Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Нарантуяа-Нара: Хууль, дүрэм зөрчөөгүй, харилцаа, хандлагын асуудал бол бий DNN.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас дараах тодруулгыг авлаа.


-Ёс зүй, дэгийн байнгын хорооноос тантай холбоотой асуудлаар Ажлын хэсэг гарсан байна. Та сая уулзаад гарч ирэх шиг боллоо. Ямар зүйл яригдсан бэ?

-Тийм, сая Ажлын хэсэгтэй хуралдаад зөвлөгөө, тусламж аваад гарч ирлээ.

-Та өөрийгөө хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Энэ УИХ-д миний бие Их хурлын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. Өнгөрсөн удаад болсон хурлуудыаас нэгийг нь би тасалсан. Үүндээ уучлал хүсч байна. Нөгөө талдаа хоцроод ирсэн байхад тасалсан гэж бүртгэсэн нь буруу шүү дээ.

Учир нь би тэр хуралд суугаад санал хураалтад оролцоод явсан. Намайг өнөөдөр гудамжнаас орж ирсэн гишүүн гэж их ярьж байна. Би ч хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр иргэд бид гудамжинд амьдарч байгаа нь үнэн. Миний хувьд хууль эрх зүйн ажил хийсэн, төрийн албанд ажилласан, нам эвслийн ажил хийж байсан туршлагагүй учраас надад дутагдалтай зүйлүүд байна. Дээрээс нь олон нийттэй харилцахдаа элдэв доромжлолд шууд хариулчихдаг муу зантай. Гэхдээ үүнийгээ татъя гэж бодоод явж байгаа. Алддаггүй хүн гэж байхгүй. УИХ-ын гишүүн, эхнэр, хүүхэд нь болж төрөөгүй болохоор энэ талаар ямар ч туршлага алга. Би одоогоор үнэхээр цоо шинэ байна. Гадаад руу явах тухай асуудлыг дутуу судалсан байна лээ. Гэхдээ хууль дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Харин харилцаа, хандлагын асуудал бол бий.

-Шинээр УИХ-д сонгогдсон гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулдаг. Та түүнд нь суусан уу?

-Шинээр гишүүн болсон хүмүүст зориулсан сургалт болох үеэр би яг өвчтэй байж таарсан. Мөн гэнэтийн хурал, сургалт зохион байгуулагдаж байна шүү дээ. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил л олны нүдэн дээр ил амьдарч байна. Цаашид үг, үйлдэл дээрээ анхаарч байна аа.

-Ажлын хэсгийн хурал дээр өөр ямар асуудал яригдсан бэ. Сурталчилгаа явуулсан нь хууль зөрчсөн гэсэн байсан шүү дээ?

-Тамгын газрын эрх, үүрэг гэж хуулиараа бий. Гэвч байнгын хорооноос, надад ирээгүй бичиг олон нийтийн сүлжээнд ил болсон байсан. Намайг сошиалд давхар ажил хийлээ гэсэн мөртлөө тухайн бичиг нь цахим орчинд тархчихсан.

-Та дахиж сурталчилгааны лайв хийх үү?

-Мөнхтөрийн Нарантуяа-Нара гэсэн фэйсбүүк хаягаар би өөрөө арилжаа, сурталчилгааны зүйл хийхгүй. Манай гэр бүлийн хүн авч явна. Харин би өөрийнхөө ажил, албаны бүх зүйлээ Иргэний зоригтой Нара гэсэн хаягаар явуулна гэж мэдээлсэн. Сая бол үнэхээр хүн чанарын асуудал гарсан. Өмсөөд явж байгаа хувцсаа харуулаад найздаа туслахад юу нь болохгүй байх вэ гэж бодсон маань ийм том алдаа болж байна. Ер нь дахиж ийм арилжааны лайв хийх ёсгүй юм байна.

-Байнгын хорооноос сануулах, цалингийн хувь хасах зэрэг хариуцлага тооцвол та хүлээн зөвшөөрөх үү?

-Ёс зүй, дэгийн байнгын хорооноос эцэслэн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

-Таны хувьд мэргэжлийн зөвлөхүүд дэргэдээ ажиллуулна гэж байсан. Зөвлөхүүдээ томилсон уу?

-Яг одоо сонгон шалгаруулж авч л байна. Одоогийн байдлаар хоёр зөвлөхтэй болсон байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа DNN.mn

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбогдуулан Ёс зүй, дэгийн байнгын хороонд хариуцлага тооцох тухай албан бичиг явуулсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас дараах тодруулгыг авлаа.


-УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлаар танай байнгын хороо хэзээ хуралдаж, хэлэлцэх вэ?

-Манай байнгын хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдахаар товлосон. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой албан бичиг ирсэн. Үүний дагуу байнгын хороо бүрэлдэхүүнээсээ дөрвөн хүнийг томилсон. Одоо өөртэй нь уулзах байх. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтийн төлөөлөл. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ч гэсэн энэ асуудлыг би ярьдаг. Энэхүү бүрэн эрх гэдэг бол өөрийг нь хамгаалсан зүйл биш юм. Ард түмний санал, мандатыг хамгаалсан бүрэн эрх байдаг. Тийм болохоор гишүүд маань энэхүү халдашгүй бүрэн эрх гэдгээ зөв ойлгож явах ёстой гэж үзэж байгаа. Дээр нь парламент өөрөө ёс зүйтэй, гишүүд нь ёс суртахуунтай байх ёстой гэж бодож байгаа юм. Энэ агуулгаараа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хууль, дүрэм журмын хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ үүнийг би дангаараа шийдвэрлэхгүй. Байнгын хороо хуралдаж, хэлэлцэж байж хууль зүйн талаасаа дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

-Ер нь Ёс зүй, дэгийн байнгын хорооноос шийдвэр гаргаад ямар, ямар байдлаар хариуцлага тооцдог юм бэ?

-Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ байдаг. Хоёрдугаарт, уучлалт гуйх, гуравдугаарт, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах заалтууд бий. Ер нь парламентад сонгогдсон гишүүд цаанаа аж ахуй эрхэлж байсан бол хуулиараа түүнээсээ татгалзах ёстой. Тийм учраас хэн ч гэсэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон л бол давхар бизнес эрхлэх нь тодорхой түвшинд хязгаарлагдана.

-Өмнө нь гишүүдэд ёс зүйн талаас нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэж байгаагүй гэх шүүмжлэл бас явж байна. Үүн дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Миний хувьд байнгын хорооны дарга болоод удаагүй байна. Хоёрдугаарт, өмнөх парламент гэдгийг арай өөрөөр харах ёстой юм шиг байна лээ. Яагаад гэвэл одоо 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд удаагүй байгаа. Дээр нь энэ шинэ парламентаас иргэдийн хүлээлт их өндөр түвшинд байна. Энэ парламент өнгөрсөн 30 жилийнхээ түвшинд ажиллах юм бол нөгөө иргэдийнхээ хүлээлтэд хүрэхгүй. Тэгэхээр парламент нь өөрөө үйл ажиллагааны түвшинд өөр хэлбэрээр ажиллах ёстой гэж харж байгаа. Тийм ч учраас бичиг баримтуудын төслийг боловсруулаад явж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр DNN.mn

Эрт цагийн ийм нэгэн шог яриа байдаг даа. Манай өнөөгийн Засгийн мөрийн хөтөлбөр үүн лугаа л байх шиг байна. Сонгуулийн үр дүнгээр МАН олонх болсон ч АН болон ХҮН намыг урьж, гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсан. Улмаар намын дарга нар нь хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Харин одоо бол УИХ-ын ээлжит бус чуулганаар энэхүү хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй. Ээлжит бус чуулган энэ сарын 27-ны өдрийг хүртэл хуралдаж, төсвийн тодотгол болоод дээрх асуудлыг эцэслэн шийдэх ёстой. Гэтэл гурван намаараа нийлж, өчнөөн хоног бодож боловсруулсан энэхүү үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой шүүмжлэлүүд гараад эхэлсэн байна. Тэр дундаа уг хөтөлбөрийг гоё сайхан гарчиг тавьснаас өөр олигтой зүйл огт алга гэх нь элбэг байгаа юм.

Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж буй. Харин ингэж эдийн засгаа тэлэхийн тулд хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгах, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станцыг барих, Эгийн голын 310 мегаваттын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх, говийн бүсэд зайлшгүй шаардлагатай гэх Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барих, Франц улстай хамтран уран, атомын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, зэс боловсруулах цогцолбор болон гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах цогцолборыг барьж байгуулах, Оюу толгой компанийг түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх зэрэг 14 мега төсөл байгаа гэдгээ чуулганы хуралдаанд танилцуулсан. Ер нь энэ удаагийн Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эс үүсвэр шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолсон. Энэ жилийн манай улсын төсвийг 27 их наяд төгрөгөөр баталж байв. Одоо тодотгол хийгээд төсөв 30 орчим их наяд болох төлөвтэй байгаа гэж үзвэл дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манай улсын дөрвөн жилийн нийт төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Үүн дээр нэмээд мөн Улаанбаатар хотын төвөөс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүрэх ган татлагат гүүрэн байгууламж, Богд уулыг нүхэлж тунель байгуулах, Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэг цэгийн цогцолбор, Туул голыг дагасан хурдны авто зам зэрэг ч багтсан. Нэр шошгийг нь харваас үнэхээр сайхан бүтээн байгуулалтууд мөн үү гэвэл мөн. Нийслэлчүүд төдийгүй монголчууд бидэнд иймэрхүү зүйлс хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харамсалтай нь уран үгсийн цуглуулга болсон олон сайхан гарчиг цаасан дээр л үлдэж, дарга нарын ширээний шургуулганд мартагдсан. Тийм болохоор л ард түмний итгэл иймэрхүү зүйл дээр алдарчихаад байгаа хэрэг.

Дээрээс нь эдгээр бүтээн байгуулалтуудын дийлэнх нь ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй, мэргэжилтэн, инженер, судлаачдын тооцоолол байхгүй юм гэсэн. Үүнийгээ намуудын бүлгийн хуралдаан дээр холбогдох албаныхан ч хэлсэн тухай зарим УИХ-ын гишүүд дурдаж байсан. Нэг ёсондоо тооцоо судалгаа муутай, эдийн засгийн үр өгөөж багатай, зүгээр нэг гарчиг байна гэсэн шүүмжлэл энэ бүхнээс эхлэлтэй. Бид бүхэн дээрх нэрсийг мэддэг болоод олон жил болж байгаа. Даанч заримынх нь ажил эхлээд таг зогсдог. Нөгөө хэсэг нь цаасан дээрээ үлддэг байдал байх л ёстой зүйл шиг болсон.

Нэг нь гарч ирээд өнөөхөө ярьдаг. Гэтэл нөгөөх нь түүн шиг хэрэггүй, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн зүйл байхгүй гэх мэтээр алаглан эрээлжилсээр өнөөг хүрэв. Ганц байгаа төмөр замынхаа доогуур нүхэн гарц нэмж барих гэж л хэдэн жил болж, хэдэн зуны үер усны асуудалтай нүүр тулж байгаа билээ дээ.Тийм болохоор одоо ард түмний итгэл, хүсэл зоригийг бадраахын тулд энэ Засгийн газар эдгээрийг эхлүүлэх, болж өгвөл бүрэн дуусгах хэрэгтэй. Хөтөлбөрт туссан бүх төслүүдийнхээ ард нь эхлэх болоод дуусах хугацааг нь давхар оруулж өгье. Мөн хэн гэдэг дарга толгойлж, аль яам нь хариуцах юм. Хэдий хэр хэмжээний төсөв мөнгөөр босох вэ. Түүнийг нь хаа, хаанаас хэрхэн бүрдүүлэх юм гэдгээ ил тод болгоё. Ингэж байж хариуцлага яригдана. Төсвийн баахан хөрөнгөөр цаас үйлдвэрлэж, хэсэг ажил эхлүүлсэн болоод алга болдог асуудал арилна. Төсөл нэрээр дарга нар мөнгө шамшигдуулдаг гэсэн хардлага, шүүмжлэл тасарна.

Мөн үндэсний хэмжээний эдгээр том төслүүдийнхээ дэргэд Авлигатай тэмцэх газраастөлөөний хүн ажиллуулж, хэвлэл мэдээлэл, олон түмний хяналтыг сайжруулах хэрэгтэй байгаа юм.

Хэдийгээр улс төр, эдийн засгийн огт өөр үзэл баримтлалтай улс төрийн гурван нам нэгдсэн ч гэсэн хяналтын тогтолцоогоо сайжруулаад эхлүүлсэн ажлуудаа дуусгах л хэрэгтэй. “Монголын за-Андагаар буй заа!” гэсэн өвгөд хөгшид, эртний мэргэдийн үг ч бий. Тийм болохоор нэгэнт л ард түмний итгэлийг хүлээж, төрийн эрх барьж буй бол хэлсэн, амласнаа биелүүлэх ёстой. Иргэд, сонгогчид чинь та бүхэнд байж болох бүхий л эрх мэдлийг нэгэнт өгсөн. Хэдий болтол өнөө, маргаашаа аргацаасан хэлбэрээр богино зайн улс төр хийж явах юм. Дээрээ суудлаа олоод олигтойхон байвал ард түмэн гүйдлээ олоод байж дөнгөнө.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

П.Сэргэлэн: Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна DNN.mn

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй Булангийн орнуудад мал, мах экспортод гаргаж байгаа асуудлаар ярилцлаа.


-Булангийн орнуудад мал, мах гаргах асуудал яригдаж, танай Элчин сайдын яамны оролцоотойгоор ХАЛАЛ стандартыг эх орондоо нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа та дэлгэрүүлж ярина уу?

-Миний хувьд 2022 оны зургадугаар сарын 1-нд Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг хийж байсан хүний хувьд тухайн улс оронд Монголынхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилго тавьж ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар ч байсан. Ерөнхийлөгч надад эх орныхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал зэрэг асуудлыг хөгжүүлж, эдийн засгийг өргөжүүлэх тал дээр хичээж ажиллаарай гэсэн юм. Үүний ч дагуу ажилласан. Ажлаа аваад сарын дараа буюу 2022 оны долдугаар сараас махны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Кувейт улсын бүхий л супермаркет, дэлгүүр, захаар явж үзсэн. Махны үнэ ч их өндөр байдаг. Тийм болохоор Кувейтын мах худалдаалдаг 30-40 компанитай холбоо тогтоож байж хэдийг нь сонгож уулзалт хийгээд, үйлдвэр, агуулах, тээвэрлэлтийг нь үзээд Монголоосоо махаа экспортлоё гэсэн зорилго маань улам лавширсан. Махаа экспортолъё гэхээр зөвшөөрлүүд хэрэгтэй болж эхэлсэн. Кувейт улсын Гадаад харилцааны яамны харьяа Хүнс, хоол тэжээлийн ерөнхий газар гэж байдаг. Эндээс зөвшөөрөл өгдөг юм. Ингээд удирдлагуудтай нь уулзаж, өөрийн зорилгоо танилцуулсан. Гэтэл өөдөөс тэд маань шаардлагаа тавьж эхэлсэн. Ийм бичиг баримтууд бүрдүүлэх, нөхцөл шааардлага нь ийм байсан тохиолдолд танайхаас мах авч болно гэж хэлсэн. Үүн дээр ХАЛАЛ сертификатын асуудал яригдсан. ХАЛАЛ сертификатыг манай улс өмнө нь өөр улсуудаас дунджаар 10 мянган ам.доллар төлж авдаг. Зардал, чирэгдэл ч өндөртэй гэдгийг махны салбарынхан хэлж байсан. Гэтэл энэ өөр улсуудаас авсан ХАЛАЛ сертификатыг зөвшөөрөхгүй гэсэн. Саудын Арабад байрлах Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр дамжуулан танай улс өөрсдөө ХАЛАЛ сертификат олгодог болчихвол экспортын асуудал яригдана гэдгээ тэд хэлсэн. Ингээд Стандартчилал, хэмжил зүйн газраас ноднин жилийн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлээд бид дотооддоо ХАЛАЛ сертификатаа махны үйлдвэрүүддээ өнгөрсөн сарын сүүлээр албан ёсоор олгож эхэлсэн. Энэ ажлыг манай Элчин сайдын яам анх санаачилж, гардан зохион байгуулсан.

Мөн ХХААХҮЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, НҮБ-ын аж үйлдвэрийн байгууллага UNIDO гэсэн газрууд хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ олон байгууллага, хүмүүсийн хүчин чармайлтаар өнөөдөр Монгол Улсад ХАЛАЛ стандарт нэвтэрч байгаа юм. Дундад Ази, тэр дундаа муслим шашинтай улсуудад хонины махны хэрэглээ маш өндөр. Тэр утгаараа манай улсын зорилтод зах зээл эдгээр улсууд юм. Энэ долоо хоногт Кувейт улсаас махаа авахаар компаниуд манай улсад ирнэ. Тэдгээр компаниуд нь Булангийн орнууддаа сүлжээгээр тараадаг. Тэгэхээр зөвхөн ганц улсад биш, бүхий л Булангийн орнуудад манай улсаас мах очно гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр ХАЛАЛ стандартаа нэвтрүүлчихсэн манай аж ахуйн нэгжүүд махаа тухайн бүс нутаг, улсад өөрсдөө хүргэж өгөхгүй. Худалдан авагч тал нь өөрсдөө ирж авах юм байна, тийм үү?

-Өөрсдөө ирээд шууд онгоцоор аваад л явна. Ноднин жилийн гуравдугаар сард манай Элчин сайдын яамнаас Кувейт улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын махны чиглэлийн 11 аж ахуйн нэгж очиж, мах худалдаж авах хүмүүстэйгээ уулзсан. Кувейт улсаас ч гэсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд нь ноднингийн арваннэгдүгээр сард Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад явсан. Харин одоо бол үнээ тохироод гэрээгээ байгуулах л ажил үлдсэн. Үүн дээр нэмээд малын эрүүл мэндийн гэрчилгээ гэж том зүйл бий. Мөн хорио цээр, хил гаалийн асуудлуудтай холбоотой бүхий л бичиг баримтууд цэгцэрсэн.

-ХАЛАЛ стандарт гэж яг юуг хэлээд байна вэ?

-ХАЛАЛ стандарт гэдэг нь ерөнхийдөө тэдний шашны зан үйлтэй холбоотой. ХАЛАЛ гэдэг үг нь зөв аргаар бэлдсэн хоол хүнс, мөнгө гэсэн утгатай. Харин ХАРАН гэдэг нь буруу арга гэж байгаа юм. Бүх зүйл нь ном журмын дагуу л бэлтгэгдсэн байх ёстой. Ер нь энэ муслим шашинтай улсууд шашнаа маш их хүндэтгэдэг.

-Манай улс гадагш нь мах, махан бүтээгдэхүүн гаргахад хамгийн том саад бэрхшээл нь мал, амьтны гаралтай өвчлөл байдаг шүү дээ?

-Үнэхээр тийм. Дэлхийн улс орнууд бүгд гишүүнчлэлтэй Дэлхийн мал эмнэлгийн байгууллага гэж байдаг. Хэрвээ энэ байгууллагын вэб сайтад тухайн улс малын гоц халдварт өвчинтэй гэж бүртгэгдвэл бүхий л импортууд хаагдчихдаг. Манай улс Кувейт, Саудын Араб улсуудад хориотой байсан.

-Энэ хориог цуцлуулахад та бүхэн бас нэлээд анхаарал хандуулсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Энэ асуудлыг бид ярьж, Мал эмнэлгийн ерөнхий газартайгаа, Дэлхийн мал эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллаад энэ хорио цээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан. Тэгэхээр одоо манай ямар нэгэн хориг байхгүй. Харин цаашдаа ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар малынхаа гоц халдварт өвчин дээр хяналт тавих асуудал яригдана. Хоёрдугаарт, бид цаашдаа махаа тогтвортой гаргая гэвэл эрүүл бүсээ бий болгоод явах нь зүйтэй. Манай махны үйлдвэрүүд ч гэсэн махаа бэлдэхдээ эрүүл бүсээсээ, вакцинаа хийлгэчихсэн, үзлэгт ороод баталгаажсан байдлаар бэлдэх хэрэгтэй. Ингэх юм бол танайд өвчин гарлаа. Тиймээс экспортыг чинь зогсоолоо гэдэг зүйл сонсохгүй ажиллах бүрэн боломж бий. Би ирээд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзсан. Бүхий л зүйлийн талаар ярилцсан, дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс энэ аравдугаар сар гэхэд Булангийн орнуудын лангуун дээр Монголын мах худалдаалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Элчин сайдын яам зөвшөөрлөөс нь эхлээд худалдан авагчийг нь олж өгөх хүртэл бүхий л зүйл дээр санаачилга гаргаж, тусалж дэмжсэн. Одоо бол үнээ хоорондоо тохироод л явах асуудал үлдсэн. Элчин сайдын хувьд цаашдаа тогтвортойгоор л гарч байгаасай гэж хүсч байгаа. Эхний удаадаа долоо хоногт 100 тонн мах авна гэж байгаа юм. Цаашдаа манай улсын мах бэлтгэх хүчин чадлаас шалтгаалан хэмжээгээ нэмээд явах боломжтой гэсэн. Зөвхөн орон биш, бүс нутагтаа зарах учраас хэмжээ нэмэх бол асуудалгүй. Хамгийн гол нь бид чанартай, сайн махыг тогтвортойгоор нийлүүлэх юм. Ингэж чадах юм бол манай орны эдийн засагт маш том дэмжлэг болно. Цаашдаа махаас гадна ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг гаргах бүрэн боломж байгаа. Дээрээс нь аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн зургадугаар сард Кувейт, Катар улсуудад аялал жуулчлалын анхдугаар форумыг хийсэн. Шууд нислэгтэй, харилцан визгүй болж байгаа. Тиймээс эдгээр улсуудтай хүнс, хоол тэжээл, соёл, эдийн засаг, бизнесээрээ илүү холбогдоод явна байх гэж харж байгаа. Манай улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоогоод 49 жил болж байна. Ирэх жил 50 жилийн ойгоо маш өндөр амжилтаар угтана гэж хичээн ажиллаж байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

О.Алтангэрэл: Олон жил гацсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг энэ намрын чуулганаар заавал батлуулна DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилогдсон. Ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Ардчилсан намыг төлөөлж, хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Би өөрөө өмгөөллийн салбарт ажиллаж байсан. Яамандаа Газрын дарга, Шүүх, ёс зүйн хорооны дарга зэргээр энэ салбартаа 22 ажиллаж байгаа хүн. Тэгэхээр энэ олон жилийн турш бодож, шатаж, хэрхэн өөрчлөх вэ, ямар байх ёстой вэ гэж бодож байсан зүйлсээ хийнэ гэж төлөвлөж, ажлаа эхэлчихээд байж байна. Нэгдүгээрт, өдрөөс өдөрт анхаарал татаж байгаа хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулна. Хүний эрх гэдэг өөрөө их өргөн ойлголт. Дээрээс нь олон хуулийн уулзвар дээр байдаг зүйл болохоор Хүний эрхийн багц хуулийг боловсруулах дээр ажиллаж байна. Мэдээж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд нийгэмд үүсээд байгаа, манай яамны харьяа, тэр дундаа цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлууд нийгэмд өргөн хэмжээний хэлэлцүүлгийг бий болголоо. Тэгэхээр цагдаагийн байгууллагатай холбоотой хяналт, хариуцлагын тогтолцоог нь яаж боловсронгуй болгох вэ. Энэ чиглэлийн шинэчлэлийг яаж хийх вэ гээд анхаарал хандуулаад хийгээд явж байгаа ажлууд байна.

-Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмжгүй. Харилцаа, хандлага тааруу гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ тал дээр ямар ажлууд хийх вэ?

-Яг шулуухан хэлэхэд өнөөдөр сайн багш авч ирээд цагдаагийн алба хаагч нартаа хүний эрхийн хичээл заалгаад, сайд дарга нарын зүгээс хатуу үүрэг даалгавар өгөөд гэнэт сайжирдаг юм гэж байхгүй. Бодлогын түвшинд далайцтай хийгдэх ёстой ажил. Гэхдээ ямар ажил хийвэл өөрчлөлт хурдан гарах вэ. Ард иргэдэд хурдан мэдрэгдэх вэ гэсэн арга замыг л сонгох асуудал. Цаг хугацаа их шаардагддаг учраас цагдаагийн алба хаагчид, бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд орхигдуулж ирсэн юм уу гэж би өөрөө боддог.

Тийм болохоор нэн тэргүүнд цагдаагийн алба хаагчдыг бэлтгэж байгаа тогтолцоонд шинэчлэл хийе. Манай Дотоод хэргийн их сургуулийн хамт олон энэ чиглэлээр судалсан, хийж хэрэгжүүлье гэсэн зүйлүүд байсныг дэмжээд явж байна. Юуны түрүүнд сургалтын хөтөлбөр, хугацаан дээр дорвитой өөрчлөлт хийе. Яг маргааш мэдэгдэхгүй ч гэсэн системийн хэмжээнд 3-5 жилийн дараагаас мэдэгдээд ирнэ гэж бодсон. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдыг 45 хоногийн курсээр бэлддэг тогтолцоог халаад ахлагчийн курсийг хамгийн багадаа нэг жилийн хугацаатай болгоод энэ намраас хичээллэж эхлэх гэж байна. Дээрээс нь сургалтын хөтөлбөр дээр хүний эрх, иргэдийн эрх чөлөөтэй холбоотой заалтууд, хууль сахиулах үйл ажиллагааны талаар орчин үеийн дэлхийн чиг хандлагад нийцсэн программ оруулъя гэж зориод цагдаагийн алба хаагчийн дээд боловсрол олгох хугацааг таван жил болгох зорилт тавьж байгаа. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад цагдаагийн алба хаагчдыг сургах асуудал яригдаж байна. Ингэхдээ дэлхийн чиг хандлагад нийцсэн алба хаагчдыг бий болгох, аль болох олон хүнийг хамруулахаар ажиллаж байна. Энэ бүх зүйл дээр манай цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, алба хаагчид идэвх санаачилгатай оролцож байгааг хэлэх хэрэгтэй.

-Цагдаагийн алба хаагчид холбогдсон гэмт хэргүүд шийдэгдэхгүй уддаг байдал байгаа. Тэгэхээр цагдаагаа шалгадаг, гэм буруутай бол хариуцлагыг нь хүлээлгэдэг байдлыг яаж бий болгох вэ?

-Үүн дээр хоёр тусдаа ойлголт байгаа шүү. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн цагдаагийн алба хаагчдыг шалгах гэдэг нэг тусдаа. Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон цагдаагийн шинэчлэл хийнэ гэдэг нь бас тусдаа асуудал. Өнөөдөр яагаад тусад нь ярих ёстой болчихсон бэ гэхээр цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой гэмт хэргийн асуудлыг шалгах эрх хэмжээ нь цагдаад өөрт нь байхгүй. Мэдээж албан хаагчдын дотоод хняалт шалгалтын тогтолцоо байгаа. Үүнийг улам боловсронгуй болгоод Хяналт, шалгалтын даргаар нь саяхан хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан, төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага сэдвээр доктор хамгаалсан эмэгтэйг томилсон. Гэхдээ нэг хүн томилоод асуудал боллоо гэж үзэхгүйгээр хяналт, шалгалтынхаа тогтолцоог агентлагуудын түвшинд хэрхэн яаж боловсронгуй болгох вэ гэдэг ажлууд хийгдээд явж байна. Харин гэмт хэрэгт холбогдсон, олон нийтийн дунд шуугиан болоод байгаа асуудлуудыг шалгадаг газар нь Авлигатай тэмцэх газар. Өнөөдөр цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэрэг, зөрчил хаана явааг АТГ-аас асуух ёстой. Гэхдээ дандаа ингэж явах юм уу. Манаачийг хэн манах вэ гэсэн асуудал бий. Өдөр тутам эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Хуулийн дагуу бусдын эрх, эрх чөлөөг хязгаарладаг цагдаа, тагнуул, АТГ зэрэг байгууллагуудын шалгуулж байгаа албан хаагчдыг бид тусгай суббект гээд нэрлээд хэвшчихсэн. Хуучин бол прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байсан. Хүмүүс ер нь эрх бүхий этгээдүүдийн холбогдсон хэрэг, зөрчлийг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх асуудлыг л хүсээд байгаа юм. Тэгэхээр бид манай эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хуучин нэрээр Тахар, одоо бол чиг үүргийг нь илүү өргөтгөөд гэрч, хохирогч, шүүх аюулгүй байдлыг хамгаалах алба шинээр байгуулахаар төлөвлөж байна. Энэ байгууллагын дэргэд алба хаагчдыг шуурхай шалгадаг бүтцийг бий болгоно гэсэн төсөөлөлтэйгөөр хуулийн төсөл дээрээ ажиллаж байгаа.

-Тахарын албыг өмнө нь хэрэггүй гэж үзээд татан буулгасан. Одоо дахин байгуулахын ашиг тус нь юу байх юм бэ?

-Өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн үед хийгдсэн ажил. Би тэр үед яамныхаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, яг энэ байгууллагыг анх бий болголцож байлаа. Одоо энэ байгууллага байх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн маргаан огт байхгүй. Яагаад гэвэл гэрч, хохирогчийг хамгаалж байгаа цагдаагийн байгууллага үүнийг байгуулмаар байна гэсэн хүсэл, зоригоо илэрхийлж байна. Нөгөө талаар шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах талаар шүүхийнхэн өөрсдөө хэлж байгаа. Мөн гэрч, хохирогчтой холбоотой асуудал нэлээд хүндэрч байгааг олон улсын байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд хэлж байгаа юм. Тэгэхээр тал талын хүсэл зориг, ард иргэдийн шаардлага байна.

-Сэтгүүлчидтэй холбоотой асуудлууд байна. Мэдээлэл олж авах, түүнийгээ олон нийтэд мэдээлсэн явдлыг Эрүүгийн хуулиар шийддэг гэсэн шүүмжлэл явж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-ХЗДХ-ийн сайдын хувьд эрүүгийн ял шийтгэлийн бодлогод нь өөрчлөлт оруулъя гэсэн бодолтой байгаа. Хорих ял байж болохгүй. Дээрээс нь зорчих эрхийг хязгаарлах буюу цахим гав зүүдэг ял байх ёсгүй. Мөн өндөр хэмжээний торгууль байх ёсгүй. Харин сэтгүүлчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу сэтгүүлчийн гэм буруутай эсэх, тухайн асуудал дээр алдаа дутагдал гаргасан эсэх дээр дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийг нь үндэслэн хуулийн байгууллага шийдвэрээ гаргадаг байх гэсэн урьдчилсан төсөөллөөр олон жил гацсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг заавал батлуулна. Ингэхдээ энэ намрын чуулганаар батлуулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ хууль батлагдахаар сэтгүүлчийн ажиллах эрх зүйн орчин сайжирна. Эрүүгийн хуулийн ял, шийтгэл эрс багасна. Гэхдээ нэг зүйл цаана нь байгааг мартаж болохгүй. Сэтгүүлчийн үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж байгаа этгээдүүд Иргэний шүүхээр өөрсдийн хохирлоо нэхэмжлэх, нэр төрөө сэргээлгэх эрхийг нь өргөн нээж өгөх ёстой гэсэн зарчмаар асуудалд хандаж байгаа. Сэтгүүлчийн ёс зүйн хариуцлага өндөр байх ёстой. Гэхдээ үүнийг төр зааж, тогтоож өгөх биш сэтгүүлчид өөрсдөө сонгож байгуулсан өөрөө удирдах ёсны байгууллага нь шийддэг байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.

-Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж, Сүхбаатарын талбайг нээлттэй болгоно гэсэн зүйлийг та хэлсэн байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Ер нь Монгол Улсад Үндэсний аюулгүй байдалд харшлах, нийтийн дэг журамд илтэд заналхийлэх зэргээс бусад тохиолдолд иргэд чөлөөтэй жагсаж, цугладаг байх ёстой. Зөвшөөрөл авч биш, мэдэгдэх зарчмаар явах хэрэгтэй. Би өөрөө жагсаж байсан хүн. Тийм болохоор энэ асуудалд нэлээд ач холбогдол өгч байгаа. Ташрамд дурдахад, О.Алтангэрэл АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд болохоор хүний эрхийн чиглэлээр олон зүйл хийх болов уу гэсэн итгэл олон нийтийн дунд байгаа. Тэгэхээр хэдий хүнд ч гэсэн гацаанаас гаргаж, олон жил яриад шийдэж чадаагүй Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг шинэчилнэ. Ажлын хэсэг нь гарчихсан ажлаа хийж байна. Энэ хүрээнд асар олон ойлголтыг нарийвчилж авч үзэх шаардлагатай. Жагсаал, цуглаан, суулт гэж юу юм. Тэмцлийн хэлбэрүүд ямар байх юм. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар хязгаарлалт байх вэ. Харин хүн өөрйинхөө эрхийг эдлэхийн тулд ямар хязгаарлалт байх ёсгүй вэ гэдгийг тодорхой болгоно. Хуулийн төсөл өргөн баригдаад ирэхээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөх байх. Ингээд иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд гээд талуудын зөвшилцлийн үндсэн дээр Монгол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ингэснийхээ төлөө ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээдэггүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө л байгаа.

-Таны хувьд АН-аас сонгогдсон. Гэвч эрх барьж байгаа нам нь МАН. Хэдийгээр хамтарсан засаг байгуулсан ч гэсэн таны, та бүхний ярьж, бодож байгаа зүйлүүд хийгдэх үү?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байна. Мөн намууд хоорондоо гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр хүний эрх чөлөөтэй холбоотой, авлигатай тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн асуудлууд туссан. Нэгэнт гэрээ байгуулаад, намууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас хэрэгжинэ гэсэн итгэлтэй байгаа. Нөгөө талаар яг одоо Монгол Улс байрнаасаа хөдлөхгүй бол олон жил ужгирсан асуудлууд байна. Эдийн засаг, эрчим хүчний леберальчлал, том төслүүдээ хөдөлгье гэж ярьж байна. Үүний хажуугаар хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалтай холбоотой асуудлууд мөн хөдлөх ёстой. Тэгэхээр энэ асуудлууд явахгүй л бол хамтрал үр дүнгүй байна гэсэн үг. Ийм байвал О.Алтангэрэл энд сууж байх шаардлагагүй. Үүнийгээ ч би илэрхийлж байгаа. АН-ын мөрийн хөтөлбөр, өөрийнхөө 22 жилийн туршид бодсон асуудлуудаа хэрэгжүүлэх, ард түмний хүлээлт хүслийг биелүүлэх нь л миний хувьд хамгийн чухал.

-Энэ намрын чуулганаар танай салбартай холбоотой ямар, ямар гол хуулиуд өргөн баригдах вэ?

-Хүний эрхийн багц хууль өргөн баригдана. Үүн дотор Хууль зүйн туслалцааны тухай, Жагсаал, цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, өмгөөллийн тухай гээд маш олон хууль бий. Мөн Авлигын багц хууль орно. Миний өөрийн олон жил ярьсан хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой зэрэг хэд хэдэн хууль өргөн баригдана. Хүний хөрөнгийг хураах тухай ярьж байна гэж намайг нэр бүхий этгээдүүд шүүмжилдэг. Энэ бол ерөөсөө коммунистуудын бусдын эд хөрөнгийг хураадагтай ямар ч хамаагүй. Хавьтах ч үгүй. Би бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдийн тухай л ярьдаг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийг удирдаж байсан этгээдүүд цалингаасаа давсан орлоготой. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө, үнэтэй хаусуудтай байдаг асуудлыг л яриад байгаа юм. Тайлбарлаж чадахгүй байгаа энэ хөрөнгүүдийг хураая гэсэн зарчмын асуудлыг л дэвшүүлдэг. Энэ бол олон улсын эрүүгийн эрх зүй, тэр дундаа бидний нэгдэн орсон авлигын эсрэг конвенц, манай Эрүүгийн хуулийн суурь зарчимд угаасаа байсан зүйл. Хэрэгжихгүй олон жил болсон. Авлигатай тэмцэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд Ерөнхий сайд улс төрийн эр зориг гаргаж ажилласан. Энэ үйл хэргийг үргэлжлүүлье. Хууль эрх зүйн хувьд боломжтой болгоё. Монголын ард түмний олон жил хүсэн хүлээсэн авлигчдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд л өргөн барьж байгаа хууль. Энэ намрын чуулганаар өргөн барих гол хуулиуд бол ийм байна. Үүнээс гадна манай дээр боловсруулагдаж байгаа олон хууль бий.

-Чухал хуулиуд УИХ-аар батлагддаг. Гэвч өнөөх нь амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүй гэсэн яриа бий. Хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ямар ажил хийх вэ?

-Үнэхээр тийм асуудал байгаа. Тийм болохоор одоо дагаж мөрдөж байгаа хуулиуд хаана, яаж хэрэгжихгүй байна. Алдаа дутагдал нь хаана гараад байна гэдэг дээр хяналт, шинжилгээ хийдэг үйл ажиллагаагаа бид эрчимжүүлэх ёстой. Харин одоо миний ярьж байгаа өөрчлөлтүүд иргэдийн нүдэн дээр болох учраас хэрэгжилт дээр нь би санаа зовохгүй байгаа. Надаас нэхнэ. О.Алтангэрэл ээ, чи хэвлэлийн эрх чөлөөг сайн болгоно гэсэн яасан бэ. Жагсаал, цуглааны журмын хуулийг хийнэ гэсэн юу болов. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чинь яав гээд сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, ард түмэн асууна. Тэгэхээр нэг хууль батлаад, УИХ-ын чуулганаар хэлэлцээд өнгөрөх асуудал биш. Бүгд хамтдаа, бүх нийгмээрээ хэрэгжүүлэх ёстой зүйлүүд учраас эрх зүйн орчныг нь зөв тавиад өгвөл хэрэгжилт дээр нь санаа зовох зүйл гарахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Урт богинодоо биш, ухаан санаандаа байгаа юм DNN.mn

Монголчууд бидэнд утаа, түгжрэл, цас, үер гээд тогтсон хэдэн сэдэв байдаг.

Энэ удаад бол сурагчдын дүрэмт хувцасны сэдвийн цаг үе нь яах аргагүй мөн. Цахим орчинд сурагчдын дүрэмт хувцасны сайн муу, сайхан муухайг ид ярилцаж байна. Үүнтэй зэрэгцээд Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсанд поло цамцыг оруулах тухай ярьсан нь сэдвийн цар хүрээг улам ч нэмлээ.

Мөн ил, далдаар байнга яригдаж, маргаан дагуулдаг нэг зүйл бол сурагч охидын юбканы урт. Зарим нэг нь хэт богино байна. Энэ нь элдэв гаж нөхдүүдэд сэдэл болдог. Тиймээс урт болгох ёстой гэдэг. Тэднийхээр бол бид охидоо хамгаалж байгаа нь энэ гээд бараг л гивлүүр зүүлгэх хэрэгтэй гэж үздэг. Үүнийгээ ч олон нийтийн сүлжээнд ил тодоор хэлэх нь бий.

Тэгвэл уучлаарай. Энэ бол хүний эрхийн маш бүдүүлэг зүйл. Бид чинь ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулж, тэр замаар замнахаар шийдсэн улс. Ийм улсад охид, эмэгтэйчүүд ямар хувцас өмсөх нь тэдний эрх байдаг.

Дээрээс нь охидын юбка богино байхаар дур хүсэл чинь оволзоод, эсвэл бусдынхыг хөдөлнө гэж бодоод байгаа бол та өөрөө яаралтай эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй болжээ.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Ганбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентын ээлжит бус чуулган өнөөдөр (өчигдөр) нээлтээ хийлээ. Энэ хурлаар ямар, ямар асуудлыг хэлэлцэхээр болсон юм бэ?

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хамгийн гол нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л хэлэлцэнэ. Үндсэндээ энэ жилийн төсөвтөө тодотгол хийнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Засгийн газар 2024-2028 онуудад ямар, ямар ажлуудыг хийх гэж байгаа юм гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг ярина.

-Төсвийн тодотголын төсөлтэй танилцаж амжсан уу. Нийтдээ гурав орчим их наяд төгрөгөөр төсвийг тэлсэн тухай шүүмжлэл явж байна шүү дээ?

-Миний хувьд төсөлтэй танилцсан. Ер нь төсөв гэдэг чинь орлого, зарлага хоёрыг л хэлдэг. Орж байгаа орлого, гарч байгаа зарлага хоёр тэнцэх ёстой. Үүнийг нь төсвийн тэнцвэржилт гэж ярьдаг. Харин олж байгаа орлого төсөвлөснөөс гэнэт ихсэх юм бол төсвийн тодотгол хийдэг. Одоо шинээр нэмэгдэж орж ирж байгаа 2.9 их наяд төгрөгийг юунд зарцуулах вэ гэдгээ одоо энэ чуулганаар ярина. Олон жил бид төлөвлөснөөс өөрчлөгдсөн учраас юунаасаа хасах вэ гэдгээ ярих гэж төсвийн тодотгол хийдэг байсан. Харин энэ удаад төсвийн орлого нэмэгдсэн учраас тодотгол хийх гэж байна.

-Тэгвэл төсвийн орлого яагаад ингэж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн хэрэг вэ?

-Үүнийг ёстой ард түмэнд хэлэх ёстой. Хятад руу гэнэтхэн баахан нүүрс зараад мөнгө ороод ирэв үү, эсвэл юунаас болж нэмэгдсэн бэ гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй. Нэгдсэн төсвийн нийт орлогын батлагдсан дүнгээс 2.9 их наядаар нэмэгдүүлсэн байгаагаас хамгийн их нь буюу 58.6 хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас орсон байна. Нэг ёсондоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа юм. Энэхүү өсөлтийн шалтгааныг нь тодруулахаар би яг одоо сууж байна. Ард түмэн үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Яг үйлдвэрлэлийн өсөлт үү. Инфляци хэдэн хувь нөлөөлсөн бэ. Мал, махны экспорт нэмэгдсэнээс болов уу гэсэн асуултуудад хариулт олох нь энэ удаагийн төсвийн тодотголын хамгийн чухал зүйл.

Би бодохдоо энэ удаад эрүүл биш төсвийн өсөлт байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмсэн байна гэж харж байгаа. Тиймээс л хүмүүсийг үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаа юм.

-Засгийн газрын өр нэмэгдсэн гэж байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Үүнийг би ээлжит бус чуулганы үеэр нэлээд дэлгэрүүлж ярина. Гэхдээ танд товч мэдээлэл өгөхөд, үнэхээр Засгийн газрын өр нэмэгдэж орж ирсэн. Гэтэл гадаадын энэ өр зээл, тусламж бодит амьдрал дээр аж ахуйн нэгж, ард иргэдэд яаж наалдаж байгаа юм гэдгийг асуух хэрэгтэй. Монголын ард түмний аж амьдрал, зовлон бэрхшээлийг нулимс гартал төсөл бичээд гадаадаас зээл, тусламж хэлбэрээр авдаг. Үүнийхээ ойролцоогоор 70 хувийг нь өөрсдөдөө цалин болгож аваад 30 хувийг нь аманд ч үгүй, хамарт ч үгүй байдлаар тараадаг юм биш биз дээ гэж би хардаж байгаа. Ийм байвал нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Энэ өр, зээлийг чинь Монголын хүүхдүүд дараа нь хүүтэй нь төлнө. Тийм ч болохоор чуулган дээр нэлээд дэлгэрүүлж ярихаар төлөвлөж байгаа юм. Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт дотор Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэлийн төсөл байгаа. Гэтэл үүн дээр нэгхэн тэрбум төгрөг тавьсан. Уг нь мал аж ахуйн салбарыг өөд нь татах хамгийн гол төсөл юм шүү дээ. Бусад дээр нь болохоор олон зуун тэрбумаар нь тавьдаг. Өөрсдөдөө цалин авах гэж ийм олон хэрэгтэй, хэрэггүй төсөл хэрэгжүүлээд байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Үүнийг би мөнгө угаалт гэж ойлгодог. Сангийн яам хянаж, хариуцах ёстой. Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос яг энэ асуудал дээр Ажлын хэсэг байгуулж ажиллана. Эргээд ард түмэндээ тайлангаа тавина.

-Сонгуулийн үр дүнгээр гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт хамтарсны дараа олон юм ярих нь жаахан ёс зүйгүй юм. Гэхдээ хяналтын механизмаа сайн хэрэгжүүлээрэй л гэж ард түмэн сонголтоо хийсэн байх гэж би ойлгодог. Одоо чинь хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан. Үүн дотор нь олон олон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт бичсэн байна. Гэвч зүгээр л мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна. Үүний цаана ТЭЗҮ, мэргэжилтэн, инженер, судлаачдын үндэслэл нь хаа байна гээд асуухаар бараг 50 орчим хувь дээр нь байхгүй л гэж хариулж байгаа юм. Манайхан чинь гарчиг хараад л баярлаад байдаг. Гэтэл үүн дотор чинь л луйвар байдаг юм. Тиймээс энэ төслүүд дээр хянуур хандаж, ТЭЗҮ-ийг нь сайн харах ёстой.

-Хамтарсан Засгийн газрын гэрээн дээр ямар, ямар заалт орсон юм бэ?

-Гэрээ гэдэг чинь хэрэгжих ёстой. Хэрэв хэрэгжихгүй бол яаж хариуцлага тооцох юм. Хэн нь хэндээ хариуцлага тооцох юм гээд асуудлууд бий. Миний нэг дургүй байгаа зүйл гэвэл МАН-ын дарга нь Ардчилсан намын сайд нарыг нөгөө фракцуудтай нь ярьж солино гэдэг заалт орсон байна лээ. Үүнийг ч гэсэн тодруулж асуух шаардлагатай.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зүйлүүдээс онцлох юм юу байна вэ?

-Үйл ажиллагааны хөтөлбөрт бүтээн байгуулалтын том том төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна лээ. Жишээлбэл, Ган татлагат гүүрэн байгууламж, Хөшигийн хөндийн тунель, Засгийн газрын нэг цэгийн цогцолбор, Туул хурдны зам гээд долоон том төсөл байсан. Харамсалтай нь аж үйлдвэржсэн, ажлын байр бий болгосон, орлого нэмэгдүүлдэг, мөнгөөр мөнгө хийдэг аж үйлдвэрийн төсөл огт байхгүй. Дандаа дэд бүтцийн төслүүд. Үүнийг би эсэргүүцээгүй. Гэхдээ дэд бүтцийн төслүүдийг аж үйлдвэрийн төслүүдээсээ олсон ашгаараа хийдэг. Бүгдээрээ дэд бүтцийн төсөл байдаг нь яаж байгаа юм. Ядаж тал нь аж үйлдвэрийн төсөл байж болоогүй юм уу гээд асуулт их байна. Дээрээс нь төсвийн тодотголд 3.1 их наяд төгрөгөөр зарлагыг нэмэгдүүлж байгаа. Үүний 1.7 их наяд нь хөрөнгийн зардал, 1.2 их наяд нь урсгал зардал байсан. Одоо он дуустал дөрөвхөн сарын дотор ийм их мөнгийг нэмж зарцуулах гэж байна. Хамгийн аюултай зүйл нь энэ. Орон нутгийн сонгуульдаа зарцуулах гэж байна гэж хардах нь хаашаа юм. Гэхдээ үүнийг тодруулах ёстой. Хөрөнгийг нь зарцуулж чадах эсэх дээр тайлбар авна. Мөн хувь хүний орлогын албан татварыг 539 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Гэтэл зөрүүлээд төрийн албан хаагчдын цалинг 110 тэрбум төгрөгөөр хассан байгаа юм. Тийм олон цомхотгол хийсэн үү. Эсвэл тооцооны алдаа байна уу гэдгийг тодруулах л хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн бүсчилсэн паркууд барина гэж яриад л байсан. Засгийн газрын хөтөлбөрт тэр нь хэр туссан юм бэ?

-Яг энэ асуудал Засгийн газрын хөтөлбөрт байгаагүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ч.Лодойсамбуу: Ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүж, ял оноосон нь нийгэмд талцал үүсгэсэн. Саяхан тэрбээр Давж заалдах шатны шүүхэд хандсан тухай мэдээлэл гарсан байсан. Та хоригдсонооос нь хойш биечилж уулзсан уу. Энэ асуудал дээр ер нь ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь хоёр асуудал байгаа юм. Нэг нь хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой. Нөгөө нь хувь сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудал. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал дээр нь би олон жилийн турш сайн муу, ил далд, өөрт нь гээд байр сууриудаа хэлж байсан. Харин энэ удаагийн холбогдсон хэрэг нь өнгөрсөн саруудад эхлээд таслан сэргийлсэн. Дараа нь гэрийн хорионд байлгасан гээд нийтдээ найман сарын туршид эрүүдэн шүүлээ гэж үзэж байгаагаа ч хэлсэн. Хэрэг нь огт шийдэгддэггүй. Тэгсэн хэрнээ гэрт нь хориод мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарласан.

Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг чинь тусгай чиг үүргийн шахуу үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Үүн дээр нь ч гэсэн би эсэргүүцэж байсан. Сэжигтэн, яллагдагч нь байна уу, байна. Хэрэг нь байна. Гэтэл найман сарын туршид хэргийг нь шийдээгүй.

-Залхаан цээрлүүлж байна гэж байсан?

-Залхаан цээрлүүлж байна. Үүнийг бусдад нь харуулах гээд байгаа юм уу гээд би эсэргүүцэж байсан. Ингэж байгаад шүүх хурал болсон. Харин үүний дараа хэргийн материалтай танилцаагүй учраас би илүү үг хэлж чадахгүй болсон. Хэргийн материалтай танилцахын тулд би нууцын баталгаанд гарын үсэг зурах шаардлагатай болно. Хэрэв ингэсэн тохиолдолд би хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар “Аа” ч гэж дуугарч чадахгүй болно. Тийм болохоор надад хэргийн материалтай танилцах эрх нь байгаа ч танилцахгүй байгаа юм.

Нөгөө талдаа өмгөөлөгчгүй шүүсэн гэдэг дээр шүүхийн гаргасан тайлбар, мэдээллийг харсан. Н.Өнөрцэцэгтэй бол би байнгын л холбоотой байж ирсэн. Сонгуулийн өмнө ч гэсэн өөртэй нь уулзаад зөвлөгөө өгч, саналаа хэлж байсан.

Одоо нэгэнт шүүхээр явж байгаа л бол шүүхийн процессыг харна. Ямар нэгэн байдлаар шүүхийн гадаа очдог ч юм уу, тийм үйлдэл хийхийн эсрэг байгаа.

-Шалтгаан нь юу вэ?

-Одоо би чинь сэтгүүлч гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүн буюу хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүн. Тийм болохоор хүнээс шаардах, биш өөрөө хийх ёстой субьект. Тэгэхээр би одоо асуудлыг Н.Өнөрцэцэг гэж харахаа больж эхэлж байгаа. Энэ чинь хувь сэтгүүлч гэхээсээ хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой юм байна. Мэдээлэл цуглуулах, олж авах, түүнийгээ хадгалах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой тогтмол үүсч байгаа асуудал юм байна. Нөгөө талдаа сэтгүүлчдэд хариуцлагын асуудал бий. Эдгээрийг цогцоор нь авч үзээд Эрүүгийн хуулиас эхлээд маш олон хуульд өөрчлөлт орох шаардлагатай. Тийм болохоор УИХ дээр ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлаад үндсэн ажлаа хийнэ. Намрын чуулганаар хэвлэлийн эрх чөлөөг эрүүгийн болон бусад хуулиудын дөнгөнөөс салгах ажлын хэсэг байгуулна. Ингээд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж, оношоо тогтоож байж хуулийн өөрчлөлтүүдийг хийнэ.

-Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүд үе, үеийн парламентаар хэлэлцэгдэж, яригдаж байсан ч батлагдаж чадаагүй. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Манай сэтгүүлчид өөрсдөө унагаад байдаг юм шүү дээ. Эвлэл нь өөрсдөө унагаадаг.

-Яагаад?

-Нарийн түүхчилж санахгүй байгаа ч манай сэтгүүлчид заалт заалтаар нь эсэргүүцэж байгаад л унагаачихдаг. Эрүүгийн хуульд 2002 онд гүтгэн доромжлох гэж байсан. Үүнийг илт худал мэдээлэл гэж хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож эхэлсэн нь 2017 он. Тэр үед сэтгүүлчид бидэнд өндөр торгууль ирээд байна. Тийм болохоор Эрүүгийн хуульд оруулаад хатуу шийддэг болъё гэсэн саналыг сэтгүүлчид гаргаж байсан. Тиймээс бид одоо хариуцлагаа их тодорхой болгомоор байгаа юм. Эрх чөлөөтэй ажиллана, гэхдээ дур зоргоороо биш. Нэг талдаа ёс зүй, хариуцлагатай, нөгөө талдаа эрх чөлөөтэй ажиллах юм байна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Миний хувийн байр суурь бол Ажлын хэсэг байгуулаад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг барьж явахгүй. Харин одоо хэвлэлийн эрх чөлөөнд халтай байгаа хуулиудад өөрчлөлт оруулж, дөнгөнөөс нь салгая л гэж байгаа юм. Мөн сэтгүүлчийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Эцсийн дүндээ хүний нэр төр, алдар хүнд л яригддаг шүү дээ. Энэ нь иргэний хуулиар яваад хэрэв гүтгүүлсэн, хохирсон бол хохирлыг нь тогтоогоод үүнийг нь барагдуулдаг нөхцөл рүү явж орохоос аргагүй. Харамсалтай нь үүнээс сэтгүүлчид айдаг. Өндөр төлбөр төлөх нь, тиймээс Эрүүгийн хуулиар явъя гэдэг. Гэтэл Эрүүгийн хуулиар явахаар бага торгуулдаг байж болох ч эрүүгийн ялтай. Энэ нь нийгмийн харилцааны наад захын босго давахааргүй болгочихдог. Бидэнд одоо ганц нүүр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байгаадаа баярлах хэрэгтэй. Манайхан болохоор маш олон эрх өгсөн заалтыг л хуульд оруулахыг хүсээд байдаг. Гэтэл эрх өгсөн заалт нэмэгдэх болгонд үүрэг хүлээсэн заалт нэмэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй.

-Ажлын хэсэгтээ ямар, ямар хүмүүсийг оруулах вэ?

-Хууль зүйн байнгын хорооны гишүүд, манай намын бүлгийн гишүүд орно. МАН-ын бүлэгт сэтгүүлч гишүүд байвал урилга өгнө. Аль болох л тал талын санаа бодлыг тусгахыг хичээнэ. Нэгэнт л хамтарч байгаа бол хамтраад ажлаа урагшлуулахын тулд ажиллана.

-Та сэтгүүлчийн хариуцлагыг хөндөж байна. Тэгэхээр хариуцлага сул байгаа учраас нийгэмд сэтгүүлч мэргэжлийн, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд унаад байна гэж ойлгох уу?

-Хаалттай нийгэмд, ялангуяа мэдээллийн технологи хөгжөөгүй, хэвлэмэл материал, нэг дэлгэцээр мэдээллээ авдаг байхад сэтгүүлчийн нэр хүнд өндөр байсан. Одоо ч хаалттай нийгэмд тийм байгаа. Гэтэл ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг. Үргэлж нуусан зүйлийг нь дэлгэж тавьдаг. Эрх баригчдын дургүй хүн байдаг учраас муу нэртэй болгох бүхий л арга хэмжээг авдаг. Сүүлдээ эх орноосоо зугтдаг байдал чинь ардчилсан нийгэмд л харагддаг зүйл шүү дээ. Тиймээс сэтгүүлчийн нэр хүнд гэдэг өөрөө их харьцангуй ойлголт. Дээрээс нь сайн сэтгүүлч угаасаа л сайн нэртэй байдаг. Зарчмаа мөрддөг, хуулиа барьдаг, яах гэж ажиллаж байгаагаа мэддэг сэтгүүлчийн нэр хүнд сайн л байдаг шүү дээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Хүний амь бүрэлгэсэн, эрхийг нь ноцтой зөрчсөн этгээдүүдийг ил зарладаг болъё DNN.mn

Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд дайн байлдаан, хүний эрхийн зөрчлөөс аль болох ангид байхыг хүсч, түүнийхээ төлөө олон ч зүйлийг сэдэж, санаачилж байгаа. Харамсалтай нь энд тэнд элдэв мөргөлдөөн, алан хядах ажиллагаа, хүний эрхийн зөрчил гарсаар л байна. Харин үүний эсрэг дэлхий нийт нэгэн зүйлийг бодож олсон нь тэр бүхнийг хийгчдийг олон түмэнд илчлэх юм.

Терроризм буюу алан хядлагыг санаачилсан, гардан зохион байгуулсан бүгдийг нь хань хамсаатантай нь, дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь дэлхийгээр нэг харуулж байна. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд дээр ч энэ аргыг өргөн хэрэглэх болсон. Энэ нь эргээд хэн нэгэн этгээд бусдын ятгалга, дарамтад орж, хэн нэг даргын тушаал шийдвэрийг үг дуугүй гүйцэтгэдэг байдлыг бууруулдаг болохыг хэлж байгаа. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, амь насыг нь бүрэлгэсэн нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон л бол гэр бүл, төгссөн сургууль, эргэн тойрныхонтой нь ингэж зарлах нь бууруулах, урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг дэлхий нийт мэдээд, хэрэгжүүлээд байна. Гэтэл манайд бүх зүйл эсрэг. Төрийн болоод албаны нууц, нэр хүнд гэсэн том халхавч өмнөө барьчихаад бүхнийг нууцлаад өнгөрдөг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчөөд, тэр бүү хэл амь насыг нь бүрэлгэчихээд байхад л хөдөлдөггүй. Иргэний эрхийг зөрчих болохоор хүний эрх ёстой түй ч хамаагүй. Харин ийм бусармаг зүйлийг хийх тушаал өгсөн дарга, гардан гүйцэтгэсэн нөхдийн талаар мэдээлэх болохоор хувь хүний нууц, хүний эрхийн мэдрэмж нь хамгийн өндөртэй улс болчихдог. Өнөөдөр манайд яг ийм л байгаа. Ийм болоод удаж байна. Ингээд хэлэхээр нөгөөдүүл чинь манайд алан хядлага байхгүй, хүний эрхийн зөрчил бага гэсэн улигт үгсээ давтах биз. Тэгдэг ч юм. Харин тэгвэл бидэнд эргэн санах гашуун түүх, ой санамж бий гэдгийг хэлье.

Улс даяараа онц байдал тогтоох хэмжээнд хүрч байсан 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг санацгаая. Жагсаал цуглааныг тараахын тулд Монголын төр тавын таван иргэнээ зүгээр л гудамжинд нохой шиг буудаж байлаа. Энэ бол алан хядлага мөн. Хариуцлагыг нь гүйцэтгэх байгууллагын хэдхэн дарга нарт тохоод л өнгөрсөн. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн жагсагчдыг өдгөө ч хүчний байгууллагуудаас элдвээр дарамталдаг тухай тэд хэвлэлд өгсөн ярилцлагадаа олонтаа дурдсан байдаг. Тэгэхээр ийм байдал дахиад давтагдахгүй гэх баталгаа яг хаана байгаа юм бэ. Уг нь бол дээрх аймшигт явдлын дараа хэн гэдэг дарга нь бууд гэсэн тушаалыг өгсөн. Түүнийг нь хэн, хэн гардан гүйцэтгэсэн гэдгийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх ёстой байлаа. Хэрэв тэгсэн бол дараагийн удаа дарга нар тийм тушаал өгөхөө болино. Буулгасан тушаалыг нь хууль ёсны биш байна, тиймээс гүйцэтгэхгүй гэж хэлдэг албан тушаалтнууд бий болох ёстой байлаа.

Манайд өнөөдөр хүний эрхийн ноцтой зөрчил хэрээс хэтэрч, тоогоо алдсан. Төрийн байгууллагуудын хүнд суртал, элдэв дарамтыг шүүмжилж, тэсвэрлэж чадалгүйгээр төв талбай дээр нэг иргэн өөрийгөө шатаахад “Мөрийтэй тоглоомын өрөнд орсон, үл бүтэх нөхөр” болгоод л дуусгаж байв. Хэвлэн нийтэлснийх нь төлөө нэг сэтгүүлчийг элдвээр оролдсоор өнөөдөр тортой хананы цаана суулгачихсан л байна. Мөн 21-хэн настай цэл залуухан залуу цагдаа нарт зодуулснаасаа болоод эмнэлгийн орон дээр гавтайгаа байсаар байгаад бурхны оронд одсон. Энэ тухай одоохондоо шуугьж л байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэгсхийгээд намждаг байдал тогтсон. Анх энэ тухай мэдээлэл гарсны дараахан хүчний байгууллагуудын зүгээс тухайн залууг 10 гаруй гэмт хэрэгт шалгагдаж байсан. Бараг л “Үхэж байхдаа таарсан амьтан” гэсэн утгатай мэдээлэл хийж байв. Түүнийг шүүхээс гэм буруутайд тооцоогүй, төрийн хамгаалалтад байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Хууль зүйн сайд нь холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзах гэхэд цагдаа, шүүхийн шийдвэрийн байгууллагын дарга нь очоо ч үгүй. Үүнийг нь юу гэж ойлгох хэрэгтэй вэ. Нэг бол шинэ сайдаа үл тоосон. Үгүй бол хүний амь насыг юман чинээ бодохгүй байна гэж бодох юм уу. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлээд л байгаа. Амь насаараа төлж ил болгосон нь л энэ болохоос биш цаана нь ийм хэрэг зөндөө бий гэдгийг ч хэлдэг. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр хамтарсан засаг бий болж Хууль зүйн салбарыг Ардчилсан нам авсан. Тус нам хүний эрхийг дээдэлдэг гэдгээ байнга илэрхийлсээр ирсэн. Харин үнэхээр тийм эсэхийг одоо л харах цаг. Үнэхээр л хүнээ боддог, эрхийг нь дээдэлдэг улс төрийн хүчин юм бол зоригтой шийдвэр гаргаж, хэн гэж дарга түүнийг зодох, гавтай байлгахыг тушаасныг ил болгох ёстой. Мэдээж энэ үүргийг гүйцэтгэж, талийгаачийг үхэлд хүргэсэн албан хаагчдыг ч зарлах хэрэгтэй. Ер нь л мэдээлэл нь хаалттай, ил тод бус байвал хаана ч хүний эрхийн зөрчил гаарч, авлига хээл хахууль гаардаг жамтай. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, бүр тодруулбал хүний амь насыг хохироосон, эрхийг нь ноцтой зөрчсөн гэмт хэргийг хийсэн этгээдүүдийн мэдээллийг заавал ил болгох хэрэгтэй байгаа юм. Тэгж байж бид дэлхий нийтийн яваад байгаа зөв зам руу чиглэж, энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой болно.

Хууль, хүчний байгууллага мэдээж босоо удирдлагатай. Үнэхээр ч босоо удирдлага нь хэрэгжих газраа хэрэгжих зайлшгүй шаардлага бий. Гэвч хэдий болтол даргын үгийг бурхны лүндэн мэтээр хүлээн авч, алга хавсран ёсолж, үг дуугүй биелүүлэх ёстой юм бэ. Одоо чинь дарийн утаа үнэртсэн дайны үе биш. Ардчилал, хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм бүтээхийг зорьж яваа энх цаг. Тэгэхээр алба хаагчдаа даргын хууль бус тушаал, шаардлагыг биелүүлдэггүй. Тэр талаар нь зоригтойгоор шүгэл үлээдэг болгон бэлтгэх хэрэгтэй. Харин эргээд шүгэл үлээсэн алба хаагчдаа хамгаалдаг, эрхийг нь эдлүүлдэг хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Уг нь өнгөрсөн парламентын үед “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль” өргөн баригдсан ч манай дарга нар баталж өгөөгүй. Тэгвэл энэ удаад юуны тулд 126 гишүүнтэй болж, засгаа хамтран барьж байгаа билээ. Энэ талын хуулийн төслүүдийг өргөн барьж, одоо байгаа хуулиудаа эмхлэн цэгцлэх ёстой. Дээрээс нь хүний эрхийг ноцтой зөрчсөн этгээдүүдийн мэдээллийг ил тод болгодог бие даасан хууль байсан ч болохгүй гэх газаргүй. Мөн хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ ч чадавхжуул. Хүний эрхийн үндэсний комисс заавал гэмт хэрэг болсны араас л явдаг биш, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудаа хийдэг болмоор байна. Ингэж байж л бид зориод байгаа хүнлэг, энэрэнгүй нийгмээ байгуулахад тодорхой шат ахина. Эс бөгөөс төрийн хамгаалалтад байсан иргэд нь гавтайгаа үхэж, үзэл бодлоо илэрхийлсэн нь гудамжинд буудуулсаар байх болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээр болсон зүйл DNN.mn

Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийхээр болж, төслийг боловсруулж байгаа. Мөн хамтарсан намуудын гэрээ болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт зарлан хуралдуулахаар болсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас дараахь тодруулгыг авлаа.


-Ээлжит бус чуулган хуралдуулж, улсын төсөвт тодотгол хийхээр болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улсын төсөвт зайлшгүй тодотгол оруулж, шинэчлэх шаардлагатай болсон. Энэ бол бодит сонгуулийн үр дүнгээр гарч ирж байгаа ажлын шаардлага.

-Түүнээс тодотгох гээд байгаадаа биш гэсэн үг үү?

-Үнэхээр тийм. Улсын төсвийг нэг их тодотгох гээд байгаадаа биш юм. Нэг ёсондоо тэр төсвөөр энэ засаг явах ямар ч боломжгүй болчихсон байхгүй юу. Тийм учраас төсвийн тодотгол хийж өгч, яамдуудынхаа төсөв, зардлыг гаргаж өгөхгүй бол болохгүй. Хоёрдугаарт, тэр төсвийг баталж байх үед өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт явж байсан. Одоо болохоор өөр Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Огт өөр яамдууд ороод ирсэн, өөр улс төрийн хүчнүүдээс мөрийн хөтөлбөр нь хүртэл өөрчлөгдчихсөн шүү дээ. Тийм болохоор Үндсэн хуульдаа ч нийцэхгүй. Үндсэн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулаад, тэдний итгэлийг хүлээгээд ороод ирсэн намууд. Мөн хамтарсан засаг байгуулагдаж байгаа учраас эдгээр намууд мөрийн хөтөлбөрүүдийнхээ нэгтгэж болохыг нь нэгтгээд дундаасаа нэг мөрийн хөтөлбөр оруулж ирж байна. Үүнийг нь хэрэгжүүлэх гэхээр өмнөх нэг намын мөрийн хөтөлбөрт зориулж баталсан төсөв чинь болохгүй. Тэгэхээр энэ төсвийн тодотгол гэдэг чинь сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээс өөр аргагүй болсон зүйл. Мэдээж үүн дээрээ нэмээд макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд ямар байна, ажлын байр хэр нэмэгдсэн, худалдааны тэнцэл хэр байна, гадны хөрөнгө оруулалт ямар болсон гээд энэ бүхнээ тооцсон өөрчлөлтүүдийг Сангийн яам санал болгох байлгүй дээ.

-Хамтарсан Засгийн газрын бүтцийг нэлээд өргөн боллоо гэсэн шүүмжлэлийг хэлэх хүмүүс байна. Та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлтийн таг эсрэг байсан хүн шүү дээ. Ийм том Их хуралтай болохоор дагаад засаг чинь томорно гэдгийг хэлж байсан.

Гэтэл үгүй улам цомхон болно л гээд байсан. Би УИХ-ын чуулган дээр 40 гаруй сая хүн амтай Аргентин улс 21 сайдтай байснаа багасгаж есөн сайдтай болгосон. Гэтэл манайх гурван сая хүнтэй хэрнээ 22 сайдтай байхаар боллоо. Ер нь бол төрийн өмчит аж ахуйн нэгж нэгийг ч шинээр байгуулахгүй. Хувийн салбараа дэмжье гэсэн байр суурийг би хамгийн их илэрхийлж байлаа. Нэг ёсондоо суурь том өөрчлөлтүүдийг л хэлж байсан.

-Засгийн газрыг ийм том болгохгүйгээр танай нам дангаараа засаглаад явах боломж байсан уу?

-Би бас энэ талаар хэлж л байсан. Засаг чинь ийм сонгуулийн үед тогтвор их муутай болно гэж хэлээд байсан бодит үнэн чинь одоо гарч ирж байна. Ялсан ч гэсэн хамтрахгүй л бол засгийн чинь тогтох хугацаа богиносчихож байгаа юм. Тэгэхээр тогтвортой байлгах ганц боломж нь л хамтрах шүү дээ. Энэ бол сонголтгүй. Үндсэн хуулийг өөрчилж байхад л энэ чинь тодорхой байсан.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар өөр ямар асуудал хэлэлцэгдэх вэ?

-Надад одоогоор шууд мэдэгдэж байгаа зүйл алга. Нэгдүгээрт, төсвийн тодотгол. Энэ засаг, төрийг чинь ажиллах боломжоор нь хангаж өгөх ёстой. Хоёрдугаарт, хамтарсан засаг байгуулах гэрээгээ байгуулаад дундаасаа намуудын хамтарсан хөтөлбөрөө гаргаад явах байх.

-Таны хувьд өмнөх парламентын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Одоо мөн улирч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ намрын чуулганаар танай Байнгын хорооноос хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа гол хуулиуд юу вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шинээр томилогдсон. Тэр хүн маань шинэ засгийн зүгээс хууль зүйн салбартаа ямар бодлого барих вэ гэдгээ тодорхойлно. Ямар, ямар хууль дээр илүү ач холбогдол өгөх вэ гээд асуудал байна. Тэгэхээр надад хүний эрхийн чиглэлээр, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох асуудал зэргээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодсон санасан зүйлүүд маш тодорхой байгаа. Ялангуяа сая 461 дүгээр хорих ангид гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулаад нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулах санал байгаа. Энэ дагуу Байнгын хорооныхоо түвшинд ажлууд эхлүүлж, зарим хуульчидтай ярьж, санал боловсруулаад эхэлчихсэн.

-Хорих ангид гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзсан. Гэтэл нэр бүхий хүмүүс тэр уулзалтад ирээгүй. Үүнээс болж шинэ сайдыг үл тоож байна гэсэн яриа гарсан. Үүн дээр юу хэлэх вэ?

-Би бол тэгээгүй байх гэж бодож байна. Төрийн тусгай албадыг улстөржүүлж, аливаа асуудлыг нь дүгнээд хэрэггүй. Яагаад гэвэл тэд чинь төрд тангараг өргөсөн.

Удирдах, удирдуулах ёс бол хатуу зарчим нь болсон хүмүүс байгаа. Тийм болохоор аль намаас сайд ирэх тэр хүмүүст ямар ч хамаагүй. Ялангуяа хууль хэрэгжүүлэх байгууллагуудад ийм байдаг. Учир нь тэр хүн чинь өөр хууль авч ирээд хэрэгжүүлэх гээгүй. Монгол Улсын хуулийг, УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлнэ. Тиймээс яг хэрэгжүүлэх түвшинд нь аль намын сайд байх ямар ч хамаагүй зүйл. Үндсэн хуульд тэр нам, энэ нам гэж байхгүй. Түүнчлэн улстөржсөн зүйл байхгүй болов уу гэж бодож байгаа. Гэнэтийн цаг тулгамдсан. Дээрээс нь зун цаг байна. Ажил, амралт давхацсан л зүйл байгаа байх. Яарч дүгнэлт хийх хэрэггүй.