Categories
мэдээ нийгэм

Д.Түмэндэмбэрэл: Мафийн эсрэг тэмцээд эцэс сүүлд нь өөрөө “мафи” болоод хувирчихлаа DNN.mn

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

Сүүлийн үед цахим сайтуудаар таныг үндэслэлгүй хөрөнгөжсөн, Энэтхэгээс авсан вакцинаас мөнгө зувчуулсан байж магадгүй гэх мэтээр бичиж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг дээр нэг байрны нэр дуулдсан. Тэр ямар учиртай байр юм бэ?

-Байрны тухай ярихын өмнө Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллах болсон учраа тайлбарлая. Би 1992 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын эмч мэргэжлээр дүүргээд Ховдын Дарви суманд очиж Иргэдийн хурлын даргаар найм, сумын Засаг даргаар 16 жил ажилласан хүн л дээ. Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдахад даргаар нь шууд томилогдож байлаа. Тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх анх энэ албан тушаалд ажиллахыг хүссэн юм. Эхэндээ эргэлзэж байсан ч сүүлдээ ажиллахаар болсон. Хот газар бараадаж байгаа хүн орон гэрийн асуудлаа шийдэж таарна. Сумын удирдлагаар олон жил ажилласан хүнд байрны урьдчилгаа хийчих хэмжээний хуримтлал байх нь тодорхой. Мэдээж хамаатан садны бага сага тус дэм бий. Тэгээд охиныхоо нэр дээр хоёр өрөө орон сууц авсан. Зээлийн байр л даа. Ордер нь гараагүй учраас хөрөнгө гэж үзэх боломжгүй. Тийм шалтгаанаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй. Одоо намайг нэг л өнцгөөр буруутгаж байна. Зээл авснаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад бичээгүй юм бэ гэж. Иймэрхүү маягаар хэт нэг талаас нь харж буруутгах гэж улайраад байна л даа. Шударга шүүх үнэнийг олно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Та бизнестэй юу?

-Өөрийнхөө хэмжээнд мал аж ахуй эрхэлдэг байсныг эс тооцвол бизнес гээд байх юм үгүй. Төрд олон жил ажилласан төрийн л хүн.

ОХУ-аас хямдхан авах вакциныг Энэтхэгээс үнэтэй авсан, тэр худалдан авалтаасаа мөнгө идсэн уусан гэж бичээд байх юм. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Мафийн эсрэг тэмцээд эцэс сүүлд нь өөрөө “мафи” болоод хувирчихлаа л даа. Баахан мөнгө идэж уусан хүн болгож харлуулж байгааг нь нэг хэсэг чимээгүй харлаа. Цагдаа тагнуулаар нэг талыг барьсан шалгалт хийлгэхэд нь ч учир нь олдох байх гэж дуугүй суулаа. Бодит байдлыг хэлэхгүй суугаад байвал төрийн, мал эмнэлгийн салбарын нэр хүнд унаад байна л даа. Ийм шалтгаанаар таны ярилцах хүсэлтийг хүлээж авахаар шийдсэн юм. Монгол улсын анхны малын ерөнхий эмч, анхны агентлагийн дарга учраас хийсэн ажлаа ч ярья. Манайх наашлаад 2000, цаашлаад 10 мянган жилийн түүхтэй нүүдлийн мал аж ахуйтай улс. Орчин үед мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг дотоодын зах зээл дээр үнэ цэнтэй байлгах, дэлхийн зах зээл рүү гаргахын тулд эрүүл гэдгийг нь баталгаажуулах, өвчингүй байлгахыг зорьж ажиллаж байгаа. Шүлхий, мялзан, цэцэг гэх мэт хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс шалтгаалж махны экспорт нэг хэсэг удаан хугацаанд саатсан. Төр засгаас малаа эрүүлжүүлэхэд анхаарч Мал амьтны эрүүл мэндийн хуулийг баталж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан юм. Засгийн газрын энэ агентлагийн даргаар 2018 оны зургадугаар сард томилогдож ирэхэд нийтдээ 18 аймгийн 45 сум хорио цээрийн бүсэд багтчихсан, шүлхий өвчинд нэрвэгдсэн, бог малын хувьд шүлхий, цэцэг өвчин тархсан байсан. Тодруулж хэлбэл малын халдварт өвчлөлтэй цаг алдалгүй тэмцэх шаардлагатай тулгарсан.

Таныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар шууд томилсон гэхээр халдварт өвчинтэй тэмцэх туршлагатай байжээ дээ?

-Би малын эмч хүн. Сумын Засаг даргын ажил үүргийн хуваарьт гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудал багтдаг юм. Сумын засаг дарга бол хуулийн хүрээнл хорио цээр тогтоодог эрх бүхий албан тушаалтан. 2016, 2017 онд Монголд шинээр дэгдсэн бог малын мялзан өвчний тухай шуугиан, бог малын цэцэг өвчнөөр улсын хэмжээнд 10 мянга орчим бөхөн хорогдсон талаарх мэдээллийг та сонссон байх. Тухайн үед би засаг даргынхаа хувьд энэ өвчний тархалтыг зогсоох чиглэлээр шуурхай ажиллаж байсан юм. Товчхондоо Мал эмнэлгийн ерөнхий газрын анхны даргаар ажиллахад туршлага мэргэжил нөлөөлсөн гэсэн үг.

Ховдод гэнэтхэн мялзан өвчин дэгдсэнийг Хятадаас орж ирсэн вакцинаас болсон гэж шуугиад байл уу?

-Мялзан өвчний вакцинтай холбоотой дэгдсэн асуудал л даа. БНХАУ-аас импортолсон вакцинаас шалтгаалж энэ өвчин газар авлаа гэж ярьж хэлж явсан хүн л дээ, би. Малын эмч хүнийхээ хувьд тэгж хардах шалтгаан байсан.

За одоо вакцины асуудал руугаа оръё. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга өөрийнхөө үзэмжээр үнэтэй вакцин авсан гэдэг мэдээлэл илт гүтгэлэг үү, эсвэл…?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд мал амьтан, тэдгээрийн гаралтай эм эмнэлгийн хэрэгсэл, вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авах гэсэн өөрчлөлт орсон үед гарсан шийдвэр байгаа юм. Яаралтайгаар дархлаажуулалт хийх үед олон улсын лавлагаа лабораторид баталгаажсан үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авах хуулийн заалт бий. Энэ заалтын дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Мал эмнэлгийн салбарт вакцины наймаа, тендерийн будлиан тасардаггүй гэсэн шүүмжлэл их эртнийх. Ажлаа авчихаад судалж үзэхэд үнэхээр тийм байсан. Хоорондоо тохиролцдог, үнээ өсгөдөг гэх мэт олон асуудал бугшсан байсан л даа. Хуулиар нотлоогүй ч амьдрал дээр байсан учраас энэ асуудлыг анхааралдаа авч тэмцэж эхэлсэн. Маш их бэрхшээлтэй тулгарсан. Олон хүний эрх ашгийг хөндсөн. Энэ вакциныг тойрч эдийн засгийн асуудлаа шийддэг төрийн болон төрийн бус бизнес салбарынхны эрх ашиг хөндөгдөж эхэлсэн гэсэн үг. Тухайн үедээ шүлхий болон бог малын өвчний тархалт улсын хэмжээний том асуудал болсон учраас чанартай үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авах ажлыг 2018 оны наймдугаар сараас эхлүүлсэн юм. Шүлхий өвчний вакциныг ОХУ-ын Бүх холбоотын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс шууд худалдаж авсан. Бог малын мялзан өвчний вакцины тухайд ОХУ, БНХАУ, БНЭУ-ын үйлдвэрлэгчдэд урилга явуулж сонгон шалгаруулалтаар Энэтхэгийг вакциныг сонгосон. Ингэнгүүт тендер зарласангүй гэх мэт шүүмжлэл өрнөж эхэлсэн юм. Бизнесийнхэн ийм шалтгаанаар намайг шүүмжилж, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн түүх нь ерөөсөө л энэ. Вакцины тухайд цаг хугацаа, чанарын хувьд үр дүнтэй байсан учраас шүлхий, мялзан өвчний тархалт огцом буурсан. 2020 оны сүүл гэхэд Монгол бог малын мялзан өвчингүй орон болсон. Шүлхий өвчний тархалтыг ч тэг түвшинд аваачиж чадсан. Вакцинжуулалтыг төлөвлөгөө тооцоотой, чанартай хийж чадсан учраас ийм үр дүн гарсан хэрэг. Дээр нь бид Монгол улсаа гурван бүсэд хуваасан. Зүүн бүсийг вакцин тарьдаг эрүүл бүс, баруун бүсээ вакцин тарьдаггүй эрүүл бүс, төвийн бүсээ хамгаалалтын бүс болгож чадсан. Вакцинжуулалтыг сайн хийсэн учраас улсын хэмжээнд махны экспорт огцом өсч, түүхэндээ анх удаа 80 мянган тоннд хүрсэн. Харамсалтай нь намайг ажлаа өгсний дараа шүлхий, мялзангийн тархалт маш их нэмэгдсэн.

Бизнесийнхэн гээд ерөнхийлчихөөр бүрхэг байна л даа. Таныг АТГ-д өгч, шүүмжилсэн шуугиантай мэдээлэл цацаад яваа хүн яг ямар компанийн хэн гэдэг хүн бэ?

-Манай улсад гадаадын вакцин, эмийн үйлдвэрүүдтэй гэрээтэй компаниуд олон бий. ОХУ-ын вакцины үйлдвэртэй гэрээлж хамтран ажилладаг компанийн нөхөд надтай заргалдаж “Та яагаад нээлттэй тендер зарласангүй вэ, Энэтхэгийнхэнтэй хуйвалдаж улсад хохирол учрууллаа” гэж хардаж эхэлсэн л дээ. Намайг байнга дарамталдаг нэг хүн байсан. “Зон дэм” (Дээд эрхэт компани) компанийн захирал Д.Балдан гэж залуу. Тендер зарла, таныг АТГ-д шалгуулна, АТГ-ын дарга манай хамаатан, би нийслэлийн прокурорт маш олон танилтай гэж ирээд дарамтална. Эсвэл авлига, мөнгө амлана. Тухайн үед би хуулиа баримтална гэсэн хариу өгдөг байсан юм. Тэр хандлага маань таалагдаагүй бололтой юм билээ. Мань хүний хувьд мөнгө төлөөд үндэслэлгүй мэдээлэл сэвдэг ч мөн чанарыг нь ярихгүй байна.

Мялзан өвчний вакцины хувьд Энэтхэг, Оросын бүтээгдэхүүний ялгааг тайлбарлаж өгөөч. Үнэхээр Оросоос жар гаруйхан төгрөгөөр авах байсан вакциныг Энэтхэгээс хоёр зуу гаруй төгрөгөөр авч өндөр зардал гаргасан юм уу, эсвэл өөр учир байна уу?

-Эхлээд нэг тодруулга хэлье. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд яаралтай дархлаажуулалтад шаардагдах вакциныг олон улсын лавлагаа, лабораторид батлагдсан үйлдвэрлэгчээс шууд худалдан авах гэсэн утгатай заалт бий. Бид эндээ Тендерийн үнэлгээний хороо байгуулаад урилга явуулахад ОХУ, Энэтхэгээс хариу ирсэн. Тендерийн үнэлгээний хороо Энэтхэг улсынхыг сонгоод шийдвэрээ над руу ирүүлсэн. Миний хувьд Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт л баталгаажуулж гарын үсэг зурсан. Эрх үүргийн маань хэмжээ тэр. ОХУ-ын вакцин 66 орчим төгрөг, Энэтхэгийнх 265 төгрөг л дөө. Том ялгаа нь чанартаа байгаа юм. Тендерийн хуулийг харвал эм эмнэлгийн хэрэгслийн тухайд чанар, үнэлгээний хувьд өндрийг нь сайн тендер гэж үздэг. Бараа материал дээр бол өөр. Хамгийн хямд нь сайн гэж үздэг. ОХУ-ын 66 төгрөгийн вакциныг гурван тунг давтан тарьж байж гурван жилийн дархлаа тогтоно. Вакциныг натригаар шингэлдэг. Өөрөөр хэлбэл гурван удаа натри хэрэглэнэ гэсэн үг. Бас гурван удаа тарина. Нэг удаагийн тарилгын хөлсөнд улсаас 250 төгрөг төлдөг. Гурван удаа төлбөр төлнө гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр Энэтхэгийн вакцин Оросынхоос хамаагүй хямд болчихож байгаа юм. Энэтхэг вакцины хувьд нэг удаа тариад л гурван жилийн дархлаа тогтоно. Малын эмч ахин дахин очиж тарина гэдэг мөн л өчнөөн зардал. Тооцоод үзэхэд Энэтхэгээс вакцин авснаар тэрбум орчим төгрөг хэмнэсэн байдаг. Гэтэл үүнийг хэн ч ярьдаггүй. Хууль хяналтын байгууллагууд ч тоож авч үзэхгүй байгаа. Ялгаатай үнэ дээр юуг харгалзах ёстойг хуульд заагаад өгчихсөн. Өөрийн эдийн засгийн үр ашиг, нөлөөлөх хүчин зүйлээс аль тохирохыг нь мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж тооцож болно гэсэн утгатай заалт бий. Түүнчлэн ажил үйлчилгээний хугацаа гэж бий. Тендер зарлахад дор хаяж 70 хонодог бол шууд худалдаж авахад 30 хонодог. Урсгал зардал болон үр ашгийн тооцоо, бараа үйлчилгээний чанар гэж байна. Энэ бүхнийг тооцож авсан Энэтхэг вакцин үр дүнгээ өгч 2019 онд мялзан өвчингүй улс болсон. Цаг алдалгүй үр ашигтай дархлаажуулалт хийсний үр дүн л дээ.

Үнэлгээний хорооны шууд худалдаж авах шийдвэрээс яагаад татгалзаагүй юм бэ гэсэн шүүмжлэл дуулдсан…?

– Татгалзах үндэслэлүүдийг хуульд тодорхой тусгачихсан. Шаардлагад нийцээгүй, урьдчилан тохирсон, төөрөгдүүлсэн, шахалт үзүүлсэн, шүүхээр тогтоосон гэх мэт тохиолдолд л татгалзах эрхтэй. Бусад нөхцөлд Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээс татгалзах эрх надад байхгүй.

Хятадын компани яагаад санал ирүүлээгүй юм бол?

-Шалтгааныг нь мэдэхгүй. Хардах эрхийнхээ хүрээнд нэг зүйлийг сонирхуулмаар санагдчихлаа. 2016 онд мялзан дэлгэрсэн гэж ярьсан даа. Монголд байгаагүй өвчин яагаад гэнэтхэн дэлгэрчихэв гэсэн асуултын өнөөг хүртэл тодорхой болоогүй. Гэхдээ надад хардлага бий. Тэр жил Шинжаанаас Ховд аймагт вакцин орж ирж ямар ч хяналтгүйгээр тарьснаас хойш мялзан өвчин тархсан. 2016 онд Хятадын компаниас авахдаа Энэтхэгээс ч үнэтэй 300 гаруй төгрөгөөр авч байсан юм.

Ямар компани оруулж ирсэн юм бол?

-Дамбын Хишгээ гэдгээр нь олны мэдэх Хишигжаргалын “Мон Оол Вэт” ХХК оруулж ирж байсан юм. Асар их хэмжээний вакциныг арван тэрбум 500 сая төгрөгөөр авсан түүхтэй.

Та түрүүн Балдан гэж хүний тухай ярилаа. Таныг ажлаа өгснөөс хойш мялзан өвчний вакциныг тендер зарлаад авчихсан гэж сонссон. Энэ мэдээлэл хэр ортой вэ?

-Өөрийнх нь гомдол саналаар намайг шалгах хооронд буюу өнгөрсөн жил нээлттэй тендер зарлуулж чадсан. Тэр тендерт өөрөө оролцоод өөрөө ялсан. 66 төгрөгийн вакцинаа 110 төгрөг болгоод авчихаж байгаа юм. Энэ эрх ашиг мөн биз?

Мөнөөр барах уу. Нээлттэй тендерээр худалдаж авсан гэхээр хууль зөрччихөж байгаа хэрэг биш үү?

-Монголд арьс товруутах өвчин гэж сая гарлаа. Шүлхий, мялзан өвчин улсын хэмжээнд хүндэрсэн үед арьс товруутах өвчин, шүлхийн вакциныг шууд худалдаж авсан бол мялзанг ганцааранг нь нээлттэй тендерээр авсан. Хүнс, хөдөө ахуйн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан нээлттэй тендер зарлахыг үүрэгдэж, тухайн үед Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж явсан Д.Батчулуун нээлттэй тендерээр худалдан авах ажлыг зохион байгуулсан. ҮАБЗ-ийн шууд худалдаж ав гэсэн зөвлөмж бий. Тендерийн хуульд шууд худалдаж ав гэчихсэн. Ийм байхад хууль зөрчсөн гэсэн үг. Балдангийн зорилго ерөөсөө л энэ. Яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл. Миний хувьд хууль зөрчөөгүй, тендерийн хуулийн хүрээнд Монгол улсын ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлсэн. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд батлагдсан агентлагийн дарга бөгөөд Монгол улсын малын ерөнхий эмч, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж хийсэн ажил.

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр гаргаагүй байхад худалдан авалт хийлээ гэж буруутгасан байна лээ. Та үүнд тайлбар хэлээч?

-Мал амьтны эрүүл мэндийн хууль батлагдахаас өмнө УОК-оос шийдэгдэж, Засгийн газраас тогтоол гардаг байсан юм. Нэмэлт хөрөнгө шаардлагатай үед нөхцөл байдлын талаар УОК-т мэдээллэж, Засгийн газраас тогтоол гаргаж явсан үе бий. Шинэ хууль батлагдсанаар байдал өөрчлөгдсөн. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга яаралтай дархлаажуулалт хийх шаардлага үүссэн үед бие даан шийдвэр гаргах эрхтэйг хуульчилчихсан. Гэхдээ батлагдсан төсөвтөө багтааж шийдвэр гаргах ёстой. Би тэр эрхээ л хэрэгжүүлсэн. Надад нэмэлт хөрөнгө шаардлагагүй байсан. Харин ч хэмнэлт хийсэн. Бог малын мялзан өвчний вакцинжуулалтад улсын төсвөөс жил бүр тэрбум хоёр зуун сая төгрөг төсөвлөдөг. Миний хувьд 800 сая төгрөгөөр л худалдан авалт хийж байсан.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа амжуулсан ажлаасаа цөөхнийг нь дурдаач гэвэл та ямар ажлуудаа онцлох вэ?

-Малын эрүүл мэндийн чиглэлд онцгой анхаарч олон улстай холбоо тогтоож ажилласан. Европ, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнууд, хоёр хөрштэйгээ хамтарч ажиллаж үр дүнд хүрсэн олон ажил, өчнөөн гэрээ хэлэлцээрийн ард гарсан шүү. Дундад Азийн орнуудтай маш сайн гэрээ хэлэлцээрүүд хийсэн. Баруун бүсийг бог малын мялзан өвчнөөс эрүүлжүүлсэн учраас хоригийг цуцлах албан ёсны хүсэлтийг Хятад улсад илгээж байлаа. Гэх мэтээр яривал амжуулсан олон ажил бий. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монголын малын өвчлөл тартагтаа тулаагүй. Би малын өвчин гэж ярихаас цааргалдаг талдаа хүн. Монголын бэлчээрийн малыг эрүүл гэдгийг баталгаажуулах ажлыг Засгийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт байгууллагууд онцгой анхаарсаар ирсэн, үр дүн нь ч гарчихсан. Мал эмнэлгийн гарал үүслийн системтэй болсон. Малчны хотноос хэрэглэгчийн ширээг холбосон цахим системийг нэвтрүүлсэн. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллах үедээ хийсэн том ажлын маань нэг байгаа юм.Монгол инженерийн ухаан, хүчээр бүтсэн ажил даа. 2019 оны арваннэгдүгээр сард малын эмч нарын их хурлыг зохион байгуулсан. Би зөвлөгөөн хийгээгүй. Их хурал зохион байгуулсан. Их хурал бол шийдвэр гаргаж үр дүнд хүрдгээрээ өгөөжтэй. Тэр хурлаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Нэгдүгээрт мал эмнэлгийн салбарын бүтэц тогтолцоог бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх талаар ярьсан. Хоёрдугаарт мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг хэрэгжүүлье гэж тохирсон. Гуравдугаарт мал эмнэлгийн салбарын тогтвортой санхүүжилтыг бий болгохыг зорьсон. Малын эрүүл мэндийн даатгалын системийг нэвтрүүлье гэж ярьж эхэлсэн. Бүх малаа албан журмаар даатгана, даатгалаа төлсөн малчин малын эмчээс чанартай үйлчилгээ шаардана, малын эмч хийсэн ажлынхаа хэрээр хөлс мөнгө авахын тулд малын үзлэг эмчилгээндээ онцгой анхаарна. Ийм харилцан хяналтыг бий болгох зорилт тавьсан. Ингэснээр жилд 300 орчим тэрбум төгрөг цуглана гэж тооцсон. Жар орчим хувь нь мал эмнэлгийн салбартаа зарцуулагдана, 40 орчим хувь нь бэлчээрийн менежмэнтдээ зарцуулъя гэсэн зорилт тавьсан. Төсөвтөө багтааж салбартаа гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чадсан. Бүх сумаа мотоцикль, компьютер, ширээ сандалтай болгож, бүх аймгийн төвийг туулах чадвар сайтай унаатай болгосондоо баяртай байгаа. “Оновчтой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан учраас өвчний тархалт буурч, хэмнэлт хийж чадлаа. Надад мөнгө байна, Ерөнхий сайдаа дэмжиж өгөөч” гэж хүссэн учраас Ерөнхий сайд тэр хүсэлтийг минь дэмжсэн болохоор энэ ажлуудыг амжуулж чадсан юм.

Таныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад гахайн африкийн мялзан гэж айхавтар өвчин гарч байл уу?

-Тэгсэн, манайд улсад байхгүй өвчин дэлгэрсэн. Мал эмнэлгийн ерөнхий газар зөв хөдөлж хоёр сарын дотор дарж бизнесийн салбарынхнаа эрсдлээс хамгаалж байлаа. Өвчилсөн гахай шууд үхдэг айхавтар өвчин.

Таныг З.Батсүх гэдэг хүнтэй холбож буруутгасан байсан. Ямар учиртай хүн бэ?

-З.Батсүх шинжлэх ухааны доктор хүн. Хүрээлэнгийн ажилтан. Энэ хүрээндээ ажлаа хийгээд явсан хүн. Тэр хүрээнд нь л би мэднэ Түүнээс биш хардаж, гүтгэж мэдээлээд байгаа шиг холбоо сүлбээ байхгүй.

Зохион байгуулалттайгаар гүтгэлгийн шинжтэй нийтлэл, мэдээлэл цацагдаад байгаагийн цаана ганц компанийн захирлын ашиг сонирхлоос гадна өөр олон том эрх ашиг ч байж мэдэх юм. Танд ийм бодол төрж байна уу?

-Магадгүй л юм. Өмнө нь нэг өвчин дэгдлээ гэхэд УОК шийдвэр гаргаад хорио цээр тогтоодог байсан. Асар их хүн хүч очдог. Томилолт, шатахуун гээд өчнөөн мөнгө зарцуулдаг байсныг нь хумьсан. Энэ өөрчлөлт зарим хүнд таалагдаагүй байх. Үүнээс гадна Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын хувьд хурдан морины комисст ажиллаж монгол эрлийз морьдыг ялгах тал дээр ажилласан. Монгол адуугаа л уралдуулна гэсэн байр суурь маань олон хүний дургүйг хүргэсэн байх.

Мөнгөтэй хүмүүсийн эсрэг ажил хийжээ. Сайд, гишүүн болгон морьтой гэхээр том эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг ч зогссон байна…?

-Тийм тал бий байх. Баахан мөнгө амлаж байсан тал бий шүү.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын шалгаруулалтад өрсөлдөж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Түдгэлзүүлсэн хугацаа маань дууссан учраас өрсөлдөх эрхтэй. Учир нь надад хийсэн хэрэг байхгүй. Дуусгах ажил ч олон байна. Үнэхээр буруутай байсан бол ингэхгүй шүү дээ.

Сүүлийн асуулт. Та Ховдын Дарви сумын удирдлагад өчнөөн жил ажилласан хүн. Тэр утгаараа орон нутагт олон зүйлийг хийж бүтээсэн нь тодорхой. Амжилттай түүхээсээ ганцыг нь онцлооч?

-Манай сум алдартан олонтой. Газар зүйн байршлын хувьд хөгжиж болохуйц давуу талтай. Байгалийн баялаг ихтэй. Төв зам дагуу. Шинжаантай хоёр замаар холбогддог. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Намайг удирдах үед манай сум эдийн засгийн хувьд бие дааж төсвөө өөрөө бүрдүүлж байсан. 2011онд Монгол улсын анхны шилдэг сум болж байлаа. Насаараа төрд ажиллахдаа ганц зарчмаас огт хазайж байсангүй. Шударга ажиллахсан гэж боддог. Төр засгаас дэвшүүлж байгаа шударга байх, баялгийг зөв хуваарилах, авлига хүнд суртлаас ангид байх тал дээр хувь нэмрээ оруулж ажилласан. Эцэст нь орон нутгийн удирдлагаар ажиллаж байхдаа амжуулсан нэг ажлаа онцолмоор байна. Манай сум Хөшөөтийн уурхайтай их зөв хамтарсан. Хөшөөт маш хариуцлагатай уул уурхай болсон. Уурхайн орлогоос тодорхой мөнгө авч санд хуримтлуулж орон нутгийн хөгжилд зориулдаг болсон нь хаана ч байхгүй зөв жишиг. Жилд тэрбумаас тэрбум таван зуун сая төгрөг Сумын хөгжлийн санд ордог. Сангийнхаа 70 хувийг аймагт, 30 хувийг орон нутгийн санд оруулах гэрээтэй. Баялгийн санг хийх гэж оролдсон жишээ л дээ. Дүйцүүлэн хамгаалах талаар ажил эхэлсэн түүх бий. Уул уурхайг хариуцлагатай хөгжүүлж болдогийн тод жишээг манай Дарвийн туршлагаас харах бүрэн боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баасансүрэн: Миний нэг танил талархлын бясалгал хийгээд цоо эрүүл болж байсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….


“Эрдэнэзуу” хий­дийн хамба лам Х.Баасан­сүрэнтэй ярилцлаа.

-Ууланд гурван сар орчим бясалгаад бууж ирсэн байх аа?

-Хоёр сар гаруй бясалгал хийлээ.

-Гэр бариад бясалгадаг уу, эсвэл агуйд уу?

– Би 2009 онд Эрдэнэзуугаас арваад км-ийн зайтай газар, ууланд бясалгалын жижигхэн сүм барьсан юм. Байнга очиж чадахгүй болохоор хашаандаа, газар дор бясалгадаг өрөө барьсан. “Эрдэнэ зуу”-даа байхдаа тэндээ суудаг. Бясалгал тогтмол байж үр дүн нь гардаг, ахидаг зүйл л дээ. Цагаан сараас хойш уулын сүмдээ суусан. Ер нь бясалгалд орчин их чухал байдаг. Тэр дундаа эхний шат ч юм уу, ахиж байгаа шатанд. Ийм үед зохистой орчин байхгүй бол үр дүнгүй болдог. Урьдын лам нар бясалгах гэж агуй руу явдаг байсан нь ийм учиртай.

-Лам нар бясалгах үедээ модон тагшинд хооллодог, өдөр бүр аяганыхаа амсрыг чулуунд үрж жижигсгэдэг, сүүлдээ бүр огт хоол идэх шаардлагагүй болдог гэж ирээд ярьцгаадаг. Урт хугацааны бясалгалын үед хоолон дээр ийм хатуу дэг барьдаг уу?

-Идэж байгаа зүйлс биед тодорхой хэмжээгээр үлддэг. Жишээ нь үхрийн мах идсэн бол үхрийн нэг хэсэг нь, хонины мах идсэн бол хонины нэг хэсэг нь гэх мэтээр ямар нэг байдлаар тодорхой мэдээллүүд биед үлддэг. Нөгөө талаасаа мах ч юм уу, хэт хүнд хоол идвэл бясалгалын үед сэргэг байж чаддаггүй. Тийм учраас хөнгөн хооллодог. Бясалгалын үед хоолыг хэт хүчилж хорьж болохгүй л дээ. Хүсвэл идэж болно. Гэхдээ бясалгал хийгээд байхаар хоолноос авах энергиэ өөр юмнаас авах боломжтой болдог. Түвшин ахиад ирвэл махнаас татгалзаж цагаан хоол руу, цагаан хоолноосоо дээшлээд зөвхөн жимс иддэг хэлбэр рүү ч орж болно. Эсвэл бүр ахиж ч болно.

-Та яаж хооллож байсан бэ?

-Миний хувьд элдэв хорио цээр байхгүй. Өдөрт нэг удаа хооллож байсан. Дан цагаан хоол идсэн. Бясалгалын хувьд хоол нэг номерын асуудал биш л дээ. Гэхдээ хоолоо зөв байлгавал үр дүн нь хурдан, бясалгал ахицтай явах бололцоотой. Номонд хоёр цагаас хойш хоол идэхийг хориглодог ёс бий. Энэ цагаас хойш шүдэнд торохоор зүйл идэхийг цаг бусын идээ гэж үздэг. Нөгөө талаар бага иднэ гэдэг маань цаад утгаараа буян. Маш олон амьтны амь аварч байгаа буян. Учир нь бидний хэрэглэж байгаа бүхэн хэмжээ хязгаартай. Зуун грамм мах идлээ гэж бодъё. Тэр махыг бүрдүүлэхийн тулд үхрийг тугал байхаас нь эхлээд усалсан байж таарна. Багахан хэмжээний ийм мах идэхэд л 15 тонн ус зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Ийм тоо сонссон хүн идэхгүй байж ширээ дүүрэн хоол авчихаад хаядгаа болино шүү дээ. Хоолоо ч бясалгал болгож болно. Бие доторх хорхойгоо хооллож байна шүү гэж бодоод идэх нь өөрөө бясалгал. Энэ мэтээр үйлдэж байгаа бүхнээ ухамсартай, сайн сайхан юмны төлөө зориулж хийх л юм бол бясалгал болчихож байгаа юм.

-Тэгвэл бясалгалыг энгийнээр ердөө л ухамсартайгаар бүх юмыг хийх гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Энгийнээр хэлбэл хийж байгаа юмаа мэдэж хийнэ гэсэн үг. Аягаа угааж байгаа бол огт өөр юм бодохгүйгээр “Би аяга угааж байна” хэмээн мэдэж хийхийг хэлээд байгаа юм. Өглөө босох, нүүр гараа угаах, ажилдаа явахдаа ч бясалгал хийж болно. Хийж байгаа үйлдэл бүрээ ажиглаж, ухамсартай үйлдэл хийж байвал, ямар бодол урсаад байгаагаа таньдаг бол тэр чинь бясалгал. Хүмүүс автобусанд явж байхдаа юу ч бодохгүйгээр зам дагуух хаягнуудыг харж явдаг. Би ийм хаяг уншиж байна даа гэж мэдэхгүйгээр дадал болгочихсон байдаг л даа. Тэр үйлдлээ л ухамсартай, мэдэж хийвэл бясалгал болно.

-Гэхдээ хүмүүс бясалгалыг огт өөрөөр ойлгоод дөлөөд байдаг. Наад зах нь нүдээ аниад нам гүм суух ёстой гэж төсөөлдөг. Ер нь бясалгал энгийн хүмүүст яагаад, ямар учраас хэрэгтэй вэ?

-Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Бүгд л бодол, сэтгэл хөдлөлөөс хамааралтай. Засъя гээд өөрчлөх боломжгүй л дээ. Сэтгэлээ өөрчлөх ганц л арга бий. Тэр нь бясалгал. Бясалгал бол хүнийг өөрчлөх, сэтгэл зүйг нь засах, тайван сайхан болгох хамгийн зөв зам.

Таны хэлснээр хүмүүс бясалгалыг нүдээ аниад юу ч бодохгүй суудаг мэтээр ойлгодог. Удаан сууж чадахгүй байх гэх мэт шалтгаан бодож олоод шантардаг. Бясалгал бол заавал нүдээ аньж суугаад хийх зүйл биш. Мэдээж тэгж чаддаг бол сайн. Өнөөгийн зав зайгүй нийгэмд амьдралынхаа хэв маягийг бясалгалын хэв маяг руу оруулж болно.

-Таны бясалгалын нэг өдрийг сонирхмоор байна. Өдрийн турш бясалгах уу?

-Ямар бясалгалаасаа хамаараад тунгаар хийдэг л дээ.

-Тунгаар хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өглөөний бясалгалаа хийчихээд өдөр хооллох үедээ завсарладаг. Тэгээд үдээс хойшийн бясалгалаа хийнэ. Үдээс хойшийн бясалгалын дараа алхах ч юм уу, түр завсарлаж байгаад оройны бясалгалаа эхлэхийг тунгаар хийнэ гэдэг юм.

-Ууланд ганцаараа удаан хугацаанд бясалгал хийхээр эвгүйцэх үе гарах уу. Чононоос эхлээд…?

-Чоно зөндөө л дөө. Тэр бол нэг их чухал биш. Өөртөө гэхээс илүү тэр хавийн малд их санаа зовдог байсан. Чоно ирээд унагыг нь түүчих нь их хэцүү. Өөдөөс нь дуу гаргаад дөхөхөөр үргээд явчихдаг юм. Түүнээс биш хүн рүү дайрч ирнэ гэж байхгүй л дээ. Эсвэл оройдоо жаахан хашгирчихаад унтахад чоно дахиж ирдэггүй. Элдэв айдас гэхээс илүү харин ч байгальдаа байгаа учраас илүү жаргалтай шүү дээ. Бид хүнсээ сонгохдоо хүртэл аль болох дахин боловсруулаагүй, цэвэр байгалийнхийг сонгохыг хүсдэг. Хүн төрөлхтөн байгалийн амьтан гэдгийн л нэг жишээ. Та бодоод үз дээ. Хаалга онгойгоод л уул, хаалга онгойгоод л тал, үүд цэлсхийтэл нээгдээд л цэцэг жимс. Сонсоход хүртэл гоё байгаа биз. Гэтэл суурин газарт өөр. Хаалга онгойгоод л байшин, түгжрэл.

-Бясалгалын түвшин ахиад ирэхээр айдас гэх мэт таагүй мэдрэмжээс салдаг байх нь л дээ?

-Ер нь сэтгэл хөдлөл өндөр байх тусам зовлон ихэсдэг. Амархан баясч, гуньж, айх зэрэг бол сэтгэлийн савлагаанууд. Бясалгал хийнэ гэдэг дүүжин шиг савлаж буй сэтгэл хөдлөлийг луужин шиг тогтоон барьж байгаа хэрэг. Бид бусдаас хамаарч амьдардаг. Өнөөдөр нэг хүнээс муу үг сонсоод өдөржин гуньдаг, маргааш өөр нэгнээс магтаал дуулаад хөөрч дэвдэг. Хэн дуртай нь муу үг хэлээд уйлуулж байна гэхээр та өөрөө хэн болж таарах вэ, зовлон, жаргалаа бусдаас хамааралтай болгочихоор цаашдаа яах вэ. Жаргалын шалтгаан болсон зүйл чинь алга болбол жаргахаа байна гээд төсөөлөөд үз дээ. Мэдээж хэн ч ийм зүйл хүсэхгүй. Бясалгал хийх тусам хүн өөрийгөө илүү анзаарч эхэлдэг. Бусдаас хамаарахаа болино гэсэн үг. Тэр хэрээр гаднаас хамаарсан зовлон багасна. Аз жаргалын мэдрэмж дотроос чинь урсаж, гаднах зүйлс тэр мэдрэмжийг чинь улам хөглөж өгдөг байж л жинхэнэ аз жаргал ирнэ.

-Таны бясалгалын хи­чээлд суусан хэн ч бясалгалыг маш энгийнээр ойлгож, амьдралынхаа жи­рийн л нэг дадал болго­ход төвөггүй юм шиг санагд­сан. Бясалгалын курс хичээл­лүүлье гэж боддог уу?

-Би бясалгал заах дургүй. Өндөр түвшинд хүрч, хүнд заах хэмжээнд очсон гэж өөрийгөө үнэлдэггүй. Хүмүүсийн хүсэлтээр заадаг. Төрийн бус байгууллага маань хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийдэг юм. Бясалгалаас олсон орлогоороо тэр ажлаа санхүүжүүлэхийн тухайд гэдэг юм уу, хүнд үнэхээр хэрэгтэй гэдэг утгаар нь заадаг. Зорьж ирж байгаа хүмүүсийн хувьд үр дүн гарах магадлалтай учраас заадаг л даа. Алсдаа нийтэд зарлаад том хэмжээний бясалгалын курс явуулах бодол байхгүй. Зовлонгоо хуваалцаж, асуудлаа ярья гэж хүссэн хүнтэй бол ганцаарчлаад ч хамаагүй уулздаг.

Хэдэн цагаар ч хамаагүй сонсч, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх дуртай. Сэтгэл чинь яг эндээ очоод байна, үүнийгээ засахгүй бол ингэнэ гэх мэтээр зөвлөдөг. Энэ чиглэлээр ажиллавал үр дүнтэй юм болов уу гэж боддог. Хоригдлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон гэх мэт асуудалтай хүмүүст зөвлөгөө өгдөг юм. Ер нь лам хүн чинь сэтгэл зүйч. Одооны лам нар сэтгэл зүйчийн хэмжээнд ажиллахгүй байгааг үгүйсгэхгүй. Үүнээс болж бөө удган, үздэг хардаг гэх мэт олон хүн гарч ирж хүмүүсийг хуурч, хөрөнгө мөнгөөр нь хохироогоод байх шиг санагддаг. Уг нь сэтгэл дотор нь болж байгаа зүйлсийг сайн ойлгуулж зөвлөгөө өгчихөд л асуудал шийдэгдчихнэ.

-Сүүлийн үед бясалгалын маш олон хэлбэр орж ирж, өчнөөн янзын курс хичээллэж байна. Ер нь бясалгалын хичнээн арга байдаг вэ?

-Хүн болгон тус бүрдээ давтагдашгүй бүтээл. Тийм болохоор яг танд тохирсон бясалгал өөр хүнд тохирох албагүй. Хүн бүрд тохирсон бясалгалын арга байж болно. Долоон тэрбум хүнд долоон тэрбум бясалгалын арга байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрийн сэтгэл зүй өөр учраас хүн бүрд тохирсон бясалгалын арга барил байх хэрэгтэй. Өөрт тохирсон бясалгалын арга барилаа олбол үр дүн нь хурдан гардаг. Монголд маш олон бясалгал орж ирж байгаа нь зөв гэж боддог. Хэчнээн доод зэрэглэлийн бясалгал байсан ч хүмүүсийг өөрчилдөг. Бясалгаж байгаа тохиолдолд хүн өөрчлөгдөх боломжтой. Манайх л зөв, миний сонгосон бясалгал л төгс гэсэн хандлага байдаг. Ийм хандлага төрж л байвал болоогүй байна гэсэн үг.

-Очир завилгаагаар суулган занданшуулсан шарил хэдэн сарын өмнө олдсон. Урьд цагт самадид орсон ийм лам, гэгээнтэн олон байсан гэдэг. Өндөр түвшинд бясалгадаг тэр уламжлал тасарсан уу, одоо ч бий юу?

-Тасраагүй. Лам нараас гадна бясалгаж байгаа энгийн хүмүүсийн дунд ч өндөр түвшинд хүрсэн хүн зөндөө бий. Бясалгах тусам хүний би гэх үзэл улам багасах учиртай. Өндөр түвшинд хүрсэн хүмүүст би гэсэн үзэл байхгүй учраас чимээгүй байдаг. Миний мэдэхийн өндөр түвшинд бясалгадаг гуч, дөчөөр тоологдох хүмүүс бий. Энгийн хүмүүсийн хувьд зарим нь өөрсдийгөө мэдэхгүй байх нь бий. Зүгээр ярьж суухад хүртэл мэдрэгддэг. Тийм хүмүүстэй ярилцаад сууж байхдаа би ийм түвшинд хүрээгүй байна даа гэж боддог. Над шиг даруу бус, эгондоо баригдсан хүн л ярилцлага өгөөд ч юм уу, иймэрхүү байдалд орж байгаа юм. Өндөр түвшинд хүрсэн бол өгөхгүй гээд зугтаана шүү дээ. Тэгэхээр би болоогүй л байна гэсэн үг.

-Гэхдээ нийгэмд сайныг түгээнэ, эерэгээр нөлөөлнө гэдэг талаас нь харвал харин ч зөв үйл хийж байгаа юм биш үү?

-Хэцүү л дээ. Ярвигтай асуудал. Бүдүүн түвшинд бол “Нээрээ тийм тал ч бий шүү” гээд тоохгүй байж болно л доо. Гэхдээ нарийн түвшинд бол өөр. Бусдад үнэхээр тус болж чадаж байвал хайраараа шалгуур тавих ёстой. Тэр хүнийг энэрч хайрлаж, тусалж, өөрчлөгдөх боломж олгож байвал “Би зүгээр сууж, дуугүй байж болохгүй дээ” гэж бодож болох юм. Ийм шалтгаанаар өөрийгөө өмөөрч болох л байх.

-Хүмүүс бясалгалыг эрүүл мэнд талаас нь харж, их сонирхдог болж. Эрүүлжихийн тулд хийдэг тусгай бясалгал гэж байх уу?

-Бясалгал бол дандаа сэтгэл дээр тулгуурладаг. Сэтгэл амгалан тайван байвал бие махбоди дагаад эрүүлжих боломжтой. Бие өвдөхөд сэтгэл хямардаг, сэтгэл хямрахаар бие өвддөг гэдэг дээ. Тэгэхээр бясалгал сэтгэлийг тайвшруулдаг гэдэг утгаараа биед ч нөлөөлнө. Рейки гэх мэт бие махбодьтой хамаатай бясалгал өчнөөн бий.

-Хорт хавдраар өвчилсөн хүн бясалгаад эрүүлжсэн жишээ нэлээд сонсогддог. Ийм боломж бясалгалд үнэхээр бий юу?

-Боломжтой. Магадлалын хувьд бясалгал хийсэн бүхэн эрүүлжих албагүй л дээ. Гэхдээ хүнээсээ, хавдрын байдлаасаа, оролдлого, зөв арга барилаасаа хамаарч эерэг өөрчлөлт гарах бололцоотой. Сэтгэл амгалан байхаар дагаад бие эрүүлжсэн жишээ олон бий. Миний нэг таньдаг хүн талархлын бясалгалыг жил хийсэн юм. Хүчний байгууллагад ажилладаг хүн л дээ. Байгууллагаараа эрүүл мэндийн үзлэгт орсон чинь их олон өвчтэй гарсан юм билээ. Гэхдээ аминд хүрэхээр ноцтой өвчнүүд байгаагүй. Тэр хүн надтай лекцэн дээр таарсны дараахнаас талархлын бясалгал хийсэн гэсэн. Өдөр бүр дуртай аялгуугаа сонсоод талархаад байж. Жилийн дараа эрүүл мэндийн үзлэгт дахиад ортол ганцаараа цоо эрүүл гарсан үр дүн бий. Ямар ч эмчилгээ хийгээгүй хэрнээ эрүүл гарсан гэж надад хэлж байсан.

-Талархлын бясалгалаа манай уншигчдад зааж өгөх боломжтой юу?

-Бололгүй яахав, их энгийн бясалгал. Миний хамгийн хийх дуртай бясалгал. Юм бүхэнд талархсан, баярласан сэтгэлээр хандаж сурна гэсэн үг л дээ. Дуртай аялгуугаа тавиад аялгуундаа уусангаа талархахад л болно. “Баярлалаа аав, ээж минь. Ямар их хүч чармайлт, хайр энэрлээр намайг хүн болгосон юм бэ, та хоёр минь” гэж ирээд таларх. Талархмаар хүмүүс амьдралд зөндөө бий. Талархлаа хэлж чаддаггүй гэм бидэнд бий. Тэр дундаа монгол хүмүүс. Дотроо бодож явдаг хэрнээ баярласан сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Би эхлээд бурханд талархдаг юм. Тэгээд багш нартаа, аав ээждээ, найзууддаа талархдаг. Хүн үлдээчих вий дээ гэж талархдаг. Дараа нь эд зүйлсдээ талархдаг. Биед эвтэйхэн байдаг хувцсандаа талархаад үзээрэй, үр дүнд нь та сайхан харагдана. Тэгээд дараа нь оршихуй руу, таньдаг мэддэг бүх хүн, нар сар, уулс, үүлс гээд энэ орчлонд талархах зүйл өчнөөн бий. Сайндаа л 10, 15 минутаар өдөр бүр хийгээд байвал гайхалтай үр дүн мэдрэгдэнэ. Амлаж байна. Чин сэтгэлээсээ хийж чадвал сарын дотор маш олон өөрчлөлт гарна.

-Та “Эрдэнэ зуу руу хэзээ явах вэ?

-Маргааш(өнөөдөр) явна.

-Ер нь цаашдаа Эрдэнэ зуудаа л байх хүсэлтэй юу?

-Ямар нэгэн төлөвлөгөө байхгүй. Би хаана байхаас хамаарахгүйгээр тухайн агшин хоромд аз жаргалтай байхыг хүсдэг. Өнгөрсний харуусал, ирээдүйн мөрөөсөл хоёроос болж л бид зовдог. Би тэгсэндээ гэж өнгөрснөөр өөрийгөө дарамталж, эсвэл ирээдүйд тийм юмтай л болбол жаргана гэж аз жаргалд маш том шалгуур тавьчихдаг. Тэгээд тэрэндээ хүрэхгүй дандаа сэтгэл дундуур амьдардаг. Зүй нь бүх юм яг одоо, энэ мөчид л болж байгаа. Тэгэхээр би Эрдэнэзууд байна уу, гадаадад байна уу, хаанаас ч хамаарахгүйгээр тэр мөчдөө л уусч байвал аз жаргалтай амьдарч чадна. Ажлаа ч аз жаргалтай хийх ёстой. Өглөө бүр хүнд ажил хийж өгч байгаа мэт хандаж ажил руугаа явдаг хүмүүс олон бий.

Гэтэл таны амьдралын үнэтэй мөч хором бүр урссаар байдаг. Хүн дунджаар 20 жил ажиллалаа гэхэд бүтэн таван жил буюу 40 мянган цагийг зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг гэсэн тооцоо бий. Хүнд ажил хийж өгч байгаа мэт сэтгэлээр өнгөрөөсөн бол амьдралын үнэтэй цаг чинь тэр хэрээр хорогдохоос биш даргын чинь цаг хорогдохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй л дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ хүмүүс Монголыг авч яваа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


-МОНГОЛЫН 35 ХҮН ДЭЛХИЙН БАЯЧУУДЫН ЖАГСААЛТАД БАГТЖЭЭ-


Ажиллагсад нь дэл­хийн таван тивд
хүрч ажил­ладаг “Wealth-Х” су­далгааны байгууллагаас
World Ultra Wealth Report буюу цэвэр орлого нь хэт их хэмжээтэйд тооцогдох хөрөнгөтэй
хүмүүсийн жагсаалтыг жил бүр гарга­даг.

Энэ байгууллага 30 сая ам.доллараас
дээш хөрөнгөтэй хүмүүсийг хэт их хөрөнгөтэй гэж тооц­дог. Сүүлийн жилүүдэд хэт их
хөрөнгөтнүүдийн жагсаалтад Монголын иргэд олноороо орох бол­жээ. Энэ жилийн жаг­саалтад
нь багтсан Мон­голын бизнесмэнүүдийн хөрөнгийн
нийт хэмжээ нь зургаан тэрбум ам.дол­лар болж. Тодруулж хэл­бэл манай улсын 35 ир­гэ­ний хөрөнгийг ний­лүүлж тооцвол ийм тоо
гарч байна. Тэд ийм хэм­жээний хөрөнгөөр дэл­хийн баячуудын хүрээ­лэлд оржээ.

Энэ жилийн хувьд хө­рөнгө ихтэй эрхмүүдийн
жагсаалтад Японы 1480 тэрбумтан багтаж, тэр­гүүлсэн байна. Хураасан хөрөнгөө хүү
авч биш мөнгө төлж банкинд хад­галуулдаг, хадгаламжийн мөнгөөрөө Америкийн
эдийн засгаас ч том гэгд­дэг, технологи, үйлдвэр­лэлээрээ цэнхэр гаригтаа дээгүүрт
жагсдаг арлын орон энэ хэрийн хөрөн­гөт­нүүдтэй
байх нь зүйн хэрэг. Энэ жил Ази, Европ, Хойд Америкийн улсуу­дын баян эрхмүүдийн
тоо багасчээ. Шалтгааныг нь “Wealth-Х”-ийнхэн
Аме­рик, Европын эдийн зас­гийн хямрал, Хятадын эдийн засгийн өсөлт саар­сантай холбон тайл­барлаж байна.

Хөрөнгөтэй хүмүүс нь ихэссэн орны
тоонд Араб, Латин Америк, Ойрхи Дорнод оржээ. Улс­ төр нь хуйсагнуур Ойрхи Дорнод,
Арабын орнуу­дын байдал өнөө хэр дээр­дээгүй, харин ч бүр хурцдаад байгаа ч газрын
тос хүн төрөлх­төнд хам­гийн хэрэгтэй бүтээгдэ­хүүний нэг хэвээр учраас жил бүр
баячуу­дынх нь тоо өсөж байна. Энэ бол “Wealth-Х”-ийн хийсэн тайлбар. Өнгөрсөн оны хувьд
монгол­чууд одоогийн байраа алдаагүй юм билээ. Ноднин жил Монголоос энэ жагсаалтад 40 хүн багтаж байв.
Нийт хөрөнгийн хэмжээ нь энэ жилийнх шиг зургаан тэрбум ам.дол­лар. Тухайн үед Монголын
хөрөнгөтнүүд үзүүлэлтээрээ Азидаа гуравдугаарт жагсч байж. “Wealth-X”-ийн жагсаалтад Монголоос хэн хэн багтсан
нь одоогоор тодорхой биш байна. Жагсаалтаараа зарлагдаагүй гэсэн үг. Гэхдээ Монголын
хөрөн­гөтэй хүмүүсийн эхэнд ямар эрхмүүд бичигддэгийг “HERO” сэтгүүлийн редакциас 2011 онд гаргасан
албан бус судалгаанаас багцаалдчихаж болно.
Тус сэтгүүл бүр жагсаалт гаргаж байгаад Мон­голын хөрөнгө ихтэй бизнес­мэнүүдийг
нэрлэчихсэн. Дэлхийн хэмжээнд яригдах мөнгөтэй хүмүүсийн тоо Монголд нэмэгдэж байгаа
нь барууны хэвлэлийнхний сонирхол татсан
сэдвийн нэг болсныг энэ мэт жишээнээс харж болно.

“Wealth-Х” судалгааны бай­гууллага нь дэлхийн томоохон арван банкны
долоотой нь хамтарч ажилладаг. Сингапурт төвтэй. Нью-Йорк, Гуанжоу, Мумбай, Лугано,
Сидней, Лондонд салбартай энэ байгууллага тив бүрт туршлагатай, баримтад ултай хандаж, анализ хийж чаддаг ажиллагсадтай гэдгээ сайтдаа онцолсон байна лээ.
Баян хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдний мэдээллийн сангаас авах боломжтой.
Дэлхийн баячуудын хөрөнгө орлогоос гадна
буяны үйлсэд хэр гар сунгадгийг нь ч мэдээллийн сангаас нь харж болно. Баячуудын
улс төрийн ямар нам байгууллагад холбоотойг нь ч судалдаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй ойр дотно ажилладаг хүмүүсийнх
нь талаар мэдээлэл цуглуулдаг аж. Тодруулж
хэлбэл дэлхийн баячуу­дын зөвлөхүүд, гэр
бүлийнхэн, хувь хамтрагчдынх нь тухай мэдээл­лүүд “Wealth-Х”-ийн мэдээллийн санд
хадгалагддаг юм байна. Хэт баян хүмүүсийн судалгааг гаргахдаа ул суурьтай хандаж,
бодитой эх сурвалжаас авсан баримтад түшиглэж мэдээллээ боловсруулдаг гэдгээрээ “Wealth-Х” дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгд­сөн ийм
том байгууллагаас гаргадаг дэлхийн хэт баячуудын жагсаалтад Монголоос 35 хүн багтана
гэдэг бидний хувьд алга ташиж олзуурхан хүлээж
авахаар мэдээлэл. Нөгөө л “муусайн бая­чууд” гэсэн хуучны хандлагаараа шүүмжилж,
элдэвлээд байх мэдээ биш л дээ.

Тэд бол Монголын үндэсний хөрөнгөтнүүд.
Үндэсний хөрөн­гөтнүүдтэй болж, хөрөнгөтэй эрхмүүд нь дэлхийн энд яригдаж байгаа нь бидний хувьд олзуурхан бичих сэдэв. Чөлөөт эдийн засаг
жамаараа хөгжиж байгаагийн нэг гол хэмжүүр.
Дэлхийн баян иргэ­дийн тоонд багтсан бизнесменүүд бол манай баялаг бүтээгчид. Энэ хүмүүс Монголын эдийн засаг,
нийгмийг нуруун дээрээ үүрч яваа. Төрийн
нэрээр төсвийн байгуул­лагынхны гар дээр цалин болж очдог мөнгө, зам тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад зарцуулдаг
өчнөөн сая, тэрбумаар яригддаг төгрөг бүгдээрээ
тэдний татварт төлсөн мөнгө. Тэд мөнгөө
зүгээр хадгалаад, дараад хэвтээд байдаг хэсэг биш. Энэ эрхмүүдийн мөнгө Монголын
эдийн засагт тасралтгүй эргэлдэж байдаг. Хүний биеэр жишвэл судсаар тасралтгүй эргэлдэх
халуун цустай зүйрлэж болохоор тийм амин хэрэгцээ болж эдийн засгийг тэтгэж байдаг.
“Wealth-Х”-ийн баячуудын жаг­саалт олонд ил болоогүй учраас одоогоор бидний барих
баримжаа бол “Hero” сэтгүүлийн редакциас хоёр жилийн өмнө гаргасан жагсаалт. Энэ
жагсаалтыг MCS-ын Ж.Оджаргал, “Гачуурт”-ын
Л.Чинбат, Женко Х.Баттулга, “МАК”-ийн Б.Нямтайшир нар тэргүүлсэн байсан. Эдний удирддаг
компанид монголчууд хэдэн мянгаараа ажилладаг. Тэр хэрээ­рээ цалин авч амьдралаа
өөд нь татаж яваа. Ажилчдынх нь ард байгаа үр хүүхэд, хань ижил, ойр дотнынхон гээд
яривал зөвхөн цалингаар хүрч байгаа өгөөжийг нь ярихад л овоо мөнгө яригдана. Цалингаа авсан хүн хүнсээ, хувц­саа авна. Тэр
хэрээр үйлчилгээний салбар урагшилна. Эдний нуруун дээр Монголын эдийн засаг яваа
гэдгийг хэлэх гэж энэ бүхнийг нуршаад байна л даа.

“Wealth-Х”-ээс гаргадаг бая-чуудын жагсаалтад багтсан баялаг бүтээгчдэдээ
баяр хүргэе. Дараа жил улам олон болоорой
гэсэн ерөөлийг бас дайя. Ингээд Мон­голын хөрөнгөтэй эрхмүүдийн хөрөнгийн
хэмжээг дурдсан, одоогоор хамгийн тодорхой байгаа жагсаалтыг хүргэе. Энэ бол дээр онцолсон “Hero” сэтгүүлийн редакциас гаргасан жагсаалт.
Нэг зүйлийг сануулж хэлэхэд “Wealth-Х” хэт баячуудын жагсаалтыг гаргахдаа цэвэр
орлогыг тооцдог бол энэ жагсаалтад нийт хөрөнгийн хэмжээг албан бус судалгаагаар
гаргасан байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ламын гэгээн: “Бодь мөрийн зэрэг”-ийг уншиж ухаарвал сүсэгтэн олонд их хэрэгтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Ламын гэгээн наймдугаар дүр Лувсан­дан­занжам­бал­чойжиш­инэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Өдгөөгөөс 375 жилийн өмнө Чингэсийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн
хүү болж мэндэлсэн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны найм дахь дүр Баянхонгор аймгаас 2009 онд тодорсон
юм. Далай багш тухайн үед Ламын гэгээний наймдугаар дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг
сумын харьяат Болдын ганц хүү Эрдэнэбатыг нэрлэж байлаа. Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн
нэг, өндөр гэгээн Занабазарын дотны шавь, Төвдөд судар, тарнийн гүн ухааны ном үзэж
судалсан, анагаах ухааны номонд мэргэшсэн оточ нарт олгодог Лхажэ зэрэгт хүрч байсан
Ламын гэгээн өмнө нь Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн
Жанцан зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байсан юм. Дараагийн дүрүүд нь бүгд
Монголд хувилан төржээ.

Ламын гэгээний найм дахь дүрийг тодруулах ажлыг 2000 оноос эхэлсэн
гэдэг. Гэгээнтнийг тодруулах эрэл нэлээд хэдэн жил үргэлжилж шалгуурт орсон хүүхдүүдээс
600 хүүхдийн нэрийг Далай багшид явуулжээ. Далай лам тэднээс гурван хүүхдийг нь
тодруулан судалж, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн
жил буюу 2009 онд найм дахь дүрийг нь тодруулсан түүхтэй. Ламын гэгээн наймдугаар
дүр Лувсан­дан­занжам­бал­чойжиш­инэн
Энэтхэгээс
Монголд түр хугацаагаар ирээд байгаа юм. Гэгээнтнийг Баянхонгор аймгийн Заг суманд
ирж сүсэгтэн олонд сургаалиа айлдах үеэр нь уулзаж ярилцлаа.


-Та
Баянхонгор аймгийнхаа сумдаар орж сургаалиа айлдаж байгаа юм байна. Сум бүрээр орох
болсон цаад шалтгаан бий байх?

-Надад бурхны шашныг олон түмэнд зөв талаас нь ойлгуулахсан гэсэн
чин хүсэл байдаг юм. Хүмүүс ном уншуулаад засал хийлгэчихлээ гэдэг. Энэ талаас нь
биш л дээ. Бурхны шашны номын утгыг энгийнээр тайлбарлаж байж хүмүүст хүрнэ. Ингэж
байж л энэ агуу ухаанаас сүсэгтэн олон хэрэгтэй зүйлээ олж авна. Ухаарна. Ийм ч
учир агуулгаар аймгийнхаа сумдаар явж байна. Төрсөн аймгийнхаа сумдаар явах их сайхан
сэтгэгдэл төрүүлж байна.

-Хүмүүс
таныг ном уншина, засал хийнэ гээд идээ будаагаа зэхээд ирчихсэн харагдсан…?

-Манай монголчууд их сүсэгтэй ард түмэн. Чин сүсэг нь сум бүрт л
мэдрэгдэж байна. Мэдээж ном уншина. Гэхдээ ном уншиж засал хийнэ гэхээсээ илүү Бурхны
шашныхаа ухааны суурь шим хэсгийг нь тайлбарлаад явж байгаа. Энэ л миний хийх ёстой
гол зүйл юм болов уу гэж боддог.

-Баянхонгорчууд
энэ жил Ламын гэгээний мэлмий гийсний 375 жилийн ойг тэмдэглэж байна. Та ойдоо оролцоод
буцах уу?

-Тэгнэ, наймдугаар сар гээд буцчих болов уу. Энэ жил миний визний
хугацаа дууссан юм. Аймгийн ИТХ-аас ой хийнэ гэсэн мэдээг сонсоод олзуурхсан. Ламын
гэгээн бол шашны том зүтгэлтний нэг. Энэ утгаараа мэлмий гийсний ой нь ард иргэдэд
бурхны шашныг ойлгуулах тал руу чиглээсэй гэсэн бодолтойгоор аймагтаа ирлээ.Баяр
цэнгээнээ голлох биш шашнаа түлхүү сурталчилбал зүгээр болов уу.

-Бурхны
шашны ухааныг энгийнээр ойлгуулъя гэдгээс улбаалж сонирхох нэг асуулт байна. Сүүлийн үед бурхны
номыг хийд хүрээ газар төвдөөр биш монголоор орчуулж хуръя гэж их ярих болсон. Энэ
тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Зүгээр, байж болох санал. Гэхдээ шууд орчуулчихад ойлгох, буух талаасаа
бас хэцүү. Монголоор буулгалаа гэхэд хуучны хэллэг ямар утгатай буухыг шууд таах
аргагүй. Нэг үг янз бүрийн утгаар явдаг учраас хэцүү бэрх талдаа. Бурхны шашны ухааныг олонд хүргэхийн тулд тайлбарлаж
таниулах л хэрэгтэй.

-Лам
хуврагууд өөрсдөө тайлбарлах ёстой гэсэн үг үү?

-Тийм ээ, лам нар сургааль, номын утгыг сүсэгтэн олонд хэлж таниулаад
байвал үр дүн нь гарна.

-Та
гэгээнтнээр тодрох үедээ ямар сургуульд сурч байсан бэ?

-“Номгон” сургуулийн су­рагч байсан. Тэр үед би 13 настай байсан
юм. Гэгээнтнээр тодрохын өмнөх өдөр нь манайд хэсэг хүмүүс ирсэн л дээ. “Маргааш
өглөө дээлээ өмсчихөөд байж байгаарай” гэчихээд яваад өгсөн. Тэгээд л Ганданд хоёр
хоноод Энэтхэг явсан.

-Очоод
шууд ном үзээд эхэлсэн үү?

-Тэр үед цагаан сарын үе таарсан учраас бараг хагас сар амарч байж
ном үзэж эхэлсэн.

-Төвд
бичиг мэдэхгүй болохоор эхэндээ амар биш байсан байх?

-Дунд сургуульд сурч байгаад шууд очсон болохоор үсэг бичиг сурахаас
эхлээд хялбар биш байсан. Би Балданбэрээвэн хийдийн Гомон дацанд анх очсон. Одоо
ч дацандаа ном үзэж байна. Тав дахь жилээ ном үзэж байгаа.

-Дахиад
хичнээн жил ном үзэх вэ?

-Нэлээд хэдэн жил болно оо.

-Яг
одоо ямар ухаанд суралцаж байна?

-Философи дотроо олон ухаантай. Нэг ухаан нь болох шалгадаг ухаанд
суралцаж байгаа.

-Ирээд
хийд хүрээ байгуулъя гэсэн бодол бий юу?

-Тийм бодол бий. Ямартай ч эхлээд ном эрдмээ сайн суръя гэсэн зорилгыг
өмнөө тавиад хичээн судалж байна.

-Дацангийн
ном үзэх дэг гэж байдаг байх. Өглөө их эрт босдог гэж сонссон…?

-Оройдоо л зургаан цаг гэж босдог юм. Дацангийн дэглэм гэж бий. Өглөө
босоод цайлчихаад номоо үзнэ. Философийн хичээлтэй өдөр өглөөний есөөс 11.00 цаг
хүртэл ном үзнэ. Өдрийн хоол арваннэг хагаст. Арванхоёр цагаас хичээлтэй нь номоо
үргэлжлүүлж үзнэ. Ер нь бол арванхоёр цагаас өдрийн нэг хагас хүртэл унтлагын цаг
байдаг. Хичээл өдрийн хоёр цагаас ахиад үргэлжилнэ.
Гэхдээ энэ үеэр номоо бие дааж үзэцгээдэг. Оройны тав хагас бол хоолны цаг. Оройн хоолны дараа өглөөний цээжилсэн номоо сэргээж уншдаг. 19.00 цагаас философийн хичээлтэй. Оройны есөн
цаг хүртэл үргэлжилнэ. Дараа нь гэртээ ирээд
уншлага ном байвал уншчихаад амардаг.

-Гомон
дацанд монгол хүүхдүүд олноор сурдаг гэсэн. Одоо хичнээн хүүхэд сурч байгаа вэ?

-Намайг анх очиход зуугаад
монгол хүүхэд байсан бол одоо 300 давсан.

-Монгол
хүүхдүүд хамтдаа амьдардаг уу?

-Амьдрах байр нь тусдаа. Нэг байранд бүгдээрээ байна гэж үгүй. Гэхдээ
сая намайг Монголд ирэхээс өмнө тусгай байр барьсан л даа. Тэр байранд монголчуудын ихэнх нь орсон.

-Номын
багш тань ямар хүн байдаг вэ?

-Манай багш 2012 онд гэвш лхарамбын мяндаг хамгаалсан. Өнгөрсөн жил
нууц тарнийн ёсоор аграмбын дамжаа барьсан мундаг хүн бий.

-Далай
багшийн хэлсэн сургааль айлдвараас сэтгэлд ойр санагддаг үг гэвэл юуг нь онцлох
вэ?

-Багштай уулзахаар өөрийн эрхгүй сүрдэх сэтгэл төрдөг. Сандрах, баярлах
зэрэгцээд ирдэг юм. “Номоо сайн үзэж олон хүний итгэлийг даагаарай” гэдэг үгийг
намайг очих болгонд хэлнэ. Яагаад ч юм өдөр бүр энэ үг нь бодогддог. Ном сайн үзээд
ард иргэддээ хэрэгтэй зүйл хийхсэн гэдэг л миний чин хүсэл. Багшийн өнгөрсөн онд
хэлсэн нэг айлдвар санаанд тод байна. “Монголчууд омогтой хүмүүс, архи зохихгүй.
Айргаа бол хүссэнээрээ уух хэрэгтэй” гэж хэлсэн. Өмнө нь ч гэсэн “Архиа бага ууж
айргаа тааваар ууцгаагаарай” гэж хэлж байсан шүү дээ. Далай багшийн энэ айлдвар
л түмэн олонд минь хэрэгтэй гэж боддог. Хэрэгжүүлбэл их сайхан айлдвар.

-Таныхаар
Бурхны шашны гайхамшиг нь юу вэ?

-Цаад гол шим нь төгс гэгээрлийг олох. Богд Зонховын айлдсан “Их
бодь мөрийн зэрэг” гэж бий. Энгийн бидэнтэй адил хүмүүнээс бурхны шашны төгс гэгээрлийг
олох чиг зам тэр номонд бий. “Бодь мөрийн зэрэг”-ийг уншиж ухвал их хэрэгтэй. Бурхны
шашинд утгаар нь ойлгоод сонсох, санах, бясалгах гэж ярьдаг юм. Тэгж байж гол зүйлдээ ордог.

-Сонсох,
санах, бясалгах гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Сонсох гэдэг нь багшаас ном сонсохыг хэлж байгаа юм. Сонссон номоо
гэртээ ирээд санах хэрэгтэй. Санасан зүйлсээ
бясалгах хэрэгтэй гэсэн санаа л даа.

-Бясалгалыг
хүмүүс их хүндээр ойлгоод байдаг. Тусгай орчинд, тусгай багштайгаар хийдэг айхтар
эд гэж ойлгоод бясалгал гэдэг үгийг тэр бүр ухахыг хичээдэггүй. Ер нь бурхны шашинаар
бясалгал гэж юу вэ?

-Зарим хүмүүсийн хувьд бясалгалыг
гаднаас нь хараад чимээгүй, юу ч бодохгүй аг чиг суух гэж ойлгоод байх шиг санагддаг. Далай багшийн нэг үг санаанаас гардаггүй юм. Багшийн
таньдаг хүн бясалгал хийхээр ууланд гараад сууж л дээ. Гурав, дөрвөн жил суугаад
бууж ирснийхээ дараа “Огт юм мэдэхгүйгээр бясалгана гэдэг хэцүү эд юм. Юу ч бодохгүй,
юуг ч толгойндоо эргэлдүүлэхгүй болохоор оюун ухаан мууддаг юм байна” гэж хэлсэн
гэсэн. Тэгэхээр сонссон номынхоо гол зүйлсийг сэтгэлдээ хэрэгжүүлэх л бясалгал юм.

-Ярилцлагын
төгсгөлд сүсэгтэн олондоо хандаж айлдвар, сургаалиа хэлнэ үү?

-Шашныг мухар сүсгээр биш зөв талаас нь ойлгож, чин сэтгэлээсээ хандан,
буян, нүглийн цаад утгыг ухаарч, буян их
хураагаарай.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Харь гаригийн”-хнаар төсөөлөгддөг гал сөнөөгчид DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….


Аав, ээжүүдийн мэдэхэд илүүдэхгүй нэг мэдээлэл байна. Хэсэг судлаач гэрт нь түймэр гарах үеэр хүүхдүүд яагаад эндээд байгааг судалж л дээ. Гэхдээ Монголд биш Америкт. Түймэрт эндсэн хүүхдүүдийн ихэнх нь хэзээ хойно хаалганы араас, орон дороос олддог нь судлаачдыг гайхашруулсан хэрэг. Эцэст нь өнөө судлаачид гэртээ ганцаараа байгаа хүүхдүүд гал сөнөөгч ороод ирэнгүүт хувцаснаас нь сүрдэж харь гаригийн ч юм уу, өөр ямар нэгэн аюултай, нуугдах ёстой хүн гэж бодоод нуугдчихдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь хүүхдүүдэд гал сөнөөгчийн хувцастай хүний зураг харуулахад ихэнх нь “харь гаригийн хүн”, “кинон дээр гардаг аймаар ах”-тай зүйрлэж байж. Гал сөнөөгч хүнд хаалга, цонх эвдэж орох шаардлага гардаг тул гартаа алх, сүх мэтийн “зэвсэг” атгадаг. Ингээд л гал сөнөөгчид хүүхдүүдэд “хадны мангаа” болж харагддаг гэж судлаачид үзжээ. Одоо бол хөгжилтэй улсуудад гал гарах үед ийм хүн орж ирж авардаг гэдгийг заадаг тусгай сургалтуудыг аав, ээжүүд хүүхдүүддээ зориулан авдаг болсон юм билээ. Манайд ч гэсэн хэрэгжүүлж болохоор санаа. Байрны айлуудын хувьд гэхэд гэртээ ганцаараа үлдээд цонхноос унаж амиа алдсан балчруудын талаар эмзэглэмээр мэдээ байсгээд сонсогддог. Өндөр байшингийн цонхны аюулаас эхлээд гал сөнөөгчид гэж ийм хүн гэх мэтийн наад захын олгох мэдлэг өчнөөн байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монголын занараас Арабынхаас ч чанартай тос гарна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВАААС… “Монголын занараас Арабынхаас ч чанартай тос гарна” ХЭМЭЭХ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН НИЙТЭЛЖ БАЙНА.


Гар утасны дайтай
шатдаг занарын өөдөснөөс нэг пенциллиний шил дүүрэн Арабын газрын тосноос илүү
сайн чанарын, цэвэр дизелийн тос гаргаж авах бололцоотойг Америкийн эрдэмтэд
баталжээ. Тэд Монголын шатдаг занарыг лабораторид шинжпээд ийм дүгнэлт гаргачихаж.
Гар утасны дайны занарын хэлтэрхийнээс тосноос гадна пенциллиний шилний хэртэй
хий гарна гэж манайд занар хайж байгаа Америкийн судлаачид хэлж байна. Говьд
занараас тос гаргаж авбал мөн ийм хэмжээний нэрмэл ус ялгардаг гэж байгаа. Шууд
уухад тохиромжгүй ч ус ховортой говь нутагт зүлэгжүүлэлт энэ тэрд ашиглахад
боломжийн ус гэнэ.

Гар утасны хэмжээний
жижигхэн хэсгийг томруулаад хааш хаашаагаа нэг хавтгай дөрвөлжин км талбай
бүхий газар гэж бодъё. Ийм талбайгаас дор хаяж 150-200, түүнээс дээш метрийн
зузаантай чанарын зохих түвшинд байгаа занар олбол Монголын өнөөдрийн дизелийн
долоон жилийн хэрэгцээг хангахаар хэмжээний тос гарна. Таатай мэдээ дуулгахад
америк эрдэмтэд Монголд ийм занар байгааг баталжээ. Хэрэгцээгээ бүрэн хангаад
экспортолж мөнгө олох боломж бидэнд байна гэсэн үг.

Занар яаж үүсдэгийг
хар үгээр тайлбарлавал 150 сая жилийн өмнө нуур байсан газарт үүсчээ. Нуурын
замаг нуурынхаа гүнд шороо элстэй холилдож сүүлдээ чулуужсаныг шатдаг занар
гээд ойлгочихож болно. Товчхондоо Монголынх цэрдийн үед хамаарах нуурын ёроолын
гаралтай шатдаг занар. АНУ-ын Колорадагийн ордтой ижил бүтэцтэй, сайн чанарын
занар гэж судлаачид ам сайтай байгаа. Нэг тонн чулуунаас 115 литр тос гарна
гэсэн тооцоог судлаачид хийжээ. Монгол занар хүхрийн агууламж багатай гэдгийг
дэлхийн судлаачид тогтоогоод байна.

Манай улсын хувьд
шатдаг занарын таамаг нөөцийг 800 тэрбум тонн гэдэг. Дэлхий дээр шатдаг занарын
нөөцөөрөө Америк тэргүүлдэг. Америкийн дараа Иордани, Израйль жагсдаг. Монголын
хувьд хайгуулаа сайн хийгээд нөөцөө баталгаажуулбал дээгүүрт жагсана гэж
геологичид онцолдог. Өгий нуур, Чойр, Тамсагийн хавьд нөөц сайтай гэсэн таамаг
бий.

Манайтай хамтарч буй
Америкийн хувьд занарын салбар нь өндөр түвшинд хөгжсөн цөөхөн улсын нэг.
Нефтийн хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог энэ улс газрын тосны
хэрэглээнийхээ 60 орчим хувийг гаднаас хангадаг. Ойрын 15 жилдээ багтаж газар
дор байгаа занараа боловсруулж дотоодынхоо хэрэглээгээ 100 хувь хангах зорилт
тавиад ажиллаж байгаа улс.

Уул уурхайн яаманд
шатдаг занарын чиглэлээр хамтрах саналыг судалгаагаа сайн чанарын занар Монголд
байна гэж зарласан Америкийн “Жени ойл энд газ”- аас гадна Францын компани тавьжээ.
Монголоос МАК, “Нарантуул трейд” компани туршилтын ажпаа эхлэхэд бэлэн болжээ.
Хориод компани хайгуул хийх хүсэлтээ тавиад байгаа гэнэ. Одоогоор технологио
санал болгож, урьдчилсан ТЭЗҮ-гээ хийж, ажил нь нэлээд явцтай байгаа компани
бол “Жени ойл шэйл Монголиа”. Америкийн “Жени ойл энд газ”-ийн охин компани.
Толгой компани нь Нью- Иоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, эрчим хүч, газрын
тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийг
ашиглах талаар нэлээд судалгаа, шинжилгээ, туршилт хийсэн үндэстэн дамнасан
корпораци. АНУ, Израйльд газрын тос болон шатдаг занарын хэд хэдэн орд дээр
хайгуул, ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа.

“Жени ойл шэйл
Монголиа” Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант сумдын зааг Өвөржаргалантын хөндийгөөс
болон Хөөтөөс занарын их хэмжээний нөөц илрүүлж, газрын гүнд нь боловсруулж тос
гаргаж авах боломжийг санал болгож байгаа юм. Дэлхий дээр шатдаг занарыг газрын
гүнд болон ил уурхай гэсэн хоёр аргаар олборлодог. Ил аргаар олборлохыг нь
байгаль орчинд халтай гэдэг бол газрын гүнд халаах маягаар тос гаргаж авахыг нь
экологид хор нөлөө багатай гэж үздэг аж.

Шатдаг занарыг
энгийнээр хэлбэл уламжлалт газрын тос болон байгалийн хийн өмнөх шатны
бүтээгдэхүүн гээд ойлгочихож болно. 2000-3000 метрийн гүнд булагдсан бол
байгалийнхаа жамаар боловсорч газрын тос болж хувирах байж. Харин шатдаг занарын
хувьд 200-300 метрийн гүнд байдаг учраас энэ процесс явагдаж амжаагүй гэсэн үг.
Боловсруулж тос гаргана гэдэг нь тос болж хувираагүй байхад нь техник
технологийн хүчээр халааж гаргаж авахыг хэлдэг аж. Химийн бодис ашигладаггүй нь
энэ аргын нэг давуу тал.1940-1960 онд газрын тосны үнэ галзуурч байхад Швейдэд
анх энэ аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоодын хэрэгцээгээ хангаж байсан түүх
бий. Гүнээс олборлоход газрын гадарга дээр сөрөг нөлөө үзүүлдэггүйг энэ мэт
туршлага баталдаг. Өнөөдөр гэхэд Колорадад хэд хэдэн төсөл хэрэгжиж байна.
Занараас хөнгөн нэгдлүүдийг нь л ялгаж авдаг учраас газар хотойно гэсэн ойлголт
байхгүй аж.

“Жени ойл шэйл
Монголиа” компанийнхан дэлхийд эхний тавд ордог санхүүгийн зөвлөгөө өгдөг
компанид хандаж урьдчилсан ТЭЗҮ хийлгэжээ. Өдөрт 600-700 тонн газрын тос
олборлох бүрэн хэмжээний үйлдвэрийг Монголд байгуулахаар тооцжээ. Жилд 18 сая
баррель газрын тос, 900 сая метр куб байгалийн хий боловсруулах хэмжээний том
үйлдвэр байгуулах ажил яригдаад эхэлсэн

гэсэн үг. Нэг тонн
газрын тос гаргах үйлдвэрийн өртөг нь 350 ам.дол- лар гэж гарчээ. Гэтэл өнөөдөр
дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 100 ам.доллараас буухгүй байгаа.
Өмнө нь арав гаруйхан ам.доллар байсан газрын тос сүүлийн хорин жилд л лав
100-гаас буураагүй. Шатдаг занараас тос гаргавал баррелийг нь 45-50 ам.доллараар
борлуулах боломжтой гэсэн тооцоог тэд хийжээ. Тэгэхээр бид занараасаа тос
гаргаад эхэлбэл илүү сайн чанарын тосыг хоёр дахин бага үнээр авах боломж
нээгдэх нь. 15- 20 жилийн дараа бүрэн хэмжээний үйлдвэр ажиллах тооцоо гарчээ.
Үйлдвэр босгох өртөг нь дөрвөн тэрбум орчим ам.доллар. Улсын төсөвт энэ
үйлдвэрээс жилд 850 сая ам.доллар орно гэсэн тооцоо гарсан байна лээ.

Тээр доор байгаа
занарыг эрчим хүчний ямар эх үүсвэрээр халаах вэ гэдгийг ч тэд тооцжээ. Эхний
халаах эрчим хүч чухал байдаг гэнэ. Тэр эрчим хүчээ салхинаас гаргах бүрэн
боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Нэг халаагаад газрын тосоо гаргаад ирсэн байхад
байгалийн хий давхар гараад ирнэ. Байгалийн хий бол эрчим хүчний том эх үүсвэр.
Байгалийн хийгээ халаалтандаа эргээд ашиглана. Эрчим хүчээ энэ маягаар шийдчих
боломжтой юм билээ. Занараас гарах хийг ганцхан занараас тос гаргахад
ашиглахгүй. Шатдаг занараас гарах хийг эрчим хүчний асуудлаа шийдэх том боломж
гэж харж болно. Занараасаа эрчим хүч гаргаж хөгжсөн улсын нэг нь Эстони. Манайх
шиг их нөөцгүй, байгалийн өөр ямар нэг баялаггүй энэ улс зургаан ил уурхай
ажиллуулж жилд 20 орчим сая тонн занар олборлож уламжлалт аргаар нэрж, занарын
цахилгааны болон дулааны станцыг ажиллуулж байна. Дотоодынхоо эрчим хүчний
хэрэгцээний 90 гаруй хувийг занараас гаргаад авчихдаг. Манайхаас 2.5 дахин
цөөхөн хүн амтай, нутаг дэвсгэрээрээ 45 дахин жижиг Эстонийн компаниуд занарын
үйлдвэрлэл технологийг идэвхтэй хөгжүүлж, зөвхөн дотоодод төдийгүй гадаадын улсуудад
хөрөнгө оруулах хэмжээнд хүртэл томорчээ. Тэгэхээр бидний өмнө занараараа эрчим
хүч, газрын тосны хэрэглээгээ хангаж, цаашлаад харвал бүс нутагтаа нөлөөллөө
тогтоосон улс болох боломж ч нээлттэй байна. Газрын тос гэдэг бүтээгдэхүүнд улс
орнуудын харилцаа, байр суурийг эргүүлэхээр их хүч нуугддаг гэдэг. Ингээд харахаар
занарт ч тийм ирээдүй байна. Дэлхий Монголыг занараар нь үнэлж, занараас
гаргасан өндөр чанартай газрын тос Монголыг дэлхийн онцлох улсын нэг болгоход
дор хаяж 5-6 жил шаардлагатай гэж судлаачид үздэг юм билээ. Гэхдээ занарын
төслүүд энэ янзаараа урагшилбал шүү дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв халхын уртын дуу эртний хийд Эрдэнэзууг хөглөв DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Төв халхын уртын дууны сайхан нь шуранхайдаа оршдог гэх нь бий. “Хангайн уртын дуу говийнхоос өөр. Хангайн хүн өндөр газар гарч байж уудам орон зайг эзэгнэдэг. Яг тэрэнтэйгээ адилхан хамгийн өндөр аялгуут хэсэг нь дууныхаа эхэнд таарна. Харин говийн уртын дуу бол намуухан явна. Говийн уудам тал тэр тал дээр байгаа жижигхэн манхан, уул толгод шиг ерөнхийдөө өндөр хадаахгүй гэсэн үг… Уртын дуу бол газар зүйн байршилтай маш их холбоотой” гэж нэгэн судлаач онцолсон байдаг. Төв халхын уртын дууны нутаг нь Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган аймаг гэдэг. Энэ жил Өвөрхангай аймагт Төв халхын уртын дууны анхдугаар наадам боллоо. Тодруулж хэлбэл Хархорин сумын нутагт түүх өгүүлэн сүндэрлэх Эрдэнэзуу хийд дээр төв халхын уртын дуучид хоолойны чадлаараа уралдаж хуучны хийдийг уртын дууны шуранхайгаар хөглөсөн юм. Эрдэнэ зуу хийд дээр зохион байгуулсан нь цаанаа учиртай аж. Уртын дуу бол биет бус өв, сүм хийд бол биет өв. Айзам, бэсрэг уртын дууны язгуурыг Төв халхын уртын дуу хэмээдэг. Эрдэнэзуу гэхэд л хэдэн зууны түүхтэй биет соёлын өв язгуураараа оршин буй хуучны хийд. Байгаагаараа оршин байгаа цөөхөн хийдийн нэг. Энэ хоёрын хослолыг харуулах зорилгоор задгай талыг биш Эрдэнэзууг сонгожээ.

Төв халхын уртын дууны наадмын нээлт гэхэд л цаг хэртэй үргэлжилсэн. Бөртэ Чоно, Гоо маралтайгаа тэнгэрээс буун ирж буй агшин гадны жуулчдын сонирхлыг ихэд татсан бололтой, өөр зуураа гайхан шагших нь дуулдав. Бөртэ чонын улих дууныг залган шуранхай хадах нь нээлтийн оргил үеийн нэг байж чадсан. Уртын дуу чонын улилтаас үүссэн гэх домгийн бэлгэдэл гэж зохион байгуулагчид нь хожим тайлбарласан юм. Шуранхай хадах агшинд Буддын шашныг Монголд гурав дахь удаагаа дэлгэрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Өндөр гэгээн Занабазарын өвөө Автай сайн хаан морилон ирж эзэн Чингэсийн үеийн төрийн их дуун “Эртний сайхан”-ыг эгшиглүүлэхийг зарлигдав. Цамын бүжиг, Автай сайн хааны баатруудын бүжиг ч сүрлэг сайхан болсон. Үг, үйлдэл бүр нь түүх өгүүлж, бэлгэдэл агуулсан Төв халхын уртын дууны анхдугаар наадмын нээлтийг үзсэн хүн бүр гүн сэтгэгдэлтэй байгаа нь илт.

Энэ сарын 21-нд болсон Төв халхын уртын дууны анхдугаар наадам жил бүр зохион байгуулагдах юм билээ. Наадамд орон нутгаас болон салбарын байгууллагаас нэлээд анхаарал тавьсан нь оролцогчдоос нь тодорхой байв. Төв халхын уртын дууны анхдугаар наадмын нээлтийн ажиллагаанд гэхэд ССАЖЯ-ны Соёлын биет бус өвийн хэлтсийн дарга н.Жаргалсайхан, Францын Элчин сайд Ив Дэлунэ, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГ-ын дарга Д.Түмэнжаргал, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд, Засаг дарга Л.Энхбат, Эрдэнэзуу музейн дарга Н.Төмөрбаатар нар иржээ. Наадмыг зохион байгуулагчид нь ССАЖЯ,Өвөрхангай аймгийн ЗДТГ, Эрдэнэ-Зуу музей.

Тэд Төв халхын уртын дууны анхдугаар наадмыг зохион байгуулах болсон шалтгаанаа “Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа наадам. Монголын ард түмний хэдэн зуунаар дуулагдан хойч үед өвлөгдөн үлдсэн биет бус өв болох уртын дуу, түүний дотор төв халхын уртын дууны аялгуу, хөг, дэгийн уламжлалыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх нь бидний гол зорилго. Мэдээж Монгол уртын дууны гайхамшгийг гадаадын жуулчдад сурталчлах том зорилго ч бий” гэж байлаа.

Төв халхын уртын дууны анхдугаар наадамд Өвөрхангай, Архангай, Орхон, Булган аймгуудаас 16 уртын дууч оролцсон юм. Наадам 18-35, 36-55, 56-аас дээш гэсэн гурван насны ангиллаар хоёр үе шаттай явагдлаа. Дуучид эхний шатанд мартагдсан буюу нутгийн онцлогийг харуулсан нэг дуу, өөрийн урын сангаас нэг дууг сонгон дуулж өрсөлдсөн бол хоёрдугаар шатны шалгаруулалтад айзам уртын дуу дуулж өрсөлдөв.

Эхний шатны учир агуулгыг Өвөрхангай аймгийн ССАЖГ-ын Соёл, аялал жуулчлалын албаны дарга Л.Пүрэвлхам “Эхний шатанд мартагдсан, нутгийн онцлогийг харуулсан дуу дуулуулж байгаа нь нарийн учиртай. Өвөрхангайд гэхэд л зөвхөн Нарийнтээлд дуулагддаг Соёг хөх бор, Улаан торгон дээл гэх мэт дуунууд бий. Булганы өөр нэг суманд гэхэд л Монголын хаана ч дуулагддаггүй дуу байх жишээний. Төв халхын уртын дуу даяарчлагдсан. Уяхан замбуутивийн наранг гэхэд л Норовбанзад гуайн шуранхайгаар хүн бүр дуулж байна. Уртын дууг язгуураар нь авч үлдэх учиртай. Наадмын нэгдүгээр шатны зорилго бол ерөөсөө энэ. Яг газар нутагтаа язгуураараа үлдсэн, зөвхөн тэнд дуулагддаг дууг нутагтаа дэлгэрүүлэх, авч үлдэх зорилготой. Нарийн тээлд гэхэд Соёг хөх борыг дуулдаг цөөхөн хөгшин үлдсэн. Тэр их өвийг бүртгэлжлүүлж авч үлдэж байгаа нь том хэрэг. Хүн бүрийн мэддэг дуулдаг дуу бол онцлоггүй, даяарчлагдчихсан гэсэн үг. Онцлогоо авч үлдэх нь чухал байгаа” гэж ярив. Наадмын эхний шатанд хоёр дуу дуулуулж байгаа нь тухайн дуучны хоолойны чадлыг шалгаж буй хэрэг гэнэ.

Төв халхын уртын дууны наадмыг сонирхсон нутгийн хөгшчүүл “Ойрд сонсоогүй сайхан юм сонслоо. Зуугийн үүдэнд дуулах ч өөр байна шүү” хэмээн өөр зуураа ярилцан ам сайтай байв. Зарим нь бүр нулимс унаган сонсоно лээ.

Наадамд Өвөрхангайн дуучид өнгөтэй байлаа. Үзэгчид дундаас “Манай аймгаас Лхамжав, Түвшинжаргал гээд мундаг улс төрсөн шүү, Шаргын уснаас уусан хүн ч сайхан дуулдаг гэж үнэн юм аа” гэсэн бахадсан үг хэлэх хүн цөөнгүй байв. Сонирхуулж хэлэхэд эдний аймгийнхан нутгаасаа төрсөн алдарт уртын дууч, гавьяат жүжигчин С.Сумъяагийнхаа нэрэмжит уртын дууны наадмыг зохиогоод арав гаруй жил болсон гэнэ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэ наадамд дунджаар 50 орчим хүн оролцдог гэхээр уртын дуугаараа гайхагдахаас аргагүй аймаг ажээ. С.Сумъяа Төв халхын уртын дууны анхдугаар наадмын шүүгчээр ажилласан юм.

Залуу насны ангиллын тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын уртын дуучин Н.Цэцэгсүрэн шалгарсан. Харин удаах байрт Архангай аймгийн уртын дуучин С.Нарантуяа орсон юм. Гуравдугаар байрын эзнээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уртын дуучин Б.Заяахүү тодорсон бол тусгай байрт Орхон аймгийн уртын дуучин н.Отгонцэцэг шалгарлаа. Дунд насны ангиллын эхний байрын шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын уртын дуучин н.Дүгэрсүрэн авсан бол хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин Д.Цэвэлсүрэн орлоо. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уртын дуучин н.Мөнхбат гуравдугаар байрт шалгарсан юм. Тусгай байранд Орхон аймгийн уртын дуучин Оюундарь орлоо.

Ахмад насны ангиллыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин Р.Цэрэндэгд тэргүүлсэн бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын уртын дуучин н.Гаваа удаалсан юм. Харин гуравдугаар байрт Булган аймгийн уртын дуучин Сандагдорж, тусгай байранд Архангай аймгийн уртын дуучин Долгорсүрэн нар орлоо. Шагналт байр эзэлсэн уртын дуучдад Францын элчин сайд Ив Дэлунэ тусгай шагнал гардуулав.

Төв халхын уртын дууг алдаршуулах зорилготой энэ наадамд аймаг бүрээс залуу, дунд, ахмад наснаас тус бүр нэг нэг хүн оролцох боломжтой юм билээ.

Аялгууг хоолой, цээж, гэдэс гээд гурван гүнээс гаргадаг уртын дууг ЮНЕСКО соёлын өвийн жагсаалтдаа бүртгэж авсан билээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уртын дуунаас шуранхайны сайхнаараа онцгойрдог Төв халхын уртын дууны анхдугаар наадам Өвөрхангай аймагт ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Төв халхын алдартай дуучдын үргэлжлэл болсон олон сайн дуучин цаашдаа энэ наадмаас төрөх бизээ. Дараа жил болох Төв халхын уртын дууны наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал болох гэнэ. Энэ наадмыг жилээс жилд өргөжүүлж, Төв халхын уртын дууг аялал жуулчлалын нэг том брэнд болгоно гэсэн зорилго Өвөрхангайчуудад байгаа юм билээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Доржийн Гармаа: “Морьтой ч болоосой”-г бичихдээ хорь ч хүрээгүй байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Зохиолч Доржийн Гармаатай хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Доржийн Гармаатай ярилцлаа


-Төрсөн нутаг ус, ээж, аавынхаа талаар дурсаач?

-Би Төв аймгийн Эрдэнэ сумын Шохойцагаан булаг гэдэг газар 1937 оны есдүгээр сарын 27-нд төрсөн хүн. Малчнаас ажилчин болсон айлын ганц хүү байгаа юм. Нэг эгч, нэг дүүтэй. Аав, ээж маань шохойн үйлдвэрт олон жил ажилласан улс. Тэгэхээр ажилчны хүүхэд гэмээр юм уу.

-Аавыг тань бурхны ном үзсэн мундаг хүн байсан гэж дуулсан. Тэгэхээр ажилчны хүүхэд гэж хэлж болохгүй байх аа?

-Тиймээ, аав минь бага наснаасаа хүрээ хийдэд шавилсан, гэвш цолтой нэлээд эрдэмтэй лам хүн байсан юм. Тогтохын Дорж гэж хүн байлаа. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. Гучин хэдэн оны үед лам нарыг хар болгож, ойр хавийн үйлдвэрүүдэд ажилчин болгосон юм билээ. Ийм түүхтэйгээр шохойн үйлдвэрийн ажилчин болсон хэрэг. Тэнд ажиллаж байхдаа ээжтэй танилцсан байдаг.

-Тийм эрдэмтэй, гэвш цолтой хүн номоо ор тас хаяагүй байх. Нууцаар ч гэсэн үздэг байсан болов уу?

-Өөрийнх нь зиндааны улс их ирнэ ээ.Тэр үед биднийг гэрт байлгахгүй, гаргачихна. Тэгээд л ном судраа ярьдаг байсан. Лам нар нууцаар уулзаж ярихыг зөвшөөрдөггүй хатуу үе байсан даа. Долдугаар ангид байхдаа би ааваас “Та надад төвд үсэг бичиг зааж өгөөч. Би таны үздэг номын учрыг олмоор байна” гэсэн чинь “Чиний ном тусдаа, миний ном тусдаа. Өөрийнхөө номд л хичээ. Тэгээд ч би намын гишүүн хүн. Чамд бурхны ном заавал толгой дээгүүрээ дээлээ нөмөрнө” гэснээс өөр үг хэлээгүй. Ингээд л хичээлдээ шамдаж долдугаар ангиа онц төгсөөд Санхүү эдийн засгийн техникумд сурч төсвийн нягтлан бодох гэдэг мэргэжил эзэмшиж өөрийнхөө мөрөөр явсан хүн.

-Ээж тань шохойн үйлдвэрт ажиллаж байсан гэхээр Төв аймгийн хүн байх нь ээ?

-Үгүй ээ, Хэнтийн Цэнхэр­мандалын хүн байгаа юм. Сумаасаа шохойн үйлдвэрт ирж ажиллаж байгаад аавтай танилцсан гэдэг. Цэцэн цэлмэг гэж жигтэйхэн сайхан хүн байлаа. Хэлж байгаа үг бүр нь шахуу зүйр цэцэн үг.

-Тэгэхээр таны авьяас ээжээс угтай байх нь?

-Үнэн үнэн. Үеийнхээ улстай хөөрөлдсөн ч, үр хүүхдүүдтэйгээ ярьсан ч дандаа толгой холбож ярьдаг бэлэн цэцэн үгтэй хүн байсан юм. Ээж шигээ бэлэн цэцэн үгтэй болохсон гэж багаасаа мөрөөднө гэж жигтэйхэн. Тэр мөрөөдөл минь уран бүтээлийн замд ороход нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Таны “Хөгжөөнтэй тууж”-уудыг уншаагүй хүүхэд гэж байхгүй байх. Цэдэн гэж зүггүй нөхрийн дүрийн жинхэнэ эзэн нь таныг гэж сонссон юм байна. Багадаа нэлээд зүггүй байжээ дээ?

-Зүггүй гэх нь хаашаа юм. Саваагүй талдаа байсан юм уу даа. Янз янзын юм бодож сэддэг, тэр үйлдлүүдээрээ хүмүүсийг гайхашралд оруулдаг хүү байлаа. Долдугаар ангид сурч байсан үе. Эрдэнэ сумын хойд энгэр дээр нөмрөг хадархуу маягтай ханан хад байсан юм. Тэр хадны энгэр дээр очиж лаа барьж ном уншиж байгаад дотуур байрныхаа багшид баригдаж байлаа. Бүр дүн өвлөөр.

-Яаж байгаа нь тэр вэ?

-Аавын үгнээс болсон хэрэг. “Сайн эрдэмтэй хүн агуйд даяанчилж том лам болдог” гэсэн үгийг нь л тэгж ухаж л дээ. Тэрийг нь дуурайж байгаа ухаантай юм даг уу даа. Даяанчилж эрдэмтэй хүн болох гэж зүтгэсэн нь тэр. Миний бага насны тухай П.Бадарч “Эрээвэр хураавар” гэдэг номондоо бичсэн байна лээ. Саяын хэлсэн үйл явдлыг “Гармаа чөтгөр болсон нь” гэдэг гарчигтайгаар биччихсэн харагдсан. Тэр хэсгийг нь би чамд харуулъя. (Өөрийн нь тухай бичсэн хэсгийг харуулав).

-“Гармаа архидсан нь” гэнэ үү. Бас тантай холбоотой түүх үү?

-Бас л суманд сурагч байх үеийн хөгтэй түүхийг биччихсэн байна лээ. Цэнхэрмандал суманд байгуулсан вольфрамын үйлдвэрт оросууд ирж буцна. Замаараа манай сумаар дайрдаг юм. Хааяа манайд ирээд явна. Нэг удаа өнөө оросууд чинь намайг байрнаас ирж аваад чихэр жимс боллоо. Зайдуу очоод архидаж байхдаа тоглоом шоглоомоор надад архинаасаа өгдөг юм. Би ч саваагүйтээд өнөөхөөс нь ууж орхилоо. Согтчихсон дотуур байрандаа хүргэгдэж ирж байсан юм. Ийм л саваагүй гэмээр хүүхэд байж дээ. Өө тэгээд иймэрхүү явдлын тухай ярья гэвэл өчнөөн түүх бий.

-Таны зохиолуудын хөдөөгийн ахуй зураглал хачин бодитой санагддаг. Үйлдвэрийн ажилчны гэрт өссөн гэхэд яг л мал дагаж өссөн болов уу гэмээр мэдрэмж төрөөд байдаг…?

-Бага нас маань шохойны үйлдвэрийн төв дээр өнгөрсөн л дөө. Аав үйлдвэрт ажиллаж байгаад шохойн үйлдвэрт тээвэр хийж, бааюу шатаах мод зөөдөг баахан тэмээг хариулахаар болсон юм. Нацагдоржийн нутаг Гүн галуутайд. Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт есөн жил тэмээ хариулсан юм. Тэр үед би хөдөөгийн хүүхдүүдтэй найзалж, хөдөөгийн амьдралыг таньж мэдэж, морь унаж чаддаггүй төвийн хүүхэд моринд гарамгай болж байлаа. Тэмээний хоёр бөхний хооронд босоо зогсчихоод тэшүүлж явдаг хүүхэд байсан даа. Тэр жилүүд хөдөөгийн амьдралыг таньж мэдрэхэд их тус болсон. “Морьтой ч болоосой” киног бичсэний үүтгэл үндэс суурийг би тэр он жилүүдэд олсон гэж боддог.

-“Морьтой ч болоосой” киноны зохиолыг бичихдээ та хорь ч хүрээгүй байсан гэсэн. Энэ зохиолыг бичих болсон түүхийг сонирхмоор байна?

-Их сонин түүх бий. Би тавиад оны дундуур гэнэт шарлав аа. Ээж нэг өдөр нүд рүү харснаа “Хөөх хүү минь шарлачихаж. Алив дүүгээ хот руу аваачиж эмнэлэгт хэвтүүл” гэж эгчид хэлээд биднийг хот явууллаа. Нэгдүгээр эмнэлэгт хэвтдэг юм. Хорин нэгэн бүхэлтэй. Бие хөнгөн гайгүй гэсэн үг. Манай өрөөнд дөрвөн хүн хэвтэж байсны нэг нь нэрт зохиолч Лхагвасүрэнгийн аав Бавуу гуай. Бие хөнгөн, уйддаг байсан учраас санаанд орсноо цаасан дээр буулгана. Тэр үед “Манай нутгийн хүү” нэртэй киноны ноорог бичдэг юм.

-Шуудхан л кино зохиол бичээд эхэлсэн хэрэг үү?

-Бас ч тийм биш ээ. Ч.Ойдов гуайн “Их жанжин Сүхбаатар танаа” гэдэг кино гараагүй байсан үе. “Туяа” сэтгүүлд кино зохиол нь хэвлэгдсэн байсан юм. Тэр зохиолыг уншчихсан чинь кино бичиж болмоор санагдаад болдоггүй. Тэр хүсэлдээ автаад бичиж эхэлсэн хэрэг. Хөдөө гадаа байсан янз бүрийн амьдралаа санаж байгаад бичлээ дээ. Өдөрт бичсэн хэдэн хуудас зохиолоо өрөөнийхөө хэдэд уншиж өгнө. Инээдмийн тал руугаа учраас нөгөөдүүл маань инээж байгаад сонсоно. Өглөө бүр л уншаарай гэнэ. Ялангуяа булангийн орон дээр хэвтэх Бавуу гэж хөгшин их сонирхоно. “Энэ чинь их зүгээр юм байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй ийм зохиол ерөөсөө байхгүй” гээд магтаж гарна. Намайг эмнэлгээс гарах үед “За хүү минь чи энэ зохиолоо Соёлын яам гэдэг газар заавал үзүүлээрэй. Одоо л яг хэрэгтэй зохиол шүү” гэж захидаг юм. Тэгэхээр нь эмнэлгээс гараад Кино үйлдвэр дээр яваад очлоо. Монгол дээл, эсгий гуталтай ямар л олигтой харагдав гэж. Кино үйлдвэрийн жижүүр “Ямар зорилгоор явна” гэж ширүүхэн асууж байна. “Кино зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлэх санаатай” гэтэл “Цаашаа бай, яг одоо ажилчид цуглаж байна” гээд ад үзэх маягтай. Зайдуухан очоод зогслоо. Урамгүй зогсож байсан байлгүй. Гэтэл гаднаас нэг их том шар цүнх барьсан намхан пагдгар хүн ороод ирдэг юм. Над руу сүрхий харснаа “Энэ юун хүүхэд билээ” гэж байна. Өнөө жижүүр “Кино зохиол бичсэн ч гэл үү нэг юм яриад байсан. Ажил цуглаж байгаа болохоор цаашаа байж бай гэсэн юм” гэлээ. Өнөө хүн над руу ойртсоноо “Чи ямар хэргээр яваа гэнэ ээ” гэж лавлалаа. “Зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлээд зөвлөгөө авах санаатай” гэтэл дагуулаад хоёрдугаар давхарт гарч даргын өрөөнд ордог юм. Туранхайдуу, инээмсэглэсэн царайтай аятайхан хүн сууж байна. Сүүлд нь улсын баатар болсон Нянтайсүрэн гуай. Тэр үед Кино үйлдвэрийн дарга байсан юм.

-Таныг дагуулж ордог нь Л.Ванган гуай юу?

-Яг тийм. Ванган гуай “За чи энэ хүнд учраа хэл” гэлээ. Би ч өнөөхөө давтлаа. Нөгөө хоёр хэсэг ярьж байгаад “Маргааш өглөө Уран сайхны зөвлөлийн хурал дээр зохиолоо авч ирээд унш” гэдэг юм. Өглөө нь иртэл баахан улс цуглачихаж. Бараг бүгдээрээ шахуу алтан үеийнхэн. Зохиолоо эхнээс нь аваад л чанга дуугаар уншиж гарлаа. Улсууд хөхрөлдөөд байх юм. Тэгж тэгж нэг юм дууслаа. Гэтэл Л.Ванган гуай “Энэ бидний хайж байсан зохиол мөн байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй. Дээр нь инээдмийн зохиол. Үүнийг дэмжье” гэлээ. Бүгдээрээ дэмжчихлээ. Тэгээд миний зохиолыг дөнгөж сая сургууль төгсч ирсэн Доржпалам гэж найруулагчид өгч “Чи энэ зохиолыг санаандаа хүртэл засуул” гэсэн юм. Долоо хоног хэртэй Доржпаламтай хамт сууж зохиолоо засч бэлэн болгосон. Тэр үед би Баянхонгор аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан байсан юм. “Манай нутгийн хүү” зохиол маань сүүлдээ “Морьтой ч болоосой” гэсэн нэртэй болсны учир гэвэл ийм түүхтэй. Уран бүтээл гэдэг бол нэг ёсондоо амьдралын хуулбар юм. Би зохиолоо амьдралаас сэдэвлэж бичдэг. Удвал гуай миний нэг номыг редакторлахдаа өмнөх үгэнд нь “Гармаа бол аливаа болсон, тохиолдсон явдлаас сэдэв авч бичдэг, буух эзэнтэй буцах мөртэй зүйлийг л голдуу бичдэг” гэж үнэлсэн байдаг. Би болсон тохиолдсон явдлаас сэдэвлэж гол зохиолуудаа бичсэн байдаг юм. Нэг жишээ нь “Морьтой ч болоосой”. Баянхонгор аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд очоод тэр намраа хөдөө явлаа. Сум руу хичээлдээ морьтойгоо явж байгаа бөөн хүүхэдтэй таарчихлаа. Гэтэл өнөөдүүл чинь манай машинтай уралддаг юм. Гийнгоолж, хөөрцөглөөд сүйд. Нөгөө хүүхдүүдийг машинаас түрүүлэхээр манай жолооч хаазаа нэмж урд нь гарч, манай жолоочийг түрүүлэхээр морьтой хүүхдүүд гүйцэх маягаар явсаар Галуут сум орж байсан юм. “Морьтой ч болоосой”-гийн анхны нооргийг тэр явдлаас сэдэвлэсэн. Хүүхдээр хийх нь онцгүй байсан учраас машинтай уралдаж болохоор, адуунд хорхойтой, хөнгөн нимгэн сэтгэлтэй хүн хэн байх вэ гэдгийг бодож байгаад Дондогийн дүрийг олсон. Дондог мэдээж эрэгтэй хүнтэй уралдахгүй гээд Янжмааг олсон. Ингэж “Морьтой ч болоосой”-г бичиж байлаа.

-Та Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөгч. Тэр үед зохиолчдыг нэлээд өндөр шалгуураар Горький явуулдаг байсан гэж зохиолчид ярьдаг. “Морьтой ч болоосой”-гоос өөр олонд хүрсэн ямар бүтээлээ туурвисан байсан бэ?

-“Морьтой ч болоосой” киноны дараа “Хөхөө гэрлэх дөхлөө” кино зохиолыг бичээд хоёулаа кино болчихсон, бас ч гэж нэлээд нэртэй зохиолчийн тоонд орчихсон, нас залуухан хорь дөнгөж гарсан үе л дээ. Зохиолчдын хорооны боловсон хүчний эрхлэгч Балдандорж гэж сайхан зантай хүн яруу найрагч Долгорын Нямаа бид хоёрыг дуудаж ямар сургуульд сурах саналтайг асуусан юм. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явах саналаа тэгж өгч байлаа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан Төмөр-Очир гуайн хүү Галбадрах бас Нямаа бид хоёртой тэр жил Горький явсан. 1961 оны намар Горькийн нэрэмжит утга зохиолын дээр сургуульд очиход Галбадрахыг шүүмж судлал, Нямааг яруу найраг, намайг үргэлжилсэн үгийн зохиолын ангид хуваарилж байлаа. Биднийг оюутан үед тэнд сурч байсан залуусын ихэнх нь Орос зөвлөлтийн нэртэй том зохиолч, шүүмжлэгчид болсон. Миний багш Михайл Лаванов гэж утга зохиолын нэртэй шүүмжлэгч хүн байсан юм. “Хүнд хоёр төрлийн мэдлэг байдаг. Нэг нь амьдралын мэдлэг. Амьдралын мэдлэгтэй хүн уран зохиолд санаа зовох юмгүйгээр үзсэн харсан танилцсан хүмүүсийнхээ тухай, тэдний сэтгэл доторхыг уудлан бичиж чадна. Номын мэдлэг гэж бий. Ийм мэдлэгтэй хүн дуураймалдуу байдаг” гэсэн үгийг хэлэх дуртай хүн байж билээ. Нямаа бид хоёрыг очиход Д.Пүрэвдорж тавдугаар курст байсан юм. Дараа нь Пэрэнлэйн Лувсанцэрэн ирсэн. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст Доржпалам, Тарваа, Сүхийн Доржпалам, Бааст, Чойжилсүрэн гээд мундгууд ирж сурч байлаа. Ийм мундаг хүмүүст зохиолоо уншиж өгч, зөвлөгөө авч явсан тэр үе бол миний хувьд олдошгүй завшаан болсон жилүүд. Москвад нэг жилд гэхэд манайхаас арваад зохиолч сурч байсан үе хүртэл бий.

-Долгорын Нямаа найрагчтай бол бүр үй зайгүй найзууд байсан биз?

-Бид хоёр чинь нэг өрөөнд таван жил хамтдаа сурсан. Гүндүүгүй, тогтуухан аятайхан зантай. Ойр байхад халамжтай залуу байлаа. Нямаагийн олон шүлгийн анхны уншигч нь би. Миний бичсэн олон өгүүллэг зохиолын анхны уншигч нь Нямаа. Бие биедээ уран бүтээлийнхээ тухай илэн далангүй ярьж, шүүмжилнэ. Бие биеэ хурцалж амьдарсан жилүүд байсан. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд ойр байсан өөр нэг зохиолч нь Пэрэнлэйн Лувсанцэрэн. Томоохон улстөрийн сэтгүүлд ажиллаж байсан, орос хэлтэй, нэлээд хэдэн ном орчуулчихсан нэртэй гэж жигтэйхэн хүн Горькийд ирж байлаа. Москвад болдог томоохон улстөрийн уулзалтуудад гол төлөв хэлмэрчээр явна. Тусдаа өрөөтэй. Тэр өрөөг нь сургуулиас тохижуулаад өгчихсөн. Улстөрийн хэлээр яривал идэвхтэй, зарчимтай. Лувсанцэрэнгийн ажилсаг чанар нь надад нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Хүүхдийн зохиолчдоос хэнтэй нь илүү ойр байсан бэ?

-Д.Содномдорж нэг талаас миний багш, нөгөө талаас миний найз. Бие биенийхээ зохиолыг сонсоно. Гэр бүлээрээ нөхөрлөдөг байлаа. Өдийд амьдарч байсан бол өчнөөн сайхан зохиол төрөх байсан даа гэсэн харамсал сэтгэлийн гүнд байдаг. Залуугаараа бурхан болсон доо. Сэнгээ гуайг хүндэлнэ гэж. Байнга л дурсаж ярьдаг байсан юм. Анх цэцэрлэгийн эрхлэгч байхад нь Содномдоржийг гаргаж ирсэн хүн нь Д.Сэнгээ гуай. “Энхээ” гээд анхны номыг нь редакторлаж, өмнөх үг бичиж байсан хүн. Хар багаасаа үерхсэн найз гэвэл Ж.Дашдондог байна.Намайг Санхүү эдийн засгийн техникумын оюутан байхад Булганы арван жилийн аравдугаар ангийн сурагч Дашдондогоос гэсэн захиа ирж байлаа. Улс хувсгалын 40 жилийн ойд зориулсан зохиолын уралдаанд бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг “Утга зохиол” сонинд нийтэлсэн байхад нь миний нэрийг хараад захидал бичсэн юм билээ.

Би тэр уралдаанд “Хувь заяа” гэдэг роман бичнэ гэж бүртгүүлж байсан юм. Утга зохиолд биенээ нөхөж явсан хоёр. Дашдондог анх “Наргиантай шүлгүүд” гэж шүлгийн ном гаргасан юм. Монголын хүүхдийн уран зохиолд инээдмийн аястай зохиол бий болоход нэлээд нэмэр болсон. Би дараахан нь “Хөгжөөнтэй туужууд” үргэлжилсэн үгийн зохиолоо бичсэн. Зөвлөлт холбоот улс, Хятад зэрэг хэдэн оронд хэвлэгдсэн энэ зохиол маань хүүхдийн уран зохиолд инээдмийн аястай зохиол бий болгох чиглэлээр бичсэн миний анхны бүтээл.

-Хүүхдийн зохиол одоо ямаршуу түвшинд хөгжиж байна гэж та боддог вэ?

-Хорь, гучаад тооны зохиолч байна. Номоо гаргаж, бичицгээж байна. Жараад он бол хүүхдийн зохиолын өрнүүн бадрангуй үе байсан. Зохиолчид нь өөр өөрийн бичлэгийн арга барилыг хүмүүст таниулж чадсан сайн зохиолууд бичиж байсан. Дашдондог, Давааням, Цэндсүрэн гээд нэрлэвэл олон. Зохиолч би гэж өөрийгөө гаргаж ирдэг арга байдаг л даа. Тэр үеийн зохиолчид зохиолч би гэдгээ гаргаж чадсан улс. Өнөөдрийн хувьд тэгж цойлж гарсан зохиолч хараахандаа алга.

-Та Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсч ирээд зохиолчдын хороонд ажилласан хүн. С.Удвал гуайн талаар сайхан дурсамж яриач?

– Зохиолчдын хороог олон жил удирдахдаа зохиолчдоо гэсэн агуу сэтгэлтэй байсан учраас тэр үед Монголын утга зохиол үнэхээр хөгжсөн. Их зарчимч. Зохиолчдодоо эхийн сэтгэлээр хандана. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Ийм учраас зохиолчид Удвал гуайд их сайн. Зохиолчдын хороонд зургаа, долоон жил ажиллачихсан үед С.Удвал гуай өрөөндөө дуудлаа. Тэр үед чинь би санаачилж хийсэн юм ихтэй. Лодойдамба гуайн уран бүтээлийн анхны тайлан уулзалтыг Драмын театрт зохион байгуулчихсан, уран бүтээл ч дажгүй, судлаач шүүмжлэгчдээс авьяаслаг зохиолч гэсэн нэр авчихсан үе. Залуу учраас тэрэндээ овойж оцойх юм гарна аа бас, ажил төрлөө орхиж ийш тийш явах, зохиолчидтойгоо нийлж дарвих гээд байдаг болчихсон цаг. Удвал гуайг “Чамайг радиод өгөхөөр боллоо” гэхээр нь гайхсанаа нуусангүй. Тэр үед Удвал гуай “Нэгд чиний хүмүүжилд хэрэгтэй. Хоёрт чи гайгүй бичиж байгаа болохоор амьдрал үзэх хэрэгтэй. Радиогийн ажил хөдөө гадаа түмний дунд явдаг учраас чамд яг тохирно” гэснээс өөр юм хэлсэнгүй. Харин бүр сүүлд, радиод ажиллаад арваад жил болчихсон байхад “Чи тэр үед балгах дуртай болчихсон байсан. Ийм авьяаслаг зохиолчийг хар усанд алдаж болохгүй гэсэн бодол төрсөн учраас чиний хүмүүжлийг бодож нэлээд ажил ихтэй газарт шилжүүлсэн юм. Хөдөө гадаа явж амьдралыг таниг, мэдрэг ч гэж бодсон” гэж ярьж байж билээ.

-Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн оюутан залуу арван жилийн сурагч охинд дурлаж байсан үе таны намтрын сонирхол татсан хэсгийн нэг санагддаг?

-Ханьтайгаа танилцаж байсан яг тэр үеийнхээ талаар би “Анхны хайрын тууж”-даа бичсэн. Танилцсан түүхээ ямар нэг хэмжээгээр гаргасан байгаа. Анхны хайрын тухай зохиол бичих бүрдээ ханьтайгаа учирсан үеэ боддог. Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн оюутан байхдаа Төв аймгийн Эрдэнэ суманд Шохой цагаан булаг гэдэг газарт үдэшлэг дээр анх уулзаж бие биедээ дурлаж захиа бичиж, захианууд маань хайрын шувуухайнууд болж Москва, Эрдэнэ сум хоёрын хооронд нисч, бидний амьдрал эхэлсэн дээ. Гурван охинтой. Хоёр дахь нь өвчнөөр бурхан болсон. Өнөр олуулаа сайхан л амьдарч байна. Нэг инээдтэй гэмээр түүх ярья. Москвад сурч байхдаа ханиасаа захиа авлаа. Нэг удаагийн захиандаа хоёр цэцэг зурж холбоод яг гол хэсэгт нь жижигхэн нахиа зурчихаж. Дараагийн захианууд дээр өнөө нахиа нь томроод байдаг. Нямаа намайг бодвол туршлагатай, эхнэр хүүхэдтэй эр хүн. Өнөөхөөсөө асуутал “Чамд баяр хүргэе. Аав болжээ. Цаадах чинь үнэнийг хэлэхээс зовоод байгаа хэрэг. Ойлгуулах гэж байгаа нь энэ. Эхнэр чинь жирэмсэн болжээ” гэсэн. Тэгэнгүүт нь гарч гүйж вино авчраад Нямаатайгаа тулгаж ёсолж байлаа.

-Энэ бүтээл маань л дажгүй болсон доо гэж тоодог зохиол гэвэл алийг нь онцлох вэ?

-Хоёр кино бий. “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө”- г үзээгүй хүн байдаггүй юм. “Нарны унага” гэдэг кино эхнийхээ зохиолоор гараагүй ч одоогийн залуусын хийж байгаа аар саар киноноос дээр. Ер нь миний зохиолуудаас гадаадад хэвлэгдсэн, хүмүүст илүү хүрсэн нь “Хөгжөөнтэй туужууд”. Амьдралдаа болон найзууддаа тохиолдсон хөгжилтэй явдлаас сэдэвлэж бичсэн учраас нэлээд үнэмшилтэй гайгүй болсон болов уу. Шилжилтийн насныхны сэдэвтэй “Хөөрхий дөө, Болдоо минь” гэдэг зохиол байгаа. Тэр зохиолыг ханьтайгаа танилцсан үеэс сэдэв авсан. Бусад хүүхдийн хайрын захиа энэ тэрээс санаа авч бичсэн. Нэлээд уянгалаг аястай. Энэ зохиолдоо хайртай. Томчуудад зориулсан томоохон хэмжээний зохиолуудаас “Харуул Алтай” роман байна. Баруун Монголд тохиолдож байсан янз бүрийн бослого тэмцэл, хүмүүсийн үзэл санааны зөрчлөөс сэдэвлэсэн, зохиолоо бичих үед гол баатрууд нь амьд байсан учраас нэлээд гайгүй бүтээл болсон болов уу.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Төрийн соёрхолт Н.Нацагням: Би Windows XP шиг үйлдлийн систем бүтээсэн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС… Төрийн соёрхолт Н.Нацагням­тай хийсэн ярилц­лагыг хүргэж байна.


“Женерал электрик”-т ажил­лаж байсан
монгол залуу англи инжене­рүү­дийн хэдэн арван жилийн дотор хийсэн ажлыг дө­рөв­хөн
жилд амжуулжээ. Гар утас­­наас эхлээд ца­хим тө­хөөрөмжүүд хийх аргыг олсон инженер
Н.На­­цаг­­нямын “Синхрон генера­то­рын реактив чад­­лын автомат то­хи­руул­га бо­лох
NaNyam-AX12 болон түүний вир­таул лабора­тори” гэсэн энэ бүтээлд Ерөнхийлөгч зарлиг
гар­ган Тө­рийн соёрхол хүр­тээгээд бай­на.
Цахил­гаан хэрэглэс­ний төлбөр гэж хойд хөр­шид хэдэн тэр­бумаар өг­дөг мөнгийг
хэмнэсэн нь залуу инже­нерийн бүтээ­лийн эхний бодитой үр дүн.

Ингээд Төрийн соёрхолт Н.Нацагням­тай
хийсэн ярилц­лагаа хүргэе.

-Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Анх авч байгаа медаль
маань төрийн дээд одон байгаад үнэхээр их баярлаж байна.

-Бүтээл чинь амьдралд буу­вал гар утас, DVD тоглуулагч, IP телевизорыг хүртэл
эндээ хийж болно гэл үү?

-Ямар ч цахим төхөөрөмжийг хийх боломжтой.
Монголчууд хоёр гаргүй учраас л юм хийж чадахгүй
гэж хэлүүлдэг байсан. Нэг гар нь Реал тайм оперэйтинг систем. Нөгөө гар нь Пи Ай
Ди контрол систем. Энэ хоёр байхгүйгээр ца­хим төхөөрөмж хийх боломжгүй. Үүнийг
монгол нэрээр хийсэн. Барууны технологийн нууц бидний толгойд ороод ирсэн гэсэн
үг. Хэрэглээ болгочихвол бид юуг ч хийж чадна. IT-гийн бизнес хөгжих­гүй байгаа
нь ийм учиртай. Зүгээр нэг программист хүн
энэ бизнесийг хөгжүүлнэ гэж буруу ойлгоод байдаг. Хоёр гаргүй бол хоол идэхэд хэцүү.
Математик гаргалгаа нь бидний хэзээ ч бо­доод олохгүй тэгшитгэл байдаг. Тэр гаргалгааг
нь би Англиас олоод ирсэн юм. Түүнээс биш бид тэдний өчнөөн тэрбум доллараар бүтээ­сэн
100 жилийн хөгжлийг гүйцэх­гүй. Орчныг нь мэдэрч толгойдоо хийж ирэхгүй бол хулгайлах ямар ч боломжгүй. Тэдний
нууцлаад байгаа тэгшитгэл надад хэрэггүй. Учир нь би өөрөө хийж чадна. Рийл тайм
оперэтинг бол үйлдлийн сис­тем. Windows XP, Мак бол үйлд­лийн системүүд. Электрон
төхөө­рөмж болгонд тийм үйлдлийн сис­тем байдаг. Тэрийг нь би хийсэн юм.

-Таны хийсэн ажлыг Англид нэг, хоёрхон л хүн хийдэг гэж сонссон.
Тэгэхээр нэлээд мундаг хүмүүстэй нь ойр байж сурчээ?

-Тийм ээ. Надад зааж сургасан англи
хүн “Энд 30 жил ажиллахад хэн ч надаас ингэж асууж байгаа­гүй” гэж байсан шүү. Англичууд
амьдрал нь баталгаатай учраас юм суръя гэж тэгж их хичээдэггүй. Харин би монгол
хүн, эндээ ирээд юм хий­хийн тулд бүгдийг сурахыг хичээ­сэн.

-Таны бүтээлийг эрчим хүч­ний салбарт
ашиглахад л Оро­соос хамаарахааргүй болно
гээд байгаа. Эрчим хүчнээс өөр яг ямар салбаруудад хэрэглэх боломжтой вэ?

-Эрчим хүчнээс гадна барилга, уул
уурхай зэрэг олон салбарт ашиглах боломжтой.
Мотортой юм бүр дээр хэрэглэх боломжтой. Өөр өөр зах зээл дээр зарахын тулд
NaNyam гээд энэ төхөөрөм­жийн­хөө доторх хавтангуудыг зургаан хэсэг салахаар хийсэн.
Гэрэлтүү­лэг, урсдаг шат, цахилгаан лифт гээд олон юманд хэрэглэнэ. Хүчний электроник,
IT-гийн бизнес хаана байна тэр бүх газарт хэрэглэхээр хийсэн. Миний
бүтээлийг инжене­рийн бүх салбарт зарж болно.

-Оросоос цахилгаанаараа хараат
биш болно гэхээр хойд хөршөөс эрчим хүч авахаа болино гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Мон­голын эрчим
хүчнийхэн актив чад­лаа тооцоолж реактив чадлаа
тооцдоггүй. Манайхны тооцоолж, тохируулж чадахгүй реактив чад­лын дутагдлыг
нөхөх гэж Орос ТЭЦ-4 шиг том станцыг ашиггүй ажиллуулдаг. Хэрвээ Оросын оронд Англи
байсан бол бид өрөнд орох байсан. Олон улсын жишгээр бол дэлхийн орнууд систем хоо­рон­дын
реактив чадлын урсгал тэг байх гэрээ хийдэг. Энэ гэрээгээ зөрчвөл ухаалаг байсангүй гэж актив чадлаас арав дахин илүү үнээр торгодог юм.
Англи Шотланд хоёр гэхэд л эрчим хүчин дээрээ Орос манай хоёр
шиг харилцаатай. Гэтэл тэнд реактив чадал
байхгүй. Реактив чадлыг үйлдвэрлэх, шин­гээх зэрэгт нүүрс газ гэх мэт түлш­ний зардал
гардаггүй. Хүчдэл их тал руугаа гүйдэл үүсдэг. Энэ гүйд­лийг реактив гээд байгаа
юм. Үүн дээр ухаалаг менежмэнт хийж реактор тавьж тохируулаад кон­ден­саци хийчихэд
л болох асуу­дал. Бүх станцуудад тавьчихад Оросоос ирж байгаа реактив чад­лыг тэглэх боломжтой. Реактив чадлыг үйлдвэрлэж,
өөртөө шин­гээж чаддаг генераторын төрлүүд байдаг юм.

-Реактив, актив гэдгээ энгий­нээр
тайлбарлаач. Бид реактив чадлаа тооцож чадахгүй гэхээр бүр огт мэддэггүй байсан
хэрэг үү, эсвэл…?

-Реактив чадлын автомат бай­даг­гүй
бол яах вэ гэдгийг энгийн жишээгээр тайлбарлая. Тоос со­рогч залгангуут тог тасарчихлаа.
Ямар ч юм залгахад хүчдэл унадаг. Хүчдэл уначихаар актив чадал болох цахилгаан энерги
ирлээ ч тоос сорогчийг ажиллуулж чадах­гүй. Харин хүчдэлийг дээш нь болгохоор актив
чадал ирж тоос сорогч ажиллана. Реактив чадал урсаж ирээд хүчдэлийг дээшлүүл­дэг. Хүчдэлийг дээш, доош болго­дог юмыг
л реактив чадал гээд байгаа юм. Реактив чадал байхгүй бол актив чадал ганцаараа ирж нөгөө тоос сорогчийг ажиллуулж чадахгүй. Тоос
сорогчийг халааж байгааг нь актив чадал гээд
ойлго­чихож болно. Бид активдаа мөнгө төлөөд реактивд төлдөггүй учраас би Оросууд
хохироод байна гэж хэлээд байгаа юм.

-Реактив чадалгүй бол цахил­гаан
түгээж мөнгө олно гэсэн ойлголт байхгүй болох нь ээ?

-Яг тийм. Цахилгаан станц актив чадлыг иргэдэд өгч мөнгө олохын тулд хаалгаа нээх ёстой. Хүчдэлийг хүмүүст өгөх
гэж хаалга нээж байгаа гар нь реактив чадал.
Чулуудаж мөнгө олдог нь актив. Гэтэл дөнгөж саяхныг хүртэл хүмүүс реактив
чадал байдаггүй гэж маргадаг байсан. Бүр реактив чадал байдаггүй гээд академич болсон
хүн ч бий.

-Тэгээд хэн эхэлж ойлгов?

-Мэргэжлийн учир мэдэх улс бол тогтворжилт
хэцүүдлээ гэдгийг мэддэг, юм хийх ёстой гэдгийг ойлгодог. Шийдвэр гаргах төвшинд
эхэлж ойлгосон хүмүүс гэвэл Ерөн­хий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хоёр.

-Таныг бүтээлээ танилцуу­лаад явахаар
хүлээж авах хүн олдохгүй удсан гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Дөрвөн сарын хугацаанд хэн ч миний
ажлыг тоогоогүй нь үнэн. Гантөмөр сайдтай уулзаад схемээ үзүүлсэн чинь “Жинхэнэ
бүтээл байна” гээд дэмжсэн. Дараа нь Ерөнхий сайд дуудаж уулзаад реактив чадлын
талаар яриулсан. Физикийн хүн болохоор ойлгоод дэмжсэн.

-Хэрвээ реактив чадлаа тэг­лэх­гүй
бол өчнөөн станц бариад ч Оросоос салахгүй байж гэсэн бодол таны яриаг сонсоод төр­лөө?

-Яг тийм. ТЭЦ-10 хүртэл барь­сан ч Оросоос
салж чадахгүй. Жил бүр 50-иад тэрбум
төгрөгөө өгсөөр байх болно. Орос байхгүй
бол тогтворжилтоо хийж чадахгүй бай­сан. Өмнө нь Орос байхгүй бол тогт­воржилт байхгүй
болж, жаахан асуудал гарахад л генераторууд бүгд унадаг байсан шүү дээ. Хөл­дөх
аюул ойрхон байсан гэсэн үг. Реактив чадлаа
ойлгоогүй байхад аваар биш ердийн сэлгэн залгалт хийхэд л бүх станц унтрах эрс­дэлтэй.

-Дөрөвдүгээр станцын өргөт­гөлийг
англичууд нэлээд өндөр өртгөөр хийсэн. Өөрсдийнхөө юмыг оруулж ирж тавьсан боло­хоор
тэгсэн үү?

-Ер нь бол тэгээд ойлгочихож болно.
Англичууд бүгдийг нь аваад хаяж байгаад шинэчилдэг боло­хоор үнэтэй гарчихаж байгаа
юм. Монголд яг таарсан инженерийн шийдлийг тэд гаргаж чадахгүй. Гэтэл Оросын хуучны
юмнуудад Англиас ч илүү зүйл байна. Би тэр
гоё юмнуудыг нь үлдээгээд зөвхөн тархийг нь солино. Тэгээд гар ажиллагаатайг нь
автомат болгоно. Долгионоос хамгаалдаг шүүлтүү­рүүд байдаг. Тэр шүүлтүүрийг нь Монголдоо
тохируулж хийсэн. Монголын радиус Английнхаас өөр. Монголын дотооддоо ялга­руул­даг
долгионы өнгө, давтамж нь өөр байдаг юм. Өөрөө хардвэй­рээ зохион бүтээж байгаа
болохоор тэрэнд нь таарсан шүүлтүүрийг лабораторид сонгочихож байгаа юм.

-Гаднаас техник программ хангамж
авч ашиглахгүй зөвхөн өөрөө зохион бүтээхээр зард­лын хувьд асар их зөрүү гардаг
гэсэн. Хэр зөрүү гардаг вэ?

-IT-ийн бизнест материаллаг өртөг
гэж байхгүй л дээ. Англид байхдаа материаллаг зардлыг хэдхэн центээр тооцож асар
их ашиг олдогийг хараад гайхсан. Хямд өртөгөөр сонирхолтой, ухаа­лаг бизнес хийж
байгаа нь таалагд­сан. Миний хийсэн хардвэр, софт­вэрийг хэн нэгэнд өгөхөд шууд
хийж чадахгүй. Хийсэн ажлаа дөрвөн жил туршлаа. ТЭЦ II дээр хагас жил гаруй тасралтгүй
найдвартай удир­даж байна. Би хардвэр, софтвэ­рийг ганцаараа хийсэн ч судал­гаа­ны
болон механик ажилд 40 гаруй хүн хамтарсаны
хүчинд ийм үр дүнд хүрсэн. Монголын анхны цахим генераторын удирдлагыг харахын төлөө
эрчим хүчнийхэн сэтгэл нийлж ажилласанд баярлаж байгаа. Англид гэхэд ийм бүтээн
байгуулалтыг зуун жилд нэг удаа л хийдэг. 1965 онд Англид хийсэн хардверийг өнөөдрийг
хүртэл зарж байна. Барууны технологийг бид
маш их өөрчилсөний эцэст, өчнөөн зардал гаргаж байж хөрсөндөө буулгадаг.
Жишээ нь программ хангамжийн нэг төхөөрөмж авахад л 4000 ам.доллар. Тэр тэр төхөө­рөм­жийн
өөрийн өртөг нь 30 ам. доллар. Газын бойлуурт байгаа электроникийн хавтангийн өөрийн
өртөг нь 30 ам.доллар. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг зах зээл дээр 300 ам.доллараар
зарж байна. Бид 4000 ам.доллараар юм худалдаж авч байж яаж 30 доллартай өрсөл­дөхөв.
Миний хувьд тэрийг нь 30 доллар биш 10 доллараар хийчих­сэн. Үлдсэн нь бидний оюуны
ашиг. Дэлхийн хэрэглэгч болж байгаагаа
IT-гийн бизнес Монголд хөгжсөн гэж ярьдаг нь хөгжил биш л дээ.

-Таны бүтээлийг амьдралд хэрэгжүүлэхэд өртөг шаардах уу?

-Дахиад дөрвөн жил сууж бү­тээн байгуулалт
хийхгүй. Нэгэнт схем, хардвэр, софтвэр нь
бат­лагд­сан. Хавтангаа янзалж, гагнаж туршаад тавихад хэдхэн сарын хугацаа хэрэгтэй.

-Эрчим хүчний станцуудад системээ
суурилууллаа. Өндөр технологийн системийг тэгээд хэн ажиллуулах вэ?

-Характерийг нь бид өөрсдөө тодорхойлохоос
аргагүй. Бид гэдэг нь хувийн институт. Түүнээс биш агентлаг тодорхойлоход хэцүү.

-Оюуны өмчөө хамгаалах талын юм
хийсэн үү?

-Ази, Америкийн патентаа хам­гаалдаг
хоёр янзын аргын нэг нь нэр. Нэгдүгээрт би NаNyam гээд өөрийнхөө нэрээр хамгаалчихаж
байгаа юм. Хоёрдугаарт технологи нь өөр. Минийхийг салгаж аваад англичуудын ТЭЦ-4-т хийсэн гене­ра­торт залгаад 50, 60 герц
өгөхөд бүгд ажиллана. 100-200-г өгөхөд Английнх ажиллахгүй, харин ми­нийх ажиллаж
байх жишээтэй. Схем нь огт өөр гэсэн үг. Манайхан гаднаас хуулаад тавья гэдэг. Тийм боломж байхгүй. Гадны компаниуд юу гэж хоол
олж байгаа юмаа дэлгэх вэ дээ. Харин их, дээд сургуулийн багш, оюутнууд нь өөрсдийгөө сурталчилж юмаа тавьдаг. Үйлдвэрт хэзээ ч байж болохгүй хүүхдийн тоглоом маягийн стандарт бус схемүүд
байдаг.

Англичуудын хэмжээний бүтээлийг
монгол залуу хий­чих­лээ гэж ойлгож байна. Одоо бүтээлээ мөнгө болгох хэрэгтэй.
Жишээ нь Англи бүтээлээ яаж мөнгө болгодог юм бэ?

-Англичууд хардвэр, софт­фэ­рийг зохион
бүтэж байгаа техно­логи, ноу хаугаа стандарт
болго­дог. Тэр стандартыг нь америк мэдэхгүй болохоор худалдаж авъя гэдэг.
Англичууд мэдээж зарахгүй, 2000 паундаар үнэлчихдэг. Аме­рик­чууд жил бүр 2000 паунд
ту­шааж лицензээ сунгуулж мөнгөө үрэхийг хүсэхгүй. Англи инженер­тэй гэрээ хийгээд
бүх технологио өгдөг. Гэрээ хийсэн англи инженер Америкийн софтвэр, хардвэрийг Английн стандартад хөрвүүлдэг. Хасахыг нь хасч,
өөрчлөхийг нь өөрчлөөд. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг бамбай бол стандарт. Гэтэл бид евро стандартыг нутаг­шуулна
гэж яриад байдаг. Энэ ажлыг эхлүүлсэн хүн бол
оюутны гэмт хэрэг хийснээс ялгаагүй. Дэл­хий стандартаараа өрсөлдөж бай­хад
бид бамбай, сэлэмгүй нүцгэн гараараа тулалдах гээд байна л даа. Үнэхээр Евро стандартыг авчих юм бол энд байгаа бүх үйлд­вэр
хаагдаж бүгдийг европоос авна гэсэн үг. Европоос Герман, Франц хоёрын үйлдвэрлэл
асар хурдтай өсч байна. Стандарт нь тэр хоё­рынх учраас өсч байгаа юм. Нөгөө­дүүлээ
хэрэглэгч болгочихсон гэсэн үг.

-Тэгвэл таны бүтээсэн ноу хаугаар
мөнгө олох ямар боломж байна. Мөнгө олохын тулд Монгол яах ёстой вэ?

-Стандарт гэдэг бол миний хардвэр,
софтвэр зохион бүтээж байгаа ноу хау. Энэ ноу хауг “Ма­найх ийм стандарттай болчихлоо.
Гаднаас юм оруулж ирж болно. Гэхдээ тэрийгээ монгол стандарт руу оруулаад зарж болно”
гэчихвэл мөнгө олоход асуудалгүй. Англид
ийм дүрэм үйлчилдэг. Капиталист улс импортоо
ингэж хамгаалдаг. Америк Англид жил бүр их мөнгө төлөлгүйгээр англи инженерийг хөлсөлдөг
гэж ярьсан даа. Яг тэрэн шиг LG утсаа манайд заръя гэвэл надад
бүх технологио өгнө. Манай инженерүүд тэрийг нь хасахыг нь хасч, сайжруулахыг нь
сайжруу­лаад Монголдоо хийнэ. Гэхдээ LG гэсэн нэрээрээ гарна. Англи ингэж хөгжиж байна.

-Таны бүтээсэн системээр дэлхийн
хэмжээний өрсөлдөг­чид гэвэл хэн байна?

-Миний удирдлагын системийн генераторын
бизнест гэхэд дэл­хийд хоёрхон монополь компани бий. Нэг нь Английнх, нөгөө нь Америкийнх.
Энэ хоёр зах зээл дээр өрсөлддөг. Монополиор байлд­даг. Дээд сургуулийн док­торууд
капитализм чөлөөт өрсөл­дөө­нөөр хөгждөг гэдэг. Үнэн хэрэг­тээ импортоо хамгаалж
байж, ху­вийн компаниуд нь улсынхаа за­хиалгаар юм хийж, улс нь моно­полио дэмжиж
байж хөгждөг.

-Засгийн газар “манайх ийм стандарттай”
гэсэн шийдвэр гаргачихад л болно гэсэн үг үү?

-“Манайд ийм стандарт байна, өөр стандартаар
бүтсэн софтвэр, хардвэрийг оруулахгүй” гээд
хууль гаргачихна гэсэн үг. Гэхдээ тэр нь улсын биш хувийн өмчид байна. “Хайнз” гээд
кетчуп бий. Технологи нь нэг номер. Тэрний стандартыг Засгийн газраас нь хүлээн
зөвшөөрч муу кетчупыг хорьж 30 жил монополдсон. Ингэж оюуны өмчийг дэмжиж хамгаалдаг.
Барууны юм чанартай гэдгийн гол нууц нь энэ. Гэтэл бид ардчиллаа эхлэхдээ Америкийн профессорыг авчраад заавраар нь явчихсан.
Америкт очоод профессоруудтай нь уулзахаар амьдралаас тэс өөр чөлөөт өрсөлдөөн гэж ярьдаг. Үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүстэй
нь уулзаад асуухаар “Мэддэггүй нь хичээл заадаг, мэд­дэгүүд нь үйлдвэр дээр ажилладаг”
гэж байгаа юм. Үйлдвэрлэлийн процесс гээд байгаа нь энэ.

-Шилдэг эрдэмтний шагнал аваад
удаагүй байтал төрийн соёрхолт инженер болчихлоо. Засаг үнэлж байгаа болохоор боломж
олгох байх. Ямар нэг зүйл амласан уу?

-Инноваци гээд гаднаас орж ирдэг импортын
олон тэрбумын захиалгаас хийж чаддагаа ав гэсэн.

-Залуу хүн ийм амжилтад хүрлээ. Ингэхсэн тэгэхсэн гэсэн хүсэл буцалж байгаа биз дээ?

-Бүх инженерүүд маань Анг­лийн сениор
инженерийн түвшинд бүгдийг хийж эхэлнэ. Бүх
зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулна. Тэгээд ирвэл Обамад таалагдана. “Овоо доо, энэ
монголчууд чинь арав, хорин тэрбум доллар хаячихад дотроо шингээгээд авах чадвартай
болчихлоо” гэж олзуурхана. Хувийн институт хийгээд ирэхээр Обама ойлгож эхэлнэ.

-Обамад таалагдвал яана гэж, сайн
ойлгосонгүй?

-Барууны өндөр технологийг сайжруулаад
зохион бүтээчихээр геополитикийн хувьцаагаа авах боломж нээгдэж байгаа юм. Геопо­литикийн
хувьцаа гэдэг нь Орос Хятадын хөрш улс орнуудад
АНУ үнэгүй олон арван тэрбум доллар өгч Орос Хятадын хараат улс бо­ло­хоос
урьдчилан сэргийлдэг. Жишээ нь Швед, Тайвань байна. Гэхдээ энэ хувьцааг авах хоёр
нөхцөл байдаг. Барууны техноло­гийг өөрсдөө үйлдвэрлэдэг байх, улс төр эдийн засгийн
тогтолцоо нь ухаалаг энгийн автоматаар хөгждөг систем байх гэсэн шалгуур нөхцөл
байдаг юм. Шингээх техникийн болон улстөрийн боломжийг нь харж байж өгдөг л дөө.

-Улс төр, эдийн засгийн тог­тол­цоо
нь ухаалаг, энгийн, авто­матаар хөгждөг гэдэг нь…?

-Капиталист бол автоматаар хөгждөг
тогтолцоо. Саяхан Горба­чёв, Тетчер хоёрын үерхлийн талаар баримтат кино үзлээ.
Гор­бачёв эхлээд Тетчерийг өрөөндөө оруулж
байгаа юм. Баахан бичиг цаас, бөөн ажил ундарсан өрөө. Тетчер нөгөөхөө магтаад,
нөгөөх нь аймаар ажилтайгаа яриад. Эмэгтэй хүний дотуур хувцасны загвар батлахад
хүртэл санаа оноогоо нэмэрлэж, баталж гарын үсэг зурс­наа хүртэл ярьж байгаа юм. Дараа нь Горбачёв Тетчерийн өрөөнд орсон чинь
үзэг, цаас, бүр тамга ч байхгүй цомхон өрөө угтдаг. Ер нь Английн компаниуд тамгагүй.
Зөв­хөн гарын үсэг л байдаг. Тэгсэн хэр нь эдийн засаг нь автоматаар буцалж байдаг.
Горбачёв үүнийг нь хараад “Ямар ухаалаг юм
бэ” гээд өөрөөсөө ичсэн байдаг. Баруу­ныхан Орос, Монголчуудыг одоо ч гэсэн тэр тогтолцооноосоо салаа­гүй гэж
ярьдаг. Сүүлийн үед Зас­гийн газрын зарим сайд нар “Төр мэдлэгтэй, мэдлэггүй хүмүүсээ
шалгах гэдгээ больё, зах зээл шалгана” гэж ярьдаг болсон. Үнэ­хээр зах зээл л шалгадаг. Энэ ухаалаг системийг
Горбачёв сүүл­дээ ойлгоогүй хаясан л даа. Уг нь бол ардчиллын хоёр дахь хувьсгал
байгаа юм. Инженерийн агентлаг­гүй болоод
хувийн хэвшлийнхэн хийгээд эхэлбэл автоматаар хөг­жөөд ирнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монгол ган үйлдвэрлэгч болчихвол Азид тоглогч байх бүрэн боломжтой DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Өнгөрсөн долоо хоно­гийн баасан гаригт
бол­сон “Металс Монголиа” чуулганы үеэр хэлсэн дүгнэлтүүдээс анхаарал татахаар өгүүлбэр
нь энэ байлаа. Металлургийн салбарын хөрөнгө оруу­лагчид энэ өдөр алт, зэс, хар төмөрлөгийг онцолж илтгэл сонсож,
хэлэлцүү­лэг өрнүүлсэн юм. Чуул­га­наас анхаарал татсан хэсэг нь хар төмөрлөгийн
салбар хуралдаан байв.

Улс орны хөгжил, аюул­гүй байдлыг ган үйлд­вэрлэж байгаа эсэ­хээр нь хэмждэг гэсэн
бичигдээгүй хэрнээ боди­той хууль бий. Манай улс ч ган хайлах чиг рүү бод­логоо
чиглүүлж байгааг тус хуралдаанд оролц­сон төрийн төлөөллүү­дийн байр сууринаас ан­заарч
болохоор байв.

Хар төмөрлөгийн сал­бар хуралдаанд
Уул уур­хайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ҮХААЯ-ны
хүнд үйлд­вэрийн бодлогын хэрэ­гжилтийг зохицуулах газ­рын дарга Д.Ганболд зэрэг
эрхмүүд оролцсон юм. Тэд түүхий эдийн гэ­хээс
илүү металлын үйлдвэрлэлд анхаарах бод­логыг төрөөс барьж бай­гаа гэж онцолж байсан.
Өөрөөр хэлбэл ган хай­лах чиг рүү явж, тэр зүгийн бодлого барьж байгаагаа метал­лур­гийн­ханд
дуулгасан. Төмрийн хүдрийг 100 ор­чим ам.доллараар зардаг бол, да­раагийн шатны
бо­ловсруулалт хийвэл 200 ам.доллар, ширэм хийвэл 400, ширэмнээс ган болоод ирэхээрээ
600-800 ам.дол­лар байдаг учраас эдийн засгаа бодсон ч аюулгүй байдлаа тооцсон ч
ган үйлд­вэрлэгч орон болох ёстой гэдэг дээр шийдвэр гаргагчид санал нэгджээ.

Уул уурхайн сайд “Металс Монголиа”-г
нээж хэлсэн үгэндээ ч гангийн үйлдвэр байгуулах бод­лого барьж буйгаа онцолж байсан.
Тэрээр “Уул уурхайн яам, Мон­голын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой төмрийн хүдрийн
бо­ловсруулалтын түвшинг дээш­лүүлэх, өрсөлдөх чадварыг нэ­мэгдүүлэх, экспорт борлуулалтын
“Нэг цонх”-ны бодлогыг хэрэг­жүүлэх зорилгоор “Монголын тө­мөрлөг үйлдвэрлэлийн
салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулаад байна. Цаашид “Мон­гол төмөр” хөтөлбөрийн
хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангах, ул­маар экспортлох хүчин чадал бү­хий гангийн
үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байна. Ин­гэснээр төмрийн хүдрээ экспорт­лоод
эргүүлээд төмөр хийц импор­толдог өнөөгийн байдал үндсээрээ өөрчлөгдөх болно. Мөн
зэс хай­луулах үйлдвэр барих ажлыг хурдавчлах зорилго бүхий яамд дундын ажлын хэсэг
ажиллаж байна” хэмээн ярьж байв. Чуулга уулзалтад металлургийн салбарт хөрөнгө оруулах
сонирхолтой гаднын хөрөнгө оруулагчид ч цөөнгүй харагдаж байсан. Уул уурхайн сайд
хөрөнгө оруулалтын орчны талаар нааштай мэдэгдлийг чуулганы индрээс хийсэн юм. Уул
уурхайн яам хөрөнгө оруулалтад нээлттэй хандаж байгаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн
тулд дэс дараатай ажлуудыг хийж бай­на гэсэн агуулгатай үг хэлж байв. Гэхдээ металлургийн
салбарт хөрөнгө оруулалтыг яг яаж дэмжих талаар тодорхой зүйл яриагүй.

“Сайншан­дын аж үйлдвэрийн цогцол­бор”
компанийн гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөн энэ үеэр төс­лийн­хөө талаар ярьсан юм. ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бод­логын хэрэгжилтийг
зо­хицуулах газар Сайншандын аж үйлд­вэрийн паркийн асуудлыг хариу­цаж, холбог­дох
судалгааг нь хийж байгаа аж. Сайншандын аж үйлд­вэрийн паркийн гол зорилго нь гангийн
үйлдвэрлэлээр дотоодын хэрэглээг хангах гэж тэрээр он­цолж байв.

ХАЙГУУЛ ХИЙВЭЛ ХҮДРИЙН НӨӨЦ ЭРС НЭМЭГДЭНЭ

Бид үйлдвэрлэсэн гангаараа Ази­даа
тоглогч байх ч боломж­той гэнэ. Урд хөршид
гэхэд л 750 сая тонн металл хэрэг­лэд­гийнхээ ихэн­хийг гаднаас авдаг, төмрийн хүд­рийнх
нь нөөц багасч байгаа гэсэн хоёр шалтгааныг чуулганд орол­цогчид онцолж байсан. Хятадад Энэтхэг, Бразил, Автсрали төм­рийн хүдрээ
ний­лүүлдэг. Гол ний­лүүлэг­чдэд ордог Энэтхэг, Бразил өөрс­дийнх нь хэрэглээ өсөх
уч­раас урд хөршид зардаг төмрийн хүд­рийн хэмжээгээ эрс багасгана гэсэн таамгийг
судлаачид гаргажээ. Цааш­даа 5-10 сая тонн ган хайлах цогцолбор барих бүрэн бо­ломж
бий аж. Хүн тө­рөлхтөн төмрийнхөө 55 ху­вийг барил­гад ашигладаг, Ази хотжилтод
ач холбогдол өгч байгаа учраас төмрийн хувьд бидэнд маш их боломж байгаа юм билээ.

Монгол Улс төмрийн хүд­рийн нөөцөөрөө
ч цэнхэр гаригийн анхааралд орж бо­лохоор гэдгийг “Гложекс холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатарын
илт­гэлээс харж болохоор байв. АМГ-аас гаргасан тооцоо­гоор Монгол A,B, C зэр­гийнхээр
958 сая тонн төм­рийн хүдрийн нөөцтэй юм бай­на. А нь баттай, B нь бодитой, С нь
боломжтой гэсэн үг аж. А зэргийн нөөц байхгүй гэж илтгэгч онцолж байсан. Манайд
байгаа зэ­рэг­лэлүүд дээр төмрийн хүдрийн үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн байдаг
гэнэ. Тэгэхээр манайд дажгүй нөөцтэй гэж
тэмдэглэгдсэн 56 ордын хувьд үйлдвэрлэл явуулж
болохоор гэсэн үг. Хайгуул хийвэл төмрийн хүдрийн нөөц нэлээд хэмжээгээр нэмэгдэх
магадлалтай, нөөцөөрөө дэлхийн хэмжээнд яригдах боломжтойг салбар ху­рал­даанаас анзаарч болохоор байв.

Саяхан гэхэд л “Харанга ресурс” Сэлэнгийн
Баянголын бүс нутагт нэлээд хөрөнгө зарж, хай­гуул хийгээд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг
ЖОРК стандар­таар 300 сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлжээ. Энэ мэтээр
хайгуул хийгээд байвал нөөцөө ахиулаад байх боломжтой гэдгийг төмрийн салбарынхан
онцолж байлаа. Хуульд зааснаар бол салбараас олсон орлогын 30 хувийг хайгуулд зарна
гэсэн заалт бий ч амьдрал дээр хэрэгждэггүй аж. Энэ заалтыг хэрэгжвэл нөөц эрс нэмэгдэх
боломжтой гэнэ. Хайгуулын лиценз олголт хумигд­сан нь ч нөөцөд нөлөөлж байгаа юм
байна.

ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН ЗАХ ДЭЭР УРД ХӨРШИЙН НӨЛӨӨ ИХЭСЧЭЭ

Хуралдаанд оролцогчид тө­рөөс 50 сая
ам долларын дэмжлэг үзүүлж, нойтон баяжуулах үйлд­вэрийг дэмжиж буйд ам сайтай байсан.
Одоогоор ихэнх үйлдвэр­лэг­чид хуурай аргаар баяжуулж буй учраас чанартай баяжмал гаргаж чадахгүй байгаа гэнэ. Ной­тон аргаар баяжуулаад эхэлчихвэл олон улсын
стандартад нийцсэн хүдрийг урд хөршид экспортлох боломж нээгдэж байгаа аж. Со­нирхуулж
хэлэхэд энэ аргаар баям­жал үйлдвэрлэхэд 64-67 ху­вийн агуулгатай баяжмал гараад ирэх юм билээ.

Салбар хуралдаан дээр тавь­сан илтгэлүүдээс нэг статистик сонирхол татав. Манайд байгаа төмрийн
хүдрийн 56 ордын 29 нь Хятадын зуун хувийн
хөрөнгө оруу­лалттай, 20 нь Монголын зуун хувийн хөрөнгө оруулалттай, зур­гаа нь
хамтарсан хөрөнгө оруу­лалттай гэж явдаг гэнэ. Хамтарсан гэгдээд байгаа компаниудын
хувьд Хятадын хөрөнгө оруулалт давам­гайлсан
байдаг аж. Төмрийн баяжмалд Хятадын хөрөнгө
оруу­лалт анхаарахаар өнцөг болсон нь эдгээр
тооноос харагдаж бай­сан юм. Өөр нэг баримт анхаарал татаж байв. Дархан, Чойр, Говь-Өндөрт жижиг оврын 200-300
мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрүүд байгаа
гэнэ. Нойтон аргын баяжуулалтаар ажиллаж байгаа энэ үйлдвэрүүдээс гарсан бүтээгдэхүүн экспортын багагүй хувийг эзэлж эхэлжээ. Цаашдаа
экспортод эзлэх хувь нь нэмэг­дэхээр байгаа гэнэ.

Өөрсдөө ордгүй атлаа уурхай­нуудаас
хямд үнээр төмрийн хүдэр авч боловсруулаад экспортлодог гэнэ. Энэ үйлдвэрүүдийг ажиллуул­даг хүмүүс нь хятадууд
аж. Малч­даас ноолуур авч энд хагас бо­ловс­руулаад
хил давуулдаг систем төмрийн хүдэр дээр ажиллаад эхэлсэн, төр засаг үүн дээр ан­хаараач гэсэн саналыг
биз­несмэнүүд тавьж байв.

ТӨМРИЙН ҮНЭ 2027 ОН ХҮРТЭЛ БУУХГҮЙ

Үнэ нь уначихаад байгаа нүүрстэй харьцуулахад
төмрийн баяжмалын зах зээл гайгүй байгаа
гэнэ. Үнэ нь огцом өсөхгүй, бас огцом уруудахгүй
гэсэн таамгийг дэлхийн шинжээчид гаргачихаад байгаа юм байна. Дэлхийд эхний гуравт орох ган үйлдвэрлэгчид
2019 он хүртэл хөрөнгө оруу­лалтаа эрс нэмэгдүүлэх бодлого бариад эхэлжээ. Үүнээс
цааш таваас найман жилдээ төмрийн хүдрийн
үнэ унахгүй гэдгийн наад захын жишээ нь энэ гэнэ. Тэгэхээр 2027 он хүртэл төмрийн баяж­малын зах
зээлд ямар нэг асуудал гарахгүй нь бололтой.

Салбар хуралдааны үеэр “Нано металл”
компаниас хэрэг­жүүлж байгаа шууд ангижруулсан төмрийн хүдрийн төслөө сонир­хуулсан
юм.

Жилийн 500 мянган тоннын хүчин чадалтай
үйлдвэр барих боломж бүхий энэ төслийг Дарханд барих бололцоотой гэнэ. Европ стандартын,
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон улсын бир­жүүд дээр хүлээн зөвшөөрөгдсөн, эдийн
засгийн хувьд хэмнэлттэй, бүрэн автомажсан гэсэн давуу талуудтай аж. Еnerjiron хэмээх энэ технологиор дэлхийн олон
улсад үйлдвэр барьжээ. Сүүлийн үеийн мэдээгээр гэхэд Америкт 2.5 сая, Египетэд хоёр сая, Эмиратад хоёр
сая тоннын хүчин чадалтай ийм үйлдвэрүүдийг барьж эхэлсэн гэнэ.

Энэ технологиор шууд ангиж­руулсан
төмөр үйлдвэрлээд эхэл­бэл хаана ч өндөр үнээр борлуулж болох юм байна. Хөгжлийн
банк­наас 30 хувийн санхүүжилтийг нь өгчихвөл Хятадын хөгжлийн банк үлдсэн хувийг
нь гаргаж, Хятадын компани бариад өгье гээд
гэрээ байгуулжээ.

Ц.БААСАНСҮРЭН