Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд шинэ эрч хүчээр, шинэ ажлаа эхлүүлдэг өдөр

Есдүгээр сарын нэгэн бол монголчуудын хувьд онцгой шинэ эрч хүчээр ажлаа эхэлдэг содон өдөр юм. Үүнийгээ монголчууд анзаардаггүй ч байж мэднэ. Монгол хүн бүрийн амралт дуусч “Одоо ч нэг тачигнатал ажиллана даа” хэмээн ханцуй шамлан ажлынхаа хаалгаар орж ирдэг өдөр дөө. Монгол хүн бүрийн царай жаахан аяншсан, хүүхдүүдийнхээ сургуулийг ярьсан, амарч байх хугацаандаа голын эрэг, уулын орой дээр есдүгээр сарын 1-нээс эхэлж юу хийж, ямар ажил амжуулахаа хэдүйн бодож төлөвлөсөн, түүнийгээ эхлүүлдэг өдөр. Монгол орны нийгмийн амьдралын шинэ улирал юм.

Жилийн дөрвөн улиралтай, нүүдэлчин уламжлалтай монголчуудын хувьд ажил амьдралын эрч хүчтэй үе нь жилийн арван сард нь л өрнөдөг. Энэ нь есдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хооронд юм. Үлдсэн зуны хоёр сард нь амарцгаадаг. Энэ бол монголчуудын амьдралын хэвшил хэмнэл болоод нэгэнт тогтжээ. Яахав, зуны улиралд барилга, уул уурхай, зам гэхчлэн улирлын чанартай ажлууд ид өрнөдөг ч монголчуудын дийлэнх нь эдгээр салбарт үнэмлэхүй хамрагддаггүй. Голдуу хятадуудыг авчирч ажиллуулдаг болоод удлаа. Монгол хүнийг зуны хоёр сар ажиллуулъя гээд ч айраг, хорхог, адуу мал, найр наадам, хөдөө нутаг нь бодогдоод төвлөрч ажиллаж чаддаггүй. Нэгэнт уламжлалт ахуй соёлоос нь улбаатай ийм сэтгэлзүйн шинж чанар нь монголчуудыг зуны хоёр сард нь амралт зугаалга руу хөтөлдөг болжээ. Гэхдээ зугаа цэнгэлийн үе гэж хэлмээргүй байна. Гадны хүмүүс хийгээд манайхны зарим нь тэгж харж ярьдаг ч мөн чанараараа бол монгол даяараа их амар амгалангийн цаг хугацаа юм. Өнөөдөр Монголын нийслэл, төв суурингуудын стресс, нерв ямар байгаа билээ. Хүн амын дийлэнх нь Хавай, Хайнанд очоод амарчихаж чадахгүй учраас хөдөөдөө гарч бодлоо цэгцэлж, есөн сарын нэгнээс хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, ядаргаагаа тайлахаас өөр аргагүй юм.

Ингэж Монголын их хээр талдаа тааваараа хөлхөж амарсан монгол хүн “есдүгээр сарын 1” дөхөх тусам оюун санаа нь төвлөрдөг. За, хүүхдүүдийн хичээл сургууль ч эхэллээ дээ гэсэн үг хүн бүрийн амнаас гарч, айл бү­рийн гэрт сонсогдоно. Ухаандаа их ажилд нь монголчуудыг төвлөрүүлж өгдөг онцгой өдөр юм. Энэ өдөр бол эцэг өвгөдийн үед ч, их хаан Чингисийн үед ч байсан. Чингисээс эхлээд их хаадын үед есдүгээр сар буюу намрын эхэн сарыг шинэ оны эхлэл буюу өнөөдрийнхөөр бол шинэ жил хэмээн үзэж байсныг түүхээс бүгд мэднэ.

Монгол Улс бол залуу иргэдтэй орон улс. Залуу оюун санаатай, залуу эрчим хүчтэй нийгэм гэж болно. Тийм болохоор шинэ хичээлийн жил эхэлдэг энэ өдөр нийгэм маань асар их бужигнадаг. Маш их хөл хөдөлгөөн ордог. Эдийн засгийн цусны эргэлт огцом хурдасдаг. Ганц нийслэлд нь гэхэд газар гишгэх зайгүй хүмүүс хөлхөж, машин техниктээ дарагддаг. Есдүгээр сарын 1-ний өдөр шиг ийм их идэвхжил, эрчим хүчтэй өдөр Монголын нийгмийн 360 хоногийн алинд нь ч тохиодоггүй. Дэргэд нь наадам, цагаан сар юу ч биш. Тийм болохоор бид намрын энэ өдрийг шинэ оны эхлэл гэж албан бусаар үзэж болно.

Монголын нийгмийг ийм их эрчимлэг болгодог боловсролын салбарын өнөөдөр хийгээд маргаашийн төлөв байдлыг энэ дашрамд бас хүргэе.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 799 сургуульд 539818 сурагч хамрагдах нь. Үүнээс төрийн өмчийн сургуульд 94.5 хувь нь, төрийн бус өмчийн сургуульд 5.5 хувь нь суралцах юм байна. Үүнээс нэгдүгээр ангид 64364 хүүхэд суралцах тоо гарчээ. Эдгээрт хүрэлцэх багшийн тоо улсын хэмжээнд цэцэрлэгийн 6900, ерөнхий боловсролын 28800, нийтдээ 35700 багшлах боловсон хүчин байгаа нь 100 хувь гэж үзжээ.

Хичээлийн бус цагийн секц дугуйлан гэж чухал юм байдаг. Тэр тоог нь харвал төрийн болон хувийн сургуульд 121 төрлийн дугуйлан хичээллэх юм билээ. Нэг хүүхэд 1-2 дугуйланд хамрагдах юм. Дээр нь дунд, ахлах анги тус бүрт 432000 төгрөгийн 70-90 төрлийн 74450 ширхэг номтой ангийн номын сан бий болжээ. Мөн төрийн өмчийн сургуулийн нийт сурагчдад 11340 суурин компьютер, багш нарт 25000 зөөврийн компьютер өгөхөд бэлэн болсон гэнэ.

Энэ хичээлийн жилд нийтдээ нэг сая 200 мянган сурах бичгийг хэвлэн нийлүүлэх бололтой. Бага болон ахлах ангиудад шинээр хэвлэсэн бүх сурах бичиг бүрэн хэмжээгээр хүргэгджээ. Харин VI-IX ангид 29 нэрийн сурах бичиг, 48 нэрийн багшийн номыг хэвлэн нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаагаа яам нь мэдэгджээ. Дунд, ахлах ангийн сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг. Сурах бичгүүдийг номын худалдаагаар борлуулах, мөн хэвлэлийн компани бүр өөрийн худалдааны цэгээр дамжуулан худалдаалахаар болж аймаг бүрт нэг борлуулагч, нэг борлуулалтын цэгийг байгуулжээ.

Одоо энэ салбар дахь материаллаг баазын талаар товч дурдъя. Боловсролын салбарт 2015-2016 онд 251 барилга байгууламж баригдахаас улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил байна. Дээр нь концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар нэг цэцэрлэг, 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. Яг өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 суудлын хүчин чадалтай найман сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Мөн 350 хүүхэд хүлээн авах хоёр дотуур байр, дөрвөн спорт заалны барилга шинээр ашиглалтад ороод байна. Энэ есдүгээр сардаа бол 15 барилга (825 хүүхдийн долоон цэцэрлэг, 890 суудалтай гурван сургууль, 180 ортой хоёр дотуур байр, гурван спорт заал) нэмж ашиглалтад орно гэсэн сайхан мэдээлэл байна. Харин энэ ондоо багтаж 36 барилга (1565 хүүхдийн 16 цэцэрлэг, 5220 суудалтай 14 сургууль, 470 ортой зургаан дотуур байр) нэмж ашиглалтад орно. Үүний хажуугаар их засвар хийгдэж байгаа барилга байгууламжуудыг дурдах ёстой. 2015 онд сайдын багцад 4.2 тэрбум төгрөг батлагдсаныг 50 байгууллагын их засварт хуваарилжээ. Үүнд 21 цэцэрлэг, 22 сургууль, гурван спорт заал, гурван дотуур байр, нэг цогцолборын их завсарын ажил багтсан байна. 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар их засварын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ.

Энэ бүх мэдээлэл дот­­роос онцлон үзэх ёс­­той нь 2015-2016 оны хичээ­лийн жилд сургуулийн өм­нөх бо­ловсролын цөм хөтөл­бөрийн тухай юм. Цөм хөтөлбөрийн үр дүнг нь “Хүүхэд бүрийг сонирхсон зүйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ бүтээлчээр ханддаг чадварт суралцах боломжийг олгох” гэжээ. Энэ хөтөлбөрт хамрагдах цэцэрлэгийн насны 218100 хүүхэд байгаа гэсэн. Энэ бол том тоо. Гэхдээ энэ хөтөлбөрийн үр дүнг цаг хугацаа харуулах биз. Лав л энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд, ахмад багш нар санаа зовниж байгаа юм билээ. Аливаа улс орны боловсролын системд уламжлал хийгээд өөрийн орны онцлог байдлаа заавал харгалзан үзэх ёстой гэнэ. Жишээ нь 30 сая хүнтэй улсад бол дунд сургуулийн сургалт нь хүүхдийг бие дааж суралцах чадварт тулгуурласан байдаг аж. Хүнийхээ олноор Шинжлэх ухааны аль ч салбар нь хоцордоггүй. 300 хүүхдээс заавал нэг нь физикийн, химийн… гэхчлэн гоц салбаруудад бие сэтгэлээ зориулдаг. Харин гурван сая хүнтэй Монголд бол хүнийг хүчээр сургах ёстой аж. Цөөхүүлээ учраас хүүхэд бүрт Шинжлэх ухааны салбар бүрийг оноон өгч, дээрээс нь лантуудаж сургаж ирсэн монгол уламжлал байна. Ийм сургалтын системээр явж ирсэн тулдаа монголчууд өнөөдрийн дэлхийд ШУ-ы аль ч салбарт хоцролгүй явж иржээ. Энэ уламжлал эвдэгдэж “Хүүхдүүд та нар өөрийнхөөрөө сонгож, тааваараа бие дааж су­ралц” гэвэл гурван хүүхэд гурвуулаа хуульч, эдийн засагч мэргэжлийг сонгодог. Практик үр дагавар нь гэвэл ШУ-ы бусад онцлох салбарууд орхигдож улмаар нийгмийн сэтгэл зүйн мунхрал эхэлдэг байна. Мунхарсан нийгэмд мухар сүсэг газар авдаг. Мунхарсан нийгэмд лам чөтгөр хоёр хүчээ авдаг гэсэн үг ч бий. Тэгэхээр дунд сургуулийн өмнөх насны цөм хөтөлбөр хийгээд дунд сургуулийн сургалтын концепц нь цөөхөн хүнтэй манайх шиг улсад тохирч байна уу, үгүй юу. Шулуухан хэлэхэд хүүхдийг захиргаадалтаар сургаж ирсэн уламжлал, Монголын онцлогоо харгалзан үзэх ёстойг буурал эрдэмтэд, ахмад сурган хүмүүжүүлэгчид хэлж ярьсаар байна шүү.

Categories
мэдээ нийгэм

Урт автобус окей, одоо давхар автобус хэрэгтэй байна

Нийслэлийн
нийтийн тээврийн 600 гаруй том оврын автобусны эдэлгээний хугацаа аль эрт
дууссан тухай мэдээлэгддэг байлаа. Гэвч үйлчилгээндээ явсаар. Хэдхэн хоногийн
өмнө хүртэл эдгээр хуучин автобусны нэгнийх нь тоормоз гэнэт ажиллахгүй
болсноос зогсоол дээр байсан иргэдийг хамж алах шахсан. Бүхээгтээ 40, 50 хүн
чихчихээд үйлчилгээнд давхиж явдаг иймэрхүү хүннү сүннүгийн үеийн шахуу нийтийн
тээвэр манайхаас өөр газарт байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Үүнд л цэг тавьж
эхэлж байгаа нь энэхүү урт автобуснууд гэж ойлгож байгаа. Гэтэл өнөө урт
автобус нь бас дундуураа салаад унасан шуугиан гарлаа. Нэг хэсэг нь “тэгнээ
тэгнэ” гэж бааллаа. Би ч мөн адил. Тэгсэн гэмтсэн хүн ч гарч ирсэнгүй, салаад
унасан автобусыг ч сэтгүүлчид олсонгүй. Ингэхээрээ энэ мэдээлэл хий хоосон
шуугиан байх нь. Үүнээс үүдэн бодогдож байна л даа. Үнэндээ нийслэлчүүд бид
Улаанбаатартаа сайхан амьдармаар байна шүү дээ. Аюулгүй, эрүүл, тав тухтай,
соёлтой орчинд ажиллаж амьдармаар байна. Түүний нэг хэсэг нь энэхүү урт
автобуснууд биздээ. Таван шараас Офицер хүртэл төвийн шугамд энэхүү 18 ширхэг
урт автобус явж байгаа юм байна.
Автобусны үйлчилгээнд хоёр зүйл хамгийн эхний шаардлага байдаг. Цаг хугацаандаа
зогсоолдоо ирэх, хоёр дахь нь хаана хүрэхээ мэдээлж байх. Энэ дүрэм журмаа бол
эдгээр автобусууд яс баримталж байгаа юм билээ. Дээр нь монголын нөхцөлд урьд
явж байгаагүй урт гэдгээрээ түгжрэл үүсгэхгүй байх. Хүнээ дүүргэх гээд зогсоол
дээр удаан зогсох зэрэг хүндрэл лав гарсангүй. Тэгэхээр энэ автобус шаардлага
хангасан, цаг үеэ олсон үйчилгээ болж таарлаа.

Эдийн засгийн утгаар
нь энэхүү урт автобусыг харья. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус
нь 120 орчим хүний багтаамжтай. Өмнө нь явж байсан дөрвөн автобусны үйлчилгээг
нэг урт автобус дангаараа үзүүлж эхэлжээ. Монгол улс жилд 1,2 тэрбум
ам.долларын бензин шатахуун гаднаас хэрэглэдэг. Үүнээс хэмнэж эхэллээ,
нийслэлийн нийтийн тээвэр. Монголын нийт хүн амын талаас илүү нь амьдарч буй
хот ингээд ажиллахад улс орны хөгжилд том хувь нэмэр болно. Дээр нь нийтийн
тээврийн компаниудыг ажлынх нь гүйцэтгэлээр цалинжуулж эхэлж байгаа юм билээ.
Энэ нь иргэд хүссэн үйлчилгээгээ хүртэж чадна гэсэн үг. Цонх нь цантдаггүй,
тохилог, чанартай автобус хаана ч өндөр үнэтэй байх нь цэвэр зах зээл. Урт
автобусан дээр смарт картын үйлчилгээг нэмэхээр санхүүгийн шударга байдал,
аюулгүй үйлчилгээ цогцоороо нийслэлийн нийтийн тээвэрт мөрдөгдөх нь. Энэ
чиглэлээрээ нийтийн тээврийн компаниуд хоорондоо өрсөлдөх нөхцөл бүрдлээ гэж
харж байна. Орлогын төлөө бус, үйлчилгээгээрээ уралдах цаг ирсэний тод жишээ
энэ болов уу. Үйлчилгээ муутай компанийн автобусанд суухгүй байх эрх нь иргэдэд
нээлттэй. Ийм л нөхцлийг бүрдүүлж эхэлж байгааг нийслэлчүүд бид харж байна.
Дэлхийн бүх хот ийм системд шилжээд байхад бид юугаараа дутах билээ. Нийтээрээ
нэг үзэл бодолтой байж гэмээнэ нэг сарын дотор энэ бүх үйлчилгээ төлөвшинө.
Нийтийн тээвэр дэх шинэчлэлийг хурдацтай ургашлуулах алхам болно.

Э.Бат-Үүл өөр
олон шинэ бүтээгдэхүүнийг Монголын нийслэлд нийлүүлж байх шиг байна. Гудамж
төслийн хүрээнд хийгдсэн замын шинэ уулзваруудын бүтээн байгуулалтын үр дүн, ач
тусыг өнгөрсөн цагаан сараар л нийслэлчүүд мэдэрлээ. Хүн бүр аав ээждээ, ахмад
настнууддаа золгохоор цагаан сараар л нэг сайн хөдөлдөг, хот дотроо холхидог юм
байна л дээ. Тэгсэн өмнөх 20 жил нь түгжирч гацаад явдаггүй байсан уулзвар
замууд нь барууны хотууд шиг зохион байгуулалттай, толигор сайхан болчихож.
Тэгээд л “Хотод чинь “юм” хийсэн байна шүү дээ, зам уулзварууд чинь ямар сайхан
болчихоо вэ” гэж шуугилдан буузаа идэцгээж байх жишээтэй. Зуны гурван сард
монголчууд их зугаалдаг, аяладаг болчихож. Энэ зун Хөвсгөл рүү шинэ засмал
ашиглалтад оронгуут яаж давхилдав. Зүүн тийшээ Алтан-Овоо, Шилийн богд, Буйр
нуур руу аялацгаахдаа толийсон засмалаар давхиж хүрэхдээ бас бүтээн байгуулалт
хийгдсэнийг биеэрээ мэдэрч хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэгж биеэр үзээгүй үедээ
сошиал ертөнц дэх зорилтод мэдээллүүд, мэдээллийн сувгууд дахь сөрөг хүчний
зохион байгуулалттай мэдээллүүдэд автаж энэ улс оронд болж бүтэж байгаа юм огт
байхгүй юм шиг ойлгоцгоож явж. Одоо ч нийслэлийн нэг хэсэг иргэд тийм
ойлголттой явж байгаа байж мэднэ. Гэтэл урт автобус шугамд явснаар бидний
хүсээд байдаг барууны хөгжилтэй хотуудын стандарт нийтийн тээврийн үйлчилгээнд
мөрдөгдөж эхэлсэн хэрэг биш үү. Урт автобус ядаж урд нүүрэндээ хаана хүрэх
буудлын мэдээллээ цахим дэлгэцээр зарлах юм. Доторх багтаамж яг барууны
хотуудын стандарт хэмжээ. Наад зах нь ордог гардаг хаалганы үйлчилгээнд
суралцаж байна. Урьд яадаг байлаа, гарах хүмүүсийн өөдөөс орох хүмүүс нь
дайраад… тэрнээс болж автобусны дугуйн доогуур орж амиа алдах тохиолдолд ч
гарч байв. Ингэж эмх цэгцэндээ орж байгаа нь том хотын соёл, цаг хэмнэлт,
стрессгүй явах орчин нөхцөл юм.

Тэгэхээр ийм
байна, урт автобус бол ОКЕЙ, болж байна. Одоо хоёр давхар автобус хэрэгтэй
байна, Бат-Үүл дарга аа. Саяас дээш хүнтэй хотод дандаа давхар автобус явдаг нь
дэлхийн жишиг болчихсон стандарт юм шүү дээ.

П.Хашчулуун

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Одоо ганцхан чуулганы хугацаа үлдлээ

Үндсэндээ энэ намар, ирэх хаврын чуулганы хугацаа л энэ УИХ, Засгийн газарт үлдлээ. Сонгуулийн босгон дээрх хаврын чуулганаар олигтой асуудал шийддэггүй практик бий учраас ганцхан намрын чуулган үлдлээ гэж ойлгоё. Үүнийг бодож байгаа улстөрч байна уу. Намрын чуулган аравдугаар сарын 5-нд эхлээд цагаан сар хүртэл үргэлжилнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хууль… бас бус хуулиуд дагалдах хэлбэрээр орох байх. Нэр дурдсан чухал хуулиудыг 2015 он дуусахаас өмнө хэлэлцэн батлах ёстой учраас хагас чуулганы хугацаа үлдсэн гэж ойлгосон ч болно. Ямартай ч намрын чуулганы эхэнд төсвийн тодотголоо хэлэлцэх бололтой. Хэлэлцээд байх юм байна уу, үгүй юу. Төсвийн бүрдүүлэлт бага байгаа учраас тодотгол хийсэн нэр зүүж энд тэндхийн мөнгийг баахан хасч танах биз. Хөгжлийн банкинд Чингис бондын үлдэгдэл 450 сая ам.доллар байгаа гэж ард түмэн бодоод явтал эхнээс нь Шинэ Яармаг хороололд 50 саяар нь гэх мэтээр хэдийнэ гаргачихсан юм байна лээ. Өөр юунд гаргасан юм бүү мэд. Тэгээд ч энэ удаагийн төсвийн тодотгол гэж юуг тодотгож, юугаа юунд зарцуулах вэ гэдэг нь улстөрчдөд төдийлэн падгүй. Монгол Улс мөнгөгүй болжээ гээд л сөрөг хүчин шоу хийсээр дуусах биз. Дараа нь 2016 оны Төсвийн төслийг хэлэлцэн батална. Нэг ёсондоо дараа жил идэх хоол, хийх ажлаа хуваарилна гэсэн үг. Энэ үеэр бас л мөнгөтэй, мөнгөгүй гэсэн яриа гарч улстөрчид хувийн карьераа өсгөж шоу хийх боломж бүрдэхээс цааш асуудлын шийдэлд хүрэхгүй биз. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль сая батлагдсан. Хууль батлагдсанаар бараг гурав дөрвөн их наяд төгрөг ил гараад ирэх юм ярьсан, эрх баригчид түүндээ найдаж байгаа юм байлгүй дээ. Залгуулаад Өршөөлийн хууль сая батлагдлаа. Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Анхнаасаа төр дэх авлигачидтай тэмцэж гарч ирсэн хүн. Харин Ерөнхийлөгчид үнэн сэтгэлээсээ нэмэр болоод Өршөөлийн хуулийн эсрэг суучих улстөрч саарал ордон дотор байгаа юм уу. Ерөнхийлөгчийг дагасан жүжигчид л харагдаад байна. Жишээ нь Өршөөлийн хууль байнгын хороодын хуралдаанаар ороход, мөн бүлгийнхээ хуралдаан дээр ч хүртэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт илэрхий дэмжсэн нь хэнд ч тодорхой байсныг тэнд байсан хүмүүс ярьдаг шүү дээ. Батлагдсаны дараа харин огт дэмжиж байгаагүй хүн шиг мэдээлэл хийхийг хараад ийм л байна даа, энэ Их хурлын гишүүд гэсэн бодол хүн бүрийн тархинд буулаа. Хууль батлах гэж хаалганы цаана, хаалттай үед өөрийг ярьдаг, хаалганы наана бас нэг өөрийг ярьдаг ийм л хүмүүсээр Их хурал дүүрсэн энэ цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хууль гэсэн айхавтар хуулиуд орж магадгүй байна. Хэрэвзээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх юм бол чуулган 15 хоногт тасралтгүй хэлэлцэх тусгай дэгтэй. Олон нийтээр хэлэлцүүлж, гарсан үр дүнг нь харгалзан үзсэн байх ёстой. Энэ ч лөөлөө биз дээ, хэдэн сайт дээр хуулийн төслийг нийтэлж санал асуулга явуулсан нэр зүүнэ биз. УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос олон гишүүн дэмжсэн байх ёстой гэхчлэн нарийн заалтууд бас бий. Хэрвээ гишүүдийн 2/3 нь дэмжих юм бол нэгдсэн чуулганаар шууд дэмжигдэх нь тодорхой юм. Сонгуулийн жил гарахаас өмнө буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Энэ бүх хуулийн заалтаас илүүтэй тус хуулийн өөрчлөлтийн амин сүнс, өөрчлөх гээд байгаа шалтаг шалтгаан нь нийгмийн сэтгэл зүйн захиалгаас арай өөр байгаад учир начир нь байх шиг. Учир нь Засгийн газрын бүтэц ямар байх, УИХ-ын гишүүдийн тоо 96 болох уу гэхчлэн өнөөдрийн улстөрчдийн ирээдүйн карьертай холбоотой асуудлууд хөндөгдөнө. Өнөөдрийн цаг үед ийм өөрчлөлт хийх нөхцөл бүрдсэн үү, бэлтгэл хангагдсан уу, ийм зориг зүрх, сэтгэл зүй хууль тогтоогч эрхмүүдэд байна уу. Үндсэн хуульд өөрчлөлт орлоо гэхэд арай гадна дотныхны захиалгадаа хүрээгүй биз дээ гэж залбирахаас.

Түүний зэрэгцээ Улс төрийн намын тухай хуулиар улстөрчидтэй холбоотой амаргүй асуудлууд шийдэгдэнэ. Жишээ нь улс төрийн намууд сонгуульд санхүү, хөрөнгө чинээ, боловсон хүчний ижил гараанаас өрсөлд гэсэн хууль батлагдвал яахав. Ийм хуулийг батлах зориг манай УИХ-д байгаа болов уу.

Дээр нь Сонгуулийн нэгдсэн хууль байна. Эцсийн дүндээ энэ хууль их яригдахаас цаашгүй хуучин хэвээр сонгуультай залгах байх гэж судлаачид ярьж байгаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал таашгүй. Өнөөдөр байгаа хоёр том улс төрийн хүчнүүдийн ярьж байгаагаар бол ирэх сонгуулиар манай хоёр бас л ойролцоо суудал авна, бас л эвсэхээс өөр аргагүй болно доо гэсэн байдалтай байгаа. Гэтэл тэдний хийж буй улс төрөөр бол ирэх сонгуульд хоёр том нам гуравдагч хүчиндээ нам тавиулбал яана. Ингэж бодохыг ч хүсэхгүй байгаа нь хоёр том намын алдаа. Нэг хүний газар авалт өдөр цагаар ахиж байгааг Ерөнхийлөгчөөс өөр болгоомжлон харж байгаа хүн алга. Өөр өөрийнхөөрөө нэг муу харсан, мэдэрсэн болж, өөрсдийнхөө зөв гэж бодож байгаа бололтой. Гэхдээ хоёр намынхан хоёулаа энэ байдлыг хүсээгүй. Газар авч л байг дагуулж тонгорно доо гэхийн алдад түших найдвар нь дээрх хуулийн өөрчлөлтүүд юм. Ингэж таамаглаж байгаа маань хэрэв үнэн бол намрын чуулганаар хуулиудын өөрчлөлтийг хийнэ. Өөрсдөдөө таатай хэлбэрээр хийх гэж оролдох байх. Өөр цаг хугацаа ч байхгүй. Ингээд хоёр том нам нь УИХ-даа эргээд гараад ирэх биз. Харин улс орноо дахин удирдахаар ирэх долдугаар сарын 1-нд тангаргаа өргөөд ороод иртэл улс орон чинь удирдах гээд ч ухааныг нь олохооргүй болчихсон, тодотгох хуваарилах төсөв ч үгүй, нүд нь бүлтгэнэсэн гурван сая иргэн өөдөөс чинь хараад зогсож байвал яана. Үүнд ямар буруутныг хайх хүмүүс юм бол.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөх нь өндөр ёс суртахуун гэж өвгөд сургасан байх аа

Өршөөлийн тухай хууль ёсчлон батлагдах, гарын үсэг зурагдах процесс дээрээ явж байна. Өнөөдрөөс parliament.mn сайт дээр бүрэн эхээрээ тавигдах байх. Тэрийг нь уншсан хүмүүс илүү сайн ойлголттой болох байх. Одоогоор бол ч энэ хууль авлигачид, албан тушаалын хэрэгтнүүдэд зориулсан самуун явдал боллоо хэмээн улс төрийн зарим хүчин үзэж, коментууд тус хуулийг зүхсэн шинжтэй байна.

Өнөөдөр Монгол Улс түүхэндээ байгаагүй их буюу 8000 гаруй хоригдолтой болчихоод байгаа юм. Тэдгээрээс 3000 гаруй нь тус хуульд хамрагдах урьдчилсан дүн гарчээ. 3000 дотроо тус хуульд хамрагдах цагаан захтны тоо бүр тодорхой юм билээ. Албан тушаалын гэмт хэргээр шоронд ял эдэлж буй 35 хүний 25 нь хуульд хамрагдана. АТГ-ын мөрдөн байцаах хэлтэст одоогоор байцаагдан шалгагдаж буй албан тушаалын 55 хэргийн 45-т нь энэ хууль үйлчилнэ. Тэгэхээр 3000 гаруй хоригдлын 80 хүн нь албан тушаалын гэмт хэрэгт холбогдогсод байх нь. Эдгээр 80 цагаан захтны хэргийг илрүүлэхийн төлөө АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулдаг байна. Эдгээр 80 хүний улсад учруулсан хохирол урьдчилсан дүнгээр 20 орчим тэрбум төгрөг гэсэн. 90 тэрбумыг зарцуулж барьсан хэдэн хүнийг нь хуулиар өршөөчихвөл АТГ яаж дуртай байхав дээ. Ингэхээр ийм том өртгөөр боссон хэргүүд хэрэгсэхгүй болохыг улс төрийн зарим хүчин эсэргүүцэх нь зөв ч юм шиг. Эдийн засгийн утгаараа бол 90 тэрбумыг зараад 20 тэрбумыг олох нь хаашаа байна. Гэхдээ энэ бол бизнесийн байгууллага биш учраас ингэж харж болохгүй байх л даа.

Өршөөлийн хуулийг урьдчилан хэлэлцсэн байнгын хорооны хаалттай хурлууд дээр АН, МАН, Шударга ёс эвслийн бүх гишүүд ярайтал сууж байгаад дэмжсэн юм байна лээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд сөрөг хүчин гурав дөрвөн хүнээ оруулж эсэргүүцүүлсэн байдаг. Байнгын хороон дээр л дэмжигдсэн бол Их хурал дээр явчихдаг нь тодорхой л доо. Тэгэхээр сөрөг хүчин иргэдийн нүднээс далд болохоор дэмжээд ил бол эсэргүүцээд байгаа нь уг хууль өөрөө улстөржихөд, пиар хийхэд боломжтой “гоё” үйл явц болчихоод байгаа хэрэг л дээ.

Ингэхэд Өршөөлийн тухай хууль хэнд үйлчлэх юм бэ? “Би хэрэг хийсэн нь үнэн” хэмээн гарын үсгээ зурсан хүнд л энэ хууль үйлчлэх ёстой биз дээ. Жишээ нь, албан тушаалын хэрэгт холбогдсон цөөнгүй хүмүүс хэргээ хүлээхгүй “Би хэлмэгдэж байна” гэж ярьдаг. Н.Энхбаяр ч ялгаагүй “Би өршөөгдөх биш цагаадах ёстой хүн” гэдэг. Эдгээр хүмүүс тэгээд өршөөлд хамрагдах уу. Энэ мэт тодорхойгүй асуудал дээр л хууль шүүмжлээд байгаа хүмүүс анхаарлаа хандуулмаар байна. Өршөөлийн хуулийн дүрэм журмыг боловсруулах комиссийнхон энэ мэт асуудлуудыг тодорхой болгож нийгэмд мэдээлмээр байна.

Цагаан захтнуудыг өршөөж, 80 хүний ялыг хэлтрүүлж байна гэсэн эсэргүүцэл ойрын үед хангалттай өрнөх нь бололтой. Тэгвэл цаана нь байгаа 3000 хоригдлын эрхийг ярих хүн байна уу. Алддаггүй аавын хүүхэд байдаггүй шүү дээ. Ард түмний тасархайнууд шүү дээ. Тэдний цаана бүтэн хоёр жил энэ хуулийг чих тавин хүлээсэн үр хүүхдүүд нь, эмэгтэйчүүд, өндөр настай өвөө эмээ, аав ээж нь байгаа. Монгол хүнийг хэдэн мянгаар нь шоронд хориод байх хүсэл монгол хүнд лав байхгүй байх. Өршөөлийн хуулийг өвөл гаргаж болдоггүй. Орон байргүй хүмүүс нь хөлдөнө. Монгол Улсад олныг хамруулсан бүтээн байгуулалтын ажлууд зун явагддаг болохоор тэдэнд ажил олдох цаг үе нь зун цаг юм. Нэг үеэ бодвол манай ТББ-ууд сайн ажилладаг болж. Өршөөлийн хууль батлагдсаны маргааш нь МЗХ-ноос суллагдсан иргэдэд зориулсан Хөдөлмөрийн бирж ажиллуулж эхлэхээ мэдэгдлээ. Энэ бол тэднийг нийгэмшүүлэх том ажил учраас төрөөс энэ ажлыг дэмжих ёстой. Нэгэнт батлагдсан Өршөөлийн хуулийг одоо шүүмжилж байхаар дараагийн энэ мэт алхмуудыг бодож, ажил өрнүүлмээр байна. Өршөөлд хамрагдах 3000 гаруй хүний харьцангуй цөөнх болох албан тушаалын хэдэн хэрэгтэнд нийгмийн анхаарлыг хандуулж тус хуулийг тэр чигээр нь муухай харагдуулмааргүй байна.

Монголын нийгмийн сэтгэл зүй өнөөдөр нэгнээ үзэн ядахын, шүүмжлэхийн дон тусчээ. Ийм цаг үед бүгдээрээ бие биенээ өршөөж уучлах тийм нигүүлсэнгүй давалгааг нийгэмд бий болгомоор байна. Ялангуяа улс төр, бизнесийн хүрээнд биесээ мэрсэн, нэгнийхээ мууг үзэх гэсэн, өс санасан байдал хэрээс хэтэрлээ. Шоронд орсон, АТГ-т байцаагдаж буй албан тушаалтан нэг бүрийн ард дор хаяж 50 хүн сэтгэл санааны хүнд дарамтад орж байна. Тэд бүгдээрээ хэн нэгэн буруутанг олж “Чамайг даа” гэсэн заналтай байх болсон. Энэ нь хүрээгээ хоног хоногоор тэлж байгаа нь бүр аймшигтай. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монголын нийгэм юунд хүрэх вэ. Хэдэн арван жил үргэлжилсэн, үе удам дамжсан, үр хүүхдүүдэд нь өвлөгдсөн өс хонзонгийн сэдэл бий болох нь байна шүү дээ. Ийм цаг үед энэхүү Өршөөлийн хууль батлагдсан нь сайн хэрэг гэж хүлээж авахаас өөр яах билээ. Өршөөж өсөө авах нь хүний хамгийн том ёс суртахуун гэж өвгөдийн үеэс захиж сургаж ирсэн байдаг биз дээ.

АН олон жил зүтгэсний эцэст сая нэг засаглалд олонх болсон. Олонх болж аваад л дараа нь бие биенээ хэмлэсний үр дүн нь өнөөдөр эрэмдэг Засгийн газартай, муугаа дуудуулаад сууж байна. Одоо энэ их зодооноо зогсоож, бие биедээ хүлээцтэй хандаж, улс орноо түвшин сайхан засаглаж цааш явахад энэхүү Өршөөлийн хууль том нэмэр болно хэмээн найдаж байна. Хөгжсөн орны түүх ямар байдаг гэхээр хөрөнгөтнүүд нь эхний саяа хулгайлж олсон байдаг. Олсноо харин зөв зам мөрөөр арвижуулж, нийгэмд баялаг болгож, олон хүний амь амьдралын суурь бааз болгосноор улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр нь болдог. Хүн төрөлхтөний түүх ийм л юм. Монголын төрийн, бизнесийн орчинд хууль бус хөрөнгө шамшигдуулалт байсан бол хүн төрөлхтөний ийм л түүхийн шат дамжлагаар дайраад гарчээ гэж үзье. Тэгээд бүгдээрээ бие биенээ өршөөе, уучилъя, хэн хэндээ хар буруу санах юмгүй болъё. Алдаагаа дахиж давтахгүйгээр цааш явъя. Хүн төрөлхтөний туулаад ирсэн энэ үнэнтэй эвлэрэхээс өөр арга зам монголчууд бидэнд одоо алга. Үүнийг АН нь ч, МАН нь ч цаанаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс дотор бүгдийнх нь найз нөхөд, хамаатан садан, хамтрагсад нь байгаа. Болж дээ, тэр муу хэн маань ашгүй нэг өршөөгдөх нь гэсэн үг ойрын өдрүүдэд МАН, АН-гүй, манайх танайх гэхгүй бүх л хүмүүс, улс төрчид, том жижиг дарга нарын амнаас сонсогдож байна. Өршөөлийн хууль бол хүмүүсийн хүсэн хүлээж байсан хууль мөн юм байна. Мэдээллийн сувгуудаар гарч буй эсэргүүцсэн мэдээллүүд бол зүгээр л улстөржилт юм билээ шүү.

Categories
мэдээ цаг-үе

АН өөртөө, гишүүддээ итгэ

Ардчилсан нам
өөртөө итгэлтэй бай, өөрсдийн гишүүддээ итгэ. Өөрсдөөсөө кайф аваад цааш яв.
Өөртөө, өөрсдийнхөндөө итгэдэггүй л дээ. МАН-тай хамтарч Засгийн газар
байгуулсан шүү дээ. Аль ч намд адгийн шаарууд байдаг. Тэд бол цөөхөн. Том эрх
ашгаа бодоод тийм юмнуудаа дийлэнх олонх нь үл тоогоод явах ёстой юм л даа.
Тэгж чадаагүй учраас л өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үүслээ шүү дээ. Ард
түмэн АН-д итгээд, та нар л төр барь гэж 2012 оны сонгуулиар олонх болгосон.
Өрсөлдөгч намыг нь цөөнх болгосон. Тэгтэл өөрсөндөө итгэхгүй, өрсөлдөгч хамгийн
том улс төрийн хүчнээ гуйж авчраад Засгийн газарт хамтарцгаасан. Хамтдаа хэсэг
яваад тарыг нь таниад, өөрсдөө эргээд хүнд байдалд орсон хойноо Засгаасаа шахаж
гаргалаа. Засгийн газарт хамтарсан өдрөөсөө эхлэн МАН-ын сайдууд очсон
яамдынхаа боловсон хүчинг тэр чигээр нь халж, хамаатан садан, хамтрагчдаа албан
тушаалд тавьж эхэлсэн. Лавтай 500 орчим төрийн албан хаагч үндэслэлгүй ажлаасаа
халагдсан нь бүгд АН-ын гишүүн байсан хүмүүс байдаг. Ч.Сайханбилэг, С.Баярцогт
хоёр бол “За дүүрч, одоо ингээд улс орныхоо ажлыг хийх байх” гэж нүдэн балай,
чихэн дүлий зүтгэсэн. Гэтэл өнөө МАН-ын сайдууд нь залгуулаад сонгуулийн
ажилдаа ханцуй шамлаад орчихсон. Тэр байтугай УИХ дотор байгаа МАН-ын бүлгийн
гишүүд нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг үргэлж зүхэж, Баруун бүсийн зам,
Хөшигтийн хөндийн замын ажлыг зогсоосон. Засгийн газраас өргөн барьсан хуулийн
50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн.
Үүнийг яаж хамтарсан гэхэв. Н.Алтанхуягийн үед ч МАН ажил хийлгээгүй шиг
Ч.Сайханбилэгийн үед хамтраад ч тэд ажил явуулсангүй. Хэдэн зуун хамаатан
садан, хамтрагчдаа ажилтай болгосныг нь ажил гэхгүй юм бол. Ийм байдалтай эвсэж
хамтрах нь угаасаа утгагүй зүйл болж хувирсны эцэст ийнхүү Засгийн газраас
МАН-ын зургаан сайдыг гаргалаа. Улс төрийн агуулгаараа бол Засаглалд олонх
байгаа намын дарга улс төрийн шийдвэр гаргах түвшинд хамгийн том нь. Түүний
шийдвэр хамгийн бодитой. Тийм болохоор АН-ын дарга З.Энхболд “Ажлаа муу хийж
байгаа хэдэн сайдыг чөлөөлөх нь асуудал биш, ямар Засгийн газрыг огцруулж
байгаа биш” хэмээн байр сууриа олон нийтэд ил тодорхой илэрхийлсэн. Энэ байр
суурь нь бодит биелэл болж өчигдрийн УИХ-ын чуулганаар Шадар сайд У.Хүрэлсүх,
Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам
тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуучлалын сайд
Д.Оюунхорол нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Урьд нь энэ хоёр
нам эвсэж Засгийн газрыг байгуулж байсаан. С.Баярын Засгийн газрын үед. МАН-ын
зүгээс хамтрахыг гуйсан шалтгаан нь тодорхой байсан. Нэгдүгээрт, Долоон сарын
1-ний хэрэг явдлыг гарцаагүй намжаах шаардлага гарсан. Ингэхийн тулд сөрөг
хүчин АН-тайгаа эвсэж найрсах. Хоёрдугаарт, Оюу толгойг хөдөлгөх зайлшгүй
шаардлага С.Баярт байсан. Тэгэхийн тулд АН-тай эвсэх найрсах. Ийм том
шалтгаанууд байсан учраас нэг зоонтог дор зогсож аадар бороонд цохиулахгүй
өнгөрөхийг хичээлгүй яахав. Өмнөх эвслийн суурь шалтгаан ийм байсан бол
өнөөдрийн АН-МАН хоёрын 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр байгуулсан
Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан шалтаг шалтгаан нь юу
байв. Дээрх хоёрын хэмжээний том шалтгаан байсан уу? Байсан нь өөрөө дээрх
хоёроос дэндүү жаахан эрх ашгийн нэгдлүүд байв уу? Үүний учрыг мэдэх хүмүүс нь
мэдэж байгаа.

“Ингэх л байсан юм бол эхнээсээ юу гэж эвсэж
Засаг байгуулъя гэсэн юм” гэдэг үг энэ өдрүүдэд их сонсогдож байна. Тийм л дээ,
эхнээсээ МАН-гүйгээр Засгийн газраа байгуулаад, улс орноо засаглаад явж болоод
л байсан. Тэгсэн л болохоо байгаад явчихсан шүү дээ. Өнөөдрийн энэ бүх
Засаглалын тогтворгүй байдлын эхлэл нь өөрсдөөс нь эхтэйг АН бас хүлээн
зөвшөөрөх л ёстой. Арай хийж нэг юм сонгуулиар олонхи болсон. Азгүй нь АН-ынхан
засаг барилаа гэсэн юм шиг Монгол Улсын ганц ахиухан мөнгө олж байсан эрдэс
баялаг, уул уурхайн баялагийнх нь үнэ олон улсад уначихсан. Үүнийг Чингис
бондоор нөхөж босгоод Н.Алтанхуягийн Засгийн газар ажлыг явуулсан. Гэтэл гэнэт
дан дээл, давхар дээлийн асуудал босч ирсэн. Үүнийг нь сөрөг хүчин овжин
ашигласан. Олон жилийн дараа овоо нэг юм Засаглалын түвшинд олуулаа болж, Засаг
төр барьж үзэж эхэлж байтал шүү. Улс орныг удирдаж авч явах хэмжээнд Ардчилсан
хүчнийг аваачих юм шүү, аваачиж үзэх юм шүү гэсэн олон мянган хүний итгэл
сэтгэл, хүч хөдөлмөр, үнэт зүйл талаар болох шахсаны эцэст ийнхүү олонхийн байр
суурин дээрээ өнөөдөр эргээд очлоо.

Өнөөдөр нөхцөл
байдал иймдээ хүрсэн учраас асуудлыг дараагийн түвшинд харахыг хичээе. Ерөөсөө
Монголын улс төр МАН-гүйгээр явж болох л юм байна шүү дээ. Долоон сарын 1-нийх
шиг гэнэтийн үйл явдал л гарчихгүйн юм бол. Оюу толгой, Таван толгой, Цагаан
суварга… Монголын саалийн үнээнүүд болох бүх том ордыг МАН-тай, МАН-гүй
асуудал нь шийдэгдээд явах л юм байна. АН туршлагажиж байна. Алдаа оноон дээрээ
суралцаж байна. Асуудал болохгүй гэдгийг цаг алдалгүй мэдэрч байна. Боловсон
хүчний хангалттай нөөцтэйгээ 2012 оны сонгуулийн дараагаас эхлэн мэдэж авлаа.
Нийгмийн сэтгэл зүйн 30 хувь баттай АН талд байдаг, нөгөө 30 хувь нь МАН руу.
Үлдсэн 40 хувийг хааш нь татах дээр хэрхэн ажиллах тухайгаа АН мэдэхийн цаагуур
мэддэг улс төрийн хүчин болж төлөвшиж чадлаа. Одоо юунаас болоод МАН-тай заавал
ч үгүй ярилцаж тохирохгүй бол болохгүй гээд байх юм бэ. Хувь хүмүүс, хувь улс
төрчдийн хоорондын харилцааг бол мэдэхгүй. Улс төрийн шийдвэрийн хувьд өнөөдөр
АН, МАН-гүйгээр цаашид улс орны хувь заяаг авч явах хэмжээнд хүрчээ. Үүнийг л
хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болж.

Өнөөдөр АН-ын нэр
хүнд ард түмний дунд уналаа гэнэ. Тэгээд МАН-ын нэр хүнд өссөн юм уу. Түүн шиг
худлаа пиар байхгүй. Аль аль нам нь “Бадарчин баярлах болоогүй” гэдгийг мэдэж
байгаа. АН-ын нэр хүнд лав сонгуулийн хэмжээнд хүртлээ унаагүйг судалгаанууд
баталж байгаа юм. Яахав эхнээсээ Засгаараа оролдолгүй явсан бол өнөөд­рийнхөөс
харьцангуй дээр байх боломж байсан. Гэхдээ энэ алдаа нь тэгтлээ улс орны
хөгжлийг татаж чангаах хэмжээнд очоогүй. Харин улс төрийн агуулгаараа гишүүддээ
итгээгүй, ядаж гишүүнээ ажилд томилж чадахгүй юмаа гэхэд ажлаас нь халуулахгүй
байх хэмжээний байр суурьгүйд хүрсэн явдал юм. Энэ нь намд нь дэндүү хор
хохиролтой байлаа. Тэрнээс биш АН-ын гишүүд дэмжигсэд Алтайн таван Богдоос
Соёлз уул хүртэл, Орвог хошууны бор толгойгоос Монгол шарын даваа хүртэл
Монголын энэ өргөн уудам нутгийн хаана нь ч мянга мянгаараа ажиллаж амьдарч
байна. Халхын хавтгайн аль ч захад очоод таван хүнтэй уулзахад гурав нь
гарцаагүй ардчиллын дэмжигч нөхөд байдаг юм шүү дээ. Хэнээс ч хамааралгүйгээр
өөрсдийгөө болгоод ирсэн тэдэнд юу хэрэгтэй юм, өөрийнхөөрөө жаргаж,
өөрийнхөөрөө зовох эрх чөлөөг авчирсан ардчилал л хэрэгтэй шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН: Цаадуулын чинь яаж зодолдохыг харъя

Энэ зургийг Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын
даргын гэрт намын бүлгээрээ өдрийн зоог барилаа” гэсэн тайлбартайгаар уржигдар
цахим сүлжээнд тавьжээ.

Өчигдөр
10.00 цагаас үд дунд хүртэл хуралдсан АН-ын бүлгийн хуралдаан хаалттай боллоо.
Зарим мэдээллийн сувгууд нэлээд ширүүн уур амьсгалтай болсон тухай мэдээлсэн.
Хурлын эхэнд Ч.Сайханбилэгийн танхимын зургаан сайдыг чөлөөлөх жижиг эрх ашгаас илүү чухал асуудал байгааг
ЗГХЭГ-ын дарга бүлгийн гишүүддээ сануулсан гэх. Энэ нь бүлгийн зарим гишүүдийн
дургүйцлийг хүргэсэн ч эцсийн бүлэгтээ АН-ын бүлгийн гишүүд ойлголц­сон талаар
эх сурвал­жууд мэдээлж байна. Ч.Сайханбилэгийн танхимаас МАН-ын зургаан сайд
огцорсон ч цаашид танхим нь тогтвортой байлгах дээр бүлэг санал нэгджээ.
Тэгэхээр МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг Ч.Сайханбилэг оруулж ирэх юм
байна. Харин тэдний оронд УИХ дотроосоо сайд тавина гэдэг дээр АН-ын бүлэг бас
санал нэгджээ. Энэ бүх процесс УИХ дээр явагдах үед АН-ын бүлгийн гишүүдийн
зүгээс эсрэг үйлдэл хийвэл намын зүгээс хүлээлгэх хариуцлагын асуудлыг тодорхой
ярьжээ. Тэгсэн нөхдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор
мэдэгдсэн байна. Эс үйлдэл хийгсэд гэсэн нэр томъёо Н.Алтанхуягийн Засгийн
газрыг огцруулсан цагаас хойш гарах болсон. Энэ нь юу гэхээр чуулган дээр
асуудал хэлэлцэх, санал хураах үед ямар нэг шалт­гаанаар хурлаас чөлөө авдаг,
утсаа салгадаг, сураггүй болдог, улайм цайм картаа сугалж аваад юбкаа урчих
шахан гарч гүйдэг, сөрөг хүчнийнхэнтэйгээ хамт өрөөндөө ура хашгираад зогсож
байдаг АН-ын нэр бүхий гишүүдэд зориулсан үг хэллэг юм. Ялангуяа ингэсэн нөхдөд
дээрх хариуцлагын асуудал хатуу яригдана гэдгийг сануулжээ. Тийм болохоор
сонгууль болоход ердөө 10-хан сар үлдсэн энэ мөчид АН-ынхан АН-ын гишүүн шиг
байхыг хичээцгээх бололтой. Зарим нэг мэдээллийн хэрэгс­лийн дамжуулсан шиг
АН-ын бүлгийн хуралдаан эхнээсээ дуустал ширүүн уур амьс­галтай болсон гэдэг нь
юу л бол. Хаалттай бүл­гийн хуралдаан дуусч хаалга нээг­дэхэд тус намын бүлгийн
гишүүд бүгдээрээ Б.Гарамгайбаатар гишүүний төр­сөн өдөрт баяр хүргэн инээл­дэж
хөхрөлдсөөр гарч ирц­гээсэн юм. Гэхдээ яаж ч мэдэх түгжлүүд байдаг л даа.

Бүлгийн
хурал тарсны дараа бүлгийн дарга Б.Гарамгай­баатар бүтэн таван цаг орчим
хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлц­сэнийг
хэвлэлийнхэнд товч­хон танилцуулсан. Олны анхаарлыг татаж буй зургаан сайдын
асуудлын талаар тэр ингэж мэдээллээ. “Засгийн газрын гишүүдийн асуудал
Ерөнхийлөгчтэй зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа. Ерөнхий сайдын зүгээс АН-ын
даргад өргөн барьсан шаардлага манай намын дүр­мээр явагдана. Хэрэв ээлжит бус
чуулганы 14 хоногийн хугацаанд Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудал
хэлэлцэгдэхгүй бол дахин ээлжит бус
чуулган зарлана. Манай намын дүрэмд ҮЗХ-г намын дарга нь хуралдуулах шийдвэр
гаргадаг. Үгүй бол гишүүдийн гуравны нэг нь шаардлага тавьсан тохиолдолд ҮЗХ-г хуралдуулж болно” гэсэн юм.

Ерөнхий
сайдын зүгээс Засгийн газрын зургаан гишүүний асуудлаар Ерөнхий­лөгчтэй
зөвшилцөх хугацаа ажлын тав хоног байдаг юм байна. Мөн “Олонхи болоо­гүй олон
намаас бүрдсэн Зас­гийн газрын тэргүүн заавал намын дарга байх шаардлагагүй”
гэдгийг ч бүлгийн хуралдаанаар сөхөж ярилцсан бололтой.

Монгол
Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт Ардчилсан намын ҮЗХ-нд
шаардлага хүргүүлж байгаагаа хэв­лэлийн­­хэнд мэдэгдсэнийг дахин товчоор
хүргэхэд “…Зургаан сайдыг чөлөөлснөөр асуудал өөрөө шийдэгдэхгүй. Асуудал
нээлттэй хэвээрээ байсаар байх болно. Тийм учраас миний түрүүний хэлдэг намын
дарга, Ерөнхий сайд хоёр хамт байх ёстой
гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой. Тийм учраас дөнгөж сая УИХ-ын дарга,
Ардчилсан намын дарга З.Энхболдод Ерөнхий сайдын хувьд шаард­лага хүргүүллээ.
Энэ шаардлагад дээрх асууд­луудаа шийдэх үүднээс АН-ын Үндэсний зөвлөлдөх
хорооны хуралдааныг наймдугаар сарын 3-ны УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнө
зарлан хуралдуулж, намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх
асуудлыг шийдэх ёстой гэдгийг тусгасан.
Үүнийг ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр шийдэх ёстой… Тиймээс маш яаралтай хугацаанд
ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг намын даргад хүргүүллээ”
хэмээн мэдэгдсэн билээ.

Харин
өчигдрийн ээлжит бус чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ
“Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүү­дийг
огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж
байгаа гэж мэдэгд­сэн тул энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд
өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа
үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит
бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн
бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, дээрх
асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Өчигдөр
МАН-ын бүлгийн гишүүд Удирдах зөвлөлтэйгөө хамтран намынхаа цагаан байранд
хаалттай хуралдсан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тэд юу гэж үзсэн гэхээр
тэртэй, тэргүй АН-ынхан хоорон­доо зодолдоод эхлэх нь. Их хурлын сонгууль ч
ойртож байна. Манай нам дундуур нь орж элдвийн юм яриад яахав, тэдний яаж зодолдохыг
харж байя. Намжмаар болвол гал өрдчихөөд л хараад байя. Харин одоо С.Бямбацогт,
Д.Хаянхярваа хоёр гараад хэвлэлийнхэнд жаахан мэдээлэл өгчих, Эрүүгийн хууль,
Эдийн засгийн ил тодын хууль нь буруу гэдэг талаар. Дээр нь АН-ынхан ингээд
Засаг барьж чаддаггүй хүмүүс гэсэн пиарыг өргөн фронтоор сайн явуулах талаар
ярилцжээ. Харин бүлэг нь тусдаа ордонд хуралдах үеэр Д.Лүндээжанцан гишүүн
“Манайхан завсарлага л аваад байгаарай” гэж чангаар хэлэх нь хаалганых нь цаанаас хамгийн тод сонсогдож
байсныг эх сурвалжууд ярьж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулган эх адаггүй улс төр болох уу

УИХ-ын дарга
З.Энхболд наймдугаар сарын 3-14-ний хооронд ээлжит бус чуулган зарлан
хуралдуулахаар 156 тоот захирамжаа гаргалаа. Ээлжит бус чуулганы хэлэлцэх
асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах, томилох
тухай асуудал оржээ. Тэгэхээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нэг үг хэлсэн
байгаа, “УИХ-д орж ирээгүй асуудлаар ээлжит бус чуулган зарлах захирамж
гаргавал хууль бус үйлдэл болно” гэж.

Өчигдөр саарал
ордноор юу болов гэхээр УИХ-ын даргад зургаан сайдын асуудлыг өргөн барих АН-ын
бүлгийн гишүүнийг олох эрэл хайгуул байв. АН-ын бүлгийн гишүүд дотроос энэ
асуудлыг Их хурлын даргад өргөн барьчих хүн олдохгүй байсаар 15.00 цаг хүрэв.
Эх сурвалжийн мэдээлснээр бол Гарьдхүүгийн Баярсайхан гишүүн “Би өргөн
барьчихъя” гэсэн ч гэнэт сураггүй болжээ. Өнөөдөр харин өргөн барих гишүүн гарч
ирэх нь үү, яахнав. Хууль дүрмээрээ бол гарцаагүй АН-ын бүл­гийн гишүүдээс хэн
нэг нь асуудлыг өргөн барьж байж чуулганаар хэлэлцэгдэх нь. Хэлэлцэгдэхээр болсон
тохиолдолд МАН-ын бүлэг завсарлага авах гэнэ. Завсарлага нь хуулиараа ажлын
таван өдөрт багтдаг. Намын бүлэг хоёр удаа завсарлага авах эрхтэй. Гэхдээ хоёр
дахь удаад нь Их хурлын дарга шийднэ. Үүний дараа МАН-ын Удирдах Зөвлөл
хуралдаж, улмаар Бага хурлаараа хэлэлцэх дүрэмтэй аж. Ингээд эцэстээ МАН-ын
бүлгийн зүгээс Засгийн газарт байгаа АН-ын гишүүн зарим нэр бүхий сайд нарыг
огцруулах асуудлыг зэрэгцүүлэн өргөн барих бололтой. Энэ бүхэн бол ээлжит бус
чуулганы үйл явц хэрхэхийг ажиглаж буй улс төр судлаачдын байр суурь юм. Тэдний
үзэж байгаагаар зургаан сайдыг огцруулах асуудал нь хоног хугацаа авсан,
сунжирсан асуудал болж магадгүй нь. АН-ын хувьд ҮЗХ нь эрх мэдлээ Гүйцэтгэх
зөвлөлдөө өгсөн болохоор Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэр нь эцсийнх ажээ.

МАН Засгаас гарах
үнэхээр дургүй байна уу? Чаргууцалдах цаад шалтгаан нь арай л өөрөөр харагдаж
байгааг зарим нэг улс төр судлаачид бас бичээд эхэлжээ. Тэдний бичсэнээр бол
МАН-ынхан энэ Засгийн газарт Сангийн яам, Зам тээврийн яам хоёрыг атгаж байгаа
нь хамгийн үнэ цэнтэй, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой үйл явц аж.
Өчигдөр гэнэт зарласан Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэвлэлийн бага хурал нь
МАН-ын зургаан сайд Засгийн газраас гарах нь тодорхой болсон эхний дохио гэж
судлаачид үзжээ. Ж.Эрдэнэбат сайд өчигдөр юу гэж мэдэгдсэн гэхээр “Улсын
хэмжээнд 2008-2014 оны төсөвт тусгагдсан ч санхүүжилт нь бүрэн хийгдэж
чадаагүй, гэрээний үлдэгдэл төлбөртэй 286 төслийг санхүүжүүлэхээр болсон” тухай
юм. Ингэхдээ Сангийн яамны зүгээс арилжааны банкуудтай гэрээ байгуулж
Монголбанкнаас үнэт цаас худалдан авч өрийн бичиг бичин аж ахуйн нэгжүүдэд
олгох замаар санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ. 300 гаруй аж ахуйн нэгжээс
шилж сонгосон энэхүү 286 компанийн цөөнгүй нь МАН-д ямар нэг хамааралтай гэж
судлаачид үзсэн байх юм. УИХ-ын сонгууль есөн сарын дараа болно. Санхүүжилт
хамгийн чухал. Ямар ч байсан Сангийн сайд Ж.Эрдэнэбат 286 аж ахуйн нэгжийн
санхүүжилтийн асуудлыг төрөөс шийдэж амжжээ. Улсын төсвөөс эх үүсвэртэй,
хамгийн их мөнгө эргэлдэж, хөдөлж байгаа төслүүд бол авто замын төслүүд байгаа.
Өөр үзээд өгье гэсэн ч хөдөлж байгаа том төсөл Монгол Улсад байхгүй гэнэ.
Эдгээр төслүүдийн учир начир, арга замыг дан ганц Зам тээврийн яам л
мэднэ. Засгийн газраас зургаан сайд нь
гарсан ч, гараагүй ч амжиж Сангийн яам, Зам тээврийн яам хоёр төсөл тендерүүдээ
хөдөлгөж, хөрөнгө мөнгөнийх нь асуудлыг шийдэж айдгаа авдрандаа хийж чадлаа
хэмээн нэгэн улс төр судлаач өчигдөр өөрийн блогтоо бичсэн байна лээ. Дараагийн
сайд нь аль намын хэн ч гарч ирсэн нэгэнт шийдэгдсэн төсөл тендерүүдээр оролдож
чадахгүй гэнэ. Учир нь Ж.Эрдэнэбат, Н.Төмөрхүү хоёрын үед ямар ч байсан аж
ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөтэй болж, зам гүүрийн том ажлууд амжилттай явагдлаа
гэсэн ард түмэнд таалагдах пиар халхалж байгаа учраас тэр аж. Харин энэ олон
төсөл тендерийн мөнгөний хэдэн хувь нь сонгуульд зарцуулагдахыг чөтгөр ч
мэдэхгүй бололтой. Ингэж асуудлаа шийдсэн нам одоо сонгуульдаа чиглэгдэнэ,
сөрөг пиараас өөр ямар ч ажил хийхгүй зургаадугаар сартай золгоно хэмээн
судлаачид бичжээ.

Тэгэхээр
судлаачдын үзэж байгаагаас харахад
МАН цаанаа бол Засгаас нэг их зовох юмгүй гарах бололтой. Гарахдаа бас л өөртөө
оноо авсан, улс орон, ард түмнээ нэлээн бодсон маягтай, дээр нь боломжийн
тохироотой гарах аж. Харин Засгаас зарим сайдууд огцрохтой холбоотойгоор
“Шударга ёс” эвслийн үнэ цэн нэлээн өндөрт байгааг тэд онцолжээ. “Шударга ёс”
эвсэл гэхээр ард нь гарцаагүй Н.Энхбаяр яригдах болдог. Эх сурвалжуудын мэдээлж
байгаагаар бол Н.Энхбаярыг Эрхүүд ирэхэд нь ч, Европт очиход нь ч, Сөүлд байхад
нь ч АН, МАН-ын тодорхой хүмүүс очиж уулзалдаад байдаг бололтой. МАН-ын цөөнгүй
гишүүд Н.Энхбаяртай уулзаж эвсэх, тэр байтугай буцаад нийлэх асуудлыг ч ярьдаг
гэнэ. Түүний МАН-д тавьж байгаа болзол нь хатуу сурагтай. Нэгдлээ гэхэд намын
удирдлагын 50 хувь манайх гэсэн болзлыг тавьсан гэж ойрын эх сурвалж нь
мэдээллээ. МАН-ын зорилго нь “Шударга ёс” эвслийг бутлан задалж, Н.Энхбаярын
хүмүүсийг өөртөө уусгаж байж сонгуульд амжилттай оролцоно гэж үзэж байгаа гэх.
Тийм учраас сонгуулийн наана түүнтэй ямар нэг байдлаар ойлголцъё гэсэн лидерүүдийн
тоо МАН-д хоног хоногоор нэмэгдэж байгаа ажээ. Гэхдээ яагаад ч ийм байдалд
хүргүүлэхгүй байх олон хүчин зүйлс Монголын улс төрд өнөөдөртөө байгаа.

Харин АН-ын
зүгээс Н.Энхбаяртай уулзаад байгаа нь хэн юм бэ. Мэдээж Н.Алтанхуяг хамгийн
эхэнд нэрлэгдэнэ. Тэр хоёр ирэх сонгуулиар хэрхэх тухайгаа ярилцаагүй гэвэл
түүн шиг худлаа юм байхгүй. Н.Алтанхуяг бол бодит хүч мөн. Дээр нь намын дарга
З.Энхболд, Н.Алтанхуяг нарын ойлголцол муугүй байгааг улс төрчид ярьж байгаа.
Н.Алтанхуягаасаа өмнө Н.Энхбаяртай уулздаг, ойлголцдог байсан хүмүүс бол
өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр юм билээ. Зарим улс
төрчид “Энэ хоёр чинь Н.Энхбаярын хуурай дүү нар нь явсан хүмүүс шүү дээ” гэж
шууд хэлдэг. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, томчуудын толхилцоон мань
хүнийг Н.Энхбаяртай уулзах боломжгүй болгож байгаа байж магадгүй.

Тэгэхээр
наймдугаар сарын 3-нд эхлэх ээлжит бус чуулган эх адаггүй улс төржилт болох уу,
үгүй юу гэдэгт судлаачдын байр суурийг голлон харахад тиймгүй бололтой. Улс төр
судлаачдын үзэж байгаагаас харвал “Шударга ёс” эвсэл АН-ын бүлэгтэй Засагт
эвсэнэ гэжээ. Дээр нь бие даагч гурав нэмэгдэнэ. АН-ын бүлгийн 35 гишүүн.
Эвслийн 11, бие даагч гурав. 50+1 хангалттай ирц. Цаг хугацааны л асуудал
байгаа болохоос биш МАН-ын зургаан сайд огцордгоороо огцорно хэмээн тэд үзжээ.
Харин аль намаас ямар хүмүүс сайдын суудалд очихыг өнөөдөртөө хэлэхэд эрт
байгаа бололтой. Сонирхуулахад, сүүлийн өдрүүдэд зарим нэг мэдээллийн
сувгуудаар Шадар сайд У.Хүрэлсүх –
Э.Батшугар (МАХН), БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхорол-Г.Баяр­сайхан (АН), Барилга хот
байгуулалтын сайд Д.Цогт­баатар-Д.Арвин (АН), Хөдөл­мөрийн сайд С.Чинзориг –
Ц.Даваасүрэн (бие даагч), Сангийн сайд Ж.Эрдэнэбат – Б.Гарамгайбаатар (АН), Зам
тээврийн сайд Н.Төмөрхүү – А.Гансүх (АН), Монгол Улсын сайд М.Энхсайхан –
Н.Батцэрэг (МАХН) болох магадлалтай гэсэн жагсаалтыг гаргасан харагдана
лээ.

Categories
мэдээ спорт

Сумын начинд ЗҮТГЭСЭН НЬ…

Наадам монгол хүн бүхэнд дэлгэр сайхан дурсамж авчирдаг. Монгол наадмын тэр сайхныг манай сэтгүүлчид ч өөрсдийн үзсэн туулсан, оролцсон наадсан дурсамжаа өгүүлэх нь сонирхолтой биз ээ. Айраг ууж, хуушуурт оочерлож, бөх морь гэж дэлдэгнэсэн цэнгэл дүүрэн орчин, хөл хөөрийн сайхныг нийтлэлч П.Хашчулууны дөрвөн жилийн өмнө бичиж байсан энэ дурсамжаас мэдрэх болно.

Нэг мянга есөн зуун ерэн таван он юмаа. Ардын хувьсгалын яруу алдарт 74 жилийн ой санагдах юм. Би Богд сумынхаа наадамд барилдахаар болов. Надад сайн барилдах хэд хэдэн шалтгаан байв. Нэгдүгээрт би урьд жил нь 17-хон настайдаа сумандаа найраагүй гурав давсан байв. Хоёрт гэвэл би өнгөрсөн жил нь аймгийн төвийн 10 жилд суралцахчаан болохдоо ихэнх цагийг бөхийн секцэнд явж өнгөрөөсөн байв. Басчиг өнөөдөр

улсын начин болсон Л.Наранбаатар, М.Жамьянпүрэв… эд нартай зовлогоо зовоосон хэрэг шүү. Нас 18 хүрч байгаа. Ардын армид явах нас гэхчлэн юмнууд бодогдоод ер нь бол бие болон сэтгэлийн

их бэлтгэлтэй байв. Сумандаа баргийн амьтанд дугтруулахгүй гэж тооцов. Тэр жил манай нутагт нар хур тэгширсэн сайхан зун болсон гэдэг жигтэйхэн. Наадам, наадам… наадам л ярьсан хүмүүс. Азарганд Арцын өврийн Ооно гуайн бор азарга гүйцэгдэхгүй гэж манайхан ярьж байв. Их насанд бол Хүнхэрээгийн голын Сайнбаярын халиун гэнэ. Бөхөд бол харин ардын цэргийн заан Дашваагийн хүү Бамбал баараггүй түрүүлэх юм ярьж байх юм. Самбын улсын аваргад барилдаад мөнгөн медаль авсан нь суманд шуугиан тарьчихаж. Дэлхийн аваргаас медаль авсан хэртэй юм болж байна. Бамбалыг түрүүлэх сургаар миний шар гозойж байв. Тэр тэгж яригдаж байхад би… гэж бодогдоод, дотроос нэг юм маажаад болдоггүй дээ. Ингээд бодлоо. Бамбалыг бол би барна л даа. Насаар надаас хэд ах. Намайг бодвол мөчтэй, хоёр шуугаараа надаас илүү. Харин би түүний хөл гарт явна. Хүрсэн тохиолдолд эвийг нь олж унагах ухаан надад бас бий гэсэн тооцоорхуу юм бодогдож, анализ хийж байв. Гэвч Бамбал надаас рейтинг хол илүү байлаа. Наадам хоног хоногоор ойртсоор байв. Бэлтгэл… бэлтгэл чухал гэдгийг аймагт бэлтгэлийн бараа харсан миний бие маш сайн багцаалж байгаа. Даанч хаанаа хийх билээ дээ, суманд. Хамгийн сүүлийн агт уясан жил. Сумын урд гол дээр агтны адуу багшраад, бүлтэй залуус тэр хавиар л өдрийг авч байв. Би ч ялгаагүй, тэнд. Хүмүүс аль л болдоггүйгээ агтанд өгдөг болохоор ардаг ярдаг, ороо бусгаа бүхэн сумын урд цуглаж дээ. Гол руу шахаж байгаад уургалах. Уургалснаа ноцох, ноцсон дээрээ мордох гээд голын эрэг дээр үзүүлэн тоглолт шиг юм жил жилийн өдийд болдог. Яг л тэр жамаараа. Бадамсэнгийн Батмөнх нэг цоохор адуун дээр мордсон даруйдаа шонгийн мод шиг юм гулзайж гулзайж унаж хөгөө чирч байгаа харагдана. Одоо яривал хүн үнэмшихгүй л дээ. Гэвч манай нутгийнхан намайг гэрчилнэ. Би тэнд чинь ёстой нэг бужигнуулна даа. Манайд жидүүт хээр, уургын хээр хоёр морь байх. Уургын хээр бол морины толгойд нэг л хүрсэн бол залгаас хийх гэж гайхамшигтай. Дөрөө

газар шархийтэл налж дагана. Татах хүний хэмжээ л мэднэ. Жид үүт бол нэг хийсэн л бол тэндээ нам сууна. Суга ханзлах шахна. 18 хүрч байгаа хүүхэд гэхэд миний бие овоо бяд суучихаж. Жидүүт хээрийнхээ хөлийн хурдаар гүйцэж очоод хийгээд л эмээлийнхээ араар хэвтчихнэ. Баргийн адууг эргүүлээд л байгаа. Ингэж миний бие зургадугаар сар дуустал агтны адуун дээр өнжиж, өдрийг авав. Оройхон хэрд нь голд орж гарч ирээд тэнд байгаа хүмүүстэй барилдана даа. Унахад нь унаад, хаяхыг нь хаяад. Миний наадмын бэлтгэл тэр болов. Наадмын өглөө пад хар болсон юм зодог шуудгаа өвөртөлж аваад очлоо. Басчиг ногттой монгол гуталтай шүү. Наадмын урьд орой хийсэн миний хамгийн сүүлийн бэлтгэл маш сонирхолтойг энд дуулгах ёстой. Манай зусч байгаа газрын ойролцоо нэг муу модон пүнз байх. Оройхон тэнд очиж зодог шуудгаа өмсөж байгаад шонд нь сууж жаал хөлд орж байгаа юм шиг бэлтгэл хийв. Хүп хийтэл шонг алдалж аваад л … сүүлд нь баахан тойрч дэвээд. Харуй бүрий болохоор харах хүн ч үгүй амар. Сумын төвөөс манай зуслан ойрхон, ухаа морио уяж хоноод өглөө эртээ мордоод гуядчихад гучаад минут давхиад сумын наад хөтөл дээр гараад ирж байгаа юм. Наадмын талбай дээр цагаан хоолой дуугараад, наагуур цаагуур нь хэсэг бусаг морьтон давхилдаад, зарим нь морьдоо тушаад тойроод сууцгаачихсан… наадмын дүр зураг яг мөн дөө. Давхиад очсон эхлээд азарга биш их нас мордуулах болсон гэнэ. Морь бүртгэж байгаа Доржхорлоо даргатай даруулгагүйгээрээ би хэрүүл хийлээ. Эцэг малаа эхэлж мордуулдаг нь Монголын ёс мос гэж солиороод. Ухаандаа манайхан урьд шөнө нь эхэлж мордоно гээд азарганы хоолоо тааруулсан ухаантай юм. Азарга үдэд мордох болбол цаг алдаад ядаж хоолоо гөвчихнө. Эсвэл ихдүүлчихнэ. Тийм болохоор тэгж томрохгүй юу. Нутгийн хөгшид ярьцгааж байсан байх даа, “Энэ Пүрэвийн бага банди өвчтэй болчихож, нэг муу зодог шуудаг

бүсэлчихээд, ташуураа гозогнуулж дайрчих шахаад” гэж. Наадмын энэ нь л сайхан шүү дээ. Тэнд ч нэг согтуу нөхөр морьтой давхиад, энд ч нэг морьтой нөхөр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй өвчигнөөд л… сумын наадмын чимэг байхгүй юу. Ингэж байтал ах нар ирж намайг хөөлөө. Тэр эрчээрээ би барилдаанд бүртгүүлэхээр асар руу тавьж хүрлээ. Сумын ханагар заанууд бүгд иржээ. Сумын заан Бөндөн, Батсүх, Түмэнжаргал… гээд л. Дунд нь явж орчихлоо. Заануудын зарим нь толгой илж дургүй хүргэж байна. Гэхдээ би жижигдэхгүй ээ. Цагаан хоолойгоор Төмөрчөдөр багш орилж орилж арай хийж наадмын бөхийг эхлүүллээ. Хэнтэй нь таардаг юм бол гээд сэтгэл догдлон хүлээж суутал хойд бригадын Өрнүүнбаяр гэж цэргээс ирсэн мулгар шар ахтай таарлаа. Миний хувьд өмсгөл зүүсгэл бүрэн бүтэн, бараг бөх амьтан л гарч очлоо. Одоо нэг нууцаа дэлгэе. Би чинь цэрвүү барьцнаас солгой талдаа мухар тонгороотой юм. Хоёр мөрн өөс нь барьж ээлжилж халж байгаад зүүн ташаагаа ганцхан хийгээд тонгордог. Ташаагаа сайнхийвэл өрсөлдөгчийн маань хоёр хөл гозойгоод бахтай унадаг. Жаахан дутуудвал тэрүүхэн тэнд нь хий мушгиад элгээр нь хэвтүүлчихдэг.

Их эвгүй ташаатай л гэж намайг ярьдаг байсан юм. Өнөө Өрнүүнбаярт чинь үүнийгээ л хийлээ. Миний тэрийг мэдэж байгаа юм ч алга. Мэхэнд мэдрэмжгүй ороод хоёр хөл нь гозойгоод явчихлаа. Наадамчдын баяр хүргэж байгаа гэдэг жигтэйхэн. Хамгийн уран барилдаан болсон юмдаг уу даа. Хоёрын даваанд хоёрын бригадын тэмээчин Данзантай таарлаа. Өвөл тэмээнийхээ бэлчээр дээр атны хойд бөхийг бугуйлдчихаад хоёр хөл дээрээ чирэгдээд тоглож байдаг бяр гэж жигтэйхэн нөхрийг мэднэ л дээ. Өрсөн даруйдаа хөлд нь давхар явахчаан болсон чинь дутуудаад дээрээс маань дараад авлаа. Ингээд л бүх юм дуусав бололтой. Өнөөх чинь миний дээрээс дарчихсан “Ингээд ингээд” гээд л үглээд нухаад байна. Би ч дөрвөн хөллөчихсөн тэсээд байгаа. Тэгсэн нэг их мэргэн ухаан ороод ирлээ. Өнөөх чинь миний хоёр тахимаар хоёр гараа оруулаад дээш нь өргөж шидэх гээд арай дийлэхгүй байв. Хоёр гараа дахиад хийхээр нь тахимдаа хавчуулаад гэдийлээ. Гар нь миний тахимд хавчуулагдаад сугалж авахад бэрх болов. Тэр үед нь баруун сугаар нь толгойгоо гаргаад байдгаараа гэдийгээд орилчихлоо. Өнөө Данзангийн чинь хоёр хөл нь миний толгой дээр гарч ирээд унав. Бас л их уран барилдаан болох шиг боллоо. Гурвын даваанд намайг Далангийн голын сумын начин Ө.Уламбаяр амлалаа. Өрсөн чинь хөл, гар гэж ямар ч чанга юм, ерөөсөө зүгээр зогсдоггүй нөхөр байв. Намайг бүр дэндэгнүүлж өглөө. Тэгж тэгж л миний хөлд орж байна. Би нэг муу үелж тогтохчоон болоод хоёр гараараа газар тулаад зулраад зугтаалаа. Өнөөх чинь миний баруун хөлийг тавьдаггүй дээ. Одоо бодохноо “Эрэл”-ийн 10 жилийн ойн барилдаанд А.Сүхбат, Д.Сумьяабазар хоёрын барилдаан шиг л юм болсон доо. А.Сүхбат, Д.Сумьяабазарын хөлийг авч ард гарч чаргууцалдаж явсаар өөрөө таварцаглаад уначихсан шиг. Яг л би Сумьяабазар шиг туйлчихлаа, хөлөөрөө жийгээд л. Тэгсэн байдаггүй ээ миний монгол гутал өнөө Уламбаярын

чинь баруун суганд үлддэг байгаа. Миний цагаан хөл гараад ирж байгаа юм. Ичсэн гэдэг жигтэйхэн. Ядаж төв асарт манай сумын даргын охин, нөгөө ангийн Цацрал барилдахыг маань яг хараад сууж байсан юм. Тэндээ босч чадахгүй суугаад л байв. Засуулаар ажиллаж байсан монхор Батаа гуай “Бос бос, тэр гутлаа өмс” гэж байна. Өнөө Уламбаяр чинь мангар юм шиг гутал авчирч өгөхгүй бариад зогсоод байх юм. “Гутал аваад ир л дээ, чи” гэж орилов. Ичсэн хүн, хүн ална гэж үнэн шүү. Ямар ч байсан би унаагүй л бололтой. Шагайныхаа хүлээсийг сайтар чангалж, дээрээс нь хонгоныхоо боолтыг тасартал татаж аваад дахиад өрлөө. Балиашиг

их байна. Нүднийхээ булангаар сумын даргын охиныг харсан чинь намайг тас ширтээд байгаа ч юм шиг. Ингэхээр нь өнөө Уламбаярыг чинь дайраад барилаа. Сэнжигтэй байгаа дээрээ гээд л мухар тонгороогоо хийлээ. Ташаа олигтой ч орсонгүй гялс ташаагаа мултлаад дугтартал ашгүй харин элгээрээ хэвтээд өглөө. Санаа сэтгэл жаахан уужирлаа. Ангийнхаа Алтанганаагийн дэргэд ирээд суусан чинь “Одоо хоёрхон давахад сумын начин шүү” гэж байна. Нээрэн ч цол ойрхон санагдаад дотор эвгүй оргиж байна. Дөрөвт намайг сумын заан Батс үх амлажээ. Сумын төв дээр түүний боодолтой ноос ачихыг харсан хотоос ирсэн том бөх “Энэ залууд улсын начны бяр байна” гэж ярьсан гээд л сумаар нэг яриа болж байсан юм. Тэгэхээр улсын цолны хэрийн бяртантай үзэхээр болж таарав. Батсүх гуай их сонин, хороомон гуталтай гарч ирдэг юм. Лүглийсэн

зузаан бор хүн. Мөрний барьц өгөхөөр нь өнөөхийгөө л хийлээ. Өнөөх заан чинь дунгуйрч ирээд хүмүүсийн дундуур л явчихлаа. Наадамчид орилолдоод л… янзтай. Манай саахалтын Мэнд-Амар гуай “Чи давсан давсан, цаашаагаа дэв” гэж байна. Шавчихаад ирсэн чинь Батсүх заан “Би унаагүй” гэж гүрийлээ. Ингээд л наадмын талбайгаар дүүрэн сенсаац шуугиан. Би гэдэг чинь ташаагаа тулаад тэрүүгээр алхаад байгаа. Заан Батсүх, хөлийн цэц Өөдөс гуайн дэргэд очоод гар хуруугаа гозогнуулаад хэрүүл хийгээд зогсчихлоо. Тэр жил Өсөхбаяр, жижиг Сүхбатыг тийрсэнтэй адил маргаан мэтгээн болсон юм даа. Би давжээ. Туг тойрлоо. Ганцхан даваа үлдэв. Миний нэг муу хүргэн ах байдаг юм. Бөхөд жигтэйхэн дуртай. Тэр маань л наагуур цаагуур алхаад, хүн амьтантай уулзаад яваа харагдана. Амихандаа авгайнхаа дүүг сумын начинд хүргэчих гээд найраа хийгээд яваа нь тэр. Сумын заан “шалхаан” Ганхуяг гэж ахын багынх нь найз их шөвөгт үлдэж л дээ. Энэ дашрамд дуулгахад манай суманд 128 бөх бол чөлөөтэй гардаг сум шүү. Хүргэн ах өнөө Ганхуягийгаа

найрлаа. Зааны сонирхдог хөөрхөн цоохор морь ахад бий. Ямар ч амьсгаагүй давхидаг сонин адуу л даа. Түүнийгээ бол өгөхгүй харин тэр цоохор мориныхоо дүүг түүнд өгье гэжээ. Намайг начны даваанд авахуулах гээд байна ш дээ. Тэгсэн заан үгүй гэсэн байгаа юм. Үүнээс болж хүргэн ах багын найздаа муудсан юм. Өнөөдөр ч их муу байдаг байж магадгүй шүү. Ингээд надад унах хүн олдсонгүй. Яс үзэхээр болсон юм. Сумын заан Бөндөнд бөндийтөл явсан даа, би. Миний муу мухар тонгороог хашир заан хийлгэх ч үгүй юм билээ. Дэмий л өөдөөс нь дайрч байж хөлдөө алдаж дэрлүүлээд унаж билээ. Ингэтлээ барилдаж ноцолдсоны минь гэрч болох 10 литрийн бетон одоо харин хөдөө гэрт бий шүү. Дөрөв давсны байнд ирсэн юм. Дээр нь нэг ширхэг дугуй булантай цай өгснийг манайхан тэр үедээ цай чанаад уучихсан байх аа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ашиг сонирхлын зөрчлийн хууль авгай нөхөр, анд нөхдийг ч зөрчилдүүлэх юм байна

Монгол улсад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” мөрдөгдөж байна. Тус хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хүлээж авах ёстой юм байна. Тухайлбал тус хуулийн 3.1.3.“ашиг сонирхлын зөрчил” гэж төрийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэжээ.3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг нэрлэжээ. Гэтэл “Хамаарал бүхий этгээд” гэдгээс бултуулаад хамааралгүй нэрийн дор хамгийн итгэлтэй хүнээ авчраад тавьчихдаг нь жижигхэн Монголд ердийн үзэгдэл шүү дээ. Мөн тус хуулийн 3.1.6.“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг оноожээ. Улмаар хуулийн 3.1.11.“ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хоригложээ. Хөдөөнийхөн бол нэг голд төрсөн бол төрийн албанд хамт ажиллаж болохгүй нь. Хот сууринд бол нэг төрөх газарт мэндлээд нэг хороонд өссөн бол бас болохгүй нь. Цагаан дээр хараар буусан нь энэ. Эдгээр заалтуудыг 2012 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмж оруулсан байдаг юм. Уламжлалт сэтгэхүй гэж айхавтар юм байна. Жишээ нь нотариатаар хичнээн ч батлуулаад очсон тэр хүнийг мэдэхгүй бол хэн ч итгэхгүй. Харин танил нь хэлээд явуулсан бол “Энэ гайгүй хүн юм байна” гээд итгэдэг нь Монголын уламжлал. Гуравхан сая хүнтэй Монголд 300 сая хүнтэй Америкийн хуулийг хуулж буулгасан нь энэ. АНУ гэдэг бол хэн хаанаас ирснээ ч мэдэхгүй, удам гарвал нь тодорхойгүй хүмүүс. Ийм л тивд зориулсан хууль Монгол Улсад мөрдөгдөөд байгаа нь энэ.

Тус хуулийг буруу тайлбарлаж байна гэж өөрийгөө бодохгүй байна. Энэ хууль амьдралын хөрсөнд хэрхэнбууж, нийгэмд ашиг тусаа өгч байгаад нь эргэлзэж байна. Аливаа хуульд амин сүнс, философи гэж байдгийг мэргэшсэн хуульчид хэлдэг. Энэ хуулийн амин сүнс нь гэвэл ах дүү, хамаатан садан, найз нөхөд, тэр бүү хэл дунд сургуулийн нэг ангид сурч байсан найзаасаа хүртэл хол байх юм байна.Хувь хүн төрд алба хашиж байх хугацаандаа харь гаригаас ирсэн амьтан шиг байх нь. Амьдралын шалгарсан үнэн гэвэл аливаа ажил хэрэг итгэлцэл дээр явагддаг үнэн юм.

Төрд л алба хашиж буй бол төрлөө ч мэдэхгүй байх энэхүү ухаалаг бус хуулийн үндэс нь үнэндээ социалист нийгмээс эхтэй. Эв хамтын нийгмийг байгуулахад саад тотгор болдог зүйл нь ах дүүсэг байдал, үзэл сурталгүй ойр садны хүмүүс гэж шалгарсан коммунистууд үздэг байлаа. Бараг эхнэрээ нийтийн өмч гэж үзэж байсан дэглэм шүү дээ. Монгол оронд 1930-аад онд хэрэгжсэн хамтрал коммуны үйл явдал үүнийг батална. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Түвдэнгийн Бор гэж баатарлаг эмэгтэйн тухай киног санаж байгаа байх. Бошгыг халах залуучуудын эвлэлийн гишүүн тэр бүсгүй өөрийг нь хүний зэрэгт хүргэж хүмүүжүүлсэн нагац ахынхаа хойноос Дотоод яамныхныг дагуулан элдэж, мууг нь үзэх гэж улайрч байгааг. Төрсөн мах цусныхаа тасархайг хүртэл ингэж үзэн ядтал хүмүүжүүлсэн нийгмийн үзэл л орчин үежиж, өнөөдрийн ардчилсан нийгэмд ашиг сонирхлын хууль болон хэрэгжээд явж байна.

Тэгэхээр Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ хууль 30 сая хүнтэй улсад тохирч болно. Яагаад гэвэл ийм тооны хүн дотроос эрхбиш ажлыг шударга хийдэг, ах дүү хамаатан садан гэх юмгүй, төрийн жинхэнэ албан хаагчид олдож болно. Харин гурван сая хүнтэй Монголд бол ийм хүн олдтолоо ховор юм. Бод доо, нэг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 14 нь хамаатан садан, ажил төрөл, анд нөхдийн гүн бат холбоотой нэгэн том даргын зоонтог дор байдаг хүмүүс байгааг мэдээллийн хэрэгслүүд бичээд л байгаа. Монгол ийм л жижигхэн. Эдгээр 14 хүн тус дүүргийн хувь заяаг шийднэ. Засаг даргыг томилно. Санхүүгийн даргыг тавиулна. Энэ хоёр хүн нь өнөө хуулиар хориглосон 1, 2 дугаар гарын үсэг зурдаг хүмүүс нь байх жишээтэй. Шинээр томилогдсон Засаг дарга бол өөрийг нь шоронд хийхээргүй хамгийн итгэлтэй, ойрын хүнээ л хоёрдугаар гарын үсэг зурах ерөнхий нягтлангаараа томилно. Хэн ч танихгүй хүнийг нягтлангаараа тавьж хэрэгт орохыг бодохгүй биз дээ. Харин хуулиар хэн ч танихгүй хүнийг тавь гэж байгаа.

Нэг суманд дээд тал нь 15 дээд боловсролтой хүн байна. Тэдгээр нь ядаж сумын Засаг даргынх нь ойрын хамаатнууд. Ашиг сонирхлын хуулиар мань дарга дээд боловсролтой хамаатнаа тавьж болохгүй. Яах вэ гэхээр 8 дугаар ангиа арайхийж төгссөн галчийг “Миний хамаатан биш юм” гэсэн хуулийн заалтаар нягтлангаар тавина. Бодит амьдрал дээрх хууль ийм.

Нэгэн аймгийн Засаг даргад энэ хууль үйлчилсэн парадоксыг хэлье. Нөхөр Засаг дарга урьд жил хулхи зам бариулсан зэмийг аймгийн иргэдээсээ хүртэж үхтэл муугаа дуудуулсан. Дараа жил нь 20 км замын тендер дахин зарлагдахад өнөө хулхины компани нь бас ороод иржээ. Түүнтэй хамт бизнесийн түүхийг нь огт мэдэхгүй компаниуд бас оролцов. Нөхөр бол аймгийнх нь замыг хамгийн сайн технологиор, хамгийн шуурхай, чанартай барих компанийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэвч тэрхүү компанийн захирал эхнэрийнх нь ойрын хамаатан. Тендерийн комисст нь огт байдаггүй хэрнээ муу нэрийг нь сонсож үлддэг Засаг дарга тэр компанийг тендерт ялуулж чанартай замтай үлдэх хүсэлтэй байвч Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчинө. Хэдхэн хоноод хэмэрхээд унах замтай үлдэх үү, эсвэл огт замгүй байх уу. Энэ бол Эрх ашгийн зөрчлийн хуулийн амьдрал дээр үзүүлж буй парадокс буюу гарцгүй болсон байдал.

Эр хүнд хамгийн итгэлтэй хүмүүс нь хүү, хүргэн хоёр нь л байдаг юм шүү дээ. Эр хүүхэд, энхрий охиныхоо нөхөр хоёрт л хүн итгэж ажил амьдралаа явуулдаг юм. Хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг барилгажуулах хамгийн том төсөл дээр хүүгээ л тавина биз дээ. Хамгийн тэнэг хүн л үүнийг үгүйсгэх байх. Амьдрал үнэн байдаг болохоор Э.Бат-Үүл хамгийн түвэгтэй газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” газарт хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанийг орохыг зөвлөж “За чи наад газартаа сайхан орон сууцны хорооллыг сүндэрлүүлж нийслэлчүүдэд тус бол. Бусдад үлгэрлэ. Аавынхаа итгэлийг алдахгүй хүн нь чи байна” гэсэн байгаа. Яагаад гэвэл Э.Бат-Үүл хүүгээ хамгийн сайн мэдэж, чадна гэдэгт нь итгэж байгаа учраас тэр. Ийм л итгэл бүхий, таньж мэддэг хүмүүсээ зовлон бэрхшээл ихтэй том төсөлд оруулахгүй бол мэдэхгүй нөхдүүд нь өнөөдөр хулхидаад алга болсон дуулдана лээ. Хуулиараа тендерт шалгаруулах процесст Э.Бат-Үүл ямар ч оролцоогүй юм.

Аймгийн Засаг дарга нөхөр бол авгайн дүү гэдэг ашиг сонирхлоос айгаад аймгаа замгүй, өөрөө шоронгүй салахаар шийдэж. Э.Бат-Үүл бол хүүгийнхээ компаниар гэр хорооллыг барилгажуулж, хэсэг айлыг орон сууцтай болгоод өөрөө шорон руу явах юм байна л даа, цахим ертөнцөд бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлээр бол. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль амьдрал дээр ийм л дүр зурагтай байна.

Нарийндаа яривал Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд дарга болгож, том төслийнхөө ТУЗ-ийн дарга болгохгүй өөр ямар итгэлтэй хүнээ болгох юм бэ, Н.Алтанхуягийн хувьд. Өнөөдөр Н.Алтанхуяг, Г.Дэнзэн нарыг буруутгадаг нөхөд амьдрал дээр хүү, хүргэнүүддээ итгэж байгаа. Үүнтэй чинь ялгаа юу байна. Таны хүүг, хүргэнийг шоронд хоривол шударга хүн та “Одоо яахав дээ, Ашиг сонирхлын хууль зөрчсөн юм байна лээ” гээд эхнэрээ тэврээд дуржигнатал хухираад байж чадах уу. Хүн тайван амгалан аж төрж, ажлаа сайн хийхийн тулд итгэлтэй, сайн таньж мэддэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг хүн төрөлхтний тогтсон үзэл байна.

Монголд ийм тамын тогооны хууль үйлчлэхээс өөр аргагүйд хүрчихсэн юм биш. Бүх улс оронд итгэлцлийн хууль үйлчилдэг юм. Америкийн нэгэн эдийн засгийн сэтгүүлд 2012 онд “Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгч Жим Ен Ким дотнын нөхрөө Монголд томиллоо” гэсэн утгатай мэдээ гарч байсан юм. Тэр нь юу гэхээр тухайн онд Дэлхийн банкнаас Монгол Улсыг хариуцан ажиллахаар шинээртомилогдсон захирал Берт Хофмэныг хэлсэн хэрэг. Жим Ен Ким гуай шинэ албанд очоод л хамгийн итгэлтэй, урьд нь хамтран ажиллаж байсан нөхдөө бүс нутгуудад томилж эхэлсэн юм билээ. Тэгэхээр дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллага дотроо хүртэл ийм л итгэлцлийн хууль үйлчилдэг байна. Дэлхий ийм байхад манайх эсрэгээрээ таньдаг итгэдэг бүгдийгээ өөрөөсөө хол байлгаж төрийн ажлыг сайн явуул гэсэн хууль гаргасан нь дэндүү хоцрогдсон бүдүүлэг байгаагийн шинж юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Эх оронд минь “эх орончид” илүүдэж байна

Твиттерийн ертөнцөд шуугиантай жиргэдэг @HalzanXYY “Эх орон, эх орон гэж гайхуулцгаах юм. Энэ дэлхий дээр чинь эх оронгүй хэн байгаа юм бэ!?” гэж жиргэсэн байна лээ. Дэлхийн бүх хүн эх оронтой байдаг. Гэвч өнөөдөр сайхан амьдарч байгаа газраа л эх орон гэж үздэг болсон гэдгийг энэ жиргээч хэлжээ. Өнгөрсөн жил манай улсад “Эх орон” нэртэй төсөл хэрэгжиж 14-35 насны залуусын дунд эх оронч үзлийн талаар ямар бодолтой явдгийг нь асуужээ. Судалгаанд оролцогсдын 11.8 хувь нь энэ талаар бодсон зүйлгүй гэж хариулсан байх юм. Өмнөх жилийн судалгаагаар ингэж хариулсан хүний тоо гурван хувь байсан гэж судлаач нь ярьсан байна лээ. Энэ судлаач цааш нь “Эх орон гэдэг яриа энэ дэлхийн долоон тэрбум хүний амнаас цөөхөн гардаг болж байгаа нь Олон улсын байгууллагуудын судалгаанаас ч харагдах болсон” хэмээн онцолсон юм.

Тэгэхээр “Хаана сайхан амьдарч байна тэр миний эх орон” гэсэн үзэл Европоос эх авч дэлхийг нөмөрч байгаа нь, шинэ үеийнхэн энэ үзэл рүү явж байгаа нь дээрх судалгаануудаас харагдаж байгаа юм. Европ яагаад тэгэв. 1980-аад оноос “Европ-Нэг орон гэр” хэмээх хөдөлгөөн өрнөж, эдүгээ 25 улс Европын нэгдсэн холбоонд багтан орсноор тэдгээрийн хооронд хил хязгаарын нарийн зааггүй, бас визгүй зорчдог, евро хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгтэй, Европарламент хэмээх төвлөрсөн байгууллагатай, нэгдсэн Үндсэн хуультай болох төлөв бүхий байна. Үндсэндээ нэгдсэн нэг үнэт зүйлтэй болж байгаа нь дээрх үзлээс харагдаж байгаа юм. Дэлхийн хөгжлийн загвар, гол эдийн засаг, улс төрийн пирамид болсон хөгшин европт өнөөдөр эх оронч үзлийн хуучин ойлголт огт өөр болжээ. Эх оронч үзэл нэгэн улсын хүрээнээс хальж, нэг тив, нэг бүс нутаг-нэг гэр орон, улмаар энэхэн замбуулин-бидний өлгий нутаг хэмээн ярьж, бичиж тэр нь тэлж өргөжиж байгаа юм байна. Энэ тэлэлтийн хурд дэлхийн бас нэг том тив АНУ-д хүрчээ. Америк бол олон үндэстний өлгий. Тэнд энэ дэлхийн хамгийн сайхан амьдрал байгаа учраас тийш дэлхийн хүмүүс хошуурч байна. Ийм хандлагад угсаа гарвал, хэл, сэтгэлгээ, аж төрөх ёс, шашин суртал, зан заншил огт өөр дэлхийн 220 гаруй улс орон бүрэн автах хүртэл нэлээд урт хугацааг туулна хэмээн үзэж байсан судлаачид одоо бууж өгч байна. Дэндүү хурдтайгаар “Сайхан л амьдарч байвал аль нь ч миний эх орон” гэдэг үзэлд дэлхий нэгдэж эхлэв.

Дэлхий ийм байхад монголчууд л өөрсдийгөө дэлхийгээс тусгаарлачих шахан “Эх орон минь” хэмээн халаг­лаж, эх оронч үзэл ярин хийрхэцгээж байна. Ийм байлаа гээд бид юу хожсон юм бэ? Юу ч хожоогүй бай­на шүү дээ. Бусдаас онцгойрох гэсэн улс төрийн хийрхэлтнүүдийн нэг арга нь эх оронч үзэл байдаг байна. Цаг хугацаа, орон зайн баримжаагүй хүмүүсийн үг гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам ойлгогдож байна. Тавин жилийн өмнө “Оюу толгой”-г өнөөдрийнх шиг өмгөөлж, хойч үедээ үлдээнэ гэж ярьж болох байлаа. Одоо бол юмыг үнэ цэнтэй байгаа дээр нь үнэд хүргэж зарсан нь хөгжиж байгаа дэлхий. Хөгжилтэй орнуудын хөгжсөн түүх үүнийг харуулдаг. Үнэндээ эх оронч үзэл өөрөө биегүй зүйл. Гэтэл бид биет зүйлийг өдөр тутам хүсч байна. Тэр нь мөнгө. Монголын өнөөдрийн “эх орончид” байгалийн баялагаа хойч үедээ үлдээнэ хэмээн ярьдаг. Өнөөдрийн бид нар хойч үе биш юм уу. Ерэн онд мал хувьчлах үед малыг хувьчилж болохгүй хэмээн хамгийн их эсэргүүцсэн нэгдлийн дарга “эх орончид” гарч ирсэн. Мал хувьчлахад тэдгээр “эх оронч” нэгдлийн дарга нар хамгийн түрүүнд очиж эрхийн бичгийг нь авч нэгдлийг хувааж идсэн. Одоо Оюу толгой өгөөжөө өгөөд эхэлбэл хамгийн түрүүнд өнөөдрийн “эх орончид” гар дүрэх байх. Манай түүх өөрөө ийм юм чинь.

Дэлхий дахинаас өөрс­дий­гөө тусгаарлаад, эх оронч үзэл гаргалаа гээд юу ч хождоггүй, харин ч алддаг гэдгийн хамгийн том нотолгоо Венесуэл улс. Уго Чавес гэдэг “эх оронч” Ерөнхийлөгч нь гарч ирээд, гадаадын бүх хөрөнгө оруулагчдыг эх орноосоо “найрсгаар” хөөж гаргасан. Тэгээд эх орон хийгээд үндэсэрхэг үзлийг онцгойлон авч үзсэн. Яг л өнөөдрийн манай эх орончид шиг. Үр дүнд нь өнөөдөр Венесуэл улсад нэг талхыг сая төгрөгөөр авч идэж байна шүү дээ. Инфляцаа ингэж тэнгэрт гаргаад сүйрлийн ирмэгт хүрээд байна. Монголын “эх орончид” ихэдвэл Монгол ч бас удахгүй Венесуэлийн араас орох байх.

“Үзлийн амьтан” гэдэг үгийг арай түрүү үеийнхэн мэдэх байх. Эх оронч үзэл нь улс төрийн үзэл суртал. Харин “Үндэсний үзэл” гэдэг нь “Хүн ядрахаараа ургаа, Тураг ядрахаар уулаа” гэдэг шиг ядарч ягдсан үедээ л үгүйлдэг үзэгдэл, тэрхэн зуур аврал болж санагалзах үзэл гэж манай нэг нэртэй эрдэмтэн хэлсэн байна лээ. Үндсэрхэг үзэл нь ямагт асар их сэтгэлийн хөдөлгөөнийг дагуулж байдгаараа аюултай аж. Улс орныг удирдаж, бодлого тодорхойлж байгаа хүмүүст сэтгэлийн хөдөлгөөн шиг аюултай зүйл байдаггүй байна. Хэт үндсэрхэг үзэл зонхилж, сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдсаны үр дүнд улс төрийн хагарал, нэг улс нөгөө улстайгаа зөрчилдөх нөхцөл бүрдсэний тод жишээ фашизм гэж үздэг юм билээ. “Германыг хайрла” гэсэн сэтгэлийн хөөрөл бүхий уриа хэт давалгаалсан нь дэлхийн II дайныг эхлүүлж 100 сая хүний амийг авч одсоныг түүхчид онцгойлон бичдэг. Одоо энэ “Монголыг хайрла” гэсэн уриа юунд хүргэх бол. Монгол Улсыг хэрхэн сүйрүүлэх бол гэхээс айдас хүрч байна. “Монгол Улсыг Орос-Хятад хоёр удахгүй эзлэх гэж байна, Монгол Улс уул уурхайгаасаа болж барууны орнуудын эрхшээлд орж, хар Африк шиг боолчлох гэж байна” хэмээн эх орончид ярьж байна. Ийм юм огт болоогүй шүү дээ, болох ч үгүй. Эх оронч үзэл ингэж л хэтрэхээрээ хэт үндсэрхэг үзэл болдог. Япончуудын хайр хүндэтгэл, буян хишгийг хүртэж, хүнээс илүү яваа Хакухо сумод түрүүлж шагналаа авахдаа монгол хэлээр “Эх орон нэгтнүүддээ…” гэж мэндчилгээ дэвшүүлсэн нь үнэндээ япончуудын сэтгэл рүү ус цацсан үйлдэл болсон юм. Япон үндэстний бахархал болсон спортод нь түрүүлсэн түүнд монголчууд ямар хамаатай юм бэ. Зөвхөн япон үндэстэнд хамаатай. Тэдний хөөр баяр, бахархал. Гэтэл хань хамаатахгүй монголчуудад зориулж мэндчилгээ дэвшүүлж байгаа нь орон зай, цаг хугацаагаа мэдэрдэггүй монгол хүний эх оронч гэх сэтгэлгээ нь хэтэрсэн, үндэсэрхэг царай харуулж буй хүдэг хийрхүү, муухай зан араншин юм. Дэлхийн хамгийн алдартай Оксфордыг төгсөж буй монгол залуу ганцаархнаа монгол дээл өмсөж, Монголын төрийн далбааг бариад явж байгаа нь таатай харагдахгүй байна. Бусад орны төгсөгчид яагаад тэгээгүй юм. Үүнийг эх оронч гэх үзэл хэтэрсэн нэг хэлбэр гэж үзэж болно. Тэр сургууль өөрийн олон зуун жил тогтсон стандарттай. Тэр стандартыг нь бүх орны төгсөгчид дагаж байхад манай нөхөр ганцаараа “эх оронч” царайлж байгаа юм. Хөгжилтэй орны хувьд эх оронч үзэл ийм хоцрогдсон үзэл болоод байгааг тэр орчинд нь байгаа монголчууд яагаад ойлгохгүй байна.

Энэ дэлхийд эх оронч үзлээрээ хамгийн алдартай нь оросууд. Гэтэл Орос орон жаргалтай байна уу. Дайн самуун, террорист халдлага, салан тусгаарлагчид, эдийн засгийн хямрал, гадаад ертөнцийн шахалт… бүгд уналттай байна. Дэлхийн чиг хандлага ийм байхад монголчууд бидэнд эх оронч гэж цээжээ дэлдэх нь тэнэг хэрэг болоод байна. Тэртээ тэргүй бидэнд хүн төрөлхтний түүхээс хэзээ ч арилашгүй их түүх байна, төрт ёсны 2000 жилийн түүх байна. Даравч далдайх, булавч бултайх их түүхтэй монголчуудын хувьд эх орон, эх оронч үзэл ярьж тунхаглах нь муухан шиг бараагаа зах зээлд худалдах гэж ядаж байгаа худалдаачин лугаа харагдана.

Харин жинхэнэ эх оронч үзэл бол иргэн хүн татвар төлөхөөс эхэлнэ. Татвар төлж байгаа хүн хүчирхэг байдаг. Хүчирхэг иргэнтэй улс орон хүчирхэг байдаг. Орчин үед эх орон гэдэг ойлголт, эх оронч үзэл гэдэг ийм л өөр ойлголт болоод байна. “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж” гэж Британийн зохиолч, түүхчСэмуэль Жонсон 1775 оны дөрөвдүгээр сарын 7-ны орой нэгэн том хүлээн авалт дээр үндсэрхэг үзлээсээ болж улсаа хүнд байдалд оруулж байсан либерал улстөрч Эдмунд Бёркэд хэлсэн байдаг юм. Энэ нь эх оронд “эх орончид” илүүдэж гай болдог гэдгийг хэлсэн хатуу үнэн үг хэмээн түүхэнд тэмдэглэжээ.