Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийнхээ үзэж сонирхож байгааг шалгачихад буруудахгүй ээ

Мэдээллийн технологи хөгжөөд сайхан л байна. Харин ямар ч шинэ зүйл заавал сөрөг талтай. Олон нийтийн сүлжээ хэдийгээр хол байгааг ойртуулдаг ч ойр байгааг нь харин холдуулчих гээд байдаг гэхэд хилсдэхгүй. Олон нийтийн сүлжээний гол төлөөлөгч болох фэйсбүүкийг Монголд бараг хүн бүхэн ашиглаж байна. Хүнд өгөөжтэй, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхээр гоё сайхан санаанууд, зөвлөгөө гээд аятайхан зүйлс хэдэн мянгаараа байх нь таатай л даа. Гэвч тэр хэрээр янз бүрийн үнэн худал нь эс мэдэгдэх мэдээллүүд ёстой нэг урсах шиг болдог болжээ. Фэйсбүүк хэрэглэгчдийг хүсэл зорилго, санаа бодлоор нэгтгэдэг группууд, хуудсууд ч үй олноороо. Харин тэдгээрт харж үзэхэд нүд халтирам видео бичлэг, зургууд маш ихээр шэйрлэгдэж байгаа нь асуудал болж болзошгүй болж байх шиг.

Мал адгуус, амьтдыг хайр найргүй тамлаж алж байгаа, хүний толгойг шууд тасалж байгаа мэтийн хүний сэтгэхүйд нөлөөлж болзошгүй бичлэг, материал сэлтийг угтаа тухайн групп, хуудасны админ нь хянаж устгаж байх ёстой юм. Ер нь хамгийн гол асуудал нь насанд хүрэгсэд хүртэл үзээд айдас төрж болох материалыг өсвөр болон бага насны хүүхдүүд үзэж байгаад учир байна.

Багаасаа тиймэрхүү зүйлийг үзэж хараад нүд нь дасчихвал тэр хүүхэд ирээдүйд энэрэх хайрлах сэтгэлийн өчүүхэн ч сэмэрхийгүй хэрцгий нэгэн болж хувирахыг үгүйсгэх аргагүй.

Цаашлаад энэ мэтээр дамжаад янз бүрийн хууль бус асуудалд ч орооцолдохыг үгүй гэх газаргүй. Өсвөр, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд байнга биш юм гэхэд хааяадаа хүүхдийнхээ яг юу сонирхоод үзэж хараад байдгийг нь шалгачихдаг байхад буруудахгүй. Бас тиймэрхүү бусармаг мэдээ сэлтийг фэйсбүүк рүү “энэ ёс бус мэдээлэл байна аа” гээд репорт явуулчихдаг байх хэрэгтэй юм л даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алдсан гар утсаа эргээд олж болно оо

Технологийн үсрэнгүй хөгжлийн үй олон жишээний нэг нь гар утас билээ. Харилцааны маш чухал зүйл болж, өдөр тутмын салшгүй хэрэглээ болон хувирсан гар утсаа хулгайд алдах, энд тэнд мартаж орхих гээд бас олон эрсдэл бий шүү дээ. Гэвч бидний дийлэнх нь утсаа алдсан бол тэгсгээд хэсэгхэн харамсаж байгаад л өнгөрдөг. Тэгвэл та утсаа алдсан бол эргэж олох боломж бий. Та самсунг брэндийн гар утастай бол samsungdive.com гэсэн сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Энэ сайтад бүртгүүлснээр таны утсыг олсон эсвэл хулгай хийсэн хүн ямар нэгэн байдлаар интернэтэд холбогдох үед хаа байгааг нь тодорхойлж болно. Харин I phone утастай бол “Apple” ID-гаа ашиглан google map-ийн тусламжтай олж болох юм.

Ер нь утсаа үгүй хийсэн үед интернэт ашиглан утсаа удирдах хэд хэдэн боломж бий.

Та самсунг аккаунттай бол дээр хэлсэн samsungdive.com сайт руу орж хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад нэвтэрнэ. Харин самсунг аккаунт байхгүй бол зааврын дагуу шинээр хэрэглэгч үүсгээрэй. “Locate my device” хэсэгт таны гар утас яг хаахна байгааг гүүглийн газрын зургийн тусламжтайгаар харуулна. Яг ямар тоотод байгааг харуулахгүй ч байр, гудамж зэргийг шууд харуулна. “Ring my device” хэсэгт байх хонх ажиллуулах товчийг дарвал таны утас минутын туршид хонх нь завсаргүй дуугарна.

Ингэснээр таны утсыг бариад сууж байгаа хүн ихэд сандарна. Юмыг яаж мэдэхэв. Тань руу эргэж хандахыг ч үгүйсгэхгүй. Харин “Lock my screen” хэсэгт та утсаа түгжих, шинэ код оруулах гээд олон боломж бий. Утас руугаа 100 хүртэлх тэмдэгтэд багтаасан богино шууданг ч илгээж болох юм. Мөн “Wipe me device” гэсэн тун чухал цэс байгаа. Та ийшээ нэвтрэн орсноор алдагдсан гар утсан дээрх нууц гэж үзсэн мэдээлэл, датагаа устгах боломжтой. За тэгээд энэ сайтад өөр маш олон боломжууд бий гэдгийг дахин хэлье. Та утсаа алдаад харамсаад өнгөрдөг байсан бол одоо ямар ч гэсэн энэ мэт аргаар утсаа олж авах бололцоо бий гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.

Мөн самсунгийн гар утаснуудад “Tracker” гэдэг жижиг программ бий. Тэнд өөр нэг дугаар бичээд ямар нэгэн текст бичээрэй. Алдагдсан утсанд өөр сим карт орсон тохиолдолд өмнө сануулсан дугаарт богино шуудан ирдэг. Тиймээс мессэж ирсэн дугаараар нь хайгаад үзэхэд гэмгүй.

Categories
мэдээ цаг-үе

Нойргүйдлээс л сэргийлэх хэрэгтэй

Нойр. Энэ бол хүний бие организмд хамгийн чухал, нэн хэрэгтэй зүйл. Нойрыг цөөн үгээр хэлбэл хүний бие махбодын хамгаалагч гэхэд болно. Ер нь одоогоор хүн хэдэн цаг унтаж байх ёстойг шинжлэх ухаан яг таг тогтоочихсон юм байхгүй. Тухайн хүний биеийн онцлогоос л хэдэн цаг унтаж амрах нь хамаарна. Нийтлэгээрээ бол насанд хүрсэн хүн дунджаар 6-8 цаг унтах ёстой л гээд байгаа юм. Хүний нас ахих тусам унтах хугацаа богино болсоор 65-70 нас орчимд хүрэхэд таван цаг орчим л унтдаг болдог гэж байгаа. Нойргүйдэл нь маш олон өвчний эх сурвалж болдог гэдгийг харин аль эрт тогтоочихсон юм. Нэн түрүүнд маш мартамхай болж эхэлнэ. Нойргүйдэх нь бие махбодын тэнцвэрт байдал алдагдсаны илрэл учир аль болох идэвхтэй байж ажил албаа, амралтаа ухаалгаар зохицуулж сурах хэрэгтэй.

Хүүхдийнхээ нэрийг сольж дуудах, их сайн мэддэг байсан хүнийхээ утасны дугаарыг санахгүй байх зэргээр энэ эмгэг эхэлдэг. Огцом цочмог уцаарлангуй болно. Крантнаас ус гоожих чимээнд хүртэл уур унтуу хүрдэг болбол нойргүйдлээс үүдэлтэй эмгэгт өртөж эхэлж байж болзошгүй гэж ойлгоход болно. За тэгээд гол аюул нь сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчинд нэрвэгдэх. Сэтгэл санаагаар унамтгай, тогтворгүй, ажил хийх сонирхолгүй, эрч хүчгүй болохоос эхлээд цаашдаа бүүр хүндэрчих магадлал өндөр. Ийм байдлаар удаан явж л болохгүй. Шууд утгаараа бол сэтгэцийн өвчин болон нойргүйдэх нь хоорондоо нягт холбоотой. Тэр бүү хэл нойргүйдэл нь таргалалт, үс уналтын эх сурвалж хүртэл болно. Хэн ч гэсэн залуугаараа мулзан толгойтой, хэт тарган байхыг хүсэхгүй нь лав.

Тиймээс аль болох маш сайн гүн нойрсож байхыг хичээх хэрэгтэй. Сайн унтахын тулд тайван, амгалан байх нь нэн чухал. Байгальд тогтмол алхах, дуртай зүйлдээ цаг гаргах, муу хийдэг ч хамаагүй хоол хийх, ямар ч хамаагүй ая амандаа аялах зэрэг нь нойргүйдлийн эмгэгээс тун сайн хамгаалдаг гэдэг нь бат нот болсон зүйл. Нэмж хэлэхэд технологийн хэт хөгжил буюу гар утас, компьютер, хотын хэт дуу чимээ нь нойргүйдэхэд багагүй нэмэр оруулдаг гэдгийг давхар санууштай шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Байгалийн антибиотик цангис

Кранберрис гэдэг жимс бий. Монголоор бол цангис. Цангис гэдэг энэ жимсийг байгалийн гаралтай хүчтэй антибиотик болохыг тогтоосон байдаг. Хүний биед байгаа хорт бодис буюу антиоксидантыг гадагшлуулах тал дээр бусад ямар ч жимсийг дагуулахгүй. Эмийн чиглэлээр тэргүүлэгч орнуудын эрдэмтэд энэ жимс нь эмийг орлох шидтэй бөгөөд бөөр болон шээсний замын үрэвсэлт өвчинд түлхүү сайн үр дүнгээ өгдөг гэдгийг нотолчихсон. Тодорхой судалгааны дараа цангисын шүүс нь биед удаан хугацааны туршид шингэсэн хорыг гадагшлуулдаг өндөр чадвартай гэдгийг нь бүрэн батлаад байгаа аж.

Цангис нь шээсний замын үрэвсэлт өвчнийг үүсгэгч нянд үржих боломж өгдөггүй. Тэр хэрээрээ үрэвслийг богино хугацаанд устгаж, биеийг сэргээдэг. Е витаминаас дор хаяж 30 дахин хүчтэй гэж байгаа. Мөн химийн гаралтай эм хэрэглэх үед ямар нэгэн дагалдах нөлөө үзүүлэхгүй, хоргүйжүүжүүлэх чадалтай тул хөгшрөлт болон хорт хавдраас ч сэргийлэх боломжтой. Тиймээс энэ жимсийг хэрэглэж байхад огтхон ч буруудахгүй.

Дашрамд нь дурдахад нүд доогуураа хөхрөөд байвал мэдээж ядарсных. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдалтай шууд холбоотой. Голдуухан оюуны хөдөлмөр эрхлэгчид, нэг дор удаан сууж дэлгэц ширтдэг ажилтай хүмүүсийн нүд хөхөрдөг. Тиймээс хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавьж болно. Бас бүлээн усаар норгосон алчуурыг нүдэн дээрээ тавьж болох юм. Ингэж 10-15 минут болсны дараа нүд амарсан нь танд илт мэдэгдэнэ. Мөн хоёр гарынхаа алганы хонхорт нүдээ тааруулаад зөөлөн дарах нь чухал.

Ингэх нь нүдний ухархай, дээд, доод зовхины цусан хангамжийг сайжруулахад тун хэрэгтэй.

Мэдээж цусан хангамж сайжрахын хэрээр нүдний доогуур хөхөрсөн нь бага багаар арилна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Стресс, сэтгэлзүйн дарамтаас ангижрах цөөн зөвлөгөө

Хотжилт эрчимтэй явагдахын хэрээр иргэдийн дунд стресс буюу сэтгэлзүйн дарамт гэдэг ойлголт түгээмэл болоод байгаа. Ямар нэгэн стрессээс өөрийгөө чөлөөлж байх нь хувь хүний эрүүл мэндэд маш чухал.

Наад зах нь ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл, толгой байнга өвддөг болох, эрч хүчгүй байх зэрэг нь мөнөөх стрессээс үүдэлтэй. Тиймээс энэхүү шаналгаатай өвчнөөс хэрхэн өөрийгөө чөлөөлөх, салж байх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Нэн түрүүнд нүүрээ бүлээн усаар угаавал тустай. Тайвширч амрахад чухал юм. Ядаргаа ихээр үүсгэдэг дааврыг бага ялгаруулах хэрэгтэй. Ингэхийн тулд магни агуулдаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүштэй. Ийм хүнсний бүтээгдэхүүнд вандуй, самар, шоколад зэрэг орно. Бас нэг чухал зүйл нь өөрийн хайртай хүнийхээ зургийг ширтэх гэнэ. Уг аргыг тун өндөр үр дүнтэй гэдгийг сэтгэлзүйчид дуу нэгтэйгээр баталдаг. Тархинд цусаар дамжин их хэмжээний хүчилтөрөгч очих нь сэтгэлзүйн ядаргаанаас ангижруулж дөнгөнө. Мэдээж стрессээс ангижрах өөр нэг өгөөжтэй арга бол байгальд алхах.

Тэр тусмаа намар навчис унасан гудамжаар алхах, гол горхины урсгалыг ажих, салхины исгэрээ нь хүнийг тэр чигээр нь стрессээс чөлөөлнө. Хүн эхнээсээ байгалийн амьтан байсан тул байгальтай ойр байх нь сэтгэлзүйн бэрхшээл дарамтаас салахад тун хэрэгтэй гэж эрдэмтэн судлаачид үздэг юм билээ. За тэгээд унтах болон сэрэх цагаа яг таг тогтоох хэрэгтэй аж. Нойр хүний биеийн эрүүл саруул байх үндэс суурийн нэг. Шөнө дүл болтол зурагт үзэх, гар утсаар интернэтээр хэт хэсүүчлэх нь хүнийг сэтгэл гутрал, ганцаардалд маш хурдан хүргэдэг бөгөөд тэр хэрээр элдэв зүйл бодож, бодлоосоо шалтгаалж стресст автана.

Тэгэхээр аль болох гар утас, телевизээс хол байхад буруутахгүй бөгөөд харин ч тус дэмтэй. Ер нь эдгээр зөвлөгөөг яг таг үгүй юм гэхэд багцаалдаж дагаад байхад стресс, нервээс хол байх нь. Бас нэгэн зүйл нь өөрийнхөө хоббиг хөгжүүлэх мөн ч чухал даа.

Categories
мэдээ цаг-үе

Сонгодог хөгжмийн Суу билэгт хөвгүүн БАХ

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн суут эрхэм бол хөгжмийн агуу их зохиолч Иоханн Себастьян Бах билээ. 1685 оны гуравдугаар сарын адгаар хөгжимчин Амбросиус Бахын гэрт нэгэн хөвүүн отголж мэндэлсэн нь ирээдүйн агуу суутан байлаа. Бага ахуйд нь буюу есөн нас дөнгөж хүрч байхад нь ээж нь, удалгүй жилийн дараа эцэг нь нас баржээ. Харин өнчирч үлдсэн бяцхан Бахыг ах нь өөр дээрээ авсан гэдэг. Ах нь бадралт бишгүүрчин байсан тул түүнд бишгүүр зааж, Бах ч гимназид элсэн суралцав. Тэрбээр хөгжимд үнэн сэтгэлээсээ шунан дурлаж ихэд хичээнгүйлэн суралцан бусад хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцаж байв. Бах бүх л амьдралынхаа туршид Германаас хэзээ ч гарч үзээгүй боловч зохиол бүтээлүүдэд нь гүн ухааны утга санаа ихэд агуулагдсан байдаг гэж судлаачид үздэг аж. Түүний зохиолын агуулга нь хүний тухай, нинжин сэтгэл, хүн чанарын үзлээр оргилж байдаг ажээ. Хүний сэтгэл хөдлөл, шаналан, сэтгэл санааны хямрал, уруудалт зэргийг бүтээлүүддээ гайхамшигтайгаар дүрсэлж чаддаг суу билгийн оргил байв. Хэдий Бахын амьдарч байсан үе нь туйлын ядуу зүдүү, сүм хийдийн ноёрхол хүчтэй байсан, хөгжил дэвшлийг уландаа гишгэсэн үе ч гэлээ бүтээлүүддээ аль болох дэвшилтэт байдлыг тусгаж байсан нь өнөө үед өвлөгдөж ирсэн зохиолуудаас нь харагддаг. Бахын суут зохиолуудыг тухайн үедээ ойлгож мэдэрч чадалгүй өнгөрсөн ч гэлээ зуу орчим жилийн дараа л үнэхээр гайхамшиг юм аа гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон билээ. Бахын зохиол, бүтээлүүд түүнийг амьд ахуйд хэвлэгдээгүй шахуу. Амьдарч байсан цаг үед нь түүнийг зүгээр л гайхамшигтай хөгжимчин гэж үнэлж байснаас биш дахин үл давтагдах агуу их хөгжмийн зохиолч гэж үзэж байгаагүй юм. Иймэрхүү шалтгаанаас болж тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг их л гундуухан, сэтгэл санааны уналтын байдалтай, бүүдгэр өнгөрөөсөн гэдэг.

Бах 15 орчим настайдаа гэгээн Михайлын найрал дууны сургуульд сурч, энэ хугацаандаа Германы томоохон хотуудаар аялахын зэрэгцээ тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчдын туурвил бүтээлүүдийг шимтэн сонирхон судалж байлаа. Чухам энэ үеэс л Бах бишгүүр болон төгөлдөр хуурт зориулсан анхны бүтээлүүдээ туурвиж эхэлсэн юм. Суралцах хугацаандаа латин, франц хэл, түүх, газарзүй зэргийг сонирхон судалж бас ч гэж боломжийн боловсрол олж авсан байна. Тухайн үеийнхээ дээдэс язгууртны хүүхдүүдтэй дотно нөхөрлөж, тэднийхээ дэмжлэгээр бүтээлээ бичих тун аятайхан боломж бүрдэв. 1700-гаад оны эхээр сургуулиа дүүргэж герцог Эрнестийн ордны хөгжимчнөөр долоон сар орчим ажиллахдаа суу билэг нь шагшигдаж улмаар гэгээн Бонифацийн сүмд бадралт бишгүүрчнээр ажиллах урилга хүртэл хүлээн авч, долоо хоногт гурван удаа тоглодог болов. Яг энэ үедээ Бах сүмийн бадралт бишгүүрт зориулсан бүтээлүүдээ бичсэн юм.

Хорин хоёр насандаа Мэри Барбара хэмээх бүсгүйтэй дотносон гэр бүл болж зургаан хүүхэд төрүүлсэн ч гурав нь хүн болох хувь байсангүй. Гэсэн хэдий ч гурван хүүхэд нь эсэн мэнд бойжиж ирээдүйд мөн л тухайн үедээ суу алдраа дуурсгасан шилдэг хөгжимчид болсон гэдэг. Бах аргон, симфони дуулаачийн хосолсон олон зохиолоо чуулбар, магтуу гэх мэт хөгжмийн олон төрлөөр туурвиж өнөө үед үнэт өв болгон үлдээсэн юм. Ер нь түүний бүтээлүүд дэлхийн сонгодог хөгжмийн хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн. Магтуу, симфони дуулаачийн бүтээлүүдэд нь хожмоо дуурийн урлагт загвар болсон бодрол дуун, чуулга, үглэл зэрэг хэлбэрүүдийг бий болгон хөгжүүлсэн юм. Мөн олон хоолойн зохиол, аялгууг баяжуулан арга барилыг нь улам төгөлдөржүүлэн боловсруулсан ажээ. Эдгээр нь ирээдүй хойчийн суу билэгт хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилд уламжлан үлдсэн нь Бахын юугаар ч эс үнэлэм гавьяа билээ.

Бахыг олон хоолойн хөгжмийн онцгой авьяастан, агуу билэгтэн хэмээн хөгжмийн түүхнээ ихэд тодоор тэмдэглэн бичдэг. Сонгодог хөгжмийн олон хоолойн хэлбэр нь Бахын туурвилуудаар хөгжлийнхөө оргилд хүрсэн хэмээн хөгжим судлаачид үздэг. Зохирлын ухааны анхдагч, эгшиглэлт хөгийн харьцаа, хам эгшгийн зүй тогтол, хоорондын эрэмбэ дарааллын хөгжилд зүйргүй их хувь нэмрээ оруулж, тэр хэрээр өөрийн бүтээлүүддээ үүнийгээ баталсан юм. 1723 онд Лейпцигт байх гэгээн Фомын сүмд ”Иоаннын энэлэн” хэмээх бүтээлээ тавьсан бөгөөд тэндээ сүмийн найрал дууны багш болжээ. Бас хотын гол сүмүүд болох гэгээн Фом, гэгээн Николайн сүмд долоо хоног тутамд найрал дууны тоглолт хийх болсон юм.

Ер нь Лейпциг хотод байх хугацаагаа их л үр бүтээлтэй өнгөрөөсөн бөгөөд энэ үед бичсэн бүх л бүтээл нь сүмийн найрал дуунд зориулагдсан байлаа.

Бах Арншдатд хотод очихоосоо өмнө хийлч, органч гэгдэж байсан бол энэ хотод ирээд хөгжмийн зохиолч хэмээн нэрлэгдэж том хэлбэрийн анхны зохиолуудаа бичжээ. Жишээ нь, 1704 оны эхээр тоглогдсон “Магтуу”, “Ахыгаа явахад зориулсан Капричио” зэрэг бүтээлүүд юм. Энэ мэт зохиолдоо хүний дотоод сэтгэл, догдлол зэргийг яруу төгсөөр илэрхийлж чаддаг зохиолч гэдгээ давхар харуулсан гэдэг. Мэдээж түүний амьдралд олон бэрхшээл саад гарч байсан. Ядаж л сүмийн эрх мэдэлтнүүд, цол мяндагтнууд, язгууртнууд түүний билэг авьяасыг ихэд гадуурхан шахаж байсан гэдэг. Ихэс дээдсийн энэ мэт увайгүй үйлдэлд тэрбээр ихэд дургүйцдэг, чадлынхаа хэрээр эсэргүүцдэг байж. 1707 онд Мюльхаузн гэдэг хотод органчаар ажиллах болсон ч тэндээ нэг их удсангүй. Жил гаруй л болж. Тэндхийн эвдэрхий хөгжим, зөвхөн дуулж л чадахаас өөр ямар ч хөгжмийн боловсролгүй найрал дуучидтай ажиллаж чадсангүй. Харин 1708 оны хавьд Ваймарт хотод ирж тэндээ арав гаруй жилийг өнгөрүүлжээ. Энэ хотод байх нь түүнд зохиол бүтээлээ нийтэд харуулах бололцоог олгож байсан юм. Симфони найрал хөгжим, найрал дуучдын чуулга зэрэг нь ихээхэн дэм болжээ. Ваймар хотод бичсэн бүтээлүүд нь голдуухан орган хөгжимд зориулсан зохиолууд байжээ. Бах тухайн үеийн Германы нэртэй цуутай органч, хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээл туурвилуудыг судалж, Итали, Францын хөгжмийн дэвшилтэт санааг ашиглан өөрийн бүтээлийнхээ арга хэлбэрээр баяжуулан органыхаа бүтээлүүдээ хийсэн билээ. Бах хөгжмийн зохиол бичихийн хажуугаар концертын шилдэг гарамгай хөгжимчин гэгдэн муугүй алдаршиж байлаа.

1717 оны сүүлчээр тэр Киетин хотод иржээ. Энэ хотод орган хөгжим байсангүй. Ваймер хотод байхдаа эхэлсэн, бичихээр санаж бодож явсан бүтээлүүдээ бичиж гүйцээх бололцоо Киетэн хотод бүрдэв.

Ер нь түүний энэ хотод байсан зурвас үеийг хөгжмийн түүхэнд бичихдээ “Клавесиний уран бүтээлийн үе” гэж нэрлэдэг. Бах энэ хотод амьдрах хугацаандаа клавесинд зориулж “Сайтар жигдэрсэн даруул”, Фугийн тэргүүн дэвтэр, хийлд зориулсан зургаан сонат, Брандэнбургийн зургаан концерт зэрэг гайхамшигт бүтээлүүдээ туурвисан юм. Бах нийтдээ 300 орчим магтуу бичиж үлдээжээ. Тэрээр амьдарч байсан бүх л хотдоо хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн боловсрол, соён гэгээрлийн ажилд идэвхийлэн зүтгэж байсан юм. Түүний бичиж үлдээсэн магтуу бараг бүгд сүмийн, шашны сэдэвтэй байсан. Гэвч тухайн цаг үеийнхээ хүний дотоод сэтгэл, хүсэл тэмүүлэл, хэн бүхэнд байх сэтгэлийн ертөнцийг гайхамшигтайгаар дүрсэлж чадсан реалист бүтээл болсон нь сүм хийдийнхний багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

1750 оны наймдугаар сард Германы агуу хөгжмийн зохиолч, суу билэгт хөвгүүдийн нэг болон мөнхөрсөн Иохан Себастиан Бах таалал төгсчээ. Түүнийг гэгээн Иоаннын сүмийн ойролцоо оршуулсан гэдэг ч шарил нь олдохгүй байсаар 1894 онд барилгачид санамсаргүйгээр олж, 1900 онд дахин оршуулсан түүхтэй. Дэлхийн II дайны хөлд тухайн сүм сүйдэхэд шарилыг нь дахин зөөж гэгээн Фомын сүмд аваачжээ. Герман үндэстний дуу хөгжмийн асар баялаг өв уламжлалд түшиглэн өрнө дахины сонгодог хөгжмийн шилээвэр гэх бүгдийг өөрийн уран бүтээлдээ шингээн авч, реалист шинэчлэлийн үндсийг тавьсан их хүн бол Бах юм. Туулан өнгөрүүлсэн амьдрал нь саад бэрхшээлтэй байсан ч гэлээ хөгжмийн болон хүн төрөлхтний түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэн мөнхрөх гайхамшигт өвийг хойч үедээ үлдээж чадсан, сонгодог хөгжмийн шинэ хуудсыг нээн өгсөн тэрээр эгнэгт алтан гадас лугаа гялалзан байх билээ. 1723 онд “Иоанн”, “Магнификат” 1727 онд “Эмгэнэлийн магтаал”, 1729 онд “Матфэй”, морин хийл, лимбэ, хийл болон бусад хөгжимд зориулсан суут бүтээлүүд өдгөөг хүртэл хүн төрөлхтний сонор юуг мялаасаар байна.

Я.Баярбаатар

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Урилгатай урилгагүй, дээлтэй дээлгүй гэж ялгамгүй байна даа

Сонгодог урлагийн үдэш нэртэй тун сайхан тоглолт өнгөрсөн бямба гаригт Чингисийн талбай дээр болж өнгөрлөө. Сонгодог урлагийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх, таниулах, хүмүүст сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гээд олон талын ач холбогдолтой тун сайхан арга хэмжээ л дээ. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан уг арга хэмжээ үзэгч, сонирхогчдын зүгээс их л өндөр үнэлэлт авч байсан. Харин энэ жил үзэгчдийг заавал урилгаар нэвтрэхийг шаардаж байсан нь үнэндээ л онцгүй байлаа. Урилгатай хүмүүс нь дотогшоо нэвтэрнэ. Урилгагүй нь нэвтрэх эрхгүй гадна нь зогсоно. Тэртэй тэргүй задгай талбайд тоглож байгаа юм чинь хаанаас ч үзсэн яахав дээ гэх хүн гарах л байх.

Гэвч тийм биш ээ. Үзэгч сонирхогчдыг шууд л хоёр хуваан ялгаварласан нь тун онцгүй үйлдэл. Харин тэртэй тэргүй задгай талбайд тоглож байхад заавал урилга нэртэй цаас хэвлүүлж зардал гаргах хэрэг байсан ч юм уу. Одоо наадмаар “Учиртай гурван толгой” дуурийг төв талбай дээр тоглоно. Бас л дээл өмсөөгүй бол оруулахгүй гэсэн яриа хаа сайгүй тараад байгаа. Үнэхээр дээлтэй дээлгүйгээр ялгаад эхэлбэл бас л муухай юм болно доо. Ард түмэн дунд дээлтэй нь ч бий, дээлгүй нь ч бий.

Ер нь ч тэгээд хүн ямар хувцсаа өмсөх нь ёстой л дурын асуудал шүү дээ. Муухай нь хүнийг өмссөн зүүснээр ялган үзэх санаа бидний эрх чөлөөнд халдаад байгаа юм л даа. Ямартай ч урилгатай урилгагүй, дээлтэй дээлгүй гэж ялгасан, ангилсан үйлдлийг байн байн гаргаад баймгүй л байна даа.

Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ нийгэм

Дорноос мандсан гүн ухааны нар КҮНЗ

Гүн ухаан өрнө дахинд л хөгжөөд байсан уу гэвэл мэдээж үгүй. Дорно дахинд гүн ухаантнууд, их сэтгэгчид төрөн гарч байсны нэг нь Хятадын суу билгийн нэгэн оргил Күнз буюу Кон Фу Зи билээ. Тэрбээр хятадын ард түмний итгэл үнэмшил хийгээд санаа оюуныг нэгтгэж чадсан агуу их сэтгэгч юм. Нийгмийнхээ үзэл суртлын гол тулгуур болж байсан шаминизмийг асар их судалж, боловсруулсан үндсэн дээрээ өөрийн сургааль номлолыг боловсруулсан нь эдүгээ Күнзийн сургааль хэмээгдэн уламжлагдан ирсэн юм.

Күнз НТӨ 551 онд одоогийн Шаньдун буюу хятадын зүүн хэсэгт байсан Лу хэмээх жижигхэн ханлигт мэндэлжээ. Күнз гарал сайтай, язгууртан угсаатай хэдий ч дээд өвөг нь Сүн улсаас дүрвэн Лу улсад дагаар орсон байжээ. Харин Күнзийн аав Шү Лян Хэ цэргийн эрдэмд дориун сайн дайчин байж хэд хэдэн удаагийн дайнд ихэд гавьяа байгуулан бага түшмэлийн зэрэг дэвтэй болон боломжийн алба хашиж явжээ. Шү Лян Хэ өндөр биетэй, их л алиа хөөрүү зантай, цэрэг албаттайгаа элгэмсүү ханддаг, тухайн үедээ бусдаасаа ялгарч чаддаг байсан жанжин байсан тухай түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ. Түүнд цэргийн алдар гавьяа байсан ч хувийн амьдрал нь тийм ч аятайхан байгаагүй бололтой. Ер нь Күнзийн эцэг эхний эхнэрээсээ арван охинтой байсан гэдэг. Мэдээж удам залгах хүүтэй болохын хүслэн байсан учир дахин эхнэр авч хүүтэй болсон авч тахир дутуу үр мэндэлжээ. Ийнхүү дал гарсан насандаа дахин эхнэр авахаар болж удам гарвал сайтай, эрүүл чийрэг гурван охинтой айлын бага охин болох Чин Цайг авчээ. Цэргийн хөгшин жанжинтай дэр нэгтгэсэн Чин Цай удалгүй бие давхар болсон нь ирээдүйн хятадын суут ухаантан Күнз байлаа. Домогт өгүүлэхдээ Чин Цайг хүүхдээ төрүүлэхийн өмнө зүүдэнд нь цагаан сахалт таван өвгөн орж “Чамаас хосгүй ухаант нэгэн хөвүүн төрнө. Хаан ширээгүй хаан байх болно” хэмээсэн гэдэг. Ийнхүү НТӨ 511 оны адгаар дорнын их сэтгэгч, гүн ухаантан Күнз хорвоод мэндэлжээ. Харин Күнзийг ердөө гурав орчим ойтой байхад эцэг нь үгүй болж, бэлэвсэн хоцорсон гурван эхнэр арван хоёр хүүхэд үлджээ. Цагийн эрхээр үлдсэн эхнэрүүд болон хүүхдүүдийн эв хагарч байхыг анзаарсан Чин Цай хүүгээ аван гэрээс явснаар ядуу зүдүүхэн амьдралтай нүүр тулсан гэдэг. Хэдий хүнд он жилүүд байсан ч ээж нь тэжээж тэтгэж явсаар хүүгээ 17 нас хүргээд нас баржээ.

“Би хар бага ахуйгаасаа дорд ядуу явсан, амьдралын хатуу хөтүүг дуулсан. Гэвч амьдралаас авч болох зүйлс ихийг сурсан” хэмээн хэлсэн байдаг нь түүнийг ямархуу байдалтай амьдарч байсныг гэрчилдэг. Залуу Күнз амь зогоох, амьд явахын эрхээр ёстой хийж үзээгүй ажил байхгүй гэхэд болно. Оршуулах ёслол дээр бүрээ үлээх, найр наадмын үеэр бараа туруу зөөдөг хар ажилчин, хөрөнгөтэй хүний сангийн нярав гээд хийж болох бүх л ажлыг хийж явжээ. Хэдийгээр түүний бага балчир насных нь тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн зүйл маруухан боловч “Эхээс төрөхдөө эрдэм мэдлэг, чадвар төгс төрөөгүй. Харин эрдэм соёлд шамдан хичээж тэрхүү их эрдмийг гагцхүү эрлээс л олсон билээ” хэмээн хэлснээс нь харвал хүүхэд байхдаа их л мэриймтгий, хичээнгүй хүү байсан нь харагдана. Күнз хувь хүнийхээ хувьд санаа бодлоо ил цагаан хэлчихдэг, туйлын шударга зантай нэгэн байсан гэж бичигддэг. Амьдралын хар ухаантай, төлөв байдал нь бусдын хүндэтгэл хайрыг татдаг байсан биз. Күнзийн номлол сургааль нь хүний эрх гэхээс илүү үүрэг хэмээгч зүйлд илүүтэй анхаарал хандуулсан байдаг. Мөн хорвоо дэлхий, амьдралын тухай хувь хүнийг үзэл бодлоо эрс өөрчил гэж хэзээ ч шууд тулгаагүй. Харин уламжилж ирсэн үзэл санааг шинээр тун ойлгомжтой гаргалгаагаар томъёолж өгсөн юм. Тэрбээр залуу насандаа төрийн албанд ажиллаж. Бас 15 жил орчим багшилсан гэдэг бөгөөд багшилж байх хугацаандаа өөрийн гүн ухааны үзэлдээ олон хүнийг сурган итгүүлсэн гэж түүхнээ үлджээ. Нас нэлээд хэвийсэн хойноо төрийн сайдын суудалд суусан боловч өрсөлдөгч дайснууд нь буулгаж дөнгөснөөр барахгүй эзэнт улсаас хөөн явуулжээ. Ийнхүү арав гаран жил хэсүүчлэн тэнүүчлэхдээ багшийн ажил л хийж яваад төрөлх нутагтаа ирсэн ажээ. Түүний үзэл санаа хятадын соёл, ард түмний ахуй амьдрал, амьдралыг үзэх үзэл, улстөрийн ёс суртахуунд жинтэй хувь нэмэр үзүүлэх болсон юм. Судлаач эрдэмтдийн зарим нь түүнийг шинэ шашин бий болгосон гэх нь ч бий. Гэвч тэрбээр бурхнаас ишлэл татаж байсангүй. Үхэл болон үхлийн дараах амьдрал бий эсэх тухай зэргээс аль болох зайлсхийдэг, бусадтай маргалдахаас эвтэйхэн мултардаг байсан гэдэг. Тиймээс тэрээр улстөрийн ёс суртахуун болоод хувь хүний зан чанарын асуудлыг гүнзгий судалсан хүн төрөлхтний ховорхон гүн ухаантны нэг байсан билээ.

Сайхан сэтгэлтэй хүн амьдралдаа хоёр сайн үйлийг чандлан мөрдлөг болгоно гэж Күнз үзсэн байдаг. Тэр нь “жэнь” буюу хайр энхрийлэл, ойрын хүндээ ихэд сайнаар хандах. Нөгөөх нь “ли” буюу зан заншил, биеэ авч явах, зан чанарын цогц байдал. Күнзээс өмнөх хятадын гол үзэл баримтлал, шашны ухагдахуун нь өвөг дээдсээ шүтэн бишрэх үзэл номлол байсан юм. Күнз ч гэсэн эмэгтэйчүүд нөхөртөө албат ард нь эзэн удирдагчдаа гүн хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн баримтлалтай байлаа. Гэхдээ хүчирхийлэл гэгчийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй байсан ба төр засаг гэгч тогтолцоо нь гагцхүү ард иргэд, түмэн олон харьяатынхаа амар амгалан сайн сайхан бүхний төлөө оршин байдаг гэж сургаж байв. Удирдагч, манлайлагч бээр эрх мэдэл, хүч чадлаараа түрэмгийлж бус харин ёс суртахууны өндөр жишгээр харьяат албатаа удирдах ёстой гэж сургаж байлаа. Энэ сургаалиа ч тэрбээр ямагт давтан өгүүлдэг байсан тухай судар бичгүүдэд үлдсэн юм. “Өөрийн эс хүссэнээ бусдаар хүчээр бүү хийлгэ” гэсэн зарчмыг ямагт баримтлагтун гэж Күнз хэлдэг байж. Күнзийн үед Цжо удмынхан хаанчилж байсан бөгөөд тухайн үеийн удирдагчид түүний сургааль номлолыг төдийлөн ойшоож үздэггүй байсан ч үзэл баримтлал нь ихэд өргөн дэлгэр нутагт таржээ. Тэр бүү хэл НТӨ 221 орчим онд Цинь удмынхан хаанчилснаар Күнзийн сургаалийг бүрэн хорьж, бүх л ном судрыг шатаан устгаж ч байсан. Гэсэн хэдий ч НТӨ 220 он хавьд Хань угсааныхан төрийн эрхийг авснаар Күнзийн сургаалийг албан ёсны шашин хэмээн өргөмжилжээ. Тухайн цаг үетэй давхцан төрийн албан хаагчид, түшмэдийг сонгон авахдаа шалгалт авдаг болсон бөгөөд явцын дунд шалгалтын гол үндэс суурь нь Күнзийн сургааль болон хувирсан байна. Хятадын хаант улсад төрийн алба хаших нь асар нэр төрийн хэрэг төдийгүй нийгэмд эзлэх байр суурь ихэд нэмэгдэн хангалуун тансаг амьдрахад тун чухал байсан тул шалгалтын гол ноён нуруу болсон Күнзийн сургаалийг гүнзгий судлагсад асар олноор бий болж, төрд ажиллах гэсэн залуусын дунд хүчтэй тэмцэл өрнөдөг байжээ. Ийн Күнзийн сургаальд нэвтэрхий боловсорсон төрийн түшээдийн залгамж явсаар өнөөг хүртэл хятадыг удирдсаар байгаа нь түүхэн үнэн билээ.

Күнз зөвхөн их сэтгэгч, соён гэгээрүүлэгч байгаагүй. Тухайн үеийнхээ эзэнт улсуудаар хэрэн бэдэрч соёл, ёс заншлын үнэт өвийг бүтээсэн юм. Утга зохиол, түүх, гүн ухаан, ёс суртахуун зэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, тэрхүү судалгаандаа суурилсан номлолоо хэлж үлдээж явсаар сонгодог сургаалиа бий болгосон аж. Түүний шавь тэргүүтнүүдийн эмхэтгэсэн дөрвөн ном, таван бичиг хэмээгч нь Күнзийн суртлын язгуур суурь болдог. Тэртээх хоёр мянганы цаанатай зохиогдон, түмэн саад мянган бэрхийг даван туулсаар өнөөг хүрсэн, гүн ухаан сэтгэлгээний томоохон дурсгал бол өмнө цухас дурдсан дөрвөн ном, таван бичигт байдаг Шүүмжлэл өгүүлэл хэмээх бэсрэг зохиол. Энэхүү шүүмжлэл өгүүлэл нь асуулт хариулт, цэцэн мэргэнээ сорих, тунгаах болгоох, дүгнэлт гэх мэт хэлбэрээр бичигдсэн хорин бүлэг бүхий зохиол билээ. “Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд зүйлийн тухай хүүрнэлдэж болно. Харин дунджаас доор хүнтэй дээд зүйлийн тухай ярьж эс болно” гэх агуулга уг бүтээлд буй.

Күнз 19 насандаа Цы Гуан гэгч бүсгүйг эхнэрээ болгон авч удалгүй хүүтэй болж түүндээ Пи Юү Ли хэмээх нэр хайрласан байдаг. Күнз 30 орчим насандаа сургууль байгуулж, шавь нар болон дагагчид нь даруй 3000 хүрсэн гэдэг ба тэдэн дунд нь эрдэм мэдлэгт төгс гэгээрч чадсан 72 шавь байсан хэмээн түүхэнд үлджээ. Эдүгээ цагт хүн төрөлхтний суут арван сэтгэгчийн нэгэнд зүй ёсоор тооцогддог Күнз бүх л амьдралдаа эрдэм боловсролыг нэн тэргүүнд тооцон сурч мэдэхийн гайхамшиг, ёс зүйт нэгэн байхын талаар түгээн дэлгэрүүлсээр байсан юм. Хэв журмыг чанд сахидаг байсан тэрээр хаалга үүд нь хэмхэрсэн айлд огтхон ч ордоггүй байсан гэдэг. Тэрбээр амьдралдаа дөрвөн үндсэн зүйлийг мөрдлөг болгосон байдаг. Үүнд:

-Хий хоосон мөрөөдөлд автахгүй байх

-Өөрийн байр суурин дээр эрс шийдэмгий байх

-Зөрүүд занг тэвчих

-Хувиа хичээсэн өөдгүй зан гаргахгүй байх дөрөв ажээ.

Хүний амьдрал мөнх бусыг баталсан гэнэтийн зүйл болсон нь түүнийг 69 насны орчим байхад нь хүү Ли нь нас барж, улмаар шавь нар нь ч гэсэн цагийн эрхээр үгүй болсон эмгэнэлт явдлууд Күнзэд их л нөлөөлсөн гэдэг. Орчлонгийн жам, цагийн эрхээр өтөл болсон Күнз НТӨ 479 онд 73 насандаа төрсөн нутагтаа ирж насан эцэс болжээ. “Би бээр 15 наснаас эхлэн эрдэм ном хичээнгүйлэн шимтэж 30 хүрэх насандаа эрийн цээнд хүрч, 40 өнгөрөх насандаа төөрөлдөн гуйвалгүй зогсож, 50 хүрэхдээ тэнгэрийн зарлигийг таньж, 60 эргэм насандаа сонссон зүйлсээ ялгаж салгахтайгаа болж, 70 хүрээд харин хүсэл зоргоороо байвч хэв ёсны хүрээнээс хальж эс чадав” хэмээсэн нь өөрийн амьдралын зураглалаа тэр чигээр нь гарган хэлсэн үгс болсон юм. Хэдийгээр түүнд нэг ч хаан шавь ороогүй боловч зөнтэй зүүд биеллээ олж хаан ширээгүй хаан болон хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн билээ. Түүний шарилын чулуун дээр “Хамгаас ариун гэгээн, мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар энэ болой” хэмээсэн бичээс бий. Тэнд байх булгийн усыг Күнзийн сурталт орнууд ариун дээд рашаан хэмээн үздэг бөгөөд тэрхүү булгаас уувал нэгэн насны онцгой явдал хэмээн бэлгэшээн үздэг.

Их сэтгэгч, гүн ухаантан Күнзийн хэлж, бичиж үлдээсэн үгсээс дурдвал:

-Мэдэж буй хүмүүн хэзээ ч эс эргэлзмой. Хүнлэг хүмүүн бээр сэтгэл чилдэггүй. Зоригт хүмүүн айж эмээхийг үл мэднэ.

-Хэрэвзээ чи биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаалгүйгээр дагалдана. Харин биеийг буруу авч явбал тушааж албадсан ч эс тоомой.

-Анхааруулан хэлсэн зүй ёсны үгийг хүлээн авахгүй байж яахин болох. Харин тэр дагуу өөрөө засрах нь чухал.

-Төгөлдөр мэргэн хүмүүнтэй учран уулзана хэмээн бодохоо огт больсон. Гагцхүү буянт сайхан хүнтэй учирваас болох нь тэр бололтой.

-Хүн яахаараа хэнэггүй, худалч, ичих нүүргүй, шударга бус байж чадаад байдгийг би огтхон ч ойлгохгүй юм.

-Өөртөө хатуу чанд, өрөөл бусдад энэрэнгүй зөөлөн байвал өс хонзон хэзээ ч үүсэхгүй.

-Шударга ёсны талаар ярихгүйгээр өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох.

-Ухаан сийрэг хүмүүн бээр өөрийн төгс бусдаа санаа чилэхээс биш олноо алдаршсангүй гэж харамсан гомдоллодоггүй юм.

-Яруу тод байх нь харилцан ярианд байх ёстой гол шаардлага.

-Хүнд хөнөөлт гурван найз, туст гурван найз буй. Худал хэлэгч найз, хоёр нүүр гаргагч найз, хэт уран яригч найз гурав хөнөөлтэй. Харин шударга нөхөр, цагаан сэтгэлт нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав туст найз болой.

-Хамгаас дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдөнө.

-Худал цуурхал тараагч хүн сайн үйлийг гээсэн байдаг.

-Муу хүнтэй хамт эзэнд зүтгэж яахин болох. Муу хүн зорилгодоо хүрээгүй байхдаа л зөвхөн түүндээ хүрэх гэж зовж шаналдаг. Зорьсондоо хүрмэгцээ тэндээ тэсч байх гэж зовдог. Олсноо алдчихгүй гэхдээ ямар ч муу үйлийг хийхэд ямагт бэлэн байдаг.

-Ялихгүй өчүүхэн хүн алдаа гаргалаа гэхэд ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж зүтгэдэг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Шор хийцтэй хайсуудыг хориглоё

Нийслэлийн гэлтгүй төв суурин газруудын гудамжаар зүлэг ногоог явган хүний замаас тусгаарласан хайс гэж бий. Дунджаар 50 см орчим өндөр бүхий эдгээр хайсууд өнгө үзэмж талаасаа бол авах юм үнэндээ байхгүй дээ. Өнгө муутайхан ногоон будгаар голдуу будагдсан байх энэ хайсууд иргэдийн амь нас эрүүл мэндэд заналхийлж байгаа олон зүйлсийн нэг яалтгүй мөн. Уг хайсуудыг хийхдээ хүн суулгахгүй гэхдээ арматур төмрийг албаар хурц үзүүрлэж хийдэг. Эсвэл тал талаас нь төмөр гагнаж байгаад сумны зэв мэт болгож орхино. Хэрэндээ л эвдүүлэхгүй гэсэн арга нь. За тэгээд машинаар дайрч эвдсэн, энд тэндээс нь гагнаасаараа салчихсан гээд энэ төмөр хайсууд айдас төрүүлэхүйц муухай харагдана. Хэрэв золгүй байдлаар хүн тэр хайс руу халтирч уналаа гэхэд шууд амь насанд нь аюул учирна. Явган хүний зам ямар л байдаг билээ дээ. Өвөлдөө цас нь дагтаршсан. Хавар бол өдөртөө хайлсан цас нь шөнөдөө хөлдөөд хүн явахад туйлын бэрх. Эдгээр хайсууд яг үнэндээ дундад зууны үеийн яргын хэрэгсэл шиг харагддаг. Ёрдойсон, хурц иртэй, шорон хийцүүд бидний амьдрах орчинд байгаа яргын хэрэгсэл мэт байсаар. Уг нь бусад оронд явган зорчигчийн замын хайсны тодорхой стандарт байдаг. Хүн дээрээс нь унахгүй байх хэмжээний өндөртэй, дээд хэсэг нь хавтгай гэх мэт. Гудамжаар хүүхэд, настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй гээд үй олон хүн явж байгаа. Эхний ээлжинд иргэдээ бодож хүн дээрээс нь унасан ч гэмтэл авахааргүй, амь насыг нь авчихгүй стандарт бүхий материалтай хайсаар даруй солих хэрэгтэй болжээ. Ер нь ийм хийцтэй хайсыг шууд хориглох нь зүйтэй байх шүү.

Я.БАЯРБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аз жаргал, итгэлийн тухай

Хүний итгэлийг хүлээх, аз жаргалтайгаар амьдрах гэдэг их чухал зүйл л дээ. Тэр тусмаа өнөөгийн нийгэмд. Харин хүний итгэлийг олох ганцхан зам бий. Энэ бол хэлснээ хийх, хийж чаддаг байх зам билээ. Аз жаргалын тухайд хэдэн ч зам байж болох биз. Бенжамин Франклинь хэлсэн нэг үг байдаг. Аз жаргалтай байх хоёр арга бий. Эхнийх нь хэт их хүслээ хязгаарлах. Нөгөөх нь мөнгөө арвижуулах. Хэрэв чи ухаалаг байж чадах аваас энэ хоёрыг зэрэг хийчихнээ гэж. Яг л голыг нь олоод хэлчихсэн үг. Ухаалаг зан чанар л аз жаргалыг бий болгож, итгэл төрүүлнэ. Бусдад жигтэйхэн сайхан амлалт өгчихөөд амнаасаа ухран, хэлснээ умартах нь туйлын увайгүй, жудаггүй, өөдгүй хүний л шинж. Хэлсэн үгэндээ эзэн болдог хүнд л хойшдын ахуй амьдрал, ажил төрлийн бүтэмжтэй байх үүд хаалга нь нээгдэж байдаг гэдгийг санаж явахад илүүдэх юун. Нэгэнт бусдынхаа итгэлийг олсон хүн танд хангалуун сайхан амьдрал, гэрэлтэй тунгалаг ирээдүйн зам дардан байх биз ээ. Сайхан бүхэн эхлэх зам дээр гарч ирж чадсан л бол жаргалтай амьдрал гэгч тосон авна. Ер нь тэгээд хэлсэндээ байж итгэлт нөхөр байх нь хүн чанар гэгчтэй яалт ч үгүй холбогдоно. Хүн чанар, хүн байх нь бидэнд байх хамгийн дээд чанар гэж эрт эдүгээгийн мэргэд бүгд шахуу хэлсэн нь бий. Бодоод байхад цоорхой дээвэртэй муухан байшин мэт ухвар мөчид бодолтой хүнд л нэгнээ хуурах атгаг өөдгүй санаа төрөх нь лавтай. Нэгэнт орчин тойрон, бусдынхаа итгэлийг олж чадсан бол аз жаргалтай байх нь гарцаагүй. 

Я.БАЯРБААТАР