Categories
мэдээ спорт

NBA-гийн улирлын өмнөх тоглолтууд дууслаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн улирлын өмнөх тоглолтууд дууслаа. Харин энэ долоо хоногт НБЭ-ийн шинэ улирал үүдээ нээнэ.

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн улирал бүрийн өмнө болдог энэхүү нэр нь NBA-ын гурван өөр улирлын тоглолтын (PRESEASON, POSTSEASON, REGULARSEASON) нэг юм. Энэхүү тэмцээнд 5-0 үзүүлэлтээр Юта Жазз NBA-ийн бүх багийг тэргүүллээ. Харин дорно бүсийн багуудыг 4-0 үзүүлэлтээр Бостон Селтикс илүүрхэв. Тэгвэл Нью Иорк Никс баг 0-5 үзүүлэлтээр NBA-ийн бүх багаас хамгийн муу үзүүлэлттэйгээр сүүл мушгисан. Нью Иорк Никс баг энэ улирал гол тоглогч Кармэло Энтониг багаасаа явуулсан билээ.

Өнгөрсөн улирлын аварга Голдэн Стэйт Варриос Preseason-д 2-2 амжилт үзүүлсэн. Харин тэдний гол өрсөлдөгч Клэвланд Кавальерс 1-4 амжилттай тоглов. Мөн морьтон цэргүүдийн лидэр Лэброн Жэймс улирлын өмнөх тоглолтуудыг өнжсөн юм.

Улирлын өмнөх тоглолтуудыг оноо авалтаар Стефэн Карри(20.8 ppg) тэргүүлсэн бол Гианнис Антетокумпо 20,5 оноо дундчилан удаалсан. Харин самбараас бөмбөг авалтаар Андрэ Драммонд(16rpg) тэргүүлсэн байна. Оновчтой дамжуулалтаар нэг багийн андууд болох Жэймс Хардэн(10.2apg), Крис Пол(8.3apg) нар тэргүүлжээ.

Б.АМАРТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагслаа

Тусгаар тогтнолын талбайд эмч нар цуглаж, цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Жагсаалыг Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулав. Уг цуглааныг “Цагаан жагсаал” гэж нэрлэж, эмч нар цагаан халааттайгаа жагссан юм. Цуглаанд нийт 20 аймаг болон нийслэлийн эмч, эмнэлгийн ажилчид оролцов. УИХ-ын дарга М. Энхболдод салбарын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос шаардах бичиг хүргүүлэв. Хариуг аравдугаар сарын 11-нээс өмнө салбарын ҮЭ-ийн хороонд ирүүлэхийг хүслээ. Шаардах бичигт “Хүн амын өсөлтөөс шалтгаалж, эмч эмнэлгийн ажилчид ачаалал ихтэй, таатай бус нөхцөлд ажилладаг ч цалингийн хэмжээ 400-660 мянган төгрөгийн хооронд байгаа нь амьдралын наад захын хэрэгцээнд хүрэхгүй байна” хэмээн бичжээ.

Цуглаанд оролцож буй эмч, эмнэлгийн ажилчид ингэж ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Д.Мөнхцэцэг

-Цалингаа хэдий хэр хэмжээгээр нэмүүлэхээр жагсаж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэх шаардлага хүргүүлж байгаа. Бидний авч буй үндсэн цалин 400.000-650.000 хооронд хэлбэлздэг. Хэн ч бодсон хэцүү тоо. Бид улс орныхоо өнөөгийн байдлыг бодолцон тэнгэрт тулсан тоо хэлээгүй. Хамгийн багадаа 50 хувиас дээш нэмүүлэхийг хүсэж байна.

-Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Би Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг эмч. Дүүргийн эмнэлгүүд 2014 онд батлагдсан стандартаар явдаг. Энэ стандартад Дотрын эмч хэвтүүлэн эмчлэх тасагт арван өвчтөн эмчлэх заалттай. Бид өдөрт 25-30 өвчтөн үздэг. Ядарч, цөхөрч байна. Төр засаг энэ байдлыг харгалзаж үзээд шаардлагыг минь хүлээж авна гэдэгт итгэж байна.

Өмнөговиос ирж жагсаалд оролцсон эмч М.Энхзултай ярилцлаа.

-Цалинг 50-н хувиар нэмэхэд та бүхний хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-Хангалттай хэвийн хэмжээнд хүрэхгүй. 50 хувиас доошгүй л нэмэгдүүлэхийг хүсэж байна.

-Өмнөговь аймагт эмчийн ачаалал хэр байдаг вэ?

-Манай аймаг бүсийн оношлогоо үйлчилгээний цэг. Ажлын ачаалал их. Эмч, сувилагчдын хүрэлцээ муу. Нарийн мэргэжлийн эмч цөөхөн.

Өвөл ирж байна. Улс орны эдийн засаг хямарсан үед цагаа олсон цуглаан мөн үү?

-Эрүүл мэндийн салбарынхан туйлдаа хүрсэн. Жагсахаас өөр аргагүй, нэн ядуугийн түвшинд очоод байна. Амьдралаа дээшлүүлэх хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэхийн тулд хийсэн цуглаан юм гэв.

Б.Амартүвшин

Categories
мэдээ спорт

NBA-ийн шинэ улирал эхлэхэд цөөхөн хоног үлдлээ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн 72 дахь улирал үүдээ нээж сая сая хөгжөөн дэмжигчдийн хүслийг биелүүлэхэд 19 хоног үлдлээ. Улирал эхлэхийн өмнө ямар баг хэн гэдэг тоглогчийг элсүүлж солилцооны зах зээлд илүүрхсэн бэ гэдгээр бас нэгэн чимээгүй тэмцэл өрнөдгийг хөгжөөн дэмжигчид бид андахгүй. Энэ зуны солилцоо наймаа лигийн түүхэнд байгаагүй халуухан болж спорт сонирхогч биднийг ярих зүйлтэй байлгаж чадсан. Мөн NBA-ийн зүгээс ирэх улирал мөрдөх хэд хэдэн томоохон шийдвэрүүд гаргасан.

  • “Zaza Rule” буюу довтлогч довтолгоо гүйцэтгэсний дараа хамгаалж буй тоглогч биеэ таталгүй албаар ойртуулж, хөл тавих гэх мэтээр санаатайгаар эсрэг тоглогчоо бэртээх гэж оролдвол шүүгчид удаашруулсан бичлэг үзэж спортын бус алдаагаар торгох. (Өрнөд бүсийн финалын цувралыг шийдсэн Кавай Леонардын бэртлээс улбаалан.)
  • “Harden Rule” довтлогч довтолгоо гүйцэтгэх үедээ хамгаалагчаас алдаа салгах зорилгоор албаарбиеэ ойртуулж контакт авах гэж оролдсон үед довтолгооны алдаа заах. (Жэймс Хардэны алдаа авдаг аргаас улбаалан)
  • НБЭ-ийн улиралын тоглолтууд 10 сарын сүүлээр эхлэдэг байсныг 10 хоногоор сунгаж тус сарын 18-нд эхлүүлэхээр шийдсэн.

-МӨН NBA-ИЙН ЗҮГЭЭС
ТОГЛОГЧ АМРААХ ТУХАЙ ШИНЭ ДҮРЭМ БАТАЛЛАА-

Хэрэв баг үндэсний тв болон ач холбогдол өндөртэй тоглолтонд гэмтэлгүй тоглогчдоо амраавал торгууль 100,000$-с эхэлнэ.

– онцгой нөхцөл биш бол аялан тоглолт эсвэл нэг тоглолтонд тоглогчдыг олноор нь зэрэг амрааж болохгүй

– Дээрхи тохиолдолд баг тоглогчдоо амраахаар шийдсэн бол тоглогч зайлшгүй багтайгаа хамт аялаж, хөгжөөн дэмжигчидтэй харилцах арга хэмжээнд нээлттэй байх

Энэхүү дүрмүүд нь НБЭ-д тамирчдын ядралт, од тоглогчдын тоглолт өнжих зэрэг асуудлыг шийдэж бохир тоглолт үзүүлэх, шүүгчид хямдхан алдаа үлээх зэргийг багасгана гэж үзэж байгаа.

-СОЛИЛЦОО НАЙМААНЫ ЗАХ
ЗЭЭЛД-


Солилцоо наймааны зах зээлд өрнөд бүсийн багууд хожсон гэхэд болно. Тус бүсэд Жимми Батлэр, Пол Жорж, Кармело Энтони, Пол Милсап зэрэг бүх одод тоглогчид нэгдсэн билээ. Ингээд та бүхэндээ энэ зуны онцлох наймааг хийсэн багуудын солилцоог хүргье.

-Клэвландын морьтон цэргүүд энэ зун солилцоо наймаа чөлөөт агентын зах зээлд нилээд идэвхтэй ажилласан. Тэд багийн тулгуур тоглогчдын нэг Кайри Ирвингийг Бостон Сэлтиксд алдсан ч оронд нь Азьяа Томас, Жэй Кроудер, Антэ Зизич болон 2018 оны (Брүүклин Нетс) 1-р тойргийн драфтын эрхийг халааслаад амжсан. Мөн холбон тоглогч Дэррик Рөүзтэй 1 жилийн 2.1 саяын гэрээ, хамгаалагч Двэйн Вэйдтэй 1 жилийн 2.3 саяын гэрээг тус тус үзэглэв.

-Кайри Ирвингийг багтаа элсүүлсэн Бостон Сэлтикс 4 жилийн 128 саяын гэрээг Гордон Хэйвардтай байгуулж өөрийн эгнээнд нэгтгээд байна. Өмнө нь тэд хамгаалагч Эвэри Брэдлиг Детройдруу явуулж оронд нь довтлогч Маркус Моррисыг аваад байсан билээ

-Хьюстон Рокетс баг холбон тоглогч Крис полыг солилцоогоор нэгтгэж. Харин Лос анжелос Клипперс баг оронд нь Сэм Дэккэр, Лью Виллиамс, Патрик Бэвэрли болон дараа жилийн нэгдүгээр тойргийн драфтын эрхийг авлаа.

-Чикаго Буллз баг Минесато Тимбэрволвест хамгаалагч Жимми Батлэрийг өгч оронд нь хамгаалагч Зак Лавинь, холбогч Крисс Данн болон энэ жилийн драфтын 7 дахь (Лаури Марканэн) сонголтыг авлаа.

-Энэ зуны хамгийн ашигтай наймаануудыг Оклахома сити Тандэр баг хийсэн. Индиана Пэисэрс багт хамгаалагч Виктор Оладипо, довтлогч Домантис Сабонисыг өгч оронд нь Пол Жоржыг авсан. Мөн Нью Иорк Никс багаас Кармэло Энтонинг авч Энес Кантэр, Дуг Магдэрмот болон драфтын эрх оронд нь өглөө.

-Чөлөөт агент болоод байсан бүх одод довтлогч Пол Милсап Дэнвэр Наггетсын 3 жилийн 90 саяын гэрээг зөвшөөрөв.

-Нью Орлеанс Пеликанс баг 1 жилийн 3.3 саяын гэрээг холбон тоглогч Ражон Рондотой хийлээ.

-Төвийн тоглогч Андрью Богуттай 1 жилийн 2.3 саяын гэрээг Лос анжелос Лэйкэрс баг үзэглэлээ.





Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид Хангарьд ордонд эсэргүүцэл илэрхийлэв

-168 ЦАГ ӨЛСЛӨӨ, ШИЙДВЭР ГАРГАЖ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА ГЭВ-

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас Хархорин зах, 32-ын автобусны буудал орчимд зогсдог наймаачдыг худалдаа хийхийг хориглосон. Тус автобусны буудлын наймаачид 10-ыг харьцах 60 метр квадрат хөрс нь бохирдсон талбайд худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ч тус дүүргийн тамгын газар хариу өгөөгүй байна. Жижиглэн худалдаа эрхэлдэг 12 иргэн ажлын байраа хамгаалахаар 168 цаг өлсгөлөн зарласан ч тус дүүргийн удирдлагууд хариу өгөөгүй гэлээ. Тиймээс эдгээр иргэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байгаа танхимын гадна ирж эсэргүүцэл илэрхийлэв. Тэд мөн аравдугаар сарын 4-нөөс хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. Өлсгөлөн зарласан 12 иргэний бие муу байгаа бөгөөд дөрвөн иргэний бие огцом муудаж эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр 12 иргэний олонхи нь эмэгтэй, 0-2 насны хөхүүл эхчүүд гэнэ.

Цуглаанд оролцсон иргэн Г.Ганцэцэгээс энэ талаар тодруулав.

-Өлсгөлөн зарласан иргэдийн бие хэр байна?

-Өлсгөлөн зарлаж байгаа 12 хүний дөрвийнх нь бие муудсан. Есөн хүн үлдсэн тэд бүгд өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан, 0-2 насны хүүхэдтэй хөхүүл эхчүүд байгаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдэг ч өлсгөлөн зарлаж буй 12 хүний дийлэнх нь эмэгтэйчүүд байхад яагаад нэг ч удаа очиж уулзсангүй вэ? Бид юм идэхгүй хоёр цаг болоход яадаг билээ тэр хүмүүс бүхэл бүтэн 168 цаг юм идээгүй. Бид ямар нэг шийдэлд хүрэх гээд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болох Хангарьд ордонд ирээд байгаа юм.

-Баянгол дүүргээс холбогдох хүмүүс ирж та бүхэнтэй уулзсан уу?

-Биднийг өлсгөлөн зарлаад долоо хонож байхад С.Одонтуяа дарга нэг ч удаа ирж уулзаагүй. Улсаас халамж шаардалгүй, өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр 200 хүний ажлын байр гаргахын төлөө тэр талбайн зөвшөөрлийг авах гэсэн юм. Тэр хүн одоо онгоцоор нисээд л дээгүүр явж байгаа байх.

-Холбогдох газраас тайлбар авч чадсан уу?

-Бүтэн долоо хоноход нэг ч тайлбар авсангүй. Биднийг өлсгөлөн зарласан өдөр одонгоо авсан. Тэгээд одонгоо ч авчихлаа, хогоо ч цэвэрлэчихлээ гэсэн. Хог нь бид нар л байгаа байхгүй юу. Гадаа худалдаа наймаа хийдэг хүмүүсийг бүгдийг нь зогсоосон. Жижигхэн талбайд ажлын байр байгуулаад өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр ажлын байр баръя, та зөвшөөрөл өгөөч гэхэд тэр хүн өрөөсгөл мэдээлэл цацаад байгаа.

-Холбогдох газраас хариу ирэхгүй тохиолдолд цаашдаа яах вэ?

-Ямар нэг арга хэмжээ авч өгөхгүй бол аравдугаар сарын 4-нд хуурай өлсгөлөн зарлана. Хэдэн хүний амь хохирохыг С. Одонтуяа дарга харах гээд байгаа юм байлгүй. С.Одонтуяа даргыг бид их хүлээж байгаа гэв.

Бэлтгэсэн Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Шинээр нээгдсэн Имартад хөл гишгэх зайгүй байна

Өнөөдөр Имартын хороолол дахь салбар нээлтээ хийлээ. Газар дээр нь очиж сурвалжлахад нээлтийн өдөр гэсэн шиг хөл хөдөлгөөн ихтэй байв. Бас И-март гэх бичигтэй шар дугуйтай цүнх чирсэн хүмүүс их харагдана. Энэ нь нээлтийн бэлэг гэнэ. Хамгийн түрүүнд 100.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн 10.000 хэрэглэгчидэд өгнө гэж байна. За тэгээд бум бужигнасан Имартын худалдааны тасаг руу орлоо. Хөл гишгэх зайгүй урсгалаа даган явах үйлчлүүлэгчид улаанбаатарын замд түгжирч яваа аятай харагдана. Хамгийн эхэнд нүдэнд туссан зүйл гэвэл шалны модонд оочирлох хүмүүс байлаа. Оочирлох ч биш аль авхаалж самбаатай нь авч байх шиг харагдана.

ХЯМДРАЛ БАС ДАХИН ХЯМДРАЛ

Худалдан авагчдад хүнсний тасаг, цахилгаан бараа, гоо сайхан гээд дугаарлахгүй тасаг гэж байсангүй.Тасаг бүр хямдралтай байлаа. Жишээлбэл цахилгаан бараанууд 20-30 хувь, гэр ахуйн бараа бүр огцом хямдарсан. Шургуулга гэхэд 57.000-аас 39.000 хүртэл хямдарсан байна. Харин хүнсний тасгийн оочер хамгийн их нь байв. Үйлчлүүлэгч та бүхэн хамгийн бага зардлаар хүнсний бүтээгдхүүнээ цуглуулахыг хүсвэл Имартыг зориорой гэж зөвлөе.

ИМАРТЫН ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Тус хэйпэрмаркетийн орчимд интернэт хэрэглээ үнэгүй гэнэ. Мөн хүүхэд хуурайлах зориулалтын өрөө ч бий. Утасны чинь цэнэг дуусаад байна уу? санаа зоволтгүй цэнэглэх өрөө ч бас байгаа. За тэгээд зогсоол, баглах хэсэг, гишүүнчэлийн карт, тээш хадгалах, нэг удаагийн хэрэгслүүд, хүргэлт гээд цөм үнэгүй.

Имарт дотор нэгэн худалдан авагчтай хэсэгхэн хором ярилцлаа.


-Шинээр нээгдэж байгаа и-мартын үйлчилгээнд хэр сэтгэл хангалуун байна?

-Ер нь Дажгүй сайхан байна. Гэрт ч ойртчихлоо амар байна. Нээлт болохоор хүн ихтэй байна. Тэрнээс сайхан зохион байгуулжээ. Нэг давхрынхаа тасгаас шууд гардаг болчвол их зүгээр санагдлаа.

-Имарт нээлтий хямдрал зарласан байна. Энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна?

-Хямд үнэ, өргөн сонголт, бүгдийг нэг доороос авах боломжыг нээж өглөө.

-Та ямар худалдан авалт хийв?

-Хүнсний бүтээгдхүүнээ цуглууллаа. Шал угаагч авлаа. Бас Пицца.

-Эндхийн Пиццаг хүргэлтийн пиццанаас юугаар давуу гэж боддог вэ?

-Амт чанар сайтайн дээр хямд үнэтэй нь давуу тал юм бол уу гэж бодож байна.

За таньд баярлалаа.

Бэлтгэсэн: Б.АМАРТҮВШИН