Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралын энгийн сайхныг зураглахуй DNN.mn

Ойрд сонгууль гээд бужигнаантай, дээрээс нь нийгмийн хар бараан мэдээллүүд цутгасан өдрүүд үргэлжилж байна. Амьдралын ийм ажин түжин үед үүлэн чөлөөний нар шиг элбэрэл хайр, ариун гэгээн зүйлийг мэдрэх жаргал байдаг юм байна.

Өчигдөр том охины минь төрсөн өдөр тохиолоо. 2010 онд охиноо төрснийх нь намар Хөшөөтийн голынхоо бурхны номтой Найнаа гэж хүндэтгэлт хүмүүнд адислуулсан юм. Найнаа төрсөн өдрөөр нь төрсөн газарт нь очиж, идээ будааны дээж өргөж байгаарай гэж хэлсэн. Тэр ёсоор жил бүрийн зургадугаар сарын 25-нд Эх нялхаст, эх үрийн элбэрэлт хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлдэг уламжлал нэгэнт тогтсон юм.

Өчигдөр дөрвүүлээ очлоо. Эргэн тойрон нэг их сайхан гэгээн гэрэлтэй хүмүүс. “Манай хүн амаржчихлаа. Хүүтэй, охинтой боллоо” гээд хөдөө суугаа ижий аав, эмээ өвөө рүүгээ ярьж буй залуучууд. Нялх охиноо төрөхийг нь хүлээн Эх нялхсын гадаа санаа нь зовсон байдалтай хөлсөө шударч суугаа ээж, аав. Эсэн мэнд амаржлаа гэхийг нь дуулаад царай нь гэрэлтэн тэрүүхэндээ тэвдэж ядаж буй дүр байдал. Амьдралын аз жаргал бялхсан зургийг хааяа ч болов мэдэрч баймаар юм байна шүү гэж эрхгүй санагдсан. Алчуур зангидсан бүсгүй, өлгийтэй улаан цурав үрийнхээ царайг аавд нь цонхоор харуулж буй нь. “Миний хүү эндээ байж бай, аав нь шөлийг нь аваад ирье” гээд хөлс алгадан гүйж байгаа хүн. Амьдралын жирийн л нэг өдөр, Эх нялхасын гадаа мөнхөд давтагдах агшин.

Гэвч энэ бүхнийг заримдаа бид анзаардаггүй, ийм орчноос алсраад сэтгэлийн хүйтрэлд автсан шиг санагдах юм. “Чи бид хоёр хөөрхөн охинтой боллоо” гэсэн мессэж ханиасаа аваад энэ л элбэрэлт хөшөөний дэргэдүүр гүйхэд хөл минь газар хүрэхгүй агаарт яваад байж билээ. 14 жилийн өмнөх тэр агшнаа бодоод хоёр охинтойгоо, ханьтайгаа дөрвүүлээ ойрхон дэлгүүрээс нэг нэг марожин аваад гэрээдээ алхахад амьдрал ийм сайхан билүү гэж бодогдоод л байсан.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бөх судлаач С.Давааням: Энэ жилийн наадамд О.Хангай аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэх магадлалтай DNN.mn

Өнөө жилийн наадамд хэн хэн түрүү, үзүүрт шалгарч, ямар хүчтэнүүд шинээр улсын цолонд хүрч, наадмын өнгө ямар байх талаар бөхийн тайлбарлагч, бөх судлаач С.Даваанямтай ярилцлаа


-Наадмаар мэдээж 512 бөх зодоглоно. Өсөхөө аварга маань зүүн жигүүрт гарах байх. Бөхийн барилдаан ямар болох талаар өөрийн таамгийг хэлэхгүй юу. Шуудхан асуухад, түрүү үзүүрт хэн хэн үлдэх бол?

-Дархан аварга Г.Өсөхбаяр зүүний магнайд гарах байх. Өнгөрсөн жил мөн зодоглож гурвын даваанд цолоо дуудуулж байсан. Баруун жигүүрийг Н.Батсуурь аварга манлайлна. Ингээд цолны эрэмбэ ёсоор П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай гээд лав л зургаан аварга зодоглоно байх. Ч.Санжаадамба аваргыг барилдахгүй гэсэн яриа бөхийн хүрээнийхний дунд байгаа. Түрүү жил бас зодоглоогүй өнжсөн. О.Хангай аварга, Б.БатӨлзий заан, Б.Пүрэвсайхан заан гээд Ховдын гурав дээшээ гарч ирнэ. Шөвгийн дөрвийн гурав нь Ховдын бөхчүүд магадал тун өндөр байгаа. Энэ гурвын араас Б.Орхонбаяр арслан, Ц.Бямба-Отгон гарьд, М.Лхагвагэрэл заан, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нарын харцагууд дээшээ барилдаж таарна.

-Хүмүүсийн таамаг түрүү үзүүрт О.Хангай, Б.Бат-Өлзий гэж яригдаад байгаа. Өөрөө ямар бодолтой байна?

-Би олны таамагтай санал нэг байна. Олны үг ортой гэдэг. Хэрвээ энэ хоёр хүчтэн үзүүр, түрүүнд шалгарч Хангай аварга түрүүлбэл Монгол Улсын даян аварга болно. Бат-Өлзий заан түрүүлбэл Монгол Улсын арслан цол хүртэнэ. Бөхийн өргөөнд болон хөдөө аймгуудад зохиогдсон улсын чанартай барилдаанд энэ хоёр бөх хамгийн олон түрүү, үзүүрт шалгарсныг бөх сонирхогч, ард түмэн сайн мэдэж байгаа. Даваа унааны хувьд дийлэнхэд нь Хангай аварга давсан гэх статистик тоо баримт бий. Тэгэхээр энэ жилийн наадмын тухайд энэ хоёр бөх дахиад л түрүү, үзүүрт зогсож байх тийм нөхцөл харагдаад байна. Үзүүр, түрүүнд үлдлээ гэхэд ёстой хамаг хүч тэнхээгээ шавхсан, хүч тэнцүү удаан үргэлжилсэн барилдаан болох төлөв бий.

Давхар шуудагны барьцнаас барилдаан ерөнхийдөө шийдэгдэх болов уу. Хэн хэнийхээ барилдааныг маш сайн мэдэж байгаа. Ёстой нөгөө алхаа гишгээ бүрээ мэдэж байгаа. Нэг дэвжээнд олон жил хамтдаа бэлтгэл сургуулилт хийсний хувьд, бага цолтой байхаасаа л хоорондоо тогтмол тунаж барилдаж байсны хувьд барилдаан яаж шийдэгдэнэ таахын аргагүй. Хэн нь ч давж мэднэ. Гэхдээ миний хувьд Хангай аваргыг арай олон давсны хувьд хаях магадлалтай гэж таамаглаж байна.

Б.Зоригтбаатар харцага, Б.Пүрэвсайхан заан, Б.Орхонбаяр арслан, М.Лхагвагэрэл заан, Ц.Бямба-Отгон арслан нар дээшээ барилдана. Б.Зоригтбаатар харцагын хувьд үзүүр түрүүнд зогсож байхыг ч үгүйсгэхгүй

-Бат-Өлзий заан өнгөрсөн жилийн наадмаар тавын даваанд уначихсан. Буруу ам авлаа гэж яригдсан. Энэ жил нэгийг бодож зодоглох нь мэдээж?

-Тийм ээ, тавын даваанд аймгийн хурц арслан Б.Ууганбаярыг (одоогийн начин) амлаж барилдаад унасан. Их олон хүнээс Б.Ууганбаярыг амласан. Бэртэл гэмтэлтэй, удаан барилдаагүй гэж бодож амласан байх. Мөн улсын наадам өнжсөн жил Хүй долоон худагт болсон 512 бөхийн барилдааны түрүү, үзүүрт энэ хоёр бөх үлдэж Бат-Өлзий заан түрүүлж байсан. Тэгэхээр давна гэж л амласан нь мэдээж. Түрүү жил Бат-Өлзий зааныг тавын даваанд унана гэж хэн ч бодоогүй. Энэ жил их л том зорилготой зодоглох нь гарцаагүй. Ховдын хоёртой шөвгийн дөрөв миний түрүүнд нэрлэсэн Орхонбаяр, Зоригтбаатар, Лхагвагэрэл, Бямба-Отгон, Пүрэвсайхан энэ хэдийн хоёр нь үлдэж таарна.

-Архангайн Б.Зоригтбаатар харцагыг олон хүн их дээшээ, магадгүй түрүү, үзүүрт ч гараад ирнэ гэж харж байгаа. Цахилгаан Зоригоо гээд арга байхгүй шуугиулах юм?

-Улсын наадамд түрүүлчихээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй бөх бол яалт ч үгүй Зоригтбаатар харцага. Өөрөө даншгийн арслан болчихоод “Улсын наадамд түрүүлж арслан болох зорилготой” гэдгээ хэлж байсан. Өнөө жил Архангайн Батцэнгэл сумын 100 жилтэй байх шүү. “Сумынхаа 100 жилийг би төрийн наадмын түрүүгээр мялаана” гэж бас хэлсэн дуулддаг. Тэгэхээр энэ жил наадамчин олон, бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа, Зоригоо харцага. Бэлтгэл сургуулилт ч сайн байгаа. Сүүлд болсон “Алтан цом”-ын тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх. Зоригоогийн хувьд долоогийн даваанд БатӨлзий юм уу, Пүрэвсайхан заан нарын нэгтэй тунах магадлалтай. Ер нь ингээд бодоход 7-гийн даваанд Н.Батсуурь аварга зоолттой зогсож байх болов уу. Тэгээд Хангай аварга эрэмбээрээ ам аваад, Орхонбаяр юм уу, Бямба-Отгон нарын аль нэг ам аваад, ингээд Бат-Өлзий, Зоригтбаатар хоёр тунах магадлал тун өндөр. Эсвэл Пүрэвсайхан заантай тунах, ийм л дүр зураг харагдаад байна.

-Миний хувьд С.Мөнхбат аваргыг их хардаг. 10 хэдэн жил дээшээ барилдсан. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргууд бол наадмаар нягт барилддаг, нэг л өөр байдаг?

-Ер нь том цолтой бөхчүүд наадмаар огт өөр болоод гараад ирдэг. Батсуурь аваргыг наадмын одтой бөх гэдэг. Тав, зургаагийн даваанд хамгийн эхэнд ам авна. Тийм учраас долоогийн даваанд гараад ирэх магадлалтай. Бүр эвгүйтвэл шөвгийн дөрөвт ч байж мэдэх юм.

-Улсын цол авах, шинээр шуугиан тарьж гарч ирэх бөх байна уу?

-Сүхбаатарын хурц арслан Н.Өсөхбаяр, Өвөрхангайн хурц арслан О.Наранбаатар, тэр жилийн цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтой түрүүлж шуугиан дэгдээж байсан Архангайн Э.Мөнхжаргал, Хэнтийн Д.Алтанцоож гэсэн дөрвөн аймгийн арсланг энэ жилийн наадмаар улсын цолонд баттай хүрчих болов уу гэсэн бодол байна. Өсөхбаяр хурц арслангийн хувьд саяны бүх цэргийн наадмаар үзүүрлэж эрэмбэ хамаагүй дээшилж ирсэн. Дөрвийн даваанд харцага цолтой бөхчүүдийн төгсгөл хэсэгт оноолтоор очих байх. За даа ер нь Ховдын Г.Ганхуяг харцагатай таарчих болов уу. Тэгвэл тэгээд л шуугиад явчихна. Ганхуяг харцагын хувьд түрүү жил зургаагийн даваанд Б.Орхонбаяр арсланг хаяж байсан бөх. Өвөрхангайн О.Наранбаатар хурц арслангийн хувьд хоёр жилийн өмнөх 1024 бөхийн барилдаанд Баянхонгорын Э.Батмагнай начинтай тунаж өвдөг шороодсон бол түрүү жил мөн дөрвийн даваад начны даваанд Пүрэвсайхан заанд амлуулж унасан. Энэ жилийн хувьд улсын цол гарцаагүй горилж байгаа бөхчүүдийн нэг. Эрдэнэхүүгийн Мөнхжаргал арслан өнгөрөгч жил дөрвийн даваанд Б.Бат-Өлзий заантай оноолт таараад яалт ч үгүй тахимаа өгсөн. Сая бүх цэргийн наадамд зургаа давж эрэмбэ дээшилсэн. Харцагуудтай таарна байх. Магадгүй нэг нутгийн бөх Б.Зоригтбаатар харцагатай таарвал тэгээд л наадмын шуугиан болно. Хэрвээ энэ хоёр таарвал Зоригтбаатар давах магадлалтай. Хэнтийн Алтанцоож арслан хоёр удаа дөрвийн давааны оноолтод Орхонбаяр арслантай таарч өвдөглөсөн. Энэ жил дахиад таарахыг үгүй гэхгүй. Магадгүй залуу арсланг давж наадмын таавар будлиулахыг таашгүй. Эдгээр аймгийн арслангуудаас гадна Архангайн цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн заан С.Доржпалам, Б.Баянсүх гээд байна. Тэдний хувьд гурав даваад гараад ирвэл дөрвийн даваанд цолны эрэмбээр аваргуудтай таарна. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат гээд аваргуудын а ль нэгийг өвдөг шороодуулахыг үгүй гэх газаргүй. Дөрвийн давааны төгсгөлд улсын начингууд хоорондоо нугарч таарна байх.

-Начингуудаас дээшээ барилдах, цолоо батлах, ахиулах хүн хэн байна. Булганы Д.Амарсайхан начин ч амаргүй дээ?

-Начингуудаас Төв аймгийн Д.Хүдэрбулга, Баянхонгорын Э.Батмагнай, Булганы Д.Амарсайхан энэ хэд байна. Хүдэрбулга начин түрүү жил тавын даваанд наадмын үзүүр бөх Бямба-Отгон гарьдтай тунаж барилдаад унасан. Бяртай сайн начин, хэрвээ т ав давбал цаашаа зургаа даваад харцага болчих магадлал өндөр. Амарсайхан начны хувьд мөн л цолоо батлах юм уу, ахиулах бөхийн тоонд нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа. Гэхдээ түүний дунгуйлдах мэхийг нь мэдчихээд хийлгэхгүй байгаа. Иймэрхүү л прогноз харагдаж байна. Орхонбаяр арслан заалны барилдаанд бэртлийн улмаас нэг их барилдалгүй бараг жил болсон. Наадмаар бэртэл нь гайгүй бол сайн л барилдана. Лхагвагэрэл зааны хувьд олимпийн наадамд оролцоно. Гэхдээ наадамдаа зодоглох байх. Долоогийн даваа буюу шөвгийн наймд зогсож байх бөхийн нэг. Бямба-Отгон гарьд саяхан  улсын арслан цолоо албан ёсоор авлаа. Эрэмбэ нь дээшлээд ирнэ. Тэр ч утгаараа баттай зургаа даваад долоогийн даваанд зогсож байх болов уу. Энэ гурвын хувьд шөвгийн дөрөв, түрүү үзүүрт ч гараад ирж мэднэ.

Categories
мэдээ утга-зоxиол

Ховдын домогт дарга Доржийн Адуучийн алтан он жилүүд DNN.mn

 Эхлэл

Эрдэнэт хүмүүн гэгч энэ цэнхэр замбуулинд ирээд буцахдаа гишгэсэн газрынхаа мөр бүхэнд бахархалт үйлсээ үлдээж, зуун зуунаар дуурсагдах их алдрын эзэн болно гэдэг чухамхүү алтан хувь заяа. Нэр алдраа өргөж явах нэг хэрэг. Харин эрдэнэт биеэ хайрлалгүй ажил хөдөлмөрт шамдаж, оногдсон үүрэг үйлсийнхээ төлөө өдрийг өдөр, шөнийг шөнө гэлтгүй махран тэмцэнэ гэдэг хэр баргийн аавын хүүд заяах чадал биш ээ. Тийм ээ, ийн өгүүлж буйн учир Ховдын домогт дарга Доржийн Адуучийн алтан он жилүүдийг нэхэн дурслаа. Монгол ардын хувьсгалт цэргийн алдарт 6 дугаар морин дивизэд Дандар баатартай дайны талбарт мөр зэрэгцэн дарийн утаа үнэрлэж, домогт 6 дугаар морин бригадад Хэнтийн Өндөрхаанаас Алтайн цаад Үенчийн Улаан үзүүр хүртэл 2000 гаруй км газрыг мориор туулж, Монгол Хятадын хилийн комиссын Монголын талыг ахалж, эцэг дээдсийнхээ шүншиглэн ирсэн уул овоог авч үлдэж, Алтайн нурууны цуут Улаан даваанд зам засаж, Ховдын төвд цэнгэлдэх хүрээлэн байгуулан нутгийн олон “Адуучийн стадион” хэмээн нэрийдэж, аймгийн музейн хоёр давхар барилгыг 10-хан хоногт бариулан түмний гайхширлыг төрүүлж, ажил нь унаад байсан Ховдын Булгансум “Жаргалын зам” нэгдлийн даргаар очин Улсын тэргүүний сум болгож, Алтан гадас одонгоор шагнуулж, алдарт Ендэртийн замыг торгууд түмнээр зүтгүүлэн тавиулж, сумынхаа төв цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий цэнгэлдэх хүрээлэнг байгуулж, сургууль, эмнэлэг зэрэг барилгыг бариулж, Булган сумыг бараг л хотын статустай болгож сүр сүлдийг өргөж өгсөн. Энэ бүхэн түүний л гавьяа.

Тийм ээ, Ховдын цэнхэр хязгаарынхан Домогт “А” дарга хэмээн өнөө хэр нь бахархан дурсдагийн учир энэ. Хорьдугаар зууны Ховдыг бүтээлцэж, сэтгэл зүтгэл байхад юуг ч бүтээж болдгийг түүхэн он жилүүдээрээ бататган харуулсан түүхт их хүмүүний замналыг нэхэн дурсахад агуу бахархалтай ч алдар гавьяагаа үнэлүүлж чадаагүйд нь сэтгэл шимшрэн байлаа. Гэхдээ ардынхаа дунд, баатарлаг үйлст Ховдынхоо олонд, тэр тусмаа хөлс хүч, нэгэн цагийн амьдралынхаа гал цогийг бүрнээр нь өгсөн торгууд түмнийхээ дунд баатраараа мөнхөрсөн юм. Адууч хэмээх энэ их хүмүүн Алтайн нурууныхаа ноёлог өндөрлөгт Алтан сүлд шиг мөнхөрсөн Алтан соёмбот баатар билээ.

Сайн хүмүүний үр удам сайн сайхан явж, энэ цэнхэр замбуулинд эцгийнхээ алдар сууг мандуулдаг жамтай. Хайрт хүүхдүүдээс нь Ардын багш хэмээх өндөр цолтон тодорч, Гантогтох, Басхүү, Баатархүү гурван хүүхэд нь гавьяат болж буурал эцгийнхээ нэрийг Монголын төрийн ордонд дуурсгасан юм. Тэгээд ч зогсохгүй Адуучийн Басхүү хэмээх Ардын багш Монголын чөлөөт бөхийн амьд домог болсон эрхэм хүү нь ачит эцгийгээ сэрүүн тунгалагт нь хүн төрөлхтний олимпийн их наадмаас “Алтан шүгэл”-ийн эзэн болж, мөнхүү дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөн залагдсан анхны монгол хүн болж ачит эцгийнхээ нэрийг Монголынхоо нэртэй хамт дэлхийд тамгалж өгсөн юм. Тийм ээ, ийм л хувь заяа ажлын төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө алд бие хайрлалгүй зүтгэсэн Адууч гуайд л оногдсон. Бурхнаас заяагдсан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эцсийн мөч хүртлээ эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэсэн түүнийг бурхан гайхамшигт үр хүүхдээр бэлэг барьсан юм. Үр хүүхэд бурхны бэлэг гэдгийн мөн чанарыг тэр их хүмүүн монголчууд бидэнд харуулсан.

Тиймээс аавынхаа аваагүй Ардын цолыг хүү нь авч, аавынхаа аваагүй гавьяат цолыг гурван хүүхэд нь авч, нэг гэр бүлээс гурван гавьяат, мөн Баасанхүү нь “Олон улсын шилэгдмэл шүүгч” болж дэлхийн нэрт тамирчин, дасгалжуулагч, шүүгчид төрсөн. Ингэж өндөр Алтайн хүү Адуучийн нэр дэлхий дахинд мандсан юм. Хоёр жилийн өмнө миний эрхэм хүндэтгэлт ах Адуучийн Басхүү хайрт эцгийнхээ туулсан замнал түүхийг он жилүүдийнх нь алтан шастираар бүтээсэн “Ховдын домогт Адууч дарга” хэмээх ном бүтээж аавыгаа чухамхүү ямархан гавьяа байгуулсныг Монголын ард түмэнд зарласан.

Уг номыг уншаад надад нэг л бодол төрсөн. “Хүү нь эцгийнхээ тухай бичиж болно. Гэхдээ ачит эцгээ ингэж гайхамшигтайгаар дахин бүтээж, хүмүүний орчлонд дахин “төрүүлнэ” гэж байх уу” хэмээн дуу алдаж, уг номыг уншиж дууссаны дараа эрхэм ах руугаа холбогдон “Ачит эцгийнхээ хөшөөг та алдар замналынх нь алтан шастиртай Алтайн нурууны өндөрлөгт сүндэрлүүлэн босголоо. Үүн шиг том гавьяа байхгүй. Хорьдугаар зуунд эцгийнхээ дуслуулсан хөлсийг хориннэгдүгээр зуунд та халуунаар нь монголчуудын алган дээр тавилаа. Аавын тань хөлснөөс 20 дугаар зууны их түүхийн гашуун бүхэн амтагдаж байна” хэмээн хэлсэн.Ингээд Домогт Адууч даргын хайрт хүүгийнх нь хөшөө болгон сүндэрлүүлсэн эл номыг түшиж энэхүү хөрөг нийтлэлийг бичлээ. Амьдралын төлөө тэмцэж боссон бүхэнд Адууч даргын алтан он жилүүд нэгийг хэлнэ буй за.

I

Доржийн Адууч 1915 онд хуучнаар Ховдын хязгаарын Захчин Сэцэн гүний хошуу одоогийн Ховд аймгийн Алтай сумын Бор цонжийн Ёлхоны нуурын зоо гэдэг газар туулай жилийн намар айлын ууган хүү болон мэндэлжээ. Эх нь хүүгээ төрүүлэх гэж нэлээд зовжээ. Энэ үед элэнц өвөг Тамжаан “Миний морийг эмээллээд өг” гээд явжээ. Хоёр, гурав хоног гэрийн гаднаас “Бэр хөнгөрсөн үү” гэж хүүгээсээ асуужээ. Хөнгөрсөөн гэхүйд “Уурга барих нь гарав уу, уур нүдүүр барих нь гарав уу” гэж асуухад нь “Уурга барих нь гарлаа” гэж хүү нь хэлэхэд өвөө нь морин дэл дээрээс ач хүүдээ “Адууч” нэрийг хайрлажээ. Юмны учир гэдэг сонин. Адууч гуайд өвөө нь морин дээрээс нэр өгч адууны тэнгэртэй явахын хийморь сүлдийг өргөсөн байна.

Хүмүүн заяаг олсон Монгол Алтайн нурууны эхийн хэвлий шиг зөөлхөн Ёлхоны нуурын зоо бол онцгой содон газар. Алтайн нурууны мөнх цаст өндөрлөгүүдийн нэг Мөнххайрхан уулсын зүүн сугаас эх авч Алтайн уулс, алдарт Бодончийн хавцал дундуур шуугин баруун урагш 170 шахам км урсдаг Бодонч гол нь Бор цонжийн говь, Ёлхон, Хонин усны говьд очоод эх нутгийнхаа хөрс шороонд шингэн баян бүрдүүд үүсгэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын “Алтан тээл” хошуунд тамгын газар байгуулагдаж, түүний дэргэдэх танхим бол Ховдын анхны сургууль юм. Уг сургуульд сурч бичиг үсэгтэй болоод улмаар Алтай сумынхаа Бодонч хамтралын данс баригчаар ажилласан байна. Хамтрал тарсны дараа сумын захиргаанд бичээчээр ажиллажээ. Ингээд 1936 онд Алтай сумын Тэмээн замын ар гэдэг газраас цэрэгт морджээ. Дараа жил нь армийн хэмжээнд бичиг үсгийн шалгалт авахад тэнцэж Цэргийн ерөнхий сургуульд хурдавчилсан тусгай программаар суралцжээ. 1939 оны долдугаар сард төгсөлтийн шалгалтаа өгөөд гараад ирэхэд нь дайчилгааны машин хүлээж байсан гэнэ. Ийнхүү “ЗИС-5” машинаар өдөр шөнөгүй давхисаар Халх голын фронтын Хамар давааны байлдааны штабт иржээ. Маргааш нь жанжин Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 6 дугаар морьт дивизийн улс төрийн хэлтэст “Ахлах улс төрийн удирдагч”-аар томилж, ахлах дэслэгч цол олгов. Ингээд алдарт 6 дугаар дивизийн дайчин нөхдийн хамтаар харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан Халх голын дайныг ялалтаар дуусгасан байдаг юм.

1942 онд байгуулагдсан МАХЦ-ийн 6 дугаар морин бригад 1944 оны дөрөвдүгээр сарын 8-нд Хэнтийн Өндөрхаанаас 2000 цэрэг, 200 шахам офицер байлдааны түгшүүрийн дохигоор хөдөлсөн байдаг. Энэхүү алс холын морин маршаар хөдлөх үед ууган охин Тунгалаг дөнгөж 2 настай, хань Ш.Дунхүү нь эр нөхрөө хаашаа ямар учиртайг явааг нь мэдэхгүй нулимстай үлдсэн байна. Маршийн 12 дахь хоногт тус бригад Баянзүрхийн гүүрнээс зүүн урагш “Хөлийн модчин” гэдэг газар ирэхэд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан тэргүүтэй төр засаг, армийн удирдлагууд маршийн үйл ажиллагаатай танилцахаар иржээ. Маршал Х.Чойбалсан “Хятадын олон үндэстэн ястан оршин суудаг Шинжааны мужид Оспанаар толгойлуулсан хасгийн хөдөлгөөн гарч тэд тусгай улс байгуулна гэж зэвсэгт тэмцэл явуулж байна. Хасгуудын тэмцлийг дарахаар Гоминданыхан хилийн цаана цэргийн ангиудыг татан авчирч байрлуулан, Булган гол зэрэг газраар дээрэм тонуул зэвсэгт халдлага үйлдэж, цэрэглэн довтлох аюул бий болсон. Иймд баруун хил хязгаарт цэргийн томоохон ангийг шилжүүлэн байрлуулах шийдвэр гарсан” гэдгийг хэлээд “Та бүхэн хаврын тарчиг хүнд цагт мориор 2000-аад км газар маршлах болж байна. Энэ марш Монголын армийн анхны том хол аялал болох тул цэргийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэнэ” гэж хэлсэн байдаг.

Морин марш явсаар Говь-Алтайн төвийг дамжин Хантайширын нуруу, Хасагт хайрхан руу орж ирэхэд зөөлөн хөрстэй зүүн зүгийн морьд хайрга чулуун дунд арга байхгүй улдаж эхэлсэн байдаг. Цэргүүд өглөөний хүнсэндээ хэрэглэх шар тосноосоо галд буцалган морины улдсан хөлд дусаан эмнэх төдийгүй доройтсон мориндоо шар тостой цайгаа өгч морио аминаасаа илүү хайрлаж байжээ. Замд эцэж сульдан явах чадалгүй болсон морио нутгийн ардуудад орхихдоо цэргүүд толгойг нь илэн уйлж байсан гэдэг.

Аагим халуун шатсан цагаар алдарт Шаргын говийг туулах үнэндээ тун амаргүй байсныг домогт морин бригадынхан шүд зуун ярьсан байдаг юм. Баруун хилийн тулгаралтыг дайн байлдааны байдалд хүргэлгүй дээд командлалын үүрэг даалгаврыг гарамгай биелүүлсэн 6 дугаар морин бригадын түүхэн гавьяаг Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 77 дугаар зарлигт онцлон тэмдэглэсэн байдаг. Тонхил сумаас хөдөлж Монгол Алтайн нурууг Ноёны даваагаар даван Барлагийн хавцал уруудан нутгийнхаа барааг, уул усаа харан цэргийн албанд мордсоноос хойш олон жилийн дараа нутагтаа ирж буй Адууч гуай ижий ааваа санан өөрийн эрхгүй нулимс унагасан байдаг. Ингээд 1944 оны алдарт мичин жилийн их зуднаар Цонжид өвөлжиж буй аав ээждээ очжээ. 1936 онд цэргийн албанд мордохоор гэрээсээ гарсан тэрээр ийнхүү 8 жилийн дараа аав ээждээ очиж байгаа нь энэ. “Гэрийн гадаа очиж тэмээнээс буунгуут аав минь “За миний хөвүүн сайн явж ирэв үү” гээд тэврэн авч үнслээ. Би ээж рүүгээ дөхтөл ээж маань над руу нэг алхсанаа гайхан алмайраад таг дуугүй зогсчихов. Гэтэл аав “Чи чинь яадаг хөгшин бэ. Хүүгээ танихгүй байгаа юм уу, хүү минь ирчихээд байна” гэхэд энэ чинь юу билээ гэсэн шиг нэг айхтар харснаа сая л “Энэ чинь миний хөвүүн Адууч байна шүү дээ” гээд мэлмэрүүлэн урсгаж байж билээ” гэж ярьсан байдаг.

Үүнийг Басхүү ах надад бас нулимстай ярьдаг юм. “Арга ч үгүй юм даа. Найман жилийн өмнө нэг муу хөх алчуураар толгойгоо боочихсон малчин хүү гэрээсээ явсан бол одоо ахмад цолтой цэргийн дарга өмнө нь зогсож байхад тэр ээж ингэж балмагдан цочирдолгүй яахав дээ. Олон жилийн дараа хүүгээ гэнэт харж байгаа ээж, ялангуяа цэрэгт, дараа нь дайнд явсан хүү нь ирж байна шүү дээ” хэмээн хоолой цахиртуулан хэлдэг.

Батлан хамгаалахын сайд Санжийн Батаа Адууч гуайг Улаанбаатар авч явъя гээд баралгүй Ховдод цэргийн хэлтсийн даргаар үлдээсэн байдаг. Очсон газар бүртээ түүхэн мөр үлдээдэг, өнөө цагийн хэллэгээр бол түүхэн бүтээн байгуулалт босгодог тэр л зарчмаараа цэргийн хэлтсийн даргын ажлыг аваад 1953 оны зун Монгол Алтайн нурууны алдарт Улаан давааны замыг анх засуулах ажлыг удирдан хийжээ. 1954 оны наймдугаар сард Ховд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдож 18 жил алба хаасан армиасаа чөлөөлөгдөв.

1962 оны 12 дугаар сарын 26-нд Бээжин хотноо БНМАУ, БНХАУ-ын хилийн Гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын хамтарсан комисс болон БНХАУ-тай хил залгадаг аймаг тус бүрт салбар комисс байгуулагдан Ховд аймгийн салбар комиссын даргаар Доржийн Адуучийг томилжээ. Салбар комиссын хамтарсан хуралдаанаар шинэ овоо босгож, хуучин овоог нураах тухай яригджээ. Үүнд Адууч дарга “Манайд нэг санал байна. Энэ нь Суварган овоо, Дүмбийн овоо, Алтан овоо гурав нь түүхийн дурсгалт овоо юм. Ийм учраас хилийн овоо босгохдоо эдгээр овоог нураахгүй байх нь зүйтэй байна” гэж удаа дараа учирлан хэлсний хувьд нураана гэсэн хатуу байр суурьтай байснаа сүүлдээ бууж өгч, Монголын талын санал, үндсэндээ Адууч даргын саналыг хүлээж авсан байна. Ийнхүү торгууд түмнийхээ дээдлэн сүсэглэн шүтэж ирсэн уул овоо, сүсэг бишрэлийг хүндэтгэн Хятадын талд асуудлыг тулган тавьж чармайн ажилласны ачаар өнөөдөр уг овоо тэр үед ямар байсан тэр л хэвээрээ үлджээ. Адууч даргын минь зүтгэл тэмцэл бодит үр дүнд хүрсэн нь бахтай гэж нутгийн хөгшид залбиран санадаг нь ийм учиртай.

Тэртээ 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан аймгийн музейн 2 давхар барилгыг 10-хан хоногт бариулсан гарамгай бүтээн байгуулалтыг нь өнөөдөр хэн хүнгүй дурсдаг. Идэр 40 насны залуучуудыг дайчилж өргөн субботникоор энэхүү ажлыг явуулсан байдаг. Хөдөө сууринд 2 давхар барилгыг 10-хан хоногт барьж дуусгасан нь урьд хожид байгаагүй гарамгай хөдөлмөр байсан. 2014 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан МУСГЗ Ж.Отгонцагаан уг музейн байшинг харчихаад “Хоёр давхар, бас ч үгүй нэлээд том энэ байшинг 10-хан хоногт барьсан гэж үү” гэснээ барилгын зүүн булангийн нүүрэн дээр товойлгон бичсэн “МАХН-ын 14 дүгээр их хурлыг угтаж субботникоор 10 хоногт барив, 1961 он” гэснийг уншчихаад “Аргагүй л гайхамшиг юм даа” хэмээн уулга алдан өгүүлсэн нь бий.

Ховд хотын 200 жилийн ой бол Адууч даргын хөлс хүчээ урсган, хүн ардтайгаа зүтгэсэн агуу бүтээн байгуулалтын ой байлаа. Ховдын хязгаарт цэнгэлдэх хүрээлэн босч, хиймэл нуур, гүйлтийн ба дугуйн уралдааны тойруу зам, 3000 шахам хүний суудалтай шаталсан гурван эгнээ сандал, асрын барилгуудыг өргөтгөж цэнгэлдэхийн ногоон байгууламжийг услах 530 гаруй метр тойруу шуудууг Буянт голоос татан шинээр мод суулгасан гээд ёстой Ховдчууд тэр аяараа хөдөлсөн гэдэг. Мөн хотынхоо төв замаа анх удаа асфальтан болгож зассан нь тухайн үедээ үнэхээр хөгжлийн эргэлт болжээ. “Адууч дарга тэр үед биднийг ёстой гал цогтой удирдаж мөн ч хатуу шаардлага тавьж ажиллуулдаг байсан. Ажилдаа ханддаг зан байдлаас нь болоод ч тэр үү, бүгд л Адууч даргаас эмээдэг байж билээ. Хааяа түр амарч байгаад Адууч даргынхаа барааг хараад л бид ч ухасхийгээд босно шүү дээ. Чухам яаж амжуулдаг байсан юм, тэр олон ажлуудын хойноос байнга л шогшиж явдаг сан. Нэг л мэдэхэд ирчихсэн бидний ажлыг шалгаад зогсож байна. Тэгээд “За нөхдүүд минь хуудуугүй л юм хийнэ шүү” гэж хэлнэ. Харин ажил сайн бол “во” гэж хэлээд эрхийгээ өргөчихөөд яваад өгнө. Хэлэх үг нь товчхон түс тас. За даа, ажлыг дутуу дулимаг хийвэл үнэн дургүй. Харин ч ёстой чангарна. Ажлын төлөө бол хэнийг ч,дарга, ажилтан дээд доод албан тушаалын гэж ялгадаггүй шулуухан л нүүрэн дээр нь хэлнэ. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ дунд л явна шүү дээ” гэж бахархан дурссан байдаг.

Ховдыг баатарлаг хот гэж ярьдаг, түүхэн талаасаа аргагүй үнэн. Баатарлаг гэдгийн бахдам үйлсийг бататгаж өгсөн баатар нь яах аргагүй Адууч гуай юм байна гэж эрхгүй бодогдном. Тэр жил Мянгадын хүү Ч.Өлзийбат ахтай хоёул Өндөр Хөхийг нь зорьж явахдаа “Адуучийн стадион” буюу аймгийн цэнгэлдэхээр орж, эрхэм түүхт хүмүүнийг дурсаж, Буянт голын ариун тунгалаг уснаас аршаалан хүртэхдээ Басхүү ахтайгаа холбогдон, ачит эцгийнх нь бахдам үйлсийг хэлж байлаа. Ер нь Ховдчууд цэнгэлдэхийнхээ талаар дурссаар л байдаг юм билээ. Худгаас ус уусан хүн тухайн худгийг анх гаргасан хүний гавьяаг хэзээд ч мартах учиргүй гэдэг шиг цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмаа жил бүр тэмдэглэн, сүрлэг сайхан моднуудынх нь дор цээж тэнүүн, амьдралын сайхныг амсдаг Ховдчууд домогт “А” даргын гавьяаг мартах учиргүй ээ. Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Б.Морх “Нэгэн үе Ховдынхон наадмын талбайгаа “Адуучийн стадион” гэж нэрлээд заншчихсан байсан нь одоо мартагдахад хүрч байна” гэж бичсэн байдаг.

II

1963 оны 12 дугаар сард Д.Адуучийг Булган сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, “Жаргалын зам” нэгдлийн даргаар томилсон байна. Ингэж торгууд түмний өлгий эх орны минь хамгийн баруун хязгаар Булган сумтай хувь заяагаа холбох ажил амьдралынх нь алтан харгуй эхэлжээ. Адуучийг аймгийн захиргаа ажил үйлс нь сайн байсан газар томилоогүй. Харин ажил нь тасалдаж, сахилга хариуцлага унаж байсан үе. Ямар сайндаа 1964 оны “Үнэн” сонинд “Ховд аймгийн Булган сум сүүлийн хэдэн жилийн төлөвлөгөөт даалгаврыг тасалдуулсан бөгөөд ажилчин албан хаагчийн ажлын хариуцлага суларч, өгсөн үүргийг заасан хугацаанд биелүүлдэггүй…” гэх мэдээлэл гарсан байдаг. Ийм л хүнд цаг үед ажил сайжруулахаар Булган сумын нэгдлийн даргаар томилогджээ. “Төл болгоныг мал болго. Чулуу болгоныг хашаа болго” хэмээх алдарт үг нь тэр цаг мөчөөс хайрт хүүгийнх нь хэлснээр ажил хөдөлмөрийнх нь түүхэн замналын эхлэл болсон. Булган суманд хийсэн түүхэн ажлынх нь нэг яах аргагүй Ендэртийн зам.Цахиртын хясаанаас Ендэртийн рашаан хүртэлх 100 шахам км замыг хадан хясаа хажуугаар нь Булган гол урсаж буй тун бэрх газар орчинд тавихаар торгууд түмэн хүрз жоотуугаа бариад ханцуй шамлан орж, элгэн улаан хадыг өрөмдөн нүхэлж тэсэлгээ хийн, хад чулууг нураан энэ хүнд хүчир ажилд зүтгэв.

Ингэж Ендэртийн замыг тавьснаар Булган гол, Дээд Доод нарийны голоор айл нүүдэллэх, нэгдлийн үйлдвэрлэл явуулах, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх ажил их голд, хадан хясаанд боогддог байдал арилж, малчид уул тойрон нүүдэл хийхийг товчлон зусландаа буухаас аваад мөн ч олон тээг саад арилсан гэдэг. Энэ замыг тавьсан талаар аав минь “Сум нэгдлийн ажил үйлсэд олон талын үр өгөөж, буян хишгээ хайрласан Ендэртийн замыг засаж тавихад бие хайргүй махран зүтгэж нөр их хөлс хөдөлмөр гарган ажиллаж, хэлсэн үг чанга хатуу шаардлагыг минь биелүүлж байсан Булганчууд, торгууд түмнээ, тэр цаг үе, нутаг орноо аав нь мартдаггүй юм даа. Тэднийхээ гарамгай хөдөлмөрт нь үргэлж баярлан бахархаж байдаг, одоо ч миний зүрх сэтгэлд ямагт байдаг” гэж насан буурал болсон хойноо ч ярьж байсныг хүү болсон миний бие энэ олон жилийн дараа дурсан бичихэд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэх юм даа” гэж ах минь бичсэнийг номноос уншаад уйлж билээ. Булган сумын уугуул, тус сумын нутгийн зөвлөлийн даргын албыг олон жил хашсан доктор Б.Занданшарав гуайтай Басхүү ах 2005 онд уулзсан байдаг. Ярианых нь гол сэдэв мэдээж Адууч гуай байж таараа. Занданшарав гуай “Танай аав бол Булган суманд ажил хөдөлмөрийн бүтээмжийн арилшгүй ул мөрөө үлдээсэн хүн. Тэр хүний хийсэн бүтээсэн бий болгосон нь одоо ч байсаар байна. Цаашид ч байх болно. Булган сум торгууд түмнийхээ төлөө бүхий л юмаа зориулсан хүн гэдгийг би баттай хэлж чадна.

Булган сумын төвийг тохижуулах, нийгэм соёл, сургууль эмнэлэг, аж ахуйн олон байшин барилга бариулж, мод тарьж зүлэгжүүлэн ногоон цэцэрлэг, цэнгэлдэх стадион байгуулсан. Басхүү минь мод тарина гэдэг бол их буянлиг ажил үйлс юм шүү. Иймд аавын чинь энэ буянтай ажил үйлс Булган суманд мөнхрөн үлдсэн дээ, хөөрхий. Сум нэгдлийн мал сүрэг олон жил таван төл дээрээ өсөж, төлөвлөгөөг давуулан биелүүлж, 1967 онд улсдаа тэргүүлэн төр засгийн шагнал үүрд хадгалагдах туг авч, Булган сум Алтан гадас одонгоор шагнуулсан. Бас нэг гайхамшигт ажил бол Ендэртийн замын бүтээн байгуулалт. Энэ бүхэн танай аавын гавьяа юм. Адууч дарга бол баатар л хүн” гэж бахархал дүүрэн хэлсэн байдаг.

2008 онд хилийн цэргийн хурандаа Моломын Баатарсүрэнгээр ахлуулсан зохиолчид тухайлбал, Дамдинсүрэнгийн Урианхай, Арлааны Эрдэнэ-Очир найрагч бид домогт Байтагийн застав орж эх орныхоо баруун хилээр явахдаа Булган сумын төвд Баясгалангийн Бадам баатрын хөшөөнд очиж билээ. Булган сумын төв цэцэрлэг тэнгэр баганадсан ногоон ой ёстой нэг сүрлэг сайхан угтсан юм. Энэ бол Адууч даргын байгуулсан байгууламж. Хүүгийнх нь хэлснээр “Булган сумын ирээдүй, хойч үеийнхний төлөө үлдээсэн мөнхийн ногоон өв” юм. Үнэхээр Булган сумын хөгжил дэвшлийн их түүх Адууч гуайн гавьяагаар хэмжигдэнэ. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг угтан орон даяар зарласан социалист уралдаанд шалгарч “Тэргүүний сум” болж Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн “Үүрд хадгалагдах туг”, мөнгөн шагналыг гардсан юм. Ингэж Булган сумын нийт хөдөлмөрчид баатарлаг торгууд түмэн өөрсдийн цуцашгүй хөдөлмөр зүтгэл, ажлынхаа гялалзсан амжилтаар улс орон даяар алдаршсан.

Сум нэгдлийн үндсэн гол үйлдвэрлэл болсон мал өсгөх төлөвлөгөөг олон жил биелүүлж байсан бол 1970-1974 онуудад таван жил дараалан таван төрөл дээр нь давуулан биелүүлсэн түүхэн амжилт нь Булганчуудын бахархалтай гарамгай үйлс болсон. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө МАХН-ын XVI их хурал хуралдаж, энэхүү хуралд Адууч гуай аймгаасаа төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байдаг. Хурлын төлөөлөгчид Улаанбаатар руу мордохоор аймгийн төвдөө цугларсан үед Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин С.Цогтгэрэл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ш.Хавдалд “Та нар энэ хүний юмыг нь өгүүлч дээ, одоо болоо юм биш үү” гэхэд нь Ш.Хавдал дарга Адууч гуайн цээжин дээр гараа тавиад “Манай Адуучийн энэ удахгүй томорно, та нар хэдхэн хоног хүлээ” гэж хэлэхэд нөхөд нь алга ташиж, Цогтгэрэл баатар “За ашгүй дээ, тэгмээр юм даа” гэж хэлсэн байдаг. Ингээд намын их хурлын өмнө түүхэн яруу алдарт 50 жилийн ойг тохиолдуулан улс ардын аж ахуй, соёлын салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнажээ.

Энэ тухай Басхүү ах өгүүлсэн нь: “1971 оны 6 сарын 6-ны өдөр шагнал гардуулах боллоо. Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгийн өмнө эгч А.Тунгалаг, А.Ганболд, дүү А.Бархүү, миний бие бид хэд хүлээгээд зогсож байлаа. Төрийн дээд шагнал авсан хүмүүс түрүүчээсээ гараад ирэв. Аав маань ч гараад ирэв. Бид хамгийн түрүүнд аавынхаа энгэрийг л харна шүү дээ. Гэтэл ердөө ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль байв. Аав биднийг хараад хүрээд ирлээ. Бид ааваас юм асууж зүрхэлсэн ч үгүй, аав ч таг дуугүй.Бид алхсаар гэртээ ирэх хооронд юу ч ярьсангүй. Ааваас асуух зүйл байсан ч үнэндээ чадсангүй. Аав ч юм ярьсангүй, тамхи л татаад байв. Тэр үед манайх Герман элчингийн өмнөх 60 айлын орон сууцанд байсан юм. За даа харамсмаар ч гэх үү, хачирхалтай ч гэх үү, ийм л нэг юм болсон доо, өөр юу ч хэлэх вэ дээ, үнэндээ.

Энэ цаг мөчөөс л ард олны дунд “Баатар болох ёстой хүн шүү” гэх харамслын үг яригдаж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн ч аавын минь тухай өнөөдөр ч хүртэл дурсаж байгаа нь үнэнийг мартдаггүй, сэтгэлийн сайхных юм даа гэж өөрсдийн сэтгэл зүрхээ зөөллөн, бас тэр хүмүүст баярлаж байх юм даа. Аавын минь улс эх орон, ард түмнийхээ төлөө бие хайргүй зүтгэж хийсэн, бүтээсэн үйлсийн бодит түүхэн үнэнийг нь бичсэн хүмүүсийн дурсамжийг уншин суухад өөрийн эрхгүй бурхны оронд байгаа ааваараа бахархах бас харамсах сэтгэл зэрэгцэн төрөх нь хэцүүхэн байдаг даа. Аливаа юмны мөн чанарыг үнэнээр нь хэлж чаддаг, нутаг орны төдийгүй ялангуяа хөдөө аж ахуйн салбарт тэр үед ажиллаж байсан хүмүүс “Танай аав ёстой Хөдөлмөрийн баатар болох хүн дээ. Адууч дарга баатар л хүн, одоо ч тэгж бодож явдаг” гэж чин сэтгэлээсээ харамсан хэлэхэд нь сэтгэл сэмрэх шиг болдгийг нуух юун” хэмээн сэтгэлийн хөндүүрээр бичсэн байдаг.

Төгсгөл

1983 онд Украины Киев хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд хүү А.Баатархүү нь барилдаж, хүү А.Басхүү нь Олон улсын шилэгдмэл шүүгч болж анхны дэлхийн аваргын дэвжээнээ дэлхийн алдар цуут тамирчдыг шүүж байгааг дэргэдээс нь харж хоёр сайхан хүүгээрээ бахархах алтан хувь заяа гагцхүү Адууч гуайд л олдсон юм. Түүний 10 сайхан хүүхдийнх их спортыг түшсэн гурван хүүгийнх нь амжилт дэлхийд бичигдсэн юм. Адуучийн Баатархүү ид барилдах насандаа хүнд бэртэл авч, хүний гарт орон сэтгэл санааны гүн цохилт авсан ч өөрийгөө ялж дийлэн босч, босоод зогсохгүй барилдаж улсын аваргыг 4 жил дараалан авч, улмаар 1989 оны Ази тивийн аваргын, 1990 оны Азийн наадмын мөнгөн медалийг эх орондоо авчирч ачит эцгээ амьдад нь баярлуулсан. Баатархүү гавьяатын нэгэн бахархам онцлог амжилтыг хэлэхэд, ЗХУ-ын аваргаар бүх жингийн 30 медалиас 29-ийг нь эзэн орны буюу Оросын тамирчид авахад бусад 22 орны бөхчүүдээс цорын ганц мөнгөн медалийг нь Монголын Баатархүү авч байсан түүхэн давтагдашгүй амжилтын эзэн. Тэртээ далан есөн онд Улсын начин цол хүртэж,мөн ондоо дэлхийн залуучуудын аваргад Монголын тамирчдаас анхны алтан медалийг хүртжээ. Монгол Алтайн нурууны өврөөс төрсөн анхны улсын цолтон хүчит бөхийнхөө хөшөөг 2014 оны Алтай сумын 90 жилийн ойгоор босгож алдар сууг нь мөнхөлсөн билээ. Адуучийн Басхүү 1988 оны Сөүлийн олимпоос “Алтан шүгэл”-ийн эзэн болж дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсан аавыгаа баярлуулсан бол 1993 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэж мөн л буурал болсон аавыгаа баярлуулсан юм.

2009 оны намар Монгол Улсын гавьяат багш Адуучийн Гантогтох, гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүү, гавьяат тамирчин Адуучийн Баатархүү нар, үндсэндээ ах дүү гурван гавьяат аавынхаа бариулсан цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд Ховдын ард түмэн нүдэндээ нулимстай баярлаж байсан гэдэг. Жараад оны эхээр аав нь энэхүү цэнгэлдэх хүрээлэнг нутгийнхаа хөдөлмөрч түмнийг удирдан хөлсөө урсган барихдаа хэзээ нэг өдөр үр хүүхдүүд нь эзэгнэнэ, эцгийнхээ алдрыг дуурсгана гэдгийг яахин мэдэх билээ дээ. Хөвгүүдийнх нь отгон нь болох Адуучийн Баасанхүү 1996 онд Олон улсын шилэгдмэл шүүгч болж мөн л аавыгаа сэрүүн тунгалагт нь баярлуулсан юм. Басхүү ах минь 2014 оны наадмаар Ардын багш цол хүртэж, мөн тэр жилээ дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөгдөн залагдсан анхны монгол хүн болсон. Үр хүүхдийнх нь энэ бүх гавьяа буурал эцгийнх нь гавьяа юм. 1999 оны 12 сарын 17-ны өдөр. Адууч гуай хүргэн Мэндсайхан, отгон охин Туяагийндаа байжээ.Үр хүүхдээ “Бүгд ирсэн үү” гэж асуулаа. Хүүхдүүд нь аавынхаа орыг тойроод бүгд зогслоо. Ачит эцэг нь сүүлчийн тамир заан орон дээрээ өндийн суугаад энэрэлт харцаараа хайрт хүүхдүүдээ нар зөв тойруулан “Та нарыгаа сүүлчийн удаа харж байна” гэж хэлж байгаа юм шиг удаан гэгч нь тогтоон хараад “за” гэж сулхан хэлээд өөр юу ч хэлэлгүй түшүүлэн гэдрэг хэвтжээ. Хайрт хүүхдүүдээ эцсийн удаа сэтгэл зүрхэндээ үүрд харж аваад, сэтгэл ханасан байдалтай тэднийхээ дэргэд дэрээ дэрлэн хэвтсэн чигтээ мөнхөд нойрссон гэдэг.

Ийнхүү Алтайн уулсын өндөрлөгт омогт бүргэд шиг дүүлж явсан их хүмүүн хорвоогоос үүрд буцсан байдаг. Хайрт үрсээ алтан нарны цацрагаар ивээж байгаа юм шиг сүүлчийн удаа хараад сэтгэл дүүрэн буцсан байдаг. Тийм ээ, хүмүүний амьдралд ёстой л домог шиг амьдраад буцна гэдэг энэ биз ээ. Өвгөн аав нь морин дэлэн дээрээс хайрласан Адууч гэдэг нэр өнө мөнхөд дуурсагдаж алдар гавьяа нь цагийн цагт тодорсоор байх болно. Агуу Таны бүтээсэн түүхэн он жилүүдээр тань Монголын минь гэрэлт ирээдүй бахархсаар байх болно. Алтай нурууны өндөрлөгт Алтан сүлд шиг, Алтан соёмбо шиг мөнхөд гэрэлтэх гавьяа Таны гавьяа шүү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Сүүний үнэр шингэсэн…” хэмээх дууны гунигт түүх DNN.mn

Монголчуудын сэтгэл зүрхэнд тарни мэт оршсон хэдэн дуу бий. Түүний нэг нь “Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн

Миний ээж сайхан ээж

Мяндас зөөлөн уян ээж” хэмээх энэ дуу юм. Сүүлдээ бараг ардын дуу шиг санагдах болж дээ. Саяхан Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн гурван ботийн нээлтэд Г.Баатарнум найрагчтай таарч уг дууны түүхийг ярилаа. Ард түмний хайртай энэ дуу үнэхээр гунигт түүхтэй.

Шүлгийг нь бичсэн А.Дандий-Ядам гуай тэртээ тавиад оны үед Ховдын Манхан сумын захиргаанд ажиллаж байжээ. Нэг өдөр ээж нь цасан шуурганд малтайгаа уруудсан тухай хэл ирж. Ийм мэдээ хүлээж авсан хүү нь хамгийн түрүүнд огло харайх нь мэдээж. Эрлийн баг бүтэн өдөржин яваад нар гудайхын үест шуурганд уруудсан малыг олжээ. Хонь нь шагай шиг хурчихсан бүрнээрээ байна гэнэ. Хамгийн харамсалтай нь дан тэрлэгтэй хөөрхий ижий хонио тогтоох гэж усан хулгана болтлоо гүйсний эцэст түр амсхийхдээ модны ёроолд шилбүүрээ эрүүндээ тулаад тэр чигтээ гантиг болон царцжээ.

Элбэрэлт ижийгээ хөшөө шиг хөлдүүс болсныг нүдээр харсан хүү нь уйлан хайлж, харамсан гашуудахдаа “Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай” гэж хагацлын халуун нулимсаар өр зүрхээ зүсэн бичсэн байдаг.

Ховдын Цэцэг сумын уугуул, эдүгээ 83 настай зохиолч Ж.Баттулга “Тээр жил Дандий-Ядам гуай бид хоёр Манханы Улаан хүрээ бригад дээр таарлаа. “Борцныхноор юу байна” гэж намайг цаашлууллаа. Ард Аюуш махаа борцолно гэдгээс үүдэж Цэцэгийнхнийг тийн нэрлэж байсан. Өвгөнөөс би ээжийн тухай дууг нь асуухад “Муу ах нь, нэгдлийн хэдэн хонины төлөө хөшөө болоод царцсан хайрт ижийнхээ алтан шарилын өмнө харууслын халуун нулимстай бичсэн юм даа” гэж хэлэхэд хаврын салхинд бөмбөрсөн нулимс нь миний зүрхийг хүйтэн борооны дусал шиг алгадаж билээ” хэмээн ярьсан юм. Ийм л харууслын дуу өнөөдөр эхийн тухай дууны оргил бүтээлийн нэг болон найрын түрлэг өргөж байна. Хорвоогийн өнгө ийм л байдаг хойно.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Г.Батдэлгэр: Тариаланчдын идэвх буурч, стратегийн гэж нэрлэгдэх улаанбуудай, гурил үйлдвэрлэлийн хувь заяа бүдгэрч байна DNN.mn

Монгол Улсын Зөвлөх инженер, ХААИС-ийн доктор Г.Батдэлгэртэй ярилцлаа.


-Саяхан манай сонин “Газар тариаланг гаргуунд нь гаргав уу” гэх нийтлэл бичсэн. Төр засаг өнөөдөр малчдын тухай ярьж байна. “Чинээлэг малчин хоршоо” л гэнэ, ерөөсөө л малчид руу хандсан бодлого яваад газар тариалан орхигдлоо. Явж явж стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг гурил маань юу болж хувирав аа. Та бол үр тарианы салбар, хүнсний эрүүл ахуйн тухай бичиж, ярьж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж ирсэн эрдэмтэн судлаач хүн?

-Монгол Улсын Үр тарианы салбарт байнгын 20 гаруй, түр болон улирлын 14 мянган хүн ажиллаж, ДНБ-ий 1.5 хувийг бүтээн, хүнсний гол бүтээгдэхүүний нэг гурилын хэрэгцээг ханган, малын тэжээлийн эх үүсвэрийг бүрдүүлж байна. УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байгаа энэ цагт эрх баригчид болон гурил үйлдвэрлэгчдийн оновчгүй, алсын хараагүй үйлдлээс үүдэн тариаланчдын идэвх буурч, стратегийн гэж нэрлэгдэх улаанбуудай, гурил үйлдвэрлэлийн хувь заяа бүдгэрч байна. Тиймээс үр тарианы үйлдвэрлэлд нүүрлээд байгаа бэрхшээлийг хэрхэн оновчтой шийдвэрлэж болох гарцын талаар та бүхэн асууж байна. Миний бие өөрийн саналаа хуваалцъя. Атрын анхны аянаас хойш 65 жилийн түүхэн хөгжлийн явцад үр тарианы аж ахуй, бие даасан салбар болтлоо өргөжин, тэр хэрээр мэргэшлийн  туршлага хуримтлуулсан ажилчидтай болсон. Тус салбарын хөгжил хоорондоо нягт хамааралтай хүнхөрс-техник-үр, таваарын буудай гэх мэт хүчин дөрвөн зүйлүүд дээр тогтож ирсэн. Гэтэл үр тарианы салбарын тулгамдсан асуудал экологи, эдийн засаг, нийгмийн чанартай болж хөгжих үү, сүйрэх үү дээрээ яагаад тулав. Судлаачдын үзэж байгаагаар 1.2 сая га талбайд үр тарианы аж ахуй эрхлэх боломжтой, хөрс, цаг уурын орчин Монголд бий. Сүүлийн жилүүдийн дунджаар жилдээ 400 мянган га талбайд үр тариа тариалж байгаа. Харин талбайн 60-аас доошгүй хувь элэгдэлд орж, ялзмагийн үзүүлэлт 2.5-3.0 хооронд хэлбэлзэх болсон. Хөрсний бүтэц алдагдаж, ялзмагийн үзүүлэлт буурч, бордооны хэрэгцээ өндөр болж, үр тарианд шаардагдах наад захын эрдэс азотоор “өлсөх” болсон. Үүний гол шалтгаан уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэртэй бус байдал, усан хангамж зэрэг боловч нөгөө талаар төрийн оновчтой бус бодлого, гурилын үйлдвэрийн монопольчлолтой холбоотой.

-Төр засгийн оновчгүй бодлого, гурилын үйлдвэрийн монопольчлол гэдгээ та жаахан тодруулахгүй юу?

-Сүүлийн хоёр жилд татаас хэлбэрээр олгодог байсан түлшний сураг тасарч, үрийн буудайн хангамж ч яригдахаа больж байна. Аль ч оронд дизель түлш бусад төрлийн шатахуунаас хямд байж хот хоорондын тээвэр, ХАА-н салбараа дэмждэг. Гэтэл манай оронд эсрэгээрээ. Мөн улаанбуудай, гурилын гаалийн татварыг байхгүй болгосноор гурилын үнийг бууруулах горьдлого талаар болж, тариаланч, хэрэглэгчид эдийн засгийн дарамтад орж байдал сайжирсангүй. Япон мэтийн оронд тариалангаа дэмжихийн тулд хэд дахин хямд Хятадын цагаан будаанаас татгалзаж, тухайн салбараа унагахгүй байхад анхаардаг. Салбар дампуурвал олон тооны ажиллах хүч, техник үгүй болж, тариан талбай лууль болно. Тэр цагт Хятадын цагаан будааны үнэ өсч, хүнс бусдаас хараат болно гэж үздэг. Харин бид бусдын хараат болох гээд тэмүүлээд байдаг нь даанч харамсалтай. Тэгэхээр одоо үр тарианы аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх гол чиглэлд хаа хаанаа анхаарлаа хандуулах цаг нь болсон.

-Хөгжлийн бодлогыг шинэчлэхэд юунд анхаарах ёстой вэ?

-Тариалан эрхлэлтийн суурь капитал болох талбайн хөрсний бүтэц, ялзмагийг тордох, үржил шимийг тасралтгүй дээшлүүлэн ногоон бордуур, цомхотгосон болон тэг элдэншүүлгийг тухайн бүс нутаг, цаг уурын нөхцөлд тохируулан ашиглахад оршино. Мөн тариалалтын технологийг чанд мөрдөн, талбайн түүх болон, карт хөтлөх, талбайгаа зохистой ашиглах. Сэлгээний тарималд заавал буурцагт ургамал, төмс, хошуу будаа, арвай, ногоон бордуур зэргийг оруулж байх. Тариаланчдын хариуцлага хандлагыг дээшлүүлэхийн тулд тариалалт, хураалтад шаардагдах хугацааг ойролцоо, болж өгвөл ижил байхаар тооцон, үрлэх угсарааны техник, үр тарианы комбайны тоог зохистой байхаар паркаа зохион байгуулах. Үүний тулд шинэ техник, технологид суралцаж, тэргүүн туршлага судлах, нэгж га-гийн ургац нэмэгдүүлэх, ээлжлэн тариалах системд ач холбогдол өгч ажиллах ёстой. Дээрээс нь тариалан эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс үр тарианы аж ахуйд таримлын захиалга өгч, зохих санхүү, үр, материалын дэмжлэгтэй хослуулан тодорхой шалгуур тогтоож, шалгуур үзүүлэлт нь стандартын жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг гэрээний нөхцөлөөр төр шууд худалдан авах менежментийг санаачлах, төрөөс хүн амын эрүүл мэндийн байдалд зохицох, үл зохицох хүнсний бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээг гурван жил тутамд үнэгүй зохион байгуулж, ямар таримал тарих, тарихгүй талаар өгсөн удирдамжийг мөрдөн, хамтарсан гэрээг газар тариалангийн аж ахуй, хувь хүмүүстэй байгуулж, худалдан авах таваарын бүтээгдэхүүний үний саналаа хавар мэдээлж байх.

Мөн тодорхой шалгуур хангасан нөхцөлд төрийн татаас, урамшуулал, татварын хөнгөлөлт зэргийг үзүүлэх зарчимд шилжих зүйд нийцнэ. Үр тарианы сорт, шинэ техник, технологи нутагшуулахад анхаарч, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх боломжийг хайж, хүнсний болон гурилын үйлдвэрүүд, хэрэглэгч нартай харилцан  ашигтай  хамтын менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулснаар хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлага, бүтэц, уугуул гарал, биологийн төрөл зүйлийн судалгааг хөгжүүлэх, судалгаанд тулгуурлан шинэ мэдлэг бий болгох замаар төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Үр тарианы аж ахуйн тогтвортой байдлыг хангах, үнэлгээг нь тогтоож хэрэгжүүлэх талаар бас үгээ хэлдэг?

-Үр тарианы аж ахуйн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд агротехникийн шаардлагыг чанд баримталж, нэгж га талбайн ургацыг нэмэгдүүлэх, техникчдийг тогтмол сургалтад хамруулж, тасралтгүй залгамж халааг бэлтгэх зэрэг ажил чухал.  Байнга үрийн болон техникийн шинэчлэл хийх, ургацыг улс худалдан авдаг тогтолцоог бий болгох, үүсгэл санаачилгын байгууллагыг дэмждэг механизм бүрдүүлэх, мөн удам дамжсан, хоёроос доошгүй жил тракторын жолоочоор ажилласан тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөх зэрэг тогтвортой байдлын цогц шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж болох юм. Үүнийг ХХААХҮЯ албан ёсоор санаачлан, зохих журмын дагуу хэрэгжүүлэх зүйтэй болов уу. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид, хуулийн этгээдийн тогтвортой байдлын шалгуурыг дөрвөн жил тутамд үнэлэн, цаашдын ажилд дүгнэлт өгч байх хэрэгтэй. Энэ хугацаа бол нэг цикль хийх ээлжлэн тариалалтын хугацаа юм. Үнэлгээний гол шалгуурт экологийн зохист байдлыг хадгалах, эдийн засгийн чадавхтай байдал мөн нийгмийн хариуцлагатай байх үзүүлэлтүүд орно. Мөн экологийн зохист байдлыг хадгалах гэж нарийн юм байна. Үүнд талбайн хөрсийг доройтуулахгүй байхад анхаарч, эрдэс, шим бордоог тогтмол хэрэглэх, хөрсний үржил шимийг хамгаалан сайжруулахад зохих хөрөнгө оруулсан, шинэ технологи нэвтрүүлсэн байх, салхины эвдрэл бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан, мод тарьсан, сүрлэн хучилга хийсэн байдал, мөн талбайд ажиллах техникийн явалтыг цөөлөн, ургамал хамгааллын ажилд авц өргөнтэй, бүтээмж өндөр Apache маягийн өөрөө явагч  буюу  Dron ашиглах зэрэг орно.

-Ер нь газар тариалангийн нөхцөл байдлын талаар асуух юмнууд байна. Үр бордоо, техник хэрэгсэл, татаас урамшуулал түүнийг хэрхэн зохицуулах гээд?

-Монгол орны нөхцөлд тохирсон ган, хүйтэнд тэсвэртэй, ургац өндөр, ургалтын хугацаа тохирсон сортын үртэй байх хамгийн чухал. Тарих, хураах, хураалтын дараахь боловсруулалт, хадгалалтын техник, тусгай зориулалтын ХАА-н машинтай байх. Үүнд: Үр хордуулах, ургамал хамгаалах бусад машин хамаатай. Таваарын будаа, бусад бүтээгдэхүүнүүд зайлшгүй пестицидын үлдэгдэл тодорхойлох лабораторийн шинжилгээнд хамрагдсан байх. Тавааржилтын түвшин болох натур жин, чийг, цавуулаг, цэвэршилт гэх мэт. Дээрээс  нь үрийн чанар стандарт хангасан байх, ажиллагсдын цалин, техник ашиглалтын зардлыг бүрэн хариуцах чадвартай байх нь мэдээж. Шинэ техник, технологийн сургалт, зөвлөх үйлчилгээнд зайлшгүй хамрагдаж, техникийн шилэн сонголт хийхдээ үйлдвэрлэгчийн туршлага, түүхэн замнал, тухайн техниктэй ажиллах угсарааг бодолцох нь зүйтэй. Манай улсад 30 орчим төрөл, серийн трактор, мөн тийм орчим төрлийн үр тарианы комбайн байна. Тэдгээрийн засвар үйлчилгээг зохион байгуулах бэрх тул цөөхөн загварын трактор, комбайн, ХАА-н машин чухал. Монголд нэг техникийг нөгөөгөөр засдаг дэлхийд байхгүй арга технологи бий. Үр тарианы аж ахуйд төрөөс үзүүлэх дэм, урамшуулал нь уур амьсгалын эрс тэс нөхцөлд тогтвортой ургац авах, талбайн соёлжилт, техник ашиглалтыг сайжруулах, экологийн зохист харьцааг хадгалах, хүнсний түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний үнийг тогтвор  жуу лахад чиглэгддэг. Татаас, урамшуулал үзүүлэхдээ үүсгэл санаачлагчдын байгууллагын тодорхойлолд, ажлын байр олголт, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, маналайлал, орон нутгийн хүсэлт зэргийг үндэслэх нь зүйтэй болов уу. Татаас, урамшуулалд хязгаарлалт, алагчлал байхгүй байх. Тухайлбал, трактор, бусад техник худалдан авахад төрөөс үзүүлэх үнийн  хөнгөлөлт тухайн техникийн чадлаас үл хамааран, хувь хүн, аж ахуйн нэгжид тэгш үйлчлэх нь чухал.

-Сүүлд нь асуухад, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулагдсан. Зөвхөн үр тариа гэлтгүй монголчуудын хүнсний аюулгүй байдалд сүүлийн үед анхаарал татах болсон?

-Шуудхан хэлэхэд, улсын байгууллагад ажиллагчдын намчирхах байдал хэрээс хэтэрч, төрд биш даргад үйлчлэх байдал улам газар авч үүний гороор салбар яамд, холбогдох хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн удирдлага бүгд босоо тогтолцоотой болсон. Эл байдал ХАА-н салбар, тэр дундаа үр тарианы үйлдвэрлэлийг тойрсонгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хувьсгалыг санаачилж зарласан. Хүнстэй холбоотой төрийн болон хувийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, тэдний ажил хэрэгч чанарыг идэвхжүүлэх гэсэн оролдлого юм. Миний бие Хүнсний хувьсгалын хурал, уулзалтад удаа дараа сууж, ажигласан зүйл гэвэл дээр дурдсан байгууллагууд болон удирдлага нийгэмд ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстойгоо мэддэггүй, мэдсэн ч яаж хэрэгжүүлэх ухаанаа олохгүй байх шиг санагдсан. Эл байдалд цэг тавих боломж бүхий Засгийн газрын тогтоол тавдугаар сарын 15-ны өдөр гарсанаар Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулагдсан. Ингэснээр хүнсний салбарын хөгжил шинэ шатанд гарах, хүнсний үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжих боломж  бүрдсэн. Хүнсний асуудал дан ганц ХХААҮЯамны мэт ойлголтоос салж, монгол хүний эрүүл ахуйн байдлын суурь судалгаан дээр үндэслэгдэн хийгдэх ажил гэдгийг бусад салбарынханд таниулсан үйл явдал боллоо. Хүнсний үл зохицлын лабораторийн судалгаанаас харахад шинжилгээнд хамрагдсан 10 хүн тутмын 9-д гурилын цавуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс дээгүүр үзүүлэлттэй болно. Цавуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хүний биед хуримтлагдахад, тэнэгрэл (альцгеймер), сэтгэцийн өвчин, хоол боловсруулах эрхтэн систем хямраах, чихрийн шижин, харшил гээд олон өвчний эх сурвалж болдог. Эл байдал цавуулаг ихээр агуулдаг улаанбуудайн гурил үйлдвэрлэлд хязгаар тогтоохыг сануулж байна.  Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн зөвлөмжийн дагуу хүний эрүүл мэндийн байдалд нийцсэн гурилыг янз бүрийн орц найрлагаар хийх болно. Хүсвэл үр тариа эрхлэгчид дундын хоршооны хэлбэрээр хамтарсан үйлдвэр орон нутагтаа зохион байгуулж, гурил хийх боломжтой. Орон нутгийн гурилын үйлдвэрийг дэмжиж чадвал тээврийн зардал хэмнэгдэнэ. Хотод буудайгаа зөөж авчраад, буцаагаад хөдөө гурил болгон тээвэрлэж хоёр удаа явалт хийхээ болино. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн үр тарианы компаниуд орон нутагтаа гурилын үйлдвэрүүд байгуулснаар, тэд дөрвөн улирлын турш ажиллах нөхцөл бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, “Дорнод гурил”, “Хурах гол” үйлдвэрүүдийг нэрлэж болох юм. Гурилыг цавуулгийн агууламж багатай, цавуулаггүй хошуу будаа, арвай, хөх тариа, эрдэнэшиш,  шар будаа, буурцагт ургамал, арвай гээд манай орны нөхцөлд ургаж болох 10 гаруй төрлийн үр тариа, буурцагт ургамлаар хийж болно. Олон үрийн, бүхэл үрийн, хатуу, зөөлөн буудайн гээд 20 гаруй төрлийн гурил хөрш орнуудад байна. Мэдээж хүнсний хүрээлэн өөрсдийн стандарт, орц найрлага, хийх технологид сургана. Тариалангийн аж ахуйнуудад хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийн захиалга хийж, урьдчилгаа санхүүжилт хийх, шууд худалдан авах хэлбэрээр энэ салбарыг аврах бодлоготой ажиллах ёстой. Энэ бүхнийг хийхэд нэгж тн улаанбуудай болон гурил үйлдвэрлэхэд шаардагдах зардал, хөдөлмөр нормчлол, бүтээгдэхүүний өөрийн өртгийг шинжлэх ухааны үүднээс тогтоох ёстой. Эцэст нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ашгийн хуулийг бий болгон, хэн дуртай нь аманд орсон үнээ хэлдэг байдлыг халах хэрэгтэй. Үүнийг хийж чадвал бид үр тарианы үйлдвэрлэлээ авч үлдэнэ. Бусад салбарт ч үлгэр болох ёстой. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын яамд, салбарын их, дээд сургууль, хүрээлэн, холбогдох лабораториуд ажил, үүргээ ойлгон, юу хийхээ мэддэг болно.

Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас “Зариг.мн” сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлчээр ажиллахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг шийдвэрийг шүүх хүлээн авч хэлэлцээд Н.Өнөрцэцэгт холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл сэтгүүлчийн ажлаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй. Шүүхээс гаргасан уг шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн гол хоёр заалтыг зөрчиж байгаа юм. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй” гэж заасан байдаг. Мөн шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэж заасан. Монголын төр хуулиа дагах ёстой. Монгол Улсын шүүх хуулиа дагаж мөрдөх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн хоёр гол заалтыг зөрчсөн ийм шийдвэрийг шүүхээс гаргасан нь сэтгүүлчдийг, Монголын сэтгүүл зүйг тохуурхсан явдал боллоо.

Шүүхийн энэхүү байж боломгүй, хууль бус шийдвэртэй холбогдуулж сэтгүүлчид, улстөрчид, хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Ц.Оюундарь “Монгол Улсын ямар ч хуульд ийм заалт байхгүй. Хуулийг орондоо засдаг хүмүүс сэмээрхэн шургуулчихсан байдаг биш юм бол Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид уг заалтыг яаралтай олж, ил гарган хуулийг хэрхэн яаж завхруулдгийг илчлэх хэрэгтэй. Өнөөдөр Н.Өнөрцэцэгт тохиолдож буй явдал маргааш танд тохиолдох магадлалтай учраас ажил үүргээ гүйцэтгэж байгаа бүх сэтгүүлчид нэгдэж, шаардлага тавих хэрэгтэй” гэсэн бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд тэргүүн Б.Ууганбаяр “Ардчиллын амин чухал хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хазаарлаж, хязгаарлаж одоо бүр сэтгүүлчийн ажлыг шүүхээр хориглодог боллоо. Бид асуудлаа шийдэхийн тулд нэг зүгт нэг зорилготой зүтгэх цаг ирсэн байна. Хэвлэлийн эрх чөлөө хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм” хэмээн эсэргүүцсэн.

Н.Өнөрцэцэгт тулгасан энэ шийдвэр нь Монголын сэтгүүл зүйг даажигнаад зогсохгүй Ерөнхий сайдаа хорлосон шийдвэр шиг харагдаад байгаа. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн үнэн мөнийг илчилнэ. Нийгэмд шударга ёсыг тогтооно. Авлигачидтай тэмцэнэ. Хүний өөрийн нам хамаагүй хууль бус үйлдэл гаргасан хэний ч өмнө хууль тэгш үйлчлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тэгвэл Монголын шүүх ямар ч хуульд байхгүй ийм заалтаар сэтгүүлчийг шүүсэн нь Ерөнхий сайдаа элэг барьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Хэвлэл мэдээллийн амыг барих гэж дайрсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх  үндсэн эрхээ эдэлснийхээ төлөө буруутан болж нийгмийн шаар шавхруу доог тохуурхал болдог явдал тухайн Засгийн газрыг өрөвдөлтэй харагдуулдаг.

Олны дунд нэг ийм үг байдаг даа. “Ц.Элбэгдорж сайн муугаар олон хэлэгдсэн. Зарим нэгний хэлдгээр муу хүн байж болно. Хичнээн гүтгэн доромжлуулж байсан ч тэр улс төрд явсан 30 шахам жилд нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй. Үүгээрээ том улстөрч гэдгээ харуулдаг” гэж яригддаг. Энэ утгаараа уг шийдвэр Засгийн газрыг үхээнц дорой өрөвдмөөр харагдуулж байна. Тухайн иргэнийг эзэмшсэн мэргэжлээр нь шүүхээс хорьж байгаа юм бол шат шатны шүүхээр шалгагдаж байгаа улстөрчид бүгд мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстойг хэлэх хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, Нийгмийн даатгалын сан, нүүрсний хэрэг, ногоон автобусны хэрэг, Зайсангийн ам, Туулын бургасыг хядсан гээд эдгээр асуудалтай холбоотой бүх хүмүүс мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстой, тэгж байж шударга шүүх тогтоно хэмээн эсэргүүцэж байна.

Нарийн мэргэшил шаардсан ажлыг онцгой тохиолдолд шүүхээр хориглож болох юм. Жишээ нь, анагаах ухааны анхан шатны мэдлэггүй хүн нарийн мэргэжлийн мэс заслын эмчээр ажиллана гэж үзвэл хүний амь настай холбоотой хэмээн үзэж тухайн иргэний мэс заслын эмчээр ажиллахыг нь хуулиар хориглож болох юм. Түүнээс хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь хуулиар хааж боож болохгүй ээ. Тухайн иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ямар ч цаг дор бүрэн дүүрэн эдлэх эрхтэй. Тэр ч бүү хэл шоронд хоригдож эрх чөлөөгөө хасуулсан ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй байдаг.

“Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо. Шүүхийн энэхүү шийдвэрт ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх хуулиар нээлттэй. Хүний амьдрах эрхэд халдана гэдэг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зарчим, тунхаглалаас ухарч буй үйлдэл юм” гэж хуульч Р.Булгамаа хэлж байна. Тэгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг Монгол Улсын Ерөнхий шүүгчид гомдол гаргаж ямар ч хуульд байхгүй ийм заалтаар ял тулгаж буйг эрс эсэргүүцэх хэрэгтэй байна. Мөн Хүний эрхий үндэсний комисс хүний үндсэн дархан эрх ноцтой зөрчигдсөн энэ асуудлыг ул суурьтайгаар авч үзэж, нийгэм олон нийтэд хуулийн дагуу шуурхай мэдэгдэх хэрэгтэй байна.

Яг үнэндээ бол ямар ч хуульд байхгүй шүүхийн шийдвэрт Монгол Улсын нэг иргэн хохирч байгаа гэдгийг өнөөдөр тоож байгаа эрх баригч, холбогдох байгууллагынхан алга. Нэр бүхий хэдэн сэтгүүлч, хуульчид л өөрсдийн байр сууриа илэрхийлснээс өөрөөр эсэргүүцэн тэмцэж байгаа хүн ч алга. Хэрвээ ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг гадны улс оронд яг ийм хууль бус шийдвэрээр хэн нэгэнд ял тулгасан бол нийгмээрээ босоод тэмцэж байгаа. Бид шүүхийн шийдвэр гарсан даруйд нийгмээрээ босч Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа эсэргүүцэл зарлан жагсах байлаа. Гэвч Монголын нийгэм тэр чигтээ нам гүм байгаа, дор бүрнээ амиа хичээн чимээгүй байгаа нь харамсалтай.

Жагсаж тэмцэх нь бүү хэл “Энэ муу сэтгүүлч ажлаа хийхгүй бол турж үхэх гээд байна уу” гэж доромжлон басамжилж байгааг юу гэж ойлгох вэ. Монголчууд аа, нэг иргэн маань Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхээ эдэлж чадахгүй, хаана ч байхгүй хуулийн заалтаар шүүхээс эрхээ хасуулчихлаа. Энэ бол ганцхан Н.Өнөрцэцэгт хүлээлгэж буй шүүхийн шийдвэр биш. Монгол хүний үндсэн эрх ямар ч дархлаагүй, Монголын хууль шүүх иргэндээ ямар ч үндэслэлгүй хэрэг тулган шаардах аюул нүүрлэснийг харуулж байна. Тиймээс энэ асуудал дээр хүн бүхэн сэрэмжтэй хандах ёстой. Ямар ч хуульд байхгүй заалтаар сэтгүүлчийг, хувь иргэнийг шүүж байгаагаа шүүхийнхэн тайлбарлах хэрэгтэй байна. Хуулийн яг ямар заалтаар ийм шийдвэр гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхээс нийгмээрээ асуух хэрэгтэй байна. Хүн бүхэн үндсэн эрхийнхээ төлөө тэмцэх цаг иржээ. Аль юм болгон хулчгар дорой, боол шиг амьдрах юм бэ?

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ханш нээх өдөр DNN.mn

Нүүдэлчин монголчуудын шүтэн барилдлагат өдрийн нэг нь ханш нээх өдөр юм. Дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан үздэг. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, мөн хур усны цаг, ичигсэд хөдлөх, гэгээн тунгалгийн өдөр буюу ханш нээх, тариалангийн улирал хэмээн үзнэ. Үүн дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж өвсний үндэс хөдлөн амь орно. Хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг амьтай бүхний “зүрх” баяссан бурхны 108 хоног хэмээн бэлгэшээдэг нь ийм учиртай. Энэ утгаараа ханш нээх өдөр монголчууд уул ус, байгаль дэлхийгээ аргадаж, өвөг дээдэс, ижий аавынхаа ариун голомтыг шүншиглэн ном хуруулж буяны ерөөл өргөдөг.

Тэр жилийн хавар Төрийн шагналт найрагч Долгорын Нямаа тэргүүтэй найрагчидтай Дорнын говиор дөрөө харшуулан явахдаа “Хулангийн шанд” хэмээх газар дөрөө мулталж билээ. Тэр өдөр ханш нээх өдөр тохиосонд нутгийн өвгөд хөгшид бэлгэшээн “Оюун билгийн их хүмүүс ханш нээх өдрөөр нутагт минь дөрөө мулталлаа” хэмээн чин зүрхнээсээ баярлаж байсан сан. Цэдэндорж хэмээх сайхан хөгшин “Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж өвс ургамал тэгш ургахын тэмдэг юм” хэмээн хэлж билээ. Тэгэхээр малчид маань ханш нээх өдрөөр олон зүйлийг шинждэг нь мэдээж. Ангир ирвэл нуур амарлаа, агь нүдэлбэл тал амарлаа гэж баярладаг ард түмэнд минь өнөөдөр голын мөс баринтгаа задлан ангирын шаргал ганганаа сонсогдож урин цагийн дуудлага ирж байна.

Ханш гэдэг нь ээлтэй гэсэн утгатай үг. Хүн бүхэнд энэ өдөр ээлээ өгч, хаврын тунгалаг нарны цацраг шиг гэрэлтэн гийгүүлэх болтугай гэх билэг ерөөлийг өргөе.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Монголын төрд насаараа зүтгэсэн надад хадгаламж, зуслангийн байр алга” гэж Балхаажав гуай хэлж билээ DNN.mn

Ц.Балхаажав гуай, В.Алзахгүй доктор бид гурав. 2019 он

1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуай маань монгол тооллоор 97 нас хүрээд, улирагч оны сүүлээр бурхны хутгийг олсон билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор тэрээр монгол төрийн зүтгэлтэн гэж ийм л байдаг болов уу гэх бодлыг бататгасан нэгэн байлаа. Ерэн оны эхэн үеэс улс төрийн албанаас хөндийрч ном эрдэм, шинжлэх ухааны гол салбар хүн судлал, философийн судалгаанд эрдэм оюунаа зориулсан байдаг. 2019 оны хавар түүхийн ухааны эрдэмтэн доктор Вандангийн Алзахгүйн өрөөнд бид гурав, бүтэн өдрийн туршид хөөрөлдөж төр нийгмийн нэрт зүтгэлтэн, буурал эрдэмтэн түүнээс бишгүй олон зүйлийг сонирхон асууж байлаа.

Балхаажав гуай бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн. 1928 онд төрсөн гэдэг. Өвөг эцэг нь Бат-Очир тайжийн хүү Түвдэнсүрэн гэж язгууртан, тамгын бичээчээр он удаан жил ажилласан нэгэн байсан учир түүнд хуучин бичгийн зүг чигийг анх заажээ. 1937 онд түр сургуулийн босго алхаж, тэр өвлөө одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Цагаан оломын бага сургуульд очиж суралцсан байна. “Миний өөрөөр нь овоглодог нагац ах Цэрэнпил цээж тоонд сайн болгосон. Зургаа, долоо настайгаас минь цээжээр тоо бодуулж сургасан, би гэдэг хүн нэг саяын дотор толгой өвдөхгүй хариуг нь шууд хэлдэг байв. Нутагтаа амралтаар очиход багийн дарга зүгээр суулгахгүй, малын тоонд авч явна. Бүр багаасаа л би бичээч хийж, тоо бодож суманд ч, багт ч зарагдаж явсан. Мөн улаа нэхнэ, өртөө хийнэ гээд барагдахгүй их юм үзэж туулж дээ. Цагаан оломд гурван жил суралцаж төгсөөд Завханы дунд сургуульд ирсэн. Дөчөөд оны үе. Говь-Алтай аймаг Завханаас дөнгөж салж тусдаа аймаг болж байсан цаг гээд бодохгүй юу. Улиастайд ирэхэд шар Рэнцэн гэж өндөр багш хүлээж авч хичээл заасан. Их сургуульд сүүлд багшилж байгаад нас барсан алдартай Дашцэдэн багш арван наймхан настай залуу Завханы дунд сургуульд анх кирилл бичиг зааж байсан. Миний кирилл бичиг Дашцэдэн багшийн бичгийн хэлбэр юм. Хавар нь багш болж сумандаа очсон ч хоёр жилийн хугацаанд хөдөө мал малласан. Учир нь яг тэр үед ээжийн бие муудаж, дөчин гурван онд таалал болсон. Ээж минь Түвдэнсүрэнгийн Намнансүрэн гэж хүн байв. Дөчин таван онд би бичиг үсгийн багш болсон. Албан ажилд анх томилогдсон нь тэр. Бичиг үсгийн багш нэг жил хийгээд улаан булангийн эрхлэгч, дараа нь сумын бага сургуулийн захирал болсон. Ингээд дөчин найман онд Улаанбаатар хотноо Намын дээд сургуульд ирсэн” гэж бага залуу насныхаа тухай хуучилсан.

Намын дээд сургуулийг төгсөөд тухайн цагтаа дэлхийн шинжлэх ухааны гол төв болж байсан Москвагийн их сургуулийн философийн ангид тэртээ 1959 онд таван оюутан явсны нэг нь гэдэг. “Философийн шинжлэх ухаан гэдэг чинь ерөөсөө л ертөнцийг үзэх түгээмэл үзэл. Аливаа юмны голыг нь олж үзэх үзэлд сургахыг хэлж байгаа юм. Тоо, физик, хими гээд байгалийн шинжлэх ухаанаар хэрхэн суурь хийж үзэгдэл юмсыг тайлбарлах вэ гэдгийг сургана. Мэдээж байгалийн ухаануудыг заана. Би хими, биологийн чиглэлийг голлож авсан. Байгалийн шинжлэх ухаан философитой нийлэхээрээ юу болох уу гэдэг суурь ойлголтын гаргалгааг хэлж өгдөг” гэж буурал профессор хэлж байсан. Тэрээр одоогоос бараг нэгэн жарны өмнө буюу 1967 онд тухайн үеийн дэд эрдэмтний зэргийг философиор хамгаалаад түүнээсээ гучин жилийн дараа буюу 1997 онд “Хорьдугаар зуун ба хүн судлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан түүхтэй.

Намын төв хороонд ажилласан тухайгаа ийн өгүүлсэн юм. “Төв хороонд үзэл суртал эрхэлсэн Дэжидийн Чимэддорж дарга нэг өдөр дуудаад “Лхамсүрэн гуай хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар явна. Чи үзэл суртлын хэлтсийн эрхлэгч” болно гэж далан хоёр онд хэлсэн. Ингэж тушаал буулгаад Улс төрийн товчоонд орж батлуулсан. Тэгээд долоон жил үзэл суртлын хэлтсийн дарга хийлээ. Түүний дараа нь С.Жалан-Аажав дарга дуудаад “Чи үзэл суртлын хэлстийн даргыг ажлыг Адъяад өгнө. Чи өөрөө намын байгууллагын хэлтсийн эрхлэгч болно” гэдэг юм. Намын байгууллагын хэлтэст очоод гурван жил болж байтал Гомбожав дарга дуудлаа. “Чи намын байгууллагын хэлтсээс гадаад харилцааны хэлтэст очно” гэв. Ингэж би Төв хороонд гурван хэлтэс дамжсан. Гадаад харилцааны хэлтэст гурван жил болсон. Гадаад яамыг, мөн гадна дотны харилцаа, элчин сайд гээд Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой бүх асуудлыг хариуцна. Чадал чансаа хүрэхгүй зүйл байсан. Намын Төв хорооны нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд зүтгэхийг надад Батмөнх дарга хэлсэн. Наян дөрвөн оноос ерэн оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд төрийн өндөр албанд зүтгэсэн. Ерэн оны гуравдугаар сарын онцгой их хурлаар огцорч хөөгдөөд дээлээ үүрээд, номоо тэврээд гэртээ харьсан ийм л түүхтэй” гээд инээд алдаж билээ.

“Цэдэнбал даргатай ойр байсан хүний нэг та яах аргагүй мөн. Ер нь Бал дарга таныг өөр дээрээ авсан гэх яриа байдаг” хэмээн тулгасан асуулт тавихад, Бал даргын цэрэг нь юм чинь би ойр байлгүй яахав. Дуудсан цагт нь яваад орно, ажлаа танилцуулна. Гадаад харилцааны хэлтэс Бал даргын шууд харьяалалд байсан. Намын байгууллагын хэлтэс, үзэл суртлын хэлтэс өөр дарга нараар дамжина. Гадаад харилцааны хэлтэст очсоноос хойш байнга юмаа танилцуулна. Намайг Улс төрийн товчооны хуралд ороход Бал дарга “Би чамайг өөр дээрээ авлаа” гэж хэлээд шууд батлуулж байсан. Бал дарга тэгж намайг өөр дээрээ авсан нь үнэн юм. Гомбожав дарга “Чи надаар заалгалтгүй гадаад харилцааны юмандаа өөрөө суралц” гэж хэлж байсан. Гадаад харилцааны хэлтэст байхад нэг албан бичигт жижиг алдаа гаргаж Бал даргаас бүтэн цаг лекц сонсож байсан удаа бий. Ер нь Бал даргатай өдөр тутам гэх нь юу юм, гэхдээ их л ойр байсан. Заримдаа манай өрөөгөөр ороод ирнэ.

Бал даргыг ороод ирэхэд би чинь босоод харайна биз дээ. Тэгэхэд “Суу суу, ажлаа хий. Би зүгээр л юм сонирхож явна” гэдэг сэн. Их товчхон үүрэг өгдөг байсан. Үг яриа нэг их хэлээд тайлбарлаж удаад байхгүй. Хүнийг урдаар буруутгах, наануу цаануу болохгүй. “Энэ чинь ийм ийм учиртай, тэр улсуудыг чи сайн мэдэх үү, судалсан уу” гэнэ. Тэгээд өөрөө заримыг нь хэлж өгнө дөө. 1988 онд хойно байхад нь очиж уулзсан. Даргын авгай Филатоватай утсаар яриад “Москвад ирснийх дарга та хоёртой уулзаж болох уу” гэхэд “Болно” гэж зөвшөөрсөн. Дөчин хэдэн минут уулзсан. Комиссар нь Чулуун байсан. Авгайтай эхлээд Улаанбаатарын амьдралын тухай жаахан ярилцсан. Авгай Улаанбаатарын амьдралыг юу гэж харж байна, та нар энэ хүнийг юу гэж боддог уу гэж Бал даргын тухай асууж байсан. Ингээд цаанаас дарга орж ирсэн. Намайг хараад шууд таньсан. “Чи хаачиж яваа юм” гэж асууж билээ. Даргад тэр үед нэг дутагдалтай нь мартаж санах асуудал байсан. “Тэр хаана байгаа вэ” гэж зарим нэг хүний тухай дахин дахин асууна. Дарга бол хүмүүсийг овог нэртэй нь шууд хэлдэг, тийм онцгой ойтой хүн байсан юм. “Монголын байдал ямар байна” гэхээс өөр зүйл нэг их асуугаагүй. Тэгтэл авгай “Одоо болно, чи ядарчихлаа” гээд даргыг цаад өрөө рүү нь оруулсан. Тэр бол бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан гэв.

Яриан завсраа бас нэг сонин юм хэлсэн нь Бал дарга Хрущёв хоёрын хоорондын харилцааны асуудал. “Сталины хөшөөг буулгаж хая, Чойбалсанг буруутга” гэж Хрущёв Цэдэнбалд тушаах маягаар хэлдэг байсныг тэрээр шуудхан хэлсэн. “Чойбалсангаа

бид хэзээ ч муулахгүй, тэр хүний Монгол Улсын тусгаар тогтнолд баримталж байсан ардач байр суурь их зөв байсан. Сталин бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах байтугай олж авахад гол байр суурь баримталж байсан. Тиймээс Сталиныг монголчууд бид үзэн ядах боломжгүй, хөшөөг нь буулгахгүй” гэж Бал дарга Хрущёвын өөдөөс эрсхэн хэлж, тусгаар улсын эзэн гэдгээ харуулж чадаж байсныг дурдаад Хрушёвын олон удаагийн үүрэг даалгаврыг хүлээж аваагүйг нь хэлсэн. Энэ бол хожим эргээд бодоход Балхаажав гуай цаг түүхийн гэрч болсон хүний бас нэг хэлэх ёстой үг байж дээ гэж эрхгүй бодогддог юм.

Өвгөнөөс Жамсрангийн Самбуу гуай, Батмөнх дарга, Түмэнбаярын Рагчаа гээд монгол төрийг удирдаж байсан хүмүүсийн тухай нэг бүрчлэн асуухад эхлээд Самбуу гуайн тухай дурсаж билээ. “Самбуу гуай намайг танина, би бол сайн танина. “Амьдралын сургаал” ч бил үү хуучин бичгийн номоо кирилл болгож надаар хуулуулсан юм. “Энэ номыг чи кириллд оруулаатах. Чамд хугацаа тогтоохгүй ээ” гэж хэлээд өглөө. 50, 60-аад хуудас ном байсан. Самбуу гуай тэр үед АИХ-ын дарга байсан. Би өнөөхийг нь гурав хоногийн дотор бичээд өгчихлөө. “Чи сайн хийсэн биз” гэж асууж байсан. Яг л байгаагаар нь хийхийг бодсон гэдгээ хэллээ. Түүнээс хойш нэг жил тойрсны дараа АИХ-ын нарийн бичгийн дарга Готов гуай “Чамайг Самбуу дарга дуудаж байна” гэдэг юм. Дахиад л бас нэг ном өгөх нь дээ, яаж хийж өгнө дээ гэж бодоод орсон чинь 400 төгрөг өглөө. Дандаа тавьтын дэвсгэрт. “Чи миний номыг сайн хийсэн байна лээ” гэв. Дарга аа, би зүгээр л бичээд өгсөн шүү дээ гэтэл “чи ав ав” гэдэг юм. Тэгээд би одоо хүртэл нэг 50 төгрөгийг нь хадгалдаг юм. Нэг номын завсар хийчихсэн, хаана байгааг нь олохгүй байгаа. Том ногоон далбагар тавьтын дэвсгэрт. Хуучны мөнгө их том байсан. Далаад оноос мөнгө жижиг болсон. Ном сөхөх бүрийдээ Самбуу гуайн өнөө миний хадгалсан тавьтын дэвсгэрт байж байх вий гэж горьдож хардаг юм” гээд бас л инээвхийлж байсан сан.

Батмөнх даргын тухайд тэр хоёр найз нөхөд хүмүүс. Намын дээд сургуульд хамт багшилж байсан гэдэг. Дараа нь Төв хороонд нэг хэлтэст, нэг дор ажиллаж байсан.

Батмөнх гуайг Их сургуулийн захирал байхад нь Төв хороонд авчрах саналыг Балхаажав найз нь гаргасан байдаг. Батмөнх гуай 1974 онд Төв хороонд ирж шинжлэх ухаан боловсролын хэлтсийн эрхлэгч болж удаа ч Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болж дараахан нь Ерөнхий сайд болоод Балхаажав гуайн хошигнож хэлснээр түүнд гүйцэгдэхээ байсан гэдэг. “Төрийн ажилд нь би хутгалдаж оролцдоггүй, үндсэндээ хол хөндий байсан. Намайг дуудаж уулзаад ажил төрөл яриад энээ тэрээ болоод байхгүй. Гэхдээ найзууд юм хойно хааяа уулзаж ярилцалгүй яахав. Харин Батмөнх дарга намайг Намын Төв хорооны нарийн бичгийн дарга болгоё гэдэг саналыг тавьсан юм билээ. Би ч энэ хүнд тусалж, дэмжиж ойр байх нь зөв гэж бодсон. Бид хоёр хөдөө гадаа хамт явж л байсан. Хааяа тамхиа татаж, дэмий ярих гээд манай өрөөгөөр ороод ирнэ. Нэг үеийн багш нар хойно нэгнээсээ цэрвээд байлгүй дэмий юм ярина. Тэгээд би “За одоо намайг тамхиар утаж болсон бол та явна уу” гэхээр инээд алдаад гараад явдаг сан. Мэдлэгтэй, чадалтай даруухан, их ажилсаг хүн. Ажлыг бол хийж чаддаг хүн байсан” гэж хэлсэн.

Балхаажав гуай 100 шахам наслахдаа номын ширээний араас сэтгэл салгаагүй, жинхэнэ номын, мөнхүү төрийн хар хүн байсан. Тэрээр өөрийнх нь өгүүлснээр 30 гаруй боть, дөч гаруй товхимол, эрдэм шинжилгээний өгүүллэг гэвэл 140-өөд, бусад сонин хэвлэлд бичсэн барьсан юм гэвэл тоо гаргах, багцаалахын аргагүй тэр чигээрээ Монгол төр, шинжлэх ухааны “Сурах бичиг” байлаа. “Би чинь хувийн дэг гэж айхтар юманд захирагдаж явдаг хүн. Нэгдүгээрт эрт босох.Өглөөний 4, 5 гээд сэрчихдэг. Сэрсэн хэрнээ хий дэмий хэвтээд байдаггүй. Юухан хээхэн хийгээд, бичиг цаастайгаа зууралдана. Дараагийн зүйл бол юмыг заавал бодох. Бод гэдэг даалгавар бол миний ээжийн даалгавар, гэр бүлийн даалгавар, мөн төрийн ажлын даалгавар байсан. Хонинд явсан ч хаагуур хариулах уу, яах уу ийх үү гэж боддог байсан. Урьдаар сайн бодож байж шийдээ гаргадаг. Шийд гарсны дараа бол буруу зөв нь хамаагүй, түүгээрээ л явна. Гурав дахь нь буруу юмнаас зайдуу байж цээрлэж, жигшсэн бол түүнээ зайлшгүй хадгал гэсэн зарчим. Архи, тамхи, элдэв бусын хараал хэрүүл, хүнтэй муудалцах гээд тэр бүгдийг би дэмий гэж үздэг. Мөн их идэж болохгүй. Энэ нь цадтал идээд залхуурч болохгүй гэдэг ойлголт биш. Ерөөсөө ходоод гэдсээ мөнхөд өлмөн зэлмэн байлгах гэдэг утга. За тэгээд маш их явган явах хэрэгтэй гэж үзнэ. Чи бол хонь хариулж явган явж сурсан хүн, энэ хөдөлгөөнийг хэзээд ч алдаж болохгүй гэдэг шийдлийг хэвшил болгосон. Би өглөө оройдоо байшингаа явган тойрдог. Таягтай таяггүй хамаагүй явна” гэж амьдралынхаа философийг хэлсэн.

Улс орныг удирдаж, хүнийг захирч байгаа хүн өөрөө юм мэддэг байх ёстой. Өөрөө маш өндөр боловсролтой юм мэддэг байж хүнийг удирдана. Юм мэдэхгүй, хуучин мэдлэгт дулдуйдсан, аманд байгаа зүйлээрээ хүнийг удирдаж болохгүй. Өөрөө маш их ажилсаг байж бусдад үлгэр дуурайл үзүүлнэ. Төрийн хүний хэлсэн үг хийж байгаа ажил нь ноён нуруутай байх ёстой. Хүн чанарыг бүрэн хадгалж чадсан байх ёстой. Хэлсэн үг, хийсэн зүйлдээ эзэн байх ёстой. Тэр зүйл нь улс орны хөгжилд нэмэр болох тухай яригдахаас биш хувь хүний өөрийнх нь юм болж үнэлэгдэх ёсгүй гэдэг зарчмыг тэр хатуу барьдаг, чухамхүү ухамсарт амьдралынхаа мөрдлөг болгосон нь туулсан замналаас нь илхэн харагддаг байв. Намын төв хороог олон жил удирдаж, Монгол төрийн жолоог атгалцаж явсан түүнд хувийн шунал, хувийн амбиц гэж байгаагүй юм уу даа гэх бодол төрдөг. Манайхны үг ч байдаг даа. Хуучны хүмүүст шунал байгаагүй гэж.

Балхаажав гуай гэхэд л өөрийнх нь өчсөнөөр бичгийн нэг хар машинтай, улсынх байсан учир эргүүлээд тушаасан. Хувьдаа унах машингүй, зуслангийн байшингүй, хадгаламж гэж байхгүй, илүү орон сууц элдэв шалдав юм байхгүй, ерөөсөө л хийх ёстой ажлаа хийж, үүрэх ёстой ачаагаа үүрч, улс орныхоо төлөө зүтгээд албаа өгсөн ийм л хүн. Ямар сайндаа 07 га газраа хүртэл төрөөс олж авч чадаагүй. Ар гүнтэд нэг газар өгнө л гэж дуулдсан. Өнөөг хүртэл чимээгүй байна. Би ч хөөцөлдөж энээ тэрээ болохгүй юм, манай хүүхдүүд ч тийм зүйлд сонирхол муутай намайг дуурайсан хүмүүс юм гэж нэгэнтээ хэлж байхав. Цэрэнпилийн Балхаажав хэмээх ийм л ухаант буурлаас үгийг нь сонсож, ном бүтээлийг нь гардаж, мэндтэй устай явсандаа бага балчир би баярладаг. Улс орны алтан хувь заяаг атгалцаж явсан түүхэн хүмүүний гавьяаг бахархан дурсах нь хойч үе бидний үүрэг мөн гэж бодном.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монгол Улсын гавьяат уурхайчин, зөвлөх инженер Ч.Энхбаяр: Таван толгойн ордоо түшиглэсэн шинэ технологийн цогцолбор байгуулах хэрэгтэй DNN.mn

Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн уул уурхайн зөвлөх, Монгол Улсын гавьяат уурхайчин, зөвлөх инженер Ч.Энхбаяртай ярилцлаа.


-Та бол Монголын уул уурхайн нэртэй инженерүүдийн нэг. Таван толгойн нүүрсний уурхайн дарга байсан хүн. Шууд албан ажил ярихын өмнө эхлээд төгссөн сургууль, хаанаас ажлын гараагаа эхэлснийг тань сонирхъё?

-1980 онд тухайн үед МУИС-ийн харьяа Политехникийн сургуулийн уул уурхайн ангийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Анхны томилолтоо Хэнтий аймгийн Чандган талын нүүрсний уурхайд уулын мастерын ажлаар эхэлсэн. Гомбожав ахлагчтай Улсын чанарын бригад мундаг хамт олон хүлээж авсан. Өдий зэрэгтэй уулын инженер болоход тухайн хамт олон нөлөөлсөн

Дараа нь Түлш эрчим хүчний яамны харьяа Нүүрсний үйлдвэрийн нэгдэлд чанар хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Мөн 1982 оноос Эрчим хүч геологи, уул уурхайн сайдын багт ажилласан. Сайд нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай. Энд ажиллахдаа түлш эрчим хүчний салбарын шинэ техник, технологийн асуудлыг хариуцан шинэ бүтээл оновчтой санал буюу ШБОС 1984, 1986 улсын уралдаануудад салбараа сайн зохион байгуулсан амжилтаар шалгарч байсан. Нүүрсний салбараас гадна эрчим хүчний салбарын хамт олны бүтээсэн шинэ бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих зэргээр олонд хүргэж байсан. Энэ бүхэн маань инженер хүний сэтгэлгээг сайжруулахад туршлага хуримтлуулж, цаашдын ажилд маань тус дөхөм болсон гэж боддог. Ингээд 1986 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний уурхайд уурхайн даргаар томилогдсон. Орон нутгийн жижиг Таван толгой гэж хүмүүс ярьдаг. Би болохоор ууган уурхай гэж гэж хэлэх, ярих дуртай. 1966 онд байгуулагдсан манай ууган уурхай яах аргагүй мөн. Миний бие 20 жилийн ойгоо хийх жилд нь очиж байсан.

-Тухайн үед Таван толгойн уурхай ямархуу байдалтай байв. Мэдээж нүүрсээ гадагш нь экспортод гаргадаггүй байсан?

-Өмнөговь, Дорноговь, Дундговийн нүүрсний хэрэгцээг хангадаг байсан. Мэдээж экспортод нүүрс гаргаж байгаагүй. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангана. Шарын гол, Налайх, Багануур зэрэг том уурхайнууд цахилгаан станцууддаа нүүрсээ өгнө. Аймаг бүр нэг нэг уурхайтай байсан тийм л үе. Манай уурхай 40 гаруй ажилчидтай. Цогтцэций сумын харьяа Тавантолгой баг гэж байсан. Би долоон жил даргаар нь ажилласан. Хамт олонд өмчийг нь шилжүүлж байх тэр цаг мөчид ажиллаж байлаа. Би бол Таван толгойгоор овоглодог хүн. Уг ордын хайгуулын ажлыг дуусгахад манай гэр бүлийн хүн Б.Энхтуяа геологи хайгуулын ажилтан нь байсан. Манай хүн чинь Политехникийн дээд сургуулийн геологийн ангийг төгссөн. Сонирхуулахад, Цогтцэцийд байхад гурав дахь хүүхэд маань тэнд төрсөн. Өнөөдөр геологийн мэргэжил эзэмшээд Канадын Альбертын их сургуульд техникийн магистр хамгаалаад тэнд амьдарч байна. Тэгэхээр манай гэр бүл яах аргагүй ууган Таван толгой уурхайтай салшгүй холбоотой.

-Таныг Таван толгойд байхдаа 10 сая тонн нүүрс олборлох үйлдвэрийн зураг төслийг хийсэн. Даанч тэр үйлдвэр цаг үеийн нөхцөл байдлаас болоод зогссон гэж уурхайнхан ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Таван толгойн орд их онцлогтой. Коксжих нүүрсний орд шүү дээ. Тиймээс хүнд үйлдвэр, металлбургийн үйлдвэрийн түүхий эд, ган боловсруулах үйлдвэрийн түүхий эд болдог. Намайг удирдаж байх үед Таван толгойн ордыг ашиглах, нүүрсийг нь экспортод гаргах хэлэлцээрийн ажил явагдаж байсан. Миний бие тэр ажилд гар бие оролцож байснаараа бахархдаг. Жилдээ 10 сая тонн нүүрс олборлон борлуулах кокс хиймийн үйлдвэрийн зураг төслийг Ленинградын олон улсад алдартай зураг төслийн байгууллагаар хийлгэсэн. Уг төслийн багийнхан Монголд байсхийгээд ирдэг, бид хүлээж авч уулзана. Үйлдвэрээ Таван толгойд байгуулахаар ажиллаж байсан. Хэрвээ тэр үйлдвэр байгуулагдсан бол Хоёр дахь Эрдэнэт байх байлаа. Даанч 1990 онд нийгэм задраад, ЗХУ улс задраад, Сээв задраад, үндсэндээ 1992 оноос 2012 он хүртэл 20 жил энэ төсөл зогссон. 10 сая тонн нүүрс олборлон борлуулаад Солонгос руу, Хятад руу гаргах төсөл байсан.

-Сүүлд Эрдэнэс Таван толгой компани байгуулагдахад та уурхайн газрынх нь захирал байсан гэдэг байх аа?

-Тийм ээ. 2011 онд Эрдэнэс таван толгой гэж байгуулагдахад уул уурхайн газрынх нь захирлаар ажиллаж, Монгол Улсын анхны төрийн өмчит хувьцаат компанийн тулгын чулууг тавилцаж байсан. Мөн анхны сая тонн нүүрс олборлох, экспортлох уурхайг нээх ажлыг удирдан зохион байгуулж, өөрийн хувь нэмрээ оруулсан. Үндсэндээ “Эрдэнэс таван толгой” компанийн “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу нүүрс экспортлох ажлыг зохион байгуулж, анхны хөрс хуулалт, анхны сая тонн нүүрс гаргах ажлыг зохион байгуулсан. Тэгэхэд “Эрдэнэс таван толгой” компанийн захирал нь Б.Энэбиш, уурхайн дарга нь Нацагдаш, Батсайхан гэж хүмүүс байсан. Би бол Улаанбаатар хотод уурхай хариуцсан газрын захирал нь байсан. Жил гаруй хугацаанд ажиллаад 2012 оны сонгуулийн дараа улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн. 2012 оноос “Хүдэр-эрдэнэ” компанид 10 гаруй жил уул уурхай хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Миний үндсэн үүрэг бол уулын ажлыг технологийн горимын дагуу явуулах, энэ салбарын эрхзүйн орчинг хэрэгжүүлэх, дотоод хяналтыг зохион байгуулах, дээр нь төрийн захиргаа болон орон нутгийн байгууллагатай харилцах төлөөллийг гүйцэтгэж байгаа. Манай компани Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулсан, алтны шороон орд ашигладаг уурхай. Би өмнө нь голдуу нүүрсэнд ажиллаж байсан бол 2012 оноос хойш өнгөт металлын чиглэл рүү ажилласан. Алтаа аваад эрдэнэсийн санд тушаана. 1994 онд “Алт” хөтөлбөр байгуулагдахад манай компани анх байгуулагдаж байсан. 2012 оноос хойш нийтдээ есөн тэрбум орчим төгрөгийн борлуулалтын орлого хийсэн. Монголбанкны эрдэнэсийн санд ийм хэмжээний алт олборлож борлуулсан байна. “Хүдэр-Эрдэнэ” компанийн үндсэн алтны нөөц дууссан. Үүсмэл орддоо дахин нөөц оруулаад, урьд ашиглан технологийн хаягдлаар үүссэн овоолго дээр байгаа хайргыг нь ашиглах гэж байгаа. Туул голын хайргыг ашиглахгүй гэдэг ч юм уу байгалийн хохирол гараад байгаа учраас нэгэнт ашиглачихсан хайргыг барилгын материал ашиглах зорилгоор дахин боловсруулж кварцлаг 05 зуурмагийн үндсэн түүхий эд болсон 05-ын угаасан хайрга нийлүүлэх технологийн шинэчлэлт хийгээд явж байна. Бид уурхайг хаах хаалтын менежментийнхээ хүрээнд ашигт малтмалыг иж бүрэн ашиглах гэдэг нэрэн дор технологийн инженерүүдийн хувьд ийм ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, шороон ордын хааалтын менежмэнтийн үлгэр жишээ болохуйц технологи нэвтрүүлж байна.

-Таван толгойн уурхайтай холбогдуулж дахиад асуухад, эцсийн бүтээгдэхүүн гаргаж байсан, одоогийнхоор боловсруулах үйлдвэрийн суурийг тавьж байсан гэх яриа бас байдаг?

-Шуудхан хэлэхэд, орон нутгийн гээд байгаа Таван толгойн уурхайд ажиллаж байхдаа бид эцсийн бүтээгдэхүүн гаргаж байсан. Тодруулбал, 1990, 1991 онд Эрчим хүчний харьяа эрдэм шинжилгээний институтийнхэнтэй хамтраад анхны кокс гэдгийг гаргаж байлаа. Өнөөдөр Монголд утаагүй түлш кокс хэрэгтэй байна, шахмал түлш буруу байна гээд яриад байна. Одоогийн энэ коксжих нүүрсийг хятадууд аваад, коксын үйлдвэрт боловсруулаад утаагүй, ган боловсруулахад зориулсан өндөр чанарын кокс бэлдэж байгаа. Бид тухайн үед Хятадаас хүн авчирч кокс хийгээд Хөтөлийн эрдэс хөвөнгийн үйлдвэрт коксыг нь өгч байлаа.

Эрдэс хөвөнгийн үйлдвэр чинь одоогийн Монгол базальт. Тэд коксоо оросоос авдаг байсан. Мөн бид Төмөр замын депогийн ширмийн үйлдвэрт мөн кокс өгч байсан. Тэд ширмээ хайлуулаад мөн л оросоос өндөр үнээр коксоо авч байсан. Ингэж Таван толгойн нүүрсний уурхайд анх удаа нүүрсийг түлэх зориулалтаар биш эцсийн бүтээгдэхүүн гаргаж одоогийнхоор боловсруулах үйлдвэрийн эх суурийг тавьж байсан. Би ганцаараа энэ ажлыг хийгээгүй. Эрчим хүчний яамны харьяа институт, бусад эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд оролцож Монголд анх удаа кокс үйлдвэрлэж байсан. Хэрвээ түүнээ өргөтгөөд явсан бол өнөөдрийнх шиг шахмал түлш биш шууд утаагүй түлш гарах байсан.

-Тэгэхээр та бүхэн чинь тэртээ ерээд оны эхээр утаагүй түлш хийж байсан бус уу?

-Бид ерөөсөө л хагас боловсруулсан. Манайх өнөөдөр хагас боловсруулж гаргаагүй. Юун утаагүй түлш байхав, зүгээр сайжруулсан түлш. “Энержи ресурс”-ын баяжуулаад коксжих хэсгийг нь ялгаад 7000-гаас дээш илчлэгтэй эрчим хүчний нүрсний нунтгаараа үлдчихэж байгаа нүүрсийг нааш нь зөөш авчираад барьцалдуулагч бодистой холиод зүгээр шахмал түлш болгож байгаа. Ямар нэгэн дулааны химийн боловсруулалт байхгүй. Бидний анх сэдсэн хагас кокс чинь дулааны боловсруулалт хийсэн. Тэгэхээр мөнгөлөг цагаан кокс гарна, тэр нь утаа тортог байхгүй. Нэг хэсэг утаагүй болчлоо, утааг дийллээ гээд жигтэйхэн юм болсон доо. Тэр чинь яг жинхэнэдээ бол “Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэрийн хашаан дахь нүүрс олон жил урагшаа заръя гэхээр хятадууд авахгүй, ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд улсад үнэгүй өгье гэсэн байх. Дөрөв, таван жил хадгалагдсан ямар нэгэн чийггүй хуурай нүүрсийг эхний хоёр жил ашигласан. Харин дараа нь баяжуулах үйлдвэрээс гарсан маш их чийгтэй нүүрсийг авчрахаар утаа гаралгүй яахав. Дээрээс нь Таван толгойн нүүрс чинь өөрөө нэлээн хүхэртэй. Шаталтынхаа явцад хүхрийн хийн нэгдэл үүсгэнэ. Янз бүрийн үнэр гараад байгаа чинь үүнтэй холбоотой. Таван толгойн нүүрс бол илчлэгийн хувьд маш сайн. Тиймээс бид Таван толгойгоо түшиглэж дулааны цахилгаан станц барих ёстой. Таван толгойн ордын 53 хувь нь коксжих нүүрс байгаа. 7.7 тэрбум тонн нүүрсний 3.5 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа. Тэрийг мэдээж хятадууд авна. 3.3 тэрбум тонн нүүрс нь гангийн үйлдвэрийн өндөр чанарын кокс болно. Түүнийг бас хятадууд сонирхоно. Цаана нь үлдэж байгаа гурван тэрбум тонн нүүрс чинь өндөр чанарын илчлэгтэй нүүрс үлдэж байгаа. Үүгээр цахилгаан дулаанаа үйлдвэрлэж дулааны цахилгаан станц барих ёстой. 2012 онд дулааны цахилгаан станц барих ерөнхий төлөвлөгөө гарч байсан. Өөрсдөө хөрөнгөө гаргаад барья гэдэг яриа хүртэл гарч байсан. Бүр газраа товлоод явж байсан удаа бий. Гэвч баригдаагүй.

-Яагаад баригдаагүй юм бэ. Ер нь манай усан цахилаан станцууд, дулааны цахилгаан станцууд, за тэгээд төмөр гээд стратегийн гол ажлууд яагаад ингээд гацдаг юм. Үүнийг та юу гэж харж байна?

-Би бодохдоо улс төрийн шалтгаан гэж хардаг. Намууд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр намын хоорондын энэ асуудал улс орны хөгжилд асар муу. Түрүү жилд нь засаг барьж байсан намын дөрвөн жилд ярьсан юмыг дараагийн нам, шинэ засаг гарч ирээд шууд зогсоодог. Өөр юм ярьдаг. Төмөр зам хүртэл ийм шүү дээ. 2011 онд “Энержи ресурс” концессын гэрээгээр нарийн царигтай төмөр зам барьчихъя гэхэд заавал өргөн царигаар явуулна гээд 10 жил зогсоосон. Үүнийг би ганцхан Х.Баттулга гэж харахгүй байна. Эдийн засгийн сонирхол, зөрчилдөөн гэж харж байна. Манай салбарын бүхий л инженерүүд нэгэнт ийм сайн илчлэгтэй нүүрсээ олборлож байгаа юм чинь үүн дээрээ түшиглээд дулааны цахилгаан станц барья гэсэн бодолтой байгаа. Зөвлөх инженерийн хувьд зураг төсөл боловсруулсан байгууллагуудаараа дамжуулаад станцтай болохыг хэлдэг.” Энержи ресурс” 12 мвт-ын дулааны цахилгаан станц барьчихсан. Тэр бол ерөнхийдөө бага. 250 мвт-ын станц барьж байж төвийн эрчим хүчинд нэмэр болно. Манайд 15, 16 уурхай байна. Хөшөөтийн уурхай, Таван толгой, Гурвантэсийн бүлэг ордууд, “Энержи ресурс”, мөн Хөвсгөлийн Могойн голын уурхай байна. Энэ хэдээ түшиглэсэн станцууд бий болгох хэрэгтэй. Могойн голын нүүрсний уурхайн илчлэг их өндөр, тиймээс дулааны цахилгаан станц барих бүрэн бололцоотой. Тэгж байж бид бусдаас хараат бус өөрийн эрх мэдэлтэй, тусгаар улс байх болно. Ганцхан жишээ хэлэхэд, Оюу толгой компани цахилгаанаа Хятадаас авч байна. Хятадаас цахилгаанаа авахын оронд ердөө хажууханд нь 240 км-т байгаа Эрдэнэс таван толгойд станцаа бариад Оюу толгойнхоо цахилгааныг хангах учиртай. Адаглаад эрчим хүчний тэр их мөнгөний урсгал Монголдоо орно. Үүнийг шийдчих бүрэн боломжтой.

-Таны ярианаас анзаарахад утаагүй түлш гаргах бүрэн бололцоотой санагдаад байх юм?

-Нэгэнт угаах үйлдвэр бариад коксжих нүүрсийг нь экспортод өгчихлөө. Өндөр энергийн нүүрсний заримыг нь дулаан цахилгаан болгож үйлдвэрлэнэ, заримыг нь дулаан боловсруулалт хийж утаагүй түлшээ гаргаж авах ёстой. Дулаан боловсруулалт хийхэд мэдээж тодорхой хэмжээний кокс байна, түүнээс коксын давирхай гэдгээ гаргаж авна. Коксын давирхайгаас 300 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Намайг Таван толгойн уурхайн даргаар ажиллаж байхад Ерөнхий сайд Думаагийн Содном гуай байсан. Содном гуай Ардчилсан Солонгос руу гурван вагон нүүрс химийн үйлдвэрт нь явуулж байсан. Тэгж туршилт хийлгэж байсан. Тэр үед гол хэрэглэгч Солонгос гэж үзэж байсан. Оросоор дамжуулаад Ардчилсан Солонгос руу явуулна. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен хүртэл манайд ирж байсан. Таван толгой руу төмөр зам байхгүй учир, тийшээ очиж чадаагүй байдаг. Хуучин ийм л төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр одоо нүүрсээ ашиглаад, угаах үйлдвэр, баяжуулах үйлдвэрээ стандартын дагуу бариад ажил өрнөөд эхлэх юм бол нийт олборлосон нүүрсний чинь 50 хувь нь экспортод гарна. 50 хувь нь үлдээд байгаа. Түүнээ нааш нь зөөж Хятадын эрдэнэ шишний цардуулаар барьцалдуулсан болоод сайжруулсан түлш гэж өөрсдийгөө хуурахын оронд дулааны боловсруулалт хийгээд утаагүй түлшээ гаргая, утаагүй түлшний үйлдвэрээ барья. Дулааны станцаа бариад дулаан цахилгаанаа үйлдвэрлэе. Үндсэндээ Таван толгойн ордоо түшиглэн шинэ технологийн иж бүрэн цогцолбор байгуулах хэрэгтэй. Уул уурхайн инженерийн хувьд ийм бодолтой явдаг.

Биднийг удирдаж байгаа эрхмүүд бүгдээрээ л монгол хүмүүс. Гэвч Монголынхоо төлөө нэгдэж чадахгүй байгаад би харамсдаг. Нэг нь нэг бүтээн байгуулалт эхлүүлэхээр тэрний юм, энэний юм, тэр намынх, энэ намынх гээд дандаа тээг саад хийдэг. Бөөрөлжүүтийн рашааны тийшээ станц баригдаж байгаа. Миний сонссоноор Ш.Сайхансамбуугийнх гэсэн. Ер нь хэнийх байх нь хамаагүй. Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байвал болох нь тэр. Гэтэл Сайхансамбуугийнх юм чинь, Женкогийнх юм чинь гээд зогсоож болохгүй. Манай улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс ийм байдлаар бие биенээ үрсээр байгаад ирлээ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Үр нөлөөг нь ард түмэн л амсаж байна. 2006 онд Цайдам нуурын Төгрөгийн орд дээр утаагүй түлш бэлдэнэ гээд Женкогийн уурхай ажлаа эхэлж байсан. Гэтэл Женко тус уурхайгаа бирж дээр зарчихсан байдаг. Уурхайгаа зарж болно утаагүй түлшнийхээ үйлдвэрийг ажилд оруулсан бол аль тэртээ 20-иод жилийн өмнө утааны асуудлыг цэгцлэх байлаа. Намуудын бүлэглэл эрх ашгаас болоод ийм ийм харамсмаар юмнууд зөндөө байх юм. Төмөр замын асуудал гэхэд юу болсныг бид бүгд мэдэж байгаа. Нарийн цариг бүдүүн цариг гээд улстөрчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс ярьсан. Эцэст нь манайх эдийн засгаараа хохирсон. Өнөөдөр хэдэн мухар төмөр зам тавьчихаад яахаа мэдэхгүй байж байна. Манайхны барьсан төмөр зам Гашуун сухайт дээр очоод Хятадын төмөр замтай яаж нийлэх юм, мэдэхгүй.

-Өнгөрсөн онд уул уурхайн салбарын 100 жилийн их ой тохиож уг ойгоор та Монгол Улсын гавьяат уурхайчин болсон. Удахгүй уурхайчдын баяр тохионо. Таны хувьд удамж дамжсан уурхайчин гэдэг. Ярианыхаа төгсгөлд аавын тань тухай асууя?

-Эрдэс баялгийн салбарт үе удам дамжиж ажилласан гэр бүлээс гаралтай гэж би өөрийгөө хэлэх дуртай, мөн үүгээрээ бахархдаг. Манай аав Цэрэндоржийн Чүлтэмжамц Төв аймгийн Лүн сумын хүн. Чойрын геологийн удирдах газар ангийн дарга, ерөнхий нягтлан бодох ажлуудыг хийж байсан. Өмнө нь Бага газрын чулуу, Зүүн Цагаан дэлийн хайлуур жоншны хайгуулын ангийн дарга байсан. Ингэж миний бие бага балчраасаа аавыгаа дагаж уул уурхай эрдэс баялгийн мэдлэг олж авсан. Аавын минь үеийн ахмадууд гэвэл Хөдөлмөрийн баатар Чойжингийн Хурц гуай байна. Геологи уул уурхай үйлдвэрийн яамны сайд байсан. Хурц сайдын харьяанд аав Чойрын геологийн экспедицийн ерөнхий нягтлан байгаад дараа нь Хар айргийн жоншны уурхайн жолооч болсон. Үүнийгээ найман хүүхдээ тэжээхийн тулд амьдралын шаардлагаар албан ажлаа жолоочоор сольсон гэж хэлдэг байв. Ингэж геологи эрдэс баялгийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан гэр бүлд төрж өссөн. Ер нь геологийн ажил шинжлэх ухааны судалгааны ажил. Хэдийд үүссэн орд уу, ямар эрдэс агуулж байна гэж үздэг. Үүнээс үндэслэн ул орон цагаан тугалгыг нь, алтыг нь, жоншийг нь ашиглая гэдгээ шийдвэрлэдэг. Манайх шиг эрдэс баялаг уул уурхайгаасаа хамааралтай эдийн засагтай орон бол геологийн судалгааны ажлын үр дүнгээр хөгжлийн чиг баримжаа гарна. Миний бие уул уурхайн инженер хүн ч гэсэн геологийн судалгааны ажлыг тууштай явуулах ёстой гэж боддог. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд нь судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр Монгол Улс ирээдүйд ямар малтмал дээрээ тулгуурлаж хөгжих үү гэдгийг геологийн судалгаа хэлж өгөх учиртай. Ингээд ярианыхаа төгсгөлд хэлэхэд, жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр уурхайчдын баярын өдөр болдог. Уг өдрийг угтан орчин үеийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын хөгжил дэвшлийг нуруундаа үүрч нийт уурхайчиддаа баярын мэнд хүргэе.

Ярилцсан  Н.Гантулга

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Ж.Оюун: Газрын ховор элементээр 40 жилийн өмнө эрдмийн зэрэг хамгаалсан анхны хүн болоод байна DNN.mn

Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунтай газрын ховор элементийн талаар ярилцлаа. Тэрбээр одоогоос нэгэн жарны өмнө буюу 1966 онд Эрхүүгийн их сургуулийн химийн ангийг төгссөн газрын ховор элементээр бүтэн 60 шахам жил судалгаа хийж буй Монголын нэртэй эрдэмтдийн нэг юм.

-Та бол газрын ховор элементээр гадна дотнын эрдэмтэн судлаачидтай амьдралынхаа туршид ажилласан хүн. Тиймээс өнөө цагт жинхэнэ түүх өгүүлэх хүний нэг болоод байна л даа. Эхлээд хоёулаа ховор элементийн нээгдсэн түүхийн талаар ярих уу?

-Газрын ховор элементүүд гэдэг нь Менделеевийн үелэх системийн 57-71 дүгээрт бичигдсэн лантануудын бүлгийн элементүүд. Эдгээр нь сансрын солироос эхлээд эх дэлхийн цөм хүртэл эрдэс чулуулаг, ус, хөрс, ургамал, хүн амьтны организмд өчүүхэн хэмжээгээр сарнин тархсан. Байгаль дээрх бүх элементийн тавны нэг нь газрын ховор элемент байдаг гэж Францын химич Ж.Урбен тооцоолсон байдаг. Газрын ховор элементийг зөвхөн нээх ажил 1794 оноос 1907 он хүртэл 113 жил үргэлжилж Европын хэд хэдэн үеийн олон суут эрдэмтэд химичдийн нөр их хөдөлмөрөөр бүтээгдсэн. Нэгийг нь нөгөөгөөс нь олсоор 15 шинэ элемент нээсэн.

Сүүлд эрдэмтэд хоёр элементийг шинээр нээсэн. Тухайлбал, лантаны бүлгийн 61 дүгээрт байрлах промети нь байгальд бараг олддоггүй, анх илрэц төдий олж шинж чанарыг нь тогтоосон байдаг. Орчин үед прометийг ураны задралаар гарган авч байна. Нөгөөх нь үелэх системийн гуравдугаар бүлгийн иттри ба сканди.

 

олон шинж чанараараа төстэй. Газрын ховор элемент нь өөр хоорондоо усны дусал шиг адилхан шинж чанартай. Тэдгээрийг бие биеэс нь ялгаж цэвэрлэх нь хими технологийн хамгийн их хөдөлмөр, мэдлэг зарцуулах хүнд ажил. Үндсэндээ бүтэн зууны турш үргэлжилж 19 дүгээр зууны эхэн үеэс эдгээр элементийн онцгой өвөрмөц чанаруудыг илрүүлснээр орчин үеийн нано технологийн үндсэн түүхий эд болж байна. Аливаа улс орны үйлдвэрүүдэд газрын ховор металлуудыг хэрхэн ашиглаж байгаагаар нь тухайн улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, хүчин чадлыг үнэлэх болсон.

-Монголд хэзээнээс судалж эхлэв?

-1960-аад оны дунд үеэс Орос-Монголын геологийн хамтарсан экспедицийн судалгаагаар говийн болон баруун бүс нутгуудад хүдэржилт бүхий илрэцүүд тогтоогдсон. Дорноговь аймгийн Лугийн гол, Өмнөговь аймгийн Мандал-Овоогийн Мушгай худаг, Ханбогд сумын Ханбогд уул, Ховд аймгийн Мянгад сумын Халзанбүргэдэй, Увс аймгийн Хяргас нуурын хойд Улаан толгой, Шар толгой зэрэг газрууд. Энэхүү түүхэн ажлын анхны судлаачид нь В.И.Коваленко, В.И.Самойлов, И.В.Владыкин, Монголын нэрт эрдэмтэн Б.Лувсанданзан, Ц.Гүндсамбуу, Ц.Цэдэн зэрэг геологич мэргэжилтнүүд байлаа. Ханбогд сумын нутагт орших Ханбогд хайрхны бүс нутаг нь газрын ховор элементүүд агуулсан шүлтлэг цирконт боржингийн хүдэржилттэй, төрөл бүрийн ховор эрдсээр баялаг, өвөрмөц сонирхолтой газрыг гадаад дотоодын судлаачид гайхан биширч, Монголын төдийгүй дэлхийн “Эрдсийн музей” гэж нэрлэсэн. Ханбогдоос геологичид урьд өмнө нь шинжлэх ухаанд шинэ эрдэс анх олж, Монгол Улс олон улсын минералогийн холбоонд уламжлан “Монголит” нэрээр бүртгүүлсэн. Мөн дэлхийд ховор байдаг элементүүд агуулсан армстронгит эрдсийг Ханбогдоос олсон. Геологич, академич Б.Лувсанданзан судалгааныхаа ажлаар геохимийн процессор микроклин альбитын шүлтлэг боржингийн массивын хүрээнд криолит эрдэсжилтийн явцад газрын ховор элментийн тогтвортой комплекс нэгдэл үүсч, улмаар ижил төстэй ховор элементүүд ба хөнгөн цагаан цахиурын ялгарал хуримтлал бий болдог тухай онолын шинэ дүгнэлт гаргасан. Энэ нь Ханбогд болон Халзанбүргэдэйн ордуудад батлагдсан. Лувсанданзан гуайн энэ онол шинжлэх ухааны нээлт болж 1985 онд түүнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж байсан түүхтэй.

-Бутачийн Лувсанданзан гуай бол Монголын геологийн алтан хуудсыг нээсэн хүний нэг яах аргагүй мөн байх. Тэртээ 1940-өөд оны дунд үед Шинжлэх ухааны хүрээлэнгийн геологийн тасгийн эрхлэгчийн албыг хашиж байсан байдаг. Харин 1960-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл ШУА-ын Геологийн хүрээлэнгийн захирлын албыг хашсан. Энэ эрхэм хүнтэй хамт ажиллаж байснаа дурсахгүй юу?

-Тийм ээ, Лувсанданзан гуай үнэхээр геологийн төлөө төрсөн хүн байлаа. Энэ хүний ачаар ШУА-ийн Геологийн хүрээлэнд лаборатори байгуулсан. Миний бие Эрхүүгийн их сургуулийн химийн ангийг 1966 онд төгссөн. Ирээд Геологийн төв лабораторид химийн судалгааны инженерээр найман жил ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн химийн найрлагыг хийж байсан. Найрлаганыхаа дээжийг Эрхүүгийн их сургуулийн ховор элементийн хяналтын газар руу явуулаад тэнд таарсан бол цалин өгдөг, тийм л хатуу үе байлаа. Ингээд дараа нь Геологийн хүрээлэнд лабораторийн суурь бий болсон нь ийм учиртай. ШУА-д би тасралтгүй 20-иод жил ажилласан. 1990-ээд оны эхээр Б.Чадраа гуай Технологийн дээд сургууль байгуулж, Лувсанданзан гуайд хэлээд намайг тус сургуулийн декан болгож байсан. Физик, хими, биологи, математик гэсэн байгалийн шинжлэх ухааны том суурь тэгж Технологийн дээд сургууль буюу дараа нь Улаанбаатарын их сургууль болсон тэр сургуульд тавигдсан. Лувсанданзан гуай “Чамайг Чадраа авна гээд байна, чи яв даа хүү минь. Харин тэгэхдээ чи хүрээлэнгээс энэ лабораторио аваад яв. Энийг чинь чамаас өөр ажиллуулж мэдэх хүн байхгүй” гэж хэлсэн. Ингэж би өөрийн байгуулсан газрын ховор элементийн лабораторио Улаанбаатарын их сургуульд авчирсан түүхтэй. “Энэ лаборатори хамгийн чухал шүү. Улс орны ирээдүйн хувь заяа шүү. Геологийн бүх юмыг энэ улс орон чинь Оюуны байгуулсан энэ лабораторийн хүчинд мэдэхтэйгээ болсон шүү, битгий устгаарай” гэж аминчлан захисан.

-Алдарт геологич Яншин гэж хүн Монголд Ширэндэв гуайн урилгаар ирсэн байдаг. Тэр хүн таныг газрын ховор элементтэй “уяж” өгсөн тухай та хэлдэг?

-Энэ хүн газрын ховор элемент гэдгийг надад яалт ч үгүй өгсөн хүн. Ширэндэв гуайд хэлээд, бүр Цэдэнбал даргад захиа бичнэ гээд. Монголд газрын ховор элемент алт мөнгөнөөс илүү үнэтэй, улс орны хөгжилд энэ л хэрэгтэй гэдгийг тэр хүнд 60-аад жилийн өмнө мэдэж байжээ. Хөдөөгүүр олон хоног геологийн экспедицээр явж ирээд “Би чамайг танилаа, чи үүнийг гарцаагүй чадна” гэж надад газрын ховор элементийг өгсөн. Яаж дээж авахаас өгсүүлээд бүгдийг зааж өгсөн. Надад сайн багш олж өгнө гээд Н.Н.Басаргин гэдэг еврей хүнийг олж өгсөн. “Бага агуулгатай газрын ховор элементийг органик урвалжаар шингээж авах нь” гэдэг сэдвээр би 1984 онд Москвад Ломоносовын их сургуулийн салбар сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Нялх нойтон хүүхдээ орхиж гэр бүлээсээ хол долоон сар зүтгэж байгаад газрын ховор элементээр эрдмийн зэрэг хамгаалсан. Газрын ховор элементээр эрдмийн зэрэг хамгаалсан Монголын анхны хүн. Миний бие 1974-1985 онд хамтарсан геологийн экспедицийн хээрийн олдворууд газрын ховор элементүүд агуулсан дээж материалуудыг боловсруулах, бүтэц найрлагыг тодорхойлох физик-химийн шинжилгээний ажлуудыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн геохимийн лаборатори, Эрхүүгийн болох Москва хотын геологи, геохими, химийн лабораториудад хоёр талын химичид хамтран гүйцэтгэж, химийн, хромотографийн, спектрийн, рентгений нейтрон идэвхжилийн зэрэг физик, химийн аргуудаар хийж байв. Ийнхүү Монголд газрын ховор элемент агуулсан дээрх хүдэржилтийн бүсүүдэд гурван орд 40 гаруй илрэцүүд тогтоогдсон юм. Энэ шинжилгээний ажилд эхнээс нь миний бие химич Д.Мижид, физикч Д.Доржханд нарын хамт өнөөг хүртэл дагнан судалгаа хийж байна. Энэ хугацаанд манай мэргэжилтнүүд эрдэс чулуулаг дахь бага агуулгатай газрын ховор элементийг органик полимерт урвалжаар шингээн химийн аргаар баяжуулан нийлбэрээр нь тодорхойлж дараа нь хромотографийн аргаар нийлбэрээс нь нэг бүрчлэн ялгах химийн шинжилгээний хурдавчилсан шинэ арга боловсруулж баталгаажуулан судалгааныхаа ажилд нэвтрүүлсэн. Энэ ажилд зориулж газрын ховор элементийг шингээх чанартай 16 шинэ урвалжийг миний бие лабораторийн нөхцөлд гарган хэрэглэж байна.1980-1985 онд Лугийн голын Төгрөгийн бүсэд Монгол-Польшийн геологийн ангиуд ажиллаж монгол ангийн дарга Батболд, геологич Адъяа, гидрогеологич Өнөрдэлгэр, Польшийн геологич Ян Уберн нар судалгаа хийж, карбонатитын хүдэрт газрын ховор элементийн нийлбэр оксид 1.5-1.7 хувь агуулгатай, 80 метрийн гүнд 200 мянган тонн нөөцтэйг тогтоож байсан.

-Улаанбаатарын их сургуульд лаборатори бий болгосноо та түрүүнд цухас дурдлаа. Энэ тухайгаа жаахан тодруулаач. Одоо таны лаборатори хаана байна?

-1992 оноос бид ШУА-ийн дэргэд байгуулагдсан Технологийн дээд сургууль буюу Улаанбаатарын их сургуулийн химийн тэнхимийн хөтөлбөрт Эрдсийн түүхий эдийн технологи, газрын ховор металлуудын баяжуулах технологи хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт оруулсан. 2009-2011 онд тус сургуулийн химийн тэнхим нь газрын ховор элемент агуулсан карбонатит, апатитын хүдрээс газрын ховор элементийн баяжмал бэлтгэж түүнээс зарим элементүүдийг ялгаж цэвэршүүлэн люминофорын цэвэр исэл гаргах эрдэм шинжилгээний сэдэвт ажлын төсөл хэрэгжүүлж, хээрийн болон лабораторийн ажилд оюутнуудыг хамруулан судалгаа шинжилгээг биечлэн хийж байсан нь мэргэжилтэн бэлтгэхэд үр дүнгээ өгсөн. Төгсөгч оюутнууд дипломын ажлаараа Лугийн голын карбонатит, Мушгайн апатит, Халзанбүргэдтэйн боржингоос газрын ховор элементийг нийлбэрээр ялгаж тодорхойлох, хүдрийн бус материал Хар ус нуурын элснээс циркон ялгаж тодорхойлох, чулуун солирыг тодорхойлох зэрэг олон сонирхолтой сэдвээр судалгааны ажил хийсэн юм. Үүний зэрэгцээ бид орчин үеийн дэвшилтэт нанотехнологийн шинэ арга Монголын уламжлалт технологид суурилан боловсруулсан хэт ханасан тогтвортой хийн уусгагч, нэвчигч чанарт үндэслэн туршилт явуулж карбонатитын хүдрээс нанокопозит шинэ материал 99.8 хувь цэвэршилттэй сүүн хүчлийн кальци, лютеци электронмикроскопоор баталгаажуулсан. Хими технологич мэргэжлээр төгссөн олон шавь маань Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Оюу толгойд ажиллаж байна. 2011 онд Улаанбаатарын их сургуулийг МУИС-д нийлүүлнэ гэсэн дуулианаар судалгааны ажлын идэвх суларсан нь харамсалтай. Улаанбаатарын их сургуулийг сүүлд МУИС-тай нэгтгээд байранд нь хууль хүчнийхэн орчихсон. Би лабораторийнхоо бүх юмыг нэг өрөөндөө хураачихсан. Лувсанданзан гуайнхаа аминчилж захиснаар “амийг нь барьчихгүй”-г хичээж сууна. Нас өндөр ч боллоо. 80 гараад явчихлаа. Энэхүү лабораторийн ачаар миний бие Геологийн төв лабораторийн ахмад мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Д.Доржханд, Б.Цэндээ нартай газрын ховор элементийн гурван том ордын эрдэс чулуулгаар гурван төрлийн найрлагын стандарт загвар тус бүрийг 40 гаруй элементээр олон улсын түвшинд бэлтгэж, Монгол Улсын стандартаар баталгаажуулсан нь монгол орны ховор элементийг судлах технологи бэлтгэх ажилд чухал ач холбогдлоо өгсөн. Хамгийн гол нь гадаадын компаниудтай гэрээ хэлэлцээ хийх, хамтран ажиллах олон талт ажилд бидний хийсэн шинжилгээ чухал бүтээл болсон юм.

-Газрын ховор элемент энэ зууны хэрэглээ гэгдэж буй. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Газрын ховор металл Эрбий 0.4-0.6 хувийн оксидоор атомын цахилгаан станцад ураныг 2-2.6 дахин баяжуулахад атомын цахилгаан станцын зөвхөн нэг блокт сая гаруй долларын хэмнэлт гарах болсон. Гадолини ба циркон нь атомын цахилгаан станцын реакторт нейтроныг шингээгч болж цөмийн гинжин урвалыг зохицуулж удирддаг. Тэрчлэн сүүлийн лантан, цери, неодим, празеодим зэргээр тусгай зориулалтын шил хийх, церийгээр хортой хий саармагжуулагч шүүгч катализатор бэлтгэх, диспрозигоор машины хөдөлгүүрийн эд анги хийх, самари ба неодимоор сансрын техник пуужингийн тогтмол соронзон суурь бэлтгэх, иттрийг өндөр температурын хайлшийг зэврэлтээс хамгаалах бүрхүүл болгох, мөн агаарын техникийн нарийн багаж төхөөрөмж хийх зэргээр техникийн гол түүхий эд болж байна. 1990-ээд оноос газрын ховор металлуудыг цэврээр ялгаж орчин үеийн нанотехнологи, цахим техник радиоэлектроникийн үйлдвэрүүдэд люминофор идэвхжүүлэгч, телевизор компьютерийн шингэн талст дэлгэц, хатуу диск зэрэг үндсэн түүхий эдээр хэрэглэх болов. Диспрози, европи, терби, неодим, иттри зэрэг таван металлыг АНУ энергийн чухал ач холбогдолтой гэж олборлох асуудалд онцгой анхаарах болсон. Эдгээр металлуудаар цахилгаан автомашин, нарны энергийн фотовольтын нимгэн хальс, флюоресценцийн ламп хийх, мөн платины бүлгийн металлууд, гели, лити, рени, мөн германи, селен, теллур зэрэг металлуудыг нарны энергийн түүхий эд бэлтгэх биметаллын хайлш гаргах үйлдвэрт ашиглаж байна. Манайд алттай эн зэрэгцэх эрдэс бол циркон, газрын ховор элементийн төрөлд ордог. Ихэвчлэн магмын гаралттай боржин пегматит эрдсүүдэд байх бөгөөд газрын ховор элементийг агуулж, гафни, ниоби, танталтай хамт Ханбогд, Халзанбүргэдэйн хүдэржилтэд байдаг. Атомын цахилгаан станцид циркон нь нейтроны хортой цацрагийг шингээгч цорын ганц металл бөгөөд ураны найдвартай бүрхүүл болдог. Цирконыг дээр үеэс эм эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэж, цирконтой газар нутгийг тусгай хамгаалалтад авч дархалж байжээ. Иттрийн хөнгөн цагаантай үүсгэсэн бага хувийн жинтэй, бат бөх чанартай хайлш нь ирээдүйн агаарын болон сансрын техникийн гол материал болдог. Түүний нэгдлүүдийг пуужингийн түлшинд хэрэглэх боломжтойг судалгаагаар илрүүлсэн. Мөн газрын ховор элементийг хар болон өнгөт металлурги, силикатын аж үйлдвэр, радио техник, квантын электроник цөмийн техникт хэрэглэж байна. Нэг тонн ганд 2 кг газрын ховор элемент нэмэхэд бат бөх болж давтагдах чанар нь эрс сайжирдаг. Газрын ховор элменттэй үүсгэх металлын хайлш нь хөнгөн бат бөх учир нисэх онгоцны хөдөлгүүрийн эд анги, түрэлтэт хөдөлгүүр, хиймэл дагуулыг үйлдвэрлэхэд тус тус хэрэглэж байна.

Шинэ зууны шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цахим хөгжлийг газрын ховор металлгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд эдгээр металлууд нь шинэ наноматериал, нано бүтээгдэхүүн, нано эмийн гол донор болж байна.

-Нэг тонн хүдрээс нэг грамм ч хүрэхгүй газрын ховор элемент авдаг. Нэг грамм зүйл авахын тулд бүхэл бүтэн уулыг нураах нь дэмий. Үүний оронд бага оврын үйлдвэрийн аргыг ашиглах хэрэгтэйг та хэлж байсан?

-Монгол Улсад газрын ховор металл агуулсан хэд хэдэн газар ордын түвшинд үнэлэгдэж 40 гаруй илрэцүүд тогтоогдсон ч тэдгээрийг олборлож, боловсруулж ашиглах нь бусад ховор, өнгөт, үнэт металлуудаас өвөрмөц онцлогтой. Байгальд нэн сарнимал байдалтай тархсан байхаас гадна геологи, геохими, физик химийн чанаруудаараа органик бус химид багтдаг бусад бүх төрлийн металлуудаас эрс өөр ялгаатай шинэ салбарт ордог. ГХЭ-ийг олборлох ашиглах технологийн онцлог нь олон мянган тонноор баяжмал гаргах гэж уул хадыг тэсэлж хүчтэй техник хэрэглэх шаардлагагүй. Нэг тонн хүдрээс нэг грамм ч хүрэхгүй газрын ховор металл авах нь олонтаа таарна. Харин байгаль орчинд асар их аюул учруулна. ГХЭ-үүд нь уран, тори, стронци зэрэг цацраг идэвхит элементүүдтэй хамт байдаг. ГХЭ-ийн олборлолтыг нүсэр том уулын үйлдвэрийн аргаар бус хэсэгчилсэн бага оврын үйлдвэрийн аргаар өөрсдийн дотоод хүчээр жилд таван мянгаас 10 мянган тонн баяжмал гаргах хүчин чадалтай төхөөрөмжөөр тооцоолох нь байгаль орчинд аюулгүй, эдийн засгийн хувьд илүү ашигтай. Мөн нэг харамсалтай зүйл нь манай улсад мэргэжилтэн бэлтгэх, улсын стратеги төлөвлөлт байхгүй болсноос хуульч, эдийн засагч нягтлан бодогч, бизнес удирдлага аялал жуулчлалаар ихэнх нь мэргэшиж ажилгүйчүүдийн тоо өсч, үүнтэй зэрэгцэн техник технологийн мэргэжилтэн ховордож, эх орны байгалийн түүхий эдийн баялаг эзэнгүй болж нүүрс, нефть, хайлуур жонш, төмрийн ба цайрын хүдэр зэрэг олон ашигт малтмалууд, тэдгээрийн баяжмалуудтай хамт газрын ховор металлууд олон арван жил экспортод үнэгүй гаргасаар байх юм. Тодруулбал, Монголын баруун, өмнө, зүүн бүсүүдээр элбэг байдаг хайлуур жоншийг ухаж нүүрсний нэгэн адил гадагш нь чөлөөтэй зөөсөөр байна. Жоншны уурхай нэртэй компани хүмүүс 20.35 мян га газар эзэмших эрхтэй гэсэн нэрийн дор ямар ч боловсруулалт хийхгүй жоншийг түүнд агуулагдах 10 гаруй газрын ховор элементтэй нь зарсаар даруй 50 гаруй жил болж байна. Энэ бол улс оронд маш том хохирол, тооцоолж үзэхийн аргагүй. Хайлуур жоншинд 10 гаруй газрын ховор элемент агуулагддаг. Үүнийг гаднаас нь хараад өнгөөр нь таньж болно. Хайлуур жонш нь ягаан, ногоон, шар, хүрэн, цэнхэр гээд янз бүрийн өнгөтэй байна. Өнгө бүр нь газрын ховор элементийг ялгаж заадаг. Хайлуур жоншоо гадагш нь гаргаж дуусахаас өмнө энэ асуудалд улс орны удирдлагууд анхаарал хандуулаасай.

Ярилцсан Н.Г