Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өрсөлдөгчөө өрөвдсөний гор”-ыг амссан МАН хүлээцтэй байхад АН яахнав дээ

“Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан нь бид сайн ажилласных” хэмээн МАН-ын төлөөлөл болох Их хурлын гишүүд мэдэгдсээр байгаа юм. Үнэндээ Засгийн газрыг МАН-ынхан унагаагүй шүү дээ. АН-ынхан өөрсдөө унагасан. Засгийн газрыг унагасан нь сайн ажил боллоо хэмээн үзэж буй сөрөг хүчинтэй байгаа нь улс төрийн эмгэнэл мөн. Гэвч үүнээс гунигтай нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг элдвээр дайрч, хэмлэж унагачихаад одоо сонгуульд дахин ялах тухай мөрөөдөж суугаа АН бүр эмгэнэлтэй байна.

АН ийм байдалд яагаад хүрснийг олон факт, болж өнгөрсөн үйл явдлаас харж болно. МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин сонгуульд ялагдсаныхаа дараа “МАН сөрөг хүчнээ өрөвдсөний горыг амсаж байна” гэж хэвлэлд ярилцлага өгсөн. Энэ бол улс төрийн цагаан толгойг ярьсан хэрэг. Улс төрийн цагаан толгой буюу улс төрийн тоглоомын дүрэм маш энгийн гэж судлаачид хэлдэг. Юу гэхээр ялсан нам улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлж, гишүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Гишүүдээ ажилтай, орлоготой, амьдралтай байлгаж төрийн ажилд зүтгүүлдэг, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг гэсэн үг юм. Энэ нь дэлхийн улс төрийн практик. Тэрнээс нам нь ялчихаад, эсвэл олонхи болсон хэрнээ огт өөр намын лидерийг авчирч албан тушаалд тавиад, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэдэг маанаг үзэгдэл Монголд л байдаг байх. Тэгээд бас болоогүй, ялсан хэрнээ намынхаа гишүүдийг, тодорхой лидерүүдийг шоронд барьж хийгээд л… намынхаа гишүүдийг хуйгаар нь ажлаас нь халаад л. Аль ч улсад, ялсан улс төрийн хүчин нь гишүүдээ ажлаас нь халах, шоронд явуулах тухай асуудал байдаггүй. Яах аргагүй гишүүдээс нь хүн алж, хүрээ талчихаагүй бол заяандаа цааш нь явуулахгүй. Явуулж байсан түүх ч байхгүй. Жишээ нь МАН засаглалд байхдаа гишүүдээсээ шоронд явуулж байсан юм уу. Хоёр удаагийн тохиолдол л бий дээ. Гаалийн ерөнхий газрын даргын асуудал, УИХ-ын гишүүн байсан нэгний хэрэг явдал. Гаалийн дарга болохоор намынхаа санхүүжилтэд хэт улайрснаас болсон. Яг тэр үед нь Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдож авлигатай тэмцэж, тэмцэх гол байгууллага болох Тагнуулын газрын даргаар өөрийн хүнээ тавьж лут ажиллуулсны үрээр тэрхүү Гаалийн дарга баараггүй баримт нотолгоон дээр унасан юм. Өнөө УИХ-ын гишүүн асан нь болохоор ивээлд нь байсан лидер улстөрч нь Их хурлын дарга байх үедээ зуурдаар таалал төгссөнөөр нөмөр нөөлөггүй болж, намынхандаа хаягдсанаас “аав”-ынд цөөн жил суугаад гарсан юм. Үүнээс өөрөөр намынхаа гишүүдээс шоронд суулгасан түүх МАН-д байхгүй юмаа. Тэрнээс энэ намд шоронд явах болзол хангасан хүний тоо цөөнгүй бий.

Өрсөлдөгч хүчнээсээ өө согог олж, алдаан дээр нь ажиллаж, хууль зөрчсөн гишүүдийг нь шоронд явуулах ажлыг сөрөг хүчин нь л хийх гэдэг. Тийм болохоор Америк, Англи, Япон, Солонгос… бүгдэд нь сөрөг хүчнээсээ болгоомжилж, алдаа дутагдлаа нууж, болдоггүй гишүүдээ хаацайлж байдаг. Элдэв асуудалд ороогдсон гишүүдээ нам нь засаглалд байх хугацаандаа хир халдаадаггүй. Англи улсын улс төрийн хүчнүүд гэхэд асуудалтай парламентын гишүүдээ сонгууль ойртохоор хүн төдийлөн анзаарахгүй албан тушаалд юм уу, эсвэл өөр улсын Элчин сайдынхаа яам руу амжаад явуулчихдагийг улс төр судлаачид бичсэн байдаг. Дэлхийн 200 гаруй улс орны дотор хууль бүрэн хэрэгждэг, өндөр хөгжилтэй Англид хүртэл улс төрийн тоглоомын дүрэм ингэж явагддаг билээ. Английн улс төрийн хүчнүүд “но”-той гишүүддээ тийм их хайртай хэрэг үү. Эсвэл бүгдээрээ хамтраад идчихсэн, манайхан шиг нэг нэгэндээ нээнтэгтэй байдаг юм уу. Үгүй юм билээ, хамгийн гол нь бид бүгдээрээ Консерватив нам гэсэн нэг гэр бүлийнхэн гэдэг зарчим тэнд үйлчилдэг. Монголын АН шиг нэг хэсэг нь шударга дүр эсгээд, нөгөө хэсэг нь муу хүмүүс байгаад сонгуульд ялах тухай ойлголт байдаггүй. Энэхүү улс төрийн цагаан толгойг тэд хөгжсөн 200 жилийн түүхэндээ ойлгосон хүмүүс. Тэр жил бага Буш сонгуульд ялсан агшныг Бүгд найрамдахчууд нь тэмдэглэж байхыг харсан юм. Энэ нам ялсан л бол бодлогоо хэрэгжүүлэхийн тулд сөрөг намын үзэл баримтлалтай цэвэрлэгчийг ч ажлаас нь сольдог тухай тэр үед сонссон. Сөрөг хүчнийх нь хичнээн сайн боловсон хүчин байгаад ч, алтан толгойтой, мөнгөн цээжтэй байгаад ч ажлаа өгөөд хэл амгүй явдаг тухай. Энэ нь тус улсад зарчим болсон тухай ярьж байсан. Өнөөдөр МАН-ын зарчим ч ийм байдаг, Англи, АНУ-ын улс төрийн хүчнүүдийн зарчим ч ийм байна.

Монголын АН-д энэ зарчим алга. Засгийн эрхэнд байх хугацаандаа гишүүдээ шоронд явуулж байна. Түшиг тулгуур болсон гишүүддээ хайр гамгүй хандаж байна. Өөрсдөө л өндөр сэнтийд дөрвөн жил суугаад авбал бусад нь яахав гэсэн арчаагүй үзлээр намынхаа гишүүдэд хандаж байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх АН-ын тодорхой лидерүүдийн нэг мөн. УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон, ЗГ-ын гишүүн байсан, намын генсек явсан түүнийг намынхан нь шоронд хатааж, шонд дүүжлэх шахуу юм боллоо. Л.Гансүх бол 50 гаруй насны, улс төрийн халуун тогоонд чанагдсан, алдаа хийхээргүй хатаагдсан улс төрч. Улс төрийн намтрыг нь харахад Л.Гүндалай ганцаараа улс төрийн тэмцэл хийж, онгоцны буудал дээр сөрөг хүчнийхэн нь баривчлах үеэр намынхаа төв байр руу амь тэмцэн зугтаж ирэхэд улстөрчдөөс Л.Гансүх л ганцаараа түүнийг хамгаалан, тэмцэлдэж байсан наад захын дүр зургийг ард түмэн санана. Ийм эгзэгтэй цаг үед, ардчилал нухчин дарагдаж байх он жилүүдэд өнөөдрийн АН-ын хаягтай УИХ-ын гишүүд хаана явсан юм бэ. АН-ын байрны хажуугаар өнгөрөхөөс ч айдаг байсан хүмүүс эдэн дунд харагддаг юм шүү дээ. Тэр цаг үед АН-ын байраар Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Лу.Болд нарын лидерүүд хийгээд хэдэн партизанууд, “Өдрийн сонин”-ы хэдэн сэтгүүлч л халгах юмгүй орж гардаг байсан байх. Өөр бусад нь зүглэдэг ч үгүй байсан тийм цаг үеийн АН-ын генсек бол Л.Гансүх юм. Сая АН-ын тодорхой гишүүдийн нэг Я.Батсуурийг шоронд хийлээ. Мөн л 50 нас гартлаа АН-ын үйл хэрэгт зүтгэж яваа нэгэн, Москвад Олон улсын харилцааны сургууль төгссөн, АНУ-д дипломат алба олон жил хашсан, хат суусан улс төрч. Түүнийг одоо хэдүй болтол шоронд хатаахыг бурхан ч мэдэхгүй. Я.Батсуурь Шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн. Тэр компанид Шүүхийн шийдвэрээр 10 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуул гэсэн. Харин чиг Я.Батсуурь “Арай ч хэтэрсэн мөнгөн дүн байна” хэмээн шүүхдэлцсээр 4.5 тэрбум болгосон байдаг юм. Шүүхийн шийдвэрийг хэн ч хэрэгжүүлэх ёстой. Үнэхээр хууль бус юм бол тэр шийдвэрийг гаргасан шүүгчид хэн нөлөөлсөн байх вэ. Сонин л баривчилгаа. Одоо Лу.Болдоор оролдох нь бололтой. Энэ хүн Монголын ардчилсан хувьсгалын загалмайлсан эцгүүдийн нэг. Фортуна Н.Батбаяр ч ялгаагүй ардчилсан хувьсгалын зүтгэлтэн. Н.Алтанхуягийг шоронд хийх тухай яриад эхэллээ. Сүүлийн зургаан сонгуульд дараалан намаа ялуулсан лидерээ шоронд хийх гэдэг улс төрийн хүчин дэлхий дээр Монгол л байх шиг байна. Энэ бүхэн бол үнэн хэрэгтээ фракц хоорондын тэмцэл. АН бол нэг гэр бүл. Сонгуулиар ард түмний сонголт ганц АН гэсэн нэр дээр хийгдэнэ. Хамтын хариуцлага, хамтын нэр төрөөр сонгуульд орно. Нэг хэсэг хүний нэр төрөөр сонгуульд ялдаггүйг улс төрийн шинжлэх ухаан баталсан шүү дээ. Ийм энгийн дүрмээ мэдэж улс төр хийж чадахгүй байгаа АН-ын лидерүүдэд “Намынхаа гишүүдэд хайр энэрлээ үзүүлэх цаг болжээ” гэдгийг хэлэх байна. Намын гишүүд дэмжигчид байхгүйгээр улс төр хийдэггүйг улс төр судлаачид та нарт мөн ч их хэлж байна даа. Бас дээр нь судлаачдын хэлж байгаа нэг зүйл нь “Фракц хоорондын зөрчил нь Засгийн газраа нурааж, намынхаа гишүүдийг шоронд хийж байгаа нь өнөөдрийн дэлхийн улс орнууддотор Монголын АН, Хятадын коммунист нам хоёр л байна” гэсэн дүгнэлт юм. “Хятадын коммунист нам авлигатай тэмцэж байгаа юм шиг харагдавч үнэн чанартаа нэг фракц нь нөгөөгөө нухчин дарж байгаа аймшигт үзэгдэл” хэмээн судлаачид үзэж байгаа юм билээ.

Энд АН ирэх сонгуулиар 2000 оных шиг ганц Наранцацралттай үлдэх тухай ерөөсөө ярьсангүй. Монголд АН, МАН гэсэн хоёр хүчин байх хэрэгтэй гэж судлаачид үздэг. Эрээвэр хураавруудаар, гурав дөрөв дэхүүдээр төр бариулна гэдэг сүйрэл гэж судлаачид бичих болж. Тийм болохоор л ард түмэн тодорхой зам мөртэй, улс төрийн тавцанд биежиж чадсан энэ хоёр намыг сонгодог. Гэвч өнөөдөр Ардчилалд итгэсэн ард түмний итгэл найдвар алга болж байна. Ардчиллын туг нь АН гэж ард түмэн хардаг юм шүү дээ. “Өрсөлдөгчөө өрөвдөж ёстой болохгүй юм байна” хэмээн шүдээ зуусан өрсөлдөгч хүчин чинь хүлээцтэй сууж байхад та нар биесээ хэмлээд яахнав дээ.

АН засаглалд байх энэ цаг үед хүн хүнээ барьдаг аймшиг ид өрнөж байна. Энэ процесс эргээд эзнээ барьдаг гэдэг. Одоо Н.Алтанхуягаар, Лу.Болдоор, Н.Батбаяраар оролдоод эхэллээ. Энэ нь эздээ эргээд барьж эхлэх гэж байгаагийн шинж. Хаана хүрч зогсохыг хэн ч мэдэхгүй. Түүхэн үнэнээс харахад эзнээ эргээд барьдаг энэ аймшгийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын амьдрал замналаас харж болно. Тэд хаан байсан, махны машиныг гардан ажиллуулсан, эцэстээ өөрсдөө тэр махны машиндаа хэрчүүлэн дуусцгаасан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мянганбаяр дампуурвал монголчууд уул уурхай руу зүглэх нь цэглэх биш үү

Аль ч улс оронд үндэсний хэмжээний томоохон компаниуд нь дампуурахад хүрэх тохиолдол байдаг. Гэхдээ дампууруулдаггүй юм. Төр засаг нь бодлогоор дэмжээд босгоод ирдэг юм. Зээлийн нөхцөлөөр хөрөнгө оруулалт хийж сэхээнэ. Мөн хувьцаа гаргаж тус компани дахь төрийн зэмшлийн хувь хэмжээг бий болгодог. Тэр бүү хэл ард түмний дунд аян өрнүүлж үндэсний томоохон группээдэмнээд явсан гайхамшигтай түүх ч бий. Эдгээрээс хамгийн ойрын үеийн тод жишээг дурдъя гэвэл АНУ-ын дэлхийд алдартай “Женерал моторс” компани (англи товчлол нь GM) байна. 2009 оныг хүртэл “Женерал Моторс” корпораци гэгддэг байсан нь 1908 онд байгуулагдсан нэршил нь. Дэлхийн 157 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 220.000 ажиллагсадтай томоохон автомашин үйлдвэрлэгч. Гэвч ямар ч аварга компанийн үйл ажиллагаа доголдож дампуурахад хүрдгийг тэд харуулсан. 2009 он гаруут “Женерал Моторс”-ийн худалдаа Европт 7,4 хувиар бууж эхэлснээр шууд алдагдал хүлээж эхэлсэн. Ингээд 2009 оны зургадугаар сарын 8-ны өдөр тус компани дампуурлаа зарлахаа мэдэгдсэн юм. Дэлхий дээрх манай мэтийн улс орны иргэд “Ингээд агуу Женерал моторс дууслаа” хэмээсэн. Харин америкчууд бол тэгж хараагүй. Ердөө нэг сарын дараа нь буюу 2009 оны долдугаар сарын 10-нд АНУ-ын засаг захиргаанаас үндэсний энэхүү том компанидаа тусламж үзүүлэхээ мэдэгдсэн болой. Энэ үед GM компани нь 4.3 тэрбум долларын алдагдалд орсон байжээ. Засгийн газрынхаа дэмжлэгийг авсан тэд 2010 он гэхэд компанидаа зохион байгуулалт, бүтцийн бүрэн шинэчлэл хийсэн. Одоо “Женерал моторс” компанийн 61 хувийг АНУ-ын Засгийн газар эзэмшдэг. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа, үе шаттайгаар төрийн зүгээс хувь эзэмшлээ бууруулсаар бие даах бүрэн чадавхитай боллоо гэсэн үед нь 100 хувь хувьд нь шилжүүлнэ. Тус компанийн 220.000 ажилтных нь 70.000 нь Америкийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. АНУ-ын 300 сая хүнтэй. Монгол Улс гурван сая хүнтэй. “Монгол газар” компани 1000 ажилтантай. Зүгээр л тоон харьцуулалт шүү. Америкийн Засгийн газарт 70.000 иргэнийх нь ажлын байр чухал. Монголын Засгийн газарт ч мөн адил 1000 иргэнийх нь ажлын байр чухал гээд цаашилбал нийгэмд баялаг бүтээж байгаа үндэсний хэмжээний үйлдвэрлэгчээ дампууруулах нь тухайн улс орны хувьд шившиг юм байна л даа. АНУ-ын Засгийн газраас “Женерал моторс” компаниа ийнхүү дэмжсэнээр GM-ын зүгээс богино хугацаанд амжилттай хувьцаа гаргасан, мөн Хятад дахь борлуулалт нь огцом нэмэгдсэн байдаг. Одоо тус компанийн 2014 оны санхүүгийн тайланг харахад тус оны зургадугаар сарын байдлаар цэвэр ашиг нь 320 сая ам.доллар байна. Зээл авах чадавхи нь хязгаарлалтгүйгээр, бэлнээр 1,4 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөө төрийн эзэмшлийн 61 хувь нь таван хувиар буурах хэлэлцээрийг Засгийн газартайгаа хийгээд эхэлсэн байна. Үндэсний компаниа хүнд үед нь ингэж л авч гардаг юм байна.

Гэтэл манайхан өнөөдөр яаж байна вэ, “Монгол га­зар” дампуурах нь, Ц.Мянган­баяр дампуурах нь” гэсэн чимээнээр бах тав нь ганц ханаж, нийтээрээ хөөрцөглөн дэвэргэж, цахим ертөнцөөр тэр эрийг ёстой нэг зүхэж байна. Өөр улс оронд бол бид­нийг тэжээдэг, татвараараа биднийг авч явдаг саалийн том үнээ минь өнгөрөх нь хэмээн сандарч, төр засаг юутай хээтэйгээ санаа тавьж, дэмжиж тусладаг байхад шүү. “Женерал моторс” компанийг Засгийн газраас дэмжих болжээ гэсэн шийдвэр долдугаар сарын 10-ны өдөр цацагдахад тус компанийн салбарууд байдаг хотын иргэд гудамжиндаа гарч, бид наадмаар яаж баярладаг билээ, яг түүн шиг баярлан хөөрч тэмдэглэсэн гэдэг. Оюун сэтгэлгээний ямар хол зөрүү байна вэ. Монголын уул уурхайн компаниуд модоо бариад байдаг, ар хударгаар нь гадны уул уурхайн компаниуд баяжаад байдаг. Тэднийг зүхэх гэсэнгүй л дээ, Монголд л хөрөнгө оруулагчид. Зүгээр л тэдний анзаанд очиж, хөдөлмөрлөж, баялаг бүтээж байсан Ц.Мянганбаяр гэж залуу эдийн засгийн нэгэн том давалгаанд хөл алдлаа. Яагаад монголчууд минь та нар дээрээс нь дэвслээд байгаа юм бэ. Ямар ааш аягтай, ямар хүн байдгийг нь үнэндээ мэдэхгүй юм. Гэхдээ өмөөрөл төрөөд байна. Монголчууд бид бүгдийн сүүлийн хорин жилд харж байснаар бол Ц.Мянганбаяр захиралтай “Монгол газар” компанийн хамт олон нийгмийн түүчээнд Монголын бүх салбарынхныг чирч явсан. “Камертон” хамтлагийг ивээн тэтгэдэг л гэнэ, сумод баахан хүүхэд явуулсан нь одоо олон улсад нэртэй бөхчүүд боллоо л гэнэ, үндэсний бөхийнхөн ч түүний ивээлд өсч бойжсон. Дээр нь бүх нийтээрээ тавлаад байгаа хүүхнүүдийн асуудал байна. Амьдралд хөлөө олох гэж яваа, загварын ертөнцөд нүүр царай болох гэсэн хүсэл тэмүүлэлтэй, насанд хүрсэн бүсгүйчүүд шүү дээ. Насанд хүрсэн бүсгүй хүн хэнийгээ сонгох нь өөрийнх нь эрх. Хүн шиг амьдралтай л болцгоосон. Ц.Мянганбаярын тэр их дэмжлэгийн хаялга нь өнөөдөр манай бүсгүйчүүд дэлхийн мисс болох шахаж байна. Энэ мэтээр ивээл тэтгэлгийг нь авсан олон хүмүүс одоо хэдүйнэ Монголын нийгэмд танигдсан нэр нөлөөтэй, алдар цуутнууд болжээ. Одоо тэд юу бодож сууна. Туслах юмсан, дэмжих юмсан гэж бодож байгаа байх. Тийм бол Ц.Мянганбаяр захиралдаа, “Монгол газар” компанидаа тусла, хөдөлгөөн өрнүүл, хөрөнгө оруул. Ингэдэг жишиг олон улсад бий. Та нарыг хүмүүс харж байгаа. Харж байгаа дээр нь нэр төр, алдар цуугаараа нийгэмд эерэг сайхан уур амьсгалыг бүрдүүлж “Монгол газар” компанийг босгож ир. Тэгэхгүй бол Монголыг тэжээж ирсэн саалийн нэг сайхан үнээ чинь чилээрхэж эхэллээ. Энэ компани, энэ хүн л та бүгдийг амжилтад хүргэсэн, алдар хүндийн оргилд аваачсан. Гэхдээ “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг доошоо орчихлоо гэж бодохгүй байна. Харин чиг “Монгол газар” компанийн хамт олны зүгээс дампуурлыг зарласнаар бүхнийг шинээр эхлэх боломжтой гэж үзэж байгаа байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уул уурхайгаар улс төр хийгсдийн үе дууссаныг санал асуулга харууллаа

Монгол Улсын Засгийн газраас “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг ард түмний дунд өрнүүлж уржигдар дүнг нь танилцууллаа. Санал асуулгын 1 дэх хувилбар нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”. Хоёр дахь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэж байлаа. Нэг дэх хувилбар нь мега төслүүд болох Оюу толгой, Таван толгой… гэхчлэн нэгэнт хөдөлсөн ч замдаа гацчихаад байгаа уул уурхайн томоохон төслүүдийг эргэлтэд оруулж, бусад төслийг араас нь хөдөлгөж, гадны хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засагт эрс сэргэлт бий болгох. Хоёр дахь нь бүсээ чангалах, хэмнэх, танах, шулуухан хэлэхэд мөчид тарчигхан амьдралаар хямралыг даван туулах.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22.00 цагийн хооронд иргэдээс мессежээр авсан дээрх санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 17.45 хувь нь хүчингүйд тооцогдсон байна. Хүчинтэй саналуудын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн эхний хариултыг илгээсэн байна. Хоёр дахь саналыг ард түмэн дэмжсэнгүй.

Тэгэхээр ийм байна. Жаахан түрүүхэн шиг бол ард түмэн 2 дахь саналыг 90 хувь дэмжих байлаа. Муусайн гадны луйварчид улс орныг минь тонож, байгаль орчныг сүйрүүлж байна хэмээн хашгичиж, түүнийг нь өнөөдрийн УИХ-д байгаа зарим нөхөд өдөөн дэвэргэж мөн ч их саасганасан даа. Үүний үр дүн гэвэл хэдэн хүн төрийн өндөр сэнтийд заларсан. Хариуд нь Монголоос хөрөнгө оруулагчид дайжин зугтав. Монгол Улс мөнгөгүй суув. Одоо модоон барих тухай бэлгэгүй яриа газар авч байна. Ийм дээрээ хүрч байж их ард түмэн маань “юм”-ыг ойлгосон бололтой. Гадны хөрөнгө оруулалт цутгаж эхэлсэн саяхны он жилүүдэд хүмүүс мөнгөтэй, сайхан амьдарч болдгийг харсан. Гэхдээ энэ сайхан юунаас эхтэй байсныг олонх нь бодож үзээгүй. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байна гэхэд “Хаана тэр эдийн засгийн өсөлт чинь байгаа юм, бидэнд мэдэгдэх юм алга” хэмээн Ланд 200 дотроо харааж, мөрөөдөл нь байсан орон сууцандаа орчихоод зурагтынхаа өмнө улс төржүүлж суусан хүмүүс олон бий. Одоо байрныхаа зээлийг, машиныхаа лизингийг төлж чадахгүйдээ хүрсэн үедээ “Энэ юу болов” хэмээн эрхбиш эргэцүүлж боддог юм байна, Их хуралд суугаа нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж харахыг хичээдэг юм байна, том улс төрчдийн гаргасан шийдвэрүүдийг тунгааж боддог юм байна. Ингээд хөөрхий үнэнтэй танилцтал өнөө дэмждэг байсан популистууд нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасны улмаас энэ улс орон эдийн засгийн хямралын тойрогт орсныг сая мэдэрлээ. Мэдэрсний баримт нь саяын санал асуулгаар нийт санал өгсөн иргэдийн 60 хувь нь “Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээснээр батлагдав. Тартагтаа тулж байж бодит үнэнийг мэдэрдэг ард түмэн монголчууд бид нар л байх шиг байна. Сая санал асуулгад оролцсон 365.841 иргэн гэдэг бол УИХ-ын сонгуулиар бодитой санал өгдөг 800 мянга орчим иргэний тал хувь нь юм. Энэ юуг хэлж байна гэхээр ирэх сонгуулиар уул уурхайгаар, гадны хөрөнгө оруулагчдаар улс төр хийвэл өөрсдөө сөнөх юм байна, сонгогчидтой хийх уулзалт дээрээсээ хөөгдөөд гарах юм байна гэдгийг популистууд ойлгох цаг болсныг хэлж байна. Болж өгвөл ирэх сонгуулийн өмнөх энэ нэг жилд улирал тутам энэ санал асуулгыг явуулбал нэг дэх хувилбарыг дэмжигсдийн тоо эцэстээ 90 хувьд хүрэх өндөр магадлалтай юм байна гэдгийг өнөөдрөөс судлаачид яриад эхэллээ. Хамгийн сүүлд Монголд болсон сонгуулиудыг саная. Оны өмнөхөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгууль дахин явагдсан. АН, МАН хоёр ач тач үзэлцлээ. Ерэн оноос хойш энэ аймагт АН аль ч шатандаа ялж үзээгүй юм. Гэтэл гайхамшигтай юм болж АН орон нутгийн сонгуульд яллаа. АН-ын гол уриа “Байгалийн хишгийг ард түмэндээ хүртээнэ” гэсэн утгатай. Харин МАН байгаль орчин сүйтгэгчдийг устгана, гадны муусайн компаниудыг эх нутгаасаа хөөн зайлуулах утгатай улиг болсон уриа байлаа. Говь-Алтайн ард түмний үзэл бодол өөрчлөгдсөнийг МАН-ынхан мэдсэнгүй. АН-ынхан мэдэрсэншүү болоод ийм уриа лоозонтой өрсөлдсөн юм байгаа биз дээ, бодвол. Ингээд уул уурхайг, гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн АН-ыг сонгов. Ер нь Говь-Алтайчууд ганц бус ерөөс АН-ыг илүү сайхан амьдруулна гэж ард түмэн нийтээрээ үзээд 2012 оноос хойш болсон бүх сонгуульд АН-ыг дэмжиж байгаа юм. Тэгсэн одоо байж байгаа царайг нь хар. АН-ын лидерүүд нь АН-аа, гишүүдээ “хүйс тэмтэрч” байна. Засаглалд олонх болсон хэрнээ намынхаа гишүүдийг хуйгаар нь ажилгүй болгож, гудамжинд гаргадаг улс төрийн хүчин энэ дэлхийн улс орнуудад байдаг юм уу. Улс төрийн энэхүү хувиа хичээсэн үзэл нь уул уурхайн хөгжлийн төслүүд дээр л битгий илрээсэй. Нам ч дүүрч, улс орны хувь заяа, ирээдүйн асуудал яригдаж байна шүү дээ.

Ер нь бол Монгол Улсын хөгжлийн зам хаашаа чиглэхийг манай мега төслүүд хэрхэн шийдэгдэх нь вэ гэдгээр гадаад ертөнц чих тавин хүлээж байна. Монголын баялаг руу гадны хөрөнгө оруулагчид хараа бэлчээсээр байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм эгзэгтэй цаг үед их ард түмний дийлэнх нь “Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээлээ. Таван толгой, Оюу толгойн мега төслүүдийг цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн монголчуудын санал дэлхийн хөрөнгө оруулагчид, бизнесийн ертөнцөд асар эерэг мэдээлэл болж очих нь гарцаагүй. Араас нь дараа дараагийн том төслүүд хөдлөх бололцоотой гэж эдийн засагчид, судлаачид бүгдээрээ үзэж байгаа.

Санал асуулгын дүнг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхдээ “Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ урагш нь түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Их ард түмэн чинь лав ингэж шийдлээ. Бага ард түмэн гэж өргөмжилье, төрийн өндөрлөгт байгаа та бүгдийг. Та бүхэн ард түмний хүндэтгэл дэмжлэгээр огтхон ч дутаагүй шүү. Эрх ашгийн эрэмбээ зөв тогтоох цаг чинь одоо болсон байна шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эх орончид”-ын жүжгийг хаах цаг нь болжээ

УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан хаалттай байх талаар бид урьд нь бичиж байлаа. “…УИХ нь популизм хийдэг гол индэр болчихсон байна. Иргэдийн анхаарлыг татсан гол гол хуулиудыг хэлэлцээд эхлэхээр нийгмийн сэтгэл зүй УИХ дээр төвлөрдөг. Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд анхаарч дамжуулдаг. Үүнийг нь мэддэг Их хурлын гишүүд өнөөх амин чухал, улс эх оронд хэрэгтэй хуулиуд хэлэлцэх чуулган дээр шударга, мундаг хүн болж тодрохын тулд, дараа нь ямар үр дагавар дагуулахыг мэдрэхгүй, тооцохгүйгээр өнөөх чухал хуулиудыг жадлан эсэргүүцэж дайрах нь их боллоо. Үүнийг нь мэдээллийн хэрэгслүүд дамжуулж, өнөөх гишүүд ардын баатар болцгоосон мэт өөрсдийгөө ойлгож хөөрцөглөцгөөсөөр. Гэхдээ юм мэддэг иргэд бол ялгаж салгана, зэвүүн, худлаа, дэмий донгоссон төрийн түшээ гэж хэлэх нь бий. Гэхдээ иргэдийн цөөнгүй нь тэдгээр популистуудыг шударга гишүүд гэж ойлгоод байна. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмч хөрөнгө эзэмших эрхийн тухай хууль… гэх мэт гишүүд ядуучуудыг өмөөрсөн нэр зүүж, шударга харагдах болно хэмээн горьдож байгаа хуулиудыг туушинд нь хаалттай хэлэлцэх нь улс эх орны эрх ашигт нэн ашигтай, зөв үйл хэрэг болох гээд байна…” гэхчлэн бичиж байсан нь урьд оны тавдугаар сарын 12-ны өдрийн дугаарт юм байна. Энэ нийтлэлд УИХ дахь популистуудыг нэр цохон бичсэн юм байна шүү. Тэгэхээр энэ асуудлыг орхиж болохгүй нь. Үнэнийг эрхэмлэдэг, үнэн үг, үнэн зөв шийдвэр хүсдэг хүн бүхэн үүнд анхаарлаа хандуулъя. Өнөөдрийн байдлаар УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааныг тогтмол, тусгайлан үзүүлдэг телевизийн гурван суваг байна. МҮОНТ-ийн 2 дугаар суваг, ETV, Парламентын суваг. Эдгээр телевизийн сувгуудын буруу гэж юу байхав. Ганцхан эх оронч бус оюун сэтгэлгээтэй мөртлөө, өөрийгөө “эх оронч” дүрээр олон нийтэд харуулах гэсэн Их хурал дахь нөхдийн гарц нь, ганц боломж нь эдгээр сувгууд болчихоод байгааг хэлмээр байгаа юм.

За яахав, нэг сая хүн үздэг юм байгаа биз гэж бодъё. Нэг сая хүний нүдэн дээр наад УИХ-ын гишүүд чинь жүжигчид болж хувираад байгаад л эмгэнэл нь байна. Монголын хамгийн амин чухал хувь заяаг хэлэлцэн хуульчилдаг УИХ-ын чуулган нь жүжиг, гишүүд нь жүжигчид болоод хувирчихаар энэ эх орон чинь одоо яах болж байнаа. Үнэн үнэртэх үү. Үнэн байдаггүй, худал дүүрэн газраас ард түмэн эерэг тустай ямар ч шийдвэр хүлээх хэрэггүй биз дээ. Ингэж эх захаа алдсан жүжиглэлтээ зөвтгөн ярихдаа тэд “Бид ард түмнээсээ нууж муу юм хийхгүй, эх орноо худалдахгүй гэсэндээ ийнхүү нээлттэй хуралдах боллоо” хэмээсэн. Ер нь үүнийг л ярьсаар байгаад УИХ-ын чуулганыг ил тод нэрээр нээлттэй болгосон юм. Философи нь хэдүүлээ хуйвалдаад (76-уулаа) Монголыг зарахгүй л гэсэн үг юм биз дээ.

Тэгвэл цаг хугацаа л үнэнийг хэлж өгдөг. Одоо харцгаа, Их хурлын чуулган ил тод байснаараа ямар сайн хуулиуд батлаад, хэрэгжээд эх орон хөгжиж цэцэглэчихээд байна. Ил тод байснаараа эх орноо сүйрүүлчих шахсан ямар хуйвалдааныг ард түмэн мэдэж зогсоов. Үнэндээ энэ улс орныг хэрхэн тамирдуулж байгааг л ард түмэн харж байна. Яг амьдрал дээр нэг сая хүний нүдэн дээр УИХ-ын чуулган ил тод байж, жүжгээ тоглоцгоох нь хаалттайгаасаа илүү хорлонтой, гаслантай байна. Сая хүний нүдэн дээр үнэнийг хэлдэг “тэнэг” гишүүн гэж байдаггүй юм байна. Зүгээр л эх оронч дүрд тоглодог. “Эх орончид”-ын эх оронч гэж байгаа шийдвэр, шударга дүр эсгэн гаргаж байгаа шийдвэрүүд нь улс эх оронд нэмэр болохоосоо нэрмээс гай болж байна. Оны өмнө яав, УИХ-д баахан шударга нөхөд бий болж Засгийн газраа огцруулсан. Шинэ Засгийн газар бүрэлдээд ард түмнийг амар сайханд нь жаргааж эхлэх юм ярьцгаасан. Наад захын жишээ хэлье. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд армиа тэжээж дийлэхгүйдээ хүрч чимээгүйхнээр цэргүүдээ хугацаанаас нь өмнө халж эхэллээ шүү дээ. Үүнийгээ бас нэг муу төсвийн хэмнэлт таналт нэрээр нуух байх даа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гурван тэрбум ам.доллар зээлж байж л эдийн засгийн цусны эргэлтээ сайжруулахаас өөр гарцыг одоохондоо олоогүй байгаа. Гэтэл өрийн даац юм уу, тааз юм уу, тэр нь хэтэрчих нэрээр МАН-ынхан нь чуулган дээр жинхэнэ жүжиг тавьж байна. Гол дүрд тоглохоор уралдацгааж байна. Ард түмэн өрөндөө баригдаж, өтөндөө идэгдлээ гэж гишүүн бүр нь жүжиглэж байна. Үүнийг нь өнөө телевизийн сувгууд нь дамжуулаад, ард түмэн итгээд. Сонгууль ойртсон энэ мөчид МАН-ынхан АН-ын нэртэй энэ Засгийн газрыг элгээр нь хэвтүүлж байж л сонгуульд ялна. Тэгсгээд тэд Засгийн бүрэлдэхүүнээс гараад явчих нь тодорхой шүү дээ. Өрийн таазын хуультай орон хоёр хөршийг эс тооцвол өөр газар оронд байх ч үгүй юм билээ.

Яахаараа эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байх ёстой “эх орончид”-ын шийдвэр нэрмээс болоод байдаг юм бэ. Монголчууд ажил хийхгүй зүгээр л төрөөр тэжээлгээд суухыгаа сайн төртэй байна гэж үздэг. Төрийн зүгээс гарч буйтэжээн тэтгэх шийдвэрүүдийг ард түмэнд таалагдсан сайн шийдэл гээд хаа хаанаа ойлгодог болчихсон. Ард түмэн ч тэр, жүжигчид нь ч тэр яг ингэж ойлгодог болсоор удлаа. Монголчууд бидний үлгэр домог ч тэгж дуусдаг уламжлалтай байх юм. 80 хоногийн найр, 60 хоногийн жаргал эхэлж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уунаа л гэж жаргаад байдаг. Манай ард түмний дунд яригдаж ирсэн хамгийн сайн үлгэр бүхэн ингэж амар сайхандаа жаргаваа л гэж төгсдөг юм шүү дээ. Тэгвэл амьдрал дээр, хүний нийгэм тийм биш шүү дээ. Тэмцэлтэй, зөрчилтэй, тэр бүхнийг заавал туулж цаана нь гардаг зовлон бэрхшээлтэй байдаг. Нийтээрээ жаргах шийдвэр гаргах нь УИХ-ын зарчим байх. Гэхдээ улс орон оршин тогтнохын тулд, нийтийн эрх ашгийн төлөө нэгээхэн хэсэгт нь таалагдахгүй шийдвэр гардаг. Гэхдээ тийм шийдвэрийг, тийм шийдвэрийн төлөөх үгийг нэг сая иргэний нүдэн дээр УИХ-ын гишүүдийн хэн ч хэлж чадахгүй. Чадах ч үгүй байгаа биз дээ. УИХ-ын чуулган цаашид энэ хэвээр нээлттэй байвал жүжиг дуусахгүй үргэлжилсээр байх болно. Монголын хувь заяаг шийдэж байгаа чуулган жүжгийн тайз болчихоор яаж эх оронд хэрэгтэй шийдвэр гарах юм. Аль нам, хэн гэдэг гишүүн ямар санал өгснийг нь хүртэл хаалттай болгох цаг нэгэнт болж. УИХ ийм шийдвэр гаргасан л гэж дараа нь сэтгүүлчдэд хэлж байх хэрэгтэй.

Энэ өдрүүдэд гэхэд УИХ дээр үнэхээр нэг “эх оронч” шийдвэр яригдаж байгаа харагдана. “Ноён” уулыг хамгаалах хөдөлгөөнийг гишүүд өрнүүлжээ. “Ноён” ууланд битүү Хүннүгийн булш байдаг юм уу. Дөрөв таван хиргисүүр л тааралддаг шүү дээ. Хамгийн шог нь наад “Ноён” уулыг чинь өмнөх нийгэмд оросууд сайтар ухаад, олдсон жаахныг нь Эрмитаждаа аваачаад овоолчихсон байдгийг бүгдээрээ л үзсэн биз дээ. Тэгээд ч Ашигт малтмалын тухай хуульд түүхийн онц чухал гэх дурсгалуудыг хамгаалах, олдворыг нь тушаах тодорхой зүйл заалт бий. Хуулиа л хэрэгжүүл, жүжигчид бол илүү л байна. Хэрэвзээ УИХ-ын чуулган хаалттай хуралддаг бол энэ асуудал дээр огт өөр шийдвэр гарна. Ер нь хаалттай чуулган байж гэмээнэ л амьдралд ойр, үнэн яригдаж, зөв шийдвэр гарна даа. Тэрнээс УИХ-ын нээлттэй тайзан дээр бол дахиж сонгогдохоо бодоод “Ноён уул мину” хэмээн маш чангаар орилсон жүжигчид байхаас өөр аргагүй юм.

Гэхдээ бүгдийг хаалттай байлгая, амыг нь таглая гэсэн үг биш юм шүү. Чуулган дууслаа, намын бүлгүүд нь, хувь гишүүд нь хэвлэлийн бага хурал зарлаад юугаа ярьж, яаж мандааж, сандаах нь бүрэн нээлттэй байх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнхийн хоёр хөрш минь мөн ч холуур даялж байна даа

Манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн ойр ойрхон айлчилж сүйд болсон. Үүний дараа бид зунжингаа “Талын зам”, хурдны замын төсөл ярьж хөөрцөглөв. Хойд урд хоёр хөрш маань манай нутгаар транзит бүх урсгалаа явуулж бид нэг болж авах нь хэмээн итгэж баярласаар явлаа. Гэтэл хоёр хөрш маань биднээс хэрхэн даялан зуларч байгааг энэ зурагнаас харж байгаа биз дээ. Хоёр өдрийн өмнө ОХУ-ын телевизийн томоохон бүх сувгаар “Москва-Бээжин өндөр хурдны галт тэрэг” төсөл хөтөлбөрийг орон даяараа танилцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриа хатуу илэрхийлж уг төмөр замыг өөрийн нутгаар дайруулах нь эдийн засгийн болоод аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа ОРТ1 сувгаар тодорхой мэдэгджээ. Олон улсын зарим шинжээчдийн үзэж буйгаар Ерөнхийлөгч В.Путин “Өөр улсыг тэжээхгүй” хэмээх байр суурин дээрээ үлдлээ хэмээн бичицгээж байна. Харин Хятадын тал энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Москва-Бээжинг холбох ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн баруун ба зүүн чиглэлийн хийн хоолой ба төмөр замын төслийн тодорхой зургийг та бүхэнд хар үгээр тайлбарлая. Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн цаахна Казахстан улс бий. Казахстан-Монгол хоёрын дундуур 50-хан км зайгаар тусгаарлагдсан ОХУ-ын нутаг дэвсгэр оршдог. Энэхүү 50 км хоолойгоор л оросууд төмөр замаа Хятадын нутаг руу оруулж улмаар Бээжинтэй холбох нь. Зурган дээрээс харахад Монголын баруун аймгуудын нутгаар туушиндаа явуулчихад хамаагүй шулуун ойр, зардал бага гарах, нутаг дэвсгэрийн байршил зүйн хувьд бэрхшээл бага байхаар байгаа биз. Тэгсэн тэгдэггүй юм байна аа. Гэхдээ үүнд монголчууд гоншигнох хэрэггүй.

Үнэнийг хэлье. Бид мөн­хийн хоёр хөрштэй. Тэдний хандлагыг харж байгаа биз дээ. Хоёр хөрш маань үнэндээ биднийг хүн гэж тоохгүй байгаа биз. Ер нь биднийг хүн гэж тоож байгаагүй шүү дээ. Дэлхий даяаршиж, улс гүрэн бүхэн хэн хэнээсээ хамааралтай болж, том жижиг орны тэгш харьцаа НҮБ гэх мэт байгууллагуудаар баталгаажин тогтсон тийм дэглэм бүхий цаг үед амьдарч байгаа болохоор бидэнтэй хоёр хөрш минь албан ёсны дипломат харьцаатай байхаас өөр ямар ч аргагүй. Тийм дэглэмгүй цаг үе буюу саяхных хүртэл гэж хэлж болох XX зууны эхэн үед бид тэдний дээрэнгүйллийн талбар байлаа шүү дээ. Гэхдээ XX зуунаас өмнөх түүхийг ярих юм бол монголчууд бид тэдний эзэд нь байлаа. Их түүхийн ийм бодит үнэн, тэдний дээр дэвж явсан үнэн түүх хэн хэнд нь мартагдаагүй.

Биднийг одоо бол дэлхий дээр хүн гэж үзэж харьцаж буй хоёр л улс байгаа. Миний хувьд тэгж харж байгаа. Япон, АНУ хоёрын зүгээс л бидэнтэй улс шиг харьцаж байна. Яг энэ хоёр улстай хоёр хөршөө харьцуулаад харвал, шулуухан хэлэхэд шог талдаа. Монгол Улс гэж тоодоггүй, монголчууд гэхээр онигооны баатар чукча мэтээр үздэг. Дээр нь түүхийн асар гашуун хонзон байдгийг хэлье. Бидний өвөг дээдэс тэднийг яаж дээрлэхэж явлаа. Яаж хурааж захирч явлаа. Бидний монголчууд сүр хүчит удамтай. Удам сайтын хаяа хэзээ ч сайн байдаг. Бурханаас монголчуудад зурж өгсөн тэг зурган дотроо бид багтаж амьдарч байгаа гэж үзэж байна. Тийм болохоор бид пээдгэр байх ёстой.

Ийм атал бид нар хоёр хөрштэйгөө ах нар, дүү минь гэх мэтээр нялуун, догдлонгуй харьцаж сүйд болдог. Орос ах нар, урд хөршийн алтан түнш нар минь ч гэх шиг. Одоо тэр нэг баруун талын нарийхан хоолойгоор тавигдах төмөр зам мэтэд сүйд болон хандах нь өөрсдийгөө доош нь хийсэн хэрэг болно. Тэд хоорондоо яриад тэрүүгээр тавья гэж тохирсон л биз. Шинжээчдийн бичээд байгаа В.Путиний “Өөр улсыг тэжээхгүй” гэсэн санаа нь одоо монголчуудыг хэлээд байгаа юм уу. Бид тэгж Оросоор тэжээлгэх дээрээ тулсан ард түмэн мөн үү. 60 сая малынхаа махыг барж ядаад хамгийн ядуу хязгаар нутаг Сибирт нь нийлүүлбэл нийлүүлье гээд л сууж байна. Авбал эдийн засаг нь элгээрээ хэвтэх гэж байгаа оросуудад л хэрэгтэй биз. Визгүй болсон биш Сибирийн 40 сая орос Монголын нийслэл Улаанбаатарт ирж наймаа хийхийн бөөн хүслэн болж байна. Өчигдөрхөн ноолуурын “Эвсэг” компанийн нэрийн барааны дэлгүүрээр орлоо, баахан оросууд цангаж үхэх гэж байгаа юм шиг л хамаг барааг нь хамж ачаад хөдөлж байна. Оросын Сибирийн хувьд Монгол Улс нь ганц ивээлдээ багтаагч нь болохоос Оросоор бид тэжээлгэнэ гэдэг бол байхгүй асуудал. Зүгээр л дэлхийн улс орнууд хоорондоо дипломат ёсоор харилцан ашигтай харьцдаг, хамтарч ажилладаг тэр л дэг соёлоор хоёр хөрштэйгээ бид харьцъя. Харилцан бие биедээ ашиггүй бол соёлтойгоор холуур явцгаадаг, биендээ гомдоод сүйд болдоггүй тийм жишиг байна. Түүгээр нь явъя. Энэ зарчмаар хоёр хөршийн холуур тавьчихсан төмөр замын талаар сүйд болох хэрэггүй, гомдох баярлах тухай асуудал бүр байхгүй, халихгүй, жижигрэхгүй байх ганц л зарчим бий. Энэ нь хоёр хөрштэйгөө эн тэнцүү, эрх тэгш харьцана гэсэн үг. Бурхан биднийг монголчууд байг, монгол шиг амьдар гэж бүтээснээс биш Орос юм уу, Хятадын арга эвийг олж байж л оршин тогтноно, цаашид амьдарна гэж бүтээгээгүй юмаа. Бид ингэж худлаа ярьж (төмөр зам манай нутгаар тавина ч гэх шиг), худлаа таамаглаж, худлаа таамгандаа баярлаж хөөрч, тэгснээ бас худлаа гомдож байгаагаа больё оо. Бид хүний юмыг зүгээр хэрэглээд баяжаад сууна гэж байхгүй. Төмөр зам, хийн хоолойг нь дагаж амьдраад баяжих юм биз дээ. Тэгэхгүй ээ, заавал өөрсдөө хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан, зүтгэн сэтгэн байж баян тансаг амьдарна, баяжсан улс болно. Өнөөдрийн сэтгэлгээ болохоор тал шиг том байшин нэгийг барьж аваад, түүнийгээ түрээслүүлээд, баяжаад хэвтчихнэ хэмээн жирийн иргэнээсээ эхлээд төр засгийн удирдлагууд нь хүртэл итгээд байгаа юм. Ийм ядарсан сэтгэлгээнээсээ сал. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байдаггүй, өөрийн хөдөлмөргүй баяжсан түүх гэж байдаггүй. Ерөөсөө ийм сэтгэлгээ хаана ч байдаггүй юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утас хүнийг таних толь болжээ

Өдгөө хүн бүрийн хамгийн ойрын хэрэглээ нь гар утас болжээ. Тэр бүү хэл гар утасгүйгээр ганц минутыг ч өнгөрөөж тэвчихгүй нэг хэсэг ч бий болж. Үүнтэй уялдаад шинэ цагийн хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг гар утастайгаа харьцаж байгаа байдлаар нь шинжиж мэдэх боломжтой болсон байна. Жишээлбэл, гар утас нь цэнэггүй явдаг, хаяж гээдэг, утсаар ярьчихаад тоомжиргүйхэн ширээ рүүгээ шиддэг хүмүүс хэзээнээсээ хээгүй, салан задгай нэгэн байж таарна. Ийм хүмүүс ажилдаа, ар гэрийнхээ амьдралд хандах хандлага нь ч ижил. Бүр эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа ямар вэ гэдгийг ч эндээс харж болохоор. Харин гар утсаа эрдэнэ лугаа авч явж, хямгаддаг нэгэн бол аливаад нягт нарийн ханддаг, хэзээний нямбай нэгэн байж таарах боллоо.

Шинэ цагийн хүмүүсийн хэр хариуцлагатай вэ эсвэл хэт хариуцлагагүй юу гэдгийг гар утсаа хэрэглэж байгаагаас нь ингэж харж болж байна. Товчхондоо шинэхэн танилаа, эсвэл шинэхэн албан хаагчаа тольдохын тулд нүдийг нь ширтээд, таньж ядаад суух шаардлагагүй болж. Зүгээр л түүнийг унших гэж “махаа идэлгүй” гар утастайгаа харьцаж байгаа байдлаар нь хялбархан тольдож болж байна.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ

МҮОНРТ-ийн нийт­лэлийн бодлого, техник технологийн шинэчлэл, гадаад харилцаа, уран бү­тээлийн чанар гээд олон үзүүлэлт ард түмний нү­­дэнд ил, мэдрэгдэж бай­даг. Тийм болохоор М.Наран­баатар захиралтай энэ тухай ярилцахыг хүс­сэнгүй. Харин энэ их айлыг найман жил удир­дах хугацаанд нийг­мийн шинжтэй олон үйл явдлын дунд Олон ний­тийн статустай энэхүү мэдээллийн аварга хэрэг­сэл ямар байр суурьтай байсан, ямар зарчмаар ажил­лаж ирсэн зэрэг хүмүүс мэдэ­хийг хүсч байдаг асууд­луудын талаар ярилцлаа.

-Монголын үндэсний телевиз гэсэн их айлын хаалгаар анх хэрхэн хөл тавьж байв?

-Анх телевизэд ирээд юугаа ч мэдэхгүй нөхөр эхлээд хүүхдийн нэвтрүүлэг бэлддэг юм байна. Ер нь хүүхдийн нэвтрүүлэг их хэцүү, нарийн, чимхлүүр. Телевизэд анх ажилд орж байгаа уран бүтээлч бол эхлээд хүүхдийн нэвтрүүлэг хиймээр байгаа юм. Хүүхдэд, эцэг эхэд нь, цэцэрлэгийн багшид нь гээд бүгдэд нь тааруулж нэвтрүүлгээ бодно. Хүүхдийн нэвтрүүлгээр эхэлсэн телевизийн сэтгүүлч их мэдрэмтгий болдог, тэгээд цааш явчихдаг. Улс төрийн нэвтрүүлэг бол сүүлд шүү дээ. Миний хувьд бурханы авралаар зөв редакцидаа эхлээд хөл тавьсан юм шиг байна лээ.

-Гэхдээ та анх нэвтрүү­лэг­чээр орж байсан санаг­дах юм?

-Анх бол нэвтрүүлэгчийн шалгаруулалтад 67 хүн өрсөлдөхөд нэгдүгээрт орж байсан юм.

-Тэгээд нэвтрүүлэгчээр ажилласан уу?

-Гурван сар дагалдан нэвтрүүлэгч хийсэн. Б.Цэенханд гуай багшилна. Б.Цэенханд гуай телевиздээ хэдэн аятайхан нэвтрүүлэгч бэлдээд өгчихье гэж үнэхээр хичээсэн. Өглөө 8.00 цагт шуурхай хийнэ. Тэр шуурхайд нь дадлага хийж байгаа бид нарын хэрэг байхгүй л дээ. Тэгсэн хэрнээ идэвхтэй ирнэ. Ирээд тэдний юу ярихыг сонсоно. Цэенханд гуай чинь, Нарантуяагаа, Бямбаагаа дуусгана даа. Өнөө аашлуулж суугаа хэд нь мань мэтдээ бол аймаар амьтад шүү дээ. Чи ингэж уншдаг хэн бэ гээд загнахыг нь харахаар за бид хэд бол бүтэхгүй юм байна гэж бодно.

-Бид хэд гэдэг нь хэн хэн байв?

-Одоо Эхо (нэвтрүүлэгч Ичинхорлоо), Чимгээ, Чоглоо, Адъяа… гэсэн хэдэн залуу. Та нарын гоё сайхан хамаагүй шүү, чиний тэр мисс падлийгүй шүү гээд Ичинхорлоо эд нарыг чинь будаа болгоно. Тийм өндөр шахалт шаардлага дундаас хөтлөлт ингэдэг юм байна, уншилт ингэх ёстой юм байна гэсэн төсөөлөл авна. Гэхдээ тэр үеийн чиг хандлага арай өөр л дөө. “Монгол ардын хувьсгалт намын бүгд хурлын шийдвэрээр”… гэдгийн чинь үлдэгдэл нь байсан юм. Цэенханд гуай, Хишигээ гуай эд нар тэгж заадаг. Залуучууд нь үүнд жаахан дургүй, зөрчилдөх маягтай. Одоо манай энэ Цоодол эд нар чинь хаалганы ард томорно. Эдний мэддэг гэж юу байсан юм. Онолын юм юу ч байхгүй байж… гэсэн юм ярина (инээв). Өөрсдөө сүрхий онолтой, шинэ үеийн хүмүүс. Ийм л бужигнаан дундаас юм олж авч байгаа юм даа.

-Телевизийн хүн болох хугацаа хэр удаан байв?

-Хөтлөгч хэдэн сар хийс­­ний дараа хүүхдийн нэвтрүүлэг рүү орсон юм. Өглөөний шуурхай дээр хатуу үг сонсоно. Томчуудад алуулах шахан байж нэг юм дөрөө олсон. Залгаад би спортын нэвтрүүлэг рүү орлоо. Спортыг гайгүй ч хийж байсан. 1997 оны үед манай телевиз дотроо тендер маягийн юмтай байлаа. Гадаад явна гэсэн ойлголт залуучуудад байхгүй. Бараг улсын Ерөнхийлөгч маань жилд ганц хоёр удаа гадаадад явдаг байсан ч юм уу. Тийм томилолтод явдаг хүмүүс нь онцгой хүмүүс. Сарангэрэл, Мөнхтөр… гэхчлэн… 1997 онд энүүхэн Красноярскт чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж хэн явах вэ? боллоо. Би ялав аа. Тамирыг “будаа” болгоод явах боллоо. Тамир чинь тэр үед базарваань спортдоо ганц нь байсан юм. Тамир шартай, зардлаа даагаад явдаг юм. Нэг тэмцээнд явсан хүмүүс чинь ирээд адилхан л нэвтрүүлгүүд хийнэ биз дээ. Бид хоёр тус бүрдээ 11 нэвтрүүлэг бэлдэж хэнийхийг нь оруулах вэ гэж уран сайхны зөвлөл дээр бас тендер болж миний 10 нэвтрүүлэг тэнцсэн юм. Мундаг том тулаан болж 11 нэвтрүүлгийн 10 нь минийх болж сүрхий юм болов (инээв). Уран бүтээлчдийн сайхан өрсөлдөөн юм даа.

-Сэтгүүл зүйн хөдөлмөр адармаатай. Үүнийг ер нь л гайгүй хийлээ дээ гэж бодсон уран бүтээлийг өглөөний шуурхай дээр томчууд арчаад өнгөрдөг. “Үүнийг ч би халтуурдсан даа” гэж бодсоныг тэнгэрт тултал магтдаг. Бас л амаргүй шүү?

-Яг л тэгдэг. Анх хүүхдийн нэвтрүүлэг бэлдэж байхад мөн ч их хичээдэгсэн. Өглөөний шуурхай дээр магтуулах байх гэж бодоод ордог, юун магтах намайг чинь байхгүй болгож болгож төгсгөлд нь манай Ганбат гуай “Гэхдээ энэ хүүхдэд авах юм байна…” гэхэд нь арайхийн нэг юм толгой өндийнө. Сэтгүүл зүйн тогоонд насаараа чанагдсан хүмүүсийн хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг. Тэгж байж л бид нарт жаахан дөр суулгадаг байх. Танай сонины Ш.Цэрэнпил ах бид хоёр их ойр дотно байлаа. Нас барахаасаа гурав хоногийн өмнө өрөөнд маань ороод ирлээ. Хэдэн номоо барьчихсан. Бие нь тааруу, мөнгө төгрөгний ч хэрэгтэй байсан байх. Байгаа 100 номыг нь авч мөнгийг нь шилжүүллээ. Сүүлд нь аудит орж над дээр номны мөнгөний асуудал босоход нь би нүүр бардам хэлж билээ. Наад ном чинь сэтгүүл зүйн сурах бичиг. Наад номын зохиогч Ш.Цэрэнпил гэдэг чинь Монголын хөрөг бичлэгийн мастер байсан хүн, хөргийг ингэж бүтээдэг юм байна гэж уран бүтээлчид маань хардаг юм гэж. Цээпээ ах шиг угийн намуун дөлгөөн хүмүүс л харин ширүүн дориун байж чаддаггүй байсан байх. Тэрнээс дийлэнх нь ширүүн шүү дээ.

-Өнөөдөр та Монголын хамгийн том мэдээллийн сувгийг удирдаж байна. Нэг нэвтрүүлгийг брэнд болгох нь таны сэтгүүлчийн хөдөлмөр байсан бол одоо энэ байгууллагыг брэнд болгох нь таны зорилго. “MNB” гэсэн брэнд бий болж чадсан уу?

-Нэг үе хэцүү байсныг нуух­гүй. Одоо бол би хэ­ний ч өмнө “Уучлаарай, ма­найх сайн байгаа” гэж хэл­нэ. Одоо мэдээллийн хэрэгс­лүүд олон болчихсон. Бид юугаараа ялгарах ёстой вэ. Мэдээж шуурхай чанар, олон талаас нь нягталсан, бодитой мэдээллийг хүргэх. Хоёрдугаарт телевизийг бид урлаг талаас нь олон нийтэд сайн хүргэх ёстой. Ийм зарчмууд манайд үйлчилж байна.

-Та бол ажлаа дүгнэх хэмжээний хугацаанд ажилласан байна?

-Сая он гарснаас хойш би юу хийж амжуулснаа дахин бодож үзсэн. Хийх ажил, дутуу юм их байгаа. Гэхдээ басчиг хийсэн юмтай, дотроо урамтай байгаа. Өөрийнхөө хийснийг өөрөө ярих нь монголчуудад таалагддаггүй юм шиг санагд­даг. Үзэгч сонсогч олон түмэн, хамт олон минь хэлнэ биз дээ. Манайх Олон нийтийн статустай болоод есөн жил болж байна. Найман жилд нь ажилласан гэхээр би бараг чацуу юм.

-Энэ хугацаанд та олон ч төрийн нүүрийг үзэж дээ?

-Гурван төрд нүүртэй хүн гэж үү, тийм өнгөөр сонсогдож байх чинь.

-Бараг л тийм дээ, яаж үлдэж байв?

-Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр, Сү.Бат­болд… гээд олон хүмүүс намайг “томилоод” явжээ. Хүн өөрийгөө өмгөөлөх дуртай юм чинь би ч ялгаагүй өөрийгөө л өмгөөлнө. Дээрх бүх л хүмүүст на­майг аваачиж наагаад наагаад болсонгүй. Улс төрийн хүрээнд одоо намайг Ерөнхийлөгчид аваачиж нааж байх шиг байна. Би зарим нэг хүний ярьсныг яг үгээр нь хэлэх үү, “Зальтай муу новш, яаж яваад бүгдээрэнд нь очоод наалдчихдаг байнаа” гэж. Яг үнэндээ наалдаад байсан юм байхгүй. Бүх зүйл зарчмаараа л явсан.

-Гэхдээ Ерөнхийлөгчтэй бол уулздаг биз дээ?

-Нэг бус удаа уулзсан. Ажил төрлийн шаардлагаар цаашид ч уулзана.

-Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай их ойр байсан гэж ярьдаг?

-Энд би Энхбаяр даргаас зугтаж зуларсан санаа оноогоор хэлж байгаа юм биш. Тэр хүнтэй ойр дотно байсан бол түүнийгээ нууж хөгийн зан гаргах хүн нь би лав биш. Тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр тэнд та хоёр… гээд ярих үйл явдал лав байхгүй. Ажил төрлийн шугамаар уулзаж таарч байсан зүйл байлгүй яахав дээ.

Улстөрчдийн зүгээс дарамт бол их биз?

-Мэдээж дарамт ирэл­гүй яахав. 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар ярвиг­тай байсан. Айхавтар үндэс угсаагаар нь дуудсан нэвтрүүлэг орж ирэх гээд байдаг. Түүнд би зарчмын ямар хориг тавьсан гэхээр “Бусад телевизээр гарчихсан нэвтрүүлгийг манайх гаргахгүй л” гэсэн. Ер нь та намайг нэг их амар амгалан сууж байдаг гэж бодож байна уу. Тиймгүй шүү дээ.

-Гэхдээ одоо бол арай өөр болсон биз дээ?

-Бүх зүйл зарчмаараа, хууль дүрмийн хүрээнд явж байгаа. Би ажил дээрээ нэг их малилзтал инээгээд, хүний арга эвээр, нялцагнаад суудаггүй. Эхлээд бол зохицох гэж үзнэ. Зохицохгүй бол шууд хаяад цааш явна. Миний, бас манай хамт олон, байгууллагын маань, мөн үзэгч олон түмний аврал нь ОНРТ-ийн хууль байхгүй юу. Энэ бол сайн хууль. Гэхдээ засах юм маш их бий. Санхүүжилт, төрийн оролцооноос эхлээд. Гэхдээ ямар ч байсан бид хуультай. Уучлаарай, Ерөнхий сайд аа, хуулинд ингэж заасан гэж өмнөөс нь тайлбар хэлэх үгтэй байдаг. 2010 онд юм байна. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” гээд Батцогт, Уянга эд нар босчихсон үе. Би хэсэг хүмүүсийн бодлоор бол тэр үед аймаар ухаантай зан гаргасан байгаа юм. Бүх юмыг зохион байгуулалцчихаад Өмнөговь руу бултчихсан. Манайхаар тэр хөдөлгөөний тухай мэдээллүүд гарсан юм. Нийгмийн шинжтэй тийм тодорхой үйл явдлыг ард түмэнд мэдээлэлгүй яах юм бэ. Бүтэн сайн өдөр нь Уянга “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт орсон. Манай Гүрээ ч гэж Гүрээ “Ээ, Ард түмэн минь ийм жаахан охин ард олон та нарынхаа төлөө…” гээд туучихдаг, тэр нь илүүдчихгүй юу.

Зүгээр л “За таны бодол ийм байгаа юм байна” гээд сэтгүүл зүйн зарчмаараа дуусгачих нэвтрүүлгийг.

-Бослого маягийн зүйлд бараг уриалчихсан юм байна.

-Тэгж ойлгогдсон бо­лол­той, орой нь Ерөнхий сайдын утас ороод ирлээ. -Танайхыг би хариуцаж авсан гэж бай­на. Би чинь хүн шүү дээ, тийм шулуухан яриа на­дад таалагдалгүй яахав. -Асуудалгүй болох байхаа, Ерөнхий сайд аа гэсэн. Тэгсэн залгуулаад -“Маргааш танайх жагсаал цуглааныг талбайгаас шууд дамжуулах гэнэ, тэр тухай мэдээлэл огт гармааргүй байна” гэлээ. Би хэллээ “Яг шууд дамжуулах тухай яриа бол байхгүй, гэхдээ болж байгаа үйл явдлаас мэдээлэл хийхгүй бол болохгүй” гэсэн юм.

-Иймхэн юман дээр та одоо… гэсэн зүйлийг надад хэлэхэд нь “Иймхэн юм бол та юу гэж ярьж байгаа юм” гэж хэлснээр бид хоёрын яриа биш боллоо. Сүүлдээ ч би “Танай сайд нарын зарим нь манай хэдэн муу бор сэтгүүлчийн утсыг авахгүй болтлоо томорсон байна лээ” гээд хэлчихлээ. Залгуулаад Ц.Нямдорж сайд утасдаад “Би энэ ард түмний чинь амгалан тайван байдлыг хариуцдаг юм, танайх яагаад ард түмнийг бослого тэмцэлд уриалаад байгаа юм” болов. Та Батцогт, Уянга нартайгаа уулзаад учраа олчихож болдоггүй юм уу гэчихсэн биш “Чи миний ажлыг заадаг хэн бэ” гэж байтал нь миний утасны цэнэг дуусаад тасарчихсан. Иймэрхүү асуудлууд эрх баригчид, бидний дунд болдог юмаа. Хаа хаанаа л хариуцсан ажлаа хийж байгаа хүмүүс.

-Өнгөрсөн хугацаанд нийгмийг цочроосон олон үйл явдал боллоо. Долоон сарын 1-нээс эхлээд. Энэ бүх өрнөлийн үед наад зах нь саяынх шиг улс төрийн үзүүр танай байгууллага руу их ирнэ биз?

-Долоон сарын 1-ний үйл явдлын үеэр байгууллага хамт олны аюулгүй байдал, машин техник, тоног төхөөрөмж гээд санаа зовох зүйл их гардаг юм билээ. Манай жижиг явуулын станц МАН-ын байрны урдаас шууд дамжуулалт хийж байсан. Би яг энэ ширээний ард телевизээ хараад сууж байлаа. Тэгсэн юу юугүй өнөө олон хүн чинь чулуу мод болоод манай станц руу шидлээ. Тэгэхээр нь станц сүйд хийх нь гэж сандарсан хүн өнөө газар руу чинь жирийгээд очно биз дээ. Түгжрэл гэсээр дөчөөд минут болж очсон. Ёстой нэг юу ч бодолгүй, өнөө олон үймж дайрсан хүмүүс рүү чинь алхаад арваад метр ойртож явтал биш болсон. Яг дотор нь байсан хүмүүс мэднэ дээ, хүмүүс ямар аймаар болчихсон байсныг. Зарим нь ам хамраа таглаад боочихсон, хар нүдний шил зүүчихсэн… тэгсэн тийм нэг эрүүл биш нүдтэй эмэгтэй… одоо ч миний нүдэнд харагдаад байдаг юм. Тэр эмэгтэй “Хүүе энд телевизийн дарга Наранбаатар явж байна, бариад аваарай” гэж хашгирсан. Өнөө олон сэтгэл нь хөөрсөн хүмүүс чинь юу ч бодолгүй пар гээд дайрлаа. Яахаас ч буцахгүй хүмүүс чинь аймаар юм билээ, намайг одоо юу гэж бодсон юм, шууд дайрсан шүү дээ. Би шууд л эргээд зугтсан. Баригдсан бол би алуулах байсан байх. Манай фондод миний хар эрчээрээ зугтааж байгаа бичлэг одоо байдаг юм… Онц байдал зарлалаа. Тэр үед манай сэтгүүлчид ёстой ямар ч командгүйгээр өмнөх ажлаа хийж байсан. Манайхан одоо хэлэх байх даа, тэр өдрүүдэд Наранбаатарын зүгээс тэрийг дамжуул, тэрийг боль гэсэн юм огт байгаагүйг. Гэхдээ өөрсдийнхөөрөө үүргээ гүйцэтгэж ажиллахаа сэтгүүлчид маань мэднэ л дээ. Яг л голоор нь, зарчмаа мэдэж дамжуулалгүй яахав. Тэгээд ч манай маш туршлагатай хүмүүс тэр өдрүүдийн гаралтыг бүрэн хариуцаж байсан болохоор надад санаа зовох зүйл бага байсан. Ерөөсөө л баланс барих, дээр нь ямар нэг даалгаваргүйгээр мэдээлэл дамжуулах. Онц байдал зарлаж онцгой байдлын штаб байгуулагдсаны нэг гишүүн нь би юм. Дарга нь Ц.Мөнх-Оргил сайд. Хэд хэдэн хуралд нь суусан. Янз бүрийн юм болсон. Зарим нь ч төрийн нууц, аюулгүй байдалтай холбоотой байх. Тэнд юу болж байсан талаар би нэг ч хүнд ярьдаггүй.

-Удирдлагын түвшинд чухам юу болсныг та гадарлах л юм байна?

-Ч.Амарболд генералтай цагдаагийнхан ямар байр суурьтай байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн ямар хандлагатай байсан, хэн нь юу хэлж байсан зэргийг ганц би биш олон хүн мэднэ. Онц байдал зарласан үед бүх телевизийг тодорхой хугацаагаар хаах ёстой юм байна. Гэхдээ зөвхөн төрийн мэдээллийг дамжуулж байх Үндэсний Олон нийтийн телевизийг нээлттэй байлгая, зөвхөн төрийн мэдээллийг дамжуулахын тулд шүү гэсэн шийдвэр гарсан. Онц байдал зарласан үед Наранбаатарын захирал байтугай хэвлэлийн эрх чөлөөний хууль ч огт хамаагүй. Хүмүүс болохоор манайхыг нээлттэй байсан болохоор бүх мэдээллийг ил тодоор бүгдийг нь дамжуулах ёстой байсан гэж одоо ч ойлгодог.

-Үүнээс болж танайх хатуу үг нэлээн сонссон доо?

-Сонссон, хатуу үг их сонссон. Төр мэдээлэл өгөх үүргээ л манайхаар дамжуулсан. Манайд онц байдал зарласан үед яах тухай хууль тодорхой бус. Манай хуульд бол онц байдал зарласан үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын үгийг дамжуулах үүрэгтэй. Бусад үед энэ гурвын үгийг дамжуулах эрхтэй л гэсэн ганц өгүүлбэр бий. Энэ үед би Онцгой байдлынхаа штабын даргатай нэлээн зөрөлдсөн. “Магнай, Батзандан нар намайг тэг, ингэ гэсэн” гээд нэг мэдрэл муутай нөхөр ярьдаг, түүнийг нь дамжуул гэнэ. Би үгүй л гэдэг.

-Мэдээж ийм хүмүүсийн үг бол цаанаас зорилготой гэж та үзэж байж?

-Угаасаа миний өрөөнд миний хажууд хүн сууж байсан юм чинь. Штабын дарга болохоор “Монгол улс онц байдал зарласан байна, ойлгож байна уу” гэхэд хэлэх үггүй болдог байсан. Онц байдал зарлана гэдэг хуулийн үйлчилгээ хязгаарлагддаг, онцгой орчин нөхцөл үүсдэг юм билээ. Тэгээд би хаширласан нь тэр юм уу, өөрийгөө хамгаалах гэсэн санаатай байсан юм уу, тэр үедээ сэтгүүлч явуулж Мөнх-Оргил сайдыг наад үгээ хэл гэж байгаад хэлүүлж архивтаа авсан байдаг юм. “Онц байдал зарласан үед ямар ч хууль үйлчлэхгүй, ямар ч хэвлэлийн эрх чөлөөний хууль энд хамаагүй” гэсэн утгатай. Одоо манай фондод бий.

-Тэр үгийг нь нийгэмд хүргэсэн үү?

-Хүргэсэн. Хоёр гурав ч дамжуулсан. Штабын даргын зүгээс штабын гишүүндээ хэлсэн үг л дээ. Гэхдээ миний зүгээс үзэгчдээсээ уучлалт гуйх ёстой.

-Юунд уучлалт гуйна гэж?

-Үзэгчдийнхээ хүссэн мэдээллийг хангалттай өгч чадахгүй байсандаа. Тэгэхдээ манайх үүргээ боломжит бүх хувилбараар гүйцэтгэж байсныг үзэгчид маань мартаж болохгүй. Маргааш өглөө нь манайхан штабаас команд ирээгүй байх үеийг ашиглан, амжиж нэгдүгээр эмнэлэг дээрээс хүмүүсээс яриа авч, тэдэн хүн буудуулж амь насаа алдлаа гэдгийг хамгийн анх дамжуулсан. Ингэх нь үнэхээр хүнд байсан. Боломжгүй шахуу байсан ч бид ард түмэндээ амжиж ямар аймшигтай үйл явдлууд өрнөж байгааг, өрнөснийг хамгийн эхэлж мэдээлсэн. Энд миний оролцоо бараг байгаагүй, манайхан гудамжинд танк, буутай цэргүүд гараад зогсчихсон тэр үед аймшигтай хэрэг явдлуудын дундуур гүйлдээд, гэрчүүдийн яриаг нийгэмд хүргэсэн юм.

-Тэр мэдээлэл цацагдсаны дараа юу болсон бэ?

-Манайхан дамжуулж дууссан, дууссантай зэрэгцээд шахуу “Юу явуулаад байна” гээд хүмүүс ороод ирсэн. Манайхан бүрэн хяналтад орсон, миний хажууд салалгүй хүн суусан. Ер нь онц байдлын тухай хууль манайд их тодорхой байх ёстой юм билээ. Ядаж л хэвлэл мэдээлэл нь энэ үед ямар эрх үүрэгтэй байхаас эхлээд. Бүгдээрээ л ямар эрх үүрэгтэйгээ мэдэхгүй хэдэн өдрийг өнгөрөөсөн. Сүүлдээ би “Энд миний хэрэг алга явъя даа” гэхээр явуулахгүй байсан.

-Та бол үндэсний радио телевизийг хоёр өөр статустай байх үед нь ажиллалаа. Ялгаа их бий биз?

-МҮОНРТ-ийн хууль ганц манай байгууллагад бус Монголын ард түмэнд их том гавьяа байгуулж байгаа. Үүнийг ойлгодог хүмүүс олон болсон. Бат-Үүл баатрыг, трактортой байсан үед би телевизийн бага шиг дарга өглөөний хуралд суудаг байлаа. Трактортой Бат-Үүлийн жагсаал манай телевизээр сураг ч үгүй шүү дээ. Тэр дээрээс “Мэдэж байгаа биз” гээд нэг хуруу гозойно. Би энэ бүхнийг мэдэх учраас ярьж байна л даа. Өнөөдөр бол мэдээлнэ, мэдээлж ч байгаа. Наад захын ийм жишээнээс ялгааг харж болно. Гэхдээ ганц хууль гарснаар ч сайн болоод байгаа юм биш. Хуулиа ойлгохгүй хүмүүс бий. Хуулиараа Удирдах зөвлөлийн гишүүн 15 хүн нь Монголын нийгмийн голлох 15 салбарын төлөөлөл байхаар заасан. Гэтэл 15 мундаг сэтгүүлч Удирдах зөвлөлд орж ирээд гялалзуулна гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Гэтэл хуулийн амин сүнс нь өөр өөр салбарын 15 толгой ирж суугаад, тал талаас бодлогоо боловсруулж түүнийг нь Ерөнхий захирал гүйцэтгэнэ гэсэн хуультай.

-Танай байгууллагыг гаднаас очсон хүмүүсийг тогтоодоггүй, тэсгээдэггүй, тийм нэг адайр газар гэж хардаг хүмүүс бий.

-Хэнийг тэсгээхгүй явуулсан гэж.

-Удирдлагад нь очсон хүмүүс нэг их удалгүй явчихдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд…

-Даваабаяр уу?

-Тийм.

-Хамт олноороо дээшээ их цоройж булгидаг, дээр нь удирдаж байгаа хүн нь хавь ойрдоо халгаатай гэсэн ойлголтыг ганц нэг хүн ярьдаг байх. Энэ том байгууллага үеийн үед гадна дотноос дарга нь томилогдож байсан. Хамт олон болохоор нүүдлийн шувуу шиг удирдлагад жаахан таагүй. Гэхдээ манайх даргад халгаатай газар бол биш. Үүнийг би хариуцлагатай хэлнэ. Манай хамт олон уран бүтээлч зантай, маш их элгэмсэг, дулаан уур амьсгалтай, ажлыг нь ойлговол улам л урам ороод, нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж чаддаг хүмүүс. За зөвхөн телевиз дээр нэрлэе. Оюундарь, Мөнхбаатар, Ариунбат, Куланда, Энхбат… эд нар хөөгдсөн юм уу. Бүгд л хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажлаа өгөөд дараагийн ажил руугаа явсан. Харин Даваабаярын тухайд бол өөр л дөө.

-Даваабаяр бол тайлбарыг хангалттай өгсөн. Та харин дуугараагүй. Тухайн үед ажлаас нь чөлөөлөх тушаалыг их л хурдан гаргах шиг болсон.

-Одоо бол Шүүхээр эцэслээд дуусчихсан үйл явдал. Наранбаатар буруу шийдвэр гаргаагүй юм байна гээд шүүх эцэслэчихсэн. Би Даваабаяраас их ажил хүлээсэн. Хамт олон нь ч түүнээс их зүйл хүлээгээд байсан нь тийм байдалд хүргэсэн. Би хамт олонд нь хэлсэн, “Энэ байгууллага чинь гурван сар болохгүй даргаа солиод байвал хэн тогтох юм бэ. Хоорондоо ойлголц” гээд Даваабаярын сайн талуудыг тэдэнд хэлсэн. Даваабаярт ч хамт олонтойгоо ойлголцож ажиллахыг зөвлөсөн. Ийм үйл явдлын ард заавал толгойлогч хайдаг. Зарим хүн намайг зохион байгуулсан юм боддог байх. Хамт олны дунд бүрдсэн олон зүйл чинь хуралдсаар нэг нөхөр гарч ирээд зохион байгуулахаар хуй салхи шиг босдог юм билээ. Тийм л зүйл болох шиг болсон. Уг нь Даваабаяр гайгүй ойлгосон л юм шиг байсан даа. Тэгсэн ч болоогүй. Толгойлж байгаа хүмүүсийг нь дуудаж уулзсан. Тэд юу гэсэн гэхээр “Бид энэ хүний асуудлаар танд удаа дараа хандсан. Та хөдлөөгүй. Энэ удаа бид Удирдах зөвлөлд хандаж байгаа” гэсэн. 200 уран бүтээлчийн 180 нь гарын үсэг зурчихаар яаж ч болдоггүй юм билээ. Даваабаярт одоо гарц алга гэдгийг хэлсэн. Манай хүн ч шүүхдээд л явж өгсөн. Таван удаа шүүх хурал хойшилсон. Дөрвийг нь Даваабаярын саналаар хойшлуулсан. Гэвч дөрвүүлэнг нь би хойшлуулсан нэр зүүсэн. Болсон процесс гэвэл товчхондоо ийм.

-Ийм үйл явдал байгууллагын нэр хүндэд сөргөөр тусдаг байх?

-Банк, хэвлэл мэдээллийн байгууллага хоёрын үйл ажиллагаа олон түмний итгэл дээр тогтдог. “Өдрийн сонин” хамгийн олон уншигчтай байгаа нь танай байгууллагад, танай хамт олонд итгэдэг болоод л тэр. Түүн шиг манай байгууллагад итгэдэг олон мянган хүн байгаа болоод манайх олон үзэгчтэй байгаа. Хамгийн уршигтай нь Даваабаяр, Наранбаатартаа байгаа юм биш. Энд чинь баахан иддэг, уудаг нөхөд байдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд хүрч байгаад юм. Үзэгчид юу гэж ойлгодог гэхээр “Бидний төлдөг мөнгөөр хэдэн хүн наргичихдаг юм байна” гэж ойлгоно. Саяын бужигнаанаас болж хамгийн их хорлогдсон газар бол манай байгууллага юм…

Ер нь энэ асуудлыг ингээд орхиё, хэнд ч хэрэгтэй юм. Үүнээс өөр олон ажил манай байгууллага дээр өрнөдөг юм шүү дээ.

Тэр тухай чинь товч ярилцъя?

-Манай телевиз шинэ бүтэц, шинэ стратегиар ажиллахаар төлөвлөгөө боловсруулж байна. НD технологид шилжих техникийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүний судалгаа хийгдэж байна. Олон улсын зах зээлээс контент худалдаж авах ажлууд амжилттай боллоо. Бид Америк, Оросын зах зээлээс кино худалдаж авахаар гэрээгээ хийж байгаа.

Нийгмийн асуудал талаас нь ярья гэвэл жишээ нь, өнөөдөр манай байгууллагын 66 айлын орон сууц ашиглалтад орох гээд, хэн тэр байрнаас авах вэ гэсэн марафон цаана чинь болж байна. МҮОНРТ-ийн нийт орон тоо 720 шүү дээ. Хаа байсан Хөвсгөлийн Цагаан-Үүрт хураамжаа авах гээд айлын нохой шуугиулж яваа хүн манай орон тооны ажилтан юм. Өмнө нь 124 айлын орон сууц барьж өнгөрсөн онд ажилтнуудаа оруулсан. Одоо 66 айлын орон сууц дээр үзэж байна. Би энэ байгууллагыг удирдсанаасаа хойш нийтдээ 200 гаруй ажилтнаа орон сууцтай болгохоор зорьж байна. 140-өөд нь байртай болсон. Нэмээд 100 хүнийхээ байрыг шийднэ. Ажилтнуудын маань нийгмийн асуудал чухал. Хэдийгээр миний хийх үндсэн ажил биш ч гэсэн ийм том хамт олныг удирдаж, хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд хийх ёстой ажил гэж ойлгодог. Ер нь бол нервний ажил, гэхдээ нэгэнт л хариуцаж байгаа болохоор нэг айлынх нь шал хүртэл яаж хийгдэж байгаад санаа тавих хэрэгтэй болох юм байна шүү дээ (инээв).

-Үндэсний олон нийтийн радио телевиз бие даах боломжтой юу?

-Ер нь олон нийтийн статустай радио, телевизийг бусад оронд бие даалгадаггүй юм. Улсаас өгдөг мөнгөтэй. Реклам явуулдаг эрхтэй. Ийм л зарчмаар явдаг юм билээ. Хамгийн анхны олон нийтийн статустай болсон телевизүүд бол BBC, NHK хоёр. 1940-өөд оны үед NHK анх удаа дайнд ялагдсан тухай эзэн хааныхаа үгийг дамжуулах гэж байгаад улс төрийн шалтгаанаар гэнэт больжээ. Гэтэл нэгэн нөхөр бичлэгийг нь авч зугтаагаад цацсанаар анх удаа олон нийтийнх болох статус нь нээгдсэн түүхтэй. Ер нь бол төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. Гэхдээ гол зарчим нь олон нийтээс санхүүжиж, олон нийтийн хяналт дор, олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулна. Манай байгуулагын хуулийн үзэл баримтлал ч энэ. Тухайн улсын нүүр царай Үндэсний олон нийтийн телевизээс харагддаг. Англи яагаад хүчтэй байна гэхээр BBC хүчтэй байгаа учраас тэр. Англи улс бол агуу юмаа гэдгийг BBC байнга үзүүлээд байхаар Англи нь Англи улс шиг харагдана биз дээ. Орос ч мөн адил. Оросууд ОРТ, РТР-ээрээ хаячихсан бол бусад улс орнууд Оросыг мэдэхгүй. Бид ингэж харах ёстой. Миний суудал дээр хэрэвзээ орос юм уу, хятад хүн ирээд суучихгүй бол би телевизээр, радиогоороо аль болох Мон­голынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ. Сая тэр Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад ороход бид ямар их баярлав. Ийм юмыг бид том болгож л үзүүлнэ биз дээ. Ийм амин сүнс уран бүтээлч бидний хэний ч сэтгэлд бий. Ер нь Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн салбартаа “MNB” гэсэн лого эхний тавд орно шүү.

Ярилцсан П.ХАШЧУЛУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Марко Поло

“Марко Поло” олон ангит кино Холливудад бүтээгдлээ. Манай улсын хувьд асар том сурталчилгаа. Манайхан гаажтайгаараа хэдүйн нүүрний хэдэн ангийг нь татаж аваад үзэж байна /times.mn/mpost/37245/ гэх мэт хаягаар. Чингэсээс эхтэй Монголын эзэнт гүрний үйл явдлыг харуулсан түүхэн кино дэлхийд цөөнгүй бий. Тэдэн дотроос их түүхийг минь үнэний хувьтай, эерэгээр нь, судалгаа сайтай хийсэн кино “Марко Поло” боллоо хэмээн манайхан үзэж байгаа бололтой. Гэхдээ энд киноны шүүмж, түүхийн задлан шинжилгээг хийх гэсэнгүй. Өнөө цагт дэлхийд Монголыг дэндүү сайн сурталчлах хэрэгсэл, хамгийн хүртээмжтэй пиар бол их түүхээр минь хийсэн Холливудын кино, цаашид хийх шинэ кинонууд байж болох юм гэсэн санаа.

Монголчуудын түүх гэхээр юу өмссөн нь мэдэгдэхгүй, хэдэн сэгсийсэн хар юм, эсгий гэр төдийхнийг харуулдаг бусад орны кинонуудтай харьцуулбал энэ кино монголчуудыг зөв, өнгөлөг харагдуулж эхэллээ. Үүний өмнө Казахстаны хийсэн Чингэс хааны тухай кино бол хэрэг дээрээ биднийг доромжилсон юм. Тэр кинонд манай жүжигчид шуугилдаж очин тоглоцгоосон. Ингэснээрээ өөрөө өөрсдийгөө доромжилцгоосон. Одоо олон улсад гарч буй өөрсдийнхөө түүхийг харуулсан кинонд манай жүжигчид бодлоготой тоглож, оролцож болдгийг жүжигчин Б.Амарсайхан ха­рууллаа. Аригбөхийн дүрийг харж байхад Б.Амарсайханы өөрийнхөөрөө мэдэрч хий­сэн жижиг дэглэлтүүд ур чадвар өндөртэйг нь харууллаа. Б.Амарсайхан бол аргил сөөнгө хоолойтой, онигор хэрнээ хурц шийдмэг нүдтэй, дөрвөн мөч тэнцүү, хувь хүн талаасаа өөрийгөө чамлахааргүй боловсруулсан нь киноны англи үг хэллэгээс нь харагдана. Ийм хэмжээнд оччихсон Монголын жүжигчдэд дэлхийн дэвжээ ойрхон байна. Б.Амарсайхан шиг жүжигчдээ өөд нь татаж, төрөөс бодлогоор дэмжиж чадвал Холливудад хэдэн монгол жүжигчинтэй болоход ойрхон байна. Тэрнээс Монголд хэзээ ч байгаагүй мафиг харуулж, Монголын нийгэмд үйлдэгдэх боломжгүй гэмт хэрэг, алаан хядааныг дүрсэлсэн кино хийн өдөр хоногоо өнгөрөөж болохгүй. Кинонд мөнгө зарж байгаа бол их түүхээ харуулсан киног их бага хэмжээгээр хийж олон улсад гарга. Ингэж байж л дэлхийд өөрсдийгөө сурталчилна, олон улсын зах зээлд гарна. Тэрнээс дэлхийд 10 сая хүн үздэггүй спортын төрөлд хичнээн олимпийн аваргатай байгаад яах юм. Миссийн тэмцээнд нэг монгол охин оролцоо л биз, хэн тоох юм. Европт хичнээн их зардлаар улсаа сурталчлах өдөрлөг зохиогоод үр дүн нь юу байгаа юм. Бид ер нь хөгийн зүйлээр эх орноо олон улсад сурталчилж байна гэж өөрсдийгөө хуурдаг. Их газрын гүн дэх хэн ч мэдэхгүй бөглүү Монгол хэвээрээ л байгаа шүү дээ.

Биднийг ингэж түжигнэлдэж байх зуурт хэдэн зууны өмнө Марко Пологийн бичсэн “Орчлонгийн элдэв сонин” ном нь өнөөдөр Монголыг дэлхийд хамгийн түгээмэл сурталчлах бүтээгдэхүүн болсон хэвээр байна. Энэ номноос сэдэвлэсэн кино дэлхийд биднийг дахин таниулах нь. Монголчуудын ялгуусан түүхтэй маргалдах хүн энэ замбуулингийн олон тэрбум хүн дотор байхгүй. Хүссэн хүсээгүй тэд Чингэс хааныг толгой дохин хүлээн зөвшөөрнө. Тэр ялгуусан их түүхээ бид өнөөдөр мөнгө болгомоор байна. Марко Поло бол дэлхийд алдаршсан аялагч. Тэрбээр Хубилай хааны дэргэд 17 жил сууж нутагтаа очоод Монголын эзэнт гүрнийг танилцуулахад дэлхий байтугай Венец ч хүлээн зөвшөөрөхгүй түүнийг худлаа цуурлаа хэмээн шоронд хийж байсан гэдэг. Шоронд байхад нь хамгийн ойр дотнынх нь хүмүүс хүртэл түүнд “Өнөөдрийн дэлхийд тийм том эзэнт гүрэн байхгүй. Худлаа ярьснаа хүлээн зөвшөөрчих” хэмээн ятгаж байсан гэдэг. Яагаад гэвэл торгоны замыг дагасан тийм их нутаг дэвсгэр, тийм олон улс орныг нэг хаан захиран сууж байна гэхээр хүний ой тойнд багтахгүй байсан юм. Үндсэндээ Чингэс хаан хийгээд түүний үр хойчууд тэр үедээ нээгдээгүй Америк, Австрали тивийг эс тооцвол энэ дэлхийн нийт хуурай газрын 70 хувьд нөлөөгөө тогтоосон байсан юм. Ийм гайхамшигтай том эзэнт гүрэнд Марко Поло амьдарч, аялж, үзэж харсан бүхнээ баримт болгон бичиж үлдээсэн нь Монголын түүхийг өнөөдөр давж гарах түүхтэй улс байхгүй болоход хүргэж байна. Мэдээж Монголын ялгуулсан их түүхтэй зэрэгцэх агуу Ромын түүх гэж бий. Өөрөөр манайхтай зэрэгцэх түүхтэй улс гүрэн энэ замбуулингийн 200 гаруй улс оронд одоохондоо алга.

Ингэж бид их үг дуугарах ёстойг “Марко Поло” кино өдөөж байгаа юм. Тус киноны эхэнд Аригбөх, Хубилайд хэлж байна, “Бидний өвөг дээдэс, их эзэн Чингэс хааны маань төрөлх нутаг Хархорум сайхан байна… харин таны амьдран суугаа энэхүү газар орон монголоо алдаж их харийнжсан байна” хэмээн үг өдөн уулзаж буй хэсэг байна. Махчлан орчуулахад л ингэж ойлгож байгаа юм шүү, тэрнээс мэргэжлийн орчуулгаараа бол арай өөрөөр хэлэгдэх байх. Эндээс энэ хоёр их хүний харгалдааныг харж болно. Энэ бол үнэн түүх. Яг ингэж л Чингэсийн үр хойчис, алтан ургийнхны дунд үзэл санааны том зөрөлдөөн бий болж бага хаадын үед авчирсан юм. Тэрнээс Мөнх, Гүюгээс эхлээд алтан ургийн бүх хаад хэдүйн дэлхийн хэм­жээний удирдагчид бол­чих­сон, дэлхийн бодлогыг тодорхойлогч өндөр боловс­ролтой хүмүүс болчихсон байсан юм. Түүхийн эх сурвал­жуудад Мөнх хааныг бичихдээ, дөрвөн зүгийн улстай дөрвөн хэлээр нь чөлөөтэй ярилцдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Өнөөдрийн ойлголтоор бол бүх орны хэлээр Монголын хаад ярьдаг, бичдэг байсан гэсэн үг.

Бидний ийм гэгээн, хүчирхэг түү­хийг зарим нь яаж харлуулж ирэв. Зарим улс орнууд өөрс­дийнхөө түүхийг хэрхэн хуурамчаар бүтээж байна. Япон, Солонгос, Америк… олон орны түүх Монголын түүхийн дэргэд өрөвдмөөр. Хэдүй тийм ч тэд чадаж бай­на. Хуурамч түүхээрээ бүтээсэн кинонууддаа тэд тоглож Холливудад гарсаар, тодорсоор, улс орныхоо нэ­рийг цуурайтуулсаар байна. Гэтэл дэлхийн түүхийг бү­тээсэн Монголчууд бид тэгж чадахгүй явна. Чингэсийн үр хойчууд 27 ханлигт хуваагдан тарсан сөөвгөрүүдийг хурааж нэгтгэснээр Орос орныг бий болгосон. Хятад хэдэн зуун мужид хуваагдсаныг монголчууд хэрхэн нэгтгэж Бээжинг нийслэлээр зарлаж монгол хөвгүүн хаан сууж байв. Энэ түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Ийм гайхамшигтай түүхээ бид өнөөдөр сүр жавхлантайгаар гаргаж ирье. Гаргаж ирэхдээ дэлхийг байлдан дагуулж буй кино ертөнцөөр дамжуулж тунхаглая. Монголын кино урлагийн салбарт ажилладаг найруулагчид, зохиолчид, жүжигчид, зураглаач, ивээн тэтгэгчид бүгд хичээцгээе, төр засаг мөнгө гаргах цаг болжээ. Бид их түүхээ сайныг нь сайнаар, мууг нь муугаар нь гаргая. Монголчууд мөнгө хөрөнгөгүйдээ их түүхээ бусдад алдаж болохгүй. Ялгуусан их түүхтэй Монгол түмний үр сад бид энэ цаг үед их түүхээ харуулсан кино хийж монголоо дэлхийд таниулъя. Чадаж гэмээнэ санаанд оромгүй үр дүн бидэнд ирнэ. Сүр жавхлант их түүхтэй Монгол Улс руу эдийн засаг, улс төрийн эерэг хандлага бий болно. Хөрөнгө оруулалт гэдэг нь дан ганц эдийн засаг, улс төрийн аргаар хийгддэг ч юм биш. “Марко Поло” киноны зураг авалтын зарим хэсгийг яагаад Монголд авч болоогүй гэж. Манайд мэдээж хандсан байгаа шүү дээ. Нэг хурган дарга нь хүнд суртал гаргасан байж таарна. Ерэн оны дундуур Холливудын жүжигчин Жулия Робертс нэг намар Монголд ирж мянгат малчин Хэнмэдэх гуайнд 14 хоног баримтат киноны зураг авч түүнийгээ дэлхийд цацахад 300 сая хүн үзсэн гэх статистик гарч байсан. Баримтат кино шүү дээ. Түүн шиг их түүхээрээ уран сайхны кино хийж Холливудын алдартай 10 жүжигчинг Монголд нэг сар амьдруулъя. Дэлхийн тэрбум хүн Монголыг анхаарч харна. Энэ сурталчилгаанд гарах зардал нь магадгүй манай нэг банкны ерөнхий нягтлан бодогчийн Солонгосын кази­нод алдчихаад ирсэн мөнгөн дүнд арай л хүрэхгүй байх шүү. Ингэж их түүхээ мандааж Монгол орныхоо нэр төрийг өргөе. Кино урлагаар дамжуулж ард түмнийхээ имижийг бүрдүүлье.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Монгол бахархлын өдөр”-ийг луйвардуулчихлаа

Тэмүүжин гуайн төрсөн өдөр болох арваннэгдүгээр сарын 23-ныг Монголын төр “Монгол бахархлын өдөр” хэмээн зарлан бүх нийтийн амралтын өдөр болгосон. Гэтэл энэ жил бүтэн сайн өдөр давхацчихлаа. Ерөөсөө бид албан ёсны баярын өдрүүдээрээ амарч чадахгүй болчихоод байгаа юм. Наадам, цагаан сар… яаж ийж байгаад хагас, бүтэн сайнууд дашралдан давхцаад болохгүй байна. Буян Жагаа эд нар “Юун амрамтгай юм, ажиллацгаа” гэж хэлэх байх. Үүнийх нь хариуд хэлэх тайлбар зөндөө бий. Жишээ нь 67 насалсан хүн 24-хөн мянган өдөр амьдардаг юм ш дээ, ийм богинохон амьдралд тэрэгний морь шиг ясан хэдрэг царайлах уу гэхчлэн. Олон улсад бол хуульчлан баталсан баярын өдөр нь амралтын өдөртэй давхацвал нөхөж амраадаг. Америк, Англи, Япон, Бразил… гэхчлэн олон оронд албан ёсоор нөхөж амардаг. Энэ жишиг манай улсын зарим албан байгууллагад хэрэгждэг юм байна лээ. Тухайлбал Олон улсын сургууль өнгөрсөн даваа гаригт багш ажилчдаа амраахдаа албан ёсоор “Монгол бахархлын өдөр”-ийн амралт шүү гэж зарлажээ. Шинэ монголчуудын хувьд баярын өдөр нь цоо шинэ ойлголт болсон. Далайн эрэг дээр гэр бүлээрээ хоёр өдөр хэвтчихээд ирж буй айл өрх цөөнгүй бий шүү дээ. Албан ажил бол амьдрал юм, амралт бол албан ажлаа сайн хийх сэргээш юм. Энэ жилийн “Монгол бахархлын өдөр”-өө луйвардуулчихлаа, цаашид тэгмээргүй байна. Албан ёсоор нөхөж амардаг болмоор байна.

П.ХАШЧУЛУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрчдийн зан араншин улс орны хувь тавилан юм

Эдийн засаг элгээрээ хэвтлээ, энэ улс орныг хэрхэн сэргээх вэ хэмээн толгойгоо гашилгаж суугаа юм бодтол эр эм хоёрын ажил хийж байгаа зургийг интернэтэд тараасан шигээ цагийг өнгөрөөж суугаа төрийн түшээг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг огцруулах ёстой, дараа нь ингэж хөгжүүлэх ёстой хэмээн их мэдсээр сая нэг огцруулсны дараа залгуулаад л “Одоо шинээр байгуулагдах Засгийн газрыг цагаан сар өнгөрөөгөөд огцруулна” хэмээн заналхийлж, түүнийгээ цахим ертөнцөд түгээж суугаа АН-ын архаг улс төрчид эх орон, ард түмэн гэсэн сэтгэл бий юу. Хувь тавилан нь ордонд бус Ганц худагт байхад хаалгаараа оруулж аварсан намаа, намын даргаа Ерөнхий сайдаас огцрох агшинд ажлын өрөөндөө Ардын намынхантай ура хашгиран тэмдэглэсэн нөхөрт зарчим, улс төрийн ноён нуруу байна уу. Ийм л хүмүүст эрх мэдэл өгөхөөр улс орон өнөөдрийнх шиг болж, сульдаж доройтдог юм байна. Улс төрд мэдлэг боловсролоос урьд зан араншин чухал юм байна.

Монголын их хувь заяа юу вэ гэвэл Монголын ард түмэн цаг ямагт өөрийн эх орончидтой байсанд юм гэдэг. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ч энэ эх орончдод багтана. Лав дээрх улс төрчдийн дэргэд энэ хоёр хүн гайхамшигтай эх орончид. Х.Чойбалсан боловсролтой хүн байгаагүй. Харин түүнд зовлон үзсэнээс үлдсэн зан араншин байсан. Түүний улс төрч болсон төлөвшил 1940 он гараад шүү дээ. Энэ үеэс тэр эх орноо, цөөхөн муу ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулж чадсан гэж үздэг. Тэгэхдээ тэр мэдлэг боловсролоор эх орноо удирдаагүй өөрийн зан араншингаар эх орон ард түмнээ арайхийн чирч явсаар дараагийн үедээ өгсөн. Оросоос, Сталинаас үхтлээ айдаг байсан үе түүнд бий. Гэхдээ 1944 онд Монголд байсан Оросын 17 дугаар армийн командлагчид хандан “Та нар Монголд эзлэн түрэмгийлэгчид шиг аашилж байна” хэмээн уурсан хашгирсан нь олон хүн цугласан хүлээн авалт дээр болсон явдал юм. Энэ бол тухайн үедээ эх оронч хүнээс гарах эр зориг, зан араншин байлаа. Түүний хамгийн том түшиг тулгуур нь Бумцэнд гэж боловсролгүй өвгөн байсан. Бага хурлын тэргүүлэгчдийн дарга энэ өвгөн партизанд эх орон, ард түмний хувь тавилан Чойбалсан бид хоёроос хамаарна гэсэн гайхамшигтай ухамсар, зан араншин байснаас бус мэдлэг боловсрол огт байгаагүй. Тэдний энэ зан араншин Монгол Улсыг хорьдугаар зуунд авч явсаар Ю.Цэдэнбалд авчирч өгсөн.

Ю.Цэдэнбал бол сэхээтэн. Бүр эдийн засгийн боловсролтой хүн. Түүнд муу араншин байсан. Оросыг аялдан дагалддаг. Оросын дагаар орох өргөдөлд гарын үсэг зурсан нь ч үнэн. Яг өнөөдрийн улс төрчид шиг өөрийгөө бодсон өрөвдмөөр улс төрч байсан нь үнэн. АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Самбуу гэж язгуурын монгол бор өвгөн дэргэд нь ажилласнаар Монгол төрийн ноён нуруу хугараагүй юм шүү. Тэр өвгөнд боловсрол байгаагүй, ноён нуруу л байсан. Аливаад эцэс буй болохоор Ю.Цэдэнбал төрөөс зайлуулагдаж өрөвдөм хувь заяатай хорвоог орхисон. Түүнээс хойшхи засаглал зургаан жил орчим л соц нийгмийн шинж чанартай байгаад нурж унаснаар өнөөдрийн улс төрчид гарч ирсэн юм. Х.Чойбалсан ч тэр, Ю.Цэдэнбал ч тэр мэдлэг боловсролоор улс орныг удирдаагүй зан араншингаараа, тулхтай хүмүүсийн нөлөөгөөр Монголыг авч явжээ гэдгийг над мэт нь дүгнэж байгаа юм биш. Дээдсийн үлдээсэн, өнөөдрийн юм уншиж бичдэг хүмүүсийн бичиж туурвиснаас үлдсэн бодол. Энэ хоёр хүн Монголыг удирдаж байхдаа ямар зан араншинтай байсан яг тийм нийгэм Монголд бий болж, яг тийм хувь тавилангаар монголчууд амьдарсныг эргээд санах хэрэгтэй. Гул зэл явсан, дайн тулаанд оролцсон, өөрөө хүнд байдалд мөрдөгдөж шалгагдаж явсан Х.Чойбалсангийн үед Монголын нийгэм үймээн самуунтай, бослого тэмцэлтэй, хэлмэгдэл аллагатай цаг хугацааг өнгөрөөсөн. Хүний өмнөөс юм хэлдэггүй, зөө­лөн Ю.Цэдэнбалын үед мон­голчууд хойдуулд дээрлэхүүлж дөчин жилийг үдсэн.

Одоо ямар зан араншинтай улс төрчид Монголыг авч явна вэ. Яг л тийм нийгэм Монголд цогцолж байна. Өнөөдөр Монголын төр засаг бужигнаж байна. Цөөхөн хүн амтай ард түмэн улс төрөө дагаж заавал бужигнадаг юм байна. Бид хэрэвзээ дор хаяж 10 саяулаа байсан бол төдийлөн анзаарахгүй. Гэвч Нью-Йорк хотын нэг дүүргийн хүн амд хүрэхгүй бидний хоёр сая монголчууд улс төржилтийг айхавтар мэдэрдэг нь эмгэнэлтэй юм. Үүнийг нь мэдэрч буй улс төрч өнөөдөр гарч ирээгүй байгаа нь үүнээс ч эмгэнэлтэй байна.

Улс орныг улс төрч гэсэн хувь хүмүүс удирдан залдаг. Тийм болохоор өнөөдрийн улс төрчдийн улс төрч болж төлөвшсөн цаг хугацааг ярих цаг болжээ. Олон улсад үүнийг чухалчлан судалдаг, ярьдаг, бичдэг, бүр ажил хэрэг болгодог. Лидер төлөвших үе ч гэж хэлж болно. Ямар гэр бүлд төрсөн, ямар сургуульд боловсрол эзэмшсэн, ямар газарт ажилласан, найз нөхдийн ямар хүрээлэлд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм… гэхчлэн төлөвшлийн үйл явцыг шатлан үздэг олон улсын стандарт бий. Эх орныхоо хувь заяаг энэ цаг үед атгуулчихсан 76 гишүүн, бусад улс төрчдийн төлөвшлийг бид хэр мэдэх билээ. Нэг талаас харахад эдгээр хүмүүсийн намтар замналыг сайн мэдэх ч юм шиг, нөгөө талаасаа мэдэхгүй ч юм шиг. Ямар ч байсан өнөөдөр төр засагт голлох нөлөөтэй байгаа хүмүүс (АН, МАН-гүй шүү)-ийн цөөнгүй нь сүүлийн 25 жил Монголын улс төрд явж байна. Ингэж бодохоор идэвхтэй насныхаа 25 жилийн дотор тэд нийгэм огт өөр нийгмээр солигдох үйл явцад оролцсон, шилжилтийн гэх үед засаг удирдалцсан, асар их туршлага суусан, унаж боссон, завсраар нь гадагш дотогш явцгааж мэдлэг боловсролдоо шамдсан, ер нь улс төрч хүний үзэх ёстой бүгдийг үзэж туулжээ. Тэд улс орноо удирдаад явах хангалттай потенциалтай болсон байна. Бүтэн 25 жил төр засагт суучихаад өнөөдөр “Ард түмний амьдрал муу байна, улс орон хөгжихгүй байна, сүйрлээ” хэмээн 20 жилийн өмнөхөө ярьж суухыг чинь хараад “Та нар улс төрчид болж чадахгүй юм байна, улс орныг удирдаж чадахгүй толгойнууд байна” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Монголын ард түмэн та бүгдийг дэмжиж, тусалж, төрийн өндөр сэнтийд залсаар байгаа. Үүнийхээ хариуд “Зүгээр л хүнд сурталгүй, авлигагүй, айдасгүй, гэрээсээ гараад хана мөргөлгүй амьдрах орчин нөхцөлийг нийгэмд бүрдүүлээд өгөөч” гэж гуйсан. Та нарын хариулт гэвэл “Бид тийм сэтгэл зүтгэлтэй, зан араншинтай хүмүүс биш юмаа” гэдгээ өөрсдийн үг хэл, үйлдлээрээ харуулж байгаа явдал юм. Өөрсдийн чинь байгаа байдлыг харахаар бүгдээрээ их шуналтай, алсын хараагүй, хариуцлагын мэдрэмжгүй харагдах юм.

Улс төрд сайнаасаа муу үг илүүтэй сонссон хүмүүс их хэрэгтэй юм шиг байна. Улс төрд өс санадаггүй, өршөөж уучилдаг хүмүүс гайхамшигт хүрдэг юм шиг байна. Улс төрд өөрийнхөө эрх ашгийг бусадтай хуваалцаж, тэгшитгэж чаддаг хүн хол явдаг юм шиг байна. Улс төрд “Одоо би боллоо, та нар зүтгэ” гээд бусдадаа боломж олгодог, хүнд итгэж чаддаг хүмүүс гоё харагддаг юм байна. Хамгийн гол нь Монголын улс төрд “Би бага буурай орны улс төрч шүү” гэдгээ хамгийн сайн мэддэг хүн чухал юм байна. Эндээс мэдлэг боловсрол бус зан араншин үнэртэж байгаа биз. Ийм хувь хүний зан чанар, араншин та нарт сох дутаж байна. Ийм зан чанар хэнээс чинь ч харагдахгүй байгаа нь улс орны хувь тавиланг ганхуулж, уруудаж яваа айл шиг харагдуулж, ард түмнийх нь амнаас “бид хэцүүдлээ” гэсэн бэлгэгүй үгс цувдаг болгов. Хамгийн аймаар нь энэ улс орныг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө “Улс орон ургашлахаасаа өнгөрлөө” гэж ярих нь аймаар байгаа юм. Та нарыг урагшлуул гэж ард түмэн итгэл өгсөн, та нар үүний төлөө ажиллаж, ямбалж, эрх мэдлийг нь эдэлж яваа хүмүүс. Та нар мэдлэг боловсрол, хөрөнгө чинээ, туршлага, эрх мэдлээр дутаагүй. Өнөөдөр эх орон, ард түмэн чинь дорой буурай харагдаж байгаа бол өөрсдийн чинь байгаа царай тэр.