Categories
мэдээ цаг-үе

А.Өнөржаргал: Тайз, дэлгэцийн түүхэн дүрд тоглох хүсэл бий

“TV Coctail” хамтлагийн жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Өнөржаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй юү. Ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“TV Coctail” хамтлаг маань инээдмийн төрлийн кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа. Одоогоор судалгаа, зохиолынхоо ажлыг хийгээд явж байна. Намраас кино маань хийгдэж эхлэх юм.

-“TV Coctail” хамтлагийн хувьд инээдмийн төрлийн олон ангит кино цөөнгүй хийж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд “Гэрлэн дохио” хэмээх олон ангит киног хийсэн шүү дээ. Энэ тухайд?

-Монголын телевизийн урлагт сайхан, чанартай нэвтрүүлэг, бүтээлүүд гарах болсон. Тэр дунд мэдээж Монголын олон ангит уран сайхны кинонууд багтана. “Эзэнгүй айл”-аас эхлээд үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлүүд цөөнгүй бий. Манай хамтлагийн хувьд ч хоёр олон ангит уран сайхны киног урын сандаа нэмсэн. Уран бүтээлүүд маань амжилттай үзэгчдийн хүртээл боллоо. Цаашид ч гэсэн бид олон сайхан шинэ уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих бодолтой байгаа.

Бидний хамгийн сүүлд хийсэн олон ангит кино бол дөчин ангит “Гэрлэн дохио” юм. Энэ кино маань амьдралд анх хөл тавьж байгаа залуучуудад зориулагдсан. Кинон дээр ганц бие, найз бүсгүйтэй, гэр бүлтэй гурван залуугийн амьдралыг харуулдаг. Энэ гурван дүрээ гэрлэн дохионы гурван өнгө болох шар, ногоон, улаанаар илэрхийлсэн хэрэг. Миний бүтээсэн дүр нь гэр бүлтэй залуу буюу улаан өнгө л дөө. Нэгэнт л улаан гэрэл ассан болохоор миний амьдралд шар, ногоон гэрэл асах ёсгүй гэсэн үг. Учир нь ногоон гэрлээр юунд ч санаа зовохгүй эрх чөлөөтэй залуугийн дүр, шар гэрлээр найз бүсгүйтэй дөнгөж амьдрал нь эхэлж байгаа залуугийн дүрийг төлөөлүүлсэн юм. Энэ ч утгаараа өнөөгийн залуучуудад илүү ойр төдийгүй, амьдрал зохионо, гэр бүлээ сонгоно гэдэг хариуцлагатай зүйл гэдгийг ойлгуулахыг хүссэн.

-Олон ангит кинон дээр ажиллахад ямар байдаг вэ. Мэдээж нэг ангит кино бүтээхтэй харьцуулахад илүү хүндрэлтэй басхүү урт хугацаа зарцуулагдах байх?

-Тэгэлгүй яахав. Олон ангит киноны бүх ангийг л нэг ангит кино шиг л чанартай хийхийг зорьдог. Дээрээс нь олон ангит кино маш өндөр зардлаар босдог. Олон ч уран бүтээлчийн бие, сэтгэл, зүтгэл шингэж байж бүтдэг л дээ. Ер нь амар зүйл биш шүү. Бидний хувьд уран бүтээл бүхнээсээ туршлага хуримтлуулсаар явна. Дараагийн уран бүтээлд минь олж авсан туршлага тус болох нь дамжиггүй биз ээ.

-Жүжигчин болсон түүхээсээ хуваалцаач. Энэ нь таны багын мөрөөдөл байсан уу?

-Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат л даа. Би багын л сургуулийнхаа урлагийн үзлэг, баяр наадамд үргэлж оролцдог хүүхэд байлаа. Мөн аймгийнхаа “Яргуй” наадамд оролцож, дуулж байсан юм байна. Харин манайх 1996 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Тэр үеэс эхлээд л би “Хүүхдийн ордон”-ы кино, драмын ангид Саранхүү багшийнхаа удирдлаган дор хичээллэж эхэлсэн юм. Дараа нь дунд сургуулиа төгсчихөөд СУИС-ийн кино, драмын ангид элссэн. Ингэж л жүжигчин болох анхны гараагаа тавьж байлаа.

– Та их сургуулиа төгсөөд “Шинэ-үе” продакшнд ажиллаж байсан гэлүү?

-Тиймээ. Би “Шинэ-үе” продакшнаас ажлын гараагаа эхэлж байлаа. Манай Э.Цолмонбаяр, Н.Цэнд-Аюуш хоёр маань ч хамт байсан. Тэгээд Д.Энхбаяртайгаа нийлээд дөрвүүлээ “TV Coc­tail” хамтлагаа байгуулсан юм. Хамтлагаа байгуулаад хэдийнэ 12 жилийг ардаа орхижээ.

-Таны хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл юу байв?

-Миний анхны дэлгэцийн уран бүтээл 2007 онд бүтээгдсэн “Сайн уу амьдрал минь” уран сайхны кино л доо. Үүний дараа “Би чамд хайртай-2” кинонд тоглож байлаа. Мөн түүнчлэн хамтлагийн маань бүтээл болох “Намрын синдром”, “Омарын эрэлд”, “Мөнгөний гахай” гэх мэт уран бүтээлүүд бий. Харин олон ангит уран сайхны кино гэвэл “Хөгжилтэй гэр бүл”, “Гэрлэн дохио” юм шүү дээ.

-Таны хувьд ихэвчлэн инээдмийн төрлийн кинонд дүр бүтээдэг. Харин өөр төрөл, жанрын бүтээлүүдэд дүрээ мөнхлөх бодол байдаг уу?

– Жүжигчид бид бүгдээрээ их сургуулийн кино, драмын ангийг дүүргэдэг. Түүнээс инээдмийн эсвэл драмын гэсэн тусдаа анги байдаггүй. Харин сургуулиа төгсөөд өөрт тохирохуйц жанраа сонгон уран бүтээлээ туурвидаг. Миний хувьд хамтлагийнхаа найзуудтай хамт олон жил инээдмийн нэвтрүүлэг, шоу хийсэн.Тиймдээ ч үзэгчид маань намайг инээдмийн жүжигчин гэдгээр нь илүүтэй мэддэг л дээ. Гэхдээ би инээдмийн жүжигчин учраас зөвхөн энэ төрлөөр л уран бүтээл хийх ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Уран бүтээлч хүний хувьд өөр дүрд өөрийгөө сорьж басхүү ажиллах юмсан гэсэн бодол байдаг. Энэ хүсэлд минь нийцсэн нэгэн уран бүтээл нь “Содура” уран сайхны кино байсан юм. Тайгын гэнэн цайлган залуугийн дүр байсан л даа. Ганцхан үүгээр ч тогтохгүй тайз, дэлгэцийн түүхэн хүний дүрд тоглох юмсан гэсэн чин хүсэл байна.

-Хүн инээлгэх хэцүү гэгддэг. Зарим нь амархан ч гэж үгүйсгэдэг. Харин таны бодлоор?

-Хүнийг инээлгэнэ гэдэг санаснаар болдог амархан ажил биш шүү дээ. Хэдий амаргүй боловч хүнд инээд хөөр, баяр баясал бэлэглэх нь буян гэлцдэг. Ямартай ч өнөөдрийн энэ бухимдалтай, стресстэй нийгэмд цэнхэр дэлгэцээрээ үзэгчдэдээ инээд бэлэглэж байгаадаа баярладаг. Гэхдээ зөвхөн жүжигчин хүн л сайн байснаар хүнийг инээлгэнэ гэж үгүй. Үүнд сайн зохиол, найруулагч, уран бүтээлчид зайлшгүй шаардлагатай. Дэлгэцийн уран бүтээл гэдэг хамтын ажил байдаг. Бүгд л нэг зорилгын төлөө, сэтгэлээ шингээж байж сая нэг сайн бүтээл гардаг. Тиймээс хүнд хүрэхүйц сайн уран бүтээл гарах нь тухайн баг хамт олноос шалтгаална.

-“TV Coctail” хамтлаг “Хоёр ертөнцийн буудал” хэмээх драмын жүжиг тавьж байсан. Энэ жүжгийн тухай эерэг сэтгэгдэлтэй маш олон хүн байдаг юм билээ. Энэ бүтээлийнхээ тухай яриач?

-Манай хамтлаг 2012 онд Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг гэх Эрик Эммануэль Шмитийн зохиол “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгийг тавьж байсан. Энэхүү жүжгийн зохиол нь 1999 онд бичигдсэн юм билээ. Маш сайн зохиол байсан. Тиймдээ ч зохиолч, судлаачид орчин үеийн сонгодог зохиол хэмээн үзсэн байдаг. Манай хамтлагийн хувьд энэ жүжгийг албан ёсны эрхтэйгээр Азид анх удаа тайзнаа амилуулсан. Энэ жүжигт манай хамтлагийнхан төдийгүй бусад инээдмийн жүжигчид оролцон тоглосон л доо. Жүжгийн маань гол дүрд бурхны орныг зорьсон Ц.Батхуяг буюу Амбий ах тоглож байлаа. Мөн Б.Навчаа эгч тоглосон.

Жүжигт амьдрал бол мөнх биш шүү дээ. Тийм байтал хүмүүс бид амьдралд нэг нэгнээ үл хайрлан хэтэрхий их шунадаг, басхүү амьдралын мөн чанарыг мэдэж, мэдэрч чаддаггүй талаар өгүүлдэг. Ер нь хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах сэдлийг олгож чадахаар бүтээл. Энэхүү жүжиг маань драмын театрт тавигдаж байлаа. Театр тодорхой төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа нь явагддаг учир олон хоног тоглох боломж хараахан байгаагүй. Ямартай ч тоглолт дууссаны дараа маш олон үзэгч сэтгэгдлээ хуваалцаж байсан. Тэр дунд нэгэн гэр бүл байсныг тод санаж байна. Тэд хэлэхдээ “Бид хоёр, үр хүүхдийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулдаг. Өглөө босоод л хоёр тийшээ гараад явна, орой ядарсан хүмүүс л орж ирдэг. Үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөөд байгаа хэрнээ тэдэндээ ч цаг зав гаргаж чаддаггүй байлаа. Харин энэ жүжгийг үзээд бид хоёр их зүйлийг ойлголоо. Амьдралын утга учрын талаар эргэцүүлж бодох цаг болсон байж. Тиймдээ ч энэхүү жүжгийг үзсэнийхээ дараа ажилдаа яарахгүйгээр хүүхдүүдтэйгээ хамт өглөөнийхөө цайг тухтай гэгч нь ууж үзлээ. Ойрд амьдралаас ийм сайхан мэдрэмж, инээд хөөр, баяр баяслыг мэдрээгүй байжээ. Та бүхэндээ маш их баярлалаа” гэсэн. Ер нь энэ жүжгийг дахин тоглох санал ч багагүй ирж байсан.

Бид энэхүү жүжгээ дахин тоглох бодолтой байгаа. Гэхдээ гол дүрийн жүжигчин Амбий ахыг минь орлох жүжигчин олно гэдэг амаргүй ажил юм. Басхүү театр маань ганцхан учраас тайзны хүрэлцээ бас нэгэн асуудал болдог. Ямартай ч бид энэхүү жүжгээ дахин тайзнаа амилуулах болно.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл тавуулаа гурван сайхан хүүхэдтэй. Миний хань урлагийн хүн биш л дээ. Гэхдээ миний ажлыг ойлгож, ар талыг минь маш сайн авч явдаг. Ер нь уран бүтээлч хүний амжилттай явах эсэх нь сайн хань ижилтэй байхаас маш их шалтгаалдаг. Миний хувьд сайн ханьтай учирсан, азтай хүн гэж боддог шүү.

-Та өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Ulaan­baatar international pro” жюүжицүгийн олон улсын анхдугаар тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртжээ. Ер нь энэ спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-Жюүжицү гэх гайхалтай спортоор хичээллээд яг хоёр жил болж байна. Барууны жүжигчид тогтмол спортоор хичээллэн бие бялдар, эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй уран бүтээлдээ тэрхүү давуу талаа ашигладаг юм байна л даа. Миний хувьд хичээллээд жил хагасын дараа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээн уралдаанд оролцоно гэсэн бодол эхэндээ байгаагүй л дээ. Харин найзууд маань тэмцээнд оролцох нь зүйтэй гэж, урам зориг өгч байлаа. Ер нь тэгээд урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм байна л даа. Би наймдугаар сарын 5-нд Монголд анх удаа зохиогдсон “Ulaanbaatar in­ternational pro” жюүжицүгийн олон улсын тэмцээний цагаан бүсний мастер хоёр ангиллын эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Ямартай ч хөлс, хүчээ зориулаад медаль авна гэдэг их сайхан мэдрэмж байдаг юм байна. Одоо бол байнгын бэлтгэл сургуулилт хийж байгаа. Бэлтгэлээ хийхгүй удчихаар бие хүнд оргиод, форм алдагдаад байдаг юм билээ. Миний хувьд долоо хоногт дөрвөн удаагийн бэлтгэл хийдэг.


Categories
мэдээ цаг-үе

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 39 мянган төгрөгөөс эхэлж байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.08 Мягмар гаригийн 168 (5735) дугаараас авч нийтлэв.

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг бэлдэх гээд ээж, аавуудын ажил мундахгүй. Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгаа талаар сурвалжиллаа. “Оргил”, “Нарантуул”, “Баялаг Ундраа”, “Дүнжингарав” худалдааны төвүүдээр дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлийг худалдаалаад эхэлжээ.

Бид эхлээд “Баялаг Ундраа”, “Нарантуул” “Дүнжингарав” зэрэг худалдааны төвүүдэд очин сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш сонирхсон юм. Тус төвүүдэд “Шилмэл загвар”, “Бүтээлч үйлс”, “Өүлэн минч”, “Бат зүү” гээд компаниудын сурагчийн дүрэмт хувцас өлгөөтэй байх аж. “Шилмэл загвар” компани бага ангийн охидын пиджак, сарафан, сорочик, зангиа зэргийг 87 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол хөвгүүдийн пиджак, сорочик, өмд, зангиаг 82 мянган төгрөгөөр борлуулж байлаа. Дунд ангийн охидын хослол 97 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 100 мянган төгрөгт багтаж байна. Харин ахлах ангийн охид 122 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 134 мянган төгрөг болох аж. Тус компанийн дүрэмт хувцасны материал нь 40 хувь нь ноос, 60 хувь нь хөвөн цаасан агууламж бүхий материалаар хийгдсэн юм байна. Мөн БСШУЯ-наас баталсан стандартын шаардлагыг хангахуйц гэдгийг худалдагч онцолсон.

Тэгвэл “Бүтээлч үйлс” дүрэмт хувцас үйлдвэрлэгч компанийн бага ангийн охидын хослол 59500 төгрөг бол хөвгүүдийнх нь 81300 төгрөг юм байна. Харин дунд ангийн охидынхыг 96500, хөвгүүдийнхийг нь 99300 төгрөгөөр тус тус худалдаалж байв. Ахлах ангийн охид 122200 төгрөгөөр дүрэмт хувцсаа авах бол хөвгүүдийнх 132100 төгрөг гэсэн. Түүнчлэн “Өүлэн минч” компани бага ангийн охидын дүрэмт хувцсаа иж бүрнээр нь 59500 төгрөгөөр худалдаалж байв. Харин хөвгүүдийнх 81300 төгрөг аж. Мөн дунд ангийн охидынх 97500 төгрөг бол хөвгүүдийнх 100300 төгрөг байна. Ахлах ангийн охидынх 123700, хөвгүүдийнх 133600 төгрөг юм байна.

Харин “Батзүү” компанийн дүрэмт хувцас харьцангуй хямд аж. Тухайлбал, бага ангийн охидын дүрэмт хувцас 39 мянга бол хөвгүүдийнх 43 мянган төгрөг гэнэ. Дунд, ахлах ангийн охид, хөвгүүдийн сурагчдын дүрэмт хувцас ижил үнэтэй бөгөөд 59900 төгрөгөөр худалдаалж байлаа. Сорочкон цамцны хувьд бага ангийнх нь 11 мянган төгрөг бол ахлах, дунд ангийнх нь 13 мянган төгрөг юм байна. Үйлчлүүлэгчдийн хувьд хямд үнэтэйг нь илүү сонирхож байлаа. Мөн зарим эцэг эхчүүд өмнөх жилүүдэд авч байсан дүрэмт хувцсаа сонгох бодолтой байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Ямартай ч энэ жилийн хувьд ямар дүрэмт хувцас өмсөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. БСШУЯ-ны хувьд ч одоогоор энэ тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэдгээ хэлж байсан.

Бид дараа нь хичээлийн хэрэгслийн үнэ ханш сонирхлоо. “Нарантуул” худалдааны төвд 12 хуудастай дэвтэр 180 төгрөгөөс эхэлж байна. 24, 32, 48 хуудастай нь 350-550 төгрөгийн хооронд байсан бол 96 хуудастай нь 950-1000 төгрөгийн ханштай байлаа. Зургийн дэвтэр наймаас 20 хуудастай байх бөгөөд 600-1000 төгрөг гэсэн. “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн дэвтрүүд харьцангуй үнэтэй байв. Тодруулбал, 24 хуудастай дэвтрийн бөөний болон ширхэгийн үнэ нь 360-380, 48 хуудастай нь 600-630 төгрөг, харин 96 хуудастай бол 1180-1250 төгрөгийн тус тус ханштай аж. “Нарантуул” худалдааны төвд хичээлийн хэрэгсэл сонирхож яваа хүмүүс цөөнгүй байсан. “Би хоёр хүүхэдтэй. Том нь долдугаар анги, харин бага маань энэ жил сургуульд орно. Одоогоор бага охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдээд явж байна даа. Эхний ээлжинд арван дэвтэр үзэг, бал, зургийн дэвтэр, өнгийн харандаа зэргийг авчихдаг юм уу гэж бодож байна. Харин том охин минь энэ жил өөрөө дэвтрээ авна гэсэн. Зарим үйлдвэрийн дэвтэр цаас нь муу учир онцгүй байдаг юм билээ. Тиймээс охин маань чанартай дэвтрийг нь өөрөө олж авна гэсэн. “Нарантуул” худалдааны төв удалгүй хөл гишгэх зайгүй болчихдог учир хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг эртхэн бэлдчихвэл зүгээр юм шиг санагддаг. Одоо хүн цөөн учир сэлүүхэн сайхан байна” хэмээн Энхгэрэл бүсгүй хуучилсан юм.

“Дүнжингарав” худалдааны төвд худалдаалж буй дэвтэр “Нарантуул” худалдааны төвийнхтэй адил байсан юм. Тухайлбал, 12-96 хуудастай дэвтэр 180-950 төгрөгийн хооронд байв. Харин зургийн дэвтэр наймаас 24 хуудастай байсан бөгөөд 600-2500 төгрөг гэсэн. “Дүнжингарав”-т “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрийн дэвтрүүдийг ч “Нарантуул” худалдааны төвийнхтэй адил үнээр худалдаалж байсан юм. Тэгвэл дээрх хоёр худалдааны төвд бал 300-1500, харандаа 200-800, үзүүрлэгч 500-3000, баллуур 100-1500, өнгийн будаг 1000-8000, усан будаг 1500-3000, гортиг 1000-10000, фламастер 1500-8000, хайч 800-4000, шугам 500-4000, штрик 500-1500, баримлын шавар 1500-4000 төгрөгийн хооронд үнэ ханштай байлаа. Тус худалдааны төвд хөл хөдөлгөөн бага байсан бөгөөд үйлчлүүлэгчид хичээлийн хэрэгсэл сонирхох нь харьцангуй цөөн харагдсан.

Бид дараа нь гурав, дөрөвдүгээр хороололд байх “Оргил” худалдааны төвийг зорилоо. Тус салбар хоёр давхартаа хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зарлажээ. Тодруулбал, “Оргил” худалдааны төв бүхий л салбартаа долдугаар сарын 28-аас эхлэн есдүгээр сарын 10-ыг дуустал хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа зарлажээ. Наймдугаар сарын 10-ныг дуустал онцгой хямдралтай юм байна. Тус худалдааны төвд Малайзын “Campap” брендийн дэвтрүүдийг худалдаалж байна. Энд дэвтрүүд нимгэн зузаанаасаа хамаараад 12 хуудастай дэвтэр 180-270 төгрөг гэж байлаа. 24-96 хуудастай дэвтэр 370-1080 төгрөгийн ханштай байсан юм.

Үзгэн бал 3800-8700, запас бэх зургаан ширхэгтэй нь 630 төгрөг бол 100 ширхэг нь 5800, үзэг 4800-10300 төгрөгийн хооронд байх аж. Бэх арилгагч 900 төгрөг бол үдээсний машин 3100, хайч 1550-3300, ном, дэвтрийн тавиур 13 мянга, үзэгний сав 4200, шугам 450-1100, өнгийн харандаа 6850-7890, шугамны ком 3560, баллуур 660, гортиг 6700, харандаа 180, фламастер 9590, тодруулагч 2300, гуашь 12 ширхэгтэй нь 3550-6850, усан будаг 1550-2350, баримлын шавар 1600-2900 төгрөгөөр тус тус худалдаалж байлаа. Охид, хөвгүүдийн цүнх 21-154 мянган төгрөгийн хооронд үнэтэй байх аж.

“Оргил” худалдааны төв бусад худалдааны төвүүдээс үнэтэй боловч төрөлжсөн брэндийн бүтээгдэхүүн оруулж ирдэгээрээ онцлог аж. Тус худалдааны төвд хичээлийн хэрэгслийн хямдралтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа дуусахаас өмнө бэлтгэлээ базаах гэсэн сурагчид, эцэг эхчүүд олон байлаа.

Д.Дорлигжав

Categories
мэдээ цаг-үе

Б.Батцэцэглэн: “Марко Поло” киноны хоёрдугаар ангид “Зээргэнтийн шил” хэмээх уртын дууг дуулж байсан

Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй ярилцлаа.


-Хамгийн сүүлд уртын дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Сүнжидмаа” дууг дуулсан байсан. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Сүнжидмаа” хэмээх дууг ардын дуучин Б.Алтанжаргалтай хослон дуулсан байгаа. Бидний мэдэх нь цөөн хэдэн бадаг боловч, энэ дуу хорь гаруй бадаг байдаг юм билээ.

Одоогоор хөгжмийн зохиолч Б.Чинбат ахын намар болох тоглолтод амьд хөгжимтэй дуулахаар зэхэж байна. Мөн бодож төлөвлөсөн уран бүтээлүүд дээрээ ажиллана. “Уртраг жаран”, “Навчтай мод” зэрэг цөөнгүй ардын болон уртын дууг сэргээн дуулсан. Энэ дуунуудаа дүрсжүүлж ард түмэндээ хүргэнэ гэсэн бодолтой байгаа даа.

-Хамгийн анхны уран бүтээлээ хэзээ гаргаж байв даа?

-Би 2013 онд, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг багшийн минь дуулж олон түмэнд хүргэсэн соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, яруу найрагч Долгорын Нямаа гуайн шүлэг, Галтайн Балжинням гуайн аялгуу “Тэмээний дэргэд дуу дуулахад” хэмээх сайхан дууг дуулсан. Энэ миний хамгийн анхны дүрсжүүлсэн дуу юм л даа. Дараа нь “Талын таван толгой”, мөн ардын хэв маяг бүхий “Учирсан зүг” хэмээх нийтийн дууг дуулсан.

-Хэдийнээс дуулж эхлэв. Ер нь яагаад ардын болоод уртын дууг сонгон дуулах болсон юм бэ?

-Миний аав болон эмээ их сайхан дуулдаг. Аав минь сумынхаа сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг. Харин уртын дууг дуулах үндэс суурийг тавьж өгч, хөтөлж оруулсан хүн бол миний эмээ юм. Анх намайг наймдугаар ангид орсон жил эмээ минь уртын дуу зааж өгсөн л дөө. Яг тэр үед манай суманд “Хасбанк”-ны нээлт болж, театр дээр урлаг соёлын тоглолт, өдөрлөг болдог юм байна. Эмээгээ дагуулаад л яваад очлоо. Харин тэрхүү өдөрлөгт азтан шалгаруулж, би касио хөгжим хожсон шүү. Ингэж эмээ бид хоёр хөгжимтэй болж, их баярлаж билээ. Хөгжимтэй болсных уртын дуугаа улам л мэрийж сурах болсон. Эмээ минь хажуудаа суулгачихаад “За одоо дуул” гээд л хэлнэ. Хамгийн анх “Идир жинчин” хэмээх уртын дууг эмээ минь зааж өгсөн. Говь, тэмээ, жинчдийн тухай өгүүлдэг дуу юм. Хүүхэд байсан болоод ч тэр үү уртын дуу сурах амаргүй байсан шүү. Тухайн үед төвөгтэй санагддаг байлаа. Эргээд бодоход уртын дуугаа ойлгодоггүй байж. Харин сүүлдээ уртын дуундаа дуртай болж, улам шимтэн, шинэ дуунууд суръя гэж эмээгээ тэвдүүлэх болсон доо. Харин дараа нь “Саран хөхөө” театрын уртын дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэндэжид хэмээх сайхан эмэгтэйн шавь нь болсон. Багш минь надад олон ч дуу зааж өгсөн дөө.

-Улмаар СУИС-ийн уртын дуучны ангид элсэн орсон уу?

-Яг үнэндээ дуучин болно гэж боддоггүй байсан юм. Барилгын архитектурч болно гэсэн бодолтой, сонирхолтой байсан л даа. Харин Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд оролцсоноороо дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн л дээ. Учир нь би тэрхүү улсын уралдааны хоёрдугаар байрт орсон юм. Гэтэл манай тойргоос нэр дэвшсэн Л.Одончимэд агсан тэрхүү уралдааныг үзчихээд “Хэрэв зээ, чи дуучин болох юм бол, сургалтын төлбөрийг чинь даана” гэдэг юм байна. Энэ нь надад их том боломж шиг санагдсан. Ингээд л Соёл урлагийн их сургуулийн босгыг алхаж байлаа.

-Хэн гэдэг багшийн удирдлагад хичээллэж байв. Багшийнхаа тухай яриач?

-Үндэсний их баяр наадмынхаа өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан Б.Батболд багшийнхаа шавь нь болж байлаа. Манай багшийн нэг онцлог байдаг. Тэр нь тухайн хүний онцлогийг гаргаж, өөрийг нь өөрөөр нь хөгжүүлэх. “Чи энийг яг ингэж хий. Энэ сард энэ гурван дууг л сур” гэж хэлдэггүй. Харин ерөнхий суурийг нь тавьчихаад “Чи юу дуулмаар байна тэрийгээ дуул” л гэнэ. Ер нь багшийнхаа хажууд сайн дуулж байгаад, сургуулиа төгсөөд багшгүй болчихоороо яг өмнөх шигээ байж чадахгүй тохиолдол гардаг юм байна л даа. Багш минь үүнд сургахгүй байхыг эрмэлздэг байж дээ гэж бодогддог юм. Үүнээс гадна хувь хүн талаасаа бидэнд их үлгэр, дуурайл болдог. Тиймдээ ч багшаараа бахархдаг даа.

Манай багшийн үед жилдээ ганц нэгхэн уртын дуучин, зарим жилдээ төгсөлтгүй байх үе ч байсан юм билээ. Харин бидний үед уртын дуучнаар сурах хүсэлтэй залуус их болсон юм шиг санагддаг. Манай анги гэхэд л хорь гаруй хүүхэдтэй байлаа. Ямартай ч багшийн минь ач гавьяагаар чадварлаг сайн дуучид төрсөн гэж боддог. Бүгд л орон нутгийнхаа театруудад мөн чөлөөт уран бүтээлч хийн тус тусын уран бүтээлээ туурвиж байна.

-Ер нь уртын дуучны онцлог давуу тал нь юу байдаг юм бол?

-Миний анзаарснаар уртын дуу хүний зан араншинд их нөлөөлдөг шиг санагддаг. Уртын дуучид аядуу тайван, аливаад адгаж яардаггүй хүмүүс байх нь олонтаа. Миний хувьд ч ийм зан араншинтай шүү. Уртын дуунаас гадна, өсөж төрсөн говь нутаг минь нөлөөлдөг юм болов уу даа.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат л даа. Миний бага нас хөдөө, ахуйн соёлтой тун ойр өнгөрсөн. Үүндээ их баярлахын сацуу хүмүүст хэлж, ярихдаа их дуртай. Би бүр багадаа хурдан морь унаж, эмнэг сургадаг байсан шүү. (инээв). Гэхдээ төв суурин газар суугаад, монгол ахуйгаасаа бага багаар холдоод л байна. Бас хүүхдүүдээ ч хөдөөний борогшуу болгож чадахгүй байгаадаа бага зэрэг сэтгэл дундуур явдаг юм.

Ямартай ч бусад аймагтай харьцуулахад манайх цөөхөн дуучинтай л даа. Тиймдээ намайг их дэмжинэ. Уран бүтээл бүрийг минь шимтэн үздэг. Энэ их сэтгэл, итгэлийнх нь хариуг олон сайн уран бүтээлээр хариулах юмсан даа гэж хүсдэг юм.

-Цаашид ямар дуунуудыг сэргээж дуулах бодолтой байна вэ?

-Би Говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээл туурвилыг өөрийнхөө хэмжээнд судалдаг л даа. Энэ чиглэлээр СУИС-аа төгсөхдөө дипломоо хамгаалж байлаа. Тэр гайхалтай хүний зохиосон маш сайхан дуунууд байдаг. Мэргэжлийн уртын дуучдын уралдаан болоход тодорхой хэдэн дуунаас сонгож дуулах хэрэгтэй гэдэг л дээ. Харин тэрхүү жагсаалтаас нь харахад бараг ихэнх нь Данзанравжаагийн бүтээл туурвил байдаг. Гэхдээ Данзанравжаа гуайн дуу гэхэд хүмүүс ихэвчлэн эргэлздэг. Тиймээс миний хувьд домог зэргийг нь судалж тэр гайхалтай хүний уран бүтээл гэдгийг батлах, үзэгчдэдээ хүргэнэ гэсэн том зорилготой доо.

Мөн Дорноговийн “Алтан говийн унага”, “Бүргэд хоншоортой бор” зэрэг сайхан дуунуудыг зохиосон Банзрагч гэдэг хүн байдаг. Энэ хүний дуунуудыг сэргээн дуулах бодолтой байгаа. Нутагт минь авьяас билигтэй сайхан хүмүүс байдаг шүү. Тэр дунд “Саран хөхөө театр”-т бүхий л амьдралаа зориулсан Андуу хэмээх сайхан буурай бий. Түүнийг Дорноговийн гаралтай төдийгүй, Монгол ардын дуунуудын өвлөн тээгч гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ сайхан хүмүүсээс суралцаж, судалж мэдэж цаашдын уран бүтээлдээ тусгах бодолтой байдаг.

Ер нь аливаа зүйлд уламжлал, басхүү шинэчлэл хэрэгтэй. Тиймээс ардын дуугаа үндэсний хөгжим болон орчин үеийн хөгжимтэй хослуулах нь зөв гэж ойлгодог юм. Тэгж байж залуу үеийнхэн илүү сонирхож, ойлгох байх. Тэгээд ч ардын дуу маань ямар ч хөгжимтэй хосолж чаддаг нь үнэхээр гайхалтай шүү. Би сургуулиа төгсчихөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн театрт ажиллаж байлаа. Тэгэхэд дандаа морин хуур, лимбэ, цөөхүүл, оркестртойгоо дуулж байсан. Мөн “Никитон” хамтлагийнхантай хамтран уран бүтээл хийж байлаа. Аль аль нь л сонсголонтой байдаг шүү. Ямартай ч жилээс жилд манай залуус ардын дуугаа сонсох, дуулах дуртай болж байна. Үүнд их баярлаж, урамшиж явдаг.

-“Марко Поло” киноны хоёрдугаар ангид дуулсан гэж сонссон юм байна. Ямар дуу дуулсан бэ?

-2015 оны зун Унгарт “Марко Поло” киноны хоёрдугаар анги хийгдэж байсан. Тэр үеэр кинонд уртын дуугаа дуулж дүрээ мөнхлөх боломж олдсон юм. “Зээргэнтийн шил” хэмээх уртын дууг дуулсан. Ер нь гадныханд бид тэс өөр ертөнц байгаа юм л даа. Зөвхөн зүс царай гэлтгүй манай урлаг, тэр дундаа уртын дуу. Уртын дуу бол Монголыг танилцуулж, нэрийн хуудас нь байж чаддаг. Миний хувьд энэ сайхан урлагаараа үргэлж бахархаж явдаг даа.

-Ардын дуучин хүний нэг онцлог нь үндэсний хувцсаараа ихэвчлэн гоёдог. Ер нь хувцасныхаа донж маягийг хэрхэн тааруулдаг вэ?

-Би энгийн үед өмсөж болохуйц үндэсний хэв маягтай хувцсаа өөрөө оёчихдог. Харин тайзны хувцсыг мэргэжлийн түвшинд урласан байх ёстой гэж ойлгодог. Ерөнхийдөө хэсэг хугацааг өнгөрүүлээд л тайзны хувцаснуудаа шинэчилдэг. Уран бүтээлдээ тохируулахаас гадна ойрд өмсөөгүй өнгө, загвараа сонгон хийлгэдэг.

-Дуу дуулаад өгөөч гэсэн санал хэр их ирдэг вэ?

-Ер нь цөөнгүй ирдэг шүү. “Дууны үг тарни байдаг” гэдэгчлэн миний хувьд тухайн дууны үгийг их анзаарч хардаг. Мөн ардын хэв маягтай дууг дуулахыг илүүд үздэг юм. Нийтийн, ардын, эсвэл уртын дуу гээд холиод байх нь тийм ч таатай биш болов уу гэж ойлгодог.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Миний ханийг Г.Наранбат гэдэг. Морин хуурч залуу бий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбажав: “Мөнхийн залуу хайр”, “Нутаг” зэрэг дууныхаа хэмжээнд хүрэхүйц уран бүтээл хийхийг хүсдэг

“Мөнхийн залуу хайр”, “Нутаг”, “Санахын айзам”, “Ухаарлын уянга”, “Хувьтай айлын бэр” зэрэг дуугаараа олны танил болсон Төмөр замчдын дуу бүжгийн чуулгын захирал, дуучин Д.Бямбажавтай ярилцлаа.


-Одоогоос гурван жилийн өмнө “Дэндүү Монгол аялгуу” тоглолтоо хийж байсан. Харин түүнээс хойш нам гүм байлаа. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Би саяхан Өмнөдмонголын Хайлаарт очлоо. Миний дуунуудыг сонсох дуртай маш олон хүн байдаг юм байна. Тэдэндээ зориулж тоглолтоо хийсэн. Мөн Өмнөмонголын Сайнцогт хэмээх хөгжмийн зохиолч номоо бэлэглэж “Миний дуунуудаас дуулж, монгол түмэндээ хүргээчээ” гэсэн сайхан санал тавьсан. Миний хувьд түүний “Тэр шөнө” хэмээх дууг дуулахаар хөгжмийн найруулгадаа ажиллаж байна. Мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Том Жагаа ахын аялгуу “Хайрын бороо” дуу бараг бэлэн болчихоод байна. Удахгүй цомгоо гаргахаар зэхэж байгаа. Кино концерт хийх бодол бий. Энэ мэтчилэн шинэ дуунууд цөөнгүй байна. Ямартай ч 2017 оныг уран бүтээлээ сэргээх жил байлгахыг зорьж явна.

Нам гүм байх тухайд ярихад, би өөрөө их гүндүүгүй, хэнэггүй хүн шиг байгаа юм. Энэ зан чанар урлагт ихээхэн нөлөөлдөг юм шиг байна л даа. Ер нь хүмүүс хэлдэг л дээ. “Та дуучин хүн байтал яагаад уран бүтээлээ хийхгүй байна. Таны дууг саяхан сонссон. Их сайхан санагдсан. Олон уран бүтээл хийгээрэй” гэдэг. Энэ бол надад маш их урам өгдөг. Энэ хүмүүсийнхээ урмыг хугалахгүйн тулд уран бүтээлээ хийсээр л байна. Гэхдээ миний хувьд тоонд ач холбогдол төдийлөн өгдөггүй. Харин сонсох бүрт хүний сэтгэлийг хөгөлж чадахуйц бүтээл хийхийг эрмэлздэг юм. Сайн бүтээл гэдэг хэдий цаг хугацаа өнгөрөн одсон ч хуучрашгүй, амьдарсаар л байдаг шүү дээ.

-Таны “Мөнхийн залуу хайр” дуу тань ард түмэнд хэдийнэ танил болсон. Энэ дуу хэрхэн бүтэж байв даа?

-Би өмнө нь Хан Хэнтий чуулгад ажилладаг байлаа. Харин орон нутгийн чуулга, театрын дуучдын дунд зарласан уралдаан Улаанбаатарт болж, би тэрхүү тэмцээнд оролцож түрүүлж байлаа. Тэр үед Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гуайтай уулзаж “Мөнхийн залуу хайр дууг тань дуулъя” гэж билээ. Тэрээр ч дуртайяа зөвшөөрсөн. “Мөнхийн залуу хайр” дууны шүлгийг Увс аймгийн харьяат, яруу найрагч Д.Хүрэлбаатар “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажиллаж байхдаа 1994 онд бичсэн юм билээ. Ямартай ч анхны бүтээл минь болохоор энэ дуундаа жигтэйхэн их дуртай шүү. Ер нь ч тухайн үедээ нийтийн дууны хэв маягийг эвдсэн бүтээл байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Зарим урлаг судлаачид энэхүү дуу болон клипийг багагүй үнэлсэн байдаг юм. Миний анхны тоглолт ч “Мөнхийн залуу хайр” нэртэйгээр тавигдаж байлаа. Үүнээс хойш “Нутаг”, “Халтар манан хөөрөг”, “Ухаарлын уянга”, “Санахын айзам”, “Ганцхан байх хорвоо” зэрэг дуунуудаа гаргасан.

-“Нутаг” хэмээх дуу тань мөн л үзэгчдийн хүртээл болсон доо…

– Б.Сундуйн шүлэг, Төрийн шагналт Ц.Чинзоригийн аялгуу “Нутаг” хэмээх дууг зорин, зорин дуулсан юм. Энэ дуу минь үзэгчдэд сайхан хүрсэн гэж боддог. Буриад, халх гэлтгүй хүн бүр л дуулдаг, сонсдогт баярладаг юм. Дуунаас гадна энэ дууны клип үзэгчдийг их татсан юм болов уу гэж боддог. Зураг авалтыг нь Булган аймгийн Тэшиг суманд хийж байлаа. Ямар нэгэн жүжиглэлт байхгүй хийгдснээрээ хүмүүст их ойр байсан гэж боддог. Анчин өвгөн ангаа буудаад буугаа урдаа тавин замгаа арчаад сууж байхад, мөн нэгэн эмээг сүүгээ машиндаж байхад гээд л. Энгийн юм их сайхан байдаг, хүнд сайн хүрдэг гэж боддог. Би өөрөө ч энгийн байх дуртай.

Арваад жилийн өмнө дуулсан энэ дуу минь Өмнөдмонголд дуулагдаж л байна. Сонирхуулахад, Өмнөдмонголд тоглолтоор явах үед минь нэг охин ирээд намайг “багш аа” гээд л яриад байдаг юм байна. Учир шалтгааныг нь асуухад “Би таны “Нутаг” дууг дуулж, нутагтаа багагүй нэрд гарсан. Тэгэхээр таныг багш аа гэж хүндлэхгүй байхын аргагүй” гэж билээ. Хүмүүсийн энэ сайхан сэтгэлийн хариуд “Мөнхийн залуу хайр”, “Нутаг” зэрэг дууныхаа хэмжээнд хүрэхүйц уран бүтээл хийх юмсан гэж боддог доо. Ер нь тэгээд хүний сэтгэл, оюунаа шингээсэн бүтээл үзэгчдэд хүрдэг шиг санагддаг шүү.

-Таны урын санд “Зүүдний Дорнод”, “Мэнд амар” гээд Буриад зоны дуу цөөнгүй байдаг. Энэ тухайд?

-Аав маань Дорнод аймгийн Дашбалбар, ээж Хэнтий аймгийн Дадал сумын хүмүүс л дээ. Би айлын ууган хүү нь юм. Би Дорнод аймгийн найман жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Мөн зуны амралтаараа ээжийнхээ Хэнтий нутгаар зочилдог байлаа. Ер нь тэгээд хүний төрсөн нутаг сэтгэлд үргэлж уяатай явдаг шүү дээ. Би Буриад зон олондоо зориулж дуулсан нэлээд дуу бий. “Зүүдний Дорнод”, “Мэнд амар” дууг төрсөн нутгийнхаа ард олонд зориулсан миний өчүүхэн бэлэг юм даа.

-Урлагийн зам мөр хөөх болсон тухайгаа хуучлаач?

-Дуулах авьяас ааваас минь эхтэй болов уу. Миний аав их сайхан дуулдаг. Манайх их өнөр олуулаа. Харин гэр бүлээс минь надаас өөр урлагийн зам мөртэй холбогдсон хүн байхгүй. Анхандаа ч аав минь намайг урлагийн хүн болно гэхэд тийм ч сайхнаар хүлээж аваагүй. Харин амьдралд хэрэгтэй мэргэжилтэй болох нь зүйтэй гэдэг байв. Би ч аавынхаа үгэнд орж Төмөр замын коллежид мужааны ангид элсэн орсон. Тухайн үед засварчин, слесарь гээд хийгээгүй ажил ховор. Ямартай ч аавынхаа үгнээс гараагүйдээ баярладаг. Сурсан зүйл хүнд хэзээ ч илүүддэггүй гэдэг үнэхээр үнэн шүү. Харин төмөр замын коллежоо дүүргэчихээд, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгч тэнцсэн. Энэ үед аав минь харин ч дэмжсэн шүү.

-Хэрэв дуучин болоогүй бол уран дархан болох байсан байх нь ээ?

-Магадгүй л юм. Аав минь мужааны ангид оруулсан нь учиртай л даа. Миний өвөө нутаг усандаа алдартай дархан хүн байсан. Аав минь ялгаагүй. Би урлагийн зам мөрөөр явсан учир өвөө, аавынхаа дархны нарийн ухааныг өвлөж чадаагүй. Гэхдээ бүр нарийн зүйлийг чадахгүй ч байшин бариад бол суучихад дөнгөнө шүү. Аавын талаас өвлөсөн зүйл мэдээж бий. Ер нь тэгээд “Бух өтлөхөөрөө заазанд очдог, буриад хүн өтлөхөөрөө мужаан болдог” хэмээх үг ч хүртэл байдаг шүү дээ. буриадууд хүүгээ тусдаа гарахад нь цахиур буу, сүх хоёр өгдөг. Тэр нь “Буугаараа ан ав хий, сүхээрээ дүнз цавчин орон байраа барь, өөрийн гараар бүтээсэн амьдрал амттай” гэсэн санаа л даа. Ийм л холын ухаантай ард түмэн шүү дээ. Гэхдээ миний хувьд төдийлөн нутгархаад байдаггүй. Бид Монгол л гэсэн нэгэн дээвэр дор төрж өссөн хүмүүс юм шүү дээ. Тийм байтал дов, жалганы үзэл байгаад яах юм бэ.

-Их сургуулийн тань ангиас уран бүтээлээ туурвисаар яваа ямар уран бүтээлчид байдаг бол?

-Байлгүй яахав. Би 1999 онд СУИС-ийг төгссөн юм. Манай ангиас Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Ж.Алтанцэцэг, Б.Мягмарсүрэн гээд олон сайн дуучин төрөн гарсан шүү.

-Ажлын гараагаа Хан Хэнтий чуулгаас эхэлж байсан гэлүү?

-Тийм шүү. “Хан Хэнтий” чуулгаас ажлын гараагаа эхэлсэн дээ баярлаж явдаг юм. Үе үеийн ардын болон гавьяат жүжигчид төрсөн, үнэхээр ээлтэй чуулга шүү дээ. Миний хувьд энэхүү чуулгадаа ажиллаж байгаад Улсын Ардын дуу бүжгийн чуулгад долоон жил ажилласан юм. Үүний дараа Төмөр замчдын дуу бүжгийн чуулгатайгаа холбогдож, одоог хүртэл ажилласаар байна даа.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Categories
мэдээ цаг-үе

О.Болд-Эрдэнэ: Одоогоор АНУ, ОХУ, Казакстан зэрэг орнуудын жюүжицүчид бүртгүүлээд байна

Монголд анх удаа наймдугаар сарын 5-ны өдөр жюүжицүгийн олон улсын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээний талаар Азийн жюүжицү бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жюүжицү бөхийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголд анх удаа жюүжицүгийн олон улсын томоохон тэмцээн зохиогдох гэж байна. Нийт хичнээн орны баг, тамирчид оролцох вэ?

-Монголд жюүжицү хэмээх спорт хөл тавиад арван жил болж байна. Бид арван жилийнхээ ойг угтаж, арван бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн юм. Түүний нэг нь Арабын нэгдсэн Эмират улсын жюүжицүгийн холбоотой хамтран “Ulaanbaatar interna¬tional pro” олон улсын тэмцээн зохион байгуулах ажил байсан. Уламжлал болон зохион байгуулах жюүжицүгийн томоохон тэмцээнүүдийн нэг байх учир, манай холбооны зүгээс ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч байна. Шинэлэг, сонирхолтой байлгахын тулд халз тулаан хийх нөхцөл боломжийг мөн бүрдүүлсэн. Тэмцээн маань жюүжицүгийн олон улсын тэмцээ-нүүдийн календарьт орсон. Тиймээс гадны тамирчид оролцохыг хүсвэл онлайнаар бүртгүүлэх боломжтой юм. Бүртгэлээс харахад АНУ, ОХУ, Казакстан зэрэг орнуудаас тамирчид оролцохоор болсон байна. “Ulaanbaatar interna¬tional pro” олон улсын тэмцээн наймдугаар сарын 5-нд болох бөгөөд, бүртгэл 2-ныг хүртэл үргэлжлэх юм.

-Монголоос хичнээн тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа бол?

-Манай 100 гаруй тамирчид өрсөлдөх төлөвтэй байна.

-Таны хувьд жюүжицүгийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн. Ер нь анх яагаад энэ спортыг хөгжүүлэхээр болсон юм бэ?

-2007 онд л юм даа. Дашдаваа, Мөнхбаясгалан, Мягмардорж гээд жүдо бөхийн шигшээ багийн хэдэн залуус жюүжицү гэж сонирхолтой спорт байдаг, талаар мөн жүдо бөх тус спортоос үүссэн тухай мэдсэн л дээ. Тухайн үедээ “Монголдоо хөгжүүлье” гэсэн бодолтойгоор жюүжицүгийн холбоог байгуулсан. Улмаар туршлага судлахаар 2008 онд Киргизд болсон жюүжицүгийн тэмцээнд оролцсон юм. Тэрхүү тэмцээн нь Бразил жюүжицү биш, яг жүдо бөхийн үндэс болсон жюүжицүгийн тэмцээн байсан. Өшиглөх, цохих гэх мэт мэх, техникүүдтэй байсан учир бид бага зэрэг эргэлзсэн л дээ. Ямартай ч энэхүү спортыг хөгжүүлнэ гэж зорьсон учир энэхүү спортоо судалсаар л байлаа. Харин удалгүй АНУ-д жюүжицүгийн тэмцээн болохоор болж, миний бие туршлага судлахаар явсан. Гэтэл бидний өмнө нь үзсэн жюүжицүгээс тэс ондоо жюүжицү угтаж авсан. Энэ нь бразил жюүжицү буюу бидний одоогийн мэдэх, хэвтээ барилдаан юм шүү дээ. Энэ спортын тухай мэдээд ч зогсохгүй, тэмцээнд нь оролцож хүрэл медаль хүртэн жюүжицүгээр Монголын анхны медалийг авчирч байлаа. Ингэж л Бразил жюүжицүг хүнд хэрэгтэй, маш гоё спорт юм байна гэж мэдээд, Монголдоо нутагшуулах чин эрмэлзлэлтэй ирсэн дээ. Ер нь жюүжицү нь хэвтээ барилдаан учир бэртэл гэмтэл авах эрсдэл бага, эрүүл мэндэд тустай спорт л доо. Тиймдээ ч маш хурдацтай хөгжсөөр байна.

-Жюүжицү нь хэдийнээс үүссэн спорт юм бэ?

-Жюүжицү бол Дорно дахины эртний тулааны урлаг. Энэхүү тулааны урлагаар жүдо бөхийн үндэслэгч Жигоро Кано хичээллэдэг байсан түүхтэй. Улмаар түүний хувьд жюүжицүгийн мэх, техникт тулгуурлан олимпийн үзэл санаатай уялдсан жүдо гэх том спортыг үндэслэсэн байдаг. Тэрээр жүдо бөхийн спортоо түгээн дэлгэрүүлэхийн тулд шавь нараа орон, орон руу илгээсэн байгаа юм. Түүний шавь нарын нэг Мацүё Маэда Бразилыг зорьсон нь Бразил жюүжицү үүсэх үндэс суурь нь болж өгсөн гэж болно. Учир нь тэрээр Бразилд очин жүдог сурталчилж явах үедээ Грейсигийн гэр бүлийнхэнтэй танилцсан байдаг. Грейси нь бие султай хүн байсан учир, өөртөө хялбар болгох үүднээс жүдогийн шидэх зэрэг хүнд мэхүүдийг хасч хэвтээ барилдаан болгон өөрчилж, хөгжүүлж эхэлсэн байгаа юм. Ингэж Бразил жюүжицү үүссэн түүхтэй. Мацүё Маэдаг Бразилд очиход жүдогийн гэхээсээ жюүжицүгийн тулаанч ирлээ гэж хэвлэл мэдээллээр нь цацагдаж байсан гэдэг. Тухайн үед Бразил ч гэлтгүй, япончууд өөрсдөө жюүжицү, жүдог хоёрыг ялгаж ойлгодоггүй байсан юм билээ. Тиймдээ ч жюүжицүгийн тулаанчид гэж эндүүрч зарлаж л дээ. Хэрэв хоёр өөр төрөл гэдгийг сайн мэддэг байсан бол Бразил жюүжицү биш Бразил жүдо гэж нэрлэх байсныг үгүйсгэх аргагүй юм.

-Жюүжицү нь жүдотой адил бүсний ангилалтай шүү дээ. Монголд хар бүстэй тамирчид хичнээн байдаг вэ?

-Жюүжицүгийн нэг давуу тал нь цагаан, хөх, ягаан, бор хар гэсэн бүснээс гадна жин, насны ангилалтай байдаг. Тэгэхээр тухайн тамирчин ур чадвар болоод нас, жин яг адил тамирчинтайгаа өрсөлдөх боломжтой юм. Манай тамирчид 2015 оноос эхлэн хар бүстэй болж эхэлсэн. Одоогоор хар бүстэй гурван тамирчин бий. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монголын жюүжицүгийн баг тамирчид есөн дэлхийн аварга, 11 ази тивийн аваргатай болохын сацуу дэлхий, тив, олон улсын тэмцээн, наадмуудаас нийт 237 медалийг хүртээд байна.

-Тамирчид цаашид ямар тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа бол?

– Манай тамирчин Баярмаа Варшавт болж байгаа дэлхийн наадамд оролцохоор хүлгийн жолоо залаад байна. Үүний дараа манай баг тамирчдыг Ахмадуудын дэлхийн аварга, Азийн танхимын наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт томоохон тэмцээнүүд хүлээж байна даа.

-Жюүжицүгийн тамирчдад зориулсан нэгдсэн клуб байдаг уу?

-Ер нь тамирчин хүн өдөр тутам тогтсон бэлтгэл сургуулилттай байж, амжилт гаргадаг. Үүнд бэлтгэл хийх, орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай л даа. Иймд жюүжицүгийн спорт хөгжихийн хэрээр өөрийн гэсэн клубтай байх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Ингээд бид одоогоос хоёр жилийн өмнө Монголын анхны жюүжицүгийн клубыг “Garuda” нэртэйгээр байгуулсан. Ганцхан “Garuda”-аар ч зогсохгүй салбар клубууд нэмэгдсээр байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Алтанжаргал: Мартагдсан, сэргээхийг хүсдэг, сэргээх ёстой ардын дуунууд их байна

“Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа. Тэрээр “Идэр жинчин” хэмээх цомгоо гаргажээ.


-Шинэхэн цомгоо гаргасан байсан. Цомогт ямар дуунуудыг багтаасан бол?

-“Идэр жинчин” нэртэй цомгоо гаргасан. “Дүүриймаа”, “Ганган хул”, “Янлин хуар”, “Янжуур тамхи”, “Аргагүй амраг” зэрэг нийт арван ардын дуу, “Идэр жинчин” хэмээх уртын дуунаас цомог маань бүтэж байгаа. “Аргагүй амраг” дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалантай хамтран дуулсан. Харин “Сүнжидмаа”-г уртын дууч Б.Батцэцэглэнтэй хамтран дуулсан.

-Таныг “Дүүриймаа”-г дуулснаар нь үзэгч, сонсогчид сайн мэднэ. Энэ дууг дуулах болсон тухайгаа яриач?

-Би СУИС-ийг уртын дууч мэргэжлээр төгсөөд яг ч мэргэжлээрээ ажиллаагүй л дээ. Ажлын гараагаа морин циркээс эхэлсэн. Дараа нь Багануур ХК-д ажилласан. Одоог хүртэл энэ компанидаа ажиллаж, хажуугаар нь уран бүтээлээ туурвиж байна даа. Харин анхны уран бүтээлээ сургуулиа төгссөнөөс зургаан жилийн дараа буюу 2012 онд дуулсан юм. Миний уран бүтээлийн эхлэл “Дүүриймаа”-аар эхэлсэн гэж ойлгож болно. Анх уран бүтээлээ хийхээр зэхэж байхдаа ямар дуу дуулах вэ гээд л эрэл, хайгуул хийж байгаад “Дүүриймаа”-г дуулахаар болсон. Ерөнхийдөө мартагдаж байсан дууны нэг л дээ. Энэ дуу дурлалт залуу нь сэтгэлтэй бүсгүйгээ дээлээ гандтал хайж яваа тухай домогтой юм билээ. Дуу маань хүмүүст их сайхан хүрсэн.

-Ардын дуунаас өөр жанраар дуулъя гэсэн бодол байдаг болов уу. Тийм санал ирдэг үү?

-Монголчууд маань нийтийн дууг шимтэн сонсдог болсон байна. Мэдээж энэ чиглэлээр дуулаач ээ гэсэн санал бишгүй ирсэн л дээ. Гэхдээ би ардын урлаг хэмээх сонгодог, шавхагдашгүй урлагийг сонгосон хүний хувьд үүндээ л үнэнч, нэг шугамаараа байя гэсэн бодолтой явдаг. Ардын урлагийг нэг насаараа ч дуулаад барахгүй. Тийм байхад заавал нийтийн дуу дуулах шаардлага байхгүй юм шиг санагддаг. Ер нь аливаа зүйлд тууштай явахад түүний хариу үр дүн ирдэг. Тиймээс өөр төрөл жанр гэхээсээ илүү барьж авсан зүйлээ л чанартай хийх нь зүйтэй болов уу. Ер нь бидний дунд найр наадмаар их дуулагддаг, хэзээ ч мартагдахааргүй хуруу дарам ардын дуу байна. Харин судлаад үзэхэд бид хэдэн үеэрээ дуулсан ч барагдахааргүй их өв бий. Үүнийг судалж, ард түмэндээ хүргэх том зорилготой л явна. Магадгүй ардын урлагийн багахан хэсгийг ч миний дуулснаар хойч үе минь мэдээд үлдвэл, энэ насны минь том гавьяа юм даа.

-Ардын дуугаар үзэгч, сонсогчид хэрхэн хүлээж авдаг бол?

-Би сүүлийн үед нэг зүйлийг их ойлгоод байна л даа. Юу вэ гэхээр өмнө нь ардын урлагийг сонирхдог, сонсдог, дэмждэг хүмүүс насны хязгаартай юм шиг санагддаг байлаа. Ерөнхийдөө дөчөөс дээш насныхан ардын дуугаа сонсдог юм байна гэсэн бодолтой байсан. Харин би цомгоо гаргачихаад, тус цомогт багтсан ардын дуунуудыг хэн сайн дуулах вэ гэсэн бяцхан уралдаан цахим ертөнцөд зарласан юм. Гэтэл олзуурхууштай нь 18-25 насны залуус энэ уралдаанд хамгийн идэвхтэй оролцлоо. Залуус маань ардын урлагаа сонсдог, дуулах дуртай байдаг юм байна. Энэ үр дүнд би маш их баяртай байгаа. Нэг хэсэг үндэсний урлаг маань мартагдаад байсан бол энэхүү урлагийг нийтэд хүргэх, хүчтэй төлөөлөгчид гарч ирснээрээ эргээд зөв голдрилдоо орж байна гэж ойлгож байна.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Мэдээж уран бүтээлч хүн бүр л хийж байгаа зүйлээ үзэгчдэдээ тайлагнахыг хүсдэг. Гэхдээ бодож, төлөвлөсөн зүйл байна. Тиймээс эхлээд сайн судлах шаардлагата байгаа юм. Ямартай ч мартагдсан, сэргээхийг хүсдэг, сэргээх ёстой ардын дуунууд их байна. Ингэж дуунуудаа гаргаж байж хойч үед минь үлдэх болно шүү дээ. Монгол ардын дуунуудад цөөн хэдэн “маа” байдаг. “Дүүриймаа”, “Сүнжидмаа”, “Хандармаа”, “Гавалмаа”, “Алгирмаа” зэрэг дуунууд юм л даа. Үүнээс Алгирмааг одоохондоо дуулаагүй байна. Харин саяхан ардын дуу “Гавалмаа”-г дууллаа. Энэ дууны үүх түүх, домог нь олдоц багатай байсан л даа. Бөхийн Бааст гуайн “Хаш аяга” гээд өгүүллэг байсан. Түүнээс энэ дууныхаа утга, учрыг ойлгосон л доо. Яагаад ч юм энэ дуугаа бичүүлж байхдаа нулимс дуслуулж байлаа. Уран бүтээл бүрийг сэтгэлээсээ мэдэрч дуулдаг хэдий ч, энэ дуу шиг сэтгэл хөдөлж, нулимс дуслуулж байсан удаагүй юм билээ. Магадгүй тэр өгүүллэгийг уншиж, дуугаа илүү ойлгосон байх. Домогт өгүүлснээр үхэрчин залуу Цэ-занги гэгдэх нэртэй баян хүний төрсөн ганц охинд сэтгэл алдарсан тухай гардаг юм. Харин сэтгэлт бүсгүй Гавалмаа нь аянганд ниргүүлснээр тэр хоёрын хайр төгсгөл болж байгаа талаар өгүүлдэг.

Дуунд “Хад байгаад нурсанд орвол
Хайрга болоод шуурсан нь дээр үү дээ хө
Ханилж суугаад хагацсанд орвол
Харийн танихгүй нь дээр үү дээ хө” хэмээн гардаг. Ер нь бол ардын дуу бүхний цаана утга учир, домог, философи нуугддаг. Ардын дуу транс хэв маягтай. Сонсож буй хүнийг улам татах чадвартай байгаа юм. Зөвхөн Алтанжаргалын дуулснаар гэлтгүй өөр хэний ч дуулснаар сонсоход л сонсоод л баймаар нэг хүч агуулагддаг. Тиймээс тэрхүү утга, учрыг гаргаж үзэгч, сонсогчдодоо хүргэхийн тулд нэн тэргүүнд судалгаа хэрэгтэй байгаа юм л даа.

-Та СУИС-ийг уртын дууч мэргэжлээр төгссөн гэсэн. Дуучин болсон түүхээсээ хуваалцаач?

-Өвөө, эмээ минь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Харин манайх Алтанбулаг сум руу нүүж, тэндхийн айл болсон л доо. Бага нас минь энэ хоёр сумын хооронд морин дэл дээр өнгөрсөн. Хөдөө хээр ёстой л хоолойныхоо хэрээр дуулна. Басхүү хурдан морь гийнгоолдог байсан нь намайг дуучин болгоход дөхүүлсэн болов уу. Мөн миний эмээ нутаг усандаа алдартай их сайхан дуулдаг хүн бий. Харин дуучин болох зам минь наймдугаар ангид нээгдсэн. Тухайн үед алдарт дуучин Б.Лхамжав гуайн нэрэмжит уралдаанд оролцсон юм. Тэрхүү тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр багш маань намайг “Сургуулиа төгсчихөөд СУИС-д хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Ингээд л сургуулиа ч төгсөж, СУИС-ийн уртын дуучны ангид элсэн орсон доо. Манай ангиас Д.Жавхаасайхан тэргүүтэй олон сайхан уран бүтээлч төрсөн шүү.

-Ардын дууг таны дуулснаар сонсохыг хүсдэг хүмүүс цөөнгүй болжээ. Энэ хэрээрээ таныг илүү их уран бүтээл хийгээсэй гэж хүсдэг юм шиг санагддаг…

-Хүмүүсээс уран бүтээл хийгээч ээ гэсэн санал голцуу ирдэг. Надаас илүү бачимдаад байдаг. Яахав цаг хугацааны тохироо нь бүрдэж өгөхгүй байна л даа. Уран бүтээлээ хийгээд, түүнийгээ олонд хүргэхийн тулд багагүй давааг давах шаардлагатай болдог. Гэхдээ мэдээж зогсолтгүй, боломжоороо хийсээр л байна. Урлагийн хүн тайзан дээрээ байж үзэгчдээсээ халуун дулаан энерги авч, түүгээр өөрийгөө хөглөдөг. Энэ мэдрэмжийг авахыг мэдээж хүсэлгүй яахав.

-Энэтхэгийн нэгэн гитарчин хамтарч уран бүтээл хийх санал тавьсан гэж сонссон юм байна. Энэ тухайд?

-МУГЖ Т.Баясгалантай хамтарч дуулсан “Аргагүй амраг” дууг Энэтхэгийн нэгэн рок хөгжмийн хамтлагийн гитарчин сонсож л дээ. Тэрээр “Манай үндэсний дуунуудын хэв маягтай Монголын ардын дуу их зохицлогоотой байдаг. Таны дуулсан энэ дуун дээр ажиллаж болох уу” гэсэн санал тавьсан. Одоогоор хөгжмийн найруулга дээр ажиллаж байгаа. Тэрхүү уран бүтээл удахгүй гарах байх.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, охины хамт амьдардаг. Охин маань гурван настай. Миний хань мөн Багануур ХК-д ажилладаг даа. Миний хувьд эхнэр, эмээ гэсэн хоёр үнэнч шүтэн бишрэгчтэй. Эмээ минь миний хамгийн том зөвлөгч л дөө. Дууг залуу байх үедээ сонсож байсан яг тэр хэв маягаараа дуулуулахыг хүсдэг. Шинэ дуу гаргачихаад л очиж сонсгоно. Дууны ая данг хэрхэн тааруулсан, басхүү юу хэрэгтэй байгааг тун ч онож хэлдэг шүү. Мөн миний хань надтай учрахаасаа өмнө “Никитон” гээд л явж байсан бол одоо ардын дууг шимтэн сонсогч болсон. Хүүхэд минь ч ялгаагүй. Ардын дууг дуулчихсан л явдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат тамирчин Гансүхийн Доржийнд өнжлөө

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан бодибилдингийн багш, дасгалжуулагч Гансүхийн доржийнхоос энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Г.дорж нь “арнольд классик” тэмцээний алт, Бүх Хятадын аварга шалгаруулах олон улсын тэмцээний хүрэл медальт, Зүүн болон Төв Азийн үнэмлэхүй аварга, аварга, Улсын найман удаагийн аварга, “Монголын мистер”-ээр хоёр удаа шалгарсан бахдам амжилттай нэгэн билээ. Түүний гэргий Б.Оюунгэрэл ч мөн адил фитнессийн бикини төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин бүсгүй юм. Б.Оюунгэрэлийн хувьд баяр наадмынхаа өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан билээ.

Бид эхлээд тэдний бэлтгэлээ хийхийн сацуу, ахлах дасгалжуулагчаар ажилладаг “Golds” жим дээр уулзахаар тохиролцсон юм. Биднийг очиход хэдий өдрийн цаг боловч бэлтгэл хийх хүн цөөнгүй байлаа. Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнийг эрэлхийлэгч эрч хүчтэй залуус энд цугларчээ. Гавьяат маань ч залууст туршлагаасаа харамгүй хуваалцан зогсоно. Зааж зөвлөхийн хажуугаар бэлтгэл сургуулилтаа ч хийж амжуулах аж. Тэрээр гэргийн хамт амьдралынхаа ихэнх цагийг энэ танхимд эрүүл мэнд, бие бялдартаа анхаарч өөрийгөө өөрчлөх гэсэн хэн бүхэнд зориулдаг. Гавьяат тамирчин доржийн хувьд бодибилдингийн спортоор хичээллээд 18 жилийг ардаа орхижээ. Мэдээж чамлахааргүй хугацаа. Түүнтэй хамт бодибилдингийн спорт ч өсөн, дэвжсээр өнөөдрийг хүрсэн. Басхүү тэрээр энэ урт хугацаанд өмнөө тулгарах даваа, нугачаа бүхнийг сөрөн туулсаар өдийг хүрсэн нь дамжиггүй.

Тэдний өнөөдрийн бэлтгэл дуусч, бид спортын тухай яриа дэлгэсэн юм. Зуны дэлгэр цагт амралт зугаалга гэхээс илүү бэлтгэл сургуулилтаа таслахгүй, тогтмол хийж, формоо алдахгүй байхыг үздэг хэмээн хэлж байлаа. Тэрээр энэ жил амжилт бүтээл, олз омгоор дүүрэн буй. Шинэхэн гавьяатын хувьд энэ онд бодибилдинг, фитнессийн хамгийн том тэмцээн болох “классик” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн Бүх аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж түүхэн амжилтыг үзүүлээд буй юм. Тиймдээ ч бодибилдингийн спортын нэгэн шинэ хуудсыг нээсэн түүний энэхүү амжилтыг төр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон юм. Г.дорж “Хорь шахам жил энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь төр ийнхүү үнэлсэнд үнэхээр их баярласан. Баяр наадмынхаа босгон дээр ханьтайгаа хамт энгэрээ цоолсон сайхан үйл явдал боллоо. аав ээж, ахан дүүс нутаг усныхан, манай гэр бүлийг өнөөдрийг хүртэл дэмжиж, тусалж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлаж байна.

Мөн тэднийхээ ачийг бага ч гэсэн хариулсан болов уу хэмээн найдаж байна даа. Ер нь энэ жил миний хувьд одтой сайхан жил байлаа. “арнольд классик” тэмцээнд оролцож түрүүлэн Шварцнеггерийн гараас шагналаа авлаа. Бодибилдингийн спортыг сонирхож эхэлсэн тэр үеэс хойш арнольдийн тоглосон кино, сэтгүүл дээрх зураг зэргийг шимтэн үзэж, түүн шиг болохыг мөрөөддөг байлаа. Энэхүү тэмцээнд түрүүлснээрээ улс орныхоо нэрийг гаргаад зогсохгүй багынхаа мөрөөдлийг биелүүлсэн шүү” гэв. Г.Доржийн хувьд багын л спортод дур, сонирхолтой нэгэн байж. Түүний хувьд самбо, чөлөөт бөхөөр барилддаг. Аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлж ч байсан удаатай аж. Гэсэн хэдий ч бөхийн спортоо орхин бодибилдингээр тууштай хичээллэж эхэлжээ. Энэ тухай тэрээр “Би анх самбо, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Хүч тэнхээ нэмэхийн тулд штанг өргөх гэх зэрэг дасгалуудыг тогтмол хийдэг байлаа. Ингээд л нэг мэдэхэд бөхийн төрөл гэхээсээ илүү бодибилдингийн спортод дур сонирхолтой болж эхэлсэн. Дунд сургуулиа ч төгслөө. 2000 онд “Аварга” биеийн тамирын сургууль нээгдэж, анхны элсэгч нь болсон юм. Өнөөх хүсэл сонирхлыг минь булаасан бодибилдингийн багш, дасгалжуулагч гэх мэргэжлээрээ шүү дээ” гэлээ.

Оюутан болсноосоо хойш тасралтгүй бэлтгэл хийсэн хэдий ч бодибилдингийн төрлөөр хүссэн амжилтаа гаргаж чадахгүй байсаар л байж. Тухайн үед улсын аварга шалгаруулах тэмцээн, “Ирээдүйн мистер” зэрэг томоохон тэмцээнүүд болно. Харин “Ирээдүйн мистер” тэмцээндээ шилдэг зургаад шалгарсан тохиолдолд улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрх нь нээгддэг байсан аж. Гэсэн ч тэрээр “Ирээдүйн мистер” тэмцээнийхээ шилдэгт шалгарч чадалгүй гурван ч жилийг ардаа орхижээ. Энэ тухай тэрээр ярихдаа “Шантраад орхичиж болохоор хугацаа өнгөрсөн л дөө. Гэхдээ эр хүн учраас эцсийг нь үзнэ дээ гэсэн хор шар байсан. Тиймээс шантарч, цуцалгүй бэлтгэлээ үргэлжлүүлсээр л байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл нэг ч удаа бэлтгэлээ тасалж байсангүй” хэмээн итгэл төгс хариулсан юм.
Ингээд 2003 оны “Ирээдүйн мистер” тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэн, улмаар Улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож түрүүлж байжээ. Олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнг үзсэн тэрээр ёстой л магнайгаа хагартал баярласан хэмээн дурссан. Түүний хувьд урам зориг өгсөн энэ тэмцээнээсээ хойш эргэлт буцалтгүй бодибилдингээр хичээллэж, улам туршлагажин, томоохон тэмцээн уралдаануудад амжилт үзүүлсээр ирсэн нь энэ юм.
Тэрээр их сургуулиа төгсөөд тухайн үеийн бодибилдингийн хамгийн том клуб болох “Тайхар” клубт багшилж эхэлжээ. Түүнийг “Аварга” дээд сургуулийн багш, Монголын анхны мистер Батсуурь өөрийн “Тайхар” клубдээ авснаар ийнхүү ажлын гараагаа эхэлсэн байна. Түүний анхны шавь нар нь одоогийн Улаанбаатар хотын дарга Су.Батболд, “Номин талст” хамтлагийн Батсүх, Хаянхярваа, мөн улсын цолтой бөхчүүд гээд салбар салбарын алдартнууд аж. Мөн түүний одоогийн багшилж буй тус клубт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй олон алдартнууд ирдэг байна.
Бид ийн спорт, амжилт бүтээлийн тухай ярилцсаар тэдний “Их Монгол” хороолол дахь гэрт ирлээ. Тэднийг тив, дэлхийн тэмцээнүүдэд манлайлсныг илчлэх, цом, өргөмжлөл, медалиуд ярайж байх юм. Жил гаруйн өмнө Г.Доржийнх бүл нэмж удам залгах хүүтэй болжээ. “Бид хоёр үргэлж завгүй байдаг учир хүүг минь миний ээж хардаг юм. Хэдий амжилт бүтээл дүүрэн явах сайхан ч үр хүүхэд, гэр бүлдээ цаг зав гаргах чухал ч ажил маань ард үлддэг. Ямартай ч энэ бүхэнд аав, ээж, хань минь л хамгийн их ойлгож, тусалж дэмждэг дээ” хэмээн гэрийн эзэгтэй Б.Оюунгэрэл хүүгээ өхөөрдөн эрхлүүлэх нь жаргалтай харагдана.

2000-аад оны эхэн үед бодибилдинг, фитнесс төдийлөн хөгжөөгүй байсан үе. Цөөн тооны эрчүүд л сонгон хичээллэж тэмцээн уралдаанд оролцоно. Эмэгтэйчүүд хичээллэх нь бүр ч бага байжээ. Харин сүүлийн хэдэн жил бодибилдинг, фитнессийн спорт эрчимтэй хөгжиж, түүнийг даган эрүүл мэнд, бие бялдартаа анхаарах залуусын тоо ч нэмэгдсээр байгаа гэнэ. Мөн тэмцээн уралдааны төрөл ч нэмэгдсээр байгаа аж. Тэр дундаа шинээр нэмэгдсэн фитнессийн бикини төрлийг сонгон хичээллэгчид олширчээ. Зөвхөн Монголд төдийгүй, дэлхийд ч тэр энэ төрлөөр хичээллэдэг охид, бүсгүйчүүд маш их байдаг гэнэ. Бикини төрөл нь хэт булчинлаг болгох гэхээсээ илүү эмэгтэй хүний гоо сайхан, спортлог биеийг харуулдаг гэдгээрээ онцлог аж. Монголд энэ төрлөөр сонирхон хичээллэдэг бүсгүйчүүд цөөнгүйгээс гадна дэлхийд данслагдах амжилттай тамирчид ч байдаг билээ. Түүний нэг нь Б.Оюунгэрэл юм. Тэрээр амаржчихаад зургаан сарын дараа эргэн бэлтгэлдээ орж Улсын аваргаас алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн дайчин эмэгтэй билээ. Тэрээр “Би анх жирэмсэн болоод л илүүдэл жинтэй нүүр тулгарч байлаа. Хүн таргалахаараа өөртөө итгэлгүй болж, жижиг зүйлд ч уурлаж, унтууцдаг юм билээ. Харин эргээд бэлтгэлдээ орж, илүүдэл жингээ хаясан. Илүүдэл жингээ хаяхыг хүсэж байгаа хүний хамгийн чухал зэвсэг нь сэтгэл зүй байдаг. Унаган махтай, эсвэл маш их илүүдэл жинтэй байлаа ч хүний бие өөрчлөгддөг. Гэхдээ тууштай хичээллэж чадвал” хэмээсэн.
Сонирхуулахад, эмэгтэй бодибилдингийн төрөл олон улсын чанартай томоохон тэмцээнүүдээс хасагдаж байгаа аж. Бүсгүй хүний эмэгтэйлэг байдал, гоо сайхан чанарыг алдагдуулж, хэт эрэгтэйлэг болгож байна гэсэн шүүмжлэл багагүй дагуулах болсон тул ийм шийдвэр гарчээ. Г.Доржийн хувьд ч энэ төрлийг төдийлөн таашаадаггүй, эмэгтэй хүний гоо үзэмжийг хэт эвдсэн төрөл хэмээн үздэг талаараа хэлж байлаа. Монголд ч энэ төрлөөр хичээллэдэг эмэгтэйчүүд байдаггүй, харин бусад төрлүүд нь эрчимтэй хөгжиж байгаа юм байна.
Бид цай унд уунгаа шинэхэн гавьяатын нутаг усны тухай яриа өрнүүллээ. Тэрээр дуу хуурын өлгий Дундговь аймгийнн Мандалговь хотынх бол гэргий Б.Оюунгэрэл Архангай аймгийнх юм байна. Дундговь аймгаас урлаг, соёлын зүтгэлтэн, дуучид олонтаа. Харин тамирчид тун ч цөөхөн гэсэн. Доржийн хувьд ч гэр бүлээсээ ганцаараа спортын хүн аж. Аав Т.Гансүх нь төрийн албанд ажилладаг бол ээж Д.Шура нь холбооны инженер хийдэг байжээ. Тэрээр эхээс наймуулаа. Ах, эгч нь бүгд эрдэм номын мөр хөөж, дэлхийн шилдэг эрдэмтэн болсон нь ч бий гэсэн.
Харин тэднийг хэрхэн танилцсан талаар сонирхоход Б.Оюунгэрэл “Би 2008 онд “Тайхар клуб”-т фитнессээр хичээллэж эхэлсэн юм. Тухайн үед миний хань багшилдаг байсан юм. Анх багш, шавь байж байгаад л сүүлдээ нэг нэгэндээ дассан л даа. Манай хүн намайг анх найзууддаа, өөрийнхөө дүү гээд хэлчихсэн байж билээ. Би түүнийг нь мэдэхгүй, найзууд нь ирээд л “Нээрээ та хоёр адилхан юм байна” гэхээр нь их гайхдаг байсан. Багш нь байж шавьтайгаа үерхлээ гэх болов уу гэж л хүмүүсээс эмээсэн бололтой байгаа юм. Найзууд нь сүүлдээ мэдчихээд манай хүнийг “Муур багш” гээд хочилчихсон байсан шүү” гэсэн юм. Б.Оюунгэрэлийн хувьд анх танилцаж байх үедээ энэ спортын тухай сайн мэддэгүй байсан учир Г.Доржийг буруугаар ойлгох үе ч байсан гэнэ. “Миний хувьд анхандаа бодибилдингийн спортын амин сүнс нь хооллолт гэдгийг сайн мэддэггүй байлаа. Тухайн үед Доржоотой хамт хоолонд орох үед надад хоол авч өгчихөөд, өөрөө цүнхнээсээ бэлдсэн хоолоо гаргаж ирээд иднэ. Эхэндээ их хачирхалтай санагдаад л, сонин хүн бэ ч гэж бодох үе байсан. “Мандах” бүртгэл дээд сургуульд нягтлан бодогч мэргэжлээр сурдаг миний хувьд тамирчны амьдрал тэс өөр орчин байх нь аргагүй байх л даа. Сүүлдээ ханьтайгаа тэмцээн уралдаанд хамт яваад, энэ спортыг ойлгож эхэлсэн л дээ. Эрчимтэй хичээллэж, хичээлийнхээ хажуугаар тэмцээн уралдаанд ч оролцоод явдаг байлаа” хэмээн гэрийн эзэгтэй дурссан. Тэд анх танилцаж байсан үеэ дурсаад, яг л тэр үедээ очсон мэт тун аз жаргалтай харагдсан.
Тэдний хувьд дээр дурдсанчлан зуны дэлгэр цаг хэмээн тайвшралгүй бэлтгэл сургуулилтаа хийсээр л байдаг гэнэ. Учир нь тэд бэлтгэлээ бүтэн жилээр нь төлөвлөдөг байна. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийхээс гадна тэмцээн уралдаан ойртсон үед өдөрт хоёр удаагийн бэлтгэлтэй байдаг аж. Г.Дорж “Тэмцээний бэлтгэлд орчихсон үедээ өглөө, орой хоёр, хоёр цагийн бэлтгэл хийнэ. Өдөрт нэг удаа заавал унтах ёстой. Мөн гурван цагийн зайтай, маш нарийн дэглэмээр хооллодог. Уураг, нүүрс усаа тооцож, хоолоо граммлаж иднэ. Үүний зэрэгцээ өдөр тутам булчин, авч байгаа ачаалал, хоол унд зэргээ хянадаг. Мөн нэмэлт уураг, витамин хэрэглэдэг. Ингэж байж бэлтгэлийн тэр хүнд ачааллыг даана л даа. Ер нь бодибилдинг, фитнесс нь хүнээс маш их сахилга бат шаарддаг спорт. Түүнээс ямар ч бэлтгэлийн системгүй, хоол, нойр муутай байж өндөр ачаалалтай бэлтгэл хийгээд байж болохгүй.
Мөн уураг бэлдмэлийн тухайд манайхан буруу ойлголттой явах нь бий. Ер нь тамирчин хүнд нэмэлт уураг зайлшгүй шаардлагатай байдаг. Тэр дундаа бодибилдингийн тамирчин хүний уургын хэрэглээ энгийн хүнийхтэй харьцуулахад хоёр дахин их байдаг. Гэхдээ уураг бидэнд хэрэгтэй гээд замбараагүй хэрэглээд байж болохгүй. Бэлтгэлээс хойш 30 минутын дараа булчин уураг шаардаж эхэлдэг юм. Энэ үед нь л уурагаа нөхөж чадвал булчин хөгжих, сэргэх үйл ажиллагаа нь сайн явагдана гэсэн үг. Тэгэхээр бэлэн зарагддаг уурагнууд маань энэ үүргийг сайн гүйцэтгэдэг. Харин хүний элгэнд өөрчлөлт оруулдаг зэрэг нь ташаа ойлголт гэж хэлнэ. Би уургийг бараг 20-иод жил хэрэглэж байна. Миний элгэнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Мөн илүүдэл жингээсээ салах, эрүүл амьдрахыг хүсдэг хэн бүхэн фитнесс клубуудыг зорих болжээ. Энэ нь сайшаамаар хэдий ч жингээ зөв хаях нь маш чухал. Турж байна гээд л хоолоо идэхгүй хэдэн цагаар бэлтгэл хийгээд байвал харин ч хүний биед сөрөг нөлөөтэй. Машиндаа бензин хийхгүй зүтгүүлээд байгаатай л агаар нэг. Хэдий жин хаясан байж болох ч булчингаа алдаад ч байж болох шүү дээ. Булчингаа биш өөхөө хасаж байж л турна, эрүүлжинэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй байна. Тиймээс зөв хооллох, дасгал сургуулилт хийх мэдлэгтэй байх шаардлагатай” гэлээ.
Ямартай ч залууст үлгэр жишээ болсон энэ гэр бүлтэй ярилцан суухад аз жаргал, амжилт бүтээл, залуу насны эрч хүч асгарч байлаа. Магадгүй нөр их хөдөлмөрийнх нь үр дүнд цогцлоосон амьдрал утга учиртай, амттай байдаг биз ээ.
Categories
мэдээ цаг-үе

Б.Навчаа: Ихэнх үзэгчид алаан хядаан, цус нөжтэй эсвэл инээдмийн жанрын кино үзэх сонирхолтой болчихжээ

Жүжигчин, найруулагч Б.Навчаатай ярилцлаа.


-“Үүр битгий цайгаасай” уран сайхны кино үзэгчдийн сэтгэлийг багагүй хөдөлгөж чадсан. Энэ киногоороо үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бэ?

-Миний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл “Үүр битгий цайгаасай” уран сайхны кино байлаа. Бид хүний сэтгэл дотор луу өнгийж харах, хөндөж чадах кино хийе гэж зорьсон л доо. “Тань руу нүүж явна” киног үзэхэд үйл явдлын хувьд хурц биш хэрнээ хүний энгийн амьдралыг харуулдаг. Тэгсэн хэрнээ хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, маш сайн хүрсэн. Миний хувьд яг л ийм кино хийхийг хүссэн юм. Үзэгчдийн хувьд ч сайхнаар хүлээж авсан. “Ойрд ийм сайхан кино үзсэнгүй. Сайхан кино байлаа” гэж үзсэн хүн бүр л хэлж байлаа. Бид ч санасандаа хүрсэндээ маш их баяртай байна. Гэхдээ харамсалтай нь үзэгчдийн тоо цөөн байлаа. Ер нь анзаараад байхад ихэнх үзэгчид маань алаан хядаан, цус нөжтэй нэг бол инээдмийн жанрын кино үзэх сонирхолтой болчихжээ. Би “Рашаантын-18”, “Ларьдма” гээд кинонууд хийсэн. Дараа нь ангийнхаа хөвгүүдтэй “Үргээлэг” уран сайхны кино хийсэн. “Ларьдма”-тай адилхан хар бараан сэдвийг л хөндсөн. Эдгээр инээдмийн болоод хар бараан сэдэвтэй бүтээлүүд маань үзэгчдэд илүү хүрсэн шүү. Үнэхээр сенсааци болж байлаа. Гэхдээ энэ бол эмзэглэмээр асуудал, уг нь залуучууд маань амьдралыг үзэх үзлээ шат, шатаар ахиулж байх хэрэгтэй л дээ. “Үүр битгий цайгаасай” киногоо хийгээд үүнийг бүр ч илүү мэдэрлээ. Гэхдээ би тэр зүг рүү эргэж, буцаж явмааргүй байна. Улам л хөгжиж, чанартай уран бүтээл хиймээр байна. Уран бүтээлчид бид бол шантрахгүй. Бид өөрсдийн хийж чадах зүйлээрээ үзэгчдээ хүмүүжүүлэх ёстой. Хүнд ухаарал өгсөн, амьдралыг арай өөр өнцгөөс харах сэдэл өгсөн уран бүтээл хийсээр л байх болно. Зогсолтгүй хөдөлмөрлөсөөр л байвал бид дээшээ явсаар л байх болно.

Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу. Кино саналууд хэр их ирж байна вэ?

-Нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллахаар зэхэж байна. Кино зохиолын хувьд үйлийн үрийн тухай өгүүлнэ. Ер нь хүн хүссэн, хүсээгүй 40 хүрээд ирэхээр үйлийн үр, үнэн худал, үхэл амьдралын зааг, амьдралын мөн чанарыг илүүтэй ойлгодог юм байна. Бүх зүйлийг ухаарч, сэхээрдэг нас юм байна л даа. Би өөрөө ч 40 хүрч байгаа учир үүнийг илүү мэдэрч байна. Тиймдээ ч 40 хүрээд ухааарах биш харин ч галтай, цогтой, омголон залуу насандаа алдаж эндэхгүй,үйлдлээ зөв байлгаасай гэдгийг энэ киногоороо хүргэнэ. Энэ киног үзчихээд гарахдаа гишгэсэн мөрөө эргэн нэг харж, дараагийн алхмаа анхаарах болов уу хэмээн бодож байна. Кино зураг авалтдаа долдугаар сарын 30-аас эхлэн орно.

-Таныг жүжигчин биш цэрэг, армийн хүн болох гэж байсан гэж сонссон юм байна…

-Би эхээсээ дөрвүүлээ л дээ. Гурван эрэгтэй дүүтэй. Багын л эршүүд охин байлаа. Тиймдээ ч Цэргийн дээд сургуульд конкурс өгөөд тэнцсэн. Хэрэв цэргийн хүн болсон бол өдийд дэд хурандаа бол болчихсон л байгаа байх. Нэлээн чамбай хурандаа байж магадгүй шүү. (инээв) Аав минь л цэргийн хүн болгох сонирхолтой байсан л даа. Гэхдээ миний хувьд цэргийн сургуульд биш СУИС-д ормоор санагдаад л, конкурс өгсөн. Арван жилд байхдаа урлаг соёлын бүхий л арга хэмжээнд манлайлан оролцдог байсан минь их нөлөөлсөн болов уу. Ингээд МУГЗ С.Сугар багшийнхаа удирдлаган дор суралцаж эхэлсэн. Сайн багштай байсан болоод ч тэрүү манай ангиас олон сайн жүжигчид төрсөн. С.Болд-эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, Б.Амарсайхан тэргүүтэй сайхан жүжигчид бий. Бид оюутан ахуй үедээ үнэхээр сахилгагүй байжээ. Долоо хоног бүрт л ангиа өөр, өөр болгочихно. Айл гэр, эмнэлэг, баар гээд л. Айл гэр болгочихоод л багшийгаа ороод ирэхэд нь цай аягалж өгнө. Эсвэл эмнэлэг болгочихно. Бүгд эмчийн халат өмсөөд, чагнуур зүүгээд л. С.Сугар багш маань ч биднийг хорьдоггүй байлаа. Ер нь бидний энэ чөлөөтэй сэтгэдэг байдал улам хөгжүүлж, задалж чадсан. Эргээд бодоход хэн хамгийн их сахилгагүй байсан тэр нөхөр л жүжигчний ур чадвараар сайн байгаад байдаг шүү. Дээр дурьдсан хэдэн нөхөд тун сахилгагүй байсан. Ямартай ч бидний хувьд оюутан цагаасаа эхлээд л өнөөг хүртэл нөхөрлөсөөр байна. Юу ч тохиолдсон нэг, нэгэндээ тус дэм болдог. Өдөр алгасахгүй утсаар ярьдаг. Ийм л дотны найзууд болсон доо.

“Үүр битгий цайгаасай” киноны хэсэг

-Таныг урлагт хөл тавихад Ардын жүжигчинг Гантөмөр гуайн тус дэм их байсан гэдэг. Энэ тухайд?

-Тийм шүү. Гантөмөр гуай намайг охин Ганжаргалынхаа хамт хошин урлагийн жүжигчин, Батзаяа ахад “Чи энэ хоёрыг хошин урлагийн театрынхаа жүжигт оруулаадхаач” гээд хөтөлж аваачиж өгсөн юм. Охин Ганжаатай нь би сүрхий найзууд л даа. Тэр том хүн хэлсэн болохоор Ганжаа бид хоёрыг Заяа ах театрдаа авсан. Удалгүй бусад хошин урлагийн продакшнууд санал тавьж байлаа. Гэхдээ тухайн үед цалин их бага байсан л даа. Ингээд л урлагаа түр орхиод, уул уурхайн компанид тогооч хийж байлаа.

-Урлагт эргэн хөл тавихад амаргүй байсан болов уу?

-Сурсан зүйл гэдэг хүнд үгүйлэгдээд л байдаг юм билээ. Хонгилын үзүүрт гэрэл асаалттай л байгаад байлаа. “Ийм нэгэн дурлал-1” уран сайхны кинонд тоглох санал ирлээ. Тоглоод үзлээ, бас болж байна. Ингээд л удалгүй монгол сериал хийе гэж шийдсэн. Тэр бол “Хэцүү анги” кино юм шүү дээ. Яахав эргээд харахад тийм ч сайн уран бүтээл биш. Гэхдээ олон ч залууст уран бүтээлч болох замыг нь нээсэн буянтай кино юм. Дурдахгүй байхын аргагүй бүтээлүүдийн минь нэг. Ер нь уран бүтээл хүнийг хүмүүжүүлдэг л дээ. “TV Coctail” хамтлагийнхан “Хоёр ертөнцийн зааг” хэмээх жүжиг хийхээр болж, надад энэхүү жүжигт тоглох санал тавьсан л даа. Тухайн үед би өвчтэй байсан учраас, тоглох боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Гэтэл Э.Цолмонбаяр “Та зохиолыг нь л уншчих” гэсэн. Хамгийн гайхалтай нь үхэл амьдралын тухай тэр зохиолыг би уншаад, миний биеийн байдал маш хурдан сайжирсан. Амьдрал гэдэг маш том бэлэг гэдгийг бид ухаардаггүй юм байна л даа. Тэр жүжигт тоглосны дараа хүнд хэрэгтэй, ямар нэгэн зүйлийг бүтээж, ухаарал өгөх хүсэл оргилсон гэж болно. Их ч бодсон. Ингээд л “Ларьдма” киног хийхээр болсон юм. Хэнбугай ч муу кино болсон гэж хэлдэггүй. Мэдээж айдастай, хар бараан сэдвийг хөндсөн гэдгийг үгүйсгэхгүй.

-Таны бодлоор амьдралын утга учир юунд оршдог вэ?

-Яг үнэндээ хүнд хүн л хэрэгтэй. Түүнээс унах унаа, орд харш, хэдэн га газар амьдралын утга учир биш. Тэртэй тэргүй нүцгэн ирээд л нүцгэн буцах хорвоо шүү дээ.

-Амьдралдаа харамсаж явдаг зүйл бий юу?

-Би 2005 онд гэр бүл зохиож байлаа. Хүний амьдрал гэдэг шулуун шугамаар явдаггүйгээс хойш санаснаар болоогүй л дээ. Одоо эргээд тухайн үеэ бодохоор өөрийгөө чамладаг. Шийдэж болохоор жижиг асуудлуудыг улам дэвэргэж, Б.НавЧаа: Ихэнх үзэгчид алаан хядаан, цус нөжтэй эсвэл инээдмийн жанрын кино үзэх сонирхолтой болчихжээулам нэг нэгнээсээ холдсон байгаа юм. Үүнд л харамсаж явдаг. Гэхдээ цаг хугацаа бүхнийг эмчилдэг шүү дээ.

-Та “Мөрөөдлийн театр” продакшны хэд, хэдэн уран бүтээлд тоглосон. Одоогоор үндсэн жүжигчнээр ажиллаж байгаа юу?

-Би яг үндсэн жүжигчин нь биш л дээ. Зарим уран бүтээлд нь л хамтран тоглосон юм.

-Бусад хошин шогийн продакшнууд хамтарч уран бүтээл хийх санал тавьбал хэрхэн хүлээж авах вэ. Эсвэл зөвхөн дэлгэцийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулах бодолтой байгаа юу?

-Хүн ажлыг голж болохгүй л дээ. Гэхдээ биеийн хөдөлгөөнөөр эсвэл хэрүүлээр ч юм уу бусдын инээдийг хүргэнэ гэдэг хоцрогдсон асуудал. Тэрийг үзэх гэж ирж байгаа хүмүүсийн сэтгэхүй ч маш ядуу байгаа хэрэг. Энэ тогтсон хэв маягаа хошин шогийн уран бүтээлчид маань анхаарч, арай өөр болгох хэрэгтэй байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд би тийм төрлийн жүжигт тоглохгүй. Харин өөрчлөгдсөн, дэвшилттэй байгаа тохиолдолд бол дуртайяа тоглоно.

Categories
мэдээ цаг-үе

​​Б.Серик: Начин цолондоо ханаж болохгүй шүү хэмээн захисан

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Бердимуратын Серик Улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Улсын начин хэмээх эрхэм цол хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үндэсний их баяр наадамдаа Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ. Хүчтэнүүд маань улсын цол хүртэх том зорилго өвөртөлсөөр жил, жилийн наадамдаа зодоглодог. Миний хувьд ч тэр улсын цол авчих юмсан гэсэн битүүхэн хүсэлтэй байлаа. Бэлтгэлээ ч санаандаа тултал сайн хийсэн. Ер нь заалны барилдаануудад ч алгасахгүй оролцож, чамлахааргүй амжилттай байлаа. Тиймдээ ч ойр дотнынхон маань цолонд хүрчих болов уу гэсэн нууцхан хүлээлттэй байсан. Ер нь тэгээд хүмүүс урам хайрлах бүрт хичээх ёстой л гэсэн бодол төрдөг дөө. Ямартай ч санасан, зорьсондоо хүрч улсын цолонд хүрсэндээ тун их баяртай байна.

-Уран барилдаант гэгддэг Т.Баасанхүү харцагатай тавын даваанд учраа таарсан. Ер нь барилдааныг нь хэр мэдэх вэ?

-Би хоёрын даваанд Увс аймгийн харьяат, аймгийн арслан Х.Оргилболдтой таарсан. Өмнө нь заалны барилдаанд нэг унасан. Хоёр дахь удаагийн учраа минь энэ байсан л даа. Ер нь бол их хүнд барилдаан хийсэн. Харин гурвын даваанд ямар улсын цолтон амлачих бол хэмээн эмээж байлаа. Ингээд Улсын начин Ш.Шинэбаяр намайг амласан. Урьд нь барилдаж үзээгүй бөх л дөө. Аль болох өөрийнхөөрөө шийдсэн мэхээ хийе л гэж бодсон. Харин дөрвийн даваанд улсын заан Т.Санчиртай, тавын даваанд Т.Баасанхүү харцагатай учраа таарсан юм. Т.Баасанхүү харцагын хувьд зайнаас ч хаяна. Ер нь элдэвтэй хүн шүү дээ. Тухайн үед Т.Баасанхүү харцагыг амлачихлаа гэхэд манай нутгийнхан, ойр дотнынхон маань “Бас л чанга бөх таарчихлаа, цол авч чадах болов уу” гэцгээгээд л, дээлний минь захыг мушгиад сууж байлаа.

Түрүү жил Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболдтой учраа таарч өвдөг шороодсон. Тэр үед адилхан л аймгийн цолтой бөхчүүд улсын цолонд хүрч байхыг хараад их сайхан санагдсан даа. Дараа жил би ч мөн адил улсын цолонд хүрнэ дээ гэсэн том зорилго өвөртөлсөн юм. Тиймээс энэ жил өмнөх алдаагаа давтахгүй цол авна даа гэж бие, сэтгэлээрээ хичээсэн. Мөн улсын цолонд хүрчихээсэй хэмээн дэмжиж зогсоо хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд их мэрийсэн шүү.

-Улсын харцага О.Бахыт манай сонинд өгсөн ярилцлагадаа Баян-Өлгий аймгаас цол хүртэх бөхчүүдийн нэг бол яахын аргагүй Б.Серик хэмээж байсан…

-Баян-Өлгий аймгийн маань бахархал болсон эрхмүүдийн нэг нь яалт ч үгүй О.Бахыт харцага маань мөн. Начин болчихоод харцагатайгаа ярихад “Начин цолондоо ханаж болохгүй шүү. Түүнээс ч их амжилтыг бүтээгээрэй” гэсэн. Харцагатайгаа үргэлж ойр, дотно байж, суралцаж байдаг. Алдаатай зүйлсүүдийг минь гярхай ажиглаж, онцлон хэлдэгт нь их баярладаг юм. Ер нь тэгээд нутгийн бөхчүүд минь алхам тутамд л сургаж, урам хайрладаг.

-Үндэсний их баяр наадамдаа хэд дэх жилдээ зодоглож байна?

-Би 2013 онд улсын баяр наадмынхаа зүлэг ногоон дэвжээнээ зодоглож байлаа. Дөрөв дэх жилийнхээ босгон дээр улсын цолонд хүрлээ. Харин 2011 онд 17 настайдаа аймгийн заан цол хүртсэн бол хоёр жилийн дараа аймгийн арслан болсон.

-Энэ жил төрсөн нутагтаа очиж бэлтгэлээ базаасан гэж сонссон…

-Энэ жил нутагтаа арав гаруй хоног бэлтгэлээ базаасан. Баян-Өлгий аймаг, тэр дундаа төрж өссөн Улаанхус сумандаа очсон. Төрсөн нутагтаа очоогүй их удсан болохоор үнэхээр сайхан байсан шүү. Эмээ, өвөө минь баяр наадамдаа одтой, хийморьтой барилдаарай хэмээн ерөөлөө хайрласан. Тэдний минь ерөөл бат оршиж, хүү нь хийморьтой байлаа. Харин нутгаасаа ирчихээд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Улсын начин Зоригтын удирдлаган дор үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсэн. Ингээд долдугаар сарын 5-наас бэлтгэлээ зогсоогоод, амарч эхэлсэн дээ.

Бөхийн гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-Бөхийн спортод хүүхэд байхын л сонирхолтой байлаа. Харин манайх гэр бүлээрээ 2007 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Тухайн үед манай ах Т.Канат багш дээр дагуулж очсон. Улмаар кураш бөхийн тэмцээнд оролцож бөх болох гараагаа эхэлсэн дээ. Удалгүй Т.Канат багш маань Ц.Шийрэв багштай танилцуулж, түүнээс хойш жүдо бөхийн секцэнд хичээллэх болсон. Хамгийн анх дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртчихээд, одоо жүдо бөхийн 90 кг-ийн жинд барилддаг Л.Отгонбаатартайгаа хамт баяр хөөр дүүрэн автобусанд явж байсан минь тодхон байна шүү.

-Та жүдо бөхийн шигшээ багийн тамирчин байсан. Харин сүүлийн үед үндэсний бөхөөрөө тууштай хичээллэж эхэлжээ. Энэ тухайд?

-Би 2015 онд жүдо бөхийн шигшээ багаасаа гарсан. Яахав жүдо бөхийн -100 кг-д гадна, дотнын тэмцээн, уралдаанд оролцдог байсан л даа. Гэхдээ үндэсний бөхөөрөө илүү тууштай хичээллэе гэж шийдсэн юм. Манай нутаг усныхан ч “Үндэсний бөхөөрөө барилдвал яасан юм. Баян-Өлгийд минь улсын цолтон төрвөл сайхан биш үү” гэдэг байсан. Ямартай ч Б.Баатарцол ах маань булган сүүлтэй байна. Ахынхаа араас Улсын начин цол хүртлээ.

-Сумо бөхөөр хичээллэж, тэр ч бүү хэл Асашёорюү Д.Дагвадорж аваргын дэвжээний багш нь цаашид барилдахаар урьж байсан гэлүү?

– Ер нь самбо, жүдо, кураш, сумо гээд чөлөөт бөхөөс бусад төрлөөр л хичээллэсэн дээ. О.Бахыт багштайгаа хамт Казахстан руу кураш бөхийн тэмцээнд хэд, хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Самбо бөхөөр залуучуудын ДАШТ-ээс хоёр ч хүрэл медаль хүртэж байлаа. Харин 2012 онд сонирхогчдын сумо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцсон. Шийдвэрлэх барилдаанд Японы бөхтэй үлдэн түрүүлсэн санагдана. Түүнээс өмнө Японд жил бүр болдог Хакүхо аваргын нэрэмжит тэмцээнд оролцсон юм. Тэмцээний үеэр Хакухо аваргатайгаа хамт долоо хоног бэлтгэл хийсэн шүү. Бэлтгэлийн үеэр Д.Дагвадорж аваргын дэвжээний багш намайг тэндээ үлдэж, сумогоор барилдах уу гэж билээ. Д.Дагвадорж аварга зодог тайлж байсан жил юм байна. Сумо бөхийн бэлтгэл гэдэг тийм ч амар биш юм билээ. Үнэхээр л хүний хөлс, хүч бүх зүйлийг шавхдаг. Миний хувьд сумо бөхөөр хичээллэнэ гэдэгтээ итгэлгүй байсан болохоор нутаг буцсан даа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас таны багш Ц.Шийрэвт хурандаа, танд дэслэгч цол олгожээ.

-Багштайгаа хамт шагнууллаа. Үүнд маш их баяртай байна. Ц.Шийрэв багшдаа халуун баяр хүргэе. Надад жүдо бөхийн мэхнээс эхлээд хүнийг хүндлэх ёсыг хүртэл зааж сургасан багшдаа маш их баярлаж явдаг шүү. Мөн Шүүхийн шийдвэрийн 439-р анги, “Сүлд” спорт хороо, “Таван богдын бүргэдүүд” дэвжээ, төрүүлж өсгөсөн аав, ээж, нутаг усныхандаа талархаж байна.

-Хүнд, хэцүү бэлтгэлийн дараа шантарч байв уу?

-Ховор шүү. Хэдий хүнд, хэцүү бэлтгэлтэй үе олон ч багш минь урмын үг хайрлаж, хүч нэмдэг. Ер нь аливааг, давна туулна гэсэн эрмэлзлэлээр өөрийгөө хөглөж явдаг даа.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Д.Тамир: Бэлтгэлээ сайн базаасан болоод ч тэрүү айж бэргэх зүйлгүй байлаа

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Дармаагийн Тамиртай ярилцлаа. Тэрээр Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсууриар дөрөв, П.Бүрэнтөгсөөр тав даван улсын начин хэмээх эрхэм цол хүртээд байгаа билээ.


-Үндэсний их баяр наадмын хүчит бөх ийн барилдаанд тав даван улсын начин цол хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Төр, түмний минь үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын цол авсан болоод ч тэр үү жил, жилийн баяр наадмаас хамгийн онцгой нь байлаа. Сэтгэл маш өндөр байна. Уул усны минь буян заяа түшлээ хэмээн их сүсэглэж байна даа. Өдийг хүртэл дэмжиж ирсэн багш, дасгалжуулагч, аав, ээж, ханьдаа, нутаг усныхан, дэмжигч байгууллагууддаа маш их баярлалаа.

–Таны хувьд үзэгчдийг шуугиулсан урамтай сайхан барилдаанууд үзүүлж, наадмын тааврыг өөрчилж чадлаа. Учраа бөхчүүдийн хувьд ч улсын цолтой хүчтэнгүүд байсан шүү дээ. Ер нь цолонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Улсын цолонд хүрэхчин зорилго өвөртөлсөөр улсын баяр наадамдаа зодоглосон. Харин учраа бөхүүдийн хувьд их чанга байлаа. Миний хувьд хоёр, гурвын даваанд Улсын начин Б.Чимэдвандан, Б.Одхүү нартай, дөрвийн даваанд Улсын арслан Н.Батсуурьтай учраа таарсан. Харин тавын даваанд П.Бүрэнтөгс арслан амласан юм. Ийм иртэй, бяртай бөхчүүдтэй таарсан шүү дээ. Хоёр ч хүчтэй арслантай таарлаа. “Цолонд хүрч чадахгүй ч юм болов уу даа. Улсын цол авна гэдэг амаргүй даваа юм байна” гэсэн бодол төрсөн. Гэсэн ч аз, хийморь ивээж санасандаа хүрсэн. Мөн том цолтой хүчтэнгүүдээр улсын цол авсандаа их баярлаж байна.

-Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нартай учраа таарчихаад юу гэж бодож байв даа?

-Яагаад ч юм тэр өдөр их тайван байсан шүү . Бэлтгэлээ сайн базаасан болоод ч тэрүү нэг л тайван, айж бэргэх зүйлгүй байлаа. Давж чадахаар, болчихмоор л юм шиг санагдаад л. Яахав нуулгүй хэлэхэд П.Бүрэнтөгс арсланг амлахад цол авч чадахгүй нь дээ л гэж бодсон. Иртэй, бяртай сайн бөх. Өмнө нь учраа таарч өвдөг шороодож л байсан. Гэхдээ давсан ч, даваагүй ч сайхан барилдъя гээд л зүлэг ногоон дэвжээнээ гарсан даа. Тэр эгзэгтэй мөчид Монгол Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нар маань хамгийн их зааж, зөвлөсөн. Тэд маань “Өөрийнхөөрөө барилд. Адилхан л бүтэн жилийн турш бэлтгэл, сургуулилт хийсэн. Дутаад байх зүйл байхгүй. Хэнээс ч айх хэрэггүй” гэж урам зориг, сэтгэлийн дэм хайрлаж байлаа. Миний хувьд Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр гэх эрхэм хоёр багшаасаа үргэлж л суралцсаар явна. Амьдралын болоод спортын туршлагын хувьд ч тэр. Маш их баярлаж явдаг даа.

-Энэ жил Булган нутгийн бөхчүүд хаагуур бэлтгэлээ базаасан бол?

-Манай “Булган хан ” дэвжээний бөхчүүд миний төрсөн нутаг Булган аймгийн Бүрэгхангай суманд бэлтгэлээ базаалаа . Аймаг, сумын цолтой 30-аад бөх манай галд гарсан. Энэ жилийн бэлтгэл, сургуулилт маш сайн байлаа. Санасандаа хүртэл бэлтгэлээ хийж чадсан гэж бодож байна. Манай дэвжээг Д.Баасандорж заан ахалж гарсан. Харин туслах дасгалжуулагчаар аймгийн заан Н.Мөнх-Ирээдүй багш маань ажилласан.

-Бөх болох гараагаа хэдийнээс эхэлж байв?

-Монгол хүн болсон хойно багын л барилдаж ноцолдох дуртай байлаа. Харин дунд сургуульд ороод элдэв, тэмцээн уралдаанд оролцож өөрийнхөө хэмжээнд чамгүй л амжилт гаргачихдаг байсан. Тухайн үедээ А.Сүхбат аваргын уран барилдаануудыг шимтэн харж, бөх болох хүслээ улам нэмсэн хэрэг. Миний хувьд Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолборыг дүүргэсэн л дээ. Сургуулийн биеийн тамирын багш Ханддорж, Эрдэнэ-Очир, Эрдэнэбилэг, Одгэрэл нар маань намайг бөх болгох эхлэл, суурийг тавьсан ачтай хүмүүс юм. Дунд сургуулиа дүүргэчихээд Үндэсний биеийн тамирын дээд сургуульдаа сурахын сацуу Д.Баасандорж багшийнхаа удирдлаган дор тууштай бэлтгэл хийж эхэлсэн. Ер нь бол 2008 оноос үндэсний бөхийн бэлтгэлээ туутай хийж, сайн бөх болохын тулд хичээж эхэлсэн гэж болно. Анх шавь нь болоод ирэхэд Д.Баасандорж багш маань “Хүн шиг хүн болж байж бөх болдог юм шүү” хэмээн захисан. Энэ үг тэр үеэс хойш миний зүрх, тархинд хадаастай явсаар л байна. Ер нь хүн чанартай, жудагтай байх нь бөх хүний эрхэмлэх зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

-2010 онд аймгийн начин цол хүртсэн гэж сонссон юм байна. Энэ тухайд?

-Тийм шүү. Ухаандаа тууштай бэлтгэл хийж эхэлснээсээ хойш хоёр жилийн дараа гэсэн үг л дээ. Харин 2013 онд аймгийн арслан цол хүртэж байлаа.

-Харин анх хэдэн онд улсын баяр наадамд зодоглож байв. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үндэсний их баяр наадмынхаа хүчит бөхийн барилдаанд тав дахь жилдээ зодоглож начин цолны болзол хангалаа. Анх наадамд зодоглохдоо Улсын начин Ганбатаар хоёр давчихаад жигтэйхэн их баярлаж билээ. Бодож санах ч юмгүй, хоёр давчихсандаа баярлаад л гүйж явсан даа. Харин гурвын даваанд Н.Батзаяа харцагад унасан. Ямартай ч улсын наадамдаа хоёр, гурав давчихаад л байлаа. Жилээс жилд даваа нэмэгдсээр байсан. Өнгөрсөн жилийн хувьд дөрөв давсан.

– Бөхийн найраа бүр гаарлаа гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг. Таны хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Байх ёсгүй зүйл л гэж боддог. Бөхчүүд маань үнэн хүчээрээ барилдаж монгол түмнээ баясгаж явах ёстой л гэсэн бодолтой явдаг даа. Тэр бодлоо ч биелүүлж, хүчийг үзэн сайхан цол авлаа. Ямартай ч нэгэнт л үндэсний бөхөөрөө хичээллэсэн хүний хувьд оргилд нь хүрнэ гэсэн том зорилготой шүү.

-Улсын цолонд хүрэхэд гэр бүлийнхэн тань хамгийн их баярласан болов уу?

-Тэгэлгүй яахав. Ээж, аав хоёр минь “Миний хүү мундаг байлаа. Зорьсондоо хүрч чадлаа. Хүүгээрээ бахархаж байна” гэсэн. Миний хань болон хүү минь мөн маш их баярласан. Би эхээс хоёулаа л даа. Ах минь сумын заан цолтой хүн байдаг. Улсын цол авснаараа ахынхаа ч гэсэн хүслийг биелүүлсэн гэж бодож байгаа.

-Улсын хэмжээнд олон тооны түймэр асч, хүн бүхэн л чадахаараа хандив тусламж илгээж байна. Эдгээр сайн санаат хүмүүсийн эгнээнд энэ жилийн баяр наадмын түрүү бөх улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй хүчтэнүүд нэгджээ. Та ч мөн адил хандив өргөсөн байсан…

-Энэ жилийн хувьд гал түймрийн дэгдэлт их байна. Үүнд эмзэглэхгүй байхын аргагүй. Иргэн хүнийхээ хувьд би өөрийн боломжоороо хандив өргөсөн байгаа.