Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баттөр: Монголчууд нэгнийгээ муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

Сэтгэл судлаач Ц.Баттөрийг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Монголчууд монгол хүнээ үзэж чадахаа байчихсан, бүр үнэн голоосоо үзэн яддаг болсон шалтгааны талаар ярилцлаа.


-Монголчууд монгол хүндээ яагаад дургүй болчихсон талаар танаас асуумаар байна. Нэгнийгээ үзэн ядах, харааж зүхэх, зодох, амь насыг нь хөнөөх гээд л олон зүйлийн талаар танаас асууж тодруулах гэсэн юм. Үүнийг мэргэжлийн сэтгэл судлаачийн хувьд тайлбарлаж өгөхгүй юү?

-Таны хэлж байгаа монгол хүн нэгнийгээ үзэн яддаг болчихсон гэдэгтэй зуун хувь санал нийлж байна. Шуудхан хэлэхэд монгол хүний гол дайсан нь монголчууд өөрсдөө болчихоод байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Та өнөөдөр анзаарч байгаа байх. Таны ойр тойрны хүмүүс нэг газар цугларч ярилцдаг. Харамсалтай нь ярианы гол сэдэв хэн нэгнийг муу хэлэх, үзэн ядах байдаг. Амьдралын боломж нь сайжирч, мэргэжилдээ амжилт гаргаж яваа хэн нэгнийг бид ярихдаа “Энэ хэзээ ийм байсан юм бэ. Хөгийн амьтан гутлаа чирээд явж байдаг байсан. Одоо бүүр өнгө зүс орчихжээ” гэхэд нөгөөх нь “Наадах чинь тэгж яваад мөнгөтэй болсон гэсэн. Ажилдаа амжилт гаргаад байгаа цаад шалтгаан нь ийм учиртай” гээд л ярьдаг. Амжилт гаргаж яваа эмэгтэй хүнийг аль нэг даргатай явалддаг гэх мэтээр ярьдаг. Харин эрэгтэйг нь даргын цүнх барьж гүйсээр байгаад энэ албан тушаалд ирсэн гээд л яриад байдаг. Амьдрал нь тааруу яваа таньдаг хүнийхээ талаар гэхэд “Үе удмаараа арчаагүй хүмүүс байсан юм. Энэ угаасаа ингэж явах заяанд төрчихсөн амьтан” гэх мэтээр ярьдаг. Яагаад энэ бүгдийг яриад байна вэ гэхээр монголчуудын тодорхой, магадгүй дийлэнх хэсэг хүн муугаар хэлэх дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байгаа юм. Хүмүүс өөрийн мэдэлгүй ийм төрлийн өвчтэй болчихоод байна. Хүн муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн өвчин нь хүндрээд ирэхээр олон муу үр дагавар дагуулдаг. Хүн муугаар яриад байхаар өөрт нь ямар ч хамааралгүй хүнийг хүртэл үзэн яддаг болчихдог.

Үүний тод жишээг хэлэхэд Солонгост хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа нэгнийгээ барьж өгдөг хүмүүс байдаг. Монгол хүн монгол хүнээ матаж барьж өгөөд байгаа цаад шалтгаан нь нэгдүгээрт, өөрөөс нь илүү мөнгөтэй болоод байна. Ажлаа сайн хийгээд байна гэж атаархаж боддог. Атаархал нь шууд үзэн ядалт, атаа жөтөө, өс хонзон авах үйлдлийг хийлгэдэг.Өөрөөр хэлбэл, өөрийгөө дөвийлгөх буюу эгоизм хэмээх хувиа хичээх үзэл гэх өвчний хавсарсан шинж тэмдэгтэй хүмүүс бусдад атаархаж, өс санаж явдаг. Ингээд элэг нэгтнээ матаж бариулдаг. Дараагийн жишээ нь замын түгжрэлд явж байгаа жолооч нар хоорондоо муудалцдаг. Түгжрэл дундуур машинтайгаа сүлжиж давхин бие биенийхээ урд, хойно орж шахалцдаг. Урд нь явж байгаад гэнэт тормос гишгэж осол аваар гаргах дөхдөг. Тэгснээ машиныхаа цонхыг онгойлгож янз бүрийн хараал хэлдэг. Үүний дараа замын голд зодолддог. Нэгнийгээ хайрлах энэрэх ямар ч сэтгэлгүйгээр зоддог. Цусыг нь гоожуулж байж санаа нь амардаг. Сүүлийн үед нэгнийгээ хажуугаар нь зөрөхдөө мөрлөж гарлаа гээд муудалцаж зодолдоод амийг нь хөнөөсөн хэрэг олон гарч байна. Хүмүүсийн энэ цочмог хурдан уурлаж, байгаа нь бусдыг үзэн ядах өвчнөөс үүдэлтэй юм.

-Юунаас болж бусдыг үзэн ядах өвчтэй болж байна вэ?

-Дэлхийн бусад оронд хүүхдийг дөрвөн настайгаас нь эхлээд хувь хүн болж төлөвшихөд гол нөлөө үзүүлэх хичээл заадаг. Солонгосчууд гэхэд хүүхдүүдээ багаас нь солонгос хүн оюун ухаан бяр чадал гээд бүх зүйлээс дэлхийн бусад улс орны хүмүүсээс илүү. Хамгийн шилдэг нь гэсэн ойлголтыг бат бөх суулгаж өгдөг. Германчууд ч ялгаагүй яг л ийм байдлаар хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Гэтэл манайхан эсрэгээрээ байдаг шүү дээ. Аав, ээж нь гэртээ хүүхдүүдийнхээ хажууд хэн нэгнийг үзэн ядаж, муулаад байдаг. Хүндэлж хайрладаг, хамгийн ихээр үлгэрлэдэг аав, ээж, хамаатан садан нь хэн нэгнийг муу хэлээд байхаар хүүхдийн оюун ухаанд бусдыг үзэн ядаж болдог гэсэн үзэл бат бөх суучихдаг.

Сэтгэцийн өвчний эх үүсвэр нь ёс суртахуунгүй болж байгаагаас үүдэлтэй. Ёс суртахуун байхгүй болохоор хэн нэгнийг хүндэлж, хайрлахгүй болдог. Бас бусдаас ичиж эмээхээ больдог. Энэ байдал бий болоод ирэхээр бие биенийхээ дээр гарах гэсэн, амьтанлаг, араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихдаг. Миний түрүүнд ярьсан бусдыг үзэн ядах, монгол хүн монголчуудаа хайрлахгүй байгаа гол шалтгаан үүнээс үүдэлтэй. Ёс суртахуунгүй хүн ичиж, санаа зовохоо больдог. Үүний дараа хэнийг ч хайрлаж энэрэхгүй араатан шинжтэй болдог. Ёс суртахууны асуудлыг хүмүүс маш жижиг асуудал мэт ойлгодог. Үнэндээ энэ бол чухал зүйл юм. Хүүхдүүдээ ёс суртахуунтай, бусдыг хүндэлдэг, хүн чанартай байх, хэн нэгэнд ялагдаж, ялж сурах, монгол хүний үнэ цэнэ ямар байх ёстойг ойлгуулж чадахгүй байгаагаас болж өнөөдрийн араатан шиг зан авиртай монгол хүнийг бид өөрсдийн гараар бүтээж байгаа юм шүү дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, ёс, суртахууныг өөрчлөхгүй бол энэ төрлийн өвчин улам даамжирч, цар хүрээгээ жилээс жилд тэлнэ гэсэн үг юм.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв судалгаа хийсэн гэсэн. Тэр судалгааны үр дүнгээр зургаан хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн төрлийн өвчтэй байгаа гэсэн үү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн төв одоогоос хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нт мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Товчоор хэлбэл, Монголд 5-6 хүний нэг нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байдаг гэх судалгааг гаргасан байна. Манай улсын иргэд өвчилж байгаа өөр нэг өвчин байна. Эгоизм буюу хувиа хичээх үзэл. Өөрийгөө хэт их дөвийлгөх, ерөөсөө л энэ хорвоод өөрөөс нь өөр ухаантай хүн байхгүй гэх үзэлтэй хүн олон болоод байна.

-Эрүүл буюу сэтгэцийн ямар ч эмгэггүй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Нэр томьёонд бие махбодийн хувьд эрүүл, өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэм дунд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэдэг. Дасан зохицох чадвар гэдэг маш чухал юм. Ийм чадваргүй хүн байдаг. Бусадтай харилцаж чаддаггүй, шинэ хамт олны дунд ороод нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Эсвэл хүмүүстэй муудалцаж, дандаа муу талыг нь олж хардаг. Бас хамт ажиллаж байгаа хүмүүсээ удирдлагууддаа матдаг хүмүүс байдаг. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэдгийг хэлмээр байна. Бас заргын донтой хүмүүс байдаг. Заргын дон гэдэг биеэ даасан өвчний хам шинж юм. Гэхдээ зарга хийгээд явдаг хүн болгоныг эмгэгтэй, өвчтэй гэж болохгүй. Шударга үнэний төлөө явдаг хүн бий. Хүний гаргаж байгаа зан авир, зан аашаас болоод тухайн хүнийг шизотой гэж болохгүй. Зан ааш, төрөх үйлийн олон шинж хүнд байдаг учраас тэр болгоныг өвчин, эмгэг гэж хамаагүй хэлж болохгүй.

-Сэтгэл гутралын өвчин сэтгэцийн гаралтай өвчний ихэнх хувийг эзэлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе ìөчний өвчинтэй адил эмчилгээ шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ба эрүүл мэндийн тусламжтайгаар эмчлэгдэнэ.Сэтгэл гутрал гэж нэрлэгддэг өвчин түр зуурын уйтгарлаж гунихаас ялгаатай юм. Сэтгэл гутрал нь өвчин бөгөөд уйтгар гуниг нь маш хүчтэй, цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг. Иймд энэ нь таны ажил, нийгмийн байдал гэр бүлийг тааламжгүй байдалд оруулдаг. Сэтгэл гутрал нь сэтгэл цочролд оруулахаас гадна өөр олон шинжүүдээр илэрнэ. Сэтгэл гутралд автснаас болж амиа хорлох харамсалтай хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Ер нь сэтгэл гутралтай эсэхээ тестээр үзэж болдог. Доорх шинжүүдээс танд гурав нь илэрч байвал сэтгэл гутралд орсон байх магадлалтай.

“-Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг.

-Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.

-Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхүйц буурсан.

-Танд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.

-Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.

-Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.

-Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.

-Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгадаг болсон.

-Таны оюуны чадавх мэдэгдэхүйц буурч сэтгэл санаагаа төвлөрүүлэн шийдвэр гаргах чадвар буурсан.

-Танд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.

-Амиа хорлох оролддогууд хийсэн” гэсэн арваннэгэн шинж тэмдгээс танд нэгэн зэрэг тав нь илэрч байвал сэтгэл гутралд орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 12 чиглэлд өөрчлөлт орлоо DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 711 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.

Үүнээс 105 чиглэлд хэвийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд авто зам, замын байгууламжийг хаасантай холбогдуулан 12 чиглэлд өөрчлөлт оруулан, 114 тээврийн хэрэгсэлд дараах зохицуулалт хийлээ. Тодруулбал,

  1. “Алтай” хотхоны орчимд Дунд гол дагуу далан сэтэрч зам хаасан тул
  • Ч:61 Офицеруудын ордон чиглэлийн 13 тээврийн хэрэгсэл,
  • Ч:70 ТЭЦ 3-Ард кино театр чиглэлийн 5 тээврийн хэрэгсэл Чингисийн өргөн чөлөөний зарим зогсоолыг дайран өнгөрч үйлчлэхээр,
  1. Олимпын гүүрний буцаж эргэх эргэлтийг хаасантай холбогдуулан
  • Ч:30 Жанжин клуб-Ард кино театр чиглэлийн 10 тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөний зарим зогсоолыг дайран өнгөрч үйлчлэхээр,
  1. Буянгийн зам орчмын Сэлбэ голын далан сэтэрсэнтэй холбогдуулан Нарны замыг хаасан тул
  • Ч:06, Ч:06А Толгой-Ботаник чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл,
  • Ч:17А Баруун 4 зам-Нарны зам чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл,
  • Ч:17Б Баруун 4 зам чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөний зарим зогсоолыг дайран өнгөрч үйлчлэхээр,
  1. Энхтайваны гүүрний доод эргэлтийг хаасантай холбогдуулан
  • Ч:56 Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн 7 тээврийн хэрэгсэл,
  • Ч:42 Зайсан-Сүлжмэл чиглэлийн 11 тээврийн хэрэгсэл,
  • Ч:32Б Офицеруудын ордон-ТЭЦ 3 чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл,
  • Ч:10 Ганц худаг-ТЭЦ 3 чиглэлийн 16 тээврийн хэрэгсэл,
  • Ч:44 Нарангийн гол-Дүнжингарав чиглэлийн 16 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орууллаа.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Болорцэцэг: Уханьд ямар ч тохиолдолд гэрээсээ бүү гар гэж зөвлөж байна

-ТУС ХОТОД МОНГОЛЫН 32 ИРГЭН ХӨЛ ХОРИОНД БАЙНА-

БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл Ухань хотод коронавирусийн халдвар дэгдэж, хөл хорио тогтоогоод байна. Тус улсын арван их сургуульд 250 орчим монгол оюутан суралцдаг аж. Оюутнуудын өвлийн амралт эхэлж, ихэнх нь Монгол руу буцсаны дараа коронавирусийн халдвар дэгджээ. Тиймээс 31 оюутан, нэг хүүхэд нийлээд 32 хүн Уханьд хөл хорионд ороод байгаа аж. Энэ талаар тус хотод суралцаж байгаад хөл хорионд орсон Р.Болорцэцэгтэй ярилцлаа.


-Хэзээнээс хөл хорионд орсон бэ. Албан ёсоор хэчнээн монгол оюутан байна вэ?

-Ухань хотод өвлийн амралтаараа үлдсэн 31 оюутан, нэг бага насны хүүхэд байгаа. Нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас хөл хорио тогтоож эхэлсэн.

-Хөл хориог ямар байдлаар тогтоосон бэ. Орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан уу?

-Нэгдүгээр сарын 23-наас эхлэн бүх нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон. Жишээлбэл, энгийн болон хурдны галт тэргээр зорчих боломжгүй болсон. Мөн Ухань хотоос гарах болон ирэх нислэгийг хаасан байгаа.

Хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон ч гэсэн хот дотор 6,000 такси үнэгүй үйлчилж, хувийн унаагаар явахыг зөвшөөрч байсан. Гэвч энэ сарын 25-наас эхлэн хувийн унаагаар явах болон такси үйлчилгээг бүрэн зогсоогоод байна.

-Гадуур гарах боломжтой байгаа юу. Дэлгүүр болон бусад үйлчилгээний газрууд ажиллаж байна уу?

-Ард иргэд гэр орноосоо гарч дэлгүүр орж болно. Гэвч энэ үйлдэл нь маш эрсдэлтэйд тооцогдож байгаа. Гадуур гарах боломж байгаа ч онцгой шаардлага гарахгүй бол хүмүүс гэртээ байхыг илүүд үзэж байна.

Нөгөөтэйгүүр, хөл хорио тогтоосон мэдээ гарсан өдрөөс эхлэн хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр базаасан учир иргэд нэг их гарахгүй байгаа. Том хэмжээний нэг л супермаркет ажиллаж байгаа гэсэн. Бусад нарийн мэдээллийг сайн мэдэхгүй байна. Бид ч бас гэрээсээ огт гарахгүй байгаа.

-Та бүхний одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Хүнсний болон бусад хангамж дутагдаж байна уу?

-Ухань хотод байгаа Монгол Улсын 32 иргэн маань 4, 5, 6 гэхчлэн хэсэг хэсгээрээ зургаан өөр сургуульд байгаа. Сургууль тус бүрийнхээ оюутны байранд бий. Бүгд өрөөнөөсөө гарахгүй байгаа. Хөл хорио цуцлахыг хүлээх ч юм уу, эсвэл эх орноос минь биднийг ирж авах шийдвэрийг хүлээсэн нөхцөл байдалтай байна.

Одоогийн байдлаар Wechat-д тусдаа групп үүсгэчихсэн. Үүгээрээ хоорондоо харилцаж, мэдээлэл хуваалцаж байна. Мөн дор бүрнээ биеийн байдлаа хянаж байгаа. Өдөр бүр халуун болон биеийн бусад үзүүлэлтээ хэмждэг. Монгол оюутнуудаас халуурсан, өвдсөн зүйл байхгүй. Бүгдийнх нь биеийн байдал хэвийн байна.

-Оюутны байранд байгаа залуус хэрхэн хооллож байгаа вэ. Сургуулиас нэгдсэн байдлаар хооллож байна уу, эсвэл дэлгүүрээс хүнсээ цуглуулсан уу?

-Монгол оюутнуудын хувьд хүнсээ дор бүрнээ цуглуулаад өрөө өрөөндөө хоолоо хийж идэж байгаа. Сургуулиас үнэгүй хоол тараах арга хэмжээ авч байгаа юм шиг байна лээ. Одоогийн байдлаар монгол оюутнууд үүнд нь хамрагдаагүй гэсэн. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ тусдаа байр хөлсөлж амьдардаг. Оюутны байранд байдаггүй.

-Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн үү. Дутагдаж байгаа зүйл байна уу?

-Энэ сарын 23-нд хөл хорио тогтоосон мэдээг сонсоод захаас хүнсний бүтээгдэхүүн авахаар гарсан. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн байсан. Иймд Хятадын засгийн газрын тогтоолоор 24-ний өдрөөс эхлэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг нэмж болохгүй гэдгийг анхааруулсан.

Хэрэв үнэ өсгөсөн тохиолдол гарвал хариуцлага хүлээлгэх болно гэдгийг хатуу анхааруулсан байна лээ. Тиймээс ханшийн хөөрөгдөл харьцангуй гайгүй болсон. Одоогийн байдлаар бидэнд дутагдаж гачигдах зүйл алга. Нэг зүйл нь гэнэт хөл хорио тогтоосон учир крантны ус хэрэглэж болохгүй байгаа. Тиймээс ундны усны хомсдолд орохоор байна.

-Та бүхэнтэй Монголын Элчин сайдын яамнаас холбогдсон уу. Нутаг буцаах асуудлаар ямар нэг зүйл ярьсан болов уу?

-Ерөнхийдөө Бээжин дэх Элчин сайдын яам болон консултай байнгын холбоотой байгаа. Хятадын талд оюутнуудаа татаж авах асуудлаар хүсэлт илгээж, хариу хүлээж байгаа гэсэн. Ирсэн даруйд бидэнд мэдэгдэнэ гэсэн болохоор хүлээлтийн байдалтай байна.

-Бусад орны оюутнуудыг Ухань хотоос гаргаж байна уу. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

-Франц улс оюутнуудаа татаж авах эхний арга хэмжээг авч байгаа тухай дуулсан. Энэ нь хэрхэн хэрэгжсэн тухай сайн мэдэхгүй байна. Бусад улсын иргэдийн хувьд Ухань хотод маш олуулаа байгаа. Иймд иргэдээ эргүүлэн татахад хүндрэл үүсэж байгаа юм шиг байна лээ. Энд ажиллаж, амьдарч, сурч байгаа Солонгос улсын иргэн гэхэд 500-600 хүн байна гэсэн.

Тэр иргэн болгоныг татаж авахад хүндрэлтэй байдаг бололтой. Америк улс нэгдүгээр сарын 28-ны өдөр (өнөөдөр) Уханий онгоцны буудлаас нэг онгоцоо нисгэнэ гэж байсан. Өөр мэдээлэлгүй байна.

-Танай оюутны байр өвчний голомтоос хэр хол вэ. Оюутны байранд ямар нэгэн байдлаар халдвар гарсан гэсэн мэдээлэл бий юү?

-Манай сургуулийн хувьд өвчлөл илэрсэн гадаад оюутан байхгүй. Бусад сургуулийн хувьд мэдэхгүй байна. Манайх далайн амьтны хүнсний захаас 14 км зайтай оршдог.

-Оюутны байранд урьдчилан сэргийлэх үүднээс халдваргүйжүүлэх, үзлэг оношилгоог хэрхэн хийж байна вэ?

-Оюутны байранд хүүхэдтэй оюутныг амьдруулдаггүй. Т иймээс манай гэр бүлийн хувьд сургуулийн кампус дотроо байр хөлсөлж гадуур амьдардаг. Оюутны байранд яг юу болж байгааг сайн мэдэхгүй байна.

Гэхдээ сургуулиас оюутнууд руугаа явуулж буй мэдээллээс харахад хлораминтай усаар байнга ариутгаж, шаардлагагүй тохиолдолд өрөөнөөсөө гарахгүй байх гэсэн анхааруулгыг өгч байна. Мөн нэг давхартаа үнэгүй маск тарааж байгаа.

-Та бүхэн гадагш гарахгүй байгаа учир зурагтаар ихэнх мэдээллийг авч байгаа байх. Халдвартай холбоотой ямар мэдээллийг өгч байна вэ. Иргэдийн сэтгэл санааг тайван байлгах үүднээс энтертаймент, хөгжөөнт нэвтрүүлгүүд түлхүү гаргаж байна уу?

-Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутмын программынхаа дагуу нэвтрүүлгүүдээ гаргаж байгаа. Яг мэдээний цагаар Хятад улсын эмч нар бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэсэн мэдээлэл явж байгаа. Энд цагаан cap болж байгаа учраас үүнтэй холбоотой мэдээ, нэвтрүүлэг голдуу гарч байна.

Мөн маскны үйлдвэртэй холбоотой мэдээллийг шууд дамжуулж байсан. Үйлдвэр ачаалал ихтэй, ажилчид нь 24 цагаар хоёр ээлжээр өдөрт 200 мянган маск үйлдвэрлэж байгаа гэсэн. Улс орны өнцөг булан бүрээс амны хаалтны захиалга маш их байна гэсэн утгатай мэдээлэл гарсан.

-Урьдчилан сэргийлэх ямар зөвлөгөө мэдээлэл өгч байна вэ. Дэлгэрэнгүй байдлаар хариулахгүй юу?

-Зэрлэг амьтантай шууд битгий харьц. Тахиа, гахайны мах, өндөг гэх мэт бүтээгдэхүүнийг маш сайн болгож ид. Онцгой шаардлагагүй бол гэрээсээ бүү гар. Ер нь ямар ч тохиолдолд битгий rap гэсэн зөвлөмжүүдийг маш их өгч байна. Мөн Монголд сошиалаар явж байгаа зөвлөмжүүдийг энд мөн л өгч байгаа. Илүү мэдээлэл өгч байгаа зүйл алга.

-Хотын ерөнхий байдлыг цонхоор харахад ямар байна вэ. Та дүрсэлж хэлж өгөх боломжтой байна уу?

-Ямар ч хөл хөдөлгөөн байхгүй. Мэр сэр ганц нэг хүн л хүнсээ авах зайлшгүй шалтгаанаар гарч яваа харагддаг.

Манай орцонд сүүлийн хэдэн хоног нэг ч хөл хөдөлгөөн мэдэгдсэнгүй. Машин тэрэг огт хөдөлгөөгүй байдалтай байна. Хятадууд тэжээвэр амьтдаа гаргаж хаяж байх шиг байна. Энэ нь халдвар авахаас сэргийлсэн арга хэмжээ бололтой. Гудамжинд нохойнууд л их хуцаж байна.

-Та бүхэн хоорондоо Wechat-aap групп үүсгэж холбогдож байгаа гэсэн. Ямар мэдээллүүд солилцож байна вэ. Монгол залуусын сэтгэл санаа ямар байна вэ. Мөн хятад хүмүүс хэр түгшүүртэй байна вэ?

-Эндээс гарч байгаа албан ёсны мэдээллээр Төвдөөс бусад Хятадын бүх мужид халдварт өвчин илэрсэн нь тодорхой болсон. Нэгдүгээр сарын эхээр энэ өвчин дэгдэж эхэлсэн гэсэн. Тэгээд нэгдүгээр сарын 22-ноос хойш хүнээс хүнд халддаг нь тогтоогдлоо гээд бужигнаж эхэлсэн.

Хамгийн эхний тохиолдол нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-наас эхэлсэн юм шиг байна лээ. Ер нь хятадууд маш түгшүүртэй, айдастай байна. Бодит нөхцөл байдал ч түгшүүртэй байгаа. Монгол залуусын хувьд байрнаасаа гарахгүй, дархлаагаа дэмжиж, шөл усаа хийж идээд байж байна. Сэтгэл санааны хувьд гайгүй ээ. Эх орон руу минь хэзээ татахыг тэвчээртэй хүлээж байна.

-Өвчний шинж тэмдэг хэрхэн илэрч байна вэ. Энэ тухай хүмүүс ярьж байгаа байх?

-Шинж тэмдэг нь энгийн ханиад шиг илэрдэг гэсэн. Халуурч, ханиалгаж эхэлдэг. Хэрэв энгийн ханиад мэтээр хүлээж авч эмчлэхгүй удвал зүрх ачааллаа дийлэхээ болих, бөөрний дутагдалд орох гэх мэтээр шууд хүндэрдэг. Wechat-aap явж байгаа мэдээллийг харахад эмчилгээ хийлгэхгүй удсанаас болж явж байгаад гудамжинд шууд ухаан алдан газар мөргөн унаж байсан.

-Монголчуудад хандаж юуг сэрэмжлүүлмээр байна вэ?

-Монголд сошиалаар коронавирус, болж буй нөхцөл байдлын талаар тоглоом шоглоом хийх явдал байгаа нь харамсалтай санагдаж байна. Энэ бол тоглоом шоглоом болгох зүйл биш.

Нөхцөл байдал бидний төсөөлснөөс тун хүнд байх магадлалтай. Иймд хүн бүр хувийн ариун цэврийг маш сайн сахиж, эрүүл мэндээ хамгаалаарай гэж хэлмээр байна. Хятад улс зөвхөн Ухань хотод хөл хорио тогтоогоод байсан бол одоо муж даяараа хөл хорио тогтоогоод байна.

Хятад улс өвчний тархалтыг зогсоож чадахгүй байна. Манай сургууль найман хаалгатай. Үүнээс эхний зургаан хаалгыг нь хаачихсан бол өчигдөр дахин нэг хаалгыг нь хаачихлаа. Энд байдал маш хүнд байгаа. Тиймээс үүнийг тоглоом гэж хүлээж авалгүй хувь хүний ариун цэвэр, эрүүл мэндэд маш сайн анхаараарай гэж зөвлөе.

Хоол хүнсний бүтээгдэхүүнээ сайн болгож хэрэглээрэй. Энд хамгийн анхны коронавирусийн халдвар авч нас барсан хүний гap утсыг шалгахад далайн амьтдын хүнсний захаас сарьсан багваахай худалдан авч чанаж идэж байгаа зураг, бичлэг байсан гэсэн. Тиймээс ан амьтадтай шууд харьцахгүй, хүрэлцэхээс сэргийлээрэй.

-Ярилцсанд баярлалаа. Биесээ сайн бодоорой. Монгол Улсын Засгийн газраас Уханьд байгаа оюутнуудыг удахгүй эх орон руугаа татан авна гэж итгэж байна. Танай гэр бүлд эрүүл энхийг хүсье?

-Баярлалаа. Монголчууд минь бүгд биеэ бодоорой. Бид ч бас найдаж, итгэж хүлээж байна.

Дашрамд дурдахад, оюутнуудыг кампус, байрнаасаа бүү хэл өрөөнөөсөө ч гарахыг хориглосон байна. Оюутны байранд хөргөгч, хөлдөөгч байдаггүй. Иймд хүнс нөөцөлдөггүй учир хөл хорио тогтоосноор байгаа багахан хүнсээ гамтай хэрэглэх болжээ. Сургуулиуд нь хотоос зайдуу, хамгаалалт өндөртэй кампусууд болохоор оюутны орчинд ханиад хүрсэн, өвдсөн хүүхэд байхгүй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хашчулуун: 2-3 жил тэсчихвэл эдийн засагт том дэвшил хүлээгдэж байна

Эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай валютын нөөц, эдийн засагт тулгарч буй сорилт, шинэ боломж тойрсон сэдвээр ярилцлаа. Тэрбээр эдийн засаг урт хугацаанд тогтвортой өснө гэсэн эерэг хүлээлттэй байна.


-ОУВС-аас манай улсыг валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай хэмээж байгаа. Өнөөгийн нөхцөлд манай ‘валютын нөөц хэр зохистой түвшинд байна вэ. Ер нь манай улсын эдийн засагт ирэх онуудад томоохон сорилтууд хүлээж байгаа гэж яригдаж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-ОУВС-гаас өгч байгаа саналын дагуу валютын нөөцийг өшөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байна. Яг манай эдийн засгийн байдлаас дүгнэвэл өсөлт харьцангуй сайн явагдаж байгаа. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд валютын нөөц дээр тулгамдсан асуудал байхгүй болов уу. Мэдээж яваандаа нэмэгдүүлэх нь зөв.

Ирэх онуудын эдийн засгийн төлөв байдлын төсөөлөл тодорхой бус байгаа. Яагаад гэвэл манайд гурван том өөрчлөлт гарах байх. Энэ өөрчлөлтөөс үүдэлтэй нөлөөллийг тооцох шаардлагатай юм. Нэгдүгээрт, ирэх онд шинэ Засгийн газар бүрдэнэ. Тэд шинэ мөрийн хөтөлбөрүүдээ бий болгоно.

Үүн дээр эдийн засгийн шинэ арга хэмжээ авахыг үгүйсгэх аргагүй. Мэдээж эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг бий болгох арга хэмжээнүүд байх нь ойлгомжтой. Яг ямар арга хэмжээ, бодлогууд байх вэ гэдгийг одоогоор төсөөлж чадахгүй байна. Хоёрдугаар том өөрчлөлт юу вэ гэвэл Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Энэ нь манай эдийн засагт хамгийн эерэг, чухал алхам болно.

Яагаад гэвэл, өдий хүртэл Монголын экспортын орлогын тал орчим хувийг зэсээс авч байгаа. Үлдсэн нь нүүрснээс голдуу байна.

Зэсийн үйлдвэрлэл 2013 онд Оюутолгойн ил уурхай ашиглалтад орсноор нэг шатаар нэмэгдсэн. Гүний уурхай ашиглалтад ороход зэсийн үйлдвэрлэл бараг гурав дахин өсөх төлөвтэй байгаа. Тэгэхээр манай экспортын орлого ч гэсэн тэр хэмжээгээр өсөх боломжтой.

Гурав дахь том өөрчлөлт гэвэл Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэрийг идэвхтэй дэмжиж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай эдийн засагт эхний ээлжинд импортыг орлуулах нөлөө үзүүлнэ.

Манайх жилд тэрбум ам.долларын шатахууныг ОХУ-аас авч байгаа. Хэрэв дотооддоо үйлдвэрлэвэл гадагш урсах ам.долларын урсгал харьцангуй багасах төлөвтэй байна.

Ингээд аваад үзвэл манай эдийн засгийн төлөв байдал ирэх онуудад муудах гэхээс илүү сайжрах магадлал өндөр байна. Энэ болтол тэсэх хэрэгтэй. Сарын дараа 2020 он гарна. Гүний уурхай, үйлдвэр ашиглалтад ороход 2-3 жил байна. Энэ болтол тэсэх шаардлагатай.

Бас нэг хүчин зүйлийг орхигдуулсан байна. Энэ бол шинэ нисэх онгоцны буудал юм. Өдий хүртэл жилд 500 мянган гадаадын жуулчин авч байсан бол Засгийн газрын урт хугацааны бодлогоор жилд нэг сая, түүнээс их жуулчин авъя гэж ярьж байгаа. Энэ бол валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх арга мөн.

-Та харьцангуй эерэг хүлээлттэй байх шиг байна. Гэтэл томоохон өр төлбөрүүд хүлээгдэж байгаа шүү дээ?

-Эрсдэл талаасаа авч үзвэл томоохон төлбөрүүд хүлээгдэж байгаа нь үнэн боловч нэг өдөр, эсвэл жилийн дотор хийхээс илүү шат дараалан хийх төлбөрүүд байгаа. Хоёрдугаарт, яг одоогийн байдлаар хэрхэн санхүүжүүлэх вэ гэхээр голдуу дахин санхүүжилт явагдах байх.

Энэ нь тодорхой хэмжээг төлөөд, манай улсын эдийн засаг сайн байвал өшөө бага хүүтэй санхүүжилтийг босгоод өмнөх төлбөрүүдээ төлнө, эсвэл хойшлуулна гэсэн үг. Тэгэхээр би 2020-2024 оны хооронд төлбөрийн ноцтой хямралд орохгүй болов уу гэж бодож байгаа.

-БНХАУ-тай 2020 он хүртэл хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийг сунгах асуудлаар манай төлөөлөгчид тус улсад очсон боловч уулзалт хийж чадаагүй гэх мэдээлэл явж байсан. Энэ мэтээр өр төлбөрүүдтэй холбоотой асуудал хүндрээд эхлэх юм биш үү?

-Миний мэдэж байгаагаар энэ хэлэлцээрийг сунгах асуудал байнга л явагдаж байгаа. Хэлэлцээр амжилтгүй болсон гэж сонсоогүй. Хэвийн нөхцөлд явж байгаа. Мэдээж энэ хэлцэл том тул зөвхөн Монголбанк ярих бус төрийн тэргүүнүүдийн түвшинд, Гадаад харилцааны яамны шугамаар зайлшгүй яригдах ёстой.

-2021 оноос дэлхийн эдийн засаг уналтын цикл рүү орно гэсэн төсөөлөл түгээмэл байна. Энэ нөлөөллийг та хэрхэн тооцож байна вэ?

-2020, 2021 оноос дэлхийн эдийн засаг хямралд орно гэсэн зүйл байхгүй. Яах вэ, магадлал бий. Гэхдээ заавал хямрал болох ёстой гэсэн үг биш. Харин 2020 оноос дэлхийн эдийн засагт дахиад том өөрчлөлт гарах байх. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, АНУ-ын сонгуулийг харах хэрэгтэй. Трамп ерөнхийлөгч дахин сонгогдох уу.

Одоогийн байдлаар шаанс нэлээн өндөр байх шиг байна. Эсрэгээр АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгч гарах уу гэдэг нь анхаарал татаж байна. Хоёрдугаарт, Хятадын дотоодын эдийн засгийн бодлого тодорхой хэмжээгээр зөөлрөх магадлалтай болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл худалдааны дайн сүүлийн хоёр жил явагдаад Хятадын эдийн засаг нэлээн сульдсан.

Хэд хэдэн хүчтэй цохилт авсан. Тэгэхээр тодорхой зүйл нь юу вэ гэхээр Хятадын эдийн засаг Америктай энэ тэнцүү тэрсэлдэх боломж ховор байна уу даа.

Ялангуяа, өндөр технологийн хүрээнд ийм боломж ховор. Тийм учраас Хятад дотоодын нөөц маш ихтэй учир түүнийгээ ашиглаж байна. Мөн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийг хичээж байна.

Гэхдээ яваандаа худалдааны дайныг зогсоох шийдвэр гаргах болов уу гэж харж байгаа. Ингэх юм бол Хятад, дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр учир хоёр улсын төрийн тэргүүн тохиролцох л юм бол асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Дараагийн нэг том асуудал бол Япон түүхэндээ байгаагүй эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Ерөнхий сайд нь тийм төлөвлөгөө бэлдэж байгаа юм билээ. Япон саяхан дотоодын татвараа нэмэгдүүлээд өрөө дарах талаасаа арга хэмжээ авсан.

Одоо эргээд эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. 2020 онд олимп болно. Энэ нөлөөллүүдийн хүчээр эдийн засаг нь босоод ирэх юм бол Хятадын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна мартаж болохгүй нэг зүйл бол хөгжиж байгаа орнууд, тэр дунд Энэтхэгийн нөлөө нэмэгдэж байна. Энэтхэгийн дундаж анги хүчээ авч хөрөнгөжиж байна. Иймээс Энэтхэгийн эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт шинэ мотор болж магадгүй гэсэн яриа байна. Энэ бүгдийг аваад үзвэл 2020 оноос хойш дэлхийн эдийн засагт дахин том өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй.

Манай эдийн засаг Ази.Номхон далайн орнуудтай нэлээн ойрхон, уялдаатай байгаа учир энэ орнуудын эдийн засаг сэргэвэл манайд эерэг нөлөө үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Валютын нөөц тогтвортой түвшинд байгаа боловч ам.долларын ханш тасралтгүй өссөөр ирлээ. Ер нь-урт хугацаанд энэ хамаарлаас яаж гарах вэ?

-Ер нь валютын ханшаас хамааралгүй эдийн засаг гэж дэлхийд байхгүй. Бүгд л хамааралтай. Монгол Улс бусад орноос нэг их ялгаа байхгүй. Манай нэг онцлог гэвэл дэлхийтэй хийдэг манай улсын худалдааны хэмжээ ДНБ-ээсээ давдаг. Үүний муу тал ч бий, сайн тал ч байгаа.

Муу тал нь валютын ханшны эрсдэлд амархан ордог. Цаашид экспортын хэмжээ нэмэгдээд, тодорхой хэмжээгээр дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод ирсэн ч валютын ханшийн нөлөө айхавтар багасахгүй. Бид дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болчихсон.

Манай Засгийн газар, хувийн компаниуд дэлхийн санхүүгийн зах зээлээс мөнгө зээлдэг, буцаад төлбөрөө хийдэг, манай зарим бараа дэлхийн зах зээлд гарч байна. Энэ бүхнээс харахад валютын хамаарал төдийлөн багасахгүй болов уу гэж бодож байна. Харин эсрэгээр энэ хамаарлыг зөвөөр ашиглах гарц харагдаж байна. Энэ нь юу вэ гэвэл Монголын компаниудын дийлэнх нь дотоодын зах зээлд анхаарч ажиллаж байсан.

Гэхдээ манай дотоодын зах зээл тийм том биш. Тиймээс манай компаниуд гадагш хөрөнгө оруулалт хийж эхэлж байна. Малайз, төв Ази руу ч юм уу. Энэ бол зөв чиглэл гэж харж байна. Манай эдийн засгийн сул байдал нь эсрэгээр компаниудыг гадагш гарах давуу тал болгож байна. Үүний тулд боловсон хүчин шинэчлэгдэх ёстой.

Дотоодын хөрөнгө оруулалт улам сайжрах шаардлагатай. Бид технологи, мэдлэг, боловсон хүчин гэх зэргээр маш их зүйлийг сурах хэрэгтэй байна.

Ер нь зах зээлийн шилжилтийн эхний үе дуусаж байгаа болов уу гэж харж байгаа. Эхний үе гэдэг нь 1990-ээд оноос юу ч мэдэхгүй зах зээлд орсон. 2000 оны эхээр дэлхийн зах зээл гэж ийм юм байдаг юм байна гэж анхны ойлголтыг авсан. 2020 оноос хойш дэлхийн зах зээл рүү хүчтэй интеграци хийж эхэлж байна.

2020 оноос дэлхийн зах зээл дээр идэвхтэй ажиллах, дайчин байх тал руугаа шилжиж байгаа болов уу гэж харж байна. Дэлхийн зах зээлээс айх зүйл байхгүй. Маш сайн ашиглах хэрэгтэй. Хямд хүүтэй нөөц байгаа бол тэндээс нь зээлэх, хүн ам ихтэй зах зээл байвал тийшээ нь орох хэрэгтэй. Ингэж байж улс орон өөрөө хөгжинө. Манайх асар том хоёр зах зээлийн дунд байна.

Өндөр хөгжилтэй, технологитой Япон, Солонгос дэргэд байна. Энэ болгоныг ашиглах хэрэгтэй. Манай компаниуд дэлхийн зах зээлийн бүх стандартыг нэвтрүүлж байна. Үндсэндээ 30 жил сурлаа. Одоо дипломоо аваад ашиглах цаг болсон. Мэдээж эрсдэл бий. Эрсдэлгүй бизнес, ажил амьдрал гэж байхгүй. Давж гарах ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Оюунтунгалаг: Гэм буруутай шүүгч нарт хариуцлага тооцолгүй өнгөрвөл шүүхэд итгэх итгэл бүхэлдээ унана

Эрх нь түдгэлзэж шалгагдаж байгаа 17 шүүгчийн нэг Ж.Оюунтунгалагтай ярилцлаа.


-Та Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгагдаад дөрвөн cap орчим болж байна. Өнгөрсөн хугацаанд таныг хэдэн удаа дуудаж байцаасан бэ. Нөхцөл байдал хэрхэн өрнөв?

-Түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дунд миний нэр байгааг мэдсэн тэр даруй амралтын өдөр хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийсэн. Үүний дараагийн өдөр хурдан шуурхай шалгуулах тухай болон хэрэгт холбогдолгүй гэсэн агуулга бүхий гомдлоо Шүүхийн ерөнхий зөвлөл, улсын болон нийслэлийн прокурор, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, АТГ зэрэгт гаргасан.

Тэдгээрээс хамгийн түрүүн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариу ирүүлсэн боловч, АТГ руу энэ асуудлыг хурдан шуурхай шалгаж егнө гэсэн агуулгатай бичиг явуулсныхаа нэг хувийг дамжуулсан байсан.

Дараа нь Нийслэлийн прокуророос ирсэн бичигт хуулиараа шалгах эрхтэй л гэсэн агуулгатай байсан. Бусад байгууллагаас янз бүрийн байдлаар хариу ирсэн. Хамгийн сүүлд аравдугаар сарын дундуур хариу ирлээ. Ихэнх нь прокурор, АТГ руу хандана уу гэсэн байсан.

Яг миний тавьж байгаа асуудал болох ямар үндэслэлээр түдгэлзүүлэх шаардлагатай болов гэдэгт тоймтой хариу өгөөгүй.

Зургаадугаар сард мэдэгдэл хийх үедээ АТГ-аас намайг гэрчээр асуусан тухай хэлсэн. Тэр үед надаас нууцын баталгаа аваагүй байсан. Үүний дараа долдугаар сард багтаагаад гэрчээр мэдүүлэг авахдаа нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл хийж болохгүй гэсэн анхааруулга егсөн. Тийм учраас гэрчийн мэдүүлэг авахдаа юу асуусан тухай нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Та тухайн хэрэгт холбогдолгүй гэдгээ илэрхийлж байсан?

-Ямар ч байсан хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэх, мөрдөн шалгах ажиллагаа ном журмаар явна байх гэсэн итгэлийн үндсэн дээр зургаадугаар сарын 29-нөөс хойш одоо хүртэл дөрөв, таван сарын хугацаанд тэвчээртэй хүлээж, харж байна. Энэ хэрэгтэй холбоотой мэдээ болгоныг анхааралтай үзэж, өөрийн дотоод бодлоор дүн шинжилгээ хийгээд явж байгаа.

Буруутай, авлига авсан шүүгч байгаа бол заавал хариуцлага тооцох ёстой. Харин хэрэгт холбогдолгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсэж байна.

-Бусад шүүгчдийн талаар хэр мэдээлэлттэй байна вэ. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар 15 шүүгчийн авлига өгч авалцсан үйлдэл бичлэгээр нотлогдсон. Хоёр шүүгчийн хувьд хэрэгт холбогдолгүй бололтой гэсэн мэдээлэл гарч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Холбогдолгүй хоёр шүүгч байгаа гэсэн бол нэг нь би гэдэгт итгэлтэй байна. Одоогоор зургаан шүүгчийг яллагдагчаар татсан, дахиад найман шүүгчийг татах юм байна гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр 14 шүүгч гэж харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр 15 шүүгч гэж ярьж байна. Хэвлэл мэдээллээр гарч байгаа зарим мэдээллийг хаанаас аваад байгааг мэдэхгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа нууц юм бол мэдээлэл яаж авагдаад байдаг юм. Эсвэл АТГ, прокурор энэ асуудлыг ил гаргах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Та шүүгч нартай холбоотой аливаа мэдээллийг анхааралтай ажиглаж, өөрийн дүн шинжилгээгээ хийж байгаа гэлээ. Нөгөө талаас олон нийтийн дунд шүүгч нар авлига авдаг, улстөрчдийн гар хөл болдог гэх асуудал ямар нэг хэмжээгээр байна гэж ярьдаг. Та энэ “гал тогоо”-нд ажиллаж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Би 2012 онд шүүгч болсноос хойш долоон жил болж байна. Үнэхээр цаг завгүй ажилтай байсан. Өглөө 07:00 цагт гэрээсээ гараад орой хамгийн эртдээ л 20:00 цагт харьдаг. Долоо хоногийн гурван өдөр нь өглөө 08:00 цагаас өдөржин, оройжин шүүх хуралд сууна. Ерөнхий шүүгч ихэнх хурлаа даргалах, шүүн таслах ажиллагааны хэвийн байдлыг хангах гол үүрэгтэй учраас туйлын завгүй, бага зэрэг цаг зав гарвал мэргэжлийнхээ ном бүтээл унших, бичих, багшлах гээд өнгөрдөг байсан.

Иймд олон нийтийн дунд яригддаг зүйлийн талаар мэдээлэл бага байсан. Харин эрх түдгэлзэж шалгагдаж эхэлснээс хойш харьцангуй завтай болсон. Эрх түдгэлзсэн ч сургалт, эрдэм шинжилгээний ажил хийхийг зөвшөөрдөг учир одоо ганц, хоёр их сургуульд багшилж байна.

Ингээд оюутнуудын хэлж байгаа байдал, хэвлэл мэдээллээр гарч буй зүйл, ойр дотны найз нөхөд, мэргэжил нэгт хүмүүстэйгээ уулзаад сонсож байхад шүүгч нар болон хуулийн байгууллагынхны дунд авлига, хээл хахуулийн асуудал байдаг гэх ойлголт нийгэмд газар авсан байна.

Саяхан би Хуульчдын холбооны хурал дээр энэ асуудлыг тавьсан. Нийт хуульчдын нэр хүнд ийм болсон байна, үүнийг сэргээх тал дээр юу хийж байна вэ гэж асуусан. Надад тоймтой хариу өгөөгүй. Тухайн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс “Улстөрчид хуульчдын талаар нийгэмд буруу ойлгуулаад байна” гэх агуулгатай тайлбар л хэлж байна лээ. Тийм тал байж болно, үгүйсгэхгүй.

Гэхдээ нөгөө талаар шүүх дээр хэн нэгний дэмжлэг, туслалцаа, яриа, хөөрөөгөөр хэрэг шийдсэн гэдэг ойлголтыг шүүгч, шүүх, хуулийн байгууллагын ажилтан, өмгөөлөгч бусдад төрүүлж байгаа бол олон нийт, энгийн иргэд тэгж бодохоос өөр аргагүй болно.

Өөрөөр хэлбэл, аливаа хэрэг шийдвэрлэхэд шүүгчид нөлөөлөх боломжтой гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Гэхдээ хүнтэй хэрэг төвөг ярихгүй, эрх мэдэлтнүүдийн нөлөөлөлд орохгүйгээр мөрөөрөө ажлаа хийж явдаг шүүгч, хуульч нар байгаа боловч тэд нар гараад, тэмцээд үгээ хэлээд явах эрх нь хуулиар хязгаартай. Гэвч хэсэг бүлэг буруу шүүгч, хуульчаас болж нийгмийн дунд хууль, шүүхийнхэн авлигын сонирхолтой гэсэн ойлголт хавтгайрсан гэж харж байна.

-Шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн ойлгох ёстой вэ. Энэ нь ямар хууль, эрх зүйн хүрээнд хязгаарлагдаж зохицуулагдах ёстой юм бэ?

-Шүүгчийн хараат бус байдалтай холбоотой хууль эрх зүйн орчин харьцангуй хангалттай. Өөрөөр хэлбэл олон улсын жишигт ямар байдаг тэр л хэмжээний хуулийн зохицуулалт, дүрэм журам байгаа. Шүүгчийн ёс зүйн сургалтаар жил бүр хараат бус байдлын талаар албаны, хувийн гэх зэргээр бүгдийг дахин дахин заадаг. Одоо гол нь хүндээ л байх шиг байна.

Монголд ажил албаа ашиглан бие биедээ туслах, дэмжих гэх зүйл дээр үеэс байсан, ямар сайндаа л “арын хаалгадах” гээд хэллэг гарчихсан байх вэ дээ. Тэгвэл ийм яриа шүүх дээр хэзээ ч байж болдоггүй.

Ямар ч хэлбэрээр яригдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, таны төрөл садан шүүгч байгаад, та үүнийг давуу тал болгож, эсхүл танил талаараа дамжуулж танд шүүх дээр тусалсан гэж байгаа бол тухайн шүүгч “авлигач”, эсхүл тэр хүн чинь “худалч” гэж ойлгох хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг атгаж байгаа өндөрлөгүүдээс ч хараат бус байх учиртай. Өөрийн ойр дотны хүн, нэг насаа хамт туулах хайртай хүмүүсээсээ ч хараат бус байх ёстой. Үүнийг ойлгодоггүй.

Найз нөхөд, садан төрөл, танил талдаа тус болж байна гэж бодож аливаад ханддаг бол энэ шүүгч биш. Эсвэл том дарга нар шүүгчийг айлгаад, заагаад, даалгавар өгөөд улс оронд хэрэгтэй зүйл хийлгэхийн тулд нөлөөлчихлөө гэдэг зүйл байж болохгүй. Хараат бус байдал гэдэг нь “хэний ч” нөлөөлөлд автахгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Хэнд ч захирагддаггүй, хэт их эрх мэдэлтэй бөөн хүмүүс гарчих вий гэх айдас нийгэмд байх шиг анзаарагддаг?

-Одоо бол ард иргэд юу хүсэж байна гэвэл шүүгч нарыг барьдаг даргатай болох хэрэгтэй юм байна, эсвэл Ерөнхийлөгч нь шүүгч нарыг томилдог. Томилсон бол нөлөөлөх ёстой гэж бодож байна.

Сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьж байгаа залуу.сайн эрдэмтэн судлаачид хүртэл УИХ хэмээх улс төрийн байгууллагаас нэлээн хэдэн хүн оролцуулаад шүүгч нарт хариуцлага тооцдог, томилдог болбол хараат бус болгоно гэж л яриад байх бололтой. Гэтэл энэ нь дахиад л шүүхэд нөлөөлөх улстөрч, эсхүл улстөрчөөс хамааралтай хүмүүсийг нэмэгдүүлж байгаа хэрэг болж болох юм.

Хүнд биш “хуульд” захирагдах ёстой. Хүнээр буюу эрх мэдэлтнээр шүүгчийг захируулж болно гэж байвал том эндүүрэл, тэр том эрх мэдэлтний нөмөр нөөлөгт орсон хүн харин ч нэр төрөө гутаахаас айх эмээх юмгүй, олон нийт, мэргэжил нэгтнүүдээс ичих юмгүй том хамгаалалтад орж, дураараа дургиж, дараа, дараагийн эрх мэдэлтнүүдтэй харилцаанд орох боломжтой.

-Одоо 17 шүүгчтэй холбоотой асуудал эцэслэн шийдэгдсэний дараа гэмтэй, гэмгүй нь тодорхой болно. Гэм буруугүй нь тогтоогдсон шүүгч нарын эрхийг сэргээх асуудал хэрхэн яригдах вэ?

-Энэ асуудлаар дахиад хүсэлт тавья гэж бодож байна. Би АТГ-т гэрчээр мэдүүлэг өгөхдөө асуусан бүх асуултад нь маш тодорхой хариулсан. Худал хариулсан, хариулахаас татгалзсан зүйл байхгүй.Тэгэхээр логикийн хувьд надаас асуух зүйлээ асуусан.шалгаж дууссан бол эрхийг минь сэргээх ёстой.

Энэ талаар тухайн байгууллагуудаас нэг ч хариу өгөөгүй. Ерөнхийлөгчийн зөвлөхийн өгсөн хариу бичигт түдгэлзсэн асуудлаар бүрэн эрх сэргээх талаар ШЕЗ-д хандахыг зөвлөсөн байна лээ. Харин ШЕЗ нь АТГ-т ханд гээд бие бие рүүгээ шидээд байна.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын асуудлыг заавал шийдэх ёстой гэж та үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах, эсвэл сонгуулийн мөчлөг дагаад замхраад алга болчих вий гэж эмээж байна гэсэн үг үү. Ер нь хариуцлага тооцох ёстой хүн байвал хариуцлага тооцож зохих газар руу нь илгээж байж шүүхийн байгууллагыг цэвэрлэж цааш явах ёстой гэж үзэж байна уу?

-Мэдээж тэгэх ёстой. Гэгээрэлд хүрэх гэж байгаа хүнд тавигддагтай нэлээн төстэй өндөр ёс зүйн шалгуур шүүгч нарт тавигддаг. Бүх шалгуурыг төгс хангасан хүн олоход хэцүү л байх. Гэхдээ энэ шалгуур дотроос хамгийн чухал нь авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстой. Хээл хахууль гэдгийг өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Шүүгчийн ёс зүйн дүрэм, зарчим нь тун тодорхой байна.

Үүнийг бүх шүүгч маш сайн мэдэж байгаа. Хэрэв шүүхэд авлигын асуудал байгаад шүүхийн байгууллага шүүгчээ хамгаалаад гарна гэвэл том эндүүрэл. Хариуцлага тооцож байж иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэнэ.

Хэрэв энэ хэргийг ямар нэг байдлаар замхруулж, эсвэл хуулийн хийдэл гарч ирээд хариуцлага тооцолгүй өнгөрвөл шүүхэд итгэх итгэл бүхэлдээ унана. Хуулиар биш хүний аясаар хөдөлдөг, бүлэглэл гэсэн ойлголт нийгэмд төрнө.

Хуульч нарын дунд ч авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилд өртөж болохуйц, үүнийг “хүлээн зөвшөөрдөг”, “хүлээн зөвшөөрдөггүй” гээд, мэдлэг боловсролтой, үүнийг чухалчилдаг, мэдлэг боловсрол гол биш, харилцаа холбоо гол гэсэн янз янзын, эсрэг тэсрэг хүмүүс байна. Үүнээс авлига, яриа хөөрөөгөөр хуулийн асуудлыг шийдвэрлэдэг бол хуульч нарын хувьд мэдлэг боловсрол, хууль хэрэглээний ур чадвар тийм шаардлагатай зүйл биш болно гэсэн логик харагдаж байна.

-Улстөрчид, нөлөө бүхий хүмүүст үйлчилдэг хууль, шүүхийн бүлэглэл бий болсон гэж харддаг. Нэгэнт баталж чадахгүй тул хардахаас аргагүй. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, энэ байгууллага, мөн хуулийн салбарт “цус ойртолт” байна. Нэг төгсөлт, нутаг ус, хамт ажиллаж байсан гэх зэрэг “манай” гэх хандлага байж болохгүй. Мөн “шүүхийн хүн”, “үг сонсдог”, “уян хатан” гэх зэрэг үг хэллэгүүд энэ салбарт байна.

Шүүгч хүн үг сонсоно, уян хатан байна гэхээр яах ёстой юм. Хэрэг шийдвэрлэхэд хэргээ сайн унших, нотлох баримт үнэлэх, хүмүүсийн процессын эрхийн хангах, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд л анхаарна. Хуулийн заалтыг тайлбарлахдаа зорилго, нийгмийн үнэт зүйл зэрэгтэй холбоотойгоос бусдаар шүүгч хүнд уян хатан чанарын талаар яригдмааргүй юм.

Хоёрдугаарт, мэдлэг чадвар муу хүн хүний эрхэнд орохдоо амархан байдаг. Хэрвээ хүн өөртөө итгэлгүй, мэдлэг чадвар хүрэхгүй, эсхүл эргэлзсэн үедээ даргаасаа, багшаасаа, найзаасаа асуух болдог шиг байгаа юм. Шүүгчээс өөр ажилд бол байж болох л юм. Харин шүүгчийн хувьд хүнээр ажлаа заалгаж болохгүй. Ийм учраас дэлхийн аль ч улсад хамгийн өндөр түвшинд өөрийгөө боловсруулсан, хууль зүйн мэдлэг боловсролын хувьд дээд түвшний, ёс зүйтэй хүмүүс дотроос шүүгчийг томилдог.

Мэдлэг чадвар муу, эрдэм номд маруухан шүүгчийн шийдвэрийг хуульчид ч хүлээн зөвшөөрөхгүй байх аястай. Хуульч хүн хууль зүйн боловсролын системээр дамжин гарч байгаа учир үүнийг ч анхаарах хэрэгтэй л байна.

Гуравдугаарт, улстөрчид шударга бусын хонгил гэж яриад байна. Хэрэв тийм зүйл байвал зарлах, шүүгч нараас хэн байгааг хэлэх хэрэгтэй. Нотолно гэвэл хэцүү л байдаг байх. Гэхдээ бүх юм олон нийтэд ил байх учиртай.

Жишээ нь олны дунд дуулиантай шүүхийн шийдвэрүүд гаргаж байгаа бол шийдвэр гаргасан үндэслэл, тайлбар зэргийг олон нийтэд сайн танилцуулах хэрэгтэй. Одоо гарч ирж байгаа улстөрчид үнэхээр шүүхийг цэвэрлэнэ гэж байгаа бол өөрөө нэг ч шүүгчтэй холбоогүй байх хэрэгтэй, жишээ нь төрийн ордноор гүйдэг шүүгч байж болохгүй.

-Шүүх шударга байж, хараат бусаар шийдвэр гаргаснаар нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх вэ, хүн ардын ирээдүйг хэрхэн гэрэлтүүлдэг юм бэ?

-Шүүхийн хэдэн гол үүрэг бий. Би иргэний шүүгч байсан. Шүүх нэгдүгээрт хүний өмчлөх эрхийг хамгаалах буюу хэн ч булааж авахгүй байх баталгааг ганцхан шүүх л хангаж чадна. Өмчлөх эрх баталгаатай байснаар хүн эд хөрөнгөө өсгөж арвижуулна. Хөдөлмөрлөж хөрөнгө бий болгоно. Энэ сэдлийг дам байдлаар шүүх өгдөг.

Хоёрдугаарт, чөлөөт нийгэмд хүмүүс бие биетэйгээ сайн дурын үндсэн дээр тохиролцож эд баялаг солилцож, гэрээ хэлэлцээр хийдэг учир энэ гэрээ хэлэлцээрээр өгсөн амлалт заавал биелсэн байх боломжийг шүүх олгодог.

Эрүүгийн шүүхийн хувьд хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Мөрдөгч, прокурор зэрэг төрийн эрх мэдэлтнүүдээс хэрэг хийгээгүй хүнийг хийсэн болгож буруутгасан, ялласан үйлдэл хийж байгаа бол шүүх үүнийг зогсоох ёстой. Харин гэмт хэрэг үйлдсэн гэж хүнийг “гэм буруутай”-д тооцож, ял шийтгэл оноох газар нь бас л ганцхан шүүх байдаг.

Иргэд сонгууль болохоор УИХ-ын гишүүн, сайд дарга нар хэн байх вэ, юу хийх ёстой вэ гэж боддог. Гэтэл үүнээс илүү шүүх систем ямар байх нь хамгийн чухал юм. Магадгүй хүн бүрийн амьдралд өдөр тутам тулгардаггүй болохоор анзаардаггүй байх.Хэрэв шүүх хэрэггүй болж, унавал цаашид яах вэ гэсэн асуулт гарна. Нийгэмд замбараагүй байдал үүснэ гэсэн үг.

Дэлхий нийтэд шүүхийг орлох гэж оролддог хэд хэдэн газар бий. Нэг нь албан ёсных, энэ нь арбитр. Эвлэрүүлэн зуучлал гээд бас л тусдаа хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ л шүүхээр шийдвэр нь албаждаг.

Хууль гаргахгүйгээр хэрэгжүүлдэг эрх мэдэл бол мафийн тогтолцоо. Тэр нь өнгөц харвал бас л шүүх шиг цээрлүүлдэг, гисгээдэг, юмыг нь авч өгдөг мэт боловч энэ тогтолцоонд иргэд найдах нь аюултай. Яагаад гэвэл үйл ажиллагаа нь ил тод биш, хэн гэдэг хүн, ямар үндэслэлээр шийдсэн тухай баримт бичиг үлдэхгүй.

Жишээ нь, шүүх яагаад ийм шийдвэр гаргасан нь ил тод, тодорхой байна шүү дээ. Харин нөгөө аюултай хүмүүс бол тэгж шийдэхгүй. Авах ёстой. Чи егөх ёстой л гэнэ, хүнд хүчирхийлэл хэрэглэнэ. Энэ маш аюултай, ирээдүйгүй зам гэсэн үг.

Ирээдүйд орон гэр, эд хөрөнгийг хэн ч булаахгүй, хүн гэрээ байгуулсан бол тэр нь биелэгдэнэ, шүүх хамгаална гэсэн баталгаа байхгүй үед эдийн засагт хөгжил, дэвшил явагдахгүй. Дараагийн нэг чухал зүйл гэвэл шүүхээс хэрхэн ял ногдуулж байгаагаас ийм хэрэг хийвэл ийм шийтгэл авах юм байна гэдэг ойлголт нийгэмд тарна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг яаж шийдэхээс хамаараад нийгэм дагаж хөдөлж байдаг.

Муу юм хийсэн хүмүүсийг цээрлүүлэхгүйгээр өегшүүлж, дэмжиж, гэм зэмгүй хүмүүсийг хохироогоод байвал нийгэмд муу нь давамгайлна, болох юм байна гэсэн мессеж өгдөг.

Тийм учраас шүүхийн хараат бус байдал, шударга шүүх гэдэг ойлголтыг иргэдэд маш зөв суурьтай, бүрэн хүрээгүй юм болов уу гэж боддог. Шүүхийг ард түмэн л хянах ёстой болохоос хэн нэгэн дарга цэрэг даалгавар өгснөөр шүүхийг ажиллуулж, ард түмнийг хамгаална гэж байхгүй.

Шүүхийн байгууллага ямар ч улс төрийн хүчин гарсан түүнд ганхаж, нугардаггүй, хэний ч өмнө очиж ёсолдоггүй, айдаггүй байх ёстой. Хэн нэгэн өндөр албан тушаалтны ивээл хамгаалалтад орсон шүүгч цаанаа өчнөөн олон хүнийг хохироох эрсдэлтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Буян-Аривжих: “Петро Матад” компанийн эдийн засгийн үр ашигтай 25 сая баррелын нөөц нэмэгдэх боломжтой

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний хөрөнгө оруулалттай “Petro Matad” компани “Матад-ХХ” талбайд өрөмдлөг хийхэд “Цэн тогоруу” цооногоос газрын тос байгалийн ундаргаар оргилж газрын гадаргад гарч ирсэн байна. Энэ талаар болон нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд түүхий эдийн нөөц дутагдах эрсдэл бий эсэх талаар тус компанийн хайгуулын геологич, доктор Д.Буян-Аривжихтай ярилцлаа.

-“Цэн тогоруу“ цооногоос, газрын тос оргилж гарч ирсэн тухай мэдээлэл салбарынхны дунд ид яригдаж байна. Өрөмдлөгийн үйл явцын тухай тодруулахгүй юу?

-Манай компанийн “Матад-XX” хайгуулын талбай бий. Энэ нь 10,340 км квадрат талбайг хамардаг. Дорнод аймгийн Матад сумын нутаг буюу Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог талбай юм. Уг талбайд манайх энэ онд гурван цооног өрөмдсөн. Эхнийх нь Эрдэнэцагаан сумын нутагт өрөмдсөн цооног.

2,000 метрийн гүнтэй. Бассейныг хамгийн анх нээж үзэх тулгуур цооног байсан. Хэдийгээр энэ цооног хуурай байсан ч маш их хэмжээний газрын гүний геологийн мэдээллүүдийг авсан.

“Петрочайна Дачин тамсаг”-ийн газрын тос олборлодог Тосон уулын хотгорын бассейн манай талбай руу түрж орж ирсэн байдаг. Уг бассейны манай талбай руу түрж орж ирсэн хэсгийн төвд, мөн захад өрөмдсөн.

Хоорондоо таван км-ийн зайтай байсан. “Цагаан зээр” гэдэг цооног тосны илрэлтэй гарсан. Тосны үе тогтоосон. Г эхдээ түр хаачихаад байгаа. Туршилтын ажлууд хийгдэх байх. Цаг агаар хүйтэрсэн учир зогсоож байгаа юм. Нөгөөх нь “Цэн тогоруу” гэдэг цооног байна. Эндээс газрын тос цооног руу урсаж орж ирэх чадвартай 14 метр зузаан тосны үе илрүүлсэн.

Энэ тосны үеийг туршиж үзэхийн тулд бид цооногийнхоо ханыг цоолж үетэйгээ холбож үзэхэд тос байгалийн ундаргаар газрын гадаргуу дээр оргилж гарч ирсэн. Тос маань дотроо хийтэй. Газтай ундааг сэгсэрч байгаад онгойлгохоор оргилдог шүү дээ. Түүнтэй ижил хийн уусмалтай, бас даралттай байгаа учир 2,930 метр гүнээс дээшээ оргилж гарч ирсэн байгаа.

-Уг ордын нөөцийг хэрхэн тооцоолсон бэ?

-Өмнөх судалгаагаар газрын тосны илрээгүй хэтийн төлөвт нөөцийг тооцож үзэхэд 166 сая баррел гэж гарсан. Үүнээс 25 сая баррелыг нь газрын гадаргуу дээр орчин үеийн технологиор гаргаж авах боломжтой гэж тооцсон.

Элсэн чулууны мөхлөг хооронд зөвхөн тос агуулагддаггүй. Бас ус, хий бий. Тиймээс бид 25 сая тонны 49 хувь нь тос, 51 хувь .нь ус гэж тооцож байсан. Яагаад гэвэл, Тосон уулын агууламж ийм харьцаатай байдаг. Тийм учраас ижил төстэй сав газруудын өгөгдлийг үүнд ашигласан юм.

Ингээд 25 сая тонн баррел тос гарах эдийн засгийн ашигтай юм байна гэж тодорхойлоод шалгаж үзэхээр өрөмдлөг хийсэн. Өрөмдсөн. Нээлт хийсэн. Тос өөрийнхөө даралтаар гарч ирсэн. Хоёрдугаарт, эндээс дандаа тос гарч ирсэн. Ус гараагүй. Тэгэхээр магадгүй энэ 25 сая баррел өсөх боломжтой.

Мөн том талбайг ч хамарсан байж мэднэ. Магадгүй буурч мэднэ. Гэхдээ ийм магадлал тун бага. Ер нь л өсөх болов уу.

-Ямар ч байсан нөөц байгаа юм байна. Дараагийн үйл явц хэрхэн явагдах вэ?

-Бид ахиж суугаад нөөцөө бодно гэсэн үг. Үүний дараа АМГТГ-ын Эрдэс баялгийн зөвлөл дээр очиж тайлангаа хамгаална. Энэ нь нарийн шалгуур, үйл явцаар явагдана шүү дээ.

Нөөцийн тайлангаа хамгаалсны дараа энэ орд газрыг хэчнээн цооногоор олборлох вэ гэсэн орд газрын ашиглах төлөвлөгөөгөө боловсруулж дахин Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж хамгаалуулах ёстой. ТЭЗҮ гэсэн үг л дээ. Үүний дараа салбарын яамнаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал яригдана. Энэ хугацаанд ийм олон цооног өрөмдөх хөрөнгө оруулалтыг Лондонгийн хөрөнгийн бирж дээрээс босгох ажил давхар хийгдэх учиртай.

-“Петрочайна Дачин тамсаг” компанийн олборлолт явуулж буй Тосон уул хэмээх газрын тосны том бассейны баруун урд захад танайх хайгуул хийж, газрын тос оргилон гарсан байна. Ер нь манай улсын нийт газрын тосны нөөц хэд вэ. Түүнд одоогийн илэрсэн нөөцийг нэмбэл ямар дүнтэй болж байна вэ?

-Нөөц, эдийн засгийн үр ашигтай нөөц гэж хоёр ойлголт байгаа. Саванд байгаа хэмжээ 330 сая тонн гэж гардаг. Тэрнээс орчин үеийн технологиор гаргаж авах ашиглалтын нөөц нь 43 сая тонн байгаа юм.

Энэ бол Засгийн газрын баталгаажуулж, хүлээж авсан нөөц. Манай бассейны хувьд 25 сая баррел гэхээр тонн руу шилжүүлбэл дөрвөн сая гаруй тонн болж байна. Тэгэхээр 43 сая тонн дээр дөрвөн сая тонн нөөц шинээр нэмэгдэнэ гэсэн үг.

Ер нь 43 сая тонн нөөцөөс 2006 оноос хойш олборлолт явуулж найман сая тонныг нь экспортолсон. Цаана нь 35 сая тонн үлдэж байгаа. Найман сая тонн газрын тосоос манай улсын төсөвт 840 гаруй сая ам.доллар бүтээгдэхүүн хуваах гэрээний шугамаар орж ирсэн байдаг.

-Манай улс маш олон саад бэрхшээлийг давж газрын тосны үйлдвэр байгуулахаар хичээж байна. Үйлдвэрээ босгоод ирлээ гэхэд тогтвортой үйл ажиллагаа явуулах газрын тосны нөөц нь хангалттай бий юү?

-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд 35 сая тонн нөөцөөс дуртай цагтаа, дуртай үедээ, хүссэн хэмжээгээр авах боломж байдаггүй. Элсэн чулууны мөхлөг хооронд тос байна. Энэ тосыг цооногоор дамжуулан олборлоход ихэнх тос цооног руу хүрэх замдаа мухар “гудамж” руу ороод түгжигддэг. Тийм учраас 330 сая тонн нөөцөөс 13 хувийг нь ашиглах боломжтой гэж үздэг юм.

Олборлолтыг нэмэгдүүлэх аргууд бий. Гэхдээ зардал өснө. Ер нь дээрх шалтгааны улмаас олборлолт хийгээд явахаар яваа яваандаа цооногийн гарц багасна. “Петрочайна Дачин тамсаг”-ийн хувьд 19, 21 дүгээр талбай дээрээс 1998 оноос тооцох юм бол олборлолт өссөөр ирсэн. Ингээд 2015 онд оргилдоо хүрсэн. Энэ бол 1.1 сая тонн юм.

Уг нь энэ үе хэдэн жил тогтвортой явах ёстой. Дэлхий дээр ерөөсөө л тийм байдаг. Гэтэл энэ өсөлттэй үе 2016 он хүртэл үргэлжилсэн. Үүнээс хойш унасан. Жил бүр 100 мянган тонноор багасаад 2019 онд 800 мянган тонныг авч чадах нь уу гэж байна.

Нефть боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орлоо гэхэд дээрх статистикаас харахад 500-600 мянган тонныг л олборлохоор байгаа юм. Гэтэл үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн шүү дээ. Нөөцийн хомсдол бий болох эрсдэл үүсгээд байна. Энэ нь Засгийн газар үйлдвэрээ ашиглалтад оруулахаас өмнө маш яаралтай хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

-Уг нь таны ярианаас нефть боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавьсан. Энэ хүрээнд түүхий эдээ бэлтгэхийн тулд хайгуул хийж газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх бодлого давхар хэрэгжих ёстой гэсэн энгийн ойлголт харагдаж байна. Гэтэл төр яагаад энэ бүхний уялдааг хангахгүй байна вэ. Танай компанийн хувьд ямар бэрхшээл учирч байна вэ?

-2016 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримт бичгийг гаргасан. Үүнд 2030 он гэхэд Монгол Улс дотоодод үйлдвэрлэсэн шатахуунаар хэрэгцээгээ хангасан байна гэсэн зорилт тавьсан. Уг бодлогын хүрээнд нефть боловсруулах үйлдвэр баригдаж байгаа шүү дээ. Энэ бол маш том дэвшил. Гэвч нөөцийн хувьд асуудалтай байгааг хэллээ. Нөөц байгаа.

Хамгийн гол нь олж илрүүлэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд 2018 онд Засгийн газрын тогтоол гарч 2027 он хүртэл газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг гаргасан. Энэ бол 2027 он гэхэд ийм шатанд хүрсэн байна гэдэг төлөвлөгөө юм.

Уг бодлогын баримт бичигт хайгуулын ажлыг эрчимжүүлнэ гээд маш тодорхой заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагууд нь компаниудад хайгуулынхаа ажлыг эрчимжүүл гэж шахдаг. Үнэхээр ч хайгуулын компаниуд сүүлийн жилүүдэд идэвхтэй хөдөлгөөнд ороод үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгтэл “non” улстөрчид, зарим иргэний нийгмийн байгууллагууд орон нутагт очиж турхираад компаниудын ажлыг хийлгэхгүй гацаачихаад байна.

Ялангуяа, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн гэж хүн бий. Уг нь ШУТИС-ийн Газрын тосны сургуулийг төгссөн юм билээ. Энэ салбарт ажилласан, газрын тос Монгол Улсад ямар их хэрэгтэйг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Тэгсэн атал компаниудын үйл ажиллагааг явуулахгүй маш их чөдөр тушаа болж байна.

“МТ” гээд үндэсний хайгуулын компанийг “Босоо хөх Монгол”-ынхонтой нийлээд хөөгөөд явуулсан. Энэ жил манай ажлыг маш их уялаа. Үүнээс болж бид хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдлаа. Жишээ нь Монгол Улсад 4,000 метрийн гүнд нэвтрэх өрмийн цамхаг байхгүй. Манай компанийн хувьд энэ цооногийг өрөмдүүлэхийн тулд хамгийн хямдыг нь бодоод Хятадын компанийг хөлсөлсөн.

Мэдээж гэрээнд сул зогсолтыг тусгадаг. Хэрэв өрөмдөгч компаниас шалтгаалалгүй сул зогсолт явагдвал сул зогсолтын мөнгийг өдрөөр бодож манай компани төлдөг. Гэтэл Бадамсүрэнгийн хууль бус шаардлагаас болоод 20 гаруй хоногийн сул зогсолтын мөнгийг бид төлсөн. Хоёрдугаарт, “Цэн тогоруу” дээр тусгай цамхаг, төхөөрөмжүүд ирж туршилт хийдэг.

Хугацаа алдаагүй бол бид таван км нүүлгээд “Цагаан зээр” дээр туршилтын ажлуудаа явуулчих боломжтой байсан. Амжсангүй. Хүйтэрчихлээ. Энэ үед туршилт явуулах боломжгүй. Яагаад гэвэл газрын тос температур жаахан буурахад царцчихдаг.

Компани маань Хятад руугаа буцчихлаа. Ирэх жил авчраад туршилт явуулахад их хэмжээний зардал гарна. Ерөөсөө л хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байгаа юм. Яагаад тэгээд байдаг учрыг ойлгодоггүй.

-Танай компанийн үйл ажиллагааг яагаад 20 гаруй хоногоор саатуулсан юм бэ. Танайх байгаль орчин сүйтгэсэн юм биш үү?

-Бид цооног өрөмдөнө шүү дээ. Ерөөсөө л хэдхэн см-ын диаметртэй цэг байхгүй юу. Бусад ашигт малтмалтай харьцуулахад хөрс хуулалт явуулдаггүй. Энэ цооногийг өрөмдөхийн тулд жижиг кэмп байгуулна. Хааш хаашаа 150-200 метр квадрат талбай дээр түр зуурын торон хашаа хатгаж байгаа юм.

Гэтэл танайх барилгын тухай хууль, сайдын тушаалыг зөрчсөн гээд дайрчихаж байна. Амьдралд огт нийцэхгүй аар саархан зүйлээр шалтаглаж байгаа юм. Байгаль сүйтгэсэн зүйл байхгүй. Боломж ч байхгүй.

-Та компаниудын хувьд тулгамдаж байгаа асуудлыг ярилаа. Тэгвэл газрын тосны нөөцийг нэмэгдүүлж, 2023 онд ашиглалтад орох үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахын тулд юу хийх шаардлагатай байна вэ?

-Үүн дээр нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Газрын зураг дээрээс харах юм бол Өвөр булаг, Ар булаг тостой. Өвөр булаг нь Хятад, Ар булаг нь Монголын нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хил дамнасан газрын тосны бассейн байна.

Өвөрбулагийн хувьд 2011 онд илрүүлсэн. Хятадууд маш шуурхай орд газар болгож хөгжүүлээд олборлолт явуулж байна. Геологич хүний хувьд юу харагдаж байна гэвэл улсын хилийг дамнасан орд газруудын хувьд хятадууд цаанаас нь цооног нээгээд сорууллаа. Ингэснээр тухайн хэсэгт даралт унана. Харин манайд байгаа орд газруудад олборлолт явуулаагүй учир даралт унахгүй.

Ингээд даралт унасан хэсэг рүүгээ газрын тос нүүж таарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийнхөө газрын тосыг энэ маягаар алдаж байх магадлал маш өндөр гэсэн үг. Гэтэл манайх Ар булаг орчмыг дархан цаазат газар болгоод авчихсан.

За цааш Ар булагаас доошоо яваад Эрээний хотгор ч юм уу, цааш Баян цагааны орд газарт гээд мөн хятадууд олборлодог. Гэтэл үүний үргэлжлэл дээр Монголын хилийн талд гүнзгий хотгор буюу нөөц байгаад байдаг. Тэгтэл бас тусгай хамгаалалтад авчихсан. Ингээд баруун аймаг чиглэлд явахаар Зүүн гарын бассейн, Сантхүүгийн бассейн гээд бий. Бас манайх дархан цаазтай газар болгоод таглачихсан.

-Хил дагуу байгаа газрын тосны нөөцийн хувьд Хятадын тал олборлож, харин манайх газрыг нь тусгай хамгаалалтад авч нэвтрүүлэхгүй байгаа гэж ойлголоо. Яагаад газрын тосны нөөц бүхий талбайг манайх ингэж “хамгаалаад” байна вэ?

-Газрын тосны хайгуул хийе гэхэд байгаль орчинд хор хохирол учруулаад байх нь бага. Аливаа зүйл чинь хоёр туйлтай шүү дээ. Манайх нэг тал руу нь туйлшраад байна. Гэтэл манайд үйлдвэр ашиглалтад орох гээд байдаг.

Нөөц байдаггүй. Тухайлбал, хамгийн эмгэнэлтэй нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт Асгатын бассейнд гүнзгий хотгор байдаг юм. Сая дөрөвдүгээр сард УИХ-аар зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл хэлэлцэгдээд батлагдсан. Үүгээр газрын тос олдох өндөр магадлалтай газрыг мөн таслаад хаачихсан.

Үүн дотор Эрдэнэцагааны бассейн гэж бий. Ард нь Зотол хайрхан гэж байгаа. Маш сайхан хайрхан. Хамгаалалтад авах нь зөв. Гэхдээ хотгор газрыг нь үлдээчих хэрэгтэй байхгүй юу. Ерөөсөө л тос олдох магадлалтай газруудыг таглаж хаяад байна. Тэгсэн атал үйлдвэр байгуулна гэж ярьдаг. Хайгуул нь эрчимжихгүй байна шүү дээ. Монгол төрийн бодлого ямар уялдаатай явааг ойлгохгүй байна. Хэний бодлого яваад байгаа юм бол гэж гайхдаг.

-Таны хувьд хэний бодлого гэж таамаглаж байна вэ. Ер нь нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудал олон жил яригдсан ч биелэлээ олоогүй нь Орос, Хятадын нөлөөтэй холбоотой гэж харддаг?

-Би өөрийн хардлагаа хуваалцъя. Бид энэ үйлдвэрийг барих гэж олон жил ярьсан шүү дээ. Дархан, Бор-Өндөрт байгуулна гээд л. Хамгийн сүүлд Алтан ширээтэд байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг төсөл байхад нь гацаадаг байсан.

Яагаад гэвэл манайх Оросоос 1.1 тэрбум ам.доллараар шатахуун худалдан авч байна. Мөн сая тонн газрын тосоо Хятадын зах зээл рүү гаргадаг. Энэ хоёр гүрний хувьд Монголд газрын тосны үйлдвэр байгуулах нь ашиггүй. Манайд хамгийн их зээл тусламж егдөг улс бол хоёр хөрш. Гэтэл газрын тосны үйлдвэр гэхээр “үгүй” гэж байгаа биз дээ. Тийм учраас үйлдвэр байгуулахын тулд Энэтхэгтэй очиж тохирч байна.

Тэгэхээр энэ хоёр гүрний бодлогыг тээсэн нөхөд манайд байна гэж боддог. Төслийг маш удаан гацаасан. Гэтэл одоогийн Засгийн газар энэ төслийг ямар ч байсан хөдөлгөлөө. Одоо зогсоох боломжгүй.

Тэгэнгүүт нөгөө нөхөд ямар тактикт шилжиж байна гэвэл нөөцөн дээр нь гацаах гэж байна гэж харддаг. Тийм учраас иргэний нийгмийн зарим байгууллагаар оройлуулж ард түмнийг компаниудын эсрэг турхирч байна.

-Ярилцлагын төгсгөлд газрын тосны шинэ ордыг нээж илрүүлэх ажлыг монгол мэргэжилтнүүд оройлсон гэж сонссон. Энэ тухай дурдахгүй юу?

-“Петро матад” бол Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компани. 2008 онд Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлсэн. Компанийн хувьцааны ихэнхийг “Петровис” эзэмшиж байна. Манай компани 41 ажилтантай. Долоо нь гадаадын иргэд. Энэ ордод нээлт хийх бүх ажлыг монголчууд хийсэн. Үндсэн үйл ажиллагаан дээр ч манай монгол инженерүүд ажилласан. Би ерөнхий геологичоор нь ажилласан юм.

Манай геофизик инженер Болор, инженер Очирбат, техникч Батбилэг зэрэг залуусыг заавал дурдах хэрэгтэй. Үүн дээр өрмийн монгол инженерүүд, гадны зөвлөхүүдийн хүчин чармайлтыг орхигдуулж болохгүй.

Ж.Дүгэрсүрэн гуай оросуудтай хамтарч Зүүн баянгийн ордыг нээснээс хойш 79 жилийн хугацаанд манайд газрын тосны орд газруудыг Орос, Америк, Хятадын мэргэжилтнүүд нээдэг байсан. Харин 79 жилийн дараа анх удаа монголчууд цөм нь болж энэ цооногуудыг амжилттай өрөмдөж, тос илрүүллээ. Тийм учраас түүх бичилцэж байгаа гэж өөртөө болон хамт олондоо баярлаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Singapore school of Mongolia” сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхэд хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарчээ. “SSM” сургуулийн 30 гаруй хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношлогоо хийлгэсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр хүүхдүүд гэнэт гэдэс нь хүчтэй базалж өвдөх, хар хөлс нь цутгах, өндөр хэмтэй халуурч, дотор нь муухай оргиж, бөөлжих, шингэн алдах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Хичээлийн завсарлагаанаар сургуулийн цайны газарт хоол идсэн хүүхдүүдэд хоолонд хордсон бололтой шинж тэмдэг илэрчээ. Тус сургуулийн зүгээс хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг дуудаж, ХӨСҮТ-ийн эмч нарт яаралтай үзүүлжээ. Анхан шатны үзлэгээр хоолны хордлого байна гэх онош тавьж, хордлого тайлах эмчилгээг яаралтай хийсэн байна. ХӨСҮТ эмч нар хордлогын голомтод ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэнэ. 43 хүүхэд, багш нар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Хоёр хүүхдийн биеийн байдал маш хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн гэнэ.

“ХҮҮХДҮҮДИЙН ХОРДЛОГО БҮРЭН ТАЙЛАГДАХГҮЙ БАЙНА”

Хоолны хордлогын талаар “Singapore school of Mongolia” сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б-ын ээжтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.


-Хүүхдийн тань биеийн байдал ямар байна вэ. Юунаас болж хоолны хордлого авчихсан юм бол?

-Биеийн байдал эмнэлэгт анх ирснээ бодвол сайжирсан. Хичээлийн завсарлагаанаар сургуулийнхаа цайны газарт тахианы мах идсэн гэсэн. Тэгээд л хичээлдээ сууж байхад нь хэвлий хэсгээр маш хүчтэй өвдөлт өгч, дотор нь муухай оргиод эхэлсэн байсан. Бас өндөр хэмтэй халуурч эхэлсэн. Хэдхэн цагийн дотор хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн. Юунаас болж хордсон бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй л байна. Сургуулийн зүгээс хордлого авсан хүүхдүүдэд анхаарал тавьж бидэнтэй холбоотой байгаа. Гэхдээ ийм хариуцлагагүй байж болохгүй биз дээ. Хүүхдийн амь нас хохирвол яах вэ.

-Бусад хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа бол?

-Хамт хоол идсэн хүүхдийн аав, ээж нь “Хүүхэд маань гүйлгээд зогсохгүй байна” гэж ярьж байна лээ. Олон хүүхдийн аав, ээжүүд хордлого нь тайлагдахгүй байна гэдгийг хэлж байна. Хоолны хордлогонд орсон үед бүрэн эмчилгээ хийлгэхгүй бол маш аюултай гэсэн. Дараа нь гэдэсний ямар нэгэн эмгэгтэй болох, нян тээх гээд амь насанд аюултай олон сөрөг зүйл байдаг юм байна лээ. Үүнээс л айж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ярьж, мэдүүлэг авсан. “Хохирлын хэмжээ, эм тариа худалдан авсан мөнгөний баримтаа өгөөрэй. Нөхөн төлбөрийг гаргуулж өгнө” гэсэн.

Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байдаг. Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний таван түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Б.Булганы эрхийг ноцтой зөрчиж, маш хүнд хэцүү нөхцөлд цагдан хорьж байсан

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн билээ. Хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар бүлэглэн үйлдсэн хэмээн гурван шатны шүүхээр 20-24 жилийн хорих ял оноосон. Тэгвэл дээрх хэргийг илрүүлэхдээ хууль хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зодож тарчлааж байгаа бичлэгийг Тагнуулын ерөнхий газраас АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Дээрх хэрэгт холбогдуулан Тагнуулын хоёр мөрдөн байцаагч, ШШГЕГ-ын хоёр алба хаагч нарыг цагдан хориод буй. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял аван, хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалт гуйсан. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байсан албан тушаалтнууд яллагдагч нарыг эрүүдэн шүүж, ноцтой гэмт хэрэг үүрүүлсэн гэх асуудал нийгэмд тархаад байна. Тэгвэл 2016 онд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар талийгаач С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож байсан Төв аймгийн хорих ангид очиж уулзаж байсан. Тухайн үед Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мэдэгдэл хийж байсан юм.

Энэ талаар түүнтэй уулзаж ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх ноцтой асуудал сүүлийн үед яригдах боллоо. 2016 онд та Төв аймгийн хорих ангид саатуулагдаад байсан Б.Булганыг эргэж очсон. Түүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар та мэдэгдэл хийж байсан. Түүний эрх хэрхэн зөрчигдөж байсан талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Төв аймгийн хорих ангид саатуулагдан шалгагдаж байсан Б.Булганы ээж УИХ дахь Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргаж байсан юм. Дээрх өргөдөлтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан миний бие УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болдын хамт Төв аймгийн хорих ангид очсон. Тухайн үед хорих ангид саатуулагдан хоригдож байгаа олон хүнээс өргөдөл ирсэн байсан. Үүний дагуу ажлаа хийгээд явж байсан гэсэн үг. Төв аймгийн хорих анги руу ганцхан Б.Булгантай уулзахаар яваагүй. Өөр олон хүнтэй уулзсан. Тус хорих ангид очих үед биднийг маш сонин нөхцөл байдал угтсан. Хорих ангийн хаалгаар УИХ-ын гишүүдийн автомашин орж ирэнгүүт тусгай албаны ажилтнууд камер бариад хүрээд ирсэн. Камераа асаагаад биднийг дагачихсан. Өмнө нь сэжигтэн, яллагдагч дээр очиж, уулзаж байхад ийм асуудал огт болж байгаагүй. Бид Б.Булганаас өөр хүмүүстэй уулзаж байхад камер араас огт дагаагүй. Харин Б.Булганы хоригдож байгаа жигүүр рүү очих үед камераа асаагаад эхэлж байгаа юм. Хорих ангийн дэд дарга Б.Булган тэнд хоригдож байгаа гээд заасан. Тэгээд бидний ард үлдчихсэн. Миний бие түрүүлж алхаад Б.Булган хоригдож байгаа гэх камерын үүдэнд очсон. Тэгсэн том биетэй, тусгай албаны хувцастай гурван залуу нуруундаа гараа үүрээд, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихсон байсан. Биднийг энэ хэсэг рүү оруулж болохгүй гээд хашаад зогссон. Ингээд “УИХ-ын гишүүн өргөдлийн дагуу ажлаа хийгээд явж байна. Та бүхэн ажилд саад учруулж болохгүй” гэж хэлсэн. Мөн “Та нарын мөрдөж байгаа хэрэг нууц байж болно. Би хэргийн материалтай танилцах гэсэнгүй. Хүнтэй уулзах гэж явна. Та нар хэргийн материалыг нууцад авч болно. Хүнийг нууцад авч болохгүй. Монгол Улсын иргэнийг нууцад авч болохгүй. Иргэн нууцын объект биш” гэдгийг ч хэлсэн. Гэвч уулзуулахгүй гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр нь “Биднийг уулзуулахгүй гээд байгаа даргатайгаа ярь. Би та нарыг даргатайгаа ярьж дуустал энд хүлээж байя” гээд шалан дээр хоёр хөлөө жийгээд суусан.

-Тухайн үед хорих ангийн коридорт хоёр хөлөө жийгээд сууж байгаа таны зураг шуугиан болж байсныг санаж байна. Тэгээд юу болсон бэ?

-Газар 10 гаруй минут суусан. Тэгсэн нөгөө тусгай албаныхан холбоо, хэрэгслээр ярьж байснаа “Таныг орж уулзаж болно гэж үүрэг өгсөн” гэж хэлсэн. Ингээд Б.Булгантай хорих ангид нүүр тулж уулзсан. Хэний зөвшөөрлөөр орж уулзсан гэдгээ одоо хүртэл мэдээгүй.Миний алхам бүрийг камераар бичлэг хийж баримтжуулж авсан байсан. Б.Булганыг маш хүнд хэцүү нөхцөлд хорьж байгаа нь харахад л мэдрэгдсэн. Хорих ангийн хамгаалагчаас эхлээд эргэн тойронд нь дан эрчүүд байсан. Хийж байгаа бүх зүйл нь маш тод харагдах торон хаалгатай орчинд хоригдож байсан. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байсан. Мөн тэнд хоригдогсод бүгд төмөр сараалжин хаалгатай тасалгаануудад байгаа юм. Тэд гаднаас нь бүх зүйлийг нь харж байна. Гэтэл Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгд эрэгтэй. Тийм нөхцөлд тэнд ганц эмэгтэй байж байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь тэр жижигхэн дөрвөлжин дотор бие засах өнцөг булан гэж байна шүү дээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байгаа юм. Харин Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ, яг сараалжныхаа хажууд байсан. Өөрөөр хэлбэл, тэр хүн хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байсан. Б.Булган надад “Анх олон эрчүүдийн нүдэн дээр бие засах гэхээр ичиж зовдог байсан. Сүүлдээ тоохоо болиод байна. Дандаа хүн харж байхад бие засдаг” гэж хэлсэн. Би хорих ангиас гарч ирээд “Залхаан цээрлүүлэлт маш их байна. Б.Булганыг өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй юм байна. Холбогдох газруудад өргөдөл гаргаж өгөхөөр хуулийн дагуу шийдэж өгдөггүй. Захиаг нь хэнд ч өгөхгүй хадгалчихдаг. Харанхуйд унтах эрх байхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Б.Булганыг хорьж цагдаж байгаа байдал нь хүний эрхийн наад захын дүрэм, журмыг зөрчиж байна. Залхаан цээрлүүлж байна. Хамгийн ноцтой нь Б.Булганы өмгөөлөгч олон нийтэд үг хэлэх ямар ч эрхгүй болчихсон байсан. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах үүрэг бүхий хуулиар эрх нь тодорхой тогтоогдчихсон өмгөөлөгч ажлаа хийж чадахгүй, үйлчлүүлэгчээ өмгөөлж чадахгүй байгаа хүний эрхийн хамгийн том зөрчил ажиглагдсан. Хохирогч нь дуугарах эрхгүй, өмгөөлөгч нь дуугарч болохгүй байгаа байдал нь хүний эрхийн маш гүнзгий зөрчил” гэж би харсан, бас ярьсан. Өмгөөлөгч өмгөөллөө хийж чадахгүй байгаа юм чинь өмгөөлүүлж байгаа хүн ямар байх нь тодорхой биз дээ. Энэ талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Зөвхөн мэдэгдэл хийгээд энэ асуудал зогсоогүй. Олон улсын парламентын холбооныхон ирчихээд С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар судалгаа хийгээд явж байсан. Би тэдэнд нөхцөл байдлын талаар танилцуулж, Б.Булганы эрх зөрчигдөж байгааг хэлсэн. Европын холбооны хүний эрхийн байдлыг судалж ирсэн судлаачид энэ асуудлыг бас хэлж, танилцуулсан. Б.Булган дээр олон улсад мөрдөгдөж байгаа хүний эрхийн наад захын журам, эрх зөрчигдөж байна гэдгийг маш тодорхой байдлаар олон нийтэд хүргэсэн. Тухайн үед миний бие шалан дээр суугаагүй бол Б.Булгантай уулзаж чадахгүй гарах байсан. Тагнуулынхан камераар бичлэг хийгээд Ц.Оюунгэрэл гуай янз бүрийн асуудал яривал та ч гэсэн энэ хэрэгт холбогдоно гэсэн байдлаар хандсан.

-Та С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан байдал, шүүх хурлыг үнэн зөв шийдэгдсэн гэж үздэг үү. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрх зөрчигдсөн талаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа сонсож байсан уу?

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлыг сайн хэлж мэдэхгүй байна. Хэргийн хамгийн гол амьд гэрчийг байлцуулахгүйгээр шүүх хурал хийсэн. Тэгэхээр шүүх хурлын эрхийг тагнуулынхан булаан авсантай адилхан. Шүүхийн эрх мэдэл хараат бус байх ёстой. Шүүх хэргийн гэрчийг өөрсдөө оруулж байх ёстой. Хэрэгт холбогдолтой хэнийг ч өмнөө зогсоогоод асууж тодруулах эрхтэй. Тэрийг оруулна, энэ хүнийг оруулахгүй гэдгийг шүүх мэдэх ёстой. Гэтэл шүүгчийг тагнуулынхан удирдсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дээр дүгнэж хэлэхэд шүүх эрх мэдлээ алдчихсан. Шүүгч бүх талыг бүрэн сонсох үүргээ биелүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хуулиар олгогдсон эрхээ шүүгчид эдэлж чадаагүй. Тэгэхээр энэ хэрэг үнэн шударгаар шүүгдэх ямар ч боломжгүй. Хэргийн гол гэрчийг оролцуулалгүй шүүх хурал болсон нь хэнд ч энэ хэргийг илрүүлсэн нь худлаа, жүжиг гэдэг нь шууд мэдэгдэж байгаа юм. Энэ хэрэг дээр хүний эрхийн олон улсад мөрдөгдөж ирсэн хэм хэмжээ алдагдсан. Засаглалын хэм хэмжээ алдагдлаа гэж тухайн үедээ шүүмжилж байснаа санаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эмээлт” зах дээрх 600 мянган адууны ширийг хог дээр хаяж байснаас Хятад руу экспортолъё

– ЭНЭ АЖИЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТ УЯГДАЖ БАЙНА –

“Эмээлт” түүхий эдийн захын хашаануудад адууны шир, хонины нэхий овоолоостой байна. 2017 оноос хойш нэг ч адууны шир хилээр гаргаагүй байгаа гэнэ. Үүнээс болж хоёр жил гаруйн хугацаанд ойролцоогоор 600 гаруй мянган шир хуримтлагдсан нь энэ аж. Ченжүүд адууны ширийг 10-15 мянган төгрөгөөр малчдаас худалдаж авсан гэнэ. Хилээр гаргачихвал 30 гаруй мянган төгрөгөөр худалдаж, дундаас нь ашиг хүртэх аж. Гэвч Засгийн газар, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилээр арьс, шир гаргахгүй байгаагаас болж,барагцаалбал 14 тэрбум төгрөг салхинд хийсэх дээрээ тулаад байна. Энэ талаар сурвалжлахаар өчигдөр “Эмээлт” түүхий эдийн захыг зорилоо. Тус зах дээр нэхий ширхэг нь 1500, ямааны арьс 25 мянга, үхрийн шир 25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол адууны ширийг хэн ч авахгүй байлаа.

Хашаа болгонд адууны шир овоолжээ. Хоёр давхар байшинтай тэнцэх өндөртэйгөөр хэд хэдэн эгнээ болгоод хураажээ. Энэ жил цаг агаар дулаахан, тогтуун байгаагаас болж хураалгаатай хөлдүү шир эхнээсээ наранд уядаж, гэсэж эхэлжээ. Хэрэв энэ янзаараа таван сартай золгочихвол ширнүүд өмхийрч, өт батганадаа баригдаад хэнд ч хэрэггүй хог болохоос гадна байгаль орчинд хор хөнөөлтэй. Хогийн цэг рүү зөөхөөс өөр арга байхгүй болох юм байна. Ченжүүд “Хэнд ч хэрэггүй хог новш болохыг нь мэдсэн бол адууны шир, хонины нэхий дэмий авлаа. Хашаагаар дүүрэн адууны шир, хонины нэхий байна.Одоо хилээр гаргахгүй гэвэл хогийн цэг рүү аваачиж хаядаг юм билүү” гэж аргаа барсан янзтай сууж байв.

Өнгөрсөн өвөл худалдаж авсан тэмээнийхээ ширний үс ноосыг нь хяргаж эхэлжээ. “Эмээлт” захын хашаа болгонд арав гаруй хүн хайч барьчихсан тэмээний ширний үс, ноосыг хяргаж байлаа. Нэг ширийг ноосноос нь салгахад ажлын хөлс таван мянган төгрөг гэнэ. Өнгөрсөн жил 400 гаруй мянган ширхэг адууны ширийг давсалжээ. Давсалсан ширний 50 гаруй мянга нь муудаж хаясан гэнэ. “Эмээлт” захад адууны шир ийнхүү олноороо хураагдах болсон нь малын арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосонтой холбоотой аж. Засгийн газраас 2013 онд түүхий эд боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зорилгоор арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тушаал шийдвэр гаргаж байсан. Гэвч дотоодын үйлдвэрүүд малын гаралтай түүхий эдийг хагас ч боловсруулж дийлдэггүй аж. Үүнээс болж жил бүр адууны шир “Эмээлт” захад ийн хуримтлагдах болжээ.

Ш.ЭНХСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Энэ талаар “Эмээлт” захын ченж Ш.Энхсайхантай уулзаж ярилцлаа.


-600 гаруй мянган адууны шир хураагдчихаад байгаа юм байна. Арьс, ширний үйлдвэрүүдэд боловсруулаад хилээр гаргачихаж болдоггүй юм уу?

-Болдог бол бид адууныхаа ширийг өтөнд идүүлж, муутгахгүйн тулд давслах гээд л үйл тамаа эдэлж суухгүй байсан юм. Засгийн газар үнэхээр судалгаагүй, амьдрал дээр хэрэгжих боломжгүй зүйлийг цаасан дээр буулгачихсан. 330 дугаар тогтоолыг арьс, ширний үйлдвэрүүдийн хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлж, эдийн засгийн цар хүрээг нь тэлж, гадаадын улс орнуудад хагас боловсруулсан арьс, шир, нэхийгээ нийлүүлдэг болчихоод гаргах ёстой байсан юм. Гэтэл юу юунд ч хүрэлгүй арьс, ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тушаал, шийдвэр гаргачихсан.Ингээд асуудал үүсээд байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арьс, шир боловсруулах үйлдвэр сард бүх хүчин чадлаараа ажиллахад таван мянга гаруй шир боловсруулах хүчин чадалтай байна. Жилдээ 50-70 мянган ширхэг арьс, шир боловсруулна гэсэн үг. Тэгсэн жилдээ 240 гаруй ширхэг адууны шир ченжүүдийн гар дээр хураагддаг. Өөрөөр хэлбэл, 200 орчим мянган адууны шир хог дээр хаягдана гэж ойлгож болно. Бид арьс, шир хилээр гаргахгүй болохоор боловсруулах үйлдвэрүүдийг шахдаг.Та нар хүчин чадлаа нэмэгдүүлээд арьс, ширээ хэдэн мянгаар нь боловсруул. Ажлаа хий гэж хэлдэг. Тэд өөдөөс Монголд хэдэн мянгаар нь боловсрууллаа гэхэд худалдан авалт хийх, борлуулах зах зээл алга. Бид та нараас болоод ашиггүй ажиллах болж байна уу. Одоохондоо боловсруулсан арьс, ширээр цүнх, гутал хийж байна шүү дээ гэдэг. Үүнээс гадна нэмүү өртөг шингээх гэж бөөн асуудал байна. Нэг хонины нэхийг 1500 төгрөгөөр худалдаж авч байгаа. Тэгвэл арьс, ширний үйлдвэрт боловсруулах гэхээр баахан химийн бодис орж байна гээд дөрвөн мянган төгрөг болчихдог. Түүнийг нь хилээр гаргаж хятад ченжүүдэд өгөх гэхээр үнэтэй байна гээд авдаггүй. Ингээд л нэхий хог болчихож байна шүү дээ. Адууны ширийг 10-15 мянгаар худалдан авдаг. Тэгвэл үйлдвэрт боловсруулахад 15 мянган төгрөгөөр авсан үнэ дээрээ 20 мянган төгрөг нэмж өгч байж боловсруулах болдог. Тэгэхээр ямар ч ашиггүй болчихоод байна шүү дээ. Өөрсдөө боловсруулах үйлдвэр барих гэхээр зөвшөөрөл, тоног төхөөрөмж, хилээр оруулж ирэх химийн бодис гээд л бөөн асуудал болох юм байна лээ.

-Энэ асуудлаа салбарын яам, Засгийн газарт та бүхэн мэдэгдсэн үү?

-Одоогоос гурван жилийн өмнө 2016 онд адууны шир хэдэн мянгаараа цугларч, бөөн хэл ам дагуулж байсныг санаж байгаа байх. Тэр үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны ширийг яах вэ гэдэг асуудал гарч, Аж үйлдвэрийн яамнаас санал гаргаснаар хоригийг түр хугацаагаар буюу нэг сарын хугацаанд цуцалж байсан. Бид энэ жил мөн л салбарын яам, Засгийн газарт албан бичиг хүргүүлээд байна. Удахгүй шийдвэр гарах байх гээд л хүлээж сууна даа.

АДУУНЫ ШИРЭЭР БУЙДАН, ПҮҮЗ ХИЙДЭГ

“Эмээлт” түүхий эдийн захын ченжүүд Монголд адууны шир боловсруулаад бүтээгдэхүүн болгочихдог олигтой компани байдаггүй гэдгийг онцлон хэлж байв. Урд хөршийн ченжүүд ирээд “Танайхан өөрсдөө боловсруулж чадахгүй байж мөнгө болгох хэрэгтэй. Монгол адууны шир үйлдвэрүүдэд очоод ихэвчлэн үнэтэй арьсан буйдан болдог. Сүүлийн үед хийгдэж байгаа чанартай пүүзийг дандаа адууны ширээр хийж байна. Хэрэв хилээр гаргахгүй гэж бодож байгаа бол арьсан буйдан, пүүзний үйлдвэр оруулаад ирэх хэрэгтэй” гээд л толгой сэгсрээд байдаг гэнэ. Ченжүүд адууны шир худалдаж авснаас болж мөнгөний эргэлт нь зогсчихжээ. “Ирэх жил адууны шир ёстой авахгүй. Ноолуур авах мөнгөө эргэлтэд оруулж чадахгүй түгжээд баларч байна” гэцгээж байв. Тэд Засгийн газраас нааштай хариу өгөхийг хүлээж ядаж байна лээ. Манай улс жилд арван сая мал нядалгаанд оруулдаг байна. Үүнээс адуу 300 мянга орчим байдаг гэнэ. Манай улсад арьс, шир үйлдвэрлэн борлуулдаг 35 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Жилд бод, бог нийлсэн 10.3 сая ширхэг арьс бэлтгэдэг байна. Үүний 25 хувийг дотооддоо боловсруулдаг аж. Үлдсэн 75 хувьд нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, өмнөд хөрш рүү гаргадаг юм байна. Монголын үйлдвэрүүд нийт арьс, ширний ердөө 25 хувийг боловсруулах хүчин чадалтай гэнэ.

НООЛУУР КИЛОГРАММ НЬ 115 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

“Эмээлт” түүхий эдийн зах дээр ноолуурын ченжүүд гарчээ. Тэд килограмм ноолуурыг 115 мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Одоогоор ноолуур маш бага хэмжээтэй орж ирж байгаа гэдгийг хэлж байлаа. Тэд “Өнөө жил ноолуур 115 мянгаас дээш үнэ нь нэмэгдэхгүй байх. Дөрөвдүгээр сарын 20 гэхэд үнэ нь буурах байх” хэмээн таамаглаж байна лээ. БНХаУ-ын ноолуурын ченжүүд ирцгээчихсэн байгаа гэнэ. Ченжүүдтэй хэдэн килограмм ноолуур авах гэрээ хэлэлцээр хийж, санхүүжилтээ шийдэж өгчээ. Тэгэхээр ноолуурын үнэ буурахгүй байх. Сүүлийн хоёр жил ноолуур килограмм нь 100 мянган төгрөгөөс доош буугаагүй гэнэ. Өнтэй өвөл болсонтой холбоотойгоор ноолуур оройтож гарч байгаа ажээ. Ченжүүд “Малчид үхсэн ямааны тарзаа өдийд самнаад ноолуур зараад эхэлдэг. Өнөө жил Шинэ Жинстийн үүлдэрийн цагаан ямааны ноолуур килограмм нь 140 мянган төгрөгт хүрэхээр байгаа. Мөн Дорнодын цагаан ямааны ноолуур ч үнэтэй байхаар байна” гэж байлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Баттулга: Талийгаач Л.бямбааг хууль бусаар цагдан хорьсон хэрэгт холбогдуулж аТГ, ШШГЕГ-ын алба хаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлт гаргаад байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 23-нд Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач ямар учраас амь насаа алдсаныг тогтоох хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн, үр хүүхдүүд Миний ээж амиа хорлох хүн биш. Ямар нэгэн гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан. АТГ хууль зөрчин баривчилгаа хийсэн хэмээн мэдэгдээд байгаа билээ. Мөн өмгөөлөгчид АТГ хууль зөрчиж баривчилгаа хийж, талийгаачийг илүү цагаар цагдан хорьсон. АТГ хууль зөрчөөгүй байсан бол Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа хорих ангид амь насаа алдахгүй байсан хэмээн мэдэгдсэн. Энэ талаар өмгөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.


-Та цагдан хорих 461 дүгээр хорих ангид амь насаа алдсан шүүгч асан Л.Бямбаагийн ар гэрийнхний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн хийгдэж байна вэ?

-Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбааг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар хорьж, шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, цагдан хорьж амь насыг нь хохироосон харамсалтай үйл явдал 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон. Дээрх харамсалтай хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч би, гавьяат хуульч, талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхнийх нь хүсэлтээр өмгөөлөгчөөр нь ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Тиймээс хэргийн талаар дэлгэрэнгүй нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин өмгөөлөгчдийн зүгээс талийгаач Л.Бямбааг АТГ-аас цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулахдаа л хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Энэ асуулдалтай холбоотойгоор Хүний эрхий үндэсний комисс, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд, УИХ-ын Хүний эрхий дэд хороонд тус тус гомдол гаргасан. Удахгүй хариу нь ирэх байх. Мөн хэрэг мөрдөн шалгах асуудалтай холбоотойгоор Баянгол дүүргийн прокурорын газарт хэрэгтэй холбоотой хэд хэдэн үндэслэл бүхий хүсэлтийг өгөөд байна.

-АТГ талийгаач Л.Бямбааг баривчлахдаа ямар хуулийн заалт зөрчсөн гэж үзээд байна вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

– АТГ нь талийгаач Л.Бямбааг баривчлахдаа шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан гэж үзэж байна. Энэ тохиолдолд Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 31.5-р зүйлд заасан журмын дагуу ажиллах үүрэгтэй байсан. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тохиолдолд дээрх хуулийн 31.5.3-д заасны дагуу шүүхээр 24 цагийн дотор баривчлах шийдвэр гаргуулах үүрэгтэй байсан юм. Энэ нь шүүх 24 цагийн дотор шүүх баривчлах шийдвэр гаргаагүй бол суллах ёстой гэсэн үг юм. Талийгаач Л.Бямбааг 2019 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00.40 цагийн орчим баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Энэ цагийг 22-ны 00.40 цаг гэж үзэж болно. Ингээд 22-ны өдрийн өглөө талийгаачийг АТГ-т авчраад өдөржин нэг өрөөнд ганцаарчлан байлгаж байгаад орой нь дахин аваачиж үргэлжлүүлэн хорьсон байдаг. ЭХХШТХ-ийн 31.5.3-т заасан 24 цагийн хугацаа нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны 00.40 цагт дуусах бөгөөд энэ цагт шүүгчийн баривчлах шийдвэр ирээгүй бол АТГ, ШШГЕГ суллах үүрэгтэй байсан. Гэтэл суллаагүй үргэлжлүүлэн хорьсоор талийгаач 2019.2.23-ны өдрийн 21.40 цагийн үед амь насаа алдсан байдаг. Цагдаагийн байгууллагад 2019 оны хоёрдугаар сарын 24-ний 00.15 цагийн үед дуудлага ирсэн байдаг. Тэгэхээр талийгаачийг амь насаа алдах хүртэл хуулинд заасан хугацаанаас 21 цаг илүү хорьсон гэсэн үг юм. Хуулийн 31.5.3-д “…сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэсэн заалт нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, өөрт нь баривчилсан шийдвэрийг танилцуулснаас хойш 24 цагийн дотор тухайн сэжигтнийг баривчлах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн агуулгатай болох нь хэн ч ойлгомжтой. Гэтэл АТГ нь хэвлэлийн хурал хийхдээ дээрх заалтыг “…манай байгууллага баривчилсныхаа дараа 24 цагийн дотор саналаа прокурорт гаргаж, прокурор шүүхэд хүргүүлнэ гэсэн утгатай”гэж буруу тайлбарладаг. Мөн АТГ ЭХХШТХ-ийн 31.12.2-т “…Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана” гэж заасан учир манай байгууллага 48 цаг саатуулах эрхтэй гэсэн үг гэж мөн тайлбарладаг. Энэ заалтанд 48 цаг саатуулах зохицуулалт байгаа ч энэ нь шүүгчийн зөвшөөрөлтэйгөөр баривчилсан тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж сэжигтнийг 24-өөс илүү цаг хорьж, талийгаачийн амь насыг нь хохироосон хууль бус үйлдлээ зөвтгөхийн тулд хуулинд тодорхой заасан заалтын агуулгыг өөрсдөдөө ашигтай байдлаар буруу тайлбарлах гэж оролдож байгаа юм. Дараагийн ноцтой асуудал нь АТГ нь 2019 оны хоёругаар сарын 23-ны орой талийгаач Л.Бямбааг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хорих ангид үргэлжлүүлэн хорихоор аваачих эрхгүй байсан. Учир нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр АТГ нь ЭХХШТХ-ийн 31.5.4-т “…мөрдөгч энэ хуулийн 30.17 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан үндэслэлтэй бол шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа сэжигтнийг баривчилснаас хойш прокурорт даруй хүргүүлнэ”, 31.5.5-д “…прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш зургаан цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэнэ ”гэж заасны дагуу талийгаач Л.Бямбааг Эрүүгийн хуулийн 22.5-д заасан Хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэх санал гаргаж, прокурор саналыг хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байдаг. Яллагдагчаар татсан тохиолдолд сэжигтнээр баривчлах боломжгүй. Учир нь ЭХХШТХ 31.4, 31.5-д баривчлах ажиллагаа нь сэжигтний хувьд авдаг албадлагын арга хэмжээ юм. Сэжигтэнг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан тохиолдолд ЭХХШТХ-ийн 31.3.5-д “…Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Мөн яллагдагчаар татагдсан яллагдагчийг үргэлжлүүлэх баривчлах гэдэг ойлголт ЭХХШТХ-нд байхгүй. Иймд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр АТГ нь талийгаач Л.Бямбааг яллагдагчаар татсаныхаа дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүхийн цагдан хорих шийдвэргүйгээр аваачиж саатуулсан нь хүнийг хууль бусаар хорьсон, эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги нь яллагдагчийг цагдан хорих үед цагдан хорих тухай шүүхийн шийдвэрийг шаардаж, шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хорихоос татгалзах үүрэгтэй ч хууль зөрчин шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар хорьсон.

-Л.Бямбааг өдөржин нэг өрөөнд ганцааранг нь байлгасан гэсэн. Энэ үнэхээр бодит мэдээлэл юм уу?

-Үнэн. АТГ нь талийгаачийг эрүүдэн шүүсэн. 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 12:00 цагийн үед ажлаас нь дагуулан гарч өдөржин хоол, ундгүй байцаалт, нэгжлэг явуулж, орой 22:00 цагийн үед АТГ дээр авчирч байлгаж байгаад 00.40 цагийн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан Хорих 461 дүгээр анги руу аваачиж хорьсон. Хоёрдугаар сарын 22-ны өглөө Цагдан хорих 461 дүгээр ангиас АТГ-д авчран 68 настай эмэгтэй хүнийг өдөржин ганцааранг нь нэг өрөөнд байлгаж байгаад орой дахин Цагдан Хорих руу дээр дурдсан шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар аваачиж хорьсон. Ийнхүү ганцаарчлан хорьж байхдаа АТГ-ын мөрдөгч нар ээлж дараалан орж сэтгэл санаагаар нь дарамтлан, хорино, шоронд хийнэ гэж сурдүүлсэн гэх мэдээлэл байдаг. 68 настай эмэгтэй хүнийг өдөржин нэг бүгчим өрөөнд ганцаарчлан байлгаж, дарамтлах үйлдэл нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. АТГ нь МУ-ын Үндсэн Хууль, МУ-ын нэгдэн орсон Олон Улсын Гэрээ, Конвенц, ЭХХШТХ-нд заасан талийгаач Л.Бямбаагийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг ноцтой зөрчсөн. Мөн талийгаачийн өмгөөлөгчийн өөрийн үйлчлүүлэгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхийг ноцтой зөрчсөн. 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт АТГ-ын мөрдөгчид талийгаачийг ажлаас нь авч явснаас нас барах хүртэл түүний өмгөөлөгчтэй нэг ч удаа уулзуулаагүй. Өмгөөлөгч нь 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн өдөр 00.40 цаг хүртэл өөрийн үйлчлүүлэгч Л.Бямбаатай уулзах гэж АТГ-ын үүдэнд хүлээсэн боловч уулзуулаагүй. ЭХХШТХ-нд зааснаар өмгөөлөгч нь АТГ-ын зөвшөөрөлгүйгээр өөрийн үйлчлүүлэгчтэй чөлөөтэй саадгүй уулзах эрхтэй, АТГ нь өмгөөлөгчийн өөрийн үйлчлүүлэгчтэй уулзах эрхийг хязгаарлах эрх хэмжээ байхгүй, байх ч боломжгүй. Мөн 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүхэл өдөржингээ АТГ-ын үүдэнд өөрийн үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэсэн боловч бас л уулзуулаагүй. Талийгаач Л.Бямбаа нь баривчлагдсанаасаа хойш 48 гаран цагийн хугацаанд хууль зүйн туслалцаа авч чадалгүй нас барсан. Тэгэхээр АТГ, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийнхан МУ-ын Үндсэн Хууль, Монгол Улсын Нэгдэн Орсон Олон Улсын Гэрээ, Конвенц, ЭХХШТХ-ийг ноцтой зөрчин шүүхийн шийдвэргүйгээр, хууль бусаар, хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар гавьяат хуульч Л.Бямбааг хорьж, эрх чөлөөг нь хязгаарлаж амь насыг нь хохироож, хүний амьд явах эрхийг ноцтой зөрчлөө. Иймд хүний амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчиж, амь насыг нь хохироосон АТГ, ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнуудыг хууль бус үйл ажиллагааг авч хэлэлцэн, эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцуулах ёстой.

-Баянгол дүүргийн прокурорт ямар хүсэлт гаргасан юм бэ. АТГ, ШШГЕГ-ын алба хаагч нарт эрүүгийн хэрэгт шалгуулахаар болсон гэсэн үү?

-Хэд хэдэн үндэслэлээр прокурорын байгууллагад хандаад байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь албан тушаалын байдлаа ашиглан нотлох баримтыг нөхөн болон хуурамчаар бүрдүүлэх, сонирхлын зөрчил үүсэх эрх бүхий албан тушаалтан бөгөөд олон нийтэд хэргийн талаар буруу ташаа мэдээ түгээх, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, задруулах, нөлөөлж болзошгүй тул Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн албан тушаалыг түдгэлзүүлэх арга хэмжээ авч өгөх. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хорихоос татгалзах үүрэгтэй байтал хууль зөрчин шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар хорьсон үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4-т заасан Хүнийг хүчээр алга болгох, 22.1-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 21.12-т заасан Эрүү, шүүлт тулгах гэсэн гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулсан байх тул Авлигатай тэмцэх газрын болон Шүүхийн шийдвэрх гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр ангийн холбогдох албан тушаалтангуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргаад байна.

Дараа нь Талийгаач Л.Бямбааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай АТГ-ын мөрдөгчийн тогтоол, АТГ-ын мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал, прокурорын тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүхэд гаргасан прокурорын санал, саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэргийг АТГ, Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргуулж нотлох баримтаар тооцуулах хүсэлтийг гаргасан. Мөн Талийгаач Л.Бямбааг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-22-ны өдрийг дуустлах хугацааны Авлигатай тэмцэх газар руу орсон, гарсан, мэдүүлэг өгсөн үеүдийн хяналтын камерын дуу дүрсний бичлэгүүдэд бүхэлд нь үзлэг хийн бэхжүүлж хураан авч хэрэгт хавсаргах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид талийгаач Л.Бямбаагийн хоёрдугаар сарын 22-24-ний хоорондох орсон, гарсан, амь насаа алдсан цаг үеүдийн хяналтын камерын дуу дүрсний бичлэгт үзлэг хийн бэхжүүлж хэрэгт хавсаргах арга хэмжээнүүдийг тус тус авч өгөх талаар бид хүсэлт өгсөн гэв.