Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Батзориг: Эрчим хүчний хэрэглээ өмнөх онтой харьцуулахад дунджаар 14 хувийн өсөлттэй байна

Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзоригтой ярилцлаа.


-Эрчим хүчний салбар улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангаж байна, бэлтгэл хангахад хүндрэлтэй зүйл гарч байна уу ?

-Энэ жилийн хувьд дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хил гааль дээр нэлээн гацаа үүссэн.Мөн засварын ажилд шаардлагатай материалын суурь үнэ нэлээн өссөнөөс шалтгаалан худалдан авах ажиллагаанд нийлүүлэгч компаниуд оролцохоос зайлсхийж байлаа. Хил гааль дээрх удаашралттай байдлаас болж тээврийн зардал мөн өгцом өссөн. Гэсэн хэдий ч бид гадаад харилцаааны яам, УОК, Монгол Улсын харьяа хилийн боомтын байгууллагуудтай хамтран аль болох богино хугацаанд тоноглол бараа материалыг оруулж ирэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.

Үүний үр дүнд салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 2021 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 83.3 хувьтай байна.

-Өнгөрсөн жил төрөөс үзүүлэх эрчим хүчний хөнгөлөлттэй холбоотой хүндрэл бэрхшээл хэр тулгарсан бэ, хэр ачааллал ирэх вэ. Энэ бүгдийг хэрхэн тооцоолж зохицуулалт хийж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх шийдвэр гарсан. Мөн төрөөс дээрх тогтоолын хэрэгжих хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэхээр дахин сунгасан. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Хэдийгээр эрчим хүчний салбарт хүнд ачаа нэмэгдэж байгаа ч төрөөс иргэд, зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулаан, уурын төлбөрийг хариуцсантай холбоотой санхүүгийн бодит дэмжлэг болсон цагаа үеэ олсон ажил болсон.

2020 онд төвийн бүсийн эрчим хүчний оргил ачаалал 1308 МВт хүрсэн. Тухайн үед цар тахал хөл хориотой холбоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан. Харин энэ жил хөл хорио тогтоогоогүй тул ачаалал 1371 МВт хүрэх төлөвтэй байна.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс ирэх ачааллыг бодолцож эрчим хүчний нөөц чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа юу?

-“Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 35 МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийг амжилттай хэрэгжүүлж сая ашиглалтад орлоо. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөл ашиглалтад орсноор дотоодын үйлдвэрлэлээс өндөр үнэтэй импортын эрчим хүчний хэмжээ багасахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системийн нөөц нэмэгдэх ач холбогдолтой юм.

Мөн энэ жил гэмтэлтэй байсан “Дарханы дулааны цахилгаан станц”-ТӨХК-ийн 35 МВт-ын турбингенераторыг ОХУ-ын үйлдэрлэгч компанид богино хугацаанд засварлуулан авчирч ажиллагаанд оруулаад байна.ОХУ-аас төвийн бүсийн нэгдсэн системээр дээд тал нь 245МВт-ын чадал импортоор авдаг. Энэ чадлын хэмжээг өвлийн их ачааллаас өмнө 100 МВт-аар нэмэгдүүлж 345 МВт-д хүргэх яриа хэлэлцээрийг хийж байна.

-Эрчим хүчний гэмтлээс үүдсэн гэнэтийн цахилгаан тасрах үе гардаг. Гэтэл цар тахлаас үүдэн наад зах нь эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппарат байнга ажиллуулж байна. Хэрэв тог тасарвал хүний амь эрсдэх аюулд орно гэсэн үг. Гэнэтийн байдалд хэрхэн зохицуулалт хийгддэг вэ?

-Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн зэрэглэл тогтоох журам байдаг. Тус журамд Эмнэлэг, амаржих газрын сэхээн амьдруулах болон мэс ажилбар хийдэг тасгуудыг нэгдүгээр зэрэглэлд хамруулдаг бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харьяаны шугам сүлжээгээр тэжээгддэг хоёр талын тэжээлтэй байхаас гадна өөрийн мэдлийн аваарын эх үүсвэртэй байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах схемтэй байна. Хэрэглэгчийн харьяаны эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал нь түүний тасралтгүй ажиллагаатай байх нэгжүүд /байрууд/-ийг хангахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна. Мөн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь өөрийн мэдлийн эрчим хүчний бэлтгэл үүсвэрийг ажиллуулахад зориулсан түлш, сэлбэг материал, багаж хэрэгслийн нөөцтэй байх бөгөөд бэлтгэл эх үүсвэрийн ажиллагааны байнгын бэлэн байдлыг хангах үүрэгтэй байдаг.

-Сүүлийн өдрүүдэд тогны ачаалал эрс муудсан. Энэ нь хүйтэрсэнтэй холбоотой юу?

-Гадна агаарын температурын хүйтрэлттэй холбоотой ачаалал өсөлттэй байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад есдүгээр сард оройн оргил ачаалал дунджаар 115МВт буюу14 хувийн өсөлттэй байна. Хэрэглэгчид эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах хэрэгтэй. Ялангуяа оройн их ачааллын үед буюу 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан хэрэгслээ нэгэн зэрэг ажиллуулахгүй байх, оройн хоол унд хийх цагаар цахилгаан халаагуурыг түр хугацаанд тасалж байх шаардлагатай.

Мөн гэр, амины орон сууцны дулаалгыг сайтар хийж дулаан алдалт багатай байлгавал төдий чинээ цахилгааны төлбөр бага гарч хэмнэлт үүснэ. Мөн цахилгааны аюулгүй байдлыг хангаж ачаалалд тохирсон, залгаасгүй дамжуулагч утас ашиглаж мэргэжлийн ажилчдаас заавар зөвлөмж авах нь гэр бүлээ гэмтээх, эд хөрөнгөө галын аюулаас урьдчилан сэргийлэх юм. Эцэст нь Эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байгаа хэдий ч хэрэглэгчид эрчим хүчийг хэмнэж, зөв зохистой хэрэглээг хэвшил болгохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сэрдарам: Тэрбум мод тарих санаачилгыг зөв зохион байгуулбал “Мянганы зам” шиг ирээдүй хойч үед том бүтээн байгуулалт болно

ШУТИС-ийн багш, доктор, профессор Д.Сэрдарамтай ярилцлаа. Тэрээр “Миний клуб”-ийн үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө тус клубийнхэн 1.2 сая мод тарьж ургуулаад байгаа билээ.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Ч.Хүрэлсүх НҮБ-ын хуралд оролцохдоо “2030 он гэхэд тэрбум мод тарина” хэмээн амлалт өгсөн. Амлалтын талаар бүтнэ, бүтэхгүй гэсэн яриа нийгмийн дунд үүсээд байгаа. Ер нь тэрбум мод тарих боломжтой юу?

– Хэлсэн үгийг нь задалж үзвэл яг нэг тэрбум модыг 2030 онд ургуулаад хүлээлгэж өгнө гэсэн утгатай биш болов уу. Тэрбум мод тарьж ургуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн утгаар хэлсэн гэж би ойлгосон. Тэрбум мод тарьж ургуулах бүрэн боломжтой.Мод тарьж ургуулах ажлын ард олон ач холбогдолтой инноваци бий болно гэж би харж байгаа. Зарим нэг хүмүүс модыг тийм диаметрт тарина, тэрбум мод тийм талбайг хамарна зэрэг шүүмжлэл ярьж байна.

Судлаачдын үгийг гуйвуулж ярих амархан. Нэг тэрбум модыг тийм талбайд тийм хугацаанд тарьж ургуулна гэхээс илүү Монголд мод ургах нөхцөл бүрдэнэ. Хүмүүсийн сэтгэлгээ мод бол түлээ биш амьжиргаагаа сайжруулах, цөлжилтийг зогсоох, байгалиа нөхөн сэргээх баялгийн эх сурвалж байна гэдэг ойлголтыг олон нийтэд ойлгуулах хөшүүрэг болох Үндэсний хөдөлгөөн юм. 2000 онд “Мянганы зам” гэхэд бүгдээрээ “Мянгуужингийн зам”, “үлгэрийн далай” гэж байсан. 20 жилийн дараа буюу өнөөдөр бараг бүх аймгууд хатуу хучилттай замаар холбогдсон байна. Бидний ирээдүй хойч үед хэрэгтэй хамгийн сайн санаачилгуудын нэг бол энэ уриалга гэж бодож байна. Тэрбум мод тарих нь хугацаа их шаардагдах ч 10, 20 жилийн дараа нийгмийн сэтгэлгээнд маш эерэг өөрчлөлт оруулсан ажил болно гэдэгт итгэлтэй байна. Сибирийн ой шатлаа, байгалийн гамшгийн давтамж ихэсч аюул болж байгаа үед хүмүүст хамтын хөдөлмөр, хамтын хөдөлгөөн чухал байна. Ой мод гэдэг чинь өөрөө байгаль экологийг тэнцвэржүүлж байдаг онцлогтой. Энэ хөдөлгөөн 100 жилийн өмнө Монгол орны нийт газар нутгийн 15 хувийг ой мод эзэлж байсныг буцааж сэргээх хамтын ажил гэж ойлгоосой.Одоо ой мод нийт газар нутгийн 6-4-10 хувийг л эзэлж ой мод доройтолд орж байна. Тиймээс ойгоо аврах хэрэгтэй байна.

-Таны хувьд “Миний клуб”-ээрээ дамжуулаад 15 жилийн хугацаанд 1.2 сая гаруй мод тарьсан гэсэн. Тэгэхээр мод ургуулах үе шат, туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Бидний хувьд тарьсан мод бүхэн ургаад жигтэйхэн амжилттай ажиллаад байдаг юм биш, олон удаа бүтэлгүйтэж, шантрах зүйл их гарч байсан.

Бид мод тарих хүсэл сонирхолтой олон хүмүүс, байгууллагатай, ялангуяа “Ногоон Ази” ТББ-тай хамтарч ажилладаг. Клубийнхээ хүүхдүүдийг дагуулаад голдуу олон нийтийн эзэмшил газар мод тарьдаг. Гол зорилго нь энэ залуусыг мод тарих сэтгэлгээтэй болгох, хамтын хөдөлмөрийн давуу тал, сайн дурын ажлыг зөвөөр ойлгоосой гэдэг зорилго биднийг хөтөлсөн. 15 жилийн хугацаанд нийтдээ 120 мянган сайн дурын оюутан залуусыг мод тарих ажилд хамруулжээ. Зарим нь “Мод тарих чинь ядаргаатай хүнд ажил байна”, “Ёстой цаг хугацаа шаардсан хүнд ажил байна” гэж залхаад замын дундаас гарах нэгэн байхад ихэнх нь хашаандаа мод тарих сонирхолтой, модыг хайрлаж арчилж ургуулдаг, эх орноо ой болгох мөрөөдөлтэй, мод тарих явцыг бие махбодоороо мэдэрч кайф авах дуртай олон хүүхэд, залуус төлөвшсөн байна. Энэ хугацаанд харсан нэг чухал ойлголт бол мод тарьж ургуулах хэцүү ажлыг нэг хүний санаачилгаар хэрэгжүүлэх биш, олон хүмүүсийн оролцоотой хөдөлгөөн болгох нь чухал байна. Монголчууд “нэг мод таривал нэг насны буян. Хоёр мод таривал хойд насны буян” гэж ярьдаг ойлголт одоо хоцрогдчихоод байна.

-Одоо ямар хандлагатай болоод байна вэ?

-Одооны тренд үг нь “Мод тарих чухал биш ээ. Модоо арчилж ургуулах чухал” гэдэг үг хүн бүрийн амнаас гарч байгаа нь бидний сэтгэлгээ эерэг тал руугаа өөрчлөгдөж байгаа сайн тал гэж ойлгож болно. Гагцүү үгээ одоо үйлдэл болгох нь чухал.

-Нэг үеэ бодвол манай орон нутгийнхан ч, айл өрхүүд ч мод тарих сонирхолтой болж. Тэгэхээр одоо тэрбум мод тарихын тулд айл болгон арваас дээш мод тарих юм уу. Ер нь анхнаасаа ямар зохион байгуулалттайгаар явбал үр дүнтэй вэ. Мэргэжлийн, туршлагатай хүний хувьд энэ тал дээр та зөвлөгөө өгөхгүй юү?

-Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай алба. Дараагийн Ерөнхийлөгч нь үргэлжлүүлээд хэрэгжүүлэх ёстой түчээлсэн чухал ажлын эхлэл тавигдлаа. Бид эцсийн үр дүндээ богино хугацаанд харж амжихгүй. Тиймээс мод тарих хөдөлгөөнийг эхнээсээ системтэйгээр зөв зохион байгуулаасай гэж бодож байна. Үүний тулд төсөв мөнгө, ашиг хонжоо бодож болохгүй. Мэдээж эх орноо ойжуулахын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай ч мөнгийг нэгт бус хамгийн сүүл хавьд тавих хэрэгтэй. Нэгдүгээрт судлаач, мэргэжлийн багийн зөвлөгөө хамгийн их хэрэгтэй.Монгол оронд ямар төрлийн мод хаана их ургадаг зэргийг судлаач нараас эхлээд сонс. Тэднийг нэгтэж хамтран ажиллуулж үзэл баримтлал гаргах хэрэгтэй. Говьд баахан улиас мод тарьчихаад хамаг усаа гантай жилийн тэмээ шиг уулгаад ууршуулаад байж болохгүй.

Хоёрдугаарт, мод тарих хөдөлгөөнийг дэмжсэн эрх зүйн зохицуулалт, дүрэм журмыг тусгай бодлогод тулгуурлаж гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж УИХ тусгай тогтоол батлан гаргаасай. Мөн Засаг дарга, нэгж, хэсгийн удирдлага бүхэн орон нутаг, байгууллагадаа ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ямар ажлыг хийсэн бэ? гэдгээр ажлын шалгуур үзүүлэлт болгоосой. Гуравдугаарт, нийгмийн сэтгэлгээг дэмжсэн зөв медиа нэн хэрэгцээтэй байна. Атрын аян, Илгээлтийн эзэн гэдэг шиг урамшуулал сэтгэлгээ хэрэгтэй. Тэгээд дөрөвт нь төсөв ярих хэрэгтэй. Зөв тогтолцоотой газар мөнгө хангалттай олдоно. Амазонгийн Жеф Безос 2019 онд Даосын форум дээр “Мод тарих үйлсэд 1 тэрбум ам.доллар хандивлана” гэж мэдэгдсэн.

-Мод тарих үйл явцад хэнийг хаана татан оролцуулах, мод тарих ажлаар дамжуулж нийтэд ямар ойлголт өгөх гэдэг нь бас чухал асуудал байх. Тийм үү?

-15 жилд маш олон хувь хүн албан байгууллага, орон нутгийн хүмүүстэй уулзаж туршлага хуваалцлаа, зөвлөгөө өглөө. Жил бүр энэ чиглэлээр ажилладаг иргэн, байгууллагууд нэмэгдэж байна. Тэдэнд зөв зохион байгуулалт хэрэгтэй. Монгол орны яг хаагуур мод тарих вэ? Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг яаж хамруулах юм гээд шат шатандаа дэмжлэг хэрэгтэй. Бизнеснийхний бодитой санхүүжилт хэрэгтэй. Хамтын ажиллагаа хэрэгтэй. Энэ зөв хэлбэрт Мод тарих үндэсний хөдөлгөөн зөв нөлөөлнө гэж найдаж байна.

-Их хэмжээний мод тарихын тулд төдий хэмжээний үрсэлгээ бидэнд хэрэгтэй. Тэрбум модны сургаар гаднаас үрсэлгээ оруулж ирэх яриа бас гарсан. Үрсэлгээгээ дотоодоосоо бүрэн хангах нөөц чадамж байгаа биз дээ?

-Гаднаас үрсэлгээ огт авч болохгүй. Авлаа гэхэд нутагшуулах нь чухал. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монгол Улс жилдээ 30 сая үрсэлгээ гаргах боломжтой гэсэн. Үрсэлгээний аж ахуй эрхэлдэг 200 гаруй компани, хувь хүн бий. Тариаланчид шиг үрсэлгээний аж ахуй эрхлэгчид 4000 болж нэмэгдвэл их хэмжээний мод тарих, ойжуулалт хийнэ гэдэг ямар ч асуудалгүй. Тэрбум мод тарих мэргэжлийн судлаачид, ажиллах мэргэжилтнүүд, элбэг дэлбэг нутаг орон гээд бүх боломж манайд байна. Мод бол эд баялгийн ундарга юм гэдгийг иргэн бүр ойлгож ойр орчимдоо, хашаандаа, байгууллагынхаа үүдэнд мод тарихын хэрээр гоёл чимэглэлийн модны тайралт, арчилгааны чиглэлийн газрууд олширч ажлын байр нэмэгдэнэ. Бараг бие даасан урлаг болтол хөгжих боломжтой. Олон төрлийн гацуур, гоёлын мод нутагшуулж ургуулж байна. Мод дагасан инноваци бий болж байна гээд дурдаад байвал ач холбогдол их гарна. Бас олон улсын туршлага маш их байна.

Тухайлбал, саяхан 7 дугаар сард Вьетнам улс 2025 гэхэд нэг тэрбум мод амлалтандаа хүрч чадах боллоо гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ширэнгэн ойтой, манайхаас жижиг энэ улс Төрийн албан хаагч болохын тулд, нэг газрыг удирдахын тулд өрсөлдөх мөрийн хөтөлбөртөө мод тарих заалтыг заавал оруулдаг байх журамтай.

-Ер нь Монгол орны аль нутгаар ямар мод таривал тохиромжтой байдаг вэ?

-Тал хээр газар бутлаг мод, ойн бүсэд шилмүүст мод ургадаг. Ой тайгад хуш, нарс, гацуур, жодоо зэрэг мод маш сайн ургадаг. Говь хээрийн талд болж өгвөл хайлаасын төрлийн мод зүгээр. Хот суурин газар гоёлын мод, цэцэглэдэг моднууд тарихад зүгээр бол ямар нэгэн байдлаар тариалалт хийдэг газар салхины хамгаалалт, хөрсөө хадгалж байх зорилгоор улиас тарих их тохиромжтой. Ланд шафтын соёл их хөгжиж байгаа өнөө үед гоёл чимэглэлийн зориулалттай модны төрөл их болж байна. Ер нь газар болгоны онцлогоос шалтгаалж өөр өөрийн зориулалттай мод тарихыг л сайн бодох хэрэгтэй.

-Модыг хавар намар л тарих ёстой гэсэн нийтлэг ойлголт байдаг. Ингэж ойлгох нь зөв үү?

-Тийм. Гэхдээ одоо үрсэлгээний газруудад модыг бортогтой тарьж байгаа учир зуны цагт ч мод тарих боломжтой.

-Сүүлийн жилүүдэд гэр хорооллын иргэд хашаандаа мод тарих сонирхол нэмэгдсэн. Хашаанд ямар мод тарих илүү тохиромжтой байдаг талаар сонирхуулахгүй юу?

-Гэр хороололд хөрсний бохирдол ихтэй байдаг. Тиймээс навчит мод буюу улиас, хайлаас хамгийн тохиромжтой. Улиас, хайлаасыг гоё хэлбэржүүлж тайраад байвал маш гоё ургадаг. Эдгээр мод хөрсний бохирдлыг маш сайн цэвэрлэдэг. Манайхан жимсний мод тарих сонирхолтой байдаг. Тэгэхээр эхлээд улиас, хайлаас мод тарьж хөрсөө цэвэршүүлж байж жимсний модоо тарих нь хамгийн тохиромжтой юм шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

З.Алтай: Телевизүүд жижиг ч гэсэн хүнд өгөөжтэй монгол контент хий. Боломж нь байна

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, MN25 дугаар суваг телевизийн захирал Зоригийн Алтайтай ярилцлаа.


-Одоогоос 25 жилийн өмнө 25дугаар суваг телевиз үүсгэн байгуулагдаж байсан нь Монголд чөлөөт хэвлэл үүсэх үндэс суурийг тавьсан. Тэгэхээр зөвхөн танай телевизийн гэлтгүй монголын сэтгүүл зүйд түүхэн ой тохиож байна гэж хэлж болно биз дээ?

-Цаг хугацаа гэдэг чинь асар хурдан явдаг юм байна. 25 жил болжээ, нэг мэдэхэд. Бид жил жилийг тоолсонгүй. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд их л ажилтай, их л эрч хүчтэй, хоног цаг хугацааг үл тоон ажилласаар нэг л мэдэхэд 25 нас хүрсэн байна л даа. Энэ удаагийн ойг гадуур өвчин зовлон их байгаа учраас 25 жил гээд нэг их сүртэй юм болгомооргүй л байгаа юм. Байгууллага болгонд байдаг л ой. Тийм биз. Гэхдээ ач холбогдол өгч буй зүйл бол бид яах аргагүй Монголын анхны чөлөөт телевиз юм. Нөгөө талаар 25 суваг 25 жил гээд харахаар тооны хувьд бас нэг бэлгэдэл юм л даа. 25 жилийг хүний насаар аваад үзэх юм бол үнэхээр сайхан, залуу зандан, эрч хүчтэй, галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй тийм л он цагийг өнгөрөөсөн байна. Өнгөрсөн зүйлээ эс тоогоод, байдаг л ой гээд байх бас хаашаа ч юм. Тэр утгаараа байгууллага дотроо бие биендээ баяр хүргэх хэмжээнд тэмдэглэж өнгөрүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тэр үед үздэг хардаг ганцхан МҮОНРТ л байлаа. Тэгвэл суваг солиод үзчих телевиз нэмэгдэнэ гэдэг тухайн цаг үедээ цоо шинэ зүйл байхгүй юу. 25 дугаар суваг телевиз сайн байсан уу, муу байсан уу гэдгийг Монголын үзэгчид л дүгнэх байх. Бид өнгөрсөн хугацаанд магтуулах үедээ магтуулж, муулуулах үедээ муулуулсаар ирсэн. Гэсэн ч бид өөрсдийн үзэл бодлоор урагшилсаар л байна. Хамгийн гол нь ганц бидний баяр бус түүхэндээ Монголын ард түмний чөлөөт телевиз үзэж харж эхэлснээс хойш 25 жил болжээ. Үзэгчдийн хувьд ч олзуурхууштай.

Үзэж харах нүд нээх, сонсож чих онгойх, өөр өнцгөөс юмыг бодож сэтгэх гээд энэ бүхэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг нээх салхийг хагалсан явдал яалт ч үгүй мөн. Аливаа юмны анхдагч гэдэг маш чухал. 25 дугаар телевизээс хойш маш олон хувийн хэвшлийн телевиз гарч ирсэн байна.Чөлөөт телевиз, сэтгүүл зүйн суурийг маш сайн тавьжээ.Үүний үр дүнг захын аймгууд хүртэл телевизтэй болсноос харж болно.

-Тэгэхээр танайхаас хойш маш олон телевиз гарч ирж өнөөг хүртэл ямар нэг зохицуулалтгүй явж ирсэн. Саяхнаас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ олон телевиз хуультай болсноор ямар ач холбогдолтой вэ?

-Олон жил дуншиж явсаар сая л биеллээ олж буй хууль.Бид хууль гаргаад хамгийн гол нь оюуны өмчөө тодорхой хэмжээгээр үнэлүүлье л гэсэн шалтгаан. Өнөөдөр нэгэнт л зах зээлд орсон л бол бүх юм үнэтэй. Мэдээ, нэвтрүүлэг бүгд л хүний оюун ухаанаас урган гардаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бидний хувьд оюуны өмчөө нэг ч төгрөгөөр үнэлүүлсэнгүй. Үзэгчдээсээ нэг төгрөг ч авдаггүй. Энэ гажуудлыг сая гарсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулалт хийлээ л дээ. Аль хэдийнэ ийм хуультай болсон бол бид оюуны өмчөө үнэлүүлээд тодорхой хэмжээний хэдэн бор төгрөг аваад техник технологио сайжруулаад ажилчдынхаа цалинг боломжоороо нэмээд явах тийм л цаг хугацааг алдсан. Алдсан нь бидний буруугаас биш ерөөсөө л хийх хүсэлгүй байсан. Тэрнээс алгын чинээ ном бичсэн хүн хүртэл хэдэн төгрөгөөр зардаг биз дээ. Ялгаагүй телевизийн бүтээл бүхэн уран бүтээлчид, сэтгүүлчийн л оюуны хөдөлмөр. Телевиз техник технологийн хувьд асар өндөр зардалтай. Ажилчдын хувьд ч хуучин 100 гаруй хүн ажиллаж байлаа. Ажилчдынхаа цалин мөнгийг тавина гэдэг маш хэцүү. Харин Өргөн нэвтрүүлгийн тухай хууль гарснаар тодорхой хэмжээний хэдэн төгрөг орж ирнэ. Айхтар их биш ч гэсэн чамлахаар чанга атга гэдэг. Бага ч гэсэн нэг алхам юм.

-25 дугаар суваг телевизийн өнөөдрийг хүртэл баримталж ирсэн гол зарчим, бодлогыг сонирхож болох уу?

-Анх уг телевизийг нээхэд А.Авирмэд, Л.Жаргалсайхан, Ц.Балдорж, Д.Галсанжаргал, инженер Ганбаатар гээд хуучин МҮОНРТ-д чанагдаж байсан хэдэн нөхдүүд байлаа. Нэгэнт чөлөөт нийгэм рүү орчихлоо. Бидэнд юу дутагдаж байна. Бидний мэддэг чаддаг зүйл юу байна гээд ярилцахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз л байсан. Чөлөөт телевиз нийгэмд нэн хэрэгтэй, захиалга үүсчихсэн байсан үе. Бид халаасандаа сохор зоос ч үгүй, телевиз байгуулъя гэсэн сэтгэл л байсан. Ямар ч байсан ийм телевиз байгуулна даа гэсэн сэтгэлийн тэнхээгээрээ амиа зогоож л 25 жил явлаа. Энэ хугацаа бол телевизийн эфир эхэлснээс хойш хугацаа. Үүнээс өмнө телевиз байгуулахын тулд дөрөв, таван жил хэдэн бор цаас олох гэж ганзгын наймаа, гахай чирэх гээд хүний хийдэг бүх л ажлыг хийж байж хэдэн төгрөг цуглуулсан. Үндсэндээ бидний 30-аад жилийн хөдөлмөр. Бид юм хийсэн, бүтээсэн. Тэгэхээр өөрийгөө болон бусдыгаа сайн байна л гэж хэлнэ. Болж байна ш дээ. Нэг ч гэсэн хүн нийгэмд санасан зорьсон хэрэгцээтэй зүйл хийчихвэл болж байна. Хүн болгон санасан зорьсон зүйлээ хийх юм бол улс орон хөгжинө, хүмүүсийн ахуй амьдрал ч дээшилнэ. Өөрөө ч гэсэн өөдрөг сайхан байж таарна шүү дээ. Миний бахархдаг гол зүйл бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид өөрсдийнхөө үзэл бодлоосоо ухарсангүй, урвасангүй. Аль нэг нам, аль нэг мөнгөтэй олигархийн халаасанд орж харцаар нь хөдөлж байсан удаагүй.бидэнд өөрийн гэсэн үзэл бодол байна. Шударга байх ёстой. Чөлөөтэй байх ёстой. Хүнд худалдагдахгүй байх ёстой. Үнэн зөвийг мэдээлэх ёстой гэсэн зарчмыг л баримталж ирсэн. Банкнаас нэг төгрөгийн ч зээл аваагүй. Хэн нэгнийг ямар нэгэн байдлаар хулхидаагүй. Хүн өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр телевизийг босгоно гэдэг хамгийн том бахархал болов уу. Тэрнээс өнөөдөр ямар нэг муу арга залиар юу ч хийж болдог нийгэм байна ш дээ.

-Энэ олон хувийн телевизүүд та бүхний анх хувийн телевизийг бий болгохдоо баримталсан зарчим, мөн чанарыг хадгалж чадаж байгаа болов уу?

-Чадахгүй байна гэж би шууд хэлье. Монголд чөлөөт хэвлэл мэдээлэл байна уу, найзаа гэж надаас асуувал би “Байхгүй” л гэж хэлнэ. Битгий худлаа яриад бай. Энэ олон хэвлэл мэдээлэл, телевиз сайт чинь юу юм гэх байх л даа. Миний ойлголтоор чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг түрүүн хэлсэн шиг хэн нэгэн нам, улс төрийн хүчин, мөнгөтэй нөхрийн халаасанд орж явах юм бол юуных нь чөлөөт хэвлэл байхав дээ. Өөр өөрийгөө санхүүжүүлээд, өрөөл нэгнээс үүрэг авдаггүй өөрийнхөө үзэл бодлоор явдаг газрыг л чөлөөт хэвлэл гэж хэлнэ. Өнөөдрийн энэ олон хэвлэл мэдээллийн газрууд чинь дандаа цаанаа улс төрчид эсвэл бизнесийн олигархиуд л байгуулсан байдаг. Бидэн шиг зовлон үзэж туулж ирсэн нь бараг байхгүй. Алт ухсан, тариа ногоо тарьсан, улсын мөнгийг хулгайлсан, зээл аваад унжсан, эрх мэдлийг ашигласан нөхдүүд ард нь бий. Би бусад телевизийг муулж байгаа юм биш. Гэхдээ та нар зүгээр нэг бодоод үзээрэй. Цаад атмануудыг нь хар, хэний мөнгөөр крандаж яваад байгааг нь бодвол Монголд өнөөдөр чөлөөт хэвлэл мэдээлэл үгүй болж. Чөлөөт хэвлэл мэдээлэл өөрийнхөө үзэл бодлоор явна. Гэтэл энэ хэвлэл мэдээллийнхэн цаад даргынхаа бодлогоор л хөдөлж байна.

-Цаашдаа энэ олон телевиз олон нийтийн дуу хоолой болохын тулд юуг анхаарах чухал байна. Энэ нь технологийн хурдацтай хөгжлийн явцад оршин тогтнох бас нэг үндэс болов уу?

-Орой эфир үзээд суухаар гунигтай санагддаг. Дандаа л үхлээ, хатлаа, энэ ч болохоо байлаа, тэр ч идэж уулаа, тэр ч шатаалаа, энэ ч бослоо ч гэсэн мэдээ мэдээлэл. Нэг бол би гуйлгачин, өлбөрч үхлээ гэнэ. Төрийн бодлогын буруу байх. Гэхдээ нөгөө талаараа хүний төлөө хүн болоод төрчихсөн юм шиг. Үнэнийг хэлэхэд өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй байж хэнд гоморхоод, ялархаад байдаг юм. Үхмээр байвал үхчихээж дээ гэж хэлмээр санагдах юм зөндөө гарах юм. Монголд өнөөдөр өөрийнхөө толгойгоо ажлуулаад, хөлсөө гаргаад хөдөлмөрлөөд явбал бололцоотой сайхан амьдрал байна. Дэлхийн бусад оронд юу болж байна. Хар л даа, харьцуулалдаа. Монгол шиг сайхан амьдрах боломжтой газар хаа байна. Өөрсдийнхөө ажилгүй, арчаагүй, залхуугаагүй мэдэхгүй хүнд гомдоллоод байдаг. Тэрийг нь манай телевизийнхэн, хэвлэл мэдээллийнхэн хөөрөгдөөд мэдээллээд байдаг. Би эсрэгээр нь явмаар санагддаг. Сайн бодлоготой байх ёстой. Тийм юм байдаггүй юм аа, чи хөдөлмөрлө, чи бос, энэ нөхөр чамаас яагаад илүү амьдраад байна, чи үүнээс юугаараа дутсан юм гэдэг хүмүүсийг хөдөлгөх, хөдөлмөрт, амьдралд зоригтой, зорилготой, уриалан дуудах юмнуудыг л хийх хэрэгтэй. Зүгээр л гуниг зовлон яриад, мэдээллээд байх юм бол энэ улс чинь мөхнө ш дээ. Энэ харанхуй нийгэм, энэ олон харанхуй хүмүүсийн тархи толгойнд бараан юм өгөөд байх юм бол энэ улс орон мөхөхийн л цондон ш дээ. Ийм юман дээр л энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл уриалан дуудах, ажиллах ёстой.

-Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн бодлого чухал үүрэгтэй байх. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Редакцууд нь маш хүчтэй бодлоготой, төр засаг нь үүнийг нь дэмждэг байх ёстой. Цаг сайхан болно. Хамгийн гол биднээс, танаас, надаас хамаарна гэдэг юмыг л уриалан дуудах чухал. Тэгэхгүй нэг бол хошин шог гаргадаг, нэг бол хэнд ч хэрэггүй гадны баахан савангийн хөөс драм гаргадаг, нэг бол баахан зохиолын дуу гаргадаг. Ингэхээр яаж ард түмэнд, үзэгчдэд боловсрол олгох юм, зөв гэгээлэг ойлголт өгөх юм. Адаглаад л шинжлэх ухаан, танин мэдэхүйн ойлголтыг түлхүү үзэгчдэд хүргэмээр байна. Юу ч мэддэггүй, юу ч ойлгодоггүй маргаашийнхаа амьдралыг аргацаасан байдалтай хүмүүс амьдарч байна. Хайран амьдрал, цаг хугацаа. Масс медиа бол хүмүүсээ боловсролуулах, соёлжуулах, танин мэдэхүйн мэдээллийг түлхүү өгч байх, хийх бүтээх, сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг л өгч байх ёстой.

-Танай 25 дугаар суваг телевизийн хувьд үндэсний контентыг түлхүү хийж гаргадаг. Энэ бас л та бид хоёрын яриад байгаа нийгмийг соён гэгээрүүлэх, уриалах бодлогын нэг хэлбэр мөн үү?

-Үндэсний контент хийх, бүтээх бодлого баримталдаг. Заавал гадаадаас хулгай хийх албагүй. Бусад телевизүүдийг харж байхадхэдэн зуун мянган ам.доллар төлж гадны бэлэн контент авчираад яг тэрийг дуурай хийх гэж хичээдэг. Монгол хүн чинь өөрөө толгойтой, ухаантай юм байгаа биз дээ. Яагаад өөрсдөө толгойгоо ажлуулаад монгол контентуудыг хийж болдоггүй юм. Өөрсдөө толгойгоо ажиллуул л даа, найзууд аа. Жаахан ч гэсэн, жижиг ч гэсэн хүнд өгөөжтэй монгол контент хийгээд гарга л даа. Бүх боломж л байна. Тэгээгүй байж л манайх бут авчихлаа энэ тэр гэдэг. Монгол сэтгэхүй байхгүй. Тэдэн шиг алттай, банкаар тэжээлгэдэг бол амар л байна ш дээ. Хэдэн зуун ам.доллар хусч халаасалчихаад бэлэн юм авчраад гаргачихна. Надад даанч тийм сонирхол алга. Мөнгө алга. Тэгээд ч хэнд хэрэгтэй юм.

-Телевизүүдийн судалгааг харж байхад үзэгчдийн эрэлттэй мэдээний хөтөлбөрт 25 дугаар суваг телевиз эхний гуравт олон жил бичигдэж байна. Энэ бас л нэг бодлого биз?

-Бодлого.Бодлогогүй юм гэж байхгүй. Бид хэнээс ч хараат бус, хэнээс ч юм асуудаггүй гэж би хэлсэн. Заавал энэ сайд тэглээ, тэр гишүүн тэгж тууз хайчиллаа гэсэн хэдэн балай протоколийн мэдээ хэнд хэрэгтэй юм. Ард түмний амьдралд ямар ч нэмэргүй. Илүү цонхны цаадах бодит амьдрал хэрэгтэй. Удирдлагуудын хэлээд байгаа тоон статистик мэдээлэл үнэн байна уу, худлаа байна уу, амьдрал дээр нийцэж байна уу гэдгийг л бид тодорхой болгож яг бодит байдал дээр ийм байна шүү гэдгийг л мэдээлэх үүрэгтэй. Гудамж руу гарч мэдээллийг бэлтгэх ёстой. Тэрнээс төрийн ордонд хэдэн яам тамгын газрын үүд сахиж болсон болоогүй газрын дарга нарын худлаа мэдээллийг гаргах юм бол цагийн гарз, мөнгөний гарз биз дээ. Тэгэхээр тэр мэдээг яагаад хүмүүс их үзээд байна гэхээр арай л бодитой амьдралд ойр байна л гэсэн үг. Энэ асуудлаас яаж гарах юм гэдэг гарцыг бас хэлж өгөх ёстой. Тэрнээс нээрээ тийм байна даа, хөргөгчинд нь юм алга гээд хэвлэл мэдээлэл нь адилхан гаслаад байж болохгүй ш дээ. Тодорхой хэмжээний гарцыг үзэгчдэд зааж өгөх ёстой.

-Ойгоо тохиолдуулан үе үеийн уран бүтээлчдэдээ хандан юу хэлэх вэ?

-25 дугаар суваг телевизийн 25 жил гэж байна. Яахав хувьцаа эзэмшдэг хэдэн хүний идеа санаа явж л байгаа байх. Эцсийн эцэст энэ чинь уран бүтээлчдийн ур ухаан, сэтгэлгээ минийх, манайх гэсэн сайхан сэтгэл дээр 25 дугаар суваг телевиз оршин тогтнож өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Санаа нийлсэн сайхан уран бүтээлчдийн баг байгаагүй бол энэ телевиз өнөөдөр байгаа ч уу, үгүй ч үү. Хэн нэгний хараат хэтэвчинд орчихсон гөлөлзөөд л явж байх байсан. Үе үеийн залуучуудын нуур дээр гол ачаалал ирсэн. Тиймээс нэр хүнд ч бас үе үеийн уран бүтээлчдэд очно. Тэгэхээр сайн ч уран бүтээлчид, сайн ч команд байсан. Байх ч болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойтой холбоотойгоор Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувдтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил театрын 90 жилий ой тохиож байна. Таны хувьд театр амьдралын тань салшгүй нэг хэсэг. Анх театрт орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай Улсын драмын эрдмийн театр Монголын орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ахмад байгууллага. Ууган театрт тооцогддог. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Үнэн” жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй театр. Бид ахмадуудынхаа байгуулж байсан театрт 90 дэх жилдээ уран бүтээлээ хийж буй уран бүтээлчид. Анх байгуулагдсаныхаа дараа 1963 он хүртэл драм, дуурь, балет, хүүхдийн театрууд нэг театртай байлаа. Үүнээс хойш театрууд мэргэжлээрээ салж, өөрийн байртай болж тусгаарлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай театр 1981 онд Эрдмийн буюу академик цолоо авсан. Энэ бол манай ажлын онцлогтой дүйцдэг гэж би боддог. Яагаад гэхээр нэг жүжиг тайзан дээр тавихын тулд маш их судалгаа шинжилгээ хийдэг. Ер нь театрт уран бүтээл тавина, жүжигчид дүр бүтээнэ гэдэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр ажилладаг. Одоо манай театрт үндсэндээ дээд мэргэжлийн жүжигчид, боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Найруулагчид, жүжигчид, зураачид дээд боловсролтой, залуу боловсон хүчин ажиллаж байна. Энэ жил 90 жилийн ойгоо угтаад зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн уран бүтээлчдийн хэлтэс гэлтгүй захиргаа, үйлдвэрлэлийн зэрэг бусад хэлтэс албадуудад ажиллаж байгаа хүмүүс, мөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Цаашдаа туслах мэргэжлийн ажилчдаар бүрэн хангах шаардлага театрт байгаа. Гэрлийн инженер, дууны инженер, нүүр будагч, оёдолчин зэрэг бүгд нэгдэж байж театр гэж байгууллага бий болдог. Тиймээс бүх төрлийн туслах мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилгыг театр тавьж ажиллаж байна. Би 1973 онд театрт ажиллаж эхэлсэн.

1970-1973 онд Кино үйлдвэрт ажиллаж байгаад Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийг тавихад театрт Ларисагийн дүрд ирж ажилласан. Тэр жүжгийг тайзнаа тавьсны дараа орон тоогоор шилжиж ирж байлаа. Ийм л түүхтэй. Залуучуудтайгаа хамтраад одоог хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед таныг театрт ирэхэд алтан үеийнхнээс хэн хэн ажиллаж байв. Алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг их сургууль төгссөний дайны мэдлэг, чадвар хуримтлуулдаг гэж ярьдаг шүү дээ?

-Байлгүй яахав. Долгорсүрэн, Лхадолгор, Хандсүрэн, Цэвээнжав, Цэрэндулам гуай гэх мэтчилэн манай алтан үеийн ахмад уран бүтээлчид ажиллаж байсан. Алтан үеийнхэнтэй хамт ажиллах аз завшаан надад тохиолдсон. Тэднээс их юм сурсан. Ер нь манай жүжигчний мэргэжил гэдэг сургууль төгссөнөөр ч жүжигчин болчихгүй. Бүх амьдралынхаа туршид л сурч, судалж мэдэж байж л энэ ажлыг хийдэг болохоор залуучуудтайгаа, ахмадуудтайгаа хамт ажиллаад явж байна.

-Театрт ажилд ороод тухайн үедээ үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй дотно найз нөхөд байв?

-Бидний үеийнхэн гэвэл Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран гээд олон сайхан уран бүтээлчид бий. Манай үеийнхэн 1980-аад онд театрын бас нэг гол хүч, тулгуур багана болж явсан. Яг л одоо үеийн залуучууд шиг бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явсан үе бий. Одоо бол залуучууд маань бидний халааг аваад ажиллаж байна. Үе үеийнхэн энэ театрт хамт ажилладаг уламжлал юм даа.

-Театрын уран бүтээлийн төлөвлөгөө жилээр гардаг байсан гэдэг. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй ажил байв уу?

-Тэр үед улсаас тавих жүжгийг төлөвлөөд, гарах зардлын төсвийг гаргаад өгчихдөг байсан. Тэрнийхээ хариуд “орлого тэдэн төгрөг ол” гээд төлөвлөгөө тавьчихдаг. Би 1973 оноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа манай театр төлөвлөгөөг давуулан биелүүлнэ үү гэхээс тасалж байсан түүх бол мэдэхгүй. Уран бүтээлийг яг цаг тухайд хийдэг. Орлогын төлөвлөгөөг ихэвчлэн давуулж биелүүлдэг. Бүх ард түмний социалист уралдаанд манай театр эхний гурван байраас ухарч байсан удаагүй шүү.

-Төлөвлөгөөт энэ их ажлын хажуугаар дэлгэцийн томоохон бүтээлд ажиллана гэдэг бас л амаргүй ажил санагдаж байна. Хатуу салхилга баттай үед хувийн уран бүтээлийн ажлыг хэрхэн зохицуулдаг байв?

-Бүх юм төлөвлөгөөтэй, бодлоготой. Театрын уран бүтээлийн хажуугаар кино уран бүтээлд тоглох бололцоотой бол чөлөөлж өгдөг. Бололцоогүй бол чөлөө өгдөггүй байсан. Тийм хууль театрт одоо ч бий. Тийм учраас театрынхаа ажлыг амжуулахын хажуугаар бололцоо гарвал кино уран бүтээлд ажилладаг байсан. Хамгийн урт хугацаагаар (хоёр жил) ажлаас чөлөөлөгдөж явсан дэлгэцийн уран бүтээл бол “Мандухай сэцэн хатан” кино байсан.

-Та “Мандухай сэцэн хатан” кинонд 41 настай байхдаа тоглож байсан гэдэг. Бүтэн хоёр жил ажлаас чөлөөлөгдсөн гэхээр асар өргөн хүрээтэй баг ажиллажээ?

-Тийм 40 настай л байсан байх. Нэг жил бэлтгэл, нэг жил яг кино зураг авалтаа хийсэн байдаг.

“Мандухай сэцэн хатан” киног одоо ч Монголын ард түмэн огшиж үздэг. Одоо үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд алдах онох зүйл бишгүй л байсан болов уу?

-“Мандухай сэцэн хатан” киноны талаар элэгдтэл хуучиртал зөндөө л ярьсан. Кино гэдэг чинь тамгалагдаад л гарчихдаг. Араас нь засах аргагүй байдаг. Театрын онцлог нь засаж болно, нэмж болно, шинээр юм олж болно. Киног тэгэх арга байхгүй. Ямар болсон түүгээр нь хүлээж авахаас өөр боломжгүй. Одоо “Мандухай сэцэн хатан” киног үзээд нэг их тэгдэг байж, ингэдэг байж гэдэггүй. Сэтгэлд хүрэхгүй байгаа хэсэг байлгүй л яахав. Нэгэнтээ чиний чадал тэр, хийсэн чинь тэр. Тэрийг байгаагаар нь хүлээж авах аргагүй ш дээ, тийм ээ. Тэрнээс би тэр хэсэгт ингээд хийх байсан юм, тэгээд болоогүй юм гээд зарлаад гүйгээд байх зүйлгүй.

-Та залуу уран бүтээлчдэдээ хандаж юу зөвлөж, хэлдэг вэ?

-Тийм юм хийх гэсэн юм хэлээд, зөвлөөд өгөөч гэвэл мэдээж чадах чинээгээрээ туслахыг бодно. Би нэг их ийм шавьтай гэж ярих дургүй. Жүжигчний мэргэжил сурч болдог, сургаж болдоггүй. Хүн өөрөө хэнээс ч хараад сураад өөрийгөө баяжуулаад боловсруулаад л байвал жүжигчин болно. Ямар ч алт шиг багш байгаад тэрнээс өөрөө л юм авч чадахгүй бол тухайн багш чиний сэтгэл зүрх, оюун ухааныг орлоод ажиллахгүй учраас өөр арга чарга байдаггүй. Зүгээр өөрийнхөө мэдэх, чадах зүйлийг хэлдэг, тусалдаг. Тэрийг багш гэж үнэлэх нь тухайн хүний л асуудал. Тэр хүн л миний шавь гэж бодоод багшаа гэж үнэлж байвал тэгээд л боллоо. Надаас дөрөв, таван жил юм сураагүй бол би хичнээн багш гэж бархираад яахав дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

СТА Г.Амгаланбаатар: “Хаадын хаан”-д их хааны дүрийг бүтээх хувь тохиолоо гэж биширч, сүсэглэж байна

Өнөө жил Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг тайзнаа амилуулахаар дүрийн сонгон шалгаруулалтаа хийж уран бүтээлчид бэлтгэлдээ аль хэдийнэ гараад байна. “Хаадын хаан” жүжгийн ерөнхийнайруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар (Төрийн соёрхолт, УГЗ), зохиолчоор Б.Цогнэмэх (МЗЭ-ийн шагналт), ерөнхийзураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг (СТА), хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од (УГЗ), хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа (СТА) болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. “Хаадын хаан” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнэтэй болохыг үзэгч олонд мэдрүүлэхээр УДЭТ-ынхан зорьж байна. Ингээд тус жүжгийн уран бүтээлчидтэй бэлтгэлийнх нь үеэр сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.

Чингис хааны дүрд СТАГ.Амгаланбаатар: ХААДЫН ХААН-Д Их хааны дүрийг бүтээх хувь тохиолоо гэж биширч, сүсэглэж байна

Хаадын хаан жүжгийн гол дүр буюу Их эзэн Чингис хааны дүрийг та тайзнаа бүтээхээр сонгогджээ. Ялангуяа Монголын түүхийн гол бахархал болсон энэ том дүрийг та хэрхэн амилуулахаар ажиллаж байна вэ?

-Тэгэлгүй яахав. Хаадын хаан буюу Их эзэн Чингис хааныхаа дүрд тоглох том хувь тохиолоо. Дотоод сэтгэлдээ маш их баярлахын хажуугаар их хүндэтгэж, сүрдэж хүлээж авч байна. Мэдээж хүн бүхний сэтгэлд их хааны маань дүр янз бүрээр төсөөлөгддөг. Монголын сор болсон олон уран бүтээлчид өөр өөрсдийн өнцгөөр хааны дүрийг бүтээсэн байдаг.

Харин миний хувьд өмнө нь тоглож байсан ахмад алдартай жүжигчдээс ялгаруулж арай өөр өнцгөөс гаргах шаардлага гарч байна. Би яг ингэж бүтээнэ, ингэж дүрээ гаргана гэж хэлэхэд эрт байна. Ямар ч байсан бодож төлөвлөж төсөөлж байгаа зүйл бий. Тэр маань жүжиг бэлэн болоод тайзан дээр тоглогдох үед харагдах байх аа. Маш их хүндэтгэл, бишрэл, сүсэгтэйгээр л дүрээ хүлээж авч байна даа.

-Чингис хааны дүрийг ихэвчлэн дэлгэцээр бүтээснээр нь бид төсөөлдөг. Тэгэхээр дүрийг дэлгэцээр, эсвэл тайзнаас үзэгчдэд хүргэх асар ялгаатай биз?

-Ялгаатай л даа. Тайзны хувьд гэвэл өмнө нь тайзан дээр манай Ардын жүжигчин Сосорбарам ах “Атга нөж” жүжгээр их хааны дүрд тоглосныг та бүхэнд мэдэж байгаа. Энэхүү жүжиг “Нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн. Тухайн үед би Чингис хааны хайртай хоёр дахь хүү болох Цагаадай хааны дүрд тоглож байсан. Харин энэ удаа Их хааны дүрд тоглож буйдаа олзуурхаж байна. Тайз, дэлгэцэнд бүтээж байсан Чингис хааны олон дүрээс бас нэг өөр байдлаар ялгарч, өөрийн гэсэн онцлогоо харуулахыг л зорьж хичээж байна даа.

Гүр хаан Жамухын дүрд СТАМ.Түвшинхүү:

Жамухын дүрийг хүлээжавахдаа туйлын их баярласан.

-Жамухын дүрийг Чингис хааны дүртэй эн зэрэгцэхүйц дүр гэдэг. Таны хувьд Жамухын дүрийг хэрхэн гаргахаар дотроо зураглаж байна вэ?

-Жамухыг яг тодорхойлсон тодорхойлолт түүхийн тал дээр бүдэг байдаг. Тэгэхээр нэг ёсондоо дэлгэцийн биш, тайзны бүтээл учраас Жамухын характер талын тодорхойлолтыг гаргах боломж бүрдэж байна. Энэ дүрийг найруулагч бодож учиртай өгсөн байх. Түвшинхүү 1.93 см өндөртэй жүжигчин. Биеийн харьцааг харж байгаад өөр жүжигчинд өгч болно. Найруулагч яагаад надад Жамухын дүрийг өгөв. Би бодохдоо намайг энэ дүрийг арай өөрөөр бүтээгээсэй, үзэгчдэдээ харуулаасай гэж хүссэн байх. Би анх Жамухын дүрийг хүлээж авахдаа туйлын их баярласан.

-Яагаад?

-Би ерөөсөө Жамухын дүрийг авна гэж бодоогүй. Жүжигчин хүний хувьд биеийн харагдах байдал ондоо дүрүүд харагдана. Гэтэл Жамухын дүрийг надад өгөхөөр их сонирхолтой санагдаж байна. Одоо би юу бодож байна гэхээр энэ жүжгийн Жамуха гэдэг дүрээр Монголынхоо үзэгчдэд огт ондоо зүйл харуулах ёстой юм байна. Нэгдүгээрт характер, биеийн өгүүлэмж талаа барьж ажиллана. Дэлхийн түүхэн дэх хаадын хаан Чингис хааныг өндөрлөгт хүргэсэн ганц хүчин зүйл нь Жамуха гэдэг анд нь юм байна гэдгийг тод харуулъя л гэж бодож байна.

Бөртэ хатны дүрд залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ:

Бөртэ хатны дүрийг дотоод мөн чанар талаас нь түлхүү судалжбайгаа

-Юуны өмнө Бөртэ хатны дүрд сонгогдсонд баяр хүргэе. Дүрийн судалгаагаа хэрхэн хийж байгаа вэ?

-Бид уншлага, зохиолын задаргаан дээр ажиллаж байна. Жүжигчдийн харилцан уншлага хараахан эхлээгүй байгаа. Дүрийн судалгааг хийж байна. Монголчуудын зүрх сэтгэлд Чингис хаан, Жамуха, Бөртэ хатан, Өэлүн хатан өөр өөрийн дүрслэлээр оршиж ирсэн. Ялангуяа Бөртэ хатны тухай бидний сайн мэдэхээр “Бөртэ хатан Мэргэдүүдэд булаалгав” гэдэг дүрслэл бий. Тэгвэл үүнээс илүүтэйгээр Бөртэ хатан гэж дотоод талаасаа ямар хүн байсан, алив зүйлд хэрхэн ханддаг байсан, тэр хүний ертөнцийг үзэх үзэл ямар байв гэдэг талаас илүү гаргахыг хичээж судалж байгаа. Дотоод мөн чанар талаас нь түлхүү судалж байгаа гэх юм уу. Түүнчлэн Бөртэ хатны хүүхдүүддээ өсгөх ухаан, цаашлаад яагаад заавал Хонгирад аймгийн эмэгтэйчүүдээс хатан буулгадаг байсан зэрэг түүхийн судалгаа хийж байна. Судалгааны явцад Хонгирадын бүсгүйчүүд ухаантай, эрүүл, урт насалдаг, тус аймгийн эмэгтэйчүүдээс төрсөн ханхүү нар эрдэм чадалтай, хүмүүжилтэй байжээ гэсэн судалгааг хийгээд явж байна.

-Таны хувьд театрт ороод жил болж байгаа хэдий ч түүхэн гол дүр авна гэдэг өөрийгөө харуулах маш том завшаан болов уу. Сэтгэл их хөдөлж байна уу?

-Маш их баяртай байгаа. Гэхдээ үүнийг дагаад маш их хариуцлага ирж байна. Бөртэ хатны дүрийг авлаа гэж баярлахад арай эрт байна л даа. Тухайн дүр үзэгчдэд маш сайн хүрсний дараа илүү баярлах ёстой гэж бодож байна.

Энэ дүрд сонгогдсондоо биш, жүжиг тавигдаж үзэгчдэд дүрээ хүргэж чадвал тэр л миний хувьд амжилт байх болно. Одоохондоо бол энэ дүрд намайг сонгож хариуцлага хүлээлгэсэнд баяртай байна.

УДЭТ-ын уран сайхны удирдагч УГЗН.Ганхуяг: Н.Наранбаатар найруулагч тайзан дээр тавигдах жүжгээ тархиндаа эхлээд дүрсэлчихдэг хүн

-“Хаадын хаан” жүжгийн бэлтгэлийг үндсэндээ сүүлийн хоёр жил хийсэн. Зохиолыг боловсруулах хамгийн гол ажил байлаа. 2011 онд манай театрт Б.Цогнэмэх зохиолчийн “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээл тавигдсан. Жүжиг үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэ удаа Б.Цогнэмэх зохиолчийн “Хаадын хаан” жүжгийг тайзнаа тавих гэж байна. Би Цогнэмэх зохиолчийг их үнэлдэг. Орчин үед жүжгийн зохиол бичдэг хүн ховор болсон. Бичиж байгаа нь уран зохиолын хэлээр бичигддэггүй. Хар ярианы, зээлдмэл үг манай монгол хэлэнд их орж ирсэн. Тэгвэл Цогнэмэх бол цэвэр монгол хэлээрээ бичдэг зохиолч байгаа юм. Уран зохиолын нэг төрөл бол яах аргагүй жүжгийн зохиол. Тэгэхээр Цогнэмэхийн хувьд нэгт их монгол хэлээ дээдэлж, цэвэр монгол хэлээр, хоёрт уран зохиолын хэлээр бичдэг зохиолч гэдгээр нь би их үнэлдэг. Гуравт Монголын түүхээ маш их судалсан зохиолч гэдгээрээ онцлогтой. Тайзнаа тавигдаагүй ч түүхэн туульсын сэдвээр бүтээл их бий. Зохиол бичих бол нэг хүний тархиар гарсан зүйл. Үүн дээр найруулагчийн концепци чухал. Яагаад хоёр жил болсон юм гэхээр найруулагч Наранбаатар зохиол бичигдэхээс эхлээд дуустал хамт ажилласан. Олон удаагийн театрын гадаад, дотоод уран сайхны зөвлөлөөр засаж сайжруулсан бүтээл. Уг зохиолын онцлог эзэн Чингис хааны амьдарч байсан үеийг урлаг, уран зохиолын хэлээр илэрхийлнэ. Цэвэр түүх барихгүй, гэхдээ түүхээс гажихгүйгээр бүтээлийг тайзнаа тавих юм. Манай Наранбаатар найруулагч тайзан дээр тавигдах жүжгээ тархиндаа эхлээд дүрсэлчихдэг хүн. Үүнийхээ дагуу дүр сонголтоо хийдэг онцлогтой. Хамт олноороо анхны уншлагаа хийхэд сайхан жүжиг болох нь ээ гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Түүнчлэн уг бүтээлийн хөгжмийн онцлогоос дурдвал хөөмий, морин хуур зэрэг үндэсний язгуур урлагийг өргөн хүрээнд ашиглана гээд яриад байвал олон сайхан зүйлийг энэхүү уран бүтээлээр дамжуулж ард түмэндээ хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу: Бидний төлөвлөсөн ажил бодитажил болоход ковидоос шалтгаалсан саад тотгор байна. Гэвчзүгээр суухгүй

-2021 он бол Монголын соёл урлагийн салбарт, тэр дундаа УДЭТ-ын хувьд түүхэн жил болж байна. Монгол Улсад орчин цагийн театрын урлаг хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо угтаж олон ажил зохион байгуулахаар манай театрын ажлын хэсгүүд гарсан. Тав, зургаан ажлын хэсэг чиглэл чиглэлээрээ ажиллаад явж байна.

УДЭТ тэгш ойгоороо томоохон хэмжээний бүтээл тайзнаа туурвидаг онцлогтой. 2011 онд театрын 80 жилийн ойгоор “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тайзнаа тавьж байсан бол энэ жил 90 жилийн ойгоор “Хаадын хаан” түүхэн жүжгийг тавихаар бэлтгэж байна. Ганц асуудал нь ковидын халдвар л байна даа.

Бидний төлөвлөсөн ажил бодит ажил болоход ковидоос шалтгаалсан саад тотгор байна. Гэвч бид зүгээр суухгүй. Театрын түүхэн хөгжилтэй холбоотой хоёр ч дурсамж, дурдатгалын ном хэвлүүлж байна. Үндсэндээ хэвлэлтэд ороход бэлэн болоод байна. Энэ бол театрынхаа 90 жилийн түүхийг товчоолон үлдээж байгаа ажил. Нөгөө талаар мэргэжлийн урлагийн томоохон байгууллагын хувьд уламжлалын дагуу зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг тавихаар тайзны бэлтгэл ид явагдаж байна. Сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү уран бүтээлийг театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ахлаад ажиллаж байна. Засгийн газар, яамны зүгээс хамтарч ажиллаж байгаа. Нэн тэргүүнд урлагийн салбар бие даасан Соёлын яамтай болсонд маш их баяртай байгаа.

Бидний төлөвлөгөөгөөр “Хаадын хаан” жүжиг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно. Гэхдээ Засгийн газраас он дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгачихсан учраас тайзнаа яг хэдийд тавигдах нь урьдчилж хэлэх боломжгүй байна. Ямартаа ч бид уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зорин ажиллаж байна.

Жүжгийн дүрүүдэд:

Тэмүүжин – Чингис хаанд СТАГ.Амгаланбаатар /дублёр дүрд СТАБ.Шинэбаяр

Гүр хаан Жамухад СТАМ.Түвшинхүү

/дублёр дүрд О.Майдарравжаа

Бөртэ хатанд Залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд залуу жүжигчин Д.Хулан

Өэлүн эхэд МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд Б.Золзаяа

Хавт Хасарт – СТАД.Баттөмөр

Тоорил хаанд – МУГЖ Б.Жаргалсайхан

Бэлгүтэй – залуу жүжигчин Ц.Дашнамжил

Мөнгөлөнгоо Жамухын хатанд – Хатны бага насанд залуу жүжигчин Т.Анхзул

Хорчи бөөд – МУГЖ С.Болд-Эрдэнэ

Нэүдэйн Цагаан гоод – АЖ П.Цэрэндагва

Боорчид жүжигчин Ц.Жаргалсайхан

Мухулайд – залуу жүжигчин Ц.Рагчаа

Хулан хатанд – залуу жүжигчин О.Хонгорзул

Сэнгэмд – СТАГ.Алтангэрэл

Мэнлиг эцэгт – СТАЖ.Пүрэвдорж

Хоогчин эхэд – СТАЦ.Баясгалан/ дублёр дүрд жүжигчин П.Мягмарсүрэн

Чилэгэр бөхөд – залуу жүжигчин О.Самданпүрэв

Жафар худалдаачинд жүжигчин Г.Ганбат

Алтанд – жүжигчин Т.Сэргэлэн

Хучирт – СТАБ.Золжаргал

Сочигэл эх – Д.Асардарь

Жахаа амбууд жүжигчин О.Итгэл

Аргасун Хуурч -О.Майдарравжаа

Сача бэхид жүжигчин Ц.Төгсбилэгт

Зэвд залуу жүжигчин – Ц.Анхбаяр

Сорхон шард – МУГЖ С.Болд-Эрдэнэ

Хадаанд – СТАМ.Тогтохжаргал

Даридай Отчигинд – СТАО.Гэрэлсүх

Хөхөхчү бөөд – СТАО.Гэрэлсүх

Зэлмэд – О.Майдарравжаа

Сүбээдэйд – СТАБ.Шинэбаяр

Таргудайд – залуу жүжигчин Б.Ганзориг

Хулангийн аав Дарүсүньд – АЖ Г.Равдан

Савдагт – СТАН.Баярмаа

Есүгэнд – залуу жүжигчин Г.Идэрмаа

Есүйд -СТАГ.Номуун

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Солонго: Оюутан, залуучуудад хичээлийн хажуугаар болон ээлжээр ажиллах боломж их байна

Pizza hut” брэнд оюутнуудыг дэмжих Зорилготой “Орлоготой Оюутан” хөтөлбөр зарлажээ. Тодруулбал, сургууль, мэргэжил, курс, хүйс харгалзахгүй хичээлийнхээ хажуугаар ажиллах хүсэлтэй хүн бүхний дунд нээлттэй ажлын байр зарласан байна. Хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 25, 26-нд явагдсан бөгөөд хичээлийнхээ хажуугаар ажил хийх сонирхолтой маш олон оюутан ханджээ. Хөтөлбөрийн талаар Таван Богд Фүүдс Пицца ХХК-ийн Хүний нөөцийн албаны дарга Г.Солонгоос тодрууллаа.


-“Орлоготой оюутан” хөтөлбөрийн гол зорилго юу вэ?

-Манай компанийн хувьд оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ирээдүйд ажлын байранд гарахад нь тодорхой хэмжээний ажлын туршлагатай болгож бэлдэх, сургуулиа төгссөн хойно нь Таван Богд Фүүдс Пицца компанид албан тушаал дэвшин ажиллах боломжоор хангах зорилготой. Үүний тулд оюутнууддаа хичээлийнхээ хажуугаар ажиллах уян хатан цагийн хуваарийг санал болгож байгаа нь гол онцлогтой.

-Хэчнээн ажлын байр байгаа вэ?

-Бид хэрэглэгчдэдээ илүү ойртох зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ салбарууд нээж байна. Шинэ салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор хүргэлтийн жолооч, салбарын ажилтан, үйлчлэгч зэрэг нийт 100 гаруй ажлын байр нээлттэй байна. Мөн удирдах түвшний ажилтан буюу салбар хариуцсан ээлжийн менежерийн орон тоо ч шинээр бий болоод байгаа юм.

-Танайд ажилд орсноор оюутан залууст ямар боломжууд нээгдэх вэ?

-PIZZA HUT-н хамт олонд нэгдсэнээр , хичээлийн цагийн хуваариа тааруулан ээлжээр ажиллах уян хатан нөхцөл, өөрийнхөө гэрт ойр салбарт ажиллаж, ирж очих цагаа хэмнэнэ. Үүнээс гадна хамт олон, найз нөхдийн хүрээллээ тэлэх, хамт олонтойгоо хамт урлаг спортоор хичээллэж цагийг зугаатай өнгөрүүлэх, олон улсад өрсөлдөхүйц ур чадварт суралцах, сургалт хөгжлийн шаталсан хөтөлбөрт хамрагдах, ажлын байрны зэрэг ахих, цалин нэмэгдэнэ. Мөн олон улсын уралдаан тэмцээнд оролцож, бусад орны залуустай өрсөлдөх, үндсэн ажилтан болж, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, цар тахлын хүнд энэ үед тогтвортой ажлын байртай, орлоготой байх зэрэг маш олон давуу тал, боломж залууст маань нээгдэнэ.

-Ер нь залуучууд хэр тогтвортой ажилладаг вэ. Нийгэм цаг үеэ дагаад хандлага нь өөрчлөгдөж байна уу?

-Нэг үеэ бодвол залуучуудад маань ажил хийх боломж нь маш олон болжээ. Хичээлийн хажуугаар болон ээлжээр ажиллах боломж их байна. Тиймдээ ч оюутан залуус орлоготой байх, хамт олон, найз нөхдийн хүрээллээ тэлэх, ажил хийж хувийн зохион байгуулалтаа сайжруулах, нийгмийн идэвхтэй байх хандлага ажиглагдаж байна. Манай компанид ажилсаг, нийтэч, урлаг спортод сонирхолтой,эерэг хандлагатай олон залуус хандаж, нэг баг хамт олон болж ажилладаг. Манайд оюутан байхаасаа л ажиллаж, сургуулиа төгсөөд салбарынхаа менежерээр дэвшин ажиллаж байгаа залуус нэлээд их бий. Тухайн хүнд суралцах, өсөн дэвших хүсэл сонирхол нь байвал гал эрмэлзэл дүүрэн ажилтнуудаа бид үргэлж дэмжиж, урамшуулж ажилладаг даа.

-Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг. Тиймээс дөнгөж ажлын байранд гарч буй залуустаа хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд л хүргэлтийн үйлчилгээ их эрэлттэй болоод байна. Энэ цаг үед урт хугацаандаа үр өгөөжөө өгөх, ажлын байраа хадгалж чадах, цалин хөлсний цогц бодлоготой, ажилтнуудынхаа эрүүл мэнд, карьер хөгжлийг тодорхойлсон, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байгууллагыг сонгон ажиллах нь зүйтэй. Бусад байгууллагуудыг ч мөн эх орны ирээдүй болсон залуучуудаа дэмжин ажиллаарай гэж уриалмаар байна. Харин залуучууддаа хандан хэлэхэд, ажилд орох байгууллагаа маш сайн судалж сонгоод, сонгосон байгууллагадаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж,эргээд өөрөө хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж амьдраарай гэж хэлмээр байна.

Ер нь залуучууд ажил голохгүй хийгээд сурчихвал ачаалал дааж сурдаг. Энэ нь ирээдүйн амжилтад хүрэх хамгийн гол чанар юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганбат: Олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно

МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийм дэд профессор Б.Ганбат Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын дүнг үндэслэн аймгуудыг байр эзлүүлж сонирхолтой судалгаа гаргажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-ЭЕШ-ын эхний таван байрыг орон нутаг тэргүүлсэн байна. Та энэхүү жагсаалтынхаа талаар дэлгэрүүлэхгүй юү?

-ЭЕШ-ийн дүнг гаргахдаа би медиан оноо (дундаж оноо) ашигласан. Аливаа юмыг эрэмбэлэхдээ ашигладаг оноо л доо. Бүх хичээл дээр 100 онооны шалгалт авдаг. Голын оноо буюу медианыг бодохдоо 101 хүүхэд шалгалт өгөхөд 51 дэх хүүхэд хэдэн оноо авсан юм бэ гэдгээр дундаж оноог тодорхойлно.Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зарим аймгууд байр урагшилсан үзүүлэлттэй байхад зарим нь буурсан харагдаж байна. Тухайлбал, Архангай аймаг өнгөрсөн жилийнхээс долоон байраар ухарсан бол Багануур долоон байраар урагшилсан байна. Хамгийн өсөлттэй нь буюу 12 байраар урагшилсан нь Баянхонгор аймаг. Хамгийн их байр ухарсан нь Өмнөговь аймаг. Өмнөх жилүүдэд тус аймаг маш сайн өсөлттэй байсан ч энэ жил олон байраар ухарсан үзүүлэлттэй байна. Мөн Сүхбаатар аймаг байна. ЭЕШ-ын чанар буурсан нь цар тахалтай холбоотой байж ч болох юм. Говьсүмбэр, Хөвсгөл аймаг өмнөх жилээс есөн байр ахиулсан байна.

-Тогтмол сайн үзүүлэлттэй ямар аймгууд байна вэ?

-Өвөрхангай, Дорнод аймгууд тогтмол амжилт үзүүлж байгаа. Мөн Орхон аймаг сайн үзүүлэлттэй байсан бол энэ жил найман байраар ухарсан байх жишээтэй. Ер нь Өвөрхангай, Дорнод, Орхон, Багануур тогтвортой амжилттай оролцдог. Гэхдээ өнгөрсөн жил Багануур нэлээд ухарсан үзүүлэлттэй байсан ч энэ жил сайн дээшилсэн байна.

-Улаанбаатар сүүлээсээ гуравт бичигдсэн. Тэгэхээр орон нутгийн сургуулиуд нийслэлийн сургуулиудаас илүү боловсрол олгож байна гэсэн ойлголт нийтийн дунд төрөөд байгаа. Ингэж ойлгох нь зөв үү?

-Медиа оноогоор харахад яалт ч үгүй орон нутаг Улаанбаатараас илүү үзүүлэлттэй байна. Орон нутаг дотроо арай нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй байгаа юм. Сумд нь, аймгийн төв нь ямар байна гэдгийг бүр нарийвчилж гаргах ёстой. Харин хот дотроо дүүрэг, хороогоор нь нарийвчлах хэрэгтэй. Нэгдүгээр сургууль, Хоёрдугаар сургууль ямар оноо авсан гээд задлаад ирэхээр тодорхой болно.

-Энэ мэдээлэл Боловсролын үнэлгээний төвд уг нь гарчихсан байгаа биз дээ?

-Гарчихсан байгаа. Гэхдээ бидэнд хамаагүй нарийвчилсан мэдээг өгдөггүй. Сургууль хариуцсан багш хүсэлт тавьсан тохиолдолд харж болдог юм билээ. Миний хувьд ЭЕШ-ын дүнгийн ерөнхий листийн ил тавьсан мэдээллийг харж жагсаалт гаргасан.

Уг нь мэдээллийг нээлттэй болгоод хүмүүс олон талаас нь харж дүгнээд нарийвчилсан мэдээллийг хийж хаанаа тааруу байна, тэнд сайжруулалт хийх ёстой шүү дээ. Нөгөө талаас нийслэл дундаа захын хорооллын дүүргүүдийн үзүүлэлт маш муу байна. Хөдөө сумын сургуулиас дор орчин нөхцөлтэй сургуулиуд захын хорооллоор зөндөө бий. Юун сайн боловсрол олгох гал түлж сургуулиа халаадаг, гадна жорлонтой гээд асуудал мундахгүй газар их. Нийслэлийн төв рүү сургалт сайтай сургууль мэдээж бий. Гэхдээ нийтэд хүрэлцээтэй биш учраас нийслэл нийтээрээ муу үзүүлэлттэй гарч байгаа юм. Боломжтой хүмүүс нь хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгч хол ч байсан машинаар зөөдөг.Үүнийг юунаас харж болох вэ гэхээр сурагчдын амралт эхлэхээр хөдөлгөөн буурч, хичээл орохоор хөдөлгөөн нэмэгддэг. Нэг талдаа үүнийг буруутгах аргагүй. Боломж нь байвал хүүхдээ сайн сургуульд сурахыг л бодно шүү дээ.

Б.Ганбат багшийн нарийвчилан гаргасан жагсаалт

-Тухайлбал, 1, 11 дүгээр сургуулиудад сургалт сайтай гэж эцэг, эхчүүд өндөр хахууль өгч хүүхдээ оруулдаг гэдэг. Гэтэл ЭЕШ-д өнөөх сургуулиудын сурагчид орон нутгийг давж гарч ирэхгүй байна уу даа гэсэн нийтийн хардлага үүслээ?

-Надад өнөөх яриад байгаа нарийвчилсан мэдээлэл байхгүй болохоор таамгаа хэлье. Хэрвээ нарийвчилсан мэдээлэлтэй бол сургуулиар нь ямар үзүүлэлттэй байна гэдгийг олон нийт шууд харчих байхгүй юу. Нэг, 11, 23 дугаар сургуулиуд ЭЕШ-д сайн оролцсон байх. Гол нь захын сургуулиудын сургалтын чанар муу байгаа учраас нийтээр нь доош дараад байгаа болов уу. Гэхдээ орон нутгийн сургуулиуд яалт ч үгүй сайн гэдгийг бид харлаа шүү дээ. Лаборатори сургуулиуд, Кембирижийн хөтөлбөртэй сургуулиуд яагаад сайн байх ёстой юм гэхээр сайн хүүхдүүдийг шилээд авчихдаг. Яг олимпийн систем шиг багаас нь тамирчдаа шигшиж аваад тусгай бэлтгэл хийхээр мэдээж өндөр амжилт үзүүлнэ. Гэтэл тэр алслагдсан суманд байгаа хүүхэд яаж ч бэлтгэл хийгээд шигшээ багийн тамирчин шиг болохгүй. Энэ чинь л боловсролын тэгш бус байдал. Тиймээс багаас нь сайн хүүхдүүдийг шигшиж аваад тусгай хөтөлбөрөөр бэлтгэчихсэн дээрх сургуулийн хүүхдүүдийн амжилт өснө үү гэхээс хэзээ ч буурахгүй нь тодорхой шүү дээ.

-Эндээс харахад хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлье гэвэл бараг сайн сургалттай аймаг руу нүүмээр ч юм шиг санагдах юм. Та ч энэ талаар сэтгэгдэлдээ тусгасан харагдсан?

-Өвөрхангай, Дорнод гээд тогтмол амжилт үзүүлдэг аймгууд байна. Хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгнө гэж хэдэн саяар нь мөнгө төлж, түгжрэлд стресстэж цагаа үрэхээр бараг орон нутагт зарлага багатай, амгалан тайван орчинд сургах зүгээр ч юм шиг. Хүүхдийн сургалтад орчин нөхцөл маш их нөлөөлдөг. Тэгэхээр 30, 40 саяар сургуульд сургах уу, хөдөө орон нутагт ялгаагүй боловсролыг зардал багатай олгох уу гэдгийг бас бодох л хэрэгтэй. Англи хэлний дээд оноог орон нутгийн сурагчдаас олон хүүхэд авч чадаж байна шүү дээ. Товчхондоо олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно

-Жилд өчнөөн саяар нь төлж англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг авдаг. Гэтэл орон нутгийн сургуулийн захын нэг багшийн бэлдсэн хүүхдүүд дөрөв, таваараа математикийн хичээлийн дээд оноог авсан байсан. Тэгэхээр сайн боловсролыг үнэтэй сургуулиас илүү чадвартай багш л олгодог юм байна. Тийм үү?

-Боловсролын систем гэж юу юм бэ гэдэг чинь энэ. Ганцхан сайн багш орчиндоо маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Сайн багш нараас суралцах ёстой. Гэтэл хотын захын сургуулиудын зарим багш нар “Манай сургууль угаасаа муу” гээд сэтгэл гаргаж ажиллахгүй, сурагчдыг зөнд нь хаячихдаг. Бид багш нарыг чадваржуулах ёстой. Боловсролыг жигд түгээх ёстой. тусгай хөтөлбөрөөр ялгаж сургахаас илүүтэйгээр багш, суралцагч хоёрыг аль алийг нь сайжруулах ёстой. 20 жилийн өмнө бид бараг гар утас гэж мэддэггүй байлаа. гэтэл технологи үсрэнгүй хөгжөөд өнөөдөр гар утасгүй, интернэтгүй хүн үгүй. Юм ингэж хурдацтай хөгжиж байхад манайхан багш нараа хөгжүүлэх, чадваржуулахаа орхигдуулчихсан. Хуучны арга барилаараа яваад байна.

-Багш, суралцагч хоёрыг зэрэг сайжруулахын тулд яах ёстой юм бэ?

-Манайхан багшаа сургая гэхээр хотоос нэг багш аваачиж семинар хийдэг. Аймагт байрлуулахын тулд буудал, хоол унд гээд зардал гаргадаг. Түүнчлэн сумдаас багш нараа цуглуулж авчирна гээд асар их үнэгүй зардал гаргадаг хэрнээ үр дүн муутай. Тэгвэл одоо цахим системийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Цахим сургалтыг дутагдалтай гэдэг ч ололттой тал үүнээс их. Харин танхимын сургалтад дутагдалтай тал бас бий. Тухайн хичээлийг орж буй багшийн хичээл зүтгэлээс бүх зүйл хамаардаг. Танхимаар хичээл орж байгаа үед багш хичээлээ цагтаа багтаахын тулд заагаад дуусгана уу гэхээс сурагчдын асуултад нэг бүрчлэн хариулах, харилцан ярилцах боломжгүй байдаг. Энэ бол сул тал. Тэгвэл цахим, танхим хоёрыг хослуулах хэрэгтэй. Ингээд ирэхээр нэг сайн багшийн хичээлийг хүүхэд ч үзнэ. Багш ч үзнэ. Аль аль нь сайжирна. Иймэрхүү байдлаар бүгдээрээ зэрэг сурах ёстой. Танхимд байгаа багш цахим сургалтын дутагдалтай талыг нөхнө. Сурагчдын асуултад хариулна, даалгавар өгнө, шагална. Үнэгүй зардал гаргаж семинар хийх байдлыг халах хэрэгтэй.

-Ер нь ЭЕШ-ын чанарын үзүүлэлт өмнөх жилүүдээс өссөн үү, буурсан уу?

-Нэгдсэн байдлаар харахаар буурсан үзүүлэлттэй байна. Яг одоогийн байдлаар хичээл бүрээр нарийвчилж гаргахаар сууж байна. Жишээлбэл, математикийн хичээлийн голч оноо энэ жил 22. Өнгөрсөн жил голч нь бараг 23 оноо байгаа. Өмнөх жилийнхээс математикийн шалгалт өгсөн хүүхдүүдийн чадвар буурсан байна гэж ойлгож болно.

-Боловсролын чанар улсын хэмжээнд буураад байна л гэсэг үг биз дээ?

-Тийм. Нөгөө талдаа хүүхдүүд хангалтгүй оноо аваад байгаа нь шалгалтын материал чанаргүйжиж байгаатай холбоотой. Өмнөх жилүүдийн шалгалтын материалыг хооронд нь харьцуулж үзээд түвшинг тодорхойлж, сул байвал чанаржуулах хэрэгтэй.

-Энэ жил хими, физикийн шалгалт өгсөн хүүхдийн тоо болоод онооны үзүүлэлт бараг зэрэг өссөн үзүүлэлттэй гэж байсан. Сүүлийн хоёр жил эмчийн мэргэжлээр сурвал төрөөс төлбөрийг хөнгөлнө. Ер нь цаг үетэй холбоотойгоор эмч мэргэжил эрэлттэй байгаа нь нөлөөлсөн байж болох уу?

-Магадгүй. Яг энэ талаар холбогдох судалгаа хийж үзээгүй болохоор шууд тэгсэн гэж хэлэх боломжгүй. Эмч мэргэжил эрэлттэй, ажлын байр ихтэй юм байна гэсэн ойлголт үүсч болно.

-ЭЕШ өгсөн хүүхдүүдийн оноог бодохдоо хэмжээст оноо гэж яриад байгаа. Үүнд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэмжээст оноо медиан буюу дундаж оноо хоёр ялгаатай юу?

-Хэмжээст оноог болих хэрэгтэй. Энэхүү оноог хэвийн тархалтаар гаргадаг. Хэвийн тархалтад зориулаад хийчихээр хэмжээст оноогоор хэвийн юм шиг харагдана. Хэвийн юм шиг харагдуулж хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулна. Гэтэл медиан буюу дундаж голч оноогоор нь аваад үзэхээр тэс өөр. Их сургуулийн босго хангаж байгаа хүүхдийн хэмжээст оноо 400 гэх юм бол монгол хэл, математик 400 л байна. Яг медианаар нь аваад үзэх юм бол зөрүүтэй. Тиймээс хэмжээст оноо гэж хүмүүсийн толгойг эргүүлэхээ болих хэрэгтэй. Зөвхөн анхны оноо буюу 100 онооноос хэдэн оноо авсан гэдгээр л бодох хэрэгтэй. Их, дээд сургуулийн хэмжээст онооны доод босго оноо 400 гэж байгаа. Яаж тогтоодог гэхээр нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 15 хувийг их, дээд сургуулиудад оруулахгүй л гэсэн босго. Түүнээс юу мэддэг нь сонин биш. Энэ жил 40 мянган хүүхэд шалгалт өгсөн бол 85 хувь буюу 34.000 хүүхэд сургуульд орно л гэсэн үг.Өнгөрсөн жил ойролцоогоор 12.000 хүүхэд ЭЕШ өгсөн. 85 хувь гэхээр 10.200 хүүхэд сургуульд орсон гэсэн үг. Тиймээс хэмжээст оноогоо болиод голч оноогоо л өсгөх талаар бодох хэрэгтэй.Яагаад медиан оноог гаргаад байгаа юм гэхээр жишээлбэл, нийгмийн хичээлийнх 60 орчим, математикийнх 20 орчим ингээд харахаар нэгнээсээ бараг гурав дахин зөрүүтэй. Манай багш нарын зорилго бол медиан оноо буюу голын оноогоо л өсгөх. Хичээлүүдийг юугаар нь сайн, муу гээд ялгасан гэхээр өндөр медиантайг нь сайн, бага медиантайг нь муу гэсэн байгаа. Бага медиантай нь математик, хими, физик, англи хэл. Орчин үед бүх мэдээллийг англи хэлээр авах боломжтой байхад бид англи хэл дээрээ муу байна. Эх орноо хөгжүүлье гэвэл байгалийн шинжлэх ухаан буюу математик, физик, химийн медианыг өсгөх ёстой. Тоон үзүүлэлтүүдийг гаргаж ирээд байгаа шалтгаан, зорилго маань энэ голч оноог л дээшлүүлэх. Голч оноо дээшлээд ирэхээр хүүхдүүдийн мэдлэг сайжирч байна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэрэннадмид: ЭЕШ-д ковидын шалтгаанаар хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс ирэх сард шалгалт авна

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШын талаар тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхлэх гэж байна. Шалгуулагчдад шалгалттай холбоотой анхааруулга зөвлөмж өгөхгүй юү?

-2021 оны элсэлтийн ерөнхийшалгалт энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Шалгалтад ажиллах 9250 багш, албан хаагчдад “Элсэлтийн ерөнхийшалгалтын зохион байгуулалт”-ын талаар зөвлөгөө мэдээллийг цахим болон танхимаар өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллалаа. Цар тахалтайхолбоотойгоор элсэлтийн ерөнхийшалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Түүнчлэн 1.5-2.0 метрийн зайтай12-15 сурагч суухаар шалгалтын анги, танхимыг бэлтгэсэн. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдана. Ингэхдээ өөрийгөө болон бусдыгаа эрсдэлээс хамгаалж зайгаа барьж, амны хаалтаа зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ жил улсын хэмжээнд шалгалтын хугацаа хойшлогдсон. Үүнээс улбаалан шалгалтын төвүүд нэмэгдэж суудлын хуваарь шинэчлэгдсэн. Шалгалтад орох хүүхдүүд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод суудлын хуваариа шинээр татан хэвлэж авах хэрэгтэй. Шалгалтад ирэхдээ заавал шинэчилсэн суудлын хуваариа авчирна.

-Шалгалтад оруулахдаа анги, танхимын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Шалгуулагчдын суудлын хуваарь дээр шалгалтын цаг, танхим болоод орох хэсгийг зааж өгсөн. Шалгуулагч тухайн суудлын хуваарьт заасан хугацаанд шалгалтын төвд ирээд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ангид суудлаа эзэлсэн байх ёстой. Шалгалтын төв болгон дээр хүүхдүүдийн орох хэсгийг гурван чиглэлээр зааж өгсөн байгаа. Тиймээс суудлын хуваарийн дагуу заасан хэсгээр бөөгнөрөл үүсгэхгүйгээр оруулахаар бэлдсэн. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд хоолой өвдсөн, халуурсан байдаг ч юмуу ямар нэгэн шинж тэмдэгтэй байвал тухайн хүүхдийг тусгай ангид оруулан шалгалтыг зохион байгуулна. Түүнчлэн шалгуулагчаас тусгай хамгаалалтын хувцастай багш нар шалгалт авах юм. Улмаар шалгалт дуусмагц эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгнө. Бид ковид туссан үгүйг нь шууд мэдэхгүй учраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно. Эрүүл мэндийн байгууллага шинжилгээ авах зэрэг дараагийн шатны арга хэмжээг авах болно.

-Шалгалтын үеэр ковидын халдвартай байсан хүүхдүүдээс есдүгээр сард шалгалт авна гэсэн. Бусад шалтгаанаар шалгалтад орох боломжгүй хүүхдүүд есдүгээр сард шалгалт өгөх боломжтой юу?

-Үгүй. Есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зөвхөн ковидын шалтгаанаар энэ удаагийн шалгалтад хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс ЭЕШ авна. Тодруулбал, шалгалтын үеэр буюу энэ сарын 19-22-ны өдрүүдэд коронавирусийн халдвар тусаад эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд элсэлтийн шалгалтыг авах ажлыг зохион байгуулна. Цагаасаа хоцорсон байдаг юм ч юмуу бусад шалтгааны улмаас энэ удаагийн шалгалтад хоцорсон хүүхдүүд есдүгээр сарын 2-5-ны хооронд болох шалгалтад хамрагдах боломжгүй.

-Ковидоос шалтгаалсан хүүхдүүдийн мэдээллийг хэрхэн нэгтгэж гаргах вэ?

-ЭМЯ-тай хамтран ковидын батлагдсан тохиолдлын мэдээлэлд тулгуурлан ЭЕШ-д оролцоогүй хичнээн хүүхэд байгааг шалгалтын маргааш буюу энэ сарын 23-нд нэгтгээд есдүгээр сард шалгалтыг зохион байгуулна гэсэн үг.

-Шалгалтад ирэхдээ заавал авчрах дөрвөн бичиг баримтыг дахин нэг сануулахгүй юу. Мартах тохиолдол их гардаг шүү дээ?

-Шалгуулагчид иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг зайлшгүй авчрах ёстой. Тиймээс шалгалтын өдөр бичиг баримтаа дахин нягталж гэрээсээ гарахыг хүсье. Хэдийгээр олон дахин сануулдаг ч жил бүр бичиг баримтаа мартах тохиолдол багагүй гардаг учраас онцгойлон анхааруулаад байгаа юм шүү. Үүнийг эцэг эх, асран хамгаалагчид ч гэсэн анхаарч хүүхдүүддээ анхаарал санаа тавиарай. Мөн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. Хүүхдийн тань ирээдүй шийдвэрлэгдэхэд ганцхан хоног үлдлээ шүү дээ.

-Тэгвэл шалгалтын үеэр юуг хориглох вэ?

-Ном дэвтэр, бал, цаас, томьёоны хураангуй, цаг, гар утас зэрэг ямар нэгэн эд зүйлсийг шалгалтад авч орохыг хориглосон байгаа. Шалгалтад ашиглах бал, харандаа, үзүүрлэгчийг шалгалтын танхимд урьдчилан бэлдсэн байх болно.

-Одоогоор хичнээн хүүхэд халдвартай байгаа вэ?

-Энэхүү мэдээллийг ЭМЯ-тай хамтран энэ сарын 23-нд нэгтгэж гаргана.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Л.Лхагвазаяа: Иргэд машины эд анги, гэр ахуйн хэрэгслээ эвдэрсэн тохиолдолд шинийг авахгүйгээр 3D принтерээр хэвлүүлэх боломжтой

“Крафт Зоне” компанийг үүсгэн байгуулагч Л.Лхагвазаяатай ярилцлаа.


-Аливаа зүйлийг засна, сэлбэнэ, үйлдвэрлэнэ гэхээр нийтэд нүсэр зүйл төсөөлөгддөг. Харин танайх эвдэрсэн эд анги, хэрэгслийг технологийн хөгжлийн тусламжтайгаар буюу 3D принтерээр хэвлээд гаргаад ирж байна. Энэхүү үйлчилгээний онцлогийн талаар танилцуулахгүй юу?

-Манайх 2019 оноос эхлэн гурван хэмжээст буюу 3D принтерийн үйл ажиллагаа явуулж байна. 3D принтер нь ямар ч хэлбэр дүрсийг дижитал загвараас бодитоор хэвлэх төхөөрөмж юм. Ингэхдээ эх бэлдэцийг ухаж, хөрөөдөх, сийлэх зэргээр хасаж бэлддэг уламжлалт биет дүрс бүтээх аргаас ялгаатай нь 3D принтер нь үе үеэр давхарлан нэмэх зарчмаар ажилладгаараа онцлогтой. Багахан түүх хуваалцахад анх 1980 онд 3D хэвлэгчийн санаа гарсан бол анхны 3D хэвлэгч машин 1984 онд Чак Халл гэдэг хүн бүтээсэн байгаа юм. Хэдийгээр тийм боловч 2010 оны эхэн үе хүртэл төдийлөн судлагдаагүй байж. Харин XXI зуун гарснаар энэхүү төхөөрөмж хэрэглээнд нэвтэрч нэлээд эрэлт ихтэй болсон. Манай компани ч гэсэн технологийн дэвшлийг ашиглаж иргэдэд өдөр тутамд тулгардаг сэлбэг, эд анги засч хэвлүүлэх үйлчилгээг үзүүлэх болсон. Манай компани одоогийн байдлаар хуванцраар хийж болох бүхий л зүйлийг хийж байгаа.

-Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байна вэ?

-Эвдэрч гэмтсэн, олдоц ховордсон техникийн эд анги, сэлбэг хэрэгсэл болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн макетыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн байгууллага хамт олны тэмцээн уралдаан, тэмдэглэлт баярын цом, дурсгалт хөшөө дүрс зэрэг бэлэг дурсгал, сувинерын төрлийн үйлчилгээ зэрэг хуванцраар хийж болох бүх л зүйлийн 3D зургийг компьютер дээр гаргаж хэвлэдэг.

-Ихэвчлэн ямар материал ашигладаг бол?

-Манайх одоогийн байдлаар хуванцрын төрлүүдээр үйлчилгээ явуулж байна. Материалын ахуйн хэрэглээний хуванцар, нүүрстөрөгчийн агууламжтай карбон материал, резинэн материал гээд ойролцоогоор таван төрлийн хуванцрын төрлөөс сонгоод үйлчилгээ үзүүлж байгаа. Удахгүй металлаар үйлчилгээ үзүүлэхээр судалгаа хийгдэж байна.

-Үйлдвэрлэх процессоос танилцуулж болох уу?

-Манайхаас 3D зургийг зураад биетэй болгох 3D принтерээр хэвлэнэ. 3D принтер маань яаж ажилладаг вэ гэхээр принтерээ 200-250 хэмд халаагаад үелэх зарчмаар өрж хэвлэдэг гэсэн үг.

No description available.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн захиалга өгдөг вэ?

-Олдоц ховор машин техникийн сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн эвдэрчихсэн хуванцар зүйлс зэрэг ихэнхдээ эвдэрчихсэн зүйлийг засуулах захиалга өгдөг.

-Машины сэлбэг хэрэгслээс тухайлбал юу юуг 3D принтерээр хэвлэж үйлдвэрлэх боломжтой вэ?

-Жишээлбэл, өмнө нэг эд анги нь гэмтчихсэнээс болоод ашиглах боломжгүй, дахиад шинийг авах шаардлага гардаг байсан. Одоо бол нэг анги эвдэрч, гэмтлээ гэхэд манай компани дээр ирээд зургийг нь гаргуулаад 3D принтерээр хэвлүүлээд авчихдаг болсон. Заавал шинэ эд анги авах шаардлагагүй болсон. Ингэснээрээ иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Машины нэмэлт гэрлийн хүрээ, эвдэрч хугарсан сетик, хаалганы бариул зэрэг хуванцраар хийж болох бүх л эд ангийг хийдэг.

-Үнэ ханшийн талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?

-Тухайн биетээсээ хамаараад үнэ ханш өөр. Биет болгон өөр өөр эзэлхүүнтэй. Эхлээд тухайн эд ангийн 3D зургийг гаргах үнэ тусдаа бодогдоно. Дараа нь принтерээр хэвлэж гаргахдаа эд ангийн үнийг граммаар боддог. Нэг грамм нь тухайн материалаасаа хамаараад 750-1000 төгрөгийн үнэтэй.

-Хэмжээний хувьд хязгаарлагддаг уу. Овор ихтэй эд анги эвдэрлээ гэхэд танайд хандаж болох уу?

-Болно. Том эд ангийг ч 3D принтерээр хэвлэх боломжтой. Манай принтерийн хамгийн том ажиллах талбай нь 33 см куб доторх биетийг хэвлэж болно. Үүнээс том биетийг хуваагаад хэсэгчлэн хэвлээд эвлүүлдэг.

-Сүүлийн үед эрэлттэй үйлчилгээ юу байна. Үүнтэй холбоотойгоор нэвтрүүлэхээр зорьж буй шинэ үйлчилгээ бий юү?

-Манайх ойрын хугацаанд металлаар хэвлэх үйлчилгээг үзүүлэх гээд судалгаа хийж байна. Мөн өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

-Нэрийн бүтээгдэхүүн юу байх вэ?

-Ихэвчлэн сувинер болон рам дээр ажиллаж байна.

-Машины эд анги эвдрэх тохиолдол их ч тэр болгонд шинийг худалда авахгүйгээр дотоодоосоо сэлбэх боломжтой болно гэдэг хэрэглэгчдийн хувьд маш том давуу тал. Тэгэхээр энэхүү үйлчилгээ илүү хүртээмжтэй байх үүднээс олон хэрэгсэл хэвлэхэд тулгарч буй асуудал бий юү?

-Одоогийн байдлаар учиргүй хүнд хэцүү зүйл байхгүй л байна. Гэхдээ төр засгаас хөнгөлөлттэй зээл зэрэгт жаахан дэмжээд өгвөл манай компани үйлдвэрлэлээ томсгож, илүү өргөн цар хүрээтэй ажиллах бүрэн боломжтой.

Ер нь манай хамт олон хүний гар хараад суухгүйгээр шинийг санаачилж иргэдэд хэрэгтэй зүйл хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг залуусаар бүрдсэн учраас урамтай, асуудал тулгарах нь бага байдаг шүү.

-Захиалга хэр удаж гардаг вэ?

-Захиалга бол тасардаггүй. Тухайн биетийн хэмжээнээс хамаарна. Хэлбэр хийцийн хувьд амархан эд анги байвал өдөртөө л хэвлээд гаргачихна. Ажиллагаатай эд анги 3-4 хоногийн дотор бэлэн болдог.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Баярдаваа: Нийлүүлэлтээс үүдсэн инфляцийн өсөлтөд Төв банк хариу үйлдэл үзүүлэх боломжгүй

Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Б.Баярдаваа инфляцийн өсөлттөй холбоотойгоор сэтгүүлчдэд өгсөн тодруулгыг хүргэж байна.


-Өнөөдрийн инфляцийн өсөлтөд яг юу нөлөөлж байна вэ?

-Өнөөдрийн инфляцийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засаг хямралын хүнд үеэс сэргэж гарч байгаа үзэгдэл инфляцийн өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Түүнчлэн гадаад болоод дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлстэй холбоотой асуудлууд инфляцид нөлөөлж байна. Задлаад хэлбэл, хамгийн гол нөлөөлөл дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагасан бинзений үнийн өсөлт. Бензиний үнэ зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий нийтийн инфляцид нөлөөлж байна. Дараагийн инфляцид нөлөөлж буй хүчин зүйл бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт. Дэлхийн хүнсний үнийн индексийг харвал 30-40 хувийн өсөлттэй буюу хамгийн бага түвшнээс дээш гарчихсан байна. Товчхондоо хямралын үеийн өмнөх түвшнээс 20 орчим хувиар дэлхийн хүнсний индекс өсчихсөн байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний үнэд нөлөө үзүүлж байна. Нөгөө талдаа улирлын шинж чанартай буюу махны нийлүүлэлттэй холбоотойгоор махны үнэ инфляцид багагүй нөлөө үзүүлж байна. Ер нь түүхэн байдлыг нь харах юм бол нийт инфляцийн 40 орчим хувийг нийлүүлэлтийн савлагаатай үнийн өөрчлөлт нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, мах, хатуу түлш, бензин зэргийн үнийн өсөлт инфляцид багагүй нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын Улаанбаатар хотын инфляци 7.1 хувьтай өндөр гарсан. Гэхдээ нийслэлийн хэмжээнд шүү. Улсын хэмжээнд бол энэ тоо арай бага гарсан. Тэгэхээр 7.1 хувь гэсэн инфляцийн нийтдээ гурван нэгж хувийг мах, хатуу түлш, бинзен гэсэн гурван бараа бүтээгдэхүүн эзэлж байх жишээтэй.

-Тэгэхээр үнэ нь байнга хэлбэлздэг зүйлсээс үүдэн инфляци өсөх болгонд Монголбанк мөнгөний бодлого явуулаад хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ талаар?

-Монголбанкны ерөнхийлөгч “Нийлүүлэлтийн шинж чанартай инфляци дээр бид маш болгоомжтой хандана. Төдийлөн хариу үйлдэл үзүүлэхгүй” гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэхээр хэдийгээр нийлүүлэлт буюу гадаад шалтгаантай холбоотойгоор инфляци өсч байгаа ч гэсэн дотоодод эдийн засгийн сэргэлт бүрэн явагдаагүй, дөнгөж сэргэж эхэлж буй үе шатандаа байна. Дотоодын эдийн засгийн өсөлт жигд бус байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр үйлчилгээний салбар эмзэг байна. Энэ салбарт маш их ажлын байр хадгалагддаг. Энэ оны нэгдүгээр улирал болон 2020 оны дөрөвдүгээр улиралд өрхийн хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт маш эмзэг, жигд бус байгааг илэрхийлж байна. Тиймээс сэргэлтийг хязгаарлах хэмжээнд нийлүүлэлтийн шинж чанартай инфляцид Төв банк хариу үйлдэл үзүүлэхээс болгоомжилж байгаа юм. Мөн инфляцийн багагүй хувийг гадаад шалтгаантай тээвэр, ложистиктой холбоотой дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн дотоодод хүнсний бүтээгдэхүүний үнэ болон бензиний үнэ хэлбэлзэж буй зүйлээр инфляци тайлбарлагдаж байгаа үед мөнгөний бодлогоор тохируулга хийхдээ Төв банк маш болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Учир нь нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийг хязгаарлачих вий гэдэг болгоомжлол байна гэсэн үг.

-Шатахуунаас үүдсэн инфляцийн өсөлтийг зохицуулахад маш төвөгтэй гэдэг. Тэгэхээр ямар бодлогоор зохицуулах нь зүйтэй вэ?

-Энэ бол маш төвөгтэй инфляцийн түүх. Бензиний үнэ дэлхийн зах зээл дээрх нефтийн шокоор өдөөгдсөн инфляци. Мөнгөний бодлогын бүхий л арга хэрэгсэлд эдийн засгийн эрэлт, идэвхжилтийг бензиний худалдан авалтаар дамжиж хэрэгждэг онцлогтой бодлого. Гэтэл нефтийн үнэ, бензиний үнэ чинь өөрөө зардлын шинж чанартай. Өөрээр хэлбэл үйлдвэрлэгчийн зардлаар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ, өртөгт шингэж үнэд нөлөө үзүүлсэн инфляци байдаг. Гэтэл зардлаар өдөөгдсөн инфляци дээр эрэлтийн хэрэгслээр тулгуурласан бодлогын арга хэмжээ авна гэдэг төдийлөн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ нефтийн үнээс үүдэлтэйгээр инфляцийн эхний үе, хоёр дахь үеийн нөлөө гэж бий. Эхний үеийн нөлөөнөөс илүүтэйгээр хоёр дахь үеийн нөлөөгөөр инфляци цааш ужгирах нөхцөл байдал үүссэн үед Төв банкны мөнгөний бодлогоор тодорхой хэмжээний тохируулгыг хийх шаардлага үүснэ л дээ.