Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан сайд хэдэн годронгоо өөрөө ч хамаагүй туугаад хил давуулчих байсан юм даа

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малыг хөлөөр нь гаргана гэж дуугараад арьсаа өвчүүлэхээ шахаад болив бололтой. Уг нь сайдын мал гаргах санаа зөв байсан юм. Алж борлуулах, амьдаар нь гаргаж зарах малчдад ямар ч ялгаагүй. Мах болгож амьжиргаандаа хэдэн төгрөг нэмэрлэх гэснээ л хил давуулна. Сайдын санаа ажил болж, хэдэн годрон гаргачихсан бол овоо хэмжээний мөнгө олох байлаа. Харамсалтай нь яг мөнгө олдгийн даваан дээр У.Хүрэлсүх элий, халаг болж дайрч орж ирээд зогсоочихлоо. Ерөнхий сайд ингэж попорсноороо нэр олж байгаа бол малчдын хувьд нэг ч төгрөгийн нэмэргүй шийдвэр. Ер нь нэртэй, сүртэй Ерөнхий сайд бидэнд огт хэрэггүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүний алдар хүнд, сүр хүчнээс илүү хэдэн доллар л эгэл иргэдэд хэрэгтэй.

Малыг хөлөөр нь гаргах нь гэсэн шуугианы үеэр хамгийн их шүүмжилсэн зүйл бол Ч.Улаан сайдын эхнэрийн дүүгийн компани амьд мал хил давуулах нь гэсэн мэдээлэл. Хэдэн мал гаргахад хамаатан, садан ер хэн байсан ч ямар хамаа байна аа. Э.Бат-Үүлийн хүү компани байгуулж, хотын дарга хүүдээ тендер өгчээ гэж шуугих үеэр манай сонины ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн “Хүүдээ итгэхгүй бол өөр хэндээ итгэх вэ дээ” гэж хэлж билээ. Нээрээ тийм дээ гэж толгой дохихоор л үг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэндээ тэрбумаар хэмжигдсэн тендер өгчихлөө гэж шаагихад ерөнхий эрхлэгч маань “Хамгийн чухал ажлаа хүргэндээ найдахгүй яах юм бэ” гэж зэмлэж байсан нь мөн л санаанд тод байна.

Монголоосоо халиад харахаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп гэхэд л хамгийн чухал ажлаа хүргэн, охин хоёртоо даатгаж харагддаг. Тэглээ гээд америкчууд Трамп хүргэнээрээ тийм ажил хийлгэчихлээ, охиндоо ийм зүйл даалгачихлаа гэж шуугьж адалсан зүйл лав алга. Гэтэл манайд хандлага эсрэгээрээ. Иймэрхүү мэдээллийг шуугиан дуулиан болгож цацахдаа адалж, шүүмжилж, зэвүүцэж, үзэж чадахгүй хараацгаадаг хачин сэтгэлгээтэй.

Иргэд нь ингэж сэтгэхээс гадна ийм хандлагыг дэврээсэн тэнэг хуультай. Тодруулж хэлбэл, хамаарал бүхий этгээд гэсэн муйхардуу агуулгатай хууль үйлчилсээр байгаа. Сайдын эхнэрийн дүү мал гаргах байтугай Ч.Улаан өөрөө туугаад гаргасан ч яах вэ дээ, болохгүй юм үгүй.

Шуудхан хэлэхэд энэ эвэр, туурайтнуудын хөлд элсэн цөл болж хувирлаа, Монгол Улс. Малын тоо 80 саяыг давлаа. Мал сүргийн дотроос ямааны тоо толгойг онцлох учиртай. Өвсийг үндсээр нь идэж, бэлчээр талхалдаг ямааны тоо 1990 оноос хойш тав дахин нэмэгдсэн гэсэн статистик дуулддаг. 1961-1990 онд ямаан сүрэг нийт малын 19.5 хувийг эзэлдэг байсан бол одоо 40.8 буюу бараг бүх малын тал хувийг эзэлж байна.

Сүргийн бүтцийн алдагдал, чанаргүй олон мал хөдөө аж ахуйн том зовлонгийн нэг гэж мэргэжилтнүүд онцолдог нь цаанаа учиртай. Хатаж цөлжсөн газрын хэмжээ жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаагийн хамгийн том шалтгаан бол малын хөл, ямаан сүргийн огцом өсөлт. Байгаль орчны яамны хийсэн судалгааны тайланд хүлэмжийн хийн ялгаралтад том нөлөө үзүүлж буй салбар бол мал аж ахуй гэсэн өгүүлбэр тов тодорхой дурайж байна. Олон улсын байгууллагууд ийм шалтгаанаар манай улсыг 2035 он гэхэд малынхаа тоог 35 сая болгож цөөлөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Чанаргүй хэт олон малаас чанартай цөөн мал руу шилжих цаг болсныг батлах энэ мэт тоо баримтууд өчнөөн бий.

Тэгэхээр махны экспортыг либералчилмаар байна. Малаа хөлөөр нь гаргах шийдлээс хэн хожих вэ гэсэн асуултын хариу тодорхой. Малчдын ахуй амьжиргаанд л өгөөжөө өгнө. Ер нь тэгээд амьд мал хилээр гаргах шийдэл зөвхөн өнөөдөр яригдаж байгаа эсэргүү санаа биш. Өнгөрсөн нийгмийн үед малыг хөлөөр нь гаргаж л байсан. Социализмын үед Монгол Улс нийт малынхаа 46 хувийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж явсан гэж ХХААЯ-ны газрын дарга ярьсан байна лээ. Өнгөрсөн зуунд адуу, үхэр, хонь, ямааг Цагааннуур, Цагаан эрэг, Эрээнцав, Хатгал боомтоор хойд хөрш рүү амьдаар нь экспортолдог байсан шиг энэ цагт урд хөрш рүү амьд мал гаргахад болохгүй зүйл байхгүй. Малаа нядлаад гаргалаа гэхэд бид арьс ширийг нь боловсруулаад нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулдаггүй. Урд хөршийн хэдэн наймаачид л манай малын арьс шир, дайвар бүтээгдэхүүнээс тав, гурван төгрөгийн ашиг харж ажилладаг. Малынхаа арьс ширийг өмхийрүүлээд хаядаг улс бэлчээр талхалж, цөлжилт үүсгэдэг хэдэн годронг хөлөөр нь гаргалаа гээд алдах зүйл байхгүй. Хожих нь л их байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай хангамжийн эрхэмсэг гэгээн алуурчид

С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж тогтоон шийтгэл оноосныг мэдэхгүй монгол байхгүй. Бүх харилцаа хуулийн дор өрнөдөг ардчилсан улсад шүүхийн шийдвэр бол эцсийн үнэн. Шүүхээс буруутай гээд алх тогшсон учраас монголчууд шоронд хоригдож буй гурвыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Гэтэл сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн хандлага гайхаш төрүүлэх боллоо. Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж гурвын гаргаж буй авирыг анзаарахад шоронд хоригдож буй хэд эрхэмсэг гэгээний туйл, хүний хайлан гэж ойлгогдохоор байна. УИХ-ын гишүүд хөтлөлцөж гүйж очоод хөлийг нь угааж өгөх нь халаг сүйд болж, эмнэлэгт хэвтүүлж, тусгай эмчилгээ хийж, Ц.Нямдорж уучлал гуйж нүд орой дээр гаргасан үйл явдал шил дарах болов. Ц.Нямдоржийн уучлал гуйлт бол Монголын түүхэнд Хууль зүйн сайд нь гэмт хэрэгтнээс уучлал хүссэн анхны тохиолдол.

УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нь хүртэл шүүхээс буруутайг нь нотлоод шоронд хорьсон гэмт хэрэгтнүүдийг сулла гэж ам нийлүүлж явна. Гэмгүй ариун цагаан хүмүүс байгаа юм, өвтгөж гэмтээж болохгүй, хамгийн сайн эмчилгээг хийлгэж, онцгой анхаарч асар, ахиад хэлмэгдүүлчих вий гэсэн үгс гишүүдийн амнаас давтамжтай унасаар байна. Ийм нөхдийг эрхэмсэг гэгээн гэхээс өөр юу гэхэв.

Нэр бүхий хэдэн улстөрчийн үйлдэл, мэдэгдлүүдээс харах нь ээ сор болсон сайн хүмүүсийг хэлмэгдүүлээд хорьчихжээ гэсэн ойлголт л төрөөд байна. Эрх мэдэлтнүүдийн хошуу цорвойлт сүүлдээ бүр утгаа алдлаа. Илт улайрсан улстөр гэж харагдахаар байна, үнэнийг хэлэхэд. Улайрч байгаагийн тод жишээ нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр саявтар цацсан бичлэг. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж буйг харуулсан камерын бичлэгийг олон нийтэд цацлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг, олон нийтийн статустай үндэсний телевизээр ийм бичлэг цацсанд дургүйцэх хүмүүс олон байна. Бичлэгийг Б.Содномдаржаа нарын хэлмэгдсэн гэдгийг батлахын төлөө улайрсан улстөр гэж ойлгогдохоор тайлбартайгаар цацна лээ. Тэр бичлэг ч яахав, тийм газар гэгээн цагаан, аятай таатай үйл явдал өрнөхгүй нь ойлгомжтой. Жуулчны бааз, цэргийн анги биш Эрүүгийн хуулийн дагуу хэрэг шүүж шалгаж байгаа газар. Тийм газарт хар бараан, таагүй аягүй өнгө ноёлох нь гайхаж цочихоор зүйл биш. Хэрэгтнийг олж тогтоохын тулд нийгмээс тусгаарлаж шүүж, шалгах процесс дунд юу эс өрнөх билээ. Үндэсний телевизээр цацсан бичлэгт шинэ баримт байгаагүй. Өмнө нь ил болсон бичлэг дээр нэмэх нь хэрэгтнүүдийг өмгөөлөгч улстөрчдийн сүржин тайлбар яриа л цацагдсан. Шоронгийн амьдралыг харуулсан хар бараан бичлэгийг Монгол даяар цацахдаа Лу.Болд, Ж.Батзандан нар шинэ хувьсгалд уриалж харагдсан. Тэдний хувьсгалд уриалсан ярианаас Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёроос хувийн хонзонгоо авах гэсэн өнгө аяс л цухалзаад байх юм.

Бичлэгийн хувьд камер тавьсан байхад эрүүдэн шүүсэн нь ямар учиртай юм бол гэсэн асуулт тавимаар санагддаг. Камертайг нь мэдсээр байж эрүүдэн шүүх үү, ер нь Хяналтын камер дуутай бичлэг хийдэггүй гэсэн тайлбар бас дуулддаг. Энэ мэт үнэмшил төрмөөргүй зүйл олон бий. Анзаарч ухаад байх нь ээ, сайтар найруулсан жүжиг ч юм шиг. Нэг зүйлийг онцлох учиртай. Олонд ил болсон тэр бичлэг жинхэнэ хуурамч аль нь ч байсан хүний эрхэд халдах нь зүй бус хэрэг.

Энэ хэргийг тойрсон дуулиан дунд МАН таг дуугүй суугаа нь гайхахаас аргагүй том шалтгаан. Бас хэрэг юу болж буй тухай хөндөж ярьж суугаа эрх мэдэлтэн алга. С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай биш их л эрхэмсэг нандин хүмүүсийг барьж хориод хэлмэгдүүлсэн дуулиан л өндрөө авч байна. Хамгийн гол нь гурван шатны шүүхийн шийдвэрийг хэн ч сөхөж ярихгүй юм. Хууль тогтоож баталдаг УИХ-ын гишүүд нь шүүхийн шийдвэрийг үл тоож байгааг юу гэж ойлгох вэ? Хууль цаазгүй улс болохоор шийдчихсэн гэлтэй авирлал нь л улам төгөлдөржөөд байна. Хүчтэй танилтай, хувийн амбицтай, дээдчүүлийн атгаг санааг хэрэгжүүлэх санаа зорилго л бүхний дээр тавигдаж байна.

Ямар ч гэмгүй хөөрхийсийг суллахгүй бол хоёр дахь хувьсгал дэгдэнэ гэх юм. Хуулийн дор амьдарч аж төрдөг ардчилсан нийгэмд үнэн худлыг тогтоох тов тодорхой гарц бий. Тэр нь хууль. Хуулийн хүрээнд хэргийг задлаад буцаагаад шүүхээр оруулах боломжтой. Гурван шатны шүүхээр ахиад хэлэлцээд явна гэж мэдэгдвэл улстөрчдийг хардаж сэрдээд байх шалтгаан алга. Гэвч ингэх сонирхол хэнээс нь ч анзаарагдахгүй байна. Хуулийнхаа хүрээнд асуудлыг эргэж харъя гэхийн оронд “Сулла” гэж чанга дуугаар хашгирахаас өөр үйлдэл хийсэнгүй өнөөг хүрлээ. Цаашдаа ч үнэн мөн, хууль номоор нь явъя гэх сонирхол харагдахүй байна.

Өнгөрсөн түүхэнд одоо өрнөж буй дуулиантай төстэй байж мэдэх нэг хэрэг бий. Шүүх тухайн үед хэргийг эргэн задалж үнэн зөв шийдвэр гаргасан байдаг. Улсын прокурорын орлогч Л.Отгонбаярын сэдэж зохион байгуулсан “Дугархорлоогийн хэрэг” гэхээр олон нийт андахгүй. Хуучин нийгмийн үед Булган аймгийн нэгэн сумын агент Дугархорлоо өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарч байсан юм. Хэрэг гарснаас гурван жилийн дараа Зүүнхараагийн хорихын ялтан Мягмар уг хэргийг өөрийгөө үйлдсэн гэж мэдүүлж , хэрэгт арваад хүнийг ялтнаар татаж байв. Тэдний дөрөв нь цаазын ял сонсч байлаа. Тухайн үед сонинд нийтлэгдсэн нийтлэлийн мөрөөр өнөөдүүлийн гэм буруугүйг тогтоосон кейс Монголын шүүхийн өнгөрсөн түүхэнд бий.

Гэтэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлж, буруутай хүмүүст нь ял оноосон шүүх нь хүртэл таг чиг, ажин түжин байна. Ийм учраас тийм шийдвэр гаргасан гэх мэтээр тайлбар мэдэгдэл хийх учиртай газрын нэг нь яах аргагүй шүүх. Үнэхээр шүүх нь жүжиг тавьж буруу шийдвэр гаргасан бол, гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хохироосон бол Монгол Улс хаашаа яваад байна вэ гэсэн асуулт тавихаас аргагүйд хүрнэ. Хэрвээ байдал иймдээ тулсан бол энэ улсын хуулиудыг оройноос нь улыг нь хүртэл өөрчлөх, шинэчлэх шаардлагатай нүүр тулахаас аргагүй.

Нийгэм, эдийн засаг хуулийн дор хөгждөг. Хууль иймдээ тултал үнэ цэнэгүйдсэн бол нийгэм бутарна гэсэн том аюул эрсдэл бий. Ямартай ч алуурчин гэж шүүхээс тогтоогоод хорьчихсон хүмүүсээс Хууль зүйн сайд нь уучлал гуйж ”Монголд хууль байхгүй” гэсэн утгатай үг унагасан шигээ суугаа нь өнөөдрийн бодитой үнэн. Байдал үнэхээр иймдээ тулсан бол аль нэг талд нь гарах гэсэн цор ганц гарц байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй “Яг түүн шиг”

“Яг түүн шиг” шоу дажгүй, аятайхан болж байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг” гэх мэт дэлхийн шоуг Монголдоо авчирсан уран бүтээлчдийг онцолж сайшаамаар санагддаг. Тэд орчин цагийн завгүй үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадаж байгаа. Сонсох дуртай дуучнаа яг төрхөөр нь харж, хоолойных нь өнгө онцлогийг мэдэрч сонсоод суух бас л гоё кайф гэдгийг “Яг түүн шиг”-ээс мэдэрдэг. Монголчууд бүгд олноороо монгол оддынхоо хувирах, жүжиглэх чадварыг бахадсан шигээ энэ шоуг үздэг. Өнгөрсөн жилийн “Яг түүн шиг”-ээс бултаараа яг л ийм мэдрэмж мэдэрсэн.

Гэтэл энэ жилийн “Яг түүн шиг” нэг л биш ээ. Дайх хэдэн үг байна. Эхлээд сайн жишээг нь онцолъё. Оролцогчдын жүжиглэх, дуулах авьяас алга ташихаас аргагүй гойд байгаа. Уран бүтээлчдээ сонгож оруулах тал дээр шоу зохион байгуулагчдыг өөлөх зүйл үнэндээ алга. Өнгөрсөн жилийнх ч тэр, энэ жилийнх ч ялгаагүй, уран бүтээлчдийн сонголт тал дээр онц үнэлгээ авна. Цөөн зарим дууны сонголтыг бас онцлох учиртай. Монголчуудын сэтгэлд хоногшсон “Миний ээж тэмээчин”, Youtube-д хамгийн олон хандалттайгаараа тэргүүлдэг “Despasito” энэ тэр бол ярих юмгүй сайхан санагдсан. Загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргалын намбалаг төрх, уянгалаг хоолойг гайхалтай амилуулсан. Загвар өмсөгч бүсгүйн нулимс унаган дуулсан “Миний ээж тэмээчин”-ийг олон хүн ухаарал, уяралтай сонссон байх. Пуэрто Рикогийн дуучин Луис Фонси-гийн “Despacito”-г дуулсан Б.Нацагдоржийг ч үзэгчид алга ташиж хүлээж авсан гэдэгт эргэлзэх юм алга. “Яг түүн шиг”-ийн тайзнаас халуун цустай испаничуудын характер, мэдрэмж нэвт ханхалсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Харин одоо шүүмжлэх өнцөг рүүгээ оръё. “Яг түүн шиг” шоунд оролцогчид зохион байгуулагчдынх нь шүүлтээр орж ирсэн дуучдын нэрсээс аль нэгийг нь сонгодог. Сонгосон дуучныхаа аль дууг нь дуулахаа харин өөрсдөө сонгож байгаа харагддаг. Шоу зохион байгуулагчдын сонгосон дуучдын нэр нэг л биш ээ. Илт олны танил, бултаараа сонсч, дуулсан дууг нь дагаж аялдаг дуучид цөөрөөд байх юм. Наад захын жишээ гэхэд л Cardi B-гийн I like it, Hyolyn-ий Dally-г нийтээрээ таашааж сонсдог уу гэвэл бас үгүй. Мэдээж тодорхой насныхан бол нийтээрээ дагаж дуулж яваа. Гэхдээ олноороо мэддэг, таашаадаг дуу мөн үү гэсэн асуултад эргэлзэлгүйгээр толгой дохих хүн цөөн байх.

Г.Ганхүүг хөгжмийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй залуу гэдгийг мэдэхгүй монгол байхгүй. “Яг түүн шиг”-ийг зохион байгуулагчдын сонгосон дуучдыг Г.Ганхүү л дотор гадаргүй мэдэж мэдрээд суугаа анзаарагдах юм. Нийт үзэгчид бүү хэл өнөө хоёр шүүгч нь хүртэл мэдэхгүй шахуу дуучдын нэр гарч ирээд байна л даа, сүүлийн үед.

Шоу гэж юу вэ гэсэн асуулт тавиад харвал ингэж шүүмжлэхээс аргагүй санагдаад байгаа юм. Хар үгээр хэлбэл шоу гэдэг бол олноороо таашаан үздэг нийтийн урлаг шахуу зүйл. Шоун дээр гарч буй бүхэн олонд танил дотно, дагаж дуурайж болохуйц, бүгд босоод алгаа таших дайны тавилттай гэх мэт хэмжүүрүүдээр илэрхийлэгдэх эд гэж ойлгогддог. Тэгж байж шоуны мөн чанараа хадгална. Тэгж гэмээ нь олныг дагуулж, илүү их ашиг орлоготой ажилладаг. Ер нь шоу урлаг өндөр хөгжсөн улсуудын дэлхийд түгсэн шоу хөтөлбөрүүдийг анзаарах нь ээ энэ хэмжүүрийг гол чигээ болгосон анзаарагддаг.

Поп урлагийн наадам ч юм уу, дуурийн дуулаачдын уралдаан энэ тэр бол өөр л дөө, жинхэнэ мэргэжлийн түвшний часхийсэн бүтээлүүд тайзнаа амилдаг. Ийм төрлийн уралдааны үзэгчид нь ч өөр, шүүгчдийн шалгуур нь ч тэс ондоо. Мэргэжлийн өндөр түвшний иймэрхүү уралдаан, наадмаас гадна хип хоп дуучид ч нэг тайзан дээр өрсөлдөж болно. Тийм уралдааны үеэр зөвхөн хип хоп сонсдог хэсгийн мэддэг сайн гэх дуунуудыг дуулж таарна. Мэдээж үзэгчид нь тусдаа, шүүгчид нь бас энэ чигийг илүү мэдэрдэг уран бүтээлчид байх нь ойлгомжтой. Товчхондоо сая дурдсан жишээнүүд бол олныг хамарсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шоу биш. Тэр утгаараа нийт олноороо мэдэхгүй, мэдрэхгүй дууг сонгоход болохгүй юмгүй. “Яг түүн шиг” бол нийтийг хамарсан, нийтэд таашаагдсан, нийтийн мэдрэмжид таацуулж дэглэдэг шоунуудын нэг. Хар үгээр хэлбэл Монголын аль ч аймгийн ямар ч хүн энэ шоуг үзээд таашаал мэдрэх учиртай. Тэгж байж шоу гэх үнэлэмжээ хадгалж үлдэнэ. Гэтэл “Яг түүн шиг” шоуны дуучдын сонголт арай л нарийсаад, хөгжмийн урлаг ойлгодог, эсвэл хөгжимд хорхойсч дурласан хүмүүсийг л толгой дохиулахаар хэмжээний уран бүтээлчдийг онцлоод байх шиг санагдах боллоо. Бүр энгийнээр хэлбэл нийтээрээ дууг нь сонсдог уран бүтээлчдийг сонгох гэсэн зарчмаасаа хазайгаад явна уу даа гэсэн бодол төрөөд байна л даа.

Өнөөдөр нийтэд цацагдаж байгаа дууг яг тэр үед нь сонсоод сайхныг нь мэдэрч яваа залуус байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд нийт олонх биш. Үүнийг уншсан олны дунд хотын соёл, хотын хөгжим, хотын мэдрэмж энэ тэр гээд элдэв тайлбар шүүмж өрнөх байх. Дахиад онцолъё шоу бол хотын биш, нийтийн гэсэн үнэлэмжээр хэмжигддэг. Тийм учраас энэ өнцгийг хөндөж байгаа юм.

“Яг түүн шиг” шоунд бас нэг онцлог бий. Сонгосон дуучны дууг яг тэр дуучинтай адилхан дүр төрх, дуу хоолой, үйл хөдлөлтэйгөөр амилуулах нь энэ шоуны амин сүнс. Тэр утгаараа олны дагаж дуурайж дуулдаг дуу, дуучин байхаас аргагүй. Огт мэдэхгүй, сонсоогүй дуучны мэдэхгүй дууг дуурайгаад дуулчихаар яахав. Яг адилхан дуулсан эсэхийг нь анзаарч чадах уу. “Яг түүн шиг” шоунаас мэдрэх ганц л кайф бий. Тэр нь яг адилхан дуулсан эсэхийг нь сонирхон харж, сонсох. Мэдэхгүй дуучныхаа дууг ингэж мэдэрнэ гэж юу байхав. Их л удаж дэлгэцэн дээр харьцуулж гаргах дүрсийг нь л багцаалдаж төсөөлөх төдийгөөр сонирхож харахаас хэтрэхгүй. Монголчуудын хувьд хойд хөршийн үе үеийн алдартай дуучид, хамтлаг мэдрэмжинд нь ойрхон байдаг. Солонгос, Америк, Франц, Италийн олны танилуудыг ч нийтээрээ сонсох дуртай. Нийтээрээ сонсох дуртай өчнөөн дуучин хамтлаг бий. Ер нь дуу таашаах тал дээр үндэстний онцлог гэж хэнд ч анзаарагддаггүй хэр нь хэтэрхий тодорхой нэг шалгуур байдаг. Г.Ганхүүгийн тухайд тэр онцлогийг нь мэдрээд дуучнаа сонгочих мэдрэмжтэй уран бүтээлч. Хэнийх нь дууг монголчууд нийтээрээ таашаан сонсдог вэ гэсэн асуултыг мань эрд тавибал торохгүй тодорхой хариу өгнө. “Ийм учраас тэрний дууг монголчууд бултаараа сонсдог” энэ тэр гээд гаргалгаа юутай хээтэй нь ярина гэдэгт эргэлзэх юм алга.

Тэгэхээр ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй дуучдаас татгалзвал “Яг түүн шиг” жинхэнэ утгаараа шоу болох гээд байна.


Categories
мэдээ цаг-үе

“Нано шатахуун”-ыг Монгол Улс нийтээрээ хэрэглэх төрийн тогтоол гарчээ

-Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг “Нано шатахуун” 98 хувь хүртэл бууруулна-

АНУ-ын Калифорни мужийн Силикон Валлей-д үйл ажиллагаа явуулдаг H2OIL корпорацийн гүйцэтгэх захирал Бэн Сонг, Маркетингийн захирал Бернис Сонг нар Монголд айлчлан ирээд байна. Тэд өнөөдөр болох “Газрын тос-2015” эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор Газрын тосны газрын урилгаар иржээ. H2OIL-ийн удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж энэ тухай болонМонголд хэрэглээнд нэвтэрсэн бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгсөн юм. Жолооч нарын сүүлийн үед хэрэглэх болсон нано шатахууныгтус корпорацийнбүтээгдэхүүнээр баяжуулж хийдэг аж. H2OILкорпорацийн шатахуун зарцуулалтыг бууруулж, эдийн засгийн хэмнэлт үзүүлээд зогсохгүй автомашинаас үүдэлтэй хорт хий, утаа тортогжилтыг бууруулдаг дэвшилтэт бүтээгдэхүүнийг “Жим Вэйл Монголия интернейшэнл” компани албан ёсны онцгой эрхтэйгээр борлуулаад гурван жил болжээ.

Монголд хэрэглэж буй“F2-21 eeFuel” гэсэн нэртэй шингэн нано нэмэлтбүтээгдэхүүн бүх төрлийн нүүрс ус төрөгчийн шатахуунд буюу бензин, дизель, мазут, газ, био түлшинд зориулагджээ. Агаарын бохирдол бууруулдаг, шатахууны хэрэглээнд хэмнэлт гаргадаг нь олон улсад нотлогдсон бүтээгдэхүүн гэж тэд онцолж байв. H2OIL-ийнхувьд байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ дэлхийд танигдсан корпораци юм байна. Сүүлд гэхэд л “Форбес” сэтгүүлээс тус корпорацийг байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хорин компанийн дөрөвдүгээр байранд шалгаруулжээ.

Бернис Сонг: Шүүлтүүр сайн байхад л нано шатахууны үр дүн шууд мэдрэгдэнэ

Хэвлэлийн хурлын үеэр Н2OIL корпорацийн маркетингийн захирал Бернис Сонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-ын шатахуун түгээх станцуудын 70 хувь нь танай бүтээгдэхүүнээр баяжуулсан шатахууныг худалдаалж байна. Нано шатахууныг хойд хөршөөс гадна ямар улсууд өргөн хэрэглэж байна вэ?

-Оросоос гадна Хятад, Сингапур, Малайз, Тайвань, Голланд, Япон, Англи, Итали, Беларусь зэрэг 40 гаруй улс төрийн бодлогын хэмжээнд дэмжиж, өргөнөөр хэрэглэдэг. Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй бүтээгдэхүүн гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрснийгдурдахдаа таатай байна. НҮБ-аас манай корпорацийг ингэж үнэлж,албан ёсны арга хэмжээнүүддээ урьж оролцуулж байсан.

-Танай бүтээгдэхүүнийг импортолдог “Жим Вэйл Монголия Интернейшэнл” компанийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-“Жим Вэйл МонголияИнтернейшэнл” компанитай гурван жилийн турш хамтран ажиллаж байна. Манай албан ёсны дистрибьютер компани байгаа юм. Сая гэрээнийхээ хугацааг гурван жилээр сунгалаа. Ирээдүйд хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаа.

-Нано шатахуун манай улсын хувьд шинэ хэрэглээнд орно. Нано шатахуун хэрэглэдэг, хэрэглэхийг хүсч байгаа жолооч нарт үйлдвэрлэгчдийн зүгээс өгөх зөвлөгөө байна уу?

-Манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш энгийн, хялбархан. Шатахуунтай холиод баяжуулчихад л үр дүн нь мэдрэгдэнэ. Албан ёсны дистрибьютер компаниасаа нэг мэдээлэл авсан. Монголд насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл олон байдаг гэж тэд хэлж байна. Насжилт өндөртэй тээврийн хэрэгслүүдийн хувьд нано шатахууны үр дүнг мэдрэхийн тулд шатахууныхаа шүүлтүүрийг цэвэрлэх хэрэгтэй. Шинийг авч тавибал бүр сайн. Ингэсний эцэст нано шатахууныг тогтмол хэрэглэж эхэлбэл бүтээгдэхүүний үр дүн шууд мэдрэгдэнэ. Бусад тээврийн хэрэгслийн хувьд энгийн шатахуунтай холихгүйгээрхэрэглэвэл бүтээгдэхүүний үзүүлэлтэд байгаа үр дүнг хангалттай мэдэрч чадна. Манай бүтээгдэхүүн агаарын бохирдлыг багасгаж, хэрэглээний хэмнэлт гаргадаг нь олон улсад хийсэн туршилтаар нотлогдсон. Дэлхийн хэмжээнд 25 тэрбум км замд туршсаны эцэст ийм үр дүн гарсан. Монголд хийсэн 38 мянга гаруй км замд туршсан судалгаагаар ч энэ үр дүн нь нотлогдсон.

Б.Хишигжаргал: Нано шатахуун хэрэглээг 30 хувь хүртэл хэмнэж байгааг туршилтаар нотолсон

“Жим вэйл Монголия интернейшэнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Хишигжаргалтай ярилцлаа.

-Танай компанийн импортолдог нано шингэнээр баяжуулсан шатахуун агаарын бохирдлыг багасгаж, хэмнэлт гаргадаг нь олны анхаарлыг татаж байгаа. Хэрэглээнд яг ямар хэмнэлт гаргаж байгааг тодорхой тоогоор хэлэх боломжтой юу?

-Бидний импортолдог нано бүтээгдэхүүнүүд олон зорилго, зориулалттай бүтээгдсэн. Онцолж хэлэх үндсэн хоёр үзүүлэлт бий. Шатахуун хэмнэхээс гадна хорт хий, утаа тортогжилт бууруулдаг. Үнэхээр ийм үр дүнтэй гэдгийг олон улсын өндөр зэрэглэлийн нэр хүндтэй байгууллагууд баталгаажуулсан байдаг л даа.25 тэрбум км зам дээр туршигдаж байжчанар баталгаажсан гэхээр хэр сайн бүтээгдэхүүн гэдэг нь харагдах байх. Дэлхийд батлагдсан чанарыг бид Монголд шууд авчирч нутагшуулаагүй. Өөрсдөө ч гэсэн туршилт, судалгаа хийсэн. Олон улсын хэмжээнд нотлогдсон үр дүнгүүд бидний хийсэн туршилтуудаар батлагдсан. Манай импортолдог бүтээгдэхүүн шатахууны хэрэглээг 8-28 хувь хэмнэдэг. Энэ бололон улсын туршилтаар баталсан үр дүн. Монголд 5.5-30.1 хувь хүртэл хэмнэж байгааг туршилтаар нотоллоо.

-Утааг бууруулах, агаарын бохирдлыг багасгах үр нөлөө нь Монголд хэр байна вэ?

-Агаарын бохирдол бууруулах тал дээр хорт бодисын хэмжээ буюу тортогжилтыг 98 хувь хүртэл бууруулна гэсэн олон улсын туршилт, нотолгоо бий. Тортогжилт гэхэд л Монголд 70 гаруй хувиар буурсан дүн гарсан.Хорт бодисуудын тодорхой үзүүлэлтүүдийг буулгасныг мөн тодорхой судалгаа, туршилтаар нотолсон. Энэ олон судалгаа, туршилтын дүгнэлтийгүндэслэн БОНХАЖЯ 2014 онд Нано шатахууныг байгаль орчинд ээлтэй гэдгийг баталгаажуулж “Ногоон бүтээгдэхүүн” гэрчилгээ олгосон.Монголд хийсэн туршилт судалгааны үзүүлэлт олон улсын лабораториудынхтай яг таарсан. Машин техникт эвдрэл үүсгэх нөлөөгүй гэсэн дүгнэлт ч гараад байна. Ингэж нотолсон учраас нано шатахууны хэрэглээг төрөөс дэмжиж байгаа.

-Нано шатахуунаар зах зээлийг бүрэн хангах боломж бий юу?

-Төрийн байгууллагууд нано шатахууныг их олон өнцгөөс судалж, бие даасан болон хамтарсан туршилт хийгээд үнэхээрийн чанартай бөгөөд утаа бууруулдаг гэдгийг баталж,Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо 09 дүгээр тогтоол гаргаж, Монгол Улсад үе шаттайгаар нэвтрүүлэх шийдвэр гаргасан.Үе шаттай нэвтрүүлэх шийдвэрийг нефть импортлогчид маань нано шатахууныг эдийн засгийн хэмнэлт үзүүлдэг, шатахуун зарцуулалтыг бууруулдаг үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрөөд зах зээл дээр нэвтрүүлж байна. Монгол 1000 гаруй шатахуун түгээх станцтай. Улаанбаатарын хэмжээнд гэхэд л 208 шатахуун түгээх станц бий. Нийслэлийн станцуудад гэхэд нано шатахууны хэрэглээг бүсчилсэн байдлаар нэвтрүүлье гэсэн төлөвлөгөө гаргаад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ ондоо багтаж хотын төвийн бүсийн станцуудаар нано шатахууныг бүрэн түгээж эхэлье, дараа жил нь хотын дунд хэсгийн бүсэд байрладаг станцууд руу хандъя гэх мэтээр төлөвлөгөө гаргаж ажиллаж байж үр дүнд хүрнэ. Эцсийн шатанд нефтийн компаниудаас санал авсны дараа энэ төлөвлөгөө амьдрал дээр хэрэгжих боломжтой болно.

-Нано шатахууныг ямар газрууд хэрэглэгчдэд түгээж байгаа вэ?

-“НИК”, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”-той хамтран ажиллаж байна. Бусад шатахуун түгээх станцуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн. Уул уурхайн яам, Газрын Тосны Газраас чиглэлүүд нь очсон байгаа.Удахгүй дараагийн шатны алхамдаа орно.

Ц.Билиг