Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаач Л.Бямбаа цусаараа гэрээслэл бичиж үлдээсэн гэв үү

-ТАЛИЙГААЧ Л.БЯМБАААТГ-ЫНХАНД “БИ ӨНДӨР НАСТАЙ, ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ. ХОРЬЖ ШАЛГАЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ УДАА ДАРАА САНУУЛЖЭЭ-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 22-нд гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач хорих ангийн өрөөндөө ганцаараа хоригдож байсан.

Ингэхдээ дотуур хувцсаараа хоёр давхар орны төмөрнөөс хоолойгоо боож, амь насаа алдсан байдалтай олдсон. Мөн түүний орон дээрээс гурван гэрээслэл олдсон. Ар гэрийнхэн болон, хэргийн талаар тодорхой зүйлс бичиж үлдээсэн гэрээслэл байсан гэдгийг хэлж байв. Иймд талийгаач өөрийнхөө амийг егүүтгэсэн байж болзошгүй байгаа гэнэ. Гэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачийн үхлийн шалтгааныг шинжилж тогтоосны дараа гадны нөлөөтэй байсан уу, үгүй юү гэдэг нь тодорхой болно.

Уг шинжилгээтэй, шинжилгээгүй талийгаач амь насаа алдсан хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга нараас эхлээд ээлжийн ахлагч болон алба хаагчид буруутай нь тодорхой болж байгаа юм.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа сэжигтнүүдийг тэд харж хянах ёстой. Нэгнийгээ дарамталж зодож байгаагаас эхлээд цагдан хоригдож байгаа сэжигтэн амиа хорлох үйлдэл гаргах нь битгий хэл, ямар нэгэн эвгүй үйлдэл үзүүлж байна уу гэдгийг ч тэд маш хянамгай хянаж, шалгах, таслан зогсоох үүрэгтэй. Сэжигтнийг амиа хорлох, бусдад хорлогдохоос сэргийлэх үүднээс тус ангид саатуулан сэргийлж, хамгаалдаг ч гэдэг. Гэтэл тухайн өдөр алба хаагчид ажилдаа хайнга хандсанаас үүдэж 68 настай, шүүхийн байгууллагад олон жил ажилласан эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдлаа.

Мөн ШШГЕГ-ынхан талийгаачийг эмчийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйчтэй огт уулзуулаагүй гэх мэдээллийг зарим эх сурвалж бидэнд өгч байв.

ТАЛИЙГААЧ БУСДАД АВЛИГА ӨГСӨН ХЭРЭГТ ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ

Талийгаач шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Мөн сүүлийн жилүүдэд “Консент” ХХК буюу хуулийн ферм байгуулан ажиллаж байсан гэнэ.

Тэрээр нийгэм даяар олны анхаарлын төвд ороод буй Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний уурхайг булаацалдаж байгаа БНХАУ-ын иргэн Вангийн талд өмгөөлөгчөөр өнгөрсөн жилээс ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, тус орд газрыг 100 хувь эзэмшиж байгаа гэгдэх “Амин билигт” компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байж. Улмаар дээрх хэргийг шалгаж байсан шүүгч нарт авлига өгсөн байж болзошгүй шалтгаанаар түүнийг шалгаж эхлээд байсан юм байна. Мөн талийгаачийн ажлын өрөөний номон дундаас хэрэгт холбогдолтой байж болзошгүй баримт олдсон гэнэ. Ингээд АТГ-ынхан хойшлуулашгүйгээр цагдан хорьж шалгахаар болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Талийгаачийг АТГ-т аваачин шалгах үед “Би өндөр настай хүн. Зүрх судасны өвчтэй. Хорьж шалгах таслан сэргийлэхээс өөр төрлийн арга хэмжээ авч шалга. Намайг хорих үндэслэл байхгүй. Та бүхэн хууль зөрчсөн үйлдэл хийж байна” гэж мөрдөн байцаагч нарт удаа дараа хэлсэн гэнэ. Гэвч талийгаачийн гаргасан хүсэлт, гомдлыг хүлээж авалгүй АТГ-аас 48 цаг саатуулан шалгах саналыг Нийслэлийн прокурорын газрынханд хүргүүлж, прокурорынхон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Салхитын алт, мөнгөний орд газартай холбоотой хоёр хятад иргэний маргаанд Монголын хууль хяналтын байгууллагынхан хоёр хуваагдан оролцож байгаа гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан. Энэ хэрэгт уг орд газрын 60 хувийг эзэмшиж байсан гэгдэх Ш.Мөнгөншагай, хүргэн дүү Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгасан. Тэгвэл талийгаач Л.Бямбааг “Амин билигт” компанийн захирал БНХАУ-ын иргэн Ван нартай хамтран бусдад авлига өгсөн гэх асуудлаар саяхнаас шалгаж эхэлсэн гэдгийг АТГ-аас мэдэгдсэн юм. Мөн талийгаачийн хүү С.Төмөрбат үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т таван шүүгчийн хамт шалгагдаж байгаа юм байна.

Хэргийг шалгаж байгаа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн ЦЕГ-т хүргүүлсэн хэргийн танилцуулгадаа “Талийгаач Л.Бямбаа гурван хуудас гэрээслэл бичсэн. Тэрбээр гурван ширхэг цаасан дээр цус маягийн улаан зүйлээр гэрээслэл бичсэн байсан. Улаан зүйлийг шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шижлүүлсэн” гэсэн байсныг баттай эх сурвалж хэлж буй. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар “Талийгаач цусаараа гэрээслэл бичсэн. Гэрээслэлдээ “Энэ хэрэгт миний хүү ямар ч холбоогүй гэдгийг өөрийнхөө амиар баталгаажуулж байна. Миний дансанд байгаа мөнгийг тэдгээр хүмүүст өгөөрэй” хэмээн хэд хэдэн хүний нэр бичсэн байсан гэх мэдээлэл өгсөн юм.

Д.ДАМДИНЦЭРЭН: КАМЕРЫН БИЧЛЭГЭЭС ХАРАХАД ТАЛИЙГААЧИЙН СЭТГЭЛ САНААНЫ БАЙДАЛ АНХААРАЛ ТАТАХААР БАЙГААГҮЙ

Хэргийн талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн тайлбар хийлээ. Тэрбээр “Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боон амь насаа алдсан байдалтайгаар олдсон. Болсон үйл явдалд Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно” гэлээ. Мөн тэрбээр “Хорих ангийн дотоод журам, цагдан хорих байрны дотоод журамд техникийн болон биечилсэн хяналтыг тавьдаг. 461 дүгээр ангид тухайн явдал болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Хэрэг болсноос хойш албаны дотоод шалгалт явагдаж байгаа. Хяналтын ажилтнууд, давхрын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа эцэслэгдэж шийдэгдэнэ. Цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-аас шалгалтыг хийж байна. Өрөө бүрт камертай. Тухайн давхрын ажилтан нь бүх өрөөний камерт зэрэг хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан 20-30 камерыг ганц дэлгэц дээр хянадаг. Хэрэг гарах үед давхрын харуул болон хяналтын алба хаагч ажлын байран дээрээ байсан. Харин камерын байршлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нэг камераар аливаа өрөөг бүрэн харах боломжгүй” гэсэн юм. Мөн “Цагдан хорих ангийн дотоод журамд сэжигтнийг тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг. Камерын бичлэгээс харахад талийгаачийн сэтгэл санааны байдал анхаарал татахаар байгаагүй” гэдгийг нэмж хэллээ. Түүнчлэн “Талийгаачийг саатуулах хугацаа нь дуусаагүй байсан. 21:40 цагийн үед хэрэг гарсан гэж үзэж байгаа. Тогтоолын хугацаа 00:00 цагт дуусахаар байсан” хэмээн мэдэгдсэн юм.

АР ГЭРИЙНХЭН НЬ ТАЛИЙГААЧИЙГ АТГ-ЫНХАН ДАРАМТАЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

АТГ-ын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч талийгаач эмэгтэйг хүүгийнх нь нэрийг барин айлган сүрдүүлж дарамталсан байж болзошгүй гэнэ. Учир нь АТГ-ын мөрдөн байцаагч хэрэг гардаг өдөр Л.Бямбаагийн хүү Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатыг “Ээжийг чинь хорьчихсон байгаа” хэмээн дуудаж байцаалт авах гэж оролдсон. Тиймээс мөрдөн байцаагчийн дарамтнаас болж талийгаач амь насаа алдсан байх гэж хохирогчийн тал үзэж байгаа гэнэ.

Мөн талийгаач Л.Бямбаагийн бэр Р.Мөнхзул хэргийн талаар “Миний ээж амиа хорлох сул дорой нэгэн биш” хэмээн цахим сайтад ярилцлага өгсөн юм. Түүний ярьсан зүйлийг уншигч та бүхэнд тоймлон хүргэхэд “Асууж тодруулах зүйл байна гэж хэлээд авч яваад амьгүй болгосон улсуудад гомдолтой байна. 48 цагийн хугацааг сунгая гэвэл амралтын өдөр таарах учраас шүүгчийн захирамж гарахгүйг ээж мэдэж байсан байх. Суллагдана гэдгээ мэдэж байсан гэсэн үг. Ийм учраас амиа хорлох үндэс байхгүй. Шөнө дөрвөн цагийн үед бөөн юм болж байж, манай нөхрийн дүү орж уулзаад “Ээж 21:40 цагийн үед өнгөрсөн байна. 15:00 цагт бүртгэлд хамруулахад зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна” гээд уйлаад гараад ирсэн. Энэ бол яавч амиа хорлолт биш. Сүүлд сонсоход ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Нэг бол тэр хооронд шахаж дарамталсан, үгүй бол хоолонд нь элдэв зүйл хольсон гэж би хардаж байна. Үнэхээр гомдолтой байна” гэх утга бүхий ярилцлага өгсөн байв.

ШҮҮХ Ш.МӨНГӨНШАГАЙ НАРЫГ ХОРИХООС ТАТГАЛЗЖЭЭ

Талийгаач Л.Бямбаатай хамт Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Ш.Мөнгөншагай нарын дөрвөн хүнийг саатуулан шалгасан гэдгийг АТГ-аас мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас ирсэн цагдан хорих хүсэлтийг хянан хэлэлцжээ. Шүүхээс Ш.Мөнгөншагай нарыг хорих үндэслэлгүй байна хэмээн үзжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөхгүй байгаа МАн, Ан-ын эрх мэдэлтнүүд хэн бэ

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод удаагүй байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж уулзсан юм. Тэрбээр Хөгжлийн банкны зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу өнөөдөр танилцуулахыг үүрэг болгосон юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой олон хэргийг АТГ-т шалгаж байгаа билээ. Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэг нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр байгуулсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус банкийг шалгаад хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай танилцуулж байсан. Тэд Хөгжлийн банкийг үүсгэн байгуулагдсанаас хойших хугацаанд татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, зарцуулалт, хэрэгжилт зэргийг шалгасан гэдгээ тухайн үед мэдэгдэж байсан. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй байгаа юм. Тус банкны чанаргүй зээл 13.9 хугацаа хэтэрсэн зээл 70 орчим хувь байна. Хэчнээн хэмжээний зээл өгсөн, хэн хэн авсан, Засгийн газар хэдий хэмжээний баталгаа гаргаж өгсөн бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Ингэж байгаад хэлэлцэх нь зөв. Хөгжлийн банкны нийт зээлийн 84 хувь нь асуудал дагуулж байна. Тиймээс энэ мэдээллийг гаргаж өгөөд хэлэлцмээр байгаа юм” хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой маш ноцтой асуудлыг УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Нийт зээлийн 84 хувь нь эргэн төлөгдөхгүй байдалд байгаа нь тодорхой болоод байгаа. Тэгвэл “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил тухайн үед илэрч байсан. Ямар хүмүүс зээл авчихаад эргүүлэн төлөхгүй байгаа гэдгийг уншигч та бүхэнд хүргэж байна.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС БАТЛААГҮЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

2015 онд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт шалгалт хийж байжээ. “Чингис” бондыг авахад үйл ажиллагааны зардалд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк 5.4 сая ам.доллар төлсөн байна. Гэтэл үүнээс хорь гаруй хоногийн дараа Засгийн газрын тогтоолоор бондын зардалд дахин 5.4 сая ам.долларыг гаргуулжээ. Төсвийн тухай хууль зөрчиж, нэг ажлын үйл ажиллагааны зардлыг хоёр удаа төлсөн энэ зөрчилд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй гэнэ. “Самурай” бондын 290 сая ам.долларыг авахдаа нийт зээлийн 20 хувь буюу 55.7 сая ам.долларыг зээлийн зуучлалын хөлс, хүүгийн төлбөрт шууд суутгуулсан байна. “Чингис” бондын нийт санхүүжилтийн 50 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй автозам барих, “Гудамж” төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан гэж үзжээ. Нийт бондын хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан нь ойрын жилүүдэд төсөвт асар их дарамт учруулах эрсдэлтэй гэдгийг ҮАБЗ 2015 онд зөвлөмжөөр Засгийн газарт хүргүүлж байсан удаатай гэнэ. Гэвч үүнийг үл тоомсорлож байсан нь Хөгжлийн банкийг өнөөгийн хүнд байдалд хүргэснийг сүүлд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Мөн Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газраар батлуулаагүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг ноцтой алдаа гаргадаг байсныг шалгалтын дүн харуулав. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг хууль бусаар гаргасан гэнэ. Мөн Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл дур мэдэн олгосон байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 10.1 дэх хэсэгт заасан УИХ-аас шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсны дагуу санхүүжүүлэх ёстой үндсэн чиг үүргээ зөрчсөн үйлдэл болжээ. Мөн зээл олгох шийдвэрийг Засгийн газар бус Хөгжлийн банкны Зээлийн хороо хуульд заасан нэгжүүдийн саналыг үндэслэн гаргах заалтыг ч зөрчсөн гэнэ.

13 ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ЮУНААС ҮҮСЭВ

“Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болжээ. Мөн Монголбанкнаас шаардсаар байхад нь биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Хаан банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар зориулжээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна. Бас Таван толгойн цахилгаан станц, төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар төсөвлөн баталсан гээд өндөр дүнтэй мөнгө яригдаж байна. Дээрхээс гадна төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн байдал баримтаар харагдаж байна. Зөвхөн цалингийн зардлын хувьд гэхэд нэг сая 484.800 ам.долларыг давхар тооцжээ. “Амгалан” дулааны цахилгаан станцын төсөлд Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэлх хугацаанд гурван удаа гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгожээ.

ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

Хөгжлийн банк 2012 оноос эхлэн санхүүжилт олгож эхэлсэн байна. 2016 оны байдлаар гэхэд нийт 5.373.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт олгосон зээлийг эргэн төлөгдөх нөхцөлөөр нь авч үзвэл улсын төсвөөс төлөгдөх төсөл, арга хэмжээ нь 54 хувь буюу хамгийн өндөр дүнтэй байна. Мөнгөн дүнгээр 2.679.9 тэрбум төгрөг ажээ. Төслийн орлогоос эргэн төлөгдөх шууд олгосон зээл нь нэг 1.483.7 тэрбум төгрөг гэнэ. Харин арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл нь 1.209.8 тэрбум төгрөг байна.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээг салбараар танилцуулъя.

Авто зам: 114 төсөлд 1.157.4 тэрбум төгрөг,

Гудамж төсөл: 95 төсөлд 134.3 тэрбум төгрөг,

Инженерийн дэд бүтэц: 68 төсөлд 349.4 тэрбум төгрөг,

Цахилгаан, хий, уур, агааржуулалт: таван төсөлд 349.4 тэрбум төгрөг,

Уул уурхай: хоёр төсөлд 5.5 тэрбум төгрөг,

Төмөр зам: нэг төсөлд 347.1 тэрбум төгрөг,

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 80.0 тэрбум төгрөг,

Боловсруулах үйлдвэрлэл: нэг төсөлд 7.9 тэрбум төгрөг,

Санхүүгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 2.7 тэрбум төгрөг,

Улсын төсвөөс шилжин ирсэн төслүүд (авто зам, дэд бүтэц, бусад): 57 төсөлд 254.1 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

ТӨСЛИЙН ОРЛОГООС 1.483.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ШУУД ЭРГЭН ТӨЛӨГДӨНӨ

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн шууд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нь 1.483.7 тэрбум төгрөг байгаа аж. Энд нийтдээ төрийн өмчит болон хувийн хэвшлийн 16 компанийн нэрсийг жагсаажээ. Хэн, хэн хэдэн төгрөгийг ямар төсөлд санхүүжилт хэлбэрээр зээлснийг сонирхуулъя.

1. “Монголын төмөр зам ТӨХК шинэ төмөр зам” төсөлд 14.3 тэрбум төгрөг,

2. “ДЦС-4 “ТӨХК- хүчин чадал нэмэгдүүлэхэд 19.2 тэрбум төгрөг,

3. Эрчим хүчний яам-“Амгалан” дулааны станц барихад 3.0 тэрбум төгрөг,

4. “Мон-Лаа” компани-Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэлдээ 5.6 тэрбум төгрөг,

5. “Эрдэнэс Таван толгой” ХК- 372.2 тэрбум төгрөг,

6. “Багануур” ХК- Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд 18.6 тэрбум төгрөг,

7. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ- Геологийн төв лабораторидоо 0.4 тэрбум төгрөг,

8. “Кью Эс Си” ХХК- Төмөртэй ордоос Хандгайт хүртэлх төмөр замд 133.7 тэрбум төгрөг,

9. “МИАТ” ТӨХК- Тээврийн үйл ажиллагаанд 152.6 тэрбум төгрөг,

10. ТОСК Буянт-Ухаа-1, 2, аймаг бүрт 1000 айлын хөтөлбөр, Шинэ яармаг орон сууцны хороолол, барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор-292.0 тэрбум төгрөг,

11. “Пи Ай ЭМ ЭМ” ХХК- Яармагийн гүүрний хажуу дахь орон сууцны хороолол-24.9 тэрбум төгрөг,

12. “МАК Цемент” ХХК Хөх цавын цемент – 133.2 тэрбум төгрөг,

13. “Монполимет” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-126.6 тэрбум,

14. “Эрэл” ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл- 70.4 тэрбум төгрөг, АН,

15. “Бэрэн групп” ХХК -Барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 32.0 тэрбум төгрөг, АН,

16. “Хөтөл” ХХК- Хөтөлийн цемент үйлдвэрлэл төсөлд 84.8 тэрбум төгрөг.

АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛАН 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Хөгжлийн банк нь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны 11 банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 13 хөтөлбөрийн 1619 төсөл хэрэгжүүлэгчид 1.2 их наяд төгрөгийн зээлийг олгожээ. Эдгээр банкуудаас Голомт банкаар хамгийн их буюу 397.2 тэрбум, Худалдаа хөгжлийн банкаар 318.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Энэ дүн нь нийт дамжуулан зээлийн 60 хувьтай тэнцэх ажээ. Энэ хоёр банкнаас зээл авсан компаниудыг танилцуулъя.

Худалдаа хөгжлийн банкнаас дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд:

1. “Баатарууд тэнгэр” ХХК-Мах хөтөлбөрийн хүрээнд 7.0 тэрбум төгрөг

2. “Баатрууд тэнгэр” ХХК –ЖДҮ-ийн зээлийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

3. “Дархан мийт фүүдс” ХХК-Экспортыг дэмжих, импортыг орлох 300 тэрбум төгрөгийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,

4. “Дархан мийт фүүдс”-Мах хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг,

5. “Макс хотелс” ХХК, “Макс ложинг” ХХК АСЕМ-ийн хүрээнд нийт 27.0 тэрбум төгрөг,

6. “Монос групп” ХХК экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.9 тэрбум төгрөг тус тус авсан байна.

Голомт банкаар дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд гэвэл

1. “Номадс резиденс” ХХК – АСЕМ-ийн хүрээнд 13.5 тэрбум,

2. “Эхийн шүүдэр” ХХК-экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг,

3. “Сүү ХХК”-Голомтын таван салбарын зээлийн хүрээнд 6.0 тэрбум төгрөг тус тус авчээ.

Зээл авсан МАН, АН-ын гүшүүдийн нэрс

Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 он хүртэл тооцоолжээ. Нийт зээлийн эргэн төлөлт 2017 онд 1.654.4 тэрбум төгрөг, 2022 онд 16664.7 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй жилүүд байхаар байгаа гэнэ. 2016 оны наймдугаар сарын 16-ны байдлаар олгосон зээлүүд 2016-2024 онуудад нийт 5558.6 тэрбум байхаар тооцжээ.Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд зээлийн 59 хувийг төрийн өмчит компаниудад олгосон бол үлдсэн 41 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Үүнээс 17.5 хувь буюу 259.8 тэрбум төгрөг нь МАН-ын гишүүдтэй холбоотой байгаа юм. Харин 23.3 хувь буюу 345.8 тэрбум төгрөг нь АН-ын гишүүдтэй холбоотой ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гишүүн Л.Элдэв-Очир нарын хувь эзэмшдэг гэгдэх “Эм Си Эс” групп 385 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан аж. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” компани 122 тэрбум төгрөг, “МАК цемент” 110 тэрбум төгрөг, С.Бямбацогтын “Нью прогресс” групп 10.3 тэрбум төгрөг, Сү.Батболдын “Чингис” зочид буудал 9.4 тэрбум төгрөг, Ж.Энхбаярын “Дархан нэхий” ХХК 14 тэрбум төгрөгийн зээлийг тус тусдаа авсан байдаг аж. Эндээс эхлэн МАН-ын гишүүдийн Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”, “Самурай” бондуудын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийн нэрс цаашаа цувардаг байна. Харин Ардчилсан намаас гэхэд Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нараас эхэлдэг. “Монроуд” компани 45.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компани УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарынх гэдгийг иргэд мэднэ. АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай. “Хурдны зам” компани 68.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Компанийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, түүний эхнэр Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа нар эзэмшдэг. И.Нарантуяа нь АН-ын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд одоогоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Хурдны зам” компани Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэл, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан мөрдөн байцаагчдыг цагдан хорьсон гэв үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийн гүйцэтгэгчид. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нарыг шалгаж эхэлсэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр хоригдож байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдгээ анх мэдэгдсэнээр энэ хэргийг үйлдэгчид тодорхой болсон гэх ойлголт нийтийн дунд бий. Энэ нь ч үнэний ортой гэдгийг албаны эх сурвалжуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан ярианаас тодорхой харагддаг. Тэгвэл сүүлийн үед С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тодруулбал, хэргийг анх хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн Ц.Амгаланбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэнэ.

Энэ талаараа Хууль зүйн сайд Ц.Нямдоржид захидал хүртэл бичсэн байна. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт худлаа мэдүүлэг өгсөн. Хэргийг шалгасан тагнуул болон бусад мөрдөн байцаагч миний өгөх мэдүүлгийг зааж өгдөг байсан. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт буруугүй. Тэднийг хилс хэрэгт гүтгэсэндээ харамсаж байна” гэх утга бүхий захидлыг холбогдох албаныханд хүргүүлсэн гэнэ.

Өөр нэг эх сурвалжийн өгсөн мэдээллээр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид Ц.Амгаланбаатарыг айлган сүрдүүлж, өгөх мэдүүлгийг үг бүрчлэн зааж өгдөг, түүнийг нь бэхжүүлэн авдаг байсан талаар болон мөрдөн байцаагчдын нэрийг маш тодорхой дурдсан захидал ирүүлсэн гэнэ.

С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААСАН ГЭВ

Ц.Амгаланбаатарын захидалтай холбоотойгоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин задарч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Өнгөрсөн сарын сүүлчээр буюу /2019.01.24/ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэр төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгасан Ажлын хэсгийг тараах чиг үүрэг өгсөн гэнэ. Сайд ажлын хэсгийг ямар шалтгаанаар тарааж байгаа талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэж байсан мөрдөн байцаагчид ажлаасаа халагдсан, Тагнуулын ерөнхий газар болон Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, нэр бүхий хурандаа нар мөн ажлаасаа халагдсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад буй.

Энэ талаар холбогдох албан тушаалтнууд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа юм. Өөр ноцтой мэдээлэл нь ажлаас халагдсан ТЕГ-ын мөрдөх албаны ажилтнуудаас гурван хүнийг сар шинийн баярын өмнөхөн Цагдан хорих төвд 48 цаг саатуулсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч нарыг цагдан хорьсон асуудалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Л.ЖАВЗМАА: Ц.АМГАЛАНБААТАР МИНИЙ ХҮҮД ТА НАРЫГ ХУДЛАА ХЭРЭГТ ГҮТГЭСЭН ГЭДГЭЭ ХЭЛНЭ. ХЭРГИЙН ТАЛААР ҮНЭНИЙГ ДЭЛГЭНЭ ГЭЖ ХЭЛСЭН ГЭСЭН

Харин энэ асуудлаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай холбогдож сүүлийн үед гараад байгаа мэдээлэлтэй холбоотой асуудлаар тодруулахад “Би хүүгээ хилс хэрэгт хэлмэгдэж байгаа гэдгийг баримттайгаар удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан. Ц.Амгаланбаатар өгсөн мэдүүлгээсээ буцсан талаар надад ямар нэгэн мэдээлэл алга байна. Харин саяхан миний хүүг эхнэр, хүүхэд нь эргэж очсон. Тэр үеэр Ц.Амгаланбаатар миний хүүг ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгааг харсан гэсэн. Тэгээд “Ахаа, танай хүүхдүүдийг хараад би бүх юмыг ойлголоо. Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. Надад тийм л зүйлийг хүү минь ярьсан” гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдаас С.Зориг агсны хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараах болсон асуудлаар асуулга тавьсан байдаг. Тэгвэл энэ талаар түүнтэй утсаар холбогдож тодруулахад “Энэ талаар надад тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Ц.Амгаланбаатар үнэхээр өгсөн мэдүүлгээсээ буцсан бол үүнийг шалгах ёстой” гэсэн хариулт өглөө.

Г.ЭРДЭНЭБАТ: НЭГ ЯЛТАН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭЛ ӨГСНӨӨР СҮҮЛИЙН ҮЕД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨСӨН ЮМ ОГТ БИШ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар нь ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэргийн талаар манай сонинд өмнө нь ярилцлага өгч байсан. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Энэ хэрэг 2018 онд эцэслэн шийдэгдэх эсэх дээрээ тулж ирээд байна. Гэхдээ нэг ялтан хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгснөөр сүүлийн үед болж байгаа үйл явдал өрнөсөн юм огт биш. Хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн ажлын арга барил, хэргийг шалгаж, ажиллагаанд ач холбогдол өгсөн байдлаас гол асуудал эхэлсэн байдаг юм. Өнөөдөр хүмүүс энэ хэргийг илэрсэн шалтгаан нь нэг ялтан мэдээлэл өгөнгүүт бүх зүйл ар араасаа ундарсан юм шиг ташаа ойлгоод байгаа юм. Тийм биш гэдгийг онцолж хэлмээр байна. Зарим мэдээлэлд ач холбогдол өгч шалгасан үеэс асуудлыг ярих нь зүйтэй юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан, шалгаж байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ хэрэгт нэлээд хүч анхаарал тавьж ажилласан үеэс хэрэг шалгах ажиллагаанд өөрчлөлт гарч, хэрэг илрэхэд ахиц гарсан. Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан.

Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа гэдэг хүн санамсаргүй байдлаар энэ хэрэгт холбогдсон гэдгээ хуулийн байгууллагад бичгээр тайлбар хийж өгсөн. Хэрэг үйлдсэн хүнээс өөр мэдэх боломжгүй зүйлийг тэр мэдүүлсэн байдаг. Тэр хүн хэрэг гарах үед тэнд байгаагүй юм бол хэргийн талаарх тийм нарийн зүйлийг яаж мэдэх юм бэ. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт эмээгээ хараад хүүхдүүдтэйгээ байсан гэж ярьдаг.

Гэтэл Т.Чимгээ тэнд байгаагүй. Харин хүүхдүүд нь тэнд байсан нь тогтоогддог. Мөн Б.Содномдаржаа цэрэгт явчихсан байсан гэх асуудал гарч ирсэн. Цэрэг татлагын комисст түүний нэр байдаггүй. Хөдөө хадлан дээр байсан гэж яриад байгаа. Энэ нь юугаар ч нотлогдоогүй. Харин эсрэгээрээ Улаанбаатар хотод байсан нь нотлох баримтаар тогтоогдсон” хэмээн ярьж байсныг энд дахин дурдъя.

Албаны хүн ийн ярьсан ч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин задарч, бүр хэргийг шалгаж байсан мөрдөгчид ноцтой алдаа гаргаж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Шинээр байгуулсан ажлын хэсэгт цагдаагийн чадварлаг, залуу олон мөрдөгч багтсан гэх мэдээлэл ч байна.


Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар Салхитын мөнгөний орд газраас болж Арбитрын шүүхэд дуудагдах уу

-ХУУЛЬЧИД САЛХИТЫН ОРД ГАЗРЫГ ЭРГҮҮЛЭН АВАХДАА ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛИЙГ БУРУУ АШИГЛАСАН ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрын маргаантай асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг хоёр хуваасан гэгдэх хятадууд дээрх орд газрыг булаацалдаж байгааг Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртэл мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Засгийн газар шинэ оны өмнө буюу өнгөрсөн сарын сүүлчээр Салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг цуцалж байгаагаа мэдэгдэж, төр тус газрыг эрх мэдэлдээ эргүүлэн авсан. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Тагнуул, Цагдаагийн тусгай, Дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт тус аймгийн прокурорын хяналтан дор тусгай ажиллагаа зохион байгуулж, тус аймгийн Гурван сайхан сумын нутагт байрлах Зүүн болон Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан юм. Тагнуулын ерөнхий газрын баг өмссөн тусгай албаны ажилтнууд уурхайн хамгаалалтын ажилтнуудыг газар хэвтүүлэн дотогш нэвтрэхийг завдаж байгаа сүрдмээр бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тарж, улмаар ЗГХЭГ-ын дарга, Г.Занданшатар “Салхитын мөнгөний ордыг эзэмшигчид Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчиж, олборлолтын сорьцын мэдээллийг багасгаж худал мэдээлсэн, мөн татвараа нуун дарагдуулсан, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тул ийнхүү Монгол Улс дээрх ордоо төрийн мэдэлд буцаан авч, олборлолтын лицензийг нь хүчингүй болгож байна” хэмээн мэдэгдсэн.

Засгийн газар, албаны эх сурвалжууд “Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байсан “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Мөн орд газрын эрх шилжүүлж, бусдад худалдахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй” хэмээн мэдээлж буй. “Жи Пи Эф” ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага арга зүйн газраас 2015 оны долдугаар сарын 7-ны өдрөөс есдүгээр сарын 17-ныг хүртэл хяналт хийсэн байдаг. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна. Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж, Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг “Жи Пи Эф” ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт ““тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг” хэмээн мэдэгдсэн.

Товчхондоо, ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзсэн. ингээд Засгийн газар дээрх хуулийн дагуу арга хэмжээ авч, Салхитын мөнгөний орд газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Г.ЗАНДАНШАТАР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДАВХАР АЙЛГАЖ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ХОЁР ДАХЬ УДААГАА ГАЙ ТАРИВ УУ

Засгийн газар Салхитын мөнгөний орд газрын төрд эргүүлэн авсан асуудалтай холбоотой олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлээд байна. “Төр төмөр нүүрээ харуулах нь зөв. Хятадуудын орд газрыг авсан нь зөв” хэмээн дээрх тусгай ажиллагааг сайшаан магтах нэгэн байхад “Засгийн газар хууль зөрчиж, тусгай ажиллагаа явууллаа. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс болж үргэж байна. Монголын эдийн засаг, уул уурхайн салбарыг энэ үйлдлээрээ хорлож байна. Г.Занданшатар өмнө нь эдийн засаг сэргээд улс орон хөгжих гэж ядаж байхад буруу, алдаатай хууль батлуулж байсан. одоо дахиад л хөрөнгө оруулагчдыг айлгаж, үргээх ажил эхлүүллээ” хэмээн бухимдах хүмүүс ч байна. одоогоос хэдэн жилийн өмнө Гадаад хэргийн сайд асан одоогийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийг санаачлан батлуулж байлаа. Тус хуульд, уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, банк санхүүгийн байгууллагын 49-өөс дээш хувийг гадны байгууллага эзэмшихээр болж, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийхээр болбол Засгийн газар, УиХ-аас заавал зөвшөөрөл авахаар тусгаж өгөөд байв. чөлөөт зах зээлийн харилцаанд шууд байдлаар хориг тавьсан уг хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дөлж эхэлсэн байдаг. ингэж 2012 оны тавдугаар сард батлагдсан хууль 2013 оны аравдугаар сард цуцлагдах хүртлээ эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг царцанги байдалд оруулсныг олон улсын шинжээчид төдийгүй эдийн засагчид өнөөг хүртэл ярьдаг. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын олонх нь тухайн үед манайхаас нүүр буруулж, Канадыг зорьсноор багагүй хөрөнгө оруулалтыг монголчууд алдсан гэхэд буруудахгүй.

Ж.Билгүүн: ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛИЙГ БУРУУ АШИГЛАСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Салхитын мөнгөний орд газрыг төр засаг эргүүлэн авсан нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн асуудал нийгэмд үүсээд байгаа. Энэ талаар Хуульч Ж.Билгүүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр салхитын мөнгөний орд газрын ашиглалтын лицензийг Засгийн газраас цуцалсан. ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзсэн гэсэн. Засгийн газар хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн асуудал яригдаж байна. Үүнийг хуульчид юу гэж үзэж байна вэ?

-ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Тагнуул, Цагдаагийн тусгай, Дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр орд газарт очоод ашиглалтын эрхийг цуцалж байгаа бичлэгийг цахим сүлжээнээс харсан. Хамгаалагчдыг нь сүр дуулиантайгаар газарт унагаж байгаа бичлэг байна лээ. надад ямар үндэслэлээр тус орд газрыг эзэмшиж байгаа компанийн ашиглах эрхийг түдгэлзүүлж байгаа талаар албан ёсны мэдээлэл, бичиг баримт алга. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн” хэмээн үзсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр буруутган, ашиглах эрхийг нь цуцалсан гэх мэдээлэл байгаа. Хуульч хүний хувьд шууд хэлмээр байна. Засгийн газар хуулийг буруу ашигласан. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлтэй байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэдгийг одоо тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус нэмэлт өөрчлөлтөд “Татвараа төлөөгүй, эсвэл орлогоо үнэн зөвөөр нотлоход шаардлагатай баримтуудаа нуун дарагдуулан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэсэн байгаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын мөнгөний орд газарт миний олж мэдсэн мэдээллээр Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Мөн орд газрын эрх шилжүүлж бусдад худалдахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй. Тус компанийн 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газраас 2015 онд шалгалт хийсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаас хоёр жилийн өмнө шалгалт хийж, зөрчил илрүүлсэн гэсэн үг. Мэдээж тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу арга хэмжээ авсан байх. Тэгэхээр 2015 онд төлөөгүй татвартай холбоотой асуудалд 2017 оны хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг хэрэглэж, 2018 онд Ашиглалтын лицензийг цуцалж болохгүй. Ямар нэгэн хууль шинээр батлагдахдаа тухайн цаг үеэс эхлэн мөрддөг. Өөрөөр хэлбэл, өмнөх асуудлыг тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар шийдэх ёстой. Тус орд газрыг эзэмшиж байгаа компанийн эзэд үүнийг үндэслэл болгоод шүүхэд хандахад Засгийн газар буруудах магадлал маш өндөр.

-Шүүх Засгийн газрын эсрэг шийдвэр гаргавал яах вэ?

-Шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгочихвол тухайн компанид хохирол төлөх асуудал ч үүснэ. Мөн манай улс БНХАУ-тай байгуулсан гэрээ бий. Дээрх асуудалтай холбоотой маргаан олон улсын арбитрын шүүхэд харьяалагдана. Тэгэхээр Засгийн газар Салхитын орд газартай холбоотой асуудлаар Арбитрын шүүхэд ч дуудагдаж болох эрсдэл бий болоод байна. Арбитрын шүүхэд ялагдвал маш том асуудал араасаа дагуулж, их хэмжээний мөнгө улсын төсвөөс нөхөн төлбөрт гарна гэж ойлгож болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал

ЭХ СУРВАЛЖИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ


Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт шунасан хятадуудын хоорондын тэмцэл ил цагаандаа гараад байна. Тэд манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнуудыг хоёр талд хуваан гартаа атгажээ. Тэд нэгнийгээ дийлэхийн тулд нөгөөхөөрөө хууль бус үйлдэл хийлгэж, мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг ч хэлмэгдүүлэн хөлдөө чирэх болжээ. Салхитын мөнгөний ордын хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас эхлээд одоо удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дарга нар хүртэл орооцолджээ.

Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс АТГ-ын мөрдөн шалгах албаны алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган шалгаж байна. Цагдаагийн генерал гар бие оролцсон хэргийг АТГ-дээр биш, Эрүүгийн цагдаа голчлон шалгаж байгаа нь хэт нэг талд үйлчилж байна уу гэх хардлага төрүүлээд байгаа гэнэ. Монголын нэр бүхий цагдаагийн хурандаа нараас эхлээд Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан холбогдсон хэргийн талаар Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайж сурвалжиллаа. Уншигч та бүхэнд Салхитын мөнгөний орд яагаад маргаан дагуулах болов, юунаас болж хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт оролцох болсон зэргээс эхлээд хууль хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгааг хүртэл болсон үйл явдлыг хөдөлшгүй баримт бүхий дэс дараалалтайгаар хүргэж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Шаравын Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байна. Мөн дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар нарыг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Хурандаа Ч.Болдбаатарыг Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр 48 цаг саатуулсан нь үнэн гэнэ.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ГАЗАР ХҮН ХҮНИЙ ГАР ДАМЖИН ЗАРАГДСАН ТҮҮХ БУЮУ ХУУРАМЧ ГАРЫН ҮСЭГНИЙ ХЭРЭГ

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байсан гэнэ. Тэд 2010 онд “Жи Пи Эф” гэх нэртэй компани байгуулжээ. Ш.Мөнгөншагай тус компанийн мэдэлд байх Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшиж байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай БНХАУ-ын иргэн холбогдож эхэлсэн байна. БНХАУ-ын иргэн Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авах саналыг тавьсан гэх. Үүнийг Ш.Мөнгөншагайд Г.Жаргалан хэлж байжээ. Ингээд ордоо зарахаар болж мөнгө төгрөгөө өгч авалцсан байна. Ш.Мөнгөншагай орд зарах үйл ажиллагаанд огт оролцоогүй үлдсэн гэнэ. “Жи Пи Эф” гэх нэртэй компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар зурж, “Жи Пи Эф” компанийн хувьцаа, худалдан авах гэрээ, эрх шижлүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн байжээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гэх огноогоор дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Бүр улсын бүртгэлд бүртгүүлж, хятад иргэний гар дээр очжээ. Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авсан хятад үйл ажиллагаа явуулах гэсэн боловч өөрийн гэсэн компани байхгүй байсан гэнэ. Тиймээс манай улсад зургаан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “Си Си Эм Икс” компанийн захирал нутаг нэгтэн Жин Жиа Минтай холбогдож хамтран ажиллаж эхэлжээ. Ингэж л анх Салхитын мөнгөний орд газар хятадуудын гарт очсон гэнэ. Хятадууд уурхайг эрх мэдэлдээ авсны дараа маш хурдацтайгаар уурхайн үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Уурхайн хөрс хуулалтын ажил хийгдэж, мөнгөний агууламжтай хүдэр олборлож эхэлсэн байна. Олборлосон хүдрээ Говьсүмбэр аймгийн Чойрын өртөө хүртэл хүнд даацын автомашинаар зөөвөрлөдөг. Чойрын өртөөн дээрх Гаалийн хяналтын бүс бүхий хашаанаас вагонд ачиж, БНХАУ руу хил давуулан худалдах болжээ. Мөн уурхайн дэргэд БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттайгаар баяжуулах үйлдвэр барьсан гэнэ. 100-300 хүн ажиллах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрт олон арван хятад ажилчин ажиллах гэж байна гэх мэдээлэл одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан. Салхитын мөнгөний орд газар нь 400 гаруй сая мөнгөний хүдрийн нөөцтэй. Гэхдээ манай улсад байхгүй өндөр агууламжтай мөнгөний орд газар гэдгийг Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтнүүд онцолж байсан. Мөн тус уурхай алтны нөөцтэй гэнэ.

ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ Ш.МӨНГӨНШАГАЙГИЙН ГАРЫН ҮСГИЙГ ХУУРАМЧААР ЗУРСАН ГЭДГИЙГ ТОГТООЖЭЭ

Салхитын мөнгөний орд газрын эзэн Ш.Мөнгөншагай гэгч “Миний гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар үйлдэж, “Жи Пи Эф” компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус аргаар авсан байна” гэх утга бүхий өргөдөл гомдлыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “Жи Пи Эф” компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх ч хятадуудыг хуурамч гарын үсэг зурж, Салхитын мөнгөний орд газрыг хууль бус аргаар авсан байна гэдгийг тогтоожээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн газар биелүүлж, “Жи пи эф” компанийн хувьцаа эзэмшигчээр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бүртгэжээ. Улсын дээд шүүхээс дээрх шийдвэр гарсны дараа “Жи Пи Эф” компанийн 40 хувийг хувьцаа эзэмшигч Г.Жаргалан өөртөө байгаа бүх хувьцаагаа Ш.Мөнгөншагайд зарсан байна. Харин Ш.Мөнгөншагай “Амин билэгт” компанитай харилцан тохиролцож, өөрийн 100 хувийн эзэмшилд ирсэн “Жи Пи Эф” компани буюу Дундговь аймгийн Гурвансайханы Салхитын мөнгөний орд газрыг худалдсан аж. Үйл явдал эхлээд ингэж өрнөжээ.

ЭРҮҮГИЙН ЦАГДАА ХЭРГИЙГ ШАЛГАЖ, ДАХИН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛЖЭЭ

Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, Салхитын мөнгөний орд газрын асуудал нэг тийшээ шийдэгдсэн гэж хэлж болохоор байв. Гэтэл “Си Си Эм Икс” компанийн удирдлагууд болох БНХАУ-ын иргэд гараа хамхиад зүгээр суугаагүй байна. Тэд нутаг нэгтэнтэйгээ хамтарч, их хэмжээний мөнгөөр уурхайн лиценз бүхий компанийг хувьцаатай нь хамт худалдаж авсан байдаг. Мөн орд газрын нөөц, мөнгөний агууламж зэрэг нь өндөр, эдийн засгийн хувьд ашигтай болох нь аль ч талаараа тодорхой байдаг. Иймээс Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг энэ асуудалд татан оролцуулах болжээ. Аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаагаас эхлээд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генералаар хүртэл хамгаалалтаа зузаатгах болжээ. Өөрөөр хэлбэл, “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгчээ. Тэрбээр цагдаа нарт монгол залуус биднийг залилан мэхэллээ гэх утга бүхий өргөдөл гомдол өгсөн аж. Цагдаа нар ямар нэгэн далд хүчин зүйл нөлөөлсөн мэт хурдацтай ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ. Гурван шатны шүүхээр хэрэг нь шийдэгдсэн асуудлыг цагдаа нар гэнэт шалгах болсонд цагдаагийн генерал нөлөөлсөн байж болзошгүй байгааг эх сурвалжууд онцолж байлаа. Учир нь хятадуудын талд ажиллаж байгаа генерал Монголын цагдаа нарыг гартаа атгасан, түүний сүр хүч оролцоо их. Хамтран ажиллаж байсан хүмүүс нь одоо ч Монголын цагдааг удирдаж байгаатай холбоотой юм. Улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан “Жи Пи Эф” компанийн захирал Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлтийг БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гаргасан байна. Хэргийг хянаж байсан прокурор хүсэлтийг нь хүлээн авч, дахин шинжээч томилжээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч н.Авидхүү өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна. Энэ хуурамч гарын үсэг биш. Жинхэнэ гарын үсэг байна” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр хуурамч гарын үсэг мөн биш гэсэн маргаан гарч, энэ асуудал удирдлагуудын түвшинд очсон байна. Анх Ш.Мөнгөншагайгийн гарын үсэгт шинжилгээ хийж, хуурамч гэсэн дүгнэлт гаргасан шинжээч тодорхой баримт гаргаж ирэн тайлбар хийх болжээ. Харин н.Авидхүү шинжээч мөн л өөрийнхөө дүгнэлтийг тайлбарлах болжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна. Энэ журмын дагуу (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Тодруулж хэлэхэд, гарын үсэг Ш.Мөнгөншагайгийнх мөн үү, хуурамч байсан уу гэдгээс шалтгаалж, Гурвансайхан сумын Салхитын мөнгөний орд газар хэний мэдэлд очих нь шийдэгдэнэ гэсэн үг.

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хуурамч гарын үсэг зурсан, зураагүй гэх асуудал явсаар Монголын хууль хяналтын байгууллагыг хоёр хуваасан авлигын томоохон гэмт хэрэг болж хувирсан түүхийг уншигч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна. БНХАУ-ын дундаас доод түвшний бизнес эрхлэгчид манай улсын уул уурхайн салбарт орж ирээд тоглолт хийхэд л Монголын төр засаг хууль хяналтын байгууллага хоёр хуваагдаж байгаа нь харамсалтай юм. Манай улсын хууль сахиулах даган мөрдөх байгууллагын дархлаа ямар сул байгаа нь Салхитын мөнгөний орд тойрсон хэрүүл маргаан хууль бус үйлдлүүд, 1.3 сая ам долларын авлигын гэмт хэргээс тод харагдах ажээ. Уншигч та бүхэнд Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Ш. Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг ямар шалтгаанаар цагдан хорих болсон талаар хүргэх болно. Төв аймгийн харьяат Ш.Мөнгөншагай нь уул уурхайн салбарт гар бие оролцоод олон жил болж байгаа нэгэн гэнэ. Харин Г.Жаргалан нь Ш.Мөнгөншагайгийн ойрын холбоотой нэгэн юм байна.

35 САЯ ТӨГРӨГ БА ШИНЖЭЭЧИД ХОРИГДСОН ШАЛТГААН

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, улсын дээд шүүх Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын иргэд Салхитын мөнгөний ордыг хууль бус аргаар авсан байна гэх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэгэн шинжээч Ш.Мөнгөншагайн гарын үсэг биш гэдгийг анх шинжилгээ хийн тогтоосон. Харин “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Үүний дагуу Шүүхийн шинжилгээний хүрээлэн Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэх дээр дахин шинжээч томилуулсан нь н.Авидхүү гэнэ. ШШҮХ-гийн шинжээч н.Авидхүү “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Үүнээс үүдэлтэйгээр шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн хоёр хуваагдаж, зөв буруу шинжээчийн дүгнэлт гаргасан гэх асуудал босч иржээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна.

Энэ журмын дагуу (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж дүгнэлтээ гаргажээ. Шинжээч нар гарын үсгийг нь шинжилж үзээд “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна. Үүнийг хуурамчаар үйлдсэн байна” гэх утга бүхий дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг шинжээч нар гурван удаа шинжилгээнд оруулсны хоёр нь хуурамч гарын үсэг байна гэх дүгнэлтийг гаргажээ. Шинжээч нарын хэлж буйгаар Ш.Мөнгөншагай гэх хүний өмнө нь зурж байсан банкны баталгааны гарын үсэг болон компанийн тогтоол шийдвэр зэрэгт зурсан гарын үсэг, хэрэг шалгагдах үед дахин баталгаажуулах үүднээс авсан гарын үсэг, “Жи Пи Эф” компанийг БНХАУ-ын иргэнд эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээг хийсэн гэгдээд байгаа гарын үсэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт гаргасан нь энэ аж. Тэгвэл ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар ажлаа хийснийхээ төлөө юунаас болж буруудаж, хорих ангид хоригдох болсон бэ гэдгээс дээрх хэргийг зангилаа тайлагдах юм. Магадгүй шинжээч нар ажлаа үнэнч шударга хийснийхээ төлөө хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийн захиалгаар шоронд хоригдож байж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. “Жи Пи Эф” компанийн 60 хувийг эзэмшиж байсан Ш.Мөнгөншагай ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонтой эртний танилууд гэнэ. Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Б.Цолмон ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нар ойрын хамаатнууд аж. Б.Цолмон ойрын хамаатан Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Эндээс үүдэлтэйгээр хэрэг явдал өрнөж, бусдад авлига өгсөн байж магадгүй гэх хэргийн эхлэл тавигджээ.

“АХЛАХ ШИНЖЭЭЧ Э.СОЛОНГО, Ж.ТАМИР, С.СЭЛЭНГЭ НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА” ГЭВ

Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэгэн эх сурвалж бидэнд цөөн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн учир бид нэрийг нь нууцалж ярилцлага авсан болно.


-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор таниас мэдээлэл авах гэсэн юм?

-Энэ хэрэг явдлаас болж манай ШШҮХ-гийн нэр хүнд асар их унаж байна. Нийгэм даяар дуулиан шуугиан тарьж, авлигын үнэхээр том гэмт хэрэгтнүүдийг барьчихсан юм шиг л ойлголтыг олон нийтэд санаатайгаар бий болгоод байгаа нь харамсалтай байна. Нэг гарын үсэг хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг тогтоох асуудалтай холбоотой үүсч байгаа асуудал гэм зэмгүй, үнэн ч шударгаар ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэдгийг онцолж хэлмээр байна. Дундговь аймагт байдаг уул уурхайн орд газартай холбоотой болон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа хэргийн нарийн асуудлыг мэдэхгүй байна. Мэдсэн байлаа ч энэ талаар ярих нь хуулиар хориотой. Гэхдээ болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр нь олон нийтэд хүргэх шаардлага гарч ирээд байна. Хятадууд болон хууль хяналтынхны нэр бүхий албан тушаалтнуудын тэмцлээс болж ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын гурван хүн хохироод байна. Хүний амьдрал, хувь заяатай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгөх шаардлага бий болчихлоо. Мөнгөний орд газартай холбоотой шинжээч нар зөрүү бие биенийхээ дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнээс үүдэлтэйгээр хуулийн хүрээнд гурван шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад өгсөн юм байна лээ. Тэд ажлаа хийснийхээ төлөө нэг ч төгрөг бусдаас аваагүй. Хэн нэгэн ийм дүгнэлт гаргаж өг гэсэн хууль бус үүрэг даалгавар өгөөгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Өнгөрсөн сард гурван шинжээчийг гэнэт баривчилж, саатуулсан байдаг. Одоо Төв аймаг, Зүүнхараагийн хорих ангид саатуулчихсан шалгаж байна. Шинжээч нарыг хорих ангид дарамталсан асуудал ч гарсан байгаа. Хамт хоригдож байгаа хүмүүс “Та нар худлаа дүгнэлт гаргаж хүний хувь заяагаар тоглодог хүмүүс юм байна. Мөнгөтэй хүнд үйлчилдэг юм уу” гэж дарамтлах болсон гэсэн.

-Шинжээч нар мөнгө авч худлаа дүгнэлт гаргасан. Тэр нь баримтаар тогтоогдсон гээд байгаа шүү дээ?

– Ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарт үнэхээр мөнгө төгрөг хэн нэгнээс авсан асуудал огт байхгүй юм байна лээ. Энэ нь ч мөрдөн шалгах ажиллагааны үеэр тодорхой болсон гэсэн. Хамгийн гол нь газрын дарга Д.Адилбаяр хэн нэгнээс мөнгө авсан гэх асуудалтай холбоод л цагдан хорьж шалгаад байгаа гэдгийг хэлмээр байна гэв.

Г.ЦОЛМОН ОЙРЫН ХАМААТАН Д.АДИЛБАЯРТ 35 САЯ ТӨГРӨГ ЯМАР ЗОРИЛГООР ӨГСӨН БЭ

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид Ш.Мөнгөншагай өөрийн танил ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонгоор дамжуулан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн. Д.Адилбаяр нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нараар хуурамч дүгнэлт гаргуулсан байж болзошгүй хэмээн таамаглаж, хэргийг энэ дагуу мөрдөн шалгаж байгаа аж.

Г.Цолмон нь өөрийн хамаатан дэд хурандаа Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэнэ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Г.Цолмон дээрх мөнгийг өгсөн гэдэг нь гүйцэтгэх ажиллагааны үеэр ил болсон гэх мэдээлэл байгаа юм. Д.Адилбаярт мөнгө өгсөн асуудалтай холбоотойгоор Г.Цолмон “Д.Адилбаяр миний ойрын хамаатан. Сүүлийн үед хүнд өвчин тусч эрүүл мэнд тааруу байсан. Үүнтэй холбоотойгоор эмчилгээний зардалд зориулан 35 сая төгрөг өгсөн. Эмчилгээний зардалд зориулж өгсөн асуудал шүү дээ” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгч байв. Мөн Д.Адилбаяр Г.Цолмонгоос авсан мөнгөө хэн нэгэнд өгөлгүй хадгалж байсан бололтой.

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонг саатуулан шалгаж байгаа билээ. Түүнийг дундын зуучлагч байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэдгийг эх сурвалж онцолж байна лээ. Ш.Мөнгөншагай гэх залуугаас авсан мөнгөө өөрийн ойрын хамаатан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт дамжуулан өгсөн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон холбогдсон хэрэгтэйгээ холбоотойгоор “Ш.Мөнгөншагайтай миний бие эртний танил. Надтай уулзаад хятадууд миний гарын үсгийг хуурамчаар зураад Салхитын мөнгөний орд газрыг хууль бусаар авчихлаа. Энэ хэрэгт хэдэн өмгөөлөгч авч ажиллуулж байгаа. Өмгөөлөгч нарын хийж байгаа зүйлс нь миний сэтгэлд таалагдахгүй байна.

Өмгөөлөгч нар хоёр талд үйлчлээд байж магадгүй юм шиг хардлага төрөөд байна. Хятадуудтай нийлээд миний эсрэг ажиллаж байгаа гэх зүйлийг танил маань хэллээ. Чи хуульч хүн байна надад тус дэм бол. Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна” хэмээн надаас хуульчийн хувьд тусламж хүссэн. Ингээд би зөвшөөрч хуулийн зөвлөгөө өгч байсан юм. Надад хуульчийн зөвлөхөөр ажиллуулаад 40 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө миний хуулийн зөвлөгөө өгсөний цалин юм. Ш.Мөнгөншагайд би хуулийн зөвлөгөө үзүүлсэнийхээ төлөө тэдэн төгрөг өгөх ёстой гэж ямар нэгэн мөнгөн дүн хэлээгүй. Тэр өөрөө л 40 сая төгрөг өгсөн. Өөр нэг тодруулж хэлмээр зүйл нь Ш.Мөнгөншагай бид хоёрын дунд хэн нэгэнд авлига өгөх асуудал огт яригдаагүй. Миний ойрын хамаатан Д.Адилбаяр эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Мөн гэр бүлийн байдал ч тогтворгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр үеэл дүүдээ 35 сая төгрөг өгсөн. Үүнийг мушгин гуйвуулж, авлигын хэрэгт холбоод байгаад харамсч байна. Хуулийн байгууллага үнэний талд үйлчлэх ёстой. Цагдаагийн томоохон албан тушаалтны заавраар хэт нэг талыг барьсан ажиллагаа хийгдэж, олон хүнийг хэлмэгдүүлээд байна шүү дээ” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн гэнэ. Эрүүгийн цагдаагийн газраар ахлуулсан ажлын хэсгийн мөрдөн байцаагчид 35 сая төгрөгтэй холбоотой асуудлаар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ гэх хүмүүсийг саатуулан шалгаж байгаа билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэг ч хятад хоригдоогүй, шалгагдаагүй байгаа. Уг нь хятадуудын хууль бус үйлдлээс энэ бүх хэрэг мандсан гэдгийг эх сурвалж онцолж байв.

ШҮҮГЧ, ЦАГДААГИЙН НЭРНӨЛӨӨ БҮХИЙ УДИРДЛАГА ХЯТАДУУДЫГ ХАМГААЛДАГ ГЭНЭ

Салхитын мөнгөний орд газрыг авахын тулд залилангийн гэмт хэрэг үйлдэж байна хэмээн Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан “Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч олон өмгөөлөгч хөлсөлжээ. Энэ талаар цагдаа нарын өгч буй мэдээллээр БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгчийн дотны найз, бизнесийн хамтрагч нь нутаг нэгтэн Ягэх нэртэй хүн байдаг ажээ. Манай улсад нэлээд нэр хүндтэйд тооцогдох хувийн эмнэлгийн эзэн БНХАУ-ын иргэн Ягэх эмч Салхитын мөнгөний ард газрын нууц ноёнтон болоод байгаа гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. БНХАУ-ын иргэн Ягэгч нь авлигын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээс ял сонсож байсан нэгэн юм байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид их хэмжээний авлига өгсөн хэргээр шалгагдаж байжээ. Түүний эмнэлгээр УИХ-ын гишүүд болон сайд, дарга нар, хууль хяналтын байгууллагынхан болоод тэдний гэр бүлийнхэн үйлчлүүлдэг байна. Эмнэлгээрээ дамжуулан олон танилтай болсон гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Янь Улсын дээд шүүхийн шүүгчээр олон жил ажиллаж байсан нэгэн эмэгтэйн ойр дотны танил болсон гэх. Шүүгч эмэгтэйгээр дамжуулан Монголын цагдаагийн нэр нөлөө бүхий удирдлагатай холбогдож ойр дотны найз болсон байна. Үүнээс үүдэлтэйгээр “Си Си Эм Икс” компанийн захирал БНХАУ-ын иргэн Жин Жиа Миний ар талыг цагдааг удирдаж байсан эрхэм бүрэн хариуцах болжээ. Үүнээс үүдэлтэйгээр манай хууль хяналтын байгууллагын нэр бүхий хурандаагаас эхлээд ШШҮХ-гийн алба хаагчид шалгагдаад байгаа гэнэ.

1.3 САЯ АМ. ДОЛЛАРЫГ ИЛРҮҮЛСЭН ТҮҮХ

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг шалгах явцад 1.3 сая ам доллар олдсон. 1.3 сая ам долларыг Монголын нэр бүхий албан тушаалтанд уул уурхайн лиценз худалдаж авахын тулд өгөх гэж байсан. Дээрх хэрэг Салхитын мөнгөний орд газрын хэрэгтэй огт холбоогүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл 1.3 сая ам.долларын хэрэгт Г.Жаргалан, түүний ойрын хамаатан н.Мөнх-Очир нарыг саатуулан шалгаж байгаа гэнэ. Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор Г.Жаргаланг шалгаж байжээ. Гэтэл Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээсэлж байсныг тогтоожээ. Ингээд Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр тус байранд үзлэг хийх үед 1.3 сая ам.доллар гарч ирсэн юм байна. Таван толгойн нүүрсний уурхайн хажууд байх нүүрсний орд газрыг хууль бусаар авах зорилготойгоор 1.3 сая ам долларыг хадгалж байсан. Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар хятадуудаас тэр мөнгийг нь авч, уул уурхайн лиценз олгодог агентлагийн даргад дамжуулан өгөх гэж байсан нь тодорхой болсон байна. Тэд УИХ-ын хоёр гишүүнтэй энэ асуудлаар холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээд байгаа гэнэ. Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Болдбаатар энэ хэрэгт нэр холбогдох болсон шалтгаан нь Г.Жаргалангийн хамаатан гэх мэдээлэл байна. Салхитын мөнгөний ордоос эхлэлтэй Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, зураагүй гэх маргаан явсаар 35 сая төгрөгний авлигын хэрэг болон хувирч, мөн энэ хэрэг дахин салаалж, 1.3 сая ам доллар бусдад авлига өгөх гэж байхад нь илрүүлсэн хэрэг болжээ. Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь тодорхойгүй байгаа юм. Монголын нэр нөлөө бүхий Улсын дээд шүүхэд ажиллаж байсан эмэгтэй, Монголын цагдааг удирдаж явсан хүний хамгаалж, хаацайлж, арыг нь дааж байгаа хятадууд эсрэг талынхныгаа ялан дийлж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.


Categories
мэдээ цаг-үе

О.Алтангэрэл: ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн таmах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн Цэцэд Ж.Энхбаяр, Н.Учрал, Х.Болорчулуун тэргүүтэй УИХ-ын есөн гишүүнийг шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа. Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүдтэй холбоотой хэрэгт хяналт тавих ч юм уу байдлаар хариуцлага тооцсон тохиолдол хэр олон байдаг юм бэ?

-Ардчилсан, эрх зүйт төртэй улс орнуудад төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүх ажилладаг бөгөөд Монгол Улсад энэхүү чиг үүргийг 1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Үндсэн хуулийн Цэц гүйцэтгэдэг билээ. Тийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” хэмээн хуульчлан баталсан. Үндсэн хуулийн Цэц хяналт тавих үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаарх түүх сөхвөл УИХ-ын гишүүнтэй холбоотой хэд хэдэн маргаан бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Манайд Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудалд хяналт тавьж, үнэн зөв дүгнэлт гаргаж байсан туршлага хангалттай бий. Тиймээс иргэн миний бие Үндсэн Хуулийн Цэцэд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр дээрх гишүүдийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаад байна.

-Зээл авсан нь гэмт хэрэг биш гэж мэлзэх нэгэн ч гарч ирж байна…

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшдэг хувийн компаниудын нэр дээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан болох нь илрээд байна. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан хаагч билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авч хувийн ашиг сонирхлоо өөрийг нь сонгосон нийт иргэний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ санхүүгийн давуу байдал үүсгэсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид 30 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэлх жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийг төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд авсан байгаа нь шударга бус явдал мөн.

-УИХ-ын гишүүдийн гаргасан байж болзошгүй дээрх үйлдлийг хуульд хэрхэн заасан байдаг юм бэ?

-Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.1.7-д зааснаар“Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдолд биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдалтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.Мөн УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг ноцтой зөрчиж байна.

-Үндсэн хуулийн Цэцээс дээрх гишүүдийг гэм буруутайг нь тогтоовол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татуулах хүсэлтийг мөн гаргаад байгаа бил үү?

-Энгийн иргэн, төрийн өндөр албан тушаалтан хэн ч байлаа гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар, хууль ёсоор олж авах эрхтэй. Энэ эрх бол шударга бусаар, хууль бусаар ямар нэгэн хөрөнгө олж авахгүй байх үүрэгтэй шууд холбоотой. Нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө иргэд, сонгогчдын хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, завшиж байгаа нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Ийм замаар олж авсан тэдний хөрөнгө шударга (хууль ёсны) байж чадахгүй. Тэдний хувиа бодсон үйлдлийн улмаас хэр олон энгийн иргэн, үйлдвэрлэл эрхлэгч дампуурч болохыг (магадгүй дампуурсан) ухамсарлах чадваргүй, ард иргэдээ гэх энэрэнгүй сэтгэлгүй, ховдог шунахай хүмүүсийг нийт иргэн, улсын ашиг сонирхолд илүү их хохирол учруулахаас нь өмнө эгүүлэн татах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулиар “хувийн аж ахуй эрхлэх”-ийг үндсэн эрх болгон баталгаажуулсан байдаг. Энэ эрхээ эдлэхэд нь төрөөс уг эрхийг хангахуйц эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Төр үүргээ биелүүлж хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй иргэд (аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгч)-д санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх баталгааг хуульчилсны нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль байдаг. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зорилго нь үндэсний эдийн засгийн хөгжлийг хангах явдал юм. Уг зорилгыг биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг нь жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн талаар дэмжиж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээ байдаг. Төрөөс хувийн аж ахуй эрхлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бүрдүүлсэн энэ баталгааг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуй нэгж шударгаар хүртэх ёстой. УИХ-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлахгүй боловч тэд энэ баталгааг хүртэх ёстой бол энгийн иргэдтэй адил нөхцөл, шаардлагыг хангаж, өрсөлдөх шаардлагатай бол шударгаар, ил тодоор өрсөлдөж олж авах ёстой байсан. Гэтэл УИХ-ын нэр бүхий хэдхэн гишүүд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь мянга мянган жирийн иргэний хувийн аж ахуйн эрхлэх санхүүгийн баталгаа, боломжийг булааж байна.

УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монголын нийт иргэнийг төлөөлөн төрийг удирдах эрхтэй ард түмний элч, төлөөлөгч байж чадахгүй гэдгээ батлан харуулж байна. Үүгээрээ ч иргэдийн “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх”-ийг зөрчиж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийг бүх нийтээр сахих үүрэгтэй, аливаа үйл ажиллагаагаа түүнд нийцүүлэх ёстой. Иргэд, сонгогчдын зүгээс нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоосоо түрүүнд тавьж ажиллаж чадна хэмээн итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн ийм ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж Үндсэн хуулийг зөрчиж байгаа тэднийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл мөн гэж үзэж байна.

-Дээрх нэр бүхий гишүүд энэ үйлдлээрээ Үндсэн хуулийн аль аль заалтыг зөрчиж байгааг та тодорхой хэлж өгөх үү?

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нарын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “…шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,…-ийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “МУ-ын иргэн …хөдлөх, … хөрөнгө шударгаар олж авах эрхтэй”, дөрөв дэх хэсэгт заасан “…хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, ес дэх хэсэгт заасан “…төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”, Далдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд … нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн эсэх, энэ үндэслэлээр гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсгэн хянан шийдвэрлүүлэхийг хүсч иргэн миний бие Цэцэд мэдээлэл гаргасан юм.

Хэрвээ Цэц маргаан үүсгэвэл, үүсгэсэн маргаанаа хянан шийдвэрлээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл, энэхүү зөрчил нь нэр бүхий УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах үндэслэл болно гэж дүгнэлт гаргавал, УИХ тэрхүү дүгнэлтийг хүлээж аван гишүүдийг эгүүлэн татвал Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хамгаалсан, нийт иргэдийн ашиг сонирхлыг хангасан, хууль ёс мөрдөгдөж болохыг харуулсан түүхэн үйл явдал болно гэж би хувьдаа итгэж байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Ганболд Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавд дөрвөн сая ам.доллар өгсөн гэх хэрэг АТГ-т шалгагдаж байгаа юу?

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд энэ сарын 11-нд “25 дугаар суваг телевиз”-ийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор орсон. Уг ярилцлагын үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд өөрийнхөө цахим хуудаст “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн бичиж, “NRI LLC” гэх компанийн нэр дээрээс дөрвөн сая ам.долларыг “Голомт” банкаар дамжуулан нэгэн хүний данс руу шилжүүлсэн баримтыг олон нийтэд ил гаргаж байсан асуудлын талаар тэрбээр зарим зүйлийг тодруулан ярьсан юм. Т.Ганболд “Тухайн үед манай компанийн данснаас тэр үеийн Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал.

Тэр утгаараа хамаагүй дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ өнөөдөр хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ сайхан зөв юм ярьчихаад, бодит амьдрал дээр хэрхэн бохир булай юм хийдгийг зах зухаас нь та бид хоёр дурдаж байна. Энэ бол тодорхой хугацааны дараа үнэн зөв нь гараад ирнэ. Үүний талаар ярих боломж хязгаарлагдмал байна. Уучлаарай, тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтан дээр манайхаас дөрвөн сая ам.доллар гарсан гэж гардаг юм. Гарсан нь л үнэн юм чинь. Тухайн үед энэ асуудлыг Х.Тэмүүжин дэлгээд тавихад сөрөг хүчин байсан МАН-ыхан энэ материалыг аваад явсан. Бид олон нийтэд цацаад алаад өгнө гээд явсан. Тэгээ л таг болсон” гэсэн юм. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллага өөрийг нь хилс хэрэгт хэлмэгдүүлж, хөдөө орон нутгийн хорих ангиудад хорьдог байсан, үүнээс болж дарамт шахалтад орсон, улстөрчид хууль хяналтын байгууллагын удирдлагуудад чиглэл өгч хэлмэгдүүлж, айлган сүрдүүлж байсан гэх мэт ноцтой зүйлс ярьсан.

2014 онд Д.Дорлигжавтай холбоотой гэх дээрх асуудал нийгэм даяар дуулиан шуугиан тарьж байсан ч тэгсгээд намжсан юм. Гэсэн ч дахин олон нийтийн анхаарлын төвд ирсэн дээрх асуудлаар АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудлаар шалгаж байгаа эсэхийг тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Аливаа шалгагдаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд мэдээлэл өгдөг” гэх хариулт өгсөн юм. Прокурорын байгууллага ч мөн адил “Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Харин албаны эх сурвалж Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 2014 оны арванхоёрдугаар сарын 28-нд дээрх асуудалтай холбоотойгоор АТГ-т өргөдөл гаргаж, хэргийг шалгуулсан. АТГ түүний өгсөн өргөдлийг шалгаж үзээд “Ямар нэгэн гэмт хэргийн шинж алга” гэх үндэслэлээр хэргийг хаасан. “NRI LLC” гэх компанийн нэр дээрээс дөрвөн сая ам.доллар Ч.Бямбаа гэх хүний данс руу “Голомт” банкаар дамжин орсон байдаг” гэх мэдээллийг өгсөн юм.

Д.ДОРЛИГЖАВ ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР Т.ГАНБОЛДООС АВСАН ГЭХ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ӨРНӨСӨН ХЭРЭГ ЯВДЛУУД

Хууль зүйн сайд асан Х.Тэмжүүжин албан тушаалаа өгөхөөс өмнөхөн цахим хуудастаа жиргэсэн асуудалтай холбоотойгоор тухайн үед ямар үйл явдал өрнөж байсныг тоймлон хүргэе. 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Х.Тэмүүжин энэ талаарх баримтыг анх олон нийтэд дэлгэж байв. Тэгвэл хоёр хоногийн дараа буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Голомт банкнаас “Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан. Бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье. “NRI” компанийн захирал нь “Алтан Дорнод Монгол”-ын Ерөнхий захирал Т.Ганболд билээ. Тэгэхээр энэ хоёр компани нэг хүнээр овоглодог гэсэн үг юм. Одоогоор энэ баримтыг дэлгэсэн Х.Тэмүүжин, гүйлгээг хийсэн Т.Ганболд нар дуугүй байгаа” хэмээн сэтгүүлчид тодруулга өгсөн байдаг.

“ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАР “АЛТАН ДОРНОД МОНГОЛ” КОМПАНИТАЙ ХОЛБООГҮЙ. “NRI” БОЛ ЗӨВХӨН Т.ГАНБОЛД ГЭДЭГ ХҮНИЙ КОМПАНИ”

“Алтан Дорнод Монгол”-ын Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл тухайн үед мөн хэвлэлийн бага хурал зарласан. Тэрбээр “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан Дорнод Монгол” компани хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ дөрвөн сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал тайлбарлах байх. Би бол “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байна” хэмээн мэдэгдсэн. Үүгээрээ тэрбээр уг баримт “Алтан Дорнод Монгол”-той хамаагүй, харин “NRI”-аас тодруулах асуудал гэдгийг тодорхой хэлсэн билээ.

“Алтан Дорнод Монгол”-ын Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл мэдээлэл хийсний дараа өөрийнх нь хамаарал бүхий данс руу дөрвөн сая ам.доллар орсон гэгдээд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа, Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар хамтран мэдээлэл хийсэн юм. Ч.Бямбаа өөрийгөө “Алтан дорнод Монгол”-ын Монгол дахь төлөөлөгч, С.В.Паушокийг орлож, төлөөлж, байсан хүн гэдгээ хурлын үеэр онцолж байсан. Ингээд “С.В.Паушок “Алтан Дорнод Монгол” компанийг 23 сая ам.доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-нд хийн төлбөрийн нөхцөлөө тохирсон. Төлбөрийн эхний нөхцөл хоёр сая ам.долларыг яаралтай шилжүүлэх үүрэг авсан. Би хоёр сая ам.долларыг олохын тулд байнга харьцдаг “Голомт” банкинд учраа хэлэн зээлийн гэрээ хийн хоёр сая ам.доллар аван түүнийгээ шууд С.В.Паушокт төлсөн. Гэтэл энэ үед тус компанийг худалдаж авах өөр хүн гарч ирсэн нь Т.Ганболд байсан. Миний С.Паушокт төлсөн мөнгийг буцаагаад Т.Ганболдын компани төлсөн байдаг юм. Мэдээж төлбөрийг нь төлж байж гэрээгээ хийнэ шүү дээ. Гэтэл энэ төлбөрийг нь өөр зүйлтэй холбож яриад байгаад би гайхаж байна. Хоёрдугаарт, үүний цаана авлига байна гэж яриад байгаа. Тийм зүйл огт байхгүй. Энэ бол цэвэр бизнесийн тэр дундаа хоёр компанийн хооронд болсон өгөө аваа. Нэг ёсондоо “Алтандорнод”-ыг Т.Ганболдын компани худалдаж авсан гэсэн үг. Тиймээс энэ бүх зүйлийг шалгаж үзнэ гэвэл бүх анхан шатны баримтууд нь нээлттэй. Би сая “Голомт” банкаар орж бүх баримт бичгээ гаргуулж авсан. Тухайлбал, 2011 оны тавдугаар сарын 11-нд “Голомт” банкнаас авсан хоёр сая ам.долларыг шууд С.Паушок руу шилжүүлсэн байгаа юм. Дараа нь 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд хоёр сая ам.доллар Т.Ганболдын компаниар дамжиж буцаад манай компанийн дансанд орж ирэхэд нь “Голомт” банк зээлээ шууд суутгаад авсан байдаг. Т.Ганболдын хувьд С.Паушокт 19 сая ам.доллар төлсөн. Үлдсэн дөрвөн сая нь миний төлж байсан зүйлийн үлдэгдэл. Түүнийг л надад эргүүлж төлсөн. Ийм зүйл болсон” хэмээн мэдэгдэж байв.

Хэвлэлийн хурлыг ар араас нь цувруулан хийсний дараа Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн. Үүнээс хойш дээрх асуудал нам гүм болсон түүхтэй. Тэгвэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд энэ асуудлын талаар анх удаа олон нийтийн өмнө ярьлаа. Ингэхдээ гэмт хэргийн шинжтэй ноцтой асуудлыг хөндөн гаргаж ирсэн нь олны анхаарлын төвд дөрвөн сая ам.долларын гэх хэргийг дахин авчирлаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Амарсанаа: Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын эгзэгтэй цаг үед өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Тэр дэвтэрт хамгийн бодит үнэн байгаа

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын он жилүүдэд буюу 1989 онд бичиж байсан өдрийн тэмдэглэлээ тун удахгүй олон нийтэд дэлгэх гэж байгаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зөвхөн “Өдрийн сонин”-д онцгой эрхтэйгээр тэрхүү тэмдэглэлийг хэвлэн нийтлэх эрхийг нь олгосон юм. Уншигчдад 1989 он болоод түүнээс хойших Ардчилсан хувьсгалын он жилүүдэд юу өрнөсөн, хөшигний ард ямар үйл явдал болсон гээд олон сонирхолтой түүхийг унших боломж нээгдэж байгаа юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэлийн талаар Монголд Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцогч анхны 13-ын нэг, анхны цуглаан дээр төр засагт хүргүүлэх 13 зүйл бүхий санамж бичгийг уншиж сонордуулж байсан, “Ардчилал” сонины анхны эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаатай онлайнаар холбогдож ярилцлаа.


Тэрбээр Ардчилсан хувьсгалын талаар хэд хэдэн номыг өөрийн тухайн үед тэмдэглэж байсан тэмдэглэлийг тулгуурлан гаргасан билээ. Тэрбээр өдгөө АНУ-ын Колорадо мужид амьдарч байна.

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Өнтэй сайхан өвөлжиж байна. Монголд энэ жил сайхан өвөл болж байгааг хүмүүсээс сонсоод л байгаа.

-Таныг Монголд Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцогч анхны 13-ын нэг, “Ардчилал” сонины анхны эрхлэгч гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг. Та ардчилсан хувьсгалын талаар хэд хэдэн ном хэвлүүлэн гаргасан байдаг. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Тэгье. 1989 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр юм. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний өмнөх өдөр хотын дугуй зааланд хэдэн төлөөлөгч залуу цугларсан юм. Тэр байр тухайн үед хотын эвлэлийн хорооны байр байсан юм. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд оролцохоор ирсэн 18 аймаг, Эрдэнэт, Улаанбаатар хотын төлөөлөгч нар цугларсан. Тэнд залуус мэтгэлцэж чөлөөт маргаан өрнүүлсэн. Тухайн үед миний бие ангийн найз Баярааг дагаад очсон юм. Тэр үед “Шинэ үе” бүлгэм байгуулагдчихсан байсан цаг. Тухайн үед “Улаан од” сонины сурвалжлагч Ц.Элбэгдорж гээд залуутай танилцсан. Харин би “Хөдөлмөр” сонины сурвалжлагч байсан. Мэргэжил нэгтэй болохоор бусад залуусаас содон санагдаж байлаа. Ингээд залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн ч болж өнгөрсөн. Тэр зөвлөгөөнөөр “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Цаг үеийн шаардлагыг хангаж ажиллаж үнэхээр чадахгүй байна. Нэг намын дуулгавартай зарц болжээ. Тэгэхээр залуучуудын шинэ холбоо байгуулах хэрэгтэй” гээд ярилцаж, бүгд дэмжсэн. Энэ асуудал таг чиг мартагдах шахсан үед Ардчилсан хувьсгалын цогтой тэмцэгч Дарь.Сүхбаатар над дээр ирээд “Нөгөө залуучуудын байгууллага байгуулна гэсэн яасан бэ. Одоо ингээд тараад алга болчихлоо. “Улаан од” сонин руу Ц.Элбэгдорж дээр очих уу” гэсэн. Би ч зөвшөөрөөд бид хоёр Элбэгээгийн ажил дээр очлоо. Батлан хамгаалах яам буюу “Улаан од” сонины газар яваад очсон. Батлан хамгаалах яамны яруу найргийн дугуйлангийн залуус цуглараад өөрсдийнхөө бичсэн шүлгийг уншиж байлаа. Элбэгээ ширээний ард суучихсан шүлгээ уншиж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөд байсан. Бид гурав уулзаад залуучуудын байгууллагаа хурдан байгуулъя гэж ярилцсан юм. Ингээд л Ардчилсан холбоо байгуулагдахын эхлэл тавигдсан түүхтэй. Тухайн үед миний бие тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэгээд МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг үүсгэн байгуулсан өдрөөс эхлэн аливаа уулзалт, хурлуудын тэмдэглэлийг би хөтөлдөг байв. Үүнээс гадна өдрийн тэмдэглэлдээ тэрхүү агуу их үйл хэргийн талаар төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээх, гэрэл зургийн хальсанд тэр өдрүүдийн дүр зургийг буулгаж авахыг ихэд хичээдэг байлаа. Голдуу бичгийн бор цаасан дээр бичсэн уулзалтууд болон хурлын тэмдэглэлүүд, ирцийн бүртгэл, уриалах хуудсууд зэрэг хэдэн хавтас элдэв төрлийн материал бий. МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн хурлууд, уулзалтуудын протокол, хөтөлж байсан өдрийн тэмдэглэл дээрээ үндэслэн 1988 оны арваннэгдүгээр сард улс төрийн “Шинэ үе” бүлгэм байгуулагдсанаас эхлээд 1989 оны арваннэгдүгээр сарын 27-нд чуулсан Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулган хэрхэн чуулсан тухай, мөн МоАХ үүсэн байгуулагдсан арванхоёрдугаар сарын 10–ны цуглаан дээр тунхагласан ардчилсан хувьсгал эрчимтэй өрнөж, улс төрийн өлсгөлөнгийн үр дүнд улс орны дээд удирдлага огцорсон, олон намын тогтолцоо бий болж, анхны чөлөөт сонгууль явуулах, Улсын бага хурал байгуулах зэрэг тохиролцоонд хүрсэн, анхны чөлөөт хэвлэл үүссэн зэрэг 1990 оны зургадугаар сар хүртэлх үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн. Сүүлд нь энэ тэмдэглэл маань “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” нэртэй ном болон хэвлэгдсэн. Мөн “Аниргүйг сэрээсэн Шинэ үе”, “Ардчилсан хувьсгал эхэллээ”, “МоАХ хууль ёсны болов”, “Улс төрийн өлсгөлөн”, “Ардчилсан сонгууль хүрэх амаргүй зам” гэсэн таван бүлэг, 75 хэсэг ном болон гарсан.

-Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын он жилүүдэд буюу 1989 онд бичиж байсан өдрийн тэмдэглэлээ тун удахгүй “Өдрийн сонин”-оор дамжуулан олон нийтэд дэлгэх гэж байгаа. Энэ талаар та дуулсан уу?

-Ц.Элбэгдоржийн 1989 онд Ардчилсан хувьсгал манай оронд ялсан он жилүүдэд өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсныг сайн мэднэ. Гэхдээ өдрийн тэмдэглэл дээрээ яг юу бичиж байсныг уншиж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Сэтгүүлч хүн болохоор өдрийн тэмдэглэл хөтөлсөн байсан. Залуу уран бүтээлчдийн чуулга уулзалт болохоос өмнөх өдрүүдээс эхлээд тэмдэглэл хөтөлж эхэлсэн гэсэн. 1989 онд манайх Таван шард айлын хажууд амьдардаг байлаа. Ц.Элбэгдорж нэгдүгээр хороололд амьдардаг. Ардчилсан холбооны хуралд сууж оролцчихоод орой гэр рүүгээ харьдаг. Тэр үед автобус 23:00 цаг гээд зогсдог. Хурал их орой тарна. Хамгийн сүүлийн троллейбус явах гэж байхад амжиж суудаг үе ч байлаа. Орой болчихсон болохоор зорчигч бараг байхгүй. Тийм ч болоод ч тэр үү, юмаа мартахгүй, халуун сэргэг дээр нь гэдэг байсан уу Элбэгээ дэвтэр дээр юм бичээд л суугаад байдаг байсан. Өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа гээд л болж, өрнөж байгаагийн зүйлсийн талаар, хүмүүсийн хэлсэн үг, шүүмжлэл, магтаал зэргийг тэмдэглээд явдаг байсан. Ардчилсан хувьсгал өрнөж байх үед маш эгзэгтэй үйл явдал олон болсон. Санаачилсан, удирдан зохион байгуулсан 13 хүний хувьд хэцүү цаг үе ч ирж байсан. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн тэмдэглэлийн дэвтэр олон нийтэд хүрнэ гэдэг тухайн үед өрнөж байсан үйл явдлыг хамгийн бодит үнэнээр хүмүүс мэдэх боломж нээгдэж байгаа юм. Хэн, юу гэж хэлж байсан, өргөн барих бичиг, ямар санал оруулах вэ, хэн хамгаалалтад гарах вэ, үймээн самуун болохоос яаж сэргийлж ажиллах вэ, жагсаалд ирсэн хүмүүсийг хэрхэн хяналтдаа байлгах талаар зөв зохистой боловсруулж байсан тухайн үеийн тактик хийгээд төлөвлөгөөг тэр л авч үлдэж чадсан байх ёстой. Цагдаа, хууль хүчнийхэн биднийг ямар нэг алдаа гаргахыг хүлээж байсан. Салбар зөвлөлүүдийг хэрхэн өргөтгөх, хуралдааны үеэр хэн үг хэлэх, ямар утга санаатай үг хэлэх ёстой вэ гээд тэр үед олон ажил хийгдэж байлаа. Тиймээс бид хамгийн зөв хувилбарыг сонгож явах ёстой байсан цаг мөч тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэн үлдсэн байгаа гэж бодож байна. Ц.Элбэгдоржийн тэмдэглэл түүхийн маш үнэт өв гэж бодож байна. Тухайн үед халуун цэг дээр нь бичиж байсан болохоор хамгийн бодитой үнэн тэнд байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын Ардчилсан хувьсгалын цаана юу өрнөж байсан түүхийг дэлгэх нь байна шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, “Босоо хөх монгол” ТББ Гутайн давааг нинжа нараас хамгаалж чадах уу

-“ПЕГМАТИТ МАЙНИНГ” КОМПАНИ БАТШИРЭЭТ СУМАНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛНЫГХИЙХЭЭР БОЛЖЭЭ-

Гутайн давааны “Пегматит майнинг” компанийн лицензийн талбай

Уул уурхайг зөв зохистой ашиглаж чадвал нутгийн жирийн иргэдээс эхлээд сум орон нутаг, цаашлаад улс орны эдийн засагт сайн нөлөөтэй гэдгийг Хэнтий аймгийн Батширээт сумынхан бүрэн ойлгож ухаарчээ. Ийн хэлсний учир нь тус сумын иргэд “Уул уурхайн яам, Байгаль орчин аялал жуучлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар гээд төрийн байгууллагуудаас бүх зөвшөөрлийг нь авчихсан юм бол уул уурхайн ажиллагаагаа эхлүүлэхэд дургүйцэх зүйл байхгүй.

Гол нь энэ их баялаг, алтны орд дээр бидэнд ямар ашигтай байх вэ. Нутгийн иргэдэд чиглэсэн ямар төсөл хөтөлбөрүүдийг хэдэн жилийн хугацаанд хэрэгжүүлэх вэ. Суманд ямар хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж өгөх боломжтой вэ. Ажлын байр бий болгож чадах уу. Цагаан идээ, малын мах зэргийг уурхай хоол хүнсэндээ зах зээлийн үнээр худалдан авччадах юм уу. Бидний тавьж байгаа эдгээр шаардлагыг биелүүлж чадна гэвэл орд газраа ашиглахад татгалзах зүйл алга.

Тэртээ тэргүй нинжа нар нь ирээд ухаж төнхөж байгаль орчин сүйтгэж, биднийг ухсан шороон дээр суусан гуйлгачин болгочих гээд байгаа цаг үед бид энэ асуудалд маш ухаалаг хандах ёстой. Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн сумд хөгжил дэвшил гэдэг зүйлээс хэт хол хаягдаж, лааны гэрэлд урагдсан оймсоо оёод л аж төрж байлаа. Одоо харин байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж эхэлснээр сумын төв нүүрээ угаасан хүүхэд шиг өөрчлөгдөж, нутгийн ажилтай орлоготой болсон иргэд сэтгэл тэнэгэр амьдарч байна. Иймд Гутайн даваа орчмыг ч мөн энэ л жишгээр ашиглуулах ёстой” гэж хэлж байна лээ.

Гүний далд уурхай гадна талаасаа ийм болох гэнэ

Н.БААТАРНЯМ: БИД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ БАТШИРЭЭТ, БИНДЭР СУМАНД БИЙ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Батширээт сумын Гутайн давааны уул уурхайн компаниудтай холбоотой таагүй мэдээлэл олон нийтэд цацагдах болсон. “Байгаль орчинг сүйтгэж, Онон голд цутгадаг Шургадагийн гол улаанаараа эргэж байна. Байгаль орчноо авран хамгаалахын тулд Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Босоо хөх монгол” ТББ-д хандаж, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар Гутайн давааны орд газрын үйл ажиллагааг зогсоохоор ажиллаж эхэлжээ” гэх мэтээр мэдээлэл гарах болсон. Гэтэл газар нутгаа ухуулаад байгаа, байгаль орчноо алтны компаниудад сүйтгүүлсэн гэгдээд буй Батширээт, Биндэр сумынхан энэ хугацаанд нам жим байсан юм. Юуны учир нутгийн иргэд уул уурхайг эсэргүүцэхгүй байсан талаар сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдээр Батширээт сумыг зорьж очлоо.

Онон багийн нутаг Гутайн даваанд уул уурхайн гурван компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Батширээт сумын чанх хойшоо Онон голыг өгсөж Гутайн давааны алтны компаниуд хэрхэн ажиллаж байгаа талаар сурвалжлахаар зорьсон юм. Сумын төвөөс хойш 20 гаруй километр яваад модон гүүр гатлах ажээ. Онон гол өнөө маргаашгүй хөлдөх гээд л уур манан савсуулан мэлмэрэн мэлтэрч, тэртээ холыг зорин тэмүүлнэ. Монголын томоохон голуудын нэг Онон гол Хэнтийн нуруунаас эх аван урсаж, зүүн хойд аймгуудыг цэнгэг усаар ундаалдаг билээ. Батширээт сумын төвөөс 50 орчим километр давхиад Гутайн даваан дээр ирлээ. Замд “Айвинтус” компанийн уурхайн талбайтай таарлаа. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа компани өнөө жил алтаа олборлоод дуусч байгаа гэнэ. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн нөхөн сэргээлтийн ажлаа хийгээд эхэлжээ. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нөхөн сэргээлтийн туршлагатай компани нөхөн сэргээлт хийж байгаа гэнэ. Гутайн давааны шороон ордны хоёр алтны компанийн үйл ажиллагаа дуусч, нөхөн сэргээлтээ хийгээд эхэлжээ. Харин “Пегматит майнинг” гэх нэртэй компанийн үйл ажиллагаа дөнгөж эхлэх гэж байгаа гэнэ. “Айвинтус” компанийн уурхайгаас дээш явсаар уулын орой хэсэг рүү тусгайлан зассан замаар гарлаа. Тэнд төмөр хашаатай, хоёр гэр байх ажээ. Гэрээс хамгаалалтын албаны хувцастай хоёр залуу гарч ирэв. Тэд ямар хүмүүс ирж байгаа талаар асууж бүртгэл хийж байна. “Пегматит майнинг” компани арав гаруй жилийн өмнө энд уул уурхайн ашиглалт хийх зөвшөөрөл авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 779 га газраасаа нэг ч хүрз шороо гаргаж ирээгүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулаагүй өдий хүрч байгаа ажээ. Тус компани ашиглалтын лицензийн тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш техник эдийн засгийн үнэлгээ хийх, чулуун орд газрыг байгаль орчинд ээлтэйгээр хэрхэн шийдэх, Гүний уурхайг хэрхэн байгуулах, сум орон нутаг, багийн иргэдтэй хэрхэн ажиллах гэх мэт олон зүйлийг хийсэн гэнэ. Компанийн лицензийн талбай Биндэр, Батширээт сумын зааг дээрх орших аж. Үндсэн гүний уурхай байгуулж, чулуун ордыг олборлох ажээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Н.Баатарням “Манай компани тун удахгүй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр манай компанитай холбоотой илтэд худлаа мэдээлэл гарах болсон. Манай уурхайн талбайгаас хэдэн километрийн цаана шороон орд газарт хоёр компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр компанийн шороон орд газрын олборлож байгаа хэсгийг олон нийтэд цацаж, түүнийгээ манай компанийн талбай. Байгаль орчин сүйдэлж байгаа мэтээр ташаа ойлголтыг төрүүлээд байна. Бидний хувьд өнөөдрийн байдлаар нэг хүрз шороо гаргаж ирээгүй. Зөвхөн талбайгаа харуул хамгаалалтын компанитай хамтран хамгаалж байгаа. Үндсэн далд уурхайг энд байгууллахаар төлөвлөж, үүний дагуу ажиллаж байна. Уулын гурван хэсэгт цооног гаргаж далд уурхай байгуулна. Уулын гадна талаас харахад гурван бетонон хаалга байх. Бид алтны судлаа хөөж олборлолт хийнэ. Өөрөөр хэлбэл далд гүний уурхайн жишгээр үйл ажиллагаа явуулна. Далд уурхай, чулуун ордыг ашиглаад ирэхээр байгаль орчинд ямар нэгэн сөрөг зүйл гарахгүй. Уулыг тэр чигт нь ухаж төнхөөд, модыг нь огтлоод, гол усанд угаана гэсэн ойлголт байхгүй. Чулуун алттай хүдрээ олборлоод уурхайгаас тээвэрлэж, Төв аймгийн нутаг дэвсгэрт байх үйлдвэрт боловсруулах юм. Бид хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг Батширээт, Биндэр суманд бий болгохоор ажиллаж байна” хэмээн ярив.

ШОРОНГИЙН АТМАН, УЛСЫН АВАРГА БӨХ ГЭЭД Л 700 ГАРУЙ НИНЖА ГУТАЙН ДАВААГ ХУУЛЬ БУСААР УХЖЭЭ

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Пегматит майнинг” компанийн лицензийн талбай буюу Гутайн даваанд одоогоос гурван жилийн өмнө 700 гаруй нинжа ирж, уурхайн талбайг хууль бусаар ухаж эхэлжээ. Нинжа нар олноор уурхайн талбай руу дайрч, эзэгнэж авсан гэнэ. Шоронгоос гарч ирээд удаагүй байгаа атман, Монголын үндэсний бөхийн аваргаас эхлээд цагдаагийн хурандаа нарын хамгаалалтад байдаг техникжсэн нинжа гээд Батширээт суманд 300 гаруй машин нааш цаашаа сүлжилдэн давхих болжээ. Дээр нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Зил 131 автомашинтай бөөн хүмүүс ирсэн байна. Ухдаг техник хэрэгслүүдээ уулын хажууханд тавьж, нинжа нарыг дагаад хоол хийдэг гэр гуанз, ус ундаа, архи тамхи зарагдах болжээ. Бүр биеэ үнэлдэг эмэгтэйчүүд Гутайн даваа орчмоор байрлаж эхэлсэн байна. Аймгийн цагдаагийн газрын ажилтнууд, сум орон нутгийн нинжа нарыг арай гэж тараасан байна. Бүр нүх рүү орж шуудай шороо авах гэж бие биенийгээ зодож дээрэмдэх гээд олон гэмт хэрэг тус газарт гарчээ. Хэрэв сум орон нутгийнхан нинжа нартай тохироо хийж, Гутайн даваанаас гаргаагүй бол техникжсэн нинжа нар уулыг орвонгоор нь эргүүлэх байжээ. Нинжа нар одоо ч гэсэн Гутайн давааг эргүүлдсээр байгаа ажээ. Алтны судал байгаа хэсэг рүү орох гэж янз бүрийн арга чарга хэрэглэж байгаа гэнэ. Өнгөрсөн хавар гэхэд “Пегматит майнинг” компанитай гэрээтэй ажиллаж байсан хамгаалалтын албаныхан нинжа нарт худалдагдсан тохиолдол гарчээ. Нинжа нар авдар авдраар нь архи авчирч, Дархан-Уул аймгаас авчирсан хоёр эмэгтэйг хамгаалагч нартай танилцуулж, 20 сая төгрөгийн хахууль өгч, нинжа нарын ухсан нүхнээс чулуун хүдэр ухаж авсан байжээ. Мөн арав гаруй нинжа уурхайн талбайгаас алт ухаж авахын тулд хэд хэдэн удаа дайралт хийсэн тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл, “Пегматит майнинг” компанийг энэ талбайгаас гаргалаа гэхэд маргааш нь Монголын 21 аймгийн нинжа нар ирэхэд бэлэн байгаа юм билээ.

Дотор талаасаа ийм байхаар төлөвлөжээ

АЛТНЫ КОМПАНИЙГ ЯВУУЛАХ ЗОРИЛГООР АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН БҮС БАЙГУУЛАНА ГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА УУ

“Пегматит майнинг” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж өнгөрсөн намар “Босоо хөх монгол” ТББ-ын залуус ирж, бөөн сүр дуулиан болсон. Биндэр сумын Засаг дарга төр захиргааны байгууллагад биш хэдэн танхай залуусаас тусламж гуйсан нь олны анхаарлын төвд очсон билээ. Мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн болох Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар дээрх компанийн үйл ажиллагааг гэнэт эсэргүүцэж, Хэнтий аймгийн ИТХ-ын 03 тоот шийдвэрээр Гутайн даваа орчмын газар буюу “Пегматит майнинг” компанийн лицензийн талбайг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, УИХ-д уламжлаад байгаа. Тодруулбал, Гутайн даваанд аялал жуучлалын бүс байгуулахаар төлөвлөж байгаа гэх. Гэтэл үнэн хэрэгтээ Хэнтий аймагт Их хаан Чингис хааны төрж, өссөн нутаг, түүх соёлын дурсгалт газрууд олон байдаг ажээ. Тэндээ аялал жуучлалын бүс нэгийг ч байгуулж чадаагүй. Гадаадын жуулчид хүлээгээд авах олигтой газар байхгүй өнөөдрийг хүрч байгаа. Гэтэл түүх, дурсгалын ямар ч зүйл байхгүй, нинжа нар ухаж төнхөх гээд байгаа газарт аялал жуучлалын ямар бүс байгуулах гээд байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байгаа гэнэ. Үнэндээ Хэнтий аймгийн Батширээт сум Гутайн даваанд үзэж харахаар түүхийн дурсгалт, байгалийн гоо үзэмжтэй газар байхгүй. Энхэл донхолтой шороон замаар 300 орчим километр явах уулын мухарт ямар аялал жуучлалын бүс байгуулах вэ гээд бүхий л зүйлээр таарч тохирохгүй байгаа гэнэ. Энэ талаар Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн “Б.Бат-Эрдэнэ гишүүн Хэнтий аймагт “Балдан бэрээвэн” хийдэд өндөр хүчдэлийн цахилгаан татсаныг эс тооцвол нэг ширхэг хадаас ч хадаагүй. Гутайн даваанд ямар аялал жуучлалын бүс байгуулах гээд байгааг ойлгохгүй байна. Манай сумын урд хэсэгт язгуурын монголчууд амьдарч байсан түүхтэй. Олон тамга манай нутгийн хаданд сийлээстэй байна. Монгол төрийн тамганы эх манай суманд байгаа. Энд цогцолбор барих гэхээр дэмжихгүй байгаа мөртлөө уул уурхайн компанийг эсэргүүцэх болохоороо энд давхиж ирээд байгаа нь цаанаа ямар нэгэн эрх ашиг байна гэж хардахаар байгаа. “Пегматит майнинг” компанийг явуулчихлаа гэхэд суманд ямар ч ашиг байхгүй. Тусгай хамгаалалтад авлаа гэхэд нинжа нараас яаж хамгаалах юм бэ. Тэр “Босоо хөх монгол, ТББ, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар хамгаалж чадах юм уу. Улсаас нэг ч төгрөгийн төсөв манай суманд ирэхгүй байна. Бид бор зүрхээрээ сумаа хөгжүүлэх гэж зүтгэж байгаа” гэв.

Онон багийн Засаг дарга Д.Хонгорзул

БАТШИРЭЭТ СУМЫН ОЮУТНУУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ДААЖ, СПОРТ ЗААЛТАЙ БОЛГОЖ, ЖИЛД 500 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

“Пегматит майнинг” компани Батширээт сумынхантай хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар асууж тодрууллаа. Батширээт сумын Онон багийн Засаг дарга Д.Хонгорзул “Манай багийн иргэд “Пегматит майнинг” компанийг Гутайн даваанд үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу гэдэг дээр хэд хэдэн удаа хуралдсан. Багийн нийт иргэдийн 53 хувь нь “Пегматит майнинг” компанийг уул уурхайн чиглэлээр ажиллахыг зөвшөөрсөн байдаг. Тус компанийн зүгээс манай багийн оюутан залуусын дунд төсөл хөтөлбөр зарлаж, их сургуулийн сургалтын төлбөрийг хариуцаж байгаа. Мөн багт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, түүнийг нь банкинд хадгалж, жилийн хүүгээр нь багийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах ажлыг хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, манай багийн иргэд жил бүр 150 гаруй сая төгрөгийг захиран зарцуулах эрхтэй болсон” гэв. Мөн тус компани Батширээт суманд ажлын байр бий болгохоор болсон гэнэ. Хариуцлагатай уул уурхайн хүрээнд сум, орон нутагтай хамтран ажиллаж гэрээ хийж, сумын залуусыг өндөр цалинтай ажилд авахаар болжээ. Одоогоор 50 гаруй хүнийг ажлыг байраар хангах гэнэ. Мөн жил бүр сум хөгжүүлэх санд 500 сая төгрөг өгөхөөр болжээ. Үүнээс гадна спорт заал зэрэг бүтээн байгуулалтын олон асуудлыг шийдэх ажээ.

3.2 тонн алтны нөөцтэй дээрх уурхай сум орон нутагтай ингэж л хамтарч ажиллахаар болсон байна. Тэд хариуцлагатай уул уурхайг бий болгохоор зорьж байгаагаа онцолж байсан юм. Холбогдох яам, агенлагуудаас хуулийн дагуу зөвшөөрлийг нь авч, сум орон нутгийнхантай ойлголцоод ажлаа эхлэх гэтэлнэр нөлөө бүхий хүмүүс улс төрийн зорилгоор энэ компанийг хэлмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагч нарыг үргээх оролдлого удаа дараа хийж байгаагийн нэг нь дээр дурдсан ташаа мэдээллүүд ажээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт УИХ-ын гишүүдийн аав, ээж, хүүхэд, дүү, бэр, найзуудыг шалгаж эхэлжээ

-ӨЧИГДӨР АТГ-Т ДУУДАЖ МӨРДӨН БАЙЦААЛТ АВСАН ГЭНЭ-

хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд болон төрийн удирдах албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан хэргийг АТГ-аас шалгаж байна. Прокурорын ерөнхий газраас УИХ-ын дөрвөн гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэж байгаатай холбоотойгоор УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасан. АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчид ХХААХҮ-ийн төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, тус сангийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа. Мөн дээрх сангийн хэлтсийн дарга нарыг ч Турк улсаас ирэх үед Чингис хаан нисэх онгоцны буудал дээр саатуулсан.

АТГ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой хэргийг гурван талаас нь шалгаж эхэлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр АТГ ЖДҮХС сантай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлжээ. Дээрх ажлын хүрээнд өчигдөр АТГ-т УИХ-ын гишүүдийн эхнэр, дүү, хамаатан садан зэрэг ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын төлөөллийг дуудаж мөрдөн байцаалт авч эхэлжээ. Тухайлбал, Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” ХК нь, түүний эхнэр Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн (Ховд аймгаас сонгогдсон) О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар, Н.Учрал гишүүний аав Н.Ням-Осор, Н.Оюундарийн хүү, Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү “Сингапур Хельткер центр ХХК”-ийн үүсгэн байгуулагч Б.Одончимэг, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан. Тэгвэл эрхэм гишүүний ээжээс мэдүүлэг авч эхэлжээ. Гишүүн А.Сүхбатын төрсөн дүү болох А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэр нарыг “Түгээмэл түмэн хишиг” компанийн нэр дээр зээл авсан асуудалтай холбоотой асуудлаар шалгаж эхэлжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулууны компани болох “Дорнод гурил”, Г.Солтан гишүүний “Монгол шаазан”, Ж.Энхбаярын “Газар буудай” зэрэг компаниудын гүйцэтгэх захирлуудаас мэдүүлэг авсан байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн аав, ээж, хүү, дүү, найз нөхдийг АТГ дээр дуудан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр АТГ дээр бужигнаан үүсчээ. Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа. АТГ-т өчигдөр УИХ-ын гишүүдийн ойр дотны хүмүүсийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор баривчилгаа хийгдэж байна гэх мэдээлэл гарсан гэдгийг эх сурвалж онцолж байв. Мөн цагдан хорьсон гэх мэдээлэл ч бидэнд ирж байсан юм.

ЖДҮХС-НД АТГ-ААС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗЭЭЛ ОЛГОСОН АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

АТГ-ын ЖДҮХС-тай холбоотой асуудлаар хоёр дахь хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг нь хяналт шалгалтын ажиллагааг хийж байгаа ажээ. Дээрх сангаас зээл авсан бүх компаниудыг ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил байна уу гэдгийг эцэслэн тогтоох ажээ. Өөрөөр хэлбэл зээл авахад нь төрийн албаны томоохон эрх мэдэлтэй хүмүүс ямар нэгэн нөлөөлөл үзүүлсэн байна уу үгүй юу гэдгийг тогтоохоор хяналт шалгалт хийж байгаа гэнэ. Харин гурав дахь ажиллагаа нь ЖДҮХС-гаас зээл авсан компаниуд үнэхээр зээл авах нөхцөлийг хуулийн дагуу бүрэн хангаж чадсан уу. Компаниудад ямар алдаа дутагдал байсан. Түүнийг огт шалгаж нягтлалгүйгээр зээл өгсөн үү. Санд зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн компаниудыг ямар шалгуурт тэнцээгүй гэх үндэслэлээр хассан бэ гэдэгт дүн шинжилгээ хийхээр болсон байна.

УИХ-ЫН ЯМАР ГИШҮҮДИЙГ ЯЛЛДАГДАГЧААР ТАТАХ САНАЛЫГ ПРОКУРОР ГАРГАСАН БЭ

Харин Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын найман гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн байдаг. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар ЖДҮХС-гаас зээл авсан найман компанийн эзэд нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа. Тэдгээр гишүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэдгийг онцолж байв.