАН-аас шалтгаалж байгаа зүйл үгүй. Эрх баригчид энэ тухай тогоон дотроо ярьчихаж болохгүй байх шиг байна. Улс төрийн нам юм бол хариуцлага, ёс зүй гэж байдаггүй юм уу. Хаалгаа хааж байгаад нэгдсэн шийдвэрт хүрчихэж болдоггүй юм бол. Үүнийг эрх баригчид өөрсдөө л хийх ёстой. 

-Царигийн асуудал хүчтэй яригдаж байна. Энэ тухай ярих гэхээр нэг бол Х.Баттулгын талд орж байгаа юм шиг эсвэл сөрж зогсоо юм шиг харагдах гээд болохгүй байна. Тэгвэл МАН яг ямар бодлого баримталж байгаа юм?

-Төмөр замын асуудлыг МАН эрх барьж байхдаа ерөнхий бодлогыг нь шийдсэн. Тухайн зам ямар царигтай байхыг нь бүх үндэслэлээс нь хамаараад УИХ шийддэг байя гэсэн зарчмыг баталсан. МАН энэ байр сууриа хадгалж байгаа. Ер нь нэг нь өргөн, нэг нь нарийн байна гээд босч ирээд хэрэлдээд байхаасаа илүүтэй шийдвэр гаргах нь чухал. 

-Арилжааны банкууд орон нутгийн иргэдийн бүх малыг барьцаанд авчихсан байгаа. Тэгвэл хятадын банк орж ирж байгаа нь бүх газрыг нь барьцаалаад авчих вий гэсэн болгоомжлол бий?

-“Банк оф Чайна” орж ирэх сургаар Монголын бүх банкны удирдлагууд манай нам дээр ирж уулзалт хийсэн. Эерэг хийгээд сөрөг үр дагаврыг ярьсан. Тиймээс энэ асуудал дээр дахиад л ярих хэрэгтэй байгаа юм. Үндэстний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө улс төрийн намууд тойрч суугаад ойлголцолд хүрэх хэрэгтэй. Нэгнийхээ хийсэн зүйлийг үгүйсгэдэг зүйлсээс болоод улс орон хөгжихгүй байна. 

-МАН-ын амлалтын биелэлт хэр байгаа вэ. Бас ирэх намраас эхлээд сонгуулийн идэвхижил нэмэгдэнэ. Ямар зарчим баримталж сонгуульд оролцох бол?

-2016 оны сонгуульд баримт¬лах МАН-ын зарчим тодорхой. МАН 27 дугаар их хурлаа хийсэн. Харьцангуй шинэчлэгдсэн. 34 настай Ерөнхий нарийн бичгийн даргатай болсон нь үүний нэг илрэл. Манай намын 60 орчим хувь нь залуус. Улс төрийн нам гэдэг олон өнгө, үнэр, амт байх ёстой. Энэ бүгд нэгдэж байж нэг эрч хүч, цул, эв нэгдэл зорилго болно. МАН дараагийн сонгуулиар өмнөх алдаануудаа давтахгүй. Ялагдал гэдэг гутрал биш ухаарал юм байна гэж ойлгож байгаа. Алдаагаа ухаар­сан хүн, ачаагаа тэнцүүлсэн ат хол явдаг гэдэг. Бид алдаагаа ухаарсан. Манай намд байдаг давуу тал гэвэл хариуцлага, сахилга бат. МАН-ын залуус ахмадууддаа суудлаа тавьж өгч хүндэтгэж чаддаг бол ахмадууд нь залуустаа зайгаа тавьж өгч дэмжиж чаддаг гэдгийг харуул¬даг. Үүнээс бусад улс төрийн намууд үлгэр авах ёстой. 

-Монголын нийгэмд С.Баяр, Ц.Нямдорж шиг хүмүүсийн байр суурь шаардлагатай. Төрийн ажлын туршлага, мэдлэг боловсрол, дуу хоолой хэрэгтэй байна. Зарим хүмүүс нь 60 нас дөхөөд миний үеийн хөгшчүүл гээд ярьдаг нь гунигтай санагддаг. Мэдээж залуус орж ирэх нь зүй ёсны шаардлага?

-Санал нэг байна. Үгүйлэгдэхээр барахгүй өнөөгийн парламентад үүргээ гүйцэтгэж байна. Нам гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшлийн нэгдэл. Олон өнгө, үнэр олон үе байгаа. Гэхдээ нэг зүйл байгаа нь хуучин хөгшчүүлийн нам гэгддэг байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн. 

-Улс төрийн нөхцөл байдал хүндрээд эхлэхээр хэвлэл мэдээлэл рүүгээ дайрч эхэлдэг гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Хамгийн эмгэнэлтэй гэж хэлж болохоор асуудал. Ялангуяа шинэчлэлийн гэх нэртэй, ардчилсан гэх тодот­голтой Засгийн газрыг эрх барьж байх үед шүү дээ. Ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө. Үүнийг мөнгөөр, захирамжаар далайлган буул-гаж авч болохгүй. Эхлээд амыг нь барина, дараа нь амийг нь барина гэдэг зүйл үйлчлээд эхэлбэл харамсалтай. Монголын хэвлэл хэдэн улс­төрчдөд үйлчлээд эхэлбэл ком­мунист орны хэвлэлээс ялгагдах зүйлгүй болно биз дээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг Засгийн газар татаж авах ёстой. 

-Наадмаа, түүхээ, хөшөө дурсгалаа хүртэл булаацалддаг болсон цаг. Гэхдээ та ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Наадмаа, эдийн засгаа өмчилдөгөө орхиж, үндэсний баяр наадмаас хойш Монголын улс төрд том зөвшилцөл бий болж хөгжлийн том гарцуудыг дорвитой бөгөөд зоригтой хийх хэрэгтэй. Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Тулгандаа галаа бадраасан тусгаар монгол орныхоо эзэн бүрт эрүүл энхийг хүсье.  

П.ХАШЧУЛУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн нэгэн мөчлөг өнгөрлөө, улс оронд хэрэгтэй юу үлдэв

УИХ-ын хаврын ээлжит чуулган албан ёсоор хаалтаа хийлээ. Улс төрийн нэгэн мөчлөг өнгөрлөө. Аливааг эхлэл дээр нь бус төгсгөл дээр нь үнэлж дүгнэхийг цаг үе шаардаж байгаа. Улс орны хувь заяаг удирдан залж байгаа УИХ-ын чуулганы хаалт нь ийнхүү дүгнэх мөчлөг юм. Энэ хавар улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал даруухан байсангүй. Жигд, хүчирхэг хэмнэлээр явсангүй. Юу болж байгааг хэвлэл мэдээллээс нийгмийн сэтгэл зүй хангалттай сонсож мэдсэн. Улс орныг удирдаж буй хүмүүс асуудлыг ярьсангүй, хүний тухай ярьсаар таарлаа. Сайд дарга нарыг огцруулах асуудал, хуйвалдааны эсрэг хуйвалдаан ярьсаар түүндээ ч цэг тавьж чадалгүй нээлттэй үлдээгээд чуулганаа завсарлуулав. Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралын эсрэг тодорхой санал санаачилга, гарцыг ямар ч улс төрийн хүчин, улс төрчийн амнаас ард түмэн олж сонссонгүй. Хаврын чуулган ажлын 32 хоног ажиллаж, энэ хүрээнд нэгдсэн хуралдааныг 29 удаа, байнгын хороодын хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна. Мөн 79 хууль баталснаас бие даасан 9, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 43, хүчингүй болгох тухай 2, гэрээ хэлэлцээ, соёрхон батлах тухай 4, УИХ-ын тогтоолын 29 төсөл тус тус баталсан байна. Хууль эрх зүйн хувьд басчиг тоон үзүүлэлт. Тэгвэл УИХ-аас гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй Засгийн газар нь хэрхэн ажиллав. Улс орны нийгэм, эдийн засагт хамгийн их ач холбогдолтой, үр дүн авчрах Төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Чөлөөт бүсүүд, Сайншандын аж үйлдвэрийн парк, Таван толгой, Оюу толгой хаа байна. Ажил нь хэрхэн ахив. Эдийн засгийн үр дүн байна уу. Үүнд УИХ-аас тодорхой үнэлэлт дүгнэлт өгөв үү. 

Жишээ нь хамгийн их хэрүүлийн талбар болоод байгаа Төмөр зам байна. Ямар ч улс төргүй, мэргэжлийн хүний дүгнэлтээр бол шинэ төмөр замын асуудал нь бодлого гарснаас хойш дөрвөн жил, төлөвлөж эхэлснээс хойш зургаан жил нийт 10 жилийг ардаа үджээ. Эхний галт тэрэг тээврээ хийх хугацааг алдсан байна гэж дүгнэсэн байна. Аль 2010 онд батлагдсан төмөр замын бодлого өнөөг хүртэл хэрэгжиж амжсангүй. Уг нь анх батлахдаа 2012 он гэхэд л 1100 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч км шинэ төмөр зам баригдсангүй. Өргөн, нарийн царигийн аль нь манай улсын эрх ашиг юм бэ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлж байгаагаар бол “Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр замыг тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн царигаар баригдана гэсэн үг. Харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барина. Ингэснээр хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барина гэсэн үг” гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газраас оруулсан энэ санал нь энэ удаагийн чуулганаар бүдэрч хойшиллоо. Төмөр зам тавигдах асуудал дахиад л хойшлогдлоо гэсэн үг. Энэ мөчид өргөн царигийг дэмжигсэд болох Х.Баттулга тэргүүтэй хүмүүс мэдээллийн цахим ертөнц хийгээд мэдээллийн сувгуудаар ялалт байгууллаа, нарийн цариг тавихын төлөө нөхдөд хориг тавьж чадлаа хэмээн бахархалтайяа дуугарцгаах болов. Эцэстээ өргөн, нарийн царигийн маргаан Монголын нүүрсний гадаад зах зээлд өндөр үнээр борлуулж, их хэмжээний ашиг олох байсан алтан үеийг өнгөрөөж, нэг км ч шинэ төмөр замгүй хэрэлдсээр өнөөдрийг хүрлээ гэсэн үнэнтэй л үлдлээ. Үүнийг одоо ямар үр дүн гэх вэ. Улс төрийн орчин дахь маргаан нь улс орны хөгжлийн төлөөх мэтгэлцээн байдаг учраас заавал нэг үр дүн харагдаж байдаг. Тэгвэл Монголын улс төрийн, засаглалд суугчдын хоорон дахь энэхүү өргөн, нарийн царигийн маргаан, талцаан, хэрүүл тэмцлийн үр дүн гэж юу байна вэ. Үүнийг л ард түмэн хоёр тал болсон хүмүүсээс асууж байна. Тэгвэл өнөөдөр юу үнэн байна гэвэл юу ч үгүй, бүтээж байгуулсан зүйлгүй, зүгээр л төмөр замын царигаар хэрүүл хийн цаг хугацааг өнгөрөөж байгаа нь үнэн байна.   

Хэрэвзээ цариг дээрээ ойлголцоод төмөр замаа тавьж чадсан бол 1.5 тэрбум ам.долларын бондын ч хэрэггүйгээр улсын эдийн засагт мөнгө орж ирэх боломжтойг эдийн засаг судлаачид хэлж байгаа юм. Төмөр зам геополитик биш ээ, эдийн засгийн утга нь илүү гэвэл зөв сонголт нь нарийн цариг болно. Шууд урагшаа тавина. Шилжүүлэн ачилтын нэмэлт зардалгүйгээр Хятадын төмөр замтай холбогдоно. Зардал хэмнэнэ, цаг хугацаа хожно. Ачаа эргэлт хурдан болно. Хятадаас гадна Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэдэг дэлхийн стандартад нэвтрэх юм. Хоёр том хөршийнхөө дундаас бид хаа холдох билээ. Тийм болохоор тээврийн асуудлаа шийдэхгүй байгаа нь хөгжлийн гарцгүйгээр гацлаа гэсэн үг. Гарц байхгүй бол тээвэр байхгүй, тээвэрлэлт хийгдэхгүй бол Монгол Улсын хөгжлийн коридор хэзээ ч нээгдэхгүй гэсэн үг. Энэхүү царигийн хэрүүл эцэстээ ийм л үр дүнд хүрлээ.

Улс орны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтаас төмөр замыг онцлоход ийм байна. Бусдынх нь тухай яривал бас ийм л агаартай мэдээллүүд цувна. Эмгэнэлтэй байна даа. УИХ-аас хууль эрх зүйн тодорхой бичиг баримтууд гарч байж л энэ улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Тийм болохоор энэ удаагийн чуулганы хугацаа гэдэг бол эдийн засгийн эрх ашигтай хуулиудыг хэрхэн зөв эрэмбэлж баталснаар “Эзэн-100” буюу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын эрч хүч, үр дүнг харах ёстой. Өнөөдөр харагдаж байгаагаар эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд барьсан 20 орчим хуулийн тал хувь нь ч батлагдалгүйгээр завсарлав. Энэ бас л үр дүн. Хаваржингаа эдийн засгаа эрчимжүүлнэ гэж ярьчихаад Их хурал нь завсарлачихаар ард түмэн итгэлгүй үлдэж байна. Их хурлын дарга ч өөрөө хэллээ, “Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтаа УИХ-д оруулж ирсэнгүй” гэж. Энэ бол Их хурал-Засгийн газар хоёрын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн жишээ. Ийм байхад эдийн засгийн эрчимжилт хийгээд эхэнд дурдсан томоохон бүтээн байгуулалтууд хэрхэн урагшлах тухай итгэл алга. Наадамлаж, найрласаар намрын дунд сарын 17 хүрч сая нэг сэхээ орно. Тэр үед улсын эдийн засаг болон олон улсад нөхцөл байдал ямар болсон байхыг багцаалж буй улс төрч байгаа юм уу. Наадмын уур амьсгал орчихсон энэ өдрүүдэд энэ тухай бодохыг ч хүсэхгүй байх шиг байна.

 УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы хаалтад хэлсэн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоомжууд, баталсан баримт бичгүүд, түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг хоёр хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталсан нь их бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлэхэд, эдийн засгийг эрчимжүүлэхэд бодитой түлхэц болоосой л гэж хэлье дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл ойлголцлын өдөр байлгая

Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Монголчууд хоорондоо ойлголцоогүйгээсээ болж аймшигтай том алдсан өдөр. Тэр өдрийн тэнгэр дор эргээд нэг зогсъё. 2008 оны долдугаар сарын 1-ний энэ өдөр Сүхбаатарын талбайд иргэд олноор цуглаж, улмаар МАН-ын байрны үүдэнд очсон. Цугласан иргэдийн тоо улам нэмэгдсээр ойрын жилүүдэд хүрээгүй их тоонд хүрч төв талбай, МАН-ын байр орчим хөл тавих зайгүй шахам боллоо. Тэдний сэтгэлийг хэрхэн хөөргөж, яаж дэвэргэж байсныг анзаарахад тийм нэг зохион байгуулалттай гэмээр хүч үнэхээр тэнд үйлчилсэн гэж хэлэхээс өөр үг олддоггүй. Тэрхүү аймшигт өдрийн үймээн самууныг монголчууд мэдээллийн хэрэгслээр хангалттай харсан. Монголын цагдаа ийм юмтай анх удаа нүүр тулгарсан нь үймээнийг улам дэвэргэсэн гэж ч үздэг. Үйл явдал нэгэнт хяналтаас гарсан учир Онц байдал зарлалаа. Улаанбаатар хотод цэргийн хүч орж ирлээ. Ардын журамт цэргээс хойш анх удаа зэвсэгтэй цэргүүд орж ирж, хуягтын цуваа хотод пиг дүүрсэн юм. Оройн 22.00 цагийн орчим сэтгүүлчдээ энд тэнд тараан байршуулж явсан бид анх удаа тийм олон байлдааны техник хэрэгсэл, хуягт машин хот руу орж ирэхийг харсан билээ. Манайх зэвсэгтэй улс юм билээ шүү. Маргааш өглөө нь биднийг шатсан байшин, буудуулж үхсэн хүмүүс, буу зэвсэг агссан цэргүүд угтсан. Онц байдал зарласан үед улс орон, иргэд ямар байх ёстой тухай ойлголт бидний хэнд нь ч байгаагүй. Гэтэл бусад улс орны хувьд Онц байдлын талаар ямар байх тодорхой хууль эрх зүйтэй байдгийг сүүлд уншаад айх шиг болсон. Учир нь Онц байдал зарласан үед ямар ч хүний эрх яриад хэрэггүй юм билээ. Гэрээсээ битгий гар л гэсэн бол гарахгүй байх хуультай. Гарч яваад буудуулсан бол тэгээд хохь болдог олон улс даяар үйлчилдэг хууль байна. Энэ юу хэлж байна гэхээр Онц байдал зарлуулах хэмжээний үйлдлийг монголчууд минь дахин гаргах ёсгүй юм байна лээ шүү гэсэн үг. Дээр нь Онц байдал зарласан үеийг ашигладаг, далимдуулдаг, мушгин гуйвуулдаг, хуулийг нь зорилгоо биелүүлэх хэрэгслээ болгодог бодит хүчин нийгэм үймсэн үед заавал гарч ирдэг байна. Бид харин тийм муухайг үзээгүй гэж найдъя.

Ингээд монголчуудын хувьд тэр өдөр чухам юу болж байгаа ухааныг олохгүй өнгөрлөө. Маргааш өглөө нь Монголын Үндэсний телевизээр тухайн үеийн АН-ын дарга, өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таван хүн буудуулан үхэж, хэдэн зуун хүн баригдлаа” гэсэн мэдээллийг анх хийж, түүнийг нь МҮОНТ бүрэн эхээр нь дамжуулж амжсан юм. Монголын ард түмний хувьд ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа энэ хоромд бага ч болтугай мэдэрсэн ч тэгээд хаагдлаа. Дамжуулж дуусахтай нь зэрэгцээд тэр үеийн эрх баригчдын зүгээс хүчний байгууллагынхныг МҮОНТ рүү оруулж, захирлыг нь өрөөнд хашиж, үйл хөдөлгөөн бүрийг нь хянаж эхэлсэн билээ. Бусад бүх мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг зогсоолоо. Ийнхүү Монголын ард түмний нүдийг хааж, амыг нь тагласан тэр өдрүүдэд чухам юу болж байгаа талаар ганцхан “Өдрийн сонин” л зогсоо зайгүй мэдээлж байв. Аймшигт хэрэг явдлууд өрнөж буй газруудад сэтгүүлчид маань бүх хүчээрээ ажиллаж, хамгийн халуун цэг болох Дэнжийн 1000-ын саатуулахад хоригдсон хэдэн зуун залуусыг хэрхэн дэглэж байгааг гэрэл зурагтай хамт мэдээлж, олон нийтэд хүргэж байлаа. Талбайн ойр орчмын саад, нэгдүгээр эмнэлэг орчим, хотын төв орчмуудад хар машинтай хүмүүс зугтаж байгаа залуусыг араас нь хөөн, буудан унагаж байхад зугтаж явсан хүмүүс дотор нь ч манай сэтгүүлчид гүйж явсан юм шүү. Тэр үед твиттер, фэйсбүүк гэж байсангүй, цахим сайтуудын мэдээлэл ч гэж юу байлаа. Ард түмэн чухам юу болоод байгааг мэдэх асар их хүсэл эрмэлзэлтэй тийм өдрүүдэд “Өдрийн сонин” ганцаараа мэдээлэл түгээж байсныг түүх гэрчилнэ. Аймшигт хэрэг явдал болсны маргааш өглөө нь Монгол Улсын Ерөнхий сайд урьд шөнө нь буудуулж үхсэн хүмүүст биш шатсан байшинд мэхийж байсан өдрүүд үргэлжилж байсныг монголчууд мартах ёсгүй. 

Ард түмэн яах гэж жагссан юм бэ? Сонгуулийн булхай луйвраас болж жагссан. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад, дэлхийн улс орнуудад болсон, болж буй жагсаал цуглаан, үймээн бужигнаан, улс төрийн тэмцэл, тогтворгүй байдал бүхэн заавал нэг дэглэлттэй, найруулгын дагуу л болдог болжээ. Хаанаас захиалсан, найруулагч нь хэн болох, хэн гол дүрд нь тоглосон, ямар үр дүн хүлээсэн, ямар ашиг хонжоо хайсныг бүү мэд. Ямар ч байсан жагсаал болж, цус урсах нь дэлхийгээр тархаж байна. Зүгээр л болж бүтэж, амар амгалан байсан Египет, Ливи, Ирак, Сири, сүүлд Украинд юу болов. Бүгд л танил, манай долдугаар сарын 1-тэй адил хэрэг явдлууд болж байгаа биз. Манайд долдугаар сарын 1-ний хэрэг явдал цааш даамжирч, үргэлжилсэн бол  дээрх улсуудын адил хувь тавилан хүлээх байсан. Таван хүний амь нас 50-д хүрч, бүх зүйл хяналтаас гарч, хяналтгүй болсон нийгэм өшөө хонзогнолын талбар болох байсан. МАН-ын байр руу дайрсан хүмүүс хамгийн түрүүнд дотор нь байсан дэлгүүрийг тоносон. Энэ байдал цааш газар авсан бол юунд хүрэх үү. Жижиг орны хувь заяа эмзэг. Хэдэн том дэлгүүр, хэдэн арилжааны банк халдлагад өртөхөд л Монгол Улсын хувь заяа дээсэн дөрөөн дээр очиж, НҮБ-ын мандат өвөртөлсөн цэрэг манайх руу энхийг сахиулах нэрээр орж ирэх байлаа. Ингэх нь хэнд ашигтай байх вэ. Бодож үзсэн хүн байна уу. Монголын хувь заяагаар тоглох эрх хэнд ч байхгүй.  

Тийм болохоор долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний амь нас, гашуун сургамжийг бид мартах ёсгүй юм. Энэ таван хүн утга учиргүй амиа алдаагүй. Тэдний үрэгдсэн амь бол ард түмэн дотроо үймж, талцаж, гэдсэндээ хөлөө хийлцэж, хүчээр асуудлыг шийдэж болдоггүйг бидний орой руу ортол хэлж өгсөн амь нас юм. Долдугаар сарын 1-ний өдөр нь эрүүл ухаан нийгмийг залж явдаг, зөвшилцөл, ойлголцол, хүлээцтэй байх нь улс үндэстний оршин байхын үндэс гэдгийг сануулсан өдөр. Таван залуугийн амь нас бидэнд энэхүү эмгэнэлт гашуун өдрийг байнга сануулсаар байх болно. 

Тэр үед улс орныг удирдан залж, төр төвшин, түмэн олноо амгалан байлгах үүрэг хүлээсэн дарга нараас өнөөдөр ганц нь ч төрийн сэнтийд алга. Суудлаа өгцгөөсөн байна. Яах гэж таван сайхан залуугийн амийг золиослон сандал ширээ, эрх ямбатайгаа зууралдав хэмээн тэд өдөр бүхэн  санаж толгойгоо шааж суугаа. Тэртэй тэргүй тодорхой цаг хугацааны дараа буучих сандал ширээг, намыг хамгаалах нь ямар утгагүй юм бэ гэдэг нь эндээс харагдана. Тэгж олон хүний амь хохироон тэмцэлдсэний үр дүн хаана байна гэж тэр үеийн эрх баригчдаас энэ өдөр ард түмэн асуух хэрэгтэй. Таван залуугийн дурсгалд зориулсан хөшөөг байгуулах хэрэгтэй. Түүндээ долдугаар 1-ний өдөр цэцэг өргөж байя. Гэхдээ энэ бүхэн санан дурсаж, цэцэг өргөхдөө бус том утга учрыг агуулах ёстой. Долдугаар сарын 1-нийг хар өдөр гэхээсээ илүүтэй Үндэсний их эв нэгдэл, ойлголцлын өдөр байлгая. Үүнийгээ зарлан тунхаглаж, дагаж мөрдье. Улс төрчдөөсөө эхлээд ус голдоо хүртэл эв эвдэрсэн бүхэн эвээ олж гар барьдаг, их ойлголцлын, их уучлалын өдөр байя. Алдаанаас сургамж авдаг ард түмэн өнө мөнхөд оршин тогтнодгийн тод жишээ бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, монголчууд юм гэдгийг бас дахин  харуулъя.     

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Намгүй бол та улс төрд хэн ч биш

УИХ-д албан бус бүлэг байгуулагдах гэнэ. Бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гурав дээр нэмэгдэж хэвлэлийн дайснаар тодорсон Ц.Оюунбаатар, МАХН-ын Л.Цог, О.Баасанхүү, мөн Д.Батцогт, АН-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан… нарын хүмүүсийн нэр дуулдаж эхэллээ. Г.Баярсайхан нь тийм юм байхгүй гэсэн тайлбарыг өгч эхэлж байх шиг байна. Дээр дурдсан хүмүүсээс гадна ч албан бус бүлэгт нэгдэх сонирхолтой гишүүд байгаа бололтой. Хэдэн жилийн өмнө “Элсний 13” гэж хэдэн хүн МАН-д бий болсон шиг “Хаврын 13” гэсэн нэг ийм бэлгэдэлт тоо бүхий хэдэн нөхөр гарч ирж байна. 13 гэдэг нь ч юув дээ. Өөр монголчуудын бэлгэшээдэг тоо бий шүү дээ. Энэхүү хаврын хүмүүс одоо тэгээд юу хийнэ гэж албан бус бүлгэм байгуулна вэ. Нэгдүгээрт ийм бүлэг байгуулах хууль эрх зүй байхгүй. Хуулиараа хориотой гэсэн. Хууль бус болохоор албан ёсны бүлгийн мэдэгдэл энэ тэр гэж зүйл гарахгүй. Тэгэхээр тоглоом л юм даа. Энэ бүлэгт бие даагчдаас гадна бусад намуудаас гишүүд орсон хэмээн сүйд болж байна. Сүйд болохоор үйл явц мөн үү. Сонсоод л Засгийн газрыг шантаажлах бас нэг бүлэг нөхөд гарч ирлээ хэмээн хүмүүс ярьж байна. Н.Алтанхуяг эдний ямар тахилыг нь буруу өрчихсөн юм бол доо. Энэхүү хаврын хүмүүсийн тоглоомын бүлгийг хараад эртнээс бодогдож явдаг нэг зүйлээ хэлье. Улс төрийн орчинд орж, улс төрөөр цаашид амьдрах гэж байгаа хүн бол эхлээд гишүүнээр нь элссэн намаа л бодохоос өөр арга байдаггүй юм билээ. Улс төрд та намаар дамжиж, намаараа фон хийж, намын дүрэмдээ захирагдаж байж л амжилт олохоос бус дан биеэрээ даналзаад юу ч олж долоохгүй. Хүний нийгэмд улс төрийн нам албан ёсоор үүсээд 300 орчим жил болж байна. Улс төрийн тухай ойлголт бол мэдээж 3500 жилийн өмнөх Аристотель, Платоны үеэс эхэлнэ байх. Улс төрийн анхны нам 1861 онд Англид байгуулагдсан Либериал нам гэдэг. Сонгуульд ялсан нам парламент ба Засгийн газрыг бүрдүүлж нийгмийн амьдралыг өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу удирдана. Энэ онолыг энгийн иргэн хэн ч ойлгоно. Тэгэхээр улс төрийн нам үүсээд 300-гаад жил болж буй энэ түүхэнд ганцаараа бие даан улс төр хийгээд тодорсон, улс орны төлөө ихийг хийсэн улстөрч, лидер гэж та дуулсан уу. Нам үүссэн түүхэнд лав байхгүй. Харин сүгсэлзүүрүүд бол ямар ч цаг үед байсан. Тэдний нөлөө гэж байдаггүй. Байх ч боломжгүй юм. 

Орчин үед энэ нь улам батлагдаж намгүй бол улс төрд хэн ч биш гэдгийг одоо монголчууд ойлгох цаг болсон. “Фэнг Шү” Ганбаа бие даагч босч зогсоод хичнээн сайхныг яриад, гар хуруугаа гозогнууллаа гээд зарим хү¬мүүст таалагдахаас бус ажил хэрэг болж, ард түмний амьдрал дээр хэрэгжих бо¬ломжгүй. Боломжгүйг нь та бид харж байна. Юм ойл¬годог хүмүүс бол бие даагч Ганбаатарын ярихыг хараад …хэ цс гэнэ. Түүний яриад байгааг хэн хийх юм бэ, хэзээ хэрэгжүүлэх юм бэ, ямар нам эвсэл хүчин түүнийг нь дэмжээд байгаа юм бэ гэж боддог. Одоо түүний яриа үлгэр ярьж байгаа мэт үнэмшилгүй сон­согддог болчихсон нь үүнтэй холбоотой. Гоё, чамин ярих туршлага түүнд энэ хугацаанд бий бололгүй яахав. Харин ярьсныг нь хийх хүн хүч, хөрөнгө чинээ, боловсруулсан бодлого гээд асар их зүйл шаардлагатайг тэр огт тооцохгүй. Тооцохыг ч хүсэхгүй. Сонгогч түүнээс “Таны ярьсан чинь яагаад ажил болохгүй байгаа юм бэ” гэж асуувал хариулт нь бэлэн. “Би эрх баригч биш цөөнх учраас АН-ынхан ажил хийлгэхгүй байна” гэнэ. Юу ч хийж чадахгүй юм бол наанаа суух хэрэг байна уу гэж асуух сонгогч харин цөөхөн юм билээ. Иймэрхүү бие даагчид “Бид сайн ярьж, хэвлэл мэдээллээр сайн гарч байх ёстой” гэдгээ сайн мэднэ. Мөн бид улс орон ард түмний төлөө амаа ангайхаас өөрийг хийх хүчгүй гэдгээ бас сайн мэддэг. Монголын улс төрд бие даагчдын хийсэн сайн үйлс гэж байдаг бил үү. Байхгүйгээ мэдсэн ганц нэг нь өмнөх парламентын үед аль нэг нам бараадсан. Зарим нь ч бүр улс төрөөс холдож алга болсон. Энэ гурав аль нэг нам руу орчихож чадахгүй иймэрхүү “албан бус бүлэг” мэтийг санаачилж, хөнгөн хуумгай нөхдийг уруу татан үймүүлж, угтаа тоглоом наадгай хийж суугааг нь хараад өөр ч юу хийж чадахав дээ гэж бодогдоход хүргэж байгаа юм. Тэдэнд хөтлөгдөж байгаа гишүүдэд хэлэхэд хэн ч биш хүмүүсийг дагаж хэн ч биш болох гэж байгаа юм уу л гэж асууя. Албан бус бүлэг нь наад хүмүүст чинь л хэрэгтэйгээс бус намд бол хортой. 

Ер нь тийм нэг увайгүй зан чанар өнөөдрийн тодорхой улстөрчдөөс шууд харагддаг. Намын нэрээр төрийн эрх мэдлийн өндөрлөгт оччихоод намаа тоохгүй болчихдог. Тоохгүй байгаад зогсохгүй намдаа дайсагнадаг. Намаа золиосолдог. Намаа доош нь хийж өөрөө ухаантай болж харагдах гэж оролддог нь тэнэг харагдуулах юм даа. Өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа хэн ч бай намгүй бол хумхын тоос шүү дээ. Энэ өөдгүй зан чанар ялангуяа АН болон шинэ залуу намуудаас түгээмэл харагдаад байна. Эртэй сайндаа улс төрд амжилт олчихсон юм шиг. Энэхүү “Хаврын 13” бүлгийн мөн чанар бол шулуухан хэлэхэд шантааж шүү дээ. Өөр юу гийгүүлэх юм бэ. Улс төрд шантаажийг шантаажаар хариулдаг нь бичигдээгүй хууль. Ухаандаа АН-аас “Хаврын 13”-т нэгдэж байгаа хүмүүсийг дахиж нэр дэвшүүлэхгүй гэсэн сөрөг шантааж аягүй бол хийнэ. Ингээд л бөөн хэрүүл. Би ухаантай сайн учраас нам маань гологдоод энэхүү “Хаврын 13”-ын бүлэгт нэгдлээ гэхээр чинь намын дүрэм үйлчилж, тэр нөхөртэй хариуцлага тооцно биз дээ. Бүтэн 12 жил зүтгэж байж арайхийж засаглалыг авсан АН-д сүүлд орж ирсэн нөхөд сүрхий сүгсэлзэх нь бүр ч мэдрэгдэх болж. Тэрнээс анхнаасаа явсан нөхдийн зүгээс арай ч ийм увайгүй зан гарахгүй байгаа юм. Яагаад гэвэл намын эрх ашиг гэж юм байдгийг тэд унаж босож, алдаж оносон 20 жилдээ ойлгосон болохоор тэр. Гэхдээ үүнийг огоордог хуучцуул ч мэр сэр бий. Элдэв фракцид хуваагдах, энэ тэр хутган үймүүлэгчдийн нөлөөнд автдаг, өөрийнхөө намын хүнийг огцруулах санал өгч жүжиглэх зэрэг чинь намын өсөлт бойжилтод хортой байна даа. АН-ын гишүүд энэ тал дээрээ илүү алдартай байж ирсэн. Яагаад ийм байдаг нь сонин. Баруун аймгийн бага ястан голдуу хүмүүс пиг чихчихсэн болохоор ийм байдаг юм болов уу ч гэж бодох юм. Тэд уугуулаасаа зан аашийн хувьд догшин ширүүн тэмцэгч хүмүүс байдаг. Тэгвэл халхууд голдуу байдаг МАН ингэдэггүй. Яаж ч үзэлцсэн намаа хорлодоггүй. Ө.Энхтүвшин даргын өчигдөр өгсөн дэлгэрэнгүй ярилцлагаас харагдаж байгаа юм. Улстөрч хүний буурь суурь, алсыг харах чанар түүний ярианаас аргагүй үнэртэж байна. Тэр ингэж хэлсэн байх юм “Дэмжиж чаддаггүй юм бол дуугүй байх хэрэгтэй” гэж. Энэ үг бол философи. Халхаас гарах философи. Энэ философийн үзэл санаа бол барьсан гэрийнхээ унийг сугалдаггүй гэсэн үг. “Бясаа устгах гээд байшингаа шатаадаг” гэсэн хэлц үг бий. Та нарыг өдий зэрэгт хүргэсэн намаа хайрлацгаа, улс төрчид минь. Намгүй бол та нар хэн ч биш шүү дээ.   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ хавар УИХ, Засгийн газар ард түмнийхээ төлөө юу хийж бүтээв

Одоо УИХ, Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах ганц ажил бол долларын ханшийн өсөлт байна. Яг энэ цаг дор 1828 төгрөг болж дээш өгссөөр бай­гаа ам.долларын ханшийг хэрхэн барих, буулгах дээр онцгой төвлөрөх цаг нэгэнт болжээ. Үнэндээ ам.долларын ханшийн өсөлт энэ төр засгийн бүх ажлыг үгүй хийж, үнэ цэнгүй болгож байна. Сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр хаалгаа нээлээ гэж зад рекламдсан. Төр засгийн сайных биш, харин төр хувийн хэвшилд саад болохгүй байвал хувийн хэвшлийнхэн хэрхэн ажилладаг, бүтээж босгож чаддагийн сайн жишээ болсон үйл явц юм. Үндэсний компаниуд нэгдэж нийлээд энэхүү том үйлдвэрээ босголоо гэхэд бас л өрөөсгөл юм. Тус үйлдвэрийн зөвлөхөөр ХБНГУ-ын “Humboldt Wedаq” компани, Барилгын зураг төслийг БНХАУ-ын барилгын материалын судалгаа зураг төслийн институт, Тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралтыг БНХАУ-ын “JangSu-Pengfei” групп, Барилгын гүйцэтгэлийг БНХАУ-ын “ShouGang” групп гэхчлэн дан гадны компаниудын нэрс цувна. Энэ бол гадны хөрөнгө оруулалт биш шүү дээ, гадагшаа мөнгө урсаж байгаа хэлбэр. Үндэсний компаниуд “Бид хийх боломжтой шүү дээ” гэсээр хоцорч байна. Барилгын ажил ид эхэлсэн энэ цагт Хөтөлийн цемент гэсэн шошготой бүтээгдэхүүн зах зээл дээр өнөөдөр алга л байна. Барилгын сезон дууссан өвлийн аман дээр хэрэглэгчдэд очно гэж байгаа бол үйлдвэр байгуулсны үр дүн байгаа юм уу. Өнөөдөр Замын-Үүд дээр цемент ачсан цуваа бөөгнөрөөд л байж байна. Ингэхээр энэ хаврын (бараг энэ жилийн) ганц том бүтээн байгуулалт болох үйлдвэрийн ид шид, үр өгөөжийг өнөөдөртөө лав үзээгүй байгаа нь юун “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” гэж бодоход хүргэж байна. Энэ жил илүү сартай хавар учраас маш их ажил хийх хэрэгтэй байна. Тэгээд ч ирэх жил сонгуулийн бэлтгэл. Энэ жилийн хавар, зун, намарт л бүтээн байгуулалт хийх гол цаг хугацаа юм.

Бас нэг гэгээтэй мэдээлэл түгсэн нь ирэх зургадугаар сараас хилийн үнэ нь 900 ам.доллараар үнэлэгдсэн шатахуун манай улсад орж ирнэ. Одоо шатахууны хилийн үнэ 1100 орчим ам.доллараар үнэлэгдэж байгаа нь 900 ам.доллар болж буусан юм. Манай улсын шатахуун импортлогч компаниудын ихэнх нь буюу 10 гаруй байгууллага “Роснефть”-ээс бүтээгдэхүүнээ авдаг. 1400, 1200, 1100 ам.доллар гэх мэтээр буурсаар одоо шатахууны хилийн үнэ гурван оронтой тоо руу орлоо. Ингэж шатахууны хилийн үнэ буурсан учраас зургадугаар сараас дотоодод худалдаалагдах шатахууны жижиглэнгийн үнэ бууна гэсэн ойлголт хүн бүрийн сэтгэлд гэгээ татуулав. Гэтэл албаны хүний хариулт урамгүй байна. Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгийн мэдэгдсэнээр “Роснефтийн манайд нийлүүлэх үнэ 1100-аас 900 ам.доллар болж бууснаар дотоод дахь жижиглэнгийн үнэ тонн тутамдаа одоогийн байгаа үнээс 40-70 орчим ам.доллараар буух боломжтой. Ингэж шатахууны үнэ буух нөхцөлийг бүрдүүлсэн ч өөр нэг том хүчин зүйл нөлөөлсөн нь ам.долларын ханш юм. Долларын ханш Роснефть-тэй өнгөрсөн сард хэлцэл хийж байх үед 1750 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл одоо 1820 төгрөг болчихсон болохоор 40-70 ам.доллараар буулгах боломжийг хааж байна. Тийм болохоор өнөөдөр долларын ханш энэ байдлаараа байвал шатахууны жижиглэнгийн үнэ буух боломжгүй юм” гэв. Ийм л юм бол Оросоос нефть бүтээгдэхүүний үнийг хөнгөлсний ашиг тус гэж юу байгаа юм бэ. Монголын ард түмэнд хүртэх үр дүн гэж өчүүхэн ч байхгүй байна. Эхэнд хэлснээр УИХ, Засгийн газар нь доллартайгаа л ноцолдохгүй бол хилийн цаадах үнийг хичнээн хямдруулж, буурууллаа ч дотоод дахь ам.долларын тэнгэрт тулсан ханш хэрэглэгчдэд нар үзүүлэхгүй юм байна. Одоо эдийн засагт хийж байгаа эцсийн амь тариа болох “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-т найдах л юм биз дээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлого үр дүнтэй явагдаж, ам.долларын ханш доошилбол олон зүйл дээр эерэг хариу гарна. Ам.долларын ханшаа хэрхэн буулгах дээр голлон анхаарч, Төмөр зам, дэд бүтцээс эхлээд баялгаа дэлхийн зах зээлд хурдан хүргэх ажлаа урагшлуулахгүй бол бид боломжоо алдана. Таван жилийн дараа Монголын нүүрс үнс болж мэднэ. Оюу толгой бол онцгой анхаарах эдийн засаг. Хэрэвзээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт товлогдсон ёсоор есдүгээр сард орж ирэхгүй бол Монгол Улс долларын хамаг нөөцөө  шавхахад хүрнэ гэсэн эдийн засагчдын тооцоо байна. Хууль тогтоомж, бодлогын тогтвортой бус байдлаас болоод эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал 55 хувиар татарчихаад байна шүү дээ. Дээр нь V цахилгаан станц, “Сайншандын аж үйлдвэрийн парк”… гэхчлэн том бүтээн байгуулалтууд хаачив. Бондоос үлдсэн гэх нэг их наяд төгрөг хаана байна, юунд зарцуулах гэж байна. Бас л баахан вакуум цонхны үйлдвэрт үү. Эцсийн дүндээ ард түмний амьдрал дээшлэхгүй байгаатай л Засгийн газар эвлэрэх ёстой. 

УИХ юу хийв. Хаврын чуулганы хугацаа талдаа орсон хэдий ч эдийн засагт чухал хуулиуд урагшаа явсангүй. Нэн түрүүнд шаардлагатай цариг, хайгуулын лицензийн хоригийг чөлөөлөх гээд улс орны хөгжилд хэрэгтэй хуулиудыг баталснаар гадаад зах зээл өргөжин тэлэх боломж байсаар байгаа. Гэтэл энэ Их хурал гэж шуудайнд хийсэн үхрийн эвэр байсаар байна. Улс төрийн хүчнүүд нь нам, фракц бүлэглэлээрээ талцаад дууслаа. Сүүлдээ бүр албан бус бүлэгтэй болох тухай яриа гарав. Шантааж хийдэг бас нэг баг гарч ирэх нь хэмээн ард түмэнд ойлгогдож эхэллээ. Урдах хэрүүлээсээ илүүг харж төлөвлөж, шийдвэрлэж чадахгүй, хувийн эрх ашгаа бүгдийн өмнө эрэмбэлсэн хэдэн нөхөд бүлэг байгуулж Засгийн газрыг яаж тамлахаар шийдсэн юм бол доо.  Өнөөдрийн эдийн засгийн хямрал бол өчигдрийн хэрүүл, дотоод зөрчлийн илрэл гэдгийг ард түмэн мэдэрч байгаа шүү. 

Өнгөрсөн сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн хаврын чуулган хуралдаж эхлээд 51 хоног өнгөрчээ. Сар хүрэхгүй хугацааны дараа хаалтаа хийх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр 25 асуудлыг жагсаасан байх юм. Гэвч Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаас өөрөөр, жагсаасан асуудлууд нэг алхам ч урагшилсангүй.

Хэлэлцсэн боловч батлаагүй нэг асуудал байгаа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан, олны хэлж заншсанаар сайдуудын давхар дээлийг дан болгох төсөл дээр өнгөрсөн намрын чуулганы төгсгөл, энэ хаврын чуулганы эхэн хагас хүртэл төвлөрч ажилласан ч эцсийн үр дүн гэж гарсангүй. Бүтэн хоёр сар тойрч ярьсан асуудлаа батлах эцсийн мөчид Их хурал унагав. Хэлэлцэхгүйгээр буцаасан бас нэг асуудал байгаа нь Шилэн дансны тухай хуулийн төсөл. Монгол Улсын төсөв юунд хэрхэн зарцуулагдаж, тендер ямар шалгуураар эзнээ олж байгааг ил тод болгох зорилготой байсан. Хүмүүс татвараа хаашаа орсныг, хэн гэдэг албан тушаалтан түүнийг нь юунд зарцуулсныг, үр ашиггүй зарцуулалт хийсэн эсэхийг л сонирхдог. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга батыг сахиулах нь чухал атал, гишүүд нэр томьёо таарахгүй нэрээр буцаалаа.

 Ийнхүү хаврын чуулганаар хэлэлцэх 25 асуудлынхаа ердөө ганцын ард гарч, хоёрыг нь хойш шидсэнээс өөр юу хийв. Сөрөг хүчний санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах гэж баахан үзлээ. Дараагаар нь  Эдийн засаг хөгжлийн сайд, Сангийн сайд хоёрыг огцруулах гэж оролдов. Залгуулаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг чөлөөлөх шийдвэр л гаргасан юм байна. Зөвхөн Х.Тэмүүжинг огцруулах уу, үгүй юу гэдгээ шийдэхэд УИХ 40 хоног зарцуулсан байна. Хавар бол хайран цаг хугацаа юм, Монголын хувьд. Гэтэл албан тушаал, сандал ширээ хөөцөлдсөн улс төрөөр, хаврын ихэнх хугацааг алдсаар. Хууль нь ч тэнэг байна. Нэг гишүүний хүсэлтээр Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудал босч УИХ нь зөвхөн үүнээс болж 40 хоногийн ажлаа алдана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Огцруулах үндэслэл нь дэндүү ядуу. Ялих шалихгүй зүйлээс болж хоёр гишүүн маргалдангуутаа нэг нь өрөөндөө гүйж ороод огцруулах өргөдөл бичээд өгчихөж байгаа юм. Эсвэл хувийн эрх ашиг нь хөндөгдөхөөр тэр сайдыг огцруулах асуудал оруулдаг. Гудамжинд маргалдангуутаа гүйж ороод огцруулах өргөдөл өгсөн Их хурлын гишүүн ч байгаа шүү. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг чинь ийм хэврэг байдаг юм уу. Үүний хажуугаар өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Х.Баттулгад ямар их цаг зарав. Үүнээс өөр хийсэн ажилгүй хаврын чуулган завсарлах нь. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд буй зарим хуулийн төслүүд олон нийтийн дунд дэндүү их  хүлээлттэй байна. Хэдийгээр барьцаа, шантаажаар хэлэлцэхээр болсон ч Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнөөдөр хэдэн мянган хүн хоног тоолон хүлээж сууна. Энэ хууль бол эдийн засгийн ач холбогдолтой хууль юм шүү. Гарч ирсэн хүн бүр бизнесээ сэргээнэ. Үүнээс гадна өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээ хэзээ баталж, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө аль завандаа батлах гэж байгаа юм. Мөн ирэх оны Үндсэн чиглэл, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтаа яаж гаргахаа мэдэж байгаа болов уу. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг тэнгэр харж байгаад гаргадаггүй. Улс орны хөгжил, хүн зоны амьдралд зайлшгүй шаардлагатай, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр гаргадаг. Гэтэл энэхүү хэлэлцэх асуудлын чинь ердөө дөрвөн хувь нь биелсэн байна.

Гэтэл хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой ямар олон асуудал байсны заримаас нь танилцуулъя. 

1. “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

2. “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

3. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл;

4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

5. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл;

6. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;

9. Шилэн дансны тухай хуулийн төсөл /буцаасан/

10. Худалдааны тухай хуулийн төсөл;

11. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /унагасан/

12. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл… гэхчлэн 25 хуулийн төсөл хүлээгдэж байна. Энэ бүгдийн ард хэзээ гарах нь тодорхойгүй байсаар. Ингэсээр байтал Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусах юм шиг байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гадныхны гайхшралыг төрүүлдэг монгол зан

Энэ ертөнцөд хот, хөдөөг хослуулан амьдрах боломж, амьдралын хэмнэл зөвхөн монголчуудад заяажээ. Монголчууд элгэмсүү ард түмэн. Ах дүүсэг, нэг нэгнийхээ төлөө амиа тавьдаг. Боломж нь олдвол байраа, машинаа ч төрсөндөө зүгээр өгчихдөг. Нэг нь өвдлөө гэхэд байгаа бүхнээ ямар ч эргэлзээгүй зориулдаг. Ийм ард түмэн дэлхийд их цөөхөн. Монголчуудын сэтгэл зүрхэнд байдаг энэхүү онцгой шинжид хамаарах бас нэг үзэгдэл нь нэг айлын хоёр хүүхэд байлаа гэхэд нэг нь хотод, нөгөө нь хөдөөд амьдарна. Хот сууринаас хамааралтай хүүхдийн сургууль соёлын асуудал, эрүүл мэнд… гэхчлэн олон асуудлыг нь хотод байгаа нь хөдөөд байгаа нөгөөдөө шийдэж өгдөг. Хөдөө мал дээрээ байгаа нь хот сууринд суух нэгнийхээ идэш уушаас эхлээд өөрөөс шалтгаалах бүхнийг хариуцна. Энд маш сонин хийгээд том эдийн засаг оршин байдаг нь аав ээжээс адилхан тасалж өгсөн хотод байдаг ах дүүгийнхээ малыг хөдөөд байгаа нь бүрэн хариуцдаг явдал юм. Хотын нөхөрт малыг маань хариулж байгаа юм гээд цалин хөлс өгөх тухай ойлголт байдаггүй. Хөдөөд амьдардаг нь “Би муу ахынхаа, эсвэл дүүгийнхээ хэдэн малыг 100 хувь хариуцан маллах ёстой. Юун цалин хөлс…” гэсэн ухамсартай. Хэрэвзээ ах дүү хоёрын хооронд цалин хөлсний асуудал босч ирвэл аав ээж дундуур нь шууд орж ирнэ. Олон хөлийн газар амьдрах гэж яваа муу ахаасаа юм нэхлээ, энэ хэдэн малыг нь хариулж өглөө гээд чиний махнаас чинь мах, яснаас чинь яс уначих гээд байна уу гэж ирээд хөдөөд байгаа дүүг нь баллах шахна. Ийм учраас хотын нөхрийн мал байнга өсч байдаг нь /эзэн нь огт оролцохгүй байж шүү/ сонин. Ийм нэгэн өвөрмөц харилцаа монголчуудын дунд өнөөдрийг хүртэл байсаар ирсэн нь гадныхны гайхшралыг төрүүлсээр иржээ. 

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зун цаг ч ирлээ дээ, монголчууд минь

Монголчууд дөрвөн улирлын ард түмэн. Хүссэн хүсээгүй бид улирлаа дагасан ааш аягтай. Өвөл өнтэй жил бол хот хөдөөгүй налайна. Энэ улирал монгол хүний хувьд жинхэнэ төвлөрдөг улирал. Өвлийн идэш уушаа хийчихсэн, гэр орноо дулаалчихсан, элдэв зүйлд сатааралгүй, өмнөх ажилдаа, уран бүтээлдээ төвлөрч ажил хэрэгч, бүтээлч болдог. Хавар харин хачин болцгоодог нь мөн л улирлынх. Гадаа хуурайшаад, шороо тоос босоод, өдөр уртсаад, сэтгэл тавгүйрхээд монгол хүмүүсийн сэтгэл донсолгоотой болдог. “Хаврын хүмүүс” гэсэн нэр томьёо гарсан нь эндээс эхтэй. Шар хадны өвчтөний тоо эрс ихэснэ, талбайн жагсаал цуглаан олширно, хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакциар эргэлдэж элдэв зүйлийг ярих хүмүүсийн тоо олон болдог гэхчлэн ширүүснэ дээ. Харин намар бол яг үнэндээ налайдаг улирал биш шүү дээ. Язагнадаг, бужигнадаг ажил хэрэгч улирал байхгүй юу. Эдийн засгийн цусны эргэлт огцом ихэсдэг улирал. Хүмүүс ажил төрлөө хийх асар өндөр эрч хүчтэй орж ирдэг улирал. Энэ улирал нь өвлийн хүйтэн, хаврын хахирыг давах оршил улирал болой. Энэ бүгдээс хамгийн онцгой нь зун. Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 3. Зун цаг ч ингээд нэг юм ирлээ дээ, монгол түмэн минь. Монголын ард түмний стресс, нервээс салдаг ганц улирал. Зун л монгол нутаг, монгол хүмүүсийн нуруу тэнийдэг. Сэтгэл нь хөнгөрч, сайхан бодлууд толгойд эргэлдэж, хотын унаган хүүхдэд ч хөдөө нутаг бодогддог нь хөх толботуудын цусанд байдаг мөн чанар билээ. Монгол оронд нүүр тэнэгэр, жаргалтай хүмүүсийн царайг энэ улиралд л дүүрэн харна даа.

П.ХАШЧУЛУУН