Categories
мэдээ цаг-үе

Интернэт сүлжээнээс хэрхэн ангижрах вэ?

Та хоногийн хэдэн хувийг сошиал нетворкийн хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл дунд сэлж бардаг бол. Яг цаг, минут хараад тооцоо гаргавал итгэмээргүй тоо гардаг гэнэ шүү. Фэйсбүүк, твиттер, инстаграм руугаа өдөрт хэдэн удаа орж гаран, дээш нь, доош нь гүйлгэсээр огт танихгүй хэдэн зуун хүний зургийг үзэж, хувийн амьдрал руу нь өнгөлзөж суудаг цагаа өөрт хэрэгтэй, ашигтай, баяр цэнгэл өгөх зүйлсэд зарцуулбал та өнөөдрийн өөрөөсөө хавь илүү хувилбар нь байх байсан талаар бодож үзэж байсан уу. 30 минут фэйсбүүк ухахынхаа оронд гадаа гараад хөгжим сонсонгоо эсвэл ирээдүйн төлөвлөгөөгөө бодонгоо алхаад ирвэл 400-500 ккал шатаагаад зогсохгүй тархи сэргэнэ. 30 минут ном уншихад дунджаар 30 хуудас ном уншчихна. Маш сайн өдрийн төлөвлөгөө гаргахад энэ хугацаа яг сайхан таарна. Утсаа оролдох 30 минутыг оройн хоол бэлдэх хугацаан дээрээ нэмчихвэл хоол чинь илүү амт, чанартай болох нь мэдээж.

30 хоног буюу нэг сарын турш сүлжээнээс ангижирч өөрийгөө сорих аргын талаар подкаст сонссоноо та нартайгаа одоо хуваалцъя. Та нэг сарын турш өөрийгөө интернэтээс бүрэн тусгаарласнаар дараахь хоёр асуултын хариуг олох гэнэ. Нэгдүгээрт, сошиал медиа ашиглахгүй байснаар таны амьдралд сөрөг талууд их гарсан уу. Хоёрдугаарт, таныг хүмүүс мартаж, тоохоо больж, найз нөхдийн чинь тоо цөөрсөн үү. Энэ хоёр асуултад хоёуланд нь үгүй гэж хариулж чадаж байвал та интернэтээс хамааралгүй хүн болж чадах нь ээ. Яг үнэндээ фэйсбүүкт пост хийхгүй байлаа гээд, твиттерт юм жиргэхгүй байлаа гээд таны амьдрал тэгтлээ өөрчлөгдөхгүй, жаахан хатуугаар хэлбэл сошиал медиа танаар дутахгүй ээ гэсэн үг. Ажил хэргийн чухал шаардлага гарвал и-мэйлээрээ харилцчихаад буцаагаад хааж болох юм. Мэдээж сошиал медиагаас 100% шалтгаалах ажил эрхэлдэг бол энэ нь боломжгүй. Тийм хүмүүс ажлаас бусад хугацаандаа интернэтээс татгалзахад л гайхалтай үр дүн үзүүлэх нь дамжиггүй.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Цар тахал болон Коронавирусийн тухай

Шинэ төрлийн титэмт вирус болох коронавирусийн тархалт дэлхий нийтийг хамарч, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа энэ үед вирусийн тархалт гэж юу болох, хэрхэн явагддаг тухай бэлтгэн уншигчдадаа хүргэж байна. Халдварт өвчин гэдэг арьс өнгө, нийгмийн гарал угсаа, шашин шүтлэг, улс төрийн оролцоо, иргэншил хамаарахгүй халдварлаж чаддаг хамгийн аюултай өвчин. Хяналтнаас нэг гарвал хичнээн аймшигтай үр дагавар авчирдгийг бид бэлхнээ харж, сонсож мэдэрч суугаа. Ялангуяа амьсгалын замын өвчнүүд дээд зэргийн урьдчилан сэргийлэлт, чанга хатуу хорио цээрийн тусламжтай буурч, устдаг.

ЦАР ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Pandemic буюу цар тахал нь грек хэлний pan-all-бүх, demos-people-хүн гэсэн үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм. Epidemic нь харин богино хугацааны туршид тархаад өнгөрдөг, нэг улс эсвэл муж гэхчлэн жижиг нутаг дэвсгэр хамардаг халдварт өвчин. Жишээлбэл, манайхаар бол тарваган тахал өвчин нь pan­demic биш epidemic гэсэн үг. Менингококк болон улирлын чанартай томуу, томуу төст өвчнүүд үүнд хамаарна. Харин цар тахлын хувьд бол маш өргөн хүрээний, ихэвчлэн үхлийн аюултай, тархалт хурдантай өвчнүүд байна. Салхин цэцэг, сүрьеэ зэрэг тахлын голомтот өвчин хэдэн арваар тоологдоно.

ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХӨНӨӨЛТЭЙ ЦАР ТАХЛУУД (ОН ЦАГИЙН ДАРААЛЛААР)

1. Антонины тахал. МЭӨ 165 он

Галены тахал гэгддэг Антонины тахал нь Бага Ази, Египет, Грек, Италид тархсан маш эртний тахал бөгөөд юунаас болж үүссэн нь одоог болтол тогтоогдоогүй. Энэхүү үл мэдэгдэх өвчнийг Месопотамаас эргэж ирсэн цэргүүд Ромд авчирсан гэж үздэг. Тухайн үед таван сая гаруй хүний аминд хүрч байжээ.

2. Юстинийн тахал. 541-542 он

Византийн эзэнт гүрэн ба Газар дундын тэнгисийн далайн боомт хотуудад өрнөж байсан дайны үед 25 сая хүн амиа алдаж байсан булчирхайн тахал. Бубоны тахлын анхны тохиолдол гэгддэг энэхүү өвчин нь Газар дундын тэнгисийн зүүнтээ төвлөрөх хүн амын дөрөвний нэгийг нь хөнөөсөн. Ид дэгдэлтийнхээ үед өдөрт 5000 хүн үхдэг байсан уг тахал Константинополь хотын хүн амын 40%-ийг сүйрүүлжээ.

3. Хар тахал. 1346-1353 он

Европын хүн амын 30-60% буюу 75-200 сая хүний амь насыг авч одсон цар тахал. Хар тахлыг Зүүн Азиас гаралтай, торгоны замаар дамжин Евразид түгсэн гэж үздэг ч тухайн үед худалдааны хөлөг онгоцон дээр хэдэн саяараа үүрлэн амьдардаг байсан харх, түүний бүүрэгнээс үүсэлтэй гэх магадлал хамгийн өндөрт тооцогддог. Тиймдээ ч худалдааны боомт хотууд төвлөрсөн гурван тивийг дамнан сүйтгэсэн байна.

4. Гуравдагч холер. 1852-1860

Долоон төрлийн холер өвчин байдгийн хамгийн их хөнөөл учруулсан нь Энэтхэгээс гаралтай уг тахал юм. Ази, Европ, Хойд Америк, Африк тивээр дамжиж сая гаруй хүний амийг авч оджээ. Их Британийн эмч Жон Сноу Лондонгийн буурай хөгжилтэй газар нутагт ажиллаж байхдаа холерын тохиолдлыг бүртгэж, улмаар бохирдсон ус нь өвчний халдвар тархах гол хүчин зүйл болохыг олж тогтоожээ.

5. Томуугийн тахал 1889-1890

Анх “Азийн ханиад” буюу “Оросын ханиад” гэж нэрлэдэг байсан H2N2 томуугийн хүрээний вирусийн дэгдэлт гэж үздэг байсан боловч саяхан нээсэн нээлтүүд нь томуугийн А хэлбэрийн H3N8 хүрээнийх байсныг баталжээ. Таван сая хүний амь эрсэдсэн.

6. Зургаадагч холер. 1910-1911

Зургаа дахь холернь бусад таван тохиолдлын адил Энэтхэгээс гаралтай бөгөөд 800,000 хүн амиа алдаж, Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европ, Орос руу тархжээ. Америкийн эрүүл мэндийн байгууллагууд эртнээс урьдчилан сэргийлсний ачаар халдвартай хүмүүсийг тусгаарласнаар ердөө 11 хүн нас барж байсан аж.

7. Испани ханиад. 1918-1920 он

Энэ нь томуугийн цар тахлын өвчин бөгөөд H1N1 хүрээний тахлын анхны тохиолдол. Тухайн үед дэлхийн хүн ам 1,8-1,9 тэрбум байж. Тэгвэл “Испани ханиад”дэлхийн нийт хүн амын 27% буюу 500 орчим сая хүнд халдварлаж 50-100 сая хүнийг үхэл рүү илгээжээ. Эхний 25 долоо хоногт л гэхэд 25 сая хүн нас барж байж.

8. Азийн ханиад. 1956-1958

Азиас гаралтай уг өвчин нь Хятадаас гаралтай H2N2 томуугийн тахлын дэгдэлт байсан бөгөөд 1958 он хүртэл үргэлжилжээ. Хоёр жилийн хугацаанд Азийн ханиад нь Хятадын Гуйжоу мужаас Сингапур, Хонконг, АНУ-д тархсан байна. Азийн ханиадны улмаас нас барсан хүний тоо эх сурвалжаас хамааран өөр өөр байдаг боловч ДЭМБ-ын тооцооллоор хоёр сая хүн нас барсан гэсэн судалгаа байдаг.

9. Томуугийн тахал. 1968 он

Хоёрдугаар ангиллын томуугийн тахал, зарим тохиолдолд “Хонконгийн ханиад” ч гэдэг. H2N2 дэд бүлгийн удамшлын томуугийн H3N2 омгийн улмаас үүссэн. Хонконгт анх гарснаас хойш гурван сарын дотор Филиппин, Энэтхэг, Австрали, Европ, АНУ-ын хэмжээнд тархжээ. Нас баралтын түвшин харьцангуй бага байсан (5%) боловч нэг сая хүний аминд хүрчээ.

10. ХДХВ/ДОХ-ын халдвар. 1976-

1976 онд анх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ нь дэлхий даяар тахал болж, 1981 оноос хойш 36 сая хүн амиа алдаад байна. Одоогийн байдлаар 31-35 сая хүн уг өвчний вирусийг тээдгээс 25% нь Африк тивд хамаарна. Бэлгийн замаар болон цусаар дамждаг, бүрэн эмчлэгддэггүй өвчин юм.

Түүнчлэн 2009 онд H1N1 хүрээний томуугийн халдвар болох гахайн ханиад дэгдэж дэлхийн хүн амын 21%-ийг халдварлуулжээ. 150-750 мянган хүн нас барсан тоон баримт бий бөгөөд испани ханиадны нэгэн адил уушги үрэвслүүлдэг аж. Түүхийн баримтаас үзвэл энэ мэтчилэн зуу зуун төрлийн тахал өвчин энд тэндгүй тархаж, дэлхийн хүн амын өсөлтөд мэдэгдэхүйцээр нөлөөлж байжээ.

COVID-19 БУЮУ КОРОНАВИРУС НЬ ЦАР ТАХАЛ МӨН ҮҮ?

Өнгөрсөн оны сүүлээс БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотоос дэгдсэн коронавирус нь өдгөө 60 гаруй улс орны 90 орчим мянган хүнд халдварлаж, 3000 гаруй хүн уг өвчний улмаас хорвоог орхиод байгаа билээ. Энэ өвчнийг цар тахал гэж үзэх эсэх талаар ДЭМБ одоог хүртэл нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа. Гэсэн ч тэдний зүгээс коронавирусийн дэгдэлтийн зэргийг “өндөр”-өөс “маш өндөр” ангилал руу шилжүүлээд буй. Хамгийн аюултай нь өвчний зовуурь илрээгүй үедээ халдварлуулах боломжтой. Хятад улс тархалтыг зогсоох ажил буюу containment-ийг нэгэнт алдсан харин одоо тархалтыг бууруулах буюу mitigation ажиллагаанд шилжсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн.

Ямар тохиолдол цар тахал буюу pandemic болж, ямар тохиолдолд халдварт өвчин буюу epidemic болох вэ гэдэг нь нэлээд субьектив шинжтэй бололтой. Коронавирусийн тухайд одоогийн байдлаар энэ хоёр нэр томьёог хоёуланг нь ашиглаж байгаа бөгөөд аль нь ч байсан үхлийн аюултай, дэгдэлтийн өндөр зэрэгтэй гэдгийг мэржгэжилтнүүд хүлээн зөвшөөрчихлөө. Өнгөрсөн сард ДЭМБ дэлхийн хэмжээнд онц байдал зарласан. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус “тахал” гэсэн үгийг хэрэглэх эсэх нь вирусийн газарзүйн тархалт, нийгэм дэх нөлөөллийн хэмжээ болон тасралтгүй үнэлгээн дээр үндэслэгдэнэ гэдгийг мэдэгдсэн. Мөн уг өвчин нь тахлын халдвартай юу гэвэл тийм хэмээн онцолжээ.

Ийм хурдацтай тархаж буй аюулт өвчнийг цар тахал гэж зарлахгүй байгааг мэргэжилтнүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй. Коронавирусийг цар тахал мөн гэж үзэж байгаа эрдэмтэд “Хэрвээ тахал гээд зарлачихвал дэлхий нийтээрээ сандралд орж, үймээн самуун дэгдэхвий гэдгээс болгоомжлоод байх шиг байна” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Эдийн засгийн хямралаас авахуулаад олон сөрөг үр дагавар бий болох учраас тэгтэл нь дэвэргэчихгүй шиг болгоомжтойгоор, гэхдээ шаргуу тэмцэж байгаа нь илт байна гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл, мэдээллүүдийг гадны эх сурвалжуудаас уншиж мэдэж болохоор байна. Гүнзгийрүүлж судалъя гэвэл олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр нийтлэгдсэн судалгааны бүтээлүүдийг уншиж болох юм. Түүнчлэн зарим эрдэмтэд хэдийгээр дэлхий даяар онц байдал зарлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байгаа ч халдварын хүрээг хумьж чадалгүй алдсан тохиолдолд яалт ч үгүй тахлын үе шатанд шилжих болно. Ийм зүйл болоход маш ойрхон ирчихээд байна, тиймээс бодолтой байх хэрэгтэй хэмээн сануулсан байна лээ. Харин энэ талаар ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревич “Цар тахлын нэгдүгээр зэргийг тодорхойлох зургаан үе шат бий. Үүнийг баримтлан ажиллах боломжгүй байна. Учир нь мал, амьтнаас хүнд халдварлаж цар тахлын хэмжээнд хүрсэн кэйс бидэнд алга” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн стандартад зургаан түвшнээр цар тахлын нэгдүгээр шатыг тодорхойлдог бол CoVid-19 халдварын тухайд уламжлалт энэ аргаар биш харин нийгэмд үзүүлж буй нөлөөллөөр нь цар тахал мөн эсэхийг тодорхойлно гэсэн үг болж таарч байна.

ХҮН АМЫН БӨӨГНӨРӨЛ ҮГҮЙ БОЛСНООР ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ХЯЗГААРЛАХ БОЛОМЖТОЙ

Хүмүүс томоохон хотуудад төвлөрөн суурьшсанаар байгаль экологид асар их хохирол учруулдаг. Агаар, хөрс, орчин бохирдсоноор экологийн тэнцвэр алдагдаж, халдварт өвчин тархах магадлал ихэсдэг. 20 сая хүн амтай метрополитан хотод тахал дэгдлээ гэхэд эрсдэл маш өндөр, авах арга хэмжээний хувьд ч хязгаарлагдмал болох юм. Эсрэгээр энэ 20 сая хүн 500.000 юм уу нэг, нэг саяараа жижиг хотууд үүсгэн суурьшвал халдварт өвчин гарсан тохиолдолд маш хурдан тусгаарлалт хийж урьдчилан сэргийлэх боломжтой. Эдийн засгийн хувьд ч алдагдал бага хүлээнэ. Улсаас тухайн халдвар гарсан бүс нутагт анхаарал хандуулан, чанартай, хурдан шуурхай арга хэмжээ авах бололцоо бүрдэнэ ээ гэсэн үг. Хятадын жишээнээс харахад 11 сая гаруй хүн амтай том хотод халдвар тархаж, вирус хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдлээ. Томоохон эдийн засгийн шинжээчид Хятадын амсах хохирлыг судлан дүгнэж буй энэ өдрүүдэд геополитикийн салбарынхан ч энэ талаар нухацтай авч хэлцэж байгаа юм билээ. Дээрх туршлагыг нэвтрүүлэх нь дэлхийн улс орон бүрийн оролцоо, нэгдмэл бодлогоос хамаарах нь мэдээж. Урт хугацааны ажил гэдэг нь ч тодорхой. Сүүлийн жилүүдэд хүмүүс томоохон хотуудаас аль болох зайлсхийж, жижиг хот суурингуудыг бараадан амьдрах нь олширсон. Дэлхий нийт дээрх хандлага руу өөрийн эрхгүй чиглэж байж магадгүй л юм.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Маск буюу амны хаалтын түүх

9000 ЖИЛИЙН НАСТАЙ МАСК ХАМГИЙН ЭРТНИЙХЭД ТООЦОГДОЖ БАЙНА

Маск буюу амны хаалтыг хүмүүс хэдэн мянган жилийн тэртээгээс хэрэглэж иржээ. Анхны гарал үүсэл нь 30000-40000 жилийн өмнө маск хийж зүүдэг байсан байх магадлалтай хэмээн судлаачид үздэг. Гэвч энэ нь баттай баримт биш бөгөөд зөвхөн агуйн сүг зурган дээр байх дүрснээс л ийнхүү таамаг дэвшүүлсэн аж. Дайн байлдааны үед мод, чулуу, ургамлын навчаар болон будаг ашиглан нүүрээ халхалдаг байсан байж болзошгүй. Францаас 35000 жилийн настай цахиур чулуугаар хийсэн масктай төстэй хүний хүүр хэлбэрийн зүйл олдсон нь маск байх магадлалтай хэмээн археологичид итгэдэг аж. Харин бидэнд мэдэгдэж буй хамгийн эртний маскны хувьд 9000 жилийн настай бөгөөд өдгөө Францын “Библ ба ариун газар” музей болон Ирусалимын “Израйл” музейд тус тус хадгалагддаг юм байна.

Маск буюу багийг эрт дээр үеэс дайн байлдаан юм уу багт наадам, жүжиг шийний үед ихэвчлэн хэрэглэдэг байж. Мөн шашны хэрэглэгдэхүүн болж байсан нь ч бий. Жишээ нь, Хойд Америкийн уугуул болох Ирокуо омгийнхон өтөл дорой болсон хүмүүсийнхээ сүнсийг уламжлалт модон маск өмсгөн дууддаг зан үйлтэй байжээ. Аляскаас баруун өмнө зүгт орших Ёоопик омгийнхон бөө мөргөлдөө ёоопик гэх багаа ашиглана. Энэхүү баг нь хэд хэдэн хүн өргөж явдаг, эсвэл таазнаас өлгөдөг тийм том буюу 10 кг хүртэлх жинтэй нь ч байж. Үүнийг өмссөн хүнийг ангийн тэнгэр ивээнэ гэж ёоопикийнхэн итгэнэ. Мөн шархдаж, зэрэмдэг болсон цэргүүдэд маск хийж зүүлгэдэг байсан сонирхолтой баримт түүхийн сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Ромын гладиаторууд маск зүүж тулалддаг байсан баримт сэлтүүд байдаг. Мэсчин боолууд янз бүрийн догшин хэрцгий царайтай багийг зүүж өөрийн имижийг бүрдүүлдэг байсан байх ч магадлалтай.

МАСК ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ

Маскны хамгийн чухал хэрэглээ бол хамгаалалт юм. Эрүүл мэндийн шаардлагаар, бусдад нян бактери халдаах буюу гаднаас авахгүй байх хамгийн энгийн, үр дүн сайтай арга бол маск зүүх. Сүүлийн үед дэлхий нийтээр айдаст автуулаад буй коронавирусээс өөрийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй хэмээн ДЭМБ-аас зөвлөж байгаа билээ. Шүүлтүүр бүхий сайн чанарын амны хаалт нь агаарт буй нян бактерийг нэвтрүүлэхгүй. Эмнэлгийн зориулалттай N95 төрлийн маскийг нянгаас хамгийн сайн хамгаалдаг бөгөөд коронавирусээс 95,99 хувийн баталгаатай хамгаалж байгаа нь эмнэл зүйн хувьд батлагджээ. Мөн утаа, бохирдол, тоосонцор зэргээс найдвартай хамгаална.

Эмнэлгийн зориулалттай нэг удаагийн маскийг харин хоёр цагаас дээш хугацаанд зүүвэл бохирдож, эргээд сөргөөр нөлөөлнө гэж байгаа. Нянгаас хамгаалах зориулалттай биш, мэс ажилбарын үеэр амнаас шүлс үсрэх зэрэг замаар элдэв шингэнийг гадагшлуулахгүй байх зориулалттай. Тийм болохоор нянгаас хамгаалах тал дээр сул.

Дараахь хэд хэдэн төрлийн маскийг эрүүл мэндийн зорилгоор ашиглаж байна:

• Хүчилтөрөгчийн маск нь уушгинд хиймэл амьсгал шахах зориулалт бүхий эмнэлгийн орчинд хэрэглэх боломжтой маск юм. Хуванцар, силикон, резинээр хийдэг.

• Түлэнхийн маск нь түлэгдсэн арьсыг бусад гэмтээгүй арьснаас тусгаарлах зориулалттай.

• Мэс заслын маск. Процедурын маск буюу эмнэлгийн маск гэж нэрлэдэг (бидний нэрлэж заншсанаар нэг удаагийн маск) энэхүү маскийг мэс заслын үеэр болон сувилахуйн үеэр өмснө. Энэ төрлийн маск нь бактери, вирусийн тоосонцроос хамгаалах зориулалттай биш бөгөөд N95 эсвэл FFP гэх зэрэг амьсгалын замын халдвараас хамгаалах маскнуудыг бодвол үр дүн маш багатай.

• Халаасны маск гэх энэхүү CPR маск нь зүрхний цохилт удаашрах, амьсгалын зам боогдох үед анхны тусламж болох хэрэгсэл юм.

МАСК НЬ ТЕАТРЫН УРЛАГИЙН ХАМГИЙН ЧАМИН ЭЛЕМЕНТ БАЙСАН

МЭӨ 1268 оноос Венецийн багт наадамд хүн бүр баг зүүдэг байж. Ерөнхийдөө маск нь дэлхийн соёл урлагт нэгэн чухал шигтгээ байсаар ирсэн бөгөөд сонгодог, нууцлаг, загварлаг төрхийг бүрдүүлдэг байсан нь одоо ч хэв шинжээ хадгалсаар байна. Эртний Грекийн театрын жүжигчид Японы Но жүжгийн нэгэн адил маск өмсдөг байсан баримт бий. Дундад зууны Европт нууцлаг хүн болон амьтны дүрийг бүтээхдээ жүжигчдэдээ маск өмсгөдөг байсан аж. Бурхныг төлөөлсөн жүжигчин алтадмал маск өмсөх жишээтэй.

Маск болон хүүхэлдэйг XIX зууны эхэн үеэс Алфред Жерри, Пабло Пикассо, Оскар Шлеммер нарын сюррелист болон дадаист чиглэлийн уран бүтээлчид театрын ажилдаа анх нэвтрүүлж байжээ.

Барууны бус урлагт маск чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, Энэтхэгийн Махабхарата, Рамаяана зэрэг туульсд нүүрний баг дүрслэгддэг. Улмаар Энэтхэгийн соёлын хүчтэй нөлөө орсон орнууд болох Камбож, Бирм, Индонез, Тайланд, Лаос зэрэг улсууд Энэтхэгийн уг хэлбэрийг хөгжүүлж, нутгийнхаа домогтой хослуулан өөрсдийн онцлог хэв маягийг хөгжүүлжээ.

Тухайн үед ашиглагдаж байсан маскууд нь ихэвчлэн хэт тансаг, чамин байсан бөгөөд Хинду, Буддын шашны сүм хийдийн зурган чимэглэлийн гол элемент болох аймшигт толгойн сийлбэрийн дүрс давамгайлна. Эдгээр нүүр царай нь хүн төрөлхтнийг бузар булайгаас ангижруулж, бурханлаг ертөнцтэй холбох дээд зорилготой байж.

Хятадад харин маскийг эртний шашны зан үйлээс үүсэлтэй гэж үздэг бөгөөд Ян Зэгийн хаднуудаас масктай хүмүүсийг дүрсэлсэн сүг зургууд олддог. Хожим маск нь бөө мөргөл болон буддын шашны домог, бэлгэдлийг нэгтгэдэг чухал хэрэглүүр болжээ. Бурхдад талархлаа илэрхийлэх бөөгийн зан үйлийн үеэр шигүн бүжгийн маскийг өмсдөг бол хуо бүжгийн маскийг муу зүйлээс хамгаалдаг хэмээн хятадууд итгэдэг. Дуурийн маскийг тайзгүй жүжиг тавих үед ашигладаг байсан ба энэ нь өнөөгийн алдарт Пекин дууриас бидний олж хардаг өнгөлөг дүр төрхийг уламжилж үлдээжээ.

Япончуудын хувьд маск нь маш эртний, боловсронгуй, хээнцэр гэгддэг театрын уламжлалынх нь нэг хэсэг юм. Хамгийн эртний маскууд нь гигаку бөгөөд өдгөө устаж үгүй болжээ. Үүнээс уламжилж бугаку гэх маскийг зохиосон байна. Японы алдарт Но жүжгийн Но маск нь бугаку маскаасаа үүдэлтэй. Урт тоглолтын туршид өмсөх учраас маш хөнгөн, нүүрний хэлбэрт яв цав тааруулж хийхийн тулд нарийн ур дүй шаардана. Үүнийг зөвхөн эрчүүд урлана. Бидний сайн мэдэх Кабуки театр нь Японы орчин үеийн театрын хэлбэр бөгөөд жүжигчид нь маск зүүхийн оронд нүүрээ буддаг болжээ.

СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛД НҮҮРНИЙ ХАМГААЛАЛТ АШИГЛАДАГ

• Америк хөлбөмбөгийн хамгаалалтын хэрэгсэлд дуулга, бээлий, гутал, гуя, өвдөгний дэвсгэр, амны хаалт орно.

• Бэлли буюу цанын маск нь цанын спортынхны өмсдөг гол хувцасны нэг. Энэ нь зөвхөн нүүр, амыг ил гаргадаг малгай хэлбэрийн угладаг даавуун маск бөгөөд нүүр хөлдөхөөс сэргийлдэг.

• Бэйсбол бол хоёр талаас тусгай зориулалтын цохиураар бөмбөг цохиж тоглодог тоглоом. Энэ спортод хамгаалалтын маск бас л зайлшгүй шаардлагатай.

• Шумбалтын маск. Энэ нь усан доогуур шумбаж буй хүн усан доорх орчинг чөлөөтэй харж байх зориулалт бүхий нүдний орчмыг халхалдаг нүдний шил хэлбэрийн маск юм.

• Туялзуур жадны спортод мэдээж хамгийн хэрэгтэй зүйл бол хамгаалалтын дуулга. Мөн Японы уламжлалт спорт болох кендод ч хамгаалалтын маск чухал.

• Хоккейн спортод бас тархи толгойгоо гэмтээхгүйн тулд тамирчид хамгаалалтын маск зүүдэг.

МАСК ЖИЖИГХЭН ХЭДИЙ Ч ӨВӨРМӨЦ “ХУВЦАС” ЮМ

Гоёл, чимэглэлийн зориулалттай маск нь зан үйл, ёслолд чухал үүрэгтэйгээс гадна хувцас болгон өмсөж болно. Барууны урлагт, ялангуяа метал рок хамтлаг, дуучид нүүрний баг өмсөж тайзан дээр гарах нь элбэг байдаг. Slipknot, Mental Creep­ers and Gwar, гитарчин Bucket­head нар тайзан дээр тоглохдоо маск зүүдэг. Тэдний хувьд энэ нь маш өвөрмөц имиж болдог. Түүнчлэн аймшгийн кинонд маск чухал үүрэгтэй. Алуурчин, дээрэмчин аймшгийн маскаа зүүхээрээ улам ч жихүүцэм болдог шүү дээ.

МАСКТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

• Зарим улсад анти-маск буюу маскны эсрэг хууль дүрэм бий. Энэ нь шашны болон улс төрийн зорилгоор жагсаал цуглаанд хамрагдагсад маскны ард нүүрээ нуун гэмт хэрэг өдүүлэхээс урьдчилан сэргийлсэн хууль юм байна.

• Ичгүүрийн маск. Дундад зуунд төмрөөр хийсэн, муухай хийц загвартай, хэрээний хошуутай маскнуудыг хүмүүсийг шийтгэх, ичээх зорилгоор зүүлгэдэг байж. Өөрөө тайлж чадахгүй тул шийтгэлээ дуустал зүүх хэрэг гарна. Тийм маск зүүсэн бол ямар нэг буруу хэрэг хийсэн нь илчлэгдэж, адлуулах болно.

• XIX зууны сүүлээр Австралийн шоронд хоригдлуудыг дуугүй болгохын тулд маск ашигладаг байж. Цагаан даавуугаар хийсэн уг шийтгэлийн маск нь нүүрийг нь битүү бүрхэж зөвхөн нүд нь л харагдана.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

-БАЯСАЛГАЛААР ДАМЖУУЛЖ ХҮНИЙ ЧАДАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭЛХИЙ НИЙТ АНХААРЧ БАЙНА-

Сүүлийн үед компаниуд ажлын байран дээрээ бясалгалыг нэвтрүүлж ажилчдадаа бясалгал хийх боломж олгодог болжээ. Ингэснээр ажилчдынх нь сэтгэл санаа тогтворжиж амар амгалан болох агаад ажлын чадамж нэмэгдэж, үр дүнд анхааран ажилладаг болох нь тогтоогджээ. Томоохон бизнесмэнүүд энэхүү зүй тогтлыг ухаалгаар олж харан, ажил хэрэг болгосноор бизнес нь илт сайжирсан гэсэн сэтгэгдлүүд интернэтэд хөвөрч байгааг олж үзэж болно. Баясалгал нь өөрийн ухаан билгээ зөв зүйлд төвлөрүүлэх хамгийн шилдэг арга төдийгүй оюун санааны дээд дасгал хэмээн дэлхий нийтээрээ хошуурцгааж байна. Зөвхөн оффис ч гэлтгүй томоохон их дээд сургууль, түүгээр ч барахгүй дунд сургуульд хүртэл бясалгалын танхимуудыг нээх болжээ. Өдөрт тогтмол хугацаанд бясалгал хийдэг хүүхдийн тархи сэргэгээр ажиллаж, өөрийн дуртай, хийхийг хүссэн зүйлдээ цаг хугацаа, энергиэ зарцуулснаар илүү их амжилт олдог хэмээн бясалгал нэвтрүүлсэн сургуулийн багш нар онцолжээ.

Компани дээрээ бясалгал хийх боломжтой болсон ажилчдаас судалгаа авахад судалгаанд оролцогчдын 91 хувь нь соёл, ёс зүйд эерэгээр нөлөөлсөн гэж мэдэгджээ. Түүнчлэн 88 хувь нь хамтрагчдаа санал болгохыг зөвлөсөн бол 66 хувь нь стрессээс ангижирсан, эсвэл стрессээ удирдаж чаддаг болсон гэж, 63 хувь нь ажил дээрээ өөрсдийгөө удирдах чадвартай болсон гэсэн байна. Харин 60 хувь нь анхаарлаа төвлөрүүлж, шийдвэр гаргах чадвар нэмэгдсэн гэсэн бол 46 хувь нь инноваци, бүтээлч байдал нэмэгдсэн гэжээ.

“Apple” компанийн захирал агсан Стив Жобс бясалгалын соёлыг ажилчдынхаа дунд нэвтрүүлж байжээ. Ингэхдээ тэрээр зэн баясалгалыг сонгосон бөгөөд ажилчдадаа бясалгалын өрөө бэлдэн өгч, өдөр бүр 30 минутын бясалгал хийх боломж олгожээ. Мөн “Google”, “Yahoo” компаниуд ч ажилчдадаа бясалгал санал болгодог аж. P&G компанийн захирал хүмүүст спорт заалнаас илүү бясалгалын танхим хэрэгтэй хэмээн үзээд ийм өрөөнүүд олноор нь тохижуулсан байна. Тэрээр ажилчдадаа “Таны амьдралд тулгарч байгаа асуудлуудыг биеийн дасгал хөдөлгөөнөөр биш, оюун санааны дасгалын хүчээр ухаалаг шийдэж болно шүү” гэж хэлдэг гэнэ.

“Nike” компани саяхнаас бясалгалын тусгай хөтөлбөрийг ажилчдадаа санал болгожээ. Тэдний зүгээс зохион бүтээгч хүмүүс оюун санаагаа тогтвортой байлгаж, саруул ухаанаар сэтгэх нь сайн бүтээл төрөн гарах суурь байх болно хэмээн мэдэгдсэн. Америкийн томоохон энтертайнмент компани болох HBO саяхнаас гэгээрлийн тухай цуврал киногоо цацаад буй. Тэгвэл энэ киноны зарим зураг авалтыг өөрсдийн компанийн байранд байх спорт заал болон бясалгалын танхимуудад авсан аж. Алдарт Офра Уинфри ч өөрийн 400 ажилчинтайгаа өдөр бүр бясалгал хийдэг гэнэ. Бясалгал тогтмол хийдэг болсноор ажилчид нь маш их хүсэл эрмэлзэлтэй болж, суурь өвчнүүдээсээ салан, нойр хоолондоо ч сайжирч хувийн амьдралд нь маш их эерэг өөрчлөлт гарсан талаар онцолжээ.

Ийнхүү соёлтой орнуудын толгойлогч компаниуд бясалгалыг бүтээмжтэй ажиллахын гол түлхүүр гэж үзээд, өдөр тутмын ажлынхаа нэг хэсэг болгон, компанийн соёлын шинэ хандлагыг хөгжүүлж байна.

Бясалгал гэж юу вэ?

Бясалгал нь хувь хүний ухамсраа удирдах, сэтгэлийн амар амгаланг олох, бусдыг болон ертөнцийн мөн чанарыг ойлгон танихын тулд үйлддэг оюун санааны дасгал юм. Бид өдөр тутамдаа янз бүрийн асуудлуудтай тулгарахдаа гарах арга замаа өөр өөрийнхөөрөө хайж олдог шүү дээ. Энергийн урсгалыг өөрт ашигтайгаар, эрчим хүч, баяр баясал болгон авах уу эсвэл зовлон, өвчин болгож өөртөө наах уу гэдгийг хүн ухамсраараа, сэтгэлээрээ шийдвэрлэж байдаг. Зөв, эерэг, ухаалаг шийдвэр гаргаж, тайван, аз жаргалтай амьдрахад бясалгал тусалдаг болох нь тогтоогдчихсон. Бясалгал нь эрт дээр үеэс олон шашны уламжлалд байсаар ирсэн бөгөөд ихэвчлэн гэгээрэх, өөрийгөө танин мэдэхүйн нэг арга болжээ. Бясалгалын хамгийн эртний бичвэр Энэтхэгийн Вээдийн шастирт ул мөрөө үлдээсэн байдаг “Даяттри”-гийн тарни юм. МЭӨ VI-V зуунд Хятадад Күнзийн шашнаар дамжин хөгжжээ. Мөн хиндүизм, жайнизм болон эртний буддын шашны улбаагаар Энэтхэгт дэлгэрсэн байдаг. МЭ 100 оны орчмоос зэн урсгалын бясалгал номлол Хятадад чан, Солонгост сеон, Вьетнамд тянь нэрээр түгсээр 653 он гэхэд Сингапурт баясалгалын анхны танхим нээгдэж байсан түүхтэй аж. Азийн олон орноор бясалгалын хэлбэрүүд ийнхүү түгсэн нь торгоны замтай холбоотой гэнэ.

Улмаар XIX зууны сүүл үеэс дэлхийд соёлын хувьсгал өрнөж, харилцаа холбоо нэмэгдсэнтэй холбоотойгоор барууны орнуудад хүчтэй дэлгэрч, Азиас гаралтай бясалгалын практикийг өрнөдөд дамжуулж эхэлжээ.

1893 онд Чикаго хотод зохиогдсон Дэлхийн шашны парламент нь бясалгалын тухай өрнөдийн мэдлэгийг дээшлүүлсэн чухал үйл явдал байв. Барууны үзэгчид анх удаа Азийн сүнслэг сургаалыг хүлээн авсан нь энэ юм. Үүнээс хойш буддын сургаал дээр суурилсан бясалгалын янз бүрийн хэлбэрүүдийг хүмүүс сонирхох болж, ашрамууд (бясалгал номлол хийх ариун дагшин газар) нээгдэж, Харвардын сургуульд бясалгалын тухай лекцүүд тавигдаж, зэн сургаалыг зааж эхэлсэн байна.

Хиндүизм

Хиндү шашны хэв маягтай бясалгалын олон хэлбэр байдаг. Орчин үеийн болон уламжлалт хиндү шашинд Йог болон Диян нь хүн өөрийн мөнхийн сүнсийг ухамсарлаж хайрлах арга юм гэж үздэг. Материас ангид, мөнхөд орших сүнсээ хөгжүүлье гэвэл йог хийх бясалгах шаардлагатай гэсэн ухаан. Орчин үед Хатха йогийг бясалгалын нэг хэлбэр хэмээн үзэж хүмүүс олноороо хичээллэх болжээ.

Жайнизм

Жайнизм бясалгал нь хүн өөрийгөө ухамсарлаж, сэтгэлээ бүрэн эрх чөлөөнд хүргэх буюу аврагдах зорилготой. Жайнизм нь пиндаста-диян, падаста-диян, рапаста-диян, рапатита-диян, савиря-диян гэх мэт бясалгалын аргыг ашигладаг. Жайнизмд Мантрагийн баялаг уламжлал ч байдаг. Мантра аялгуу нь жайн лам нар болон дагалдагчдын өдөр тутмын амьдралын чухал хэсэг юм.

Буддизм

Бясалгалын үндсэн арга нь эртний Буддын шашны бичвэрүүдэд хадгалагдан үлдсэн бөгөөд багш-шавийн барилдлагаар дамжин олширч, төрөлжиж ирсэн. Ертөнц даяар хамгийн өргөн тархсан тул буддист биш хүмүүс ч энэ төрлийн бясалгалуудаар тогтмол хичээллэдэг гэсэн судалгаа байдаг аж. Теравада уламжлалаар оюун ухаанаа хөгжүүлэх тавин арга, төвлөрлийг хөгжүүлэх дөчин арга гэхчлэн байхаас гадна төвөд уламжлалын мянга мянган төрлийн харааны бясалгал байдаг аж.

Будда эрүүл мэндийн бясалгалаас үүдэлтэй оюун санааны хоёр чухал чанарыг тодорхойлжээ. Эдгээр нь амар амгалангийн бясалгал буюу самади, бодит үнэнийг байгаагаар нь харах бясалгал буюу випашня. Самади бол өөрийн сэтгэлийг амар амгалангийн төлөв рүү чиглүүлэх арга бол випашня нь ертөнцийн аливаа үйл хэргийг бодит байдлаар нь олж харан, цэцэн цэлмэгээр хүлээж авах үйл юм.

Даогийн бясалгал

Энэ нь Хятадын уламжлалт анагаах ухаан, тулааны урлагт суурилсан бясалгал юм. Энэхүү бясалгал нь гурван түвшинтэй бөгөөд олон жил бясалгасан бясалгагчид махан биеийн хэмжүүрээс халин гарч сүнслэг байдлаар оршин, сансрын энергиэр биеэ дүүргэн орчлонгийн уудамд аялдаг гэлцдэг.

Бясалгахын ач тус буюу хэрхэн бясалгаж эхлэх вэ?

Гүнзгий түвшинд бясалгагчид хэзээ ч, хаана ч бясалгах чадвартай байдаг бол эхлэн бясалгагчдад орчин хамгийн чухал нөлөөтэй гэнэ. Бясалгаж эхлэхийн өмнө өөрийгөө тайвшруулж, элдэв бодлуудыг санаанаасаа авч хаях нь таны хийх эхний алхам юм. Сэтгэл тайван байх нөхцөлийг бүрдүүлсэн газрыг сонгох нь чухал. Магадгүй лаа асаасан, анхилуун үнэртэй, бурхны хөрөг дүртэй орчин танд төсөөлөгдөж байгаа байх. Тусгай ийм өрөө бэлдэж болох ч гэлээ алба үгүй, хамгийн гол нь цэвэр цэмцгэр газарт л бясалгаж эхэлбэл санаа бодол будилж, үймцэхгүй гэнэ. Эмх замбараагүй орчинд сэтгэл санаа дагаад замбараагүй болдог. Мөн бясалгалын эхэн үед аниргүй орчинг сонгох нь зүйтэй. Хотын шуугиантай амьдралд бид оройн цагаар хүмүүсийг унтаж амарсны дараа юм уу өглөө эрт, хөл хөдөлгөөн эхлээгүй үеийг сонгон бясалгавал илүү үр дүнтэй байх гэнэ. Ингээд өөрийн биед эвтэй байхаар, булчингууд сул байхаар бодож сууна. Зэнгийн төрлийн зарим бясалгалд огт хөдөлж болохгүй гэдэг. Бусад бясалгалд бол чилсэн хөлөө хөдөлгөж амраах зэрэг нь нэг их асуудал биш байдаг аж. Бурхны шашинд хөгжим даган бясалгахыг сайшаахгүй. Учир нь гадаад орчны, зохиомол амар амгалангаар бясалгах нь хуурмаг зүйл болох магадлалтай. Ингэхийн оронд өөрийн дотоод амар амгаланг чагнаархах нь жинхэнэ утгаараа оюуны их тайвшралыг олдог гэнэ. Анх эхэлж буй хүмүүс 3-5 минут бясалгахад хангалттай. Үүнээс удаан хугацаанд анхаарал сарниж, бясалгалыг үр дүнгүй, хэцүү болгох аюултай аж. Мөн өдөр бүр тогтмол хийх хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хүчлэлгүй гэхдээ бас тууштайгаар бясалгаж байж дараагийн түвшин рүү ахидаг байна. Дараахь гурван зарчмыг байнга санахад илүүдэхгүй.

Сэтгэл одоо цагт байвал бясалгал

Сэтгэл тайван, эргэлзээгүй, хүлээлтгүй байвал бясалгал

Сэтгэл сэтгэл гэгдэхээ больж, анхны буюу өөрийн эх төлөвтөө шилжихийг бясалгал гэнэ.

Бясалгал үйлдэгч алдартнуудын заримаас:

• Билл Гейтс (Microsoft компанийн тэргүүн)

• Уилл Смит (Холливуудын алдарт жүжигчин

• Коби Брайнт (Тэрээр өөрийн бэлтгэлийг жигд байлгахын тулд өглөө бүр бясалгадаг байжээ)

• Майкл Жордан (Сагсан бөмбөгч), Пил Жексон (Майкл Жорданы дасгалжуулагч)

• Женифер Лопез (Опрагийн шоун дээр тэрээр өдөр бүр бясалгал хийх нь надад одын амьдралаар тэнцвэртэй амьдрах боломж, олгодог хэмээн ярьж байжээ)

• Арнольд Шварцнейгер

• Жеорж Лукас (Тэрбумтан, “Оддын дайн”, “Юрийн галавын цэцэрлэг”, “Индиана Жонс” кинонуудын зохиолч )

• Клинт Ийствүүд (Холливуудын алдарт кино найруулагч тэрбээр 40 орчим жил бясалгалаар хичээллэжээ)

• Жессика Альба (Холливуудын жүжигчин)

• Кетти Перри (Бясалгал түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэдэг)

• Жефф Вейнэр (LinkedIn-ий тэргүүн)

• Эрик Риперт (Дэлхийн хамгийн алдартай тогооч. Өглөө бүр нэг цаг бясалгах нь өдрийн турш аз жаргал болон амар амгаланд байр тавьж өгөхийг надад заадаг гэсэн байна)

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БОН ЖОН ХО: НОВШ ГЭЖ ЮУ БОЛООД БАЙНА АА…

“Parasite”-ийн найруулагч Бон Жон Хогийн нийгмийн давхарга хоорондын тулаанаас олж харсан урлаг


Өчигдөр кино сонирхогчдын өдөр байлаа. Хоэкин Фениксийг шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авна гэж дэлхий нийтээрээ хүлээж байсан, биеллээ. Брэд Питт 56 насандаа жүжигчний хувиар анх удаа Оскар хүртэж, Өмнөд Солонгосчуудын хийсэн “Parasite” уран сайхны кино мөн л анх удаа дэлхийн кино урлагийг цойлон гарч ирлээ. Хэдийгээр бидний гараг өнөөдөр үхлийн аюулт өвчин, гамшиг зовлонгоор амьсгалж байгаа ч хүмүүс урлаг, уран сайхнаас хэзээ ч татгалзаж чадахгүй нь гэдгийг өнөөдрийн Оскарын шагнал гардуулах ёслол баталж харууллаа шүү дээ. Харамсах зүйлгүй Оскар болж өндөрлөсөн гэж би хувьдаа дүгнэж байна. Бас сэтгэл хангалуун байна, Бон Жон Хо найруулагчийн өмнөөс, Брэд Питтийн өмнөөс сэтгэл хангалуун байна.

Дөрвөн “Оскар” хүртсэн “Parasite”уран сайхны кино нь Бон Жон Хо найруулагчийн долоо дахь уран бүтээл бөгөөд хамгийн шилдэг гэдэг нь ч ийнхүү батлагдлаа. 2013 онд “Цас ханзлагч”, 2017 онд “Okja”кинонууд нь кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч байсан билээ. Мөн 2006 онд “The Host”, 2009 онд “Ээж” кинонуудаараа тус тус шуугиан тарьж байв. “Parasite”буюу “Шимэгч”нь баян, ядуу хоёр гэр бүлийн харьцуулшгүй ялгааг өгүүлэх агаад хүнд триллер жанрыг ёгт егөөдөл, бараан наргианаар (dark comedy) хулдан ороосон, сэтгэхүйн бүтээл юм. Найруулагч Бон Жон Хо “Parasite”киноныхоо санааг нэлээд олон жилийн өмнө бодоод олчихсон байж. Санаагаа улам улмаар баяжуулан дотроо найруулж явсаар бүрэн боловсорсон гэж дүгнэснийхээ эцэст кино зохиолдоо оржээ. “Энэ сэдэв хэзээ миний санаанд ороод ирчихсэн юм бүү мэд. Гэхдээ яг л шимэгч хорхой шиг миний дотор байж, томорсоор л байсан шүү” гэж хошигнож байсан удаатай. Мөн коллежид байхдаа англи хэлний гэрийн багш хийдэг байснаа дурсаад энэ үед багшаар ажилладаг байсан тэр баян айлаа өөрөө тагнаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдөг байсан, их зугаатай бас хачин санагддаг байлаа гэжээ.

2019 оны 10 дугаар сард Лос Анжелосын хэвлэлд өгсөн ярилцлагыг нь орчуулан хүргэж байна. Хэрэв та уг киног үзэж амжаагүй байгаа бол спойлердуулах магадлалтай гэдгийг дуулгая.

“Parasite”кино “Snowpiercerболон “Okja” кинонуудтай сэдвийн хувьд төстэй санагдсан. Гэхдээ та энэ хоёр киногоо англи хэл дээр бүтээсэн шүү дээ. Гэтэл “Parasite”-ийг яагаад солонгос хэл дээр гаргасан юм бэ?

Зүгээр л цаанаасаа, жамаараа л ийм зүйл болчихсон юм. Би Сөүлд амьдарч байхдаа эргэн тойрныхоо хүмүүсээс, хөршүүдээсээ өдөр тутмын амьдралынх нь түүхийг сонсохыг хүсдэг байлаа. Эндээс л энэ санаа анх урган гарсан. Хүрээлэн буй бодит юмсыг илүү гүнзгийрүүлж судлахыг би хүсдэг. Яг л маш жижигхэн хэрнээ бүүр цаана байгаад байгаа зүйлийг микроскофоор харж байгаа аятай. “Ээж” болон “Аллагын түүхүүд”шиг хэмжээтэй кино хийх гэсэн маань нутагтаа эргэж очсоноос ч илүү чухал үйл явдал байлаа. Яагаад гэвэл “Okja”, “Snowpiercer”кинонууд бол үнэхээр том төсөвтэй, нүсэр кинонууд байсан.

Та амьдралынхаа чухам аль үед нийгмийн анги давхаргын тухай ойлголттой болсон гэж өөрийгөө хэлэх вэ. Бас хэзээнээс өөрийн уран бүтээлдээ энэ сэдвийг тусгая гэж шийдсэн бэ?

Бүхий л бүтээгчид, уран бүтээлчид тэр ч бүү хэл бид цөмөөрөө л цаг ямагт энэ сэдвийг сонирхож байдаг гэж би боддог. Хэрвээ бид сонирхохгүй юм бол энэ бүгд ямар ч утга учиргүй зүйл байх байсан. Бид метро, гудамжинд танихгүй хүмүүсийг харахдаа тэдний хичнээн баян байгаад анхаарлаа хандуулахгүй байж чаддаггүй. Эсвэл онгоцны буудал дээр бизнес ангиллаар нисч буй хүмүүсийг харахдаа бас л баян чинээлгийг нь алмайран харж байдаг шүү дээ. Яагаад гэвэл бид капитализмын эрэн үед амьдарч байгаа учраас бүгд ижилхэн ийм суртахуунтай байгаа юм. Яг үнэндээ хүмүүс баян, хоосны ялгаанд дэндүү мэдрэмтгий ханддаг гэж би боддог шүү.

Америкийн кино найруулагч Жордан Пийлийн найруулсан “Бид”, Японы найруулагч Хироказү Кори Идагийн бүтээл “Дэлгүүрийн хулгайч нар” болон Солонгосын найруулагч Ли Чан Доны “Burning” кинонууд бүгд л баян, ядуугийн тухай өгүүлдэг. Сүүлийн хоёр жилд тэсрэлт хийсэн уран бүтээлүүд шүү дээ. Бидний хэдэн найруулагч нийгмийн давхаргын тухай хуралдахаар цугларцгаачихаад байгаа юм биш, байгалийн жамаараа л ийм зүйлс болоод байгаа юм.

parasite rich and poor-н зурган илэрц

Баян гэр бүлүүдэд мөнгөний үнэр авах олон л арга зам байдаг байх. Та энэ гэр бүлийн гоо зүйн асуудлыг кинондоо хэрхэн тусгасан бэ?

Энэ гэр бүлийнхэн өөрсдийгөө “Бид мөнгөтэй, тийм ч болохоор тансаг, дээд зэрэглэлийн хүмүүс” гэж харагдуулахыг хичээдэг. Тиймээс алдартай архитекторын барьсан байшинд амьдардаг. “Бид урлаг мэднэ. Урлагийн мэдрэмжтэй” гэж бусдад ойлгогдохыг хүсдэг. Тэд юм үзээгүй баячууд биш гэдгээ батлахыг цаг мөч тутамд хичээж байдаг хүмүүс. Гэхдээ тэдний туйлын хүсэл бол, ноён Пакийн кинон дээр хэлдэгчлэн, өөрсдийн энэ аятай тохьтой амьдралыг тойруулан хүрээ татчихаад үүндээ хэнийг ч ойртуулахгүй байх явдал юм. Тэд гаднах ертөнцийг, хонгил подвалиар амьдардаг үнэр танартай хүмүүсийн тухай сонсохыг ч хүсдэггүй. Энэ тойрог руугаа ойртсон хэнийг ч цааш түлхэн, өөрсдөө дотор нь аюулгүй байхыг л эрхэмлэгчид юм.

Үнэр бол энэ киноны маш чухал хүчин зүйл. Хамгийн эгзэгтэй хэсэг гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ та яагаад ийм шийдэл оруулсан гэдгээ тайлбарлах өөр шалтгаан байвал бидэнд хэлээч?

Ноён Пакийн гэр бүлийнхэн энэ баян айлд ирээд жолооч, гэрийн багш, гэрийн үйлчлэгч хийдэг. Баян эзэдтэйгээ маш ойрын зайнаас харьцаж, өөрсдийнхөө муухай үнэрийг үнэрлүүлж болох тийм онцлогтой ажлууд л даа. Энэ л өгүүлэмж нь уг түүхийн хамгийн төгс хэрэгсэл болж байгаа гэх үү дээ.

“The Host” кинон дээр улсын цолтой харваачийн дүр гардаг. Харин энэ кинон дээрх ядуу ээжийн дүр нь хуучин зээрэнцэг шидэлтийн аварга байсан. Эдгээр хөнгөн атлетикийн спортын юу нь таны сонирхлыг татдаг юм бэ. Тэр тусмаа энгийн ажилчин хүмүүсийн төлөөлөл болсон тамирчдаар дамжуулж юу хэлэхийг зорив?

“The Host”-ийн дүр болох эмэгтэй хүрэл медаль хүртдэг бол “Parasite” дээрх ээжийн дүр мөнгөн медалиа ханандаа өлгөсөн байдаг. Хэрэв “Parasite”- ийн эхнэр, нөхөр хоёр зодолдвол эхнэр нь төвөггүйхэн цохиод унагачих юм байна гэдгийг харуулахын тулд би ийм зураглал оруулсан юм. Нөхөр хэдийгээр өрхийн тэргүүн боловч нийгэмд эзлэх байр суурь болон эдийн засгийн хувьд чадамжгүй хүн. Тэр сэтгэл санаагаар ч тэр бие махбодиор ч ихээхэн сул дорой нэгэн. Энэ дүрийн арчаагүй байдлыг мэдрүүлэхийг зорьсон нь энэ л дээ.

Энэ баян гэр бүлийг амьдралд ингэж хөнгөн хандахад нь юу нөлөөлсөн гэж та бодож байна?

Юуны түрүүнд баян айлын ээж бол үнэхээр хөөрхөн бас гэнэн дүр юм. Гэхдээ би түүнийг хэзээ ч тэнэг, мулгуу гэж бодож байгаагүй л дээ. Тэр их ухаалаг. Магадгүй их сайн сурагч байсан байх. Тэр зүгээр л хүмүүст дэндүү амархан итгэчихдэг, яагаад гэвэл түүний амьдрал ийм мэтийн зүйл дээр туршлага хуримтлуулахуйц байгаагүй. Та мэдэх үү. Энэ эмэгтэй маш залуудаа баян айлын бэр болж, эцэг эхийнхээ ивээл дор амьдарч, хэзээ ч тэмцэх шаардлага гараагүй.Хүмүүст эргэлзэж эхлэхийн тулд танд ямар нэгэн муу зүйл тохиолдох ёстой гэж би бодож байна. Гэтэл түүний амьдралд хэзээ ч ийм юм болж байгаагүй.

parasite rich mom-н зурган илэрц

Та баян айлын гоо зүйн асуудал дээр онцгойлон анхаарсантайгаа адил ядуурлын бүтцийг ч гэсэн өвөрмөцөөр гаргаж тавьсан байсан. Энэ эсрэгцлийг амилуулахын тулд юун дээр анхаарсан бэ?

Зургийн баг маань энэ тал дээр үнэхээр их хичээж ажилласан. Ганц тэр ядуу айлын ноорхой байшингаар тогтохгүй хөрш айлуудынх нь байшинг ч бүгдийг барьж бүтээсэн. Ингэхдээ усны танкан дээр барьсан. Зургийн багийнхан маань дахин төлөвлөлтөд орсон, нураахаар завдаж буй хорооллуудаар явж, орхигдсон байшингуудаас хаалга, цонх, шал гэх зэрэг зүйлсийг ховхлон авч түүгээрээ эдгээр оромжуудаа босгосон. Энэ нь ядуу өрхүүдийн үнэн бодит төрх байсан юм.

parasite poor street-н зурган илэрц

Тийм ээ. Эгч нь ариун цэврийн өрөөнд суугаад тамхи татаж байхад суултуураас ус алдаж, дэлбэрдэг хэсгийг би мартаж чадахгүй байсан шүү?

Зөвхөн энэ хэсгийн л зургийг авах гэж тусгай эффектийн баг маань маш их ажилласан. Суултуур дэлбэрэхэд ус хэр хүчтэй цацагдахыг хүртэл бид судалж тооцоолж байж хийсэн.

Кинон дээр гардаг гоймонтой хоолны “ram-don” гэх нэршлийг таныг санаанаасаа зохиосон гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн хэрэгтээ яг ямар хоол вэ?

Энэ хоол нь хар буурцагтай болон халуун ногоо, далайн амттай гоймонгийн холимог юм л даа. Дундаж болон дунджаас доош давхаргынхны дунд алдартай хоол. Ер нь баячууд үнэтэй, органик хүнс хэрэглэдэг тул ийм зүйл идэхгүй. Гэхдээ хүүхдүүд энэ гоймонд маш дуртай байдаг. Хүүхэд баян байж болох ч хүүхэд хэвээрээ л байна шүү дээ. Амтлах мэдрэмж нь ижилхэн л байж таараа. Ээж нь гоймон дээрээ үхрийн гол мах тавиад өгчихөд л тэд баян хэвээрээ үлдэж байгаа юм. Яг үнэндээ бол ямар ч чинээлэг хүн үүнийг идэхгүй. Энэ зүгээр л миний төсөөллөөрөө хийсэн зүйл байсан юм. Солонгосын “jjapaguri” гэх энэ хоол нь хоёр брэндийн нийлмэл учраас орчуулагдахгүй.

Таны киноноос миний сонирхлыг хамгийн их татаж байсан зүйл бол ажилчин ангийн хүмүүсийн хооронд эв нэгдэл маш их дутагдаж байсан явдал. Та яагаад ийм сэдэв хөндөх болов?

Та маш чухал зүйлийг онцолж хэллээ. “Ээж” кинон дээр юухан хээхнээр дутагдаж гачигдах явдал нь эргээд хэрэгцээ шаардлагатайгаа тэмцэлдэж байдаг. Нөгөөтэйгүүр, “The Host” дээр бол тэд хоорондоо эв нэгдэлтэй байж, бие биенийгээ хамгаалан, хүчээ нэгтгэдэг. Таны хэлсэнчлэн “Parasite” бол “Ээж”-тэй тун төстэй, тэдний сул дорой байдал нь тарчиг амьдралтайгаа зөрчилдөн өөрсдийгөө зовооно. Маш харамсалтай боловч бодит байдал нь л энэ юм. Эндээс гунигтай болон хошин мэдрэмж аль алиныг нь авч болно.

Киноны чухал мөчид“in ginocchio da te,” дуу эгшиглэдэг. Маш эгзэгтэй дохио өгж байгаа юм шиг. Энэ дууны юу нь тийм онцлог гэж?

Аав маань маш олон итали LP пянзтай байсан. Тиймээс надад итали дуу танил санагддаг ч нэг ч дуу бүтнээр нь мэддэггүй байлаа. Танд итали үеэл бий юү?

Миний аав итали хүн л дээ.

Биднийг киногоо Каннд гаргаж эхлэхэд италичууд их баяртай хүлээж авсан. Яг тэр хамгийн чухал үзэгдэл дээр тэд бие биедээ заналхийлж байгаа нь харгис, хор хөнөөлтэй боловч Газар дундын тэнгисийн нарыг санагдуулсан энэхүү тайвшралын аяз нь энэ хэсэгт гайхалтай тохирох болов уу гэж би бодсон юм. Маш хэрцгий сцен үзэж байхад энэ эсрэгцэл нь сайхан санагдах болов уу гээд сонгосон.

Энэ дуу ихэвчлэн хайрын түүхэд хэрэглэгддэг. Би үүнийг YouTube-ээс сонсож байлаа. Дуучин Жиани Моранди залуу байхдаа романтик комеди жүжгийн үеэр дуулдаг юм. Моранди энэ дууг дуулаад амрагтайгаа уулзахаар гүйж байгаа хар цагаан бичлэг л дээ. Дууны нэр нь “Чиний өмнө өвдөг сөхрөхүй”. Киноны гол дүрүүд дуу эгшиглэж байх яг тэр мөчид өвдөг сөхөрдөг нь бүрэн давхцал юм.

“Palme d’Or”-ийг хүртэж байхад танд юу бодогдсон бэ?

Энэ үнэхээр галзуу явдал байсан л даа. Маш гэнэтийн зүйл болсон. Новш гэж, юу болоод байна аа гэж уулгалж байгаа юм шиг л. Гэхдээ дараа нь мэдээж өөрийн төлөвөө буцааж олж авна л даа. Үүнийг давахын тулд эндээс явах ёстой, цомоо бариад зургаа авахуулах ёстой. Зүгээр л болж байгаа зүйлд авт гэж бодно. Дараа нь үдэшлэг зохиож, ууж наргих болно. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Канн бүхэлдээ нам гүм, Каннын нар өрөөнд минь мандах болно шүү дээ. Жинхэнэ сэтгэл хөдлөл энэ үед л эхэлнэ.

parasite “Palme d'Or”-н зурган илэрц

Эх сурвалж: GQ

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

65 -тай шинэ үеийн залуус

Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний насны үечлэлийг шинэчлэхдээ өмнөхөөс хамаагүй өндрөөр тогтоосон. Өмнөх ангиллаар буюу хүний дундаж наслалтыг 50 хэмээн тодорхойлдог байснаар бол ахмад настайд тооцогддог байсан хүмүүс одоо залуу насны ангилалд багтсан гэсэн үг юм. Хөгшрөлтийг тодорхойлох тогтсон заалт байхгүй боловч дэлхийн хүн амын дундаж наслалтыг эрүүл мэнд болон нийгмийн байдлыг нь харгалзсан судалгаан дээр үндэслэн гаргадаг байна.

ДЭМБ-аас гаргасан насжилтын судалгаа (хамгийн сүүлийн үеийнхээр):

• 0-17 нас- насанд хүрээгүй

• 18-65 нас- залуучууд

• 66-79 нас- дунд насныхан

• 80-99 нас- өндөр настан /ахмад

• 100-гаас дээш нас-урт насалж буй ахмад настан

Мөн судалгааны дүнд дараахь прогнозыг гаргажээ:

-2015-2050 оны хооронд 60-аас дээш насны хүмүүс 12-22 хувиар нэмэгдэнэ

-2020 он гэхэд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 5-аас доош насны хүүхдүүдийн тооноос давж гарна

-2020 он гэхэд өндөр настай хүмүүсийн 80% нь бага, дунд орлоготой орнуудад амьдарна

-Хүн амын хөгшрөлтийн хурд өмнөхөөс хурдацтай явагдана

-Бүх улс орон эрүүл мэнд, нийгмийн тогтолцоогоо хүн ам зүйн энэхүү өөрчлөлтөд бэлдэхийн тулд томоохон сорилтуудтай тулгарах болно.

Дээрх судалгаанаас харахад хүмүүс илүү урт насалдаг болсон гэж анзаарагдаж байна. Та ажил хөдөлмөр хийж чадахааргүй боллоо, одоо болсон гээд тэтгэвэрт суулгадаг байсан 60 насыг ахмад биш, харин ч ид хав нь жигдэрсэн нас юм байна аа хэмээн хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Гэхдээ хамгийн гол нь эрүүл мэндийн байдал нь ямар байна, нийгэмдээ ямар байр суурь эзэлж байна, хэр идэвхтэй амьдарч байна вэ гэдгийг маш нарийн судалдаг гэж ДЭМБ-аас онцолсон байналээ. Өндөр хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ ихтэй орнууд бол насжилт өндөр байх нь аргагүй.

Тэдэнд нийгмийн янз бүрийн хангамж, туслалцаа элбэг, эрүүл мэндийн үйлчилгээ ч сайтай учраас настайчууд санаа зовох зүйл багатай, өөрийн дуртай юмаа хийгээд эрүүл саруул амьдраад байх бүрэн боломжтой. Эндээс нийгмийн зүгээс анхаарал халамж хэр тавьдгаас хүн амынх нь насжилт шалтгаална гэж ойлгочиход ер нь болохоор харагдаж байна. Эдийн засаг томтой орнуудын ахмад настнууд хэрэглээ өндөртэй, нийгэмд эзлэх байр суурь ихтэй, туршлагатай, боловсролтой хүмүүс байдаг. Нийгмийн элит давхаргыг тэдний цөөнгүй хувь бүрдүүлж байдаг. Насаараа ажиллахаа ажиллаад, хийхээ хийчихсэн хүмүүс ийм байх нь арга ч үгүй биз. Гэтэл манайд эсрэгээрээ, хамгийн эмзэг, сул дорой, амьдралын баталгаагүй хүмүүс нь ахмадууд байдаг. Адаглаад эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөв тогтолцоотой бол манай улсад ч гэсэн наслалт өндөр байж болох шүү дээ.

Бас нэг анзаарах зүйл энд бий. Хөгшрөлт хурдтай нэмэгдэж байгаа гэдэг нь хүмүүс илүү хурдан хөгширч байна гэсэн үг биш, харин илүү удаан амьдарч өндөр насалдаг болж байна аа гэсэн үг байх нь. Өндөр настнууд олширно гэдэг маань хүн амын хөгшрөлт хурдасч байгаа хэлбэр. Ийм хувьсалд улс орон бүр дасан зохицох гэж багагүй хугацааг зарцуулдаг гэнэ шүү. Жишээлбэл, 150 жилийн өмнө Франц улсын хүн амын 10% нь 60-аас дээш насныхан байжээ. Энэ үзүүлэлт одоо 20%-д хүрсэн. Францчууд ахмад настнууд нэмэгдэж буй энэ өөрчлөлттэй дасан зохиоцох гэж бүхэл бүтэн 150 жилийг зарцуулсан байна. Нийгмийн шилжилт, хувьсал хийх гэж тэр шүү дээ. Дэлхийд өндөр наслалтаараа тэргүүлдэг Япон улсын хүн амын 30% нь 60-аас дээш насныхан байдаг. Гэтэл ОХУ, БНХАУ, Исламын Бүгд Найрамдах улс, Чили, Иран зэрэг орнууд энэ үзүүлэлтээр Японы хойноос мөр даран явж байгаа сонирхолтой статистик ч байна.

“ЭрүүлЭЭр хөгшрөхүй” буюу идэвхтэй хөгшрөлт

Биологийн түвшинд хөгшрөлт гэж бие махбодын болон оюун ухааны чадавх аажмаар буурч, өвчин тусах эрсдэл нэмэгдэж, эцэст нь үхэлд хүргэдэг процессыг хэлдэг. Гэхдээ энэ өөрчлөлтүүд нь тогтсон шугаман зүйл биш бөгөөд зарим 70 настнууд бие эрүүл ухаан саруул байхад зарим нь өвчинд баригдаж “хүний гарт орсон” байдаг шүү дээ. Тэгвэл хүн амын насжилт ийнхүү уртасч буйтай холбоотойгоор “Эрүүлээр хөгшрөхүй” гэх үзэгдэл дэлхий даяар эрчээ авч байгаа юм байна. Энэ нь аливаа улс орны зүгээс ахмадууддаа зохиулсан эрүүл мэнд болон нийгмийн тусгай хөтөлбөр, цогц арга хэмжээ юм. Улс болгон өөрийн нийгэм, эдийн засгийн онцлогт тааруулан уг хөтөлбөрийг боловсруулдаг байна. ДЭМБ-ын 2020-2030 оны ажлын төлөвлөгөөнд дэлхийн хүн амын насжилт дээр явуулах ажлын гол чиглэл нь “Эрүүлээр хөгшрөхүй” хөтөлбөр хэмээн тусгагджээ. Тэдний зүгээс хүн хөгшрөх явцдаа сайн сайхан амьдарч, өөрийн чадавх болоод нөөц бололцоог алдахгүй байхыг хангахад туслалцаа үзүүлэх нь гол зорилго гэж дүгнэжээ. Мөн эрүүл хөгшрөлт нь эв нэгдэлтэй, энх тайван, шударга, ауюлгүй, тогтвортой нийгмийг бүтээхэд тусална гэж үздэг юм байна. Хөгшрөлт гэдэг харьцангуй ойлголтыг шинэчлэх, хүн хэд л бол хэд наслах боломжтой. Чадавхиа алдаагүй л бол тэр хүн хэдэн ч настай байсан хөгшин хүн биш. Харин төр, засгийн зүгээс энэ бүгдээ хадгалж үлдэхэд туслалцаа шаардлагатай хэмээн уриалж байгаа аж. Үүнд тэтгэврийн уян хатан тогтолцоо, эрүүл мэндийн болон боловсролын системд ахмадуудад тусгасан зорилтот ажлуудыг нэмэх, хүмүүнлэгийн янз бүрийн ажил гэх мэт олон арга зам байна. Тэгээд мэдээж ахмадуудын өөрсдийн зүгээс шалтгаалах хүчин зүйлүүд буюу идэвхтэй амьдрах арга ухаануудыг судалж хэрэгжүүлэх нь зүй.

Нэгэнт л 65 нас залуу нас юм бол залуу хүний амьдралаар амьдрах нь зүйн хэрэг. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн ихэнх нь бие болон сэтгэл санаагаар унаж, улам хурдтайгаар хөгширдөг гэсэн судалгаа хүртэл бий. Судалгаа ч гэлтгүй бидний хажууханд байгаа аав ээж, эмээ өвөө нар маань ингэж ярьдаг шүү дээ. Хөгшин гээд хүний тооноос хаслаа хэмээн гомдоллодог.

Бид амьдралаа жилийн дөрвөн улирал гэж бодвол хүүхэд балчир нас маань хаврын улирал болох нь ээ. Модны навч гөлөглөж, ургамал цэцэг газрын хөрснөөс цухуйдгийг нь бодоод ийнхүү төлөөлүүлж байгаа юм. Залуу идэр нас маань зуны улирал бөгөөд бид ёстой ид хийж бүтээж, ургаж цэцэглэдэг шүү дээ. Намрын улирал нь ахмад нас буюу одоогийнхоор бол 65-аас дээш насныхан болж таарч байна. Энэ насанд үхэж, үгүй болохыг биш харин ч намбайж, налайж, амарч, дуртай зүйлээ хийж, өөрийгөө тойглох цаг хэмээн сэтгэхэд болж байна. 65 хүртэлх насныхан бол залуус, түүнээс дээш насныхан ахмад настандаа орохоор болчихож. 100 гараад явчихвал бүүр ч гайхалтай, урт удаан насалж буй ахмад настан гэсэн бэлгэшээлтэй ангилалд багтаад явахчих нь ээ. Тэгэхээр 100 наслахаас нааш хорвоог орхих тухай ярьж болохгүй нь байна шүү, ЗАЛУУС АА!!! Тэгээд ч тун удахгүй хүн төрөлхтөн гадны механик гэмтэл л авахаас нааш үхэхгүй, өвчнөөр нас бардаггүй болно оо гэсэн өөдрөг ирээдүй зурагдчихсан байгаа.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

Дэлхий ертөнцөд болж буй гайхалтай сонин зүйлсийг болон техник технологийн ололт амжилт, шинжлэх ухааны шинэ шинэ нээлтүүдийг манай сонин “Танин мэдэхүй” булангаараа дамжуулан уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад гоо сайхны салбарт гарах дэвшлүүдийн талаар бэлтгэлээ.


ШҮРШЭЭД Л ШИНЭ АРЬСТАЙ БОЛНО

130 жилийн түүхтэй Японы “Као” гоо сайхны компани хүнд хоёр дахь арьсыг бэлэглэх нэгэн бүтээгдэхүүн зохион бүтээжээ. Нарийн ширхэгтэй технологиор хийгдсэн “Est” гэх энэхүү бүтээгдэхүүн нь цацлага хэлбэртэй бөгөөд арьс руу цацахад шинэ арьсан бүрхүүл үүсдэг байна. Энэ бүтээгдэхүүн одоогоор Японы зах зээлд нэвтрээд байгаа, 50000 иен буюу монгол мөнгөөр 1,250,000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Эссенц, гоо сайхны хандтай нь хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй хэмээн зохион бүтээгчид онцолж байна лээ. “Pana­sonic” корпорацийн Appliance Co-той хамтран энэхүү спрейг цацахад зориулсан тусгай шүршигчийг ч мөн зохион бүтээсэн байна. Ингэснээр заавал гоо сайхны салонд очилгүйгээр гэртээ ч хэрэглэх боломжтой болжээ.

Маш нарийн ширхэгтэй бүрхүүл үүсгэдэг тул инээх, ярвайх зэрэг нүүрний хувиралд ямар ч саад болохгүй. Барьцалдаж, зууралдаад арьсны нүх сүвийг бөглөнө гэж айлтгүй, чийг хангалттай нэвтрүүлдэг аж. Оройн арьс арчилгаанд хэрэглэхдээ нүүрээ угааж, цэвэрлээд эссенцээ түрхсэний дараа спрейг цацаад унтахад хуурайшилтаас хамгаалж, арьсыг шөнийн турш чийгтэй байлгадаг юм байна. Өглөө нь босоод л хуулаад авчихна.

“Као”-гийнхан энэ технологио нүүр будалтын бүтээгдэхүүн хийхэд ч ашиглах гэнэ. Бүсгүйчүүд бид тун удахгүй олон давхар крем, энгэсэг тавих шаардлагагүй, ганц цацаад л толийж, гөлийсөн цоо шинэ арьстай болдог цаг ирэх нь ээ. Мөн тэдний хамгийн том амбиц нь анагаах ухаанд өөрсдийн энэхүү технологийг нэвтрүүлэх. Түлэнхий, батга, язралт зэрэг арьсны төрөл бүрийн эмгэгийг эмчлэх шинэ арга туршихаар зэхээд байгаа гэнэ.

ИНДҮҮ, СЭНСИЙГ НЭГ ДОР

Дараагийн нэгэн гайхалтай нээлт бол үсийг ширхгийн дагуу хатаадаг сэнс. Энэ хатаагч нь үсийг гурав дахин хурдан хугацаанд, гурав дахин шулуун болгож хатаадаг байна. Халуун агаар нь гадагшаа урсан гардаг болохоор үс хуурайшуулж гэмтээхгүй аж. Зах зээлд худалдаалах үнэ 399 ам.доллар.

ҮЛГЭРТ ГАРДАГ ШИДЭТ ТОЛЬ АМЬДРАЛ ДЭЭР

Толь минь, толь минь энэ ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй хэн бэ? хэмээн асуудаг шидэт үлгэрийн өгүүлэмжийг мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл амьдрал дээр шидэт толийг зохион бүтээсэн байна. Энэ толинд харахад таны арьсны хамгийн асуудалтай хэсгүүдийг тодруулан харуулдаг бөгөөд тэр хэсэг дээр гоо сайхны ямар бүтээгдэхүүн түрхэх үү гэх зэргийг зааж өгдөг байна. Ингэснээр тос, кремээ ч гамнаж, арьсныхаа балансыг ч тогтворжуулах боломжтой болох юм.

ВИТАМИН Д БОЛОВСРУУЛДАГ НАРНЫ ТОС

Энэ маш боломжгүй мэт сонсогдож байгаа боловч үнэхээр ийм нарны тос зохион бүтээх гэж байгаа гэнэ. Нар, салхинаас хамгаалах тусгай тос нь арьсыг гадны нөлөөнөөс хамгаалдаг болохоор арьсны мэргэжилтнүүд хамгийн түрүүнд зөвлөдөг. Үрчлээ, нөсөө, хуурайшилт тэр ч бүү хэл арьсны хавдраас хамгаалдаг учраас байнга хэрэглэх нь зүй. Гэвч ганц асуудал нь ийм тос бидний арьсанд нэвчих ёстой Д витаминыг саармагжуулдаг. Харин энэ асуудлыг шийдэж, нарнаас ирж буй элементүүдээс зөвхөн Д витаминыг ялган, арьсанд шингээдэг тосыг үйлдвэрлэж эхэлжээ. Одоогийн байдлаар Австралид зарагдаж байгаа бөгөөд удахгүй АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэх гэнэ.

ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ СҮРЧИГ

Сүрчиг бол хүний өдөр тутмын хэрэглээ. Сайхан үнэртэй сүрчиг түрхсэн хүн илүү өөртөө итгэлтэй болж, цэвэр ихэмсгийг мэдэрдэг гэх судалгаа ч бий. Тэгвэл “Codex beauty”-гээс ойрын нэг жилийн хугацаанд нэгэн шинэ төрлийн сүрчиг үйлдвэрлэх болсноо зарлаад байна. Энэ сүрчгийг түрхсэнээр таны цусанд эрч хүч, өөдрөг байдлын гормон ялгарч та өдрийн турш бүтээмжтэй, өөртөө итгэлтэй явах гэнэ. Ямар олон хүн хэрэглэх бол оо.


ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ БҮХ ӨНГИЙН ҮСИЙГ АРИЛГАДАГ БОЛНО

Илүүдэл үс арилгадаг, ургалтыг зогсоодог лазер эмчилгээ байдгийг бүсгүйчүүд сайн мэдэх байх. Лазер эмчилгээ шар, саарал зэрэг цайвар өнгийн үсэнд төдийлөн сайн нөлөөлдөггүй байсан бол энэ шинэ технологийг нэвтрүүлснээр ямар ч үсийг асуудалгүй арилгаж эмчилдэг болох аж. Үсний уутанцар луу мөнгөжүүлсэн нано бэлдэц оруулаад дараа нь лазераар арилгах уг технологийг АНУ-ын Массачусетсийн эмнэлгийн Лазер болон гоо заслын эмнэлгийнхэн туршиж байгаа бөгөөд хоёр жилийн дараанаас хэрэгжиж эхлэх гэнэ.

НҮҮРНИЙ ПРИНТЕР

Ойрын таван жилийн хугацаанд хэрэгжих технологи. Саяхан хумсны принтер гарч гайхшируулж байсан бол одоо нүүрний будгийн принтер гаргахаар “Mink beauty”-гийнхэн ажиллаж байна. Энэ принтер нь бэх, цаасны оронд тос, эмульс, крем, нүдний тень, уруулын будаг гэх зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ашиглана. Та эхлээд тусгай каталоги дээрээс өөрийн будуулахыг хүссэн нүүр будалтын зургийг сонгон эхлүүлэх товч дарахад принтер өөрөө ажиллан таны нүүр лүү шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг цацан, мэйк ап хийж эхлэх аж. Та хүссэн зургаа нүүрэн дээрээ буулгана аа л гэсэн үг юм. Гайхалтай биш гэж үү.

БАЙГАЛЬД ШИНГЭДЭГ САВ, БООДОЛ

Дэлхий даяар хэдэн тэрбум ширхэг гоо сайхны бүтээгдэхүүний сав, баглаа хог болон хөглөрч байгаль орчинг бохирдуулсаар байна. Экологийн тэнцвэртэй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч энэ асуудлыг анхааралдаа авч бүх сав, баглаагаа био задралд ордог материалаар хийхээр зорьж байна. “Amway” зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниуд хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихсэн. Ямартаа ч 7-10 жилийн хугацаанд бүх сав байгальд шингэдэг эко болж хувирах төлөвтэй.

БҮХ АРЬСАНД ТОХИРОХ ТӨГС ЭНГЭСЭГ

Бүх төрлийн энгэсэг, кремнүүд хүний арьсанд 100 хувь төгс тохирдог болоход 10-15 жилийн хугацаа шаардлагатай байгаа хэмээн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байна. Хүний арьсны өнгө харилцан адилгүй байдаг. Тиймээс төрөл бүрийн бүтэцтэй арьснуудаас дээж аван урт хугацааны судалгаа хийсээр ямар ч хүнд төгс зохицох кремийг гаргаж авах нь ээ.

АРИЛДАГ ШИВЭЭС

“Solition” технологийн компаниас шивээсийг ор мөргүй арилгах лазер зохион бүтээхээр ажиллаж байна. Шивээсийг арилгахад 6-8 удаа лазер эмчилгээнд орох шаардлагатай болдог. Ингэсэн ч арилахгүй, бүдэг шаргал, хөх, саарал өнгийн сорви үлдэн, хүний арьс маш үзэмжгүй болдог шүү дээ. Харин тус технологийг хэрэгжүүлчихвэл шивээсийг бүрэн арилгах боломжтой болох нь ээ. Гэхдээ судалгааны түвшинд л яваа ажил гэнэ.

15 ЖИЛИЙН ДАРАА ХҮНИЙ ҮС ЦАЙХАА БОЛИНО

Хүний цусан дахь меланин, кортикоситероид гэх эд эсийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсноор үс цайж эхэлдэг. Хөгшрөх тусам хүний үс цагаан болдог нь меланин үйлдвэрлэх нь улам багасч буйтай холбоотой. Тэгвэл зэс, меланин өндөр тунгаар агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үс цайхаа зогсох гэнэ. Гэхдээ энэ нь зүгээр л нэг хаа ч байдаг нэмэлт тэжээл биш. Меланин цусаар дамжин зөвхөн үсэнд хүрснээр биеийн бусад хэсэгт илүүдэж, муугаар нөлөөлөхгүй байхаар бодож хийжээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Энэ онд хэрэгжих супер технологиуд

Ирээдүйн тухай төсөөлөл болон өнгөрсөн цаг хугацааг мэдэх гэж хичээсэн танин мэдэхүйн эрэл нь хүн төрөлхтний хөгжлийн мөнхийн хөдөлгүүр болж байдаг. Бидний өнгөрсөн амьдрал зоосны нэг тал бол ирээдүй маань нөгөө тал нь юм. Өнгөрснийг сониучирхахын хажуугаар ирж буй ирээдүйг ямар байх бол хэмээн төсөөлдөггүй хүн үгүй биз. Ялангуяа мэдээллийн гэгдэх XXI зуунд амьдарч байгаа бидний хувьд шинэ нээлт, технологийг туршиж үзэхгүй л бол бусдаасаа хоцрогдож байгаа юм шиг мэдрэмж төрж, шинэлэг сайхан бүгдийг амьдралдаа нэвтрүүлэх гэж хичээдэг шүү дээ. Шинжлэх ухаан бидэнд өмнө нь төсөөлж ч чаддаггүй байсан зүйлсийг нээж, илрүүлж, санаачилж, зохион бүтээж өгдөг. 2020 онд ямар ямар шинэ технологиуд бидний амьдралд нэвтрэх вэ, хүн төрөлхтөн ямар гайхалтай нээлтүүдийг туршиж, үр дүнг нь хүртэж эхлэх вэ гэдгийг тоймлон бэлтгэлээ.

Сүүлийн 10 жил буюу 2010-2020 оны хооронд технологи үсрэнгүй хөгжиж, бөмбөрцгийн өнцөг булан бүр хоорондоо сүлжээгээр холбогдож жинхэнэ утгаараа глобалчлагдаж байгааг бид харлаа. Энэхүү технологийн дэвшил дараагийн арван жилд болон цаашид ч улам эрчтэй хөгжиж, бидний багадаа төсөөлдөг байсан, Холливудын зөгнөлт кинон дээрээс хардаг харийн гэмээр ертөнц бий болох цаг ойртсоор байна. 2020 онд хэрэгжих шинэ технологиудыг хүн төвтэй, ухаалаг орон зайн гэсэн хоёр төлөвөөр хөгжинө хэмээн “Gartner Inc”-ээс тодорхойлжээ. “Gartner Inc” нь санхүүгийн чиглэлийн судалгаа шинжилгээ хийдэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хэмжээний томоохон корпораци юм.

1. ХҮН ТӨВТЭЙ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

ЭРЛИЙЗ АВТОМАТЖУУЛАЛТЫН ЭРИН ҮЕ

Энэ нь хиймэл оюун ухаан (AI), машинд суурилсан суралцахуй (ML) зэрэг дэвшилтэт технологиуд бөгөөд уламжлалт автоматжуулалтын арга барилаас хамаагүй илүү түвшинд хүрсэн технологи юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн даалгавар биелүүлэхээс хэтэрдэггүй байсан хиймэл оюун ухаан хүний оюун ухаантай илүү ойртож очно гэсэн үг. Жишээ нь, роботод тодорхой нэгэн даалгавар өгөхөд өмнө суурилагдсан программынхаа дагуу л автоматаар үйлдэл үзүүлдэг байсан. Тэгвэл энэ шинэ технологийг нэвтрүүлснээр хүн энэ ажлыг хэрхэн хийдэг вэ, яг л тэрэн шиг даалгавар биелүүлдэг болох нь байна. Хүний үйлдэл, хөдөлгөөн, сэтгэл зүй гээд тухайн даалгаврыг гүйцэтгэж байх үеийн бүх оюун ухаан, тархины үйл ажиллагааг хуулан роботод суулгаснаар робот хүн шиг сэтгэж, хүн шиг хөдөлнө гэсэн үг юм. Маш олон программыг хослуулж байж энэхүү төгс шийдэлд хүрэх гэнэ.

ТЕХНОЛОГИЙН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЦЭЦЭГЛЭНЭ

Технологийн ардчилал гэж технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл явцыг хэлнэ. Нөгөөтэйгүүр хүмүүст техник, төхөөрөмжийн болон бизнесийн шинэ моделуудыг таньж, суралцахад тусалдаг нэг төрлийн үйлчилгээ юм. Хүмүүс интернэтэд ажиллаж, бизнесээ явуулах нь ихсэх тусам интернэтэд суурилсан төхөөрөмж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сайжруулж байдаг. Цаашлаад уг төхөөрөмжүүдэд суурилсан программ, аппликэйшнүүд нэмэгдэж, үүнийг дагаад бүтээгдэхүүн үйлчилгээний суртчилгаа, маркетингийн арга барил өөрчлөгддөг. XXI зууны бизнесийн шинэ моделууд төрөн гарч буй гол механизм бол энэ. Энэхүү өөрчлөлтийг даган дижитал шинжээчид гэх шинэ үеийн хөгжүүлэгчид олноороо төрөн гарч ирж байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид хиймэл оюуныг хөгжүүлэх бүх төрлийн техник болон программ дээр ажилладаг. Тэгвэл энэхүү шинэ төрлийн хөгжүүлэгчид нь бизнес шинжээчдийн анализын дагуу программ, автоматжуулалт зохион бүтээж, хөгжүүлдэг гэсэн үг. Энэ шинэ тренд нь аппликэйшн хөгжүүлэлт, дата болон анализ цуглуулалт, дизайн, мэдлэг гэсэн дөрвөн үндсэн чиглэлд голлон анхаарлаа хандуулах гэнэ. Техникийн салбараас гадуурх хүмүүст технологийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг давхар олгоно хэмээн мэргэжилтнүүд дурдсан байна лээ. Үүнийг түшиглэн крипто валют болон блокчейн ахисан түвшинд хүрч хөгжих төлөв ажиглагдаж байна.


ХҮНИЙ ЧАДАМЖИЙГ УХААЛАГ ӨМСГӨЛӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

Хүний танин мэдэхүй болон бие физиологийн өсөлтөд технологийг хэрхэн ашигтайгаар нэвтрүүлж болохыг судалдаг салбар ухаан гэж бий. Тэгвэл энэ салбарын эрдэмтэд хүний оюун ухаан болон бие махбодын хүчин чадлыг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлж байгаа юм байна. Үүнд бүх төрлийн ухаалаг өмсгөлүүд орно. Ухаалаг өмсгөлүүдийг уул уурхай, барилга гэх мэт хүнд үйлдвэрүүдээс авахуулаад аялал жуулчлал зэргийн жижиг салбарт ч ашиглаж эхлэх нь ээ. Ерөнхийдөө энэ төхөөрөмжийг өмсөж зүүснээр хүний ажиллах чадамж сайжирна аа л гэсэн үг юм. АНУ-ын Бостон Динамик зэрэг компаниуд үйлдвэрийн орчинд хүний чадвар, нөөц бололцоог нэмэгдүүлэх ийм төрлийн техник, хэрэгслүүдийг нэвтрүүлээд удаагүй байгаа юм байна. Тэгэхээр IT ажилчид ийм төхөөрөмжийг хөгжүүлэх салбар луу хөрвөж, шинэ хөгжүүлэгчид бэлтгэгдэн бий болох нь тодорхой байгаа юм.

СИСТЕМИЙН НУУЦЛАЛЫГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ ТӨГС ХОСЛУУЛНА

Орчин цагт мөнгөнөөс илүү дататай хүн баян гэгдэх болсон. Судалгаа явуулж, хөгжүүлж буй салбартаа хэдий чинээ их дата цуглуулна төдий чинээ дэвшил гаргана. Данц ганц судалгаан дээр ч гэлтгүй, дэлхийн улс орны бүх нууц, бүх ажил, бүх бизнес датан дээр оршин тогтнож байна. Үүнийг дагаад мэдээллийн нууц байдал асар хурцаар тавигддаг. Хувь хүн өөрийн мэдээллийг хэрхэн найдвартайгаар хадгалах вэ гэх санаа зовнилоос авахуулаад байгууллагын, цаашлаад улс орны хэмжээнд датагаа хамгаалах нь хамгийн том асуудал болдог. Засгийн газрууд энэ тухай хууль тогтоомж хүртэл гаргадаг. Европын холбооноос гаргасан Дата хамгаалах дүрэм журам хүртэл бий. Гэсэн ч системийн аюулгүй байдал, нууцлалын тухайд дэлхийн улс орнууд үргэлжийн маргаан, айдас дунд байдаг. Иймээс томоохон гүрнүүд ойрын үед энэ талаар нухацтай авч үзэн, нэгдсэн шийдэлд хүрэхээр удирдлагын түвшинд хэлэлцэж буй аж. Хиймэл оюун ухааныг систем хамгаалах технологид ашигладаг бөгөөд дутагдалтай олон тал байгааг засч сайжруулах ажил энэ онд эрчимтэйгээр хийгдэж эхлэх юм байна.

2. УХААЛАГ ОРОН ЗАЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

CLOUD БУЮУ ҮҮЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАРХААНА

Cloud гэдэг нь аливаа ухаалаг төхөөрөмж ашиглаж байгаа хүний интернэт орчинд өөрийн файлыг хадгалах авдар юм. Өөрөөр хэлбэл, таны ухаалаг утасны багтаамж дүүрлээ гэхэд Cloud үйлчилгээний аккаунтаараа нэвтэрч ороод өөрийн гэсэн зураг, видео зэрэг файлуудаа хадгалж болно. Гар утсаа хаясан ч гэсэн Cloud хаяг чинь байгаа цагт таны бүх мэдээлэл интернэт орчинд зөвхөн танд харагдах байдлаар хадгалагдана гэсэн үг. Өмнө нь “үүл” тооцоолол нь байршлаас шалтгаалдаг байсан.

Хэрэглэгч өөрийн файлыг “үүл”-нд байх нь байгаа гэдгийг мэдэхээс хэтэрдэггүй байсан бол одоо мэдээлэл хадгалагдаж буй байршлыг илүү чухалчилж авч үзэж байна. Том үүлийг задалж секторуудад хувааж өгснөөр илүү тодорхой, нээлттэй болно хэмээн хөгжүүлэгчид дурджээ.

ИЛҮҮ ИХ АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Хиймэл оюун ухааныг ашиглан сайжруулсан автомат төхөөрөмжүүд энэ онд илт нэмэгдэх төлөвтэй байна. Хаа сайгүй камер, царай таних төхөөрөмжүүд, хог цэвэрлэх роботууд, машин зогсоолын робот ажилтан гэх мэт төхөөрөмжүүдийг хардаг болох нь. Ийм төрлийн хэрэгслүүд маш хатуу программын дагуу зохион бүтээгдэнэ. Дронууд агаараар нисэлдэн хамгийн харанхуй гудамжийг ч хяналтдаа авч эхлэх гэнэ. Нийгмийн хэрэгцээ шаардлага өсөхийн хэрээр автоматчилал дэлхийг бүрхэнэ хэмээн шинжээчид зөгнөж байна. Ер нь бол хүмүүс хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Эрлийз автоматжуулалт гэх зэрэг хөгжиж буй технологиуд хэрхэн өөрчлөгдөж байгааг бид олж мэдлээ. Гэхдээ эдгээр технологиудын аюулгүй байдал нэн тэргүүнд яригдах ёстой. Ирээдүйн AI буюу хиймэл оюун ухааны аюулгүй байдал нь гурван үндсэн хэтийн төлөвтэй байх гэнэ. 1. AI хөдөлгүүртэй системийг хамгаалах, AI сургалтад баталгаатай өгөгдөл ашиглах, мөн сургалтад аюулгүй машин болон төхөө-рөмж ашиглах; 2. Аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглах, загвар зохион байгуулалтыг ойлгох, гадны халдлагыг илрүүлэх, кибер аюулгүй байдлын үйл явцыг автоматжуулах зорилгоор автомашины сургалтыг ашиглах; 3) Халдлага үйлдэгчид хиймэл оюун ухааныг сөрөг зүйлд ашиглах эрсдэлийг урьдчилан харах, эдгээр дайралтыг тодорхойлж, эсрэг хамгаалалт хийх гэсэн чиглэлээр AI буюу хиймэл оюун ухааныг хамгаалах технологийг энэ онд эрчимтэйгээр хөгжүүлнэ хэмээн Gartner Inc-ийнхэн мэдэгдсэн.

Эцэст нь дүгнээд харахад, XXI зууны аж амьдрал интернэтгүйгээр цааш өрнөх боломжгүй болжээ. Бүх технологи интернэтийн сүлжээнд суурилна, хөгжиж цэцэглэнэ, бүх бизнес сүлжээгээр тэлнэ. Хүн төрөлхтний хөгжлийн алтан түлхүүр интернэт гэдэг нь хамгийн ойлгомжтой, бас үнэн томьёо. Дэлхий ертөнц хуваагдаж, зааглагдахаа больж, сүлжээнд холбогдсон бүхэл цул талбар болон хувирч байна. Хүн төрөлхтөн интернэт гэх асар том түүдгийг тойрон сууцгаажээ. Галын илч хэр их, хэр удаан дулаацуулах нь таны сууж буй байршлаас шалтгаалах болж байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Дасгал хөдөлгөөний хаан гэгддэг гүйлтийн ач тус

Эрүүл амьдрах хамгийн энгийн бас үр дүнтэй гурван чухал арга бол тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, хорт зуршлаас хол байх. Хүн юу идэж уухаас шалтгаалж бие эрүүл, эсвэл өвчин зовуурьтай байх эсэх шалтгаалдаг. Тогтмол хөдөлгөөн хийдэг хүмүүс чийрэг биетэй, стресс бухимдалгүй байж чаддаг. “Дасгал бол анагаах ухаан” гэж үг хүртэл бий. Долоо хоногт 150 минут буюу өдөрт 30 минутаар тав хоног дасгал хийх нь ямар ч төрлийн эмээс илүү эрүүл мэндэд тустай гэсэн дэлхий нийтийн судалгаа байдаг. Чөлөөт цагаараа спорт зааланд очиж дасгал хийх, иога, аэробик хийх, янз бүрийн спортоор хичээллэх, ууланд авирах зэрэг олон арга бий. Гэвч хамгийн энгийн, үр дүнтэй, хялбар дасгал хөдөлгөөн бол гүйлт юм. Гүйлт нь таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин, цусны даралт ихсэх, цус харвах, зарим төрлийн хорт хавдар, жингийн илүүдэл, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн гүйх болон алхах нь таны сэтгэл санааны болон оюун санааны чанарыг эрс сайжруулдаг байна. Өглөө бүр тогтмол гүйж хэвшвэл эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулж байгаа хэрэг. Гүйх нь үнэгүй, хаана ч хийж болох дасгал учраас дэлхий нийтээрээ гүйхийг хоол идэж унтдаг шигээ л амьдралынхаа хэвшил болгох болжээ. Хэрвээ та гүйхийг чухалд тооцдоггүй, хэвшил болгож амжаагүй байгаа бол энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй. Гүйлтийн ач холбогдлын талаар бэлтгэлээ. Гүйлтийг эмч, мэргэжилтнүүд дасгал хөдөлгөөний хаан хэмээдэг.

ГҮЙХИЙН АЧ ТУС ХЭМЖЭЭЛШГҮЙ

1. Илүүдэл жингээс сална

Гүйснээр бодисын солилцоо идэвхжиж калори шатдаг. Гэхдээ жигд хурдаар олон минутаар гүйх нь хурдтай богино хугацаанд гүйснээс хамаагүй илүү калори шатаадаг байна. Гүйлтийн зам дээр тогтмол хурдаар 30 минут гүйхэд маш их калори шатааж, өөх хайлдаг. Тиймээс фитнессээр хичээллэдэг хүмүүс гүйлтийн зам дээр гүйх юм уу алхаж илүүдэл калорио заавал шатаадаг.

2. Үе мөчний өвчнөөс сэргийлнэ.

Тогтмол гүйдэг хүний үений холбогч эд, нурууны зөөлөн эдийн шингэний эргэлт хурдасдаг байна. Ингэснээр шохойжилт, нурууны суулт зэрэг үе мөчний өвчнөөс ангижирдаг аж. Гүйлт нь ясны массыг ихэсгэж, илүү бат бэх болгодог сайн талтай. Өвдөгний үений үрэвсэлтэй хүмүүсийн дунд судалгаа хийхэд гүйдэг хүн нэг ч байдаггүй гэнэ.

3. Хөдөлгөөний дутагдалд хэзээ ч орохгүй

Өдөржин суугаа ажил хийдэг хүмүүс хөдөлгөөний дутагдалд маш амархан орж, үе мөч янгинаж өвдөн, шохойжиж, нурууны суулттай болдог. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэсэн үг байдаг шүү дээ. Харин тогтмол гүйдэг хүн хэзээ ч ийм аюулд өртөхгүй. Тэд үргэлж хөнгөн шингэн, эрч хүчтэй байдаг.

4. Стресс бухимдалгүй болно

Дасгал хөдөлгөөн хийхэд цусны эргэлт сайжирдаг. Та хэрвээ стресстээд, өдөр тутмын амьдралдаа түүртэн бухимдаад нэг л болж өгөхгүй байгаа бол өглөө эрт босоод 30 минут идэвхтэй гүйчихээд байхад л энэ бүх асуудал шийдэгдэх нь ээ. 2013 онд анагаахын эрдэмтэд хулганыг гүйлтийн цагираг дээр гүйлгэхэд антидепресс буюу стрессийн эсрэг гормон ялгарч байжээ. Долоо хоногт гучхан минут гүйхэд л нойр хулжих, айдас түгшүүрт автах, хэт санаа зовох зэрэг эмгэгүүдийг арилгаж, төвлөрөлт сайжирдаг байна. Өөртөө зориулж цаг гарган, стрессээ зөв аргаар тайлаад сурчихвал насан туршийн зөв дадал болж амьдрал сайн тал руугаа өөрчлөгдөх нь мэдээж.

5. Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө

Гүйлт нь төв мэдрэлийн системийг амраадаг. Ингэснээр цусан хангамж давхар нэмэгдэж оюун ухааны ажиллах чадварыг нэмэгдүүлнэ. Өглөө гүйгээд тархиа сэргээчихвэл өдрийн турш эрч хүчтэй ажиллаж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг болохоор хүмүүс өглөө гүйхийг ихэвчлэн сонгодог байна.

6. Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ

Гүйж, алхаж хөдөлгөөн хийснээр дархлааны эсүүд сэргэдэг. Улмаар хорт хавдар өвчнөөс сэргийлдэг байна. Америк, европчууд хорт хавдар тусах магадлал бага байдаг нь тэдний гүйх зуршилтай холбоотой гэнэ. Хоол тэжээлийн сэтгүүлд гарснаар 170 тархвар судлалын судалгаагаар тогтмол хөдөлгөөн нь хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг гэжээ. Үүнээс гадна хорт хавдартай буюу химийн эмчилгээ хийлгэж буй хүн гүйснээр амьдралын чанар сайжирдаг аж.

7. Нас уртасна

Тогтмол дасгал хийж эхэлснээр таны нас уртасч эхэлнэ. Гүйж эхэлснээр тамхичин хүн тамхи их татдаг ???наас гарч насаа дөрвөн жилээр уртасгадаг бол тамхи татдаггүй хүн гурван жилээр уртасгаж болдог. Тамхиа үргэжлүүлэн татсаар байгаа ч гүйж байх юм бол 2 жил хагасаар насаа сунгадаг гэнэ. Харин хорт хавдраар өвдсөн хүмүүс гүйлтээр хичээллэвэл таван жил орчмоор насаа уртасгах бол зүрх судасны өвчтэй хүмүүс гүйснээр дөрвөөс таван жил удаан амьдрах боломжтой болдог гэсэн анагаахын судалгаа гарчээ.


ГҮЙЖ ЭХЛЭХИЙН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС

ŸХэрвээ та хэт их таргалалттай юмуу 40-өөс дээш настай эсвэл зүрх судасны өвчтэй бол гүйж эхлэхийн өмнө эмчид үзүүлж хяналтанд орох хэрэгтэй. Байнга дасгал хөдөлгөөн хийдэггүй анхлан гүйж эхлэх гэж байгаа хүнд ч энэ зөвлөгөө хамаатай гэнэ.

ŸЭхлээд хурдтайгаар алхах буюу жогин (jogging) хийж байгаад яваандаа удаан хурдаар гүйж эхэлбэл эрсдэл багатай. Бас шантрахгүй байх давуу талтай гэнэ. Гүйлт алхалт хоёрыг хослуулж ч болно, таны сонголт.

ŸГүйж эхлэхийн өмнө биеэ сайн халаах нь зөв гэнэ. Орноосоо босоод шууд гүйж эхэлбэл биед гэнэт их ачаалал өгч, шөрмөс татах зэрэг сөрөг дагавартай.

ŸГүйх замаа маш сайн тооцоолох. Аль болох өгсүүр биш, тэгш гадаргуутай замаар гүйвэл тогтмол хурдаа хадгалахад тустай. Хэрвээ та амьсгалын замын ямар нэг өвчлөл, зовуурьтай бол машин замын хажуугаар гүйгээд хэрэггүй. Мөн өглөө ажил цуглах, орой ажил тарах үе буюу оргил цагаар гүйхгүй байх нь дээр. Цэцэрлэгт хүрээлэн, томоохон хотхоны зориулалтын зам дээр гүйх нь хамгийн тохиромжтой.

ŸГүйх үед хөлсөөр дамжин их хэмжээний шингэн алдагддаг тул ус сайн уух хэрэгтэй. Гүйхийн өмнө, дараа нь ус уух нь зөв. Гарт эвтэйхэн хөнгөн усны саванд ус хийж авч явахыг зөвлөж байна.

ŸАгаар нэвтрүүлдэг, хөнгөн ултай гутал сонгоорой. Хувцасны хувьд даавуун, биед эвтэйхэн хувцас эсвэл хөлс шингээгчтэй тусгай спорт хувцас ч өмссөн болно. Гол нь таны сонгосон гутал хөлд эвтэйхэн байх, холгож, тулахгүй байх хэрэгтэй шүү.

ŸЗуны улиралд гүйхдээ өдрийн ид халуун үеэр гүйхгүй байвал зохино. Мөн нарны хамгаалалттай тос түрхэж, саравчтай малгай өмсвөл зүгээр.

ŸГүйж ирснийхээ дараа хүйтэн, бүлээн шүршүүрт булхаад гарвал хөлсний булчирхай зангирч өвчин орохоос сэргийлнэ.

ŸГүйхийн өмнө нэг их юм идсэний хэрэггүй. Учир нь нозоорч, бие хүндэрдэг. Өл дарах хэмжээний ганц ширхэг банана юм уу зүсэм талх идээд гарахад л хангалттай.

ХЭЗЭЭ ГҮЙВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ

Та өдрийн аль ч цагт гүйж болно. Гэхдээ өглөөний цэвэр агаарт гүйх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй гэнэ шүү. Яагаад гэвэл өглөөний агаар хамгийн цэвэр байдаг тул амьсгалын замын эрхтнүүд сэргэж, цэнэглэгддэг аж. Уушги цэвэрлээд зогсохгүй уушги устах, уушгинд наалдах өвчнөөс сэргийлдэг. Амьсгалын замын өвчин ханиад томуу, сүрьеэ, багтраа зэрэг өвчин олох магадлал маш ихээр багасдаг. Өглөө эртлэн босоод биеийн тамирын хувцас, хөнгөн спорт гутал өмсөөд хэрвээ хүсвэл чихэвчээр дуртай дуугаа эсвэл хэрэгтэй мэдээ мэдээлэл, подкаст сонсон 30 минутаас нэг цаг орчим гүйхэд тэр өдрийнхөө эрч хүчийг бараг л нөхдөг байна. Өдөр эсвэл орой гүйхээр өөртөө цаг гаргалаа гэж бодоход янз бүрийн ажил ундарч гүйлтээ таслах магадлал их байдаг учраас өглөө гүйх нь хамгийн тохиромжтой нь тодорхой байгаа биз. Хэрвээ та илүү холын зайнд гүйх гэж байгаа бол амралтын өдрийг сонгох нь зүйтэй. Хэт хол гүйвэл бие махбод ядарч, унтаа байдалд ордог.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хорт хавдрыг ор мөргүй устгах CAR-T эс

Хүн төрөлхтнийг сүйрүүлж буй хамгийн аюултай, эмчлэгддэггүй өвчний нэгдүгээрт ДОХ (дархлааны олдмол хомсдол), хоёрдугаарт бүх төрлийн хорт хавдар орно. Хорт хавдар саяхныг болтол огт эмчлэгддэггүй өвчин байлаа. Хорт хавдрыг хар ухаанаар тайлбарлах гэж оролдвол, хүний биеийн дархлааны эс гаднаас орж ирж буй хорт хавдрын эсүүдийг таньдаггүй, өөрийн юм гэж хүлээж авснаар хүний биед шингэж эд эрхтнүүдэд тархан халдварлаж өвчлүүлдэг. Энэ хүчтэй эсийг устгах эм тариаг анагаах ухаан шийдэж амжаагүй байсан билээ. Харин CAR-Т эсийг анх Израилийн Реховот хотын Визманн Шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор доктор Зелиг Эшхар 1980-аад оны үед зохион бүтээснээр энэ аймшигт өвчинтэй тэмцэх эхлэлийг тавьж өгчээ. Энэ нь хүний дархлааны эс хорт хавдрын эсийг таньснаар түүнтэй тэмцэж устгах эмчилгээ юм. Зелиг Эшхарыг нээлт хийснээс хэдэн арван жилийн дараа АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнд сургагдсан доктор Элад Жейкоби Израиль улсад CAR-T хөтөлбөрийг зохион байгуулж, 2016 оноос хойш Шеба эмнэлгийн Хүүхдийн гемато-онкологийн тасаг CAR-T эмчилгээний тусламжтайгаар хавдрын 12 тохиолдлыг амжилттай эмчлээд байгаа аж.

CAR-T буюу Chimeric Anti­gen Receptor-T cells нь цусны цагаан эсэд хорт хавдрын эсрэг программ суулгах эмчилгээ юм. Цусны цагаан эс нь дархлааны тогтолцооны чухал хэсэг. CAR-T эсийг хүний биед суулгах ажллагааг энгийнээр тайлбарлавал, эхлээд өвчтөний биеэс цус авна. Дараа нь дархлааны эсүүдийг бусад эсүүдээс салгаж авдаг аж. Салгаж авсан эсийг тусгай лаборатори руу илгээн генетикийн аргаар CAR эсүүдийг суулган CAR-T эс бүтээнэ. Хэрвээ хангалттай хэмжээний Т эс буюу дархлааны эс байхгүй бол лабораторид ургуулан олшруулна. Ийнхүү “тоноглогдсон” цусны CAR-T эсийг өвчтөний цус руу буцааж шахна. Ингэхээс өмнө өвчтөнд химийн эмчилгээ хийх шаардлагатай. CAR-T эс маш удаан хугацааны турш өвчтөний биед хадгалагдаж үлдээд хорт хавдрын эсүүдтэй тэмцсээр бүрэн устгадаг аж. Туршилтын хугацаанд хийсэн ажиглалтаас хорт хавдрын эс 2-3 сарын дараа устаж үгүй болж байжээ. Цусны хавдрын үед маш үр дүнтэй, харин хатуу хавдрын үед эмчилгээний явц харьцангуй удаашралтай байгаа гэнэ. Энэ эмчилгээг хийлгэсний дараа хүний дархлаа маш эрчимтэйгээр сэргэдэг аж.

Маш нарийн мэргэшсэн цөөн хэдэн эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүн уг ажлыг хийдэг бөгөөд дэлхий даяар цөөхөн хэдхэн лабораторид судлагдаж байна. Гэхдээ туршилт маш амжилттай болж, хэд хэдэн хүнийг хорт хавдар өвчнөөс салгаж амжжээ. Хятадад л гэхэд Шанхайн эрдэмтэд хамгийн хурдан хугацаанд буюу ганцхан хоногийн дотор CAR-T эсийг бүтээж байгаа гэнэлээ. Тэд генийн инженерчлэлийн технологийг ашиглан ийнхүү процессыг хурдасгасан байгаа юм.

CAR-T эсийн эмчилгээг хийлгэх явцад болон хийлгэсний дараа тухайн өвчтөний биеийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хоруу чанар илэрдэг. Гэхдээ энэ нь шинэ эмчилгээ тул хүний биед нөлөөлөх тал дээр урт хугацааны туршилт хийгдээгүй байгаа хэмээн эмч, судлаачид онцолж байгаа аж. Ерөнхийдөө хүний биед сөрөг нөлөөтэй эмчилгээ бол биш, харин өвчтөний биеийн байдлаас л бүх зүйл шалтгаална хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

CAR-T эмчилгээний тухай интернэтээс хайн судалж байхад үхлийн аюулт өвчнөөсөө салсан түүхүүд хэдэн арваараа гарч ирж байв. Тийм түүхүүдийн нэгээс сонирхуулахад, Майлени гэх 15 настай швейцарь охин 2016 оны нэгдүгээр сард цусны хавдартай хэмээн оношлогджээ. Швейцарьт бүтэн зургаан сарын турш эрчимт химийн эмчилгээ хийлгэсэн ч хавдар дахисан байна. Ингээд шинжилгээ хийтэл түүний хавдрын эс маш тэсвэртэй болох нь тогтоогджээ. Эмч нар Майленийг Цюрих дахь Их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн маш өндөр тунгаар химийн эмчилгээнд дахин оруулсан ч хавдар газар авсаар байж. Түүний эцсийн найдвар CAR-T эсийн эмчилгээ байсан ч Швейцарьт энэ эмчилгээг хараахан хийж эхлээгүй, АНУ-д эмчлүүлье гэхэд хагас сая долларын өртөгтэй байв.

Эцэст нь тэдний гэр бүл Израилийн Шеба эмнэлгийг сонгон 2017 оны тавдугаар сарын 31-нд нисцгээжээ. Эмчилгээ эхлэх гэтэл охины биед хангалттай хэмжээний Т эс байгаагүй болохоор Т эс ургуулж, цаг алдах нь эмчилгээний хамгийн хэцүү үе байсан гэнэ. Гэсэн хэдий ч эмч нар 35 сая CAR эсийг охины цагаан эсэд амжилттай суулгажээ. Сар гарангийн дараа охины хавдрын эсүүд устаж алга болсон байна. Одоо Майлени Цюрихийн эмнэлэгтээ хааяа очиж хяналтанд ордгоос биш бүрэн эрүүл хүн болжээ.

CAR-T эс гэх эмчилгээг нээгээгүй бол Майлени одоо гэр бүлийнхнийхээ дунд байхгүй байх байж. Ийм зүйл бодож олоод хөгжүүлсэн эрдэмтдэд, эмч нарт эмчлэгдсэн хэдэн арван хүүхдийн өмнөөс, томчуудын өмнөөс талархмаар. Энэ эмчилгээ нээгдсэнээр ганц Майлени ч биш, хорт хавдраар шаналж буй сая сая хүний зүрхэнд итгэл найдварын оч асааж буй биз. Ганц л асуудал байгаа нь мөнгө санхүү юм. АНУ-д хагас сая доллар буюу монгол мөнгөөр тэрбум гаруй төгрөг байдаг бол Хятадад хагас сая иен буюу 150 орчим сая төгрөгөөр энэ эмчилгээг хийлгэж болно. Манайтай хамгийн ойр, бас харьцангуй хямд учраас монголчууд Хятадыг зориход болмоор харагдаж байна. Тэгээд ч хятадууд хавдрын эсрэг энэ эмчилгээгээр дэлхийд тэргүүлж буй юм билээ. Хэдэн жилийн дараа энэ эмчилгээ улам ч боловсронгуй болж, өртөг нь ч хямдрах биз гэж найдна.

Хүн төрөлхтний хөгжил ийнхүү дэвшсээр бид хамгийн их айдаг өвчин зовлонгоосоо ч ангид байх цаг хаяанд иржээ. Бид биш юм аа гэхэд бидний үр хойч энэхүү гайхалтай цаг үед амьдрах нь гэж бодохоор сайхан биш гэж үү. Шинжлэх ухааныг, хүний ухааныг бишрээд баршгүй ажээ.

А.МӨНХЗУЛ