Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Том компаниудыг олон нийтийн болгох нь зүйтэй

Хэтэрхий сүржин, албаны сонсогдож мэдэх ч яг ингэж нухацтай, буурьтайгаар хэлэх цаг болчихжээ, том компаниудад. Хэлээд зогсох биш хэрэгжүүлэх үе нь ирчихэж. Том компаниудыг олон нийтийн болгох гарцаагүй эрэлт хаалга тогшиж байна. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт манай сонинд өгсөн ярилцлагадаа “Эдийн засаг томрохгүй удаж байгаагийн гол шалтгаан бол хувийн хэвшил тухайн эзэн, эзэмшигч гэр бүлээс хараат байгаад л оршино. Гэр бүлийн компаниудаасаа салж чадахгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг болж өгвөл олон нийтийн хувьцаат компани болох руу шахах хэрэгтэй. Хувьцаагаа ард иргэддээ зар. Бид үнэхээр ард түмнийхээ амьдралыг дээшлүүлье гэж байгаа бол бүгдээрээ баяжих тэр боломжийг нээх ёстой. Нэг том компанийн цаана 100 мянган хувьцаа эзэмшигч байх юм бол тэр хүн төрөөс айдаг, шоронгоос айдаг биш 100 мянган хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө явна. Тэд тухайн компанийг хамгаална. Тэр хувьцаа нь хоорондоо зарагддаг ил тод, олон нийтийн болоод ирэхээр хариуцлага нь нэмэгддэг. Манайд том компаниудын үйл ажиллагаа ил тод биш явсаар ирлээ шүү дээ” гэсэн үг унагасан.

Үнэн л дээ. Монголын том компаниуд хувьцааныхаа тодорхой хувийг Хөрөнгийн бирж дээр зарж, компаниа олон нийтийнх болгох цаг аль хэдийнэ ирчихсэн. Ер нь компанийн хөгжлийн түүхийг анзаарах нь ээ компаниа байгуулсан хүн нь хөгжлийн манлайд хүргэдэг, дараагийн үе нь тэр эрчийг нь гүйцдэггүй, ер нь тэгсхийгээд урагшлах хөгжилгүй ухрах тал руугаа ордог шиг санагддаг. Санагддаг ч биш юм аа, дэлхийн түүхэн дэх ганц хүний, нэг гэр бүлийн компаниудын түүхийг сонирхоход нийтлэг ийм үнэн анзаарагддаг. Одоо дэлхийд гялалзаж яваа компаниуд тэр чигээрээ олон нийтийн гэсэн тодотголтой. Олон нийтийнх учраас асар өндөр ашиг орлого, эрчтэй хурдтай хөгжлөөрөө гайхагдаж яваа.

Ганц хүн ашгийг нь атгасан том компанийн хувь заяа хоёрдугаар үеийнхний гарт очихоор яадгийн тод жишээ манайд өчнөөнөөрөө бий. Ганцхан жишээ татъя. Монголын үндэсний нэг томоохон компанийн эзэн гурван хүүтэй. Гурван хүүхдэдээ компаниа хуваагаад өгчихсөн. Манай том компаниудын нэг онцлог нь олон салбар руу орчихсон, жаахан хэтрүүлэгтэй хэлэхэд бараг бүх салбарт охин компаниараа дамжуулж бизнес хийдэг. Жишээ татсан том компанийн захирал ч барилга, худалдаа гээд олон салбарт бизнестэй. Өнөө бизнесүүдээ хөвгүүддээ чиглэл чиглэлээр нь салгаад хариуцуулчихсан яваа. Мань хүн өөрөө бизнестээ сүрхий оролцоогүй, жаргах насандаа ирчихсэн гээд намбайж суугаа.

Аавынхаа босгосон компанийг гурав хуваагаад авчихсан хөвгүүд нь хоорондоо хонь чоно. Эзэд нь ойр зуураа таагүй харилцаатай ийм компани цааш хөгжих үү? Шуудхан хэлэхэд үгүй. Ийм нөхцөлд хөгжил яриад ямар ч нэмэргүй. Нөгөө талаас нь харвал мань өвгөний гурван хүүгийн толгойлж яваа компаниуд Монголдоо монополь. Тэгсэн атлаа хөгждөггүй, үйл ажиллагаа, бизнес нь нэг тийм хэцүү хөшингө болчихсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Том компаниуд салбар бүрт охин компани байгуулж, бизнесийн бүх салаа мөчрийг атгачихсанаас болж жижиг дунд бизнесийнхний орон зай хумигдсан том асуудал бийг энэ дашрамд онцолъё. Жижиг, дундынханд боломж олгохгүй хэрнээ өөрсдөө хөгжиж өгдөггүй ийм компаниуд Монголоор дүүрэн байна. Зах зээлд ноёрхлоо тогтоочихсон том компаниуд төсөвт яаж бага татвар төлөх вэ гэсэн нүх сүвийг ч анддаггүй гэсэн яриа хөөрөө учир мэдэх улсын дунд өрнөдөг юм билээ. Үнэн байх.

Том компаниудыг тоймлоод харахаар ажилчдаа дажгүй цалин орлоготой амьдруулж, үйл ажиллагаагаа дэлхийн стандартад хүргэсэн нь бас ховор. Аль ерээд онд хувьцааг нь худалдаж авсан иргэдэд ногдол ашиг гэж хялайлгадаггүй гэм тэдний хувьд нийтлэг үзэгдэл болчихсон. Жишээ татаж байгаа том компанийн тухайд ч хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгдөггүй муу аргатай аж ахуйн нэгжүүдийн нэг. Энэ компанийн хоёрдугаар үеийн эздэд мөнгө сонин биш болчихсон байх л даа. Хөгжиж яах юм, мөнгөөр ханачихсан байхад гэсэншүү бодолтой өдөр хоногийг өнгөрөөж яваа гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Эзгүй арал, буйд далайн хөвөөн дээр тансаг байшин худалдаж авсан шигээ зугаацаж аж төрж яваа дуулддаг. Тэдний энэ тансаглалын хор хохирлыг Монгол Улс, жижиг дунд бизнес эрхлэгчид, хөлс хүчээрээ амьжиргаагаа залгадаг олон зуун мянган иргэн нуруун дээрээ үүрч байна. Өөрөөр хэлбэл, нэг талд ганц гэр бүлийн том компаниудын хэдхэн хүн хожиж, нөгөө талд улсаараа хохирч явна. Компаниа хөгжүүлэх ямар ч шинэ санаагүй хоёрдугаар үеийн эзэдтэй, Монголын эдийн засаг, төсөвт нэмэр тусаар бага, бүх ашиг нь нэг л гэр бүлд очдог том компаниудаасаа татгалзахгүй бол улсаараа урагшлахгүй нь тодорхой болчихож.

Одоо бидэнд ганц л гарц байна. Ганц эзэнтэй том компаниудаа олон нийтийнх болгоё. Том компанийн ганц нэг захирал эхнээсээ компаниа олон нийтийн болгоё, монопольчлолоо багасгая гээд тодорхой алхмууд хийгээд эхэлчихсэн. Хяналтын багцаа авч үлдээд хувьцаагаа Хөрөнгийн бирж дээр зарах цаг болчихсоны том дохио л доо.

Иргэдэд хувьцаагаа арилжаалж, компаниа олон нийтийн болгох нь эздэд ашигтай. Сүүлийн үед төр засаг, эрх мэдэлтнүүдийн зүгээс сав л хийвэл хувийн өмчийг хураана гэсэн агуулгатай мэдэгдэл хийх болсон. Компаниуд олон нийтийнх болчихвол эрх мэдэлтнүүд хувийн хөрөнгийг хураана гэж хэчнээн чанга хашгираад ачир дээрээ яаж ч чадахгүй. Том компаниудын хувьцаа эзэмшигч нь ганц хүн биш, хэдэн зуу, өчнөөн мянган монголчууд болчих учраас. Товчхондоо компанийн эзэд муусайн баячууд гэж адлагдахгүй, бизнес нь олон нийтийн хамгаалалтад орчихно гэсэн үг.

Бүр том зургаар нь харвал ард түмэн мөнгөжинө, хувийн бизнес дархлаатай болно, компаниуд хөгжинө, улсын эдийн засаг тэлнэ, зах зээлийн эдийн засаг зам жамаараа урагшилна. Том компаниуд хувьцаагаа Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, иргэд үндэсний компаниудын хувьцаа эзэмшигчид болж, олон нийтийн гэсэн тодотголтой компаниудын тоо олширвол цаад өгөөж нь ийм том. Товчхондоо хэн хэндээ ашигтай шийдэл.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алт олборлолтоо нэмж байж л монголчууд төгрөгөө цаас болгочихолгүй аж төрнө

Коронавирус цэнхэр гаригийг хэр удаан ноёрхохыг хэлэхэд эрт байна. АНУ, Хятадын харилцаа хүйтэрлээ, дэлхий хаашаа ч эргэж мэдэх нь гэсэн эргэлзээ болгоомжлолтой өдрүүд үргэлжилж буй энэ цагт эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүйхэн шиг, төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг аж төрөх ухаан сийлэхээс аргагүйд хүрээд байгаа нь булзах аргагүй бодит үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж яваа ганц том төсөлтэйгөө дайн зарлачихсан, корона гэсэн шалтаг дор эдийн засгаа нам зогсоочихсон, жил жилийн зун овоо хэдэн доллар чирээд ирчихдэг байсан аялал жуулчлалын салбар нь тэг заасан, нүүрс, зэсийн дараа доллар олж нүүр тахалдаг ноолуурын экспорт нам жим болсон, нүүрсний экспорт түрүү жилийн өдийгөөс даруй 50 хувиар буурсан хэцүү цагт бидэнд найдах ганц л зүйл байна. Тэр нь алт. Алтны салбараа өөд нь татаж, олборлож байгаа алтны хэмжээгээ өсгөчихвөл төгрөгийн ханш шалдаа бууна гэсэн айдасгүй аж төрөх боломжтой. Алтыг хүн төрөлхтөн эрт цагаас л төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашигласаар ирсэн түүхтэй. Өнөө цагт ч алтны гүйцэтгэх үүрэг өссөн үү гэхээс буугаагүй. Орчин үеийн эдийн засагт алт цаасан мөнгө үнэгүйдэх үед үнэ цэнээ хадгалах санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт болж хувирсан. Худалдааны дайн, цар тахлаас эхлэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал цааш хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй ийм үед алтандаа найдахаас өөр арга бараг л алга гээд байгаа нь цаанаа ийм учиртай.

Алт олборлолтоо өсгөхийн тулд яах ёстой вэ гэсэн асуултад хариулахаа түр азнаад дэлхийд өнөөдөр яг юу болоод байна, АНУ Хятадын сөргөлдөөн маньд яаж нөлөөлөх вэ гэдэг дээр учир мэдэх улс ямар байр суурьтай яваа талаар цөөн үг хэлье. Хятад хэлний гэсэн тодотголоор нь олны мэдэх Д.Болдбаатар бол үгийг нь сонсох учиртай сэхээлэг хүмүүсийн нэг. Энэ эрхэм саяхан нүүр номдоо дэлхий хаашаа яваад байгааг сүрхий ажиж бичсэн харагдсан. Тэрээр “Нэгэн хэсэг өндөр хурдтай хөгжлөөрөө үдийн нар шиг гялалзаж байсан өмнөд хөрш маань сүүлийн үед тун базаахгүй байдалтай болсонд хэл, соёлыг нь сурсан хүний хувьд сэтгэл чамгүй эмзэглэж л сууна. Одоогийн байдлаар Хятад улсын нутаг дэвсгэрийн зургааны нэг хувь үерийн гамшигт өртөөд байгаа бөгөөд Аньхуй муж гэхэд нутаг дэвсгэрийн 90 хувь нь усанд автаад байна л даа. Харин Хятадын нөлөө буурахыг дагалдаад түүний эзэлж байсан хий хоосон орон зайнд эзэн суух гэсэн өрсөлдөөн илт ширүүсч эхэллээ… АНУ цагтаа Хятадтай нийлж ЗХУ гэдэг хэт их гүрнийг унагаж чадсан… Одоо Сэм авга маань Япон, Англи, Энэтхэг, Австрали зэрэг том гүрнүүдтэй хавсайдан Хятадыгаа унагаах ангуучлалд идэвхтэй явж оров бололтой. Ингэж том хөдлөхдөө Оростой тодорхой тохиролцоо хийгээгүй гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй нь ойлгомжтой. Японоос гадна Хятадын уналтын эсрэг маш их хожил авч байгаа хоёр улс гэвэл Энэтхэг, Вьетнам… Өнгөц харахад их эмзэг сөрөг нөлөөлөлд автаж болохоор улсууд гэвэл эхний ээлжинд Өмнөд Солонгос, Монгол хоёр байж мэдэх л юм” гэж байр сууриа илэрхийлсэн байна лээ. Хэрвээ байдал энэ зүг рүү эргэвэл нүүрс, зэсэндээ зуун хувь найдаад суухад хэцүү зураг тодорч мэдэх л юм. Байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, цар тахлаас улбаатай хямралыг тэсч үлдэх ёстой гээд байгаагийн дараагийн том шалтгаан нь энэ.

Оны эхний зургаан сарын байдлаар экспортоос олох доллар хэр байсныг эргэж харъя. Эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын экспортын орлого 28 хувиар буурсныг статистикаас харчихаж болно. Өмнө дурдсанчлан нүүрснээс олох орлого огцом унасан нь экспортын орлогыг ингэтэл хойш чангаасан хэрэг. Нүүрс, зэсийн хувьд үнэ нь харьцангуй тогтвортой гэсэн сайн мэдээ бий. Алтны илүү өөдрөг өнгөлөг зураг харагдаж буй. Алтны ханш огцом цойлж байгаа тухай мэдээлэл давтамжтай цацагдаж байгаа.

Тодруулж хэлбэл, нэг унци алтны үнэ 1975 ам.доллараар хэмжигдэж байна. Алтны ханш ойрын хоёроос гурван сардаа өсөлтөө хадгална гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цаашдаа ханш нь унахгүй тогтворжих таамаг голлож буй.

Тэгэхээр алтны салбартаа онцгой анхаарч, валютын нөөцөө зузаатгаад авах боломж У.Хүрэлсүхийн Засгийн газарт байна. Алтны салбарын тухайд хайгуул нь хумигдсан, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэж чадахгүй яваа, тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай, сум орон нутгийн дэмжлэггүйгээр явахгүй нь тодорхой болсон, хууль бус олборлолтыг шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн гэх мэт өчнөөн асуудал бий. Хайгуулыг эрчимжүүлбэл нөөц өснө, нөөц өсвөл энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ. Хэзээд үнэ цэнээ алддаггүй, эдийн засаг хямрах үеэр ханш нь улам цойлдог шаргал металлын нөөц байхгүйн зовлон Монголд үгүй. Хайгуулын шатандаа яваа сайн төслүүд ч бий, хайгуул хийвэл дажгүй нөөц илрэх боломжтой газрууд ч байгаа. Хайгуулын тухайд зөвшөөрөл өгдөг явцыг хялбаршуулах өөрчлөлт оруулах, татварын хувьд өмнөх шигээ хөнгөлөөд өгөх гэх мэт УИХ, Засгийн газар хуруугаа инчдэх төдийд хийчих цөөнгүй ажлууд бий.

Ноолуурын салбараа дэмждэг шиг алтны салбартаа тухайлсан хөрөнгө санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх тухай ярьдаг ч яагаад ч юм бүү мэд дорвитой ахиц харагддаггүй. Хүү, хугацааны хувьд боломжийн нөхцөлтэй санхүүжилт өгчихөд богино хугацаанд төлчих боломжтой гэж алтны компаниудын удирдлага сонин хэвлэлд дуугарсан харагддаг.

Иргэний хөдөлгөөн, улс төрийн зодоон гэх мэт элдэв шалтгаанаар тушиж хорихгүйгээр урагшлуулдагсан бол хэдэн том төслөө хөдөлгөчихөд Төв банкны алтны нөөц огцом өсөөд ирнэ гэж алтны салбарынхан ярьдаг нь үнэнд ойрхон л сонсогддог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бүхнийг нам биш ард түмэн сонгосон шүү

Сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. УИХ-ын гишүүнээр тодорсон 76 хүн өчигдөр тангаргаа өргөлөө. Тодорлоо ч биш юм аа, ард түмэн УИХ-ын 76 гишүүнийг тодруулсан юм. Товчхондоо та бүхэн ард түмний элч болж УИХ-ын гишүүний суудалд суугаад байна. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний өмнөөс төрд үгээ хүргэж, ард түмний өмнөөс хууль санаачилж, ямар ч шийдвэрийг ард түмний нүдээр харж шүүж, батлалцах үүрэг хүлээсэн хүмүүс. Мэдээж та бүхэн аль нэг нам, эвслээс нэр дэвшиж УИХ-ын сонгуульд өрсөлдсөн л дөө. Гэхдээ нам биш Монголын иргэд та бүхнийг сонгосон гэдгийг ирэх дөрвөн жилд битгий мартаарай. Эцсийн дүндээ төрд хэнийг сонгохоо нам биш ард түмэн мэддэг. УИХ-ыг бага ард түмэн гэдэг нь цаанаа ийм утгатай. Бага ард түмэн ямар байна их ард түмэн тийм л байдгийг өнгөрсөн 30 жилийн түүх бэлхнээ нотолдог. Өнгөрсөн дөрвөн жилийн УИХ гэхэд л хэрүүл шуугиан, хулгай зэлгийтэй, бүр цаашлаад бөгс бөөрний асуудалтай хэцүүхэн байсныг бултаараа мэднэ. Хэлэхэд ч хэл хальтрим ёс зүйгүйн тод жишээ болсон үйл явдлууд өнгөрсөн парламентын түүхэнд бичигдээд үлдчихсэн. 2016-2020 оны УИХ-ын үед эрх баригчид бултаараа иргэдийнхээ боломжоос хумсалсан хэцүү жишээ бас байна. ЖДҮ-ийн зээлийн эрх баригчдын хулгай нь илэрсэн шившиг өнөө ч хуучраагүй сэдэв. Товчхондоо УИХ-ын бүтэхгүй, болохгүйг дагаад нийгэм даяараа хэрүүл, маргаан, хэлцэл талцалтай бужигнаж өнгөрлөө, өнгөрсөн дөрвөн жилд.

Өмнөх УИХ-аас өөлж хэлэх өөр нэг том өнцөг бийг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Түрүүчийн парламентад галзуу юм уу гэж гайхаж сэрдэхээр гишүүд цөөнгүй байсныг олон хүн хүлээн зөвшөөрөх байх. Илт галзуу гэмээр үйлдлүүд нь нүдний өмнө хөвөрч байхад мэдэхгүй, анзаараагүй өнгөрнө гэж ч юу байхав. Улс орны хэрэг явдлыг хэлэлцэж, хөгжлийн бодлого, шийдэл ярих учиртай чуулганы танхимд гудамжны хэллэг, жаргон, бүдүүн болхи хар яриа мэтэс энгийн үзэгдэл шахуу болтлоо төгөлдөржсөн нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Тэрэнд тэр “бүлдөгдүүлсэн”, тэр чиний “сүвээ рүү чинь хутгална даа харж л байгаарай” ч билүү, заримыг нь хэлэхээс ч зовмоор үгс чуулганы танхимд байсхийгээд хаддаг байсан дөрвөн жилээс иргэд дөнгөж ангижраад байна.

Сая болж өнгөрсөн сонгууль хаа очиж УИХ-ыг “галзуучууд”-аас нь салгалаа. Шинээр орж ирэх гэж төрийн өндөр босгон дээр үй олноороо багширч байсан галзуучуудыг нь ч хавьтуулсангүй. Өнгөрсөн дөрвөн жилжингээ нүд орой дээр гаргасан, өмнөөс нь яая даа гэж халгамаар галзуу нөхдийг тойргийн гадна үлдээлээ. Одоо хулгаруудын цугларалтад очсон мэт зан үйл, авир хандлага гарахгүй байх аа, энэ УИХ-аас. Хаа очиж тэр талын элдэв асуудалгүй хүмүүс ороод ирчихлээ гэж харж байна. Сонгогдсон гишүүдийг анзаарах нь өмнөх УИХ-ын зарим гишүүд шиг илт барьцаанд орсон, хулгай хийсэн гэх мэт “но”-той нөхөд лав алга. Мэдээж уулын мод урттай богинотой. Цөөн зарим популист гишүүн харагдаж л байна. Гэхдээ нийтлэг өнгө нь дажгүй. Олонхоо дагаж шийд гаргадаг УИХ-ын хувьд болоод явчихаар бүрэлдэхүүн гараад ирлээ гэж дүгнэх хүн цөөнгүй байна.

Энэ парламентад нэг том онцлог бий. Үнэмлэхүй олонх нь нэг намынх гэсэн онцлог. Тэглээ гээд Хойд Солонгосынхон шиг гараа ярсхийтэл өргөж, кнопоо тасхийтэл дарж, нийтээрээ тийм, нэг бол нийтээрээ үгүй гэсэн хариу хэлж, намаа дагасан шигээ налайж суухгүй байх. Ахиад хэлье. “Иргэд биднийг сонгосон, тийм учраас иргэдийнхээ төлөө л ажиллана” гэсэн сэтгэлээр зүтгээрэй. Болох, болохгүйг ялгадаг, шийдэхээ шийддэг зоригтой төрийн түшээг л иргэд хүсч, хүлээж суугаа. “Нам биш ард түмэн намайг сонгосон” гэсэн өнцгөөс аливаад хандаж, зөрөхдөө зөрж, мэтгэхдээ мэтгэж ажиллавал л жинхэнэ төрийн түшээ гэж түмэнд үнэлэгдэнэ. Зөрж, маргана гэдгийг мухар, сохроор мугуйдлах гэдэг утгаар хэлсэнгүй. УИХ-ын өнгөрсөн түүхэн дэх намаа хагалж, засгаа унагаж, төр засгаа түйвээсэн үйл явдлууд энэ ойлголтод багтахгүй. Ухаалаг, мэргэн, хүлээцтэйгээр үзэл бодол, санаа шийдлийнхээ төлөө бат нот зогсохыг хэлээд байна л даа. Төрийн түшээд нь ард түмэндээ үлгэрлэдэг байх хэрэгтэй байна. Өмнөх УИХ-ын “галзуучууд” шиг нэг зүйл болохгүй мэт санагдангуут ч юм уу, эсвэл өөрийх нь бизнес, бүлэглэлд ашиггүй нөхцөл үүсээд эхлэнгүүт хэвлэлийн бага хурал товлон сүр зарлаж, иргэдийг гудамжинд цуглуулж үймээн бужигнаан үүсгэдэггүй тийм л парламентыг иргэд хүлээж байна. Болохгүй бүтэхгүй гэж дөвчигнөсөн асуудал нь яг үнэндээ хувийн жижигхэн эрх ашиг байсан, зөвхөн тэдэнд ашигтай ард түмэнд хорлонтой байсан учраас иргэд “галзуу” гишүүдийг ахиж сонгоогүй юм. Бизнес нь бүтэхээ байнгуут ард түмний төлөө гэж чанга дуугарч улстөрждөг, хувийн жижигхэн эрх ашиг нь хөндөгдөнгүүт сүрхий эх оронч царайлж элдэв мэдэгдэл хийдэг улстөрчдийг ард түмэн нэвт шувт хараад сууж байдаг. Ард түмэн тэнэг биш, сохор биш гэж ярьдгийг цаад утга энэ л дээ. Тэгж дөвчигнөсөн сүрхий эх орончид, ард түмэнд хайр зарлагчид энэ УИХ-д сонгогдоогүй нь цаанаа ийм учиртай.

Төлөв, төвшин, ухаалаг айл ямар харагддаг билээ. УИХ яг л тийм айл шиг баймаар байна. УИХ-ын чуулганы танхимаас ухаалаг мэдэгдлүүд сонсогдож, учиртай, гаргалгаатай яриа хэлэлцээ чуулганы танхимд өрнөж байвал хэчнээн аятай. Эх орноо гэсэн зүтгэлтэй, иргэнээ гэсэн сэтгэлтэй оюунлаг хүмүүсийн чуулган баймаар байна, УИХ.

Ард түмэн итгээд сонгосон учраас өөр юу хэлэхэв, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах сэтгэл ихтэй, халаас нимгэн жирийн олноо шулж мөлжих сэдэл үгүй амьдрахад л болоод явчих юм л даа, уг нь. МҮОНТВ-ээр олонд хүрсэн “Бурхан багш” киноны төгсгөлийн ангийг үзлээ, хоёр хоногийн өмнө. Нэг хааны “Төгс захирагч байхын тулд яах ёстой вэ” гэж асуултад Бурхан багшийн өгсөн хариултыг яг одоогийн төр засгийнханд, УИХ-ын гишүүдэд даймаар санагдаж байна. Будда “Улсаа захирах хэрэггүй. Төгс захирагч болохын тулд эхлээд захирч байна гэх бодлоо орхи. Иргэдээ жаргалтай байлгах нь та бүхний үндсэн үүрэг” гэсэн хариу өгнө лээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Европт терроризм санхүүжүүлэх байтугай гудамжны ТҮЦ-ээс тамхи авах мөнгөтөй хүн байна уу?

Европын комисс Монгол Улсыг хар жагсаалтад оруулчихлаа. Саарал жагсаалт тунхагийн, зөвлөмжийн шинжтэй бол хар жагсаалт бодит шийдвэр, Европ зүгийн хөрөнгө оруулалт, зээл тусламжид шууд нөлөөлнө гэж эдийн засагчид сэрэмжлүүлээд эхэллээ. Улстөрчид хар жагсаалтад орсон шалтгааныг “Терроризмыг санхүүжүүлэх эрсдэл, асуудалтай гэж үзсэн учраас” гэсэн тайлбараар аргацаагаад өнгөрөөх гэж байх шиг байна. Манайх шиг жижигхэн эдийн засагтай оронд хаанаас ямар мөнгө орж ирж, тэгээд Европт очиж терроризм санхүүжүүлэхэв дээ. Хэрэв энэ үнэн байдаг бол заан шумуулнаас айсан гэгч үлгэр л болох вий. Товчхондоо эрх баригчид хар жагсаалтад орсон шалтгааныг терроризмын санхүүжилт гэсэн хоёр үгээр халхавчлаад өнгөрчих санаатай аргаа барж явна. Энүүхэндээ хэлэхэд бид чинь терроризмыг санхүүжүүлэх нь байтугай ТҮЦ-ээс тамхи авах ч мөнгөгүй зүдрүүхэн өдрүүд үргэлжилж байна.

Хар жагсаалтад орсон шалтгааныг хайж олох гэж хөмсгөө атируулж, шанаагаа тулах шаардлагагүй. Эрх баригчдын буруу бодлогын үр дагавар эхлээд саарал жагсаалтад оруулж, дараа нь хар жагсаалт руу гулгуулчихлаа, Монгол Улсыг. Наад захын тод жишээ гэхэд л дипломатчдын зөөдөг хар тамхины бизнес байна. Эрх баригчдын тушаал томилгоогоор улсаа төлөөлөхөөр хилийн чинадыг зорьсон нөхдөөс нэлээд хэд нь хар тамхи зөөж яваад баригдсаныг өнгөрсөн дөрвөн жилийн мэдээллээс шүүгээд харчихаж болно. Хар тамхи тээвэрлэж яваад баригдсан цагаан захтнууд “Төр засгийн хар тамхийг зөөсөн” гэх маягийн тайлбар хийгээд байхаар тэнэг л биш бол хэнд ч эргэлзээ, хардлага төрнө.

Төр нь хувийн өмч рүү дайрсан удаа дараагийн үйлдэл, ардчиллаас ухарсан элдэв өнгийн шийдвэр, улс төрийн хонзогнолоор шил дарж буй шүүх хурлууд хар жагсаалтад багтах албан биш ч цаад шалтгаан болсон нь ойлгомжтой. Барууны улсуудыг төлөөлж манай улсад суугаа зарим Элчин сайд М.Энхсайханы шүүх хурлыг ажиглаж байна гэж зүгээр ч нэг мэдэгдээгүй. Ингэж мэдэгдээд байхад л “Ардчиллын автор”-уудын нэг, либерал үзэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд байсан гэх мэт онцолж харахаас аргагүй олон том тодотголтой улстөрчийг “Албан хэрэгцээнд жип машин худалдаж авч улсаа хохироосон” гэсэн хэтэрхий гэнэн, мугуйд үндэслэлээр торны цаана суулгачихсан. Шүүх хурлыг ажигласан Элчин сайд нарт аятай сэтгэгдэл төрөөгүй нь тодорхой.

Дээрээс нь хар жагсаалтад ороход авлига, болон ардчиллаас буцсан хэргүүд тодорхой хэмжээнд яригдах ч гэлээ гол шаардлага нь татварын мэдээллийг автоматаар солилцох гэж эдийн засагчид онцолж байгаа. Татварын мэдээллийг солилцох санаачилгад нэгдэх хүсэлт Европ зүгээс анх 2017 онд манай улсад ирүүлж байж. Тухайн үед нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Үгүй” гэсэн хариу өгсөн нь хар жагсаалтад орох эхний шалтгаан болсон гэж учир мэдэх улс хэлж байна. Европын холбооноос 2018 онд ч нэлээд хэдэн удаа хандсан юм билээ. Шуудхан хэлэхэд эрх баригчдын хэнэггүй, хариуцлагагүй хандлага улсаа хар жагсаалтад оруулчихсаныг энэ фактуудаас харчихаж болно.

Эрх баригчид хар жагсаалт гэж хаана ч байхгүй гэж тайлбарлаж байгаа. Үнэн л дээ. Яг ийм нэршлээр хайж хөөвөл хаана ч байхгүй. Урт нэртэй хууль гэж ярьдаг ч “урт нэртэй хууль” гэсэн албаны нэршилтэй хууль байхгүй. Хэтэрхий урт нэртэй хууль учраас дээр, дооргүй урт нэртэй хууль гэж яриад заншчихсан, өнөө хууль нь үйлчилсээр яваа. Хар жагсаалт үүнтэй л ижил ойлголт. Шууд утгаар нь хар жагсаалт гэж нэрлээгүй ч тэр жагсаалтад орлоо л бол улс орнуудын эдийн засаг хэцүүдээд ирдэг. Сөрөг тал нь их учраас хар гэж тодотгосон хэрэг.

Хар жагсаалтад орсноор манай эдийн засаг яаж хэцүүдэх бол гэсэн асуултад хариу хайя. Сүүлийн арван жилд манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувь нь Европ зүгийнх гэсэн статистик бий. Нийт зээл тусламжийн 55 хувь нь Европоос орж ирдэг гэсэн тоог ч онцолмоор байна. Ер нь өнгөрсөн 30 жилийн түүхээ эргээд харахаар Япон, Герман хоёр л Монголд тусалсан байдаг. Европын сэргээн босголт хөгжлийн банк гэхэд л Монголд хэрэгжиж буй том төслүүдэд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэх зээл, санхүүжилт өгсөн баримт бий.

Европын холбоо төслөө зогсоогоогүй гэж мэдэгдсэн гэх тайлбарыг улстөрчид хийж байгаа. Тийм л дээ, Европын холбоо төслөө зогсоогоогүй. Гэхдээ Европын холбооны Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн мөнгөн дүн тийм их хэмжээгээр яригддаггүй. Европын холбооны улсаас манайд хөрөнгө оруулалт хийдэг бизнес эрхлэгчдийн өгдөг мөнгө асар том мөнгөн дүнгээр яригддаг. Монгол Улс хар жагсаалтад орсны гол аюул энд байгаа. Европчууд манайд өмнөх шигээ хөрөнгө оруулаад явна гэвэл өндөр татвар төлөх асуудалтай нүүр тулахаар болчихлоо. Өндөр татвар төлж хөрөнгө оруулахыг хэн ч хүсэхгүй.

Эцэст нь хэлэхэд хар жагсаалтын сөрөг нөлөө хамгийн түрүүнд, хамгийн хүнд тусах хэсэг бол хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшлийнхэн агшаад жижигрээд ирэхээр иргэд ажил, орлогоо алдана, ажилгүйдэл өсөхөөр гэмт хэргийн гаралт өсөхөөс эхлээд өчнөөн сөрөг тал ажиглагдана. Хар жагсаалтын гол аюул энэ л байна.

Хар жагсаалтад орсноор Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдад ямар ч хор хохиролгүй, тэд даргаа хийсээр байх биз. Харин жирийн монголчуудад ямар хор нөлөөтэй болохыг та дээрхээс харсан байх. Ард түмнээ ажилгүй болгочихоод элдэв дэмий террор гэх мэт үлгэр яриад биднээ хуурсаар явна, эрх баригчид. Ноёдын тавьсан өрийг ядуу ардууд төлөөд үгүйрч хоосорсон үлгэр ярьсаар өдий хүрсэн. Яг үүн шиг ноёдын тарьсан балгийг энгийн иргэд хэдий болтол үүрэх юм бэ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Буцчихаж магадгүй болсон бэрд үнээ тугал нийлэх хамаагүй юм байна

“Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн ардын зүйр үг бий. Нүүдэлчин ахуйгаас ургасан энэ үгийг эрх баригчдад дайх гээд байна л даа. Бичих сэдэвтэйгээ уяж тайлбал буцах нь тодорхой эрх баригчдад улсын эдийн засаг хамаагүй болоод удаж байна. Нүүдэлчдийн хувьд үнээ тугал бол өрхийнх нь эдийн засаг. Цорын ганц амьжиргаа нь. Мал сүргээсээ сааль сүү, идэш махаа базааж, хүнсээ залгуулдаг онцлог аж амьдралтай ард түмний дундаас “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн зүйр үг төрж, тэр үгийг нь өнөө үед буулгаж жишсэн нь цаанаа өргөн утгатай. Буцах нь тодорхой болчихсон эрх баригчдын хүнийрхүү хандлага ирэх оны төсвөөс тод харагдаж байна.

Ирэх он бол сонгуулийн жил. Ер нь сонгуулийн жилийн өмнөх төсвүүд зардал нь данхайсан, гишүүдийн тойрогтоо хуваарилах мөнгө нь эрх ямба, нөлөө сууриар эрэмбэлэгдсэн, товчхондоо улсын эдийн засаг гэхээс илүү хувь улстөрчийн дахин сонгогдох гэсэн сонирхол хүсэл нэвт ханхалсан төсөв болдог. Өнөө жилийн төсөв ч ялгаа алга. Ерөнхий сайд, Сангийн сайд тэргүүтэй мөнгө, эрх мэдэл атгасан улстөрчдийн тойрогт бусдаас нь илүү мөнгө төсөвлөгдсөн бол ирэх жил нэр дэвшихгүй нь тодорхой улстөрчдийн цөөн хэдэн тойрог айлын шоовдор хүүхэд мэт төсвийн гадна шахуу үлдэв. Улсын хэмжээнд харсан бодлого, аймгуудын онцлогт тохирсон-шийдэл энэ тэр мөн л тойргийн гадна хоцров. Хэзээнээсээ тийм байсан, МАН-ын засаг барьсан сүүлийн дөрвөн жилд ч өнгө нь өөрчлөгдсөнгүй. Товчхондоо 2020 оны төсөв ямар байх нь МАН-д хамаагүй гээд хэлчихлээ, эрх баригчид. Эрх нь дуусаад явж байгаа учраас улсынхаа ирэх жилийн төсөвт хэт хүнийрхүү хандсаныг УИХ-ын хоёр өдрийн өмнө баталсан 2020 оны төсвөөс харчихаж болно.

Тодруулж хэлэхэд алдагдал нь хэдэн зуун тэрбумаар биш, хэдэн их наядаар хэмжигдсэн төсөв батлагдаад байна. Төсвийн зардлыг нь задлаад харахаар ичмээр хөгийн зураг харагдана. Манай сонин өмнө нь гүйцэтгэх засаглалын тэргүүний тойрогт төсвийн хөрөнгө оруулалтын дөрөвний нэг шахуу нь явчихаж байна гэж шүүмжилж бичсэн удаатай. Тойргийн хуваарилалтаас халиад харахаар сум бүрд соёлын төв барина, нэг сумынх нь улаан булан тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэсэн бодит кейс бий. Улаан булан, улсын театр шинэчилнэ гэсэн тодотгол дор 700 тэрбум төгрөг зарцуулна гэдэг шуудхан хэлэхэд ядарсан эдийн засагтай жижигхэн Монголд хэтэрхий том тансаглал. Сайнаар хэлбэл тансаглал, саараар хэлбэл тэнэглэл л дээ. Улаан булан, Драмын театрын хэдэн барилга ирэх жилдээ баригдаад дуусдаг бол хамаа алга. Ядаж л театр нь хэдэн жуулчин татаж, аялал жуулчлалын салбарт орж ирэх долларын хэмжээ бага ч гэсэн хувиар өсөх байх. Харамсалтай нь ирэх жилийн төсөвт мөнгө нь туссан соёл урлаг чигийн барилгууд 2020 ондоо ашиглалтад орохгүй. Дутуу хугас барьсан болоод зардал нь дараа жилдээ шилжинэ. Шуудхан хэлэхэд 2021 оны төсөвт нэрмээс болж, төвөг удна. Улаан булан, театрын шинэхэн барилга эдийн засагт таван төгрөгийн нэмэргүй гэсэн хатуу үнэн бий. Ийм дэмий барилга үйлдвэрлэхийн оронд үйлдвэрлэл барьсан бол хамаа алга. Үйлдвэр баривал ажлын байр бий болно, татварын орлого өснө, хувийн хэвшил хүчирхэгжинэ, эдийн засаг тэлнэ гэсэн давуу тал бий. Улаан булан, театрын барилга ашиг олохгүйгээс гадна илүү зардал нэмнэ. Жилдээ цагаан сар, шинэ жилээр л иргэд нь цуглаж дуу хуур болох сумын шинэхэн клубт гэхэд адаглаад манаач авах хэрэг гарна. Халаалтын мөнгөний зардал үүснэ. Товчхондоо тэрбум төгрөг зарлагадаж босгосон сумын улаан булан дэмий зардал үйлдвэрлэсэн объект болж хувирна. Эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болно гэсэн үг. Ямартаа ч ирэх жилийн төсөвт соёлын төв барина гэж нэр заагдсан сумдад 2020 оны гуравдугаар сараас барилгын ажил эхлэх байх. Сонгуулиас хэдхэн сарын өмнө болох учраас сумын соёлын төвийн барилгын ажил сүртэй нээлттэй эхлэх нь ойлгомжтой.

Цаг хугацааг цаашлуулаад харъя. Сумандаа улаан булангийн тэрбум төгрөг тусгуулсан гишүүн ирэх сонгуульд өрсөлдөөд ялагдлаа гэж бодъё. Ирэх хавраас бүтээн байгуулалт нь эхэлсэн улаан булангийн барилгын ажил долдугаар сард нам зогсох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой үнэн. Ялагдсан намын аль нэг гишүүний санаачилсан ажил явж өгдөггүй нийтлэг зовлон бий. Өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхвөл ийм жишээ өчнөөнөөрөө гараад ирнэ. Товчхондоо сүртэй нээлттэй эхэлсэн соёлын төвийн барилга үхмэл хөрөнгө болоод дуусна. Өөдрөгөөр харах гээд үзье. МАН ирэх сонгуульд яллаа гэж бодъё. Хатуухан хэлэхэд МАН ялаад бүтээн байгуулалт үргэлжлэхгүй. Эдийн засгийн бодит байдлыг эрүүлээр хардаг хэн ч ингэж хэлнэ. Төсөв хэцүүхэн байгаа учраас тодотгол хийхээс аргагүй гээд сумын төвийн улаан булангуудын ажлыг царцааж орхино. Тэгээд дөрвөн жилийн дараа засгийн эрхээс буухаасаа өмнө мөнгө төсөвлөж барилгын ажлыг нь дуусгах байх. Мэргэн түргэндээ ингэж бичээд байгаа юм биш л дээ. Өнгөрсөн хорь, гучин жил бид яг ийм замаар явсаар өнөөдөртэй золгосон.

Ирэх жил эдийн засаг хэцүүхэн байна гэсэн таамаг яагаад гараад буйг хар үгээр, ганцхан жишээгээр тайлбарлая. Доллар олдог цөөхөн бүтээгдэхүүний маань дийлэнх зэс, нүүрсэн дээр төвлөрдөг. Ирэх онд нүүрсний үнэ уруудах таамаг голлож байгаа. Зэсийн хувьд ханш нь өндөр байх таамаг давамгайлж буй ч Оюу толгой дээрээ улстөржиж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг уях эрсдэл хэвээрээ байгааг мартаж болохгүй. Сонгууль дөхсөн ийм үед улстөрчдөөс ямар ч авир гарч мэднэ. Уул уурхайтай байлдсан гишүүд эх орончийн дүрээр харагдаж, олонхид таалагдах магадлал өндөр байгаа нь булзах аргагүй үнэн. Өмнөх сонгуулиудаар ийм дүр эсгэсэн нөхөд санал аваад парламентад ороод ирсэн учраас шаргал ордонд суугаа хэд Оюу толгой дээр ямар ч жүжиг тавьж мэдэх эрсдэлтэй. Хэрвээ Оюу толгойн эсрэг попролт хүчээ авбал зэсээс ахиу доллар олно гэсэн төлөвлөгөө нурж мэднэ. Зэсийн экспорт төлөвлөснөөрөө үргэлжиллээ гэхэд өнөөхөндөө гадаадын хөрөнгө оруулалтын ганц урсгал шахуу болчихсон яваа Оюу толгойн бүтээн байгуулалт зогсвол гаднаас доллар орж ирэхээ болих өндөр эрсдэл бий.

Одоо гол өнцөг рүүгээ оръё. Ирэх онд эдийн засаг эмзэг байх магадлал өндөр гэж болгоомжлоод яваа шалтгаан нь зэс, нүүрс, Оюу толгой биш. Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамаатай нэг том асуудал байна. Өнгөрсөн жил зээл 26 хувиар өссөн. Харин энэ жилийн эцэст гурав, дөрөвхөн хувийн өсөлттэй гарах магадлал өндөр гэж эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. Өнгөрсөн есөн сарын байдлаар есөн хувийн өсөлттэй байсан зээл оны сүүлээр өмнө хэлсэнчлэн гурван хувь руу уруудах нь тодорхой болчихож. Түрүү жилийн сүүлийн улиралд цалин, хэрэглээний зээл их хэмжээгээр гарч байсныг өнгөрсөн оны статистикаас харчихаж болно. Харин энэ жилийн хувьд ийм төрлийн зээл гарахгүй. Эдийн засагчид зээлийн өсөлтийг гурван хувь руу уруудуулж таамаглаад байгаагийн цаад шалтгаан нь энэ. Зээл хумигдах тусам компаниудын үйл ажиллагаа хумигдаж ашиг нь багасна, компаниудын орлого багасах хэрээр төсөвт төлөх татварын хэмжээ буурна. Төсөвт төлөх татварын хэмжээ багасахаар өмнө онцолсон улаан булангуудын барилгын ажил царцах магадлал өндөрсөөд ирнэ.

За тэгээд худалдааны дайн, Брексит, Ойрхи дорнодын асуудал гээд дэлхий тайван биш гэсэн том өнцөг бий. 2008 оных шиг, магадгүй тэр үеийнхээс ч айхавтар хямрал ирэх жил тохиож магадгүй гэсэн таамгийг цэнхэр гаригийн шинжээчид ам уралдуулан хэлж суугаа. Гадна талд ийм том асуудлууд байна. Дотоод байдал ч аятай биш байгааг өмнө дурдсан. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр саарал жагсаалт гэсэн том зовлон бас бий. Ийм нөхцөлд төсвийг хэдэн их наядын алдагдалтай баталчихаж байгаа парламент, Засгийн газар, эрх баригчдыг буцах бэртэй жишихээс өөр арга алга. МАН-ын хувьд сүүлийн үед өрнөж буй үйл явдлыг анзаарах нь ээ ирэх сонгуулиар ялагдах магадлал өндөр харагдаж байгаа. Нэгэнт ялагдах юм чинь яасан ч яах вэ гэсэн хандлагаа сая төсвийн хуулиар баталчихлаа. Эрх баригчид улсынхаа эдийн засгийг бодсон бол өнөө жилийн төсөв арай өөр өнгө зурагтайгаар батлагдах байсан юм. Наад зах нь л бид 2021 оноос бондын том төлбөрүүдээ төлж эхэлнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын намын архагууд аймгийн даргад захирагдах уу даа

Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс болж нийт олноороо УИХ-ын үйл ажиллагааг сонирхож эхэлж байна. Түүнээс биш өмнө нь чуулганаар юуг яаж хэлэлцэж суугаа нь ард түмний тэгтлээ сонирхдог сэдэв байгаагүй. Эцэг хуульд тусгах өөрчлөлт УИХ-ын чуулганыг олны анхааралд оруулж, УИХ ерөөсөө л МАН-ын бүлгийн ажиллагаа гэдгийг бултаараа харлаа. Сөрөг хүчин тавхан хүнтэй. Хүн нь цөөн дээрээ чуулганы явц, улс төрийн халуун бүхэнд оролцох ч үгүй юм. Уг нь О.Баасанхүү гишүүн шиг үзээд байвал хэлэлцэж буй хуулийн төсөлд саналаа тусгачих бололцоо харагдаад байгаа. УИХ-ыг доромжилж байгаа юм шиг УИХ-ын нэг гишүүн нь спортын аль нэг холбооноос медаль авч ч байх шиг. Спортын медалийг жигтэйхэн хүндэтгэлтэй авч яваа гишүүн нь чуулганы хуралд суудаггүйгээрээ алдартай Х.Наранхүү. Медаль авах гээд тамирчид руу гүйж очсоныг нь харахаар хуралд суух зав чөлөөтэй хүн юм байна гэж бодохоор. Уг нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэг АН-д, Дундговийнхонд хамаатайгаар барахуу асуудал баймаар санагдах юм. За энэ ч яахав, гол асуудал руугаа буцъя.

Тэгэхээр УИХ-ын өнгө МАН-ын тохироо, зодооноос л хамаарах юм байна гэдгийг улсаараа харлаа. МАН өөр зуураа тохиролцвол асуудал урагшилдаг, байр суурь нь зөрөлдөж зодоон цохиондоо тулбал хэлэлцэх асуудал явж өгдөггүй нь хэнд ч ил анзаарагдлаа. Ингээд ухахаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ажил маш чухал алба болж таарч байна. Товчхондоо хөшигний ард ямар тохироо хийх, тохиролцохгүй асуудлын зөвшилцлийн гарцыг хэрхэн олох, гишүүдээ манлайлж чиглүүлэх гээд өчнөөн үүрэг бүлгийн даргын асуудал болчихож байна. Ийм чадамжтай хүн бүлгийг ахалж байж л улс орны хэрэг урагшлах нь. Нөлөөгөөрөө ингэж жин дардаг бүлгийн даргын суудалд маш өндөр мэдрэмжтэй, гаргууд боловсролтой хүн суух учиртай. Ард түмэн юу бодож байгааг гадарлаж доторлодог, эрдэмтэд ямар санаа оноотойг багцаалдаж хараад тоймлоод дүгнэчихдэг, улс төрийн хүчнүүдийн нүүдлийг урьдчилж хараад гарц гаргалгаа, шийдэл боловсруулчихдаг хүн МАН шиг 64 гишүүнтэй аварга бүлгийг чадамгай удирдана.

Дахиад хэлэхэд парламентын гол хүн бүлгийн дарга гэдгийг ард түмэн сая харлаа, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн буянд. Бүлгийн даргын албыг хашдаг нөхөр УИХ-ын дарга Г.Занданшатарын нүд, чих нь болдгийг Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ил тод харуулаад өглөө. УИХ дахь МАН-ын бүлгийн одоогийн дарга нь Д.Тогтохсүрэн. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүй гишүүдийн нэг. Ард түмэн лав Д.Тогтохсүрэн гэж ямар гишүүн байдгийг мэдэх ч үгүй яваа. Ер нь МАН-ын олонд танигдаагүй энэ мэт улстөрчид голцуухан аймгийн Засаг дарга хийж явсан нөхөд байдаг. Д.Тогтохсүрэн ч тэдний нэг байх. Зайлуул хөөрхий, уг нь бүлгээ ирц сайтай хуралдуулах гэж чармайж яваа харагдах юм. Хөлсөө цувуулж, хоолойгоо сөөтөл араас нь гүйж цуглуулмар аядаад хуралддаг бололтой зураг хөндлөнгөөс анзаарагддаг. Санал хэлэх гэж үгээ зөөж ядах зуур нь арай гэж цуглуулсан өнөөдүүл нь эргээд тарж бутарч, үг байр суурь зөрчих жишээний. Бодвол мань эр дахиад цуглуулах гээд араас нь хөөцөлддөг биз.

Эндээс ганц л үнэн хараг-даад байна. Д.Тогтохсүрэнгийнхээ үгэнд орж байгаа гишүүн МАН-ын бүлэгт алга. Арга ч үгүй байх. Ардын намын луухгарууд юу гэж л аймгийн даргын үгэнд ороо аж. МАН-д нэг том давуу тал бий. Тэр нь боловсон хүчний нөөц. Боловсон хүчний нөөц сайтайгаараа алдартай нам гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Цагаан морин жилээс хойших УИХ, Засгийн газруудыг анзаарах нь ээ ихэнх жилүүдэд нь МАН эрх барьж, засагласаар ирсэн. Тэр утгаараа МАН-ын томчууд бараг л бултаараа шахуу Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайдууд гээд өндөр албанд ажилласаар ирсэн улс. Ер нь тэгээд Ерөнхий сайд хүн аймгийн даргатай тэр бүр яриад, үүрэг даалгавар өгөөд суудаггүй. Алсын зайнаас үүрэг чиг өгсөн шигээ аж төрдөг. Эрүүл ухаан, саруул логикоор харахад тийм харилцаатай байсан хүнийхээ үгэнд ороод сууна гэж байхгүй.

МАН-ын бүлгийн тухайд төрийн өндөр албанд тухалж завдаагүй зарим нь үгүй ядах нь ээ тэрбумтны хүүхэд, угсаа залгасан хунтайжууд. Н.Номтойбаяр, О.Содбилэг гээд жагсааж болно. “Бенз” хөлөглөдөг Н.Номтойбаяр “Пажеро” унадаг аймгийн даргатай яаж харилцах нь тодорхой л доо. МАН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдаж талцаад хурц, халуун байсан үед болсон бүлгийн хуралдааныг тод санаж байна. Д.Тогтохсүрэн бүлгийн дарга болоод удаагүй цаг. ЖДҮ-чин гишүүдийн асуудал олны анхааралд ороод байсан үе. Хэсэг гишүүд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хаягласан мөнгийг идсэн гишүүдийг бүлгийн хурлаас гаргах шаардлага тавьсан санагдана. Бүлгийн дарга цаг шахуу учраас шийдвэрээ гаргасан гэж нам дор дуугаар тайлбар өгөөд босох үед Д.Тогтохсүрэнтэй зэрэгцэж суусан Н.Номтойбаяр “Байж бай, хөөе” гэж зандрангуй дуугарсныг олон хүн санаж суугаа байх. Бага байхад хэцүү анги гэж сургууль даяараа алдартай нөхдүүд ангийн даргаараа нунж дорой нэгнийгээ тавьчихдаг байж билээ. Нэгд багшийн нэргүй зарц болохгүй, хоёрт дураараа сахилгагүйтэх боломж олгосон хөөрхөн заль л даа. Д.Тогтохсүрэн даргатай МАН-ын бүлэг яг ийм анги шиг харагдаад байх юм.

Зүй нь бусдыгаа дагуулдаг лидер УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллах учиртай. Жишээ нь, Ц.Нямдорж ч юм уу. Мань эрийг лав бүгд сонсоно. Маргаан, талцлыг шийдэх гарц гаргалгааг төвөггүй олох туршлага Ц.Нямдоржид бий. М.Энхболд байна. Ямар ч асуудлын учир зүй, эв аргыг олчихоор улстөрчдийн нэгд бардам багтах хүн. Залуу хунтайжуудыг томилоход ч болохгүй юмгүй.

Бүлгийн даргын чадамж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, УИХ-ын чуулган энэ тэр ярьсных онцлохгүй орхиж болохгүй нэг асуудал бас байна. 600 саяын үнэтэй тоног төхөөрөмж маш муу гэдгийг Үндсэн хуулийн хэлэлцүүлэг баталж орхилоо. УИХ-ын бүх гишүүн саналаа өгөхгүй гэсэн командтай программ бололтой. 57 гишүүн санал өгөхөд л өнөө үнэтэй тоног төхөөрөмж, программ нь гацчих юм. Манайхан болсон хойно 600 саяынхаа овоо хэдийг нь завшаад хямд, чанаргүйг нь сонгосон байх ч магадгүй.

Эцэст нь давтаад хэлэхэд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн буянаар УИХ-ын үйл ажиллагаа ямархуу янзтай өрнөдгийг ард түмэн ингэж л нэг мэдлээ дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүхийн поп шийдвэрүүд Засгийн газар, намынхаа нэрийг шороотой хутгачихлаа

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноос хойш энэ засаг уул уурхайн өчнөөн лиценз хураалаа. Салхитын тусгай ажиллагаанаас эхлэлтэй лиценз хураалт сая л гэхэд Ц.Мянганбаярын гэх тусгай зөвшөөрлүүдийг төрд хурааж авснаар үргэлжлэв. Шалтгаан нь тун хөгтэй. Орхон гол гурав тасарсан юм байх. Орхон гол дээр оччихоод ирсэн хэн ч хэлнэ дээ, тасрах биш харин ч эргээ халин үерлэж байгааг. Нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн тайлбар засгийн шийдвэрт харагдана лээ. Нөхөн сэргээлт хийгээгүй гэж хурааж авчихаад уул уурхайн компанийн гаргасан алдааг татвар төлөгчдийн мөнгөөр засна гэсэн логик анзаарагдаад байна. Уг нь хууль номоороо бол нөхөн сэргээлт хийгээгүй компанид “Ухсан газраа янзал” гэмээр юм. Ц.Мянганбаярыг өрөөндөө дуудаж ирээд “Хууль зөрчсөн хэнийг ч өршөөхгүй. Төчнөөн хугацааны дараа нөхөн сэргээлт хийсэн байгаарай. Заасан хугацаанд өгсөн үүрэг биелүүлэхгүй бол лицензтэй чинь ярина гэсэн бол илүү ухаалаг харагдах байлаа, Ерөнхий сайд. Хийгээгүй л юм бол нөхөн сэргээлтийг нь шахаж шаардаад хийлгэж яагаад болохгүй гэж.

Уул уурхай шууд болон дам нөлөөгөөрөө эдийн засгийн 60 гаруй хувийг чирч явдаг салбар. Цагтаа хөрөнгө оруулалт цутгаж байсан энэ салбарт өнөөдөр Оюу толгойгоос өөр тэр гэчихээр том хөрөнгө оруулалт байхгүй. Монголд нэгэнт орж ирээд хайгуулын төсөл эхлүүлсэн гадны ганц нэг компани мөнгө зарж эхлүүлсэн ажлаа орхиод гарч ч болохгүй, төслөө өргөжүүлэх ч аргагүй ацан шалаанд орчихсон. Жилдээ олдог долларын ихэнхийг чирч ирдэг энэ салбар сөхөрвөл наанадаж долларын ханш галзуурч, цаанадаж улсаараа зүдүү амьдрах эрсдэл хүлээж байгаа. Лицензүүдийг энэ мэт толгой дарааллаж хураагаад байвал сөхрөөд унахад бэлэн болсон салбар гэчихэд хэтрүүлэг болохгүй. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг анзаарах нь ээ лиценз хураалт, уул уурхайн салбарыг онилсон сэлэм эргүүлэлтийн эрч сулрахгүй янзтай. Сая гэхэд л гүйцэтгэх засаглалын тэргүүн уул уурхайн эсрэг шаардлагатай бол цэрэг хөдөлгөнө гэсэн утгатай мэдэгдэл хийчихлээ. Ийм утгатай мэдэгдэл ойрхон зайтай хийх тусмаа л хөрөнгө оруулалтын орчинд муугаар тусна. Ерөнхий сайд маань уул уурхайгаа унагачихвал юу идэж, юу ууж амьдрах вэ гэсэн асуултыг тавих сөхөөгүй л попорч байна. Доллар олж ирдэг гол салбар унасан хойно Ерөнхий сайд хэчнээн өндөр дуугаар “Уул уурхайн сайдын толгойтой нь ярина” гэж мянга загнаж үүрэгдээд эрдэс баялгийн салбар эргэж сэхэхгүй нь бодитой үнэн. Махны үнэ хаданд гарсны дараа Ч.Улаан сайдын толгойтой хэчнээн яриад лав нэмэр алга.

Попуудын ярих дуртай нэг өнцөг бий. Манай сэлэм эргүүлэгч улстөрчид Монголын газар нутаг тэр чигтээ уул уурхайн хөлд сэндийчигдэж дууслаа гэцгээдэг. Хайгуул, олборлолт хийсэн талбай нийт газар нутгийн 5.2 хувийг эзэлдэг гэсэн статистикийг АМГТГ-ын цахим хуудас руу хандаад харчихаж болно. Үүнээс олборлолт явуулж байгаа нь Монголын нийт газар нутгийн дөнгөж 1.1 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр нөхдүүдийн яриад, айлгаад байгаа шиг улсын газар нутаг тэр чигтээ там болчихсон юм алга.

Мэдээж хууль зөрчсөн хэнд ч төр төмөр нүүрээ харуулах ёстой. Гэхдээ тусгай ажиллагаа явуулж, цэрэг хөдөлгөж, хөмсгөө зангидаж ширүүн дуугарч биш. Хууль номоор нь шийтгэл хүлээлгэж, хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Хүчээр ингэж шийдэж, лицензүүдийг хуйгаар нь хураагаад эхэлнэ гэдэг бол яавч сайн дохио биш. Буруу мессэж. Бусдад чөлөөт зах зээлтэй, ардчилалтай улс гэж харагдахгүй байх том эрсдэлтэй арга барил. Ингэж попрох тусам гадна, дотны хөрөнгө оруулагчид эргэлзэж харна. Эргэлзсэн хөрөнгө оруулагчид мөнгөө татаж, бизнесээ хумих нь хэнд ч ил тодорхой үнэн. Экспортын 80 гаруй хувийг дангаараа эзэлдэг уул уурхай уг нь адлаад байх салбар биш. Харин ч зөв бодлого, ухаалаг шийдвэрээр чиглүүлж, онцгойлж анхаарах учиртай салбар.

Манай шийдвэр гаргагчдад нэг гэм бий. Твиттерээр шуурчихаар л шийдвэр гаргаж, дагаж хуйлраад байдаг.Үнэн хэрэгтээ идэвхтэй жиргэдэг 200 гаруйхан хүн ард түмэн биш. Жиргээчдийг дагаж шийдвэр гаргагчдын аяг юмны зах зух гадарладаг хэн ч хараад мушийхаар гэнэн, тэнэг нь дэндсэн хандлага. Хувийн өмчийг Үндсэн хуулиараа хамгаалсан оронд хувийн өмчид халдсан шигээ улстөржиж суух нь хууль зөрчсөн хэрэг. Гүйцэтгэх засаглалын тэргүүний удаа дараагийн попролтоос бас нэг өнцөг тод анзаарагдаад байна. У.Хүрэлсүх үг хэлэх бүрдээ л намынхнаа зүхэж, засгаа элдэвлэж харагдах боллоо. Эсвэл тэр намаасаа тусдаа, засгаасаа ангид тусгай фигур уу. Нэг бол ийм байх ноцтой шалтгаантай болчихсон хүн үү? Хазааргүй морь шиг бодлогогүй алхам хийсэн шигээ бужигнуулж яваа энэ хүнээ татаж авах чигийн алхмыг МАН-аас хийх цаг болсон шиг санагдаад байх юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малаа ч экспортолъё, нөөцөө ч үнэгүй бэлдье


Шог зургийг С.Цогтбаяр

Монголчуудын ашиг орлого, төгрөг мөнгө олдог ганц салбар бол мал аж ахуй. 60 гаруй сая малтай хэрнээ хэрэглээний махны үнэ нь жил ирэх тусам улам нэмэгдсээр байдаг манай орны хувьд мал, махтай холбоотой асуудал эмзэг, чухал сэдэв. Энэ хавар л гэхэд нэг кг үхрийн мах 15000 төгрөг хүрч олныг цочроов. Гэхдээ энэ малчдын буруу биш.

Ноос, ноолуур, мал, махны худалдаа, цаашлаад малчдын эрх ашиг гээд яривал их юм бий. Уг нь малчдаа дэмжээд өгчихвөл мал аж ахуй сэвхийгээд л босоод ирэх салбар. Энэ салбар өндийчихвөл наад зах нь махны үнэ буурч, нийт монголчууд амьжиргаандаа тохирсон хэрэглээтэй болоод явчих гээд байдаг.

Мал амьдаар нь экспортлох тухай асуудал сая нэг хэсэг олны анхаарлын төвд орж, малчид “Амьжиргаа дээшлэх нь” гэж олзуурхаж байв. Засгийн газраас малыг амьдаар экспортлохтой холбоотой гурван удаагийн тогтоол батлаад байгаа юм. Тодруулбал, 2017 онд 142, 284, 2018 оны 318 дугаар тогтоол баталж, малыг амьдаар нь экспортлохтой холбоотой хорио цээрийн бүс байгуулах, Монгол, Хятадын мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргаж байлаа. Хамгийн сүүлд нь батлагдсан Засгийн газрын 318 дугаар тогтоолд үржлийн бус бог мал буюу нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгаад байгаа юм. Харамсалтай нь сошиалд идэвхтэй цөөхөн хүний ямар ч үндэслэлгүй эсэргүүцлээс болж мал экспортлох том төслийн ажил зогсонги байдалд орчихлоо.

Энэ төсөл ажил болбол нөөцийн махаа төрөөс мөнгө төгрөгийн дэм хүсэлгүйгээр бэлдээд авах боломж байна. Нөөцийн махтай бол нийслэлчүүд жил бүрийн хавар үнэтэй мах авах гэж халаасаа сэгсрэхгүй. Мал, махны экспорт амжилттай хийгдээд байвал хотынхон жилийн турш хямд мах хэрэглэх боломжтой.

Ингэхдээ нөөцийн мах бэлтгэх асуудлыг төр засагт дарамтгүйгээр зөвхөн экспортлогчдод даалган, хоёр ч аргаар шийдэх гарц байна.

ЭХНИЙ ШИЙДЭЛ:

Төр мах боловсруулж экспортолдог болон үржлийн бус бог мал амьдаар нь экспортолдог компаниудаас татвараа авдгаараа авч нэмээд экспортолж буй махны килограмм тутамд нь хураамж тавих гарц бий.

Ингэхдээ мах боловсруулж экспортолдог компаниудын нэг кг мах тутмаас 250 төгрөгийн хураамж авъя.

Харин үржлийн бус бог мал экспортлохдоо амьдын жингийн нэг кг тутамд 5000 төгрөгийн хураамж тавчихъя.

Монгол Улс өнгөрсөн жил 72 мянган тонн боловсруулсан мах экспортолсон. Нэг кг-ыг нь 250 төгрөгөөр тооцож хураамж авлаа гэж бодоход 18 тэрбум төгрөг цугларна. Харин гурван сая бог мал экспортоллоо гэж үзвэл 15 тэрбум төгрөг болж байна.

Экспортлогчдоос олсон эдгээр нэмэлт эх үүсвэр болох 32 тэрбум төгрөгөөр нийт 7000 тонн нөөцийн мах бэлтгэх боломжтой.

Манай улс уржнан жил 8000 тонн нөөцийн мах бэлдэж байсан статистик бий. Тухайн үед нөөцийн мах илүү гарсан учраас өнгөрсөн онд 4000 тонныг бэлдэж байв. Гэвч бэлдсэн 4000 тонн мах нь хаанаа ч хүрэлгүй дуусч, хомсдол үүсгэн, махны үнэ хаданд гарсан юм.

Тэгэхээр манай улсын нөөцийн махыг дунджаар 6000-7000 тонн гээд тооцчихвол нийслэлчүүд лав л жилдээ үнэтэй мах идэх нь гэж санаа зоволтгүй болно. Дахин хэлэхэд өмнө онцолсон хураамжийн мөнгөөр бүтэн жил хэрэглэх махаа хангалттай нөөцлөөд үнийн өсөлт гэсэн зовлонгүй амьдрах боломж харагдаад байна.

ХОЁР ДАХЬ ШИЙДЭЛ: Үржлийн бус бог мал экспортлохдоо нийт малын 10 хувьд нь нөөцийн мах бэлтгэх үүрэг өгчих хэрэгтэй. Тодруулбал, жилд гурван сая бог мал экспортолно гэж тооцвол 300 мянган малыг нь нөөцийн махны хэрэглээнд зориулж бэлтгэх боломж үүснэ.

Ингэвэл нийслэлчүүдэд бүр ч хожоотой. Учир нь олон улсын стандартын шаардлага хангасан хорио цээрийн бүсэд 45 хоног зориулалтын тэжээлээр тэжээгдэж, эрүүлжсэн малын махыг 2000-3000 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэх юм.

Ер нь төр ухаалаг менежерийн үүргийг л гүйцэтгэх учиртай. Сая хэлсэн хоёр зохицуулалтыг хийгээд эрүүл, цэвэр хадгалах агуулах саваа бэлдчихэд л иргэдээ хямд махаар жилийн турш хангадаг болчихно.

Эцсийн бүлэгтээ малыг амьдаар нь экспортлох шийдвэр мал аж ахуйн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй хамгийн зөв, ашигтай шийдэл гэдгийг хүн бүр хэлж байгаа. Мал мах, ноос ноолуурын үнэ жил жилийн хавар, намарт шалдаа буутал унадаг, малчин хүний бүтэн жилийн хөдөлмөр юу ч үгүй үрэгддэг нь өнөөгийн бодит байдал. Дахин хэлэхэд мал аж ахуй бол монголчуудын амьжиргааны эх үүсвэр байсаар ирсэн уламжлалт аж ахуй. Тэр утгаараа төр засгийнхны анхаарахаас аргагүй өнцөг.

Эцэст нь онцлоход сонгуулийн насны нийт хүн амын 40 хувийг малчид эзэлдэг гэсэн статистик бий. Малчид тойргоосоо сонгогдсон гишүүнээ “Бидний амьдралд хэрэгтэй ямар шийдвэр санаачилж, батлах нь вэ” гэж нүд салгалгүй анхааралтай ажиглаж суудаг хэсэг.

Товчхондоо, сонгогчдын хамгийн идэвхтэй хэсэг болох малчдын хувьд ахуй амьдралд нь нэмэртэй шийдвэр гаргасан хүмүүсийг л дараагийн УИХ-д сонгох нь гарцаагүй үнэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дур зоргын мал аж ахуйг хоригломоор байна

Монгол Улс 80 сая малтай гэх өгүүлбэрийн цаана дур зоргын буюу нүүдлийн мал аж ахуй гэсэн том асуудал бий. Манай улс дур зоргын нүүдлийн мал аж ахуйтай. Малынхаа тоо толгойг өчнөөн саяар нэмлээ гэж бахархан мэдээлж, эдийн засагт нэмэртэй аштай юу даа гэж олзуурхан боддог нь яг нарийндаа буруу хандлага. Шууд хэлэхэд дэлхийд манай мал аж ахуй гоё харагддаггүй. Ямар сайндаа л олон улсын байгууллага малынхаа тоог 2030 он гэхэд 37 сая болгож бууруул гэж зөвлөхөв дээ. Малаа бууруул гэж шахаад байгаа нь цаанаа том шалтгаантай. Дэлхийн дулааралд нөлөөлдөг хүлэмжийн хийн ялгаралд үйлдвэрийн утаа, элдэв бохирдлоос гадна мал сүрэг ордог учраас олон улсын байгууллага ингэж зөвлөөд байгаа юм. Цэнхэр гаригийнхны санааг зовоосон бас нэг асуудал бол цөлжилт. Хатуухан хэлэхэд Монголын 80 сая мал бэлчээр талхагдуулж цөлжилт үүсгэдэг “хэргийн эзэд”. Яг нарийндаа хэдэн арван саяар тоологддог мал сүрэг маань уул уурхайгаас илүү хадаргаатай, хорлонтойг олон тоогоор нотолж болно. Том уурхай болох Эрдэнэт ч юм уу Багануурын олборлолт явуулсан талбайг хэмжээд үзвэл тус бүрдээ таван километр хүрэхтэй үгүйтэй талбай л гарна. Малчдаас ялгаатай нь уул уурхайн олборлолтын дараа ашиглалт явуулсан компани нь нөхөн сэргээлт хийдэг. Стандартаа мөрддөг том уурхайнуудын хувьд бүр олборлолт явуулах газрынхаа өнгөн хөрсийг хуулж аваад хадгалдаг. Тухайн газарт ямар ургамал ургадаг, яг тэр бүтэц, экосистемийг нь алдагдуулахгүйн төлөө ийм арга хэрэглэдэг юм. Олборлолт дууссаны дараа өнөө хадгалсан хөрсөө хучиж, нөхөн сэргээлт хийж нов ногоон тал болгосон жишээ өчнөөнөөрөө бий.

Малын тоо толгой хэт өссөнөөс болж манай улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь ургамлын нөмрөг, бүтэц бүрэлдэхүүний хувьд доройтсон гэх тоо дуулддаг. 25.2 сая га бэлчээр талхлагдаж доройтсон, малын хөлөөс чөлөөлж, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай есөн сая орчим га бэлчээр бий гэсэн тоо бараг арван жилийн өмнө сонсогдож байсан. Сүүлийн үед бэлчээрийн дайсан ямааны тоо толгой огцом өсч байгаа болохоор энэ тоо нэмэгдсэн нь ойлгомжтой. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс 2011-2014 онд судалгаа хийсэн удаатай. Тэр судалгаагаар Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дундговь аймагт бэлчээр үлэмж доройтон хамгийн их талхлагдсан гэх дүгнэлт гарч байсныг санаж байна. Саяхан даа, бэлчээрийн нөөц боломждоо тохирсон малтай аж төрье гэвэл 51.6 сая малаас илүү гаргаж болохгүй гэсэн судалгаа зөвлөмжийг дотоодын эрдэмтэд гаргаж л байсан. Хонин сүргийг багасгаж хоёр хонинд нэг ямаа гэсэн харьцаатай өсгөх ёстой гэсэн зөвлөгөө ч сонсогддог. Хамгийн олон мянгаттай Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудад 100 га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрсэн гэсэн статистикийг ч энэ дашрамд онцолъё. Сүүлийн үед 200-гаас дээш малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа юм билээ. Мянгат малчин шалгаруулдаг, аль болох олон малтай байхыг засаг нь, салбарын яам нь бодлогоо болгоод суухаар олон малын төлөөх уралдаан гаараад байна л даа.

Малчид зуны цагаар ус бараадаж, бүр голын эх дагаад буучихдаг. Эсвэл нуур бараадаад шавчихна. Малаа ус руу шууд тууна. Тэгээд л тэр хавийн гол нуур малын хөлд улаанаараа эргэж, хүн уухын аргагүй бохирлогддог. Уг нь голоос холгүй услах цэг байгуулаад усалчихад болохгүй юмгүй. Давж барахааргүй хэцүү ажил лав биш. Малаа, малчдаа гэдэг сэтгэлгээтэй нийт олонхын хувьд хатуу үг мэт санагдаж мэдэх ч байгаль экологи талаас нь харахаар шүүмжлэхгүй орхих аргагүй хэцүү ахуй Монголын мал аж ахуйгаас жигтэйхэн тод харагддаг. Мал нь ус, бэлчээр сүйтгэж, малчид нь ил задгай бие засахаас эхлээд ер нь л хэцүү дээ. Гол дагаж зуссан айл тэр хавийн байгалиа хэцүүхэн болгочихоод намаржаа руугаа нүүдэг нь нүдний өмнө байгаа бодитой үнэн.

Монгол малын махыг гадныхан авдаггүй нь эрүүл мэндтэй нь холбоотой. Вакцинд тэр бүр хамруулдаггүй, ямар өвчинтэй байгааг нь хянаж үзэх мал эмнэлгийн тогтолцоо сул гээд өчнөөн шалтгаан бий. Дахин онцлоход ямар өвчтэй нь мэдэгдэхгүй мал сүргээ голоос шууд усалдаг ийм малчид дэлхийд ховор. Байгалиа боддог, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаардаг улсуудын хувьд төсөөлөлд нь багтахгүй ахуй. Голын хажууханд тусад нь услах хэсэг байгуул гэхээр хэт хээнцэр, амьдралаас тасархай сонсогдож магадгүй. Гэхдээ дэлхий нийтээрээ цөлжилт, дулаарал, экологийн бохирдлын эсрэг хамтраад дуугарч тэмцдэг болсон энэ цагт тавих ёстой шаардлага, гаргах учиртай санаачилга.

Малаа цөөлж, чанаржуулах, аажимдаа фермер рүү шилжих талд онцгой анхаарах ёстойг баталсан иймэрхүү жишээ яривал дуусахгүй. Товчхондоо Монголын байгаль ганц малчдынх биш, гурван сая монголчуудынх, бүр цаашлуулж сэтгэвэл хэдэн тэрбумаараа амьдарч буй дэлхийн иргэдийнх. Хүлэмжийн хийг бууруулахын төлөө нэг дээвэр дор нэгдэж дэлхийгээрээ тэмцээд яваагийн учир энэ л дээ. Түүхий нүүрсний хэрэглээгээ тана, ногоон эдийн засгийг хөгжүүл гэж улс орнууд бие биенээ шахаад байгаагийн шалтгаан нь ерөөсөө энэ. Монголчууд байгалиа цэвэр, аюулгүй байлгах үүргийг дэлхийн өмнө хүлээсэн улс орнуудын нэг. Тийм учраас л олон улсын байгууллага малынхаа тоог бууруул гэж шахаад байгаа юм.

Тэгэхээр малаа суурин болгохоос өөр сонголт алга. Бүр тодруулж хэлбэл фермержмээр байна, улсаараа. Ийм олон малыг байгалиа сүйтгэн байж өсгөж үржүүлчихээд өгөөжийг нь тултал хүртээд байна уу гэвэл бас үгүй. Махыг нь хангалттай хэмжээгээр экспортолж чадахгүй байна. Түүхий эдийн хувьд бүр ярих ч юм биш. Ямар ч үнэ цэнэгүй, хаягдал болж, байгаль бохирдуулаад дуусдаг. Өлөнг нь л хиамын үйлдвэрт ашигласан болоод аж төрж яваа.

Уг нь Ч.Улаан сайдын малыг хөлөөр нь экспортлох санаа хэрэгжсэн бол нэмэртэй шийдвэр болох байсан юм. Монгол малын мах бэлчээрийн учраас жинхэнэ органик гэж ирээд ярьдаг л даа. Үнэхээр тийм давуу талтай бол экспортлоод доллар олсон шигээ амьдрах л байсан. Монголын малын мах стандарт хангадаггүй, өвчтэй, өөх ихтэй гэх мэт өөлөх шалтгаан харин олон дуулддаг. Тийм ч учраас хоёр хөрш рүүгээ багахан гаргах хэмжээнд махны экспорт хязгаарлагдаж байгаа. Хөлөөр нь гаргасан бол ядаж л түүхий эд нь хог болж хаягдахгүй давуу талтай. Малын тоо толгойгоо цөөлж чанаржуулах зүг рүү хөтлөхөөр шийдвэрийг салбарын сайд нь гаргасан ч засаг нь дэмжсэнгүй л дээ, харамсалтай нь.

Дур зоргын мал аж ахуйд анзаарахаас аргагүй бас нэг том асуудал байна аа. XIII зууны үеийнхээс өөрчлөгдөж гавиагүй мал аж ахуй монголчуудыг хэзээнээс залхуу байлгах шалтаг суурь болсоор ирсэн. Өөрөө бэлчээд идээшилдэг малтай монголчуудад өдөржин хөлсөө дуслуулах шаардлага байдаггүй гэсэн онцлог бий. Малчид өдөрт үсрээд дөрвөн цагийг л малын ажилд зарцуулаад, үлдсэн хугацаанд нь гараа эвхээд суучихдаг нь мөн л үгүйсгэх аргагүй үнэн. Хөдөлж хөлсөө дуслуулахгүй, мах, тос голдуу хүнстэй учраас урт насалдаггүй шиг санагддаг. Малчдын насны тухайд гүтгэж гөрдөөд бичсэн хэрэг биш л дээ. УИХ нь малчдын наслалтад ийм асуудал бийг хүлээн зөвшөөрч тэтгэврийн насыг нь наашлуулсан шийдвэр гаргасан удаа бий.

Тэгэхээр дур зоргын мал аж ахуйгаас татгалзъя, өндөр татвартай болгоё. Малчдаас малын хөлийн татвар авдаг болъё. Ингэвэл наад зах нь бэлчээрийн талхлагдлыг шийднэ. Цаашлаад яривал тоог биш, чанарыг шүтдэг малчидтай болох давуу талтай. Нэг малаас 1000 төгрөг гээд хураагаад эхлэхэд л наад зах нь “Чанаргүй олон малтай байхаар чанартай цөөн болгоё” гээд фермержээд эхэлнэ.

Ер нь дэлхий даяар мал аж ахуйгаа ингэж л хөгжүүлж байна. Цөөхөн тооны, чанартай малыг л нэгдүгээрт тавьдаг. Байгальдаа хал багатай, ухаалаг мал аж ахуй руу дэлхийн хөгжилтэй, хөгжиж байгаа улсууд аль хэдийнэ шилжчихсэн. Фермерийн аж ахуйд хүн жинхэнэ хөдөлмөрлөдөг, хөлсөө дуслуулсныхаа хэрээр ахиу мөнгө олдог. Суурин соёл иргэншлийг анзаарах нь ээ, мал аж ахуй нь эрчимжсэн фермер л байдаг. Ингэж байж л суурьшмал иргэд мал аж ахуйтайгаа зохицож аж төрдөг юм. Давтаад хэлэхэд манай дур зоргын мал аж ахуй суурин иргэншилтэй зөрчилдөөд байна. Улсаараа л малаа дагаж амьдрахгүйгээс хойш байгальдаа хал багатай, чанартай цөөхөн малтай, эдийн засгийн өндөр ашигтай мал аж ахуйг л хөгжүүлмээр байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Бандгар баян авгай нар баян хоосны ялгаа гэж орилолдох нь хэр шударга вэ?

Монгол Улс 27 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Өнгөрсөнд өрнөсөн болохгүй бүхэн Үндсэн хуулиас үүдсэн юм шиг ойлголт, яриа хөөрөө газар аваад буй. Яг үнэндээ тийм биш. Ардчиллын 27 жилийн түүхийн алдаа бүр улстөрчдийн мөнгө, эрх мэдэлд улайрсан шуналтай холбоотой. Манай сонин өнгөрсөн жилүүдийн бузар булай, болох бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэж бичсэн нь цаанаа ийм учиртай. Учир мэдэх улсын тухайд Үндсэн хуульд хир халдаах дургүй, эцэг хуулийн өөрчлөлт дээр бодолтой ухаалаг хандах хэрэгтэй гэсэн байр суурь барьж суугаа анзаарагддаг. Эрүүл ухаан, энгийн логикоор бодсон ч тийм л дээ. Олон засаг солигдсон нь Үндсэн хуулиас болсон гэвэл хэн ч итгэхгүй. Харин хувь улстөрчийн атаа шунал, улс төр-эдийн засгийн бүлэглэл болтлоо төгөлдөржсөн нэгдлүүдийн эрх ашиг, тэмцэл, зөрчилдөөнөөс болсон гэвэл толгой дохих хүн дэндүү олон.

Мэдээж Үндсэн хуульд гар хүрэх зайлшгүй шалтгаан байгаа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ бүх л зүйлийн саад гацаа мэт ярьж, газар дор ортол муучлах нь хэтэрхий гэнэн, туйлширсан хандлага. Үндсэн хуулийг газар дор ортол хэлж байгаа бас нэг шалтгаан байна аа. Энэ талаар бичих гэж багахан оршил хийлээ. Үндсэн хуулиа муучлах болсон улстөрчдийн том шалтгаан нь баян хоосны ялгаа ихэслээ гэх шүүмжлэл. УИХ-ын баян гишүүд, тэр дундаа УИХ-ын чинээлэг эмэгтэй гишүүд “Баян хоосны ялгаа ихэссэн нь Үндсэн хуулиас боллоо” гэж матрын нулимс унагаад сүйд байна. Баян чинээлгээрээ алдартай М.Билэгт, Ц.Гарамжав, Д.Оюунхорол нар бүр онцгой “шаналж” яваа. Эрчүүдээс “Оргил”-ын Ж.Ганбаатар, “Тэс петролиум”-ын Т.Баттөмөр хоёр бас Үндсэн хуулиас болж ядуу, зүдүү иргэдээ өрөвдөж хайрлаад жигтэйхэн байгаа. Сая нэр дурдсан гишүүд “Шударга ёс алдагдлаа. Баян хоосны ялгаа зааг улам тодроод байна. Ерөөсөө Үндсэн хуулиа өөрчлөхгүй л бол хөөрхий бидний ядуус туйлдаж хэцүүдэх нь” гэсэн агуулгатай үг унагацгааж сууна. Эдэнд хандаж хэлэх нэг л үг аман дээр гарч ирээд байх юм. Худлаа жүжиг тавихаа боливол ямар вэ, эрхэм чинээлэг гишүүд ээ.

Ц.Гарамжав Заамарын хөндий, “Монполимет”-ээ, Д.Оюунхорол “Отгонтэнгэр” их сургуулиа, М.Билэгт “Билэг” их дэлгүүрээ, Ж.Ганбаатар “Оргил” сүлжээ дэлгүүрүүд дээрээ нэмэх нь “Энканто”-гоо, Т.Баттөмөр “Тэс петролиум”-аа өрөвдөж энэрээд сүйд болоод байгаа эгэл иргэддээ хуваагаад өгчихвөл шүүмжлэх шалтгаан алга. Харамсалтай нь их мөнгө, том бизнестэй гишүүдээс ийм зориг гарахгүй. Ингэж чадахгүй байж баян хоосны ялгаа хэтэрлээ гэж худлаа жүжиглэх шаардлагагүй.

Ер нь тэгээд шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн гол санаа, амин сүнс нь баян хоосны ялгаа бүхий нийгэм байгуулах биз дээ. Төв Азийн Монгол бол ардчилсан засаглалтай, зах зээлийн эдийн засагтай улс. Үндсэн хуулиндаа төвлөрсөн биш чөлөөт зах зээлтэй, хувийн өмчийг дээдэлж, хүндэтгэнэ гэсэн утгатай заалт тусгачихсан улсуудын нэг. Чадалтай нь боломжоо ашиглаад өндийхийг хуулиараа дэмжиж тэтгэсэн тийм л нийгэмд бид амьдарч байгаа. Товчхондоо баян нь баян, бүр тасарсан баян байхыг, ядуу нь ядуу, бүр туйлдсан ядуу байхыг зөвшөөрсөн Үндсэн хуультай улсын иргэд бол монголчууд. Америк, Канад, ер ардчилал, зах зээлийг сонгосон дэлхийн улсуудын иргэд ийм хуулийн дор аж төрж яваа. Тэгтлээ нүдээ томруулж, чихээ сортойлгож сонсох тэрслүү үг биш. Амьдрахаар сонгосон нийгмийн маань уг жам нь тийм.

Үндсэн хуулиас болж баян хоосны ялгаа ихэссэн гэж яриад суугаа гишүүдийн цаад санаа нь тэгээд юу юм бол. Үндсэн хуулийн хувийн өмчийг хамгаалсан, чөлөөт зах зээлийг дэмжсэн заалт, агуулгыг өөрчлөх гээд байгаа хэрэг үү. Өмнөх нийгэм шиг бүх хөрөнгө төрд төвлөрсөн, иргэд нийтээрээ даржин ядуу амьдрах сонголт руу чирэх эрсдэлтэй өөрчлөлт баян гишүүдийн толгойд эргэлдээд эхэлчихэв үү? Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн өдий үед лавлах ёстой асуулт. Хэрвээ ийм агуулгатай өөрчлөлтийг Үндсэн хуульд хийвэл хувьсгалын шинжтэй өөрчлөлт болно. Арай ч ингэхгүй байх л даа, гэхдээ ингэж хардахаар яриа үүсгээд суугаа гишүүд нэг биш нэжгээдээр тоологдож эхэлсэн учраас хардах, болгоомжлох, сануулах эрх, үүргийнхээ хүрээнд энэ сэдвийг хөндөж байна.

Дахин давтан хэлэхэд үнэхээр нэг хэсэг нь хэт баяжаад, нөгөө зарим нь хэтэрхий үгүйрээд хэцүүдсэн бол, ядуу иргэдээ хөрөнгөжүүлмээр санагдаад байгаа бол эхлээд өөрсдийнхөө хөрөнгөнөөс хувь хүртээчих, гишүүд ээ. Тэгвэл та бүхний иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл зовнилд итгэе. Тэгж чадахгүй бол Үндсэн хуулиа зүхэн байж аж төрж яваа нийгмээ адлахаа боль.

У.Черчилийн нэг алдартай үг бий. Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ эрхэм “Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээрийг бодож олоогүй байна” гэсэн үгийг зүгээр ч нэг унагаагүй. Заримынх нь санагалзан дурсах дуртай социалист нийгмийн амин сүнс бол бүгдийг тэгшитгэх. Чадалтай, чадалгүй, боловсролтой, боловсролгүй ялгаагүй, нийтээрээ тэгш байдаг тийм нийгмийг цогцлоох гэсэн бүх улс бүтэлгүйтсэн. Тэсч үлдсэн Куба одоо хэцүүхэн байгаа. Дэлгүүрүүд нь цөөн хэдэн бараатай, ресторанууд нь хэтэрсэн үнэтэй даржин хоолтой нийтээрээ хэцүүхэн яваа тухай сурвалжлага саяхан манай сонинд нийтлэгдсэн. Хойд Солонгосын тухай бол бүр ярилтгүй. Капитализмаас ухраад байгалийн баялгаа ард иргэддээ тэгш хүртээнэ гэж гадны хөрөнгө оруулагчдыг хөөж туусныхаа горыг Венесуэл одоо амсч байна. Инфляци нь өчнөөн тэгтэй тоогоор хэмжигдсэн, иргэдийнх нь боловсролтой чадалтай хэсэг эх орноосоо дүрвэсэн зурагтай байна. Нийтээрээ тэгш амьдрах ёстой гэсэн философийг дагасан улс орнууд гэвэл ингэсхийгээд шувтарч байна гэчихвэл үнэнээс зөрсөн дүгнэлт болохгүй.

Баян хоосны ялгааг гайхаж муушаасан манай хэдэн гишүүн бас нэг гоё юм яриад яваа. Иргэддээ байгалийн баялгаас тэгш хүртээнэ гэсэн өгүүлбэр давтамжтай дуулдаж эхэлснийг уншигч та ч анзаарсан байх. Цагтаа дэлхийд эдийн засгаараа цойлж явсан Венесуэлийн хар түүх яг ингэж эхэлж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулж, бизнесийг нь булаасан Венесуэлийн төр эхэндээ ч данагар байсан л даа. Иргэн бүрдээ үнэгүй байр өгөөд л. Иргэд нь агуу их удирдагчийнхаа сүр хүчийг бахдан биширцгээгээд эхэндээ сайхан байсан ч сүүлдээ улсаараа байдгаа барсан гашуун үнэн нүдэн дээр ил тод байна. Одоо энэ улсуудын нөгөө талыг харъя. Америк, Европ гээд хөгжлөөрөө цойлсон улсын түүхийг харах нь ээ хөрөнгөлөг хэсгээ дэмжсэн бодлого явуулсаар өнөөг хүрсэн байдаг. Тэнд төр нь хөлсөө урсгаж дээш гарсан хөрөнгөтнүүдээ адалдаггүй. Нийгмийн баялгийг нэг хэсгээс нь булаагаад нөгөө хэсэгт нь тарааж өгөх тухай яриа үүсгэдэггүй. Харин ганцхан зүйлд онцгойлон анхаардаг. Тэр нь хүн бүрд тэгш боломж өгөх. Төрийнх нь санаа зовж, зохицуулж хийдэг зүйл нь ердөө энэ. “Гарааны тэгш боломж өгье. Чадах нь хөрөнгөжөөд аятайхан амьдар” л гэдэг.

Бид бүгдээрээ хөрөнгөгүй амьдардаг тийм нийгмийг нэгэн жарнаас илүү хугацаагаар туулсан ард түмэн. Түрүүн хэлсэнчлэн нэг сайн хүн гарч ирээд хөрөнгө тараахыг хүн төрөлхтөн өнгөрсөн түүхээрээ туулаад, туучаад гарсан. Ингэж болдоггүйг хүний нийгэм сая сая амины төлөөстэйгөөр мэдэрсэн. Ийм л замыг туулж байж эцэст нь ардчилсан Үндсэн хуулиа баталсан үндэстнүүдийн нэг нь бид өөрсдөө. Тэгэхээр тогтолцоо системийг өөрчилж, байдлыг өнөөгийнхөөс дордуулж мэдэх өөрчлөлтөд уриалсан дэмий үг яриа үүсгэлгүйгээр зүгээр л Үндсэн хуулиа сайжруулах талд анхаармаар байна.