Categories
мэдээ нийгэм

“Зүүн хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдэл” Олон улсын Монголын Форум онлайнаар гурван өдөр хуралдлаа

Хүйтэн дайны дараа Зүүн хойд Азийн бүс нутгийн сөргөлдөөн намжиж, даяарчлалын нөлөөгөөр эдийн засаг хурдтай хөгжсөн бүс нутаг болсон боловч КОВИД-ын нөлөөгөөр Солонгосын хойгт цөмийн зэвсгийн аюул, бүс нутгийн улс орнуудын олон хэлбэрийн сөргөлдөөнүүд нэмэгдэж байна. Ийм нөхцөлд Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын найрсаг харилцаа тогтвортой байж чадах уу? Бүс нутгийн хөгжлийн төлөөх улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд ямар алхам шаардлагатай вэ? Гэсэн тулгамдсан асуудал гарч ирж байна. Солонгосын нэгдмэл байдал нь Солонгосын хойгийн цөмийн хямралыг шийдвэрлэх гол түлхүүр бөгөөд Зүүн хойд Азийн улс орнуудын тогтвортой хөгжилд түлхэц болно гэж судлаачид, улс төрчид дүгнэлт хийдэг ч хэрхэн, яаж гэдэг арга зам дээр нэгдмэл хариулт байхгүй байна.

Монгол улс хүчний хувьд жижиг ч энэ бүс нутгийн бүх улстай найрсаг харилцаатай чөлөөт ардчилсан засаглал руу тайван замаар шилжсэн, цөмийн зэвсэггүй улс гэдэг шинэ статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр баталгаажуулсан, 2 Солонгостой уламжлалт сайн хөршийн харилцаатай улсын хувьд олон жил тасалдаад байгаа “зургаан талт яриа +” хэлэлцээрийг эхлүүлж шинэ шатанд авчрахад онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой гэж геополитик судлаачид дүгнэдэг. Манай улсын энэ давуу талд тулгуурланолон улсын судалгааны болон иргэний нийгмийн байгууллагууд Монголын форумыг 2018 оноос жил бүр зохион байгуулж иржээ. Энэ удаагийн форум Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдэл гэсэн сэдвийн дор цахимаар гурван өдөр хуралдаж

1.Ковидын дараах дэлхий ертөнц: сорилт, боломжууд ба Зүүн Хойд Азийн энх тайвны хөгжлийн стратеги,

2.Чөлөөт, нэгдмэл Солонгосын төсөөллийг урагшуулах нь

3. Зүүн Хойд Азийн цөмийн зэвсэггүй бүс ба Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын төлөөх оролцогч талуудын үүрэг

4.Түмэн голын санаачилгаас авсан сургамж: Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцийг Чөлөөт, Нэгдмэл Солонгос руу чиглүүлэх нь

5. Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэх залуучуудын оролцоо, манлайлал гэсэн 5 асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж амжилттай өндөрлөлөө. Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдсан энэ форумд Монгол, АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Энэтхэг, БНСУ, Англи, Индонез зэрэг орны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн бус судалгааны байгууллагуудын судлаач, нэр хүндтэй дипломатууд, эрдэмтэд оролцдог бөгөөд хурлыголон улсад нэр хүндтэй Цэнхэр Сүлд ТББ, Дэлхийн энхийн их наадам ТББ,Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум болон АНУ-аас Дэлхийн энх тайвны сан, Нэг Солонгос Сан, БНСУ-аас Нэг Солонгосын төлөөх ТББ-уудын холбоо хамтран зохион байгуулжээ.Өмнө нь Улаанбаатарын дугуй ширээний хурал гэдэг нэрээр зохион байгуулагдаж байсан ОУ-ын энэ Форум Ковидын үед цар хүрээгээ улам тэлж судлаачид, дипломатууд, улс төрчдийн болон сонирхогчдын хүрээ тэлж Монголын форум нэртэйгээр өргөн хүрээтэй, олон сарын бэлтгэл ажилтай зохион байгуулагдсан. Хурлын нээлтэнд Монгол улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн ОУ-ын бодлогын зөвлөх Э. Одбаяр, мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдээс 2 төлөөлөгч, АНУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч, мөн Өмнөд Солонгос, Хятад, Японы зарим ТББ, судалгааны хүрээлэнгүүдийн удирдлага, төлөөлөгчид оролцож үг хэлсэн нь хурлын ач холбогдлыг өндөрт өргөлөө.Энэ удаагийн форумд Монголын талаас маш олон хүн оролцож үг хэлж, маш олон ажиглагчдад санал бодлоо хуваалцах боломж олгосон нь уг хурлын жилээс жилд өргөжиж байгаа бас ахиц хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна. МөнМонгол, Хятад, Солонгос, Япон зэрэг орны оюутан залуучуудоролцож санал бодлоо илэрхийлж хуралдааныг Монголын залуу судлаачид удирдан явуулж, монголын залуучуудын ТББ-ын төлөөлөгч илтгэл тавьж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачидтай санал солилцсон нь олон боломжийг бүрдүүлсэн сайхан үйл явдал байв.

Олон улсын энэ Форум нь ON 24 виртуал платформ дээр зохион байгуулагдаж хурлын илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариултыг Солонгос, Япон, Англи хэлээр орчуулгатай явагдаж дунджаар 2000 идэвхтэй оролцогчид хуралд идэвхтэй оролцож олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алдартай судлаачид оролцож сонирхолтой илтгэл хэлэлцүүлсний үр дүн юм. ON 24 виртуал платформ дээрээс хурлын мэдээлэлтэй танилцаж болно. Монголын талаас Эдийн засагч Н. Энхбаяр, ОУ-ын эдийн засаг судлаач Н.Доржсүрэн, ОУ-ын судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, олон улсын харилцаа судлаач Д.Отгонбаатар нарын ахмад, дунд, залуу үеийн судлаачид оролцсон билээ.

Ж.Энхсайхан: Солонгосын хойгт энх тайван тогтооход их гүрнүүд бусхоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ чухал үүрэгтэй гэдэгт эрдэмтэд санал нэг байна

Бид энэ удаа Монголын талыг төлөөлж илтгэл хэлэлцүүлж, хурлыг удирдсан ахмад дипломатч, судлаач, эрдэмтэдтэй хурлын тухай цөөн хором ярилцлаа. Ахмад дипломатч Ж.Энхсайхан нь Цэнхэр сүлд ТББ-ын Гүйцэтгэх захирал. Олон улсын Энх тайвны товчоо (Interna­tional Peace Bureau)-ны удирдах зөвлөлийн гишүүн. 1993-1994 онд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал болон цэргийн номлолын үндсийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулсан. Монгол улсыг Цөмийн зэвсэггүй бүс нутаг болохыг НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн улсуудаар баталгаажуулах ажлыг санаачилж хэрэгжилтийг удирдсан, манай улсын шилдэг дипломатч, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд билээ. Тодруулбал, Жаргалсайханы Энхсайхан бол удам дамжсан дипломатч юм. Ж.Энхсайхан нь ОХУ, Австрид Элчин сайдаар ажиллаж байсан димломатч юм. Мөн тэрээр шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан хэмээх Дэлхийн энх тайвны сангийн шагналыг (Innova­tive Scholarship for Peace Award)-ыг 2019 онд хүртсэн.Тэрээр одоо ч олон улсын харилцааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.

Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэвшил, Солонгосын нэгдэл хурлаар яг ямар ямар асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн бэ?

-Хурлаар ковидын дараах дэлхий ертөнц: сорилт, боломжууд ба Зүүн Хойд Азийн энх тайвны хөгжлийн стратеги, Чөлөөт, нэгдмэл Солонгосын төсөөллийг урагшуулах нь, Зүүн Хойд Азийн цөмийн зэвсэггүй бүс ба Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохын төлөөх оролцогч талуудын үүрэг, Түмэн голын санаачилгаас авсан сургамж: Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцийг Чөлөөт, Нэгдмэл Солонгос руу чиглүүлэх нь, Зүүн Хойд Азийн энх тайван, хөгжил дэх залуучуудын оролцоо, манлайлал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа.

Ковидын дараах ертөнцийн асуудлаар Монгол, АНУ, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Индонези, Энэтхэгийн төлөөлөгчид товч илтгэл тавьж авч буй арга хэмжээний талаар ярихын зэрэгцээ цаашид ямар арга хэмжээ авч болох талаар санаа бодлоо илэн далангуй хуваалцлаа. Солонгосын нэгдлийн асуудлын талаар ярилцахад энэхүү асуудлыг их гүрнүүд бус харин хоёр Солонгос өөрсдөө яриа хэлэлцээний замаар ярилцаж шийдэх учиртай гэдэгт хуралд оролцогсод бүгд санал нэгдэж байна. Түүнчлэн хоёр Германы нэгдлийн сургамжтай холбогдуулж янз бүрийн санаа гарч байна. Үүнээс харахад авч болох, болохгүй зүйл нэлээд байгаа нь харагдлаа.

-Зүүнхойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаарх асуудал нэлээд сонирхол татаж байсан. Гэхдээ энэ асуудалд гол бүс нутгийн орнууд огт дуугардаггүй. Эдгээрийг өөрсдийг нь хуралд татан оруулах, энэ талаарх байр суурийг сонсох чухал гэж та хэлж байсан. Энэ тухайд?

-Хуралд оролцогчдын анхаарлыг татсан нэг асуудал бол Зүүнхойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах үйл явцад төрийн бус болон судалгааны байгууллагуудаас дөхөм үзүүлэх боломжийг тодорхой хэлэлцсан явдал байв. Солонгосын хойгийг, цаашилбал, Зүүнхойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлын талаар бүс нутгийн төрийн бус болон судалгааны байгууллагууд нэлээд ярьж түүнийг хэрхэн байгуулж болох талаар олон янзын санал гаргадаг. Нөгөөтэйгүүр, уг бүс нутгийн орнууд тийм бүс байгуулах асуудлын талаар огт дуугүй байдаг нь АНУ өөрийн холбоотон Япон, Өмнөд Солонгосыг ямар ч тохиолдолд хамгаална гэсэн хатуу үүрэг амлалттай нь холбоотой байдаг бөгөөд түүнд ямар нэгэн эргэлзээ төрүүлэх сонирхолгүй байдагтай нь холбоотой. Мөн түүнээс гадна хэрэв АНУ-ын баталгаанд эргэлзээ төрвөл Япон, Өмнөд Солонгос хоёр өөрсдөө цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх газаргүй гэж үздэг. Энэ талаар АНУ, Өмнөд Солонгос, Японы судалгааны байгууллагууд тус тусдаа болон хамтдаа тодорхой санал гаргаж хэлэлцэж ирсэн.

-Манай улсын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Зүүнхойд Азийн орнууд дотроос Монгол улс цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломжийг албан бусаар судалж үзэж хэрэгтэй, энэ бол хэрэгжих боломжтой асуудал гэж мэдэгдэж албан бус судалгаа хийж ирсэн байдаг. МанайЦэнхэр Сүлд ТББ тийм бүс байгуулахын тулд олон улсын баталгааг илүү хүчтэй болгож, бүсийн нэг чухал субъект болох Умард Солонгосыг татан оролцуулах хэрэгтэй, шаардлагатай бол түүнд олон улсын зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээг аажмаар сулруулж олон улсын эдийн засгийн тусламж үзүүлэх нь илүү үр дүнэй болно гэж үзэж ирсэн. 2020 оны 9 сард бүсийн төрийн бус болон судалгааны зарим байгууллагууд тэрхүү санаг тойруулан цахимаар хуралдаж тийм үйл явцаг дэмжиж урагшлуулах олон улсын ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж уг асуудлаарх улс орнуудын байр суурийг гаргаж тогтоохоор шийдвэрлэсэн юм. Энэ асуудлыг Монголын энэ форумын хүрээнд тусгайлан хэлэлцээд судлаачдын багийг байгуулж асуудлыг зангидаж байх нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулахаар болсон нь хурлын нэг тодорхой үр дүн. Багийг монголын болон АНУ-ын хоёр судлаач хамтран ахлахаар болсон. Ирэх жил хийх Монголын форумын хурлаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

-Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн өөр чухал асуудлаас онцолж дурдахгүй юу?

-Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар энэ удаа Түмэн голын санаачилгыг тусгайлан хэлэлцэж, асуудлыг өнөөгийн шинэ нөхцөлд дахин сайтар харж үзэх нь зүйтэй гэж оролцогчид үзэцгээсэн. Ковидын дараа улс орнуудын хамтын ажиллагаа одоогийнхоос илүү идэвхтэй, илүү нягт уялдаатай болох нь тустай гэдэг дээр ч энэ бүс нутгийн эрдэмтэд санал нэг байна.

Б.Лхагваа: БНХАУ БНАСАУ, БНСУ БОЛОН АНУ ГЭСЭН ДӨРВӨН ТАЛТ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛЭХ ХУВИЛБАРЫГ ХЯТАДЫН ЭРДЭМТЭН ГАРГАВ

Ахмад дипломатч, доктор Б. Лхагваа нь МУИС-ийн ОУХДС-д багшилж байсан. БНАСАУ, БНСУ-д олон жил дипломат алба хашсан. Солонгосын хойг, Солонгосын хойгийн энхийн үйл явцын талаар бодитой судалгаа хийдэг манай улсаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын нэг юм. Түүнээс энэхүү хурлын талаар тодрууллаа.

-Олон улсын эрдэмтэд Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлд ямар шинэлэг санаа дэвшүүлэв?

-Солонгосын хойгийн асуудлаар тавигдсан илтгэлүүдийг дүгнэж үзэхэд сонирхолтой олон шинэ санаа оноо, үзэл бодол гарч буй нь анхаарал татлаа. Тухайлбал бус нутгийн тогтвортой байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зарим талаар хязгаарлалт, саад тотгор учруулж буй Солонгосын Хойгийн хямралт байдлыг гэтлэн давж, тус хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох замаар энхийн процессыг урагшлуулах үйл явцыг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг эрдэмтэд онцолж байв. Үүний тулд Солонгосын асуудлаар холбогдогч талуудын нэгдүгээр шугамаар \дээд түвшинд албан ёсоор\ явагддаг албан ёсны яриа хэлэлцээг хоёрдугаар шугамаар \эрдэмтэн судлаачдын хүрээнд\ дэмжиж хүрээг нь тэлж, олон нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулах хосолмол аргыг хэрэглэх нь үр дүнтэй гэсэн саналыг судлаачид дэвшүүлж байв. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Умард Солонгосын талаар авсан хоригийг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллагууд хамтарч ажиллахыг АНУ-ын зүгээс уриалж байгаа тухай зарим илтгэлд дурдагдсан. Хамтарч ажиллах байгууллагуудын хүсэлт саналыг ирэх оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл хүлээж авах юм шиг байна. Өөр нэг анхаарал татсан асуудал нь Солонгосын асуудлаар Солонгосын хоёр тал дээр АНУ, БНХАУ гэсэн дөрвөн талт яриа хэлэлцээг эхлүүлэх хувилбар байж болох юм, 1953 оны дайны гал зогсоосон гол субъектүүдийн хувьд гэсэн саналыг Хятадын судлаач гаргасан. Дараачийн нэг шинэлэг гэмээр зүйл нь чөлөөт нэгдсэн Солонгос улсын эзлэх байр суурийн төлөв байдлын талаарх судалгааны материалуудыг зарим эрдэмтэн гаргаж ирсэн нь сонирхол татсан. Судалгааны тэрхүү төсөөллөөс үзэхэд хэрвээ Солонгосын хоёр тал нэгдэж нийлчихвэл 2050 он гэхэд эдийн засгийн хувьд дэлхийн арав дахь хүчирхэг эдийн засагтай улс болж, нэг хүнд ногдох эдийн засгийн үзүүлэлтээр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроо хоёрдугаарт орох юм байна. Далайн болон эх газрын хүчнийг тэрчлэн хөгжиж буй хийгээд хөгжингүй орнуудыг холбосон тус хойгийн газар зүйн байрлалын ач холбогдол, бүс нутгийн хамтын ажиллагаанд эзлэх жин байр суурь нь тэр хэрээр өсөн нэмэгдэх боломж нээгдэх тийм өөдрөг дүр зураг харагдсан. Гэхдээ цөмийн зэвсэгтэй бүс нутгийн ийм их гүрэн гарч ирэх нь хөрш зэргэлдээ улсуудын болгоомжлолыг төрүүлж болзошгүй учраас цөмийн зэвсгээс тус хойгийг ангижруулах нь хамгийн тулгамдсан зорилт гэдгийг судлаачид тэмдэглэсэн.

-Эрдэмтэд Солонгосын хойгийн талаар ямар зүйл дээр санал нэгдэж байгаа вэ?

-Ер нь Солонгосын хойгийн асуудал өөрөө нэлээд ужгирсан, Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах магадлал бага, дээр нь бас холбогдогч талуудын стратегийн ашиг сонирхол өөр өөр байдаг тул шийдэхэд ихээхэн төвөгтэй асуудал юм. Харин нэг нааштай тал нь гэвэл асуудлыг энхийн арга замаар шийдэх ёстой гэдэг дээр талуудын байр суурь нэгдэж буй явдал юм гэдгийг бас онцолж байв. Үүнд хугацаа их шаардагдана, гэхдээ эцсийн эцэст асуудлыг цогцоор нь шийдэх цорын ганц арга зам бол тайван, чөлөөт байдлаар хуваагдмал байдлаа гэтлэн давах, өөрөөр хэлбэл нэгдэж нийлэх явдал гэдгийг олон судлаачид онцлоод энэ асуудлыг Солонгосын ард түмэн шийдэх учиртай, тийм боломжоор хангагдах ёстой гэж байв. Зарим судлаачид үндэстнээ нэгтгэх асуудалд БНСУ-ын залуу үеийнхэн хойрго хандаж байгааг Сөүлийн Их сургуулиас явуулсан тандалт судалгааны үр дүн харуулсныг дурдаад үүний гол шалтгаан нь хуваагдмал байдал ужгиран даамжирч үндэстэн хоорондоо холдон төсөөрч буйн уршиг юм гэж тодорхойлж байна лээ. Өөр бас нэг залруулах ёстой таагүй хандлага илэрч байгаа нь эхний ээлжинд Солонгосын Хойгт бат бэх энх тайван тогтоох, дараа нь нэгдэж нийлэх тухайгаа ярих нь зүйтэй гэсэн дэс дараалал маягийн зүйл яригдаж байгааг зарим судлаачид буруушаагаад энэ хоёр асуудал бол өөр хооронд нь салгаж үл болох харилцан уялдаатай нэг цогц зорилтын хоёр тал нь юм. Тайван тогтвортой байдал хангагдах нь үндэстнээ нэгтгэх үйл явцыг түргэтгэх дөт зам бөгөөд нэгдэж нийлэх нь тайван тогтвортой байдлын найдвартай баталгаа болж өгнө, хуваагдмал байдал үргэлжилсэн цагт хямрал,сөргөлдөөн бүрэн үгүй болно гэж байхгүй гэж үзэж байгаагаа эрдэмтэд илэрхийлсэн.

-Монгол Улсын Зүүн Хойд Ази дахь энх тайван тогтвортой байдалд баримталдаг байр суурины талаар хөндөв үү?

-Монгол Улс бүс нутагтаа хоёр талын харилцааны зөрчил, сөргөлдөөнгүй, төвийг сахисан улс тул Солонгосын Хойг зэрэг бүсийн ээдрээтэй асуудлыг хэлэлцэж ярилцаж байх нэг гол цэг байж болох бөгөөд ингэх ч үүрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж буйгаа илэрхийлээд Монголын форумын ач холбогдол үүгээр тодорхойлогдоно гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид санал нэгтэй тэмдэглэсэн шүү.

Дашрамд дурдахад хуралд 59 хүн шууд оролцсон бол хурлын ажиллагаанд хоёр мянган орчим хүн ажиглагчаар оролцож, зарим нь асуултаа бичгээр тавьж шууд буюу бичгээр хариу авсан байна. Мөн хурлын бичлэгийг хийж youtube-д байрлуулснаар хурлын холбогдолтой материал улам олон хүнд хүрсэн нь энэ хурлын бас нэг онцлог болжээ. Ковидоос өмнө Монголд олон улсын хурал хийгдэж байсан боловч түүнд тусгайлан уригдаж ирсэн төлөөлөгчид л оролцож байжээ. Тэгвэл энэхүү цахим хурлыг Монголд амжилттай хийлгэснээр хөрөнгө зардал, газарзүйн байршлын ялгаа багасч Монголд бусад улсын адил олон улсын хурлыг хийлгэх боломжтой болж байгааг хурал тод томруун харууллаа хэмээн эрдэмтэд сайшааж байлаа.

Энэхүү хурлыг хийлгэхэд техникийн талаас гадаадын түнш байгууллагууд үлэмж тусламж үзүүлснийг энд зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй. Хурлын бэлтгэлийг хангах, хурлын ач холбогдлыг өргөн олон нийтэд таниулах, олон хүнийг хурлын ажиллагаанд татаж оролцуулүах, хурлын материалыг youtube, facebook болон олон нийтийн зарим бусад сайтад цаг алдалгүй тавих талаар тэднээс сурч хэвшүүлэх зүйл монголын талын зохион байгуулагчдад их байгааг энэ хамтын ажиллагаа мөн харууллаа.

Categories
мэдээ нийгэм

​Гадуурхлыг зогсоох гарц бол дохионы хэл юм


“Бид сонсохоос бусдыг чадна”. Энэ бол дэлхийн сонсголгүй иргэдийн уриа юм. Жирийн хүнтэй адил сэтгэж бодох оюун тархи, хүсч тэмүүлэх зүрх сэтгэл, ажиллаж хөдөлмөрлөх гар хөл, алсыг харах хурц хараатай тэднийг бие даасан эх хэл, соёл, харилцааны өвөрмөц хэв маягтай, нийгэмд эрх тэгш оролцох бүрэн чадвартай, нийгмийн цөөнх гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд удаж байна. Гэтэл бид сонсголгүй иргэдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр хязгаарлан, тэдний олон эрхийг зөрчиж байгаагын хамгийн ноцтой нь тэдний эх хэл болох дохионы хэлээр ярих, нийгмийн харилцаанд орох үндсэн эрхийг ньбоогдуулж байгаа явдал юм. Уул нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-т “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний ЭХ ХЭЛ мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ НИЙГМИЙН БҮХИЙ Л ХАРИЛЦААНД оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Харамсалтай нь өнөөдөр энэ заалттай холбоотой стандарт, дүрэмжурам байхгүй тул дохионы хэлний хэрэглээ тунхаг төдий байсаар сонсголгүй иргэдийн эрх өдөр тутамдаа зөрчигдсөөр байна.

Сонсголгүй иргэд ихэнхдээ замын хөдөлгөөнд оролцож байхдаа, эсвэл цагдаа, эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хэл нэвтрэлцэхгүйн улмаас эрх нь зөрчигддөг байна. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцоод явж буй иргэдийг хараад энэ сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй юм байна гэж шууд таних боломжгүй.Ихэвчлэн замын хөдөлгөөнд оролцоод явж байхад нь замын цагдаа зогсоогоод үнэмлэх, бичиг баримтыг нь шалгаад баахан дүрэм хэлээд шууд торгуулийн хуудас биччихдэг гэнэ. Харамсалтай нь өнөөх цагдаагийн хэлж буй зүйлийг жолооч сонсохгүйгээс гадна хэлж тайлбарлах ямар ч боломжгүй. Эв хавгүй дуугарвал бараг согтуу, эсвэл өмнөөс эсэргүүцэж уурлалаа гээд бүр асуудал хүндэрнэ.

Сонсголгүй иргэнийг согтуу хэмээн Эрүүлжүүлэхэд хорьсон тохиолдол гарчээ

Бас нэг жишээ болох тохиолдол Баянзүрх дүүрэгт гарсан байна. Шөнө ажлаа тараад явж байсан иргэн Б-г цагдаа согтуу байна гээд хорьсон тохиолдол гарчээ. Согтуу биш гэдгээ эв хавгүйхэн орилох мэт авиа гарган ойлгуулахыгоролдсон ч мөнөөх цагдаа “Чи дуугүй байхгүй бол дэмий юм болно шүү…ээрч муураад шал согтуу” гээд хүчтэй нудран эрүүлжүүлэхэд хорьсон гэдэг. Мэдээж маргааш нь согтуу биш нь тодорхой учраас гэр орныхонтой нь холбогдоод эрүүлжүүлэхээс гаргаж байж. “Энэ мэт зүйлүүд бидэнд өдөр тутам тохиодог. Цагдаа нар дохионы хэл мэддэггүй тул бидний дунд ямар ч харилцаа явагддаггүй. Харилцаа байхгүй учраасбид өдөр бүр лхэлмэгддэг,бас бидэнтэй яг л тэнэг хүн мэт харьцдаг” гэв.

Эх орондоо амьдарч байгаа ч энэ мэт гадуурхагддаг иргэд Цагдаагийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комисст урьтаж хандахаас илүүтэйгээр “Монголын дүлийн иргэдийн холбоо”, “ДИФ” клуб, “Монголын хэлмэрчдийн холбоо” зэрэг төрийн бус байгууллагуудад ханддаг байна. Учир нь анхан шатны цагдаагийн хэлтэст хандлаа гэхэд сонсголгүй иргэдийн яриаг шууд ойлгоод харилцах дохионы хэлний хэлмэрч хороо, дүүрэг зэрэг цагдаагийн нэгжүүдэд байдаггүй гэнэ. 2021 оны статистик мэдээллээр манай улсад 12.600 сонсголгүй иргэд байдаг ба тэдэнд 40 хүрэхгүй дохионы хэлний орчуулагч ногддог байна. Харин Европын улс орнуудад сонсголгүй 100 хүн тутамд нэг дохионы орчуулагч үйлчилдэг гэсэн тооцоо байдаг.

Ингээд сонсголгүй иргэдийн асуудлаар сонсголгүй хүүхэд залуусыг дэмжих “ДИФ”клубийн үүсгэн байгуулагч Б.Юмжирдуламтай ярилцсанаа хүргэж байна.

Б.Юмжирдулам: Төрийн үйлчилгээний байгууллагууд нэг ч дохионы хэлний хэлмэрчгүй

Саяхан танай клубээс сонсголын бэрхшээлтэй иргэдийн талаар нэгдсэн судалгаа хийсэн гэсэн. Энэхүү судалгааны дүнгээс хуваалцаж болох уу?

-Бид сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд судалгаа хийсэн. Хараахан нэгдсэн дүн гараагүй байна. Судалгааны ажлыг хийх явцад сонсголын бэрхшээлтэй иргэдийн статистик тоон судалгаа тодорхой бус байв. Бид судалгаа хийх гээд шүүгээд үзэхээр 18-аас дээш насны иргэдийн тоог ХНХЯ, 6-18 насны хүүхдүүдийн тоог БШУ Яам, 6-аас доош насны хүүхдүүдийн тоог ЭМЯ гаргадаг байх жишээтэй. Энэ тоог нэг газраас нэгдсэн журмаар үзэж харахад хэн хэндээ амар шүү дээ. Бид нэг настнууд хаана явж байгаа, 6 нас хүрээд сургуульд орж уу гээд шүүгээд үзчих боломжтой. Иймд нэгдсэн цогц мэдээлэлтэй болох нь маш чухал болоод байна.

Ер нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд хийсэн судалгааны үр дүнг харж байхад сэтгэл шимширмээр зүйл маш их байна. Төрийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд дохионы хэлтэй хүн байхгүй. Бичгээр бичиж өгсөн ч түүнийг уншаад харилцаад үйлчилгээ үзүүлэх хүн алга.

Ялангуяа эмнэлгийн бүх шатны нэгжүүдэд сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрх маш их зөрчигдөж байна. Эмнэлэг дээр очоод үйлчилгээ авах гэхээр эмч нь харилцахаас төвөгшөөнө. Мөн дохионы хэлмэрч байхгүй тул байнга ар гэрийнхнээсээ хэн нэгнийг дагуулж явах шаардлагатай болно. Эмчийн хэлсэн эмийг зөв сонсож ойлгоогүйгээс болоод буруу эмчилгээ хийж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч ховор биш. Мөн цагдаагийн байгууллагатай ямар нэг зөрчлөөр холбогдлоо гэхэд ихэнхдээ эдгээр иргэд буруугүй байсан ч хохироод үлддэг.

-Тухайлбал, тодорхой жишээ дурдаж болох уу?

-Хүний эрх талаасаа тодорхой мэдээлэх боломжгүй. Ерөнхий байдлаар хэлэхэд, саяхан Налайх дүүргээс гэр бүлийн иргэд холбогдсон. Хоёулаа сонсголгүй. Эхнэр нь ажил хийдэг. Нөхөр нь таксины халтууранд явдаг. Хүүхэд нь цэцэрлэгт явдаг. Нэг өдөр хүүхдээ цэцэрлэгээс авахаар гэрээсээ гарахдаа замаараа дэлгүүр орж. Эхнэр нь нэгж явуулаарай гэж захисан юм байна л даа. Тэгээд цэцэрлэг тарах цаг болох гээд нөхөр нь дэлгүүр гүйж ороод утсан дээрээ “Нэгж авъя” гээд худалдагчид үзүүлэхэд “байхгүй” гэсэн байгаа юм. Ингээд хүүхэд рүүгээ яараад гүйж явсан байна. Ингээд хэд хоногийн дараа цагдаагаас дуудаж утас хулгайлсан хэрэгт сэжигтнээр татсан байна. Өнөөх дэлгүүрийн худалдагч утсаа алдсан, тэр авсан гээд гомдол гаргасан байж. Залуу тухайн үед ямар процесс болсон талаараа хэлж ойлгуулж чадахгүй учраас дохионы хэлний хэлмэрч авах шаардлагатай байгаагаа хэлсэн. Ингээд хилс хэрэгт гүтгэсэн асуудлыг одоог хүртэл шийдвэрлээгүй орхисон гэж бидэндтэй холбогдсон. Зарим цагдаа нарын хувьд сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүстэй ярихаас төвөгшөөгөөд явуулчихдаг. Ингээд сонсдог, ярьдаг хүмүүстээ давуу тал бий болгодог. Иймэрхүү тохиолдлууд маш их гардаг.

Ер нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-т “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний ЭХ ХЭЛ мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ НИЙГМИЙН БҮХИЙ Л ХАРИЛЦААНД оролцох эрхтэй” гэж заасан байгаа шүү дээ. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлэх дүрэм, журам байхгүй байсаар ирлээ. Уг нь дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг бэлтгэх хэрэгцээ шаардлага маш их байна. Ялангуяа дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээ үзүүлэх журмыг батлах, ажил мэргэжлийн индексийг гаргах ёстой юм. Энэ журам нь батлагдсанаар сонсголын бэрхшээлтэй иргэд бүхий л салбарт дохионы хэлээр нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломж бүрдэнэ гэв.

Дохионы хэлний боловсролд онцгой анхаарах цаг болжээ!

Сонсголгүй хүмүүсийг хэлгүй, дүлий хэмээн хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь харах бус харин тэднийг өөрийн гэсэн эх хэл, соёлтой, үндэсний цөөнх гэдгээр нь харж тэдний дохионы хэлний боловсролыг хөгжүүлэх нь нэн чухал болоод байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Канад, Чех, Франц, Япон, Герман, Австралиас бид суралцах хэрэгтэй. Жишээ нь Америкт төр, хувийн хэвшил ихэвчлэн харилцаа холбооны компаниудтай хамтран дохионы хэлний орчуулагчдыг өндөр үнэ ханшаар хөлслөн сонсголгүй иргэддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, жилд 900 саяас 1.2 тэрбум доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Мөн түүнчлэн VRS, VRI гэх мэт ухаалаг утсан дээр суурилсан видео хэлмэрчлэх үйлчилгээнүүд ч түгээмэл болж байна. Сонсголгүй иргэддээ онцгой анхаардаг улсын нэг жишээ нь Япон юм. Тэртээ 1878 онд Киото хотод сонсголгүй хүмүүст зориулсан анхны сургууль байгуулагдаж байсан ба дохионы хэлний хэрэглээ өндөр түвшинд хөгжсөн. Тухайлбал, Японд 3000 гаруй дохионы хэлний мэргэжилтэн ажиллаж, сонсголтой, сонсголгүй, сул сонсголтой хүмүүсийг ажиллуулдаг нэгдсэн байгууллага үйлчилдэг байх юм. Тухайн орчуулагчид нь нийгэм, шинжлэх ухааны салбар бүрийг хариуцаж ажилладаг. Жишээ нь, шүүх, цагдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ авахаар сонсголгүй иргэн ирлээ гэхэд хариуцсан хүмүүсээс сонгогдон ажилладаг гэсэн үг. Орчуулагчийн цалинг төрөөс нь олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалдаг байна.

Харин Монголд дохионы хэлний мэргэжлийн орчуулагчид бэлдэхээс гадна сонсголгүй иргэддээ эх дохионы хэлээр нь наанадаж бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нь нэн чухал байна. Манай улсын хэлгүй дүлий иргэдийн 40 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдаагүй, бага боловсролтой байгаа нь нийгэм дэх ялгаварлалыг улам дэвэргэдэг. Нэгэнт боловсролын суурь нь зөв тавигдахгүй болохоор сонсголгүй иргэдийн дийлэнх нь гал тогоо, үйлчилгээ, цэвэрлэгээ, барилгын гэх мэт ажил хийдэг ба цалингийн хамгийн доод хэмжээ буюу дунджаар сарын 400 мянган төгрөгөөр ажиллах нь элбэг. Тэдний ихэнх нь манай улсын цор ганц сонсголгүй иргэдэд зориулсан 29 дүгээр тусгай сургуулийг дамждаг ч тэнд дохионы хэл болон бичгийн хэлийг хангалттай эзэмшиж чаддаггүй байна. Хэдэн жилийн өмнө “Чимээгүй хашгираан” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийгдэж, нийгэмд том цочроо өгсөн. Харамсалтай нь түүнээс хойш байдал олигтой дээрдээгүй гэдгийг тус сургуульд суралцдаг сурагчдын эцэг, эхчүүд хэлж байна. Дээрх сургуулийн ихэнх багш нар дохионы хэл сайн мэддэггүй ба амны хайрцагнаас уншдаг эртний аргыг одоо ч хэрэглэсээр байгаа аж. Энэ арга нь бүрэн сонсголгүй иргэдэд үр дүнгүй гэдгийг олон судалгаа нотолсон байдаг.

Монголд дохионы эх хэлний талаарх судалгаа шинжилгээний ажил ховор байдаг ч Сонсголгүйхүүхдийн хос хэл, соёлын боловсрол, эрт оролцооны боловсролын чиглэлээр мэргэшсэн цор ганц монгол хүн гэгддэг Б. Намираа “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, түүний боловсрол” номондоо дохионы хэлний ач холбогдол, стандарт, арга зүйг маш тодорхой гаргаж ирсэн байдаг. Тэрээр номондоо “Жирийн сонсголтой хүн сонсголоороо дамжуулан аман хэлийг эх хэлээ болгон сурдаг бол сонсголгүй хүн хараагаараа дамжуулан дохионы хэлийг эх хэлээ болгон эзэмшдэг байна. Манай улсын хувьд дохионы хэл нь сонсголгүй хүний эх хэл болох ба бичгийн хэл нь тэдний хоёрдогч хэл нь болсноор тийнхүү Монгол дохионы болон бичгийн хэлийг хос хэл болгон эзэмших юм. Сонсголгүй хүүхдийг/хүнийг тэдний тусгай хэрэгцээнд нийцсэн зөв сайн боловсрол эзэмшүүлснээр тэд бүрэн чадамжаараа хөгжиж, уншиж бичих битгий хэл хос хэл, соёлтой хүмүүс болдог” хэмээн дурджээ.

Тийм ээ, дохионы хэл бол хараан дээр суурилсан чимээгүй хэл юм. Сонсголгүй хүн нүдээрээ сонсож, гараараа ярьдаг буюу биднээс өөр хэл соёл, заншилтай өвөрмөц хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрч хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь ялгаварлахгүй хүн шиг хандаж нийгэмдээ үнэ цэнэтэй иргэн болоход нь анхаарах цаг болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Туяацэцэг: Улс орныг, хүнийг хараат болгох ганц зүйл нь анхдагч хэрэгцээ буюу хүнс. Тиймээс хүнсээ өөрсдөө л хийж сурмаар байна

Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэгтэй ярилцлаа.


-Хил хаасантай холбоотойгоор манай улс хүнсний хомсдолд орох нь гэж ярих боллоо. Нөгөө талд монголчууд мах, гурилаа идээд явахад өлсөхийн зовлон үзэхгүй л гэнэ. Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Ямар ч улс орон ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Урд хөрш яагаад хилээ хаачихав аа гэхээр ковидын өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой болов уу. Хөрш орон хилээ хаачихаар л манай бүх амьдрал зогсчихож байгаа юм шиг хүмүүс ярих юм. Зарим төрлийн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал ховордлоо хэмээн мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр ярьж байна. Бид хүнсний асуудлаар бусдаас хараат байх учиргүй гэж боддог. Тусгаар улс орон бүр өөрийн гэсэн хүнсний бодлоготой, хүнснийхээ асуудлыг өөрөө бүрэн шийддэг байх ёстой. Гэтэл хүнснийхээ асуудлыг бүрэн шидээгүй, тогтолцооны гажиг манай улсад оршсоор л байна. Тухайн улс орны газарзүйн онцлогоос хамаарч зарим хүнсний түүхий эдийг өөрийн улсад бэлтгэх боломжгүй байж болно. Үүнийг эрүүл ахуй ариун цэвэр, стандартын нөхцөл хангасан үзүүлэлт бүхий импортын бүтээгдэхүүнийг бодлоготойгоор тасалдахгүй нөөцтэй байлгахаар зохицуулалт хийж хангах хэрэгтэй. Ямар нэг шалтгаанаар хомсдол бий болгож үнийн хөөрөгдөл үүсгэж болохгүй. Манай улс зарим төрлийн нарийн ногоо, сахар, чихрийн төрлийн болон какао, шоколадны түүхий эд, ихэнх жимс, ургамлын тос, төрөл бүрийн будаа импортоос ихээхэн хамааралтай. 2020 онд 151 төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн(594.4 сая ам.дол)- ийг импортолсон байна. Улс орон бүр гол нэрийн гэгдэх хүнсээ тодорхойлон хангамж, хүртээмжээ тооцдог. Манайд Үндэсний статистикийн хорооноос гаргадаг гол нэрийн хүнсний жагсаалтыг 16 нэрийнхээр тайлагнадаг нь тийм ч хангалттай үзүүлэлт болж хараахан чадахгүй байна. Үүнээс гадна дэлхийн хүнсний хөтөлбөр(WFP)- өөс жил бүр гаргадаг “Дэлхий өлсгөлөнгийн зураглал”-ын 2020 оны мэдээллээс харахад Монгол Улсын (улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн) хүн амын 21.3 хувь нь хоол хүнсний дутагдалтай гэсэн дүн гарсан байна. Энэ нь Эфиопи, Кени, Ангол, Никарагуа, Болив гэх мэт хөгжил буурай хөгжилтэй 11 улстай ижил түвшинд байна гэж үнэлсэн байна.

-Өлсгөлөнгийн судалгаагаар манай улс улбар шар түвшинд орсон гэсэн талаар тодруулж болох уу?

-Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) нь улс орнуудын өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг арилгах зорилготойгоор жил бүр тайлан гаргаж үнэлгээ хийж шаардлагатай хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Манай улсыг 2020 онд улбар шараар тэмдэглэж хоол хүнсний дутагдалтай байна гэж дээр хэлсэнчлэн дүгнэсэн байна. Манай эрүүл мэндийн байгууллагаас таван жил тутам хийдэг Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнтэй дүйцэж байгааг харж болно. Хүн амын дундах амин дэм, бичил элементийн дутагдал өндөр буюу нийт өрхийн 22.7 хувьд хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсан гэсэн дүн гарчээ. Энэ нь Монголын таван хүн тутмын нэг нь хоол хүнсний дутагдалтай байна гэсэн үг. Монголчууд өөрсдийгөө өлсөөгүй, өлсөж үзээгүй гэж ярьдаг боловч бодит байдал хүнд байна. Цагаа олоогүй буруу шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд ковид ихээр тархаагүй үед бүтэн жил удаан хугацааны турш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Зарим нь хаалгаа бариад дампуурсан. Үүний цаана ажилгүйдэл, маш олон айл хоногийн хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг харж болно. Хил хаалттай ч бид хэнээс ч хамаарахгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангаж байх ёстой. Өнөөдрийг хүртэл манай улсын хүнсний бодлого хангалтгүй байсан нь харагдаж байна. Гадны орнуудаас хэрэгтэй зүйлээ авчихдаг, хэрэгцээгээ хангаад байсан учраас хэн ч санаа тавихаа больчихсон байсан нь одоо бидний гол алдаа болж байна.

-Хил хаахад гурилан бүтээгдэхүүний үнэ хүртэл нэмэгдэж байна шүү дээ?

Дотоодын үйлдвэрлэлээр буудайн гурилын хэрэгцээгээ 202.6 хувиар, гурилан бүтээгдэхүүний 39.4 хувийг хангаж байна. Гурилан бүтээгдэхүүний орц найрлагад импортоор авдаг элсэн чихэр, тос гэх мэт ордог учир үнэ дагаад нэмэгдэж байна.

-Манай улсын хувьд нөөцлөх ёстой хүнсний жагсаалтад юу орох бол?

-Ер нь стратегийн гол хүнсэнд мах, гурил, будаа, тос гэх зэрэг нэлээд хэдэн жагсаалт гарна. Өнөөдрийн нөхцөлд мах, гурил хоёроо гаднаас авах нь бага, өөрсдөө хэрэгцээгээ хангадаг учраас бас ч гэж асуудал хүндэрчихээгүй байна. Гэхдээ хэдий хугацаанд хил хаалттай байхыг бид мэдэхгүй. Эрээний боомт хаасан ч бусад боомтоор оруулах зохицуулалт хийж байгаа болов уу.

-Тэгвэл мах, гурил зэрэг бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг болов уу?

-Үндэсний статистикийн газраас жил бүр Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтүүд гэсэн мэдээ гаргадаг. Энэ мэдээнээс харахад жилд жишсэн хүн амын хүнсний хэрэгцээнд малын мах 115.2 кг гэж тооцсон байдаг. Жилд дотоод болон гадаад зах зээлд нийтдээ 20 орчим сая мал төхөөрч байна. Энэ нь 546.4 хувиар хангаж байна. Эдгээрээс гарч байгаа дотор мах, яс, цус, дайвар бүтээгдэхүүн, толгой, шийр хэрэглэгдэхгүй шахам байна. Урьд нь эдгээр түүхий эдээс хэрэгцээт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хаягдалгүй ашиглан тодорхой хэсгийг экспортод гаргаж байсан. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт мал төхөөрөх хүчин чадлын дэд бүтэцгүй газруудыг байгуулсан нь зөвхөн гулууз махыг авч дээрх дайвруудыг бүрэн ашиглахгүй хаягдах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь ихээхэн хэмжээний хүнсийг ашиглахгүй, мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн буруу төлөвлөлтийн жишээ болно.

Гурилын хэрэгцээг 202.6 хувь буюу хоёр дахин илүү хангаж байна. Төрөл бүрийн будааг 117.4 хувь хангаж байна. Гэхдээ хил өнөөдөр хаалаа гэхэд маргааш будаагүй болно гэсэн үг биш л дээ. Худалдаа эрхлэгчид тодорхой хэмжээний нөөцтэй л оруулж ирж байгаа. Хил хаагдана гэдгийг аж ахуйн нэгжүүд тооцоолоогүй учраас ихээр нөөцлөөгүй нь ойлгомжтой. Ингээд будаа худалдаанд багасна. Үүнийг дагаад үнээ нэмнэ. Ийм л үзэгдэл болдог. Манай улс хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүнээр хэрэгцээ, хэрэглээ, хангамжаа тооцож статистикийн үзүүлэлтээ гаргадаг. Эдгээр бүтээгдэхүүний үндсэндээ 50-иас илүү хувийг гаднаас авч байна.

Дотор нь задалж үзвэл Загасны махыг 100 хувь, шувууны махны 96.5 хувь, сүүн бүтээгдэхүүний 39.1 хувь, хүнсний ногооны 39.3 хувь, жимс, жимсгэний 96.4 хувь, өндөг 49 хувь, ургамлын тосны 99.9 хувь, цөцгийн тосны 51.4 хувь, чихэрлэг бүтээгдэхүүн 34.4 хувийг гаднаас авч байна.

-Эдгээр гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг бид гаднаас авахгүй өөрсдөө дотооддоо тарих, үйлдвэрлэх боломжтой юу?

-Малын мах ойлгомжтой, хэрэгцээгээ бүрэн хангаад явж болно. Дээр хэлсэнчлэн бүрэн ашиглах шаардлагатай. Ер нь манайх буудайгаа тариад дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж чадаж байна. Гэхдээ хураан авсан буудай бүр чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай. Жил бүр хангалттай хэмжээний ургац авлаа гэдэг боловч хавар нь гаднаас буудай импортлох асуудал ямагт яригддаг. Харин 90 гаруй хувь гаднаас импортолж байгаа загас, 96 хувь импортолж байгаа шувууны махаа дотоодоосоо хангахад өнөөгийн байдлаар боломж хараахан бүрдээгүй байна. Хэрэгцээндээ тулгуурлан загас, шувууны аж ахуйг бодлогоор дэмжин үржүүлэг, махны болон өндөгний чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Амжилттай яваа аж ахуйн нэгжүүд байгаа ч нийт хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрч чадахгүй байна. Хүнсний ногооны нэр төрлийг олшруулах, тариалалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хүн олноор суурьшсан төв суурин газрын хэрэгцээг жилийн турш тасралтгүй хангахад зардал өндөртэй ч хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага байна. Сүүний хангамжийн тухайд мөн л хүн олноор суурьшсан гаруудад сүүний аж ахуйг хөгжүүлэх, үүнийгээ дагаад тэжээлийн аж ахуйг ч шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Улаанбуудайнаас гадна олон төрлийн будааг манайд тарих боломжтой юу?

– Аливаа улс хүн ардынхаа уламжлал, хооллолтын хэв маяг, тэдэнд хэрэгцээт хоол хүнсийг онцлогт нь тохируулан зөвлөмж гаргасан байдаг. Манайд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрүүл хооллолтын “ГЭР” зөвлөмж гэж байдаг. “ГЭР” зөвлөмжид хоногт хэрэглэх хоол хүнсний ихэнхийг буюу суурь хүнс нь үр тарианы гаралтай бүтээгдэхүүн байна гэж зөвлөсөн байдаг. Үүнд буудайн, арвайн, хөх тарианы гурил болон будааны төрөл болох гурвалжин будаа, хөц, цагаан, шар будаа, овъёос гэх мэт бусад төрлийн буурцагт, залаат төрлийн үр тариа орно. Бидэнд үр тарианы гаралтай хүнсний дээрх нэр төрлийн хэрэглээ хангалтгүй байна. Эдгээрээс буудайн гурил, гурилан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж хоногт авах нийт илчлэгийнхээ 65 хувийг зөвхөн үүгээр хангаж байна гэсэн судалгааны дүнг манай багш эрдэмтдийн хийсэн “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа”- ны(2016) дүнгээс харж болно. Манайд бодлогын өрөөсгөл алдаа байна гэж судлаач хүний хувьд дүгнэж, хэлж ярьж, засаж залруулах юмсан гэж бодож явдаг. Энэ нь юу вэ гэхээр бид жил бүр л буудайгаа хэрэгцээнээсээ илүү ихээр хурааж авлаа, өмнөхөөсөө их амжилттай байлаа гэж ярьж мэдээлж байдагтай дасал болжээ. Уг чанартаа бид хэрэгцээнийхээ хэрээр чанартай буудайгаа тарьж авч бусад төрлийн үр тариа, будаагаа ч мөн адил тарьж ургуулж авч байх учиртай. Бид хөдөө аж ахуйн судлаачдаас монгол газар шороонд дээр ярьсан будааны төрлийг тарьж ургуулах боломж байдаг тухай асууж ярилцахад, боломжтой гэдэг хариулт өгдөг. Хөрс хамгаалах, сэлгээнд буудайнаас гадна бусад төрлийн тариа будааг тарих нь ихээхэн ач холбогдолтой гэдэг. Гагцхүү бодлогын зохицуулалт хэрэгтэй юм байна гэж ойлгож болно. Өнөөгийн байдлаар хөдөө орон нутгаар явж байхад тариалан эрхэлдэг зарим газруудаар рапс ихээр тарьсан нь харагддаг. Үүнийг бид дотооддоо ургамлын тос, тэжээлийн зориулалтаар тарьж байна уу гэвэл үгүй байна. Гадагш ялангуяа урд хөршид гаргадаг юм байна. Манай улс нэг жилд 20 улсаас 10 гаруй төрлийн, 23 000 орчим тонн ургамлын тос импортолдог гэсэн мэдээлэл байдаг. Эндээс харахад дотооддоо ургамлын тос үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Манайд ургамлын тосны үйлдвэр хоёр байдаг ч түүхий эдийн хомсдолоос шалтгаалж бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэдгийг та өөрөө тунгаана биз.

Бид олон төрлийн ургамлын гаралтай хүнс зайлшгүй хэрэглэж байх ёстой. Монголчууд цагаан будааг түлхүү хэрэглээд бусад төрлийн будааны хэрэглээ хангалтгүй байна. Зохистой хооллолтын мэдлэг боловсрол, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал байна. Үүнд зөвхөн мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаа бус салбар хоорондын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуй, соёл, мэдээллийн гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардлагатай байна.

-Улаанбуудайн талаар ярьсных нэг зүйлийг асууя. Сүүлийн өдрүүдэд хил хааснаас болж үйлдвэрүүд хөрөнгөгүй болж пивогүй боллоо гэх боллоо. Өөрсдөө исгээд хийж болдоггүй юм уу?

-Шар айргийг улаанбуудайгаар бус арвайгаар хийдэг. Өмнөх нийгмийн үед шар айраг буюу пивоны үйлдвэрийн гол түүхий эд арвайгаа өөрсдөө тарьдаг байсан. Арвайг соёолуулан ургуулж, хатааж, тээрэмдэж, бусад түүхий эдүүдтэй чанаж, хөргөж, исгэж, шүүж, өөрийн өвөрмөц технологи ажиллагаагаар шар айраг үйлдвэрлэдэг. Гэхдээ шар айраг стратегийн хүнс биш шүү дээ. Одоогоор Монголд үйлдвэрлэгдэж буй шар айрагны соёолжийг дандаа гаднаас оруулж ирдэг. Бэлэн соёолуулж ургуулсан түүхий эд ашигладаг гэсэн үг. Үүнийг манайх дотооддоо хийх боломжтой юу. Бас л боломжтой. Монголчууд өнөөдөр хийдэг байсан зүйлээ хийх ээ больчихсон, чаддаг байсан ажлаа чадахаа больчихсон. Огт хийдэггүй байсан юм шиг ярьцгааж болохгүй. Сүүлийн үед манайхны дунд нэг хандлага ажиглагдах болсон. Ахмад үеэсээ суралцдаггүй. Хуучин түүхээ хардаггүй. Бид юу хийж чаддаг байсан юм, хэн хийж чаддаг байсан юм гэдгийг судлаад хийх л хэрэгтэй байна. Энэ бол зах зээл, эргэлт, боломж, хөгжил.

-Хүнсний ногоо, жимсний талаар таны бодол юу байна вэ?

-Бид төмсний хэрэгцээгээ 212 хувь, хүнсний ногооны 79.9 хувь хангаж байна. Тэгэхээр хүнсний ногоогоор бүрэн хангаж хараахан чадахгүй байна. Хангалтынхаа 60.7 хувийг дотоодоосоо, 39.3 хувийг буюу 78.3 мянган тонныг импортоор оруулж ирж байна. Хүнсний илүүдэл гэж бас байна. Энэ жил 150 мянган тонн төмс хураахаар боллоо гэж байсан. Ийм хэмжээгээр хураавал төмс илүүднэ. Хүнсний ногооны тал дээр төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Манай ногоочдын гол бэрхшээл нь зоорь. Манай орон шиг дулааны улирал богино, хүйтний улирал урттай нөхцөлд зоорийг барьж байгуулах мөн ногоогоо муутгахгүй хадгалах технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх нь зөв юм. Хатаах, нөөшлөх, хөлдөөн хадгалах аргуудыг практикт өргөнөөр нэвтрүүлэх боломжтой. Ерөөсөө л төрөөс жижиг, дунд үйлдвэрлэгчдээ бодлогоор маш сайн дэмжих, ажлын байр олноор бий болгох, өрхийн тариалалт, хүлэмжийн аж ахуй, үйлдвэрлэлээр жилийн турш хэрэгцээгээ хангах зохицуулалт хэрэгтэй. Ингэж байж бид хэн нэгнээс хүнсээрээ хараат бус байх тухай ярина.

Categories
мэдээ нийгэм

Zeffiro INC компанийн захирал И Чанг Сон: БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа “Солонгосын эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих агентлаг”-тай хамтран Монголд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах дэлгүүрийг нээгээд байна

БНСУ-ын олон улсын худалдааны “Zeffiro” INC компанийн захирал И Чанг Сонтой ярилцлаа.


Тус компани Монголд БНСУ-ын гоо сайхны салбарыг төлөөлсөн “K-beauty ON” томоохон дэлгүүрийг нээгээд байгаа билээ.

-Сайн байна уу. Та өөрийгөө манайуншигчдадтанилцуулахгүй юу. Танай компани ямар чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

– Zeffiro хувьцаат компани нь Өмнөд Солонгос улсаас эхлэлтэй Япон, АНУ,ИхБритани,ОХУ-дтустускомпанианээнажиллуулжбай­гаа бөгөөд Солонгосын төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр B2C(Бизнес эрхлэгчээс > хэрэглэгч) болон B2B (Бизнес эрхлэгчээс > бизнес эрхлэгч) худалдаа эрхэлдэг цахим худалдааны экспортоор мэр­гэшсэн байгууллага юм. Одоогоор Өмнөд Солонгосын 500 компаниас бараа бүтээгдэхүүнээ татаж, олон улсын зах зээлд гаргаж байна. Манай компанийн нэр болох Zeffiro нь Италиар “сэвшээ салхи” гэсэн утгатай үг. “Сэвшээ салхи мэт нам гүм, амар тайвнаар дэлхий рүү тархана” гэсэн утга санаатайгаар анх компанийнхаа нэрийг өгч байсан.

Zeffiro INC нь Өмнөд Солонгос улсын ихэвчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авчгадаадын Wildberries, Amazon, E-bay зэрэг онлайн худал­дааны сүлжээгээр дамжуулан борлуулдаг. Энэ нь дэлхийн улс орнуудтай орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр онлайнаар холбогдон бизнесээ явуулдаг давуу талтай. Гэвч жижиг дунд бизнес эрхлэглэгчид ОУ-ын цахим худалдааг тэр бүр үр дүнтэйгээр ашиглаж чаддаггүй. ОУ-ын цахим худалдааны салбарт амжилт олъё гэвэл маш их туршлага болон ОУ-ын худалдаа, хуулийн талаарх мэдлэг хэрэгтэй болдог.

-Өмнө нь та манай улсад зо­хион байгуулагдсан “Азийн хөрөнгө оруулагчид Монголд” арга хэмжээнд урилгаар ирж илт­гэл тавин Монголын үйлд­вэр­лэгчидтэй уулзаж байсан бай­на. Монголын экспортын боломжийн талаар санаа бодлоо хуваалцахгүй юу?

-Одоогоос хоёр жилийн өмнө Монголд ирж орчин үеийн ОУ-ын худалдааны чиг хандлага, Цахим худалдаа болон Онлайн Маркетинг гэсэн сэдвүүдээр үйлдвэрлэл эрхлэгчдэд илтгэл тавьж байсан. Монгол бүтээгдэхүүнүүд дунд маш чанартай бүтээгдэхүүнүүд зөндөө байсан. Гэвч гадаадын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ худалдаалах нөүхау дутагдалтайгаас дотооддоо худалдаалах төдийхнөөр сэтгэл ханаж байгаа байдал ажиглагдсан. Мэ­дээж үйлдвэрлэл эрхлэгч ОУ-ын ху­дал­даанытуршлагахуримтлуулна гэдэг маш хэцүү. Тиймээс Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсад эскпортолдог мэргэжлийн байгуул­лагууд улам хөгжин хоорондын гүүрийн үүрэг гүйцэтгэвэл сайн гэж бодож байна.

-Энэ удаа “Zeffiro inc” компани Монголд Солонгосын гоо сайх­ны брэндүүдийн төрөлжсөн дэл­гүүрийг нээж байгаа юм бай­на. Энэ дэлгүүр манайд үйл ажил­­лагаа явуулдаг бусад гад­ны байгууллагаас юугаараа онц­логтой вэ?

-Солонгосынгоосайхны сал­барыг бүхэлд нь хариуцдаг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа “Солонгосын эрүүл мэндийн ажүйлдвэрийгдэмжихагентлаг” -тайхамт­ран Монголд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах дэлгүүрийг нээсэн. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор 2021 онд Орос, Вьетнам, Сингапур, Энэтхэг, Индонез, Чили зэрэг улсуудад мөн адил ажил өрнөж байгаа бөгөөд Zeffiro INC нь Солонгосын Эрүүл мэнд Аж үйлдвэрийг дэмжих агентлагийн ажлаар Монголын бүсийг хариуцаж ажиллаж байна.

Монголд Солонгосын олон алдар­тай гоо сайхны брэндүүд орж ирсэн байна. Гэсэн хэдий ч бид энэхүү Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны дэл­гүүрээрээ дамжуулан үнэ боломжийн хэрнээ чанартай олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчид хүргэхээр хичээн ажиллах болно.

-Танай дэлгүүрБНСУ-ын Зас­гийн газрын харьяа Эрүүл мэнд аж үйлдвэрийг дэмжих агент­лагийн дэмжлэгтэйгээр нээгдэж байгаа гэлээ. Тэгэхээр төрөөс бодлогоор экспортыг дэмждэг гэж ойлголоо. Засгийн газраас яг ямар чиглэлээр, яаж дэмжлэг үзүүлдэг талаар сонирхуулж болох уу?

-Zeffiro INC нь янз бүрийн орны гадаадын бүсийн мэргэжилтнүүд болон ОУ-ын сурталчилгаа мар­кетин­гийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн компани юм. Гадаадын зах зээлд хөл тавих өргөжин тэлэх шаардлагатай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусалдаг. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд бид Ерөнхийлөгчийн нэрэмжит шаг­налзэрэг олон магтаал, шагнал урам­­шууллыгхүртсэн. Өмнөд Солон­госын засгийн газар эдгээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспорт, маркетингдтусламж үзүүлэх зорил­гоор “Экспортын Ваучер” гэсэн хэл­бэрээр дэмжлэг үзүүлдэг. Манай компани нь энэ­хүү “Экспортын Вау­чер”-ийг гүй­цэтгэгч байгууллагын хувьд бизнес эрхлэгчдийн нэрийн өмнөөс бараа бүтээгдэхүүнийг нь гадаадын зах зээлд нэвтрүүлэх, сур­талчлах та­ниулах, маркетинг хийж өгөх зэрэг ажлыг гүйцэтгэж явуулдаг.

Мөн үүнээс гадна KOTRA, KITA, KOSME, KHIDI зэрэг хуулийн дагуу байгуулагдсан төрийн байгуул­лагуудад ч гэсэн жижиг дунд биз­нес эрхлэгчдийн экспортын өрсөл­дөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын сурталчилгааны маркетинг, гадаадын шууд борлуулалтад дэмжлэг үзүүлэх ажлыг маш их зохион явуулдаг. Манай компани энэхүү засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого дэмжлэгийн хүрээнд Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд дээрх олон төрлийн бизнесийн гүйцэтгэгч байгууллагаар оролцдог.

-Таны харж байгаагаар Монголын үйлдвэрлэл эрхлэгчид экспортоо нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

Монголд маш сайн чанарын нэхмэлийн бүтээгдэхүүнүүд олон байгаа боловч дизайн болон гүйцэтгэлийн чадвар бага зэргийн дутагдалтай. Мөн Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид гадаадын зах зээлд гарахыг хүсдэг боловч гадаад руу экспорт хийх байгууллага, бү­тэц, мэргэжлийн хүмүүсийн дутаг­дал­тайгаас гадны зах зээлд амжилт­тайгаар өрсөлдөж чадахгүй байна гэж харж байна. Гадаадын зах зээл дээрбараа бүтээгдэхүүн гаргах ажил нь өөрөө ОУ-ын асуудал учир мэр­гэжлийн түвшинд гүйцэтгэх хэрэгтэй. Zeffiro INC Өмнөд Солонгос улсын компаниудын экспорт, гадаад маркетингийг хийж өгч тусалдаг бай­гууллагын хувьд өөрсдийн бүтэц, нөүхау, ОУ-ын худалдааны сувгаа ашиглан Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад руу экспорт хийхэд тусалж хамтран ажил­лах болно. Гадаадын зах зээлд гарахад шаардагддаг стандарт, тусгай зөвшөөрөл, гаалийн асуудал зэрэгт тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа Zeffiro гадаад дахь хуулийн байгууллага болон хамтран ажиллагч байгууллагуудаараа дам­жуулан тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой учир Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бү­тээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Танд баярлалаа. Асуултуудад маань дэлгэрэнгүй хариулж Мон­голын жижиг дунд үйлдвэрүүдэд нэн хэрэгтэй мэдээлэл өглөө.

-Баярлалаа. Уншигчдаасаа мөн манай дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсье. Цаашидолонталаармонгол бизнесэрхлэгчидтэйхамтранажил­лах болно.

ДЭЛГҮҮРИЙН ХАЯГ:
K-beauty ON салбар1. БГД Максмолл худалдааны төв 1 давхар
K-beauty ON салбар2. ХУД Яармаг Food city худалдааны төв 1 давхар
Инстаграм хаяг: @koreanworld_mn

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Бусдыгаа “базна”, хянана гэсэн утгатай хуулийн шинэчлэл хийх гэж байгаад үнэхээр харамсаж байна

МҮХАҮТ-аас өргөн барьсан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга төсөл” нэлээд маргаан дагуулаад байгаа юм. Энэ талаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Х.Ганбаатартай ярилцлаа.


-Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь МҮХАҮТ гэсэн ганц байгууллагын эрх ашигт суурилсан байна гэсэн шүүмжлэл үүсээд байна. Ажил олгогч буюу аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сүүлийн үед Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэлээд анхаарч, судалж байна. Учир нь хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлаар манай холбооны гишүүн аж ахуй нэгж, байгууллагууд, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс маш их санал хүсэлт ирж байна. Үүнээс харахад Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэлээн анхааралтай судалж, бусад хуулиудтай уялдуулж, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн байр суурийг хуулинд зайлшгүй тусгах шаардлагатай байна.

-Хуулийн шинэчилсэн найруулга бизнес эрхлэгчдэд бүхэлдээ харшилж байна уу, эсвэл тодорхой хэдэн заалт байна уу?

-Бид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуучин хуулиа шинэчлээд, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцсэн танхимын хэмжээнд хүргээд, Монголын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, гадаад зах зээлд сурталчлах, гадаад худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын брэнд болсон олон бүтээгдэхүүнийг гадаадад бүртгүүлэх, гадаадын барааны тэмдгүүдийг Монголд бүртгэх, гадаад худалдаатай холбоотой маргааныг шийдвэрлэх зэрэг жинхэнэ мэргэжлийн танхимын тухай хууль болох болов уу гэж найдаж, хүлээж байлаа. Харамсалтай нь энэ хуулийн одоо хэлэлцүүлэх гээд бэлдэж буй төслөөс харвал бидний итгэл найдвар хүлээлттэй огт нийцэхгүй байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгад маш их төвлөрүүлсэн, зах зээлийн нийгэмд байж болохгүй олон зөрчилтэй заалтууд орсон байна.

Тухайлбал, Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухайн хуулиар Монголын бүх бизнесийн байгууллага МҮХАҮТ-ын албан ёсны гишүүн байна. Гишүүнчлэлийн татварыг тухайн компанийн борлуулалтын орлогоос тогтоодог байна. Гишүүнчлэлийн татварыг борлуулалтын орлогоос хамаарч тогтооно гэдэг чинь улсын албан татвар шиг л болох юм байна. Дээр нь МҮХАҮТ дороос ирсэн бүх асуудлыг шийддэг байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодыг мэргэжлийн буюу дагнасан танхим болгоно гэх мэтчилэн үл ойлгох, зөрчилдөөнтэй заалтуудыг оруулсан байгаа. Бүх аж ахуйн нэгжтэй холбоотой эрх ашгийг танхим илэрхийлнэ гэсэн байгаа. Энэ бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү заалт шүү дээ. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод мэргэжлийн танхим болно гээд томьёолоод оруулчихсан. Энэ бүхэн чинь олон хуультай зөрчилдөнө. Одоо УИХ-аар хэлэлцэгдэхээр бэлдэж буй “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”, “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”, “Эдийн засгийг сэргээх тухай хууль”, “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль” гээд олон хуультай зөрчилдсөн хуулийн шинэчлэлийг бэлдчихээд байна.

Бүр Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавина гээд оруулчихсан байна. Төрийн бус байгууллага Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавина гэдэг чинь одоо юу гэсэн үг юм. Нэлээд хуучны өнгө аястай. Хуучин манай улсад ганцхан төрийн бус байгууллага бизнесийг төлөөлдөг байсан нь МҮХАҮТ. Үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаас эхлээд бүгдэд МҮХАҮТ төлөөлдөг байлаа.Яг тэр зохицуулалтуудыг дахин санаж оруулж ирээд байна.

Энэ байдал нь өөрөө зах зээлийн өнгөрсөн 30 жилийн хөгжлийн явцад төлөвшиж бий болсон олон үйл ажиллагааг хумиад зогсохгүйтөр засагтай ганц л байгууллага харьцана гэж эрх мэдлийг төвлөрүүлж байна. Бусдыгаа “базна” хянана гэсэн утгатай хуулийн шинэчлэл хийж байгаад үнэхээр харамсаж байна.

-Хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж буйгаа холбогдох газруудад мэдэгдсэн үү. Хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэж сонссон?

-Бид энэ хуулийг эсэргүүцэж байгаагаа УИХ-д илэрхийлж албан бичиг хүргүүлээд байна. Мөн энэ хуулийн асуудлаар Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн 54 холбоо, Улаанбаатар хотын худалдааны танхим, Америк Монголын худалдааны танхим, Европын худалдааны танхим зэрэг нэлээд олон байгууллагууд хамтарсан хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хуралдаа МҮХАҮТ-ыг, УИХ-аас энэ асуудлыг ахалсан Байнгын хорооноос гишүүдийг урьсан. Аль аль нь ирээгүй. Хуулиа танилцуулаагүй. Биднийг үл ойшоосон байдал гаргасан. Ер нь хуулийн төсөлтэй холбоотой онцгүй зүйл сонсогдож л байгаа.

-Жишээлбэл…?

-Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг манай зарим ажил олгогчдоос мэдээлэл ирж байна. МҮХАҮТ-ынхан, УИХ-ын зарим гишүүд орон нутгаар явж дээрх хуулийн төслөө сурталчилсан бололтой. Ингэхдээ аймгийн засаг даргатай хамт орж ирээд “Орон нутгийн бүх салбар танхим дахь байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд бүгд он гарангуут мэргэжлийн танхим болно. МҮХАҮТ-д бүгд нэгдэнэ” гэж ярьж явна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшингийн тэгж ярьсан бичлэг бидэнд ирж л байна. Тэгэхээр бид Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийг яг танхимын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн, гишүүддээ үзүүлэх үйлчилгээгээ хөгжүүлсэн, олон улсын жишиг танхимууд шиг маш сайн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хууль болоосой л гэж хүсч байна. Тэрнээс биш социализмын үе шиг ганцхан МҮХАҮТ гэсэн төрийн бус байгууллага бизнесийнхнийг төлөөлж засаг төртэй харьцдаг байж болохгүй шүү дээ. Социализмын үед нэг нам, нэг засаглал байсан юм чинь МҮХАҮТ-аас өөр харьцах газар байхгүй байсан. Тэр үе рүүгээ эргэж орно гэж бодож байгаа бол зохистой явдал биш ээ гэж хэлэх байна. Өнөөдрийн хувьд үйл ажиллагаа нь цэгцэрсэн, аж ахуйн нэгжүүдээ төлөөлөөд гар хөл нь болоод асуудлаа хэлэлцээд явдаг мэргэжлийн холбоод ийм байдлыг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөхгүй.

-Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлөөс санал солилцохоор МҮХАҮТ-д албан ёсоор хандсан юм байна, тийм үү?

-Тэгсэн. Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ МҮХАҮТ-д очиж уулзсан, ярьсан, урьсан. Энэхүү хуулийн хэлэлцүүлэг хуралд оролцохыг хүсч, зарим УИХ-ын гишүүдийн туслахтай хүртэл уулзсан. Тухайн үедээ очиж оролцоно гэж хэлсэн атлаа хуралд ирээгүй. Угтаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг хоорондоо маш сайн хэлж ярьж, бусад хуулиудтай уялдуулж, бизнесийн байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр гаргах хэрэгтэй. Эс бөгөөс эргүүлэн хуулиа татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Нэг талаараа МҮХАҮТ-ын дор нэгтгэх нь энэ олон холбоо, төрийн байгууллагыг цэгцлэх гэж тайлбарлаад байгаа. Тэгвэл мэргэжлийн холбоод бие даасан байдалтай байснаар ямар ач холбогдолтой юм бэ?

-Мэргэжлийн холбоодууд тухайн салбарын хөгжил, техник технологийн асуудал, стандарт боловсруулах, техник хэрэгслийн тээвэрлэлт, түгээлтийн асуудал, хүний хөгжил, нөөцийг хангах зэрэг маш олон мэргэжлийн үйл ажиллагаагаар хангаж ажилладаг. Тухайлбал, махны холбоо махны салбарыг яаж хөгжүүлэх, ямар техник хэрэгсэл технологи нэвтрүүлэх, мөрдөх норм стандарт нь юу байхав гээд мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил. Энэ ажлыг МҮХАҮТ бол хийж чадахгүй. Ажил олгогч эздийн байгууллага бол олон улсын жишгээр хөдөлмөрийн харилцааны асуудал, цалин хөлс, ээлжийн асуудал, аюулгүй ажиллагаа, хамтын гэрээ хэлэлцээр, аж ахуйн нэгжүүдийг зөв удирдан чиглүүлэхэд юуг анхаарах гээд танхим болоод мэргэжлийн холбоодын хийдэггүй ажлыг хийдэг. Энэ байгууллагуудыг холиод нэг хэвэнд оруулна гэдэг байж боломгүй асуудал юм. Үүнийг төр засаг, УИХ, холбогдох байнгын хороо зэрэг газрууд анхааралтай судалж, үзнэ гэж найдаж байна.

Манай мэргэжлийн холбоодын зүгээс ч тэр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай буцаан татаач ээ гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Учир нь өмнөх Хөрөнгө оруулалтын тухай хууль шиг бөөн маргаан дагуулсан хууль битгий болоосой гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ хуулийг хэлэлцүүлэхээр УИХ-д оруулчихвал төр засаг, төрийн бус байгууллагуудаа хооронд нь хагаралдуулсан, бутаргасан, хооронд нь яс хаясан явдал болно. Тиймээс улс төрийн тогтворгүй байдалд бас нөлөөлөх вий гэж санаа зовж байна. Төр засаг хууль тогтоомжоороо дамжуулан төрийн бус байгууллагуудын хооронд яс хаясан үйлдэл бүү хийгээсэй.

-Хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин гэж хүний санаа яваад байна уу. Цаана нь ямар нэг нам, улс төрийн санаархал яваад байна уу?

-Миний хувьд О.Амартүвшин гэдэг хүний хувийн ашиг сонирхол явж байгаа гэж бодохгүй байна. Гэхдээ хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг хэлэлцээд сайшаасан гэж дуулсан. О.Амартүвшин Ардчилсан намын хүн. Тэгэхээр эдний байр суурь яваагүй байгаасай гэж эмзэглэж л байна. Тиймээс би энэ хуулийн асуудлыг маш анхааралтай судалж үзэхгүй бол болохгүй нь гээд дахин дахин хэлээд байгаа юм.

-Яваа яваандаа бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа руу төр гар дүрэх л сууриа тавилаа гэж ярих хүмүүс ч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Төрөөс гадна төрийн хэмжээний эрх мэдэлтэй төрийн бус байгууллага гарч ирээд аж ахуйн нэгжүүдэд бөөн дарамтад болж, хийж байсан ажлуудыг зогсоогоод, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд саад болж давхардсан ажиллагаа явуулаад бизнест нь саад болчихвий дээ л гэж санаа зовж байна. Нэг жишээ хэлье. Одоогийн Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулинд “Гарал үүслийн сертификатыг одоогийн МҮХАҮТ олго” гэж хууль гарч байхад бид УИХ дээр хүртэл маргалдаж байж оруулсан. Гэтэл одоо энэ сертификатыг олгохдоо аж ахуйн нэгж байгууллагуудаас үнийн дүнгээс татвар авдаг болсон байна. Энэ мэтчилэн зүйлүүд чинь аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог. Ер нь бүх төвлөрлийг нэг худалдааны танхимын дор төвлөрүүлдэг олон улсын жишиг байхгүй. Тиймээс УИХ энэхүү хуулийн шинэчлэлийг буцаагаад МҮХАҮТ-ын удирдлагуудад энэ хуулийнхаа төслийг эргэж хараад, танхимын төлөөлөгчдийнхөө хурлаар оруулаад, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн санал бодлыг сонсоод хамтран ажиллаач ээ гэж хүсч, уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Давааням: Дагуул, хоёрдогч хотуудад зарим чиг үүргийг шилжүүлснээр хэт төвлөрлийг сааруулна

Барилга хот байгуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваанямтай ярилцлаа.


-БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвд Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг хэрэгжүүлж, судалгааг хийсэн. Энэхүү судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-“Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” (ХАНСХЕТ) нь ирэх 20 жилд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлж, хөгжлийн орон зайн оновчтой төлөвлөлтийг хийх судалгааны суурь баримт бичиг юм.

БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвд Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс гээд нийтдээ 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 6 дугаар сараас эхлээд үйл ажиллагаагаа явуулж Монгол Улсын нийт 220 гаруй хот, суурин газарт орон нутгийн судалгаа хийлээ. Мөн өнөөгийн байдлын судалгаа, үнэлгээний ажлууд хийгдэж, одоо төлөвлөлтийн шийдлүүдийг боловсруулах түвшинд ажил явагдаж байна. Энэ оны эцэс гэхэд төлөвлөлтийн шийдлүүдээ боловсруулж, хэлэлцүүлээд 2022 оны хаврын чуулганаар УИХ-аар батлуулахаар төлөвлөсөн. Тус төслийг боловсруулах үндэслэл нь юу вэ гэхээр Монгол Улсад хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдсан. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ эсрэгээрээ хүн амын хамгийн их хувь нь ганц том хотод суурьшдагаар бас дэлхийд тэргүүлж байгаа нь агаар, ус, хөрс, дуу чимээ зэрэг орчны бохирдол, халдварт өвчин болон байгалийн гамшигт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна авто замын түгжрэл зэргээр эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж байна.

Иймд хүн амын шилжилт хөдөлгөөний асуудлыг шинжлэх ухааны онолын үндэслэлтэйгээр авч үзэж, нийслэлийн дагуул болон Эрдэнэт, Дархан зэрэг хоёрдогч хотуудад нийслэлийн дээд боловсрол, төрийн захиргааны зарим чиг үүргийг шилжүүлэх, хотуудын улсын зэрэглэлийг оновчтой тогтоож хуульчлах, сум дундын төв буюу бүлэг суурингийн төвийг оновчтой тогтоож, тэдгээрт хот байгуулалтын дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний таталцлыг бий болгож, нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, орон нутагт хүн амын зохистой тогтвортой суурьшлыг хангах боломжтой.

-Нийслэлийн дагуул хотууд байгуулах ажил үндсэндээ эхэлсэн. Энэхүү ажлууд хэр уялдаж явж байгаа вэ?

УИХ-аас дагуул хотууд байгуулах тогтоол гарсны дагуу шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Шинэ Зуунмод буюу Аэросити, Майдар гэсэн шинэ дагуул хотуудыг газарзүйн ойр байршил, таталцлыг харгалзан Төв аймгийн төв Зуунмодтой зам тээвэр, хот байгуулалтын дэд бүтцийг уялдаатайгаар төлөвлөж, эхний ээлжинд шаардлагатай зураг төслийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна. Шинэ Зуунмод нь олон улсын агаар, төмөр зам, авто замын тээвэр логистикийн том зангилаа төв болж,дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой, эдийн засгийн хувьд бие даан хөгжих чадавхитай хот байгуулагдсанаар нийслэлийн дөрвөн уулын дундах хэт төвлөрлийг сааруулах боломж гарна. 1990 оныг хүртэл Монголд 29 хотыг хуучин ЗХУ-ын туслалцаатайгаар байгуулж байсан бол одоо бие дааж анхны хот байгуулах ажлыг эхлүүлж байна.

-Улаанбаатар хотыг төлөвлөлтийн хувьд өргөтгөх нь зөв юмуу, эсвэл дагуул хот байгуулах нь зөв юм уу?

-Улаанбаатар хот суурьшлын бүсийн хувьд хүн амын даац хэтэрсэн. 800 мянган хүн суурьшихаар төлөвлөсөн ч одоо бараг хоёр дахин хэтэрсэн. Нутаг дэвсгэрийн түвшинд төвлөрөл ялгаатай байна. Төвийн зургаан дүүрэгт, Их тойруу, Бага тойруу, Зайсан, Шинэ яармаг гээд төвлөрөл хамгийн их хэсэгтээ суурьшлыг хязгаарлаж, алслагдсан хаяа, дагуул хот тосгодод төвлөрлийг хот байгуулалтын дэд бүтэц болон зам тээврийн төлөвлөлт, хүн шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлс, бодит ажлын байртай нь уялдуулж суурьшлыг нэмэх боломжтой. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд аймаг, сум орон нутагт ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрөөс олон зуун тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний гол зорилго нь нийслэлийг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, орон нутгагт хүн амын төвлөрлийг хадгалах, нэмэгдүүлэх байсан ч үр дүн нь эсрэгээрээ гарч ихэнхи сумдын хүн ам буурсан. Шилжилт хөдөлгөөний таталцлын онолоор хамгийн том хот нь хоёр дахь том хотоос хоёроос дээш дахин их хүн амтай бол том хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн зайлшгүй явагддаг гэж үздэг.

-Тэгэхээр манайд энэ харьцааг хэрхэн харж болох вэ?

-Улаанбаатар, Эрдэнэт хотын хооронд авч үзвэл энэ харьцаа 15 дахин зөрүүтэй байна.Дэлхийд байхгүй хүн амын таталцлын том соронз үүсчихсэн гэсэн үг. Монгол Улс дахиад Улаанбаатар хотоос том соронз үүсгэж чадахгүй тул энэ соронзын татах хүчийг сулруулах ганц л арга зам байна. Дэлхийн улс орнуудын туршлагыг харахад нийслэлийн зарим чиг үүргийг дагуул болон хоёрдогч хотуудад шилжүүлж энэ асуудлыг шийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төр засаг ньасуудлынхаа ард биш урд нь манлайлж явж байж шийддэг. Өнөөдөр барилгын зах, техникийн захыг УБ-ын төвийн хэсгээс гаргалаа гэхэд ачаалал багасч, иргэдийн үйлчилгээ холдох ч түүнийг орлосон барилгын материалын жижиг дэлгүүр, үйлчилгээний төвүүд хотдоо байж л байна. Улаанбаатараас өөр соронзыг бид хэзээ ч байгуулж чадахгүй. Хүн амын таталцлын соронзын татах хүчийг ганц зүйлээр бууруулах боломжтой. Тэгвэл энэ соронзын татах хүчийг бууруулахын тулд соронзоо хагалаад зарим хэсгийг хоёрдогч, дагуул хотуудад байршуулах замаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах боломжтой. Дээр нь хүрээлэн буй орчны бохирдол, авто замын түгжрэл, амьдрах чанар аюулгүй байдал нэлээд алдагдаж байна. тэрийг дагаад бид цаашдаа ирэх 20 жилдээ одоогийн хүн амын өсөлтийн түвшнээр явах биш тодорхой хязгаарлаад хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хэрэгтэй. Ялангуяа цөөн хүн амтай улсын хувьд төр засаг нь асуудлынхаа араас явах биш урд нь манлайлж явах үүднээс төрийн захиргааны зарим чиг үүрэг буюу зарим яамд, агентлаг, дээд боловсролын зарим чиг үүрэг буюу ШУТИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын мэргэжлийн хөтөлбөрийн 50 орчим хувийг хоёрдогч болон дагуул хотуудад байршуулж эдгээр хотуудын хөгжлийг дэмжих асуудлыг судалж авч үзэх шаардлагатай.

-Одоо нийслэл ачааллаа дийлэхгүй хэзээ мөдгүй доголдоход хүрээд буй салбар, бүтцүүдийг нэрлэж болох уу?

-Хотын үндсэн суурь болох байгалийн нөхцөл, нөөцийн хувьд ачаалал даац хэтэрчихсэн. Нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт их, төвийн хэсэгт шинээр барьж байгуулахад газрын хүрэлцээ дутагдалтай, хот бүрдүүлэгч гол дэд бүтэц гэгддэг газар, эрчим хүч, усны нөөц цаашдаа хүн ам ихээр өсөх эрэлтийг хангаж чадахааргүй түвшинд байна. Зам тээврийн түгжрэл, орчны бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаа хурд нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй хүн амын өсөлтийн хурдаа гүйцэхгүй байна. Иймд бид дараагийн макро түвшний өөрчлөлтийг хийх шаардлагатай.

-Өөр ямар арга механизмаар хэт төвлөрлийг сааруулж, орон нутагт төвлөрлийг нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Санхүүгийн хөшүүргийн механизм байж болно. Улаанбаатар хотоос 200 км болон 500 км-ээс дээш зайд татварын хөнгөлөлтийг шатлалтайгаар үзүүлж болно. 200 км-ээс дээш зайд өдөр тутамдаа нийслэл рүү таталцах боломжгүй, мөн Дархан, Эрдэнэт, Чойр зэрэг хотуудын хөгжлийг дэмжих боломжтой болно. Заавал тэр хот, суманд тэр үйлдвэрийг хөгжүүлнэ гэж хатуу заахаас илүү тэр боломжит зайд дотоод, гадаад зах зээлд гарах боломж, хөдөлмөрийн нөөц, хот байгуулалтын дэд бүтэц зэргээсээ хамаараад хөрөнгө оруулагч талд уян хатан байдлаар шийдэх сонгох боломжоор хангах хэрэгтэй. Өмнө нь хотуудыг байгуулахдаа эдийн засгийн чиг үүрэгтэйгээр байгуулж байсан бол одоо ихэнх хот, сумын төвүүдэд төрийн захиргааны болон нийгмийн үйлчилгээ л давамгайлж байгаагаас хот, суурин газруудын бие даан хөгжих чадавх сул байна. Иймд хотуудыг бүсчилэн үйлдвэрлэл, үйлчилгээгээр төрөлжүүлэн хөгжүүлэх, орон нутгийн хотууд хоорондын эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Хууль эрх зүйн ямар механизм байж болох вэ?

-Хот, суурин газруудын зэрэглэл, ангилал, засаг захиргааны статусыг оновчтой тогтоох хууль эрх зүйн механизм байна. Тухайлбал Япон, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ зэрэг ихэнх улсад нийслэлээс бусад 2-10 хүртэл тооны хоёрдогч том хотуудыг засаг захиргааны 1 дүгээр түвшний бие даасан нэгжийн статустай байдаг. Гэтэл манайд аймаг, суманд харьяалуулдаг тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, Дархан, Эрдэнэт, Чойр, Замын-Үүд, Хархорин гэсэн хотуудыг улсын зэрэглэлтэй, засаг захиргааны бие даасан статустай хот болгох асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийн хамгийн том зайлшгүй хийгдэх ёстой өөрчлөлтийн нэг гэдгийг хэн хүнгүй мэддэг ч одоог хүртэл хийгдэлгүй ирсэн. Учир нь Орхон аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Эрдэнэт хотын Захирагчийн ажлын алба гээд 1 хотын хөгжлийн асуудлыг хариуцдаг 3 давхардмал бүтэц байна. Нөгөө талаар стратегийн ач холбогдол, эдийн засгийн хөгжлийн олон төрөлжилттэйг харгалзан Замын-Үүд, Хархорин хотуудыг улсын зэрэглэлтэй засаг захиргааны бие даасан статустай байж болно.

Учир нь хүн амын өсөлт хамгийн хурдацтай явагдсан Замын-Үүд хот 20 мянган хүнтэй хэрнээ 2000 хүнтэй сумтай адил статустайгаас нэг талаас төрийн үйлчилгээний чанар хүртээмж муудахад хүргэж байгаа бол нөгөө талаас Замын-Үүд нь зөвхөн Дорноговь аймгийн сум биш, Монгол Улсын, цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд зам тээвэр, логистик, аялал жуулчлал, гадаад худалдааны том төв болон бие даан хөгжих боломжтой. Хархорин хот нь Монгол орны төв цэгт байрладаг бөгөөд тус хотоос бусад бүх хот, сумын төвүүд хүртэлх зай хамгийн бага бөгөөд зам тээврийн хэвтээ тэнхлэгийн зангилаа болдог, олон улсын аялал жуулчлалын том төв болгон хөгжүүлэх боломжтой. Тус хот орчмын Өвөрхангай аймаг болон Архангай, Булган аймгийн сумдад түүх соёл, байгалийн болон амралт сувиллын аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн их нөөц, бүтээгдэхүүнүүд нэг дор байрласан бүс нутаг болдог.

Бүсийн төв болох Ховд, Чойбалсан зэрэг хотууд нь улсын зэрэглэлтэй бөгөөд засаг захиргааны статус нь аймагтаа харьяалагдаж, аймгийн төвөөрөө байна. Мөн аймгийн дэд төв болон хөгжих боломжтой, хүн ам ихтэй, эдийн засгийн төрөлжилттэй Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хөтөл, Ховд аймгийн Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Хатгал, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын төвүүдийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон статусыг нь нэмэгдүүлэх боломжтой юм.

-Сум дундын төв буюу бүлэг суурингийн төвүүдийг тогтоохын ач холбогдол юу вэ?

-Олон улсын зах зээлийн эдийн засгийн онолоор 5000-аас хүнтэй суурин газарт орон нутгийн бие даасан үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зах зээл бүрэлдэж эхэлнэ гэж үздэг. Гэтэл дундаж сумын төвийн хүн ам 300-800 хүртэл хүнтэй, тэдгээрт үсчин гоо сайхны газар, талх нарийн боовны цех, зочид буудал, цайны газар зэрэг наад захын хэрэгцээг хангах үйлчилгээ байхгүй сумууд ч байна. Нөгөө талаар орон нутагт сум дундын эмнэлэг, шүүх, цагдаа, онцгой байдлын хэлтэс гээд нийгмийн зарим дэд бүтцүүд бий болсон. Монгол Улс өнөөгийн байдлаар 330 сумын төв, нэмээд 20 орчим хот, суурин газартай байна. Эдгээр нь үндсэндээ 1931 онд бий болсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн тогтолцоо юм. Тухайн үед сумын төвөөс дундаж байршилд алслагдсан хөдөөгийн иргэд өдөртөө мориор очоод ирэх 5 цаг орчмын зай байсан бол энэ хугацаа зам тээврийн нөхцөл сайжирснаар өнөөдөр 1 цаг хүртэл багассан байна. 90 орчим сум дундын төв буюу бүлэг суурингийн төвтэй болсноор дунджаар 3-4 сум дундаа 2000-5000 хүнтэй нэг төвтэй болж боловсрол, эрүүл мэнд зэрэг аймгийн төв, том хотууд рүү таталцдаг төрийн үйлчилгээг орон нутагт сайжруулан хүргэх, сумд хоорондын нийгмийн болон эдийн засгийн хамтын харилцаа нэмэгдэх, бэлчээр зэрэг байгалийн нөөцөө томсгосон түвшинд зохистой ашиглах, орон нутагт хүн амын зохистой төвлөрөл нэмэгдэж, хот байгуулалтын дэд бүтцийн болон бусад гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийг эхний ээлжинд эдгээр төвүүдэд хэрэгжүүлснээр төсөл, хөрөнгө оруулалтуудын үр ашиг сайжирна.

Бүх сум эрчим хүчинд холбогдсон, зарим сумын төвүүд инженерийн дэд бүтэц, хатуу хучилттай автозамтай болж, үүрэн телефоны болон шилэн кабелийн интернэт сүлжээнд холбогдсон зэргээр хот хөдөөгийн ялгаа эрс багассан. Цаашдаа бүх сумыг жигд хөгжүүлэхээс илүүтэйгээр өрсөлдөх чадвар өндөртэй бүлэг суурингийн төвүүд болон хотуудыг уул уурхай, аялал жуулчлал, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн хөгжлийн нөөц, онцлог, давуу талуудад тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай.Эцэст нь хэлэхэд, бид асуудлаа мэдэж байгаа нөхцөлд шийдвэрлэх арга замыг хайх, өөрчлөх хэрэгтэй. Мэдэхгүй байгаад өөрчлөхгүй байх нэг хэрэг, мэдэж байгаа хэрнээ өөрчлөхгүй байх өөр хэрэг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслөөр ардчиллаас ухрах гэж байна

“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг удахгүй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг энэ намар УИХ-аар хэлэлцэнэ. Уг хуулийн төсөл бүхэлдээ эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэлээ гэх шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар та байр сууриа хуваалцахгүй юу?

-Манай төрийн бодлого ардчилсан нийгмийг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийг “солонгоруулах”-ад чиглэдэг гэж ойлгодог. Гэтэл УИХ-д өргөн баригдсан “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” яг үүний эсрэг байдлыг бий болгоход чиглэсэн гэж үзэж байна.Зах зээлийн эдийн засаг гэдэг чинь аж ахуйн нэгжүүд зах зээл дээр чөлөөтэй өрсөлддөг, чөлөөт өрсөлдөөний үндсэнд өөрсдөө хөгжиж, бэхжиж байдаг зарчимтай.Сүүлийн 30-аад жил аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод хэн ч байсан зах зээл, бизнесийн орчинд тулгарч буй асуудлаар дуу хоолойгоо илэрхийлдэг, чөлөөтэй хэлэлцэж санал бодлоо солилцож шийдвэрт хүрдэг ийм л нийгмийг байгуулж байна гэж бид бодож ирсэн. Харамсалтай нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байгаа “Худалдаа, аж үйлдэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” нь аж ахуйн нэгжүүдийн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боогдуулах эхлэлийг тавих гэж байна.

Эдийн засаг, бизнест учирсан ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр бүх талуудын оролцоотой хэлэлцэхэд мэргэжлийн холбоод нь мэргэжлийн өнцгөөс,ТББ, танхимууд нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчныг сайжруулах талаас нь, төрийн байгууллагууд улс орны бодлогын чиглэлийн өнцгөөс харж, олон талаас нь хэлэлцэж байж бид тухайн асуудлыг шийдэх хамгийн зөв арга замыг олдог. Гэтэл энэ хуулийн төслөөр ингэж нээлттэй санал бодлоо хэлж хэлэлцдэг байдлыг үгүй хийж хувийн хэвшлийнхнийг бүгдийг нь нэг хүний гараар удирдуулдаг хэт төвлөрсөн бас нэгэн “Засгийн газар”-ыг бий болгох гэж байна.

Ингээд харахаар Монгол Улс үнэхээр ардчилсан нийгмийг бэхжүүлэх гээд байгаа юм уу, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх гэж байна уу, эсвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо руу буцаад шилжих гээд байгаа юм уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Хэрвээ “Худалдаа, аж үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” яг энэ хэвээрээ батлагдвал ардчилсан үзэл санаа, зах зээлийн зарчмууд, нөгөө чөлөөт өрсөлдөөн бүгд байхгүй болох хамгийн анхны том алхам болох болно.Статистикаас харахад арваад жилийн өмнө ДНБ-нд эзлэх хувийн хэвшлийн оролцоо 80-аас дээш хувьтай байсан бол одоо 70 орчим хувьтай л болсон байна.Энэ нь төр өөрөө бизнес хийгээд, бизнес, зах зээлд оролцох оролцоо нэмэгдсэнийг илэрхийлж байна. Ийм данхар бүтэцтэй, мөнгөтэй, хүчтэй төр гэдэг бизнес эрхлэгчтэй хувийн хэвшлийнхэн яаж өрсөлдөх юм бэ.Ийм байдлаар тэртэй тэргүй чөлөөт өрсөлдөөн аль хэдийнэ хумигдаад байгаа энэ үед бас нэг төвлөрсөн удирдлагыг бий болгох хууль батлагдвал бид цаашид ардчилал, зах зээлийн эдийн засгийн талаар яриад ч хэрэггүй болох болно. Иргэд, аж ахуйн нэгжүүд“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль” гэдэг нэрнээс нь хараад “надад хамаагүй, танхим гэдэг байгууллагуудад л хамаатай юм байна. Тиймээс тэр танхимууд, мэргэжлийн холбоод нь л хоорондоо ярина биз” гэж ойлгоод анзаарахгүй байх шиг. Яг үнэн хэрэг дээрээ энэ хуулиар чинь дамжуулаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн алдаж болохгүй эрх болох өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд чинь халдах гэж байна. Энэ хуулийн төслийн дагуу Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнийг ганцхан МҮХАҮТ-ын дор нэгтгэж удирдуулна, хувийн хэвшлийн хөгжлийн асуудал, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ганцхан МҮХАҮТ л төртэй харилцана, эдийн засгийн салбар бүрт байгуулагдах “дагнасан” “мэргэжлийн” гэж нэрлээд байгаа танхимууд нь МҮХАҮТ-ын харъяанд ажиллаж, дарга нарынхаа удирдлагаар ажиллах болно. Ийм тогтолцооны хамгийн том сул тал болМҮХАҮТ-ын дарга хэн болохоос хамаарч түүний эрх ашиг, тэр хүний талынхны төлөө Монголын 70, 80 мянган аж ахуйн нэгжийн нэрийг барьж дуугарадаг, тухайн даргын эрх ашигт нийцсэн асуудлуудаар төр засагтай “ханцуйндаа наймаалцдаг” болгох аюул байж болох юм. Тэгэхээр энэ бол ардчиллаас ухарсан хамгийн том алхам болохоос гадна магадгүй авлига хээл хахууль, чөлөөт бус “дарга нарын” эдийн засгийг бий болгох аюулыг бий болгож ч болох юм.

-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д ийм нөхцөл байдлыг бий болгох яг ямар заалтууд орсон байна вэ?

-Хуулийн хувьд нэлээд олон шинэ зохицуулалт орж байгаа. Тухайлбал, хуулийн төслийн5.7-д “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд зөвхөн МҮХАҮТ-ын гишүүн болно”, 5.4-т “Монгол Улсад Үндэсний танхим нэг, эдийн засгийн үйл ажиллагааны салбар тус бүрт дагнасан танхим нэг байна”, “эдгээр дагнасан танхимууд нь МҮХАҮТ-ын харьяанд байна” гэж заасан байна. Ингэж захиргаадалтын аргаар “базах” гэсэн иймэрхүү заалтууд нэлээд орсон байгаа.Өөрөөр хэлбэл, ноос ноолуурын салбарт нэг танхим, арьс ширний салбарт нэг танхим, худалдааны салбарт нэг танхим гээд бүгд одоогийн МҮХАҮТ-ын харьяанд байгуулагдан ажиллах болно гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй эдгээр танхимууд нь санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд бүгд МҮХАҮТ-аас хараат байхаар хуульчилсан байна. Жишээлбэл, ноос ноолуурын салбарт олон мэргэжлийн холбоод бий. Гэтэл энэ хуулийн төслөөр эдгээр ноос, ноолуурын салбарын компаниуд МҮХАҮТ-ын харьяаны “Ноос ноолуурын танхим” гэж байгуулж өнөөг хүртэл хөгжиж, тодорхой амжилтад хүрээд байгаа ноос, ноолуурын мэргэжлийн холбоод цаашид оршин тогтнож өөрийн салбараа хөгжүүлэх чиглэлээр ажиллах, салбарын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах боломжгүй болж, хаалгаа барина гэсэн үг. Ингэхээр тухайн “дагнасан” “мэргэжлийн” танхим нь МҮХАҮТ-ын үгээр ажиллахгүй “үгнээс нь зөрөөд байвал” МҮХАҮТ өөрийн хуваарилах ёстой санхүүжилтээ зогсооно гэж дарамтлах эрхтэй болох болно. Үүнийг Улаанбаатар хотын худалдааны танхим болон бусад мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байна.

-Одоо бол салбар бүр асуудлаа мэргэжлийн холбоо дотроо ярилцаж шийдвэрлээд саналаа холбогдох төрийн дээд байгууллагад гаргадаг. Тэгэхээр эдгээр ажлыг дагнасан танхим гүйцэтгэдэг болоод холбоод байхгүй болно гэж ойлголоо. Зөв үү?

-Энэ хууль батлагдвал мэргэжлийн холбоод цаашдаа ажиллах нөхцөлгүй, боломжгүй болно.Би ноос, ноолуурын нэг компани байлаа гэж бодъё. Миний үйл ажиллагаа, эрх ашгийг хөндсөн хууль гарлаа гэхэд би эхлээд Ноос, ноолуурын дагнасан танхимдаа хандана. Гэтэл тухайн дагнасан танхим нь бие даан шууд Засгийн газар, холбогдох яам руугаа хандаж салбарынхаа эрх ашгийг хамгаалах эрхгүй, заавал МҮХАҮТ-д хандаж, Үндэсний танхим нь Засгийн газарт хандаж ярилцдаг болох болно. Одоо бол мэргэжлийн холбоод дээрээ мэдээлэл ирээд, холбоод нь салбарын хөгжил, аж ахуй нэгжүүдийн тулгамдаж байгаа асуудлыг ярьж хэлэлцээд Засгийн газарт хандан мэргэжлийн үүднээс ярилцаж шийдүүлдэг. Аж ахуйн нэгжүүд хамтрах, нэгдэхийг буруу гээгүй шүү. Хамгийн гол нь захиргаадалтын аргаар нэг л байгууллагын дор төвлөрүүлэх гэж байгаа нь буруу гэж үзэж байна.

-Танай Улаанбаатар хотын худалдааны танхимаас өөр нэг асуудлыг эсэргүүцэж байгаа. Үүнийг илүү доторхой тайлбарлаач?

-Үүнээс гадна энэ хуулиар орон нутгийн засаг захиргааны түвшинд бие даасан танхимууд байгуулж ажиллуулахыг хааж байгааг Улаанбаатар хотын худалдааны танхим эсэргүүцэж байна. Энэ хуулийн 5.5-д “Үндэсний танхим нь Монгол Улсын нэг ба хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамарсан салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно”,6 дугаар зүйлд “танхим” гэдэг нэрийг хамгаалалтад авах заалтууд орсон байна. Өөрөөр хэлбэл, бие даасан “танхим” байгуулагдаж ажиллах боломжгүй, зөвхөн МҮХАҮТ-ын салбар нэгж л аймаг, орон нутаг, хотуудад байгуулагдан ажиллана гэсэн үг. Жишээ нь, Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын худалдааны танхим” гэсэн манайх шиг байгууллага бие дааж ажиллах боломжгүй болж байна. Бид нэгт танхим нэрийг ашиглах боломжгүй. Хоёрт хэрвээ цаашдаа нийслэлийн нутаг дэсвгэрийн хүрээнд үйл ажиллагаагаа хариуцаж ажиллана гэвэл энэ хуулийнхаа дагуу МҮХАҮТ-ын салбар нэгж болох шаардлага үүснэ.

-Бие даасан бус МҮХАҮТ-ын салбар нэгж болох гол үр дагавар нь юу байх вэ?

-Одоогийн байдлаар 21 аймагт МҮХАҮТ-ын салбар танхимууд ажиллаж байгаа.Иргэний хуулийн дагуу салбар нэгж гэж юуг хэлдэг вэ гэхээр тухайн орон нутагтаа төв байгууллагынхаа үйл ажиллагааг хэсэгчилэн юм уу, бүхлээр нь хэрэгжүүлдэг нэгжийг хэлдэг. Өөрөөр хэлбэл аймаг, хотуудад ажиллах салбар танхимууд нь бие даан ажиллахгүй, зөвхөн төвлөрсөн удирдлагаар л ажиллана гэсэн үг. Өнөөг хүртэл энэ тогтолцоо хөдөө, орон нутгийн бизнесийн орчныг сайжруулах, тухайн орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр амжилттай ажиллаж чадахгүй байгааг харж л байна. Би МҮХАҮТ-д 10 жил ажиллахдаа Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж ихэнх аймгуудад өөрийн гараар салбар танхимуудыг байгуулж байсан. Тухайн үеийн МҮХАҮТ-ын удирдлагууд ирээдүйд тухайн аймаг, бүс нутгуудад хүчтэй бие даасан ХАҮТ-ууд бий болгох анхны үндэс суурь болгож орон нутгийн салбар танхимуудыг байгуулж байсан юм. Эхлээд салбар танхим болж ажиллаж байгаад яваандаа хөгжөөд ирэхээрээ бие даасан танхимууд болж өөрийн аймаг, бүс нутгийн эдийн засаг, зах зээлээ хөгжүүлэх гарц гаргалгаагаа тодорхойлон аймгийнхаа удирдлагуудад зоригтой тавьж шахаж шаарддаг, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг орон нутгийн түвшинд хамгаалдаг, хөгжүүлдэг, хүчтэй байгууллагууд болгох л зорилготой байсан. Гэтэл одоогийн МҮХАҮТ-ын дарга Амартүвшингийн хувьд эдгээр орон нутгийн танхимуудын хөгжлийн асуудал чухал биш, харин эд нарыг өөрийн гартаа үргэлжлүүлэн төвлөрүүлж байхыг л зорьж байх шиг харагдаж байна.

-Тэгэхээр мэргэжлийн холбоод энэ хуулийн нээлттэй хэлэлцүүлгээр ямар шийдвэрт хүрсэн бэ. Аж ахуй нэгжүүдийн зүгээс ямар саналтай байгаа вэ?

-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” нээлттэй хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын худалдааны танхим”, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, “Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл”-ийн 56 мэргэжлийн холбоод болон гадаад, дотоодын ХАҮТ-ууд, төрийн бус байгууллагууд оролцсон. Бид энэ хуулийн төслийг мэргэжлийн холбоод, ТББ-уудын саналыг авч сайжруулах ёстой эсвэл хуулийг буцаан татах ёстой, гэсэн байр суурь дээр нэгдээд байна.

-Та бүхэн хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийн дагуу зохих газруудад саналаа хүргүүлсэн үү?

-Бид мэдэгдлээ гаргачихсан. Одоо саналаа нэгтгээд УИХ-ын гишүүд рүү, ялангуяа Эдийн засгийн байнгын хорооны бүх гишүүд рүү саналаа явуулна. Дээр нь энэ хуулийн төсөл нь манай дотоодын олон хууль эрх зүйн актууд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын олон гэрээ конвенцуудыг зөрчиж байгаа тул өөрчлөх шаардлагатай. Жишээлбэл, Худалдаа, аж үйлдвэрийн танхим өөрөө төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагын тухай хуулиар Монголд ажиллаж буй бүх төрийн бус байгууллын үйл ажиллагааг зохицуулж байдаг. Гэтэл хуулийн төслийн 17.4-т “Үндэсний танхимын гишүүнчлэлийн хураамжийн 10 хувийг гишүүн хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий санд төвлөрүүлнэ” гэж заасан байгаа нь ТББ-ын тухай хуулийг зөрчиж байна. Дээр нь 17.7-д “Үндэсний танхим нь дагнасан танхимын үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор гишүүний төлсөн хураамжийн 30-аас доошгүй хувийг түүний харьяалагдах нэг, эсхүл хэд хэдэн дагнасан танхимд шилжүүлж болно” гэж байгаа. Хэрвээ ноос ноолуурын танхим “Та нар ингэж болохгүй, буруу ажиллаж байна” гээд Үндэсний танхимын эсрэг дуугарч дургүйг нь хүргээд байх юм бол санхүүжилт олгохгүй. Харин аль нэг аймгийн салбар танхим “Үндэсний танхимаа та нарын зөв шүү” гээд өөрийнх нь дурыг хөдөлгөөд байвал тийш нь мөнгө, санхүүжилтийг нь өгнө л гэсэн үг. Миний эсрэг дуугараад байвал нөхдүүдээ та нарт санхүүжилт олгохгүй шүү, миний талд дуугараарай л гэж байгаа үг. Энэ ардчилсан тогтолцоо мөн үү. Ингэж санхүүгийн хувьд ч нэг гартаа төвлөрүүлээд, үйл ажиллагааг нь ч зааж өгөөд байвал ямар юмных нь ардчилсан тогтолцоо байх юм бэ. Тийм биз дээ.

-Одоогоор тухайлбал, Улаанбаатар хотын худалдааны танхимын үйл ажиллагаа ямар системээр явдаг вэ. Дундын сан гэж байна уу?

-Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль”-иар бол бид ямар нэг санд мөнгө төвлөрүүлдэггүй. Улаанбаатар хотын худалдааны танхимын хувьд ямар нэг сан байхгүй. Бид гишүүдийнхээ хураамжаар өөрсдийгөө санхүүжүүлээд Улаанбаатар хотын хүрээнд бизнесийн орчныг нь яаж сайжруулах вэ, гишүүдийнхээ үйл ажиллагааг яаж дэмжих вэ гэдэгт дуу хоолой нь болоод ажиллаж байна. Манай гишүүн биш байсан ч хамаагүй, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ гэдэг тал дээр мөн ажиллаж байна. Манайх бие даасан танхим. Одоогийн хуулиар бүх танхимууд сайн дурын гишүүнчлэлтэй. Манайд одоогоор 250 гаруй гишүүн бий. Цөөхөн юм шиг харагдах боловч чанарын асуудал байна. Жишээлбэл, Үндэсний танхим 21 аймгуудынхаа салбар танхимуудыг нэгтгээд, энд байгаагаа нэмээд явахаар харьцуулахад их тоо гарна л даа. Гэхдээ манайд сүүлийн жилүүдэд гишүүнээр элсэж байгаа аж ахуйн нэгжүүд “Үндэсний танхимд гишүүнээр элсээд нэг жил, хоёр жил боллоо. Тэнд манай эрх ашгийг бодох, биднийг хөгжүүлэх ямар ч ажил байхгүй, ямар ч үр дүн гараагүй. Тиймээс миний үйл ажиллагаа Улаанбаатар хотод явагдаж байгаа учраас танайд элсэх хүсэлтэй байна” гэж ирж нэгддэг. Хэрвээ миний үйл ажиллагааны эрх ашиг яригдаад, ямар нэг асуудал хөндөгдвөл “Улаанбаатар хотын худалдаа, аж үйлдвэрийн танхим”-аар дамжуулж хотын захиргаанд хандаж эрхээ хамгаалуулмаар байна гэдэг. Ийм эрэлт хэрэгцээтэй аж ахуйн нэгжүүд аймгуудад зөндөө бий. Аймгуудад байгаа аж ахуй нэгжүүд аймгийнхаа салбар танхимуудад хандаад эрхээ хамгаалуулах хүсэлтэй байгаа. Гэтэл одоо хуулийн шинэчлэлээр аймгуудын аж ахуйн нэгжүүд орон нутаг дахь салбар танхимуудад эрх ашгаа хамгаалуулах гээд хандвал салбар танхим нь Үндэсний танхим руугаа хандаад, Үндэсний танхим нь эргээд хотоос аймаг руу хандах юм уу. Ийм ойлгомжгүй нөхцөлд ордог. Харин нийслэлийн аж ахуйн нэгжүүд бизнесийн орчноо сайжруулах талаар “Улаанбаатар хотын худалдааны танхим”-д хандахад бид шууд хотын захиргаанд хандаж хамтран ажилладаг. Ийм л бие даасан танхимуудыг аймгуудад бий болгох нь зүйтэй юм.

Харин эдгээр бие даасан танхимууд нэгдээд Үндэсний танхимаа байгуулж болно. Үндэсний танхим нь Монгол Улсын бизнесийн орчныг яаж сайжруулах, үндэсний бизнесийн орчны судалгаа хийх гээд илүү бодлогын түвшинд ажилладаг, ярьдаг байх хэрэгтэй. Яг бизнесээ дэмжих ажлуудыг орон нутгийн танхимууд нь хийх хэрэгтэй. Тэгж байж орон нутгийн танхимууд хоорондоо эрүүл өрсөлдөх замаар нэг нэгнээсээ суралцана, хөгжинө. Нэг зүйлийг хэлэхэд, МҮХАҮТ-тай тэрсэлдсэн, ажлыг нь үгүйсгэсэн зүйл энд огт байхгүй. Би өөрөө 60 жилийн түүхтэй энэ том бүтцийн нэг эд эс болоод олон жил ажиллаж бодлогыг нь хүртэл гаргалцаж байсан хүн. Гол нь энэ шинэчилсэн хуулиар аж ахуйн нэгжүүдийнхээ эрх ашгийг боомилохоос гадна улс төрийн намуудын энэ муухай “попрол”-ын систем чинь хувийн хэвшлүүд рүү орж ирэх гэж байгаа учраас ХАҮТ-уудын эрүүл, олон улсын жишигт нийцсэн тогтолцоог л бий болгох ёстой гэж бодож байна.

-“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг өргөн барихдаа мэргэжлийн холбоодоос, ТББ-аас санал, хүсэлт авсан уу?

-Үгүй. Энэ бол МҮХАҮТ өөрсдөө нэг хуулийн фирм хөлслөөд захиалж хийлгэсэн хуулийн төсөл. Анхны хувилбарыг нь харахад надад бол нэг байгууллагын дүрмийг хууль болгож оруулж ирсэн харагдаж байсан. Харин УИХ-д өргөн барьсан хувилбарт өмнө байсан зарим нэг заалтыг хассан байна лээ. Нэг байгууллагын дүрмийг хууль болгоно гэдэг хэрээс хэтэрсэн хэрэг. Дээр нь Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа солонгоруулна гэж хичнээн жил ярьж байна. Одоо яг солонгорч байна уу. Бүс нутгаа хөгжүүлмээр байна, аймгуудаа дэмжмээр байна, хот хөдөөгийн ялгааг арилгамаар байна гэдэг. Гэтэл энэ хууль батлагдвал түрүүн хэлсэнчлэн энэ байдал улам дордоно. Улам л хот руу тэмүүлнэ, аймгууд эзгүйрнэ, тэнд ямар ч бизнесийн орчин, зах зээл байхгүй болно. Хот өнөөдөр хэт их төвлөрлөчихсөн, ачааллаа дийлэхгүй болчихсон. Энэ их ачааллыг яаж багасгах вэ? Хотын энэ хэт төвлөрлийг задлах ганц арга нь аймаг, сумдаа хөгжүүлэх. Бүс нутгаа хөгжүүлэх. УИХ-аас бүсэлчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдаад олон жил болж байна.

Аймагт хөгжил бий болж байж энд байгаа компаниуд тийшээ явна. Тэнд зах зээл бий болж байж иргэд нүүдэллэнэ. Тэрнээс захиргааны аргаар арьс ширний үйлдвэрүүдийг бүгдийг гарга, тийм газруудыг бүгдийг хотоос гарга гээд шийдэгдэх асуудал биш. Харин бүс бүрийг тодорхой салбараар нь төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, баруун бүсийг махны чиглэлээр нь түлхүү хөгжүүлэх бодлого баримталбал тэнд энэ чиглэлийн үйлдвэрүүд бий болж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх сургуулиуд нь тэнд нь төвлөрч хөгжинө. Энэ мэтчилэн өөрсдийн онцлогоор нь бүсчилэн хөгжүүлээд хооронд нь ложистикийн хөгжүүлэлтийг хийгээд өгчихөөр бие биендээ худалдаагаа хийгээд, зах зээл нь хөгжөөд улмаар ажлын байр нь илүү ихээр бий болно. Ажлын байр хайж байсан хүмүүс чинь эргээд нутагтаа ажлын байраа дагаад очих юм. Эдийн засгийн утгаар нь төвлөрлийг задлах чухал болчихоод байна. Ингэж хөгжүүлэхэд энэ яриад байгаа “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль” ч чухал нөлөөтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Баярдаваа: Ковидын нөхцөлд дасан зохицсон амьдралын хэв маяг ирэх оны эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр харагдаж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Б.Баярдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.


Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар танилцууллаа. Монголбанкнаас яг аль бодлогуудыг голлон анхаарч хэрэгжүүлэх вэ?

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолын төслийн гол зорилго нь цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг туулж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх юм. Мөнгөний бодлогын гол зорилго инфляци юм. Учир нь инфляци нэг талаас хүн болгоны амьдралд нөлөөлдөг.Хүмүүсийн худалдан авах чадварт нөлөөлдөг. Эдийн засгийн хэллэгээр бол бодит орлогыг хэмждэг үзүүлэлт юм. Инфляцийг тогтвортой түвшинд байлгана гэдэг бол өөрөө хүмүүсийн халаасанд буй мөнгөний үнэ цэнийг л алдагдуулахгүй байх юм. Нөгөө талаас, бизнес дээр бол инфляцийн тогтвортой байдал нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах анхдагч суурь нөхцөл болдог. Тэгэхээр бүгдэд нь хамаатай асуудал.Ирэх жил эдийн засгийн өсөлтийн голч нь 5.8 хувийн өсөлттэй байх болов уу гэж харж байгаа. Энэ хүрээнд инфляци болон эдийн засгийн өсөлтийг харгалзан мөнгөний бодлогын шийдвэрүүд ирэх жил гараад явна. Инфляцийн төсөөлөл оны сүүл рүү харьцангуй тогтворжих болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ тодорхой бус зүйл бас бий. Тодорхой бус зүйлийн эх сурвалж нь дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, түүнийг дагасан бензиний үнийн асуудал байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр үүсээд байгаа тээвэр, логистикийн түгжрэлийн асуудал өөрөө бас тодорхой бус байдлын шалтгаан болж байна. Энэ байдал нь эргээд тээврийн үнээр дамжиж Монголын бизнест, бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байна. Далайн тээврийн үнэ дор хаяж 4-5 дахин өсчихсөн байна. Хэдийгээр ковидтой байгаа ч бизнес эрхлэгчид, өрхүүд, худалдан авагч нар бүгд л амьдрал ахуйгаа зохицуулж дасан зохицож байгаа нь эдийн засгийн идэвхжилд нөлөөлж байна. Мөн вакцины гурав дахь тун эрсдэлийг бууруулж байна. Тэгэхээр өмнөх шигээ хөл хорио тогтоохгүй болов уу. Хөл хориогүй үед уул уурхай болон ялангуяа үйлчилгээний салбарын бизнесүүдэд өсөлт гарч эхэлнэ. Ирэх жилийн эдгээр өсөлтүүд хөдөлмөрийн зах зээл дээрх ажил эрхлэлт, иргэдийн орлогод сайн нөлөө үзүүлнэ. 2020 оны IV улирал, өнгөрсөн оны I, II улиралд өрхийн хэрэглээ уналттай явж байгаа. Тэгэхээр энэ уналт арилж байгаа нь эргээд худалдан авалтаар дамжиж эдийн засагт дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаас Засгийн газраас хэрэгжүүлж буй халамжийн дэмжлэгүүд өрхийн хэрэглээг он дуустал дэмжихээр байна. Иймээс ковидын нөхцөлд дасан зохицсон амьдралын энэ хэв маяг маань ирэх жилийн эдийн засгийн өсөлтөд айхавтар сөрөг нөлөө үзүүлэхгүй болов уу.

Тээврийн асуудлаас гадна өөр ямар гадаад хүчин зүйлд бид анхаарах хэрэгтэй вэ?

-Тээвэр ложистикийн асуудлаас гадна дэлхийн зах зээл дээрх түүхий эд манай экспортын гол нэрийн барааны үнэд хамаатай. Дотроо маш их хэлбэлзлүүд бий болж байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 200 ам.доллар хүрч байсан төмрийн хүдрийн үнэ 118-120 ам.доллар болж эргээд буурсан. Бид үүнийг ирэх оны эхнээс хэвийн үнэ дээрээ ирэх болов уу гэж харж байсан ч өдийд хэвийн болж байна. Ковидын нөхцөл байдлаас хамаараад урд хөршийн худалдан авах нүүрсний хэмжээ манай эдийн засагт мөн хамаатай. Үүнийг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Төсөвт 36-37 сая тонн гэсэн байгаа. Монголбанкны хувьд ч 36 сая тонн нүүрсний төлбөрийн тэнцлийг төсөөлөлдөө тусгачихсан байгаа. Үүнийг бодитой ажил хэрэг болгох хэрэгтэй. Нүүрсний үнийн өндөр өсөлтийг бид аль болох ашиглаж, боломжийг алдахгүй байх ёстой. Ингэж байж гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэл, дараагийн эдийн засгийг дэмжих орон зай үүсэх юм.

Дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ хэсэг унасан. Ирэх жил үнэ хэлбэлзэх хандлага ажиглагдаж байна уу?

-Ирэх жил зэсийн үнэ, алтны үнэ унах магадлал харьцангуй бага болов уу гэсэн төсөөллүүд байна. Гэхдээ үнийн хэлбэлзлийг байнга санамжиндаа байлгах ёстой. Энэ жилийн хувьд зэсийн үнийн таатай боломжийн үр ашгийг манай улс хүртэж байна. Нөгөө талдаа нүүрсний орлогоо алдаж байгаа ч экспортын нийт орлогын өсөлтийн 90 гаруй хувь нь зэсийн орлоготой хамааралтай байна. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн байгаа 1.2 тэрбум ам.долларын үндсэн хэсэг нь зэстэй холбоотой байна гэсэн үг. Төмрийн хүдрийн үнийн таатай боломжийг нэлээд сайн ашигласан. Бидэнд бараг 300 сая ам.долларын өсөлтийг авчирсан байна. Энэ мэтчилэн үнийн таатай үед экспортынхоо хэмжээг нэмэгдүүлээд бүрэн ашиглах л чухал байна. Дээрх өсөлтүүд ихэвчлэн үнийн өсөлттэй холбоотой учраас хэмжээ, тээврийнхээ асуудлыг шийдчих юм бол бүр л илүү орлогыг дэлхийн зах зээлээс олох боломж бидэнд байна. Ковид, түүний тархалтын асуудал хүндрэл учруулж байгаа учраас зохион байгуулалтаа л сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.

Мөнгөний бодлогын тохируулга хэзээнээс эхлэх вэ?

Ер нь Төв банкны хувьд инфляцийн нөхцөл байдалтай уялдуулаад бодлогын тохиргоонуудыг хийж эхэлсэн. Бодлогын тохиргоог репо санхүүжилтийн хэмжээн дээр хийсэн. Репо санхүүжилтийн хэмжээг өмнөх улиралд 350, 200 тэрбум төгрөгөөр тогтоож байсан бол сүүлийн Мөнгөний бодлогын хорооноос 100 тэрбум болгож баталсан. Тэгэхээр хэмжээний хувьд тохируулга ороод эхэлчихсэн байна. Үүний араас бодлогын хүүнд ямар тохируулга орох вэ гэдгийг эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн шалтгааны асуудал тодорхойлно.Зарчим бол аль болох энэ эдийн засгийн сэргэлтийг хойшлуулахгүй, хугацаа алдуулахгүйн үүднээс харьцангуй зөөлөн мөнгөний бодлогыг хадгалаад явж байна. Есдүгээр сард хадгалчихсан гэдэг чинь он дуустал бодлогын хүү өөрчлөгдөхгүй л гэсэн үг. Арванхоёрдугаар сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаас ямар шийдвэр гарах нь мөн л III улирлын тоо яаж гарах уу, инфляцийн өрнөл ямар байх уу, өрхийн худалдан авалтын уналт саарах уу, сэргэх үү, 10 хувийн уналттай байгаа ажил эрхлэлтийн уналт багасах уу, хөдөлмөр шингээлт өндөртэй үйлчилгээний салбар хэр идэвхжих вэ зэрэг асуудлаас шалтгаалан дараа дараагийн шийдвэрүүд гарна.

Цаашид ковидын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжих хугацааг сунгавал үүнтэй холбоотой Засгийн газраас Монголбанкинд өгсөн чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой юу?

-Ковидын тухай хууль энэ оноор дуусгавар болж байгаа. Эдийн засгийн сэргэлтийн тухай хуулийг Засгийн газраас батлуулахаар төслийг боловсруулаад явж байна. Энэ хууль Монголбанкинд хэд хэдэн чиглэлээр холбогдож байгаа.

Тухайлбал, ипотекийн зээлийг тодорхой хэмжээнд үргэлжлүүлэх, алтны худалдан авалтыг дэмжсэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт үргэлжлэх гэх мэт. Түүнлчэн, уул уурхайн бус салбар, түүний экспортыг дэмжих чиглэлээр тус хуульд Монголбанкнаас санал хүргүүлсэн байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Килограмм нь 7000 төгрөгийн үнэтэй байсан өргөст хэмх, улаан лооль 20000 төгрөг хүрчээ

Агуулах, зооринууд нөөцгүй болжээ. “Барс” зах. 2021.10.20. 11:00 цагийн үед

БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрсэнтэй холбоотойгоор хилийн боомтоо хаагаад долоо хонож байна. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд-Эрээн боомтын импорт, экспорт зогссон. Тэгвэл импортын бараа орж ирэхгүй байгаагаас үүдэн ялангуяа нарийн ногооны хомсдолд орж үнийн хөөрөгдөл хэдийнэ бий болжээ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр “Барс-1” захыг зорилоо. Учир нь “Барс-1” зах бол нарийн ногоо, жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төвлөрсөн цэг. Эндээс нийслэл болон хөдөө орон нутгийн бүхий л худалдаа эрхлэгч, хоолны газрууд хүнсний ногоо, жимс зэрэг бараа бүтээгдэхүүнээ татдаг гэсэн үг. Үдээс өмнө 10:30 цагт тус захад очиход хүн ихтэй байлаа.

Том, жижиг ачааны машинууд хүнсний ногоо болон бараа бөөнөөр авч ачиж байгаа харагдав. “Монгол хүнсний ногоо бөөний үнээр зарж байна”, “Европ жимс бөөний үнээр зарж байна” гэсэн хаягтай агуулах, лангуунууд худалдан авагч ихтэй байсан бол “Жимс, нарийн ногоон бөөний үнээр зарна” гэсэн агуулах, зооринууд хүнгүй шахуу байв. Бүгд л “Нарийн ногоо байхгүй ээ”, “Орос алим, мандарин л байна”, “Хэзээ банана, алим ирэх вэ”, “Мэдэхгүй ээ хил дахиад хэд хоног хаалттай байх юм”, “Ядаж ганц хайрцаг улаан лооль байхгүй юу. Үйлчлүүлэгчид маань олоод өгөөч гээд хэцүү байна аа” гэх яриа худалдагч, худалдан авагч хоёрын хооронд тасралтгүй өрнөх аж.

Энэ үеэр худалдаа эрхлэгч Ш.Сарантуяагаас бодит байдлыг тодрууллаа.


-Хил хаасантай холбоотойгоор наймаачид нөөцгүй болчихлоо. Нарийн ногоо, жимс бүр дуусчихлаа гээд байгаа. Үнэхээр барааны нөөцгүй болчихоод байна уу?

-Ямар ч нөөцгүй байна. Одоо хилийн асуудлыг холбогдох газрууд нь анхаарахгүй бол энэ үнийн хөөрөгдөл, хомсдолын дунд ард иргэд хохирч байна. Түрээслэгч бид ч гэсэн бараагүй, орлогогүй ч гэсэн энэ зоорийн түрээсийг төлнө. Тиймээс зохих шатанд манай захын худалдаа эрхлэгчид хүсэлт гаргасан гэсэн. Хариу ирээгүй л байгаа бололтой.

-Ер нь хэд хоноод бараагаа татдаг вэ?

-Долоо хоног болгон бараа татдаг. Жимс, нарийн ногоог урт хугацаагаар татах боломжгүй. Хоёр гуравхан хоноод л муудах эрсдэлтэй. Тиймээс эхнийхээ барааг зарж дуусаад дараагийн долоо хоногийнхоо барааг татдаг.

-Наймаачид бараагаа хомсдолоос шалтгаалан өндөр үнээр зарж байна гэж байна. Яг бодит байдал үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ойрын өдрүүдэд бол яахав хомсдолоос үүдсэн үнийн хөөрөгдөл байна. Гэхдээ манай тухайд бол өнөөдөр хөөрөгдөөд зарчих ч бараагүй сууж байна. Хамгийн сүүлийн таван хайрцаг алимыг орон нутгийн захиалагчдаа явуулах гээд нам дарчихаад сууж байна. Ер нь хөл хорионоос хойш тав, арван мянгаар нэмэгдсээр л байсан. Хил хаалттай дээр нь ачаа тээвэр гацсантай холбоотойгоор тээвэрлэлтийн үнэ тэнгэрт хадчихсан. Наймаачдаас шалтгаалаад өч дөчнөөн төгрөг нэмсэн зүйл байхгүй. Урд Эрээндээ үнэ нэмэгдсэн зүйлгүй. Ганцхан тээврийн үнэ маш өндөр байна. Тээвэртэй холбоотойгоор нэг хайрцаг бараанд 6000-7000 төгрөг нэмэгддэг байсан бол одоо 30-40 мянган төгрөг нэмэгдчихсэн. Тэгэхээр яалт ч үгүй энэ үнээ хайрцаг бараандаа шингээнэ. Биднээс аваад цааш жижиглэнгээр наймаа хийдэг хүмүүст үсрээд л 3000 төгрөг нэмж зарна. Тэгэхгүй бол урт хугацааны харилцагчаа алдана. Бас хүн л юм чинь ингэж үнэтэй зарахаас сэтгэл өвдөнө биз дээ. Урдаас орж ирдэг нэг хайрцаг алим анх 30 орчим мянгатай байсан бол ковидын үед нэмэгдсээр байгаад сая хил хаахаас өмнө 40-45 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Хайрцагтаа 12 кг байдаг.

-Одоо танайд ганц харагдаж байгаа энэ алим хаанахын, ямар үнэтэй зарагдаж байна вэ?

-Польш алим. Хайрцаг нь найман кг. Хайрцгаараа 50 мянган төгрөгөөр зарж байна. Орос мандарин бас хайрцаг нь 75 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Хятад мандарин дуусангуут шуураад дууссан. Одоо байгаагаа зараад ядаж ойрын өдрүүдэд хойд хилээр орос алим, мандарин орж ирээсэй гэж залбирч сууна.

-Танай хажуугийн лангуунууд ихэнх нь хаалттай харагдлаа. Бараагүй болсонтой холбоотой юу?

-Тийм. Бараа байхгүй хий суухаар гээд ирээгүй. Би л орон нутаг руу ганц хоёр юм явуулах гээд ирсэн байгаа нь энэ гэлээ. Мөн худалдаа эрхлэгч Б.Учрал “Манайд байгаа бараа нь польш алим, молдав усан үзэм л байна. Хоёр, гурав хоногоос хойноос нойтон жимс орж ирэх сурагтай. Нарийн ногоо бол бүр дууссан. Дотор жижиглэнгийн лангуунууд дандаа монгол нарийн ногоо л зарж байх шиг байна. Манайхаас өдөртөө орон нутаг руу багадаа тав зургаан газар руу ачаа ачуулдаг. Хэдэн тонноор нь бараагаа долоо хоног бүрээр татдаг байсан. Гэвч одоо ингээд хэдхэн хайрцаг юманд эргэлдээд харилцагчид хэзээ бараа ирэх вэ гээд утас шатах нь холгүй залгаж асууж байна. Ямар сайндаа л байгаа орос жимсээ аль болох олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс нэг хүнд нэг хайрцаг, эсвэл бүр хэдэн кг гэж хуваарилж байна” гэв. Бөөний худалдааны зоориноос гарч жижиглэнгийн худалдааны тасаг руу ороход “нарийн ногоо” гэсэн хаягтай лангуунууд ихэнх нь хоосон хаалттай байв. Харин мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны лангуунуудаар бага зэрэг нарийн ногоо зарагдаж байгаа боловч өндөр үнэтэй байв. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнөг кг нь 7000 төгрөгтэй байсан хятад лооль кг нь 15 мянга, салат навч кг нь 10 мянгатай байсан бол 25 мянга, кг нь 7500 төгрөгийн үнэтэй байсан амтат чинжүү 18 мянган төгрөгийн үнэтэй болчихож. Нарийн мөөг жижгээрээ 2000 төгрөгөөс 5000, цагаан мөөг 15000 төгрөгөөс 25000 төгрөг болж нэмэгджээ. Урдаас орж ирдэг ногоо байхгүй учраас монгол улаан лооль 12000 төгрөгөөс 15000 төгрөг, өргөст хэмх 8000 төгрөгөөс 20000 төгрөг, цэцэгт байцаа 8000 мянгаас 18000 төгрөг болж нэмэгдсэн байна. Товчхондоо 100 гр ногоог, эсвэл нэг ширхэг улаан лоолийг 3000 төгрөгөөр худалдаж авч байна. Иргэд кг ногоо 20000 төгрөг байсан ч нэг нэгээсээ өрсөж булаацалдаж авч байгаа дүр зураг их харагдав. Иргэн Б “Би цайны газар ажиллуулдаг. Ногоогүй бол орлогогүй, орлогогүй бол хаалгаа барихаас өөр сонголтгүй байна. Маш их үнэтэй. Тавхан хоногийн дотор өргөс хэмх 8000 төгрөгөөс 20000 төгрөг болно гэдэг үнэхээр асуудал. Тэглээ гээд яах билээ. Ногоо үнэд орчихлоо, хоол гарахгүй гэж үйлчлүүлэгчдэдээ хэлэлтэй биш. Арай дэндүү байна. 100.000 мөнгөн төгрөгөөр таван кг өргөст хэмх авлаа” гэсэн бол иргэн О “Би сая улаан лооль авлаа. “Дэвшил”-ийнх 15000 төгрөг гэж байна. Монгол ногоо нь дагаад өсөөд байх юм. Уг нь дотоодынхон ядаж ийм ногоогоор хангачихдаг болоосой. Ёстой таван төгрөгөө таван кг ногоонд өгөөд дуусах юм байна” гэв. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар монгол өргөст хэмх, улаан лооль арваннэгдүгээр сар хүргээд дахиж нийлүүлэхээ больдог. Ингээд дөрөвдүгээр сараас эхний ургацаа нийлүүлж эхэлдэг байна. Лангуунуудад монгол бууцай, юуцай 100-2000 гр орчим савласан ууттай нь 3500 төгрөгийн үнэтэй байна. Ямартаа ч “Барс” захын хувьд иймэрхүү үнэ ханштай байсан бол гадуур хүнсний сүлжээ болон жижиглэнгийн дэлгүүрүүдэд өргөст хэмх кг 20000 төгрөг, улаан лооль 20000 төгрөг, брокколи монгол сортынх 25000 төгрөг, амтат чинжүү 25000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин жимсний хувьд польш алим кг нь 5000 төгрөг, орос мандарин 12000 төгрөг, молдав усан үзэм 10000 төгрөг, оросоос орж ирсэн гэх банана кг нь 8000 төгрөгийн үнэтэй байна.


Нарийн ногооны лангуу хоосорчээ. “Барс” зах. 2021.10.20. 11:00 цагийн үед

З.Мэндсайхан: Нарийн ногоо тасарч, шок үүсэх эрсдэлтэй байна. өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасрахгүй, үнийг барих бодлого баримтална.

Ямартаа ч одоогоор Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Эрээн хот ойрын хугацаанд 10 мянга гаруй иргэдээ шинжилгээнд хамруулж, халдварын тархалтыг хумихаар ажиллаж дроноор хөл хорионы хяналт тавьж байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор нарийн ногоо тасарч, шок үүсэх эрсдэлтэй байна. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тасрахгүй, үнийг барих бодлого баримтална. Бидний зүгээс нэгэнт захиалга хийгдсэн бараа, бүтээгдэхүүнүүд тухайн улс орны хил дээр гацсан асуудал үүссэн. Улмаар Тянжины боомт дээр саатсан барааг хурдан нэвтрүүлэх асуудлаар ярилцаж байна. Гурил, будаа, сахар зэрэг бүтээгдэхүүний татан авалтыг түргэсгэх тал дээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгөөд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Дашзэвэг: Хадгаламжийн хүүг бууруулсан атал зээлийн хүүг сүүлийн 10 жил бараг буулгасангүй

Банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан хэдий ч өнөөг хүртэл зээлийн хүүгээ дорвитой бууруулахгүй байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг төрүүлж байгаа билээ. Уг сэдвээр Бизнесийн дунд сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.


-Банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан хэдий ч зээлийн хүүгээ өнөөг хүртэл буулгахгүй байгаа шалтгааныг та гэж харж байна вэ?

-Монголбанкны статистикийн мэдээгээр энэ оны наймдугаар сард бодитоор төлөгдсөн хүү 15.8 хувь байна. 2010-2020 оны үед хүү 17 хувь байсантай харьцуулбал ялигүй буурч. Гэхдээ 11 жилийн дотор ингэж буурч байна гэдэг бол маш хангалтгүй. Юу гэхээр 11 жилийн хөрөнгө оруулалт, хөгжлөө боомилжээ л гэсэн үг. 2013 оны эхний хагаст 14 хувьтай байсантай харьцуулбал хүү өссөн байна.

-Тэгэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд үндсэндээ зээлийн хүү буураагүй шалтгаан нь юу байв?

-Монголбанк 30 жилийн турш буруу бодлого явуулж ирсэн учраас зээлийн хүү буурахгүй байна. Би 1990-ээд оны эхнээс Монголбанкны чөлөөт зах зээлийн бодлогыг шүүмжилж байгаа. Монголбанкны анхны ерөнхийлөгч Д.Моломжамц гуай намайг дуудаж мөнгөний бодлогын асуудлаар санал сонсож, асууж байсан. Хатуу бодлого гэж туйлшрахгүй, уян хатан байгаарай гэж би зөвлөж байсан санагдана. Монголбанк инфляциа удирдаж чадахгүй байна. Нөхцөл нь бүрдээгүй байхад 2007 оноос онилох бодлогоор инфляцийг бууруулах гээд үр дүн алга. Бодлогын хүүгээр зээлийн хүүг бууруулах боломжгүй гэдгээ 13 жил харлаа. 2020 оны гуравдугаар сараас бодлогын хүүг 10 хувиас 6 хувь болгож буурууллаа. Зээлийн хүү нэг л хувь буурсан. 30 жил болоход инфляцийнхаа зүй тогтлыг бүрэн ойлгоогүй хэвээр байна. Инфляци өссөний дараа тайлбарлаж байна. Инфляцийг урьдчилж хараад урьдчилж хөдлөх ёстой л доо. Ханшаа удирдаж чадахгүй байна. Зах зээл зохицуулна гээд хаячихаад байна.

-Монголбанкнаас энэ тал дээр анхнаасаа зөв бодлого барьсангүй юу?

-Арван хэдэн банкны хооронд чөлөөт өрсөлдөөн явагдана, явагдаж байна гэж эндүүрээд байна. Тэд хадгаламжийн хүүг өсгөж өрсөлдөж ирсэн. Уг нь зээлийн хүүг бууруулах өрсөлдөөн явах ёстой байсан. Үүнийг чөлөөт өрсөлдөөн гэж үздэг. Хадгаламжаар амьдардаг, түүний төлөө “алалцдаг” банкуудын хувьд зээлийн хүүг бууруулах өрсөлдөөн гарахгүй, хүү буурах нөхцөлгүй. Бодлогын хүү нөлөөлж чадахгүй байна. Зээлийн нийлүүлэлт ч хүүд нөлөөгүй байна. Жишээ нь, 2011 онд зээлийн нийлүүлэлт 5.6 их наяд төгрөг байхад зээлийн хүү 15.5 хувьтай байв. 2021 онд нийлүүүлэлт 19.8 их наяд төгрөг болоход хүү 15.8 хувьтай байна. Үүнээс нөлөөгүй гэж харагдаж байна. Нийлүүлэлт 14.2 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд хүү нэг хувийн ч бууралт үзүүлэхгүй байна. Энэ бол зээлийн хүүг эрэлт, нийлүүлэлтээр зохицуулна гэсэн Монголбанкны бодлого алдаатай байгааг харуулж байна. Ер нь бол хадгаламжийн хүүг байнга буулгаж ирсэн атлааэ зээлийн хүүг сүүлийн 10 гаруй жилд бараг буулгасангүй. Урт хугацаагаар харвал ш дээ.

-Таныхаар өнгөрсөн 30 жилд инфляци, хүү ямар хэмжээнд хүрч буурах боломжтой байсан бэ?

-3-4 хувийн инфляцитай, зээлийн хүү 6-7 хувьтай байх боломж байсан. 10-15 хувийн ашиг олохыг хэвийн гэж үздэг тул хүү 6-7 хувьтай байхад хэвийн юм.

-Тэгвэл зээлийн хүүг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Мөнгөний бодлогыг УИХ баталж, Монголбанк хэрэгжүүлдэг. 30 жил эндүүрлээ. УИХ-ын Эдийн засгийн бодлогын байнгын хороо мөнгөний бодлогоор шүүмжлэл хэлж чадах судлаач, эрдэмтдээ сонсмоор байна. Олон мэргэжлийн хүн байгаа. Тэднийг Монголбанкны эдийн засагчидтай мэтгэлцүүлмээр байна.

Бензиний үнийг төр зохицуулаад болж байна. Арваад компани юм хэлэхгүй байна. Хадгаламжийн хүү, зээлийн хүүг төрөөс зохицуулах, зээлийн хүүд дээд хязгаар тогтоох гэх мэт хуулиуд батлах ёстой. Монголбанк, Засгийн газартай хамтарч инфляциа жолоодмоор байна. Худалдааны хуулиа гаргаж үнээ зохицуулмаар байна шүү дээ. Уг нь зээлийн хүүд дээд хязгаар тогтоох хуулийг санаачилсан хүн нь С.Эрдэнэ. УИХ-д сонгогдоогүй учраас хаягдаж байх шиг байна. Тухайн үед ажлын дэд хэсгийг би удирдаж байсан юм. Дэлхийн 76 оронд үйлчилж буй хуулийг Монголд хуулаад хэрэглэхэд болохгүй юм үгүй. Уг нь АН-ын гишүүд тэр хуулийг үргэлжлүүлээд аваад явмаар байгаа юм. МАН-ын зарим гишүүд ч энэ хуулийг дахиад өргөн бариад явж болно. Монголбанк, Банкны холбоо эсэргүүцэж буй тул УИХ-ын гишүүд, мэдлэг, мэдээлэл дутсанаас хуулийг сонирхохгүй байна гэж би бодсон.

-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох нь үр дүнгүй гэж Монголбанк үзэж байгаа юм болов уу?

-Үр дүнгүй хуулийг олон арав, 100 жилээр баримтлаад байгаа 76 орны туршлагыг ингэж үгүйсгэж, мушгиж болохгүй. Монголбанк, банкуудын холбоо УИХ-д 76 “мал” сууж байна гэж үзэж, худал зүйл ярьж байна. Европын холбооны судлаачид зээлийн хүүний дээд хязгаарыг захиргаадан тогтоосноор ямар үр дүнд хүрснийг таван баллын системээр үнэлснийг сонирхуулъя. Франц, Бельги, Португали улс 4.5 балл буюу өндөр үр ашигт, Кипр, Дани, Герман, Итали, Нидердланд улс 4 балл буюу үр ашигтай гэж дүгнэсэн. Мөн Польш, Австри, Болгар, Чех, Эстони, Латви, Литва, Словак, Словен, Швед, Румын зэрэг орнууд 3 балл буюу хэвийн гэсэн бол Испани, Герман, Грек, Унгар, Люксембург, Мальта улс 2.1 балл буюу бага үр ашигт, Ирланд улс 1 балл буюу үр ашиггүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэгэхээр боломжгүй зүйл биш гэдэг нь харагдаж байгаа биз. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, төгрөгийн хадгаламжийн хүү 9.4 хувь, ам.долларынх 2.8 хувь байна. Инфляци энэ оны гуравдугаар сараас хойш 2.5 хувиас 8.9 хувь өслөө. Хадгаламжийн хүүг инфляцитай уях, илүү байлгах гэсннй хэрэггүй болов уу. Бодит эдийн засгаа бодсон нь дээр, хэдхэн тооны хадгаламж эзэмшигчдэд 30 жил мөлжүүллээ шүү дээ, одоо болно. Европт банк нь биш, иргэд хүү төлж мөнгөө хадгалуулж байна. Оросын банкууд ам.долларын хадгаламжид 0.2-0.7 хувь төлж байна. Манай улсад ч адилхан байж болно.

-Эсвэл банкуудын дунд өрсөлдөөн өрнүүлэхийн тулд гадны банкуудыг оруулах хэрэгтэй гэх хүмүүс ч бий. Гэхдээ оновчтой шийдэл байж чадах уу?

-“Банк оф Чайна”, Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк буюу ICBC хоёр хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүлээж байгаа гэсэн. Мөнгө дутагдалтай Монголд гадны банк орж ирвэл өрсөлдөөн үүснэ, тэд хямд хүү санал болгоно. Өөрийн орныхоосоо арай илүү хүү санал болгож илүү ашиг олох гэж орж ирнэ байх. Юанаар зээл өгөх байх. Тэдэн рүү манай том компаниуд шилжих байх. Манай банкууд дунд, жижиг бизнесийнхний төлөө өрсөлдөж хүүгээ буулгана, хадгаламжийн хүүг ч зэрэг буулгана. Тэд хэрэглээний зээлээсээ ашиг олсон хэвээр үлдэнэ. Гадаадын банкуудаас олгох зээлийн хэмжээ, хүүг Монголбанк хянах, зөвшилцөх хэрэгтэй. Эхний удаа нийт зээлийн 30 хувиар буюу 6 их наяд төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч болно. Хүүг хэт өндөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж үзье. Тэгээд харъя. Туршилтын хугацаа байх ёстой. Хугацаатай байгаад сунгаж болно. Шууд бүх насаараа амьдар гэх нь эрсдэлтэй. Үүнийг маш сайн бодолцох л хэрэгтэй дээ.