Энэ долоо хоногийн “Ном ярьж өгье” буланд Скотт Фицжералдын “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” зохиолыг онцолж байна.
1860 он, Америкийн Балтимор хотын иргэн Рожер Баттон бол тухайн үеийн ихэс дээдсийн хүрээнд зүй ёсоор багтдаг жентельмэн эр. Анхныхаа хүүхдийг сэтгэл догдлон хүлээж байтал шинэхэн мэндэлсэн хүү нь нялх хүүхэд биш дал орчим насны өвгөн байх нь тэр. Рожер гайхан бухимдаж үгүйсгэх боловч эмнэлгийн ажилтнуудын баталж буйгаар яах аргагүй түүний эхнэрээс энэ өвгөн мэндэлсэн болж таардаг. Ингээд шинэхэн аав хүүдээ Бенжамин Баттон хэмээх нэр хайрлаад хөмсгийг нь будаж, сахлыг нь тайрч, оёдолчноор тусгайлан том хэмжээтэй хүүхдийн хослол оёулж өмсгөн чадах ядахаараа л анхаарч халамжлах болно. Бенжаминыг таван настайд цэцэрлэгт оруулах боловч удалгүй “хөөгдчихөв”. Арванхоёр насныхаа төрсөн өдрөөр толинд харж байхдаа бие бялдраа өөрчлөгдсөнийг гэнэт анзаардаг. Буурал үс нь бараантаж, нуруу нь тэгширч, хацар нь ягаан туяа татаад амьдралынх нь эхний жилүүдээс хавьгүй чийрэг, залуу болсон байлаа. Аавдаа “Би өсчихөж, арай урт өмд өмсмөөр байна” гэж хэлснээр аав нь түүнд урт өмдтэй хослол авч өгч “хүү” ч таягаа хаян үеийнхээ хөвгүүдтэй тоглох болов.
Бенжамин 18 настайдаа 50-тай юм шиг харагдаж байжээ. Аав нь түүнийг Иел коллежид оруулахаар Коннектикут руу явуулна. Гэвч түүнийг арваннаймтай гэхэд хэн ч итгээгүйгээр барахгүй элэглэн шоолж, доромжлон сургуулиасаа хөөдөг. 1880 онд тэр 20 нас хүрч аавынхаа эрхэлдэг компанийн хувь нийлүүлэгч болох болно. Ноён Рожер Баттон 50 нас хүрч аав, хүү хоёр гадаад төрхөөрөө үе тэнгийн юм шиг харагдах болжээ. Бенжамин нэгэн удаа аавтайгаа үдэшлэгт очоод Монкриф гэгч генералын охин Хильдегардад дурлана. Анхны хайр ирсэн хэрэг. Харин аз болоход бүсгүйд 50 эргэм насны эр таалагддаг байжээ. Үүнээс хойш зургаан сарын дараа тэр хоёрыг гэрлэх гэж байгаа гэсэн цуу хотоор нэг тархлаа. Нью-Йоркийн бүх сонин Бенжамины тухай есөн шидээр бичиж бүгд энэ гэрлэлтийг эсэргүүцэх боловч тэд гэрлэдэг. Хүүгээ гэрлэмэгц аав нь компаниа өвлүүлэн өгч бага Баттон ашиг орлогоо хоёр дахин нэмэгдүүлдэг. Гэрлэснээсээ хойших15 жилийг Бенжамин хачин гайхалтай, амжилтаар дүүрэн, аз жаргалтай өнгөрөөсөн юм. Тэрээр улам залуу болж эрч хүчээр оргилон буцалж байлаа. Ганц харамсалтай зүйл гэвэл эхнэр нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгширч байсан явдал юм. Үүнд цухалдсан Бенжамин эхнэрээсээ зугтахын тулд гурван жил цэргийн алба хааж дэд хурандаа цол хүртээд зогсохгүй тулаанд оролцож медалиар шагнуулчихаад гэртээ эргэж ирдэг. Дээдсийн хүрээлэнгийнхэн ч 1880 онд насны зөрүүтэй гэрлэлтийг хэрхэн буруутгаж байснаа, тэр буруутан нь Бенжамин байсныг мартаад одоо эсрэгээр нь Хильдегардаг жигшин муулцгаана. Эхнэр, нөхөр хоёрын харьцаа улам бүр царцсаар байлаа. Хүү Роско нь 25 хүрч Харвардын их сургууль төгсжээ. Харин аав, хүү хоёр хүмүүст андуурагдаж харагдах нь энгийн үзэгдэл болсон байв.
1914 онд Бенжамин Харвардын их сургуулийг дүүргээд Балтимортоо эргэн ирэхэд Хильдегарда нь Итали руу амьдрахаар явсан байх бөгөөд аавынхаа бизнесийг өвлөж авсан хүү нь эхнэртэй болж амьдрал нь тэгширсэн байлаа. 1920 онд Роско анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа. Өвөө болсноосоо таван жилийн дараа Бенжамин ач хүүтэйгээ нэг цэцэрлэгт хүмүүжих болов. Гэвч жилийн дараа ач хүү нь сургуульд орж өвөө нь харин цэцэрлэгтээ үлдэнэ. Үеийнх нь жаалууд том болоод ямар хүмүүс болох тухайгаа ярихад хөөрхий жаал бяцхан ой ухаандаа энэ бүхэн хэзээ ч өөрт нь тохиолдохгүй гэдгийг мэдэрч байлаа. Гурван жил өнгөрөхөд тэр бүр ярьж ч чадахгүй нялх хүүхэд болжээ. Цэцэрлэгээс гарч асрагчийн халамжинд очлоо. Туулж өнгөрүүлсэн амьдралаасаа тэр юу ч санахгүй болжээ. Өнгөрсөн үе нь зүүрмэглэх зуур харагддаг зүүд адил, огт байгаагүй мэт түүний ой ухаанаас арилан үгүй болсон. Өдөр хоног өнгөрсөөр мань хүн ямар ч байсан амьсгаатай байх тул чихэнд нь арай ядан сонстох бөглүү дуу, бас гэрэл, харанхуй хоёр л гэж байна.
Харин дараа нь цагаан өлгий, дээр нь тонгойх бүдэг бадаг царай, бүлээн сүүний сайхан амт, үнэр гээд бүгд нэгмөсөн алга болж түнэр харанхуй түүнийг нөмрөн авлаа.
А.МӨНХЗУЛ