Categories
мэдээ нийгэм цаг-үе

И.Батчулуун: НҮБ-ын Цагдаагийн албанд манай таван алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

НҮБ-ын шалгуурт тэнцэн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй БНӨСУ дахь энхийг сахиулах UN­MISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албаны Монгол Улсын багийн ахлагч, цагдаагийн хурандаа И.Батчулуунтай ярилцлаа.


-Юуны түрүүнд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын өнөөгийн нөхцөл байдал, бодит амьдрал ямар байгааг сонирхуулахгүй юу?

-Бүгд Найрамдах Өмнөд Судан улс нь 2011 онд Бүгд Найрамдах Судан улсаас тус улсын өмнөд хэсгийн 10 мужийг хамааруулан, хуучин мужийн төв байсан Жуба хотыг нийслэлээ болгон тусгаар тогтносон. Албан бусаар нийтдээ 22 сая хүн амтай гэгддэгч олон жил үргэлжилж буй иргэний дайны улмаас 10 сая хүн нь хөрш зэргэлдээ Судан, Этиоп, Уганда, Кени, Руанда зэрэг улсууд руу дүрвэн гарсан гэдэг. Хүн ам нь нийтдээ 64 омгоос бүрддэг ба эдгээр омгууд нь бүгд тус тусын хэл, соёл, ёс заншил, газар нутагтай. Хүн амын өргөн хэрэглэдэг ярианы хэл нь араб, албан ёсны хэл нь англи хэл. Энэ нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, омог хоорондын сөргөлдөөн, засгийн эрхийн төлөөх хүчтэй тэмцлийн гол шалтгаан болдог гэж үздэг юм байна.

Хэдий улс төрийн түвшинд зөвшилцөн ажиллаж байгаа ч орон нутаг, мужуудад босогчид, зэвсэглэсэн гэмт бүлэглэлүүд хууль бус үйл ажиллагаа явуулах, хүний амь нас хохироох, хомроглон устгах, тосгодыг галдан шатаах, хүн хулгайлах, барьцаалах, эд хөрөнгөд нь халдах, хүчирхийлэл үйлдэх, дээрэм тонуул хийх зэргээр гэмт хэрэг, зөрчил тасралтгүй гарсаар байна.

-Манай энхийг сахиулагчид тус улсыг их зорьдог. Харин НҮБ-ын Цагдаагийн алба гэхээр онцлог нь юу байна. Манай алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-НҮБ-ын БНӨСУ дахь Энхийг сахиулах UNMISS ажиллагаанд энгийн, цэргийн, цагдаагийн, гэрээт зэрэг нийт 20 орчим мянган ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 45 орны 665 цагдаагийн алба хаагч(IPO), мөн Непал, Гана, Руанда зэрэг улсын зэвсэгт цагдаагийн 1148 (FPU), цагдан хорих байр хариуцсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 10 орны 75 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс баталсан мандатын дагуу БНӨСУ дахь UNMISS ажиллагаа нь дотоодын дүрвэгсэд, энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн байдалд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, мөрдөн шалгах, хүмүүнлэгийн тусламж хүргэх таатай орчин бүрдүүлэх, энхтайвны гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг дөрвөн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн энэ алба нь дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын баазын дотор, гадна орчинд үүрэг гүйцэтгэж, тэнд ажиллаж буй олон улсын зэвсэгт хүчин, зэвсэгт цагдаагийн алба хаагчид, орон нутгийн хамгаалалтын албаны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, дүрвэгсдийн хуарангийн орц, гарц, ачаа тээшийн үзлэг шалгалт хийнэ. Шинээр шилжин ирж буй дүрвэгсдийн бүртгэлжүүлэлтийн ажилд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах, зааж зөвлөх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй аливаа үйлдэл, мэдээллийг хүлээн авч, баримтжуулан холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн зэвсэгт цагдаагийн хэсгийг ахалж хотын төв болон НҮБ-ын бааз, дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна орчинд машинт болон явган эргүүл хийх, шаардлагатай тохиолдолд үзлэг, нэгжлэг хийх үүрэгтэй.

-Товчхондоо энгийн иргэдийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг гэж хэлж болох уу?

-Тийм. НҮБ-ын Цагдаагийн алба нь дээр дурдсан ажил, үүргийг хийж гүйцэтгэхээс гадна хүүхэд, эмэгтэйчүүд, энгийн иргэдийг аливаа хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд хүмүүнлэгийн ажилтнууд, хүний эрхийн байгууллагын ажилтнуудын хамт эргүүл хийж урьдчилан сэргийлэх, зөрчилдөөн их үүсдэг, эрсдэл ихтэй, энгийн иргэдийн эсрэг халдлага их гардаг цэгүүд, тэдгээрийн шалтгааныг тодорхойлох зорилготой. Ер нь НҮБ-ын байр байгууламж, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах гэх зэргээр ард иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангахад чиглэсэн гээд нэлээд өргөн хүрээг хамарсан ажил, үүргийг хийж гүйцэтгэдэг байгаа.

-НҮБ-ын Цагдаагийн алба нь орон нутгийн цагдаатай хамтран ажилладаг уу?

-Тэгэлгүй яахав. Манай ажлын зайлшгүй, нэг чухал хэсэг бол орон нутгийн цагдаагийн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах явдал юм. НҮБ-ын Цагдаагийн алба нь орон нутгийн цагдаагийн байгууллага, аюулгүй байдлын институт, иргэний нийгмийн байгууллага, бусад оролцогчидтой хамтран гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг.

-Цаг агаарын нөхцөл байдал нь ямар байна вэ?

-БНӨСУ нь Африк тивийн төв экваторын бүсэд байрладаг тул цаг агаарын хувьд хэт халуун уур амьсгалтай, хуурай халуун болон борооны гэсэн хоёр улиралтай. Хуурай халууны улирал нь арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд өдөртөө нэмэх 38-45 хэм, шөнөдөө нэмэх 30-35 хэм хүртэл халдаг. Энэ үеэр ялаа, шумуул, хорхой шавьж харьцангуй багасдаг боловч тоосжилт ихэсч заримдаа шороогоор шуурахаас гадна модноос бусад өвс, ургамал хатаж шарлан, хээрийн түймрийн гаралт ихэсдэг.

Харин борооны улирал нь тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд хүчтэй, усархаг, дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж, шавар шавхай үүсч, гол мөрний усны түвшин нэмэгддэг тул маляри, эбола, зика вирус болон бусад гоц халдварт өвчин, халдвар тараагч ялаа, шумуул, хорхой, шавьж ихэсдэг онцлогтой. Тийм учраас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын зүгээс цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицоход л хүнд байдаг. Дүрэмт хувцсыг улирлын нөхцөл байдалд тохируулан өмсөж хэрэглэх, нар, шавьжнаас хамгаалах тос, түрхлэг, цацлага зэргийг байнга хэрэглэж хэвших шаардлагатай болдог.

-Тэгэхээр одоогийн цаг агаар нь “COVID-19”-ийн тархалтыг ихэсгэх боломжтой байх нь ээ. БНӨСУ-д тус өвчний нөхцөл байдал ямар байна вэ?

-Тус улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол нэлээн хожуу буюу дөрөвдүгээр сарын 5-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш халдвар ард иргэдийн дунд асар хурдацтай тархаж эхэлсэн. Энэ сарын 16-ны байдлаар 2171 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 1175 хүн эдгэрч, 41 хүн нас бараад байна.

БНӨСУ-ын хувьд “COVID-19” өвчний гаралттай тэмцэх, тархалтыг зогсоох зорилгоор Ерөнхийлөгч Сальва Кийр, Тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Мачаар нараар ахлуулсан “Дээд түвшний ажлын хэсэг”-ийг байгуулж, улсын хэмжээнд өвчний халдвартай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байна.

Улмаар гуравдугаар сарын 24-ний өдрөөс олон улсын болон орон нутгийн бүх нислэг, агаарын харилцааг бүрэн зогсоож, бүх шатны их, дээд, дунд сургууль, хүнснээс бусад бараа, үйлчилгээний зах, дэлгүүр, төвүүд зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагаа, нийтийн тээврийн тээврийн хөдөлгөөнийг хаасан. Дөрөвдүгээр сарын 9-нөөс орон даяар 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл бүх нийтийн хөл хорионы цаг тогтоож, хэрэгжилтэд нь цэрэг арми, цагдаагийн албаны хүчээр хяналт тавьж байна.

-Арга хэмжээ авснаар тархалт буурах, хумигдах хандлага байна уу?

-Засгийн газрын зүгээс дээр дурдсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч тухайн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин, орон байр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу зэрэг нь халдвар газар авахад нөлөөлсөөр байна. Дээр нь ард иргэдийн амьдрал туйлын ядуу, дотоодын тэмцэл, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, гэмт хэрэг, зөрчил ихтэй. Ард иргэдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа, мэдээ, мэдээлэл муу, зурагт, радио гэх мэт үндэсний томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бараг байхгүй. Иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөн ихтэй, хяналт сул, дүрвэгсдийн хуарангуудад олон тооны хүн нэг дор хэт ихээр бөөгнөрсөн, эрүүл ахуйн наад захын шаардлага хангалтгүй байна. Мөн олон эхнэртэй учраас гэр бүлийн гишүүдийн тоо их, амны хаалтны хүрэлцээгүй улмаас дийлэнх иргэд амны хаалт хэрэглэдэггүй. Дээрх асуудлуудаас болоод хүн амын дунд халдвар эрчимтэй тархаж байгаа.

-Халдварын анхны тохиолдлууд НҮБ-ын ажилтнууд байсан гэсэн. Үүнтэй холбоотойгоор энхийг дэмжих ажиллагааны дотоод зохион байгуулалтад өөрчлөлт орсон уу?

-Өвчний шинж тэмдэг илэрсэн эхний дөрвөн өвчтөн нь НҮБ-ын ажилтан, алба хаагчид байсан. Үүнээс үүдэн орон нутгийн иргэдийн дунд “НҮБ-ын ажилтнуудыг санаатайгаар манай улсад өвчин тараасан байна”, “ газраа НҮБ-ын ажилтнуудыг алъя”, “зэвсэг хэрэгслээ аваад гарцгаая” гэх зэргээр НҮБ-ыг шууд буруутгасан, бусдыг үймээн самуун, хүчирхийлэл, гэмт хэрэгт уруу татсан, турхирсан шинжтэй мэдээллүүд сошиал мэдээллийн хэрэгслээр хурдацтай тархаж эхэлсэн. Тиймээс НҮБ-ын дотоод аюулгүй байдлын албанаас Жуба хот дахь НҮБ-ын Томпинг, ЮН Хаус баазуудын орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн хааж, алба хаагчдыг орон байр, баазын байршлаас гадагш гарахгүй байж, хамгаалах хувцас, хэрэглэлээ байнга өмсч, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар зөвлөмж өгч байсан.

UNMISS ажиллагааны удирдлагаас “COVID-19” өвчний тархалттай холбогдуулан НҮБ-ын нийт бие бүрэлдэхүүн, түүний бүх объектуудын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, цагийн байдалд уялдуулан олон тооны хязгаарлалт, үйл ажиллагааны дүрэм, журмуудыг баталж, алба хаагчдын ажлын чиг үүрэг, ажил үүргийн хуваарь, ажлын цагт өөрчлөлт оруулах гэх зэргээр НҮБ-ын ажилтан, алба хаагчдыг өвчин, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон тооны ажил, арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гаргасан шийдвэрийн дагуу БНӨСУ-д явуулж буй UNMISS ажиллагааны бүх дотоод, гадаадын нислэг, боловсон хүчний хөдөлгөөн, хангалт, ээлж солилцоо, томилгоо, сургалт, бусад нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар зогсоогоод байгаа.

-Ингэхэд UNMISS ажиллагаанд манай улсаас хэчнээн цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Одоогийн байдлаар манай улсаас цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, цагдаагийн хошууч Ц.Сайханзориг, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэхишиг, цагдаагийн ахлагч П.Баянзул болон миний бие зэрэг таван алба хаагч UNMISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албанд Цагдаагийн зөвлөх албан тушаалд бие даан үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдаас гурав нь НҮБ-ын Цагдаагийг албаны төв штабт, хоёр нь Жуба муж дахь НҮБ-ын Цагдаагийн албанд томилогдон тус тусын албан тушаалд ажил, үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай алба хаагчид нийслэл Жуба хотод томилогдон хамтдаа нэг дороо үүрэг гүйцэтгэж байгаа нь нэг талаас бидэнд ажил, үүргээ гүйцэтгэхэд их дөхөмтэй байгаа.

-Манай улсаас үүрэг гүйцэтгэж буй бусад алба хаагчидтай холбоотой байдаг уу?

-Бид Монгол Улсын Батлан хамгаалах яамны шугамаар UNMISS ажиллагаанд ирж үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний мотобуудлагын батальон, түүний удирдлага, бусад бие даан үүрэг гүйцэтгэж байгаа штабын болон цэргийн холбогч офицер, ахлагч нартай ч байнгын холбоо харилцаатай байдаг.

-Та бүхний ажлын цагийн хуваарийг сонирхож болох уу?

-НҮБ-ын Цагдаагийн албаны ажлын онцлог гэвэл UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бусад энгийн, цэргийн байгууллагын алба хаагчдыг бодвол долоо хоногт амралтын өдөргүйгээр, ажлын долоон өдрөөр үүрэг гүйцэтгэж байгаа нь онцлог юм уу даа. Өдөр бүр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа учраас алба хаагчдаас тэсвэр, тэвчээр шаардахаас гадна дасгал сургууль хийх, хоол, хүнсээ цуглуулах, бэлдэх, хувцас хунараа угаах гэх зэргээр хувийн бэлтгэлээ хангаж, ажил, амралтаа зөв зохицуулж сурах шаардлага тулгардаг. Ажлын цагийн тухайд төв штабт ажиллаж байгаа алба хаагчид өдрийн найман цагаар, дүрвэгсдийн хуаранд ажиллаж байгаа алба хаагчид долоо хоног тутам гурван ээлжээр, өглөө 07:00-13:00, өдөр 13:00-18:00, орой 18:00-07:00 цагийн хооронд ажиллаж үүрэг гүйцэтгэж байна. Мөн НҮБ-аас UNMISS ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, “COVID-19” өвчний тархалтын явц байдал, ажлын шаардлга зэргийг харгалзан одоогийн байдлаар гурван алба хаагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг нэмж зургаан сараар сунгаад байгаа.И.Батчулуун: НҮБ-ын Цагдаагийн албанд манай таван алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Categories
мэдээ цаг-үе

Байгальдаа хог хаяхгүй аялцгаая

Аялал зугаалгын оргил үе эхэллээ. Хүн бүр, айл болгон майхан саваа зэхэж, хэнтэй хаашаа, хэзээ явахаа ярьж, зарим нь ч бүр аяллынхаа маршрутаар алсын замыг зориод эхэлж. Их л сайхан аялж зугаалж яваа зургаа цахим орчинд оруулж ажилтай үлдсэн нэгнийхээ сэтгэлийг гэгэлзүүлнэ. Энэ жил коронавирусээс болоод гадаад руу аялах боломжгүй болсон. Тиймээс дотоодын аялал жуулчлал цэцэглэх цаг. Гэхдээ та бүхэн минь аяны майхнаа, мах шарагчаа мартдаггүй нэн тэргүүнд шүүрээд гардаг шигээ хогны уут аваад гарахаа мартав аа. Учир нь таны хаясан ус, ундааны пластик сав багадаа 180 жилийн дараа байгальд шингэдэг бол уул овоонд олноор хөглөрч байдаг архины шил 1000 жил байж л байдаг. Лааз 500 жил, гялгар уут багадаа 450 жил, хуванцар аяга 50 жил, тамхины иш гэхэд л байгальд шингэн алга болтол 10 жил зарцуулдаг байх нь. Ингээд бодохоор бидний хаясан нэг ширхэг хог ирээдүй хойч үеийг маань арван үеийн турш дагаж хор хөнөөл учруулдаг байх нь. Тиймээс та бүхэн аян замдаа, аялж зугаалахдаа байгаль дэлхийдээ хогоо битгий үлдээгээрэй. Хогийн уутанд хийгээд зориулалтын газар нь хаяж байгаарай.


Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Сүлжээний бизнес богино хугацаанд их мөнгө олох гэсэн хүсэл шунал дээр тулгуурладаг

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй сүлжээний бизнес хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.


-Сүлжээний бизнес хүний сэтгэл зүйтэй маш нарийн холбоотой. Сэтгэл зүйн талаасаа яагаад энэ төрлийн бизнест татагддаг юм бол?

-Тийм ээ. Энэ төрлийн бизнесийн онцлог гэвэл хүний сэтгэл санааг татах арга техниктэй байдаг. Энэ төрлийн арга техникт олон зүйлс ордог. Гол арга нь ятгах арга буюу харилцагчийн сэтгэл зүй, харилцаан дээр суурилсан байдаг. Хүний сэтгэл хөдлөлд хялбар нөлөөлөх дараах зүйлийг энэ бизнес агуулна. Бага хугацаанд их мөнгө олох, түргэн баяжих, гэрээсээ ажиллах, ажлаасаа гадуур хийх боломжтой. Цалингийн шатлал хурдан ахих, бусад хүнийг өөртөө элсүүлэх зэрэг бидний хэрэгцээн дээр суурилсан өгүүлэмжтэй байдаг нь бусдыг өөртөө татах арга болдог гэж ойлгож болно.

-Сүлжээнд ороод хохирсон олон мянган хүн бий. Тухайлбал, Манайд Жи-Таймын хэрэг хамгийн том хохирол учруулсан хэрэгт тооцогдож энэ асуудал шүүхээр явж байна. Ингэж олноор хохирсон нь нийт массын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйн илрэл гэж хэлж болох уу?

-Сүлжээний бизнесийн хувьд зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийт даяараа сонирхон дагаж ордог. Гэхдээ сүлжээний бизнесийг хүмүүс харьцангуй ойлгож мэддэг болж байна. Мөн эрсдэлтэй гэдгийг ч гадарлах болжээ. Дээр хэлсэнчлэн сүлжээний бизнесийн сэтгэл татдаг хэсэг бол яахын аргагүй богино хугацаанд их мөнгө олох гэсэн бидний хүсэл шунал дээр тулгуурладаг. Энэ үед бидний эрсдэлийг тооцох, логик сэтгэлгээ чухал боловч өндөр сэтгэл хөдлөлд дарагдан буруу шийдвэр гарган өөрөө сэтгэл санаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол байсаар байна.

-Ямарваа сүлжээнд итгэж, олноор элсэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь иргэдийн улам л биеэ оторлох, хөдөлмөрлөх дургүй байгаа болж байгаагийн шинж ч юм шиг. Энэ тухайд?

-Нэг талаараа тэгж дүгнэж болно. Мөн ажил хийх өөрийгөө авч явах нь бидний амьдралын хэв маягаас хамааран өөр байх боломжтой. Эцэг эхийн хүмүүжил, ажил хөдөлмөрт хандах хандлага, мөнгөнд хандах хандлага зэрэг нь ямар ажил хийх, яаж мөнгө олох вэ гэдэгтэй хамааралтайг баталсан судалгаанууд байна. Үүнээс үзэхэд амар хялбар аргаар олсон мөнгө гарахдаа ч хурдан бөгөөд олсон шигээ сэтгэл хөдлөл дээр суурилдаг учир тогтвортой байх байдал бага юм. Тиймээс сэтгэл санаа тогтворгүй байгаа, стресс бухимдал их, мөнгөгүй байдалтай удаан хугацаагаар байх тусам сүлжээний бизнесийн хохирогч болох байдал нэмэгдэх хандлагатай. Мөн олон жил үргэлжилсэн дэлхийд нэртэй гоо сайхан, эрүүл мэндийн сүлжээ байсан ч өөрөө сэтгэл санаа нь тогтворгүй хүн дороо хүн авах, бараагаа зарж чадахгүй байснаас болж мөн л сэтгэл санаа хямрах байдал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ зүйлийг би хийж чадах уу, энэ хууль ёсны бизнес мөн үү, үүнийг хийхдээ би дуртай байх уу гэсэн асуултанд хариулт өгсний дараагаар шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.

-Тэгэхээр ганцхан манайх ч биш дэлхий нийтээрээ хялбар аргаар мөнгө олох сонирхолтой болоод, бэлэнчлэх хандлагатай болоод байна уу?

-Дээр дурдсанчлан энэ ганцхан манайд байгаад байгаадаа биш, хүний сэтгэл зүйн эмзэг нарийн байдалд суурилсан учир дэлхий нийтийн асуудал болчихсон. Мөн хүний мөнгө олох, бэлэнчлэх сэтгэлгээ нь зөвхөн өнөө үед ч бус бидний өмнөх хэдэн зуун мянган жилд ч байсан. Тиймээс зарим улс орон үүнийг хуулийн хүрээнд хориг тавьж шийдсэн байдаг байх.

-Анхааруулсаар байтал сүлжээнд орох юм. Хүний сэтгэл зүйг татах арга техник нь улам нарийн болоод байна уу. Та энэ төрлийн бизнест ороод эд хөрөнгө болоод сэтгэл санааны хохирол амссан хүнтэй ярилцаж байв уу?

-Харилцааны ятгах, нөлөөлөх арга зам улам бүр нарийсаж зарим тохиолдолд өөрөө ч мэдэлгүй нээрээ мөнгөө өгсөн шүү дээ гэсэн хүнтэй нэг бус удаа тааралдаж байсан. Тиймээс ятгалгын гол арга зам бол өндөр сэтгэл хөдлөл үүсгэх юм. Та хэт их баярлаж, хөөрч байх тусам таны гаргах шийдвэр эрсдэлд орно гэсэн үг. Сэтгэл хөдлөл өндөр л байх тусам бидний тунгаан бодох хэсэгт боломж олдохгүй байна гэсэн үг.

-Пирамид сүлжээ гэж ярьдаг. Энэ сүлжээний хүмүүсийг татах онцлогийг сэтгэл зүйн талаас нь та хэрхэн тайлбарлах вэ?

-Богино цаг хугацаанд түргэн мөнгө олох арга зам хүний сэтгэл санааг татдаг. Мөн энэ нь сэтгэл хөдлөл дээр суурилдаг. Сүлжээний бизнесийн гол онцлог нь харилцаан дээр суурилдаг бөгөөд ятгах үйл явц нь том хэсгийг эзэлнэ. Энэ нь хүний сэтгэл хөдлөлд нөлөөлж шийдвэр гаргалт тэр чинээгээр хурдан бөгөөд эрсдэлтэй байдаг.

-Ер нь хүнийг гаднаас хараад “сэтгэл зүйн тоглолт” хийж болох хүн байна гэдэг нь ажиглагддаг уу?

-Ятгах, нөлөөлөх аргыг эзэмшсэн хүн хамгийн түрүүнд таны сэтгэл санаанд, сэтгэл хөдлөлд хүчтэй мэдрэмж төрүүлэх болно. Ямар их боломж вэ ямар сайхан юм бэ гэсэн дохио тархинд их очих бүрт таны шийдвэр гаргах байдал түргэн болно гэсэн санаа. Тиймээс ийм бодол мэдрэмж, дохио ирэх бүрт өөртөө тунгаан бодох хугацаа олгоорой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баярсайхан: Талийгаачийн аав, ээж хүүгээ алдчихсан. Дээрээс нь эмнэлгийн төлбөрт уначихсан, шокийн байдалтай байна

Энэ сарын 5-нд БНСУ-д монгол залуу нутаг нэгтнүүддээ зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг А.Гантөмөр гэдэг бөгөөд ухаан оролгүй дөрөв хоносны эцэст өчигдөр таалал төгсжээ.

Талийгаачийн хамаатны ах Л.Баярсайхан бидэнтэй холбогдож, юунаас болж дүүгээ харамсалтайгаар алдсан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр талийгаачийн ар гэрийнхэн нь эмчилгээний төлбөрөө төлж чадахгүй хүндхэн байдалд ороод байгаа талаар ярилаа.


-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Юунаас болоод дүү тань хүнд гэмтэж, ийм харамсалтай байдалд хүрчихэв ээ?

-Хүнд мэдээ сонсоод тав ч хонохгүй дахиад гашуун мэдээ сонсоно гэдэг аав, ээжид нь үнэхээр хүнд туслаа. Тиймээс би чухам юу болсныг ярих ёстой гэж бодож байна.

Талийгаач маань Солонгост гэрээгээр ажиллаад дөрвөн жил болсон. Цагаан сарын өмнө буюу коронавирус дэгдэхээс өмнө визийн хугацаа нь дууссан. Тэгээд хил хаасны улмаас наашаа эх орондоо ирж чадахгүй байсан.

Зургаадугаар сарын 15-нд буцна гээд онгоцныхоо тийзийг авчихсан. Гэтэл залуу хүн болохоор шалгуурыг нь хангахгүй хүлээлтийн горимд байсан хүүхэд байгаа юм.

Миний дуулснаар тухайн өдөр Сөүл хотод байдаг монголчууд шоу зохион байгуулж.

Сөүл хотод амьдардаг монголчууд нэг нэгнийгээ уруу татаад “Фэйсбүүкээр монголчуудыг хүрээд ир, хэдүүлээ сайхан уулзъя. Зарим нь одоо ингээд тусгай үүргийн онгоцоор явах гэж байна. Нэг өдрийг сайхан өнгөрөөе” зэргээр уриалсан юм билээ.

Ингээд шоу дууссаны дараа метро хүлээгээд хэсэг бүлгээрээ дэлгүүрийн гадаа байдаг сандал дээр суугаад хоол цай уух нь ууцгааж.

Манай хүн болохоор нэг найз, хоёр эмэгтэйтэй дөрвүүлээ байсан юм байна. Мэдээж шоунд очсон хүмүүс их бага хэмжээгээр юм уусан байх.

Метро хүлээх хооронд манай хүн хажууд байсан хүнтэйгээ маргалдсан гэдэг. Ингэж л зодоон үүссэн бололтой.

Нэг нь дүүг маань цохиж унагаагаад ухаан алдаад унахаар нь нөгөөдүүл нь дээрээс нь асаад дөрвүүлээ хүч нэмээд зодчихсон.

-Монголд байгаа ар гэрийнхэн нь ухаангүй эмнэлэгт байгааг яаж мэдэв?

-Эмнэлэгт сахиж байгаа эмэгтэй хамт явсан юм билээ. Утсаар нь ах руу нь шөнө “ийм юм болчихлоо” гээд хэл дуулгасан байсан. Бид эндээс явж чадахгүй учраас таньдаг эмэгтэй нь сахиур хийж байсан.

Бид мөнгө төгрөг хөөцөлдөж, эндээ бужигнахаас хэтрэхгүй байна. Сахиураар байгаа эмэгтэйтэй интернэтээр холбогдож, эмч нартай нь ярьж мэдээлэл авч байлаа.

Хүлээн авах дээр эмчлүүлж байгаад эрчимт эмчилгээ буюу сэхээн амьдруулах хэсэг рүү шилжиж байгаа гэдгийг нь сонсоод суухаас өөрийг хийж чадаагүй.

Ямартай ч эрчимт эмчилгээний тасагт гурав хоног байлгана, давхар давхар шинжилгээнүүд авч байгаа гэх мэт мэдээллийг авч байсан.

Зарим хариу нь сайнгүй гараад л биеийн байдал дээрдэхгүй, дордохгүй байсан л даа.

-Эмнэлэгт хүргэхэд л ухаангүй байсан гэлээ. Яг ямар гэмтэл авсан байсан бэ?

-Эмч нар тархиндаа хүнд гэмтэл авч, үхэжсэн гэсэн. Ямар ч байсан хүлээн авахад гурав хоног эмчилгээ хийгээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.

Архаг, суурь өвчингүй, 26 настай залуу хүн юм чинь ухаан орох байх, эмчилгээ хурдан авах байх гэж хэлсэн ч эмч нар амлалт өгөөгүй.

-Дүү нь гэр бүлтэй юү?

-Талийгаач эхээс гурвуулаа. Аав, ээж нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад байдаг, хөдөөний хүмүүс.

Хүүгээ энэ жилдээ багтаад ирэх нь гээд аав, ээж нь догдлон хүлээж байлаа. Би хамаатны ах нь юм.

-Зодсон хүмүүсийн хоёр нь баригдсан гэсэн. Бусад нь яасан бол. Эмнэлэгт ар гэрээс нь байна гээд очиж уулзсан болов уу?

-Тухайн орой камерын бичлэг шалгаад тэр хүмүүсийг бараг автобусанд явж байхад нь тэнд явна, энд явна гэсээр байгаад хоёрыг нь барьсан гэсэн. Цаашаа бол би сайн мэдэхгүй байна аа.

Хоёр нь цагдаа дээр байгаа. Нэг нь “Би буруу юм хийсэн. Үнэнээ хэлэх ёстой” гээд цагдаа дээр очно гэж ярьж байсан гэсэн. Гэвч одоо холбогдоогүй л байна.

Тэр хүмүүсийг бидэнтэй холбогдоосой, өөрсдөө буруугаа хүлээгээсэй гэж хүсэж байна. Хүний нутагт монголчууд нэг нэгнээ зодож ийм байдалд хүргэсэнд үнэхээр харамсмаар. Бүгд учраа хэлээд, уучлал гуйгаад, эмчилгээний төлбөр дээр нь ч тус дэм хүргээсэй.

Учир нь хөдөө аав, ээж хоёр нь хүүгээ алдчихсан, сэтгэл санааны хямралд орчихсон. Дээрээс нь талийгаачийн эмчилгээний төлбөрийг ч төлж чадахгүй хүнд байдалд орчихоод байна.

-Хэчнээн төгрөгийн төлбөр гарсан юм бол?

-Хүлээн авахад гурав хоноход төлбөр нь 15 сая 900 вон буюу 40 сая орчим төгрөг болсон. Бид энэ төлбөрийн талыг нь олж явуулсан. Үлдсэн тооцоог хийгээгүй байгаа. Одоо эрчимтэд бас эмчлүүлсэн эмчилгээний төлбөр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг төлөх ёстой.

Төлбөрийнхөө ядаж 60-70 хувийг төлж байж эмнэлгийн зүгээс дараагийн шаардлагатай арга хэмжээг авна гэсэн. Үүнийг энд хэлэхэд хэцүү байна. Бид яахаа мэдэхгүй мөнгө төгрөг хайгаад л явж байна.

Төрсөн ах А.Ганзориг гээд хүн дээр хандивын данс нээгдсэн байгаа. Тэр данс руу сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өргөж байгаа бололтой. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж бидэнд туслаач гэж хэлмээр байна.

Талийгаачийн ахтай 95363035, 99357310 дугаараар холбогдоорой. Хандивын данс Алтанхундага Ганзориг (төрсөн ахынх нь данс Хаан банк 5039157441)

Б.НИНЖБАДАМ

Categories
мэдээ цаг-үе

Э.Энхболд: Алсын замд машин бүрийг шалгаж хамгаалах бүсгүй тохиолдолд анхааруулж, улмаар торгоно

Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.


-“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний гол зорилго?

-2017 оноос хойш энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр аяныг өрнүүлснээр 2017 онд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон тоон үзүүлэлтийг 12.4 хувиар, 2018 онд 24 хувиар, 2019 онд 18.8 хувиар буюу 36 нэгжээр тус тус бууруулсан уй эерэг үр дүнгүүд харагдсан. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 10299 зам тээврийн осол бүртгэгдсэн. Эдгээр тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар өнөөдрөөс (өчигдрөөс) эхлэн аравдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулахаар боллоо. Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөсөн. Мөн аяны хүрээнд Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай авто замд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулахаар ажиллаж байгаа.

-Улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг хэр их байна вэ?

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн. Мөн энэ оны эхний зургаан сарын байдлаар 10299 зам тээврийн ослын 1334, ослын улмаас 180 хүний амь нас хохирсны 130, 1208 хүн гэмтсэний 392 тус тус орон нутагт бүртгэгдсэн.

-Эдгээр зам тээврийн осол, зөрчил гарч байгаа үүдэл шалтгаанууд юу вэ?

-Иргэдийн осол аваарт өртсөн шалтгаан нөхцөлийг аваад үзэхээр согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 45, мотоцикльтой хөдөлгөөнд оролцсон 36, онхолдох хэлбэрээр 76, явган зорчигч мөргөх хэлбэрээр 26 зэрэг хохирлууд байгаа юм. Арга хэмжээтэй холбоотой тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга батыг сайжруулах, хяналт тавих чиглэлээр байнгын ажиллагаатай 62 пост, мөн тухайн постуудыг холбосон замууд дээр хөдөлгөөнт эргүүл байдлаар байнгын хяналт шалгалт хийнэ.Энэ жилийн хяналт шалгалтын тухайд хэд хэдэн зөвлөгөө онцгойлон өгмөөр байна. Нэгдүгээрт хурдны асуудал байна. Он гарснаас хойш 77 хүн хурд хэтрүүлж явсны улмаас онхолдож амь нас нь хохирсон. Тэгэхээр эдгээр онхолдож байгаа хүмүүсийн амь насаа алдаж байгаа шалтгаан нь хэдийгээр хурд боловч тээврийн хэрэгслийн ард сууж байгаа зорчигч нар хамгаалах бүсээ зүүдэггүй. Энэ жилийн тухайд орон нутгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл бүрийг зогсоож шалгана. Дээрээс нь ард сууж байгаа зорчигчийг хамгаалах бүсээ заавал зүүхийг цагдаагийн албан хаагчид шаардана. Тиймээс ард сууж буй зорчигчдоо зориулсан суудлын бүсээ бэлэн байлгахыг анхааруулж байна. Ард сууж буй зорчигч бүсээ зүүгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 20 нэгжээр торгуулах заалттай байдаг. Энэ жилийн тухайд бид юу юуны духанд хүрэлгүй торгохгүй. Эхний ээлжинд арын бүс заавал зүүхийг шаардана. Жолооч нартаа энэ бүсийг зүүснээрээ аюулгүй байдаг юм шүү гэдгийг ойлгуулах мэдлэг давхар өгөх зорилготой юм.

-Хүүхдэдээ зориулалтын бүс зүүлгээгүй тохиолдол хэрхэн арга хэмжээ авах вэ?

-Арав хүртэлх насны хүүхдийг орон нутгийн замаар тээвэрлэхдээ зайлшгүй хамгаалалтын бүс, 0-3 хүртэлх насны хүүхдийг нэмэлт суудалтай тээвэрлэх ийм чиг үүрэг байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв 0-3 хүртэлх насны хүүхдийг нэмэлт суудалгүй тээвэрлэсэн тохиолдолд “дараагийн удаа хүүхдээ би хамгаалалтын суудалтай тээвэрлэнэ” гэсэн бичиг бүхий бид бүхний бэлтгэсэн самбар, амлалтын хуудсыг барьж байгаад зургийг нь авахуулна. Ингээд зургийг нь аваад Цагдаагийн байгууллага болон Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн хуудсанд байршуулна. Ингээд энэхүү зураг, мэдээлэл нь тавигдсан эцэг эхчүүд дараагийн удаа хүүхдээ тусгай хамгаалалтын суудалтай нь тээвэрлэх хандлага, ухамсар тогтоно гэж үзэж байгаа юм. Харин амлалт өгчихөөд үүнийгээ дараагийн удаа дахин биелүүлээгүй бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцно. Эхний удаадаа сануулга өгөх буюу олон нийтэд нээлттэй зургийг нь авч сануулга өгнө гэсэн үг юм. Үүнийг хүүхэдтэйгээ орон нутгийн замд зорчиж буй жолооч та бүхэндээ анхааруулж байна. Магадгүй та олны танил байна уу, эрх мэдэлтэй байна уу хамаагүй. Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх учраас эдгээр зураг болон амлалтын бичгийг заавал авахуулах болно. Хэрэв ингэхээс татгалзвал газар дээр нь хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэсэн гэх торгуулийн арга хэмжээг авахаас өөр аргагүй юм.

-Өөрийн зургийг олон нийтийн сүлжээнд тавиулахыг хүсэхгүй байна зэрэг хандлагууд гарна. Тэгвэл тухайн хүний эрх зүйн хувьд энэ яах вэ?

-Бид бүхэн энэ хүнийг муу хүн байна гэх мэт хандлага гаргахгүй. Энэ он гарснаас хойш 29 хүүхдийн амь нас хохирсон байна. 12 хүүхдийг ээж аав нь ухарч байх үедээ дайрсан. Үлдсэн 17 тохиолдол нь ээж, аавтайгаа зорчиж байгаад хохирсон байгаа юм. Магадгүй эдгээр хүүхдүүд зориулалтын тусгай суудалтай зорчиж байсан бол амь насанд нь хохирол учрахгүй байж ч болох байсан. Тиймээс хүүхдүүд ийм хохиролд бүү учраасай гэсэндээ хийж буй ажил учир үүнийг иргэд маань хариуцлага, ухамсар гэж хүлээж аваасай гэж хүсэж байна. Үүн дээр ямар нэгэн байдлаар тухайн хүмүүсийн нууц гэдэг юм уу, бие эрхтэн согог зэрэг бусад байдлыг харуулахгүй. Харин ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг сануулах зэрэг эерэг зүйлийг нийгэмд түгээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та бусдаас ичиж байгаа бол, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээгүйгээсээ ичиж байгаа бол аялал зугаалгад явахаасаа өмнө хүүхдэдээ зориулалтын суудлыг нь заавал авч өгөөрэй гэж хэлмээр байна.

-Хөдөө орон нутагт малдаа мотоцикльтой явах, насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикль унах түүнээсээ болж осолдох тохиолдол элбэг байдаг. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Дараагийн томоохон асуудал бол Мотоцикльтой холбоотой асуудал яах аргагүй мөн юм . Энэ оны эхний зургаан сарын байдлаар мотоцикльтой холбоотой зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас эрсэдсэн байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн бүхий л албан хаагчид тэдэнд шаардлага тавина. Улсын дугааргүй, техникийн хувьд илт бүрэн бус, оношилгоонд хамрагдаагүй, жолооч болон зорчигч хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн хувьд мотоцикль жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй зөрчлийг илрүүлэх болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зэрэг арга хэмжээг авч ажиллана.

Б.НИНЖБАДАМ

Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Тэшиг сумын эмч О.Солонго: Манай суманд шүдний нарийн мэргэжлийн эмч байхгүй. Гэтэл хүүхдүүдийн 80 орчим хувь нь шүдний өвчлөлтэй байна

Булган аймгийн Тэшиг сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч О.Солонготой ярилцлаа.


-Сумын эмнэлгийг хүртээмж, хангамж, чадамжийн хувьд нэлээд тааруу гэж манайхан ойлгодог. Танай сумын эмнэлгийн хувьд энэ тал дээр хэр анхаарч ажилладаг вэ?

-Манай сум 3600 гаруй хүн амтай. Булган аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум буюу 240 километрийн зайтай. Манай эмнэлэг 24-25 ажилчинтай, гурван их эмчтэй. Гэхдээ өдрийн амбулаторийн үзлэгт ойролцоогоор дөрвөн эмч 17-20 хүн үзэх нормтойгоор ажилладаг. Энэ хүчин чадлаараа бид иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хүргэж чадаж байгаа гэж ойлгож болно.

-Өдөрт 20 орчим хүн үзэх боломжтой гэлээ. Иргэдийн хувьд ихэнхдээ ямар оноштойгоор үзүүлж байх юм?

-Үзлэгийн явцад хамгийн элбэг тохиолддог өвчлөл бол зүрх судасны өвчин байдаг. Даралт ихсэх өвчний насжилт сүүлийн үед илүү залуужиж 40-өөс дээш насныханд шинээр өвчлөл үүсэх магадлал маш өндөр байна. Мөн ахимаг насны хүмүүс артерийн даралт ихсэх буюу зүрх судасны эмгэгтэй байх нь элбэг тохиолддог.

-Ялангуяа зуны улиралд манай иргэд хөгшин залуугүй даралт ихэслээ гэж ярьдаг. Ер нь энэ өвчний шалтгаан юу байна вэ. Ялангуяа залуучуудын хувьд?

-Ер нь л илүүдэл жинтэй холбоотой. Залуучуудын хувьд таргалалттай шууд холбоотой энэ өвчлөл үүсдэг. Мөн цаг уурын орчин нөхцөлөөс хамаардаг. Манайханд бол хэт халууны үед даралт ихсэх нь элбэг тохиолддог.

-Газарзүйн онцлогоос шалтгаалж өвчлөл орон нутгуудад өөр өөр байдаг. Танай сумын хувьд бусад төрлийн өвчлөл хэр их байна вэ?

-Манайх нийт өвчлөлөө халдварт ба халдварт бус гэж ангилдаг. Тэгэхээр халдварт бус өвчлөлд артерийн даралт ихсэх, төрөл бүрийн хавдрууд орно. Манай сум хавдрын өвчлөлөөр аймагтаа нэлээд дээгүүрт ордог. Үүнд яг нэгдсэн судалгаа байхгүй болохоор өөх тос болон давсны хэт их хэрэглээнээс болдог гэж боддог. Хавдраар өвчилж буй хүмүүсийн насжилтад 40-өөс дээш насныхан дийлэнхийг нь эзэлдэг бөгөөд ихэвчлэн элэг, цөс, нойр булчирхайтай холбоотой байдаг.

-Хөдөө орон нутагт амьдарч буй иргэд тэр болгон эмнэлэг гүйж, өвчин яриад байдаггүй. Гэвч сүүлийн үед хөдөө, хот хамаарахгүй элдэв өвчлөлийн үзүүлэлт өндөр байх болсон. Тиймээс иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тал дээр ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Яг тийм. Манай орон нутгийн иргэд, малчид маань агаар салхинд байгаа. Мах гурилаас өөр элдэв хоол идэхгүй байгаа юм чинь янз бүрийн өвчнөөс өөрсдийгөө хол гэж боддог. Гэвч зөвхөн хоол унд гэлтгүй даарч хөрөх, тамхи татах, архи уух зэрэг амьдралын буруу дадал зуршлаас болж өвчин хот хөдөө гэж хэнийг ч ялгахгүй нь үнэн. Манай сум дөрвөн багт хуваагддаг. Улмаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хүүхдийн, дотрын, лабораторийн, эхо гэх мэт чиглэлээр эмч нартайгаа хамтарч улиралд нэг удаа багуудаар тойрч хамтарсан үзлэг хийдэг. Энэ үзлэгээр иргэдэд өвчлөл үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх үйл ажил зохион байгуулдаг гэсэн үг.

-Таны хувьд хүүхдийн эмчээр мэргэшсэн гэлээ. Хүүхдүүдийн дунд өвчлөл хэр байна вэ?

-Хүүхдийн өвчлөл ихэвчлэн улирлын чанартай байдаг. Хамгийн эхэнд өвлийн улиралд томуу, томуу төст өвчин элбэгшдэг. Гэхдээ энэ онд коронавирус гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалттай авч байгаа учир амбулаториор ирж эмчүүлэх хүүхэд болон томуу, томуу төст өвчний тохиолдол харьцангуй багассан. Хэвтэн эмчлүүлэх болон уушгины хатгаагаар хүнд өвдсөн хүүхдийн тоо буурсан. Одоо зуны урин дулаан улирлын чанартай өвчлөл болох суулгалт, гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай байна. Мөн үзлэг хийх явцад илэрдэг хүүхдийн суурь өвчлөл гэж байдаг. Сульдах, цус багадах, хоол тэжээлийн хомсдолтой холбоотой өвчлөлүүд ч бас байна.

-Танай суманд бага насны хичнээн хүүхэд байдаг вэ?

-0-5 хүртэлх насны хүүхэд манай суманд 370 орчим байна. Манайх сум нэгдсэн эмнэлэгтээ жилд 30-40 хүүхэд эх барьж авдаг. Харин нэн шаардлагатай хийсвэр хагалгаа хийх зэрэг төрөлтүүдийг бид аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлдэг байгаа.

-Дан ганц хүүхэд гэлтгүй томчуудад ч гэсэн элбэг тохиолддог өвчин бол шүдний өвчлөл. Танай эмнэлэг иргэдийнхээ шүдний эрүүл ахуйн тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Манай суманд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бид бүхэн хавар, намрын улиралд цэцэрлэг, сургуулийн эмч нартайгаа хамтран бүх хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Тэр дундаас илэрсэн өвчлөл болон өөрчлөлттэй хүүхдүүдийг дараагийн шатлал руу буюу сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг рүү илгээж шүдийг нь эмчлэх арга хэмжээ авдаг. Ер нь шүдний өвчлөл нэлээд элбэг. Сумын эмнэлэгт яг шүдний эмчийн орон тоо гэсэн юм байхгүй учраас бид дараагийн шатлалын эмнэлэг рүү л явуулахаас өөр арга байхгүй. Зарим тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгээсээ шүдний эмчийг орон нутагтаа авчирч хүүхдүүийг үзлэгт хамруулдаг. Жишээ нь, нэг ангийн хүүхдүүдэд үзлэг хийлээ гэхэд тэр хүүхдүүдийн 70-80 хувь нь шүдний асуудалтай, өвчлөлтэй байдаг. Насанд хүрэгчдийн хувьд илрүүлэг үзлэг хийж багаа тойрно, эсвэл амбулаториор ирж үйлчлүүлэхэд нь бас амны хөндийн үзлэг хийгддэг. Ер нь бол бүх үзлэг тогтмол хийгдэж байгаа.

-Коронавирус цар тахлын үед танай эмнэлэг хэрхэн ажиллаж байна вэ?

-Коронавирустай холбоотой ЭМЯ-ны тушаалын дагуу манай сумын эмнэлэгт бас захирлын тушаал гарч ажиллах баг бүрэлдэхүүнийг томилж, сургалт сурталчилгаа явуулж, гэрийн идэвхтэй эргэлтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Манай эмнэлэг нэг тусгаарлах өрөөтэй. Зориулалтын тусгаарлах өрөөнд шаарлагатай зүйлс, бэлэн байдлыг хангасан байгаа. Эм тарианы нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн ажиглалтын байр гэж байх ёстой. Үүнийг орон нутгийн нөхөл байдалд тохируулан нэг зочид буудлын дөрвөн өрөөг ажиглалтын байр болгон бэлтгэсэн байгаа. Голчлон сургалт сурталчилгаан дээр түлхүү арга хэмжээ авч байна.

-Иргэд халдварын талаар хангалттай мэдээлэл авч чаддаг уу?

-Иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг бид ДЭМБ-ын зөвлөмжөөр мөн хороо хариуцсан эмч сувилагч нар маань эхний хоёр, гурван сард долоо хоног тутам гэрийн эргэлтээр очиж шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгдөг байсан. Харин одоо 14 хоног тутамд гэрийн идэвхтэй эргэлтээр очиж сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх аргын талаар мэдээлэл өгч байгаа. Олон нийтийг цуглуулах боломжгүй байгаа учраас энэ аргыг голчилж хэрэглэж байна.

-Улсын хэмжээнд БЗХӨ өндөр үзүүлэлттэй гарсан. Танай сумын хувьд?

-Тэмбүү өвчний талаар хөтөлбөр явагдаж байгаа. Яг нарийн тоон судалгааг хэлж мэдэхгүй байна.

-Залуучууд сайн дураар эмнэлэгт хандаж БЗХӨ шинжилгээ өгөх, зөвлөгөө авах байдал хэр нээлттэй байдаг бол. Эсвэл жижиг суурин газар гээд ичих, эмнэлэгт хандахаас цааргалах зүйл байна уу?

-БЗХӨ-ний тал дээр залуус ичих, санаа зовох хандлагатай байдаг нь үнэн. Сум жижиг учраас нэг нэгнийгээ андахгүй. Энэ утгаараа намайг өвчтэй байх юм бол хүмүүс мэдчихнэ гэж эмээх зүйл байсан. Гэхдээ нэг давуу тал гэвэл сүүлийн үед залуучууд илүү идэвхтэй үзлэгт хамрагддаг болсон. Энэ нь харилцаа холбоо хөгжиж байгаатай бас холбоотой. Ямар нэгэн асуудал гарвал заавал өөрийн биеэр ирэхгүй утсаар холбогдож зөвлөгөө авдаг, өөрөө ирж үзүүлэх боломжгүй бол хороо хариуцсан эмч, сувилагчтайгаа ярилцаад, бүүр шаардлагатай бол ирж үзүүлэх гэх мэтээр илүү идэвхтэй болж байгаа. Бас баг тус бүрт эмч нар байгаа. Тиймээс утсаар холбогдож зөвлөгөө авах, эсвэл дуудлага өгч үзүүлж бас болно. Ер нь БЗХӨ-ний тал дээр илрүүлэг үзлэг хийхгүй л бол иргэд тэр бүр өөрсдөө ирж зовиураа хэлж үзүүлээд байдаггүй.

-Танай суманд төлөвлөгөөт вакцинжуулалт хэвийн хийгдэж байгаа юу?

-Нийтдээ сумын эрүүл мэндийн төвд 0-2 насны хүүхдийн вакцинжуулалт бүрэн хийгддэг. Манай сум аймгийн хэмжээнд дархлаажуулалтаараа 92 хувьтай байна. Товлолт дархлаажуулалтаас гадна манай сум ой хээрийн бүстэй учир ард иргэдийг хачигт халдвараас урьдчилан сэргийлэх вакцин бас хийгддэг. Дээрээс нь жил тутам томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан томуугийн вакциныг хийдэг.

-Танай нутагт газарзүйн байрлалаас шалтгаалан эсвэл улирлын чанартай халдварт өвчин гарах магадлал бий юү?

-Өмнө нь зэргэлдээ суманд шүлхий өвчин гарахад манай сум сайн сэргийлсний дүнд сумандаа өвчний халдвар оруулаагүй. Хэрвээ шаардлагатай гэвэл бид Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвтэй холбогдож байгаад вакцинаа татан авах боломжтой байдаг. Өвчлөлийн тухайд гэвэл коронавирустэй холбоотойгоор томуу, томуу төст өвчин л буурсан. Бусад өвчлөлийн үзүүлэлт буурсан биш, дундаж хэмжээнд л байна. Өөрөөр хэлбэл эмнэлгээр үйлчлүүлэх хүний тоо багассан боловч, илрүүлэх үзлэг хийгээд явахад өвчлөлүүд ижил хэмжээнд илэрч байдаг.

-Шат бүрийн эмнэлгийн бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор танай эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж сайжирч чадсан болов уу?

-Эрүүл мэндийн төв маань тусламж үйлчилгээ нь илүү сайжирч байна. Бас коронавирустай холбоотой шаардлагатай анхан шатны тоног төхөөрөмжийг бид тусламжаар, хандиваар хангалттай тавьж байна. Жишээ нь, монитор гэдэг төхөөрөмж бидэнд байхгүй байсан бол, саяхан энэ төхөөрөмжийг авчирч суурилууллаа. Үүний үр дүнд том хүн, хүүхэд, нярай гэлтгүй бүх өвчлөлийг хянах боломжтой, бас яаралтай тусламжийн өрөөг сумын Засаг дарга шийдэж өгсөн. Ер нь яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгслийг бүрэн хангах ажил сайн хийгдэж байгаа. Түргэний машины хувьд ч гэсэн засаг даргын тусламжтайгаар машин бэлгэнд ирсэн. Нийтдээ одоогийн байдлаар 2-3 машин байгаа. Манай сумын хувьд төвөөс хамгийн хол алслагдсан зай нь 100 гаруй километр байдаг. Тиймээс байгаль цаг уурын онцлог, бартаатай хол зам туулах гэх мэт олон асуудал гардаг учир машин техникийн бэлэн байдал хамгийн чухал байдаг.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэндсүрэн: Эхнэрээ төрсний дараа аавууд бас сэтгэл хямралд өртдөг

Жирэмсэн болон жирэмсний дараах сэтгэл гутрал, залуу хосуудын харилцаа, нөхрийн сэтгэл зүйн талаар “Энх төрөхүй” жирэмсэн эхчүүдийн сургалтын төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.


-Саяхан нэг эмэгтэй хүүхдээ тэврээд орон сууцнаас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч нийгэмд түүнийг архи уусан, сэтгэцийн эмгэгтэй гэхчлэн буруушаах хандлагатай байна. Харин сэтгэл зүйчид үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлаж байна. Таны хувьд энэ явдлын цаад шалтгаан нь юу гэж харж байна вэ?

-Би үүнийг эмч хүнийхээ хувьд сэтгэл зүйн гүн хямралтай холбож харж байгаа. Ерөнхийдөө амьдрал гэдэг чинь маш их урт хугацаа. Эмэгтэй хүн жирэмсэн болсноос эхлээд маш урт аяллын замд ордог. Үүнийг хүн бүр мэдэж байх үүрэгтэй. Энд хамтын амьдрал гэдэг зүйлийг хамгийн түрүүнд онцлох ёстой гэж бодож байна. Жирэмсэн үед эмэгтэй хүний сэтгэл зүйд маш их өөрчлөлт ордог. Бие организмын тал дээр ч өөрчлөлт ордог. Энэ бие болон сэтгэл зүйд орж байгаа өөрчлөлтийг хамгийн түрүүнд хэн мэдэх ёстой вэ. Хамгийн түрүүнд хажууд нь байгаа хань нь мэдэх ёстой. Тэрийг хамгийн сайн ойлгох хүн нь нөхөр. Яагаад гэвэл тэр хүүхдийг эрүүл саруул өсгөхийн тулд эмэгтэй хүнээс маш олон төрлийн даавар ялгарч байдаг. Тийм учраас ээжүүдийн сэтгэл зүй тогтворгүй, хямрамтгай болдог. Энэ бол ихэнх эмэгтэйчүүдийн туулж гардаг бэрхшээл. Үүнд найз нөхдийн анхаарал халамж, гэр бүлийн хүний сэтгэл зүйг ойлгож байгаа байдал, дээрээс нь аав ээжийн нөлөөлөл маш их гэж би хувьдаа боддог. Сайхан хайр халамж, анхаарал тавиад байхад эмэгтэй хүний тэр хямарч байгаа сэтгэл зүй өөрөө аяндаа гоё болно. Тэрийг л энэ манай эрчүүд ойлгомоор юм шиг санагдаад байгаа юм. Ер нь байгууллагын дарга нар ч гэсэн ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр жирэмсэн болсон цагаасаа анхаарах ёстой байх нь ээ?

-Жирэмсэн эхийн тухайд гэвэл бүхэл бүтэн есөн сарын турш өөр амьдралтай тулна. Хэвлийдээ хүн тээж байгаа хүн чинь эрүүл саруул тээхээс эхлээд түмэн зүйл бодно. За тэгээд хүүхдээ тээх хугацаа нь дууслаа. Хүүхэдтэйгээ уулзах мөч ирнэ. Товчхондоо манай ээж, аавууд энэ бүхэнд бэлтгэгдээгүй байдаг. Манай монголчуудын хамгийн том алдаа болно доо, болсоор ирсэн юм гэдэг юмыг ярьсаар байгаад өнөөг хүрсэн. Хорвоо дэлхийд бүхэл бүтэн хүн төрүүлж байж хүүхэдтэйгээ хэрхэн танилцахав, юуг анхаарах ёстой, яах ёстой гэдгээ урьдчилан сэтгэл санааны хувьд бэлддэггүй. Юм уншдаггүй, судалдаггүй. Үүнээс болоод гэнэт шинэ хүнтэй болохоор цохилтод орж бүх зүйл хүнд мэт санагдаж сэтгэл гутрал гүнзгийрэхэд хүргэдэг байхгүй юу. Одоо энэ үгийг энэ XXI зуунд болих хэрэгтэй. Суралцах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй. Нийгэм өөрчлөгдөж амьдралын хэв маяг өөр болоод байхад бид өнөөдөр зогсоолдоо зогсоод л дээр үед тэгдэг байсан ш дээ, ингээд л болоод л байсан ш дээ, одооны охид сүртэй гэдэг нь гэсэн хандлага хэвээрээ байна. Энийг хэн хэлж байна, эцэг эх, өвөө эмээ нар. Өөрсдөө тэр нийгмийн хүмүүс байж. Тэдний үед л хүмүүс тэгж амьдарч байсан. Одоо энэ XXI зууны нийгэм өөрийгөө өөрчлөх цаг болсон, бүр өнөөдөр маргааш хүртэл өөр болоод байна. Тэр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүд адилхан л хүн. Адилхан л хямардаг. Тэдэнд тусалдаг. Сэтгэл зүй эмчлэх төвүүд нь маш их байдаг. Зөв дэмжлэг тусламж үзүүлдэг учраас тэд нар сэтгэл хямралаас гарч чаддаг. Гарахгүй ч байж магадгүй. Тэд бүгдээрээ мундаг хүмүүс биш. Харин монголчууд сэтгэл хямралаас яагаад дийлэнхээрээ гарч чадахгүй байна вэ гэхээр нөгөө асран хамгаалагч, халамжлан хүмүүжүүлж байх тэр хүмүүс нь өөрсдөө ерөөсөө мэдлэггүй учраас энэ хүнийг улам цааш нь гүнзгийрүүлээд байгаа гэдгээ ойлгодоггүй. Тодорхой хэмжээний мэдлэгтэй болох ёстой. За тэгээд хүүхэд чинь төрүүлэхэд л гараас гарчихдаг юм биш. Өөрийгөө авч явах чадваргүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй дохионы хэлээр ярьдаг хүнтэй л бид уулзана. Энэ хүүхэд хөхөө хөхөх гээд байгаа юм уу, даараад байгаа юм уу, халууцаад байгаа юм уу, бүх анхаарал хүүхдийн эргэн тойронд. Яагаад гэвэл тэр хүн хүүхдээ ойлгохгүй байгаа учраас өөрийгөө орхичихож байгаа юм. Тийм учраас л энэ сэтгэл зүйн хямралууд бий болоод байгаа юм.

-Энэ хямрал хэр урт хугацаанд үргэлжилдэг юм бэ?

-Би төрсний дараах эхний 14 хоногийг хосуудад ойлгуулахдаа “Энэ бол үлгэрийн 14 хоног шүү” гэж хэлдэг. Энэ хугацааг л давчихвал хямрал гутрал болтлоо гүнзгийрэхгүй. Хүний бүх хэмнэл алдагдаж байдаг. Унтах хэмнэл, хооллох хэмнэл зэрэг алдагдана. Дээрээс нь хүүхдээ гэмтээчих вий, унтуулж чадахгүй байна, арчилж чадахгүй байна, хөхөөр хооллож чадахгүй байна гээд есөн шидийн бодол эмэгтэйчүүдэд орж ирдэг. Тэгтэл эрэгтэй хүний толгойд тийм бодол орж ирэх нь байгалиасаа ховор. Энэ бол байгалийн хуулиараа явж буй зүйл юм. Ингэж хямарч байгаа хүний хажууд байгаа эрэгтэй хүн заавал бэлтгэгдсэн байх ёстой. Энэ бол хамтын амьдрал, урт хугацааны аялал, тэр чигтээ бэлэг. Хэрвээ мэдэхгүй зүйл тохиолдвол өөрийн гэсэн зөвлөх хүнтэй болох хэрэгтэй.

-Сэтгэл зүйн талаасаа тогтмол зөвлөгөө, заавар авдаг хэвшил манайд түгээмэл биш болов уу?

-Монголчуудын хувьд хэзээ ч тийм хүн байхгүй. Зүгээр л масс дунд нь хаядаг. Төрсний дараах зургаан долоо хоногийг нялх биетэй ээж гэж нэрлэдэг. Тэр нялх биетэй ээжид дээр үеийн монголчууд юу гэж хэлдэг байсан бэ гэхээр наад хүнээ сайхан амраа, битгий ядраа, битгий цочоо, битгий стресст оруул гэдэг байсан. Тэгсэн одоо бүүр өөр болоод 45 хоног усанд орж болохгүй, чи заавал малгай өмсөх ёстой, чи заавал чихээ бөглөх ёстой гээд бүх хүмүүсийг дарамтанд оруулж байгаа юм. Усанд ормоор санагдаад, толгой нь загатнаад байхад чи усанд орж болохгүй ээ гээд байвал тухайн хүнд дарамт болно биз дээ. Тэгээд ч монголчууд нээлттэй биш дотогшоо хүмүүс. Энэ төрлийн хүмүүс бусад хүмүүсийн дарамтад ороод ирэхээр тухайн хүн ерөөсөө гаргалгаагаа гаргаж чадахаа больж байгаа юм. Энд таван хүн өөр юм хэлнэ, тэнд гурван хүн өөр юм хэлнэ. Угаасаа мэдлэггүй хүн чинь өөрөө тугалган жад шиг болчихдог. Хаашаа харж хэнийг нь, алийг нь дагахаа мэдэхээ болино. Тэгээд ирэхээрээ өөрсдийнхөө аав ээжийг л дагая. Тэд ч ингэж л ирсэн, бид нар болоод л ирсэн юм чинь. Өвчингүй байвал тэгээд л болоо биз дээ гэдэг. Гэтэл үгүй байхгүй юу. Тэр хүнийг л сэтгэл санаагаар нь дэмжиж өгдөг, хүүхдийг нь хэн харах ёстой юм гээд урт хугацааны төлөвлөгөө гаргах ёстой. Ажлаа хэрхэн хуваарилах талаар нөхөртэйгөө ярилцаад би энийг хийе, энэ ажлыг чи хий гэх мэт. Хүүхдээ усанд оруулах нь таны ажил, хүүхдээ салхинд авч гарах нь тэрний ажил гээд хуваарилна. Хуваарилсан ажлаа тэр нь хийнэ. Гэртээ хүүхдээ харах нь тэр. Яг ингэж төлөвлөгөө гаргахгүй болохоор маш их сэтгэл зүйн хямралд орж байгаа юм.

-Гэхдээ манай эрчүүд хүүхэд гаргах, өсгөх, гэр цэвэрлэх нь эхнэрийн ажил гэсэн ойлголттой ирсэн…?

-Яг тийм. Эмэгтэй хүн бол хүүхдээ тээдэг, хүүхдээ төрүүлдэг, хүүхдийг өсгөдөг, бүх ажил эмэгтэй хүний ажил. Ерөөсөө гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ. Муухайгаар хэлбэл боол шиг. Нөхөр бол ажилдаа явчихна. Угаасаа эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө үеэс бид тийм юмыг хараад өсчихсөн юм байна. Гэхдээ монголчуудын хувьд яадаг вэ гэхээр нөхрүүдийн архи уудаг нь эмэгтэйчүүдэд маш ихээр нөлөөлдөг. Ер нь хайхрамжгүй, угаасаа нэг хэнэггүй орж ирээд л эхнэртээ ч цаг гаргахгүй, хүүхдэдээ ч цаг зав гаргахгүй. Угаасаа л ингэдэг юм чинь, угаасаа л болчихдог ш дээ гэдэг байдлууд байдаг. Архи ууна. Гэр бүлээсээ илүү найз нөхдөдөө цаг зав гаргана. Тэр найз нөхдөдөө гаргаад байгаа сайхан цагаа гэр бүл, хань ижил, хүүхдэдээ гарга. Хүүхдэдээ хэдэн цагийг гаргах юм. Тэр чинь түрүүний миний яриад байсан уртын урт аяллын төлөвлөгөө юм. Эхнэртээ хэдэн цаг гаргах, хүүхдэдээ хэдэн цаг гаргах, бие биендээ яг хэдэн цаг гаргах юм. Бие биендээ цаг гаргахын тулд хэн нэгнийхээ ээжийг түр зуур дуудаад манайд, танайд хоёр цаг хүүхэд хараад өгөөч, бид хоёр нэг гадуур гарчихаад ирье гэхэд болохгүй зүйлгүй.

-Танай сургалтад эрчүүдэд жирэмсний өвдөлтийг мэдрүүлж, гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө өгдөг. Сургалтад суусан аавууд, нөхрүүдийн хувьд эндээс өөр ойлголтыг авч байгаа нь хэрхэн илэрдэг вэ?

-Ойлголт нь шал өөр. Эрчүүд анх орж ирэхдээ бараг л ойлголт байхгүй. Эхнэрийнхээ жирэмснийхээ хугацаанд гоё аз жаргалтай байх завгүй өдрүүдийн төлөвлөгөө гаргасан уу гээд хамгийн түрүүнд асуудаг. Бүтэн есөн сарын хугацаанд эхнэрээ зөвхөн буйдан дээр хэвтүүлээд, утас шагайлгаад суулгах уу гэж би хэлдэг. Тэгэхээр хүн бодож эхэлдэг байхгүй юу. Аз жаргалтай байх завгүй өдрийн төлөвлөгөө гэхээр хүмүүс аягүй том юм боддог. Эмэгтэйчүүд хань нөхрөөсөө халамж л хүсдэг. Халамж гэдэг чинь юу юм? Аз жаргал гэдэг чинь юу юм бэ? Зүгээр л бие биенийхээ хүслийг биелүүлэхэд л аз жаргал оршиж байгаа юм. Жишээлбэл, эхнэрээ йогад явуулах, усан спортоор хичээллүүлэх, дэлгүүр хэсэх, хамтдаа зугаалах, хамтдаа кино үзэх.

Эхнэрээ йогад явуулж байгаа бол йогад явахад нь хүргэж өг, дуусахад нь буцааж ав. Энэ хооронд л хосуудын харилцаа өөр болоод байх ёстой юм. Одоо залуу хосууд чинь харьцангуй дажгүй болоод байна. Гэхдээ л нөгөө ойлгомжгүй хэвээрээ байсаар л байгаа. Ойлгомжтой хэлбэрт оруулахын тулд яах ёстой вэ? Сургалт гэдэг юм л маш олноороо байх хэрэгтэй. Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг, жирэмсэн эмэгтэйчүүдэд, хосуудад зөвлөгөө өгдөг төвүүд маш олноороо нээгдэх хэрэгтэй. Манайд ганцхан төв байгаад яах юм. Хүн хүчээ яагаад ч дийлэхгүй шүү дээ.

-Сэтгэл гутралын хамгийн хурц хэлбэрт орсон хүмүүст ер нь юу бодогддог юм бол?

-Хямарч байсан юмаа бүүр хэнд ч ярихгүй байсаар сэтгэл гутралд орно. Сэтгэл гутралд орно гэж юу гэсэн үг вэ? Дотогшоогоо болж байна гэсэн үг. Хаалттай болоод ирж байгаа юм. Тэр хүний орчинд дандаа таагүй мэдрэмжүүд орж ирнэ. Ямар таагүй мэдрэмж байдаг вэ гэхээр дандаа нөгөө дотогшоогоо болсон таагүй мэдрэмжүүд нь амиа хорлох, амиа егүүтгэх, өөрийг нь дандаа буруутгах, хүүхдийнхээ амийг егүүтгэх гэх мэт санаанууд орж ирдэг. Тэр хүнийг уг нь бол хараад ойлгохоор л байгаа юм. Харц нь гөлрөөд, шөнө босоод, ууртай болох гэх мэт хэнд ч харагдана. Ингээд байна аа гэдэг маань сэтгэл гутрал гээд бүүр сэтгэцийн эмгэг болж байгаа юм. Энэнээс гаргана гэдэг хэцүү.

-Эхнэрээ төрсний дараа зөвхөн ээжүүд ч биш аавууд мөн сэтгэл хямралд ордог гэсэн. Энэ тухайд?

-Төрсний дараа ганцхан эмэгтэй хүн дарамтад ордоггүй. Аавууд бас адилхан стресст ордог. Өнөөдөр хүүхдээ уйлагнахад шөнөжингөө хараад нойргүй хонож байгаа аав маргааш нь бас ядарна. Ажилдаа амарч чадалгүй явна. Ачаалал ихэснэ. Би амьдралыг ийм гэж бодоогүй, хэцүү ажил байна гээд адилхан стресст ордог байна. Би хосуудад хэлдэг. Ганцхан эмэгтэй хүн ингэж хямраад байдаг юм биш шүү. Таны нөхөр чинь бас доошоо хараад, толгой гудайлгаад суучихсан байдаг. Бас адилхан хямарч байгаа юм аа. Хамтдаа хямарч байвал хоёулаа гарцыг хайх хэрэгтэй. Эмэгтэйчүүд дааврын өөрчлөлтөөс болж түлхүү хямардаг бол эрчүүд хөндлөнгөөс нь хараад хямарч байна. Ихэнхдээ эхнэрээ шөнө нойргүй хонож байгааг харж байна, хүүхдээ уйлаад байгааг харж байна, хамтдаа ядарч байна. Живхний мөнгө, хоол ундаар гэр бүлээ дутаахгүй байх стресст ордог. Ажлын бүтээмж нь буурна. Тэрийг бас эхнэрүүд ойлгодоггүй. Мэдээж энэ тохиолдол бага ч гэсэн сэтгэл хямралаас гарах хамгийн сайн арга бол сайн ярилцах, хамтдаа болж бүтэхгүй байгаа зүйлээ зөвлөлдөх л юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гүндалай: Тусгаарлалтад байгаагүй бол би нэгээр биш юмаа гэхэд гурваар гарах нь тодорхой харагдлаа

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.Тэрээр Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн билээ.


-Сонгуулийн үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Таны хувьд гарахад нэлээд ойрхон байлаа шүү?

-Хамгийн түрүүнд намайг дэмжиж надад саналаа өгсөн Хөвсгөл аймгийн 19 мянган сонгогчдодоо маш их баярлалаа. Сонгуульд бульхай луйвар орсон байх гэж бодож байна. МАН эртнээс маш их мөнгө тараалаа гэж хардаж байна.

-Зарим нэр дэвшигчид санал хураалтын ирц хэсэг зогссон. МАН-ын нэр дэвшигчдээс бусад хүний санал нэмэгдэхгүй байсан гэх яриа гараад байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Тэр үнэний ортой. Манайх гэхэд л санал хураалтын ирц яг 70 хувь дээр очоод зогсчихсон. Бусад тойргууд 80, 90 хувийн саналын ирц ирчихээд байхад манай тойргийнх 70 хувийн ирц дээрээ цаг гаруй зогсчихсон. Увс, Ховд гээд бүр алслагдсан аймгуудыг бодвол шугам, сүлжээ, харилцаа холбоо сайн ш дээ. Тэгсэн хэрнээ цаг гаруй зогссон нь хардлага төрүүлж байгаа. Би үүнд гайхсан. Сонгуулийн штабт ажилласан хүмүүс маань намайг нэгээр гарна, бүр хойшиллоо гэхэд гурваар гараад ирэх магадлал маш өндөр байна гэж ярьж байсан. Хүн болгон л таны төлөө өгнө гээд байсан. Одоо сонгуулийн дараа бид хоорондоо ярьж байна л даа. Нөгөө саналаа өгнө гээд байсан хүмүүс өгсөнгүй юү, өгснийг нь луйвардчихав уу гээд гайхацгааж байна.

-Тэгэхээр сонгуулийн санал тоолох хар машиныг хакердсан гэж хардаж байна уу?

-Тийм л юм болсон байх. Хар машин чинь ингэдэг гэсэн. Хяналтын тооллогыг цаанаас нь тэр хэсгүүдэд хий гээд үүрэгдчихдэг. Яг хяналтын тооллого хийхгүй хэсгүүд дээрээ хакерддаг гэж хүн ярихыг сонссон.

-Та өөрийгөө гарна гэдэгт итгэлтэй байсан уу. Эсвэл эргэлзэж байв уу?

-Сонгуулийн үдээс өмнө би бараг тойрогтоо нэгээр гарч ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Бүр буурлаа гэхэд хангалттай гуравт гараад ирнэ гэж итгэж байсан. Тэгэх итгэлийг штабын хүмүүс ч тэр, нутгийн хүмүүс ч тэр төрүүлж байсан. Тийм учраас би их тайван, итгэл дүүрэн байсан л даа.

-Нутгийн хүмүүс итгэл төрүүлсэн гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Өдөр зарим таньдаг нутгийн ах дүү нар яриад “За манай гэрийнхэн танд саналаа өгчихлөө. Танд амжилт хүсье”, “Таныг л дэмжиж байгаа шүү” гэхчилэн утсаар ярьж урам өгч байсан. Тэгсэн санал тоолох үед орой 15 мянга хүрээд зогсчихсон. Тэгээд хоёр цаг орчим хэртэй санал нэмэгдэхгүй зогссон. Тэгж байгаад нэмэгдсэн ч гүйцэхээргүй нь тодорхой болсон. Хөвсгөлийн хойд талын сум манай аавын нутаг. Аавынхаа нутгаас би нэгээр гарах учиртай хүн чинь сайхан ялагдсан. Бүр гайхаад намайгаа хэдэн төгрөгөөр зарчихаж байгаа юм байх даа гэж бодоод сууж байна. Нутгийнхан маань намайгаа овоо үнэтэй зарсан бол ч яахав. Би тэдэнд хэдэн төгрөгтэй болох хөшүүрэг болсон бол болоо, хүнд буян л болж гээд бодоод байна ш дээ.

-Мөнгө тараасан гэдэг нь баттай юм уу?

-Оны өмнөөс л тарааж эхэлсэн юм байна лээ, сонсох нь. МАН оюутнуудыг ихээр ажиллуулсан. Хөвсгөлд гэхэд л 2000 гаруй оюутан ажилласан сураг байна. Оюутнуудыг ажиллуулаад цалин гээд 1-2 сая төгрөг өгчихдөг. Нэг оюутны цаана гэр бүлийнх нь гээд долоо, найман хүн бий. Оюутнаар дамжуулаад л гэрийнхэнд нь мөнгө өгчихөж байгаа байхгүй юу. Ингэхээр дор хаяж 14 мянган хүний саналыг худалдаад авчихаж байгаа юм. Тэгээд өөрсдийнх нь намын хүмүүс. Дэмжигчид нь байна. Хүмүүс чинь орой болтол гэр бүлээрээ олуулаа саналаа өгөхгүй суучихдаг юм байна. Тэгээд цаг дөхөөд ирэхээр утасдаад за тэдэн хүн байна бид саналаа өгөх гэж байна гээд шууд хэлдэг болж. Над руу ч гэсэн хүмүүс утасдсан. “За ах бид наймуулаа байна. Саналаа өглөө явж. Та яах юм. Бензиний мөнгө төгрөг өгөх юм уу” гээд. Тэгэхээр бензиний мөнгө гээд 50 мянган төгрөг шилжүүлэлтэй биш. Цаана нь олон хүн байна гээд байхад. Тэгээд ч хууль зөрчсөн болоод явчихна. Болохгүй гээд хэлэнгүүт за за энэ Гүндалай юм өгөхгүй юм байна гээд утсаа салгачих жишээтэй. Манай хүмүүс чинь амьдрал ядуугаас болж аргатай болчихсон. Мөнгө тараах арга нарийсчихсан. Авах нь хүртэл нарийсчихсан байна.

-Таны хувьд тусгаарлалтад байгаа хэрнээ өндөр санал авсан нь олны анхаарлыг их татсан. Хэрэв тусгаарлалтад бус биечлэн орон нутагтаа очиж ажилласан бол арай өөр дүн сонсох байсан болов уу?

-Хүн бүхэн л тэгж ярьж байна. Та өөрөө ирээд хүмүүстээ гар бариад биечлэн уулзалт хийгээд явсан бол шууд гарах байлаа гээд л байна. Магадгүй. Учир нь хичнээн хөгжсөн ч гэсэн суурин сумаас цааш гараад баг, зусландаа интернэт сүлжээгүй, смарт утасгүй байгаа болохоор би энэ байрнаас хичнээн лайв хийж, өөрийгөө сурталчлаад амьд харилцаа үүсэхгүй зовлонтой юм. Ялангуяа гадаадаас цахимаар сурталчилгаагаа хийнэ гэдэг төвөгтэй байсан.

-Сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн хийсэн бэ?

-Нэг суманд 6-8 хүнтэй баг ажиллуулсан. Тэд маань миний тухай сэтгүүл, зурагт хуудас тараах ажлыг хийсэн. Тэгээд л тэр хүмүүстэйгээ лайваар холбогдож байсан. Намайг сонгуульд оролцуулахгүй гээд эрх баригчид чинь онгоцондоо суудал тавьж өгөхгүй зөндөө л хүлээлгэсэн. Зөндөө л намайг уясан. Сонгуульд гаргахгүй байх бүх л арга хэмжээг авлаа даа. Тэр онгоцонд чинь би байтугай гэр бүлгүй, эрүүл саруул 20 орчим настай ганцаараа яваа зөндөө л залуучууд ирдэг юм байна лээ. Зөвхөн ахмад настай, жирэмсэн, өвчтэй хүн ирдэг гэдэг худлаа л юм билээ. Би хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр яваад хоёр хүүхэд, эхнэртэйгээ хүний нутагт гацсан. Эхнэрийг минь явуулаад намайг ганцааранг маань үлдээсэн. Олон сар хүний нутагт, хөл хориотой байна гэдэг амаргүй даваа. Яахав, үнэхээр мөнгө төгрөггүй болчихсон хүнд байдалтай залуусыг харахаар сэтгэл өвдөөд 100 ам.доллар аваад өгөх үе ч байсан.

-Та сонгуулийн өмнө зуу татангаа уйлж лайв хийсэн нь нөлөөлсөн ч гэх яриа байна. Зориуд өрөвдүүлэх гэсэн төлөвлөгөөт пиар уу, үгүй юү…?

-Ерөөсөө тийм юм бодоогүй. Би морин цаг хүлээгээд лайв хийж эх орондоо ирсэн байдлаа хүмүүст хэлээд, 10 мянган монголчууд хүний нутагт хорионд орж яаж зовж зүдэрч байгааг харсан хүн байна сэтгэгдлээ хуваалцъя гэж бодсон юм. Хэлэх барих зүйлээ ганц хоёр минут бодоод сууж байсан. Лайваа эхлүүлээд ярьж байтал намайг яагаад эх оронд минь ирүүлэхгүй хавчсан нь бодогдоод, дээрээс нь гадаадад олон мянган монголчуудыг хэрхэн амьдралын төлөө зүтгэж зовж байгааг хэдэн сар нүдээрээ харж сэтгэл өвдөж дунд нь байсан хүн чинь жаахан юм уусан халуундаа сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй өөрийн эрхгүй хазайгаад орчихсон. Уг нь дурдаад өнгөрөх байсан. Тэгсэн юун төлөвлөснөөрөө явах уйлаад нус нулимстайгаа холилдоод дууссан. Би чинь тэгж ч уйлж унжаад байдаг аавын хүү биш. Тэгээд ч лайв хийхдээ төлөвлөгөөтэйгөөр уйлна ч гэж юу байхав.

-АН-аас нэр дэвшсэн бол шууд сонгогдох шаанс байсан ч юм шиг?

-АН-аас би нэр дэвшсэн бол шууд нэгээр гарах байсан. АН-аас дэвших боломж байсан л байх л даа. Би өөрөө хичээгээгүй. АН-аас надтай холбогдоогүй. АН нэгэнт л сөрөг хүчин л байсан юм чинь үүргээ олигтойхон биелүүлэх байсан. Энэ олон суудал хуваасан жижиг намуудыг яаж ийж байгаад өөр дээрээ нэгтгээд суудал өгөөд зохион байгуулалт хийсэн бол сөрөг хүчин болох бүрэн боломж байсан. Сөрөг хүчнүүд хүчээ нэгтгэхгүй бол урагшаа гарахгүй.

Олон жил ингэж явж байна. Тиймээс орон нутгийн сонгуульд, дараагийн сонгуульд АН амбицаа дараад намуудыг нэгтгээд манлайлж оролцоод явахгүй бол хэзээ ч сонгуульд амжилт үзүүлэхгүй. Дээр нь нэр дэвшигчид нь сайн байх ёстой. МАН эсрэг талд нь хүчээ нэгтгэе гээд сонгуульд орж байхад АН тарж бутарсан байдалтай орчихоор яаж олон суудал авах юм.

-Хүмүүс шинээр бүрдсэн МАН-ын Засгийн газрыг улс орноо хөгжүүлнэ гэдэгт итгэл муутайхан байгаа нь үзэл бодлоос нь илт харагдаж байна. Таны хувьд ирэх Засгийн өнгө ямаршуухан байх бол гэж харж байна?

-Одоо коронавирус гээд дотооддоо хөл хориогоо тогтоогоод хүмүүс ажилгүй, эдийн засаг нь уначихсан байдалтай байна. Энэ эдийн засгийг босгох гэж нэлээд удна даа.

Төр байсан мөнгийг сая ноолуур энэ тэрээ гээд тараагаад өгчихлөө. Өр зээл нэхэгдэж байна. Дэлхийн эдийн засаг унаж байгаа. Ийм үед улс эх орноо авч явахад энэ Засгийн газарт хэцүү л байх байх даа. Энэ янзаараа 30 жил явсан замаараа л явна биз.

30 жилийн хугацаанд нэг л үр дүн харагдаж байгаа. Баян хоосны ялгаа газар тэнгэр шиг ялгаатай болж. Баян нь дийлдэхгүй баян. Ядуу нь бүр туйлын ядуу болсныг бид харж байна. Энэ бол МАН-ын явуулдаг л зам. Энд нэг тийм зам, тийм барилга барилаа гэдгээс хэтрэхгүй. Тэр бол яахав, дэд бүтцийнхээ хүрээнд л хийгдэх ёстой л ажил. Яг ард түмний төлөө дорвитой юм хийхгүй л болов уу. Нөгөө л нэг аргацаасан хэвээрээ л үлдэнэ. Хуучиндаа л үлдэж байгаа юм л даа. Уг нь ард түмний амьдралыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тийм шинэчлэл хийхийг хүсдэггүй. Өөрсдөө л идэж, ард түмнийг ядуу байрандаа байлгаж өдөр хоногийг аргаацах байх даа.

Categories
мэдээ цаг-үе

Х.Алтанзагас: Дуу цахилгаантай борооны үеэр модны доор орохоос зайлсхийх хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагастай ярилцлаа.


-Ойрын өдрүүдэд усархаг бороотой, үер усны аюултай гээд сэрэмжлүүлээд байгаа. Ер нь ийм үед иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Иргэд хамгийн түрүүнд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг сайтар сонсдог байх хэрэгтэй. Сүүлийн мэдээллээр үер усны аюулаас болж таван том хүн, дөрвөн хүүхэд амь эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Ер нь газар хөдлөлтөөс бусад байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Иргэд олноороо амралт зугаалгаар явдаг энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, гол усанд ойртуулах явдал их гардаг. Харин томчууд архидан согтуурах нь элбэг учир маш хариуцлагатай л байх хэрэгтэй. Мэдээж үер нам дор газар бууна. Тиймээс иргэд маань аль болох өндөрлөг газар амьдарч, гэр орон сууцаа барих хэрэгтэй.

-Өндөрлөг газар байх хэрэгтэй гэлээ. гэтэл өндөрлөг газар бараадах, мод бутаас доор суух нь аянганд цохиулах эрсдэлтэй гэж ярьдаг талтай…?

-Дуу чимээ, аянга цахилгаантай бороо орох үед зайлшгүй мэдэх хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг. Хотод амьдарч буй иргэд хамгийн түрүүнд нөмөр газар олж хорогдох нь чухал байдаг. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд аль ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь мод цахилгаан татах аюултай. Харин энэ үед хүн газарт биеэ хүргэлгүйгээр хоёр хөлөө ойртуулж, толгойгоо аль болох тонгойлгох хэрэгтэй. Учир нь аянга буувал ойр хавийн газарт цахилгаан тардаг учир биеэ газарт хүргэж болохгүй. Харин төв суурингийн иргэдийн хувьд гар утсаа дуу цахилгаантай бороотой үед унтрааж байх хэрэгтэй.

-Замд явж байх үед гэнэт маш хүчтэй дуу цахилгаантай бороо орвол эрсдлээс энгийн байдлаар хэрхэн биеэ хамгаалах талаар зөвлөхгүй юү?

-Иргэд хамгийн эхэнд метал эд зүйлсэд хүрэхгүй, долгион дамжуулах шугамын утас, шонгуудаас хол байх хэрэгтэй. Мөн тухайн хүн автомашинтай явж байх үед дуу цахилгаантай бороо орвол машинаа замаас гарган, хөдөлгүүрийг унтраах хэрэгтэй. АНУын эрдэмтдийн гаргасан нэгэн сонирхолтой судалгаа бий. Аянга цахилгаанаас автомашины дугуй бус метал кузов нь зорчигчийг цахилгаанаас хамгаалдаг. Аянга машин дээр буусан тохиолдолд кузов дээр бүрхүүл үүсч, цахилгаан цэнэг нь дугуйгаар дамжин газар луу дамждаг. Өөрөөр хэлбэл дугуй нь тусгаарлах бус дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ийм үед жолооч машины ямар нэг метал эд ангид хүрч болохгүй.

-Өвлийн улиралд жолооч нар наад зах нь хүрзтэй явах ёстой байдаг. Үүнтэй адилаар зуны цагт аялал зугаалгаар замд гарах бол жолоочид хувийн хэрэгслээ хэрхэн хангавал зохих вэ?

-Юуны өмнө ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг сайтар мэдэж байх хэрэгтэй. Дан ганц жолооч гэлтгүй иргэн бүр дулаан хувцас, хувийн бэлтгэлээ сайтар хангасан байх хэрэгтэй. Болзошгүй аюулаас сэргийлж хүрз, гэрэлтүүлэх хэрэгсэл, хамгийн чухал нь шатахуун, хоол хүнсний нөөцтэй байх хэрэгтэй.

-Үер болохын өмнө ямар нэгэн төлөв шинж ажиллагддаг уу?

-Монголчуудын эртнээс уламжилж ирсэн аргууд байдаг. Тэнгэрийн байдал, үүл салхины чиглэл, мал амьтны ааш, хөдөлгөөнийг ажиглах гэх мэт.

-Ямар нэг байдлаар үер усны аюултай учирвал тэр үед яах ёстой вэ. Ялангуяа хөдөө орон нутгийн айлууд?

-Хөдөө орон нутгийн иргэд үерийн үед гэрийн хаяагаа шууж, тогоогоо хөмрөх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл тогоогоо хөмөрснөөр ширүүн ирж буй их усыг зүсэж зайлуулдаг давуу талтай. Гал түймэр гарахад ч энэ аргыг хэрэглэдэг. Нэг жишээ дурдъя л даа. Нэг гэрийн эзэгтэй цай хоолоо хийчихээд, тогоогоо гэрийнхээ хаяанд гаргаад хөмөрсний дараагаар маш хурдан ирсэн талын түймэр тогоонд хүрч тойроод гэрээс нь хэдхэн метрийн зайд зөрж аврагдсан байдаг. Энэ мэтчилэн монгол арга ухааныг иргэд маань мэддэг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт хүмүүсийг хамгаалах, цахилгаан бараа хэрэгслүүдээ салгах, гэр хорооллын айлууд үерийн усны аманд буухгүй байх шаардлагатай. Сүхбаатар дүүргийн хувьд үерийн зам дээр зөвшөөрөлгүй буусан 400 гаруй айл бий. Энэ нь сүүлдээ иргэдэд өөрсдөд нь л аюултай болохоор нэн даруй нүүх бас хашаа гэрээ тойруулж далан, зурвас татах шаардлагатай байна.

-Тэгвэл өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр үерт өртсөн нэгнийг хэрхэн аварч болох бол?

-Үерт автсан хүнийг 10 минутын дотор бүрэн аврах боломжтой. Тухайн хүн өөрөө сайн сэлж чаддаг, анхны тусламжийн талаар мэдэгдэхүүнтэй байх нь чухал. Судалгаанаас харахад усанд амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь сэлж чаддаг хүмүүс байдаг. Тэгсэн хэрнээ амь насаа алддаг нь сэтгэл хөөрлөөс үүддэг. “Би сайн сэлдэг, чаддаг” гэсэн бодлоос болж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулдаг. Тиймээс сайн сэлдэггүй, анхны тусламж үзүүлэх чадвар дутмаг бол өөр хүнээс тусламж хүсч, мэргэжилтнүүдийг дуудах шаардлагатай. Нөгөөтэйгүүр усанд амиа алдаж буй хүмүүсийн тодорхой хувийг согтууруулах ундаа хэрэглэсэн хүн эзэлдэг. Яагаад гэвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох үед хүний хөлийн шөрмөс татдаг. Тиймээс аль ч үед эрсдэлтэй учир усанд ам гарч болохгүй.

-Үерийн улмаас нэгэнт хохирол амсч, гамшигт өртөсний дараа энэ байдлаас хурдан гарахын тулд ямар арга хэмжээг авч ажиллах ёстой вэ?

-Юун түрүүнд тухайн хүмүүст ойр хавийнхан нь тусалж, сэтгэл санаагаар дэмжиж аюулгүй газар очих. Үер болсны дараа хөрсний бохирдол маш ихээр үүсдэг. Үүнийг дагаад халдварт өвчин тархдаг. Иймээс усыг сайтар буцалгаж хэрэглэх, тухайн үед байсан хоол хүнсийг устгаж, сав суулгыг ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Хамгийн том асуудал гэр хороололд амьдарч буй иргэд ихэвчлэн үерийн аюулд өртдөг учир муу усны нүх, бие засах газрыг нэн түрүүнд холбогдох байгууллагын хүмүүстэй хамтарч сайтар ариутгах шаардлагатай. Дашрамд дурдахад СБД, БЗД-ийн завьт болон хөдөлгөөнт эргүүлийнхэн жил бүрийн зургадугаар сарын 15наас есдүгээр сарын 15н хүртэл сэрэмжлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Иймээс ард иргэдийг нийслэл, дүүргийнхээ Засаг даргын захирамжийг биелүүлж, амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, болзошгүй үер усны аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

М.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Хөдөө явахдаа машиндаа хэдэн чихэр аваад тавьчихаарай

Бага байхад хотоос айлчин ирэхэд аяны богцоо задлахыг л хүлээнэ. Замын гийчин ч ялгаагүй аав, ээжээс зам асуугаад гарахдаа чихэр атгаад өгнө. Тэр болгонд жигтэйхэн баярладагсан. Хүүхэд гэдэг хэзээд чихэр, амттанд дуртай байдаг хойно. Одоо ч тэр дурсамжаа мартдаггүй болохоор хөдөө явахдаа килограмаар нь чихэр аваад цүнхэлчихдэг. Таних, танихгүй нь хамаагүй хөдөөгийн айлд буухаар бол хүүхдүүдэд нь чихэр атгаад өгөхөөр нүүрэнд нь инээмсэглэл тодорч нүд нь сэргээд явчихна. Яг л миний бага нас шиг. Тэгээд ч хүний алга дээш харуулж бай. Угаас баян, ядуу байх нь хамаагүй хүүхэд гэдэг чинь цагаахан нүд нь горьдчихно гэдэг буурлын үг бий. Ялангуяа залуус минь зуны налгар цагаар зугаалж, цэнгэхээр явахдаа хэдэн чихэр аваад машиндаа тавьчихаж байгаарай. Адаглаад зам асуугаад гарахдаа холын гийчинг сониучирхан ирэх хүүхдэд хэдэн чихэр аваад өгөхөд баярлаад л гүйчихнэ. Та нарын ойр хавьд ч гэсэн цүнхэндээ үргэлж чихэртэй явдаг, хамаатны хүүхдүүдийн дуртай эгч, ах нар байдаг даа. Хүүхэд баярлуулах гэдэг чинь хамгийн сайхан бөгөөд жижиг зүйлээр сэтгэлийг нь хөдөлгөж болдог юм.