Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Оросын жуулчдыг Европ руу зорчихыг хориглох тухай Украины уриалгыг хэлэлцэнэ, ОХУ-тай хиллэдэг Финланд, Эстони, Латви, Литва, Польш улс олон нийтийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд түр хугацаагаар хориг, хязгаарлалт хийнэ гэж мэдэгдлээ… Ийм утгатай мэдээллүүдийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Бүр тодруулж хэлбэл, Финланд улс Оросын жуулчны визний мэдүүлгийн тоогоо бууруулахаар болчихсон. Өдөрт мянган виз хүлээж авдаг байснаа 10 хувиар бууруулахаа ил тод мэдэгдээд буй. Оросын жуулчид Европын бусад оронд зорчихын тулд Финландын хилээр дамжиж яваа гээд харахаар тус улсын энэ шийдвэр орос иргэдэд хүнд тусах нь тодорхой.
Author: Ц Билиг
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр нүүрс, зэсийн экспортын талаар гэгээтэй мэдээ дуулгав. Нүүрсний экспорт оны эхнээс энэ сарын 21 хүртэл 10.1 сая тоннд хүрч, өнгөрсөн оны өдийгийн түвшиндөө хүрчихэж. Сүүлийн долоо хоногт гэхэд л 737.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Өдөрт дунджаар 854 автомашин, 43 чингэлэг нүүрс экспортлогдож байгаа аж. Зэсийн баяжмалын экспортын тухайд түрүү жилийн өдийгөөс 16.5 хувиар өссөн дүнтэй гэсэн мэдээллийг салбарын яамныхан онцолж байна. Товчхондоо зэс, нүүрсний экспорт дажгүй сэргээд эхэлжээ.
Эдийн засаг хэцүүдсэн ийм үед гэгээтэй мэдээ мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ яг өнөөдрийн байгаа байдлаа харахаар экспортын хэмжээ төдийхөн яриад суумгүй байна. Ирэх жилүүдэд дэлхийгээрээ хэцүү аж төрөх нь тодорхой болчихлоо. Ийм цагт гол найдлага маань ерөөсөө л уул уурхай. Харамсалтай нь ДНБ-ий дөрөвний нэг, төсвийн гуч орчим хувь, экспортын 83 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 77 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбараа үе үеийн Засгийн газар, эрх баригчид хатавчинд суух өнчин хүү шиг болгож орхисон нь маргаад байх юмгүй ил үнэн.
Эдийн засагч Н.Энхбаяр саяхан нүүр хуудсандаа “Украйны дайнаас болж дэлхий даяараа ковидын дараах эдийн засгийг сэргээх боломж алдагдаж, үндсэндээ 2024 оныг хүртэл донсолгоотой, өчүүхэн өсөлт өндөр инфляцтай байх болно” гэж онцолсон харагдсан. Хатуу ч гэлээ бодитой үнэн. ОУВС-гийн маргааш танилцуулах “Дэлхийн эдийн засгийн шинэчилсэн тойм” гутранги таамаглалаар дүүрэн байна гэдэгт ч эргэлзэх юм алга. Ингээд харахаар лав хоёр жилийн турш дэлхийгээрээ дэнсэлгээ, донсолгоотой аж төрөх нь тодорхой болчихоод байна. Гадаад дотоод шалтгаанаар инфляц цойлсон, гадны хөрөнгө оруулалт мөддөө сэргэхгүй нь тодорхой ийм үед Засгийн газрын атган дахь ганц хөзөр бол түрүүн хэлсэнчлэн уул уурхай. Уул уурхайн салбараа хөдөлгөж, хөгжүүлж байж хямралыг дажгүй давах боломжтой.
Уул уурхайн салбарын гол зовлон нь хууль эрхзүйн орчин, улстөрийн тогтворгүй байдал гэж олон жил нуршсан учраас ахиж хөндмөөргүй байна. Төдийгөөс өдий хүртэл шийдэж чадаагүй асуудлыг өнөө яриад нэмэр бага. Харин УИХ, Засгийн газрын шийдэж дөнгөх асуудлуудыг жагсаая. Тэдний шийдэж дөнгөх зүйлсийн нэг бол татвар. Манай улс татварын хувь хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт жагсаж яваа.Зэс гэхэд л хамгийн өндөр АМНАТ-тай. Нүүрсээрээ хоёрт жагсаж байх жишээний. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдыг татах гэж өрсөлдөж яваа ийм үед татварын хэцүү орчинтой улсад төсөл хэрэгжүүлэх сонирхол мөнгөтэй эрхмүүдэд төрөхгүй. Засаг санаачлаад зүтгүүлэхэд татвартай холбоотой энэ мэт асуудлыг шийдчих боломж бий.
Засгийн шийдэж дөнгөх хоёр дахь асуудал бол төрийн яамд, дунд шатныхны хүнд суртал. Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд уул уурхайн төслүүдээ явуулах ёстой гэж зүтгэж, анхаарч байгаа ч төсөл гацаагч гол хэргийн эзэд нь бусад салбарын яамд байдаг. Бүр тодруулж хэлбэл уул уурхайтай үйл ажиллагаа нь уялддаг салбарын яамд. Тод жишээ нь Байгаль орчны яам байна. Өгөх ёстой зөвшөөрлөө хэзээ ч цагт нь гаргадаггүй гэсэн шүүмжлэлийг салбарынхан хэлдэг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэх мэтийг стандарт шаардлагынх нь дагуу боловсруулаад өгдөг ч яамны зүгээс хууль журамд заасан хугацаанд баталж гаргаж өгөхгүй өчнөөн сар, жилээр түгжсэн жишээ кейс олон бий. Зөвшөөрөл авах үйл явц дээрээ хугацаа алдчихаар л төслийн хэрэгжилт удааширчихдаг, төсөл хэрэгжихгүй удах хэрээр эдийн засаг тэлэх боломж багассаар байдаг.
УИХ, Засгийн газрын залруулж хүчрэх гурав дахь асуудал бол гэнэтийн хуулиуд. Өнгөрсөн хугацаанд батлагдсан гэнэтийн хуулиуд эдийн засагт ямар балаг тарьсныг нийтээрээ мэдэх учраас олон кейс яримааргүй байна. Наад зах нь гэхэд урт нэртэй хууль гаргаад алтны салбараа сүйдэлчихсэн жишээ бий. Гэнэтийн хуулиудыг санаачлагч нь хэн бэ гээд харахаар Засгийн газар биш УИХ-ын гишүүд байдаг. Ялангуяа сонгууль дөхсөн үед гишүүдийн гэнэтийн хууль санаачлах идэвх огцом өсөөд ирдэг. Энэ хандлага аль хэдийн эхэлчихсэн явааг Усны тухай хуулийн төслөөс харж болно. Усны тухай хуулийн төсөлд уул уурхайд гүний ус ашиглахгүй гэсэн утгатай заалт тусчихсан яваа сураг дуулдсан. Хэрвээ энэ заалт туссан нь үнэн бол, ийм заалт тусчихсан явж байгаад хууль батлагдвал уул уурхайн салбар таг гацах эрсдэлтэй нүүр тулна. Ерөнхий сайд “Уул уурхай бол тэргүүлэх салбар” гэж мянга яриад нэмэргүй болно гэсэн үг.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол гэнэтийн хуулиуд гарах магадлал маш өндөр улс. Өнөөдөр гэхэд маш олон хууль энд тэнд, багц багцаараа яригдаад явж байгаа. Урьд нь хуулийн төслүүдийнхээ драфтыг өгөөд бидний саналыг авдаг байсан бол одоо шууд л “Саналаа өг” гэдэг болчихсон. Яг ямар хуулийн төсөл хэлэлцүүлэгт орох гэж байгааг харахгүйгээр санал өгөх боломжгүй шүү дээ” гэж ярьсан байсан. Гэнэтийн хуулиудын гол асуудал нь энэ л дээ. Бодит судалгаа тооцоогүй, салбарынхны санаа оноог сонсохыг ч хүсэхгүйгээр хуулийн төсөл боловсруулаад парламентаар батлуулна гэдэг яаж ч бодсон байж боломгүй хандлага. Ерөнхий сайд яг өдийд “Эдийн засгийг авч яваа уул уурхайд ямар ч гэнэтийн хууль гэж байх ёсгүй. Салбарынхныг сонсох бол номер нэг асуудал шүү” гэчихмээр байгаа юм. Уул уурхайн ассоциацын гүйцэтгэх захирал бүсгүйн бас нэг үгийг нийтлэлийнхээ төгсгөлд онцолмоор байна. “Хууль сайжрууллаа гээд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Ганц л том асуудал бий.Гэнэтийн хууль ахиад гарахгүй гэх баталгааг хуулиндаа яаж тусгах вэ, хэн нэг улстөрчийн популист санаанаас ямар нэгэн хууль төрж хэрэгжихгүй гэх баталгаа, амлалтыг Засгийн газар ямар хэлбэрээр өгөх вэ гэсэн асуултуудад хариулах шаардлагын өмнө бид ирчихсэн. Бүр тодруулж хэлбэл одоо хэрэгжиж буй хуулиудынхаа уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй” гэсэн үгийг нь.
Монгол орон өргөн уудам нутагтай. Цөөхөн хүн амтай, хүн амынх нь талаас илүү хувь нийслэлдээ суурьшдаг учраас эзгүй хээр газар ихтэй. Тэр утгаараа хэн дуртай нь аль дуртай газраа бууж сууцгааж, аялж зугаацдаг. Хэн хаана ч аялж, аль ч аймгийн ямар ч газарт буудаллах боломжтой. Ингээд харахаар эрх чөлөөтэй сайхан л даа. Ийм сайхан уудам нутгийнхаа хаана нь ч очоод майхнаа бариад агаарлах боломжтой бид азтай улс гэж ирээд цээжээ түрээд суухад бол гоё. Гэхдээ хэт эрх чөлөөлөг энэ байдал маань байгаль экологидоо сөрөг нөлөө үзүүлсээр өнөөг хүрснийг анзаарч харсан нь хэд бол. Зуны цагт, зугаалга, найр, наадмын үед бөөнөөрөө хотоос хөдөө рүү жирийлгэдэг монголчууд хөдөөх байгалийг жинхэнэ бохирдуулагчид болж хувирдаг. Хотоос баруун, зүүн аймгуудыг зорьсон нийслэлчүүд зам зуураа гол дагаж, биесээ бараадасхийн хонож өнжсөн шигээ зорьсон газраа хүрцгээдэг. Нэг газраа бөөгнөрч хоносон хүмүүс наад зах нь гэхэд л ил задгай бие засч голын хавьцаах хөрсийг бохирдуулдаг.
Дотоодын жуулчид энэ мэтээр элдэв хуванцар сав, гялгар уут, батарей гээд байгальд хортой хаягдлууд “үйлдвэрлэчихээд” дараагийн аймаг руу жирийлгэдэг. Жуулчны компаниар үйлчлүүлэх соёл суугаагүй, машиндаа гэр бүлээрээ сууж аваад аялцгаадаг монголчуудын хувьд буудалласан газраа гал түлж, цай хоолоо хийцгээдэг нь байгальд мөн л эрсдэл болдог. Наад зах нь гэхэд л галаа бүрэн унтраагаагүй хөдөлснөөс болж түймэр дэгдэх эрсдэл бий. Тийм тохиолдол гарч байсныг ч үгүйсгэх аргагүй. Гэх мэтээр яривал машинтайгаа зугаалагч монголчууд байгаль орчныг жинхэнэ утгаар нь бохирдуулж сүйтгэгчид болж хувирдаг нь нууц биш.
За тэгээд устай, голтой газар бүрд бууж суусаар зорьсон газраа хүрсэн хотын жуулчид хүсч очсон газраа бохирдуулсан шигээ амарч цэнгэдэг. Зориод очсон газраа наад зах нь хоёр гурав, цаад зах нь арваад хонохдоо хог, бохирдол “үйлдвэрлэсээр” суугаад Улаанбаатарыг зорьдог. Яг өдийд хөдөө газрын байгаль жуулчдын хөлд талхигдаж, хогондоо дарагдаж, бохирдолдоо баригдаад эхэлчихсэн. Тэр дундаа хүмүүсийн олноор зорьж очдог Хөвсгөл далай, Өгий нуур, Хар Зүрхний хөх нуур гэх мэт байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд хэцүүхэн дүр төрхтэй болчихдог нь хэний ч мэдэх үнэн. Тээр жил Өгий нуурыг зорьж очиход нуурын зах хогондоо дарагдаж буудаллаж хонох газаргүй шахам битүү хүнд дарагдсан угтаж билээ. Тэр үеэс хойш хүн олноороо амардаг газруудыг ид зуны цагаар зорьж очихоо больсон.
Байгалийн дайсан ингээд зогсохгүй. Гэр бүлээрээ хувийн машинаа хөлөглөсөн жуулчдаас гадна малчид байгаль сүйдлэгчдийн тод төлөөлөл болсоор яваа. Манай малчид ямар ч зохицуулалтгүйгээр хаа дуртай газар руугаа нүүдэллэж бууж суудаг амьдралын хэв маягтай. Нүүмээр санагдвал нүүгээд явчихдаг нь бодитой үнэн. Нүүдэллэж буусан газраа сүйдэлж байгаад явдаг нь ч булзах аргагүй бодит байдал.
Харин нийт олонд “байгалийн дайсан” гэж адлагдсан уул уурхайн салбарынхны үйл ажиллагаа их өөр. Өчнөөн шат дамжсан зөвшөөрөл авч байж, өндөр шалгуур босгуудыг давсны эцэст сая нэг бага талбайтай газар хайгуул олборлолт хийх эрх авдаг. Хайгуул олборлолтоо хийчихээд өнөө газраа нөхөн сэргээх үүргийг хуулиар хүлээж, нөхөн сэргээсээр өнөөг хүрсэн. Бүр тухайн газарт ургаж байсан ургамлуудыг яг тэр чигт нь тарьж үлдээдэг. Хуулиар хүлээсэн үүрэг нь ийм нарийн. Энэ дашрамд нэг харьцуулалт хэлье. Монгол Улсын газар нутгийн хэчнээн хувийг уул уурхай эзэлдэг вэ гээд харахаар маш бага тоо дуулддаг. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нийт газар нутгийн наймхан хувийг эзэлдэг бол ашиглалтынх нь нэг хувь ч хүрэхгүй газар нутаг эзэлдэг. Хөрс, экологид асуудал тарьдаг гол салбаруудын магнайд мал аж ахуй, газар тариалан эрэмбэлэгддэг нь цаанаа ийм учиртай.
Машин хөлөглөсөн жуулчид, дураараа нүүж буудаг малчдаас үүдсэн байгаль экологийн асуудлыг шийдэх гарц мэдээж бий. Монгол хэдий өргөн уудам нутагтай ч, ихэнх газар нутаг маань эзгүй хээр ч гэлээ бүх газар эзэнтэй. Өөрөөр хэлбэл, тухайн газар засаг захиргааны ямар нэгэн нэгжид хамааралтай байдаг. Эзэнгүй, засаг захиргааны нэгжид хуваарилагдаагүй нутаг гэж хаана ч үгүй. Эзэнгүй буйд ямар ч газар аль нэг багийн Засаг даргын харьяа нутаг гэсэн үг.
Товчхондоо дураараа нүүж суудаг малчид, байгаль бохирдуулагч дотоодын жуулчдыг хазаарлах боломж Засаг дарга нарт бий. Монгол орны аль нэг газарт долоогоос дээш хоног нутаглаж, буудаллахаар бол тухайн баг, хорооных нь Засаг даргаас зөвшөөрөл авдаг болчихвол энэ асуудал цэгцэрчихнэ. Зөвшөөрөл өгөх Засаг дарга нар “За манай нутаг дэвсгэрт буудаллахдаа хог тарихгүй, зориулалтын бие засах хэсэг гаргах хэрэгтэй, хогоо ингэж шийднэ, буудаллаад буцахдаа бидний тавьсан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй бол торгуультай. Бас дараа жил ирж буудаллах эрхийг чинь хасна” гэх мэтээр хатуу дүрэм журамтай угтах хэрэгтэй.
Монголчууд буудаллаж, нутаглаад явсан газрынхаа буйрыг цэмцийтэл цэвэрлэсээр ирсэн уламжлал соёлтой ард түмэн. Яг тэр жаягаар буудаллаж нүүдэллэсэн газрыг нь цэвэрлүүлэх журмыг тухайн багийн Засаг дарга хатуу мөрдүүлмээр байна. Буудаллах хугацааны төлбөр авахад ч болохгүй юмгүй. Тэгж хурааж авсан мөнгийг байгаль хамгаалалд зарцуулбал олон асуудал шийдлээ олох давуу талтай. Дээр дурдсан шийдлүүдийг ажил болговол хөрс, гол усны бохирдол, түймэр гэх мэт байгаль орчны асуудлууд цэгцрээд ирнэ. Дураараа байгаль бохирдуулагчид дэг журман доор цэгцтэй, ухаалаг, байгальд ээлтэй аж төрөх соёлд суралцах нь энэ шийдлийн хамгийн том давуу тал.
Ц.Билиг
Хятад улс хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Нийт хэрэглээнийхээ 70, магадгүй түүнээс ч илүү хувийг импортоор хангадаг монголчуудын хувьд Эрээний хил хаагдана гэдэг жир хэрэг биш. Инфляци нь цойлж, иргэдийнх нь халаасан дахь хэдэн бор төгрөгийн ханш өдөр ирэх бүр унасаар байна гэдэг тусгаар тогтносон улсын хувьд маш том эрсдэл. Шуудхан хэлэхэд, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хэмжээний уршигтай явдал. Урд хөрш хилээ хаасан шийдвэрээ ирэх оны хоёрдугаар сард болох олимпоо дуустал цуцлахгүй гэсэн мэдээлэл цацагдсаар удаж байна. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал, цагийн өнгө аясыг анзаарах нь ээ энэ мэдээлэл бараг л үнэн болоод явчихлаа.
Замын-Үүдээр бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэвтэрч эхэллээ гэсэн мэдээлэл саявтар цацагдаж олон хүний горьдлого тээсэн харц Эрээн рүү чиглэж байв. Гэтэл ачир дээрээ боомт дээр гацсан зуухан машиныг өдөрт тав, зургаахнаар нь нэвтрүүлье гэсэн шийдвэр байсныг олонх анзаараагүй. Энэ маягаар өдөрт хэдхэн машин нэвтрүүлээд явлаа гэж төсөөлөхөд ирэх оны нэгдүгээр сарын сүүл болчих юм билээ. Дахиад хэдхэн өдөр элдэв шалтгаан хэлээд хилээ хаахад л урд хөршид болох олимп дуусчихна.
Олимпийн өмнө олон улсад ковидын элдэв эрсдэлгүйгээ батлан харуулах нь Хятад улсын номер нэг зорилго байж болно. Гэхдээ мөнхийн хөршдөө хандах хандлага нь энэ зорилгоос нь гадуур, эрхэмлэж чухалчилам харилцаа байж болмоор түмэн шалтгаан бий. Харамсалтай нь БНХАУ хөрш орондоо яг жинхэнэдээ яаж ханддагийг харуулсан хатуухан өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын импортын гол суваг хаагдчихсан энэ өдрүүдэд хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд бултаараа хэцүүхэн аж төрж яваа нь бодитой гашуун үнэн. Барааны хомсдол, тээвэрлэлтийн өндөр зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй байдал руу хувийн хэвшлийнхнийг шахаж байна. Өдрөөс өдөрт өсч буй өргөн хэрэглээний барааны үнэд сард олдог хэд нь гологдож, чамлагдсаар байгаа жирийн иргэдийн ачаа улам хүндэрсээр байна. Товчхондоо Эрээн хаагдсанаас хойш улсаараа хэцүүхэн орчинд аж төрсөөр багагүй хугацаа өнгөрчихлөө. Ийм тохиолдолд Монгол Улсын тамирчид урд хөршид болж буй олимпод оролцох нь үндэстнээ үгүйсгэж байгаагаас ялгаагүй хэрэг болно.
Шуудхад хэлэхэд, БНХАУ-д болох олимпод тамирчдаа оруулахгүй байя. Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсын хувьд “Бид тамирчдаа Хятадад болох олимпод оролцуулахгүй. Учир нь тэд хөрш улсын найрсаг харилцаагаа умартсан шийдвэрийг гаргаад удаж байна. Бид өнгөрсөн хугацаанд хөрш улсын найрсаг харилцааг эрхэмлэсээр өнөөг хүрсэн. Учир иймээс бид Хятад улсад зохион байгуулах олимпод тамирчдаа оролцуулахгүйгээ мэдэгдэж байна” гэчихэд л Азийн Монголыг дэлхий сонсоно. Манай улсын хувьд үндэстнийх нь хэрэглээний ихэнх, бүр тодруулж хэлбэл дал хол давсан хувь нь Хятадын хилээр орж ирэх ачаа, тээврээс хамаардаг. Ийм өндөр хамааралтай улсад импортын хориг тавьсан орныг дэлхий гоёор харахгүй. Тэр дундаа бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улс ийм утгатай мэдэгдэл гаргавал өрнийн удирдагчид чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй.
Манай улс өнгөрсөн жилүүдэд хөрш хоёр гүрэндээ элэгсэг, найрсаг бодлогоор хандсаар ирсэн түүхтэй. Хөршдөө хэр найрсаг, ямар элэгсэг хандаж байсныг өнгөрсөн түүхээ сөхөөд харчихаж болно. Ердөө саяхан, ковид эхэлж байх үед гэхэд л манай улсын Ерөнхийлөгч урд хөршдөө айлчлахдаа “Та бүхэндээ ийм хэцүү цагт гучин мянган хонь өгье” гэж амлаж байлаа. Дэлхий даяараа “Энэ муухай вирусийг дэлхийд халдаачихлаа” гэж Хятад улсыг адлангуй харж, цэрвэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд айлчилж гучин мянган хонь бэлэглэхээ амлаж байсан нь булзах аргагүй түүхэн үнэн. Тухайн үеийн хэвлэлийн мэдээг сөхөж харъя. “БНХАУ-ын Дарга Си Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалыг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг эш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэу даагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов” гэсэн үг, өгүүлбэр шарлаж амжаагүй хэвлэлийн хуудсанд дурайж байна.
Ердөө саяхан ингэж хэлсэн урд хөршийн дарга өнөө биднийг хилээ хаах шийдвэрээр дарамталж сууна. Хятадад болох олимпод өрнийнхөн таатай хандахгүй байгаа. Наад захын жишээ гэхэд л Уйгурт хүний эрхийг зөрчсөөр яваад нь дургүйлхэж дипломат бойкот хийхээ илэрхийлчихсэн. “Танайд болох олимпод манай тамирчид оролцоно. Гэхдээ бид очихгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд буй. Бид очихгүй гэдэг нь тэргүүлэх гүрний удирдагчид урд хөршид болж буй олимпод ач холбогдол өгч оролцохгүй гэсэн үг. Тэгвэл бид урд хөршид болох олимпод дарга, удирдлагын түвшинд оролцохгүй байхаас гадна тамирчдаа ч оролцуулахгүй байя. Ингэж дипломат бойкот хийх том шалтгаан бэлхнээ байна.
Бид Орос, Хятадыг мөнхийн хөршөө гэж хөл хөс болж, аргадангуй, бишрэнгүй харцаар ширтэцгээдэг. Тахлын эдийн засаг гурав дахь жил рүүгээ орох гэж буй энэ хүнд цагт ингэж сүйд болдог хөршүүд маань жинхэнэ царай, цаад бодлогоо харуулж байна. Нэг нь хилээ хааж хясах болов. Энэ хавчлага, хясалт ирэх оны хэддүгээр сарын хэдэн хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байдалд улсаараа аж төрж явна. Нөгөө нь буюу хойд хөршийн элдэв дарамт, үзүүлэх аяг ааш хэрээс хэтрэв. Саяхны жишээ гэхэд л ОХУ-ын Шадар сайд эмэгтэй “Танайх Эгийн гол дээр усан цахилгаан станц барихгүй, тэгснээс манайхаас эрчим хүчээ ав, бид нийлүүлээд явна” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд явчихлаа. Мэдэгдэл гэхэд зөөлдөх юм байна. Шахаж тулгачихаад явж одов. Хоёр хөрш маань заавал өдийд ингэж хавчиж, хааж боодог нь ямар учиртай юм бол, цаадах шалтгаан нь юу вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавих цаг болчихжээ.
Нэг ийм үг бий. “Орос, Хятад хоёр гар бариад, найрсаж сүжрээд ирвэл бид болгоомжлох ёстой” гэсэн үг. Тэдний харилцаа яг одоо ийм өнгөндөө явж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр өнөө жил манай сонинд өгсөн ярилцлагадаа “Орос-Хятадын харилцааг Өрнөдийн судлаачид бал сардаа явж байна гэж үздэг. Өндөр дээд түвшинд хоёр талын харилцааны хөгжлийн хүрсэн түвшинг маш өндрөөр шагшин магтах болсон. Хэр удаан үргэлжлэхийг түүх харуулах байх. Сүүлийн үед дэлхийн II дайнд нацист Германыг бут цохиход хамгийн ихээр оролцож тусалсан улс нь Хятад, түүний аугаа баатарлаг ард түмэн гэж нотлохыг оролдож, энэ нь орос, хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг харуулж буй мэтээр их ярих болсонтой миний хувьд огт санал нийлэхгүй байгаа. Түүхийг ингэж дахин засварлаж, гуйвуулж болохгүй л дээ” гэж онцолсон удаатай. Тэгэхээр тэдний энэ сүжрэлийн наад өнгө нь манай улсад “Эгийн голын усан цахилгаан станцаа барихгүй шүү” гэх сүрдүүлэг, хил боомтын элдэв хоригоор илэрч байгааг үгүйсгэх аргагүй. Үгүйсгэх аргагүй ч биш юм аа, хойд урд хоёр хөрш хавсайдах бодлого явуулаад эхэлсэн нь энэ мэт цөөнгүй кейсээс тод анзаарагдаад эхэлчихлээ.
Орос, Хятадын удирдагчид өнөө жил цахимаар уулзаж нөхөрлөлийн гэрээгээ сунгасныг энэ дашрамд эргэн сануулмаар байна. ОХУ, БНХАУ- ын хоорондын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны тухай хэмээх тодотголтой уг гэрээг анх 2001 онд зурж байсан юм. Энэ гэрээг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой “Шанхайн тав” ШХАБ болон өргөжиж байсан нь санамсаргүй тохиол биш. Хятад ба Орос тэргүүтнүүд, Америк ба барууныхны аль нь хүчтэй нөлөөтэй вэ гэсэн асуулт дор өрнөж буй сөргөлдөөн тахлын эдийн засгийн жилүүдэд хурц, халуун уур амьсгал дунд өрнөсөөр байгаа. Манай хоёр хөрш олон талаараа адилхан. Төр засгийнх нь эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрсөөр ирсэн, авторитар дэглэм эрчээ авсаар байгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хүний эрх, эрх чөлөөнд тавих хяналт чангарсаар яваа. Цэнхэр гаригт яг одоо өрнөж буй халуун үйл явдал дунд манай хоёр хөрш энэ ижил талаараа нэгдэж, гараа чангаар атгалцаж буй. Америкийн ерөнхийлөгч Жо Байден Орос, Хятадыг “Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул” гэж удаа дараа онцолсоор суугаа. Азийн Монголын тухайд бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг. Орос, Хятадын аль алинд манай улсыг өөрсөд шигээ нэг хүчтэй нам, цорын ганц удирдагчтай болгож дэлхийгээс таслах цаад сонирхол бий гэсэн дүгнэлт таамгийг эндээс төвөггүй хийчихэж болно.
Төдийгөөс өдий хүртэл ардчилсан засаглалын хөгжлөөрөө бүс нутагтаа жишиг болсоор ирсэн Монголын ардчилал тахлын хямрал үргэлжилсэн энэ үед илүү хөгжиж батжиж ашиг сонирхол, нөлөө хамаарлаас нь гараад явчих вий гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байгаа. Хятад, Оросын аль алинд нь монгол үндэстнүүд аж төрдөг. Монголын ардчилал бэхжиж, эдийн засаг нь бие дааж хөгжих нь монгол үндэстнүүдийг харьяандаа байлгадаг хоёр хөршид тийм таатай зүйл биш л дээ, яаж ч бодсон. Наад зах нь л Монгол Улсын хүчирхэгжил өөрсдийнх нь харьяанд орших монгол үндэстнүүдэд муугаар нөлөөлнө гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байсаар ирсэн. Хэнд ч ил, булзах аргагүй үнэн гэвэл энэ.
Хоёр хөршийн бидэнд хандаж буй өнөөдрийн өнгийг анзаарах нь ээ тэд хандаж болох хамаг муу аашаа гаргаж байна. Цахилгаан эрчим хүчээрээ бие даана гэсэн ойлголт байхгүй шүү, том юм ярилгүй манайхаас эрчим хүчээ аваад яв гэж хэлж байгааг дарамт, хавчлагын эцсийн цэг гэж харахаас аргагүй. Экспорт, импортын бүрэн хамааралтай улсын орох гарах урсгалыг хааж байгаа нь ч хавчлага, хяхалтын хурц хэлбэр. Үүнээс доор орно гэж юу байхав. Одоогийнх шигээ дуугүй дүмбийж, идэвхгүй суугаад байвал Монгол гэдэг улсын тусгаар тогтнолд аюул, эрсдэл учирна.
Аргадсан, царайчилсан өнгөөр харилцсаар ирсэн байр сууриа өөрчлөх цаг болжээ гэж харж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкны гишүүн. АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдийг гуравдагч хөршөө гэж харилцдаг. Эдэнтэй харилцаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тулгуур багана. Германы монголч эрдэмтэн, доктор, профессор, нийтлэгч Удо Баркман олон жилийн өмнө “Жижигхэн Монголын ард түмэн өнөөдөр ч гэсэн өчигдрийнхөө нэгэн адил дэлхийн улс төрийн бодлогын тээрмийн чулуудын дунд сууж байна. Гэвч улстөрчид нь тээрмийн ийм чулуудын дундуур чамгүй амжилттайгаар бодлого явуулж сурчээ. Олон тулгуурт бодлого эерэг нөлөөгөө үзүүлж эхлээд байна” гэсэн удаатай. Харамсалтай нь өнөөгийн улстөрчдийн байр байдлыг анзаарахад тээрмийн том чулуудын дунд амжилттай бодлого явуулж байгаа царай алга. Нэг л их царайчилсан, аргадсан, болгоомжилсон, дулдуйдсан өнгө аяс л их тод ажиглагдаад удаж байгаа. Одоо урьдынх шигээ алмайрч, ноомойрч суумааргүй байна. НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк. АНУ, Япон, ХБНГУ зэрэг гуравдагч хөршүүддээ зоримгоор санаагаа хэлж, учир байдлаа ойлгуулж, ухаалаг гарц шийдэл санал болгож хандах цаг ирчихэж. Хоёр хөршийн харьяан дор аж төрж яваа үндэс нэгтнүүддээ ч уриалга гаргахад болохгүй юмгүй. Тодотгож хэлэхэд Орос, Хятадын ард түмэн бидний дайсан биш. Орос, Хятадын төр засгийг атгагч цөөхөн нөхдийн бий болгосон, алдахыг хүсэхгүй байгаа авторитар дэглэм нь л бидний болгоомжилж явах ёстой том аюул.
Нийтлэлийнхээ төгсгөлд Удо Баркманы нэгэн нийтлэлдээ дурдсан хэсгийг тодотгомоор санагдлаа. Цаг төрийн өнгө хувирсан ерээд онд экспортоос олдог долларынхаа тэн хагасаар Оросын өгнө гэж дуугарсан хэмжээгээр шатахуун царайчилж тэвдсэн монголчуудад гар сунгасан эхний улсууд хэн хэн байсан тухай, тэр үед хөрш маань бидэнд хэрхэн хандаж байсан талаар их тодорхой өгүүлсэн байдаг юм. Германы монголч эрдэмтэн “Өөрөө хямралд орсон ЗХУ-аас ямар ч тусламж дэмжлэг горьдох хэрэггүй болов. Зөвлөлтийн Элчин сайд В.И.Ситников 1990 оны эхээр Монголын хэвлэлд тавлангуй өнгө аясаар “Монголын гадаад эдийн засгийн харилцаанд дангаар зонхилохыг ЗХУ хүсэхгүй байна. Дэлхийн аль ч улс гүрэнтэй БНМАУ хамтын ажиллагаа өрнүүлэхийг бид дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.” гэж мэдэгдэж байв. Гэхдээ Зөвлөлтөөс тусламж авахыг монголчууд өөрсдөө ч хүссэнгүй. Мөн онд Зөвлөлтийн шатрын дэлхийн аварга Г. Каспаров хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “ЗСБНХУ Монголыг Хятадад худалдах гэж байна” гэж мэдэгдсэн нь монголчуудын хуучин айдас хүйдсийг сэрээж, тэд хэдэн мянгаараа Улаанбаатар дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн бичиг өргөсөн байдаг. Нөхцөл байдал ийнхүү эрүүл саруулаар сэтгэхийг шаардаж, үндсэрхэх үзлийн цаг зуурын давалгаа, сэтгэлийн хөөрлөөр улс орон цааш хол явахгүй болохыг хоромхон зуур мэдрүүлсэн юм. Гадны тусламж харин ч санаснаас хурдан ирж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкер 1990 оны наймдугаар сарын 2-5-ны хооронд Монголд албан ёсны айлчлал хийхдээ тус орон дахь шинэчлэлийн үйл явцад дэмжлэг үзүүлэхээ амлав. 1991 оны наймдугаар сарын 13-нд Японы ерөнхий сайд Т. Кайфу Монголд айлчилсан бөгөөд тэгэхдээ 1990 онд Хьюстон (АНУ), 1991 онд Лондон хотод тус тус болсон Их долоогийн уулзалтад Монголын асуудлыг хөндөн ярьж, Монголд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьснаа ярилаа. Ж. Бейкер энэ талаар урьдчилан мэдэгдсэн хэдий ч Япон улс үүний анхлан санаачлагч гэдгийг сануулахаа мартсан байжээ. Японы санаачилгаар бүр 1991 оны наймдугаар сард Токио хотноо Монголд хандивлагч орнуудын Бага хурал хуралдахад Япон, АНУ-аас гадна бас Герман улс ч идэвхтэй оролцлоо. Тус Бага хурлаас Монголд 150 сая америк долларын шууд тусламж олгохоор шийдвэрлэсний 50 саяыг нь Япон улс дангаараа гаргахаар болов. Герман улс Монголыг бүр анхнаас нь л тууштай дэмжиж, хуучин БНАГУ-ын үед хэрэгжүүлж асан хөгжлийн тусламжийн төслүүдийг хэвээр үргэлжлүүлсэн ба 1992 оны наймдугаар сарын байдлаар Германы зүгээс олгосон хөнгөлөлттэй зээл, тусламжийн нийт хэмжээ 34 сая америк долларт хүрээд байлаа” хэмээн онцолж байв.
Герман эрдэмтний нийтлэлийн хэсгийг эргэн сануулсан нь цаанаа учиртай. Дэлхий нийтээрээ цар тахлын хөлд хоёр жил талхигдаж, авторитар дэглэмтэй улсууд коронагийн дор засаглалаа уламж бэхжүүлж яваа энэ хэцүү цагт бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монголд тэр үеийнх шиг тус дэм хэрэгтэй болчихсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эцэст нь хэлэхэд “Бидэнд яг ийм тусламж хэрэгтэй байна” гэж хандах учиртай хүмүүс нь эрх баригчид. Бурханы хөшөөхнөөс болтугай мөнгө завшихаар өөр зуураа хэмлэлдэж суухын оронд улсаа бодсон энэ мэт том, ухаалаг шийдэл гаргамаар байна.
Яг өнөөдрийн нийгэмд ажил хийдэг хүмүүс үгүйлэгдэж байна. Ажил хийх сонирхолтой, хөдөлмөрлөж байж сайхан амьдарна гэдгийг ухаарч тэмүүлсэн хүмүүс нь жил ирэх бүр цөөрөөд байна л даа. Баялаг бүтээж, хөлсөө урсгасан нь адлагдаж, дуулж бүжиглэж, хошигнодог нь олширчихоод яваа нь өнөө цагийн хатуу үнэн. Тэгэхээр одоо дээр, дооргүй нэг л зүйлд голлож анхаармаар байна.Ажил хийдэг хүмүүсийг аль болох хэмжээнд нь олон болгомоор байна. Ажил хийдэг хүмүүсийг бэлддэг сургуулиудыг олноор нь байгуулж байж л улсаараа хөгжинө.
Өнөөдрийн өнгөө эргээд харах нь ээ СУИС-ийг хаая гэж адгахаас аргагүй нөхцөл үүсчихэж, Монгол даяар.Хаадаггүй юм аа гэхэд дуулж бүжиглэж хошигнодог армийг бэлддэг урлаг соёлын сургуулиудад хязгаар тавих цаг ирчихэж. Монгол шиг гуравхан сая хүнтэй улсад ганц сургууль л дуулж, бүжиглэдгүүдийг бэлдэхэд хангалттай. Бултаараа дуулж бүжиглээд бүгдээрээ аятай, дажгүй амьдраад байна уу гээд анзаарахаар тэс өөр зураг харагддаг. Нийтийн дуучдаас гэхэд л С.Жавхлан, С.Батсүх гэх мэт цөөхөн дуучин л дажгүй мөнгө олоод давгүй амьдраад яваа анзаарагддаг. Рок, попынхон дунд учиргүй гялалзаж яваа нь бас их цөөхөн. Дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, гитарчин Өөжгий, “Харанга”, “Хурд” гэсхийгээд бараглана.Товчхондоо дуу, бүжгээр сайхан амьдардаг нь тун цөөн. Бусад нь насан туршдаа нэг тийм дундуур, гунигтай амьдардаг нь гашуун ч гэлээ үнэн.
Яахав өнгөц харахад дуулж, бүжиглэж, жүжиглээд сайхан яваа мэт харагддаг л даа. Олдог мөнгө, ахуй амьжиргаа талаас нь харвал их гунигтай төрх байдал урлагийнхан дунд нийтлэг үзэгдэл болчихсон. Тоглолт зохион байгууллаа гэхэд л ах, дүү, ойр тойрныхондоо бөөн төвөг дараа болж яваа ажиглагддаг. Өнөөдүүл нь ч тасалбарыг нь авах гэж, бусдад худалдаж өгөх гэж тэрүүхэндээ зовлон, асуудал болдог нь нуух юмгүй ил үнэн. Ингэж өөрийгөө ч, өрөөлийг ч стресстүүлж зовж амьдарснаас “Гачуурт”-ын Л.Чинбатыг дагаад төмс тариад сурчихмаар байгаа юм. Ажил хийвэл ам тосдоно гэдэг зүгээр ч нэг үг биш.Хөлсөө урсгаж, хөдөлмөрлөх хэрээр өгөөж нь гардаг, сайхан амьдрах асуудал биш болдог учраас ийм зүйр үг гарсан хэрэг.
Бөхчүүд гэж аархсан, эрэлхсэн бүлэг байна, нийгэмд. Үндэсний өв соёлоо тээгчид гэсэн гоё тодотгол доор жинхэнэ өв, соёлынхоо эсрэг мөн чанартангууд дэвж, шавж, аархаж, эрэлхэж яваа харагддаг. Сүүлдээ бүр “Бөх бол төр юм” гэсэн элийрэл рүү орчихсон. Бөх тойрсон элийрэл ингээд зогсохгүй. Эр хүн бүхэн бөх болох шахуу туйлшрал газар авчихсан галзуурч буй. Шуудхан хэлэхэд, бөх тойрсон энэ “моодорхол”-оо зогсоох цаг болчихож.Булчинг биш тархийг шүтдэг нийгмийг бүтээе гэвэл эхлээд бөхчүүд бэлтгэдэг энэ олон сургуулийг хаахаас эхэлмээр байна. Олны мэддэгчлэн аваргуудын байгуулсан хэдэн сургууль бий. Х.Баянмөнхийн “Шонхор”, Б.Бат-Эрдэнийн “Аварга”, А.Сүхбатын “Олимп” сургуулиуд лав бөх бэлдсээр өнөөг хүрсэн. “Их шавь” гэдэг сургууль ч байдаг санагдаж байна. За тэгээд Үндэсний биеийн тамирын дээд сургууль гэх мэтээр тоочвол өчнөөн нэр жагсаах хэрэг гарна. Ингэсгээд орхиё.
Бөхийн сургууль олон байхын хэрээр бөх барилдаж их мөнгө олох хүсэлтэй залуусын тоо буурахгүй байх шиг санагддаг.Уурхайд ажиллаж улсаа хөгжүүлмээр ид насны залуус аймаг, улсын цол ярьсан шигээ яваад нийгмийн хандлага бас ташуур өгөөд байна л даа.Наадамд зодоглож түрүүлсэн бөхөд тансаг хаус, том машинаас эхлээд хамгаа бариад гүйдэг сэтгэлгээнээс үүдсэн гажуудал амь бөхтэй оршсоор байгаа. Түрүүлсэн бөхөд сөгдөж, мөргөж биш баялаг бүтээж, бүтээн байгуулалт өрнүүлсэн бизнес эрхлэгчид рүүгээ талархан хардаг нийгэм бүрдэж гэмээнэ бид хөгжинө. Ингээд харахаар элдэв наадамд түрүүлсэн бөхөд хамгаа бариад гүйдэг сэтгэлгээгээ өөрчлөх цаг болчихжээ.Бөхийн сургуулиудыг хаая, бөх бол төр юм гэсэн сэтгэлгээнээсээ салъя, ерөөс бөх гэхээр л хөл алдаж гүйдэг хандлагаа орхиё.Мэдээж үндэсний бөхийн тухайд өв, соёл тээгч мөн үү гэвэл мөн.Эрийн гурван наадмаа яг байгаагаар нь авч үлдэж, үндэсний бөхөө яг тэр хүрээнд нь, өв соёл тээгчийнх нь хэмжээнд хүндэтгэж хөгжүүлээд явахад л болчих юм.
Бөхийн сургуулиудын оронд бүх нийтийн биеийн тамирыг дэмжсэн сургууль, төвүүд байгуулмаар байна. Ингэвэл ядаж л иргэд нь эрүүл аж төрөх сайн талтай. Хуучин нийгмийн үед ХБХ-ын норм гэж байлаа.Үгчилбэл, хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн гэсэн утгатай л даа.Дайн болвол хэзээд бэлэн, хөдөлмөрлөхөд ямар нэг асуудалгүй гэдэг үүднээс ийм нормыг биелүүлэх ёстой гэсэн шаардлагыг иргэн бүрдээ тавьдаг байж. Дайнд бэлэн энэ тэр нь тухайн цагийн өнгө дагасан үзэл л дээ, мэдээж.Хамгийн гол нь эрүүл биетэй иргэдтэй байх гэсэн санааг нь өнөө цагийн өнгөнд бүтээлчээр буулгахад болохгүй юмгүй. Ахмадуудын хувьд гээд ярихад гэрийнхээ ойролцоо чийрэгжүүлэх танхимтай бол хөдөлгөөнтэй, эрүүл саруул аж төрөөд байна даа. Залуучуудад гээд харахаар хаа сайгүй хөл бөмбөг, сагсны талбай байгуулаад өгчихвөл бүх нийтийн биеийн тамирыг дэмжсэн том алхам болчихно.Бөхийн сургуулиудаасаа татгалзаад энэ чиг рүү явмаар байна.
Бас лам нарын тоог цөөлмөөр байна.Нэг дүүргээс төдөөс илүү лам хэрэггүй ч гэдэг юм уу лам бэлдэх шатанд тооны хязгаар тавимаар санагддаг.Өнгөрсөн түүхээ сөхөөд харахаар лам нарын тоонд хязгаар тавьсаар ирсэн байдаг юм.Өнгөрсөн зууны эхээр монгол хүний төчнөөн нь лам байсан, лам нарын тоо арай ч их байжээ гэсэн ойлголт байдаг л даа. Гэхдээ хувьсгалчдын тэр яриа хэтрүүлэгтэй, худал байсан нь өнгөрсөн түүхээс анзаарагддаг. Манжийн үед гэхэд л лам нарын тоонд хязгаар тавьж байсан барим тавим баримт бий.Гэтэл одоо Энэтхэгт лам болохоор шавилан суугсад тоогоо алдчихаж. Хүмүүсийн нэг их анзаараад байдаггүй өнцөг л дөө. Сая ковидын үед эх орондоо ирсэн лам нарыг хараад ямар олноороо бэлтгэгдэж байгааг нь анзаарсан хэрэг. Лам нарын тухайд амар аргаар мөнгө олох гэж бурхны номд шамдах нь олон болжээ гэсэн шүүмжлэл дуулддаг. Номын уг утгыг нь хайж, философийг нь судалж, жинхэнэ утгаараа номд шамдагсад тун цөөхөн, хийморийн сан тавьж, жилийн засал ном үйлдэх төдийг өнгөц сураад амь зуудаг нь олон болсон нь бодитой ил үнэн. Ингээд харахаар лам нарын тоонд хязгаар тавихаас аргагүй санагддаг.
Хөдөлмөрлөж биш, амар хялбар аргаар мөнгө хөөсөн мэргэжил, ажил ингээд зогсохгүй. Хуульчид, эдийн засагчид гэхэд л эрэлтээсээ хол давчихсан.Бараг л толгойтой бүхэн хуульч, эдийн засагч болчихсон яваа анзаарагддаг. Шуудхан хэлэхэд, тоо нь замбараагаа алдсан хуульчид, эдийн засагч мэргэжилд ч хязгаарлалт тавимаар байна. Ажил хийдэг нь, хөлсөө урсгаж хөдөлмөрлөдөг нь олширч байж л хөгжил ирнэ.
Наад зах нь л олноороо бирж дээр тоглож сурмаар байна.Хөрөнгийн зах зээл дээрээ улсаараа тоглоод сурчихсан орнуудын хөгжил дэлхийн энтэй яригддаг.Том компаниуд нь хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, иргэд нь хувьцааг нь худалдаж авч үндэсний компаниудынхаа хөрөнгө оруулагч болох гарц шийдлийг идэвхтэй ярьж, энэ чиглэлээр нөлөөллийн том ажил хийж яваа залуус цөөнгүй болсон нь олзуурхмаар хандлага санагддаг.Иргэд том компанийн хувьцаа эзэмшигч болоод эхэлбэл муусайн баячууд гэсэн хандлага алга болно, төр нь компаниудаа уулгалан дээрэмдэх, ад үзэж шахаж хавчих хандлага ч үгүй болно.Хувьцааных нь тодорхой хувийг эзэмшдэг компани руу төр, улстөрчдийн зүгээс ямар нэг дайралт ирвэл хувь эзэмшдэг арван мянган иргэн сөрөөд жагсдаг орчин бүрдэнэ гэсэн үг.
Улсаараа криптовалют, цахим мөнгө гэх мэтийг хэлэлцдэг, хөөрөлддөг, шинэ дэвшилттэй бүхэн рүү тэмүүлэгч үндэстэн болмоор байна. Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн яддаггүй сэтгэлгээг төлөвшүүлж, халамж амлаж хамаг боломжийг нь үгүй хийдэг популист улстөрчдийг дагаж ханардаггүй хандлагыг тогтоомоор байна. Хоёроос гурван их дээд сургуульд суралцсан, дор хаяж хоёр гурван хэлтэй, баялаг бүтээгчдээ бахархан харж үлгэрлэн дуурайдаг, эдийн засаг, улстөрийн шинжлэх ухаанч мэдлэгтэй, ухаалаг, хэрсүү иргэдтэй болчихвол хөгжих тийм ч том асуудал биш.
Аль юм болгон Б.Болдсайхан эмчийн хэлдэг шиг улсаараа “айлын эрх тэнэг хүүхэд шиг” аж төрөх вэ. Одоо Израиль, Дани, Швед лугаа хөгжмөөр байна. Израиль, Шведийн хөгжлийн нууц уг нь их энгийн. Иргэн бүрийнхээ цэрэг, эх оронч үзлийг асааж чадсан учраас өнөөгийн хөгжилдөө хүрсэн гэж учир мэдэх улс ярьдаг. Эх оронч иргэдтэй байх ч их энгийн. Дуу хуур, шоу цэнгээнээс илүү бүтээх хийхийг шүтэж амьдардаг иргэдийг л өнөө цагт эх оронч гээд байгаа юм.
Төгсгөлд нь давтаад онцлоход иргэд нь хэрсүү, төр нь ухаалаг, бөх, дуучин, ламд шүтэж биш баялаг бүтээгчдэд шүтэж, баялаг бүтээгчдээ дагаж хөгждөг хүчтэй иргэдтэй улс болчихвол гуравхан сая хүнтэй улсад хурдан хугацаанд сэвхийтэл хөгжих дүүрэн боломж бий.
Дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн Ленинградын бүслэлтийн тухай сонсоогүй, дуулаагүй уншигч цөөнгүй байж мэднэ. Бүслэлтийн үеэр амиа алдсан 1.5 сая хүний 97 хувь нь өлсгөлөн өвчнөөр өөд болсон, бүслэлтээс хойш гурван сарын дараагаас гудамжинд харангадаж үхсэн хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн, өлсгөлөн иргэд муур, нохой, хархаа идэж, бүр сүүлдээ арьсан гутал, ширэн бүс буцалгаж амь зогоож байсан гэх мэт сэтгэл эмзэглэм айдаст түүхүүдээр нь хүн төрөлхтөн Ленинградын бүслэлтийг гашуудан дурсдаг. Өнөөдөр Улаанбаатар өнгөрсөн зууны Ленинградтай жишиж болохуйц бүслэлтэд орчихжээ гээд дүгнэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Өнгөрсөн зууны дундуур ленинградчууд Гитлерийн бүслэлтэд, их дайны хөлд төсөөлшгүй зовлон туулсан бол энх цагт Улаанбаатарчууд тахлын хөл хорионд тарчиг хэцүү аж төрж сууна.
Халуун намраар ковидын карантин эхэлсэн. Залгуулаад өвлийн хахир хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Ид намраар зогсоолд нь тавьсан машинууд одоо ч тэндээ хөлдүүс болж нам зогссон хэвээрээ, намрын налгар өдөр үүдээ хаасан үсчин гоо сайхан, элдэв үйлчилгээний газрууд өнөө ч хаалгаа барьсан янзаараа. Машинаараа халтуур хийж, үс засч, гоо сайхны үйлчилгээ үзүүлж, лангуу түрээсэлж бараа зарж гээд чадах ядахаараа, эрвийх дэрвийхээрээ хөдөлж амьжиргаагаа залгуулдаг иргэд хөл хорионы хэдэн сар орлого мөнгөгүй хамгаа барж суугаа нь гашуун үнэн. Засгийн газар ковидын сураг дуулдсан түрүү жилийн эхнээс л хувийн хэвшлээ шоовдор хүүхэд шиг илүү үзэж хатавчныхаа хавьд суулгасаар өнөөг хүрсэн. Хатавч бараадсан шоовдор хүүхэд мэт адлагдсаар ирсэн хувийн хэвшлийнхэн тахлын хорион дунд аргаа барж яваа. Олон компани хаалгаа барьж, үйл ажиллагаа нь арай зогсчихоогүй амьтай голтой хэд нь ажилчдаа халж, зардлаа аль байдгаараа танаж, юм юм л болж байна. Товчхондоо бүх бизнес зогссон бүүдгэр өдрүүд үргэлжилж байна.
За тэгээд Нарантуул дээр тэрэг түрж бараа зөөдөг тэрэгчин хүү, гутал тосолж, гудамжинд тамхи бохьхон ширхэглэдэг настнууд, Долоон буудлын хавьд хонины толгой, шийр, ногоо, жимс, аяга шанагахан зардаг иргэд, ТҮЦ түрээслэгчид, дугуй засварынхан гээд өдөртөө олсон мөнгөөрөө амь зуудаг хэсгийн тухай ярих юм биш. Өвлийн тэсгим өдрүүдэд тэд яажшуухан амьдарч байгаа бол. Төсөөлөхөд ч хэцүү байна. Их хотын эд эс болсон тэднийг засаг төр нь “Улаан загалмай”, “Ид шидийн орон”, хүнсний талон, хүүхдийн мөнгө мэтхэнд найдаад орхичихсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Шуудхан хэлэхэд, амьдрал нь таг зогссон сая гаруй хүн тахлын хөл хорионд бүслэгдэж, дөрвөн уулын дундаа гэр гэртээ ажил ч үгүй, орлого ч үгүй аж төрж байна.
Яг ийм үед Засгийн газар хөдөө тийш хүчит тэжээлийн тусламж илгээхээ ид бахтайгаар зарлаж байх юм. Өвөлжилт хүндэрсэн таван аймгийн 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэх юм байх. Тэжээл ачсан машинууд эхнээсээ аймгууд руу цуваад эхэлчихэж. Малчдад тэжээл хүргэж өгөх машины жолооч нарт Ерөнхий сайд талархал илэрхийллээ гэсэн утгатай мэдээ Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд дурайж байна. Цар тахлын хүнд өдрүүдэд банкны өндөр хүүтэй зээлд дарлуулсан ч сая хүнийг цалинтай орлоготой авч яваа хувийн хэвшлийнхнээ дэмжих нь битгий хэл ад шоо үзсээр байгаа Засгийн газрын тэргүүн маань хөдөө тийш хүчит тэжээлийн цуваа илгээж, малчдад хайр зарлаж суугаа нь хачирхмаар хэрэг шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн эрх баригч МАН-д, намын дарга, улстөрч У.Хүрэлсүхийн хувьд малчдад ийн хайр зарлах нь ашигтай нүүдэл байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бол хэтэрхий мугуйд шийдвэр гэж харагдаад байна.
Уг нь мань эр өдийд хувийн хэвшлээ бага хүүтэй, дажгүй нөхцөлтэй зээлээр дэмжихээ мэдэгдэж, тахлын хөл хорионд суугаа иргэдийнхээ ахуйд нэмэр тус болсон шийдэл гаргасан шигээ суусан бол жинхэнэ Ерөнхий сайд шиг харагдах байлаа. Улсынх нь нийслэл бүслэгдсэн Ленинград шиг хэцүү байдалд орчихоод байхад тахлын мөр байтугай үнэр ч үгүй, амар жимэр ажин түжин суугаа хөдөөгийнхөнд гадаадын үнэтэй тэжээл үнэгүй бэлэглэсэн шигээ сууж буйг яг юу гэж ойлгох вэ. Тахалгүй, өвчингүй байна гэдэг амьдрал хэвийн өрнөж байна гэсэн үг. Амьдрал нь хэвийн өрнөж буй аймгуудад тахлын хорионд орсон нийслэлээс тусламжийн цуваа илгээж байгааг яаж ч харсан зөвтгөх шалтгаан олдохгүй байна.
Малчдын мал нь хувийн өмч. Тэд малынхаа мах, сүүг борлуулаад олсон бүх л ашгаа өөрсдөө хүртдэг. Хувийнх нь өмч учраас тэгэх нь ч тодорхой. Тэгэхээр хувийн өмчөө хамгаалж цас зуданд алдчихгүй байх үүрэг нь ч малчдынх байх учиртай. Зах зээлийн жам нь тийм. Өмчийнхөө ашгийг өөрөө хүртэнэ, ашгийг нь хүртэж буй өмчөө өөрөө хамгаална. Дэлхийн аль ч улсын иргэд ийм зам жамыг туулсаар өнөөг хүрсэн. Бодит үнэн нь ийм атал Засгийн газар олсон жаахан мөнгөө тахлын хөл хорионд хэцүүдсэн хувийн хэвшлээсээ харамлаж, хөдөө тийш малын тэжээл болгон урсгах нь яаж ч бодсон зөв шийдэл биш. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг бол Улаанбаатар. Монгол Улсын хүн амын талаас илүү нь дөрвөн уулын дунд аж төрдөг. Ийм том онцлогтой нийслэл нь тэр чигтээ тахалд бүслэгдчихээд, улсынх нь иргэдийн тал хувь нь ажил, орлогогүй нам суучихаад байхад ийшээ биш тийшээ анхаараад суух юм даа, манай засаг.
Засгийн газар цар тахлын үеэр иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих ганц том шийдэл гаргасан нь цахилгаан, дулааны мөнгийг тэглэх байв. Энэ шийдвэрийн үр дүнд бүх өрх цахилгаан хэрэглэсний төлбөрөө ирэх оны долдугаар сар хүртэл төлөхгүй. Төлбөрийг нь Эрдэнэт үйлдвэрийн олсон орлогоос төлнө. 100 метр квадратаас доош м.кв хүртэлх талбай бүхий байрны дулааны мөнгийг бас төрөөс даана. Гэр хорооллынхон нэг шуудай шахмал түлшийг 75 хувийн хямдралтай үнээр буюу 1000 орчим төгрөгөөр авах хөнгөлөлтийг дулаан цагтай золготол эдэлнэ. Зөрүү мөнгийг нь бас төрөөс даана. Төрөөс даана ч гэж дээ. Байрныхны дулааны төлбөр, гэр хорооллынхны шахмал түлшний хөнгөлсөн хувийг нөхөх мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаа экспортолж олсон ашгаас, төрийн Таван толгойн орлогоос гаргуулж авна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд уул уурхай, архи пиво гэх мэт цөөн салбараас бусад компаниуд цахилгаан дулааны төлбөр мөнгөний хөнгөлөлт эдлэхээр болсон.
Засгийн газрын энэ дэмжлэг нэг талаасаа тахлын хэцүү үед амь торгоосон шийдэл мөн үү гэвэл мөн л дөө. Халаасандаа мөнгөгүй, хөргөгчиндөө хүнсгүй ч ядаж л өвлийн тачигнасан хүйтэн өдрүүдэд гэртээ дулаахан суух юм даа гэж олзуурхаж болох байх. Ерөнхийлөгчийг өрхүүдээ сая төгрөгөөр дэмжье, ихэнхийг нь хүнсний ваучер маягаар, цөөхөн хувийг нь бэлнээр өгье гэсэн шийдэл гаргахад Засгийн газар хүлээж аваагүй. Бэлэн мөнгө тараавал инфляци өснө, тэгээд ч бидэнд өгөх мөнгө байхгүй энэ тэр гэсэн шалтгаан хэлээд хүлээж аваагүйг нь буруутгах хүн тухайн үед байгаагүй. Үнэхээр боломжгүй бол яалтай гэсэн өнцгөөс хараад л өнгөрцгөөсөн.
Гэтэл дараахан нь Засгийн газрын гаргасан шийдвэрийг харах нь ээ төрийн тэргүүний санал бараг илүү дээр шийдэл байсан ч юм шиг. Ядаж л хүнсний үйлдвэрүүдээ дэмжчих байж. Иргэдийн гар дээр очсон бэлэн мөнгө эргээд зах зээл рүүгээ орж эдийн засгаа тэтгэх байсан. Ингээд бодохоор Засгийн газар бэлэн мөнгө тараачихсан бол илүү дээр шийдэл болох байжээ. Ядаж л эрчим хүчний тасалдал үүсэх, дулааны доголдол газар авах гэх мэт асуудал гарахгүй. За тэгээд хөл хорионы үеэр хамгаа барсан иргэдийн гар дээр бэлэн мөнгө очвол тэд хэрэгтэй зүйлдээ зарах нь тодорхой. Бас цахилгаан, дулааны мөнгөө төлж таарна. Хүнс худалдан авахад хүнс үйлдвэрлэгч, хүнсний дэлгүүрийн орлого өснө. Гутал, хувцас худалдаж авбал мөн л хувцас үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийн ашиг нэмэгдэнэ. Ресторанд орвол нийтийн хоолны үйлчилгээнийхний ашиг орлого өснө. Ашиг нь өссөн үйлдвэрлэгч ажилтнуудаа цомхтгохгүй. Ажилтнууд нь цалин орлоготой байвал ядуурлын хувь тэр хэмжээгээр буурна. Үйлчилгээний салбар дажгүй орлоготой бол бас л ажилчдаа хална гэж айлгахгүй. Цалин хөлсийг нь өгч эдийн засагт хүч нэмнэ. Эдийн засаг гэдэг яг ийм циклиэр тасралтгүй эргэлдэж байж амьтай оршдог эд л дээ.
Цахилгаан дулааныхаа мөнгийг өгвөл бас л эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Станцууд дулаан, цахилгаан зарж олсон мөнгөөрөө технологийн шинэчлэлээ хийнэ, ажилчдаа цалинжуулна. Бас нүүрсний уурхайнуудаас авсан нүүрснийхээ төлбөрийг төлнө. Нүүрсний уурхай станцаас авсан мөнгөөрөө ажилчдадаа цалин хөлсийг нь өгнө, ажилчид нь дэлгүүр, хүнсний үйлдвэрлэгч, нийтийн хоолны үйлчилгээг хэрэглээгээрээ дэмжээд явчихна. Тэгэхээр эдийн засгаа амьтай голтой, элгээр хэвтүүлчихгүйхэн шиг байлгая гэвэл иргэдээ л мөнгөжүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд иргэдийнхээ гар дээр мөнгө тавих шийдэл гаргасан бол царцсан эдийн засаг амь орох байлаа гэж хэлэх гээд байна л даа. Засагт мөнгө байхгүй биш байгааг нь сая булт олноороо харлаа. Эрдэнэт, Таван толгойн ашгаас мөнгө аваад тараачихад л болох байж.
Одоо Засгийн газрын гаргасан шийдвэр эдийн засагт яаж нөлөөлж байгааг эргэж харъя. Ганц үнэн гэвэл хүнс үйлдвэрлэгчид, хүнсний дэлгүүр, станц, нүүрсний уурхай, рестораны эздийн гарт нэг ч төгрөг очихгүй. Тэд ажилчдаа цомхотгож ашгаа танасан хэвээр цар тахлын үеийг туулахаас өөр сонголтгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх нь тодорхой болчихлоо. Товчхондоо царцсан эдийн засагт сэргэлт авчрахаар шийдлийг манай засаг гаргасангүй. Эрчим хүчний салбар бүр ч хэцүүтэй нүүр тулж байна. Хойд хөршөөс өндөр үнэтэй цахилгаан худалдаж авдаг, хуучин социализмын үеийн хэцүү тарчиг технологитой, тав дахь эх үүсвэр барина гэж хорин жил ярьсан ч ажил болгож чадаагүй, үнийг нь төрөөс зохицуулдаг болохоор зах зээлийн хуулийн гадна даржин тарчиг оршдог эмзэг салбар л даа, эрчим хүч. Ийм эмзэг салбараа улам уруудуулах шийдвэр гаргасныг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдал, шуугиан, мэдээллээс харчихаж болно. Наад зах нь гэр хорооллуудад цахилгааны тасалдал үүсээд эхэлснийг бултаараа харж байна.
Аж ахуйн нэгжүүдийг, хувийн хэвшлийг цахилгаан дулааны төлбөр төдийхнөөр дэмжээд эдийн засаг сэргэнэ гэдэг бас л үлгэр. Хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй дажгүй нөхцөлтэй зээл хэрэгтэй байгаа. Тэр зээлийг нь өгчихвөл хэн хэндээ халгүй, эдийн засгаа жинхэнэ утгаар нь дэмжсэн шийдэл болох байв. Энэ тохиолдолд Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн халаасыг сэгсрэхгүйгээр хувийн хэвшлээ ажлын байртай нь, ашиг орлоготой нь аваад үлдэх байлаа. Харамсалтай нь манай засаг ийм ухаалаг байж чадсангүй.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль саяхан болж өндөрлөлөө. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2.016.794 сонгогчдын 55.98 хувь буюу 1.129.010 сонгогч саналаа өгсөн гэсэн статистик гараад байна. Саналаа өгөх ёстой иргэдийн дөнгөж тал нь л өөрсдийн дэмжсэн нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлсан гэсэн үг. Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа хоёр өдрийн өмнө болсон юм. Саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74.33 хувь нь санал авах байранд ирсэн мэдээг СЕХ-ноос түгээв. 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн хоёр хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25.82 хувь нь ирж саналаа өгсөн тухай мэдээ СЕХ-ны цахим хуудсанд дурайж байна. Дахиад ч хэд хэдэн газар нэр дэвшигчдийн санал тэнцэж, нэмэлт санал хураалт болж магадгүй сураг чих дэлсээд эхэллээ. Нэмэлт саналт хураалтын ирц өнгөрсөн удаагийнх шиг мөн л хангалттай биш байна гэдэгт эргэлзэх юм алга. Саналаа өгөөрэй гээд бүх нийтээр нь амраахад санал авах байранд очоогүй хүмүүс нэмэлт санал хураалтад ач холбогдол өгнө гэдэг юу л бол.
Товчхондоо орон нутгийн сонгуулийн ирцийг тоймлоод харахаар хангалтгүй гэж хэлэхээс өөр арга алга. Яалт ч үгүй муу ирц. Хуучин социализмын үед ямар ч сонголтгүйгээр хүний нэр дугуйлдаг байсан ч сонгогчдын ирц 99.99 хувь байсан юм. Ер нь ардчилал ялснаас хойш сонгуулийн ирц ийм өндөр хувьтай гарсан жил үгүй. Энэ жилийн сонгуулиас анзаарахад цаашдаа ч ирц муу хэвээр өчнөөн жил болж мэдэхээр байна. Шуудхан хэлэхэд, сонгуульд залуусын оролцоо муу хэвээр гуч гаруй жил өнгөрчихлөө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр дээл өмссөн залуусын өнгөлөг зурагтай “Өглөө” гэсэн нэртэй нөлөөллийн аян сошиалд идэвхтэй өрнөж, олны танил од залуусын саналаа өгөхийг уриалсан пост, коммент, жиргээ хэдэн зуугаараа харагдсан ч мөн л залуусын оролцоо бага байсан.
Иргэд сонгуульдаа яагаад идэвхтэй оролцдоггүй вэ гэсэн асуултын хариуг хайж ядах юмгүй л дээ. Шууд буруутгахад ч хэцүү. Өгсөн саналыг нь луйвардчихдаг болохоор хэн саналаа өгөхийг хүсэх билээ. Гэхдээ яаж ч бодсон, ямар ч шалтгаан байсан сонгуульд саналаа өгөх учиртай. Иргэдийн өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн зөв бодитой алхам бол сонгуульд саналаа өгөх. УИХ, орон нутгийн удирдлагад гаргамааргүй хүнээ тойргийн гадна үлдээх цорын ганц боломж ерөөсөө л сонгууль. УИХ-д сонгож, төрд зүтгэх ёстой гэж харсан хүндээ эрх мэдэл өгөх цор ганц боломж мөн л сонгууль. Ардчиллын амин сүнс нь ерөөсөө л энэ. Иргэн бүр сонгуульд саналаа өгч байж ардчилал жинхэнэ утгаараа цэцэглэдэг, оршин тогтнодог, амин сүнсээ алддаггүй. Өөрөөр хэлбэл, ардчиллын дархлаа иргэд нь бултаараа саналаа өгдөг соёлоос эхэлдэг. Иргэд нь саналаа өгөхгүй байхын хамгийн том сөрөг тал нь юу гээ. Дарангуйлагчид алгаа ташдаг, өндийн сэрдэг, хэзээ ч ганхахгүйгээр эрх сүрээ батжуулж авдаг. Дарангуйлал улс орныг сүүдэр мэт нөмөрдөг гол шалтгаан ерөөсөө л энэ. Тэгэхээр сонгуульд саналаа өгөхгүй суух тусам та дарангуйлалд найр тавьж, ардчиллын дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг.
Сонгуульд саналаа өгөх иргэдийн идэвх бага хэвээр хэдэн арван жил өнгөрсөн учраас өнгөрсөн 30 гаруй жилд мАн голдуу засаглаж ирсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. нэг сонирхолтой ажиглалт бий. Сонгуулийн ирц сайтай газар Ардчилсан намд ялалт ирж, ирц муутай газар нь МАН-ын голдуу нэр дэвшигчид гараад ирдэг гэцгээдэг. Одоо яагаад гэсэн асуулт тавиад харъя. Сонгуулиа идэвхтэй өгдөг насныхан ахмадууд гэдэг нь судалгаа, практикаар нэгэнт нотлогдчихсон үнэн. Залуусын сонгуульд саналаа өгөх оролцоо идэвх ер нь бага хувьтай явсаар өнөөг хүрсэн. Тухайн тойрогт сонгуулийн ирц сайн бол залуус олноороо саналаа өгсөн гэсэн үг. Сонгуулийн ирц муу тойргийн тухайд залуусын оролцоо муу байсан гээд дүгнэчихэд үнэнээс зөрдөггүй, статистик харахаар яг л тэгж таардаг. Ахмадуудын хувьд д голдуу саналаа өгдөг нь залуугаасаа өнөө намынхаа гишүүн байсан гэх мэт олон шалтгаантай. Залуусын тухайд ардчиллыг, Ардчилсан намыг болон бусад шинэ намыг дэмжих хандлага нийтлэг анзаарагддаг. Гэхдээ саналаа очиж өгдөггүй учраас тэдний хандлага бодит шийдэл болдоггүй. Тэдний дэмждэг нам, нэр дэвшигчид улсыг засаглаж чаддаггүй. Товчхондоо өнгөрсөн 30 гаруй жилийн найман жилд нь л АНолонх болж засагласан, үлдсэн 22 жилд нь МАНтасралтгүй засагласныг сонгуульдаа хойрго оролцдог залуу үеийнхэнтэй холбож тайлбарлахад дэгсдүүлсэн болохгүй.
Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ч ийм дүр зураг харагдлаа. Залуусын оролцоо бага байсан учраас АНсанасан хэмжээндээ суудал авч чадсангүй. мэдээж Ан-ын рейтинг унасан, нэр хүндээ алдсан нам хүчинтэй эвссэн, Хөдөлмөрийн үндэсний нам нийгэмд зөв харагдаж идэвхтэй ажиллаж байгаа, УИХ-ын сонгуульд МАНүнэмлэхүй олонх болж засаг тэргүүлж яваа гэх мэт олон шалтгаан бий. Гэхдээ онцолж хэлэхгүй өнгөрч болохгүй шалтгаан нь сонгуулийн идэвхгүй ирц. Хамгийн өндөр ирцтэй тойргуудын нэгд багтаж буй гэх Сүхбаатар аймагт гэхэд Ан ялж, аймаг даяараа цэнхэртсэн, Ан-д элэгтэй чингэлтэй дүүргийн ирц муу байсан учраас энэ дүүргийн засаглал мАн-д шилжсэн байж болзошгүй гэх мэт шалтгаан тайлбаруудыг жагсааж болж байна.
Төрийн зарим эрхийг салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх тухай олон жил ярьсаар ирсэн. МҮХАҮТ энэ чиглэлд ажиллаад эхэлжээ. Эхний ээлжинд ноос, ноолуур, самар, махны экспортод чиглэсэн байна. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс энэ талаар тодрууллаа.
-Төрөөс бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд олгодог зарим эрхийг МҮХАҮТ шилжүүлж авах тухай яриа хэлэлцээ бодитоор эхэлжээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-2017 оны арванхоёрдугаар сард УИХ-аар стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэн. Ингэснээр удирдлагын тогтолцооны ба бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэх болсон. Саяхан болсон Үндэсний итгэмжлэлийн төвийн техникийн хорооны хурлаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба ноос ноолуурын бүтээгдэхүүний баталгаажуулалт хийхээр итгэмжлэгдсэн.
Ноос ноолууран бүтээгдэхүүн стандартад нийцсэн эсэхийг зөвхөн улсын байгууллага шалгаж, үнэлдэг байсныг энэ жилээс хувийн хэвшлийн компани байгууллага олгох боломжтой болсон гэсэн үг. Хоёрдугаарт, Европын холбоо руу экспортлох барааны гарал үүслийн автоматжуулсан бүртгэлийг Гаалийн ерөнхий газарт нэвтрүүлэх байсныг МҮХАҮТ хийх эрхтэй болсон. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлын хүрээнд энэ жил шинээр хийгдсэн хоёр ажил гэвэл сая дурдсан зүйлс.
-Махны экспорт дээр бас ийм өөрчлөлт хийгдэх гэж байгаа гэсэн үү?
-Есдүгээр сард болсон Засгийн газар болон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны экспортын квот хуваарилалтыг МҮХАҮТ-д өгнө гэж хэлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны квот хуваарилалтыг хариуцуулна гэсэн байдалтайгаар хамтарсан журмаа боловсруулах шатанд явж байгаа. Ийм саналыг ХХААХҮЯ-нд МҮХАҮТ-ын зүгээс тавьснаас хойш бид махны салбарын эдийн засгийн модель загварыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хаанаас ямар махыг хэр үнээр хэдэн килограммаар яаж боловсруулж гаргах вэ, ингэснээр махны экспортыг ихдээ хэдий хэмжээнд нэмэгдүүлж болох вэ, дотоодын махны үнэд огт нөлөөлөхгүйгээр зохион байгуулах боломжтой бий юү гэх мэт асуудлуудыг багтаасан компьютер симуляцийг систем динамикийн загварчлалыг бүтээсэн.
-Самрын экспорт дээр танхим ямар асуудлыг хариуцаж ажиллах гэж байгаа вэ?
-Самрын экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилготойгоор Самрын кластерийг танхимын зүгээс байгуулсан. Самар үйлдвэрлэгч, экспортлогч компаниудыг нэг дээвэр дор нэгдсэн зохион байгуулалттайгаар экспорт хийлгэх ажил л даа. Ингэхийн тулд Байгаль орчны яамнаас өгдөг байсан самрын экспортын зөвшөөрөл дээр танхим хамтрах юм. Энэ ажлыг хамтран зохион байгуулах саналыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн байгаа.
Ингэвэл дундын ченжүүдийн оролцоо багасна. Самар олборлож, экспортолж байгаа компаниуд шууд эцсийн шатны үйлдвэр рүү нь самраа худалдвал наад зах нь л арай ахиу үнээр экспортолно. Ингэж ажиллах саналаа хүргүүлсэн.
Хятадын танхимтай хамтраад урд хөршийн самрын үйлдвэрлэгчидтэй холбогдоно. Өмнө нь яамнаас зөвшөөрөл олгочихоод дараагийн процесст нь улсын зүгээс оролцохгүй хаячихдаг байсан бол одоо байдал өөрчлөгдөнө. Самрын үйлдвэрүүдтэй нэг үнээр нэг цонхоор хэлэлцээр хийх боломжийг хувийн хэвшилд өгөх юм. Яамтай ийм агуулгатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажил нааштай байгаа.
-Бизнесийн голлох салбарууд тусдаа танхимтай болно гэв үү?
-Танхим ерэн оноос хойш газар зүйн байрлалаар салбараа байгуулж ирсэн. Газар зүйн байрлалаар бий болсон салбарууддаа түшиглэж үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын эдийн засаг Улаанбаатар хотод төвлөрчихсөн. Нийт компаниудын 80 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн гэсэн онцлогоо харахаар газар зүйн байрлал тийм ч чухал биш болчихлоо л доо. Харин бизнесийн салбаруудын хөгжил илүү чухал болоод байна. Тухайн салбаруудын танхим гэж байгуулах өөрчлөлтийг танхимын тухай хуульд оруулах санал гаргасан. Өөрөөр хэлбэл, салбар танхимууд газар зүйн байршлаар байхаас гадна тухайн салбаруудын, бүр тодруулж хэлбэл барилгын танхим, ноос ноолуурын танхим гэх мэт зохион байгуулалтад орох тухай ярьж байгаа. Ингэвэл тухайн салбарын олон асуудлыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод нь шийдэх боломж бүрдэнэ. Хуульд ийм өөрчлөлт оруулахаар тусгаж өгсөн.
-Салбарууд танхимтай болчихвол ямар эерэг өөрчлөлтүүд ажиглагдах вэ?
-Ингэвэл төрөөс зарлаж байгаа олон тендерийн хуваарилалтыг тухайн салбарын танхим нь хариуцаад хийчих боломж бүрдэнэ. Ийм саналыг л бид төр засагт тавьсан. Аж ахуйн асуудал, худалдан авалт, боловсруулалт гэх мэтэд төр заавал оролцох гээд байх шаардлагагүйгээр тухайн салбарын танхим нь хариуцлагыг нь хүлээгээд, баталгааг нь гаргаад, гүйцэтгэлийг нь яг цаг хугацаанд нь зохион байгуулаад явна гэсэн үг. Энэ бол олон улсын жишиг. Олон улсын жишгээ дагаж явъя гэсэн санаа л даа. Монгол Улсын цаашдын стратеги, цаашдын эдийн засгийн хөгжлийн бодлогыг ийм тогтолцоонд суурилж хөгжүүлэх саналыг төр засагт хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт тухайн жилдээ тодорхой тооны цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй боллоо гэж үзье. Нийт төчнөөн метр квадрат талбайн барилга барина гэдэг тооцоо, саналаа гаргаад Барилгын танхимд нь хүргүүлчихнэ. Барилгын мэргэжлийн танхим нь тэрийг саналыг нь аваад хуваарилалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, төр засаг, мэргэжлийн хяналтын байгууллага тухайн барилгыг стандартын дагуу байгаа эсэхийг тогтоож хүлээж авах хэмжээнд ажиллана гэсэн үг.