Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Анар: ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийн зохицуулалтуудыг дотоодын ААН-үүдэд сөрөг нөлөө бага байхаар хийсэн

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт нэгдсэн бодлогыг зохицуулах газрын дарга Б.Анартай ярилцлаа.


-Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Москвад ажиллаж, түр хэлэлцээр байгуулах гурав дахь шатны хэлэлцээг хийгээд ирсэн. Энэ хүрээнд ямар, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, эргээд ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авахаар тохирсон бэ?

-Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард хэлэлцээрийг батлах тухай асуудлыг ярьж байгаад, дотоодын аж ахуйн нэгжүүдтэйгээ дахин сайн зөвшилцье гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн. Тэр хүрээнд ажлын хэсгүүд байгуулагдсан. Ялангуяа дотоодын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд, дотооддоо үйлдвэрлэж байгаа зарим бараа, бүтээгдэхүүнүүдийг, зарим салбарын бүтээгдэхүүнүүдийг Евразиас Монгол руу импортоор орж ирэх жагсаалтаас хасуулах ажлын хэсэг ажилласан. Үүний үр дүнд нийт 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгаалах ёстой, энэ чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж хийгээч ээ гэсэн санал гаргасан. Тэр дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээс эхлээд хэлэлцээр үргэлжлээд явсан. 23 бараанаас найман нэр төрлийн барааг жагсаалтаас хасуулсан. 11 бараан дээр айлын талтай харилцан ойлголцож буулт хийлгүүлсэн ажлууд хийгдсэн. Ялангуяа дотоодын аж ахуйн нэгжүүдийн яриад байгаа цөөн хэдэн бараа байна. Өндөг, улаанбуудай, сүү, хуурай сүү, архи, пиво зэрэг багтаж байгаа юм.

-Евразиас Монгол руу орж ирэх, өөрөөр хэлбэл татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг хүлээн авсан ямар найман төрлийн бараа байгаа вэ?

-Бид ярьж байгаад шингэн сүү, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өтгөн цөцгий, даршилсан өргөст хэмх, сонгино, төмс, шар лууван, манжин гэсэн найман нэр төрлийн барааг хасуулсан. Эдгээр бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд одоо мөрдөж байгаа 5-20 хувийн гаалийн албан татвар хэвээр байна.

-Тарифыг бүрэн тэглэхгүй ч татварыг бууруулах нөхцөлтэй импортын 11 барааны хувьд?

-Сахартай болон сахаргүй хуурай сүү 5 хувийн татвартай байгааг хэлэлцээрийн үр дүнд бүрэн тэглэнэ. Хайлмал бяслаг, цөцгийн тос, бяслаг, бусад төрлийн бяслаг бүгд 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно. Өндөг 15 хувийн татвартай байгаа юм. Манай улсын өндөгний жилийн хэрэглээ 300-400 сая байдаг. Импортоор 90-120 сая ширхэг өндөг авдаг гэсэн тоон мэдээлэл байна. Тэгвэл 90 сая ширхэг өндөг хүлээн авна гэсэн квот тогтоож өгч байна гэсэн үг.

Өндөгний экспортын татвар 15 хувь байгаа бол 90 сая хүртлээ 7.5 хувь, түүнээс дээш байвал ямар нэг тарифын хөнгөлөлт байхгүй гэдгээр тохирсон. Хатуу улаанбуудай 5 хувийн татвартай байгааг 3.75 хувь, зөөлөн улаанбуудай 5 хувийн татвартай байгааг 3.75 хувь болгоно.

-Улаанбуудай дээр?

-Жилдээ авах хэмжээний квотыг бас зааж өгсөн. Жилдээ ойролцоогоор 150-90 мянган тонн гээд янз янзаар авдаг юм билээ. Өнгөрсөн жил 80 орчим мянган тонн улаанбуудайг авсан байсан. Тэгэхээр энэ тоонуудаа харж байгаад бид 50 мянган тонны квот тогтоосон. Одоо улаанбуудай 5 хувийн гаалийн татвартай байна шүү дээ. Тэр гаалийн татвар 50 мянган тонн нь 3.75 хувь байна гээд, түүнээс дээш байвал ямар нэг тариф тогтоохгүй, адилхан орж ирдэг бараанууд. Дээрээс нь Монгол Улс улаанбуудай авахгүй гэвэл орж ирэхгүй гэж шууд ойлгож болно.

-Архи, согтууруулах ундааны төрлийн импортын бараа бүтээгдэхүүн дээр татварыг хэрхэн бууруулахаар тохиролцсон бэ?

-Түр хэлэлцээрийн үр дүнд шар айраг 25 хувийн татвартай байгааг 18.75 хувь, цагаан архи 40 хувийн татвартай байгааг 30 хувь болгоно. Харин йогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг бүтээгдэхүүнийг хасуулах саналыг хүлээн авахаас татгалзсан.

-ЕЭЗХ-ны орнуудад экспортлох мах, махан бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөлж байгаа ч тухайн бүтээгдэхүүнд 38 төрлийн шаардлага тавьдаг хэвээр байна. Энэ хэлэлцээрт нэгдэх нь “Монголд ашиггүй” гэсэн судалгааны дүн гарчээ. ЭЗХЯ-наас түр хэлэлцээр байгуулснаар Монгол Улсад ямар үр ашиг авчирна гэж тооцсон бэ?

-Хэлэлцээрийн явцад манай талаас гаргадаг гол нэр төрлийн бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулаагүй, бүрэн тэглэхээр авч үлдсэн. Евразийн таван улсын зах зээл гэдэг нь 220 сая хүн амтай. 366 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр жилд 10 тэрбум ам.долларын зах зээл байна. 50-15 хувиар зардлыг нь бууруулж өгч байна. Бидний хүсч байгаа уул уурхайн бус түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх гол гарц болно гэж бодож байна. Айлын талтай хэлэлцээрээ эцсийн байдлаар тохиролцсон. Одоо Засгийн газарт өргөн бариад, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцсөний эцэст УИХ соёрхон батална.

-Аж ахуйн нэгжүүд энэ түр хэлэлцээр байгуулагдвал дөнгөж сэхэл авч буй дотоодын үйлдвэрлэлээ үүд хаалгаа барихад хүргэнэ гэж нэлээд эсэргүүцсэн. Тэдний болгоомжлол, санал хүсэлт нааштайгаар шийдэгджээ гэж ойлгож болох уу?

-Болно. Мөн хуурай сүүн дээр ялгаагүй 1500 тонн гэх хэмжээгээр квот тогтоогоод, түүнээс дээш ямар нэгэн тарифын хөнгөлөлт байхгүй гэж оруулсан. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсгээс өгч буй мэдээллээр, хуурай сүүг жил бүр импортоор авах хэрэгцээ байдаг гэж байна. Тэгэхээр тэр хэмжээгээр орж ирнэ. Түүнээс дээшээ хямд үнээр орж ирэхгүй.

-Иргэдэд ЕАЭЗХ-ны таван улсаас хямд бараа орж ирээд, дотоодын зах зээлийг эзлэх нь гэсэн болгоомжлол бий. Та юу хэлэх вэ?

-Бүх бүтээгдэхүүн биш л дээ. Хэлэлцээр ерөөсөө 366 нэр төрлийн бүтээгдэхүүнээр л хязгаарлагдаж байгаа юм. Бүх бүтээгдэхүүн гэвэл монголчууд ойролцоогоор 6000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг байх. Би сая хэлсэн, бүгдийг нь тэглээд байгаа асуудал биш. Зарим бараануудын хувьд тодорхой биет хэмжээнд хязгаартай, татварыг бүтэн хувиар тэглэхгүйгээр 10, 15 хувиар хөнгөлдөг ч юм уу. Жишээлбэл, 5 хувийн татварыг 25 хувиар хөнгөлөхөд 3.75 хувийн татвар болно гэдэг ч юм уу. Ийм байдлаар л хөнгөлөлт хийж байгаа юм. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө аль болох л бага байхаар, дотоодын үйлдвэрлэлээ илүү сайн хамгаалсан байдлаар энэ хэлэлцээрийн зохицуулалтуудыг хийсэн.

-Монгол Улс энэ түр хэлэлцээрийг байгуулах гэж арав гаруй жил хөөцөлдсөн гэдэг. Яагаад энэ хэлэлцээрийг байгуулж болдоггүй байсан юм бэ. Шалтгаан нь юу байсан юм бол?

-Өмнөх арван жилд болсон, болоогүй гэдэг нарийн шалтгааны талаар хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Евразийн эдийн засгийн холбооны Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргизистан гэсэн таван улсаас авах бүх бүтээгдэхүүн, мөн 6000 бүтээгдэхүүний татварыг тэглэвэл мэдээж Монгол Улсад ашиггүй. Тодорхой хэмжээний, цөөн тооны бараа бүтээгдэхүүн дээр тохиролцож чадвал энэ нь Монгол Улсад илүү ашигтай. Нэмээд хэлэхэд, Монголын талаас нийт 366 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр ЕАЭЗХ-ны орнуудад нийлүү лэхээр тохирсон. Салбараар нь задалбал, мах махан бүтээгдэхүүний 29 төрлийн бараа, арьс, ширэн бүтээгдэхүүний 60 төрлийн бараа, ноос, ноолууран бүтээгдэхүүний 204 төрлийн бараа, ХАА бусад бүтээгдэхүүний 73 төрлийн бараа татваргүй байхаар урьдчилан тохирсон. Ингэснээр Монгол Улсын экспортлогч ААН байгууллагууд жилд багадаа 16.6 сая ам.долларын гаалийн татвараас чөлөөлөгдөх боломжтой гэж ажлын хэсэг үзсэн.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагважав: Сангийн яам, ЭЗХЯ хуурамч мэдээллээр иргэдийн тархийг угаачихаад, ардуур нь халаасан дахь мөнгийг нь суйлж байна

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч, Б.Лхагважавтай ярилцлаа


УИХ-ын хаврын ээлжит чуулганаар татварын багц хуулийг хэлэлцэнэ. Энэ асуудал дээр та нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсээр ирсэн. Хамгийн түрүүнд энэ хуульд юуг чухалчлан тусгаж, зайлшгүй өөрчлөх шаардлагатай вэ?

-Татварын байгууллагыг өөрчлөх ёстой. Татварын ерөнхий хуулиа л ярина гэсэн үг. Татварын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой. НӨАТ-ын систем дээр Ч.Сайханбилэгтэй бид хамтран ажилласан. Үүний үр дүнд сүүлийн есөн жил татварын орлого огт тасарсангүй. Гэхдээ энэ бол гурван сая иргэний тусламжтай хийгдэж буй үйл явц. Одоо татварын данхайсан байгууллага байх хэрэг огт байхгүй. Мөн НӨАТ-ын хуультай холбоотойгоор гааль дээр НӨАТ авахыг зогсоох хэрэгтэй. НӨАТ өөрөө мөнгөн сууринд орох хэрэгтэй. Иргэдийн авч байгаа НӨАТ-ын буцаалтыг ахиу болгох хэрэгтэй. Би ерөөсөө энэ дөрвөн асуудлыг анхнаасаа тавьсан, энэ зарчим дээрээ ч байна. Ерөөсөө өөрчлөгдөөгүй. Хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэх дараагийн асуудал бол Нийгмийн даатгалын хууль. Ерөнхий сайд шинэ жилээр оройлон оролцохоо илэрхийлээд байсан. Энэ хоёр хуулиа л олигтойхон хийх хэрэгтэй.

Татварын хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон болов уу?

-Дандаа өнгөцхөн, нүд хуурсан юмнууд явагдсан. Яг нарийндаа том системийн өөрчлөлт надад харагдахгүй байгаа юм. Байгууллагын, системийн, философийн өөрчлөлт гэхээсээ өмнө ганц нэг тоо өөрчлөөд, тэрийгээ нэг их сүр дуулиантай пи-ар хийгээд, юм хийчихлээ гээд байгаа юм. Энэ бол өөрөө өрөөсгөл.

Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт тэр бүр яригдахгүй байна. Таны бодлоор юуг өөрчлөн шинэчлэх шаардлагатай вэ?

–Нийгмийн даатгалын шимтгэл дээр хэлэхэд, Эрүүл мэндийн даатгалыг Монгол Улсын иргэн болгон төлөх ёстой шүү дээ. Компани тэр ажилчны эрүүл мэндийн даатгалыг төлөх шаардлагагүй. Энэ мэтчилэн даатгалын хууль дээр бидэнд харах ёстой асуудлууд байна. Гэхдээ даатгалын шинэчлэлээ нэг их сайн ярихгүй, тэгсхийгээд л өнгөрөөд байгаа харагддаг. Даатгалын систем өөрөө нийгмийн хувьд маш их мухардалд орчихсон,түүнийг шинэчлэх асар чухал асуудлууд үүсээд байгаа. Үүнийгээ хэр зэрэг ил тод хийж чадах нь вэ, харъя.

-Олон улсын байгууллагууд, дотоодын эдийн засагчид өнгөрсөн оноос эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа талаар мэдээлсэн. Хэрвээ байдал эвгүйтэж, эдийн засаг хүндэрвэл юун 14 мега төсөл хэрэгжүүлэх манатай болно гэлцэж байна. Та юу хэлэх вэ?

-Ерөөсөө төрийнхөө данхар бүтцийг танах хэрэгтэй. 460 мянган хүнээ зах зээл рүү гаргах хэрэгтэй. Төсвөө дахин танах хэрэгтэй. Тэртэй тэргүй нүүрс, зэсийн үнэ унаж байгаа нь ойлгомжтой. Төрийн зардлыг 30 хувь багасгах хэрэгтэй л дээ. -Засгийн газар нүүрсний алдагдлыг алт, зэсийн орлогоор нөхнө гэж төлөвлөж буй талаараа мэдээлсэн.

Нөхөх боломжтой гэж та бодож байна уу ?

– Долоон тэрбум ам.долларын зургаан тэрбум нь нүүрснээс орж ирсэн, үлдсэн нэг тэрбум нь алт, мөнгө, зэсийнх. Нэг тэрбум өслөө өслөө гэхэд тэрбум 200 сая л болно биз дээ. Нөгөөх нь зургаан тэрбумаасаа доошоо унаад байна шүү дээ. Тэгэхээр яагаад ч нөхөж амжихгүй. Тийм учраас төр өөрийнхөө бүтэц хэмжээ, зардлаа багасгах ажил дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

Ийм үед бидэнд эдийн засгаа тэтгэж, мөнгө олох өөр ямар эх үүсвэр, боломж байна вэ?

-Одоо бол байхгүй ээ. Дэлхий даяар мөнгөний асуудал их эмзэг байна. Яагаад вэ гэвэл бүгд ковидын дараахь эдийн засгийн түр сэргэлт, түүний хуурамч сэргэлтийн дараахь уналт гэсэн хоёр юм давхцаад,дэлхий даяараа л мөнгөний асуудал маш хүнд байна. Аль ч улс, тэр битгий хэл АНУ төрөө эрс агшаах алхмыг зоригтой хийж чадаж байна шүү дээ. Бид эсрэгээрээ, төрөө улам данхайлгаад байна. Сангийн яам, ЭЗХЯ нь хуурамч мэдээллээр иргэдийн тархийг угаачихаад, ардуур нь халаасан дахь мөнгийг нь суйлж байна шүү дээ.

– УИХ-ын дэргэдэх тогтвортой байдлын зөвлөлөөс Гашуун сухайтГанцмодны боомтын хил холболтын шийдвэрийг УИХ-ын чуулганаар соёрхон батлах гэж байна. Хоёр талаасаа давчуу хонгил буюу хавцлын хооронд баригдах учраас маш түвэгтэй төсөл гэж мэдээлсэн. Ер нь бид энэ бүтээн байгуулалтыг хийж чадах болов уу?

-Бүтээн байгуулалтын хувьд Хятадын талаас хийнэ, нэг их асуудал байхгүй шүү дээ. Манайхан л өөрсдөө байгалийн нөхцөлд тийм зүйл хийж байгаагүйдээ сүртэй юм яриад байгаа болохоос, бүтнэ.

– Нүүрсний үнэ уруудсаар байвал бид юун 14 мега төсөл хэрэгжүүлэх байдалд хүрч болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Та ч бас тэгж бодож байна уу?

-Мега төслүүдийн гурав, дөрөв нь эрчим хүчтэй холбоотой. Эрчим хүчний үнээ чөлөөлөхгүй бол тэдгээр төслүүд явахгүй. Саяны чөлөөлөлт тэдгээр төслүүд явахад түлхэц болж байгаа юм. Гэхдээ Засгийн газар өөрийн байр сууринаасаа буцаад байна л даа. Намар иргэдэд анхнаасаа цахилгаан, дулааны үнийг 30 хувь нэмнэ гэж хэлээд, 86 хувь нэмсэндээ бантаад, хэлснээсээ буцаад байна. Ингэж эргэж буцсаны улмаас бүтээн байгуулалт ч явахгүй, ердийн бидний амьдралыг ч түвэгтэй байдалд оруулж байна.Шийдсэн бол шийдсэн л байх хэрэгтэй шүү дээ.

 -УИХ, Засгийн газрын гишүүд инфляци өссөнд Монголбанк буруутай гэсэн хандлагатай байна?

-Монголбанкинд ямар буруу байх вэ дээ. Өөрсдөө бодлогыг нь гаргаж өгчихөөд. Одоо яах вэ дээ, Ерөнхийлөгчийг нь солих санаархал яваад, тэрэн дээр л нэг шалтаг болж байгаа байлгүй. Тэрнээс өөр юм байхгүй.

Макро эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-Тоон үзүүлэлтийг өнгөрсөн нэгдүгээр сартай харьцуулахад муу байна. Бидний мөнгө хэрэглэдэг улирал бол энэ дөрвөн сар. Газар тариалан, барилга, уул уурхай гээд. Яг энэ үеэр мөнгөний уналтад орчихсон. Дээр нь валютын хомсдолд орчихсон. Хамгийн хэрэгтэй агшинд энэ юм байхгүй болчихож байна. Ганцхан ноолуур, бусад түүхий эдээр жаахан нөхөх болов уу л гэж найдаж байна.

– Геополиткийн нөхцөл байдал энэ хавар, намар бидний амьдралд хэрхэн нөлөөлөх бол?

-Орос, Америк хоёрын тоглолтоос шалтгаална даа. Америк, Оростой нийллээ гээд өөрийнх нь эдийн засгийн хувьд маш том доргио болж байна. Ашигтай биш, бүр эсэргээрээ.Ялалтын баяр болно. Мэдээж ойр орчмынхоо бүх улсуудаа Путин Москвад цуглуулна. Тэгээд сүртэй л юм хийх байлгүй.

– Зээлийн хүүг  Монголбанкнаас хоёр нэгж хувиар өсгөсөн нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Арилжааны банкуудад л ашигтай. Арилжааны банкууд мөнгө гадагш гаргахгүй, Төв банкныхаа бондыг авсан нэртэй. Одоо Төв банкны өр 5 их наяд. Арилжааны банкууд хадгаламжийн зөрүүг бидний татварын мөнгөөр дахин төв банкаар дамжуулаад, аваад байдаг нь үнэхээр гайхалтай луйвар л даа.

Та Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улс элсээд ямар ч ашиггүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Шадар сайд сая  хэлэлцээний гурав дахь шатанд гарын үсэг зураад ирсэн. Бид одоо яах ёстой вэ?

-Бид 25 жил тэсэж ирсэн юм. Зүгээр л судалж байна гээд, дайн дуустал хүлээж байх хэрэгтэй. Дээд талын түвшинд Москвагаас хэр зэрэг шахаж, чихийг нь мушгиж байгаа вэ гэдэг асуудал л даа. Бас нэг ажил хийсэн дүртэй, Путины өмнө гоё харагдах гээд, тэрэндээ манай дээд талын өндөрлөгүүдийг бүгдийг нь шахаанд оруулчихсан, “цусыг нь гоожуулж” байгаа байдал харагдаад байгаа юм.

 -Тэр хэрээр энгийн иргэдэд ч нөлөөлөх үү?

-Энгийн ажиллаж байгаа үйлдвэрүүд байхгүй болно шүү дээ. Тэндээс татваргүй бараа орж ирээд. Евразийн тавхан улс байгаа шүү дээ. Тэдгээрийн менежмент, соёл, ёс суртахуун, авлига гэх мэтчилэн ямар юм орж ирэх вэ гэдгийг бид тооцох ёстой. Төрийн удирдлагадаа маш их авлигажсан, мафижсан систем нь ороод ирэх бололцоо гарч ирж байгаа юм. Энэ нь манайд тийм сайхан юм авчрахгүй. Бид чөлөөт зах зээл, иргэнийхээ эрх чөлөө, бас сүүлийн 30 жилд олж авсан юмаа аваад үлдчих хэрэгтэй.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Г.Дамдинням: Бүгд Facebook, Twitter, Apple хэрэглэж, их хэмжээний мөнгө татваргүйгээр гадагшаа өгч байна, эндээс татвар авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллараар экспортлох зорилт тавьсан. Эхний улиралд нүүрсний үнэ тооцоолсноос доошилсон нь төсөвт тусгасан борлуулалтын дүнгээс 20 орчим хувиар буурсан үзүүлэлт. Улсын эдийн засгийн идэвхжил буурах юм биш байгаа?

-Ер нь уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлзэж байдаг. Бид сүүлийн хэдэн жилд нүүрсний үнийн өсөлтийн буяныг маш сайхан хүртлээ. Энэ хэрээр сүүлийн дөрвөн жил төсвөө дөрөв дахин томрууллаа. Одоо бид төсвийн зардал талдаа маш ухаалаг, зөв шийдэл хийх ёстой. Хяналттай ажиллах цаг үе ирчихээд байна. Нүүрсний үнийн уналт бол ойлгомжтой. Үндсэндээ бид бүх олборлосон нүүрсээ БНХАУ-д борлуулдаг. АНУ-ын ерөнхийлөгч Трампын тариф, БНХАУ, АНУ хоёрын хоорондын худалдааны дайнтай холбоотой асуудлаас шалтгаалаад үндсэндээ дэлхийн бүх л улс орон эдийн засгийн төсөөллөө нэлээн хүлээлтийн байдал руу шилжүүлчихлээ. Энэ хэрээр бидний эдийн засгийн идэвхжил суларна гэсэн үг. Эдийн засгийн идэвхжил сулраад ирэхээр хэрэглээ буурна. Хэрэглээ буурахаар үндсэндээ манайхаас худалдаж авах түүхий эдийн үнэ буурна л гэсэн үг. Дэлхий нэг тийм тогтворгүй нөхцөл байдалтай болоод байна. Энэ хэрээр бид нэлээн болгоомжтой хандах ёстой болоод байна.

-Нүүрсний үнэ буурсаар байвал 83 сая тоннын экспортыг 120 сая болгож нэмэгдүүлсэн ч тээврийн зардал, бусад өртгүүдээс үүдэлтэйгээр нүүрсний үнэ төсөвт суулгасан зорилтот төсөөлөлдөө хүрэхэд хүндрэлтэй болно. Бидэнд нүүрснээс өөр бараа бүтээгдэхүүнээр эдийн засгаа тэтгэх, мөнгө олох боломж байна уу?

-Мөнгө олох эх үүсвэрийн тухайд бид үндсэндээ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдаа маш сайн хамгаалах хэрэгтэй.  Ажлын байр бий болгох, татвар төлөгчдөө дэмжих хэрэгтэй байна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдыг маш тогтвортой, аюулгүй, оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаална гэсэн баталгаа өгч, шинээр хөрөнгө оруулалтууд татах, орд газруудыг нээх нь чухал. Үндсэндээ хайгуулын лицензүүдээ нээх, өнгөт металлын хайгуулаа дэмжих ийм чиглэл рүү л эрс шийдэмгий, хурдтай алхам хийхгүй бол эдийн засгийн хямрал үүсэх аюулын харанга бий болоод ирж байна. Бид энийгээ харах ёстой. Нэгд, мөнгө оруулж ирэх хөрөнгө оруулалтыг татах, хоёрдугаарт, одоо байгаа төсөв мөнгөнийхөө орлого дээр хэмнэлтийн горим руу шилжих тухай асуудал яригдана л гэсэн үг.

-Сангийн сайд эдийн засгийн үзүүлэлтүүд хэвийн, тийм хүнд нөхцөл байдалтай нүүр тулчихаагүй байгаа талаар мэдээлж буй. Харин эдийн засагчид, шинжээчид эдийн засаг хүндрэх нь ээ гэж анхааруулсаар байна. Бидэнд төсвөө тодотгох зайлшгүй шаардлага тулгарах болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд бидэнд мэдээлэл өгөхдөө одоо гайгүй байна л гэж байна лээ. Бид өнөөдөр гадаад худалдаан дээр “шок” авчихаад байна. Өөрөөр хэлбэл, орж ирдэг орлого дээрээ “шок” авч байна гэсэн үг. Энэ богино хугацааных уу, урт хугацааных уу. Магадгүй АНУ БНХАУ-тай худалдааныхаа гэрээг ойрын хугацаанд гэнэт хийгээд, байдал тогтворжчихвол айх аюулгүй болчихно. Харин энэ хэвээр үргэлжлээд явбал маш эрсдэлтэй байдал руу орно шүү дээ. Яг одоо төсөв тодотгох эсэхийг хэлэх эрсдэлтэй, эргэлзээтэй байна. Бага хэмжээний эргэлзээ, болгоомжлол, ажиглах ёстой зүйлүүд байгаад байна. Хоёрдугаарт, бид төсвийн тодотгол хийх ёстой бол дэлхий нийтийн нөхцөл байдлыг харж байгаад, том төслүүдээ эрэмбэлээд, түүний дагуу санхүүжүүлээд, гаднаас орж ирэх хөрөнгө оруулагчдаа дэмжих чиглэл рүү л анхаарч байж, хэрэв цохилт орж ирэхээр бол дааж гарах ёстой байдал руу орно. Гэхдээ яах вэ, манай эдийн засаг жижиг. Нүүрсний үнэ унаад эхэлж байна гэхээр цаана нь төмрийн хүдрийн ханш унана гэсэн үг. Нөгөө талдаа өнгөт металлын үнэ өснө. Бүгдээрээ л критикал менерал гэж ярьж байна. Зэс, алтны үнэ өсөж байна. Гэхдээ манайд алт, зэсний үнэ өсөөд өсөөд нүүрснээс орж ирж байгаа орлогын дутууг нөхөж чадахгүй. Тийм болохоор хэмнэх ёстой. Хоёрдугаарт, шинэ хөрөнгө оруулалт оруулж ирэх ёстой. Гуравдугаарт, ороод ирсэн, юм хийчихсэн гаднын болоод дотоодын хөрөнгө оруулагчдаа оролдохгүй байх ёстой. Ийм л зарчим баримтлах ёстой. Тэгж байж бид эдийн засгийн хүндрэлийг давж гарна.

-Хятад гангийн эрэлтээ бууруулах шийдвэр гаргасан. Монгол Улсаас нүүрс авахгүй бол эдийн засаг маань элгээрээ хэвтэх вий гэсэн болгоомжлол хэн хүнд байна. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Хятад улс саяхан эдийн засгийн хурдаа сааруулж байгаа талаараа мэдээлсэн. Манай нийлүүлдэг нүүрсний хэмжээ Хятадын нийт хэрэглээний жаахан хувь шүү дээ. Энэ хүрээнд өнгөрсөн чуулганаар ярьсан, төмөр замын холболтыг хийсэн “Чайна энержи”-тэй байгуулсан гэрээ бидний аминд орно оо. Ер нь нүүрс, төмөр, төмрийн хүдэр гээд маш их хэмжээний тээвэр ложистик шаарддаг, ихээр нь худалдаалдаг бараа, бүтээгдэхүүнийг олон жилийн мастер гэрээ хийж байж тогтвортой авч гардаг. Юмны үнэ өндөр байх үед бид жаахан шулуулаад байгаа юм шиг харагдана. Нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан тохиолдолд бид аюулгүй байдалтай байх юм. Өөрөөр хэлбэл, тогтмол үнээр л нийлүүлнэ гэсэн үг шүү дээ. Бас хөдөлгөх индикаторууд байгаа байх. Манайхаас тогтмол авах хэмжээгээ нэг их бууруулахгүй болов уу гэсэн найдлагатай байна. Би түрүүн хэллээ, БНХАУ-ын хэрэглэдэг нийт нүүрсний хэмжээнд эзлэх Монгол Улсын нүүрсний хэмжээ маш жаахан. Найрсаг хөршийнхөө хувьд бидэнд илүү анхааралтай хандаж, дэмжиж, ойлгож хүлээж авах байх. Нэг зүйлийг тодорхой хэлчихье. Хэмжээг нь харвал, Монгол Улсын экспортолдог зэс, Монгол Улсын экспортын нүүрсгүйгээр Хятад улс ер сөнөчихгүй. Тэгэхээр бид ухаалаг наймаа хийх ёстой гэсэн үг.

-УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудалд Татварын багц хуулийн төсөл орсон. Танд татварын дарамт мэдрэгдэж байна уу. Таны ойр ажилладаг бизнес эрхлэгчид, ажил олгогчид энэ талаар ямар хүсэлттэй байна вэ. Татварыг яаж бууруулах вэ?

-Ажил олгож, ажил хийж байгаа, татвар төлж буй хэсгийнхээ ачааллыг улам нэмснээс биш татварын бааз суурийг, өөрөөр хэлбэл татвар төлдөггүй, татварт бүртгэгддэггүй хэсэг рүү чиглэсэн бодлого огт хэрэгжсэнгүй. Одоо татвар төлж байгаа хэсгийнхээ ачааллыг бууруулаад, татвар төлөхгүй байгаа далд зах зээлийг ил болгох чиглэлийн бодлогыг л энэ татварын хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой. Одоо жишээлбэл, олон улсын компаниуд байна. Facebook, Twitter, Apple-ийг бүгд л хэрэглэж байна. Маш их хэмжээний мөнгийг бид ямар ч татваргүйгээр гадагшаа өгч байна. Эндээс татвар авах хэрэгтэй.

-Боломж байна уу?

-Байлгүй яах вэ. Дэлхийн бусад орнууд аваад эхэлчихлээ шүү дээ. Австрали хамгийн түрүүнд энэ татварыг тавьж эхэлсэн. Бүгдээс нь татвар авах ёстой. Хоёрдугаарт, ажил олгогчид, мөнгө олж ашиг олж байгаа бизнес эрхлэгчдээс авч байгаа орлогын албан татвараа бууруулах хэрэгтэй. Энэ хэрээр татвар төлдөггүй аргалаад, тойроод зугтаагаад байгаа хэсэг чинь татвараа төлөх сонирхолтой болж эхэлнэ. Далд эдийн засагт байгаа хүмүүсийг татвар төлөх нь өөрсдөд нь ашигтай байдаг хэлбэрт шилжүүлж байж л бид татварын бааз суурийг тэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ бид анхаарах ёстой, өөрчлөлтүүд хийх ёстой. Хувь хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байна. Энэ нь өөрөө өөрийнхөө тэтгэврийн сан руу л хийж байгаа мөнгө. Бас байгууллагын төлж байгаа татварыг бууруулах хэрэгтэй. Ингэж байж бизнесийнхний идэвхжлийг нэмэгдүүлэх ёстой. Бизнес эрхлэгчид, ажил олгогчдынхоо санхүүгийн ачааллыг бууруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгдээрээ л “Нийгмийн даатгалын шимтгэл маш хүнд байна шүү” гэж ярьж байна. Энийг ярих ёстой. Энэ бол татвар, төрийн орлого гэхээсээ илүүтэй ажлын байр нэмэгдүүлэх бодлого байхгүй юу, явж явж. Энэ рүү л чиглэх ёстой.

-Зарим судлаач шинжээчид цахилгааныг либералчлах ёстой гэсэн байр суурьтай байна. Та санал нийлэх үү?

-Үргүй зардлыг бууруулах ёстой. Хяналтаа тавих ёстой. Тэгэхгүй бол манай Шадар сайд тэргүүтэй нөхдүүд шиг үнэ нэмээд, болчихлоо гэж хайппи царайлаад байж болохгүй. Сая би Исланд улсын газрын дулаанаар ажилладаг, 300 мегаваттын цахилгаан станцад очиж, газрын гүнийг ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой ажлын айлчлал хийгээд ирлээ. 300 мегаваттын цахилгаан станцад хэдэн хүн ажиллаж байна гэж бодож байна?

-Хэд вэ?

-30 хүрэхгүй хүн ажиллаж байна. Бүрэн автоматжсан. Хэрэглээг бүрэн хянаад явж байдаг. Манайд хэдэн хүн ажиллаж байна вэ, хэдэн мянга шүү дээ. Тэгэхээр энэнээс авахуулаад эрчим хүчний хэмнэлттэй, өөрөөр хэлбэл үргүй зардлаа бууруулах чиглэлийн ажлаа давхар үнийн нэмэгдэлтэй оруулж ирэх ёстой. Үнэ нэмэгдэх бол зайлшгүй байсан. Гэхдээ эрчим хүчний салбар өөрөө яаж хэмнэлт гаргах вэ гэдгээ ярих ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр иддэг хоолыг нь нэмээд, хажуугаар нь савируулж асгадаг юмных нь тоог нэмээд байвал ямар ч үр дүн гарахгүй.

 

Д.ЭРДЭНЭТУЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Үгсэн хуйвалдсан шатахуун импортлогч 26 ААН-ийг торгосон ч шүүх өнөөдрийг хүртэл шийдээгүй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж буй. Энэ хуульд өөрчлөлт оруулах ямар зайлшгүй шаардлага тулгарсан бэ?

-Хэрэглэгчийн эрх өнөөдөр зөрчигддөггүй байх ёстой. 2003 оны шинэчилсэн найруулгаас хойш 22 жилийн дараа хийгдэж байгаа шинэчилсэн найруулга. Энэ хугацааг эргээд харвал цахим худалдаатай холбоотой асуудлууд яригдаад эхэлсэн. Алсын зайн худалдаа эрхлэхтэй холбоотой асуудлууд хөндөгдөөд эхэлсэн байна. Дэлхийн улс хоорондын худалдааны гэрээгээр зохицуулагддаг маш олон харилцаанууд шинэчлэгдсэн байна. Бид дагнасан хэлбэр дээр, салбар болгон дээр хэрэглэгчийн эрх зөрчигдөж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Энэ дээр үүсч байгаа асуудлууд байна.

-Тухайлбал?

-Хэрэглэгч 5000 төгрөгөөр хохироод үлддэг биш, 50 мянган төгрөгөөр хохирсон иргэн тухайн хохирлоо барагдуулахын тулд өмгөөлөгч авах шаардлагатай болдог. Өмгөөлөгчийн хөлс сая төгрөг. 50 мянган төгрөгөөр хохирсон иргэн хэзээ ч өмгөөлөгч аваад, шүүхийн харилцаанд орохгүй. Тиймээс бид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрхэн үйл явцыг хялбаршуулах вэ, тухайн хохироосон байгууллага шууд төлбөрийг гаргаж өгдөг хэлбэр лүү шилжүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа юм. Тэгэхгүй бол нэг хэрэглэгч дээр 50 мянган төгрөг мэт боловч эргээд харахад нэг сая хэрэглэгчийн хувьд 50 мянган төгрөг хэдэн төгрөг болох вэ гэдэг асуудал. Энд нөгөө аж ахуйн нэгжүүдийн хууль бусаар олж байгаа мөнгөтэй холбоотой асуудал яригдаж байгаа юм.

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа та хэрэглэгчдийн төлөө тодорхой ямар ажлууд хийсэн бэ?

-Би IPTV-тэй холбоотой асуудлыг хөндөж байсан. Автомат сунгалт хийгддэг. Тухайлбал, хэрэглэгч хүүхэд өөрийнхөө дуртай багцыг сонгоод орхичихдог. Гэтэл гурав, дөрөв, магадгүй зургаан сар, жилийн хугацаанд мэдэгдэхгүйгээр цаанаас нь автомат сунгалт хийгдсэн тохиолдол байсныг зогсоосон. Намайг ШӨХТГ-ын даргын ажлаа өгсний дараа энэ дахиад хуучин хэлбэртээ орсон байна. Энэ байгууллагын дарга хэн байхаас үл шалтгаалаад, тэр хэрэглэгч хохирохгүй байх тогтолцоо нь өөрөө хэрэгжих ёстой. Энэ хаана байна вэ гэхээр нөгөө хуулийн хэрэгжилт буюу санкц дээр асуудал байгаад байгаа юм аа гэсэн үг. Тэнд тодорхой арга хэмжээ авахгүй байгаад байгаагаас тухайн байгууллагууд үзэмжээрээ хандаж байна.

-Хуулийн төслийг боловсруулах хүрээнд “Хэрэглэгч, түлш эрчим хүч” сэдвээр анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Оролцогчид эрчим хүчний татаасын асуудлыг хөндөж байна. Энэ боломжтой юу?

-Сэргээгдэх эрчим хүчний тариф байна. Эрчим хүчнийхэн “Бид хуучин бичилт дээр бичдэг байсан, одоо бичихээ больсон” гэж хэлж байна. Гэхдээ хасаад л байгаа юм. Бидний үндсэн зарчим, Хэрэглэгчийн тухай хууль дээр ямар зарчим баримталдаг вэ гэхээр нэг талдаа “Хүн хэрэглээгүй зүйлийнхээ төлбөрийг төлөх ёсгүй”. Нөгөө талдаа тухайн төлбөр хураамжийг төлөхдөө хэрэглэсэн хэмжээгээрээ л төлөх ёстой. Яагаад вэ гэхээр, хэрэглэгч гэж хэн бэ гэдэг хуулийн заалт бол хэрэглэгч өөрийнхөө хэрэглээнд ашиглахаар авсан бараа бүтээгдэхүүнээ худалдан авна. Нөгөө талдаа төрийн үйлчилгээг хэлдэг. Тухайлбал, Үндэсний олон нийтийн радио телевизийн хураамжийг яагаад цахилгааны төлбөр дээр нэмж авах ёстой вэ гэх мэт асуудал байна. Хэрэглэгч төлөхгүй гээгүй шүү дээ. Гэхдээ яагаад цахилгааны төлбөртэй нийлүүлж авч байгаа юм бэ. Өнөөдөр бэлэн мөнгөө бариад, кассанд төлөхөөр явдаггүй болсон. Бүгд цахимжсан. Бүгд банкны аппликэйшнтэй болсон. Заавал нэг байцаагч очиж төлбөр нэхдэг байсан 1990 оны системийг 2025 онд яагаад хэвээр нь үргэлжлүүлэх ёстой гэж. Яагаад өнөөдөр шугамын радиогийн мөнгөө авсаар байгаа юм бэ гээд энэ бүгд жишээнүүд байхгүй юу. Тэгэхээр бид цаашдаа хэрэглэгч хэрэглээгүй хэрэглээнийхээ төлбөрийг төлөх ёстой юу. Ялгамжтай тариф тогтоох ёстой.

-Монголд нэн тулгамдаж буй асуудал түлш, эрчим хүчний асуудал байна. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжийг торгож байсан. Тэр асуудал өнөөдрийг хүртэл шүүхийн харилцаан дээр шийдэгдээгүй байна. Үгсэн хуйвалдсан асуудал. Гэтэл тэнд дөрвөн жилийн хугацаанд хэрэглэгч хохирсон. Шүүхийн харилцааны үүдэлтэйгээр хэрэглэгч хохирсон хэвээрээ л байгаа байхгүй юу. Гэтэл хэрэглэгчийн эрх ийм удаан хугацаанд зөрчигдсөөр байх ёстой юу гэдгийг бид судлах ёстой. Тиймээс бид эрх зүйн харилцаанд маш олон зүйлийг тусгах ёстой. Нөгөө нэг зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай зүйл нь Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Дампуурлын тухай хууль, Иргэний хууль байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль жижиг Иргэний хуульд тооцогддог. Яагаад вэ гэвэл иргэн болгон хэрэглэгч. Тэгэхээр хэрэглэгч гэдэг иргэн бүрийн асуудлыг хөндөж байгаа юм. 3 сая 544 мянган иргэн бүгд хэрэглэгч байхгүй юу. Иргэний тухай хууль буюу гэрээний харилцаагаар зохицуулагдаж буй бүх харилцаан дээр хэрэглэгчийн асуудал хөндөгдөж байгаа учраас бид Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг зайлшгүй бусад хуулиудтай дүйцэх хэмжээнд аваачих ёстой. Үүнийг цаг хугацаатай хөл нийлүүлсэн хэлбэрт нийцүүлэх ёстой.

-Өрсөлдөөний тухай хуулиас хяналттай холбоотой заалтыг хассан гэж хэлэлцүүлэгт оролцогч хэлсэн. Ер нь Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасныг иргэд, салбарынхан шүүмжилдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага 2022 онд яг ямар түвшинд очсон бэ гэдэг дүгнэлт гарсан. Тэндээс оймсны хэрэг гарлаа. Тэндээс машин мөнгөний хэрэг гарлаа. Тэндээс авлигын хэрэг гарлаа. Маш хүнд сурталтай. Реконстракшн буюу татан буулгаад, дахин зохион байгуулах хэлбэр хуулинд байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын чадамж, чадавх сулраад, өөрийн ногдсон чиг үүргийг биелүүлж чадахгүй хэмжээнд очих, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж эхлэх харилцаан дээр тухайн байгууллагыг татан буулгаад, дахин шинэчлэн байгуулдаг. Энэ хэлбэр дээр явж байгаа юм. Удахгүй байгуулагдана. Хуучин мэргэжлийн хяналтын байгууллагыг бүх салбарын яамдад байхад нь болиулаад, нэг газарт төвлөрүүлж байсан. Тэр хэлбэр нь юу вэ гэхээр маш олон салбарын давхацсан хяналт шалгалт явуулаад байна, хүнд суртал ихсээд байна гээд мэргэжлийн хяналтын байгууллагыг нэгтгэж байгуулж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага хуучин тогтолцооноос өөр хэлбэртэй байгуулагдах ёстой гэж бодож байна.

-Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 93 хувийг ОХУ-аас, 5 хувийг Хятадаас авдаг. Эрчим хүчний хараат энэ байдлыг халж, өөр эх үүсвэр хайх хэрэгтэй гэж эдийн засагчид мэдээлж буй. Тухайлбал, Казахстанд ОХУ-тай адил үнэтэй шатахуун бий, түүнийг оруулж ирвэл гэсэн санаа дэвшүүлж байсан?

-Бидний хувьд ерөөсөө хямд өртөгтэй эрчим хүчний ханган нийлүүлэгч дотоод эх үүсвэр шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 2025 оны улсын төсөвт 14 мега төслийн төсвийг тавьж өгсөн. Тэнд 90 мегабайтын Эрдэнэбүрэнгийн УЦС бий, 310 мегабайтын Эгийн голын УЦС байна. Энэ хоёр усан цахилгаан станц сэргээгдэх эрчим хүчээр дамжуулаад бид дотоодын эрчим хүчийг хангах асуудал хөндөгдөж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулснаар хойд бүс буюу Хөвсгөл, Булган, хангайн бүсийн тодорхой хэсэг эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж байгаа юм. Тавантолгойн цахилгаан станцын ашиглалтад оруулснаар өмнийн говь, зүүн талд байгаа Багануурын цахилгаан станцыг өргөтгөлийг нэмж барьснаар зүүн бүсийн эрчим хүчийг хангах асуудал шийдэгдэж байгаа юм. Нөгөө талдаа Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж байгуулснаар Оюу толгой компаниас БНХАУ-д эрчим хүчинд төлж байгаа 110-120 сая ам.долларыг Монгол Улс хэмнэх боломж бүрдэнэ. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор ОХУ-д жил бүр төлж байгаа 17.5 тэрбум төгрөгийг хэмнэх, эх орондоо авч үлдэх боломж бүрдэнэ.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Татварын хувь, хэмжээг бууруулах чиглэлээр ажиллаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой ярилцлаа


Улсын төсвийн  орлогын гүйцэтгэл эхний хоёр сарын байдлаар хэвийн бөгөөд 4.1 их төгрөгийн орлого оржээ.Төлөвлөгөөт орлогын 95 хувийн гүйцэтгэлтэй яваа гэхээр эдийн засгийн нөхцөл байдал хэвийн байгаа талаар салбарын сайд мэдээлсэн. Зарим эдийн засагчид нүүрснийүнэ унаж, макро эдийн засаг хүндхэн сорилттой тулгарах нь гэж анхааруулж байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ. УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэв үү?

-Бид тодорхой мэдээллүүд сонслоо. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор, бас дэлхийд өрнөж буй түүхий эдийн ханшийн уналт, дээрээс нь геополитикийн хувьд тодорхой бус байгаа нөхцөл байдлуудаас үүдээд “дэлхийн худалдааны дайн” гэж нэрлээд байгаа зүйл дээр манайд шууд болон дам нөлөө үзүүлж байгаагаас хэрхэн яаж авч гарах вэ, хэрхэн гэтэлж гарах вэ гэдэг дээр тодорхой мэдээллүүд сонслоо.

– Нүүрсний үнийн уналт цааш үргэлжилвэл төсвөө тодотгох зайлшгүй шаардлага тулгарах байх. Та энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Засгийн газрын албан ёсны байр суурийг сонслоо. Энэ дээр одоогийн байдлаар төсөв тодотгох нөхцөл байдал үүсээгүй байна. Бид нүүрсний биет хэмжээг хэрхэн илүү нэмэгдүүлэх вэ гэдгээс гадна энэ хэмжээндээ байлгаж, төсвийн алдагдлыг ихэсгэхгүй байх үүднээс гаднын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ, яаж ажлын байр бий болгох вэ гэдгийг бодох ёстой. Дээрээс нь иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол ерөнхий мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөөд, бараа материалын үнийн өсөлтийг өдөөгөөд байна. Тэгэхээр бодит мэдээллийг иргэд олон нийтэд зөв өгөөд явах ёстой. Одоогийн байдлаар Засгийн газрын мэдээллийг сонссон. Төсөв тодотгох шаардлага байхгүй гэж үзэж байна.

Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар ямар хуулийн төслүүд өргөн барихаар ажиллаж байна вэ?

-Эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах чиглэлийн хуулиудын ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн татварыг бууруулах чиглэлтэй нэлээн олон судалгаа уншлаа. Зарим орны туршлагуудыг ч судаллаа. Тэгэхээр энэ чиглэлдээ түлхүү анхаарч ажиллана гэсэн бодлоготой байна.

– УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Татварын багц хуулийн шинэчлэлийн асуудал орсон. Татвар бизнес эрхлэгч, иргэд аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна. Үүнийг бууруулах чиглэлээр ямар алхмууд хийгдэж байна вэ?

– Татвар,нийгмийн даатгалын шимтгэлийг зохистой хэмжээнд аваачихгүйгээр өнөөдөр Монгол Улсад ажлын байр бий болгох бололцоо алга байна. Тиймээс татварын хувь, хэмжээг бууруулахаар ажиллаж байна. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллага дахь өсөлт, эргээд эдийн засагт оруулах бүтээмж гэдэг зүйлүүд дээр татварын орчноор дэмжиж өгөх зайлшгүй шаардлага байна. Ер нь гол барьж буй зарчим бол шударгаар бүгд татвараа төлөх. Тэрнээс биш цөөн хэд нь төлдөг байж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байна. Энэ хуулиуд дээр ажиллана. Хоёрдугаарт, тендер худалдан авалтын хуулиуд байна. Цүнхний компаниуд орж ирээд авчихдаг, тендерт шалгарсан компаниуд тухайн жилдээ ажлаа хийж чадахгүйгээс дараа жил рүү шилждэг. Шилжингүүт нь магадлалаар ордог. Тухайлбал, барилгын материалын үнийн өсөлт, ажиллах хүчний үнийн өсөлтөөс шалтгаалаад, буцаагаад барилга дээр  ажил дуусдаггүй ийм үргэлжилсэн зүйлүүдийг арилгах үүднээс Тендер худалдан авалтын хуулийг өөрчлөх ёстой юм.

 -Бас нэг чухал хууль бол Тендер худалдан авалтын тухай хууль. Дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудыг тендер худалдан авалт дээр хэрхэн дэмжих вэ?

– Ажлын байр бий болгож байгаа, Ноу Хау буюу инноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг төрийн худалдан авалтаар хэрхэн дэмжих вэ гэдэг зүйлүүд дээр бас анхаарч, энэ хуулийн өөрчлөлтийг хийнэ гэсэн концепцоор явж байна. Би Худалдан авах ажиллагааны газар болоод Нийслэлийн зарим албан хаагчдаас яг энэ чиглэлийн мэдээллүүдийг аваад, холбогдох хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Тун удахгүй боловсруулж буй хуулийн төслөө Засгийн газарт, холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгнө.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг 2021 оноос гэмт хэрэгт тооцдог болсон. Бараг таван хүн тутмын хоёр нь цахим тоглоом тоглодог гэсэн судалгаа гарсныг ЦЕГ-аас мэдээлж байсан. Энэ чиглэлээр таныг хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа гэж дуулсан. Хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ?

– Арилжаа эрхлэх  тухай хууль, спорт бэтийн асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчныг зохицуулсан хуулийн төслийг өргөн барихад бэлэн болж байна. Маш олон залуус мөрийтэй тоглоом тоглож, спорт бэтийн сайтаар дамжуулаад цаашаа цахим казино тоглож байна. Энэ зүйлүүдийг технологи өндөр хөгжсөн орнууд дээр бүрмөсөн хаах ямар ч бололцоогүй. Тийм учраас эндээ яаж хяналттай байлгах вэ гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Мөрийтэй тоглоомын асуудлыг хязгаарлаж, зөвхөн спортын арга хэмжээн дээр зохистой хэмжээгээр, хяналттайгаар тавьж болох, эргээд энэ дээрээс үүсч байгаа маш олон сөрөг үр дагаврыг шийдэх арга замуудыг эрэлхийлсэн спортын төлбөрт таавар, хонжворт сугалааны хуулийг бас өргөн барихаар ажиллаж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Шатахуунаар биеэ даахгүй бол намрын байдал ч хүндрэх магадлалтай DNN.mn

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлий  дарга,эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


 -Монгол Улсын макро орчны төлөв байдлыг харахад улс орны эдийн засагт багагүй сорилт тулгарахаар хүндхэн байна. Энэ удаагийн ярилцлагаа хоёулаа энэхүү сэдвээр эхлүүлье?

Миний хувьд 2023 оноос хойш энэ тухай анхааруулж байна. Яагаад гэхээр нүүрсний үнийн хувьд илүү явцуу, жижигхэн зах зээлд нийлүүлэгдэж байна. Ганцхан зах зээлд. Өөр улсад нийлүүлэх боломж байхгүй. Биет хэмжээний хувьд манай экспорт бараг 100 гаруй сая тонн гэж байна. Энэ хэмжээний нүүрсийг одоогоор тээвэрлэх дэд бүтэц төмөр зам үндсэндээ байхгүй. Бага хэмжээнд дотооддоо ашиглаж байгаа боловч бидэнд экспортын төмөр зам гэж алга байна. 100 сая ачааг автомашинаар л тээвэрлэж байна. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр хоёр л Замын-Үүд боомтоор гарч байна шүү дээ. Манай экспортын түүхий эдийн бараг 60, 70 хувь нь Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёрхон боомт дээр ногдож байна. Хилийн боомтын холболтын тухай асуудал гэрээ, хэлэлцээр хийгдээд, дөнгөж эхэлж байна. Дахиад гурван жил ажиллана. Ямар ч байсан эдийн засгийн нөхцөл байдалдаа анхаараад, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа нь сайн хэрэг.

-Гүйцэтгэх засаглал хэтэрхий өөдрөг хараад, тайвшруулаад байна уу гэж бодогдох юм. Танд тэгж санагдаж байна уу?

Судлаачийн хувьд харахад, дүгнэлт арай өөдрөг хэвээрээ байгаад байна. Олон улсын зах зээл дээр гарч байгаа мэдээллийг харсан ч тэр. АНУ-ын ерөнхийлөгч тангаргаа өргөснөөс хойш удаа дараа тарифын асуудал хөндөгдөж байна. Одоо энэ нөхцөл байдал нэлээд тодорхой болоод ирлээ. Энэ асуудал зөвхөн АНУ, хоёр хөршийн асуудал биш, Канад, Европын холбоонд хүртэл хамаарч байна. Тэр дотроос манайд хамааралтай асуудал бол гангийн татварын тухай асуудал. Энэ хөндөгдөөд байгаа учраас дэлхий нийтээрээ хөдөлгөөнд орох гэж байна. Жишээлбэл, Канад, Европын холбооны ган дээр тариф тогтоохтой холбоотойгоор дэлхий нийтэд байсан эрэлт, нийлүүлэлт өөр болох гэж байна шүү дээ. Хятад улсын зөвхөн АНУ-д нийлүүлж байгаа ган бус, Европын холбоонд нийлүүлэх ганд тогтворгүй байдал үүсэх нь. Үндсэндээ дэлхийн зах зээл дээр гангийн илүүдэл үүсэх гэж байна. Үүнийг Хятад улс түрүүлж хараад, хоёр их хурлынхаа үеэр тодорхой түвшинд хэлэлцэж, Хятадын шинэтгэлийн хорооноос мэдэгдэл хийж байна шүү дээ. Нэгдүгээрт, дотоодын эдийн засгийн асуудал байна. Дээр нь тарифын маргаантай асуудлууд байгаа учраас дотооддоо бүтцийн тохируулга хийж, гангийн үйлдвэрлэлээ сая тонноор бууруулна гэж мэдэгдлээ. Жилдээ нэг тэрбум, зарим жилд нэг тэрбум 36 сая тонн үйлдвэрлэдгээ бууруулах тухай ярьж байна.

-Ийм таагүй нөхцөлд бид өнгөрсөн оны гүйцэтгэлээ хараад, дүгнэлт хийгээд байж болохгүй нь, тийм ээ?

-Тийм ээ. 2023,2024 оны гүйцэтгэл маань өнгөрсөн түүх болчихсон. Монгол Улсын сүүлийн 20 жилийн эдийн засгийн циклийг харахаар бидний өөдрөг байсан жил 2-3 жил л үргэлжилсэн. Бид 2008, 2009 оны хямралыг туулсан. 2013-2016 оны түүхий эдийн уналт гэдэг зүйлийг туулсан. Дараа нь ковидын үе гээд, бид гурван удаа үндсэндээ санхүүгийн хүндрэлд орчихсон. Энэнээсээ одоо сургамж авах ёстой. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш унахдаа нэг их айхтар холоос дохио өгөөд, очиж байна шүү гэж ирдэггүй. Үйл явдал болоод өнгөрсөн. Тэгэхээр харьцангуй жижиг эдийн засаг, ялангуяа энэ том эдийн засгийн хажууд дагаж явдаг эдийн засгийн хувьд болж байгаа үйл явдлыг бид урьдчилж харж сэргийлэх ёстой. Монгол Улсын экспортын түүхий эдийн эзэлж буй хувийг харсан ч зэсийн баяжмал л дэлхийн зах зээл дээр нөлөө бүхий байна. Бусад нь хаа ч байхгүй, бид дэлхийн зах зээл дээр эхний арав, 20-д ч багтахгүй. 80 сая тонн гээд асар том тоо яриад байгаа мэт боловч дэлхийн зах зээл дээр бүхий л нийлүүлэгч улс орнуудыг аваад үзвэл тийм том биш. Зөвхөн коксжих нүүрсээрээ л Монгол Улс дэлхийн зах зээл дээр 4, 5-д орж байна. Үндсэндээ бидэнд ийм хоёр хүчин зүйл л байна. Тэгэхээр нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас бид одоо үүсч байгаа нөхцөл байдал дээр илүү анхааралтай дүгнэлт хийж байж арга хэмжээ авахгүй бол зөвхөн нэг, хоёрдугаар сарын төсвийн орлогын гүйцэтгэл сайн байна гэж хэлж байгаа нь арай л болгоомжтой биш байна. Эрсдэлээ төдийлөн сайн олж харж чадахгүй байна. Ялангуяа эдийн засаг хурдацтай тэлсэн учраас хэрвээ асуудал үүсвэл учирч болох эрсдэл маш өндөр юм. 2015, 2016 онд бид ямар их хүндрэлтэй байдалд орж байлаа. Цалин, тэтгэврээ өгч чадахгүй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Тэр үед Японы Засгийн газар маш том буюу 5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж байж бид эргээд хөл дээрээ зогссон. Энэ байдлаасаа бид сургамж аваад, урьдчилсан бэлтгэл арга хэмжээ авахгүй бол бидэнд хувилбар бага.

-Ойрын хугацаанд ямар эрсдэлүүд гарч болзошгүй байна вэ?

Нэгдүгээрт, олон улсын зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурах маш өндөр магадлалтай. Өнгөрсөн оны тоон мэдээллийг харахад, Монголын нийт нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн боловч үнийн хувьд буурсан байна. Яг хилийн тодорхой боомтуудаар аваад үзэхээр Хятадын Дайлан боомт дээр өнгөрсөн оны турш нүүрсний үнэ буурсан. Манай Сэхэ, Ганцмодны боомт дээр, Хятадын гаалийн байгууллагаас гаргадаг нүүрсний ханш бас буурсан байна. Манай дотоодод мэдээлэгдэж байгаагаар 80 гаруй ам.доллар гэж яригдаад байна. Нэгэнт дотооддоо ийм арга хэмжээ авч байгаа учраас энэ үнэ цаашдаа буурах хандлагатай. Хятадын судалгааны хэд хэдэн байгууллага, судлаачдын судалгааг үзлээ. Энэ дээр нүүрсний үнэ ханш өсөх тухай таамаглал ерөөсөө алга байна. Манай нүүрсний экспорт 57 хувь эзэлж байгаа. Ийм том хувийн жин эзэлж байгаа тул үүнийг нөхөх боломж бидэнд маш бага. Одоо хоёрдугаар сарын статистик мэдээллийг харахад зөвхөн нүүрс, зэсийн баяжмал гээд хоёрхон түүхий эд дээр л орлого нь өссөн байна. Бусад түүхий эдийн 5-6 нэр төрөл буурсан. Тэр бууралтыг нөхөх боломж бидэнд ерөөсөө байхгүй. Гол гурван нэр төрлийн түүхий эдийн экспортын орлого өссөн. Нийт өссөн дүн нь 162 сая ам.доллар. Нүүрс болон бусад түүхий эдийн бууралт 482 сая ам.доллар. Ингээд зөрүүг харахад өнгөрсөн оноос 320 сая ам.доллараар буурсан байна. Энийгээ бид жилийн эцэст бодоод, нүүрсний орлого өнгөрсөн онд 8.7 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ том дүнтэй орлогын бууралтыг бид бусад түүхий эдээр нөхөх боломж маш бага.

 -Засгийн газар алтны экспортын орлогоор нүүрсний орлогын бууралтыг нөхөх тухай ярьсан. Ийм боломж бий юу ?

Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд алтны экспорт бусад түүхий эдийн орлогоо нөхнө гэж ярьсан. Алтны орлогын хувьд тодорхой хэмжээгээр нөхөх боломж байгаа байх. Үнэ ханш нь сайн байна. Гэхдээ энэ нь нүүрсний орлогыг бас төдийлөн орлож чадахгүй болов уу. Нөгөө талаар алтны экспортын, алтны орлогын тухайд дутагдалтай тал бий. Манайд нүүрс экспортлогч компаниуд 10 гаруй байна. Тэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд төсөвт оруулах орлого нь арай өндөр. Гэтэл алт олборлогч цөөхөн компаний бий. Алтны олборлолт, тушаалт нэмэгдлээ ч түүнээс төсөвт орох орлого хамаагүй бага, нүүрсний компаниудынхыг гүйцэхгүй. Ийм эрсдэлүүд байна.

 -Сангийн сайд нүүрсний үнэ нэлээд унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна гэж мэдэгдсэн. Гэтэл төсвийг зайлшгүй тодотгохоос өөр аргагүй байдалд хүрээд буй талаар эдийн засагчид хэлж байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

Бид зөвлөгөө өгдөг байгууллага. Шийдвэр гаргахад УИХ-ын гишүүдэд зориулж зөвлөгөө өгч байгаа юм. Ийм асуудал байна шүү, ийм асуудлаар судалгаа хийх хэрэгтэй гэх мэтчилэн. Мэдээж шийдвэр гаргахыг санаачлах эрх нь Засгийн газарт, хэлэлцэн батлах уу гэдэг нь УИХ-ын мэдлийн асуудал. Энэ асуудал дээр ямар болгоомжлол байна вэ гэхээр, 2022 оноос хойш үндсэндээ гурван жилийн амжилттай түүх маань одоо дуусч байна. Манайд эдийн засгийн өнгөрсөн түүх өөрөө үүнийг хэлээд байгаа байхгүй юу. Бид төрөлжсөн эдийн засаг биш учраас ковидын дараа 2021 оноос хойших шиг эдийн засгаа явна гэж төсөөлөөд байна. Манай эдийн засагт тийм түүх байхгүй. Вьетнам, Зүүн Европын орнууд шиг олон худалдааны түнштэй, эдийн засгийн худалдааны олон түнштэй, аж үйлдвэр нь төрөлжсөн салбартай бол бид тэгж өөдрөг төсөөлөх боломжтой. Харамсалтай нь, манайх экспортынхоо 92 хувийг ганцхан зах зээлд нийлүүлдэг улс. Тэр улс нь ямар бодлого барьж байгаа нь өнөөдөр харагдаад байна шүү дээ. Олон улсын зөрчилдөөнтэй асуудал, дотоодын эдийн засгийн түвэгтэй асуудал байна. Ийм учраас төсвийн орлого айхтар өөдрөг байна гэж төсөөлөх боломж байхгүй. Өнгөрсөн оны намар 2025 оны төсөвт хийсэн дүггнэлт дээрээ ч хэлсэн. Дахиад нэг болгоомжлох зүйл байгаа юм.

-Тэр нь юу вэ?

Өнгөрсөн намар буюу наймдугаар сарын 27-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталсан.Хөтөлбөр маань гарсан, гэхдээ тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө хэд вэ гэдгийг тооцоогүй. 2025, 2026, 2027 онд тавьсан зорилт байгаа, түүнийгээ хэрэгжүүлэх мөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэдэг тооцоо байхгүй. УИХын тогтоолоор хөтөлбөрийг батлахдаа Засгийн газарт үүрэг өгсөн. Хөтөлбөрөө бид баталчихлаа, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тооцооллыг хийгээд, эргэж танилцуулаарай гэсэн үүрэг өгсөн. Харамсалтай нь, тэр хийгдээгүй, долоо найман сар өнгөрсөн байна. Дахиад нэг асуудал нь юу вэ гэхээр нэг, хоёрдугаар сард Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж маш том дүнтэй төлөвлөгөө баталчихлаа. 2025-2040 он хүртэл 15 жил хэрэгжүүлэх төлөвлөгөө. Танилцуулга дээрээ нийт дүн нь бараг 240 их наяд. Улсын төсвөөс гарах нь бараг 96 их наяд. Жигд хуваарилбал нэг жилд улсын төсвөөс гарах мөнгө нь зургаан их наяд болох гэж байна. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой хэсэг нь бий, бүтнээрээ байхгүй зорилт. Одоо бидэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудаа хангахад ямар эх үүсвэр хэрэгтэй юм бэ. Бичсэн төслүүдээ үнэлэх хэрэгтэй. Нэмэх нь Улаанбаатар хот 2040, УИХ-аас Хархорин хот байгуулахаар баталсан. Энэ болгоныг нэмээд, ирэх дөрвөн жилд бидэнд ямар мөнгө хэрэгтэй вэ гэдэг тооцоо байхгүй. Тэр байхгүй байхад бид дараагийн гурван жилийн төслийн асуудлыг ярих боломжгүй. Тэгэхээр бидний эдийн засаг өөдрөг байхад тавьсан зорилт маань асар өндөр. Бодит нөхцөл байдал өөр. Энэ хоёрын зөрүүгээр төсөвт ирэх ачаалал маш өндөр.

 -Монгол Улс шатахууны экспортод 1.9 тэрбум ам.доллар гадагш нь урсгаж байна гэж мэдээлж байна. Бид үүнийг яаж либералчилж шатахуунтай болох вэ. Та бодлоо хуваалцахгүй юу?

-Улс орны хувьд газар зүйн нөхцөл байдал маш чухал. Манай улс олон жилийн турш хоёр хөрштэй явж ирсэн. Дэлхийн далайд гарцгүй 44 улсын нэг. Далайд гарцгүй улсуудад тулгардаг худалдааны, тээврийн зардал өндөр бэрхшээл бий. Дэлхийн зах зээл дээр түлш шатахуун экспортолдог орон маш олон. Гэхдээ бид тээвэрлэлтийн өртөг зардлаасаа хамаараад хамгийн ойрхон байгаа ОХУ-аас л 70, 80 жил бараг шатахуун оруулж ирж байна. Одоо төрөлжүүлье гээд. Ялангуяа намрын улиралд Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр дээр урсгал засвар орох үед бид найм, есдүгээр сард шатахууны хомсдолд ордог. Энэ байдал өнөөдөр ч хэвээрээ л байна.

-Хятад улсаас шатахуун авах хэрэгтэй гэж зарим хүмүүс үздэг?

Хятад улсын шатахуун нэгдүгээрт, үнийн хувьд ОХУ-аас авдгаас 20, 30 центээр өндөр. Дээр нь байнгын гэрээ хийдэггүй. Дутагдсан үедээ гүйж очиж аваад, гайгүй болонгуут мартчихдаг. Тэгэхээр ийм найдваргүй худалдан авагчидтай гэрээ хийх хүсэлгүй байна шүү дээ. Нэг, хоёр сар аваад л больдог байдлаа бид тогтворжуулах ёстой. Бидний байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр стратегийн хувьд чухал. Бидэнд үйлдвэрээ байгуулаад, ямар үнэ өртгөөр гаргах вэ, өрсөлдөх чадвартай юу гэх мэт олон асуудал бий. Энэ ажил харамсалтай нь нэлээд сунжирч байна. Төслийн үнэ өртөг нэмэгдэж байна. Одоо танилцуулж байгаагаар 2028, 2029 онд л ашиглалтад орохоор байна. Санаа зовоож байгаа асуудал бол энэ үйлдвэр яг иж бүрнээрээ ашиглалтад орох уу гэдэг асуудал. Үйлдвэр, дамжуулах хоолойг бид хариуцаж буй. Гэтэл шингэн бүтээгдэхүүн болохоос тоологддог бараа, мах, гурил биш байхгүй юу. Ийм учраас борлуулалтын сүлжээ маш чухал. Борлуулалтын сүлжээ сайн байж байж үйлдвэр жигд ажиллана. Яагаад гэхээр газрын тос үйлдвэрийн нэрэх цооногоор орж ирээд, нефть болох процесс жилийн 365 хоног тасралтгүй явах ёстой. Тэр нөхцөлийг бүрдүүлж байж үйлдвэрээ эхлүүлэх ёстой. Тэгэхгүй бол газрын тос тасалдвал үйлдвэрлэл зогсоно. Галт тэрэг, вагонд тээвэрлэж байгаа, мөн агуулах нь дүүрчихвэл бас зогсоно.

-Шатахуунаар ер нь биеэ даахгүй бол Монгол Улс цаашид ч хэцүүхэн байдалтай хэвээр байх нь ойлгомжтой. Та санал нийлж байна уу?

Тийм. Шатахуунаар биеэ даахгүй бол намрын байдал ч хүндрэх магадлалтай. Бид энэ хүрээнд ОХУ-аас гадна бас дахин өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж, тодорхой оролдлого хийх хэрэгтэй. Жишээлбэл, Казахстан улс ОХУ-ын адил хямд шатахуунтай. Манайх тус улсаас авч чадвал боломжтой гэж бодож байгаа юм. Үүнд дахиад тээвэр ложистикийн асуудал бий. Энэ асуудал дээр гурван улсын хамтарсан ложистикийн асуудлыг шийдэх шаардлага тулгарч байгаа юм. Казахстанаас дамжсан Евразийн төмөр зам Говь-Алтайн урд талд, Хятадын нутгаар дайрч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид энэ тээвэрлэлтийн урсгал дээр Казахстанаас авах газрын тосны тээвэр ложистикоо шийдэх хэрэгтэй. Мэдээж их хэмжээний асуудал биш. Нэг цуваа явахад 2-3 нь Монголын газрын тос байж болно. Ийм байдлаар шийдээд, газрын тосоо Монгол руу дамжуулаад авч болно. Тэгэхээр Баянхонгор, Говь-Алтайд цомхон жижигхэн үйлдвэр байж болох байхгүй юу.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ц.Лут-Очир: Америк, Хятадын худалдааны дайн хурцадсанаар Монголд нийлүүлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний үнэ өснө DNN.mn

Эдийн засагч Т.Лут-Очиртой ярилцлаа.


-Трампын Азитай харилцах бодлого Хятадыг тогтоон барих, хумих чиглэлд үргэлжлэн хэрэгжиж байна. Энэ нь хоёр орны хоорондын “худалдааны дайн”-ыг улам гааруулах нь ойлгомжтой. Эндээс ярилцаж эхлэх үү?

-Трамп 2017-2021 онд анх Ерөнхийлөгч болонгуутаа Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн. Энэ нь Хятад, Америкийн худалдааны алдагдлыг бууруулах бодлого байсан. Хятадын бараанд өндөр хэмжээний тариф тогтоосноор хариу хориг арга хэмжээнд орсон. Яг үнэндээ Америкт худалдааны дайнаас хожсон зүйл бага. Энэ удаа Трамп “Америкийг дахин агуу гүрэн болгоно” гэж дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мэдээж хэрэг хүмүүст популист уриа сайхан санагдсан байх. Яагаад гэхээр Америк улс дэлхийн II дайны дараахь шиг олон улсад нөлөөтэй, хүчирхэг байна гэсэн нь хүмүүст их таалагдсан учраас сонгосон байх. Ер нь Трамп гарч ирээд, маш хурдацтай өөрчлөлтүүд хийж байна.

-Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тухайлбал, Засгийн газарт нь сонгогдож буй хүмүүсийг харвал мэдлэг, ур чадвар, туршлага гэхээсээ илүү Трампад хэр их үнэнч вэ гэдэг шалгуураар хүмүүсээ сонгосон. Төрийн нарийн бичгийн дарга нь байна.

Хамгийн их хэл ам дагуулсан нь Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет өөрөө цэргийн стратегич цэрэг дайны туршлага гэхээсээ илүү “Fox news”-ийн сэтгүүлч байсан гэдэг намтартай хүн. Цэрэгт алба хааж байсан болохоос цэргийн тактик боловсруулах, удирдах ур чадвар байхгүй. Яг тэрэн шиг Трамп өөрт нь итгэдэг, өөрийнх нь санаачилсан үйл хэргийг үг дуугүй биелүүлдэг хүмүүсийг л өндөр албанд томилж байна. Трампын энэ бодлого дэлхийн II дайны дараахь шиг Америкийг хүчирхэг болгоно гэсэн зорилго руу чиглээд байна. Ерөөсөө Америк дотроо бүгдийг үйлдвэрлэдэг болох ёстой. Өөрөөр хэлбэл, Америкт дотроо үйлдвэрлэсэн, тухайлбал америк автомашиныг хэрэглэдэг байхыг хүсээд байх шиг байна.

-Түрүүн та дэлхийн II дайны дараахь үе гэлээ. Одоо улс орнуудын эдийн засаг, худалдааг тэр үетэй харьцуулбал тэс өөр түвшинд хүрсэн шүү дээ?

-Тийм ээ. Тэрнээс хойш олон улсын харилцаа, эдийн засаг болон худалдааны харилцаа маш их өөрчлөгдсөн. Глобальчлал дэлхийн хэмжээнд сүүлийн 30-аад жил маш эрчимтэй явсан. Одоо Мексик, Канад, БНХАУ Америкийн худалдааны 50 хувийг эзэлдэг, ер нь чөлөөт худалдаа шахуу явж байсан. Трамп түрүүнд Ерөнхийлөгч байх үедээ Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээ NAFTA-г өөрчилсөн. Түүнд Америкийн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг хамгаалах заалтууд орж ирсэн. Энийгээ дагаад шинэчлэх гээд байна л даа. Мөн маш өндөр хувийн татвар ногдуулахаар яриад байна. Мексик, Канад улс Америкт эрчим хүч, бараа, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, машин техник нийлүүлдэг. Гэтэл түүнд 25 хувийн татвар ногдуулахаар болсон. Мөн Хятад улсын бараанд 10 хувийн татвар гэдэг маш том нөлөө болно.

-Үйлдвэрлэлийн гинжин хэлхээг харвал ямар байдалтай байна вэ?

-Чөлөөт худалдаагаар маш их бараа материал нааш цааш нь солилцдог болсон. Жишээлбэл, Америкийн машины үйлдвэр Мексик рүү нүүсэн гэдэг боловч Америкт үйлдвэрлэсэн мотор, дамжуулах эд ангийг Мексик рүү гаргаад, Мексик тэндээ угсраад, буцаагаад Америк руу гаргадаг. Энэ харилцаа өөрөө дэлхийн худалдаанд маш их комплекс болчихсон. Өөрөөр хэлбэл, Калифорнид барааны дизайныг гаргаад, түүнийг нь Хятадад захиалж хийлгээд, дараа нь бүр гуравдагч, дөрөвдөгч оронд худалддаг. Түүний дараа зургаадагч орны иргэд тэнд очиж худалдаа хийж, гэр лүүгээ авч явдаг гээд манай дэлхийн худалдаа маш их комплекс болчихсон үед ХХ зууны эхэн үеийн протекционист бодлого явуулж, түүнийхээ хүчээр Америк буцаад аж үйлдвэрлэгч орон болно гэдэг бүтэлгүй санагдаад байгаа юм.

-Яагаад. Боломжгүй гэж үү?

-Америк өөрөө эдийн засгийн бүтээмж талаасаа, түүхий эдийн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ талаасаа олноор нь, бөөнөөр нь үйлдвэрлэх давуу талаа алдчихсан. Одоо хамгийн сайн, бүхнийг үйлдвэрлэж чадаж байгаа улс бол БНХАУ болсон. Хятад бол ямар ч бараа бүтээгдэхүүнийг бусдаас хамгийн хямд өртгөөр үйлдвэрлэж чаддаг. Хамгийн гол нь бүтээмжээ нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, Хятадад үйлдвэрлэж байгаа улс бараа бүтээгдэхүүн бусдаас хамаагүй хямд, хамгийн бага өртгөөр, хүний хүчин зүйлийн бага нөлөөтэй байна. Нэг ойлголтын алдаа байгаад байдаг. Одоо Хятад улс хэдийнэ хямд ажиллах хүчний, бага цалинтай газар биш болсон. Гэтэл Хятад бараа бүтээгдэхүүнийг бусдаас илүү хямд үйлдвэрлэж чадаад байгаа юм. Яагаад чадаж байна вэ гэхээр ерөөсөө бүтээмжээ нэмэгдүүлсэн. Робот машиныг ажиллуулсан. Нэг хүний гаргаж байгаа бүтээгдэхүүн, чадвар дээшилсэн. Гэтэл Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнууд хүний хүчээр, хямд цалингаар бөөнөөр нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс Хятадыг Энэтхэгтэй зүйрлэх аргагүй өөр болчихсон байна.

-Хятад, Америкийн худалдааны дайны нөлөө Монгол Улсад ямар байдлаар нөлөөлнө гэж та бодож байна вэ?

-Америк, Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулчихаар Мексик, Канад зэрэг орнууд бусад оронтой худалдаа хийх, худалдааны түнш болох чиглэл рүү орж байна. Мөн хариу арга хэмжээ авч байна. Тэгэхээр Америк болон эдгээр орнуудын хоорондын худалдаа мэдээж хэрэг буурах нь. Барааны үнэ өсч таарна. Бидний хувьд үйлдвэрлэгч орон биш, худалдан авагч орон. Тэгэхээр бидэнд ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ мэдээж хэрэг өсөх нь ойлгомжтой. Мөн Хятад улсын үйлдвэрлэлийн хэмжээ буураад эхэлбэл нөлөөлнө. Жишээлбэл, Хятадын гангийн үйлдвэрлэлд маш өндөр татвар ногдуулж байгаа шүү дээ. Гангийн, машины үйлдвэрлэл хамгийн эмзэг асуудал болж байна. Европын холбоо, Америк Хятадын машины үйлдвэрлэлд өндөр татвар ногдуулах нь ойлгомжтой, ногдуулж ч байна. Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэрэглээ буураад ирэхээр манай экспортын хамгийн гол бүтээгдэхүүн коксжих нүүрсний хэрэглээ дагаад буурна. Тэгэхээр бидний гаргаж байгаа хэмжээ буурна гэхээр бидэнд л хүнд тусна.

-Нүүрсний үнэ, биржийн борлуулалт буурсан үзүүлэлттэй. Хятадын тал ямар үнэ хэлнэ түүгээр нүүрсээ худалдан борлуулна гэж сайд нар хэлж байна. Тэгэхээр улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байна уу?

-Мэдээж хэрэг. Бид 2025 оныхоо төсвийг батлахдаа маш өөдрөг төсөөлсөн. 130 ам.доллараар 83 сая тонн гаргана гэж тооцоолсон. 2024 онд гаргасан хэмжээнд гаргана, үнэ буурахгүй гэж үзсэн. Гэтэл нүүрсний үнэ хэдийнэ буурчихсан. Хятадын талаас нүүрс худалдаж авах хэмжээ хоёр дахин буурсан байна. Тэгэхээр улсын төсөвт татвараар ордог болон Эрдэнэс Таван толгойн борлуулалтын орлогоор ордог дүн буурна. Тэгэхээр яалт ч үгүй төсвийн тодотголоо ярьж л таарах байх. Улсын төсөв сүүлийн гурван жилд хоёр дахин тэлсэн. Энэ бол дандаа өөдрөг төсөөлсний үр дүн.

Д.ЭРДЭНЭТУЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөлмөрийн баатар Р.Раш: Цагаан сараар айлуудын өгсөн нэг төгрөгийг цуглуулж Норвегийн коньки, тавын сумтай үзэг авдаг байлаа DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, “Улаанбаатар төмөр зам” ХННийн дарга асан Р.Раштай Сар шинийн баярын дурсамж яриа өрнүүллээ.


-Монгол үндэстний уламжлалт Сар шинийн баяр айсуй. Хоёулаа таны хүүхэд насны сайхан дурсамжаар ярилцлагаа эхлүүлье ээ?

-Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын Баян-Уулын Булагхудаг гэдэг газар төрсөн хүн л дээ. Хүн болсон газар бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Хөдөөний л хүүхэд. Цагаан сар гэдэг үнэхээр гоё баяр шүү дээ. Загал морио дэллэж унана. Тэдний, тэднийхээр шинийн нэгэн, хоёронд орно. Тэгээд шинэ хуучирна л даа. Их гоё, ёстой хэчнээн хугацааны өмнөөс л сэтгэлд бодогдоно. Манайх хуучны ёс төртэй, олон бужигнасан айл байсан. Аав маань нам, төрийн ажил хийж явсан. Ээж маань гэрт орж эм, гадаа гарч эр болдог байсан даа, зайлуул.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Манайх ээжээс арвуулаа. Ийм орчин нөхцөлд өсч хүн болсон  Би санадаг юм. Битүүний орой хойд толгой дээрээ гарна. Аав буу бариулаад, “Эгмэндээ сайн тулаарай, миний хүү. Буу тийрнэ шүү” гэнэ. Тэгж бууддаг байсан нь муу юмыг л үргээж байгаа нь тэр юм гэнэлээ л дээ. Өглөө эрт босно. Гоё дээлээ өмсөцгөөнө. Бид ижийгээ Жуужаа гэдэг юм. Айл амьтан ч бидэнд, бас Жуужаад маань тусалж, цөмөөрөө шинэ дээлээ өмсөж гоёсон, жинхэнэ сэтгэлийн баяр болдог байлаа. Битүүний орой тотгон дээрээ гурван цас, боов ёотон, бут бутарганы хожуул зэргийг тавьдаг. Тэр нь тэр жилийн бүх сайн сайхныг тэр айлд шингээх бэлгэ дэмбэрэл юм л даа. Их гоё оо.

-Цагаан сарын баярыг өмнө нь малчны баяр гээд, өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан гэдэг?

-Зарим нь малчид л шинэлдэг гэж ярьдаг байсан. Өнгөн дээрээ малчид гэж байсан болохоос биш адилхан л золгодог байсан. Самбуу гуай дээр Цэдэнбал даргаас эхлээд томчууд бүгд л очиж золгодог байсан гэнэ лээ.

-Цагаан сараар айл их хэсэж байв уу. Ямар бэлэг авдаг байсан бэ?

-Айл хэснэ ээ. Гайгүй айл гурван төгрөг өгнө. Богц даварга гэж та нар мэдэж байна уу, үгүй юу. Дээр үеийн ширэн булигааран, нэг нь лав 10 литрийн бидон багтана. Тэрийг морин дээрээ тохоод, айлын өгсөн боов, чихрийг хийгээд давхидаг байлаа. Зарим айлууд бас нэг төгрөг өгнө, тэрийгээ хураана. Зэд гэж нэрлэнэ. Тавдугаар ангид байх, тэр зэдээрээ Норвегийн коньки, тавын сумтай үзэг худалдаж авсан. Ухаандаа гангарах л гэж байна шүү дээ. Хураасан мөнгөө тэгж зарцуулдаг байсан. Ер нь “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж сайхан шүү дээ. Аав, ээж хоёр шинийн нэгэнд хаашаа ч гардаггүй байсан байх аа. Иж ч хаашаа гарах вэ. Ав ахындаа очиж золгох гэж шинийн нэгэнд, эс чадвал шинийн хоёронд хөтөлгөө морьтой л өглөө эрт гардаг байсныг санаж байна. Манай аав чинь жараад онд хөдөө гарсан хүн. Дандаа алба хашиж явсан. 1929 онд Төв аймаг Лүнгийн буланд байсан. Тэнд сууж байсан юм.

-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

-Би багадаа адуучин болох юмсан гэж боддог, мөрөөддөг байлаа. Манай нутгийн Оросоо, Цэндээхүү гэж төрсөн ах, дүү хоёр адуучин залуу байсан. Ялангуяа Цэндээхүү нь шургаж гарсан морины толгойг алдана гэж байхгүй. Ёстой сүүлийг нь шүүгтэл дугтардаг байсан. Үгүй мөн сайхан санагддаг сан. Дөрөө шүргэсэн өвстэй газраар зах нь үзэгдэхгүй адуун сүрэг тууж явах юмсан гэж боддог байсан. Манай нутгийн Чулууны хяр гэж эн багаа хэртэй газрын гарц сайхан. Одоо ч гэсэн гарц нь төдийлөн буураагүй юм билээ.

-Сургууль соёлын мөр хөөх бодол хэдийд төрөв?

-Тавдугаар ангиас хойш сургуулийн мөр хөөх нь илүү юм даа гэсэн бодол толгойг эзэгнэх болсон. Манай сургуульд мундаг сайхан багш нар байсан. Гончигсүрэн, Жамъянсүрэн, Халтар, Авирмэд гээд мундаг багш нараар хичээл заалгадаг байсан. Халтар багшийн заах арга зүй, геометр, алгебр заадаг арга одоо хүртэл толгойд хоногшиж үлджээ. Халтар багш, 28 дугаар сургуулийн Ханд багш хоёрын тэр нэг өгөгдөл (дата) нь, дараа нь бодох нь одооны хиймэл оюун ухаан гэж яриад байдаг тэр юм шиг санагддаг. Гэхдээ одоо хурдны хувьд гялс манас л даа.

-Та нийслэлд хэзээ орж ирсэн бэ?

-1980 онд сумынхаа найман жилийг төгсөөд, хотод сургуульд орсон. Тэр үед хот руу явах унаа ховор шүү дээ. Унаа сураглаж байгаад, нутгийн Өвгөнхүү гэж жолоочид дайгдаад явсан юмдаг. Зоргол хайрханы хажууд хоносон юм. Тэнгэрт тулсан өндөр уул байна аа. Тэгэхэд би есдүгээр ангид орж байгаа хүн шүү дээ. Наашаа яваад Гангийн даваан дээр гарч ирсэн. Анх хот орж ирж байгаа хүн мөнгө тавьдаг, мөргөдөг юм гээд инээлдсэн. Нөгөөдүүл чинь надаар даажигнаж л байсан юм билээ. Тэгдэг юм байлгүй гээд, гурван төгрөг тавиад мөргөлөө. Зүүн хойшоо харахад Богд уул. Нүүр халхалсан, сүгнийсэн цэнхэр уул байв. Сүрдэж байгаа юм. Яасан ч сайхан уул вэ гэж бодоод. Тэгээд явсаар байгаад ирсэн. Хотод би ахыгаа дагаж, нийслэлийн 28 дугаар сургуульд орсон хүн л дээ. Гандангийн 28 гэж нэртэй сургууль байлаа. Мэгзэм захирал гэж сайхан багш. Физикийн багш Ханд, геометрийн Цэдэн-Иш багш гээд мундаг багш нартай. Тоо физикийн багш Норовсүрэн манай ангийн мундаг багш. Ёстой сурдаг толгой юм бол сургадаг толгой байсан. Үгүй мөн гоё заана.

-Дээр үеийн багш нар сурагчдаа сургаж, хүмүүжүүлэхийн төлөө сайн ажилладаг байсан гэж томчууд ярьдаг?

-Үгүй юүхэв. Соронзон орны дундуур гүйдэлтэй дамжуулагчийг оруулахад хажуу тийшээ савлах “Таван гарын дүрэм” гэдгийг чинь толгойноос салахын аргагүй хэлж өгч байгаа юм. Тэр хүний бичиж байсан томьёо толгойд байдаг байсан юм, одоо мартаж байгаа байлгүй дээ, бодвол. Ханд багш, Цэсэнжав гэж хэл бичгийн багш Майн Рид гээд тэр үеийн мундагуудын зохиолуудыг уншуулна. “Навч болгон харж, үндэс болгон сонсдог” гэж Майн Ридийн зохиолд гардаг. Тэр үг одоо цагт сургамжтай мэт эд шүү дээ.

-Түрүүн та Манайх их ёс төртэй айл байсан гэж ярьсан. Хол сургуульд явж байсан тухайгаа ярихгүй юу?

-За нөгөө ёс төр гэдэг юм чинь л эндээс эхэлнэ дээ. Өглөө эртлэн босно. Адуугаа цуглуулж, унагаа уячихаад, морио юүлнэ. Унаж явах морьдоо барина. Тэгээд л юм хумаа янзалж, аргалынхаа дөрвөлжийг дүүргэж, цайгаа чанаж, бурхандаа зулаа асаана. Тогооныхоо угсрааг авна. Аав, Жуужаа хоёр цай цүү, айраг цагаа болоод бүх л ёсоо үйлдэнэ. Мордохдоо мориныхоо уяаг, гэрээ нар зөв тойроод явна даа. Гэрийн бараа үзэгдэхтэй үгүйтэй бууцгааж, гэрээ нэг эргэж харан, олмоо чангалаад, цааш холын замд дөрөө чангална даа.

-Хөдөөнөөс хотод ирэхэд хүүхдүүд шоглодог байв уу?

-Эхлээд жаахан тэлэгдэж байсаан. Цэрэннорхлоо, Улаан, Дөрвөлжин, Сэрвүд гээд их мундаг хүүхдүүдтэй

хамт сурч байсан. УИХ-ын гишүүн байсан Улаан бид чинь нэг ангийн хоёр шүү дээ. Хөдөөнөөс ирсэн болоод эхэндээ тэлэгдэнгүй байсан ч хоёр сар болоод өөрийгөө ч нэлээд дайчилсан. Эднээс ер нь би юугаараа дутах юм бэ гэж бодсон байх. Тэгээд удахгүй нэг эгнээнд жагссан даа. Хөдөөнөөс ирээд, формоо олж чадаагүй, дээлтэй. Нэг өдөр хичээл дээр сууж байсан чинь хар костюмтай, үс нь гялалзсан хүн орж ирээд, “Тэр ард сууж байгаа дээлтэй хүн яамнаас яваа хүн үү” гээд, намайг (инээв.сурв). Ангийн дарга Цэрэннорхлоо босоод “Үгүй ээ, манай ангийн хүүхэд. Хөдөөнөөс ирсэн юм. Формоо авч амжаагүй” гээд. Дараахан нь намар урлагийн үзлэгтээ бэлдэж дуусаад, бөөн юмнууд бужигнаад, хоёр давхраас доошоо гүйлдэхгүй юу. Тэгсэн дор сургуулийн захирал Мэгзэм багш зогсож байна. Балтас гээд. “Цогт тайж” киноны “ээж” судар бариад зогсож байхад, хүмүүс орж ирээд, “Юун улс вэ” гэдэг шүү дээ. Тэрэн шиг балтас гээд явчихсан. Өө зэмлэлээ. Цагаан пиджак костюмтай Цогоо гээд нэг залуу байсан. Түүнийг “Чи дунд сургуулийн сурагч юм уу, эсвэл зүгээр залуу хүн үү” гээд зад загнаад. Нэг алтан ээмэг зүүсэн охин байсан. Нөгөөхийг нь мулталж авсан уу, үгүй юү мэдэхгүй. Сүрдмээр ээ. Миний айж байгаа гэж жигтэйхэн. Намайг монгол дээл өмссөн гэж загнах байх гэж бодож байлаа. Юу ч хэлээгүй дэргэдүүр явсан. Сүүлд бодоход, ер нь юу гэж “Чи яагаад монгол дээл өмссөн юм бэ” гэж загнах билээ дээ. Формоо өмсөөрэй гэж хэлвэл хэлэх л байсан байх. 28 дугаар сургуулийн үнэхээр мундаг олон сайхан багш нараар хичээл заалгасан.

-Аравдугаар ангиа төгсөөд ямар мэргэжил сонгосон бэ?

-Би сурлагын эрэмбээр гуравт жагссан. Тэгэхэд Мэгзэм захирал, Норовсүрэн багш хоёр “Төмөр замын хуваарь аваарай” гэж зөвлөсөн. Тэр дагуу төмөр замын хуваарь авъя гэсэн. Эрхүүгээр дамжаад, Ленинградад таван жил сурсан. Нева мөрний эрэг дээр. Үнэхээр аргагүй агуу сургууль. Дажгүй сурсан. Биеэ ч их дайчилсан. Тэр газраас энэ газар ирээд, сурахын төлөө зүтгэсэн дээ. Нэг юмыг би орхиж. Ленинградын сургуульд явахаар боллоо гээд би хөдөө гэртээ очсон юм. Манайх тэгэхэд Цагаан овооны булаг гэдэг газар зусаж байсан. Өглөө адуугаа цуглуулаад ирэхэд аав маань “Миний хүү хазаарынхаа цулбуурыг аваад, чемодандаа хийчихээрэй” гэж хэлсэн. Би ёсоор болгоод, цулбуураа аваад, чемодандаа хийсэн.

-Ямар учиртай юм бол?

-Одоо би тэрнийг боддог юм. Нөгөө хоёр морь зүүн тийшээ гүйж байна шүү дээ. Нэг нь гал гэж, нөгөөх нь голомт. Тэр хоёр морины нэвтрүүлгийг хараад би авын минь “Цулбуураа аваад, чемодандаа хийчих” гэсэнтэй төстэй юм аа даа гэдэг агуулгаар хандаж, Ленинградын сургуулийг чармайж төгссөн. Цулбуур гэснээс 1987 онд би Зөвлөлтөд Нийгмийн ухааны академи төгсөөд, гэртээ очсон. Иж минь надад тэмээний татлага өгсөн юм. Тэр татлага намайг тээвэрчин хүн учраас ачааг минь тэгшхэн яваасай гэж бэлгэдсэн эд байх.

-Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Баярлалаа. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амартөгс: Татварын өршөөлийн хууль гаргаж байж л эдгээр асуудлыг цэгцлэх боломжтой DNN.mn

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал А.Амартөгстэй ярилцлаа.


– МҮХАҮТ бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг тодорхойлж, засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс ямар санал түлхүү өгсөн бэ?

-МҮХАҮТ-аас бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг т о д о р х о й л ж , з а с а ж сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сард УИХ-ын даргын ажлын албатай хамтран “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг, 2025 оны 1 дүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй хамтран “Татварын багц хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага, асуудал шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс амаар болон бичгээр нийт 700 гаруй санал авсан. Дийлэнх хувь нь нэгдүгээрт, НӨАТ-ыг эргэж хараач ээ, татварын хувь хэмжээ өндөр байна. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч талаас, ажилтан давхар төлөөд байна. Энийгээ бууруулж, харилцан ялгаатай болгож өгөөч гэсэн саналууд голчлон ирсэн. Татварын хууль гээд ярихаар их өргөн ойлголт. Маш олон зүйл заалт бий. Хамгийн олон давтагдсан саналууд энэ хоёр асуудал байсан.

Энэ дээр МҮХАҮТ-ын нэгдсэн байр суурь ямар байна вэ?

-НӨАТ-ыг 5 хувь болгоё, 10 хувь өндөр байгаа учраас аль болохоор жижиг, дунд бизнесүүд оролцохгүй, татвараа төлөхгүйгээр, хуулийн цоорхой ашиглаж хувиараа дансаар татвар, орлогоо аваад яваад байна гэж үзэж байгаа юм. Төр засгаас хувь хэмжээг бууруулах боломжгүй гэж үзэж байх шиг байна. Гэхдээ бид энийгээ эргээд сайн тооцоод, бууруулвал татварын бааз суурь илүү тэлнэ гэж үзэж байна. Бид саналуудыг нэгтгээд, нийт 12 төрлийн хуулийн 178 зүйл заалтыг өөрчлөх саналаа УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд руу тус тус явуулсан. Энэ саналуудыг л төр засгийн зүгээс хэрэгжүүлээд яваасай гэж хүсч байна.

Бид маш олон хэлэлцүүлэг хийдэг болсон. Үр дүн гарч байна уу?

-Хэлэлцүүлэг хийгээд маш олон саналууд ирж байна. Сая татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягт тэдгээр саналуудаа өгсөн. Бидний үзэж буйгаар, саналууд өгөөд байдаг эргээд хэрэгжилт тал дээрээ хангалтгүй байна үзэж байна. Тиймээс танхимаас хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг эргээд бидний өгсөн санал хаана хэрэгжив, хаана тусав гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөөд явъя гэж бодож байна. Тэгвэл саналууд тусаад, хууль хэрэгжээд явах байх.

МҮХАҮТ татварын шинэчлэл чиглэлээр бие дааж юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Танхим өөрөө хуулийн төсөл боловсруулах эрх зүйн үндэс байхгүй. Бид санал оруулаад, УИХ-ын гишүүд өөрсдөө хуулийн төслөө өргөн бариад явах бүрэн боломж бий. Бизнесийн орчинтой холбоотой маш олон асуудал байна. Түүнийг хуулиар засаад явах боломж харагдаж байна. Манай дээр жилд хоёр удаа судалгаанууд хийгддэг. Бизнесийн орчин ба хүнд суртлын индекс гээд. Хүнд суртлын индексийг бууруулах тал дээр тодорхой ажлууд хийх шаардлагатай гэж бодож байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар бууруулах боломжтой гэж та бодож байна вэ?

-Хувийн байр сууриа илэрхийлэхэд, мэдээж хэрэг би өөрөө бизнес эрхэлж байсан хүн. Татварын хувь хэмжээ оновчтой бөгөөд бага байх тусмаа бизнес эрхэлж буй хүмүүст ээлтэй. Бидний судалгаагаар харж байхад жижиг, дунд бизнесүүд дээр татварын хувь хэмжээ маш өндөр, хүнд тусч байна. Жижиг, дундыг бид дэмжих ёстой. Тэгж байж ажлын байр нэмэгдэнэ, тэгж байж хувь хүмүүсийн орлого, ашиг нэмэгдэнэ. Орлого нэмэгдвэл манай улсын эдийн засаг сэргэнэ, худалдан авалт, барааны эргэлт сайжирна гээд эдийн засаг талаараа маш давуу учраас хувь хэмжээг аль болохоор бага байлгах хэрэгтэй. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэл 5 хувь байгаасай гэдэгт санал нэг байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10-аас 5 хувь болгож бууруулах боломж бий юү?

-Бидний тооцоогоор таван хувь болгох бүрэн боломжтой. Одоо 10 хувь байгаад нийтдээ татварын бааз суурь маань буурна гэсэн ойлголт төрүүлээд байгаа юм л даа. 2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд, өмнөх оноос 5.9 их наядаар буюу 27.4 хувиар өссөн байна. Бидний татварын бааз суурь өсөөд байна. Эргүүлээд бид боломжтой секторуудаа дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг буулгах боломжтой гэж үзэж байгаа юм.

Эдийн засаг, хөгжлийн сайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсаныг хэлсэн. Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өсч, дээр нь аппликэйшнүүдийн зээл нэмэгдэж байна. Энэ зээлийн асуудлыг зохицуулах чиглэлээр танхим ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Ковидын дараа танхимаас санаачилга гаргаад, татварын өршөөл үзүүлэх тухай зөвлөмжүүд өгсөн. Түүний дараа Ерөнхийлөгч дэмжээд, ковидын улмаас хугацаа хэтэрсэн болон зарим нэг өр төлбөрүүдийг тэглэх шийдвэр гарсан. Бид татвар хэтрүүлэлт, хууль эрх зүйн орчинтой холбоотой, хуулийн хэрэгжүүлэлттэй холбоотойгоор хөнгөлөлт үзүүлээд явах ёстой гэж бодож байна. Ялангуяа жижиг, дунд бизнесүүдээ дэмжих ёстой.Ер нь татварын өршөөлийн хууль гаргаж байж л энэ асуудлыг цэгцлэх боломжтой гэж бодож байна.

Жижиг, дунд бизнесүүдийг яаж дэмжих юм бэ?

-Одоо бид хуулийн төсөл дээр саналаа өгөөд явж байна. Жижиг, дунд бизнесүүдийг эхний гурван жил ч юмуу боломжтой бол таван жилээр нь татвараас чөлөөлөх санал бид гаргасан, тэрийг ерөөсөө дэмжихгүй байгаад байна. Олон улсад хэрэгждэг систем бий. АНУ, Европын холбоонд яг ийм систем явж байна. Ингэж байж бид жижиг аж ахуйн нэгжүүдийг илүү дараагийн түвшинд гарах, дунд түвшинд очих боломжийг бүрдүүлэх тал руугаа дараа дараагийн хэлэлцүүлэг, хуулийн өөрчлөлтүүдэд саналаа гаргаад явна гэж бодож байна. Энэ саналаа бас өгсөн, харамсалтай нь ийм боломжгүй гэсэн хариу өгсөн.

– М о н г о л У л с ы н эдийн засгийн нөхцөл байдал цаашид тийм таатай байхгүй байх талаар дотоодын болон олон улсын шинжээчид анхааруулж байна. Нүүрсний үнэ буурч байгаатай холбоотойгоор улсын төсөвт эрсдэл учирч болзошгүй байна. Нүүрсний оронд бид юу зарж орлого олох боломжтой гэж та бодож байна вэ?

-Бид уул уурхайн бус үйлдвэрлэлээр эдийн засаг, экспортоо дэмжих ёстой гэдэг үзэл баримтлалаар явж байна. Бидэнд мал аж ахуйгаараа маш их орлого олох боломж байгаа байхгүй юу. Жишээ нь, сая бид Узбекистан, Туркт айлчлал хийгээд, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Турк, Узбекистан манайхаас мах болон малын гаралтай бүтээгдэхүүн маш их хэмжээгээр авъя гэж байна. Гэтэл бидэнд бэлдэж өгөх нөөц боломж байхгүй байна. Жишээлбэл, маш гоё арилгасан сархинагийг хэдэн зуун тонноор нь авъя гэж байна. Бидэнд бэлтгэх боломж байхгүй байна. Тэгэхээр танхимаас энэ чиглэл рүү анхаарч ажиллаж байна. Жижиг дунд бизнес, ялангуяа хоршоод, орон нутагтай холбоотой мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлээд, экспортод гаргавал нүүрснээс илүү их ашиг олох боломж бий. Дараа нь мэдээж хэрэг аялал жуулчлал байна. Монголд аялал жуулчлалын маш их нөөц боломж бий. Бид дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгөөд, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор хөнгөлөлттэй зээлээр ч юм уу дэмжээд өгвөл аялал жуулчлалаас орлого олох боломжтой. Одоо аялал жуулчлал сэргэж байна. 2024 онд бид 700 мянган жуулчин хүлээн авлаа. Энийг бид дор хаяж хоёр, гурван сая хүргэвэл тэр хэмжээгээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ өснө. ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэе гэж зорьж байгаа, түүнд асуудалгүй хүрнэ гэж бодож байна.

Евроазийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрт орох тухай асуудал юу болсон бэ?

-Энэ хэлэлцээрийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас санаачлаад явуулсан. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэлцүүлгүүд хийгээд, аж ахуйн нэгжүүдээс санал аваад хойшилсон. Энийг жаахан бодож үзэх ёстой. Энэ чинь эргээд жижиг, дунд бизнес, Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд халтай юм гэж үзээд, хойшлуулах санал тавьсан. Түүнийг ЭЗХЯ хүлээж аваад, яг хувь хэмжээ, ямар чиглэлд байх вэ гэдэг дээр ажиллаж байна гэсэн мэдээлэлтэй байна.

 -Импортын барааны 5 хувийн татварыг өсгөх боломжтой юу?

-Импортын 5 хувийн татварыг бодлогоор зах зээлээ хамгаалах зорилгоор өсгөх боломж бий. Өнгөрсөн жил бид улаанбуудайн импортын татварыг тэглээд, эсрэгээрээ дотоодын аж ахуйн нэгжүүдээ нэлээд хүнд байдалд оруулсан. Бид бодлогоор дэмжээд, дотоодын аж ахуйн нэгжүүдээ хамгаалах ёстой. Аль ч улсад тийм байдаг. Жишээлбэл, бид бүтээгдэхүүнээ БНХАУ-д гаргалаа гэхэд дэлгүүр дээрээ очоод хамгаалалтад орчихдог. Маш өндөр хувийн татвар өгдөг. Яг үүн шиг бид зарим нэг гол нэрийн бүтээгдэхүүн, ялангуяа гурил, будаа, мах блон өргөн хэрэглээний бараанууд дээр хамгаалалтаа хийж байх ёстой.

Д.ЭРДЭНЭТУЯА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

О.Батнайрамдал: Үндэсний баялгийн санг амилуулахад стратегийн орд эзэмшигчид бүгд манлайлан оролцох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.


-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, 460 сая тонн нүүрстэй Ухаа худагийн ордыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн, “Энержи ресурс” компанид үнэгүй өгсөн талаар УИХ-ын дарга асан З.Энхболд шүгэл үлээсэн. Та энэ асуудлаар нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн байсан. Хоёулаа энэ талаар ярилцъя?

-Энэ маш чухал сэдэв. Үүнийг зөв тайлбарлахгүй бол зөвхөн “Энержи ресурс”, “Ачит-Ихт” гэсэн хоёрхон компанитай ордоо булаацалдаад байгаа хэрүүл юм шиг харагдаад байна. Яг үнэндээ үүний ард маш том агуулга яваад байгаа юм. Хамгийн гол нь эхлээд ойлгох асуудал нь, Монгол Улс асар их байгалийн баялагтай, түүнээсээ орлогынхоо дийлэнхийг бүрдүүлж байна. Дараагийн 30 жилд энэ хэдэн ордоосоо, уул уурхайн баялгаасаа орлогоо олж амьдрах нь ойлгомжтой. Гучин жил явж ирсэн энэ бүх том “зодоон”, үе үеийн Засгийн газрын, улс төрийн тогтворгүй байсан шалтгаан гэвэл бүгд дахиад уул уурхайн баялгийн хоорондын маргаан зөрчилдөөн явж ирсэн байхгүй юу. Өнөөдөр бид түүнийг эцэслэхээр явж байна гэсэн үг.

-Тавантолгойн бүлэг орд, тэр дундаа стратегийн ач холбогдолтой орд гэдэгт асуудлын гол байгаа шүү дээ?

-Тийм ээ. Энэ бол Үндсэн хуулинд тодорхойлсон тодорхойлолт шүү. Тэрнээс хэн нэгэн гарч ирээд, энэ стратегийн орд гээд хэлээд байгаа юм биш. Үндсэн хуулийн 6.2 дээр стратегийн орд гээд тусгачихсан байдаг. Тэр дотроо хамгийн үнэ цэнэтэй, сор болсон орд нь Тавантолгойн бүлэг орд юм. Энэ орд 8 тэрбум тонн батлагдсан нүүрсний нөөцтэй. Төрийн санхүүжилтээр хайгуул хийгдсэн том орд.

Энэ нь дараагийн 30 жилд Монгол Улсын орлогын эх үүсвэр байсаар ч байх болно. Үүнийг бид зөв голдрил руу нь оруулж байж цаадах далд эдийн засаг нь байхгүй болно. Улс төрөө ч тогтвортой байлгах гол нөхцөл бүрдэх юм.

-Одоо Тавантолгойн бүлэг ордод хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа билээ?

-“Эрдэнэс Таван толгой” гээд төрийн өмчит компани бий. Нийт ордын 85.6 хувийг эзэмшиж байна. “Энержи ресурс”, жижиг “Тавантолгой”, “Хангад эксплорэйшн” гэсэн дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж бид бүгд мэдэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК томорсоор байгаад өнөөдөр Монголын гол орлогыг бүрдүүлдэг болсон байна. “Энержи ресурс” 100 хувь хувийн өмчит, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарсан, Монголын уул уурхайн салбарын хамгийн том орлогыг бүрдүүлэгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан шилдэг компани болтлоо хөгжиж чадсан. Өнөөдөр хоёр зүйл ажиглагдаж байгаа юм. Нэгдүгээрт, улс төрийн маргаан яваад байна. Хоёрдугаарт, эдийн засаг сүүлийн таван жил нэлээд өссөн. Өнөөдөр Монгол Улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэгд орж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2019-2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр аваад үзвэл бараг 50 гаруй хувийн буюу маш өндөр өссөн үзүүлэлттэй гэсэн үг.

-Эдийн засаг өсөөд байна гэж мэдээлж байгаа боловч яг бодит амьдрал дээр иргэдэд өгөөж нь очихгүй байна л даа?

-Яг 3.5 сая иргэндээ тэр өсөлт хүрсэн үү гэвэл үнэнийг хэлэхэд маш чамлалттай байна. Өнөөдөр инфляци ард түмний нуруун дээр очоод, хуваарилалт ерөөсөө явахгүй байна. Эдийн засаг өсөөд, төслүүд тэлээд байхад жишээлбэл, яагаад бидний хүнсэн дээр, хүүхдийн боловсрол дээр, эрүүл мэнд дээр тэр өсөлт нь ирэхгүй байна вэ гээд ард түмэн бухимдаад байгаа шүү дээ. Энэ нь явж явж баялгийн шударга бус хуваарилалттай холбоотой. Уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагт яг ийм асуудал тулгардаг. Бид 2019 онд Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа маш ойлгомжтой заагаад өгчихсөн. Уул уурхай буюу байгалийн баялгаас орлого олдог орон гурван зүйлийг хэрэгжүүлэх ёстой.

Нэгдүгээрт, газрын хэвлийн баялаг. Зэс байна уу, нүүрс байна уу бүгдээрээ төрийн нийтийн өмч буюу иргэдийн өмч гээд заачихсан. Тэр битгий хэл ирээдүйд төрөх хүүхдэд хамааралтай. Тэр нь хувийн компани байна уу, төрийн компани байна уу хамаагүй төрийн нийтийн өмч.

-Хоёрдугаарт нь?

-“Газрын баялгаас орж ирж байгаа орлогыг бид Үндэсний баялгийн сандаа төвлөрүүлнэ” гэж заасан. Үндэсний баялгийн сан гэдэг консепцоор механизмыг нь бид Үндсэн хуулиндаа суулгаад өгчихсөн. Гуравдугаарт, стратегийн орд ашиглахдаа нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох гээд заачихсан. Тэгэхээр нэг ёсондоо стратегийн бүлэг орд гэхээр Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ хамаарна. Оюу толгой ч хамаарна. Өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэдэг хэрэгжихгүй болохоор ард түмний бухимдал нэгдүгээрт арилдаггүй, улс төр тогтворгүй байдаг асуудал яваад байгаа юм.

-Үүнийг яаж өөрчилж, голдрилд нь оруулах вэ?

-Бид энэ системийг шударга хуваарилалтын механизм руу заавал оруулах ёстой. Энийг хийж байгаа, энэхүү том улс төрийн оролдлого өнөөдөр жишээлбэл, энэ олон хүний уур бухимдлыг төрүүлээд яваад байна гэсэн үг. Тэрнээс энэ нь дан ганц “Энержи ресурс”, “Ачит-Ихт” рүү дайраад байгаа асуудал биш. Энэ хоёр жишээ байхгүй юу. Яагаад вэ гэхээр энэ хоёр стратегийн ач холбогдол бүхий орд учраас олон нийт, ард иргэд надад ямар өгөөж хүртээх вэ гэдэг чухал. Том зургаар нь авч үзвэл, “Тэг цэгийн эхлэл” хийх хэрэгтэй.

-“Тэг цэгийн эхлэл” гэж юу вэ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Стратегийн орд гээд төр авах нь ч мэдэгдэхгүй, авахгүй нь ч мэдэгдэхгүй, иргэнд ямар ашиг тустай нь ч мэдэгдэхгүй гучин жилийн турш явж ирсэн. Үндсэн хуулинд нэмэлт ороод байдаг. Яг үнэндээ бодит амьдрал дээр ондоо юм хэрэгжээд яваад байсан. Энийг бүгдийг нь ойлгомжтой болгоод, шинэ 126 гишүүнтэй парламент “Тэг цэгийн эхлэл”-ийг эхлүүлэх ёстой гэж бодож байна. Стратегийн ач холбогдол бүхий орд гэж байгаа бол яг Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийн хүрээнд Баялгийн сандаа яг юу нь очих вэ, хувийн хэвшил нь яг юугаа хийх вэ гэдгийг маш ойлгомжтой болгох ёстой. Олон нийтэд ч байгалийн баялгийн шударга хуваарилалт Баялгийн сан, Хуримтлалын сангаар дамжаад, хэдэн төгрөг болж очиж байна вэ гэдгийг маш ойлгомжтой болгоод, дахин reset хийх буюу эргэлтийн цэг дээрээ ирчихсэн байна гэж байгаа юм. Хэрвээ бид үүнийг хийж чадвал хөрөнгө оруулалтын илүү тогтвортой орчин бүрдэнэ. Яг шударга хуваарилалт, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх цаг нь одоо мөн. Үүнийг л бид заавал хийх ёстой байгаа юм. Улс төрийн ямар ч акц, элдэв янзын зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхний ард гараад, зөв шударга хуваарилалттай механизмыг хийхгүй бол бидний улс төрийн тогтворгүй байдал, олон нийтийн бухимдал, баян хоосны ялгаа улам томроод, эдийн засаг өсөх тусам улам хэцүүднэ гэсэн үг.

-Та түрүүн уул уурхай дээр хэт суурилсан эдийн засагтайг хэллээ. Монгол Улсын хувьд одоо гол эрсдэл юунд бий вэ?

-Эдийн засаг тэлээд байхад баян, хоосны ялгаа тэр чинээгээрээ улам томроод байдаг аюултай. Яагаад вэ гэхээр, газрын баялгийг эзэмшиж байгаа цөөхөн хэдэн хүн эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг авч, хэт баяжаад, нөгөө хүмүүсийн орлого өсөхгүй, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа учраас бид шударга хуваарилалт заавал хийх ёстой. Баялгийн сангийн хууль сая л дөнгөж хэрэгжиж эхэлж байна. Урьд өмнө нь яагаад энэ асуудлаа шийдэхгүй байсан бэ гэхээр нөгөө стратегийн орд чинь АМНАТ, татвараараа төсөв гэсэн том сав руу ороод, тэрнээс янз бүрийн хуваарилалтууд хийгддэг. Тэр нь олон нийтэд харагддаггүй. Төсвөөр дамжаад юу ч болж очиж байгаа юм бэ, мэдэхгүй. Жишээ нь, багшийн цалин болж очиж байна уу, эсвэл зүгээр нэг ширээ болж очиж байна уу бүү мэд. Энэ механизмыг олон улсад хийдэг гол зүйл бол Үндэсний баялгийн сан. Стратегийн орд бол Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой, жижиг Тавантолгой нь ч хамаагүй бүгд ногдол ашгийнхаа 34 хувийг Баялгийн сандаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэж төвлөрүүлснээр энэ чинь орон сууц болно, эрүүл мэнд болон боловсрол болж, хүмүүст шууд очно. Эсвэл “Имонголиа”-гаар харж болно. Баялгийн сангаас яг хэдэн төгрөг ямар компанийн ашиг орлогоос орж ирж байна вэ гэдгийг харж болох юм байна гэдгийг яг үнэндээ олон нийт хүсээд байгаа. Энийг л хийх гэж яваа улс төрийн оролдлого юм.

-Засгийн газар хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс”-т стратегийн чухал ордоо өгсөн нь Үндсэн хуулиа зөрчсөн хэлбэр мөн үү?

-Тухайн үед улс төр юу болоод, яагаад тийм шийдвэр гарсныг мэдэхгүй байна. Тэр үед улс төрд байсан хүмүүс хэлэх байх. Нэг ёсондоо стратегийн ордыг эзэмших дээр чиглэл өгсөн Засгийн газрын тэмдэглэл гарчихсан. Энэ тэмдэглэлээр стратегийн ач холбогдол бүхий ордыг УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр шууд шийднэ гэдэг асуудалтай л гэж миний хувьд үзэж байгаа юм. Түүн дээр хууль зүйн дүгнэлт гарах ёстой. Тэр нь УИХ-аас юм уу, эсвэл хөндлөнгийн хууль зүйн мэргэжлийн дүгнэлт. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үү, эсвэл хуулийн дагуу хийсэн зүйл үү гэдгийг тодорхойлох ёстой.

-Та энэ маш ноцтой асуудал учраас хяналтын сонсгол хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Миний хувьд энэ ер нь хууль эрх зүйн хувьд зөв үү, буруу юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргуулах ёстой, тэр битгий хэл сонсгол хийх ёстой гэж бодож байгаа юм. Зөвхөн “Энержи ресурс” гэлтгүй, бүх стратегийн орд дээрээ. Яагаад сонсгол хийх вэ гэхээр бид Үндсэн хуулиараа олон нийтээ стратегийн ордыг ашиглах талаар, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар мэтгэх эрхээр нь хангах ёстой гэж заасан. Тэр эрхийг хангах хамгийн сонгодог арга бол сонсгол. Стратегийн орд нь нэгэнтээ л төрийн нийтийн өмч юм бол өгөөжийн дийлэнх нь ард түмэнд очих ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн, сонсгол хийх ёстой гэж үзэж байгаа юм. Яаж Үндсэн хуулийн 6.2 амилах вэ гэдэг дээр бүгдээрээ ерөнхий сонсгол хийж, нэг ойлголт авъя гэж байгаа юм. Үүнийг би зарчмын хувьд зөв гэж бодож байна.

-Та бидний амьдарч байгаа хот агаарын бохирдол ихтэй. Шахмал түлш хортой нь батлагдсан ч иргэд түлсээр байна. Нүүрсний сонсголоос ер нь үр дүн гарсан уу?

-Ерөнхий сонсголоор бид ерөнхий л мэдээлэл авч байна. Одоо хяналтын түр сонсгол хийгээд, хэдэн төгрөг юунд зарцуулагдаад, ямар үр дүн гарав гэж буцах эзэнтэй, буух хаягтайгаар ярих хэрэгтэй. Эзэн биегүй, баахан мөнгө зарсан, агаарын бохирдол ийм байдалд хүрсэн гэсэн мэдээллүүд гарлаа. Яг эзэн биетэй мэдээлэл юун дээр гарах вэ гэхээр хяналтын түр сонсгол дээр л гарч ирэх байх. Нүүрсний сонсгол шиг хяналтын түр сонсгол хийснээр илүү бодитой, илүү үр дүнтэй болох болов уу. Урьд нь шахмал түлш оруулж ирснээр агаарын бохирдол буурсан уу гэвэл буурсан, бид бүгдээрээ амьд гэрч нь. Яг тэрийгээ үргэлжлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ компани яг урьд нь хийж байсан ажлаа үргэлжлүүлж байна уу, агаарын бохирдол бууруулах алхмуудаа авч байна уу, дээр нь хөндлөнгийн хяналтын байгууллагууд байна уу гэдгийг хянах ёстой. Хөндлөнгийн хяналтаараа буцаж тайлан тавьдаг ийм механизм руу орохгүй хаягдах тусмаа л алдаа дутагдал гараад байна шүү дээ. Энийг залруулах ёстой.

Д.Эрдэнэтуяа